Categories
редакцийн-нийтлэл

Монгол Оросын найрамдалт харилцаа сэргэн хөгжинө

Монголын Энх тайван най­рамдлын байгууллага
(МЭНБ)-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөө­лөг­чид өнгөрсөн долоо хо­ногт ОХУ-д
албан ёсны айлч­лал хийлээ. Энэхүү айлч­лалын гол зорилго нь хоёр улсын уламжлалт
найрсаг харилцаа холбоог сэргээж, шинэ шатанд хөгжүүлэн бэхжүү­лэхэд оршиж байв.

Монгол Оросын найрам­далт харилцаа
эртнээс ул­баа­тай бөгөөд 1990-ээд оныг хүртэл сэв суугаагүй үргэл­жилсэн билээ.
Харин 20-иод жилийн өмнөөс хоёр улсад сис­темийн задрал бий болж, улс төрийн нөхцөл
байдал өөрчлөгд­сөнөөр энэхүү най­рамдалт харил­цаа саарсан гэхэд болно. Хэдий­гээр
Мон­гол Оросын хоорондох төр засгийн түвшний харилцаа хэвийн үргэлжилж ирсэн ч олон
нийт, иргэний байгуул­лагын хамтын ажиллагаа орхигдсон нь гарцаагүй үнэн. Тиймээс
МЭНБ уг  харилцааг сэргээж, бэхжүүлэхээр ОХУ-ыг
зорьсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд МЭНБ-ын Ерөнхийлөгч
Д.Загд­жаваас гадна ОХУ-ын ТУХН-ийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга
Ё.Максим, Монгол Японы найрамдлын нийгэм­лэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин
Л.Дашпүрэв нарын албаны хүмүүс багт­сан байлаа. Ийнхүү хөрш хоёр орны уламжлалт
харил­цааг олон жилийн дараа дахин сэргээх алхмыг эх­лүүлж буй уг үйл явдалд хоёр
тал өндөр ач холбогдол өгч байсан юм. Тиймдээ ч айлчлал амжилттай болов.

Айлчлалын эхний өдөр манай МЭНБ ОХУ-ын
Хам­тын ажилла­гааны хол­боо­той хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ийнхүү уг хамтын
ажиллагааны гэрээ хэлэл­цээрийг шинэчлэн байгуулж, байгууллагууд хэлхээ холбоогоо
сэргээснээр сүү­лийн 20-иод жил саармаг­жаад байсан хоёр орны энх­тайван най­рамд­лын
харил­цааг өргөжүүлж, бэхжүүлэхэд том түлхэц боллоо. Энэ үеэр ОХУ-ын Холбоотны Россот­рудничеств
агентлагийн дар­га К.Косачевын сэтгэгдлийг хуваалцахад “Сүүлийн 20-иод жил, ялангуяа
10-аад жилд нь хоёр орны улс төрийн өөрч­лөлтөөс болж ард түмний дипломат харил­цаа
алдагд­сан. Нэг үгээр хэлбэл, төр засгийн хэмжээний харилцаа хадгалагдсан ч ард
түмний холбоо тасарсан гэж хэлж болно. Тиймээс энэ харил­цааг сэргээхээр хоёр орны
олон нийтийн байгууллагууд хэлэлцээрийг үзэглэлээ. Одоохон­доо заалт төдий байгаа
энэ хэлэлцээр тун удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр улсын хооронд байгуул­сан уг
хэлэлцээрт чухам ямар заалтууд орсныг МЭНБ-ын Ерөн­хий­лөгч Д.Загджаваас тодруулсан
юм. Тэрбээр “ОХУ-д суралцах оюутны асуудалд тодорхой ахиц гаргана. Монголд ажиллаж,
амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн нийгэм­лэгтэй хамтарч ажиллах зэрэг заалтууд орсон
байгаа. Мөн ОХУ-д спортын их наадам, соёлын урлагийн чиглэлээр хоёр орон харилцан
арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, орос киноны өдрүүдийг Монголд зохион
байгуулна. Эсрэгээрээ мон­гол киноны өдрүүд ОХУ-д болно” гэв.

Уг айлчлалын үр дүнд 2014 онд Монгол,
Орос, Хятад гурван улсын найрам­далт харилцааг бэхжүүлэх зорилготой гурван талт
форумыг манай улсад зохион байгуулах ажлыг нааштай­гаар шийдвэрлэсэн юм. Энэ арга
хэмжээ нь хөрш орнуудын ард түмэнд зөв мэдээлэл өгч, иргэдийг илүү ойртуулах зо­рил­готой.
Хоёр орны найрамдалт харилцаа ард иргэдийн оролцоо­той­гоор хөгжихөд ихээхэн ач
холбогдолтой форум болно гэж талууд онцолж байв. Ийнхүү шинээр байгуулсан хэлэлцээрийг
хоёр тал бодит ажил хэрэг болгохоор тохи­ролц­лоо. Хоёр орны харил­цааг бэхжүүлэх
өргөжүүлэх чухал ач холбогдолтой энэ гурван талт форумаар асууд­луудыг нарийвчлан
шийдвэр­лэх ажээ. Энэ тухай ОХУ-ын хамтын ажиллагааны холбоо­ны тэргүүлэгчдийн дарга
Г.Л.Муратов ярихдаа “Улс хоорондын харилцаа бол ард иргэдийн санал бо­дол сэтгэл
зүйтэй холбоотой. Танайх ч, манайх ч улс төрийн бодлого, зорилгоо иргэдэд зөв ойлголт
өгч байх ёстой. Нэг нэгнийгээ ойлгуулж, сайн мэдэрдэг байх нь чухал. Хүмүүнлэг спортын
салбаруу­даас гадна ажил хэрэгч уулзалтуудыг орхигдуулж болохгүй. Эрдэнэт, Улаан­баа­тар
төмөр зам гэх мэт хамтарсан нийгэмлэгүүдээ дэмжиж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд
санаа тавих хэрэгтэй” гэсэн юм.

Айлчлалын хоёр дахь өдөр ОХУ-ын төрийн
думын гишүүн Монголтой найрам­дах бүлгийн дарга, Шударга орос намын тэргүүн С.М.Ми­ронов
МЭНБ-ын Ерөнхий­лөгч Д.Загджавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд хоёр улсын
хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах дээрх хэлэлцээрийг хөндсөн юм. Мөн Монгол,
Орос, Хятад улсын гурван талт форумыг зохион байгуулах тухай, хоёр орны ард иргэдийн
харилцааг тэгш хөгжүүлэхээр хэлэлцсэн юм.

С.М.Миронов “Хэлэлцээ­рээ товлочихвол
эндээс төлөөлөгч очихоос гадна би өөрийн биеэр оролцохыг хичээнэ. Миний хувьд ирэх
зургадугаар сард Монголд зохион байгуулах социнтер­ний хуралд оролцох юм. Тэгэ­хээр
форумд оролцож амжих болов уу. Түүнээс гадна Ерөн­хий сайд, Ерөнхий­лөгчийн түвшинд
тэднийг ч бас оролцуулахаар санал дэвшүүлэх болно” гэлээ. Гурван талт хэлэлцээрээр
боловсрол, хүмүүнлэгийн салбарт одоо байгаа хэлэл­цээ­рээ бэхжүүлж, зам тээвэр,
төмөр зам барилгын чиглэлд харилцаагаа зузаатгахаар санаа тавих тухай талууд ярилцлаа.

МЭНБ-аас С.М.Ми­­роно­вын Монгол Оросын
найрам­далт харил­цаанд оруулсан зүтгэлийг үнэлж тус байгуул­лагын дээд шагнал
“Энхийн мөнгөн од” медалиар шагнав. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хүн төрөлхтний
энх тайван найрамдал, тэр дун­даа Сири улсын үймээнийг шийдвэр­лэхэд оролцсон гавьяаг
нь үнэлж Энхийн алтан од медалиар шагнаж байгаагаа С.М.Миро­новоор дамжуулж уламжлуул­сан
юм.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Оюунхорол: Д.Арвин л эхэлсэн…

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой
ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Н.Энх­болд ажлаа өгчихлөө. Оронд нь  бүлгийн
дэд дарга С.Бямбацогт то­ми­­логдлоо. Бүлгийн дэд даргын суудалд хэн байх бол?

-Одоогоор тэр асуу­дал яригдаагүй
байна. МАН-ын боловсон хүчнээ сонгох,шалгаруулах жур­мын дагуу бүлгийн дэд даргыг
сонгоно. Энэ зарч­маар МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогтыг сонголоо. Намын Удир­дах
зөвлөлөөр тодорхой өндөр албан тушаалд ажиллах хүнийг сонгон өрсөлдөөний зарчмаар
шалгаруулдаг байгаа. Энэ зарчмынхаа дагуу манай намын удирдах зөвлөл өглөө (өчигдөр)
хуралдсан. Ингээд үе тэнгийн гурван залууг нэр дэвшүүлээд тэднээс хам­гийн өндөр
оноо авсан хоёр залуугаа намын бүл­гийнхээ хурал руу оруулсан. Нууц санал хураалт
явуулахад олон­хийн саналыг С.Бям­ба­цогт авсан. Манай С.Бям­ба­цогт чадвартай,
ажил­саг, зарчимч, шаргуу, хө­дөлмөрч, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг хүн. Тиймээс
сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Н.Энхболд ямар шалт­гаанаар бүлгийн
даргын ажлаа өгөв. Өөрөө юу гэж тайлбар­лаж байх юм?

-Тэрбээр бүлгийн ху­рал дээр “Ажлаа
өөрийн­хөө хүсэлтээр өгье” гэсэн. Түүний хүсэлтийн дагуу асуудлыг нь шийд­вэр­лэлээ.
Ямар нэг тодорхой шалтгаан тайлбарлаа­гүй.

-МАН-ын удирд­ла­гуу­даас түүнийг
өргөд­лөө өг гэсэн шахалт үзүүлсэн зэрэг мэдээ­лэл бий…

-Дарга нар болон хувь хүмүүсийн хооронд
ямар асуудал болсныг би тааж мэдэхгүй.

-Н.Энхболд Увсын хоёр гишүүний
асуу­далд өөрийнхөө байр суурийг илэрхийлснээс ийм үйл явдал өрнөлөө гэх мэдээлэл
ч байна. Тэрбээр “МАН-ын нэр хүндэд халтай байна. Энэ хоёр гишүүнийг буцаачихъя”
гэсэн юм биш үү?

-Тийм асуудал огт болоогүй.

-Сонгуульд дараал­лан ялагдал хүлээсэн
МАН-ыг М.Энхболдын толгойлдог хотын фракц яаж шинэчлэх бол. Та М.Энхболд дар­гаа
дэмжиж байгаа юу?

-Би дэмжиж байгаа. МАН-ын XXVII хурлаас
97 хувийн саналаар гарч ирсэн лидерийг бид яа­гаад хүлээн зөвшөөрч ажил­лах­гүй
гэж. Лидерийг цаг үе нь төрүүлдэг. М.Энх­­болд дарга төрд ажиллаж болох бүхий л
албан ту­шаалыг хашиж, шат дамж­лагаар гарч ирсэн хүн.

-М.Энхболд дарга Их хурлынхаа үеэр
АН-тай хамтарсан Засгийн га­зар байгуулна гэж ам­ла­сан байсан. Үнэхээр тийм боломж
байгаа юу?

-Үнэндээ хамтарсан Засаг байгуулах
тухай яриагүй ээ. Ер нь эрх барьж байгаа улс төрийн том хүчинтэй хамтран ажиллана
гэж байгаа. Бид тахимаа өгчихөөд сөрөг хүчин болчихлоо гээд ард түмний 40 хувийн
саналыг авсан энэ том нам ард түмний төлөө хэнтэй ч зөвшилцөж, ойл­голцож, хийж
байгаа ажлыг нь дэмижих ёстой. Тэрнээс энэ нам голын нөгөө талд гарчихсан шүү  гээд эрхэлж, гэдийгээд хэвтэж болохгүй. Эрх биш
улс төрийн туршлага суу­сан зангаргаараа бид өнөөдөр улс төрийн соё­лыг Монголын
нийгэмд төлөвшүүлэхэд оролцох хэрэгтэй.

-МАН-ын бүлэг Зас­гийн газарт нэлээд
шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр 2016 он хүр­тэл МАН Засгийн газ­рыг унагах ажил хийх
болов уу?

-Өнөөдөр Засгийн газар чинь дүлий
байна. Эдийн засаг унаж байна. 2013 оны хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөгөө 70 хувиар
тасалсан Засгийн газартайгаа олонхи ха­риуцлага тооцох ёстой байсан. Бид ч шаардлага
тавьсан. “Ажлаа муу хий­сэн сайд нартайгаа, эсвэл засагтайгаа бүхэлд нь хариуцлага
тооц. Бид та нарыг дэмжих болно” гэсэн. Өнөөдөр эдийн засаг унаснаас иргэд бу­химдаж
байна. Манай намынхан баруун таван аймгаар явж байхад ир­гэд “Тайван амьдармаар
байна, Та нар ам.долла­рын ханшийг чангаруу­лаад, төгрөгийн ханшийг унагааснаар
бидний амьд­ралаас хулгайлж байна. Та нарын бодло­гын алдаанаас болж бид­ний амьдрал
уруудаж бай­на, хариуцлагыг нь хэн тооцох юм бэ” гэж асууж байсан. Тэгэхээр Засгийн
газартайгаа ха­риуц­лага тооцох учиртай.

-Сэдвээсээ хазайя. Саяхан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр Д.Арвин ги­шүүн өөрт тохиолдсон зовлонгоо
гомдолтой нь аргагүй Ерөнхий­лөг­чид хэлсэн. Түүнийг үнэ­хээр хэл амаар до­ромжилсон
юм уу. Та Д.Арвин гишүүнд юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм зүйл болоогүй ээ. Улстөрд сонгогдсон
хүмүүс тухайн намын дэм­­жигчдийн саналыг авчи­хаад ингэж урвалт хийж байгааг би
хувьдаа дэмждэггүй. Би  Д.Арвинд “Та МАН-д
гомдох эрх байхгүй. Энэ нам таныг хангалттай эрхлүүлсэн” гэсэн. Түүнийг дөрвөн удаа
тойрогт нэр дэвших боломжийг олгож бай­сан. Д.Арвин мундагтаа УИХ-ын гишүүн болчих­сон
юм биш. МАН-ын энэ том намын далбаан дор явж улстөрч болсон. Идсэн хоолныхоо тогоо
руу нулимна гэдэг байж боломгүй асуудал. Би хувьдаа урвалт гэдэг мөн­хийн хувиа
боддог хүмүү­сийн хийдэг ажил гэж бод­дог болохоор тэгж хэлж байгаа юм. Надад то­хиолдсон
шиг явдал Д.Арвин гишүүнд учирсан бол би хүлээж авах бай­сан. 2004 онд улс төрийн
намын лидер нь яаж хү­нийг шахаж болдгийг харж байхдаа би Д.Арвин шиг урвалт хийгээгүй.
Тэрээр АН руу урвас­ны­хаа дараа “Танай нам муухай, та нар шиг муухай хүмүүс байхгүй”
гэж яриад сууж байх нь Монгол хү­ний жудаг мөн үү. Түүнээс айгаад бэргээд байх зүйл
байхгүй.

 Хорхой хүртэл биед нь хүрэхээр арав­ганадаг
ш дээ. Зүгээр байхад өдөөд байвал хариултыг нь өгнө шүү дээ. Энэ бол улстөрчдөд
байдаг ердийн характер. Үүнд ердөө гайхаад байх хэрэггүй.

-Д.Арвин гишүүний хувьд нэг талаар
шахагд­сан байх. Гэхдээ түүний хувьд улстөрийн сонголт байсан юм биш үү?

-Түүний сонголтыг одоо бол хүндэтгэж
байна. Д.Арвин гишүүнийг шахсан буландуулсан юм ерөөсөө байхгүй. Би эмэгтэйчүүдийн
байгууллагын даргын хувьд   Д.Арвиныг МАН-ын
Удирдах зөвлөлийн гишүүнээр оруулж, батлуулж байсан. Шахагдсан хүн Удирдах зөв­лөлд
орох бил үү. Хуучнаар улс төрийн товчооны тийм хүнээ бид шахна гэж үү. Ха­рин сонгуулийн
хуулийн буд­лиантай, тойрогт нэр дэвш­сэн хоёр хүн хоорондоо өр­сөлдөж, зөрчил үүсдэг
тог­лоом тэр тойрогт нь байсан юм байлгүй дээ гэж харж байгаа. Хоорондоо маргалд­даг
тэр зовлон бүх хүмүүст ижил байсан шүү дээ. Нэг тойрогт нэг намаас нэр дэвш­сэн
хоёр хүн хоорондоо үзээд байсан явдал бүх той­рогт байсан л юм билээ. Ма­най аймагт
ч байсан. Гэхдээ тэрийг бид тэвчээд л даваад гарна. Тийм хэмжээний зүй­лийг тэвчээд
даваад гарч чадахгүй хүн яах гэж улс төрд өрсөлддөг юм.

-Та Төрийн ордны зоо­гийн газарт
Д.Арвин гишүүн рүү дайрч давшилсан гэх юм билээ?

-Д.Арвин өөрөө УИХ-ын чуулган дээр
эхлээд над руу дайрсан. Би өнөөдөр “От­гон тэнгэр” дээд сургуулийг байгуулаад
23 жил болж байна. ТҮЦ ажиллуулж үзээ­гүй байж байгаад тэрбумтан болчихон хүмүүсийн
дэргэд би Монгол Улсын залуусын оюуны хөрөнгө оруулалтад хангалттай хувь нэмрээ
оруул­сан гавьяатай гэж бод­дог. Тийм учраас Ерөнхий­лөгч Гавьяат багш гэдэг цол
өгсөн байх. Өнөөдөр хэдэн мянган оюутан залуусыг хоо­лонд хүргэсэн тэр эрдмийн уурхай
руу маань дайрч давш­лаад байгаа “ажаад” бас хариуг нь барина шүү дээ. Энэ бол хүн
ёсны асуудал байсан шүү. Би зүгээр байж байхад нь түүнд тийм хариулт өгөөгүй. УИХ-ын
чуулган дээр оюутны тэтгэлгийн асуудлыг яригдахад л Д.Арвин өөрөө олон юм ярьсан.
Д.Оюун­хорол өөрөө тэр 70 мянгыг авч идэх гээд, Отгонтэнгэр сургуульд санхүүжилт
хийл­гэх гээд л байгаа юм шиг зүйл ярьсан. Би тийм санхүүжил­тийн тухай яриагүй
ээ. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиу­дын санхүүжилтийн тухай хуулийг анх Ерөнхийлөгч
өргөн барьсан. Би зургаан сар уг хуулийн ажлын хэсгийг ахалж байж батлуулсан. Ту­хайн
үед манай нам олонхи байсан. Тэгэхэд тэр хуулийг эсэргүүцэж байсан хүн нь Д.Арвин
байж. Тэрийгээ гар­гаж ирж ярихдаа замбараа­гүй байдлаар илэрхийлж, намайг хувьдаа
авах гэж бай­гаа юм шиг ярьсан. Оюутны 70 мянга гэдэг бол өнөөдрийн Монголын ирээдүй
хойч үеийн оюуны хөрөнгө оруу­лалт.

-Их, дээд сургуулиудын эздийг дэмжиж
байна гэж үзсэн юм биш үү?

-Оюутны дансанд орж бай­гаа мөнгө
тэр сургуулийн захиралд ямар хамаа байна вэ. Тухайн оюутан тэр мөнгөө юундаа зарцуулах
өөрийнх нь мэдэл.

-Улс төрд гарсан эмэг­тэй гишүүд
маань ингэж хоо­рондоо хагаралдаад бай­хаар дараагийн улс төрд орох бүсгүйчүүдийн
хувьд хаалт болох талтай…

-Д.Арвин бид хоёр улс­төрд олон жил
хамт явлаа. Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн, намын нөхдүүд маань хараад ялгаж
салгах байлгүй дээ. Улс төрд явж байгаа эмэгтэйчүүд хувийн эрх ашиг, биеэ цэгцтэй
авч явах хэрэгтэй. Дараагийн үед эмэгтэй улстөрчдийн үүд хаал­гыг тэр загвараар
хааж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Бид улс төрд орж ирж, шийдвэр гаргах эмэгтэйчүү­дийн
тоог нэмэгдүүлье л гэж байгаа юм бол эрх зүйн орч­ныг бий болгож, өөрсдөө загвар
болох ёстой. Тэрнээс урвалт шарвалт хийгээд эл­дэв хор найруулгад хутгал­даад байвал
бидний дараа­гийн улс төрд орох эмэгтэй­чүү­дэд маань гай болох вий гэж боддог доо.

-Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхний
асуудал нь Р.Амаржаргал гишүүн тухай байсан. Танай нам ямар байр суурьтай байна
вэ?

-Одоогоор ямар нэгэн байр суурь алга.
Би хувьдаа Р.Амаржаргалыг Монголын төрд байх ёстой, Монголын томоохон улстөрчдийн
нэг гэж боддог. Түүний оюуны потенциалыг монголын төр ашиглаасай. АН-д байгаа тод
өнгө мөн.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Цасаар голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан долоо хоног

Түрүүч нь ¹292
(4620),  293 (4620)
дугаарт

Ц.Түмэндэлгэр үнэ­хээр азтай залуу.
Бас дэн­дүү тэвчээртэй нэгэн. Хөл нь хугарчихсан хэрнээ өвлийн тэсгим хүйтэнд эзгүй
хээр хөдөө бүхэл бүтэн долоо хоног үхэл­тэй нүүр тулан сөрөх зо­риг­тон түүнээс
өөр хэн нэгний тухай лав дуулаа­гүй. Хүн туйлын зорил­годоо хүрэхийн тулд ямар ч
зовлон бэрхшээл, саад тотгор давдгийг энэ залууд тохиолдсон явдал харуулах шиг.
Тэрбээр ижийгээ бодож, зам руу хүрнэ гэсэн чин хүслээ биелүүлж, азаар замын хүмүүстэй
тааран үхлээс мултарч чадсан. Магад­гүй өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны оройн 20
цагийн үед тэр замаар машин явж таараагүй бол түүний зовлонт өд­рүүд цаашаа хэр
удаан үргэлжлэх байсныг бодо­хоос ч зүрх шимширмээр.

Номгон сумынхаа мал­­чин өрхийнд сэрсэн
Ц.Түмэндэлгэр амьд бай­гаадаа туйлын их баяр­тай байв. Хамаг бие нь янгинаж, хугарсан
хөл нь бүр ч их зовиурлаж байна гэнэ. Өмдөө шуугаад хар­тал бэртэлтэй хөл нь улаан
эрээн болчихсон байжээ. Гар хөлнийх нь хуруунууд өнгөцхөн хай­рагд­санаас өөрөөр
хөл­дөөгүй байсан нь гайхал­тай. “Амьд гарч чадсан юм чинь. Энэ зэргийн өвдөлт ч
яамай байна аа” гэж тэрбээр бодно. Айлын хүмүүс түүнийг сонирхон харж, “Яаж тэсэхээрээ
энэ олон өдөр хоногуудыг туулдаг байна” гэж ярил­цах нь тодхон сонсогдо­но. Түүнд
ярих өч төчнөөн зүйл байвч амнаас нь нэг ч авиа гарсангүй. Олон хоног цас идсэн
боло­хоор ам нь дарвигнаж хоолой нь өвдөж байгаа гэж тамтаггүй. Юм ярих гээд хүчилсэн ч хэл ам нь эвлэхгүй байж. Олон хоног
даарч бээрсэн түүнийг хашир хөгшчүүл яаж бөө­цийлөхөө андахгүй. Их халуун үзүүлэхгүй
гэж галаа бага зэрэг өрдөж, түүний өмнүүр дээлээр нь хал­хавчилжээ. Ходоод нь хоосон
энэ залууд гэнэт халуун хоол унд өгч болохгүй хэмээж, зэлгий хярам амсуулах төдий
бага багаар өгөв.

Ц.Түмэндэлгэрийг айлд буулгасан замын
унаа Ном­гон сумыг зорьсноос нэлээд хэдэн цагийн дараа машины чимээ дуулджээ. Тэдний
гад­на хоёр машин ирж зогслоо. Ц.Түмэн­дэлгэрийн ар гэрийн­хэн, Номгон сумын их
эмч Буянхишиг болон сум орон нутгийн иргэд, эрлийн багийн­хан, нийлсэн олон хүн
машинаас буув. Сураггүй болсон залууг нас барчихлаа хэмээн ажил явдалд нь бэлтгэж
байсан тэд чихэнд чимэгтэй мэдээ дуулангуутаа шуудхан хөдөлцгөөжээ. Ан­хан­даа амьд
сэрүүн олдсон гэдгийг сонсоод итгэж ядсан гэнэ. Мөн эсэхэд нь ч эргэлзжээ. Ингээд
Ц.Түмэн­дэлгэрийг таньж мэдэх ар гэрийнхэн, найз нөхөд нь гээд бүгд явна гэж. Ямартаа
ч эхний ээлжинд эмчээ аваад хоёр машиндаа хүмүүсийг багтах чинээгээр “чихэж” аваад
энэ айлд иржээ. Гэвч тэд Ц.Тү­мэндэлгэрийг таньж ядлаа. Мань эр олон хоног хоол
ундгүй байсан болохоор турж эцсэн ч гэж жигтэйхэн. Тиймээс нутаг усныхан нь танихад
тун бэрх болсон байв.

Ингээд сумын их эмч Буянхишиг түүнийг
үзээд шуудхан эмнэлэг рүү авч явжээ. Өдөр хоног өнгөрөх тусам түүний бие бага ч
болов  дээрдэж, ганц хоёр үг хэлж, өөрийгөө
илэрхийлэх­тэйгээ болжээ. Гэхдээ хоо­лойных нь сөөнгө тийм ч хурдан зүгээр болчихсонгүй.
Харин дулаан газарт даса­хад хэцүү байв. Хамаг бие халуу шатаж байгаа юм шиг болж,
байсхийгээд л эм­нэлгийн өрөөний цонхыг дэлгэж бусад өвчтөнүүдийг багагүй дааруулсан
байна.

Тэрбээр хамгийн түрүүнд мотоциклио
олсон эсэхийг асуухад эрлийн багийнхан барааг нь ч хараагүй гэжээ. Мань эр хаана
хэрхэн он­холдсоноо зааж өгснөөр тэд Шар нохойтод очсон байна. Тэгтэл мотоцикль
нь хоёр хуваагдаж, цасанд дарагдсан байжээ. Ц.Түмэн­дэлгэр ийм л  хүнд ослоос амьд үлдэж чадсан юм. Орон нутгийнхаа
эмнэлэгт гурав хоног хэвтээд арай тэнхрэх­тэйгээ болонгуут Улаанбаа­тар руу онгоцоор
хүргэгдэн иржээ. Ингээд Гэмтэл согог судлалын үндэс­ний төвд хэвтэн эмчлүүлж хугарсан
хөлөндөө мэс засал хийл­гэжээ. Залуу хүн боло­хоор амархан тэнхэрсэн байх. Одоо
түүний хөл хоёр ха­даастай гэнэ лээ. Тэгсэн атлаа мотоциклио унасаар л яваа.

Хүнд бэрх өдрүүдийг туулж өнгөрүүлсэн
Ц.Түмэн­дэлгэрийн баатарлаг үйлсийг  нутаг
усныхан нь магтан шагшдаг юм билээ. Тиймээс Өмнөговь аймгийн “Эгэл баатар”-аар өргөмжилжээ.

МУГЖ Н.Нэргүйбаатар гуай Ц.Түмэндэлгэрт
тохиолд­сон энэхүү бодит амьдралыг харуулсан “Үхэл амьдралын заагт” гэдэг нэртэй
киног найруулж, үзэгчдийн хүртээл болголоо. Кино зохиолыг Д.На­цагдоржийн болон
С.Буян­­нэмэ­хийн шагналт зохиолч До.Цэнджав бичжээ. Уг киног “PP” телевизийн захирал
Г.Бат-Эрдэнэ, Ном­гон сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Амгалан нар продюссерлэжээ.
Ерөнхий зураглаачаар Ж.Лхаг­вадорж гэдэг залуу ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин
Б.Эр­дэнэбилэг, Н.Аззаяа, Н.Бямбацогт нар тоглосон байна. Киноны нээлт энэ сарын
1-нд Өмнөговь айм­гийн Даланзадгад хотод болсон юм. Уг арга хэмжээнд киноны уран
бүтээлч­дээс гадна гол дүрийн баатар Ц.Тү­мэндэлгэр Хар­магтай багаас хүрэлцэн ирсэн
байлаа. Анх удаа орон нутагт нээлтээ хийж байгаа уг уран бүтээлд нутгийн удирдлагууд
өндөр ач холбогдол өгч байсан юм.

Тухайлбал, Өм­нөговь аймгийн удирдлагууд,
Ном­гон сумын Засаг дарга, нутгийн зөв­лөлийнхөн цөм ирнэ лээ.

Нээлтийн ажиллагааны үеэр киноны найруулагч
Н.Нэргүй­баатар ярихдаа “Энэ залууд тохиолдсон явдлыг би өнгөрсөн өвөл сонссон юм.
Ингээд До.Цэнд­жав зохиол­чид кино зохиол бичих санал тавьсан. Зохиол ч бэлэн болж
надад маш их таалагдсан. Ингээд бид жүжигчдээ сонгож, цаг алдалгүй зурагт авалтаа
эхлүүлсэн” гэлээ. Киноны зургийг Номгон суманд авчээ. Энэ кино говийн баатарлаг
хөвгүүн Ц.Тү­мэндэлгэрийн тэсвэр тэвчээрийг онцлохоос гадна монгол ахуйг харуу­лахыг
зорьжээ. Киноны гол баатар болох Ц.Түмэн­дэл­гэрийн дүрийг залуу жүжиг­чин Б.Эрдэнэ­билэг
бүтээсэн байна. Амьдрал дээр Ц.Тү­мэндэлгэр гэр бүлгүй ганц бие залуу. Харин кинонд
тэрбээр эхнэр хүүхэдтэй болдог. Түүний эхнэрт жүжигч­ин Н.Аззаяа тог­ложээ. Найз
нөхдийн урвалт, хайр сэтгэлийн нандин холбоог энэ кино тод томруунаар харуулна.
Кино тэр чигээрээ адал явдал. Хүний сэтгэлийг хөдөлгөсөн огшоосон, хү­лээлттэй.
Үзэгчид “Одоо юу болох бол” үйл явдал, өрнөл болгонд анхаарлаа хандуулж байлаа.
Мөн инээхдээ инээж, уйлахдаа уйлж байсан юм.

Өөрт тохиолдсон явдал нь дэлгэцийн
бүтээл болсонд Ц.Түмэндэлгэрийн сэтгэл нь нэлээд хөдөлсөн янзтай харагдаж байлаа.
Кинонд царцаа, цас идэж, шээсээ уудаг хэсгүүдийг гарахад нүдэндээ нулимс цийлэл­зүүлэн
байн байн өндөлзөн сууж байв.

“Үхэл амьдралын заагт” уран сайхны
кино олон хүний хүч хөдөлмөрөөр бүтжээ. Номгон сумын болон Хар­магтай багийн малчин
ард иргэд хүртэл оролцсон байна. Нутгийн иргэд киног маш сайхнаар хүлээн авч байлаа.
Сүүлийн үед бодит амьдралаас сэдэвлэсэн ийм төрлийн кино ховордсон. Дандаа залуусын
хайр дур­лал хөнгөн сэдэвтэй кино­нууд зонхилж байгаа өнөө үед “Үхэл амьдралын заагт”
кино жинхэнэ монгол ахуйг харуулж,  бодит
амьдралаас сэдэвлэснээрээ ялгарна. Энэ кино Улаанбаатар хотод шинэ оны дараа нээлтээ
хийнэ гэсэн.

Ц.Түмэндэлгэр уг киног үзээд ямар
сэтгэгдэл төрснийг нь хуваалцахад “Үнэхээр сайхан кино болжээ. Маш их таалагдлаа.
Тэр үеийг бодо­ход амаргүй байлаа” гэж намуухнаар хариулав.

Түү­нээс “Тэр явдлаас үүдэж, таны
биед ямар нэгэн сөрөг үр дагавар илэрч байна уу” гэж лавлатал “Олон хоног хүйтэн
цасан дээр мөлхөж байсан болохоор нуруугаар жаахан өвдөх гээд байдаг болсон.  Тухайн үед ч айхавтар хүйтэн байсан ч азаар миний
бие хөлдөөгүй” гэсэн юм.

Түүний дүрийг кинонд амьд­руулсан
жүжигчин Б.Эр­дэнэбилэг гэдэг залууд говь нутгийн хамгийн хүндтэй өргөмжлөл болох
“Ижий говь” медалийг Өмнөговийнхон гардуулсан юм. “Үхэл амьд­ралын заагт” долоо
“хоно­сон” түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрийгөө манай ун­шигч­дад танилцуу­лахгүй
юу?

-Миний хувьд орчуулгын кинонд дуу
оруулдаг.  Анх ТВ-9 телевизийг үүсгэн бай­гуулагдахад
ажлын гараагаа эхлүүлсэн. 

-“Үхэн амьдралын заагт” кино таны
хэд дэх бүтээл вэ?

-Пробонд орж тэнцээд энэхүү кинонд
тоглохоор болсон юм. МУГЖ Н.Нэр­гүйбаатар, М.Гүрсэд, СТА Ц.Батзандан зэрэг уран
бүтээлчдийн зааж зөв­лөснөөр Ц.Түмэндэлгэрийн дүрд ажил­лалаа. Гол дүрд тоглосон
анх­ны маань уран бүтээл болохоор үзэгчид тунгаах байх аа.

-Ц.Түмэндэлгэрийн дүрийг бүтээхэд
юуг голч­лон анхаарч байсан бэ?

-Уран сайхны кинонд ажил­лахад гол
дүрийн баатар маань амьд сэрүүн байгаа нь надад дөхөмтэй байсан. Бид өнгөрсөн зургадугаар
сард зураг авалтаар Номгон су­манд очиход Ц.Тү­мэндэл­гэрийн хөл бүрэн эд­гэрээгүй
байсан. Таягтай явж байсан хэрнээ мотоцикль унаж бай­сан шүү. Түүнтэй хэсэг хуга­цаанд
хамт байж, зан ааш, байгаа төрхийг нь судалсан. Тэрээр өөрийнх нь тухай хийсэн киног
үзээд ямар сэтгэгдэл төрөх вэ гэх зэрэг олон зүйлийг тунгаан байж энэхүү дүрдээ
орсон.

-Кинонд тоглож байхдаа түүний оронд
өөрийгөө тавихад юу бодогдож байв?

-Хэр баргийн хүн гэтэлж чадахгүй бэрхшээлийг
Ц.Тү­мэн­дэлгэр давж чадсан. Хүн амьдралд хайртай. Тиймээс амьдрахын төлөө асар
их сэтгэлийн тэвчээр гаргаж чадсан энэ залуугийн зориг тэвчээр үнэхээр гайхам­шигтай.
Ц.Түмэндэлгэр эзгүй хээр гав ганцаараа үхлийг сөрсөн. Харин зургийн талбай дээр
намайг тойрсон олон хүн байсан. Тэр дунд “Хэрэв би Ц.Түмэндэлгэрийн оронд байсан
бол” гэж бо­доход үнэхээр хүнд са­нагдсан. 
Амаргүй байсан шүү.

Өнөө цагт хээр ша­тахуунгүй зогссон
ма­шиндаа хөлдөөд энд­чихсэн хүмүү­сийн талаарх мэдээллүүд бишгүйдээ л байдаг. Харин
тэрлэг дээлтэй, бакалтай, ноосон малгайтай явж бай­сан Ц.Түмэндэлгэр  мото­цикльтой онхолдож унасан. Өвлийн тэсгим хүйтэнд
хугарсан хөлтэй олон хоног мөлхөж явах, эрүүл саруул алхах хоорондоо ялгаатай. Кино
зураг авахуулж байхад хүйтэн байсан. Миний хувьд эрүүл саруул хэрнээ түүний оронд
өөрийгөө тавихад энэ хүн тэр олон шөнийг яаж тэсч гарсан юм бол гэж их бодож, түүнээр
бахархаж байлаа. 

-Та кинонд царцаа, цас, хулгана,
малын сэг зэм зэргийг идэж байгаа гарсан. Үнэхээр хатсан царцаа идсэн юм уу?

-Найруулагч маань кино­гоо бодит амьдралаас
сэ­дэвлэсэн болохоор үзэгчдийг хуурахгүй байх шаардлага тавьж байсан. Тиймээс бүх
зураг авалтыг бодитоор хий­сэн.

Ц.Түмэндэлгэр царцаа, өвс, цас зэргийг
идсэн. Би ч бас идсэн. Царцаа идэхэд тэмтрүүл нь хоолой зуран ордог юм билээ. Ер
нь жү­жигчин хүнээс шаардагдах бүхий л авьяас, тэвчээрийг гаргасан даа.

-Та орчуулгын киноны жүжигчин гэснээс
Оросын олон ангит Цэргийн сур­гууль киноны Перпечко гэдэг шулга хөвгүүнд дуу оруулсан
гэсэн байх аа. Кинонд тоглоход кинонд дуу оруулахаас ямар ялгаатай байв вэ?

-Тэр шулга сурагчийн дууг оруулахад
Нэргүйбаатар гавьяат маань надад зааж зөвлөсөн юм. “Иймэрхүү бөөрөнхий хэлтэй, эгдүүтэй
байдлаар дуу оруулбал зүгээр” гэсэн л дээ. Түүний зөвлөснөөр Перпечкогийн дууг оруулсан.
Гэхдээ би шулга биш байгаа биз дээ(инээв). Кинонд дуу оруулна гэдэг бол тухайн дүрийг
хүнд хүргэхийн тулд жүжигчнээс нэлээд ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг. Харин
уран сайхны кинонд тоглохын хувьд камерын өмнө тухайн дүрийг өөрийн биеэр илэрхийлдгээрээ
онцлог. Ер нь бол амар ажил гэж байхгүй. Аль аль нь л жүжигчнээс уран чадвар шаарддаг.   

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Цасаар голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан долоо хоног

Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай
багийн малчин Ц.Түмэн­дэлгэр өвлийн хүйтэнд, эзгүй хээр талд үхэлтэй тэмцэлдэн зургаан
шөнө, долоон өдрийг өн­гө­рүүл­сэн тухай сур­валж­лагыг үргэлжлүүлэн хүргэж байна.

Нэгдүгээр сарын 22-ны орой Ц.Түмэндэл­гэрээс
эрлийн багийнхан хэдхэн метрийн зайтай зөрлөө. Учир нь цасаар шуурч байсан болохоор
ойр орчмын зүйл тэдэнд харагдаагүй биз. Харин аврал эрсэн залууд бол машины, мотоциклийн
гэрэл ердөө өмнөхнүүр нь эргэсэн юм. Төд удал­гүй машин, мотоциклийн дуу гэнэтхэн
намжив. Эрлийн багийнхан явган хайж байгаа бололтой, гар чийдэнгийн голгоно­сон
гэрэл бүдэгхэн энд тэндээс гялтайна. “Түмэн­дэлгэр ээ”, “Дэлгэр ээ” гэж хүмүүсийн
орилолдох чи­хэнд нь сонсогдов. Ц.Тү­мэндэлгэр “Намайг хайж яваа л юм байна” хэмээн
баярлаж, “Би энд байна, би энд байна шүү дээ” гээд орилох гэсэн боловч ам нь эвлэсэн­гүй.
Дуу нь ч гарсан­гүй. Болдог сон бол босоод гүймээр са­наг­давч хугар­сан хөл нь
түүнийг чан­гаана. Нүүр нүдгүй цасаар шуурч бай­гааг ч үл ажран Ц.Түмэн­дэл­гэр
эрлийн багийнханд өөрийгөө мэ­дэгдэх гэж хичнээн орол­довч бүтсэн­гүй. Дэмий л гараа
савчуул­лаа.

Харин эрлийн багийнх­ны дуу улам бүр
холд­соор байв. Шуур­ганы жихүүн чимээ л тодрон үлд­жээ. Ц.Түмэн­дэлгэр “Би ямар
азгүй юм бэ. Дэргэд минь ирцгээ­чихээд буцаад явчих­лаа шүү дээ” хэмээн уйлах гэсэн
боловч дусал нулимс ч гарсангүй.

Нэгдүгээр сарын 23. Шөнө­жин цасаар шуурс­ны маргааш өглөө нар цэлмэг тэнгэрийг
цацруу­лах мэт манд­лаа. Ц.Түмэн­­дэлгэр бүхэл бүтэн дөрөв хоног хэлэн дээрээ цас
болон өөрийн­хөө уснаас өөр юу ч тавиагүй болохоор ихэд сульдаж ядарчээ. Ухаан санаа
нь балар­таж, уруул ам нь омгол­тож, холцруутсан байна.  Үүрийн жиндүү жихүүн жаврыг тэсэн байж өглөө­тэй
золгосон тэрбээр ямартаа ч зам руу дөхье гээд мөлхжээ. Гэвч олон хоног хоол, ундгүй
явсан түүний толгой нь эргэж, хугарсан хөл нь зовиур­лав. Өлсч туйлдахын эрхэнд
цасан дороос хатсан өвс тасдан иджээ. Хэдийгээр хоолой, ам нь өвдөж байсан ч цаснаас
өөр “бэлэн хоол”-ны сонголтгүй болохоор идсээр л байв. Тэрбээр өдөржин мөлхсөөр
25 метр газар л хороожээ. Нар хэвийхэд нөмөр газар хоргодож, тэндээ шөнийн жаврыг
өнгөрүү­лэ­хээр болов. Тэрбээр жижигхэн хадны өмнө очиж, өөрийнхөө суух газрын цасыг
гараараа малтжээ. Гэтэл хатсан царцаа түүний нүдэнд шуудхан өртөв. “Царцаа уушгинд
сайн гэж дуулсан болохоос хор­той гэж лав мэдэхгүй юм байна” хэмээн бодон хатсан
царцааг шуудхан аваад үмхчихэв. Өлсч цангасан түүнд ямар нэгэн амт, үнэр мэдрэгдэх
юм алга гэнэ. Сууж байгаа газрынхаа эргэн тойронд дахин царцаа байгаа эсэхийг хайж
гарлаа. Тэрбээр нэлээд олон хатсан царцаа олжээ. Эхэндээ тааралдсан болго­ныг амандаа
хийж, зажилж байснаа нэгмө­сөн бөөгнүүлж бай­гаад идэхээр шийджээ. Яг л чихэрт хорхойссон
хүүхэд шиг амтархан идсэн гэнэ. Тэндээ хоно­но гэж байсан тэрбээр хэсэг царцаа,
цас идсэний­хээ дараа тамир тэнхээ орох шиг болж, газар дөхөхөөр шийджээ. Гэвч гавьтай
явж чадалгүй цуцсан байна. Ердөө 20-иодхон метр газар мөл­хөөд л зогсчээ. Түүнийг
ийн зовж байх зуур эрлийн багийнхан өөр газраар түүнийг хайсаар л байв.

Эрлийн багийнхан нут­гийн нэгэн мэргэн
төлгөчид хандахад “Та нар яг хажуух­наар л яваад байна даа. Явсан газраараа дахиад
нэг эргэ” гэжээ. Ингээд шөнө дунд урьд өдрийнхөө явсан газраар дахин эргэж гэнэ.
Зүдэрсэн залууд хий юм сонсдож байна уу гэтэл яах аргагүй нэрийг нь дуудаж, гар
чийдэнгийн гэрэл энд тэнд тусч байна гэнэ. Орилж чадахгүй боло­хоор мань эр байдаг
чадлаараа мөлхжээ. Гэвч эрлийн багийн­хан түүнийг тойроод л яваад байж. Төд удалгүй
тэд ч холд­сон байна. Энэ үед Ц.Түмэн­дэл­гэр “Ядаж тамхи татдаг байсан бол биедээ
галтай явж байх байсан даа” хэмээн нэг уурласнаа “Ямар осолд ороод ингэж зовно чинээ
мэдсэн биш дээ” гэж өөрийгөө зөвтгөв. “Би зам руу гарах ёстой. Хоёр удаа хүмүүс
намайг хайж ирээд олсонгүй. Тэгэхээр заавал зам бараадъя” гээд шөнөжин мөлхжээ.
Хоёр алхам хэртэй мөлхөөд л амсхийж байв.

Нэгдүгээр сарын 24. Эзгүй хээр талд таван шөнийг өнгөрүүлж, дөрөв дэх өдөр­тэй­гээ
золгож байгаа Ц.Түмэн­дэлгэ­рийн тэвчээр мохоогүй байлаа. Гэгээ ороход эрлийн багийнх­ны
маши­ны дугуйн болон хүний гутлын мөр цасан дээр тод зурайна. Ердөө арваадхан метрийн
зайтай л эргэсэн байжээ.

Цасан шуурга, хээ­рийн боохой зэргийг
үл ажран зам руу дөхнө. Эхний өдрүүдэд өлсч цангахын эрхэнд хоол бодож байсан тэрбээр
шээх юмсан гэж бодох болжээ. Өдөртөө хоёр удаа багахан гарах бүлээн усаа уучихдаг
байсан бол энэ өдөр огт шээгээгүй байна. Ямар­таа ч цасаар голоо зогоо­соор тэмцэж
байлаа. Бүтэн хоёр, өдөр шөнө хуваагдан Ц.Түмэн­дэл­гэрийг хайсан эрлийн багийнхан
мухарджээ. Тэд ядахнаа Ц.Түмэн­дэлгэрийн мотоцик­лийг нь ч олоогүй байна. Учир нь
олон хоног цасаар шуур­сан болохоор мото­цикль цасанд дарагдсан байжээ. Ингээд эрэл
мухардсан Номгоныхон “Дөрвөн ес эхэлчихсэн энэ хүйтэнд амьд сэрүүн хүн байна гэдэг
худ­лаа. Хаа нэгтээ мотоцикль­тойгоо явж байгаад осолдсон бол  хөлдөөд үхчихсэн байж таарна. Зургаан өдөр, таван
шөнө эзгүй хээр амьд хүн хоол ундгүй явна гэдэг байж боломж­гүй” гэж дүгнэн эрлийн
ажилла­гаа­гаа зогсоожээ. Түүний ар гэрийнхэн нь ч нулим­саа баран гашуудац­гаа­жээ.
Эрлийн ажиллагаа дууссаныг дуулсан Цэрмаа гуайн даралт хэлбэлзэж, үе үе ухаан алдан
унадаг болжээ. Юун цагаан сарын баяр тэмдэглэх манатай болц­гоож, ах дүү хамаатан
садангууддаа хэл хүргэ­жээ. Ц.Түмэндэл­гэрийг нас бар­чих­лаа хэмээн санаж, ажил
явдлыг нь бэлтгэхээр зэхсэн байна. Төв суурин газ­раас ах дүү найз нөхөд нь хүрэлцэн
ирж. Энэ үед үхэлтэй нүүр тулан тэм­цэж яваа залуу­гийн ухаан санаа орж, гарч,
“Зам руу дөхөх ёстой” гэсэн бодол­доо хөтлөгдөн мөлх­сөөр л байв. Нэг мэдэхэд түүнд
зам бараантан хараг­даж гэнэ.  “Илүү хурдан
мөл­хөх ёстой” гэж шүд зуун тэмүүл­сээр байлаа. “Унтаж л болох­гүй шүү” гэж өөрийгөө
сэрээж, аль болох сэргэг байхыг хичээвч, ядарч сульдсан биеэ захирахад хүндхэн байжээ.
Нэг мэдэхнээ дуг хийж орхи­сон байв. Тэг­тэл айхавтар хар дарж, цочин сэрэхэд бие
нь тавгүйрхжээ. Хээрийн боохой түүнийг тойрон шин­шилж байна гэнэ. Дуу гарах­гүй
тэрбээр цас самар­дан шидэллээ. Тэг­тэл өнөөх чоно тэгсгээд  буцаад явчихав гэнэ. “Энэ муу боохой ч намайг
үхэхийг хүлээж байгаа байх даа. Тэгж ч амьтны хоол болох­гүй шүү. Хэрэв энд үхчихвэл
намайг хүмүүс олохгүй. Үхсэн ч зам дээр гарна” гэж урагшилжээ. Тэр­бээр тэр шөнөжин
тасралтгүй мөлхсөөр зам руу 100-гаад метр дөхжээ.

Нэгдүгээр сарын 25. Нар мандсан ч Ц.Түмэн­дэлгэрийн доороос цас хайрч, жиндэж
байгаа гэж жигтэйхэн. Нэлээд турж эцсэн болохоор хамаг хувцас нь холхигноно. Тэрбээр
огт шээсэнгүй хоёр хоножээ. Ам нь цангаж, тэсэ­хийн аргагүй болсон байв. Хоолой,
амаа өвдөхийг үл тоож, цасаар хооллосоор байв. Тэгтэл зам ч зурайн хараг­даж гэнэ.
Харамсалтай нь машин тэрэг, хүн амьтны бараа огт үзэгд­сэн­гүй. Замаар машин явж
үзэгдвэл гадуурх курт­каа тайлж аваад даллая гэж бодон цахил­гаа­ныг нь задгайлжээ.  Хөл нь янгинаж, хамаг бие нь бадайрч байгааг анзаарсан
энэ залуу зам руу дөхөхийн түүс болж байлаа. Ямартай ч зам дээр гараад хэвтчихвэл
машин явж л таараа гэж боджээ. Говь газар ялангуяа баг орон нутагт тэр болгон машин
тэрэг явахгүй нь мэдээжийн хэрэг. Тэрбээр өдөржин зүтгэсээр арай хийн замтай залгав.
Авралын олсноос атгах шиг л болж  тэндээ машин
тэрэг явахыг хүлээж шөнө дөл болтол суулаа. Тээр тэндээс  машины чимээ сонсдож гэнэ. Арайхийн босч, суужээ.
“Хэрэв намайг хэвтэж байвал хүмүүс үхсэн хүн байна гээд цэрвээд явчих байх. Босоод
сууж байя” гээд өндийжээ. Хэсэг хугацаа­ны дараа машины гэрэл ч түүн дээр туслаа.
Мань хүн гараараа даллатал замын унаа зогсчээ. Тухайн үед Ц.Түмэнгэрэ­лийн ухаан
балартаж ойчсон байна. Амь аврагд­­лаа гэж бодсон уу, сая нэг санаа нь амрав. Ингээд
жолооч машинаа­саа буун “Юун хүн байдаг билээ” гэж гайхсаар Ц.Түмэн­дэлгэр рүү дөхөж
очлоо. Царай зүс нь хүн харахын авралгүй, хэцүү­хэн харагд­жээ. Жолооч зогтуссанаа
түүнийг амьтай голтой байхыг нь хараад шалавхан машин­­­­даа оруулжээ. Ингээд замд
тааралдсан хамгийн ойр айл руу очсон байна.

Ц.Түмэндэлгэрийг нэг сэрэхэд өмнө
нь түүний дээл харагджээ. Айлд байгаа болол­той, унинд хоёр хан­цуйг нь ороосон
байв. Гэрийн эзэн түүнээс “Нөгөө төөрсөн залуу мөн үү. Чамайг энүү­гээр баахан хүмүүс
хайгаад яваад байсан” гэхэд мань эр толгой дохив. “Эвий дээ, энэ олон хоног яажшуухан
бай­сан бол” гэж настны хэлэх нь чихэнд нь сонсогджээ. Ингээд өнөөх замын унаа Номгон
сум руу хөдөлж, алга болсон залуу амьд сэрүүн олдлоо гэж хэл хүргэжээ.

Ийнхүү зовж зүдэр­сэн залуугийн цасаар
голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан аймшигт долоо хоног ард нь хоцорлоо.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Би ээждээ амьд л очих ёстой” гэж шүд зуун, долоо хоног мөлхөж аюулаас аврагдсан Ц.Түмэндэлгэр

Өвлийн тэсгим хүй­тэнд хацар нүүр час час хийж, хамаг бие
дагжин даарах нь хэцүү. Хичнээн дулаан хувцастай бай­сан ч удаан хугацаагаар
гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаа­гийн Түмэндэлгэр гэдэг залуу
идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээл­тэй мөлхөж
өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл зал­гуулах ямар ч
хоол, унд­гүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт
тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээ­рийг
илтгэн харуу­лах шиг. Энэхүү бахар­хууштай үйл явдлыг ун­шигчид­тайгаа хуваал­ца­хаар
өмнийн цэнхэр говийг зориод ирлээ.

Ц.Түмэндэлгэр
Өм­нө­говь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин.
Энэ баг Өмнө­говь аймгийн хам­гийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр.
Харин төв суурин газ­раас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын
уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа
бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тус­гаарлажээ. Өдгөө 37 настай Ц.Түмэн­дэлгэр
ээж, хоёр дүүгийн­хээ хамт амьдардаг. Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц
хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ.

Энэ залуу­гийн яриаг ажиг­лаад байх нь ээ, олон зовлон бэрх­шээлийг
туулсан болол­той. Хэр баргийн юманд бүд­рээд байхааргүй нэлээд ха­туу­жилтай,
дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүн­дүүгүй монгол эр шиг санагд­сан. Харин
тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүл­сэн тухайгаа ярихдаа “Унтах л юм
бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой” хэмээн өөртөө байн байн сануулж
байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй
байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн
тэмцэлдсэн тэр өдөр хоно­гуудын үйл явдлыг сийрүүлье.

Нэгдүгээр сарын 19. Ца­гаан сар болоход
20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэн­дэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа
бэлтгэлийг базаа­хаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэр­тээ
ганцаар үлдсэн Ц.Түмэн­дэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал
хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан бо­ло­хоор
тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэн­дэлгэрийг өглөө эртлэн бо­соход
урд өдрийнхөөс нэ­лээд жихүүндүү байсан гэнэ. “Ээж, дүү нар нь маань өнөө­дөр
ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ” гэж тэрбээр санаа зовнин хүлээж
байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана
гэсэн бодолтой  малаа тийм ч хол
бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн
алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хий­гээд сууж байтал өрх нь
дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ.
Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. “Өнөөх гайх­­лууд чинь
салхинд тууг­даад явчихлаа шүү” хэмээн бод­соор хам хум малгайгаа өмсч,
бээлийгээ гартаа уг­лаад гар­чээ. Шуудхан мото­цикльдоо мордож, “Шар нохойт”
гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов тол­год­той, хад чулуу ихтэй аж.
Гэрээсээ 3-4 км хэртэй холд­тол малынх нь бараа харагд­жээ. Ц.Түмэн­дэлгэр мал
руу­гаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа зах­лан түрүү­чийг нь
эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад
тулгарч жо­лоогоо огцом дартал онхол­дон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд
газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт
унангуутаа шуудхан босоод иржээ. Амин­даа унаагаа босгоод давхичих санаатай
дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чад­сангүй.
Онхолдонгуутаа шо­конд  орж, өвчнөө ч
мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч
гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан
байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. “Ямартай ч энэ хэдэн малаа
эргүүлчихлээ” хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа
харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан
суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо
барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хү­рээд ирэхийг найдан хүйтэн
цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. “Одоо гэрийн­хэн маань төвөөс ирчихсэн бай­гаа
даа. Намайг хайгаад ир­чих ч юм бил үү” гэж бод­соноо “Өвчтэй ээжийн маань
санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ” гэж түмэн
зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жин­дэж, даарч
байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг
давхар­лаж гадуураа юүдэнтэй ним­гэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын
хувьд оймсон түрий­тэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно
чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоцик­лиор
малаа хариул­даг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мото­цикль
унаж буй тэр­бээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн.

Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр
Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвч­тэй хөлөндөө шаналан шөнө
цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй
ор­хиод явсанд тун гайхацгаа­жээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа
явчихдаг хүү­хэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. “Эсвэл сум орон нутаг руу
бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ” гэж бас бодов. Хүүгийн­хээ араас
сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.

Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Тү­мэндэлгэр
даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи
тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэр­бээр дотроо цухас баярлав. “Хэрэв
намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадах­гүй. Эсвэл би авто зам руугаа
ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ”
гэж боджээ. Ядаж байхад говийн­хон хангайнхантай адил айл саахалтаараа
багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тий­мээс
Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ.
Хөл нь янгинаж, шөнөжин тарчил­сан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа.
Ядаж байхад ходоод нь хон­хол­зож, өлсч байгаа гэж жигтэйхэн. “Ямартаа ч зам
руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу
дөхөх боломжтой” гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар
гэрээс нь холгүй санагджээ. “Шар нохойт”-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол
тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхө­хөөр шийджээ.
Зүүн хөл нь шил­бээ­рээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж бо­лох­гүй.
Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараа­раа газарт тулан ухарчээ. Гэвч
шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж,
өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж бай­гаад иднэ. Гэвч
огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж
тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал
эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж,
амсхийхдээ цас иднэ. Тэр­бээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө
гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж,
үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. “Ээж маань яаж
байгаа бол, дүү нар ма­лаа маллаж чадаж байгаа болов уу даа” гэхчилэн янзан
бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн “Хэн нэгэн энүүгээр
явж байгаа болов уу” хэмээн чимээ чаг­навч эзгүй талд Ц.Түмэндэл­гэрийн өөрийнх
нь амьсга­лаас өөр юу ч сонсогдсонгүй. “Ийм аниргүй байхад орилж хашгираад яах
ч билээ” хэ­мээн өөрийгөө тайвшруул­на.

Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даар­сан
мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр “Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ”
гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ
цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр
эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч “Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж
болохгүй. Би ээждээ амьд очих ёстой” гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны
нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр
урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь
хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр
хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж
өөрийгөө зориг­жуулан амьсгаагаа дарангуу­таа л мөлхөөд байжээ. Ам цан­гахын
эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж,
хоолой нь хөндүүр­лэжээ.

Аргаа барахдаа өөрийн­хөө усыг алган дээрээ тосож уужээ.
Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ.

Дээшээ тэнгэр хол, доо­шоо газар хатуу гэгч Ц.Түмэн­дэлгэрт
тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж.
Тэрбээр ихэд баярла­жээ. “За энэ чинь хэний мал вэ” гээд хартал нүд нь бүрэл­зээд
нэг л сайн таньж чадах­гүй байж. “Малаа хариула­хаар хэн нэгэн ирж л таарна”
хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр
200 метр мөлхөж байсан Ц.Тү­­­мэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд
амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр га­зар л хороосон байв. Өөрий­гөө
хүчлэн мөлхөх үед Ц.Түмэн­дэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр
шөнийн заагаар л маш их даардаг байжээ.

Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүү­лэхээр
шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ
нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дө­лөөр
чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь
ч мэдрэгдэж гэнэ. Ц.Тү­мэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн
чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн
тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн
мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.

Нэгдүгээр сарын 22. Гэрээ­сээ холддоггүй Ц.Түмэн­дэлгэр
сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэ­жээ.
Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сумын захир­гаа
эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус сумаас эрлийн хоёр баг гарч,
Ц.Түмэндэлгэрийг хай­жээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй
хайсан байна. Харин ар гэрийн­хэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт
ханджээ. “Танай хүүхэд амь­тай голтой явна” гэж хэлэх нэгэн байхад “Амиа хорло­чих­сон
гэж төлгө буулаа” хэмээн Цэрмаа хөгшний сэт­гэлийг өвтгөх төлгийг зарим үзмэр­чид
хэлж байжээ. Ингээд эрлийн багийнхан үзмэрч­дийн хэлсэн газруу­даар эрж гэнэ.
Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл
болтол ажиллаад мухар­даж, маргааш нь үргэлж­лүүлэн хайхаар болов.

Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу
дэгджээ. “Хөөрхий залуу сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ лээ”, “Хөлдөөд
амиа алдсан гэсэн” гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.

Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуурга­тай байсан
болохоор эрлийн багийнхан Ц.Түмэн­дэл­гэрийг олоход саад бол­сон бололтой.
Харин  мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга
сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан
өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам бай­гаа гэж өөртөө итгэсээр
мөл­хөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. “Би энд байна” гээд
орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн
ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин,
мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.

 

Үргэлжлэл
бий.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Хаянхярваа: Ирэх жилийн төсөв үнэхээр чанаргүй болох нь

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Ирэх оны улсын төс­­вийг хэлэлцэж бай­на.
2014 оны төсвийн төсөлд өмнөх жи­лүү­дийнхээс олон өөрч­лөл­түүд орж, нэлээд танагдаж
байх шиг. Ер нь энэ төсвийн онцло­гийг та хэрхэн харж бай­гаа вэ?

-Өнгөрсөн 
жил 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол өнөө жил нэг их
наяд орчим болж байна. Энэ Засгийн газар өнгөрсөн онд тавигдсан төсвийн­хөө 30,
40 хувийг ашиглаж чадлаа. Ингээд аваад үзвэл энэ жилийн төс­вийн онцлог, содон юм
харагдахгүй байгаа. Төс­вийн тухай, Төсвийн тогт­вортой байдлын тухай хуулиудыг
зөрчиж орж ирсэн төсөв болох нь. МАН-ын бүлгийн зүгээс эрх баригчдад энэ бүх зүйлээ
хуулинд нийцүү­лэхийг шаардаж, анхаа­руулсаар байгаа.

-Тухайлбал, ямар хуу­лийн зүйл заалт зөрчив?

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үед Төсвийн тухай
хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Төсвийн хүрээ­ний мэдэгдэл, Төсвийн
тогтвортой байдлын ту­хай хуулиндаа нийцүүлж орж ирэх ёстой байсан ч өөрчлөлтөө
оруулж ирээ­гүй. Одоо төсвийн хүрээ­ний мэдэгдлээ өөрчилнө гээд оруулаад ирсэн.
Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад өрийн хязгаар 40 хувь
байсныг 60 бол­гоно гээд оруулаад ирлээ. Үүнийг МАН-ын бүлэг эрс эсэргүүцэж байгаа.
Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй, үүнтэйгээ уял­даад
ирэхээр Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрч­лөлт орохгүй гэж байгаа юм.

-Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогт­вортой
байдлын тухай хуулиа өөрчлөхгүй юм бол хууль зөрчөөд ороод ирсэн төсвөө яах ёстой
юм бэ?

-Миний харж байгаа­гаар энэ төсвийг олон­хиороо
түрж батлах байх. Тэгэхдээ Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуульд хуралдаанд
оролц­­сон гишүүдийн гу­рав­ны хоёрын саналаар батална гэсэн шал­гуур­тай. Тиймээс
энэ шалгуу­рыг давж чадах уу үгүй юу гэдэг нь сонин. Одоо эрх баригчид юу бодож
бай­гаа нь сонин.

-Ирэх жилийн төс­вийг батлах хуулийн эцсийн хугацаа
нь ар­ван­нэгдүгээр сарын 15. Хэрэг энэ хугацаанд УИХ төсвөө баталж ча­дах­гүй бол
тарна гэж хуулинд заасан байх аа. Амжиж батлах болов уу?

-Яг нарийндаа ийм хуулийн заалт байгааг мэдэхгүй
юм байна.

-Төсвийг батлах хуу­лийн хугацаа нь дөх­сөнтэй
холбогдуулан төсвийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт эр­чимжиж, бужигналдаж байна.
Өмнөх жилүүдэд төсвийг нэлээд нухац­тай хэлэлцэж, маргалд­даг байсан. Гэтэл өнөө
жилийн төсвийг хэ­лэл­цэлгүй батлах шинж­тэй?

-Намуудын бүлгээс гарсан  ажлын хэсгүүд сайн ажилласан. Хам­гийн гол нь
намын бүлэг гаргасан зарчмын гэх са­на­луудыг хүлээж авсан. Тухайлбал, төсвийн урс­гал
зардлыг нэлээд танах тухай, олон жил үргэл­жилсэн хөрөнгө оруулалт нь зогссон обьектуудыг
царцааж, хийгдэхгүй хө­рөн­гө оруулалтыг хасах тухай асуудлууд байна. Цалин тэтгэвэр
тэтгэм­жийн нэмэгдлийн хувьд урсгал зардлаас танасан 35 тэрбум төгрөгөө нэ­мээд
235 тэрбум төгрөгийг тавьчихсан нь үнэхээр харамсалтай. Үүнийг бо­дит амьдрал дээр
аваад үзвэл цалин, тэтгэвэр тэт­гэмж 7-8 хувиар өснө. Гэтэл эрх баригчдын дэв­шүүлсэн
зорилтод инф­ляцийн түвшин нэг орон­той тоо байна гэсэн. Гэтэл өнөөдөр 10.2 хувьд
хүр­чи­хээд байгаа. Намын дэвшүүлж тавьсан мө­рийн хөтөлбөрт инфляц­тай уялдуулж,
цалин тэт­гэвэр тэтгэмжийг өсгөнө гэж заачихсан мөртлөө өнгөрсөн жил нэг ч төг­рөгөөр
нэмэгдүүлээгүй. Энэ жил ерөнхийдөө хуу­рах маягаар явж байна.

-Яаран сандран ба­талж байгаа энэ төсвийг чанаргүй
төсөв болох нь гэдэгтэй санал ний­лэх үү?

-Чанаргүй төсөв гэд­гийг хүлээн зөвшөөрнө. Энэ
жилийн хувьд төсөв тийм ч чамбай болж чадах­гүй гэж хэлэх байна. Бидний тавиад байгаа
бас нэг шаардлага бол төсвөөс гадуур явж бай­гаа олон тэрбум, их наяд төгрөгийг
яаж төсөв дээ­рээ суулгаж, УИХ-ынхаа хяналт доор байлгах вэ гэдэг асуудлыг удаа
да­раа тавьсан. Харамсал­тай нь хэлгүй, дүлий хоёр шиг явж байгаад төсөв батлагдах
нь. Үүний гор хэсэг хугацааны дараа гарна. Өөрөөр хэлбэл, бид төсвөөс гадуур төсөв­тэйгээ
тэнцэхүйц хэм­жээний их мөнгийг эргэл­дүүлээд байна. Энэ бол маш том алдаа.

-Төсөв дээр өрийн босгыг 60 хувь хүргэх тухай
яригдаж байна. Энэ асуудалд ямар бодолтой байгаа вэ?

-Нөхцөл байдал би­шид­сэнийг хэлж байгаа юм. Энэ
жил ДНБ-нд эзлэх хувь хэмжээг Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулиар 50 хувь
гэж заасан. Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлогоос болж бидний өрийн хэмжээ
хэт ихэс­чихлээ. Валютын ханш савлачихлаа. Үнэ тогт­вор­гүй болж, ард түмний амьдралд
үнэхээр хүн­дээр тусч эхэлж байна.

-ДНБ-ий хувь хэм­жээ 60 хувь хүрвэл Мон­голд ямар
эрсдэл учирна гэж?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өнгөрсөн
парламентаар маш чамбай хэлэлцэж байж баталсан. Үүнийг олон улсын банк санхүү­гийн
байгууллага “Мон­голын Төсвийн тогтвор­той байдлын тухай хууль маш  сайн боллоо. Тий­мээс Монголд хөрөнгө оруулах
таатай орчин бий болсон” гэж үнэлж байсан. Харамсалтай нь жил гарангийн дараа­гаар
энэ хуулинд өөрч­лөлт оруулна гээд явж байна. Энэ нь гадаадад биднийг “Монголчууд
төрийн бодлогоо барьж чаддаггүй” гэсэн үнэлэм­жинд хүргэж байна. Ха­рин эрх баригчид
үүнийг цаг үетэйгээ уялдуулж өөрчилж байна хэмээн тайлбарлаж байгаа. Да­раа­гийн
жил дахиад л өөрчилж, ДНБ-ий хувь хэмжээ 60 биш 70 хувь болгочихвол Монгол Улс баларна.
Гадаадын өрийн хэмжээ ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний бол­чихсон байна. Тиймээс бид
өрийн хязгаар дээр маш хатуу байр суурьтай байгаа.

-Оюутны үндэсний тэтгэлэг нэлээд мар­гаан дагууллаа.
Хэлэл­цүүлгийн үеэр танай намынхан эсрэг байр суурь­тай хандаж бай­сан?

-Оюутны үндэсний тэт­гэлгийг хэлэлцэж бат­ла­хад
үнэхээр шог юм боллоо л доо. Хэдхэн сарын өмнө АН-ынхан оюутнуудад 93 мянган төгрөг
өгнө гэж байсан. Бүх оюутнууд Ерөнхий­лөгчийн бодлогыг дэмж­сэн. Гэтэл олонхи амлал­таасаа
ухарч, оюутны тэтгэлгийг алга болгох хэмжээний саналыг оруулж ирлээ ш дээ. Олон­хиороо
түрээд батлах болохоор бидний зарим нь зориудаар дэмж­сэн л дээ. Тэгээд оюутны эсэргүүцэлтэй
тулгарангуутаа 50 хувь гэдэг босгоо авч хаяад, тодорхойгүй тогтоол оруулж ирээд
батлуулж байна. Засгийн газар оюутны тэтгэлгийг сар сард нь тогтооно гэсэн үл ойлгогдох
юм оруулж ирээд батлуулж байна л даа.

-Оюутнууд автобу­санд үнэгүй явж байна. Дээрээс
нь тэтгэлэг авч байна. Тэгсэн хэрнээ шөнийн баар цэнгээний газрууд оюутнуудаар дүүрдэг.
Ер нь хичээл сурлагадаа сайн оюут­нуудад тэтгэлэг олгож, муу сурлагатнуудад нь өгөхгүй
ч юмуу, иймэр­хүү цензур байх нь зүйтэй юм биш үү?

-Цензур байхыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Оюутнууд
ч баар саваар хэсч байгаатай би санал нэг байдаг. Өнөөдөр төр засаг ямар байгаа
билээ, улс орны эдийн засаг хүнд байхад оюутнууд үүнийг ухамсарлах ёстой. Улсаас
олгож байгаа тэт­гэл­гийг үр ашигтай, амьд­ралдаа хэрэгтэй байд­лаар зарцуулах нь
зүйтэй.

-Төсвийн байдлаас ирэх жил улс орны ху­далдаа
эдийн засаг ямар байна гэж харж байна вэ. Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг
буулгаж чадах болов уу?

-Буулгаж чадна гэж хэлж чадахгүй. Харин энэ түвшиндээ
барьж чадах уу үгүй юу гэдэг нь эргэл­зээтэй асуудал. Оюу тол­гой, Таван толгойн
ажил ямар байх уу гэдгээс улс орны байдал хамаарна.

-Улс орны эдийн зас­гийн энэхүү хүндрэлийг МАН-ынхны
Засаг барьж байх үеийн ал­даатай бодлогын гор гэж тайлбарлаж байгаа. Оюу  толгой, Таван тол­гойгоос орж ирэх их хэм­жээний
мөнгийг ха­ламж хэлбэрээр иргэ­дэд тарааж, дансаа улайлгачихсан биз дээ?

-Лам олдохгүй бол буцахдаа зална гэж үг байдаг
даа. Эрх баригчид өөрсдийнхөө алдааг олж харахгүй байж, бүх бурууг МАН-тай холбож
тайл­бар­лаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд манай нам дангаараа явсан. Оюу толгойгоос
авсан урьд­чил­гаа, Таван толгойгоос авсан мөнгөнөөс тараа­сан нь ард иргэдийн амьд­ралд
нэмэртэй бай­сан. Энэ мөнгө өнөөдөр төсөвт том дарамт боло­хуйц, инфляц өсөх, валю­тын
ханш өөрчлөгдөх хэм­­жээнд хүргээгүй. Өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлт одоогийн
Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэлтэй.

-Тухайн үед та Сангийн сайд байсан. Энэ мөнгө
таны яриад байгаа урт хугацааны инфляцийн хөөрөгдөл­тийг бий болгочихсон юм биш
үү?

-Эх орны хишиг гэж 21 мянган төгрөг иргэн бүрт
очиж байсан. Энэ мөнгө өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байлаа. Гэ­тэл Засгийн
газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” юу болов. Өнөөдөр бүх юмны өссөн байна. Өн­гөрсөн
дөрвөн жилд ин­гэж валют огцом савлаж байгаагүй. Инфляц ч өсөөгүй.

-Ерөнхий сайд ав­лигажсан төсвийг арил­гана гэж
мэдэгдэхэд танай намынхан шүүм­жилж байсан. Үнэхээр Ерөнхий сайд авлигаж­сан төсөв
оруулж ирсэн гэж үү?

-Ерөнхий сайд өөрөө авлигажсан төсөв оруулж ирсэн.
Бид энэ авлигаж­сан төсөвт эзнийг нь ол гээд шахаад бариад бай­вал болох байсан.
Ер нь барилга удаан хугацаанд үргэлжилж, үнэ өсгөдөг буруу тогтолцоо байгаа. Гэтэл
энэ жил оруулж байгаа төсөв нь 335 тэр­бум төгрөгөөр байсан төсөвт өртгийг нь нэмэг­дүүлж
орж ирсэн. Энэ чинь жинхэнэ авлигажсан төсөв.

-МАН-ынхан байн­гын хорооны гишүү­дийн­­хээ тоог
нэмэг­дүү­лэхээр шантаачилж, төсвийн хэлэлцүүлгийг гацаасан юм биш үү?

-Бид “Байнгын хо­роонд оруулахгүй бол төсвийг
чинь хэлэлцэхгүй шүү” гэсэн яриа байхгүй. Би гэхэд нэг л байнгын хороонд байдаг.
Гэтэл хоёр, гурван байнгын хо­роонд байдаг хэрнээ байн­гын хорооны дарга хийгээд
явж байгаа хүн бий. Парламентад ингэж хуулиа зөрчиж, тэнцвэр­гүй байж болохгүй гэсэн
шаардлага тавьж байгаа.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батсайхан: Нам туг болсон хүнээ тэргүүндээ залдаг болохоос буг болсон хүнээр тугаа бариулдаггүй

МАН-ын гишүүн, улс төр судлаач Б.Батсайхантай ярилцлаа.

Та намынхаа Их хуралд оролцов уу? МАН-ын гишүүн бөгөөд судлаач хүний хувьд МАН-ын XXVII Их хурлыг юу гэж дүгнэж
байна вэ
?

-Хуралд
оролцоогүй. Ийм зүйлд оролцсноос оролцоогүй нь дээр байлаа.Ер нь хиймэл хурал
болно гэдэг нь олон сарын өмнөөс л илэрхий болчихоод байсан.Би түрүүчийн нэг
ярилцлагадаа ч энэ тухай нь хэлж байсан. Манай намд аливаа асуудалд бүтээлч,
ажил хэрэгч шударгаар ханддаг үе байсан уу гэвэл байсан. Одоо энэ байдал түүх
болон үлдэж дээ. Энэ удаагийн Их хурал нэртэй хэсэг хүмүүсийн зохион байгуулсан
намын даргын суудал авах хуйвалдааныг  Монголын нийгмийн шившиг, олон түмний элэг
доог болсон явдал боллоо гэж үзэж байна.

  МАН-ын Их болон Бага хурал урьдаас хайрцагласан хэлбэрээр
явагдсаар ирсэн гэх шүүмжлэл бий.Энэ удаагийн хурлыг ч тийм боллоо гэж ярьж
байна
.

-Урьдаас найруулж
нарийн төлөвлөсөн хуйвалдаан байсан гэдэг нь ямар ч хүнд ойлгогдохоор тодорхой
байна шүү дээ. Ганцхан жишээ хэлье М.Энхболд бараг 100 хувийн санал авч намын
дарга боллоо. МАН-аас өнөөгийн нийгэмд эерэгээр биш сөрөг талаараа онцгой
танигдсан хүмүүсийн нэг бол яах аргагүй М.Энхболд. Хэрэв энэ удаагийн хурлыг
үнэхээр ажил хэрэгч шударга явуулж чадсансан бол М.Энхболд юун намын дарга болох
хурлын төлөөлөгч ч болж чадахгүй байх байсан. Гэтэл бүх юм эсрэгээр болж байгаа
нь энэ хурал хайрцаглагдахын дээдээр хайрцаглагдсан найруулсан хорных нь тун
дэндүү хэтэрсэн хурал болсныг гэрчилж байна.

  Энэ бүгдийг хотын фракц найруулсан юм биш үү?

-Хотын фракц гэж
албан бус нэр томъёо юм даа. М.Энхболдын нөмөр нөөлөг дор явж хотын хэмжээнд
ажил амьдралын асуудлаа зохицууулаж ирсэн хүмүүсийг ийм нэр усанд хамааруулаад
байдаг. Саяын хурлаар М.Энхболдыг намын дарга болгоход эдгээр хүмүүсийн үүрэг
роль өндөр байлгүй яахав. Хурлын төлөөлөгч сонгохоос л энэ хүмүүсийн ажил
эхэлнэ шүү дээ. Хоржоонтой нь эдгээр хүмүүс үүргээ хэтэрхий сайн биелүүллээ.
М.Энхболдын 93 хувь
гэдэг бол маш өндөр тоо. Олон түмэнд бага ч гэсэн үнэмшил төрүүлэхийн  тулд 50 хувь  гаргаад л
орхихгүй дээ.

  Их хурал эхэндээ хайрцагласан хэлбэрээр явагдаж байсан. Сүүлдээ
фракцууд хоорондоо үл ойлголцож тохиролцоо  нь өөрчлөгдсөн  гэх юм.

-Манай намын
удирдлагад байгаа хүмүүсийн ганц сайн чаддаг зүйл нь элдэв  тохироо хийх, хор найруулах явдал болсон. Хөшигний
цаана хэн хэнтэйгээ юу тохиров, ямар эрх ашгаар нэгдэж нийлэв гэдгийн нууц нь
хэдэн цаг, хэдэн өдрөөс цааш хэтрэхгүй илэрхий болдог болж. Саяын хурлаар С.Баяр
нарын хүмүүст аяганы амсар зуулгахгүй гэсэн нь хэнд ч ойлгомжтой болоо биз дээ.
М.Энхболдыг өөрийг нь унагаж гарч ирсэн С.Баярт барьж байгаа сюрприз. Энэ нь
нэг талын өс авалт ухаантай юм уу даа.

МАН-ын Их хурал дээр Ө.Энхтүвшингийн тавьсан илтгэлийг улс
төр судлаачийн нүдээр юу гэж харж байна
вэ?

-Ө.Энхтүвшингийн
илтгэлийг уншсан. Илтгэл нь эрх барьж буй хүчин, намын онол үзэл баримтлал,
боловсон хүчин гээд дотроо хэд хэдэн бүтэцтэй юм байна лээ. Уг илтгэлд боловсон
хүчний асуудлаар хэдэн чамбай үг, өгүүлбэрүүд орсон байсан. Харамсалтай нь цаас
л болон үлдлээ дээ. Сонгуульд удаа дараа ялагдсан шалтгаанд тоймтой үнэлэлт
дүгнэлт өгсөнгүй.  Намын нэр сольсноос
болов гэдэг л ерөнхий  хариултаар төгсгөж
байх шив дээ. Санаагаар болдогсон бол энэ удаагийн хурлыг зөвхөн сахилга,
хариуцлага, боловсон хүчний асуудлаар хийх байлаа.

  МАН-ын удирдлагууд солигдсноор үнэхээр шинэчлэгдэж чадах
болов уу
?

-Энэ бол ном ёсны
солигдолт биш юм. Ордны эргэлт гэдэг шиг үл бүтэх хүмүүс хуйвалдааны замаар намын
удирдлагыг гартаа дахин оруулж авсан хар үйл явдал боллоо. Энэ хүмүүсээс шинэ
сонин зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь тодорхой. Намын даргад заавал нэр муутай
хүн болох ёстой байсан юм бол мэдлэг боловсрол, дадлага туршлагаараа М.Энхболдоос
газар тэнгэр шиг ялгаатай С.Баярыг болгочихгүй яасан юм. Тэгсэн бол С.Баяр
шүүмжлэлд хэдийгээр их өртөж байгаа ч гэсэн нийгэмд М.Энхболдоос арай өөрөөр
харагдаж бага ч гэсэн хүлээлт үүсгэх байсан болов уу. Нам туг болсон хүнээ
тэргүүндээ залдаг болохоос буг болсон хүнээр тугаа бариулдаггүй. М.Энхболд
саяын хурал дээр “Үг нь үнэгүй, Хүн нь хүндгүй” гэдэг  үг хэлсэн байна лээ. Үүнийг нь М.Энхболд  өөрийгөө л ингэж хэлж гэж ойлгож байгаа.
Үүнээс илүү товч бөгөөд тодорхой шударгаар хэлнэ гэж юу байх вэ? Миний хувьд энэ
хурлын дараагаас 2016 оны сонгууль тас харанхуй юм л төсөөлөгдөж байна.

  Танай намын Их хурлын өмнө “Бид л намаа өөрчлөх болно”
гэсэн хэсэг залуус гүйлдсэн. Үүнийхээ хариуд тэд хоосон хоцроогүй бололтой. Саяын
хурлаар нам гүмхэн өнгөрлөө…

-Зөвхөн залуучууд
л хийнээ, бүтээнээ, шинэчилнээ гэвэл хэт өрөөсгөл болох нь ойлгомжтой.Бүгд л
залуу насыг дамждаг. Бүхнийг сайхнаар төсөөлж мөрөөдөж явдаг нас. Харин дадлага
туршлага гээч нь залуу настай найз болоогүй үе. Шинэчлэл ярьдаг залуучуудын дуу
хоолой сая яагаад дуулдсангүй вэ гэвэл обьектив, субьектив олон хүчин зүйл
нөлөөлсөн байх. Залуу нас гэдэг холын замд гарахад хүрэлцээтэй шатахуун биш шүү
дээ. Ихэнхэд нь шатахуун хүрээгүй байх. Би энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч
байна. Сурч  мэдэх, ажил амьдралын хат
суух насан дээрээ ширээ сандлын өвчтэй болчихвол их аюултай гэдгийг зарим
залуучуудын жишээ харуулж байна. Ер нь шантаажлах явдлыг нам дотор оршин байх
гол хэрэгсэл, албан тушаалд хүрэх цорын ганц арга гэж зарим залуучууд бодоод
байх шиг байна. Тэгвэл тэр чинь  том
эндүүрэл, төөрөгдөл төдийгүй өөрийг чинь  МАН-д байх эрхгүй болгож байгаа  дүрмийн бус балмад явдал шүү гэж  шууд хэлье.Үүний оронд ганц боловч номын
хуудас эргүүл гэж зөвлөх байна.

  Танай намын удирдлагад авлига, хээл хахуульд нэр холбогддог хүмүүс гараад ирлээ гэж
шүүмжлэл их дагуулж
байх шив?

-Ө.Энхтүвшин
хурлын индрээс зарим албан тушаалтан авилгад байнга холбогдоод төрийн болоод
намын нэр хүндийг унагаад байна гэж хэлээд байхад л намын ажлын туршлага гэхээсээ
илүүтэй хулгай луйварын үйлдэл сайн мэддэг болсон  өнөөх 
зартай Т.Бадамжунай, Т.Гантулга, Т.Билэгт нар Бага хурлын гишүүн, намын
нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүн болчихлоо.Энэ бол манай намын хувьд
шинэчлэл биш ялзрал сүйрэл юм. Миний хувьд Т.Гантулгыг сайн мэднэ. Хувийн эрх
ашигт нь нийцэж л байвал хэнийг ч худалдаж хэнээс ч урваж мэдэх нэг суурин дээрээ
хэдэн ч удаа өнгөө солих Хамелеон. Ийм хүмүүс намын тархинд олноороо гараад
ирэхээр чинь бидэнд хэн итгэх юм бэ?
Бид олны өмнө юу хэлэх болж байна.Манай Т.Бадамжунай, Т.Гантулга, Т.Билэгт
нар ч ёстой мундаг шүү. Авилга, хээл, хахууль хулгай, луйврын хэрэгт ч нэр нь
дээгүүр давхина шүү дээ гэж ярих  юм уу? Ядаж байхад
дарга болсон М.Энхболдын хувьд бүр ч авах юм байхгүй.Ийм толгойтой намыг
сонгогчид хүлээж авах уу?

  эгвэл ямар гарц байгаа гэж?

-Гарч байгаа
эдгээр алдаа завхралыг заснаа гэвэл нилээд хугацаа шаардагдана. Гар сэтгэл
нийлсэн зөв хүмүүсийн эргэлт буцалтгүй тууштай ажиллагаагаар л засна. Биднийг
хөөдөж байгаа зүйл бол ердөө л боловсон хүчин. Болохгүй хүмүүсээсээ эрс шийдэмгий
холдох цаг болсон. 30 хуудас илтгэл уншсан Ө.Энхтүвшингийн үгэнд намын нэрийг
шороотой хутгаад байгаа хүмүүсийн  нэгнийх
нь ч нэр дурьдагдсангүй.Бид ийм болтлоо мөлийж гөлийсөн байна шүү дээ. МАН зөв
зам дээр зогсож чадвал Монгол улсын язгуур эрх ашигт үнэхээр хэрэгтэй. Цагтаа
энэ нам бидний гишгэж буй газар шороо, дээр нь бэлчиж буй мал гээд байгаа
бүхнийхээ төлөө амиа өгч хөлсөө урсгасан.Энэ төрмөл чанараа гээх эрх бидэнд
байхгүй. Хар цагааны ялгарал манай намд хүчтэй явагдах шаардлагатай гэдэг нь
эндээс тодорхой боллоо шүү дээ. 

  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдсөн Ж.Сүхбаатар “Т.Бадамжунай
бол авилгачин” энэ тэрээр нь хэллээ.Та энэ талаар юу хэлэх вэ
?
-Саяын хурлын үеэр Т.Бадамжунай
авилга аваад л түүнийг нь Ж.Сүхбаатар гэж хүн илрүүлээд л түүнийгээ олон нийтэд
зарлалаа гэж үзэхгүй байна. Т.Бадамжунайн нэр болох бүтэхгүй юманд аль эртнээс
л дуулдаж ирсэн. Авилга авдаг гэж тийм сүрхий мэддэг байсан юм бол урьд нь хэлж
байхгүй яав. Тэр Ж.Сүхбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон бол ингэж
хэлэх байсан уу?  гэдэг  асуудал
ч сонин байна.Миний хувьд Ж.Сүхбаатар гэж хүн нэг их сүрхий шударгадаа ийм үг хэлчихлээ
гэж бодохгүй байгаа. Албан тушаалд очиж чадаагүй хорслоо тайлж буй хэлбэр юм уу
даа. Эрүүл өрсөлдөөнд бол ийм үг хэлэхгүй байх байсан шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюундарь: Жирийн иргэдийн хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Ардчилсан нам Зас­гийн эрхийг
аваад жил гаруйн хугацаа өнгөр­лөө. Сөрөг хүчнийхэн улс орны эдийн засаг хүндэрсээр
байна гэж мэдэгдэж байгаа. Үүнд АН-ын зүгээс ямар дүгнэлт хийж байгаа юм бол?

-Шинэчлэлийн Зас­гийн газар үйл ажилла­гаагаа эхлэхтэй зэрэгцэн
дэл­хийн зах зээл дээр нүүрс зэсийн үнэ огцом унаж, үүнээс болоод экс­портын орлого
тасалдаж эхэлсэн. Мөн сонгуулийн үеэр иргэ­дийг хамгийн ихээр бухимдуулж бай­сан
замбараагүй олгогд­сон уул уурхайн лицен­зүү­­дийг цэгцлэх шаард­лагыг биелүүлэх
үүднээс 1500 гаруй лицензийг зогсоос­ноос тэр хэм­жээ­гээр эдийн засагт орж ирэх
хөрөнгө оруулалт, мөнгө­ний урсгал зогсож, ажлын байр хумигдсан. Төсвийн орлогын
нэлээд хувийг бүрдүүлдэг томоо­хон хэм­жээний аж ахуйн нэгжүүд болох Эрдэ­нэт, Оюу
толгой, Таван тол­гойгоос орж ирэх ихээхэн хэмжээний орлогууд тү­рүүчийн Засгийн
газрын үед тавьсан өрөнд суут­гагдаж эхэлснээс гадаад валютын хомсдол үүсч, долларын
ханш огцом өсөх болсон. Энэ бүхэн яах аргагүй тулгарсан бодит эдийн засгийн хүнд­рэл
мөн бөгөөд түү­нийг Засгийн газар харин ч урьдчи­лан харж, Мон­гол­банк­тай хамтран
үнэ тогт­вор­жуу­лах хэд хэдэн хө­төл­бөрийг хэрэгжүүлс­нээр эдийн засгийн энэ огцом
хүндрэл иргэдийн наад захын хэрэгцээ бол­сон мах гурилын үнэд огцом нөлөөлөөгүй
нь сайшаалтай. Долла­рын ханшийн огцом өсөлт дол­­лартай харьцдаг цөө­хөн бүлэг
хүмүүст л “шийт­­гэл” болдгоос биш, төгрө­гөөр мах гури­лаа авдаг нийт ард иргэ­дэд
тэгтлээ нөлөө үзүүлдэг­гүй.

Гараанаасаа
эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар хөтөлбөртөө тусгагдсан  бүтээн байгуулалтын аж­луудаа үүнээс болж хойш
тавиагүйд харин ч та­лархах ёстой. Төсвийн байдлыг харж, гараа хум­хиж суухгүйгээр
шаард­ла­гатай хөрөнгө мөнгийг өөр эх үүсвэрээс бүрдүү­лэх, босгох арга замыг Засгийн
газар түргэн шуур­хай эрэл­хийлс­ний үр дүнд зам барилгын ганцхан улир­лын хуга­цаанд
л гэхэд нүдэнд ха­раг­дахуйц огцом өөрч­лөлтүүд бий боллоо шүү дээ. Яахав түрүүний
зас­гийн үед тавь­сан өр нь үнэн ч, түүнийг төлж ба­рагдуулах нь энэ засгийн үүрэг
тул “гоншгонох” шаардлага алга. Нэгэнт олон улсын гэрээ хэ­лэл­цээрээр хийгд­сэн
өр уч­раас Засгийн газраас Эр­дэнэт, Таван толгой, Оюу толгойд бү­тээгдэхүүн үйлд­­вэрлэлийн
хэмжээг өрөнд нийлүүлж байгаа хувиас нь давуулж үйлд­вэрлэлийг нэмэг­дүү­лэх, үйлдвэрлэсэн
тэдгээр бү­тээгдэхүүнээ найдвар­тай зарах зах зээлээ бэл­дэж, урьдчилсан гэрээ хэлэл­цээрүүдийг
хийх аж­лыг Япон, БНХАУ-уудад хий­сэн болон дараа да­раа­­гийн орнуудад хийх айлч­лалуудаараа
ам­жуулж, заримыг нь эцэс­лэн зур­лаа.

Энэ бүхэн
богино ху­га­­цаанд хийж байгаа чам­лахааргүй амжилт мөн ч, Засгийн газрыг магтаж
толгойг нь илэх биш, муулж урмыг нь хуга­лах биш, өөр олж хараа­гүй боломжийг нээн
ил­рүүлж, хүндрэлээс хурдан шуур­хай гарахыг намын зүгээс УИХ дахь бүлгээ­рээ дам­жуулан
байнга шахаж шаардаж ажил­лаж бай­гаа. Мөн Засгийн газрын 2012 оны сон­гуулийн мө­рийн
хөтөл­бөрт тусгагд­сан амлалтуу­дыг нэг жи­лийн хуга­цаанд хэдэн хувь­тай хэр­хэн
биелүүлж бай­гаа явцын тайланг гар­гахыг шаардаж, удах­гүй УИХ дахь намын бүлэг
дээрээ хэлэлцэх гэж байна.   

-Ямар
ч намын гал тогоог барьж байгаа ген­секийн хувьд нам дотор жигүүр ургахад таатай
бус ханддаг. Танай намын жигүүрийнхэн дүрэмдээ өөрчлөлт оруу­лахыг шаардаж бай­сан.
Жигүүрийнхэн­тэйгээ тохиролцоонд хүрсэн гэв үү?

-АН-д угаасаа
олон жигүүр фракци бий. Иймд АН-д фракц үүсэх нь тийм ч сонин “мэдээ” биш, ха­рин
АН фракцгүй болжээ гэвэл чих соотойлгох “мэдээ” болох байх шүү.

Сүүлд байгуулагдсан,
одоогоор “отгон” жигүү­рийн хувьд намын гүйцэт­гэх зөвлөлөөс удаа да­раа гаргасан
дотоод сон­гуулийг хойшлуулах шийд­­вэрийг шүүмжилж, алдаа дутагдалтай ч хүчин төгөлдөр
байгаа дүрмээ хатуу барьж ажил­лахыг одоогийн удирд­лагуудаас шаард­сан шаардлага
дээр са­нал нэгдсэн жи­гүүр. “Хуу­лийг шүүмжилж болно, дагахгүй байж бо­лохгүй”
гэсэн суурь зарч­мын да­гуух зөв зүйтэй шаардла­га байсан уч­раас намын дарга жигүү­рийнхнийг
хүлээж авч уул­заад, ХЭГ-т хамтарч асууд­лыг ший­дэх үүрэг өгсөн. Энэ да­гуу намын
УТБ-ын хэлт­сийн дарга Д.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, намын дү­рэмд
2011 онд оруулсан ротацийг байх­гүй бол­госон ҮЗХ-ны шийд­вэ­рийг хэрхэн өөрч­лөх
бо­лон, намын гишүү­дийн хариуцлага, ёс зүйн жур­мыг шинээр боловс­руу­лах зэрэг
хэд хэдэн төс­лүүд дээр ажиллаж байна.         

-АН-ын
зүгээс СЕХ-нд хүсэлт хүргүүллээ. Увсын хоёрын асууд­лыг Дээд шүүх хэлэл­цээд СЕХ-г
шийдвэр гарга гэсэн. Гэтэл хуу­лийн хугацаа нь болчи­хоод байхад асуудлыг шийдвэрлээгүй.
Үүнтэй холбоотой хүсэлт хүргүүлэв үү?

-АН-аас
СЕХ-нд хан­даж, УИХ-ын 2012 оны 15-р тойрогт үүссэн сон­гуулийн маргааныг шүү­хийн
шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгө­хийг хүссэн өргөдлөө албан ёсоор 2013 оны
арваннэгдүгээр сарын 8-нд хүлээлгэн өглөө. Ув­сын тойрог дахь сонгуу­лийн маргааны
асууд­лыг хэлэлцсэн Эрүү­гийн бо­лон захир­гааны хэргийг шүүх Ул­сын дээд шүү­хийн
шийд­вэрүүд гарсан. Энэ шийд­вэрүүдийг үн­дэс­лэн сон­гуулийн хуу­лийн 35.34-т заасан
үйл ажиллагааг СЕХ-ноос хэрэгжүүлэ­хийг АН хү­сэлт­дээ тодор­хой зааж өгч, түүндээ
шүүхийн шийд­вэрүүдийг болон гүйцэтгэлийн тог­тоо­луу­дыг хавсарган хүргүүлсэн байгаа.

СЕХ-нд
асуудлыг хянан шийдвэрлэх хуу­лийн хугацаа гэж бий. Энэ хугацаа нь 30 хоногийн дотор,
дахин хянах шаард­лагатай гэж үзвэл хоёр сарын хугацаанд шийдэх үүрэгтэй бөгөөд
СЕХ асуудлыг хуулийн хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна.

Ардчилал,
эрх зүйт төрийн тогтолцоо цаа­шид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо,
сайн боловс­руулсан сонгуулийн xууль, зөв зоxион бай­гуулж явуулсан сонгуу­лиас
шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс жур­мыг бий болгоxын
төлөө үеийн үед үргэлжилдэг мөнхийн тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд
эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-нд тулж ирээд, түү­ний шийдвэрийг амьс­гал
даран хүлээж байна. Жирийн иргэдийн энэ хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй.

-СЕХ
МАН-аас нэр дэвшин, УИХ-д сонгогд­сон гишүүдийн манда­тыг хүчингүй болгох бо­ломжтой
юу?

-2011 оны
сүүлээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын ги­шүүн болох
явцад хууль зөрчсөн үйлдэл нь УИХ-ын гишүүн болсноос хойш шүүхээр хянан шийд­вэрлэгдэж
тогтоогд­вол гишүүний түр үнэм­лэхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн
заалтыг хэрэг­жүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ УИХ-ын сонгуулийн энэ хуу­лийн
заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.

-Ер
нь үеийн үед СЕХ эрх баригч намын мэдэлд байсаар ирсэн. Хэдийгээр хараат бус байх
ёстой ч харьяа­лалд нь байсан нь нууц биш ээ. Та твиттер хуу­даснаа СЕХ-той “үзэл­цэнэ”
гэж жиргэсэн бай­сан. Эрх баригч намын генсек ингэж хэлэхээр хүмүүст сонин санаг­даж
байгаа. Эрх баригч намын хувьд СЕХ-г эрх мэдэлдээ барьж чадах­гүй байгаа болохоор
ингэж хэлэв үү?

-СЕХ эрх
баригч хүч­ний нөлөөнд байсан үе саяхан. Тэр нь дээрээсээ доош хатуу командаар ажилладаг
МАН-ын хуу­чин коммунист бүтцэд суусан сэтгэхүй гишүү­дийнх нь толгойд амь бөхтэй
оршиж байсны үр дагавар байсан. Намын гишүүнээсээ татгалзсан ч сэтгэхүй нь өөрчлөг­дөөгүй
байсан учраас СЕХ-ны дарга асан Б.Бат­тулга жишээ нь ямар улаан цайм шийдвэ­рүү­дийг
гаргаж байлаа даа. Ердөө түрүүний Их хур­лын л үед шүү дээ. Тэгээд УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ тэр үеийн СЕХ-г шүүхэд өгч торгууль тавиулснаас хойш, арай нэг цочрол авч,
бүрэлдэхүүнд нь бай­гаа улсууд намын шийд­вэрийг биш, хуулийг ба­римтлах гэж хичээх
бол­сон. Гэхдээ энэ хичээлт бүрэн итгэл үнэмшил болж чадаагүй байгаа­гийн илрэл
нь Увсын асуу­дал дээрх СЕХ-ны хойрго ажиллагаа болов уу. Манай нам СЕХ-г эрх баригчид
нөлөөндөө байл­гахын бурууг хам­гийн ихээр шүүмжилдэг байсан хүчний хувьд үзэл бодлынхоо
эсрэг тийм оролдлого огт хийхгүй. Тийм ч учраас СЕХ-ных­ныг дуудаж шивнээ даал­гавар
өгөхгүй, хуулийн дагуух шаардлагаа хэв­лэ­лээр ил тод өгч, тэднийг
self-censorship сэтгэхүй­гээ­сээ салж, цаашдын үр дагавар гэх мэт улс төрч­дийн
санаа зовдог сэд­вийг толгойноосоо авч хаяад, зүгээр л хэвлэсэн хуулийг өмнөө тавьж
бай­гаад шийдвэрээ гаргадаг шүүгчид шиг ажиллахыг намын зүгээс шаардаж байгаа юм.

-Та
саяхан БНАСАУ-ыг зориод ирсэн. Ямар ажил амжуулав?

-БНАСАУ
дахь аял­лын хувьд би намын дар­гаас хувийн чөлөө авч, гэр бүлийнхээ эрхэлдэг ком­па­нийн
нэрээр ажил олгогч­дын холбооны шу­га­маар бизнес аялалд оролцоод ирсэн. Хойд Солонгос
эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх зорилт тавиад, тэр зорил­гынхоо үүднээс Мон­голын
бизнес эрхлэгч­дийг хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын чиг­лэлээр хамтарч ажилла­хаар
урьсан юм байна лээ.

-Таныг
Хойд Со­лон­госын их удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж аваад тус улсад хоригдох
дөхсөн тухай хэвлэлүүд мэдээл­сэн. Чухам юу болсон юм бэ?

-Кесаны
аж үйлдвэ­рийн цогцолборыг үзэ­хээр гарсан аяллын замд бид зогсож үдийн хоол идсэн
юм. Тэгээд дэл­гүүрт нь тавигдсан бэлэг дурсгалын зүйлсээс би сонирхлын дагуу кино
DVD, ном хоёр худалдаж авсан юм. Өөр нэг биз­несмэн өөр нэг ном худалдаж аваад дурсгал
болох үүднээс түүн дээ­рээ аялалд оролцсон бүх хүмүүсээр тойруулан гарын үсэг зуруулж
бай­сан. Тэгээд автобус хөд­лөхийн алдад манай авто­бусанд орчуулагч бүсгүй орж
ирээд биднээс “Та нар дунд ном худал­даж авсан хүн байна уу” гэж асуусан. Би гараа
өргөж номоо үзүүлэхэд бүсгүй номыг аван буу­гаад хэсэг хугацааны да­раа эргэж ирэхдээ,
“…ууч­лаа­рай, энэ манай их удир­дагчийн ном уч­раас бид дээр нь элдэв юм зурж
уу гэдгийг шал­гасан юмаа” гэсэн. Бод­вол “Генералын номыг нэг хүн авсан, түүнийг
тойруулж хүмүүс юм са­раачаад байх шиг бай­сан, шалга” гэсэн команд ирсэн байх.
Тэгээд “ном худалдаж авсан хүн бай­на уу” гэхэд нь би номоо өгч шалгуулсан нь тэр
л дээ.   

-Танай
намын өрсөл­дөгч улс төрийн том хү­чин болох МАН-ын Их хурал нэлээд сүр дуу­лиантай
болж өндөр­лөлөө. МАН-д болсон өөрчлөлтийг юу гэж харж байна. Нөгөө л хуу­чин М.Энхболд,
Ж.Мөнх­бат нар удирд­лагад сонгогдлоо гэх хүмүүс байна. Намын удирд­лага солигд­со­ноор
тус нам шинэч­лэгдэж чадах болов уу?

-Энэ асуултад
би хариулт өгөх субьект биш. Би АН-ын ЕНБД-ын хувьд МАН-ын их хуралд баяр хүргэж
амжилт хүссэн мэндчилгээг албан ёсоор хүргүүлсэн. Хурлын үеэр гадаадад ажлаар явж
байсан учраас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболдод хувийн зү­гээс баяр хүргэж
амжаа­гүй байна. Харин ЕНБД-аар сонгогдсон Ж.Мөнх­батад твиттерээр баяр хүргэсэн. 

-Ер
нь сонгуулийн хугацаа дөхөөд ирэ­хээр эрх баригч намын хувьд том нүүдэл бол­дог.
Гол өрсөлдөгч нам­тайгаа эвсэх хандлага байдаг. Танай намд МАН-ыг хамтарч засаг
барих “урилга” байх болов уу?

-Үгүй л
болов уу. Урьд нь эвсэж үзсэн бүхий л оролдлогууд манай намд тийм ч таатайгаар тусаж
байгаагүй. Үр дүн нь ихэвчлэн сөрөг байсан. Гэхдээ нэг юм туйлын үнэн. 2012 оны
сонгуульд манай нам бүрэн төгс ялаагүй. Энэхүү “дутуу” ялалтын үр дүнг ямар нэгэн
байдлаар амсах, магадгүй төлөөс хийх шаардлага ч тулгарч болохыг үгүйсгэхгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сарангэрэл: Реклам хэрэггүй гэж мэдэмхийрээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд өг л дөө

УИХ-ын гишүүн Д.Са­­­ран­гэрэл­тэй
ярилц­­­лаа.

-Хэвлэлийн эрх чө­лөө­ний тухай
хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаар танаас асуух гэсэн юм. Мон­голын сэтгүүлзүйн
та­лаар та зөв дуугарч, тулхтай байр сууринаас ханддаг. Хэв­лэл мэ­дээл­­лийн хил
хяз­гаар­гүй байдал гэж яриг­даад байгаа. Ер нь тэ­гээд нэг улс орон хэв­лэлийн
хууль гаргах бо­ломж­гүй юм биш үү. Үүнтэй та санал хэр нийцэх вэ?

-Та нар маань хаа­наас “Хэв­лэлийн эрх чө­лөөний тухай хууль”
бат­лаг­дах гэж байна гэж сон­сов. Н.Батчимэг ги­шүүн­тэй энэ талаар са­нал со­лил­цож
үзсэн. Хэв­лэл, мэ­дээллийн хэрэгс­лийн удирд­­лага, уран бүтээлч­дийн тө­лөөл­лийг
орол­цуул­сан хэ­лэл­цүү­лэг явуулж байж шийд­вэр гар­гах ёстой гэж ойл­голц­сон
гэж бодож бай­гаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн
нарийн бич­гийн дарга Ж.Баярцэцэгтэй ч ярилц­сан. Ойрын үед энэ хуу­лийн төслийг
хэлэлцэх асуудал төлөвлөгдөөгүй гэж бай­сан. “Хэвлэл, мэ­дээл­лийн эрх чөлөөний
тухай хууль”-ийн төсөл өмнө нь УИХ-д орж ирээд буцсан. Салбарын ажилт­нуудын санаа
бодлыг аваагүй, хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн удирд­лага, уран бүтээлчдийн хооронд
үл ойл­голцол, таагүй уур амьсгал үүсгэ­хээр төсөл байсан уч­раас гишүүдийн ч, уран
бү­тээлчдийн ч дэмжлэг аваа­гүй. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн үйл ажиллагаа хууль
эрхзүйн орчноосоо болоод доголдоод байгаа зүйл алга. 1998 онд батлагдсан “Хэв­лэлийн
эрх чөлөөний тухай хууль” үүргээ биелүүлж сал­барын үйл ажиллагааг зохи­цуулаад
явж л байна. Өнөө маргаашгүй хууль гаргахгүй бол тулгамдаад байгаа асуу­дал үгүй
байна. Энэ салбарт ажилладаггүй хүмүүс л бид­ний өмнөөс санаа зовоод яваад байдаг
нь ер нь ойл­гомжгүй л байна.

-Редакцийн хараат бус байдал гэж
юуг хэлээд байна вэ?

-Редакцийн хараат бус байдал гэж сэтгүүлч,
уран бүтээлчид бие дааж эрхэлсэн ажлаа гүйцэтгэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл дарамтгүй
ажиллана гэсэн үг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилт­нууд, тэр дундаа сэт­гүүлч,
уран бүтээлчид чөлөө­тэй ажиллах боломжоор хан­гагд­сан байдаг. Сонины эрх­лэгч,
телевизийн захирлын дарамтанд ажилладаг цаг өнгөрсөн л дөө. “Өдрийн сонин”-ы нийтлэлч
Ж.Гангаа хуулийн төсөл яриг­дах үеэр бичсэн нийтлэлдээ “Тухайн хэвлэл мэдээллийн
хэрэгс­лийн сэтгүүлчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн олонлог байдаг
” гэж онож хэлсэн юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн удирдлагын да­рамт­наас
уран бүтээлчдийг чөлөө­лөх маягтай юм яриад хагалж бутаргах хуулийн төсөл ба­риад
гүйлдэх нь ер нь ямар утгатай юм. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд ард түмнээ мэ­дээл­лээр хангах Үндсэн хуу­лиар хүлээсэн төрийн
үүргийг хуваалцаж байна. Ингэхдээ засгаас ганц ч төгрөг авдаггүй, дээр нь хэдэн
зуун ажлын байр бий болгоод явж байгаа гавьяатай салбар. Тиймээс ядаж гай болохгүй
байх нь хэвлэлд үзүүлэх төрийн дэмжлэг болно.

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд
реклам, зар сур­талчилгаагаар санхүүждэг. Гэтэл Хэвлэлийн хүрээлэн зэрэг ТББ-ууд
реклам хийх хэрэггүй гээд байх юм. Рек­лам­гүйгээр, зөвхөн захиа­лагч, үзэгчдийнхээ
тоогоор хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд яаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм
бол. Нэг салбарт хүчин зүтгэж буй хүний хувьд та энэ асуу­далд ямар байр суурь­тай
байна вэ?

-Хувь хүний ч бай, бай­гуул­лагын
ч бай бусдын тогоо руу өнгийх нь өөрөө дэндүү ёс зүйгүй хэрэг. Тэгвэл рек­лам хэрэггүй
гэж мэдэмхий­рээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд
өг л дөө. Аливаа зүйлийг хориглох амархан харин альтернатив вариант гаргаад ирвэл
сая тэр хориглох үйлдэл нь утга­тай болно. Ер нь ямар ч дэмж­лэг үзүүлэхгүй атлаа
төрийн ачааг үүрэлцэж байгаа хэсгээ хааж боомилох явдал их бай­на. Харилцаа холбооны
зо­хи­цуулах хороо телевизүү­дийн рекламны цагт хязгаар тавьж байгаа нь ч буруу.
Их байна, төвөгтэй байна гэж үзвэл үзэгч тэр сувгийг эргүүлж л орхино. Зах зээл
нь, үзэгчид нь зохи­цуулах асуу­далд төр, засаг оролцоод илүү зардал гар­гаад л
байгаа хэрэг шүү дээ энэ нь.

-Мөн ТББ-ууд хэвлэ­лийн эздийн
хөрөнгийн асууд­лыг яриад байх юм. Тэдэнд тийм эрх бий юу?

-Ямар ч эрх байхгүй. Хэв­лэл, мэдээллийн
хэрэгслүүд бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн адил тат­ва­раа төлөөд үйл
ажилла­гаагаа явуулж байгаа. Тэгвэл архи дарс, бензин шатахуун, сургууль соёл юу
байдаг юм бүх салбарын эздийн хөрөн­гийг ч бас ярьж хэмжээ дам­жааг нь тогтооё л
доо. Яагаад хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг ялгавар­лан гадуурхаад
байгаа юм. Аль нэг салбарт давуу эрх олгох, ялгаварлан гадуурхах хуулиар хориотой.
Ийм л утга учиргүй, хууль бус үйл ажил­лагааг явуулах гээд улайраад байна. Дуугүй
суугаад байж болохгүй дээ, бид.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг
30 хувиар нэмэх сана­лыг танай намын бүлэг гар­га­сан. Улс орны эдийн засаг хүндэрлээ,
төсвийн орлого 1,5 их наядаар дутсан гээд байгаа хэрнээ ингэж цалин тэтгэвэр, тэтгэмжийг
ямар үндэслэлээр нэмж байгаа юм бол?

-Өнөөдөр олон түмэн төс­вийн алдагдал,
дотоодын нийт бүтээгдэхүүний гадаад өрөнд эзлэх хувь ямар бай­гааг сонирхохоос илүүтэй
амьдрал ахуйгаа яаж авч явах уу, цалин мөнгөө хэрхэн хүргэх үү гэдэг асуудал чухал
байна. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг
нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөөд орж ирлээ. Хам­гийн сүүлд 2012 оны 2.5 ду­гаар
саруудад цалин нэмсэн. Түүнээс хойшхи жил зургаан сарын хугацаанд инфляцийн түвшин
статистик мэдээллээр 9.9 хувьтай гэж мэдээлж бай­гаа ч бодит амьдрал дээр 30 хувьд
хүрчихээд байгаа та­лаар судлаачид хэлж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгд­сэнийг
амьдралд ойр­хон бай­даг хэн ч гэсэн су­далгааны дүнтэй дүнгүй мэ­дэж байгаа асуудал.
Худал­даж авч чад­даг ч юмгүй болох нь иргэд. Байр сууц, түлээ нүүрснийхээ үнийг
яахаа мэдэх­гүй байна. Энэ нь цалин нэмэх нэг үндэс­лэл. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
инфляци­тай уялдан цалин мөнгө нэмэх заалт бий. Тий­мээс нэмэх л ёстой. Хувь хэмжээ­ний
тухайд Үйлдвэрч­ний бай­гууллага тооцоо хий­сэн бай­на лээ. Цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг
нэмэхэд Зас­гаас санал болгож байгаа 200 тэрбум төгрөг нүглийн нүдийг гурилаар хуурахтай
адил болох тоо тэд хэлж байна. Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ердөө
6-7 хувь нэмэх боломжтой. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг
30 хувиар нэмэх санал оруулс­ныг Нийгмийн бодлогын байн­гын хорооны хурал олон­хио­роо
дэмжсэн. Нэгд­сэн чуулганаар гишүүд дэм­жинэ гэдэгт найдаж байна.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг нэмснээр
инфляцийн түвшин нэмэгдэж таарна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн нуруун
дээр том ачаа болох юм биш үү?

-Засгийн газар цалин нэ­мэг­дэхээр
юмны үнэ өсчихдөг учраас нэг өдөр л мэдэгдэхгүй нэмчихнэ гэж байгаа. Тиймээс манай
бүлгийн гишүүд яг хэзээ нэмэхээ хэл гэж эрх баригчдаас шаардахгүй бай­на. Харин
ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэм­жийг 30 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн
эх үүсвэрийг суул­гачихвал нэг өглөө нар гарах байлгүй дээ. Инфляцийг зохис­той
түвшинд байлгах нь иргэдийн үүрэг биш л дээ. Барааны үнийн өсөлтөнд ч иргэдийн буруу
байхгүй. Ард иргэдээ амьжиргаатай байл­гах нь төр, засгийн үүрэг.

-Төрийн албаны 130 мян­ган ажилтан
бий. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэ­хээр тэдний орлого өснө. Харин цаана нь хувийн
хэвш­лийнхэн орхигддог. Энэ байдлыг яаж зохи­цуулж байгаа вэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр
хувийн хэвшлийн­хэн хэлмэгдэнэ гэдэг үгтэй болж. Төр хэзээ хувийн хэв­шилд санаа
зовдог болоо вэ. Хувийн хэвшлийн мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүч­ний дундаж
цалин 600 мян­гаас дээш байгаа. Баян ком­па­­ни, банк санхүүд ажилла­даг өндөр зэрэглэлийн
ажилт­нуу­дын цалин хэдэн сая давсан.

-МАН-ын XXVII Их хурал болж өндөрлөлөө.
Таны хувьд УИХ-ын гишүүн бо­лоод анх удаа 
намынхаа Их хуралд оролцлоо. Энэ хурлыг та ямар болсон гэж дүгнэх вэ, санал
сэтгэгд­лээ хуваалцахгүй юу?

-Би өмнөх 26-р Их хурлын төлөөлөгч
байсан л даа. Энэ удаагийн их хурал турш­ла­га­тай, тулхтай улс төрийн хүчин улс
орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг дээш­лүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхээ
тодорхойл­сон баримт бичгүүдийг батал­лаа. Мянга мянган гишүүд болон дэмжигчдийнхээ
итгэ­лийг хү­лээ­сэн төлөөлөгчид ухаанаа уралдуулж санал бодлоо нэгтгэсэн түүхэн
их хурал болсон гэж бодож байна.

-Энэ удаагийн Их хур­лаар танай
намын удирд­лагууд шинээр сонгогдлоо. Таван удаагийн сонгуульд дараалан ялагдсан
улс төрийн ууган хүчний хувьд удирдлагууд солигдсоноор нам өөрчлөн шинэчлэгдэж чадах
болов уу?

-Гурван сонгуульд амжилтгүй оролцлоо
л доо. Шинэчлэл бол цаг үргэлж бүх салбарт шаардагдаж байдаг үзэгдэл. Шинээр сонгогдсон
удирдлага шинэчлэл хийнэ гэхээсээ илүүтэй цаг үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааны  хөтөлбөр, баримт бичгийг их хурлаар баталсныг
хэрхэн хэрэгжүү­лэ­хээс шинэчлэлийн үр дүн хамаарна. Эдгээрийг хэрэг­жүүлж чадна
гэж үзсэн хү­мүүстээ их хурал итгэл үзүүл­лээ. Тиймээс олонхийн санал нэгдэж сонгосон
удирдла­гууд­даа итгэхгүй байх шалтгаан алга байна.

-Таныг Сү.Батболдын фракцын хүн
гэдэг. Та фракц­даа хүчин зүтгэж бай­гаа юу. МАН-ын фракцуу­дын талаар янз бүрийн
л мэдээллүүд гарах юм. Үнэ­хээр нам доторх фракцууд хоорондоо хөлөө жийлцээд байна
уу?

-Олон хүн сайнтай муутай, ойн мод
урттай богинотой гэдэг. Үзэл бодол, ааш аран­шин гээд ижил төстэй байд­лаараа хүмүүс
ойр байдаг. Үүнийг фракц гэдэг эсэхийг мэдэхгүй. Сү.Батболд даргын үед намын удирдах
бүрэл­дэхүүнд байсан болохоор тэгж ярьдаг байх нь л дээ. Одоогоор манай намд албан
ёсны фракц байхгүй. Харин хувь хүний хувьд илэн далан­гүй яриа хөөрөө, хоорондын
итгэлцэл нам дотор дулимаг байна. Үүнийг задлах хэрэг­тэй гэвэл санал нэгдэнэ. Хүн
дагаж давхихаас илүүтэй өөрийн итгэл үнэмшлээр зөв бодож ярьж байгаа хэнийг ч бай
дэмждэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Ломбо: Хоёр улсын уламжлалт харилцаа шинэ нөхцөл байдалд өргөжин хөгжинө

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийн
БНАСАУ-д хийж буй тө­рийн айлч­лал хийж байгаа. Айлч­лалын та­лаар Онц бө­гөөд бүрэн
эрхт Элчин сайд, Ний­гэм, улс тө­рийн шинж­лэх ухаа­ны доктор Ж.Ломбо­той ярилцлаа.

-Манай улсын Ерөн­хийлөгч БНАСАУ-д
айл­чиллаа. Манай хоёр ул­сын харилцааны түү­хэн замнал хэрхэн үр­гэлжилж ирсэн
тухай сонирхуулахгүй юу?

-Монгол Улс болон БНАСАУ эртний уламж­лалт харилцаатай орон.
Манай улс ЗХУ-ын да­раа­­гаар 1948 онд Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосон
түүх­тэй. Хоёр орон харилцан тус­гаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дипломат ха­рилцаа
тогтоож, 1951 онд хоёр талдаа Элчин сай­дын яамдаа нээсэн юм. Өнгөрсөн хуга­цаанд
хоёр орны харилцаа улс төр, соёл урлаг, эдийн засаг, худал­дааны гээд бүхий л салбарт
хөгжиж ирсэн. Янз бүрийн түүхийн нуга­чааг даван туулсан гэхэд болно. Умард Солонго­сын
Удирдагч Ким Ир Сен манай улсад 1956, 1988 онд айл­чилж бай­сан. Түүнээс хойш
2007 онд БНАСАУ-ын төрийн тэргүүн, Ардын дээд хур­лын тэргүүлэгчдийн дар­га Ким
Ён Нам айлчилж бай­лаа. Харин манай ул­саас 1956 онд Ю.Цэдэн­бал дарга, 1986 онд
Ж.Бат­­мөнх дарга, 2004 онд Ерөн­хийлөгч Н.Бага­банди, 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
нар БНАСАУ-д айлчилсан юм. Энэ удаад Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж өндөр хэмжээний төрийн
айлч­лал хийж байна. Үүнчлэн хоёр орны төр засгийн тэргүүтнүүд, Гадаад хэр­гийн
сайд нар тогтмол айлчилж байсан. Дээр дурдсан айлчлалуу­дын үеэр хоёр орны эрх зүйн
үнд­сийг бататгасан, олон арван гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. 1990-ээд онд
социалист систем задрахад хоёр орны эрх зүйн үндсийг өнөөгийн олон улсын харилцааны
нөхцөл байдалтай уял­дуу­лан шинэчлэх, өөрч­лөх, засварлах шаард­лага гарсан юм.
Үүний үндсэн дээр мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ­рийг шинэчлэн байгуулсан.

-Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүнээр
хоёр дахь удаагаа сонгогдоод гадаад оронд хийж буй анхны төрийн айлчлал БНАСАУ.
Айлч­лалын зорилго, ач холбогдол нь юу байв?

-Тийм ээ, Ерөнхийлөгчийн гадаад улсад
хийж буй анхны айлчлал нь энэ юм. Умард Солон­госын хувьд ч шинэ удирдагчтай болсноор
тус улс гадаадын төрийн тэргүүнийг анх удаа хүлээн авч байгаагаараа онцлогтой.  Энэ үйл явдал бол манай хоёр улсын уламжлалт харилцаа
сайн байж ирсний нэг илрэл билээ. Энэ удаагийн айлчлалд  талууд ихээхэн  ач холбогдол өгч байгаа.

Манай Ерөнхийлөгч айлч­ла­лын­хаа
хүрээнд хоёр орны худал­даа эдийн засаг, соёл, зам тээв­рийн салбарт хамтран ажиллах
баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ мэтчилэнгээр хоёр орны харил­цаа дээр үеэс
уламжлагдаж ирсэн бөгөөд өндөр дээд хэмжээ­ний яриа хэлэлцээ  тасралтгүй 
явж ирсэн түүхтэй.

Айлчлалын гол зорилго хоёр талын харилцааг,
өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан боди­тоор өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн
гэж үзнэ. Энэ нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Манай улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй, тогтвортой байд­лыг бэхжүүлэх талаар
санал са­наа­­чилга гаргаж байгаа юм. Тий­мээс цөмийн зэвсэггүй статус, бүс нутгийнхаа
аюулгүй байдалтай холбоотой манай зүгээс юу хийж болох талаар тайлбарлаж, Умард
Солонгосын цөмийн асууд­лаар зургаан талын гэрээ хэлэлцээг сэргээх энэ чиглэлээр
ямар хэл­бэрээр хамтран ажиллах талаар санал солилцох байх аа.

-Умард Солонгосын удирдагч нар
гаднаас ирсэн зочид, тө­лөөлөгчид хийгээд төрийн тэр­гүүнүүдийг тэр бүр биечлэн
хүлээж авч уулзаж байгаагүй. Энэ удаад манай Ерөнхий­лөг­чийг хүлээж авч уулзах
болов уу?

-Тус улсын үндсэн хуулинд Ардын дээд
хур­лын тэргүүлэгчдийн дарга нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэнэ гэсэн байдаг.
Тиймээс төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчдийг  Ким Ён Нам дарга хүлээн авч уулздаг. Харин Ерөнхийлөгч
Ким Ир Сенээс хойш Ким Жөн Ир, Ким Жөн Ын нар Солонгосын хөдөл­мөрийн намын дарга,
Солонгосын ардын армийн дээд командлагчаар ажиллаж ард түмний дунд удир­дагч гэж  нэрлэгддэг. 
Ким Жөн Ын дарга сонгогдоод удаагүй байна. Энэ хугацаанд гаднаас манай Ерөнхийлөгчийн
хэмжээний өндөр хэмжээний төлөөлөгчид очсонгүй. Манайх анхных нь болж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр Солонгосын
хилийн зурва­саар явлаа. Манай Ерөнхийлөг­чийг цэрэггүй бүсэд аваачсан явдалд та
ямар ач холбогдол өгч байна вэ?

-Умард,Өмнөд Солонгосын хилийн зурвас
болох Панмүнжомд  манай Ерөнхийлөгч очиж танилц­сан
байна лээ.  Хоёр улсын хилийн зааг болох цэрэггүй
бүсээр урьд өмнө нь гадаад орны төрийн тэр­гүүн тэр бүр тус улсад айлчлахдаа очиж
байгаагүй. Энэ нь Солон­госын хойгийн болон бүс нутгийн байдалтай бодитой танилцахад
тус­тай төдийгүй, маргаантай асууд­­лыг эв зүйгээр зохицуулахад зохих нэмэр болно
гэдэгт итгэж байна. Мөн Ерөнхийлөгч маань Панмүн­жомын ойролцоо байдаг Монгол хатны
булшинд очиж хүн­дэт­гэл үзүүлсэн байна лээ. Энэ  нь Монгол, Солонгосын эртний түүх­тэй холбоотой
чухал газар юм.

-Тэр хатны тухай түүхэнд юу гэж
тэмдэглэсэн байдаг юм бол?

-Солонгосын Гонмин хааны хатан нь
монгол эмэгтэй байжээ. Хатан 30 гаруй насандаа төрөхийн хүндрэлээс болж өөд болсон
аж. Хаан, хатандаа маш их хайртай байсан гэдэг. Тиймээс хатныхаа бунхны нь зургийг
өөрөө зурж, байгуулсан бөгөөд насан эцэс­лэхдээ хатныхаа бунхны хажууд ор­шуулаарай
хэ­мээн гэрээсэлсний да­гуу хүсэлтээр нь болгосон тухай түүх байдаг. Хаан, хатан
хоёрын бун­хан нэг дор байдаг бөгөөд доо­гуураа холбоо­той гэдэг. Монгол хат­­ныг
амьд сэрүүн байхад Солон­гос улс дайн дажингүй, амар амга­лан байсан тухай  тэмдэглэсэн байдаг.

-Дээр дурьдсанчлан социа­лист систем
задрахаас өмнө манай хоёр улсын харилцаа өргөн байжээ. Айлчлалын үр дүнд  уламжлалт харилцаа маань хэрхэн сэргэж, өргөжинө
гэж та харж байна вэ?

-1990 он хүртэл социалист систем задрахаас
өмнө хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, хүмүүн­лэгийн салбарт өргөн харилцаа­тай,
хамтран ажиллаж ирсэн. Түү­нээс хойш нэг хэсэг харилцаа маань зогсонги байдалд орсон
ч  сүүлийн жилүүдэд сэргэн хөгжих алхам хийгдэж
байна. Ер нь хоёр орон түүхэн уламжлалт харил­цаатай сацуу, газар нутгийн хувьд
ойр оршдог, Орос, Хятад гэсэн их гүрэнтэй хиллэдэг, хөгжиж байгаа орнууд зэрэг адил
төстэй зүйлүүд нэлээд бий. Иймэрхүү адил төстэй зүйлүүд их учраас хамтын ажил­лагааг
хөгжүүлэх боломж ирээдүй байдаг. Энэ бүх­нийг бататгах үүд­нээс бүс нутгийн харилцааны
нөхцөл байдалтай уялдуулж, хоёр талын харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан
хөгжүүлэх боломж байна. Тиймээс Солон­госын шинэ удирдлагатай яриа хэлэлцээ явуулж,
харилцааны эрх зүйн үндсийг бататгасан баримт бичиг байгуулах зэргээр хамтран ажиллаж
байна. Тухайл­бал, нэлээд олон бизнесийн төлөө­лөл Ерөнхийлөгчийн айлчлалд багт­лаа.
Өнгөрсөн есдүгээр сард Пхеньян хотноо хоёр орны Засгийн газар хооронд эдийн засаг,
шинж­лэх ухаан техникийн салбарт хамт­ран ажиллах Зөвлөлдөх комиссын ээлжит хуралдаан
Пхеньян хотноо боллоо. Манай талаас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй
албаныхан оролцож,  эдийн засгийн хамтын ажилла­гааны
асуудлаар санал солилц­сон.

-Хоёр орны улс төрийн харил­цаа
өндөр түвшинд тасралтгүй явж байна. Хамгийн гол нь эдийн засаг худалдааны харилцаагаа
яаж бататгах вэ?

-Энэ бол тун чухал асуудал болоод
байгаа. Улс төрийн яриа хэлэлцээнээс гадна бодитой хам­тын ажиллагаа хэрэгтэй. Ер
нь хоёр тал эдийн засаг худалдааны  хамтын
ажиллагааг харилцан ашигтай агуулгаар баяжуулан хөг­жүүлэх боломжтой тийм, хэрэгцээ
ирээдүй бий. Уламжлалт харил­цаа­гаар манайх Солонгосоос ца­гаан будаанаас өгсүүлээд
хүнсний бүтээгдэхүүн гээд нэлээд их бараа импортолдог байсан. Харин Солон­гос руу
ноос, ноолуур, арьс, шир түүхий эд экспортолдог байлаа. Гэтэл системийн задрал болж,
Умард Солонгост эдийн засгийн хүндрэл бий болсон нь  гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд ч нөлөөлсөн.
Одоо улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн сэргээж хөгжүүлэх
боломж бүрэн байна. Хоёр тал энэ чиглэлээр хамтарч ажиллах тухай яригдаж байгаа.
Хэн хэнийх нь ч ашиг сонирхол байна.

Манай улс далайд гарцтай болох хамгийн
дөт зам бол Солон­госын хойг байгаа юм. Солонгосын хойгоор дамжиж  Түмэн голын сав газар, Расоны чөлөөт эдийн зас­гийн
бүсээр дамжин далайд гарц­тай болох боломж бий. Мөн  Умард Солонгосын усан боомтуудыг хөнгө­лөлттэй
нөхцөлөөр ашиглах бо­ломж ч нээгдэх юм. Харин Умард  Солонгосын талаас манайхаас уул уурхайн түүхий
эдээ импорт­лох, мал аж ахуй, газар тариа­лангийн салбарт хамтран ажиллах боломж
байгаа. Солонгост ямааны аж ахуйг хөгжүүлэх санал санаа­чилга байдаг. Энэ мэтчилэн
хоёр талын хамтын ажиллагааг хөгжүү­лэх боломжууд байна л даа. Үүнээс гадна Умард
Солонгос ажиллах хүчний нөөцөөр баялаг. Манайд зам тээвэр, барилга, хөнгөн үйлдвэрийн
салбарт тэдний хүмүүс ажиллаж байна. Солон­госчууд мэдлэг боловсрол, ур чадвар,
зохион байгуулалттай байдлаараа манай хувийн хэвш­лийнхний сонирх­лыг татаж, тэдэн­тэй
хамт­ран ажиллах боломж байдаг юм. Энэ асуудлаар ч хоёр улсын хоо­ронд нэлээд зүйлүүд
яригдаж байгаа.

-Боловсролын салбарт хоёр орон
хэрхэн хамтран ажиллах боломж байна вэ?

-Дээхнэ үед оюутан, мэргэжилт­нүүд
солилцдог байсан. Дайны үед Хойд Солонгосын 200 хүүхдийг манайх авчирч, долоон жил
сургаж, хүмүүжүүлсэн түүхтэй. Мөн 30 оюутныг хөдөө аж ахуйн салбарт сургасан. Одоо
ч гэсэн хоёр улсад харилцан суралцдаг цөөхөн оюу­тан бий. Мөн хэл соёлоо судлахад
хамтарсан судалгаа хийх, Монгол хатны домгоор кино хийх асуудал хүртэл яригдаж байсан
л даа. Ер нь соёлын салбарт өргөн харил­цаатай. Жил болгоны дөрөвдүгээр сард Ким
Ир Сений төрсөн өдөрт зориулж “Нарны баяр” гэж болдог. Манай урлагийнхан дандаа
орол­цож тэргүүн байруудыг нь авч байсан.

-Хоёр улсын зээл туслам­жийн асуудал
ямархуу түвшинд явж байна?

-Хоёр улс эдийн засгийн харил­цаатай
явж байхдаа зээл тусламжийн талаар хамтран 
ажил­лаж байсан. Жишээлбэл, дайны үед манайх Солонгост нэлээд хэмжээний тусламж,
үзүүлж, 220 гаруй мянган  толгой мал, дулаан
хувцас, хоол хүнс явуулж байсан. Солонгосын тал ч манайд цаг агаарын хүндрэл бэрхшээл
гарвал тусламж үзүүлдэг байлаа. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын сургуу­лийг иж
бүрнээр нь байгуулж өгсөн. Одоо болтол сургуулийн урсгал засварыг хийж, кабинетыг
нь  тохижуулдаг. Боломжийн хэрээр тусламж
дэмжлэг үзүүлдэг.

-Хойд Солонгос шинэ удир­дагчтай
болсноор тус улсын хөгжил дэвшил хэрхэн өөрчлөг­дөж байна вэ. Та БНАСАУ-д Элчин
сайдаар ажиллаж байсан хүний хувьд илүү сайн дүгнэх байх?

-БНАСАУ 1950-1953 оны дайнд үнсэн
товрого болтлоо сүйрсэн. Тэрнээс хойш хэтийн төлөвлөгөө­тэй хөгжсөн. Солонгосын
ард түмэн бол дайн үзсэн, колоний дарлалд орж байсан их хатуу­жилтай, хөдөлмөрч
хичээнгүй ард түмэн учраас богино хугацаанд сэргэн босч, идэвхтэй хөгжиж бай­гаа.
Энэ онд  улс тунхагласных нь болон дайны ялалтын
60 жилийн ой боллоо. Тэрнийг дагасан бүтээн байгуулалтууд хөгжиж, том том үйлдвэр,
байгуулагдсан. Хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд анхаарч байна. Пхеньян
хот орчин үеийн өнгө төрхөөр хөгжиж байгаа. Солонгос биеэ дааж хөгжинө гэсэн үндсэн
бодлого дээр тулгуурлан хадааснаас өгсүүлээд уул уурхайн тоног төхөөрөмж, машин
техник, усан онгоцоо өөрсдөө үйлдвэр­лэдэг.

БНАСАУ манай коксжих нүүр­сийг хамтран
ашиглах, шөрмөсөн чулуунаас хөвөн гаргаж, монгол хонины ноостой хольж, сайн чанарын
даавуу хийх асуудлыг Ким Ир Сен дарга манай улсад айлчлах үед ажил хэрэг болгохоор
ярилцан тохирч  байлаа. Шөрмөсөн чулуу­наас
хөвөн гаргаж авах технологи нь зөвхөн Хойд Солонгост байдаг. Манай 20 оюутныг Солонгосын
химийн үйлдвэрийн дээд сургуульд сургасан. Тухайн үед системийн задрал болж энэ
асуудал ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо сэргээх талаар ярьж байгаа юм билээ.
Ер нь хоёр улс уламжлалт харилцаагаа хөгжүүлэх сонирхол аль аль талд байгаа. Хамгийн
гол нь  улс төрийн өндөр түвшний харилцааг
эдийн засгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх нь чухал гэдгийг дахин  тэмдэглэмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ