Categories
редакцийн-нийтлэл

С.Энхмаа: Би тэнд яг шоронд байгаа юм шиг байсан

Гадны хүнтэй гэр бүл болон алдаж, онож яваа монгол бүсгүй­чүүд цөөн­гүй бий. Тэдний нэг хэсэг нь амьдралаа сайн сай­хан бол­гохын тулд харийн хүнтэй ханилдаг бол зарим нь хайр сэт­гэлээрээ холбогдон өрх тусгаарладаг. Гэтэл хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр мон­гол бүсгүй­чүү­дийн маань итгэлийг олж, эх орон­доо аваачсаныхаа дараа тараа таниулдаг гадны эрчүүдийн бал­гаар олон эмэгтэй хохироод буй юм.  Тэдний нэг болох Т.Аятун­гаа бүс­гүйд тохиолдсон явдал бусад хүүх­нүүдэд сургамж өгүүлсэн. Мөн түүнтэй адил Нигери эр­тэй ханилж, хоёр сайхан хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөх­рийн­хөө дарам­тад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрээр Африкийн Нигери улсын Лагос хотод амь­дарч байсан юм.

Хүний нутгийн хөрс хатуу гэдэг. Гадаадын улс оронд эрх нь зөрчигдөж
байгаа элэг нэгт монгол­чуудаа манай төр зас­гийн зүгээс анхаарч, тус­ламжийн гараа
сунгадаг юм. Тиймдээ ч С.Энхмаа бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо элэг бүтэн
авчирлаа.

Харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай ярилцав.

Та гурав эх орондоо хэзээ ирэв. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Өнгөрсөн
долоо хоногт ирлээ. Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Нийслэл хот маань хөгжжээ. Өндөр сайхан барилга байгууламжуудтай болсон байна. Бараг төөрч будилахаар болсон байна шүү. Юуны өмнө биднийг эх орондоо ирэхэд минь тусалж, гадаадад эрх нь зөрчигд­сөн монголчууддаа анхаарлаа хандуулдаг улсдаа баярлалаа. Бидний ирэх замын зардалд  нэмэр­лэсэн Гадаад харилцааны яам, Египет дэх ЭСЯ-ндаа талар­хаж байна. Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Нямдагвад бас баяр­лалаа. Хүний нутагт зовж зүдэрч байгаа монголчуудад маань эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг газар бол тухайн улсад суудаг ЭСЯ байдаг. 

 Таныг Нигери хүнтэй гэр бүл болж, түүний дарамтад байсан тухай мэдээллийг монголчууд  авсан. Нөхөртэйгээ хэзээ, хаана танилцсан юм бэ?

-Би
Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилц­сан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн.

Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байв. Та хэд хамт амьдарч байсан уу?

-Манай
нөхөр надтай адилхан ганзагын наймаачин байсан. Хятадаас бараа татаж, Нигери рүү аваачиж зардаг байв. Том охиноо төрүүлчихээд Хятадад нөхөртэйгээ хамт гурвуулаа амьдардаг байлаа. Бид 2009 онд Нигери рүү наймаа хийхээр явсан. Нөхөр маань “Мон­гол руу бараа аваачиж зарж байс­наас Нигери рүү зөөвөл илүү ашиг орлоготой. Олон хүн амтай” гэсний үндсэн дээр тийшээ явсан юм.

Анхандаа нөхөр чинь танд ямар ханддаг байв?

-Бид
бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжтай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан. Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан юм. Юун нөгөө хоёр улсын хооронд наймаа хийх вэ. Гэрээс ч цухуйлгахгүй, зөвхөн хүүхдүүдээ хараад суудаг гэрийн хүн болгосон. Харин миний хувьд ийм байдалд байхыг хүсээгүй юм. Эрх чөлөө маань хязгаарлагдаж, хүний эрхэнд орсноо мэдэрсэн. Нэг үгээр хэлбэл, шоронд байгаа юм шиг байсан даа. Явъя гэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог байв. Хэрэлдэж муудалцахаараа гүйгээд гармаар санагдах боловч хаашаа хэн дээрээ очих билээ дээ.

Таныг Нигери рүү очиход төсөөлж байснаас чинь тэс ондоо орчин угтсан байх нь ээ?

-Яг
тийм. Гэрэл цахилгаангүй, ус байхгүй гээд надад маш их хүндрэлтэй байсан. Тогны хувьд гэхэд цагийн хязгаар­лалттай өгнө. Ус нь болохоор тун бохир. Усандаа байнга ариутгалын бодис хэрэглэдэг. Энэ бүгдийг тэвчээд өнгөрүүлж чадна гэж бодо­ход эрх чөлөөгөө боомилуул­сан­даа хамгийн их бухимдаж байлаа.

Цаг агаар болон хоол хүн­сэнд нь дасан зохицоход хэцүү байв уу? 

-Их
бүгчим халуун орон болохоор надад тун хүнд байсан. Хоол унд нь хүртэл тохирохгүй юм билээ. Бүх юм нь тав тухгүй байсан. Эх орноо маш их үгүйлсэн. Миний эх орон ямар амар амгалан юм бэ гэж бодоод уйлдаг байлаа. Эх орондоо байхдаа тэр сайхныг нь мэдэрдэггүй байсан хэрнээ харийн нутагт очихоор өөрийн эрхгүй хичнээн сайхан газарт төрж, өсч амьдарч байснаа бодож байлаа. Миний хувьд тэнд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаа аймшигтай там шиг л байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр алдагдаж, аргагүйн эрхэнд зугтсан юм.

Та нөхөртэйгээ юунаас болж маргалддаг байв. Шашин шүт­лэгийн зөрчил байв уу?

-Тэр
тал дээр асуудалгүй. Нөхөр маань Христэд итгэдэг. Би ч бас түүнийг дагаад Христэд итгэх болсон. Тэрээр архи ууж, тамхи татдаггүй. Тэр тал дээр ухамсар өндөртэй хүн.

Таныг нөхөр чинь яаж дарам­талдаг байсан юм бэ. Хүний нутагт нөхцөл байдал ямар байв?

-Ер
нь хаа ч газар эхнэр нөхөр хоёр маргалдаж, муудалцахыг алийг тэр гэх вэ. Тэрний л адил  нөхөртэйгээ маргалдаж, үзэл бодол нийлдэггүй байсан. Хэрэв эх орондоо байсан бол нөхөртэйгээ хэрэлдлээ гэхэд сайндаа л ээж дээрээ гүйж очно шүү дээ. Харин хүний нутагт бол шал өөр. Иймэр­хүү гэр бүлийн маргаан маш хүндээр тусдаг юм билээ. Эх орон минь, ээж минь, үр хүүхэд маань надаас хол байгаа гэж бодохоор их сэтгэл санаагаар унадаг байсан. Нэг ёсондоо хүний эрхэнд байсан гэсэн үг.

Уучлаарай, та хоёр юунаас болж маргалддаг байсан юм бэ?

-Энэ
бол хүний хувийн асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол ээжийн маань бие тааруу гэдгийг дуулаад нутагтаа ирэхийг хүсч байсан. Гэтэл намайг явахыг хориглосон. Яагаад гэхээр би хоёр охиноо аваад явна гэтэл зөвшөөрөхгүй,  “Ганцаараа яв” гэдэг байсан. Миний хувьд гадны нутагт идээшихгүй байсан.

Нөхөр чинь таны бичиг ба­римтыг хураагаад гэрийн хо­рионд байлгадаг тухай мэдээ­лэл цацагдаж байсан. Үүнээс болсон хэрэг үү?

-Тиймээ.
Хоёр охинтойгоо хамт явна гэхээр сүүлдээ бичиг баримтыг маань надаас нуучихсан. Тэгээд би хоёр охиноо аваад зугтахаар шийдсэн. Ингээд хаашаа хандахаа мэдэхгүй эхлээд цагдаагийн газарт очсон. Яагаад гэвэл Нигерит манай улсаас өргөмжит консул гэж байх­гүй. Гэтэл цагдаагийн газрынхан “Гэр бүлийн асуудал. Та хоёр эвлэр” гээд авч хэлэлцээгүй. Тэгээд Нигеритэй хамгийн ойроор нь Египетэд суугаа Монголын ЭСЯ руу утсаар ярьж хандсан. “Одоохондоо манай санд мөнгө байхгүй учраас түр хүлээ” гэсэн хариу өгсөн юм. Надад тэднийг хүлээх хугацаа байгаагүй. Ээжийн бие тааруу байсан болохоор эх орон руугаа явахын тулд маш их яарч байлаа. Өөрийнхөө шийдвэрээр Христийн сүм рүү зугтаасан. Тэр сүм бол дэлхийн өнцөг булан бүрээс тус­ламж эрсэн хүн болгонд тусалдаг. Тодруулбал, өвчин зовлонтой, янз бүрийн асуудалтай хүн болгоныг хүлээж авдаг. Тэр утгаараа намайг хоёр охины маань хамт найрсагаар хүлээж авсан байгаа.

Таныг зугтахыг нөхөр чинь мэдсэн үү?

-Бид
үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм.

Сүмээс ямар зардал гарга­сан бэ?

-Бидний
байрлаж байсан буудал, хоол, хүнс, гар утасны төлбөр, халаасны мөнгө зэрэг бүх зардлыг даадаг байсан. Нийтдээ 10 мянган ам.доллар бид гуравт зарцуулсан.

Нөхөр чинь та гурвыг тэнд байгааг мэдсэн үү?

-Эзгүй
хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй” гэж хариулсан байна лээ. Харин би хоёр охинтойгоо телевизээр гараад эхлэнгүүт тэрээр мэдсэн. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар сүм дээр ирэхэд нь сүмийн дарга зөвшөөр­сөн юм. Тэр хааяа ирж уулзаж, охидтойгоо тоглоод буцдаг байлаа.

Та гурвыг гэртээ буцаж харья гэдэг байв уу?

-Тэгдэг
байсан. Сүмийн зүгээс биднийг эх орон руу маань миний хүсэлтээр явуулна гээд амласан байсан. Тэгээд миний саналыг сонссон. Би наашаа ирнэ гэсэн шийдвэрээсээ огтхон ч буцаагүй.

Та нөхрийгөө уучилсан уу?

-Сүмийн
зүгээс надад “Та хоёрын асуудал бол байдаг л гэр бүлийн маргаан. Тиймээс нөхөртөө өс хонзон санах хэрэггүй. Нөхрөө уучил, охидынх нь эцэг шүү дээ” гэсэн. Тэр хүн охидын маань эцэг учраас би уучлахаас өөр аргагүй.

Нөхөртэйгээ албан ёсоор гэрлэсэн үү?

-Үгүй
ээ. Бид хурим ч хийгээгүй.  Гэхдээ олон жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн боло­хоор эхнэр нөхрөөс ялгаа юу байхав.

Тэгвэл та буцаж Нигери рүү явах уу?

-Явахгүй.

Энд ирснээс чинь хойш холбоо барьсан уу?

-Ирснээс
хойш утсаар охид­той­гоо ярьдаг.

Танд Нигерит найз нөхөд байсан уу?

-Гэрээс
хамраа ч цухуйлга­даг­гүй байсан надад ямар юмны найз нөхөд байх вэ дээ.

Та сүмийн телевизэд ярилц­лага өгөхдөө Монголд хоёр хүү маань хүлээж байгаа гэж ярьж байсан?

-Тиймээ.
Миний хоёр хүүг ээж маань хардаг байсан. Хөвгүүдийн маань аав өөд болчихсон юм. Хань ижил минь хорвоог орхиж, хоёр хүүгээ асран халамжлах бүх үүрэг хариуцлага нь миний нуруун дээр ирсэн. Тэдний сурч боловсрох, өмсч зүүх, идэж уух гээд бүхий л асуудлыг хангах үүрэг надаас өөр хэнд оногдох билээ. Ингээд байраа зараад амьдралаа сайжруулахын тулд наймаа хийж эхэлсэн. Тухайн үед охидынхоо аавтай танилцаж, амьдрал ахуйгаа сайжруулна гэж итгэж байсны үндсэн дээр хүний нутгийг зорьсон юм. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.

Монголд ирээд цаг агаарын нөхцөл байдлаас цочирдов уу. Охид чинь дасч байна уу?

-Бид
зуны хувцастай онгоцноос буусан. Маш их даарсан. Уг нь манай оронд урин цаг ирж байгаа шүү дээ. Гэтэл халуун оронд удаан хугацаанд байсан болохоор Монголынхоо цаг агаартай дасан зохицоход эхэндээ хэцүүхэн л байлаа. Одоо ч их даарч байна. Ямар сайндаа гутал өмссөн чинь хөл холгоод ч байгаа юм шиг их эвгүй байсан. Охид маань ирээд ханиад хүрч, нэлээд сандаргалаа.

Тэд монгол хэл мэдэх үү?

-Мэдэхгүй.
Нигеричүүд англиар ярьдаг. Тиймээс охид маань англи хэлтэй. Одоо надад тулгарч байгаа гол бэрхшээл нь охидын маань хэлний асуудал байна. Том охин маань ирэх намар сургуульд орно. Гэтэл ямар сургуульд оруулах вэ. Энэ л толгойны өвчин болоод байна даа. Жирийн сургуульд оруулъя гэхээр монгол хэл мэдэхгүй. Англи хэлний сургалттай сургуульд оруулъя гэхээр төлбөр нь тэнгэрт хадчихаж. Одоохондоо эдийн засгийн эх үүсвэргүй болохоор хэцүүхэн л байна. Харин бага охин маань цэцэрлэгийн насных. Одоо хоёр ой гарантай. Нигерит бол хүүхэд хоёр настай­гаасаа сургуульд ордог. Бэлтгэл ангид гурван жил сураад таван настайгаасаа нэгдүгээр ангид элсдэг юм.

Охид чинь Монгол Улсын иргэн болсон уу?

-Том
охин маань Монголд төр­сөн болохоор Монголын иргэн. Харин бага охин маань Нигерит төрсөн ч одоо Монголын иргэн болсон.

Одоо та нар хаана амьдарч байна вэ?

-Гэртээ
байгаа. Би өрх толгойл­сон эмэгтэй гэдэг утгаар үр хүүхдүү­дээ асран хамламжлах өндөр үүрэг, хариуцлага надад бий. Эх орондоо ирсэн чинь ирээдүй маань тун гэгээлгээр харагдаж байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, ар гэрээ авч явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би бол жирийн нэг эмэгтэй. Тиймээс миний талаар ямар нэгэн үндэс­лэлгүй, буруу ташаа мэдээлэл битгий цацаасай гэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсмээр байна. Миний нэр хүндэд болон гэр бүлийн маань асуудалд оролцохгүй байхыг хүсье.

Манай охид эмэгтэйчүүд гадаадын хүнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг байхад алдах нь олонтаа. Тиймээс харийн хүнтэй хани­лахаар зэхсэн бүсгүйчүүддээ хандаж юу гэж захимаар байна?

-Гадаадын
иргэн болгон муу хүн биш. Гадаадад ч гэлтгүй, мон­гол ч гэлтгүй хүний олон сайнтай, муутай шүү дээ. Одоо бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Хүн ямар хүнтэйгээ гэр бүл болох нь өөрийнх нь сонголт. Өөрсдөө хүнээ сайн таних хэрэгтэй. Тиймээс хүний хувийн сонголтод оролцох эрх надад байхгүй. Харин миний хувьд гадаадад идээшихгүй юм билээ. Өөр соёл иргэншилтэй орчинд очиход надад хүндрэлтэй байсан. Ээжийгээ болоод төрсөн эх орноо санагалзаад хэцүү юм билээ. Тиймээс монгол бүсгүйчүүд­дээ хандаад хэлэхэд нутаг нэгт хүнтэйгээ л суусан нь дээр гэж бодож байна. Манай монголчууд шиг сайхан сэтгэлтэй, ноён нуруутай, хүнлэг, энэрэнгүй хүн хорвоо дээр ховор юм билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сүхбаатар: С.Энхмаа эх орондоо ирлээ

Нигери хүнтэй  гэр бүл болж, нөхрийнхөө дарамт шахалтад удаан хугацаанд зовж шаналсан С.Энхмаа бүс­­гүйн талаар мэ­дээл­сэн. Тэгвэл тэрээр хоёр хүүхдийнхээ хамт эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн байна. Түүний талаар болон гадаадад асуудалд ороод байгаа монгол иргэдийнхээ талаар Га­даад харилцааны яам­ны Консулын газрын захирал Ш.Сүхбаа­тар­тай ярилцлаа.

 Манай улсын иргэн С.Энхмаа эх орондоо ирсэн тухай мэдээлэл авлаа. Хэзээ ирэв?

-Монгол
Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүх­дийн­хээ хамт Нигери ул­саас эх орондоо ирсэн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байна.

Тэднийг авчрахад Гадаад харилцааны яам хэр ажиллав?

-Анх
С.Энхмаагийн эгч С.Лхамсүрэн 2012 оны сүүлээр манай яа­манд хандсан. Энэ дагуу Нигери улсад Монгол Улсын Элчин сайдын яам байхгүй учраас Каир, Лон­дон, Нью-Йорк дахь ЭСЯ-даараа дамжуулан түүнийг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо авчрах арга хэмжээ авах чиглэл өгсөн. Ингээд Каир хот дахь манай ЭСЯ айлын талтай удаа дараа холбоо барьсны эцэст түүнийг Нигери улсын Лагос хотын “Emmagnuel TV” сүмд тодорхой хугацаанд байрлуулж байгаад сая ирлээ.

Тэд яагаад эх орондоо ирэхгүй удав?

-С.Энхмаагийн хувьд хэд хэдэн бэрхшээл байсан. Түүний хоёр хүүхдэд нь бичиг баримт байгаагүй. Тиймээс холбогдох бичиг баримтыг нь авч Нигериэс буцах үнэмлэхийг манай ЭСЯ-наас олгосон. Том охиных нь хувьд Монголд төрсөн. Харин бага охин нь Нигерит төр­сөн. Тэр хүүхдэд төрсний гэрчилгээ гаргаж өгөх зэрэг цаг хугацаа шаардсан ажил байсан учраас сүмд тодорхой хугацаанд, аюулгүй орчинд амьдруулах шаардлага гарсан. 

С.Энхмаагийн хувьд ямар шалтгаанаар нөхөртөө дарамт­луулдаг байсан юм бол. Шашин шүтлэгийн зөрчил байв уу?

-Энэ
бол хувь хүний асуудал. С.Энхмаагийн хувьд бол өөрөө хүнд нөхцөлд байсан юм билээ. Манай монгол эмэгтэйчүүд гадны хүнтэй суухдаа сайн судлах хэрэгтэй. Гадны хүн дотор сайнтай, муутай хүмүүс байх нь мэдээж. Харин С.Энхмаагийн хувьд сайн хүн таараагүй юм болов уу.

Хүнд нөхцөлд байсан гэдгийг тодруулахгүй юу?

-С.Энхмаагийн бичиг баримтыг нь хураачихсан, гэрээсээ хөөж туудаг, зодож нүддэг гээд юм юм л болж байсан юм билээ. Энэ тухай­гаа Нигерийн цагдаагийн газарт хандахаар гэр бүлийн маргаан гээд тоодоггүй байсан гэдэг. Тий­мээс С.Энхмаа эх орондоо ирэхээр шийдэж, бидэнд хандсан.

Хүний газар зовж зүдэрч яваа түүнийг ГХЯ болон тухайн улсад суугаа ЭСЯ туслахгүй байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гар­сан. Энэ ямар учиртай юм бэ?

-С.Энхмаа тухайн үед сандарч тэвдэж явахдаа тийм мэдээлэл өгсөн юм билээ. Тэр бол нэлээд эрт хийгдсэн бичлэг. Бид тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр С.Энхмаа болон түүний  хоёр хүүхдийг эх оронд нь авчирсан.

Тэднийг эх оронд нь ирэхэд танай яамнаас санхүүгийн байд­лаар ямар дэмжлэг үзүүлэв. Эх орондоо ирээд ямар сэтгэг­дэл­тэй байна?

-Манай
яам “Гадаадад байгаа иргэддээ туслах сан”-гийн хөрөн­гөнөөс гаргаж тодорхой туслалцаа үзүүлсэн. С.Энхмаагийн хувьд эх орондоо ирсэндээ сэтгэл ханга­луун байгаагаа илэрхийлж, бидэнд баярлаж талархсанаа уламжилсан. “Эх орон минь намайг хүнд хэцүү байхад тусалж, дэмжсэн та бүгддээ баярлалаа” гэсэн.

Түүний охид Монгол Улсын иргэн болсон биз дээ?

-Том
охин нь 2005 онд Монгол Улсад төрсөн. Бага охинд нь Мон­гол Улсад төрсний гэрчилгээ олгож, сая буцах үнэмлэхээр ирүүлсэн.

Охидын аавын талаар ямар мэдээлэл байна?

-Тэр
хүний талаар бид мэдээлэл өгөх нь зохистой биш байх аа.

Манай улсын иргэн Т.Аятун­гаа­гийн охин Ч.Тэргэлсарын талаар сураг байна уу?

-Хамгийн
сүүлд Ч.Тэргэлсар болон түүний эцэг Чарльз Эдвард Эрген Красни нар Швейцарийн холбооны улсад байгаа гэх мэ­дээлэл ирсэн. Тус улс дахь манай ЭСЯ-наас охиныгоо өөрөө асран халамжлах гэрээг баталгаажуу­лахыг хүссэн байна лээ. Т.Аятун­гаагийн хүүхдийн асуудлаар өн­гөр­сөн гуравдугаар сард би Филиппинд очиж ажилласан. Тус улсын ГХЯ-ны Консулын газарт Ч.Тэргэлсарыг олж, эх оронд нь авчрахад туслахыг албан ёсоор хүссэн.  Тэнд ажиллах үедээ Ч.Тэр­гэлсар охин Филиппинд орж ирсэн болон хилээр гарсан гэх ямар ч мэдээлэлгүй, эцэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Фи­липпинээс гарч явсныг тогтоосон. Мөн Чарльз Эдвард Эрген Красни охин Ч.Тэргэлсарыг Сейнт Нивес Киттс улсын иргэний харьяалалтай болгосон байна билээ. Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр улсын иргэн болгосон нь анхаарал татаж байна. Бид охиныг олохын тулд холбогдох арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Филиппинээс Монгол Улсыг хамаарсан Элчин сайд, Консултой би биечлэн уулзаж хүсэлт тавьсан. Яг одоо манай өргөмжит консул Филиппинд байх­гүй. Гэхдээ бид хуульчид хөлсөлж, охиныг олох ажиллагааг идэвх­жүүлж эхлээд байна.

ОХУд манай улсын иргэн С.Хариполла галт зэвсэг хилээр навтрүүлсэн хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Хэргийн явц ямар­шуу байна вэ?

-Тэрээр
2012 оны зургадугар сард ОХУ-ын Горный Алтайд эрүү­гийн хэрэгт сэжигтнээр саатуу­лагдсан. Түүний хэргийг шалгах явцтай танилцах зорилгоор ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга маань Оросын холбогдох байгууллагуудтай болон өөртэй нь оны өмнө биечлэн очиж уулзсан. Мөн энэ асуудлаар Монгол Оросын Консулын зөвлөлдөх уулзалтаар Москвад тодорхой хүсэлт тавьсан. Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консултай удаа дараа уулзсан.  Манай консул С.Хариполлатай уулзахад “Надад энэ хэргийг хилсээр хүлээлгэх гэж байна. Би Оросын талд хүнээс авлагатай байсан юм. Авлагаа авах гээд очтол намайг хилс хэрэгт хорьж саатуулсан. Аюултайгаар зодож тарчилгасан учраас амиа аврахын тулд эхлээд хийгээгүй хэргийг хүлээсэн юм. Гэвч олон сар хориг­дож байна” гэж байгаа. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуус­сан талаар сая мэдээлэл аваад бид уг хэргийг Москва руу шил­жүүлэх санал тавиад байна.

Энэ хэргийг Москва руу татаж байгаагийн учир юу вэ?

-Горный
Алтайд хэргийг шийд­вэрлэхэд шударга шийдвэр гаргах нь эргэлзээтэй гэдэг үүднээс дээрх саналыг тавиад байгаа.

Энэтхэгт насанд  хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөр эрх­лүүлж, хорьж цагдсан тухай мэдээлэл байсан. Энэ асуудал юу болсон бэ. Тэд эх орондоо ирсэн үү?

-Энэ
оны эхээр насанд хүрсэн нэг эмэгтэй хоёр насанд хүрээгүй хүүхдийн хамт  Энэтхэгийн хувийн циркт гэрээгээр ажиллахаар очсон юм билээ. Тэд хөлс мөнгөө авч чадахгүй, гадаа  майханд амьдрах зэргээр хүнд  нөхцөлд байсан учир эх орондоо ирэхээр шийдэцгээсэн. Тиймээс  тус улсад суугаа манай ЭСЯ-ныхан эх оронд нь ирүүлэх ажлыг тусалж зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан насанд хүрээ­гүй хүүхдэд хөдөлмөрийн виз гаргуулахгүй байх талаар холбог­дох ЭСЯ-нд ноот бичиг хүргүүлээд байна.

Ер нь манай улсын иргэд хилийн чандад гэмт хэрэгт хол­богдох нь бий. Танд байгаа хам­гийн сүүлийн үеийн мэдээгээр Монголын хичнээн иргэн гадаа­дад хэрэг түвэгт холбогдсон байна вэ?

-Өнөөдрийн
байдлаар манай улсын иргэдээс нийтдээ 52 гэмт үйлдэлд 91 хүн хилийн чандад хэрэгт шалгуулж байна. Мөн 159 хүн гадаад оронд ял эдэлж байгаа. Тэднээс 38 нь хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн.

Аль улс орнуудад байна вэ?

Дээрх 91 иргэнээс 56 нь БНХАУ-д байна. 11 нь БНСУ, 10 нь Тай­ландад, зургаа нь Хонконгт бай­гаа. Мөн Сингапур, ОХУ-д тус бүр хоёр, АНУ-д дөрвөн иргэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

Тухайн улс оронд ял эдэлж байгаа иргэдээ танайхаас хэр зэрэг анхаардаг вэ?

-Монгол
Улс иргэнээ ямар хэрэг хийсэн бэ гэхээсээ илүү хүний нутагт эрх ашиг нь зөрчигдөх вий гэдэгт анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, ямар нөхцөл байдалд хоригдож байгаа, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж чадаж байна уу үгүй юу, ар гэрээс нь эргэлт оруулж байгаа эсэх гэхчилэн хүнийх нь хувьд бололцоотой тусламж дэмж­лэгийг үзүүлдэг. Энэ ажлыг тухайн улсад суугаа манай ЭСЯ-ны консу­лын ажилтнууд сайн гүйцэтгэж байгаа. Ялангуяа өмгөөлөгч хөл­сөлж өгөх, орчуулагчаар хангах, өөрсдөө уулзаж санал бодлыг нь  сонсох, ар гэртэй нь уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Хар тамхины хэрэгт хол­богдсон иргэд голдуу Малайзад байгаа. Тэдний хэргийн явц ямар байна вэ?

-Тус
улсад хар тамхины хэргээр манай дөрвөн иргэн одоо шалгаг­даж байна. Нэг нь батлан даалтад гарсан. Гурав нь хоригдож байгаа. Тэдний хэргийг энэ сарын 24-нд шүүхээр товлосон байна лээ. Тэдгээр иргэдийнхээ асуудлаар тус улсад ажиллаж байхдаа ГХЯ-ных нь Консулын газрын захиралд “Хар тамхины хэрэгт манай иргэд санаатай биш болгоомжгүйгээсээ золиослогдож байж болзошгүйд анхаарлаа хандуулахыг холбогдох байгууллагад нь уламжилж өгөхийг хүссэн.  Мөн ГХЯ-ны дэд сайдын албан захидлыг Малайзын ГХЯ-ны дэд сайдад гардуулж өгсөн. Энэ мэт тус улсад хоригдсон иргэдийн­хээ асуудлыг хөөцөлдөж байгаа. Шүүх хуралд нь ажиглагч орол­цуулна.

Мөн Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргээр тэд­ний талтай ямар яриа өрнүүлэв?

-2006 онд тус улсад манай улсын иргэн Ш.Алтантуяа амиа алдсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий га­зар, Хүний эрхийн үндэсний ко­мисстой хамтарсан ажлын хэсгийг манай яамнаас гаргаж,  энэ хэрэгт анхаарал тавин ажиллаж байна. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаагийн хувьд Малайз руу албан томилолтоор очихдоо Ш.Ал­тантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хэзээ болохыг  тодруулсан. Энэ оны зургаа болон наймдугаар сард давж заалдах шатны шүүх хурал болно гэсэн. Талийгаач Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу гуай бидэнд тодорхой хүсэлт гаргасан. Малайзад ажил­лаж байхдаа түүний хүсэлтийн дагуу охиных нь шарилын үлдэгд­лийг эх орондоо авчруулах асууд­лыг  холбогдох газарт нь тавьсан. Мөн энэ хэрэгт Малайзад ажиллаж байгаа өмгөөлөгчтэй уулзсан. Тэрээр талийгаачийн шарилын үлдэгдлийг нутагт нь авчрах асуудлыг хөөцөлдөнө гэсэн. Харин хоёр хүүхдийг нь тус улсад сургах асуудлаар Хүний эрхийн болон Хүүхдийн эрхийн байгууллагатай хамтарч, туслалцаа үзүүлэхийг Малайзын ГХЯ болон холбогдох хүмүүсээс хүссэн. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гомбосүрэн: Солонгосчуудыг аварчихаад Монгол хүн болж төрсөндөө их бахархаж билээ

БНСУын Шинэ дүрэм дүү­рэгт баригдаж байсан барилгад гал гарах үед олон солонгос иргэний амийг аварсан  дөрвөн монгол залуугийн баатарлаг үйлсийг уншигч та санаж байна уу. Одоогоос зургаан жилийн өмнө энэ үйл явдал болсон билээ.

Галын фронтод амь насаа үл хайхран бусдын төлөө зүтгэж явсан дээрх дөрвөн монгол залуугийн нэг Н.Гомбосүрэнтэй ярилцлаа.

Та Солонгосоос хэзээ ирэв. Буцаж явах уу?

-Өнгөрсөн
есдүгээр сарын сүүлээр ирлээ. Би яг тэр өдөр анх Солонгос руу явж байсан юм. Гэтэл найман жилийн дараа ойн дээрээ ирсэн. Одоо зөвхөн Монгол­доо байна.

Таныг хүний амь авар­сан сайн үйлсийн талаар яриагаа үргэлжлүүлье. Ту­хайн үед юу болсон талаар эргэж дурсахгүй юу?

-Энэ
үйл явдал 2007 оны гурав­дугаар сарын 17-ны өдөр 08.30 цагийн орчимд болсон юм. Солон­госын “Шинэ дүрэм” дүүргийн мет­роны буудлаас 80-100 мет­рийн зайд дөрвөн хос ба­рилга баригдаж байлаа. Тэдгээрийн нэг дээр нь би гурван монгол залуугийн хамт ажиллаж байв. Батаа, Батдэлгэр, Самбуудоньд гэх ах нарынхаа хамт 30 давхар уг барилгын дээвэр дээр нь ажиллаж байсан. Тухайн үед тэр барилга ашиглалтад хараа­хан ороогүй байсан юм. Бид хэсэг солонгос ажилч­дын хамт дээвэр дээр нисдэг тэрэг буух зориулалт­тай тавцан хийж байлаа. Гэтэл гал гарч, доор ажиллаж байгаа хүмүүс орилолдох чимээ дуулдсан. Тэгээд л тэднийг аварсан даа.

Хэдэн давхарт нь юунаас болж гал гарлаа?

-Хоёрдугаар давхарт нь цайны газар байсан юм. Яг дээд давхарт нь гагнуур хийж байсан юм билээ. Тэгээд гагнуурын оч нь үсэрч, цайны газарт ашиглагдаж байсан газан дээр унаад дэлбэрсэн хэрэг. Ингээд л барилгын материалууд доороосоо эхлэн шатсан. Тухайн үед би юу болсныг ч анзаарах сөхөө­гүй хүмүүсийг аварч байсан. Харин сүүлд нь телевизээр бич­лэгийг нь хартал айхавтар юм болсон байна лээ.

Та нар хичнээн хүн авар­сан бэ. Тухайн үед амийг нь аварсан хүний тоо зөрүүтэй мэдээлэг­дээд байсан санагдаж байна?

-Уг
нь бид дөрөв тэр ба­рилгаас яг 28 хүнийг гаргасан юм. Гэхдээ Солонгосын телевизийн мэдээгээ­рээ 11 хүн аварсан гээд гараад бай­сан. Ер нь хүний амь авардаг өдөр их учир жанцантай. Хүний хувь төөрөг, зурлага байдаг гэдэг. Тэр өдөр заавал хүний амь аврах ёстой бай­сан юм шиг байгаа.

Яасан юм бэ?

-Гал
гарахын урьд өдөр нь би өөр газарт очиж ажилла­сан юм. Тэнд хамт ажилласан солонгос өвгөн маргааш өг­лөө нь намайг дахиад да­гуулж явах гээд. “Ерөөсөө л Гомбоог дагуулж явна” гээд байдаг. Тэгэхэд дарга гал гардаг барилга руу авч явна гэдэг юм байна. Бид 05.00 цагийн үед уулзацгаасан юм. Тэгээд 06.00 цаг гэхэд хэнтэй нь явахаа шийдэж чадахгүй, тэр хоёрын машины голд цүнхтэй юмаа тавиад, дээр нь суучихлаа. Хаашаа хэнтэй нь явахаа мэдэх­гүй, ацан шалаанд орчихдог юм байна. Тэгээд яалт ч үгүй дарга дийллээ. Барилга дээр очоод удаа­гүй байтал гал гарсан.

Таны хувьд хичнээн хүнийг галын аюулаас аврав?

-Нөгөө
гурав маань анх намайг оруулахгүй гэсэн. Орохоос өөр аргагүй юм билээ. Нэг ороод угаарт­чихсан хүнийг мөр­лөөд гарах гэхээр нөгөөх нь өмд­нөөс зуураад “Надад туслаач ээ, намайг эндээс гарга л даа” гэж байсан.

Тэд өөрсдөө гарах ямар ч боломжгүй байсан юм уу?

-Гал
доороос эхэлж гаран­гуут тэд амихандаа дээшээ гарах гэж гүйж байгаад л утаанд цохиулаад унацгаа­чих­сан байсан. За­рим нь бүр ар гэрийнхэнтэй­гээ утсаар ярьж байгаад угаар­таад унасан байсан юм. “Барилга дээр гал гарчихлаа. За ээж нь, аав нь ингээд үхлээ” гээд үр хүүхэд рүүгээ ярьж байгаад унасан байлаа.  Гар утас нь тасраагүй, цаанаас нь “Байна уу, байна уу” гээд л айж сандарсан хүмүүсийн яриа сонсогдож байв. Угаартахад ямар ч хүчтэй хүн байсан сөхрөөд л унадаг юм билээ.

 Та яаж тэр олон хүнийг аврав. Өөрөө угаар­таад унах аюултай шүү дээ?

-Өөрийгөө
унана ч гэж бодоогүй зүтгэсэн. Энд тэнд угаартсан хүмүүс тусламж хүсэхээр өөрийн эрхгүй тийшээ эргэж орж байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа хүмүүсийг үүрч, дээвэр дээр гарга­тал хоолой айхавтар хорссон. Бүр шүлсээ ч залгиж болдоггүй. Тэгтэл хажууд нэг солонгос хүн зогсч байна. Түүний толгой дээр байсан малгайг шүүрч авангуутаа, нарий­хан хуйлж байгаад хоолой руугаа чихэж аваад буцаад орсон.

Тэр олон хүнийг авра­хад хэдий хэр хугацаа зар­цуулсан бэ. Хэд орчим нас­ныхан байв?

-30 орчим минут болсон байх. Хамгийн дээд тал нь 70 гаруй настай хөгшин байсан. Тухайн үед барилгын дотор засал чимэглэл нь явагдаж байсан л даа. Гал гаран­гуут ажилчид нь дээшээ гүйсэн юм билээ. Барилга дотор байсан хүмүүсийн зарим нь ингэж дээшээ шатаар өгсөхөд нэг хэсэг нь доошоо бууж гал дундуур гүйгээд амьд гарцгаасан байсан. Харин дээшээ гүйж байсан хүмүүс нь угаартсан юм. Доороос гарсан утаа дээшээ хөөрч байгаад, буцаад аваарын шатаар сорогдож орсон юм билээ. Тэгээд хүмүүс утааны цохилтонд ороод муужраад унасан.

Гал сөнөөгчид болон  онц­гойгийнхон хэзээ нь ирсэн бэ. Тэд хүн аварсан уу?

-Гал
гарсны дараа гал коман­дынхан ирж, унтраасан. Харин утаа нь манантаад, юм харагдахгүй байсан. Биднийг дотор байсан хүмүүсийг гаргаж дууссаны дараа гал сөнөөгч арваад залуу барилга дотор хорт утааны багтай самналт хийгээд явж байсан. Би тэдэнд “Доор нэг хүн байгаа” гэтэл “Ямар ч хүн байхгүй” гэдэг юм байна. Яах аргагүй нэг хүн орилох чимээ 26 дугаар давхарт дуулдсан юм. Энэ тухайгаа тэдэнд хэлтэл “Тэгвэл чи өөрөө ороод аваад ир л дээ” гэдэг  юм байна. Намайг худлаа ярилаа гэж бодсон юм шиг байгаа. Харин тэр давхраас хамгийн сүүлчийн хүнийг авчирсан юм.

Тэр барилгад гарсан галын улмаас хүний амь эрсэдсэн үү?

-Хятадын
хоёр иргэн нас бар­сан гэж байсан. Гал унтарсны дараа бид шатаар буухад хоёр хүний цогцсыг цагаан даавуугаар бүтээсэн харагдсан. Тэд хаана нь юу хийж байсан улс юм бүү мэд.

Дээвэр дээр та нартай хамт ажиллаж байсан солонгос­чуу­даас дотогш орж хүн авраагүй юм уу?

-Бид
дөрвөөс гадна солонгос хүмүүс ажиллаж байсан. Гэхдээ тэд их аминдаа хайртай улс, ёстой зүглэх ч үгүй байсан. Би нэг удаа хүн аврахаар дотор ортол хорт утааны баг зүүчихсэн солонгос явж байхтай таарсан юм. Тэр хүн тэнд юу хийж явсан нь сонин. Би түүнийг дээш нь гаргачихаад хорны багийг нь авч зүүгээд бусад хүмүүсийг аврах юм бодлоо. Тэгээд тэр солон­гос хөгшин рүү ойртоод оч­тол намайг “мангасдаж” унагаа­чихаад зугтчихсан гээд л бод. Богино хугацаанд дээш доошоо гүйж тэр олон хүнийг үүрч гаргасан болохоор нэлээд сульдсан байсан юм. Ерөөсөө амьсгаагүй л гүйсэн дээ. Тэр барилга хараахан ашиг­лал­тад ороогүй байсан болохоор цахилгаан шат нь ч ажиллах болоо­гүй байв. Хамгийн дээд тал нь 26 давхраас хүн үүрээд 30 давхар руу гүйнэ гэдэг амаргүй. Яг 50 кг жинтэй хүн байлаа гэхэд муужраад унахад бүх бие нь сул болоод жин нь улам нэмэгдчихдэг юм.

Угаартсан хүмүүсийг үүрээд шатаар өгсч байхад юу бодогдож байв. Таны хаанаас тэр их хүч гарсан юм бэ?

-Тухайн
үед би удам угсаандаа их баярлаж байсан. Манай ээж, аав хоёрын талд хүчтэй хүмүүс байсан юм билээ. Ээжийн аав болохоор мундаг бөх хүн байлаа. Харин аавын аав яг ч барилддаггүй хэрнээ их бяр тэнхээтэй хүн байсан гэж нутгийнхан маань ярьдаг. Адуун дээр мордохоор морь нь шагай шиг харагддаг байсан гэж байгаа. Их том биетэй, ширээ шиг өргөн хүн байсан гэх юм билээ.

Та бас их том биетэй юм байна ш дээ?

-Би
зүгээр ч үгүй спортоор хичээллэсэн юм болохоор бас бяр тэнхээ байдаг юм шиг ээ. Тухайн үед угаартсан хүмүүсийг үүрч гар­гас­ны дараа барилгын дээвэр дээр нисдэг тэрэг ирсэн. Угаартсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүр­гэхээр, манай­хаар бол онцгойгийн­хон байсан юм. Тэдэнд бид бас тусалж нисдэг тэрэг рүү хүмүү­сийг зөөлцсөн. Тэгээд хүмүү­сийг аварсны дараа хөгтэй юмнууд болсон (инээв).

Юу болсон юм бэ. Тэр тухай­гаа ярь л даа?

-Бидэнд
эмнэлгийн тусламж үзүүлэхээр болтол бид хэд зугтаа­гаад. Тэр үед манай гурав “харла­чихсан” байв. Харин би яг ч харлаа­гүй байсан юм. Гэрээгээр ажиллаж байгаад ажлаасаа гараад өөр газарт ажилд орохоор болсон байсан үе. Харлахаар ший­дээд байсан нь тэр юм. Би Солон­гост 2005 онд очсон. Хоёрхон жилийн дотор мөнгө хурааж амжаа­гүй байдаг. Тэгээд эмнэлэгт очоод бид дөрөв дусал хийлгүүлж байгаад “За та нар намайг бодоход энд ирээд олон жил болсон, мөнгөө хураачихсан хүмүүс. Харин би ирээд удаагүй болохоор зугтлаа” гэж нөгөө гуравтаа хэллээ. Тэгтэл нөгөө хэд маань “Чамайг явбал бид ч бас хамт явна” гэв. Ингээд эмнэлгийн үүдэнд нөгөө дусал­тай­гаа ноцолдон арайхийн салгаад зугтчихсан юм.

Тэндээсээ хаачсан юм бэ?

-Гал
гардаг өдрийн маргааш нь цэргийн баяр байсан болохоор манай хэд явцгаасан. Харин би эмнэлгээс зугтааж гараад саун руу орчихлоо. Баахан утаан дундуур хүн авардаг баатар болж гүйчих­сэн чинь пад хар болчихдог юм байна. “Шуркад тохиолдсон явдал” гэдэг Оросын кинонд нэг бүдүүн нөхөр утаан дундуур орчихоод гараад ирэхэд ямар болдог билээ. Яг л тийм болсон байлаа. Хэлээ гаргангуут цав цагаан харагдана. Толгойгоо хажуу тийш нь эргүүлээд хартал хүзүүний цагаан ялгарч байгаа юм даа. Гар, нүүр гээд битүү хар хөө тортог болсон байв. Тэгээд саунд тухтай нь аргагүй хоночих­лоо. Саунаас гараад ирсэн чинь согтуу хүн шиг болчихсон байсан. Хордлого тайлуулах эмчилгээ хийлгээгүй болохоор тэгдэг юм гэнэ.

Хожим хор уршиг нь үлддэг юм биш биз дээ?

-Харин
тийм. Юм үлдчихсэн л байдаг шиг байна. Тэгээд сүүлд нь эмнэлэгт яваад очлоо. Дөрвүүлээ шинжилгээ хийлгэтэл хамгийн их хордсон нь би байсан. Манай гурвыг зүгээр байна гэсэн. Харин намайг нэлээд хордлоготой байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд байсан. Одоо болтол би зарим­даа согтуу хүн шиг сонин болдог. Ээж маань намайг тийм байхыг анзаарч “Миний хүүгийн хордлого нь одоо болтол гараагүй байгаа юм уу даа” гэдэг. Архи дарс уугаагүй байж үе үе их сонин болдог. Гуйваад л, дүүнгэтээд л…

Та нар хүний амь аварсны­хаа дараа хэсэг чимээгүй бол­чих­сон. Тэгээд шагналаа хэзээ нь яаж очиж авсан юм бэ. Ямар хүмүүс хүлээж авав?

-Бид
хэд хэсэг чимээгүй байсан юм. Тэгтэл тэр шатдаг барилгын хажуугийн байранд Солонгосын нэг сонины сурвалжлагч амьдарч байсан юм билээ. Тэр хүн тухайн үед зураг энэ тэр авсан гэсэн. Дараа нь бид хэдтэй уулзах гээд хөөцөлдөж, араас эрэл сураг бол­сон юм байх. Тэгээд манай дарга­тай уулзаад, Батаа ахаас ярилц­лага авсан. Гал гарснаас гурав хоногийн дараа манай Батаа ахын ярилцлага тэр сонинд нийтлэгдсэн юм. Тухайн үед Солонгос дахь манай ЭСЯ-нд Баярхүү гэдэг ах байсан. Тэр хүн нэлээд хөөцөлдөж, бидний талаар тус улсын Засгийн газарт нь хүртэл уламжилсан. Хамгийн түрүүнд цагдаагийн га­зарт мэдэгдэж, бидэнтэй тааралд­вал саатуулахгүй байх арга хэмжээ авсан юм билээ. Тэгээд гал гарс­наас дөрвөн сарын дараа шаг­налуудаа уван цуван авсан даа. Засгийн газрын зүгээс “Манай улсын иргэдийн амийг аварсанд баярлалаа” гэж визний тал дээр тусалсан юм. Тухайн үед Солон­госын талаас Хууль зүйн сайд, Монголын талаас тухайн үеийн Ерөнхий­лөгч нар ирсэн байсан.

Та нарыг ингэж шаг­наж урам­­шуулах гээд баахан эрэл сураг болоход нэг монгол эмэг­тэй холбож өгсөн гэж дуул­сан юм байна. Түүний тухай ярихгүй юу?

-Тийм
ээ. Цагаанаа гэдэг монгол эгч бидэнд эх хүний сэтгэлийг гаргасан шүү. Хордлоготой байсан бидэнд дусал хийж, анхны түргэн тусламж үзүүлсэн юм. Цагаанаа эгч Монголд байхдаа эмч байсан юм билээ. Би утаанд хордчихоод нэг талын нүдэнд өвдөг гараад тун хэцүү болсон байв. Тэгээд Цагаа­наа эгч “За миний дүү наркоз гэж юм байхгүй” гээд хатуу юм гаргаж ирснээ хоёр татуулчихдаг юм байна. Тэгээд нөгөө нүдэн дээр гарсан өвдөгний толгойг шахаж өгч байсан сан. Наад захын энэ мэт зүйл дээр тусалсан даа.

Хүний амь аварч, баатарлаг гавьяа байгуулсан та нарт ямар шагнал урамшуулал өгсөн билээ?

-Солонгосын Гуро дүүргийн хүндэт иргэн. Монгол Улсын хүндэт иргэн. Шударга журам зэрэг хэд хэдэн медаль авсан шүү.

Бас БНСУд оршин суух виз олгосон байх?

-Е7
ангиллын виз олгосон. Тэрийг жилдээ нэг удаа сунгадаг. Сунгуу­лах­гүй бол виз нь хаагддаг юм билээ. Манай Самбуудонь­дийнхыг тэгээд хаачихсан.

Та Монголдоо иртлээ визээ сунгуулаад л байсан уу?

-Тийм
гэхэд болно. Визний давуу тал нь хаана ч ажиллаж болно. Монголдоо ирж, Солонгос руу буцахад хүртэл асуудалгүй, амар. Би Солонгост хоёр жил мэргэжлээрээ сурсан юм. Гал гар­даг барилгыг захиалан бариулж байсан  эзэн нь жудогоор хичээл­лэж байсан юм билээ. Тэр хүн миний хоёр жилийн сургалтын төлбөрийг даасан. Нэг семистр нь зургаан сая төгрөг байсан гэхээр нийтдээ 24 сая төгрөгийн төлбөр төлсөн шүү.

Нөгөө гурав чинь одоо хаана байгаа вэ. Холбоотой байдаг уу?

-Батдэлгэр
ах саяхан бүл нэм­сэн гэсэн. Эхнэр нь төрсөн гэнэ лээ. “Хүүтэй болсон. Бөх болгоно оо” гэж байсан. Бусадтай нь холбоо тасарсан.

Хожим та нарын буянаар барилгаас амьд гарсан хү­мүүс баярласан талархсанаа илэр­хийлсэн үү?

-Бидний
аварсан хүмүүс хоёр сар шахам эмнэлэгт хэвтсэн байх шүү. KBS телевизээс нэвтрүүлэг хийж, тэднийг бидэнтэй уулзуулах юм болсон. Гэтэл уулзаагүй. Телевизээр нүүрээ дарж байгаад ярилцлага өгсөн байсан. “Амь аварсанд баярлалаа” гэж байна лээ. Аягүй бол хэдэн төгрөг нэхнэ гэж бодсон юм байлгүй.

Хаа байсан тэр Солонгост гал гарч байхад дөрвөн монгол хүн тэнд нь байж л байдаг. Тэгээд тэр муужирсан хүмүүсийг аварч л бай­даг. Ингээд бодохоор монгол хүний чанар гэж агуу шүү. Үүгээрээ их бахархдаг юм.

Та нарыг баатар болсонд Солонгост ажиллаж амьдарч байсан элэг нэгт монголчууд хэрхэн хүлээж авав?

-Өө  баяр хүргэж, тэмдэглэх хүн олон байсан даа. Зарим атаархуу нэг нь яасан од болж хандаггүй юм гэж уурлана. “Та нарын буянаар Солонгост амархан ирлээ шүү” гэх хүмүүстэй ч таарч байсан.

Та тэгээд сүүлд нь бичиг баримтын зөрчилгүй болчихоод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үү?

-Уг
нь KBS телевизээс нэвт­рүү­лэг хийж байхад намайг эмнэлэгт хэвтүүлж, люкс өрөө гаргаж өгсөн юм. Доод тал нь сар хэвтэж, эмч­лүүлбэл зүгээр болно гэж эмч хэлж байв. Гэтэл би ердөө гуравхан хоног хэвтсэн дээ. Тэр үед найз эмэгтэйтэй байсан юм. Нөгөөх чинь залгаад “Хаана байгаа юм бэ” гэдэг юм байна. “Эмнэлэгт хэвтэж байна” гэтэл “Яахлаараа эмнэлэгт хэвтдэг юм бэ” гээд уурлахаар нь гараад очтол хувцсаа баглаад явах гээд сууж байдаг байгаа. Тэгээд найз бүсгүйгээсээ ч салж, биеэ эмчлүүл­сэн ч юмгүй болсон доо (инээв).

Та гэр бүлтэй болсон уу. Ямар ажил хийж байна?

-Одоохондоо ганц бие хэвээрээ л байна. Солонгосын компанид орчуулагч, менежерээр ажилд орохоор зэхэж байгаа. Нэгэнт мэргэжлээрээ ажиллах гээд оройт­сон болохоор ийм л ажил хийе гэж бодож байна даа.

Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би
Увс аймгийн Давст суманд төрсөн хүүхэд.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Лениний музейн шүүх хурал маргааш болно

Лениний
музейн барилгын асуудал маргаантай байгаа. Уг барилгы яг хэний өмч болохыг тал дээр
Төрийн өмчийн хороо болон МАН хоорондоо булаалдах болсон. Гэтэл оросууд өөрийн өмчөө
хэмээн бас яригдаж байгаа. Төрийн өмчийн хорооноос нэхэмжлэлтэй, МАН хариуцагчаар
оролцох шүүх хурал энэ сарын 1-нд товлогдсон байсан ч хойшлогдсон билээ. Тэгвэл
маргааш 08.30 цагт Нийслэлийн шүүхэд Лениний музейн шинээр илэрсэн нөхцөл байдлыг
тогтоох шүүх хурал болно гэж албаны эх сурвалж мэдээллээ.

М.МӨНХ