Categories
мэдээ цаг-үе

Д.Цогтбаатар: Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд байх ёстой

“Өдрийн сонин”-ы №093(5660) дугаараас авч нийтлэв


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан танай намыг амлалтаасаа ухарсан шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх иргэд ч байна. Тодруулж хэлбэл, халамжийг танаж, татварыг нэмэгдүүлэх асуудал нийгэмд хүндээр тусч байгаа бололтой. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зайлшгүй юу гэдгийг ойлгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьтай байсан бол сүүлийн таван жилд тасралтгүй уруудаж 2016 онд 1.0 хувьтай, 2017 онд -0.2 хувь хүрч агшилт явагдаж байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар 2013 оноос зохицуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд макро эдийн засаг, төсөв санхүүгийн алдаатай бодлогын улмаас УИХ-ын хяналт, нэгдсэн бодлогогүйгээр төсвийн гадуурх их хэмжээний зарцуулалтыг Засгийн газар болон Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулан хийгдсэнээс 2016 онд төсвийн бодит алдагдал -18 хувьд хүрсэн. Засгийн газрын өр их хэмжээгээр нэмэгдэж 2016 оны эцсээр -81.3 хувьд хүрч байв. Мөн төлбөрийн тэнцэл алдагдалтай байсны улмаас гадаад валютын нөөц шавхагдсан, валютын ханш огцом нэмэгдэж ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байсан. Энэ бүх бодлогын алдааг нэг жилийн хугацаанд засаад өргөс авсан мэт хурдан сайжрах боломжгүй. Дунд хугацаанд зөв бодлогыг тууштай баримталж байж өнөөгийн энэ хүндрэлтэй нөхцөлөөс гарах боломжтой юм.

-Тэгвэл та ямар боломжийг харж байна вэ?

-Олон улсын зах зээлд өмнө гаргасан богино хугацаатай, арилжааны нөхцөлөөр авсан зээл, өр төлбөрүүдийн төлөгдөх хугацаа энэ оны гуравдугаар сараас эхлэх шаардлагатай байсан боловч өнөөгийн эдийн засгийн дотоод нөөц боломж маань ийм хэмжээний төлбөрийг хийх боломжгүй байсан. Тиймээс дефолт зарлахгүйн тулд Засгийн газраас энэ хөтөлбөрт хамрагдах, улмаар ойрын 1-2 жилд эдийн засгийн уналтыг зогсоож, цаашдын өндөр өсөлтийн суурийг тавих нь чухал.

8Түрүүч нь I нүүрт8

Энэ хугацаанд улс орон нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг өндөр хүүтэй, арилжааны зээлээр бус харин ОУВС болон бусад донор орнуудын урт хугацаатай хоёр хүртэлх хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах замаар нийт 5.5 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг авч даван туулах зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар УИХ-аар 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн сахилга батыг сайжруулж, тэнцвэртэй байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах зорилтыг тавьж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх татварын арга хэмжээнүүд нь бусад улс орон эдийн засаг, санхүүгийн хамралын үед авч хэрэгжүүлэхэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзсаны үндсэн дээр орлого өндөртэй, чинээлэг давхаргадаа татварын ачааллыг нэмэгдүүлэх, тансаг хэрэглээ болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй архи, тамхины хэрэглээнд татвар нэмж ногдуулах, бага орлоготой иргэдэд ачаалал нэмэгдүүлэхгүй байх бодлогыг баримталсан. Харин өнөөгийн нөхцөл байдалд МАН-ын сонгуулийн хөтөлбөрт амласан нийгмийн хамгааллыг сайжруулах олон амлалтыг шууд хэрэгжүүлэх бодит боломжгүй байна. Тиймээс хамгийн эхлээд эдийн засаг, төсөв санхүүгийн чадавхийг сайжруулах, 2018-2019 онд дээрх амлалтуудаа үе шаттай хэрэгжүүлэх боломжийг анхаарч ажиллах ёстой.

-Мега төслүүдийг яаж хөдөлгөх үү?

-Эхлээд хэрүүл, маргаанаа зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ бүх юмыг мэддэг байж, тэр мэдэмхийрлээ бусдад тулгадаг зуршлаа болимоор байгаа юм. Том төсөл бол нарийн тооцоо шаардсан зүйл. Гэтэл бид түүнийг маш хялбараар тайлбарлаж, нэг л их амархан зүйл мэтээр төсөөлдгийг зогсоомоор байна. Мэргэжлийн хүмүүсээр ажлыг нь хийлгээд, хугацааг нь өгөөд харин хариу, хариуцлагаа тооцоход бэлэн байвал үр дүн гарна.

-Тэгвэл дотоодын хөрөнгийн биржийг идэвхжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Юуны түрүүнд стратегийн ордуудынхаа 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж эхэлмээр байна. Энэ асуудал бол улс төрийн хэлэлцүүлгийн шатнаасаа гарч хууль болсон зүйл. Тиймээс одоо хэн нэгэнд таалагдах эсэхийг тандаж, болгоомжлон хүлээх шаардлагагүй, хууль учраас шууд л хэрэгжүүлээд явах боломжтой болсон асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд 1072 хувьцааг “амилуул” гэсэн үүрэг өгсөн байна билээ. Би дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн дөт арга бол дээрх хуулийг зүгээр л аваад хэрэгжүүлэх явдал байж мэдэх юм. 1072 хувьцаа чинь том Таван толгой төслийн 14 орчим хувьтай тэнцэж байна. Ингэвэл иргэд эдийн засгийн бүтээн байгуулалтад өргөн хүрээтэйгээр хамрагдах, оролцох боломжтой болно. Тиймээс энэ улсын эдийн засаг хэдхэн олигархи гэр бүлийн дангааршсан нөлөөллөөс ангижирна. Мөн улиг болтол яригдсан үнэт цаасны зах зээлээ хөгжүүлэх асуудал ч хөгжинө. Хөрөнгийн бирж дээр манай стратегийн ордуудын 10 хувь гарчих юм бол гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголд орж ирж ажиллах сонирхол илүү л болох байх.

-Үнэт цаасны зах зээлийг эдийн засагт нөлөөлөхүйц хөгжүүлэх боломж бий юу?

-Тухайлбал, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” байж болно. Сайн судалбал өөр төслүүд байж ч болно шүү дээ.

Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд байх ёстой. Бид иргэдийнхээ бизнес боловсролыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бизнесийн талаарх мэдлэгийг бүр ерөнхий боловсролын системд суулгаад өгөх нь чухал. Хүнд загас өгөх биш, загас барих аргыг нь зааж өг гэдэг үг бий дээ. Эдийн засаг хүндрэлээсээ гарч, өсөх замд ороход иргэд бизнесийн мэдлэгтэй болбол амьдралд нь хэрэгтэй. Бүх хүн бизнес эрхлэгч болдоггүй юм гэхэд аль нэг хувийн аж ахуйн нэгжид ажилд орлоо гэхэд тухайн байгууллагынхаа бизнес үйл ажиллагаа, зохион байгуулалтыг ойлгодог байх нь ажлын үзүүлэлтэд нэмэртэй л байх болов уу. Бизнес их эмзэг зүйл. Гаднын хөрөнгө оруулалт түүнээс илүү эмзэг. Тиймээс иргэдийг бизнесийн суурь мэдлэгтэй болгохын тулд хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах цаг үеийн зайлшгүй шаардлага байгаа юм. Хөрөнгө оруулалт гэхээр л томоохон санхүүгийн банкуудын хийдэг ажил гэж манайхан боддог. Гэтэл барууны орнуудад таксины жолооч нар ч хувьцаа авах тохиолдол элбэг. Ингээд өөрсдөө боломжийнхоо хэмжээнд сонирхсон төсөлдөө хөрөнгө оруулчихсан хүмүүс тухайн хувьцаагаа өсөөсэй гэж хүснэ. Аливаа хийрхэл уг хувьцааны үнэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс иргэд өөрсдөө аяндаа хийрхлээс зайгаа барих болно. Мөн хувьцааг нь авсан бизнесийнхээ үйл ажиллагааг байнга сонирхож анхаарах нөхцөл байдал үүсч байгаа юм. Цаад утгаараа улс орны эдийн засгийг тогтвортой өсгөхөд маш хянуур ханддаг болно. Үүний зэрэгцээ бизнесийн хөгжилд нийгэм өөрт байгаа нөөц хөрөнгийг бүрэн дайчлан ажиллах боломж бий болно гэсэн үг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой.

-Таныг Барилга, хот байгуулалтын сайд байхад санаачлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа?

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг санаачлах болсон гол шалтгаан бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны гол чиглэл, мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг томоохон ажил. Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал байдаг. Энэ зорилгоор Засгийн газраас орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг санаачлан явуулсан. Гэсэн ч иргэдийн урьдчилгаа төлбөр, арилжааны банкны зээлийн нөхцөл шалгуур, шаардлагыг дундаж орлоготой, өрхийн орлогоороо тухайн сарынхаа амьдралыг зохицуулаад явж байгаа хүмүүс маань хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бодож байгаад боломжит, үр дүнтэй арга нь түрээсийн орон сууцыг төрөөс хэрэгжүүлж, нийгмийн тодорхой хэсгийн хэрэгцээг хангах ёстой юм гэж үзсэнээс тус хөтөлбөр анх гарч байлаа.

Одоогоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 1512 орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, иргэдэд хуваарилаад байна. Харин цаашид түрээсийн орон сууцны менежмэнтийг илүү оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлж буй байгууллагадаа алдагдалгүй, иргэддээ хүндрэлгүй байлгах тэр тогтолцоог бодлогоор дэмжих нь зүйтэй.

-Гэхдээ ард иргэдийг хамруулах, барилгын компаниудтайгаа тохиролцох тал дээр тийм ч хангалттай биш байх шиг…

-Улсын хэмжээнд нэг жил гаруйн хугацаанд нийтдээ 1512 орон сууц түрээсийн орон сууцны санд шилжсэн том тоо, том ажил гэж харж байна. Үүнийг зохион байгуулах ярвигтай төдийгүй цаг хугацаа шаардсан ажил. Гэсэн хэдий ч бодит үр дүн гараад эхэлсэн нь сайшаалтай. Монгол Улсын, Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн орон сууцны хэрэгцээ шаардлагыг хангана гэвэл урт хугацаа шаардлагатай. Бүх иргэнийг хамруулах ажил нэг зэрэг хангагдах ёстой гэж дүгнэж байвал хангалттай биш байж болох ч, бүх зүйл тодорхой шат дараагаар хэрэгжиж, үр дүнд хүрнэ гэвэл болно. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг цаашид эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзээд Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэй, хувийн компаниудтай ярилцах шаардлага бас байгаа, энэ ажил дутагдалтай байгааг үгүйсгэхгүй ээ.

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах арга, зарчим ямар байвал болох вэ. Одоо шалгаруулж байгаа тэр үйл ажиллагаатай нь хэр санал нийлж байна вэ?

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд тэдгээр иргэд нь орон сууцны төлбөрөө бэлнээр, эсвэл урьдчилгаа төлбөрөө төлж, арилжааны банкны зээлд хамрагдах боломжгүй ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон болон олон хүүхэдтэй гэр бүл гэх мэт нийгмийн бүхий л давхаргаас хамрагдахаар зохицуулсан. Эдгээр хүмүүст орлогын болон бусад зайлшгүй шаардлагатай шалгуур тавиад, бүртгэл хийхэд төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлсэн орон сууцнаасаа багаар бодоход 10 дахин их хэмжээний хүн шалгуур нөхцөлийг нь хангаад, материал бүрдүүлээд ирдэг. Жишээлбэл, түрээсийн орон сууцанд шилжүүлж буй орон сууцны тоо нь 220 байхад түүнд орох хүсэлтэй иргэд нь 2000 байх жишээтэй. Тэдгээр бүх иргэд нь орлогын болон бусад шаардлагыг хангасан хүмүүс байгаад байдаг, нэмэлт шалгуур тавих гэхээр алаг үзсэн болох гээд байдаг, дахиад орлогоор нь эрэмбэлье гэхээр бага, дунд орлоготой гэдэг зорилтоосоо хазайчих гээд байдаг. Тэгэхээр шаардлага хангасан иргэд дотроосоо сугалаа сугалах нь зөв гээд эхний түрээсийн орон сууцнуудыг сугалаагаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл ард иргэдийн дунд сугалаа бол тийм ил тод, шударга арга биш гэсэн гомдол гарч эхэлсэн. БХБЯ-аас сугалаагаар зохион байгуулах боломжгүй бол өөр ямар шалгаруулалт байж болох вэ гэдгийг судалсан. Тодорхой байгууллагуудаас санал сонсоход эрэмбэлэх нь илүү оновчтой, маргаантай, гомдолтой байвал эрэмбэлсэн үзүүлэлт нь тодорхой учраас шийдэл нь тодорхой гэж үзсэн. Ингээд түрээст хамрагдахаар материал бүрдүүлж, шаардлага хангасан иргэдийг дараахь байдлаар эрэмбэлэх нь зөв байна гэж үзсэн. Энэ нь ард түмэнд ч илүү бодитой, шударга санагдсан гэдгийг хэрэгжүүлж буй байгууллага нь хэлж байсан.

-Намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиуд болон хаврын чуулганд оруулж ирж байгаа төслүүдийн талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

-2016 оны УИХ-ын намрын чуулганы хугацаанд 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон зайлшгүй шаардлагатай бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Мөн 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан бөгөөд Үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 он хүртэл нийт 201 хууль 12 тогтоол хэлэлцэж батлахаар байна. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай гурван хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан. Эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийн зардлыг бууруулах, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчимжүүлэх арга хэмжээг уг хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр экспорт нэмэгдэж, 2019 онд 4.9 тэрбум ам.долларт хүрэх, импорт 4.4 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 1.7-2.0 тэрбум ам.долларт хүрч өсөх эерэг үр дүн гарах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байна. 2010 оноос хойш шийдэгдэлгүй долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад шимтгэл төлж ажилласан нэг жилийг, зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, цэргийн тэтгэвэр тогтоолгох боломжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бүрдүүлж шийдсэн. Энэ хаврын чуулганаар хэд хэдэн чухал хуулиуд орж ирж байгаа. Тухайлбал, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой.

-Оюу толгой, Таван толгойн хувьцаа гаргах нь зүйтэй гэсэн санааг та хэлж байна. Энэ талаараа тодруулахгүй юу. Эдийн засгийг аврах том гарц гэж харж болох уу?

-МАН томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж хөгжүүлэхийн зэрэгцээ ард иргэддээ хувьцаа тарааж, энэ том төслүүдийн үр шимээс хүртээх нь шударга гэж үздэг. Мэдээж, энэ том төслүүдийг үр ашигтай ажиллуулж орлогыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх ихээхэн чухал санхүүгийн эх үүсвэр болно. Одоогийн байдлаар “Эрдэнэс Таван толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллах төлөвтэй байна. Харин түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарал багатай байхын тулд бид зэс, нүүрс гэх мэт түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Ингэснээр эдгээр төслүүдээс хувьцаа гаргаж ард түмэнд хүртээх тал дээр үр дүн гарах боломжтой болох юм. Ард иргэдэд ингэж эх орныхоо баялгаас хувь хүртээхгүй бол шударга бус явдал болно гэж бодож байна. Энэ талаар Засгийн газар зарим ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компани Сангийн яамтай хамтарч иргэдийн 1072 хувьцааны бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд холбогдох шийдвэрийг хоёрдугаар улиралд багтаан гаргахаар ажиллаж байна. Үүний үр дүнд иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно. Мөн Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, холбогдох чиг үүргийг өгсөн байгаа. Энэ ажлууд ирэх онд хэрэгжих үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч хэн ч биш болж, Ерөнхий сайд улсаа удирдана

-ҮНДСЭН ХУУЛЬД ИЙМ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тогтоолыг баталсан билээ. Санал асуулга зургаан сэдэвтэй. Эхнийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах тухай ажээ. Энэ дотроо Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгохыг тусгасан байна. Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах аж. Санал асуулгын хоёр дахь сэдэв нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой. Монгол Улсын Төрийн тэргүүний эрх мэдлийг хумьж, зөвхөн бэлгэ тэмдэг төдий байхаар санал оруулжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Улиран сонгогдохгүй. Төрийн тэргүүнийг бүх ард түмнээс биш УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох хувилбар санал асуулгад тусгагджээ. Төрийн тэргүүний зарим бүрэн эрхийг өөрчлөх саналд түүний хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгджээ. Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус болгож, Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох гэнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх нь ээ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглосон заалтыг Үндсэн хуульд нэмж оруулах юм байна. Мөн дөрөв дэх санал нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх.

Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Үндсэн хуульд бэхжүүлэх гэнэ. Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох аж. Мөн санал асуулгад төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлуудыг тусгасан байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэнэ.

Санал асуулгад багтсан бас нэг сэдэв бол хоёр танхимтай парламент байгуулах асуудал. Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах юм байна. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан дээрх саналуудын талаар Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгыг зургаан сэдвийн хүрээнд явуулахаар болсон байна. Санал асуулгыг ямар байдлаар хийхийг эхлээд сонирхъё?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын практикт хэрэглэж байгаа анхны алхам. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүврийн аргыг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1570 орчим хүнийг сонгосон. УИХ-аас баталсан санал асуулгын зургаан сэдвийн асуултыг Статистикийн үндэсний хороо боловсруулсан. Санал асуулгад оролцсон 1570 орчим хүнийхээ талыг нь дахин санамсаргүйгээр сонгоно. Ингээд 750-иад хүний дунд мэдээлэл солилцох уулзалтыг энэ сарын 29, 30-нд зохион байгуулна. Тэд зургаан сэдвийг гурав, гурваар нь энэ хоёр өдөрт хэлэлцэх юм. Санал асуулгад оролцогчдод хэлэлцэх сэдвийн дагуух материалуудыг урьдчилж өгч, мэдээллээр хангасан байна. Ингээд эхний сэдвээр илтгэгч танилцуулсны дараа 750 орчим хүн 15-аараа хэсэг болоод хэлэлцүүлэг явуулна. Тэгэхээр 50 орчим жижиг хурал болж, мэтгэлцээн өрнүүлнэ. Дараагаар нь санал асуулгад оролцогчдын асуултад экспертүүд хариулах юм. Харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр харанхуй тавьсан асуулгад 750 хүн хариулна. Бэлэн болсон материалыг тусгай программынхаа дагуу Статистикийн үндэсний хороо эцсийн дүнг нь гаргана. Олон нийтийг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн маань тус байгууллагаас гаргасан тайланг үндэслэн УИХ-д зөвлөмж, санал хүргүүлнэ. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал гарах юм бол УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том комисс байгуулах юм. Энэ комисс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах жинхэнэ текстийн бичнэ. Агуулга нь ерөнхийдөө энэ зургаан сэдвийн хүрээнд тодорхойлогдоно. Комисс байгуулагдах юм бол төслөө боловсруулж таарна. Төслийг УИХ батална.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ бүх ажлыг зохион байгуулах уу?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгийг баталбал Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь нийт ард түмэнд санал асуулга явуулах юм. Хэрэв нийт ард түмний 50-иас дээш хувь нь зөвшөөрөх юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

-Манай улс парламентын тогтолцоотой. Санал асуулгад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. Үндсэн хууль судлаач хүний хувьд та энэ саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хомс байна. Янз бүрийн давхцалууд их байгаа. Судлаачид ч үүнийг хэлдэг. Амьдрал дээр ч харагдаж байна. Жишээлбэл, манайх парламентын засаглалтай улс гэдэг утгаар Ерөнхий сайдаа УИХ нь томилдог. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг сулруулж байгаа хамгийн ноцтой зүйл нь бусад сайд нарыг толгой дараалан Их хурлаар хэлэлцэж томилдог явдал. Энэ эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нь өгье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, кабинетаа өөрөө мэдэж бүрдүүлдэг байх асуудал л даа. Харин батламжлах эрх нь Ерөнхийлөгчид байна. Сайдуудаа томиллоо гээд оруулахад Ерөнхийлөгч батламжилдаг байх. Хамгийн чухал зүйл бол эрх мэдлийг тэнцвэржүүлэх замаар бага эрх мэдэлд нь их эрх мэдэлтэйгээ тараах. Тэрэндээ хариуцлага тооцох тухай механизм байдаг л даа. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбогдоод дараагийнхаа Ерөнхий сайдыг томилж чадахгүй удвал Ерөнхийлөгч парламентыг тараадаг механизмыг бүрдүүлье гэдэг санаа явж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс Ерөнхийлөгч зулгаагаад байдаг асуудал бий. Ялангуяа парламент Ерөнхийлөгч хоёр нэг нам давамгайлбал бие биедээ хайртай байдаг. Хуваарилсан эрх мэдлийг Ерөнхийлөгч рүү өгчихдөг. Ийм асуудал байна. Ялангуяа Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шийдвэрт хориг тавьдаг эрх мэдэлтэй. Тийм болохоор хууль санаачлаад давхиад байдаг. Үүнийг нь хасъя гэж байгаа юм. Өөр нэг яригдаж байгаа зүйл бол Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй байна. Энэ тохиолдолд улс төрийн хавчилга үүсэх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч чиглэл өгдгийг болиулах тухай санал асуулгад явж байгаа.

-Ерөнхийлөгч хэн ч биш, зөвхөн бэлгэ тэмдэг төдий болж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний бүрэн эрх мэдэлтэй болох нь ээ?

-Тийм. Парламентын бүгд найрамдах улсын шинж маягтай болно. Ерөнхийдөө бүх эрх мэдэл Ерөнхий сайдад очно. Гэхдээ Ерөнхийлөгчид ч тодорхой хэмжээний эрх мэдэл үлдэх болов уу. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн даргаа хийх байх.

-Ерөнхийлөгч шүүх засаглал талдаа шууд томилгоо хийх эрхтэй байдаг. Энэ эрх мэдэл нь хэнд шилжих вэ?

-Санал асуулгад шүүхийн томилгоог тодотгох асуудал байгаа. Шүүхийн томилгоог нэг улстөрчийн гарт өгөхгүй байх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, ганцхан Ерөнхийлөгч өөрөө мэдээд томилоод байх биш. Механизмыг сайжруулах хэд хэдэн санал байгаа л даа. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тухайд тэнд хэн, хэн байх ёстой юм бэ гэдэг асуудал бий. Одоо шүүгчдийг УИХ-д танилцуулаад л томилчихдог. Тэгвэл шүүгчдийг парламентад танилцуулахад Их хурал дэмжсэн нөхцөлд томилдог асуудлыг хөндсөн санал байгаа.

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгох санал байна лээ. Энэ хувилбар нь манай улсын нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно. Тухайн иргэн төрийн тэргүүнээр нэг удаа л сонгогдоно. В.Путин, Д.Медведев хоёр дундаа түр завсарлагаатай сонгогдоод байдаг шиг байдал гаргахгүй гэсэн үг л дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналд Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгохыг нь болиулах заалт орсон байна лээ. Тэгэхээр олонхи болсон намаас Төрийн тэргүүн шууд сонгогдох юм биш үү?

-Санал асуулгад байгаа нэг эгзэгтэй зүйл нь энэ юм. Их хурлын 76 гишүүн, аймаг нийслэл, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүд гээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчийг сонгох хувилбар орж ирсэн. Үүний муу тал нь Ерөнхийлөгч аль намаас сонгогдох нь тодорхой болчихож байна. Сонгууль явуулаагүй байхад аль намаас дэвшсэн Ерөнхийлөгч сонгогдох нь тодорхой болох дутагдалтай. Сайн тал нь гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гээд томоохон хөрөнгө гарахгүй байж болох юм.

-Улс төрийн тогтолцооны замбараагүй байдлыг улс төрийн намууд бий болгосон. Үүнийг яаж засч, сайжруулах уу?

-Санал асуулгад төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх тухай сэдэв бий. Энэ бол нэлээд маргаан дагуулах, болгоомжтой хандах асуудлын нэг. Парламентын эрх мэдлийг өөр тийш нь шилжүүлэхэд үүний хариуд хуулиар хамгаалагдсан өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах тогтолцоог УИХ-д бүрдүүлэх эрхтэй гэсэн яриа байсан. Энэ асуудал бол ойлгомжгүй хэлбэрээр санал асуулга дотор ороод ирсэн. Их л сайн боловсруулагдсан юм орж ирж байна гэж бодож болохгүй. Алийг нь дэмжих үү, алийг нь хасах уу гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй.

-Манай улс хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжвэл иргэдийн хяналттай төр бий болно гэж судлаачид үздэг. Санал асуулгад дээд, доод танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах сэдвийг багтаасан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Монгол шиг хүн ам цөөтэй, их газар нутагтай оронд засгийн ажиллах чадвар хурдан байх шаардлагатай. Энэ бол чухал үзүүлэлт. Харин ийм бие биеэ хүлээсэн хоёр танхим зохисгүй. Ард түмний санаа бодлыг тандъя гэсэн зорилгоор хоёр танхимтай парламентын тухай сэдвийг санал асуулгад оруулсан байх. Хоёр танхимтай парламентын түүх бол төлөөлөгчдийн танхим нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг нь. Түүхэндээ дээд танхим гэдэг бол нэлээд нөлөөтэй, баячуудын эрх ашгийг хамгаалах зорилготой бий болсон байдаг. Тиймээс хоёр танхимтай болоход Үндсэн хуулийг шинээр бичихээс өөр арга байхгүй. Нэг танхимтай байлаа гээд нийтийн эрх ашиг хохирно гэдэг нь өрөөсгөл юм.

-Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх сэдвээр санал асуулга явуулах юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг, нийслэлд хуваагдана. Аймаг нь дотроо суманд, сум нь баг болж задардаг. Нийслэлийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Үндсэн хууль батлагдахаас өмнө Дархан, Эрдэнэт нь улсын чанартай хотын статустай байсан. Улаанбаатарын дараа орох энэ хоёр том хот аймгийн дотор байрладаг. Эрдэнэт бол Булган аймгийн, Дархан нь Сэлэнгэ аймгийн нутагт багтдаг. Байгалийн баялгийг ашиглах асуудал үүсч байсан болохоор 1992 оны Үндсэн хуулиар нутаг дэвсгэрийг нь одоогийнхоор хуваасан. Аймгийн төвүүд жижиг ч гэсэн хотууд мөн шүү дээ. Гэтэл одоо сум нэртэй болсон. Тосгоныг бүр мартсан. Тэнд суурин иргэншлийн элементийг ямар нэгэн байдлаар орхигдуулсан. Одоо үүнтэй холбогдуулаад санал асуулгад улсын чанартай хотыг санал болгож байна. Дархан, Эрдэнэт хоёрыг улсын чанартай хот болгоно гэж байна. Энэ бол 1992 оныхоо зовлон руу эргээд очъё гэж байгаа юм. Харин аймгийн төвүүд бол хот байх ёстой. Нэг аймагт хэдэн ч хот байж болно гэдэг ийм асуудал ороод ирсэн байх жишээтэй. Энэ бол Их хурал дээр ороод ирсэн санал. УИХ хагалуулъя гэдэг байдлаар уг санал асуулгыг оруулж ирсэн байх. Ер нь санал асуулгад багтсан зургаан сэдэв бол Үндсэн хуулийг ингэж өөрчилье гэсэн санааг агуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, учир зүйг нь олоод аль болох зөв сонголт хийх нь ач холбогдолтой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар СӨХ-той холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. энэ үeэр СӨХ-г төрд авах дүгнэлтэд хүрсэн гэх мэдээлэл байгаа. Eр нь СӨХ-той холбоотой гомдол тасардаггүй. Хэрэв төрд авбал энэ байдал арилах уу. хууль эрх зүйн орчин нь яаж сайжрах вэ?

-Юуны өмнө Өргөдлийн байнгын хороо Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй гэдгийг хэлье. Байнгын хороо дангаараа шийдвэр гаргахгүй. Аливаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж олонхиороо шийдвэр гаргана. Зарим УИХ-ын болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс СӨХолбоод иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлж ажиллаж чадахгүй байна. Тиймээс Орон сууцны конторт харьяалдаг болбол иргэд, оршин суугчдад илүү дөхөм болох юм биш байгаа гэдэг санал гаргаж байсан. Хэлэлцэж ярилцах үед гишүүдээс янз бүрийн санал гарч олонхиороо оновчтой шийдвэрт хүрдэг. Тиймээс хэлэлцүүлгийн үед гарсан саналыг шийдвэр гэж яаран ойлгож болохгүй. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар өргөдөл ирсэн. Ер нь энэ талаар ШӨХТГ-т ч өргөдөл тасралтгүй ирдэг юм билээ. Өргөдлийн агуулга нь СӨХ үндэслэлгүй төлбөр нэмж байна. Иргэд, оршин суугчдын цэвэр, цэмцгэр амар амгалан орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхгүй байна. Цахилгаан шат, дээвэр засахгүй байна. Жижүүр муу ажиллаж байна, цэвэрлэгээ хийхгүй байна гэх зэрэг гомдол давамгайлж байна. Өргөдлийн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 04 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Бид Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилт, биелэлтийн явцтай өнөөдийн хурлаараа танилцлаа. ШӨХТГ, БХБЯам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ хугацаанд 240 гаруй СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж шалгалт хийсэн байна. СӨХолбоод хуулийн дагуу 20 жил ажиллаж энэ хугацаанд тодорхой үр дүн гарсан. Цаашид энэхүү хуулийг боловсронгуй болгож, сайжруулах шаардлага байгаа нь ажлын хэсгийн дүгнэлт, хэлэлцүүлгийн үеэр харагдаж байна. Тухайлбал, СӨХ хуулийн этгээд биш учраас үйл ажиллагаанд нь төрийн байгууллагаас аудит хийж болдоггүй.

Иргэдийн гомдлыг барагдуулдаггүй, шүүмжлэлтэй өргөдлүүд л нэмэгдээд байдаг нэг ийм дүр зураг бий болжээ. Нөгөө талаас иргэд, оршин суугчид маань СӨХ-ны хуралдаа оролцдоггүй, шахаж ажиллуулж чаддаггүй талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 800 СӨХ-ны 240-д нь шалгалт хийсэн ажлын хэсэг дүгнэж. Үүнийг төрийн ажил гэж ойлгож байна. Иргэд, оршин суугчдаа мэдээллээр хангах, хуулийн талаар таниулах ажлыг төр хийх ёстой. Энэ чиглэлээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажиллахаар болсон байна. За энд бас нэг шийдвэрлэх ёстой чухал асуудал бий. СӨХ ямар ажил хариуцах вэ. Иргэд оршин суугчдаас авсан үйлчилгээний төлбөрөөр цахилгаан шат, дээврийн засвар, сантехникийн шинэчлэл, орон сууцны дулаалга зэрэг хөрөнгө мөнгө шаардсан ажлыг хийж чадах уу. Үйлчилгээний зардал, хураамжийн мөнгийг хэрхэн тогтоох уу зэрэг олон асуудлын шийдлийг олохын тулд, олон жил хэл ам дагуулж, иргэдийг бухимдуулж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд бид ажиллаж байгаа хэрэг шүү дээ. Барилгын компаниуд орон сууц ашиглалтад өгөхдөө хэдийнээ СӨХ байгуулчихсан байдаг юм байна. Энэ нь эхний гурван жил шинээр ашиглалтанд орсон сууцанд засвар, үйлчилгээ гарсан тохиолдолд барилга барьсан компани зардлыг хариуцдаг учраас өөрсдийн төлөөлөл бүхий СӨХ байгуулах сонирхолтой байдагтай холбоотой аж. Ингээд гурван жилийн дараа оршин суугчид гэнэт л өөрсдөө СӨХ байгуулахад зардал мөнгө шаардсан засвар үйлчилгээний ажил овоорсон байдаг тухай иргэд ярьж байна. Энэ мэтчилэн Өргөдлийн байнгын хороо СӨХ-той холбоотой, иргэд оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх талаар УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, СӨХ-ны төлөөллийг оролцуулан хуралдлаа. Орон сууцны тухай, СӨХ-ны тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энд гарсан олон санаа оноог тусган хуулийг боловсронгуй болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Уг нь СӨХ-ны тухай хууль байдаг биз дээ. Хуульд ямар цоорхой байна?

-Сууц өмчлөгчдийн холбоо анх 1997 оноос байгуулагдсан. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар сууц өмчлөгчдийн 1022 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 881 нь нийслэлд, 141 нь орон нутагт ажиллаж байна. Ажил төрөл нь хэвийн явж байгаа 776, жигдрээгүй 246 холбоо байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д үнэ тарифыг тодорхой баталж, тогтоогоогүй, хариуцлагын талаар тодорхой заалт байдаггүй. Тухайлбал, нэг өрхөөс авах сууц өмчлөгчдийн холбооны хураамж, тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж тогтооно гэж заасан байдаг нь иргэд, оршин суугчид, СӨХ-ны хооронд ихээхэн маргаан дагуулдаг. Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбоод нь нэг м/кв-ийн үнийг 60-300 төгрөг буюу нэг айл дунджаар 4500-80000 төгрөгийн хооронд хураамж төлдөг байхаар тогтоосон байдаг нь саяын ШӨХТГазрын хяналт шалгалтаар илэрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлууд үнэ тарифаа баталж, тогтоосон тухайгаа тайлбарлахдаа Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоосон жишиг тарифаар тогтоодог гэж тайлбарлаж байна. Гэтэл Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж тариф тогтоож мөрдүүлсэн зэрэг нэлээд зөрчлүүд байна. Тэхээр СӨХ-ны тухай хуульд цаг үетэйгээ нийцсэн нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-СӨХ-г оршин суугчдаас байгуулах ёстой юу. Аль нэг мэргэжлийн байгууллага удирдах нь зүйтэй юү?

-Арав гаруй жил мөрдөгдөж буй хуулиа хэрэгжүүлэх шаардлага байгаа юм билээ. Хувийн өмчийн байгууллагыг төрийн байгууллага удирдах нь оновчгүй, зах зээлийн зарчимд нийцэхгүй. Гэхдээ холбоо нь ажилладаггүй иргэдийн эрх ашгийг хохироож, СӨХ-ны удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлж байгаа зэрэг дутагдлыг засах чиглэлд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.

Эн түрүүнд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. БХБЯамны газрын дарга О.Лхагвацэдэнгээр ахлуулсан салбарын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан хэдийнэ ажилдаа оржээ.

-Өнөөдөр СӨХ-ны төлбөр хороолол, хотхоны зэрэглэлээс хамаараад харилцан адилгүй байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?

-СӨХ үйлчилгээний зардал, төлбөрийг үндэслэлгүй нэмж байна гэсэн гомдол байнгын хороонд ирсэн өргөдөлд нийтлэг байна.Төлбөрийн бодит хэмжээг хэрхэн гаргах чиглэлд ажлын хэсэг ажиллахаар болсон.Байнгын хороо хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлдээ энэ заалтыг оруулсан байгаа.

-Орон сууцнуудын гаднах талбайг СӨХ нь зарсан тохиолдол гарч байсан гэсэн. Тэдэнд ийм эрх мэдэл байхгүй биз дээ?

-Нийтийн зориулалттай газрыг дур мэдэн зарж худалдахыг хуулиар хориглосон байдаг.Харамсалтай нь зарим СӨХ-ны дарга нар дундын өмчлөлийн газрыг дур мэдэн зарсан тухай гомдол өргөдлүүдийн дунд мөн байна. Иргэд энэ асуудалд сонор сэрэмжтэй хандахаас гадна орон сууцыг газартай нь иргэдэд өмчлүүлдэг байх саналыг зарим гишүүн гаргаж байсан.

Ажлын хэсэг энэ асуудлыг судлахаар болсон.Зарим гишүүд хуулийн төсөл боловсруулж эхэлж байгаагаа энэ үеэр дуулгаж байна лээ. Өргөдлийн байнгын хороо иргэдийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудлаар ажиллаж байна. Бүхэл бүтэн гэр бүлийн амар амгалан, цэвэр сайхан орчинд амьдрах асуудал учраас оффшороос дутахгүй ач холбогдолтой гэж үзэж байгаа. 2017 ондоо багтаан хуулийн эрхзүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана гэж хуралдаанаар шийдвэрлэсэн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эрсдэлтэй үргэлж нүүр тулдаг эгэл баатрууд

Монгол орны өнцөг булан бүрт хүрч аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц бие бүрэлдэхүүн байдаг. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тусгай анги юм. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд 200 гаруй эрдэнэт хүний амийг аварсан ажээ. Энэ цагийн эгэл баатар хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн аврагчдын хуарангаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Хурандаа д.Намсрай захирагчтай аврах тусгай ангийн хаалгаар ортол яг л ажилчин шоргоолжнуудын дунд ороод ирсэн мэт санагдаад явчихлаа. Энд ч нэг хэсэг нь зүлэг услаад л, тэнд ч бөөн хүн мужаан, засварын ажил өрнүүлнэ. Ангийн хашааны хойхно талд трактороор залуус хэмжилт хийж байгаа харагдана. Спортын талбай байгуулахаар газрыг нь бэлдэж буй аж. Тус ангийнхан дор бүрнээ л ажил ихтэй байв. Штабын байрны ханан дээр “аврах тусгай анги 1967” гэж уйгаржин монгол бичгээр том гэгч бичсэн нь нүдэнд тод туслаа. Хагас зуун жилийн түүхийн жимийг сонирхуулбал, Монгол ардын цэргийн төмөр замын тусгай батальон нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Тухайн үедээ чиг үүргийн хувьд манай улсын тэргүүлэх зэрэглэлийн дэд бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцоод зогсохгүй засвар үйлчилгээг нь хариуцдаг байжээ. Төмөр замын дэр мод солих, аюултай, огцом эргэлтүүдийг засварлаж байсан гэнэ. Ингээд 1969 оноос БХЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын инженерийн тусгай батальон болсон байна. Тэр үед нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан гуай “ОХУ-д иргэний хамгаалалтын цэрэг гэж байна. Ер нь бол ямарваа нэгэн дайны цагт иргэнээ хамгаалдаг цэрэг байх нь зүйтэй” гэж үзээд онцгой байдлын албаны суурийг нь тавьж, салбарынхаа хуулийг санаачлан аИХ-аар батлуулсан байна. Тус анги Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос Зэвсэгт хүчний 122 дугаар анги гэгдэх болжээ. Харин 2004 оноос буцаад Гамшгаас хамгаалах тусгай анги, 2005 оноос ОБЕГ-ын харьяа тусгай анги болсон байна. Ингээд 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Тусгайгийнхны онцлог бол агаараас, газар дээр, усан доогуур гээд ямар л гамшиг осол болно, тэр бүгдэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг. дээрээс нь тэд онцгой байдлын салбарынхаа урлагийн бүх үйлчилгээг хариуцдаг байна. Тиймээс ангийн захирагч хурандаа Д.Намсрай бие бүрэлдэхүүнээ “4D ангийнхан” гэж нэрлэх дуртай ажээ.

ГАРЫН УР ДҮЙТЭЙ АВРАГЧИД

Аврах тусгай ангид өмнө очиж байсан хүмүүс одоо дахин босгыг нь давбал гайхна. Ажилсаг “шоргоолжнууд”-ын ачаар ангийн өнгө төрх хачин гоё сэргэсэн байна лээ. Балгас байсан, ашиглагддаггүй байшин савнуудаа бүгдийг нь тохижуулчихаж. Цайны газрын үүдний хүйтэн, зэвхий даасан хэсэг байсныг өвөрмөц шийдлээр засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим болгожээ.

Хугацаа нь дуусч ашиглалтаас гарсан шүхрийн материалаар таазаа урлажээ. Мөн өнгө өнгийн модон абажурыг өөрсдөө хийсэн байна. Шалнаас тааз хүртэл шүхрийн уяаг холбож үүн дээрээ гэрэл зургуудаа тогтоожээ. Ханаа цоолж муухай болгохгүйн тулд ийм шийдлийг сонгосон гэнэ. Зургийн жаазнаас авахуулаад энэ бүгдийг аврагчид, аж ахуйн албаныхан хийжээ. Үзэсгэлэнгийн танхимыг тус ангийн ажилтан, албан хаагчдын баярт үйл явдлын сонирхолтой гэрэл зургууд чимнэ. Нийт 200 гаруй зургийн фондтой гэсэн. Энэ танхимтай залгуулаад билльярд, караокены VIP өрөө байгуулжээ. Үүгээр зогсохгүй цайны газрын танхимыг шинэчилж, тайз зассан харагдав. Бас тус ангид ашиглалтын жагсаалтаас гарчихсан байсан жижигхэн байшинг засварлаж, япон маягийн саун болгожээ. Мөн ангийн хашаанд мод суулгаж, цэцэрлэгжүүлсэн байлаа. Бас гадаа ил гал дээр шорлог хийх боломжтой хоёр ч хэсэг газрыг зориулалтынх нь дагуу тохижуулчихаж. Аврагчдын хувьд хөдөө орон нутагт олон хоног үүрэг гүйцэтгэдэг болохоор ямар ч тогоочоос дутахааргүй гал тогоо барьж чаддагаараа давуу талтай. Одоо бүр эднийх япон хоолны хоёр тогоочтой болсон гээч. Ангийн захирагч Д.Намсрай аврагчдаа японы хоолны алдарт тогооч Микогийн сургалтад хамруулжээ. Тэд сүшиг ёстой мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон аж. “Сүшиний тогоочтой болсон биш хутганы өрөнд орчихлоо” гээд Д.Намсрай хурандаа инээх нь тэр. Биднийг штабын байр руу ороход тэрбээр японоор хэн нэгэнтэй утсаар удаан ярьж дууссаныхаа дараа ингэж хэлсэн юм. Ер нь сүшиг хийхэд зориулалтын гурван төрлийн хутга хэрэгтэй гэнэ. Тэр нь Монголд байхгүй болохоор ангийн захирагч Япон руу найздаа захижээ. Сонирхуулахад, сүшиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг байна. Эмэгтэй хүний биеэс их дулаан ялгарч байдаг болохоор загасны амт өөрчлөгдөхөд нөлөөлдөг аж.

ХОРИН ЖИЛИЙН ДАРАА “АМИЛСАН” ТАЙЗ

Штабын байрандаа энэ ангийн суурийг тавьсан Сандивын Равдан гуайн гэгээн дурсгалд зориулсан өрөөтэй юм билээ. Тэр хүнтэй холбоотой түүх намтар, байгуулсан гавьяа, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүртэл сонин содон баримтууд байв. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Равдан гуай Дорнод аймгийн харьяат хүн юм байна. Гадаадын 20-иод оронд Элчин сайдаар ажилласан, өндөр боловсролтой нэгэн байжээ. Түүний үр хүүхдүүд одоо болтол Аврах тусгай ангитай холбоотой байдаг гэнэ. Жил бүр шилдэг аврагчийг шалгаруулж, мянган ам.долларын шагнал гардуулдаг аж. Тэнд С.Равдан гуайн ач хүү Б.Баяр ирсэн байлаа. Тэрээр өвөөгийнхөө нэрэмжит ангийн Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн нь энэ аж. Бүхэл бүтэн 20 жилийн турш хаалттай байсан Соёлын төвийн тайзны хөшиг өнгөрсөн баасан гаригт нээгдсэн юм. ЗХЖШ-ын харьяа, МУСГЗ хурандаа Ч.Гансүх даргатай Үлгэр жишээ үлээвэр хөгжмийнхөн бүрэлдэхүүнээрээ ирж, урлагийн бүрэн хэмжээний тоглолт үзүүлж, амьд хөгжмийн тоглолтоор танхимын жаврыг үргээлээ. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын Тамгын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн аврах ангийн дарга, хурандаа Д.Чинзориг нар ирсэн байлаа. “Түүхт 50 жилийнхээ ойн босгон дээр ирсэн Аврах тусгай ангийнхан гаднах тохижилтоос эхлээд олон ажлыг зохион байгуулсан байна. Тайз нь нурж унах дөхсөн Соёлын төвөө хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийнхөө хүч хөрөнгө, санхүүгийн боломжоор өөд нь татаж, үйл ажиллагаа хэвийн явуулах бололцоо бүрдсэнд ОБЕГ-ын удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэж Г.Ариунбуян дарга хэллээ. Тус анги амьд хөгжмийн “Тэнгэр” хамтлагтай аж. Хамтлагийн ахлагч нь ангийн захирагч Д.Намсрай хурандаа юм билээ.

Аврагчид энэхүү соёлын төвийнхөө бүх заслыг өөрсдөө хийсэн байна. Шоо хэлбэрийн уналттай тааз нь өвөрмөц харагдаж байв. Соёлын төвтэйгөө залгуулаад зочид хүлээн авах монгол гэр хэлбэрийн өргөө барьж, саяхан ашиглалтад оруулсан байна. Бас хонгилын давхрын харанхуй хэсгийг фитнесс танхим болгож, бүхий л тоног төхөөрөмжөөр хангасан харагдав. Энд аврагчдын бэлтгэлийг Улсын харцага Д.Батболд хийлгэдэг юм байна. Аврагчдын гол онцлог ур чадвараас гадна тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. “4D” ангийн залуучууд тэр аяараа тэвхийсэн ханхар цээжтэй, эрүүл чийрэг, булчинлаг залуус байсан нь дасгалжуулагч багштай яах аргагүй холбоотой юм. Бас аврагчдын биеийн байдлыг тогтмол хянадаг эмч нар, тэдэнд мэргэжлийн холбогдолтой номууд болон сонгодог уран зохиолуудаар хангадаг номын сан ч тус ангид бий.

Ангийн захирагч хурандаа Д.Намсрай

“ДАРЬ ҮНЭРТСЭН ХҮН”

Аливаа албан байгууллагын даргын арын өрөө зөөлөн буйдантай, амралтын маягийнх байдаг. Тэгвэл тус ангийн захирагч албан өрөөгөө хурлын танхим, арын өрөөгөө “cof­fee break” болгосон байв. Харин Д.Намсрай хурандаа өөрөө жижигхэн өрөөнд сэтгэл хангалуун сууж байна лээ. Ер нь штабын байр, түүний өрөө, үзэсгэлэнгийн танхим зэргийг ажиглахад Д.Намсрай хурандаагийн хобби шууд харагдана. Тэрбээр гэрэл зураг авах, тэмдэг цуглуулах сонирхолтой ажээ. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн арвин цуглуулга штабын байрны ханан дээр ярайж, олны нүдийг хужирлана. Тэнд бүх улсын цэрэг, цагдаа, нисэх болон зэвсэгт хүчний байгууллагуудын тэмдгүүд хэдэн зуугаараа тоологдохоор арвин юм билээ. Харин ажлын умгар өрөөнийх нь хана гэрэл зургийн цомгоор битүү бүрхжээ. Хоймортоо Монголын алтан соёмбот бүхий ханцуйн тэмдгийг нандигнан байрлуулсан байна. Энэ бол Маршал Х.Чойбалсангийн өмсч байсан цэргийн формны ханцуйны тэмдэг ажээ. 1939 оны Халх голын дайнд оролцож явахдаа Х.Чойбалсан гарандаа шарх авч, нэгэн сувилагч эмэгтэйгээр эмчлүүлсэн байна. Сувилагч бүсгүйн гар тун ч эв дүйтэй, Маршалд өвдөлт бага мэдрэгдсэн бололтой. Х.Чойбалсан гуай түүнд талархаж, ханцуйн дээрх тэмдгээ хуу татан өгч байсан ажээ. Хожим энэ тэмдгийг сувилагч эмэгтэйн хүү Ганболд гэж хүн Д.Намсрай хурандаад дурсгасан юм байна.

Аврагчид, албан хаагчдын ярьж байгаагаас сонсоход Д.Намсрай хурандаа ёстой хамт олныг бүрдүүлж, аливаа шинэлэг зүйлийг санаачлан хэрэгжүүлэхэд өөрөө үлгэр дуурайл болдог хүн ажээ. Тиймдээ ч ангийн өнгө төрх, аврагчдын ажиллах нөхцөл боломж сайжирсан гэж байлаа.

Д.Намсрай хурандаагийн хувьд 1993 оноос хойш энэ салбартай холбогджээ. Уг нь мэргэжлийн десантын цэрэг аж. Тэрбээр зэвсэгт хүчний 084 дүгээр ангид цэргийн алба хаагаад ОХУ-д Агаар десантын дээд сургуульд таван жил суралцаж төгссөн байна. Түүнийг энэ салбартай холбосон хүн бол Иргэний хамгаалалтын дарга байсан Г.Дамдинсүрэн генерал гэнэ. Ер нь Д.Намсрай хурандаагийн онцгой байдлын салбарт ажилласан он жилүүдийн ихэнх хугацаа нь Аврах тусгай ангитай салшгүй холбоотой юм билээ. Энэ ангийн салбарын дарга, штабын дарга хийж байгаад захирагчаар нь томилогдсон хоёрхон хүний нэг нь аж. Зуд үзсэн мал гэдэг шиг Д.Намсрай хурандаа бол жинхэнэ “Дарь үнэртсэн хүн” гэж Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл тодотгон хэлэх нь ёстой л нэг байгаа оносон үг шиг санагдав. Учир нь Д.Намсрай хурандаа 2001 онд Увс аймгийн Малчин суманд унасан нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн цөөхөн хүний нэг юм. Бүх биеийнх нь 40 хувь нь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр ирж байсан хүн. Мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үүрэг гүйцэтгэж явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдоход тэрбээр амьд үлдсэн хүмүүсийг очиж аварч байсан юм. Эрхэм хурандаа энэ тухай ярихдаа “Одоо энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийн гурав нь энэ ангидаа ажиллаж байна. Харамсалтайгаар амь үрэгдсэн нөхдийнхөө гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж байгаа алба хаагчид нь сайн ажиллаж байна. Би өөрөө ч үхчих гээд, хамт зүтгэж байсан нөхдөө ч алдаад юм юм л үзсэн дээ” гэж нам дуугаар өгүүлэв.

Д.Намсрай хурандаа Монголын шүхрийн спортын холбооны тэргүүн. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг “Пепси” ундааны рекламанд тоглоход нь түүнийг шүхрээр буулгажээ. Энэ үйл явдалд дурсгал болгож аваргын зүгээс өөрийнхөө зургийг Д.Намсрай хурандаад бэлэглэснийг ажлын өрөөнийхөө хананд өлгөжээ. Мөн түүний өрөөнд сумо бөхийн алдартнууд болох Асашёорү аварга, Кёкүшюүзан, Цэвэгням нартай авахуулсан зураг ханыг нь чимнэ. Түүний зураг бүхэн түүхтэй. Тэр дундаас хамгийн хөгжилтэй түүхийг өгүүлэх зураг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуайтай авахуулсан зураг байлаа. Д.Намсрай хурандаагийн овог нь Д.Содном гуайнхтай адил Думаа аж. Мань эр ОХУ-д сурч байхдаа сургуулийнхаа захиргаанаас банга хүртжээ. Ингээд захиргааны хурлаар орох гээд байж байтал улс төрийн орлогч нь дуудаад “Чи чинь Думаагийн Содномын дүү биз дээ” гэхэд нь “Дүүрсэн хэрэг гэж бодоод, тийм” гээд хариулчихжээ. Тэгэнгүүт өнөөх хатуу чанга багш нар нь түүний “толгойг илээд” өнгөрөөсөн байна. Сүүлд Д.Содном гуайтай Оросын Элчин сайдын яамны хүлээн авалт дээр таараад “Сайн байна уу ах аа” гэтэл ихэд гайхжээ. Түүний овгийг зээлсэн тухай хөгтэй явдлыг ярьтал Д.Содном гуай бөөн инээдэм болж “Алив нааш ир үнсье” гээд сүйд болж байсан гэдэг. Тэгснээ “Думаа чиний ээж үү, аав уу” гээд Д.Намсрай хурандаагаас асуутал “Ээж” гэж. Д.Содном гуай “Минийх ч бас ээж” гээд түүнийг тэвэрч аван зургаа хамт татуулсан ажээ.

ОЛОН УЛСАД УР ЧАДВАРААРАА ДЭЭГҮҮРТ ҮНЭЛЭГДСЭН АВРАГЧИД

Аврах тусгай анги 220 гаруй албан хаагчтай. Тэдний 20-иод нь энгийн ажилтнууд. Эрэн хайх, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн гурван салбартай. Тусгай чиг үүргийн салбар нь химийн хортой, цацраг идэвхт бодис, хүн малын гоц халдварт өвчин, сум, галт хэрэгсэл зэргийн гамшгийн үед ажилладаг байна. Хамгийн сүүлд гэхэд зүүн аймгуудад дэгдсэн малын шүлхий, Налайхад гарсан хонины цэцэг өвчний голомтод ажилласан байна. Энэ ангийн бас нэг онцлог нь хөгжмийн тусгай бүлэгтэй. Цэргийн ёслол хүндэтгэл, урлаг соёлын үйл ажиллагаанд тэд оролцож, салбарынхаа нүүрийг тахалдаг авьяастнууд юм билээ. Тэгвэл холбооны тусгай бүлэг нь аливаа гамшиг ослын үед аврагчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэж, мэдээлэл солилцож, дамжуулах чухал хүмүүс. Техникийн тусгай бүлэг нь болохоор тээвэрлэлт, тусгай зориулалтын техник төхөөрөмжийг хариуцдаг ажээ.

Хаана гамшиг, аюулт үзэгдэл болно эдний аврагчид хамгийн түрүүнд үүрэг аваад морддог. Тэд улс орны хэмжээнд төдийгүй хилийн чанадад ч ажилласан туршлагатай. Таван жилийн өмнө Японы цунами, үүний дараа ОХУ-ын Буриад улсад дэгдсэн түймэр очиж ажилласан бөгөөд аврагчдын ур чадвар олон улсад үнэлэгдэж чаджээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Аврах тусгай ангиас хамгийн олон алба хаагч амжилттай оролцдог юм байна. Аврагчдын хувьд ОХУ, Солонгос, Ази Номхон далайн орнуудад очиж, хамтарсан сургалт хийж, бусад орны туршлага судалж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаардаг ажээ. Аврагчид дандаа л хүн осолдсон газарт хүрч ажилладаг. Тэгэхээр өөрсдийнх нь ч амь нас эрсдэлд орох аюултай. Гагцхүү аврагч хүний онцлог нь ур чадвар, овсгоо самбаа, бэлтгэл сургуулилт байдаг. Мөн багаж, тоног төхөөрөмжүүдээ чадамгай эзэмшсэн байх ёстой гэнэ. Одоо тус албаныхан 5000 гаруй багаж, тоног төхөөрмжийг аврах үйл ажиллагаанд ашигладаг бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийдэг гэнэ. Ер нь аврагчдынхаа болоод ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи зайлшгүй байх шаардлагатайг тэд ярьж байлаа. Улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц энэ ангийн хувьд багаж хэрэгслээр тийм ч хангалттай биш бололтой.

Аврах тусгай ангийн бас нэг бахархал бол Чехэд 4200 метрийн өндрөөс чөлөөт уналтын дасгал хийж шүхрээр буусан залуус аж. Тэднийг М.Билгүүдэй, Г.Тэлмэн гэдэг. Саяхан ОХУ-д мастерын зэрэг аваад ирсэн байна. Онцгой байдлын албанд арав гаруй жил ажиллаж байгаа тэд Монголын шүхрийн спортын шигшээ багийн тамирчид бөгөөд хэт хөнгөн онгоцны нисгэгчээр бэлтгэгджээ. Харин онгоц нь энэ ангид хараахан байхгүй гэнэ. Уг нь ийм онгоцоор үүрэг гүйцэтгэвэл түймэр гарлаа гэхэд тандалт хийж, бага дээр нь барьж авах бүрэн боломжтой юм байна. Одоохондоо тус анги 2000 метрийн өндөрт гарах хүчин чадалтай панатомаар гамшиг аюулт үзэгдлийн тандалтыг агаараас хийдэг ажээ.

Аврагчдын хувьд гүний шумбалтын дээд рекорд нь 50 метр гэнэ. Тэд хэдэн жилийн өмнө шатахуун тээврлэж явсан хоёр хүнд даацын машин Хөвсгөл нууранд живж, манай улсын хамгийн том цэнгэг усны ай сав бохирдох аюул учраад байхад гүний шулбалт хийж аврах ажиллагааг амжилттай явуулсан байна. Ийм гүнд шумбасан аврагчийн хялгасан судаснууд нь хагарчээ. Өөр нэгнийх нь чихний хэнгэрэг гэмтсэн гэнэ. Энэ мэтчилэн эрсдэлтэй үргэлж амь өрсөн тэмцдэг эгэл баатрууд юм, тэд.

Түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус ангийн удирдлагуудын зүгээс аврагчдынхаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангаж, байнга анхаарал тавьж ажилладаг нь илт харагдаж байлаа. Мөн ангийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой болж буй юм байна. Аврах тусгай ангид эрчимтэй өрнөж байгаа бүтээн байгуулалтууд бол дээрх түүхэн ойнуудад зориулагдсанаараа онцлог гэнэ. Энэ бүгдийг хандив тусламж, дотоод нөөц бололцоогоо ашиглан цогцлоож чаджээ. Цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй нэр төртэйгөөр биелүүлж, татвар төлөгчдийнхөө урмыг хугалахгүйн төлөө хичээж зүтгэхээ аврагчид маань амлаж байна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Чинээлэг дундаж давхаргын эрлэг нь чихэлдсэн тав, арван компани байна

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №072 (5639) дугаарт

Монголд дундаж давхаргыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж байж манай улс ядуу нэрнээсээ салж, хөгжинө. Гэтэл Монголын эдийн засгийг цөөхөн том олигархиуд барьчихаад бусдад ямар ч боломж олгохгүй байгаа талаар “Өдрийн сонин” хөндөн бичиж эхэлсэн билээ. Олигархиуд Монголыг ядуурлаас гаргахыг хүсэхгүй байгаагийн хамгийн энгийн жишээ бол дундаж давхаргыг хувааж идсэн явдал. Тэд улс төрд их нөлөөтэй. Тиймээс зөвхөн өөрсдөдөө зориулан хууль гаргуулдаг. Өнгөн дээрээ ямар ч хэрэг зөрчилгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч үнэндээ лоббины хууль баталж байна. Дундаж давхарга байхгүй болоход төр засгийн хүнд суртал, эдийн засгийн хямрал зэрэг нөлөөлдөг гэдэг. Эдгээр хүчин зүйлүүд нөлөөлөхийн хувьд нөлөөлсөн байх л даа. Гэхдээ том компаниуд гарч ирээд бизнесийн орчинг хамснаас дундаж давхарга байхгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гуравхан сая хүн амтай жижигхэн оронд чихэлдсэн тав, арван компани дундаж давхаргыг дуусгасан. Манай нийгмийн амьдрал ийм л байна. Бүгд цатгалан, аз жаргалтай амьдарч байвал улсынхаа ирээдүйн төлөө өөдрөгөөр ярьцгаана. Гэтэл өнөө маргаашаа аргацаасан, цалингаас цалингийн хооронд, ажлын байран дээрээ дэнжигнэн тогтож байгаа өлсгөлөн хүмүүстэй улс орноо хөгжүүлэх тухай юу ч ярих билээ. Энэ дэлхийд хүн ганцаараа жаргана гэж байдаггүй юм байна. Бүтэн 100 жилийн өмнө гарсан октябрын хувьсгал хөрөнгөтнүүдийг яалаа даа. Цөөхөн хэдхэн баячууд хэт тансаглаж байсан болохоор хөрөнгийг нь хураасан. Монголд яг энэ дүр зураг одоо харагдаж байна. Ердөө 200-гаадхан айл Монголын эдийн засгийг бүхэлд нь залгичихлаа. Тэд бусдыг юу ч хийлгэхгүй болгож бүх салбарыг эзэлжээ. Бид тэдний хувийн эд хөрөнгийг хураах ёстой гээгүй. Гагцхүү “Жудагтай байгаач ээ, ард түмнээ жаргалтай амьдруулах тэр л боломжийг нь чөлөөлж өгөөч ээ. Зөвхөн чаддаг салбараа хөгжүүлж, дэлхийн хэмжээнд гаргаач ээ” гэж байгаа юм. Бүгдээрээ аз жаргалтай байвал хэний ч хөрөнгийг хураадаггүй. Ингэхийн тулд дундаж давхарга бий болгоё. Энэ жижиг зах зээлд томчууд нь хамаад авчихаар бусдад орон зай үлдэхгүй байна. Ховдог “мангас”-ууд аль ашигтай гэсэн салбар руу орж, жирийн бизнесээ аваад явж байсан компаниудыг унагасан жишээ олон.

Барилгын салбарыг хар л даа. Хөл дээрээ тогтоод босч байсан энэ салбарт олигархиуд ороод дампууруулчихсан. Том компаниуд улсаа тэжээж байна гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Нэг том компани жижиг, дунд бизнесүүдээ тэжээдэг гэсэн дэлхийн онол манай улсад тохирохгүй. Яагаад гэвэл Монгол бол цөөхөн хүн амтай, хоёрхон хөрштэй орон. Солонгосын “Самсунг”, “Хюндэй” зэрэг том компаниуд улсаа тэжээж болоод байгаа юм шиг харагддаг. Харамсалтай нь Монголд ийм компаниуд алга. Дэлхийн брэнд гаргасан том компани ч манайд байхгүй. Учир нь монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоёр том хөрш маань тоож шиншлэхгүй. Дэлхийд эдийн засгийнхаа үзүүлэлтээр тэргүүлж байгаа том гүрнүүд биднээс юм худалдаж авна гэвэл өөрсдийгөө доромжилсон болох биз. Тэгэхээр Монголын цөөхөн олигархи компаниуд дотоод зах зээлээ мөлжиж, шинэ бизнес эрхлэгчдээ дарамталж байна. Ийм нөхцөлд бизнесийн талбар дахь зах зээлийн шударга хуваарилалтыг хиймээр байгаа юм. Дэлхийд үүнийг монополийн хуулиар зохицуулдаг байна. Манайд ч ялгаагүй энэ хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч Монголын эдийн засагт цөөхөн хэдэн компани даам гарсан байгаагаас харахад энэ хууль хэрэгжихгүй байна. Энэ бол мөнгөтэй, эрх мэдэлтэй олигархиуд хуулийн дээр сууж байгаагийн тод илрэл юм.

УИХ-ын дарга сая Бангладеш улсад Олон улсын парламентын холбооны хуралд оролцож үг хэлэхдээ 2030 онд гэхэд монголчуудын 80 хувь нь дундаж, чинээлэг давхаргад хамрагдана гэжээ. Түүний хэлсэн энэ мэдэгдэл бидний бичиж байгаа сэдэвтэй агаар нэг бөгөөд цагаа олсон явдал боллоо. Эрдэмтэн, судлаачдын хэлж байгаагаар дундаж давхаргыг үүсгэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой гэдэг. Энэ нь нэг том компани үй, түмэн хүнийг ажлын байраар хангана гэсэн ойлголт биш. Ажлын байрыг бий болгогчийг дэмжихийг хэлж байгаа юм. Ингэхийн тулд бизнесийн орон зайг суллаж өгөх хэрэгтэй. Солонгосын “Самсунг” корпораци гэхэд салбартаа тэргүүлэгч нь. Тэдний ханган нийлүүлэгчээр 3000 аж ахуйн нэгж ажилладаг байна. Энэ дунд түүний охин компани нэг ч байхгүй. Үүнийг нь тухайн улсын хуулиар зохицуулсан байх жишээтэй. Гэтэл манайд толгой цохидог том компаниуд яадаг билээ дээ.

Бүх салбарт түрэмгийлэн орж, бизнесээ өргөжүүлж байгаа “Номин Холдинг”, “АПУ” группийг өмнө онцолсон. Энэ удаад “Женко” болон “Наран” группийн ноёрхлыг сонирхуулъя. Энэ хоёрт хоёуланд адилхан байдаг бизнес бий. Тэр бол хэвлэл мэдээллийн салбар. Ер нь хүмүүс мөнгөтэй болонгуутаа хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөгөө тогтоох гэж зүтгэдэг. Ингэхийн тулд өнөөдөр Монголын нийгэмд нэр хүндтэй, байр сууриа хэдийнэ бататгасан хүчтэй сонин, телевизийг онилдог. Харамсалтай нь салбараа хөгжүүлэх гэж зүтгэж яваа мэргэжлийн байгууллагууд тэдний гарт амархан ордоггүй. Тийм болохоор мөнгөтэй эрх мэдэлтэй эрхмүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулдаг жишиг тогтоод удаж байна. Тэд эндээс бусад салбараас хүүлдэг шигээ ашиг олно гэж юу байхав. Гагцхүү өөрийгөө хамгаалах бамбайгаа болгон ингэж бэлтгэдэг.

Монголын нийгэмд нарийн тооцоотойгоороо алдартай С.Болдхэтийн “Наран” групп

С.Болдхэт эзэнтэй “Наран групп” нь бизнесийн салбарт нийтийн хоол, худалдааны төв, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Түүний “Наран Трейд” компани гадаад худалдааны салбарт тэргүүлэгч Монголын топ таван компанийн нэг. Тэгвэл “Наран их дэлгүүр”, “Наран фүүдс”, “Наран Косметикс” зэрэг компаниуд худалдааны салбарт манлайлж яваа. Эдгээр компаниуд нь тус тусынхаа чиглэлээр хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүдийг импортолдог юм. “Наран Косметикс” нь өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, шил шаазан эдлэл, хүүхдийн тоглоомыг оруулж ирдэг байна. “Наран фүүдс” нь хүнсний бүтээгдэхүүн импортолдог гэнэ. “Наран март” компани Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Наран Бьюти Уорлд” компани нь дэлхийн алдартай гоо сайхны брэндүүдийг оруулж ирдэг байна. Тус компани нь гоо сайхны салоны үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн гоо засалчдыг бэлтгэдэг гэнэ. “Наран Эло” компани болохоор гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг импортлогч ажээ. Мөн автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Наран Моторс” компани нь Германы BMW брэндийн машины борлуулах албан ёсны эрхтэй. С.Болдхэтийн нийтийн хоолны салбар дахь “Интер Кюзин” компани нь “Тай Экспресс”, “НьюЙорк НьюЙорк” ресторануудыг Монголд анх удаа оруулж ирсэн. Мөн “Туул” рестораны өнгө төрхийг өөрчлөн ажиллуулж байгаа юм билээ. Дээрхээс гадна “Сити Рийл Эстэйт” ХХК-д С.Болдхэт хувьцаатай. Тус компани нь орон сууц, барилгын арилжаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ эрхэм “Супервижн” кабелийн телевиз, “SBN телевизтэй. Бүх л салбарт хүчтэй нөлөөгөө тогтоосон Монголын том компаниудын нэг яах аргагүй мөн. Группийн эзэн С.Болдхэт нарийн тооцоотой гэдгээрээ Монголын нийгэмд алдартай. Тэрбээр татвар нэмэх асуудлаар нэлээд ширүүхэн байр сууриа илэрхийлж байсан нэгэн. Тэрбээр өнгөрсөн намар Төрийн ордонд болсон чуулга уулзалт дээр үг хэлэх боломжийг ашиглахдаа ганц ч хүн цалинжуулж үзээгүй УИХ-ын гишүүд татвар нэмэх гэлээ гэж ирээд л уурлаж байв. Улмаар бизнес эрхлэгчдийг төр дэмжье гэвэл НӨАТ-ыг арав биш тав болго хэмээн бухимдаж байлаа. С.Болдхэт тооцоотой гэж яригддагаараа алдартай болохоор татварын асуудал цочир санагдсан байх. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн төрлийн татварыг нэмэх асуудал орж ирсэн байв. Аж ахуйн нэгжийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай, Онцгой албан татваруудыг нэмэх тухай тусгасан байсан юм. Гэвч энэ төсөл цааш яваагүй. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг авах хүрээнд эдгээр татвар нэмэх асуудлууд дахин орж ирж байгаа юм.

Ер нь том компаниуд их татвар өгөхөд яагаад болохгүй гэж. Том ч бай, жижиг ч бай компаниуд бүгд л ижил арван хувийн татвар төлдөг. Тиймээс энэ асуудалд бизнес эрхлэгчид нэлээд маргаантай байдаг. Дэлхийн олон онол жижиг зах зээлтэй манай оронд тохирохгүй. Их мөнгөний арван хувьтай татвар, цөөхөн мөнгөний арван хувийн татварын дэргэд хамаагүй их мөнгө төлдөг гэж хөрөнгөтнүүд маргалддаг. Өнгөц харахад “Наран” л тийм харагдаж байна. Гэхдээ хэдэн зуун тэрбумын орлогоос арай ахиу татвар төлбөл энэ ядуу улсад хэрэгтэй. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ээлж хоёр болж, хүүхдээ цэцэрлэгт өгөх сугалаанд хожсон залуу аав, ээж диваажинд очих баталгаатай сугалаа хожсон мэт хөөр хөл болохоо болихсон. Ингэж татвар алаг, цоог болох нь татвар нуултыг ихэсгэж олон жижиг компани бий болох аюултай тухай бид чихээ дөжиртөл сонсдог. Энэ жижигхэн оронд, цөөхөн хүнд хүсвэл хэн хаашаа хараад унтаж байгааг ч төр нь мэдэх боломжтой. Төр тэрийгээ л хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татварын хяналтыг сайжруулах ёстой гэсэн үг.

“Женко” группээр овоглоСон Х.Баттулгын “охид”

Монголын толгой баячуудын нэг Х.Баттулгыг бүгд танина. УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан түүхтэй. Одоо тэрбээр арав гаруй охин компанитай, нэг телевиз, хоёр сонинтой. Түүний мэдэлд хүнсний салбарт тэргүүлэгч “Талх чихэр”, мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэгч “Мах импкес”, гурилын “Милл хаус” үйлдвэрүүд байдгийг бүгд мэддэг болсон. Х.Баттулга аялал жуулчлалын салбарт “Женко тур бюро”, “Нүүдэл трейд” компанитай. Мөн энэ салбарт “XIII зуун”, “Их Майдар”, “Чингис хаан хөшөө”, “Гольф”, “Түмэн хишигтэн” гэсэн амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор газар байгуулсан. “Түмэн хишигтэн” компанийн хувьд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үнэт цаасны салбарт “Женко тур брю” компани бий. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр өргөжсөн “Эмээлт” зах, “МИК эмээлт” компани 100 хувь Х.Баттулгын мэдлийнх. Хотын баруун хэсэгт орших “Эмээлт зах”ын хувьд малын гаралтай гол түүхий эдийн наймаа өрнөдөг. “МИК эмээлт” компани нь махны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байна. Боловсролын салбарт хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг “Hartford Institute” мөн л Х.Баттулгынх. Энэ сургууль нь Сингапурын үнэт цаасны зах зээл дээр бүртгэлтэй, бизнес менежмэнтийн чиглэлээр боловсрол олгодог тэргүүлэгч байгууллага юм билээ. Түүний хөрөнгө үүгээр дуусчихгүй “ХИД” компани, “Баянгол” зочид буудал багтдаг. Мөн “Женко холдинг” компанид 25, “Хаус дизайн”-д 51, “Өүпэнспейс”-д 80 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Ганзагын наймаанаас бизнесээ хөгжүүлсэн Х.Баттулга дээрх компаниудад эзэн суухаас гадна хэвлэлд нөлөөтэй. Тэрбээр “С1” телевиз, “Монголын мэдээ”, “Ардчилал” сонинтой.

Ингээд харахаар эдгээр компанид ер нь үлдээсэн салбар гэж байна уу. Та бодоод үз дээ. Эдэнтэй өрсөлдөх гэвэл хэн ч бай шууд шахуулаад дампуурна. Ийм том мөнгөтэй дээрээс нь тэдний их улс төрийн нөлөөг нь хэн ч тэсвэрлэж чадахгүй.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн

Монголын эдийн засаг арван тэрбум ам.доллараар хэмжигддэг. Гуравхан сая хүн амтай Монгол Улс дэндүү ядуу байна. Цөөхөн хүн хэт баяжиж, дундаж давхарга бий болохгүй байна. Нийгмийн дундаж давхарга үүсэх тэр боломжуудыг гарын арван хуруунд багтах хэдхэн том компани хаагаад байгаа юм. Тэд бүх салбар руу хүч түрэн орчихоод шинэ бизнес эрхлэгчдэд ямар ч орон зай олгодоггүй. Хүнсний бүтээгдэхүүний худалдаагаар олонд танигдсан хэрнээ цаанаа арав гаруй охин компани байгуулж, үйл ажиллагаагаа тэлсэн байх жишээтэй. Том хөрөнгө зоорьтой эрхмүүд барилга, боловсрол, үйлдвэр, үйлчилгээ, банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар руу шургалан дайрч ороод ноёрхлоо тогтоочихдог. Тийшээ шинэ бизнес эрхлэгчид хөл тавих нь эрсдэлтэй. Хэрэв олигархиудын босгосон ханыг цөмлөн орж чадлаа гэхэд цаашид өсөн дэвжиж чадахгүй. Тэр бүх эдийн засгийг нь өнөөх “мангас”-ууд аль хэдийнэ эзэрхийлчихсэн учраас Монголд дундаж давхарга үүсэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа юм.

Монголчуудыг ядуу нэрнээс салгах цорын ганц гарц нь дундаж давхаргыг бий болгох. Жижиг дунд үйлдвэрлэл бий болох бүхий л бололцоог эдгээр томчуул тасалж байна. Ард түмэн цалингаас цалингийн хооронд зүдрүүхэн амьдарч байхад баячуудын мөнгө нийгэмд өгөөжөө өгөхгүй байна. Монголд ердөө 200-хан айл баян тансаг амьдралтай гэдэг. Тэд хамаг мөнгөө оффошорт л зузаатгадаг. Энэ нь татвараа төлдөггүй гэсэн үг. Тэрүүгээрээ дотооддоо ядаж нэг томоохон үйлдвэр байгуулчихгүй байж хаа нэгтээ халуун оронд арал худалдан авдаг гэсэн. Дүн өвлийн хүйтэнд утаатай улсаасаа зугтаж, тэндээ жаргалтай амьдарч байна.

Ер нь нийгэм баян хоосноороо ялгарах нөхцөлийг бүрдүүлж байгаа бизнесийн талбар дахь түрэмгийллийг зохицуулах хуультай болмоор байна. Боловсрол бол боловсролоороо, хэвлэл мэдээлэл бол хэвлэлээрээ, уул уурхай бол уул уурхайн салбараараа дагнан үйл ажиллагаа явуулж, бусдадаа боломж олгох хэрэгтэй. Аминчхан үзлээсээ татгалзаж, аль нэг салбартаа манлайлал нь байж яагаад болохгүй гэж.

Монголын эдийн засагт ноёрхлоо тогтоосон арван том компанийг цувралаар танилцуулъя. Хэн, хэн хичнээн салбарт эзэн суусан нь эндээс тод харагдана. Энэ удаад “Номин холдинг” болон “АПУ” группийг тодотгоё.

“НОМИН”-ГИЙН ХЭДИЙГ “НОМИН” ДЭЛГҮҮР НЬ ТЭЖЭЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

А.Шагдарсүрэн эзэнтэй “Номин Холдинг” ХХК-ийн үйл ажиллагаа 1992 оноос эхлэлтэй. Анх “Номин-5” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани арван жилийн дараа гэхэд “Номин Холдинг” ХХК болж өргөжсөн юм билээ. Өнөөдөр тус компани худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын салбаруудад хүч түрэн орж ирсэн. Одоо 12 охин компанитай. Улаанбаатарт төдийгүй орон нутгуудад салбаруудаа нээн ажиллуулж байгаа. “Номин” гэхээр хүмүүс супермаркетаар нь сайн мэддэг. Тэгвэл эднийх Улаанбаатар хотод Улсын их дэлгүүрээс гадна хоёр ч их дэлгүүр, долоон супермаркет, найман хайпермаркет, арван бөөний худалдааны төвтэй. Мөн Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгуудад салбар, худалдааны төвүүдээ нээсэн. “Номин” хүрсэн эдгээр аймгуудад хэн дэлгүүр нээж зориглох юм бэ. Учир нь ашиг олохгүй.

“Номин холдинг” санхүү, даатгалын салбарт нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бүх аймагт салбартайгаас гадна явуулын худалдаагаар сумдад хүрдэг, даатгуулагчдын тоогоор тэргүүлдэг байна. Мөн энэ салбарт “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоотой. Хоёр жилийн өмнө нийт хөрөнгө 31.06 тэрбум төгрөгт хүрч, 24.19 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 24.13 тэрбум төгрөгийн зээлийн багцтай болж өргөжсөн дүнтэй байсан. Дээрээс нь нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагатай юм билээ.

Харин “Номин Констракшн Девелопмент Групп” нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгчдийн нэг. Үйл ажиллагаа нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай явагдаж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилтыг хийсэн. “Номин”-гийнх энэ салбарт бас “Эрдэнэт хивс”, “Экобус”, “Эко пластик” гэсэн гурван том үйлдвэртэй. 30 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт хивс” компанийг “Номин Холдинг” хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2014 онд өөрийн болгосон байдаг. “Эко пластик” үйлдвэрийнх нь тухайд төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, гялгар уут үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд буюу дахиврыг дахин боловсруулдаг гэнэ. “Экобус”-ыг монгол инженерүүдийн ур ухаанаар үйлдвэрлэдэг байгальд ээлтэй нийтийн тээвэр гэдгээр нь монголчууд хэдийнэ мэдэх болсон. Тэгвэл энэ үйлдвэр мөн л “Номин”-гийн мэдлийнх юм байна.

Худалдаа, үйлчилгээний салбарт “Номин Холдинг” 18 жилийн туршлагатай болжээ. Монголд хамгийн анх супермаркетын өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж байсан “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдээр сард давхардсан тоогоор нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг байна. Энэ салбарт ийм өргөн зах зээлийг эзэлчихсэн “Номин”-той зэрэгцээд тэднээс илүү ашиг олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил биз ээ. Бас болоогүй гадаад худалдааны салбартаа манлайлагч. “Номин”-гийн гадаад худалдаа нь цахилгаан барааны “Электроникс”, хүнсний “Фүүдс”, гэр ахуйн тавилгын “Хоум стайл”, бэлэн хувцасны “Фэйшн”, гоо сайхны “Косметикс”, барилгын материалын “Стандарт”, автомашин, засвар үйлчилгээний “Моторс”, эрчим хүчний “Энержи” гэсэн чиглэлээр тэлж, байр сууриа аль хэдийнэ бэхжүүлсэн байна.

Үйлчилгээний чиглэлээр “Номин”-гийнх нийгмийн эрэлттэй бүхий л салбарт хүч түрэн орсон байгаа юм. “Номин Кидс” гэдэг цэцэрлэгтэй. “Соёмбо” харуул хамгаалалтын албатай. Мөн айл гэр, албан тасалгааны цэвэрлэгээний үйлчилгээ, ногоон байгууламжийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг явуулдаг албатай. “Номин”-гийн үйлчилгээ нь аялал жуулчлалын салбарт “Хөвсгөл усан зам” компанитай. Энэ нь Хөвсгөл нууран дээгүүр “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялал зохион байгуулдаг байна. Эдгээрээс гадна “Номин”-гийнх “EMPIRE FIT­NESS”, химийн лаборатори, хөргөлттэй агуулах, ачаа тээвэр, механизмын үйлчилгээ эрхэлдэг. Дээрээс нь олон улсын тээврийн үйлчилгээний “Номин ложистик” компани бий. Бас “Номин”-гийнх мах, махан бүтээгдэхүүний салбар руу ханцуй шамлах болсон. Гахай, тахиа, хонь, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг ангилан савлаж бүх салбар дэлгүүрээрээ нийлүүлдэг байна.

“Номин холдинг”-ийн охин компаниудын нэг болох “Номин Реалтор” обьектын ашиглалт, засвар үйлчилгээ, түрээс зэргийг хариуцан ажилладаг аж. Хуучин болон шинэ орон сууцны худалдаа зуучлал, орон сууцны, оффисын талбайн түрээсийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү “Номин”-гийнх уул уурхайгаас бусад салбарт оршин тогтнож чаджээ. “Номин” хэмээх вант улсыг илэрхийлэх “Өнөр-1” хороололд тус компанийн дэлгүүр, худалдаа, цэцэрлэг гээд бүх үйлчилгээ байдаг. Тухайн хотхонд үйл ажиллагаа явуулж, бизнесээ эхлүүлэх хүсэлтэй хэн ч орох боломжгүй гэсэн үг.

“АПУ”-ГИЙН ЭЗДЭД “АПУ” КОМПАНИ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙМААР ЮМ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг “АПУ”-гаар овоглохоор хүн бүр танина. Архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг “АПУ” компани нь 1924 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлд эдний үйлдвэр сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жүүсний зах зээлд хүч түрэн орж ирсэн. “АПУ” компани Г.Батхүүгийн мэдэлд очсоноор группийн хэмжээнд өргөжин тэлж, 13 охин компанитай болсон байна. Одоо энэ компанийг түүний дүү Г.Батсайханаар овоглох болсон. Харин Г.Батхүү нь хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, уул уурхай, барилга, авто сервис, тээвэр гадаад худалдааны салбарт бизнес эрхэлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт “Шунхлай агро”, эрчим хүчний “Пауэр юнит”, эрүүл мэндийн салбарт “Интернэншнл медикал сентер” компани, Авто сервесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол хюндай киа”, “Хюндай моторс монголиа”, барилгын “Грийн эйр гарден”, “Монголиан роуд констракшн”, “Колбекер эм эн жи”, уул уурхайд “Жи Эс Би Ресурс”, “Шунхлай майнинг”, газрын тосны “Шунхлай групп”, “Шунхлай говь”, “Шунхлай”, “Шунхлай петролиум”, гадаад дотоод харилцааны “Импортант сольюшн”, “АПУ трейдинг” компаниудыг тэднийх гэх юм билээ. Г.Батхүү нийт 24 групп, компанийн 50-100 хувиудыг эзэмшдэг гэж байна. Үүнээс гадна Скаймедиа интернэт, IPTV, Wimax утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Скайтел” ХХК-ийн “СКАЙМЕДИА КОРПОРАЦИ” ХХК-ийн томоохон хувьцаа түүний гарт бий. Мөн Г.Батхүүгийн мэдэлд аялал жуулчлал, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлдэг “Ван Трейд”, зоогийн газар, үйлчилгээ явуулдаг, “Их Монгол” ресторануудыг багтаасан “Грийт Эмпайр” ХХК, “АПУ”-гийн шил, лааз, баглаа боодол хариуцсан “Депод” ХХК, ноолууран бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч “Блю Скай Кашемир ХХК, ачаа тээврийн “SUN TRANS” ХХК зэрэг багтдаг байна. Хэдэн жилийн өмнө “АПУ”-гийнхан Богд хааны музейн газрыг хүч түрэн авч, өөрийн бизнесээ өргөжүүлэхэд зориулж байгаа. Тухайн үедээ уг үйл явдал нэлээд хэл ам дагуулж, салбарын яам нь хүртэл анхааралдаа авч, хориг арга хэмжээ авсан боловч мөнгөнд хүчин мөхөстсөн юм.

Улстөрчид, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн болгох явдал хэвийн үзэгдэл болсон. “АПУ”-гийн Г.Батхүү нь бүхэл бүтэн медиа групптэй. Тус групп нь “NTV” телевиз, “FM 107” радио, “Гоодаль” сэтгүүл, “Гоодаль” фото студи, “NTV” продакшн, “Нийслэл guide” сэтгүүл, “Time.mn” мэдээллийн сайт, “ONTV” телевиз, “Оранж энтертаймент” гэсэн бүрэлдэхүүнтэй. Медиа группийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, 50 хувийг түүний дүү П.Батсайхан эзэмшдэг байна.

Ийм том хөрөнгө бэлтэй хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх байх гэж горьдмоор. Гэвч хэвлэл мэдээллийг зөвхөн зэвсгээ болгон ашигладаг болохоор цаашдын хөгжил ирээдүйд нь огтхон ч санаа зовдоггүй. Тэд чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжилд садаа болохоос хэтрэхгүй байна. Монголд чөлөөт хэвлэл хөгжихгүй байгаа гол шалтгааны нэг бол эзэд нь өөрсдөө хэвлэл мэдээллийг эрхэлдэггүй, түүнийг аливаа бизнес болон улс төрд нэр нөлөөгөө дээшлүүлэх, хамгаалах хэрэгсэл мэтээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, дагавар бизнес маягтайгаар байлгадагт байгаа юм. Тэдгээр том олигархиудын хажуугаар салбарын жинхэнэ мэргэжлийнхэн зүтгэн орж, хэвлэл мэдээллийн алба байгуулъя гэсэн ч орон зай байхгүй байна.

Монголын бүх салбарыг хэдхэн компани эзлээд байхаар ямар ч дундаж давхарга бий болох нөхцөлгүй. Хөлд орж байгаа хүүхдийг гүйлтийн тамирчин Усайн Болттой уралдуулж байгаа мэт ялгаатай байхад ямар тэнэг нь бизнес оролдох билээ. Зүгээр хөлсний ажилчдыг л бий болгохоос өөр замгүй харагдаж байна. Том компаниуд хөрөнгө чинээ, улс төрийн нөлөөгөө ашиглаж эдийн засгийг таг барьчихсан ийм жижиг оронд ядуурлаас өөр зам харагдаж байна уу. Ядуурлаас ажил хийж, жижиг бизнесээ хөгжүүлж, томруулж байж гардаг. Гэтэл тэр бүх боломжийг монополио тогтоосон энэ хэдэн том компани тас хориглоод удаж байна.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өөрчлөлт намын дүрэмд ороогүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.


-АН-ын шинэчлэл энэ цаг үед олны анхаарлыг татаж байгаа. Анхан шатныхаа үүрүүдээ сонсдог, бодлогын нам болно гэсэн. Энэ реформыг яаж хийж байгаа талаар намын өдөр тутмын гал тогоог хариуцаж яваа хүний хувьд танаас эхлээд асуумаар байна?

-Улс орон даяар АН-ын шинэчлэл эрчимтэй, үе шаттайгаар үргэлжилж байна. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүн “АН-д ард түмэн итгэх итгэл бага болсон” гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Сонгууль бол улс төрийн намын дүн байдаг. Ингээд ард түмний АН-д өгсөн дүгнэлтэд анализ хийгээд бүхий л шатандаа эрс дорвитой шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ шинэчлэлийн амин сүнс нь нам бүх асуудлыг дээрээ хэдхэн хүний хүрээнд биш, гишүүдээ оруулж шийддэг, гишүүн төвтэй нам байя гэдэг концепцийг дэвшүүлсэн. Үүний эхлэл нь намын даргын сунгаа байв. АН бүх гишүүдээсээ сонгогдсон даргатай боллоо. Хоёрдугаар шат буюу намын даргаас доош сумын намын хороо, үүрийн тэргүүлэгч, намын хорооны гишүүдийг сонгох АН-ын дотоод сонгууль байгаа.

-Намын дүрмийн хувьд нэлээд хаалттай байдлаар явагдсан гэсэн шүүмж дагуулсан. Сая Улсын дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж аваагүй байна. Үүнтэй холбоотойгоор танай намын зарим гишүүн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулахыг шаардлаа. Тэдний шаардлагыг биелүүлэх боломжтой юу?

-Улс төрийн нам бол өөрсдийн дүрэмтэй. Энэ дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. АН-ын эрх барих дээд байгууллага болох намын их хурлаар үндсэн дүрэмдээ хоёр удаа өөрчлөлт оруулсан. Зургаа болон долдугаар их хурлаар тус бүр нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа.Тэрнээс АН-ын хуучин дүрэм байхгүй болоод шинээр дүрэм баталсан юм биш. Өмнөх дүрэм хэвээрээ байгаа. Намын VI их хурлаар тодорхой өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүх бүртгээд авчихсан. Дараа нь VII их хурлаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, АН-ын шинээр сонгогдсон С.Эрдэнэ даргыг батламжлуулах хоёр асуудлыг Улсын дээд шүүхэд өгсөн. Улсын дээд шүүх тодорхойгүй шалтгааны улмаас батламжлах асуудал түр хойшлогдоод байгаа. Бид шүүхийг хүндэтгэх үүднээс тогтоолыг хүлээж байна. Ямар үндэслэлээр бүртгэх хугацааг хойшлуулсан нь тун удахгүй тодорхой болох байх. Үүнтэй холбоотойгоор манай намын нэр бүхий гишүүд намын дарга болон миний нэр дээр шаардлага ирүүлсэн. Тэд бол хуучин нэрээр ҮЗХ-ны, УИХ-ын гишүүн байсан түвшний хүмүүс байгаа. Манай Ардчилсан намын мөрдөгдөж байгаа дүрмээр ҮЗХ-ны гишүүн жил бүрийн гуравдугаар сарын 1-ний дотор татвар төлснөөр тухайн хүний саналын эрх нь үргэлжлэн баталгааждаг. Тэгвэл одоогоор дээрх хугацаанаас өмнө татвараа төлж баталгаажсан нэг ч ҮЗХ-ны гишүүн байхгүй. Тиймээс тэдний шаардлагыг намын удирдлагын зүгээс биелүүлэх боломжгүй. Бид ухрах гарцгүйгээр урагшаа хараад ажиллахаас өөр арга замгүй.

-Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй мэтээр хүмүүст мессэж өгч байх юм?

-Манай намын үндсэн дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрддөг заалтууд байгаа. Саяын хоёр их хурлаар энэ заалтад ямар ч өөрчлөлт ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэмэлт өөрчлөлт дүрэмд ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг АН-ын дотоод сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай журам батлаад явдаг. Энэ журмаар л явна.

-АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийн хураамж, дэнчингийн хэмжээг өндөр болголоо гэж зарим гишүүд эсэргүүцэж байсан. Зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүнд үзэж буй 511 хүний дэнчин, хураамж гэхэд гурван тэрбум төгрөг цугларсан байна. Ингэхэд дотоод сонгуульд нэр дэвшигчдээс босгосон мөнгийг юунд зарцуулах вэ?

-Мэдээж, улс төрийн намын үйл ажиллагаагаа явуулж, оршин тогтнох хэлбэр бол гишүүдээсээ авсан татвар, хандивын санхүүжилт байдаг. Хуучин нэрээр ҮЗХ-ийн гишүүд жил бүр нэг сая төгрөгийн татвар төлдөг байлаа. Энэ бол 17 жилийн өмнө баталсан дүн. Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш ямар болсныг бүгд мэдэж байгаа. Энэ хэмжээний татвараар нам хэвийн үйл ажиллагаа явуулах, ялангуяа шинэчлэл хийхэд боломжгүй гэдгийг манай намын удирдлага, удирдах түвшний албан тушаалтнууд бүгд мэдэж байгаа учраас санал нэгдсэн. Дэнчин, татвар, сонгуулийн хураамжтай холбоотой асууддлыг намын их хурлаар байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо хариуцаад тогтоол шийдвэр гаргасан. Нэр дэвшигчдийн хураамжийн мөнгийг дотоод сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулна.

-Дэнчинг бол сонгогдоогүй хүн нь буцаагаад авчихна биз дээ?

-Хэрэв нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулбал төлсөн дэнчин нь татвар болоод намын дансанд үлдэнэ. Сонгогдож чадаагүй хүмүүсийн мөнгө нь буцаад эзэндээ очно. Дээрээс нь манай намын гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сая их хурлаар батлагдсан шинэ дүрэмд намын лого өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр бланк, тамга тэмдэгнүүд өөрчлөгдлөө. Шинэ сонгогдсон даргад шинэ тамгыг нь гардуулж өгнө. Энэ хүн шинэ тамгаараа дансаа үүсгээд нийслэлийнх нь татварыг нийслэл рүү, аймгийнхыг нь аймгууд руу шат шатных нь төлсөн татваруудыг орон нутгийн намууд руу явуулна. Энэ мөнгөөр нөгөө намууд маань үйл ажиллагаагаа явуулна. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдийн төлсөн татвараас 30 хувь нь орон нутгийн намын дансанд нь ороод тэндэхийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Саналын эрхээ үүсгэж байгаа гишүүний 1200 төгрөгийн татвар хүртэл бүгд анхан шатны намын данс руу автоматаар буцаж орно. Тэгэхээр намын шинэчлэл, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй санхүүгийн асуудал тулгарах учраас үүнийгээ шийдэх арга хэлбэр нь татвар.

-Зарцуулалтыг шилэн болгож болох уу?

-Манай намын зарим гишүүдээс ийм шаардлагууд тавьж байгаа. Гэхдээ улс төрийн нам гэдэг бол тодорхой дүрэм журамтай байгууллага. Гишүүдийнхээ татвар, хандиваар үйл ажиллагаа явуулдаг. Мөн улс төрийн намууд хоорондын өрсөлдөөн гэж байна. Хэрэв бүх намууд ярилцаад Улс төрийн намуудын тухай хуулинд дансаа шилэн байлгахаар тусгая гэвэл дагахаас өөр замгүй. Дээр нь АН-ын хувьд дансаа нууж хаагаад байх зүйлгүй.

-Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчид 90 сая төгрөгийн хураамж төлж байгааг хэт өндөр байна хэмээн шүүмжилж байгаа. Мөн АН-ын намын даргад өрсөлдсөн хүмүүс 250 саяыг төлж байсан. Сонгогдоогүй нэр дэвшигчдэд энэ мөнгийг нь буцааж олгосон уу?

– АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдээс 250 сая төгрөгийг авахад шударга бус байна, өндөр байна, мөнгөөр хаалаа гэдэг асуудал гарч байсан. Үнэндээ нэр дэвшигчид маань сунгаандаа яваад ирэхээр тэр мөнгө эргээд өөрсдийнх нь сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулагдаж байгаа гэдгийг бүгд ойлгоод хүлээн зөвшөөрсөн. 21 аймаг, есөн дүүргээр явах сонгуулийн зардал, пиар, уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа бүх хүмүүсийн хоол унаа, цалин гэх мэт зардал их гарсан.

-Нам эрх баригч болбол төр болж харагддаг. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбум төгрөгийн мэдээлэл албан тушаалыг мөнгөөр үнэлж байна гэсэн хандлагыг ард түмэнд төрүүлсэн. Гэтэл АН мөнгөний асуудлаа хэтэрхий ил тавиад буйд хүмүүсийн анхаарал яах аргагүй татагдаад байгаа бололтой?

-АН-ын хувьд аливаа бүх асуудал ялангуяа дотоод асуудал ил явдаг. Дотроо маш их шүүмжлэлтэй, бие биетэйгээ хатуу байдлаар зөрчилддөг. Ер нь нууц гэх юм багатай нам. Зарчмын зөрүүтэй асуудал дээр дотроо ч хамаагүй тэмцэлдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ширүүн үзэлцдэг. Бусад намуудын тухайд бол хаалттай байдаг.

Бид намын шинэчлэл ярьж байгаа учраас шинэ залуу боловсон хүчнээс хэрэг эрхлэх аппаратаа бүрдүүлнэ. Дээрээс нь тодорхой зардлуудыг шууд аймаг, дүүргийн хэрэг эрхлэх газрын данс руу явуулна. Мөн төв намын хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн хэрэг эрхлэх газрын дарга нарын цалингийн асуудлыг шийдэх зэрэг зардлууд гардаг. Дээрээс нь ирэх жилийн татвар төлөлт хүртэл хүмүүсээ цалинжуулж, клендарчилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах төсөв зайлшгүй шаардлагатай. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахыг оролцуулаад хагас жил орчмын дотор гурван удаа намын их хурлыг хийх онцлог жил болж байгаа. Тиймээс ҮБХ-ны гишүүдэд нэр дэвшигчдээс авч буй гурван сая төгрөгийн хураамжийн тухайд их мөнгө биш.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна. Зардлаа яаж босгох вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тухайд урьд урьдын жишгээр явна. Эхлээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорно. Тодорсон хүн хувиасаа болон хандиваар үйл ажиллагааныхаа зардлыг олдог. Энэ бол төрийн сонгууль учраас бүх процесс нь хуулийн дагуу явагддаг. Намын тухайд бол нэр дэвшигчээ үндсэн намынхаа схемээр дэмжиж, бүх бүтэц боловсон хүчнээ дайчилж ажиллана.

-Хуучин аймаг, дүүргийн намын хорооны дарга байсан хүмүүсээ дэвшүүлсэнгүй. Энэ нь намын доторх фракц хоорондын дайн байв уу?

-АН фракцгүй нам байя гэдэг тал дээр бодлогоо илэрхийлээд явж байгаа. Гишүүдээсээ зөв мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, тодорхой хэмжээний санхүүгийн шаардлага шалгуураа хангаад, олонхийн санал авч байсан хүмүүсээ аль фракцийн гаралтай гэлгүйгээр урагшаа хараад 2020 оны УИХ, 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль руугаа чиглэсэн байдлаар ажиллана. “Гишүүн төвтэй учраас гишүүдэд таалагд, тэдний саналыг авсан хүн нь сонгуульдаа оролц. Сонгуульдаа оролцоод зөв менежмент, зөв баг болж ажиллаж чадвал үргэлжлээд ажлаа хий. Чадахгүй бол шууд ажлаа өг” гэж байгаа. Тэрнээс заавал дарга байх ёстой гээд он удаан жил суугаад ялагдлууд хүлээгээд байх шаардлагагүй. Тэгэхээр шинэчлэлийн бодлогын гол нь энд байгаа.

Намын гишүүн гээд тэр намын үзэл баримтлалыг дагаж гишүүн болж орчихоод эргээд намаа шүүмжлээд, гутаагаад, дуртай үедээ намаасаа гараад, буцаад орж ирдэг ийм хариуцлагагүй байдлыг халж байгаа. Дээрээс нь дарга гэдэг бол бас хариуцлага гэсэн үгтэй уялдах ёстой. Хариуцлагаа хүлээгээд дараагийн хүндээ зайгаа тавьж өгөх ёстой. Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр баримталсан зарчим бол ялагдсан намын дарга хариуцлагаа хүлээгээд нэр дэвшихгүй гэдгийг аль аль түвшиндээ баримталсан. Цаашид ч баримтална.

-С.Эрдэнэ намын дарга болохоор түүний хүмүүс намын аппаратад томилогдох уу. Таны хувьд дотоод сонгууль явагдсаны дараа албан тушаалаа үргэлжлүүлээд хаших боломжтой гэж бодож байна уу?

-Миний хувьд АН-ын том өрх айлын тогоонд ороод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Намын анхан шатны үүрээс сонгогдоод, дүүргийн намын хороо, аймгийн намын хороонд ажиллаж байлаа. Тодорхой шалгууруудад унаж, босч өрсөлдөж байгаад ҮЗХ-ны гишүүн болсон. Намаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж, нэлээд олон удаагийн сонгуульд менежер хийлээ. Энэ мэт олон шат шалгуурыг даваад өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Өмнө МоАХ-ны гишүүн байсан. Сүүлд нь “Ардчисан хүчний холбоо” ТББ-ын гишүүнээр элсээд зүтгэж явж байлаа. Дээрээс нь МоАХ-ын партизанууд гээд бүх үеийн төлөөллүүдтэй ажиллаж байсан. Өөрийгөө АН-д тодорхой хэмжээгээр танигдсан хүн гэж үздэг. Намын генсек хэмээх хариуцлагатай хүнд ачаа ирсэн. Чадах чинээгээрээ оюун ухаан бүх чадлаа дайчлаад намынхаа журмын нөхдийн дэмжлэгтэйгээр хашихаар зүтгэнэ. Үнэхээр гишүүд маань дэмжээд үр дүн гарвал цаашаа ажиллаад явна. Хэрэв гарахгүй бол дараагийн ажиллаж чадах хүнд нь энэ албан тушаалыг өгөөд явахад бэлэн байгаа.

-АН-ын бодлого болсон “Сайн” хөтөлбөрүүдийн гол авторыг таныг гэх юм билээ. Хэдийгээр АН өнөөдөр төрийн эрх бариагүй ч цаашид энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах уу?

-Өнгөрсөн дөрвөн жил АН засгийн эрхийг авч ажилласан. Энэ хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн ерөнхий газарт тодорхой албан тушаалд төрийн даалгаврын дагуу ажилласан. Энэ хугацаанд “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын ажилд ард иргэдийнхээ төлөө гар бие оролцох хувь тохиол надад таарсан. Одоо ялсан нам бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Магадгүй 2020 онд АН ард түмнийхээ итгэлийг аваад сонгогдвол “Сайн” хөтөлбөрүүд маань шинэ бодлогуудаар баяжигдаад үргэлжлээд явна.

-АН-ын дотоод сонгууль бүх нийтийнх биш. Тэгэхээр саналаа өгөөгүй гишүүдэд хариуцлага тооцох механизм бий юу?

-Дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгууль намын гишүүдийн дунд явна. 1200 төгрөгөө төлөөд гишүүнчлэлийнхээ татварыг төлсөн саналын эрхтэй гишүүд сонгуульд оролцоно. Өрсөлдөөн ширүүн байгаа. Намынхаа гишүүдэд хандаад хэлэхэд, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж саналаа өгөөрэй. Сонгуульдаа идэвхтэй оролцож, намынхаа шинэчлэлийн үйл ажиллагаанд гишүүнийхээ хувиар идэвхтэй оролцохыг уриалъя.


Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд М.Ахмет Язал: Туркээс жилд 45 мянган жуулчин Монголд ирүүлнэ

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар М.Ахмет Язал томилогдсон билээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа. Эрхэм Элчин сайд М.Ахмет Язал сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.


-Эхлээд та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу. БНТУ-ын Элчин сайдаар томилогдсоноор ажлаа юунаас эхлэхээр төлөвлөөд байна вэ?
-Миний бие Ойрхи дорнодын техникийн их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургууль, Төрийн захиргааны тэнхимийг 1992 онд дүүргэсэн. БНТУ-ын ГХЯ-ны Боловсон хүчний газарт улс төрийн ажилтнаар орж, ажлын гараагаа эхэлж байлаа. Ингээд БНТУ-ын ГХЯ-ны Умард болон Төв Европ, Балтийн орнуудын газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Сараево дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Брегенц дэх Ерөнхий консулын газарт дэд консул, Скопье дэх Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ром дахь Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын ГХЯ-ны Балкан болон Төв Европын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байв. Монголд Элчин сайдаар томилогдохоос өмнө Ирак Туркийн харилцааны асуудлаар ажиллаж байсан. Гэр бүлийн байдлын хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
-Турк Монголын худалдаа эдийн засгийн харилцаа тийм ч идэвхтэй биш. Монголын бизнесийн салбарт Туркийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Хоёр улсын улс төрийн харилцаа бол маш сайн түвшинд хүрсэн. Ялангуяа улс төрийн харилцааг 2016 оны долдугаар сарын 15-нд болсон Турк улсад төрийн эргэлт хийхийн дараахан үе шатанд ч бид илүү сайн анзаарсан. Туркийн хууль ёсны Засгийн газрын ардчиллын төлөөх тэмцэлд Монголын ард түмэн дэмжлэг, сэтгэлийн туслалцаа үзүүлж ирсэн. Харин эдийн засаг худалдааны салбарт төгс харилцаа бий болох суурь тавигдаагүй байгаа. Энэ бол хоёр талаас ямар нэгэн хүсэл сонирхолгүй байгаа гэсэн зүйл биш юм. Хоёр улсын худалдаа эдийн засгийн салбарыг ямар нэгэн байдлаар хөдөлгөх хэрэгтэй. Ямартай ч галт тэрэг хөдлөөд явбал хурдыг нь нэмэх асуудал хялбар байх болно. Ялангуяа Туркийн гадаад худалдаа болон аялал жуулчлал давамгайлсан салбар байдаг л даа.
Дэлхийн бусад улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хоёр алхам байдаг. Нэгдүгээрт, тухайн улстай дипломат харилцаа тогтоосны дагуу ЭСЯ-аа нээж ажиллуулах. Хоёрдугаарт, Туркийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг үйлдэх чиглэл нь суурь нөхцөл болдог. Энэ нь Туркийн хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийнхэнд итгэлийг төрүүлдэг юм. Аялал жуулчлалын хувьд Туркээс Монгол руу чиглэсэн урсгалын суурь потенциал өндөр байдаг. Монголын ариун тагшин газрыг үзэх сонирхолтой туркчууд олон бий. Тэгэхээр жуулчдын тоо өндөр болсноорТукийн аялал жуулчлалын компаниудыг Монголд татаж авчирна. Бидний хүсч хүлээж байгаа хэлэлцээрээр жилд Туркээс 45 мянган жуулчин ирж, буцдаг байна. Мэдээж, цаашлаад ирэх жуулчдын тоо улам өсөх боломжтой. Энэ бол хоёр улс хамтраад гаргах шийдвэр юм. Ойрын хугацаанд бид Туркийн хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдийг Монголд урьж авчиран салбарынхантай нь уулзуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Туркийн хөрөнгөөр нийслэлд арван эмнэлэг барина гэж байгаа. Эмнэлгүүдийн хүчин чадал ямар байх вэ. Байршлуудыг тогтоосон уу?
-Энэ бол Станбул хотын захиргаа Нийслэлийн захирагчийн ажлын албатай ярилцаад явж байгаа асуудал юм. Арван эрүүл мэндийн төвийг хаана, хаана барьж байгуулах асуудалд Монголын тал газраа санал болгосон. Өнгөрсөн хугацаанд Станбулаас Монгол Улсад ирж ажилласан хүмүүс маань тухайн газарт эрүүл мэндийн төвүүдийг барьж байгуулах боломжуудыг судлаад явсан. Эмнэлэг хаана илүү шаардлагатай, үр дүнтэй байхыг Монголын тал шийдэх ёстой.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг хаах тухай асуудалд хөндөгдсөн. Эдгээр сургуулиудын сургалтад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Сургуулиудын үүсгэн байгуулагдсаныг судлаад үзэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд юм билээ. Сургуулиудыг шууд хаана гэхээр Монголын дотоод асуудалд халдаж байгаа хэрэг биш үү?
-Мэдээж хэрэг эдгээр сургуулиудыг хаах шаардлагатай гэдэг байдлаар хандах юм бол олон улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, гуравдагч орны дотоод асуудалд шууд халдсан явдал болно. Тэгэхээр бидний хандлага бол огт тийм биш. “Fethullah G-lenii” байгууллагын Турк улсад болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс террорист байгууллагын жагсаалтад багтсан байгууллага юм. Бидний илэрхийлж байгаа зүйл гэвэл “Fethullah G-lenii” террорист байгууллагатай холбоотой этгээдүүд Монголд байгаа сургуулиудын удирдлагыг гартаа атгаж байна. Боловсролын салбараас босгосон мөнгийг өөр зорилгоор ашиглаад байна гэдэг сэтгэл зовнилыг илэрхийлж байгаа. Энэ байгууллагатай холбоотой эргэлдэж буй өмч хөрөнгө нь Монголын гуравдагч хөрш болох Туркийн аюулгүй байдалд заналхийлж байгаа явдал. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжилвэл ирээдүйд Турк улсад заналхийлсэн аюулыг Монгол Улсад бий болгож болзошгүй юм. Сургуулиудыг хаана гэхээс илүү сургуулиудад төлж байгаа төлбөр нь тэдний санхүүжүүлэх эх үүсвэр болоод байна уу гэдэгт санаа зовж, толгойгоо ажиллуулах шаардлагатай байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар төсөл хэрэгжүүлнэ гэж байсан байх аа?
-Хоёр улс хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх төсөл яригдаж байсан. Энэ нь хэрэгжих хараахан болоогүй. Хэрэв Монголын талаас дахиад энэ чиглэлээр хамтарч ажиллах санаачилга гарсан тохиодолд бид хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр Турк бол арвин туршлашгатай орон.
-Хоёр улс харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа. Цаашид визний журамд өөрчлөлт орох уу?
-Турк, Монголын иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа явдал нь хоёр орны иргэдийн эрх ашигт нийцсэн. Ойрын хугацаанд визний журамд өөрчлөгдөх зүйл яригдахгүй.
-Гадаадын иргэдийн хувьд Турк улсад ажиллаж, амьдрах ямар боломжууд байдаг вэ?
-Туркт амьдрах маш олон боломж байдаг. Энэ бол хувь хүний карьер, чадварын асуудал. Ямартай ч Туркийн аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажлын визийг чөлөөтэй олгодог байгаа. Тэнд урт хугацаатай хамтарч ажиллах хөдөлмөрийн гэрээтэй хүмүүс бий. Консулын хэлтсээс гаргасан мэдээгээр Турк руу зорчиж байгаа монгол иргэдийн 30 хувь нь ажиллах зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад журмын дагуу виз горилж байгаа иргэдэд олгохгүй гэсэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Нийт Турк руу явж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь оюутны виз бүрдүүлж байгаа.Монголчуудын Турк хэл сурч буй чадварыг би Монголд ирээд гайхсан. Хэлтэй хүмүүст ажил амархан олдоно. Туркт очиж байгаа хүмүүст сануулж хэлэхэд мах нь эндэхээс үнэтэй ч монгол махны амтыг гүйцэхгүй. Гэхдээ Туркийн бусад хоолнууд гарцаагүй таалагдана.
-Туркт очсон охид, эмэгтэйчүүдийн хувьд ямар байх ёстой вэ. Шашин, соёлыг нь тэр болгон сайн мэдэхгүйн улмаас ил задгай хувцас өмсч, ямар нэгэн халдлагад өртөх эрсдэлтэй гэх зэрэг мэдээллүүд байдаг. Та үүнд ямар хариулт өгөх бол?
-Би бол эмэгтэйчүүдэд зөвлөх нэг зүйл байна. Эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Соёлын ялгаа мэдээж гарна. Монгол залуу бүсгүйчүүдийн хувцаслаж байгааг харахад Туркт очоод буруу зөрүү ойлголт огт төрүүлэхгүй. Монгол охид бүсгүйчүүд Турк улсад сурахаар явж байгаа тохиолдолд өөрийн амьдарч суурьшиж байгаа хотыг илүү сайн таньж мэдэх хүртлээ найзуудтайгаа аль болох хамт олноороо байх хэрэгтэй гэдгийг зөвлье.
Categories
мэдээ цаг-үе

“Тохой өндөр” яваа офицерууд

Нэг ангийнхан булангийнхаа хаврын эхний дугаарт Цэргийн их сургуулийн анхны төгсөгчдийг урилаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон тэр цаг үеэс Цэргийн нэгдсэн дээд сургууль статусаа өөрчилж, их сургууль болсон юм. Цэргийн их сургууль 1992 оноос анхны элсэлтээ авч эхлэхэд Монгол орны өнцөг булан бүрээс шижигнэсэн залуус ирж суралцаж байжээ. Тэдний нэг бол Б.Дэнзэнболд захирагчтай Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн юм. Цэргийн сургууль хосолмол мэргэжилтэй байдаг. Тэгвэл энэ курсийнхэн жинхэнэ цэргийн даргаар төгссөнөөрөө онцлогтой ажээ. Тэднээс хойш тус сургууль дахин ийм мэргэжлээр элсэлт аваагүй юм билээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсэд анх 33 хүүхэд элсэж байсан бол явцын дунд шигшигдсээр 22-уулаа төгссөн байна. Одоо эдний ангийнхнаас нийгэмд нэр хүндтэй алба хашиж яваа олон хүн бий. Бригадын генерал нэг, хурандаа тав, дэд хурандаа дөрөв, хошууч нэг төржээ. Жишээлбэл, Жанжин штабын газрын дарга байсан бригадын генерал Л.Онцгойбаяр байна. Тэрбээр одоо ОХУ-д Жанжин штабын академид суралцаж байгаа гэнэ. Хурандаа Н.Сүхбаатар ЗХ-ний 016 дугаар ангид бригадын штабын дарга, хурандаа Д.Чинзориг Нийслэлийн аврах ангийн захирагч, хурандаа Д.Эрдэнэбат АНУ-д цэргийн академид суралцаж байгаа аж. Хурандаа Б.Товуудорж Төрийн тусгай хамгаалалтын газрын авто баазын дарга, хурандаа В.Нямханд ТЕГ-т ажиллаж байна. Дэд хурандаа Ц.Мөнхтүвшин Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын албанд ээлжийн дарга, дэд хурандаа Н.Батсүх ХСИС-ийн ахлагчийн сургуульд ДШАЗБ дарга, дэд хурандаа Д.Болд ЗХ-ний 123 дугаар ангид дайчилгааны удирдлагын тасгийн дарга, Х.Мөнхтулга “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын ажилтан, Ж.Эрдэнэбилэг Монгол цэргийн музейн аюулгүй албанд тус тус ажиллаж байна. Мөн хувийн бизнест хүчээ сорьж байгаа хүн ч цөөнгүй гэнэ. С.Зоригоо “Эрдмийн шинэ өргөө” гээд зөөврийн сууц, анги байгууламж барьдаг компанид гүйцэтгэх захирал, С.Алдархишиг “Монголиан Экспедишн” компанийн захирал, Уулын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна. Бас орон нутаг дахь цэргийн байгууллагуудад ч тархан ажиллаж байгаа аж.

Энэ ангийнхан спортын таван мастертай, волейболын спортын олон улсын хэмжээний нэг мастертай юм билээ. Тухайлбал, Волейболын олон улсын хэмжээний мастер Х.Мөнхтулга байна. Тэгвэл Э.Бямбажав, Д.Чинзориг, Я.Нэргүй, С.Зоригоо нар спортын мастер цолтой ажээ. Тэд байнга улсын уралдаан тэмцээнд орж, эхний нэг, хоёрдугаар байрыг аван сургуулийнхаа нэрийг гаргадаг залуус байжээ.

Цэрэг хүний амьдрал, эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужил энэ бүгдэд сонсогч байх дөрвөн жилийн хугацаанд суралцаж чадсан нь мундаг багш нарынх нь гавьяа хэмээн өдгөө тэд дурсан ярьцгааж байлаа. Андын сайхан нөхөрлөл эхэлсний 25 жилийн ойтойгоо золгож буй офицерууд маань саяхан уулзацгаах үед тэдний оюутан цагийн хөөр баяртай гэгээн дурсамжуудаас хуваалцсан юм.

Тэнхимийн эрхлэгч М.Борбаатар хурандаа гэж мундаг хүн байсан тухай тэд бүгд санал нэгтэй онцолж байлаа. Учир нь энэ хүн тэднийг “Бусдаас тохой өндөр байна шүү” гээд гараа өргөж ирээд л байнга захиж, сургадаг байжээ. Тэр хэрээр илүү их дасгал сургууль хийлгэдэг байсан гэнэ. Үүний муу гэж байгаагүйд төгсөгчид ам нэгтэй байв. Өнөөдөр тэд үнэхээр бусдаас тохой өндөр байж, салбар салбартаа амжилттай ажиллаж байгаагаараа ялгарч чадсан нь түүний гавьяа хэмээн талархаж байлаа. Мөн энэ курсийнхэн сургуулийн захирал хурандаа Я.Мягмарсүрэн, сургуулийн штабын дарга, хурандаа С.Баттулга, курсийн захирагч ахлах дэслэгч Б.Дэнзэнболд, тактикийн багш П.Довдандаш, Н.Лхагвасүрэн, танкийн багш Ч.Баярсайхан, галын бэлтгэлийн багш Жамсранжав, биеийн тамирын багш А.Эрдэнэбат, таэквондогийн багш Ч.Батсайхан, цэргийн байр зүйн багш С.Бэхтулга, холбооны багш А.Энхтөр гээд цэргийн амьдралыг зааж, сургасан гайхалтай эрхмүүдээрээ байнга бахархаж явдгаа яриандаа тодотгож байлаа.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхны бас нэг онцлог бол зэвсэгт хүчинд байдаг бүх зэвсгийг эзэмшиж сурсан байна. Тухайн үед Ази, Номхон далайн атташе нар манай улсад айлчлахад нь тэд ардын армийн зэвсэгт техникийн байлдааны буудлага хийж үзүүлж, гадныханд харин ч нэг монгол цэргүүдийн ур чадвар ийм байдаг гэдгийг харуулж, гайхшруулаад авчээ. Мэргэжлийн ур чадвар, спорт, биеийн тамираараа бусдаасаа тохой илүү энэ ангийнхан сургуульдаа нэлээд нэр хүндтэй байсан нь ярианаас нь тод харагдаж байлаа. Мөн бригадын генерал Л.Онцгойбаяр, хурандаа Д.Чинзориг, дэд хурандаа Б.Чинзориг, хурандаа Б.Товуудорж, хурандаа В.Нямханд гээд онцын эзэд энэ ангиас олон төгсчээ. 1992 оноос хойш нөхөрлөж байгаа тэдний авууштай тал нь хэзээ ч нэгнийгээ орхидоггүй, байнгын холбоотой байж, ажил дээр ч, амьдрал дээр ч бие биеэ өргөж, дэмжиж явдаг гэдэг нь ажиглагдаж байлаа. Энэ бол жинхэнэ офицер хүний мөн чанар гэлтэй.

Өнөөдөр нийгэмд нэр төртэй, хариуцлагатай алба хашиж яваа эдгээр эрхмүүд оюутан ахуй цагийнхаа тухай хөөрөлдөн суухдаа яг тэр он цагтаа оччихсон юм шиг бүх үйл явдлуудаа тод гэгч нь санан дурсаж байлаа. Нэгэндээ тохиолдсон хөгтэй явдлуудыг нь сануулж, уулзалтад ирж амжаагүй нөхдөө ихэд санагалзаж байв. Жишээлбэл, В.Нямханд нөхрийнхөө тухай нэг хөгжилтэй явдлыг курсийнхээ супер онигоо хэмээн онцолж байлаа. Нэгдүгээр курсийнхэн бүгд шинэ цэргүүд болохоор дээд цолтой хүмүүстээ байнга ёсолж, хүндэтгэх учиртай. Нэг удаа В.Нямхандыг штаб руу юм авчруулахаар гүйлгэж гэнэ л дээ. Тэгтэл ширээн дээр сандал тавиад гэрлийн чийдэн сольж байгаа хэн нэгэнтэй таарчээ. Мань эр хажуугаар нь гүйгээд гарах гэтэл ширээн дээр зогсож байсан хүн “Шинэ цэрэг ингээд гүйгээд явчихдаг юм уу” гэж дуугарсан байна. В.Нямханд ч тэр дороо нам зогсч өнөөх дуудсан хүнийхээ өмнө очоод “Нөхөр” гээд ёслох гэтэл мөрдэс нь харагддаггүй гэнэ. Ширээн дээр сандал тавиад зогсож байгаа хүний мөрөн дээрх цол яаж ч харагдах билээ. Ингээд В.Нямханд “Нөхөр сонсогчийн амрыг эрье” гэтэл нөгөөх хүн “Сонсогч байна уу” гээд гэрлийн шилээ солингоо хэлж гэнэ. Тэгэнгүүт шинэ цэрэг маань ахлагч, хошууч гээд дээшээ ахиулаад явж өгчээ. Гэвч цолыг нь оноож хэлж чадсангүй гэнэ. Дотроо “Хурандаа юм болов уу” гэж бодсоноо “Арай ч хурандаа хүн гэрлийн шил солихгүй дээ” гэж бодоод буцаагаад уруудуулаад хэлж гарчээ. Энэ үед гэрлийн шил сольсон хүн буугаад иртэл ахлах ахлагч цолтой хүн байсан аж. Мань эр тэр цолыг хараад ч хэлж мэдэхгүй баахан будилжээ. Тухайн үед дөнгөж цолны тухай зааж байсан болохоор шинэ цэрэг бүрэн мэдэж амжаагүй байсан бололтой юм. Мөн хичээл дээр нэг нөхөр нь унтаад, хурхирч байгааг багш мэдчихжээ. Тэгээд “Наадахаа сэрээ” гэтэл хажууд нь сууж байсан цэрэг нудартал “Би ахлагч Мягмарбаатар” гээд босоод ирж гэнэ. Дэргэдээс нь нэг нөхөр нь “Дөрвөлжин” гээд шивэгнэтэл унтаад сэрсэн нөхөр чангаар дагаад хэлчихэж л дээ. Энэ үед анги дүүрэн инээд болж байсан тухай тэд хөгжилдөн ярилаа.

Уулзалтын үеэр эдний ангийн Л.Батжаргал нь цэрэг байх үеийн сонин содон зурагнууд гарган ирж, уур амьсгалыг улам халуун дулаан болгов. Одоо тэрбээр “Дүүрэн фүүд” компанийн захирал бөгөөд багаасаа гэрэл зураг авах хоббитой байжээ. Ямар сайндаа цэрэг байхдаа шөнө нь хотын нэг захаас нөгөө зах дахь гэр рүүгээ гүйж очоод зургаа угаагаад өглөө нь жагсаалдаа бэлэн зогсч байдаг байжээ. Түүний архивт маш олон зураг байна лээ. Энэ нь ч олон хүний сэтгэлийг гижигдээд авах шиг болно лээ. Тэр үеийн сургуулийнхан бусад сургуультай шефэлдэг байсан. Эдний ангиас Н.Батсүх, Д.Дамбийням нар шефээс эхнэрээ сонгож, өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ.

Ер нь цэргийн хүн болохын тулд хамгийн түрүүнд хатуужилтай болох ёстой. Тиймээс цэргийн тангаргаа өргөхөөс өмнө эхлээд казармд бүтэн сар тэсвэр тэвчээрийн хязгаарыг давах ёстой. Аав, ээжийнхээ гар дээрээс цэргийн амьдралд ирсэн жаалууд их л тэсвэр алдарч, замаасаа буцаж байсан хүн цөөнгүй нь мэдээж. Харин эдний ангийнхан босоогоороо унтан байж тэр бэрх давааг даван туулж чадсан байна. Тасралтгүй бэлтгэл сургууль хийх үед ердөө тавхан минутын завсарлага өгнө. Энэ хугацаанд гутал, хувцсаа тайлаад буцаад өмсөх хооронд бараг гурав, дөрвөн минут нь явдаг байна. Үлдсэн нэг минутад нь дуг хийх тэр агшинд хамаг бие нь хачин сайхан амарсан мэт болдог байсан тухай тэд дурсаж байв. Ингэж тэднийг үүрэг гүйцэтгэх чадавхи, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгосноор залуу хойч үеэ бэлдэхэд сургаж байсан нь багш нарынх нь гавьяа гэлээ. Тухайлбал, курсийн дарга ахлах дэслэгч Б.Дэнзэнболд өнөө жил тэтгэвэрт сууж байгаа бөгөөд зэвсэгт хүчний анхны супер офицер болж байсан байна. Тэрбээр хатуу чанга удирдлагын хүн бөгөөд 18-хан настай хүүхдүүдийг аваад өөр шигээ болгох гэж үлгэрлэж байсан нь тэдний амьдралд том хөрөнгө оруулалт болсон хэмээн талархаж явдгаа илэрхийлж байв. Курсийн захирагч Б.Дэнзэнболд одоо байнга тэдэнтэй холбоотой ажилладаг бөгөөд ангийнхны эргэх холбоог улам сайжруулахад нөлөөлжээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн жил бүрийн зэвсэгт хүчний баяраар уулзацгаадаг байна. Нэг салбарынхан зонхилдог болоод ч тэр үү ажил, амьдралаа төлөвлөн ярилцацгаадаг ажээ. Энэ удаагийн уулзалтыг Нийслэлийн аврах тусгай ангийн дарга хурандаа Д.Чинзориг удирдан зохион байгуулах бөгөөд тус анги дээр цугларахаар болзов.


Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Орос, Монголын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төмөр замын асуудал чухал

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хөрш орон, стратегийн түншлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, док-тор профессор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Монгол, Оросын найрамдалт харилцааг сэргээхэд ямар ажлууд хийгдэж байна?

-1990 онд ЗХУ задарч, манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсны дараа хоёр ул-сын харилцаа нэлээд эрчимтэй сэргэж эхэлсэн.Энэ нь Монголын уул уурхайн салбар дэлхийн томоохон гүрнүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлсэнтэй холбоотой. Ийнхүү Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд, Дорнодын ураны ордыг ашиглах, зөвлөлтийн үеийн нөлөөг сэргээхэд анхаарлаа хандуулах болсон.

Өнөөдөр Монгол-Оросын харилцааны стратегийн түншлэлийн түвшинг тодорхойлсон дөрвөн тулгуур баримт бичиг байна. Тухайлбал, 1993 оны нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Оросын хооронд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Улаанбаатарын тунхаглал”, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр байгуулсан “Москвагийн тунхаглал”, 2009 оны наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай Тунхаглал” юм. Хоёр орны харилцааны эрх зүйн үндэс болсон эдгээр тулгуур баримт бичиг нь хоорондоо нягт харилцан уялдаатай, бие биеэ дэс дараалан нөхөн баяжуулж ирсэн.

Монгол, Оросын өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжин, улс төрийн түвшний харилцаа маш сайн явж байна. Гэвч хоёр орны харилцаанд шийдвэрлэвэл зохистой хэд хэдэн тулгамдсан асуудлууд бий. Тухайлбал, эдийн засгийн харилцаа байна. Гэтэл манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн түвшний харилцаа шиг сайн байж чадахгүй байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд Оростой хийсэн худалдаа тасрахгүй алдагдалтай явж ирсэн. Зөвхөн 1993 онд эерэг гарсан байдаг. Худалдааны алдагдалд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол Монгол Улс Оросоос нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг импортлон авдаг явдал юм. Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүн цөөн нэр төрлийн бараа гардаг. Иймд бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Монголын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох махны экспортыг нэмэгдүүлэх нь чухал. Сибирийн хүн ам Монголын махны гол худалдан авагч, хэрэглэгч байсаар ирсэн ба ойр байгаа энэ боломжоо бүрэн хэмжээнд ашиглахын тулд мал эмнэлэг, хорио цээрийн асуудлыг боловсронгуй болгож, стандартын шаардлагыг хангах явдал чухал. Украины хямралтай холбоотой Оросын эсрэг өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээг ашиглахад ч оройтойгүй байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан тариф болон тарифын бус саадыг арилгах замаар худалдааны алдагдлыг бууруулах боломжтой. Энэ хүрээнд Монголын Талын зам, Оросын Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсийг уялдуулан эдийн засгийн коридорт хамтран ажиллах зэрэг олон шинэ боломжууд гарч ирж байна.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байгаа. ОХУ-ын зүгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-“Эрдэнэт” бол эрт орой хэзээ нэгэн цагт Монголд ирэх нь тодорхой байсан. Олборлолт хийгдэж байгаа, хэвийн ажиллаж байгаа үйлдвэрийг хувь заяагий нь шийдүүлэхээр өгч байгаа нь Оросын талд ашигтай байх, нэр хүндээ бодсон ч гэсэн нөөц нь шавхагдсаны дараа хаяж гарснаас дээр л дээ. Тэгээд ч тийм үнэтэй худалдаагүй, Орос улсын эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд гадаадад байгаа зарим жижиг үйлдвэрүүдээ зарах шийдвэр гаргасан тэрний нэг нь энэ болов уу. Ер нь бол Орос улс 2000 онд үйлдвэрт оруулсан хөрөнгөө, ашгаа хийчихсэн. Тэгэхдээ 49 хувь шилжсэн цаг хугацаа, арга зам, дараах үйл ажиллагаанууд урьдаас төлөвлөгдсөн байх магадлалтай.

-Тэгвэл төмөр замын асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Оросууд төмөр замаа хятадуудад зарна гэж яригдаад байна?

-Орос улсын хувьд төмөр зам бол хэзээнээсээ стратегийн өндөр ач холбогдолтой салбар байсаар ирсэн. Монголын төмөр зам баригдах гол шалтгаан ч гэсэн энэ геополитикийн өндөр ач холбогдолтой. Тиймээс Хятадад зарах гэж байгаа гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, зарвал маш юмаар сольж таарах байх. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч муугаар нөлөөлөх асуудал. Монгол орны хөгжил төмөр замтай шууд холбоотой учир төмөр замын шинэчлэлийн асуудал их яригдаж байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-нд Монголд Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, хамгийн багадаа 890 сая ам. долларын өртөгтэй төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах, хос болгох ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцсон.

-Хоёр улсын төмөр замын гэрээний шинэчлэлд юу, юу тусгах вэ?

-БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ямар ч татвар төлдөггүй цорын ганц аж ахуйн нэгж юм. Тиймээс юуны түрүүнд гэрээнд өөрчлөлт оруулж татвар төлдөг аж ахуйн нэгж болох хэрэгтэй. Манай улсын төмөр замын өнөөгийн байршил маш тохиромжгүй байдаг. Хот дундуур явсан төмөр зам нь Улаанбаатарын дэд бүтцийг тэлэхэд саад учруулдаг. Тэгэхээр төмөр замыг Богд уулын араар тавиад хотын байршлыг томруулж, чөлөөлөх асуудал яригдана. Техникийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ч гэсэн одоогийн түвшинд хүрсэн хангалттай шинэчлэлүүд хийгдэхгүй байгаа. Энэ талын шинэчлэлийг хийх нь хамгийн тулгамдсан асуудал. Төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр Орос, Монгол, Хятадыг дамнасан эдийн засгийн коридорын үр өгөөжтэй болоход нөлөөлөх нэг хүчин зүйл болж чадна.

-Монгол Улс Хятадын “Нэг бүс-нэг зам” бодлогын гадна үлдчихээд байгаа юм биш үү?

-Монгол Улс маань хоёр хөрштэйгөө газар нутгийн маргаангүй. Шашин хоорондын мөргөлдөөн байхгүй. Далай ламын айлчлал, дуучин С.Амармэндийн оросуудтай муудалцсан асуудал зэрэг нь хэдийгээр жижиг асуудал мэт боловч энэ нь цаад улсдаа үндэстэн, ард түмний дургүйцлийг төрүүлж магадгүй. Манай улс хоёр хөрштэйгөө харилцах дараа дараагийн харилцаанд нөлөөлж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, зээл тусламж болон уулзалтын товууд тодорхой хэмжээгээр хойшилж байна. Аливаа асуудал гарахад сошиал ертөнцийнхөн дураараа цуурч, сөрөг мэдээллүүдийг цацахгүй байх нь зүйтэй.

-Эгийн голын усан цахилгаан станцыг барихад Хятадын тал хөрөнгө мөнгийг нь шийдээд өгье гэдэг. Харин Оросын талаас Байгал нуурын экологийн асуудлыг хөндөн тавьдаг. Сая Ц.Мөнх-Оргил сайдын айлчлалаар хоёр улсын эрдэмтдийн зөвлөл байгуулж, асуудлыг шийдэх нь зүйтэй гэж тохиролцсон байна. Манайх ямар бодлого баримтлах ёстой вэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүрийн арванхоёрдугаар сард Холбооны хуралд илгээлт тавьдаг. 2016 оны илгээлтдээ В.Путин Байгал нуурын экологийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй гэж улсынхаа түвшинд тавьсан. Эндээс харахад манай баруун бүсийг хангаж байгаа цахилгааныг Орос хангаад өгье. Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа больчих гэсэн хандлага ажиглагдаж байна л даа. Хэрэв ийм тохиролцоонд хүрвэл маш хөнгөлөлттэй үнээр баруун аймгуудаа цахилгаанаар хангачих юм бол заавал Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаардлагагүй. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг асуудал яригдаж байгаа нөхцөлд аль аль талдаа ашигтай байх үүднээс шийдэх нь зүйтэй.

-Орос Хятад руу нийлүүлэх хоолойгоо Монголоор тойруулчихлаа.Одоогийн тавьж байгаа шугамаар дамжуулж буй хий Хятадын хэрэгцээг хангаж дийлэхгүй тохиолдолд гурав дахь хувилбар нь Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах гарц байгааг зарим судлаачид ярьдаг. Манай улс энэ тал дээр ямар идэвх санаачилга гаргах ёстой вэ?

-Хийн хоолойн хамгийн сүүлийн хувилбар бол Алтайн хязгаараас Казахстан Монголын хооронд 56 км-ийн зайтай нутгаар Шинжаан Уйгар луу тавих хийн хоолойн асуудал байгаа. ОХУ-ын бодлого бол тэр хавийн газар нутаг нь түвэгтэй, хад асга ихтэй. Техникийн талаас нэлээд асуудалтай. Бодлого талаас нь харахад хийн хоолой тавих асуудал Монголыг тойрсон нь Оростой ямар нэг асуудлыг тохиролцоход манай төр засгийн удирдлагуудын хэлсэн амандаа хүрэхгүй, тэдний итгэлийг алдчихсан юм болов уу гэж харж болохоор.Оросын хувьд Монголын ашиг сонирхлыг харж үзэхээс илүү Хятад хийгээ хаагуур яаж авна гэдгээс шалтгаалах байх. Хятад улс 2020 он гэхэд Баруун бүсээ ядуурлаас гаргах том зорилт тавьчихсан байгаа.

-Д.Трамп ялснаар Орос, Америкийн харилцаа сайжирна гэж байгаа. Монголд ямар өгөөжтэй байх бол?

-Оросууд бол Д.Трампын ялалтыг нааштайгаар хүлээж авсан. Манай улс бол хоёр хөршийнхөө харилцааны тэнцвэр дээр оршин тогтносоор ирсэн. Хэрэв Орос, Америкийн харилцаа сайжирлаа гэхэд Орос, Хятадын харилцаа сулрах хандлагатай. Орос, Хятад сүүлийн 20-иод жилд маш нягт харилцаж ирлээ шүү дээ. Энэ харилцаа сулрах юм бол манайд таагүй нөлөө үзүүлж болох хандлагатай. Мэдээж хэрэг хоёр орны харилцааны тэнцвэрийг хадгалж үзэх, Америкийн зүгээс Хятадын талаар, Ази Номхон далайн бүс нутгийн баримталж байгаа бодлогоос харж байж энэ асуудал яригдах байх.

-Орос, Монголын боловсролын салбар хэрхэн өргөжиж байна вэ?

-Монгол Улсаас ОХУ-д анх оюутан суралцуулж эхэлсний 95 жилийн ой, Орост сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо байгуулагдсаны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ер нь ОХУ-аас Монголын оюутнуудад тэтгэлгээр суралцуулах квотынхоо тоог жил ирэх тусам нэмж байгаа. 1995 онд Орос, Монголын хоорондын боловсролын салбарын хэлэлцээрийг байгуулж эхлэхэд 34 оюутан тэтгэлгээр суралцуулж байсан бол өнөөдөр энэ тоо 450 болсон байна. ЗХУ-д 60-аад мянган оюутан сурч, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн. Үе үеийн монголчуудын нийгмийн бүх салбар дахь ололт амжилт, их үйлс, бүтээл улс орноо хөгжил, дэвшлийн шинэ шатанд гаргасныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.