Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Хятад улс тогтвортой хөгжих нь манай гадаад орчинд таатай нөлөөлнө

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Индратай ярилцлаа.


-БНХАУ-ыг Си Жиньпин насаараа удирдахаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурал ийм шийдвэр гаргасан шалтгаан юу байв?

-Өнгөрсөн 2017 оны аравдугаар сард Хөдөлмөрийн коммунист намын XIX их хурал болсон. Өмнөх жишгээс харахад энэ хурал дээр Си Жиньпиний дараагийн удирдагч одоогийн долоон лидер дотор орж ирэх ёстой байв. Гэвч орж ирээгүй. Энэ үед Си Жиньпин цаашид намын даргаа хийх юм байна гэсэн мессэжийг өгсөн. Ер нь Хятадын нам, цэрэг, төр гурвыг лидер нь нэг биед цогцлоож удирддаг. Ингээд Си Жиньпин намын даргаа цааш авч явах нь тодорхой болчихож байгаа юм. Тэрийгээ дагаад Цэргийн төв зөвлөлийн даргаа аваад явчихдаг. Харин улсын дарга дээр нь нэг хориг байсан. БНХАУ-ын Үндсэн хуулинд улсын дарга болон дэд дарга нь хоёроос илүү сонгогдож болохгүй гэж заасан байсан. Энэ хязгаарлалтыг Мао Зедуны соёлын хувьсгал төгсгөл болгосны дараа Дэн Сяопин улс төрийн нэг реформын хүрээнд хийсэн. Ингэхдээ 1982 оны Үндсэн хууль дээр нэг хүний удирдлагыг хоёр таван жил буюу нийт арван жилээс хэтрүүлэхгүй байна гэж хязгаарлалт оруулж өгсөн. Сүүлийн 30 гаруй жил Хятадын гурван удирдлага таамаглаж болохуйц их эвтэйхэн солигдсон. Тэгтэл ХКН-ын XIX Их хурал дээр дараагийн лидер орж ирээгүй. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал бол хууль тогтоох байгууллага буюу парламент нь гэсэн үг. Парламентаараа сая улсын даргыг хоёр удаа сонгогдож болохгүй гэсэн заалтыг аваад хаячихлаа. Ингэснээр Си Жиньпин цаашид нэг биед цогцлоож байгаа гурван том эрх мэдлээ арван жилээс илүү хугацаанд үргэлжлүүлэхээр болж байна.

-Дэлхийн хамгийн том эдийн засагтай, тэрбум гаруй хүн амтай энэ улсад нэг хүний хаанчлал ноёрхохоор боллоо гэж ажиглагчид үзэж байна. Си Жиньпин бүх насаараа улсаа удирдах эрх мэдэлтэй болсны эерэг болон сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?

-Си Жиньпин Хятадын удирдагч болсноор том, том стратегийн бодлого дэвшүүлсэн. “Нэг бүс-нэг зам” санаачилга байна. “Хоёр зууны зорилт” байна. ХКН 1921 онд байгуулагдсан. Ирэх 2021 онд 100 жилийнх нь ой болно. БНХАУ 1949 онд байгуулагдсан. 100 жилийн ой нь 2049 онд тохионо. Нам ба улсаа байгуулсан түүхэн ойн жилдээ том зорилт дэвшүүлсэн. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж байна. Цаашид хүчирхэг Хятад улсыг байгуулна гэсэн алсын зорилттой. Тэгэхээр Си Жиньпин энэ том зорилтыг дэвшүүлээд явуулж байгаа. Мэдээж зорилтоо хэрэгжүүлэхэд нь тулгарч байсан том бэрхшээл дотор авлига хээл хахуулийн асуудал байсан. Тэрбээр авлигатай хүчтэй тэмцэж чадсан. Хятадын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн гэдэг бол элит лидер хэсэг нь. Тийм албан тушаал хашиж байсан хүн хүртэл авлигын хэргээр шийтгүүлж байгаа. Бар, ялааг хамтад нь устгана гэсэн уриатай шүү дээ. Энэ ажиллагаа нь Хятадын дунд давхаргынхны хувьд талархал хүлээж байгаа. Ер нь Си Жиньпин том, том зорилтуудаа гардан хэрэгжүүлэх сонирхол асар өндөр байсан учраас улсаа урт хугацаанд удирдах шийдвэр гарахад нөлөөлсөн болов уу. Си Жиньпин удаан эрх барьснаар тогтвортой байдал удаан үргэлжлэх магадлалтай. Яахав энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн магадгүй эрсдэлтэй тал нь сүүлийн 30 жил тогтолцоо болоод бүрэлдсэн байсан системээ өөрчилж байгаа нь цаашид амархан өөрчлөмтгий болоход хүргэж болох юм.

-Си Жиньпин авлигатай хатуу тэмцэж өөртөө нэлээд дайсан хураасан. Хэрэв 2023 онд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад буусан бол байдал эвгүйтэх байсан уу?

-Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаас харахад Си Жиньпин улс төрийн дотоод өрсөлдөгч ихтэй, эмзэг байдалтай байж болзошгүй учраас ийм алхам хийсэн байх талтай.

-Дээрээ нэг хүний удирдлагатай, дороо эдийн засаг нь чөлөөтэй авторитор нийгэм бүхий Хятад улс зөвхөн Си Жиньпиний бодлогоор олон жил явбал цаашид хувь заяа нь хэрхэх бол?

-Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал дээр гол хэлэлцдэг асуудал нь Засгийн газрын тайлан байдаг. Ерөнхий сайд Ли Көчян нийгэм эдийн засгийнхаа тайланг тавьсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн дундаж өсөлт 7.1 хувьтай гарсан байгаа юм. Сүүлийн 30 гаруй жил 10-аас дээш өсөлттэй явж байсан эдийн засаг нь 2011 оноос хойш огцом буугаад долоон хувь руу орсон. Дэлхий дахин Хятадын эдийн засаг хатуу газардаж болзошгүй гэж ажиглаж байв. Харин энэ хувиа тогтвортой барьж чадсан. Энэ хугацаанд тоон өсөлтийг чанарын өсөлт болгож хувиргахад анхаарч ажиллаж ирсэн. Хуучин эдийн засгийн бүтэц нь дэлхийг бараа бүтээгдэхүүнээр хангадаг гол үйлдвэрлэгч улс байлаа. Үйлдвэрлэлээс гол эдийн засгийн өсөлт нь гардаг байсан бол хэрэглээг дэмжсэн бүтэцтэй болгосон. Энэ шилжилтийг хийснээр хоёр жилийн өмнөөс эдийн засаг дахь хэрэглээний өсөлт талаас илүү хувьд нь гараад ирсэн. Нэг ёсондоо хийж байгаа шилжилтүүд нь амжилттай болсон хэрэг. 2012 оноос хойш хийсэн энэ эдийн засгийг тогтворжуулж байгаа бодлогоо “New Normal” гэж нэрлэсэн юм. Энэ бодлогын үеэр гадаад худалдааны өсөлтүүд саарсан ч өнгөрсөн 2017 оноос ашигтай гарч эхэлж байна. Энэ бодлого нь амжилттай явж, өнөө жилээс эхлээд Хятадын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Хятадын хувьд өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдэж байна гэсэн үг. Засгийн газрын тайланд нь дурдсанаас харвал цаашид илүү нээлттэй бодлого гадаад талд явуулах юм билээ. Тулгарч байгаа сорилт нь юу вэ гэхээр дэлхийн эдийн засаг өсөж байгаа хандлагатай мөртлөө дэлхий дахинд худалдааны хамгаалах бодлого, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа. Тэр нь Хятадын гадаад талд эрсдэл болох талтайг Ли Кө Цян хэлсэн байгаа юм.

-Си Жиньпин БНХАУ-ыг урт хугацаанд удирдвал энэ орон яаж өөрчлөгдөх вэ. Ялангуяа хөрш орнууддаа ямар нөлөөтэй байх вэ?

-Олон улсын судалгааны байгууллагын тайланд “Хятад улс 2030 онд гэхэд эдийн засгаараа Америкийг даваад 2050 онд супер гүрэн болно”. 2050 он гэдэг бол БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь Хятадын өөрсдийнх нь явж байгаа цаг хугацааны хөгжлийн зорилтууд юм. Хятадын онцлогтой хүчирхэг социалист улсыг байгуулж байгаа шүү дээ. Супер гүрэн болох 2050 онд Хятад улс социализмын нэгдүгээр үе шатыг дуусгана гэж байгаа. Тэр зорилттой нь гадны судалгаа ч давхцаж байна. Энэ бүхэнд хамгийн чухал нь Хятадын тогтвортой байдал. Си Жиньпин урт хугацаанд Хятадыг удирдах нь тогтвортой байдлыг улам бэхжүүлнэ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, БНХАУ Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаар Си Жиньпин бүх насаараа Хятадыг удирдана гэж хэлж болохгүй. “Нэг хүн хоёроос илүү удирдаж болохгүй” гэсэн заалтыг авч хаясан. Магадгүй 10 жилийг 15 болгоод дараагийн удирдагчдаа халаагаа өгч болно. Тэрнээс үхэн үхтлээ эзэн хаан шиг сууна гэж ойлгож болохгүй. Хятадыг удирдах хугацааг нь тав, таван жилээр сунгаад явж байгаа шүү дээ. Ойрын 10 жилд Хятадын улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой байх нь гэж харж болно. Хятад улс тогтвортой хөгжих нь манай гадаад орчинд таатай байна. Си Жиньпинийг улсаа удирдаж байх хугацаанд лавтайяа эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ахицтай явна.

-Цаашид Си Жиньпинийг эсэргүүцэгчид гарч ирэх магадлал бий юу?

-Авлига, хүнд сурталтай тэмцсэнээр тэрбээр хятадын дунд давхаргын буюу энгийн иргэдийнхээ асар өндөр дэмжлэгийг хүлээж байгаа. Тиймээс хүчтэй эсэргүүцэл Си Жиньпиний урт хугацааны удирдлагад байхгүй. Зарим эрдэмтний харж байгаагаар гол эсэргүүцэл улс төрийн элит давхаргаас ирж болзошгүй юм.

-Гэхдээ Си Жиньпин элитүүдээ барьж байгаа биз дээ?

-Одоогоор маш сайн барьсан байна л даа. Ер нь Мао Зедунаас хойш хүчтэй удирдагч болчихлоо гээд яриад байгаагийн нэг шалтгаан бол Си Жиньпин гурван том албан тушаалыг гартаа авахаас гадна өөрчлөлт шинэчлэлтийг удирдах бүлэг гэж байгаа. Санхүү, эдийн засгийн удирдлагын бүлэг, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын бүлэг гэж бий. Энэ мэтчилсэн эдийн засаг, мэдээлэл, улс төр, батлан хамгаалах, төрийн гээд бүх гол базах ёстой эрх мэдлийг бүгдийг өөртөө цуглуулсан. Эдгээр бүх салбарын “Удирдлагын бүлэг” гэж тус бүрд нь байгуулаад Си Жиньпин өөрөө дарга нь болчихсон. Нэг ёсондоо механизмуудыг бий болгоод өөрөө удирдлага болчихсон учраас салбар, салбарт эзэн сууж байгаа гэсэн үг. Түүнийг Мао Зедунаас хойш хүчтэй удирдагч болчихлоо гээд байгаа нь ийм учиртай.


Categories
мэдээ цаг-үе

П.Өгөөмөр: АНУ БНАСАУ-ын харилцаанд үүсээд буй “түр дулаарал” нь цаг хожих гэсэн тоглолт байж болзошгүй

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач П.Өгөөмөртэй ярилцлаа.


-Хойд Солонгос АНУ-тай ирэх тавдугаар сард хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа зарласан. Хоорондоо дайсагнадаг энэ хоёр улсын уулзалт дэлхий дахинд их хүлээлттэй байна. Судлаачийн хувьд та Д.Трамп, Кем Чен Ун нарын уулзалт хэрхэн үр дүнтэй болно гэж харж байна?

-БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас үүдсэн хурцадмал байдал 2017 оны турш үргэлжлэв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар бүтэн жилийн турш хатуу үг бие бие рүүгээ шидэлцэн, мэдэгдэл гаргаж, байдлыг улам дэвэргэж байлаа. Хоёр улсын гадаадад бодлогын чиг шугам улам хатуу болон өөрчлөгдөж, энэ нь зарим талаараа удирдагчдынх нь хувийн зан төлөвтэй ч холбоотой байх тал ажиглагдаж байв.

Түүхэндээ хоёр улсын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байгаагүй учраас энэхүү уулзалт түүхэнд үлдэх томоохон үйл явдал гэдгийг аль, аль тал нь хүлээн зөвшөөрч байгаа учраас нэр хүндээ өсгөхөөр ашиглаж байна. Харин хурлаас гарах үр дүн нь ямар ч ойлгомжгүй байна. Миний хувьд энэ дээд хэмжээний уулзалт болохгүй гэж үзэж байна.

-Яагаад?

-Тухайн бүс нутагт орших бусад орнуудын ашиг сонирхол хөндөгдөх учраас тодорхой шийдэлд хүрэхийн тулд зургаан талт хэлэлцээр ч дахин сэргэх магадлалтай. Ингэснээр түүх дахиад л давтагдах юм.

-БНАСАУ-ын хүсч буй аюулгүй байдлын баталгаа, АНУ-ын санал болгох аюулгүй байдлын баталгаа хоёр нэг байж чадах уу?

-БНАСАУ-ын зүгээс тавих аюулгүй байдлын баталгаа нь тухайн улсын улс төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрч, өөрчлөхгүй байх аман бус баталгаа юм. Харин энэ баталгааг АНУ өгч чадах уу. БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгос, Япон дахь цэргээ эгүүлэн татах шаардлагыг тавьбал АНУ биелүүлж чадах уу гэх зэрэг асуултууд хариулт нэхэж байна. Хоёр улсын харилцаанд үүсээд буй “түр дулаарал” нь олон улсын хамтын нийгэмлэгээс БНАСАУ-д тавьсан эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эсвэл ямарваа нэгэн үйл явдалд цаг хожих гэсэн тоглолт байж болзошгүй.

-Ер нь түүхэнд АНУ-ын хувьд баталгаа гаргаад амлалтдаа хүрч байсан удаа байна уу?

-Бүс нутгийн хувьд БНСУ, Япон, Тайвань зэрэг орнуудад хүйтэн дайны үед өгсөн амлалтаа одоо болтол зөрчөөгүй байна. Гэвч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, химийн зэвсгээ хураалгавал Ливийн улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй гэсэн баталгааг Муаммар Кадафид АНУ-аас өгч байсан тохиолдол бий. Гэвч энэхүү амлалтаа АНУ биелүүлээгүй.

-Манай улс Д.Трамп Ким Чен Ун нарын уулзах хамгийн тохиоромжтой орон гэж зарим хүн үзэж байна. Бид НҮБ-ын гишүүн орон. Тиймээс тус байгууллагаас Хойд Солонгост тавьсан хоригийг дагаж мөрдөж байгаа шүү дээ. Ийм байхад Хойд Солонгосын тал Монгол Улсыг болзох газар гэж итгэж чадах болов уу?

-БНАСАУ-ын талаар явуулж байсан Монгол Улсын бодлого 1990 оноос хойш зарчмын хувьд тогтвортой байсан хэдий ч сүүлийн хоёр жилийн хугацаанд гуйвж эхэлснийг тэмдэглэх хэрэгтэй. 2016 онд Умард Солонгос устөрөгчийн бөмбөг турших үед манай улс эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан, 2017 онд НҮБ-аас БНАСАУ-д тавьсан хоригийг дэмжиж, нэгдэн орохоо зарласан. Мөн өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Японд хийсэн айлчлалынхаа үеэр Умард солонгост шахалт үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Аливаа асуудлаар тэр бүрчлэн мэдэглэл гаргаад байдаггүй Монгол Улсын энэхүү үйлдэл нь гадаад, дотоодын судлаач нарын анхаарлыг ихэд татсан төдийгүй хоёр улсын харилцаанд ч нөлөөлж болохуйц болчимгүй үйлдэл юм. Иймд Монгол Улс тухайн уулзалтыг зохион байгуулах газар мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

-Хэрэв манайд тэд уулзахаар боллоо гэхэд Монгол Улсад ямар ашигтай вэ. Бид ийм өндөр дээд хэмжээний уулзалтыг хүлээн авахад бэлэн үү?

-Түүхэн уулзалтыг зохион байгуулсан гэдгээрээ манай улсын нэр хүнд олон улсын тавцанд нэмэгдэж, 2012 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бүс нутгийн яриа хэлэлцээний механизм болоход эерэг нөлөө үзүүлж болох юм. Хятадын санаачилсан “Зургаан талт яриа хэлэлцээ”, Өмнөд Солонгосын санаачилсан “НАРПИ”-ийн ач холбогдол буурч байгаа.

Нөгөө талаас Умард солонгос эдийн засгийн хоригоос гарвал Хятадад нийлүүлж буй нүүрс болон бусад байгалийн баялгийн экспорт сэргэх боломжтой ба Хятадад нийлүүлэх гэсэн нүүрс олборлогч улсуудын хоорондох өрсөлдөөн ширүүснэ. Энэ нь Монгол Улсын хувьд таатай нөхцөл байдал болох уу гэдэг нь сонирхолтой.

-Ким Чен Ун, Д.Трамптай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсонд Өмнөд солонгосчууд их баярлаж байх шиг байна. Уулзалт амжилттай болвол нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах хамгийн өндөр магадлалтай хоёр улсын тэргүүн уулзах гэж буй явдлыг бүс нутгийн улс гүрнүүд нааштай хүлээн авч байгаа.

Д.Трамп, Ким Чен Унаас гадна дахин сонгогдох боломжоо нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин идэвхтэй улс төрийн тоглолт явуулж байна. Иймдээ ч хоёр улсын харилцааг сайжруулахын тулд өмнөдийн зүгээс хүчин чармайлт гаргах хэдий ч АНУ-ын ерөнхийлөгч болчимгүй үйлдлүүдээс энэхүү хэлэлцээр унах магадлал өндөртэй.

Ерөнхийдөө бол “түр дулаарал”-ын хугацаа дуусч, нөхцөл байдал эргээд дайсагнасан хэлбэртээ шилжинэ гэж үзэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юм

– “ЭРДЭНЭТ”-ИЙН ЛУЙВАРТ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХОЁРООС БУСАД НЬ ОРОЛЦСОН ЮМ БИШ ҮҮ –

МАН дахь 65-ын бүлэг үзэл бодол, байр сууриараа хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг дагагч “33-ын бүлэг”, Ж.Эрдэнэбатын “32-ын бүлэг”-ийнхэн хоорондоо ил цагаан талцаж байна. Энэ хоёр бүлэглэлийн бие биеэ унагаах гэсэн тэмцлээр “Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал илэрлээ. Зүйрлэвэл, босгоод тавьсан даалуу яг л нурж байгаа аятай үйл явдал өрнөж байна. Хэдэн метр урт босгож өрсөн даалууны нэгд нь дөнгөж хүрэх төдийд тэр чигээрээ ханаран нурдаг. Үүн шиг МАН-ын бүлэглэлүүд нэгийгээ унагаж байна. Тэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар хувьчилсныг ч бас дэлгэсэн. Төрийн томчууд нэг нэгийгээ намнахдаа хонин холбоос хөвөрдөж байгаа мэт зохион байгуулсан хэргүүдээ түмэнд зарлаж байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг банкинд барьцаалж мөнгө босгосон арга бол хуучин технологи. Эндээс манай төрийн дээд удирдлагуудын зохион байгуулдаг танил технологи шууд харагдаж байгаа юм. Тэд гадаадын банкнаас зээл авдаг. Тэрийгээ төрийн өмчит том компаниар батлан даалгадаг. Авсан зээлээ зориудаар төлөхгүй луу унждаг. Ингэхээр цаад газар нь Арбитр буюу олон улсын шүүхэд ханддаг. Арбитр хамгийн барьцтайгаар нь батлан даасан төрийн том компаниас мөнгөө дайчлан гаргуулдаг. Эндээс нөгөө луйварчид л завшиж баяждаг. Учир нь тэдний өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг юм. Яг энэ замаар “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, луйвар хийсэн бололтой байна. Ийм хэргүүд урьд нь манайд өчнөөн л гарч байсан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэгт тухайн үеийн том эрх баригчид болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан байгаа хүмүүс, тагнуулынхан оролцсон гэж МАН үздэг. 49 хувийг авсан үйлдэл бол төрийн мөнгөөр тус үйлдвэрийг хувьдаа худалдаж авсан гэж УИХ үзсэн. Тэд тайлбарлахдаа төрийг удирдаж байсан хүмүүс Эрдэнэтийн худалдан авалтын порцедурыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч хориглоогүй, бас зарим нь эс үйлдлээрээ улам дэмжсэн урхагтай гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт төр оролцсон хэмээн тухайн үеийн эрх баригчдыг хамаатуулан хэлээд байдаг. Харин 51 хувийн луйврын үйл ажиллагаа явагдаж эхлэхэд тэр үеийн Ерөнхий сайд нь мэдэж байсан ч зориудаар өр тавьсан гэдэг юм билээ. “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч саалийн үнээ. Ийм том хөрөнгө дээр эзэн суухыг хэн бүхэн хүсэх нь мэдээжийн хэрэг. Тэр тусмаа төрд гарсан хүмүүс “Эрдэнэт”-ийг хамгийн түрүүнд онилдог юм байна. Эдгээр он цагуудад Ерөнхийлөгч байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа бүх хүн “Эрдэнэт”-ийг бүрэн луйвардсан хэрэгт холбогдох төлөвтэй байна.

Гэхдээ энэ том луйварын сүлжээнд сайн тал бас байна. Сүүлийн арваад жил Монголыг удирдаж байсан, байгаа, одоо төр засгийг залж яваа дээрх эрх мэдэлтнүүдээс энэ хоёр нам салах бололцоо нээгдэж байгаа юм биш үү. “Эрдэнэт” үйлдвэр дээр элээ шиг эргэлдсэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хэрэгт ердөө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёроос бусад нь оролцсон гэхэд хилсдэхгүй байна. Одоо тэд баяжаад Монголын том хувалзнууд болсон. Арваад жилийн өмнө эдгээр хувалз хачиг төдий байхдаа “Эрдэнэт”-ийн хүзүүнд зүүгдээстэй улс төрд орж иржээ. Тэр үед мэдэгдэж, анзаарагдаагүй байсан хачиг өнөөдөр бөндийсөн том цагаан хувалз болж, хүн бүхэнд ил харагдах боллоо. Энд жижиг тайлбар хэлэхэд, хувалз бол мал, амьтны биед шимэгчлэн амьдардаг цус сорогч юм. шигдэж орсон амьтныхаа цусыг хэдий чинээ удаан сорно тэр хэрээр томорно гээч. Хэмжээгээрээ 0.1-5 мм хачиг мал, амьтны биед нэг наалдвал арав дахин том болдог юм. Ингэж таргалахаараа хувалз болж гэдэс нь цүндийгээд хөл нь ч мэдэгдэхээ байдаг. Залгих амнаас өөр юмгүй болсон ийм хувалзнаас салах амархан. Тэгвэл төрд шигдсэн дээрх хувалзнуудаас салах хэрэгтэй байна. Хоёр намын дэвшилтэт залуус энэ тал дээр зоримог шийдэмгий ажиллаж намаа цэвэрлэх ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд, Х.Нямбаатар нарын залуус МАН-ын “дэвшилтэт холбоо” байгуулж, “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар зоригтой дуугарч эхлэв. Мөн тэд 100 жилийн түүхтэй намынхаа өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг ч ярьдаг. Тэд хэлэхдээ “Манай намын 25 жилийн нэг мөчлөг дуусаж шинэ мөчлөг эхэлж байна. бид энэ үе рүү шинэ бодлоготой намтай орох ёстой” гэж тодотгож байсан. Энэ бол үнэн. МАН-ын дэвшилтэт залуус намынхаа удирдлагын хуучинсаг, явуургүй арга барилыг шүүмжилж, залуучуудын эрин үе ирснийг сануулж байна. АН-д бас тэдэн шиг дэвшилтэд залуус бий. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.батзандан, б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг дурдаж болно. Нийгмийн төлөө зоригтой дуугарч байгаа та бүхэн төрд хөвөрсөн гогцооноос татаж, энэ хүсэл зорилгодоо тууштай бодлогоор явж намаа цэвэрлэх хэрэгтэй байна. Нам дотроо хүчээ авчихвал жинхэнэ хувьсгал гэгч нь тэр болж чадна. Эдгээр шинээр гарч ирж байгаа дэвшилтэт залуус энэ хоёр нам, мөн Монголын улс төрийг цэвэрлэхгүй бол ард түмний итгэл алдарч, хүмүүсийн уриалаад байгаа бослого тэмцэл бий болоход ойртжээ.

“Эрдэнэт”-ийн асуудал бол Монголын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Энэ үйлдвэрийн 49, 51 хувь дээр нэр нь холбогдсон намуудын удирдагч нар ямар өлөн, шуналтай, увайгүй хүмүүс гэдгээ харуулж байна. Монголын сэтгүүл зүйн салбарынхны бичээд байдаг хоорондоо түрүүвчээрээ сүлбэлдсэн асар том бүлэглэл гэгч нь энэ лав мөн биз ээ. Луйврын хулгайн асуудал нь шүүхээр яваад шийдэгдчих байх. Харин улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН “Эрдэнэт”-ийн хэрэг дээр дөрөөлж, өөр өөрийн намын удирдлагын дээд хэсэгт байсан төр засгийн өндөр дээд албан тушаал удаа дараа хашдаг нэр бүхий нөхдөөсөө салах сайхан боломж байна. Олон жил Монголын төрийг мөлжиж ирсэн хувалзнуудаас салж, улс төр өөр өнгөтэй болох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Маахуур толгойд мандаж явсан

Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуульд 1978 онд элсэн орж байсан Т.Чинчулуун багшийн ангийнхан өнөөдөр нийгмийн бүхий л салбарт түүчээлэн ажиллаж байгаа ажээ. Тэд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын зэрэгцээ улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн төлөө эцэг, эхийнхээ үүргийг нэр төртэй биелүүлж яваа хүмүүс. Социалимзмын үеийн зарчимч, тууштай зан чанарыг өвлөсөн энэ ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш өнөөдөр 30 жилийг үджээ. Тэдний хөөр баяртай, инээд цалгисан, гэнэн томоогүй хүүхэд ахуй насны он цагаар аялснаа хуваалцаж байна.

Хуучнаар Найрамдлын раойны Маахуур толгойн орчмын хүүхдүүд нийслэлийн 69 дүгээр сургуульд элсэн суралцдаг байжээ. Кино үйлдвэрийн чанх хойно байрлах энэ сургуульд тэртээ 40 намрын өмнө Т.Чинчулуун багштай 1в ангийнхан бүрэлдсэн байна. Тэдний дурсамжид хамгийн сайхан түүхийг үлдээсэн үйл явдал бол 1981 оны гуравдугаар сард Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн явдал байсан гэж ярьцгаалаа. Тэрбээр намар нь тус сургууль дээр зочилж, сансарт ниссэн сонин сайхнаасаа хүүхдүүдэд хуваалцсан гэнэ. Ж.Гүррагчаа баатарыг ирэх үеэр Найрамдлын районы гудамж талбай цэвэр цэмцгэр, бүх айлын хашааны хаалгыг нэг өнгөөр жигдлэн будаж, хачин их хүндэтгэлтэй угтаж авцгааж байсан тухай тэд яг л өчигдөрхөн болсон үйл явдал шиг тод санан ярив. Эдний үеийнхний ярьдаг нэг сэдэв бол пионер сурагчийн тухай байдаг. Пионер хүн бол тангарагтаа үнэнч, тэрийгээ хууль мэт цээжилнэ. Бас Улс төрийн товчооны томчуудын овог, нэрийг ягштал тогтоодог нь амаргүй байжээ. Бусдаар бол энэ нь хүмүүжил, нөхөрлөлд чухал нөлөөтэй байсан гэж эдний ангийнхан тодотгов. Энэ тухай ангийн онц сурлагатны нэг А.Эрдэнэбаяр ярихдаа “Бид амралтын өдөр бүр субботникт гардаг байлаа. Хэдийгээр сурагч байсан ч гэсэн их хотынхоо тохижилтод гар бие оролцоно. Хавар, намартаа мод тарьж, тэрийгээ усалж, аричилна. Энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг сан. Жуковоос Найрамдлын район хүртэлх голын талбайд мод тарьж, зүлэгжүүлдэг байв. Социализм бол ингэж бүх нийтээр нь хөдөлгөдөг байсан. Тэр үеийн эх оронч сэтгэхүйгээр хүмүүжсэн болохоор өнөөдөр бид Монгол Улсаа бусдын халдлагаас хамгаалах сэтгэл зүрхтэй байна. Зарим хүмүүс социализм бидэнд юу өгсөн юм бэ гэж шүүмжилдэг. Тэгвэл “Эх орон гэж юу юм”, “Эцэг эхээ хэрхэн хайрлаж, хүндлэн дээдэлэх”, “Эрдэм номд шамдахын амт, амжилт” гээд олон зүйлийг сургаж, хүмүүжүүлсэнд талархдаг” гэв.

Т.Чинчулуун багш тэднийг гуравдугаар анги төгсгөжээ. Залгуулаад орос хэлний багш Р.Сувдаа наймдугаар анги хүртэл нь дааж авсан байна. Анги удирдсан багш нар нь зарчимч, төлөв түвшин, нямбай, чадварлаг байсан болохоор өнөөдөр энэ ангийнхан нийгмийн бүх салбарт хүрч ажиллаж байгаагаараа бахархацгааж сууна лээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хэд хэдэн хүн ажилладаг байна. Ц.Үнэнтуяа, Цэнгэлмаа, Даваадамдин, Батцэнгэл, Одсүрэн, Өнөрмандах нарын нэрийг нөхөд нь хуруу даран тоолов. Тэгвэл нийгэм, улс төрийн салбарт хоёр хүн байгаа бөгөөд Мөнхцэцэг, А.Эрдэнэбаяр нар аж. Тэд хөдөө аж ахуйн салбарт амжилттай яваа хүнээр ангийн хөвгүүн П.Ганзоригийг онцлов. Ард түмнээ эх орных нь хөрсөн дээр ургасан эрүүл, үржил шимт бүх төрлийн хүнсний ногоогоор хангахын төлөө зүтгэж яваа нэгэн гэнэ. Тэрээр 60 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо тариалдаг аж. Мөн нийслэл хотод гэрэл, цахилгаан түгээж яваа эрчим хүчний салбарынхан ч энэ ангиас төржээ. С.Ганзориг, Н.Баяраа нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон чадварлаг хүмүүс гэнэ. Н.Баяраагийн хувьд Чингэлтэй дүүргийн гэрэлтүүлгийг хариуцдаг. Хаана, аль гэрлийн шон унаж, гэмтэж, хагарна тэр бүгдэд хүрч, бүрэн бүтэн болгодог хүн. Энэ мэтчилэн боловсрол, уул уурхай, төмөр замын салбарт эдний ангийнхан зүтгэж яваа гэсэн.

Бага насны дурсамж бүр гэгээхэн байдаг. Хүүхэд болсон хойно нэгнийгээ шоглож, цаашлуулах явдал бишгүй л байж таарна. Гэхдээ тэр бүгдэд нэг нэгэндээ өс санаж, гомдож, туниад байдаггүй нь хамгийн сайхан. Энэ ангийнхан нэгнийгээ их л өхөөрдөж хочилдог байжээ. Жишээлбэл, А.Эрдэнэбаярыг Бамбарууш гэж одоо хүртэл дууддаг гэнэ. Үүнд мань эр огт эмзэглэсэн юмгүй инээд алдахад охид нь “Чи их царайлаг байсан болохоор ингэж дууддаг байсан юм” гээд хөхрөлдөв. Ц.Үнэнтуяа энэ ангид дөрөвдүгээр ангидаа 45 дугаар сургуулиас шилжиж иржээ. Хотын төвийн сургуулийн хүүхэд захын хороололд ирэхэд нь хөвгүүд нууцхан нүд унагадаг байсан бололтой. Даанч тэрийгээ хэн нь ч илэрхийлж зүрхлээгүй байна. Учир нь шинэ охин ариун цэвэр шалгадаг айхавтар зарчимч нэгэн байжээ. Хөвгүүдийн цамцны заханд өлөн хир үзэгдэх юм бол шууд гахай тавина. Тийм болохоор түүнд хэн ойртож чадах билээ. Ц.Үнэнтуяа энэ тухайгаа ярихдаа “Тэр үед сурагчдын хумс хуруу, үс гэзэг, хувцас хунар гээд бүгдийг шалгаж дүгнэдэг байлаа. Хагас сайн өдөр болгон ангийн багш шалгана. Тэр өдөр охид цагаан фарчик, лент зүүж ирэх ёстой. Ганц нэг нь өөр өнгө алаглуулбал надад хариуцлага тооцдог байв. Заримдаа илүү фарчкаа хүртэл цүнхэлж явдаг байлаа шүү дээ” гээд инээв. Тэр үеийн хүүхдүүд эцэг, эх, ахмад хүнээ хүндлэх ухамсар өнөөгийн нийгэмтэй харьцуулашгүй өндөр байсныг тэд тодотгож байлаа. Анги танхимдаа ноцолдож, дэггүйтэх юм бол сарвайтлаа сандал өргөн зогсож шийтгүүлэх тохиолдол цөөнгүй байсан тухай хөвгүүд эргэн дурслаа.

Маахуур толгойд мандаж явсан эдний үеийнхний балчир насны дэггүй явдал зөндөө. Өвөлдөө чаргаар гулгаж, зундаа том машины дугуйнд нэгнийгээ хийгээд өнхөрүүлж тоглоно. Маахуур толгойн оройгоос эрчээрээ уруудсан дугуй айлын хашаа цөм мөргөж, дотор нь эргэлдэж явсан хүүхдийн тархи толгой доргиж байсан явдал бишгүй гэнэ. Өвөл болохоор хуучин орон сууцны паарыг чарга болгож дээрээс уруудна. Эсвэл орон сууцны шатны бариул хэсгийн хаймрыг сэмхэн авч гулгахдаа ашигладаг байжээ. Бас эсгий гуталныхаа уланд тэшүүр сайтар бэхэлж уяад гулгаж тоглоно. Юм ховор байсан үе болохоор юмхнаар юм хийж нааддаг байжээ. Харин орос хүүхдүүдийн тоглоом ховрын бараа байв. Тэд өвөл болохоор жинхэнэ чаргаар гулгана. Тэрийг нь гуйхаар харамлах гэж жигтэйхэн. Тэгэнгүүт чарган дээр нь ганц суугаад үзчихийн тулд булаагаад тоглох нь энүүхэнд байж. Нэг гэм нь орос ээжүүдээс зугтаах гэж л нэлээд хурдалдаг байсан тухай хөгжилтэй явдлаа ярилаа. 1980-аад оны дундуур Маахуур толгойн орчим сэлүүхэн, өвс ногоо тэгширсэн, цэнгэг агаартай, сайхан орчинтой байжээ. Тэр хавьдаа 69 дүгээр сургууль хамгийн өндөр барилга нь байсан гэнэ. Кино үйлдвэртэй залгаа шахам болохоор урлагийн мундгуудыг ойроос их хардаг байжээ. Заримдаа тэр луугарууд сурагчдад түүх, танин мэдэхүйн талаар лекц уншдаг байсан аж. Бүр тэдний сургуулийн сурагчид кинонд тоглох явдал ч цөөнгүй байжээ. “Намар нахиалсан мод” киноны зураг авалтад хөвгүүдийг шалгаруулж авахад Н.Баяраа хар хурдаараа зугтсандаа одоо ч харамсдаг тухай аяар өгүүлэв. Учир нь хөвгүүдийн үсийг хусна гэсэн болохоор татгалзаж л дээ. Харин бусад хөвгүүд нь хожим киногоо үзэхээрээ сайхан дурсамжтай байдаг гэлцэв.

Хавар болж, шалгалт шүүлэг эхлэхээр Маахуур толгой болзоотын бор толгой болдог байжээ. Өглөө эртлэн боссон сурагчид тэнд уулзацгааж, хичээлээ уншиж, цээжлэхэд анхаарал нь их төвлөрдөг байсан гэнэ. Бас болоогүй дөрвөлжин дэвтрийн цаасан дээр дөрвөн мөрт холбож, хайрын захиа зөөдөг байсан үеийг тэд жинхэнэ дайраад гарсан. Захиа зөөгчдийн хувьд таалагдсан үгтэй захианых нь нэрийг солиод л нэг нэгэндээ дамжуулдаг байсан сайхан дурсамжуудаа ийн уудалсан юм. Энэ мэтчилэн 60 мөнгөний гөөхий, улаан ус ууж өссөн эдний үеийнхний туулсан он цагийг тоочоод байвал тун сонирхолтой. “Анги удирдаж байсан Т.Чинчулуун, Р.Сувдаа багш нар маань бидэнд хүмүүжлийн дээдийг олгосон болохоор манай ангийнхан нийгэмд сайхан зүйлийг дэлгэрүүлэхэд сэтгэл зүрхээ зориулцгааж байгаа. Жишээлбэл, ангийн маань анд Бамбарууш буюу А.Эрдэнэбаяр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” байгуулж, эх орныхоо төлөө цогтой тэмцэж явна. Бид эх орноо хайрлах школоор хүмүүжсэн улс. Гол нь эцэг, эхийн хүмүүжлээс гадна багшийн хүмүүжил асар их нөлөөтэй байдаг юм байна. Ямар сайндаа манай ангийн охид ангийн багш шигээ намбалаг, зарчимч гэж жигтэйхэн. Манай анги аливаа баяр ёслолоор уулзахдаа заавал хоёр багшийгаа урьдаг. Сурагч насандаа буцаад очсон мэт олон сайхан дурсамжуудаа хувцаалдаг юм” гэж Н.Баяраа ярив. Ер нь эдний ангийнхан эргэх холбоо сайтай хамт олон ажээ. Орчин цагт онлайнаар тогтмол уулзаж, сонин сайхнаа хуваалцдаг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

М.Гантуяа: Шашны байгууллагууд улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого газар авах хандлагатай болжээ

– ШАШИН, УЛС ТӨР ХОЁР БОЛ УГТАА ТУСДАА БАЙХ ЁСТОЙ НИЙГМИЙН ҮЗЭГДЛҮҮД. ГЭТЭЛ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТАВИХ ТӨРИЙН ХЯНАЛТ СУЛАРСНААС ТЭД ХҮЧИН БОЛОХ ТАЛТАЙ –

МУИС-ийн профессор, Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор М.Гантуяатай ярилцлаа.

-Буддын шашин манай улсад ямар замаар орж ирсэн юм бэ. Түүхчид янз бүрээр л тайлбарладаг шүү дээ?

-Буддын шашин Монголд гурван удаа орж ирсэн гэх буюу гурвантаа дэлгэрсэн гэдэг. Эхний удаа бүр Хүннүгийн үеэс Дундад Азиар буюу одоогийн Пакистан, Афганистаны нутгаар торгоны замыг дамжиж, нүүдлийн болон суурин иргэдийн хоорондох гадаад худалдааг дагаж Энэтхэгээс орж ирсэн. Дараа нь XIII зуунд монголчууд Түвдийг эзлэх үеэр Түвд рүү довтолсон Монголын Годан ноёнтой тэр үеийн Түвдэд илүү хүч нөлөөтэй байсан Бурханы шашны Сажийн ёсныхон номын харилцаа тогтоосон нь Юань гүрнийг байгуулсан Хубилай хааны Хятад газар дахь төр-шашны (хоёр ёсны) бодлогод хүчтэй нөлөөлсөн. Хамгийн сүүлд XIV зууны сүүлчээс Богд Зонхавын үндэслэсэн Шарын буюу Гэлүгбын шашин Түвдэд голлох шашин болж, улмаар XVII зууны эхнээс Монголд хүчтэй дэлгэрч, ХХ зууны эхэн гэхэд нийт монголчууд Гэлүгбын шашинтай болсон байдаг.

-Тэгэхээр бид харийн шашныг авсан юм байна. Гэтэл тэр хутагт хувилгаад нь яагаад Монголоос төрөөд байдаг юм бэ. Богд тодруулна гэхээр яагаад улс төртэй холбогддог юм бол. Аравдугаар Богд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Их хурлын дарга М.Энхболд, гишүүн асан Г.Батхүү зэрэг томчуудын хүүхдээс тодорно гэж айлдсан гэсэн мессэж нэг хэсэг ниссэн шүү дээ. Ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулна гэдэг зуун хувь үнэний баталгаатай байж чадах уу?

-Хутагт хувилгаад төрүүлэх ёсыг монголчууд өөрсдөө эх нутагтаа дэлгэрүүлсэн гэж хэлж болно. Бурханы шашны гүн ухаан нь монголчуудын нүүдлийн гүн ухаантай маш их авцалддаг. Өөрөөр хэлбэл, байгалиас нийгмээ тусгаарлах тусам хөгждөг суурин иргэншилтэй харьцуулахад байгаль ертөнцтэй нягт харилцаатай оршин тогтнодог нүүдлийн соёлын хүрээнд хүмүүс байгаль эх, тэнгэр эцгээс шууд (ном судраар дамжуулж биш, ертөнцийг шууд ажиглаж) суралцдаг учраас орчлонгийн бүхий л төрөлхтнийг өөр хоорондоо шүтэн барилдаж оршдог гэж үздэг бурханы гүн ухааныг монголчууд анхнаасаа харь суртал гэж ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд гадуурхах үндэс байгаагүй юм. Ертөнцийн тоолж баршгүй тэр олон төрөлхтөн нэгэнт шүтэн барилдаж, харилцан хамаарч оршдог гэсэн үзлээс газар, газар төрсөн тэр олон “дээд төрөлхтөн” хүмүүс ч өөр хоорондоо үйлийн хамааралтай. Тиймээс ч Монголд төрж байгаа онцгой хүмүүс тэдэнтэй өмнө хойд төрлийн холбоотой гэсэн үзэл дэлгэрч XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Монголын түүх бичлэгт, тухайлбал “Монголын нууц товчоо”-ны түүхийг урагш, хойш залгуулан бичих үйл хэрэгт нэвт шингэсэн байдаг гэдгийг тэр үеийн түүхэн сурвалжууд гэрчилдэг. Нөгөө талаар, Монголд төрсөн онцгой хүмүүсийг Энэтхэг, Түвдийн их мэргэд, хутагт хувилгаадын урьд хойд насны төрөлтэй холбох нь өөр хоорондоо эвлэлдэж, алтан ургаа залгаж, их гүрнээ байгуулж чадахгүй болсон бутралын үеийн монголчуудыг төрлийн холбоогоор нь гэхээсээ үйлийн барилдлагаар нь нэг нэгнээ дээдлэх сүсэг бишрэлээр нэгтгэх оролдлого байсан гэж хэлж болно. Тийм ч учраас халх Монголын нутагт сүүлчийн нэгдмэл байдлыг гурван хэсэгт боловч тогтоогоод байсан Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан гурав нэгдмэл санаагаар Өндөр гэгээнийг Монголын шашны тэргүүнээр тодруулсан нь угтаа алтан ургийн хаадын байгуулсан нэгдмэл Монгол төр улсыг шашны замаар байгуулах далд санаа өвөрлөсөн хэрэг юм. Тэгээд өнөөдөр Богд тодруулахыг бас л тэр утгаар ойлгож, хэн нэгэн улс төрч Монголын төрийн толгойд шашны замаар гарах вий гэсэн болгоомжлол байдаг байх л даа.

-Шашин бол үндэстнийг мөхөөх аюултай гэж хар тамхитай адилтгасан ч байдаг. Аливаа шашин шүтлэгийн эерэг болон сөрөг талыг шинжлэх ухаанчаар тайлбарлахгүй юу?

-Шашныг хар тамхитай адилтгасан Марксын сургаалын утга нь гэвэл, ядарсан зүдэрсэн хүмүүсийн амьдралд бодит материаллаг тусламж үзүүлж чадахгүй болсон тохиолдолд сэтгэл санааг нь тайтгаруулж амьдралд хоосон найдвар төрүүлдэг гэдгээр нь тэгж хэлсэн хэрэг юм. Ромын эзэнт улсын үед хүн гэдэг бүх эрх мэдлээ алдаж, тэмцэх ч чадваргүй болсон боолчуудын хувьд “Ертөнцийн эзэн тусална” гэсэн Христийн сургаал үнэхээр тайтгарал болж түгэн дэлгэрсэн, одоо ч дэлгэрсээр байна. Орчин үед “шашин судлал” хэмээх нийгэм-хүмүүнлэгийн ухааны нэгэн салбар ухаан шашныг тал бүрээс нь судалж, мөн чанарыг нь тал бүрээс нь тайлж байна. Шашин судлалын доторх нэгэн салбар судлагдахуун нь шашны сэтгэл судлал юм. Энэ хүрээнд шашин хэрхэн хүмүүсийн сэтгэл санааг тайтгаруулдаг тухай асуудлыг шинжлэх ухаанчаар илрүүлэн тайлбарладаг. Хүмүүс болон нийгэм нь цаг үргэлж саад тотгор, зөрчил тэмцэл, зовлон бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэтэл хүн төрөлхтөний бий болгосон боловсрол мэдлэг, шинжлэх ухааны нээлтүүд нь тэр бүхэнд бэлэн хариулт өгч тусалж чаддаггүй. Учир нь орчлон хязгааргүй, тэрхүү хязгааргүй орчлонд хүн төрөлхтөний мэддэг зүйлээс мэдэхгүй зүйл нь мянга, мянга дахин илүү байгаа. Гэсэн ч тэр үл мэдэх хүрээтэй хүмүүс байнга харьцсаар ирсэн, харьцсаар л байх болно. Тэр харьцаа нь мэдлэгт биш, сүсэр бишрэлд тулгуурлана. Тэрхүү үл мэдэх хүчийг амьд гэж үзэж аргадах харилцаа нь шашны харилцаа болдог. Энэ бол угтаа сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг бөгөөд амьдралд урам зориг авах сэтгэлийн хүч ч болж болно. Сүсэг бишрэлдээ найдах мухар сүсэг ч болж болно. Ер нь аливаа шашин, ялангуяа бурханы шашин сэтгэлийн хүчийг материаллаг тусламжаас илүүд үздэг шүү дээ.

-Түвдийн шашныг ажиглаад байхад нас барсан хүнээс их цээрлэж, сэжиглэдэг. Төрүүлсэн аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байхад хүртэл амьд үлдсэн хүмүүс нь эмээдэг. “Сүнс нь явахгүй байна. Хэн нэгэнд сүнс нь хоргодчихоод авч явах гээд байна” гэх зэргээр айж, янз бүрийн арга дом хэрэглэх юм. Жишээлбэл, 18 настай охины дунд чөмгөөр лүйжин тавиул ч гэх шиг. Энэ бол мунхаг харанхуйн тод жишээ мөн биз дээ. Хүн төрж, үхэх байгалийн энэ жам ёсыг шашин хүлээн зөвшөөрөхгүй байгаатай адил санагдах юм?

-Хүн нас барахад түүний сүнс үлддэг гэсэн үзэл аль ч шашинд бий. Бурханы шашинд там, бирд, адгуус гурвыг доод төрөлхтөн, хүн, тэнгэр, бурхадыг дээд төрөлхтөн гэж үздэг. Энэ насны үйлээсээ хамаарч сүнс нь аль нэг төрөлд эргэж төрнө гэх бөгөөд хойноос нь гүйцэтгэх зан үйлээс хамаарч хурдан удаан хугацаанд төрлөө олох тухай номлодог. Төрлөө олохгүй байх нь муу сүнсний дүрээр хүмүүсийн дунд байсаар байх нөхцлийг бүрдүүлнэ гэнэ. Иймээс төрлийг нь олуулах, үлдэгсдийг нь тайтгаруулах янз бүрийн зан үйл байх бөгөөд зан үйл болгон утга учиртай байдаг. Энэ нь зөвхөн бурханы шашинд төдийгүй бөө мөргөлд ч байдаг зан үйл. Бөө мөргөлийн хатуу тахилгат зан үйлийг бурханы шашны зөөлөн зан үйлээр сольсон гэдэг. Хэдий ийм боловч бөө мөргөлөөс бурханы шашны зан үйлд нэвтэрсэн, харилцан ууссан шинжүүд их бий.

-Уул овоо, газар лус тахих нь мухар сүсгийн зан үйл мөн үү?

-Ер нь тахилга тайлга нь угтаа бас л байгалийн хүчийг аргадаж байгаа үйлдэл юм л даа. Нүүдэлчин монголчууд эртнээс малаа дагаж бэлчээр сэлгэн байгальтай шууд харьцаж, одоогийн залуучуудын ярьдгаар “минимал” боловч нүүдлийн гар даах чанартай, гэхдээ үзэмжтэй хэрэглээг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нүүдлийн аж ахуй тэр чигтээ байгалиас хамааралтай. Тиймээс байгаль шүтлэг бол нүүдэлчин монголчуудын унаган шүтлэг гэж хэлж болно. Энэ шүтлэгээрээ монголчууд уул ус, хад чулуу, газар шороо, ан амьтан, мал сүраг, хүн ардаа бүхэлд нь нэг амьтай, нэг сэтгэлтэй гэж үздэг. Тиймээс ч уул ус, хад чулуутай маш болгоомжтой харьцаж, тэдгээрийг хүндэтгэж ирсэн ард түмэн. Өнөөгийн шинжлэх ухаанд хоёр аяганд ус хийж тавиад нэгэнд нь өглөө бүр ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад хэсэг хугацааны дараа нэг нь рашаан болж, нөгөө нь хор болж хувирдагийг, эсвэл хоёр алимны нэгэнд бүх хүн ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад нэг нь шинээрээ, нөгөө нь ялзарч эхэлж байгааг туршлагаар тогтоогоод байна. Тэгвэл монголчууд тахилга тайлгаараа уул усыг аргадаж, далд хүчийг нь засч зөөлрүүлж байгаа хэрэг юм. Харин байгалийн унаган төрхийг нь алдагдтал хадаг яндар зүүж, хоол хүнсний үлдэгдлээр булах, газар шороог нь онгичих нь байгалийг гомдоох, хилэгнүүлэх аюултай гэдэг. Мухар сүсэггүй хүн гээд л энэ бүхнийг хийгээд байж болох уу даа. Хөгжингүй орнуудад хүүхэд залуучуудаа байгальтай харьцаж сургах, байгалийг дээдэлж сургахыг чухалчилдаг үе ирээд байна шүү дээ.

-Талийгаачийн алтан савыг нээлгээд байдаг нь хэр үнэний ортой юм бол?

-Энэ нь бурханы шашны зурхайн онолоор тайлбарлагдана. Буддын зурхай гэдэг бол нэг ёсондоо хүний төрсөн цаг хугацаа, газар орныг үндэс болгож амьдралын биоритмийг нь од эрхэс, нар сарны хөдөлгөөн дунд математик аргаар тогтоох үйлдэл юм л даа. Өөрөөр хэлбэл, хүний амьдралд тохиолдох өгсөх, уруудах мөчлөгүүдийг орон газар болон цаг хугацааны уулзвар дээр, бие организм ба сэтгэл санааных нь уулзвар дээр тогтооно гэсэн үг. График үзүүлэлтээр бол өгсөх, уруудах мөчлөг бүх талаасаа тэг цэгт давхацвал хүн үхэх магадлалтай. Нас барагсдыг цагтаа, эсвэл цагаасаа өмнө хойно нас барсныг нь үүгээр тогтоодог. Гэхдээ хүн амьд байх үедээ болгоомжлох цаг хугацааг жил, сараар нь зурхайчид гаргаж цаг тооллын бичигт тусгасан байдаг шүү дээ. Харин үхэх эцсийн мөчлөгийг ёсзүйн хувьд зөвхөн нас барсны дараа л тогтооно. Үүнийг тогтоох монгол зурхайч мэргэдийн бүхэл бүтэн шинжлэх ухаан гэхээр мэдлэг уламжилж иржээ. Үүнийг залгасан өвгөн багш нарын шавь зурхайчид ч байна, худлаа цэцэрхэгчид ч бас байх шиг л санагдана. Тэднийг уламжлалт зурхайн ухаанаар шалгах шалгуур тогтоож болох байх л даа.

-Буддын шашныг нь авснаар Түвд манайд ямар гавьяа байгуулсан юм бэ. Дэлхийг цусанд будаж байж олсон хамаг алтаа Түвдийн сүм хийдийг босгоход зориулж зөөсөн гэлцдэг. Оронд нь монголчуудыг мухар сүсгээр мунхруулсан гэж шүүмжлэх хэсэг байдаг. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Архивт үлдсэн эртний данс тооцооны баримт бичгүүд дээр тулгуурлан (1960-аад онд Ж.Самбуу, 1970-аад онд академич Ш.Нацагдорж зэрэг) манай түүхч, эрдэмтэд Түвдээс хутагт хувилгаад, ялангуяа Богдыг Монгол газраа залж ирүүлэх, Хятад, Түвд рүү манай шашны зүтгэлтнүүд зорчиход монгол малчин ардаас гаргуулж зарцуулсан хөрөнгө, мөнгөний тоог их нарийн гаргасан байдаг. Энэ нь явах уналга хөсөг, замын өртөө буудал, хоол хүнс, өөрт нь болон төрөл төрөгсдөд нь барих бэлэг сэлт гээд маш их эд мал, хөрөнгө зоос зарцуулсан дүн харагддаг. Ихэнх нь зарлага болсон байдаг ч тэдгээр хутагт хувилгаадын Монголын шашин-соёлд оруулсан гавьяа зүтгэлийг мартаж болохгүй. Ялангуяа урлагийн их үнэт өв бүтээл болох уран барилга, уран зураг, утга зохиол, гүн ухаан, Буддын мэдлэг ухааны ном судруудаа сурталчлан дэлгэрүүлэх нь Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах ач холбогдолтой болох юм.

-Монголчууд Далай багшийг үеийн үед шүтэж ирсэн. Гэтэл хятадууд түүнд дургүй байдаг. Сүүлд Далай ламыг ирэхэд манай хоёр орны улс төрийн харилцаанд таагүй нөхцөл байдал үүссэн. Урд хөрш ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлж, далд байдлаар эдийн засгийн хориг тавьж, наанадаж хил гаалиа хүртэл хаадаг талтай. Ер нь мөнхийн хөршийнхөө уур, уцаарыг хүргэн байж Далай ламыг авчрах хэрэг байдаг юм уу. Үүнд улс төр ороод байгаа бололтой харагдах юм. Нөгөөтэйгүүр хятадуудтай биднийг сөргөлдүүлэх бодлого яваад байна уу. Далай лам бол улс төр хийдэг хүн. Түвдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Харин Монголд буддын шашныг дэлгэрүүлснээр тэдний тусгаар тогтнолыг баталгаажуулахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Шашин, улс төр хоёр бол угтаа тусдаа байх ёстой нийгмийн үзэгдлүүд. Гэвч сүүлийн үед, ялангуяа хуучин социалист гэгдэж байсан орнуудад шашны байгууллагуудад тавих төрийн хяналт суларснаас шашны зүгээс улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого нэлээд газар авах хандлагатай болсон байна. Шашны байгууллагууд улс төрийн хүчин болох боломж өөрт нь байдаг талаар эрт үеэс философичид, нийгэм болон улс төр судлаачид, шашин судлаачид янз бүрийн тайлбар дүгнэлтүүдийг хийж ирсэн юм. Ялангуяа аливаа шашин нь сүсэгтнүүдээ бусад шашин шүтэгчдээс тусгаарлахыг чармайж, номлол сургаал, зан үйл, шашны дотоод зохион байгуулалт, дэг жаягаараа тэднийг өөр хооронд нь ялгаж зааглаж байдаг. Түүгээрээ хүмүүсийн дотор шашнаар ялгаварлан гадуурхах, үзэл санааны зөрчил үүсгэх боломж бүрддэг талаар судлаачид тайлбарласан нь бий. Хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шашны дор бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх гэсэн (дундад зууны загалмайтны, исламын гэх мэт) шашны аян дайн ч гарч байсан тохиолдол эрт эдүгээд цөөнгүй. Нөгөө талаар, гол төлөв “уламжлалт” гэгддэг шашны нэрийн дор аль нэг улс оронд үндэсний эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнөж байсан тохиолдлуудыг ч дурдахгүй байж болохгүй.

-Түвдийн буддын шашны таван сектор Монголд орж ирж өрх тусгаарлаж байна. Зарим учир мэдэх хүн энэ таван урсгал үзэл бодлоороо нэгддэггүй, таван тийшээ харчихсан гэх юм билээ. Манайд эдгээр шашин орж ирснээр цөөхөн монголчуудыг шашин шүтлэгээр нь талцуулж, хагалган буталгах гэсэн бодлого юм биш үү гэсэн болгоомж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бурханы шашны урсгал чиглэлүүд нь хүмүүсийн ойлгодгоор өөр хоорондоо тэмцэлдсэн, зөрчилдсөн эсрэг талууд биш юм л даа. МУИС, ШУТИС, ХААИС гээд манай их, дээд сургуулиуд өөр өөрийн гэсэн сургалтын хөтөлбөр чиглэлтэй байдаг шиг Буддын сүм хийдүүд, ялангуяа дацан сургуулиуд нь бүгд бурхан, ном, хуврагийг шүтдэгээрээ Бурхан шашинд нэгддэг ч сүм хийд бүхэн дотоод дэг жаяг, сургалтын агуулга, уншдаг судалдаг ном зохиол, дагаж залбирдаг багш мэргэдээрээ ялгардаг. Аль нэг гол сүмээ дагасан салбар сүмүүд нэгэн урсгал болж харагдана. Гэвч манай их, дээд сургуулийн оюутнууд өөр хоорондоо зөрчилддөггүйтэй адил тэдгээр урсгал чиглэлүүд эсрэг тэсрэг биш юмаа. Нөгөө нэгэн зүйл гэвэл, нийт монголчуудын Бурхан шашны удирдагчаар Өндөр гэгээнийг анх тодруулсан үйл явцын цаана аян дайны үр дүнд биш, харин шашин шүтлэг, сэтгэл санаагаараа нэгдсэн Монголын Их гүрнийг сэргээн байгуулах, Манжийн эрхшээлээс ангид тусгаар тогтнолоо хамгаалах монголчуудын далд бодлого нуугдаж байсныг түүх өгүүлнэ. Харин өнөө үед Монголд “уламжлалт биш” гэгдэх олон шашнаас гадна уламжлалт шашны олон урсгал чиглэл гарч, тэдгээрийг дагалдагсдын дотор ялгарал, далд зөрчил үүсч байгаагийн хажуугаар дуугүй өнгөрч болмооргүй байна. Шашны байгууллага нь аль нэг улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн марксист онолд үнэний тал бий. Тиймдээ ч 90-ээд оноос өмнө шашны байгууллагыг төр бүрэн хяналтандаа авсан нь ч үнэн. Энэ үзэл суртлын уриан дор шашны хэлмэгдүүлэлт явагдсан нь ч үнэн. Миний үзлээр шашны хэлмэгдэлтийн цаана улс төрийн гэхээсээ, эдийн засгийн учир шалтгаан байсан гэж боддог. Түүх уншаад байхад, Богд хаант засаг бол олон баян хутагт, хувилгаад, тайж, түшмэд нараар хүрээлүүлсэн баян засаг үүсч байсан бололтой. Харин Ардын засаг тэр их баялгийн эздийг устгаж байж л өөрийн эдийн засгийн хүчин чадлаа бүрдүүлсэн мэт дүр зураг харагддаг. Манжийн үед Монголд үүссэн тэр олон зуун сүм хийд бүгд Манжийн засагт татвар төлдөггүй. Лам нар нь Манжийн цэрэгт татагддаггүй байсан учраас монголчуудыг хүйсээр нь устгах гэсэн Манжийн бодлогын гадна сүм хийд бараадсан эрчүүд Монголдоо үлдэж, сүм хийдийн, ялангуяа хутагт хувилгаадын шавь ардын мал сүрэг өссөн байдаг. Шашны үйл ажиллагаанд тавьдаг эдийн засгийн ийм зохицуулалтыг бүр XIII зууны Монголын Эзэнт гүрний үеэс хэрэгжүүлж уламжилсан. Энэ уламжлалаа Манжийн үед шашны бодлого дээр авч үлдсэн нь монголчуудын манжийн эсрэг далд улс төрийн бодлого байжээ.


Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцан: Б.Наранхүү бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын холбоо байхгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Чухам ямар шалтгаанаар хандсан юм бэ?

-УИХ-ын гишүүн Б.Наранхүү УИХ-ын хуралдаанд суухгүй, хааяа ёс төдий үзэгддэг, ажилдаа ирдэггүй. УИХ-ын гишүүн ажилдаа заавал ирж бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн олон заалтыг зөрчсөн байна. Ингэж хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн агуулгатай мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан юм.

-Та энэ маргааныг өөрийн санаачилгаар авч шалгасан юм уу, аль эсвэл өргөдөл, гомдлыг цаанаас нь хуваарилж өгдөг юм уу?

-Монгол Улсын Үндсэнхуулийн Цэцэд өргөдөл, гомдлыг гишүүдийн хүсэлтээр өгнө гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэдээллийг тойргийн журмаар хуваарилдаг гэж ойлгож болно. Тогтсон журмын дагуу надад хуваарилагдаж ирсэн өргөдөл. Энэ өргөдлийг шалгахаас татгалзах хууль зүйн үндэслэл надад байхгүй. Нэг үгээр хэлбэл, Наранхүү бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын холбоо байхгүй. Наранхүү гишүүнийг таньдгийн тухайд бол Цэцийн бүх гишүүд танина.

-Та энэ өргөдлөөр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар татгалзсан тухайгаа тайлбарлаж болох уу?

-УИХ гэдэг бол бие даасан хуулийн этгээд, байгууллага. Энэ байгууллага өөрийн үйл ажиллагааг зохицуулах хуультай, дотоод журамтай, УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмтэй, ёс зүйн дэд хороотой бие даасан байгууллага. Гишүүн хүн чухам Наранхүү байна уу, хэн байна тэр байгууллагын дотоод дэг журмыг биелүүлээгүй, хуралдаанд суугаагүй, ёс зүй зөрчсөн тохиолдол болбол тухайн байгууллага л уг асуудлыг авч үздэг тогтсон хуультай. Үндсэн хуулийн Цэц эрх мэдэл ихтэй ч бусад байгууллагын дотоод хэрэгт оролцож, тэр тусмаа хүмүүст хариуцлага тооцдог газар биш.

УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчих гэдэг нь эрх зүйн хувьд өөр ойлголт. Одоогийн болон өмнөх парламентуудад хуралдаанаа огт таслаагүй ганц гишүүнийг ч болов нэрлэж чадах уу. Энэ үүднээс харвал УИХ-ын бүх гишүүд ээлж дараалан Үндсэн хуулийн Цэц дээр ирж огцрох болох нь л дээ. УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох замаар гишүүнээс нь огцруулах эрх хэмжээ Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуулиар олгогдоогүй байна гэж үзэн татгалзах тогтоол гаргасан.

Гэхдээ миний шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Би өөрийнхөө гаргасан тогтоолд миний гаргасан энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг тусгайлан дурдсан байгаа. Гомдол гарсан тохиолдолд уг гомдлыг гурван гишүүнтэй бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг хуультай юм.

-Б.Наранхүү гишүүнтэй холбоотой мэдээллийг шалгах ажиллагаа нэлээд сунжирсан юм биш үү. Чухам яагаад ингэж удав?

-Үндсэн хуулийн Цэцэд гомдлыг шалгах хугацаа өөрөө хуульчлагдсан байдаг юм.

Хэрэв тэр хугацаанд багтахгүй нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол уг хугацааг сунгадаг тогтолцоотой. Энэ бол аль ч шүүхэд байдаг тогтолцоо. Миний хувьд Наранхүүгийн энэ асуудлыг парламентын засаглалтай дэлхийн улс орнуудад чухам яаж авч үздэг юм бол, мөн ёс зүй зөрчсөн ч юм уу, парламентын хуралдаанд удаа дараа суугаагүй гишүүдийг Үндсэн хуулийн шүүх нь авч үзэж, хариуцлага хүлээдэг тогтолцоо дэлхийн бусад орны Үндсэн хуульд байгаа эсэх асуудлыг тусгайлан судалж үзсэн юм. Миний судалгаанд хамрагдсан 40 гаруй улсын тухайд парламентын гишүүдийн хуралдаанд суудаггүй, ёс зүй зөрчсөн асуудлыг авч үздэг Үндсэн хуулийн шүүх байсангүй.

-Б.Наранхүү гишүүнтэй холбоотой гомдлыг шалгах ажиллагаа явуулахад тэд анхнаасаа таныг сэрдэж байсан. Б.Наранхүү гишүүн та хоёр ижил хоббитой болохоор тэгж үзсэн юм болов уу. Та хоёр үнэхээр 450 сая төгрөгөөр хөөрөг наймаалцсан юм уу?

-За хардах эрх бол хэнд ч байж болно. Тэгэхдээ төрийн албан тушаалтныг, ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүхийн шүүгчийг, түүний үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож гаднаас нөлөөлөх замаар гүтгэлгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулах бол өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.

Б.Наранхүү гишүүний 450 сая төгрөгийн үнэтэй тариан түрүү бүхий хөөргийг надаас авсан мэтээр бичсэн байна лээ. Чухамдаа 450 сая төгрөгийн үнэтэй хөөрөг Монголд битгий хэл дэлхийд ийм түвшний үнэтэй хөөрөг байдгийг би мэдэхгүй. 45 сая ч юм уу, 50 сая ч юм уу ийм хэмжээний хөөргүүд бол би сонсож байсан. Наранхүү гишүүний тариан түрүүтэй хөөргийг би чухамдаа гараараа барьж үзээгүй, Монголын шилдэг хөөрөгний каталог ном хэвлүүлэхэд тэр хөөрөгний зураг ирж тавигдсан юм. Гэхдээ миний сонссоноор хөөрөг хямдхан байх үед Наранхүү гишүүн энэ хөөргийг 15 саяар авсан гэж сонссон. Үнэн эсэхийг мэдэхгүй. Энэ бол миний сонирхох сэдэв ч биш. Ер нь хүмүүс хоорондоо ямар үнээр, ямар бараагаа наймаалцах нь хувь хүмүүсийн дотоодын хэрэг.

-Ингэхэд таны хөөрөгний цуглуулга хэр баяжсан бэ. Ямар хэмжээний цуглуулга байна. Таныг хөөрөг судлалын талаар бас өргөн мэдлэгтэй гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Хобби гэдэг бол ихэнх хүмүүст байдаг зүйл. Сонирхолтой нь надад хөөрөг цуглуулах хобби бий болоод 35 орчим жил болж байна. Миний цуглуулгад 30 гаруй хөөрөг байгаа. Харин сүүлийн гурван жилд нэг ч хөөрөг худалдаж авсангүй. Яагаад вэ гэвэл, тэр цуглуулгад байгаа 30 гаруй хөөрөгтэй загвар, хийц, чулууны урлагийн хувьд ижил төстэй хөөргийг бол авдаггүй юм. Энэ хугацаанд авч болмоор хоёр хөөрөг таарсан боловч харамсалтай нь тэр хоёр хөөрөгний үнийг би дийлээгүй. Өндөр үнэтэй хөөргүүд байсан.

Ер нь хөөрөгний цуглуулга хийдэг хүмүүс дэлхийн улс оронд их олон байдаг юм. Ялангуяа Англи, Хятад, Тайваньд хөөрөгний цуглуулгатай хүмүүс олон бий. Манай Монгол Улсад ч гэсэн өөрийнхөө хоббигоор хөөрөгний сайхан цуглуулгатай хүмүүс бий. Бүр надаас 3-4 дахин олон хөөрөгтэй хүмүүс ч бий. Жишээлбэл, манай УИХ-ын гишүүн асан Да.Ганболдын цуглуулга бол минийхээс хавьгүй олон тоотой, их сайхан цуглуулга байгаа. Энэ бол үе дамжсан цуглуулга даа. Хөөрөгний цуглуулгыг дэлхийд чулууны урлагийн цуглуулгын нэг төрөл гэж үздэг юм.

Хөөрөг цуглуулдаг хүмүүс бол хөөргийг ихэнхдээ зардаггүй, авдаг хүмүүс байдаг. Хөөрөг авахдаа өөрийнхөө цуглуулгад байгаа хөөрөгтэй ижил төрлийн урлагтай хөөрөг байвал авдаггүй учиртай. Тэгээд ч хөөрөгний цуглуулга хийх боломж их хязгаарлагдмал, яагаад гэвэл энэ нь санхүүтэй холбоотой учраас өндөр үнэтэй хөөргийг бид авдаггүй. Урлагтай, олон жилийн настай тийм хөөргүүдийг бол эхэн үедээ бид авч байсан юм. Одоо ч тийм хөөрөг үндсэндээ ховордсон байна. Шинэ цагийн хөөргийг цуглуулагч нар бараг л авахгүй дээ.

-Б.Наранхүү гишүүн бол ард түмнийг төрд төлөөлж байгаа хүн. Гэтэл энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг биш гэж үү?

-УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт олон зүйл хамаардаг юм. Зөвхөн хуралдаанд суух асуудлаар УИХ-ын гишүүний үйл ажиллагаа хязгаарлагдахгүй. Би энэ өргөдлийг шалгах явцдаа Наранхүүгийн тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа тайланг авч үзэж танилцсан юм. Харин миний санаснаас Наранхүү гишүүн тойрогтоо нэлээд сайн ажилладаг юм шиг санагдсан. Тойрогтоо Монгол Улсын Их хурлаар олон чухал асуудал шийдвэрлүүлснээс гадна хувийн санхүүжилтээрээ ч Дундговь аймагт хийсэн ажил их юм байна лээ.

Ер нь УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа хүмүүс. УИХ-ын гишүүнийг огцруулах асуудал бол зарим хүмүүсийн бодож байгаа шиг тийм хялбар зүйл биш. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал нь тусгай хуультай, тэр хуулиараа зохицуулагддаг. Тухайлбал, түүнийг сонгосон сонгогчид бидний эрх ашгийг энэ хүн төлөөлж чадахгүй байна гэж гомдол гаргасан тохиолдолд, мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд энэ эрх хөндөгдөж болно. Түүнээс биш Дундговь аймгийн сонгогчдыг төлөөлж Улаанбаатар хотын зарим хүмүүсийн сэтгэлд нийцээгүй явдал бол энэ хүнийг эгүүлэн татах хууль зүйн үндэслэл болдоггүй юм аа. Гадаад орны Үндсэн хуулийн шүүхүүд бол ихэнхдээ өөрт нь үл хамаарах асуудлыг авч хэлэлцдэггүй хуультай байдаг.

-Ер нь Үндсэн хуулийн цэцтэй холбоотой шүүмжлэлүүд их байдаг. Цэцийн гишүүд улс төрждөг, хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд орчихсон, тэдний захиалгаар ажилладаг гэх зэргээр шүүмжлэх болжээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ.

-Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой шүүмжлэл байдаг. Тэгэхдээ тэр шүүмжлэлийг бодитойгоор авч үзвэл үнэнээс хазайсан тохиолдлууд их байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүх хүнд нэгэн зэрэг таалагдах, тэр тусмаа улс төрчдөд ижил таалагдана гэж үндсэндээ байдаггүй. Үндсэн хуулийн Цэцэд олон жилийн туршлагаас харахад ихэвчлэн намын төлөөллүүд ханддаг. Тэд өөрийнх нь хүсэл хангагдаагүй бол Үндсэн хуулийн Цэц улс төржсөн шийдвэр гаргалаа гэж үздэг юм. Өөрийнх нь сэтгэл санаанд нийцвэл нөгөө нам нь улс төржсөн шийдвэр гаргалаа гэж хэлдэг жишээтэй. Нэг үгээр хэлбэл, улстөрчид Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг улс төржсөн шийдвэр гэж нэрлэдэг болохоос биш Үндсэн хуулийн Цэц улс төржсөн шийдвэр гаргадаггүй юм. Харин бахархалтайгаар тэмдэглэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц үүссэн цагаасаа эхэлж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр маш өндөр хэмжээний туршлагатай, чадвартай хуульчдыг Үндсэн хуулийн Цэцэд томилон ажиллуулсан. Энэ жаяг жишиг одоо болтол хадгалагдсаар ирсэн юм. Үндсэн хуулийн Цэцэд одоо ажиллаж байгаа битгий хэл өмнө нь ажиллаж байсан гишүүдээс хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд орсон тийм гишүүн, бусдын захиалгаар ажилладаг тийм хүн байгаагүй гэж сэтгэл бардам хэлэх байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр нэлээд олон жил ажилласан. Очирбат гуай Үндсэн хуулийн Цэцэд нэг жил гаруй ажилласныхаа дараа Үндсэн хуулийн Цэц үнэхээр шударга ажилладаг, асуудалд үнэхээр зөвхөн Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс ханддаг байгууллага юм байна. Би гадна байхдаа Үндсэн хуулийн цэцийг ийм гэж огт санаагүй юм. Үндсэн хуулийн Цэц дээр Монгол төрийн хувь заяаны тодорхой хэсэг тогтож байна гэж олон удаа хэлж байсныг тодхон санаж байна.

-УИХ-аас баталж байгаа хуулиуд Үндсэн хууль зөрчих нь нэмэгдсэн бололтой. Иргэд Цэцэд их хандаж байгаа харагддаг. Энэ нь юутай холбоотой вэ. Их Хурал чадамжгүй байна уу, эсвэл иргэд хуулийг сайн анхаардаг болсны илрэл үү?

-Үе үеийн парламент, Улсын Их Хурлаас батлагдсан хуулиас Үндсэн хууль зөрчсөн хууль гаргаагүй нэг ч парламент байхгүй. Үндсэн хуулийн зөрчил бол санаатай, санамсаргүй гэсэн хоёр чиглэлээр гардаг юм. Тэгэхдээ санамсар болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас болсон шалтгаанууд давамгайлдаг юм. Ер нь Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд нэг их нэмэгдсэн юм байхгүй. Өнгөрсөн парламентын үед бол нэлээд хэдэн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон. Энэ нь бол шинэ тогтолцооны зарим хуулийг санаачлахдаа Монгол Улсын эрх зүйн бүлгийн онцлогийг онолын үүднээс сайн судлаагүйтэй холбоотой байсан. Түүнээс биш аль ч парламентыг чадамжгүй байсан гэж хэлэх үндэслэл байхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн зургаан сэдвийн хүрээнд та ямар бодолтой байдаг вэ?

-Манай Үндсэн хууль бол Олон улсын түвшинд хийгдсэн сайн хууль гэж би үздэг. Миний хувьд Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд биечлэн оролцсон Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутатын хувьд тэгж нааштай үнэлж байгаа юм биш. Энэ бол дэлхийн олон шинжээчдийн өгсөн үнэлгээ. Гэхдээ сайн хууль гэсэн үнэлэлт нь тухайн хуульд хэзээ ч өөрчлөлт орохгүй гэсэн үг бас биш. Монгол Улсын парламент ажиллаад 28 жил болж байна. Энэ хугацаа бол бас тийм ч бага хугацаа биш. Энэ хугацаанд Монгол Улс олон туршлага хуримтлуулсан, олон бэрхшээлүүдтэй учирч байсан. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн хэмжээний биш зохих хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нэгэнт болсон гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд албан ёсны санал өгөх ёстой ганцхан субъект бол Үндсэн хуулийн Цэц. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн өгөх саналын талаар би урьдчилан энд дэлгэх боломжгүй байна. Чухамдаа одоо хэлэлцэж байгаа зургаан сэдэв нь ямар байдалтай болоод Үндсэн хуулийн цэц дээр ирэхийг таашгүй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурал хангалттай судалгаа хийж олон түмний саналыг авч ажиллаж байгаа нь хэн бүхэнд харагдаж байгаа байх аа.


Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Монголын Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэснээ японы тал мэдэгдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Та сая Японд айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны талаар нэлээд яриа өрнөсөн бололтой. Ямар ахиц дэвшил гарав?

-Энэ сарын 21-25-нд Гадаад харилцааны сайдын хувиар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Япон Улс манай “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон. Энэ удаагийн айлчлал Япон Улстай тогтоосон улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн айлчлал боллоо. Стратегийн түншийн харилцаатай улс орнуудын хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлуудаар японы талтай санал солилцлоо.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдааг өсгөх, чингэхдээ манай экспортын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах талаар Японы Засгийн газар, худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай нэлээд нухацтай ярилцлаа. Мөн манай ЖДҮ-үүдийг дэмжих, хоёр улсын ЖДҮ-үүдийг холбох, зөвхөн манай ЖДҮ-үүд төдийгүй бидэнтэй хамтран ажиллаж буй Японы ЖДҮ-үүдийг Монголоос бараа, үйлчилгээ худалдан авахад нь дэмжих зэргээр хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг эрэлхийлэх санал тавьсан.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэкотой уулзсан. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-ны Гүйцэтгэх захирал, Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч нартай уулзсан. Эдгээр уулзалтаар дээрх саналуудыг японы тал дэмжиж, тодорхой, бүтээлч хариу саналууд дэвшүүллээ. Тухайлбал, ЖАЙКА байгууллага Монгол, Японы хүний нөөцийг хөгжүүлэх төвөөр дамжуулж хоёр улсын бизнес эрхлэгчид, тэр дотроо ЖДҮ-үүдийг холбох тал дээр туслахаа илэрхийлсэн бол Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, гарал үүслийн гэрчилгээг шуурхай гаргах зэргээр манай саналуудад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Гадаад хэргийн сайд Т.Конотой хийсэн хэлэлцээний үеэр ЖАЙКА байгууллагын шугамаар энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэснээ японы тал мэдэгдлээ. Бид айлчлалын үеэр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээлийн төсөл”-ийн III ээлжийг хэрэгжүүлэх санал тавьсан. Мөн Японы туршлагаас суралцах зорилгоор Японы ахмад зөвлөхүүдийг Монголын бизнес, хувийн хэвшлийнхэн олноор нь авч ажиллуулах практикийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг айлын талд тавьлаа.

-Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад хэрэгжүүлж байна. Үр өгөөж нь ямар байна вэ. Манайхаас хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр тарифын хөнгөлөлт авсан бэ?

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хэлэлцээрээр японы тал манай 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн. Үүнд, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлөөд байна.

Япон Улсаас импортоор орж ирж буй гол нэрийн бүтээгдэхүүнийг суудлын автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж эзэлж байгаа бол манай талаас мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавуу, сүлжмэл болон ХАА-н гаралтай жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зонхилж байгаа. Худалдаа нэмэгдэж байгаа хэдий ч манай экспорт санасан хэмжээнд хүрч өсөхгүй байна. Энэ ч үүднээс би айлчлалынхаа үеэр энэ асуудлыг онцгойлон хөндөж, Монгол, Японы бизнес уулзалтад оролцсон Японы 200 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчээр дамжуулан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр шимийг хамтдаа хүртэхийг япончуудад уриалсан юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын Засгийн газар илүү анхаарч ажиллах шаардлагатай. Би Японы Гадаад харилцааны яам болон Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд хандаж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтарсан хороог шуурхай хуралдуулах санал тавьж, нааштай хариу авлаа. Хэлэлцэж тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгох чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Манайхаас бараа, үйлчилгээ худалдаж авах Японы ЖДҮ-дээ Япон Улсын Засгийн газар тусгайлсан бодлого явуулж дэмжих санал тавьсан.

-Та айлчлалынхаа үеэр Японы Олимпийн сайдтай уулзсан байна лээ. 2020 оны Токиогийн олимпийн үеэр хоёр тал хэрхэн хамтран ажиллах вэ?

-Соёл, спортын хамтын ажиллагаа хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх нэгэн чухал суваг юм. Айлчлалынхаа хүрээнд Японд ажиллаж буй долоон Соёлын элчтэй уулзаж, цаашдын төлөвлөж буй ажлынх нь талаар санал солилцлоо. Мөн Токиогийн олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн үеэр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Япон Улс 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан “Хүлээн авагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь олимпийн наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, улс эх орноо сурталчлах боломжийг нээж өгөх явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жүдо бөх, туялзуур сэлэм, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа зэрэг спортын төрөлд манай баг тамирчид Япон Улсын 14 хотод бэлтгэл, дасгал сургуулилтаа эхлүүлээд байна. “Хүлээн авагч хот” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахын сацуу Монгол орныг таниулах, нэн ялангуяа манай бараа бүтээгдэхүүнийг сурталчлах тал дээр хамтран ажиллах боломж байгаа талаар ярилцсан. Токиогийн олимпийн наадмын үеэр зохион байгуулагч улсаас нэлээдгүй дэмжлэг авч болох нь ээ гэж ойлгож болно.

-Манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Та хоёрдугаар сарын эхээр БНАСАУ-д айлчилсан. Энэ үеэр яригдсан гол асуудлууд юу байв?

-Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар хоёрдугаар сарын 3-5-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээр хийсэн.

Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Уламжлалт, найрамдалт энэхүү харилцааны ойг тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйн хэрэг юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа соёл, урлаг, спортын салбарын хүрээнд чамлалтгүй хөгжиж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн улс байх байр сууриа тууштай баримтлан Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход өөрийн хувь нэмрийг оруулах ёстой хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчихгүйгээр хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж ярилцаж байгаа. БНАСАУ манай Зүүн хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг дэмжиж байгаагаа мөн энэ айлчлалын үеэр илэрхийлсэн.

-Таныг Японд айлчилж байх үеэр бүс нутаг, Солонгосын хойгийн асуудал яригдсан уу?

-Монгол, Японы хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сацуу олон улс, бүс нутгийн асуудлуудаар японы талтай санал солилцсон. Монгол Улс Зүүн хойд Азид оршдог. Солонгосын хойгийн асуудал нь эл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд шууд хамаатай тул айлчлалуудын үеэр энэ сэдэв хөндөгддөг. НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх асуудал энэ удаа бас яригдсан. Олон улсын хамтын нийгэмлэг эдгээр тогтоолыг заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Бид зөвхөн Япон Улстай төдийгүй бусад улс орнуудтай, түүний дотор БНАСАУ-тай ч энэ талаар ярьж байгаа, айлчлалын үеэр ч яригдсан. Эл асуудалд хариуцлагагүй хандах нь эргээд Монгол Улс олон улсын хоригт өртөх эрсдэлийг дагуулна. Өнөөдөр манай орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бид мэдэж байгаа. Ийм цаг үед бид гадаад бодлого, харилцаандаа ихээхэн анхааралтай, мэдрэмжтэй хандах шаардлагатай бөгөөд манай гадаад таатай орчинд ямарваа нэгэн саад тотгор учрах ёсгүй юм.

-Та жүдогийн хар бүс авсан гэл үү. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Жүдо бол социализмын үед буюу манай хоёр улс нийгмийн өөр тогтолцоотой үед ЗХУ-аар дамжин орж ирсэн спорт юм. Энэхүү спорт хүйтэн дайны төмөр хөшгийг ч нэвтлэн орж, манай хоёр ард түмнийг танилцан ойртож, нөхөрлөхөд дэм болж ирсэн. Би бага байхдаа Кодокан ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. Кодоканд зочлон жүдогийн дүрэм журам, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна. Айлчлалын үеэр ийнхүү Кодоканы ордонд очсон маань Монголын ард түмэн Японы ард түмэн, гайхамшигт соёлыг хэлбэр төдий бус жинхэнэ сэтгэлээр хүндэлж байдгийн илэрхийлэл юм.


Categories
мэдээ цаг-үе

Шүүх болон захиргааны байгууллагуудад хүний эрх хамгийн их зөрчигдөж байна гэв

Олон улсын “Эмнести Интернэшнл” байгууллага дэлхийн 159 орныг хамарсан хүний эрхийн төлөв байдлын тайланг өчигдөр танилцууллаа. Төрөөс турхирсан үзэн ядалт нийгмийн идэвхжилийн шинэ эринг эхлүүлснийг тэд онцлов. Ер нь 2017 оны турш дэлхий даяар ад үзэх, адлах бодлого дэлгэрч, гашуун үрийг нь сая сая хүн амсаж байна хэмээн анхааруулж байсан юм.

Тус байгууллагаас гаргасан хүний эрхийн тайланд “Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх шинэ үеийнхний хөдөлгөөн, олон жил тэмцсэн идэвхтнүүдийн хөдөлгөөнтэй нэгдэж, улам бүр хүрээгээ тэлж байгаа нь дарангуйлал, хавчлагыг таслан зогсоох итгэл найдварыг төрүүлж байна. Тив дамнасан дүрвэгсдийн урсгалд чинээлэг орнууд нэрвэгдэж, энэ хямралыг зохистой шийдэхээс удирдагчид нь зайлсхийж, дүрвэгчийг төгс хүн гэж үзэлгүй, асуудал таригч хэмээн хажиглаж байна. Ерөнхийлөгч Трампын хүний эрхээс ухарсан үйлдэл нь бусад Засгийн газруудад даган дуурайх аюултай жишээ болж байна” гэж тэмдэглэжээ. АНУ-аас өгсүүлээд ОХУ, Польш улсад эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаар завдсан бол, Франц улсад эсэргүүцлийн арга хэмжээг хориглосон байна. Польшийн Варшав хотноо болсон үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын үеэр гадныхныг үзэн ядах уриа, уран цэцэн үгс, АНУ-ын Шарлоттесвиллд цагаан арьстныг дэмжигчдийн цуглаан, Чеченээс Египет улс хүртэл ЛГБТИ хүмүүсийг устгах эрс арга хэмжээ гарч байгаа ажээ. Иймд үүний эсрэг хүмүүс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байгааг тайланд дурдсан байна. Мөн энэ тайланд хүний эрхийн хамгаалагчдын эсэргүүцэл, тэмцэл олон ялалт авчирсныг ч тодотгожээ. Тухайлбал, Чили улсад үр хөндөлтийг бүрэн хориглосон байсныг цуцлуулж чадсан, Тайвань улс гэрлэлтийн тэгш эрхийг хангах алхам хэрэгжүүлсэн, Нигери улсад албадан нүүлгэлтийг хориглосон шүүхийн тогтоол зэргийг нэрлэсэн байна.

Дэлхий даяар хүмүүс орон байр, эрүүл мэнд, цэвэр ус, зохистой хоол хүнсээр хангагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдарч буй нь эрх зөрчигдсөн том асуудлын нэг болохыг Эмнести Интернэшнлийнхэн хөнджээ. Үүний улмаас Венесуэлээс Иран хүртэл олон нийтийн дургүйцэл асар өргөн тархаж буй. Засгийн газрууд ядуурал, тэгш бус байдлын үндсэн шалтгааныг зогсоохгүй бол маш том үймээн самуун гарч болзошгүйг хүний эрхийн төлөө шүгэл үлээгчид анхааруулжээ.

Өнгөрсөн жил эрх баригчид тэмцэгчдийг дуугүй болгох, хэвлэл мэдээллийг хумихыг оролдсоноор олон зуун идэвхтэн амиа алдсан тухай дэлхий дахин мэдээлсэн. Турк, Египет, Хятад улсад сэтгүүлчдийг олноор нь хорьсон. “Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдыг ангуучлан, сонин сэтгүүлийг хааж, шүүж, хорьж болзошгүй ч бид дуугүй байхгүй” гэж Эмнести Интернэшнлийнхэн өгүүлэв. Үгээ хэлсэн хүмүүсийг дуугүй болгохоор оролдохын оронд Засгийн газрууд тэдний санаа зовж байгаа асуудлуудыг сонсож, шийдэх хэрэгтэй гэлээ.

Эрх мэдэлтнүүд, иргэний нийгмийнхэн, хэвлэл мэдээллийнхнийг хянаж, хязгаарлахаа зогсоох ёстой. Хэрэв удирдагч хүмүүс яагаад эсэргүүцэл илэрхийлээд байгааг ойлгож мэдэхгүй бол эцэстээ өөрсдөө унах болно. Хүмүүс эрхээ эдлэхийг хүсэж байгаагаа маш тодорхой ойлгуулсан. Засгийн газрууд тэднийг сонссон гэдгээ одоо харуулах л үлдлээ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шитти энэхүү тайланд дурдсан байна.

Монгол Улсад хүний эрхийн төлөв байдал ямар байгаа вэ?

“Эмнести интернэшнл” байгууллагаас манай улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар нийтдээ зургаан асуудалд үнэлэлт дүгнэлт өгчээ. Тухайлбал, цаазаар авах ял, хүний эрхийн хамгаалагч, эрүү шүүлт, зүй бус харьцаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, орон байртай байх эрх-албадан нүүлгэлтийн асуудлыг хэрхэн дүгнэснийг Монголын “Эмнести Интернэшнл” байгууллагын Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал танилцуулсан юм. Тэрээр “Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пакт болон улс төрийн пактаас хамгаалагдсан хэд хэдэн суурь эрхүүд Монгол Улсад зөрчигдсөн байна гэж Эмнести байгууллага тайландаа дурдсан байна. Цаазаар авах ялын тухайд эерэг болон сөрөг талыг нь тэмдэглэж байгаа юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсноор цаазаар авах ялыг үндэсний хэмжээнд бүх гэмт хэрэгт халсныг сайшаажээ. Гэвч хууль хэрэгжээд гурван сар ч хүрээгүй байхад нийгэмд гарсан дуулиант хэргүүдээс үүдэж, эрүүгийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлж, ажлын хэсэг байгуулагдсан явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага нэлээд шүүмжилж байгаа юм. Ингэснээр Монгол Улс хүний эрхийн хүрсэн түвшингээсээ ухарсан алхам боллоо гэж тайландаа дурдсан” гэлээ. Хоёрдугаарт, Монгол Улсад эрүү шүүлт, хүнлэг бус явдал оршсоор байгааг тус байгууллага дүгнэлтдээ дурдсан байна. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчны зохицуулалт хангагдсан боловч хэрэгжилтийн асуудлыг эргэж харж үзэх ёстойг сануулжээ. Тухайлбал, хараат бус, тусгай мөрдөн шалгах механизм байхгүйн улмаас хоригдогсодтой, хөгжлийн бэрхшээлтэй, гадаадын иргэдтэй зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэн хэргийг нуун дарагдуулах, ял шийтгэлгүй үлдээх явдал үргэлжилсээр байгааг онцолсон байна. Прокурорын дэргэдэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албыг татан буулгасан явдлыг сэргээж, бий болгохгүй бол мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүс нэгнийгээ шалгах нь нэр төдий хэрэгжиж буйг хүний эрхийн байгууллагууд тавьж буй гэнэ. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүйг тайланд тусгажээ. Мөн тайланд онцлон тэмдэглэсэн гурав дахь зүйл бол хүний эрхийн хамгаалагч нар, тэр дундаа нийгмийн төлөөх төр, бизнесийн байгууллагад бугшсан хүний эрхийн зөрчлийг ил болгосон шүгэл үлээгч нарыг хамгаалах асуудал Монгол Улсад хангалтгүй байна гэжээ. Сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг илчилсэн шүгэл үлээгч хөгжлийн бэрхшээлтэй сурагч, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрхийн талаар мэдээлж буй сэтгүүлч, хүний эрхийн хамгаалагчдыг хувийн корпораци, хууль сахиулах албан тушаалтнууд айлган сүрдүүлж, бие махбодид нь халдсан тухай мэдээлсэн. Тэдний хувийн нууцад нь халдах, айлган сүрдүүлэх явдлаас одоогийн хууль тогтоомж хамгаалж чадахгүй байна гэжээ.

Орон байртай байх эрх-албадан нүүлгэлттэй холбоотой асуудал дээр Монголын “Эмнести интернэшнл” байгууллага нэлээд идэвхтэй ажиллаж байгааг Р.Очирбал хуульч онцоллоо. Тэрбээр “Хот суурин газарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд иргэдийг шаардлага хангасан орон байртай байх эрхэд хохирол учруулж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчид хот дахин төлөвлөлтийн төлөвлөгөө, зохистой, шударга нөхөх олговор, бодитой зөвлөлдөх талаар шинэ мэдээ мэдээлэлгүй байгаа нь хот дахин төлөвлөлтийн улмаас албадан нүүлгэлтэд өртөх эрсдэл байна. Оршин суугч иргэд 2016 оны зургадугаар сард шинээр сонгогдсон хотын захиргаа өмнөх Засгийн газрын гаргасан хот дахин хөгжүүлэх төлөвлөгөөг санхүүжилт дутсан хэмээн хэрэгжүүлсэнгүйд гомдолтой байлаа. Тухайлбал, дөрөв, таван жилийн турш хугацаанд төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэний улмаас газраа чөлөөлж, орон байраа хураалгачихсан иргэд нүүдлийн шувуу шиг айл, айлаар хоноглон амьдарч байна. Ийм тохиолдолд түр орон байраар хангах хууль эрх зүйн зохицуулалт үндэсний хэмжээнд байхгүй гэдэг шалтгаанаар төрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авахаас татгалзсаар ирсэн. Зарим тохиолдолд түр орон байраар хангаж байгаа гэдэг боловч бид бас л шүүмжлэлтэй ханддаг. Сонгуулийн компанит ажиллагаатай холбоотойгоор ийм ажиллагааг хийгээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Дээрээс нь Засгийн газрын тогтоолоор иргэдийн өмчилж байгаа газрыг төр нөхөн олговор олгох замаар буцаан авах зохицуулалт Үндсэн хуулийн гол зарчим болсон хуульд заасан порцедурынхаа дагуу хийгдэхгүй байна. Мөн “Эмнести интернэшнл” байгууллагын сүүлийн хэдэн жилийн тайланд дурдаж байгаа асуудал бол газартай холбоотой. Олон жил тухайн газар дээрээ амьдарч буй боловч өмчлөх, эзэмших эрхгүй иргэдийн эрхийн хамгааллын асуудлыг хэрхэх вэ гэдгийг Монгол Улс анхааралдаа аваач гэсэн байна” гэв.

“Эмнести интернэшнл” байгууллагын тайланд өнөө жил малчидтай холбоотой асуудал шинээр нэмж дурдагджээ. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр хамгаалагдсан суурь эрх малчдын хувьд ихээхэн зөрчигдөж байгаа аж. НҮБ- ын хүний эрх, байгаль орчны асуудлаарх Тусгай Илтгэгч өнгөрсөн оны есдүгээр сард Монголд айлчлахдаа Дорноговь аймгийн малчидтай уулзаж, бэлчээр дээрх хүний эрхийн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэрээр цэвэр усаар хангагдах, орон байртай байх, хөрөнгөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн суурь эрхүүд зөрчигдөж байгааг тайланд дурджээ. Иргэдийн хувьд төр, бизнесийнхний зүгээс нүүхийг албадаагүй гэж учирласан байна. Гэхдээ хүн бүү хэл амьтан адгуус амьдрах аргагүй болтол дуу чимээтэй, тоосжилттой орчинд хэр удаан хугацаанд оршин тогтнож чадахаа ч мэдэхгүй байгаагаа нулимс дуслуулан ярьж байсан аж. Харин “Эмнести Интернэшнл” байгууллагынхны зүгээс нүүх саналыг тавихад малчид “Бэлчээрийн маргаантай байдаг энэ үед энэхүү суурьшлаасаа явна гэдэг бол нүүдэлчин гэдэг соёл иргэншлээсээ хагацахад хүрч байна” гэж хэлжээ.

Тайланд дурдагдсан өөр нэг асуудал бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх аж. Үүнийг Зөрчлийн тухай хуульд хүний үзэл бодлоо илэрхийлсэн явдалд их хэмжээний мөнгөн торгуулиар хязгаарласныг онцолсон байна. Мөн төр засгийн зүгээс шүгэл үлээгч нарынхаа эрхийг хамгаалахгүй бол ажлын байргүй болох эрсдэл өндөр байгааг олон улсын байгууллагын судалгааны тайланд тусгасан байна. Үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, судлаачид хамгийн их өртөх эрсдэлтэй гэжээ.

Монгол Улсад хүний эрхийн хамгаалалт ямар байна вэ?

Манай улсад хүний ямар эрхүүд хамгаалалтгүй байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан танилцуулав. Тэрээр дөрвөн асуудлын хүрээнд ярьсан юм. Үндсэн хуульд заасан хүний эрхүүд яаж хэрэгжиж байгааг бусад улс орнуудтай харьцуулав. Мөн Монголд хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг дурдаж, үүнтэй тэмцэх механизм сул байгааг чухалчлав.

О.Мөнхсайхан судлаач хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийг гадны улс орнуудаас хуулбарласан гэдэг нь худлаа юм. Үндсэн хуулийг хэлэлцэж байсан үеийн портоколиудаас харахад социализмын үед гарч байсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг давтахгүйн тулд АИХ-ын депутатууд нухацтайгаар авч үзсэн байдаг л даа. Мэдээж НҮБ-ын гишүүн. Олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад 1992 оноос хойш Монгол Улс эрх чөлөөтэй гэж тэмдэглэгдсэн. Ерөнхийдөө Монголд иргэний болон улс төрийн эрх ноён нуруугаараа боломжийн хэмжээнд эдлэгдэж байгаа. Гэхдээ ардчиллын индексээр “Согогтой ардчилал” гэсэн ангилалд орчихсон байгаа. Бусад улсуудтай харьцуулбал бид ийм түвшинд явж байна. Хүний эрхийн олон тулгамдсан асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгааг хүний эрхийн төлөөлөгчид, олон улсын байгууллагууд тэмдэглэдэг. Жишээлбэл, сонгуулийн үйл явц байна. Сонгуулийн дүнг зөвшөөрөөд эрх баригч намд сөрөг хүчин эрх мэдлийг тайван замаар шилжүүлж байгаа нь Монголд соёл болоод тогтсон. Жилээс жилд сонгууль чамбайрч байгаа. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ шийдэгдээгүй асуудал байгааг ч нуухгүй. Жишээлбэл, манай улс мажоритор системийг ихэнхдээ хэрэглэж байсан. 2012 онд холимог тогтолцоог авсан боловч Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байгаа. Энэ нь шууд санал өгөх байдлыг хүчингүй болгосон нь ухралтын шинж болсон. Мөн 1993 онд Цэц нэг маргаан шийдсэн байдаг. “Иргэний тэгш сонгох эрхийг Монгол Улсын Үндсэн хууль хамгаалаагүй” гэж үзсэн. Энэ талаар иргэд гурван удаа Цэцэд хандсан боловч дахиж маргаан үүсгээгүй. Үүний үр дагавараар 2002 оноос хойших УИХ-ын сонгуулиар Монгол Улсад тэгш сонгох эрх ноцтой зөрчигдөж байгаа. Хүний эрх зөрчигдөж буй бас нэг ноцтой асуудал бол амьд явах эрх ба цаазаар авах ял. Гурван парламент дамжиж байж Монгол Улс цаазаар авах ялыг халсан. Энэ бол маш их судалгаатай хийгдсэн зүйл. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ор үндэслэлгүй зүйлийг яриад байгаа. Статистик мэдээнээс харахад Монгол Улс цаазаар авах ялыг халснаар хүнийг санаатай хөнөөх хэрэг 22 хувиар буурсан. Хүчингийн гэмт хэрэг 13 хувиар буурсан байна. Зарим хүн Үндсэн хуульд цаазаар авах ял заавал байна гэж мушгиад байдаг. Тийм зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуульд зааж болно гэдэг. Мөн хүний эрхийн чухал зүйл бол халдашгүй чөлөөтэй байх. Олон улсад мэдээллийн технологийн хөгжлийг ашиглаад тагнах, чагнах ажиллагаа бол хүний хувийн амьдрал руу ноцтой халдаж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлын төлөө гэмт этгээдүүдийг илрүүлэх энэ төрлийн ажиллагааг явуулж болно. Гэхдээ манайд эрүүгийн процесс дээр шаардлага хангагдахгүй байгаа. Нууцаар шалгах ажиллагааг зохицуулах журмыг нь процессын хуульд хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулдаг прокурор нь өөрөө зөвшөөрөл өгөөд явдаг зохицуулалт байгаа нь Үндсэн хууль олон улсын гэрээний стандартад нийцэхгүй байна. Өнөөдөр бидний хувийн халдашгүй байдал хуулийн хамгаалалтгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Дээрээс нь манайд жагсаал цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөж байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчдөг. Засаг дарга улс төрийн албан тушаалтан болохоор хуульд заасан үндэслэлээ гуйвуулж тайлбарладаг. Жишээлбэл, өөрөө Сүхбаатарын талбайд арга хэмжээ явуулна, замын хөдөлгөөнд саад учруулна гэсэн үндэслэлүүд дурдаад эрх баригчдыг шүүмжилсэн жагсаал цуглааныг хийлгэдэггүй. Дээрээс нь тайван жагсаал цуглааныг албадаж тараадаг. Ер нь хүний эрхийн ихэнх зөрчил шүүх дээр болон захиргааны байгууллага дээр гардаг. Үүнийг Цэц хардаггүй. Улс төрийн хараат болохоор праламентын дээд танхим шиг ажилладаг. Энэ байдлыг засахгүй бол Монголд хүний эрхийн заалтыг барьж, маргаан шийддэг шүүх нэг ч байхгүй. Хүний эрхийн боловсрол Монголын шүүгч нар тун тааруу байна. Хуулиа хүний эрхэд нийцүүлээд тайлбарлаад хэрэглэх боломж байхад заавал хязгаарладаг практик их байна. Тухайлбал, цагдан хорих захирамж гарангуут шууд хорьчихдог. Эсвэл гадаад руу зорчих эрх, дансыг нь хаах маягаар өмчлөлийн эрхэнд нь халдаж байдаг. Ноцтой үндэслэл нь тогтоогдоогүй байхад шууд хүний эрхийг зөрчдөг. УИХ дээр хэлэхэд олон зүйл бий. Хүний эрхийн дэд хороо байгуулах хуулийн заалттай. Сөрөг хүчний оролцоо хүчтэй байх ёстой. Өнгөрсөн туршлагаас харахад сөрөг хүчний гишүүнээр энэ хороог даргалуулж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ нь алдагдчихсан. УИХ томилгоо хийхдээ хүний эрхийн шалгуур авч үздэггүй. Сая Б.Хурцын томилгоон дээр ажиглагдсан. Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авчирсан хүний эрх зөрчигдсөн асуудлаар нь нээлттэй сонсгол хийе гэхэд нь тэр боломжийг олгоогүй. Тэгээд албан тушаал ахиулж томилгоо хийдэг. Хүний эрхийн комиссын тайланд дурдагдсан ноцтой зөрчлүүдийн хүрээнд арга хэмжээ авдаггүй. Байнгын хороогоор хэлэлцсэн болоод явчихдаг” гэв.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Энэ хавраас бодитой том төслүүдийг эхлүүлэхээр эдийн засаг улам сайжирна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа. Танай байнгын хороо эдийн засгийг сайжруулахад ямар ажлуудыг хийв?

-Намрын чуулган Эдийн засгийн байнгын хорооны хувьд амаргүй байлаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа учраас бид шөнө, үдэшгүй ажилласан. Том хуулиуд, хүнд асуудлууд орж ирлээ. Энэ удаагийн намрын чуулганаар банкны салбарын хуулиудыг цэгцэлсэн. Тодруулбал, Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хууль, Иргэдийн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлахын тулд нэлээд эсэргүүцэлтэй хүнд замыг туулсан. Монголбанк гэхэд ерөнхийлөгч нь ганцаараа биш, бүгдээрээ хэлэлцэж байж шийдвэр гаргадаг боллоо. Өмнө долоон их наядыг хэвлэж зах зээл рүү гаргаад тэрнээсээ болоод ханшаа барьж чадахгүй, валютынхаа нөөцийг сэгсэрч хаясан гашуун туршлага бий. Иймэрхүү асуудал дахин гаргуулахгүйн тулд мөнгөний бодлогыг цэгцтэй болгож байна. Дээрээс нь Монголбанкийг олон улсын жишгээр нь явуулдаг, ил тод болгож өгч байгаа. Арилжааны банкууд охин компаниудаа татан буулгаж байна. Өөрөөр хэлбэл, банкууд дороо охин компани байгуулаад, уул уурхайгаас өгсүүлээд орохгүй салбар гэж байдаггүй байсныг болиуллаа. Харин арилжааны банкуудыг дампуурахаас урьдчилан сэргийлж байх үүднээс хуримтлалын сан байгуулж байна. Тэр сангаас арилжааны аль нэг банкуудыг сайжруулаад, дампуурлаас сэргийлэх юм. Хэрэв хүндэрсэн үед нь хадгаламжийн даатгалаасаа авдаг байдал руу оруулж өгч байгаа. Арилжааны банкуудын эзэд, гүйцэтгэх захирлуудад нэлээд өндөр шаардлага тавьж байгаа. Тэднийг цаашдаа зөвхөн зээл олгодог ажлыг нь хийлгэдэг болгож өгч байна. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр зориулалтаар ашигладаггүй, зөвхөн зээл олгодог болгох юм. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудлыг шийдсний хүчинд ОУВС оны өмнө 576 сая ам.долларыг өгсөн. Тэд сая ирээд манай улсад ажиллахдаа Засгийн газар, УИХ-ыг амлалтаа бүгдийг нь биелүүлсэн байна. Тиймээс санхүүжилтээ үргэлжлүүлнэ гэж ярьж байгаа. Гуравдугаар сард ОУВС Монгол Улсад нэг тэрбум ам.долллар өгөх учиртай. Ингээд явахад 2018 оны сүүлчээр Монголбанкны нөөц таван тэрбум болох юм.

-Цаашид ам.долларын ханш тогтвортой байна гэсэн үг үү?

-Төгрөг сүүлийн үед чангарч байгаа. Ханш дээшээ алдах нь битгий хэл доошоо бууж байгаа. Тэгэхээр энэ зэрэг арга хэмжээ авахгүй бол болохгүй байна.

УВС-гийн хөтөлбөрийг авснаар эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан гэж Засгийн газар мэдэгдээд байгаа. Цаашид эдийн засаг ямар байх вэ?

-Намрын чуулганаар статистик болон стандартын гээд хэд хэдэн чухал хуулийг баталсан. Ирэх хаврын чуулганаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, активын удирдлагын тухай хууль зэрэг орж ирнэ. Чанаргүй болчихсон зээлүүдээ яаж цэгцлэх вэ, банкуудаа яаж цэвэрлэж авах вэ зэрэг асуудлууд яригдана. Яагаад гэвэл банкуудад Монголын эдийн засгийн мөнгөн урсгалын 90-95 хувь нь байна.

Тиймээс хамгийн түрүүнд банкуудаа цэгцэлж авна. Үүний дараагаар хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх даатгалын зах зээлүүдийг хөгжүүлэх асуудлуудыг хийгээд явна. Энэ нь Монголын эдийн засагт сайны дохио болж орж ирж байгаа. Оны сүүлч гэхэд үндсэндээ 5.3 хувиар өссөн. Дээрээс нь 20 тн алт авлаа. Төсвийн орлого 8.3 хувиар давж биеллээ. Ийм нааштай үзүүлэлттэй гарч эхэлж байна. Ер нь бол эдийн засгийн энэ өсөлт хагас жилийн дараа иргэдийн халаасанд буух юм.

-Арилжааны банкуудын зээлийн хүү иргэдэд их дарамт болдог. Зээлийн хүүг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид арилжааны зээлийн хүүг буруулах асуудлыг яриад, тогтоолын төсөл бэлэн болж байна. Жилийн 24 хувьтай байгаа зээлийн хүү 17, 18 хувьтай болж бууж ирнэ. Одоо хадгаламжийн хүүг бууруулна. Арилжааны банкууд бие биеэсээ өрсөж, хадгаламж эзэмшигчдийг татахын тулд өндөр хүү амладаг. Тиймээс хадгаламжийн хүүг нэг хэмд бариад, доош нь буулгая гэж байгаа юм. Хадгаламж бол зээлийн эх үүсвэр. Тиймээс хүү нь бага байвал зээлийн хүү ч буурна. Энэ мэтчилэн хэд хэдэн дорвитой арга хэмжээг авч байна.

-Эдийн засгийн байнгын хороо таван толгойн 1072 хувьцааг арилжаалж эхлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа байх аа. Иргэдэд ногдол ашиг нь очих уу?

-Нүүрсний үнэ гайгүй байгаа болохоор “Эрдэнэс таван толгой” компани сайн ажиллаж, Чалкогийн өрийг дарж дуусгасан. Хөгжлийн банкны 100 сая ам.долларын өрийг ч дарчихсан. Үндсэндээ аж ахуйн нэгжүүдэд өгөх өрөө ч төлж, оны сүүлд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Иймд 2018 оны сүүлчээр ноогдол ашгаа олгож эхлэх гэж байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах шийдвэр гарсны дараа 51 хувийг нь “Жаст” групп Стандарт банкинд барьцаалсан асуудал дэгдсэн. Энэ тал дээр Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд юу хэлэх вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авъя гэж байгаа. Энэ хувийг айлын талаас авчирсан хүмүүс Монголбанк, Хөгжлийн банк зэргээс нэлээд мөнгө авсан байдаг. Тэрнийх нь өрөнд тооцоод төр 49 хувиа эргүүлж авъя гэсэн. Тэгээд ч Эрдэнэт, Оюу толгой зэрэг том ордуудын газрын дооорх баялаг бол ард түмний өмч учраас бүгдэд тэгш хуваарилах ёстой. Тухайлбал, татвараараа, хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгө, төрийн албан хаагчийн мөнгө гээд ард түмэнд жигдхэн хуваарилах ёстой. Гэтэл ингэж Монголын ард түмэнд хуваарилах баялгийг хоёр, гуравхан хүн авсан гэдэг асуудал яригдаад байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай зэрэгцээд 51 хувийг барьцаалсан гэдэг асуудал үүссэн. Үнэндээ 51 хувь биш 51 сая ам.долларын зээлийн батлан даалт юм билээ. Энэ асуудлыг шүүх ажиллагаа гурван жилийн хугацаанд явагдаж байгаа. Үүн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагууд баталгаа гаргачихсан юм байна гэж ойлгож байгаа. Гарын үсэг зуран хүмүүс нь минийх биш гэдэг. Шүүхийн эхний шатанд ялагдчихсан. Одоо давж заалдсан асуудал дуусаагүй, үргэлжлээд явж байна. Нэгэнт эцсийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд энэ тухай мэдээлэл түгээгээд байх нь зохимжгүй юм. Тэгээд ч “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаалгаж, хаалгыг барьсан зүйл огт байхгүй. Үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Улстөрчид нь гарч ирээд янз янзын мэдэгдэл хийгээд байхаар ямар ч мэдээлэлгүй ард түмэн тэрийг нь үнэн юм байна гэж хүлээж аваад байна.

-Арбитрын шатанд мөнгө төлөх шийдвэр гарлаа гэхэд “Эрдэнэт” үйлдвэр төлж таарна. Татвар төлөгч бидний мөнгөөр тэр хүмүүсийн тавьсан өрийг төлөх нь. Засгийн газар энэ асуудлыг “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп хоорондын асуудал гэж орхиж болохгүй. Харин мөнгө зээлсэн хүмүүсийг нь олж ирж, тэднээр төлүүлэх ёстой юм биш үү?

-Засгийн газар баталгаа гаргаагүй учраас төлөхгүй. Харин зээл авсан нөхөр төлж чадахгүй болохоор баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэр төлнө. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход тэр зээл авсан нөхдүүд төрийн өмчит компаниар баталгаа гаргуулах ёсгүй. Энэ бол буруу, хууль зөрчиж байгаа гэсэн үг. “Жаст”-ын Ш.Батхүү гэх нөхөрт ямар өмч байдаг юм тэрийгээ “Эрдэнэт”-тэй ярьж, буцааж хаах талаас нь хоорондоо ярих асуудлууд байгаа гэж бодож байна. Ямар ч тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийг хохироож болохгүй.

-Одоо энэ асуудал дээр МАН-ын бүлэг дээрээ ч юм уу, Засгийн газрын түвшинд санаа зовохгүй бол “Эрдэнэт” үйлдвэрээ өгөөд туучих вий дээ?

-Хавар яригдах байх. Гэхдээ “Эрдэнэт”-ийн тэр үеийн удирдлагууд, Төрийн өмчийн хорооны дарга байсан нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Тиймээс хууль, шүүхийн шатанд яваа асуудлыг бид өөрсдөдөө авчираад ярьж болохгүй. Шүүхийн эцсийн шатны шийдвэр гарсан тохиолдолд бүлэг дээрээ ярьж таарна.

Та “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан хүний хувьд мэдээлэл сайтай байгаа даа?

-Би 23 наснаасаа “Эрдэнэт” үйлдвэрт орж 2008 оны сонгуульд УИХ-д сонгогдох хүртлээ тасралтгүй ажилласан. Тиймээс энэ үйлдвэрт үүсээд байгаа асуудлын талаар мэлдээлэл сайтай байлгүй яахав. Надтай хамтарч ажилласан хүмүүс одоо энэ толгойны өвчнийг яах уу гээд ярьдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд сүүлийн үед зардлаа бууруулаад, техник, технологийн шинэчлэлээ хийгээд ашигтай ажиллаж байгаа.

-Ингэхэд улс орны эдийн засгийг сайжруулахад томоохон төслүүдийг хөдөлгөх шаардлагатай энэ тал дээр танай байнгын хороо юу хийж байна вэ?

-Юутай ч аж ахуйн нэгжүүд, иргэд нь ажилтай байх үүднээс мөнгөний бодлогоо зөв гаргаад явж байна. Энэ хавраас томоохон арван төрлийн төсөл явна. ТЭЗҮ нь хийгдээд бэлэн болсон байна. Тухайлбал, нефтийн үйлдвэрийг бүгд мэдэж байгаа. Мөн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орон сууцжуулах ажил байна. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлүүдийн ажил хийгдэнэ.

Төмөр замд 500 сая ам.долларын төслүүд явна. Гацууртын төсөл эхэлнэ. Энэ мэтчилэн бодитой ажлууд хийгдэнэ. Эдгээр төслийг эхлүүлснээр эдийн засаг сайжрах юм. Хүмүүс мөнгөтэй болохын хэрээр инфляци бидний санааг зовоож байна. Импортын бараа нэмэгдсэн болохоор яалт ч үгүй инфляци өсч байна. Инфляцийг бууруулах арга хэмжээ авахын тулд хаа, хаанаа ярьж байгаа.

-Танай байнгын хороонд шүүмжлэлтэй хандахад, татвар нэмэгдүүлж ард түмний нуруунд хүнд ачаа болохуйц шийдвэр гаргах хэрэг байсан юм уу. Уг нь ОУВСта бүхнийг зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Гэтэл Ц.Нямдорж сайд нь үнэтэй машин унаж тансагласан шүү дээ?

-Татварын асуудлыг өнгөрсөн жилийн хавар эдийн засгийн байдал хүнд байх үед ээлжит бус чуулганаар шийдэж, ОУВС-гийн хөтөлбөрт орсон. Бидэнд хоёр л зам байсан. Энэ хөтөлбөрт орох, шууд дампуурах гэсэн. Дефолт зарлаад улс орон дампуурсан байсан бол манай хөгжил арав, хорин жилээр ухарна. Ийм байдалд оруулахгүйн тулд бид хүссэн хүсээгүй дэмжсэн. Татвар нэмнэ гэхэд хэн ч дуртай байгаагүй. Татварыг нэмж байж, орлогуудаа бүрдүүлэхээс өөр арга алга байна, эдийн засгийн байдал хүнд байна гэж яригдсан. Дэмжсэн шалтгаан гэвэл том зургаараа Монгол Улсыг дампууруулчихгүйн тулд тийм шийдвэр гаргасан. Одоо эдийн засгийн байдал сайжраад ирэнгүүт сая ОУВС-гийнхан манайд ирээд Засгийн газартай ойлголцолд хүрч, хэлэлцээрүүд хийлээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орсон шалтгаан бол урт хугацаатай, бага хүүтэй зээл авч байгаа. Богино хугацаатай, өндөр хүүтэй авсан байсан зээлүүдээ ингэж сольж байгаа юм. Энэ нь хүүний дарамт болон өрийн дарамтаас гарч байна. Ингэхгүй бол эдийн засаг өсөхгүй. Бид юу ч хийж чадахгүй. ямар ч хөрөнгө оруулалт, монгол руу орж ирэхгүй, бүтээн байгуулалт хийж чадахгүй. ОУВС-гийн хөтөлбөрт орсноор өнөөдөр Япон, Солонгосын Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС бидэнд хөнгөлөлттэй зээл өгч байна. Энэ онд нэг тэрбум ам.доллар өгч чадна. Ингэж байж, өмнө тавьсан байсан өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүдээ хааж, тэрийгээ баталгаажуулж, валютын нөөцтэй болно. Тэгснээрээ ханшаа бариад, эдийн засгаа өөд нь татаад явах зүйлүүдээ хийгээд явж байгаа.

Ер нь бол зардал танах нь зөв. Ялангуяа Засгийн газрын зардлуудыг танах ёстой. Зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлж байж Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд тэр бүх боломж нь гарч ирнэ. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би хувийнхаа машиныг албандаа унаж байгаа. Уг нь албан тушаалаараа бол унаатай, жолоочтой байх ёстой юм билээ. Гэтэл миний бие энэ зардлуудыг тэвчээд машин унахгүй явж чадаж байна. Надад машин унасангүй гээд дутаж байгаа зүйл алга. Тиймээс сайд нар үүн дээр анхаараад болих хэрэгтэй. Би бол Ц.Нямдорж сайдыг 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машинаа буцаагаад өгчихсөн гэж сонссон. Хөдөө гадаа явахад том машин хэрэгтэй л дээ. Гэхдээ заавал цоо шинэ байх ёстой ч юм уу даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их хамба Д.Чойжамц: Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж, ажил хөдөлмөр эрхэлбэл амьдрал сайхан байна

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Гавж Д.Чойжамц монгол түмэндээ зориулж ерөөлөө айлдлаа. Их хамбын айлдварыг толилуулж байна.

Нохой жил сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Цагаан сараар айл бүрийн тавгийн идээ тэргүүтэн дүүрэн байдаг нь монголчуудын буян заяа бялхалж байгаагийн илрэл билээ. Үүндээ сэтгэл хангалуун байж, энэ идээ будаа цэвэр ариун зүйлийг бусадтайгаа хуваалцаж, бэлэг сэлтээ түгээсэн өглөөгөөр шинийн 1-нээр сар шинийн баяр маань эхэлдэг уламжлалтай. Гурван төрлийн өглөг байдаг. Эхнийх нь эд эдлэгийн өглөг. Ийм өглөг өгсөн хүний цаад хүч нь өөрөө баян тансаг болдог гэсэн бэлгэдэлтэй. Тиймээс монголчууд өглөгийг их чухалчилж байсан. Бас сайхан урам зориг оруулах өглөг гэж байна. Гутруу яваа нэгнийгээ амьдралд нь тэнцүүлээд өндийлгөөд явж байгаа нь энэрэнгүйн сайхан өглөг.

Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс бусдадаа зөвлөгөө өгсөн, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зам мөрийнх нь чигийг заасан сургаалиа айлдаж байгаа бол бас нэгэн өглөг бөлгөө. Ертөнцийн бодит байдлыг танин ухуулж байгаа гэдэг бол өглөг байдаг. Монгол түмэн минь шинэ жилийн өглөө үр хүүхдээ үнсээд, хайрлаж, энэрч, нигүүлсэнгүй өглөг тэргүүтэй бие биедээ хандаж, сар шинээ бэлгэ дэмбэрэлтэйгээр угтаарай. Ялангуяа үр хүүхдүүддээ анхаарал тавьж, халамжаа бүү сулруулаарай. Тэд бол бидний ирээдүй юм шүү.

Энэ ертөнц дээр хүн сайхан амьдарна гэж бодох юм бол дараахь зүйлсийг монголчууд эрхэмлэдэг байсан юм. Хамгийн түрүүнд урт настай удаан жаргалтай байхыг хүсдэг. Ганцхан өөрөө биш, гэр бүлээрээ урт настай байх юм бол удаан жаргалтай байдаг. Зөвхөн урт нас байсан төдийгөөр биш, өвдөж, хавдаад байх юм бол жаргаж өгдөггүй. Тиймээс өвчингүй байхын төлөө тэмцэж, зүтгэдэг. Өвчингүй байх, урт наслахын тухай хамгийн бага эгэл зүйл дотор байдаг юм гэж бурхан багшийн сургаалд бий. Энэ бол идэж уух, хоол, хувцас гээд энгийн тэргүүтэй зүйлээс шалтгаална. Тиймээс үүнийгээ сайтар анхаарч, тунгааж явбал гэр бүлээрээ, хамт олноороо бүгдээрээ урт настай, өвчин зовлонгүй байна. Хүн төрөлхтөн сайхан амьдаръя гэж бодох юм бол барцад гэдэг зүйлээс хамгаалахыг боддог. Амьдралыг хорлодог архи, тамхи, осол аваар, хэрэг түвэг, зүйлүүдийг байнга санаж, “Би ийм муухай зүйлийг хийх юм бол өөрөө болоод гэр бүлээ сүйдэлчихнэ шүү дээ” гэдгийг санаж байх, мэдэж байх хоёроор хөллөж амьдралын саадаас өөрийгөө хамгаалж явах учиртай байдаг. Тэрний дараа эдийн засаг ордог. Өөрийн амьдралд хүрэлцээ муутай эдийн засагтай бол бусдыгаа татаад унагадаг. Бас нас богинодох талтай. Тиймээс ажил хөдөлмөрөө зөв сайхан хийж, хуримтлал үүсгэж, гамнаж, хэмнэж, эдийн засгаа өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй болгох ёстой. Энэ бүхэн таны амьдралд бүрдэх болтугай гэж ерөөл дэвшүүлье.

ЦАГААН САР БОЛ ЭВ НЭГДЛИЙН БАЯР

Хуучин цагт цагаа сар шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг боллоо. Энэ бол эв нэгдлийн баяр. Ахмадаа эхэлж хүндэтгэн, үр хүүхдээ асарч, найз нөхөдтэйгээ найрсаж, хамаатан саднаа таньдаг баяр. Өсч үржиж байгаа үед бие биенээ танихаа байдаг. Шинээр мэндэлсэн хүүхэд, танилцаагүй байгаа хүмүүстэйгээ танилцаж, нэг нэгийгээ мэдэлцэх баяр бол цагаан сар. Тиймээс сар шинийн өдрүүд бол монголчуудад эрхэм чухал уулзалт байдаг. Энэ баяр цус холилдох болоод элдэв зүйлээс сэргийлэх ач холбогдолтой. Тэрнээс гадна зан заншлын баяр юм. Шинийн 29-нд гэр орноо цэвэрлэдэг. Мөн өр төлөөсөө төлдөг. Битүүний өдөр сар арвидаж эхэлдэг. Шинийн найман болоход сар тал дугуй болдог. Улам арвиссаар тэргэл буюу бүтэн болно. Үүнээс хойш дахин хомстоод, шинийн 22 гэхэд яг тал дугуй болдог. Битүүн гэдэг нь сар битүүрч, харагдахгүй болдог үе юм. Тийм учраас тэр өдөр битүүнийхээ баярыг эхлүүлдэг учиртай. Хуучин оныхоо ажил үйлсийг дүгнээд зочин гийчнээ урьдаг. Сэтгэлд зөрүүтэй маргалдаж барьсан зүйл байвал хөөрөг зөрүүлж эвлэрч хуучин ондоо цагааддаг юм. Золгож, бэлгэ дэмбэрэлийн сайхан үг хэлдэг. Таван мэдэлд зориулсан сайхан идээ будаагаа засч, ахмадаасаа эхэлж золгон хүндэлдэг шүү дээ. Нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх хэрэгтэй. Харин энэ биенд нь хэв хадаг гэдэг. Хадгийг гадаа хөдөө уяж хаядаггүй. Хадаг тогтвол буян тогтдог гэдэг яриа бий. Дээр үед хадгаар эд бараа худалдаж авдаг байв. Хүндэтгэлийн эдийг мэдэхгүйгээс болоод өнөө цагт хаа хамаагүй хаядаг болжээ. Хадгийн үйлдвэрлэгч нь ч үүнийг мэдэхээ байжээ. Хэв хадаг биед их зөөлөн мэдрэмж өгдөг. Бие хэл сэтгэл гурваараа биендээ сайхан харьцсан, дээл бүсээ бүсэлж товчилсон, малгайгаа сайхан түвшинд тавьсан, айлд орохдоо бол нүдний харц эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад улсуудтай мэндэлдэг. Цагаан сараар бэлгэ дэмбэрэлгүй зүйл амнаасаа унагаж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг сар шинээр дахин гэртээ урьдаггүй. Би багадаа ийм явдал нэг удаа харсан юм. Тиймээс монголчууд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүглийг тэвчдэг ийм сайхан баяр юм. Энэ сайхан баяртаа бэлгэ дэмбэрлээ дээдэлдэг. Ер асар том дэлхийд амьдарч байгаа монголчууд дархлаа суулгах ёстой. Энэ биеэ авч явж байгаа байдал бидний идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Наадам нь энэ талаасаа гайхамшигтай болдог баяр. Торгон дээлээ өмсөөд, нэг өдөр ч болов монгол хүн болоорой. Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бол ховор үзэгдэл боллоо. Европын орнуудад дуурьд л хуучин хувцас хунараа хардаг болсон байх жишээтэй. Харин бид өнөөг хүртэл уламжлалаа хадгалж ирсэн, үндэсний дээл хувцсаа өмсч байгаа нь сайхан.

ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ӨНГӨ

Бид хүн төрөлхтний жилийн эхлэлийг тавиад зурхайгаар бодоод одон гаригс хоорондын шүтэн барилдлагыг үндэслэж ямарваа нэгэн юмыг зурдаг боловч хүн өөрөө хичээвэл бүхнийг даван туулж чадна. Нохой жилийн өнгийг сайхан болно гэж бэлгэшээж байгаа. Гэхдээ зарим үед ган гачигтай харагдсан. Ахмадууд эрүүл мэнд, биедээ болгоомжтой байхыг зурхайд зурагдсан байгаа. Мөн малчид их хянуур байх хэрэгтэй. Мал бусдын мэдэлд орж мэдэхээр байна. Тиймээс малдаа нэлээд анхаарал тавиарай. Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль. “Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно” гэж бурхан багшийн айлдсан байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын хөгжил дэвшил ирдэг юм гэдгийн үндэс. Тиймээс сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ. Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж ажил хөдөлмөр эрхлэх юм бол амьдрал сайхан байх учиртай. Ирж буй жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, сайхан үг хэлэхэд гадна талын ертөнц над руу хардаг болдог. Муухай үгээр давшиж дайрч, муухай харах юм бол тэндээс яг л тийм хэмжээний хариу ирдэг нь хүн төрөлхтний араншингийн хууль юм шүү. Тиймээс бусадтай, үр хүүхэд, хамаатан садантайгаа хичнээн сайхан ухаанаар эвсэг хандана, тэр ертөнц буцаад эвсэг хандах юм байгаа. Тийм учраас та бүхэндээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, архи, тамхи тэргүүтэй зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын хамгийн сайхан зүйлийг хүсэн ерөөе.

НОДЛИНГООС НОХОЙ ЖИЛИЙНГ ХҮРТЭЛ УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНД ИХЭЭХЭН ӨӨРЧЛӨЛТ ГАРГАСАН ЖИЛ БОЛЛОО

Их хамбатан XVII жарны тийн унжлагат хэмээх нохой жилийн босгон дээр монгол түмэндээ дэвшүүлсэн айлдвартаа өнгөрсөн жилийн үр дүнг ч сонирхуулсан юм. Өнгөрсөн жил Монгол орны хөгжил дэвшсэн, ард түмний амьдрал дээшилсэн, засаг төр нь цэгцэрсэн сайхан жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлт орсон.

1990 оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт боллоо. Миний багадаа мэдэх Ленин клуб, Ард кино театр гээд ярихаар одоогийн залуус ойлгохоо байж. Улаанбаатарын зам харгуй их сайхан болж байна. Сүүлийн 20 гаруй жилд Монгол орон хөгжиж дэвшлээ. Гэхдээ нодлингоос нохой жилийнг хүртэл улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гаргасан жил боллоо гэж бодож байна. Хүмүүсийн ярьж байгаа, сонин хэвлэл, цахим ертөнц зэргийг ажиглаж байхад их зүйл өөрчлөгджээ. Ер нь бол яриа хөөрөө хүртэл их өөрчлөгдлөө. 1990-ээд оны эхэнд Америк ингэдэг, Англи тэгдэг гэхээр бид тийм юм байхдаа гээд ангайж хардаг байсан. Тэр үе ард хоцорчээ. Тэр үед Засаг төр улс төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ нь жинхэнэ ардчилал руу орж байгаагийн шинж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалыг харж байна. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж иргэд мэддэг боллоо. Хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт гарч байна. Энэ бол дэвшил. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. УИХ-ын гишүүд юу ч хийж байсан бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл.

МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН ИРЭЭДҮЙТЭЙ БОЛЖ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БАЙНА

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Энэ байдал 1990 оноос арилсан. Комминузмын үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан.

Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гуйж байлаа. Монголын хоёр сая хүн буюу 60 хувь нь энэ шашныг шүтэн, мөргөж, хүндэлж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлана. Төр шашныг буруу явуулахгүй байх үүрэгтэй. Иймд сайхан сүм хийдүүд барьж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа Цогчин дуганаар зочилсон юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Энэтхэгээс улбаатай, гүн ухаанлаг ийм сайхан шашин Монголд ирээд дэлгэрч байгааг дэмжинэ гэсэн юм. Цогчин дуганы голд нь залах таван метр өндөртэй Бурхан багшийн дүрийг хийж залъя гэсэн. Одоо Энэтхэгт ажил нь өрнөж байна. Төвдөөр дамжиж ирсэн тул шашны түүхийг бүрдүүлье гэж далай багшид ярьж, айлтгасан. Моди Ерөнхий сайд ингэж дэмжиж байна гэлээ. Иймд Богд ламын хөшөөг далай Багш бүтээж дэмжин бүтээлгэж эхэллээ. Гурван метр орчим өндөртэй Богд ламыг хоёр шавьтай нь Далай багш бүтээж өгч байна. Ирээд Монголдоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ бүхнийг дуулгахад Өндөр Гэгээн Занабазарын хөшөөг бүтээе гэсэн. Шашинд бол эрдэм соёлын олон сайхан зүйлүүд бий боллоо.

Дэлхийн буддын шашны Энх тайвны дээд хэмжээний хурал болдог. Намайг дөрвөн жилийн өмнө тэргүүнээр сонгосон юм. Тус байгууллагын олон улсын хурал саяхан Шри Ланка улсад боллоо. 47 орны Буддистүүд хамт хуралдаад ирлээ. Африкийн найм, Латин Америкийн гэх мэт орнуудаас төлөөлөл ирж, хуралд оролцлоо. Нигүүлсэл энэрэл, дэлхийд энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль дэлхий гээд олон асуудлаар санал солилцлоо. Энэтхэгт мөн ийм үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бий. Үүний удирдах зөвлөлд би багтан ажилладаг. Эдгээр нь бидний гадаад харилцааны салбарт хийж буй ажлууд юм. Үүнийг Монголын буддын шашины тэргүүнүүдтэй хамт орлоо. Энэ бол монголын буддын шашин ирээдүйтэй болж хөгжиж дэвшиж байгаа нэг гэрч юм. Гадаад дотоод харилцаа болоод бүтээн байгуулалтын хувьд Гандантэгчэнлэн хийд бол олон ажлуудыг хийлээ. Хамгийн сүүлд гэхэд Бяцхан Будда буюу Бурхан багшийн балчир үеийг дүрсэлсэн хөшөөг хийддээ заллаа. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эргэж тойрдог, тэндээ концерт тоглодог тийм сайхан ажил болж байна. Шашин төр хоёуланд нь сайхан үйл явдал үргэлжилсэн жил байлаа.