Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого баримтална

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар та өнгөрсөн баасан гаригт Төв банк болон арилжааны банкуудтай санамж бичиг байгууллаа. Эндээс ямар бодит үр дүн хүлээж болох вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Тэдний 92 хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Нийт тэтгэвэр авагчдын 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах бодит шаардлага зайлшгүй байна. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан. Одоо хоёр зэрэгцээ тэтгэврийн зээлийн үйлчилгээ явж байгаа юм билээ. Нэг нь жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай. Нөгөөх нь зургаан сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийн үйлчилгээ. Судалгаанаас харахад энэхүү хүү багатай, богино хугацааны зээлийг нийт тэтгэвэр авагчдын наймхан хувь нь авсан байна лээ. Энэ байдлыг аваад үзэхэд иргэд зээлийн хүү бууруулахын зэрэгцээ хугацааг нь уртасгахыг хүсээд байна гэсэн судалгаа гарсан. Засгийн газраас Монголбанк, Хаанбанк, Төрийн банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруул гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс энэ гурван банктай хамтран нэгдсэн ойлголцолд хүрч санамж бичигт гарын үсэг зурсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой эх үүсвэрийг мөнгөн хадгаламж хэлбэрээр Хаан болон Төрийн банкинд байршуулна. Монголбанкны тухайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор энэ хоёр банкинд байршуулж байгаа чөлөөт үлдэгдлээс заавал нөөцөд байлгах 12 хувийн эх үүсвэрийг татаж авахгүй байх юм. Ингэснээр байршуулж байгаа мөнгө маань арилжааны банкиндаа зуун хувь очно. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг буурах бодит эх үүсвэр болно гэж үзэж байгаа. Харин Хаан банк болон Төрийн банкнаас хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авах ёстой. Тэтгэврийн зээлийн хүүг гурван функтээр буулгаад жилийн 12 хувийн хүүтэй болгож, хугацааг нь уртасгана. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй болгоно.

-Банк ахмадуудад зээл олгохдоо тэтгэврийг нь 100 хувь барьцаалдаг. Салбарын сайдын хувьд та энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Банкнаас авах арга хэмжээний хүрээнд тэтгэврийг зуун хувь барьцаалдаг зээлийн нөхцөл дээр нэг өөрчлөлт оруулж байгаа. Тэтгэвэр бол ахмадуудын сарын амьжиргааг залгуулах нэг эх үүсвэр байдаг. Тиймээс зээлийн 70 хувийг төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөрөө амьдралаа залгуулахад нь нэмэртэй. Ахмадуудынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа уг арга хэмжээ энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ.

-Одоо тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудад хөнгөлөлттэй зээл үйлчлэх үү?

-Хуучин зээлтэй хүмүүс өмнөх зээлээ төлчихөөд одоо нөхцөл нь дээрдсэн тэтгэврийн зээлд орж болно.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байсан “Цалинтай ээж” хөтөлбөр, олон хүүхэдтэй эцэг, эхэд өгөх тэтгэмж, малчны тэтгэврийн насыг наашлуулсан зэрэг шинэ хууль тогтоомжууд он гарснаар хэрэгжиж эхэллээ.

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой гэж манай Засгийн газар үздэг. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд маань улсынхаа хүн амыг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад хүүхдээ гурван нас хүртэл нь харж, асрах хугацаанд эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй байв. Харин өнгөрсөн жил Их хурлаас хоёр шийдвэр гаргасан. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлдөг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас нийгмийн хамгааллын олон арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэхэд эдийн засагт хүндрэлтэй гэж үзсэн. Тийм учраас ээжүүдийн хүүхдээ гэртээ харж байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөнд оруулж тооцох хуулийг 2019 оноос хэрэгжүүлнэ. Харин хүүхдээ гурван нас хүртэл харж байгаа ээжүүдэд сар тутамд нь мөнгөн тэтгэмж олгодог байх хуулийн хугацааг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.Энэ хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгодог байхаар хуульчилж, хэрэгжүүлж эхэллээ.

Монголчууд маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Манай улсын эдийн засгийн гол үйлдвэрлэл бол мал аж ахуй. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин байна. Тэдний өдөрт ажиллах цаг урт, хүнд хүчир хөдөлмөр. Нөгөө талаас өдөрт үргэлжилж байгаа ажлын цагийнх нь дийлэнх хугацаа байгалийн хатуу, ширүүн цаг агаарт өнгөрдөг. Үүнээсээ шалтгаалаад малчдын дундаж наслалт төв суурин газрын иргэдийнхээс харьцангуй доогуур байгаа. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах хуулийг өнгөрсөн жил УИХ баталсан. Ингээд шинэ Засгийн газар энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлье гээд төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгасан. Нийгмийн даатгалын шимтгэл 20-оос доошгүй жил төлсөн, үүнээс 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарна. Эмэгтэй малчдын хувьд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, үүнээс 12-оос доошгүй жилд нь малчнаар ажилласан бол 50 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсч байгаа юм. Бидний тооцож байгаагаар 13 мянган малчин нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүснэ. Шаардлагатай 44 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж өгсөн.

-Энэ хуульд мал малладаг бүх хүн хамрагдах боломжтой юу?

-Малчин хүн гэж хэнийг хэлэх талаар орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууддаа тодорхой чиглэл өгсөн. Ер нь “Мал аж ахуй эрхлээд үндсэн орлогоо олж байгаа хүнийг малчин гэж хэлнэ” гэсэн тодорхойлолт бий. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээгээр аж ахуйн болоод иргэний малыг маллаж байгаа хүн бол бас малчинд тооцогдож, хуульд хамрагдана. Харин тавиул малтай иргэд энэ хуулийн заалтад хамрагдах боломжгүй.

-Хөдөөгийн орлого багатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийх вэ?

-Орон нутагт ажиллаж байхад иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамж сүүлийн гурван жилийн дотор долоо дахин нэмэгдсэн асуудлыг ярьж байсан. Тиймээс шинэ Засгийн газар 2018 оны төсвийг Их хуралд өргөн барихдаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болоод, ажилгүй иргэдийн төлдөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг 50 хувиар бууруулж төсөвт тусгасан. Ингэснээр эдгээр иргэдийн орлого тогтвортой болох нөхцөл бүрдэнэ. 2018 оны төсөв хүн рүүгээ чиглэсэн, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой нэлээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Халамжийн бодлогууд хэрэгжихтэй зэрэгцээд татвар нэмэгдлээ. Иргэдийн халааснаас авсан татварыг халамж хэлбэрээр тарааж байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Татвар нэмэх асуудал өмнөх Засгийн газрын төлөвлөж, Их хуралд оруулсан асуудал гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид асуудлыг бүлэг дээрээ олон талаас нь ярьж байгаад татварыг дөрвөн үндсэн шатлалтай болгоё гэдгийг дэмжсэн. Монголчуудын олонх нь ядуу, ядуувтар түвшинд амьдарч байна. Манай улс нэг шатлалтай татвартай олон жил явж ирсэн. Ахиу орлого олсон ч, бага орлого олсон ч ижил хувиар татвар төлдөг.

Нийгэмд ядуурлын түвшин өндөр байгаа учраас татварыг шатлалтай болгож, ахиу орлого олж байгаа нь илүү татвар төлдөг, бага орлоготой нь бага татвар төлдөг бодлого явуулах шаардлагатай гэж үзсэн. Ингэж чадах юм бол хүн амын маань олонх нь дундаж давхаргатан болох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ 1.5 саяас дээш орлоготой иргэд нийт ажиллагсдын найман хувь байгаа. Тэдэнд л шатлалтай татварын ачаалал ирнэ. Нөгөө талаасаа бид татварыг нэмээд байгаа юм биш. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Ялангуяа хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлтийг 84 мянга байсныг 120 мянган төгрөг болгож энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ бол бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь аж ахуйн нэгжүүдэд нэлээд дарамт болох юм биш үү?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч, ажилтан дээр тус бүр нэг хувь нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байдаг. Жил тутамд улсаас 300 тэрбум төгрөгийн татаас авч байж, тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг. Энэ алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг хараахан зуун хувь зөв бодлого гэж харахгүй байна. Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нь нэмэгдүүлж байж энэ алдагдлыг бууруулах ёстой. Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсадтай гэдэг. Гэтэл тэдний 50 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 500-гаад мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийн гадна байна. Тэднийг нийгмийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг зэрэгцээд авах шаардлагатай.

-Татварын нэмэгдлийг өнгөрсөн жил Засгийн газар баталсан. АН-ын зүгээс татвар нэмэгдсэнээр ард түмний нуруун дээр ачаа болж байна гээд энэ шийдвэрээ цуцлахыг шаардлаа. Шинэ Засгийн газрын хувь нэмэгдүүлсэн татваруудыг цуцлах тал дээр судалж байгаа зүйл байна уу. Тийм боломж бий юу?

-Өнгөрсөн жил АН, МАН гэлтгүй бүгд ярьж байгаад шийдвэрээ гаргасан. Монгол Улс дампуурлаа зарлах уу, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөтөлбөрт хамрагдаад эдийн засгаа сэргээж, улс орноо хөл дээр нь босгох уу гэдэг сонголтын өмнө байлаа. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах замаар улс орноо богино хугацаанд эдийн засгаа сэргээе гэсэн сонголтыг хийсэн шүү дээ. Тэрнээс биднийг хүчээр оруулчихсан юм байхгүй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа улс орныхоо онцлог, төсөв санхүү, нийгэм эдийн засгийнхаа байдлыг зөв ойлгуулж чадаагүй шүүмжлэлтэй тал байгаа. Энэ оны эхээр ОУВС-гийнхан Монголд ирж ажиллана. Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт гэгээ татаж, орлогын төлөвлөгөө давж биелсэн зэрэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Тиймээс ОУВС-тай асуудлуудаа илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлаа ойлголцож, зарим арга хэмжээг сэргээх чиглэлээр зайлшгүй ажиллах шаардлагатай.

-Тэтгэврийн насыг уртасгасан шийдвэрийг эргэж харах уу?

-Тэтгэврийн насны тооцоо судалгааг сайн хийж дахиж зарим нэг зүйлийг засч залруулах шаардлага байгаа. Хүнд хортой нөхцөлд тэтгэвэрт гардаг иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлчихсэн. Энэ бол зөв зүйтэй шийдэл биш. Уг асуудлыг ОУВС-гийнхантай зайлшгүй ярих шаардлага байна. Дараагийн асуудал нь тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхдээ журмын тухай хууль гаргах ёстой байсан юм байна. Энэ сарын 1-нээс хойш тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнх 60 нас зургаан сар болж нэмэгдсэн. Тэгэхээр 1958 онд төрсөн хүмүүс 2018 онд тэтгэврээ тогтоолгох учиртай. 1958 оны зургаан сард төрсөн хүн бол 2018 оны долдугаар сард тэтгэвэрт орох эрх нь нээгдэж байгаа. Гэтэл 1958 оны долдугаар сард төрсөн хүн болохоор 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ тогтоолгох насаа хүлээх болж байна. Гэтэл 2019 оноос дахиад тэтгэврийн нас зургаан сараар нэмэгдэх учраас 2019 оны долдугаар сард тэтгэвэрт гарах болж байна. Ингээд нэг жилд хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн хоёр хүн бүтэн нэг жилийн хойно тэтгэвэрт гарах асуудал үүсээд байгаа. Энэ бол иргэдийг нэлээд чирэгдүүлсэн, хохироож болзошгүй. 1958 онд төрсөн хүн яг 2018 ондоо тэтгэвэрт гарсан байхаар хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийг гаргах ёстой.

-Тэтгэвэр нэмэх тал дээр та ямар бодлого баримтлах вэ?

-2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар нийгмийн даатгалын сангаас болоод халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгасан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авдаг. Нийтдээ тэтгэвэр нэмэхээр 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Ахмадуудын дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил тэгш нэмэх нь зөв шийдэл биш гэж харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хариуцсан сайдын хувьд тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахаар ажиллаж байна. Тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмье гэсэн байр суурьтай байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Та саяхан Япон руу ажлын айлчлал хийгээд ирсэн. Тус улс руу дадлагажигч ажилтан гаргах асуудлаар ямар тохиролцоонд хүрэв?

-Засгийн газар хэд хэдэн орны Засгийн газартай хэлэлцээр байгуулж, монгол залуучуудыг тухайн орны өндөр технологи, техник, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор ажиллах хүч болоод дадлагажигч гэсэн статустай зарим орнууд руу илгээж ажиллуулдаг. Одоогоор Солонгос, Чех улсуудтай ажиллах хүч илгээх Засгийн газар хоорондын хэлэлцээртэй ажиллаж байна. Япон руу дадлагажигч гэсэн статустайгаар залуучуудыг ажиллуулдаг. Саяхан миний бие Япон улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, хоёр орны хооронд дадлагажигч илгээх санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Урьд нь Япон руу гурван жилийн хугацаатай дадлагажигч илгээдэг байсан. Харин энэ удаагийн айлчлалын үр дүнд тус улс руу дадлагажигчаар ажиллах монгол залуус таван жилийн хугацаатай ажиллах нөхцөл бүрдлээ. Японтой байгуулсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажил хийх ёстой. Энэ хүрээнд япон улсад дадлагажигч илгээх зорилгоор тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестачлал явуулж, хатуу шаардлага тавина.

-Ер нь жилдээ хичнээн дадлагажигч ажилтан илгээсэн юм бэ?

-2016 онд Япон улсад 50 мянган дадлагажигч илгээнэ гэж улс төр болгож зарлаж байсан. Ингээд тус улс руу дадлагажигч илгээх тусгай зөвшөөрлийг хяналт муутайгаар олон аж ахуй нэгжүүдэд өгсөн байна. Үнэндээ жилд Япон руу явж байгаа хүний тоо 30-аас дээш гарахгүй байгаа. Тэгсэн хэрнээ тус улс руу дадлагажигч илгээнэ гэсэн 70-аад аж ахуй нэгж улсын хэмжээнд байна. Тэдэнд тавих шаардлагыг чангатгана гэж дээр хэлсэн. Ялангуяа дадлагажигчаар явах залуусаас урьдчилгаа мөнгө, барьцаа авахыг хатуу хориглож байгаа. Ер нь Япон улсад техникийн ур чадвар эзэмшсэн дадлагажигч илгээхдээ мэргэжлийн боловсролын байгууллагыг түшиглэх ёстой. Дадлагажигчаар илгээх залууст мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг, дадлага олгодог байх, дээр нь япон хэлний сургалтад хамруулж, хэлний шаардлагыг хангуулдаг байх үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэж, хяналттай явуулна гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

-Япон руу дадлагажигч ажилтан илгээхэд квот бий юу?

-Япон улсын Засгийн газар энэ жил тэдэн хүн авна гэсэн квот өгөхгүй. Миний хувьд энэ асуудлыг тавихад “Манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хичнээн тооны дадлагажигч хэрэгтэй байгаа дээрээ тулгуурлаад хүн авна” гэсэн.

-Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд шийдэж чадсан. Тэгвэл бусад улс оронд ажиллаж амьдарч буй хүмүүсийнхээ нийгмийн байдалд хэрхэн анхаарч байна вэ?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Манай залуус Солонгосд хөдөлмөр эрхэлж байхдаа тус улсад шимтгэл төлсөн жил нь Монгол Улсдаа ажиллаж, шимтгэл төлсөн жилд оруулан тооцогддог болсон. Солонгост төлсөн шимтгэлээ монголдоо ирсэн хойноо буцаан авах нөхцөл боломж бүрдсэн. Одоо бид Чех улстай мөн нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн энэ сарын сүүлчээр Польш улсад ажлын айлчлал хийхдээ тус улсын Засгийн газартай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна. Ингэснээр тус улсад ажиллаж, амьдарч байгаа 6700 орчим монгол залууст олон нөхцөл боломж нь бүрдэнэ.

-НҮБ-ын Хойд Солонгост тавьсан хоригтой холбоотойгоор тус улсын ажиллах хүчнийг гаргахаар болсон. Энэ суудлыг хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүй байхаар хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-НҮБ-ын хоригтой холбоотойгоор Хойд Солонгосын ажилтнуудад ажил олгогчдын тоог бууруулах чиглэл баримтлан ажиллаж байгаа. Ерөнхий тоо хэлэхэд өнгөрсөн жил Монголд ажиллаж байсан солонгос ажилчдын тоо он гарснаар 50-иад хувиар буурсан байна.Энэ нь хоёр орны дипломат харилцаанд саад тотгор болохгүй болов уу. Манай улс НҮБ-ын гишүүн орон. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа уламжлалт дипломат харилцааг хадгалсан бодлого явуулах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Ард түмнийг төрд төлөөлдөггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах нь зөв

Улсын их хуралд Б.Наранхүү гэдэг гишүүн бий. Тэрбээр Дундговь аймгаас улиран сонгогдож Их хуралд сууж байгаа хүн. “Мон-Уран”-ы хэмээх тодотголтой энэ эрхэм УИХ-ын гишүүний үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь бүгд мэднэ. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан гээд төрийн ажил жинхэнэ буцалж байхад түүний сандал ширээ л ихэнхдээ эзэнгүй байдаг. Өнгөрсөн парламентад ч тэр, энэ парламентад ч тэр Б.Наранхүү гишүүн хурал таслалтаараа тэргүүлсээр ирсэн. Уг нь парламентын бүрэн эрхт дөрвөн жилийн хугацаанд УИХ албан ёсоор найман удаа хуралддаг. Жилдээ хоёр удаа хуралддаг хавар, намрын чуулганаар 150 гаруй хуулийн төсөл баталж, үүнээс хоёр дахин их хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг жишигтэй. Хууль тогтоох төрийн дээд байгууллагын гишүүн Б.Наранхүүгийн хувьд тэр бүх хуулийг батлахад биечлэн оролцож, үзэгдсэн нь өдрийн од шиг. Энэ парламентын анхны чуулганы ирцийн бүртгэлээс харахад Б.Наранхүү гишүүн нийт 166 цагийн хуралдааны ердөө 26 цагт нь суужээ. Тэрбээр 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаадад томилолтоор өнгөрүүлж, 32 цагийг нь орон нутагт ажилласан гэж бөглүүлжээ. УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглардаг нэг үйл явдал бол чуулганы нээлт байдаг. Хоёр, гурван сар завсарлаж байгаад нээлтээ хийдэг чуулгандаа гишүүд ихэд хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаараа гоёсон байгаа нь ч харагддаг. Харин Б.Наранхүү гишүүнд энэ үйл ажиллагаа тийм ч сонин биш байдаг бололтой. Өнгөрсөн хаврын чуулганы нээлтэд ирээгүй эрхэм гишүүн маань энэ намрын чуулганы хуралдаанд тоотой хэдхэн үзэгдэв.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хүн ямар үүрэгтэй болохыг тун ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэжээ. УИХ-ын гишүүн хүн ард түмнийг төрд төлөөлнө гэдэг бол ердөө чуулганыхаа хуралдаанд суухаас эхэлнэ. Ард түмний хүсэл эрмэлзэл ямар байгаа, цалин цаваг, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг Их хуралдаа сууж байж хэлэлцэн шийдвэрлэдэг. Цаашлаад улс эх орныхоо хөгжлийн бодлого төлөвлөлт, ард түмнээ санаа зовох зүйлгүй сайхан амьдруулах нөхцөл боломжоор хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгвэл Б.Наранхүү гишүүн зөвхөн албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх болохоор хүрч ирээд цомцойн суугаа нь хэн бүхний нүдэнд содон туссан байх. Энэ сарын 15-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд морилов. Түүнийг харсан төрийн түшээд “Их хуралд нээрээ ийм гишүүн байдаг бил үү” гэлцэн амны зугаагаа болгож байлаа. Үнэхээр Б.Наранхүү гишүүн албан тушаалын томилгоо, эсвэл ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудлыг хэлэлцэх болохоор чуулгандаа суудаг юм уу. Арай дундговьчууд түүнийг “Б.Хурцын асуудлаас бусдад нь очиж суух хэрэггүй” гээгүй байлтай.

Ер нь Б.Наранхүү гишүүний ирцийн асуудал хөндөгдөхөд “Би тойрогтоо ажиллаж л байгаа шүү дээ” гэж тэрбээр тайлбар өгч байгаа харагддаг. Үүнийг нь “Эрхэм гишүүн маань хөдөө орон нутгийн сонгогчдодоо хүрч, ард түмнийхээ дунд байдаг л юм байна шүү дээ” гэх байх л даа. Тэгвэл ард түмний дунд байх нь тэднийг төрд төлөөлөхийн нэр биш юм. Эсрэгээрээ ард түмэнд төрийг төлөөлж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг огцруулах нь зөв юм. Тэгээд ч саяхан УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёр ижил, тэгш эрхтэй болохыг Үндсэн хуулийн Цэц баталсан. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол прокурорын санал дүгнэлтээр УИХ-аас эргүүлэн татах боломжтойг Цэц шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн Цэц аливаа хууль зөрчсөн асуудлыг санаачлан сайн дураараа хэлэлцдэггүй. Зөвхөн иргэдийн өгсөн санал, гомдлын дагуу тунгаан шийддэг. Тэгвэл ард түмнээ төлөөлж төрд гарч ирчихээд үүргээ биелүүлэхгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг эргүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан сураг дуулдлаа. Цэц тэдний саналыг дуун дээр нь хэлэлцэх байх. Аягүй бол Б.Наранхүү УИХ-ын гишүүнийхээ үүргийг ухамсарладаггүйг Цэц аль хэдийнэ “хар данс”-даа оруулчихаад, отоод сууж байж ч мэднэ. Яг загатнасан газар нь маажив гэгчээр хуульчид энэ асуудлыг өргөн барьчих шиг боллоо. Одоо үйл явдал хэрхэн өрнөхийг хүн бүр анхаарч байгаа. Парламентын тогтолцоотой улс орнуудад Б.Наранхүү гишүүн шиг улстөрч бараг өөрөөсөө ичээд сайн дураараа огцрох хүсэлт гаргах байсан биз. Жишээлбэл, Кени улсад парламентын хурлаа найман удаа таслахад гишүүнээс нь түдгэлзүүлдэг хуулийн заалттай юм билээ.

Монгол Улсын парламентын түүхэнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татсан хэд хэдэн тохиолдол бий. Сануулахад, Улсын бага хурлын гишүүн Дамдиныг нууцын зэрэглэлд байсан 20 дугаар тогтоолыг задруулсан хэргээр эргүүлэн татаж байв. Тухайн үед энэхүү тогтоолыг цөөхөн хэдхэн хүн мэдэж байсан бөгөөд энэ нь “Мөнгөний ханшийг хоёр дахин унагаж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн” шийдвэр байсан юм. Дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүн картын бараанд шилжих эхлэл болж байсан уг тогтоолд банкинд хадгаламжтай иргэдийг хэрхэн хохироохгүй байх талаар ч тусгасан байжээ. Тодруулбал, арван мянган төгрөгөөс дооших дүнтэй хадгаламжийг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай нууцын зэрэглэлтэй тогтоолыг Бага хурлын гишүүн Дамдин овжноор ашиглаж банкинд мөнгөө хийж өсгөөд авч байсан гэх юм билээ. Үүнээс болж түүнийг Улсын бага хурлын гишүүнээс эргүүлэн татсан түүхтэй. Энэ хэргээс хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хураалгасан казиногийн гурвыг монголчууд андахгүй. 1996-2000 оны чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар, Д.Баттулга, Хууль зүйн сайд агсан С.Батчулуун нар казиногийн хэргээр авлига авсан нь тогтоогдож, эргүүлэн татагдаад зогсохгүй шүүхээс ял сонссон. Харин өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан хүн гэвэл Н.Жанцанноров, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар байна. Парламентын түүхэнд УИХ-ын гишүүн байхдаа хорвоогийн жам ёсоор таалал төгссөн олон хүн байдаг. УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Энхсайхан нарыг насан эцэслэхэд тухай бүрт нь нөхөн сонгууль явуулж дараагийн хүнийг нь томилж байсан. Мөн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход хүртэл орны гишүүнийг нь сонгож байсан удаатай.

Энэ мэтчилэн хэд хэдэн шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж, нөхөн сонгож байсан нь түүхийн шарласан хуудаснаа үлджээ. Харин энэ удаад чуулганы хуралдаандаа суугаагүй гэх үндэслэлээр Б.Наранхүү гишүүн эргүүлэн татагдах өнгөндөө орлоо. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай ард түмэн ярьдаг даа. УИХ-д бухын хүзүү гарган хөшилдсөн гишүүдэд хариуцлага тооцдог явдал Б.Наранхүү гишүүнээр эхлэх нь ээ. Энэ бол ард түмэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдогийн сонгодог жишээ юм.


Categories
мэдээ цаг-үе

М.Наранхүү: ”Голомт” банк бизнес процесс ре-инженеринг хийснээр борлуулалтаа өсгөж, зардлаа бууруулж чадсан

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Энтерпренер-2017” арга хэмжээний оны онцлох аж ахуйн нэгжээр “Голомт” банк тодорсон юм. Тус банк энэхүү нэр хүндтэй шагналыг авахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн төсөл ажээ. Уг төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн “Голомт” банкны Бизнес процесс менежментийн газрын захирал М.Наранхүүтэй ярилцлаа.

-“Голомт” банкийг 2017 оны шилдэг энтерпренер болгосон төслийнхөө талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Манай “Голомт” банк 2016 оноос хойш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь “Бизнес модел нэвтрүүлэх төсөл” юм. Энэ хүрээнд бид олон асуудлыг шийдэж чадсан. Тиймээс энтерпренерийн мөнгөн цомыг хүртлээ. Уг төслийг хэрэгжүүлснээр банкныхаа процессыг өөрчилсөн юм.

-Яагаад ийм төсөл хэрэгжүүлэхээр болов?

-1995 онд байгуулагдсан “Голомт” банкны маань үйл ажиллагаа нэлээд тэлсэн. Анх дөрвөн ажилтантай, 600 харилцагчтай ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр 1800 гаруй ажилтантай, 600 мянган харилцагчтай болсон байна. Ингэж өргөжихийн хэрээр процесс маань нэлээд нүсэр болоод ирсэн. Нөхцөл байдалд анализ хийхэд манай борлуулалт явуулж байх ёстой салбарууд хэтэрхий дотоод үйл ажиллагаа руугаа чиглэсэн байв. Өөрөөр хэлбэл, банкны хийх ёстой ажлыг салбар, нэгжүүд явуулдаг, мини банк хэлбэр рүү орчихсон байсан. Энэ байдлыг засахын тулд “Бизнес модел нэвтрүүлэх төсөл”-өө хэрэгжүүлсэн юм. Бид бүхэн энэ төслөө бизнес процесс ре-инженеринг гэж тодорхойлж байгаа. Энэ бол АНУ-аас гаралтай, үйл ажиллагааг инженерчлэлийн аргаар өөрчлөх аргачлал.

-Ре-инженеринг гэсний учир нь юу юм бэ?

-Энэ бол бизнесийн процессыг цоо шинээр хараад үндсээр нь өөрчлөх юм. Хэрвээ процесст сайжруулалт хийсэн бол арав, хорин хувиар нэмэгдсэн гэж дүгнэгддэг. Харин ре-инженеринг гэдэг бол тухайн процессыг эхнээс нь дуусах хүртэл өөрчилнө гэсэн үг. Энэ нь зардал, чанар, үйлчилгээ, хурд руу чиглэдэг. Бидний нэвтрүүлсэн цоо шинэ өнцөг нь харилцагч төвтэйг хэлээд байгаа юм. Жижиг өөрчлөлт хийх гэж байгаа бол ажлаа сайн мэддэг хүн өөрчлөлтийнхөө санааг гаргаад явахад үр дүн гардаг. Тэгвэл ре-инженерингийг гүйцэтгэх удирдлага талаасаа оролцоо нь орж ирж байж амжилттай хэрэгждэг.

-Та ярилцлагын эхэнд төслийн хүрээнд олон зүйлийг өөрчилж чадсан гэж тодотгосон. Тухайлбал харилцагч талдаа юуг анхаарав?

-“Голомт” банк бол харилцагч төвтэй байх стратегитэй. Тиймээс харилцагч төвтэй байхын тулд ямар байх ёстойгоо бодож бүх өөрчлөлтүүдээ хийсэн. Салбар, нэгжийн физик дизайн, бүтэц, бизнесийн модел өөрчлөгдсөн. Харилцагч тал дээр бууж байгаа нь юу харагдаж байгаа вэ гэвэл салбарууддаа тав тухтай орчныг бий болгосон. Ингэхдээ үнэртүүлэгч дээр анхаарсан. Хүлээлгийн танхимаа тохижуулж, хаягжуулалтаа анхаарсан. Харилцагчид босоо байдлаар үйлчлүүлдэг байсан бол сууж үйлчлүүлдэг боллоо. Өмнө үйлчилгээний байгууллага мөртлөө ариун цэврийн өрөөгөө дотоод ажилчид хэрэглэдэг байсныг нийтийнх болгосон. Ариун цэврийн өрөөндөө засвар хийгээд харилцагч нарыг орох боломжтойгоор засварласан. Мөн кофе шоп, номын сан гээд хүлээлгийн хэсгүүддээ ч анхаарсан. Харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүлээх мэдрэмжийг мэдрүүлэхгүй байх үүднээс энэ мэтчилэн олон ажлыг хийсэн. Энэ байдалд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж эерэг үр дүнтэй байгаа.

-Салбар, нэгжүүдийн дотогшоо чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Бид бүх үйлдлээ харилцагчийн нүдээр харах ёстой. Тиймээс харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ оронд өөрсдийгөө тавиад процессын өөрчлөлт хийгээд явж байгаа. Тодруулбал, салбаруудынхаа дотогшоо чиглээд байсан үйл ажиллагааг нь процесс ре-инженерингийг хийгээд шинэ нэгж байгуулсан. Бизнес процесс менежментийн газар буюу манай нэгж л дээ. Процессоо эндээ төвлөрүүлсэн юм. Ингэснээр салбар дээрх борлуулалтын ажилтнуудын ачаалал нь багасч, үйл ажиллагаагаа борлуулалт руугаа чиглүүлээд эхэлсэн. Үүний үр дүнд борлуулалтын тоогоо хоёр дахин өсгөж, зардал орлогын харьцаагаа 30 хувиар буурууллаа. Мөн иргэдийн зээл 70 үйлдэлтэй байсан бол 30 үйлдэлтэй болж багассан. Үйлдэл болгон цаг, минут байгаа учраас хэмнэлт гарсан. Өмнө салбарууд бичиг хэрэгтэй их зууралддаг байсан. Харин одоо тийм зүйл байхгүй болсон. Энэ мэтчилэн олон эерэг үр дүн гарч байгаа. Ер нь бол энэ процесс ре-инженерингийг хийхдээ харилцагчдыг сигментээр нь ангилж, хэн нь ямар үйлчилгээ явуулах вэ гэдэг рүүгээ чиглэж салбарын бүтцийг өөрчилсөн байгаа.

-Хэдий хэмжээний зардал гарсан бэ?

-Хэрэв гадны байгууллагын зөвлөх үйлчилгээг авсан бол өндөр зардал гарах байсан. Харин бид өөрсдийн дотоод хүч боломжоороо энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Ингэхдээ Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудад очиж туршлага судалсан байгаа. Салбарын тохижилтын хувьд одоогоор нийслэлийн 40-өөд хувьд нь засвар орсон. Ирэх жилээс бусад салбар руугаа ороод явна.

-Төсөл хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэршээл тулгарч байв?

-Бид салбар нэгжийн ажилтнуудынхаа ажлыг байрыг өөрчилж байгаа. Тухайн ажилтны олон жил хийгээд хэвшсэн ажлууд нь процесс өөрчлөгдөхөөр мэдээж өөр болно. Гэнэт ажлын арга барил нь өөрчлөгдөнгүүт тэд хүлээн зөвшөөрөхгүй байх, хуучин хийж хэвшсэн ажил руугаа орчих вий гэсэн болгоомж бидэнд байлаа. Харин манай ажилтнуудын сэтгэл зүй бэлэн байсан. Учир нь “Харилцагч төвтэй банк” болох нь манай гүйцэтгэх захирлын санаа байсан. Тиймээс энэ бол манай банкны эрхэм зорилго. Иймд ажилтнуудын хүлээлт үүнд чиглэсэн байсан болохоор бидний төсөл амжилттай хэрэгжсэн. “Голомт” банкны хамгийн үнэт баялаг бол харилцагчдын маань итгэл байдаг. Тиймээс үйл ажиллагааныхаа бүхий л төвшиндөө харилцагчдаа нэн тэргүүнд тавьж байгаа.

-Ажилтнуудын тоо буурах уу?

-Ажилтнуудын тоогоо хэвэндээ бариад, борлуулалтаа өндөр болгох чиглэлийг баримталсан. Салбар нэгжүүдэд хүний тоо нэмэгдээгүй, борлуулалт хийх цаг уртсаагүй, тэгсэн мөртлөө борлуулалт маань 122 хувиар өссөн. Энэ бол үйл ажиллагааны шинэчлэл маань оновчтой байсны үр дүн.

-Тэгэхээр төслийн хүрээнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргасан юм бэ?

-Бүтээгдэхүүнүүдийн хувьд нэлээд өөрчлөгдсөн. Жишээлбэл, үндэсний хуримтлал, зэс буюу кредит карт гээд байна. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ процессыг өөрчилсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор эдгээр шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээл рүү амжилттай нэвтэрсэн.

-Үндэсний хуримтлал хэр үр дүнтэй байна?

-Бид 60 гаруй мянган хуримтлалтай иргэнтэй боллоо. Ер нь манай хуримтлал төвлөрсөн байдаг юм байна. Тиймээс ард иргэдээ хуримтлалтай болгож байж эдийн засагт эерэг нөлөө авчирна гэдэг үүднээс Үндэсний хуримтлалын хөтөлбөрөө зарласан. Хувь хүн хуримтлалын зуршлыг өөртөө бий болгож чадах юм бол 20 хувийн урамшуулал олгож байгаа. Үндэсний хуримтлалын хөтөлбөр бол “Иргэн хүн хуримтлалтай болоод зогсохгүй улсын маань эдийн засаг сэргэнэ” гэсэн давхар алсыг харсан бүтээгдэхүүн юм.

-“Голомт” банк кредит картын зах зээлийн хэдэн хувийг эзлээд байна вэ?

-Одоогоор 60 гаруй мянган кредит картын хэрэглэгчтэй болчихсон байна. Тэгэхээр кредит картын зах зээлийн 85 хувийг эзэлж байгаа.

-“Энтерпренер-2017” арга хэмжээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжээс оны онцлох арван байгууллагыг зарласан. “Голомт” банк оны шилдгээр шалгарахад таныг гол үүрэгтэй ажилласан гэж дуулсан. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу. Банкны салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-Манай төсөл 100 гаруй хүний оролцоотой байсан. Зөвхөн нэвтрүүлэлтийн шатан дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулаад ажилласан. Миний хувьд нэвтрүүлэлтийн шатыг удирдсан. Өмнө хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Энэ оны хувьд төслийн багтай хамт нэвтрүүлэлтээ удирдлаа. Ажлын туршлага гэвэл МУИС-ийг 2004 онд төгссөнөөс хойш банкны системд ажиллаж байна. “Голомт” банкинд найм дахь жилдээ ажиллаж байгаа. Өмнө банкныхаа жижиг, дунд бизнесийг хариуцаж байсан. Одоо бизнесийн процесс ре-инженериг чиглэл рүү ажиллаж байна.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцахгүй юу?

-Бид нэлээд том ажлын суурийг сайн тавилаа. Ирээдүйд мэдээж улам сайн хөгжүүлээд автоматжуулна. Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа. Хүн болгон хүлээлгэд дургүй болчихоод байгаа. Яваандаа дижитал хэлбэр рүү шилжинэ. Зээл хүртэл дижиталаар олгогдох ёстой. Заавал салбар дээр ирэх шаардлагагүй болно.

-Та бүхний хэрэгжүүлсэн ажил олон улсын байгууллагын “Шилдэг төсөл 2017” шагналыг авсан бил үү?

-Тиймээ. “PMI” гээд олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас нь жил бүр олон улсын форум зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн “Шилдэг төсөл” шагналыг “Голомт” банк авсан. Мөн энэ онд манай банк Монголын хамгийн анхны менежментийн форумыг зохион байгуулсан юм. Үүнд топ 250 компанийн удирдлагууд оролцсон байгаа. Энэ үйл ажиллагаанд бид түлхүү өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан. Мэдээж гол сэдэв нь ре-инженеринг байсан.

-Компанийн ноу-хаугаа ингэж дэлгэж болж байгаа юм уу?

-“Хөгжлийн Голомт” гэсэн уриатай ажиллаж байгаа бид бүхэн бусад байгууллагуудад туршлагаа хуваалцаж байж Монгол Улс хөгжих юм. Ер нь бол том компаниудад үйл ажиллагаандаа шийдэх ёстой асуудал их байгаа. Тиймээс тэдгээр компаниудыг “Ре-инженеринг хийгээч ээ, сайжруулаач ээ, үр дүнтэй болгооч ээ” гэдэг байдлаар энэ сэвдрийг түлхүү хөндсөн. Зарим байгууллагууд бидэн рүү хандаж, сургалт, зөвлөгөө авч байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Э.Хашчулуун: Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийднэ

“УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Уг асуудлаар “Веритас партнерс” хуулийн фирмийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан билээ. Тус хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Хашчулуунтай ярилцлаа.

-Танай хууль зүйн товчоо Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн хохирогч бүсгүйг өмгөөлж байгаа. Гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар та бүхэн Цэцэд хандсан. Уржигдар Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргалаа. Чухам яагаад цэцэд хандахаар болсон юм бэ?

-Бид хуульч, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Манай улсын Үндсэн хуулийн Цэц, шүүхийн онцлог гэвэл иргэдийн өгсөн мэдээллээр хэрэг маргааныг үүсгэж хянаж шийдвэрлэдэг. Их хурал үндсэн хуульд нийцээгүй тогтоол хууль баталлаа гэхэд тэрийг санаачилгаараа хянах боломж байхгүй. Хэн нэгэн мэдээлэхгүй бол энэ асуудал цааш үргэлжлэх хандлагатай гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Мөн манай хуулийн фирмийн ажиллаж байгаа хэрэг маргаантай холбогдуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага гарсан учраас үүнтэй холбогдуулж, Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байгаа.

-Хуулийн өмнө Их хурлын гишүүн иргэн хоёр тэгш эрхтэйг Үндсэн хуулийн Цэц баталлаа?

-Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зохицуулалт хангагдсан нь хамгийн том давуу тал юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхдээ УИХ-ын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ хоёр зүйл заалтын агуулга нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэсэн утгатай зохицуулалт юм. Цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хоёр тоот тогтоолоор “Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ өөрсдөө хэлэлцээд түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ хууль батлах замаар явцууруулсан байсан. “Зөвхөн гэмт хэрэг үйлдэж байх үедээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд” гээд хаалт тавьчихсан байсан. Тэгэхээр Улсын Ерөнхий прокурорын зүгээс Үндсэн хуульд заасны дагуу Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдчихлоо гэж үзээд түдгэлзүүлэх гэхээр “Наад хүн чинь яг үйлдэл дээрээ баригдсан юм уу. Гэмт хэрэг үйлдэж байгаад баригдахдаа нотлох баримттай байгаад баригдсан юм уу” гэх шаардлагыг тавих нөхцөл болчихоод байсан. Тэгэхээр халдашгүй байдал гэдэг бол хязгаарлалтыг нь хумисан шийдвэр байсан. Ер нь УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 9.1-ийг хүчингүй болгосноор “Үндсэн хуульд заасан нөхцөлийн өмнө гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх юм бол Ерөнхий прокурор УИХ-д санал оруулах, УИХ өөрсдөө гишүүнээ түдгэлзүүлэх үү” гэдгээ шийдвэрлэх алтан дундаж дээр очиж байгаа юм. Түүнээс биш шууд энэ шийдвэр гарсан нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдэг мэдээлэл байх юм бол нэгжлэг хийгээд л гэр оронд нь дайрч орох асуудал байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал УИХ-д өөрт нь хадгалагдаад үлдэнэ гэсэн үг. Тэр том хана хэрмийг Цэцийн шийдвэр нурааж чадлаа.

-Д.Гантулга гишүүний хувьд түдгэлзүүлэх эрх нь Их хуралд байгаа гэж ойлгож болох уу?

-Ер нь бол Улсын Ерөнхий прокуророос зөвхөн Д.Гантулга гишүүн гэлтгүй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулах эрх нь одоо нээлттэй болсон. Яг түдгэлзүүлэх эсэхийг Үндсэн хуульд заасны дагуу УИХ өөрсдөө шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсаны дараа Д.Гантулга гишүүнийг явуулж, оронд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарч ирэх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Та бүхний үйл ажиллагаа цаанаа ямар нэг улс төрийн зорилготой юм биш биз дээ ?

-Бидний хувьд хардлагад их өртсөн. Д.Гантулга гишүүний хэрэг дээр анх ажиллаад эхлэхэд “Энэ хэргийн цаана Н.Энхбаяр байгаа, Хэнтийгээс нэр дэвших гэж байна” гэсэн. Ингээд Цэцэд хандсаны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбогдуулж энэ асуудал гарч байсан. Харин Цэцийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбогдуулаад ярьж байх шиг байна. Манай байгууллага бол хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгч хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллах үүргийнхээ дагуу энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Тэрнээс бид энэ хэрэг дээр хэн нэгнээс шан харамж аваад улс төрийн нөлөөллийн хүрээнд хэрэг дээр ажиллаж байгаа юм байхгүй.

-Үндсэн хууль зөрчсөн өөр хуулийн зүйл заалтуудад анхаарлаа хандуулж байгаа юу?

-Бид эрхзүйт засаглалтай оронд амьдарч байна. Тиймээс зөвхөн УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг цэцэд өгөөд орхихгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой бүрэн эрх нь УИХ-ын гишүүдийн хүчингүй болдогтой ижил нөхцөлтэй байгаа. Энэ мэтчилэн зөвхөн халдашгүй байдлаас гадна хууль тогтоомж зөрчсөн асуудал мэр сэр бий. Үүнийг Үндсэн хуульд нийцүүлэх талаас нь ажиллаж байгаа. Үндсэн хуулийн Цэц бол онолын том шүүх. Цэцтэй холбоотой маргаан гаргахад онолын судалгаа их хэрэгтэй. Тэр хууль яагаад үндсэн хууль зөрчиж байгаа юм бэ гэдгийг гаргаж тавилгүйгээр ажиллах боломжгүй. Одоогийн байдлаар хоёр хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр бэлдээд судалгааны ажил хийгдэж байна.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд ямар ажлууд хийх вэ?

-Бид Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Гантулга гишүүний асуудлаар хандсан. Энэ асуудлыг хэлэлцэх процедур маань хуулинд байгаа. Гол нь хэлэлцэн шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань хараат байж чадахгүй. Үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүй байгаа л асуудал. Хэрвээ ирээдүйд мундаг, олон улсад байдаг улстөрч гэсэн шаардлагад нийцсэн хүмүүс гишүүн болсон тохиолдолд яг энэ арга техникийг хэрэглээд асуудалд үндэслэлтэй хандах боломжтой. УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал том ойлголт. Ёс зүй зөрчиж байгаа үйлдлүүд их харагдаж байгаа.

-Цэцийн дүгнэлт гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол түүнийг сонгосон тойргийн сонгогчдын эрхэнд халдсан явдал болно гэсэн агуулгатай тайлбар хийж байна лээ?

-Бид институтийнх нь хувьд хамгаалж байгаа. Хувь хүнийх нь хувьд биш. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөөлөл. Дөчин мянган хүнээс сонгогдсон ч гэсэн гурван сая хүнийг төлөөлөөд байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж байгаа 76 хүний нэг, хоёр нь гэмт хэрэг хийчихсэн бол тэрийг шалгах нь зөв. Сонгогчид төлөөлөлгүй болчихлоо гэж байгаа нь буруу. Зарим хүн Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг ойлгохгүйгээр тайлбар өгч байгаа харагдсан. Тойрог гэдэг бол үндсэн хуулиар эрэмбэлбэл нэн тэргүүнийх биш.


Categories
мэдээ цаг-үе

Авдрын нүүрэн дээрх шүдгүй арслангийн хумсыг нь бас сугалах юм гэнэ

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байна. Түрүүчийн парламентын үед хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдаж байсан ч хараахан ажил хэрэг болж чадаагүй. Харин энэ парламент байгуулагдсан даруйдаа л эцэг хуулиа өөрчлөхөөр шуурхайлсан билээ. Нийтдээ зургаан сэдвийн хүрээнд Үндсэн хуульд засвар оруулах шаардлагатай гэж барьж аван барууны орнуудад дэлгэрсэн зөвлөлдөх санал асуулгыг явуулав. Энэ хүрээнд “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын их хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвүүдээр зөвлөлдөх санал асуулга явуулсан юм. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгоод шигшсэн 800 орчим хүнийг Төрийн ордонд цуглуулаад эдгээр зургаан сэдвийг бүтэн хоёр өдрийн турш хэлэлцүүлсэн. Энд хуульч, эрдэмтдээс өгсүүлээд бичиг үсэг тайлагдаагүй жирийн иргэн хүртэл ирсэн байв. Зохион байгуулагчдын зүгээс нийгмийн бүх давхаргыг хамруулсан ажил боллоо хэмээн олзуурхан ярьцгааж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Зөвлөлдөх санал асуулгаас “Монгол Улсын парламентыг хоёр танхимтай болгох”, “Ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох” гэсэн саналууд дэмжигдээгүй юм. Дараа нь Үндсэн хуулийн төслийг ард түмэнд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор ажлын хэсгийнхэн Монгол орныг бүтэн тойрлоо. Зунжин үргэлжилсэн төслийн хэлэлцүүлгийн дүнг хэдхэн хоногийн өмнө тайлагнаж байгаа харагдав. Олон нийт Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах саналыг ихэд дэмжсэн юм гэнэ. Хэлэлцүүлэгт оролцсон 370 гаруй мянган хүний 200 мянга орчим нь ийм саналтай байна гэж ирээд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг халахаар зохион байгуулагчид пиардаж байна лээ. Манай улс бол парламентын тогтолцоотой орон. Сонгодог парламенттай улс болъё гэвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг болиулах нь зөв л дөө. Гэхдээ М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон бол ийм зүйл хэзээ ч болохгүй байсан биз. Нэг нам дангаараа төрийн эрхийг барьж байгаа өөрсдийнх нь хүн төрийн тэргүүнээр сонгогдсон бол түүний хууль санаачлах эрхийг яасан ч боомилохгүй. Ёстой мөрийцсөн ч алдахгүй байх.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвүүдээр ард түмний дунд явуулсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо, наймдугаар сард эрчимтэй өрнөсөн. Монгол Улсын иргэн бүрт хамаатай суурь хуулийг өөрчлөх хэлэлцүүлгийг амралт зугаалгын улирал тааруулан зохион байгуулахаар ямар улс цуглаж, ямар саналд нэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Ажлын хэсгийнхэн сумдад очихоосоо өмнө зараа хэдэнтээ түгээлээ ч хэлэлцүүлэгт оролцогчдын хүрээ баригдмал, ирц тааруу байх нь мэдээж. Тэнд МАН-ын идэвхтэй ахмад гишүүд л ирж таарна. Тиймээс тэднийг зорилтод асуултаараа хөтлөөд саналыг нь авсан биз ээ.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан ч хориг тавих эрх нь хэвээр байгаа гэж тайлбарлан ард түмний тархийг угаах байх. Хууль, хориг хоёр бол тэс ондоо ойлголт. Нийгмийн аль нэг салбарт тухайлан зориулсан хууль боловсруулж, түүнийгээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэдэг нэг асуудал. Магадгүй Ерөнхийлөгч хэний ч хараагүй асуудлын зангилааг хуульчилж шийдэж болно. Харин хориг нь үүнээс ялгаатай. Ерөнхийлөгч УИХ-ын баталсан тогтоол, шийдвэр, хуулийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьдаг хориг, санаачилсан хуулийн хүчин чадал адилгүй гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхгүй болсон ч хориг тавих эрх нь байгаа гэх маягаар нийгмийн сэтгэл зүйд тааруулан пиардаад байна.

Угаасаа манай Ерөнхийлөгч эрх мэдэл тун муутай. Төрийн тэргүүн гэдэг Монгол Улсын эв нэгдлийг хангах бэлгэдлийн шинжтэй хүн. Ний нуугүй хэлэхэд улс төрийн хулгайч, авлигач нарт хатуурхах тал дээр л дархан эрхтэй. Авлигатай тэмцэх газрын дарга, Ерөнхий прокурорыг томилох саналыг УИХ-д оруулдгаас өөрөөр онцгой мэдэлгүй хүн дээ. Төрийн тэргүүний энэ зангараг Монголоор дүүрэн байгаа улс төрийн хулгайч, авлигачдад ихэд халгаатай. Харин ажил, амьдралаа шударгаар залгуулж яваа жирийн иргэдэд бол ямар ч дарамтгүй, бас хамааралгүй. Зөвхөн улсын мөнгийг шамшигдуулдаг ховдог шунахай хүмүүст тохирсон шийтгэлийг оноох гэж Ерөнхийлөгч маань чадан ядан энэ эрхээ хэрэгжүүлдэг. Гэхдээ үүнийгээ хэн дээр хэрэгжүүлэх үү, аль намыг гөрөөлөх үү гэдэг сонголт нь түүний гарт байдаг. Сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ эхний хугацаанд сөрөг намын хулгайч нараас гөрөөлж байгаа нь түлхүү харагдаж байв. Дараагийн жилүүдэд нь өөрийн намын улстөрчдийг намнаж байгаа нь журмын нөхдөд нь тийм ч шударга биш санагдсан байх талтай. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн ийм л ганц эрхээ бүрэн хэрэгжүүлдэг. Гэтэл түүний энэ эрхийг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийх гэж байна. Өнгөн дээрээ хууль санаачлах эрхийг нь халах гэж байгаа, цаашлаад улстөрийн хулгайч нар, авлигачдын эсрэг зогсдог хатуу тэмцлийг нь мохоох гэсэн оролдлого юм. Ерөөсөө Ерөнхийлөгчийг хэн ч биш болгох гэсэн том зүйлийн эхлэл.

Монголын ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчийг сонгож, гаргаж ирдэг болсон. Энэ нь сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас харагдаж байгаа. Ирэх 2021 оны сонгуулиар иргэд энэ сонголтоо баталгаажуулах магадлал өндөр гэдгийг улс төр судлаачид хэлж байсан. Гэтэл МАН олонх байгаа үедээ сөрөг хүчнээс гарч ирсэн Ерөнхийлөгчийн гарыг мухарлах гэж зүтгэж байгаа нь буруу юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч авдрын нүүрэн дээр шүдгүйгээр зурсан арслантай л адил. Одоо тэгвэл арслангийнх нь хумсыг сугалах юм гэнэ. Уг нь хумстайгаа байвал эрх биш улс төрийн хулгайч нартай тэмцэнэ. Улсын мөнгийг шамшигдуулдаг хударгагүй явдал багасах юм биш үү.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Японы харилцааны тулгын чулууг тавилцсан эрхэм

Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиосон билээ. дайны дараахь хүнд хэцүү он жилүүдэд хүйтэн дайны төмөр хөшгөөр тусгаарлагдаж байсан хоёр улс өнөөдөр бие биеэ чухалчилсан дотно түншүүд болсон. Манай хоёр орны улс төр, эдийн засаг, урлаг соёл, боловсрол гээд бүхий л салбарын харилцааны үндэс эх суурь тавигдахаас эхлэн өдий зэрэгтээ өргөжиж тэлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатар гуай юм. Тэрбээр анх Японтой харилцаа тогтоосон үеэс гар бие оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсад Монголоо төлөөлөн Элчин сайдаар улиран томилогдож ажилласан баялаг түүх намтартай эрхэм. Түүний туулсан амьдралын замнал, хоёр улсын харилцаанд оруулсан үүрэг ролийн тухай хуучилж өнжлөө.

С.Хүрэлбаатар гуайнх Монголдоо ирээд төвхнөж амжаагүй байгаа хэрнээ бидний саналыг уриалгахнаар хүлээж авсан юм. Бид ч товлосон цагтаа гэрт нь очив. Гэрийн эзэгтэй хаалгаа нээн инээмсэглэн угтаж, “Та хэдийн өмнөхөн Японы өдөр тутмын сонины хоёр сурвалжлагч ирсэн.

Манай хүнээс ярилцлага авч байгаа юм” гэлээ. Зочны өрөөнд ортол тэдний ярилцлага өндөрлөж байгаа бололтой. Гадаадын сэтгүүлчид бидэнтэй нэрийн хуудсаа солилцонгоо “С.Хүрэлбаатар гуай манай улсад Элчин сайдаар удаан хугацаанд ажилласан нэр хүндтэй хүн. Тиймээс Монголд ажиллах хугацаандаа түүнээс ярилцлага авах завшаан тохиолоо” гээд инээв. Гэрийн эзэн холоос ирсэн зочдоо үдсэнийхээ дараа “Одоо та хэдийн байцаалтад ороход бэлэн” гэж инээмсэглэсээр буйдан дээрээ тухаллаа.

С.Хүрэлбаатар гуай 2009 онд Элчин сайдаар томилогдож олон жилийн дараа ийн ирж байгаа аж. Тиймээс ачаа тээшээ бүрэн цэгцэлж, ажлын өрөөгөө тохижуулж амжаагүй гэж байлаа. Холоос ирсэн хайрцагтай номуудаа нэг буландаа өржээ. Эднийх хоймортоо “Сорхууд” гэсэн уйгаржин бичээс өлгөсөн нь нүдэнд тусав. Хажуухан талд нь “Эрдэм” гэсэн үгийг бас байрлуулжээ. Тодруулаад асуутал “Манайх Сорхууд овогтой. Тиймээс ургийн овгоо ингэж бичүүлж дээдэлсэн хэрэг. Харин “Эрдэм” гэдэг үгийн тухайд манай хүүхдүүдийн нэр юм. Ач, зээ нарын нэрэнд ”Эрдэм” гэсэн үг орсон байдаг” гэв. С.Хүрэлбаатар гуайнд зочилсон хэн бүхний нүдийг хужирлах зүйл бол үзэсгэлэнт эмэгтэйн уран зураг. Тэр бүсгүй бол түүний гэргий Д.Гандиймаагийн залуу халуухан насных нь төрх ажээ. Гэрийн эзэгтэй энэ тухай ярихдаа “Хүмүүс манайд орж ирээд хэний зураг вэ гээд асуухаар нь Хүрлээгийн найз бүсгүй гэж хэлдэг” хэмээн инээв. “Анх надтай танилцаж, миний хайрыг татаж байсан тэр төрх нь болохоор миний найз эмэгтэй мөн байлгүй яахав. Ханийнхаа 50 насны ойгоор зураач Мөнхцэцэгт захиалж зуруулсан юм” гэж С.Хүрэлбаатар гуай тодотголоо. Зочны өрөөний ханыг чимэх өөр нэг зураг бол Японы нэрт дуучин Яширо Акигийн бүтээл байсан юм. Тэрбээр сайн дуулаад зогсохгүй уран зурагт авьяастай нэгэн ажээ. Нөхөр нь ч уран гартай хүн байдаг гэнэ. Ингээд дуучин бүсгүй нөхрийнхөө урласан аягыг харж зурснаа С.Хүрэлбаатар гуайг албанаасаа буухад нь дурсгал болгож өгсөн юм байна. Энэ мэтчилэн сайхан түүх, дурсамжтай бүтээлүүд эднийд олон байлаа.

АМ БҮЛ ЦӨӨНТЭЙ Ч ОЛНООР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ЭРХЭМ

С.Хүрэлбаатар гуай эхээс ганцаараа. Түүний аав Ц.Содовжамц Ховд аймгийн уугуул хүн байжээ. Нутгаасаа гарч Багшийн сургуулийг дүүргээд Завхан аймагт багшилж байсан юм билээ. Удалгүй цэргийн хүн болж Баянхонгор аймагт ажиллаж амьдрах болсон байна. Харин Элчин сайдын ээж нь Х.Сангидулам гэдэг хүн байсан аж. “Улаан гэрийн Дулмаа гэдэг шиг манай ээж намдаа үнэнч хүн байлаа. 16 насандаа МАН-д элсч гэзгээ тайруулж, цагаан малгай өмсдөг эмэгтэйчүүдийн нэг байв. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар намаа өмгөөлж, хамгаалсан хуралд оролцож яваад хатгаа авч бие барсан даа. Харин аав маань тэрс үзэлтэй хүн байсан” гэж С.Хүрэлбаатар гуай дурсан ярив. Эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцахдаа “Манай хүн айлын ганц охин. Бид хоёрын аав, ээжүүд адилхан Баянхонгор аймагт очиж суурьшсан байдаг юм. Гандиймааг зургадугаар ангид, намайг наймдугаар ангид байхад тэнд очиж билээ. Тэгсэн нэг их хөөрхөн дугуй шар царайтай охин нүдэнд тусдаг юм байна. Сураг сонсох нь ээ таван онцын эзэн гэнэ. Би ч сурлагандаа сайнгүй нөхөр байлаа. Ингээд алхам алхмаар ойртож эхэлсэн дээ. Гэтэл намайг тоодоггүй. Долоон жил араасаа гүйлгэж байгаад хожим миний эхнэр болсон доо. Намайг маш их засч авсан хүн дээ” гэлээ. Ингээд тэд 1973 онд гэр бүл болж, хоёр сайхан хүүхдийн аав, ээж болжээ. Харамсалтай нь том хүү нь идэр залуу насандаа автын ослоор хорвоог орхисон байна. Одоо хүүгийнх нь хоёр хүүхэд Америкт амьдардаг гэнэ. Ач хүү нь бизнесийн чиглэлээр Америк, Японы хамтарсан компанид ажилладаг бол ач охин нь суралцдаг байна. С.Хүрэлбаатар гуайн бага охин гурван хүүхэдтэй бөгөөд одоо Японд ажиллаж, амьдарч байгаа гэсэн. Японы Обирин их сургуулийг төгсөөд Монгол дахь Японы Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Одоо Японы Нийгата мужийн захиргаанд орон нутгийн хамтын ажиллагааг хариуцаж ажилладаг байна. С.Хүрэлбаатар гуай ам бүл цөөнтэй, ач зээ нар нь алс байгаа болохоор баяр ёслолоор тэднийгээ ихэд үгүйлэн санагалздаг биз ээ. Гэхдээ энэ эрхэмд ах дүүсийг нь орлох ойр дотны хүмүүс олон байдаг тухай хуучиллаа. Гэр бүлийн сайн найзуудаа ч бидэнд танилцуулан ярьсан юм. Тухайлбал, багын найз Г.Лувсанцэрэн, Г.Лочин болон Вьетнам, Францад Элчин сайдаар сууж байсан Г.Луузан гуай, Вьетнам, Солонгост Элчин сайдаар сууж байсан П.Үржинлхүндэв, Кубад Элчин сайдаар сууж байсан Б.Нямаа нарыг нэр цохож байлаа. Төрсөн дүүгээс нь өөрцгүй өмөг түшигтэй хүн бол МУГЖ Д.Сосорбарам гуай гэнэ. Тэд нэг орцонд амьдардаг хөршүүд бөгөөд хоол, цайгаа хамтдаа хувааж иддэг тийм дотно ах дүүс юм билээ. Гэрийн эзэгтэй үдийн хоолоо бэлдчихээд “Бууз гарчихлаа. Халуун дээр нь түргэн ороод ир” гээд Со гавьяатыг эхнэртэй нь утсаар дуудав. Д.Гандиймаа гуай “Манай орцныхон амь нэгтэй.

Аливаа баяр ёслолоор хөгшин бид хоёр дээр орж ирж тэмдэглэнэ. Нэг нэгнийхээрээ орж гарцгаана. Хүүхдүүд хол байдаг болохоор хөршүүд маань л бидэнд хань болдог юм даа” гэхэд түүний хань “Манай орцонд дандаа Баянхонгорын гаралтай айлууд бий. Баянхонгорчуудын орцны дарга нь би” гэж хошигнов. Энэ зуур гэрийн эзэгтэй зассан ширээндээ зочдоо зоог барихыг урив. Д.Сосорбарам гавьяат болон түүний гэргий хэзээний эдний хүүхдүүд шиг. Яг л гэртээ байгаа мэт чөлөөтэй байв. Тэдний нөхөрлөл хэзээ яаж үүссэн тухай сонирхтол “Ер нь урд насандаа эхэлсэн байх шүү” гээд инээлдэв. Анх 2002 онд Японы Ханхүү Монголд айлчлан ирсэн цагаас С.Хүрэлбаатар, Д.Сосорбарам хэмээх хоёр эрхэм дотно сайхан харилцаатай болсон юм байна. Японы Ханхүү догшин хутагт Данзанравжаагийн талаар судалдаг, их хүндлэн дээдэлдэг аж. Тэрбээр Монголд ирээд Хамарын хийдэд очихоор болжээ. Ингээд С.Хүрэлбаатар гуай Д.Сосорбарам гавьяаттай уулзаад Ханхүүд гэнэтийн бэлэг барихаар ярилцжээ. Д.Сособарам гавьяатыг Данзанравжаагийн тухай “Хутагтын сахиус” кинонд тоглосныг нь Ханхүү мэддэг байж. Тиймээс музейд байсан хутагтын хувцас хэрэглэгдэхүүнүүдийг түр авч Со гавьяатад өмсүүлжээ. Ханхүүг Хамарын хийд дэх хутагтын бясалгал хийж байсан агуй руу хөтлөөд оронгуут Д.Сосорбарам гавьяат “Үлэмжийн чанар” дууг дуулсаар гарч ирэхэд мань эр нэг хэсэгтээ мэл гайхаж орхисон байна. Үүнээс хойш тэд хоёр орны урлаг, соёлын олон арга хэмжээг хамтран зохион байгуулжээ. Саяхан Японы үндэсний урлагийн фестивалийн нээлтийн арга хэмжээнд Со гавьяат “Домог” чуулгынхаа хамт 45 минут тоглолт үзүүлжээ. Тоглолтын дараа хаан ширээ залгамжлах хунтайж Нарухито Д.Сосорбарам гуайг тусгай өрөөнд хүлээн авч уулзаж, талархал илэрхийлсэн байна. С.Хүрэлбаатар гуай “Тээр жил Хатан хаан манай Элчин сайдын яаман дээр тоглолт зохион байгуулсан юм. Төгөлдөр хуур сайхан тоглодог хүн л дээ. Бас найз нөхдийгөө урьсан. Хатан хаан төгөлдөр хуураа тоглож, Сосорбарам дуугаа дуулаад нэг үдшийг сайхан өнгөрүүлж билээ. Ер нь манай Сосорбарам чинь хаан удмынхантай тун ойр хүн байгаа юм” хэмээн ярилаа. Аливаа ажил үйл төлөвлөөд хөдлөхөд тэдний дөрөө сайхан нийлдэг гэнэ. Ямар сайндаа “Хүрлээ нь хүр хийж, Бармаа нь пар хийж, хүрье гэсэндээ хүрч л салдаг Хүрлээ. Барья гэснээ барж байж дуусгадаг Барам” гэсэн уриа үгтэй болсон тухай С.Хүрэлбаатар гуай хэлж хоолны ширээний ард бяцхан инээд бэлэглэв. Тэд япончуудын тахилгат Фүжи уулан дээр гарч уртын сайхан дуугаа уянгалуулна гэж зорьж байснаа давуулан биелүүлжээ.

Энэ уулан дээр хоёр ч удаа гарч тоглолт хийсэн байна. Одоо тэд Номхон далайд хөлөг онгоцон дээр уртын дуу дуулах мөрөөдлөө удахгүй биелүүлнэ гэсэн өөдрөг бодол тээж явдаг юм билээ. Со гавьяат сүүлийн долоо, найман жил Японтой соёлын харилцаатай байгаа гэнэ. Жилдээ 3-4 удаа очиж тоглолт хийдэг аж. Хокайдо мужаас бусдад нь тоглолт хийжээ. Со гавьяат ярихдаа “Энэ бол Хүрлээ ахын нөмөр нөөлөг. Хүрлээ ах улс төр эдийн засгаас гадна урлагийн талаар их зүйл хийсэн. Японы үндэсний төв театрын тайзан дээр Монголоос Сүглэгмаа, Лхамжав гуай хоёр гарч байсан. Тэр хоёр мундаг хүнээс хойш домог чуулгатайгаа тоглосон доо. Манайхан Японы нэгдүгээр зэрэглэлийн театрт тоглодог” гэлээ. “Үнэхээр урамтай л даа. Би гуйж байгаад зөвшөөрөл авч байгаа шүү дээ. Манай хэд үнэхээр бахархмаар тоглолт зохион байгуулдаг. Тоглолтын дараа Японы тал мөрөн дээр алгадаа. Дахиад тоглоорой” гээд зөвшөөрөл өгөхөд нь маадгар байгаа юм чинь гэж С.Хүрэлбаатар сайд нэмэв. Со гавьяатын “Жамаас” гэдэг дуу Японд хит болж байгаа ажээ. С.Хүрэлбаатар гуайн зочны өрөөний хананд өлгөөстэй байх уран зургийн эзэн алдарт дуучин бүсгүй Яширо Аки “Жамаас” дууг япон хэл дээр олны хүртээл болгосон байна. Сүүлийн үед энэ дуу Японы караокед нэлээд хүчээ авч байгаа аж. Эндээс Монгол Японы соёлын харилцааг хөгжүүлэхэд С.Хүрэлбаатар гуай ямар их хичээл зүтгэл гаргаж, үйл хэрэг бүтээснийг харж болохоор. Мөн Хубилай хаан Япон руу хоёр удаа довтолсон түүхийн жимээр баримтат кино хүртэл бүтээсэн зэрэг соёлын харилцаатай холбоотой хийсэн ажлуудыг нь дурдаад байвал олон.

ЯПОН ОРОНД “ДУРЛАСАН” ТҮҮХ

Японы эзэн хааны олгодог Мандах нарны одонгоор Монголын 12 хүн шагнуулсан байдаг ажээ. Энэ одон зургаан зэрэглэлтэй. Нэгдүгээр зэрэглэлийн одонг Ерөнхий сайд асан Д.Содном гуай хүртэж байв. Харин хоёрдугаар зэргийн одонгоор Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар цоллуулсан юм. Түүнд Японы Ерөнхий сайд одонг гардуулж, эзэн хаан нь биечилж баяр хүргэсэн билээ. Тэрбээр одон олгодог ёс журам нарийн дэг жаягтай байдаг гэж даруухнаар өгүүлэв. Түүний гэргий “Биднийг гэртээ ирэхэд манай байрныхан, найз нөхөд маань гэнэтийн бэлэг барьж, ёстой сайхан халуун дулаанаар угтаж авсан шүү. Орцонд ороод ирэнгүүт шатны хоёр талаар зогсоцгоочихсон. Сосорбарам хадаг тэргүүтэн барьчихсан дуулсаар угтсан гээч. Гэрт ороод ирэнгүүт “Хөсөгтөн” хамтлагийнхан тоглолт үзүүлсэн. Манай хөршүүд гэр орныг минь цэмцийлгээд хоол цай бэлдээд хачин сайхан угтсан. Дээшээ нэг юм огшоод л явчихсан. Баярласан гэж жигтэйхэн” гэв. С.Хүрэлбаатар гуай “Би төрийнхөө хайр хишгийг хүртэж, дипломатч хүний бүх цолыг аваад зогсохгүй Японы эзэн хааны одонг хүртлээ. Миний ажилдаа амжилт гаргасан нь ханийн минь гавьяа. Гандиймаа маань хуульч болох мөрөөдөлтэй хүүхэд байв. Гэтэл тэр хуваариа алдчихаад Эрхүүгийн багшийн сургуульд орсон. Сургуулиа төгсч ирээд дунд сургуульд хичээлийн эрхлэгч боллоо. Сүүлдээ Хотын боловсролын хэлтэс, Ардын боловсролын яаманд мэргэжилтнээр ажиллаж байлаа. Дараа нь 18 дугаар сургуулийг орос сургууль болгоход хичээлийн эрхлэгч болсон. Тэндээ тогтвортой ажиллаж чадаагүй. Намайг дагаад “тэнэсэн” хүн дээ. Хань минь Элчин сайдын яаманд үйлчлэгч, бичээч, нягтлан гээд бүх ажлыг хийжээ. Миний жинхэнэ ар талыг хариуцаж явсан хүн юм” гэлээ.

Японы эзэн хааны одонг зүгээр хаа хамаагүй хүмүүст олгочихдоггүйг бүгд мэднэ. Хоёр улсын харилцааг шинэ шатанд ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тийм гавьяатай хүн хүртдэг. С.Хүрэлбаатар Элчин сайдын хувьд анх Япон оронтой хэрхэн холбогдсон түүх тун сонирхолтой юм билээ. Тэрбээр энэ тухайгаа бидэнд ярихдаа “Миний хувь тавилан бол Японоор мэргэжих ёстой байж гэж боддог юм. Бидний үеийн хүүхдүүд байлдаж тоглодог байлаа. Дайсны цэрэг боллоо гээд япон юм уу гамин болно. Тэгээд ардын цэргүүд тэднийг олзлоно, шоглоно. Тэгэхээр гамин, самурай болох дуртай хүүхэд гэж байхгүй. Гэтэл би дандаа япон цэрэг болно. Тэрэндээ их дургүй байв. Нийгэмд Япон орны талаар таагүй мэдээ дуулддаг байсан. Ингээд 1964 онд гэрэлтэй мэдээ сонсч билээ. Токиогийн олимп болсон юм. Токиогийн олимпод оролцсон тамирчид эргэж эх орондоо ирсэн. Нэг удаа хичээлээ тараад гэртээ иртэл Токиогийн олимпод оролцсон тамирчин аавтайгаа манайд ирчихсэн байлаа. Аав нь манай аавтай найз. Би зургадугаар ангийн хүүхэд байв. Тэдний яриа амттай гэж жигтэйхэн. Дотроос сэтгэл хөдөлгөсөн зүйл бол тэнд нэг нэгэндээ хүн ёсоор хандаж, их хүндэтгэж харилцдаг тухай байв. Тэрнээс хойш Япон орон миний сонирхлыг их татаж билээ. Сонин хэвлэл дээр Япон оронтой холбоотой гарсан зүйлүүдийг хайчилж, хадгалдаг байлаа. Япон хэл мэддэг хүн бараг байхгүй, сурах бичиг ч олддоггүй байсан цаг үе. Аравдугаар ангиа төгсөөд Япон явах хуваарь байдаггүй. Тэгээд Баянхонгорын Наранхүү дипломатч гэж сайхан хүнтэй санамсаргүй тааралдаад өөрийнхөө зорилгыг хэлтэл Москвагийн олон улсын харилцааны сургуульд сур гэж зөвлөсөн. Сураглатал улсын хэмжээнд хуваарь ирээгүй байв. Сургуулиас хоцрохгүйн тулд Багшийн дээд сургуулийн орос хэлний ангид элслээ. Хоёр жилийн дараа “Японтой харилцаа тогтоох хугацаа ойрхон болж байгаа гэнэ. Гадаад яам мэргэжилтнүүдээ бэлтгэхийн тулд Москвад сургуульд явуулах гэж байгаа” гэдгийг олж мэдэв. Ингээд шалгалт өгч тэнцээд Москвад очлоо. Япон үсгээ нүдлээд сурч эхэлж байтал Монголын Элчин сайдын яамнаас дуудаж байна. Москвад байгаа Японы Элчин сайдын яамнаас манай Элчин сайдын яаманд ирүүлсэн ноот бичиг байв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар уулзалт хийе гэсэн агуулгатай байсан. Лениний номын санд суугаад ханз болгонуудыг тайлж уншиж байж орчуулсан болж билээ. Япон Монголын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд анх дипломат харилцаа тогтоосон байдаг юм. 1975 онд би төгсөх ангийн оюутан Элчин сайдын яаманд долоон сар дадлага хийсэн дээ. Улс төр, эдийн засгийн, консулын гээд бүх хэлтсүүдэд нэг, нэг сар дадлагажив. Энэ нь намайг дипломат ажилтан болох сайн эхлэл болсон. 1976 онд сургуулиа төгсөөд л Гадаад яаманд ажилд орсон. Ажлаа орчуулагчаас эхэлсэн надад тун азтай тохиолдол учирсан юм. Тэр үед Японы ЭСЯ дөнгөж байгуулагдаад манай яамнаас орчуулагч өгөөч гэж хүсэлт тавьсан байв. Манай яамны Нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон гэдэг хүн намайг дуудаад, сайн ажиллаад, гол нь япон хэлээ сайжруулаад ир гэв. Ингээд тухайн үед хоёр орны хооронд дайны төлбөрийн асуудал шийдэх, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулах, энэ дагуу буцалтгүй хөрөнгө оруулалтаар комбинат байгуулах зэрэг ажлууд хийгдэж байсан. Бүх л яриа хэлэлцээ уулзалтад ордог, орчуулдаг ажилд томилогдсон. Тэр үед Элчин сайд Акияма гэж туршлагатай хүн байсан. Энэ хүн намайг алдаа мадаггүй орчуулга хийж сурахад их боловсруулсан. Ингээд нэг жилийн хугацаатай Элчин сайдын яаманд ажиллах томилолт авсан би Акияма Элчин сайдыг буцтал ажиллахаар болов. Тэрбээр намайг дэргэдээ хоёр жил шахам байлгасан. Энэ хугацаа надад хэлээ сайжруулах, япон хүмүүстэй ажиллаж, тэдний арга барилыг суралцах, тус орны талаар таньж мэдэх дээд сургууль болсон доо” гэв.

С.Хүрэлбаатар гуай Гадаад харилцааны яаманд Япон орныг хариуцсан референт, орчуулагч, атташе, гуравдугаар нарийн бичиг, хоёрдугаар нарийн бичиг, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Азийн газрын даргаар хоёр удаа ажиллаж байжээ. Мөн Японд Монгол Улсаа төлөөлсөн Элчин сайдаар улиран томилогдохоос өмнө Хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Тэрбээр Япон Монголын харилцааны суурь тавигдаж байсан үед нь орчуулагч хийж, цаашлаад хоёр орны харилцааны механизм бий болгоход нь чимхлүүр ажлыг шат шатаар ахиулахад оролцож явсан юм. Тодруулбал, Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн 42 жилд нь хүчин зүтгэсэн билээ.

С.Хүрэлбаатар гуай хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцахдаа “Манай хоёр орон өнөөдөр олон улсын талбар дээр бие биеэ дэмжсэн сайхан хамтын ажиллагаатай байна. Бүс нутгийн асуудлаар, Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг хангах. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах зэрэг чиглэлээр хоёр орон байнга уулзаж, ярилцдаг уламжлал тогтож байна. Мөн глобал асуудлаар ярилцдаг. Япон орон бол Монгол Улсыг Зүүн Азид явагдаж буй интеграцийн үйл явцад нэгдэх талд нь дэмжлэг үзүүлэх талаар идэвхтэй сайн ажиллаж байгаа. Хоёр улс харилцаагаа сайн явуулахын тулд ярьж, тохирсон зүйлүүдээ хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг сайн тавьсан. Үүнийгээ тодорхой хэрхэн яаж урагшлуулах тал дээр механизм бий болгосон. Монгол Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтуудыг найман удаа хийлээ. Шинээр стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны(2012-2017 он) хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо 2017-2022 оныг хүртэлх дараачийн дунд шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Бүх асуудал дардан замаар явна гэж юу байхав. Тэгэхээр хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг илүү сайн ахиулах ёстой. Хувь хүмүүс хоорондын солилцоог өргөжүүлж байх ёстой. Худалдаа эдийн засгаа өргөжүүлэхэд анхаарах зүйлс ч байгаа. Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу татваргүй бараа гаргах эрх зүйн үндэс бүрдсэн. Манай зүгээс Японд юу хэрэгтэй байгааг нь судлах хэрэгтэй. Тэрийгээ үйлдвэрлэхийн тулд япончуудтай хамтран зохион байгуулах нь чухал. Үүнийгээ Орос, Хятадын зах зээлд давхар гаргах зэрэг ажлыг явуулах нь чухал” гэв.

МОРИН ХУУРЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН ГАВЬЯАТАН

С.Хүрэлбаатар гуай гэргийнхээ хамт зургийн цомгоо эргүүлэнгээ олон сайхан хуучны дурсамжуудаа ярьж, хөгжилдөж байгаа нь үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа. Анх үерхэж эхэлж байсан үе бололтой, хоёр биенээ гижигдэж байгаа хар цагаан зураг содон харагдав. Мөн бяцхан ач, зээ нарынхаа багын зургийг хараад хооронд нь ялгадаггүй юм гэж ирээд л өхөөрдөнө. “Ирэх зун ач хүү маань найз охинтойгоо ирнэ” гээд эмээ нь ихэд догдлон ярина лээ.

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжлэн ирдэг нь жам. Морин хуур барин суугаа талийгаач хүүгийнхээ зургийг хараад тэд санаа алдав. Аав, ээжийнхээ анхны үр нь болж мэндэлж байсан хүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хойчид нь дурсагдах зүйлийг тэд мөнхөлж чаджээ. Морин хуурыг дэлхийд таниулах туйлын хүсэл тэмүүлэлтэй байсан хүүгийнхээ зорилгыг С.Хүрэлбаатар гуай биелүүлж чадсандаа сэтгэл нь бага ч гэсэн тайвширдаг бололтой. Хүү нь амьд сэрүүн байхдаа “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайг ятгаж, “Ажнайн хуур” хамтлагийг байгуулж байжээ. Ардчилсан хувьсгал эхлэхээс өмнөх үйл явдал гэнэ. Тухайн цагт морин хуур тайзан дээр л байсан болохоос дэлгэрээгүй байв. Тиймээс түүний хүү “Нью арт рок” гэдэг урсгал дэлгэрүүлэх мөрөөдөлтэй байсан аж. Эдний хамтлаг Японд хүртэл очиж тоглодог байжээ. Ингээд С.Хүрэлбаатар гуай хүүгийнхээ мөрөөдлийг гүйцээе гэж зориод морин хуурчидтай танилцаж, хамтарч ажиллажээ. Улмаар морин хуурын нийгэмлэг байгуулсан гэдэг. Тус нийгэмлэг Ерөнхийлөгч Н.Багабандийн үед морин хуурыг дэлгэрүүлэх зарлиг гаргуулж, ЮНЕСКО-д соёлын биет бус өвд бүртгүүлсэн байна. Тэрбээр энэ түүхийг ярьсныхаа дараа өөр нэг гэрэл зураг дээр бидний анхаарлыг аваачив. Тэр бол 1982 оны тавдугаар сарын 19-ний өдрийн зураг байлаа. Энэ өдөр Монголын бөхчүүдийг сумогийн дэвжээнд гаргах яриа өрнөсөн аж. Тэрбээр “Балхаажав гуай Японд олон улсын хуралд очсон юм. Сонирхоод үзчихээр юу байна гэхээр нь сумо барилдаж байгаа үзэх үү гэтэл дуртай хүлээж авлаа. Ингээд сумо бөхийн дараа аварга дээр нь очоод мэндчилээд хамт зургаа татууллаа. Тэгээд сумогийн дэвжээний захирал Оошима гэдэг хүнтэй уулзсан юм. Тухайн үед гадаадын ганц бөх байсан нь Хавайн Такамияма. “Монголд үндэсний бөх барилддаг. Хэрэв манайхаас бөх авчирвал амжилт гаргана даа” гээд би хэлж орхив. Гэтэл биднийг газарчилж явсан парламентын гишүүн Уэда гэдэг хүн их соргогоор хүлээж авч билээ. Тэрээр “Балхаажав гуай хоёулаа үүнийг хэрэгжүүлье. Та Монгол дахь зөвшөөрлийг нь олж өг. Би тэр залуусыг хүлээж авах сургуулийг нь хөөцөлдье” гэсэн. Би тухайн үед Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга байлаа. Ингээд энэ яриа найман жил хөөцөлдөж байж бүтсэн” гэлээ. Хоёр улсын харилцааг бүхий л талаар нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн тэрбээр одоо Монгол Японы нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Тус нийгэмлэг нь хоёр улсын харилцааны байдалд дүгнэлт хийж, өөрсдийнхөө санаа бодлыг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх чиглэлээр ажилладаг гэнэ. Мөн төр засгаас баталсан бодлогыг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг үзүүлдэг ажээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Такаока: Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд бид анхаарч ажиллана

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай ярилцлаа.


-Монгол Японы хооронд найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиолоо. Таны хувьд Элчин сайдаар томилогдож ирэнгүүт тэмдэглэлт ойг зохион байгуулах их ажил угтсан байх?

-Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн. Үүнээс сар гаруйн хугацааны дараагаас Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үйл явдлууд албан ёсоор эхэлсэн байгаа. Энэхүү тэмдэглэлт ойн жилд нэлээд арга хэмжээ зохион байгууллаа. Олон ч хүн гар бие оролцож тусалж дэмжсэнд туйлын их баяртай байна.

Мягмар гаригт Гадаад харилцааны яаман дээр Монгол Японы харилцааны талаар симпозиум зохион байгуулагдсан.

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Занданшатар, Япон Монголын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон улсад Элчин сайдаар олон жил ажиллаад нутагтаа буцаж ирээд байгаа С.Хүрэлбаатар нарын хүндэт зочид оролцлоо. Манай хоёр улсын харилцаа энэ мэтчилэн олон хүмүүсийн дэмжлэг хүчин чармайлтын үр дүнд хөгжсөн. Үүнийг өчигдрийн симпозиумд оролцоод илүү их мэдэрч, ойлголоо. Ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний тухайд олон зүйлийг ярьж таарах байх. Миний хувьд сэтгэлд үлдсэн нь гуравдугаар сард болсон загварын шоу байлаа. Мөн нэрт балетчин Алтанхуяг Японы Комаки балетийнхантай хамтраад Монгол Улсад тоглолт хийсэн.

-Хоёр орны улс төрийн харилцаа сайн байгаа. Өнөө жилийн тухайд японоос нэлээд хэдэн төлөөлөгч айлчлан ирлээ. Энэ нь 45 жилийн ойн хүрээнд өрнөсөн үйл явдал байв уу?

-Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийж Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийсэн. Энэ үеэр таван жилийн хугацаанд хэрэгжих “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Дунд хугацааны хөтөлбөрт 2021 он хүртэлх хоёр орны улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаа болон хүний нөөцийг бэлтгэх зэрэг олон салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тодорхой заалтуудыг тусгасан юм. Олон улсын талбар дахь хамтын ажиллагаанаас эхлээд Япон, Монгол идэвхтэй харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж улам бүр харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийг бий болгохоор зорьж байна. Мөн хоёр улсын тэмдэглэлт ойн арга хэмжээний нэг чухал үйл явдал бол Ш.Абэ Ерөнхий сайдын бие төлөөлөгч Мотоо Хаяаши долдугаар сард Монгол Улсад айлчлал хийж Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд оролцохын хамт түүнд бараалхав. Үүнээс гадна долдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима, есдүгээр сард Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй Төлөөлөгчдийн танхимын гишүүд Монгол Улсад айлчиллаа. Ойн хүрээнд хоёр орны улс төрийн харилцаа ийм өндөр төвшинд идэвхтэй байгаа.

-Япон Монголын харилцааг шинэ шатанд гаргахын тулд талууд юун дээр анхаарч ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

-Манай хоёр орон ардчилсан тогтолцоог эрхэмлэдэг нийтлэг үзэлтэй. Азийн хойд хэсэгт байрладаг, газар зүйн хувьд ойр. Хоёр орны ард түмэн нэн дотно харилцаатай улс юм. Монгол Улс цаашид тогтвортой, бат бөх бодлогыг баримталж ажиллах ёстой. Ингэснээр хоёр улсын харилцаа улам бүр хөгжих үндэс суурь нь бүрэлдэх болно. Одоо улс төр, соёлын салбарын харилцаа идэвхтэй байгаа. Бизнесийн салбарт энэ харилцаа маань улам бүр хөгжөөсэй гэж бодож байна. Монгол Улс бизнесийнхээ салбарт удаан хугацаанд тогтвортой, ил тод, хууль эрх зүйн орчин бүрдүүлж ажиллах юм бол японы аж ахуйн нэгжүүд монголтой хамтарч ажиллах болов уу. Монгол Улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал.

Манай хоёр улс бүс нутгийн аюулгүй байдлын тал дээр улам илүү хамтран ажиллах ёстой. Монгол Улс НҮБ болоод олон улсын талбарт өөрийн байр сууриа илэрхийлж идэвхтэй оролцож байгааг бид өндрөөр үнэлж байна. Бүс нутгийн тухайд гэвэл Хойд Солонгосын нөхцөл байдал хурцадмал байдалтай байна. Энэ мэтчилэн Япон, Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг авч явах, үүнийг тогтвортой байлгахад цаашид хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд Японы Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам, аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагууд ирж холбогдох хүмүүстэй уулзсан. Мөн энэ зун “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд Японы батлан хамгаалахын салбараас холбогдох албаны хүмүүс ирж оролцсон. Мөн өнөөдрийг хүртэл Японы батлан хамгаалахын сургуулийн захирал Монгол Улсад айлчилсан. Японы батлан хамгаалахын салбарт Монголын зэвсэгт хүчний 50 хүн суралцаж байна. Энэ мэтчилэн олон салбарт бид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх ёстой.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Японоос олгох хөнгөлөлттэй зээл хэзээ орж ирэх вэ. Зээлийн эхний шатны гэрээнд хэдхэн хоногийн өмнө талууд гарын үсэг зурсан шүү дээ?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай төсвийг шинэчлэн сайжруулж, эдийн засгаа сэргээх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсоныг манай улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна. Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлсэн хөтөлбөрийг манай улс дэмжиж, 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гурван жилийн хугацаанд олгохоор болсон. Энэ бол олон улсын байгууллага, донор орнуудын хүрээнд хамгийн өндөр дүнтэй зээл болж байгаа. Эхний ээлжийн санхүүжилт болох 700 тэрбум төгрөгийг энэ ондоо багтааж Монгол Улсад өгөхөөр хичээн ажиллаж байна. Ингэхдээ Монгол Улсын хуулийн дагуу порцедур нь хангагдсаны дараагаар шилжүүлнэ. Тодруулбал, Засгийн газар болон УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэж баталсны дараа шийдэгдэнэ гэсэн үг.

-Мэдээж хөнгөлөлттэй зээлийн зориулалтын үр дүн ямар байхаас хамаарч дараагийн шатны зээл олгогдох байх л даа. Тэгэхээр зээл олгогч талаас хэрхэн хяналт тавьж ажиллах бол?

-Энэ хөрөнгө бол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа, төсвийг шинэчлэн сайжруулах хөтөлбөрт ашиглагдана.Тиймээс манайхаас үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийг Засгийн газар хамгийн үр ашигтайгаар захиран зарцуулаасай гэж найдаж байна. Одоо олгогдох эхний ээлжийн хөрөнгө 2017 оны улсын төсвийн арав хүртэлх хувьтай тэнцэнэ. Монгол Улсын Засгийн газар, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай бодлогын матрицийг байгуулсан байгаа. Үүнийг Монгол Улсын Засгийн газар хэр чандлан сахиж хэрэгжүүлэх вэ гэдгийг хөндлөнгөөс ажиглаж, дүгнэлт хийж явах болно. Макро эдийн засгийн тухай Монгол Улс төсвийн сахилга батаа чандлан сахиж ажиллах нь чухал. Бодлогын матрицийн дагуу Монголын тусгай татварууд нэмэгдэж байгаа. Татвар нэмэгдсэнээр улсын орлого дээшилнэ. Энэ мэтчилэн төсвийг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрхэн авч хэрэгжүүлэхийг бид ажиглаж ажиллах болно. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг урьд нь олон удаа авч байсан. Тиймээс дахиж олон улсын байгууллагаас тусламж авахааргүй энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Сүүлийн үед нүүрс, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголын нөхцөл байдалд эерэг зураглал харагдаж байна. Хэдий ийм байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаар эдийн засгийг сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Бид бүхэн үүн дээр анхаарч ажиллах болно. Эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахын тулд шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулж, үр ашгийг нь хүртэх ёстой. Тиймээс энэ асуудал даруй шийдэгдээсэй гэж хүсч байна.

-Япон Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Монголын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд татваргүй гарах боломж бүрдсэн. Гэвч манайхан энэ боломжоо ашиглаж чадахгүй байгаа. Учир нь үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай. Тэгж байж Японы зах зээлд чанартай стандартад нийцсэн бүтээгдэхүүн гарах ёстой. Энэ асуудлыг шийдэхэд хоёр улсын хооронд ямар яриа өрнөж байна вэ?

-Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан явдлыг өндрөөр үнэлж байна. Монгол Улсын тухайд гэвэл анх удаа Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ бол манай хоёр орны найрамдлын илрэл гэж харж байна. Сүүлийн үеийн статистикаас хоёр орны худалдааны тоо нэмэгдэж байгааг харлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн болов уу.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголоос Японд экспортлогдох бараа бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлд гарч ажиллах, бараа бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалга нээгдсэн. Одоогийн байдлаар ноолуур зөгийн бал зэргийг японы зах зээлд гаргахаар хичээн ажиллаж байна. Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүн гаргахад Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар сав баглаа боодол гээд олон зүйл манай улсын чанар стандартад нийцсэн байх шаардлага тавигддаг. Дээрээс нь Японы зах зээл яг ямар бараа бүтээгдэхүүн хүсч байна гэдгийг судалж үзэх шаардлагатай. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол зөвхөн худалдааных биш. Үүнд хөрөнгө оруулалт гээд олон салбар хамрагдаж байгаа.

-Японы өндөр технологийг Монголд нутагшуулах тал дээр Элчин сайдын зүгээс хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Аливаа техник технологи хөрөнгө оруулалтаар дамжин орж ирдэг. Хөрөнгө оруулах нөхцөлийг Монголын тал өөрсдөө бүрдүүлж бий болгох ёстой. Тэгэхээр Японы засгийн газар иений хөнгөлөлттэй зээл, тусламжаараа дамжуулан өндөр технологийг Монголд нутагшуулахад хувь нэмрээ оруулах болно. Шинэ нисэх онгоцны буудал үүний нэг жишээ юм. Япон маягийн менежментийг Монголд нэвтрүүлбэл эдийн засагт үр өгөөжөө өгөх болно. Мөн саяхан барилгын бүтээцийнхээ үндсэн ажлыг дуусгаад байгаа Япон Монголын сургалтын эмнэлэг байна. Ирэх жил нээлтээ хийх бөгөөд Монголын анхны сургалтын эмнэлэг гэдгээрээ онцлог юм. Үүгээр дамжуулан бид Монгол Улсын эрүүл мэндийн төвшинг сайжруулж, энэ салбарт үнэтэй том хөрөнгө оруулалт хийж байна. Тус эмнэлэгт Японы эрүүл мэндийн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмжүүд суурилагдах болно. Мөн Жайкагийн хамтын ажиллагааны төслүүд, менежментийг сайжруулах төслүүд хэрэгжих болно.

Дээрхээс гадна Өмнөговийн Цогтцэций суманд Японы “Софтбанк” Монголын “Ньюком” компанитай хамтран 50 мВт-ын салхины цахилгаан станц байгууллаа. Дархан явах замд монгол японы компани хамтран “Мон наран” нарны цахилгаан станц барьсан. Энэ мэтчилэн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнесийн салбарт хамтарсан төслийг амжилттай зохион байгуулж, түүхэн бүтээн байгуулалтуудыг үлдээх ёстой.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг нь японы гурван компани авч явах байх аа?

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг японы хөнгөлөлттэй зээлээр барьсан. Энэ нисэх онгоцны буудлын менежментийг японы гурван компанийн консерциум авч явахаар шийдсэн байгаа. Нисэх буудлын холбогдох асуудлыг шийдэж, түргэн шуурхай ашиглалтад оруулах явдал зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдээд зогсохгүй олон салбарт үр ашгаа өгнө.

-Түүхэнд үлдээх бүтээн байгуулалтыг Монгол Улсад цогцлоох нь хоёр улсын харилцааны нэг үр дүн гэж та хэллээ. Манай улс дагуул хот байгуулах тухай ярьж, төсөл загварууд гаргаад ажиллаж байгаа. Японы талаас энэ их бүтээн байгуулалтад оролцох сонирхол бий юу?

-Үүнд хариулт өгөхөд эрт байна. Харин бид бүхэн Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй холбоотойгоор олон төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Мөн Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажилласан. Одоо бүтээн байгуулж байгаа Япон Монголын сургалтын эмнэлгийн төв бол Улаанбаатар хотоос зайдуу газарт сонгогдсон. Нийслэлийн төвлөрөлийг сааруулахад энэ эмнэлэг бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх.

-Хүнээ хөгжүүлж чадсан улсууд өнөөдөр дэлхийд эдийн засаг хөгжлөөрөө тэргүүлж байгааг бид бүхэн мэднэ. Дэлхийн II дайны дараа Япон улс чадалтай инженерүүд бэлдэхэд онцгой анхаарсны үр дүнд арал дээр өндөр хөгжилтэй орныг цогцлоож чадсан. Тиймээс энэ туршлагаа монголчуудад түгээж байгаад манай улсын хувьд талархалтай байдаг. Нийтдээ 1000 инженер бэлдэнэ гэж байгаа. Энэ тоог нэмэгдүүлэх боломжтой юу?

-Боловсрол бол маш чухал салбар. Монголоос Японд 2000 гаруй оюутан их, дээд сургууль, судалгааны байгууллага гээд олон салбарт боловсрол эзэмшиж байна. Япон улсад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлээд Монгол Улсдаа эргэн ирж ажиллаж байгаа залуусыг харахад үнэхээр сайхан байдаг. Монгол хүн бол олон талын авьяастай чадварлаг. Японд 1000 инженер бэлтгэх төсөл 2014 оноос эхэлсэн бөгөөд есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд одоогийн байдлаар 250 орчим оюутан залуус Япон улсад суралцаад байна. Монголын боловсролын салбарт Япон улс өнөөдрийг хүртэл сайн хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Өнөөг хүртэл нийт 55 сургуулийг японы буцалтгүй тусламжаар байгуулсан шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод дөрвөн сургууль барихаар хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичигт гарын үсэг зурсан байгаа. Энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах боломжтой. Байгаль орчинд ээлтэй, аливаа гамшигт тэвэртэй. Монгол Улсад загвар сургууль барихаар болсон байгаа. Мөн 1990 оноос эхэлсэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй төсөл хэрэгжүүллээ. Ихэнх нь боловсролын салбарт чиглэсэн.

-Та Монголд анх удаа томилогдон ажиллаж байгаа хүн. Өөрийнхөө тухай болоод манай улсад ирээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулахгүй юу?

-Миний бие их сургуулиа төгсөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд дипломатчийн албан ажлыг гүйцэтгэж ирлээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Элчин сайдаар томилогдон ирсэн. Хэдхэн өдрийн дараа нэг жил болох гэж байна. Наашаа ирэхээсээ өмнө Монгол орны өвөл маш хүйтэн гэж дуулсан. Тэгээд энэ хүйтнийг мэдрэхээр их сэтгэл хөдөлж ирсэн шүү. Улаанбаатарт ирэнгүүтээ орчин үеийн том хот байсныг хараад их гайхсан. Монгол орны өргөн уудам, хөдөө хээр нутаг, байгалийн сайхан надад үнэхээр таалагдсан. Энэ өргөн уудам нутагтай Монгол Улсын хүн ам улам өсч нэмэгдээсэй гэж хүсч байна.

-Та саяхан Японы эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалт дээр монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Ер нь монгол хэл сурахад түвэгтэй байна уу?

-Амаргүй юм билээ (инээв). Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр ирсэн хүндэт зочдодоо монголоор мэндчилгээ дэвшүүлсэн байгаа. Тухайн өдөр би чадлынхаа хэрээр мэндчилгээ дэвшүүлсэн дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар өглөө бүр хүүхдүүдтэйгээ мэндчилэн угтаж хэвшээсэй


Нийслэлийн 204 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч өглөө болгон үүдэндээ зогсоод хүүхэд нэг бүртэй мэндчилэн элэгсэг дотноор угтдаг байна.

Тэрбээр бүх хүүхдийг нэрээр нь дуудаж, энхрий зөөлөн үгээр цэцэрлэгтээ тавтай морилно уу гэж урина. Эхэндээ жаалууд “Энэ хэн бэ” гэсэн янзтай нүдээ эргэлдүүлэн гайхаж бишүүрхдэг байжээ. Хэд хоногийн дараагаас тэд цэцэрлэгийнхээ хаалгаар оронгуутаа “Сайн байна уу эрхлэгчээ, сайхан амарсан уу” гээд л шулганалдан түрүүлж мэндчилдэг болжээ. Тэр цэцэрлэгт хүүхэд нь явдаг танил маань ярихдаа “Манай хүүхэд цэцэрлэгтээ явах жаахан дургүй байсан. Харин одоо их дуртай болсон. Дээрээс нь өөрөөсөө ахмад хүнтэй түрүүлж мэндчилж сурсан шүү” гэв. Хүн болох багаасаа гэдэг энэ дээ. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн угталт хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Түүнээс бусад цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нар ч суралцах хэрэгтэй.

Америкийн дунд сургуулийн захирлууд сурагчдаа өдөр бүр тосон авдаг нь хэвийн үзэгдэл. Зарим нь бүр сургуулийнхаа хашааны үүдэнд зогсоод машинаар хүүхдээ хүргэж ирдэг аав, ээжид нь хашааны хаалгыг нь нээж өгдөг. Энэ бол барууны өндөр хөгжилтэй орнуудад хэзээнээсээ тогтчихсон хэвшил. Харин манайд бол дарга, захирал гэдэг хүн өрөөндөө шигддэг буруу жишигтэй. Дарга гэдэг хүн аймаар, бүгдийг захирдаг гэсэн буруу ойлголтыг хүүхдэд багаас нь өгөөд байгаа юм. Тиймээс сурагчид захирал гэдэг үгийг сонсохоороо бараг сүнсээ зайлтал айцгаадаг. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд хадны мангаа аятай хүүхдүүдийн ой тоонд хоногшиж байхаар тэдэнтэй ойр байж, ядаж л өглөө бүр мэндчилэн угтахад юу нь болдоггүй юм бол?


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганбаатар: МАНАН-гийн олигархиудад захиалгаар төлбөртэй жүжиг тавьж байна

МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн бямба гаригт О.Баасанхүү гишүүн 1000 төлөөлөгчтэй намынхаа их хурлыг хийлээ. Энэ их хурлаар түүнийг МаХн-ын даргаар сонгосон гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол тоглоомын жүжиг байлаа. О.Баасанхүү өнөөдөр МАХН дарга болсон гэж өөрийгөө цоллолоо. Маргааш Ардын нам, Ардчилсан намын даргаар өөрийгөө бас цоллоод явхад хэн ч гайхахгүй боллоо. Энэ бол улс төрийн хувьд инээдмийн жүжиг болчихлоо. О.Баасанхүү ийм гунигтай байдалд өөрийгөө оруулсанд харамсаж байна. Хууль бус энэ цуглаанд хууртагдаж хүрэлцэн ирсэн хүмүүст би зөв мэдээлэл өгөх гэж орж уулзсан. Олон хүмүүст ухуулж тэр хурлаас нь гаргасан. Ийм зүйл Монголын улс төрд болон бусад намуудад бүү тохиолдоосой.

-Энэ үйл ажиллагааны урилга МаХн-ын удирдла-гуудад ирсэн үү?

-Урилга огт ирээгүй. Харин урилга өгөөч ээ гэж манай шударга гишүүд, намын удирдлагууд хүссэн. Ц.Оюунбаатар дарга, З.Баянсэлэнгэ, Б.Шаравдорж дарга нар маань төрийн ордонд нэвтрэн орох үнэмлэхтэй байсаар байтал оруулаагүй. Төрийн ордонд цагдаа хүчний байгууллагаар өндөржүүлсэн хамгаалалт гаргуулсан байсан. Ингээд тэд манай намын удирдлагуудын биед нь хүч хэрэглэн ордонд нэвтрүүлээгүй. Ингэж хуралдсан хурал ч гэж юу байхав дээ.

-Танай нам ингэхэд хэдэн гишүүнтэй вэ. О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн гэхээр тэр хурал МАХН-ын албан ёсны хурал биш гэж та хэлж байна уу. Тэдгээр төлөөлөгчдийн шийдвэр хүчин төгөлдөр биш гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд миний бие нэр дэвшиж байхад 410 мянган сонгогч санал өгсөн. Тиймээс МАХН 410 мянган гишүүд дэмжигчидтэй гэж боддог. Төрийн ордонд цугларсан 1000 хүн бол манай намын төлөөлөгчид биш. Ардын нам, Ардчилсан нам, исүст итгэгчид байгаа. Цөөн хэд нь МАХН-ын гишүүн байх. Хаа хамаагүй хүмүүс цуглуулж МАХН-ын нэрийн дор хурал зохион байгуулсан. Тэдэнд ямар ч тамгагүй, хууль ёсны эрх бүхий төлөөлөл байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр шийдвэр гэхээсээ илүү О.Баасанхүү, Бямбасүрэн гэсэн хоёр хүн МАНАН-гийн олигархиудад захиалгаар төлбөртэйгөөр хийж байгаа жүжиг гэж ойлгож байна

-МАХН-ын албан ёсны дарга нь Н.Энхбаяр хэвээр гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр байгаа. Манай МАХН хүчирхэг удирдагчтай хүчтэй манлайлагчтай социалдемократ үзэлтэй нам. МАНАН-гийн арга барсан энэ үйлдэл нь хүчтэй удирдагч руу дайрахаар илэрч байна. Тэдэнд ийм хүчтэй удирдагч байхгүй. Харин бид Монгол орныхоо ирээдүй, ард түмнийхээ төлөө олон зүйлийг хийж чадна.

-Ер нь мянган хүнийг хотод авчруулж, зочид буудал, замын унаа, хоол ундаар нь даагаад хурал зохион байгуулна гэдэг зардал өндөртэй. Тэгэхээр О.Баасанхүүгийн цаана хэн нэгэн мөнгөтэй хүн байх талтай гэж нийгэм хараад байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ихэнх нь Баянгол зочид буудалд байрласан. Тэнд 160 мянган төгрөг, үнэтэй өрөөнд 200-гаад хүн байрлуулсан. Маш бийлэгжүү төрийн өндөр хамгаалалтанд хийж байгаа явдал нь МАНАН-гийн дээрээс шидсэн олигархийн чулуу гэж ойлгож байна Энэ зэргийн саад бэрхшээлийг даваад гарах тэнхээтэй хэрсүүжсэн нам. ХҮН-ыг тэд өлгийн дотор нь үгүй хийсэн. Харин МАХН бол хүчирхэг гишүүд дэмжигчидтэй лидертэй хүчтэй нам.

-МАХН яагаад ингээд хоёр хуваагдчихав аа. Юунаас болов?

-Энэ бол МАНАН-гийн амьдрах хугацаа нь дуусаж байна гэсэн үг. Тэдний амьдрах арга бол ард түмний итгэлийг авч байгаа МАХН–ыг хуваах хүчгүйдүүлэх явдал тэд нарын амьд гарах гарц боломж гэж харж байна. Гэвч энэ нь талаар болно. Тэдний хүслээр болохгүй.

-О.Баасанхүүг намаасаа хөөчихөөр танай нам Их хуралд суудалгүй болчихож байгаа юм биш үү?

-Одоо бид УИХ-д суудалтай байгаад ямар ашигтай байна. Суудалтай байлаа гээд тэр намаа төлөөлж буй ганц нөхөр нь намынхаа эсрэг, Эрдэнэтийн 49 хувийн эсрэг кноп дараад байж байна шүү дээ. Ийм увайгүй байдлыг таслан зогсоох ёстой. О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь миний эсрэг ажилласан. Өнөөдөр МАХН түүнтэй түүнгүй Монголын томоохон нам. Дараагийн сонгуульд бид ялалт байгуулах ард түмнийхээ, иргэдийнхээ итгэлийг даах нам гэж үздэг.

-Дотроо талцаж, намаа ингэж муухай харагдуулж байхаар учир зүйгээ олцгоож болдоггүй юм уу?

-Дотроо талцаж муухай харагдуулахыг МАНАН-гийн бүлэглэлүүдээс захиалгаар О.Баасанхүү, Бямбасүрэн хоёр хийсэн.Үүнийг бид хийгээгүй.Тэдэнтэй ойлголцох боломжгүй. Учир нь тэр хоёр захиалагчдынхаа захиалгыг авсан болохоор өөрийн гэсэн мэдэл толгой байхгүй болсон. Монголын ард түмэн ойлгож байгаа.

-Улс төрийн хүрээнийхэн таныг өмнө “ХҮН-ыг үгүй хийсэн. Одоо МАХН-ыг үгүй хийх гэж байна” гээд байх юм?

-Намайг хаана байна МАНАН-гийнхан дандаа айж байдаг. Тийм учраас ХҮН -ыг бас хүчтэй болно гэж тэд үгүй хийсэн. Одоо МАХН-ыг үгүй хийхээр санаархаж байгаа ч энэ бол хүчтэй тэнхээтэй том нам. Тэд бол биднийг улам хүчирхэг болгож дэмчигчдийг маань улам нягтруулж Монголын ард түмэн ойлгоход анхаарлын төвд оруулж байгаагаа өөрсдөө мэдэхгүй л байна. Муу юмнаас сайн юм үүсдэг гэдэг. Бас сайн юманд садаа мундахгүй ч гэж хэлдэг. Бид сайн зүйл сайхан монголынхоо төлөө тэмцэж байгаа учраас ийм садаа байлгүй яахав. Энэ садааг давах тэнхэл МАХН-ын гишүүд дэмжигч бидэнд бүрэн дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Харин 2018 ондоо ямар ч чадамжгүй хүчгүй болсон энэ УИХ-ыг тараахын төлөө бид хүчтэй ажиллана. Одоо бас ямар ч чадамжгүй Засгийн газар байгуулагдчихлаа. Тиймээс бид Засгийн газар болон, УИХ-ыг тараахын төлөө хүчээ төвлөрүүлж ажиллана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ?

Хүйтний эрч чангарч айл болгон идэш уушаа базааж эхэлж байгаа энэ үед “Эмээлт” зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тэнд баруун чиглэлийн аймгуудаас авчирсан малыг амьдаар нь эсвэл махалж наймаалцдагийг хүмүүс сайн мэднэ. Гэтэл энэ зах дээр мал тамлаж, яргалж, нядалж байгаа тухай бишгүй л мэдээлэл бий. Саяхан “Эмээлт” зах дээр ажлаар очихдоо ийм дүр зурагтай нүүр тулав. Шалаанзны тэвш пиг дүүрэн хонь ачсан малчин холын аймгаас зорин иржээ. Энэ хүйтэнд ямар ч салхи хаах хаалтгүй төмөр тэвшин дээр цоо ил, идэх ширхэг ч өвс өгөлгүй амьд малыг зарж байх юм. Хонинууд тэр холоос хичнээн хоног идэх хоолгүй ингэж зовж ирсэн бол гэж бодохооос малчин Монголын хувьд гол гороож байв.

Шүдээ хяхтнуулан хавирах хонинуудын шилбэ нь хөлдүүс болчихсон бололтой. Төмөр тэвшний шал мөсөн коток шиг гөлийж, завсар зайгаар нь хонины шээс урсаад хөлдчихсөн байлаа. Дээр нь зогсож байгаа тэр олон хонины таг таг хийн гишгэлцгээх чимээ одоо ч чихэнд сонсогдох шиг болж байна. Хахир хүйтэнд амьд малыг ингэж яргалж байгааг харсан хэний ч өр эмтэрнэ. Гэтэл өнөөх малчин залуу тэдгээр хонийг зүгээр л мөнгө гэж харж байгаа нь харамсалтай. Олон амьд бодьгал зовж, тарчлуулж байхад тоосон ч шинжгүй төдөн төгрөгийн үнэтэй гээд хэлээд зогсож байх юм. Ингэхэд тэдэнд мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ. Хэдийгээр мал бол малчдын өмч л дөө. Гэхдээ амьд амьтантай хэрхэн харилцах нь хүний мөн чанарын наад захын асуудал шүү дээ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэргэд Мал амьтны тавлаг байдлын асуудлыг хариуцсан хороо гэж байдаг юм билээ. Манай улс бол гишүүн орон нь. Тиймээс олон улсад мөрдөгдөж байгаа Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн тухай журмыг манай улс даган биелүүлэх учиртай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ журмын долдугаар бүлэг тэр чигээрээ мал амьтны тавлаг байдлыг хэрхэн хамгаалах тухай тусгажээ. Дээрээс нь хэд хэдэн зөвлөмж стандартууд дагаж мөрдөгддөг байна. Хамгийн нэгдүгээрт, малыг яаж тээвэрлэх тухай заагаад өгчихсөн байдаг юм билээ. Тухайн тээврийн хэрэгслийн нэг ам.метр талбайд нэг мал, амьтан байна гээд заасан байх жишээтэй. Түүнчлэн өдөрт хэдэн цаг тасралтгүй тээвэрлэж, хэрхэн амарч, зогсох тухай ч нарийн заалтууд бий. Мөн малыг хэрхэн хүнлэг аргаар нядлах тухай стандарттай. Дэлхий дахин малтай хэрхэн зүй ёсоор харьцах тухай ингэж үзэж байна.

Харин монгол хүн малынхаа өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг огт мэддэггүй. Тэгвэл мал эзнийхээ өмнө адилхан бодьгалын хувьд хариуцлага хүлээдэг шүү дээ. Орчин үед мал эзнийгээ өлсгөхгүй, дааруулахгүй, аливаа хэрэгцээгээр нь дутаахгүй байна. Гэтэл манайхан малтайгаа харилцаж байгаа нь дундад зуунаас ч өмнөх байдалтай байх юм. Тэр үеэс дэвшиж, гийсэн зүйл нь малаа машинаар зөөдөг болж. Хуучин цагт малаа тууварлаж очих ёстой газраа хүргэдэг байсан нь хүнлэг явдал байжээ. Тааваар нь идүүлж, уулгаж, бэлчээрлүүлдэг байсан. Ер нь монголчууд малтай харилцах бүхэл бүтэн ёс заншилтай ард түмэн. Мал зовоосон хүн нутаг орондоо хамгийн нэр хүндгүйд тооцогддог байлаа. Дээр үед манай нутагт далий Жанлав гэж хүн байсан тухай одоо ч хөгшчүүд ярьдаг. Тэрээр уналгын ганц морио нүүр нүдгүй ороолгож, ташуурдаж, малыг их тамладаг хүн байсан гэнэ лээ. Жанлав хөгшин нас ахиад нэг нүд нь хараагүй болж, хөл гар нь муудаж, үеийнхнээсээ эрт өтлөн доройтсоныг нутаг усныхан нь андахгүй. Омголон залуу явахдаа ганц мориныхоо нүдийг гэмтээсэн ажээ. Тэр морь нь зовохын дээдээр зовж байгаад идшинд төхөөрүүлсэн гэдэг. Ингээд Жанлав хөгшний зүүдэнд тэр морь байнга орж хар дардаг болсон тухай ойр дотныхондоо ярьж байжээ. Далий Жанлав 80 хүртэл насалсан бөгөөд хожим харж хандах ч хүнгүй болж ихэд зовж насан өөд болсон гэлцдэг. Хөдөөлүүлэхэд нь эртний уламжлалаар ил тавьсан ч тас шувууд тоож ирэхгүй байсан тухай хуучцуул ярих нь бий.

Энэ бол амьд малтай догшин ширүүн харьцаж байсных нь гор юм. Хэзээнээс малтайгаа зүй бус харьцдаг хүмүүсийг өөдгүй гээд нэг гол усныхан нь хэдэн үеэр нь үздэггүй. Эднийхэн тэгж мал тамлаж байсан өөдгүй гээд л ярьцгаадаг. Мал тамлаж байсан тэрний хүү, охинтой хүүхдээ лав суулгахгүй гэж хориглож, цагдан жигшдэг сэн. Харин орчин үед бидний малтай харилцаж байгаа харьцаа хэтийдлээ. Малыг зүгээр л мөнгө гэж хардаг болсноос ийм байдалд хүрсэн. Үнэндээ таван хошуу мал бол малчдын амьдралыг залгуулж байгаа капитал мөн үү гэвэл яах аргагүй мөн. Зарж борлуулах эрх нь ч тэдэнд бий. Гэхдээ үүн дээр хүнлэг, дэг журамтай хууль үгүйлэгдэж байна. Жишээлбэл, мал нядлах сүүлийн үеийн боловсон цехтэй болох хэрэгтэй. Нийслэл хотоо тойруулаад орон нутгаас орж ирдэг чиглэл чиглэлд нь ийм завод байгуулмаар байна. Нэг ширхэг хонь байсан ч хамаагүй тэнд нядалдаг байя. Нэг талаас нь оруулсан малын мах, арьс нь ангилагдаад гараад ирдэг техник, технологийн дэвшилтэд үйлдвэр барих хэрэгтэй байна. Малаа зовоодоггүй ийм боловсон цехтэй болохын зэрэгцээ алс газраас ачиж ирэхдээ өлсгөдөггүй, дааруулдаггүй, тав тухыг нь алдуулдаггүй нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг болсныг “Эмээлт” зах дээрх харгислал хууль санаачлагчдаас нэхээд байна. Манай нэг танил тус зах дээр адуу нядлахыг харлаа гэж тун баргар царайлан ярьсныг энд дурдмаар санагдлаа. Хашаатай адуу руу нэг залуу арван кг-ийн жинтэй, урт иштэй төмөр лантуу бариад ордог юм байна. Өмнөө тааралдсан адуу болгоны ууцыг нь тэр лантуугаараа хуга цохиж байжээ. Яг зоон дээр нь арван кг-ийнхаа лантуугаар тас, тас хийтэл нь цохиод явангуут өндөг бяцарч байгаа мэт пяд гээд дуугардаг байна. Хойд хоёр хөл нь нугахийж, бөгсөн бие нь тэр чигтээ чирэгдэж, цээжээ даалгүй лүгхийн унах аж. Ингэж адууны хөдөлгөөн хоригдонгуут духан дундуур нь өнөөх төмөр лантуугаараа ганцхан цохиж унагаагаад цээж рүү нь хутга дүрээд амийг нь тасалчих юм гэнэ. “Дахиж би энүүгээр зүглэхгүй” гэж танил маань ярьж билээ. Сүүлийн үеийн малчин монголчууд мал харахаараа нүд нь хорсоод байдаг болчихсон юм уу даа гэж харагдах болсон. Бидний малд хүнлэг бус хандаж байгаа авир нийгэм дээр ч бас мэдрэгдээд байна. Энэ амьдарч байгаа нийгмээ хар л даа. Хэтэрхий харгис, хэрцгий болж сэтгэл түгшээсэн хэргүүд ар араасаа гарч байна шүү дээ. Эрх баригчид, төр удирдагчдын хэрүүл уруул туйлдаа хүрлээ. Эрээ, цээрээ алдаж, элдэв заналхийллээр нэгнийгээ намнадаг нь нууц биш болжээ.

Монголчуудын амьтан тамлаж байгаа өөр нэг хэлбэр бол эр малыг агтлах үйл. Энэ уламжлалт үйлийг хүн бүр мэднэ. Ялангуяа олны танил эрхмүүд засаа савгийг нь идэж байна гээд завжаараа цус шүүсийг сагуулан цахим ертөнцөөр нэг ааг омгоо гайхуулдаг даа. Тэдний дуу алдан идэж байгаа засааг гаргаж авахын тулд малыг яргалдаг гэхэд хатуудахгүй байх. Амьд малаас эд эрхтнийх нь нэг хэсгийг тастаж авах энэ арга ямар ч мэдээ алдуулалтгүй хийгддэг. Баглаж өнхөрүүлж байгаад л засааг нь бахиар чимхэж суга татдаг. Амьд амьтантай ийм зүй бусаар харьцаж болох уу. Мал эмнэлгийн аргаар өвтгөхгүйгээр хөнгөлөх өчнөөн арга байгаа шүү дээ. Хэсэг газрын мэдээ алдуулагчтай, уургийг нь шахах, бичил мэс ажилбар хийх зэргээр хөнгөлж яагаад болохгүй гэж. Тэр нялх, хурга ишигнүүдийг хөнгөлөхийг харахаар хичнээн их өрөвдмөөр байдаг билээ. Бог малын засааг суга татаж аваад цус алдалтыг нь зогсоохын тулд улайссан төмрөөр хайрахад хүртэл зүрх шимширмээр. Энэ бол Чингисээс өмнөх арга байх л даа. Тиймдээ ч манайхан уламжлалт арга гэж өөрсдийгөө өмөөрдөг. Бодит байдал дээр ингэж малаа тамлачихаад яаж дараа нь унаж эдэлж, хүнсэндээ хэрэглэдэг байна аа. Ийм зүйл ярихаар хэтэрхий нялуун санагдаж байж болно. Гэхдээ одоо бид өөрчлөгдөхгүй бол болохгүй. Хэдий болтол уламжлалт зан үйл ярьж суух юм бэ. Хэрвээ манайхны адууг хөнгөлж байгаа бичлэгийг дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн харвал дааж давшгүй торгууль оногдуулна даа.

Бид хүнлэг байхын тулд энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Өнөөдөр бараг эрчүүд болгон хонь муулж чадаж байгаа болохоор хүн хүнээ амархан хөнөөчихөөд байна. Саяхан Америкт хувь хүн хонь гаргасныхаа төлөө цагдаад баригдсан байсан. Дэлхий даяар иргэн хүн амьтны аминд хүрвэл эрүүгийн хариуцлага хүлээж, том гэмт хэрэгт тооцдог болоод байна. Тиймээс манайхан хүн болгон хонь муулдгийг ч эргэж хармаар байгаа юм. Ер нь хонь гаргаж чаддаг хүнийг лицензжүүлдэг болъё. Хуучин цагт албан ёсны зөвшөөрөл энэ тэр байхгүй хэрнээ нэг голд хонь төхөөрдөг хоёр, гуравхан л хүн байсан даг. Тэд зав муутайхан шиг байвал хонь гаргаад өгчих хүн байхгүй гадаа өнөөх нь майлаад л байдаг байж билээ. Иймд хонь төхөөрөх албан ёсны зөвшөөрлийг ч хуульчилж өгөхөд лав буруудахгүй. Хэн нэгэн орлоготой амьдрах орон зайг энэ маягаар хуульчилахад болох юмгүй биз ээ.

Хүн төрөлхтний түүхийг чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үе гэж хуваадаг даа. Тэгвэл монголчуудын мал маллагаа суран зэвсгийн үеэсээ ерөөсөө хөдлөхгүй байна. Адууг эдлэншүүлж сургаж байгаа арга бол тэр чигтээ хүчирхийлэл. Сураар баглаад л сураар балбаад л зомби болгож эрхэндээ оруулж байна. Мал маллагааны хүчирхийлэл өнөөгийн нийгэмд яалт ч үгүй тусаад байгаа. Хуучин нүүдэлчин соёл иргэншилтэй байхдаа хаа тааралдсан газартаа амьдарч байсан. Тэр үед нийгэм харгис байвал ямар хэцүү байдгийг мэддэггүй байж. Харин одоо суурин амьдралтай болчихоод мал маллагааны харгис аргуудаасаа татгалзаач ээ.

Малын тоо толгой өсөн нэмэгдэж, нэг хүнд оногдох тоо хэмжээ ихссэн нь малтай зүй бус харилцах явдлыг өөгшүүлж байгааг үгүйсгэхгүй. Үүний цаад шалтгаан нь ерөөсөө малчид малдаа хүрэлцэхгүй байна. Тэд малдаа цаг зав гаргахгүй байна. Тэгвэл нэг хүнд хэдэн мал оногдох ёстойг нь хуульчлаад өгчихвөл энэ их харгислал, яргалал арилах нэг гарц байж болох юм. Туслах малчинтай байх тусам бүтэн жилийн турш үргэлжилдэг мал аж ахуйдаа малчид зав гаргаж, малынхаа ашиг шимийг дээшлүүлэхэд нэмэртэй. Энэ бол хууль тогтоогчдын хүрээнд яригдах бодлогын асуудал. Эхний ээлжинд малтайгаа харилцах харилцааг өөр шатанд гаргамаар байна. Хүн малыг малладаг нь үнэн. Гэхдээ маллаж амьдралаа залгуулахынхаа хажуугаар алж, тамла гэсэн хууль хаана байгаа юм бэ. Иймд мал маллахдаа, эдлэншүүлэхдээ, ачиж, тээвэрлэхдээ, тэжээхдээ, хүнсний зориулалтаар махлахдаа, хөнгөлөхдөө хэрхэн хүнлэг байдлаар харилцах ёстойг нэг бүрчлэн хуульчилж, тэрийгээ дагаж мөрдүүлэх тал дээр төр онцгой анхаармаар байна.