Categories
мэдээ цаг-үе

А.Нямдолжин: Нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Нямдолжинтой ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний оролцсон Дорнын эдийн засгийн форумын цар хүрээний талаар сонирхуулахгүй юу. Манай улс энэ уулзалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцов?

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг 2015 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Владивосток хотноо зохион явуулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байна. Владивостокийг сонгосон нь зүгээр ч сонгосон зүйл биш. ОХУ-ын Алс Дорнод, Байгалийн бүс нутгаа хөгжүүлэх бодлоготой нь салшгүй холбоотой. Түүнээс гадна 21-р зууныг “Азийн зуун” хэмээж буй өнөө үед Алс Дорнодын бүс нутгаа дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох Ази руу гарах хөгжлийн гарц, зангилаа судас гэж харж байгаа юм. Гэвч хүн ам сийрэг суурьшсан, Европын хэсэгтэй харьцуулахад хөгжлийн түвшин ялгаатай, сул хөгжсөн байдал нь Оросын улс төр, эдийн засгийн эмзэг асуудал юм. ОХУ-ын байгалийн баялгийн нөөцийн 60-80 хувь, нийт хүн амын 18 хувь, газар нутгийн 78 хувь нь Азийн хэсэгт оршдог. Алс Дорнодын сав газарт 64 далайн боомтын 28 нь байдаг ба Хабаровск, Приморскийн хязгаарын Восточный, Находка, Владивосток, Ванино зэрэг боомтод бараа эргэлтийн 75 хувь оногддог нь Оросын томоохон 10 боомтын тоонд багтдаг. В.Путин Ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн тус бүс нутгийг хөгжүүлэх эрчимтэй бодлого баримталж ирсэн. Тухайлбал, тус бүс нутгийг хэдэн жилийн өмнө “Тэргүүлэх хөгжлийн бүс” болгон зарласан, Алс Дорнодын хөгжлийн яамыг шинээр байгуулсан, Алс Дорнод, Байгалийн бүсийг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг баталсан гэх мэт ажлуудыг хийж байна. Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдааны нээлт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:“Алс Дорнодын бүс нутгийн ирээдүйг хурдацтай хөгжиж буй Ази Номхон далайн бүс нутагтай интеграцичлагдах Оросын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол төв гэж харж байна. Зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарыг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар шинэ үйлдвэр, үйлчилгээ, ажлын байрыг бий болгох нь бидний ажлын гол зорилго” хэмээн онцолсон. ОХУ-ын эдийн засгийн гол түнш БНХАУ болоод байгаа, түүнчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн бусад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, Оросын болон гадаадын зах зээл дээр хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна.Түүнээс гадна Өрнөдийн хүчтэй дарамт шахалтыг сөрөн зогсох, Евразийн өргөн уудам бүсэд эдийн засгаа тэлэх Оросын бодлоготой нийцсэн чухал ажил болж байгаа юм. Хэдийгээр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч цар хүрээ нь өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд хоорондын улс төр, бизнесийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах, санал бодлоо солилцох олон улсын томоохон талбар болсон. Өнгөрсөн онд тус чуулга уулзалтын хүрээнд дэлхийн 60 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцон, 1,7 триллион рублийн 200 гаруй гэрээ хэлэлцээр хийгдсэн байдаг. Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд 60 гаруй орны 4000 гаруй төлөөлөгчид оролцсон. Тус чуулга уулзалтан дээр Оросын талаас хэрэгжүүлэх мега төслүүдээ танилцуулав. Тухайлбал, Хабаровскийн хязгаарын амбан захирагч В.Шпортын танилцуулсан төслийн дотор, нефть боловсруулах, нефть-химийн үйлдвэр, Евро-5 түлш шинээр гаргах 660 тэрбум рублийн төсөл, 2017 оны 9-р сард эхэлж байгаа Хабаровскийг тойрсон төлбөртэй автозам байгуулах 41,8 тэрбум рублийн төсөл болон гадаадын хамтарсан том хэмжээний төслүүд багтаж байна. Гадаадын том төслүүдийн тоонд Японтой хамтарсан төсөл орж байна. Энэ нь “Надеждинская” хөгжлийн тэргүүлэх бүсэд Mazda маркийн хөдөлгүүр үйлдвэрлэх үйлдвэр байгуулах Алс Дорнодын хөгжлийн корпораци,Mazda Sollers Manufacturing компаниудын хооронд Орос-Японы хамтарсан хэлэлцээрийг байгуулав. Сахалин-Хоккайдогийн хооронд гүүр байгуулах бизнес төсөл ч яригдав. В.Путины үзэж байгаагаар Өмнөд Солонгосын бизнесийн түншүүдтэй Алс Дорнодын боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад Өмнөд Солонгосын компаниуд оролцох нь илүү ирээдүйтэй төсөл болох юм. Түүнчлэн В.Путин хөдөө аж ахуйн салбарыг онцлон дурдаад, Өмнөд Солонгост нийлүүлсэн Оросын хүнсний бүтээгдэхүүн эхний 7 сард 17%-иар өссөн буюу 870 сая ам.долларт хүрснийг онцлов. Энэ мэтчилэн одоогийн байдлаар нэг триллион давсан гэрээ хэлэлцээрүүд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр хийгдсэн байна.

-Манай Ерөнхийлөгч Восточный боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ боомтоор манай улс нүүрсээ гуравдагч орнуудад гаргах боломжтой хамгийн дөт зам гэж байна. Тийм боломж бидэнд бий юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулга уулзалтад оролцсон гол зорилго бол Приморын хязгаарын“Восточный” боомтоор Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч орны зах зээлд Монголын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох нүүрс, зэсээ худалдах боломжийг нээх,төмөр замын транзит тээврийн хөнгөлөлт эдлэх талаар олон жил яригдсан энэ асуудлаар Оросын талтай тохиролцон хэлэлцээрийн түвшинд хүрэх явдал байв. Энэ зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талбар дээр манай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монголын нүүрсийг дамжин өнгөрүүлэх тухай хэлэлцээрт 2017 онд багтан гарын үсэг зурах тухайгаа Оросын талаас мэдэгдсэн.

-Эдийн засагчид үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Монгол Улсын хувьд гуравдагч хөрш рүүгээ нүүрсээ гаргахын тулд урдуураа гаргасан нь дээр юм уу, хойгуураа явсан хоёрын аль нь ашигтай юм бэ?

-Тувагийн Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Монголын нүүрсний ордоос “Восточный” боомт хүрэхэд 5000 км-ийн зайтай.Тус боомтыг ашиглахад эдийн засгийн үр ашиг бага, эрсдэл дагуулж болох ч нэг зах зээлээс хараат байхаас зайлсхийдэг, эмзэг, жижиг эдийн засагтай, далайд гарцгүй орны хувьд Монголын нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, хамаарал улам бүр өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд стратегийн чухал ач холбогдолтой алхам болсон гэж бодож байна. Нөгөө талаас, Монгол-Оросын харилцаа сэргэх нэг илэрхийлэл болж байгаа төдийгүй урд хөрш рүү хэдийгээр 200 км-ийн ойр зайнд нүүрсээ худалдаж байгаа боловч, нүүрсээ худалдах шинэ суваг нэмснээр дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах боломжтой. Ерөнхийлөгч Х.Баттулга “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр ОХУ-ын Зам тээврийн сайд Максим Соколов “Восточный” боомт нь дэд бүтэц хөгжсөн хамгийн сайн бэлтгэгдсэн талбай бүхий боомтуудын нэг бөгөөд АНД-н бүс нутгийн орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд руу тээвэрлэх Монголын нүүрсийг хүлээж авах боломж байгааг онцлон тэмдэглэсэн. Тэрээр ТАСС агентлагт өмнө нь өгсөн ярилцлагадаа Монгол Улс “Восточный” боомтод сард 70 гаруй мянган тонн нүүрс нийлүүлэх боломжтой. Гэхдээ одоохондоо нүүрсний тодорхой хэмжээг тогтоогүй байна. Нүүрс худалдах тухай Монголтой байгуулах гэрээнээс тодорхой болно гэж мэдэгдсэн. “Восточный” боомт Оросын нүүрсний төрөлжсөн томоохон боомтуудын нэг юм. 2016 онд тус боомтын нүүрсний экспортын бараа эргэлт 23,5 сая тонн-д хүрсэн. Нийт экспортын нүүрсний 30 хувь нь тус боомтоор дамжин өнгөрсөн байна. Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын хүрээнд болсон “Орос-Монгол: Уулзах газар-Алс Дорнод” дугуй ширээний уулзалтын нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван транзит тээврийн төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

-Ер нь Монгол Оросын эдийн засгийн харилцаа идэвхгүй байдаг. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд гадаад бодлогодоо сайн хөршийн харилцааг идэвхжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр ОХУ-тай нэн түрүүнд эдийн засгийн харилцаагаа сайжруулахын тулд ямар тохиролцоонд хүрэх ёстой вэ?

-Монгол Улс хойд хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаа тогтоосон ч эдийн засгийн салбарт тэнцүү харилцаж чадахгүй байна. Монгол-Оросын худалдаанд голлох экспортын нэр төрөл нь газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун байдаг. Тиймээс хоёр талын худалдааны хэмжээг өсгөх, Монголын талын худалдааны алдагдлыг бууруулахын тулд Монголын экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр төрлийг төрөлжүүлэх, Оросын талын гаалийн өндөр татвар, тарифын болон тарифын бус саад тотгор, Монголын мах, махан бүтээгдэхүүнд Оросын талын тавьж буй хорио, цээр, квотын асуудлыг хамтран шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах шаардлагатай байна. Тус чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны худалдааны эргэлтэд гарсан зарим эерэг өсөлтийн талаар дурдсан. Тухайлбал, 2017 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705,3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46,8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33,4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,5 хувь, ОХУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүн 671, 9 сая ам.доллар буюу 49, 5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна гэлээ. Эдийн засгийн харилцаанд ОХУ, БНХАУ зэрэг том орнуудын аль нэг давамгайлах байр суурийг эзлэх нь манай улс шиг жижиг орны хувьд эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй тул хоёр хөрштэйгөө адил тэгш харилцааг хөгжүүлэх нь чухал юм.Энэ хүрээнд Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжихээр очихдоо В.Путинтай уулзсан. Спортын наадмаар дөвийлгөж хоёр улсын Ерөнхийлөгч уулзсан нь ашигтай хувилбар болж чадсан уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Будапештэд болсон жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж ярилцсан. Энэ үеэр хоёр орны ерөнхийлөгчид энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлтэд гарсан нааштай үр дүнд суурилан улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол-Оросын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагааг шинэчлэх талаар ярилцсан. Аливаа олон улсын арга хэмжээний үеэр төрийн тэргүүнүүд уулзаж ярилцах явдал түгээмэл байдаг. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчөөр шинээр сонгогдоод удаагүй байгаа Х.Баттулгын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж хоёр орны харилцааны асуудлаар ярилцах нь зүй ёсны хэрэг болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Болдоггүй сайдуудаа өөрчлөөд Ерөнхий сайдаа хэвээр үлдээчих байсан юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Та суурин байгаа юу?

-Намаржаа сайхаан. Долоо хоногийн дөрвөн өдрийг Ар Жанчивлан дахь зусландаа, гурвыг нь хотод өнгөрүүлж байна даа. Агаар нь хотыг бодвол хачин сайхан.

-Танай хашаанд олон төрлийн мод харагдлаа. Ер нь та мод тарих сонирхолтой юм аа даа?

-Тиймээ. Би мод тарих их дуртай. Энэ сууцандаа амьдраад 22 жил болж байна. Миний гол сонирхол бол моджуулах, зүлэгжүүлэх. Манай хашаа бүхэлдээ сайхан ногоон зүлэгтэй байгаа биз дээ. Нийтдээ арван төрлийн 30-аад мод байгаа. Бас зуслан дээрээ нарс, хуш модыг үржүүлэх санаатай эхлүүлж л байна. Болох янзтай.

-“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг шүү дээ. Ингэхэд та хичнээн мод тарив?

-Хуш модыг үрээр нь тарьснаас 100-гаад суулгац гарч ирж байгаа. Дөрөв, таван жил болж байж нэлээд аятайхан суулгац болох байх.

-Та бол нэгэн цаг үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүн. Яах аргагүй МАН-ын том кадр. Сүүлийн үед улс төрд өрнөөд буй үйл явдлууд тэр дундаа Ардын нам доторх зөрчилдөөнийг хараад танд юу бодогдож байх юм?

-Төрийн эрх барьж байгаа, УИХ-д олонх байгаа МАН дотор маш их яриа гарч байна. Бүр болохоо болиод Засгийн газраа ч огцрууллаа. Үнэхээр миний сэтгэл зовж байна. Би 1954 онд энэ намд элсч байлаа. Тиймээс МАН-д ихэд санаа чилээж суудаг. Саяын болж өнгөрч байгаа үйл явдлыг ажиглахад намын удирдагчдын дотор хурц зөрчилдөөн үүсчээ. Намын удирдлагад болон Их хурал, Засгийн газарт байгаа МАН-ын 30 гаруй гишүүн ихэд дургүйцлээ илэрхийлж, хоорондоо тэмцэлдсээр байгаад Засгийн газраа огцруулчихаж байна. Үүний үндсэн шалтгааныг бодоод байхад намынхаа даргад л итгэл үзүүлэхээ больчихсон юм шиг харагдаад байна даа. Тэрийгээ ч намынхаа даргадаа шууд хэлээд, яриад, засах асуудлаа шийдэж чадахгүй тойруулаад баахан шалтаг эрж явсаар байгаад Засгийн газраа огцруулчихлаа. Миний хувьд үүнийг их буруу юм гэж бодож байна. Юуны өмнө МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нөхцөл байдалд их дүгнэлт хийх ёстой болов уу. Тэр нь дутсанаас болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд ард түмэн итгэл үзүүлсэнгүй. Яагаад түүнд намынх нь удирдах албан тушаалтнууд дургүйцээд байгааг мэдрэх ёстой байжээ. М.Энхболд улстөрийн уур амьсгалаа мэдэрч, нам дотроо учраа олох үүрэг түүнд байсан. Энэ үүргээ М.Энхболд муу биелүүлж байх шиг байна л даа. Ер нь бол түүнд мэдрэмж их дутаж байна.

-М.Энхболд дарга мэдрэмжтэй байсан бол ямар арга хэмжээ авах байсан гэж?

-Хэрэв МАН-ын дарга нь их мэдрэмжтэй байсан бол бүх цохилтыг өөр дээрээ аваад намаа, Засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарах ёстой байсан. Тэгээгүйд нь би их харамсаж байгаа юм. Засгийн газар огцорсноор хожих юм ердөө байхгүй. Шалтгаануудыг нь сонсоод байхад огцрох хэмжээнд хүргэсэн буруутай зүйл энэ Засгийн газарт байхгүй санагдах юм.

-Концессын гэрээний асуудлаас болсон юм биш үү?

-Өмнө шийдчихсэн долоон концессын гэрээг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэж ярьж байгаад л хохиролгүй хэлбэрээр цааш явуулсан юм байна лээ. Тэрүүгээр ч зөвхөн тайлбарлахгүй л дээ. Энэ концессын гэрээгээр юу хийх, ямар зорилготой байсныг нарийн авч ярилцах хэрэгтэй байсан байх. Гэтэл тэрийг огт ярихгүй байна. Хараад байхад Монгол Улсад хэрэгтэй төслүүд байна лээ. Жишээлбэл, Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа хоёр төслийг харахад энэ улсын эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой юм билээ. Нэг нь Цагаан суваргын зэсийн ордыг ашиглахаар эхэлчихсэн төсөлтэй холбогдсон эрчим хүчний хангалтын асуудал.

Нөгөөх нь Дэлгэрэх сумын автозамын төсөл. Энэ бол зүгээр л нэг сумыг холбохдоо биш. Суманд хэрэгжиж байгаа эдийн засгийн үр ашиг өндөртэй том төсөлд зориулж тавьсан зам бололтой. Гэх мэтчилэн төслүүдийг аваад үзвэл хэрэгтэй төслүүд байна лээ. Улсын төсвөөс мөнгө гараагүй. Одоо хувийн компаниуд өөрсдөө мөнгөө гаргаад төслөө хэрэгжүүлж байгаа гэсэн. Үүний төлөө Засгийн газар огцрох хэмжээний буруутгал, зэмлэл байж болохгүй. Бусад ямар шалтгаан байдгийг мэдэхгүй юм.

-Засгийн газрыг огцруулснаар ямар үр дагавар гарах вэ?

-Миний бодоход сайн үр дагавар гарахгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг залууг би сайн танихгүй л дээ. Гэхдээ тэр бол Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн гэж үзэж болно. Тийм мэргэжлийн Ерөнхий сайдаа авч хаячихаад оронд нь ямар хүн тавих гэж байгаа юм бол доо.

-Шинэ Засгийн газрыг эмхлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь Засгийн газраа түргэн байгуулах хэрэгтэй байна. Одоо намын Бага хурал, Их хурал гээд сунжирч, Засгийн газаргүй байгаад байна гэдэг их хохиролтой. ОУВС-гаас манай улсад 400 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэсний нэгдүгээр үеийнх нь 40 орчим сая ам.доллар ороод ирсэн байгаа. Есдүгээр сарын 25-ны хавьцаа хоёр дахь үеийн мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой байсан. Гэтэл ОУВС тэр яриа хэлэлцээрээ хойшлуулж байгаа сурагтай байна лээ. Яагаад вэ гээд асуухаар”Танайд Засгийн газар байхгүй юм чинь, хэнтэй ярих юм бэ” гээд хойш тавьж байгаа бололтой. Ингээд төсвийн алдагдлынхаа дутуу зардлыг нөхөхөд зориулж авах мөнгө орж ирэхгүй болж байна л даа. Тиймээс хурдан Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Хэд хэдэн анхаарах зүйл байна. Тухайлбал, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд хоёрыг өөрчлөх хэрэггүй. Ингэж чадвал гадаад орчинтой харилцах харилцаанд нааштай нөлөөтэй байх болов уу. Дараагийн асуудал нь давхар дээлийг болиулах асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ олж тавь. Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд битгий сайд болоосой. Хэрэв тэд сайд болдог юм бол нийгэмд буруу ойлголт гарна. “Эд чинь шүүмжлээд сүйд болоод байсан өөрсдөө сайд болох гээд л гүйлдээд байсан байна шүү дээ” гэнэ шүү дээ.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Намын Их хурлаар МАН-ы даргад хариуцлага тооцох тухай асуудал яригдах нь гарцаагүй. Ер нь намын дарга ямар хүн байх ёстой юм бэ?

-Нам бол төрийн эрхэнд гарах зорилготой учраас Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэсэн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулдаг. Нэгэнт бодлого төлөвлөгөө гаргасан байвал яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бүх ажил нь түүнд чиглэгдсэн байх ёстой. Тийм бодлого төлөвлөгөөгүй, хэрэгжүүлэх зорилтгүй намыг ямарваа нэг сонгуульд оруулдаггүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсон хүчин бэлтгэдэг байх хэрэгтэй. Зүгээр ганц хүний ч юм уу, нам нэртэй юм байж байдаг. Цаанаа ямар ч боловсон хүчин нөөцгүй нам байх юм бол тэрийг нам гэж үзэж болохгүй. Одоо намын дарга Их хурлын дарга юм уу, Ерөнхий сайд байна гэдэг нь онц ач холбогдолтой биш. Нам бол намаараа, засаг төр нь засаг төрөөрөө байх ёстой. Заавал тэрийг хослуулж, хамт барих гээд байх хэрэггүй.

Одоо нэг ийм үзэгдэл байгаад байна. Юу вэ гэвэл “Шинэ Засгийн газар байгуулах үед тэр хүн намын дарга болох ёстой. Дараа нь намын Их хурлын үеэр намын дарга нь өөрчлөөд гараад ирвэл Засгийн газрыг томилоход дахиад будилна” гэсэн шалтаг байгаа юм л даа. Энэ бол хамаагүй асуудал. Засгийн газраа байгуул, Ерөнхий сайдаа томил. Нам даргаа томилдог л юм байгаа биз. Тэднийг ерөөсөө холбоотой байлгаж, будилах хэрэггүй.

-Ингэхэд МАН-ын боловсон хүчний асуудалд та ямар бодолтой байдаг вэ. Таны үед яаж бэлддэг байв?

-Боловсон хүчин бэлтгэх систем энэ хоёр намд алга. Бэлдэх систем байхгүй учраас нөгөөх албан тушаалын төлөө тэмүүлсэн, мөнгөтэй, авлигатай хүмүүс давхиж орж ирээд үймүүлээд байна. Үүнийг халъя гэвэл намд тавих шаардлага нь системтэй бэлдсэн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Би Ардын намын даргад олон жил хэлж байгаа юм. “Намын чинь төв аппаратад намын дарга, орлогч дарга гээд баахан улсууд байх юм. Энэ дотор хөгжлийн бодлого төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орон тооны нарийн бичгийн даргатай болооч ээ. Тийм хүн бэлдээч” гээд захиад байдаг юм. Ерөөсөө тоодоггүй.

-МАН-ын академик шинж чанар алдагдаад байх шиг. Энэ улс орныг удирдаж явсан улстөрчид энэ намаас л төрөн гарсан байдаг. Үе үеийн Ерөнхий сайд нар одоо ч байна. Та хэдийн үг МАН-ын удирдлагуудад хүрдэггүй бололтой?

-Би бол итгэл алдарчихсан. Заримдаа “Ахмадын үг алтан сургаал, та нар минь л аврал” гээд сүйд болоод урьдаг юм. Очоод бодож санаж байгаагаа хэлэхээр ямар ч ойшоож байгаа юм байхгүй, хаяад л гараад явчихдаг.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

-Ёс зүй алдагдсан. Би саяхан ном гаргасан. “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэдэг ном байгаа. Энэ номд 1990 оны ардчилсан хувьсгалын үед юу болж байсан тухай бичсэн юм. Тэрийгээ эргээд харж байхад 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдөр телевизийн нэвтрүүлэгт ардчиллын залуус болох С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд бүгд очсон. Манай намаас Д.Бямбасүрэн бид хоёр оролцсон юм. Тэнд эд нөхдүүд өөрчлөлт, шинэчлэлтийг түргэтгэх тухай хурцаар тавьж байсан. Бид тэр үед яаж энэ залуустайгаа санал нийлж, асуудлыг шийдэх тухай ярьсан. Ер нь яаж ёс зүйтэй, яаж бие биедээ хүндэтгэлтэй хандаж байх ёстой юм бэ, асуудлын голыг яаж шийдэх арга замыг зөвшилцсөн. Энэ номыг уншсан хүмүүс үнэхээр сургаал болох ярилцлага болсон байна гэж их ярьж байгаа. Одоо тиймэрхүү ёс зүй байхгүй болчихож. Ер нь намуудын талцлаас болж нийгэм буруу хүмүүжиж байгаа тал руугаа орчихлоо.

-1990 оноос хойш Монгол Улсын төрийг МАН, АН хоёр ээлжлэн барьсаар ирлээ. Ард түмний ч итгэл нэлээд алдраад байх шиг байна. Яавал дээр вэ?

-Энэ хоёр нам төлөвших яагаа ч үгүй байна.

Нам төлөвшөөгүй, ухаалаг биш байгаа нөхцөлд тэдэнд ард түмэн итгэл хүлээлгэж, засаг төрийн эрхийг өгөхөөс эсэргүүцнэ. Сүүлийн хэдэн жилийг харахад АН нь эдийн засгаа доройтуулж байдаг. МАН нь засаг төрөө доройтуулж, үймүүлж байдаг. Ингээд энэ хоёр нам чинь хоёулаа буруудаад байна гэсэн сэтгэл иргэдэд төрчихөөд байгаа байх. Манай намууд төлөвшөөгүй байгаа цагт засгийн эрхийг намын мэдэлд өгөхөө больё. Үндсэн хуулийнхаа заалтын дагуу засгийнхаа бүх эрх мэдлийг ард түмэндээ өгөх хэрэгтэй. Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт байдаг. Энэ бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудал.

-Таны хувьд хоёр танхимтай парламенттай байхыг дэмждэг хүн. Харин одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд энэ тухай тусгалгүйгээр ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгахын тулд парламентын хоёр танхимтай болох хэрэгтэй. Дээд танхимаа 400 гаруй гишүүнтэй. Сум, дүүргээс сонгогдсон ард түмний төлөөлөл байна. Тэдэнд төрийн бүх эрх мэдлийг өг. Хууль боловсруулах ажлыг Улсын бага хурал хариуцаг. Дээд танхимынхаа хяналт дор байж байг. Хуучин ийм байсан шүү дээ. Одоо сэргээх хэрэгтэй байна. Манай Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлгийг санаачлан явуулаад байна. Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Жинхэнэ Үндсэн хуульд оруулах зохих шаардлагатай асуудал буюу хоёр танхимтай парламенттай болохыг хойш тавиад байна. Энэ бол тун буруу юм. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл МАН засгийн эрхийг ард түмний мэдэлд өгөхөөс болгоомжилж байна. Намын мэдэлд байлгаж, намын нэрээр засаг төр, албан тушаал, эрх мэдэл олж авах тэр сонирхол нь давамгайлаад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Ерөнхий сайдыг улсаа удирдах хэмжээнд байхаар болгож өөрчлөх тухай оруулсан байна лээ. Энэ тал дээр таны саналыг сонсмоор байна?

-Үүнд би өөр саналтай байдаг юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаад, бэлгэдлийн шинжтэй байх ёсгүй. Ер нь засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэлбэртэй. Гэтэл Ерөнхийлөгч маань алинд нь байгаа юм бэ. Хууль тогтоох эрх байхгүй. Гүйцэтгэх засаглалын эрхгүй. Тэр дундаа шүүх засаглалын эрх мэдэлгүй. Эзэн хаан гэхээр биш. Тиймээс Ерөнхийлөгч бол Ардын их хурлаас сонгогддог, Засгийн газраа толгойлж явдаг байх ёстой. Тэгэх юм бол Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа хариуцна. Ингэснээр хариуцлага өндөржинө. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж байхын оронд Засгийн газраа тэргүүлэх үүргийг нь хариуцуулаад эрхийг нь өгөх хэрэгтэй.

-Эдийн засагт гэгээ татаад ирэнгүүт засаг нь уначихлаа. Ойрын хоёр, гурван жилдээ манай улс бондын өрнөөс өндийхгүй гэж эдийн засагчид яриад байна. Одоо бидэнд ямар гарц байна вэ?

-Болдоггүй сайдууд байсан юм бол тэднийг өөрчлөөд, Ерөнхий сайдаа хэвээр үлдээгээд, үүрэг даалгавар өгөөд үлдээчих хэрэгтэй байсан юм. Тийм учраас дээр хэлсэнчилэн ОУВС мөнгөө өгөхгүй гээд эхэллээ. Үүний дараа ихээхэн тусламж өгнө гэсэн Хятад, Япон, Энэтхэг байна. Тэр их мөнгөнүүд орж ирэх нь бүү мэд. Тэгэхээр засаг нь тогтворгүй улсад мөнгө өгөөд яах юм бэ. Тогтворжтол нь татчихна шүү дээ.

Ойрын жилүүдэд өрийг өрөөр дарах байдалд ороод явах нь шиг байна. Уг нь засаг тогтвортойхон шиг байсан бол өндөр хүүтэй өрийг арай бага шиг хүүтэй өрөөр дарж, богино хугацаанд амьдрах хугацаа байсан байх. Өрөөр явна гэдэг бол буруу л даа. “Өр гэдэг чинь хор гэсэн үг шүү” гээд Германы эдийн засагч хэлсэн байна лээ. Үнэхээр тийм юм. Тэгэхээр өр дарах эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл шинэ авч байгаа зээл, төсвийн жаахан бололцоо гарах юм бол экспортыг, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд үнэхээр ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлмээр байна. Мөн эдийн засгийг солонгоруулах хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийг бүх сумдад байгуулах хэрэгтэй. Ингэж байж бид мах экспортод гаргаж чадна. Одоо 60 гаруй сая толгой малтай гээд байгаа. Жилдээ 20-25 сая төл авдаг. Тиймээс махаа экспортод гаргаж чадахгүй байгаа учраас малын тоо өсөөд л байна. Манай дотоод хэрэгцээнд хонинд шилжүүлбэл, 10 сая мал иднэ. Үүнээс илүүг идэж чадахгүй. Хорин сая төлөөс арван саяыг нь идчихээр үлдсэнийг экспортлох хэрэгтэй. Үүнийг шийдэх ганц арга нь сум болгонд мал нядлах, мах боловсруулах үйлдвэр байгуулах юм. Манайхан гадаад хөрөнгө оруулалт гээд үхэн хатан зүтгээд байна. Гэрээнийхээ нөхцөлийг Монголд ашигтай байхаар шийдэх хэрэгтэй байна. Миний хувьд гадаадтай байгуулах гэрээг томилогдсон салбарын сайд нар байгуулдаг нь буруу. Гэрээг байгуулдаг яам байх хэрэгтэй. Аль ч яаман дээр бодлого байх ёстой. Тэрнээс яамны сайдын бодлого гэж байх ёсгүй. Яагаад гэвэл сайд бол ирж л байдаг, явж л байдаг. Тэр нөхөр хувьдаа ашиг аваад, Монголд хохиролтой гэрээ байгуулаад алга болчихдог болох тийм л улсууд шүү дээ. Харин дор нь ажиллаж байгаа яамны мэргэжилтнүүд хариуцлага хүлээдэг, тогтвортой ажилладаг тийм л хүмүүс байх ёстой.

-Энэтхэгээс авах нэг тэрбум ам.доллароор нефть боловсруулах үйлдвэр барихад зориулна гэж байгаа. Ийм үйлдвэр барина гэж олон жил ярьсан байх аа?

-Тэгж л ярьдаг юм. Чухам ямар нефть боловсруулах гээд байгаа юм, ямар технологитой юм, хаанаас авах юм гэхчлэн ямар ч тодорхойгүй байгаа шүү дээ.

Монголд өнөөдөр нефть олборлож байгаа. Үүнийгээ боловсруулаад ашиг олно гээд бодоод байх шиг. Тийм бодит юм байхгүй. Доод тал нь хоёр сая тн түүхий нефть боловсруулж байж, Монголын хэрэгцээг хангах цэвэр бүтээгдэхүүн гарна. Доод тал нь хоёр сая тн нүүрс боловсруулдаг үйлдвэр монголд ашигтай гэж би дуулсан юм. Монголд олборлож байгаа түүхий нефть сая гаруй тонн. Яаж тээж, хааш нь аваачих юм бэ. Дэд бүтэц хөгжсөн Дархан мэт газарт байгуулах нь зүйтэй юм биш үү гэдгийг бодох ёстой. Өөр нэг анхаарах зүйл бол манай нутаг дэвсгэр дээр нефть олборлож байгаа компаниуд Хятадынх. Тэдэнтэй байгуулсан гэрээгээр олборлож байгаа нефтийн 20 орчим хувь нь Монголд ирнэ. 80-аад хувь нь Хятадын компанийнх. Үүнийг Хятадын компаниас манайд өгөөч гэж гуйх болно. Тэд дэлхийн зах зээлийн үнээр л ав гэнэ. Тэрнээс хямдаар авах боломжгүй. Нефть боловсруулах үйлдвэр барих төсөл түүхий. Одоогийн яриад байгаагаар шийднэ гэвэл худлаа.

-Монгол Улс яавал хөгжих юм бэ?

-Ер нь бид энэ 20 гаруй жил хөгжлийн бодлогогүй явсаар өдий хүрлээ. Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болъё. Гэхдээ зүгээр нэг дөрвөн жилийнх биш. Тав арван жилээ бодсон хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй болъё. Үүний тулд Засгийн газрын бүрэлдэхүүнд хөгжлийн бодлого төлөвлөлтөө хариуцсан тэргүүн зэргийн яамтай болох хэрэгтэй. Одоо энэ намуудыг би хардаж байгаа. Тэр хөгжлийн бодлого төлөвлөгөөг хариуцсан яамтай болох асуудлыг ерөөсөө шийдэхгүй яваад байдаг нь дөрвөн жилийн хугацаанд биелэх, биелэхгүй баахан амлалт гаргаж тавьчихдаг. Тэгээд сонгуульт хугацаа нь дуусахаар дүгнэхгүй, хариуцлага хүлээхгүй яваад өгдөг туршлагаа үргэлжлүүлье гэсэн сонирхол байх шиг байна. Энэ бол манай төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд, үүний дотор МАН, АН-ын том алдаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө Засгийн газрын бүрэлдэхүүн, бүтцийг шийдэхдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам гэдгээ байгуулчихаад, сайдаа томилчихвол зөв болно доо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: “Чи битгий Их хурлын дарга бол, Ерөнхий сайдаа хийгээд намаа аваад яв” гэж М.Энхболдод хэлсэн боловч сонсоогүй л дээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.


-Ойрын үед улс төр бужигнаантай байна. Ман дотроосоо засгийн газраа огцруулчихлаа. нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Ер нь бол улс төр бужигнаж л байдаг. Энэ жилийн хувьд улс төрийн үйл явдал арай өөр байна. Нэг үгээр хэлбэл, харамсалтай. Гол нь МАН дотроо нэлээд тэмцэлдээд байгаа нь харамсалтай. Ард түмэн энэ намд итгэл хүлээлгэж, 65 суудал өгчихсөн. Гэтэл энэ итгэлийг хөсөрдүүлэх тал руугаа яваад байна уу даа. Намын бүлэг дотроо үзэл бодлоор, цаашдын арга тактикаар маргалдаж, Засгийн газрыг байлгах, байлгахгүйдээ хүрээд энэ засгийг огцрууллаа. Аль ч улс оронд Засгийн газар нь огцорч л байдаг. Манай орны хувьд улс орны эдийн засгийн ийм хүнд байгаа, цаг минут алдаж болохгүй хариуцлагатай үед эрх баригчид дотроо бужигнаад байх нь таашаах асуудал биш.Яахав янз бүрийн асуудлаар Засаг огцорч байгаа нь ард түмэнд хохиролтой. Уг нь Ж.Эрдэнэбатын засгийн үед эдийн засгийн хямралаас жаахан ч гэсэн гарах гэрэл цухуйсан. Гэтэл энэ гэрлийг хаагаад байна.

-Засгийн газрыг огцруулахгүй байх ямар гарц байсан бэ?

-Зарим сайдад хариуцлага тооцох, тодорхой хугацааны үүрэг даалгавар өгч болох юм байна. Магадгүй зарим сайд үүргээ дутуу гүйцэтгэж байгааг үгүйсгэхгүй. Ерөнхий сайдад багаар бодоход хагас жилийн хугацаа өгч, ийм ажлуудыг хийсэн байх ёстой, ийм асуудлуудыг шийдэж, ийм өөрчлөлт гарсан байх ёстой гэсэн үүрэг даалгавар өгч болно. Хэрэв чадаагүй бол ямар ч асуудалгүй огцруулж болно. Энэ мэтчилэн олон гарцуудыг хайж хэрэгжүүлсэн бол ард түмэндээ хэрэгтэй байсан. Ялангуяа нэг намын улсууд тогоон дотроо асуудлуудаа ярилцаж, олон гарцыг эрэлхийлж болох байсан шүү дээ. Гэтэл сөрөг хүчинтэйгээ нийлээд өөрсдийнхөө байгуулсан засгаа унагачихаж байна. Харин одоо цаг алдаад байна. Дараагийн Засгийн газар гарч ирнэ. МАН Их хурлаараа даргаа сонгоно гээд нэлээд хугацаа өнгөрнө дөө. Энэ хугацаанд үүрэг гүйцэтгэдэг засаг ямар байдаг билээ дээ. Урьд нь бид үүрэг гүйцэтгэгч олон ч засгийг үзсэн шүү дээ. Эргээд муу сайнаар нь харах олон гарцуудыг эргэцүүлж, бодох хэрэгтэй байсан юм. Энэ Засгийн газрыг унагачихаад дараагийнх нь Засгийн газар гарч ирээд гялалзуулна гэж бодохгүй л байна.

-Засгийн газрыг 800 гаруй тэрбумын концессын асуудлаас болж огцруулж байх шиг байна. ерөнхий сайд байсан хүний хувьд та Ж.Эрдэнэбатын удирдсан засгийн газрыг хэр ажилласан гэж бодож байна?

-Засаг огцрох болсон концессоос өөр шалтгааныг олж харахгүй байна. Засгийн газар болон УИХ-ын хүрээнд өөр өөрөөр тайлбарлаж байгаа.

Ер нь бол Засгийн газрыг огцруулж байгаа асуудлууд Их хурлаас өөрөөс нь хамааралтай. 65-ын бүлэг дотроо шийдэж байсан асуудлууд эргээд Засгийн газрын буруу болж байгаа юм шиг харагдаад байна л даа. Бүлгээрээ шийдсэн асуудлыг Засгийн газар дангаараа дураараа шийдсэн юм шиг Их хурал тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Концессын асуудлын нарийн учрыг нь би мэдэхгүй юм. Засгийн газрыг огцруулсан үндэслэл гээд байгаа энэ асуудал шалтгаан байв уу, шалтаг нь уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Юун төлөө олонх байгаа билээ дээ нам дотроо сайн ярилцах ёстой байсан. Энэ нь цаашаа намаа хооронд нь талцуулах, муу үр дагаврыг тарьж байна. Тэрнээс 30 гаруй гишүүн өөрт олгогдсон эрхийнхээ дагуу Засгийг огцруулах асуудал тавьсныг би буруутгаагүй. Ер нь Засгийг унагаснаас цаашид учрах үр дагаврыг нь хэр сайн бодсон юм бэ. Дараа гарч ирэх Засгийн газар хэзээ томилогдож, ард түмэнд амласан амлалтаа биелүүлж чадах юм уу. Ингэж явсаар дөрвөн жилийг ардаа орхиод явах юм биш биз дээ. Хэрэв дөрвөн жилийн дараа улс оронд ямар нэг сайн үр дагавар болоогүй байх юм бол тун хариуцлагагүй асуудал юм.

-Хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроогүй бол улс орны дотоод болон гадаад талын нөхцөл байдал цаашид ямар байх байсан бэ?

-Энэ Засгийн газар ОУВС-тай тохиролцож чадсан. Үүнд 4-5 сарын хугацаа зарцуулсан шүү дээ. ОУВС-тай тохиролцсон гэрээний үндсэн дээр нааштай алхмуудыг хийсэн. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ нэмэгдэж байна. Энэнд бол Засгийн газрын авсан арга хэмжээнүүдийн нөлөө бий. Төсөв тогтворжлоо. Төсвийн сахилга бат журмандаа орж ирлээ. Энэ бол олон зүйлийн эх үүсвэрийг тавьж байгаа. Нэг жилийн хугацаанд бүх юмыг сайжруулаад гялалзуулаад гарч ирэх хугацаа биш. Үндсэндээ энэ хугацааны долоо, найман сард нь ажил явлаа. Тэгэхээр үүн дээр ямар ч гэсэн гэгээ тусах байдал ажиглагдсан. Ард түмэн ч гэсэн үүнийг тийм байдлаар авч үзэж байгаа байх.

-Олон улсын нүүрсний чуулга уулзалт манай улсад болж байхтай зэрэгцээд Засгийн газрыг огцруулчихлаа. Энэ нь гадаад талд, хөрөнгө оруулагчдад манай улсыг муухай харагдуулаад байна л даа. Таны бодлыг сонсвол…

-Ер нь манай улс гадаад талынхаа дэмжлэггүйгээр дотооддоо дангаараа шийдэх нь утгагүй. Энэ бол үл хэрэгжих асуудал. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байж асуудлыг шийдэх ёстой. Гэтэл сая чуулга уулзалт болж байхад “Та нар чуулж л бай, бид энэ Засгийг чинь аваад хаялаа. Дараа нь юу болох нь уу харъя” гэж байгаа юм шиг зориуд Засгийн газрыг огцруулсан нь бодлогогүй үйлдэл байв. Цаашид гадаад талаа үргээж, эргэлзүүлж байгаа юм. Хөрөнгө оруулагчид чинь дараагийн засаг нь хэрхэн ажиллахыг тодорхой хугацаанд ажиглана. Ингээд л цаг хугацаа, мөнгөө алдаад байгаа юм. Алтан боломжийг алдаад байна.

-Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай нь тохиролцож байснаас Их хуралтай нь ярьчихвал дээр гэж үздэг болчихсон юм биш үү?

-Гадаад, дотоодын хэвлэлүүдээр ийм өнгө аяс цухалзаж байна. Гадныхан “Ер нь энэ Монгол Улсын түрүүчийнх нь ч ялгаагүй, энэ удаагийнх нь ялгаагүй, Их хурал нь асуудлыг шийдээд байдаг юм байна” гэсэн хандлагатай болчихож. Энэ чинь гүйцэтгэх засаглалын үүргийг дор ортол нь гадаад ертөнц үзэж байна гэхээр парламентын үйл ажиллагаатай холбоотой юм. Нам, төр хоёрыг нэг болгочихоод байна. Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Бид 1990 онд нам төвтэй төрөөс татгалзаж, төр төвтэй тогтолцоонд шилжсэн. Их хурлын дарга, намын дарга хоёр нэг болчихоор Засгийн газар нь гадааддаа ч тэр, дотооддоо ч тэр тоогдохгүй байгаа юм. Нам байгаа газар бүх юм тэнд төвлөрч байна. Гишүүд ч тэр, ард түмэн ч тийшээ хуйлардаг. Энэ бол зарчим биш, гадаадынхан тэгж ойлгоод байгаа юм. Тэд засагтай нь яриад нэмэргүй, Их хурал нь хүчингүй болгоод хаячихна гэдэг. Тиймээс намын дарга Их хурлын дарга болдгийг би түрүүчийн парламентад ч, энэ парламентын үед ч буруу гэж үзсэн. М.Энхболдыг би УИХ-ын дарга болоход нь “Чи битгий Их хурлын дарга бол. Ерөнхий сайдаа хийгээд намаа аваад яв” гэж захисан боловч сонсоогүй л дээ. Энэ бол эцсийн дүнд бүх юмны шалтаг, шалтгаан болоод байгаа юм. Цаашид ийм байх юм бол Ардын нам ч, Ардчилсан нам ч төр барьсан алинд ч энэ дутагдал хэвээр үргэлжилнэ. Гадаадад Засгийг тоодоггүй. Парламенттай нь ярина гэдэг. Энэ бол буруу. Гүйцэтгэх засаглал нь бүх юмаа гүйцэтгэдэг. Парламент нь удирдаж, чиглүүлж өгч, хяналт тавьдаг хуультай. Гэтэл Үндсэн хуульд заасан Засгийн газар, парламентын эрх үүргийг зөрчөөд байна л даа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг орон даяар хэлэлцүүлж байгаа. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, улс орны бэлгэ тэмдэг байх төдий болгож, Ерөнхий сайдынхыг тэлэх асуудлыг оруулж ирсэн. Та бол шинэ Үндсэн хуулийг баталсан хүн. Тиймээс эцэг хуульд гар хүрч буй засваруудад ямар байр суурьтай байна вэ?

-Анх Үндсэн хуулийг 1992 онд батлахад Ерөнхийлөгчийн тодорхой эрх үүрэг байсан. Монгол төрийн тулгын гурван чулуу болох парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал төрийн үйл ажиллагааг явуулна. Ерөнхийлөгч бол ард түмний бэлгэ тэмдэг байж, гадаадад улс орноо төлөөлнө гэсэн хэдэн үүргийг шинэ Үндсэн хуульд суулгаж өгсөн. Энэ бол чамлахааргүй үүрэг. Ерөнхийлөгчид их эрх өгөөд байхаар парламент, Засгийн газар гурвын хооронд зөрчлүүд бий болж, толхилцол гардаг. Улсын ажлыг явуулахад ч бэрхшээлтэй. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч парламенттай зөвшилцөөд прокурорыг томилох заалт бий л дээ. Үүнд тодорхой зааг ялгааг нь нарийн болгох хэрэгтэй. Шүүх засаглалыг Төрийн тэргүүн ерөнхийд нь хамаарч болно. Гэхдээ хоорондын уялдааг нь сайн болгож өгөх хэрэгтэй.

-Ингэхэд таныхаар УИХ-ын гишүүн ямар хүн байх ёстой вэ?

-Төр төлөөлөх хүн гэдэг бол амьдрал үзсэн, нухлагдсан, асуудлын наанадах, цаадахыг мэддэг болсон хүн байх ёстой. Аль ч парламентын үед зааг ялгааг тогтоож өгөх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагад хэн хүн орчихоод дуртай юмаа ярьж, дуртай үйлдлээ хийгээд байж болохгүй л дээ. МАН юу юм бэ, би ард түмнээсээ сонгогдсон хүн гэх нь холгүй нөхдүүд УИХ-д сууж байгаа харагддаг.

-МАН-ын шинэчлэлийн асуудлыг анхан шатны үүрүүд, нам доторх хөдөлгөөнүүд ярих боллоо. Ер нь намын дотоод шинэчлэлтэй холбоотой ямар асуудлуудыг шийдэх ёстой вэ?

-Манай намын гишүүд намынхаа даргыг хардаг. Намын дарга асуудлыг хайрцаглаж шийддэг. Ийм муу жишиг тогтчихжээ. Намын Их хурал, Бага хурал болох гэж байна. Үүн дээр намын шинэчлэлтэй холбоотой яригдах асуудалд энэ тухай байх ёстой. Манай нам хэт төвлөрсөн, нэг хүнээс хамаарсан үзэгдэл үүсчихээд байгаа нь залуучуудыг нам шинэчлэх тухай хөдөлгөөн өрнүүлэхэд хүргээд байгаа байх. Гэхдээ зөв хийх хэрэгтэй.

-Сонгуулийн үеэр сөхөгдсөн 60 тэрбумын хэргийг прокурор эвлүүлэг гэж үзээд хаачихлаа. Харин та энэ хэргийн талаар юу хэлэх вэ?

-Үүнийг хууль, шүүхийн байгууллага тогтоох асуудал. Ер нь бол сонгууль болоход манай намуудад санхүү бүрдүүлдэг асуудал янз бүрийн хэлбэрээр байдаг. АН гэхэд хороо, баг, сумдаас мөнгө татаж, тэр нь хаашаа явдаг нь бүү мэд. Ер нь бол сонгуулийн санхүүжилт, намын санхүүжилт ямар байх тухай хатуу зааг тогтоож өгөхгүй бол дур дураараа намын даргын саналаар хандив нэрийн дор мөнгө босгож байна. Үнэхээр 60 тэрбумыг босгосон гэж бодоход энэ нь бусад намуудад ч байгаа л зүйл. Яахав Ц.Сандуй бол хэлчихсэн л дээ. Түүний хэлснээр бодоход 60 тэрбумын тухай ярьж байсан ч юм шиг. Гэхдээ сонгуулийн хандивыг яаж цуглуулах тухай ярихад буруудах нь ч юу байхав. Үнэхээр 60 тэрбум нь байсан уу, 30, 40 тэрбум ч болсныг мэдэхгүй л дээ. Сонгууль болохоор л ийм асуудал гарч ирээд байдаг нь цаанаа нэг зүйлийг хэлээд байгаа юм.

-Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд хэр удаан настай байх бол. Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яваад байгаа. Харин та Засгийн газрын тэргүүнийг ямар хүн байгаасай гэж бодож байна. Дахиад л дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаарлаж, засгийг бужигнуулах юм биш биз дээ?

-Тэгэхгүй гэхийн газар байхгүй. Хуучнаасаа жигтэйхэн дээрдэж, гялалзсан Засгийн газар гараад ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Энэ хүмүүс одоо жинхэнэ ном журмаар нь явна гээд яриад байгаа л даа. Гэхдээ юу л бол доо. Манай нам анхнаасаа засгаа бүрдүүлэхдээ мэргэжлийн баг бүрдүүлж чадаагүй нь алдаа байсан. Харин одоо шинэ засгаа бүрдүүлэхдээ дан давхар дээлний тухай асуудлыг Их хурал бодох ёстой. Дахиад л энэ дотроосоо сайд гарч ирээд дээрдэхгүй. Шинэ Засгийн газар Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яам гэсэн үндсэн чиглэлийнхээ гол яамыг УИХ-ын гишүүнээр томилж, бусад салбарын сайд нараа гаднаас томилох хэрэгтэй. Дээрээс нь сайн менежер хүнийг салбарын сайдаар томилох хэрэгтэй. Ингэж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Хэрэв өөрсдөө сайд болоод суучих юм бол олны дургүйцлийг хүргэж, намынхаа нэр хүндийг улам унагана. Тэгээд ч урт настай Засгийн газар байж чадахгүй. Дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаарлана л даа.

-Та дээр МАН-д нэг хүний хараат байдал тогтчихсон гэлээ. Намын даргад ямар хүн тохирох вэ?

-Ер нь бол МАН-ын дарга бол Их хурлын ч биш, Засгийн газрын ч биш тусдаа хүн байх ёстой. Тэр дундаа эмэгтэй намын дарга байвал сайн гэж бодож байна. МАН-д сайн эмэгтэйчүүд зөндөө байна шүү дээ. Ялангуяа 90 жилийн түүхтэй, эв нэгдэлтэй байсан нам маань маргаантай болчихлоо. Үүнийг зохицуулах хүн бол эмэгтэй сайн улстөрчийг гаргаж ирэх ёстой. Манай эмэгтэйчүүдийн түүх уламжлалаа харахад ямар сайн хатдууд байлаа. Тэгэхээр МАН-д хатан ухаан өнөөдөр үгүйлэгдэж байна. Их хурал болон Засгийн газраас тусдаа эмэгтэй намын даргатай болбол энэ намыг эвлүүлж болох болов уу.

-Их хуралд байгаа МАН-ын эмэгтэй гишүүдийг харахад янз бүрийн нэр хоч зүүж байгаа харагдах юм аа. Чуулган дээр согтуурхаж, төрт ёсны наадамд төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярьж байна. Бас болоогүй бохь зажилж, боов идлээ гэхчлэн голдуу эмэгтэй гишүүд л шүүмжлэлд өртдөг. Дээрээс нь Д.Гантулга гишүүн төрийн түшээ хүн байж, хүчингийн хэрэгт нэр холбогдоод байхад нь эмэгтэй гишүүд амаа үдүүлсэн мэт дуугүй байна шүү дээ. Ийм гишүүдтэй МАН дотроос намын даргад тэнцэх хүн олдох юм уу даа?

-Тэд энэ алдаагаа засах л байлгүй дээ, зайлуул. Эмэгтэй хүн Их хуралд орж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ шаардлагаа бүрэн хангаж чадаж байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь манай намд сайн хүн олон байгаа. Тэрнээс амбиц хөөсөн, Их хурлын гишүүд биш юм аа. Ардын нам бол муугаар яривал задрах гээд, сайнаар яривал ардчилал явагдаад байгаа юм уу даа. МАН сайн ч муу ч энэ улс орныг 70 жил удирдаж байсан. Харин одоо хуучин боловсон хүчний бодлого манай намд үгүйлэгдээд байна. Би гэхэд аж ахуйн, эвлэлийн ажил хийж байлаа. Чадвал чад, чадахгүй бол боль гэсэн зарчим бидэнд үйлчилдэг байлаа. Харин одоо цүнх бариад дарга дагаж явсан нөхдүүд албан тушаалд горилдог болчихож.

-Ойрын хоёр, гурван жилд бондын өр нэхэгдэж, хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьж байна. Дээрээс нь бид арчаагүй байдлаасаа болж төмөр замаа барьж чадахгүй явсаар олон жил боллоо. Хоёрхон жилийн дотор нефтийн үйлдвэр барих боломжтойг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа дурдаж байсан…

-Би энэ асуудалд санал нэг байна. ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирэнгүүтээ нефтийн үйлдвэрийг Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын зээлээр Сайншандад барина гээд байхгүй. Бас Тавантолгойн төслийг эхлүүлээгүй зэрэг дутагдал байна. Обьектив, субьектив шалтгаанууд бий байх. Гэхдээ нөгөө 65-ын бүлэг янз бүрийн шалтгаанаар нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр ядахдаа нефтийнхээ үйлдвэрийг байгуулах ажлаа явуулчихсан бол урдаа барих юмтай байх байлаа. Мал эрүүлжүүлэх ажлаа жил ярилаа. Харин сая Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мал эмнэлгийн техникийн шинэчлэл хийх асуудлаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай том тохиролцоог хийж, ажлаа эхлүүлэхээр болдгийн даваан дээр засаг солигдлоо. Энэ мэтээс гай нь гарч байна. Манайх шиг байгалийн баялагтай оронд дотоод нөөц бололцоо бий.

-Бид өнөөдөр нүүрсээ гаргах ганцхан сувагтай байгаа. Хятадын хэлсэн үнээр тэдэнд өгдөг. Харин сая Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа Владивостокийн Восточный боомтоор нүүрсээ гаргах тохиролцоонд хүрлээ. Дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ гаргах нэг суваг нээгдэж байна. Эндээс та ямар ирээдүйг харж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын В.Путинтай уулзахдаа ярьж тохирсон алхмуудыг дэмжиж байгаа. Манайх ганц гарцтай байх нь хэцүү. Нэг айлын хэлснээр, нэг айлын хараанд байгаагаас ялгаагүй. “Танай нүүрсийг 70 ам.доллараар авна. Илүү үнээр авахгүй” гэхээр өгөхөөс өөр аргагүй. Тэгэхээр хойд хөрш рүү нүүрсээ гаргах бас нэгэн гарцыг нээснээр нүүрсээ Европ руу гаргаж, дэлхийн зах зээлийн ханшаар өгөх боломжтой. Энэ ажил 2008 оноос эхэлж ярьсаар ирсэн. Манайх нүүрсээ ингэж гаргаж байж, өрсөлдөх чадвар бий болж, үнэд хүргэж чадна. Эдийн засгийн болоод аж ахуйн, улс орны хөгжлийн утгаараа ч хоёр болон түүнээс дээш гарцтай байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбасүрэн: Засгийн газрыг огцруулаад асуудлуудыг шийднэ гэдэг дэндүү мөхөс л дөө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Ж.Эрдэнэбатын толгойлж байсан засгийн газарт хариуцлага тооцож, өчигдөр уиХын ээлжит бус чуулганаар огцруулчихлаа. Та ерөнхий сайд байсан хүний хувьд энэ Ж.Эрдэнэбат сайдад ямар дүн тавих вэ?

-Дүн тавихын хувьд их төвөгтэй л дээ. 2016 онд Монголын эдийн засаг хүнд байдалд байлаа. Гэхдээ одоогийн эрх баригчид АН-ыг төр барьж байхдаа ийм болгочихлоо гэдэг. Үнэндээ бол эдийн засгийн хүндрэл 2008 оноос хойш төр барьсан улс төрийн хүчнүүдийн хамтын бүтээл юм шүү дээ. Монголыг дааж давахгүй өр зээлэнд оруулаад, дампуурлын ирмэгт тултал нь явуулаад эдийн засгийг нь сонгуулийн худлаа амлалтын барьцаа болгосоор байгаад ийм байдалд орсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг тогтворжих хандлагатай байна. Гэхдээ энэ бол нүүрс, зэс, алтны үнэ өсч байгаа хүчин зүйлийг бодох юм бол манай төр засаг өөрөө зөв бодлогоороо оруулж байгаа нөлөө нь харьцангуй бага л даа. Гэхдээ монгол хүн эдийн засгаа доройтоход нь баярлаж, сэргэхэд нь уурладаг байж болохгүй шүү дээ. Эдийн засаг одоо тогтворжих хандлага байна.

Үүн дээр нь төр засгийн хандлага будлиантаад байхгүй бол цаашид монголын эдийн засаг тогтворжоод явах боломж бий. Нөгөө талаас гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сонгуулийн үед амласан амлалтуудаа биелүүлж чадаагүй. Эдийн засгаа жил тутамд долоон хувийн өсөлттэй байлгана гээд Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ нь бүтэхгүй гэдэг нь тодорхой. Нөгөө талдаа ОУВС-гийн болзолд тулгагдаад татвараа нэмсэн зэрэг янз янзын алхам хийлээ шүү дээ. Гэхдээ монголын эдийн засгийг одоо босчихлоо гээд зарлах болоогүй.

-МАН-ын даргын төлөөх тэмцэл тогооноосоо халилаа. Энэ нам бол академик шинж чанартай гэдэг. Эдний хоорондын тэмцэл юунаас болоод байна вэ?

-Монголын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямрал, дампуурлын байдалд хүрээд байна л даа. Одоогийн яригдаад байгаа хурц асуудлууд зөвхөн Засгийн газрыг огцруулах үндэслэл биш. Ардын нам даргаа солих тухай асуудал биш. Ерөнхий сайд, шадар сайдын хоорондын маргааны асуудал ч биш. Цаад талд нь засгийн газар нь бүхэлдээ авлигын шинж чанартай концессуудын гэрээ хийсэн асуудал байна. Дээрээс нь төрийн эрх мэдлийг Ардын нам худалдаж, мөнгө босгосон тухай болон оффшорын асуудлууд гарч ирж байна. Сүүлийн үед нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байгаа төрийн шийдвэрүүдийг харах юм бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг хүртэл төрийн бодлогын хүрээнд энд багтах ёстой л доо. Тэгэхээр энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр Монголын төрд олон жил бугшсан өвчин хүндэрснийг харуулж байна. Урьд нь бид эдийн засгаа голдуу ярьдаг байсан. Гэхдээ улс төрөө анхааралтай ажиглах юм бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн сүүлчийн хугацаанаас эхлээд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга Ерөнхийлөгч гээд дөрвөн Төрийн тэргүүний үеэр дамжуулаад төрийн ялзралын талаар ярьсан. Энэ нь одоо болохоо байгаад тогтолцоогоороо гарч ирж байна. Дээрээс нь маргаантай, нийгмийн сэтгэхүйд нөлөөлж байгаа хууль хяналтын байгууллагууд, төрийн тусгай албад үүнд орж хутгалдаад, тэр байтугай УИХ нь хүртэл өөрөө орж хутгалдаад улс төрийн дампуурлын байдал бий боллоо. Үүний гол үндэс нь бол 2006 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нэг намын дарга Ерөнхий сайдын өмнө очиж суугаад “Би Ерөнхий сайд болмоор байна. Таныг огцруулмаар байна” гэж байсныг монголчууд сайн санаж байгаа байх. Тэр үеэс эхлээд Монголд олигархи бүлэглэлийн засаглал гэдэг цоо шинэ бүтэц бий болж эхэлсэн юм. Өөрийнхөө Засгийн газрын олигархи бүлэглэлд захирагдаж явах ийм байдал бий боллоо шүү дээ. Энэ нь явсаар байгаад эдийн засгийн, улс төрийн гажуудалд хүргэсэн. Тэгэхээр монголын одоогийн төрийн дампуурал, мухардмал байдлын цаад талд чинь Монголын нам дамжсан олигархи бүлэглэлүүд зогсч байгаа төдийгүй тэдний ард байгаа даяаршлын нэрээр халхавч хийсэн, шинэ клончлол, эдийн засгийн алуурчид, магадгүй гадны төрийн субьектүүд байж болох.

-Ерөнхий сайдыг огцруулснаар энэ өвчин намдах уу?

-Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах, Шадар сайдын бүлгийг дарчихвал байдал намжих юм шиг яригдаад байгаа. Миний бодлоор энэ бол говийн гүрвэлтэй төстэй санагддаг юм. Говийн гүрвэл араатанд баригдах болохоороо сүүлээ тасдаж хаячихаад зугтаачихдаг. Сүүл нь тэнд тонгочоод, шавхдаад байдаг. Араатан тэр сүүлийг барих гэсээр байгаад хоцордог. Ер нь Монголын улс төрийн тогтолцооны цаад бугшмал үндэс нь ил гарах гээд ирэх үед хэн нэгнийг огцруулаад хариуцлага тооцож, арга хэмжээ авлаа гээд намжаахыг оролддог. Авлига,Оюутолгойтой холбоотой асуудал ч гарч байхад ингэж оролдож байлаа. Оффшорын асуудал С.Баярцогттой холбоотой гарч байхад УИХ-ын дэд даргаас нь буулгачихлаа, хариуцлага тооцчихлоо гээд өнгөрч байлаа шүү дээ. Гэтэл оффшорт хэдэн арван эрх мэдэлтнүүд цаана нь суугаад үлдчихсэн байсан нь одоо тодорхой болж байна. Энэ бол ужиг асуудал. Үүнийг шийдэхэд ганц нэг эрх мэдэлтний албан тушаалтантай хариуцлага тооцохоор ярих нь утгагүй. Яригдаж байгаа гол асуудлын үндсийг бодож зөв шийдэлд хүрэх хэрэгтэй. 60 тэрбумын асуудлыг цагдаагийнхан аль эрт өөрийнхөө байр суурийг илэрхийлээд нэг улс төрийн хүчний талд ороод зогссон. АТГ гэхэд У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзээд прокурорт шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Төрийн онцгой албад, хууль хяналтын, хүчний, тусгай албад улс төрд худалдагдсан, хуйвалдсан гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Энэ бол том асуудал. Одоо тагнуулын байгууллага нь Ерөнхий сайдын мэдэлд, цагдаа нь өөр нэг хүний мэдэлд байдаг. Эдгээр байгууллага өөрийн хүнээ л хамгаална шүү дээ. Тэгэхээр үүнийг тогтолцоогоор нь шийдэх ёстой. Магадгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байх.

-Засгийн газрыг унагаад дараагийн ээлжийнхэн хоолондоо орсон ч дахиад л тэд хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхлыг биелүүлээгүйн төлөө огцруулах асуудал тавигдах байх…

-Би өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох сэжиг төрж байна гэж хэлж байсан. Эргээд харахад тэр нь сэжиг төдий биш байж. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт,60 тэрбумын гээд олон асуудал гараад ирлээ. Хэрэв концессын 800 гаруй тэрбумын хэрэг үнэхээр авлигын шинжтэй байна уу үгүй юу гэдгийг обьект нэг бүрээр нь гаргаж, тогтоож гаргаж ирэх хэрэгтэй. Нарийн мэргэжлийн хүмүүс оруулж тэр дүгнэлтийг шийдмээр байгаа юм. Энэ мэтийг шийдсэний дараа Засгийн газрын хувь заяаны асуудлууд аяндаа гараад ирнэ. Засгийн газрыг огцруулаад уг асуудлыг шийднэ гэдэг мөхөс л дөө. Нэг хэсэг өндөр албан тушаалтан банкнаас зээл хөөцөлдөж байгаа хүнд зуучлаад арван хувийг нь авлигад нь авдаг болхи үе байсан. Харин одоо больсон. Энэ жил 1115 км засмал зам тавина гээд байгаа. Тэр засмал замын өртөгт зардлаас гадна авлигын мөнгө ороод суучихсан байдаг. Бодит зардлаасаа хоёр дахин давсан төсөвт өртөг батлагдаад явж байгаа. Ийм байдлаар авлига хэрэгжиж байна л даа. Үүнийг нарийн шалгаж, ул үндэстэй гаргах хэрэгтэй. Үнэхээр улс төрийн байгууллага уу, бизнесийн байгууллага болсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.

-60 тэрбумын хэргийг прокурор эвлүүлэг гэж шийдлээ. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Намын санхүүг нь шалгах юм бол гараад ирнэ шүү дээ. Тэгэхгүйгээр олон түмний толгой эргүүлэх элдэв хуулийн үндэслэл иш татаж байгаад орхих юм бол асуудал улам бугшаад дэлбэрэлтийн байдалд орж магадгүй.

Бүх л цаг үеийн яриаг яаж эвлүүлэг хийж болох билээ дээ. Гадны өндөр мэргэжлийн лаборатори энэ тэр чинь нэг орчинд тасралтгүй хийсэн бичлэг байна гэж тогтоосон. МАН-ын Ц.Сандуй гэдэг хүн “Манай намын стратеги тактикаа ярилцсан уулзалтын материал задарсан байна” гээд ярьсан байна шүү дээ. Гэтэл А.Ганбаатар гэдэг хүн “Тэнд У.Хүрэлсүх, Амарбаясгалан нар байсан” гээд ярьж байхад баримттай гэж үзэхээс өөр яах вэ. Энийг ингээд дараад өнгөрүүлбэл Монголын ард түмнийг дэндүү басамжилсан хэрэг болно. Монголын ард түмэн хэзээ ч өршөөхгүй.

-Прокурорын байгууллага хэнд үйлчлээд энэ хэргийг дарах гэж оролдож байгаа юм бол?

-Амиа аврах гэж оролдож байна. Ер нь тэдэнд монголчуудыг хуурч мэхлээд, сэтгэхүйгээр нь тоглоод болдог юм гэсэн ойлголттой байх шиг байна л даа.

-Ингэхэд Хяналтын дэд хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх ёстой байгууллага мөн үү?

-Ерөнхий сайд, Шадар сайд хоёр албан тушаалтны хоорондын асуудал юм шүү дээ. Хяналтын дэд хороо сайндаа л Ерөнхий сайдынхаа харьяанд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга генералаа аваачиж сонсоно биз. Түүнээс биш энэ асуудлыг анхан хэлж байсан гэрчийн хүмүүстэй энэ хяналтын хороо уулзаж чадахгүй. Гэтэл АТГ нь нэгэнтээ У.Хүрэлсүхийг төрийн эргэлт хийх гэсэн байна гээд прокурорт асуудлыг нь шилжүүлснээ мэдэгдсэн. Ийм байхад нөгөө гурав нь хяналтын хороон дээр очоод тоть шиг давтана. Энэ нь Засгийн газар нь маргаантай байхын хажуугаар УИХ өөрөө хамгаалдаг байгууллага болж хувирсан байна. Энэ бол төрийн доройтлын маш том хэмжүүр. УИХ нь очоод хоёр хүний маргааны асуудлыг яриад сууж байна. Ул мөрийг нь олохын тулд бодитоор хандах ёстой. Гэхдээ найдвар тун бага. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Дээд шүүх шийдлээ шүү дээ. Шүүхийг буруу зөв гэж хэлэхэд хэцүү. Цаана нь логик гэж хэнд ч дийлддэггүй юм байдаг. Хэрэв С.Зоригийн амь насыг хөнөөсөн юм бол захиалагч нь хэн бэ. Гэтэл шүүх хурлыг хаалттай хуралдаж байгаа нь сэжиг төрүүлээд байгаа юм. Энэ хэргийг ингэж хаалттай маягаар шийдэж байгаа юм бол бусад асуудлыг шийдэхэд хялбархан гуйвуулж чадна. Тэр тусмаа прокурорынхон дотор “сагсайдах” гэж сайхан үзэгдэл бий. Төрийн дампуурлын энэ нөхцөлд хамгийн гол дуу хоолойг Ерөнхийлөгчөөс сонсох ёстой.

-Шинэ Ерөнхийлөгч цаашид хэрхэн ажиллана гэж итгэж байна?

-Х.Баттулга гэдэг хүнээр төрөө удирдуулъя гэж Монголын ард түмэн сонголоо.Түүнийг хүн бүр өөр өөрийн өнцгөөр хардаг байх. Миний хувьд энэ хүн самбо бөхийн дэлхийн аварга. Дэлхийн аварга хүний сэтгэхүй ямар байх вэ гэдгийг бодох ёстой. Тэр хүн заавал нэг алхам хийхдээ дараагийн алхмуудаа бодно. Тэгж бодож чаддаггүй хүн дэлхийн аварга болж чаддаггүйдээ. Хоёрдугаарт, энэ хүн зорьсондоо хүрэхийн тулд туйлбартай зүтгэх чанар байх ёстой. Үүнийгээ сонгуулийн үеэр харуулсан. Нөгөө талдаа энэ хүний хувьд дэлхийн олон аавын хөвгүүдтэй нүүр тулж явсан. Хэнтэй ч ярихдаа жигд түвшинд яриад, өөрийгөө ойлгуулаад, тэр хүнийг ойлгуулах чадвар сэтгэхүй талаасаа байна. Ер нь мэргэжлийн асуудлыг шийдэхэд зөвлөхүүд нь ямар байхаас шалтгаална.

-Манай улс бондын өрөө төлж чадахгүй бол деполт зарлах аюул нүүрлээд байсан. Харин ОУВС-гийн дэмжлэгийг авлаа. Засгийн газар гадны өр зээлээ дарах ямар гарцуудыг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

-“Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаднаас зээл аваад бондоо төлөх бэлтгэлд хийж байсан юм. Засгийн газар унаснаар ОУВС-гийн хөтөлбөр болино” гэж яриад байх юм. ОУВС-гийн хувьд Ж.Эрдэнэбат Засгийн газрыг толгойлбол зээл өгнө, өөр хүн гарч ирвэл өгөхгүй гэсэн хэлэлцээ байгаагүй байх л даа. Монгол Улсын нэрээр өгсөн болохоор болох байх. Ирэх онд зээлийн ачаалал хүндэрнэ. Бондуудын болон бусад өр төлбөрүүд гээд нэг тэрбум ам.долларын асуудал гарна. Энэ бүхний цаад талд нөгөөх олигархи засаглалын арчаагүй байдал улс орныг ийм байдалд оруулчихлаа. Харамсалтай Ардын намынхан гарч ирээд газрын тос боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд шийдсэн бол Монгол Улс өнөөдөр адаглаад нэг тэрбум ам.долларын импорт хэмнэчих боломж байсан. Хэрэв ингэсэн бол бид өр зээл төлөхөд ямар ч бэрхшээл гарахгүй.Бусад улсын нефть боловсруулах үйлдвэрүүд асар том байдаг байх. Гэхдээ Монголын хэрэгцээг тэдэнтэй жиших юм бол өчүүхэн шүү дээ.300 мянган тн шатахуун гаргах үйлдвэр байгуулъя гэвэл хоёр жилийн дотор хийчих ажил. Гэтэл хийсэнгүй. Өөрсдөө газрын тос олборлоод гадагш нь гаргачихаад эргүүлээд бензин аваад өрөнд ороод сууж байгаа бол арчаагүй байдлын шинж л дээ. Ийм нөхцөлд ойрын гурав дөрвөн жилд эдийн засаг сэргэлт авна гэхэд хэцүү. Эдийн засгаа сэргээе гэвэл баялгийнхаа эзэн болох ёстой. Тэрнээс ямар ч өр бондын асуудал бидэнд хүндрэл болохгүй байсан.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг орон даяар хэлэлцүүлж байна. Та ярилцлагынхаа эхэнд улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэлээ. Тэгэхээр “эцэг” хуулиндаа өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буй зургаан сэдвийн тухайд юу хэлэх вэ?

-Одоогийн санал болгож байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан асуудал бол гол агуулгаараа луйврын аргаар төрийн эргэлт хийх оролдлого гэж бодож байгаа. Монголын үе үеийн Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж тунхаглаж ирсэн. Одоогийн үндсэн хуулинд ч гэсэн тийм л байгаа. Гэтэл одоогоор монголын нийгэмд гарч байгаа бүх хүнд асуудлууд төрийн эрх маань ард түмний эрх мэдлээс гараад намуудын гарт очоод, намууд нь цаашаа олигархи бүлэглэлүүдэд худалдаад, олигархи бүлэглэлийн засаглал тогтсонтой холбоотойн. Энэ асуудлыг шийдэхгүйгээр бид юу ч шийдэж чадахгүй. 2006 онд олигархи бүлэглэлийн засаглал тогтсоноос хойш солигдсон Засгийн газрууд бүгд тодорхой ашиг сонирхолд үйлчиллээ шүү дээ. Эх орон, ард түмэндээ үйлчлэхээс илүү тодорхой бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчиллээ. Үүнийг өөрчлөхгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй. Одоогийн 76 гишүүнийг намууд нэр дэвшиж гаргадаг. Намд хэн хандив өргөнө, хэн намын даргын цүнхийг барьж гүйсэн нь нэр дэвшээд гараад ирж байна. Энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол монголын нийгэмд цаашдаа зөв явна гэхэд хэцүү. Гэтэл одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал Монгол төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасаад, Засгийн газартаа чиглэл өгөх эрхийг нь хасаад, бэлгэдлийн төдий үлдээгээд, Ерөнхий сайдаа дөвийлгөж байгаа юм. Сүүлийн зургаан Ерөнхий сайдыг хүн тус бүр дээр нь ярья л даа. М.Энхболд Засгийн газрын үед баахан компанийн захирлуудыг авчираад цоохор засаг байгуулсан. Их бүтээн байгуулалт гэж зарлаад Монголынхоо дөнгөж тэнцвэржиж байсан эдийн засгийн бүх тэнцвэрийг эвдсэн. Гадаад худалдаа нь алдагдалтай, төсөв нь алдагдалтай, төмөр зам нь ачааллаа даахгүй, мөнгө нь дуусаагүй барилга руу хэт цацсан байдалтайгаа 2007 оны их хямралтай залгуулсан. Дараа нь С.Баяр гарч ирээд 2008 оны сонгуулийн үеэр намын дарга болно гэж зүтгэсээр байгаад Ерөнхий сайд болсон. Тэгээд Оюутолгойн гэрээг Монголынхоо эрх ашгийн эсрэг хийсэн. Нөгөө хүлээлт нь байхгүй болохоор эдийн засаг нь ангайсан чигээрээ хоосон хоцорсон. Дараа нь Сү.Батболд гарч ирээд дахиад Оюутолгойн гэрээг батлуулаад Их хурлаа хахуульдаж байж алдагдалтай төсөв гаргасан. Засгийн газар Их хурлаа хахуульдана гэдэг бол дэлхийд ховор үзэгдэл. Гэтэл 2009 оны төсвийг Их хурал нь буцаая гэж байхад бүх гишүүнд нэг тэрбум төгрөг зарцуулах эрх өгье гэхэд тэр дор нь баталчихсан. Н.Алтанхуягийн Засгийн газар банкаа барьж чадахгүй нэг жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 70 хувь өсч байлаа. Баахан зээл, бонд, Хөгжлийн банкны зээл гээд баахан үр ашиггүй үрэн таран хийсэн. Дараа нь Ч.Сайханбилэг гарч ирээд Дубайн хэлэлцээ хийгээд Монголынхоо газар нутгийг гадны банкнаас зээл авахдаа барьцаанд тавиад туучихсан. Одоо арабууд ирээд манай нутаг дэвсгэр гээд манай газар нутаг гээд байшин бариад суух тохиолдол бодитой болох гээд байна. Ийм Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл оруулж байна. Гэтэл одоо Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө мэдэж авч болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй

“Өдрийн сонин”-ы 2017.09.05-ны мягмар гаригийн №189(5756) дугаараас авч нийтлэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-МАн доторх тэмцэл засаг унагах асуудлаар үргэлжилж, улс төр сүүлийн үед бужигнаантай байна. Та өмнө энэ асуудлыг АН-д хамаагүй гэж байсан. Харин танай намын улс төрийн зөвлөл “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргалаа. Яагаад ийм шийдвэрт хүрэв?

-Өнөөдрийн эрх барьж байгаа Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаанд АН-ын улстөрийн зөвлөл хуралдаад дүгнэлтээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд үүссэн нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг нь хэлэлцэж, УИХ дахь АН-ын бүлэгт “Засгийн газарт хариуцлага тооцож ажилла” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу бүлэг хуралдаад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Ямар нэг санал санаачилга гаргасан хүмүүс бүлэгтэй санал нэгдээд байгаа асуудал биш. Бие даасан үнэлэлт дүгнэлт өгч тэрнийхээ дагуу хариуцлага тооцъё гэж байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд өнөөгийн эрх баригчид галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л ажиллалаа. Өнөөдөр гаргасан шийдвэрээ, маргааш нь өөрчилж байдаг. УИХ, Засгийн газрын нэр хүнд навс уналаа. Монголын хууль гурван хоног гэсэн егөө үг энэ Засгийн газрын үед үнэхээр нотлогдлоо. МАН гарч ирэхдээ дэвшүүлсэн гоё, гоё амлалтууд өгсөн. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь нийгэмд бодитой, үүнийг л хийсэн шүү гэхээр ямар ч ажил алга. Хүчингүй болгосон, хойшлуулсан, дордуулсан алхмуудыг л хангалттай хийсээр ирлээ. Энэ бол хэт улстөржсөний гай. Ер нь аливаа зүйлд улстөрийн хэм өгсч буурна гэж байдаг. Гэтэл тэдний халууны хэм огт буусангүй. Байнга 40 градустай халуурсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Улс орны хувь заяа, хөгжил, нийгэм эдийн засгийн тулгамдаж байгаа маш олон асуудлууд биднийг хүлээж байна.

Гэтэл тэр бүгдийг хойш тавиад байна. Дээр нь хэвийн явж байсан ажлуудыг хүртэл зориуд санаатайгар зогсоож байна. Аливаа эрсдлийг дандаа АН-д тохох гэж хэт улайрсан улс төрийн хийрхлээс болж өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэл үүслээ. Монголбанкны ерөнхийлөгч гарч ирж ажлаа авангуутаа валютын нөөц хасахтай байна гээд зарлачихсан. Яг үнэндээ АН энэ Засгийн газарт тэрбум гаруй ам.долларын нөөцтэй улс үлдээсэн. Тэр мөнгийг хааш нь хийчихээд ярьж байгаа юм бэ. Тэр хүний мэдэгдлийн дараа валютын ханш 400 гаруй төгрөгөөр огцом нэмэгдсэн. Оргил үедээ 700 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн.

-Сангийн сайд ч бас цочир мэдэгдэл хийсэн байх аа?

-Тэгсэн. Ажлаа авангуутаа дефольт боллоо гээд зарлачихсан. Эдийн засгийг өсөлттэй хүлээлгэж өгсөн байхад шүү дээ. Манай нам олон сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байсныг МАН зогсоосон. Сайн хөтөлбөрүүд бол улс төрийн хувьд оноо авах гэсэн, ашиг хонжоо олох зорилготой байгаагүй. Бие нь муудсан хүнд яагаад дусал хийдэг юм бэ. Тэр хүний цусаар дамжуулж дутагдаад байгаа тэжээл, эрч хүч өгөхийн тулд л дусал хийдэг биз дээ. Монголчууд нас залуу, цус шингэн гэж ярьдаг даа. Цус шингэн байхаараа л гоё зүс царайтай, өвчин зовлонгүй байдаг. Яг түүнтэй адил аль ч улс орны эдийн засагт гол юм бол ерөөсөө л мөнгөний урсгал. Мөнгөний урсгалыг нь хумиад, багасгаад эхлэхээр л тухайн эдийн засаг улам өвчлөөд, бүтээн байгуулалт, хөрөнгө орууллат цалин мөнгө нийгмийн амьдрал бүх юм доошоо ордог. Гэтэл эрх баригчид гарч ирэнгүүтээ цусны эргэлтийг нь боочихсон. Бүх сайн хөтөлбөрүүдээ хааж, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг огсонги байдалд оруулсан. Энэ бол зориуд бодлоготой үйлдэл.

-Ямар учраас ийм бодлого хэрэгжүүлсэн гэж?

-Муу эдийн засаг хүлээж авсан гэж харуулахын тулд хэт улайрсан. Улстөрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгч улстөрийн хүчнээ нэгмөсөн байхгүй болгохын тулд хийж байгаа алхам. Бясаагаа алах гээд байшингаа шатаав гэгчээр АН-ыг утсгах гэж зорих замдаа улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүх эрх ашгийг уландаа гишгэсэн. Эдийн засаг хэвийн л явж байсан. Хүнд байсан уу гэвэл хүнд байсан. Гэхдээ нэг цикл байдаг юм. МАН засгийн эрхэнд гараад ирэхээр гадаад зах зээл дээр ашигт малтмал, уул уурхайн бүтэгдэхүүний үнэ өсдөг. АН гараад ирэхээр буурчихдаг. Саяын 2012-2016 онд бууралттай үе таарсан. Олон улсын зах зээл дээр нүүрс, зэс, алтны бүх үнэ унасан. Гэтэл тэрийг АН унагаагаагүй. Дэлхийн зах зээлийн үнийн цикл л тэгж таарсан хэрэг. Тэрнээс өмнө 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийн хүлээлгэж өгсөн гэж яриад байгаа. Австралид үер болсон. Хятад яг тэр торгон мөчид бүх нүүрсээ манайхаас авч байсан. Ямар өндөр үнээр шахаж байлаа даа. Би нэг л зүйл хэлье. Үнэхээр өндөр өсөлттэй байсан бол яагаад хуримтлал бий болгоогүй юм бэ. Яагаад үр дүнтэй хөрөнгө оруулалт руу хөрөнгөө хийгээгүй юм бэ. Тэр мөнгө хаачсан юм. Үүнийг хэн ч шалгаагүй. Үнэндээ тэр үед Оюутолгойн гэрээ хийгдсэн. Оюутолгойн гэрээг хийвэл монголчууд долларт живнэ гэж тэр үеийн эдийн засагчид бараг бүгд л тэгж ярьж байсан. Гэтэл тэр сайхан мөрөөдөл нь өнөөдөр хаана байна. Тухайн үед буюу 2009 онд миний бие Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэж нөхрийг буруу гэрээ хийлээ, Оюутолгойг худалдлаа гэдэг үндэслэлээр огцруулах гэж гурван удаа өргөн барьсан. Харамсалтай нь дийлээгүй л дээ. Энд нэг нууц хэлэхэд үндсэндээ 34 хувийн зургаахан хувийг Монголын Засгийн газар, Монголын ард түмэн эзэмшихээр гэрээ хийчихсэн байсан. Тэрийг бид ил болгож тавьсны төлөө над руу маш олон хүн дайрсан. Зүгээр л хувь нийлүүлэгчдийн нууц гэрээ хийгээд нууцын тамга дараад, нууцын зэрэглэлд оруулаад, нууцын шкафанд хийчихсэн байсан. Харин тэр үед азаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд байж таарсан. З.Энхболд даргатай ярьж, Байнгын хороо хуралдаж байгаад тэр гэрээг гишүүдэд танилцуулаад нууцлалын зэргээс гаргасан.

Бор зүрхээрээ зүтгээд босгоод ирж болох байсан эдийн засгийг үндсэнд нь дампууруулсан хүмүүс өнөөгийн эрх баригчид өөрсдөө. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын засгийн газар дангаараа яваагүй. Яг бодит байдал дээр ярья. Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан эвслийн засгийн газарт байсан. Тэр үед өнөөдрийн МАН-ын гишүүн Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан. Өнөөдөр Монголын санхүү, эдийн засгийн бүх мэдээлэл прогнозыг МАН манай намаас илүү мэдэж байсан. 2012-2014 онд үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг Ч.Улаан барьж байсан. Сангийн сайд байсан. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил Б.Жавхлан ажилласан. Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн ажилласан.

-Гэхдээ танайх эрх барьж байсан биз дээ?

-Үнэхээр дангаараа өнөөгийн эрх баригчид шиг шууд нэг намын бүлэг дангаараа хуралдаад улстөр, эдийн засаг, нийгмийн тодорхой оновчтой шийдвэр гаргаад явах боломж байгаагүй. Эвслийн Засгийн газрын нэг аюул нь тэнд олонхи нь биш цөөнх ноёлдог. Бүх юмыг нээнтэглэж, барьцаалдаг. Тэгэхээр өнөөдөр өнгөрсөн жил гаруйн хугацааны нийгэм эдийн засгийн бодит нөхцөл байдал дээр илэн далангүй хэлэхэд үнэхээр хангалтгүй учраас цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн хаана байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн нь ч бүтсэнгүй. Одоо бүр 60 хувьд нь ч олгоно гэснээ өгөхгүй байна шүү дээ. Эрх баригч нам ард түмнийг тэнэг гэж боддог юмуу. Сөрөг хүчнээ басаад байна уу. Энгийн зүйл дээр хүртэл хуурах гэж оролдоод байх юм.

-Тухайлбал?

-Төсвийн орлого анх удаа 500 гаруй тэрбум төгрөгөөр давлаа гэнэ. Яаж ингэж хэлж чадаж байна аа.

2017 оны төсвийн тодотгол хийхдээ орлого орох эх үүсвэр алга гээд орлогоо нэг их наяд гаруй төгрөгөөр хассан шүү дээ. Хасч баталчихаад, эхний хагас жил тодотголоор хассан байсан орлогоос нь 500 гаруй тэрбум төгрөг ороод ирэхгүй юу. Тэгэхээр төлөвлөлт зөв байсан байгаа биз. Үлдсэн хагас жилд дахиад хэд орж ирэхийг бүү мэд. Тэгсэн хэр нь төсвийн орлого анх удаа давж биеллээ гээд байх юм. Угаасаа төсвийн бодит нөхцөл байдлаа зөв үнэлээд 2017 оныхоо төсвийн төсөөллөө хэлэлцээд баталсан. Тэрийг нь нэг их наяд гаруйгаар боломжгүй гэж хачихаад орлого нь ороод ирэхээр өө энэ чинь давсан орлого, бид мундагтаа давуулчихлаа гэж болохгүй. Давсан орлогоо яаж захиран зарцуулах нь Засгийн газрын эрх гэж зарлаад тэрүүгээрээ тоглоом хийж байна л даа. Дээр нь ОУВС, УИХ дээр улаан цайм худлаа ярьсан уу яасан, 807 тэрбум төгрөгийн концессийг дандаа сайд нартаа хуваагаад өгчихсөн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд “Бид харин ч концессийг шинэ хэлбэрээр хуваарилснаар 50 тэрбум төгрөг хэмнэсэн гэж байгаа юм. Ингэж барим тавим худлаа ярихаа болих хэрэгтэй. Хариуцлагаа шударга хүлээж чаддаг бай л даа. Кабинетийнхаа сайд нарт өчнөөн арван тэрбумаар хуваарилсан нь тэгээд зөв, шударга хэрэг үү.

Энэ нөхцөл байдлуудыг дүгнээд бид УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн. Ээлжит бус чуулган хуралдуулъя, Төсвийн хууль зөрчсөн зөрчлүүдийг арилгая, төсвийн тодотголоо хийе гэж. Зуншлага тааруу боллоо. Энэ өвөл юу болох юм бүү мэд. Хатуу өвөл болох төлөв байна. Өвс, тэжээл, хадлан улсын хэмжээнд авч чадсангүй. Авлаа гэхэд 30-40 хувиа хангах төдий юм авах дүр зураг харагдаж байгаа. Хэдэн малаа мах болгоод зоорилох уу. Энэ бүх асуудлаа шийдэх хэрэгтэй. Импортоор өвс тэжээл авах бол хөрөнгө мөнгө нь хаана байна. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал таатай байгаа. Зэсийн үнэ сүүлийн арваад жил хүрээгүй оргилдоо хүрлээ. Нүүрсний ханш маш өндөр байна. Зөв менежмэнт хийвэл гадаад зах зээл дээр манай экспортонд гаргадаг гол бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Үүнийгээ юу гэж тооцож, яаж харж байгаа юм. Засгийн газар хангалтгүй ажиллалаа, мэрэгжлийн гэх тодотголтой боловч мэргэжлийн бус засгийг бүрдүүллээ. Төрийн албыг арилжаа наймааны хэрэгсэл мэтээр зарж үрсэн байх магадлалтай асуудлууд үүслээ. Гэх мэт маш олон юман дээр асуудал ярьж байгаа учраас энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргасан.

-Эрх баригчдад ийм алдаа дутагдлууд байдаг юм байж. Гэхдээ нөгөө талаас нь харвал У.Хүрэлсүх гэдэг хүнтэй АН-ынхан, Ерөнхийлөгч нь хүртэл уулзаад, Засгийн газрыг унагах гээд улстөр хийгээд, дараагийн сайдад хэнийг томилох уу гээд хүртэл нэрс зоочихсон байсан. Нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би АН-ын даргын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. АН-ын зүгээс ямар нэгэн засгийн үйл ажллагаатай холбоотой огцруулах хариуцлага тооцуулах асуудалд өнөөдрийг хүртэл оролцоогүй явж ирсэн. Сая бол үнэхээр улстөрийн нөхцөл бйдал тулаад ирчихсэн, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов зарлагдсан цаг үед л бид Улс төрийнхөө зөвлөлийг хуралдуулж АН-ын бүлэгтээ чиглэл өгсөн. Бүлэг бол хариуцлага тооцох тал дээр зогсох нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг янз бүрийн байдлаар У.Хүрэлсүхтэй ч байна уу, өөр хэн нэгэнтэй хуйвалдаж, өнөөгийн төр засгийг тогтворгүй байлгахаар ажиллаж байна гэдэг ийм үйлдэл, ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Дөрвөн сайдыг АН авах гэж байна гэдэг яриа яагаад гарчихав?

-Гүтгэлэг зохион байгуулж болно. Гэхдээ жаахан үндэслэлтэй, хүн үнэмшихээр юм ярих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Шадар сайд хоёр суугаад л бичиг цаас болох юм гэнэ дээ. Алинд нь ч тийм эрх байхгүй. У.Хүрэлсүх МАН-ыг төлөөлөхгүй, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга АН-ыг төлөөлөхгүй.

-Гэхдээ л хөшигний ард ингэж л хийдэг…

-Дахиад хэлье. АН-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга төлөөлөхгүй. Би төлөөлдөг юм.

-Тэгвэл тантай ярьчихаж болно шүү дээ?

-Би тэгж найраанд ордог хүн биш л дээ. Тав алхахгүй ил тод болох юман дээр нуугаад, худлаа яриад яах юм. Би АН-ын дарга байгаа цагт МАН-тай ямар нэг байдлаар хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй. Хатуу хэлье. Энэ бол миний хариуцлагатай үг. Өнөөдөр бид улс төрийн хүчнийхээ хувьд хүчтэй сөрөг хүчин байх байр сууриа барьж байгаа. Түүнээс бид хэн нэгний өвөр хөнжилд орохгүй.

-Хүчтэй сөрөг хүчин байж чадаж байгаа юу?

-Чадна. Хүчгүй байтлаа бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялах уу. Бохир мөнгө, дарангуйллын эсрэг хүчтэй сөрөг хүчин байж чадсан учраас ялсан.

Эрх баригчид одоо УИХ-д 65-уулаа байгаа. Дотроо арван ч Засгийн газар байгуулах огцруулах бүрэн эрх нь тэдэнд бий. Ард түмний асар том итгэлийг авч гарч ирчихээд дотоод асуудлаа шийдэх явцдаа ард түмний эрх ашгийг унагааж хөсөрдүүлж болохгүй. Тэрнээс алга ташаад ура гэж хашгираад байх юм алга. Үнэхээр харицлага тооцох гэж байгаа бол бид хариуцлага тооцох талд зогсонно. Гэдээ аливаа асуудлыг шийдэхдээ улс орныхоо нийтлэг эрх ашгийг бодолцоорой,тооцоорой, зөв шийдвэр гаргаарай л гэсэн. Манай бүлгийн бүх гишүүд ийм байр суурьтай байгаа.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Дорждагва: Соёл хэмээх үзэгдэл бол хүн байх шалгуур үзүүлэлт юм

МУИС-ийн Филисофи шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Дорждагватай ярилцлаа.


-Удахгүй соёл, урлагийн ажилтны улсын зөвлөгөөн болно. Энэ арга хэмжээний талаар та ямар бодолтой байна?

-Их олон юм яримаар байна. Эдгээр салбарын зарим нэр томьёо, тэдгээрийн хэрэглээ, ойлголтын зөрүү, сургалт, судалгааны ажлын доголдол яривал их юм бий. Монгол ярианы хэлэнд юмыг холбоо, хоршоо үгээр илэрхийлэх юм. Ердийн ухамсрын түвшинд бол яая гэхэв ээ, харин онолын хүрээнд, шинжлэх ухааны утгаар ингэж болохгүй.

-Тэгэхээр соёл, урлаг гэдэг нэр томьёоны хувьд та шүүмжлэлтэй хандаж байгаа хэрэг үү?

-Шинжлэх ухаан бол үнэнийг хайдаг, илрүүлдэг. Гэтэл өгзөг, тохой хоёроо нэгэн зэрэг тавьж суудаг эд хогшлыг би л лав мэдэхгүй. Эсвэл гэдийгээд тохойгоо тулж болох вандан сандлыг яриад байгаа юм уу (инээв). Хүмүүс “Соёл урлаг” гэж л яриад байх юм. Соёл урлаг гэдэг үзэгдэл ертөнцөд байхгүй.

-Яагаад?

-Соёл, урлаг гэдэг өөр, өөр агуулгатай үзэгдлүүд, тэдгээрийг илэрхийлсэн тусдаа ойлголтууд бий. Нэг жишээ хэлье. “Соёл иргэншил” гэж бид ч нэг хэсэгтээ буруу бичиж байсан. Соёл иргэншил гэдэг үзэгдэл бас байхгүй. Харин “соёл”, “иргэншил” гэсэн тусдаа тодорхойлолт бүхий ойлголтууд байдаг. Манай нэг эрдэмтэн гадаад хүнтэй ярихдаа соёл иргэншил гээд л яриад байж, орчуулагч нь англиар “culture and civiliza­tion” гээд л орчуулаад байж. Сүүлдээ мань хоёр эрдэмтэн ер ойлголцохгүй болжээ. Шалтгаан нь болохоор монгол эрдэмтэн civilization гэдэг үгийг соёл иргэншил гэж буруу хэрэглэснийг шинэхэн орчуулагч хоёр үг болгож орчуулснаас хэрэг мандаж. “Соёл урлаг” гэх нь яг л тийм зүйл.

-Монголчууд бүгд л соёл урлаг гэдэг үгийг хамтад нь хэлдэг шүү дээ. Ингэж нэрших болсон шалтгаан нь юу юм бол?

-Энэ бол үндсэндээ улс төр, эдийн засгийн салбарыг дэмжих, тэдгээрийн ололтыг мандуулах үзэл суртлын илүү боломжит хэрэгсэл урлаг байна гэж үзэж, түүнийгээ соёл гэдэг томьёололтой нийлүүлсэн. Утга хутгаж, онол, аргазүйн хувьд будлиулсан өмнөх үеийн хуучин сэтгэлгээ, ажлын арга барилтай холбоотой байх.

-Соёл, урлаг хоёр холбоотой биз дээ?

-Холбоотой. Урлаг бол оюуны соёлын онцгой нэгэн илрэл. Харин “Соёл” хэмээх үзэгдэл бол угтаа хүмүүний хүн байх шалгуур үзүүлэлт мөн. Гагцхүү соёл гэдэг үзэгдлийн утгаар хүн төрөлхтөн амьтай, амьгүй бусад ертөнцийн аливаа илрэлээс ялгагдаж байдаг. Орчин цагт соёлын тухай зөв цэгцтэй ойлголт хэвшихгүй байна. Үнэндээ энд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд холбогдох асуудал байдаг.

-Энэ талаар та олон жил судлав уу?

-1998 онд гарын авлага, 2010 онд“Соёл судлал” сурах бичгээ гаргаж, “Монголын соёл судлалын холбоо” төрийн бус байгууллага байгуулан соёл судлаачдын үндэсний 10 семинарыг зохион байгуулахад оролцлоо.

-Соёлын байгууллагын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бүх яам үнэндээ бүгдээрээ соёлын яам. Учир нь хүний буй болгосон аливаа зохион байгуулалт хүний төлөө байдаг шүү дээ. Харин практик дээр урлагийн байгууллага, музей, номын сангийн гэх мэт асуудлыг соёлын гэж тодотгон авч үзэх нь бий. Тэгэхдээ энд урлагийн байгууллагаа төлөөлж, музей, номын сангаа шоовдорлох нь лав л манайд ужгирсан дутагдлын нэг. Харин зах зээлд орсноор музейнүүд үзмэрээ гадаадад түрээсээр аялуулж бас ч хөөрхөн юм олоод байна. Харин номын сан хэцүү байна. Угтаа номын сан бол ёстой буянтай салбар шүү дээ. Оюуны салбарын үнэлэмж бүхэлдээ дээшилж чадахгүй байгаагийн нэг жишээ, бас нэг шалтгаан бол монгол төр, засгаас бага анхаарч байгаатай холбоотой.

-Таныхаар урлагийн байгууллагууд нь ямар байна?

-Ядаж зах зээлд хөлөө олоод байх нь дээр юм. Гэхдээ урлагийн байгууллагууд янз янз л байгаа. Яамдын өмнөх бүтцийн үед төв театруудын орчны стандарт, орон нутгийн клуб, соёлын ордны орчны стандартын асуудлыг ярьж байсан, санхүүжилт их хэрэгтэй юм билээ. Энэ их улстөржилт, халаа сэлгээ ажлыг цалгардуулж, хийх гэхээсээ илүү нэг юмаа дахин дахин ярьсаар цаг хугацаа алддаг. Шулуухан хэлэхэд угтаа соёлын тухай хууль байх боломжгүй. Хүний хүн шиг байх чадварыг, хүмүүнлэг чанарыг хуульчлаад барагдах уу. Угаасаа бүх хууль тийм л зорилготой биз дээ. Манай “Соёлын тухай” хууль нэг үзэл сурталт хуучин нийгмийн үлдэгдэл, соёл хэмээх үзэгдлийг андуу ухаарч ирсний гэрч юм. Тэнд яригдаж байгаа санааны дийлэнх нь урлагийн ертөнцтэй холбоотой байдаг. Түүний оронд харин “Урлагийн тухай” хууль, бүр нарийвчлаад “Киноны тухай”, “Дүрслэх урлагийн тухай”, “Орон нутгийн клуб, соёлын ордны тухай” хууль гэх зэргээр тодорхой хууль байж болно. Хоосон деклераци хэнд ч хэрэггүй шүү дээ. ОХУ “Соёлын тухай хууль” батлах гээд чадалгүй хэдэн парламент дамжууллаа. Казахстанд нэг тийм хууль байна лээ. Интернет ухаад үзээрэй.

-Ингэхэд та Төрийн соёлын бодлогын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тэр чинь бас л урлагийн асуудалд голлон чиглэгдсэн юм билээ. Угтаа соёлын тухай бодлого бол их даацтай, холч бодлого. Хар хайрцагны бодлого гэж ярьдаг даа. Соёлын бодлогод холбогдох хоёр чухал салбар байдаг нь боловсролын болон шашны салбар. Дашрамд хэлэхэд хүүхдийн сургуулийн өмнөх үеийн хөгжлөөс эхлээд докторын сургалт хүртэлх асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энд маш чухал функци гүйцэтгэх ёстой. Энд би боловсролоор дамжуулж соёлтой амьтан буй болгох, хүнээр хүн хийх асуудлыг хөндөж байна л даа.

-Урлагийн талаарх манай судалгаа шинжилгээ аль түвшинд яваа бол?

-Урлаг судлал гэдэг нэр томьёо бол урлагийн тусгаар төрөл жанруудын тухай судалгааг багтаасан ерөнхий нэр. Манайд тодорхой салбарын судалгаанууд бий. Урлаг гэдэг үзэгдлийг судалдаг өөр салбарууд, тухайлбал урлагийн философи, урлагийн социологи, урлагийн сэтгэл судлал, бас урлагийн шүүмжээр түлхүү ажилламаар байна. Бас нэг чухал юм бол судалгааны онол, арга зүйн түвшинд онцгой анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эстетикийг шинэчлэх хэрэгтэй. СУИС-ийн магистрын сургалтанд зориулан бэлтгэсэн “Урлагийн философи” нэртэй товхимолдоо дээрх асуудлыг хөндөж оруулсан.

-Та гоо зүй гэж нэрлэхгүй байна уу даа…

-Тиймээ, тэгэж нэрлэмгүй байна гэсэн санаагаа зарим илтгэлдээ хэлж, бас дээрх товхимолдоо тусган оруулсан байгаа. Бид физик, хими, философи, социологи, компьютер, интернет гэж ярьж болоод байгаа биз дээ. Түүн шиг эстетик гээд ярьж яагаад болохгүй гэж. Ингэхэд бидний яриа сунжраад байна. Багш хүн нуршуу ярьж байгаагаа мэддэггүй юм. Үүнийг яривал хэд хэдэн лекц болно доо. Товчхон хэлэхэд, эстетикийн категориуд болох муухай, адгийн, эмгэнэлт, шог зэрэг нь гоо сайхны тухай асуудал.

-Уламжлалт эстетик, орчин үеийн эстетик хоёр ямар ялгаатай вэ?

-Уламжлалт эстетик нь үндсэндээ тухайн үеийнхээ мэдлэг, мэдээллийн нөхцөл бололцоонд тулгуурлаж, тэр үеийнхээ голлох үзэл санаанд баригдмал, хэвшмэл байдалтай оршиж ирсэн бол орчин үеийн эстетик нь илүү чөлөөтэй, олон ургальч үзлийг эрхэмлэсэн байдгаараа түүнээс эрс ялгагддаг.Уламжлалт эстетик голчлон “сонгодог” гэх үеийн урлагтай холбоотой байж, “сайхан”-ыг үндсэн категорио болгодог нь түүний нэг онцлог. Орчин үеийн эстетик нь өнөө үеийн мэдээллийн эрин, урлагийн шинэ төрөл зүйлүүдтэй холбоотой байж, “сайхан”-ыг бусад категориудын зиндаанд тавьж, олон категорийг шинээр нэмжээ. Ерөнхийдөө эстетик бол философийн нэг салбар гэдэг харьцангуй тогтсон ойлголт байдаг. Тэгээд л эстетикийг урлагийн философи гээд байдаг юм. Гэтэл бид наад зах нь хоёр нэр томьёо байсаар байтал үл тоомсорлоод байж болохгүй биз дээ.

Э.Мөнх-Отгон

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: Орос, Хятадтай сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ

“Өдрийн сонин”-ы 2017.08.24-ний пүрэв гаригийн ¹180(5747) дугаараас авч нийтлэв.

Л.Пүрэвсүрэн зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Шинэ Ерөнхийлөгч гадаад айлчлалынхаа товыг тогтсон уу. Албан ёсны айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ гэж байсан?

-Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар оролцоно. Ерөнхийлөгч зөвхөн энэ хуралд оролцох бус бас ОХУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол-Оросын харилцааны асуудлаар нэлээд дэлгэрэнгүй санал солилцох байх.

-Энэ сарын сүүлчээр Будапешт хотноо болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү очих сураг дуулдаж байна?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч гэсэн Монголын жүдо бөхийн холбоогоо удирдсан хэвээр байгаа. Энэ сарын сүүлчээр Будапешт хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бас Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Олон улсын жүдо бөхийн холбооны сонгуульт ажилтай тул оролцох шаардлага байгаа. Ингэхдээ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар очих юм. Гэхдээ Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг утгаар Унгарын талаас хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нь ойлгомжтой. Энэ бол Ерөнхийлөгчийн хувийн айлчлал. Тэрбээр бүх зардлаа хувиасаа гаргаад явна.

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас манай улс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцох гэж байна. Манай талаас бизнесийн төлөөлөл, албаныхан, хэд хэдэн сайд нар явна. ОХУ, БНХАУ, Япон, Солонгос болон бүс нутгийн бусад улсуудаас улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр Монгол-Оросын бизнесийн уулзалт зохион байгуулна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн томоохон төслүүдээ танилцуулж ярилцахаар төлөвлөж байна.

-Ерөнхийлөгч ОХУ руу айлчлахдаа ямар асуудлуудыг шийдэх вэ?

-Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй сайн харилцаатай. Харин эдийн засгийн харилцаа сул. Хамтарсан төмөр замаа шинэчлэх, коридоруудыг нь өргөтгөх ёстой. Эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлууд байна. Ерөнхийлөгчийн анхаарч байгаа хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал байна. Монгол Улс 80 гаруй сая малтай болчихлоо. Хуучин Сибирийн зах зээл манайх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс шир зэргээ гаргаж чадахгүй байна. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй манай Ерөнхийлөгч нухацтай ярилцана. Ерөнхийлөгч Орос Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Товчдоо Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлсон яриа хэлэлцээ болох болов уу.

-Шинэ Ерөнхийлөгч маань гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Гадаад харилцаанд залгамж чанар хамгийн чухал. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцаа хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт хэмээн заасан байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөрштэйгээ харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаа. 1990 он хүртэл манай урд хил хаалттай, зөвхөн хойшоо харилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд хойд хөрштэйгээ бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийчихсэн байна. Ерөнхийлөгч үүнийг засна гэж байгаа. ҮАБ-ын үзэл баримтлалд тусгаснаар тэнцвэртэй харилцаа тогтоох гэж байна гээд Хятадын харилцаагаа хязгаарлаад, Оросоо дэмжээд яваад байх биш юм. Мэдээж Хятадынхтай тогтоосон харилцаагаа цаашид ч өргөжүүлнэ. Харин Оростой тогтоосон харилцааг тэр хэмжээнд хүртэл хурдтай авчрах зорилт тавигдаж байна. Ерөнхийлөгч бизнесийн салбараас гаралтай хүн болохоор аливаа арилжаа наймаа нэг талдаа ашигтай биш, хоёр талдаа харилцан ашигтай байснаар илүү урт хугацаанд тогтвортой хөгжинө гэсэн байр суурьтай байгаа.

Мэдээж гурав дахь хөршийн бодлогыг орхигдуулахгүй, эрчимжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ утгаараа Владивостокийн форумын үеэр Японы Ерөнхий сайд болон БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана. Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэхэд тэргүүний технологи хэрэгтэй. Банк, санхүү гээд санхүүжилт хэрэгтэй байна. Үүнд гурав дахь хөршийн үүрэг оролцоо чухал байгаа. Үүндээ анхаараад явна.

-ШХАБ-д манайх ажиглагчийн статустай оролцдог. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Манайх бол анхных нь ажиглагч орон. 12 дахь жилдээ ажиглагчийн статустай явж байна. ШХАБ-ын нөхцөл байдал нь өөрчлөгдөж байгаа зүйл бий.Эхлээд “Шанхайн тав” гэж ярьдаг байсан бол сүүлдээ “Шанхайн зургаа” болсон. Өнгөрсөн зургадугаар сард Астанад болсон дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр улс шинээр нэгдсэн. Ингэснээр Евроазийг хамарсан маш том байгууллага болоод байна. ШХАБ-ыг хаашаа явах вэ гэдгийг Монгол Улс анхааралтай харж байна. Эдийн засгийн тал руугаа давамгайлах уу, цэрэг улс төрийн эвсэл болох уу гэдгийг нь сайн ажиглаж байх хэрэгтэй байх. Эдийн засгийн тал руугаа илүү түлхүү яваад ирвэл бид хоцрох ёсгүй байх. Иймд ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх, элсэхгүй асуудал нь эргээд ШХАБ-ын өөрийнх нь чиг хандлага, явцаас шалтгаалах юм.

-Монгол Улс Хятадын“Бүс ба зам” бодлогын гадна орхигдоод байна. Уг нь манай улс хамгийн ойрын хөрш нь. Гэтэл Лондон хүрэх зам, ОХУ-аас авч буй хийн хоолой зэргээ манайхыг тойруулаад явууллаа. Тэгэхээр “Бүс ба зам” оролцоотой болохын тулд Ерөнхийлөгчийн хувьд ямар бодлого явуулах вэ?

-Үнэхээр манай улс орхигдоод байгаа юм шиг байдал ажиглагдаж байгаа байх. Өмнө Европ-Азийг холбосон гол төмөр зам болох Сибирийн төмөр зам Монгол, Манжуураар л дайрч байсан шүү дээ. Гэтэл одоо нөхцөл байдал өөр болж, өөр гарц, коридор гараад ирлээ. Бид үүнд мэдээж дүгнэлт хийж, урьдын адил идэвхтэй оролцогч байхыг зорьж байгаа. Тиймээс Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг манай тал санаачилж 3 жилийн өмнө эхлүүлсэн. Нэг жилийн өмнө гурван тал гарын үсэг зурсан. Харин одоо хэрэгжүүлэх л асуудал байна. Эдийн засгийн коридор гэдэг бол “Бүс ба зам” төслийн нэг хэсэг гэж үзэх үндэслэлтэй. Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж тодорхойлсон байгаа. Голдуу Монголын нутгаар дайраад Орос Хятадыг холбосон дэд бүтцийн төслүүд. Эндээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргах цаг үе нь ирчихээд байгаа юм.

-Та Швейцарийн холбооны улс руу Элчин сайдаар томилогдсон шүү дээ. Яагаад яваагүй юм бэ?

-Энэ оны тавдугаар сарын сүүлээр өмнөх Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн Швейцарийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилох шийдвэр гарсан. Швейцарийн талаас намайг Элчин сайдаар хүлээн авахад бэлэн гээд агреманы хариу ирсэн байгаа. Явахад бэлэн болсон гэсэн үг. Гэхдээ шинэ Ерөнхийлөгч намайг гадаад бодлогын зөвлөхийн ажлаа үргэлжлүүлэн хийж байхыг хүссэн. Гадаад бодлогод залгамж чанар гэдэг чухал зүйл байна. Шинэ Ерөнхийлөгчийн ажил цэгцрэх хугацаанд хуучин ажлаа ийнхүү үргэлжлүүлээд хэсэг хугацаанд хийгээд байж байна.

-Та саяхан Ираны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохдоо хойд Солонгост тавьсан АНУ-ын хоригийг Монгол дэмжихгүй байгаа гэсэн утгатай ярилцлагыг орон нутгийн хэвлэлд өгсөн юм уу?

-Тэр бол ташаа мэдээлэл. Наймдугаар сарын 5-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани дахин сонгогдоод тангараг өргөх ёслол болсон. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн тусгай элч гэдэг утгаар энэ ёслолд оролцсон. Тэнд дэлхийн 105 орны төлөөлөгч, 25 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ болсон. 20 гаруй улсын төрийн тэргүүн, бусад олон тооны дээгүүр зиндааны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Наймдугаар сарын 4-ний шөнө онгоцноос буухад Ираны парламентын байнгын хорооны дарга угтаж авсан. Тэндээ хэдэн минут уулзаж, ярилцаад зочид буудал руугаа явсан байгаа. Тухайн үед Ираны телевиз дүрс авч байсан. Би тэнд ямар нэг мэдэгдэл хийгээгүй. АНУ-ын хоригийг Монгол Улс дэмжихгүй гэж буруушаасан үг яриа огт болоогүйг хариуцлагатай хэлэх байна. Монгол Улс Хойд Солонгосын асуудлаар НҮБ-ын гишүүний хувьд тэндээс гаргасан шийдвэрүүд, түүний дотор хоригийг бүрэн дэмждэг, биелүүлэх ч үүрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Гарын үсэг зурсан гишүүдийн ард ямар эрх ашиг нуугдаж байна вэ?

“Өдрийн сонин”-ы 2017.08.23-ны лхагва гаригийн №179(5746) дугаараас авч нийтлэв.

МАН-ын удирдлагуудын хагарал ойрын өдрүүдэд нэлээд ширүүсч байна. Албан тушаалын төлөөх тэдний тэмцэл Их хурлаас нь өмнө улам хурцдаж таарна. Энэ өдрүүдэд фракц хоорондын сөргөлдөөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явдлаар үргэлжилж байна. Засаг унагаах тактикт УИХ дахь МАН-ын бүлгийн 20-иод гишүүний нэр явж байсан бол сүүлийн хоёр хоногт 32 болж нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. Тэдгээрийг дурдвал, Т.Аюурсайхан, Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэрс бичигдсэн байв. Гэхдээ тэд гарын үсэг зурснаар санал нь албан ёсных болж баталгаажина. Харин өчигдрийн байдлаар дээрх нэр дурдсан гишүүдээс 20-иод нь гарын үсгээ зурсан гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы албан бланктай анх гарч ирсэн Засгийн газрыг огцруулах бичиг өнөөдрийг хүртэл өргөн баригдаагүй шалтгаан нь дээрх нэр дурдагдсан гишүүд гарын үсгээ зураагүй байсантай холбоотой юм. Эхэндээ 22 гишүүн дэмжиж байгаа мэт мэдээлж байснаа 32 болгож нэмэгдүүлсэн. Хуулинд зааснаар УИХ-ын дөрөвний нэг буюу 19 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөн барих эрхтэй. Хэрэв МАН-ын 32 гишүүн цөм дэмжиж гарын үсэг зурсан бол Засгийн газрыг шууд огцруулах хэмжээнд хүрнэ. Гэвч засгийг унагах санаачилгад нэрс нь жагссан гишүүд бүгд гараа өргөж дэмжээгүй байна. Тухайлбал, Сү.Батболд, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин нарын гишүүд гарын үсгээ зураагүй болохыг эх сурвалж дуулгав. Сү.Батболдын хувьд уржигдар гадаадаас иржээ. Өөрөө засаг толгойлж энэ албаны хүнд бэрхийг биеэрээ мэдэрсэн хүний хувьд тийм ч яаруу хөдлөхгүй нэгэн. Түүнийг гарын үсэг зураагүй тохиолдолд Д.Цогтбаатар гишүүн ч хөдлөхгүй. Учир нь тэднийг нэг фракц гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэгээд ч Д.Цогтбаатар гишүүн өчигдөр гадаадад явж байсан. М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар бас эзгүй байгаа юм билээ. Тэд хөдөө томилолтоор ажиллаж байгаа бөгөөд гарын үсэг зурах эсэхээ очиж байгаад шийднэ гэсэн хариу өгсөн юм. Засгийн газрыг тараах ажиллагаанд хамгийн их оролцоотой хүний нэг нь Ц.Нямдорж гишүүн гэж нийгэмд харагдаж буй. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр илэрхийлсэн түүний байр сууринаас ч ингэж дүгнэж болохоор. Харин тэрбээр засгийг огцруулах албан бичигт гарын үсэг зураагүй сурагтай. Түүнээс гадна Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын хуучны тулхтай гишүүд сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэхгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Л.Энхболд гишүүнийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай, эдийн засгийн уур амьсгал эерэг болж ирж байгаа энэ цаг үед төр засгаа тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа гэнэ. Түүнтэй ижил байр суурьтай хүн бол Л.Элдэв-Очир гишүүн. Түүний ойрын хүмүүсийн ярьснаар одоогийн Ерөнхий сайд намын дарга болсноор намдаа болон улс эх орондоо хэрэгтэй гэж үзэж байгаа бололтой. Засгийн газрыг огцруулах санаачилгыг эхэндээ дэмжиж гарын үсэг зурсан зарим гишүүн шийдвэрээсээ буцсан сураг ч саарал ордноос дуулдав. Тухайлбал, Д.Дамба-Очир нарын гишүүний нэр цохогдож байлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Засгийн газрыг огцруулах албан бичгийг маргааш (өнөөдөр) 11:00 цагт өргөн барина” гэж мэдэгдсэн байв. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Т.Аюурсайхан, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Д.Сумъяабазар, Я.Содбаатар, Н.Учрал, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Г.Солтан, Д.Тогтохсүрэн нарын гишүүд засгийг огцруулахыг дэмжиж гарын үсгээ зуржээ. Тэд өчигдөр нам дээрээ хуралдаж шийдвэрээ гаргасан байна.

Засгийн газрыг огцруулахаар шуурхайлж байгаа эдгээр гишүүдийг нийгэмд бүхэлдээ харж буй. Чухам яагаад тэд хамгийн түрүүнд гарын үсэг зурсныг ч сонирхож, дор бүрнээ таамаг дэвшүүлж байгаа. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байх талтай гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.Ашиг сонирхол гэдэг нь эрхэм гишүүдийн хувийн бизнес юм. Тэдний бизнесийг Засгийн газар дэмжээгүй болохоор Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах саналыг хамгийн ихээр дэмжиж байгаа гэх. Гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг харахад Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун нар хувийн бизнестэй. Ц.Гарамжав гишүүний хувьд Эрдэнэтэд том шахаа хийх гээд бараагүй гэж яригддаг. Засгийн газар компанийг нь дэмжихгүй байна гэж гомдол гаргасан гэх мэдээлэл бий.

Д.Сумъяабазар, Я.Содбаатар нарын гишүүдийг Ж.Эрдэнэбат сайдтай хувийн тооцоотой гэж мэдээлэгдэж байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн жилийн сонгуулийн дараа танхимаа бүрдүүлж байхад Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн МАН-ын дарга болох гэж зүтгээд чадаагүй. Дараа нь ХХААХҮ-ийн сайдын суудлыг горилсон боловч эрхэм сайд мөрөөдлийг нь биелүүлээгүй. Я.Содбаатар гишүүний тухайд яривал Хөдөдмөр, нийгмийн хамгааллын сайд болох хүсэлтэй байсныг нь Ж.Эрдэнэбат авч хэлэлцээгүй. Тиймээс тэдэнд Засгийн газрыг огцруулах асар их сонирхол байгаа нь хэнд ч ойлгомжтой. Д.Сумъяабазар гишүүн өөрийнхөө санал руу Х.Нямбаатар гишүүнийг урвуулсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Харин Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн хүмүүс. Дээрээс нь Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Гантулга нар ч эдний фракцийнх. Д.Гантулгын хувьд У.Хүрэлсүхийн тойргоос УИХ-д гарч ирсэн. Гишүүн болох шатыг нь бэлдэж өгсөн нутгийн ахаа хачин ихээр дэмжихээс өөр аргагүй. Ж.Энхбаяр гишүүн намынхаа Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж, мэдэгдсэн. Гэхдээ түүнд албан тушаал горилж, сайдын сэнтийд санаархах бодол байхгүй гэгддэг. Улс төрийн нөхцөл байдал түүний үзэл баримтлалыг яаж эргүүлэхийг хэн ч мэдэхгүй. Ц.Даваасүрэн гишүүний хувьд улс төрд орохоосоо өмнө Сангийн яамны гол судсыг атгадаг нэлээд чухал газрын дарга байсан. Тэрбээр УИХ-д орж ирснээсээ хойш гайгүй сайн эдийн засгийн мэдлэгтэй хүн гэж өөрийгөө үнэлдэг. Үүн дээрээ дөрөөлөөд Сангийн сайд болох мөрөөдөл тээж явдаг байж магадгүй юм. Учир нь тэрбээр АН-ын эрх барьж байсан үед ч өөрийнхөө намын засаг барьж байгаа өнөө үед ч тэднийг огцруулах саналд нэгдсэн. Энэ удаагийн Засгийн газрын хөдөлгөөнийг мөрөөдлийг нь биелүүлэх боломж гэж харж байж ч мэднэ.

Юутай ч өнөөдөр Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих нь тодорхой байна. Засгийн газрын зүгээс Шадар сайдтай хэл амаа ололцож, зарим салбарын сайдын албан тушаалыг өгөх санал тавьсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. Иймд сайд нарыг өөр өөрсдийнхөө хүрээлэл хүрээллээрээ гишүүдийг өөрсдийнхөө талд оруул гэсэн чигийг Засгийн газраас өгсөн гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Барилгачин С.Баяраа

С.Баяраа үр хүүхэд, ач, зээ нарынхаа хамт

“Баяраа ойрдоо ажил ихтэй

Байшин бариад амралт багатай

Өглөө босоод өрж гарна

Өндөр намаар барьж эхэлнэ

Хүүхдийн цэцэрлэг, хүнсний дэлгүүр

Хүн эмнэлэг, хүүхэлдэйн театр

Баяраа үүнийг барьсан юм

Багахан энэ хотыг байгуулсан юм” хэмээх шүлгийг хүн бүр мэднэ. Социализмын үеэс эхлэлтэй энэ шүлэг одоо болтол цэцэрлэгийн багачуудын цээжинд байдаг. Харин шүлгийн маань гол баатар Баяраагийн тухай мэдээлэл тун хомс билээ. “Үнэхээр барилгачин хүн байдаг уу, эсвэл хүүхдүүдэд зориулсан мөртүүдийн дүр юм болов уу” гэж та бодож байсан уу. Тэгвэл энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаар монголчуудын эчнээ танил болсон “Барилгачин Баяраа”-гийнд зочиллоо. Түүнийг Сүрэнгийн Баяраа гэдэг юм. Өдгөө 76 настай энэ буурал одоо хэр нь барилгаа барьж, их хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор явна. Өсвөр наснаасаа эхэлж барилгын хар бор ажил хийсээр ирсэн хэрнээ хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж гуайн шүлэглэсэнчлэн барилгачин С.Баяраа бол яах аргагүй өнөөдрийн Улаанбаатар хотыг босгохын төлөө өглөөнөөс үдэш болтол зүтгэсэн хүн. Төв Гандан, Төрийн ордон, дарга сайд нарын өргөө гээд С.Баяраагүй барилга үгүй билээ.

“УРАН БАРИЛГАЧИН ДАНЗАН БАГШААСАА ОЛОН ЗҮЙЛИЙГ СУРСАН ДАА”

Барилгачин Баяраа маань 1942 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд малчин Сүрэнгийн том хүү болон төржээ. Түүнийг 11 настай байхад нь аав, ээж нь Улаанбаатар хот рүү нүүж, С.Баяраа хүү эмээтэйгээ үлдсэн гэнэ. Хоёр жил эмээдээ хань болж, хонь, малаа хариулжээ. Ингээд 1954 онд нийслэлд ижий, аав дээрээ ирсэн байна. Тэднийх айлын хашаанд түр амьдардаг байсан нь “Хүрэн морь” найраглалын Ч.Лхамсүрэнгийнх байж. С.Баяраа гуай тэртээх он цагийн талаар дурсан ярихдаа “Ч.Лхамсүрэн зохиолч үсээ хойш нь цэмцийтэл самнасан, байнга өврийн дэвтэртэй явдаг хүн байж билээ. Байсхийгээд л тэр дэвтрээ гаргаж ирээд юм бичнэ. Хүүхэд байсан болохоор сонирхоод асуунгуут, “Аяар, чимээгүй” гэдэг байсан сан” гэв. Харин өөрийнхөө тухай өгүүлэхдээ өтгөн гэгч нь найруулсан байхуу цайгаа оочингоо “Би багадаа сургуульд суралцаж чадаагүй юм. Ээж маань “Миний хүү ажил хийж дүү нараа тэжээнэ шүү” гэдэг байв. Ингээд 14 настайдаа Нийгэм ахуйн трейстэд газар шорооны ажил хийлээ. МУИС-ийн ард талын шугам хоолойг тавих ажлыг гүйцэтгэж байв. Өвөл болонгуут газар шорооны ажил зогсчихдог юм байна. Тэгээд барилгын ажил хийхээр болов оо. Төв Гандангийн засварын ажилд тусалдаг байлаа. Тэр үед Шанхайгаас ирсэн барилгын инженер хятад хүн надад зааж, зөвлөж байв. Энэ хүнд Ю.Цэдэнбал дарга их сайн ханддаг байв. Тэрээр Өмнөд Монголд сүм барих гэж очсон гэсэн. Тэгээд 1945 оны дайны улмаас манай улсад цагаачилж ирсэн гэдэг. Элдэв-Очир кино театр, Засгийн газрын ордон зэргийг япончуудтай хамт барилцаж байсан хүн юм билээ. Энэ хүн надад их зүйл зааж өгсөн. Бас төв Гандангийн том лам Данзан гэж мундаг уран гартай хүн байлаа. Тэрбээр намайг “Хүү минь барилгын ажил сайн сураарай. Монголд тун хэрэгтэй зүйл бол барилга, бүтээн байгуулалт шүү” гэдэг байсан. Юу ч мэдэхгүй балчир хүүхдэд барилгын холбоостой бүхий л нарийн ухааныг зааж өгсөн ачтан багш минь юм. Барилгаас гадна балин, хүж хийх зэрэг олон зүйлийг сурсан даа” гэж хуучлав.

Атар газрын хөдөлгөөн эд өрнөж байсан тэртээх 1956 онд түүний аав Сүрэн гуай Сэлэнгэ аймаг руу томилогджээ.Харин С.Баяраа хүү ээж, гурван дүүгийнхээ хамт хотдоо хоцорсон байна. Учир нь дүү нарыг нь сургуульд оруулж, эрдэм номд шамдуулах хэрэгтэй гэж ээж нь атар газрыг зорихоос татгалзжээ. Харин ар гэрээ авч явах бэрх үүргийг С.Баяраа хүү хариуцан авч үлдэв. Тэрбээр төв Гандангийн засварын ажлын дараагаас Гэсэр сүм, Хархорины Эрдэнэзуу, Амарбаясгалант хийд зэрэг дандаа сүм, дуганы барилгын ажилд гар бие оролцож байсан гэнэ.

Харин аав Сүрэн нь Сэлэнгэд газар тариалангийн ажилдаа шамдаж, Орхоны комбайн бригадын дарга хийж байгаад 1969 онд бурхан болсон байна. Эхнэр Бурмаа дөрвөн хүүгийнхээ хамт өнчирч үлдэн амьдралын бэрх бүхнийг туулжээ. С.Баяраа хүү ижийдээ өмөг түшиг нь байж, дүү нараа сургуульд сурган, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд борви бохисхийлгүй ажилласан гэдэг. Социализмын үеийн норм төлөвлөгөөний шахууг ч хэлэх үү, түүнд суралцах ямар ч зав гардаггүй байжээ. Тиймдээ ч өглөө, орой, өдөр, шөнөгүй барилга дээр амьдралынхаа ихэнх хугацааг зориулж байсан болохоор “Барилгачин Баяраа” шүлэг түүнийг шууд тодорхойлно.

ҮЙЛДВЭР, ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГУУДЫГ БОСГОСОН МӨРДӨСТЭЙ БАРИЛГАЧИН БОЛОВ

Сүм хийдийн засварын ажлаас барилгачин болох эхлэлээ тавьсан С.Баяраа гуай 1962 онд Гэсэр сүмийг барьж дуусгаад цэргийн албанд морджээ. Барилгын цэргийн 073 дугаар ангид хуваарилагдаж, Монгол Улсын томоохон үйлдвэрүүдийг бүтээхэд жинхэнэ хөдөлмөрлөж явсан байна. Шарын голын уурхай, Дарханы уул уурхайн үйлдвэр, гурилын комбинатыг барьж, ашиглалтад өгөөд 1964 онд хотод орж ирсэн байна. Ингээд талхны үйлдвэр, автозасварын завод гээд томоохон үйлдвэрүүдийг ар араас нь өндөр намаар нь барьж гарчээ. Түүний ажилсаг, өөриймсөг, хурдан шаламгай чанар нь цэргийн ангийнх нь удирдлагуудын хараанд өртөж, ихэд үнэлэгддэг байв. Улмаар армид үлдэх санал авч, мөрдэстэй барилгачин болохын сацуу мастер зэрэгтэй болжээ. Тэрбээр тус ангийн Цээхээ даргатай, мастер барилгачин С.Баяраатай бригад социализмын үеийн бүтээн байгуулалтуудын нүсэр ажлыг нугалсан гол хөдлөх хүчин нь байлаа. Бөхийн өргөө, цирк, хүнсний дэлгүүрүүд, эсгий гутал, нэхээсгүй даавууны үйлдвэрүүд, төрийн өмчийн хороо, цагдаагийн ерөнхий газрын барилга гээд бүгд түүний гараар бүтсэн юм. Мөн С.Баяраа гуай олон ч сайд, дарга нарын албан өрөө, амины сууцуудыг нь засварлаж, тохижуулж байжээ. 1981 онд Засгийн газрын ордны өргөтгөлийн хэсгийг барьж, Ю.Цэдэнбал даргын номын сан, ажлын өрөөг гардан засварлаж байсан гэнэ. Хаа сайгүй бичиг цаас, ном, сонинд дарагдсан Бал даргын өрөөг засварлахдаа С.Баяраа гуай юунд нь ч хуруугаа хүргэдэггүй байж. Зөвхөн өөрийнхөө хийх ёстой барилгын ажлыг нямбай гэгч нь гүйцэтгэнэ. Ю.Цэдэнбал дарга орж ирж түүнийг хэрхэн ажиллаж байгааг харчихаад гараад явчихдаг байж. Харин комиссар нь хяналтын камерын үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. С.Баяраа ажлаа тун ч нямбай хийдэг байсны дээр архи, пиво огт амсдаггүй болохоор дарга сайд нарын захиалга тасардаггүй байжээ. Хүний итгэлийг даах түүний энэ чанар одоо цагт ч үгүйлэгдэнэ. “Данзан ламтан намайг хүүхэд байхад архинаас л хол яваарай хүү минь” гэж захиж байж билээ. Тийм болохоор би гашуун, нясуун юм огт амсдаггүй. Айраг ч уудаггүй” гэж С.Баяраа гуай өгүүлэв. Тэрбээр Монголбанк болон Намын төв хорооны дэд дарга Б.Дэжид, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн, Батлан хамгаалахын сайд байсан Ж.Авхиа гуайн байранд засвар хийж, зуных нь байшин савыг барьж өгч байжээ. Тэр үед ингэж дарга, сайд нарынд ажиллах нь нэр төрийн хэрэг ч нөгөө талдаа байнга хардагдаж, сэрдэгдэхийн зовлонтой. Цагдаа, тагнуулынхны түмэн асуулттай тулгардаг байж. “Би мөрөөрөө ажлаа хийгээд гарсан хүн, юу ч мэдэхгүй, сонсоогүй тухайгаа хэлдэг байсан даа. Юм л болбол хэлмэгдчих гээд яасан ч хэцүү цаг үед амьдарч байсан юм” гэж санаа алдав. Тухайн үед барилгын нарийн мэргэжлийн хүн ховор байсан болохоор С.Баяраа гуай л тэр бүгдэд очиж чимхлүүр ажлуудыг хийнэ.

Түүгээр зогсохгүй төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлж, жил бүр хөдөлмөрийн аварга болдог байжээ. Тиймдээ ч Алтан гадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан гэнэ. Ямар сайндаа дандаа 2000 төгрөгөөс дээш цалин авдгаасаа болж Ардын хянан шалгах хорооныхонд шалгуулдаг байсан ажээ. Тухайн үед 1000 төгрөгөөс дээш цалин авсан хүнийг энэ албаныхан айхавтар судалж, шалгадаг байсан гэдгийг социализмын үеийн хөгшчүүл цөм андахгүй.

ТӨРДӨӨ ГАДУУРХАГДАЖ, ТҮМЭНД ҮНЭЛЭГДСЭН “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”

Барилгачин С.Баяраа улсад 30 жил ажиллаад 1991 онд тэтгэвэрт гарчээ. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад жинхэнэ гар бие оролцож, хамаг залуу насаа зориулсан хүний хөдөлмөрийг төр үнэлээгүйн дээр одоо ч анхаардаггүй нь харамсалтай.

Загасчны морь усгүй гэдэг шиг барилгачин С.Баяраа маань өнөөдөр өөрийн гэсэн орон байргүй, зээ охиныдоо амьдарч байгаа юм билээ. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараахан тэрбээр байраа алдаж, Чингэлтэйд амьдарч байсан гэнэ. Гэтэл гал гарч, байшин нь бүхэлдээ шатаж, юу ч үлдээгүй байна. Тэрбээр өврөөсөө жижигхэн хүрэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд ихэд нандигнан хадгалдаг бололтой хуучны хоёр гэрэл зураг үзүүлэв. Нэг нь өөрийнх нь цэрэг хувцастай, нөгөөх нь ээж, дүү хоёртойгоо авахуулсан зураг байлаа. Биеэсээ салгадаггүй болохоор энэ хоёр зураг нь л үлдсэн бололтой. С.Баяраа гуай хоёр охинтой. Том охин Б.Ганчимэг нь ЗХУ-д сургууль төгссөн эрчим хүчний салбарын хүн. Бага охин Б.Саранцэцэг нь тогооч мэргэжилтэй. Зах зээлийн нийгэмд шилжээд бизнес эрхлэх болжээ. Түүний охин Х.Уянгаа нөхөр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд өвөөгөө дэргэдээ авчээ. Тэрбээр “Хөдөлмөр хүнд байдаг бол чамд л байна гэж найзууд нь өвөөд хэлдэг. Өвөө маань мөнгө төгрөг хуримтлуулахын хэрээр хөдөлмөр хийх биш ээ. Хөгшрөөд ядаж, 70 нас гарсан хойноо эрүүл бай. Тэр чинь хөдөлмөрийн үр шим юм шүү гэж хэлдэг.Барилга дээр дуу чимээнд олон жил ажилласан болохоор чих хатуутай. Бусдаар өвдөж, зовиурлах өвчин хууч байхгүй ээ. Хорь, гучтай залуучууд өвөөгийн хөдөлгөөнийг гүйцдэггүй” гэлээ. Тэднийх найман давхарт таван өрөө байранд амьдардаг юм билээ. Лифт нь ажиллахгүй хоёр сар гаруй болж байгаа атал С.Баяраа гуай шатаар өдөрт хэд хэдэн удаа өгсөж, уруудахдаа замдаа нэг ч амардаггүй байна. Үнэхээр эрүүл чийрэг биетэй хөгшин байна лээ. Байшин, барилга бариулах захиалга одоо ч түүнээс тасардаггүй гэнэ. Олон жил сайд дарга нартай нөхөрлөж явсан болохоор тэдний үр хүүхдүүд, хамаатан садангууд нь байнга дуудаж барилга бариулах гэдэг байна. Тэр тоолонд нь хүүхдүүд нь явуулах дургүй. Харин С.Баяраа гуай “Би зүгээр сууж огтоос чаддаггүй юм. Уур хүрээд байдаг.

Гэтэл энэ хоёр маань намайг ажил хийх гэхээр хориглоод хэцүү” гээд инээв. Тэрбээр ач, зээ нараа өхөөрдөж, зав л гарвал тэдэнтэйгээ хөгжилдөж, тоглодог бололтой. Ярилцаж суухдаа хүүхдүүдээ дуудаж, тэднийхээ духан дээр үнэрлэнгээ танилцуулна. С.Баяраа гуай тэтгэвэрт сууснаасаа хойш олон байшин барьжээ. Зусланд олны нүд хужирлах тансаг гэсэн байшин болгон барилгачин С.Баяраагийн гараар бүтсэн гэнэ шүү. Энэ мэргэжлээ олон ч хүнд зааж, сургасан байна. 1990 онд хөдөөнөөс хотод орж ирсэн гэр бүлийн хоёр С.Баяраа гуайг дагаад сайн сайхан амьдралд хүрчээ. Тэд одоо орон байр, машин унаатайгаас гадна компанитай болж, сайхан амьдарч яваа гэнэ.

“БАРИЛГАЧИН БАЯРАА” ШҮЛЭГ БҮТСЭН ТҮҮХ

Гар утаснаасаа интернэтэд холбогдож, “Барилгачин Баяраа” шүлгийг татаж гаргаад түүнд харуулахад эхнээс нь дуустал амандаа уншсанаа хүүхэд шиг инээгээд ичингүйрэв. “Би 14-хэн настайгаасаа шавар зуурч эхэлсэн. Хүүхдүүд намайг “Барилгачин Баяраа” гээд л шоглодог байв. Зохиолч Ч.Лхамсүрэн гуайнхтай нэг хашаанд амьдардаг байхад түүний охин Л.Пүрэвсүрэн хүртэл намайг ингэж дооглоно. Би ч хүүхдүүдээс ичээд буруу хараад л гүйдэг сэн. Хожим хотын бүтээн байгуулалтад ажиллаж байх үед Монголын уран сайхны “Нэг ангийнхан” кинонд тоглосон Туяацэцэг гэдэг охин миний тухай шүлэглэж бичсэнээ сонирхуулж байсан юм. Одоогийн энэ шүлэг шиг ийм эмх цэгцтэй биш, урд хойно нь орчихсон байв. Удаагүй “Барилгачин Баяраа” гэдэг шүлгийг хүн бүр унших болсон. Тэгээд хүмүүс чиний тухай шүлэг байна гээд л хошигнодог байлаа.

Явуухулан гуай бас надад зориулж бичсэн гар бичмэлээ он сар өдрөө тавиад өгч байсан юм. Миний санаа хачин их зовж билээ. Сүүлд энд тэнд барилга барьж байхад хүмүүс “Барилгачин Баяраа” гэж дуудна. Одоо ч бүр дасчихаж дээ” гээд толгойгоо илэнгээ инээв. С.Баяраа гуайн бага охин Б.Саранцэцэг үргэлжлүүлээд хэлэхдээ “Барилгачин Баяраагийн охин билээ би. Хүслээ дагаад барилгачин болно би” гэж хүүхэд байхдаа өөрөө зохиогоод дуулдаг байж билээ. Би хүүхэд байхдаа байнга аавыгаа дагаж ажилд нь явдаг байв. Манай ээж Ховдын Эрдэнэбүрэн сумын хүн байсан юм. МЗЭХ-ны дарга С.Удвал гуайн нарийн бичиг, хүнсний 20 , 50-р дэлгүүрт кассчин хийдэг байсан. Зүрх муутай байсан болохоор залуугаараа хорвоог орхисон доо” гэлээ. С.Баяраа гуай гурван дүүтэй бөгөөд тэднийх нь үр хүүхдүүд цөм сайн яваа. Тайзны зураач агсан С.Төмөрхуяг түүний яг доод талынх нь дүү бөгөөд түүний хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Дараагийнх нь дүү С.Чулуунбат нь Дундговь аймгийн эмнэлэгт сувилагчаар, бага дүү С.Алтанцэцэг нь боловсролын байгууллагад насаараа ажиллаад тэтгэвэртээ сууцгаасан байна. Тэдний хөвгүүд нагац ах С.Баяраагийнхаа зааж сургаснаар цэргийн амьдралаар яваа улс гэнэ. Тэд бол ЗХЖШ-ын дэд комиссар С.Одонбаяр, 073 дугаар ангийн Л.Жарантай нарын ажээ.

Ийнхүү барилгачин С.Баяраа гуайтай түүний амьдрал ахуй, бүтээл хөдөлмөр, орчин цагийн барилгын чанар хийц гээд олон зүйлийг ярилцан өнжив. Тэрбээр “Манай улс бага мэргэжлийн хүмүүсээ анхаарч, шагнаж урамшуулж байвал хөгжинө дөө. Шагнал урамшуулал болохоор дандаа дарга нар авдаг. Үнэндээ бага мэргэжилтнүүд дутагдаж, хятадаас ажиллах хүчин аваад байх юм. Барилгын салбарт нарийн мэргэжлийн хүмүүс дутагдсанаас чанарын асуудал яригдаж байх жишээтэй” гэж ярилаа.Бидэнтэй өдөржин хуучлан суусан С.Баяраа гуайг ядарч байгаа болов уу гэж бодож байтал “Хүү минь дуусах болж байна уу” гээд ажил руугаа яарав. Тэрбээр “Эстетика” гоо заслын эмнэлгийн барилгын ажлыг хариуцаж буй аж. Хэн ч харсан барилгачин гэж хэлэхээргүй шавлигхан биетэй энэ хөгшин дамнуургаар хувинтай ус мөрлөн зөөж, цемент, шавраа өөрөө зууран барилгын өрлөг, өнгөлгөөгөө хийсээр байгаа юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Баасанцогт: МАН-ын алдагдсан олон үнэт зүйлүүдийг цаг алдалгүй сэргээхийг хүсч байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.09-ний лхагва гаригийн ¹169 (5736) дугаараас авч нийтлэв.

“МАН-ын ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогттой ярилцлаа.


-Энэ сарын 25-нд намынхаа ээлжит бус хурлыг хуралдуулахыг танай хөдөлгөөнөөс шаардлаа. Намын дарга М.Энхболд өөрийн цахим хуудсаараа есдүгээр сард хуралдуулна гэсэн. Харин та бүхэн яагаад хугацааг нь наашлуулахыг шаардах болов?

-Намын үндсэн дүрмийнхээ дагуу өмнөх Бага хурлаар намын их хурлыг хуралдуулах тов тогтоосон. Ер нь бол үндсэн дүрмийн дагуу дөрвөн жилд 1-2 удаа хуралдах заалттай байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд хуралдсангүй. Тэгэхээр энэ онд ээлжит хурал хуралдах ёстой. Одоогоор хурлын тов албан ёсоор зарлагдаагүй байна. Харин намын дарга албан бусаар өөрийн цахим хуудсандаа есдүгээр сард Бага хурлаа зарлаад дараа нь Их хурлаа хийнэ гэж бичсэн байна лээ. Энэ тал дээр намын дарга байр сууриа илэрхийлэхэд идэвхгүй байдалд байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа болохоор МАН-ын дотоод асуудал болоод улс орны улс төрийн нөхцөл байдалд халуун асуудлууд үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор намын Их хурлаа яаралтай хуралдуул гэдэг шаардлагыг намын даргадаа хүргүүлж байгаа. Намын дарга бол Бага хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Мөн Бага хуралд Их хурлын товыг санал болгох эрхтэй гэж манай намын үндсэн дүрэмд заасан. Энэхүү дүрмийг баримтлаад бид бүхэн шаардлага хүргүүлж байгаа юм. Хэрэв үндсэн дүрмийнхээ дагуу Бага, Их хурал зарлагдаад явах юм бол арваннэгдүгээр сар гарчих гээд байгаа юм. Тэр үед улс орны хэмжээнд шийдвэрлэх чухал асуудлууд тулгарна. Өвлийн бэлтгэл ажил ид өрнөдөг үе шүү дээ. Ялангуяа өнөө жил гантай байгаа болохоор өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажил гэж их ажил бий. Иймд 65 суудалтай засгийн эрхийг барьж суугаа МАН-д намар их хурлаа хийгээд суух зав байхгүй. Яагаад гэвэл энэ Их хуралд өндөр албан тушаал хашиж буй бүх хүн орж ирээд суучихна.

Тэдний ажлыг хэн хийх вэ. Хөдөөгийн хөдөлмөрчид, малчид, тариаланчид “МАН Их хурлаа хийж байгаа юм, хөөрхий” гээд хүлээгээд сууж байхгүй. МАН-аас гарсан шийдвэрүүд Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө байх ёстой. Энэ зарчим маань алдагдах гээд байна. Тиймээс намын Их хурлаа яаралтай хуралдуулах хүсэлтэй байгаа юм.

-Ингэхэд танай хөдөлгөөнд хэр олон хүн хүмүүс нэгдээд байгаа вэ?

-Бид анх 1997 онд Монголын ардчилсан социалист, залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж, зүтгэж явсан хүмүүс. Намаа хүнд байдалд байхад олон мянган гишүүдээр сэлбэж, МАН-ынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийн төлөө зүтгэж, тэмцэж явсан залуучууд. Өнөөдөр бид ийм намыг хүсээгүй. Намын зарчим, дотоод ардчилал, алдагдсан олон үнэт зүйлүүдийг цаг алдалгүй сэргээхийг хүсч байна. Цөөхөн хэдэн хүн намын толгойд гарч, бодлого барьж байна. Намын бодлого цаашид Засгийн газрын хөтөлбөр болдог. Засгийн газрын хөтөлбөр гэдэг бол Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал. Тийм учраас МАН-ын дотоод асуудлаа хурдан цэгцэлж, эмхлэх зорилгоор намынхаа төлөө зүтгэж, өөрсдийнхөө итгэл, сэтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулж явсан залуус маань эргэж нэгдэж байгаа юм. Энэ бол бидний үйлс зорилготой шууд хамааралтай асуудал.

-МАН-д ийм хөдөлгөөн хоёр дахиа байгуулагдаж байна. Өмнө нь 2006 онд МАХН буюу одоогийн МАН-ын дотоод ардчиллын төлөө ийм хөдөлгөөн өрнөж байсан хүмүүс төрийн өндөр албан тушаалд очсон байгаа. Тухайлбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга байна. Ер нь аливаа тэмцэл, хөдөлгөөн зохион байгуулагчид албан тушаал горилогчид гэж нийгэмд харагддаг болж. Энэ хөдөлгөөн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаар үнэлэгддэг юм уу?

-Бидэнд яг тийм сэтгэл алга. Т.Гантулга даргыг Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд зүтгэж явсныг мэдэхгүй юм. Бидний чин сэтгэл бол энэ холбоог үүсгэн байгуулж, энэ намынхаа үнэт зүйлсийг, үзэл санааг нь хамгаалж явсан гэж дээр хэллээ. Бид бол ямар ч албан тушаал, мөнгөний төлөө зүтгээгүй. Найз нөхөд маань эвлэлдэн нэгдэж, намын дэмжигч нийт гишүүддээ уриалга гаргаж байгаа юм.

Намаа өөрчлөн байгуулах бидний санаачилгыг намын гишүүд, дэмжигчид маань их сайшаалтай хүлээж авч байна. Хөдөө орон нутгаас хүмүүс их ярьж, ирж байна. МАН гэдэг бол Монгол Улсын хувь заяаг нуруун дээрээ үүрч явдаг түүхэн ууган нам. Энэ намын нуруун дээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хүнд асуудлууд явж байдаг учраас намаа сайхан цэгцэлж авахгүй бол хувь заяа хүнд байдалд орчихоод байна. Тиймээс 1997 онд хийсэн үйлсээ ахиж хийх ёстой юм байна гэж ярьж, эвлэлдэж, нэгдэж байна. Бид зорилгодоо хүрэхийн тулд эхний ээлжинд шаардлагаа тавьж, уриалгаа гаргасан.

-Хэрэв энэ сарын 25-нд МАН ээлжит бусаар хуралдахгүй бол яах вэ?

-Бид намынхаа үндсэн дүрмийн хүрээнд улс төрийн соёлтойгоор эхэлж байна. Намын дарга М.Энхболд буурь суурьтай, улс төрийн соёлтой хүний хувьд бидний шаардлагыг хүлээж авна гэдэгт бүрэн итгэж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор намын даргатайгаа хариуцлага ярих ёстой биз дээ. Та бүхний шаардлагыг хараад байхад Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна?

-Нам бол амьд организм, байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Нэг хүн мөнхийн дарга байна гэсэн үг биш. Мэдээж их хурал дээр энэ тухай асуудал яригдах байх. Сая гурван шатны сонгуулиар ард түмэн МАН-д хоёр үнэлгээ тавилаа шүү дээ. Эхэнд нь Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол алдагдахад ойрхон болсон байна. Монгол Улс дампуурах гэж байна гэсэн мэдээллүүд их гарсан учраас энэ бүх хүндрэлийг авч гарах тулхтай нам нь МАН юм. Ингэж итгээд ард түмэн манай намд хангалттай санал өгсөн. Дараагийн үр дүн нь тэдний итгэл хэд дахин буурсан. Энэ нь мэргэжлийн Засгийн газрын томилгооноос үүдсэн. Ард түмэн үүнд сэтгэл дундуур байсан. Залгуулаад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь МАН мөрийн хөтөлбөрүүдээсээ ухарсан асуудал байсан. Татвар, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэврийн нас, концесстой холбоотой асуудлууд байна. Энэ бүгд ард түмний нүдэнд ил байна. Ард түмэн 65 суудлыг МАН-д өгч итгэл хүлээлгэхдээ ямар “Концессыг найзууддаа өгчихөөрэй” гэж захиагүй шүү дээ. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэхээр улс эх орноо өөд нь татаад сайхан аваад явах юм байна гэж найдаж байтал мэргэжлийн бус хүмүүсийг тавьсан. Эндээс эхлээд ард түмэн эргэлзэж, бухимдсан. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавих нэг том шалтгаан. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудал. Хэдийгээр сонгуулийн үйл явцад эвлүүлэг, гүтгэлэг байлаа гэсэн боловч одоо ер нь бараг баталчихлаа шүү дээ. АТГ нь шалгаад эхэллээ. Тэр дундаа төрийн алба хааж байгаа зарим хүн дургүй л байна. Төрийн албыг хариуцлагатайгаар хашиж байгаа хүмүүсийг хоморголон АТГ-т байцаагаад, шалгаад эхэллээ. Төрийн алба гэдэг бол байнгын зогсолтгүй үйл ажиллагаа явж байх учиртай. Тэгтэл алба хаагчдыг дуудаж, байцаагаад ажлыг нь цалгардуулж байна. Энэ асуудал бас Ерөнхийлөгчийн сонгуульд ийм үнэлгээ авах гол хөшүүрэг болсон гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хувь хүний тухай пиар хоёр талдаа явж байсан. Тэр бол саналд нөлөөлөөгүй байх. Гол нь төрийн албыг мөнгөөр худалдах оролдлого хийсэн явдалд нь ард түмэн дургүйлхэж байна. Энэ бол мэргэжлийн Засгийн газартайгаа шууд уялдаж байга юм. Манай намд шударга гишүүд олон бий. Тиймээс намын их хурлаар хүртэл аль нэг хүний халаасанд орохгүйгээр улс төрийн соёлтой үнэлгээгээ тавина байх аа. Өнөөдөр МАН-ын гаргасан алдааг засаад аваад явах чадалтай боловсон хүчин манай намд бий. Ер нь тулхтай ууган намын хувьд улс төрийн маш хурдан шийдвэрүүдийг гаргаад явах ёстой. Өмнө ч гаргаж байсан л даа. Соёлтойгоор хариуцлагаа өөрсдөө хүлээгээд албан тушаалаа өгөөд явж байсан удаатай. Гэтэл одоо яагаад болохгүй байгааг ойлгохгүй байна. Тиймээс шаардахаас өөр аргагүй болсон. Тэр байтугай намын хурлыг он дамнуулах сонирхолтой хүмүүс ч бий. Бид тийм хүмүүсийн төлөө энэ намд зүтгээгүй.

-Ер нь бол засаг тогтвортой байснаар гадны хөрөнгө оруулагчдыг татах том итгэл болох юм биш үү?

-Засгийн газар нь нурж унаад хөдөлгөөнд орох ёстой гэсэн шаардлагыг бид тавиагүй. Намын дотоод ардчилал, шударга байдлыг сэргээе гэсэн шаардлага тавьж байгаа. Намын цэгцлэх, асуудлыг шийдэх дээд байгууллага нь намын Их хурал. Намын их хуралд төлөөлөгч болоод сонгогдож орж ирсэн 1200 гаруй хүн шийднэ.

-Намын даргын төлөөх лидерүүдийн тэмцэл хүчтэй өрнөж байна. Та нар У.Хүрэлсүх Шадар сайдын хүмүүс гэж харагдах болсон байна л даа?

-Биднийг ингэж хардах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл хүмүүсийн нүдэнд түүх ил байгаа. МАХН(МАН)-ын хүнд хэцүү цагт дэргэд нь намаа дэмжих Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо байгууллагыг санаачилж, үүсгэн байгуулж, өөрөө ерөнхийлөгч нь байгаад бид бүхний туг болоод өнөөдрийг хүртэл тэр хүн явсан. Бид 20 гаруй жил найзалж, нөхөрлөлөө. Бидний энэ нөхөрлөлийг мэддэг бүх хүн У.Хүрэлсүхийн найзууд л гэнэ. Ер нь энэ бол У.Хүрэлсүх гэдэг хүний тухай биш, Монглоын ард түмний язгуур эрх ашгийн төлөөх асуудал яригдаж байна.

-Шадар сайдыг тагнасан, чагнасан гэсэн асуудал нэлээд дуулиан болоод байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би энэ тухай мэдээлэл цацагдахаас өмнө сонсч байсан. Би хувьдаа үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Гэтэл гэрчүүдийнх нь бичлэг олонд ил боллоо. Ийм асуудал байж болохгүй. Зохион байгуулсан хүмүүсийн гол зорилго нь тэр нэг нөхрийг цохиулж авч байгаад шоронд хорьчихоод араар нь дарга болох гэсэн ийм асуудал гэж ойлгоод байгаа. Ер нь жудагтай монгол хүний хувьд хийх боломжгүй асуудал. Одоо хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоогоод гаргаад ирнэ биз. Энэ бол албан тушаалын төлөөх увайгүй үйлдэл.