Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч үймээн самууныг ашиглаж дарангуйлал тогтоох гэвэл төрийн эргэлт болно

Хотын дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Эрх баригчдын дотоодын зөрчлөөс болж төрийн үйл ажиллагаа гацаанд орчихлоо. Үүнээс гарах ямар гарц байна вэ?

-Уг нь дүргүйцэл, эсэргүүцлээ харуулан Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал,цуглаан хийх хэрэгтэй. Олон түмний сүрт жагсаал хийж сүрийг үзүүлж чадвал нийгэм бүхэлдээ сэрнэ. Сэрсэн нийгмээс л эрх баригчид маш их айдаг. Харамсалтай нь олон түмэн хилэнтэй байгаа ч тэмцэх гэхээр зэрэг хөлс, мөнгө нэхдэг. Хөлсний тэмцэл эрх баригчдын тоглоом болно. Хар л даа! Хэсэг залуучууд Францын шар хантаазтан шиг бензиний үнэ нэмлээ гээд орилоод байсан, тэгээд У.Хүрэлсүхийн нүүрийг хармагцаа “жад сэлэм чинь болъё” гэж шившгээ хутгаж байна. Одооны залуучууд ийм хөгийн болсныг мэдээд эрх баригчид аархаж байна даа.

Гэр хорооллын хөдөлгөөний Мөнгөнцэцэг, Батсүх нар талбай дээр хүмүүс цуглахгүй болохоор нь онлайн цуглаан хийгээдэхсэн чинь нөгөөдөхийг нь блоклоод салдаггүй. 90 оны залуучуудын сүнсийг дуудмаар юм уу даа!

-МАНАН бүлэглэл гээд байнга яригдах юм. Үнэхээр байна уу. Хоёр намын лидерүүд эрх ашгаараа нэгдчихээд байгаа юм уу?

-Хоёр намын томчуул хоорондоо нийлж бүлэглэдэг болсон нь нийтэд илэрхий. Нам гэдэг бол зүгээр л сонгуулийн үед хэрэглэдэг барааны тэмдэг, шошго болсон шүү дээ. Кока кола,Пепси Кола гэдэг шиг!

-Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэг тал болоод УИХ-ын даргыг шахаж байна. Энэ үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн шинэ МАНАН үүссэн гэх юм?

-М.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэдэг уг нь зөв. Чухамдаа М.Энхболдын зүтгэлээр эрүүжсэн, криминалжсан төр бий болсон. Түүний нэг илрэл нь УИХ-ын гишүүдийн хэрүүл эрүүгийн элементүүдийн хэрүүл шиг болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын гаргаж байгаа авирыг хар л даа.Чанга дэглэмтэй шоронгийн чанга гар шиг л байгаа биз дээ.Төрийн тусгай хамгаалалтад байдаг байж “Би үхэхээс айхгүй” ч гэх шиг. Гадныхан үүнийг сонсоод Монголын төр эрүүгийнхэнд эзлэгдчихэж л гэх байлгүй. Монгол Улс, ийм шоронжсон үг хэлтэй Засгийн тэргүүн хэзээ ч үзээгүй дээ. Монголын эрүүжсэн төрийн үндэслэгч М.Энхболдыг яаж хуулийн дагуу чөлөөлөх вэ гэдэг гарцыг л олох хэрэгтэй.

Хууль, дур зоргын дээр байх ёстой. Шинэ МАНАН зөндөө болсон байх аа.

-Нөгөөтэйгүүр улс төрд өрнөж байгаа үйл явдлыг Монголын төр цэвэрших сайн цагийн эхлэл гэж харах хүн олон байна. Харин таны хувьд ямар бодолтой байна?

-Хөлсний улс төр байгаа цагт сайн цагийн эхлэл болж чадахгүй. Санал өгөх эрхээ,тайван цуглаан, жагсаал хийх эрхээ, хэвлэлийн эрхээ худалдаад арилжаад байвал ямар ч сайн эхлэл болохгүй.Сүүлийн үед илэрсэн ЖДҮ, 60 тэрбум гэх бүх дуулиантай хэргүүд бизнесээ булаацалдсан улстөрч-олигархуудын хооронд наймаа тохироогүйгээс л бие биеэ хорлох гэснээс нийгэмд ил болсон шүү дээ. Парламентын засаглалийн буянаар л ил болсон. Хэвлэлүүд түүнийг нь зүгээр л тараасан. Олон түмэн хүртэл, энэ төрийн ялзралыг бүхэлд нь эсэргүүцэн тэмцэхийн оронд нэг хэсэг нь ЖДҮ-ийн жад сэлэм, нөгөө хэсэг нь 60 тэрбумын жад сэлэм болоод явж байгаа. Нэг хэсэг нь У.Хүрэлсүхийн жад сэлэм, нөгөө хэсэг М.Энхболдын жад сэлэм, гурав дахь Ерөнхийлөгчийн жад сэлэм болчихсон.Төрийн дээр гарсан олигархууд мөнгийг нь төлөөд олон түмнээр тоглож чадаж байгаа цагт Монголын төр хэзээ ч цэвэршихгүй. 2020 оны сонгуулийн дараа шинэ МАНАН-гийн шинэ сериал л эхэлнэ. Ямар анги гарах бол гэж тааж суусан дээр болно. Ийм зүйл хүсэхгүй байгаа бол залуучууд маань ядахдаа нэг удаа талбай дүүртэл цугламаар байна.Тэгвэл эрх баригчдын хүйтэн хөлс цутгана.

-Энэ фракцууд хамгийн түрүүнд улсаа биш, амин хувиа боддог. Дараа нь бүлэглэлийнхээ эрх ашгийг тавьдаг. Танай нам ч гэсэн олон фракцтай. Хэдийгээр АН фракцгүй гэж зарладаг ч тэмцэл нь ил болсон. Ер нь энэ улс төрийн бүлэглэл байхгүй болох боломжтой юу?

-Улс төрийн карьерийг хийж бүтээсэн,ажил туршлагаар нь явуулдаг болсон цагт “олигарх бүлэглэл” байхгүй болно. Жишээ нь, сумын дарга амжилттай хийсэн хүн аймгийн дарга, аймгийн дарга амжилттай хийсэн хүн сайд, сайд хийсэн хүн Ерөнхий сайд болох гэх мэтээр. Орон нутгийн хурлын төлөөлөгч байсан хүн дээд шатны хурал,УИХ-д дэвшдэг журамтай байвал мөнгө төлж карьер хийдэг явдал дуусгавар болно.Социализмийн үед нам,төрийн ажил ийм карьерийн тогтолцоотой байсан.Ингэж МАНАН-тах явдлыг зогсооно. Ерөнхий сайд болмоор бол эхлээд суманд ажиллаж төрийн ажлын туршлагатай бол гэсэн үг.Олигарх бүлэглэл төлсөн мөнгө, зарсан саналаар бий болдог юм. Сумаас Ерөнхий сайд хүрсэн бол улсаа боддог, хат суусан төрийн хүн болдог юм даа.Тийм улстөрчийг худалдаж авахад дэндүү үнэтэй.

-Өнөөгийн Ардын намын талцаж байгааг хэн хүнгүй л буруутгаж байна. Явж, явж АН ч гэсэн энэ үйл явдалд буруутай. Хэрэв АН эрх баригч байсан бол үүнээс ч дор байх байсан ч юм бил үү…

-Ардчилсан нам талцахдаа төрийг хэзээ ч түйвээж байгаагүй. Ялагдсан нь ялсандаа ажлаа хүлээлгэж өгөөд явдаг л байсан.

-Сая АН Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөчихлөө. Л.Болд гишүүн бүлгээсээ гарахаа мэдэгдлээ. Харин намын удирдлагуудын зүгээс түүнийг бүлгээсээ гарвал УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж байна. Танай намд болж буй үйл явдлыг гаднаас та хэрхэн харж байна вэ?

-Манай намын улс төрийн зөвлөл 90 оны коммунист намын Улс төрийн Товчоо шиг авирлаж байгаад түүгээр явсан Ардын намын хагаралыг үүгээр дуудаж Ардчилсан намын хагарал болголоо. Ардчилсан намын Улс төрийн Зөвлөлийг Коммунист намын Улс төрийн Товчоо шиг болгосон Туваантай хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүн ард түмний элч гээд Үндсэн хуулинд бичсэн байгаа.

Шударга бусын хонгил-ын талаар та юу хэлэх вэ?

-Тийм хонгил байгаа юм бол түүнийг дэлбэлэх хэрэгтэй.

-Та саяхан нийтлэлдээ Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ гэж бичсэн байсан. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг хангах ёстой гэдэг ч өөрөө улс төрийн өрнөлийг зурж байна шүү дээ. Одоо яах ёстой вэ?

-Ерөнхийлөгч эв нэгдэл төдийг хариуцдаггүй юм. Монгол Улсын бүрэн бүтэн байхыг хариуцна. Х.Баттулга,төрийн тэргүүн гэж юу болохыг хурдан ойлгож, шинэ долдугаар сарын 1-ний үймээн самуунаас гэмгүй ард иргэдээ хамгаалах бэлтгэл ажлыг Үндсэн хуулийн дагуу хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол олныг хамарсан үймээн болоход улстөрчид паникдахаас өөр юм хийдэггүй юм. Ерөнхийлөгч үймээн самууныг ашиглаж дарангуйлал тогтоох гэвэл энэ Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болно.Төрийн эргэлт эх орноос урвасан зүйл ангид хамаарах ялтай.Төрийн хямралыг Ерөнхийлөгч үнэхээр зурж байгаа юм бол очих хариуцлага нь дэндүү өндөр дөө. Үндсэн хуульт ёсоо нураах гэж байгаа бол эх орноосоо урвасан гэсэн үг дээ. Арай ч тэгээгүй байлгүй дээ. Хүмүүс зохиож байгаа байх.

-Та бас прокурор, шүүх рецедив гэмт этгээдүүдийн гарт орлоо гэж нийтлэлдээ дурдсан байсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Том эрүүгийн этгээдүүд хуульгүй юм шиг таахалздаг болсныг бүгд мэдэж байгаа.

-Таныг хотын даргад өрсөлдөх гэж байна гэж зарим нь хардаж байгаа. Учир нь ажлаа өгсөн хотын даргад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан болохоор тэр юм болов уу даа?

-Хотын дарга байхдаа хийж байсан олон ажлыг маань зогсоочихсон. Нэн ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт гээд. Тийм учраас гэр хорооллоо хөгжүүлж Улаанбаатараа хөгжүүлэхийн төлөө даагаа нэхнэ. Ардын нам миний ажилд шүүмжлэлтэй хандаагүй, зүгээр л гүтгэн дайрч ирлээ. Одоо өөрсдийг нь хар.


Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.


-Өнөөдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой болж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэлээд олон ажил хийж байх шиг байна. Энэ жилийн хүний эрхийн өдөр ямар онцлогтой вэ?

-Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай өдөр. Энэ 70 жилийн ой нэг талаараа баяр юм, яагаад гэвэл хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн гэдэг эрхэмсэг оршихуй ямар эрхтэй вэ гэдгийг бичмэлээр, цаасан дээр бичээд түүнийгээ дэлхий нийтээр тунхаглан зарласан гэдэг утгаараа баярын өдөр. Энэ 70 жилийн хугацаанд хүний эрхийн нөхцөл байдал ямар түвшинд байгааг авч үзвэл дэлхий дээр 200 гаруй улс орон өөр шашинтай, өөр хэлээр ярьдаг, өөр зан заншилтай, өөр соёлтой ч нэг зарчим үйлчилдэг. Тухайн улс орон өөрийнхөө үндсэн хууль болон бусад органик хуулиудаараа дамжуулаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүхий л зүйл заалтыг нийгмийн болоод эрх зүйн харилцаанд оруулж эхэлж байна. Хүний эрхийн зөрчилгүй ямар ч улс байхгүй. Хүн байгаа цагт зөрчил заавал байдаг. Харин тэр зөрчлийн түвшин ямар хэмжээнд байгаагаас шалтгаалаад хүний эрхийн үнэлэмж тогтож байдаг. Хүний эрхийн зөрчил хуулийн зөрчлөөс ялгаатай. Төр, иргэн хоёрын дундаас энэ зөрчил үүсдэг. Хүний эрхийн зөрчлийн харилцааг зохицуулах субьект нь төр өөрөө байдаг. Төр иргэдийнхээ эрхийг хуулиар дамжуулж хамгаалах ёстой. Баталж байгаа хууль дүрэм нь хүний эрхийг хамгаалаагүй, зөрчсөн шинжтэй бол тухайн хуулийн хүрээлэл, үйлчлэл тухайн улс оронд хүний эрх ярих ямар ч боломжгүй.

-Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжөөд багагүй хугацаа өнгөрчээ. Та энэ байгууллагыг байгуулагдахад эхнээс нь ажилласан хүний хувьд өнөөдөр ХЭҮК хэр бэхжиж чадсан гэж үздэг вэ?

-Манай улс 1990 оны хувьсгал гараад анхны ардчилсан хууль буюу хүний эрх, эрх чөлөөг анх удаа баталгаажуулж өгсөн байдаг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиас даруй найман жилийн дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсан. Бид Үндсэн хуулиндаа хүний эрхийн зүйл заалтуудыг оруулчихлаа, одоо дэлхий нийтийн жишгийн дагуу хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулах ёстой хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрмаа, Ц.Оюунбаатар нар санаачилж, санал болгож, энэ хоёр хүн нэлээд идэвхтэй хөөцөлдөж, парламентын түвшинд гаргаж тавьсан нь яах аргагүй үнэн юм. Мэдээж хуулийг хийхэд энэ байгууллагын тухай ойлголт, туршлага хомс учраас Австралийн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн асан, Шведийн Их сургуулийн профессор Брайн Бурдекиний оролцоо маш өндөр байсан. Бүс нутгийн хэмжээнд Монгол Улс Хүний эрхийн байгууллага байгуулахаар шийдсэн бол Парисын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэж хуулийн төслийг боловсруулж байсан. 2000 онд хуулиа батлаад, 2001 онд Хүний эрхийн үндэсний байгууллагыг гурван гишүүн, Ажлын албатайгаар нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Саяхныг хүртэл бид 20-н хэдүүлээ байлаа. Өнөөдөр 21 аймагт нэг нэг ажилтантай 40-н хэдүүлээ болсон байна. Одоо эргээд харахаар манай хяналт шалгалтад хамрагдаагүй салбар, илрүүлээгүй зөрчил ховорхон. Үндсэн хуулинд бичигдсэн бүхий л эрхийн хүрээнд бүх л салбарт хүний эрхийн үйл ажиллагаа чиглэж чадсан гэж хэлнэ. Ингэж хэлэх шалтгаан нь нэгдүгээрт, ХЭҮК-ын үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн, хоёрдугаарт, манай ажилтнууд ямар нэг хязгаарлалтгүйгээр ажиллах нөхцөл боломжоор хангагдсан.

-ХЭҮК-ын тухай хуулийг өөрчилж шинэчлэх шаардлагатай юу. ХЭҮК-ыг “шүдгүй арслан” гэж олон нийт шүүмжлэх хандлагатай байдаг нь эрх зүйн зохицуулалттай нь холбоотой юу?

-Хувь хүн ч, байгууллага ч хуулийн дор ажиллаж, амьдрах ёстой. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэдэг. Бусад байгууллагатай харьцуулахад манай ХЭҮК-ын тухай хуулинд 18 жилийн хугацаанд нэг удаа ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Хуулинд заачихсан, хэрэгжихгүй зүйл зөндөө байна. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зүйл олон. Жишээлбэл, ХЭҮК-ын Ажлын албаны үйл ажиллагааны талаар хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл манай гол хүч бол Ажлын алба. Хүний эрхийн үндэсний байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хуулиар хаалттай байдаг. Манай хуулинд зааснаар бол шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэгтэй танилцаж болно гээд заачихсан байдаг. Гэтэл нийгэм юуг шаардаад байна гэвэл хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийгөө хамгаалуулах сонирхол их байдаг. Гэтэл хуулиар хориотой учраас ХЭҮК шууд оролцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр шаардлагатай тохиолдолд ХЭҮК-ын гишүүдийг оролцуулах зохицуулалт зарим улс оронд хийсэн бий. Гэтэл манай органик хуулиудад үүнийг уялдуулаагүйгээс хүндрэл гарч байгаа.

-Хүний эрхийн хамгаалагчийн ажлын арга барил бусдаас өөр үү?

-Хүний эрхийн хамгаалагчид хоёр зүйл байх ёстой. Нэгдүгээрт, зоригтой байх ёстой. Асуудлыг хэнээс ч айхгүйгээр шалгадаг, гаргаж тавьдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрсдэлээ тооцдог байх ёстой. Ийм эрсдэлийг туулаад гаргах үр дүн ийм байна гэдгээ тооцож чаддаг байх шаардлагатай. Түүнээс биш явцын дунд өөрчлөгдөх байлгүй дээ гэж гарч ирж хаясан, зорилго, үр дүнгээ тодорхойлоогүй хүний эрхийн ажил сенсаци тарихаас цаашгүй.

-Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Нас, хүйс, мэргэжил мэдлэгээс үл хамааран хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх бүрэн боломжтой. Ийм байхын тулд заавал хуульч, хүний эрхийн байгууллагад ажилладаг байх албагүй. Хамгийн том хүний эрхийг зөрчигч нь төр байдаг. Хууль өөрөө зөрчилтэй бол хүний эрхийг зөрчинө. Жишээлбэл, 1982 онд АНУ-д цаазын ял хэрэглэдэг байсан бөгөөд ялыг гүйцэтгэхдээ химийн тариа хэрэглэдэг байж. Нэг удаа алдаа гарган 30 минут хүнийг тарчлаан зовоож үхэлд хүргэсэн нь нийгэмд шуугиан тарьж, эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.

-Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн хохирлыг төрөөс нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлдэг. Иргэн Эрдэнэ-Очирын хэрэг, Фүүдлэндийн манаачийн амийг хороосон хэрэгт хилсээр хоригдож, ял авсан хүмүүсийн эрхийн зөрчлийг арилгуулсан, урд хөршид хүүхдээ барьцаанд үлдээсэн асуудал зэргийг гаргаж ирж, хөндсөн хэрнээ яагаад мэдээлдэггүй юм бэ. Хувь хүний нууцтай холбоотой юу?

-Ерөнхийдөө тийм гэж ойлгож болно. Иргэн Эрдэнэ-Очирын кэйс нь ХЭҮК-д төрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүний эрх хохирсон анхны нэхэмжлэл байсан юм. Иргэний нийгмийн байгууллагууд ч хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж ажиллаж байсан. Би энэ гомдол дээр 1.6 жил ажилласан. Яагаад гэвэл Монголын түүхэнд анх удаа төр иргэнээ хохироосон хохирлыг барагдуулах хамгийн анхны нэхэмжлэл байсан юм. Эрүүл мэндийн хохирлыг шүүхээс барагдуулаагүй учраас Эмнести Интернэшнл Олон улсын байгууллагаас Монголын төр иргэнийхээ эрүүл мэндийг тоохгүй байгаа бол бид хариуцъя гэж мэдэгдэж байсан түүхтэй. Хууль шүүхийн практикт ч анхны тохиолдол байсан. Харин Фүүдлэндийн хэрэгт нэлээд олон хүнийг сэжиглэн гурван жил шалгагдаж, гурван жил хоригдоод, гурван ч удаа цаазын ял төлөвлөөд цагаатгагдсан байсан. Тэдний нэг нь хоригдож байгаад гарч ирээд 19 хоногийн дараа нас барсан байдаг. Талийгаачийн ээжийн гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед шүүх нас барсан иргэний амь насыг найман сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хүний эрхийн асуудлыг тэр болгон сенсацилаад, алдар хүнд олох зорилгоор ашиглаж болохгүй эмзэг асуудал байдаг. Жишээлбэл, хүчин гэмт хэргийн хохирогч болсон охины асуудлыг нэг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр овог, нэр, сургууль, ангитай нь зарласнаас болж, хохирогч тухайн орон нутагт амьдрах, сургуульд явах боломжгүй болсон сургамжтай явдал бий. Үүнийг хүн бүр анхаарч байх ёстой юм.

-Таныг Зүүнхараагийн хорих ангид шалгалтаар очоод нэг хоригдолд бөөс захиж, шалгалтын дүнг танилцуулахдаа нотлох баримт болгон харуулж байсан тухай сонсч байсан. Яг ямар үйл явдал болсон юм бэ. Нуугдмал зөрчлийг арилгахад хэцүү юү?

-Одоо бол хоол хүнс, ариун цэврийн асуудал дээшилсэн, тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Одоогоос 10-аад жилийн өмнө “нөхцөлийн эрүү шүүлт” гэдэг нэр томьёог бид гаргаж ирж, НҮБ-ын түвшинд томьёоллыг оруулж чадсан. Нөхцөлийн эрүү шүүлт гэж байдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоригдол гэхээр малын тэжээл идэж, үмхий нүхэнд суух ёсгүй. Мэдээж тодорхой эрх хязгаарлагдана, гэхдээ залхаан цээрлүүлэлт амсах ёсгүй. Орон байр, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нь норм, стандартын дагуу байх ёстой гэж үзэж бид шалгалтаа явуулдаг. Өмнө нь асуудал байсан. Одоо өөр болсон. Тэр Зүүнхараагийн тохиолдол нь ганц удаагийнх ч биш, ер нь тухайн үед байсан нийтлэг зүйл. Бөөс биш, бясаа байсан юм. Шалгалтын явцад энэ төрлийн зөрчлүүд гарсан. Зөрчлийг баримтжуулж энэ явдлыг таслан зогсоож байлаа. Хорих ангиудаар яваад асуудлыг гаргаж тавиад байгаагийн учир нь тэнд төр хүний эрхийг хязгаарлаад төрийн хамгаалалттай байранд байлгаж байна. Төрийн үйлчилгээ тэнд байх ёстой. Бүх стандарт шинэчлэгдлээ.

-Эрх эрх гэж ярьсаар байгаад энэ хүмүүс үүрэг, хариуцлагыг сулруулчихлаа гэж шүүмжилдэг?

-Хуулиа мэдэхгүй хүн тэгж ярих байх. Эрх үүрэг хариуцлага нь үргэлж хамт дагалдаж явдаг ойлголт.

-Хүний эрхийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд мартагддаггүй кэйс тохиолдол олон байгаа байх. Онцолж ганц нэгээс нь яривал?

-Хүний эрхийн асуудлыг илрүүлэхэд мэдрэмж чухал. Төрийн хамгаалалттай байранд манай хүүхэд хоригдож байгаад нас барчихлаа гэсэн гомдлыг 2001 онд ХЭҮК-т ирүүлсэн байдаг. Түүнийг бид “Харамсалтай зүйл болжээ” гэхээс илүүтэй “Яагаад, юунаас болов” гэдэг үүднээс шалгасан, шалгах явцад тэр хүүхэд удаан хугацаагаар хоригдсоноос тураалын III зэрэгт орж нас барсан байдаг. Тэр үеийн хуулийн зохицуулалт, хугацаа урт байсантай холбоотой. 2002 онд “Хүний эрх, хөгжил төв” ТББ-тай хамтран хуулийн байгууллагуудын ажилтнуудын дунд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголтын талаар тандалт судалгаа хийхэд ямар ч ойлголтгүй байсан. Дэлхий нийтэд хүний наймаа ид цэцэглэж, анхаарлын төвд орсон байсан үе. Нэг прокурортой энэ асуудлаар ярьтал “Хүн дэлгүүрт орохдоо мөнгө төлж бараа авдаг биз дээ” гэж хэлж байсан. Ийм л сэтгэхүйтэй байсан тэр үед. Бид 7-8 жил нийгэмд сурталчилсан. Нэг авууштай нь хуулийн байгууллагын 1200 ажилтанг энэ чиглэлээр бэлдчихсэн байтал 2008 онд нэг ээж охиныхоо тухай кэйсийг олонд дэлгэсэн. Ингэж уг асуудал хуулийнхны анхааралд өртсөн. Ер нь хүний эрхийн асуудлыг хүргэхэд хүн бүрийн оролцоо чухал. Өнөөдөр утааны асуудал зөвхөн Улаанбаатараар хязгаарлагдахгүй, үндэсний хэмжээний тулгамдсан асуудал боллоо гээд яривал их зүйл бий.

Мартагдахааргүй кэйс гэвэл зөндөө л олон байна. Хөвсгөл аймгийн харьяат нэг эмэгтэйг таван жил хэрэгт холбогдуулан хорьж, шалгасан байдаг. Шүүх түүнийг буруугүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ эмэгтэйн өмнөөс Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, аймгийн сум дундын шүүх хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж эмэгтэйд учирсан хохирлыг боломжийн хэмжээнд шийдвэрлэсэн.

-Малайзад амиа алдсан иргэн Ш.Алтантуяагийн эсрэг хэрэгт манай улс нөлөө үзүүлж чадахгүй байна гэж шүүмжилдэг?

-Энэ дээр би 10 жил ажиллаж байна. Гадаад харилцааны яаман дээр ажлын хэсэг байгуулагдсан. Сайд солигдонгуут татан буугддаг, өөрчлөгддөг, ажил хаягддагийн нэг жишээ юм. Бид Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Чуулган гэж байгууллагад хандсан, Малайзын Хүний эрхийн Комисст энэ асуудлыг тавьсан. Яг л нэг юм хэлээд байгаа. Юу гэхээр цагдаа, шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа хэрэгт хүний эрхийн байгууллага оролцох боломжгүй байна. Албан бичгийн хариунд тулаад зогссонгүй ээ. Хохирогчийн аав Шаарийбуу гуайтай байнга холбоотой ажиллаж байгаа. Сая арваннэгдүгээр сард болох гэж байгаад больчихлоо, магадгүй он гараад болох байх, төлөөлөн нэхэмжлэлийн шүүх хуралд нь би оролцоно. Хүсэлт ирсэн.


Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл

МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.


-Танай нам ойрд нам жим байлаа. Ямар ажил амжуулж байна даа?

-Бид тун завгүй байгаа. Аймаг, дүүргүүдээ 2-3 удаа тойрлоо. сүүлд дундговь, Төв аймгуудад ажилласан. Бид ард түмэндээ Шинэ дээд хуулийнхаа төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь хуваалцаж байна. Энэ хуулийн үзэл санаа бол өнөөдрийн УИХ дахь ясаа булаалдсан ноход шиг уралцаж буй байдлыг таслан зогсоох зорилготой юм.

-Өмнөх парламентад гишүүн байсан танд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал гаднаас ямар харагдаж байна вэ?

-Шүүх тогтолцоо нь шударга бус байгаа газар хүчирхийлэл тогтохоос өөр аргагүй байдалд ордог. өнөөдрийн энэ олон зүйлүүдийн үндсийн үндэс нь шүүх прокурор, АТГ гээд хүчний байгууллагууд хэтэрхий нэг талыг барьсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг бариагүйгээс энэ байдал үүсч байгаа. Монголчууд энэ улс төрөөс үнэхээр залхаж байна шүү дээ. Би ч өөрөө улс төрд дуу хоолойгоо нэлээд өндөрт өргөдөг хүмүүсийн нэг. Гэхдээ бид эх орноосоо, ирээдүйгээсээ, үр хүүхдүүдээсээ залхаж болохгүй. Энэ утгаараа Монголын ард түмэн өнөөдөр улам идэвхтэй, сонор, хариуцлагатай байх цаг үе ирж байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлээд УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шахаж байгаа. Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганы үүдэнд суулт зарлаж, чуулган хуралдаагүй. Сайдаа ч томилж чадахгүй удлаа. МАН-ын хэрүүл төрийн үйл ажиллагааг гацаагаад байна шүү дээ?

-МАНАН хоёр толгойтой болчихлоо. Ард түмэнд хоёр МАНАН-гийн зовлон үүслээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн нэг залуухан МАНАН байна. Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын даргаар толгойлуулсан бас нэг МАНАН байна. Энэ хоёр МАНАН хоёулаа ард түмэнд гай тарьж байгаа. Үнэндээ тэдэнд гурван сая монголчуудын эрх ашгаас илүү ЖДҮ, концесс, Оюу толгойд бараа шахах эрх ашиг нь чухал болжээ. Тэд энэ бялуугаа багадлаа гэж төрийн ажлыг анхаарах сөхөөгүй хөнөөлдөн тэмцэлдэж байгаа нь харамсалтай.

-Нэр бүхий гишүүд танхимын нөхдөө бүрэн эрхээсээ татгалзаж ЖДҮХС-гаас зээл авсан эсэхээ шалгуулахыг уриалсан. МАН-ын хагарал улам л гүн рүүгээ яваад байна уу даа?

-УИХ-ын гишүүд төрдөө тангараг өргөсөн хүмүүс. Тангараг гэдэг бол эрх дарх биш. Энэ бол хариуцлага, ёс зүй. Шуудхан хэлэхэд тэд шалгуулах гэж тангараг өргөсөн. Ард түмэн, сонгогч олныхоо итгэлийг авч УИХ-д гарч ирчихээд ЖДҮ-дээд байна шүү дээ. Тэд ард түмнээ төрд төлөөлөх үүргээ биелүүлэхгүй харин ч биднээр тэжээлгээд байгаагаа болих хэрэгтэй.

-Шинэ жил дөхлөө. МАН-аас зохион байгуулдаг “Алтан сарнай” гэж сүрхий наадам нь хүртэл болох эсэх нь бүрхэг байгаа бололтой. Удахгүй зуун жилийнхээ ойг тэмдэглэх энэ намын лидерүүд эвлэлдэхээсээ өнгөрөв бололтой гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Харин та юу гэж бодож байна?

-Би 2011 онд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн байхдаа “Алтан сарнай”-н эзэн болж байсан шүү дээ. Үүний дараагаар намайг МАН-д элсч 2012 оны сонгуульд нэр дэвших нь гэж хүртэл шуугьж байв. Гол нь МАН үзэл санааны нэгдэл байж чадахгүй боллоо. Тэд бүлэглэл, хувийн явцуу эрх ашиг, мөнгөний төлөөх нэгдэл болж хувирлаа. Ямар ч нурах байшин дотроосоо гэдэг шиг тэд өөрсдийнхөө төгсгөлийг хурдасгаж байна.

Ер нь МАНАН иргэний хөдөлгөөний зарим нэг хүмүүсийг бузарлаж байгаа. Бүх юмыг мөнгөөр шийдэх гэж оролдож байна.

-Та жагсаал цуглаан гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь хийж байсан хүн л дээ…

-Тэр үед бүх телевиз бидний эсрэг байлаа. Цөөхөн хэдэн сонин, хэвлэл онцгой дэмжиж байсныг нуугаад яахав. Цагдаа нь биднийг алчих гээд л. Шилбийг маань хавдтал өшиглөөд л. Энэ бол яг үнэнээсээ иргэний хөдөлгөөнүүдийн цуглаан байсан юм шүү. Гэтэл энэ МАНАН эрх жижиг хөдөлгөөнүүдийг бузарлаж дууслаа. Би энэ хоёр намын зөв шударга олон гишүүдийг хамруулж хэлээгүй. МАНАН гэдэг бол Ардын нам доторх луйварчин бүлэглэл, Ардчилсан намын луйварчин бүлэглэлтэй нийлж, Монгол орныг түйвээж идэж уудаг шударга бус байдлыг хэлж байна. Монгол оронд нар мандаж, сайхан шударга цаг үе ирэх боломж бүрдлээ. Эд нар өөрсдийнхөө янз бүрийн өвчний идээ бээрийг ил гаргаж байна. ЖДҮ туссан хүмүүс бүгд тодорчихлоо. Энэ ер нь эдгэрдэггүй өвчин. Шинэ гишүүд ихэнх нь ЖДҮ туссан байна лээ. Би үүнийг хараад УИХ-д олон жил суусан архаг ЖДҮ-чид нь шинэ ЖДҮ-чидээ яаж цэвэрхэн ЖДҮ-дэхийг зааж хэлээгүй байна даа гэж бодож байлаа. ЖДҮ бол цаад утгандаа хүмүүсийн мөрөөдлийн дээрэм гэсэн үг. Бизнес дөнгөж эхлүүлэх гэж байгаа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө хамаг байшин барилга, амь амьдралаа барьцаанд тавиад эрсдэлтэй алхам хийхээр зүтгэж байгаа. Олон улсын түвшинд ЖДҮ-ийн зээл алдагдалтай байдаг. ЖДҮ-ийн зээл гэдэг бол хөл дээрээ боссон MCS, АПУ гээд том том компаниудын дараагийн үеийг бэлдэхийн тулд Засгийн газраас татварын мөнгөөр санхүүжиж байгаа нийгмийн хөтөлбөр юм. Гэтэл үүнийг тогтсон том компаниуд бидний сонгуулиар сонгож гаргаж ирсэн тэр итгэлийг алдаж, хүмүүсийн мөрөөдлийг дээрэмдэнэ гэдэг бол аюултай гэмт хэрэг. Энэ ганц ЖДҮХС дээр биш, өшөө олон санд ч хамаатай.

-Та сая хуучцуул нь шинэ гишүүддээ ЖДҮ-дэхийг олигтой зааж өгөөгүй байна гэлээ. Тэгвэл таны үед их цэвэрхэн ЖДҮ-дэж байжээ?

-Би УИХ-ын гишүүн байхдаа Монголбанкны мөнгө хэвлэдэг олон луйврыг хэлэхэд Ардчилсан нам, Ардын намынхан хамтарч над руу дайрдаг байлаа шүү дээ. Мань мэт шиг эдгээр хүмүүстэй тэмцэгчид нь багасчихаар хоорондоо мундраагаа хутгаж байна л даа. Миний үед ЖДҮ-ээс том, том хэргүүд байсан. Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, Монголбанкны мөнгө хэвлэх том гэмт хэрэг гэх мэт. Ямар сайндаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Босоо Ганбааг хэвтүүлнэ ээ” гэж хэлж байсан. Одоо би босоо хэвээрээ л байна. Тэр маань харин хааччихав даа. Үндсэндээ хууль зөрчигч нартай тэмцэнэ гэдэг маш аюултай ажил. Харин эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл. Хоёр хуваагдчихаад байгаа МАНАН-гийн энэ үзэгдэл зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг шиг л болж байна.

-Одоо тэдэнд ямар гарц байж болох вэ?

-Шударга байх, зөвшилцөлд хүрэх хамгийн чухал. Айн Рэнд “Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүйгээр зөвхөн эрх баригчид хоорондоо зөвшилцөх гэж оролдох юм бол фашизм болно” гэж хэлсэн байдаг даа. Манай фашизм дуусч байна гэсэн үг. Эрх баригчид хоорондоо зөвшилцөж чадахаа болилоо. Тендер дээрээ, ЖДҮ дээрээ, албан тушаал дээрээ ойлголцохоо болилоо. Монголд зөвшилцөл хэрэгтэй. Эд нар яагаад Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Таван толгойг ярихаа больчихов. Жинхэнэдээ өөр өөрсдийнхөө жижигхэн эрх ашиг дээрээ асар ихээр үзэлцэж байна. Уг нь Монголынхоо нэг том эрх ашгийг бариад тэрэн дээрээ хоорондоо зөвшилцөж, нэгдэх ёстой. Үл ойлголцол гарах юм бол шинжээчдийн дүгнэлт гардаг. Энэ УИХ, Засгийн газар хоорондоо бие биеэ их зовоож байна. Дандаа хувь хүн ярьцгаах юм. Аугаа хүн үзэл санааг ярьдаг. Дунд хүмүүн үйл явдал, болсон явдлыг ярьдаг. Адгийн хүмүүн хүн ярьдаг. Би бол баялгийн эх оронч үзлийг байнга ярьсаар ирсэн. Харин эд нар хэтэрхий их хүний тухай ярьж байгаа нь асуудал үзэл санаан дээрээ төвлөрч чадахгүй байгаагийн шинж.

-Та түрүүн МАНАН-г устаасай гэсэн. Тэгээд хэнийг төрд сонгох юм бэ?

-Хоёр МАНАН-гийн оронд бидний ярьж байгаа үзэл санааг ард түмэн сонгооч ээ гэж хэлмээр байна. Хэн ч төрд гарсан бай ингэж яс булаалдсан ноход шиг уралдахгүй ээ. Бидний хуулинд ЖДҮ-дэх юм уу, Оюу толгой, Дубайн гэрээ шиг хийсэн зүйлийг шүүдэг шүүгчийг ард түмнээс сонгоё гэж байгаа юм. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар гурав гурваар нь тавьдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг тойрсон мафийн бүлэглэлүүд, дархлагдсан хулгайч нар хүн алахаас бусдыг хийж болно гэсэн үг болчихож байгаа юм. Юун Оюу толгой, Таван толгой. Бүгдийг цөлмөж хулгай хийж болно. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Яагаад гэвэл хулгай хийх магадлалтай хүмүүс өөрсдийгөө шүүх хүмүүсийг томилоод байна гэсэн үг. Тэгвэл бидний ярьж байгаа үзэл санаагаар Цэцийн есөн гишүүнийг ард түмнээс сонгодог болъё гэж байгаа.

-Хачин, хачин хүмүүс сонгогдох юм биш үү?

-Тэгвэл Цэцийн гишүүдийг өнөөдөр хэн сонгож байгаа юм бэ. Банкны эзэд, шүүгч нарыг сонгож байна. Ерөнхий шүүгчийг Худалдаа хөгжлийн банк сонгосон гэдгийг бүгд мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмнээс булаагаад аваад өгсөн. Энэ тэнэг байдлыг зогсоохын тулд шүүгч нар ард түмнээсээ байгаач ээ. Энэ нь 1990 оноос өмнө байсан л зүйл шүү дээ. Хоёрдугаарт, уул уурхайн баялаг бол одоогийн Үндсэн хуулиар төрийн өмч. Тэгвэл бид ард түмний дундын өмч байлгах саналыг дэвшүүлж байгаа. Энэ үзэл санаа, Шинэ дээд хуулиа батлахад бид бүх цаг хүчээ зарцуулж байна.

-Хэнтий дэх УИХ-ын нөхөн сонгууль болох нь тодорхой болсон. Танай нам хэнийгээ нэр дэвшүүлэх вэ?

-МАХН-аас албан ёсоор хуралдаж, хэнийг дэвшүүлэхээ шийднэ.

-Нэг хэсэг тэнд танай намын даргыг гэр бариад , сонгуулийн штаб байгуулсан гээд л яригдаад байсан?

-Бид тэмцэлд үргэлж бэлэн байдаг. (инээв)

-Ингэхэд Хөдөлмөрийн үндэсний нам(ХҮН)-ын залуу “Улс төрийн туршлагагүй учраас намаа С.Ганбаатар гэдэг хүнд эзлүүлчихсэн” гэж ярьж байсан. Та энэ намыг байгуулаагүй юм уу?

-ХҮН-ын нэрийг би өгч, миний залуучууд байгуулсан гэдгийг Монгол даяар мэдэж байгаа шүү дээ. Боловсролтой сайхан залуус ч дэмжсэн. Би тэдэнд тамга гэрчилгээгээ хадган дээр тавиад өгч байсан. Тэрнээс юу гэж энэ намыг эзлэх билээ дээ. Дээр нь миний бие УИХ-ын гишүүн байхдаа жил болгоны Сант маралын судалгаагаар ард түмний хайр хүндэтгэлийг татсан нэг, заримдаа хоёр номерын улстөрч байлаа шүү дээ. Энэ их итгэл найдвар залуу хүнийг улс төрд ороход хэрэг болдог юм бол болоосой гэж бодсон. Гэтэл тэр залуус хурлын заалаар хангаж тусалж байсан хүмүүсээ хүртэл муугаар ярьж байна лээ. Би тэр Доржхандын ярилцлагыг үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд миний эсрэг мэдэгдэл гаргаж байсан. Тэр үед дуугүй л өнгөрсөн. Уг нь ХҮН-ыг анх үүсгэн байгуулсан хүн нь Ерөнхийлөгчид дэвшиж байхад тэд дэмждэггүй юм аа гэхэд дуугүй байх ёстой. Хоёрдугаарт, ХҮН-ын нэг залуу телевизээр ярилцлага өгнө лээ. Ер нь адгийн хүн л хүн ярьдаг юм шүү дээ. Хүний лааг үлээвэл өөрийнх нь лаа тодорч асдаг гэж бодож байгаа бол алдаа хийж байна даа гэж хэлмээр байна. Тэгээд ч хүн муу хэлж өөрийнхөө рейтингийг өсгөдөг улс төр хаана ч байдаггүй юм, энэ дэлхий дээр. Тухайн үедээ тэд хоёр тэрбум, түүнээс ч илүүгээр суудлаа зарна гэж хэсэг ярьсан. Үүнд нь би дургүйцсэн. Намайг АН, МАН сайд болооч гээд урьж байсан үе шүү дээ. Энэ болгоныг хойш тавиад жирийн залууст боломж өгөхөөр хичээж байсан. УИХ-ын суудлыг зарахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй гээд л бидний хооронд хагарал үүссэн дээ. Үүнээс өөрөөр би яримааргүй байна. ХҮН-ын залуучууддаа өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсч байна.

-Та бүхний санаачилсан Шинэ дээд хуулийн төсөл засаглалын ямар хэлбэрийг сонгож байгаа вэ?

-Бид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өнөөдрийн Ерөнхий сайд шиг гүйцэтгэх эрх мэдэлтэй байх ёстой. Харин УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй байна. АИХ, УБХ гэж байсан шиг дээд, доод гээд хоёр танхимтай байхыг дэмжиж байгаа.

-Манай улсын онцлогт Ерөнхийлөгчийн засаглал тохиромжгүй гэдэг шүү дээ?

-Үүнийг бид дангаараа шийдэхгүй. Нийт ард иргэдээрээ асууж байгаа. Олон эрдэмтэдтэй ярилцаж байгаад ийм санал гаргаж ирсэн. Өнөөдөр сайд дарга нарыг шүүдэг шүүгч гэж байхгүй болсон. Сайд дарга нарын бүлэглэлийн халаасанд шүүгчид орсон байдлыг өөрчлөхгүй л юм бол манай орон өөр болохгүй. Засгийн газар өөрчлөгдөж байж улс орны хувь заяа өөрчлөгддөг гэсэн үг байдаг. Гэтэл манайд фракц бүлэглэлүүд нь өөрчлөгдөөд байдаг. Одоо банкууд, гадаадын том үндэстэн дамнасан уул уурхайн компани гэсэн хоёр бүлэглэл манай шийдвэр гаргагчдыг барьцаалсан. Манай УИХ, Засгийн газар ард түмнийх биш. Барьцаалагдсан УИХ, Засгийн газар болсон. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хэн нэгэн мандан бадаръя гээгүй. Харин ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө л хийе гэж байна.

-Та улс төрийн хямралаас гарах арга зам бол зөвшилцөл гэж хэдэнтээ хэллээ. Ерөнхий сайд, УИХ-ын даргын төлөөний хүмүүс саяхан уулзаад зөвшилцөж чадаагүй байна лээ…

-Улстөрчид зөвшилцөхийн тулд асуудлаа мэргэжлийн хүмүүсээр нь дүгнэлт гаргуулах ёстой. УИХ-ын гишүүд бүгдээрээ уул уурхайн инженерүүд болчихдог. Эсвэл бүгдээрээ хоньчин, ямаачин болоод давхичихдаг. Одоо манай Засгийн газрын ордныг ЖДҮ-ийн ордон гэдэг болж. Дотор нь 45-ын гутал үйлдвэрлээд байгаа гэсэн. Энэ онигоогоо одоо зогсоох цаг нь болсон.

-ЖДҮ-дсэн гишүүд хууль батална гээд сууж байгаад ард түмэн бухимдалтай байгаа. Хэн ч улс төрд гарч ирсэн адилхан өөрийнхөө ашиг сонирхлыг л тэргүүнд тавина байх?

-ЖДҮ эдгэрдэггүй өвчин гэдгийг дахин хэлье. Туссан бол шууд тайрч хая. 2019 он юм уу, дараагийн сонгуулиар ЖДҮ өвчнөөсөө салах цаг болсон. Ямар ч эвдэрхий цаг өдөрт хоёр удаа зөв заадаг шүү дээ. Энэ утгаараа Монголын улс төрд ЖДҮ илэрнэ гэдэг сайны тэмдэг. Энэ илрэхгүй бол бүр ч бугших байсан.

Монголын улс төрд алдаа гарсан. Хууль шүүх байхгүй болох цагаар хүчирхийлэл ноёлдог. Зөвхөн хэн чанга дуугарсан. Хэн сайн чанга дуугарч, сошиалд бүүстэлсэн нь өнөөдөр ялах хэмжээнд очлоо. Эндээс фэйсбүүкийн эзэн Цукерберг л хожиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-МАН хоёр хуваагдчихаад төрийн үйл ажиллагаа гацаалаа гэсэн шүүмжлэлийг бишгүй хүртэж байгаа байх. Нэг хэсэг нь УИХ-ыг тараая гэж бойкот хийж, нөгөө талдаа засгаа огцруулна гээд баахан үзлээ. Ингээд л тогоон дотроо тэмцэлдээд яваад байх юм уу. Одоо ямар гарц байна вэ?

-Яг ийм нөхцөл байдлыг зөвөөр ашиглах хэрэгтэй юм шиг байна. Монголын хамгийн том нам болох МАН-д нэлээд асуудал үүсч байна. ЖДҮ-тэй холбоотой асуудал гарлаа. Төрийн эрх мэдлээ ашиглаад хууль бусаар ЖДҮ-ээс зээл авах, ёс зүйгээ, хуулиа алдсан ийм үйлдлүүд гарч ирж байна л даа. Энэ нь цаанаа намын тогтолцоо, намаар дамжиж төрд орж байгаа зарчим, сонгон шалгаруулалтын босго гэдэг ч юм уу тухайн хүний ёс зүй, мэргэжилтэй, боловсорсон талаас нь хардаг зүйлүүд нь буруу тийшээ хандсан байгааг харуулж байна. Өнөөдөр бидний байгаа байдлыг л задалчихлаа. Иймд аль, аль нам, нийгэм талаасаа том өөрчлөлт рүү орох ёстой. Нэн тэргүүнд Намуудын тухай хууль руугаа орох нь чухал. Нам өөрөө энэ хүмүүсээ зарчимтай томилдог, хариуцлага тооцдог байх хэрэгтэй болж байна. Явуулсан хүмүүс нь тойрог дээрээ очоод мөнгөөр санал авдаггүй систем рүү ормоор байна. Насны хязгаар ч байдаг юм уу, энэ талаасаа үздэг байх хэрэгтэй.

-Тэгэхээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн өмнө улс төрийн намуудын хуулийг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай гэсэн саналууд яваад байна лээ?

-Дараагийн асуудал бол хүссэн хүсээгүй Үндсэн хууль руугаа орох хэрэгтэй. Үндсэн хуульд маш олон өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Намууд хоорондоо ард түмэнтэйгээ хамтраад эдгээр хуулийнхаа өөрчлөлтийг хийх шаардлагатай болоод байна л даа. Бидний хагарал, бутрал, өнөөгийн байгаа байдал яваандаа энэ байдал руу л очиж таарна.

-Өнөөдөр УИХ-ын даргыг өргөдлөө өг гэж шахаж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхий сайд нь УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй болчихоод байгаа юм биш үү?

-Нам болохгүй байна гэдгийг дээр хэллээ. Өнөөдөр Засгийн газрыг эрх барьж байгаа намын дарга удирдаж байна. Тэгэхээр дотроосоо ийм байдал бий болж байна гэдэг маань өөрөө намын даргадаа итгэл үнэмшилгүй болж байгаа асуудал шүү дээ. Намын дарга маань үлгэр дуурайлалгүй байна. Энэ хүнийг бид үлгэрлэн дуурайж байх ёстой. Гэтэл буруу тийшээ явчихлаа. Тодорхой хэмжээний ард олныг, гудамжны хөдөлгөөнүүд орсон уриалан дуудсан алхамуудыг хийж байна. УИХ-ыг тараа гээд Ерөнхий сайдын эрх үүргийн хэмжээнээс хальсан, Үндсэн хуулиа зөрчсөн мэдэгдлүүдийг хийж байна л даа. Өөрийнх нь толгойлж байгаа Засгийн газрын хэд хэдэн сайд ЖДҮ-ийн зээлтэй холбогдлоо. Ингээд ирэхээр Ерөнхий сайд, тэр тусмаа намын даргатай Засгийн газраа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдал бий болж байна. Өнөөдөр ЖДҮ-ээс гадна их хэмжээний мөнгө нааш, цааш нь болгосон олон асуудал байгаа. АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтчилэн дурдаж болно. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар дамжиж Засгийн газарт үүрэг өгч байгаа. Засгийн газар энэ асуудлууд дээр ажиллах ёстой. Гэтэл чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гацаанд орчихлоо. Тэгвэл УИХ-ыг тараая, Ж.Мөнхбат гишүүнийг гарын үсэг зуруулаач ээ гэж хэлсэн юм шүү дээ.

-УИХ тараад яах юм бэ?

-Зүгээр таръя гээд явчихгүй. Тодорхой гарцуудыг гаргах хэрэгтэй болно. Түрүү миний ярьсан намуудын тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгож байж тарах ёстой. Магадгүй 1990-ээд оны шинэ Үндсэн хууль баталж байсан шиг тогтолцоо орж ирэх ёстой ч байдаг юм уу. Ямар нэгэн гарцыг олох ёстой. Зөвхөн Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг гарц хэлэх нь чухал биш. Үүнийг бид цаашаа ярих нь зүйтэй. Хэсэг бүлэг хүн, ард түмэнд явж буй саналуудыг нэгтгэх ёстой. Тэгж байж нэг шийдэл гаргах хэрэгтэй. Иймд “УИХ таръя” гэдэгтээ тулж байж хөдөлгөнө гэж үзэж байгаа.

-Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал оруулж болдоггүй юм уу?

-Тооны хувьд янз бүрийн саналууд явдаг л даа. Өнөөдрийн байдлаар 76 гэдэг тоо ихдэж, багадсан ч юм алга. Гагцхүү төлөөллийн системээ зөв болгох хэрэгтэй байна л даа. Жишээлбэл, Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймагт ганц квот байдаг. Хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд зарим аймагт 2-3 квот байх жишээтэй. Энэ бол эрх тэгш биш асуудал. Нэн тэргүүнд энэ асуудлыг харах ёстой. Газар нутгийнхаа байдлаар уу, хүн амынхаа тоогоор уу, суурьшлынхаа бүсүүдээр байх юм уу. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиуд дээр зайлшгүй эргэж харах, өөрчлөлтүүд байх шаардлагатай.

-АН-ын бүлэг хуралдаад УИХ-ын нэр хүндийг унагаах, үйл ажиллагааг нь тасалдуулах оролдлогоо зогсоож, эрх баригчид ажлаа хий гэсэн шаардлага гаргасан байна лээ. Ингэхэд танай намын бүлэг хуралдаад төрийн үйл ажиллагааг гацаахгүй явуулах шийдлийн талаар ярилцав уу?

-Бүлгийн хурал дээр алтны татварыг үргэлжлүүлэх асуудал яригдлаа.

-Алтны татвар дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Нийгэмд 30 гэр бүлийн тухай асуудал яригдаад байдаг шүү дээ. Тэр тоог хэн гаргаж ирсэн хүн нь нэрлээгүй. Зүгээр л 30 гэсэн тоо гаргаад хаячихсан. Үүний цаана юу харагдаад байна вэ гэхээр хэсэг бүлэг хүний баян хоосны ялгаа л гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн ЖДҮ-тэй холбоотой асуудал чинь үүний илэрхийлэл болоод гараад ирлээ. Ард түмэнд очдог, ажлын байр бий болгодог, ядуурлыг багасгадаг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг зээлийг хэдхэн УИХ-ын гишүүн буюу өөрийн гэсэн компанитай, хөл дээрээ босчихсон хүмүүс авчихсан байна. Баялгийн хуваарилалтыг тэгш бусаар хийчихсэн байна гэсэн үг. Энэ газрын доорх баялаг бол ард түмний өмч. Үүнийг ашиглах эрх нь ардчилсан нийгмийн хүрээнд сонгон шалгаруулалтаар явж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ-тэй адилхан мэдээлэл ойрхон, эрх мэдэлтэй, боломж бололцоотой хүмүүс нь баялгийг сорж аваад байна шүү дээ. Тэр татвараар дамжиж ард түмэнд жигд хуваарилалт очих ёстой. Гэтэл өнөөдөр алтны татвар 2.5 хувь гэдэг бол бага. 20 тонн алт гэдэг бол барагцаалсан дүнгээр хоёр их наяд төгрөг. Эндээс 50 тэрбум төгрөгийн татвар орсон юм билээ. Яалт ч үгүй бага дүн гэж үзэж байгаа. Ард түмэнд тодорхой хэмжээний мөнгө очих ёстой. Тиймээс алтны татварыг ядаж таван хувь болго. Таван хувийн татвараар дамжаад бидний үр хүүхдэд цэцэрлэг, сургууль болоод очиг. Төрийн албан хаагчдад цалин болоод хүрэх хэрэгтэй. Тэгэхээр нэг гэр, нэг аж ахуйн нэгж, нэг компани, нэг хүн энэ хэдхэн алтыг эзэмших биш, эндээс тодорхой татвараар дамжиж ард иргэддээ өг гэсэн бодлогыг дэвшүүлж тавьж байгаа. Иймд алтны татварыг нэмэгдүүлэх байр суурин дээр бүлгийн гишүүдийн 60.5 хувь нь санал нэгдсэн.

-ЖДҮ-дсэн гишүүдийг эргүүлэн татна гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгвэл УИХ-ын дарга 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн. Эдгээр асуудлуудыг нэг талд нь гаргаж байж энэ улс төрийн хямрал зогсохгүй юу?

-Одоо энэ 60 тэрбум асуудлыг нэг мөр цэгцлээд явахгүй бол болохгүй байна. Үнэхээр ийм асуудал яригдсан уу, хэрэгжсэн үү гэдгийг сайн нягталж ард иргэддээ ойлголт өгөх хэрэгтэй. Тийм болохоор нийтийн сонсголыг зайлшгүй хийх ёстой. Одоо энэ асуудал Тагнуулын байгууллагад очсон гэсэн сураг дуулдсан. Тэр утгаараа хяналтад байгаа асуудлаар хамаагүй сонсгол хийх нь хориотой гэдэг. Гэхдээ бид үүнийг хийхгүй бол болохгүй гээд байна. Саяхан Ерөнхий сайд байсан хүн “Сонгуулийн дараагаар засаг байгуулагдах үед гарсан томилгоонуудыг ярь” гэсэн шүү дээ. Тийм юм бол ярья л даа. Ямар сайд, ямар газрын дарга, ямар агентлагийн даргыг хэн хаанаас санал өгч байж, хэн нь дэмжиж томилсон юм гэдгийг ярьчихъя. Ичиж зовоод байх юмгүй ярья. Үнэхээр мөнгө авч тэр албан тушаалдаа очсон уу, эсвэл чадвартай, чадна гээд томилуулсан юм уу. “Би энэ газрын дарга болно” гээд гүйгээд байсан хүнийг мэдэхгүй юм. Хамт олныхоо дэмжлэгээр шийдэгддэг биш бил үү. Энэ бүгдийгээ л нийтийн сонсгол дээр ярилцъя. Дээрээс нь өнөөдөр хэд хэдэн гишүүн гарын үсэг зураад АТГ-т бичиг явуулж байгаа.

-Ямар бичиг?

-Үнэхээр 60 тэрбумтай, ЖДҮ-тэй холбоотой асуудал байдаг юм бол бид бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэсэн. Яг үүнтэй ядилхан тэр ЖДҮ-д холбогдсон гишүүд шалгуулчих л даа. Хэвлэлээр баахан бичигдээд байдаг хэрнээ үнэн мөн нь мэдэгдэхгүй яваад байх юм. Ард түмний өмнө хэн нь үнэн, хэн нь худлаа яриад ёс зүйгээ алдаад, хуулиа зөрчөөд байгаагаа шалгуулъя л даа. ЖДҮ ил болсонд би баярлаж байгаа. Уг нь “ЖДҮ-ийн зээлийг орон нутагт хуваарилдаг болгоё” гэж байнгын хороо, УИХ-ын индэр дээрээс би зөндөө хэлж байсан даа.

-Энэ Засгийн газар ганц сайдынхаа томилгоон дээр гацчихлаа. Одоо араас нь хоёр сайдын асуудал орж ирэх нь. Удахгүй Ерөнхий сайд Япон руу явна гэсэн…

-Цаана нь дахиад ЖДҮ-тэй холбоотой хоёр, гурван сайдын асуудал орж ирэх юм шиг байна. Дампуурч байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Хөдөө аж ахуйн яам нь сайд байхгүй гээд хэцүү байгаа юм билээ. Манай салбар гурван сайдын нүүр үзлээ. Одоо дөрөв дэх сайд нь очно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар бараг 50 хувь нь гаднаас байсан. Дараагийн Засгийн газар байгуулах болбол наанадаж 50-иас доошгүй хувь нь гаднаас байна гэсэн бодлого баримталж байсан. Одоо ч энэ ирж байгаа сайд нарыг гаднаас байх ёстой гэсэн бодлогыг барьж байгаа. Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна. Засгийн газраа барьж чадахгүйгээс толгой дээр гарч ирлээ. Ажлаа өгөхгүйн тулд энэ хүмүүс толгой дээр гарч ирж байна. Ямар хортой вэ гэдгийг харж байгаа биз дээ.

-Энэ янзаараа зургаан сарын дараагаас засгийн хувь заяа дахин хөндөгдөгдөх байх даа.

-Үгүй гэх газаргүй шүү дээ. Иймд хуулийн тайван хувьсгал хиймээр байна. Тэрнээс далимдуулаад цус гаргах, шар хувьсгал хийх биш шүү дээ. Сая ийм зүйл рүү явж байсныг амжиж зогсоож чадсан.

-Та саяхан чуулганы хуралдаан дээр Т.Аюурсайхан гишүүний дүү танай аймагт алт ухаад явж байсан тухай хэлсэн. Энэ тухай тодруулахгүй юу. Танд ямар мэдээлэл байгаа юм бэ?

-Т.Аюурсайхан гишүүн надаас “Манай нэг дүү тэнд ажиллаж байгаа юм. Хүн хард хэлж өгөөч” гэж өөрөө хүрч ирээд гуйж байсан. Тэгээд шударга, шударга юм яриад байхаар нь наад багаа тайл гэж хэлсэн. Индэр дээр шударга царайлчихаад цаагуураа элдэв янзын дүү гуйгаад байж болохгүй шүү дээ. Манай Бүрэгхангай суманд нэг компани голын ай сав газарт алт ухсан. Завшөөрөлгүй ухсан тэр компани Төв аймгийн уяач залуугийнх байсан. Хүмүүс очиж шалгаад 5.7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

-Тэрийгээ төлсөн үү?

-Төлөөгүй алга болсон. Ийм байж Т.Аюурсайхан шударга царайлаад яваад байж болохгүй л дээ.

-Өнгөрсөн зун Зам тээвэр, хөгжлийн яамны ажилтнууд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Гэтэл тэр архидалт нь таны өрөөнөөс эхлэлтэй байсан тухай дэд сайд байсан Б.Цогтгэрэл ярьсан байна лээ. Энэ үнэн юм уу?

-Намайг байнгын хороон дээр үг хэлсний араас гэнэтхэн түүний ийм ярилцлага гараад ирсэн. “Тэр өдөр өөрөө байхгүй байсан. Гэхдээ сайдын өрөөнд архидсан гэнэ лээ” гэсэн байна лээ. Тэгвэл хууль хяналтын байгууллага нь шалгах боломжтой. Би тэр өдөр ямар, ямар ажил хийснийг яамныхан тэр чигээрээ нотолно шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим гишүүдийн багийг хууллаа

Засгийн газрыг огцруулах асуудал бөөн юм болсныг бүгд мэдэж байгаа. Байнгын хороон дээр унасан У.Хүрэлсүхийн танхим өнгөрсөн баасан гаригийн чуулганаар тогтож үлдлээ.Өглөөнөөс үдэш болтол хэлэлцсэн парламент ийм шийдвэр гаргасан ч энэ Засгийн газар нам дотроо огцорчихжээ гэдэг нь тод харагдаж байна. Чуулганд оролцсон 73 гишүүний 40-ийнх нь саналаар засаг үлдэж чадсан.Шуудхан хэлэхэд С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал Засгийн газрыг аварлаа.

Олон цаг үргэлжилсэн чуулганы хуралдаан дээр үг хэлж байгаа хүмүүсийг хараад байхад Ерөнхий сайдаасаа авахуулаад эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэлдэж,тулга тойрсон хов л ярьцаагаад байх юм. Тэднээс улс орны ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшилд хүрэх зам мөрийн талаар ухаалаг шийдлүүд олж сонссонгүй. Ядаж л хэдэн арван жил гацсан томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө яаж ажиллахаа яруу тодоор хэлээд сууж байх ёстой цаг үе биш бил үү. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар тодорхой зүйл ярьсангүй. Ямар сайндаа чуулганы хуралдааны төгсөлд түүний хэлсэн үгнээс “Ямар нэгэн бүлэглэлийн толгойлогчийг сонгох хурал болоод өнгөрчихөв үү дээ” гэсэн бодол төрөхөд хүрч байхав дээ. “Олигархуудтай хатуу тэмцэнэ. Аятайхан байхгүй байгаа нөхдөд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэнэ” гээд л загнаж зандраад байсан. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд, намын дарга байх нь амин чухал байх л даа. Тэгвэл ард түмэнд Ерөнхий сайд, намын дарга хэн байх нь огт падлийгүй. Цаашид улс оронд бодитой ажил хийж бүтээх, иргэдийн амьдралыг сайжруулахад бодлого хэрэгжүүлэх засаг төр л ус агаар мэт хэрэгтэй.

Засгийн газрыг огцруулахад анх 27 гишүүн гарын үсэг зурсан. Тэднийг АН-ын есөн гишүүн дэмжинэ гэдгээ ч мэдэгдээд байв. Энэ үед О.Баасанхүү, С.Жавхлан нарын санал эрдэнэ мэт үнэд орсон. Гарын үсэг зурсан нэрс дээр сөрөг хүчний ес нэмэгдээд 36 гишүүний санал засгийг унагахад хангалтгүй байсан болохоор тэд од болж байв. Манай хоёр гишүүн ч Байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрыг огцруулна гэдэг байр сууриа илэрхийлээд авсан. Гэтэл эцсийн санал хураалт явагдахад С.Жавхлан өөрөөсөө,Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат намаасаа “урвалаа”. Энэ хэд нөгөө талд санал өгсөн бол У.Хүрэлсүхийн Засгийн газар уначих байлаа. Нийгэмд эдгээр гишүүдтэй холбоотой элдэв шуугиан ч дэгдэж байна. Сошиал ертөнцөд болон дам ярианы сэдвүүдийг хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд л таамаглацгааж байгаа байх. Үнэн мөнийг нь үнэхээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ мэдээлэх үүргийнхээ дагуу заримаас нь дуулгая аа.

Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэнгүүт С.Жавхлан гишүүн бүхний анхаарлын төвд орсон нь яалт ч үгүй үнэн явдал. Фокус түүн рүү төвлөрч, санал нь ихэд үнэд орж байгаа шуугиан гараад байлаа шүү дээ. Тэрбээр өмнө нь засаг, төр огцор гэж хэдэнтээ цухалдаж байсан хүний нэг. Гэнэтхэн чуулган дээр “Засаг төр тогтвортой байх ёстой. Гуравдугаар ээлжийнхэн гэж өлсгөлөн цөөвөр чоно шиг нөхөд гарч ирнэ” гэж загнаад Ерөнхий сайдын талд зогсов. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах асуудал орж ирж байхад С.Жавхлан гишүүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй нэг яриа гарч байсан. Огцрохоор яригдаж байсан сайдад хуучны удам дамжсан хөөрөг зарах санал тавьсан гэсэн домог бий. Тухайн үед Засгийн газрынх нь асуудал нэгэнт цаагуураа шийдэгдсэн байсан болохоор Ж.Эрдэнэбат тэр хөөрөгний “Үнийг нь дийлэхгүй юм байна” гээд аваагүй гэсэн дам яриагаар домог үргэлжилдэг.Ямар нүдээр харсан биш, итгээгүй л дээ. Гэтэл сая С.Жавхлан гишүүнийг өнөөх хөөргөө хэрэгтэй хүнд нь ханасан үнээрээ зарчихсан юм болов уу гэсэн таамгийг нийгмээрээ дэвшүүлж байна лээ. Үнэн, худлыг нь үнэхээр баталж чадахгүйгээс хойш яалтай билээ. Яагаад ийм яриа гарах болов гэвэл Баасанхүү гишүүнийг зураг зардаг,улс төр бужигнах тусам зураг нь үнэд ордог гээд л ярьдаг даа. Тийм болохоор энэ үйл явдал нэг их шинэ сонин юм биш л дээ.

Л.Болд гишүүний хувьд Засгийн газрын асуудалд бүлгийнхээ байр суурийг дэмжихгүй гэдгээ эртнээс л зарлаад байсан. Түүнийг бусад гишүүд нь “Богд” банкиндаа ипотекийн зээл авах нь гэж хардаж байхад “Өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгнө” гэсээр байгаад л өгөх шиг боллоо. Чуулганы хуралдааны үеэр ч Ж.Мөнхбат гишүүн хүртэл “Сангийн сайдын ширээн дээр АН-ын гишүүн Л.Болдын “Богд” банкинд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна” гэсэн бичиг байгаа” гээд цоллоод авна лээ.Л.Болд гишүүн энэ үгийг нь эрс үгүйсгэв. Дараа нь тэрбээр “Би 1990 оноос хойш тасралтгүй зүтгэсэн АН-ын анхны гишүүн. Ардчилсан хувьсгалд оролцож эрх чөлөөгөө олж авсан. Үүнийгээ хэнд ч өгөхгүй” гэж жиргээд авав. Ер нь ч Л.Болд гишүүн бизнес тааруу байгаа тухай, шударга бусын хонгил, цагдаа шүүхийн асуудал гээд байнга нь гонгинож явдаг хүн л дээ. Б.Хурцтай муудахдаа л энэ тухай ярьж эхэлсэн. Үүнээс хойш олон удаа ярьж байгаа. Хүн өөрийн үзэл бодлоо хамгаалдаг байхын тулд ардчилсан хувьсгалыг хийсэн нь үнэн. Гэхдээ манай ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс бүгд сахилга бат, багийн тоглолт гэдгийг орхигдуулсан нь энэ хүний хэлсэн үгнээс харагдаж байна. Тэр нь юу вэ гэвэл “Өөрт ашигтай бол юу ч хийж болдог” гэсэн мунхаглал манай ардчиллын хамгийн сүүдэртэй тал нь юм. Хүн бол эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүмүүсийн эрх чөлөөг хөндөхгүй байх ёстой. Нам, аливаа институци сахилга бат, зарчимыг эрхэмлэх учиртай. Харамсалтай нь энэ бүхнийг умартаж, ардчилсан хувьсгал бий болсон нь хамгийн гунигтай.Дур, дураараа авирлаж, үл тоомсорлох явдлыг анархизм гэдэг биз дээ. Үүгээрээ Л.Болд гишүүнийг Засгийн газрыг авч үлдэхэд гарын үсэг зурсан гэж буруушаах гэсэнгүй. Гагцхүү намын сахилга баттай байгаач ээ. Тэгэхгүй бол Л.Болд гишүүн бүхий л үед өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг тэргүүнд бодож явж ирж дээ гэж харахаар байна. Сая намынхаа эсрэг ажилласан, өмнө Батлан хамгаалах яаманд байхад нь хүртэл гарсан хэрэг шуугиан зэрэг явдлуудаас дүнэхэд Л.Болд гишүүн чинь жаахан итгэл муутай, нэг тийм өөрт ашиг гарвал өрөөл яаж ч байсан үл тоодог байрын, сайн эцгийнхээ нэрийг худалдаж идээд дуусч байгаа хүн юм уу даа гэж бодогдохоор байна шүү.

Засгийн газрыг дэмжсэн санал өгсөн сөрөг хүчний өөр нэг гишүүн бол Ж.Батзандан. “Чуулганы танхимд Ж.Батзандан гишүүн даацтай үг хэллээ” гээд л дэмжигчдийнх нь нэрээр хаягласан цахим хаягнаас түгээж байна. Тэрбээр 60 тэрбум, оффшорчдын эсрэг тэмцэх ёстой гээд л цовхчоод байсан.

Гэтэл нийгэм даяар түүнийг У.Хүрэлсүхтэй ойр байдаг ахыгаа албан тушаал ахиулж, бас эмэгтэй дүүгээ өөд нь татахын тулд намынхаа эсрэг ажилласан хэмээн чичилж байна. Энэ бол зүгээр л хүмүүсийн хардлага. Ер нь хүн аливаа намд гишүүнээр элсэнэ гэдэг бол тэр намын бодлого, үзэл бодлыг нь дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Нам олон мянган гишүүдээсээ цөөн хэдийг сонгож, итгээд УИХ-д нэр дэвшүүлдэг нь тухайн хүний карьерт маш том боломж олгодог. Гэтэл Ж.Батзандан гишүүн намаа үл тоож байгаа нь харагдаж байна. Уг нь намдаа ач бодохоор хүний нэг мөн дөө. Долдугаар сарын 1-ний үймээний дараагаар МАН-аас цаазын ялтай зүйл анги аваад АН-д гишүүн болж намын хамгаалалтад орж байсан гэдгийг бүгд мэднэ. Хүний баг хууларна гэдэг л энэ байх даа. Түүнийг намын нөхөд нь, ард түмэн, сонгогчид нь ямар хүн болохыг бэлхнээ харчихлаа. За тэгээд, У.Хүрэлсүхийг дэмжсэн нь хувь хүнийх нь сонголт байж дээ.

Сөрөг хүчний Д.Мурат гишүүн засгийг авч үлдэхэд саналаа нэмэрлэнэ гэдгийг хэн ч тооцоолоогүй. Мань эр ямар нэгэн барьцаанд орсон эсэхийг үнэндээ мэдэх юм алга. Уг нь садар самуунд холбогдсон гэх түүний хэрэг хаагдчихсан баймаар. Арга байхгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар цаашдаа ажиллах юм байна гэж бодсонд нь үнэмшинэ гэхээр гэнэн байна аа. Бас нэг гэнэн бодол ч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан “Байнгын хорооны шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураасан. Тэгвэл энэ саналын томьёоллыг Д.Мурат гишүүн “Засгийн газрыг огцруулах байнгын хорооны саналыг дэмжье” гэсэн саналыг Засгийн газрыг дэмжих гэж байна. Тэгж ч ярихгүй шүү. Намынхаа бүлгийг дагаж эсрэг санал өгнө өө” гээд эсрэг дарсан гэсэн хошигнол хүртэл гарчээ. Товчхондоо “Муратын андуурал дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар торж үлдлээ” гэх онигоо дэгдлээ. Ийм цагаахан мэдээний хажуугаар “Д.Мурат намынхаа шийдвэрийг сөрж их хэмжээний мөнгө авчээ” гэх хэлэлцүүлэг сошиалд өрнөж байсан. Үүнийг хэн ч батлахгүй. Гэхдээ энэ гишүүн хэрэгт холбогдоход нь Д.Гантулга шиг жирийн иргэн болгочихоогүй намдаа талархах учиртай хүн баймаар.

У.Хүрэлсүхийн Засгийн газар олон ч хүний багийг хууллаа. Сайдын албан тушаалд бүрэлдэж байсан Ч.Улаан гишүүн эгээтэй л “зулбах” дөхлөө. Монголын төрд хамгийн олон удаа сонгогдож, сайдаар ажиллаж ирсэн хүн гээд л байнга шүүмжлэлд өртдөг. Тэгсэн хэрнээ сая сайд болохын төлөө ёстой ухаангүй зүтгэлээ. Ухаантай хүн бол “Залуус маань энэ ажлыг хийг дээ” гээд зайгаа тавьж өгөх биз. Энэ үед Ч.Улаан гишүүн маань “Ямар хийж үзээгүй ажил, хашиж үзээгүй алба биш дээ. Орчин цагийн залуусын тархинаас их үйл гарах байх” гээд сугарч үлдэж болохоор байлаа. Жинхэнэ монгол эр хүний жудаг гэж байдаг даа. Гэтэл турж үхэх гэж байгаа юм шиг л сайд руу зүтгээд байсан.

Ц.Цогзолмаа сайдын хувьд танхимаа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүний нэг. Тэрбээр байр суурин дээрээ айхавтар үнэнч байлаа. Цаашдын ажил алба,карьер нь хэцүүдэх байх даа. Хамгийн түрүүнд л Ерөнхий сайдын далайдаг сэлэм ч билүү, муна ч билүү тийм юмных нь бараг салхинд нь ширвэгдэхээр харагдаж байна. Ц.Цогзолмаагийн хувьд МАН-ын хотын фракцын хүн гэгддэг. Тэр утгаараа М.Энхболдын нөмөр нөөлөг дор явж, дүүргийн даргаар хүртэл ажиллаж байсныг цөм мэднэ.

Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүнээс ганцхан Г.Мөнхцэцэг хуралдаанд оролцсонгүй. Солонгост томилолттой явж таарсан гэнэ лээ. Ер нь шийдвэрлэх үед зугтлаа, саналаа нөгөө талд худалдчихаж гэсэн жиг, жуг тэр өдөржин л Төрийн ордонд яригдсан. Мөн энэ өдрийн чуулганд ирээгүй хоёр дахь гишүүн нь Б.Батзориг. ЖДҮ-д холбогдож, прокурорт шалгагдаж байгаа тэрээр эргэж ирэх нь юу л бол. М.Энхболдтой насан туршдаа улс төрд зүтгэж яваа хүн бол амьдай Н.Энхболд. Танхимдаа үлдэхийн төлөө саналаа өгч байгаагаас нь харахад олон жил нөхөрлөсөн гэж харахад хэцүү л юм. Аргагүй л амь үнэнч, авгай худалч гэдэг нь үүн дээр тод гарч байна лээ дээ. Энэ нь ч буруу юм гэж юу байхав. Хүн ийм л байдаг хойно.

Засгийн газрыг огцруулах асуудал анх ЖДҮХС-гийн луйвраас үүдсэн. Тэрнээс 60 тэрбумынхан хорсч, занасандаа У.Хүрэлсүхийг ажлаа өг гэж шахаагүй. Тиймээс Ерөнхий сайд одоо эхний ээлжинд ЖДҮ-д холбогдсон сайд нартаа арга хэмжээ авч, тэдний оронд УИХ-ын гишүүн биш улсуудыг тавих хэрэгтэй байна. ЖДҮ-чдэдээ арга хэмжээ авсан ч цаашид засгийн хувьд заяа мөн л хэцүү байх болов уу. Б.Батзориг, Н.Цэрэнбат нарын сайд нар ЖДҮ-дсэн гэдэг нь ил болсон. Энэ гурвынхаа нэгийг нь явуулчихаад байгаа. Дээр нь Ц.Цогзолмаа, Д.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын талаар асуудал хөндөгдөж буй. Эд нар огцорчихвол У.Хүрэлсүхтэй хамт танхимынх нь гишүүдийн бараг тэн хагас нь хоцрохоор байна. Дараагийн орж ирэх хүмүүс нь ажилтайгаа танилцаж жигдрэх гэсээр байтал зургаан сарын дараа Засгийн газрыг огцруулах асуудал дахиад тавигдахыг үгүйсгэхгүй. Тэр үед ёстой л сэвшээ салхи ширвэх төдийд унах байх даа. Асуудалтай сайд нараа явуулахгүй байя гэхээр Ерөнхий сайдын шударга үнэний дуу хоолой болсон имижид нь халтай болчих гээд байдаг. Ингээд харахаар тун ярвигтайхан Засгийн газар үлдлээ дээ.

Түүхт 100 жилийнхээ ойтой золгох гэж байгаа МАН хуваагдах уу, эс хуваагдах уу гэдэг салаа замын уулзвар дээр гацчихаад байна. Хэрэв М.Энхболдыгоо хөөнө гэвэл жинхэнэ утгаараа хагарал болох байх. Нарийн яривал УИХ-ын даргыг хүссэнээрээ аваад хаячихдаг ч юм биш. Хэн дуртай нь гарч ирээд парламентын тэргүүнийг огцруулчихвал төрийн эргэлт болно. Ийм эрсдэлээс сэлгийлсэн хуулийн хамгаалалт бий. УИХ-ын дарга өөрөө хүсэх юм бол өргөдлөө өгч, огцрохоос биш хэн дуртай нь аваад халчихдаг хялбархан суудал биш. Өнөөдөр Ерөнхий сайд маань хонзогносон аястай хандлагаасаа татгалзаж, ажил хийх тухай яримаар юм даа. Өвлийн хүйтэн орж, газар хөлдчихлөө. Нүүрс зогсоод, доллар өсчихлөө. Гэтэл нүүрс зогссоныг Хятадын ажил гэдэг. Долларын ханш нэмэгдэхээр бид хэвлэдэггүй гэнэ. Шатахуун өсөхөөр “Бид оролцохгүй, чи үнэ хямдруул. Яасан их идэж уудаг юм бэ” гээд импортлогчдыг зүхдэг. Тэгэхээр одоо яах вэ. Ард түмнийхээ төлөө юу хийх вэ. УИХ-ын чуулган дээр сандал ширээний хэрүүл биш, хийх ажлаа түмэн олондоо танилцуулж, хэлж өгөөч, Ерөнхий сайд аа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Таны хүүхэд хэдэн кг цүнх үүрч байна вэ?​

Бага ангийн сурагчид тулгуур эрхтний хөгжил муутай, бөгтөр болж байгаа тухай сүүлийн үед эмч нар их ярих боллоо. Эцэг, эхчүүд дэмий л эмзэглэхээс цаашгүй байх юм. Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гол асуудал нь цүнхэнд байдаг. Бул чулуу үүрчихсэн юм шиг л цүнхээ дааж ядан алхах жаалуудыг харахаар өмнөөс нь ядрах шиг л болдог шүү дээ. Тэгвэл монгол хүүхдүүд олон улсын стандартнаас хэт давсан хүнд жинтэй дэвтэр ном үүрч явдаг юм байна. Америкийн хүүхдийн эмч нарын академиас сурагчийн үүргэвч ямар жинтэй байх ёстойг тогтоожээ.

Нэгдүгээр ангийн хүүхэд 1.2 кг жинтэй цүнх үүрвэл биед нь ачаалал өгдөггүй байна. Хоёрдугаар ангийн сурагч 1.6 кг, гуравдугаар ангийнх 2.3 кг, дөрөвдүгээр ангидаа дөнгөж 2.6 кг цүнх, номтой байвал хэвийн гэж үзжээ. Энэ мэтчилэн анги ахих тусам хүүхдийн цүнх 200-300 граммаар нэмэгдэх ёстой аж. Ахлах ангийн сурагчдын цүнх дөрвөн кг-аас хэтрүүлэхгүй байх стандартыг америк эрдэмтэд хэлж байна.

Харин манай сурагчид хэдэн кг цүнх үүрч явдаг гээч. “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа” төрийн бус байгууллагын судалгаанаас харахад бага ангийн сурагчдын цүнх дангаараа 800 граммаас 1.2 кг жин татдаг байна. Дэвтэр номтой болохоороо дунджаар таван кг нэмэгддэг аж. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь бага ангийн сурагчдын номны хэмжээг дэндүү том байна гэж шүүмжилжээ. Иймд өдөр бүр хүүхдийн цүнхэнд явдаг математик, монгол хэл гэх мэт овор хэмжээтэй том номыг гэрт болон ангид ашиглахаар тус тусдаа байхыг дэмжээ. Хичээл дээр хэрэглэх номыг багш өөртөө хадгалж, харин гэрийн даалгаврын номыг эцэг, эх нь хариуцан үлдээж байх саналууд олноор гарсан байна. Тэртэй тэргүй манай улс сурах бичигт асар их мөнгө зарцуулдгаас хойш гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод номны зохион байгуулалтад зардал гаргахад яахав дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бямбасүрэн: Намууд төр рүү бохир цутгадаг хоолой болж хувирсан байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Монгол төрийн үйл ажиллагааг Ман-ын талцал гацаахад хүргэлээ гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Ерөнхий сайд байсан хүний хувьд улс төрд өрнөж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж байна?

-Ерөнхийдөө нийгэмд Ардын намын тэмцэл гэсэн ойлголт яваад байгаа юм. Миний бодоход үүнээс арай өргөн хүрээтэй юм. Монголын төр авлига, хээл хахууль, хулгай луйварт нэрвэгдсээр байгаад олон жил боллоо. Өнөөдрийн үйл явдлын эхлэлийг Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаснаар тавьсан л даа. Одоо Засгийн газрын хувь заяаны асуудал болоод явж байна. ЖДҮ-ээс их хэмжээний зээл авсан төрийн түшээд олон түмэнд ил болж, дургүйцлийг нь төрүүлж, түүнээс улбаалж энэ бүхэн сөхөгдсөн. Засгийн газрыг огцруулах асуудал явц дунд гарч ирсэн гэж хэлж болох юм. Ардын намынхан бүлгийн даргаа солиход л огцорсон, хорссон түшмэл нь Засгийн газрыг огцруулна гээд л гаргаж тавилаа шүү дээ. Хараад байхад авлига хээл хахуулийн сүлжээ нь Их хуралд олонх болж нөлөөтэй болоод байгаа юм чинь Засгийн эрхийг гартаа авъя гэсэн ийм байдлаар асуудал тавьж байна. Өөрөөр хэлбэл, Монголын авлигын сүлжээ гаарах, давхар тал руугаа орж байна. Ардын намынхны сэдсэн төрийн албыг худалдах 60 тэрбумын асуудал бол Үндсэн хуулийн эсрэг, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй юм л даа. Ер нь Монгол төрд сайхан ярьж, олон түмний толгойг эргүүлдэг мөртлөө жинхэнэдээ байж болохгүй муухай үйлдлүүдийг халхавчилж ирсэн мафиози маягийн бүлэглэлийн үйл ажиллагаа их даамжирчээ. Үүнийг цааш нь явуулж болохгүй болжээ.

-Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. сөрөг хүчин засгийг огцруулах тал дээр байр сууриа нэгтгэсэн байна лээ. Засгийн газар тэсч үлдэж чадах болов уу?

-АН, МАН-ын хоорондын харилцааны түүх их сонин. Нэг талд нь жаахан шударга ёсны асуудал юм уу, зөрчил яригдахад нөгөө тал нь далдганаж очоод засгаа нухдаг байдал нэлээд олон удаа давтагдаж байна. Ардчилсан намынхан сая Монголын ардчиллыг аврахын төлөө, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна гэж байсан. Гэтэл Засгийн газрыг огцруулах долоон үндэслэл нь ардчиллын хувь заяатай огт хамаагүй юм. Төр засагт олон жил бүгсэн янз бүрийн үйл явдлыг энэ засагт тохъё гэсэн л асуудал. Гэхдээ энэ засгийн тавьж байгаа асуудал нь “УИХ-ын дарга 60 тэрбумын асуудалд орооцолдсон болохоор зайлах ёстой” гэж байхад УИХ дахь АН-ын бүлэг нь “Ерөнхий сайдыг унагах нь зүйтэй юм” гээд дундуур нь гүйж байна. Энэ үйл явдлыг харахад УИХ-д байгаа АН-ын бүлэг нь, намын удирдлага нь нийгэмдээ эерэг үүргээ гүйцэтгэх чадвараа алдаж байна уу даа гэсэн ойлголтод хүргэж байна л даа. АН-ынхан их сайхан, зөв юм ярьж байна. Ер нь бол үргэлж ингэж л байдаг. Өөрсдөө яг засгийн эрхийг авсан хойноо төр барьсан үедээ Монголыг хэнээс ч илүү хорлож чаддаг шүү дээ. Үүнийгээ АН-ынхан бодох хэрэгтэй болсон байх. 1990 оны ардчилсан хувьсгал мэдээж ардчиллын тугийг өргөж боссон хүмүүсийн гавьяа. Гэхдээ тэр гавьяагаар бүхнийг далдалж болохгүй.

Засгийн газрынхаа хувь заяаг Их хурал нь яаж шийдэх юм байгаа, мэдэх юм алга. Ямар ч байлаа гэсэн энэ бол Монголын төрийг эрүүлжүүлье гэсэн санаанаас хийж байгаа алхам биш.

-Дараагийн Засгийн газар гарч ирлээ гэхэд ажиллах хугацаа тун бага. Шүд сугалах маягаар асуудалтай сайд нараа явуулж, танхимаа авч үлдэх гарц Ерөнхий сайдад бас бий?

-У.Хүрэлсүх шүүх, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс нь нотлогдох юм бол явуулна гэдгээ хэлээд байна лээ. Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарт хэлсэн гэдгээ ч дурдаж байгаа харагдсан. Хууль хяналтын байгууллага нотлох байх.

УИХ-д байгаа Ардын намынхан 32:32-оороо хуваагдчихаад байгаа нь хэнд ч ойлгомжтой. Нэг 32-ыгоо нөгөө 32 нь АН-ын тусламжтайгаар нухах нь л дээ. Оронд нь нөгөө 32 нь гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. ЖДҮ-гаас МАН-ын 65 гишүүний 30, 40-өөд нь зээл авсан гэсэн. Тэд УИХ-д суугаад хууль батлах эрхтэй юм уу. Үнэхээр ёс суртахуунаа бодож байгаа бол энэ хүмүүс “Бид болохоо байсан юм байна. Явъя даа” гээд УИХ нь тараад, сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой биз дээ. Гэтэл өөрсдөө нам дотроо тэмцэл хийхдээ “Чи үг хэлэх эрхгүй” гэж нэг нэгийгээ хасч хаячихаад чуулгандаа болохоор хууль батлах эрхтэй гээд сууж байна шүү дээ. Нөгөө талдаа Монгол төр цэвэрших, ариусах алхамыг хийж байгаа боловч маш хүнд бэрхшээлийг туулна.

– Засгийн газар нь огцорч, УИХ нь тарлаа гэж бодъё. Дараа нь яах вэ?

-Дараа нь дахиад л нам дамжуулж нэр дэвшүүлдэг 76 хүнийг сонгоно шүү дээ. Бүх юм дахиад л тойргоороо явьна гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг оновчтой боловсруулж чадаагүй, намуудын тухай хуулийг шинэчилж чадаагүй ийм нөхцөлд эцсийн зөв шийдэлдээ хүрэхэд бэрхшээлтэй. УИХ хариуцлагын талаасаа хэд дахин тарах цаг нь болсон. Одоо энэ УИХ-ыг тараачихлаа гэхэд дахиад олигархуудын нэр дэвшүүлсэн 76 хүнийг сонгож авчираад өөрчлөлт гарахгүй шүү дээ. Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлээ ард түмнийхээ гарт өгч, хяналттай парламенттай болсон цагт асуудал өөр байна. Гэтэл Үндсэн хуулийн төсөл нь Монгол төрөө улам сулруулах, хүчгүйдүүлэх, мөхөл рүүгээ хөтлөх л юм яваад байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд голлох байрыг эзэлж ард түмнийхээ өмнө үгээ хэлэх ёстой. Гэтэл манайхан Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэсэн зохиомол асуудлаар олон түмнийгээ хувааж бужигнуулаад худлаа мэдээлэл өгөөд байна. Миний бодоход энэ асуудлыг явцууруулж томьёолно гэдэг бол 15 толгойтой атгаалжийн хар мангас ирчихээд монголчуудыг “Хөлнөөс чинь идэх үү, тархинаас чинь идэх үү” гээд байгаа юм шиг л харагдаад байна. Гэтэл “Парламентын засаглал бол олигархууд чамайг барьж иднэ. Ерөнхийлөгчийн засаглал бол дектатурт чи орно” гээд хоёр тийш нь салгаж хаяад байна л даа. Тэгэхээр Ерөнхийлөгч бол мэдлэгтэй, туршлагатай хуульчдадаа түшиглээд Үндсэн хуулийн цоо шинэ төсөл гаргах хэрэгтэй болж байгаа юм. Намуудын тухай хуулиудыг өөрчлөөгүй байгаа тохиолдолд эндээс өөдтэй юм гарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөр хэн ч намуудын тухай хуулийг шинээр боловсруулж оруулахгүй. Яагаад гэвэл намууд өөрсдийнхөө эрхийг хязгаарлах тухай хууль хийхгүй шүү дээ. Улам лавшруулна уу л гэхээс. Монгол Улсын Төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа намуудын тухай хуулийг санаачлах ёстой байх.

-Ерөнхий сайд “Төрийн их цэвэрлэгээ эхэллээ” гэж хэлсэн нь ард түмэнд таалагдах гэсэн шоу мэтээр хүмүүс хүлээж аваад байна. Харин та ямар бодолтой байна вэ?

-Хоморголсон гэдэг утгаар их цэвэрлэгээ гэж хэлж болохгүй. Төрийн үйл ажиллагааны зарчмыг хөндсөн гэж ойлгож байгаа юм. УИХ бол төрийг барих дээд байгууллага гээд Үндсэн хуулиндаа бичсэн. Гэтэл 76 хүнийг сонгоход сонгогчдын өмнө хэн очдог билээ. Энэ намуудын толгой дээр гарсан олигарх бүлэглэлүүд чинь өөрсдийнхөө төлөөлөгчийг л нэр дэвшүүлдэг. Бид сонгогчдыг “Та нарын сонгосон хүн шүү дээ, хохь чинь” гэж хэлэх эрх байхгүй юм даа. Нэр дэвшүүлсэн хүмүүс нь намуудын толгойг барьж байгаа олигарх, авлигын бүлэглэл, мафиози сүлжээний нэр дэвшүүлсэн хүмүүс очдог. Тэгэхээр тогоог нь цэвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. Намууд гэдэг бол төр рүү бохир цутгадаг хоолой болж хувирсан байна. Үүнийг л цэвэрлэх хэрэгтэй. Үүгээр дамжсан төрд наалдсан бузар буюу хулгайч, луйварчин, авлигачид чамгүй олон сууж байна.Эднийг цэвэрлэхгүйгээр төр цаашдаа явж чадахгүй. Цэвэрлэнэ гээд бүгдэд нь дөнгө зүүлгээд шоронд хорино гэсэн үг биш. Иргэний хувиараа сайхан амьдраад яваг. Төрд очоод төрийг будлиулж хувааж суух нь хэрэггүй юм л даа. Их цэвэрлэгээ хийнэ гэсний утга нь үүндээ байгаа байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Тэгтэл У.Хүрэлсүхтэй гар нийлээд УИХ-ын даргыг шахаад байгааг юу гэж ойлгох вэ?

-Эв нэгдлийг хангах ёстой гээд хулгайч, авлигачидтай эв нэгдэлтэй байх тухай асуудал биш. Тийм болохоор УИХ-ыг тар даа, болохоо байчихлаа гэдэг нь эв нэгдлийг бусниулж байгаа хэрэг биш. Харин монгол түмнийг зөв зам дээр нь хөтөлж гаргах гол асуудал юм л даа. Миний бодлоор хулгайч, луйварчин, авлигачид хууль баталж болохгүй. Одоогоор УИХ дахь 40-өөд гишүүн ЖДҮХС-тай холбогдлоо. Цаана нь 20 гаруй сан байгаа. Тэнд юу болж буйг ёстой бурхан л мэдэх байх. Гэхдээ Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа төслийг маш чанартай хийгээд олон түмэндээ ил гаргасан байх ёстой.

УИХ-ын дарга өөрөө Монгол төрийг, эх орноо худалдах энэ 60 тэрбумын асуудалд орооцолдлоо гэдгийг АН 2016 оны сонгуулийн өмнө хэлсэн. Одоо МАН-ын дарга нь өөрөө үүнд УИХ-ын дарга нь оролцсон нь үнэ” гэж хэллээ шүү дээ. Үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Гэтэл монгол төрийг өөрийнхөө хувийн эрх ашгаас доогуур тавьж байна шүү дээ.

-УИХ-ын даргыг огцруулъя гэхээр Үндсэн хуульд заасан үндэслэл байхгүй юм биш үү?

-УИХ-ын дарга өөрөө ухамсартай, сэтгэлтэй хүн юм байгаа биз дээ. “Үнэхээр 60 тэрбумын хэрэгтэй холбоотой баримт гараад иржээ, намыг маань, төрийг минь эвгүй байдалд оруулж байна” гээд явах ёстой. Тэрнээс “Хуулинд намайг огцруулах шалтгаан тоочиход 60 тэрбумын хэрэг үйлдвэл огцруулна гэсэн заалт байхгүй” гээд суугаад байж болохгүй. Үндсэн хуульд УИХ-ын дарга, намын дарга төрийн эсрэг гэмт хэрэг хийж болно гэсэн заалт байхгүй.

-Шүүх хяналтын байгууллага шалгаж тогтоож байж УИХ-ын даргыг огцруулах эсэхийг ярих ёстой биз дээ?

-Хяналтын байгууллага нь Их хурлын даргыг өмгөөлж, хамгаалдаг хүмүүс толгойлдог асуудал бий л дээ. Урьд нь Ардчилсан намынхан олон удаа өгсөн. Гэтэл эвлүүлэг байна л гээд байсан. Хамгийн сонин асуудал нь Ардын намынхан өөрсдөө Сундуйгаа “Чи ийм хэрэг хийсэн байна” гээд үүрэгт ажлаас нь чөлөөлөөд явуулсан шүү дээ.

-Та дээр Ерөнхийлөгчийг шинэ Үндсэн хуулийн төсөл оруулж ирэх ёстой гэлээ. Гэтэл шийдвэр гаргах эрх нь УИХ-д байдаг…

-Байдал ерөнхийдөө тодорхой л байгаа юм. Авлигачид, олигархууд гэдэг чинь өөрсдийн зорилготой. Тэр сонирхлоосоо татгалзахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үндсэн хуулийн шинэ төсөл гараад ирсэн тохиолдолд Ерөнхийлөгч ард түмэндээ хандаад ард нийтийн санал асуулгаар шийдсэн нөхцөлд УИХ зууралдаад байх юмгүй болно. Үндсэн хуулийг 76 гишүүний олонхын саналаар баталж болохгүй. Төр нь ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ нь Үндсэн хууль байдаг. Тэгэхээр төр дангаараа ийм гэрээ хийнэ гээд баталж болохгүй. Үүний төлөө Ерөнхийлөгчийн талаас тодорхой ажил хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх талаар ард түмнээс саналыг нь асууж өгнө үү” гэсэн байна лээ?

-АНУ-д Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг. Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулаад толгойлоод явж л байгаа. Гэтэл ардчиллын тогтолцооны эхийг тавьсан Франц улс хүчтэй ерөнхийлөгчтэй, засгийн газартай, ерөнхий сайдтай. Засгийн газар нь тусдаа ажиллаад л болоод яваад байгаа шүү дээ. Хоёр хөршөө харахад парламенттай, бас Ерөнхийлөгчтэй яваад байна. Ерөнхийлөгчийн засаглалтай гэхгүй. Тэгэхээр төрийн хэлбэр бол тухайн орных нь амьдралын онцлог, түүх, төрт ёсны уламжлал, соёл иргэншилтэйгээ холбоотой байдаг юм байна. Үүнийг нь хэн нэгнээс хуулах хэрэггүй л дээ. Манайхан сонгодог парламенттай болох ёстой л гээд байгаа. Дэлхийн II дайнд ялагдсан Герман, Япон улсын парламентыг хэлээд байгаа юм уу. Гэтэл Германы Үндсэн хуульд их сонин заалт бий. Канцлерийг ерөнхийлөгч нь дэвшүүлж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг бундестаг нь 75 хувийн саналаар хүлээж авахгүй бол буцна. Ерөнхийлөгч дахиад санал оруулна. Бундестаг 51 хувиар хүлээж авахгүй бол тарна. Японы Үндсэн хуульд Японы эзэн хаан засгийн газраа огцруулах асуудлыг парламентад тавьбал шалтгааныг нь тайлбарлахгүй байж болно. Аль ч улсын ерөнхийлөгчөөс давуу эрх байгаа биз дээ. Манай Үндсэн хуулийн хамгийн том гажуудал бол энэ 76 хүнээ бурхан мэт тахичихсан. Гэтэл тэд өөрсдийгөө хамгаалах хууль баталсан. Гэтэл үүнийг үндсэн хуулийн өөрчлөлтөд хөндөөгүй байгаа юм. Миний хувьд өнөөдөр Монголын хувь заяа, ардчиллын хувь заяа төр цэвэр байх уу гэдгээс л хамаарч байна. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч нь УИХ-ыг тар гэж хэллээ. Анх удаа Ерөнхий сайд нь төрөө цэвэрлэе гэж хэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг байр суурин дор очиж байгаа нь Монголын ард түмэнд итгэл төрүүлэх цорын ганц хүч юм даа.

-Ер нь ард түмэн босоход бэлэн байна гэсэн асуудал байнга тавигдах боллоо. Энэ улстөрчид ард түмнийг өдөөн турхирч байна уу. Үнэхээр ард түмэн босоход бэлэн болчихоод байгаа юм уу?

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганы хуралдааны үеэр “Хойд хөршөөсөө зэвсэг техник, танк авлаа. Ерөнхий сайд бослогод уриалж байна” гэсэн нь олон түмнийг төөрөгдүүлж, турхирсан асуудал шүү дээ. Авлигачид амь тэмцэхдээ ард түмнийг хагалган бутаргах ямар ч хуурамч мэдээллийг дэлхий нийтээр цацах чадвартай гэдгээ харууллаа. Харин ард түмний дунд долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдахгүй байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай гурван дарга маниусаа ичээх ямар үзүүлбэр бэлдээ бол

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар маань хоёр тийшээ харж суучихаад түнжин муутай байгааг түмэн олон харж байна. Монгол төрийн түүхэнд Төрийн гурван өндөрлөг ингэж толхилцож байсан удаагүй. Бие биеэ унагаах угсраа мэхийг сөргүүлэн хийцгээж байна. Төрийн ордон дотроо орон даяар шууд цацаж байгаа телевизийн камерийн өмнө, ширээний наана, цаанаас нэгнийгээ доромжлон, тохуурхцгаах боллоо. “Хулгайч”, “Худалч”, “Луйварчин”, “Ард түмнийхээ хөрөнгийг шаадаг” гэж хэрэлдэж байсныг санахгүй юм. Сүүлийн хэдэн хоног, өдөр бүр Төрийн гурван удирдлагынхаа гаргаж байгаа авир, ааш аягийг харж байх нь ээ “Одоо яах бол” гэж өмнөөс нь яс хавталзаж, ичдэг болов.

Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжчихсэн. Тэгэхээр энэ асуудал өнөө, маргаашгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Хэлэлцэх хуулийн хугацаа нь энэ долоо хоногоор дуусч байгаа. У.Хүрэлсүхийн танхимын хувь заяа чуулганаар шийдэгдэнэ. Энэ үеэр бид үзээгүй юмаа их үзэж, дуулаагүй сонин хачинаа сонсох байх даа.

Ерөнхий сайд нь огцрохгүйн тулд яаж дөвчигнөж, донгосох бол. Өөдөөс нь УИХ-ын дарга М.Энхболд нь ямар, ямар баримтууд гаргаж тавих бол. Ерөнхийлөгч маань У.Хүрэлсүхээ өмөөрч орж ирээд юу, юу гэх бол. Эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэж буй олигархуудын ээлжит жүжгийг эндээс л үзнэ дээ. Одоо бид тэднийг юу ч гэж хэлсэн тоохооргүй болсон. Бүгд тавилттай үзүүлбэр гэдгийг мэддэг боллоо.

Ард түмэнд хандаж ганц захих юм нь энэ гурвын зохион байгуулсан үймээн самуунд л битгий автаарай. “Монголчууд үүнийг л хүсч байна” гээд өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд та, бидний нэрийг барьж нийгмийг өдөөн турхирч мэднэ. Энэ бүгд зохион байгуулалттай жүжиг. Эцэст нь ард түмэн хохирно шүү.

Монгол Улс парламентын засаглалтай, тэрийгээ иргэд, сонгогчдынхоо саналаар шийдчихдэг сонгуультай байхад юм, юмны учир олдоно. Тэр үед энэ гурваас салахаа ард түмэн мэднэ ээ.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: МАН-ын түүхэнд олонх, цөөнх болж хуваагдаж байсан ийм заваан явдал гарч байгаагүй

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.


-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тун ярвигтай, ойлгомжгүй л байна шүү. Сэхээтэн улсууд, жирийн иргэд, ард түмэн бүгд энэ улс төрд өрнөж буй үйл явдлыг хараад гайхаж байна. Ардын нам 2016 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Ингэж ард түмнийхээ итгэлийг хүлээж төрд гарчихаад парламентад суусан өдрөөсөө эхлээд хоёр хуваагдаж, хоорондоо сөрөг хүчин болоод байх юм. Өнгөрсөн жил Засгийн газраа огцруулчихаад одоо хоёр дахийгаа огцруулна гээд явж байна. Өмнөх парламентын түүхэнд янз бүрийн асуудал гарч л байсан. Гэхдээ ийм ойлгомжгүй асуудал давтагдаагүй. Хамгийн гол нь энэ парламент байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэрнээ учраа олж чадахгүй байна гэдэг бол МАН-ын цаашдын хувь заяа, том утгаар нь харахад улс орны эрх ашгаа бодохгүй байгаагийн илрэл. Улс орны эдийн засаг ямар уналттай байхад хүлээж авлаа даа. Өр зээлтэй нөхцөлд улс орноо өөд нь татах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах, ийм хүч бололцоог ард түмэн өгөөд байхад энэ итгэлийг нь даахгүй, хоорондоо бужигнаад хэрэлдээд байх юм. Өөрсдийн байгуулсан засгаа огцруулаад дахин, дахин унагаад байгааг нь харахаар парламентад сонгогдсон хүмүүс улс орныхоо эрх ашгийг бодсон юм уу, үгүй юм уу, ард түмний төлөөлөл мөн юм уу, биш юм уу гэдгийг бодоход хүргэж байна.

Энэ бол сайн зүйл биш. Дотроо толхилцоод улс орноо гадаад дэлхийд муухай харагдуулаад байна гэдгээ мэддэггүй улс уу, эд чинь. Ийм байхаар хэн манай улсад хөрөнгө оруулах юм бэ.

-Танай намын 100 жилийн ой дөхөж байна. 2020 оны сонгууль ч ойртлоо. Энэ янзаараа байвал сонгууль битгий хэл МАН-ын хувь заяа бүрхэг болно доо?

-МАН-ын батлахыг 60 жил өвөртөлж яваа хүний хувьд зуун жилээ ингэж угтвал харамсч байна. Энэ бол яавч сайн зүйл авчирахгүй. Намаа байг гэхэд улс орноо том утгаар нь харах ёстой. Монгол гэдэг улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө бий болсон энэ төр засаг ажиллах хэрэгтэй байна. Гэтэл Монгол орны тэр сайхан ирээдүй ямар харагдах уу. Ард түмэн хаашаа хэнийгээ дэмжих үү гэдэг нь гайхшралд оруулж байна. Ядахдаа дараагийн сонгууль болтол үлдэж байгаа жил гаруйн хугацаандаа дотроо эв эеэ олоод, ард түмэн намынхаа эрх ашгийг бодоод улс орныхоо эдийн засгийн үзүүлэлтийг нь сэргээхгүй юм гэхэд дордуулчихгүйхэн шиг хүлээлгэж өгвөл том үйл хэрэг болно. Гэтэл ийм зүйл харагдаж өгөхгүй байна.

-Гэтэл энэ эрх баригчид ард түмэн, улс орны гэхээсээ илүү албан тушаалынхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байна шүү дээ?

-Тийм байна. Ер нь үе, үеийн парламентад ийм элемент ажиглагддаг. Үндсэн хуулиа өөрчлөхдөө энэ байдлыг харгалзах ёстой. Парламент гэдэг чинь улс эх орны эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан, төрийн удирдах дээд байгууллага. Улс орноо удирдан хөгжүүлж, ард түмнийг манлайлж явдаг. Тэр манлайлал энд сонгогдож байгаа 76 гишүүнээс шууд хамаарч байгаа. Тэд хаашаа харж, яаж хөдөлнө үү, тэрнээс л улс орны хөгжлийн гараа хамаатай.

-Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах санал гаргасан нь түүхэнд анх удаа явдал боллоо. Нэг талд Засгийн газрыг огцруулна гэдэг хөдөлгөөн өрнөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд УИХ-ын даргыг огцруулах саналыг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн өмнө хэн нь хүчтэй удирдагч байх вэ гэсэн засаглалын хэлбэрийг булаалдаж байх шиг?

-Яах аргагүй тэгж байна. Үүнтэй санал нэг байна. Цаана нь том эрх ашиг байгаа эсэхийг мэдэхгүй. Ер нь бол өөрийнхөө эзэлж байгаа байр сууриа бэхжүүлэн, тодотгох, томруулах санааны үүднээс яваад байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөө маргаашгүй асуудал болчихоод байгаа. Ер нь одоогийн засаглалын тогтолцоо, хоорондын харьцааг, анх Үндсэн хууль батлахад учир дутагдалтай, дутуу гажуу олон зүйлийг хийчихсэн, тэр бүгдийг бодож, тооцож чадаагүй учраас өнөөдрийн энэ урт удаан хугацааны хямрал даамжирахад хүргэж байгаа юм болов уу. Гэхдээ одоо ч оройтоогүй. Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн хүнд байдлаас гарах гарц болох байх.

-Та бол Үндсэн хуулийг батлалцсан хүн. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэх асуудал яригдаж байгаа. Энэ парламентыг эрх зүйн чадамжгүй, тар гэж шаардаж жагсах боллоо?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Үндсэн хуулийг анх батлахад ч гэсэн би Ерөнхийлөгчийн засаглалтай байх их маргааны эсрэг талд сууж байлаа. Яагаад гэвэл Монгол Улс 70-аад жилийн турш нэг хүний толгойд тулгуурласан тогтолцоонд явж ирж байсан зовлон, жаргалыг Монголын ард түмэн үзсэн. Бүхэлдээ нэг хүний засаглал ноёрхоно гэдэг бол засаглалын сайн арга гэж хэлэхийн аргагүй. Сайн муу талыг нь дэнслээд үзэхэд “Муу тал нь дийлээд байна, дэлхийн жишиг чинь ийм боллоо. Бид ч гэсэн парламентын тогтолцоо руу орохгүй бол болохгүй” гээд 1992 онд Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Манай улс хүн ам цөөнтэй, жижиг орон. Геополитикийн хувьд ямар байршилд байгаа улс билээ дээ. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол гадна, дотны улсуудтай харьцах харилцаанд яаж нөлөөлөх билээ. Нэг хүнийг татахад амархан. Харин 76 хүнийг татна гэдэг амар биш. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал улс эх оронд сайн зүйл авчрахгүй. Парламентынхаа тогтолцоогоор 30-аад жил явчихаад эргээд нэг хүний тогтолцоонд орно гэдэг тийм ч сайн зүйл биш. Цаашдаа ч тийм сайн үр дагаврыг авчирах хэлбэр биш байх. Хэрэг дээрээ парламентын засаглалтай орон хэрнээ 76 нь ч мэдээд байгаа юм уу, Ерөнхийлөгч нь ч мэдээд байгаа юм уу гэдэг эргэлзээтэй болоод байна. Нэг харахад Ерөнхийлөгч нэлээд давуу байдалтай яваад байгаа ч юм шиг. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлагдмал баталсан шүү дээ. Гэхдээ чамлахаар муу хууль биш. 1992 оноос хойш анх сонгогдсон Ерөнхийлөгчөөсөө эхлээд жаахан жаахан нэмсээр байгаад энэ Ерөнхийлөгчийн эрх мэдэл чамлахааргүй болчихоод, үүн дээр хоорондын санал нь нийлэхгүй толхилцоод байна.

-Засгийн газрын тогтворгүй байдал парламентаас сонгогддогтой холбоотой гэж тайлбарладаг. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярих юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол Үндсэн хуулиараа засаглалын тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй. Олон улсын жишгээр ч тэр. Цаашид ийм эрлийз тогтолцоотой явж болохгүй юм байна. Парламентын жинхэнэ сонгодог тогтолцоо руугаа оръё. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгоё. Парламент нь Ерөнхий сайдаа сонгоё. Ерөнхий сайд ньЗасгийн газраа бүрдүүлээд, Засгийн газартаа нэлээд эрх мэдлийг нь өгье. Парламент Засгийн газар хоёрын хоорондын үүрэг, хариуцлагын заагийг нарийн болгож өгөөд, парламент нь хяналтаа тавиад, Засгийн газар нь хэдэн сайдаа өөрөө томилоод, хариуцлагаа үүрээд явдаг тогтолцоо руу оръё гээд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд байна л даа. Үүнийгээ ярилцаад хоорондоо эв дүйгээ олоод ярилцаад энэ өөрчлөлтөө хийчих юм бол төр засгийн хувьд энэ замбараагүй байдал нь багасна.

-Д.Хаянхярваа гишүүний хэлснээр танай МАН-д чинь нэг хүний дарангуйлал ноёрхчихоод байгаа юм уу?

-Дарханд намын дарга байсан Д.Хаянхярваа, бүлгийн дарга байсан Д.Хаянхярваа, бүлгийн даргаасаа огцорчихоод харагдаж байгаа Д.Хаянхярваагийн хэлж ярьж байгааг харахад хоёр өөр хүн л харагдаад байна л даа. Өмнө намынхаа, намын эв нэгдлийн төлөө гээд явж байсан хүн. Одоо болохоор “Нам ямар хамаатай юм бэ. Ерөөсөө парламентаараа л асуудлаа шийднэ” гэсэн ухаантай юм яриад байна л даа. Нам хамаагүй гэж хамаагүй халгиж, цалгиж ярих асуудал биш байх аа. Нэгэнт л улс төрийн нам гэж зайлшгүй байна. Нам дотроо ямар алдаа дутагдал байна, тэрийг нь яаж засах уу гэдэг дээр нам нэг талаараа үүргээ биелүүлэхэд хангалтгүй болоод байна. Нэгдүгээрт, парламентад гишүүдээ оруулах, сонголтыг нам хийж байгаа. Тэгэхээр нам бол энэ сонголтыг учир дутагдалтай хийж байна. Ялангуяа өнгөрсөн парламентад манай нам муу ажиллажээ гэж дүгнэж болохоор. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад намын дарга байсан, удирдлагад байсан хүмүүс харлаган харсан байна. МАН-ын түүхэнд олонх, цөөнх болж хуваагдаж байсан ийм заваан явдал гарч байгаагүй. Шуудхан хэлэхэд намын дарга, Удирдах зөвлөл парламентад нэр дэвшүүлсэн хүмүүсээ буруу сонгожээ. Парламент гэдэг бол зүгээр нэг явж байгаад намын даргын дэмжлэг авч, гарч ирээд суудаг сургалтын дамжаа биш. Парламент гэдэг бол улс төрд хатаагдсан туршлагатай, ажил албаны аль ч талын нэлээд туршлагатай, олны дунд нэр хүндтэй, ард түмнээ, эх орноо гэж үнэн чин зүрхнээсээ боддог хүмүүсийг олж сонгох ёстой. Ийм хүмүүс энэ намуудад байгаа. Гэтэл янз бүрийн ааш араншинтай, улс төрд боловсроогүй, шүүрхий ийм хүмүүсийг оруулсан учраас өнөөдөр нам өөрөө хохирох байдалд орж байна. Дараа дараачийн сонгууль болно. Үүнийг хамгийн түрүүнд бодох асуудал.

-Хуучин Монгол төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан сайд нар ихэвчлэн МАН-ын гишүүд байна. Ийм тулхтай хүмүүсийнхээ үгийг одоогийн удирдлагууд нь сонсч байна уу?

-Хааяа уулзаж, санал бодлоо ярина аа. Авахыг нь авч, хаяхыг нь хаядаг л байх. Ер нь учир дутагдалтай л даа.Ялангуяа намд залуучууд нэлээд орж ирлээ. Дотроо учраа олохгүй байгаа өнөөдрийнх шиг ээдрээтэй үед намын ахмадууд л үгээ хэлэх хэрэгтэй. Тэдэнтэй зөвлөх хэрэгтэй. Аль ч үед нь хатаагдсан, зовлон жаргал үзсэн, мууг яаж давдаг, сайныг яаж хадгалдаг гэдгийг биеэрээ туулж мэдсэн хүмүүс. Харамсалтай нь жилээс жилд цөөрч байна даа.

-ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон хүмүүс өмнөх Засгийн газрыг огцруулахад саналаа өгсөн гэж цоллогдож байгаа. Ер нь энэ сан яамны харьяанд байгааг та юу гэж бодож байна вэ?

-Яаман дээр байж болохгүй. Сайд дээр бүх юм төвлөрч байгаа. Тиймээс энэ тогтолцоо буруу. ЖДҮХС яамны мэдэлд байгаад сайн юм үзээгүй. Сайд, дарга нарын эрх ашиг, тэдэнд үйлчилсэн байдалтай байжээ гэдэг нь одоо өрнөж буй үйл явдал харуулаад байна. ЖДҮХС гэлтгүй энэ олон сангууд хатуу хяналттай байх тогтолцоонд орох хэрэгтэй. Банк, бусад санхүүгийн байгууллагад байх ёстой гэж бодож байна. Үүнийг одоо яригдаад байгаа хуулиараа чангаруулж, харьяаллыг нь нэн даруй өөрчлөх ёстой. Тэр сан болгоныг шалгаад үзвэл юу гарахыг хэн мэдлээ дээ. Бага хүүтэй зээл өгдөг сан гэдэг бол мөнгөний шунал ихтэй хүмүүсийн шүлсийг гоожуулсан хэрэгцээг хангасан хэрэглүүр болж хувирсан нь харамсалтай.

-ЖДҮ-ийн хэрэг олон хүнийг хоолноос нь салгах бололтой. Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм билээ…

-Одоо яая гэхэв. Хариуцлага тооцох юм бол хурдан тооцох хэрэгтэй. Уучлалт хэлүүлээд донгоддог ч юм уу, энэ хэмжээнээс аль хэдийнэ хэтрээд, агаарт алга болсон эд шүү дээ. Тэгэхээр хариуцлага гэдгийг зүгээр нэг уучлалт гуйлгаад Засгийн газар донгоддог ёс суртахууны хариуцлага хүлээлгэх гээд зогсох нь бага хэрэг гэж бодож байна. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудаар мөнгө угаасан хэрэг илрэх юм бол тэр бол уучлалт байхгүй. Гишүүнээсээ огцрох ч багадна. Ард түмнийг харах эрхгүй болно доо. Дээд хариуцлага тооцох ёстой. Үнэхээр зээл аваад үйлдвэр байгуулаад улсад ийм ашиг өгч байна гэвэл харж болох асуудал. Гэтэл авсан мөнгөө арвижууллаа гээд олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол үнэний ортой л байх.

-Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ хүлээж аваагүй. Чуулган дээр Ерөнхий прокурор ч их ширүүхэн харагдсан. Өмнө УИХ-ын гишүүдтэй холбоотой дуулиант хэргүүд зөндөө л байсан. Тэр болгон дээр прокурор ингэж хүчтэй дуугарч орж ирж байгаагүй. Хэн нэгний захиалгат улс төр яваад байна уу?

-Улс төртэй л холбоотой. Ер нь бол шүүх прокурор хуулийн байгууллага улс төртэй холбогдчихоод байгаа нь нууц биш болчихоод байгаа. УИХ дээр Ерөнхий прокурорыг байлгаж байгаад Б.Батзоригтой холбоотой асуудал дээр асуулт хариултаас нь харагдаж байна лээ. “Энэ хүнийг заавал авч явна” гээд чангалах нь Улсын ерөнхий прокурор гэдэг тэр өндөр сэнтий дэх ухамсрын үүднээс ханддаг хандлага мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй харагдаж байна лээ. УИХ-ын гишүүн хүн байлаа гээд хуулийн байгууллагаас мултрахгүй. Үнэхээр шалгаад ноцтой асуудал гарч ирвэл аваад явах эрх нь прокурорт байгаа шүү дээ.

-Өнөөдрийн улс төрийн энэ үйл явдал улам хурцадвал цаашид юунд хүргэх бол?

-Юунд ч хүргэж болохоор байна. Ер нь ард түмэн их санаа зовж байна. Түгшүүртэй байна. Ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрэх юм бол хөдөлгөөн, янз бүрийн үймээн самуун үүсгэх тэр суурийг өнөөгийн засаг төр бэлдэж өгөөд байна шүү дээ. Манайд улс төрийн янз бүрийн хүчин, олон нам байна. Тэр болгон чинь дотроо санаа бодол нэг биш. Тийм хэсэгт идэш хоолыг нь бэлдэж өгөх нөхцөл бүрдэж болохоор байна. Үүнийг сайн бодож, тооцох ёстой. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах нь тэргүүн ээлжийн зорилт биш. Хамгийн гол нь улс эх орон, ард түмэн тайван тогтвортой, төр засагтаа ямар нэг хэмжээгээр итгэлтэй байх тэр боломжийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Өнөөдөр Засгийн газрыг, хотын даргыг огцрууллаа гээд дараагийн хүмүүс нь олигтой юм хийхгүй. Манайд түрүүчийнхээ засгийн бодлогыг хэрэгжүүлэх уламжлал алдагдсан энэ үед шинэ хүн гарч ирээд тун бага ажил хийх байх даа.


Categories
мэдээ цаг-үе

А.Бямбажаргал: УИХ-ын даргыг аль нэг намын шийдвэрийн дагуу шууд огцруулах хууль зүйн боломж байхгүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Улс төр нэлээд бужигнаантай байна. Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөлд УИХ-ын дарга, хотын дарга, бүлгийн дарга нарыг огцруулах саналыг оруулсан. Ер нь намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр эдгээр албан тушаалтнуудыг огцруулж болдог юм уу?

-Хууль зүйн талаасаа авч үзвэл Монгол Улсын Их Хурлын дарга болон олонхын бүлгийн дарга улс төрийн албан тушаалтан хэмээн үзэж болно. Мөн УИХ-ын даргын тухайд Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу бий болох ингэхдээ нийт гишүүдийнхээ дундаас сонгогдож буй албан тушаалтан гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс үзвэл УИХ-ын даргыг аль нэг намын шийдвэр, тухайлбал өөрийнх нь гишүүнчлэл бүхий намын шийдвэрээр огцруулах хууль зүйн бодит боломж байхгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль ёсоор УИХ-ын даргыг огцруулж болох боломж нь УИХ-ын тухай хуулийн аравдугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх боломжтой юм.

Мөн өөр нэг боломж Үндсэн хуулийн Цэцээс огцруулах үндэслэл бүхий гэх шийдвэр гарсантай холбоотойгоор шууд авч хэлэлцээд нууц санал хураалтаар огцруулах эсэх асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх учиртай. Түүнээс биш аль нэг намын шийдвэрийн дагуу шууд огцруулах боломж байхгүй. Харин өөрийн хүсэлтээр болон эрүүл мэнд, өөр албан тушаалд томилогдох тохиолдолд түүнийг огцруулах бус харин чөлөөлөх гэх өөрийн эрх зүйн үр дагаврыг бий болгодог.

-Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл хотын дарга, бүлгийн даргыг огцруулах шийдвэрийг гаргаад санал хураасан. Хууль эрх зүйн хувьд ийм шийдвэр гаргаж болох уу?

-Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж сонгож байгуулсан төрөөрөө дамжуулан уг эрхээ эдлэх замыг сонгосон. Энэ ч үүднээсээ УИХ нь хууль тогтоох эрх мэдлийг эдлэх учиртай. Би ийнхүү тодотгон хэлж буй нь улс төрийн нам бол төрийн удирдах эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Үүний нэгэн адилаар нам, эвслийн бүлгийн дарга бол УИХ-ын зохион байгуулалтын нэг хэлбэр бөгөөд үүгээр дамжуулан хууль тогтоох эрх мэдлийг улс төрийн намууд хэрэгжүүлдэг. Тэгэхээр мөн адил намын шийдвэрээр бүлгийн даргыг огцруулах боломжгүй юм. Гэхдээ нам, эвслийн бүлгийн даргын хувьд гагцхүү УИХ-ын тухайн нам, эвслийн бүлгийн гишүүдийн олонхын саналаар даргаа өөрчлөх, огцруулах хууль зүйн боломж нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, шууд намын шийдвэр гэхээс илүү УИХ-ын бүлгийн гишүүдийн шийдвэр, саналаар шинэ дарга гаргахыг үгүйсгэхгүй.Гэвч манай улсын хувьд зарим талаараа УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн боломжийг намын ашиг сонирхлоор сольж үүнийгээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ ашиглах байдал илэрхий байна. Ганцхан жишээ л гэхэд гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээсээ эхлэн УИХ-ын гишүүдийн барьцаанд орох жишээтэй.

-Энэ цаг үед Засгийг газрыг огцруулах асуудал тавигдаж байгаа. Та сая Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхээс эхлэн УИХ-ын гишүүдийн барьцаанд ордог гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа бүгд найрамдах засаг түүн дотроо парламентын засаглалыг сонгон авсан. Гэвч нэг асуудал дээр сонгодог гэгдэх парламентын засаглал бүхий улс орнуудаас ялгаатай байдлаар зохицуулсан нь ийнхүү Ерөнхий сайд кабинет буюу багаа өөрөө мэдэж бүрдүүлэх боломжийг хязгаарласан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилох, өөрчлөх, огцруулах эрх мэдлийг УИХ өөртөө авсанаас үүдэлтэй юм. Энэ байдал нь өнөөгийн манай орны олон асуудлын эх үндэс болж байна. Ийм учраас л Ерөнхий сайд болохыг хүсвэл шинээр бүрэлдэх Засгийн газартаа УИХ-ын гишүүд, бүлэг, фракцуудын төлөөллийг заавал авахаас өөр аргагүй буюу барьцаанд хүссэн ч, эс хүссэн ч орж байна.Үүнээс үүдэн манай улсын гүйцэтгэх эрх мэдлийн дундаж нас хоёр жил хүрэхгүй болсон.

-Зарим нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий УИХ-ын гишүүд зээл авах үндэслэл шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шагнал байсан гэж үзэж байгаа. Энэ нь мөн дээрхтэй холбоотой юу?

-Зарим талаараа ингэж хэлж болох ч бидэнд шууд үүнийг нотлох боломж байхгүй. Гэвч өнгөрсөн Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн гишүүд үнэхээр ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан эсэхийг мэдэж болох хялбар арга зам байгаа юм. Энэ нь 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан санал хураалтын дүнг өнөөгийн зээл авсан гишүүдтэй харьцуулаад үзэхэд л харагдах боломжтой. Өнөөгийн нэр нь дурдагдсан, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий, хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан болох нь нотлогдож буй УИХ-ын есөн гишүүн дээрх санал хураалтын протокол, дүрс бичлэгээс харагдаж байгаа. Энэ байдал нь иргэд, судлаачдыг таны хэлж буйчлан хардах бодит үндэслэлийг нотолж байна. Гэвч энэ бол зөвхөн ганц л жишээ. Өмнөх Засгийн газруудын хувьд ч энэ мэт асуудал байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь энэ бүхний эх үндэс өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтаас үүдэлтэй, түүнийг өөрчлөхгүйгээр уг асуудлыг үндсээр нь өөрчлөх боломжгүй юм.

-Нэр бүхий УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан гэх асуудалд нийгэм асар их бухимдаж байна. Энэ зээлийг авч болохгүй гэх ямар үндэслэл байгаа вэ?

-Эрх зүйн маш тодорхой зарчим байдаг. Тэр нь иргэдийн хувьд хориглосноос бусад нь зөвшөөрөгдөх, харин албан тушаалтны хувьд зөвшөөрсөнөөс бусад нь хориглогдох юм. Тэгвэл уг зарчим ёсоор УИХ-ын гишүүн болж Үндсэн хуульд тангараг өргөснөөрөө жирийн иргэнийхээ хувьд эдэлж болох зарим эрхээсээ татгалзаж буйгаа УИХ-ын гишүүд маань санах хэрэгтэй. Хэдийгээр УИХ-ын гишүүн болон иргэдийг төлөөлөх мандат авсанаараа тэд өөр хүн болчихгүй боловч иргэнтэй нэгэн адил эдэлж болох олон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийлэн тангараг өргөдөг. Ингэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхлыг төлөөлөх учиртай. Гэвч уг зарчмаасаа няцаж, би ч бас иргэн учир бизнес эрхлэх, зээл авах эрхтэй гэж үзвэл дээрх Үндсэн хуулийн суурь зарчмаас хазайж буй хэрэг. Энэ нь бүр хүндрээд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж уг зээлийг авсан байвал энэ нь тусдаа хууль зүйн үр дагаврыг үүсгэнэ. Хамгийн бодитой зүйл бол Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэж шүүх гэм буруутайд тооцвол холбогдох хууль зүйн шийтгэлийг хүлээлгэх ёстой. Үүнийг л иргэд шаардаж байгаа. Ингэх ч эрхтэй.

-Энэ асуудалтай зэрэгцээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон халдашгүй дархан эрхийн асуудал яригдана. Үүн дээр ямар эрх зүйн үр дагавар үүсэх бэ? УИХ-ын гишүүдэд уг эрх заавал хадгалагдах ёстой юм уу?

-Халдашгүй дархан эрхийн асуудал бол УИХ-ын гишүүн буюу хууль тогтоох эрх мэдлийг төлөөллийн ардчиллын дагуу ард түмнээс авч буй мандатын хувьд нь түүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа болгож өгч буй бүрэн эрх. Түүнээс биш УИХ-ын гишүүнийг хууль зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх, түүнээс нуугдах халхавч огтоос биш. Хэрэв өөрөө гэм буруугүй гэж үзэж буй бол, эсвэл УИХ өөрийн гишүүнээ гэм буруугүй гэж үзэж буй бол түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шүүхийн өмнөх гэм буруугүй гэдгээ нотлох боломжийг нь өгөх ёстой. Учир нь гагцхүү шүүх л гэм буруутай эсэхийг тогтоох Үндсэн хуулийн зохицуулалт байгаа. Тийм ч учраас үнэхээр гэм буруугүй бол түүнийгээ шүүхийн өмнө л нотлох ёстой.Гэтэл энэ хуульд буй боломжийг УИХ ашиглахгүй байгаа нь иргэдийн хувьд бухимдал төрүүлээд зогсохгүй магадгүй энэ байдал нь манай засаглалын хэлбэрт асуудал бий гэх төөрөгдөлд хөтлөөд байх шиг байна. Зүй нь УИХ хууль зүйн хувьд хүлээлгэж болох боломжуудыг хүчээр хаах бус харин ч үүнийг нь нээж өгөх хэрэгтэй.

-Ер нь улс төрийн нөхцөл байдлаас харахад засаглалын эрх мэдлийн тэмцэлдээн яваад байна уу. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг хүргүүлж, нөгөө талд Засгийн газрыг огцруулах асуудал босч, цаашид Засгийн газар нь ч тэр, парламент нь ч тэр улсаа авч явах чадамжгүй гэдгийг ард түмэнд ухуулаад байх шиг. Энэ үйл явдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхээс өмнө хурцдаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш байх…

-Манай улсын одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй зарчим ёсоор хэрэв Үндсэн хуульд заасан арга замаас гадуур буюу сонгуулийн бус арга замаар Засгийн эрхийг авах гэж оролдвол тэр нь хууль бусаар авч буй хэрэг болно. Бид 1992 онд өнөөгийн Үндсэн хуулиа батлахдаа тухайн үеийн нөхцөл байдал, ингэхдээ дан ганц дотоодын нөхцөл байдлаа тооцох бус, бүс нутгийн, дэлхий дахины нөхцөл байдлыг харгалзан үзэж бүгд найрамдах засаглал түүн дотроо парламентын засаглалыг сонгон авсан билээ. Энэ тухай бид Үндсэн хуулийг хэлэлцэж байсан тэмдэглэлээс тод харж болно. Аливаа улсын өөрийн засаглалын хэлбэрийг сонгон авах сонголтод нэн тэргүүнд нөлөөлөх гол хүчин зүйлс бол тухайн орны бүрэн эрхт байдал юм. Тэгвэл манай улс геополитикийн хувьд дэлхийн бусад орноос онцлогтой, цөөн хүн амтай улс. Мөн бид өөрийн түүхийн наанадаж 100 жилийг аваад үзэхэд эрх мэдэл хэт нэг хүний гарт төвлөрч байх хугацаанд манай бүрэн эрхт байдлын асуудалд ямагт аюул тулгарч байсан. Үүнийг манай түүхийн баримтууд хангалттай нотолж байна. Тэгвэл бид эмч хүн өвчний уг үндэс юунд байна гэдгийг зөв оношилж байж жороо найруулдаг шиг уг асуудалд хандах ёстой болов уу. Манай улсын хувьд тулгамдаж буй асуудал урт хугацаанд тогтвортой хэрэгжих бодлогогүй, хууль тэгш үйлчлэхгүй байгаа нь бид ардчилсан дэглэм бүхий, парламентын засаглалтай байгаатай холбоотой гэх төсөөллийг зориудаар төрүүлээд байх шиг. Зүй нь бид Үндсэн хуульдаа зарим нэг эрх мэдлийн хүрээнд түүний хяналт, тэнцлийг бүрэн гүйцэд хийж өгөөгүй нь дээрх олон асуудлын эхийг бий болгож байгаа. Ганцхан жишээ дурдахад Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрхтэй Үндсэн хуулийн Цэц хэмээх оноосон нэр бүхий институцийг байгуулсан. Дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу Үндсэн хуулийн шүүхүүд Үндсэн хууль, түүний үзэл санаа бодитой хэрэгжих баталгаа, Үндсэн хуулийн дагуух эрх мэдэл, албан тушаалтныг хянах үүрэгтэй. Харамсалтай нь Цэц улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг, түүнийг нь хууль зүйн хувьд биелүүлдэг байдлаар өөрийн гол чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байх жишээтэй. Тухайлбал, Цэц өөрийн шийдвэрээр цаашид Монгол Улсад гагцхүү жижиг можаритари буюу тойргийн улс төр л байх боломжийг хадгалсан Үндсэн хуулийн суурь зарчмаа үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд заасан нийт иргэн, улсын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах бус харин гагцхүү өөрийн тойргийн хүрээнд л ажиллах, дахин сонгогдохын тулд явцуу ашиг сонирхолд захирагдах байдлыг бий болгож байна. Энэ бол зөвхөн ганц жишээ. Түүнчлэн гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн харьцаанаас үүдэн Засгийн газар бодлогоо урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг хаязгаарлаж байна. Мөн Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдохын тулд мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Гэвч бодит байдал дээр энэ мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцэхгүй, хэрэгжих боломжгүй гэж үзэх тохиолдолд түүнийг нь хэрхэх бэ гэх асуудал гарч ирж байна. Үндсэн хууль тогтоогчид эл асуудлыг тооцон Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль нийт ард түмнээс, харин хоёр дахь шатны сонгууль УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хууль гаргаснаар хэрэгжинэ хэмээн заасан. Өнгөрсөн хугацаанд энэ нь дээрх зарчмын дагуу хэрэгжихгүй буюу хоёр дахь шат хэлбэрийн хувьд л биелж ирсэн. Өөр нэг асуудал буй нь Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдоогүй олон эрх, түүний дотор зарим албан тушаалтаныг томилоход санал өгөх зэргээр бүрэн эрхээ тэлж ирсэн нь бас нэг шалтгаан болсон. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэе гэж бид бодлого ярилгүйгээр манай улсын болохгүй гэж буй бүхэн парламентын засаглалтай холбоотой хэмээн хүчээр тулган үнэмшүүлэх замаар заслалын хэлбэрийг л соливол энэ асуудал шийдэгдэнэ гэж итгүүлэх нь хэр оновчтой бэ гэж асуух шаардлага тулгараад байна. Зүй нь бид парламентын бүгд найрамдах засгийн хэлбэрээ улам бэхжүүлэх замаар ардчилсан тогтолцоогоо хэвээр хадгалж байж хөгжих учиртай болов уу.

-Энэ бүхэн цаашид хэрхэх бол. Ямар арга замаар шийдвэрлэх боломжтой вэ?

-Юун түрүүн өнөөгийн үүсээд буй асуудал нь бидэнд Үндсэн хууль, улс төрийн намын санхүүжилт, түүний ил тод байдал, хараат бус шүүх, мөн ардчилсан эрх чөлөөт тогтолцоогоо бэхжүүлэх үүднээс шаардлагатай бол зарим нэг асуудлаар Үндсэн хуулийн суурь зарчмаа улам бүр баталгаажуулсан нэмэлт, өөрчлөлтийг хийх шаардлагатай илүү тодоор харуулж өгч байна. Ингэхдээ бид парламентын бүгд найрамдах засгийн хэлбэрээ хадлагалах замаар гүйцэтгэх эрх мэдлээ илүү бэхжүүлэх, үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг үндсэн хуулийн Цэцийн хяналтыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх зэргээр асуудлыг илүүтэйгээр шийдвэрлэх тал руу хандуулах шаардлагатай болов уу. Гэвч нэгэн зүйлийг мартаж болохгүй нь бид хэн нэгний явцуу ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Үндсэн хуулиа хэрхэвч оролдож болохгүй.