Categories
мэдээ

Б.Жаргалан: Богино хугацаанд төсвийн тэлэлт хийх нь төгрөгийн ханш суларч, инфляц өсөх эрсдэлтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.


-Ээлжит бус чуулганы хугацаанд төсвийн тодотгол болон дагалдаж орж ирсэн хуулиуд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэж байна. Парламентын шинэ гишүүний хувьд танд ямар асуудлууд анхаарал татаж байна вэ?

-Засгийн газар шинээр байгуулагдсан учир үйл ажиллагааны хөтөлбөр батлагдах нь мэдээж. Засгийн газрын бүтцэд тодорхой өөрчлөлт орж байгаа болохоор төсвийн тодотгол хийгдэж таарна. Гэтэл сая Засгийн газраас дагуулаад олон хуулийн төсөл оруулаад ирлээ. Түрүүчээс нь буцаасан. Сүүлийн жилүүдэд парламентад сонин практик бий болчихжээ. Тэр нь яаралтай горимоор хэлэлцэгдэж байгаа асуудлыг дагуулаад баахан холбогдох, холбогдохгүй хуулийн төслүүд оруулж ирдэг. Түүнийгээ гишүүдэд танилцах цаг хугацаа өгөлгүйгээр батлуулдаг болчихож. Энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Жишээлбэл, 2022 оны төсвийн тухай хуультай хамт 30, хоёр удаагийн тодотголтой хамт 17, 2023 оны төсвийн тухай хуультай хамт 106, тодотголтой хамт 10 хуульд өөрчлөлт оруулсан байна. 2024 оны төсөвтэй хамт 21 хуулийн төсөл оруулж ирсэн бол өнөөдөр мөн л арав гаруй хуулийн төсөл дагалдуулжээ. Сая зөвхөн төсвийн тодотголтой хамт 13 хууль, хоёр тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдсан хуулийн төслүүд гээд нийтдээ 20 шахам хууль тогтоомжийг өөрчлөхөөр оруулж ирж байгаа юм. Энэ бол буруу жишиг. Уг нь 2015 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийн төслийг өргөн хүрээтэй, олон нийтээр хэлэлцүүлэхээс гадна суурь судалгаатай байх ёстой гэж тов тодорхой заасан байгаа. Яаралтай горимоор орж ирсэн хуулийг дагалдуулж ийм олон төсөл өргөн баригдахад дээрх хуулийн бүх шат дамжлагуудыг алгасч байна. Нэг ёсондоо иргэдэд ямар ч мэдээлэл өгч, таниулах боломжгүйгээр хууль “үйлдвэрлэж” байна гэсэн үг. Өмнөх парламент хаврын чуулган хаахаас өмнө баахан хууль “машиндсан” даа. Ийм сонин жишгүүд тогтсон байна.

-Энэ алдааг яаж засах ёстой вэ. Дээрээс нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг эргүүлэн татах горимын санал чуулганаар дэмжигдсэн байтал кноп гацсан гэх шалтгаанаар дахин санал хураагаад аваад үлдчихлээ?

-Бид шинэ парламент дээр сууриас нь залруулаад явах ёстой гэж харж байгаа. Тэр утгаараа Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаах саналыг Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтран гаргасан. Түрүү долоо хоногийн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ санал дэмжигдсэн. МАН-ын бүлэг завсарлага аваад орж ирэхдээ Худалдан авалт, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг нэр бүхий 3 хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болсон. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх асуудлаар С.Бямбацогт гишүүн “Төхөөрөмж гацсан санал хураалтад орж чадсангүй” гэдэг горимын саналаар тэр дэмжсэн саналыг хүчингүй болгоод дахиад санал хурааж, буцаах асуудлыг унагаачихлаа. Энэ мэтчилэн янз бүрийн арга тактиктай буруу жишиг парламентад тогточихжээ.

Цаашдаа санал хураалт хүчингүй болгох ийм зүйлүүд байх боломжгүй. Аливаа таалагдахгүй асуудал гарлаа гэхэд техникийн саатлаар дахин горимын санал хураах тухай холбогдох хуулинд байхгүй шүү дээ.

-Төсөв тэлж орж ирлээ. Хэрэв 3.1 их наяд төгрөгийн төсвийн тодотгол батлагдчих юм бол эдийн засагт ямар дүр зураг ажиглагдах вэ?

-2023 оны улсын төсөв 22 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдахад АН-ын зүгээс “Энэ бол байж боломгүй том тэлэлт” гэж эсэргүүцэж байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор 30 их наяд гэдэг тоотой болох нь. Энэ 3.1 их наяд төгрөгийн төсвийн тодотгол батлагдчих юм бол 2024 оны улсын төсвийн зарлагын хэмжээ 30.5 их наядад хүрнэ. Ингэснээр бид ганцхан жилийн дотор улсын төсвөө даруй найман их наяд буюу 35.5 хувиар нэмэгдүүлчихэж байгаа юм. Энэ бол асар том тэлэлт. Үүнд Засгийн газраас “Хамтарсан Засгийн газрын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа явуулмаар байна. Тодорхой төслүүдийг эхлүүлмээр байна” гэсэн тайлбар хийсэн. Одоо байгаа 27 их наядынхаа төсвийн хүрээнд Засаг хангалттай нөөцтэй гэж харж байгаа. Гэтэл дахиад төсвөө нэмэгдүүлээд давхар алдагдалд орох эрсдэлтэй. Богино хугацаанд төсвийн тэлэлт явахад үнийн өсөлт бий болно. Төгрөгийн ханш суларч, инфляц өсөхөөр эргээд иргэдийн амьжиргаанд нөлөөлнө.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдээс хамгийн түрүүнд аль, алийг нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

Тэр олон мега гэж нэрлээд байгаа гоё, гоё төслүүд дунд нь эдийн засгийг тэлэх, ажлын байр олноор бий болгоод мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх төслүүд байсан бол өөр хэрэг. Гэтэл төсвийн тодотголоор санхүүжүүлэх төслүүд дунд ган татлагат гүүр барих, Богд уулыг нүхлээд цаана нь 700 тэрбум төгрөгийн өртөгтэй Засгийн газрын ордон барих зэрэг асуудлууд байгаа юм. Өнөөдөр эдгээр төслүүдээс илүү чухал, аминд тулсан асуудлууд өчнөөн байна. Улаанбаатарын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, амьдралын чанар, амьдрах орчин зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газар сайн ажиллах ёстой гэж харж байгаа. Гэтэл Засгийн газар Улаанбаатар хотын түм буман асуудлыг шийдэхийн тулд тогтоолоор дагуул хот байгуулна гэж яриад байх юм. Ер нь Богд уулын урд Засгийн газрын ордон барьснаар дагуул хот үүсээд Улаанбаатарын хойд талын гэр хорооллын асуудал шийдэгдэх нь бүрхэг. Нийслэл Улаанбаатарт Монгол Улсын гол эдийн засаг эргэлдэж байна. Ажлын байр энд төвлөрч байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хүчээр хийчихээд тэнд эдийн засаг бүрдэнэ гэж ойлгоход хүнд. Үнэндээ дагуул хотын асуудалд итгэл үнэмшил алга. Тэрний оронд энэ их хөрөнгөөрөө хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Улаанбаатар хотынхоо үндсэн асуудлыг шийдэх ёстой.

-Тэгэхийн тулд юу хийх вэ?

-Цаашдаа бизнесийн орчныг яаж сайжруулах юм бэ, татвараа яаж бууруулах вэ. Эс бөгөөс манай улсад чөлөөт өрсөлдөөнтэй эдийн засаг, зах зээл гэж байхаа болилоо. Жишээлбэл, улсын төсвийн хэмжээ 30 их наяд боллоо. Зах зээл дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгө М2-ын хэмжээ гэхэд 41 их наяд төгрөг байна. Энэ жил ДНБ 74 их наяд хүрнэ гээд тооцоолжээ. Төсвийн зарлага маань ДНБ-ийн 41 хувьтай тэнцэж байна. Үүн дээр төрийн өмчит томоохон үйлдвэрийн газруудын борлуулалтын орлого, баланс нэмэгдэнэ. Ингээд харахаар энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болж байна. ДНБ-ий 60 орчим хувь нь улсын төсөв бөгөөд төрийн өмчит компаниуд болчихоод байгаа юм. Цаад жижигхэн орон зайд нь хувийн компаниуд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бизнесийнхээ орчныг сайжруулах, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ёстой. Ингэж чадвал дундаж давхаргаа бэхжүүлчихсэн, хүн болгон ажилтай орлоготой аятайхан улс болох гээд байна. Дээрээс нь иргэдийнхээ амьдрах орчинд анхаарах ёстой гэж харж байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахгүйгээр эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй. Ард түмнийхээ амьд явах эрхийг хангах асуудалд нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Манай улс хорт хавдрын үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог орон боллоо. Энэ болгон агаарын бохирдолтой холбоотой. Үүн дээр эрх баригчид тайлбарлахдаа “Өвчлөл хүмүүсийн өөрсдийнх нь амьдралын буруу хэв маягтай холбоотой” гээд иргэддээ буруу өгдөг. Энэ мэтчилэн АН, МАН-ын үзэл санааны ялгаа гараад байгаа юм.

-Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд хар зах шиг бужигнаж байхад 100 тэрбумаар соёлын төв барина гээд дайрч болох уу?

-Төр зөвхөн үүргээ гүйцэтгэх ёстой. Харин аж ахуйн ажил эрхэлж болохгүй. Бодлого боловсруулна. Татвараа хураана. Тэрнийхээ хүрээнд аль салбарыг дэмжиж, тэтгэхээ шийдээд явахыг хэлж байгаа юм. Соёлын төв барина гэж зүтгэж байгаа нь нэг талаараа төрийн үйлчилгээ мөн. Гэхдээ эрэмбийн хувьд хэзээ алийг нь түрүүлж хийх вэ гэдэг нь асуудал. Яг одоо төрийн үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээ бол эрүүл мэнд, боловсролын салбар. Боловсролын салбар гэхэд нэлээд доголдолтой байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, байр, талбай, багш ажилтнуудын цалин хөлс, багш нарын чанар гээд маш их зүйл ярьж болно. Эрүүл мэндийн салбар дахь доголдол нь монгол хүн өвдөх юм бол эх орондоо бүрэн төгс эмчилгээ үйлчилгээ авч чаддаггүй. Хамаг байдгаа шавхаад, өр зээл тавиад гадагшаа явдаг. Дараа нь тэр гэр бүл өрөнд ордог тохиолдол Монголд хавтгайрсан. Энэ бүгд төрийн буруу. Иргэдээ эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадахгүй учраас ийм асуудал гарч байна. Төр мөн дэд бүтэц бий болгох үүрэгтэй шүү дээ. Цаашдаа бид эдийн засгаа тэлэх төслүүдэд анхаармаар байгаа юм.

-Манай улсын гол орлого нүүрсний экспортоос хамааралтай байна. Өөр эх үүсвэртэй болох боломжийг юу гэж харж байна вэ?

-Одоогоор манай улсын эдийн засаг нүүрсэн дээр л тогтож байна. Өнгөрсөн онд 60 сая тонн нүүрс гаргасан бол өнөө жил 80 саяыг экспортолбол эдийн засаг тэр хэрээр өсөлттэй харагдана. Бид байгалийн баялгийнхаа буянаар төсвөө бүрдүүлээд явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг тэлэх, нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох, дундаж давхаргыг тэлэх, уул уурхайн бус экспорт хийгдэх ямар салбар байна вэ гэдэг нь өөрөө асуудал. Эдийн засгийнхаа хязгаарлагч хүчин зүйлүүдээ багасгах бодлого хэрэгтэй. Үнэн хэрэгтээ манай эдийн засгийг дэд бүтцийн хөгжил хязгаарлаж байна. Бид нүүрсээ 80 сая биш 120 сая тонныг гаргая гэх юм бол боомтуудын нэвтрэх чадвар хэрэгтэй. Тэр байхгүй болохоор 80 сая дээрээ гацчихаад байна. Магадгүй төмөр зам нь холболттой олон гарцтай болчихвол богино хугацаанд илүү их түүхий эд гаргаад хөрөнгө оруулалт олох боломжтой. Нөгөөтэйгүүр эдийн засгийг хязгаарлагч том хүчин зүйл чинь хүмүүсийн яриад байгаа эрчим хүч болчихоод байна. Аливаа том үйлдвэрлэл явуулахын тулд эрчим хүч хэрэгтэй. Гэтэл айл өрхүүдээ ч эрчим хүчээр хангаж чадахгүй түвшинд очоод байна шүү дээ. Яалт ч үгүй эрчим хүчийг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл болгох ёстой. Цаашлаад манай улс бүс нутагтаа эрчим хүч экспортлох улс болж хөгжих боломжтой. Эхний ээлжинд төрийн оролцоотой эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг халж, аж ахуйн нэгж дотоодын компаниудад боломж олгох хэрэгтэй байна. Эдийн засгийг хязгаарлаад байгаа хүчин зүйлүүд дээр санхүүгийн салбар бас нэрлэгдэнэ. Төр төвтэй, төрийн оролцоо хэт өндөр болсон эдийн засагтай болчихоод байгаа учраас хувийн хэвшилд санхүүжилт олдохгүй байна. Төсөв ийм айхавтар тэлээд байхаар Монголбанк бодлогын хүүгээ бууруулж чадахгүй байна. Үүний улмаас зээлийн хүү буурдаггүй. Энэ болгон нь аж ахуйн нэгжүүдийг өсөн дэвжихэд нь боомилж байна.

-Ер нь НДШ, татварын дарамт аж ахуйн нэгжийг томроход саад болж байна. Татвар бууруулах ямар боломжууд байна вэ?

-АН-ын хувьд сая УИХ-ын сонгуульд оролцохдоо яг л үндсэн үзэл санаа, байр суурин дээрээ татварын дарамтыг багасгана, бизнесийн орчныг сайжруулна, улсын төсвийг танана гэсэн зориултууд дэвшүүлсэн. Нэгдүгээрт, төр жижгэрснээр татвар буурах нөхцөл байдал үүснэ. Манай төр улам данхайгаад байна. Тэр хэрээр татвар хураах шаардлагатай болно. Төрийн оролцоог хумих, төсвийн хэт тэлэлтийг бууруулах ёстой. Үүн дээр олонхийн бүлэг буюу эрх баригч тал хүч түрээд явчихсан зүйл их байна. Намрын чуулганаар бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой багц хуулийн төсөл оруулж ирэхийг зорьж байгаа. Одоо нэр бүхий гишүүдтэй хамтраад уулзалтуудаа эхлээд явж байна. Ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа элдэв дарамтуудыг бууруулах ёстой. Татвар нь санхүүгийн дарамт болдог. Дээрээс нь аливаа зөшөөрөл, хяналт шалгалт зэрэг нь үйл ажиллагааны хувьд дарамт учруулдаг. Олон аргаар бизнесийн орчныг сайжруулах бодлого бүрдүүлье гэсэн бодолтой ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр эдгээр зүйлийг оруулж ирж байгаа. Нөгөө талаас бид экспортод чиглэсэн, уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй болж байж эдийн засаг зохистойгоор тэлнэ. Тэгэхийн тулд манай төр өөртөө байгаа их өгөгдөл дэх мэдээллүүд, дээрээс нь гадаадын улс орнуудад байгаа Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газруудаараа дамжаад хувийн хэвшлийг дэмжих, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нь бүрдүүлэхэд ашиглуулах ёстой. Үүн дээр бид хөтөлбөр бэлдэж байгаа. Ингэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж уул уурхайн бус томоохон экспортлогч компанитай болмоор байна шүү дээ. Монгол компаниуд дэлхийн тавцанд өрсөлдөж байж эдийн засгаа өөд нь татаж чадна. Тэр хэрээр монгол хүний бүтээмж нэмэгдэж, ноу-хауг өөрийн болгох гээд байна. Тэгэхгүй бол сүүлийн 10, 20 жил суурин дээрээ хий эргээд байна. Богино хугацаанд үр дүн гаргах нь чухал.

-Манай улс боловсролын салбараа хойгуур эрэмбэлдэг. Уг нь энэ улсын хөгжлийн гарц боловсрол баймаар юм. Гэтэл боловсролын салбар маань ажиллах хүчний хомсдолд орчихлоо. Багш нар ердөө 400 ам.доллар ч хүрэхгүй цалин авч байна. Шинэ парламент хамгийн түрүүнд энэ асуудлыг барьж авч, бодлого, шийдлээ гаргаж ажиллах ёстой юм биш үү?

-Боловсролын салбараа өөд нь татаж байж бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай хүмүүс бий болж эдийн засаг өснө шүү дээ. Төрийн албаны хууль тогтоомжоосоо эхлээд өөрчлөх шаардлагатай. Яагаад гэвэл цалингийн сүлжээнд багш, эмч нарыг ТҮ ангилалд оруулаад төрийн албаны цалингийн шатлал барьчихаад байна. Тэгэхээр төрийн албандаа реформ хийх ёстой. Багш, эмч нарыг төрийн албаны ангиллаас гаргах нь зөв. Илүү сайн багш нарт өндөр цалин өгөх нь зохимжтой. Орон нутгийнхаа онцлогт тохирсон байдлаар тухайн засаг захиргааны нэгж нь асуудлаа шийдэх боломжтой болгох ёстой. Ингэж задлаагүй нөхцөлд зөвхөн багшийн цалин гэж тусад нь ярих боломж хомс.

Төрийн алба 200, 300 мянган хүн байна данхайлаа гэх дотор багш нар 80 орчим мянга, эмч сувилагч нар түүнээс арай бага бий. Гэтэл бүгдийг нь төрийн алба гэдэг нэг тогоо руу чихчихэж болохгүй. Төрийн албаны реформыг хийгээд багш, эмч нарыг төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнээс гаргаж, төрийн албанаас холдуулах ёстой. Ер нь багш эмч нарын тоог нэмэх ёстой. Тэгж байж нэг багшид ногдох хүүхдийн тоо буурна. Гэтэл бүгдийг нь төрийн алба гэдэг нэг тогоо руу чихчихэж болохгүй. Төрийн албаны реформыг хийгээд багш, эмч нарыг төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнээс гаргаж, төрийн албанаас холдуулах ёстой. Тэр данхайгаад байгаа төрийн албыг чинь яам, тамгын газрын бүтэц эзэлж байна. Дээрээс нь төрийн тусгай алба данхайсан. Монгол орон цэрэгжсэн, цагдаажсан улс боллоо гээд шүүмжлээд байгаа нь үнэн. Сүүлд статистик харахад, төрийн тусгай дээр 40 орчим мянган хүн байна. Эдгээр асуудлуудаа салгахгүй бол болохгүй байна гэж хараад байгаа. Ингэсэн нөхцөлд боловсролын салбарт ногдож байгаа төсвийг хэрхэн яаж оновчтой, үр ашигтайгаар хийх юм, яаж багш нараа сайжруулах ёстой юм гэдэг гаргалгаа нь гараад ирнэ. Нэн түрүүнд багш бэлдэж байгаа их сургуулийн хөтөлбөр дээр анхаарах ёстой. Манайд багш бэлтгэх тогтолцоо хумигдмал. Үүнийгээ сууриар нь шинэчилбэл олон улсын стандартын дагуу сайн бэлтгэгдсэн боловсон хүчин гарч ирэх юм. МУБИС-ийн хөтөлбөр дээр зохих шинэчлэлүүдийг нь хийснээр сайн онц сурлагатай, өндөр оноотой хүүхдүүд тийшээ орох сонирхолтой болно. Эргээд багш гэдэг мэргэжил нийгэмд нэр хүндээ хадгалж чадна. Нөгөө талд монголчууд боловсролыг маш их чухалчилдаг. Үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчих юмсан гээд хамаг байдгаа бариад гүйж байгаа. Ард түмэн боловсролыг ингэж чухалчилдаг байхад салбар нь дампуу байдалтай суух нь өрөөсгөл. Шинээр томилогдсон салбарын сайд суурь өөрчлөлтдөө анхаараасай. Тэгэхгүй бол аар саархан асуудлаар оролдож байтал сайдын алба хаших хугацаа нь дуусчих вий гэсэн болгоомж байна. Ер нь боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний салбар өнгөрсөн 34 жил бүтэц, тогтолцооны хувьд ардчилал үнэт зүйлийнхээ зарчимд суурилагдаагүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд эдгээр салбарууд дээр суурь шинэчлэлүүд хийхийг зоривол бусад эдийн засаг, нийгмийн хүрээний асуудлууд нь дагаад сайжраад явах боломжтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Халх голын дайны ялалтын нөлөөгөөр Япон нь БНМАУ-ын статус-квог олон улсын эрхзүйн хувьд хүлээн зөвшөөрсөн DNN.mn

Халх голын дайны ялалтын улс төр дипломатын түүхэн ач холбогдол, сургамжийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ өдрүүдэд Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэж байна. Түүхчид уг дайны сурвалжийг Японы орчин үежих үйл явц, гадаад бодлого, ХХ зууны тэргүүн хагаст Зүүн хойд Азийн геополитикийн орчинд гарсан томоохон өөрчлөлттэй холбон тайлбарладаг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Мэйжи эриний Японы геополитикийн үндсэн үр дүн нь нэгдүгэрт, хөршүүдтэй хилийн маргаанаа шийдвэрлэж, их гүрнүүдтэй байгуулсан тэгш бус гэрээнүүдийг шинэчилж, өөрийгөө олон улсын эрхзүйн дагуу хүлээн зөвшөөрүүлсэн явдал юм. Хоёрдугаарт, Солонгосын Ханлигийг нээлттэй болгож, хүлээн зөвшөөрсөн. Гуравт, Хятад-Японы анхдугаар дайнаар Чин гүрнийг “цаасан бар” болохыг нь бүрнээ ойлгуулж, тийнхүү Дорнод Азид нөлөөний хүрээ тогтоох их гүрнүүдийн геополитикийн хүчний тоглолтоос Чин гүрэн хасагдаж, Шимоносекийн гэрээгээр Чин гүрэн дайны төлбөрт Японд 200 сая лан мөнгө төлөх болсон. Ингээд Пескадорын бүлэг арал, Формуз буюу Тайвань арал, Ляодуны хойгийн дорнод боомтын бүх бэхлэлт, зэвсгийн нөөцийн хамт Японд шилжсэн. Дөрөвдүгээрт, 1904-1905 оны дайнаар Хаант Орос ялагдаж, Портсмутын гэрээгээр Сахалины өмнөд хэсэг, Курилын бүлэг арлыг өөрийн мэдэлд авсан. Улмаар олон улсын худалдааны боомт Далянь, тэнгисийн цэргийн боомт Порт-Артур бүхий Ляодуны хойгийг 99 жилээр түрээсэлж, Дорнод Хятад, Өмнөд Манжуур дахь Оросын төмөр замын сүлжээ, түүнийг тойрсон стратегийн нөөцөд чөлөөтэй нэвтрэх болсон. Тавдугаарт, Япон нь Зүүн Азид онцгой эрх ашиг бүхий Их гүрний статустай капитализм хөгжсөн цорын ганц гүрэн болон гарч ирсэн. Зургаад нь, 1910 онд Солонгосыг нэг мөр өөртөө дагуулснаар Япон нь Азийн эх газрын статустай болж, эцэст нь Зүүн хойд Азид их гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцсон олон улсын харилцааны шинэ бүтэц буй болсон.

 

Ингээд Япон гүрэн өөрийн геополитикийг “Азийнхан Азидаа” хэмээн томьёолж, “Аугаа Их Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ”-г тодорхойлж, энэхүү бүс нутагт шинэ дэг журмыг илбэн тохинуулах үүргийг соёлжсон Их Наран улс гүйцэлдүүлэх ёстой гэж үзсэн байдаг. Энэ нь Дорнод Азийн хувь заяанд Өрнөдийн гүрнүүд хошуу, гараа дүрэх ямар ч шаардлага байхгүй. Ер нь тэдэнд огт хамааралгүй тив гэсэн утгатай байв. “Алс дорнодод Европын гүрнүүд халдан нэвтэрсэн нь Японд аюул занал учруулсан төдийгүй мөн Азийн ах дүү үндэстнүүдийнхээ хувь заяаг аврах бодол нэгэн адил төрсөн билээ” гэж Японы цэргийн атташе К.Каваками 1921 онд Нью Йоркт хэвлүүлсэн “What Japan thinks” номондоо бичиж байжээ. Энэ номыг Нидерландын Leopold Clas­sic Library хэвлэлийн газраас 2016 онд дахин хэвлэж гаргасан.

Тийнхүү олон улсын харилцааны хүчний төвд Япон нь капитализм хөгжсөн, колони эзэмшигч Ази тивийн цорын ганц шинэ залуу гүрэн болон гарч ирсэн түүхтэй. Мэйжи эриний сүүлчийн улирлаас Японы Азийн эх газрын геополитикт Монгол орон өртөгдөх болж, ялангуяа Орос-Японы Санкт-Петербургийн цуврал гэрээ хэлэлцээрийн тухайлсан обьект болсон. Октябрийн хувьсгал ялсны дараа Зөвлөлт Оросын большевик удирдлага Хаант Оросоос их гүрнүүдтэй урьд өмнө байгуулсан бүх нууц гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосноо зарлаж, үүгээр Монгол, Солонгос, Хятадтай холбоотой нууц гэрээнүүд ил болсон. “Тусгай эрх ашиг”, “Нөлөөний хүрээ” зэрэг нэр томъёо олон улсын харилцааны үг хэллэгт шинээр орж ирснийг эдгээр нууц гэрээ протоколууд харуулсан юм.

1919 оны Версалийн найрамдлын гэрээний эцсийн шийдвэрт их гүрнүүд Японы Хятад дахь тусгай ашиг сонирхлыг харгалзан Шаньдун дахь Германы бүх эрх мэдлийг Японд олон улсын гэрээний дагуу шилжүүлсэн нь Тайшёо эриний Японы геополитикийн тод амжилт болсон. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын эхний жилүүдэд Японы улс төрийн дэмжлэгт түшиглэх, түүнд ихээхэн найдвар тавьж байсан бол Тайшёо эриний сүүлчийн улирлаас ихээхэн болгоомжлох болсон. Шёво эриний (Хирохито хааны оны чимэг 1926-89) Японы геополитик дахь Гадаад Монголын асуудал стратегийн баримт бичиг, гэрээ хэлэлцээр, дипломат албаныхан болон цэргийн дээд тушаалтнуудын илтгэл, өгүүлэл, ярианы протоколд үлдсэн байна.

-Халх голын дайнтай холбоотой сүүлд ямар шинэ баримтууд гарч ирэв?

-Японы Цэргийн яамны сайд дэслэгч генерал, барон фон Садао Араки 1933 оны гуравдугаар сард “Кайкоша” хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн “Шёво эриний Наран улсын зорилт” өгүүлэлдээ, “Япон нь өөрийн нөлөөний хүрээний бүс Манжуур, Хятадтай хил залгах Монгол мэтийн учир нь үл ойлгогдох, хоёрдмол утгатай завсрын бүс оршин байхыг хүсэхгүй. Монгол бол ямар ч тохиолдолд Дорно дахинд хамаарагдах нутаг дэвсгэр байх ёстой…Түүнийг бусад оронд орхиж болохгүй. Монголын хоёрдмол байдал нь бүхэлдээ Дорнын түгшүүртэй байдлын эх үүсвэр болно. Монголын асуудал нь эзэнт гүрний Манжуур дахь бодлогод ч томоохон саад болж болзошгүй” гэж бичиж байжээ. Квантуны армийн штабын дарга хурандаа генерал Сейширо Итагаки Японы цэргийнхний БНМАУ-д довтлох бодол санааг Мүгдэн, Хонолулад ерөнхий консул, Австри, Бельгид элчин сайдаар ажиллаж байгаад ГЯЯ-ны сайдад шинээр томилогдсон Хатиро Аритад 1936 оны гуравдугаар сард мэдэгдэхдээ, “Гадаад Монгол бол нууцлаг газар нутаг. Хаант Орос хэдийн чөтгөрийн гараа сунгаж, түүнийг өөрийн протекторат болгож байсан. Хувьсгал гарснаас хойш большевик Орос мөн адил бодлого явуулж өөрийн нөлөөг тогтоосон. Хэрэв Дорнод Азийн газрын зургийг харах юм бол Япон-Манжго-гийн хувьд Гадаад Монголын ач холбогдол нь Зөвлөлтийн Алс Дорнод, Европын хэсгийг холбогч шугам болох Сибирийн төмөр замыг хамгаалагч жигүүр гэдгээс харагдана. Хэрэв гадаад Монгол нь Япон, Манжготой нэгдвэл Зөвлөлтийн Алс Дорнод үлэмж ноцтой байдалд орж, Алс Дорнодод Зөвлөлтийн нөлөөг тулалдаангүй арилгаж болно. Иймд арми нь өөрийн гарт байгаа бүхий л хэрэгслээр Япон, Манжгогийн нөлөөг Гадаад Монголд дэлгэрүүлэхийн тулд эхний алхам болгож Зөвлөлт Оросын бодлогыг харгалзахгүйгээр Гадаад Монголыг тусгаар тогносон улс гэж үзэж, Манжго, Гадаад Монголын хооронд хэвийн, бүрэн дипломат харилцаа тогтоох явдал юм. Дараа нь тэд хүчин чармайлтаа нэгтгэн Гадаад Монголын үндэстнийг нэгтгэх талаар Баруун Өвөр Монголд тайлбарлах ёстой” гэсэн байв. Дурдсан баримт нь сүүлд “1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүх”-ийн хуралд Халх голын сав нутагт Японы түрэмгийллийг нотлох гол гэрчийн баримт болсон гэж др. Р.Болд тэмдэглэсэн байдаг. Хатиро Арита нь “Аугаа Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ” хэмээх үзэл баримтлалыг зохиогчдын нэг байсан юм.

-“Танака меморандум” хэмээх баримтын талаар түүхчдийн дунд удаан хугацаанд маргаан үргэлжилсэн шүү дээ. Үүний үр дүн юу болсон юм бэ?

-Тиймээ. 1927 оны дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайдаар генерал барон Танака Гийчи томилогдсон нь тус улсын гадаад бодлогод нэгэн чухал үе шат болсон. Генерал Танака, түүний Засгийн газар 1927 оны зун Дайрен хотноо “Алс Дорнодын бага хурал”-ыг зохион байгуулж, Хятадын коммунистуудын эсрэг тэмцэж буй Чан Кайшитай хэрхэн харилцах, Манжуур, Гадаад Монголын статус, генералиссимус Жан Золинь зэрэг Зүүн Азийн өргөн хүрээтэй асуудалд төвлөрсөн байдаг. Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн ерөнхий сайд генерал Танака эзэн хаандаа тусгайлан бэлтгэсэн айлтгал бичгийг өргөн барьсан гэж үзсээр ирсэн. Танакагийн меморандум хэмээн нийтэд танил болсон хэсэгт “…Хятадыг эзлэн авахын тулд бид эхлээд Манжуур, Монголыг эзлэх хэрэгтэй. Харин дэлхийг эзлэн авахын тулд эхлээд Хятадыг эзлэн авах ёстой. Хэрэв бид Хятадыг эзлээд авчихвал даян дэлхий, Азийн бусад орон, Дорнод Ази Японых болно…Манжуур, Монгол хоёрын хяналтыг гартаа авах нь манай анхны алхам мөн. Манжуур, Монгол нь Алс дорнодын Бельги юм. Их дайны үед Бельги нь тулааны талбар болон хувирсан билээ. Орос, АНУ-тай хийх дайндаа бид Манжуур, Монголд дайны хамаг бэрхийг хүлээлгэх ёстой…Ар, Өвөр Монголд манай япон хүний тоо хангалттай олон болмогц бид тэнд газрыг жинхэнэ үнийх нь аравны нэгээр худалдан авч, улмаар цагаан будаа тарьж, хүнс тэжээлийн нөөцөө арвижуулна. Газрын ихэнх хэсэг бидний гарт орсон байхад Монгол нь монголчуудынх уу, япончуудынх уу гэдэг тухай маргаан байхгүй болно…Монгол бол маш их хэмжээтэй сайн чанарын хямд ноостой…асар их баялгийн шавхагдашгүй эх булаг мөн…” гэсэн байдаг.

Дурдсан баримт бичиг бүрэн эхээрээ анх хятад хэл дээр Нанкинд хэвлэгддэг “Шиши юүэбао” сэтгүүлийн 1929 оны арванхоёрдугаар сарын дугаарт нийтлэгджээ. Гэхдээ Танакагийн Засгийн газар меморандум хэвлэгдэхээс дөрвөн сарын өмнө дол дугаар сард огцорч, Танака бээр ч өөрөө есдүгээр сард өвчнөөр нас барсан учир дээрхийн талаар үнэнийг өчих гэрчгүй болжээ. Хятад-Японы нийгэмлэгээс ч тэрхүү меморандумыг “Манжуур-Монголын тухайд Японы бодлогыг хятад хүний нүдээр харах нь” гэсэн гарчигтайгаар япон хэлэнд орчуулан 1930 оны зургаадугаар сард товхимол болгон хэвлүүлж байжээ. Дээрх эх 1931 оны есдүгээр сард Шанхайд гардаг “The China Critic” хэмээх англи хэл дээр гардаг сэтгүүлийн газраас товхимол болгон гаргасан байгаа юм. Мөн онд ч Танакагийн меморандум Коминтерний төв хэвлэл “Коммунист Интернационал” сэтгүүлийн 1931 оны №33-34 дугаарт орос хэл дээр ч нийтлэгдсэн.

Япон нь Версаль-Вашингтоны системийн хүрээнд үндэсний эрх ашгаа хангах бодлогоос татгалзаж, хүчээр түрээ барих, өргөжин тэлэх бодлогод шилжсэн нь 1931 онд Мүгдэний хэргийг үүсгэж, 1937 онд Хятадтай дайныг эхлүүлж, цаашлаад 1941 онд Хавайн Пёрл Харборт довтолсноор Номхон далайн театрт дайны ажиллагааг шинээр өргөжүүлснээр тодорхой болсон билээ. Эндээс үүдээд ийм меморандум үнэхээр байдаг гэдэгт хятадууд баттай итгэхэд хүрч, түүнийг Японы эсрэг сурталчилгаанд ашиглах болсон байна. Зөвлөлт, Монголд ч Танакагийн меморандум хэмээхийг хэсэгчлэн орчуулж, Японы эсрэг сурталчилгаанд өргөнөөр ашиглаж эхэлжээ.

1950-иад оны дундуур хэвлэгдсэн дурсамж номондоо Япон гаралтай Тайванийн бизнес эрхлэгч Цай Чих-Кан 1928 оны зургаадугаар сарын 20-ны шөнө “Төлөвлөгөө”-г Японы эзэн хааны номын сангаас хэд, хэдэн хүний туслалцаатайгаар нууцаар хуулж авсан гэж бичсэн байдаг. АНУ-ын сонины ажилтан, Shanghai Evening Post and Mercury сэтгүүлийг үүсгэн байгуулагч редактор Карл Кроу 1942 онд Танакийн меморандумд оршил бичиж, “Дэлхийн эзэнт гүрэн Японы мөрөөдөл: Танака меморандум” нэртэйгээр Нью-Йорк, Лондон хотноо эрхлэн хэвлүүлсэн байна.

Америкийн цэргийн түүхч Едвин П.Хойт Ерөнхий сайд Танакагийн меморандум бодитойгоор байсан, харин япончууд түүнийг устгасан гэж эрс шийдэмгий мэдэгдэж байв. Харин Америкийн өөр нэг түүхч Мейрион Харриес үзэхдээ, “Танакагийн меморандум байсан гэж нотолсоор ирсэн нь 30 гаруй жил хүмүүсийн толгойг эргүүлсэн ХХ зууны хамгийн бохир заль мэх байсан” гэжээ. Японы Үндэсний батлан хамгаалах академийн олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, дайны түүхий профессор Наруо Тохмацу мэдэгдэхдээ, “Танакагийн меморандум гэж хэзээ ч байгаагүй, харин тэр жилдээ Дайренд болсон бага хурлын материалыг мушгин гуйвуулж зохиомжлон хэвлэж нийтэд тарааснаас өөр юу ч биш” гэжээ. Өрнөдийн болон Японы түүхчид уг баримтыг Москва төвтэй Коминтерн, түүний хяналтад байсан Хятадын коммунистуудтай хамтран зохиож, зохион байгуулалттай хийсэн суртал ухуулга гэж үзэж байжээ.

ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагад өндөр алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Виталий Павлов 1995 онд Москвагийн «Новости разведки и контрразведки» сэтгүүлд Танакагийн Өргөх бичгийн талаар тодорхой бичжээ. В.Павлов уг баримт бичгийг 1931 онд ЗХУ-ын ДЯЯ-наас АНУ болон Европт Японы эсрэг үзэл санааг өдөөх зорилгоор зохиосон хуурамч баримт болохыг тэмдэглэсэн байна.

Академич Б.Лхамсүрэн, Элчин сайд М.Дүгэрсүрэн нар өөрсдийн бүтээлдээ “Японы милитаризмын үл бүтэх санаархлыг илэрхийлсэн барон Танакийн эзэн хаандаа өргөсөн 1927 оны меморандум гэгч байгаагүй хэмээн Японы улс төрчид, судлаачид нотлохыг оролдог боловч чухамдаа түүх түүний дагуу л өрнөсөн нь үнэнд билээ” гэж бичсэн нь бий.

Ийм баримт үнэхээр байсан гэдгийг 1946-1948 оны Токиогийн Олон улсын шүүх хурлын 169 тоот баримтаар гаргаж ирсэн ч нотолж чадаагүй, Танакагийн меморандум хэмээх баримтын уг эх нь япон хэлээрээ өнөөг хүртэл олдоогүй зэрэг нь түүхчдийг эргэлзээнд оруулсаар иржээ. 2007 оны есдүгээр сард Хятадын түүхчдийн судалгааны баг олон жил эрэл хайгуул хийсний эцэст тийм тусгайлсан меморандум огт байгаагүй гэсэн дүгнэлтэд албан ёсоор хүрч, түүнийг 2008 оны нэгдүгээр сарын 1-нд Японы гол хэвлэл “To­kyo Shimbun” албан ёсоор зарласан байна.

-Халх голын дайны нэг учир шалтгаан нь Японы дэмжлэгтэй Манжго байгуулагдаж Монгол Улстай шууд хиллэх болсон явдал гэдэг байх аа?

-Мөн л тийм. 1932 оны хоёрдугаар сард Шиньжин буюу хуучнаар Чанчунь хотод Японы дэмжлэгтэйгээр Манжго хэмээх улс байгуулагдаж, тус улсын тэргүүнээр Хенри Пу Ий өргөмжлөгдсөн. Дипломатын түүхэнд Манжгог Японы тоглоомын улс, дагуул улс хэмээн тэмдэглэсэн. 1934 он гуравдугаар сарын 1-нд Манжго нь Аугаа их Манжийн эзэн хаант улс болж өргөжин Пу Ий-г эзэн хаан хэмээн тунхаглаж, оны чимгийг “Төгсбуянт”-ын тэргүүн он хэмээн зарлаж, түүнд генералиссимус цол олгосон юм.

Япон 1933 оны гуравдугаар сард Лиги Нациас, 1934 оны арванхоёрдугаар сард Вашинтоны гэрээнээс гарсан. 1932 оны есдүгээр сард Токиод томилогдсон Манжгогийн анхны элчин сайд Бао Гуан-чэнъ Лиги Наци хэрэг дээрээ дампуурсан тул шинээр Азийн Лиги Нацийг байгуулах тухай энхтайванч санаачлага дэвшүүлж байв.

Дундад улс Манжгог хүлээн зөвшөөрөөгүй боловч хоёр тал худалдаа, харилцаа холбоо, зам, тээврийн салбарт албан ёсны харилцаа тогтоожээ. Олон улсын харилцааны системийг цэргийн хүчээр тогтоож буй эдүгээ үед Стимсоны номлолын дагуу олон улсын заншлын үндсэн дээр АНУ Манжгог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Япончууд Америкчуудыг ятгаж эхэлсэн. Манжгог 1934 онд Эль Сальвадор, Доминиканы БНУ, Гэгээн Ширээтийн улс, ЗХУ 1941 оны дөрөвдүгээр сард, Итали 1937 оны арваннэгдүгээр сард, Испани арванхоёрдугаар сард, 1938 оны тавдугаар сард Гитлерийн Герман, 1939 оны нэгдүгээр сард Унгар тус тус хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоов. Дэлхийн II дайны үед 1940 онд Словак, Франц, Румын, 1941 онд Болгар, Финланд, Дани, Хорват, Японы нөлөөнд орсон Хятадын Ванъ Жин-вейн Засгийн газар, Тайланд, 1941 онд Филиппин Манжгог тус тус хүлээн зөвшөөрсөн.

Ийнхүү БНМАУ дорнод талдаа Японы дагуул Манжго хэмээх шинэ “гуравдагч хөрш”-тэй болж, нийт 700 км урт газраар хиллэх болсон. Удалгүй Монгол, Манжгогийн хилийн бүсэд байнгын зөрчил гарах болж, улмаар 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн орчимд зэвсэгт мөргөлдөөн болж өргөжин хоёр талаас ноцтой хохирол гарч, цаашдаа даамжирсаар байлдаан болсон.

Япон эрдэмтэн Танака Кацүхико өөрийн бэсрэг бүтээлдээ хэрэв Гадаад Монгол Японы саналыг хүлээн авч Манжготой дипломат харилцаа тогтоосон бол Номунханы хилийн будлиан буюу Халх голын байлдаан гарахгүй байсан гэсэн хувилбар гаргаж ирсэн нь буй.

-1939 онд Япон Монгол руу дайрах бодолгүй байсан гэх гаргалгааг сүүлд зарим нэг судлаачид хэлж байгаа харагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Түүхэн баримтууд маш тодорхой. Өөрөөр хэлбэл, хуучин болон шинэ баримтууд хөдөлшгүй нотолж байна. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй.

-Халх голын дайны ялалтын улс төр-дипломатын түүхэн ач холбогдлыг дүгнэвэл юуг онцлох вэ?

-Халх голын сав дагуу өрнөсөн байлдааны ажиллагаа нь Монголын хилийн бүсэд юуны өмнө Зөвлөлт, Монгол-Японы хооронд болсон орчин үеийн томоохон хэмжээний дайны ажиллагаа байсан бөгөөд нөгөө талд Монгол-Зөвлөлтийн холбоотны харилцааг шалгасан томоохон сорилт болсон. Халх голын байлдаан бол дэлхийн II дайны оршил болсон бөгөөд аугаа эх орны дайнд гарамгай гавьяа байгуулсан маршал Г.К.Жуковын цэргийн урлагийн стратеги, тактикийн амжилтын үндэс суурь нь чухамхүү Халх голын байлдааны үед тавигдсан гэж үздэг.

Халх голын дайны ялалтын түүхэн ач холбогдол нь нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, хоёрт, Зөвлөлт-Монголын холбоотны харилцааг шалгасан, гуравт, Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд ЗХУ-ыг фашист герман, миллитарист японы хоёр фронт дээр нэгэн зэрэг байлдаж болзошгүй аюулыг зайлуулж, тавд, АНУ-ыг дэлхийн II дайнд татан оролцуулахад шийдвэрлэх түлхэц үзүүлсэн явдалд оршино.

АНУ-ын судлаач Стюард Д.Голдмэн бичихдээ, Халх голын дайны ач холбогдол нь дэлхийн II дайны оршил болоод зогсохгүй ЗХУ-ын улаан арми Москвагийн дэргэд германы вермахтын армид цохилт өгч, ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Японы тэнгисийн цэргийн хүчин 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Хавай арлын Сувдан эрэгт байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд гэнэтийн хүчтэй цохилт өгөхөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн Халх голын байлдаан, түүнд Япон ялагдсан талаар АНУ-д бараг л мэдэлгүй өнгөрсөн нь үнэхээрийн хачирхалтай бөгөөд харамсалтай хэмээн Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж асан Жонатан Эдлтон өөрийн бүтээлдээ бичсэн.

Халх голын дайны ялалтын үр нөлөөгөөр 1941 оны дөрөвдүгээр сард Москвад Зөвлөлт-Японы хооронд таван жилийн хугацаатайгаар Төвийг сахих гэрээ болон Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд: “…Төвийг сахих гэрээний үзэл санааны дагуу…Япон нь БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал ба халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүргийг авч байгаагаа нэр төртэй мэдэгдэж байна” гэжээ. Үүгээр Япон нь БНМАУ-ын статус-квог олон улсын эрхзүйн хувьд de facto хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон. Үүнээс гадна Гадаад Монгол Хятадаас хамааралгүй бодитой оршин тогтнож буй субьект мөнийг хүлээн зөвшөөрсөн Алс Дорно дахины анхны их гүрэн нь Япон болсон.

1946-1948 онд Токиод явагдсан Олон улсын цэргийн Шүүх хурлаас Халхын голын байлдааныг япончуудын урьдаас бэлтгэн “БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг явуулсан түрэмгий дайн” байсан гэж үзсэн.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд боловсролын салбар яагаад чухал биш байдаг вэ? DNN.mn

Хичээлийн шинэ жил хэдхэн хоноод эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цуглаж байгаа энэ үед хэдүүлээ боловсролын салбараа эргэцүүлж харцгаая. Өнөөдөр Монгол Улсад боловсролын салбар хэрхэн үнэлэгдэж, хаана явааг бүгд мэднэ. Эрх ашгийн эрэмбээр нь авч үзэхэд хойгуур жагсдаг. Энэ нь боловсролын салбар Монголд чухал бишид тооцогддог гэсэн үг. Үүний баталгаа нь багш нарын цалингийн хэмжээ байна. Ардын хүүхдүүдийг эрдэм номонд сургах гэж бүтэн саржингаа махаа зулгааж мачийчихаад ердөө 400 ам.доллар ч хүрэхгүй цалин авч байна, Монголын багш нар.

Тэд хэзээнээсээ хамгийн бага цалингаар бүсээ чангалан амьдарсаар ирсэн. Үүнээс болж багш, ажилтнуудын орон тооны хомсдол боловсролын салбарт нүүрлэлээ. Сургууль, цэцэрлэг нийлээд 8000 гаруй багш, ажилтны дутагдалтай. Дийлэнх нь мэдээж ерөнхий боловсролын сургууль байгаа. Жилээс жилд энэ салбар дахь ажиллах хүчний хоосон орон зай улам хүрээгээ тэлж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 4200 гаруй багш, ажилтны эрэлт үүссэн гэж байгаа. Хоёрхон жилийн дараа боловсролын салбар дахь орон тооны дутагдал 20 мянгад хүрэх тооцоолол гарсан байгаа юм.

Багш нар цалин цаваг багатайгаас гадна ажлын орчин нөхцөл нь хүнд. Байнга илүү цагаар ажиллана. Эрт гэрийн бараа харна гэж лав байхгүй. Дээрээс нь багш бэлддэг сургууль үнэгүй гэх зэргээс харахад хамгийн шоовдорлогдсон, сул дорой салбар гэдэг нь мэдэгдээд байдаг. Боловсролын салбар шоовдорлогдвол Монгол Улс дэлхийд шоовдорлогдоно гэдгийг ихэнх улсууд мэддэг байх гэж бодож байна. Энэ салбар үеийн үед, аль ч нам засгийн эрхэнд гарсан байлаа ингэж гадуурхагдаж ирсний учрыг хүмүүс тэр бүр нарийн мэддэггүй. Гэхдээ нийгэмд нэг аргацаасан яриа дэлгэрсэн нь бий. Тэр нь “Хүүхдүүд ямар сонгуульд санал өгдөг биш гээд энэ салбарыг хэн ч тоодоггүй” гэдэг. Энэ бол худлаа яриа. Боловсролын салбарын сул дорой, хүчгүй байгааг илэрхийлэх гэж оролдсон хамгийн энгийн ядмагхан тайлбар. Харин ч том зургаар нь харвал ямар нэгэн бодлогын нөлөө яалт ч үгүй энэ салбарыг сөхрүүлж буй мэт харагддаг. Өөрөөр хэлбэл, стратегийн бодлогын үүднээс Монгол Улсын боловсролын салбарыг ганд нь хаясны үр дүн өөдлөхгүй байгаа юм. Үүний цаана хэн нэгэн зориудаар чиглүүлж байхыг ч үгүйсгэх аргагүй.

Одоо боловсролын салбараа намаг балчигаас нь суга татаж гаргах хэрэгтэй байна. Хамгийн энгийн шийдэл нь багш нарынхаа цалинг л нэмчихмээр санагддаг. Тэгэхгүй бол Монголын багш нар Солонгос, Австрали зэрэг улс руу дүрвээд дууслаа. Бүтэн сарынхаа цалинг өндөр хөгжилтэй оронд очоод ганцхан өдөрт л ажиллаад олчихож байна шүү дээ.

Австралид цагийн ажил хийгээд өдөртөө 250-500 ам.доллар өлхөн олдог гэсэн. Гэтэл эх орондоо мэргэжлээрээ ажиллаад байгаа хэрнээ л шүлсийг цалин авч байна. Ийм цалинтай багш нар яаж орон байр, ахуй амьдралаа сайжруулах юм бэ. Өдөр хоногийг аргацаасан байдалтай л өнгөрүүлж байгаа. Тийм болохоор багш нар амьдрахын эрхэнд массаараа өөр салбар руу урваж байгаа, гадагшаа аяллын визээр явж хар ажилчин болж буй нь тэдний буруу биш.

Манайхан багш нарын цалинг ерөөсөө нэмдэггүй. Сонгууль болгоноор улс төрийн намууд багш, эмч нарын цалинг нэмнэ гэж амлалт өгч гарч ирдэг. Гэвч маргааш нь мартчихдаг. Боловсролын салбарын өмнөх сайдууд ч тэр. Одоогийн шинэ сайд нь хүртэл багш нарынхаа цалинг оцойтол нэмнэ гэж огт дуугарахгүй юм. Багш нарынхаа цалинг нэмэхгүй бол энэ салбарт ажиллах хүн үлдэхгүй гэдгийг сайн мэдэж байгаа хэрнээ хэрэгжүүлдэггүй нь их сонин. Тэгснээ үр дүнгийн урамшуулал, орон нутгийн нэмэгдэл гээд цонхны цаанаас чихэр долоолгохдоо сайн. Нийт багш нарт наалдахгүй ийм хачин шийдвэр дээр нэмээд анги даалт, дэвтэр засах, илүү цагийн урамшуулал гээд л элдэв аар саархан юмаар дүгнэж байгаа нэртэй аргалаад сурчихсан.

Уг нь үндсэн цалинг нь нэмчихэд л бүх асуудал шийдэгдчихнэ. Багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар болгочиход л нэг хэсэгтээ дажгүй явна. Бас багш бэлддэг сургуулийн босгыг ахиулж, өндөр оноотой хүүхэд ордог болгох хэрэгтэй. Нягтлангуудын босго яагаад өндөр байдаг вэ гэхээр тэд сургуулиа төгсөөд баталгаатай өндөр цалин дээр очдог. Харин багшаар төгсөгчид баталгаатай ажлын байртай боловч цалин муу байгаа. Одоо багш бэлддэг сургууль төгсөгчдөдөө баталгаатай ажлын байр, өндөр цалинтай болчихвол тэр сургууль үнэ цэнэтэй болно. Багшаар төгсөгчид ажлын гараагаа хамгийн багадаа 1000 ам.долларын цалингаар эхлүүлдэг болчихвол энэ салбар сэвхийтэл өөдлөөд ирнэ.

Тэр хэрээр боловсролын чанар дээшилж, нэр хүнд нь өснө. Боловсролын салбарт аюулын харанга дэлдэхэд ойрхон болсон. Тогтвортой ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд асуудлыг ингэж шийдмээр байна. Энэ бол шинээр байгуулагдсан парламентын хувьд боловсролын салбарт оруулах хамгийн том реформ болж чадна. Үүний үр дүнд тав, арван жилийн дараа Монгол Улс ямар болох нь хэнд ч мэдээжийн асуудал. Инноваци, орчин үеийн технологи эзэмшсэн, хүчирхэг, баян чинээлэг Монгол бий болно.

Элдэв шашин, хөдөлгөөн, намчирхал, улстөржилт гээд энэ бүхэн боловсролтой газраас аяндаа арилж, нийгэм эрүүл болно. Боловсролоо тэргүүнд тавьж чухалчилдаг орон хөгжлийн манлайд яаж хүрч болдгийг Сингапур, Финландын туршлага харуулж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Батзориг: Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Манай улс худалдааны хуультай болох шаардлагатай гэж эртнээс хөндөж, ярьсаар ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ хууль гараагүй л байна. Худалдааны хуультай болвол эдийн засагт ямар, ямар боломжууд нээгдэх вэ?

-Худалдааны хууль нь тухайн улс орны бараа, үйлчилгээг авах зарахтай холбоотой үйл явц, стандарт, дэд бүтэц, дотоод болон гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах талаар ерөнхий харилцааг зохицуулдаг. Монгол орон маань худалдааны суурьтай эдийн засагтай орон. Тийм болохоор түүнийг зохицуулах эрх зүйн орчин үүнтэй холбоотой тодорхой стандарт мөрдөх хэрэгцээ шаардлага их байгаа. Тэгэхгүй бол чанаргүй вакцин, урдаас орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүний асуудал байнга сөхөгддөг.

Иймэрхүү дүрэмгүй яваад байгааг цэгцлэх учраас Худалдааны тухай хууль зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Гол нь худалдаа хийхтэй холбоотой үүсч байгаа харилцаануудыг энэ хууль зохицуулна. Тэр утгаараа олон хуулиудыг нэгтгэж хамрах байх гэж бодож байна. Наад зах нь хүнсний аюулгүй байдал, гаалийн асуудал, зам дэд бүтэц, мэргэжлийн хяналт зэрэг асуудлууд сөхөгдөж гарч ирнэ. Хамарч байгаа хүрээний хувьд олон хуулиудтай холбогдох болохоор тэдгээрийг базах хууль болно байх.

-Ер нь Худалдааны хуультай болох нөхцөл суурь бүрдсэн гэж үзэж байна уу?

-Хүмүүс тодорхой давтамжтайгаар байнга эдийн засгийн харилцаанд ордог. Тэр нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл үүсгэж, хор уршиг үзүүлэх зэрэг тодорхой бус байдлуудаас болж янз бүрийн ашиг хонжоо хайсан нөхцөл байдалд хүргэдэг. Иймэрхүү хууль эрх зүйн орчны тодохой бус байдлаас үүдэлтэй асуудал амьдрал дээр ургадаг. Тэр нь хууль гаргах гол эрх зүйн суурь болж байна гэсэн үг. Ялангуяа Монгол Улс шиг цэвэр худалдаан дээр тогтсон эдийн засагтай орчинд юу хамгийн чухал вэ гэхээр бараа бүтээгдэхүүнийг авчирч буй хүмүүс тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь бараа бүтээгдэхүүн болгоны гарал үүсэл нь тодорхой, эргээд тухайн хэрэгдэгчид хор хөнөөл багатай, эрүүл, аюулгүй байдлын чанар стандартыг мөрддөг байх ёстой л доо. Манайд хүнсний аюулгүй байдал ялангуяа хадгалалтын хувьд асуудалтай. Тэр ч байтугай бараа, бүтээгдэхүүний үнэ дэндүү өндөр байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэ зохицуулдаг гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр харъя л даа. Хичээлийн шинэ жил дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсдөг. Иргэдийн эдийн засагт том хүндрэл учруулж байна. Ийм асуудлууд байнга гардаг учраас тодорхой дүрмийн дагуу Худалдааны тухай хуулиа мөрдөөд явчихвал хэрэглэгч талдаа хожоотой. Мөн тодорхой чанар, стандартын шаардлага хангаад дүрмийн дагуу бараа, бүтээгдэхүүн оруулж байгаа худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай. Яагаад гэвэл, хариуцлагатай, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хажуугаар үүргийн худалдаа гээд хяналтгүй бараа ороод ирдэг. Тэдгээртэй үнийн хувьд өрсөлдөх шаардлага үүсдэг. Энэ талаас нь бодох юм бол Худалдааны тухай хуулийн хэрэгцээ шаардлага аль, аль талдаа байгаа л даа.

-Худалдааны хуультай болсноор экспортод яаж нөлөөлөх вэ?

-Худалдааны тухай хууль экспортод тийм ч сүртэй нөлөөлнө гэж харахгүй байна. Яагаад гэвэл манай эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс байдаг. Нүүрс бол Худалдааны тухай хуультай хуульгүй Хятадын нөхцөл байдлаас хамаарч экспортлогддог. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүн талдаа нүүрсийг хэдэн янзаар ангилаад сорьцыг нь тодорхойлуулж байгаад Хятад руу гаргаж байгаа. Энэ талаас нь харвал экспортын хувьд нөлөөлөх нөлөө өндөр биш. Гол нөлөөллийн хувьд импорт байна. Импортын бараа бүтээгдэхүүн стандарттай, тухайн бүтээгдэхүүн аюулгүй байдал хангасан, худалдаа эрхлэгч нь зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл болон хугацаа нь асуудалгүй, аль боомтоор яаж орж ирсэн зэрэг нь тодорхой байх ёстой. Худалдааны хуультай болбол эдгээр асуудал цэгцэрнэ. Энэ агуулгаараа импортын бараа бүтээгдэхүүнд илүү нөлөө орж ирэх болов уу гэж харж байна.

-Дотоодын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах гол хөшүүрэг нь энэ хууль болж чадах уу?

-Дотоодын бүтээгдэхүүний хувьд боломжтой. Гадагшаа гарах боломжийг энэ хуулиар олгож өгөх түлхэц, нөхцөл болно. Яагаад гэвэл дотоодод үйлдвэрлэгдэж буй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний стандарт нь нийтлэгээрээ олон улсын стандартаа дагаж явах ёстой. Тэгвэл энэ хуулийг бичихдээ олон улсын стандартуудаас тодорхой хэмжээгээр оруулах ёстой. Нэгэнт хууль батлагдвал мөрдөх шаардлага үүсэхээр дотоодын үйлдвэрлэгчид маань стандартыг баримтлаад, бараа бүтээгдэхүүнээ цаашид тодорхой хяналт дор хийх боломж нэг талдаа бүрдэнэ. Мэдээж богино хугацаанд аж ахуйн нэгжүүд дээр зардал үүсэх ч урт хугацаандаа олон улсын зах зээл дээр чадлынхаа хэрээр өрсөлдөх боломжийг энэ хуулиар олгох боломжтой. Гол логик нь ямар нэгэн бараа зарлаа гэхэд тэр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага, стандарт хангасан байхыг олон улсад нэхэж байгаа. Тэгэхээр энэ талдаа илүүтэйгээр хуулийн ач холбогдлыг харж байна.

-Ингэхэд худалдааны эдийн засаг суурьтай орон хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл бие даасан хуультай болохгүй байна вэ?

-Өдийг хүртэл тухайн чиглэл чиглэлийн хуулиудаараа илүүтэй зохицуулагдаад яваад байсан. Наад зах нь гааль, хүнсний аюулгүй байдал, зам дэд бүтэц, хүнс үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зэрэг асуудлууд салбар салбарынаа хуулиар зохицуулагдаад явж ирсэн. Тийм болохоор нэгтгээд нэг өргөн хүрээнд нь базаад стандартаа мөрдөөд явна гэдэг юм алга байсан. Одоо цаг нь болж хуулийн хэрэгцээ шаардлага үүссэн гэж ойлгож байна.

-Худалдааны хууль гаргахын тулд Засгийн газрын зүгээс юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд олон улсын Худалдааны хуулийн туршлага судлах асуудал байна. Ямархуу нөхцөл байдал байгааг нь тодорхойлох ёстой. Улс орон болгонд энэ хуулийг яаж мөрддөг зэргийг харьцуулах нь чухал . Өндөр хөгжилтэй орнууд олон зуун жил хэрэгжүүлчихсэн болохоор алдаа дутагдлыг түүхэн хугацаанд нөхөөд ирсэн байгаа. Энэ зүйлийг тодорхой хэмжээгээр судлах нь магадгүй эхний ажил юм болов уу. Олон улсад ямар, ямар нөхцөл байдалтай байна вэ гээд харахаар тухайн улс орны өөрийнх нь онцлогт тохирсон Худалдааны хууль гэж байна. Мөн бүс нутгийн худалдааны хууль илүү хүчтэй байдаг. Жишээлбэл, Европын холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээр дээр үндэслэгдсэн татварын болоод таксын үнийн хөнгөлөлттэй нэг стандартаар явдаг иймэрхүү зүйлсийг бүс нутгийн хэмжээнд маш сайн шийдсэн. Тэгэхээр зөвхөн Худалдааны хууль гэлтгүй үүнтэй холбоотой бүс нутгийн хэмжээнд стандарт, татварын асуудал, үнэ тогтоох процесс бодит байна уу зэрэг дээр бүс нутгийн хэмжээнд сайн ажилласан. Бид ихэвчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж ярьж байгаа. Нэг хэсэг манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд тус улсын дэлгүүрүүд манайд нэлээд орж ирсэн. Тэгэхээр энэ хүрээний асуудлыг хамарч байгаа гэж харж байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээрт, суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, тус тусдаа мөрдөж байгаа хуулиуддаа яаж Худалдааны хуулиа нийцүүлэх вэ гэдгийг маш сайн судалж байж гаргах ёстой. Тэгэхгүй бол Худалдааны хууль гээд ерөнхий биччихдэг. Эргээд дагаж мөрдөх хуулиудтай зөрчилдөх, эсвэл алийг нь дагахаа мэдэхгүй болох зэрэг хуулийн цоорхойнууд үүсээд эхлэх эрсдэлтэй. Яг одоо байгаа бизнесийнхэн, худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг ойлгосон байдлаар бичээсэй гэж бодож байна. Бодит байдалд хуулиа мөрдөөд явах ёстой бизнес эрхлэгч хэрэглэгчдийг хараагүй гадны хуулийг хуулаад биччихдэг, нөгөөх нь буцаад манай хөрсөн дээр буухгүй байвал асуудал үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас тэр талын оролцоог хангаж өгөх ёстой юм болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Итгэл: Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд төвтэй болно DNN.mn

Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах баг өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр удирдлагын багийн ахлагч, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэлтэй ярилцлаа.


-Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг яагаад шинэчлэхээр болов. Шинэ сургалтын хөтөлбөр ямар стандартын дагуу яаж боловсруулагдах вэ?

-Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөр 10-12 жил тутамд өөрчлөгддөг цикльтэй. Энэ жишгээр бага боловсрол 2014 онд, суурь бүрэн дунд боловсрол нь 2015, 2016 онд шинэчлэгдсэн. Одоо сургалтын “Цөм” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнийг бид дахиж up-date (шинэчлэл) хийх чиглэлээр ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрт 10-30 хувьтай агуулгын өөрчлөлт хийдэг уламжлалтай. Тэгэхээр сургалтын хөтөлбөрийг өөрчлөхдөө хамгийн түрүүнд дараагийн хөтөлбөр ямар үзэл баримтлалтай байхыг судалдаг. Энэ ажил 1-2 жилийн судалгаан дээр суурилдаг. Шинээр хэрэгжүүлэх гэж байгаа сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судлагдаад Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар батлагдсан. Үүний дараа сургалтын хөтөлбөрийн дизайн гэдэг концепци руу ороод ямар бүтэцтэй байх тал дээр ажилласан. Одоо хөтөлбөр боловсруулах гуравдугаар түвшний ажил явагдаж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол зургаа, бага боловсрол есөн чиглэлийн судлагдахуун хичээлээр шинэ хөтөлбөрөө боловсруулахаар багаа бүрдүүлээд өнөөдөр(өчигдөр) үндсэн үйл ажиллагаа руугаа орлоо.

-Хэзээнээс хэрэгжих билээ?

-Суурь болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулаад нэг жил туршигдана. Энэ туршилт 2025 оны есдүгээр сарын 1-нээс 2026 оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх нь 2027 он.

-Одоо хэрэгжиж байгаа “Цөм” хөтөлбөрийн үр дүнг яаж дүгнэж байгаа вэ?

-“Цөм” хөтөлбөрийн хувьд хэд хэдэн судалгаанууд хийгдсэн байдаг. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 2019 онд Боловсролын хүрээлэнгээс гаргасан байгаа

Ерөнхийдөө “Цөм” хөтөлбөр яаж хэрэгжиж байна вэ гэдэг чиглэлээр хийгдсэн судалгааны тайлан юм. Дараа нь 2021 онд 137 сурах бичигт хийсэн судалгааны тайлан гарсан байна. Үүний ард гүйцэтгэлийн үнэлгээ буюу сургалтын амжилтын тайлан гэж гарсан. Эндээс харахад доод эрэмбийн буюу цээжлэх, тогтоох, унших гэсэн ур чадвар сайн. Харин дээд эрэмбийн буюу бүтээлчээр сэтгэх, анализ хийх чадварууд бага эзэмшигдэж байна гэж дүгнэжээ.

-Тэгэхээр 137 сурах бичгийн хувьд анхаарах ёстой гэсэн үг үү?

-Энэ бол 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт зориулсан нийт сурах бичгийн тоо. Сурах бичиг агуулгын хувьд болж байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг гэж тус тусдаа зүйл. Хөтөлбөр гэдэг нь багш энэ зүйлээр юу заахыг нь чиглүүлдэг. Тэгвэл сурах бичиг нь сурагчид зориулсан. Тухайн хичээлээр ийм, ийм зүйлийг мэдэж авах ёстойг заадаг. Нэг нь багшийн гар дээр, нөгөө нь сурагчийн гар дээр байдаг гэж ойлгож болно. Сурах бичиг нь энэ хөтөлбөрийн агуулгыг хангаж байгаа боловч яг саяных шиг дээд эрэмбийн ур чадварыг олж авахад үр нөлөө багатай юм байна. Мөн залгамж холбоо султай. Яагаад гэвэл сурах бичгийн дүгнэлтээс харахад монгол хэлний нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар ангийн сурах бичгийн номуудыг өөр, өөр багууд бичсэн байгаа юм. Доржийн баг нэгдүгээр ангийн номыг, Бат ахлагчтай баг хоёрдугаар ангийн сурах бичигийг бичсэн байдаг ч юм уу. Тэр хоёрын хоорондох залгамж холбоо сул байна. Мөн сурах бичгийн тендер зарлачихаж байгаа тохиолдолд сурах бичгийн бүтэц, дизайн өөр, өөр болдог. Энэ нь хүүхдүүдийн сурлагын амжилтад нөлөөлж байна гэж үзсэн.

-Шинэ хөтөлбөрөөр яаж өөрчлөх вэ?

-Бага анги буюу 1-5 дугаар ангийн математикийн сурах бичгийг нэг л баг бичнэ. 6-9 дүгээр ангийн математикийн сурах бичгийг өөр нэг баг бичнэ. Одоо хийх гэж байгаа шинэ сургалтын хөтөлбөрийн үндсэн суурь гэж ойлгож болно. Түрүүчийнхээсээ гарч байгаа ялгаа нь энэ. Сурах бичгийн хувьд хоёр дахь ялгаа нь гэвэл өмнө сурах бичиг гэдэг ганц номтой байсан. Шинэ хөтөлбөрөөр сурагчийн гарын авлага, сурагчийн дасгал ажлын дэвтэртэй болно. Өөрөөр хэлбэл, дасгал ажлын дэвтэр дээр хүүхэд хичээлээ бичиж тэмдэглэж болно. Үүн дээр гэрийн даалгавраа бичээд явах юм. Харин сурах бичиг нь өнгөт байна. Зарим тохиолдолд тэрийгээ ангидаа үлдээдэг байдлаар зохицуулдаг ч юм уу. Ингэснээр цүнхний жин багасах концепци давхар хэрэгжинэ. Мөн сурах бичгийг цахимжуулах шийдэл явж байгаа. Заавал сурагчийн дэвтрээ бариад явах биш. Цахим хэлбэрээр дасгал ажлуудаа хийх боломжийг бүрдүүлнэ. Энэ тал дээр олон нийт “Сурах бичиг цахим болж байгаа гэнэ. Хүүхэд дэвтэр ном үзэхээ байчихсан юм байна“ гэдэг туйлшрал байдаг. Тийм зүйл байхгүй. Гэрийн даалгавар хийх, цахим орчинд ажиллах чадварыг хөгжүүлэхэд цахим сурах бичгийн нөлөө их байгаа.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Шинэ сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал гарсан гэж дээр хэллээ. Одоо хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрийн судлагдахуун буюу хичээл болгон өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Математикийн хичээлд математикийн багийнхан үзэл баримтлалаа гаргадаг. Монгол хэлний хичээлийн үзэл баримтлалыг монгол хэлнийхэн гаргадаг байсан. Тэгвэл одоо хүүхэд төвтэй болно. Хүүхэд нь эхлээд юу сурах юм бэ гэдгийг тогтоож өгч байгаа. Суурь боловсролын 19 хичээл орж байлаа гэхэд энэ тооны үзэл баримтлал хүүхэд дээр очих гээд байна шүү дээ. Тэгвэл одоо сургуулийн өмнөхөөс эхлээд бүрэн дунд боловсрол хүртэл нэг малгай том үзэл баримтлалын дор явна. Жишээлбэл, бүтээлчээр сэтгэх ур чадамжийг эзэмшүүлэхийн тулд математик гэдэг хичээлийг үзэх нь ээ. Унших, бичих чадварыг сайжруулахын тулд монгол хэл нь түлхүү байх нь ээ. Эхлээд юу сурах вэ гэдэг чадамж нь тодорхойлогдсоны дараа агуулга буюу судлагдахуунууд нь гарч ирж байгаа. Ийм онцлогтой шинэ сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулагдсан. Энэ хөтөлбөрөөр хүүхэд ямар потенциалтай, юу сурах вэ гэдэг нь нэгдүгээрт байгаа учраас агуулгыг хоёрдугаарт тавих байдлаар боловсруулах юм. Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр бид дөрвөн мониторинг хийнэ гэдгээ зарлачихсан байгаа. Хамгийн нэгдүгээрт, дэлхий дахинаа бага, суурь, бүрэн дунд боловсрол дээр авагддаг чанарын үнэлгээ гэж байдаг. Энэ үнэлгээ маань 10-5 функтээр нэмэгдэнэ. Мөн сургуулийн өмнөх боловсролын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр тодорхой хэмжээнд ахина гэж харж байгаа. Эдгээрийг Боловсролын үнэлгээний төв үнэлнэ. Харин гадна талд хоёр үнэлгээ авдаг. Унших болон тоо тооллын чадвар гэж дөрөвдүгээр ангиас авдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргах функтээр 80, 90 хувь болгож ахиулна. Гуравдугаарт, олон улсын PISA үнэлгээгээр 2030 он гэхэд Азийн дунджид, 2035 онд олон улсын дунджид хүрнэ гэдэг зорилт тавьсан байгаа. Учир нь бид PISA-д тааруу дүн авчихсан байгаа шүү дээ. Монголын хүүхдүүд олон улсаас 2-3 жилээр хоцорч явж байна гэсэн үг. Шинэ сургалтын хөтөлбөрийн бас нэг онцлох зүйл гэвэл үндэсний өв уламжлалыг яаж тусгаж өгөх тал дээр үзэл баримтлал гарсан байгаа. Үндэсний өв соёл гэдгийг зөвхөн уламжлал гэдэг утгаар нь явцууруулах биш. Жишээлбэл, одоо хэрэгжиж байгаа нь “Цөм” хөтөлбөр. Тэгвэл цаашдаа хэрэгжих нь “Үндэсний хөтөлбөр” юм. Сургалтын хөтөлбөрийн онол гэж байдаг. Энэ онолоор олон үндэстэн голлосон улсуудад цөм гэдэг. Жишээлбэл, АНУ, Канад гэх мэт оронд хэрэгждэг хөтөлбөр. Харин үндэсний хөтөлбөр нь нэг үндэстэн голлосон буюу Япон, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг оронд хамаатай. Эдгээр улс үндэсний хөтөлбөртэй. Өөрөөр хэлбэл, тэр үндэстний хүнийг үүсгэх зорилго байдаг. Иймээс шинэ сургалтын үзэл баримтлал маань “Үндэсний хөтөлбөр” гэдэг нэртэй явж байгаа.

-“Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Сурах бичгийг бичихэд дунд сургуулийн багш нарын оролцоо ямар байдаг юм бол?

-Жишээлбэл, гуравдугаар ангийн монгол хэлний сурах бичгийг бичихэд бага, дунд ангийн багшаас гадна Их, дээд сургуулийн багш, профессор, монгол хэлний судлаач эрдэмтэн байна. Шинэ хөтөлбөр боловсруулах баг маань 254 хүнтэй. 20 орчим нь орон нутгийн багш нар байгаа.

-Өндөр хөгжилтэй орнуудад гэрийн даалгавар бараг өгдөггүй. Харин манайх гэрийн даалгавраар хүүхдийг залхаадаг гэж ээж, аавууд нэлээд шүүмжилдэг талтай. Гэрийн даалгавар хүүхдийн сурах сонирхлыг сулруулдаг гэдэг. Үүнийг шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалдаа яаж тусгав?

-Үзэл баримтлалд гэрийн даалгаврын талаар оруулсан байгаа. Ер нь гэрийн даалгаврын хугацаа насны ангиллаас хамаараад 30-120 минут байх ёстой. Хоёрдугаарт, хүүхэд дээр заах цаг их байна гэдэг асуудал байдаг. Үүнийг ч бас үзэл баримтлалд тусгагдасан. 1, 2, 3, 4 дүгээр ангид өдөрт орох цагийн дундаж хэмжээ гэж байгаа. Мөн социализмын үеэс одоо хүртэл байгаа нэг зүйл бол нэгдүгээр ангид оронгуут нь 60 цагийн бэлтгэл хичээл гэж явдаг. Тэгвэл шинэ хөтөлбөрөөр энэ хичээл байхгүй болно. Шууд нэгдүгээр анги руугаа орж байгаа. Одоо Монгол Улсын хэмжээнд таван настныг улсын хэмжээнд цэцэрлэгт хамруулна гэсэн зорилтын дор бэлтгэл агуулга нь цэцэрлэг рүүгээ орно. Хамгийн гол нь хүүхэд болгон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ өгнө. Үүний үндсэн дээр нэгдүгээр ангид нь оруулах ийм концепци явж байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу DNN.mn

Монголчууд энэ зун дэнж хотойтол өргөн дэлгэр наадаж байна. Улсын хэмжээнд 102 сум түүхт зуун жилээ тэмдэглэлээ. Долдугаар сарын 15-наас эхлээд л зуун жилтэй сумдын наадам ар араасаа цуварсан. Хаалт нь энэ сарын 24-нд Ховдын Зэрэг сумын ойгоор өндөрлөх гэж байна. Тэгэхээр бид бүтэн сар гарны турш завсаргүй наадацгаасан байгаа биз. Ойтой сумдын наадам шувтрахтай зэрэгцээд бэсрэг найр хаа сайгүй хөвөрч байна. Сая сумдууд зуун жилээ тэмдэглэх үеэр асар их шагналын хур буусан даа. Тухайн сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцсон хөдөлмөрч, бүтээлч, нэр хүндтэй эрхмүүдээ төрийн дээд одон, медиалаар шагнасан. Нэг сум хамгийн багадаа 30, 40 хүнд төрийн одон, медиал өгнө лээ. Энэ жишгээс улсын хэмжээнд дунджаар таван мянга гаруй хүн нутгийнхаа ойгоор төрийн хишиг хүртсэн гэсэн үг. Тэр олон шагнуулагсад эхнээсээ одон, медалийнхаа найрыг хийгээд эхэлжээ. Зуун жилээ хийсэн сум болгонд ийм цайллага, дайллага үргэлжилж байна. Нийтдээ 17 аймгийн хэмжээнд гээд бод доо. Тэгэхээр Монгол орон даяар хавтгай найрлаж байна шүү дээ.

Наймдугаар сар юу, юугүй дуусч, намрын их ажил толгой дээр бууна. “Монголчууд минь зунжин найр наадам хэсч, аялж зугаалж ханалаа. Одоо хэдүүлээ өвөлдөө бэлдье. Намрын ажилдаа шуурхайлъя. Энэ их найр наадмаа өндөрлөцгөөе” гэж ард түмнээ уриалаад хадуур, тармуур бариад зогсох орон нутгийн удирдлагууд үнэндээ алга. Харин ч эсрэгээрээ нутгийн иргэдээ аргадсан байдалтай найр наадмыг нь хөгжөөгөөд хөөрч яваа сурагтай. Яагаад гэвэл ирэх намар орон нутгийн сонгуультай. Улс төрийн ийм эгзэгтэй үед дарга нар юу гэж оноо алдахыг хүсэхэв. Хэрэв “Одоо та нар наад найр наадмаа зогсоо, хадлан тэжээлээ бэлдэцгээ” гээд хэлчих юм бол амьтны ад болно. Тийм болохоор орон нутгийн удирдлагууд ард иргэддээ хайр зарлачихсан гүйж яваа.

Бүтэн сар гаран наадамлаж, жаргаж цэнгэцгээсэн иргэд маань одоо хэр нь ханаагүй бололтой. Цаашид ч найрлахад бэлэн байх шиг. Үргэлжлүүлээд ес, аравдугаар сард хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, унага тамгалах ёслол, ургийн баяр, овооны наадам гээд их найрын улирал залгадаг. Монгол оронд өвөл ямар хэцүү болдгийг бодох ч сөхөөгүй айл хот, ахан дүүсээрээ зунжин, намаржин дуулж, хуурдацгааж байна. Та нарыг “Хадлан тэжээл бэлдэх юухан байхав. Ямар анх удаа хийх гэж байгаа ажил биш” гэсэншүү бодлоор хөөрч дэвэрч явж байтал чинь өвөл золгох вий. Дулаан цагт нь өөрсдийнхөө жаргал цэнгэлийг хөөцөлдчихөөд өвөл, хавартаа хэдэн малаа алдчихаад гоншигноцгоогоод байдаг шүү. Найрлаж, наадамлахдаа уургын морь шиг байж бусдын өмнөөс мал маллаж, хорвоогийн хамаг зовлонг үүрч яваа улсууд шиг л аашилдгаа болих хэрэгтэй. Намрын сар найм биш шүү. Одоо хэдүүлээ найр, наадмаасаа хөндийрч ажилдаа орцгооё оо, монголчууд минь.

Дэлхийн цаг агаар яаж хувьсан өөрчлөгдөж байгааг бид олон улсад тохиож буй байгалийн гамшигт үзэгдлүүдээс өдөр бүр харж байна. Африк тивд цас орж, Ази, Европ, элсэн цөл гэж ялгалгүй үерт автах болсон. Манай улсын хувьд ч ялгаагүй цаг агаарын гамшигт үзэгдэл бишгүй тохиов. Өнгөрсөн өвөл ямар айхавтар хатуу болж, монголчууд нийтээрээ яаж махаа зулгаалаа даа. Хэд хэдэн удаа огцом хүйтэрч, нийт нутгийн 80 гаруй хувийг зудын аюул нөмөрсөн. Үр дүнд нь 6.6 сая мал нь хорогдож, хотоо харлуулсан малчдын тоо 400 давсан. Амьжиргааны эх үүсвэр болох малынхаа 70-аас дээш хувийг зуданд алдсан малчин өрхийн тоо мянга, мянгаар тоологдов. Энэ зуд том зургаараа улсын эдийн засгийг уруудахад овоохон жин дарсан. Зовсон хэдэн малчдадаа улсаас тэрбум, тэрбумаар нь зориулсан. Хажуугаар нь иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламжийн аян орон даяар өрнүүлж байв. Хандивт нэгдээгүй айл өрх ч үлдээгүй байх. Ирэх өвөл бүр ч чангарч мэднэ. Ядахдаа өвлийн сар нь дөрөв гэсэн. Илүү сартай өвөл болно шүү гээд эртнээс цаг уурчид сануулаад байна лээ. Тийм болохоор тариа будаа, хадлан тэжээлээ одооноос базаасан нь дээргүй юу.

Өвлийн улирал ганцхан Монгол орны хөдөөд болдог үзэгдэл биш. Өвөл хот суурин газруудад ч том сорилт. Дулаан, эрчим хүчээ өргөтгөж шинэчлэх, түлшээ нөөцлөх, нийтийн тээврийн хүртээмжээ сайжруулахаас авахуулаад өвөлжилтөд бэлдэх ажил тоймгүй их байна.

Нийслэлийн хувьд утаа гэж том “мангас” бий. Сүүлийн арваад жилд утаатай тэмцэхэд зарцуулсан хөрөнгө нь аль хэдийнэ нэг их наяд давчихсан. Гаргаж ирсэн шийдэл нь утаагүй түлш. Харамсалтай нь энэ хоронд нь монголчууд хордож үхээд дууслаа.

Жил бүр утаагүй түлшинд хордогсод нэмэгдсээр байхад үргэлжлүүлэн хэрэглэсээр л байх юм уу. Дараагийн анхаарах асуудал нь эрчим хүч. Эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангахгүй бол өвлийн хүйтэнд цахилгаан тасалдвал хот даяараа тас хөлдөнө. Нийслэлчүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 гаруй хувийн хэтрэлттэй байгаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Олон жил гацсан Бөөрөлжүүтийн станцын эхний блок нь ирэх аравдугаар сард ашиглалтад орох нь үнэн бол энэ хувь бага ч гэсэн буурах байх гэсэн хүлээлттэй сууна лээ. Орон нутагт хүчтэй салхи шуурга дэгдэнгүүт Оросоос эрчим хүч авдаг шонгууд нь унаж, аймаг сумдаараа харанхуй суух давтамж нь ойртох боллоо. Цаашид эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөх нь ойлгомжтой. Иймд эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа өвөл зунгүй, өдөр шөнөгүй өрнүүлж баймаар байна.

Манай оронд зуны налгар өдрүүд тоотой ирдэг. Богинохон ч гэсэн дулаан цагийг ашиглаж өвлийн бэлтгэлээ ян тан хангачихсаны ард санаа амар байж болно. Удахгүй тариа будаа, ургац хураалтын ажил эхэлнэ. Арайхийн тордож ургуулсан ургацаа зуны үерт урсгачихгүй, намрын цасанд жин зохиулчихгүйхэн шиг авч үлдэнэ гэдэг бол тариаланчдын хувьд нялх хүүхэд асрахтай адил. Ингэж их хөдөлмөрлөчихөөд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, шатахуун, түлшний хангамжаа нөөцлөхгүй бол харамсалтай. Яг намрын ид ажлын үеэр түлш, шатахуун тасалддаг жишиг нэг биш удаагийнх. Тэгэхээр учирч болзошгүй эрсдлүүдийг дор бүрнээ тунгаах нь хаа хаанаа хэрэгтэй. Дарга нар одоо одон медаль тэвэрч сумдын ой хэсч гүйгээд байлгүй бушуухан ажилдаа орж, өвөлдөө бэлдмээр байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Уламбаяр: Монгол, Швейцарь хоёр улс адил үнэт зүйлтэй DNN.mn

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ зун манай улс гадаадын өндөр дээд хэмжээний төрийн айлчлалд нэлээд дарагдах янзтай. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Филиппиний Гадаад хэргийн сайд, Швейцарийн ерөнхийлөгчийн айлчлалууд ар араасаа цуварлаа. Удахгүй Японы ерөнхий сайд айлчлах гэж байна. Энэ удаа тантай Швейцарийн Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар ярилцъя. Манай хоёр улсын харилцаа нэгэн жарны түүхийг бүтээжээ. Энэ орны онцлог болон хоёр орны харилцааны түүхэн замналаас нь эхлээд сонирхуулахгүй юу?

-Швейцарийн Холбооны Улс нь парламентын гүйцэтгэх засаглалтай Холбооны улс. Далайд гарцгүй ч хүчирхэг худалдааны флоттой, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нийгмийн дундаж давхарга, түүнээс дээш чинээлэг хэсэгт төлөв чиглэгддэг, өндөр хөгжилтэй, ардчилсан улс юм. Бараа бүтээгдэхүүн нь “япон чанар”, “герман чанар” гэдэгтэй ижил. Швейцарьь чанар гэдгээрээ дэлхийд алдартай. Банк санхүү систем нь нууцлал, баталгаа, найдвартай чанараараа дэлхийд алдартай, бараг 200 жилийн түүхтэй болов уу. Европ дахь НҮБ-ын салбар байгууллагын төв, түүний системийн болон төрөлжсөн олон улсын байгууллагууд Швейцарийн Женев хотноо байрладаг. Жил болгон Швейцарийн Давос хотноо зохиогддог Дэлхийн эдийн засгийн форумыг бид сайн мэдэх билээ.

2002 онд Швейцарь НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болж 2023 оны нэгдүгээр сарын 3-наас анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байна. Швейцарийн Холбооны Улс Оросын эсрэг Европын холбооны эдийн засгийн багц хоригт нэгдсэн. 2022 оны аравдугаар сард тус улсын төрийн тэргүүн Игнацио Кассис Украинд айлчилсан нь нийт Европ тив, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах онцгой сорилтуудын үед төвийг сахих боломжгүйг гэрчилж буйд Украины ерөнхийлөгч В.Зеленский талархал илэрхийлсэн байдаг. Тийнхүү Швейцарийн төвийг сахисан олон улсын эрх зүйн статус төгсгөл болж байна гэж шинжээчид тэмдэглэдэг.

Энэ жил Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ой тохиож байна. Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, профессор Ж.Цэвээн 1922 оноос анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байхдаа Швейцарь улсын Үндсэн хууль ба үндсэн хуулийн чанартай эрх зүйн баримт бичгүүд, түүхийн болон бусад судалгааны зохиол бүтээлийг нэлээд судалж, сайхь улсаас авч хэрэглэвэл зохих зүйл багагүй байгааг Үндсэн хуулийн талаар өөрийн оруулсан 24 зүйлийн саналд онцлон дурдаж байжээ. Энэ тухай Улсын Анхдугаар Их хуралд тавьсан Засгийн газрын илтгэлд тэмдэглэхдээ, “…Европын Швейцарь хэмээх Бүгд Найрамдах Улсын хэдийнээс тогтсоор ирсэн Засгийн байдал ба эдүгээгийн Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын тогтсон Засгийн байдлыг үлгэр болгон … улсын дээд эрхийг Улсын Их хуралд хадгалах ба Улсын Их хурлын чөлөө цагт Ардын Засгийн газрын хуралд хадгалахаар тогтсон болно” гэсэн байдаг.

1920-иод оны Монгол, Германы харилцааг хөгжүүлэхэд Москвад суугаа Монгол Улсын ЭСЯ-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Цэдэн-Ишийн Дашсампилон нарын Германд хийсэн ажлын айлчлал чухал ач холбогдолтой байсан байдаг. Төлөөлөгчид Берлин, Хамбург, Дрезден, Лайпциг зэрэг хотуудаар явж Монголд ажиллах мэргэжилтэн элсүүлэх, тус улсад хэрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа таваарыг сонгох, зохих газруудтай гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг ажлыг хийжээ. Төлөөлөгчид Германаас нарийн мэргэжилтнүүдийг элсүүлэхэд Швейцарийн тоосгоны үйлдвэрийн инженер Xерман Геринг багтаж, 1926-1929 хүртэл ажилласан түүхтэй.

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд 1964 оны тавдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноос хойш энэ жил нэгэн жарны түүхэн ой тохиож байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэний дараа 1963 онд Өрнөдийн гүрнүүдээс 1963 онд Их Британи Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Австри, Финландын дараа Өрнөдийн дөрөв дэх улс нь Швейцарь улс болж байжээ.

Хүйтэн дайны он жилүүдэд Монгол Улс Швейцарь, Их Британи, Баруун Германтай хамгийн сайн худалдаа хийж байжээ. Швейцарьтай дипломат харилцаа тогтоохоос бүр өмнө 1956 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдсан “Монгол экспорт”, 1958 онд байгуулагдсан “Техникимпорт”, 1961 онд байгуулагдсан “Төрөл бүрийн барааны импорт” нэгдлүүд 1960 оноос эхлэн Швейцарийн худалдааны нэгдэл, пүүсүүдийн хэмжээнд худалдаа хийж эхэлжээ. 1960 онд хонины болон тэмээний ноос, хөөвөр, адууны хялгас зэрэг 668.2 мянган рублийн бараа, 1961 онд 857.4 мянган рублийн бараа худалдан авч байжээ. 1967 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 4.9 сая ам. доллараар хэмжигдэж, Швейцарьт өлөн гэдэс, адууны дэл, сүүл, тарваганы болон үнэгний арьс худалдаж, аж үйлдвэрийн комбинат, нэхий эдлэл, хивсний зориулалтын будаг, хэвлэлийн машин, эм, эмийн зүйл, савангийн будаг, шүдэнзний фабрикийн антимон, оёдлын машины сэлбэг, гутлын цавуу болон өргөн хэрэглээний бараа худалдан авч байсан байна. 1973 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдсан “Илгээмжийн худалдаа” контор төрөл бүрийн барааг жижиг хэсгээр экспортлохын зэрэгцээ дотоодод валютын барааны дэлгүүрээр дамжуулан жижиглэн худалдаж байсан нь тус улсад суугаа гадаадын ЭСЯ-д, төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудын ажилтнууд, гадаадын зочид төлөөлөгчид, жуулчин, мэргэжилтнүүдийн ба өөрийн орны иргэдийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой байв. Швейцарьт үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн архи, тамхи, бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа, жинс, үнэртэн, гоо сайхан, ариун цэврийн бараа, мебель, суудлын машин зэрэг барааг импортоор авч байжээ.

1980 онд Монголын Швейцарьт экспортолсон бараа бүтээгдэхүүн оны үнээр 4 сая, 1985 онд 19.6 сая, 1990 онд 3.5 сая төгрөг, импорт 1980 онд 5.8 сая,1985 онд 4 сая 1990 онд 17.5 сая төгрөг болж байсныг “Монгол Улсын Үндэсний эдийн засаг 70 жил 1921-1991” статистикийн эмхтгэлээс харж болно.

-Швейцарийн Холбооны Улсын ерөнхийлөгч хатагтай Виола Амхердын айлчлал ямар ач холбогдол, үр өгөөжтэй болов?

-Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн айлчлал нь Швейцарийн Холбооны Улсын Төрийн тэргүүний хувьд анхны айлчлал. Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн жарныг тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болов. Швейцарийн Холбооны Улсын ерөнхийлөгч Виола Амхерд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “…би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцарийн ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцарь, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж, хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна. Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцарь улсын хувьд нэн чухал юм. Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан Тунхаглалдаа тусгалаа. Швейцарь, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай” гэсэн байна.

Энэхүү айлчлалын үеэр “Монгол, Швейцарийн Хамтарсан Тунхаглал” хэмээх улс төрийн баримт бичигт анх удаа хоёр улсын төрийн тэргүүний түвшинд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдалтай юм.

-Мөн хоёр улс нь “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Хамтарсан Тунхаглалд тэмдэглэснээр Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг сурталчилж, ардчилсан Парламентын байгууллагууд хооронд болон иргэний нийгмийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэхийн төлөөх Монгол Улсын хүчин чармайлтад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн “Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г эцэслэн байгуулах зэрэг ажлууд хийгдэх болов уу.

-Хатагтай Виола Амхерд “Швейцарь, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг” гэж хэлсэн. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцарь, Монголын хүч чармайлтын талаар онцолж байсан шүү дээ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?

-Цаазын ялыг халах нь ардчилал, хүний эрхийн баталгаажуулалтын чухал хэмжүүр гэж үздэг. Монгол Улс цаазын ялыг албан ёсоор Эрүүгийн хуулиас халсан ч одоогоор Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд: …Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн нь буй.

Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцарийн олон талт гадаад бодлогын нэг тулгуур гэдгийг Швейцарийн Ерөнхийлөгч тэмдэглэсэн. Хамтарсан Тунхаглалд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын асуудлаарх Церматтын дугуй ширээний уулзалт зэрэг санаачилгаа цаашид үргэлжлүүлэх эрмэлзлээ тэмдэглэсэн. Цермат нь Женевын Аюулгүй байдлын бодлогын төвөөс Швейцарийн Цермат хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар зохиогддог дургуй ширээний дипломат ажиллагааны формат юм. Өнгөрсөн тавдугаар сард 10 дахь удаагийн уулзалт нь болсон.

-Манай хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа вэ. Швейцарийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт байна вэ?

-Хоёр орны худалдааны эргэлт 2000 онд 3.01 сая, 2005 онд 6.2 сая, 2009 онд 5.9 сая ам. доллар байсан бол 2022 оны тавдугаар сард 440.5 сая, 2023 оны тавдугаар сард 244.2 сая, 2024 оны тавдугаар сарын байдлаар 328.6 сая ам. доллар болж, Монгол Улсын гадаад худалдааны 5.2 хувийг эзэлж байна. Швейцарь улсад экспортолсон барааны 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж, үнийн дүн 1 тэрбум ам. доллараар хэмжигдэж байна. Монгол Улс импортын хувьд машин, тоног төхөөрөмж, цахилгаан болон техникийн сэлбэг хэрэгсэлүүд, нэхмэл, гоёлын барааны үйлдвэрийн зарим түүхий эд, өргөн хэрэглээний бараа, химийн бараа (арьс шир, ноос, үслэг эдлэлийн будаг, малын эм), хүнсний бараа, тамхи, өнгө оруулагч бодис дээр суурилсан бэлдмэл, гар багаж, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн авч байна. Экспортын хувьд түүхий эд (ноос, ноолуур, өлөн гэдэс, ангийн үс, зэсийн баяжмал), бэлэн бүтээгдэхүүн (ноолууран болон тэмээний ноосон эдлэл) гаргадаг.

Үндэсний статистикийн хорооны мэдлээллээс харвал 1991-2023 оны хооронд Монгол Улсад худалдаа, банк санхүү, нийтийн хоол, геологи, уул уурхайн хайгуул, МАА-н түүхий эд боловсруулах, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, хөнгөн үйлдвэр, мэдээдэл технологийн салбарт Швейцарийн 72 компанийн 165 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.

Швейцарь нь Монгол Улсын Европын Холбооны гишүүн бус Өрнөд Европын худалдааны идэвхтэй харилцаатай уламжлалт түнш боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны хамгийн том зээл болж байна.

Энэ жил мөн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Тус агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 20 жилийн хугацаанд хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд 200 сая Швейцарь франкийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

-Ар араасаа хөврөж байгаа айлчлалууд гуравдагч хөршийн сонирхол Монгол руу чиглэснийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдэхдээ: “Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарийн Холбооны Улсыг бид манай гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг” гэжээ. Би үүнтэй санал нэг байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн байдаг. Швейцарь нь өндөр хөгжилтэй ардчилсан улс, хоёр орон адил үнэт зүйлстэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм DNN.mn

“Парис-2024” зуны олимп шувтарлаа. Монголчуудын хувьд ганц мөнгөн медальтай энэ удаагийн олимпийг дуусгаж байх шиг байна. Өөр медаль горьдох шаанс ч алга. Уг нь манайх Парис руу 32 тамирчнаа илгээсэн. Тэд олимпийн есөн төрөлд хурд, хүчээ сорив. Гэвч жүдо бөхийн эмэгчтэйчүүдийн -48 кг-ын жинд авсан ганцхан мөнгөн медальтайгаа олимпоо өндөрлүүлэх нь ээ.

Дэлхийн хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон энэхүү спортын их наадамд зодоглож буй тамирчдаа харахад үнэхээр сэтгэл дундуур оргиод болж өгөхгүй юм. Үзэгчид, фанатууд бол дэмжиж байгаа тамирчнаа харж огшиж, омогшиж, оргилж буцалж, сэтгэлийн жаргал таашаал мэдрэхийг хүсдэг. Тамирчин хүн ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдөгчдөө буулгаж авч байгаа тэр торгон мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Харамсалтай нь манай тамирчид тэгж чадсангүй. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 30 жил ийм дүр зураг ажиглагдлаа. Энэ нь тухайн тамирчны карьерт муу урхагтай. Жишээлбэл, саяны олимпоос харж байхад манай тамирчид тоглолтдоо ер орж өгөхгүй байгаа нь хүн бүхний нүдэнд ил байсан. Шуулуухан хэлэхэд, яг тэмцээн эхлэнгүүт гөлийчихдөг. Анхаарал, төвлөрөл нь маш сул. Сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй. Бодол санаа нь өөр газар тэнэж байдаг гэлтэй. Ямар ч идэвх санаачилга, тэмцэл байхгүй. Дайчин биш харагдах юм. Өрсөлдөгчийнхөө өөдөөс дайралт хийхдээ уран ухаан, авхаалж самбаа гаргахдаа үнэхээр лазан, хойрго. Урсгалаараа гөлийж байгаад буугаад өгчихдөг. Үүний гол шалтгаан нь аваагүй шагналаа алдчихна гэсэн сэтгэл зүйн айдастай нь холбоотой юм шиг. Яагаав, улсаас олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал өгдөг болсон доо. Олимпийн наадмын алтан медалийн эзэн дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медаль хүртсэн бол хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр авна. Харин дэлхийн аваргаас алтан медаль авбал хоёр сая, мөнгөн медаль бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал тус, тус олгох Ерөнхийлөгчийн зарлиг үйлчлээд арав гаруй жил болж байна.

Тухайн тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртээд хоёр сая төгрөгийн урамшуулал авах эрхтэй байлаа гэж бодъё. Дараа нь олимпийн наадамд ялалт байгуулж алтан медаль хүртээд дөрвөн сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо гэхэд сар бүр нийтдээ зургаан сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Энэ мөнгийг насан туршдаа авах эрхтэй. Сард зургаан сая төгрөг гэхээр жилд 72 сая төгрөг тухайн тамирчинд ажил хийсэн, хийгээгүйгээс нь хамаарахгүйгээр дансанд нь автоматаар ороод байна. Арван жилд 720 сая төгрөгтэй болно. Хорин насандаа олимп, дэлхийн аварга болсон тамирчин 60 нас хүртлээ энэ урамшууллыг авлаа гэхэд бараг 30-аад тэрбум төгрөгтэй болсон байх нь ээ. Хэрэв олимпийн медаль хүртэх юм бол насан туршдаа ийм тэтгэмж авах боломжтой гэсэн сэтгэл зүй манай тамирчдыг алаад байгаа хэрэг. Аваагүй энэ шагналаа авсан мэт төсөөлж, тэрийгээ алдчих вий гэсэн түгшүүрт автан тэмцээний үеэр биеэ барьж, ерөөсөө хөдөлж чадахаа байсан нь худлаа биш. Бид ч юм үзээгүй ядуу хоосон улс гэдэг нь үнэн л дээ. Тэгсэн ч гэсэн аваагүй шагналаа алдчихна гэсэн айдастай хэдэн тамирчид маань ямар ч тэсрэлт, тэмцэл хийж чадалгүй ойчоод өгөх юм. Энэ бүхэн тамирчны бие бялдрын хэлэмж, сэтгэл зүйн байдлаас нь тод уншигддаг шүү.

Саяын олимпоос мөнгөн медаль авдаг жүдочин охины хувьд анхнаасаа тийм сул байсан уу гэвэл бас ч үгүй юм аа. Мөнгөн медаль автлаа ярих юм байхгүй сайхан тэмцэлдсэн. Монгол түмнээ ч огшоож чадсан. Гэтэл алтан медалийн төлөө барилдахдаа яг хуучцуул шигээ гөлөрчихөөд гараад ирсэн. Мөнгөн медальдаа ханачихсан аятай. Царай, үйл хөдлөл нь цаанаасаа л цадчихжээ гэмээр. Алт, мөнгө хоёрын ялгаа ч бараг байхгүй дээ гэсэн бодолтой харагдахаар. Дээрээс нь тамирчдын тархийг ганц барьдаг хүн бол энэ хэдэн багш, дасгалжуулагчид. Тэд “Ялсан ч, ялагдсан ч медаль дээрээ буулаа. Одоо болно. Насан туршийнхаа хоолтой болчихлоо” гээд хэлбэл өнөөх тамирчин мэдээж ханачихна шүү дээ. Тэгээд ч ийм сэтгэл зүйтэй дэвжээн дээр гарсан тамирчин яаж ч хичээгээд уран барилдаан гаргаж чадах уу. Гөлөрч байгаад ойчоод өгснийг бодохоор харамсмаар. Хэрэв аваргын алтан медалийг зүүсэн Японы тамирчинтай шөвгийн дөрөвт таарсан Шведийн 18 настай охинтой таарсан бол ёстой арчуулах байсан биз. Цунадо Нацуми энэ швед тамирчинтай үзэхдээ зүгээр л мах болчихсон байсан. Анхныхаа олимпоос хүрэл медаль хүртсэн тэр швед охиныг манай тамирчин яагаад ч барахааргүй тийм тэмцэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй юм билээ. Түүний дэргэд өөрийн тамирчныхаа барилдааныг харахад үнэхээр урам хугармаар. Тэмцэлгүй, дайчин биш.

Ер нь тамирчин хүн тэмцээндээ орох тусмаа урам авч, цэнэглэгддэг биш билүү. Гэвч энэ бүх шинж чанарыг тамирчдаасаа олж харахгүй болохоор гутармаар санагдах юм. Тамирчдын амжилт, идэвх санаачилгыг хойш татахад хамгийн том нөлөөлөгч нь сар бүр өгдөг мөнгөн урамшуулал. Мэдээж тамирчныхаа амжилтыг үнэлэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ насан туршид өгдөг нь үнэхээр том тэнэглэл. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Амжилт гаргасан үед нь нэг удаа шагнадаг байх хэрэгтэй. Алтан медаль авбал ахиухан. Мөнгө авбал бага. Хүрэл медаль хүртсэн бол амсуулах төдий. Шагналт байранд орвол урамшуулал тооцдоггүй байхаар ч юм уу. Тэгэхгүй болохоор энэ насан туршийн урамшуулал чинь тамирчны амжилтад асар хортой байна.

Насан туршдаа авах тэтгэмжиндээ сэтгэл ханаад спортын карьераа орхиж, нам даган даргын суудалд тухалсан олимпийн аваргуудын жишээ ойрхных. Бусад орны тамирчид гурав, дөрөв дэхээ олимпдоо оролцоод явж байхад манайхан яаж байна. Ажил хийхгүйгээр улсаас бэлэн тэтгэмж аваад сууж байгаа хүмүүст спортын ноён оргилд гарах нь тийм ч сонин биш. Уг тамирчин хүний хувьд олимп, дэлхийгээс медаль авна гэдэг гайхалтай амжилт. Дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойрч, олимпийн тэнгэрт улсынхаа тугийг мандуулаад ирсэн тамирчнаа урамшуулах нь буруу биш. Гэхдээ үнэлэмж нь зөв байх ёстой. Ганцхан удаа оцойтол нь шагнадаг байя. Тэгэхгүй болохоор Монголын тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад хөдлөхөө байжээ. Хуучин арай ч ийм байгаагүй юм шүү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлье DNN.mn

Дөрөвхөн хоногийн дараа сонгууль болох гэж байна. Сонгуулийн сурталчилгаа ердөө хоёрхон өдрийн дараа хаагдах гэж байна. Яг ийм торгон цаг мөчид хүн бүхэн дор бүрнээ сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг бодох хэрэгтэй байна. Нэг хүний сонголт, үндсэндээ иргэн таны сонголт улс орны цаашдын хувь заяанд маш чухал нөлөөтэй болохыг сайтар ойлгох нь зүйтэй. “Миний өгсөн санал миний амьдралд нөлөөлнө, улс орны ирээдүйг тодорхойлно” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр саналаа өгөх хэрэгтэй.

Түүнээс миний саналаар дутав гэж бодох, санал өгөхөөс төвөгшөөх, найз нөхөд гэр бүлээрээ саналаа өгөлгүйгээр хөдөө гадаа амралт зугаалганд явах, сонгууль өгөөд үр дүн нь хэзээ гарч байсан юм бэ, юм өөрчлөгддөггүй шүү дээ гэж итгэх нь буруу. Энэ нийгэм болохгүй байна, бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байна, үнийн өсөлтөд сөхөрч байна, цаашлаад утаа, замын түгжрэл энэ бүхнээ бодохоор Монголд амьдрах хэцүү байна гэж бодож байгаа бол та саналаа л өгөх хэрэгтэй. Сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

2008 онд Энэтхэгийн Ражастан мужийн сонгуульд нэр дэвшиж байсан Кэйлан Синг Чоухан хэрвээ ялалт байгуулсан бол намаасаа Ерөнхий сайдад нэр дэвших байсан. Шилдэг улстөрчдийн нэг тэрээр уг сонгуульд өрсөлдөгчдөө ердөө ганцхан саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Гэвч түүний эхнэр болоод жолооч нь саналаа өгөөгүй нь батлагдсан. Тэр хоёр хүн саналаа өгсөн бол тэрээр Ерөнхий сайд болох байсан. Уг жишээ ганцхан санал ямар үнэ цэнэтэй болохыг дэлхий нийтэд гэрчилсэн түүхтэй.

Манай нийт сонгогчдын 50 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Энэ тухай хамгийн сүүлийн судалгааг авч үзвэл, энэ оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим байна. Үүний 70 орчим хувь буюу 2 сая 440 мянган хүн сонгуульд саналаа өгнө. Эдгээр сонгогчдын 50 хувь нь 18-39 насны залуучууд, 50 хувь 40-өөс дээш насны сонгогчид байна. 40-60 насны хүмүүсийн 75 хувь нь сонгуульд оролцдог бол 60-аас дээш насны 95 хувь нь сонгуульд оролцож саналаа өгдөг гэсэн тооцоо бий.

18-39 насны залуучуудын оролцоо өмнөх сонгуулиудаас харахад тааруу байсан. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 60 хувь нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-39 насны залуусын 50 хувь нь сонгуульд оролцоогүй гэсэн судалгаа гарсан. Эдгээр залуус 40-өөс дээш насны бүлгийнхэнтэй адилхан сонгуульдаа оролцвол тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. “Сонгогчдын боловсрол төв”-өөс залуучуудын сонгуулийн оролцоог насны бүлгээр нарийвчлан гаргажээ.

Энэ талаар тус төвийн мэргэжилтэн Д.Элбэрэл “Санал өгч байгааг насны бүлгээр нь задлаад үзвэл 18-19 насныхан 56.5 хувь, 20-24 насныхны оролцоо дөнгөж 43.7 хувьтай байна. Энэ нь бидний хэлдгээр GenZ үеийнхэн юм. Анх удаа саналаа өгч байгаа залуучуудын оролцоо их байна. Залуучууд дундаа хамгийн их оролцоотой нь 35-39 насныхан. Тэд 68.4 хувьтай байна. Анх саналаа өгч байгаа залуус дөрвөн жилийн дараа дахин саналаа өгөх үед оролцоо нь буурч байна” гэдгийг хэлсэн. Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахыг нийт даяар уриалъя. Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож нийгмээ түүчээлж, улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн гол гогцоо бид бүхний гарт байна гэдгийг сайтар бодох цаг нь болжээ.

Тиймээс залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлье. Хуруун дээр бэх дусаадаг ч юм уу, ямар чиг байсан тухайн иргэнийг саналаа өгсөн гэдгийг нь баталгаажуулах тэмдэглэгээ байж таарна. Иймд сонгуульд оролцсон, саналаа өгсөн залууст хямдрал үзүүлдэг жишгийг улс даяараа бий болговол яасан юм бэ. Шөнийн баар цэнгээний газрууд залуучуудад 50 хувийн хямдралтай үйлчлэх, ресторан кофе шоп, хоолны газрууд мөн 50 хувийн хямдрал үзүүлж баймаар байна. Эдгээр ресторан, баар, хоолны газруудын нэг оройны зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний томоохон компаниуд даадаг эдийн засгийн ийм бодит жишиг тогтох хэрэгтэй.

Ингэж байж залуучууд нийтээр саналаа өгдөг, улс оронд сонгууль болж байна, монголчууд бид төр засгаа шинээр сонгож, төрөө төвхнүүлэх их үйлсийг хамтдаа бүтээж байна гэсэн хандлага хүн бүхэнд төрж, нийгэм баяр хөөртэй, гэрэл гэгээтэй болоод ирнэ.Түүнээс нам эвслээрээ талцаж, сонгуулийн штаб, санал авах байр бүхний гадаа хэрүүл маргаан гарч, зодоон цохион цаашлаад нэгнийхээ эрдэнэт аминд хүрдэг ийм тэнэг балмад, зэрлэг бүдүүлэг байдлаа одоо зогсоох цаг нь болсон.

Баар цэнгээний газар, хоолны үйлчилгээнээс гадна санал өгсөн залууст дэлгүүр хоршоо мөн л 50 хувийн хямдралтай үйлчилж, дээрээс нь үсчин гоо сайхан, машин угаалгын газрууд гээд бүхий л үйлчилгээний газрууд хямдрал үзүүлж залуусынхаа идэвх, урам зоригийг нь сэргээдэг болмоор байна. Салбар бүрийн манлайлал болсон залуус бусдыгаа уриалан саналаа өгч, аль нэгэн газраар хямдралтай үйлчлүүлж буйгаа олон нийтэд мэдээлэн, нийгэмд эерэг хандлага бий болгомоор байна. Нийгэмд хамгийн нэр хүндтэй, бусдыг дагуулах чадалтай тийм залуучуудыг “Сонгогчдын боловсрол төв” зэрэг энэ чигийн байгууллагууд олж саналыг нь өгүүлж хамгийн гол нь дэлгүүр хоршоо болон бусад газраар хямдралтай үйлчлүүлж байна гэдгийг сурталчлах хэрэгтэй.

Ойрын жишээ болгоход, Солонгосын залуучууд сонгуульд маш идэвхтэй оролцдог. Учир нь тэд ирээдүйнхээ сонголтыг хийж байна, өөрсдийнхөө амьдралыг шийдэж байна гэдэг утгаар хариуцлагатай оролцдог. Дээрээс нь эх оронч айхтар нөлөөлдөг болохыг олон улс судлаачид хэлдэг. Зөвхөн миний сонголтоор эх орны ирээдүй шийдэгдэнэ гэж тэд үздэг. Яг үүн шиг монголчууд бид шинэ залуу үедээ эх оронч сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй байна. Монголын үндэсний томоохон компаниуд, аж ахуйн нэгжүүд сонгуульд хариуцлагатай хандах цаг нь болсон. Монгол Улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа бол бид төр засгаа өөрсдөө итгэл үнэмшилтэйгээр сонгох ёстой. Үндэсний компаниуд үүнд хөрөнгө мөнгө гаргаж, нийгмийн өмнө үүрэг хүлээх хэрэгтэй.

Залуусаа сонгуульд идэвхтэй оролцуулах ийм олон янзын аргыг сэдмээр байна. Аль нам эвсэл, хэн ялах нь хамаагүй. Хамгийн гол нь залуусын идэвх өндөр, тэд бүгд саналаа өгч эрх үүргээ эдлэх, ухамсарлах нь зүйн хэрэг. Ингэвэл дараа нь хэл ам гарахгүй. Сонгуулийн дараа ямар хэл ам гардаг вэ гэхээр залуучуудын идэвх маш сул байлаа. Санал өгсөн нийт сонгогчдын 60-70 хувь нь 45-аас дээш насныхан байлаа, тиймээс сонгуулийн дүнд тодорхой өөрчлөлт гарсангүй гэх харамсмаар ч юм шиг, халагламаар ч юм шиг, бүр зэвүү хүрмээр ч юм шиг яриа гардаг. Ийм яриа гарч, нийтээрээ халаглаж, шинээр сонгогдсон төр засаг руугаа нулимахгүйн тулд залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцогтун.

Д.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дээшин: Том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй DNN.mn

Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Дээшинтэй ярилцлаа.


-Дэлхий дахинд мал аж ахуйн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Өнөө цагт дэлхий даяар эко чиглэл рүү хөгжиж байгааг бүгд мэднэ. Хөдөө аж ахуйн салбар гэхэд онгон байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх технологийг илүүд үзэж байх жишээтэй. Худаг ус гаргалаа гэхэд хөрсийг нь хөндөхгүйгээр байгальтай харьцаж байна шүү дээ. Хүн төрөлхтөн хүртэл байгалийн гаралтай, экологийн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байна. Энэ үүднээс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого эрчимжиж байгаа. Малын ялгадсыг ашиглаад газар тариаланд зориулж бордоо үйлдвэрлэж байна.

Хөдөө орон нутагт бууцыг ашиглаад хадлан тариалан, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлдэг арга технологи бий. Жишээлбэл, шувууны сангасыг ашиглаад сайн чанарын бордоо үйлдвэрлээд тэжээлийн тариаланд ашиглаж байна. Энэ мэтчилэн дэлхий дахинд нэвтэрсэн технологийн шийдлүүд хөдөө аж ахуйн салбарт өргөн дэлгэр нэвтэрсэн байна.

-Олон улсад мал аж ахуйн салбарт технологийн ямар шийдлүүдийг ашиглаж байна вэ. Тэдгээрийг Монголд нутагшуулах ямар боломжууд байна?

-Өнөөдөр дэлхий 378.8 тэрбум малтай байна. Мал аж ахуйн салбарт маш олон янзын технологийн шийдлүүдийг ашиглаж байгаа. Тэдгээрээс нөхөн үржихүйн технологийг онцолмоор байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, богино хугацаанд өсгөх чиглэл дээр гарсан технологийн шийдлүүдийг нэрлэж болно. Үүний нэг нь зохиомол хээлтүүлэг. Богино хугацаанд өндөр ашиг шимт малаас олон төл авч байх жишээтэй. Үүнийг манайд нэлээд өргөн хэрэглэж байгаа. Энэ бол биотехнологийн нэг арга. Бас хөврөл үр шилжүүлэн суулгах технологи ашиглаж байгаа. Энэ нь үр тогтсон өндгөн эснээс аваад хээлтүүлэг хийнэ гэсэн үг. Голдуу хонь, ямаа, үхрийн аж ахуйд ийм технологийг хэрэглэж байна. Мөн өндөр ашиг шимт малын үрээр зохиомол хээлтүүлэг хийхдээ хүйс жолоодох технологийг ашигладаг.

-Төл малын хүйс жолоодох технологийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Ер нь гарсан төл болгон нь охин байна гэсэн үг. Угаасаа эдгээр арга технологиуд мал аж ахуйн нөхөн үржүүлэх, чанар сайжруулахад чиглэгддэг. Ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мал аж ахуйн мэргэжилтнүүд Монголд хэд, хэд бий. Мөн хоёр өөр үүлдрийн малыг хооронд нь хээлтүүлэх технологи амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, Монголын үхэр, сарлаг хоёрын дундаас гарсан төлийг хайнаг гэдэг шүү дээ. Үүн шиг хоёр өөр үүлдрийн дундаас гарсан төл нь аль, алиных нь сайн шинж чанарыг хадгалж чаддаг. Ийм арга технологи хонины аж ахуйд нэвтэрсэн. Суффолк, беричон душер, романов, меринос зэрэг шилмэл үүлдрийн ашиг шим өндөр хонийг манайхан хэдэн жилийн өмнө оруулж ирсэн л дээ. Манай мал аж ахуйн салбарт зарим нь цэврээр нь үржүүлж байна. Зарим нь эрлийжүүлэлт хийж байгаа. Махны, түргэн өсөлттэй хонь болох суффолк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон. Романов үүлдрийн хонь гэхэд төллөх бүрдээ ихэрлэдэг. Эдгээр хонины зургаан сартай хурга нь 48 кг жин татдаг. Мах нь зөөлөн, шимтэй, шингэц сайтай. Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үнэхээр өндөр ач холбогдолтой.

-Гадаад ертөнцөд аварга том биетэй үхэр, хүнтэй чацуу шахуу хонь, ямаа үржүүлж байгаа жишээнүүд олон. Манайд эдгээр малыг нутагшуулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Малын үүлдрүүд хоорондын зохицолдолгоог сайн харах нь чухал. Түүнчлэн цэврээр нь тодорхой бүс нутагт үржүүлэх нь илүүтэй. Яагаад гэвэл яг шинжлэх ухааны үндэслэлтэй селекцийн ажлуулыг бодлогоор хэрэгжүүлэхгүй бол хэн дуртай нь хийж болдоггүй юм. Нэгдүгээрт, тэжээллэг арчилгаа, маллагаа, нутагшилт шаардагдана. Тэр ч сайн, том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг шууд авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй. Яах ёстой вэ гэхээр богинохон хугацаанд ашиглах хувилбар байх ёстой. Үгүй бол яг тэр үүлдрийн технологийнх нь дагуу арчилгаа, маллагаа тэжээллэг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үнэхээр технологиор нь үржүүлж чадвал үр дүнгээ өгдөг. Мал бол тодорхой бүс нутагт, тодорхой байгаль орчин, ахуйд дасан зохицдог юм. Тэрийг бодолцохгүйгээр авчраад үржүүлээд байхаар үхэл хорогдол их гардаг. Ер нь бид тухайн малыг Монголд үржүүлэхдээ ямар зорилготой вэ гэдгээ сайн тодорхойлох ёстой. Арав, хорин кг ноос өгдөг хонь, тонн гаран жин дардаг үхэр зэрэг өндөр ашиг шимтэй малыг авчраад үржүүлье гэвэл яг өмнө амьдарч байсан орчныг бүрдүүлэх нь чухал. Дээр нь арчилгаа, маллагаа нь ч бас адилхан байна. Монгол нутгийн үүлдрийн үхэр бол 248-300 гаруй кг жинтэй байдаг. Манай нутагшсан сэлэнгэ үүлдрийн үхэр гэхэд 700-800 кг жин дардаг. Монголын бэлчээр тэжээлийн сор болсон бүсэд үржүүлж байгаа. Мөн Дорнод талын улаан үхэр гэж бий. Бас л 400-500 кг жин татдаг. Дэлхий дахинд малын олон төрлийн генийг ашиглах сонирхол байгаа. Гэхдээ яг тодорхой бүс нутагт нь үржүүлэх технологийг ашиглаж байгаа. Аль бүс нутагт илүү дасан зохицож байгаагаас нь хамаарч нутагшуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутагтаа дасан зохицсон үүлдрүүдийг цэврээр нь үржүүлэхийг сонирхдог болсон гэсэн үг. Манайх ч ялгаагүй эрдэмтдийн хүчээр бий болгосон үүлдрүүдтэй шүү дээ. ХХААХҮЯ-аар 50 гаруй омгийн үүлдэр баталгаажсан байна.

-Эдгээр нь хаана, хаана байдаг юм бэ?

-Монголд үржүүлж байгаа нутгийн шилмэл омог, үүлдрийн мал нь Төв Азийн эх газрын эрс, тэс байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөөг тэсвэрлэн түүнд зохицон амьдрах чадвар болон ашиг шимийн хувьд онцгой чанаруудыг агуулснаараа өвөрмөц л дөө. Баяд, Говь-Алтай, Сартуул, Үзэмчин, Барга, Дархад, Байдраг үүлдрийн хонь, Дорнод Монголын улаан үхэр, Баяндэлгэрийн улаан, Өлгийн улаан, Алтайн улаан, Эрчмийн хар, Завханы буурал гэх мэт мах, ноос, ноолуурын ашиг шимийн хувьд онцгой генофондтой малыг ашиглаж нутгийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнийг анхаарч үржил селекцийн ажлыг зөв зохистой ашиглах нь чухал ач холбогдолтой. Баяд, Үзэмчин үүлдрийн хонь, нутгийн монгол хоньтой адил бэлчээрийн маллагаанд байхдаа 4.9-4.7 кг илүү жинтэй. Говь-Алтай, Байдраг хонь 270-700 гр илүү ноос өгдөг ашиг шимийн генийн сантай болохыг манай эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Энэ өвөрмөц малын генефондыг ашиглан мах, арьс, ноосны гарц чанарыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Нутгийн монгол хонины дотор илүү нуруу нугаламтай хонь нэлээд байдаг. Яс дагаж мах гэгчээр, нурууны нугаламын яс нэгээр илүү хонь, жирийн хониноос 1.2-3.5 кг мах, 7.3-12. ам децметр арьс, 40.-60. гр ноос тус тус илүү байхаас гадна нугалам илүү чанар удамшихдаа сайн байдгийг нэрт эрдэмтэн судлаач Б.Минжигдорж, Х.Санжмятав нар тогтоосон. Монгол үүлдэр, омгийн малын дотор 17.5 кг ноостой буур, 4.6 кг ноостой хуц, 710 гр ноолууртай ухна, 100 гаруй кг жинтэй хуц, 60-70 кг жинтэй эм хонь зэрэг гойд ашиг шимтэй мал байгаа нь монгол малын генфонд хэчнээн арвин, нөөц ихтэй нь гэрч юм. Нутгийн мал харьцангуй бага ашиг шимтэй хэдий ч түүнийг нэмэгдүүлэх нөөц, удамшлын чадавх өөрт нь байгааг гойд ашиг шимтэй малын үзүүлэлт харуулж байна. Энэ бүгд бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх гол нөөц юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд малын үүлдэр сайжруулна гээд ийш тийш баахан хуц, ухна чирж аваачдаг болсон. Энэ бол тун буруу. Ямар сайндаа “Говьд хүн болж төрсөн дор бол хангайд бух болж төрсөн дээр” гэдэг биз дээ.

-Манай улс 70 сая толгой малтай . Сүүлийн үед бэлчээрийн даацын асуудал яригдах болсон. Үүнтэй зэрэгцээд тооноос илүү чанарт анхаарах ёстой гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь хэрэв эрчимжсэн мал аж ахуйд шилжвэл дэлхийд цор ганц нүүдлийн соёл иргэншил устаж үгүй болно гэх юм. Энэ тал дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, мал сүрэг хувийн өмчид шилжсэнээр малын тоо толгой тасралтгүй өсч ирсэн. Малчид хувийн өмчөө өсгөх, эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хандлага нь малын тоо өсөхөд нөлөөлж байна. Энэ нь бэлчээрийн ачааллыг нэмэгдүүлж даацын хэтрэлт бэлчээрийн доройтолд хүргэж байгаа нь үнэн. Монгол Улс 2023 оны жилийн эцсийн байдлаар 71.1 сая толгой мал тоолуулсан. Сүүлийн 10 жилд бэлчээрийн эдэлбэр газрын хэмжээ 2.1 сая га-гаар буурч, малын тоо 2.2 дахин өсч, 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тооны ачаалал нэмэгдсээр байна. 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол 2022 онд 114 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал нь 3.6 дахин, сүүлийн 3 жилд буюу 2020 оноос 10.7 хувиар нэмэгдээд байна. Малын тооны хэт өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хавсарснаар бэлчээрийн газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж байна. Өнөө үед улс орон бүр шинжлэх ухаан техникийн дэвшил, хүний хөгжил байгалийн нөөц баялгийн ашиглалт зэрэг хүчин зүйл хоорондын шүтэлцээ, уялдааг харгалзахгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй болох нь амьдралаас нотлогдож байна. Орчин үеийн нөхцөл байдал хөгжлийн шаардлагаар Монгол оронд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, ялангуяа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн зэрэгцээ суурин, хагас суурин мал аж ахуйг эрхлэх хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Энэ шаардлагын үүднээс мал аж ахуйг эрчимжүүлэх асуудлыг онолын хүрээнд ч, практик үйл ажиллагааны хувьд ч нягтлан үзэж нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх нь чухал юм. Мал аж ахуйн эрчимжилтийн асуудлаар эрдэмтэн мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд өөр өөр ойлголт үзэл баримтлалтай байдаг. Нэг хэсэг нь мал аж ахуйг эрчимжүүлэх гэхээр бэлчээрийн мал аж ахуйгаас суурин аж ахуйд шилжих, цаашид бэлчээрийн мал аж ахуй эрхлэхээс татгалзах нь гэж үзэж, нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шалгарал, үе үеийн малчдын оюун ухаан, шаргуу хөдөлмөр, цуцалтгүй тэмцлээс бий болсон үндэсний баялаг төдийгүй, дэлхийн хэмжээний өв сан мал аж ахуй эрхлэх сонгодог хэлбэр. Цаашид ч энэ хэвээр хадгалах ёстой гэдэг, нөгөө хэсэг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дагуу иргэд төвлөрөн суухын хэрээр ганц хоёр өрхөөр жалга, хөндий хэсэн хэдэн малтайгаа насыг элээдэг нүүдлийн мал аж ахуй үеэ өнгөрөөж хүссэн хүсээгүй эрчимжсэн буюу үйлдвэржсэн суурин мал аж ахуйг эрхлэх нь жам ёсны зүй тогтол гэсэн үзэлтэй байдаг. Гэхдээ энэ үзэл бодлын аль нэгийг нь хэт туйлшруулахгүйгээр орчин үетэйгээ нийцүүлэн бүтээлчээр авч үзэх нь чухал. Чухамдаа “мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх”, “эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх” гэдэг нь агуулгын хувьд ч, амьдрал дээр хэрэгжүүлэх хэлбэрийн хувьд ч ялгаатай зүйл юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт гэдэг нь малын үүлдэр угсааг сайжруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал маллагааны арга барилыг сайжруулах үндсэн дээр нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг хямдруулах, улмаар ашиг орлогоо арвижуулах тухай ойлголт юм. Энэ нь голчлон бэлчээрийн мал аж ахуйд хамааралтай ойлголт. Гэхдээ эрчимжилтийн элементүүдийг хэрэгжүүлснээр байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хамгаалах чадавхыг дээшлүүлж эцсийн ашиг орлогыг 25-30 хувь нэмэгдүүлэх боломжтой.

Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд уламжлал шинэчлэлийн оночтой хослол, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн өргөн мэдлэгтэй байхыг амьдрал биднээс шаардах болсон байна.

-Мал аж ахуйн салбарын хувьд ДНБ-ий багахан хувийг эзэлдэг гэдэг. Үр ашгийг нь дээшлүүлэх ямар боломжууд байна вэ?

-Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, ДНБ-ий 10.5 хувь, нийт ажиллах хүчний 26.1 хувийг бүрдүүлдэг. Манай улсын нийт аймаг, сумдын 80 гаруй хувь нь мал аж ахуйд суурилсан эдийн засгийн чиг баримжаатай хөгжиж байна. Мал сүрэг нь малчдын гол эх үүсвэр бөгөөд оршин тогтнох үндэс нь юм. Мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд байгалийн гамшиг, ган зудын эрсдлийн нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малын тэсвэрт чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, ашиг шим бүтээмжийг нэмэг-дүүлэх, бэлчээрийн менежмент, тэжээлийн хангамжийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэг орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилтад тулгуурлан системтэйгээр хөгжүүлэх нь үр ашгийг дээшлүүлэх боломж юм.

М.МӨНХЦЭЦЭГ