Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жэйсон П.Спэлберг: АНУ руу ажиллах хүчин гаргах Монголын талын хүсэлтийг Төрийн департамент хэлэлцэж байгаа

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


-АНУ ирэх арваннэгдүгээр сард Монголоос ажиллах хүчин авах эсэх шийдвэрээ гаргана гэсэн мэдээлэл байна. Хоёр улсын яриа хэлэлцээ ямар шатанд яваа вэ?

-Өнгөрсөн оны сүүлээр Монгол улсын засгийн газраас “Н-2 түр ажилчны визний хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах хүсэлт гаргасан. АНу-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжсэн бөгөөд вашингтон дахь Төрийн департамент эхэлж батлаад дараа нь Дотоодын аюулгүй байдлын яаманд хүргүүлэх ёстой. Монгол улсыг уг хөтөлбөрт хамруулах эсэх шийдвэрийг Дотоодын аюулгүй байдлын яам гаргана. одоогоор Төрийн департамент уг хүсэлтийг хэлэлцэж байгаа.

-Энэ асуудалд нааштай шийдвэр гаргах тал дээр танай ЭсЯ-ны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2017 оны тавдугаар сард манай ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын энэхүү хүсэлтийг дэмжиж өгөөч гэсэн хүсэлт явуулсан. одоогийн байдлаар энэ шийдвэр биднээс хамаарахгүй.

-Хэрэв АНУ-ын H2 ангиллын визний хөтөлбөрт Монгол Улс багтаж чадвал албан ёсны шийдвэр гарснаас хэдий хугацааны дараагаар үйлчилж эхлэх бол?

-АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яам уг хүсэлтийг хэзээ хэрхэн шийдвэрлэхийг бид мэдэхгүй байна. Шийдвэр арваннэгдүгээр сард гарна гэж бид бодохгүй байна. Иймд Н2 визний талаар нэмж зарлах мэдээлэл алга даа.

-Та H2 ангиллын визний талаар танилцуулахгүй юу?

-АНУ-ын ажил олгогч компани ямар хугацаанд хичнээн ажиллах хүч авах хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргадаг. Ингээд H2 ангиллын визийн хөтөлбөрт багтсан оронд суугаа ЭСЯ-дад тэр мэдээлэл нь ирдэг. H2 ангиллын виз нь дотроо хоёр төрөлтэй. H2A ангилал хөдөө аж ахуйн ажлуудыг түр хугацаанд АНУ-д эрхэлнэ. H2B гэдэг нь хөдөө аж ахуйн бус ажлуудыг хамруулж байгаа юм. H2 визний болон хөтөлбөрийн талаарх бодлого, шалгуур гээд бусад мэдээллийг онлайнаар авах боломжтой. АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамны цахим хуудсууд болох https://travel.state.gov/con­tent/visas/en/employm…

https://www.uscis.gov/working-united-states/tempo­…

https://www.uscis.gov/working-united-states/tempo­… гэсэн вэб хаягнаас албан ёсны мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.

-АНУ-д Монгол Улсын 25 мянган иргэн ажиллаж амьдарч байна гэсэн мэдээлэл байдаг. Танай ЭСЯ Монголын Гадаад харилцааны яамтай хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ аяны гол зорилго нь юу вэ?

-“Хариуцлагатай аялцгаая” аян нь АНУ-ын цагаачлалын болон визний хууль журам, бодлогыг Монгол Улсын иргэдэд дагаж мөрдүүлэхийг уриалж байгаа юм. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2016 онд АНУ-ыг зорьсон монгол иргэдийн талаарх таагүй статистик мэдээ гаргасан. Уг статистик мэдээнд дурдсанаар АНУ-д ажил болон аяллаар зорчигсдын бараг найман хувь нь хугацаа хэтрүүлэн үлдсэн. Оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчигсдын 19.8 хувь нь тухайн хөтөлбөрийн хугацаагаа хэтрүүлэн үлдсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны тооцоолсноор 2016 онд цагаачлалын бус визээр Америкт зорчсон Монгол иргэдийн гурваны нэг хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн байна. АНУ-ын цагаачлал болон визний хууль журмын зөрчил гаргасан монгол иргэд Монгол Улсын нэр төрийг олон улсад сэвтээгээд зогсохгүй бусад олон монголчуудад виз авахад нь сөргөөр нөлөөлж байна. Аль болох олон иргэд хариуцлагатайгаар аялж хугацаандаа буцаж ирснээр дараа дараагийн аялагчдад виз олгогдоход хялбар болох юм. “Хариуцлагатай аялцгаая” аян нь хүмүүсийг хувиа хичээлгүй аялж, хувь хүний хариуцлагагүй үйлдэл монгол бүх хүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ухамсарлуулах зорилготой. Эцсийн дүнд виз гэдэг бол итгэлцлийн бичиг юм. Монгол Улсын иргэд АНУ-ын хууль дүрмийг баримталж хариуцлагатай аялснаар энэхүү итгэлийг олно. АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын ГХЯ-ны зүгээс энэхүү аяныг өргөнөөр дэмжиж, мэдээллийг тарааж өгөхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хичээнгүйлэн хүсч байна.

-Саяын таны хэлсэн монгол иргэдийн талаарх статистикийг гадаадын бусад оронтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

-АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан уг статистикт бүх орны мэдээлэл бий. Хэдийгээр дээр дурдсан тоо монголчуудын хувьд бага тоо мэт боловч бусад улс орнуудтай харьцуулахад өндөр дүр зураг харагдаж байгаа. Хятад улсын тухай визний хугацаа хэтрүүлдэг тохиолдол 0.9 хувьтай байна. Солонгос гэхэд 0.46 гэсэн хувьтай байна шүү дээ.

-Монгол оюутнуудын тухайд визний зөрчил цөөнгүй байдаг гэж дуулсан. Тэд эндээс явахдаа мэдээлэл муутай байдгаас болж ийм асуудал үүсгэж байна уу?

-Оюутны виз нэлээд анхаарал татаж байгаа. Сурч байгаа оюутнуудын хичээлийн программын хугацааг хэтрүүлсэн тохиолдол 19.63 хувьтай харагдаж байна. Энэ зөрчлийг БНХАУ-ын тухайд аваад үзэхэд 5.02 хувьтай байна. Өмнөд Солонгос нь 5.06 хувьтай байх жишээтаэй. Хөрш орнуудтай харьцуулаад үзэхэд визний зөрчлийн статистик мэдээлэлд Монгол Улсынх харьцангуй өндөр харагдаж байна.

Монгол Улсаас очиж байгаа оюутнууд маань сургуулиа их сольдог. Энэ нь тийм ч муу зүйл биш. Гагцхүү юу нь болохгүй байна вэ гэхээр зэрэг цолоо горилж байгаа оюутнууд шат ахиад суралцахгүй байна. Бидний хувьд Монголд ажиллаж, амьдарч байх хугацаандаа энэ улсад ямар салбар нь илүү хөгжиж, хүмүүст ирээдүйтэй байна вэ гэдгийг анзаардаг. Тиймээс тухайн оюутны АНУ-д сурах гэж байгаа чиглэл, боловсрол эх орондоо эргэж ирэхэд нь үр өгөөжөө өгөх тэр боломжийг судалдаг юм. Эргэж ирээд ажиллах хүчин дээр тодорхой хэмжээний өрсөлдөхүйц чадах хүн болох тэр чиглэлээр сурахаар сургуулиа сонгоод явж байгаа оюутнууд АНУ-д очсоныхоо дараа сургуулиа сольдог. Монгол Улсад эргэж ирээд ажиллахад ямар ч үр өгөөжөө өгөхөөргүй тийм мэргэжлийг сонгодог. Тийм оюутнуудыг бид эх орондоо эргэж ирэхээргүй үлдэж байгаа хүн байна гэж хардаг. Дан ганц Америк гэлтгүй дэлхий даяар суралцах боломжтой олон их, дээд сургуулиудын мэдээллүүдийг цахим орчинд бий болгосон байдаг шүү дээ. Харамсалтай нь манайд виз мэдүүлж байгаа оюутнууд тэр болгоныг судалж үздэггүй. Хэдхэн сургууль дээр төвлөрдөг байдал ажиглагддаг. Эндээс тухайн оюутан виз зуучлагч хүмүүс юм уу, боловсрол мэдээллийн төв зэрэг аливаа нэг байгууллагууд дээр очиж мэдээлэл авах хялбар аргыг илүү эрэлхийлдэг нь харагддаг. Асуудал нь юунд оршиж байна вэ гэхээр гуравдагч этгээдүүд маань бизнесийн зорилгоор ашиг олох гэсэн зорилгоор ажилладаг. Би эдгээр байгууллагуудыг бүгдийг муу гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ оюутан болгоны хэрэгцээ шаардлага, зорилго нь өөр. Тэр болгонд тохируулж харьцдаггүй, ерөнхий байдлаар авч үздэг байх. Дээрээс нь АНУ-ын боловсролын арга зам, систем Монголынхоос тэс өөр байдаг. Тэгэхээр бизнесийн гуравдагч байгууллагууд оюутнуудыг өөрсдийнх нь зорилгод хүргэе гэсэн сонирхолгүй байж болно. Ямар нэгэн байдлаар өөрсдийн хэрэгцээндээ нийцүүлэн мэдээлэл гаргадаг байж болох юм. Хэдийгээр АНУ-д суралцах нь өндөр боловсрол эзэмших боломжтой гэж үзэж байгаа ч нэлээд саад бэрхшээл тулгарна гэдгийг ойлгуулах тийм эрмэлзэл надад байна. Зөв мэдээллийг яаж авах вэ гэхээр зөв газраасаа авах ёстой. тэгэхээр АНУ-ын Засгийн газраас ЭСЯ-тай хамтарч байгаа Америкийн төв, “Education USA” зэрэг байгууллагаас бүх шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.

-АНУ-д визний хугацаагаа хэтрүүлж, зөрчил гаргасан хүмүүс Монголоос тус улсыг зорих дараа дараагийнхаа хүмүүст сөрөг нөлөөтэй болохыг та дээр хэллээ. Жишээлбэл, АНУ-д хамаатан садан нь байсаар атал байхгүй гэж худлаа мэдүүлдэг ч юм уу. Энэ мэтчилэн виз мэдүүлэгч бүдрэх асуудлууд байдаг байх. Тэгэхээр АНУ-ын виз хүсэгчид юуг анхаарах ёстой вэ?

-Виз мэдүүлэгчид АНУ-д байдаг гэр бүл болон хамаатан садангуудаа нуун дарагдуулдаг тийм зүйл тохиолддог. Эдгээр асуудлуудаас болоод тухайн хүн дээр эргэлзээ үүсч эхэлдэг. Миний хувьд Монгол Улсад ажиллаж, амьдарч байхдаа монголчуудын тухай багахан ойлголттой болсон. Иргэд аялахдаа яадгийг тодорхой хэмжээнд мэдээд авсан байгаа. Виз мэдүүлж байгаа нийт хүмүүсийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүмүүсээ нуун дарагдуулаад хэлж байгааг нь шууд мэдэх боломжтой байдаг. Тэд гэр бүлийн хүмүүсээ нуун дарагдууллаа гээд виз гарахад нь сайнаар нөлөөлдөггүй. Гэхдээ үнэнээ хэллээ гээд шууд виз олгочихно гэсэн үг биш. Мэдээж тухайн хүн маань үнэн бодитоор бүх мэдээллээ гаргаад тавихад хангалттай хэмжээнд мэдээлэлтэй болсон учраас өөрт нь эергээр нөлөөлөх боломжтой. Ямар нэгэн байдлаар тухайн виз мэдүүлж байгаа хүний аяллын зорилго нь хоорондоо авцалдаагүй, хоорондын мэдээллүүд нь холбоогүй болоод ирэхээр бид шууд татгалзахад хүргэдэг. Виз бол үндсэндээ итгэлцэл. Нэг ёсондоо манай улсад хууль ёсны дагуу аялаад ирээрэй гэдэг итгэлцлийг олгож байгаа гэж үзэж болно.

АНУ-ын Цагаачлалын тухай хуулийн үндсэн шалгуурт “Виз мэдүүлж байгаа хүн болгоныг АНУ руу цагаачлагч этгээд мөн” гэдэг анхны хандлагаар эхэлнэ. Гэвч тухайн ярилцлагын явцад виз мэдүүлэгч маань өөрийгөө тийм хүн биш гэдгийг батлан харуулахад оршино” гэж заасан байдаг. Визний ярилцлага эхлэхэд бид ямар ч хүн байсан түүнийг АНУ руу цагаачлах гэж байна гэдэг нүдээр харж эхэлдэг. Хуулинд заасан учраас тэгж ажиллахаас ч өөр аргагүй. Дээрээс нь тайлангийн дүн тааруу болохоор виз мэдүүлэгч нарт нэлээд түвэгтэй байдал үүсээд ирдэг.

Тиймээс АНУ-ын виз хүсэгчид юуг анхаарах ёстой вэ гэхээр ярилцлаганд орохдоо бэлтгэлтэй, асуултад үнэнч шударгаар бүрэн дүүрэн мэдээлэл өгчихдөг байх хэрэгтэй. Хэрэв визэнд орж байгаа хүн бүр ингэж мэдүүлдэг бол виз олголтын хувь ч илүү болох болов уу.

-“АНУ-ын виз гаргаж өгнө” гэдэг зар түгээмэл байдаг. Танай ЭСЯ-ны зүгээс үүнд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Энэ тал дээр анхааруулах зүйл байгаа. Ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын арга тактик үр дүнгээ өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд бий. Тэд энэ бизнес дээрээ удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй. Манай ЭСЯ-ны зүгээс зөвхөн тэр үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүсийн тоог багасгахаас илүүтэйгээр хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авахуулах чиглэлд ажиллах болно.

Ялангуяа виз зуучлагч компаниуд тухайн виз мэдүүлэгчид худал мэдээлэл өгөх, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг компаниудад бид хариуцлага тооцуулах болно.

Мэдээж шударгаар үйл ажиллагаа явуулж буй компаниудын араас явахгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл нэгэн ядарсан гэр бүлээс 1700 ам.доллар залилан авсан этгээдийг Монголын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа. Энэ бол тухайн гэр бүлд их хэмжээний мөнгө байсан.

-АНУ ногоон картын сугалааны бүртгэлийг ирэх жилээс явуулахгүй гэсэн мэдээлэл байна. Та үүнд албан ёсны хариулт өгөхгүй юу?

-Ямар нэгэн байдлаар ногоон картын сугалаа зогсоно гэсэн мэдээлэл гарсан асуудал байхгүй.


Categories
мэдээ улс-төр

Ж.Бямбадорж: Монголоос жирэмсэн гараад хилийн цаана төрчихөөд, хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй буцаж орж ирэх үзэгдэл байна

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Хүний эрхийн 16 дахь илтгэлийг өнгөрсөн хавар уиХ-д өргөн барьсан ч одоо хүртэл хэлэлцээгүй байна. Та сая(өчигдөр) Хүний эрхийн дэд хороонд уг илтгэлийн тухай танилцуулгадаа нэлээд ноцтой асуудлууд тусгасан тухай онцоллоо. сүүлийн үед насанд хүрээгүй охидыг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн гээд нийгмийг цочроосон хэргүүд ар араасаа гарах боллоо. Хүний эрхийн байгууллагын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хараат бус хүний эрхийн байгууллагын гол эрхэлдэг ажил бол хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг жил болгон боловсруулж д өргөн мэдүүлдэг журамтай. Хуулинд эхний улиралд багтааж, энэ илтгэлийг д өргөн мэдүүлж байхаар заасан байдаг. тиймээс Хүний эрхийн 16 дахь илтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр уиХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцэлгүй хойшилсоор өдий хүрлээ. Сонгуультай жил заримдаа ингэж хойшилдог тал бий. 16 дахь илтгэлд нэлээд анхаарал татсан асуудлууд оруулсан. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Мөн хүүхдийн тэр дундаа охидын эрх зөрчигдөж буй нэлээд ноцтой асуудлууд байна. Үүнийг чуулганы хуралдаанаар нухацтай ярих байх гэж бодож байна. Үүнээс улбаалаад ХэҮК бүтэн жилийн хугацаанд Хүн амын сантай хамтарч томоохон судалгаа, хяналт шалгалтын ажил хийж байна. энэ бол өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал байгаа. Өсвөр насны охидын төрөлт, бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, зулбалт, бэлгийн хүчирхийлэл гээд маш эмзэг асуудлуудаар Хүн амын сангийн тусламжтайгаар холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, хяналт шалгалтын судалгаа хийж байна. Ноцтой баримтууд гарч байгаа. Зарим тохиолдолд нууцын зэрэглэлтэйгээр ҮАБз-ийн хэмжээнд яригдах зүйл ч бий. тэгэхээр уиХ энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцээсэй гэж хүсч байна.
-Та сая охидын асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх ёстой гэж хэлснээ дэлгэрүүлэхгүй юу?
-Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна. Санаанд багтахгүй тоо баримт байна. Үнэндээ тэр мэдээллийг аваад миний нойр хүрээгүй. Саяхан хүртэл ой дөрвөн сартай охиныг сэтгэцийн өвчтэй хүн хүчиндсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Ээж нь архины хамааралтай учраас хүүхдээ хамгаалж чадаагүй гэж байгаа. Хэвлэлээр ил гарсан нь энэ гээд бод доо. Ер нь хүчингийн хэргийн хохирогч болж байгаа охидын байдал ийм л насанд байна. Хүний эрхийн 16 дахь илтгэлд 2015, 2016 онд 298 охин хүчиндүүлсэн тухай аймшигтай тоо баримт бий. Тэрний цаана хэн хүчиндсэн, хохирогчид хэдий хэр насныхан гэдгийг аваад үзвэл үнэхээр сэтгэл өвдөм. Булган аймагт өнгөрсөн жил нэг тохиолдол гарсан байна. 13 настай охин гадуур янз бүрийн юм болоод байхаар нь цагдаагийн байгууллага анхааралдаа аваад эрүүл мэндийн шинжилгээ хийлгэтэл бэлгийн замын халдварт өвчтэй байсан нь илэрсэн гэсэн. Тэр охин өвчин халдаасан байж болзошгүй хүмүүст нь эрүү үүсгэж байгаад хэрэгсэхгүй болгосон байна лээ. Бид үүнийг дахиж шалгахыг шаардсан. Насанд хүрээгүй охидын төрөлтийн хувьд 12-той охин ээж болж байна. 12-17 насны төрөлт өндөр хувь эзэлж байгаа. Ийм насны хүүхэд төрж байна гэхээр нэг бол хүчиндсэн. Эсвэл бага насны хүүхдийг бэлгийн замд уруу татсан хэрэг учраас зайлшгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл гэмт этгээдүүдийг шийтгэсэн болоод эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тун бага. Өнгөрсөн хоёр жилд өсвөр насны 1613 охин төрчихөөд байхад 298-д нь л эрүү үүсгэж шалгасан байгаа юм. Үүнийг цаашаа нягтлах ёстой. Дээр нь бага насны хүүхдүүд үр хөндөлт их хийлгэж байна. Тэд ээж, ааваасаа нууж ийм эрсдэлтэй учирдаг юм байна. Хэрэв эцэг, эхдээ мэдэгдвэл хоорондоо маргалдаж, муудалцах асуудал үүснэ. Ингээд л үр хөндөлт хийлгэдэг болох нь судалгааны явцад илэрсэн. Харин үр хөндөлт хийх боломжгүй охид нь зулбуулах эмийг аптекуудаас чөлөөтэй авч хэрэглэж байна.
-Охид бэлгийн замд уруу татагдаж байгаа шалтгаан нь юу юм бол?
-Шалтгааныг нь аваад үзэхээр нөгөө л гэр бүлийн хүмүүс нь хол амьдардаг. Уул уурхайн бизнес эрхэлдэг, гадаад дотоодод ажилладаг хүмүүсийн эхнэр нь хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэг юм байна. Гэтэл ардуур нь янз бүрийн юм болдог. Баар цэнгээний газруудаас өгсүүлээд хүнд асуудлууд их байна. Иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанаас үзэхэд өсвөр насны охид бие биеэ уруу татах хандлага нэлээд байдаг бололтой. Тэд хүнтэй унтаж үзээгүй нэгийгээ дооглож, тохуурхдаг болжээ. Энэ талаарх гашуун үнэнийг чуулганы хуралдаанд гишүүдэд хаалттай мэдээлэл хийнэ гэж бодож байгаа. Монголчууд хэзээнээсээ охид, эхнэр, ээжүүдээ дээдэлдэг ард түмэн шүү дээ.
-Одоогийн парламент түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэй гишүүдтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх удаа дараа зөрчигдөөд байхад эд нар юу ч дуугарахгүй юм. Ийм байтал яагаад хаалттай мэдээлэл хийнэ гэж?
-Тэр бол тийм. Хүний эрхийн 16 дахь илтгэлийг хэлэлцэгдсэний дараа эмэгтэй гишүүд дуугарах болов уу гэж бодож байна. УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл хийх ч асуудлын тухайд Монгол Улсынхаа нэр хүндийг бодож байна. Нөгөөтэйгүүр ийм юм байдаг юм байна шүү дээ гэдэг сэтгэлгээг олон түмний дунд гаргачихгүй юм сан. Төрийн бодлогыг яаралтай зохицуулах үүднээс асуудлыг тавьж байгаа.
-Ер нь өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудлыг боловсролын тогтолцоонд гүнзгий тусгах ёстой юм биш үү?
-Бид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулагдсаны дараа Эрүүл мэндийн яамтай бэлгийн замын өвчлөл болон өсвөр насны охидын асуудлаар ярилцсан. Боловсролын яамтай ч бас хүүхдийн эрхийн зөрчил, багш сурагчдын хоорондын зөрчил, эцэг эхтэй харилцах харилцааны асуудлаар уулзсан. Харамсалтай нь Засгийн газар нь огцорчихлоо. Шинэ Засгийн газар байгуулагдангуут энэ асуудлыг дахиад тавих болно. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын асуудал яригдахад боловсролын байгууллага үүнээс хол хөндий яваа шүү дээ. Ер нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг хэр зэрэг заадаг юм бэ гэхээр бүтэн жилд нэг, хоёр цаг ордог гэнэ. Үүнийг ямар сургалт гэдэг юм бэ. Үнэхээр олон талын арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Миний хувьд 1970-аад онд арван жилийн сургуулиа төгссөн. Тэр үед явагддаг байсан охидын үзлэг одоо ч үргэлжилж байгаа. Нэг талаар охидын үзлэг хийж байгаа нь сайн хэрэг ч үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж байна. Эмч нар нь охидын тухай мэдээллийг багш нарт нь өгчихдөг. Үүнээс болж хүүхдийн эрх зөрчигдөөд зогсохгүй асар том хохирол учирч байгаа.
-Та жишээ хэлэхгүй юу?
-Нэг ноцтой хэрэг болсон. Орон нутагт амьдардаг охин багадаа хүчирхийлэлд өртсөн. Тэр охиныг хээр аваачаад нүүрийг нь сийчээд айхавтар хүчингийн хэрэг үйлдсэн этгээд дороо олдоод шийтгэгдсэн. Гэтэл хохирогч охин нутагтаа сургуульд суухын аргагүй болж хотод шилжин ирсэн юм. Түүний сурч байсан сургуульд нь охидын үзлэг хийсэн юм билээ. Тэр эмч нь өнөөх охины тухай ангийн багшид нь хэлчихэж. Анги дүүрэн хүүхдүүдийн дэргэд охиныг багш нь зэмлэж, замбараагүйгээр нь дуудсан байгаа юм. Үүнээс болж тэр охин цочролд орж сэтгэцийн өвчтэй болчихсон. Одоо энэ хүүхэд аймагтаа байгаа. Эцэг, эхийнх нь гомдлоор хэрэг үүсгэгдсэн байгаа. Ер нь охидын үзлэгийг эрүүл мэндийн үзлэг нэрийн дор үзэж яагаад хийж болдоггүй юм бэ. Яахаараа хүүхдийн эрүүл мэндийн байдлыг эмч хүн эцэг, эх, асран хамгаалагчид нь биш багшид хэлэх ёстой юм бэ. Энэ мэтчилэн төрсөн, аборт хийлгэсэн, зулбасан охидын сэтгэл зүй их эмзэг байдаг юм байна. Амиа хорлож байгаа зарим хүүхдүүдийн сэтгэл санаа үүнтэй холбоотой.
-Эрдэнэтэд өнгөрсөн зун хоёр охин есөн давхраас үсэрч амиа хорлосон. Энэ асуудалд танай байгууллага анхаарлаа хандуулсан уу?
-Бидэнд энэ талаар гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа асуудал.
-Жирэмсэн эмэгтэйчүүд хилийн чанадад төрөөд хүүхдээ худалдаж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хүний наймааны тухай хууль 2008 онд ХЭҮК-ийн идэвхтэй оролцоотойгоор батлагдсан юм. Ер нь хүүхдийн наймаа зогссон байх гэж найдаж байгаа. Өнөөдөр насанд хүрээгүй хүүхдийг хилээр гарагахад заавал эцэг, эхийн итгэмжлэх авдаг болсон. Эх нь хүүхдээ аваад явж байгаа бол эцгийнх нь итгэмжлэх заавал шаарддаг. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд хяналт тавьж чадахгүй байна. Сая манай П.Оюунчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрээн хотод ажиллаад ирлээ. Тэнд ноцтой зүйлүүд их гарч байна. Заримыг нь ил хэлмээргүй байна. Ер нь бол гурван сар доторх жирэмслэлтийг хянаж чадахгүй байгаа. Монголоос жирэмсэн гараад хилийн цаана төрчихөөд хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй буцаж орж ирэх үзэгдэл байна. Тиймээс хил гарч байгаа эмэгтэйчүүдийн гэдэс нь томорч мэдэгдэж байгаа үед “Жирэмсэн явлаа шүү” гэдгийг нь хилийн цэргийнхэн мэдэгдээд буцаад ганцаараа орж ирвэл хүүхдийг нэхэх ёстой.
-Өнгөрсөн жил хурдан морь унуулах нэрийн дор баахан хүүхэд урагшаа гарсан тухай дуулиан дэгдэж байсан байх аа. Ийм асуудал давтагдсан уу?
-Өнөө жил мэдээ тайлан ирээгүй байна. Тэгэхээр зогссон болов уу. Өнгөрсөн жил морь унана гээд урагшаа явсан хүүхдүүдийг бид хилийн шалган нэвтрүүлэхийнхэнтэй хамтран хөөцөлдөж байж хамгийн сүүлийн хүүхдийг есдүгээр сарын 7-нд авчирч байсан юм.
-Та ярилцлагынхаа эхэнд Хүний эрхийн илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн асуудалд ноцтой зөрчлүүд байна гэж дурдсан. Үүнээс үүдсэн сөрөг үр дагаврууд хэр их байна вэ?
-Хүний эрхийн зөрчлийн хамгийн эхэнд энэ асуудал тавигдаж байна. Монголчуудын 90 гаруй хувь нь цалин, тэтгэврээрээ амьдарч байгаа. Гэтэл ажилтай мөртлөө хууль тогтоомж зөрчдөг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр ажлаас халдаг, ажлын байрны янз бүрийн дарамт үзүүлдэг. Үүнээс болж ажиллагсдын сэтгэл санаанд цочирол үүсч заримдаа амиа хорлох асуудал гарч байна. Мөн бид илтгэлдээ цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзсэн. Тушаалаар ажилладаг нэрийн дор ажлын нөхцөл байдал нь хүнд байна. Цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой судалгаа хийж, холбогдох асуудлыг УИХ-д асуудал тавьснаар цагдаагийн хуулийг шинэчлэхэд хэрэг болсон. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар бас хяналт шалгалт судалгаа хийсэн. Мөн хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзлээ. Ингээд төрийн албаны нэлээд онцлог хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн асуудлыг гаргаж тавьж байгаа нь хууль тогтоомж нь боловсронгуй болоход ашиглаасай гэж боддог юм. Бас нэг асуудал нь жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг 2 жил тутамд Хүний эрхийн илтгэлдээ оруулж мэдээлдэг. Энэ мэтчилэн олон асуудалд хууль гарсан. Зарим нь зөв хэрэгжиж байна. Заримынх нь хэрэгжилт тааруу байна. Ганц жишээ хэлье. Хүчирхийллийн эсрэг хууль саатаж байгаад гарсан. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхрийг баривчлах шийтгэл оногдуулдаг болсон шүү дээ. Миний бие саяхан гурван аймагт ажиллаа. Саатуулах байр, баривчлах байраар явж байхад Монголын онцлогт, тухайн аймаг орон нутгийн онцлогт нийцээгүй зүйл гардаг л юм байна. Сэлэнгэ, Дарханы баривчлах байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харьяалагдах ёстой. Гэтэл цагдаагийн газар дээрээ байна. 20-иод хүнийг нэг өрөөнд баривчлах шийтгэлийн ялыг нь эдлүүлж байх жишээтэй. Тэнд янз бүрийн нөхцөл байдлууд байна. Түүнчлэн шүүх шийтгэлийг оногдуулахдаа нотлох баримтдаа бүрдүүлж байгаа материалдаа анхаарах хэрэгтэй нь харагдлаа. Багийн даргын тодорхойлолт авдаг бололтой юм. Мөн эрсэдлийг янз бүрээр үнэлдгээс болоод сөрөг үзэгдлүүд их гарч ирж байна. Нөгөө хүчирхийлэгч ихэвчлэн өрхийн тэргүүнүүд бөгөөд хэд гурван төгрөг олдог хүн юм байна. Ингээд олон хоног баривчлахаар хүчирхийлэлд өртсөн эхнэр нь хүүхдээ тэврээд цагдаагийн үүдэнд хүрээд ирдэг. “Хоолгүй, мөнгөгүй болчихлоо нөхрийг маань гаргаж өгөөч” гээд суучихдаг гэнэ. Харин тэнд хоригдож байгаа хүн гарч ирээд эхнэр хүүхдээ тэврээд үнсэх үү. Үүнийг шүүх анхаарах ёстой. Эрдэнэт хотод гэр бүлийн хүчирхийлэл харьцангуй бага байна. Гэхдээ судалгаагаар бол “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь их байдаг гэнэ. Учир нь цалин өндөртэй газар учраас дараалан хоёр хоног ажлаа тасалбал халчихдаг юм байна. Тэгэхээс ч аргагүй байх. Харин баривчлах шийтгэл 7-30 хоног байдаг болохоор ойлгомжтой шүү дээ. Өндөр цалинтай ажлаас нь салгачихгүйн тулд гэр бүлийнхэн нь нуун дарагдуулдаг байна. Энэ мэтчилэн аймаг аймгийн, ажиллаж байгаа газруудын онцлог байна л даа. Магадгүй нэр хүндтэй хүмүүс ч гэсэн гэр бүлээ хүчирхийлдэг тухай иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Яваандаа хүчирхийлэл далд хэлбэрт орох аюултай байна. Яаралтай Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Хөдөлмөрийн харилцаан дээр цалин өгөхгүй байна гэсэн гомдол их ирж байна. Туршилтаар 14 хоног, бүтэн сар ажиллуулаад “Та тэнцсэнгүй” гээд цалинг нь өгөхгүй явуулчихдаг. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг заавал хийдэг байх ёстой.
-“Оюу толгой”-д ажилд орохоор мэргэжлийн шалгуурт нь тэнцсэн залууг тарган байна гээд аваагүй гэсэн. Энэ хүний эрх зөрчигдсөн асуудал болж чадах уу?
-Тэр залуу манай байгууллагад хандсан. Энэ бол яах аргагүй хүний эрх зөрчигдсөн асуудал. Бид ХЭҮК-ын гишүүний шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг “Оюу толгой” компани биелүүлэх ёстой. Энэ асуудал захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа.
-Ер нь орчин үед бизнесийн байгууллагууд ажилтан авахдаа хатуу шаардлага тавьдаг болсон шүү дээ. Тэр утгаар нь “Оюу толгой” компани тэр залууг ажилд аваагүй байх талтай юм болов уу?
-Тухайн ажлын онцлогоос шалтгаалж, зайлшгүй шаардлага тавьдаг байх. Хурдан хөдөлгөөнтэй ажлын байрны онцлогт бол жин зааж болно. Харин тэр залуугийн тухай уг ажлын байр нь тийм биш юм билээ.
-Мөрдөн байцаалтын явцад, хорих ангид эрүү шүүлт ямархуу байна?
-ХЭҮК 16 дахь илтгэлийнхээ ихэнхэд нь энэ тухай бичсэн байдаг юм. Заримдаа Их хурлын гишүүд биднийг “Шоронд орсон хүмүүсийн эрхийг хамгаалах юм” гэдэг. Тийм биш л дээ. Эрүү шүүлтийн асуудал дэлхийд үнэхээр анхаарал татдаг болчихсон. Тэр утгаар цагдан хорих 461 дүгээр анги шинэ байртай болоод нэлээд олон жил боллоо. Одоо бүх аймагт цагдан хорих байрууд шинэчлэгдэж дуусч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл, нөхцөлийн эрүү шүүлт арилсан гэж хэлж болно. Монголын төр үүн дээр онцгой анхаарч, арга хэмжээ авсан. Харин хэрэг үүсгэхээс өмнөх шатанд цагдаатай холбоотой гомдол тасрахгүй байна. Боловсролгүйгээр нь, айж сандарсанаар нь далимдуулж, аав, ээж, эхнэр хүүхэд, нөхрийг чинь хорино гэж айлгаж байгаад хэрэг хүлээлгэж, баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдэг гомдол олон байдаг. Хүн өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалттай. Дэлхийд бол хүн хэрэгт холбогдонгуут өмгөөлөгч рүүгээ утасдаж, дагуулж очдог. Харин манайд тэр бүр мэдэхгүй байна. Зарим хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар “Чиний хэрэгт өмгөөлөгч шаардлагагүй” гэж хуурч мэхлээд мэдүүлэг авчихдаг асуудлууд ч байна.
-Цагдаа дээр өдөржин суулгадаг нь эрүү шүүлтийн нэг хэлбэр байх аа?
-Энэ бол манайд хавтгай байгаа. Дэлхийд үүнийг эрүү шүүлтийн хэлбэр гээд үзчихсэн байна. Гэхдээ юм л болбол барьж хорьдог байсан зүйл харьцангуй багассан байна.
-АТГ-ынхан шөнө дөлөөр буу шийдэмтэй айл руу дайрч, нялх балчир хүүхдүүдийнх нь нүдэн дээр баривчлагаа явуулдаг талтай. Энэ бол хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл биз дээ. Тэд яаж ажиллах ёстой юм бэ?
-Тэр бол хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа мөн. АТГ-ыг зарим нь хараах юм. Зарим нь байгаасай гэх. Зарим нь хүмүүсийг нь муу, байгууллага нь гайгүй гэх. Олон янзаар хүмүүс хандах юм. Авлига бол эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний хийдэг зүйл. Тэр хүний хэргийг шийдвэрлэж, шалгана гэдэг бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш хүнд ажил. Тэглээ гээд тэд хууль зөрчиж болохгүй. Улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс АТГ-т нөлөөлж болохгүй. Үнэхээр монголд шударга ёс гээчийг тогтоочихмоор байгаа юм даа. Манайхан чинь шударга ард түмэн шүү дээ. Даанч төрийн албан тушаалтнууд, төрийн байгууллагуудад шударга байна гэдэг зарчим алдагдсан. ХЭҮК-оос тавьдаг ганц шаардлага байдаг юм. “Чиний хажууд байгаа хүн үнэхээр жигшмээр хэрэг хийсэн ч хүн гэдэг талаас нь авч үзэж, харилцаж бай” гэдэг. Харин манайхан хэргийг хурдан шийдэхийн тулд хүний эрх, хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа нь буруу.
-Д.Гантулга гишүүний асуудлаар хохирогч эмэгтэй ХЭҮК-т омдол гаргасан уу?
-Тэр талаар гомдол ирүүлээгүй байна.
-Нийслэлийн иргэдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа асуудал бол замын түгжрэл, агаарын бохирдол байна. Эдгээрийг шийдэх ямар гарцууд байж болох уу?
-Энэ хоёр хүчин зүйлээс болж яах аргагүй нийслэлчүүдийн эрх зөрчигдөж байна. Замын түгжрэлийг зохицуулах боломж байгаа. Нэг үеэ бодвол гудамж талбайн гарцууд сайжирсан. Өнөөдөр түгжрэлийг үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Гэрлэн дохиотой уулзваруудад цагдаа нар зохицуулах гэж байгаа нь гээд түгжээд хаячихдаг. Нэг талаа чөлөөлсөн юм шиг боловч нөгөө талдаа овоолчихдог. Замын цагдаагийн албаны дарга нарыг битгий контортоо суугаач ээ гэж хүсэх байна. Аль зам дээр хаана, ямар зөрчил гараад байгааг замын цагдаагийн албаны дарга нар энгийн хувцас, машинтай явж үзэх хэрэгтэй. Ингээд камержуулалтаа сайжруулчихвал болох ажил юм. Хамгийн энгийн ажлыг хийж чадахгүйгээс болоод иргэд өнөөдөр хохирч байна. Хотын агаарын бохирдлын асуудлыг монголчууд бүгд мэднэ. Өчнөөн арга хэмжээ аваад үр дүн алга шүү дээ. Үүнтэй уялдуулаад хэлэхэд, 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойтой зэрэгцсэн Ерөнхий ассамблэйгаас нэг баримт бичиг баталсан. Манай Ерөнхийлөгч очиж оролцсон. Тэр нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт гэдэг баримт бичиг л дээ. Энэ бол тухай улс дайн байлдаантай байна уу, эдийн засаг нь муу байна уу, улс төрийн дэглэм нь ямар байна гэдгээс үл харгалзан хүн төрөлхтөн 2030 он хүртэл ийм байх ёстой гэсэн зорилтыг тавьсан. Өнөөдөр НҮБ тогтвортой хөгжлийн зорилтыг улс болгоноос шахаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтыг батлаад хоёр жил өнгөрөхөд манай улс юу ч хийгээгүй сууж байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр айх аюулгүй, гачигдах зовлонгүй ертөнцийг бий болгохын төлөө зүтгэх ёстой” гэдэг. Мэдээж дайн байлдаантай оронд янз бүрийн асуудал л байна. Манайд тийм аюул нүүрлээгүй ч хүйтэнд осгоод эндчих вий, хоолонд хордчих вий гээд айх аюул бас байна.
-ҮАБЗ цус ойртолтын асуудлыг анхааралдаа авсан. Энэ нь хүний эрх зөрчсөн асуудал мөн үү?
-Хүн бол эрүүл саруул төрөх ёстой. Эмэгтэй хүн бол жирэмсэн болсон цагаасаа бурханд залбирдаг. Цус ойртолт гэдэг эх хүний болон эх орны шаналан болчихоод байна. Суманд хурим болохоор хэний урилгаар хэний талд гарах уу гэдэг асуудал зөндөө байна шүү дээ. Энэ бол Монголын сум болгонд байгаа асуудал. Дээрээс нь архины хамаарал нэмэгдлээ. Сум, суурин газар болгонд архины асуудал элбэг байгаа. Архины хамааралтай хүмүүсийн хүүхэд оюуны хомсдолтой төрж байна. Монголын төр үүнд бодлого гаргах ёстой.
-Цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа байдал ямар байна?
-Мэдээлэл авах эрхийнхээ үүднээс цахим орчин зөв. Сайн зүлийг таниулан сурталчлахын зэрэгцээ харгис, хүнлэг бус зүйлийг ч гаргаж дэвэргэж байна. Хүүхдүүд бие биеийнхээ зургийг аваад сошиалд тавьж доромжилдог болжээ. Ер нь биеэ үнэлэх асуудал, бэлгийн хүчирхийлэл зэргийн эх үүсвэр нь цахимаар харилцсанаас эхлэлтэй байдаг. Ингээд болзсон охид хүчирхийлэлд өртөж байна.
-Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргээс үүдэлтэйгээр цаазын ялыг сэргээх ёстой гэдэг хандлага нийгэмд их тархаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Цаазын ялыг халах тухай асуудал албан ёсоор тавигдаагүй байгаа болохоор тааж яримааргүй байна. НҮБ-аас 1966 онд баталж, Монгол Улс 1974 онд нэгдсэн орсон Хүний болон улс төрийн эрхийн олон улсын пактын нэмэлт протоколд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон байгаа. Нэгэнт нэгдэн орсон гэрээнээс гарах ойлголт байхгүй байлгүй дээ. Тийм практик дэлхийд бараг байдаггүй юм шиг.
-Эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд элдэв хүчингийн хэргийн талаар зохион байгуулалттайгаар шуугиулж байна уу гэх хардлага ч байна. Учир нь саяын таван настай охинд үзлэг хийсэн эмч түүнийг хүчирхийлэлд өртөөгүй гэж мэдэгдсэн шүү дээ?
-Ямар ч гэсэн бид тодорхой мэдээллийг холбогдох газруудаас авч байгаа. 25 дугаар телевизэд ярилцлага өгсөн эмчээс ч дүгнэлтийг нь авахаар бичиг явуулсан.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Мөнхтүшиг: АНУ нааштай хариу өгвөл тус улс руу богино хугацаанд ажиллах хүч гаргах үүд нээгдэх юм

Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар хэрэгжих гэж буй “Хариуцлагатай аялагч” ажлын нээлт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдын танхимд боллоо. 2017.10.13

АНУ-д ажиллах хүч гаргах асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.


-АНУ-д ажиллах хүч гаргах талаар яригдаж эхэллээ. Хоёр улсын яриа хэлэлцээ ямар шатандаа явна вэ?

-Гадаад харилцааны яам АНУ-ын Дотоодын аюулгүй явдлын яаманд түр хугацааны ажилтан авдаг “H2” хөтөлбөртөө Монгол Улсыг оролцуулах хүсэлт тавьсан. Энэ хөтөлбөрт 84 улс хамрагдсан байдаг юм билээ. Үүний нэгд нь Монгол Улс нэрээ дэвшүүлчихээд байгаа. Яриа, хэлэлцээний түвшинд явж байгаа уг асуудалд АНУ-ын талаас албан ёсны хариу хараахан өгөөгүй байна.

-Ирэх арваннэгдүгээр сараас ану руу ажиллах хүчин гаргана гэж мэдээлээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Уг асуудлыг Америкийн тал нааштайгаар судалж байгаа. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард хариугаа өгчих болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Хэрэв манай улс H2 ангиллын виз авах боломжтой орны тоонд хамрагдчих юм бол Америк руу богино хугацаанд ажиллах хүч гаргах үүд хаалга нээгдэх юм.

-“H2” ангиллын визний тухай дэлгэрүүлэхгүй юу. Ямар салбарт ажиллах хүчин авдаг юм бэ?

-АНУ-д хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч гаргах виз байгаа. Ер нь бол энэ ангиллын виз нь урт хугацааных биш, улирлын чанартай байдаг. Дээд тал нь нэг жилийн хугацаанд ажиллах виз олгодог. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн компаниуд ажиллах хүч шаардлагатай болбол АНУ-ын Засгийн газартай тохирсон гадаадын 84 улсаасаа авдаг.

-Мэргэжил харгалздаг уу?

-Энэ ангиллын виз нь мэргэжилтэй болон мэргэжилгүй гэсэн хоёр янз л даа. “H2 A”, “H2B” ангилал гэж байдаг. Үүнд нарийн мэргэжил шаардахгүй. ХАА-н буюу ХАА-н бус гэж хоёр хуваагдаж байгаа юм. Ер нь бол өргөн хүрээнд ойлгож болно.

-АНУ жилдээ “H2” ангиллын визээрээ хичнээн ажиллах хүчин авдаг юм бэ. Тухайлбал, нас, хүйсний тал дээр ямар бодлого баримталдаг юм бол?

-Ажиллах хүч захиалагч АНУ-ын компани ямар ажлын байран дээр хэдий насны хичнээн хүн авах сонирхолтой байгаагаа санал болгодог. Мэдээж хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэх болов уу. Харин нас, хүйсний тухайд хийх ажлаасаа шалтгаалаад ялгаатай. Өнгөрсөн оны статистик мэдээллээс харахад “H2B” ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авсан байна лээ. Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна гэсэн үг. Америкийн компани тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна, ийм, ийм нөхцөлөөр хангана гэсэн баталгаагаа Хөдөлмөрийн яамандаа гаргаснаар ерөнхийдөө зөвшөөрөл нь олгогддог. Үндсэндээ хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийж байгаа асуудал юм. Тодруулбал, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч Америкийн компани нь Хөдөлмөрийн яамандаа баталгаа гаргаж байгаа хэрэг. Үүнд олон шалгуур байдаг. Гадаадаас ажиллах хүч авчихаар дотоодын ажиллах хүчинд сөргөөр нөлөөлөх үү үгүй юу гэдгийг батлах ёстой байдаг юм билээ. Нэг ёсондоо тухайн компани ажлын байрны зараа тавиад байхад америк иргэд тэдэнд хандахгүй байгаа тохиолдолд гаднаас ажиллах хүч авах эрх нь нээгдэж байгаа юм билээ.

-Ер нь АНУ руу “H2” ангиллын визэнд хамрагдаж хөдөлмөрийн гэрээгээр явахаар болбол тухайн иргэнээс хэдий хэмжээний зардал гарах вэ?

-Хэрэв манай хоёр улсын яриа хэлэлцээ батлагдсан тохиолдолд мэдээж ажиллах хүч авч байгаа компани өөрөө бүх асуудлыг хариуцна. “Та замынхаа зардлыг даагаад ир, бид цалинг чинь олгоё” гэсэн асуудал байхгүй. Тухайн компани хэрэгцээ шаардлагынхаа үүднээс ажиллах хүч гадаадаас авч байгаа учраас тэр хүний бүхий л нийгмийн даатгал, гарах замын зардал зэргийг хариуцах учиртай.

-АНУ-ын тал албан ёсоор зөвшөөрвөл ажиллах хүч гаргах асуудлыг Хөдөлмөрийн яам хариуцах уу?

-Солонгос руу 2004 оноос ажиллах хүч гаргаж эхлэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцох асуудлыг манай яам гүйцэтгэж байгаад хэрэгжүүлэхийг нь Хөдөлмөрийн яам хариуцаж байсан. Үүнтэй адил чиг үүргийнхээ дагуу уг яам хариуцаад явна. Тэр хүртэлх процессыг Гадаад харилцааны яам хариуцаад ажиллаж байгаа.

-АНУ-д хичнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ. АНУ-ын Элчин сайдын яамтай хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлсэн. Тэгэхээр виз мэдүүлэгчид юуг анхаарах ёстой вэ?

-Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлээд байгаа. Иргэд визээ хариуцлагатайгаар мэдүүлээч ээ. Очоод хугацаагаа битгий хэтрүүлээч ээ. Энэ нь эргээд виз мэдүүлж байгаа бусад монгол иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж гадаадын улс орнууд визний нөхцөлөө улам хатууруулдаг. Өнөөдрийн байдлаар Америкийн 200 орчим хотод 25 мянга гаруй монгол иргэн амьдарч байгаа. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлж байгаагаар өнгөрсөн 2016 онд 10 мянган монгол иргэн виз авсан. Эдгээрээс аялал жуулчлалын болон бизнесийн зорилгоор виз авсан хүмүүсийн найман хувь нь визний хугацаа хэтрүүлсэн. Оюутны ангиллын виз авсан залуучуудын 20 хувь сургуулиа хаяж, хууль бусаар ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээлэл байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар виз авсан монгол гурван хүний нэг нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, визний хугацаа хэтрүүлэх зөрчил гараад байна.

АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөр гэж байдаг. Өнөөдрийн байдлаар 38 орны иргэд АНУ-д 90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчиж байна. Үүнд ороход хамгийн чухал нь виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаа хүмүүсийн гурваас илүүгүй хувь байх ёстой байдаг. Энэ шаардлагад хүрсэн улсуудад дээрх 38 улсын иргэд визгүй зорчиж байгаа юм. Тэгэхээр манай улсын хувьд хоёр хүний нэг нь татгалзсан хариу авчихаад байгаа. Энд хувь хүний хариуцлагын асуудал гээд олон хүчин зүйл байна. Нөгөө талаар төр иргэдийн оролцоо хамтын ажиллагаа чухал. Иргэд ухамсаргүй, хувиа хичээсэн байдлаар хандах юм бол өөрөө болон хамаатан садангийнх нь хүмүүсийн виз гарах боломж нь буурна. Жишээлбэл, виз мэдүүлэгч “Танай хамаатан садан АНУ-д байгаа юу” гэхэд байсаар атал “Байхгүй” гээд мэдүүлчихлээ гэж бодъё. Энэ тохиолдолд тэр хүнд итгэх итгэл байхгүй болж байгаа юм. Цаашлаад түүний үр хүүхэд, хамаатан саданд нь хүртэл “Итгэл хүлээлгэхэд хүндрэлтэй” гээд татгалзах үндэслэл болчихдог. Харин үнэнээр нь хариулбал тэр хүнд илүү нааштай боломж байдаг. Хамгийн гол нь визний мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлэх нь чухал. Үүн дээр манай монголчууд хариуцлагатай баймаар байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Монгол Улс, Хойд Солонгосын нэг гарц байж болно

МУИС-ийн Олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, судлаач Ж.Баттөртэй хойд Солонгосын асуудлаар ярилцлаа.


-Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын ой удахгүй болох гэж байна. Ер нь тус улс ойгоороо пуужин харвадаг уламжлалтай. Өнөө жил энэ баяраа олны анхаарал татахын тулд хэрхэн тэмдэглэх бол?

-Дэлхийн хэмжээний томоохон үйл явдлын нэг болох АСЕАМ, АПЕК зэрэг хурлын үеэр Хойд Солонгос пуужин харвадаг. Мөн Хөдөлмөрийн намынхаа ойг тэмдэглэхдээ парад зохион байгуулж, өөрсдийнхөө зэр зэвсгийг дэлхий дахинд гайхуулахаас гадна пуужин харвадаг. Харин энэ удаад пуужин харвах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч оросууд тэднийг холын тусгалтай буюу Алеск, Америкийн эрэгт хүрэх пуужин харвах гэж байна гэсэн мэдээлэл цацсан байгаа. Ер нь тус улс одоо янз бүрийн тусгалын пуужингуудтай болчихлоо. Үүгээрээ Хойд Солонгос аюулгүй байдлаа хамгаалах баталгаатай бааз суурьтай болсноо мэдэгдээд байгаа. Дэлхий нийтийн эрдэмтэд Хойд Солонгосыг цөмийн, пуужингийн технологитой болж, үүнийгээ идэвхтэй хөгжүүлж буйг нь тэмдэглэж байна.

-Саяхан НҮБ Хойд Солонгост хориг тавилаа. Мөн Д.Трамп тус улсыг газрын хөрснөөс арчина гэж мэдэгдээд байгаа. Түүний мэдэгдэл ямар үр дүнд хүргэх бол. Судлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Аливаа улсын төрийн тэргүүний хэлсэн үг тухайн улсын байр суурь байдаг. Тэгэхээр Д.Трампын НҮБ-ын индэр дээрээс хэлсэн мэдэгдэл АНУ-ын албан ёсны байр суурь гэж дэлхий дахин харж байгаа. Тэр үүднээсээ хариуцлагагүй, осолтой, дэлхий дахинд түгшүүрийг улам нэмэгдүүлсэн мэдэгдэл байлаа. Хойд Солонгосыг тэр чигээр нь устгана гэж Д.Трампыг хэлэхээр энэ улсын АНУ-ын эсрэг байр суурь нь улам хатуу болно.

-Д.Трампын мэдэгдэлтэй холбогдуулан Хойд Солонгос ямар арга хэмжээ авч эхлээд байна вэ?

-Хойд Солонгосын мэдээлж байгаагаар 1.7 сая хүн армид очиж, эх орноо хамгаална гэж байна. Ер нь дайн болно гэсэн маягаар санал яваад байгаа. Хойд Солонгос нэг намын суртлаар дагнасан. Тэгэхээр энэ тухай мэдээллийг айхавтар дэвэргэж байна. Ард түмэн нь өнөө маргаашгүй дайрах гэж байгаа юм шиг ойлголт авч байна.

-Д.Трамп Хойд Солонгосын газрын хөрснөөс арчина гэж мэдэгдэж байгаа нь мэдээж Ким Чен Уныг сүрдүүлж буй явдал байх л даа. Хэрэв түүний мэдэгдэл биелэлээ олбол Хойд Солонгосын иргэдийг үнэхээр юман чинээ бодохгүй байгаа хэрэг үү?

-Ер нь дайн болбол цөмийн дайн болох нь тодорхой. Ийм дайн хамгийн их хохиролтой байдаг, аюултай гэдэг нь ойлгомжтой. Ганцхан Солонгосын хойгт дайн болчихгүй. Өмнөд Солонгос, Япон руу цохилт өгнө. Тэгэхээр нэлээд улс орнуудыг хамарсан өргөн хэмжээний дайн болох магадлалтай. Гэхдээ юу юугүй дайн болчихгүй. Өнөөдрийн үйл явдлыг харахад цөмийн зэвсгийг ашиглаж, харилцан бие биедээ дарамт шахалт үзүүлэх, өөрийнхөө үгэнд оруулах гэж чармайж байна. Энэ бол цөмийн тоглоомын онолын түвшинд байгаа гэсэн үг.

-АНУ, Хойд Солонгосын удирдагчдын бие биеэ сүрдүүлж буй үйл явдалд дэлхийн бусад улс орнууд ямар байр суурьтай байна вэ?

-Д.Трамп, Ким Чен Ун хоёр бие биеэ үнэхээр байж болшгүй үгээр сүрдүүлж байгааг дэлхийн томоохон гүрний удирдагч нар буруутгаж байгаа юм. Ингэж нэг нэгийгээ өдөөсөн, сүрдүүлсэн, дайн руу уриалсан байдлаа зогсоогооч ээ гэж хэлж байна. Ялангуяа Хятад улс хамгийн их санаа зовж байна. Учир нь Хятадын яг бөөрөнд дайн дэгдэх аюултай нүүрлэнэ гэсэн үг. Мөн хоёр Солонгосын ард түмэн ч их түгшүүртэй байдалд байна. Энэ хоёр улс нэгдэхийн төлөө явж байтал ингээд ямар байдалд орох нь ойлгомжгүй болж байгаа. Бас ОХУ их санаа зовж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Японы дээгүүр хэд хэдэн удаа пуужин харвасан. Тэд ч их айдастай байгаа. Ер нь Зүүн хойд Ази төдийгүй дэлхий дахины зүгээс Хойд Солонгосыг түгшүүрийн байдалтай харж байна.

-Үүнийг яаж зогсоох ёстой юм бэ. Ямар арга зам байж болох уу?

-НҮБ-аас Хойд Солонгост удаа дараа хориг тавьсан ч үгэнд нь ордоггүй. Нэг ёсондоо гацаанд орчихсон. Тэд ямар ч сүрдүүлгээс айхаа больчихсон. АНУ хэд хэдэн удаа цэргийн сүрдүүлэг хийсэн. НҮБ-аас хориг тавьж байна. Ялангуяа дэлхийн анхаарлын төвд байгаа ийм нөхцөлд Монгол Улс өнөөдөр зуучлалын дипломат ажиллагаа явуулах боломж нь ирчихсэн байна. Өнөөдөр хоёр Солонгосыг, АНУ, зүүн Хойд азийн орнуудыг Улаанбаатар хотод уриад анхан шатны уулзалтуудыг хийх боломж бидэнд байна. Манайх Хойд Солонгос төдийгүй Зүүн хойд Азийн бүх улстай дипломат харилцаатай байгаа. Дээр нь түүхээс улбаалсан хэрүүл маргаангүй. Мөн газар нутгийн юм уу хилийн маргаантай улс байхгүй. Аль алиных нь дургүйцлийг хүргэх шалтгаан алга. Мөн манай улс Хойд Солонгостой 60 гаруй жил дипломат харилцаатай явж ирлээ. Өнөөдөр манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй ч гэсэн бусад чиглэлээр идэвхтэй харилцааг бариад л явж байгаа. Түүхэн үүднээс харахад Хубилай, Чингис хаанаас өгсүүлээд маршал Х.Чойлбалсан,Ю.Цэдэнбал дарга гээд ХХ зууны бүх удирдагч нар Хойд Солонгост анхаарлаа хандуулж байсан. Хоёр Солонгосыг нэгтгэхийн төлөө явж байсан түүхтэй өвөрмөц улс. Хубилай хаан бусад улсуудыг хаантай байхыг зөвшөөрдөггүй байсан хэрнээ Солонгосыг хязгаарлагдмал хүрээнд хаант засагтай байлгаж байв. Дээр нь Монголын гүнж нар Солонгосын таван хаантай гэрлэж байсан. Ийм бодлогын уламжлал байна.

Хойд Солонгосыг гарцгүй болсон гэж дэлхий нийт харж байж магадгүй. Харин Монгол Улс нэг гарц нь байж болно. Хэрэв бид зуучлалын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх юм бол томоор харахад тодорхой хугацаанд Монгол Улс нобелийн шагнал авах боломжтой. Дэлхий дахинд Монголын нэр хүнд өснө. Улмаар аялал жуулчлал нэмэгдэх зөв сурталчилгаа болж өгнө. Үүнийгээ дэлхийн томоохон агентлагуудаар цацаад байх хэрэгтэй.

-Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийг манай улс идэвхтэй зохион байгуулдаг. Гэтэл зарим хүн үүнд шүүмжлэлтэй хандах юм билээ. Дэлхийн том гүрнүүдийн зохицуулж чадахгүй байгаа асуудалд Монгол Улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй гэдэг л дээ. Тэгэхээр манай улс энэ асуудалд жижигдэхгүй юу?

-Олон улсын харилцаа гэдэг бол байнга хувирч байдаг. Өчигдөр бүтэмжгүй байсан асуудал өнөөдөр бүтчихдэг нь олон улсын харилцаа юм. Бусад салбаруудаас хамгийн ялгаатай нь өдөр тутам, цаг минутанд өөрчлөгдөж байдаг. Энэ торгон мөчийг ирэхэд нь ашиглаж чадах ёстой. Харин өнөөдөр энэ торгон мөч бидэнд ирээд байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийн үзэл санаанд байгаа тунхагууд, уулзалтуудыг баримт бичиг болгоод тэрэн дээр суурилаад маргаантай улсуудыг Улаанбаатар хотод урьж, анхан шатны уулзалтуудыг хийнэ гэсэн үг.

-Хойд Солонгосын асуудалд Хятад улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа. Тэгж чадах болов уу?

-Хятад зуучлагч орон болох гэж оролдож байсан. Тиймээс зургаан талт хэлэлцээрийг Бээжинд явуулж байсан нь мухардалд орчихсон. Хойд Солонгос өнөөдөр Японтой, АНУ-тай, Өмнөд Солонгостой худалдаа бизнесийн ямар ч харилцаа байхгүй. Зөвхөн Хятадтай худалдаа хийдэг. Тэгэхээр хориг тавихад гол нөлөөлж чадах улс бол Хятад. Оростой бол тодорхой хэмжээнд ажилчин гаргаж, бүтээн байгуулалтад оролцож, багахан худалдаа хийж байгаа.

-ОХУ бас нөлөөгөө тогтоох гээд байгааг хэрхэн харж байна вэ?

-ОХУ өөрөө европын талаасаа хоригт орсон. Тийм учраас ганц гарц нь дорно зүгт байгаа. Восточный форум хийгээд байгаа нь ч ийм учиртай. Хэрэв Солонгосын хойгт дайны байдал үүсэх юм бол гадаадын хөрөнгө оруулагч нь дайжина. Нөгөө том бүтээн байгуулалтууд нь зогсох эрсдэлтэй. ОХУ Хойд Солонгостой Приморийн хязгаараар хиллэж байдаг. Тэгэхээр Оросын хөгжүүлэх гээд байгаа Алс Дорнодын бүтээн байгуулалтыг эрсдэлтэй болгоно. Тиймээс Хойд Солонгост зайлшгүй нөлөөлөхөөс өөр аргагүй байна.

-Хойд Солонгосыг “Дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй” гэж хүлээн зөвшөөрч цөмийн зэвсгийн клубт элсүүлбэл асуудал намжих уу?

-Цөмийн клубт элсүүлэх яриа одоо эртэднэ. Магадгүй Хойд Солонгос буулт хийсэн тохиолдолд цөмийн клуб рүү оруулж мэдэх юм. Буулт хийхгүй тохиолдолд оруулахгүй. Харилцан буулт хийнэ гэсэн үг.

-Хэрэв цөмийн клубт Хойд Солонгосыг оруулчихвал Зүүн хойд Азийн цөмийн зэвсэггүй орнууд цаашлаад Монгол Улс хүртэл яагаад цөмийн зэвсэгтэй болж дэлхий нийтийн айлган сүрдүүлж, нөлөөгөө тогтоож болохгүй гэж хөөцөлдөх юм биш үү?

-Цөмийн клубт гишүүнээр авна гэдэг бол цөмийн зэвсэгтэй орнууд том буулт хийнэ гэсэн үг. Тиймээс сөрөг тал байгаа. Бусад улсууд дуурайгаад Хойд Солонгос шиг ийм замаар явж болдог юм байна гэж дагах эрсдэлтэй. Тэгэхээр янз бүрийн орнууд цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг дэвэргэсэн болчих гээд байна. Энэ бол түвэгтэй асуудал л даа.

-Ингэхэд Хойд Солонгос яагаад цөмийн зэвсэг хөгжүүлээд байдаг юм бэ. Тэд ямар тохиолдолд татгалзах юм бол?

-Ер нь Хойд Солонгосын судлаач нартай энэ талаар ярилцахаар “Бид Өмнөд Солонгосоос АНУ-ын цэргүүд гарсан тохиолдолд цөмийн зэвсгээ зогсооно” гэдэг. Хэрэв ийм зүйл болбол өмнөд Солонгос бол цөмийн зэвсэгтэй улсын дэргэд цөмийн зэвсэггүй болж үлдэх гээд байна. Өмнөд Солонгос өөрөө цөмийн зэвсэг үйлдвэрлэдэггүй. АНУ-ын цөмийн зэвсэгийн шүхэр дор байдаг. Нөгөөтэйгүүр Хойд Солонгос тун барьцгүй. Айлгаж, сүрдүүлдэг. Хэрэв АНУ, Хойд Солонгосын шаардлагыг зөвшөөрөх юм бол нөгөө улс тэр зэвсгээрээ Өмнөд рүү дайрч, дарамтлах асар их магадлалтай болчихож байгаа. Тэгэхээр энэ бол түвэгтэй асуудал. Хамгийн гол нь Хойд Солонгосын одоогийн дэглэмийг авч үлдэх гол арга нь цөмийн хөтөлбөр байгаа юм.

-Хоёр Солонгосын ард түмнээс авсан судалгаагаар тэд нэгдэх сонирхолгүй болсон гэдэг үнэн үү?

-Үе шаттайгаар нэгдэх тал руугаа явах болно. Хоёр Герман шиг шууд нэгдчихгүй. Тодорхой хугацааны дараа Хойд Солонгосын эдийн засгийг босгож, цөмийн хөтөлбөрийг нь бүрэн зогсоосны дараа энэ асуудал нааштайгаар яригдах байх л даа.

-Ер нь Хойд Солонгос энэ хэвээрээ цаашид яваад байвал эдийн засгийн хувьд хэр ирээдүйтэй байх вэ?

-Хойд Солонгосын гол экспортолдог бүтээгдэхүүн нь нүүрс. Мөн тэд нефть боловсруулах үйлдвэртэй болохоор шатахуун гаргадаг. Бас төмрийн хүдэр, загасны аж ахуйн экспорт дээр эдийн засаг нь оршдог. Тэдний түүхий эдээ гаргадаг гол зах зээл нь Хятад. Энэ хэрээр эдийн засаг нь удаан тэснэ гэвэл хэцүү л дээ.

-Хэрэв цөмийн дайн болбол Монгол Улсад шууд болоод дам нөлөө байна уу?

-Энэ асуудалд манайх судалгаа хийж байхад буруудахгүй. Мэдээж дайн болохгүй бол сайн шүү дээ. Хэрэв эгзэгтэй байдал үүсвэл өөрсдийн төлөвлөгөө, хөтөлбөртэй байх ёстой. Тэр үүднээс Солонгосын хойгийн асуудлыг судлаачид, төр засаг төдийгүй Монголын цөмийн эрчим хүчний комиссынхон анхааралтай ажиглах ёстой. Сүүлийн үед гарч байгаа мэдээллээр Хятадын талаас ч тэр, Өмнөд Солонгосын талаас ч тэр цөмийн туршилт хийгээд байхаар их хэмжээний хорт бодис бусад улсуудад нөлөөтэй гэж байна. Одоогоор цөмийн туршилтыг ууланд хийж байгаа. Тэр уул удахгүй нурах байх. Ийм тохиолдолд тэнд гарч байгаа байгальд сөрөг аюул нь Монголд нөлөөлөх үү, аль аймгууд руу орж ирэхээр байна гэдгийг урьдчилсан түвшинд ч судалж анхааралдаа аваад явж байх ёстой. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр гэдэг бол ганцхан Гадаад харилцааны яамнаас юм уу төрийн зүгээс анхаараад байх асуудал биш. Байгаль орчны яам, Батлан хамгаалах яам гээд олон газрууд маш анхааралтай авч үзэх хэрэгтэй. Судлаачийн хувьд хэлэхэд дээрх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулаад судалгаа, төлөвлөгөө гаргаад явахад эртдэхгүй болов уу.


Categories
мэдээ цаг-үе

А.Эрдэнэбаяр: Эрх зүйн чадамжгүй энэ парламент тарах ёстой

“Өдрийн сонин”-ы 2017.09.28-ны пүрэв гаригийн №210(5777) дугаараас авч нийтлэв.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Иргэний нийгмийн байгууллагууд эрх баригчдаар Үндсэн хуулийг батлуулахгүй байх саналыг илэрхийлэх боллоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулж байгаа энэ цаг үед та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол Улс Үндсэн хуулийг батлахын өмнө 1990 онд 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь зарчмын өөрчлөлт хийсэн. Харин 1992 онд Үндсэн хуулиа өөрчилж, ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилсэн төдийгүй энэхүү өөрчлөлт нь үндсэн хоёр агуулгатай ба эхнийх нь төрийн тогтолцоо, дараагийнх нь өмчийн харилцааг өөрчилсөн явдал байлаа. Гэтэл өнөөдөр энэ үндсэн хууль маань одоо цаг үедээ таарч, тохирч байгаа эсэх нь олон зүйл дээр эргэлзээ төрүүлж байна. Бидний оюуны тэжээл болсон “Үндсэн хууль нь нийгмийн ухамсрын толь болсон хууль байх ёстой”- гэж би үздэг. Тэр үүднээсээ бусад хууль тогтоомжууд ард иргэдийн төлөө үйлчилсэн байх ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх гэвэл бид ойлголтоо нэг болгох сайн харж, сайн бодох л шаардлагатай. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан. Одоогийн энэ Үндсэн хуульд УИХ-д суудалтай 76 хүн гар хүрэх эрх байхгүй. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар гадны нөлөө орох гэж байна. “Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа. Гэтэл гадны нөхдүүд “Та бүхэн энэ заалтаа Үндсэн хуулиасаа авч хаяач ээ” гэсэн яриа хэлэлцээ өрнүүлснийг МАН, АН-ын гишүүд бидэнд дуулгаж байна. Тиймээс тэд Үндсэн хуулийг өөрчилж буй нэрийн дор өөрсдийнхөө эрх мэдлийг давуугаар хадгалж үлдэж, ард түмний эрх мэдлийг боомилох газрын доорх баялгийг гадны нөхдөд өгөх гэсэн асуудал санаархалтай хийгдэж байгаа болохоор одоогийн эрх зүйн чадамжгүй Их хурал Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй.

-Энэ парламент яагаад эрх зүйн чадамжгүй гэж?

-Иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний ихэнх нь УИХ-ыг тарах ёстой үзэж байгаа. Тэд Оффшорын тухай, Зөрчлийн тухай хууль гэж өөрсдийгөө хаацайлсан, хамгаалсан хууль баталсан шүү дээ. Хууль батлагдсан өдрөөс өмнөх баялгийн мөнгө хулгайлсан ч бай, төрийн өмчийг шамшигдуулаад өөрсдөө хувьдаа зарцуулсан ч бай, түүнд дээрх хуулиар ял эдлэхгүй, торгууль эдлэхгүй байхаар гаргачихсан. Сая хүртэл 60 тэрбумын асуудлыг гэхэд хэрэгсэхгүй болгосон. Дуу хоолой нь нотлогдсоор гэрчүүд мэдүүлсээр байтал эвлүүлэг юм аа гээд гаргаад ирсэн. МАН-ын генсек ард түмнээсээ уучлал гуйж, УИХ-ын гишүүн дэд дарга Ц.Нямдорж нь 60 тэрбумын хэргийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл УИХ-ын гишүүд Монголын ард түмнийг басамжлан доромжилж байна. Энэ бол ард түмнийг боол мэт байлгаж, өөрсдөө төрийн сэнтийд энэ яваа насныхаа хугацааг дуусгах гэсэн увайгүй оролдлого.

Тийм болохоор 60 тэрбумаар санхүүжилт босгож бий болсон Их хурал хүчин төгөлдөр биш. Иймд тарах ёстой. Энэ парламентын байгуулагдсан цагаас эхлэн боловсруулсан, баталсан бүх хууль хүчингүй байх ёстой. Яагаад гэвэл өөрсдөө хууль бусаар байгуулагдсан юм чинь гаргасан шийдвэр нь ч хууль бус шүү дээ.

-Сүүлийн үед Их хурлын гишүүдийн ёс зүйн асуудал их шүүмжлэгддэг боллоо. Ялангуяа залуу гишүүд өөрсдийгөө удирдаж чадахгүй байж, төр удирдах гээд яваад байх юм аа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Улс төр гэдэг хэн ч сонгож болдог гоё мэргэжил гараад ирсэн байна. Хэн дуртай нь улстөрч болдог. Үүнийг хэн ч сонгож болдог мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосон хүн баяжина. Их хурлын гишүүнээр сонгогдчих юм бол хэн ч түүнд халдахгүй. Дээрээс нь хэнийг ч доромжилж болдог гээд ойлгочихсон. Ард түмний баялгийн мөнгийг хуйвалдааны чиглэлээр хувааж авч тийм эрх мэдлийг өөрсдөдөө үүсгэдэг. Монгол хүн бүр баялагаас тэгш хүртэх, эх орондоо элбэг хангалуун амьдрах, ажилтай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх нэг арга бол эхний шатанд улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, жалга довны үзлээс зайлсхийх шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо бид Монголоороо хийрхэж омогших биш, хийж омогших цаг хугацаа бидний өмнө тулгараад байна. Зөв тогтолцоог бий болгоход хүн бүрийн идэвх зүтгэл чухал юм.

Баян ядуугийн ялгаа ихсэх тусам энэ улсын эв түнжин алдагдах болно. Улс төрөөр монголчуудыг хүмүүжүүлэх биш өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх оронч үндэсний бахархалт үзэл санааг төлөвшүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай гишүүд маань өнөөдөр төрийн ордноос бандаашаа өмсөөд гарсан гэх асуудлаа мэдээлж байна. Төрийн ордны гадна ярьж болно доо. Тэрийг УИХ-ын Тамгын газар нь хүртэл хориглох хэрэгтэй. “Төрийн ордон дотор гаж зүйл хийснийхээ төлөө хэвлэлийн бага хурал зарлаж болохгүй” гээд хэлж болно шүү дээ. Тийм дуртай юм бол гудамжинд зогсоод хийж болно.

-Төрөө хүндэтгэхгүй байгаагийн л нэг илрэл биз дээ?

-Тийм. Төрийг хүндэтгэхгүй байна. Нөгөө үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд ойлгохгүй байна. Зөвхөн тэдний эрх ашиг намдаа үйлчилж байна.

Намын нэрээр намд хандив өгсөн, намд зальжин шударга юм шиг дуу хоолой гаргаж, даргын цүнх барьж гүйсэн нөхдүүд Их хурлын аль нэгэн тойрогт нэр дэвшээд гараад ирж байна. Үүнд ерөөсөө боловсрол хэрэггүй шүү дээ. Нэгэнт гараад л ирсэн юм чинь намын нөхдийнхөө төлөө, өөрийнхөө төлөө ажиллахаас өөр аргагүй. Ард түмнийг цагаан цаас мэт хэмжээнд аваачаад байгаа юм. Төрийн бүх салбарт улс төр гэдэг юм орчихсон болохоор Монгол Улсын хөгжил нь гацаад, ард түмний амьдрал доройтоод байгаа юм.

-Ер нь УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст тодорхой цензур тавьдаг болмоор юм биш үү. Өөрсдөө төлөвшөөгүй ийм нөхдүүд улс орныг төвхнүүлэх асуудлыг ярих нь хэр зохимжтой вэ. Та эрх зүйч хүний хувьд ямар санаа оноотой байна. Дээрээс нь иргэний нийгмийн байгууллагууд нэгдээд Их хурлын залуу гишүүдэд зориулсан хуулийн төсөл санаачилбал яасан юм бэ?

Монгол хүний эрх ашгийн төлөө бид үргэлж дуугарна, тэмцэнэ.Өнөөдөр Монголын ард түмэн хаа сайгүй л шударга ёс хариуцлага алдагдлаа, тэр идэж уулаа, ингэж ч завшлаа гээд л амтай болгон ярих бөгөөд сүүлдээ шударга ёс, хариуцлага гэдэг үгийн үнэ цэнэ ойлгогдохоо байжээ. Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харагдаж байна. Ер нь бол ардчиллыг анархи байдал гэж ойлгодог, ардчиллыг дур зоргоороо авирлах байдал гэж ойлгодог, хууль, дүрэм, журмыг үл хэрэгсдэг, улстөрчдөөс эхлээд хэлсэн ярьсан үг, ам ажил нь зөрдөгт нийгэм иргэд ихээхэн бухимдаж явдаг шүү дээ. Тиймээс бид Монгол төрийн эртнээс уламжилж ирсэн төрийн өмнө хүлээсэн үүргээ яг таг чанартай биелүүлдэг, биелүүлээгүй тохиолдолд төрийн албан тушаалтанд хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль журмыг хэрэгжүүлэх ёстой. Хүн төвтэй төртэй болъё л гэсэн үг.

Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу биелүүлэх ёстой. Төрөөс мөнгө олж баяжих явдал эрс нэмэгдсэн, ийм зүйлд дахин бусдыг уриалах, төрөөс мөнгө босгох боломж, шат шатны дарга нарт байдаг гэдэг үзэгдлийг давтах тохиолдолд тэр нөхрийг ажлаас халах бусдын өмнө цээрлэл хүлээлгэх цаг нь болсон.

Төр өмчтэй байж гэмээнэ хүчтэй байж улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байж чадна. Төр сайн менежмент хийж чадах боловсон хүчинг ажилд авч, улс төрөөс ангид хуулийн хүрээнд ажил хийх боломжоор хангаж хамтран эх орныхоо хөгжлийн түүчээ нь болох хэрэгтэй. Ер нь намын ч бай, нам бус ч бай эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг шударга хүн л төрийн бүх шатны байгууллагад байх ёстой гэж үздэг.

Тиймээс ийм байдлыг бий болгохын тулд хууль санаачлан, Их хурал болон бусад бүх шатны сонгуульд өрсөлдөгч нарт цензур эрх зүйн хүрээнд тавих шаардлага гарч байгаа нь илт байна шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амь насанд заналхийлсэн үү?

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Тэрбээр чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэв.

Харин төгсгөлд нь нэг ноцтой үг хэллээ. У.Хүрэлсүх сайд “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж өөртөө итгэлтэй тодотгов. Эндээс түүний амь насанд хэн нэгэн заналхийлсэн байж болзошгүй гэж ойлгогдоод байна. Хэрэв У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох юм бол амийг нь хорооно шүү гэж сүрдүүлсэн бололтой. Манай улсын түүхэнд Ерөнхий сайдаар томилогдох гэж байсан хүнийг урьд өдөр нь хөнөөсөн харамсалтай үйл явдал болж байсан. Одоогоос 19 жилийн өмнө С.Зориг агсны нэр Ерөнхий сайдад яригдаж байхад зохион байгуулалттайгаар амийг нь бүрэлгэсэн хэргийг ард түмэн одоо ч мартаагүй. Энэ өнцгөөр харвал У.Хүрэлсүхийн хэлж байгаа үг үнэмшилтэй юм шиг сонсогдоод байна. Тэгвэл түүний амь насанд хэн халдах гэсэн юм бол. Сөрөг хүчний хувьд эрх баригчдын аль тал нь засгаа удирдаж, хэнийгээ томилох асуудал огтоос падлийгүй.

Ерөнхий сайдыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлээд дуусангуут огцорсон тал буюу МАН-ын “32-ын бүлэг” хамгийн түрүүнд мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал” гэж хэлсэн. Тэд Ерөнхий сайдыг томилох санал хураалтад оролцоогүй гэдгийг цөм мэднэ. Гэхдээ Төрийн ордонд байсан юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг индэр дээрээс ноцтой үг хэлсний дараа “32-ын бүлэг” яагаад гэнэт гарч ирээд мэдэгдэл хийх болов. Ерөнхий сайдын амь насанд халдана гэсэн заналхийлэл энэ 32-ын бүлэгт байсан юм биш биз гэж хардагдахаар байна. Тэд Ерөнхий сайдын “Амиа алдахаас айхгүй байна” гэж тодотгосон үгийг айхавтар эмзэг хүлээн авч байгаа бололтой.

У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын хооронд хувийн тохироо байдаггүй л юм бол зарчимсаад байх асуудалгүй баймаар юм. Сонгуульд ялалт байгуулж УИХ-д 65 суудал авч олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөр бэлээхэн байгаа. Энд эрх баригчид сонгуульт хугацаандаа ямар бодлого, зарчмаар ажиллах тухай тов тодорхой тусгаж ард түмний саналыг авсан биш бил үү. Гэтэл өнөөдөр юун бодлого, зарчим алдагдах тухай яриад эхлэв ээ. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр нь хэнд ч хэрэггүй зүйл байсан юм уу. Тэрхүү зарчим бодлоготой “32-ын бүлэг” тохиролцохгүй гэх юм.

Энэ бүгд мань эрийн амь насанд заналхийлэл болох уу. У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд болох гэж яаравчилсан тал бий. Үнэхээр түүний амь настай холбоотой асуудал байгаа бол тагнуул, цагдаагийнхны шалгаж, тогтоох ажил. Харин У.Хүрэлсүх одоо Засгийн газрын тэргүүнээр томилогдож, Төрийн хамгаалалтад орсон болохоор юу юугүй түүх давтагдчихгүй байх л даа.

Ер нь Засгийн газрыг хуулийн хугацаанд нь байгуулж чадахгүй бол УИХ тарах ёстой. Улс төрийн өрнөлөөс харахад МАН ард түмний биш өөрсдийнхөө төлөө гүйлдэж байна. Байгаа зарчмаа үгүйсгэцгээлээ. Нөхцөл байдал тийм ноцтой хэмжээнд хүрсэн бол дахин улс төрийн аллага болохоос өмнө энэ Их хурлыг тараамаар юм. Хоолоо олж идэхийн төлөө нэгийгээ хөнөөгөөд юухэв дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Хятад, Хойд Солонгост нөлөө үзүүлж чадахуйц гол түнш орон

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


ҮБын аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийг өнгөрсөн долоо хоногт тавьсан. ингэснээр тус улсын эдийн засаг яаж хумигдах вэ?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 дугаар тогтоолыг санал нэгтэй баталлаа. Хойд Солонгос жилд 4.5 сая баррель нефть импортоор авдаг юм байна. Зөвхөн Хятадаас өдөрт зургаан мянган баррель авч байгаа. Шинэ хоригоор 2.2 сая баррель буюу 50 хувиар танахаар боллоо. Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглолоо. 2016 онд 752.5 сая ам. долларын бэлэн бүтээгдэхүүн үүнээс Хятадад 2.3 тэрбум, Энэтхэг 108 сая, Орос 79 сая, Тайланд 74 сая, Пакистан 43 сая, Филиппин 53 сая, Африкийн Буркина Фасо 33 сая ам. долларын хувцас экспортлосон байх жишээтэй. Гадаад дахь Хойд Солонгосын 93 мянган иргэдийн мөнгөн шилжүүлгийг бүрэн хориглосон байна. Энэ нь ойролцоогоор 500 сая ам. доллар болж байна. Энэ бол маш том хориг. АНУ-ын анхны санал газрын тосны импортыг 100 хувь зогсоох байсан. АНУ, Орос, Хятад нэлээд зөвшилцөж тохиролцоонд хүрсэн байна.

АНУ, Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Хятадын оролцоог нэмэгдүүлэх саналтай байгаа биз дээ. Хятад зуучлагч болж чадах уу?

-Хятад, Хойд Солонгост нөлөө үзүүлж чадахуйц гол түнш орон. Хятад өөрийн хэмжээнд нэлээд хориг арга хэмжээ авч байна. Д.Трамп ирэх арваннэгдүгээр сард Вьетнамын өмнөд хэсгийн Дананг хотод зохиогдох АПЕК-ийн эдийн засгийн дээд уулзалтад оролцох арга хэмжээний хүрээнд БНСУ, БНХАУ, Японд төрийн айлчлал хийхээр боллоо. Үүгээр асуудлууд улам тодорхой болно.

ОХУ яг ямар байр суурьтай байна вэ?

-ОХУ, БНХАУ-ын байр суурь маш тодорхой. АНУ, БНАСАУ хоёр шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байгаа.

АНУын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ОХУын Гадаад хэргийн сайд С.Лавровтай уулзсан байна лээ. Үүнийг юу гэж харж байна. Тэд ямар тохиролцоонд хүрсэн юм бол?

-Өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт тэд уулзсан байна. Удахгүй ажлаа эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр, Сирийн асуудлаарх Женевийн хэлэлцээг урагшлуулах, Хойд Солонгосын асуудлаар байр сууриа уялдуулахаар санал солилцсон байна.

БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршлаа гээд мэдээлээд байдаг. Мөн түүнийг тээгч баллистик пуужингийн туршилт ч амжилтанд хүрээд байгаа бололтой. Тэгвэл Японы хэвлэл дээр пуужин тээгч шумбагч хөлөг онгоцтой болж байгаа талаар бичжээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Тус улс 2006 оны аравдугаар сарын 6-нд анх удаагийн цөмийн туршилт хийсэн. Харин саяхан есдүгээр сарын 3-нд устөрөгчийн бөмбөгийн туршилт буюу зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийлээ. Ингэснээр “де факто” цөмийн зэвсэгтэй, мөн түүнийг алсын зайнд хүргэх баллистик пуужинтай улс боллоо гэж үзэхэд хүргээд байна. Хойд Солонгос 2016 оны нэгдүгээр сарын 6-нд “устөрөгчийн бөмбөг” хэмээх цөмийн төхөөрөмж буюу дөрөв дэх туршилт хийснээ мэдэгдэж байсан ч шинжээчдийн онцолж байснаар тэр нь устөрөгчийн бөмбөгийн гол үзүүлэлтүүдийн шалгуурыг бүрэн илэрхийлж чадаагүй байсан. Харин 2016 оны тавдугаар сард хуралдсан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын VII их хурал тус улсыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн албан ёсоор зарласан. Сүүлчийн туршилтын эхний чичиргээнээс хойш найман минутын дараа дахин 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээ бүртгэгджээ. Туршилтын хүч 60-120 килотон орчим буюу Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс гурав дахин хүчтэй байж магадгүй гэж үзэж байх шиг байна. Энэ удаагийн туршилтын улмаас хиймэл дагуулаас авсан зураглалаар хөрсний томоохон нуралт буй болж, Пүнге-ри туршилтын хонгилд нурах аюул үүссэн байх магадлалтай байгаа юм байна. Устөрөгчийн бөмбөг гэдэг нь атомын бөмбөгнөөс үлэмж хүчтэй, халуун цөмийн урвал явагдаж, нүд сохлом гэрэл гарна гэсэн үг. Хойд Солонгос наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд Японы Хоккайдо арлыг давуулан баллистик пуужингийн туршилт хийлээ. Сүүлчийн пуужингийн туршилт НҮБ-ын шинэ тогтоолын дараа хийгдсэн. Одоогийн байдлыг ажиглахад Хойд Солонгосын пуужингийн алсын тусгал Гуам аралд хүрэх боломжтой хэмээн үзэхэд хүргэж байна. Ер нь бол технологийн хувьд сайжруулсаар л байна. Хойдуулын саяхны тэмдэглэж буйгаар цөмийн болон пуужингийн хүчээр АНУ-тай стратегийн тэнцвэр барих зорилготой гэж мэдэгдлээ. Шуудхан хэлэхэд АНУ-ын баримталж байсан цөмийн зэвсгээр “тогтоон барих” номлолыг өөрсдийнх нь эсрэг баримталж эхэллээ. Гайхмаар зүйл нь агаарын орон зайг нь хоёр ч удаа зөрчөөд байхад Япончууд түүнийг устгахгүй байх юм.

Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхээр заналхийлж буй гүрэн, хоёр Солонгосыг хүчээр нэгтгэхээр завдаж буй улс ер нь байна уу?

-Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын тоглоомын дэглэм, АНУ-ын империализмтэй хамтран тус улсыг хэзээ мөдгүй эзлэхээр бэлтгэж байна гэж сурталддаг, иргэд нь ч ийм итгэл үнэмшилтэй байдаг бололтой. Өмнөд Солонгос нь АНУ-тай хамтран Хойд Солонгосын болзошгүй түрэмгийллээс хамгаалахын тулд хавар, намар “Foal Eagle”, “Key Resolve”, “Max Thunder”, “Ulchi – Freedom Guardian” хамтарсан цэргийн сургуулилт хийдэг. Солонгосын хойгийн sta­tus quo хүйтэн дайн дууссанаас хойш шийдвэрлэгдэж чадалгүй тунаж үлдсэн цорын ганц цэг, дайн, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал буй.

Дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын зүгээс ноцтой болгоомжилж буй зүйл нь Хойд Солонгосын удирдлага тун хариуцлагагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлдэггүй явдал гэж үздэг. Хойд Солонгос “чүчэ” буюу өөрийн хүчинд тулгуурлах үзэл баримталж, тус орныг дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлах бодлого явуулж байгаа нь тун хүнд байдалд оруулаад байна. Хойд Солонгос цөмийн хөтөлбөртөө дулдуйдсан бодлого явуулж буй нь одоогийн дэглэм өөрийгөө удаан хугацаанд хадгалж үлдэх гэсэн бодлоготой шууд холбоотой нь тодорхой. Ирантай найман жил дайтаж, Кувейтийг түрэмгийлж байсан Садам Хусейнаар толгойлуулсан Иракийн армийг АНУ бараг хоёрхон долоо хоногийн дотор л бут ниргэсэн. Ливи, Сирийн асуудлын дараагийн ээлж нь Хойд Солонгос гэж үзсэн байх.

Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн технологи өнөөгийн түвшинд хүрэхэд нөлөөсөн хүчин зүйл нь юу байв?

-Хойд Солонгосын Ёньбоны цөмийн судалгааны төвийн барилгын ажил зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар 1965 оноос эхэлж 1974 онд 2 мВ-ын хүчин чадалтай судалгааны реакторыг ашиглалтад оруулсан. Харин 1979 онд найман мВ-ын хоёр дахь реакторын ажил эхэлсэн байдаг. Хойд Солонгос зөвхөн 2013 онд 400 мянга, 2014 онд 470 мянга, 2015 онд 530 мянган ам. долларын татвар Дубна дахь Цөмийн нэгдсэн институтэд төлсөн байх юм. ЗХУ задарсны дараа Украин, Оросын хар зах дээрээс цөмийн болон пуужингийн технологи, мэргэжилтнүүд олж авсан бололтой. 1974 онд МАГАТЭ-д элссэн. 1985 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж, 1993 онд гарч, 1994 онд буцаж нэгдэн, 1995 онд Солонгосын хойгийн эрчим хүчний хөгжлийн байгууллага КЕDO байгууллагдаж, эрчим хүчний гүн хямралд байсан үед Хойд Солонгосын зөвлөлтийн үеийн бал чулууны цөмийн эрчим хүчний реакторыг хөнгөн усны реактораар шинэчлэх ажил АНУ, Япон, БНСУ болон ЕХ-ны дэмжлэгтэйгээр эхэлсэн. Гэвч энэ ажил мөн л бүтэлгүйтсэн. 2003 онд үл дэлгэрүүлэх гэрээнээс дахин гарсан. 2007 онд зургаан талт хэлэлцээнээс гарч, 2009 онд МАГАТЭ-гийн шинжээчдийг нутгаасаа гаргасан.

Ингэхэд асар өндөр зардалтай бүтдэг пуужингийн туршилтуудын санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас гардаг юм бэ?

-2005 онд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллага одоогийн залуу удирдагчийн эцэг Ким Чен Ирийн Макаогийн оффшор дахь Banco Delta Asia банкны 50 дансанд тараан байрлуулсан 25 сая ам. долларыг илрүүлэн тэдгээр дансыг хаахыг БНХАУ-д шаардаж байсан. Удалгүй тэрхүү мөнгийг царцаасан. Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөргөж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийсэн байдаг. 2008 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Мён-пак үүрэгт ажилдаа орсны дараа АНУ, БНСУ-ын тусгай албадын хамтран явуулсан эрчимтэй ажиллагааны үр дүнд гол нь оффшор бүс болох Макао, Лихтенштейн, Люксембүрг, Австри, Швейцарь, Сингапур, Карибын тэнгисийн банкуудад гадаадын иргэний болон гадаадын компанийн өөр өөр нэрээр 200 гаруй дансанд байршуулсан. Эх сурвалж нь галт зэвсэг, мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаа, хуурамч мөнгө солилуулах, тамхи, ликёрын худалдаанаас олсон дөрөв орчим тэрбум ам.долларыг илрүүлсэн байдаг. Тэдгээр нууц дансуудын ард одоогийн удирдагч Ким Жон Үн байгаа нь тодорхой болсон бөгөөд зарим данс нь түүний эцэг Ким Чен Ирийг амьд сэрүүн байх үед нээжээ. Ким Чен Ирийн хамгийн ойрын итгэлтэй туслах, түүний далайн чанад дахь хууль бус ажиллагааг санхүүжүүлдэг нууц сангийн ерөнхий менежерээр олон жил ажилласан Жонь Ил Чун Хойд Солонгосоос дүрвэсэн бөгөөд тэрбээр мэдэгдэхдээ, ОХУ дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд их хэмжээний хуурамч мөнгийг шилжүүлж байсан хийгээд 2008 онд Орост 30 сая ам.доллартай тэнцэх хуурамч мөнгийг эргэлтэд оруулж угаасан тухай нотолсон байдаг. Мэдээж, нүүрс болон бусад барааны экспортын орлого, гадаад дахь иргэдийн шилжүүлэг зэргийг хэлэх хэрэгтэй. Хойд Солонгос 2000 онд зохиогдсон хоёр Солонгосын анх удаагийн дээд уулзалтын болзолд Өмнөдөөс 400 сая ам. доллар авч тэр нь цөмийн хөтөлбөрт зориулагдсан хэрэг тодорхой болж 2005 онд ноцтой шуугиан дэгдэж байсан.

-Xойд Солонгосыг энэхүү хурцадмал байдлаас гаргах ямар арга зам байна вэ?

-Ким Жон Үнийг хэлэлцээний ширээнд суулгахад туслах нэг арга нь түүний хийж буй үйлдлийн үр дагаврыг түүнд тодорхой харуулах явдал гэж АНУ үзэж байна. Д.Трамп Хойд Солонгос дайтахыг “гуйгаад” байна, стратегийн тэвчээр барагдлаа гэсэн. БХ-ын сайд Жеймс Мэттис маш тодорхой хэлсэн: “том хохирол гарна, ганцхан зүйл өөрчлөгдөх нь тодорхой. Одоогийн дэглэм нуран унана” гэсэн байна.

Зургаан талт хэлэлцээний хэлэлцэх үндсэн асуудал нь юун дээр төвлөрөх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл тун ойлгомжгүй байна. Хэлэлцээ сэргэсэн тохиолдолд хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудал лав биш болов уу. В.Путины хэлсэнчлэн хар ус ууж, хагд өвс идсэн ч цөмийн хөтөлбөрөөсөө ухрахгүй бололтой. Урагштай байж болохуйц гарц бол хоёр Солонгосын өндөр дээд төлөөлөгчид эхний ээлжинд, дараа нь Хойд Солонгос-АНУ хоёр vis-a-vis-ийн зарчмаар асуудлыг хэлэлцвэл энэ нь боломжтой гарц байх магадлалтай. БНХАУ, ОХУ хоёр АНУ, БНАСАУ шууд яриа хэлэлцээ явуулах, хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоох, THAAD системийг татан буулгахыг санал болгож байна. АНУ энхийн гэрээ байгуулах, шууд яриа хэлэлцээ хийхийн тулд БНАСАУ эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шаардлага тавьдаг.

Саяхан ХБНГУ-ын канцлер А. Меркель 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийг нь царцаах P5+1 хэлэлцээрийн механизмыг санал болгосон нь анхаарч болох асуудал.

Хэрэв Хойд Солонгос Гуамд цохилт хийхэд хүрвэл Их Британийн Ерөнхий сайд Терезе Мэй саяхан Японд айлчлах үеэрээ мэдэгдэхдээ “АНУ НАТО-гийн гишүүн. Умард Атлантын гэрээний 5 дахь зүйлд “гишүүн оронд нь довтолбол гишүүн бүх оронд довтолсон гэж үзнэ” гэсэн заалтыг онцолж Атлантын болон Номхон далайн зааг хязгаар байхгүйг тэмдэглэсэн. 1990-ээд оны дундуур Б.Клинтоны Засаг захиргааны үед БХЯ-ны сайд Уильям Перри Ёньбён дахь цөмийн төвд цохилт өгөх асуудлыг хэлэлцэж байсан байдаг. Ширээний ард суутал нилээд зай байна. Гол нь итгэлцлийг буй болгох хэрэгтэй.

Хоёр Солонгос ирээдүйд нэгдэх болов уу?

-Судалгаагаар Өмнөд Солонгост, Хойд Солонгостой энхтайвнаар нэгдэх хүсэлтэй иргэдийн тоо зогсолтгүй буурч тодруулбал, хойд нутагт төрсөн, ах дүү, садан төрлийн хэлхээ холбоотой бүхэл бүтэн үе нэгэнт дуусч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгтгэж байсан гол хэлхээс үгүй болов. Эдүгээ хоёр Солонгосыг бүх талаараа хоёр өөр улс, үндэстэн гэж хэлж болно. Солонгосын нэгдлийг Германы нэгдэлтэй харьцуулшгүй. Ер нь нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжилж магадгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “Хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?

-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажиллаж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлснөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.

Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВС-гийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн шүү дээ” гэсэн юм яриад л сууж байна. Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн. Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.

-Ард түмэн МАН-ыг хоёр фракц бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дахь МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?

-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракц, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.

-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо шүү дээ?

-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэд тайлбар хийхээр наадах “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биз дээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.

-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.

-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?

-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.

-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй.

-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа.

Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.

Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.

-АТГ-ыг улстөрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшлийн талаар юу хэлэх вэ?

-Наадах асуултад чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрх эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.

-Энэ сарын 25-нд(өнөөдөр) болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу захимаар байна вэ?

-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.

-Монгол Улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монголбанкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр суурь хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо нэг их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.

-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?

-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих вэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм. Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил гурван сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам.долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.

Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна.

Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийн төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаана даа

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.


-Баянгол дүүрэг анхны одонтой дүүрэг боллоо. Одонгийнхоо найрыг яаж хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай дүүрэг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэ сарын 16 -нд “UB palace”-д Баянголчууд төрийн дээд одонгоо гардан авлаа. Тэр өдөр тугаа залах парад зохион байгуулж, дүүргийнхээ иргэдийг урьсан. Иргэд маань маш их баярлаж байна. Орой нь манай дүүргийн үе үеийн засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газарт ажиллаж байсан ахмадууд олон олон хүндтэй зочдыг урьж хүндэтгэл үзүүлсэн. Хуучны дурсамжит зураг, баримтат кино үзэж өөрсдийн хийсэн бүтээснээрээ их бахархаж байсан. Хүн ер нь дурсах, дуурсагдахын хооронд амьдардаг гэдэг. Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаадаг байх даа (инээв). Энэ дүүргийн Засаг дарга болохдоо л их дэврүүн хүсэл мөрөөдөл тээж ирсэн. Олон жил шийдэж чадахгүй байгаа ажлыг цэгцэлчихье гэж. Шинээр баригдсан олон сайхан барилгадаа иргэдийнхээ олон жил хүсэн мөрөөдсөн үйлчилгээг явуулах хэрэгтэй. Би хүмүүстээ байнга хэлээд байгаа. Сайхан байшинтай байх яахав, сайхан үйлчилгээтэй болох ёстой гэж.Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Маш хурдтай ажиллах хэрэгтэй. Тэргүүний дүүрэг боллоо гээд зүгээр суух цаг биш.

-Одонтой дүүргийн иргэд өөдрөг хүсэл тэмүүлэлтэй болсон байх. Нийслэлчүүдийн хувьд ч одон авсан дүүрэг онцгойрч ялгарах байх гэсэн хүлээлт байгаа. Харин та бүхний зүгээс ямар ажлуудыг хийх вэ?

-Эрдэнэ дарга өмнөх жилүүдэд “За хоёулаа дүүргийн Эрүүл мэндийн асуудлыг нэг шийдсэн шиг шийднэ гэдэг байсан. Том том зорилтуудыг зоригтой эхлүүлдэг хүн шүү дээ. Ер нь Ардчилсан намынхан боломжиндоо биш зорилгодоо тулгуурлаж ажилладаг хүмүүс шүү дээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад санаа зовохооргүй боллоо. Өнгөрсөн 5 жилд том, жижиг 14 эмнэлэг барьсан байна. Зам, дэд бүтцийн хувьд том уулзваруудаа бүрэн шинэчилсэн ч хороолол дундах замууд их муудсан байна. Санаснаар бол битүү камержуулмаар байна. Олон жил хотын үзэмжийг гутааж байгаа контейнеруудыг цэвэрлэмээр байна гээд олон зорилт байна. Бүгдийг хэрэгжүүлж чадахгүй ч нэлээд асуудлыг зоригтой эхэлж байгаа. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх асуудлыг нэгдүгээрт тавина.Тэр хүрээнд соёл амралтын газар, худалдааны гудамж зэргийг тохижуулж, орчин үеийн дүүрэг болгомоор байна.

-Шөнийн гудамжийг байгуулах төлөвлөгөө бий юу.

-Манай дүүрэгт хэд хэдэн газарт шөнийн гудамж байгуулах боломж байгаа. Гурав, дөрөвдүгээр хорооллын үндсэн гудамж бол хамгийн хөл хөдөлгөөнтэй газар. Эхний ээлжинд энэ гудамжаа тохижуулъя гэж төлөвлөж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр хорооллын дундуур BRT буюу ил метро шиг тусгай зориулалтын автобус явна. Тэгэхээр голын хэсгүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Энэ гудамжаа тохижуулж чадах юм бол өдөр ч, шөнө ч худалдааны гол гудамж болно. Тэнд бүх төрлийн шоу арга хэмжээ явагдаж, дуу хуур, хөгжим эгшиглэж, олон орны амтат хоолоор үйлчилдэг, залуучууд нь сайхан чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгох юмсан гэж мөрөөддөг, бас төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулж, амралт зугаалгын бүс болгохоор Төмөр замын удирдлагуудтай ярилцсан. Одоо зураг төслийг нь хийж байгаа.Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын шар байшингууд бүгд дахин төлөвлөлтөд орох юм. Энэ гудамжийг амралтын өдрүүдэд хаагаад машингүй гудамж болгож иргэд нь алхдаг, дугуй унадаг, гадаа сайхан сууж хоол, унд иддэг тийм орчныг бүрдүүлэх юмсан гэж боддог. Гэвч нэн түрүүнд тэнд амьдардаг иргэдийн эрх ашгийг бодолцохгүй бол бас ажил явахгүй. Одоо хотын төвд байгаа шөнийн гэрэлт гудамжны сайн, муу талыг судалж л байна.

-Гэр хороолол руу ийм худалдаа, үйлчилгээ төвлөрсөн гудамжуудыг байгуулж болох уу?

-Гэр хорооллоо хичнээн гоёж, сайхан болгоё гэсэн ч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хөрсний бохирдол ихтэй гээд бодохоор орчин үеийн хотын айл шиг болохгүй шүү дээ. Нэн түрүүнд гэр хорооллынхоо дахин төлөвлөлтөд анхаарч байгаа. Хуучин хувцсыг хичнээн сайхан нөхөөд шинэ хувцас өмссөн юм шиг сэтгэл сэргэх үү? Одоо чинь 21-р зуун биздээ. Өнгөрсөн жилүүдэд олон зуух тараагаад агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөөгүй гээд л шүүмжлүүлж байгаа тийм болохоор аль болох олон айлыг орон сууцжуулах хэрэгтэй, харин хөнгөлөлттэй зээлийг нь л шийдэж өгөхөд төр анхаарвал болно. Нэг хүндрэлтэй зүйл нь улсын болон нийслэлийн төсөв эрс багассан. Өмнөх жилүүд шиг олон бүтээн байгуулалт өрнүүлж чадахгүй л байна.Тиймээс олон улсын байгууллагууд, гадаадын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, цэцэрлэг, хороогоо тохижуулах ажлуудыг нэлээд хийж байгаа.

-Ингэхэд Баянгол дүүрэг сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг сайжруулсан гээд мэдээлээд байдаг. Та дүүрэгтээ өрнүүлсэн бүтээн байгуулалтуудаасаа сонирхуулахгүй юу?

-Манай дүүрэг олон улсын байгууллага болох Азийн сангийн судалгаагаар дүүргүүдийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр дүүргүүдээс нэгдүгээрт шалгарсан. Нийт 150 үзүүлэлтээр дүгнэсэн юм билээ. Иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг үндсэн таван бүлгийн 150 үзүүлэлтээр дүгнэсэн. Энд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол өнгөрсөн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Баянгол дүүргийн эрүүл мэндийн VII төв өдөрт 700-1000 хүнд үйлчилж байна. Сүүлийн 25 жил баригдаж байгаагүй хүүхдийн эмнэлгээ бас барилаа. Саяхан ахмадын эмнэлгээ ашиглалтад орууллаа. Мөн 2012 онд “Эмүжин” эмнэлэгтэй болсон. Удахгүй мэс заслын тасаг, хүүхдийн хоёрдугаар больницийг нээнэ. Манай дүүрэг бусад дүүргийн хаана ч байхгүй эрүүл мэндийн том хөрөнгө оруулалтыг хүртэж байгаа дүүрэг болж байгаа. Хүн амынхаа тоонд харьцуулахад олон улсын жишгээр орны стандарт хангасан анхны дүүрэг болж байгаа нь тун чухал л даа.Хуучин манай иргэд, хүүхдүүд Сонгино Хайрхан Дүүргийн эмнэлгийн коридорт л хэвтдэг байсан.

Боловсролын салбарт бас нэлээд ажлууд явуулсан. Хүүхдүүдэд зориулж нийт 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ мөнгөөр найман сургуулийг өргөтгөсөн. Бид газаргүй учраас сургуулийг өргөтгөөд дээр нь давхарлаж байна. Хоёр шинэ сургууль барилаа. Нэг сургууль нь нэг ээлжиндээ 950, нөгөөх нь 1500 хүүхэд авах хүчин чадалтай. Мөн найман цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан. Сургуулиа арван мянган суудлаар нэмж, 11 том уулзварыг шинэчилсэн байна. Гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлсэн. Эндээс харахад яах аргагүй дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжирч байгаа юм.

-Иргэд нь ажилтай орлоготой байснаар энэ дүүрэг аз жаргалтай байна. Ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүсийг яаж дэмжих юм бэ. Гар дээрх худалдааг албан ёсны болгоод татварыг нь дүүрэг өөртөө төвлөрүүлж болдоггүй юм уу?

-Би хувь хүнийхээ үүднээс ч Засаг даргынхаа хувиар ч бизнесийг ихэд дэмждэг. Зөвшөөрөгдсөн газар зөвшөөрөл аваад, түрээс, татвараа төлдөг, хог хаягдлын гэрээг хийдэг, орчиндоо бохирдол үүсгэдэггүй бизнесийг бүх талаар дэмжинэ. Харин иргэдээс энэ гудамжинд байгаа ил задгай худалдааг болиулаач гэсэн хүсэлт их ирдэг боллоо. Долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хүлээх хариуцлагатай холбоотой заалт чангарсан. Иргэд биднээс юу хүсээд байна вэ гэхээр чөлөөтэй алхах гудамж, амарч зугаалах орчин, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгөөч ээ гэдэг. Нөгөө талаас гудамжинд ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өөрөө амаргүй асуудал болоод байна. Манай Иргэдэд үйлчлэх төвийнхөн маань хорооллын гудамжинд ил задгай бараа зарж байгаа иргэдэд ажлын байр санал болгодог. Зарим нь ажилд ордог. Зарим нь татгалздаг. Зөвхөн бараагаа зармаар байна гэсэн хүмүүстээ бид хорооллын “АПЕКС”, “Барс” зэрэг том худалдааны төвүүдтэй яриад лангуу хямд түрээслэх боломжийг нь хангаж өгье гэдэг л дээ. Сарын түрээс нь 30-50 мянган төгрөг байхаар талбай гаргаж өгөхөөр нөгөө хүмүүс маань дотор ордоггүй зэрэг асуудлууд бий.Тэгэхээр одоогийн үйлчилж байгаа журмаар ил задгай бараа зарахыг хориглосон. Чанартай хүнсний худалдааг бол зөвшөөрдөг. Дахин нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид чинь 21-р зууны хотод тэр тусмаа улсын нийслэлд амьдарч байна. Гадаадын бусад хот шиг эмх цэгцтэй болмоор байна.

-Та “Хүүхдэд ээлтэй дүүрэг болно” гэж зарлаж байсан. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх юм бэ?

-Зүгээр уриа лоозон маягаар ажлаа явуулахгүй. Бодит ажил хийж, бүтээн байгуулалтаар баталгаажуулдаг. Хүүхэд хөгжлийн соёлын төвийг барьж байгууллаа. Энд та бидний, эцэг эхчүүдийн хүсэн хүлээсэн дугуйлангууд хичээллээд эхэлчихсэн. Жүдо, шатар, тоо, бүжиг, хөгжмийн зэрэг дугуйлангууд явагдаж, хүүхэд бужигнасан халуун дулаан энергитэй газар болсон байна. Бас хүүхдийн усан спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Дугуйн зам хийлээ. Мөн нэг ээлжиндээ 460 хүүхэд авах хүчин чадалтай зуслангаа Тэрэлжид бариад дуусах дөхөж байна. Энэ бол жилийн дөрвөн улиралд ажиллах зуслан юм. Манай монгол хүүхдүүд дэлхийн хаана ч академик боловсролоор гологддоггүй. Тоо, физик, оюун ухаанаар дандаа тэргүүн байрыг эзэлдэг. Харин хүмүүжил, төлөвшлөөр гологддог. Иймээс ”Эх орон 36” хөтөлбөрийг явуулдаг. Хүүхдийг яавал эх оронч үзэлтэй, хүмүүжилтэй, төлөвшилтэй болгох талаар сургалт хийдэг. Бид өнөөдөр нийслэлчүүдийн соёлд том үсрэлт хийхгүй бол дүүргүүд сайхан хөгжиж, орчин үеийн хот болж чадахгүй. Дээрээс нь хотын дарга Засгийн газрын гишүүн байх ёстой. Засгийн газар, Нийслэлийн бодлого нь уялдахгүй байна.

-Та НИТХ-ын төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл дүүргийн Засаг даргаар ажиллах шийдвэр гаргахад иргэд хэрхэн хүлээн авсан бэ?

-Иргэд маань дүүргээ мэддэг, дүүрэгтээ сэтгэлтэй хүн Засаг дарга болсонд баяртай байгаа л гэдэг юм. Яг үнэнийг хэлэхэд УИХ-ын эрэгтэй гишүүд л уулзахаараа, тааралдахаараа л үнэмшихгүй гайхсан байдалтай асуудаг байсан. Дүүргийн ажил маш их хэцүү ажил шүү дээ. Чи тэгээд хийх гээд байгаа юм уу гээд л. Надад юу гэж ойлгогдсон бэ гэхээр эрэгтэй улс төрчид албан тушаал буухаас жаахан ичдэг юм шиг. Би чинь ээж хүн. Ээж хүн хаана л тусламж хэрэгтэй байна, эмх цэгцгүй, хоол ундгүй, өвчтэй хүн байна тэнд л ээж нойр хоолоо хугаслаад ч хамаагүй зүтгэж л байдаг. Анх улс төрд орох шийдвэрээ гаргах гээд аавдаа хэлэхэд За охин минь улс төрч болно гэдэг чинь бусдын төлөө л бүх юмаа зориулж зүтгэхийг хэлдэг юм ш дээ. Өөрт таалагдах, таалагдахгүй гэсэн ойлголт байхгүй” гэж хэлж байсан. Одоогийн улс төрчдөөс хувийн ашиг хонжоо хайж ордог нь олон болсон нь харамсалтай. Тэгээд ч энэ дүүрэгт зайлшгүй хийж дуусгах олон ажил байсан. Дүүргийн ажил бол тэр чигээрээ бүтээлч сайхан ажил.

-Баянгол дүүргийн Засаг даргаар өмнө ажиллаж байсан Д.Оросоо яагаад УИХ-д ажиллах болсон юм бол?

-Өмнөх дөрвөн жилд Баянгол дүүрэгт Засаг даргаар ажиллаж байсан Д. Оросоо маань Үндсэн хуулийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн мэргэшсэн хуульч хүн учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллах шаардлага гаргасан. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд манай нам туйлын хариуцлагатай хандахгүй бол энэ 65 яаж ч мэдэхээр байна шүү дээ. Иргэд 60 тэрбумаас хойш МАН-д итгэх итгэл байхгүй болсон. Би Оросоо даргыг гайхдаг. Өнгөрсөн дөрвөн жил 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Баянгол дүүрэгт хийхэд яаж энэ бүгдийг амжуулж чадав гэж залуу хүн гэхэд үнэхээр сайн ажилласан. Гэтэл одоо улсын төсвөөс том хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа үе таарч байгаа ч хийх ажил бас л барагдахгүй их л байна. Өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийнхэн сайн баг болж богино хугацаанд хүчтэй ажилласан.

-Та дуусаагүй олон ажил байсан гэлээ. Тэгээд ажлаа аваад дуусгаж чадсан уу?

-Бид энэ жил Гэрлэх ёслолын ордонтой боллоо. Мөн өнгөрсөн зургадугаар сард 60 ортой Ахмадын эмнэлгээ ашиглалтанд оруулсан. Саяхан ажлыг нь шалгахаар очтол тал талаас ахмадууд барьж авч үнсээд л “С.Эрдэнэ дарга та нар дэндүү буянтай хүмүүс юмаа. Биднийг ийм сайхан эмнэлэгтэй болгох гэж” гээд л сүйд болцгоосон. Тэр үед юу бодогдсон бэ гэхээр хэрэгтэй зүйлийг нь хийж бүтээх, тэрийг сонсох ямар сайхан юм бэ л гэж бодсон. Аав ээж минь бурхан болсон болохоор ахмадууд үнсэхээр аав ээждээ үнсүүлсэн юм шиг болдог юм байна лээ.

Дээр үед интернетээс уншиж байсан. Гадаадын нэг жижиг буудалд дэрний меню байдаг. Жуулчдад тэр нь их онцлог байдаг гэж. Тэгээд дүүргийнхээ эмнэлгүүдийг дэрний цэстэй бол гэсэн үүрэг өгсөн. Хүн дэр таарахгүй бол тухтай хэвтэж чадахгүй шүү дээ. Арвайтай, цайтай, эмийн ургамалтай дэр гээд л авсан байна лээ. Сайхан байшинтай байх нэг хэрэг, сайхан үйлчилгээтэй байх хэрэгтэй гээд л байнга харьцаа хандлагын сургалт хийдэг. Гадаадаас мэргэжилтнүүдийг их урьж авчирдаг.

Бид спорт цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулна. Нийслэлийн бусад дүүрэгт байхгүй том усан бассейн, спорт заалуудтай болно.

-Ойрын үед улс төр ширүүн байгаа. МАН дотроо хуваагдаж засгаа унагасан явдлыг улс төрчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Ер нь төрийн албыг наймаалцдаг энэ бүх зүйл цаашид Монголын төрд буруу жишиг тогтооно. Монгол Ардын нам оройтсон ч гэсэн шинэчлэл хийх гээд оролдож байна. Энэ бол улс төрийн намын хувьд зоригтой чухал алхам л даа.

-Таныг гишүүн байхад УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг нийгмийн бүхий л асуудлаар дуу хоолойгоо олон түмэндээ хүргэдэг байсан. Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгуулагдсан. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлууд гарсаар байтал дуугарахгүй байна. Тэд хэтэрхий хувийн бизнес рүүгээ анхаараад байгаа юм болов уу?

-С.Зориг агсны хэлсэн алдартай үг байдаг шүү дээ. “Улсын эрх ашгийн дор намын эрх ашгаа тавь. Намын эрх ашгийн дор хувийн эрх ашгаа тавь” гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс улсынхаа эрх ашгийн дээр намынхаа эрх ашгийг тавьчихаад байх шиг байна. Бид нар дуугарвал болохгүй. Намын дарга загнана гэдэг ч юмуу. Уг нь дотроо дуугарах сэтгэл нь байгаа ч намаасаа эмээгээд чимээгүй байгаад байгаа юм болов уу л гэж боддог. Энэ парламент олон эмэгтэй гишүүнтэй болоход би хувьдаа баярлаж байсан. Өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн бидний ажлууд үргэлжлэх нь гэтэл таг шүү. Одоо манай хуучин байсан эмэгтэй гишүүд рүү иргэд яриад “Та нар байхдаа бүлэг дээрээ, чуулган дээрээ дуугараад байдаг байсан. Одоо охид, бүсгүйчүүдийн эрх ихээр зөрчигдөж байхад тэднийг өмгөөлж хамгаалах хүн байхгүй болчихлоо” гэдэг. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ажлын хэсэг гаргасан. Бид охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг нэгдэнэ. Их хурлын гишүүн хүчингийн хэрэг хийснийг нь хэрэгсэхгүй болгочихож байна. Бага насны охидууд амиа хорлох нь нэмэгдэж байна. 13 настай охины амийг дөрвөн залуу хөнөөчихөөд байхад архины хордлого гээд эмнэлгийн дүгнэлт гаргаад сууж байна. 2 жилийн өмнө Төв аймгийн нэг сумын Засаг дарга ажилтан эмэгтэйгээ тамлан зовоолоо. Энэ мэт олон хэрэг дарагдаж байна. Тэгэхээр бид дуугарна, дуугараад зогсохгүй тэмцэнэ.Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байвал Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоонд хандахыг уриалж байгаа шүү. Үнэхээр охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хийчихээд тэрийгээ хайцаалаад нуун дарагдуулж, хөнгөн ял авах зэргийг бид хүлээн зөвшөөрөхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Нарангэрэл: Монгол Улс Төрийн тэргүүнгүй болчих вий дээ

Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Та саяхан Монгол улсын Эрдмийн их сургуулиас зохион байгуулсан “Үндсэн хууль: шийдэл ба асуудал” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэгт “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу” гэсэн үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна. Илтгэлдээ дэвшүүлсэн санаагаа товчхон илэрхийлэхгүй юу?

-Би илтгэлдээ гурван асуудлыг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд шинжилгээ хийсэн. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн чадавх цаашид хүрэлцээтэй эсэхийг хөндөж тавьсан. Гуравдугаарт, цаашдаа Монгол Улс жинхэнэ амьд Үндсэн хуультай болох талаар олон жилийн судалгаанд суурилсан санаагаа илэрхийлсэн.

-Тэгвэл та Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар эрдэмтэн судлаачийн хувьд ямар дүгнэлт хийсэн бэ?

-Одоо олон нийтийн санал авч, энд тэнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт нь бүхэлдээ Монголын нийгэмд хөгжил дэвшил авчирч чадахгүй. Төрийн байгууллын зарим нэгэн асуудлыг хөндсөн, эцсийн дүндээ манай ард иргэдийн дунд “дордохын долоон нэмэлт” гэж нэршсэн бөгөөд 1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт алдаатай байсныг хүлээн зөвшөөрч, засамжлах төдийхнөөр хязгаарлагдаж байна.

-“Дордохын долоо”-н нэмэлт өөрчлөлтийг засамжлахад чиглэгдсэн гэж хэлснээ тодруулахгүй юу?

-1992 оны Үндсэн хууль анх батлагдахдаа УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь буюу 51 гишүүн хүрэлцэн ирсэнээр хууль баталдаг байсныг ердийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирсэнээр чуулганы ирц хангагдаж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль баталдаг болсон. Энэ нь УИХ-ын гишүүд улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэхдээ дотоод гадаадын капитал хуримтлуулагчдын эрхшээлд орж, эх орон ард түмний язгуур эрх ашгийг хохирооход хүргэсэн. Үүнийг засамжлах зорилгоор хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хууль батална гэсэн өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм билээ. Хуралд оролцсон дийлэнх олонх гишүүд гэдэгтээ ямар ирцийг хамааруулах вэ гэдэг нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Миний бодлоор 1992 оны Үндсэн хууль анх батлагдсан буюу УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхийн ирцийг эргэж сэргээх ёстой.

1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын чуулган жилд 75-аас доошгүй хоног хуралддаг байсан. Түүнийг 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр 50 хоног болгож багасгасан юм. Гэтэл манай УИХ байнгын ажиллагаатай, өндөр өртөг зардалтай парламент. УИХ-ын гишүүд ажилдаа ирэхгүй болохоор ингэж чуулган чуулах хугацааг багасгахад хүргэсэн. Одоо буцаад 75 хоног болгох гэж байгаа юм байна.

-УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсрах талаар өөрчлөлт оруулах гэж байгаа байх аа?

-1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хязгааргүйгээр хавсрах нэмэлтийг оруулсан юм. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт сонгуульд ялсан намын удирдагчийн эрхшээлд оруулж, улмаар Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр нь гарчихсан. УИХ Засгийн газарт хяналт тавьж чадахаа байсан. Энэ учраас оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-н гишүүд байж болно гэсэн засвар хийх гэж байна. Миний үзэж байгаагаар УИХ ба Засгийн газрыг бүрэн тусгаарлаж, УИХ нь хууль тогтоох байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шиг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Энэ хавсардаг ёс нь Монголын нийгэмд маш их хар мөнгөтэй. Ийм мөнгөөр ивээн тэтгүүлсэн хүмүүс сонгогчдын саналыг худалдаж авах замаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа Засгийн газрын гишүүн болох сонирхлыг өөгшүүлсэн. Засгийн газрын гишүүнээр ажиллана гэдэг бол хамгийн их унацтай газар. Тэнд тендер, концесс, хахууль, албан тушаал худалдах гээд хар мөнгөний хэмжээлшгүй үйлдвэр явагддаг. Энэ нь эргээд Засгийн газрыг тогтворгүй болгох, ойр, ойрхон унагах байдалд хүргэдгийг УИХ-ын сүүлийн таван удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд бид сайтар мэдэрлээ шүү дээ.

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг дангаараа томилж, огцруулж байх талаар Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлтийг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ асуултад хариулт өгөхийн тулд Ерөнхий сайд хахууль өгөгчдийн Засгийн газрыг байгуулбал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал зүй ёсоор үүснэ. Нөгөө талаар төрийн эргэлт хийх нэн таатай боломж бүрдэх болно.

-Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах талаар тусгасан юм билээ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах өөрчлөлт яригдаж байна. УИХ жилд хоёр удаа их завсарлага хийдэг. Энэ хугацаанд хэрэв улс оронд онц байдал тогтоох зайлшгүй шаардлага үүсэхэд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч ганцаарчилсан шийдвэрийг дангаараа гаргадаг. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх хүртэл нэн шаардлагатай хуулийн төслийг мэргэжлийн хүмүүсээр боловсруулж, УИХ-д өргөн барих зайлшгүй шаардлага үүснэ шүү дээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасах гэж байна. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах, дайны болон онц байдал тогтоох зэрэг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх шаардлага эх орон ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зайлшгүй гарна. Өмнө дурдсан өөрчлөлтийг оруулахад хүрэхийн бол дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч төрийн тэргүүн байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай шууд зөрчилдөх байдалд орно гэдгийг нухацтай магадлах ёстой.

-“Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчийг 72 цагийн дотор батламжилна” гэх заалт оруулах гэж байгаа гэсэн?

-Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Ерөнхийлөгч шүүгчийг томилох тухай заалтын үзэл баримтлал нь цэх шударгаар мэргэжилдээ үнэнч, ажиллаж байгаа шүүгчийг Ерөнхийлөгч ивээлдээ авч, халагдашгүй байдлыг нь хангаж өгнө гэсэн хэрэг юм. Харамсалтай нь өмнөх Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилох асуудалд хувийн компанийн захирал ажилтан авч байгаа юм шиг болгочихсон. Хэн нэгэн эрх баригчийн гаргасан алдааг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөл хахуулиар шүүгчид нэр дэвшүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгч түүнийг таслан зогсоож чадахгүй байдалд оруулах юм уу гэсэн асуудал та биднээс өөрийн эрхгүй хариу нэхнэ.

-Сүүлийн үед хоёр танхимтай парламентыг бий болгох нь өнөөгийн хүндрэлээс гарах гол арга зам гэж үзэх төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид цөөнгүй болж байна. Энэ талаарх таны санаа бодлыг сонсмоор байна?

-Энэ чинь бас л сонгуулиар тодорхой хугацаатайгаар бий болгох байгууллагууд шүү дээ. Дахиад л хоноцын хүмүүсээр төрийг дүүргэчихвэл яах вэ.

-Та илтгэлдээ 1992 оны Үндсэн хуулийн чадамжийн талаар шинжилгээ хийсэн гэлээ. Үндсэн хуулийн чадамж ямар байгаа юм бэ?

-1980-аад оны сүүлчээр ЗХУ, Социалист хамтын нөхөрлөлийн орнууд задран бутарч зарим улс тухайлбал, Румынд нам төрийн удирдагчаа гэргийтэй нь хамт өчиггүйгээр буудан хороосон. Сэтгэл цочирдуулсан энэ үйл явдал Монголын нийгэмд нөлөөж, улс төрийн шинэ хүчнүүд дараа дарааллан бий болж нрх баригчдад улс төрийн тулган шаардлагуудыг богино богино хугацаанд шат дарааллан тавьж эхэлсэн. Улс оронд нүүрлэсэн улс төрийн нэн хурцадмал хямралтай байдлыг даван туулах арга зам нь шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах явдал гэж үзсэн. Ингээд хагас жилийн дотор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлж эхэлсэн. Энэ төслийг боловсруулахдаа юуны өмнө монголчуудын гайхамшигт өвөг дээдсийг ихэд дорд үзсэн Мантискогийн эрх мэдэл хуваарилах тухай онолыг гол үзэл бодлоо болгон баримталсан. Нөгөө талаар үр дагаврыг нь урьдчилан тооцохгүйгээр НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн баримт бичгийг хуулбарлан суулгасан. Түүнчлэн барууны улсуудын Үндсэн хуулийг жишиг болгосон. Ингээд Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Эх орондоо иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж зарлан тунхагласан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ бол богино цаг хугацаа биш. Үндсэн хуульд зарлан тунхагласан өмнө дурдсан зорилго хэрхэн яаж хэрэгжсэнийг би илтгэлдээ нарийвчлан авч үзсэн. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийн нөөц шавхагдсан гэсэн дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрсэн.

-Яагаад?

-Бид ардчилал гэсэн нэрийн дор дөрвөн жил тутамд сонгууль хийж, Монгол төрийн бодлогын залгамж холбоог бүрэн алдагдуулж, төрийг хоноцын хүмүүсээр дүүргэж, дампуурлын ирмэгт аваачлаа. Улс төрийн намууд хамгийн шилдгүүдийн нэрийг дэвшүүлж, тэдгээрийн дотроос хамгийн шилдгийг нь сонгогчид тодруулна гэж гэнэхэн төсөөлж байсан чинь хамгийн увайгүй нь сонгогддог явдал ердийн үзэгдэл болж хувирав.

Сонгуулийн үеэр хэзээ ч биелэгдэшгүй, ичгүүр сонжуургүй зүйлийг амлаж, сонгогчдыг төөрөгдүүлэн улмаар хамгийн их мөнгө цацсан нь сонгуульд ялдаг нь ёс мэт болов. Ялсныхаа дараа хөшигний ард сайдын суудал тендер, концесс, албан тушаалыг наймаалцаж, сонгуулийн кампанит ажлыг нь ивээн тэтгэсэн дотоод гадаадын олигархиудын эрх ашгийг хамгаалан хуульчлах байдал руу оров. Төрийн эрх мэдэл үндсэндээ ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо олохыг санаархагч капиталын гарт, түүний эрхшээлд автагдлаа. Сонгуулийн дөрөвхөн жилийн хугацаанд улс орны хөгжил дэвшлийг хангахуйц бүтээн байгуулалтыг өрнүүлж амжилгүй парламентын хэрэлдээн, маргалдаан, чарлаанаар хоног хугацааг өнгөрөөж дараагийн сонгуультай золгож ирлээ. Ийм байдал цаашид үргэлжилбэл Монголын ядарсан ард түмэн хамгаалуулах ивээлд нь байх төр засаггүй болж сөхрөн туйлдах аюул нүүрлэжээ.

Хүмүүнлэг нийгэм гэдэг бол хүнд хүн ёсоор ханддаг, иргэн хүнээ дээдэлдэг нийгмийг ингэж нэрлэдэг. Гэтэл өнгөрсөн 25 жилд хар амиа хичээх үзэл газар авч, монголчуудын дийлэнх олонх нь ирээдүйдээ итгэлгүй, өр ширэнд баригдсан, өлмөн зөлмөн амьдралаар гол зогоох болжээ. Хөдөө орон нутаг, сумын төвүүд согтуурлын мансууралд, өсвөр үеийнхэн хар тамхины мансууралд автагдаж байгааг шударгаар хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Эндээс үзвэл Монгол Улсад хүмүүнлэг иргэний нийгэм биш хамгийн зэрлэг өршөөлгүй капиталын нийгэмд шилжиж, монголчуудын хүсэл нь мөнгө, эд хөрөнгө, тансаг хэрэглээ. Үзэл нь шунал болчихлоо.

-Тэгвэл Монголд амьд Үндсэн хууль бий болгохын тулд яах ёстой вэ?

-Монголчуудын ийм дэндүү арчаагүй, заримдаа бүр гарцгүй мэт болсон нөхцөл байдал нь Монгол төрийн үндэсний язгуур бодлого байхгүй болсонд оршиж байгаа юм. Уг нь бид чинь 140 гаруй жил дэлхий дахиныг засан товхинуулж, хөгжил дэвшил сэтгэл тэнүүн амьдралыг авчирч байсан гайхамшигт өвөг дээдсийн хэрэгжүүлж байсан төрийн өөрийн гэсэн язгуур үзэл сурталтай ард түмэн. Харамсалтай нь үндэсний эв эеэ алдаж, ах захаа хүндлэхгүй болсны улмаас сүүлийн 220 жилд Манжийг, 70 шахам жилд Зөвлөлтийг, 30 шахам жилд барууныг сохроор аялдан дагацгаалаа шүү дээ. Үндэсний язгуур бодлогын үзэл санаагүй ард түмнийг үгэн бөмбөгөөр бөмбөгдөхөд хэрхэн яаж сулран доройтдог туршилтыг монголчууд бид өөрсөд дээрээ харийнхнаар хичнээн удаа хийлгэв дээ.

-Монгол төрийн язгуур үзэл баримтлалыг бий болгож чадвал манай улс амьд Үндсэн хуультай болно гэж хэлэх гээд байна уу?

-Монголын төр шударга үнэн, нинжин сэтгэл, жудаг, нэр төр, итгэл, дэндүү үл шуналтах, найрсаг зочломтгой зан, урвашгүй сэтгэл зэргийг хуулиас дээгүүр тавьсан цагт амьд Үндсэн хуультай болно. Хууль гэдэг бол хүний амьд организм. Хүний цустай адил хүний дотор сэтгэлд гүйж явдаг зүйл. Гэтэл бид өнгөрсөн 25 жилд хүний төлөө байх ёстой хуулийг хуулийн төлөө хүн байх ёстой юм шиг болгож, хуулиар хайрцагласан ёс суртахуунгүй орчинд ард иргэдээ оруулчихлаа шүү дээ. Хуулийн үгүйсгэх заалтаар хэн ч маргаж болдог. Тэгвэл ёс суртахууны эрхэм нандин чанарыг хэн ч оруулан тайлбарлаж чаддаггүй. Эрт дээр нэгэн үе Чингис хаан түүнийг шууд залгамжлагчид хуулийн дээр ёс суртахууныг тавьж чадсанаараа Монгол Улсыг дэлхийн хэмжээнд хүргэсэн юм шүү дээ. Цаашдаа та бидний эх оронд, нэр төрд тулгуурласан ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавьдаг төр засгийн хамгийн тохиромжит тогтолцоо ямар байх вэ. Монголын төрийг нэр төртэйгээр хэн авч явах вэ гэсэн судалгаа шинжилгээ хийж байна. Одоохондоо нийтэд задруулах хэмжээнд хүрээгүй байгааг ний нуугүй хэлье. Хэрэв Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн үндэсний язгуур үзэл санаагаа өмнө дурдсан шиг тодорхойлж чадах юм бол эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хотжилт зэрэг бүх салбар зөв бодлоготой болж хувирна.

-Энэ талаар тодорхой ганц жишээ хэлж өгөөч?

-Ганц биш, хоёрхон жишээ хэлье. Нийгэм ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан буюу эсхүл ямар ч аргаар хамаагүй ашиг унагагч энэ хоёр төрлийн эдийн засгийн алинтай нь байх вэ гэдгээ шийдэх ёстой. Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд дэлхий нийтийн жишигт нийцсэн эдийн засагтай байна гээд заасан байгаа. Боловсролын хувьд монголчууд эрт дээр үеэс боловсролыг хүн бүтээх үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгтэл өнөөдөр бид дөнгөж хүн болох гэж байгаа хөөрхөн багачуудынхаа авьяасыг нь нээнэ гээд өөрсдийг нь ч хөөрхий тэр олон багш нарыг ч зовоон тарчлааж байгаагаа яах вэ.

-Хэн Монгол төрийг нэр төртэй авч явна гэж?

-Элитүүд. Элит гэдэг бол үе удмаараа эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч явсан ард түмний тэр хэсгийг хэлнэ. Элитүүдэд шунал байдаггүй. Маш томоор сэтгэдэг учраас хахууль буюу элдэв бусармаг явдалд автагддаггүй. Гадаад нөлөөлөлд ордоггүй хүмүүсийг хэлдэг.

-Манай улсад элит бий юу?

-Байгаа. Үүнийг олж харах, судлан шинжлэх бидний билгийн нүд наад зах нь улс орныхоо нэг мянган жилийн туулсан зам мөр сургамжийг сайтар мэдсэн цагт нээгдэнэ. Одоо харин элитүүд нэгдэх цаг болсон.

-Та илтгэлдээ сүсэг бишрэл Монгол төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой гэж тэмдэглэсэн нь олон хүний сонирхлыг татаж байх шиг байсан?

-Сүшиг бишрэл гэдэг бол шашин. Шашин гэдэг бол бурхны сургаал. Хүн болгон сүсэг бишрэлтэй байдаг. Бурхны сургаал нь “Бүү ал, бүү хулгайл, бүү худлаа ярь, эцэг эхээ хүндэл, хортой зүйлээс холхон явцгаа, нүгэл хилэнц бүү үйлд” гэж л байдаг шүү дээ. Угтаа энэ бол бас л ёс суртахуун. Харамсалтай нь өнөөдөр нэг талаар сүм хийд, дуган, дацан, түүний санваартнууд хүнийг хүн шиг явуулах чиг үүргээсээ хэтэрхий хазайж, бусдын муу үйл, зовлон гачаалаас ашиг унагадаг болчихоод байгаа. Ийм учраас шашныг шашин ёсоор нь байлгах явдал бол амьд үндсэн хуультай болох нэг алхам. Харамсалтай нь манай дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд шашин нь төрөө хүндэлнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ чинь төрд болж, бүтэхгүй байгаа муу муухай бүхнийг шашин хүндэлнэ гэсэн үг юм уу.