Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Гадаадын хөрөнгө оруулалтыг татна

Барилга, хот бай­гуу­лал­тын сайд Д.Цогт­баатартай ярилцлаа.

Та тамгаа гардан авахдаа “Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, илүү сайжруулан ажиллах болно” гэж хэлж байсан. Барилга, хот байгуулалтын сайд болсноор энэ салбарт ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийх вэ. Ажлаа юунаас эхлүүлэх гэж байна?

-Тэр байр сууриа би одоо ч хадгалж байгаа. Энэ яамны, энэ салбарын хамт олны хийсэн эерэг, сайн зүйлсийг бодлогоор дэмжинэ. Ер нь барилгын бизнесүүдийн үйл ажиллагааг бодитоор хөнгөвчилж, шаардлагагүй хүнд суртлыг арилгана. Тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, тэдгээрийг олгох хугацааг богиносгох талаар эхэлсэн зүйлс байгаа юм байна. Гэхдээ хэрэгжилт нь бас гүйцэд жигдрээгүй л байгаа юм билээ. Тэгэхээр гарсан шийдвэрүүдийн чанд хэрэгжилт дээр анхаарч ажиллах болно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнесүүдийг шаардлагагүй хүнд суртлаар чирэгдүүлж ачааллыг нь нэмээд байвал үндсэн бизнестээ анхаарал тавих боломж нь хумигдана. Энэ нь эргээд бизнест сөргөөр нөлөөлнө. Үүн дээр нэмээд ил, далд “төлбөр, гувчуур” байвал бизнесүүдэд бүр л хүндрэлтэй болно. Тэгэхээр энэ салбарын бүх шатанд, ялангуяа, дунд шатанд шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгох арга хэмжээнүүдийг авна. Дээрх арга хэмжээний зэрэгцээ ажлаа аваад хэд хэдэн шинэ зүйлсийг салбарын бодлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар яам агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах шийдвэр гарсан байна лээ. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хамгийн түрүүнд яамныхаа бүтцийг шинэчиллээ. Үүнд өөрийн явуулах шинэ бодлогын үндэс суурийг шингээсэн. Яаманд зайлшгүй байх газар хэлтсийг хадгалахын зэрэгцээ дөрвөн шинэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах нэгжүүдийг байгуулахаар болсон байгаа. Тодруулбал, Барилгын чанар, аюулгүй ажиллагааны, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулсан.

Салбарынхнаасаа ха­риуцлага нэхэж ажиллана гэж та хэлж байсан. Барилгын осол их гарч байна. Аливаа осол гэмтэл гарахад Мэргэжлийн хяналт хариуцна гэж өмнөх сайд нар өөрөөсөө бултуулдаг байсан. Ер нь танай яам мэргэжлийн хяналттай уялдаа холбоогоо сайжруулж ажиллах ёстой юм биш үү. Энэ салбарт хүний амь эрсдэхгүй, осол гарахгүй ажиллах боломж нөхцөлийг хэрхэн хангах вэ?

-Юуны өмнө Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрыг бий бол­госон нь үүнтэй холбоотой. Ингэснээрээ энэ яамны бодлого үйл ажиллагаанд хэрэглэгчийн дуу хоолойг шууд утгаар нь анх оруулж ирж байна. Урьд нь энэ яам барилгын салбарынхны асуудлыг л түлхүү хариуцдаг байж. Ёстой л барилгынхны л яам гэсэн үг. Гэтэл барилгын салбарыг өргөн утгаар нь зах зээлийн өнцгөөс харвал нийлүүлэгч бөгөөд барилгачид, эрэлтийг бүрдүүлэгч худалдан авагч буюу хэрэглэгчид гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Энэ хоёр талыг зөвхөн тоон утгаар нь харьцуулахад хэрэглэгчид нь барилгачдаа хэдэн мянга дахин давна биз. Гэтэл өргөн ухагдахууны ийм чухал хэсэг орхигдсон эсвэл шууд биш, дутуу төлөөлөлтэй байж. Үүнийг өөрчилж, асуудалд шинэ өнцгөөс хандахыг зорьж байна. Тэгэхээр барилгын чанарын асуудал эн тэргүүнд гарч ирж байгаа юм. Иргэд өөрийн насны хуримтлалаа байранд хийдэг. Гэтэл эхлээд харахад гял цал байсан байр сууц жилийн дараа л сантехник, будаг, шохой, СӨХ талаасаа доройтсон байх тохиолдол цөөнгүй.

Тэгэхээр иргэдийн урт хугацааны хөрөнгө оруулалт үнээ алдаж, хэрэглэгчийн сэтгэл ханамж буурдаг. Уг нь үл хөдлөх хөрөнгө бол эдийн засаг доройтоогүй л бол үнээ алдахгүй байх ёстой. Тэгэхээр иргэдийн нэгдүгээр зэргийн асуудал бол үнэ, чанарын зохицол. Байрны чанар сайн байвал иргэдийн хөрөнгө оруулалт найдвартай байх болно.

Энэ газар чинь аюулгүй ажиллагааны бодлогыг хариуцна гэсэн үү?

-Тийм. Барилга дээр ажиллаж амьдралаа залгуулах гэж яваад амиа алдах тохиолдол гараад буй нь утгагүй. Эцсийн үр дүн нь зорилгоо үгүйсгээд байгаа биз. Энэ байдалд яам анхаарч ажиллана. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Хөдөлмөрийн яаманд л байдаг юм билээ. Гэхдээ иргэдийн амь настай холбоотой асуудлыг өөрөөсөө холдуулах гэмээргүй байна. Хөдөлмөрийн яамны хажуугаар давхардаад ч болтугай эл асуудлыг хариуцсан салбарын яамны хувьд шийдвэрлэх гэж ажиллана. Хайхрамжгүй, мөнгө хэмнэж, хэдэн төгрөгийн ашгаа бодон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдүүлдэг хандлагыг халмаар байна. Ингэхийн тулд хариуцлагын тогтолцоог тун ойлгомжтой, чанд болгоно. Мөнгө авах болохоор булаацалдаж авчихаад, хариуцах болохоор доод ажилтнууд руугаа бухаад бултдаг боломжийг хаана. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг холбогдох бүх л шатандаа хүлээдэг байх ёстой. Би амаргүй зорилгыг урдаа тавьж буйг мэдэж байгаа. Гэхдээ зүтгээд л үзнэ. Бас барьж буй барилгын хажуугаар явж байгаад амь насаа алдах, эд хөрөнгөө сүйтгүүлээд байх нь тун зохисгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зохицуулалтын биелэлтийг чанд шаардаж ажиллах болно. Мөн чангатгах шаардлагатай тохиолдолд чангатгана. Ер нь миний барьж ажиллах зарчим бол нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, дараа нь барилга гэдэгт оршино. Хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж чадаагүй бол барилга битгий барь гэдэг л шаардлагыг тавьж ажиллана. Ямар ч өндөр барилга хүний амьтай харьцуулшгүй хямдхан. Тиймээс хүний амь насны үнээр байшин барьж, ашиг эрэлхийлэхийг зөвшөөрөхгүй.

Оны эцэст Улаанбаатарт 30 мянга, орон нутагт 2000 айлын орон сууц ашиглалтанд орно. Эдийн засаг хүнд байгаа үед бэлэн мөнгөтэй хүн ховордсон. Тэгэхээр орон сууцны илүүдэл их байна. Салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байна вэ. Шинээр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтсийн үйл ажиллагаа чинь юунд чиглэгдэх юм бэ?

-Дээр дурдагдсан барилга талаа түлхүү барьсан хандлага нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг яамны бодлого, үйл ажиллагаанд дутуу тусгахад хүргэсэн байж. Зах зээлгүй бол барилгын салбар зүгээр хөрөнгийн түгжээс шүү дээ. Манайд бол барилгын компаниуд байна. Тэдгээр нь өөрийн тус тусын барилгыг зарах үүднээс “пропертийс” буюу үл хөдлөх хөрөнгийн гэсэн тодотголтой “хэлтэстэй” ихэнхдээ байдаг. Гэтэл барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хоёр тус тусдаа маш их хөрөнгө шаардсан бизнес. Ийм их хөрөнгө зардлыг барилгын компаниуд даахгүй. Тэгэхээр нэг л салбартаа буюу барилгадаа түлхүү анхаараад үл хөдлөх хөрөнгийн салбартаа дутуу анхаардаг юм байна. Аливаа нэг үл хөдлөх хөрөнгийн эдлэгдэх хугацааг 100 жил гэж үзвэл барилга барих буюу барилгын бизнесийн хугацаа нь хоёрхон жил. Тэгэхээр барилга гэдэг бизнес чинь үл хөдлөх хөрөнгийн нийт орших хугацааны хоёрхон хувийг л эзлэж байгаа юм. Аливаа барилгаас олох нийт орлогын бас багахаан хувьтай л түүнийг барих зардал тэнцдэг юм билээ. Гэтэл манай тогтолцооны бүхий л жин барилга талдаа төвлөрсөн байдаг. Харин ихэнх барилгын “амьдралын” дийлэнх хугацааг эзэмдэх үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд нь гүйцэд торниж амжаагүй байна. Энэ гажуудал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эрсдэлтэй болгож байгаа юм. Иймд энэ салбарын хөгжилд илүү анхаарал тавина. Энэ салбар хөгжвөл барилгын бизнесийнхний эрэлттэй холбогдсон эрсдэл буурна.

Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад яаж ажиллах юм бол?

-Салбартайгаа танилцаж байгаад нэг гайхширсан юм бол үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон гадаадын хөрөнгө оруулалт харьцангүй бага юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Иймд гадаадын хөрөнгийг татах бодлогыг баримтална. Энэ асуудал дээр би уг нь шинэ хүн биш. Үүнд саад болох эрсдэл бол эдийн засаг хямралтай байдал. Энэ салбарынхныг эх оронч хүмүүс гэж би боддог. Учир нь бидний оролцоогүйгээр бурхнаас заяасан газар доорх ордыг өөрсдийн гараар монгол хүний ухаанаар газар дээрх үл хөдлөх орд болгон хувиргасан байдаг. Тэгэхээр энэ баялаг бол бүдүүн нарийн царигаар Монголоос гарч явахгүй, найдвартай Монголдоо л байна. Тиймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад манай иргэд эмзэглэхгүй, дэмжинэ гэж итгэж байгаа. Дубай, Лондон, Хонгконг зэрэг хотуудын хөгжилд гадны хөрөнгө оруулалт маш их тустай байдаг бөгөөд тэд бүгд л ийм хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж байдаг. Манайхан ч тийм байдлаарсалбартаа хандана гэж найдаж байгаа.

Барилга хоорондын зай мөрдөгдөхгүй байна. Хот төлөвлөлтийн асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монголын барилгын салбарт удаан яригдаж буй стандарт, нормын асуудлыг евростандартын дагуу хөгжүүлэхсэн гэж хүсч байна. Энэ бол их урт хугацааны ажил. Гэхдээ үүнийг одоо эхлэхгүй бол манай төрөөс баримталж буй стандартууд бизнесийнхний хурдыг гүйцэхгүй хоцроод байна. Тэгээд тэдэндээ саад болоод байгаа. Тиймээс энэ гацааг гаргах эхлэлийг тавина гэж зорьж байна. Тиймээс Норм, нормативын хэлтэс байгуулсан.

Та урьд нь Байгаль орчны сайд хийж байсан хүн. Одоо барилгын салбарыг удирдаж байна. Дээр дурдсан ногоон бодлогын асуудлыг яамныхаа бүтцэд оруулсан нь үүнтэй холбоотой гэж харагдаж байна?

-Тийм ээ. Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулснаар эко технологи, шинэ матеиралыг нэвтрүүлэх үүд хаалгыг улам өргөн нээнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Салбарын сайд өөрчлөгдөхөд Дэд сайдаас өгсүүлээд, газар, хэлтсийн дарга нар бүгд өөрчлөгддөг. Таны хувьд хариуцсан яамныхаа томилгоог яаж хийх вэ?

-Манай яамны хувьд дэд сайд солигдоогүй. Хоёр намын зөвшилцлийн хүрээнд угаасаа АН талаасаа тавигдах байсан. Харин Төрийн нарийн бичгийн даргыг хүч түрэн томилсонтой эвлэрэхгүй байгаа. Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа зөвшилцөхгүй, асуухгүй шууд томилж буйг сайн ойлгохгүй байна. Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд бид хоёр зөвшилцөл дуусаагүй байхад яагаад ингэж буйг асуухад хэрэгсэлгүй шууд л алх цохиход бүгд гайхсан байх. Би яам нь солигдоогүй хуулийн дагуу ажил дээрээ байгаа Төрийн нарийн бичгийн даргын тухай яриагүй байна шүү дээ. Манай яам бол шинээр байгуулагдаад эрх зүйн хувьд Төрийн нарийн бичгийн даргагүй байсан яам. Үүн дээр зөвшилцөл явагдана л гэж ойлгож байгаа.

Тэгэхээр шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргадаа сэтгэл дундуур байгаа хэрэг үү?

-Ер нь хүч түрэх ямар шаардлага байсныг нь ойлгохгүй юм. Уг нь Ерөнхий сайдын хамгийн чухал нөөц хөрөнгө бол хоёр талын харилцан итгэлцэл юм. Гэтэл энэ баялгаа гээчихвэл засаг тогтох суурь нь л алдагдчих эрсдэл дагуулж байгаа юм даа. Тиймээс ийм үнэт хөрөнгийг юунд тийнхүү гамгүй үрж буйг ухаарахгүй л байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Энэ хууль гараад хатуугаар хэрэгжвэл телевизүүдийг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй

Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наран­жаргалтай ярилцлаа.

Телевизүүдийг үндэсний агуулгатай уран бүтээл нэвтрүүлдэг болгохоор Соёлын тухай хуульд “Монгол контент” хөтөлбөрийг нэмэлтээр оруулах төсөл УИХ дээр явж байгаа. Үүнд та ямар бодолтой байна?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд батлагдаж, үндэсний соёл, нийтийн эрх ашгийг хамгаалах тухай зүйл заалт нэлээд орсон л доо. Тиймээс Соёлын тухай хууль бодлогын бичиг баримтыг дагаж гарч байгаа хуулиудын нэг юм болов уу гэж харагдаж байгаа. Ер нь телевизтэй холбоотой хоёр хуулийн төсөл явагдаж байна. “Монгол контент”-оос гадна Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг Мэдээлэл технологи шуудангийн газар боловсруулж байгаа. Телевизийн агуулгад хязгаарлалт тогтоодог нийтийн жишиг байгаа юм. Энэ утгаар зохистой хязгаарлалт гэж үздэг л дээ. Харин “Монгол контент” хөтөлбөр батлагдвал арилжааны телевизүүдэд нэлээд хүнд тусахаар байгаа юм.

Яаж?

-Энэ хөтөлбөрийн дагуу үндэсний агуулгатай кино, уран сайхны бүтээл үйлдвэрлэх тухай яригдаж байгаа нь сайшаалтай. Үүнд улсаас таван тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байгаа юм. Харамсалтай нь энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Уран сайхны кино, бүтээл хийх бааз суурь нь манайд алга. 1997 онд бид “Халтар царайт ” киноны нэг ангийг нь 100 ам.доллараар худалдаж авч байлаа. Өнөөдөр гадаадын хамгийн хямд кино 500 ам.долларын үнэтэй байна. Тэгвэл бид үндэсний сериал кино хийе гэж бодоход нэг анги нь 500 ам.доллараар бүтэхгүй л дээ. Тиймээс энэ хууль гарлаа гэхэд хэрэгжилт нь асуудалтай. Мөн ойлгомжгүй хэдхэдэн зүйл заалт байна лээ. Уран бүтээлчдийнх нь, зураг авалтын багийн нэг нь монгол хүн бол үндэсний контент гэж үзнэ гэсэн тодорхойлолт байгаа. Жишээлбэл, “Марка поло” бол гадаадын кино. Үүнийг бид дэлгэцээр гаргая гэвэл монгол жүжигчин Амарсайхан тоглож байгаа учраас энэ хуулиар үндэсний контент гэж үзэх талтай болчихоод байгаа юм.

Эфирийн 50 хувь нь үндэсний агуулгатай уран бүтээл байна гэж хуульчилбал төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцож байгаа хэлбэр болно. Давхар үзэгчдийн эрхэнд халдсан явдал болно байх аа?

-Телевизүүд өөрсдөө олон нийтийн өмч болсон долгионыг ашигладаг. Тэд тусгай зөвшөөрөл аваад бидний өмчийг ашиглаж байгаа учраас үзэгчдийн эрэлт хэрэгцээ, таашаалд нийцсэн үйл ажиллагаа явуулж таарах болоод байна. Энэ хуулийг боловсруулахдаа яг телевизийн үзэгчид юухүсээд байгаа вэ гэдэгт нарийвчилсан судалгаа хийсэн эсэх ньасуудалтай байгаа юм. Хэт хатуу хязгаарлалт болбол жижиг зах зээлдөрсөлдөж буй энэ олон тооны телевизүүдийг шударгаар бизнес хийхэд нь ямар нэгэн дарамт болж мэдэхээр харагдаад байгаа юм. Тэгэхээр арилжааны телевиз гэдэг бол уран бүтээл хийж, хүмүүст таниулж, зар сурталчилгаанаасаа ашиг олдог бизнес шүү дээ. Энэ бол хүний хувийн бизнес. Энэ хууль гараад хатуугаар хэрэгжээд ирвэл олон бизнесийн байгууллагыг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй юм.

Дэлхий нийтдаяаршиж байхад дандаа л монгол кино, уран бүтээл үзээд байвал үзэгчид таашаахгүй байх л даа?

-Гадаадаас юм худалдаж авах нь Монголд хийснээс хямдхан байгаад байгаа юм. Зарим үнэтэйг нь дийлэхгүй болохоор хулгайлж, зохиогчийн эрхэнд халдсан явдал болж байна. Тэр таван тэрбум төгрөг болох нийтийн хөрөнгийг яаж телевизүүдэд хуваарилах нь одоогоор ойлгомжгүй байгаа юм. Тэр мөнгийг гайгүй уран бүтээл хийдэг туршлагатай телевизүүд нь авах юм бол нөгөө жижиг телевизүүд тэдний хийсэн уран бүтээлийг дамжуулах болно. 20 ангит кино хийлээ гэхэд бүх сувгаар гарах болж таарах нь. Хэрэв тэгвэл утгагүй. Энэ өөрөө зохицуулалтын хувьдтодорхой бус. Эргээд бизнес эрхэлж байгаа хүмүүст ямар нэгэн дарамт болоод эцсийнхээ дүнд үзэгчид хохирох вий.Тэгэхээр үзэгчид юу сонирхоод байгаа юм бэ гэдгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Зарим хүмүүс телевизүүдийн оргил цагийг зохицуулна гээд байдаг. Тэр оргил цагийг өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Хэрэв оргил цагаар монгол уран сайхны кино гаргаад тэрийг нь хүмүүс шүтээд реклам тэр хэмжээгээр нэмэгдвэл бизнесийнхээ хувьд хамгийн сайхан зарчим болно л доо.

Гадны телевизүүд мэдээж эфирийнхээ цагийг хугаслаж Монгол агуулгатай бүтээлүүд нэвтрүүлэхгүй байх?

-Телевизүүд өөрөө дотроо төрөлждөг. BBC гэхэд мэдээний суваг. Тэгэхээр заавал уран сайхны нэвтрүүлэг хий гэвэл утгагүй болно шүү дээ.

-“Монгол контент” хөтөлбөр зэрэг янз бүрийн хуулийн зохицуулалтаар төрөөс хэвлэлд хяналт тавиад байх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг?

-Төрөөставьж байгаа хяналт, магадгүй эрх баригчдыг дандаа шүүмжилдэг, тэдний дургүй телевизийн сувгийг үүгээр далимдуулж хааж боох асуудал үүсч болно. Өнөөдөр Монголын харилцаа холбооны зохицуулах хороо бол агуулга зохицуулдаг цорын ганц байгууллага. Агуулгад нь дандаа төрийн байгууллага хяналт тавьдаг. Төрийн байгууллага хяналт тавих нь зонхилж байгаа үед эрх баригчдад таалагдахгүй телевизийг үүгээр далимдуулж, хааж боох хэрэгсэл болоод хувирчих юм бол өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудал болно. Аливаа ийм хязгаарлалтыг нухацтай бодож хийхгүй бол болохгүй. Бэлтгэл ажил хийх хэрэгтэй.

Эрх баригчид өөрсдийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа?

-Тэгж харж болно. Яагаад гэвэл аливаа ХМХ-тэй холбоотой, агуулгын хувьд хязгаарлалт тавьж байгаа нөхцөлд хүмүүсийн дунд хардагдаж болно. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тэнцвэртэй сурталчилгаа гэдэг заалтад төрийн байгууллага буюу ШӨХТГ хяналт тавиад байгаа. Тус байгууллагын мэдэгдлийг үндэслээд телевиз сайтуудын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зогсоох хууль гараад ирж байгаа юм. Тэгэхээр Соёлын тухай хууль яг үүнтэй адилхан зохицуулалттай гараад ирэхийг үгүйсгэхгүй.

АН эрх баригчид болсоноос хойш хувийн хэвшил рүү, тэр дундаа хэвлэл рүү дайрч байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг оролдсон шийдвэрүүд гаргах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-ХМХ рүү дайрч байна гэж харахад энэ нь зорилготой, зорилгогүй гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн хоёр, гурван жилд илүү түгшүүртэй болж байна. Энэ телевизийн асуудал бол Соёлын хуулийн ч асуудал биш. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм журмууд байж байна. Тэр дүрэм журмаар ерөнхийдөө НҮБ-аас гаргасан Олон улсын хэм хэмжээ, стандартыг зөрчсөн зүйлүүд гараад байна. Дээрээс нь 2005-2012 оны хооронд шүүхээр шийдвэрлэгдсэн нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг 37 байсан.Жилд 3-4 хэрэг гарсан байгаа юм. Гэтэл 2014 он дуусаагүй байхад ийм хэрэг бидний бүртгэлээр 13 гарсан.Ганцхан жилд энэ нь хэд дахин өссөн байна вэ. Мөн “Amjilt.com” сайт, “Гэрэгэ” сэтгүүлтэй холбоотой гарсан асуудал байна. Түүнчлэн сошиалд нэрээ нууцлаад хандсан хүмүүсийн комментыг илчлэх гэх мэт асуудал байна л даа. Одоо асуудал улам хэцүү болох байх. Их эвсэл гэж байгуулагдлаа. Бүгд зөвшилцөж байж ХМХ-ийн зарчмууддаа тогтож авах байх. Эсвэл нийлж эсэргүүцээд улам хатуу болгох ийм л хоёр хувилбар байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Нөхдөөрөө бахархдаг НЭГ ТӨГСӨЛТИЙНХӨН

1982 оны нийт төгсөгчид 30 жилийн дараа

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нэгдүгээр 10-н жилийн сургуулийн 1982 оны төгсөгчид энэ өдөр уулзацгааж байгаа юм байна. Тухайн үед тус сургуулийг арвын долоон бүлгийн 270 орчим хүүхэд төгсч байжээ. Сурагчийн ширээнээс тал тал тийш салаалцгаасан тэд 32 жилийн дараа цуглаж байгаа нь энэ. Нэг төгсөлтийнхөн ер нь ингэж анги хамт олон шиг бөөгнөрөөд сүйд болоод байх нь тун цөөхөн дөө. Ангийн ойн уулзалтад гэхэд хуруу дарам хүн л ирдэг шүү дээ. Тэгвэл эдний төгсөлтийнхөн жилдээ 1-2 удаа уулзаж, байнга холбоотой байдгаараа онцлог ажээ. Уулзалтыг ангиуд ээлжлэн жил болгон зохион байгуулдаг гэнэ. Өнөө жилийн хувьд төгсөгчдийг цуглуулах үүрэг 10в бүлэгт оногджээ. Ер нь уулзалтад ирэх хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн.

Цэцэрлэг хотын Нэгдүгээр сургуулийн хувьд түүхэн онцлогтой. Монголын ууган сургуулиудын нэг бөгөөд 1923 онд байгуулагдаж байжээ. Математик, физикийн сургалтаар улсдаа толгой цохидог Нэгдүгээр арван жилээс үе үеийн олон эрдэмтэн төрөн гарсан байна. Тус сургуульд хүүхдүүд элсч орох гэж нэлээд ширүүн өрсөлдөөн явагддаг байж. Мөн багш нарыг ч сонгон шалгаруулалтаар авдаг байсан гэнэ. Бүр буриад, орос багш нар ирж хичээл заана гээч. 1982 оны төгсөлтийнхний хувьд дийлэнх нь гадаадын хуваарь авч, бүр барууны орнуудын сургуулийн хуваарь авсан ажээ. Ардын багш Банзрагч, Монгол Улсын гавьяат багш Нямрэнцэн нарын бэлтгэгдсэн шавь гэдгээрээ тэд тун бахархах юм билээ. Сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш Р.Нямдорж агсан байжээ. Өндөр нуруутай, цэмцгэр энэ эрхмээс сурагчид үлгэр дуурайлал авдаг байсан ажээ.

Сурагчид Архангай аймгийн Захиргааны байрны суурийг тавилцав. 1981 он

Анги болгон л онцчуудтай. Орос хэл, математик, физикийн аварга шалгаруулах аймгийн олимпиадад 10а,10д ангиуд ямагт тэргүүлнэ. Нийгмийн идэвх санаачилга сайтай, хөдөлмөрч, эв нэгдэлтэй хамт олон байсан тухайгаа дурсав. Тухайн үед хөвгүүдэд цэрэгжилтийн сургалтыг хичээлийн программаар ордог байжээ. Энэ хүрээнд хээрийн сургууль хийнэ. Алдарт Цагаан давааны ард хөвгүүд хоёр тал болж байгаад дайны цагийн байдлаар сургалт явуулдаг байсан гэнэ. Анги бүрээс хоёр хүүхэд шөнийн харуулд гарна аа. Гэтэл нэг удаа харуулууд нам унтаж орхижээ. Үүнээс болж бүгд шийтгүүлж байжээ.

Мөн хүүхдүүд аж ахуйн ажилд нэлээд дайчлагдана. Булган сум руу явсан хүүхдүүд тав хоног хоол, хүнсгүй зутарч хөгөө чирчээ. Хүүхдүүдийг аваачсан хүмүүс мартаж орхисон байна. Харин тэдэнд нэг шуудай гурил, жаахан тос, элсэн чихэр л үлдсэн байж.

“Ингээд өлсөхийн эрхэнд гурилаа усаар зуурч байгаад л хайрч идсэн нь тун амттай байсан шүү” гэж ирээд л санаанд үлдсэн тод дурсамжаасаа хуваалцсан юм.

Л.Даариймаа багштай 10д-гийнхний хувьд тэд Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг хуваалцсан хэмээн олзуурхав. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Ж.Гүррагчаа сансарт ниссэн гэхээр тэд есдүгээр ангийн сурагчид байлаа. Тухайн үед Цэцэрлэг хотын Нэгдүгээр арван жилийг төгссөн М.Ганзориг сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан гэнэ. Ингээд тус сургуулийн сурагчид бүгд л түүнийг сансарт нисээсэй гэж хүсч байжээ. Гуравдугаар сарын 21-ний шөнө Л.Даариймаа багшийн ангийнхан сургууль дээрээ жижүүрлэж хоносон гэдэг. Тэд хоёр янзын зурагт хуудсыг наахаар бэлтгэсэн байжээ. Тэр нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын зурагтай палкат байв. Аль сансарт ниссэн хүнийх нь зургийг энд тэндгүй алдаршуулан наах үүрэгтэй сурагчид тэрхүү торгон агшныг их л догдлон хүлээж байжээ. Ингээд малчин ардын хүү Ж.Гүррагчаа сансарт нисэхээр болсон тухай мэдээ иржээ. Хэдийгээр сурагчдын найдлага тавьж байсан хүн нь пуужингаар огторгуйд хөөрөөгүй ч монгол хүн анх удаа сансарт ниссэнд маш их омогшиж байцгаасан гэнэ лээ. Сурагчид Ж.Гүррагчаагийн зурагт хуудсыг энд тэндгүй нааж түүхэн үйл явдалд оролцсон хэмээн баярлаж байснаа санан ярилаа.

Тэд наймдугаар ангид байхдаа Ю.А.Гагарины нэрэмжит болохоор сансрын нисгэгчтэй холбоотой зурагт альбом гаргах төлөвлөгөө биелүүлэх учиртай. Ангийн дарга Ш.Гантөмөр тэргүүтэй нөхдүүд аймгийн төв номын сангийн сонингуудыг бүтэн үлдээгээгүй гэдэг. Энэ тухай тэрбээр дурсахдаа “Тухайн үед одоогийнх шиг техник хөгжөөгүй байсан шүү дээ. Хэвлэл гэвэл ганцхан “Үнэн” сонин л байлаа. Ж.Гүррагчаа сансарт ниссэн болохоор дугаар болгон дээр нь л энэ тухай зурагтай нийтлэл гарна. Шүлсээрээ норгосон хуруугаа сонины зураг тойруулж байгаад л урж авна даа. Тэр үеийн бүх сонины сансрын нисгэгчтэй хуудсууд нь цоорхой байгаа” гээд инээв. Түүний хийсэн зурагтай альбом хэд хэдээрээ байжээ. Нөр их хөдөлмөр зарцуулж хийсэн уг бүтээлийг ээж нь шатаачихсанд тун их гомдож уйлж байсан гэнэ. Ээж нь “Шалгалт дөхөөд байхад зурагт хуудас гээд дэмий зүйлд цаг заваа зарцуулаад байх юм. Яадаг моньд вэ” гэж ирээд л галд хийгээд шатааж орхижээ.

10д-гийн Ш.Гантөмөр, С.Отгонбаатар, Б.Отгонбаатар, Ж.Гансүх нар сурлагаараа аймагтаа толгой цохино оо. Ямар сайндаа багшийн самбарт бичсэнийг хүүхдүүд дэвтэртээ хуулж дуусаагүй байхад мань дөрөв хариуг нь шууд хэлдэг байжээ. Бас аймгийн олимпиадад байнга л эхний дөрвөн байрыг авна гээч. Ангийн дарга өгүүлэхдээ “Би их залхуу хүүхэд байсан юм. Олимпиадад нэгдсэн журмаар бэлдэж, давтлага өгч байхад огт очдоггүй байв. Тэгээд ангийн багшийг тэр хүүхдээ олж ир гээд загнаад явуулдаг байсан гэсэн. Нэг удаа багш маань математик, физикийн ном сугавчлаад гэрт уйлчихсан ирж билээ” гэв. Ангийн багш Л.Даариймаа нь их сургуулиа төгсч ирээд анхны дааж авсан бүлэг нь 10д ажээ. Эднийх 40 хүүхэдтэй байснаас 23 нь хөвгүүд гэнэ. Нийгмийн идэвхтэй хүүхдүүд байсан болохоор ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах ажилд хөвгүүд тун ч санаачилгатай оролцдог байсан байна. Ангийн багш тэдэнтэй голдуу тулж ажиллана. Тэгэхээр охидууд “Багш биднийг тоохгүй юм” гэж гомдоллодог байжээ.

Нутгийн олны шүтээн хайрхан Булган баруун зүүн суганаас булаг рашаан ундарна. Урссаар урд Тамирын голтой нийлэлдэх бөгөөд аймгийнхан үүнийг “Бааст гол” гэж нэрлэнэ. Нов ногоон зүлгэн дээр шар цэцэгс налайж, энэ хоёр өнгө тун зохицолтой харагддаг сан. Шалгалт, шүүлгэндээ бэлдэхдээ сурагчид Бааст голынхоо хөвөөн дээр очиж, номоо уншиж, хоорондоо ярилцдаг байлаа гэж тэртээх он цагуудыг дурсан ярилаа. Тухайн цаг үеийн хүүхдүүд багшаасаа л үлгэр дуурайлал авна. Тэдний хэлсэн үг, заасан номыг хууль мэт мөрддөг байжээ. “Бид социализмыг байгуулж байна. 2000-аад онд коммунизмд орно. Тэр үед хүссэн зүйлээ авч болно. Дэлгүүрт ороод дуртайгаа авч болох цаг ирнэ” гэж багш нар нь сургадаг байжээ. Энэ үзэл суртал хүүхдүүдийн мөрөөдлийг оргилуулж, ирээдүй рүү тэмүүлэх хүслийг нь улам бадраадаг байж.

10д-гийнхнээс цэргийн хүн арав төржээ. Мөн инженер, эмч, багш, эдийн засагч гээд нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа хүмүүс олон. Тухайлбал, ЗХЖШ-ын хурандаа Б.Батбаатар, Багануурын нүүрсний уурхайн Засварын хэлтсийн дарга Ш.Гантөмөр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга Г.Батдорж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, тус аймгийн Өгий нуур сумын Эмнэлгийн дарга Д.Галбадрах, түүний нөхөр буюу ангийн хөвгүүн Ц.Ариунболд гээд олон хүнийг дурдаж болно.

Тэгвэл тус сургуулийн Н.Балжинням багштай 10в ангийн хамт олон 37-уулаа төгссөн бөгөөд ихэнх нь их дээд сургуульд элсчээ. Мөн саналаараа долоон хүүхэд цэргийн албанд мордож ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Ангийн дарга Ж.Батсайхан, Эвлэлийн үүрийн дарга Ю.Алтанцэцэг нар анги хамт олноо удирдан зохион байгуулах, тэдний эв нэгдлийг хангахаас өгсүүлээд нийгмийн ажилд тун идэвхтэй оролцдог сурагчид байж. Сургуулиас зохион байгуулагдсан урлаг, спорт, намрын ажилд манлайлан оролцож сургуулийн тэргүүний хамт олон болдог байсан юм байна. Эдний анги хөвгүүд олонтой. Тиймээс дүрсгүйтэж үймүүлэх нь илүү. Өөр ангийн үе тэнгийн охидыг коридороор явуулахгүй бие биерүүгээ түлхэн дэггүйтэж, завсарлагаа бүрийг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. “Одоо манай ангийн хамт олон Төрийн болон бизнесийн байгууллагуудад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж Төрийн одон медалиудаар шагнагдаж нэр төртэй улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэж” ангийн дарга ярилаа.

Харин орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Б.Шуурай багштай 10А ангийн Ц.Нарантунгалаг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Р.Алтантуяа ХУД-ийн Шүүхийн ахлах шүүгч, Ч.Гантулга МХЕГ-ын улсын ахлах байцаагч, Ж.Ариунаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажиллаж байна.

Тэгвэл 10 б-гийнхэн нийгмийн идэвхтэй байсан шигээ нэлээд сайн явцгааж байгаа ажээ. Эдний ангид алдартнууд олон. Сайд нарын II эмнэлгийн Тусгай тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр Д.Долгормаа байна. Тэрбээр багын сурлага сайтай, Эвлэлийн үүрийн дарга хийдэг идэвхтэй сурагч байжээ. “Алтан чагнуур” цолын анхны эзэн юм. Мөн ХААИС-ийн Инженерийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, боловсрол, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Б.Лхагвадорж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ойн мэдээллийн сангийн инженер, Байгаль орчны тэргүүний ажилтан Х.Нарангэрэл байна. Нийслэлийн ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн хариуцлагатай зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Цэрэннадмид, Улсын харцага Б.Жавхлантөгс, Б.Лхагвадорж нарыг ангийнхан нь онцолж байсан шүү.

Тэгвэл 10ё ангийнхан сэтгүүлч Н.Дуламсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар угсралтын цехийн дарга Б.Баасансүрэн нараараа бахархдаг юм лээ. Түүнчлэн “Монкор” компанийн эзэн 10г-ийн Л.Гэрэлт, шилдэг санхүүч 10е-гийн Б.Удвал, “Мандал” интернэйшнлийн захирал С.Намсрайжав, ЗХЖШ-ын хурандаа Р.Болдбаатар 10г ангиас төржээ.

Нэг төгсөлтийнхөн ойн баяраа өнгөрсөн жил нижгэр тэмдэглэжээ. Зохион байгуулсан бүлэг 24 номинациар анги тус бүрээс онцлохыг нь тодотгосон байна. Тухайлбал, шилдэг төрийн ажилтан, эмч, фермерчин, сэтгүүлч, дасгалжуулагч, санхүү гээд мэргэжил болоод, салбартаа амжилт гаргасан нөхдийгөө шалгаруулж, гэнэтийн бэлэг барьжээ. Хамгийн олон хүүхэдтэй ааваар найман хүүхдийн эцэг болсон 10б-гийн Н.Түмэнжаргал тодорсон байна. Олон хүүхэдтэй ээжээр 10е-гийн Р.Эрдэнэтуяа шалгарчээ. Сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суух үеэсээ тоонот гэрт толгой холбосон хосууд ч эдний үеийнхнээс олон төрсөн байна.

Бага насны хөгжилтэй дурсамжуудаа хуваалцах энэ үдшийн уулзалтаа хөөр баяраар дүүрэн өнгөрүүлэхийг хэсэг нөхдөөс нь хүслээ. Мөн тэд уулзалтад ирж амжаагүй, хилийн чанадад болон орон нутагт байгаа төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэхийн сацуу амьдралд нь аж жаргал сайн сайхан бүхнийг дайж байсан шүү.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

Шинээр эмхлэн байгуу­лагдаж байгаа засгийн бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Эвслийн Засгийн газар үлдсэн 1.6 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил авчирч, эдийн засгийн хүрээнд юу хийж чадна гэж итгэл хүлээлгэж байна?

-Эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн үл ойлголцол газар авчихсан ийм цаг үед УИХ-д суудалтай бүх нам нийлээд их эвслийн Засгийн газар байгуулж байна. Миний хувьд энэ үйл явдлыг хоёр зорилготой гэж харж байгаа. Эхнийх нь Үндсэн хуулийн зохицуулалтад зарим нэг өөрчлөлт, засвар хийх шаардлагатай юм. Наад зах нь Засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Нэг сум хэдэн хүн амтай билээ дээ. Тэгвэл хамгийн бага хүн амтай дүүрэг гэхэд л 100 мянган хүнтэй байна. Бүр 4-5 аймаг нийлүүлсэн юм шиг том дүүргүүд байгаа. Монгол Улсын хүн амын 50-60 хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хот нийслэлийн статусын нэг түвшинтэй. Өөрчлөх гэхээр Үндсэн хуулийн зохицуулалттай болохоор болдоггүй. Энэчлэн олон зүйлээс улбаалан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Тиймээс Шийдлийн Засгийн газрын хүрээнд боломж гарах юм болов уу гэж харж байна. 2000 оных шиг дордуулсан долоон өөрчлөлт хэрэггүй л дээ. Зөв өөрчлөлт хийгээд явах юм бол улс орны ирээдүйн хөгжилд маш чухал гэж харж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай энэ цаг үед бэрхшээлээс яаж эрсдэл багатай давж гарах вэ. Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад ард нь гарах хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн л хожно. Энэ үүднээс одоогийн байгуулагдаж байгаа Засгийн газрыг буруутгахгүй. Дэмжиж байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахдаа яамдын тоог хэтэрхий олон байна гээд 13 болгож цөөлсөн. Гэтэл сая намуудын зөвшилцлийн хүрээнд буцаагаад 15 болгохоор төсөл өргөн барилаа. АН фракцийнхаа эрх ашигт хөтлөгдөөд яамдын тоог нэмчихэв үү гэх хардлага дагуулаад байгаа л даа?

-Асуудал яамныхаа тоонд байгаа юм шиг манайхан ярьдаг. Цөөхөн яам байгаад төрийн үйл ажиллагаа амжилттай болчихгүй. Үр дүн л чухал. Харин тэр тодорхой боломжит түвшинд нь засгаа байгуулаад ажиллавал ямар үр дүн өгөхийг бодох ёстой. Одоо байгуулагдаж байгаа бүтэц боломжийн түвшинд байна. Өмнө ес болон 11 яамтай байсан гээд ярих юм. Тэр үеийн нийгмийн цар хүрээ, хүн амын тоо ямар байлаа даа. Одоо хэдэн хүн амтай болж, эдийн засаг яаж өргөжлөө дөө. Гадаад харилцаа хэрхэн хүрээгээ өсгөв гээд энэ бүгдийг бодоод үзвэл Засаг захиргааны хувьд тэлэх ёстой. Илүү хүчирхэгжиж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байна. Манайхан хийе бүтээе, урагшилъя гэхээсээ илүү шүүмжилсэн, үгүйсгэсэн, хардсан, сэрдсэн, гүтгэсэн, доромжилсон зүйл гаргаж тавих юм. Энэ буруу. Улс оронд аль нь ашигтай юм, яавал түргэн хөгжих вэ гэдгийг л харах ёстой. Өнөөдөр Украин шинэ Засгийн газраа байгуулж байна. Юун яамны тоо байтугай гадаад иргэдийг хүртэл Засгийн газартаа орууллаа. Украин чинь хямралаас гарах гэж бүхий л арга чаргаа хайж байна. Ганц Монголын төр хямарчихаад байгаа юм биш. Хэд хэдэн улсын Засгийн газар өөрчлөгдөж байна. Япон улс гэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраа хэд дахин сольчихов доо. Ингээд яриад байвал асуудал мундахгүй. Дэлхий нийтээр эдийн засаг улс төрийн хямралтай байна. Тогтуун боломжийн нөхцөл байдал үүсэх байх. Дандаа муу байна гэж юу байхав. Ашигт малтмал, уул уурхайн түүхий эд тогтворжоод ирэхээр манай улсын эдийн засаг сэргэнэ. Бид эрх зүйн зөв орчноо бүрдүүлээд явбал, улс орон эерэг тал руугаа явах цаг хол биш. Иймд монголчууд дотроо эв зүйгээ олсон байх ёстой. Тэгэхийн тулд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Монголчууд хэдэн үеэрээ хоорондоо байлдаж, талцсаар ирсэн. Ингэснээр хүч нь суларч, хөгжлийн замд том саад болж байгаа юм. Тэгэхээр одоо бие биенээ хүлээн зөвшөөрөх хандлагыг дэмжих ёстой. Хамтраад эдийн засгийн эрдслээ давъя гэж байхад яагаад МАНАН гээд байна вэ?

Өмнө хамтраад үр дүнд хүрч чадаагүй алдаа бий?

-Тэр үнэн. Гэхдээ л дандаа муу юм байна гэж юу байхав. Бид оролдох л хэрэгтэй. Нэг удаа чадаагүй байж болно. Хоёр дахиа амжилт олоогүй байг. Гурав дахь удаагаа үр дүнд яагаад хүрч болдоггүй юм бэ. Уйгагүй оролдлого л үр дүнд хүргэнэ биз дээ. Бид Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхний эвслийг байгуулж үзсэн. Дараа нь С.Баярыг Засаг толгойлж байх үед бас нэг эвсэл байгуулсан. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед их эвсэл байгуулж үзье л дээ. Тууштай оролдлогын үр дүнд амжилт олохыг хэн байг гэх юм бэ.

Яамдын тоог хоёроор нэмж, хэд хэдэн агентлагуудыг татан буулгахаар УИХ хэлэлцэж байна. Тахарын албыг гэхэд саяхан байгуулчихаад татан буулгаж байх шив дээ…

-Зарим шаардлагагүй агентлагуудыг нь татан буулгах, төсөв орон тоогоо үр дүнтэй зохицуулах асуудал гэж ойлгож байгаа. Нэг их эмзэглээд байх асуудал биш юм. Шинэ Ерөнхий сайддаа боломжийг нь олгоё л доо. Идэвх зүтгэлийг нь нээж өгье л дөө. Гэтэл манайхан тал талаас нь шүүрэн шанага болтол нь балбадаг. Тэгсээр байгаад хэн ч биш болгоод хаядаг. Нэг удаа ч гэсэн боломжийг нь олгоод, дэмжээд яагаад болохгүй гэж. Юм болгоныг нь яагаад үгүйсгэж эсэргүүцэж байх ёстой юм бэ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхэд “Шонхор” фракцийнхан хурал хаяад гарсан. Ямар тохиролцоо явчихав аа,эсвэл үл ойлголцол байсан уу?

-Ямар нэгэн хор найруулаад хуйвалдаад явсан юм байхгүй. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандсан. Манай хүмүүс ч тэгж хандсан байх. Эцсийн дүндээ би хэн нэгнээс урваад явах үйлдэл байтугай санаа ч байгаагүй. Улс орныхоо болоод намынхаа эрх ашгийг бодсон юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн гурван өндөрлөгийг гадаадад эмчлүүлэхийг хуулиар хориглоё

Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг гадаадад эмчлүүлэхийг хуулиар хориглоё. Эд нар дээр нэмээд УИХ-ын гишүүн болон сайд нарт бас уг хуулийг хамаатуулъя. Манайхан сүүлийн үед хуруугаа шалбалсан ч гадаад руу явж эмчлүүлдэг боллоо. Энэ нь манайд тун хортой.Монголын анагаах ухааны салбарыг өсөн дэвжих гарцыг нь хааж байгаа гэсэн үг.

Яагаад гэвэл тэд биеэ өвдөнгүүт л гадаадын эмнэлгүүдийг зорьдог болохоорэрүүл мэндийн байгууллага хөгжихгүй байна. За, тэгээд төрийн дээд удирдлагуудыг дагаад иргэд ч хилийн чанадад эмчлүүлдэг болчихлоо. Хамаг мөнгөө гадагшаа урсгаж байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хойш татаж байгаа үндсэн шалтгаан бол ердөө энэ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтгүй болж байгаа юм. Дээрх хоёр хүчинзүйл нийлсний үр дүнд Монголын анагаах ухаан “Жор барьдаг ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэгчээр илүү хөгжихгүй байна. Аливаа ан амьтан, ургамал цэцэгс хүний өвчин эмгэгт сайн гэж ард түмэн итгэж, хэрэглэж байгаа нь харамсалтай. Ямар ч шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг ахуйдаа нэвтрүүлж байгаа. Нэг ёсондоотуршилтын туулай болж эрүүл мэндээрээ хохирч байна. Жишээлбэл, бөөрний хорт хавдартай хүнд тарваганы бөөр, чалх муутай эрчүүдэд чонын төмсөг идүүлж байх маягтай. Гэтэл дэлхийд эсийн түвшинд өвчнийг анагаахаар барахгүй шинэ хүн бүтээдэг болчихоод байна. Харин Монголын анагаах ухаан сүүлийн 20 жил огт урагшаа ахисангүй. Энэ бүгд дээр дурдсанчлан дарга нар биеэ муудахаар гадагшаа явж, Монголын анагаах ухааныг огт тоодоггүйтэй холбоотой. Тэднийг гадаад явж эмчлүүлэхийг нь хориглосон хууль байвал амиа бодоод эрхбиш эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж л таараа. Хүн аминдаа хайртай болохоор хэн ч гэсэн үхэхийг хүсэх вэ дээ.

Өнөө цагт төрийн түшмэдүүд ямар тансаг ордон бариулаад сууж байгааг бид харж байна. Эрүүл мэндээ бодсон эрхэм гишүүд гадагшаа явж эмчлүүлэхээ байчихвал дотооддоо ямар сайн эмнэлэгтэй болох нь ойлгомжтой. Эрхбиш тэнд нь монголчуудаа эмчлээд байх байлгүй дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ

УИХ-аар “Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Соёлын тухай хуульд нэмэлтээр орж буй “Монгол контент” хөтөлбөр батлагдвал хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж, боомилсон явдал болно. Таны хувьд энэ хуулийн төсөлд ямар байр сууртай байна?

-Монголын төр аливаа бизнест оролцохгүй байхыг хаа хаанаа ярьж байгаа. Тиймээс миний хувьд “Монгол контент” хөтөлбөрийг дэмжихгүй. Хувийн телевиз, хэвлэлүүд өнөөдөр төрөөс ямар ч татаас авалгүйгээр өөрсдийгөө авч яваа салбар. Өнөөдөр 140 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Өрсөлдөөн дундаас сайн телевизүүд нь шалгараад л гараад ирнэ. Тиймээс төрийн оролцоо заавал байх шаардлагагүй гэж бодож байгаа. “Монгол контент” хөтөлбөр нь нэг ёсондоо редакцийн бодлогод шууд нөлөөлж байна шүү дээ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь эх оронч үзэл, хүмүүжил, монгол ёс заншил, өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй гэж байна л даа. Үүнийг телевизээр нэвтрүүлснээс ард түмнээс сонгогдсон улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө үлгэрлэж харуулах ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт асар их холбогдож байна. УИХ-ын гишүүд ёс зүйтэй баймаар байна. Аливаа асуудлыг нам болоод албан тушаал харгалзахгүй шийдэж байх хэрэгтэй л дээ. Гэтэл найзан дундаа, нам дундаа хийгээд явж байгаа тохиолдолд Монголын ёс суртахуун, хүмүүжлийн талаар телевизээр ухуулна гэж хичнээн яриад ч нэмэргүй. Тиймээс төр биелэгдэхгүй хуулийг гаргах шаардлагагүй юм.

-Телевизүүдэд гадаадын кино, нэвтрүүлэг зонхилж, тархи угаалт явагдаж байна, гадны нөлөөнд орлоо гэхчилэн Ц.Оюунгэрэл сайд “Монгол контент”-оо батлуулахаар тэмцэж байгаа шүү дээ…

-Гадаадын кино үзээд тархи угаагдана гэж ойлгохгүй байна. Харин ч чөлөөтэй байх ёстой. Тэгж байж монголчууд бидний оюун ухаан дархлаатай болно. Хойт Солонгос шиг бүх юмыг хорьчихоод нэг тавибал юу болох нь тодорхой. Өнөөдөр сайн муугаараа дуудуулдаг телевизүүдийн чанар сайжирч байгаа. Бүх телевиз хүүхдэд зориулсан өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болсон байна. Монгол ёс заншлыг сурталчилсан, үлгэр домгийн цаг, нэвтрүүлгийн цагтай. Өөрийнхөө зах зээлийн жамаар явж байгаа энэ салбарт төр оролцоод хэрэггүй гэдгийг дахин хэлмээр байна.

Бид гадны нөлөөнд орлоо гээд байгааг ойлгохгүй юм. “Компьютер”-ийг дэлхий нийтээр ингэж л нэрлэдэг. Бид ч адилхан “компьютер” гэдэг шүү дээ. Өөрөөр юу гэж хэлэх вэ. Үүнийг тэгээд гадны нөлөөнд орж байна гэх үү. Туйлшрахдаа хэмжээндээ л туйлшрах хэрэгтэй.

-Харин ч манайхны хийдэг кино харгис хэрцгий балмад үйлдэлтэй байдаг. Тэгсэн атал эфирийн 50 хувийг заавал үндэсний нэвтрүүлэг байхаар төсөлд тусгасан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэрэгжих боломжийг нь та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол ёс заншил, ахуй соёл монголчууд бидний цусанд, генд бий. Тиймээс телевизээр тэгтэл нь гаргаад байх шаардлагагүй. Харин ч бид дэлхийн сонгодог урлаг, кино бүтээл, уран зохиол зэргийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй. Дэлхий нийт хоног цаг хугацаагаар хөгжиж байна. Бид үүнтэй хөл нийлүүлмээр байна.

-Дэлхий чигтээ даяар­шиж байхад манай телевизүүдийн нэвтрүүлгийн тэн хагас нь монгол агуулгатай болбол бид хөгжлөөс ухарч байгаа хэрэг юм биш үү?

-Даяаршлын үед бид дэлхий нийттэйгээ улам ойртох ёстой. Ц.Оюунгэрэл сайд хэвлэлийн салбар руу биш жуулчдыг хэрхэн эх орондоо татаж, тэдний ая тухыг хангахад анхаараасай. Тухайлбал, Оросын жуулчид манайд ихээр ирж байна. Адаглаад л тэднийг дэлгүүр ороход нь хөтөч байх хэрэгтэй. Энэ бүгдийг салбарын сайд нь анхаарч, зохицуулах ёстой баймаар.

-Ямартай ч ирэх оны төсөвт “Монгол контент” хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дүнг 140 телевизэд хуваахаар юу ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр олигтой уран бүтээл гарах уу гэдэг асуудал байна?

-Уран бүтээлчдийг чөлөө­тэй орхичихвол тэднээс олон сайхан бүтээл төрнө. Ингэж телевизүүдийн эфирийн цагаас хугаслаж байхаар харин ч Монголын урлаг соёлыг гадаадад сурталчлаад ирсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ ажлыг салбарын яам нь хиймээр байна. Ерөнхийлөгч олимпод түрүүлсэн тамирчдад насан туршид нь мөнгөн дэмжлэг үүзүүлдэг болсон. Үүн шиг л эх орныхоо соёл урлагийг дэлхий дахинд таниулж, амжилт гаргасан уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлмээр байгаа юм.

-Ц.Оюунгэрэл сайд телевизүүдтэй таван тэрбумаар хаалтын гэрээ хийх гэлээ гэж шүүмжлэлд өртөж байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Төрөөс мөнгө авсан телевиз чинь төрийн заавраар явахаас өөр аргагүй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, телевизүүдэд таван тэрбум төгрөг хувааж өгчихөөд өөрсдийнхөө дохиогоор хөдөлгөх нь ээ. Эрх баригч нам нь телевизийн эфирийг хянаад байхаар тухайн хэвлэлийн байгууллага амаа бариулна. Нөгөөтэйгүүр тухайн намын мэдэлд байдаг телевизүүд ч тэр мөнгийг авах гэж зүтгэнэ. Энэ зэргээс “Монгол контент” төсөл орж ирсэн нь угаасаа буруу. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод нь асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр Телевизүүдийн холбоо өөрсдийнхөө үйл ажиллагааг мэдэг л дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тендер зарлавал тэнд жинхэнэ авлига хээл хахууль явагдана. Тиймээс энэ салбарыг зүгээр л орхичих гэж хэлмээр байна. Ёс суртахууныг Монголын ард түмэн өөрсдөө шүүнэ.

-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал манайд үйл ажиллагаа явуулж буй CNN, Bloomberg гэх мэт гадаадын томоохон телевизүүд мөрдөхгүй нь ойлгомжтой. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төсөлд уг асуудлыг хэрхэн тусгасан юм бол?

-Ер нь хуулийн төсөлд ойлгомжгүй асуудлууд байна л даа. Хуулийг баримтлахгүй байгаа телевизийг яах ёстойг төсөлд тусгаагүй байна лээ. Тухайн телевизийн эрхийг нь хаах юм уу, тун ойлгомжгүй байгаа юм. Хэрэв хууль мөрдөөгүй телевизийн үйл ажиллагааг зогсоовол хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг болно.

Мэдээж манайд үйл ажиллагаа явуулж буй CNN зэрэг гадны томоохон телевизүүд хууль батлагдлаа гэхэд дагахгүй нь тодорхой. Ер нь таван тэрбум төгрөгийг хэдэн телевизэд тарааж өгч байхаар гадаадын нэр хүндтэй телевизүүдэд Монголоо сурталчлахад зарцуулах ёстой санагдаж байна. Монгол ёс заншлыг ингэж л сурталчилмаар байгаа юм.

-Ер нь АН гарснаас хойш ХМХ-ийг хааж боож, өөрсдийнхөө хувийн эрхшээлд байлгах гэсэн, бизнес эрхлэгчид рүү халдаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оорлцсон хуулийн төслүүд орж ирж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-АН гараад ард түмний нуруун дээрээс ачаа авдаг гэж ойлгогддог байсан. 1996 онд үнэхээр бид ачааг нь авсан. Харин 2012 оноос хойш намтайгаа олон зүйл дээр санал нийлэхгүй байна л даа. Ялангуяа хэвлэл мэдээлэл дээр авч байгаа арга хэмжээний хувьд Засаг хийх ажлаа л хийж, бизнест бага оролцооч ээ. Нэг ёсондоо тэд хэвлэлийн мэдээлэл түгээх эрхэнд халдах гэж байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн шуудан” сонинг сонгууль хүртэл “үхүүлэхээр” болжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өдрийн шуудан” сонинг худалдаж авсан. Энэ хэвлэл түүний гарт очоод зах зээлд удаан оршин тогтнож чадсангүй. Эрхэм гишүүн өмчилж авсан сонингоо дампууруулчихлаа. Сураг сонсох нь ээ, тэрбээр “Өдрийн шуудан” сониныг 2016 оны сонгууль хүртэл “үхүүлэхээр” шийдсэн гэнэ үү. Хэсэг хугацаанд дарж байгаад сонгууль дөхөхөөр дахин гаргаж шуугиулна гэсэн шийдвэрт хүрсэн байна. Өнөөдөр “Өдрийн шуудан” сонин уншигчдадаа очихгүй байгаа шалтгаан ердөө энэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн мөнгөтэй хүний эрхшээлд орохоор хэрхэн хувь заяагаа шийдүүлдгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, энэ бол мөнгөтэй улсууд хэвлэлийг худалдаж аваад амыг нь барих үйл явц мөн. За яахав, хөрөнгөтэй хүмүүс хэрэгтэй үедээ хэвлэлийг ашигладаг юм байгаа биз. Хувийн өмчөө яаж, ямар байдлаар захиран зарцуулах нь тэдний эрх байх л даа. Тэгвэл тэр сонинд ажиллаж, амьдралаа залгуулж байгаа сэтгүүлчид яах юм бэ. Үнэхээр эзнийхээ хүсэлтээр сонгууль хүртэл “үхцгээх” хэрэг үү. Наанадаж сэтгүүлч, уран бүтээлчдийн ажилласан жилийн нийгмийн даатгалын төлөлт завсардаж байна шүү дээ. Тэд ажил хийгээгүй хугацааны нийгмийн даатгалыг хэн ч нөхөн төлөхгүй. Хожим тэтгэвэрт суухаар бөөн асуудал үүснэ. Тогтоолгох тэтгэврийн хэмжээг доош чангаана. Сонин түр “үхсэн” өдрүүдийнцалинг сэтгүүлчдэд хэн өгөх юм бэ. Иймд зарим ажилтнууд нь өөр ажил эрэх болно. Энэзэрэг олон асуудал хэвлэлийн байгууллагыг худалдаж авсан хүмүүст ямар ч хамаагүй юм уу. Хэрэв эрхэм гишүүн “Өдрийн шуудан” сониныг худалдаж авсан л юм бол ажилтан албан хаагчдынхаа ар талын асуудлыг хариуцах ёстой баймаар. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан сэтгүүлчид тэдний тоглоом болох ёстой юу. Сэтгүүл зүйн салбар ямар хэн дуртай хүний зугаа юу гэж тэднээс асуумаар байна.

Хэвлэлийн байгууллагыг хүссэн нь худалдаж аваад өөрийн дураар хөдөлгөдөг болжээ. Хэрэгтэй үедээ ашиглаж, хэрэггүй болохоор хаячихдаг энэ байдалд ер нь санаа зовж байгаа хүмүүс байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын түүхийн нэвтэрхий толь Д.ӨЛЗИЙБААТАРЫНХ

“Дүүрэн шахуу зорчигчтой автобус нам жимхэн байв. Тэнд дуугарах ганцхан хүний яриаг сонсоод бүгд ийн дэгтэй яваа ажээ. Нийгмийн янз бүрийн давхаргынхан үйлчлүүлдэг нийтийн тээврийн зорчигчид ер нь тэр чигээрээ ховсдуулчихсан юм шиг журамтай байхыг анх удаа харлаа. Арын суудалд суусан нэг залуугийн утасны хонх дуугарахад бондгосхийн цочив. Түүний ойролцоо зогсох 40 гаруй насны эр “Ямар чанга юм бэ. Аяар ярь л даа. Би юм сонсч байна шүү дээ” гэж шаардлага тавих юм. Олны анхаарал төвлөрсөн тэр яриа бол радиогоор өгүүлэх Чингэс хааны байлдан дагууллын тухай түүх. Энэ нь монголчууд өөрсдийн түүхээ танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна” гэж Д.Өлзийбаатар гуайд нэгэн танил нь хуучилж, түүний хийж буй ажлыг дэмжин урам өгчээ. Үнэхээр чиг залуусыг монгол үндэстэн гэдгээрээ бахархан огшиж, түүхийн боловсролд нь мэдлэг олгох шинэ шийдлийг тэр санаачлан хэрэгжүүлж чадсан. Өнөөдөр ширээний ард ном ширтээд суугаад байх цаг завгүй ажилладаг хүмүүс түүний өгүүлэхийг сонсдог болжээ. Автомашиндаа, ажил дээрээ, автобусанд гээд хаана хөгжим, интернэт байна тэнд Монголынхоо түүхийг “унших” боломж бидэнд байна. Нууц товчоонд гардаг оньсого мэт үг хэллэгийг тайлбарлаж, Монголын түүхийг маш сонирхолтой, ойлгомжтой болгон системчилсэн Д.Өлзийбаатар гуайн яриаг ямар ч насныхан сонсоход эргэлзэх зүйлгүй. Бүх цаг үеийн түүхийг гаргаахгүй энэ эрхмийнд өнжиж, түүний амьдралын хүрдтэй танилцсан тэмдэглэлээ сийрүүлье.

“Өдрийн сонин” ард түмэндээ илүү хүрдэг болохоор очсон айлууд маань “Танайд өнжье” булангийн агуулга, зорилгыг андахгүй шүү. Нийгэмд хийсэн бүтээсэн үйлсээрээ нэр төртэй эрхмүүдийн хойморт зочилдог гэдгийг. Энэ уламжлалаар түүхийн ухааныг судалж, өнгөрсөн он жилүүдийг салбартаа зориулж ирсэн Д.Өлзийбаатарынд очлоо. Тэднийх улсын циркийн хажууханд байдаг юм билээ. Тэрбээр гэргийнхээ хамт биднийг найрсагаар угтав. Гэрийн эзэгтэйг Т.Цэрэндэжид гэдэг. Арван жилд байхдаа учирсан хосууд амьдралаа холбоод 30 гаруй жил болжээ. Эднийх Ө.Эгшиглэн, Ө.Цэцэглэн гэдэг хоёр охинтой. Эгч дүүс одоо АНУ-д сурч, ажиллаж байгааг тэд дуулгав.

Д.Өлзийбаатар гуайн зочны өрөөнд тухаллаа. Ханын шүүгээнийхээ дээд талын тавиурт бурхан шүтээнээ залжээ. Өнгийн утас сүлсэн гоёмсог хийцтэй бурхан багшийн хөргийг хоймортоо байрлуулсан байв. “Далай лам Монголд ирэхдээ энэхүү бурхан багшийн хөргийг надад бэлэглэсэн юм. Ялаа суудаггүй юм даа” гэж гэрийн эзэн бидэнд сонирхуулав. Мөн нүдэнд шууд туссан өөр нэг хөрөг бол Чингэс хааны бүтээл. Энэхүү хөргийг Жак Уэтерфорд сангаас Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд” сонсдог номыг 2014 оны онцлох бүтээлээр шалгаруулахдаа шагналд нь дагалдуулжээ. Үүнээс гадна ганган, донжтой хүрээ бүхий хуучны гэрэл зургуудаа тавилга дээрээ өрсөн байв. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Тэгвэл эдний зургийн цомгийг өрвөл номын тавиур дүүргэх хэмжээний арвин юм гээч. Гэр бүлийн, найз нөхдийн, ажил албаны гээд он цагуудаар нь ангилан тун эмх цэгцтэй хадгалдаг юм билээ. Д.Өлзийбаатар түүхчийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нараас төрийн дээд одон медаль авч байгаа гэрэл зураг харагдав. Түүхчийн ажил албатай нь холбоотой гэвэл хайгуул, малтлага хийж явсан үе, гадна, дотнын томоохон нэр хүндтэй эрдэмтэн нөхөдтэйгээ гээд тэртээх цаг хугацааг өгүүлэх нандин дурсамжууд ийнхүү хальснаас үлдсэн нь энэ. Түүхч маань “За, энэ Оросын Архивын газрын дарга В.П.Козлов гэж хүнтэй авахуулсан зураг байна. Тэрбээр Монголын түүхийг судлахад нэлээд хувь нэмэр оруулсан, Монголд тун элэгтэй хүн дээ” гэж ирээд л нүдэнд нь бахдал тодрон ярив. “Энэ манай охид, хэнтэй адилхан байна” гэж гэрийн эзэгтэй биднээс лавлалаа. “Том охин нь ээжтэй, бага нь аавтайгаа тун адилхан юм байна” гэхэд “Тийм шүү, хүмүүс тэгж хэлдэг юм” гээд охидоо санасан ээжийн харцнаас мишээл тодрох нь тэр. Бас нэг сонин дурсамж өгүүлэх зураг нь тэдний хурим. Цагаан даашинзтай залуухан эмэгтэй гартаа төмсний улаан цэцэг барьжээ. Тухайн үед цэцэг ховор байсан болохоор найзууд нь Богд уулнаас очиж төмсний улаан цэцэг түүгээд авчирч өгсөн гэж хөгжилтэй дурсамжаа бидэнтэй хуваалцлаа.

Д.Өлзийбаатар гуай ийн хуучлан суунгаа байн байн зурагт руугаа харж, нэг зүйл хүлээх нь анзаарагдлаа. Тэрбээр мэдээний хөтөлбөр эхлэхийг хүлээж байгаа гэнэ. “Өнөөдөр чинь хэвлэлийнхнээр хүрээлүүлсэн өдөр бололтой. Надаас хоёр ч телевизийн сэтгүүлч ирж ярилцлага авсан” гэж хэлж дуусаагүй байтал мань эр зурагтаар гарав. Өнөөгийн улс төрийн тогтолцоог түүхэн цаг үеийн сургамжтай нь харьцуулан жишиж ярьж байна аа. Хэрэв төрийн эрх баригчид хоорондоо хагарч бутарвал тусгаар улс мөхөхийн цондон гэсэн агуулгыг хөндөн ярьсан нь засаг төр солигдож байгаа энэ үед улстөрчдөд цагаа олсон зөвлөгөө болох биз ээ. Түүнийг ийн ярьж байхад эхнэр нь цаад өрөөнөөсөө орж ирэн нөхрийнхөө хажууд зогсч телевиз рүү хараад инээмсэглэв.

Гэрийн эзэн биднийг номынхоо өрөө рүү хамт орохыг урилаа. “За тэгээд энд тамхиа татаад, цай, кофе уугаад л төвлөрөөд суучихна шүү дээ” гэж түүхч маань өгүүлэв. Хана нь тэр чигээрээ номоор бүрхжээ. Эрдэмтэн судлаач хүний номын өрөө ийм байхгүй гээд ч яах билээ. Тэнд түүхтэй холбоотой бүхий л цаг үеийн ховор нандин ном зохиолууд хэдэн зуугаараа байгаа гэнэ. Зуслангийн байшинд нь арвин ном байгааг эхнэр нь тодотгов. Цонхон талын хананы чөлөөнд Сайн ноён ханы хөрөг зургийг томоор угаалган өлгөжээ. Д.Өлзийбаатар гуайн өвөө нь түүний албат байжээ. Тэрбээр “Манай ээжийн аав Сайн ноён ханы адууных нь даамал хүн байсан юм. Энэ хөргөөс хүмүүс загвар авсан. Бүр орон нутагт хөшөөг нь хүртэл босгосон шүү” гэлээ. Д.Өлзийбаатар гуайн аав Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Ар булаг сумын харьяат бөгөөд Автобаазад ажиллаж байсан гэнэ. Харин ижий нь Өвөрхангайн Хайрхандулааны харьяат. Яамны эмнэлэгт насаараа ажиллаж байжээ.

ӨВГӨДИЙН ХУУЧ ЯРИАНД ХӨТЛӨГДСӨӨР ТҮҮХЧ БОЛСОН ТҮҮХ

Д.Өлзийбаатар гэдэг хүнийг түүхч болоход өвөө нь их нөлөөлсөн бололтой юм. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Манай өвөөгийнх Яармагт байлаа. Тэднийхээр Өвөрхангайн том том өвгөцүүл их ирнэ. “Аянга” романыг бичсэн Жамбын Пүрэв гуай, “Үер” кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Гэндэн гуай гээд байна. Тэд сонин хачин жигтэйхэн юм ярина аа. Би хүүхэд байсан болохоор тэдний яриаг сонсоод л хэвтдэг байлаа. Мөн тэд өвөөгийнд ирэхдээ түүхийн ном авчирна. Шинжлэх ухааны академиас хэвлэгддэг байсан тэдгээр түүхийн том том бүтээлүүдийг уншина гээч. Би сургуульд ороод түүхийн хичээлдээ сайн байсан. Миний багш Туваанжав гэж хүн байлаа.Тэрээр Лоохууз, Нямбуу нарын хэрэгт холбогдоод өндөр албан тушаалаасаа бууж багшаар томилогдоод ирсэн юм. Тэр багш түүх нийгмийн ухааны хичээлийг тун сонирхолтой заана. Намайг түүхч болоход бас нөлөөлсөн л дөө.

Манай өвөө 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед Өвөрхангай аймгийн эвлэлийн хорооны дарга байлаа. Мань эрийн найз Цэдэнбал гэж прокурор хүн байсан гэдэг. Тэр найз нь өвөөд “Чамайг хэд хоногийн дараа барих гэж байна шүү” гэж хэл дуулгасан гэнэ. Өвөө ч хөдөө гэртээ байж. Ингээд хэлмэгдүүлэлтээс амь гарахын тулд бензин уусан байгаа юм. Айхавтар хордож, хамаг биеэр нь юм туурч, бөөлжөөд л сүйд болно доо. Яг тийм байхад нь өвөөг барихаар хүмүүс иржээ. Эмээ тэдэнд “Хүү маань өнөө, маргаашгүй болчихоод байна даа, яадаг билээ” гэхэд нөгөөдүүл нь “Яаж ийм хүн авч явах вэ” гээд үхсэнд тооцож, бүртгэлдээ бичээд хөдөлсөн гэдэг. Тэднийг яваад дөнгөж онги давангуут өвөөд сүү уулгаж, хордлогыг нь тайлсан байгаа юм. Өвөө маань нас сүүдэр 80 шахсан шүү. Харин ходоодны өвчнөөр өвдөж, бурхан болсон доо” гэлээ. Д.Өлзийбаатар гуай эхээс гурвуулаа. Ах нь залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж тэрбээр дурслаа. Дүү нь мэргэжлийнхээ дагуу хувиараа бизнес хийдэг нэгэн гэнэ.

УТАСНЫ НАЙЗУУД УЧИРСАН НЬ…

Эрдэмтдийн ар гэрийг яах аргагүй эхнэр нь авч явдаг гэлцдэг. Цаг наргүй, судалгаа, шинжилгээндээ бүхнийг зориулдаг учраас хань ижил нь түүний ажлыг ойлгодог, зохицуулагч байх ёстой биз. Тэр ч утгаар эмэгтэй эрдэмтэд ховор гэдгийг Д.Өлзийбаатар гуай ярилаа. Эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг орлож чадахгүй гэдгийг тэр хэлсэн юм. Түүний нөр их хөдөлмөр шингээсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, ном бүтээлүүдээ туурвихад эхнэрийн үүрэг оролцоо өндөр гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ. Тэд ёстой л хувь тавилангаар учирсан гэмээр. Анх танилцсан дурсамжийг нь сонсоход хэн хүнд ийм бодол зурайна. Энэ тухай Д.Өлзийбаатар гуайг ярих гэтэл эхнэр нь ичингүйрч, “Яах юм бэ” гэж инээв. Мань эр ч шуудхан яриад эхэллээ. “Бид хоёр хар багаасаа танилцсан. Долдугаар ангид байхдаа утсаар ярьдаг байлаа. Бидний үед ингэж хоорондоо ярьдаг моод байв. Утас үнэгүй болохоор хэдэн цаг ч хамаагүй ярина даа. 1970-аад оны үед юм уу даа. Нэг нэгнээ танихгүй хэрнээ гэрийн даалгавар, хичээлээ асууж ярьдаг байлаа. Би чиний дугаарыг мэддэг болсон уу, чи миний дугаарыг мэддэг болсон уу” гэж хошигноход гэргий нь инээмсэглэв. Тэгэхэд Д.Өлзийбаатар гуай үргэлжлүүлж, “Ер нь чи л миний утасны дугаарыг мэддэг болсон байх. Би долоон томьёо их асууна. Ингэж утсаар ярьсаар байгаад сургуулиа төгсөөд оюутан болсон доо. Тэгээд яалаа, бид хоёр айлд таарсан юм” гэхэд Т.Цэрэндэжид “Чи манай ангийн хүүхэдтэй оюутан байхдаа танилцсан байсан шүү дээ” гэж нөхөртөө сануулав. “Аан тийм. Ангиараа амралтад явлаа. Тухайн үед тэр найз маань арван жилийнхээ хүүхдүүдтэй хамт амралтад ирсэн нь Цэрэнгийн найзтай хамт хүрээд ирсэн юм байна л даа. Би түүнтэй танилцаад тэднийд очиж шатар билүү даам тоглож байсан” гэж Д.Өлзийбаатар гуайг тэртээх 30 гаруй жилийн өмнөх үйл явдлыг санан ядан хэлэхэд эхнэр нь “Биш ээ, хөзөр тоглож байсан гээч” гэж ирээд заслаа. Д.Өлзийбаатар “Тэгээд би Цэрэнг дуугаар нь танихгүй юу” гэхэд Т.Цэрэндэжид “Би инээсэн чинь таньсан шүү дээ” гэв. Эгч ч их содон инээдэг байжээ. Гурван жил царайгаа харалцаагүй утасны найзууд ингэж нэг учирчээ. Бас болоогүй ээ, Т.Цэрэндэжид эгч нэрээ худлаа танилцуулсан байж. Тэрбээр “Би бас нэг удаа шууданд явж байтал ангийнхаа залуутай таарсан. Өндөр, буржгар үстэй залуутай хамт явж байсан нь манай хүн байсан. Би юм ярьсан чинь над руу хараад л гайхаад зогсоод байсан юм. Бид биенээ яаж таних вэ дээ, салаад явцгаасан” гэв. Д.Өлзийбаатар “Би найзаасаа асуухгүй юу. Энийг хэн гэдэг билээ гэхэд Цэрэндэжид гэж байна. Тэгэхээр нь хүүхэд юм болохоор нэр нь биш байна гээд анзаараагүй. Дуугаар нь таниад байдаг. Гэтэл надтай утсаар танилцахдаа Пагма гэсэн нь л бодогдоод байхгүй юу” гээд инээлээ. Ингээд тэд бие биенээ олоод жилийн дараа гэрлэжээ. Тэдний авсан анхны тавилга нь хөргөгч. Олдохгүй ховор барааны тоонд орж байсан хөргөгчийг оочирлож байж авсан гэдэг. Энэ хогшилдоо тэд тун ч хайртай. Бас румын ор, модон ширээ гээд анх авсан тавилгууд нь бүгд өөр өөрийн түүхтэй болохоор хаяж чаддаггүй гэж тэд ярив.

Тэдгээр үнэ цэнтэй хогшлоо Баянхошуунд байдаг зусландаа нандигнан хадгалжээ. Д.Өлзийбаатар гуайн хувьд түүхчээс гадна сайн зураач. Тэртээх арван жилийн өмнө зуслангийнхаа байшингийн шугам зургийг гаргаад барьж эхэлсэн аж. Тухайн үед хоосон газарт ерөнхий төлөвлөлт хийж байжээ. Одоо түүний загварыг орон нутагт хэрэгжүүлээд эхэлсэнд тун ч олзуурхаж байлаа. Гэвч айлууд замбараагүй буугаад тэр төлөвлөлт алдагдсан байна. Гэрийн эзэгтэй “Манай байшин баригдаж дуусаагүй болохоор бид нар очдоггүй юм аа” гэж хэлэхэд “Цалингаа буухаар тэгж байгаад нэг хөрөнгө оруулдаг болохоор аргагүй шүү дээ. Одоо 95 хувьтай яваа. Энэ хавар дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэж арван жил барьж байгаа байшингийнхаа тухай ярилаа.

ӨВӨӨ, ЭМЭЭ БОЛГООД ӨГӨӨЧ…

Энэ айлыг өдий зэрэгтэй авч яваа сайн эзэгтэй Т.Цэрэндэжидийн тухайд Ховд аймгийн Дарви сумын харьяат ажээ. Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь гэсэн. “Дээрээ таван ахтай, хоёр эмэгтэй дүүтэй байлаа. Одоо ч дөрвүүлээ үлдэж дээ” гэж тэрбээр ярьж байв. “Манай хүн олон ахтай, эрэгтэй хүнтэй харьцаж сурсан болохоор бид хоёр анхнаасаа ойлголцоход амар байсан л даа” гэж Д.Өлзийбаатар гуай ярив. Түүний гэргий “Талх чихэр” компанид 1983-2000 он хүртэл ажиллажээ. Тус компанийг хувьчлагдсаны дараа Захирагчийн ажлын албанд Хүний нөөц, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн хийж байжээ. Одоо Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтэст ажиллаж байгаа. Тэдний хэн нь түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийдэг дүрэмтэй. Гэрийн эзний хувьд хоол хийх тун дуртай гэсэн. Гэм нь “Гал тогоо буулгачихлаа” гэж зэмлүүлдэг аж. “Нээрээ хоол хийхээр хонь төхөөрчихсөн юм шиг болгочихдог шүү” гэж эзэгтэй нэмлээ.

Тэдний охид хоёр насны зөрүүтэй. Том охин Ө.Эгшиглэн МУИС-ийг төгсөөд 2010 онд Америкт магистрт сурахаар явжээ. Тэндээ сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ. Бага охин Б.Цэцэглэн 17 настайдаа Хятадын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад анагаахын чиглэлээр сурч боловсрол эзэмшжээ. Багаасаа гадаад хэл сурах авьяастай байсан охин нь одоогоор англи, хятад, япон хэлтэй гэнэ. Аав нь охидоо “Сайн хэл сураад, тухайн улсын технологийг нь эзэмшээд Монголдоо ирж ажиллах хэрэгтэй” гэж захидаг байна. Харин ээж нь “Эмэгтэй хүн заавал эрдмийг оройд нь хүртэл сурах гээд яахав. Зохих хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Миний охид тэр боловсролоо эзэмшчихлээ. Хамгийн гол нь сайн ээж, сайн хань, сайхан эмэгтэй байх ёстой” гэж сургадаг байна. Тэд охидоо санагалзахын хажуугаар “Охинтой бол хүүтэй гэдэг дээ. Миний хоёр хүү ч охидод маань сайн хань болох залуус” гэж магтав. Бас болоогүй ээ, тэднийгээ хүүхэд төрүүлж, өвөө, эмээ болгоод өгөхийг хүсдэг гэдгээ нуусангүй.

АНХНЫ СУДАЛГААГААРАА ЛАМ НАРЫН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ХӨНДӨВ

Д.Өлзийбаатар гэдэг энэ эрхэм 1982 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Аюулаас хамгаалахын дээд сургуульд Монголын түүхийн багшаар ажиллаж байв. Дараа нь 1988 онд Аюулаас хамгаалахын тусгай архивт өөрийн саналаараа очиж ажиллаж байсан гэдэг. 1985 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт хийсэн нь Монголын түүхийг судлахад ихээхэн нөлөөлсөн гэж тэр ярив. “Учир нь оросууд эргээд Сталины үеийн харгислалыг бүгдийг ил гаргаж шүүмжилсэн. Аливаа ард түмэн ямар нэгэн юм эрж хайж, сайжруулахын төлөө сэтгэхдээ заавал түүхийн хуудсыг эргүүлдэг. Бид хаанаас ямар шатаар явж байгаад өнөөгийн байдалд хүрэв гэж хардаг. Миний дотор “Яагаад лам нарыг 1920-1930 онд бөөнөөр нь барьж аваад буудаад хөнөөчихсөн юм бол” гэсэн бодол байдаг байв. Бид түүхэнд хувьсгалын эсэргүү лам нарыг дарсан мэтээр ярьдаг байлаа. 1957, 1967 онд цагаатгал явагдаад Чойбалсангийн үед хэлмэгдүүлэлт явсан байна гэж тогтоосон. Хэдий тийм боловч Ж.Лхүмбэ нарын хэрэгт оролцсон хүмүүсийг тойрч шалгаад лам нарыг орхичихсон байсан. Лам нар ерөөсөө буруутай гэдгээр түүхэнд үлдчихсэн. Үүнийг судалъя гэж би Аюулаас хамгаалахын тусгай архивт очихоор өргөдөл өгчихсөн байлаа. Тэр үед яг цагаатгалын ажил эхэлсэн юм. Би лам нарын талаар судалж явсаар 1989 онд өгүүлэл бичсэн юм” гэж түүхч ярилаа. Нэлээд томоохон эрдэмтэд бичдэг “Түүхийн судлал” сэтгүүлийн 25 дугаар ботид мань эр 29-хөн настай байхдаа “Сүм хийд лам нарын асуудлыг шийдвэрлэсэн тухай” асуудлаар өгүүлэл бичиж байжээ. Уг өгүүлэлд “Лам нарынхаа асуудлыг эргэж харвал яасан юм бэ. Тэд Ардын нам болоод засгийн эрхийн эсрэг тэмцсэн. Энэ нь баттай байна. Гэхдээ 1921-1939 онд ийм олон бүлэг хэрэг үүсгэж шийтгэсэн байсан. Лам нарыг бөөнөөр нь устгахад Коминтерний үйл ажиллагаа их орж, тэдний амь насыг хүчирхийллийн аргаар хороосон байна” гээд л нэлээд олон хуудастай эрдэм шинжилгээний бүтээл бичсэн байна. Улмаар лам хуврагын иргэний эрх, нэр төрийг сэргээхэд судалгаагаа чиглүүлэх нь зүйтэй” гэжээ. Аюулаас хамгаалахын архивт ажиллаж байсан нь болохоор ийм судалгаа хийхэд тус болсон гэнэ. Тиймдээ ч Д.Өлзийбаатар түүхч докторын цол хамгаалахдаа “Монголын улс төрийн 1930-аад оны үйл явцад гадаад хүчин зүйлийн нөлөө” сэдвээр бичсэн аж. Дараа нь нийтэд зориулсан “Яагаад 37 он…” ном туурвисан байна. Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт бол Коминтерн ЗХУ-ын удирдлагын шахалт хавчилтын үр дүнд ийм ажил хийгджээ гэж судалгааныхаа дүгнэлтэд дурджээ. Энэ мэтчилэн түүний ном бүтээлийг тоочоод байвал олон.

Тэрбээр түүхийн салбарт орхигдож ирсэн шавь тогтолцоог хөгжүүлэхэд нэлээд ханцуй шамлан зүтгэж байгаа нэгэн. “Надад дөрөв, таван шавь бий. Одоо би судалгааны ажил руу орсон болохоор хэд хэдэн шавь бэлтгэх санаатай байгаа. Түүхийн шинжлэх ухаанд багш шавийн тогтолцоо алдагдчихсан. Би бол азтай, хоёр гурван мундаг багштай байлаа. Рэнцэн гуай, их сургуулийн Чимэдцэрэн багш байна. Тэд бидэнтэй тулж ажилладаг байлаа л даа. Тэрнээс яг гарын шавь бэлдээд гэртээ суулгаад юм бичдэг тогтолцоо түүхэнд ховор. Том, том эрдэмтэд ч тийм шавь бэлдээгүй. Тэгэхээр түүхчид энэ алдааг давтахгүй, нэг түүхч дор хаяж 2-3 шавь бэлдэж, өөрийнхөө сурч мэдсэнээ өвлүүлэх бодолтой. Бидний үеийнхэн шавь тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг” хэмээн гэрийн эзэн ярьсан юм.

АРХИВЫГ “АВАРСАН” АЖЛУУД

Монголын түүхийн хуудсыг нэмсэн олон судалгаа шинжилгээний бүтээл туурвисан Д.Өлзийбаатар архивын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан гавьяатан гэдгийг мэргэжилт нэгт нөхөд нь онцолдог юм билээ. Тэрбээр 2000-2013 онд Архивын газрын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын архив шинэ байртай болох үндсийг тавьсан юм. “Монгол Улсын түүхийн архив маш баян. Гадны судлаачид мэргэжлийн хүмүүс ирчихээд нүүдэлчин улс ийм архив байгуулсан байна гэдэгт гайхдаг. Энэ бол манай ахмад үеийн асар том гавьяа” гэж түүхч маань бахархан өгүүлнэ лээ. Архив бол дандаа нэмэгдэж байдаг. Ингээд түүний бодож төлөвлөсөн гол ажил бол 2005 оноос архивыг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт тавьсаар иржээ. Монголын асар том өвийг байртай болгох хэрэгтэй гэж төр засгийн удирдлагууд ч дэмжсэн. Ингээд 2007 онд архивын шинэ байрны зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдсэн юм. Спортын шинэ ордны орчимд гурван га газарт баригдаж буй тус барилга хэрэв ашиглалтад орвол 100 жилдээ архивын хадгалалт багтаамжид санаа зовохгүй гэсэн. Мөн архивын чухал фондуудаа тоон системд оруулах ажлыг мань эр санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Архивын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Түүнчлэн уг салбарт хийсэн өөр нэг ололт бол архивын ажилчдын үнэлгээ тун муу байсныг сайжруулсан үйл хэрэг. Түүнийг ажил хийхэд тухайн үеийн төр засгийн удирдлагуудын дэмжлэг оролцоо сайн байсныг онцолно лээ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЯАЖ ХҮМҮҮСТ ХҮРГЭХ ВЭ?

Д.Өлзийбаатар гэдэг хүн түүхийг сурталчлахад олон ажил сэдэж, хэрэгжүүлсэн гавьяатай. Тэрбээр хэлэхдээ “Монголын түүхийн таван ботиос гадна түүхийн холбоотой ном, эрдэм шинжилгээний бүтээл гэхэд 20 мянга гаруй бүтээл бий. Гэвч иргэд тэр болгон түүхээ мэддэггүй. Иймд ард түмнийхээ түүхийн боловсролыг дээшлүүлэхэд Үндэсний телевизийн уран бүтээлийн “Гал” нэгдэл Түүхийн хүрээлэн, Архивын газартай хамтраад 1991 онд цуврал нэвтрүүлэг хийж байсан нь үр дүнгээ өгсөн. Мөн Баабарын “Гарз, олз” ном түүхийн боловсролд ойртуулсан нэлээд ач холбогдолтой ном болсон. Тун ойлгомжтой, энгийн үг хэллэгтэй болохоор ард түмэнд хүрсэн шүү. Ер нь бүх нийтэд түүхийг сурталчлах хэрэгтэй гэсэн бодол толгойд байнга явсан. Учир нь бид хичнээн телевизээр түүхээ сурталчлаад хүмүүс нэг үзээд л мартчихна. Өдөр болгон зурагтаар байнга гаргаад байхгүй шүү дээ. Тиймээс түүхийн тухай сонсдог ном гаргахаар шийдэв. Эхлээд 28 цагийн сонсдог ном гаргалаа. Дараагаар нь 40 цагийн CD гаргасан. Удахгүй нээлтээ хийнэ” гэлээ. Энэхүү сонсдог ном бүтээх мэргэн санааг түүний эхнэр Т.Цэрэндэжид олсон байна. Тэд хамаатан садангуудаараа Ховд аймаг руу явж байжээ. Д.Өлзийбаатар гуайг түүх яриад өгөхийг дүү нар нь хүсч л дээ. Мань эр радионы үүрэг гүйцэтгээд холын замд тун ч зугаатай явцгааж байв. Машинаас буухдаа яриагаа “паузалж”, суунгуутаа үргэлжлүүлсээр аян замдаа алжаалгүй явцгаажээ. Энэ үед эхнэр нь “Чи хүүхдүүдэд ингээд ярьж өгч байхаар CD дээр хураагаад өгчихөөч. Наадуул чинь машиндаа сонсоод яваг” гэжээ. Ингээд эхнэрийнхээ саналыг жилийн дараагаас хэрэгжүүлэхээр сонсдог ном бүтээх ажилдаа шуурхайлжээ. Түүнийг дүү Бүүвэйбаатар гэдэг залуу дэмжиж, студи дээр хоолойгоо бичүүлжээ. Монгол нутагт хүн анх суурьшсан цагаас 1990 он хүртэлх түүхийг CD-д буулгаж олны хүртээл болголоо. Мэргэжлийн түүхч болохоор яавал хүмүүст эмх цэгцтэй мэдлэг өгөхөө мэднэ. Энэ тухай ярихдаа “Монголын түүх асар баян. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүхийг эртний, дунд, ойрхи гээд гурван үед хуваадаг. Монголчууд дэлхийг эзэлж, Ази Европын соёлыг солилцуулж, дэвшлийн эхийг тавьсан. Дэлхийн эзэнт гүрэн болсон юм. Үүнийг базаад яаж хүүхдүүдэд ойлгомжтой сонирхолтой байдлаар хүргэх талаар зориглож, хоёр сар гаруй сууж уншлаа. Өдөрт хүн 2-3 цагаас илүү ярьж чадахгүй юм билээ” гэв.

Жак Уэтерфордын сангаас Монголын түүхийн талаар гарсан бүтээлүүдийг хүмүүсийн санал асуулгаар тодруулж, шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл Д.Өлзийбаатарын “Монголчууд” нэртэй түүхийн сонсдог ном нь 2014 оны онцлох бүтээлээр шалгарч, эрдэмтэн Жак Уэтерфордын шагнал хүртсэн юм. Яах аргагүй нууц санал асуулгаар “Монголчууд” сонсдог номыг дийлэнх нь дэмжиж, шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор үнэлсэн юм.

“МОНГОЛ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН”

“Монголчууд” CD-г амралттайгаар сонсоход дөрөв хоног зарцуулдаг болохыг түүхчийн найз Төрмөнх тодорхойлжээ. Мань эр “Монголчууд” сонсдог номоо англи хэл дээр хийх санаатай гэнэ. Гадаадад байгаа залуучуудад зориулж англи хүнээр уншуулах юм байна. Гадаадад төрж өсч төрөлх хэл, соёлоо мэдэхгүй олон залууст хүргэхийг төлөвлөжээ. Мөн Монголын түүхийг гуйвуулах нь өрнөдийн оронд бий. Тэрэнд няцаалт өгөх үүднээс энэхүү бүтээлээ дэлхийн хэл дээр гаргах нь ээ. Тэрбээр энэ тухайгаа өгүүлэхдээ “Тухайлбал, оросууд монголчууд биднийг эзлээгүй гэж ярьж байна. Ерөнхий утгаар нь дэлхийн түүхэнд аваад үзэхээр дэвшил байгаа юм Чингэс хаан дэлхийн мянганы суут хүн болсон. Энэ хүний байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан үйл явц бол өнөөгийн ертөнц үүсэх үндэс байжээ. Энэ дүгнэлтийг ганц монголчууд ч биш бусад орны эрдэмтэд бүгд хийсэн. Дэлхийн түүх бол монголчуудын түүх. 1206 онд Чингэс хаан их Монгол Улсыг байгуулсан явдал бол өнөөгийн дэлхийн түүх мэндэлсэн хэрэг явдал байлаа гэж Японы алдарт түүхч бичсэн байгаа юм. Монголын байлдан дагуулалтын үр дүнд Европын дахин сэргэлт бий болсон. Газар зүйн их аялал, таван тивийг нээлээ шүү дээ. Дорно, Өрнөдийг холбосон соёл нэгдээд хөгжлийн тэсрэлт болсон. Үүний үр дүн нь английн аж үйлдвэрийн хувьсгал гарч, тэд машин бүтээчихсэн. Уурын хөдөлгүүр бүтээгээд энэ нь өнөөгийн ойрхи үеийн түүхийг бий болгосонд Монгол нөлөөлсөн. “Нууц товчоо”-г дэлхийн бүх орны сурах бичигт оруулж, үздэг болчихвол манай улсын нэр хүнд өснө” гэлээ.

“МОНГОЛЧУУД ОЛУУЛАА БОЛЖ ХҮЧИРХЭГЖИН МАНДАХ ҮЕ УДАХГҮЙ ИРНЭ”

Жижигхэн ард түмний хамгийн эрхэмлэж явах зүйл бол түүх юм гэж тэрбээр хэлсэн. “Японы алдарт түүхч “Орос, Хятад хоёр Монголоос газар нутаг нэхээд байх хэрэггүй. Харин Монгол Улс хоёр хөршөөсөө газар нутгаа нэхэх бүрэн эрхтэй шүү” гэж бичсэн байдаг. Тэгэхээр түүх судлах, түүхээрээ хүмүүжих эрх ашиг нь үүнд оршоод байгаа юм. Энэ бол монголчуудын хувьд амин чухал эрх ашиг нь. Тэгээд ч монголчууд түүхээ тулж өндийдөг, түхээ түшиж бахархдаг ард түмэн юм. Бидний бахархал бол Монголын түүх. Ийм бахархалтай орон дэлхийд гарын аравхан хуруунд багтахаар цөөн. Америкчуудыг хар л даа. 300 орчим жилийн түүхтэй үндэстнүүдийн нэгдэл хэрнээ өөрсдөө түүхээ бүтээж байна. Оросууд ч түүхдээ их анхаарч, хялбар аргаар бичиж байна. 24-хөн жилийн түүхтэй Казахстан гэх мэт улс өөрсдөө түүх бүтээх гэж оролдож байна. Тус улс Чингэс хааныг өөрсдийнхөө хаан гээд байгаа нь дэлхийн нэртэй түүхчдийн инээдийг хүргэдэг. Монгол Уулсыг бий болгосон үндэсний эцэг Чингэс хаан гэдэг шиг Казахууд Назарбаевийг үндэсний эцэг гэж хэлэх ёстой. Тэд өөрсдийнхөө түүхэн дотроос түүхийн баатар олохгүй. Тиймээс өөрсдийн гэсэн бахархалтай, түүхтэй болж харагдах гээд манай аавын дагавар хүүхэд болох гээд байна. Ер нь бол агуу байсан үндэстнүүдийн түүхийг мартуулах гэсэн бодлого явдаг шиг байгаа. Энэ бол миний хардлага л даа. Яагаад гэвэл бид дэлхийн түүхийг бүтээсэн улс. Өчүүхэн ард түмнээр бүх зүйлээ заалгасан гэхээр тэр том гүрнүүд ичиж, түүхийг баллуурдах бодлого явуулж байна. Мөн эзлэгдсэн орнууд эзэлсэн орнуудын түүхийг дандаа сөргөөр бичиж, муугаар дүрсэлдэг. Монголчуудыг 19 дүгээр зууны хоёрдугаар хагас хүртэл дандаа дайсны талын баатар шиг харагдуулж байсан. Харин бид агуу түүхтэй үндэстэн. Түүхээ сайн мэддэг байх ёстой” гэлээ.

Түүхч хүний хувьд тэрбээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд санаа зовниж, улс төрийн тогтолцоог шинэчлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж өөрийн бодлоо хуваалцлаа. Түүхэнд монголчууд эрх ашгаас болж задарч байсан. Монгол шиг гурав хуваагдаж байгаа улс дэлхийд байхгүй. Бид хэрэлдэж байгаад бутарч, ашиглуулчихсан. Тэрнээс сул дорой, мунхагаасаа болоогүй. Хэрэв Монгол Манжид эзлэгдэхээс өмнөх үед феодлууд том төрийн зүтгэлтнүүд толгой даах гэж оролдоогүй бол, нэгдсэн Монголын эрх ашиг гэдгийг урьтал болгосон бол халх, ойрд гэж хоёр хуваагдаагүй бол бид Манжид эзлэгдэхгүй байх бүрэн боломж байсан. Тэгээд ар, өвөр, буриад монгол гэж задрах ч үгүй байсан юм. Түүхээс ингэж харагдаад байдаг. Эвлэрч чадахгүй, хагарлын эхлэлийг тавьчихвал улс мөхөхийн цондон. Монголд амьдрал сайхан болсон цагт дэлхийгээр тарсан монголчууд ирнэ. Тэдний зүрх эх орныхоо төлөө цохилж, зальбирдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд олуулаа болъё” гэж уриалж байгаа. Бидний хүчирхэгжин мандах үе удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд эв нэгдэл чухал гэдгийг бүх он цагийн түүх харуулсан. Хүчирхэг орны баян иргэн байвал сайхан шүү” гэж хэлсэн түүхч хүний холч ухаанаар ерөөл тавин төгсгөе.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ улс-төр

М.Батчимэг: Үндсэн хуулиар УИХ, Засгийн газрыг зааглах цаг болсон

УИХ-д суудалтай намуудын найман гишүүн нэгдэж “Маргаашийн төлөө” нэртэй тунхаг гаргасан билээ. Тунхагийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд энэ тунхагийг гаргах болсон шалтгаан, тунхаг бичгийн агуулга, зорилгын талаар ярихгүй юу?

-Энэ тунхагийг гаргах болсон гол шалтгаан нь өнөөдөр бий болоод буй улс төрийн хүндрэл, засаглалын хямралыг даван туулах бодитой арга замуудыг цаг алдалгүй хурдан хугацаанд хэрэгжүүлэх. УИХ-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл туулсан зам, туршлагаасаа улс төрийг тогтворжуулах, эрүүлжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгийг мэдэж байгаа. Гол нь үүнийг хийх, хамтарч ажиллаад болохгүй байгаа асуудлуудаа хурдан шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа чухал байна. Бид энэ УИХ-ын үлдэж байгаа жил гаруй хугацаанд шаардлагатай өөрчлөлтийг хийх хуулиудаа гаргаж чадахгүй бол дараагийн 4 жилд хямрал үргэлжилнэ. Тиймээс бидний 8 гишүүн гишүүддээ хандаж уриалга гаргаж байгаа юм.

Улс төрийн тогтворгүй байдал газар аваад байгаа энэ үед “Маргаашийн төлөө тунхаг” цагаа олсон уриалга болжээ. Та бүхэн хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн бэ?

-Нэн түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүний дотор гол нь сайд нарыг УИХ биш, Ерөнхий сайд өөрөө мэдэж томилдог болъё гэж байгаа юм.

Манай улс өнгөрсөн 24 жилд 14 Ерөнхий сайдтай байсан. Одоо 15 дахь нь томилогдох гэж байна. Нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жил ч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Тухайн Ерөнхий сайдын сайн муугаас үл хамаараад тогтвортой ажиллах боломж хомс байна гэсэн үг. Одоогийн МАН УИХ-д дангаараа үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байсан үед л П.Жасрай, Н.Энхбаяр гэж хоёр хүн сонгуулийн 4 жилд бүтэн ажиллаж. Цаашид нэг нам УИХ-д тийм суудал авах магадлал тун бага. Ийм нөхцөлд алсаа харсан хөгжлийн тогтвортой бодлого гарах, хэрэгжих боломж байхгүй. Бид Үндсэн хуулийн одоогийн зохицуулалтаар Засгийн газар тусдаа инститүц болж ажиллах боломжгүй, УИХ-аас чөдөрлүүлчихсэн байна гэж харж байгаа. МанайдЕрөнхий сайд бусад парламентын засаглалтай орнууд шиг өөрөө сайд нараа томилоод улс төржихгүй ажлаа хийгээд явах боломж байхгүй. УИХ бүх сайд нарыг томилно, томилсон сайд нараа хүссэн үедээ огцруулна. УИХ-ын гишүүд сайд нарыг томилдог учраас УИХ дээрх бүх хэрүүл тэмцэл Засгийн газар дээр үргэлжилж, тэнд төрийн нэгдмэл бодлого биш, томилсон гишүүд, фракцуудын бодлого, эрх ашгийн өрсөлдөөн үргэлжилдэг. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд нэг гараар Засгаа удирдах боломжгүй.

Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө л сайдаа томилж, чөлөөлж танхимаа байгуулдаг болохгүй бол сайд нар УИХ-ын гаднаас томилогдсон ч томилсон фракц, гишүүдийн барьцаанд хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давхар дээлний хууль бүрэн шийдэл болж чадахгүй гэдэг нь харагдаад байна. Ийм учраас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хийе гэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон удаан тогтвортой ажиллах хэцүү, Ерөнхий сайд өөрөө мэдэж багаа бүрдүүлэхэд хуулийн хувьд боломжгүй, гаднаас мэргэжлийн сайд нар томилогдсон ч фракцуудаас хамааралгүй, улс төржихгүй ажиллаж чадахгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

– Яг тийм. Нэн ялангуяа энэ удаагийн УИХ дахь хүчний харьцаа ийм эмзэг, байгаа үед, хамгийн олон суудалтай байгаа манай нам дотроо ийм бэрхшээл, хагаралтай байгаа үед. Парламентын засаглалтай ямар ч оронд их хурал дээрээ улс төржилт, хэрүүл тэмцэл болж л байдаг. Тэр нь тэр болгон Засгийг бужигнуулах тэмцэл болдоггүй нь парламент, Засгийн газар нь огт хоёр өөр инститүц байж бие дааж ажиллаж болдогт байгаа юм.

Тэгэхээр Засгийн газ­рын тэргүүн танхимаа бүр­дүүлдэг болбол давхар дээл­ний асуудал ч мөн цэгц­лэгдэнэ гэж харж болох уу?

-Би дээр хэлсэн. УИХ сайд нарыг томилдог эрх нь хэвээр үлдэх л юм бол сайд нар хичнээн гаднаас томилогдсон ч УИХ-ын гишүүний барьцааны хүмүүс хэвээр үлдэнэ. Тиймээс УИХ сайд нарыг томилдгоо болих нь эхний бөгөөд суурь асуудал, үүн дээр УИХ-ын гишүүн сайд хийдэггүй, дан дээлтэй болчихвол асуудал маш их цэгцэрнэ.

Зөвхөн Үндсэн хууль биш, бусад хэд хэдэн хуулиудыг өөрчлөх санал гаргасан байна лээ. Энэ талаар?

-Үндсэн хууль бол эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь. Гэхдээ дан Үндсэн хуулиар асуудал шийдэгдэхгүй. Бид Төрийн албаны хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, хуулийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх асуудлуудыг тунхагт тусгасан.

Шүүх засаглал улс төрөөс хамааралтай, улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан өнөө үед та бүхний дэвшүүлсэн са­наачилга УИХ-аас дэм­жигдэж хэрэгжих магадлал хэр байна вэ. Тунхаг гарснаас хойш УИХ-ын бусад гишүүд байр сууриа илэрхийлж байна уу?

-Ер нь ийм өөрчлөлтийн талаар зөвхөн бидний хэдэн гишүүн эхэлж ярьж байгаа юм биш. Манай эрдэмтэн судлаачид, УИХ-ын олон гишүүн ийм чиг рүү явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа. Бид гол нь ажлыг шуурхайлуулах алхмыг эхлүүлье, ярьж сууж цаг алдахгүй байя гэж санал нэгдсэн. Өнөөдөр асуудлыг зөвхөн хэнийг ямар албан тушаал, сандал ширээ хуваах өнцгөөр хармааргүй байна. Хэн гэдэг хүн, ямар ажил хийх гэж сайд дарга болох вэ, улс төрийн намууд Засгийн газарт орвол яг юуны төлөө эвсэх вэ гэдгээ нухацтай ярилцах цаг. Намуудын эвсэх зорилго албан тушаал, бие биеэ хаацайлах хуйвалдаан байж болохгүй. Санаачилга гаргасан гишүүд дотор бүх намын төлөөлөл байгаа. Бид олонхиороо дэмжиж, санаа нэгдэх бүрэн үндэстэй энэ асуудал дээр УИХ-ын удирдлага, бусад гишүүд, намын бүлгүүдтэй хамтран ажиллая, субботникийг нь хийе гэж байгаа. Олон гишүүд энэ асуудлыг дэмжинэ, хамтдаа ажиллая гэж хэлж байна.

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нэгдэж тунхаг бичиг гаргасан нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж нэг талаар уриалж байгаа мэт харагдаж байна?

-Магадгүй намууд ойлголцолд хүрээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдвал энэ асуудлыг шийдэхэд тус дэм болох талтай. Гэхдээ Үндсэний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахгүй байлаа гээд асуудлыг шийдэхгүй орхиж болохгүй. Хууль өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас энэ чухал асуудлыг Засгийн газраар барьцаалж гацааж, хойшлуулж болохгүй. Тиймээс бид тунхагтаа Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамаарч УИХ энэ ажлыг хийх ёстой гэдгийг онцолсон. Монголын төр бат бэх, тогтвортой эрүүл саруул байх нь ямар ч улс төрийн зорилгоос илүүтэй улс төрийн намуудыг, гишүүдийг нэгтгэх, цаг үеийн бэрхшээлийг харгалзахгүйгээр урагшуулал асуудал гэж бодож байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийсэн ч хангалттай үр дүн өгөхгүй байна гэх шүүмж бий. Маргаашийн төлөө тунхагт шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж тусгасан байсан. Чухам яаж ажиллах ёстойг асуумаар байна л даа?

-Хууль шүүхийн байгууллагууд улс төрөөс хамааралгүй байж, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллах ёстой. Сүүлийн үеийн судалгаагаар шүүх хуулийн байгууллагад авлига хамгийн их байна гэж иргэд үзэж байна. Хамгийн цэвэр, шударга, ёс зүйтэй байх ёстой шүүх хуулийн байгууллага ийм байгаа бол Монголын ирээдүй маш хүнд байдалд оржээ гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх ёстой. Шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлснээр авлигын асуудал буурна гэсэн найдлага бидэнд байсан.Өнөөдөр аль ч шатны шүүгч УИХ-ын гишүүдээс хавьгүй өндөр цалин авч байна. Гэтэл байдал сайжрахгүй байна. Бид үүнд дүгнэлт хийх ёстой.

Тэгэхээр нэг талаас шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх, нөгөө талаас манай хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө ч, улстөрчид ч нийгэмд үлгэрлэхнь чухал байна.

Тэр ч утгаараа Маргаашийн төлөө гэсэн нэрнээсээ авахуулаад энэ тунхаг ирээдүй рүү хандаж ээ дээ?

-Үнэхээр тийм. Бидний ярьж буй энэ асуудал зөвхөн улс төрийн асуудал биш. Хойч үе, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг сайн сайхан болгоход бид өөрсдөөс хамаарах ажлыг хийх ёстой. Аль нэг нам, хувь хүнд биш, нийт монголчуудад хэрэгтэй энэ ажлыг олон хүн дэмжээсэй гэж хүсч, уриалж байна. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн маань, хууль, эдийн засгийн салбарынхан, засаглал сайжирч, бизнес нь хөгжөөсэй гэж хүсч байгаа бүх хүмүүс өөрсдөөсөө хамаарах дуу хоолойгоо гаргаасай гэж бид хүсч байгаа. Энэ ажлыг богино хугацаанд хийж чадвал урт хугацааны өөрчлөлт авчирна гэж итгэж байна.

Та Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн уриалга гаргаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэж, санал хураалт явуулахад та танхимыг орхин гарсан. “М.Батчимэг шинэ гишүүн байж намынхаа эсрэг ажиллалаа” гэсэн шүүмж таныг тойроогүй. Нөгөө талаар танд итгэж байсан олон хүний урам хугарсан болов уу. Ямар тайлбар өгөх вэ?

– Миний одоо хийж, илэрхийлж байгаа байр суурь, чуулган дээр санал өгөөгүй хоёр хоорондоо зөрчил байхгүй гэж би бодож байна. Нөхцөл байдал өнөөдрийг хүртэл тасралтгүй муудаж ирлээ. Дорвитой өөрчлөлт гарахгүй бол байдал улам муудна. Эдийн засаг улам хүндэрнэ, намын дотоод зөрчил цаашид улам хурцадна гэж харж байсан. Улс орон хохироод зогсохгүй Ардчилсан нам ч 2016 онд маш хүнд байдалд орно гэж намын гишүүний хувьд харж байсан. Би гэнэтийн шийдвэр гаргаагүй. Бүлэг дээрээ энэ байр сууриа бүтэн сарын өмнө хэлсэн. Гэхдээ санал хураалтаар унасан нөхцөлд намд ямар хагарал гарахыг төсөөлж байсан. Иймээс би санал хураах сүүлийн мөчийг хүртэл чуулган дээр товч даруулахгүйгээр ойлголцоод асуудлаа шийдээч гэдгийг нам, бүлгийн удирдлагад хэлсэн. Ингээд үр дүнд хүрээгүй учраас би санал хураалтад оролцохгүйгээр шийдсэн. Ийм л зүйл болсон, байдлыг ийм түвшинд хүртэл бугшуулж хурцатгасанд Н.Алтанхуяг даргад би илүү бурууг өгч байгаа юм. Н.Алтанхуяг дарга нэгэнт байдал тэгтлээ хүндэрснийг мэдсээр байж өөрийг нь огцруулах санал хураалтаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн бол нам хагарахгүй, улс төр бага савлагаатай, Засаг их донслохгүй байж болох байлаа.

Стратеги судлаачийн тань хувьд сэдвээс хазайсан ганц асуулт байна. Монгол- Хятадын харилцааг та яаж харж байна вэ?

-Улс төрийн түвшинд хоёр талын харилцан ойлголцол сайн байгаа. Хятадын удирдлагын зүгээс манай улстай хамтран хөгжье, эдийн засгийн хөгжлийн боломжийг хөрш орондоо бүрдүүлж өгөхийн төлөө ажиллая гэдгээ илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр транзит тээврийн, далайн боомтын гэрээ хэлэлцээрийг байгуулсан нь далайд гарцгүй манай улсад урт хугацаанд хөгжлийн томоохон боломжийг нээж байна.

Харин бидний зүгээс хөрш орнуудаас олгож байгаа хөгжлийн боломжийг үр бүтээлчээр ашиглахын төлөө ажиллах ёстой. Үүний цаана бас эдийн засгийн аюулгүй байдал, бие даасан байдал гэж том асуудал байгааг бодох учиртай. Тусгаар улсын хувьд нэг орноос хэт хамааралтай болохгүй байх нь үндэсний эрх ашгийн асуудал. Үүнийг манай хөршүүд ч мэдээж ойлгож байгаа. Бий болгсон боломжийг Монголын төр ашиглаж чадах эсэх нь биднээс л хамаарна. Хөрш оронтойгоо аливаад авах гээхийн ухаанаар хандаж, тэнцвэртэй, хэт нэг талыг барихгүй найрсаг харилцаа хөгжүүлэх ухаалаг бөгөөд уян хатан бодлого явуулах нь чухал байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Т.Батмагнай: Татвараар улс төр хийж болдоггүй юм аа

Татварын ерөнхий газрын дарга Т.Бат­магнайтай ярилцлаа.

-“Оюу толгой”-д 130 сая ам.долларын татварын акт тогтоогоод байсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 30 сая болгож бууруулсан. Ямар үндэслэлээр татварын дүнг ингэж бууруулсан юм бэ?

-Оюу толгойд татварын шалгалт орж, 130 сая ам.долларын акт тогтоосон. Харин Оюу толгой Маргаан таслах зөвлөлд хандсан юм. Энэ зөвлөлийг Сангийн сайдын тушаалаар байгуулагддаг. Хэрхэн яаж ажиллах, үйлдэл бүрийг нь Засгийн газар тогтоолоор журам гаргаад баталчихсан. Энэ байгууллага татварын хууль тогтоомжийг Монгол Улсад зөв зүйтэй хэрэгжүүлэх, мөрдүүлэх гол зорилготой. Үүний цаана татвар төлөгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж ажиллах чиг үүрэгтэй. Нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй, энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд нь Сангийн яам, Хууль зүйн яам, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, татварын байгууллагаас хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамааралгүй, үүрэг функцийн төлөөлөл тус тус байдаг. Хяналт шалгалтын процесст шууд оролцдог хүн эргээд энэ маргаан таслах зөвлөлд оролцдоггүй гэсэн үг.

Актны тухайд Татварын байгууллага Оюу толгой дээр хяналт шалгалт хийхдээ Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан татварын тогтворжуулсан орчных нь хүрээнд ажилласан. Хамгийн том зөрчил нь Монгол Улсын БНХАУ-тай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ноогдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх үйлдлээс сэргийлэх зорилгоор байгуулсан, давхар татварын гэрээний хүрээнд тавигдсан. Энэ гэрээний нөхцөл хангагдаж байгаа тохиолдолд Монголын тал татвараа авах эрх нь нээгддэг юм. Маргаан таслах зөвлөл шалгахад энэ гэрээний нөхцөл хангагдаагүй нь тогтоогдсон.Дараагийн зөрчил алдагдал бууруулах тооцоолол дээр яригдсан. Оюу толгой татварын тайлангаар тайлагнасан алдагдал нь хяналтын байцаагчийн тооцооллоор буурсан. Маргаан таслах зөвлөл байцаагчийн тооцооллыг баталгаажуулсан хүн амын орлогын албан татварын суутгал, НӨАТ-тай холбоотой асуудлууд байсан.

-Оюу толгойтой холбоотой чингэлэг дүүрэн орчуулгагүй баримт бичиг ирж, хугацаа алдсан гэх мэдээлэл байсан. Үүнийг тодруулах гэсэн юм?

-Манай байцаагч нар хүнд нөхцөлд маш олон тооны гадаад хэл дээрх санхүүгийн бичиг баримт дунд ажилласан. Шалгалтын хугацаанд татвар төлөгч хангалттай хэмжээгээр баримт материалаа гаргаж өгөөгүй. Шалгалтын явцад Оюу толгой БНХАУ-ын Бээжин хотоос хоёр чингэлэг орчуулагдаагүй санхүүгийн баримт ирүүлсэн. Ийм тохиолдолд татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажиллагаа хүндэрдэг. Хэрвээ татвар төлөгч баримтаа гүйцэд гаргаж өгөхгүй бол өгсөн баримтад нь үндэслээд бусад өгөөгүйд нь жишгээр тооцож акт үйлдэх эрх хяналтын байцаагчид хуулиар бий.Энэ мэтчилэнгээр баримтаа гаргаж өгөөгүй учраас зарим зөрчлийг жишгээр тооцож акт тавьсан. Маргаан таслах зөвлөлд хандах, зөвлөл нь гомдлыг шийдвэрлэх процесс ойролцоогоор гурван сар орчим хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд татвар төлөгч гомдлын үндэслэлээ нотлох баримтуудаа гүйцэд танилцуулсан.

-Таныг болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг татвар төлөгчөөс авлига авсан, энэ нь татвараар орж ирэх ёстой 100 сая ам.доллар гэнэт алга болсонтой холбоотой гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлээд байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-С.Ганбаатар гишүүнд хардах сэрдэх эрх нь нээлттэй. Энэ бол том татвар төлөгчийн ихээхэн мөнгөн дүнтэй холбоотой асуудал болохоор бүгд хардах эрхтэй. С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувиар “Би бол их хурлын гишүүн. Ямар ч баримт материалыг хүссэн газраасаа авах эрхтэй” гэж бидэн дээр орж ирсэн.Тэгэхээр нь “Уучлаарай, хэрэв таны хүссэнээр болбол УИХ-ын үлдсэн 75 гишүүн бие биеийнхээ холбоотой компанийн материалыг авъя гэвэл бид өгдөг болох нь ээ. Ийм боломж, үйлдэл гаргуулахгүйн тулд татварын албанаас баримт, материал гаргах үйлдлийг хязгаарласан, зөвхөн тодорхой тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад өгөхийг заасан хуулийн заалт байгаа. Үүнээс үүдээд гишүүн биднийг санаатайгаар баримт материалыг нуун дарагдуулсан, авлига авсан гэж нийгэмд мэдээлж эхэлсэн.

-Тэрээр энэ асуудлаар АТГ-т холбогдох албан тушаалтнуудыг өгч шалгуулна гэж байсан?

-Маргаан таслах зөвлөлийн хурлын бүх үйл ажиллагаа портокол болж үлддэг. Ауди, дүрс бичлэг хүртэл давхар хийж, архивлагддаг юм. Хэн ч хаанаас ирээд шалгахад юу гэж ярьсан нь цаасан дээр үлдэнэ гэсэн үг. Бид хууль зөрчөөд ямар нэгэн өөрсдийнхөө хувийн эрх ашгийг хавчуулаад авлига хээл хахууль авч, татвар төлөгчийн талд үйлчилсэн үйлдэл байхгүй. Тийм ч боломжгүй.Тиймээс С.Ганбаатар гишүүний шалгуулна гэснийг дэмжиж байгаа.Шалгуулахад асуудалгүй.

-Оюу толгойд тогтоосон актын дүн буурсан нь манай улсын нягтлан бодох бүртгэл, Рио Тинтогийн стандарттай зөрсөн гэсэн үг үү?

-Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Татварын ерөнхий хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиудад тодорхой заалт бий. Энэ нь “Төртэй харьцаж байгаа аливаа бичиг хэрэг монгол хэл дээр байх ёстой” гэдэг заалт юм. Нягтлан бодох бүртгэлийн хувьд санхүүгийн баримт тайлангууд бизнесийн үндсэн үйл ажиллагаа явагдаж байгаа нутаг дэвсгэрт хадгалагдах ёстой буюу энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр юм. Татварын ерөнхий хуулинд татвар төлөгч нь татварын байцаагчид гадаад хэл дээр байгаа баримтаа монгол хэл дээр орчуулж өгөх үүрэгтэй гэсэн заалт хүртэл байдаг юм. Дээрх хуулинд байгаа заалтууд нь Оюу толгойн хувьд зөрчигдсөн байсан.

-С.Ганбаатар гишүүний хувьд Сангийн яам болон Татварынхныг байн байн Төрийн ордонд дуудаж мэдээлэл сонсч байгаа. Тэрээр УИХ-ын гишүүний хувьд татвар төлөгчийн нууцын зэрэгтэй бичгүүдийг авах бүрэн эрхтэй юу?

-Гишүүн өөрийн ахалсан ажлын хэсгийн ахлагчийн хувиар баримт материалыг дахин дахин биднээс шаардсан. Бид хуулийн дагуу бүх мэдээлэл материалыг нууцын зэрэглэлтэйгээр ажлын хэсгийн ахлагчийнх нь хувиар өгсөн. Татварын ерөнхий хуулийн 14.3-т зааснаар татварын байгууллага бол төрийн захиргааны байгууллага.Тиймээс хуулийн хэрэгжилтийг хянах, хангуулахын тулд захиргаадалтын арга хэмжээ авах эрхтэй. Иймд энэ байгууллагын эрх хэмжээг хэтрүүлүүлэхгүйн тулд бүх үйлдлийг нь хуульчлаад заагаад өгчихсөн байдаг юм. Татвар төлөгчийн эрх ашгийг хүндлэх үүднээс, түүнд ямар нэгэн хохирол учруулахгүй, цаашлаад татвар төлөгч хэнтэй ямар худалдаа арилжаа наймаа хийсэн, хэдий хэмжээний ашиг олж байгаа гэх мэт татвар төлөгчийн хувийн мэдээллүүдийг хаана гаргаж өгөхийг энэ зүйл заалтад заасан. Энэ мэдээлэл өөрөө Татварын ерөнхий хуулиар татвар төлөгчийн нууц. Тиймээс С.Ганбаатар гишүүнд нууцын зэрэглэлтэйгээр УИХ-ын Тамгын газраар дамжуулаад өгсөн.

-Одоо С.Ганбаатар гишүүнд Оюу толгойн татвартай холбоотой бүх материал байгаа байх нь ээ. Нууцын зэрэглэлийг нь гишүүн өөрөө хариуцах нь гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно. Энэ тухай түүнд албан ёсоор хэлсэн байгаа. “Бид танд бүх нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг өгсөн. Энэ материалын нууцыг одоо та хариуцах ёстой, хойшид та албан бус байдлаар Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр ХМХ цуглуулж байгаад мэдээлэл авах нэрийн дор төрийн байгууллагын ажилтнуудыг дуудаж авчраад ХМХ-ийн өмнө үг хэлүүлэхгүйгээр дүгнэлт хийгээд загнаж болохгүй.Хэрвээ бидний өгсөн баримтад Татварын алба, Сангийн яам, Хууль зүйн яамныхан буруу ажилласан гэж та үзэж байвал тэрийг нь тогтоодог газарт өг. Бид тэр газарт нь очиж ажил үйлдлээ хариулъя” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн маань өөрөө бас хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гишүүний бүрэн эрхийн тухай хуулийн 7.1.20-д УИХ-ын гишүүн хүн төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж, задруулахгүй байх бүх арга хэмжээг авна гээд заасан.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухайд бид болсон процессыг үнэн зөвөөр тайлбарлаж, мэдээлэл өгөх үүрэгтэй. Тэр мэдээллийг өгч болно. УИХ-ын тухай хуулинд хаалттай хэлэлцэж болно гэсэн нь бий. Тухайн асуудал нь хаалттай хэлэлцэх шаардлагатай ч юм уу, тийм нөхцөл байдал бүрдвэл ажлын хэсгийн хуралдааныг хаалттай хуралдуулдаг.Тиймээс С.Ганбаатар гишүүн Сангийн яам болон татварын албаныхныг дуудаж мэдээлэл сонсоход нь энэ асуудлыг хаалттай хуралдаач гэж бид хүсэлт гаргасан.

-Гишүүний хувьд татвар төлөгчдийн мэдээллийг бүгдийг ил гарга гэж шаардаад байгаа юм биш үү. Тийм боломж бий юу?

-Дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 14.3 дугаар зүйл заалтыг гишүүн “Татварын байгууллага нотлогдсон зөрчлийг нийтэд мэдээлэх үүрэгтэй, та нар тийм эрхтэй” гэж үзээд байгаа юм. Татварын байгууллага бол нотолдог байгууллага биш. Харин шүүх нотолдог.Дээд шатны шүүх эцсийн шийд гарснаар үүнийг хэн ч юу гэж тайлбарлах боломжгүй. Үүний дараа бол тэр мэдээллийг татварын байгууллага ярих боломжтой.

-Уг нь татвараар популизм хийж болохгүй биз дээ?

-Оюу толгойд 130 сая ам.долларын акт гарлаа гэдгийг Монгол байтугай дэлхий даяар мэдсэн.Татвар төлөгч татварынхаа хуулийн дагуу Маргаан таслах зөвлөхөд хандлаа гэдгийг ч дэлхий нийт мэдсэн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр актын төлбөр 30 сая ам.доллар болсныг бас л дэлхий даяар мэдсэн. Тэгээд ч аливаа улсын хувьд татвар гэдэг бол популизм, улс төр хийгээд байх сэдэв биш. Харин хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, давхар татварын гэрээнүүдийг цаашид хэрхэн боловсронгуй болгох тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Оюу толгойгоос 70 жил татвар авахааргүй боллоо гээд байх юм. Ер нь татвар төлөлт нь хэвийн явагдаж байгаа юу?

-Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Оюу толгой Монголд хөрөнгө оруулалтын гэрээнд заасан татварын тогтворжуулсан орчныхоо хүрээнд төлдөг татвараа төлөөд л явж байгаа.

-Ярианыхаа сэдвийг татварын салбарт хийгдэж байгаа ажлуудаар үргэлжлүүлье. Та Татварын ерөнхий газрын дарга болсноор салбартаа ямар өөрчлөлт шинэчлэлүүдийг хийсэн бэ. Цаашид хийх ажлынхаа талар мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын байгууллагын үйл ажиллагаа өмнө хүнээс хамааралтай механик байсан. Энэ байдлыг цахимжуулах, хувь хүнээс хамааралгүйгээр аливаа мэдээлэл үйл ажиллагааг систем дотроо бүгдэд ил тод нээлттэй байлгах чиглэл рүү ажиллаж байгаа. Татварын байгууллагын үйл ажиллагаа хичнээн хувь хүнээс хамааралтай байх тусам авлига хээл хахуульд өртөх, санаатай болон санаандгүй байдлаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сулруулах, энд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид эрсдэлд өртөх байдал өндөр байдаг юм. Үүнийг систем дотроо автоматжуулаад ил тод байлгаснаар эдгээр эрсдлээс зайлсхийнэ. Энэ чиглэлдээ бүгдийг нь нэгдсэн баазад суурилсан цахим мэдээллийн сан руу шилжихээр ажиллаж байна.

-Манай улсын хэмжээнд хичнээн татвар төлөгч аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг вэ. Татвар орлогын төлөвлөгөө ямар үзүүлэлттэй байгаа бол?

-Монгол Улсад 110 мянга орчим татвар төлөгч байна. Гэтэл идэвхтэй төлдөг нь 30 мянга хүрэхгүй. Үүний 20 мянга нь НӨАТ төлдөг. Ийм баазтайгаар татварын алба олон жил явсаар ирсэн. Улсын төсвийг бүрдүүлэхэд хамаг ачааг нуруун дээрээ үүрдэг нь 50 хүрэхгүй хувь шүү дээ. Тэгэхээр бид бодит бус баазаа цэгцэлье гэж байгаа юм. Улсын төсвийн орлогын бүрдэлтийг харах юм бол жилээс жилд татварын орлого өсч байгаа. Харин 2014 онд олон улсын зах зээл дээр бодитой эерэг өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл манай татвар бүрдүүлэлт экспортод гарч байгаа хэдхэн компаниас дэндүү хамааралтай.

-Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдвал татвараас чөлөөлөгдөнө гэсэн ойлголттой байна. Хэрэгжилт нь ямар байх вэ?

-Тийм юм байхгүй. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийн ач холбогдол бол далд эдийн засгийг ил болгох юм. Хэрвээ танд татварт тайлагнаагүй хөрөнгө орлого байдаг юм бол тэрийгээ албан ёсоор татвартаа бүртгүүлээд бизнесийн үйл ажиллагаандаа тайлагнаад явах ёстой. Түүнээс өнөөдөр тайлангаар үүсчихсэн өрнөөс чөлөөлөх асуудал байхгүй. Үүнийг татвар төлөгчид маань ялгаж, салгах хэрэгтэй. Буруу ойлголтоосоо болоод татвараа төлөхгүй өр болгоод, хүү, алдангид ороод, татварын байгууллагын эрсдэлтэй татвар төлөгч гэдэг ангилалд орох гэх мэт сөрөг үр дагавартай.

М.МӨНХЦЭЦЭГ