Categories
мэдээ цаг-үе

Төрийн өмчит 22 компанийг хувьчилна

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд төсвийг арвижуулж, улс оронд хөрөнгө татах хэд хэдэн даацтай хууль, тогтоолуудыг батлахаар болсон. Үүний нэг нь төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  уг төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. 

Төрийн өмчийг хувьчлах хийгээд хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг УИХ-аар батална. Тогтоолын төсөлд дурдсанаар нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, өөрчлөн байгуулах юм байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваажээ. Хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан байна. Юутай ч УИХ-аар хувьчлах 22 аж ахуй нэгжүүдийн нэрсийг сонирхуулъя.

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд

Дараахь 13 төрийн өмчит компанийг бүрэн хувьчлах юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа болон уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажээ. 

1.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

2.“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

3. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлт­тэй дуудлага худал­даагаар худалдах;

4. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

5. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал ха­риуц­лагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

6. “Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшил хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

7. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

8.  “Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

9. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

10. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах; 

11. “Эрчим” корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

12. “Армоно” корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах; 

13. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ингэж бууруулна

1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;

2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;

3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих;

4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;

7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;

8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;

9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

Төрийн өмчит нийт 32 аж ахуй нэгжийг хувьчилна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулинд зааснаар дээрх  22 аж ахуй нэгжийн 13-ыг нь бүрэн хувьчилж, есийнх нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах юм. Харин одоогоор нэрс нь эцэслэн албажаагүй байгаа төрийн өмчит арван компанийн бүтцийг өөрчлөх ажээ. Үүнийг Засгийн газар шийднэ.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Төр муу менежер гэсэн хөшигний ард хувийн компаниуд хөлжсөөр ирсэн


Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-“Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит 32 байгууллагыг хувьчилна гэж байна. Хувьд шилжих аж ахуйн нэгжүүдийг хэзээнээс зарлах вэ?

-Нийт 88 төрийн өмчит компани байгаа. Эдгээр компанийг дотор нь нийгмийн хариуцлагатай, төрийн эрх мэдлийг бууруулж хувьчлах, бүрэн хувьчлах гээд гурав ангилдаг. “Эрдэнэт” мэтийн хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологийн 10 гаруй нийгмийн хариуцлагатай компани бий. Төрийн эрх мэдлийг нь бууруулж хувьчлах 40 гаруй компани байгаа. Мөн арав гаруй компанийг 2014-2016 онд бүрэн хувьчилна. Эдгээр арван компани дээр нэмээд төрийн эрх мэдлийг бууруулах 20-иод компанийг нэмээд нийтдээ 32 аж ахуйн нэгжийг хувьчлах юм. Яг ямар компаниудыг хувьчлах тухай одоо яригдаж байгаа ч албажаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эцэслэн батлагдсаны дараа тодорхой болно. 

-МИАТ, Хөрөнгийн бирж зэргийг хувьчилна гэж дуулдсан. Тэгвэл төрийн эрх мэдлийг нь бууруулах 20 гаруй компанийн хэдэн хувийг нь хувьчлах юм бэ?

-Зуун хувь төрийн өмчит эдгээр байгууллагуудын төрийн эрх мэдлийг тодорхой хувиар бууруулах юм. Одоогоор 49 хувийг нь үндэсний компанидаа өгөхөөр ярьж байна. Бид МИАТ, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчилъя гэж байгаа. Нэлээд давуу эрхтэйгээр хувьд өгөх юм. 

-Хувьчлалын цаана хуудуутай явдал өрнөдөг гэж хүмүүс харддаг. Энэ ажлыг яаж зохион байгуулах вэ? 

-Шударгаар хэлэхэд бүх компаниудыг хувьчилж, идэж уух гээд байгаа юм шиг нийгэмд ойлгогдохыг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө хувьчлалын найман арга байдаг. Үүний нэг нь 1996 оноос явж ирсэн нээлттэй дуудлага худалдаа. Гэхдээ бүх компанийг дуудлага худалдаанд оруулахгүй. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг гол компаниудыг хувьцаа хэлбэрээр нээлттэйгээр хувьчилна. Ингэснээр тус компанийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжинэ, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэсэн үг. 

-Нээлттэй дуудлага худалдааг 30 хоногт зохион байгуулах хуультай. Одоо ямар компаниудыг хувьчлах нь тодорхой болоогүй байгаа энэ ажил Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт амжих уу?

-Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн 39.1 дүгээр заалтаар зарлан мэдээлэх шийдвэр гарснаас 30-аас доошгүй хоногийн дараа дуудлага худалдаа хэрэгжээд эхэлнэ. Тиймээс бид хугацааг нь нааш нь татах бодлоготой байгаа. Хуульд өөрчлөлт оруулж, 14 хоног болгох боломжийг судлаад хуулийн төсөл боловсруулсан байгаа.  Хэрэв энэ төсөл батлагдвал 14 хоногт дуудлага худалдааг зохион байгуулна. 

Мөн Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд ашиглагдахгүй байгаа агентлагуудын дэргэдэх амралт сувиллын газруудыг хувьчлалаас гадуур дуудлага худалдаагаар борлуулахаар судалгаа хийж байгаа.

-Төрийн өмчийн дуудлага худалдаанаас олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн. Үүнээс улсад хичнээн төгрөг оруулж ирэх төлөвлөгөө байгаа вэ?

-Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоосноос шалтгаална. Сувиллын газруудын хувьд хөндлөгийн аудитаар дуудлага худалдаа явагдана. Дуудлага худалдаа хэдий чинээ сайн явагдана. Төчнөөн хөрөнгө орж ирнэ гэсэн үг. 

-Нэлээд алдагдалтай ажилладаг, төр цааш нь аваад явах боломжгүй гэж үзсэн 32 компаниа хувьчлах гээд байна уу? 

-Менежмент муутай, алдагдалтай компаниуд байхын хувьд байгаа. Төр авч явж чадах юмаа авч явъя л даа. Харин хувийн хэвшлийнхэн менежмент сайтай болохоор тэр компаниуд төрд байснаас хувьд гарсан нь дээр. Төрийн өмчит оёдлын үйлдвэр хувийнханд очвол тэд түвэггүйхэн аваад явчихаж чадна. Бас тариурын үйлдвэр хувьд шилжвэл үйл ажиллагааг нь ахиулаад хөгжүүлэх боломжтой. Ер нь бол төрийн өмч байх түвшиндээ байх хэрэгтэй. Монголчууд төрийн өмчийг арвижуулж чадахгүйгээс болж ад үзээд байгаа. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрийн зүрх сэтгэлээр хандах юм бол хувийнхнаас илүү авч явах боломж ч бий.

-Гэхдээ төрийн компаниуд яаж дампуурдгийн жишээг Татварын ерөнхий газар, МИАТ-ийн өмнөх удирдлагууд нийгэмд сануулаад авсан. Ер нь цаашид төрийн өмчит 88 компанийг бүгдийг нь хувьчлах шаардлагатай юу?

-Нийгмийн хариуцлагатай компаниудыг ойрын хугацаанд хувьчлахгүй. Бид дэлхийн чиг хандлагыг харах ёстой. Бусад орнуудын жишигт 50-60 компани төрд байдаг юм байна. Тэгэхээр үндэсний хэмжээний төрийн өмчит компаниудыг төрүүлье л  дээ. Төрийн мэдэлд 100 хувь байна гэлтгүй, 20-30 хувь байж болно шүү дээ. 

-Төр хувийн хэвшил рүү дайрч байна гэх шүүмжлэл нэлээд дагуулдаг. Лениний музейгээс эхлээд хэд хэдэн өмчийг төр мэдэлдээ буцаагаад авчихлаа. Төр муу менежер байхын оронд  хувьчилсан нь дээр баймаар… 

-Дэлхийн чиг хандлагыг хараад байхад стратегийн ач холбогдолтой, үндэсний эрх ашиг хөндөгдөхөөр, аргагүй төрд байх ёстой үйлдвэрүүд төрд л байх ёстой. Гэхдээ энд төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь ямар байх уу гэдгээс тухайн байдлаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниа эдийн засгийн үр ашигтай авч явахын тулд нэмэлт хувьцаа гаргаж, хувьчилж болно. Төрийн эрх мэдлийг бууруулж болно. Дэлхий нийтийн чиг хандлага бол төр хувийн хэвшлийн түншлэл дээр тогтож байгаа. Хэрвээ төрийн компани хүнд байдалд орвол хувийн хэвшлийнхэн босгоод ашгаа ч олоод авдаг. Тэдэнд хувьчлах боломж нь байдаг бол хувьчилна. Эргүүлээд төрд өгөх тийм боломж нь бий. Энэ бол сонгодог жишээ. Манайд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ийм зүйл харагдлаа шүү дээ. Мөн үндэсний брэнд болсон том компаниуд хүнд байдалд ороход төр хөрөнгө оруулаад босгож, эдийн засаг сайжрахад буцаад тэр хөрөнгөө татаж авах боломж байгаа. Тэгэхээр төр хувийн хэвшлийн ийм нөхцөл байдал чухал. Ер нь бид төрийн өмчийг үзэн яддаг байдлаас болоод төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хулгайлах, эзэнгүйдүүлэх баяжих тогтолцоо бий болоод уджээ. Төрийн өмчийн компаниудыг аваад үзвэл нялхсын өвчин гэж томьёолоод байгаа. Төр муу менежер гэдэг хөшигний ард төрийн хөрөнгөн дээр хувийн компаниуд тоглож болдог гэсэн тогтолцоо яваад ирлээ. Тэгэхээр төрийн мөнгөөр зарласан тендерт хувийн компаниуд ороод байгаа шүү дээ. Тендерийн доод үнийн хязгаар тавихдаа хэд дахин өндөр тавиад хувийнханд тэр ашиг нь очиж байгаа. Төр тэр хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Эргээд нөгөө төрийн өмчийн компаниуд дампуурал руу орсоор ирсэн. 

-“Хангарьд” ордон зэрэг төрийн үйлчилгээний хэд хэдэн байрыг хувьчлах тухай яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

 -Тэр бол Нийслэлийн буюу орон нутгийн өмч. 

Төрийн өмчийн хороо оролцохгүй. Харин бид Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар арга зүйн зөвлөгөө өгөх л үүрэгтэй. 

-Төрийн өмчийн хороог татан буулгах ёстой гэх шүүмжлэлүүд байдаг л даа. Бусад орнуудын чиг хандлагаас харахад ийм байгууллага манайхыг бодвол нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё? 

-Төрийн өмчийн хороо бол Төрийн болон  Орон нутгийн тухай хуулийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Сүүлийн үед ардчилал хөгжсөн орнуудад байдаг л зарчим л даа. Үүнийг олон өнцгөөс нь харж тайлбарладаг. Зарим нь ч  хувьчлалын асуудал дууссан учраас энэ байгууллага татан буугдах ёстой гэж ярьж байгаа. Нөгөө хэсэг нь Төрийн өмчийн хороо байх нь зүйтэй гэж байна. Энэ бол ардчиллын зарчим. Хамгийн гол нь бид нэлээд судалгаатай, үндэстэй хандмаар байгаа юм. Төрийн өмчийн хороо гадаад  харилцаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд ажилласан. 2013 онд Америк, Япон, Сингапур, Солонгос, Герман, Канад гээд олон улсын төрийн өмчийн байгууллагуудыг судаллаа. Ер нь дэлхий дээр төрийн өмчийн байгууллагууд байдаг юм байна. Ингээд туршлагаас үзэхэд Франц улсын туршлага нэлээд эртнийх юм билээ. Өнгөрсөн жилээс Францтай харилцаагаа өргөжүүлээд явж байна. 

-Яагаад Франц улсыг сонгов?

-Тус улс анх 1825 онд өмчөө тоолсон юм билээ. 1960 онд бүх өмчөө хувьчилсан байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд баялаг туршлагатай улс гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнууд хувьчилсан төрийн өмчийн компаниудаа буцаагаад төрдөө авсан тохиолдлууд олон байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой компаниудаа төрд авахаас өөр замгүй. Бид өндөр хөгжилтэй орнуудын алдсан алдаануудыг давтах ёсгүй. Зарим УИХ-ын болон Засгийн газрын гишүүд төрийн өмчийн хороо ганцхан хувьчлал явуулдаг байгууллага шиг ярихаар татан буулгах ёстой юм шиг харагдах байх. Тэгэхээр манай олон чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага. Тухайлбал, Төрийн өмчийн хороо төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг институци болчихсон байгууллага. Мөн өмчийг актлах, бүртгэх, балансаас балансад шилжих гээд Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй хуулийн этгээдийн өмчийн хөдлөлийг хариуцаж байна. Энэ бол механикаар маш хэцүү хариуцлагатай ажил. 

-Төрийн өмчийн нийт хөрөнгийн хэмжээ хэд вэ. Байгууллагын өмчийг дөрвөн жил тутамд тоолдог бил үү? 

 -Тиймээ. Сүүлд 2012 онд төрийн өмчийг тоолсон. Нийтдээ 14 их наяд төгрөгийн өмч тоологдсон. 60 хүнтэй манай байгууллага төрийн хамгийн цомхон хэрнээ маш их ачаалалтай ажилладаг. Тиймээс хуулийн дагуу дотоод аудитын алба, хуулийн хэлтэстэй болмоор байна. Мөн хөгжлийн явцыг тодорхойлж байх инновацийн хөгжлийн алба байх ёстой.

-Нэг хэсэг нь ТӨХ-г татан буулгах хэрэгтэй гэж үзэж байхад харин та тэлэх ёстой гэх гээд байна уу даа. Ерөнхийлөгчийн төрийн данхар бүтцийг өөрчлөх санаачилгатай зөрчилдөх юм биш үү?

-Цаг үедээ тохирсон тэлэлтийг хийх хэрэгтэй. Тодорхой хэдэн алба, хэлтэс нэммээр байна. Надад тийм боломж байхгүй. Одоогийн нөхцөл байдалдаа тааруулаад яв гэж байгаа болохоор болгож л байна. Үнэндээ бүхэл бүтэн 2-3 хүний хийх ажлыг ганц хүн хийж байна. Тэгэхээр ямар ачаалалтай ажиллаж ямар үр дүн гарах билээ. Бас судалгаа хийж байж үр дүн гарна уу гэхээс нэг хүн дангаараа хийнэ гэдэг хүндрэлтэй. Засгийн газрын 147 дугаар тогтоол гарч, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Тэгэхээр дахиад бүтэц нэмнэ гэсэн ойлголт байхгүй, дотооддоо зохицуулах ёстой. Тиймээс бүхэл бүтэн ийм олон жилийн туршид институци болчихсон байгууллага хаа нэг байгууллагын газар хэлбэрт оруулбал, төрийн өмч эзэнгүйднэ, хяналтгүй болно. Тэгэхээр бид үүнд тун ухаалаг хандах хэрэгтэй. Бид хөөс хэлбэрээр биш, агуулга хэлбэрээр, тодруулбал, гэдэс дотрыг нь шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажиллаж байгаа юм бэ гэдгийг судлах ёстой. Энэ ажлыг өнгөрсөн жил хийсэн, үр дүн ч гарч байна. 2013 онд төрийн өмчит компаниуд 6-10 тэрбум төгрөгийн алдагдлаа бууруулж, нэг их наяд төгрөгийн хоорондын өр авлагаа барагдуулсан.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар ТӨХ алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нийгэмд зарласан байх аа?

-Өмнө нь хэзээ ч зарлаж байгаагүй алдагдалтай ажилладаг төрийн компаниудыг бид ил тод болгож зарласан. Ард түмний хяналт бий болгож байгаа юм. Төрийн өмчийн компаниудыг яагаад алдагдалтай ажилладгийг тэд соргогоор харж, шүүмжилнэ. Мөн агентлагууд дотроос ТӨХ анх удаа бүх гаргасан шийдвэр, тушаалуудаа олон нийтэд ил болгосон. ТӨХ захиргаа эрх зүйн шинэчлэл хийе гэж байгаа. Ингэснээр компаниуд захирлуудынхаа тушаалыг холбогдлох эрх зүйн баримт актуудыг санхүүгийнхээ тайланг, худалдан авалтынхаа бараа таваарыг ерөөсөө ил тод тавина. Хэрвээ манай энэ шинэчлэл рүү шилжвэл алдагдлаа бууруулна. Хариуцлагын тогтолцоог гаргаж ирж байгаа. Захиралтай нь ч, багтай нь ч хариуцлага тооцдог болно гэсэн үг. Хэрэв ажиллаж чадахгүй бол огцордог тогтолцоотой болбол үр дүнд хүрнэ. Гэхдээ тодорхой цаг хугацаа байх ёстой. Энд мэдээж улс төрчид төрийн дээд албан тушаалтнууд зориуд анхаармаар байгаа. 

-Ингэхэд төрийн өмчийн компаниудын уялдаа холбоо ямар байна вэ?

-Тун хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ харчихсан. Зөвхөн өөрсдийгөө л харна уу гэхээс тэр компанид юу болж байна, ямар ололт амжилт байна, тэндээс юу сурах вэ, юуг нь хийж чадахгүй байна гээд асуудлуудад анхаарахгүй байна. Энд нэг зүйлийг тодотгоё. “Эрдэнэт” үйлдвэрт жилдээ 20 мянган тн ган бөмбөлөг шаардлагатай. Гэтэл хажууханд нь “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр байхад гаднаас авдаг байсан. Ингээд энэ хоёр компанийн удирдлагуудыг уулзуулж, хамтран ажиллах асуудал тавихад ойлголцсон. Урд нь “Эрдэнэт” үйлдвэр манай хоёр хөршөөс ган бөмбөлөгийг хэн нэгэн нийлүүлдэг байсан гэсэн. Ингээд “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийснээр 20 мянган тн ган бөмбөлөгөөс дөрвөн сая ам.доллар хэмнэж байгаа юм “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр ч өвөл ажил нь зогсдог байсан бол өвөлжингөө ажилладаг болсон. Энэ бол ажлын уялдаа холбоо юм л даа. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагчдыг арай эртнээс мэдсэн бол…

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлынхан өчигдөр Бразил, Куба улсыг зорилоо. Тэд эдгээр улсад арав хоногийн хугацаатай айлчилж, туршлага судлах юм гэнэ. Нийтдээ 18 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын багийн талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнөөс цахим сувгаар өртөөлсөн. Энэ тухай жиргээчид ам уралдан бусдадаа ховлохын хажуугаар дор бүрнээ шүүмжлэл, бу¬химдлаа багтааж ядан овол¬зоцгооно. “Эдийн засаг хүндэрч, гаднаас валют орж ирэхгүй байхад төрийн албан хаагчид татвар төлөгчдийн  мөнгөөр гадаадаар аялж, зугаацаж мөнгө үрлээ” гэж хүмүүс бухимдаж байна. Үүнээс гадна тэднийг буруут¬гаж буй гол шалтгаан бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх нь гэсэн ол¬ны хардлага. Хэдхэн цагийн өмнө Бразилд нээлтээ хийсэн энэ тэмцээнд бөмбөрцгийнхөн бүхэлдээ анхаарлаа хандуулж байгаа цаг үетэй тэдний айлч¬лал давхацсан болохоор тэгж сэрдэх нь ч үндэслэлтэй биз. 

Хоёр улс дамнан туршлага судлах айлчлалын багийн бүрэлдэхүүнд НИТХ-ын дөр­вөн тэргүүлэгч, 14 төлөөлөгч багтжээ. Ардчилсан нам болон Ардын намынхан гэсэн. Тэднийг явах тухай мэдээлэл онлайнаар олон нийтэд тү¬гэ¬хэд ард хоцорч байгаа намын нөхдүүд нь өмөөрсөн мессэж тараав. “Манай намын тэр онгоцныхоо тийзийг буцаа­чихсан, явахаа больсон” гэх зэргээр бухимдагчдын санааг амраах янзтай тайл¬баруудыг жиргэх нь тэр. Үнэхээр эдийн засгаа хэмнэж ийм шийдвэр гаргасан бол харин ч эсрэгээрээ тэнэг алхам болно. Нэгэнт захиалаад худалдаад авчихсан онгоцны тийзийг буцаахад нэлээд хувийг нь суутгуулдаг. Хэрэв ингэж л буцаах байсан юм бол анхнаасаа захиалаагүй нь дээр байсан юм. Агаарт  дэмий мөнгө цацсанаас ялгаа юу байхав. 

Улсын маань эдийн засаг хотойж, нумарчихаад байхад гадаадад хөрөнгө оруулалт хийж, төрийн албан хаагчдыг бөөн бөөнөөр нь явуулж буй нь үнэхээр тансаг давилуун загнаж байгаагийн илрэл юм. Улс орны амьдрал туйлдаа хүрнэ үү, яана тэдэнд огт падгүй бололтой. Нэг хүний замын зардал гэхэд 13 сая төгрөг болж байгаа гэсэн. Тэгэхээр бүгдийнх нь 200 гаруй сая төгрөг болно. Энэ мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, ногоон байгууламж гээд л нийгэмд хэрэгтэй бүтээн байгуулалтууд өрнүүлж болох байлаа. Адаглаад л хөрөнгө мөнгөөр гачигдаж яваа жижиг дунд бизнес эрхлэгч хөл дээрээ зогсчих алтан боломж. 

Уг нь энэ 18 хүний аяллын маршрут аль сар гаруйн өмнө гарчихсан байж. Тавдугаар сарын 5-ны өдөр НИТХ-ын дарга Д.Баттулга явуулах хүмүүсийн нэрсийг жагсааж, тамгаа даржээ. Гэтэл бүх юм жин тан болоод, ачаа тээшээ баглачихсан хойно нь сошиал сүлжээгээр хичнээн бөмбөгдөөд ч үр дүнд хүр­сэнгүй. Энэ тухай эртнээс ил болгосон бол байдал өөрөөр ч эргэх байсан юм бил үү. Харин одоо нэгэнт оройтсон.  Хаашдаа л явна гэснээрээ төлөөлөгчид сайн яваад, ихийг сурч ирээд, эрдэм чадлаа хөрсөндөө буулгаарай гэж одоо бүгдээрээ ерөөцгөөе. Бразил, Кубад туршлага судлагчдыг баалж, гоолж, хичнээн харааж зүхлээ гээд нэмэргүй шүү дээ. Тэд зорьсон газартаа оччихсон болохоор, дэмий бухимдахын нэмэр, яршиг зүгээр. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Нас чацуу хүүхдүүдтэй нэг албаныхан

Нэг ангийнхныг нэг салбарт, тэр дундаа нэг анги болгон дахин нэгтгэж чадсан  газар бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги юм. Онцгой байдлын хурандаа Д.Чинзориг захирагчтай тус ангид оюутны ширээнд тохой нийлүүлэн сурч байсан онжавууд олон бий. Монгол Улсын хэмжээнд эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэдэг тус анги 200 гаруй аврагчтай. Тэдний ихэнх нь Батлан хамгаалахын болон Хууль сахиулах их сургуулийг төгсөөд ийшээ хуваарилагдсан байна. Зарим нь ч хүсэл сонирхлоороо аврагч болохоор уг ангийг зорин ирцгээж амьдралын гараагаа эхлүүлжээ. Аврах ангид ирсэн шинэхэн төгсөгчид шууд гамшгийн үйл ажилла­гаанд ханцуй шамлан орол­цоно гэвэл эндүүрэл. Тэд хамгийн түрүүнд сэт­гэл зүйн бэлтгэлтэй болох ёстой. Цаашлаад гамшгийн үед самбаатай ажиллах ур чадварыг эзэм­шихийн тулд сургалтад хам­рагддаг. Ингэж байж үер ус, газар хөдлөлт, галын аюул, нуранги гээд гамшгийн нөхцөлд ажиллах чадвартай жинхэнэ аврагчид болдог юм байна. Сургалтад хамрагдагсдад 2004 оноос хойш номын дуу зааж буй багш бол хурандаа Ц.Баттулга. Түүний хувьд “алтан шавь нар маань” гэж бахархдаг 20 гаруй шижигнэсэн залуу бий. Орон нутгийн болоод олон улсын хэмжээний аврах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон амжилтын эздийг “Нэг ангийнхан булан”-даа онцолж байна.  

 “Багшдаа нэг шавхуурдуулсан байхад долоо хоног нам шүү дээ”

Онцгой байдлын алба хаагчдын дунд зохион байгуулагддаг “Аврагч” тэмцээн 2006 оноос хойш тасалдаад байсан. Тэгвэл энэ уралдаан өчигдөр Тахилт дахь хээрийн сургуульд бол­сон юм. Тэнд орон нутгаас ирсэн алба хаагчид олон тө­рөлд өрсөлдөв. Энэ тэм­цээнийг Аврах тусгай анги удирдан зохион байгуулж, шүүгчээр оролцож байлаа. Урьд жилүүдэд зохиогдож байсан энэ тэмцээнд тус анги тэргүүлдэг байсан нь Ц.Батсүх багшийн дасгалжуулалттай шууд холбоотой гэж шавь нар нь ярилаа. Мөн тэд 2005, 2006 онуудад ОХУ-д зохион байгуулагдсан олон аврагчдын тэмцээнээс хоёр удаа алтан медальтай иржээ. “Аливаа тэмцээн уралдааны өмнө багш биднийг алтан медаль авах ёстой гэсэн шаардлага тавьж, маш их шахдаг байлаа.

Үүнээс нь халширч, багшаас зугтаах тохиолдол олон. Баригдчих юм бол багш хөөнө, өмнөхөөсөө ч илүү шавдуулж бэлтгэл улам сайн болдог сон” гэж аврагч Н.Хуягбаатар дурсан ярилаа. “Бэлтгэлээ таслах юм уу, залхуурвал багшдаа нэг шавхуурдуулахад долоо хоногтоо ёстой нэг номондоо орох шиг болно шүү дээ. Турникэн дээр дүүжлэгдээд ахиж чадахгүй бол халгайгаар ороолгох үе ч гарна. Уяачид мориныхоо шилэн хүзүүн дээрээс нь бариад хэрхэн яаж хурдлахыг мэддэг шиг манай багш бидний судсыг атгаж үзээд л андахгүй” гэж аврагч Ж.Баяртогтох нэмж хэлсэн юм. Тэдний ярьсанд Ц.Баттулга багш бяцхан “залруулга” хийв.  Тэрбээр “Одооны хүүхдүүдийг шавхуурдвал уйлаад сүйд болно байх. Харин манай энэ хэд гарын ая сайн даана. Эмэгтэй хүүхдүүдэд үг хэлэхээр дор нь хүлээж авдаг. Харин харчууд бол тоохгүй шүү. Эднийг бэлтгэлээс зугтаж гүйвэл одоо би гүйцэхгүй л дээ. Машинтай хөөвөл юу юм гэхээс” гэж хошигнолоо. Ц.Баттулга багшийн 20 гаруй шавь Цэргийн гавьяаны улаан тугийн одонтой ажээ.

Усан дор гацуур мод засч, оргилуун дарс буудуулан 

шинэ жилээ тэмдэглэсэн нь

Арав гаруй жил нэг ангид “сурч”, өнгөрсөн он жилүүдийн ихэнх өдрүүдийг хамтдаа үдсэн Аврах тусгай ангийнхны ур чадварууд бусад орны аврагчдыг хэдэнтээ алмайруулсан түүхтэй аж. Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг ширээний хоёр болох Д.Батчулуун, Ж.Баяртогтох нар 2012-2013 онд оролцсон юм. Тэд тус улсад энхийг сахиулах үйлсэд манайхаас оролцсон анхны аврагчид. Эднээс гадна нийтдээ 27 аврагч Суданд үүрэг гүйцэтгэжээ. Тэд Нил мөрөнд завьтай эргүүл хийдэг байж. Тэр үедээ НҮБ-аас өндөр үнэлгээ авсан гэнэ.

Японд цунами нүүрлэхэд арав гаруй залуус очиж эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэсэн дээ. Арлын орон руу явсан аврагчид мөн л тэд. “Байгалийн гамшиг арлын оронд тохиолдоход манайхаас 13 аврагч тус улсыг зорьсон юм. Манай хэвлэлүүд энэ тухай маш их мэдээлж, бид сэтгэл зүйн бэлтгэлээ бүрэн хангаад очлоо. Гэтэл Токио хотод нам жим байх нь тэр. Цунами нүүрлэсэн дүүрэгт хандивын аян өрнөж байв. Гайхаад асуутал ард түмнээ тайван байлгах гэж сонин, телевизээр ямар нэгэн мэдээлэл цацаагүй гэсэн. Ингээд бид нурангинаас том том хавтгайнуудыг гараараа өргөөд зөөж гарсан. Гэтэл гадны аврагчид гайхаад жигтэйхэн. Тэд тусгай багаж ашиглан зөөж байсан юм. “Монголчууд ийм ажилсаг хэрэг үү” гэцгээгээд. Бид хариуд нь “Ажилсагдаа ч биш л дээ гараар өргөж дийлэх зүйлээ багаж ашиглан цаг алдах хэрэггүй” гэж  тайлбарласан”  гэж Н.Хуягбаатар өгүүлсэн юм. Монголд анх удаа 50 метрийн гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргаж ирсэн хүмүүс бол мөн л эдний ангийнхан. Тэд 2012 оны өвөл усны гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргажээ. 

2011 оны хоёрдугаар сард “Петровис”-ын “Урал” маркийн хоёр машин Хөвсгөл нууран дээгүүр явж байгаад цөмөрч орсон талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Мөсөн дээгүүрх замаа буруу тооцоолж явснаас болж хоёр машины нэг нь цөмрөн усны гүн рүү орсон юм. Харин нөгөөх нь мөсөнд хавчуулагдчихсан байжээ. Аврах тусгай ангиас Ж.Баяртогтох, Д.Батчулуун нарын долоон хүнтэй бүрэлдэхүүн тийшээ очжээ. Аврагчид цаг агаарын маш хүйтэн нөхцөлд усны гүнд 25-30 метрийн гүнд үүрэг гүйцэтгэх чадвартай багажаар хоёр дахин илүү гүнд орж, шатахуунтай машиныг амжилттай татан гаргажээ.  “Усны гүнд ороход өвлийн нөхцөл учраас дээрээ мөстэй, дороо азотын хордолтод орох аюултай байдаг. Маш өндөр даралттай ус руу ороход эрсдэл өндөр. Усан доорх 50 метрийн гүний даралтыг хэмжвэл жижиг машины дугуйг зад буудахаар. Тухайн үед зуултуур нь хөлдөж, үүрэг гүйцэтгэхэд хүнд байсан. Дээшээ гарахдаа минут гаран амьсгаагүй байж, арайхийн цооногоо олж гарч ирсэнээ санадаг юм” гэж Ж.Баяртогтох дурсан ярилаа. 

Тэд өнгөрсөн өвөл Өгий нуурт усан доор сургуулилт хийжээ. Хэдийгээр шинэ он гарчихсан байсан ч гэсэн усан дор тэд баяраа тэмдэглэсэн байна. Усны гүнд гацуур мод засч, оргилуун дарс буудуулсан гэхээр та итгэж байна уу. Тэгвэл манай аврагчид үүнийг төвөггүй хийхээр чадвар эзэмшсэн мундаг залуус аж. Тэд гацуур модны оройг тусгай багажаар мөсөнд бэхлэн тогтоожээ. Дараагаар нь оргилуун дарсаа усанд буудуулж, сүлд модоо тойрон шинэ жилийн баяр тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд манай аврагчдын ур чадвар өсөн дээшилж байгаагийн нэг жишээ энэ юм. 

“Эмэгтэй аврагчдаа хайрлахыг мэдэхгүй”

Ингэж хэлэхээр хэтэрхий хатуу мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ аврагчдын хувьд эр, эм, нас, хүйсийн ялгаа байхгүй болохоор эрчүүд нь энэ тухай ингэж л ярьж байна лээ. 

Эмэгтэй аврагчид аливаа осол, аваар, гамшгийн үед эрчүүдтэйгээ адил ачааллыг тэнцүү үүрдэг юм байна. Аврах тусгай ангийн хувьд 20 гаруй эмэгтэй аврагчтай. Бусад үед эрчүүдтэйгээ эн зэрэгцэхүйц ана мана байдаг мөрдөстэй бүсгүйчүүд маань “Мартын 8”-наар ёстой нэг хатан хаан шиг байдаг гэнэ. 

Эмэгтэй аврагчдын хувьд тэр бүр нурангин доороос хүний цогцос зөөж, усны гүн рүү шумбаад байдаггүй.Голдуу холбоочин, зааварлагч, эмчээр ажилладаг байна. Шаардлагатай тохиолдолд эрчүүдтэйгээ ижил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол цөөнгүй гэсэн.

“Их түймрийн хүүхдүүд”

Баяр ёслол, амьдралын торгон агшин, тэмдэглэлт өдрүүдээс олонтаа хоцорч байсан хүмүүс бол яах аргагүй онцгойгийнхон. Гамшиг осол хэлж ирдэггүй болохоор хэзээ ч хэнд ч юу ч тохиолдож болно. Тэр болгонд байнгын бэлэн байх ёстой хүмүүс бол аврагчид. Тэд зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулна. Ар гэрээ авч явах үүрэг хань ижлүүдэд нь оногддог аж.

Хаана түймэр гарна тэнд л аврагчид бөөн бөөнөөрөө очдог шүү дээ. Тиймээс аврагчдын хүүхдүүд голдуу нэг онд бүр нэг сард төрцгөөсөн байдаг гэсэн. Үүрэг гүйцэтгэхэд явж, ирэх хугацаа нь адилхан болохоор  эхнэрүүд нь голдуу ижил хугацаанд амарждаг гэж “нэг ангийнхан” ам уралдуулцгаав. Хүүхдүүдээ бүр “Их түймрийн хүүхдүүд”, “Хүдэрийн түймрийн хүүхдүүд” гээд нэрлэчихсэн. Он оноороо насны ялгаатай дэрсхэн жаалууд аврагчдын гэрт өсөж торницгоож байгаа гэнэ. 

Шинэхэн төгсөгчдийг сургасан нь

Онцгой байдлын алба бол эрсдэл өндөртэй болохоор хэр баргийн хүн ийшээ зүглэхгүй. Ёстой л олон аавын шигшмэл хөвгүүд зориглон ирдэг газар. Сургуулиа төгсөөд ирж байгаа шинэхэн боловсон хүчний хувьд ах нарынхаа цогцос зөөж, гаргаж байгааг хараад хэдэн өдөр, шөнө зүүдэлж, хар дардаг гэсэн. Унтаж байгаад цочиж сэрэх нь энгийн үзэгдэл гэж тэд ярив. За тэгээд ах нарынхаа хатуухан тоглоомонд хааяа өртчихдөг гэж байгаа. Хэдэн жилийн дараа туршлага суугаад ирэхээр өөрсдөө дүү нараараа тохуурхах хөгжилтэй явдлууд ч олон аж. Задлан шинжилгээний өмнө баахан юм ярьж, хоолноос “гаргах” нь энүүхэнд. Үүнийгээ энгийнээр сэтгэл зүйн бэлтгэл хангах дасгал гэж нэрлэдэг бололтой. Амьдрал дээр тэрнээс илүү олон гамшигтай нүүр тулах болохоор сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй байх нь юу юунаас чухал аж. Ц.Баттулга багшийн шавь нар Сэлэнгэ аймгийн Хүдэрт гарсан түймрийг унтраахаар явахдаа 100 км газрыг гурав хоног туулж, хоёр өдөр хоолгүй гүрийж байсан тохиолдол ч бий гэнэ. Нэг удаа Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтраачихаад буух гэтэл ширүүн бороо орж, бүгд шалба норж, бээрцгээжээ. Гал асаах гээд хэнд ч шүдэнз байсангүй. Гэтэл нэг аврагч нь ихэд нандигнан боосон ганцхан ширхэг шүдэнзний мод  гаргаж иржээ. Юмыг яаж мэдэхэв гээд шүдэнзний толгойг лааны тосонд дүрээд далд хийсэн байж. Тэр ганцхан ширхэг шүдэнз залуусыг аварчээ. Бусад аврагчид нь айлын малын саравчнаас зомгол ховхлон авчирч галтай залгасан гэнэ лээ. Энэ мэт өөрсдөө аврах ажиллагаанд яваад эрсдэлд орох магадлал өндөр байдаг аж. Өндрөөс буухдаа хөл, гараа шалбалах, түймэр унтраах гэж байтал салхи гэнэт эргэх мэт аюулыг аврагчид байнга сөрнө.

Дээрээс нь эрэн хайх ажиллагаа явуулж байхад ар гэрийнхэн нь нэрмээс болох нь юу ч биш. Усанд осолдсон хүний цогцсыг хайж байхад нь ар гэрийнхэн нь лам, бөө нар авчираад “Энд л байна” гэж эрлийн ажиллагаанд саад болно. Уг нь аврагчид усны урсгал, тогтоол зэрэг бүх зүйлийг судлаад эрэн хайх ажиллагаа явуулах дүрэмтэй улс.

Монгол Улсын иргэний хамгаалалтын газар, Монгол Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар нэгдээд Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаад арван жил болж байна. Харин Аврах тусгай анги бол 78 жилийн түүхэн замналтай. 

Нэг үеэ бодвол манай онцгойгийнхны хувцас хэрэгсэл, багаж хэрэгсэл сайжирчээ. 2013-2014 онд гамшгийн нөхцөлд хэрэглэдэг багаж хэрэгслээр 70-80 хувь хангагдсан байна. Монголд анх удаа агаараас буюу нисдэг тэргээр барилга байгууламжаас аврах үйл ажиллагааны сургалтыг Дархан-Уул аймагт  амжилттай зохион байгуулсан тухай өчигдөр болсон “Аврагч-2014” тэмцээний үеэр ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж онцолж байсан юм. Энэ мэт сургалт хичээлүүдийг тогтмол явуулж, 2014 оноос онцгой байдлын албаны стандарт журмыг батлан мөрдөж байгаа аж.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё

Хүүхэд гэдэг гэнэн итгэмтгий улс. Таныг хичнээн худлаа ярьсан ч шууд үнэмшдэг, тийм л цагаахан амьтад. Үлгэрийн баатруудтай хүүхэлдэйн кино үзээд  үнэн голоосоо киноныхоо дүрд нь хувирчихсан суудгийг нь та, бид  мэднэ. 

Эцэг эхчүүд өдөр тутмынхаа ажилд түүртээд хүүхдүүддээ алхам тутамд худлаа ярьдаг. Наад захын жишээ гэхэд “Цэцэрлэгээс нь хамгийн түрүүнд авна” гэчихээд сүүл мушгидаг аав, ээжүүд олон. 

Худалч аав, ээжийн балгаар бяцхан хүү хорвоог орхисон гашуун түүх бий. Хөвгүүд болгон хүн аалз, бэтмэний  дүрд  хувирч, энд тэнд нисч дүүлэхийг мөрөөддөг. Нэгэн залуу хос бяцхан хүүгийнхээ энэ хүслийг биелүүлж үлгэрийн баатрын хувцас авч өгчээ. Жаал хүү “нисдэг” хувцсаа өмсч, ээж, ааваасаа “Энэ хувцсыг өмсөхөөр нисдэг тийм ээ” гэж асууж. Тэгтэл тэд нь элдэв янзын юм бодолгүй “Тиймээ” гээд хариулчихсан аж. Гэтэл аав, ээжийнхээ үгэнд  итгэсэн гэнэн хүү тагтан дээрээсээ үсэрч, хорвоог орхисон харамсалтай явдал тохиолдож байв. 

Хүүхдүүдийн хувьд эцэг эх нь энэ хорвоогийн танин мэдэхүй байдаг. Юм л болбол “Яагаад” гэдэг асуулт тавьдаг бяцхан сониучдаас битгий цааргалж байгаарай. Худалч аав ээждээ хууртдаг хүүхдүүд том болоод бас л тэдэн шигээ болно. Тиймээс үр хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд олон боломж авчрах Шанхайн уулзалт

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA)  бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд 40 гаруй орон, 11 улсын төрийн тэргүүн, лидерүүд уригдан оролцсон юм. Дээд хэмжээний хурлыг CICA-гийн гишүүн орнууд дөрвөн жил тутамд даргалдаг уламжлалтай. Турк улсаас БНХАУ-д шилжиж байгаа энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Шанхай хотод зохион байгуулсан нь олон онцлогтой. Хөгжлөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог эдийн засгийн чөлөөт бүс болох Шанхайд олон орны төлөөлөгчдийг нэг дор цуглуулахад хамгийн тохиромжтой хот байв. Учир нь тус хотод ихэнх орны Элчин сайдын яам, Консулын газар байдаг юм. 

ТУНХАГ БИЧИГТ МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ГУРВАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ТУСГАВ

Эхнийх нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга юм. Энэ нь Зүүн хойд Азид аюулгүй байдлын асуудлаар ярилцдаг, уулздаг, эрдэмтэн мэргэжилтэн оролцдог механизм ажээ. Үүнийг CICA-гийн гишүүн орнууд хүлээн зөвшөөрч энэ тунхаглалд тусгасан нь манай улсын хувьд нэлээд ач холбогдолтой. Тунхаг бичигт тусгасан хоёр дахь асуудал нь Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа бататган бэхжүүлсэн явдал байгаа. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусыг 2012 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Нэг ёсондоо манай улсад аюулгүй байдлын баталгаа гаргасан гэж хэлж болохоор. Тиймээс энэ санал санаачилгыг CICA-гийн дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын баримт бичигт тусгалаа. Хурлын үр дүнгийн тунхаг бичигт оруулсан гурав дахь асуудал нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах санал байв. НҮБ-ын дэмжлэгтэйгээр манай улсад байгуулагдсан далайд гарцгүй орнуудын судалгааны төвтэй холбогдсон, үйл ажиллагаанд улс орнуудыг идэвхтэй оролцуулах юм.  CICA-г өнгөрсөн дөрвөн жил даргалсан Турк улсын зүгээс Монголыг Азийн бүс орнуудаас идэвхтэй оролцсон гэж онцолж байлаа.  

“МОНГОЛ УЛС БОЛ АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ГОЛ ЗАНГИЛАА ОРОН”

Шанхай хотод болсон CICA-гийн бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал давхцаж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзахдаа “Монгол бол Азийн бүс нутаг, Ази Европыг холбосон дэд бүтцийн гол зангилаа орон юм” гэж тодотгож хэллээ. “Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэж Төрийн тэргүүн хэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх асуудлаас гадна худалдаа эдийн засаг, хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр В.Путин “ОХУ Монголын худалдааны хоёр дахь том түнш” гэж дурдлаа. Бодит байдал дээр манайх тус улсаас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нефть бүтээгдэхүүн авч байгаа. Харин манай экспортын хэмжээ 250 сая ам.доллар. Оростой хийсэн худалдаа өнгөрсөн жил 2012 онд хийсэн худалдаанаас буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Хятадаас Европ руу явж байгаа зам уг нь Монголоор дайрдаг байсан. Гэтэл өнөөдөр Оросыг алгасаад Казахстанаар дамжиж байгаа. Энэ нь оросуудын хувьд  ихээхэн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа юм. Хятадуудын өргөмжлөх дуртай торгоны зам Казахстанаар явахад Монгол болон Оросын Сибирийн төмөр зам тэр чигтээ орхигдож байгаа хэрэг. Төмөр зам дээгүүр ачаа эргэлтгүй, орлогогүй бол дампуурна. Нөгөөтэйгүүр Оросын Сибирт байгаа таван сая хүн төмөр замаа дагаж амьдардаг. Гэтэл тэр төмөр зам дээгүүр нь ачаа эргэлтгүй болчихвол Сибирт хүнд байдал үүсэх нь ойлгомжтой. Тиймээс энэ тал дээр Монгол Оросын стратегийн зорилт нийлж байгаа. Монголоор дайруулаад Сибирийн төмөр замын ихэнхээр тээвэрлэх учраас ачаанаас авах орлого нь нэмэгдэнэ. Тиймээс В.Путин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монголоор дайрч өнгөрөх зам Орос Хятад хоёрын транзит тээврийн төв зам болох тал дээр бид сонирхолтой байна. Энэ тал дээр хамтарч ажиллая” гэж хэлсэн юм. Энэ ажлын хүрээнд  Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Манай төмөр зам бол ганцхан салаа бөгөөд хоёр галт тэрэг зөрж чадахааргүй. Тиймээс Улаанбаатар төмөр замыг хоёр салаа болгож, цахилгаанжуулах асуудал яригдаж байгаа юм. Ингэснээр Оросод ч ашигтай. Сибирийн төмөр замаар явах ачаа ч манайхаар явна. Одоо явах гэхээр дамжин өнгөрүүлэх чадавхи нь хангалтгүй. Тиймээс үүнийг сайжруулахын тулд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх цогц бодлого В.Путинтай уулзсан манай Ерөнхийлөгчийн гол сэдэв байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүний ярьсан өөр нэг асуудал нь Монгол-Росцветметийн асуудал байв. Эдийн засгийн хувьд ашиггүй, хүнд байдалд орсон энэ байгууллагын менежментийг хамтарч өөрчлөх эсэх асуудлыг тэд хөндсөн юм.  

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХООС ЭХЛЭЭД ОЛОН ЧУХАЛ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

БНХАУ-ын дарга Си Жиньпин  манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой найрсаг нөхөрсөг яриа өрнүүлж, хоёр цаг гаруй хуучилсан юм. Эндээс Си Жиньпин хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байлаа. 

Хоёр улсын Ерөнхийлөгчийн анхны уулзалт Бишкек хотод болж байсан. Түүнээс хойш хоёр орны харилцаа эрс идэвхжиж, өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилсан. Он гарснаар манай Засгийн газрын найман гишүүн тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны гол гол асуудлуудаар эрчимтэй яриа хэлэлцээр хийгээд явж байгаа. Тиймээс Азид хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэ удаагийн хуралд Хятадын талаас манай Ерөнхийлөгчийг зориуд урьж оролцуулж бай­на” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюул¬гүй байдал, гадаад бод­логын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэллээ. Си Жиньпин манай улсад ирэх наймдугаар сард айлчилна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний айлчлалаар манай улс томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн, хууль зүйн салбарын чиглэлийн нэлээд олон баримт бичгүүдийг түүний айлчлалын үеэр эцэслэхэд бэлэн болгожээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын тухайд Хятадын томоохон агентлагууд мэдээлэхдээ “Си Жиньпин дарга Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа” гэж онцолж байв. Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Бид Монгол Улстай харилцахдаа өөрийн эрх ашгийг бодохгүй. Монгол Улсын хөгжлийн шаардлагыг бодно. Бид тэрэнд нь зохицсон байдлаар хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Танайх зөвхөн түүхий эдээ экспортлох биш, Монгол Улсдаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргая гэсэн сонирхолтой байгааг бид маш сайн ойлгож байгаа. Энэ чиглэлээр бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Монгол Хятадын хооронд олон жил яригдаж байгаа асуудал бол эрчим хүч дамжуулах ажил юм. Өнөөдрийн байдлаар Оюу толгой Хятадаас жилдээ 100 сая ам.долларын цахилгаан худалдан авч байгаа. Мөн урд хөрштэй хил залгадаг бүх боомт Хятадаас эрчим хүчээ авдаг. Тэгвэл манай улсын ирээдүй рүүгээ харсан том ажил бол “Гобитек” буюу сэргээгдэх эрчим хүч гаргаж авах боломж юм. Эдийн засгаа ногоон болгох зорилттой Хятадын тал үүнийг сонирхох нь гарцаагүй. Манайх говийн нарны эрчим хүчээр урд хөршийг хангах бүрэн боломж бий. Тиймээс хоёр улсын хооронд нь цахилгааны шугам татах асуудал байна. Дээрээс нь Оросоос манайхаар дамжаад Хятад руу цахилгааны утас дамжуулах том ажил яригдаж байгаа. Үүнийг ярихаас өмнө ядаж Монгол Хятадын экспорт импортынхоо хууль эрх зүйн үндсийг нь тавиад явах нь чухал бөгөөд энэ мэт маш тодорхой асуудлуудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах үеэр хөндөгдсөн юм.  

Манай улс АПЕК-д элсэх хүсэлтээ тавьсаар ирсэн. Харин АПЕК олон жилийн өмнөөс шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг тавиад байсан юм. Өнөө жил АПЕК-ийн  дээд хэмжээний уулзалт болох бөгөөд БНХАУ даргална. Нэгэнт АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг 2013 онд дууссан бөгөөд Хятадын тал манайхыг зочноор урина гэдгээ Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дурдсан юм. Ийнхүү дэлхийн лидерүүд цугларч, эдийн засгаа ярьдаг энэ том арга хэмжээнд манай улс анх удаа зочноор оролцох боломж нээгдэж байна. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Сүхбаатар: Хятадын даргын айлчлалаар ялтан шилжүүлэх гэрээг эцэслэх байх

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.  Тэрбээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагааг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний IV бага хуралд оролцсон юм. Энэ үеэр түүнтэй уулзлаа.  
-Урд хөрш рүүгээ бид визгүй зорчдог. Тиймээс манай иргэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байдаг л даа. Ер нь хоёр улсын хооронд жилдээ хичнээн иргэн зорчиж байна вэ?
-Монгол Хятадын хооронд жилд дунджаар 1-1.2 сая хүн зорчиж байгаа. Иргэд арилжаа наймаа хийх, сурч, боловсрох гээд олон асуудлаар зорчдог. Тэнд 8000 орчим монгол оюутан дээд, дунд сургууль, коллежуудад суралцаж байна.
БНХАУ руу визгүй зорчдог болохоор манай иргэд гэмт хэргийн золиос болох, аваар осолд орох зэрэг асуудал гардаг нь үнэн. Одоогийн байдлаар Хятадын нутаг дэвсгэр дээр манай улсын 54 иргэн шүүхээс ял аваад биеэр эдэлж байна. Мөн 80 гаруй хүн саатуулагдан шалгагдаж байгаа.
-Хулгайн хэрэг газар авч байгаа тухай мэдээлэх юм?
-Сүүлийн жилүүдэд хулгайн хэрэгт холбогдох байдал нэлээд дэлгэрч байна. Өмнө зүгийн Шинжан, Шанхай, Гуанжоу гээд нүүх маягаар Бээжинд бүлэглэлүүд  орж ирж байгаа.
-Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй гэж дуулсан юм байна. Та үүнийг ямар ажлын үр дүн гэж харж байгаа вэ?
-Монголчууд хар тамхи худалдаалах, гэнэн итгэмтгий зангаасаа болж энэ хэргийн золиос болох явдал олонтаа тохиолдож байсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хар тамхинд холбогдож байгаа хүмүүсийн асуудлаар хоёр жилийн өмнө зөвлөгөөн зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ олон нийтийн анхааралд маш сайн хүрснээр сүүлийн хоёр жилд хар тамхины хэрэг гараагүй.
-Одоо тус улсад хар тамхины хэргээр хичнээн хүн холбогдож, хэд нь ял аваад байгаа билээ. Нэлээд мандсан Дамдин болон Байгалмаа нарын хэрэг юу болсон бэ?
-БНХАУ-д 34 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байгаа. Тав, зургаан иргэн цаазын ял авсан байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс БНХАУ-ын өмнөх даргад захидал илгээж, тэдгээр иргэдийг цаазаар авахгүй байх талаар хандсан. Тиймээс цаазын ял авсан иргэдийн ялыг хэрэгжүүлээгүй байгаа. Дамдин, Байгалмаа нар цаазын ял сонсоод байсан. Дамдингийн ялыг бүх насаар хорих ял болгосон. Дараа нь хугацаатай ял болгож хөнгөлсөн. Байгалмаагийн хувьд бас цаазын ялтай байсныг нь 19 жилийн хорих ял болгосон байгаа.
-Байгалмааг хар тамхины хэрэгт орооцолдож, харийн шоронд амиа алдсан хэмээн зарим хэвлэлээр ташаа мэдээлж байсан. Одоо түүний биеийн байдал ямар байна. Эргэлт оруулдаг биз дээ?
-Бие нь тааруу байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ар гэрийн­хэн нь саяхан эргэж очсон. Эргэлтийг хамаагүй олон удаа оруулаад байдаггүй. Жилдээ ганц удаа оруулах зөвшөөрөлтэй байдаг.
-Ял эдэлж байгаа болон саатуулагдаж буй хүмүүс дээр ар гэрийнхэн нь очлоо гэхэд зардлыг нь яаж шийддэг вэ?
-Тэд өөрсдөө гаргана. ЭСЯ-ны зүгээс Бээжингээс өөр хотууд руу хэрэг түвэгт холбогдсон хүмүүсийнхээ асуудлаар очвол Иргэдэд  туслах сангаас зардлыг нь гаргаж, шүүх хурал энэ тэрд нь оролцдог.
-Ялтан шилжүүлэх гэрээг УИХ-аар батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал ажил хэрэг болоход ямар бэрхшээл тулгараад байгаа юм бол?
-Ялтан шилжүүлэх хэлэлцээрт Монголын зүгээс хоёр жилийн өмнө гарын үсэг зураад УИХ-аас батлахын хувьд баталчихсан. Харин Хятадын тал үүнийг батлаагүй, жаахан сунжирч байгаа. Энэ зун БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчилна. Энэ үеэр хэлэлцээрийг эцэслэн байгуулж батламжлах, харилцан хүчин төгөлдөр болгох асуудлыг шийдэх байх.
-Ялтан шилжүүлэх гэрээний нөхцөлд юу гэж тусгасан бэ?
-Хэдийгээр гэрээ хэлэлцээр эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болоогүй ч гэсэн ялтан шилжүүлж байгаа. Хятадын талаас манай гурав, дөрвөн хүнийг шилжүүлээд өгсөн. Тэд хөнгөн хэрэгт холбогдсон хүмүүс. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйг шилжүүлж өгсөн. Тэдний биеийн байдал нь тааруу,  эмнэлгийн зардал энэ тэр нь нэлээд түвэгтэй байсан бололтой. Тиймээс шилжүүлсэн байх.
Гэрээ хэрэгжээд эхэлбэл тухайн хүн үндсэн ялаа тодорхой хэмжээгээр эдэлсэн байх хэрэгтэй. Үлгэр жишээч зөв хүмүүжиж байгаа гэдгээ нотолсон тодорхой нөхцөлүүдийг хангаж байж шилжүүлэх юм. Үлдсэн ялыг нь эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зааж өгсөн байгаа л даа.Тэрнээс ялтан болгоныг шилжүүлэхгүй.
-Хорих ангиудад хүний эрх зөрчигдөж, улмаар амиа алдсан хэрэг Монголд хэд хэдэн удаа гарсан. Тус улсад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож буй хүмүүсийн хувьд эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдол ирж байна уу?
-Хятад улс энэ тал дээр дэгтэй, журам сайтай. Тийм асуудал гардаггүй. Манай ЭСЯ-наас тодорхой хуваарийн дагуу ялтнуудыг эргэж уулздаг. Тэднээс “Хүний эрх хэр зөрчигдөж байна, нөхцөл бололцоо ямар байна” гэхчилэн асууж лавладаг л даа. Одоохондоо ямар нэгэн гомдол хүлээж аваагүй байна. Харин Хятадын өмнөд хэсгээрээ халуун байдаг болохоор ийм нөхцөлд ял эдлэхэд хүндрэлтэй байдаг гэдэг. Тиймээс өөр сэрүүн газар ял эдлэх хүсэлт тавьдаг. Тэр дагуу асуудлыг тавьж, зарим ялтныг Өвөр Монгол руу шилжүүлсэн.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнууд Шанхайд чууллаа

Шанхай хотоос манай тусгай сурвалжлагч М.МӨНХЦЭЦЭГ мэдээлж байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Бага хуралд 40 гаруй улс, орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Эхний өдөр БНХАУ-ын дарга Си Жиньпин хүрэлцэн ирсэн төрийн өндөрлөгүүдийг хүлээн авч уулзан, зоог барьж, урлагийн тоглолт үзэцгээлээ. Харин албан ёсны арга хэмжээ буюу чуулга уулзалт өчигдөр өглөө “Шанхай экспо”-д эхлэв.

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв
БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув. Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

В.В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мягмар гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Санкт-Петербургт зочлох уулзалтаараа үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.В.Путинтэй уулзах юм.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг тунхаглал батлан гаргах юм. Энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах учиртай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр уг дээд хэмжээний уулзалтад үг хэлж, бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм” гэлээ.
Мөн тэрбээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой” гэв.

Categories
мэдээ улс-төр

Олон жил хүлээлт үүсгэсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг яагаад үзэглэсэнгүй вэ?

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж байна. Энэхүү арга хэмжээг зохион явуулах  санаачилгыг 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дахь чуулганы үеэр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назербаев дэвшүүлсэн нь дэмжлэг авч байжээ. Ингээд анхны чуулганыг 2002 онд  Казахстаны Алматы хотод зохион явуулж байсан юм. Үүнд 16 орон нэгдэж, Азид энхтайвныг сахиулан тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах Алматын тунхаг бичгийг боловсруулсан байна. Анхны уулзалт Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд явагдаж байжээ.
Банк санхүүгийн чөлөөт бүс Шанхай хотноо болж буй уг арга хэмжээ өндөр харуул хамгаалалт доор өрнөж байгаа юм. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад 14 орны төр засгийн тэргүүн, улс төрийн лидерүүд иржээ. Тухайлбал, Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн ирсэн байна.
CICA-гийн гишүүн орнуудад Азер байджан, Афганистан, Бахрейн, Вьетнам,Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКиру, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Тажикстан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 24 орон, АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Шри-Ланка, Япон зэрэг есөн ажиглагч орон багтдаг аж.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа юм. Хурлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин  даргалж байна. Оролцож буй орнуудын төр засгийн тэргүүнүүд таван минутын хугацаатай илтгэл тавина. Манай улсын Ерөнхийлөгч дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр үг хэлнэ.
CICA-гийн чуулган болж буй энэ өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал давхцаж байгаа юм. Тиймээс Шанхай хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн зарим автозамуудын хөдөлгөөнийг хаажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадтай эдийн засаг, шинжлэх ухаан, өндөр технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчилж байна. Тодруулбал, хамтын ажиллагааны 40 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнд олон жил хүлээлтийн байдалд байгаа байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ багтжээ. Гэвч хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээнд одоогийн байдлаар гарын үсэг зураагүй байна. ОХУ, БНХАУ хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээг үзэглэж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлыг олон улсын ажиглагчдын зүгээс “В.Путин баруунтай таарамжгүй байгаа улс төрийн нөхцөл байдлаас болж, яаран ашиггүй гэрээ байгуулахыг хүсээгүй” гэж үзэж байгаа юм. Ямартаа ч худалдааны хамгийн том түнш хоёр улс 2015 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 100 тэрбумд, 2020 он гэхэд түүнээс хоёр дахин нэмэхээр тохиролцжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал эхэллээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал яг одоо Шанхай хотноо эхэлж байна. Бага хуралд 40 гаруй улс, 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцож байна. Дөнгөж сая БНХАУ-ын дарга Си Жиньпин тэднийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээг сурвалжлахаар олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд иржээ. Харин энэ үйл явдлыг ССТV албан ёсны эрхтэйгээр дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлнэ. 


АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.
Манай улсын  Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 18-нд Шанхай хотноо ирсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзлаа.

М.МӨНХЦЭЦЭГ