Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Залуучууд шинэ манлайллыг бий болгоно

Ардчилсан залуучуудын холбоо(АЗХ)-ны тэргүүн С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-АЗХ-ны тэргүүнийг сонгох сонгуульт үйл ажиллагаа орон даяар болж, саяхан дүнгээ гаргалаа. Нэр дэвшигч нар хоёр ч удаагийн мэтгэлцээн өрнүүлж хамтдаа Монгол Улсаа тойрлоо. Үүний гол зорилго юу байв?

-Өнгөрсөн жил АН намын шинэчлэл хийх шаардлагатай гэдгээ сонгуулийн үр дүнгээс мэдэрсэн. Үүнийгээ бодит ажил болгох шаардлагатай байсан. 2016 оны сонгуулийн ялагдлын дараагаар манай олон залуус цугларч долдугаар сарын 15-нд Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. 168 хүн анх гарын үсэг зурж нэгдэж орж байлаа. Ингээд долдугаар сарын 18-нд анхны зөвлөлдөх хорооны хурал болсон. Тэр хуралд эдгээр залуусын төлөөлөл орж, шаардах бичиг өгсөн. Үүндээ “Намын даргаа анхан шатнаас сонго, ҮЗХ-г хуралдуул. Залуучуудын төлөөллийг оруул. Сонгуулийнхаа ялагдалд бодитойгоор дүгнэлт хий. Цаашдаа улс төрийн нам урт хугацаандаа бодлого суурьтай, институт төлөвшсөн нам байхын тулд ийм ийм зүйлүүдийг хийх ёстой” гэж шаардсан. Ингээд 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр анхны ажлын хэсэг байгуулагдаж, залуучуудын төлөөлөл түлхүү орсон. Тэд бүгд үзэл бодлоо илэрхийлж байсан. Тэр маань биежиж, намын даргыг анхан шатнаас нь сонгох шийдвэртээ хүрсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн шийдвэр маань хэрэгжиж эхлээд намын дарга анхан шатнаасаа сонгогдсон. Дараагаар нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ҮБХ-ны 380 гишүүн болон анхан, дунд шатны намын хорооны гишүүдийг бүгдийг нь анхан шатнаасаа сонгосон. Гурав дахь том давлагаа нь бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН-аас хэн дэвших вэ гэдгээ 180 мянган гишүүнээсээ асууж, Х.Баттулга нам дотроо ялсан. Энэ үйл явцууд нь намыг анхан шатанд нь сэрээх, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, олон жилийн туршид шүүмжлэлтэй байсан фракц гэсэн яриа байхгүй болсон. Дөрөв дэх том давлагаа нь орон даяар өрнөсөн АЗХ-ны ерөнхийлөгчөө анхан шатнаас сонгож байгаа сонгууль болж байгаа. АЗХ бол өмнө Г.Батхүү, Лу.Гантөмөр, Б.Болор, Б.Баттүвшин, С.Дэмчиг гэсэн таван ерөнхийлөгчтэй байж ирсэн. Тэдний үед ололттой, дэвшилттэй зүйлүүд байсан. Гэхдээ том намын хувьд шинэчлэл тодорхой хэмжээгээр зарим үед зогсонги байдалд орсноос залуучуудын холбоон дээр тусгалууд нь ирж байсан л даа. Ингээд АЗХ хоёр өдөр мэтгэлцээн өрнүүлээд, анхан шатнаасаа сонгууль явуулах болсон. Сонгуульд оролцох боломж бүгдэд нээлттэй байсан. Гэхдээ санхүүгийн босго, мөрийн хөтөлбөрийн босго, тухайн хүний өөрийн итгэл үнэмшлийн босго байсан. Ямартай ч хоёр нэр дэвшигч маань өрсөлдлөө. Тэдний хэн нь хэн бэ гэдгээс үл шалтгаалаад орон даяар явагдсан сунгаанд АН-д бүртгэлтэй 39-өөс доош насны 90 мянган залуусын төлөөлөл болсон долоон мянган залуу шууд санал хураалтаар шийдэгдсэн. Бидний гол зорилго бол улс төрд шинэ соёлыг авчиръя гэж байгаа юм.

-Яаж авчирах юм бэ?

-Мэдээж улс төрийн намын дэргэдэх бүтцийн байгууллага бол улс төрийн намын үйл ажиллагаагаар хязгаарлагдах ёсгүй. Бид нийгэмдээ чиглэсэн, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр олон ажлуудыг хийх мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Залуучууд энэ оролцоогоо хангуулж чадаж байгаа нь сунгааны хамгийн том ач холбогдол. Улс төрийн намын шинэчлэлд авчирч байгаа хувь нэмэр болов уу гэж харж байгаа.

-АЗХ цаашид яг ямар ажлуудыг хийх вэ?

-Бид өнөөдөр Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын сэтгэлгээний талбарыг харах хэрэгтэй л дээ. Монгол Улсад өнөөдөр ажилгүйдэл хүнд байдалд орсон байна. Олон мянган залуус ажлын байргүй байна. Яагаад гэвэл хамгийн том ажил олгогч нь төр болчихсон. Нэг нам гарч ирэхээрээ нөгөө намын үед томилогдсон хүмүүсээ халдаг. Тэгээд хоёр гурван жилдээ шүүхдэлцэж явдаг болсон. Өнөөдөр төр Үндсэн хуулинд заасны дагуу ард түмэнд байгалийн баялгийг шударга хүртээж чадаж байна уу гэдэгт олон хүн бухимдалтай яваа. Цөөн тооны мэдээлэлд ойрхон, олигархижсан бүлэг Монгол Улсын баялаг дээр суучихсан байгаа. Түүнийгээ хяначихсан нөхцөлд уул уурхай, төр гэсэн хоёр ажил олгогч байна л даа. Залуучуудын хувьд нийгэмд баялгийн шударга хуваарилалт байхгүй учраас эдийн засаг маань тэлж өгдөггүй. Бизнес хийе гэхээр татварын, авлигын гээд олон дарамт байгаа. Тиймээс хүмүүсийн хувьд төр баталгаатай юм байна гэдэг нь энгийн судалгаануудаас харагддаг. Том утгаараа эдийн засгийн тэлэлтийг хүртээмжит эдийн засаг руугаа шилжүүлээд дээрээс нь уул уурхайгаас хамааралтай илүү боловсрол, эрүүл мэндээ тэтгэсэн чиглэл рүүгээ явуулж монгол хүний өөрийнх нь өрсөлдөх чадварыг төрөөс явуулах ёстой. Ингэснээр хүн бүр заавал төрд очино гэхгүйгээр бизнес эрхэлж, өрсөлдөх чадвараараа амьдралаа аваад явчих боломж байгаа. Залуучууд бол дараагийн арав, хорин жилийн Монгол Улсын хөгжлийн зүй тогтлыг харж байж бодлого боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, 2010-2030 он бол манай улсын хувьд хүн амын цонхны үе байв. Тэгэхээр 2030 оноос хөгшрөлт явагдаж эхэлнэ. Одоо арав, хорин жилийн дотор залуучууд нийгэмдээ үр бүтээлтэй өндөр бүтээмжтэй оролцох боломж байгаа юм. Тиймээс потенциалийг эдийн засгийн баялаг бүтээх, нийгэмд шударга ёс тогтоох талбарт нь сэтгэлгээний хувьд яаж явуулах юм, эрүүл мэндийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудыг нь яах юм гэдэг асуудал үүснэ. Монгол Улс өнөөдөр сэтгэлгээний хямралд орсон. Энэ бол удирдлагын алдаанаас үүдсэн. Тэгэхээр манлайллын алдаа нь ёс суртахууны хэмжээ хязгаар байхгүй болчихсон, эрх мэдлээ хуяглах гэсэн тийм бүлгээс үүдэлтэй байгаа юм. АЗХ-ны дарга болсон маань залуу үедээ шинэ манлайллыг бий болгоход нь өөрийн гар бие, хүчин чадлаа дайчилна.

-АЗХ бүтцийн хувьд ямар байх вэ. Та “АЗХ-ны удирдлагын багийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” гэсэн байсан?

-АЗХ бол нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд дээр шийдэл боловсруулах хүний нөөцийн чадавхтай байгууллага байх ёстой. Хүний нөөцөө байнгын бэлтгэх сургалтын тогтолцоотой байгууллага байна. Түүнчлэн залуучуудыг улс төрөөр хязгаарлахгүйгээр нийгэмд бэлтгэж гарахад нь дэмжиж тусалдаг байх юм. Үүний тулд АЗХ-ны ерөнхийлөгч гурван зүйл дээр анхаарна. Нэгдүгээрт, үзэл санааны хувьд бид авч явах ёстой. Хоёрдугаарт, АЗХ-ны манлайлалд зохион байгуулах өндөр чадвартай, уйгагүй зүтгэлтэй, багийн сэтгэлгээтэй, хамтач хүмүүс ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Гуравдугаарт, санхүү босгох чадвартай байх ёстой. Бид гэгээн сайхан зүйл ярьж гарч ирчихээд хэн нэгний халаасанд орох юм уу, шантааж болж болохгүй. Тиймээс байгууллага маань санхүүгийн хувьд шилэн данстай, ижил тэнцүү оролцоотой. Үр дүн зарцуулалт нь шударга тогтолцоотой байх шаардлагатай.

Би Канадын Ерөнхий сайдын Жастин Трудогийн танхимаа яаж бүрдүүлж байгааг хараад бахархаж байсан. Монголд ч гэсэн ийм соёлыг Азийн бүс нутагтаа түрүүлж бий болгох ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог өргөнөөр нэвтрүүлж байх ёстой. Тиймээс би “АЗХ-ны удирдлагын багийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм. Эмэгтэйчүүд бол авлигад бага өртдөг, гэмт хэрэгт бага орооцолддог. Дээрээс нь нийгмийнхээ бүлээн чанарыг тээгчид нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог шинэ түвшинд гаргахад АЗХ манлайлж ажиллана. Ингэснээр эрчүүдийн оролцоог хязгаарлах тухай асуудал биш юм.

-Та бүхэн бол АН-ын залгамж халаа. Танай нам дотроо олон фракцтай гэгддэг. Тиймээс АЗХ-ны нэр дэвшигчдийг хэн нэгний халаасны хүн мэтээр хүмүүс харж байсан. Жишээлбэл, таныг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч байсан гэдэг утгаар нь түүний хүн гэж байв. Залуучууд энэ намыг фракцгүй болгох тал дээр яаж ажиллах юм бэ?

-Би сонгуулийн туршид хэлж явж байгаа. Ард чинь хэн байна вэ гэж хүмүүс хардаж асууж байна. Бидний ард хань ижил, үр хүүхэд маань байгаа. Харин бидний дотор итгэл үнэмшил байна. Манай намд өнөөдөр 40 шүргэж байгаа залуус ихэнхдээ арав гаруй жил улс төрийн салбарт идэвхтэй анхан шатнаас нь эхэлж ажиллаж ирсэн. Тиймээс тухайн хүмүүсийн хаана хэнтэй ажилласных нь төлөө шүүмжлэх хэрэггүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялсан Х.Баттулгын мөрийн хөтөлбөрийг 21 аймгаар танилцуулаад явж байхад намайг “Женкогийн хүн юм байна” гээд хэлж байсан. АН дээр улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар урилга аваад ажиллаж байхад “С.Эрдэнийг намын дарга байхад нь нарийн бичиг болж байгаа юм чинь түүний хүн байна” гээд хэлж байх жишээтэй. Тэрний өмнө АН-ын даргын сунгаанд таван нэр дэвшигчийг орон даяар хөтлөөд явсан. Тэр үеэр мөн л намайг “Шинэчлэлийн хөдөлгөөнийх юм байна. Ах нартайгаа алалцаж байгаа юм байна” гээд хэлж байсан. Өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхад “Ц.Элбэгдоржийн хүн юм байна” гээд хэлж байсан. Хүн шүүмжлэхдээ тулбал юу ч шүүмжилж болно. Гэхдээ олон тайлбараас илүүтэйгээр ажлынхаа явцаар энэ хүн хэн нэгний эрх ашгийг хамгаалахаар байна уу эсвэл залуучуудынхаа төлөө юм хийх байна уу гэдгийг 2020 оны сонгуулийн үр дүнгээр харах боломжтой.

“Ах” нарын алдаа оноог Монголын ард түмэн шүүж ирсэн. Бид нар шүүхгүй. Алдаа, оноотой зүйлүүдээс нь сургамж аваад өөрсдөө давтахгүйн төлөө явах хэрэгтэй. Өнөөдөр Монголын залуучуудын хувьд улс төрийн цоо шинэ соёлыг авчирах хандлага явагдаж байгаа. Өнөөдөр МАН-д залуучууд нь дарга нарынхаа эсрэг зарчмын байр сууриудыг зоригтой илэрхийлж чадаж байна. АН ч гэсэн ийм залуусын шинэ үе эхэлж байгаа. Нэг ялгаа нь гэвэл АН-ын хувьд шинэчлэлийн дөрөв, таван давалгааны үндсэн дээр ахмад, дунд, залуу үе хоорондоо ойлголцож байна.

-МАН-ын залуучуудын дуу хоолой нийгэмд чанга байдаг. Харин АН-ын залуучуудын үйл ажиллагаа дорвитой биш байх юм. Энэ намын цус сэлбэлт болсон та бүхэнд шинэчлэлтэй холбоотой ямар санаачилгууд байна вэ?

-Тэгэхээр бид нэг зүйлээс ангижрах ёстой. Урт хугацаандаа Монгол төрийн алтан аргамж, төрт ёсны уламжлалыг зөв авч явахад өнөөдөр улс төрд явж байгаа залуус хаа хаанаа бодож, өөрийн ёс зүй, эрхэм суртахуун, хууль дээдлэх чанарыг дандаа баримталж явах ёстой. Хамгийн том эрх ашиг бол Монгол Улсын үндэсний эрх ашиг шүү дээ. Үүний доор намын эрх ашиг гэдэг зүйл байгаа. Хамгийн доор нь хувийн эрх ашиг гэдэг зүйл байгаа. Ер нь намын шинэчлэл гэдэг зүйл бол дөрвөн янзын логик алхам байгаа. Жишээлбэл, АЗХ бол АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагын хувьд энэ намын манлайлал, хүний нөөцийн эх сурвалж нь байх ёстой. Залуу боловсон хүчнээ зөвөөр эрүүлээр бэлтгэдэг тэр бааз нь байх учраас АЗХ шинэчлэгдэх ёстой. Ингэснээр АН-д хэрэгтэй. АН-ыг бодлого суурьтай, институцийн соёлтой, үзэл баримтлалын хувьд төлөвшсөн, үндсэн дүрмээ сахин биелүүлж чаддаг. Хүний нөөцийн хувьд сэлгэлтээ сайн хийж чаддаг. Санхүүгийн хувьд ил тод, хариуцлагатай, оролцоотой нам болгоход АЗХ-ын шинэчлэл нөлөөгөө үзүүлнэ. АН шинэчлэгдсэнээр Монголын улс төрийн намуудын соёл төлөвшинө. Бусад намууд ч АН-ыг дагаад энэ зарчмаар явахаас өөр замгүйд хүрнэ. Яагаад гэвэл сонгогчид илүү өндөр шаардлага тавьж эхэлж байгаа. Монголын улс төрийн намууд төлөвшсөнөөр парламентын засаглалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй. Парламтентат ёсыг төлөвшүүлэх нь улс төрийн намуудын төлөвшлөөс хамааралтай. Парламентат ёс төлөвшиж байж бид зөв, эрүүл тогтолцоо руугаа явна гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Хятадын онцлогтой социализмын үсрэнгүй хөгжил нь олон улсын харилцааны шинэ тогтолцоог бүрдүүлнэ

Хятадын Коммунист нам(ХКН)-ын 19 дүгээр их хурал саяхан болж өндөрлөсөн билээ. Энэ хурлын үр дүнг судлаачид өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ удаад Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-ХКН-ын XIX их хурлын онцлог, Хятадын түүхэнд эзлэх байр суурийг та хэрхэн харж байна вэ?

-ХКН-ын 19 дүгээр их хурал 90 гаруй сая гишүүдийг төлөөлсөн 2300 гаруй гишүүд чуулж, их хурал төрийн дууллаар эхэлж, коммунист интернациональ дуугаар өндөрлөв. Энэ удаагийн их хурлын онцлог нь Хятадын онцлогтой социализмын шинжлэх ухааны онолын сэтгэлгээг чанарын шинэ шатанд хөгжүүлсэн их хурал боллоо гэж үзэж байна. Энэ утгаараа БНХАУ-ын түүхэнд, ХКН-ын түүхэнд онцгой байр суурь эзэлж байна. ХКН-ын дотоод, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанар үнэхээр цул байгааг харж болохоор байлаа.

-Хятадын онцлогтой социализм гэдгийг та дэлгэрүүлэхгүй юу. Ямар давуу талтай юм бэ?

-Хятадын удирдагч, эдийн засгийн шинэчлэлийн архитектор Дэн Сяопин 1982 оны арваннэгдүгээр сард хуралдсан ХКН-ын XII их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Марксизмын түгээмэл үнэнийг манай орны тодорхой бодит нөхцөл байдалтай холбож, өөрийн замаар явж, Хятадын онцлогтой социализм байгуулах нь урт хугацааны түүхэн туршлагыг задлан шинжилсний үндсэн дээр бидний хийсэн гол дүгнэлт юм” гэж байсан юм билээ.

Энэхүү дүгнэлт хийх эргэлтийн цэг нь 1978 оны 12 дугаар сард хуралдсан ХКН-ын Төв хорооны 11 дэх удаагийн чуулганы III Бүгд хурал болсон юм. Хятадын онцлогтой социализмын агуулга нь нийгэм эдийн засгийн нэг байгууллын дотор ХКН-ын удирдлага дор социалист, капиталист өмчийн харилцаанд нэгэн зэрэг суурилсан “хөгжингүй” төгс социализмыг байгуулах явдал юм. Нөгөө талд “нэг улс, хоёр систем” хэмээх үзэл баримтлал нь Хятадын онцлогтой социализм байгуулах үндсэн зарчмуудын нэг. Их Британий эзэмшлийн Хонг Конг, Португалийн эзэмшлийн Макаог эх газрын Хятадад энхтайван замаар нэгтгэж, эдгээр засаг захиргааны тусгай бүсэд капиталист тогтолцоог наад зах нь 50 жил хадгалах явдал бөгөөд мөн ирээдүйд Тайвань арлыг энэ зарчмаар нэгтгэх явдал болно.

Социализмын түгээмэл зүй тогтлоос ангид, өвөрмөц онцлогтой болгож байгаа энэхүү үзэл баримтлалаар Хятад улсын дотор нийгмийн эсрэг тэсрэг хоёр өөр байгуулал болох социализм, капитализм зэрэгцэн орших боломжтой болсон юм. Энэхүү үзэл баримтлал нь “Муур хар, цагаан байх нь тийм ч чухал биш, харин хулгана барьж идэж байгаа нь хамгийн чухал нь болой” гэсэн прагматик бодлогод суурилсан гэж ойлгож болно.

-Эдийн засгийн шинэчлэлийн бодлогын цөм нь юу байв?

-Ерөөсөө нээлттэй хаалга байсан. Үүнийг хэрэгжүүлэх эхний хувилбар нь Хятадын асар том ажиллах хүч, зах зээлийг гадаадын хөрөнгө оруулалттай нягт уялдуулсан экспортын чиглэлтэй “Эдийн засгийн онцгой район”, “Худалдааны чөлөөт бүс”-ийг буй болгох явдал байв. Хүнсний хангамжийг шийдвэрлэх гол асуудал нь хүн амзүйн төлөвлөлт буюу демографийн бодлого байсан. Хоцрогдсон орнууд нийгмийн хөгжлөө хурдасгаж хөгжингүй орнуудын эдийн засгийн түвшинд дөхөж ойртох бололцоо нь юуны өмнө хөрөнгөтнүүдийн үйлдвэрлэлийг удирдах аргад суралцах явдал гэж XIX зууны дундуур К.Маркс өөрийн бичсэн “Энэтхэг дэх Их Британий эзэмшлийн ирээдүй үр дүн” бүтээлдээ тов тодорхой томьёолсныг Дэн Сяопин иш үндэс болгож байв. Улс төрийн системд нам, төрийн удирдлага тав таван жилээр, нэг удаа улиран сонгогдохоор шинэчлэл хийсэн. Си Жиньпин бол тав дахь үеийн удирдагч.

АНУ-ын нэрт олон улсын тоймч Тед Коппел тайлбарлахдаа “Ардын Бүгд Найрамдах Капитализм хэмээх өнөөгийн БНХАУ-д ХКН 1.4 тэрбум хүн амд бүрэн хүрч ажиллах боломжгүй. Тиймийн учир үлдсэн хэсгийг капитализм авч явах учиртай. Үүнийг л Хятадын paradox гэж хэлээд байгаа юм” гэсэн байдаг.

Хятадын онцлогтой социализмын туршлага бол байнга төвийг сахисан Швейцарь лугаа дахин давтагдашгүй юм. Нөгөө талаар энэ нь марксын сургаалыг орчин үеийн шинэ нөхцөлд баяжуулан хөгжүүлж буй хэрэг гэж хэлж болно. Хятадын онцлогтой социализм, “нэг улс, хоёр систем” үзэл баримтлал бол социалист байгуулалт, гадаад бодлого, олон улсын харилцааны онол, практик, улс төрийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан Дэн Сяопины цоо шинэ хийгээд жинтэй хувь нэмэр юм. Өөрөөр хэлбэл энэ нь социализмын асар их нөөц боломж, түүний давуу талыг нээн харуулж буй явдал.

Хятадын хүн амын 51 хувь буюу 784 сая иргэн дундаж орлоготой давхаргад шилжив. Энэ нь дундаж анги сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Тэгвэл 2022 онд дунджаас дээгүүр орлоготой чинээлэг давхарга хүн амын 54 хувь болж, харин дундаж давхарга 22 хувь болж буурах ажээ. Нэг хүнд ногдох орлого дунджаар 16-гаас 34 мянган ам долларт хүрнэ. Өнгөрсөн жилүүдэд жилд 13 сая ажлын байр шинээр нэмэгдэж, 60 сая хүн ядуурлаас гарсан нь Хятадын онцлогтой социализмын давуу талын үр дүн болж байна. Хятадын онцлогтой социализмын үсрэнгүй хөгжил олон улсын харилцааны олон туйлт шинэ дэг тогтолцоог бүрдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлж байна гэж хэлж болно.

-Си Жиньпин ХКН-ын 19 дүгээр их хурлын тайланд тэмдэглэхдээ Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлж байгааг онцолсон байна лээ?

-Энэ нь хятадын онцлогтой “хөгжингүй социализм”-ыг байгуулах үе эхэлж байна гэж ойлгож болохоор байна. Шинэ эрин үе хоёр үе шаттай хэрэгжинэ гэсэн. ХКН байгуулагдсаны 100 жилийн босгон дээр буюу нэгдүгээр үе шат 2020-2035 он өөрөөр хэлбэл эхний 15 жилд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ажээ. Энэ нь дундаас дээгүүр орлоготой чинээлэг социалист нийгэм байх юм. Хоёрдугаар үе шат 2035-2050 онд хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эв найрсаг, үзэсгэлэнт орчин үеийн аугаа их гүрнийг байгуулах ажээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн босгон дээр хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулж дуусна гэсэн үг юм. Энэ нь Хятадын онцлогтой социализмын шинжлэх ухааны онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болохоор байна. Үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоох гэдэг шинэ томьёолол нь хятад мөрөөдөл бөгөөд байгаль орчинтойгоо дасан зохицож ногоон хөгжлийг хэрэгжүүлнэ гэсэн үг л дээ.

Ер нь бол БНХАУ өөрсдийгөө их гүрэн гэдгээс зайлсхийдэг. 1999 оны 6 дугаар сард ХБНГУ-ын Вестфалийн Кёльн хотод болсон Их наймын дээд уулзалтад Германы канцлерь Герхард Шрёдер Хятадыг Их наймд нэгдэхийг урьсан байдаг. Өмнөх 1997 оны зургадугаар сард АНУ-ын Денверт зохиогдсон Их долоогийн уулзалтад Ерөнхийлөгч Б.Клинтон ОХУ-ыг урьж оролцуулснаар Их наймын бүлэг байгуулагдсан байв. Гэвч БНХАУ бол их гүрэн биш гэж үзэж байсан. 2012 оны арваннэгдүгээр сард хуралдсан ХКН-ын XVIII их хуралд тавьсан улс төрийн илтгэлд ХКН-ын тэргүүн Ху Жинтао “БНХАУ бол дэлхийн хамгийн том хөгжиж буй социалист орон мөн” гэж онцлон тэмдэглэж байсан. Тиймээс олон улсын харилцаанд аль нэг, эсвэл хэсэг бүлэг улс гүрэн жанжлахын эсрэг байр суурьтай байдаг.

-Сүүлийн үед Монгол, Хятадын харилцаа суларсан гэж харагдахаар байгаа. Цаашид хоёр улсын харилцаа ямар байх бол?

-Бидний нэг дутагдалтай тал нь хятадаас хамааралгүй хөгжчих гээд байдагт оршиж байгаа болов уу. Уг нь хоршин хөгжиж, хамтаар хожиж, хамтдаа ашиг хүртэх явдал юм. Монгол Улс 2003 онд БНХАУ-тай “Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл”, 2011 онд “Стратегийн түншлэл”, 2014 онд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг тавьсан нь хоёр талын харилцааг чанарын шинэ шатанд гаргасан үйл явдал. “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” нь хамтын ажиллагааг хэрэгжүүлэх газрын зураг болж байна. Гурван улсын эдийн засгийн коридор бол хамтын ажиллагааны ойрын ирээдүйн замын зураг гэж хэлж болно. Хоёр хөрштэйгээ бүхэлдээ тэнцвэртэй харьцах гэдэг бол улс төрийн хөдөлшгүй чиг шугам юм. Даяаршлын эрин үед улс орнууд эдийн засгийн талаар тэнцвэртэй харьцах боломж хязгаарлагдмал болсон.

Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт газар нутгийн аливаа маргаангүй цорын ганц улс. Бид хоёр хөршөө гайхшруулсан үйл явдал бол тэдэнтэй стратегийн түншлэл тогтоочихоод байнга төвийг сахих санаачилга дэвшүүлчихсэн явдал байсан.

Хятад улс юуг, хэрхэн, яаж байгуулж буйгаа сайн мэдэж байна. Гэтэл бид юу байгуулж буйгаа, хаашаа явж буйгаа төсөөлөөгүй шахам явж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Үнэндээ социализмыг ч биш, капитализмыг ч биш, өөх ч биш, булчирхай ч биш нийгэм байгуулаад байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Си Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа “Олон улсын харилцаа яаж өөрчлөгдсөн ч Монгол Улстай харилцах Хятадын бодлого өөрчлөгдөхгүй. Монголын ард түмний сонгосон замыг хүндэтгэнэ” гэж УИХ-ын индрээс хэлж байсан.

XXI зуунд Өмнөд хөршийн эдийн засаг үсрэнгүй хөгжиж, геополитик, гео-эдийн засгийн нөлөөллийн хүрээгээ тэлж буйг Өрнөдийн судлаачид Хятадын “аюул” хэмээн нэрлэдэг. Мөн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, ардчилал хумигдаж нэг хүнийг тахин шүтэх үзэл буюу культ личность цухалзах боллоо ч гэж тэмдэглэж байна. Гэхдээ өөр нэг хүчин зүйл бол БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай хөгжил, тогтвортой байдал, хамгийн ойрын гадаад орон Хятадын харилцаа хэвийн болж, итгэлцэл нэмэгдэж, стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдалд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү таатай эерэг нөлөөг үгүйсгэж үл болно.


Categories
мэдээ нийгэм

Амандаа дуу аялж явбал арван насаар залуужна

дуу сонсох зурган илэрцүүдӨдөрт дөрвөөс таван өөр дуу амандаа аялбал хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд зөвлөжээ. Ялангуяа ахмад, буурлууд маань ингэж хэвшвэл зөнөх өвчинд өртөхгүй байх сайн талтай гэнэ. Манай хөгшчүүл амандаа дуу аялдаг хүнийг хэзээнээсээ таашаадаггүй байсан. “Битгий гэнгэнээд бай. Муу ёр” гээд л загнаж, үглэдэг сэн. Тэгвэл амандаа дуу аялах нь муу ёр биш гэдгийг шинжлэх ухаан баталжээ.

Дуу хөгжимтэй ойр хүмүүс бие организм болоод гаднах төрхийн хувьд үеийнхнээсээ хамаагүй залуу байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Эгшиг, аяз хүний стрессийг тайлдаг болохоор бие сэтгэл тайван амгалан оршихуйд тухалдаг. Тэгээд ч хүн дуулахдаа уурлаж уцаарладаггүй шүү дээ. Аманд дууны ая ороод ирэнгүүт л цаанаасаа тийм сайхан уужим тэнүүн мэдрэмж төрж, тухайн агшинд аз жаргалтай болдог. Иймд хүүхэд хөгшид гэлтгүй бүх насныхан байнга дуу аялж байвал стрессээс үүдэлтэй элдэв өвчнөөс сэргийлэх хамгийн сайн жор болох юм байна. Гэхдээ нэг төрлийн биш өөр, өөр дуу цээжиндээ хадгалбал үр дүн нь төдий чинээ байх ажээ. Амандаа дуу аялж явбал арван насаар залуужих юм байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандан: Б.Хурц намайг болон миний гэр бүлийг хорлосон тохиолдолд хариуцлагыг нь Монголын төр нэхээсэй

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Чуулганы хуралдааны дараа (өчигдөр) АНн-ын бүлгийн даргын өрөөнд Б.Хурц таныг заналхийлсэн мэдээлэл байна. Тэнд яг юу болсон юм бэ?
-Би чуулганы хуралдааны дараа АН-ын бүлгийн даргын өрөөнд орсон. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэсэн хүмүүс байсан. Тодорхой яриа болсны дараа Б.Хурц “Батзандан хэрээ мэдээрэй. Таныг оронд чинь байхад би хорлуулж чадна шүү” гэж надад заналхийлсэн. Энэ заналхийллийнх нь төлөө түүнийг холбогдох байгууллагуудад өгч байгаа. Б.Хурц гэдэг хүн намайг болон миний гэр бүлийг хорлосон тохиолдолд хариуцлагыг нь Монголын төр нэхээсэй билээ гэж би хүсч байна. Миний амийг хорлоно гэдэг заналхийлэл бодитой гарсан учраас УИХ-ын дарга болон Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас төрийн хамгаалалт хүсч албан бичгээ явуулсан.
-Та яагаад заавал Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлаар нийтийн сонсгол хийе гэж санаачлаад байгаа юм бэ. Ссүүлийн өдрүүдэд энэ асуудал нэлээд хурцдаж, та хоёрын хооронд хувийн ямар нэгэн асуудал байна уу?
-Б.Хурц бид хоёрын хооронд ямар ч маргаан байхгүй. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Энэ хууль яг барууны улс орнуудын жишгээр батлагдсан байгаа. Ерөнхий хяналтын сонсгол, төсвийн сонсгол, хуулийн бодлогын сонсгол, томилгооны сонсгол, хяналтын сонсгол хийж болно гэсэн хуулийн заалт бий. УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол хийж болно гэсэн заалт энэ хуулийн 10.1-д байна. Мөн хуулийн 4.2-т “Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар сонсгол хийж болно” гэсэн заалт байгаа. Энэ хүрээнд миний бие сонсголыг санаачилж, зохион байгуулахаар 21 гишүүнтэйгээ хамт УИХ-ын даргад, холбогдох байнгын хороонд хүсэлтээ өргөн барьчихсан байгаа. Нийтийн сонсгол гэдэг ойлголт олон зуун жилийн өмнө Англи, Америкт үүссэн юм. Парламентат ёс хөгжсөн улс орнуудад нийтийн сонсгол болдог. Энэ талаар хүмүүс мэдээлэл муутай байна. Хэрэгжиж эхлээд жил хүрээгүй Нийтийн сонсголын хуулийг анх удаа хэрэглэх гэж байна. Б.Хурцын асуудалтай холбоотой хурц сэдэв дээр санаачилга гаргасан болохоор хүмүүс гайхаад байх шиг. Ж.Батзандан хэн нэгнээс өс хонзон авах гэж байгаа мэтээр гажуудуулж байна. Нийтийн сонсгол Монголд соёл болон дэлгэрнэ. Монголын улс төрийг ил тод болгож, муу муухайг нь нийтийн сонсгол хийх замаар цэвэрлэнэ. Үүний тулд би энэ санаачилгыг гаргасан. Энэ санаачилга үр дүнд хүрч, цаашид Монголын төрд жишиг болж тогтоно гэдэгт итгэлтэй байна. Мөн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удахгүй шаардаж эхэлнэ. Монголын парламент олон сайн хууль баталсан боловч заримыг нь хэрэглэхгүй байгаа. Үүнийг хэрэглэдэг, хэрэгжүүлдэг болгохын төлөө зүтгэж байгаа жирийн л нэг гишүүн. Би Монголын улс төрийг шинэ түвшинд гаргаж, хариуцлагатай, нээлттэй болгоно гэсэн амлалт өгч, улс төрд орж ирсэн.
-Уржигдар Байнгын хорооны гишүүд нийтийн сонсгол явуулахыг дэмжсэн ч чуулганы хуралдаанаар гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. АН-ын бүлгийн гишүүд таныг дэмжихгүй байгаа юм биш үү. Сая (өчигдөр үдээс хойш)бүлэг хуралдлаа. Ямар шийдэлд хүрэв?
-АН-ын бүлгийн дөрвөн гишүүн нийтийн сонсгол явуулахыг дэмжиж байгаа. Гурав нь гарын үсгээ зурсан байгаа. Ирэх долоо хоногийн даваа гаригт миний санаачилсан нийтийн сонсголын асуудлаар АН-ын бүлэг өөрийн байр сууриа гаргах байх. Сая хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.
-Та Б.Хурцын асуудлаар мэдээлэл хийхдээ “УИХ-ын гишүүд бөлдөгдүүлсэн байна” гэж хэлж байсан. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр “Ж.Батзандан гишүүн Б.Хурцад бөлдөгдүүлжээ” гэж харагдахаар байсан. Харин та ямар тайлбар өгөх вэ?
-Надад хэн нэгнээс айх, эмээх шаардлага байхгүй. Би төрийн албан тушаал, захиргааны албан тушаал, мөнгө санхүү хуваарилахтай холбоотой албан тушаал нэг ч өдөр, нэг ч секунд хашиж байгаагүй. Б.Хурц гэдэг хүн УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх материалыг тагнуулын эрх мэдлээ ашиглаж цуглуулдаг. Тэр материалаараа гишүүд болон иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг талаар олон мэдээлэл байна. Дээрээс нь Б.Хурц гэдэг хүн Д.Энхбатыг Англи, Францаас хулгайлж авчран амь насанд нь хүрсэн. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдан авах боломжийг хааж, УИХ-д мэдэгдэлгүйгээр Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл ажиллагаанд оролцсон. Б.Хурц гэдэг хүн С.Зоригийн аллагын хэргийг захиалагч нь тодорхойгүй байхад гурван хүнд ял өгүүлж хаасан хүн. Б.Хурцтай холбоотой дээрэм тонуулын хэрэг, гомдлууд олон байна. Хамт ажиллаж байсан нөхрөө хилсээр гүтгэж, хэрэгт холбогдуулж явуулсан гэдэг мэдээлэл хүртэл байгаа. Орд газруудыг дээрэмдсэн гэдэг мэдээлэл ч бий. Энэ бүхнийг нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгийн үеэр өргөдөл гомдол гаргасан хүмүүс нь ярина. Ярих ч ёстой. Ингэж байж Монголын төр зөв шийдвэр гаргаж, Монголын төр цэвэрших ёстой.
-Таныг Өргөдлийн байнгын хорооны дарга байхад энэ төрлийн гомдол их ирж байсан гэж мэдээлж байсан. Одоогоор танд хэчнээн гомдол ирээд байна вэ?
-Өргөдөл гомдлууд одоо ч ирсээр байна. Энэ болгоныг холбогдох байнгын хороо, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хяналтын хороонд шилжүүлж байна. Б.Хурцаас болж хэлмэгдсэн, түүнд бизнесээ дээрэмдүүлсэн олон хүн надтай холбогдож байна. Ний нуугүй хэлэхэд Б.Хурц гэдэг хүн өс хонзонгийн сэдэлтэйгээр олон хүний амь амьдралаар тоглосон. Энэ хүнийг Элчин сайдаар явуулах нь битгий хэл Монголын төрд нэг ч алхам ойртуулж болохгүй. Гэхдээ би эцсийн шийдвэрийг гаргахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг хүнийг томилох шийдвэрийг гаргана. Ерөнхийлөгчид бодит мэдээлэл өгөхийн тулд, УИХ-ын гишүүдэд бодит мэдээлэл хүргүүлэхийн тулд би нээлттэй сонсголыг санаачилж байгаа юм. Түүнээс биш Б.Хурц гэдэг хүний мууг үзэж, улыг нь шагайхын тулд нээлттэй сонсгол санаачлаагүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-Та Байнгын хорооны хуралдаан дээр С.Зоригийн хэрэг 14 хоногийн дараа илэрнэ гэж хэлсэн. Ямар үндэслэлээр ингэж хэлсэн юм бэ?
-Би холбогдох сайд дарга нартай, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. С.Зоригийн хэргийг ил болгох саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газарт оруулчихсан байгаа юм байна. Сайдын оруулсан саналыг Засгийн газар 14 хоногийн дотор хэлэлцдэг юм. Би С.Зоригийн хэргийг ил болгохын төлөө явж байгаа хүний нэг. Ц.Нямдорж бид хоёрыг хамтраад байна гэж зарим хүмүүс шүүмжлээд байгаа. Би түүнтэй хоёр зүйл дээр санал нэгтэй байна. Эрдэнэтийн 49 хувийг эх орон нэгтнүүддээ, энэ улсад нь эргүүлэн авч өгөхийн төлөө Ц.Нямдоржтой хамт тэмцэж байгаа. С.Зоригийн хэрэг буюу захиалагчгүй хэргээр гурван хүнийг хилсээр шийтгэсэн байж магадгүй гэж би үзэж байна. Түүнээс бус би сөрөг хүчний гишүүн. Сөрөг хүчний намын бүлгийн дэд дарга. Монгол төрийн аливаа сайн санаачилга болгоныг дэмжинэ.
-“Лантуун дохио” ТББ нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг гэдэг ч цаана нь хүний наймаатай холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Энэ ТББ-ын цаана таныг байдаг” гэсэн мэдээлэл тархаад байх юм?
-Тус ТББ-ын тэргүүн Ганжавхлан гэдэг залуу 2012 онд миний туслахаар зургаан сар ажилласан. Дараа нь ажлаасаа гараадТББ-ын үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын нийгмийн сайн сайхны төлөө тэр залуу зүтгэж байгаа гэж би хардаг. 2013 оноос хойш тэр залуутай уулзаагүй удаж байна. Гэхдээ цахим ертөнцөөс энэ залуу сайн сайхан олон санаачилга гаргаж байна гэж би харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Амбиц, санаачилгын эзэд

МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн ангийн 2007 оны төгсөгчдийг энэ удаагийнхаа “Нэг анги” булангаар онцолж байна. Ажил амьдралын гараагаа эхлүүлээд арван жилийг ардаа орхисон энэ ангийнхны сонин хачин их бий. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн түүхэнд хамгийн, хамгийны түүчээ болсон эдний анги одоо хэвлэл мэдээллийн салбар амжилттай яваа ажээ. Телевизийн нүүр царай, сонины автор болсон хүмүүс олонтой гэнэ. Тухайлбал, МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувагийн спортын албаны дарга Б.Батзаяа байна. Түүнийг хөлбөмбөгийн тайлбарлагч гэдгээр нь монголын фанатууд андахгүй. Танай гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр өдөр бүр тантай уулздаг “Bloomberg” телевизийн нэвтрүүлгийн албаны дарга Н.Хонгорзул, “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Н.Урантогтох, “SBN” телевизийн сэтгүүлч Г.Ундрахбаяр, “Ийгл” телевизийн сэтгүүлч Ж.Цэнджаргал, тус телевизийн хөтлөгч Ж.Төгсжаргал, “UBS” телевизийн “City news” мэдээллийн албаны зохицуулагч редактор Ц.Мөнхтуяа нар телевизийн салбарт ажиллаж байгаа аж. Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-д гэхэд хоёр ч төгсөгч ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлч М.Мөнхцэцэг, Я.Мөнгөнцэцэг нар оюутан байхаасаа л тус сонины гал тогоонд орж байсан болохоор сургуулиа төгсөнгүүтээ эндээс ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн энэ ангийнхнаас төрийн албанд сэтгүүлчийнхээ мэргэжлээр ажиллаж байгаа хүн цөөнгүй юм билээ. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Ариун-Учрал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр, Хил хамгаалахын ерөнхий газрын ОНХА-ны сэтгүүлч, дэслэгч Б.Алтанцэцэг нар ажиллаж буй гэнэ. Сэтгүүл зүйн магнат Шаравдоржийн охин Ш.Төгөлдөр ч эдний ангийнх аж. Тэрбээр аавынхаа бизнес болох хэвлэлийн “Мэри” төвийг хариуцан ажиллаж байсан бөгөөд одоо Нийслэлийн Тамгын газарт мэргэжилтэн хийж буй.

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгчдөөс бүгд ажил албатай яваа хамт олон гэдгээрээ эдний анги онцлогтой юм байна. Мэргэжлээрээ ажиллаж байгаад өөр салбарт хүчээ үзэж байгаа хүмүүс гэвэл “Ази фарм” компанийн зохион байгуулагч Л.Буддорж, “Хүн комплекс” компанийн Хүний нөөцийн менежер Д.Баяндүүрэн, Сингапурын “Бумрангранд” эмнэлгийн орчуулагч Б.Лхамсүрэн нарыг нэрлэж болох ажээ. Орон нутагт гэхэд Орхон аймгийн телевизэд Д.Гансугар, Увс аймгийн Тамгын газарт П.Энхмаа, Өмнөговьд Ч.Сувданцэцэг, Сэлэнгэд Б.Хандсүрэн, Баян-Өлгий аймагт Ёлка нар ажиллаж байгааг ангийнхан нь дурсан ярилаа.

Удирдах албан тушаалд болон хувийн бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүсийг цохон нэрлэвэл Мэдээлэл технологийн үндэсний паркийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх, Газар тариалангийн “Ногоон хуст” компанийн захирал М.Шинэбаяр, “Jet school”-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтансор, “Брэнд медиа” компанийн захирал Баттүвшин нараар нөхөд нь бахархаж байлаа. Мөн сайн найзууд Б.Алтантуул, Долгорсүрэн нар зөв хооллолтын клуб ажиллуулж, нийгмийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа юм байна.

Энэ ангийнхан саяхан болсон арван жилийн ойн уулзалтаараа гадаадад ажиллаж, сурч байгаа нөхдөө ихэд санагалзан дурсацгаасан тухай цухуйлгав. ХБНГУ-д Э.Болор-Эрдэнэ, Г.Номиндарь, АНУ-д Оюу, ХБНГУ-д Д.Пүрэвсүрэн нар нь сурч байгаа ажээ. Тэднээс гадна сайн ээжүүдээ ч мартсангүй. Тухайлбал, Ч.Анхзаяа, Ч.Индэрьяа, Н.Энхбүрэн нар бяцхан маамуу нараа асарч, хүмүүжүүлэхийн хажуугаар, хань нөхрийнхөө ажлыг амжилттай явуулахад ихээхэн түшиц болсон сайн эзэгтэй нар юм байна.

Хүний амьдралын дурсамж болгон сайхан. Тэр дундаа оюутан ахуй цагийн дурсамж хөгжилтэй, наргиантай, ярих зүйл арвинтай байдаг билээ. Энэ ангийнхан их бүтээлч, сэтгэгч, санаачилгатай анги байсан нь одоо ч тэдний ажил амьдралаас тод харагдаж байна. Оюутан байхын л амбицтай хүүхдүүд байсан тухай хөгжилдөн ярьцгааж байв. “Манай анги урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дандаа тэргүүлдэг байсан. Яруу найрагч, бүжигчин, дуучин гээд урлагийн авьяастнууд олон. Дөрвөн жилийн хугацаанд таван ангийн дарга сольж байлаа. Шалтгаан нь гэвэл эхний хоёр курст ангийн дарга болсон хүүхдүүд шилжээд явчихсан юм. Ингээд Г.Мөнхсүх ангийн дарга боллоо. Гэтэл мань хүн Клубуудын зөвлөлийн даргаар сонгогдож давхар дээл өмчихдөг байгаа. Тэр үед манай анги пиар клуб байгуулж байсан юм. Тэр үед МУИС-ийн хэмжээнд 40-өөд клуб байдаг байлаа. Энэ клубуудын зөвлөлийн даргаар сонгогдсон Г.Мөнхсүх маань дээлээ нимгэлсэн юм. Ингээд Б.Батзаяа ангийн дарга болсон. Хэсэг хугацааны дараа хөлбөмбөгийн европын аваргын тэмцээн болов. Б.Батзаяа телевизэд хөлбөмбөг тайлбарлагчаар ажилладаг байлаа. Тэрбээр дэлхийн аваргын тэмцээнийг тайлбарлах болоод ангийн даргын албаа Б.Алтантуулд хариуцуулан өгч байсан ийм түүхтэй анги. Манай ангийн Б.Батзаяа “Бидний мэдэх хөлбөмбөг” гэдэг номоо гаргасан, спортын талаар мундаг мэдлэгтэй залуу бий. Дэлхийн аварга, европын аваргыг монголд анх нэвтрүүлж эхлэхэд шууд тайлбарлаж байсан анхны хүний нэг. Ер нь манай анги их бүтээлч, хувьсгалч, амбицтай анги байсан. Биднийг оюутан байхад фото зургийн хичээл ордог байв. Хуучны хальсны “Зенит” аппарат зүүгээд гадуур их зураг авна аа. Авсан зургаа Л.Норовсүрэн багшийн өрөөнд угаадаг байв. Ер нь сэтгүүл зүйн тэнхимийн түүхэнд хар цагаан зургийг угааж сурсан хамгийн сүүлийн анги байсан. Цахим сэтгүүл зүй хөгжиж байсан болохоор дижитал аппарат, фотошоп зэрэг технологийн шийдлийг ашиглаж сурахыг хүсч, тэнхимдээ өргөх бичиг өгч байлаа шүү дээ” гээд инээлдэв. Энэ ангийн бас нэг онцлог нь тэнхимийнхээ түүхэн дэх хамгийн олон буюу 12 хөвгүүнтэй курс байсан гэнэ. Анх нэгдүгээр курст ороход бүх аймгаас шилэгдэж ирсэн 40 гаруй хүүхэд цугларч байснаас 37 нь амжилттай төгсчээ. Хонхны баяраараа элдэв зүйлд мөнгөө үрж байхаар нийгмийн сайн сайхны төлөө зориулъя гэж санал нэгдэн асрамжийн газрын “Өнөр бүл” төвд тусламж, дэмжлэг үзүүлж байсан санаачилгатай оюутнууд байсан юм билээ. Мөн тэд тэнхимийн багш нараа хачин ихээр магтаж, Монголын сэтгүүл зүйн түүхэнд нэрээ тамгалж чадсан эрхмүүд болохыг онцолж байв. М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Б.Болд-Эрдэнэ, бурхан болооч Ч.Чойсамба багш нарынхаа заасан эрдмийн ачаар өнөөдөр салбар салбартаа амжилт бүтээл арвинтай яваа гэж байлаа.

Сонирхуулахад эдний ангийн багш Г.Өнөрбаяр одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ажээ. Улстөрд өсч яваа энэ эрхмийн анхны дааж авсан оюутнууд нь өнөөдөр ийнхүү ажил хөдөлмөрийн ундарга болсонд тэднээрээ ихэд бахархдаг гэсэн.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Батцэцэг: Хятад улс 2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилт тавилаа

ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

-Энэ сарын 18-нд эхэлсэн БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал өндөрлөж байна. Нийтдээ 89 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн нам таван жил тутамд хуралддаг. Энэ удаагийн хурлын анхаарал татсан асуудал нь юу байв?

-Хятадын Коммунист Нам(ХКН)-ын XIX хурал долоо хоног үргэлжиллээ. Энэ хурлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Учир нь өнөө БНХАУ дэлхийн хоёр дахь эдийн засгийн хүчирхэг улс болж, дэлхийн эдийн засгийн хөгжил Хятадаас шалтгаалж, Хятадын хөгжил дэлхийд нөлөөлөх харилцан хамааралтай болсныг илтгэж байна. Энэ хурлаас анхаарал татсан онцлог асуудал гэвэл нэгд, ХКН-аас БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж магадгүй болж байна.БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ удаагийн хурлын тайлан илтгэлд, “Ойрын үед БНХАУ-ын өмнө, амжилттай хөгжиж буй орны баталгаа болох үр ашигтай, өндөр хөгжилтэй хуульзүйн тогтолцоотой улс орныг байгуулах зорилт тавигдаж байна”, “Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орж байна” гэж зарлаад, “Энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа мөн” гэж мэдэгдсэн. Гуч гаруй жилийн өмнө ХКН-ын 12 дугаар их хурлаар “Хятадын онцлогтой социализм” гэдэг томьёоллыг анх дурдаж байсан юм. Тэгвэл энэ удаагийн хурлаар “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орох тухай судалгаа шинжилгээ, үнэлгээ хийх тухай, уламжлалыг залгамжлан үргэлжлүүлж, шинийг эрэлхийлэх тухай ярьсан. БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлэхдээ, “Бидэнд социализмын замаар тууштай явахын тулд “Хятад онцлогтой социализм”-ын хуульзүйн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна. Энд гол зангилаа үүрэг гүйцэтгэж буй Үндсэн хуулийн тухай ярьж байгаа юм шүү гэж мэдэгдсэн юм. Мөн “Хятад улс чинээлэг нийгэмд бүх талаар шилжиж, XXI зууны дунд үе гэхэд баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилтэй, эв зохистой, үзэсгэлэнтэй сайхан, орчин үеийн хүчирхэг орон” болгоно гэж тодорхойлсон. Өмнөх хурлаас дэвшүүлсэн тодорхойлолт дээр үзэсгэлэнтэй, хүчирхэг гэсэн үгийг нэмж оруулсан нь ХКН экологийн соёл иргэншлийг чухалчилсан зорилт тавьж байгааг харуулж буй хэмээн хятадын судлаачид бичсэн байна лээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн тэргүүнд гарснаар түүний удирдлагаар юуны өмнө авлигатай хийх тэмцэл амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл энэ хурлаар авлигатай тэмцэх найман заалттай журам, зургаан хорио гэдэг санаачлагыг дэвшүүлж, намынхаа гол зохицуулах баримт болгожээ.

Шинэ эрин дэх “Хятадын онцлогтой социализм”-ын үзэл баримтлалд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий чиг үүрэг, зорилт, хуулийн засаглалыг ахиулах зорилт тавихын сацуу дэлхийн тэргүүлэх армийг байгуулах зэрэг чиглэлийг тодорхойлсон.

Ер нь Хятад улс бол өөрийнхөө дэвшүүлсэн үзэл суртлаас хэзээ ч ухардаггүй, тиймээс социалист орон хэвээр үлдэхийн зэрэгцээ коммунист намынх нь үүрэг улам нэмэгдэх бололтой.

-Энэхүү хурлын нээлтэд Си Жиньпиний хэлсэн үгийг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, БНХАУ-ын дарга Си Жиньпин хятад онцлогтой социализмын замаар “шинэ эрин”-д орж буйгаа зарласан. Гэхдээ өөрчлөгдөж буй үйл явдалд, аливаа хэрэгт уян хатан байхын тулд хувьсаж өөрчлөгдөх хэрэгтэй л дээ. Хоёрдугаарт, маш чухал зүйл тэмдэглэсэн байгаа, энэ юу вэ гэхээр Хятад социалист ардчилсан замаар хөгжихийн зэрэгцээ Өрнөдийн ардчиллыг дэлгэрүүлэх ямар ч оролдлогын эсрэг зогсоно гэдгийг тэмдэглэсэн байсан. Гуравдугаарт,Хятад улс намын доторх мэтгэлцээнийг хөгжүүлэхэд бэлэн, гэхдээ интернэт сүлжээгээр, завь ганхуулах ямар ч оролдлогын эсрэг байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хэдийгээр интернет сүлжээний хүчирхэг орон болох, хурдыг нэмэгдүүлэх талаар тодорхойлсон ч сошиал орчинд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлэх тухай ярьж байгаа юм.

-БНХАУ-ын өмнөх таван жилд дэвшүүлсэн зорилт биеллээ олсон гэж энэ удаагийн хурлаараа тэмдэглэж байсан. Тэгвэл ирэх таван жил дэвшүүлсэн зорилтуудыг нь сонирхуулахгүй юу?

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний тайлан илтгэлд, өмнөх таван жилд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхдээ засаглалын тухай иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулсан тухай орсон. Тухайлбал, Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлсэн. Мөн хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байр жил тутамд 13 сая гаруйгаар нэмэгдэж, ядуу амьдралтай 60 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижруулсан тухай ярьсан. Таван жилийн өмнө ХКН-ын 18 дугаар их хурал “2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор социалист орчин үеийн орон байгуулах” зорилт дэвшүүлж байсан. Тэгвэл, олон улсын болон дотоодын нөхцөл байдалд хийсэн судалгаа шинжилгээг үндэслэн, 2020 оноос энэ зууны дунд үе хүртэл хоёр шаттайгаар төлөвлөжээ. Нэгдүгээр шатанд, 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, социалист орчин үеийн болгох зорилтыг үндсэнд нь биелүүлэх. Хоёр дахь шатыг 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл Хятад улсыг хүчирхэг ардчилсан соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах зорилт тавьжээ. Нөгөөтэйгүүр 2035 он гэхэд Хятадын армид хийж буй шинэчлэлийг хийж дуусгах хугацаатай яв цав нийцэж байгаа нь дэлхийн хамгийн хүчирхэг улс гэдгийг харуулах зорилт гэж ойлгож байна.

-Си Жиньпин залгамжлагчаа өөрөө тодруулах магадлалтай гэх мэт мэдээлэл гарч байна. Ажиглагчид түүний дараагийн залгамжлагчид хамгийн их тохирох хүнийг хэн гэж үзэж байна вэ?

-ХКН-ын дотор өмнө нь хоёр бүлэглэл фракц байсан. Энэ нь элитийн гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн бүлэг, коммунист залуучуудын эвлэлийн бүлэг гэж байсан бол сүүлдээ Шанхайн бүлэг, дөрөв дэх, тэр байтугай тав дахь бүлэг гэж байгаа тухай гадны хэвлэлд бичсэн байсан. Си Жиньпин гарснаар нам доторх бүлэглэлүүдийг дарж авсан гэх ба өөрийн гэсэн бүлэглэлийг ч бий болгосон байдаг. Тэрээр ийнхүү өөрийн бүлэглэлийг бүрдүүлж нөлөөнийхөө хүрээг тэлснээр түүнийг залгамжлах хүнгүй болсон хэмээн гадны шинжээч ажиглагчид бичиж байна. Тиймээс 2022 онд намын даргын суудлаа өгөхгүй ч байж магад. Мөн Дэн Сяопиний үеэс хойш тогтсон өөрийн залгамжлагчаа үе алгасан тогтоож ирсэн “дүрмийг” өөрчилж Си Жиньпин өөрийнхөө залгамжлагчийг өөрөө тодруулах магадлалтай гэсэн мэдээ сэлт гарсаар байна. Иймэрхүү байдлаас харахад үнэхээр нам дотор нь бодит мэтгэлцээн маргаан байгааг илтгэж байна.

-ХКН-ын 19 дүгээр их хурлын үр дүнг та хэрхэн харж байна вэ. Хөрш зэргэлдээ Монгол орны хувьд ямар үр өгөөжтэй байх бол?

-БНХАУ гадаад бодлогодоо бусад улсын эрх ашгийг золиос болгохгүй. “Хятад ямар ч тохиолдолд өөрийн хөгжлийн төлөө бусдын эрх ашгийг хөндөхгүй байхын зэрэгцээ ямар ч тохиолдолд өөрийн хууль эрх, ашиг сонирхлоосоо татгалзахгүй” гээд хэзээ ч түрэмгийлэх бодлого явуулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Си Жиньпиний санаачилсан “Нэг бүс нэг зам” төсөл ирэх таван жилд үргэлжлэх нь тодорхой. Энэ төслийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа урагшлуулж, хамтран зөвшилцөж, хамтаараа бүтээн байгуулна гэсэн байна лээ.Тиймээс Хятадын “Нэг бүс нэг зам” төслийг Монголынхоо “Талын зам”-тай уялдуулан хэрэгжүүлэх талаар урьд өмнө тохиролцоод хэрэгжүүлж буй ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай. Аль болохоор Монгол Улсдаа ашигтай, эдийн засгийн хөгжилд нэмэртэй бодлого явуулах хэрэгтэй. Хэдийгээр төр засаг, өөрчлөгдөж, тогтворгүй байгаа ч төрийн залгамж чанар, бодлого үргэлжлэх л ёстой.

-Хятад улс эдийн засгаараа дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавьдаг. Тус улс алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч. Тэгэхээр энэ удаагийн хурлаараа импортоор авах уул уурхайн бүтээгдэхүүнийхээ бодлогыг хэрхэн тодорхойлсон бол?

-Мэдээжийн хэрэг, юуны өмнө, Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байгаа үүнийг зүгээр ямар ч судалгаа үндэслэлгүйгээр тавихгүй.БНХАУ тавьсан зорилт, төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэхийн төлөө уйгагүй зүтгэдэг. Дэлхийн хамгийн олон хүн амтай, алт, зэс, нүүрсний хамгийн том хэрэглэгч орон. Хэдийгээр нүүрсний хэрэглээгээ багасгах талаар арга хэмжээ авч байгаа ч тэд ойрын хэдэн жилд Монгол Улсаас алт зэс, нүүрсээ импортоор авсаар байх болов уу гэж бодож байна.

-Монгол Хятадын харилцаа сүүлийн үед идэвхтэй бус байна уу даа гэж харагдах болсон. Судлаачийн байр суурийг сонсвол?

-Монгол, Хятад хоёр улс харилцааны хамгийн дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай явж байгаа. Энэ харилцааг байгуулж бэхжүүлэхийн тулд хоёр талын хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан. Түүний дагуу хоёр талын компани, аж ахуйн нэгж, ард иргэд, орон нутгийн хоорондын хамтын ажиллагаа, солилцоо үргэлжилсээр байгаа. Харин манай улсын төр засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан зарим нэг үл ойлголцол, асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Хятадын талаас ч ялгаагүй зарим нэг эмзэглэл, шахалт дарамт үзүүлэх явдал гарч л байна. Гэхдээ Монгол, Хятад хоёр талын харилцаа идэвхтэй бус байгаа гэж үзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Эрх баригчид төрийн бодлого боловсруулах ёстой атал 300 мянган төгрөгийн нөхөн олговортой зууралдаж байгаа нь санаа зовмоор

С.Ганбаатар зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж байна. Энэ удаагийн чуулганаар ямар асуудлууд яригдах вэ?

-Улс орон, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг ярьж, улс төрийн дүгнэлт хийж, эрх баригчдад тодорхой гарц гаргалгаа, шаардлагуудыг хүргүүлнэ. Багш, эмч нар, боловсролын салбарт болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс “Цалингаа нэмүүлмээр байна. Орлоготой болмоор байна. Ажлын байр нэмээч ээ” гэж шаардаж, шахаж, жагсах бол хууль зөрчиж байгаа асуудал биш. Харин “Цалин, тэтгэвэр нэмнэ. Ажлын байр бий болгоно” гэж амлаж гарч ирчихээд үүнийгээ биелүүлэхгүй байна гэдэг нь хууль зөрчиж буй асуудал. Цаад утгаараа худлаа ярьж төрийн эрх мэдэлд хүрсэн байна гэсэн үг. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг гэж би ойлгодог. Сүүлдээ эрх баригчид “Энэ ард түмнийг давруулж болно, болохгүй” тухай ярьж байна шүү дээ.

-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх ямар гарц байгаа юм бэ?

-Яагаад энэ Засгийн газар Оюу толгойг барьж авч гэрээгээ өөрчлөхгүй байна вэ. Яагаад Хармагтайн ордыг ард түмэнд ашигтай байдлаар шийдэхгүй байгаа юм бэ. Эдгээр асуудлыг Засгийн газар нэг номерт барьж авах ёстой болохоос биш сандал ширээний зодоондоо ард түмнийг туйлдуулж болохгүй. Бонд босгоод, өр тавьж улс орныг удирдахыг дөрөвдүгээр ангийн хүүхэд ч хийж чадна. Үүнийгээ том ажил гэж яриад байгаад тун их харамсаж байна. Миний хувьд МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан. Тэгэхэд хамт олонтойгоо нийлж олон удаа, цалин тэтгэвэр нэмүүлж байсан. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тууштай тэмцэнэ.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдсан төсвийн байнгын хорооны хуралдаанаар төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно гэж яригдсан. Үнэн хэрэгтээ гишүүд 72.5 тэрбум төгрөгийг өөрсдөдөө хуваарилах гэж байсан нь илчлэгдэнгүүт тэдэнд өгөх мөнгө болоод явчихлаа шүү дээ?

-Гишүүд өөрсдийнхөө тойрог дээр хөрөнгө оруулалт нэрийдлээр энэ мөнгийг авлигын хэрэгсэл болгоод тараавал аюултай. Тэгэх юм бол энэ мөнгө Хавайн арал руу, Сингапур, Сөүлийн казино руу, гишүүдийн тансаглал руу явна. Үүний оронд үйлдвэр барих, бизнесийнхнээ дэмжих, ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалт хийвэл бүр сайн. Ингэж чадахгүй бол боловсрол болон эрүүл мэндийн салбар, төрийн үйлчилгээний ажилтнуудад цалин болгож өгөх нь зөв.

-Төрийн албан хаагчдад энэ мөнгийг тараавал хувийн хэвшлийнхэн яах болж байна вэ. Эрх баригчид нийгмийг хоёр хувааж, ялгаварлаж байгаа юм биш үү?

Гурван зуун мянган төгрөгөөр 192 мянган төрийн албан хаагчийг санхүүжүүлснээр талхны цехийн талх улам сайн борлогдоно. “Нарантуул” зах дээр зогсдог жижиг, дунд бизнес эрхлэгчид болон ганзагын наймаачдын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол хэрэглээг, эдийн засгийн эргэлтийг дэмжиж байгаа явдал. Хувийн хэвшлийг ялгалаа л гэж байна. Хувийн хэвшлийг дэмжихийн тулд төрөөс хоёр л зүйл хийдэг. Бизнесмэнүүддээ зах зээлийг нь нээж өгөх ёстой. Тухайлбал, том аж ахуйн нэгжүүдэд Монгол компаниудын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд нь төр анхаармаар байгаа юм. Хоёрдугаарт, цалингийн тарифын хэлэлцээр гэж нарийн юм байдаг. Ингэснээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа дэмжигдэнэ.

-Ер нь цалин жаахан нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг талтай. Эдийн засаг хүнд байгаа ийм үед зөв гарц байж чадах уу?

-Намайг МҮЭ-ийн ерөнхийлөгч байхад “Цалин, тэтгэвэр нэмлээ. Ганбаатараас болж юмны үнэ өслөө” гэдэг гүтгэлэг доромжлолыг сонсдог байлаа шүү дээ. Бизнесмэнүүдийг худалдан авагчид дэмждэг. Худалдан авагчид өнөөдөр орлогогүй байна. Боловсролын салбарын цалингийн доод хэмжээ 450 мянган төгрөг байгаа. Гэтэл Монгол Улсын дундаж цалин 970 мянга байна. Яагаад ийм хол зөрүүтэй байна вэ гэвэл манай оронд баян хоосны ялгаа асар их гарсан байна гэсэн үг.

-Эрх баригчид ам.долларын ханшийг бууруулахад арга хэмжээ авахгүй байгаад та ямар бодолтой байна вэ?

-Өдөр болгон хоёр сая ам.доллар Оюу толгойгоос алдаж байгаа. Энэ алдааг тэглэх гэдэг бол том асуудал. Оюу толгойн гэрээг эргэж хараад Монгол оронд жил болгон хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийж орлого олж байгаа Оюу толгойгоос яагаад бид өнөөдөр юу ч олж авч чадахгүй байгаа юм бэ. Бүхлийг шийдвэл бүхнийг шийднэ гэдэг дээ. Хоёрдугаарт, алтны роялти Киргизэд 17 хувьтай байхад яагаад манайх 2.5 хувь руу оруулчихав аа. Ядаж алтны роялтигаа 10-15 хувь болгох нь эрх баригчдын хийх ажил.

-Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй гэж ОУВС-тай хийсэн тохиролцооноосоо буцаж байгаа нь ард түмэнд өгсөн амлалтдаа хүрэх гэж нэр нүүрээ бодоод байх шиг?

-Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол ОУВС-тай ийм утгагүй гэрээ хийхгүй байх байсан. Монголд ашиггүй, баялгаа өгөөд өрөнд ордог энэ олон гэрээнүүдийг эргэж харж, засч залруулахад та нар яагаад анхаарахгүй байгаа юм бэ гэж асууна. Энэ хортой гэрээнүүдийг байгуулахад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бүгд зөвлөгөө өгч тусалж байсан. Тэгэхээр тэд бол муур багш. Засгийн газар үүнийгээ илэн далангүй ярих ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа шүү дээ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг би ерөөсөө хөөгөөгүй. Харин гадаадын хөрөнгө оруулалт нэртэй мөнгө хүүлэх явдлыг эсэргүүцэж байгаа. Оюу толгой бол хөрөнгө оруулалт биш мөнгө хүүлэлт. “Оюу толгой нэрээр удахгүй 4.2 тэрбум ам.доллар орж ирнэ” гэж Дубайн гэрээний үеэр ярьж байсан. Одоо тэр нь хаана байна. “Далд уурхай босоод ирэнгүүт Монгол орныг аваад явчихна” гэсэн нь хаана байна. “Өдөр болгон Монголын ард түмэнд нэг сая ам.доллар орж ирнэ” гэсэн нь биелсэн үү. “Монголын ард түмэнд арван мянган ажлын байр эхний жилдээ бий болгож, цаашдаа энэ эрчээрээ явна” гэсэн өнөөдөр юу болов. Эдгээрийг Засгийн газар ярьж, хөөцөлдөх нь улс төр мөн.

-Таныг Оюу толгойн талаар ярихаар “Ганбаатар угаасаа Оюу толгойд алергитай” гэж хүмүүс хардаг. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оюу толгойн дөрвөн компанийн хоёр нь оффшор данстай байна. Үүний учрыг олооч” гэж хатуухан хэлж байгаа харагдсан. Харин танд ямар мэдээлэл байна вэ?

-Оюу толгой бол Монголын ард түмнийг аврах номер нэг боломж гэж дээр хэлснээ давтъя. Монгол Улс 24 тэрбум ам.долларын өртэй гэдгийг бүгд мэднэ. Энэ өрнөөс яаж гарах уу. Малчдаас татвар авах уу. “Нарантуул”-ынхан татвар нэмж өгөх үү. Олигархиуд оффшор данснаасаа мөнгө гаргаж өгч чадах уу. Тэтгэврийнхнээсээ гуйх юм уу. Ганцхан Оюу толгойгоо ашигтай болгож байж бид өрнөөс гарна. Үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Цалин тэтгэврээ нэмнэ. Оюу толгой Монголын бэрхшээлүүдийн болон гарц гаргалгааны ганц гарц юм. Оюу толгойн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яаралтай хэлэлцээрт орох нь нэн тэргүүний асуудал. Хэрвээ тэд Оюу толгой том төслийн бизнесийнх нь авлигын сүлжээний нэг болоогүй юм бол шүү дээ. Оффшор данс бол байгаа нь үнэн. Тэрний үнэн мөнийг олох л ёстой. хамгийн гол нь авлига, оффшор гэж яриад байгаа чинь Монголын ард түмний цалин тэтгэврийг нэмж, ажлын байр бий болгоно гэж итгэлийг нь аваад Монголын ард түмний төлөө гаргах ёстой шийдвэрээ Рио Тинто буюу үндэстэн дамнасан компаниудад худалдсан явдал нь өөрөө ноцтой асуудал. Манай сайд нар бол 300 мянган төгрөгтэй зууралддаг сайд нар. Харин тэд Оюу толгой, Хармагтай ордтой ард түмнээ төлөөлж ач тач үздэг сайд байгаасай.

-МАН-ын сандал ширээний төлөөх тэмцэл эдийн засгийн энэ хүнд үед нэлээд хугацаа авлаа. Та бол УИХ-ын гал тогоонд байсан, засаг унагаах үйл ажиллагааг сайн мэднэ. Харин одоо саарал ордонд болж буй үйл явдлыг гаднаас нь харахад ямар дүгнэлт өгмөөр байна?

-Эрх баригч нам ард түмэнд үйлчлэх гэж гарч ирсэн. Амласан амлалтуудаа харж байгаад хамгийн бодитойг нь ТЭЗҮ-тэй гаргаж ирээд юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Дараа нь яаж хийхийгээ тодорхойлдог. Юуг яаж хийхээ тодорхой болгочихсон юм бол энэ ажилд хэн тохирох вэ гэдгийг дараа нь хайдаг. Ингэж сайд нараа сонгож томилох ёстой. Харамсалтай нь юуг, яаж хийх нь тодорхойгүй хэрнээ зүгээр л олз олсон дээрэмчид шиг Засгийн газрын томилгоо явагдлаа. Хоорондоо бие биеэ хөнөөчихгүйгээр олзоо хэрхэн хуваах вэ гэдэг зарчмаар эд яригдлаа. Бүлэглэл, фракцууд нь хоорондоо ойлголцох гэж зодолдож байна. Үндсэндээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд анх МАНАН-гаас салахын тулд өмнөх засгийг унагасан. Гэтэл буцаагаад МАНАН-гийн Засгийн газар байгуулсан. Өмнөх засгаас илүү юу хийх гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг онцгойлж гаргаж тавих ёстой.

-Танай намын шинэчлэлийн асуудал сүүлийн үед яригдаж байна. О.Баасанхүү гишүүнтэй хэл амаа ололцохгүй байгаа юм уу даа. Уг нь танай намын хамгийн үнэ цэнэтэй гишүүн баймаар юм?

-Өмнөх парламентад О.Баасанхүү гишүүн бид хоёр чуулганы хуралдаанд зэрэгцэж суудаг байсан. Хоорондоо ойлголцож, АН-ын дарангуйллын өөдөөс хамтдаа тэмцэж, олонход нь боорлуулж явсан хоёр. Одоо бол МАХН-ын үйл ажиллагаа эрчимжээд ирэхийн алдад МАН, АН-д шургалсан олигархи бүлэглэлүүдийн айдас ихэсч байна. Дараагийн сонгуулиар энэ Их хурал тарах магадлалтай. Тэр үед МАХН-д ард түмэн итгэлээ өгнө. Бид тэр итгэлийг яаж биелүүлэх тухайгаа “Баярлалаа аянаараа ярьсан. Тэгэхээр аливаа нэгэн явуулга явагдах тусам МАХН нягтарч, нэгдэж, хийж байгаа ажилдаа анхаарна гэж би итгэж байгаа.

-О.Баасанхүү гишүүн төрийн хамгаалалт авмаар байна гэсэн хүсэлт гаргасан гэх мэдээлэл байгаа. МАХН-ын генсек Б.Тулга түүн рүү хүйтэн мэс барьж танхайрсан гэж байсан нь үнэн үү?

-Манай намын Нарийн бичгийн дарга Б.Тулга тэгэх ёсгүй. Олон улсын хуралд оролцоод гадаадад явж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэж үзэж байна.

-Бага чуулганаар намын даргадаа хариуцлага тооцох уу?

-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд МАХН-аас, Н.Энхбаяр даргаас итгэл үзүүлж, ард түмэн дэмжсэн. МАХН бол гуравдагч хүчин биш, нэгдэгч хүчин болж байж Монголыг аврах юм байна гэдгийг олон түмэн ойлгож, дэмжсэн гэж би итгэж байгаа. Энэ утгаараа МАН, АН-д шургалсан олигархи гэр бүлүүд асар их сандарч, явуулга, цуу үг тараах ажил руугаа орж байгаа. Харин явуургүй явуулгууд нь биднийг улам нягтруулж, биднийг улам эв нэгдэлтэй болгож байгаа.

-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар орон даяар хэлэлцүүлсэн. Үүнтэй давхцаад танай нам Үндсэн хуулийн өөрчлөлт яриад явсан нь ямар учиртай юм бэ?

-Ард түмэн бидний санал болгож буй төслийг их дэмжиж байгаа. Одоо байгаа Үндсэн хуулийг хүмүүс зохиосон. Бурхны зарлиг биш болохоор хүмүүс өөрчилж болно. Одоо хэрэгжиж байгаа Үндсэн хуульд “Төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт” гэсэн байдаг. Гэтэл энэ эрх мэдэл ард түмний гараас аль хэдийнэ алдагдаад олигархи бүлэглэлийн гарт очсон. Хоёрдугаарт, одоо байгаа Үндсэн хуульд “Газрын хэвлий дэх уул уурхайн баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалд байна” гэдэг. Харин гагцхүү ард түмний мэдэлд алга. Одоо байгаа Үндсэн хуульд байгаа дээр дурдсан хоёр заалт хэрэгжихгүй байгаа. МАН-ын Үндсэн хуулийн шинэчлэл эдгээр заалтыг хэрэгжүүлэхийн төлөө явагдаагүй. Тэд Ерөнхийлөгчөөс хууль тогтоох эрхийг нь авч Ерөнхий сайдын өгье гэсэн зодооноо ард түмнээр хэлэлцүүлж байна. Харин МАХН-ын санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол онцлог нь Төрийн гурван өндөрлөгийг хулгай хийх вий гээд шүүж байдаг Цэцийг ард түмнээс сонгоё гэж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр далимдуулж МАН төрийн эрх мэдлийг гартаа оруулахаар санаархаж байна гэж эрдэмтэн судлаачид шүүмжилж байна лээ. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавих ёстой гэж үзэж байсан л даа…

-Тэр үнэн. Эрх мэдлээ булаацалдсан тоглоом болчихоод байгаа. МАН-ын Үндсэн хуулийг өөрчлөх энэ төсөл сайн зүйл болоогүй.

-Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулга ажлаа хүлээж аваад зуу гаруй хонож байна. Хэрэв та Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол энэ хугацаанд юу юу хийсэн байх байсан бэ?

-Би Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол зуу хоногийн дотор Шинэ үндсэн хуулийг батлуулах байсан. Уул уурхайн гэрээг Монголын талд ашигтай болгох талаар Монголын бие даасан судлаач, шинжээчдээр бүрдүүлсэн ажлын хэсгийг гаргаж, Оюу толгойтой хэлэлцээрт орох байсан. Гуравдугаарт, алтны роялтийг нэмнэ. Дөрөвдүгээрт, Хятад, Япон, ОХУ зэрэг орнуудад худалдааны гэрээг эн тэнцүү харилцан ашигтай болгох байсан. Тавдугаарт, мал аж ахуйн салбарт томоохон реформыг хийхгүй бол өнөөдөр бэлчээрийн даацийн 70 хувь нь талхлагдсан. Үүнд усны менежментийг шинэ шатанд гаргах байсан.

-Гадаадын иргэнээс 50 сая воны хандив авсан асуудал юу болсон бэ?

-Үндсэндээ тав дахь удаагаа шүүхээр ороод нотлогдоогүй. Гүтгэсэн хүмүүс нь гадаадад байгаа, илэрдэггүй ийм асуудал бий. Сонгуулийн үеэр СЕХ, ТЕГ, Цагдаагийн байгууллага гүтгэлгийн шинжтэй мэдээллийг үнэн юм шиг зарлаж, сонгуульд оролцсон явдалд харамсаж байгаа.

-Тэр бичлэгийг ард түмэн бүгд мэднэ. Гол нь хэн хийсэн юм бэ?

-Тэр бол “Танайд хоноё” юм уу “Ажлын дараа” нэвтрүүлгүүдийн бичлэгийг ашигласан байх. Тэндээс хуулж аваад бүдгэрүүлээд дуу оруулсан бололтой. Цагдаагийнхан, шүүхийнхэн шинжилгээг хийж өгч чадахгүй байгаа. Тэгэхээр үнэн мөн нь олдоно.


Categories
мэдээ цаг-үе

Монголын автомашин болон сэлбэгийн худалдааны анхдагч “Старт центр”

“Танайд өнжье” булангаараа уншигч та бүхнийгээ нийгэмд хийж бүтээсэн үйлсээрээ үлгэр дуурайлал болсон алдартнууд, салбартаа манлайлагч эрхмүүд төдийгүй Монголын элит гэр бүлүүдтэй уулзуулдаг билээ. Энэ удаад авто сэлбэгийн худалдааны салбарт тод мөртэй “Старт центр” дээр өнжлөө. Монголын авто сэлбэгийн бизнесийн түүхэн замнал тус төвтэй салшгүй холбоотой юм.

“Старт центр” нь хэрэглэгчдэдээ ойртож нийслэлийн баруун, зүүн талд хоёр төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулдгийг манай жолооч нар сайн мэднэ. Нэг төв нь Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр, “Да хүрээ” захын чиглэлд байдаг. Харин “Старт Эко” төв нь Сонсголонгийн гүүрний орчимд байрладаг юм. Манай сурвалжлах баг тус хамт олны нэг өдөр хэрхэн өрнөдөг болохыг уншигчдадаа сонирхуулахын тулд төв салбар дээр нь ажил эхлэх цагтай уралдан очлоо. Цэмцгэр хашаанд гурван давхар шил толь болсон саарал байшин дүнхийнэ. Дотогш орвол яг л өөртөө үйлчлэх дэлгүүрт ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Учир нь заалан дахь тавиуруудад машины гэрэл дохио, мотор, амортизатор, тулька гээд бүхий л эд ангийг нэг бүрчлэн ангилан байрлуулсан байлаа. Ширхэг сэлбэг ч өөрийн гэсэн кодтой байгаа нь хэрэглэгчдэд сонголтоо хийхэд нь хялбар юм билээ. Машины талаар маруухан хүн энд орж ирээд тэнд өрөөстэй сэлбэг хэрэгслийг хэдэн оны ямар загварын машиных гэдгийг төвөггүйхэн мэдэх боломжтой. “Старт центр” төвийн нэг давхарт нь ийнхүү худалдаа, захиалга авах хэлтсийнхэн байдаг юм байна. Харин хонгилын хэсэгт иж бүрэн авто засвар оношлогооны төвтэй. Тэгвэл дээд давхруудад захиргаа, хүний нөөц, санхүүгийн хэлтсийнхэн байрладаг ажээ.

ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС АВТОМАШИН, СЭЛБЭГИЙН ХУДАЛДААГ ЭХЛҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

Монголын автомашин, сэлбэгийн худалдаа яагаад хэдхэн жилийн өмнө байгуулагдсан “Старт центр”, “Старт Эко” худалдааны төвүүдтэй холбоотой юм бол гэж та гайхаж байна уу. Тэгвэл дээрх захуудыг үүсгэн байгуулагч “Тарант” компанийн ерөнхий захирал П.Төмөрхуяг Монголд импортын автомашин болон сэлбэгийн худалдааг анх эхлүүлсэн бөгөөд энэ салбарын түүхэнд нэрээ тамгалсан эрхэм юм. Түүнийг ийм төрлийн бизнес эрхэлдгийг хэн бүхэн андахгүй. Тэртээх 1980-аад оны сүүлчээр П.Төмөрхуяг Германд сурч байжээ. Тэр үед голдуу Чех улсад гэрээгээр ажилладаг байсан хүмүүс анх автомашины импортын бизнесийг эхлүүлж байсан түүхтэй. Тэдний нэг нь П.Төмөрхуяг юм. Тэрбээр хамгийн анх хүн бүхний сайн мэдэх Оросын “Газ-24” маркийн автомашиныг Чех улсаас эх орондоо авчирчээ. Тухайн үед Монголд автомашин ховор төдийгүй “Лада”, “Москвич”, “Газ-24”, “УАЗ-469” гэсэн Оросын цөөн тооны машин нийслэл хотыг чимдэг байв. 19-хөн настай хүүгийн гангарааг олон хүн шохоорхоод байхаар нь зарж орхижээ. Эндээс тэрээр барууны орноос автомашин оруулж ирэхэд Монголд зах зээл нь байгааг олж харсан байна. Гэвч манай нийгмийн өөрчлөлтийн үе байсан болохоор оруулж ирсэн машин болгон нь шууд зарагдахад амаргүй байсан ч П.Төмөрхуяг шантраагүй гэнэ. 1989 онд хоёр Германд нэгдсэнээр барууны машинууд болох “Benz”, “BMW”, “Wolkswa¬gen” зэрэг автомашинуудыг Монголд оруулж ирэх зам нээгджээ. Ийнхүү худалдаа наймааны зах зээл нээгдсэнээр Монголын залуучууд автомашиныг хөлөөр нь оруулж ирэхэд Польш, Украйн, Оросоор дамжиж нэлээд эрсдэлтэй замыг туулж ирдэг байсан аж. Замдаа аваар осолд орох, машинаа дээрэмдүүлэх зэрэг олон бэрхшээлтэй тулгарах нь энүүхэнд. Тийм болохоор энэ төрлийн бизнесийг зоригтой аавын хүү л хийж чаддаг байсан биз ээ. Техник болсон юм хойно эвдэрч, гэмтэх нь олширч, сэлбэгийн эрэлт хэрэгцээ бий болсон байна. Тэр үед гадаадаас сэлбэг оруулж ирж зарах тухай ойлголт Монголд байгаагүй аж. Харин дотооддоо явж байгаад осолдсон юм уу эвдэрсэн машинуудыг эд анги бүрээр нь задалж, зардаг бизнес явагддаг байжээ. Эдгээр он цагт П.Төмөрхуяг Германаас машин оруулж ирдэг бизнес эрхэлдэг байсан гэдэг. Тэрбээр Герман Монголын хооронд 30 гаруй удаа машинд явахдаа бусдын адил дээрх эрсдлүүдийг туулж байжээ. Нэг удаа Оросын хилийн цаахна унаж явсан машин нь онхолдож, засвар авах боломжгүй болжээ. Ингээд машинаа задалж, сэлбэгүүдийг нь “Да хүрээ” зах дээр авчран худалдаалахад тэр дороо эзнээ олсон байна. Ингээд мань эр гадаадаас машин задалж оруулж ирвэл Монголд эрэлт хэрэгцээ нь байгааг олж харан 1996 оноос сэлбэгийн бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр тухайн он цагуудыг эргэн дурсахдаа “Ер нь бол “Да хүрээ” зах дээр хүмүүс сэлбэгээ газар дэлгээд зардаг байсан юм. Харин би Монголд анх удаа 20 тоннын чингэлэгтэй сэлбэг оруулж ирэн техникийн зах дээр буулгаж байлаа. Барууны арав гаруй машиныг задалж ингэж авчирсан юм. Чингэлэг дээрээ “Барууны машины сэлбэгийн худалдаа” гэсэн хаяг хадаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эндээс автомашины сэлбэгийг гадаадаас оруулж ирдэг худалдаа эхэлсэн юм даа” гээд инээв. Автомашины худалдаа Монголд хэрхэн үүсч хөгжсөн тухай өгүүлэхдээ “1992-2000 он хүртэл Герман машины эрин үе байлаа. Ингээд 2000 онд тус улс Европын холбоонд нэгдсэнээс хойш Герман машин орж ирэхээ больсон. Харин энэ үед Солонгос машины худалдаа нэлээд идэвхтэй орж ирсэн. Манайхан 1998-2000 оны хооронд “Эксель” маркийн машиныг түлхүү хэрэглэдэг байсан шүү дээ. Харин 2000 оноос хойш Японоос машин оруулж ирдэг болсон. Өнөөдөр Монголын нийт автомашины 60-70 хувь нь япон машин байна. Чанартай, эдэлгээ даах чадвартай, халуун, хүйтэнд тэсвэртэй, эвдрэл гэмтэл нь бага зэргээрээ Монголын нөхцөлд япон машин шалгарсан. Япон хүн бол өөрийн улсдаа нэг номерийн чанартай зүйл хэрэглэнэ гэсэн төрийн бодлого нь байдаг. Тиймээс бусад оронд үйлдвэрлэсэн япон машинаас Япондоо үйлдвэрлэсэн машин нь чанарын хувьд илүү байдаг. Бас эдэлгээ багатай. Тиймээс япон машиныг задлаад дахин сэлбэгээр ашиглахад үнэ болон чанарын хувьд Монголд сайн тохирдог. Машины насжилт арван жилээр явагддаг. Япончууд машинаа 5-10 жил хэрэглэдэг. Тэдгээр машин нь Монголд орж ирээд Японд явсан хугацаанаасаа хамаараад 3-5 жилийн настай байна” гэлээ.

Монголчууд япон машин хэрэглэж байгаа цагт сэлбэгийн худалдаа цаашид үргэлжилсээр байх нь мэдээжийн хэрэг юм. Хамгийн гол нь энэ бизнесийг системчлэх, үйлчлүүлэгч нартаа түргэн шуурхай үйлчилж, шаардлагатай сэлбэгийнх нь хэрэгцээг байнга байлгаж байх нь юу юунаас чухал гэнэ. Энэ үүднээс сэлбэгийн бизнесийг боловсронгуй болгох ёстойг “Тарант” компанийн захирал П.Төмөрхуяг онцолсон юм. Тэр утгаараа тус компани Монголд стандартад нийцсэн үйлчилгээ, соёлыг нэвтрүүлэхэд үлгэр дуурайлал болсон аж ахуйн нэгж гэдэг нь сурвалжлагын явцад тод харагдаж байв.

КОНТЭЙНЕРИЙН ХУДАЛДААНААС КОМПАНИ БОЛТЛОО ӨРГӨЖСӨН ТҮҮХ

П.Төмөрхуяг 1996-2000 оны хооронд “Да хүрээ” зах дээр сэлбэгийн худалдаа эрхэлж байжээ. Ингээд 2000 онд “Тарант” компаниа үүсгэн байгуулсан байна. Яагаад ингэж нэрлэх болсон тухайгаа сонирхуулахдаа “Анх компаниа байгуулах гээд нэр бодож байлаа. Ингээд ааваасаа асуутал “Тарант” гэж нэрлэхийг зөвлөсөн юм. Аав маань Архангай аймгийн Цахир суманд Тарант хэмээх газарт төрж өссөн хүн. Энэхүү газар нутгаа бэлгэшээж компаниа нэрлэсэн юм. Тэгээд “Старт центр” сэлбэгийн худалдааны төвөө байгуулсан. Автомашины гарааны эхлэлийг “Старт” гэдэг дээ. Тэр утгаар нь сэлбэгийн худалдааны төвөө нэрлэсэн хэрэг л дээ. Одоо манай компани “Старт центр”, “Старт Эко” гэсэн хоёр төвтэйгээс гадна гурван салбартай болж өргөжсөн. “Старт центр”-ийг анх байгуулахдаа гадаадын орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран гадаадын мэргэжилтэн урьж авчирдаг хөтөлбөрийн хүрээнд Голланд мэргэжилтэн урьж авчран зөвлөгөө авсан. Тэр дагуу энэ төвийнхөө барилгыг европ стандартад нийцсэн агуулахын зориулалтаар байгуулж, 2010 онд ашиглалтад оруулсан. Харин Сонсголон дахь “Старт эко” төвийг 2013 онд албан ёсоор нээж байлаа. Нийтдээ 6300 ам.метр талбайд үйл ажиллагаагаа явуулдаг энэ төвийн тухайд экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй шийдлээр барьж байгуулсан. Дээврийг нь байнга нарны гэрэл шууд тусч байхаар шийдэж цахилгаан эрчим хүчинд хэмнэлт хийсэн. Харин хөрсний бохирдлоос хамгаалахын тулд нэг га талбайгаа цементэлсэн байх жишээтэй. Ер нь хуучин автомашины сэлбэгийн худалдаа байгаль орчинд бохирдол үүсгэх магадлал их байдаг. Тиймээс Монголд зарим нэг стандартыг заавал хэрэгжүүлж, нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Газрын хөрс рүү нефть, нефтийн бүтээгдэхүүн, тос масло нэвчүүлэхгүйн тулд сэлбэгийн худалдаа эрхэлдэг компаниуд заавал талбайгаа цементэлж байх нь зүй ёсны хэрэг. Энэ ч тэдний нийгмийн хариуцлага нь байх ёстой. Японд гэхэд аливаа сэлбэг худалддаг юм уу, автомашинтай холбоотой бизнес эрхэлдэг компаниудын хэрэглэх газар, талбайг нь хөрсний бохирдлоос хамгаалан цементлэхийг шаарддагаас гадна тодорхой стандартуудыг дагаж мөрддөг. Тэндээс бохирдолтой тос маслыг шүүдэг технологиудыг хялбараар шийдсэн байдаг. Үүнийг л манайд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хамгийн чухал зүйл бол хүний эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх явдал юм шүү дээ” гэв.

Монголд сэлбэгийн бизнесийг хөгжүүлэхийн тулд стандарт чухал юм байна. Өнөөдөр манайд сэлбэгийн дэлгүүр нь, засварын газар нь ямар байх ёстойг тодорхой зааж мөрддөг стандарт байдгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавих боломжгүй байдаг асуудал бий. Хүнд сэтгэл байвал стандарт байхгүй ч гараа хумхиад суудаггүй болохыг “Старт”-ынхнаас харж болно. Тус компанийн гол зорилт нь сэлбэгийн худалдааг стандартчлах, системчлэх, үүнийгээ бусдад түгээх явдал ажээ. Цаашлаад салбартаа төдийгүй Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэдэг гэсэн. Тиймээс өөрсдөө санаачлан байгуулсан зориулалтын барилгад сэлбэгийн нэгдсэн бүртгэл системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Бусад компаниуд ч эднийхээс туршлага судлахад илүүдэхгүй санагдаж байлаа.

МОНГОЛДОО ХАМГИЙН ТОМ СЭЛБЭГИЙН АГУУЛАХТАЙ “СТАРТ ЭКО”-Д ХАЙСАН БҮХЭН БИЙ

“Старт центр”-ийнхээр үйлчлүүлэгчид тасрахгүй юм билээ. Гэхдээ 11.00, 14.00 цагийн үед илүү их ачаалалтай болчихдог нь анхаарал татав. Энэ цагуудад уртаас урт оочер дараалал үүсч байсан гээч. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүхий л насныхны байнгын үйлчлүүлэгч олонтой ажээ. Үүний гол нууц нь орж ирсэн үйлчлүүлэгч нэг бүрт хүрч ажиллаж, тэдний хэрэгцээг хангаж, соёлтой үйлчлэхийг эрхэмлэдэгт нь байдаг юм байна. Дээрээс нь нэг дороос хамгийн чанартай, өргөн сонголттой бүх төрлийн япон машины сэлбэгийг худалдан авах боломжтой. Төөрч будилсан хэн нэгнээс огтхон ч төвөгшөөлгүй асуудлыг нь шийдэж өгөх тал дээр үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг болох нь харагдаж байлаа. Их үдийн алдад гаднаас орсон өндөр настан худалдагч залууд гар утсаа үзүүлэв. Тэрбээр “Хүү минь энэ машины хаалганы бариулыг хайгаад олдоггүй ээ. Манай хүүхэд яаралтай аваад явуулаадах гээд хөдөөнөөс захиад байдаг. Танайд байна уу” гэж асуух нь тэр. Нөгөө машин нь дээр үеийн, сэлбэг хэрэгсэл нь бараг олдохгүй шахам гэнэ. Харин худалдагч залуу тэр өвөөд хамгаалалтын малгай өмсүүлж аваад агуулах руугаа дагуулаад орчихлоо. Хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгч настан инээмсэглэл тодруулсаар гарч ирэв. Түүний хайсан сэлбэг “Старт центр”-ийн агуулахад байсан аж. Ер нь тус худалдааны төвийн бас нэг онцлог нь сэлбэгийн арвин нөөцтэй гэнэ. Монголд хаана ч байхгүй сэлбэгийн агуулахтай юм билээ. Биднийг дотогш ороход гурван давхар агуулахад битүү сэлбэг байв. Яг л номын сангийн каталоги шиг сэлбэг тус бүрийг төрөлжүүлэн ангилжээ. Энд бүх төрлийн япон машины сэлбэг ёоз ёозоороо байна лээ. Тус компанид ажлын санал тавихаар ирсэн япончууд ихэд гайхсан байна. “Манай Япон ч ингэж хуучин сэлбэгийг зардаггүй” гээд ихэд дуу алдаж байсан тухай сэлбэг тайлбарлагч залуу цухуйлгав. Мөн өнгөрсөн зун Германы тойрон аялагч багийнхны машин нь эвдрээд сэлбэг хайгаад “Старт Эко”-ийн агуулах руу орж ирээд ийм их хэмжээний сэлбэг агуулахад байгааг ёстой нэг мэл гайхаж, цэл хөхрөх шиг болжээ. Хайсан сэлбэгээ олж авсан тэд Монголд ийм газар байдгаа гэж ирээд сэйлфидэж байгаад явсан гэнэ. Хамгийн гол нь “Старт”-ын агуулахууд стандартын дагуу баригдсан болохоор автомашины сэлбэгийг зэвэрч чанараа алдахаас найдвартай хамгаалдаг байна. Энд 1990-2008 онд үйлдвэрлэсэн ард түмэнд зориулагдсан нийтлэг машины сэлбэг байж л байдаг юм билээ. Нэг дор олон төрлийн сэлбэгийг төвлөрүүлсэн “Старт”-ын тав тухтай орчинд, найрсаг үйлчилгээг авсан хэн бүхэн дахин дахин ирэх нь дамжиггүй.

Тус төвөөр зургаан жил тасралтгүй үйлчлүүлж байгаа А.Нямжаргал ярихдаа “Би жолооч болоод 20 гаруй жил болсон. Ер нь машины мотор, кроп зэргийг цоо шинээр худалдаж авна гэвэл хуучин машинаас ч үнэтэй болох байлгүй. Тиймээс Монголд машины сэлбэг хэрэгсэл шинэ, хуучин янзаар худалддаг. Шинэ оригиналь сэлбэгийн хувьд албан ёсны борлуулагч том компаниудаас авна гэвэл үнэ нь дийлдэхгүй. Харин гадуур худалдаалдаг хятад сэлбэгүүд тэр бүр эдэлгээ даахдаа тааруу. Тиймээс жолооч бид нар Японы хуучин оргиналь сэлбэгийг илүүд үздэг. Хэдийгээр тухайн улсдаа явж байсан машины эд анги боловч оргиналь болохоор эдэлгээ сайтай байдаг. Үнийн хувьд ч боломжийн. Ялангуяа “Старт центр”-ийн сэлбэг, хэрэгслүүд маш хямд байдаг. Хүмүүс барилгынх нь гадна талаас хараад үнэтэй байх гээд тойроод явдаг бол тийм биш гэдгийг баттай хэлье. Зарим сэлбэг нь зах дээр зардаг сэлбэгээс ч хямдхан. Ер нь зах дээр бээрч, дааран, халууцаж сэлбэг хайж явж байхаар эднийхээр үйлчлүүлэх нь хамаагүй тав тухтай, хурдан түргэн, цаг хугацаагаа хэмнэдэг. Ер нь миний хайсан сэлбэг болгон “Старт”-д байдаг болохоор байнга үйчлүүлдэг” гэв.

СЭЛБЭГ ХУДАЛДААЛАХ СОНИРХОЛТОЙ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

“Ер нь хүмүүс бизнесийг мөнгө гэж харан ашгийг нэгдүгээрт тавиад байдаг. Мөнгө бол дараагийн асуудал. Хамгийн чухал зүйл үйлчлүүлэгчтэй байх. Тэднийхээ сэтгэл ханамжтай, эрэлт хэрэгцээг хангасны дараагаар ашгаа бодож байх ёстой. Хэдийгээр компани ашгийн төлөө байгууллага ч гэсэн зөвхөн орлогоо чухалчлаад байвал урт удаан оршин тогтож чадахгүй. Тиймээс автомашины сэлбэгийн худалдааны амин сүнс нь үйлчилгээ юм. Манай компани ч “Бид үйлчилгээг худалдана” гэсэн уриатайгаар ажилладаг. Үйлчлүүлэгчийг орж ирсэн цагаас нь гаран гартал сэтгэл ханамжтай үйлчилдэг байх ёстой. Тэр хүн гарч яваад дахин сэлбэгийн хэрэгцээ болоход “Старт центр” санаанд нь ороод дахиж ирэх юм бол бизнесийн утга учир үүнд оршино. Тиймээс манай компанийн эрхэм зорилго бол тухайн салбарт стандарт үйлчилгээг бий болгож улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Компани бүхэн хөгжихийнхөө хамт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн сайн сайхны төлөө манлайлан явах ёстой. Манай компани 2015 онд Япон, Монголын Аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бие биеэ хүндлэн зам тавьж өгөх, зам тавьж өгсөнд нь баярласнаа илэрхийлж, аваарын дохиогоо гурван удаа анивчуулах аяныг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд одоо ч замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, гэрлээ анивчуулдагт нь баяртай байдаг. Үүнийг нийт монголчууд маань хэвшиж, хийж сураасай гэж бодож байгаа” гэж захирал П.Төмөрхуяг ярилаа.

Япон улс дэлхийн 56 оронтой хуучин сэлбэгийн худалдааг эрхэлдэг юм байна. “Тарант” компанийн тухайд тэндээс дуудлага худалдаагаар худалдаж авсан машиныг задалж, оруулж ирдэг гэсэн. Хэдийгээр хуучин сэлбэг зардаг учраас чанарын баталгааны хувьд шинэ сэлбэг шиг хугацаа амладаггүй болохоо нуугаагүй юм. Гэхдээ үйлчлүүлэгчид ямар нэгэн сэтгэл ханамжгүй зүйл байх юм бол тухайн сэлбэгийг буцааж аваад мөнгийг нь өгөх юм уу оронд нь өөр сэлбэгээр солих зэрэг худалдааны уян хатан зохицуулалтыг хийдэг ажээ. Энэ бизнесийн сул тал нь тэр болгон шалгаж аваад байдаггүй болохоор хаягдал их гардаг байна. Чингэлэгтэй сэлбэг агуулахад буусны дараагаар ангилалт хийдэг гэнэ. Чанарын шаардлага хангахгүй сэлбэгүүдийг шууд төмрийн хаягдалд тушаадаг аж. Биднийг сурвалжлага хийж байхад “Старт Эко” төв дээр дөнгөж ачаа буугаад байв. Чингэлэг дүүрэн сэлбэгийг кодолж, ангилахад долоо хоногийн хугацаа зарцуулдаг гэлээ.

“Тарант” компанийн зүгээс цаашид хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ шинэ үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Тухайлбал, орон нутагт ашиглаж байгаа автомашинуудын хувьд өмнө Улаанбаатарт түлхүү явж байсан болохоор он хуучин, сэлбэг нь ховордсон зэрэг асуудлууд бий. Хөдөө орон нутгийнхан ч Улаанбаатарт ирээд хаанаас зөв сэлбэгээ авахаа мэдэхгүй тал бий. Тэгвэл хөдөө ашиглаж байгаа тэдгээр он хуучин автомашинуудын сэлбэг хэрэгслийн нөөц “Старт эко” төвд хангалттай байгаа ажээ. Тус төвтэй утсаар юм уу онлайнаар холбогдож сэлбэгээ захиалбал тэд таны захиалгыг шуудангаар хүргүүлэх юм байна. Хэрэв таны сэлбэг сэтгэлд тань нийцэхгүй бол 14 хоногийн дотор солиулах боломжтой аж. Мөн Монголд олдоц муутай сэлбэгийг гадаадаас захиалах үйлчилгээг тус төв найдвартай гүйцэтгэдэг юм билээ.

“Тарант” компани хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Хэрэв аймгийн төвүүдэд сэлбэгийн худалдаа эрхэлдэг болон энэ төрлийн бизнест сонирхолтой хэн бүхэнтэй хамтран ажиллах юм байна. Тэдэнд хамгийн өргөн сонголттой сэлбэгийг зах зээлээс хямд буюу бөөний үнээр нийлүүлэх аж.

Авто засвар үйлчилгээ, инженерийн мэргэжилтэн бэлтгэдэг газрууд манайд тун ховор байдаг. Тэгвэл энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг “Старт”-ын төвүүдэд очиж сурсан эрдмээ бататгаарай гэж зөвлөе. Учир нь тэднийх оюутнуудыг практик дээр сурч мэдэхэд нь сайн зааж, сургадаг юм билээ. Биднийг очиход хоёр ч дадлагын оюутан тус төвийг зорьж ирсэн байв. Тэд авто сэлбэгүүдийг системчлэх туршлагыг судлахаас гадна машины оношлогоо, засвар гээд сервис үйлчилгээ зэрэгт нэг дороос суралцаж чадна. Сонирхуулахад “Старт центр”-ийн агуулахад үйл ажиллагаа явуулдаг автомашины засвар, оношлогооны төв нь мотор, кропны тос үнэгүй сольж өгөхөөс гадна үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг юм билээ. Та тохилог, дулаахан орчинд саатаж автомашиндаа нэг дороос цогц үйлчилгээг хийлгэх боломжтой.

Автомашинаа аль болох удаан ашиглахыг хүсвэл тосолгоо чухал гэдгийг тус төвийнхөн зөвлөсөн шүү. Хоёр төмөр хоорондоо үрэгдээд байвал зорогдож элэгдэх нь ойлгомжтой. Иймээс цаг тухайд нь тогтмол тос, масло сольж байхын зэрэгцээ агаарын болон түлшний филтрээ сольж байх хэрэгтэй гэнэ. Мөн машины жижиг эд ангиудад нөлөөлдөг гол зүйл болох амортизаторыг дуу оронгуут нь солих ёстойг шинэ жолооч нартаа сануулж байв.

Уншигч та бүхэн “Старт центр”-ийн 7000-5150 дугаарын утсаар холбогдож, автомашиныхаа сэлбэг хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Чамлахгүйгээр бүх чиглэлээр арга хэмжээ авбал агаарын бохирдол буурна

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Үе үеийн Засгийн газар нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж байсан ч өнөөдөр үр дүн нь ямар байгааг хүн бүр мэднэ. Харин энэхүү Үндэсний чуулганаар бодлогын шийдлүүдийг хэлэлцүүлсэн юм.


Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы талаар НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах олон аргыг хэрэглэж үзсэн. Зуух тарааж, утаагүй түлш үйлдвэрлэж, гэрийн дулаалга хүртээж, цахилгааны шөнийн тарифыг тэглэх зэрэг ажлуудад олон тэрбум төгрөг зарцуулсан. Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах ямар топ шийдэл байж болох вэ?

-Гурван том шийдэл байна. Өргөс авсан юм шиг утаа арилчихгүй. Нэг хэсэг зуух, түлшний шийдлийг хэрэгжүүлсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед газаар шийднэ гэж ярьж байсан. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед цахилгааны шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ аваад явж байна. Гэнэт нэг өдөр гэр хорооллын 218 мянган айлыг газын хэрэглээнд нэвтрүүлнэ гэвэл бүтэхгүй. Эсвэл бүх өрхийг цахилгаанаар хангая гэвэл эрчим хүчний чадавх манайд байхгүй. Сайндаа 20 мянган өрхийг хангах боломжтой гэж салбарын яам нь ярьж байна. Тиймээс хүссэн хүсээгүй бүх шийдлүүдээр явах нь байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт нэлээд олон шийдлийг тусгасан байна лээ. Өнөөдөр шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд гэр хорооллын таван мянган айл хамрагдаж байна гэсэн тооцоо байна. Тэгвэл боломжит 20 мянгадаа хүрэхийн тулд 15 мянган өрхийг цахилгааны хөнгөлөлтөд шилжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд цахилгаан халаагуур суурилуулж байгаа айл өрхүүдэд тодорхой хэмжээний хүү багатай зээлийг өгөх бодлогыг Засгийн газар гаргах ёстой. Хоёрдугаарт, дулаалгын асуудал дээр хамгийн бага хүүтэй эсвэл хүүгүй зээл олгох бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй сайжруулсан зуух, түлшний хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Сүүлийн жилүүдэд “Ер нь энэ зуух тараах дэмий юм байна” гээд орхигдуулсан шүү дээ. Тэгвэл айлуудад сайжруулсан зуух тараасан тэр өвөл агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан. Харин одоо гэр хорооллын хоёр айлын нэг нь сайжруулсан зуухтай байна. Утаа, бохирдол бага гаргадаг зуухыг заавал гадаадаас авалтгүй Монголдоо үйлдвэрлэж болно.

-Хотын дарга түүхий нүүрсийг хориглосон захирамж гаргасан. Гэтэл нийслэлчүүд нүүрсээс өөр юу түлэх вэ?

-Хотын даргын түүхий нүүрсний хэрэглээг хориглосон захирамж зөв. Гэхдээ түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшний бодлого олигтой гаргаагүй. Сайжруулсан зуухаар агаарын бохирдлыг 20, 30 хувиар бууруулаад, цахилгаан халаагуураар арав, хорин хувь, дулаалгаар төдий хэмжээнд бууруулаад чамлахгүйгээр бүх чиглэлээр арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Энэ ч болоогүй, тэр ч болоогүй гээд байж болохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр зөв ч урт хугацааны ажил. 200 мянган айл нэг өдөр орон сууц руу орчихгүй. Тав арван мянган айл л орно. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад бүх салбарууд фронтоороо урагшлах, хамтдаа хөдлөх хэрэгтэй байна. Зам тээвэр ч гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэргээс хойш сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад мөнгө төсөвлөхгүй байгаад үндэсний чуулганд оролцогчид дурдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Нэлээд мөнгө зарсан, үр дүнд хүрсэнгүй гээд сүүлийн жилүүдэд мөнгө төсөвлөсөнгүй. Төсөв байхгүй болохоор бас ажил олигтой явахгүй байна.

-Дээр дурдсанчлан агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Зууханд хоёр жилийн хугацаа зарцуулсан. Түлшинд ч ялгаагүй хоёр, гурван жил хэрэгтэй. Цахилгааны шийдэл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Ойролцоогоор хоёр жилийн дотор эдгээр шийдлүүдээ хэрэгжүүлээд жигдрүүлээд явах боломжтой гэж харж байгаа. Салбар бүрт хамтарч урагшлаад, нэгдсэн, тогтвортой бодлогоор явбал үр дүнд хүрнэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайдууд утааны асуудлыг барьж авахаасаа айгаад байна. Нэгэнт л бид нүүр тулахаас аргагүй нөхцөл байдал шүү дээ. Гол нь улс төржихгүйгээр бодлогуудаа ажил болгоод явах нь чухал.

-Саяхан манай улсад ажилласан НҮБ-ын төлөөлөгч утаанд хамгийн ихээр хүүхдүүд хордож, тэдэнд сөрөг нөлөө нь тусдаг гэж хэлж байсан. Тэгэхээр үндэсний хөтөлбөрт хүүхэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх тухай тусгасан болов уу?

-Энэ асуудал үндэсний чуулганд яригдаж байна. Сургууль, цэцэрлэгүүд нэн тэргүүнд дотоод агаарыг шүүгч төхөөрөмжүүдийг тавихаас өөр аргагүй. Нийслэлээс өнгөрсөн жилд сургууль, цэцэрлэгүүдэд агаар шүүгч тавьж эхэлсэн гэж байгаа. Өнөө жил ч ялгаагүй тоог нь нэмэх шаардлагатай. Зөвхөн улсыг хараад байх биш, хувийн хэвшлүүд ч гэсэн энэ ажилд идэвх санаачилгатай оролцож ажиллах ёстой. Мөн гэр хороололд шинээр барьж байгаа улсын сургууль цэцэрлэгүүдийн халаалтын асуудлыг зөв шийдэх хэрэгтэй байна. Гэр хороололд шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгүүд нь нөгөө л гал түлж халаалтаа шийдээд байж болохгүй. Бойлуургүй гэхээр цахилгаан юм уу өөр халаалтын шийдлийг тэнд суурьлуулах хэрэгтэй болно. Дээрээс нь дулаан алдагдал бага байх ёстой. Тэгэнгүүт эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгуудыг барих хэрэгтэй. Улс нь тийм жишгийг эхлүүлэх ёстой.

-Автомашинаас ялгардаг хүнд бодис гэр хорооллын яндангаас гардаг утаанаас ч илүү хортой гэдгийг эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр үүнд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Автомашинаас ялгарч байгаа хорт утааг бууруулахад хоёр л гол арга байдаг. Нэгдүгээрт, ашиглаж байгаа шатахуун нь сайн чанарынх байх ёстой. Дэлхий нийтээр “Евро 6” стандарт руу орчихсон байна. ОХУ өөрөө “Евро 4” рүү орсон. Гэтэл Монголд орж ирж байгаа бензин “Евро 2” стандартынх байна. Хятадаас орж ирж байгаа нь “Евро 3” стандарт бололтой. Монголд хэдэн жилийн өмнө “Евро 4” стандартыг нэвтрүүлнэ гэсэн боловч чадаагүй байна. Шатахууны чанар сайжрахаар гаргаж байгаа утааных нь хорт бодис нь багасдаг. Хоёрдугаарт машины хорт утааг бууруулдаг нэг арга бол машины катализатор байдаг юм. Сүүлийн үеийн автомашинууд катализатортой байгаа. Харин хуучны машинуудад тийм юм байхгүй. Зам тээвэр дээр шийдлүүд нь энэ мэтчилэн ойлгомжтой байгаа. Ихэнх орны агаарын бохирдол зам тээвэр дээр яригддаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр саяхан болж өнгөрлөө. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 11-нд дэлхий нийтээрээ охидын эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхыг уриалсан билээ. Энэ өдрийн гол утга учир нь ерөөсөө охидын сурч боловсроход нь анхаарах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд оршдог юм. Мөн нийгэмд охидын эрхийн тухай ойлголтыг таниулан нэмэгдүүлэх зорилготой. НҮБ-ын уг тунхаглал 2012 онд гарснаас хойш олон улс охидын өдрийг идэвхтэй тэмдэглэж ирлээ. Манай монголчуудын хувьд хэзээнээсээ охин үрээ дээдэлдэг ард түмэн. Ирээдүйд эх хүн болох охидыг бага балчраас нь хайрлан хамгаалж, хүндэтгэдэг уламжлалтай. Хэдэн жилийн өмнө манай улсад айлчилсан гадаадын иргэн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголчууд балчир хүүхдүүдээ их хүндэтгэдэг ард түмэн юм байна. Ялангуяа охид нь илүү их эрх дархтай юм” гэж хэлж байсан. Үнэхээр манайхан хүнд хүчир ажлаас охидоо чөлөөлдөг. Тэгсэн мөртлөө эрдэм номын зам руу эрчүүдийгээ илгээх талдаа хойрго. “Энэ маань охин юм. Сурч боловсрох хэрэгтэй. Хүү бол яахав дээ. Хар ажил хийгээд ч болох нь ээ амьдарчихна” гэсэн хандлага одоо ч бий. Их, дээд сургуулиудад суралцагчдын дийлэнх нь эмэгтэй оюутнууд байдаг шүү дээ. Гэтэл амьдрал дээр охидуудын маань сурч, боловсрох, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох чадвар нь тун тааруу байдаг. Тэд дөрвөн жил оюутны ширээний ард сурч мэдсэнийхээ шидийг гаргаж чадахгүй байна. Их дээд сургууль төгсөөд дэлгүүрийн худалдагч юм уу бензин колонкуудын түгээгч болж байгаа нь худлаа биш юм. Харин аливаа удирдах албан тушаалд очдог хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг. Монголын нийгэмд улс төр, урлаг, соёл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарын алдартнуудыг хараад байхад дандаа л эр хүйсийнхэн давамгайлж байна.

Энэ ертөнцийн хаана ч эрэгтэй, эмэгтэй гэсэн тусдаа оюун ухаан байдаггүй. Хүн төрөлхтөн адгуусан амьтдаас оюун ухаанаараа ялгардаг нь хөдөлмөр бүтээлийн арвин ундарга юм. Сүүлийн үед дэлхийд охидын хүч чадал, оюун ухаан, авьяас билгийг асар их сурталчилдаг болсон. Холливудын кинонуудад хүртэл эмэгтэй супер баатрууд моодонд ороод байгаа. Эмэгтэйчүүд эрчүүдээс эр бяр, хүч чадал, авхаалж самбаагаараа дутахгүй гэсэн санааг бүхий л насныханд зориулсан киногоороо харуулж байна. Дээрээс нь охид эмэгтэйчүүдийн баатарлаг үйл хэргийг олон улс өндрөөр үнэлж, шагшин бахархдаг. Жишээлбэл, Малала охиныг хүн бүр мэднэ. Дэлхийн охидын үлгэр дуурайлал болсон Малала Юсафзай лалын хаалттай ертөнцөөс тод мандсан нар юм. Тэрбээр ердөө арваадхан настайгаасаа охид хүүхдүүдийн мэдлэг боловсролын төлөөх тэмцлээ эхлүүлж байв. Малала охин сурч боловсрох туйлын мөрөөдөлдөө хөтлөгдөж, тэр аймшигтай алан хядлагууд өдөр бүр давтагддаг дарь ханхалсан суман мөндрийг яаж сөрөн гаталлаа даа. Охид эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр боомилогдсон лалын бодлогын эсрэг Малала хатуу тэмцсэнийхээ төлөө талибанчуудад буудуулсан. Түүний сууж явсан сургуулийн автобусыг алан хядагчид эзэлж, хөөрхий охиныг сурагчдын өмнө тархи руу нь буудсан аймшигтай түүхийг дэлхий дахин цочир хүлээж авч байлаа. Тэрбээр таван сарын турш Их Британид эмчлүүлсний үр дүнд амьд үлдэж чадсан. Малала Юсафзайгийн охид эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх амь өрссөн зоригтой, тууштай тэмцэл нь дэлхий дахинд үнэлэгдэж 17хон настайдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Малала охин хүний эрхийн төлөөх нэр хүндтэй шагналын хамгийн залуу эзэн болов. Тэрбээр энэ шагналыг авахаас өмнө Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал, Үндэсний залуучуудын энх тайвны шагнал, Канадын хүндэт иргэн, Европийн холбооны Сахаровын нэрэмжит шагнал зэрэг нэр хүнд бүхий 34 шагналыг хүртэж байсан байна. Одоо тэрбээр дэлхийд чансаагаар тэргүүлдэг Оксфордын их сургуульд сурч байгаа билээ.

Малала охин дөнгөж есдүгээр ангид байхдаа дэлхийд нэрээ тамгалж, дээрх олон бахдам амжилтын эзэн болсон юм. Ер нь хүнд хүсэл тэмүүлэл байвал тамын тогооноос ч амьд гарч ирж чаддагийн тод жишээ бол энэ. Өөр бас нэгэн үлгэр дуурайлал болсон эмэгтэй бол Опра. Өнөө цагийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэж нэрлэгддэг тэрбээр “Опрагийн шоу”-гаар дэлхийд танигдсан хүн. Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэрээ туулсан. Хүчирхийлэл, доромжлол, арьс өнгөний ялгаварлан гадуурхалт зэрэг дарамтыг даван туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан билээ. Түүний од болон гялалзсан нууц нь гэвэл ердөө түүний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, тууштай тэмцэгч зан чанар нь мөрөөдлийнх нь түлхүүр байв. Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээж чадсан өсвөр насны охин Анне Франкийг ч энд цохон тэмдэглэмээр байна. Дэлхийн II дайны үед Германы хорих лагерт хоригдож байгаад нас барсан еврей охины тухай бөмбөрцгийн өнцөг булан бүрт бахархан дурсдаг. Өнөө маргаашаа яая даа гэсэн өлмөн зөлмөн дайн дажинтай амьдрал дунд энэ охин зохиолч болох аугаа хүсэл мөрөөдөлтэй байв. Анне Франк охины өөрт тохиолдсон баяр хөөр, айдас, гэр бүлийн харилцаа, эцэг, эхийн хайр хүндлэл, найз нөхдийн үерхэл зэргийг бичсэн тэмдэглэлийн дэвтэр нь хожим ном болон хэвлэгдсэн. Улмаар борлуулалтаараа тэргүүлдэг шилдэг номын жагсаалтад багтдаг. Өнөөдөр шашин хоорондын мөргөлдөөнт дайн байлдаантай улс оронд өсвөр насны охидын 90 орчим хувь нь сурч, боловсорч чадахгүй байгаа. Лалын шашны дэг жаягтай оронд аравхан нас хүрээгүй охиноо хөгшин эрд эхнэр болгоод өгөөд явуулчихдаг.

Эсвэл төрсөн охиноо өрөндөө өгөх юм уу хэн нэгэн баян эрд зарах тохиолдол энгийн үзэгдэл. Энэ ертөнц дэх охид амьдралаа сонгох эрхгүй. Нэг хэсэг нь эцэг, эхийнхээ шахалтаар бусдын өмчлөлд очихын зовлон туулдаг бол зарим нь террористуудад барьцаалагдаж, хулгайлагддаг. Негерийн “Боко Харам” зэвсэгт бүлэглэл охид, бүсгүйчүүдийг хоёр гурван зуугаар хулгайлсан сэтгэлд сэртхийлгэм үйл явдал болж л байлаа. Алан хядагчид охидыг хүчирхийлж, боолчилж, заримыг нь бүр хүний наймааны золиос болгосон. Энэ мэтчилэн дайн байлдаантай орнуудын ард иргэд өдөр хоногийг асар их айдас дунд өнгөрүүлж байна. Тэр дунд бүтээлч сэтгэлгээтэй, авьяас билэгтэй, онцгой ухаантай охид олон. Гэвч ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл гээд ямар их доромжлолыг амсдаг билээ дээ. Өдөр бүр түгшүүрийн харанга дэлддэг тийм ертөнц дэх хүмүүсийн дэргэд Монголын охид дэндүү эрх чөлөөтэй, амар амгалан нийгэмд амьдарч байгаа. Өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох боломж нь нээлттэй. Наад зах нь лалын орнуудын охид хүүхнүүд шиг хар даавуугаар нүүр, биеэ битүү ороохгүй байгаа биз дээ. Өмсч зүүх, идэж, уух гээд хэрэглээний хязгааргүй орон зай тэдний өмнө байна.

Гэтэл манай охид 16 нас хүрээгүй байж л хайр дурлал яриад туйлширдаг алдаа байна. Үнэндээ дурлал бол амьдралынх нь зорилго биш. Мэдээж нөхөрт гарч, сайн ханьтай учирч үр удмаа үлдээх нь биологийнх нь үүрэг л дээ. Харин охидын эрх чөлөө адгууслаг чиглэл рүү яваад байна уу даа гэмээр. Ийм үзэл суртлыг Монголын уран бүтээлчид, зохиолчид дэлгэрүүлж байгаа нь буруу юм. Тэд юм л бол адуу мал, хайр дурлалын сэдэвтэй уран бүтээл туурвидаг. Бичсэн шүлэг, дуу болгон нь өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал болохоор байна. Хатуухан хэлэхэд энэ бол эвцэлдэх уриалга гэж харагддаг. Ер нь хайрыг манайхан хэтэрхий жижиг хүрээнд оруулж, зөвхөн эвцэлдэх төдий ухамсраар хайрцаглаад байх юм.Үүн дээр Монголын зохиолчдын эвлэлийн хороо анхаарч, бодлогоо гаргах хэрэгтэй. Дурлалаас урьдаар олон нандин хайр гэж байдаг. Аав, ээж, ах, эгч, дүү, хамаатан садан, анд нөхөрлөл, багш шавийн гээд дотны хүмүүсээ хүндлэн дээдлэх хайр байна. Мөн эх орноо, байгаль дэлхийгээ, улс орныхоо хөгжилт цэцэглэлт зэрэг амьдралд тохиолдох олон сайхан зүлийг хайрла. Энэ бүхний эцэст хайр дурлал байх ёстой.

Монголын охид сайн оюун ухаан, сайн боловсрол эзэмшиж, дэлхийд гайхуулсан шинжлэх ухааны нээлт хийж, сайн уран бүтээл туурвимаар байгаа юм. Ер нь бол эмэгтэй хүн аливаа ажлыг төгс хийдэг. Хэзээ ч урдах ажлаасаа ухарч, хойш суудаггүй. Тэдэнд гүйцэтгэх ажлыг даалгахад огтхон ч санаа зовох хэрэггүй. Тун хариуцлагатай, чамбай хүмүүс шүү дээ. Дэлхийд данстай эмэгтэйчүүдийн туулсан замналыг харахад энэ мөн чанар тод харагддаг. Иймд Малалагийн ялгуусан амжилт дэлхийн охидод үлгэр дуурайллын манлайлал болох ёстой.