Categories
редакцийн-нийтлэл

Р.Раш: Монголын төрийн дархлааны тухай л ярьж байгаа хэрэг шүү дээ

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу
гуайн тухай хуучцуулын дунд домог мэт яриа олон бий. Ёстой жинхэнэ монгол төрийн
ноён нуруу байсан гэдэг. “Шинэ цагт түүн шиг хүнийг төрд олон  болгох юм сан” гэж УИХ-ын гишүүн асан Р.Раш өгүүллээ.
Түүнтэй Ж.Самбуу гуайн талаар хөөрөлдсөн юм. 

-Та Ж.Самбуу гуайн талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Би
Ж.Самбуу гуайтай хамт мөр зэрэгцэн ажил­лаж яваагүй болохоор тийм сайн мэдэхгүй
л дээ. Ер нь олны амыг чагнаж байхад “Самбуу гуайрхуу хүн Монголын төрд олон байвал
зүгээр дээ” гэснийг “Нээрээ тийм шүү” гэж дотроо бодож явдаг даа. Ж.Самбуу гуайг
1972 онд өөд болоход ард түмэн эмгэнэж, Төрийн ордны урд талд том зургийг нь байрлуулчихсан
байхыг харж байж билээ. Ж.Самбуу гуай үнэхээр монгол төрийн ноён нуруу байж төрд
түшигтэй тийм л нэгэн явжээ гэж ойлгодог. Тэр үеийн Улс төрийн товчоо Ж.Самбуу гуайн
амыг их харна. Хэлснийг нь дагадаг. Тийм л нөлөө бүхий нэгэн явж л дээ. Би УИХ-ын
гишүүн байхдаа Дундговь аймагт очиж ажиллаж байсан юм. Хурал дээр Луус сумын Дашзэвэг
гэдэг өндөр настан “Самбуу гуай шиг хүн Монголын төрд хэрэгтэй байна” гэж хэлж байсныг
тод санаж байна. Гадаад яамны нэгдүгээр орлогч сайд, сүүлд нь НҮБ-д Монголын төлөөлөгчөөр
ажиллаж байсан Жаргалсайхан гэдэг хүний бичсэн номд “Самбуу гуайрхуу хүн Монголын
төрийн дээгүүр байх ёстой юм” гэж бичсэн байдаг. Олны ам бол “Самбуу дарга, Самбуу
сайд, Элчин Самбуу” гэж ярьцгаадаг. Ялангуяа баруун урагшаа сүрхий шагшин магтдаг
юм. 1960-аад оны эхээр засаг захиргааны шинэ хуваарилалт  хийжээ. Нэлээд олон сумдыг нэгтгэсэн юм билээ.
Тэр үед Төв аймгийн Бүрэн сумын талаар яриа сөхөгджээ дээ. Самбуу гуай чимээгүй
сууж байгаад “Би чинь тэгээд хаана төрсөн, хаана харьяалагдах хүн болж байна вэ”
гэтэл бүгд нам болсон гэдэг. Ер нь энэ мэт түүний тухай домог шиг олон зүйл яригддаг
шүү дээ.

-Төрийн том хүн байсан атлаа нутаг усандаа очихоороо морь
мал усалж, ан гөрөө хийж, газар хөдөс дэвсээд унтаж байдаг тун энгийн хүн байсан
гэх юм билээ?

-Ер
нь Самбуу гуай хөдөө орон нутаг хийгээд хүмүүстэйгээ их холбоотой мундаг байсан
шүү. Би хүүхэд байсан юм даг. Ж.Самбуу гуайн 70 насны ойгоор нутаг усаар нэг яриа
хөөр болж билээ. Түүний хамаатны нэг залуу өртөө хочит Батсүх гэж байлаа. Түүнийг
“Самбуу гуайн 70 насны ойд оролцох гээд хөтөлгөө морьтой хот руу явж байна гэнэ
ээ” гээд л нутгийн олон ярьж байсныг санаж байна. Ж.Самбуу гуай бол жинхэнэ монгол
ахуйгаараа явсан хүн байх.

Ж.Самбуу
гуайн сургууль соёлын боловсрол тун маруухан бололтой хүн шиг байгаа. Ерөөсөө амьдралын
хар ухаанаар дамжсан, тэгж л шалгарсан. Ж.Самбуу гуай өөрөө тийм ч их дуугараад
яриад бай­даггүй. Байж байгаад хааяа нэг үг хэлдэг. Тэр нь монголын 1.5 сая хавтай
дөрвөлжин талбайг тэр чигээр нь агуулдаг юм байх аа даа. Тиймээс дэргэд нь байгаа
хүмүүс биширдэг байж. Ер нь тэднийхэн дуу цөөтэй тийм улс.

Миний
дуулж мэдсэнээр Ж.Самбуу гуай Төрийн яамны Тамгын тал бичээч гэдгээс Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн дарга хүртэл бүх шатыг дамжсан ийм л монгол төрийн түшээ байсан.
Төрийн ордны баруун хойно байгаа хөшөө нь түүнийг ямар хүн байв гэдгийг харуулдаг.
Үнэхээр сайхан, дүнхийн харагддаг шүү дээ.

-Ж.Самбуу гуай мал аж ахуйн чиглэлээр хэд хэдэн ном бичсэн
хүн юм билээ…

-Түүний
бичсэн Монгол орны бэлчээрийн мал маллагааны туршлага гэж мундаг хоёр ном бий. Тэр
номыг уншихад Монголын бэлчээрийн мал аж ахуйг нэвтэрхий мэддэг, эм тамгаас өгсүүлээд
л, үржил ноос ноолуур, сүү цагаан идээ, малчин 
мал хоёрыг гаргууд бичсэн байдаг. Эрдэм шинжилгээний шинжтэй агуу том бүтээл
юм.

 Ж.Самбуу дарга хөдөө аж ахуйн сургуулийн төгсөгчдийн
уулзалтад ирж л дээ. Хоёр цаг гаруй ямар ч үг дуугарахгүй, хөдөлгөөнгүй сууж байснаа
5-6 өгүүлбэр хэлчихээд яваад өгсөн гэнэ лээ. Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтэн
гэдэг ийм л байх ёстой гэдгийг тэнд байсан хүмүүсийн толгойд дурайтал ойлгуулж байсан
гэж ярих юм билээ. Бясалгаж, аль болохоор цөөхөн үгээр утга санааг илэрхийлдэг агуу
их чадвар тэр хүнд байсан байна.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэнгийнх. Танай Эрдэнэдалай сумтай
залгаа нутаг. Таны багад түүний талаар нутгийн ардын дунд ямар яриа өрнөдөг байв?

-Ж.Самбуу
гуайнх Дундговийн Эрдэнэдалай сумын хойд талаар Түмний тал булаг хэмээх газар нутаглаж
явсан айл. Ер нь нутгийнхан янз бүрийн домог болсон яриа ярьж байдаг. Эцэг нь Жамсран
гэж хүн хүүгийнхээ төөргийг нутгийн Сумъяа зурхайчаар зуруулсан гэдэг. Өнөө зурхайч
“Би мэдэхгүй юм байна. Харц хүн тэгсэн мөртлөө хаан суудалтай байна. Харц хүн хаан
сууна гэж ямар юм байхав дээ” гээд зоосоо чулуудаж байсан гэх юм билээ. Тэгэхээр
хүүгээ мэргэлүүлж байгаа аав нь ч тэр, мэргэлэж байгаа цаад хүн ч тэр мундаг аа.

УИХ-ын
гишүүн асан Тогтох гуай Ж.Самбуу гуайн зээ дүү юм шүү дээ. Тогтох гуай ч тийм дуу
цөөнтэй хүн. Тэгэхдээ агуу жинтэй ярина. Ёстой нэг гүн ухааны философийн ном уншаад
ойлгож ядах маягтай гүнзгий сэтгэж ярьдаг хүн шүү дээ. Мань эр хотод дунд сургуульд
байхдаа Самбуу гуайнд суудаг байсан гэдэг. Нагац ахынхаа дэргэд нь байж сургууль
соёл төгссөн юм билээ. Тэгэхээр алтны дэргэдэх гууль шарлалгүй л яахав.

Ж.Самбуу
гуай Өмнөговь аймгийн дарга байсан гэдэг. Дундговиор дайраад манайхаар буугаад морддог
байж.  Миний ах Содномдорж “Би та нарыг бодоход
Самбуу сайдын хоолыг хийж явсан юм шүү” гэж ирээд л ихэд бахархан ярьдаг байж билээ.
Ж.Самбуу гуай тулхтай, түшигтэй, олонтойгоо тийм л хүн явж дээ.

1964
он шиг санагдаж байна. Би бага ангид байсан. Улаанбаатарт махны хэрэг гэж мандсан
юм. Тэр бүлэгт манай нутгийн нэг залуу орооцолдсон юм билээ. Тэгээд ах дүү нар нь
түүний амийг нь хэлтрүүлэх, өргөдөл бичүүлэх, Ж.Самбуу сайдтай уулзуулах ажлаар
ирлээ гээд манай эцэгтэй уулзсан юм. Партизан Дэшзэвэг гуай манай эцэг хоёр Самбуу
гуайнд орсон гэнэ лээ. Тэр асуудлаар яриад хэрэг нь бүтсэн гэж ярьдаг юм.

-Ж.Самбуу гуай ЗХУ болон Хойд Солонгост Элчингээр сууж байсан
шүү дээ. Тухайн үед Хойд Солонгосын ард түмэнд бэлэглэсэн малыг хожим галт тэргээр
тээвэрлэн явуулж байсан гэдэг байх аа?

-Ж.Самбуу
гуай солонгосын дайны үеэр хойд Солонгосын элчин байсан. 1950-иад оны эхэн үе шүү
дээ. Мань эр Ким Ир Сенд мал бэлэглэж л дээ. Тэрийг 1991 онд Солонгосын Төмөр замын
яамны  нэгдүгээр орлогч сайд авах гэж Монголд
ирсэн юм. Тухайн үед би төмөр замын байгууллагад ирчихсэн байлаа. Түүний ирсэн зорилгыг
Засгийн газартаа ч танилцууллаа. Ингээд Хойд Солонгосын талд сарлаг, адуу, хонь,
ямаа өгч явуулж билээ. Хэдэн толгой байсныг нь санахгүй байна. Ямартаа ч хоол тэжээлийг
нь бэлтгэж, тусгайлан зассан галт тэргэнд Ж.Самбуу гуайн өгнө гэсэн малыг тоо толгойгоор
нь амьдаар нь ачаад өгч явуулж байв. 1950-иад оны эхээр ярьсан яриа 40-өөд жилийн
дараагаар хэрэгжээд явж байсан юм.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэдэгтэй та хэр
санал нийлэх вэ?

-Яг
Ж.Самбуу гуай шиг хүн гэвэл юу байхав. Харин Самбуу гуайрхуу хүн гэвэл төрд олон
байгаа. Тийм л хүнийг олж сонгож гаргаж ирэх ёстой. Монголын төрийн дархлааны тухай
л ярьж байгаа хэрэг шүү дээ.

Тогтох
гуай надад хэлж байсан юм даг. “Их малгайн бараа харах гэдэг юм байсан юм гэнэ билээ.
Тэр нь Анандын Амар гэдэг хүнээр дууссан юм байх аа” гэж. Тэгэхээр тэр их малгайн
бараа харна гэдэг нь дээд үеэс уламжилж ирсэн, нарийн ширийн юмнууд байгаа юм шүү
дээ. Төрийн хар хайрцаг гэх юм уу даа. Тэрнийгээ байнга л харж явах ёстой юм байна
л даа. 

-Анандын Амар гэдэг хүнээр дууссан гэдэг нь ямар учиртай юм
бэ?

-Чингэсийн
үеийн алтан ураг гээд тэрүүгээр ярьж байгаа байх. Самбуу гуай бол тийм чиглэлээр
биш, ерөнхий юмаар тэр их малгайн бараа гэдгийг хараа биз дээ.

-Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгохын тулд түүний
нэрэмжит шагнал бий болох гэж байгаа тухай дуулсан. Ж.Самбуу гуайн нэрэмжт шагналаар
төрийн албан хаагчдыг шагнах юм билээ. Та үүнийг дэмжиж байна уу?

-Тэрийг
би хоёр гараа өргөөд дэмжинэ. Ер нь яамны түшмэдүүд, төрийн албан хаагчид монгол
төрийн жинхэнэ гал тогооны ажлыг хийж байгаа хүмүүс шүү дээ. Ёстой цаасыг эрээчиж
байж бичиг баримтыг боловсруулж гаргаж ирэх учиртай. Намайг Зам тээврийн яаманд
ажиллаж байхад миний дор тээврийн газрын дарга Маналжав гэж хүн байлаа. Одоо талийгаач
болсон доо. Тэр хүн боловсруулах чадвар асар өндөр байсан юм. Ер нь төрийн хүн ийм
л байх ёстой. Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал байна гэдэг тун зөв. Соёлын гавьяат
зүтгэлтэн, гавьяат тээвэрчин гээд салбар бүрээс гавьяатуудыг төрүүлдэг шагнал бий.
Харин төрийн албаны гавьяат гэж байдаггүй. Тиймээс Ж.Самбуу гуайн нэрэмжилт төрийн
албаны гавьяат гэдэг цол тэмдэг байх нь туйлын зөв. Эхийн алдар одонг чинь Ж.Самбуу
гуай санаачилсан. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр Монгол Хятадын харьцаа
хүйтэн болж, Өвөр Монголын талаар янз бүрийн яриа гардаг байсан үе. Тиймээс улсынхаа
хүн амыг өсгөх асуудал төрийн том бодлого болж 
ингэж тавигдаж байж дээ.

-Ж.Самбуу гуайн талаар “Монгол төрийн мэргэн өвөө” гэж ном
гарсан байгаа. Энэ номд түүний гэр бүл үр хүүхдийн талаар шинэ баримтууд тусгагдсан
байна лээ…

-Тэр
номын уншсан, тун сайхан санагдсан. Манай Ширчингийн Сүхбаатарын ном мундаг судалгаатай
юм билээ. Их олон хүнтэй уулзсан, уншихад ойлгомжтой сонирхолтой ном байна лээ. 

Ш.Сүхбаатарыг
Самбуу судлал гэсэн маягаар ажил хийгээд байна гэж ойлгодог. Явж явж энэ бол хувь
хүний асуудал биш, Сонголын төр ямар байх ёстойг хэлээд байгаа юм болов уу. Засгийн
газар, УИХ-д улсын шигшмэл сайцчуул цугласан байх ёстой. Самбуулаг хүнийг төрд олон
болгох ойлголт тэрний тухай л юм болов уу. Ж.Самбуу гуай хүний хэлсэн үгийг анхааралтай
сонсч тэрэндээ дүгнэлт хийдэг байсан тийм л агуу хүн байж дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Бямбасүрэн: Эдийн засгийн бодлого барьж байгаа улсууд цагаан толгойн мэдлэгтэй байгаасай

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат
эдийн засагч Дашийн Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч
байна. Энэ тал дээр та­ны байр суурийг сонсъё. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц
нь юу вэ?

-Одоогийн эдийн зас­гийн байдлыг аваад үзэх юм бол сүүлийн
15 жилд тохиолдож байгаа гурав дахь хямрал. Манайхан хямарч байна, хямраагүй байна
гээд маргах төлөвтэй юм. Гэтэл аль ч орны эдийн засгийн хамгийн том үзүүлэлт нь
үндэсний валютын ханш байдаг л даа. Тэгэхээр нэг жилийн дотор төгрөгийн ханш 20
гаруй хувиар уналаа. Эдийн засгийн чадал чансаа ийм хэмжээгээр буурлаа гэсэн үг.
Тэгээд өнгөрсөн жилийн статистикийн тай­лан мэдээг харахад эдийн засаг 12 хувь өслөө
гэж зарлаж байгаа. Энэ бол хүний толгой эргүүлэх тоо л доо. Гэтэл нүүрс хичнээн
нэмж гаргаад үнэ нь хоёр дахин уначихаад байгаа. Нүүрснийхээ үнийг хоёр дахин нэмээгүй
л бол олдог валют чинь буур­сан хэвээрээ л байх нь ойлгомжтой. Гаргасан нүүрснийхээ
хэмжээг өс­лөө гэж хэлэх нь ямар утга байх вэ дээ, нэг талдаа ийм байна. Нөгөө талдаа
эдийн засаг өслөө гэж байна. Байгаа бүх хөрөнгөө дуусаагүй барилга руу хийчихээд
хотоор дүүрэн арзайж, сарзайсан өндөр байшингууд байх юм. Ямар ч үр ашиггүй, хэнд
ч өгөөжгүй. Газар руу цутгасан мөнгө шүү дээ. Энүүгээр эдийн засгийн өсөлтөө тооцоод
яахав дээ. Гэтэл өнгөрсөн жи­лийн эдийн засгийн хам­гийн хурдацтай өссөн сал­бар
нь барилгын сал­бар байгаа. Энэ чинь амьдралд ямар тустай юм бэ гэдэг асуулт гарна.
Мөн малын тоо толгой өсөөд байна л гэж байна. Бэлчээрт байгаа малын тоо өсчээ. Махны
үнэ 11 мянган төгрөгт хүрчихлээ. Энэ нь хэний амьдралд тустай юм бэ. Эдийн зас­гийн
өсөлт гээд яриад бай­гаа зүйл амьдрал дээр наалдацтай, өгөөжтэй, хүн ардынхаа ахуй
байдлыг өөд нь татах чадвартай юу гэдэг асуудал гарна л даа. Ер нь эдийн засгийн
сүүлийн үед тохиож байгаа хямралуудыг харахад гол үүсгүүр нь манай төр засаг өөрөө
болчихоод байна. Төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого нь эдийн засгийг хямруулаад
байна. Жишээлэхэд, улс орны эдийн засаг бол өөрөө өөрийгөө нөхөн сэргээх дотоод
чадвартай, тэнцвэржих төлөвтэй бай­даг. Гэтэл 2012 оны сонгуулиас өмнө 2010 оны
сүүлч, 2011 оноос эхлээд хавтгайрсан халамжаар эдийн засгийнхаа тэнц­вэрийг алдагдуулсан.
Тэр­нийгээ одоо засна гээд хоёр жил худлаа яриад улам гүнзгийрүүлчихсэн. Одоо Монголын
эдийн засаг өөрийгөө сэргээн тэнцвэржүүлэхэд асар их хугацаа, хүчин чармайлт шаардах
ийм төлөв бай­далд ороод байна. Энэ хямралаас гарах гарц нь хамгийн түрүүнд төр
бодлогоо анхаарах хэрэгтэй. Төр эдийн зас­гаа зохицуулахын тулд өөрийн тодорхой
зөв үзэл номлолтой байх хэрэгтэй. Бид автомашинаа барихад “Жолооны үнэмлэхтэй юу”
гэж асуудаг биз дээ. Тэгвэл эдийн засаг чинь нисэх онгоц барихтай адил нарийн механизм
л даа. Гэтэл дугуй унадаг хүүхдийг нисэх онгоц жолоодуулж болохгүйтэй адил.

-УИХ-аас Монгол Ул­сын 2014 оны төсвийг
батлахдаа валютын ханшийг 1384 төгрөг бай­хаар тооцсон.  Гэтэл өнөөдөр бодит байдал дээр нэг ам.доллар
1800 руу дөхөж байна. Ингэхэд нэг ам.доллар 1384 төг­рөг болох үндэслэл байгаа болов
уу. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-УИХ, Засгийн газрын сүүлийн арваад жилийн түүхийг харахад
их сонин. Засгийн газар нь УИХ-аа хуурч мэхлэх гэж оролдоно. УИХ-ынх нь мэхлүүлэх
тутмаа тэрнээсээ сэт­гэлийн таашаал аваад, мэдсээр байж өөрийгөө мэхлүүлдэг. Жишээлбэл,
Сү.Батболдын Засгийн газар гарч ирээд төсвөө зохиож чадахгүй будилж байгаад бүх
хуулиа зөрч­чихөөд эх үүсвэргүй төсөв гаргаад байхад УИХ хүлээж авах ёсгүй. Гэтэл
цаадуул нь УИХ-ын гишүүдэд нэг, нэг тэрбум төгрөг өгнө гэсэн чинь долоо хоногийн
дотор алдагдалтай төсөв батлаад авчихсан шүү дээ. Одоогийн байдлаар Монголын төсөв
түүхэн­дээ байгаагүйгээр хоёр их наяд төгрөгийн алдагдалтайгаар өнгөрсөн жилийг
дуусгаж байна. Гэтэл төсөв батлахдаа нэг ам.долларыг 1384 төгрөг болгоно гээд оруулаад
ир­дэг. Энэ нь цаанаа их будлиантай л даа. Экс­портод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа
аж ахуй нэгжүүдийн орлогыг 1700-гаар тооцох байсан уу, 1300-гаар тооцох байсан уу
гэдгийг хооронд 400 төгрөгийн зөрүү байгаа. Экспортынхоо нийт хэм­жээгээр бодоод
үзэхэд 2-3 их наяд төгрөгийн ашгийн зөрүү байгаа юм. Тэгэхээр Засгийн газар валютын
ханшийг чангаруулна гэж экспортын үйлдвэрүүдийн ашгийг багаар тооцоод УИХ-аар хөнгөн
төсөв бат­луулдаг сонирхол бай­сан. Гэтэл УИХ-ын гишүүд хэзээ ч валютын ханш хуучин
хэвэндээ очихгүй гэдгийг мэдэж байгаад, ярьж байгаад баталчихсан шүү дээ. Ва­лютын
хан­шийг эргэж буцааж бо­лохгүй. Валютын хан­шийн өөрчлөлтийг да­гаад, үнэ, эдийн
засгийн дотоод механизм, төсвийн орлого, зарлага, татвар гээд бүх юм өөрчлөгдөж
байдаг. Төгрөгийн хан­шийг чангаруулъя гэвэл эдийн засгийнхаа тогтсон тэнцвэрийг
эвдэх хэрэгтэй болдог. Тийм бол аль ч улс оронд валютын ханшийг нэг хүрсэн түвшинд
нь тогтоогоод түүнд нь ба­ри­на уу гэхээс биш бу­цааж чангаруулна гэдэг ойлголт
хэцүү байдаг л даа. Валютын ханш чан­гарахад экспортын үйлдвэр хумигддаг гэдэг бол
цагаан толгойн асуу­дал шүү дээ. Тиймээс төс­вийг анх зохиохдоо эдийн засгийн бодлогоор
тунхаг зарлахдаа төр за­саг маань хуурч мэхлэх байр суурин дээр байсан. Одоо тэр
нь улам ил тод болсоор ам.доллар 1800 төгрөг дээрээ тогтож ча­дах уу гэдэг асуудал
эргэлзээтэй болоод байна. Нэг талаас “Чалко”-гийн нүүрсний өрийг дараагүй. Нүүрс
хичнээн ч гаргаад экспортын орлого нэмэг­дэж, валютын нөөц арвижихгүй  шүү дээ.

-Өнгөрсөн онд Хө­рөнгө оруулалтын ту­хай
хууль баталснаар хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чадсан гэж
байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хөрөнгө оруу­лагчид Монголд орж ирээ­гүй байна.
Гадаадын хө­рөнгө оруулалтын урсгалыг яавал Монгол руугаа татах вэ?

-Өнгөрсөн жил УИХ хөрөнгө оруулалтыг дэм­жих хууль гэж гаргасан.
Их хөрөнгө оруулалт хий­сэн хүн 5-30 жил хүртэл тогтвортой байдлын гэрээ хийх хууль
гаргалаа шүү дээ. Тэгвэл бага хөрөнгө оруулалт хийсэн хүн нь яах юм бэ. Ямар ч тогтвортой
байдлын нөхцөлийн батал­гаа байхгүй, зах зээлд түрэгдэж, хаягдах байдал руу орлоо.
Энэ чинь Мон­голын эдийн засагт том хөрөнгийн ноёрхол тогтлоо гэдгийг тунхаглаж
байгаа юм. Нөгөө талдаа хувийн өмчийн нөхцөл дэх том хөрөнгийн ноёрхол гэдэг бол
төрийн өмчийн ноёрхлоос арав дахин их аюултай байдаг. Нийгмээ ч, эдийн засгаа ч
ална. Одоо Монголын төрийн бодлого тэр байдал руу орчихлоо л доо. Тэрийгээ үйлдвэржилт,
бүтээн бай­гуулалт гэсэн нэр томь­ёогоор халхлаад байх шиг байна. Хөрөнгө оруулагч
гэ­дэг дээр болгоомжтой хандах байх л даа. Хүн бүхний ойлголт өөр. Ми­ний бодлоор
Монголын түүхий эдийн баялаг, зах зээлийн байршлын давуу талд үндэслээд хамтарч
ажиллах түншүүдээ л хайх хэрэгтэй юм. Ер нь гадны хөрөнгө оруулагч гэдэг бол буян
үйлдэж байгаа хүн биш, олз идэш л хайж яваа юм. Наадуул чинь идэхэд амттай байвал
сугалаад ирнэ. Идэх юм хэцүү болох юм бол гадагшаа гараад л алга болно. Үүний төлөө
гасалж гангинаад байх хэрэггүй. Ер нь эрүүл са­руулаар өөрсдийгөө бо­дож, өөрийнхөө
эрх ашгийг бодохгүйгээр гадны хөрөнгө оруулагчдын эрх ашиг гэж яриад байх юм бол
Монгол шууд худалдагдчихсан нь ашигтай шиг байгаа юм л даа. Хатуухан хэлэхэд ийм
байна.

-Уг нь “Таван толгой”, “Оюу толгой” гээд
томоо­хон төслүүдийг ажиллуулах хэрэгтэй байдаг…

-Таван толгой бол то­дорхой асуудал. Ту­хайн үед Таван толгой
гээд нэг л орд байсан. Цогцоор нь ашигласан бол нүүрснийхээ чанарыг тэнцвэржүүлээд,
техноло­гийнхоо шийдлийг нэг зарчмаар болгоод, дэд бүтэц нийгмийн асуудлыг нь шийдэж
болох байсан. Гэтэл тэр үед төрийн өндөр алба хашиж явсан хүмүүс өөрсдийнхөө давуу
байдлыг ашиглаж, Таван толгойг хувааж аваад үндсэндээ түрүүлж эрх авсан “Энержи
Ресурс” компани “Эрдэнэс таван толгой”-г гацаасаар байгаад өөрсдөө зах зээл дээр
давуу байдал олж авахын төлөө одоогийн хямралт байдалд хүргэлээ шүү дээ. Дээрээс
нь муухай дээр улцан нэмэр гэгчээр Ардын намынхан төр барьж байхдаа урьдчилж аваад
мөнгийг нь идчихсэн юм чинь яаж босох вэ дээ. Ийм байдалтай байгаа юм. Таван толгой,
Оюу толгой хоёр бол Монголын арчаагүй байдлын толь бичиг болж түүхэнд үлдэх байх
даа.

-Тусгаар улсын хувьд ямар үйлдвэр байвал
хөгжих вэ?

-Улс орны эдийн засаг өсч өндийж хөгжихийн гол үндэс нь дотроо
хө­дөлгүүртэй байх хэрэгтэй. Бидэнд өөрийн хөдөлгүүр байхгүй, эдийн засагт нүүрс
хэрэгтэй гэвэл нүүрс өгөөд хөгжчихнө гэж яриад байна. Эдийн засагт зэс хэрэгтэй
бол зэс өгөөд хөгжчихнө гэж яриад байна. Гэтэл Монголд тэр зэсийг чинь хүдрээ боловсруулаад,
баяжмал болгоод, баяжмалынхаа зэсээр кабель гаргаад, кабелиараа цахилгаан хөдөлгүүр
ороодог ч юм уу энэ шаталсан технологийн бүл байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн
засгийн одоогийн бодлогоор Хятад гэдэг том тракторын араас чи­рэгдсэн банзан чиргүүл
дээр хөгжлийн найр хийх гээд оролдоод байгаа юм шүү дээ. Монголын эдийн засгийг
хэнээс ч хамаарахгүй дотроосоо үүсгэж хөдөлгөж байдаг, өөрийнхөө түүхий эд дээр
түшиглээд боловсруулах үйлдвэрүүдээр бүтээг­дэхүүн  гаргадаг чад­вартай бол­бол бид сая хөгжлийн тухай
ярьж болно. Тэгээгүй цагт байгаа баялгаа ухаад гадагш гаргавал өсөлт байж болно.
Энэ бол хөгжил биш. Төрийн эдийн засгийн бодлого барьж байгаа улсууд цагаан толгойн
мэдлэгтэй байгаасай. Тэгвэл энэ хөгжлийн зам мөрийг олж болох байх даа.

-Манай улс эрчим хүч, нефтиэр ОХУ-ын
хараат байсаар ирсэн. Энэ байдлаас яаж гарах бол. Улс орны төрийн эрхийг барьж явсан
хү­ний хувьд танаас үүнийг асуумаар байна л даа?

-Монгол орны хувьд эрчим хүчний эх үүсвэр гэвэл нефть, нүүрс,
сал­­хи, уран, занар гээд аль аль нь байна. Жишээлбэл, цахилгаан станцад Монголын
нүүрс хангалттай шүү дээ. Улаан­баатарын Тавдугаар цахилгаан станцын тухай асуудлыг
16 жил ярьсан. Газар олдохгүй байна, чөлөөлөх хэрэгтэй гээд л баахан явсан. Энэ
бол төрийн шившиг. Арчаагүй байдлын дээд хэлбэр. Монгол оронд станц барих газар
олдохгүй байна гэнэ дээ. Гэтэл нэг солонгос хүн ирээд газар авъя гэ­хээр нь хэдэн
арван га-гаар нь гаргаж өгөөд, худалдаад сууж байдаг. Нефтийн бүтээг­дэхүүний хувьд
анх 1990 онд хайгуул эхэлсэн. Бидний гол зорилго бол нефтиэрээ өөрийнхөө хэрэгцээг
хан­гах асуудал байсан. Гэтэл америкийнхантай 1993 онд хийсэн гэ­рээндээ “Олборлосон
неф­тиэ дотоодод боловс­руулахгүй” гээд тусгачихсан байдаг. Тэр гэрээг хийсэн хүмүүсийн
толгойд юу шигдсэн байсан юм бэ. Америкчууд Монголоос нефть оллоо гээд баахан хувьцааныхаа
ханшийг өсгөж аваад мөнгөтэй болж, нөгөөхөө Хятадад зараад Монголоос яваад өгсөн.
Бид Монголын неф­тийн орд газрыг Хятадын компанид зарахад Мон­голын төр мэдээ ч
үгүй шүү дээ. Эсвэл мэдсээр байж зориуд  оролцоогүй
юм уу. Өөрийнхөө юмыг ингэж хүний гарт хийчихээд араас нь хүний нефтийг боловсруулах
эрхийг надад өгөөч гээд явж байдаг. Гэтэл сая шинэ Засгийн газар гарч ирээд төсөл
зарлалаа. Монголын газрын тос нь Дорнодод байдаг. Гэтэл нефть боловсруулах үйлд­вэрээ
Дарханд барих юм гэнэ. Энэ бол Уул уурхайн сайдын хувийн бизнес гэдэг нь хэнд ч
ил болоод явчихлаа. Ийм байдалтай байгаа болохоор Монгол өөрөө түлшний тусгаар тогтнолыг
хангаж ча­дахгүй байна. Сая нефть боловсруулах тухай асуудал нэлээд шуугилаа. Гэтэл
Хятадтай нэгдээд нүүрс хийжүүлэх асуудал яригдаж байна. Уг нь 1970-аад оны дунд
үед Багануурын уурхайг ашиглалтад ороход ОХУ-ын нүүрсний үйлдвэр дээр нэрж туршсан
юм байгаа. Тэр үед боломжийн шин­гэн түлшний гарцтай сайн нүүрс гэж байсан. Гэтэл
бид одоо болтол нүүрснээсээ шингэн түлш гаргаж чадахгүй байна. Тэр үеийн тооцоогоор
нэг баррель нефтийн үнэ 22 ам.доллар хүрэхэд нүүрсийг нэрэхэд ашигтай болно гэж
тооцоо хийгээд орхисон юм. Гэтэл одоо нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар давчихлаа.
Монголын эрдэмтэн мэр­гэжилтнүүд дунд энэ талаар хөөцөлддөг хүн олон бий. Тэдний
үгийг авахгүй байгаа нь харамсалтай. Уг нь монгол нефтиэр өөрсдийгөө хан­гаж чадвал
жинхэнэ тусгаар тогтносон хараат бус байдал бэхжинэ. Гэтэл өөрөө нефтиэ Хятадад
өгчихөөд, тэрнийгээ Хята­дын нутагт аваачиж нэрээд эргүүлж Монголд авчраад Дорнод
явах машинаа цэнэглээд явах юм бол утгагүй юм болж байгаа биз дээ.

-Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал
нэлээд маргаан дагууллаа. Урагшаа нарийн цариг тавибал танк оруулаад ирнэ гэх зэргээр
олон жил энэ асуудал гацаанд байсаар ирлээ. Ер нь урд хөрштэй холбосон төмөр зам
ямар байвал дээр вэ?

-Төмөр замын царигийн тухай зургаан жил ярилаа. Эрүүл саруулаар
сэтгэдэг хэнд ч болов Хятад руу зөөж байгаа нүүрсээ нарийн царигаар тээж гаргах
нь ашигтай. Хойд далайд гаргах бүтээгдэхүүнээ өргөн царигаар зөөхөөс өөр арга байхгүй
гэдэг ойлгомжтой. Өргөн царигийн тухай асуудал бол нэг нь нөгөөд нь  сөргүүлж тавих биш. Зөвхөн зах зээлд хоёр гарцтай
байя гэвэл энэ хоёрыг цогцоор шийдэх л асуудал. Гэтэл үүнийг улс төрийн, хувь хүний
амбиц болгоод л байх юм. Сүүлдээ бүр цэрэг дайны асуудал болгоод солиорлын дээд
түвшинд хүргэлээ. Урагшаа гарах нүүрсээ нарийн царигаар л гаргана. Өнөөдөр Энержи
ресурсийнхэн нүүрсээ засмал замаар зөөж байна. Хажуу талаар нь Таван толгойнхон
хар замаар шороо манаруулаад тээж байгаа. Ийм бүдүүлэг арчаагүй байдлаа юу гэж тайлбарлах
гэж байгаа юм бол. Түүхэнд үлдэнэ шүү дээ.

-Та Чингэс бондын талаар ямар бодолтой
байгаа вэ. Засгийн газ­­раас бондын хө­рөнгөөр экспортыг нэмэг­дүүлэх, импортыг
орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төслийг санхүүжүүлэхээр
боллоо шүү дээ. Таны бодлоор энэ мөнгөөр юу хийвэл дээр байсан бол?

-Монголын төр өр зээл тавихын дон тусаад байгаа. Энэ өнгөн
дээр Чингэс бонд гэж гарч ирсэн. Нэрийн хувьд Чингэс хаан амьд байсан бол толгойг
нь тас савчаад хаях шүү дээ. Гэтэл Чингэс хааныхаа нэрийг өрийн хүлээс болгоод явж
байдаг. За, энийг байя. Гэтэл Чингэс бондын ашиглалт нь юу болов. Үүнийг юунд зарцуулж,
юуг санхүүжүүлэхээ шийдэхгүй байж дүлгэнэж шийдвэр гаргасан. Аливаа төслийн 30 хувийг
санхүүжүүлнэ гэв үү. Үлдсэн 70 хувийн хөрөнгийг нь төсөл санаачлагч босгоно гэж
байна. Ийм л байсан юм бол тэр төслийг санхүүжүүлж яах юм бэ. Нефть боловсруулах
үйлдвэр барихад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. 300 саяыг нь өгчихөөд үлдсэнийг нь
өөрөө гарга гэвэл бондоос харах хэрэггүй болно. 
Харин эсрэгээрээ “70 хувийг чинь санхүүжүүлье, 30 хувийг өөрөө ол” гэвэл
боломжтой.

Ийм л байсан юм бол бондын хөрөнгөөр төмөрлөгийн үйлдвэр бариад
тэрүүгээрээ төмөр замын рейс, барилгын арматураа хийсэн бол Монгол импортоо хэмнээд
босоод ирэх боломж байлаа. Бондын мөнгөөр зэсийн үйлдвэр барих боломжтой байсан.
“Оюу толгой” дээр гэхэд Монголын төрийн өмчит гээд байгаа 34 хувийнхаа баяжмалыг
өөрснөө аваад тэрнийгээ зэс болгосон бол тэр дайны үйлдвэр барьж болох байв. Даанч
манайхан бондын мөнгөө юунд зарцуулчихав. Эрх мэдэлтнүүд өөрийнхөө компанийн төслийг
санхүүжүүлэхэд зарцуулсан. Жишээлбэл, зургаан аймгийн төсвийг хатуу хучилттай замаар
холбож байна. Тэр засмал замууд эргээд доллар өгөхгүй. Долларын өрийг хуучин ажиллаж
байсан бусад салбарууд нь хувааж төлөх хэрэгтэй болно доо. Ингээд эдийн засагтаа
ачаалал нэмчихэж байгаа юм. За тэгээд бондын худалдан авагчид нь хэн байсан тухай
яриад ч яахав. Бас Самурай бонд гэж гаргалаа. Яг үнэндээ япончуудад хулхидуулчихлаа
шүү дээ. Бондын хүүнээс гадна баталгаа гээд 10, 20 хувийг урьдчилгаа болгоод авчихсан.
Үнэндээ нэг хувийн хүүтэй бонд авлаа гээд байсан чинь 4-5 хувийн хүүтэй бонд авчих
шиг боллоо.

-Та бондын асуудалд тун хариуцлагагүй
хандаж байна гэх гээд байна уу?

-Тийм. Цаашид ийм байдлаар явж болохгүй. Ер нь тэгээд УИХ,
Засгийн газрын гишүүдийг харахад өнөөх л бизнесмэнүүд ороод ирсэн. “МАК”, “Эм-Си-ЭС”,
“Монос”, “Мон-Уран”, “Мон-Рөүд” нь ороод ирлээ. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь
тэрбумтнууд болчихлоо. Засгийн газрыг аваад үзэхэд нөгөө л компаниудаараа овоглосон
Бридж Ганхуяг, Женко Баттулга, Фортуна Батбаяр, 
Залуу Монголынхон зэрэг улсууд. Тэдний эрх ашгийг хамгаалах бодлого бий боллоо
гэдгийг харуулаад байгаа юм шүү дээ. АН үүнийгээ өөрөө ухаарч засахгүй бол энэ  нь Монголын түүхэнд маш том хар үсгээр бичигдэж
үлдэнэ. 

Одоогийн төр засгийн байр суурийг харахад сонин зүйл  их ажиглагддаг. 2012 оны  сонгуульд АН оролцохдоо Монголд төмөрлөгийн,  нүүрс боловсруулах, нефть боловсруулах, зэсийн
үйлдвэр байгуулна гэх зэрэг баахан зорилтууд дэвшүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Гэтэл хоёр жил өнгөрөхөд юу ч алга. Одоо 2015 оны хоёрдугаар хагасаас сонгуулийн
бу­жигнаан эхэлнэ. Энэ хугацаанд юу ч хийж чадахгүй дүр зураг ажиглагдаад байгаа.
Үйлдвэржилтийн, бүтээн байгуулалтын гэх нэр томьёо хэрэглэдэг. Ийм нэр томьёог хэрэглэж
байгаа нь хүртэл эднийг сэтгэхүйн ядууралд байна гэдгийг харуулаад байна. Үйлдвэржилт
гээд ярьж байна. 50 сая малтай хэрнээ махны үнэ 11 мянган төгрөг болчихоод байхад
тэд юу хараад сууж байна вэ. Орон нутагт жижиг махны үйлдвэрүүд байгуулаад тэднийгээ
дэмжээд, татварын хөнгөлөлт өгдөг ч юм уу, эсвэл бондын мөнгөнөөс хуваадаг ч юм
уу, махныхаа зах зээлийг тэнцвэржүүлж болох байсан. Гэтэл ямар ч арга хэмжээ авсангүй.
Үйлдвэржилт, бүтээн байгуулалт гэдэг нэрийн дор төр засгийн эрх мэдлийг гартаа атгасан
том хөрөнгөтнүүдийн хөрөнгө хуваах бодлого явж байгаа юм. Бодлогын ерөнхий чигийг
харахад ерөөсөө том хөрөнгийг дэмжих.

-Төр хувийн хэвшил рүү хэтэрхий дайрч
байгаа хандлага ажиглагдах юм. Тухайлбал, “АСА” циркийг төрд буцааж шилжүүлнэ ч
гэх шиг. Энэ тал дээр таны бодлыг хуваалцмаар байна л даа?

-Бодит байдлыг харахад гудамжинд байгаа жижиг ТҮЦ, худалдаачид
руу дайрч байна. Тэдэн рүү татварын албаныхан зөгий шиг дайрч байна. Төрийн өмч
болгоно гэж дайрч байгаа нь жижиг өмчлөгчдийн өмчийг төрийн өмч нэрээр аваад эргүүлээд
том хөрөнгөтнүүдэд хуваах тэр ажиллагааны чинь нэг сэжүүр  нь байгаа юм. Тэрнээс төр АСА циркийг эргүүлж
аваад сайн цирк болгоно гэвэл бүтэхгүй. Гэхдээ АСА цирк циркээ худалдааны төв болгоод
сууж болохгүй. Үүнийгээ аль, аль талдаа бодох л ёстой. Хамгийн гол утга нь төр жижиг
өмчлөгчдөө, жижиг аж ахуй эрхлэгчдээ шахах илэрхий бодлого явж байгаа нь тодорхой болчихсон байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сүхбаатар: Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй

Юм бүрт урагш давшилттай байваас юуг
ч бүтээж чадна. Монгол төрийн жо­лоог ухаалгаар удир­дан залж явсан
Жамс­рангийн Самбуу гуай ингэж хэлсэн бай­даг билээ. Түүний амьд­ралын хуудсууд
хий­гээд төрийн албыг ямар сайхан төвшин нуруулаг хашиж яв­сан тухай түүхийг
“Мон­гол төрийн мэргэн өвөө” ном 
өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны док­тор  Ширчингийн Сүх­баатар­тай ярилцлаа.

 
-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн
дарга агсан Жамсрангийн Сам­буу гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө”
ном тань хоёр дахиа хэвлэгджээ. Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс
сонирхож эхлэв?

-Би 1982 оноос энэ мундаг хүний талаар су­далж эхэлсэн
гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу гуайн талаар маш
сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон аман түүхээ
“Мон­гол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л дээ.
Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэв­лэлээ одоо гаргаж бай­на. Ж.Самбуу гуай на­сан туршдаа тавин жил
тасралтгүй төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хо­шуу тамгын хавсраа бичээчээс,
Сангийн яамны тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг
байхад нь анхны дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга бай­лаа. Орон нутагт
төр төвхнүүлэх ажлыг хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлт­сийн
дарга, дараа нь Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд
Солонгост хоёр жил Элчин сайдаар суусан дипломат хүн. Мон­гол төрийн тэргүүнээр
18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг со­нир­хон судлах бүх ухаад барш­гүй
уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.

-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн
талаар олон ном бичсэн байх аа?  

-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин, мал сүрэг хоёртоо амиа
тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс нь харагддаг.
“Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арч­лалт арга маягийн сэ­дэв”
гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэр­лэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичи­хийн
тулд хуучнаар Д.На­цагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан
эсгий гэр бариулаад Монгол орны  бүх
бүсээс шалгарсан сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж
авсан байдаг юм. Ингэхдээ уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл
ч бий. Ийм хашир малчдын мал маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаан­тайгаа
нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн. Эдгээр номууд бол мал маллах ухааны
ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай мал аж ахуйн талаар томоохон
эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бү­тээсэн хүн. Энэ тухай Академич
Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж эрдэмтэд санал
тавихад  Ж.Самбуу гуай “Би төрийн том
алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.

-Түүний талаар хү­мүүс ер нь юу
ярьдаг юм бол?

-Ж.Самбуу гуайн тө­рийн хүний төвч ухаан, ноён нуруу,
зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал дар­га гэхэд “Монгол
төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж онож хэлсэн.
Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг чанарыг хүндэтгэдэг”
гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу даргын ард
түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг эрхлэх
ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрх­гүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж
байсан сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний
жудагтай, хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн
хоёрдугаар дайны үед гадаадын Элчин сайд нар Москвагаас хол­дож, зарим нь нутаг
буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед
Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд үнэлж дайны дараа Монголын Элчин
сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр гаргаж байсан түүхтэй. Бас Хойд
солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж. Ким Ир Сен Монголд ирэхдээ
“Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан удаатай.

2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийг босгоход
Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол төрийн уламжлалыг
шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг торгоор
хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэ­тэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм
билээ. Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй.
Жаргал зовлонгоо хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя”
гэсэн. Энэ дагуу 150 хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний
гэрийн хөшгийг хатгаж өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10
дахин өндөр зардал гарах байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм.
Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.

-Монгол төрийг 20-иод жил удирдаж
явсан энэ эрхмийн талаар судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс хара­хад
төрийн хүн ийм л байх ёстой” гэх бодол байгаа байх…?

-Монголын төрд Сам­буулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж
сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би түүнтэй санал нэг байна.
Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж хашдагийн үлгэр жишээ
бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ барьж явсан
хоёр чемодантайгаа  буцаж ирж. Тэгэхэд
Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн та­лаар Элчин Самбуу шиг
бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм
шуналгүй хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга
байхдаа Улаанбаатар хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө  “Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу
гээд гарын үсгээ зурчихсан байсан гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай
хүмүүс тухайн үед бариг­даж буй барилгаас дураа­раа авдаг байсан цаг шүү дээ.
Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй ханддаг байж. Нэг удаа
Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хү­сэлт тавьж л дээ. Тэг­сэн
Ж.Самбуу гуай “Дам­динсүрээн наадах чинь хороон даргын чинь шийдэх асуудал
байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга оролцож
аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний үгийг
тэвчээр­тэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.

Аливаа асуудалд Монголоо, монгол хүнээ юун түрүүн боддог
байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист өмч үрэгдүүлж,
хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд Ж.Самбуу
гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ л
гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын
баатар цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд
шийдэгдэхээр орж ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж
байсан. Үнэхээр Монголд улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй
аж. Ингээд анх Түвдэнгийн Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн
шагнаж, анхны эмэгтэй баатар болгож байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг
хүн байлаа. Түүний шинж чанарыг харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой.
Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна.
Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль
болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг юм байна. Төрийн ажил бол
ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай нь өнөөгийн
манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал
байдаг юм. “Төрийн алба хаагч хүн амнаас
гарах хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад
хэцүү. Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг
нь сонсохын тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ.
Хүрз зээтүү барьж, малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно.
Тиймээс төрийн том албанд хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд
хүнийг бэлтгэхдээ ийм зарчим барьж бай” гэдэг байсан юм билээ.

-Ж.Самбуу гуайн гэр бүлийнх­нийх нь
талаар сонирхуулахгүй юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?

-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа гуай нар төрүүлсэн үр
хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд
хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу гуайд төрсөн
хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр хүүхэд нь
уулздаг, өргөмөл  хүүхдүүдтэй нь ойр
дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн
Цэвэгжав гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд
охин нь төрж л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно
холбоотой байсныг О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү
С.Ганбаатар нар нотолдог.

-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж
үзэв үү?

-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ган­баатар, С.Баярсайхан гэж
байсан. Харин С.Баярсайхан нь өөд бол­чихсон юм билээ. С.Баярсайханы хүү
Б.Батсайхан  гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу гуай төрсөн үр
хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу ухаанаар
ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад Цэнд
эгч хамт байсан, түүний тухай ярихгүй бол
алдас болно” гэж хэлж байна билээ.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг
байсан гэдэг. Та ч бас энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн
бэ?

-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн дүү, ах дүүс
манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн. Мал
хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг
байв. Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай
намайг сургуульд орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт
янжуур тамхи шиг бал өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг
сургуульд ороход өгсөн юм. Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ
бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг. Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд
хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг байв. Тэр үед ховор байсан хулсан сам,
толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд
морь сарлаг буюу коньяк зэрэг ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед
хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо
суулгаж байгаад хурал хийдэг байсан.  Ан
ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг хоршоонд тушаагаад хамт явсан
хүмүүстээ хувь тараагаад өгдөг  хүн байсан юм билээ.

-Та ч бас төрд олон жил ажил­лаж
байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас үлгэр дуурайлал авдаг болов уу?

-Би төрдөө зүтгэж л явна. Ийм хүний тухай ном бичихээр
өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох
хэрэгтэй гэж та дээр хэллээ. Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?

-Төрийн албаны зөвлөл өөрийн­хөө хууль эрх зүйн баримт
бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор Д.Даваа-Очир
“Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа. Энэ
нь төрд Сам­буулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.

-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм
бол?

-Төрийн албаны хуулиар хүлээ­сэн үүрэг, төрийн албан
хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх. Яг үнэндээ
өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс Ж.Самуу
гуайн нэрэмжит шагнал бий болох байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шинэ цагийн албан бичиг ийм болчихов уу

Сүүлийн
үед онлайн ертөнцөөр хүмүүсийн элгийг хатааж, аргыг барсан албан бичиг ихээр харагдах
боллоо. Хүмүүс албан бичиг төлөвлөлт гэж аргаа барсан зусардалт, зах дээр хэрүүл
хийж байгаа хүмүүсийн аман ярианаас дор болсныг өөр хоорондоо ярьж байна. Тэр дундаас
МАХН-ын Гишүүд дэмжигчдийн холбооны дарга Г.Баярсайханы намынхаа дэд дарга Д.Тэрбишдагва,
ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт хандан бичсэн албан бичгийг онцлон
шэйрлэх болов. Үүнийг албан бичиг гэж үзэхэд тун хэцүү, хэрүүл жагсаагаад бичсэн
ийм  нэг хуудсыг бие биедээ дамжуулан хачирхаж
байна. Дарга нартаа хандаж нэрийг нь тавьсан хаяг толгойтой, дор нь өөрийнхөө нэр
албан тушаалаа тавьжээ. Улаан тосон тамгаар тамгалчихсаныг нь харахад албан бичиг
гэмээр ч юм шиг. Гэхдээ дарга нартаа хаягласныхаа дор нь

“-Намаас
хөөх шийдвэр гаргаж байгаа гэв үү.

-Хөх
инээд хүрчихлээ байна. Хөх инээдийг мэднэ биз дээ.

-Хаанаас
ирсэн хэн гэгч вэ та нар чинь.

-Орох
оронгүй, ойчих аягагүй, орогнох газаргүй болоод МАХН-ыг бараадаж ирцгээсэн хүмүүс
мөн байх аа та нар чинь.

-АН-д
худалдагдсан янаг амраглал чинь хэр зэрэг бат бөх юм бэ дээ.

-Дүр
эсгэсэн янаглал, амраглал Дүлзэнгээс долоон дор гэдгийг мэднэ биз дээ.

-Хэвлэл
мэдээллээр уулзацгаах уу даа.

-За
за тэгэсгээд наахнаа түрхэн зууртаа байцгааж л бай даа. Халуухан шиг уулзаж, хатуухан
шиг ярилцаж байгаад дараагийн очих нам руу чинь явуулюу даа” гээд Г.Баярсайхан нэрээ
тавьсан байгаа юм.

Хуучин
цагт албан бичиг төлөвлөлт гэж арай өөр зүйл байлаа. “Энхрий хайрт, зоригжуулан
зохион байгуулагч, шалгарсан манлай нам МАХН”-ын гишүүд ч, тэдний төлөвлөн гаргаж
буй албан бичиг дээд зэрэглэлийн зүйл байлаа. Харин өнөө цагт МАХН-ын гишүүдийн
дарга руу шидэж байгаа бичиг нь иймэрхүү л зүйл болж дээ. Хэрэлдээд байгаа юм уу,
хэлэлцээд байгаа юм уу. Энэ намын гишүүдийн бичиг соёлын түвшинг харуулаад ч байх
шиг. “Хүн хөгшрөхөөрөө хүүхэд нохойн доог болно” гэдэг зүйр бий. Тэгвэл нам хөгшрөхөөрөө
гишүүд нь нэг ийм болцгоодог бололтой юм. Угаасаа МАХН ч тэр, МАН ч тэр аль хэдийнэ
татан буугдаж зайгаа тавьж өгөх цаг болсон гэлцдэг. Үнэхээр ч жижиг гэлтгүй энэ
инээд авам бичиг үүнийг нотолж байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Э.Түшиг-Эрдэнэ: Контрабасаар эмэгтэйчүүд тоглоод байдаггүй болохоор шүүгчид их гайхаж байсан

АНУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд монгол охин тэргүүн
бай­ранд орж, гран при шаг­налын эзэн болжээ. Түүнийг Эрдэнэхүүгийн Түшиг-Эрдэнэ
гэдэг бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн арваннэгдүгээр ангид сурдаг юм байна. Контрабас
буюу босоо хийл хөгжмийн төрлөөр гадаадад болсон тэмцээн урал­даанд Монголоо тө­лөө­лөн
анх удаа орол­цож, ийн­хүү сайхан амжилт гар­гасан түүнтэй ярилцлаа.

 
-Юуны өмнө баяр хүр­гэе. Манайхаас урьд нь контр­бассын төрлөөр
гадагшаа тэмцээн уралдаанд орж байгаагүй шиг. Энэ удаад АНУ-д болсон олон улсын
тэмцээнд оролцох саналыг анх хэн тавьсан бэ?

-Баярлалаа.
Анх ийм тэм­цээнд оролцож байгаагаа мэдээгүй юм(инээв). Манай мэр­гэжлийн багш Л.Баасанхүү
тэм­цээнд бичлэгийг чинь явуу­лах гэж байна гэсэн л дээ. Тэгээд  би хөгжмөө тоглосон. Сүүлд нь АНУ-д болдог олон
улсын хүүхдийн “Крешинда” хөгжмийн наадамд бичлэгээ илгээснээ мэдсэн. 

-Шалгаруулалтыг нь яаж явуулж байх юм. Ямар ая тоглов?

 -Би “Кристянский танц” гэдэг орос ардын тариачдын
тухай ая тоглосон. Энэ ая маш гоё хэмнэлттэй, цоглог. Тэмцээнд бичлэгээ ирүүлсэн
хүүх­дүүдийг олон улсын шүүг­чид шүүж шалгаруулдаг юм билээ. Тэгээд мэйлээр хариуг
нь илгээдэг. Надад ч хариу нь ингэж ирсэн. Энэ тэмцээнд ма­най­хаас надаас гадна
хэд хэдэн хүүхэд оролцсон. Чамгүй амжилт гаргацгаасан шүү.

-Тэнд очоод хөгжмөө тоглож үзүүлсэн үү?

-Тэгсэн.
Орон орны маш олон хүүхэд ирсэн байсан. Тэмцээнд оролцогчид цагийн хуваарийн дагуу
шүүгч нарт хөгжмөө тоглож шалгуулсан. Ёслолын ажиллагаан дээр шагнал авсан хүүхдүүд
тайзан дээр хөгжмөө тоглоцгоосон.

-“Крешинда” тэмцээн жил болгон болдог юм уу. Энэ удаад хичнээн
орны хүүхэд өрсөлдөв?

-Герман,
америк, австри, япон, солонгос, хятад хүүхдүүд оролцсон. Орон орны хүүхдүүд нас
насны ангиллаар оролцдог тэмцээн. Контрабасаас гадна төгөлдөр хуур, утсан хөгжим,
хийл, виолончель, үлээвэр хөгжим гэх мэт их олон төрлөөр хүүхдүүд өрсөлддөг.

-Тайзан дээр гараад хөгжмөө тоглоход ямар сэтгэгдэл төрж байв.
Үзэгчид болон шүүгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Босоо
хийлийн төрлөөр анх удаа Монголоос олон улсын тэмцээнд оролцоод тэргүүн байранд
орсон. Үзэг­чид болон ялангуяа шүүгчид  маш
их гайхан хүлээж авсан. Учир нь контрабасаар эмэг­тэй­чүүд бараг тоглодоггүй юм
билээ.

-Энэ тэмцээнд өөрийн­хөө хөгжмийг авч явсан уу?

-Надад
контрабас байхгүй. Энэ чинь их үнэтэй хөгжим байгаа юм. Монгол мөнгөөр гурван сая
гаруй төгрөг болдог. Би суруулийнхаа хөгжмийг л тоглодог. Харин АНУ руу явахдаа
хөгжмөө авч яваагүй. Учир нь овор ихтэй болохоор. Тэнд очоод тайзан дээр гарахдаа
тэр театрын хөгжмийг түрээсэлсэн. Нэг удаа тоглочихоод өгөхөд 70 ам.доллар төлдөг
юм билээ. 

-Урьд нь ингэж олон улсын тэмцээн уралдаанд оролцож байв уу?

-Үгүй
ээ. Энэ бол миний хувьд анхных нь. Эх орондоо Чулуун гуайн нэрэмжит урал­даанд хоёр
удаа оролц­­сон. Гэхдээ тийм их амжилт гаргаж байгаагүй. Учир нь тэр тэмцээн зөвхөн
контрабас гэж дагнадаггүй. Хийл, виолончель, контрабас хөгж­мүүдийн дунд болдог
юм.

-Контрабасыг тайзан дээр эрэгтэй хүмүүс тоглож байгаа харагддаг.
Харин миний дүү яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?

-АНУ-д
болсон олон улсын тэмцээний үзэгчид болон шүүгчид намайг контрбасс тог­лоход эмэгтэй
хүүхэд боло­хоор нь их гайхан хүлээж авч байсан шүү. Би уг нь хүүхдийн орд­ны дууны
дугуйлан болоод ёочин­гоор сурдаг байсан юм. Ингээд зургадугаар ангид орох жилээ
Хөгжим бүжгийн сургуульд ёочингоор шалгуулахаар очсон. Тэр үед ёочингийн ангийнх
нь хүүхэд бүрдчихсэн байсан. Тэгээд ятга, шанз хоёрын анги үлдсэн гэж байсан. Би
алинд нь ч ормооргүй санагдаад, шийдэж чадахгүй бодоод зогсч байлаа. Тэгтэл Л.Баасанхүү
багш маань ирээд “Чи их өндөр хүүхэд байна. Контрабас хөгжим тоглоход яг тохиромжтой.
Сонгодог их сайхан хөгжим шүү дээ. Миний хүү дэлхийн хэмжээнд сэтгэ” гэсэн. Хамгийн
гол нь контрбассыг өндөр хүн тоглодог юм билээ. Ингээд багш маань надад долоо хоног
бодох хугацаа өгсөн. Ээж маань болохоор “Миний охин өөрөө л сонгож, шийдвэрээ гарга”
гэж зөвлөсөн. Тэгээд л контрабасын ангид орсон доо.

-Контрабас чинь их нүсэр хөгжим шүү дээ. Анх хараад ямар сэтгэгдэл
төрж байв?

-Эхэндээ
маш их сүрдсэн. Сүүлдээ дасчихсан ш дээ. Ойролцоогоор бараг 10 кг байх аа.

-Одоо хөгжмөө өргөж дийлдэг болсон биз дээ?

-Тэгэлгүй
яахав(инээв). Контрабас хөгжмийн гол онц­лог бол жааз болон сонгодог хөгжимд хэрэг­лэгд­дэг.
Би энэ хөгжмийн төрлийг сонгосондоо маш их баярлаж явдаг.

-Танай сургуульд энэ мэргэжлээр хичнээн хүүхэд суралцаж байна
вэ?

-Ерөнхий
боловсролын сургуулийн зургадугаар ангиас эхэлж элсч ордог. 6-11 дүгээр ангийн
10-аад хүүхэд байдаг. Охидууд тун цөөн.

-Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулахгүй юу. Танайд урлагийн
хүмүүс байдаг уу?

-Би
өвөө, ээж, ахтайгаа амьдардаг. Ээж маань залуу­даа урлагийн хүн болно гэсэн мөрөө­дөлтэй
байсан тухайгаа ярьдаг. Гэхдээ өөр мэргэжил сонго­чихсон. Ээж маань одоо ч маш сайхан
дуулдаг. Ах маань жүжигчин. “UBS” телевизийн “Tobe or not tobe” нэвтрүүлэгт оролцож,
шилдэг аравт баг­таж байсан. Эмээ маань 2008 онд Туйл хайлаачдын улсын уралдаанд
оролцоод Ардын шилдэг авьяастан болж байсан юм. Дөрвөн цаг гаруй үлгэр ярьдаг. Эмээгийн
маань уншдаг байсан үлгэр энгийн үлгэр шиг биш. Тол­гой холбож шүлгэлсэн байдаг­сан.
Эмээгийнхээ тууль хай­ла­хыг сонсоход маш сай­хан сонсголонтой, яг л дуу дуулаад
байгаа юм шиг санагддаг байж билээ. 

-Миний дүү энэ жил төг­сөх юм байна шүү дээ. Үргэлж­лүүлээд
ямар мэргэжлээр суралцах вэ?

-Дуулаачаар
сурна гэсэн бодолтой байгаа. Ээж  маань гадагшаа
явж сурсан нь дээр гэсэн. Юутай ч Хөгжим бүжгийн коллежоо амжилттай дүүр­гэчихээд
гадаадад дуулаа­чаар сурна даа. Миний хувьд эстрадын дуулаачаар сурах сонирхолтой.
Харин багш нар маань дуурийн дуулаачаар сурахыг зөвлөсөн. Багш нар маань хэлэхдээ
“Дэлхийн оддыг хар. Селин Дион нар дан­даа дуурийн дуулаачаар сур­сан байдаг юм”
гэсэн л дээ.

-Сайхан мөрөөдөлдөө хөтлөгдөн амжилтад хүрээрэй.

-Баярлалаа.
Мартсанаас гадагшаа тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүд замынхаа зардлыг хувиасаа
өөрсдөө даадаг. Намайг АНУ руу явахад туслалцаа үзүүлсэн ээжийнхээ найзуудад маш
их баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан хэлье. 

 

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүгчийн цалинг хуулиар зохицуулсан

Шүүхийн ерөнхий зөв­лөлийн
дарга Н.Лүндэндоржтой ярилц­лаа.

-Шүүхийн шинэ зохион байгуулалтын
үр дүн ямар байна. Энэ бүтцийн өөрчлөлтөөр шүүх олон түмнээс холдлоо гэх яриа мэр
сэр гарах боллоо?

-Шүүх олон түмнээс холдсон тухайд  ганц л зүйл 
хэлье. Захиргааны хэргийн  давж заалдах
шатны  шүүх Улаанбаатар хотод ганцхан байгааг
олон түмэн холдлоо гэж үзэхгүй 21 аймгийн хүмүүс хэрэг маргаан хэл амгүй шийдүүлсээр
байна. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх хуралд хүн бүр оролцох албагүй бөгөөд
хотод  гэхэд л ихэнх нь биеэр оролцдоггүй
шүү дээ. Шинэ юм болохоор удахгүй дасна биз ээ. Шүүхүүд шинэ зохион байгуулалтаар
хэвийн тогтвортой ажиллаж байна. Хуулийн дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч
Ерөнхий шүүгчийг орлож байна. Ерөнхий шүүгчдийн ихэнх нь өмнө ерөнхий шүүгчээр ажиллаж
байсан хүмүүс байгаа. Өчигдөр Ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

-Хэдэн ерөнхий шүүгчийг яаж
сонгон шалгаруулах вэ?  
  

-78 ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулна.
Хуульд болзол, шал­гуурыг нарийн заасан байгаа. Хамгийн гол нь тухайн шатны шүүхдээ
гурван жил шүүгчээр ажиласан байх ёстой. Шүүгчийг сонгон шалгаруулахдаа мэдлэг,
чадвар болоод манлайлах чадварыг нь шалгана.

-Шүүгчийн 70 орон тоог зарлаад
бүртгэх ажил дуусах шиг бол­лоо. Хэр зэрэг шударга шалгаруулах бол. Энэ 70 хүний
нэрийг тодорсон гэх хардлага зарим хүнд бий?

-Нийтдээ 483 хүн  материалаа ирүүлсэн. Одоо ажлын алба мате­риалыг
шалгаж байна. Хэзээ ч ийм олон хүн бүртгүүлж бай­гаагүй болохоор нүсэр ажил­лагаа
шаардаж байна. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явж байна. Олон түмэн ийнхүү со­нирхож,
хардаж байгаа нь сайн хэрэг. Олон түмний хяналт зөв, шу­дарга ажиллахад тусална.
Бид хичээж, хийгүй  шударга ажиллана. Дууссаны
дараа ард түмнээр дүнгээ тавиулна даа. Монголчууд цөөхөн учраас их олон юм ил тод
шүү дээ. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүст үр дүн чинь өөрсдийн чинь гарт
байгаа гэж итгэлтэй хэлмээр байна.

-Урьд нь шалгалтыг зас­даг
хүмүүс засаж байгаа хүнийхээ материалыг мэддэг байсан гэх юм билээ. Одоо тэр байдал
хэвээрээ юу?

-Яалаа гэж дээ. Сонгон шалгаруу­лалтад
зориулж бид тусгай программ хийл­гэсэн. Программд өгсөн даал­гавруудыг программын
аргаар хүн бүрийн санамсаргүй сонголтоор сонгогдож, программ дээр хариулах замаар
шалгана. Хүний оролцоо маш бага гэсэн үг. Сонгогдох даалгавар, түү­нийг программд
оруулах хүн мэдээж  цаг хугацааны маш торгон
агшинд тодорно. Түүнийг  хамгаалах, хариуцлага
тулгах асуудал хамгийн чухал.

-Шүүгчийн туслах, шүү­хийн
захиргааны ажилтан на­рыг мэргэжлээрээ ажил­ласан гэж үзэхгүй учраас сонгон шал­гаруулалтад
бүртгэж оруулах ёсгүй гэсэн яриа гадуур их байна л даа… 

-Тиймээ. Энд асуудал бай­гаа.
Үндсэн хуульд мэр­гэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хүн шүүгчид нэрээ дэвшүүлнэ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлээрээ  ажиллах гэдэгт юу хамаарахыг бас заасан. Тийм
учраас энд асуудал үүсээд байгаа. Бид үүнийг хуульд нийцүүлж шийднэ.

-Танайх бүртгээд авчихсан
юм биш үү?

-Үгүй. Бүртгэх гэдэг нь хууль
зүйн өөр агуулгатай. Одоо тэдгээр хүмүүс материалаа манайд цаасаар болон цахи­маар
ирүүлээд байгаа. Үүнийг мэргэжлийн хороо хуульд заа­сан шаардлага хангасан эсэхийг
шалгаад  бүртгэнэ. Үүнийгээ олон нийтэд зарлана.

-Ингэхэд иргэдийн төлөөлөгч­дийн
эрх зүйн байдлын тухай хуулийн хувь заяа юугаар төгссөн бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр
эцсийнх байдаг болохоор тэр ёсоор болсон.

-Үнэхээр иргэд шүүх ху­ралд
таслах эрхтэй оролцох нь болохгүй хэрэг үү. Та эрдэмтэн хүний хувьд өөрийнхөө санаа
бодлоо хуваалцахгүй юу?

-Хийж байгаа ажил чинь бас  ам хамраа барихыг шаардах юмаа. Ер нь шүүх шийдсэн
асуудлаар хэн ч, юу ч хэлж болно. Гэхдээ хэн 
хэзээ хэлэх вэ гэсэн нэг этикийн асуудал байна.  Ер нь олон оронд шударга ёсны илэрхийлэл, баталгаа
болж шүүх хуралд иргэд таслах эрхтэй оролцдог. Тэдгээр орон бас л үндсэн хуультай.
Хуулийг  тайлбарлах арга, ухаан өөр байгаа
хэрэг.

-Шүүгчдийн цалин нэмэгдэж,
шүүгчдээс олон түмэн хариуцлага, шударга ёсыг жинхэнэ ёсоор нэ­хэх эрхтэй боллоо
гэсэн яриа байгаа. Гэтэл шүүгчдийн цалинг УИХ буурууллаа гэх мэдээлэл ч байна л
даа…

-Шүүгчдийн цалинг УИХ бууруу­лаагүй.
Харин ч энэ УИХ шүүгчдийн цалинг эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь
хүрэлцээтэй,  баталгаатай байна гэж анх удаа
тогтоосон. Энэ дагуу шүүгчдийн цалин өс­сөн. Цаа­шид ч өсөх ёстой. Эдийн засгийн
хувьд бусдаас хараат бус цалин гэж ямар цалинг хэлэх билээ. Хоёр сая төгрөг өгөөд
тэгж хэлж болох уу. Бас “амьдралд хүрэлцээтэй” гэсэн үг хуульд байна. Хоёр сая төгрөг
амьдралд өнөөдөр хүрэлцээтэй юу? Мөн хуульд “амьдралд нь ба­талгаатай” байх гэсэн
үг байна. Хоёр сая төгрөг амьдралын баталгаа мөн үү гэсэн асуулт үүснэ. Энэ бүхнийг
эрүүл ухаанаар шүүх ёстой.  Эдгээрийг бид
Монголын нөхцөлд ямар тоон утгатай талаар судалгааны байгууллагаар судлуулахад наад
зах 3.5 – 5.0 саяас эхэл­нэ гэсэн тооцоо, судалгаа гарсан.

-Шүүгчдийн цалинг ямар бай­гууллага
тогтоох ёстой юм бэ?

-Янз бүр. Ихэнх оронд пар­ламент
тогтоодог. Манайд ч УИХ  тогтоож байгаа. Жишээ
нь Канад улсад Зөвшилцлийн бүлэг байгуулж шийддэг юм билээ. Харин манай орны ту­хайд
УИХ-ын тогтоолоор шийдээд явж ирсэн. Харин 
Төрийн албаны тухай хуульд 2011 онд оруулсан нэмэлтээр Үндсэн хуулийн Цэцийн
гишүүд болон бүх шатны шүүгчдийн цалинг тогтоолоор бус харин хуулиар зохицуулж байхаар  шийдсэн. Улам бат тогтвортой болгож байгаа хэ­рэг
л дээ. Одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг хуулиар зохицуулаагүй байгаа  учраас 
УИХ-ын тогтоолоор явж бай­гаа. Харин Үндсэн хуулийн Цэцийн хуулийг шинэчлэн
най­руулахаар цалинг тэр хуулиар зохицуулж, Төрийн албаны дээрх хуулийн заалт хэрэгжинэ.
Харин ма­най шүүхийн тухайд Шүүхийн тухай 
багц хууль батлагдаж, Шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар
зүйлээр шүүгчдийн цалин, нэмэгдлийг тогтоосноор Төрийн албаны тухай хуулийн дээрх
заалт бүрэн хэрэгжсэн юм. Тийм учраас шүүгчдийн цалинг зохицуулж байгаа хам­гийн
дээд хүчин чадал бүхий акт бол ямар нэг тогтоол бус, харин Шүүгчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн холбогдох зохицуулалт мөн.

-Тэгвэл УИХ-ын нэг тог­тоол
хүчин төгөлдөр байгаад байгаа шүү дээ?

-Чиний юу асуух гээд байгааг
ойл­голоо. УИХ-ын 54 дүгээр тогтоолыг яриад байх шиг байна. Энэ тогтоолоор ма­най
шүүгчдийн цалинг тогтоож байсан. Дунджаар 800 орчим мянган төгрөг байсан. Түүн дээр
гурван төрлийн нэмэгдэл нэмээд  шүүгчид
1.5 сая төгрөг авдаг байлаа. Миний энэ хэлж байгаа тоо дундаж тоо шүү. Дээшээ, доошоо
бол­но гэсэн үг. Шүүхийн тухай хууль хүчингүй 
болж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс багц хууль мөрдөгдөж эхэлснээр
шүүгчдийн цалинг хуулиар зохицуулна гэсэн Төрийн албаны тухай хуулийн
28\’.2  дахь  заалтын дагуу төрсөн  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар
зүйл дэх заалт мөрдөгдөж эхэлснээр 54 дүгээр тогтоолын үйлчлэл зогссон. Хэрэв хүчинтэй
гэж үзвэл тогтоол, хууль хоёрын эрэмбэ дээр маргах хэрэг гарна. Тийм маргаан гарах
ёсгүй.

-УИХ одоо шүүгчдийн цалинг
тогтоох гээд байгаа юм биш үү?

-Тиймээ. Шүүхийн багц хуу­лиар
шүүгчийн цалин ямар байх ёстойг тогтоосон. Харин тэрхүү байх ёстой шалгуурын дагуу
тоон утгад шилжүүлэх эрхийг УИХ эргүүлэн авах гэж байгаа гэж ойлгож байгаа. Хууль
зүйн байнгын хорооноос бай­гуулагдсан ажлын хэсэг хуралдаад Шүүхийн захиргааны тухай
хуульд Шүүгчдийн ца­линг УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн  саналыг хар­галзан тогтоож байхаар хуульд нэмэлт
оруулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энд нэг асуудал үүснэ. Хуулиар зо­хи­цуулна гэсэн
Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт бас бий.  Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг тогтоолгох
талаар УИХ-ын 63 дугаар тогтоолын дагуу төслөө УИХ-д оруулчихаад байгаа. Хаврын
чуулганаар шүүгчдийн цалинг УИХ тогтооно.

-Таныхаар УИХ шүүгчдийн цалинг
тогтоох нь зөв юм уу?

-Зарчмын хувьд тогтоох эрхтэй.
Гэхдээ эрх зүйн орчноо эхлээд засах ёстой гэж Хууль зүйн байнгын хорооны хуралд
дээр  З.Энхболд даргын  хэлс­ний дагуу хийх ёстой.

-УИХ-аар шүүгчдийн цалинг
тогтоолгохоор  алдагдал бий юу?

-Юу байх билээ. Төсвийг УИХ баталдаг.
Төсвийн хүрээнд л тогтооно. Хэн ч тогтоосон мөнгөнийхөө хэм­жээнээс гарч чадахгүй
шүү дээ.  Нөгөө та­лаар Шүүхийн тухай  багц хуулийг энэ УИХ баталсан.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Буянт-Ухаа” хорооллын орон сууцыг 15 жилийн хугацаанд зарж, түрээсэлж болохгүй

“Буянт-Ухаа-1” хорооллын барилгын
ажил 95 хувьтай байгаа. Тус хороололд  33-66 ам.метр талбай бүхий 1764 айлын
орон сууц, автомашины дулаан зогсоол, хүүхдийн тог­лоомын талбай, цэцэрлэг, үйл­чилгээний
төв  баригдаж ирэх тавдугаар сард бүрэн ашиглал­тад орох юм. Хорооллын эхний
ээлжийн 567 айлын орон сууцыг  өнгөрсөн нэгдүгээр
сард ашиг­лалтад хүлээлгэн өгсөн. Энэ орон сууцны метр квадратынх үнийг нэг сая
280 мянган  төгрөг байхаар Засгийн газраас
тог­тоожээ. Өнөөгийн зах зээлд ийм хямд өртөгтэй байр хаана ч байхгүй. Хотын гэр
хорооллыг орон сууцжуулах зорилгоор энэ­хүү бүтээн байгуулалтыг боги­но хугацаанд
цогцлоож чадсан юм. Тиймээс “Орон сууцны за­хиалга авах журам” удахгүй гарна. Журамд
чухам юу тус­гагдах талаар Төрийн орон сууц­ны корпорац (ТОСК)-ийн захирал А.Гантулгатай
ярилцлаа.

 -Засгийн газраас барьсан най­ман
хувийн хүүтэй зээлийн орон сууцыг иргэдэд хуваари­лахдаа журмаар зохицуулна гэж
өнгөр­сөн долоо хоногт Ерөнхий сай­дын цагаар мэдээлсэн. Тэр жур­мыг ТОСК  боловсруулж байгаа юу?

-Ерөнхийдөө ТОСК-оос жур­мын төсөл
боловсруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүр­гүүлэх юм. Тэндээс харьяа яамддаа  санал хүргүүлнэ. Яам агентлагаас ирсэн  саналыг нэгт­гээд Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцэж, “Орон сууцны захиалга авах журам” ба­тална.

-Яг ямар журам гарах вэ?

-Журамд нэлээд шаардлага тавигдана
гэж ойлгож болно. Ту­хайл­бал, ТОСК-иас барьсан барил­­гуудыг түрээсэлж, 100 хувь
зарж борлуулж болохгүй. Зөвхөн анх удаа орон сууц худалдан авч бай­гаа хүмүүсийг
энэ зээлд хам­руулна.  Мөн өмнө хэрэгжсэн  тө­рийн албан хаагчийн 4000 айлын орон сууц, зургаан
хувийн орон сууц зэрэг хөтөлбөрт багтсан иргэд орохгүй. Энэ тал дээр хатуу шаард­лага
тавьж, журмаар зохи­цуулна.

-Тэгэхээр урьд нь байр ху­дал­даж
авч байгаагүй иргэд  ТОСК-иас барьсан орон
сууцанд орох боломжтой юм байна. Өмч хувьч­лалаар авсан байр нь гэр бүлийн гишүүдийн
нэр дээр бүртгэлтэй байдаг. Тийм хүмүүс анх удаа байр худалдаж ава­хаар болбол яах
вэ?

-Энэ асуудлыг журмаар зохи­цуулж таарна.
Өмч хувьчлалаар аав ээжтэйгээ хамт байраа өмч­лөөд авсан гэдэг асуудал урьд нь ч
яригдаж байсан. Үнэхээр тухайн үед эцэг, эхтэйгээ хамт байраа өмчилсөн бол ээж аав
нь салгаад авчихаж болно.

-Энэ байранд орсон хүн бус­дад
түрээслүүлэхгүй байх, анх удаа байр худалдан авч байгаа зэргийг нь яаж хянах вэ?

-Тэгэхээр ТОСК-ийн захиал­гаар баригдсан
энэ орон сууцыг ямар нэгэн хүний эрх ашиг бизнес бол­гох­гүйн тулд хатуу хяналт
тавьж, анхаарлаа хандуулна. Үүнийг ч бас журамд тусгана. Нэгэнт зээлийн орон сууцанд
орсон хүн 15 жилийн дараа бор­луулах, түрээслүүлэх эрхтэй болно.

-Зээлийн хугацаа дууссаны дараа
буюу байраа өөрийн бол­госны хойно борлуулж, түрээ­сэлж болох нь ээ?

-Яг тийм. Тухайн байр 15 жи­лийн дараа
таны мэдэлд шилжинэ гэсэн үг. Харин одоогоор энэ бай­ранд орох хүсэлтэй хүмүүс заавал
банкны зээлд хамрагдах учиртай. Өнөөдөр бэлэн мөнгөтэй хүн хямд байр худалдаж аваад
цааш нь үнэ нэмээд зардаг. Ард түмнээ шулдаг, хэдэн хүний эрх ашгийг дэмжсэн тийм
зүйлээс сэргийлж ийм шийдвэр гаргаж байгаа юм.

-Төрөөс барьж байгаа байр гэр хорооллынхныг
орон суу­цаар хангах зорилготой. Хэрэв хашаа байшингаа зараад бай­ранд орох хүсэлтэй
иргэд бан­кинд олон жил хүү төлөхийг хүсэхгүй, бэ­лэн мөнгөөрөө орон сууц ху­далдаж
авах бодолтой байж болно. Ту­хайн иргэн үнэ­хээр л анх удаа байр авч байгаа то­хиолдолд
энэ орон сууцыг бэлэн мөнгөөр ху­дал­дан авлаа гэхэд бусдад зарж борлуулахыг нь
хориглох гэх мэт уян хатан зохицуулалт хийж болоогүй юм уу?

-Үл хөдлөх хөрөнгө жил ирэх тусам
өсдөг. Тиймээс өнөөдөр урт хугацааны энэ зээлийг авсан иргэд хожино. Цаашлаад Буянт-Ухаа
хороолол хотын төв хэсэг болно. Хөшигтийн хөндийн онгоцны буу­дал ашиглалтад орж,
тийшээ бү­тээн байгуулалтууд өрнөнө. Мөн хурдны өргөн зам  бий болчихлоо. Урьд нь нисэх рүү олон цаг түгжир­дэг
байсан бол одоо хэдхэн минут явдаг боллоо. Маргаашийн өөх­нөөс өнөөдрийн уушги гэгчээр
иргэд маань алсаа харах ёстой. Банкны хүүнд дургүй хүмүүс бай­гаа л байх. Гэхдээ
өөрсдийнхөө хувийн зохи­цуу­лалтыг хийх хэрэг­тэй. Ямартай ч төрөөс барьж байгаа
хямд орон сууцны хувьд дээрх журмыг хатуу мөрдөнө.

-Орон сууцны 60 хувийг тө­рийн
албан хаагчдад, үлд­сэнийг нь  зорилтод бүлгийнхэнд
өгнө гэсэн. Бас малчид энэ байранд орж болох тухай мэдээлэл байсан л даа?

-Одоогоор малчдыг оруулах тухай шийдвэр
гараагүй.  Төрийн албан хаагчдад 60 хувийг
өгнө. Харин үлдсэнийг нь залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд
зорилтод бүлгийнхэнд хуваарилна.

-“Буянт-Ухаа-1” хорооллын
байр хямд болохоор найман хувийн зээлд хамрагдах хүн олон байх болов уу. Ийм хүсэл­тэй
иргэд орон сууцны тооноос дав­бал яаж хуваарилах вэ?

-Эрэлт нь  их болоод нийлүү­лэлт бага болчихвол хүмүүс бужигнана.
Иймд сугалаа явуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах төлөв­лөгөө байгаа. Аливаа
зүйл шу­дарга нь дээр шүү дээ. Жи­шээлбэл, 800 байранд найман мянган өрх оро­хоор
саналаа өгчихвөл сугалаагаар шийднэ. Тэрнээс хөгшин, залуу гэж ялгамааргүй байна.

-Үндэсний бүтээн байгуулал­тын
корпораци богино хугацаанд олон айлын орон сууц барилаа. Энэ эрчээрээ хичнээн барилга
барих тооцоотой байгаа вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж
буй хөтөлбөрийн хү­рээнд эхний том бүтээн байгуулалт “Буянт-Ухаа-1” хо­роолол юм.
Үүгээр төсөл хөтөлбөр дуусчихаа­гүй. Бид жилдээ 10, 15, 20, 30 мянган айлын орон
сууц бүтээн байгуу­лахаар том зорилт тавьж байна. Дэд бүтэц нь асуудалгүй бол байшин
барихад нэгхэн жилийн хугацаа хангалттай гэдгийг энэ хороолол харууллаа. Бидэнд
хүч, техник, боловсон хүчин байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци шиг барилгын
ком­паниуд маань нэгдээд ажиллабал жилд арав гаруй мянган айлын орон сууц босно.

-Цаашид  хаана, хаана ийм том бүтээн байгуулалтыг хий­хээр
төлөвлөөд байна вэ. Газрын асуудлыг нь хэрхэн шийдсэн бэ?

-Урьд урьдны нийслэлийн удирд­­лагууд
аж ахуй нэгжүүдэд газраа  хуваарилаад өгчихсөн
байдаг юм билээ. Төрийн мэдлийн газар гэж ерөнхийдөө байхгүй. Өнөөдөр Засгийн газар
маань хотын  захиргаатайгаа яриад асуудлыг
зөв талаас нь хараад монгол компаниудаар дэлхийн стандартад нийцсэн бү­тээн байгуу­лалтыг
хийлгэж болж байна. Дараа дараагийнх нь бү­тээн байгуулалтад зориулж газрын асуудлыг
шийдэж, ард иргэдээ орон сууцаар хангаж, нийслэлээ утаанаас салгачихъя гэсэн нэгдсэн
ойлголттой нэлээд далайц­тай том хэмжээний хөтөлбөрүүд явагдана. Бас аймгийн төв
болгонд 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ. Тэгэхээр энэ бол дуу­саш­гүй, дундрашгүй
том бүтээн байгуулалт гэж ойлгож болно.

-Анх нисэхийн хорооллыг баригдаж
эхлэхэд гэр хороол­лынхон газраа тэндэхийн бай­раар сольж болно гэсэн мэдээлэл байсан
л даа. Одоо тийм боломж байгаа юу?

-Гэр хорооллын дахин төлөв­лөлтийн
асуудал дээр яригдаж байсан. Тэр үед ОССК нийслэлийн 51 хувьд байсан. Нийслэлийн
давуу эрхтэй байсан болохоор тийм яриа байсан. Гэхдээ одоо ТОСК төрийн өмчит үйлдвэрийн
газар Ерөнхий сайдын мэдлийнх. Засаг өнөөдөр ямар шийдвэр гаргана, түүнийг дагана
шүү дээ. 

-“Буянт-Ухаа-1” хорооллын
1764 айлаас одоогийн байдлаар 567 айлын орон сууц нь бэлэн болсон. Инженерийн шугам
сүл­жээний асуудлыг хэрхэн шийд­сэн бэ?

-Юун түрүүнд “Орон сууцны захиалга
авах журам” батлагдана. Дараагаар нь захиалгаа авч эхэл­нэ. Одоогоор шинэ хороол­лын
бохир болон цэвэр усыг шийдэх инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаа. Ирэх
тав­дугаар сард иргэд байрандаа оро­ход бэлэн болно.

-Байрны хувьд 33-66 метр квадрат
хэмжээтэй гэсэн. Энэ байранд орох хүсэлтэй хүний өрхийн орлого хэд байх ёстой вэ?

-Ерөнхийдөө 630 мянгаас нэг сая
300 мянган төгрөгийн өрхийн орлоготой айлууд энэ байранд орох боломжтой. Жишээлбэл,
33 метр квадрат байрны үнэ 42 сая 240 мянган төгрөг. Урьдчилгаа 30 хувьд нь 12 сая
672 мянган төгрөгийг төлнө. Үлдэгдэл нь 29 сая 568 мянган төгрөг болно. Үүнээс сарын
төлбөр 247.319 төгрөг байна. Татварын дараахь орлого нь 549.597 төгрөг. Өрхийн орлого
нь ойрол­цоогоор 610.664 төгрөг байх ёстой.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Санаанаас гардаггүй цагаан сар

  Баяр баярын дундаас цагаан
сар хамгийн гоё нь. Бага балчир байхдаа энэ баярыг ойртох тусам нь догдолж,
хуруу даран хоног тоолдог сон. Айл хэсч бэлэг цулуулах нь хамгийн гоё “ажил”
бай­сан болохоор тэр биз. Харин одоо бодох нь ээ цагаан сар бол монгол ахуй,
уламжлалт ёс жая­гийг хүүхэд ахуй цагаас мэдрүүлсэн том арга хэм­жээ байж.
Хөдөө­гийнхөн сар шинийн баярт илүү ач холбогдол өгч, эртнээс бэлддэг байлаа.

Манайх Архангай айм­­гийн
төвийн айл. Бага байхад гэр маань Баруун дэнжид суурьшдаг бай­лаа. Ма­най
гудамж өөд өөдөөсөө харсан арав гаруй айл­тай. Дийлэнх нь аавын талын хамаат­нууд.
Дээд талын ха­шаанд аавын том ахынх, доод талын хашаанд авга эгчийнх, эсрэг
талын ха­шаанд өвөө­гийнх байдаг байж билээ. Өвөөгийнх­тэй зал­гаад авга ах,
эгч нарынх хөршилнө. Нэг айл доод тал нь гурван хүүхэдтэй. Өвөө, эмээ­гийн ач
зээ нар болох бидний 20-иод хүүхэд тэнд ёстой нэг бужигнана даа. Дийлэнх нь хөв­гүүд
болохоор дүрсгүйтнэ гэж жигтэйхэн. Харин цагаан сарын нүсэр ажил эхлэ­хээр бүгд
номондоо орно доо. Гэр гэртээ дор бүрнийхээ өөрт ногдсон ажлыг хийцгээнэ,
тоглох ч зав гарахгүй.

Хөв­гүүдтэй айлын эзэгтэй
нар ус, түлээний ажилд санаа зовохгүй нь сайхан. Ах нар түлээгээ хөрөө­днө.
Харин мань мэтийн багачуул нь тү­лээн дээр сууцгааж хөдөл­гөөнгүй байлгах
үүрэгтэй. Хөрөө­ний нааш цааш холхихыг нүд салгалгүй харж, хур­дан дуусахыг нь
тэсэн ядан хүлээдэг сэн. Ах нар тү­лээгээ хөрөөдөж дуусса­ны дараа шажиг­на­тал
банзалж, хашаа дагуу­лан тэвхийтэл нь өрчих­нө. Цагаан сарын хэдэн өдөр түлээ
модны ажлаас түр амсхийж бай­гаа нь энэ. Бас баярын өдрүү­дээр худаг амардаг
боло­хоор ундны усаа арвин нөөцлөх хэрэгтэй болдог. Манай тэрүүгээр урсдаг
“Бааст” голын эхээс тэр хавийн айлууд мөс хагалан амбаартаа хураана. Зарим
айлууд аймгийн төвийн урдуур урсдаг Тамирын голоос арвин мөс бэлтгэнэ. Ца­гаан
сараар айл болгоны зочдоо дайлдаг нэг ундаа бол хад, нэрс, алим, үзэм зэрэг
жимсээр исгэж дар­даг бараашиг. Сархад шиг л согтооно. Гэхдээ айл айлын
бараашиг олон янз. Жимсээ эртнээс дарж, сайн исгэж чадвал уруул ам
чимчигнүүлсэн сайхан амттай болдог. Манайх бараашгаа 40-ийн бедонд нэрдэг бай­лаа.
Аав жимсний бараашгийг хачин сайхан исгэнэ. Бедонтой бараашгаа галын ойр
тавиад, гадуур нь ду­лаан юмаар ороож мань мэтийгээ бөөцийлөхөөс илүү анхаардаг
байж билээ.

Энэ мэт цагаан сарын бэлтгэл
ажил гэж дэндүү нүсэр. Хамгийн чухал нь бууз, банш, хэвийн боов, самнай хийх.
“За өнөө орой буузаа хийе байз” гэж аав ээжийн ярил­цахыг сонсоод ихэд түвэг­шээдэг
байж билээ. Учир нь өчнөөн буузыг өрж, тоолох ажил бидэнд ногд­дог байв.
Эхэндээ их идэвх­тэй тоолно оо. Сүүл­дээ залхуу хүрч, нойрмог­лодог байсан нь
санаанд тодхон бууна. Долоо, най­ман хүн тойрч суугаад зогсоо зайгүй бууз чим­хээд
байгаа хэрнээ 20-ийн цагаан түмпэн дүүрэн мах нь яасан ч дуусдаггүй юм бэ дээ
гэж бодогддог байв. Урьд нь хоол хийж харагддаггүй аав маань өчнөөн буузыг ням­бай
гэгч нь чимхэнэ. Аавын чимхэлтийн хажууд ээжийнх гологдоно.

Бууз ч гайгүй, хэвийн боов
хийх ажил үнэн зал­хуутай. Манай хамаат­нуу­дын зарим нь самнай хийнэ. Хэвийн
боов шиг элдэв маяггүй, сүүлд идэхэд шарчигнаад сай­хан амттай. Харин манайх
жилийн жилд хэвийн боов л хийнэ. Биднийг унтаж байхад ээж өглөө эртлэн босч
зуурмагаа бэлдэнэ. Гуриландаа шар тос хийгээд багсрахад со­дон үнэртдэг байж
билээ. Аав маань хэвийн боов хийх цаг товоо харин ч нэг яв цав тодорхойлно доо.
Цаг тооны хуанли эр­гүүлж, сайн цагийг сон­годог байв.

Аав маань авдраасаа тос
даасан шаргал даа­вуунд нандигнан боосон хэв гаргаж ирээд л тосолж гарддаг
байв. Тэгээд бид­ний нухсан гурилыг хэвэн­дээ тааруулан татаж сун­гана. Хэвийн
боовоо чанаж эхлэхэд үнэрээр нь айлын хүүхдүүд шавчих­даг байв. Хэнийх хэвийн
боов хийж байгаа нь ер андашгүй. Гудамжаар явж байхад хачин сайхан үнэр ханхалж
байгаа зүгийг олчихвол гүйцээ. Хөдөөнийхний хийдэг боов үйлдвэрийнхийг бод­вол
хачин сайхан. Гаднах өнгө нь тос дааж шаргалтаад л. Одоогийн үйлдвэрийн боов
хаана нь ч хүрэхгүй.

Битүүний өглөө ра­дио­гоор
уртын дуу эгшиг­лэхэд год хийн босдог байлаа. Аав зурагтныхаа өмнө аль хэдийнэ
шом­бойгоод суучихна. Бөхийн барилдаан харж суугаа нь тэр. Ээж наа­гуур цаагуур
нь гэрийнхээ ажлыг хийнгээ аавыг зүгээр суулгуулахгүй байх санаатай. “Алив
ууцаа чанаач ээ, хивсээ гол руу аваачиж гөвөөдөх л дөө” гэж байн байн үглээд
амар заяаг нь үзүүлэхгүй.

Айлууд ихэвчлэн би­түү­ний
өдөр гэр орныхоо тоос шороог арилгадаг. Гэрийнхээ булан тохой, тавилга бүрийг
харин ч нэг сайн угааж цэвэрлэнэ. Айл болгон шахуу ганц цоохор хивс­тэй.
Тэрийгээ хуйлж аваад л зайдуу газар аваачаад цас юм уу мөсөн дээр гөвцгөөнө.
Энэ өдөр айлууд ховор нандин бүх­­нээ жоорноосоо гар­гаж, өөрийгөө бас гэрээ
гоёдог. Тэр үед айлууд найман тахил болон 12 жилийн амьтан, хос хунтай хатгамал
бүхий хөшгөөр гангардаг байсан юм. Нөгөө гоё хөшгөө орныхоо урдуур болон,
унинаасаа татдаг байв.

Хөдөөний зарим айл битүүний
өдөр хиншүү гаргадаг байв. Уг нь эрт дээрээс битүүний өдрөө хэвийн боовоо хийж,
хиншүү гаргадаг уламжлалтай байсан. Ха­рин сүүлийн үед хүмүүс хэвийн боовоо хэд
хоно­гийн өмнөөс хийх ч юм уу, бэлэн худалдаад авчих­даг болсон нь энэ уламж­лалыг
бүдгэрэхэд нөлөөл­сөн биз ээ. Гэхдээ битүүнд заавал хиншүү тавьдаг айлууд мэр
сэр бий. Ингэхдээ хуушуур хайрч, эсвэл хонины тол­гой хуйхална. Битүүний орой
нар жаргахаас өмнө тавгаа засдаг. Өнгө өн­гийн чихэр, цагаан идээ­гээр тавгаа
чимж, ланжгар сүүлтэй хонины ууцаа зэрэгцүүлнэ. Хажуугаар  нь бараашиг, шимийн архи гээд элдэв амттан
өрнө. Гоё ганган гүц гаргаж тэрэндээ нэрмэлээ халааж шар тос хөвүүл­нэ. Ингээд
орой болон­гуут битүүлэг эхэлнэ дээ. Ах дүү хамаатан саднаараа хамгийн залуу
гэр бүлийндээ цуглаад, битүүрнэ. Томчуул даалуугаар, хүүхдүүд шагайгаар наадна.
Битүүрэлт шөнө дөл бол­тол үргэлжилнэ. Нэгнийдээ орж битүүрч явсаар байгаад
харьц­гаана. Цагаан сараар айл хэсэхэд зарим айл би­түүлгийнхээ оронд гахай­ны
толгой тавьчихсан байдаг байж билээ.

Сар шинийн өмнөх хэдэн
өдрүүд ийм л дүр зураглалтай өнгөрнө.

Шинийн нэгний өглөө хаврын
урь орчихсон, байгаль дэлхий ч намуу­хан болчихсон байдаг сан. Юм болгон
өнгөтэй харагдаж, цаанаа л нэг сайхан. Шинийн нэгэнд хамгийн түрүүнд зүг чигээ
гаргана. Тарнийг нь 21 удаа унших ёстой бай­даг бол нэг бүрчлэн ху­руугаа даран
тоолж бай­гаад гүйцээдэг байлаа. Тэгэхгүй л бол болохгүй юм шиг санагдаад. Аав
авдраасаа нандигнаж баадагнасан үстэй дээл, үнэгэн лоовуузан малгай гаргаж
ирээд сэгсэрч бай­гаад л өмсөнө. Хуучин, дарагдмал үнэр нь хэсэг­тээ л
ханхална. Ноднин хүрэн өнгөтэй байсан энэ үстэй дээл цэнхэр болсон байх
жишээтэй, жил бол­гон гадар нь солигд­чих­сон байдаг байж билээ. Харин ээж
маань зоолт­той шинэ дээл өмсөнө. Бидэнд ч ялгаагүй шинэ дээл хийж өгдөг сөн.

Шинийн нэгний өглөө хамгийн
түрүүнд ахмад настныдаа орж золгод­гийн жишгээр өвөөгийн­дөө цуглана. Ах дүү
хамаатан садангууд гээд олон айл ирнэ ээ. За тэгээд хойморт тухлах өвөө эмээ
хоёртоо бид насныхаа эрэмбээр очиж золгоно доо. Өвөө­гийн гарт нэлээд хуучирч
гандсан саарал өнгийн самбай хадаг харагдана. Жил болгон энэ хадгаа бариад суух
өвөөгөө хараад “Өвөөдөө том болж байгаад гоё шинэ хадаг авч өгнө өө” гэж боддог
байсан сан. Жил жилийн цагаан сараар манай өвөөгийнд нэг хөгтэй явдал болдог
байв. Аавын маань хамгийн бага эмэгтэй дүү нь ах эгч нараасаа олон хүүхэд­тэй.
Уг нь ах эгч нартаа очиж үнсүүлэх ёстой бай­тал зөрүүлээд л үнэрлэ­чихдэг сэн.

Харин үеэлүүд маань бие
биеэсээ ах болох гээд л төрсөн он сараа тоолоод л үзнэ шүү дээ. Хөвгүүд нь
охидтой золгох болохоороо би ах гэж насаа нэмж, хацар дээр нь үнсэх гээд дайр­чихна.
Мандах нартай зэрэгцэж эхэлсэн золгуу­тын дараагаар эмээ маань цалин мөнгөн
аяга дүүрэн сүүг өвөөд барина. Өвөө тэрнээс амсаад бусдад дамжуул­даг байв.
Бүгд сүүнээс амссаныхаа дараа цай ууж, цагаалгаа иднэ. Эмээ жил болгоны цагаан
сараар цагаалга гэж үзэмтэй аарц өгнө.

Цагаан сараар өвөө­гийнх
маань огт өөр айл болчихсон байдаг байж билээ. Аяга тавагнаас өгсүүлээд бүгд
шинэ. Ширээн дээр нь хуучны домбо, гүц зэрэг хараг­дана. Гүцэнд шар тостой
хутгаж халаасан монгол архи хийнэ. Бас болоогүй ээ, томчуудыг барааш­гаар
дайлна. Айраг ца­гаан идээ гээд бүгд элбэг дэлбэг. Бурхан тахилдаа цай,
хоолныхоо дээжийг өрж, арц, хүж баагиулна. Үстэй дээл, лоовуузан малгай өмссөн
ах нараас дарагдмал үнэр ханхийх ч арц хүж хоол ундны үнэртэй холилдон аажим­даа
дасна. Өвөө маань гартаа том хөөрөг барьж, бүсэндээ хэт хутга зүүнэ. Эмээ
болохоор гэзгээ сувдан даруулгаар гоёж, чихэндээ алтан ээмэг гялтгануулна. 

Шинэ сараар ах дүү хамаатан
садангууд нэг дор цугласан энэ мөчийг ашиглаж өвөө хуучны гэрэл зургийн
аппаратаа гаргаж ирээд бидний зургийг авдаг нь одоо ч санаанд тодхон
бууна.  Өвөө маань зурагчин хүн байсан
юм. Тэр үед хальс­ны аппарат байсан болохоор нэг, нэг удаа л дарна. Харин сүүлд
зур­гаа үзэхээр өвөө маань өөрөө байдаггүй 
сэн.

Томчууд өвөөгийнд бууз, банш
болж байх хойгуур хүүхдүүд айл хэсч бэлэг цуглуулахын түүс. Бидэнд хоол унд
сонин биш. Гудамжныхаа бүх айлыг дуусгана даа. Таньдаг ч бай, таньдаггүй ч бай
хамаагүй нохойг нь хуцуулаад л пижигнэлдэн гүйлдээд орно. Ихэнх айл зочинтой
байдаг байж билээ. Бүх хүнтэй золгочихоод үүдэнд нь зогсоно. Гэрийн эзэгтэй
бидний зорилгыг аль хэдийн мэдэж байгаа болохоор бэлэг өгнө. Бүгд бэлгээ
авчихаад гүйл­дээд гарна даа. Ихэвчлэн айлууд нэг төгрөг атга чихэртэй
бэлэглэдэг байв. Эсвэл еэвэн хэдэн чихэр­тэй ч юм уу. Зарим айл таван төгрөг
өгвөл бөөн баяр болно. Харин ахлах ангид сурдаг ах нар маань найзууд­тайгаа
нийлж аваад бараг шуудай өвөртлөх нь холгүй айл хэсдэг байв. Аавын хуучирсан
лоовуузан малгайг да­лийдуухан тавьж, дээ­лийн­хээ хормойг оодой­тол нь шууж
өргөн бүсээр даруулаад л, орос ба­калаа гялалзтал нь то­солж аваад гараад жийнэ
дээ.

Шинийн нэгэнд аав ээжийгээ
дагаад голдуу ахмад настнуудын­хаа­раа золгуут хийж байгаа нь гээд айл хэссээр
бай­гаад таардаг байв. Өглөөнөөс авахуулаад үдэш болтол явна. Нэг удаа дүү
маань балчир байсан болоод ч тэр үү ядарсандаа уйлж “Одоо бэлэг авахгүй ээ,
гэртээ харья” гэж байж билээ. Орой гэртээ ирэ­хэд аавын өвөр түнтийж, ээж
гартаа тор дүүрэн бэлэгтэй ирнэ. Ши­нийн юм шингүүр сайтай гэдэг нь үнэн юм шүү.
Өөр бусад үед өдөрт 2-3 удаа л хоол иддэг. Харин шинийн өдрүүдэд айл болгонд
ороод таван бууз идээд байхад ороод л байдаг юм даа.

Манай аймгийн төв­тэй ойр
хоёр гурван сум бий. Хөдөөний харчууд тэр хавийнхаа айлуудыг дуусгачихаад
аймгийн төвд таньдаг айл бол­гоныхоороо орно. Мөн­гөн тоногтой эмээл, ха­заартай,
дэлийг нь тэг­шилж зассан бүдүүн морьд унасан залуус ур­тын дуу хангинуулцгаан
гудамжаар холхилдоно. Тэд гэрт орж ирэхээрээ аав, ээжтэй золгочихоод шуудхан
“Нормын гурваа ууя” гэнэ. Дараа нь “Ажаа бэлгээ авъя” гээд л халам­цуугаа
далимдуулан шулуухан хэлчихнэ.

За ингээд шинийн хоёрон,
гуравнаас манайх гэдэг айл хүний хөлд дарагдана. Ээж маань ирэх айл болгоны
хүний тоогоор бэлэг бэлдэж, хуваари­лан тавьдаг байв. Тээр жилийн цагаан сараар
юм даг. Би ээжтэй хамт бэлэг хуваарилж байгаад Ажаагийн өгсөн бэлгийг өөрт нь
өгтөл тэдний адтай шар охин анзаар­чихаж. Энэ манай өгсөн бэлэг яг мөн байна
гэж чанга гэгч нь орилоод гэрт цугласан олон хүнийг инээлгэж билээ. Ээж ч
сандарсандаа бэлгийг нь буцааж аваад нэг хайр­цагтай зүйл өгчихлөө. Тэгтэл
өнөөх дэггүй шар охин эрэгтэй хүний цамц байна ш дээ гэх нь тэр. Ээж аав нь ч
хүүхдээсээ санаа нь зовсон болол­той нударч байгаа нь одоо ч нүдэнд харагддаг.
Цагаан сараар бэлэг со­лилцоно гэдэг том асуу­дал. Ингээд нэгнийхээ өгсөн
бэлгийг нөгөөгийнд нь зөрүүлэн өгнө. Харин нэг нэгэндээ болсон болоогүй бэлэг
өгдөг энэ жишгийг манайхан эвд­сэн юм. Хамаатан садан­гуудаараа нийлж бай­гаад
нэгнийдээ хэрэгтэй юмыг нь авч өгдөг болж билээ.

 

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Г.Жаргалсайхан: МИАТ сайн ажиллах боломжтой. Харин улс төр орох хэрэггүй

Монголын иргэний агаа­рын тээвэр (МИАТ) хувь­цаат компанийн
гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан­тай ярилцлаа.

 

-Өмнөх жилүүдэд олон тэрбумын алдагдалтай ажил­лаж байсан
МИАТ ком­пани 2013 онд шинэ онгоц худалдан авлаа. Өнгөрсөн онд 2.3 тэрбум
төгрөгийн ашигтай ажиллалаа гэж бай­на. Танай компанийг хүнд байдлаасаа гарсан
гэж хэлж болох уу?

-Сүүлийн хэдэн жил МИАТ компани 3-5 тэрбум төгрөгийн
алдагдалтай ажил­лаж байсан юм. Өнгөрсөн жил бид энэ байдалдаа дүг­нэлт хийсэн.
Ингээд орлогоо нэмэгдүүлж, зардлаа буу­руу­лах бодлого баримталж 2.3 тэрбум
төгрөгийн ашигтай ажиллалаа. Агаарын тээв­рийн салбар бол эрсдэлтэй. Тиймээс
хүнд байдлаасаа гарсан гэж хэлэхэд дэндүү эрт байна. Одоо ч хүнд байдалд
байгаа.

-Орлогоо нэмэгдүүлэх тал дээр ямар ажлуудыг хийсэн бэ?

-Бид орлого нэмэгдүүлэх олон ажил хийсэн л дээ. Тухайлбал,
“2020 он хүртэл Иргэний агаарын тээврийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-т хил
орчмын бүсүүдэд нислэг үйлдэнэ гэж тусгасан байгаа. Энэ дагуу Эрээн хот руу
шууд нислэг хийлээ. Хятадын Иргэний нисэхийн газар Эрээн хотын нисэх буудалд
олон улсын статусыг түр хугацаанд өгсөн л дөө. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын
7-ноос арваннэгдүгээр сарыг дуустал нислэг үйлд­сэн. Бас түүхэндээ анх удаа
өөрийн онгоцоо бусдад “ной­тон” түрээсээр түрээслүүлсэн. Бангладешийн “Biman
Bang­la­desh Airlines” компанитай гэрээ хийсний үндсэн дээр тендерт ялж, Боинг
767-300 хуучин онгоцоо давхар түрээс­лүүлсэн юм. Манай техник үйлчилгээ, газрын
үйлчилгээ болон агаарын худалдаанаас олох орлого хэдийгээр багахан ч гэсэн бид
аль болох нэмэгдүүлэх тал дээр ажилласан. Үүнд ЕХУ-ын Иргэний нисэхийн бай­гуул­лагаас
хийсэн аудитаар амжилттай дүн үзүүлж EASA-аас Part-145 эрхийн хүрээнд
гүйцэтгэдэг зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний ажлын цар хүрээгээ өргөжүүлж чад­лаа.
Үүний үр дүнд хилийн чинадад 300 мянгаас нэг сая ам.долларын өртөгтэй гүй­цэт­­гэдэг
онгоцны техник үйл­чил­гээний ажлыг өөрсдөө хийж зардлаа бууруулах боломж
бүрдсэн. Түүнчлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын далайн чанад
дахь бүс болох Бер­мудын арлын Иргэний нисэ­хийн газрын Part-145 гэдэг
гэрчилгээ авсан. ОХУ-ын ихэнх онгоц Бермудын арлуу­дад бүртгэлтэй байдаг. Тий­мээс
дээрх эрхийн хүрээнд ОХУ-ын 18 агаарын тээвэр­лэгчийн 89 онгоцонд техник үйлчилгээ
хийх шинэ зах зээл нээгдэж байгаа юм. Бид БНСУ-ын авиа компанийн агаарын
хөлгийн дугуйн зас­вар үйлчилгээг хийгээд эхэл­чихлээ. 500 мянгаас нэг сая
гаруй ам.долларын хүнд хэл­бэ­рийн засварын ажлын гэрээ хийгээд явж байна. Мөн
агаарын худалдааг Хонкон­гийн нэг компанитай хамтран хийж эхэлснээр 120-130 сая
ам.долларын орлого оллоо. Дээрээс нь бид газрын үйл­чил­гээгээ улам сайжруулах
үндсэн дээр 2-3 тэрбум төг­рө­гийн орлоготой ажиллалаа.

-МИАТ компани зардлаа хэмнэхийн тулд олон хүнийг цомхотголоо
гэх мэдээлэл гарч байсан. Ер нь яг ямар хэлбэрээр зардлаа бууруулав?

-Бүтцийн өөрчлөлт хэрэг­жүүлс­нээр 2,3 тэрбум төгрөг
хэмнэсэн, давхардсан орон тоогоо арилгасан. Ялангуяа гадаадын төлөөлөгчийн газ­рын
орон тоог зоригтой буу­руул­сан. Гадаад улс оронд манай төлөөлөгчөөр 33 хүн
ажилладаг байсныг 23 бол­гож гуравны нэгээр цөөрүүл­сэн. Мөн бусад орон тоогоо
нэгтгэж, нийтдээ 30 гаруй хүнийг цомхотголоо. Өнгөр­сөн онд шинэчилсэн цалин­гийн
сүлжээтэй болгосон. Манай компанийн нийт зард­лын 33 хувийг түлш эзэлдэг. Бид
түлшээ ганц эх үүсвэрээс буюу ОХУ-аас авдаг байсан. Харин 2013 онд өөр эх үүс­вэр­тэй
болж, хил дээрээс түлшээ авч байна. Ингэснээр нэг тн тутам дахь үнийг 200
ам.доллараар бууруулж, 3-4 тэрбум төгрөг хэмнэж чадлаа.  Энэ онд багтаад Засгийн газар болон Зам
тээврийн яамнаас онгоцны түлшийг онцгой албан татвараас чөлөө­лүүлэх тал дээр
бодло­го шийдвэр гаргахаар ажил­лаж байна. Зардлаа хэмнэ­сэн бас нэг том ажил
бол түрээсэлж байсан 737-800 онгоцоо хугацаанаас нь дөр­вөн сарын өмнө буцааж
чад­лаа. Ингэснээр нэг сая ам.доллар хэмнэсэн.

-МИАТ компани өнөөдөр 100 хувь төрийн өмчид бай­гаа. МИАТ-ийг
хувьчлах асуудал өнгөрсөн онд нэлээд яригдаж байгаад тэгсгээд намжсан. Тэгтэл
танайхыг Хятадын зах зээлд хувьцаагаа бор­луулж эхэллээ гэх мэдээ­лэл тархлаа.
Энэ үнэн үү?

-МИАТ компанийн 51 хувийг төр мэдэлдээ байлгаж, үлдсэн 49
хувийг өмчилж болно гэсэн шийдвэр УИХ-аас гаргасан. Гэхдээ 49 хувийг нь хувьцаа
хэлбэрээр борлуулах, зарах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй. МИАТ 100 хувь
төрийн өмчид хэвээр байгаа. Тэрхүү 49 хувийг хувьчилж болно гэсэн шийдвэртэй
уялдуулж, МИАТ-ийн хувьцааг Хятадын зах зээлд борлуулж байгаа гэх мэдээлэл
зарим хэвлэлээр гарсан байсан л даа. Энэ тухай гадаадын хэвлэлүүд ч биднээс
асууж тодруулж бай­сан. Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн хувьцаа гаргах ямар
нэгэн шийдвэр гаргаагүй, тэр бол ташаа мэдээлэл. Харин бид 2014 оны эдийн
засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшиндээ тулгуурлан компанийнхаа үнэлгээг
хийлгэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь цаашид зээл авах болон компанийн
хувьцаа гаргахад хэрэгтэй л дээ.

-Төрийн өмчит компани хэрхэн хяналт, замбараа­гүй байдгийг
МИАТ-ийн өм­нөх удирдлагуудын хэрэг бэлээхэн харуулсан. Тэгэ­хээр МИАТ-ийг
хувьч­лах нь зүйтэй юм биш үү. Та болон танай байгууллагын ажилт­нууд энэ
асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Аливаа зүйл хоёр талтай шүү дээ. МИАТ-ийг хувьчлах нь сайн
гэж үзэх хүн олон байгаа байх. Гэхдээ хувьчил­сан ч сайн муу гэсэн хоёр талтай.
Хувьчлаагүй байсан ч ялгаагүй. Манай улс далайд гарцгүй, хоёр том гүрний дунд
оршдог болохоор агаарын тээвэр төрдөө байх нь зүйтэй гэсэн стратегийн бодлого
бий. Тиймээс 51 хувь нь төрд байж, үлдсэнийг нь хувьчилж болох шийдвэр гарсан
байх. Тэгтэл тэр 49 хувийг хувьч­лах­гүй бол төрийн компани муу ажиллаж, идэж
уудаг гэх яриа байдаг. МИАТ төрийн мэдэлд байгаад сайн ажиллах бо­ломж бий.
Гагцхүү компанийн үйл ажиллагаанд улс төр л орох хэрэггүй. Хамгийн гол нь
хоноцын сэтгэлээр хандахгүй байх ёстой. Ер нь МИАТ-ийг хувьчлах тухайд,
тодорхой хувийг нь компанийн ажилт­нуу­дад нь өгөөсэй гэсэн бодол тээж явдаг.
Олон улсын бусад авиа компаниудад ийм жишиг бий. Ажилчдад тодор­хой хувийг нь
өгчихвөл тэд өөрсдийнхөө хөрөнгөнд чин сэтгэлээсээ хандаж, хоноцын авир
гаргахгүй шүү дээ. Агаа­рын тээвэр бол эрсдэлтэй салбар. Тиймээс 100 хувь
хувьчлаад амжилтад хүрээ­гүй жишээ олон бий. Социа­лиз­мын үеийн Болгарын “Бал­­кан”
гэдэг компани хувьч­лагдаж Израилийн нэг хүнд очоод дампуурсан түүхтэй. 

-МИАТ орон нутгийн нис­лэгийг голоод олон улсын монополь
эрхтэй байна гэж бусад авиа компаниуд шүүм­жилдэг л дээ. Олон улсын хоёр гол чиглэл
болох Сөүл, Бээжингийн нислэгт дотоодынхоо ком­па­нийг оруулж болдоггүй юм уу?

-Хувийн авиа компаниас илүү эрх дарх эдэлсэн юм бидэнд огт
байхгүй. Бид өнөөдөр төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Эндүү ташаа ойл­голт яваад
байдаг. Өнөөдөр үндэсний агаарын тээвэрлэг­чид нэг нэгэнтэйгээ нягтарч ажиллах
ёстой. МИАТ яагаад  олон улсын хоёр гол
нислэ­гийг авч байна вэ. Яагаад тийшээ хувийн хэвшлийнх­нийг оруулахгүй байна
вэ гэхээр цэвэр өрсөлдөөний асуудал байгаа юм. Өрсөл­дөөнд зах зээлийн дэвсгэр
суурь байх ёстой. Жишээл­бэл, Сөүлийн чиглэлд МИАТ-ийн гол өрсөлдөгч “КАЛ” бай­на.
Өнөөдөр энэ чиглэл рүү манайхаас “Хүннү эйр”, “Аэро монголиа” ч юм уу нэг авиа
компанийг тавихад цаанаас “АSIANA” гээд том компани орж ирнэ. “КАЛ”, “АSIANA”
хоёр өнөөдөр дэл­хийд данстай. МИАТ бол олон улсын тавцанд нэрээ дуурс­гах гэж
ядаж байгаа компани. Энэ зах зээлд гарвал эхний хоёр жилд хэн нь тэсч үлдэх үү
гэдгийг хувийн авиа ком­па­нийнхан сайн мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ МИАТ-тэй
өрсөл­дөнө гэдэг. Энэ бол бидэнтэй өрсөлдөх биш “КАЛ”, “АSIANA”-тай яаж өрсөл­дөх
тухайд тунгааж, бойжиж байх ёстой. МИАТ арайхийн бойжиж ядаж бай­хад дахиад нэг
компани ороод ирвэл нөгөө хоёр том акул тарифийнхаа үнийг хямд­руул­на.
Тэгэхээр манайх ч ялгаагүй хямдруулах болно. Ингэхээр ганц ашигтай чиглэл маань
алдагдалтай ажил­лаад ирнэ шүү дээ. Тэгэхээр төрөөс татаас авч байж тор­гоо­но.
Энэ тохиолдолд бол­гоомж­той хандах ёстой л доо. Үүнээс сэргийлж УИХ-аас
стратегийн бодлого гарсан юм. Шинэ чигэлэл бүрт тухайн компани ашиг олно гэвэл
худлаа. Нэг талаас олон компани гарч ирвэл тариф нь багасч, үйлчлүүлэгчдийн сон­голт
нэмэгдэх ч алдагдалтай. Төр дэмжлэг үзүүлэх тал дээ­рээ бодлогоор дэмждэгийг
олон улсын бусад авиа ком­па­ниудаас харж болно. Тэр­нээс МИАТ-ийг монополь­доод
дэмжээд байгаа юм биш. Жишээлбэл, Туркийн “Туркиш Эйрлайн”, Энэтхэгийн “Эйр
Индия” компаниудыг Засгийн газар нь дэмжиж байна. “Кал”-ын ерөнхийлөгч надтай
уулзахдаа “Манайх Дели рүү нисдэггүй. Бусад хот руу нь нисдэг” гэж байсан.
Өрсөл­дөгч­дөө боломж гаргахгүй байгаа нь тэр. Харин манай МИАТ-ийг Дели рүү
нисэхийг зөвшөөрдөг. Учир нь манайх “Кал” шиг “Айр Индия”-тай өрсөлдөхүйц том
компани биш болохоор.

-Танайх одоо хичнээн чиглэлд шууд нислэгтэй байгаа билээ.
Шинэ чиглэл нээх үү?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн онгоцоор найман чиглэлд шууд
нислэг хийж байна. Энэ онд Германы Франкфурт руу шинэ чиглэл­тэй болохоор
төлөвлөж бай­гаа. Бидний өөр нэг том зорил­­го болох үйлчилгээгээ олон улсын
хэмжээнд хүргэ­хээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. МИАТ 2013 онд
үйлчилгээний гурван од авлаа. Бид одоо үүнийгээ улам ахиулах хэрэгтэй. Манай
компанийн аюулгүй байдлын ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

-МИАТ компани аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллаж байна.
Сүүлийн үед ослын буулт хийлээ гэх мэдээллүүд дуулдах боллоо?

-Манай компани нислэ­гийн аюулгүй байдалд бүх анхаарлаа
хандуулан ажил­ла­даг.  Иргэний агаарын
тээв­рийн байгууллагуудын хол­боо­ноос хоёр жил тутамд олон улсад нислэг үйлдэж
байгаа авиа компаниудыг шалгадаг л даа. Өнгөрсөн есдүгээр сард МИАТ ХК ээл­жит
шалгалтдаа орсон. Бүтэц, нислэг, техник бүхээ­гийн үйл ажиллагаа, газрын үйл
ажиллагаа, аюулгүй ажил­лагаа гээд стандартын нийтдээ 953 асуулга байдаг. Бид
100 хувийн үнэлгээ авсан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын НААХЗГ-гаас бас
шалгадаг. Энэ шалгал­таар ч бас ямар нэгэн зөрчил доголдол гараагүй, үйл ажил­лагаа
маань хэвийн үргэл­жилж байна.

-Энэ сарын 5-нд Хонкон­гоос буусан онгоцны дугуй­ны хаймар
мултарч, аюул­гүй ажиллагааны зөрчил гарсан тухай мэдээлэл байсан л даа…

-Нэгдүгээр сарын 5-нд Хонконгоос ирсэн онгоц маань Буянт-Ухаад
буусан. Нислэгийн дараахь үзлэгээр дотор талын дугуйны эхний үеийн хаймар
тасарсан байс­ныг илрүүлсэн. Энэ тухай НАХЗА болон аудитынхан­даа мэдэгдсэн.
Тэд дугуйны гэмтлийг үйлдвэрлэлийн дута­г­дал байна гэсэн дүгнэл­тэд хүрсэн.
Дугуй бол хагар­даг, гэмтдэг, пакришикнууд нь гэмтдэг тохиолдол гардаг л даа.
Эйрдром болон нисэх бүрэлдэхүүнээс шалтгаалаад 
тоормозоо хүчтэй гишгэснээс дугуй зүсэгдэх гэх мэт элэгдэл гардаг. Энэ
бүгд нислэгийн дараахь үзлэгээр илэрч 
арга хэмжээ авдаг.

-Дугуйны энэ гэмтэл онгоц буухад зорчигч болон нисэх
бүрэлдэхүүнд мэдэгд­сэн юм уу?

-Ямар нэгэн зүйл мэдэг­дээ­гүй. Онгоц хуваарийнхаа дагуу
буудгаараа буусан. Хонконгоос нисэхэд манай нисэх бүрэлдэхүүн болон Хонконгийн
техник үйлчил­гээний газар тогтмол үзлэг хийдэг. Тухайн үед дугуйнд ямар нэгэн
асуудал байгаа­гүй. Харин хөөрөхөд үүссэн ч байж болзошгүй гэсэн таамаг байгаа.

-Урьд нь ийм явдал тохиолдож байв уу?

-Одоогоос хэдэн жилийн өмнө А310 гэдэг онгоцон дээр тохиолдож
байсан юм. Тэр үед мөн л үйлдвэрийн дутаг­дал байсан. Ийм зүйл бусад авиа
компаниудад тохиолд­дог л доо.

-Танайх онгоцныхоо дугуйг хаанаас авдаг юм бэ?

Бид онгоцны дугуй үйлд­вэр­лэгч “Bridgestone”, “Dunlop”,
“Goodyear” компа­ниас дугуй авдаг. Дэлхийн хэмжээнд онгоцны дугуй үйлд­вэрлэдэг
дөрөв, тавхан газар бий. А310-ийн дугуйг өөр компаниас авч байгаад больсон юм.
Тэгээд энэ гур­ван газраас авдаг болсон. Саяын дугуй тавдугаар сард
үйлдвэрээсээ гарч, бид арав­дугаар сард худалдаж авсан. 

-Тэгэхээр удаагүй дугуй байсан байх нь ээ. Ер нь онгоцны
дугуй үйлдвэрлэг­чид ямар баталгаа өгдөг юм бэ?

-Шинэ дугуй маань гурав дахь нислэг дээрээ эхний резин нь
тасарсан л даа. Үйлдвэртэй нь холбоо тогтоо­сон байгаа. Бид Европын холбоонд
мэдэгдээд, шин­жил­гээнд орсон дүгнэлттэй нь буцаасан Онгоцны дугуйг дунджаар
300 суулт хийгээд сольдог юм. Харин энэ дугуй маань зургаа дахь буулт дээрээ
резин нь тасарсан. 

-МИАТ компанийг онго­цоо зогсоол дээрээс нь асаа­г­аад
хөдөлдөг гэх шүүмж байдаг юм билээ. Энэ нь аюулгүй ажиллагаа­ны дүрэм зөрчсөн
үйлдэл юм биш үү?

-Бид ганц өдөр ч биш арав гаруй хоног зогсоол дээрээ­сээ
асаагаад явж  байсан. Онгоцыг асаах,
агааржуулах үүрэгтэй цахилгаан өгдөг туслах хөдөлгүүр гэж бий. Тэр туслах
хөдөлгүүр нь техни­кийн гэмтэл гараад, засуулах хооронд зогсоол дээрээс асаа­­даг
юм. Дутагдалтай онго­­цоор нислэг үйлдэж бол­дог. Тэрийг бид мэйлээрээ нисэх
гэдэг. Үүнийг иргэний нисэх болон олон улсын үйлд­­вэрийнхэн баталгаа­жуул­сан
байдаг юм. Тэгэхээр онгоцыг застлаа 24 цагаас нэг сар хүртэл зогсоол дээрээс
асаагаад нисч болно гэсэн заалт байдаг. Хоолойн дээрээс ч асаадаг. Ийм маягаар
эндээс болон Бээ­жин­гээс асаагаад ирж бай­гаа. Энд дүрэм журам зөрч­сөн юм
байхгүй. Гэтэл зарим хэвлэлийнхэн эндүү ташаа мэдээлэл өгч, иргэдийн итгэ­лийг
алдагдуулж байна. Бид гарсан зөрчил дутагдлаа нуух гэсэн юм биш. Харин зөв
мэдээлэл өгөх хэрэгтэй. Харин ч ИНЕГ-ынхан асууд­лыг түргэн шуурхай шийдэж
өгдөг. Энэ ч аль аль талдаа нийцтэй л дээ.

 

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

З.Болдбаатар: Зэвсэгт хүчинд эдийн засгийн үр ашигтай, зөв менежмент хэрэгтэй. Үүнийг бид хийх болно

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,
хошууч генерал     З.Болдбаатартай цаг
үеийн зэвсэгт хүчний асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үеийн хамгийн сай­хан мэдээ гэвэл
Афганистанд энхийг сахиулж байгаа орон орны цэргүүдээс монголчууд авхаалж
самбаа, хурд хүч, тэс­вэр тэвчээрээрээ онцгой ялгар­сан бай­на. Бүр олон улсын
цэргүүд “Монголчууд цусандаа дайчин, шантаршгүй хүмүүс юм. Биширч байна” гэсэн
байна лээ. Та сонс­сон биз?

-Тиймээ, энэ талаар сонсож цэрэг
дайчдаараа үнэхээр бахарх­сан. Манай Зэвсэгт хүчний цэргүүд Афганистан Улсад
АНУ-ын тэр­гүүл­сэн “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд цэргийн нэг рот, Кабул
хотын эвслийн цэргийн “Эггерс” баазын аюулгүй байдлыг хангах, НАТО-гийн цэргийн
“Аюул­гүй байдлыг дэмжих” олон улсын хүчний ажиллагаанд нэг рот, “Мазари-е
Шариф” хотод байрлах “Мармал” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргүүдийг
амжилт­тай гүйцэтгэж байна. Мөн Кабул хотын олон улсын нисэх буудал дахь “Каяа”
баазын нисэх зурвас, нислэ­гийн аюулгүй байдлыг ханга­хаар 1 салаа үүрэг
гүйцэтгэж байна даа. Афганистан Улсад эвслийн цэр­гийн хүчний нийт 8000 цэргийн
алба хаагч байрлаж байгаа юм. “Эггерс” баазын олон улсын цэр­гийн багуудын дунд
хурд хүч, авхаалж самбаа сорьсон тэмцээн болж манай цэрэг дайчид маань
амжилттай оролцож эхний байруу­дыг нь эзэлсэн юм. Энэ нь манай дайчдын маань
сургалт бэлтгэл сайн, сэтгэлзүй тогтвортой байгаа­гийн нэг том үзүүлэлт юм.
Үүнийг бусад улс орны цэргийнхэн өнд­рөөр үнэлсэн байсан.

-Шинэчлэлийн Засгийн газ­рын зүгээс
батлан хамгаалах салбарт нэлээд их өөрчлөлт шинэчлэлийг явуулж байх шиг байна.
Та салбарын Төрийн нарийн бичгийн даргаар 
ирээд багагүй хугацаа өнгөрч. Өөрч­лөлт шинэчлэлт хэр өрнөж байна даа.
Өөрчлөлт шинэчлэл хий­хэд армийнхны хүлээж авах сэтгэл зүй хэр байх юм. Мэдээж
шүүмжлэл дагуулж таарна?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн
хөтөлбөрт батлан хамгаа­лах салбарт шинэчлэлт өөрчлөлт хийх талаар 7 том зорилт
дэвшүүл­сэн байгаа. Бид эдгээрийг хэрэг­жүү­лэх ажлаа салбарын эрх зүйн орчныг
төгөлдөржүүлэхээс эхэл­сэн. Үндсэндээ “Монгол Улсын төрийн батлан хамгаалах
бодло­гын үзэл баримтлал”, Батлан хам­гаа­лах тухай болон Зэвсэгт хүчний тухай
хуулиуд, Иргэний цэргийн үүргийн тухай болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн
байдлын тухай хуулиудаа төсөл хэлбэрээр бэлэн болгож, сайдын зөвлөлөөр
хэлэлцээд дараагийн шатны хэлэл­цүүлэгт оруулахаар бэлтгээд байна.

Батлан хамгаалах гадаад хам­тын
ажиллагаанд ахиц дэвшил гарч, цэрэг-техникийн талаар хам­тарч ажилладаг улс
орнуудын тоо нэмэгдэж, БНХАУ, Беларусь, Польш гэсэн улсуудтай батлан хамгаалах
чиглэлээр нэлээд өргөн хүрээтэй ажиллах боломж бүрд­лээ.

Цэргийн алба хаагчдын нийг­мийн
хамгаалалд онцгой анхаарч “Цэргийн орон сууц”, хөдөөгийн анги, салбаруудад
“Албан тушаа­лын орон сууц” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд явж байна.
Цэргийн алба хаагчдын цолны цалинг нэмэгдүүлэх талаар судал­гаа гарган ажиллаж
Засгийн газ­раар хэлэлцүүлэхээр бэлэн болго­чи­хоод байна.

Иргэний байгууллагуудын нийг­­­­мийн
хамгаалал, хөдөлмө­рийн хуулиудад цэргийн анги, байгууллагуудад ажиллаж байгаа
энгийн иргэдийн нийгмийн хамгаа­лал, эрх зүйн байдал нөхөн төлбө­рийн
асуудлуудыг тусгайлан нэмэл­­­тээр тусгахаар санал боловс­­­руулж ажиллалаа.

Одоо бид цэргийн алба хаагч­дын
хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа, тооцоо хийн, санал
боловсруулан ажиллаж, ирэх онд шийдвэр­лүүлэ­хээр төлөвлөж байна.

-Монгол Улс зэвсэгт хүчний­хээ
техникийн шинэчлэлд ингэ­хэд хэр анхаарал хандуулдаг юм бол? 

-Зэвсэгт хүчний зэвсэглэл техни­кийг
үе шаттайгаар сэргээн сайж­руу­лах, шинэчлэх талаар урт хуга­цааны 15 жилийн
хөтөлбөр боловс­­­руулж бэлэн болгосон. Удах­­­гүй энэ асуудлыг Үндэсний
аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийднэ.

Манай цэргийнхэн өөрчлөлт,
шинэчлэлтийг хүлээж авах сэтгэл­зүй маш сайн, ихэнх хувь нь дэмж­дэг. Харин
зарим нэг шат дамжлага удирдах албан тушаалтан удаан хойрго, байгууллагын амбиц
талаа­­­саа хуучинсаг хандлагатай байна. Харин бидний хийх шинэч­лэ­лийн
бодлогод Ерөнхийлөгчийн санаачлан хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний
чуулганы бодлого шийдвэр урам зориг өгч, боломж олголоо.

Бид энэ салбарт батлан хам­гаа­лах
нэгдмэл бодлого явуулах, цэргийн хүчний нэгдсэн удирдлага, үйл ажиллагааны
төлөвлөлтүүдийг бүрдүүлэх, захиргааны нүсэр бүт­цийг халж, цэргийн мэргэжлийн
үндсэн анги салбар, бэлэн байдал руу хандсан тогтолцоог зөв бүрдүү­лэх, эдийн
засгийн үрэлгэн байдлыг таслан зогсоох, улс орны аюулгүй байдлын тулгамдсан
асуудлуудыг нэгдмэл зөв тогтолцоогоор шийд­дэг арга барилд шилжих, байгуул­ла­га
албан тушаалтнуудын амбиц, эрх дархыг улс орны аюулгүй байдлын эрх ашгаар солих
зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоонд
үндэслэсэн зөв менеж­мент хэрэгтэй болжээ гэсэн үг. Үүнийг бид хийх болно.

-Хамгийн гол нь цэргүүд бүтээн
байгуулалтад оролцдог боллоо. Саяхан “Асгат” чиглэлд бетон гүүр, хайрган
хучилттай авто замыг цэрэг дайчид барь­сан байх аа?

-Тиймээ. Засгийн газраас “Мон­гол
цэрэг-бүтээн байгуулалт” хөтөл­бөр батлан гаргаж хэрэг­жүүлж эхлээд байна. Энэ
хөтөлбө­рийн маань үндсэн агуулга, зорилго нь залуучуудыг цэргийн алба хаах
хугацаанд амьдралд нь хэрэгтэй мэргэжилд сургах, ажил хийж сур­гах, стратегийн
бүтээн байгуулал­танд Монголчуудыг оролцуулах, үүгээр дамжуулан зөв хүмүүжил,
төлөвшил олгох явдал юм. Энэ онд “Асгат”-ын чиглэлд бүтээн байгуу­лалт, “Орон
сууц” хөтөлбөрүүдэд оролцлоо. 300 гаруй цэргийн алба хаагчдад алба хаах
хугацаанд нь мэргэжил эзэмшүүллээ. Энэ ажил маань үр дүнгээ өгч эхэлж байна,
ирэх жил улам эрчимжүүлнэ. Энэ нэг жилийн хугацаанд эрх зүйн зохицуулалт хийх
олон талын асуудал байгааг олж харж, сургамж авлаа. Удахгүй бид Ерөнхийлөг­чийн
санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой
өргөн хүрээ­тэй том ажил болно гэж үзэж байна. 

-Манай улс энхийг сахиулах ажиллагаанд
оролцоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар ямар улсуудад хэч­нээн
залуус энхийг сахиулах ажилла­гаанд оролцсон байна. Энэ ажил­ла­гаа цаашид
үргэлж­лэх үү. Одоо бол зөвхөн Судан, Афганистан хоёрт л үүрэг гүй­цэт­гэж
байна уу?

-Манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид
олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 11 жил болж байна. Нийтдээ 10
мянга орчим цэргийн алба хаагч оролцсон байна. Урьд өмнө нь Сьерра Леон, Бүгд
Найрамдах Ардчилсан Конго, Косово, Чад, Гүрж, Ирак, Баруун Сахар, Афга­нис­тан,
Судан, Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэ­сэн. Одоо Судан, Өмнөд
Судан, Афганистан, Бүгд Найрам­дах Ардчилсан Конго, Баруун Сахар гэсэн улсуудад
1300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэт­гэж байна. Олон улсын цэргийн
ажиллагаа НҮБ-аас их хамаарал­тай байдаг. Манайхан цаашдаа Өмнөд Суданд үүрэг
гүйцэтгэх асуудал нилээд үргэлжлэх төлөвтэй байна. Монголчууд цэргийн эмнэлэг,
цэр­гийн инженер, цэргийн сургалт, барилга инженерийн чиглэлээр сэргээн босгох
тогтворжуулах ажил­ла­­гаануудад оролцох чиглэл­тэй байна. Гэхдээ энэ нь тухайн
улс орны нөхцөл байдал, аюулын эрсдэл, цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг.

-Миний сонссоноор энхийг сахиулах
ажиллагаанд энгийн албан хаагч гэхээс мэргэшсэн албан хаагчийг явуулах болсон
шүү дээ. Бүр “Элит”-ийн 150, Дарханы 330 дугаар анги гэхчи­лэн гурван ангийн
мэргэшсэн албан хаагчдыг явуулах гэсэн үү. Энэ нь аюулгүй байдал, мэр­гэш­сэн
байдлаа бодвол сайн ч бусад албан хаагчдад жаахан гомдолтой юм биш үү. Армийн
залуус бүгд энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг хүсдэг шүү дээ?

-Таны ярьсан Зэвсэгт хүчний 150, 330
дугаар ангиуд нь мэргэж­лийн мото буудлагын тусгай батальонууд бөгөөд энхийг
дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэл­дэ­хүү­нийг энэ бааз дээр тулгуур­лан
бэлтгэж явуулдаг. Энэ нь заа­вал энэ ангиас явна  гэсэн үг биш юм шүү. 40 хүртэлх насны цэргийн
алба хаагчид энхийг дэмжих ажил­ла­гаанд оролцох нь нээлттэй, бүгд сайн дурын
үндсэн дээр явдаг. Харин эрүүл мэнд, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн
төлөвшил, багаар ажиллах чадвар зэргийг тогтоосон шалгуурууд байдаг. Ер нь
цэргийн болсон хүн бүр энхийг дэмжих ажиллагаанд оролцох, бодит цагийн байдалд
мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах сонир­­хол­той
байдаг. Энэ нь хувь хүний цэргийн мэргэжлийн чадвар дээшлэхээс гадна Зэвсэгт
хүчний бэлэн байдал бэлтгэлжилт давхар байнга дээшилж байна гэсэн үг.

-Харин анги, нэгтгэлийн чадам­­­жийг
сайжруулах, орчин, нөхцөл бололцоо, техник хангам­жаар сайжруулахад хэрхэн
анхаарч байна?

-Өнөөдөр “Тогтвортой төрөөс ухаалаг
төр рүү” гэсэн ажлыг хэрэг­жүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний удирдах
байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг эргэн харж үзэх, Зэвсэгт хүчний анги,
нэгтгэлүү­дийн бүтэц, байлдах чадамж, гүй­цэт­гэх үүрэг, хариуцлагын бүсүү­дийг
дахин авч үзэх, ангиудын орон тоонд байгаа захиргааны болон туслах чанарын орон
тоонуудыг багасгах, гүйцэтгэх үндсэн үүрэг, байлдааны чадамжийг нэмэгдүү­лэх,
зэвсэглэл техникийг нь гүйцэт­гэх үүрэгтэй нь уялдуулан шинэч­лэх, сайжруулах,
зайлшгүй хэрэг­цээ шаардлага бий болоод байна. Зэвсэгт хүчний анги,
байгууллагуу­дын орчин нөхцөл амьдрах болом­жийг сайжруулах зорилгоор “Цэр­гийн
хотхон” төсөл хэрэгжүүлэх болно. Зэвсэгт хүчний ангиудын байршлыг бүсчилсэн
хотхон хэлбэ­рээр тохижуулж, бүсийн сургалтын төвүүдийг байгуулж, тэнд цэргийн­хэн,
онцгойгийнхон, дотоодын цэргийнхэн, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг
үүрэгтэй байгуул­лагуудын сургалт, дадлагыг хийдэг нэгдсэн тогтолцоог бий
болгож төсөв зардал хэмнэх хэрэг­тэй байна.

Анги нэгтгэлүүдийн түргэн байр­лах
чадвар, хөдөлгөөнт чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодло­го цаашдаа
баримтлах нь зүйтэй юм.

Манайх шиг жижиг орны хувьд тусгай
хүчин, тагнуулын байгуулла­гуудыг бэхжүүлж, мэргэжлийн чад­ва­рыг нь
нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

-Хоёулаа сэдвээсээ жаахан хазайя.  Та армид байлдагчаас генерал болтлоо дэвшин ажил­ла­жээ.
Та армийнхны дунд амжил­­тад хүрч болдгийн амьд жишээ байх. Өнгөрсөн үеийг  эргээд харахад ажлын төлөөх цаг хугацаа байна
биз. Байлдагч явсан үеэ дурсаач. Цэргийн цолны нэр хүндийн талаар юу гэж бодож
байна?

-Би 1978 оны цэрэг, 028 дугаар ангид
хугацаат цэргийн албаа хааж эхэлсэн. Дараагаар нь 033 дугаар анги, 029 дүгээр
ангид цэргийн алба хааж өнгөрүүлсэн. Байлдагч байхдаа дээд сургуулиас ирсэн
боловсролтой цэрэг байлаа. Тэгээд оросоор бага зэрэг ярьчихдаг болохоор 028
дугаар ангид алба хаалгасан. Тэнд Зөвлөлтийн мэргэ­жилт­нүүд цөөнгүй ажилладаг
бай­лаа. Жил бүр Оросын Чита хот руу явж пуужин­гийн буудлага хийдэг байсантай
холбоотой байсан байхаа.

Байлдагч байхдаа салааны орлогч, дэд
түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой байсан. Цэргийн цол бол нэр хүнд, хариуцлага,
турш­лага, дадлага чадварыг илэрхийл­сэн том шалгуур үзүүлэлт юм шүү дээ.
Цэргийн дунд офицерийн цолны хувьд дараагийн цолоо автал 3 жил, ахлах офицерийн
хувьд 4 жил байдаг нь одоогийн­хоор бол кол­леж, их дээд сургууль дүүргэх
хугацаатай дүйж байгаа юм. Хүн их, дээд сургуульд сурал­цах­даа ямар их зүйл
мэдэж, дадла­га чадвар олж авдаг билээ түүнтэй яг адил юм. Ийм учраас бид цэр­гийн
цолондоо хүндэтгэлтэй хан­даж түүнийгээ ний­гэмд бүхий л талаараа зөвөөр
илэрхийлж, ман­лайлж байх ёстой гэж үздэг.

Цэргийнхэн та бүхэндээ ирж буй шинэ
оны мэнд дэвшүүлж, аз жар­гал, сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлхийд Монголчууд,
Монгол үндэст­нийг цэргийнхэн л гаргаж таниулсан. Би үргэлж та бүхнээрээ
бахархдаг юм шүү цэрэг дайчид минь!

М.МӨНХЦЭЦЭГ