Categories
мэдээ цаг-үе

Л.Отгонбат: Нийгэмд тулгамдсан бүх асуудал арилтал бид тэмцлээ үргэлжлүүлнэ

“Нэхүүл” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүн Л.Отгонбаттай ярилцлаа.


-Урлагийн салбарын залуусаас бүрдсэн “Нэхүүл” хөдөлгөөн улс төрийн тэмцэл өрнүүлэхээр шийдсэний гол зорилго нь юу юм бэ?

-Бидний зорилго бол тун энгийн. Монголчуудынхаа сайн сайхан, үндэсний эрх ашгийн төлөө юм. Үр хүүхдүүддээ сайхан ирээдүй үлдээхийн төлөө залуу үеийн төлөөлөл бид л өнөөдөр дуугарахгүй юм бол хэн дуугарах юм бэ. Энэ бүхнийг хийе гэсэн сэтгэл зүрх бидэнд байна. Анх дөрвүүлэхнээ ширээ тойрон суугаад ийм яриа өрнүүлж эхэлсэн. Ингээд талбай дээр 30 гаруй хүнтэй гарч жагсаж байлаа. Заримдаа тавуулхнаа, арвуулхнаа ч жагсах үе байсан. Биднийг дэмжсэн хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, хоёр, гурван мянга ч хүрсэн. Талбай дээр жагсч байх үед “Нэхүүл” хөдөлгөөнийг дэмжиж байна гэсэн 80 мянга гаруй иргэн регистрийн дугаараа бүртгүүлж, гарын үсгээ зурсан. Одоо 200 гаруй гишүүнтэй болж, ТББ байгуулаад байна.

-Анх ЖДҮ-ийг эсэргүүцэж талбай дээр гарч ирсэн та бүхний тэмцэл М.Энхболдыг огцруулах улс төрийн жагсаал болж хувирсан.Түүнийг огцруулснаар Монгол Улс мандан бадрах юм шиг л тэмцэгчид уухайлж байсан. Тэгээд өөрчлөгдсөн юм байгаа юм уу?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эсэргүүцэх цуглааныг анх хийж эхэлсэн. Тэрэн дундаа “УИХ-ын дарга М.Энхболд энэ ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож түдгэлзүүлсэнгүй. Огцор” гэсэн шаардлага хүргүүлж байсан. Тиймээс “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” нэгдээд жагсаал цуглааныг зохион байгуулахад оролцсон. МАНАН байгаа гэдэгт бид эргэлзэхгүй. Монголын ард түмний газрын доорх баялгийг эд нар 29 жил цөлмөлөө. Тэр бүх хууль бус зүйл ил болоод шийтгэгдэх нь шийтгэгдээд явна гэдэгт итгэж байгаа.

Гол нь талбай дээр арав гаруй хоног гэр бариад тэмцэхдээ маш том зохион байгуулалттайгаар жагсаж чадсан. Монголчууд долдугаар сарын 1-ний үймээнээс хойш айдастай болсон. Бидний жагсаал ЖДҮ, М.Энхболдыг огцруулахад чиглэж байсан ч дараагийн зорилго маань монголчуудыг зоригжуулаад хуулийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж, цуглаан зохион байгуулаад тарж болдог гэдгийг харуулсан.

-М.Энхболдыг огцруулснаар та нарын тэмцэл зогсчихоогүй биз дээ. ЖДҮ-ийг эсэргүүцэж байсан тэмцлээ үргэлжлүүлэх үү?

-МАНАН дэглэмийн эсрэг талбай дээр гэр бариад гарч ирсэн тэмцэл маань зөвхөн М.Энхболдыг огцруулснаар дуусахгүй. ЖДҮ-гээс хамаарал бүхий этгээдээрээ дамжуулаад зээл авсан гишүүдэд бид нар хариуцлага тооц гэсэн тэмцэл хэвээрээ. Жишээлбэл, гишүүдтэй нэг бүрчлэн уулзаад хаанаас зээл авсан, хэнтэй уулзсан, тэр компани нь юу хийж байгаа гэх зэргээр задалж, нэвтрүүлэг бэлдэж болно. Бид урлагийн залуус болохоор хоёр студитэй.

-Ер нь аливаа хөдөлгөөн, жагсаал, цуглааны цаана эрх ашиг явж байдаг. Хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтний гар хөл гэж харах нь элбэг л дээ. Ингэхэд та нарын тэмцэл аль хүрээд зогсох юм бэ?

-Биднийг янз бүрээр л харлуулдаг юм. Тэмцэлд тийм их мөнгө ордоггүй юм билээ. Бүх зардлаа бид өөрсдөөсөө гаргаад л явж байна. Арав, хорь, тавь, зуу гээд л. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид дор бүрнээ хувиараа бизнес хийдэг. Бидний хэн нь ч сонгуульд явж байгаагүй. Улс төрд ч явж үзээгүй хүмүүс. Гурван сарын хугацаанд улс төрөөр бол маш их амьсгалаад эргэж гарахын аргагүй болоод л байна. Ер нь улс төрийн тэмцэл өрнүүлэхээр ажил, бизнес нөлөөлдөг юм байна. Гэхдээ бүх юманд золиос байдаг. Тэр золиосоо гаргаад л явж байна даа.

Монголд маань маш олон асуудал байна. Бүгд ядуурлаас үүдэлтэй байдаг. Монголчууд ажилгүй, ядуу байна. Хүн бүр ажилтай, орлоготой болоод, хууль тэгш үйлчилдэг болж, нийгмийн бүх асуудал арилсан цагт бид тэмцлээ зогсооно.

-Та нарыг Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдын хүмүүс гээд л байдаг шүү дээ?

-Үүнийг л гайхаад байгаа юм. Улс төрд заавал хэн нэгэнтэй хамаатуулаад байдаг юм шиг байна лээ. Тэрний хүн, энэний хүн гээд л. Бид бол хувь хүмүүс. Одоо л ТББ-аа байгуулж байна. Нээлттэй шилэн байя гээд хандивын дансаа хүртэл зарласан. “Нэхүүл”-ийн залуус бол хэн нэгэн улстөрч, бизнесийн бүлэглэлийн халаасанд орчихоор хүмүүс биш. Бизнес хийгээд үзчихсэн, баргийн хүний халаасанд орчихгүй залуус. Бид Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хүнийх нь хувьд их дэмждэг. Хандлага нь зөв гэж хардаг юм. Мэдээж зөв хүмүүсээ дэмжинэ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч дэмждэг. У.Хүрэлсүх зөв зүйл яриад явбал дэмжиж л таарна. Гэтэл У.Хүрэлсүх, Х.Баттулгын хүн гээд хамаатуулаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Улс төрд заавал хэн нэгэнд хамаатуулах ёстой байдаг юм уу. Үнэндээ Х.Баттулгыг хоёр удаа харсан. Ерөнхий сайдыг нэг ч удаа ойроос харж байгаагүй.

-Цагаан сарын үеэр та хэдийг төр шагнасан гэл үү?

-Төрийн тэргүүнтэй золгоод гарч ирсэнийхээ дараа Чингис хааны хөшөөний өмнө авахуулсан зургийг хүмүүс нийгмийн сүлжээнд янз бүрээр бичээд л нийтлээд байх юм.

-Ерөнхийлөгчтэй хүссэн болгон нь золгоод байдаггүй?

-Бид маш олон ТББ-тай нийлж жагсаал цуглаан хийж, гурван сар гаруй явлаа шүү дээ. МоАХ-ноос Биднийг “Төрийн тэргүүнтэй золгох уу” гэсэн юм. Тэгэхээр нь баяртайгаар хүлээн авч, Төрийн тэргүүнтэйгээ золгосон.1000 гаруй хүн цуваад золгож байна лээ. Гарч байгаа хүн бүрт цаасан тортой шоколад өгсөн. Бид бариад гараад ирсэн. Ингээд тавуулаа зогсож байгаад хүнээр зураг даруулсан юм. Хэдэн хүн хажууд зогсчихсон зураг дарж л байсан. Гэтэл янз бүрээр хэлж л байна лээ. Бид тоодоггүй юм.

-Та нарыг УИХ-ын даргыг унагасан гээд шагнасан юм биш үү?

-Харин тэгээд л яриад байх юм. ЗГХЭГ-ын шагнал гэх шиг (инээв). Тэгвэл шагнуулах юм сан даа.

-“Нэхүүл” бол нам бус иргэдийн хөдөлгөөн.Яваандаа намын системд орж улс төрд хүчээ үзэх үү?

-АН юм уу, МАН, МАХН-ны шударга гишүүд бидэнтэй нэгдээд ямар ч үйл ажиллагаа хийсэн бид оролцож байгаа. ширээний ард, гудамж талбайд ч хамаагүй. Тэрнээс бид нам болохгүй. Монгол Улсад өнөөдөр нам нь иргэдээсээ саналаа аваад төрөө байгуулж байгаа. Төр нь ард түмнийхээ өмнө тулгамдсан бүх асуудлыг шийдэх ёстой. Гэтэл нам бодлогоо ярихаа больчихсон. Харин хувь хүний, бизнесийн бүлэглэлийн төлөө ажиллаж байна шүү дээ. Худалдагдчихсан нам сонгодоод төрөө байгуулчихаад төртэйгөө нийлээд бизнесийн том бүлэглэлийнхээ төлөө Монгол Улсын нийгмийг хуулиар тусгаарлаж байна. Тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө газрын баялаг болон төсвийг цөлмөж байгаа. Бухимдсан ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэхээр эрх баригчид ТЕГ, АТГ, прокурор, шүүхээрээ хамгаалуулчихсан. Их хурлаараа хуулиа батлуулаад 29 жил явж ирлээ. Монгол Улс 30 тэрбум ам.долларын өртэй л гэнэ. Энэ мөнгөө зөв ашигласан бол монголчууд өнөөдөр ингэж амьдрахгүй. Улаанбаатар утаа, хүүхдийн эндэгдэл, нийгмийн ядуурал, ажилгүйдэл, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувь гээд энэ бүх асуудлыг монголын төр цэвэрлэх ёстой. Иймд бидүүнийг удирдаад төрд үлдсэн хүмүүсийн сүүлийн толгойлогч гэж М.Энхболдын эсрэг дайрсан. Одоо М.Энхболд огцорсноос зөв шийдэлдээ орж байна уу, ҮАБЗ онц байдлаа зарлаад шийд гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хүн болгон л биднийг УИХ-д өрсөлдөх нь гээд ярьдаг л юм. Бид тэс өөр системээр ажиллана.Улс төрд тодорхой хэмжээгээр бид өөрсдийн гэсэн хатгуурыг хийгээд явна. Тэрнээс УИХ-ын гишүүн, дарга болъё гэж хүсдэггүй.

-Ямар хатгуур?

-Жишээлбэл, сонгуулиар бид нар тойрог болгонд хүрч ажиллана. Нэр дэвшигчдийн түүх, амьдралын түүхийг нь сонгогч түмэнд яриад, гаргаж болохгүй гэсэн хүнийхээ эсрэг пиарыг хийнэ. Тухайн улстөрчтэй хэрэлдэхгүй. Зөвхөн сонгогчидтой ажиллана. Бид залуучууд учраас өөрөөр сэтгэж чадна. Саяын тэмцлүүдийг ч гэсэн тэгж хийсэн шүү дээ. Хүнээс хууль хариуцлага нэхэж байж, хууль зөрчиж болохгүй. Сонгуулиар санаанд оромгүй цохилтуудыг хийнэ.

-Нэр дэвшигчдэд өөрсдийнхөө үзэмжээр хандана гэсэн үг үү?

-Шууд тойрог, тойрог дээр нь нэрийг нь зооно. Жишээлбэл, М.Энхболд нэр дэвшсэн байвал “Түүнийг гаргаж болохгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ” гээд сонгогчидтой ажиллана. Тэдний өрсөлдөгчдөд давуу эрх олгоно. Шинэ залуу нэр дэвшигчид байсан ч тэдний төлөө өөрсдийнхөө санхүүгээр дэмжинэ. Бид энэ зорилгодоо хүрч ажиллахын тулд өнөөдрөөс залуусаа бэлдэнэ. Ингэж байж л арван жилийн дараа чиний үр хүүхэд сайхан амьдарна гэдгийг ойлгуулж, ярьж, ухуулж, дандаа чин сэтгэлийн уулзалтууд хийнэ.

-Тэгэхээр та нарыг сонгуулиар хэн нэгний гар хөл болж, захиалгаар ажиллаж байна гэж харахаар юм байна?

-Хүн бүхэнд хардах эрх бий. Бид хэн нэгэнд таалагдах гэж, нэр хүнд олох гэж энэ бүхнийг хийхгүй. Зөвхөн үндэсний эрх ашгийн төлөө хийх гэсэн зөв юмаа л хийнэ. Үнэн гэж байх ёстой.

-Дараагийн акциа хэзээ хийхээр төлөвлөж байна даа?

-Бидний хувьд төлөвлөж байгаа олон ажил бий.“МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” дор ТББ-ууд нэгдэж найман заалт бүхий шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлсэн. Одоо онц байдал зарлаж, АТГ, ТЕГ, прокурорын байгууллагуудын дарга нарыг бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Салбар яамдуудын сайд нарыг мэргэжлийн хүмүүсээр томилох ёстой. Ерөнхий сайд нь улстөрч байгаад яамдуудаа мэргэжлийн хүмүүсээр удирдуулбал Монгол Улс өндийх боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгаж төлөх боломж байгаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн явцын талаар ярилцлаа.


-Та бүхэн өнгөрсөн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллаад ирсэн гэж дууллаа. Шинэ мэдээлэл юу байна?

-Жил гаруйн өмнө байгуулагдсан “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийнхэн тус үйлдвэр рүү сая хоёр өдрийн томилолтоор яваад ирлээ. Ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн нэмэгдэж орж байгаа. Энэ удаагийн явалтаар ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, О.Баасанхүү гишүүнд тодорхой мэдээллүүдийг нэмэлтээр авах албан уулзалтуудыг хийсэн.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажилчидтай хэд хэдэн удаа уулзаж мэдээллүүд авсан. Энэ хүрээндээ Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл, “Эрдэнэт”-ийн өнөөдрийн гүйцэтгэх удирдлагад асуудлууд тавьсан байгаа. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс тодорхой хариунууд ирсэн. Харамсалтай нь Засгийн газраас тодорхой хариу огт өгөхгүй байгаа. Тиймээс ажлын хэсгийн ажил тодорхойгүй байдалд ороод байгаа.

-Ер нь ажлын хэсэг үр дүн муутай байна гэсэн шүүмж байгаа л даа. Эрх баригчид та бүхнийг сонсохгүй байна уу?

-Засгийн газар бидний өгсөн асуудлууд дээр хариу өгөхгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудал өөрөө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдолтой бичиг баримтуудыг хуулийн заалт яриад бидэнд гаргаж өгөхгүй зэрэг үндсэн шалтгаануудаас болоод ажлын хэсгийн үйл явц тодорхой хэмжээнд удааширсан. Гэхдээ бид аль болох Монголын талд ашигтайгаар асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө явж байгаа.

-Энэ хугацаанд зээлийн хүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шүү дээ?

-Сүүлд авсан мэдээллээр 126 гаруй сая ам.долларын төлбөр гараад явж байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн болон Монгол орны эдийн засагт тодорхой хохирол учруулж байна. Тиймээс Засгийн газар зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байгаа.

-Ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт хэд хэдэн удаа албан бичиг өгсөн гэж байсан. Яагаад хариу өгөхгүй байна вэ. Тэгэхээр ажлын хэсэг ямар арга хэмжээ авах вэ?

-Ажлын хэсгээс өгсөн албан бичигт хариу өгөөгүй ч хаврын чуулган нээгдэнгүүт асуудлыг хоёр байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх ажлыг яаралтай хийнэ.

Эрдэнэтийн өрийг хэн барагдуулах вэ гэдэг субьектийг тодорхой болгож өгөх нь хамгийн чухал гэж харж байгаа. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх юм уу, аль эсвэл ТУЗ нь үү, компанийн гүйцэтгэх удирдлага шийдэх ёстой юм уу. Энэ эрх мэдлийг олгох асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна. Одоогийн хууль хяналтын байгууллагын процедураас харах юм бол кабинетийн зарчмаар шийдсэн зарим нэг асуудал дээр Ерөнхий сайдыг нь бариад хорьчихож байна. Тиймээс У.Хүрэлсүх энэ практикаас хараад асуудлыг шийдэхгүй хаячихаад байх шиг. Нэгэнт тодорхой шийдвэр байхгүй байхад ТУЗ, гүйцэтгэх удирдлага энэ төлбөр төлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх юм бол дараа нь хэрэгт унана гээд айж байна шүү дээ. Тиймээс энэ УИХ-ын тогтоолоор тодорхой хэмжээгээр өрийг хямдруулж төлбөр төлөх олон улсын практик байдаг, үүнийг шиидэх эрхийг нь нээж өгөх ёстой.

-Ямар?

-Жишээлбэл, “Хан ресурс”ын хэрэг байна. Арбитрын шүүхээр шийдсэн 300 сая ам.долларын төлбөрт унасан асуудлыг тухайн үеийн Засгийн газрын гишүүн хэлцэлд ороод 70 сая ам.доллараар буулгаж байсан. Энэ практикийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгах боломж бий. Энэ эрхийг нь Засгийн газарт юм уу ТУЗ, гүйцэтгэх удирдлагын аль нэгэнд нь УИХ-ынхаа тогтоолоор зааж өгөх ёстой. Ингэж зааж өгөхгүй бол албан тушаалтнууд хариуцлагатай хандахгүй байна.

-Буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлөөлүүлэх ёстой гээд байгаа шүү дээ?

-Өнөөдрийн эрх баригчид ингэж яриад байгаа юм. Тэгэхээр энэ бол хэтэрхий ард түмнийг аргацаасан ганган үг л дээ. Өнөөдрийн хууль эрх зүйн байдалд тааруулж үйл ажиллагаагаа хурдтай хийхгүй бол болохгүй нь ээ. Энэ асуудалд холбогдсон албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх ямар ч боломжгүй болсон. Өнөөдөр АТГ, прокурор тэднийг тодорхой хуулийн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Гэхдээ 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар энэ луйврыг хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж луйвардсан асуудал 2013 оноос өмнө явагдаад дууссан хэрэг. Гэтэл энэ Эрүүгийн хуулиар албан тушаалтнуудад хэрэг тооцох хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ таван жил болоод өнгөрсөн байна. Хэдийгээр АТГ, прокурор яллагдагчаар татаад хэрэг үүсгээд явж байгаа ч гэсэн шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэрэгсэхгүй болно. Тэгэхээр энэ хүмүүс ялаас мултрах юм байна. Ганцхан Ш.Батхүү үлдэнэ. Тэрээр “Хоёр чихийг минь ав” гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж дуусахыг хүлээнэ гэдэг ямар ч утгагүй зүйл.

-Тэгвэл “Эрдэнэт”-ийн өрийг хэн төлөх юм бэ?

-“Эрдэнэт” үйлдвэр, Засгийн газар энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа. Мэдээж гэмт этгээдүүдээр тодорхой хөрөнгийг нь гаргуулж төлүүлэх асуудал цаашдаа төлбөр төлөхтэй зэрэгцээд явагдах ёстой.

-Гэтэл Ш.Батхүүгийн хөрөнгүүд алга болсон гэсэн мэдээлэл байдаг байх аа?

-Ш.Батхүүгийн ийш тийш зувчуулсан, бусдад бэлэглэсэн, хуулиас зугтаалгасан тэр их хөрөнгийг ил болгох ажлыг яаралтай хийх ёстой. Хамгийн том хоёр хөрөнгө байгаа. Нэг нь Нямдорж гуйан хамсаатан Алтанд бэлэглэсэн Олон овоотын ордыг улс буцааж авах хэрэгтэй. Дээрээс нь Б.Хурц гэдэг нөхөрт очсон гэгддэг“Жаст” нефть бааз, шатахуун түгээх станцуудын асуудал байна. Эдгээр хөрөнгийг хайж илрүүлэх ажлыг хийх нь чухал. Энэ мэтчилэн Ш.Батхүүгийн хөрөнгүүдийг ил болгосноор “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан өрнөөс тодорхой хэмжээний төлбөрийг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх боломжууд нь нэмэгдэнэ.

-Төлбөр төлөх дээр “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлагууд ямар тайлбар өгч байх юм?

-Төлбөр төлөхтэй холбоотой эхний уулзалтыг Стандарт банктай тодорхой зуучлагч компанийн оролцоотойгоор Эрдэнэтийн удирдлагууд хийсэн байна. Харамсалтай нь энэ зуучлагч компани өөрөө анх “Стандарт” банкнаас зээл авахад оролцож байсан компани. Гэтэл энэ компанийг буцаагаад өр төлбөр төлөхөд оролцуулж байгаа нь асуудлыг үнэн зөвөөр, Монголд ашигтайгаар шийдэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа.

-Ямар компани юм бэ. Яагаад энэ компанийг авсан юм бол. Энэ тухайгаа тайлбарлаж байна уу, ажлын хэсгийнхэнд?

-“Ocean partners гэдэг компани байна.

-Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр УИХ-ын тогтоол шийдвэр гаргасны дараа Засгийн газар хөдөлж эхлэх нь ээ?

-Ер нь субьектийг нь УИХ-ын тогтоолоор гаргаж өгөхгүй бол У.Хүрэлсүх асуудлыг шийдэх тал дээр хөдлөхгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлыг хэсэг бүлэг нөхөд хуйвалдаж байгаад хийсэн юм байна. Гэтэл тэр улсуудыг гэм буруутайг нь тогтоогоогүй, шүүхээр асуудал шийдээгүй байхад улсын төсвөөс юм уу “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнөөс төлбөр хийчих юм бол дараа нь У.Хүрэлсүх гэдэг хүн ялд унах нөхцөл байдалд орж болзошгүй. Бүх хүн ийм айдастай байгаа. Тиймээс УИХ-ын тогтоолоор олон улсын практикт байдаг өр хямдруулах хэлэлцээнд орох субьектийг нь тогтоож өгөх нь чухал.

-Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдвал цаашид ямар асуудал үүсэх вэ?

-“Эрдэнэт” үйлдвэртэй худалдааны гэрээ хийж байгаа компаниудаар дамжуулж төлбөрийг нь авах тухай асуудал энд яригдана. Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь дансаас төлбөр суутгана. “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагыг гадаадын аль нэг оронд явахад нь баривчилна. Мөн төлбөр төлөгдөхгүй бол Монголын онгоцыг гадаадад явахад нь барьцаанд авах ч юм уу арга хэмжээнүүдийг авна.

-Анх “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал олны анхаарлд ороход гарын үсэг хуурамч байсан гэгдэж байв. Ер нь арбитрын шүүх Монгол Улсад ашигтайгаар шийдвэр гаргах боломж байсан уу?

-Ер нь гэрээ бол хуурамч, жинхэнэ эсэхийг нь Арбитрын шүүх тогтоосон. Хуурамчаар үйлдсэн баримтуудынх нь төлбөрийг хассан. Харин яг гарын үсэг баталгаатай зурагдсан гэрээнд тодорхой төлбөр ногдуулсан байгаа. Гэхдээ нэгэнт Арбитрын шүүхийг давж заалдах хугацаа нь өнгөрсөн учраас энэ шийдвэр эцсийнх.

Уг нь Арбитрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед нь тодорхой хэмжээгээр Монгол Улсын зарим албан тушаалтнууд луйвардаж энэ гэрээг хийсэн байна гэдгээ дотоодын шүүхээр шийдээд, тодорхой хэмжээний этгээдэд гэм бурууг нь тооцоод явсан бол Арбитрын шүүх шийдвэрээ арай илүү эергээр, манай талд ашигтайгаар гаргах байсан. Харамсалтай нь албан тушаалтнуудыг шүүхээр шийдвэрлэх процесс нь удааширсан. Дээрээс нь энэ хэргийг тодорхой хэмжээнд нуун дарагдуулсан асуудлаас болоод Арбитрын шүүхэд сайнаар нөлөөлж чадаагүй. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэн ялаас мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаанаас болж өнөөдөр Монгол Улс хохирч байна.

-Ажлын хэсэг дахиад “Эрдэнэт” үйлдвэр рүү очих шаардлага байгаа юу?

-Одоо дахиж “Эрдэнэт” рүү очиж уулзалт хийхгүй. Улаанбаатар дахь “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газарт зарим албан тушаалтнуудыг дуудаж уулзах замаар ажлын хэсгийн зөвлөмж гаргана. Үүнийгээ УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, шаардлагатай тогтоолын төслийг гаргана.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон Тендерийн хуулийн хэлэлцүүлэг үр дүнтэй болж байсан. Та өргөн барьсан төсөлд орж байгаа гол, гол өөрчлөлтүүдээ дурдахгүй юу?

-Тендерийн хуулийн хэлэлцүүлэгт 60 гаруй төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид идэвхтэй оролцож хуримт-лагдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцыг илэн далангүй ярилцлаа. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлож үнэтэй санал санаачилга гаргасан Монголын Үндэсний худал-даа аж үйлдвэрийн танхим, Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ, Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл, ААН-үүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдадаа энэхүү зав-шааныг ашиглан талархалаа илэрхийлье. Тус хэлэлцүүлгээр Тендерийн өрсөлдөөний нэрийн дор худалдан авах ажиллагаанд эрх мэдэлтний эрх ашиг давамгайлж, тендер шалгаруулалтын олон нөхцөл, шаардлага нэрээр хүнд суртал, гох дэгээ үүсгэж хэлбэртэх тал руугаа хазайж байгаа тухай нийгэмд бий болсон хардалт, авлига, ашиг сонирхлын зөрчил, бүлэглэл бий болсон зэрэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа бодитой алдааг түргэн засах шаардлага үүссэнийг ярилцлаа.

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон шаардлагууд үүсээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй шинэлэг алхмуудыг санал болгосон боловч орхигдуулсан асуудлууд байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярилцаж хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд ярилцахыг санал болголоо.

-Ээлжит бус чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэж батлахаар яригдаж байгаа юу?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Татварын багц хуулиудыг хэлэлцэж батлахаар ээлжит бус чуулган зарлагдахаар яригдаж байна. Тэгвэл тендерийн хуулийн одоогийн өргөн баригдсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах байх. Ингэснээр 2019 оны Төрийн худалдан авах ажиллагаа энэ хуулиар явагдах боломжтой болох юм.

-Үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчинг төрөөс дэмжинэ гэлээ. Хэр бодитой дэмжлэг болох бол. Өнгөрсөн жилүүдэд дотоодын худалтан авалтыг дэмжих талаар Засгийн газраас үүрэг даалгавар өгч байсан. Хэр үр дүн гарсан юм бэ?

-Эх оронч худалдан авалтын тухай л яриад байгаа юм. Ажлын байр бий болгохын тулд үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой. Татварын хөнгөлөлтөөс өөрөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг том хөшүүрэг бол Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлд-вэрлэлд давуу эрх олгох, зөвхөн үнээр бус чанараар нь дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хооронд нь өрсөлдүүлэх замаар чанар, стандартыг нь сайжруулах явдал юм. Тендер тойрсон авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай, тэр нь төрийн хяналттай байх зэрэг нэлээд том шинэчлэл хийхээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд шалгаруулалтад гадаадын нийлүүлэгч оролцохыг хориглохоор тусгасан. Жишээ нь, 2017 онд төсвийн 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 46.7 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн. Өөрөөр хэлбэл, 522 сая доллар буюу 96.7 хувь нь импортын бараа, 46.7 тэрбум төгрөг буюу 3.3 хувь нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч Монгол Улсын валютын нөөцийг гадаад улс орнууд руу экспортолж дотоодын бизнесийн орон зайг хумьж, гадаад валютын ханшийг өсгөж, Монголынхоо нийгмийн баялгийг үнэгүйдүүлж байгаа бодит жишээ юм.

-Ногоон худалдан авалтын тухай яригдаж байгаа. Байгальд ээлтэй технологийг дэмжиж байгаа юм байна, гэхдээ хангалттай сайн тусч чадсан уу?

-Сэргээгдэх эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэх асуудлыг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих бололцоо энэ хуулиар бүрдэх болно. УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-т Засгийн газрын ногоон худалдан авалтыг 2020 он гэхэд нийт худалдан авалтын 20 хувьд, 2030 онд 30 хувь болгож өсгөх зорилт тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

-Урьдчилсан худалдан авалтын тухай шинэлэг зүйл орж ирсэн гэл үү. Энэ талаар та сайн тайларлаад өгөхгүй юу?

-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэдэг нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж батуулахаас өмнөх шатанд худалдан авах ажиллагааг нь урьдчилан зохион байгуулахыг хэлээд байгаа. Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Тухайлбал, Олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад зургаан сараас нэг жилийн хугацаа алддаг байна. Хугацаа сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийг үргүй урсгал зардал гардаг асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.

-Цахим худалдан авалт, цахим дэлгүүрийн тухай яригдаж байсан?

-Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгох, цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой. Ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахыг хориглож байгаа.

-Ихэнх тендерүүд онлайнаар зарлагддаг болсон. Цахим дээр тендерийн хугацааг өөрчлөх сул талтай. Тендерийг сонинд зарладаг болмоор байна. Яагаад гэвэл дэлхий нийт цаасан хэвлэлийн үнэн гэж хардаг?

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх тухай 21 дүгээр зүйлд “захиалагч нь тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан байгаа. Энэ асуудлыг өөрчлөх зүйл заалт энэ нэмэлт өөрчлөлтөд ороогүй. Тиймээс дээрх заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

-Хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ та дутуу орхигдсон олон саналууд байгаа гэж хэлж байснаа тодруулахгүй юу?

-Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн тухай ойлголтыг тодотгон найруулгыг сайжруулах шаардлага байна. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээгээр шалгарсан шаардлага хангасан тендерүүдийг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь харьцуулалтын хамгийн бага үнэ. Энэ агуулгаар төслийн заалтыг өөрчлөх саналтай байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд тендер шалгаруулалт нь чанарын болон үнийн гэсэн хоёр үе шаттай, чанарыг стандарт, техникийн тодорхойлолтоор нь дүгнэн шалгаруулдаг. Гэвч төрд чанаргүй бараа ажил үйлчилгээ нийлүүлдэг, авлигалын гинжин холбоог таслан зогсоох ёстой.

-Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргахдаа 20 сая хүртэл барьцаа хөрөнгө байршуулахаар оруулж ирсэнийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газрын төсөлд худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гаргахад барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах иргэний эрхийг хөндсөн Үндсэн хуулийн шинжтэй зөрчил үүсгэж болзошгүй тул барьцаа төлбөр авах заалтыг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ үндэслэлгүй гомдол гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг гацаадаг зохисгүй хандлагыг өөрчлөх, тендерийн баталгаагаар нь дамжуулан хариуцлагажуулах нь зүйтэй гэж үзэж хуулийн холбогдох заалтыг өөрчлөх санал оруулж байна. Энэ асуудлаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ-аас ирүүлсэн саналтай ажлын хэсэг санал нэг байгаа.

-Тендерийг танил талдаа өгдөг зэрэг хэл ам тасардаггүй. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэж чадахаар байна уу?

-Нэмэлт өөрчлөлтөөр олон дэвшилттэй, шинэлэг заалтууд орсон ч хангалттай биш байгаа. Тендер нэрээр авлигын сүлжээ бий болгон төрийн ажлыг үнэгүйдүүлж, төрийн албаны нэр хүндийг унагаж хууль бусаар хөрөнгөждөг, тендер дагасан бизнесийн сүлжээг таслан зогсоох хууль, эрх зүйн орчны дорвитой өөрчлөлт үгүйлэгдэж байна. Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх хэрэгтэй. Зах зээлд санхүүгийн боломжтой цөөн тооны компани тендерийг ээлжлэн авах, өрсөлдөөнгүй орчинд чанар муутай ажил үйлчилгээг өндөр үнээр шахах, улмаар мэргэжлийн багийг авч туслан гүйцэтгэгчээр оролцуулдаг байдал нь төсвийн хөрөнгө үр ашгийг бууруулах, чанаргүй бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх бодит шалтгаан болж байна. Тендерт шалгарсан компанид тавих захиалагчийн хяналт сул байна. Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тавих явцын хяналт болон хариуцлагын тогтолцоо хангалттай биш учраас чанаргүй бараа ажил үйлчилгээг төрд нийлүүлсээр байна. Зөрчлийн тухай хууль батлагдан гарснаар тендерийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалт байхгүй болсон нь тендерийн хуулийн хэрэгжилтийн хуулийн албадлага, үр нөлөөг сулруулсан. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг өөрчлөх мөн Мэргэжлийн холбоодын шинэ хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна.

-Та хар жагсаалтын тухай ярьж байгаа. Энэ хуулиар шийдэж чадах уу?

-Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын хар жагсаалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зарлах, худалдан авах ажиллагаанд оролцуулах эрхийг хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх шаардлагатай. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах, тендерийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тооцох, холбогдох хуулиудыг өргөн барих шаардлагатай байна.

-Хэлэлцүүлгээс дэвшүүлсэн томоохон саналууд юу юу байв?

-Өнөөгийн хуульд заасан тендер шалгаруулахад харгалзах үзүүлэлтүүд нь техникийн алдаа, дутагдал олоход зориулагдсан, хардаж сэрдсэн шинжтэй эсвэл нэгдмэл сонирхол гэгчээр хайцайлж, хамтын ажиллагааг үгүйсгэсэн байгаа тул бүгдийг хасаж, тухайн ААН-ийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг, тогтвортой үйл ажиллагаа, техник, технологийн түвшин, чадвар зэрэг цөөхөн ерөнхий нөхцөлийг оруулах нь зөв гэж үзэж байгаа. Өнөөгийн ажилгүйдэл ядуурлын гол шалтгаан нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагаас үүдэлтэй гэдэгтэй хүн бүхний санал нэгдэж байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хамгийн том хөшүүргийн нэг нь тендерийн хууль гэж оролцогчид үзэж байлаа. Өргөн барьсан төсөлд туссан ерөнхий гэрээний тухай заалтад ажлын хэсэг анхаарлаа хандуулж ажиллана.

-Тухайлбал?

-Тогтвортой хөгжил гэдэг маань удаан хугацааны турш тэгшхэн, харьцангуй өндөр өсөлттэй хөгжих боломж бүхий салбар, үйлдвэрлэлийг дэмжих явдал юм. Үүний тулд мал аж ахуй болон эрдэс түүхий эдийн нөөцийг зөв ашиглан үйлдвэржих, эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг дэд бүтцийн хамт хөгжүүлж, технологийн дэвшлийн агууламж, бүтээмж өндөртэй, байгаль орчинд хал багатай байнгын ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах явдал юм. Үүний тулд жил бүр тендердэхгүйгээр үйлдвэрлэгч нийлүүлэгч хоёрын урт хугацааны найдвартай ажиллагааг хангах, төр өөрийн хэрэгцээт зүйлийг эх орныхоо үйлдвэрлэлээс байнга хангах зарчмыг хатуу хуульчилж өгөх ёстой. Иймээс хуулийн төсөлд туссан “Ерөнхий гэрээ”-г таваас доошгүй жилээр байгуулах саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байгаа. Мөн гэрээнд үнийн дүнг тусгах бус авч өгөлцөх барааны тоо хэмжээ, хугацааг нарийн тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ялангуяа хот хөдөөгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийлүүлэх мах сүүний үнэ улирлын чанартай өөрчлөгдөж байдаг шүү дээ. Өөр нэг шинэлэг санаа бол зөвхөн эх орны бараа, ажил үйлчилгээг ерөнхий гэрээгээр зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Дүрэмт хувцас, ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас гэдэг томоохон зах зээл байна. Энэ зах зээлийг үндэсний үйлдвэрлэл бүрэн авч чадвал маш их валютын гадагш урсгалыг хаах байх даа?

-Тэгэлгүй яахав. Энэ хувцасанд жилд бараг 70 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг тооцоо байсан. Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихийн тулд зохион байгуулалтын болон ирээдүйг харсан арга хэмжээ ч хэрэг болно. Жишээ нь, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа, үйлчилгээний жагсаалтыг гарган, тэдгээрийг худалдан авах үүрэг, захиалга өгөх, чанар загварын талаар тавих шаардлагыг боловсруулж, эх орны чанар стандарттай шинэ бүтээгдэхүүнийг дэмжих ажлыг Засгийн газар, холбогдох байгууллагууд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх заалтыг УИХ-аас гаргах тогтоолоор зохицуулах боломжтой.

-Тендерийн үнэлгээний хороонд олон нийтийн төлөөлөл хэдэн хувь байхаар орсон юм бол?

-Олон нийтийн төлөөллийг 50 хүртэл хувь гэж төсөлд яваа. Үүнийг 50-иас доошгүй хувь гэж оруулахыг санал болгож байна. Үнэлгээний хорооноос гадна тендерийг бэлтгэх явцад даалгаврыг бэлтгэж гаргахад мэргэжлийн эксперт хүмүүсийг мөн оруулж байхгүй бол тендерийн шалгуур нь бараа бүтээгдэхүүнээ бэлдэж нийлүүлэх хугацаагүй зарлагдах явдал гардаг тухай ярьж байна. Эксперт хүмүүс бол орчин үетэйгээ хөл нийлүүлэхэд, шинэ техник технологи нэвтрүүлэхэд тэр даалгавраа нэлээн чиглүүлэх болов уу. Хуулийг хөрсөн дээр хэрэгжүүлдэг хүмүүс нь бодит амьдрал дээр гардаг асуудал, бэхршээлүүдийг гарц шийдэлтэй нь ярьж байна. Одоогийн өргөн барьсан төсөлд 20 гаруй өөрчлөлтийн хүрээнд тодорхой хэмжээгээр сайжирсан. Гэхдээ энэ нь өнөөгийн түвшинд, манай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүчтэй дэмжлэг болж чадахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Худалдан авах ажиллагааны нэр хүнд сайнгүй төрийн худалдан авалтын маргаан улам нэмэгдсээр байгаа. Жишээ нь, 2017 онд Сангийн яаманд 813 тендерийн гомдол ирсэний 453 буюу 55 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гарсан нь тогтоогдсон. Энэ нь үндэсний үйлдвэрчлэгчдийн борлуулалтын зах зээлийг булаацалдаж шударга бус шийдвэр гарч байгаа бодит жишээ юм.

-Энэ ярьсан шиг, хэлэлцсэн шиг бүх асуудлуудаа шийдээд явчихвал сайхан л болох нь. Хэлэлцүүлэг хийгээд сайхан яриад л орхигдчихдог тал бий дээ.

-Бид нар нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг хэлэлцүүлэг хийсэн дүр эсгэх гэж энэ асуудлыг яриагүй. Шийдэхийн тулд ярьж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан асуудлын хүрээнд л ярих эрхтэй. Шинэ санал санаачилгыг оруулаад явах боломжгүй л байгаа. Ер нь бол хуулийн шинэчилсэн найруулгаар оруулах зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс, эрдэмтэн судлаачид хөндөж байгааг бид анхаарна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Эрхэмбаатар: Эрх баригчид өмгөөлөгчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хяналт тавих гэж санаархаж байна

– ӨМГӨӨЛЛИЙНТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ХУУЛЬЧИДЗАСГИЙНГАЗРЫНХАРААТБАЙДАЛДОРНО-

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төслийг намрын чуулган завсарлахын өмнө хэлэлцэж, байнгын хороогоор дэмжигдсэн билээ. Тэгвэл уг төслийг өмгөөлөгчид дэмжихгүй байгаагаа илэрхийлээд буй. Энэ асуудлаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өмгөөлөгчид яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Өмгөөллийн тухай хуулийн цаана зөвхөн өмгөөлөгчдийн эрх ашиг яригдахгүй. Энэ бол ганцхан өмгөөлөгчдөд хамаатай хууль биш. Иргэд шүүхийн өмнө өмгөөлүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэхэд Өмгөөллийн тухай хуулийн зорилго орших ёстой юм. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хууль байх шаардлагатай гэж үзвэл энэ нь өмгөөллийн үйлчилгээг авч байгаа иргэдэд үйлчилдэг байх ёстой гэсэн үг. Одоогийн хэлэлцэж байгаа Өмгөөллийн тухай хуулийн үзэл санаа, хуульд оруулсан зохицуулалтууд нь энэ зорилгодоо хүрэхгүй байгаа учраас өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хоёрдугаарт, зөвхөн байгууллагын хууль болсон гэж үзэж байгаа. Өнөөдөр хуульчид жилд 240 мянган төгрөгийн татвар төлдөг. Дахин нэг байгууллага байгуулбал татварын ачаалал үүсэхээр байна гэж зарим өмгөөлөгч нар үзэж байна лээ. Гуравдугаарт, Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбоотой үүсч буй хамгийн том сөрөг тал бол хуульчдын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг үгүй хийж, эрх баригчид хуульчдыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хяналт тавих, өөрт хамааралтай болгох оролдлого далд хийж байна л даа.

-Эрх баригчид өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд яаж хяналт тавина гэж?

-Таван жилийн өмнөөс бид Хуульчдын холбоогоо байгуулаад ажилласан. Энэ холбоо бол мэргэжилтнүүдийн нэгдэл. Прокурор, өмгөөлөгч нар хуульчийн хувьд нэгдэж байгуулсан. Одоогоор 5500 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хуульчдын холбоо нь хуульчдад тусгай зөвшөөрөл олгохоос өгсүүлээд цуцлах хүртэлх бүх шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Хуульчдын холбоо нь Засгийн газар, эрх баригчдаас зуун хувь хамааралгүй, хараат бус бүтцийг үүсгэж чадсанаараа том давуу талтай. Иймээс ч бид эрх баригчдын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг зоригтой шүүмжилж, тодорхой ажиллагаа хийж байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний шаардлага хангаагүй томилгоо, Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх асуудал, иргэдийн Захиргааны шүүхэд хандаж, хуульд заасан эрхээ хамгаалуулах бололцоог хаасан Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт, ЖДҮ-тэй холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах стратегийн өмгөөллийг хэсэг хуульч сайн дураараа хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмгөөлөгчид маань эрх баригчдаас хараат бус, бидний хувь заяа хуульчдын гарт байгаадаа л зоригтой ажиллаж чадсан. Гэтэл эрх баригчид ийм орон зайг олгосон гэдгээ олж хараад хуульчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах улмаар өөрөөс хамааралтай байлгах, хамаарлаа хэрэгжүүлэх эхний алхам нь Өмгөөллийн тухай хуулийн ард нуугдаж байна.

-Энэ хуулийн төсөл чинь өмгөөллийн эрх зүйн байдлыг сайжруулж, өмгөөлөгчдийг тагнаж, чагнадаг, өмгөөлөх эрхийн баталгаа хангагдаж чадахгүй байгааг дээшлүүлэхэд чиглэсэн юм биш үү?

-Эрх баригчдын зүгээс ямар ч хуулийг сайн санааны үүднээс, эерэг үр дүнг хүлээж хуулийн төслөө боловсруулдаг гэж тайлбарладаг. Гэвч цаана нь ямар санаа яваад байгааг хуульчид олоод харчих чадвартай л даа. Хуульчид мэргэжилтний хувьд нэгдээд хараат бусаар үйл ажиллагаа явуулах бүх харилцааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг огт ишлээгүй байна. Уг нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдийг хэлнэ” гэж бичигддэг хууль зүйн техник бий шүү дээ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хурал дээр тайлбар хийхдээ “Энэ хуулийг эхлээд баталъя. Батлахад гишүүд ямар байр суурьтай байна гэдгээс хамаарч дараагийн хуулийг оруулж ирье” гэж байна. Тэр дараагийн хууль нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Эрхэм сайдын хэлснээр хоёр хуулийн төсөл бэлэн гэж байна. Нэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг устгах, хүчингүй болгох. Ингэснээр засаг өөртөө хуульчийг сонгон шалгаруулах тусгай зөвшөөрлийг өгөх эрх мэдлийг авах, эсвэл энэ хуулийг боловсронгуй болгох гэсэн хоёр санаатай хуулийн төсөл бэлэн болсноо салбарын сайд аль хэдийнэ зарласан.

-Хэрэв Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болговол яах вэ?

-Хуульч сонгон шалгаруулах тухай хууль өмнө нь үйлчилж байгаад хүчингүй болж байсан. Засаг өмнө нь өөрөө тэр хуульчийн тусгай зөвшөөрлийг олгож байсан учраас уг хуулиа сэргээхэд л хангалттай. Ингэвэл хуульчид маань өнөөдөр Засгийн газрын буюу хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд шууд оччихож байгаа юм. Нэгэнт энэ бүгд ил харагдаад байгаа учраас бид эсэргүүцээд байна.

-Өмгөөлөгчдөөс гадна шүүгч, прокурорууд хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналтад ороод ирнэ гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Дээрээс нь хуульчийнх нь тусгай зөвшөөрлийг үндэслээд хүчингүй болгочихвол шүүгч, прокурор хийх боломжгүй болчихно. Тэгэхээр хараат бусаар бие даан ажиллах бололцоогүй болж, эрх баригчдын шууд хамааралтай болох бодитой эрсдэл байгаа юм.

-Өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам хуульчийн сонгон шалгаруулалтыг явуулж байсан байх аа. Тэр үед чанаргүй хуульчдыг төрүүллээ гэсэн шүүмжлэл нэлээд байсан санагдаж байна?

-Өмгөөллийн тухай хуулийг хуульчид маань эсэргүүцээд байгаа бас нэг шалтгаан бол энэ юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байх үед ойролцоогоор 40-45 хувьтай шалгалтад тэнцээд хуульчийн тусгай зөвшөөрөл олгодог байсан. Энэ бол их өндөр хувь. Өөрөөр хэлбэл чанаргүй хуульчид төрөн гарах бололцоотой явж ирсэн. Эргээд чанаргүй хуульчид иргэдийг хохироох, улмаар хуульчдын нэр хүндийг унагах, хуульд итгэх итгэл алдрах үр дагаврыг өөртөө агуулдаг байсан. Хуульчдын сонгон шалгаруулах эрхийг хуульчид өөрсдөө авснаар шалгалтын босгыг өндөрсгөсөн. Нэгэнт бид өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх хуульчид авах учраас сонгон шалгаруулалтыг өмнөхөөс нь чангатгасан л даа. Нийт 1500 хүн сонгон шалгаруулалтад бүртгүүллээ гэхэд арав орчим хувь нь сонгон шалгаруулалтыг давж байна. Энэ хэрээр чанартай, мэдлэгтэй, ёс зүйтэй хуульчдаас эргээд шүүгч, прокурор болох боломж нь дараа, дараагийн шатанд нээгдэж байгаа юм. Шүүхийн боловсон хүчний бодлого үүн дээр зангидагдаж байсан учиртай. Гэтэл Өмгөөллийн тухай хууль батлагдвал хараат бусаар сонгон шалгаруулалт явуулах бололцоогүй болоход нэг алхам ойртоно. Хэн нэгэн дарга утасдаад л дуртай хүнээ шалгалтанд тэнцүүлдэг байсан хуучин тогтолцоо руугаа эргээд орно. Ажлын талбар дээр чанаргүй хуульчийн мэдлэг, ёс зүй нь дутна. Ийм эрсдэл цаана нь яваад байгаа юм.

-Өмгөөллийн тухай хууль батлагдвал өмгөөлөгчид эрх баригчдын хараат байдалд шилжинэ гэж та хэлээд байна л даа. Үнэндээ өнөөдөр манай хуульчид эрх мэдэлтнүүдээс бүрэн хараат байж чадаж байгаа эсэхэд иргэд, олон нийт эргэлздэг л дээ?

-Өнөөдөр хууль ёс засаглах ёстой юм бол хууль чанартай байх хэрэгтэй. Шүүх иргэдийн маргааныг хуульд нийцүүлэн шударгаар шийднэ гэж байгаа бол хуульчид чанартай л байх ёстой. Ингэснээр систем хэвийн явж, шүүхээр эрхээ хамгаалуулах бололцоо нээгдэх юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн цаана нь боловсон хүчний бодлого явж байгаа. Тиймээс бид одоогийн тогтолцоогоо хамгаалж үлдээд улам боловсронгуй болгон чанартай хуульчдаар эгнээгээ бүрдүүлж, мэргэжлийн нэр хүндээ хамгаалах сонирхол байна шүү дээ. Дээр нь хуульчид маань санаачлагаараа стратегийн өмгөөллийн төслүүд дээр ажиллаж, өөрсдөөсөө зардлаа гаргаад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Бидэнд мэдлэгийн давуу тал байгаагаас гадна бидэнд хэн нэгэн улстөрч утасдаад нөлөөлөх бололцоо одоогоор байхгүй. Харин Засгийн газраас хамааралтай болчихвол нийтийн эрх ашгийн төлөө, хуульчийн тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах эрсдэл үүрээд явах уу. Яамнаас утасдаад “Чиний нэр дээр гомдол гарлаа. Хэлэлцэх гэж байна ир” гэхэд хэдэн дарга нар л тойрч суучихаад бидний хувь заяаг шийднэ шүү дээ. Дарга нар бол хуульчийн зовлон мэдэхгүй, туршлагагүй, улс төрийн хувьд хамааралтай хүмүүс байдаг нь нууц биш. Одоогийн бүтцээрээ бид дарга нарын бус бусад хуульчийнхаа өмнө очиж шүүлгэж байгаа. Тэд мэргэжлийн хүмүүс учраас тухайн хуульч хаана ямар ёс зүйн алдаа гарсныг тогтоож, буруутай тохиолдолд шийтгэх, эсхүл хуульчаа хамгаалж чадна. Ийм тогтолцоогоо бид алдах гээд байна.

-Одоо өмгөөлөгчид хуульчдын холбоондоо хамаардаг. Өмгөөллийн тухай хууль батлагдвал дахиад холбоо байгуулагдах уу?

-Тэгнэ. Өмгөөллийн тухай хуультай хамт Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл батална. Тэр төсөлд зааснаар шинээр Өмгөөлөгчдийн холбоо гэсэн бүтэц үүсгэн байгуулахаар болсон байгаа. Одоо Хуульчдын холбоо гэсэн хоёр байгууллага, Өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэг байгууллага байгаа. Нэг хуульчдын холбоо нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, заавал гишүүнчлэлтэй байдаг байгууллага. Нөгөөх нь Хуульчдын холбоо гэсэн сайн дурын төрийн бус байгууллага. Хуульчдын холбоог байгуулахад Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгож Өмгөөлөгчдийн холбоог татан буулгасан байдаг. Үүний дараа өмгөөлөгчид маань эвлэлдэн нэгдэх эрхээ эдлээд Өмгөөлөгчдийн холбоо гэсэн оноосон нэртэй төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан байгаа. Шинэ Өмгөөллийн тухай хуулиар дахиад нэг Өмгөөллийн холбоо үүсгэн байгуулахаар болсон. Ингээд нэр, чиг үүрэг давхацсан дөрвөн байгууллагатай болж байна. Энэ нь иргэдэд төөрөгдөл үүсгэж байгаа юм.

-Тэгэхээр хууль батлагдвал өмгөөлөгч нар энэ дөрвөн байгууллагад татвар төлөөд харьяалагдах болж байна уу?

-Хоёр байгууллагад нь заавал харьяалагдаж татвар төлөх болоод байна. Нөгөө хоёрт нь сайн дураараа татвар төлдөг. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо ямар харилцаатай байх тухай зохицуулалт байхгүй. Өмгөөллийн тухай хууль батлагдсаны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа боловч энэ нь одоогоор УИХ-ын гишүүдэд ч үзүүлэхгүй байгаа. Төсөл бэлэн болсон гэж байгаа боловч гишүүд нь хуульд яаж заасныг үнэндээ мэдэхгүй байж УИХ хэлэлцээд байгаа юм. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 дэх хэсэгт зааснаар шинээр хууль батлах тохиолдолд бусад хуульд орох өөрчлөлтийн төсөлтэй нь цогцоор нь өргөн барих ёстой юм л даа.

Өмгөөлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хэрэгцээ шаардлага байгаа, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ гээд яриад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчдийн холбоо ч байсан өмгөөлөгчид шүүгч, прокурорын өмнө очиход шүүгч, прокурор, мөрдөгч Өмгөөллийн тухай хууль бус процессын хуулиа хэрэглэдэг. Тиймээс процессын хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэрвээ процесс хуульдаа өөрчлөлт оруулж, өмгөөлүүлэх эрхийн баталгаагаар хангавал хуульчид бид хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин Өмгөөллийн тухай хуулиар дахин нэг байгууллага байгуулах, засаг эргээд хуульчдад тавих хяналтаа буцааж авах сонирхол нь нуугдаж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа

Эрх баригч намын дотоод хэрүүлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан саатаад сар шахам боллоо. Энэ янзаараа мөдхөн төр дампуурлаа зарлаж мэдэх нь. УИХ-д 65 суудалтай МАН засгийн эрхийг авчихаад улсын бодлого, шийдвэрийг гацаагаад зогсохгүй намаа ч устгах шинжинд орж байна. Түрүүчээсээ энэ намыг татан буулгахаар Дээд шүүхэд өргөдөл гаргаад эхлэв.

МАН-ыг тараая гэж шүүхэд хандсан хуульчдын өргөдлийг үл тоож боломгүй юм билээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчээ. Уг хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ. Ингээд тухайн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад МАН-ын бүлэглэл хоорондын тэмцэл, гаргаж байгаа авир, үйлдэл нь дээрх хуулийн заалтын гол тодорхойлолттой нь яв цав тохирч байгаа юм. Намын Бага хурлаараа УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, Төрийн өндөрлөгийг огцруулах асуудалд санаархсан нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого болохыг хуульчид тайлбарлаж буй. Энэ үндэслэлээр бол МАН яалт ч үгүй татан буугдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл намаа хэрхэн сүйдэлж байгааг нийгэм даяараа харж байна. Нэгэн зууны түүхийн хуудсыг бичиж яваа МАН энэ хоёрын үед амь тавих өнгөндөө орлоо. Фракц хоорондын тулаан намаа устгах хэмжээнд хурцдаж байгааг намжаах сэтгэлтэй хүн МАН-д үнэндээ алга. Хашир бурхинуудыг намаа аврахаар ханцуй шамлан дуу хоолойгоо нэгтгэх болов уу гэж харж байтал харин ч эсрэгээрээ байх юм. Тэд намаа хагалан бутаргах тал дээр ямар айхавтар манлайлан оролцож байна вэ. МАН-ын тулхтай гишүүд болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Тэд сиймхийгээр нь төрийн өндөрлөгт оччих санаатай гүйж байна шүү дээ. Эдний хэлж ярьж байгаа үг, намын мэдэгдэл зэргүүд бэлхнээ харуулж байгаа. Ямар санаа агуулж намдаа ассан гал дээр тос нэмэв, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэлгүй яахав.

Туршлагатай, юмны наанадах, цаадахыг тунгаах нас тогтсон МАН-ын гишүүд ингэж эрх ашиг, албан тушаалын төлөө сөхөө авахгүй улайрч байна. Тэгэхээр МАН-ынхан хэндээ итгэж, найдах вэ дээ. Залуу гишүүд нь болохоор нааш гэсэн рүү хуйларч хоёр талд хэдийнэ гарчихсан. Одоо УИХ-д суугаа 64 гишүүн нь эн тэнцүү талцаад үзэлцэж байна. Парламентад суусан цагаасаа л хоёр талд гараад хоорондоо алалцсаар өдий хүрлээ. Энэ бол улс төрд хөл тавьсан залуу гишүүдийн хувьд эмгэнэл. Фракц бүлэглэлд автаж, хэн нэгнээр оюун санаа, үзэл бодлоо жолоодуулж яваа хүмүүс яаж улс орныг цаашид авч явж чадах юм бэ. Угтаа бол МАН-ын залуу гишүүд хоёр талд ингэж тэмцэлдэж байхаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрыгоо огцруулахаар нэгдэх ёстой баймаар. Парламентаас гадуур байгаа гишүүд хүртэл эвлэлдэн нэгдэж, намаа аврах хэрэгтэй байна. Ингэж шинэ үеийн залуус тодорч гарч ирэхгүй бол танай нам хадан цохионы ирмэг дээрээс унахад бэлэн байна шүү.

Одоо МАН-ын хоёр бүлэглэлийн хэн, хэнийг нь зөв гэх юмгүй боллоо. У.Хүрэлсүх нь шударга үнэний дуу хоолой гээд цээжээ балбаад байгаа хэрнээ намын Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ төрийн хэрэгт дур мэдэн оролцож, УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шийдвэр гаргуулаад байдаг. М.Энхболдын хувьд УИХ-ын даргын албан тушаалаас огцрох хуулийн үндэслэл байхгүй гээд нам жим суугаад байдаг. Чуулганаа хуралдуулж, ажлаа хийе гэх боловч У.Хүрэлсүхийн талынхан бойкотолчихоод хүчин мөхөс нэгэн болж хувирлаа. Энэ хоёрын бүлэглэл хоёулаа их хэмжээний мөнгө санхүүтэй холбогдож, шившгээ дэлгэсэн. Ерөнхий сайд ЖДҮ-чин, УИХ-ын дарга нь 60 тэрбумчин гэсэн “цолтой”. Гэвч аль аль нь үүнийгээ үгүйсгэдэг. МАН-ынхан нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг олон түмэнд дэлгээд байхад хууль хяналтын байгууллагынхан таг дуугүй л сууцгаасаар.

МАН-ын хоёр бүлэглэл намаа шороотой нь хутгаж дууслаа. Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Ийм нам улс орноо цаашид яаж авч явах юм бэ. Нэгэнт амин хувиа тэргүүнд тавьж байгаа нь ил тод байхад ард түмэн, эх орныхоо эрх ашгийг бодно гэж тэдэнд найдаж, горьдоод ч нэмэр алга. Тэд хэзээ ч улс эх орны эрх ашгийг бодохгүй нь ойлгомжтой. Улс төрд нэрээ хугалсан М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос болж МАН-ын сүүлчийн хоногууд тоологдож байгаа юм шүү.

Уг нь МАН үүх түүх, улс төрийн туршлагатай байгууллагынхаа хувьд Монголын улс төрд байвал зүгээр л байх. Цаашид Монголын улс төр намгүйгээр явахгүй нь мэдээжийн асуудал. Тэглээ гээд МАН-ыг байхгүй болчихвол ард түмэн нэг их харамсаж, халаглаад байхгүй. Монголчууд шинэ зүйлийг хүлээж авахдаа шийрэгнэдэг болохоор л бэлэн нам байж байхад зүгээр юм болов уу гэж тайвнаар хүлээж авах байх. Нэгэнт л улс төрөөс арчигдаж сүйрч байгаа энэ нам татан буугдвал буугдахаас яахав дээ.

Дахин хэлэхэд, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр булайгаа улс төрөөс зайлуулахгүй бол МАН-ын хагарал хэзээ ч эвлэхгүй. Аль нэг нь үлдлээ гэхэд унасан хүмүүс нь тэмцлээ тийм ч амар зогсоочихгүй байх. Иймд МАН-ын шинэ үеийн залуус гарч ирж намаа аврах хэрэгтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс бол шинэ үеийн залуус байна

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-МАН-ын бүлэглэл хоорондын тэмцлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаанд орсон нь иргэдийг бухимдуулж байна. Он солигдоход цөөхөн хоног үлдлээ шүү дээ?

-Ер нь оны төгсгөл гэдэг бол хүн болгон өөрийнхөө тухайн жилд хийсэн амжилт, ажил үйлсээ эргэцүүлэн тодорхой хэмжээний дүгнэлт хийдэг үе. Албан байгууллага бол тайлангаа тавьж, мөн ирэх ондоо хүн бүр юу хийж, бүтээхээ төлөвлөдөг, боддог цаг хугацаа л даа. Энэ утгаараа хувь хүн, байгууллага гэр бүлийн хувьд чухал момент. Гэтэл Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацаад сар шахам хугацаа өнгөрлөө. Төрт ёс, Монгол Улсынхаа сайн сайхан байдлын төлөө парламент маань тасралтгүй жигд үйл ажиллагаа явуулж, хариуцлагаа үүрч ажиллах ёстой. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаа гацсан байгаа нь Монгол төрийн өнөөгийн нөхцөл байдалд сайн үр дүн мэдээж авчрахгүй. Хэлэлцэх ёстой асуудлууд хуримтлагдсаар байна. Хэлэлцэхгүй байлаа гээд тэр асуудлууд яваад өгчихгүй. Үүн дээр нэлээд зүйлийг эргэцүүлж бодож байна л даа.

-Улс орны амьдрал хэцүүдэж байхад ард түмний итгэлийг авч төрд суусан эрхэм түшээд ажлаа хийхгүй байгаа явдлыг та хэрхэн харж байна вэ?

-Хэд хэдэн зүйлийн талаар уншигчдад санал бодлоо хуваалцмаар байна.

Хүмүүс шинэ жилээ өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Байгууллага, хамт олон, нутгийн зөвлөлийн зэрэг хамт олны шинэ жил их хийж байгааг сошиал сүлжээнээс хүн бүхэн харж байгаа байх. Найз нөхөд, ах дүү, гэр бүлтэйгээ баяраа тэмдэглэнэ гэдэг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг, хүн бүрт өөр өөрийн гэсэн утга учиртай байдаг. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ буруу тийшээ явчихдаг тал бий. Юу хэлэх гээд байна вэ гэвэл зээл тавьж шинэ жилд мөнгөө үрж болно гэж үү, орлогын оновчтой зарцуулалт гэж байх ёстой. Олон жил Америкт амьдарч байгаад Монголдоо ирсэн надад аливаа баяр ёслолоор манайхан маш их мөнгө зарцуулж байгаа нь тод анзаарагдсан. Орлогоосоо давсан цамаан байдал, хэтэрсэн архидалт, хавтгайрсан шагнал гээд утгаа алдаж байна.

Шинэ жилийн баярыг утга учиртай тэмдэглэдэг болмоор байгаа юм. Сайн жишээнүүд харагдаж байна л даа. “Ид шидийн орон” хүүхдийн асрах газрыг байгуулсан Ганжавхлан гэдэг залуу, “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан амьдралын боломж тааруу олон айлын хүүхдүүдэд очиж бэлэг түгээж байна. Зөвхөн бэлэг өгөхөөс гадна амьдрал нь үнэхээр хэцүү бол “Ид шидийн орон”-доо аваачдаг гэнэ. Дээр нь түлээ, нүүрс дөхүүлж өгч байгаа харагдсан. Энэ залуугийн хийгээд байгаа ажил өгөөмөр шинэ жилээ зөв тэмдэглэж, амьдрал нь амаргүй байгаа хүмүүст хүрч ажиллаж буй залууст баярласан сэтгэл төрснөө илэрхийлмээр байна. Уг нь халамж хэрэгтэй нэгнийг халамжлах хамгаалах асуудал төрийн бодлого дотор байгаа. Гэтэл бодлого нь оновчтой явахгүйгээс болоод хүмүүсийн амьдрал улам хэцүүдээд байна. Нөгөө талаас бүхнийг төр рүү чихэж болохгүй. Олж байгаа орлогоо оновчтой зарцуулах, хэрэглээгээ зөв байлгаж, бэлэнчлэхгүй байвал хүн амьдралаа босгож чадна. Тэгэхийн тулд зөв бодлого явуулах ёстой. Олон асуудал уялдаатай. Олон хүний амьдрал хүнд хэцүү байгаа нь үнэн. Тэр бүгдэд “Май” гээд халамжлаад байх юм бол хүмүүсийн амьдрал урт хугацаандаа сайжрахгүй. “Хүнд тусалъя гэвэл загас битгий өг. Харин загас барихыг зааж өг” гэсэн орос ардын зүйр үг байдаг даа. Тиймээс ядуурлаас гаргая, ажилтай, орлоготой болгож амьдралыг нь дээшлүүлье гэвэл хөдөлмөрлөх хандлагыг дэмжих чухал. Үүнийг хүмүүс ихэнхдээ ойлгодог л гэж боддог. Хүн амьдрах эх үүсвэрээ өөрөө олдог байх ёстой. Хамгийн гол нь тийм зорилгыг дэмжсэн төрийн бодлого сул байна. Үүний үр дүнд хүний өмнөөс амьдарч буй юм шиг байдал хандлага түгээмэл боллоо. Бид нийгмээрээ ийм хандлагад орж болохгүй. Олон хүн ийм буруу хандлагатай байвал төдий чинээ үндэстнийхээ хувьд өндийж чадахгүй болно.

-Нийгэмд ядуурал их байгаа. Та УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргын хувьд улс орны хөгжил, ядуурлыг бууруулах асуудалд төр ямар бодлого баримтлан ажиллаж байгааг сонирхуулахгүй юу?

-Хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийн 17 нийтлэг зорилтыг өмнөө тавьчихсан байгаа. НҮБ-аас баталсан энэ зорилтын 2030 он гэхэд дэлхий нийтээрээ биелүүлэх ёстой гэсэн том зорилт юм. Манай улс ч гэсэн энэ зорилтыг биелүүлэх үүрэг хүлээсэн. Нэн түрүүнд өлсгөлөн, ядуурлыг тэглэх зорилго юм. Ядуурлын түвшин бол улс орон болгоны хувьд харилцан адилгүй байна. Манайх ядуурал өндөртэй орны тоонд орж байна. Эдийн засаг өсөлттэй байхад дундаж орлоготой орны тоонд жагсаж байсан нь саяхан. Гэтэл хүн болгон дундаж орлоготой байна уу гэвэл үгүй. Баян хоосны ялгаа их, орлогын тэгш бус хуваарилалтаас болоод хэсэг бүлэг хүний орлого сайжирсан ч 30 хувь буюу бараг 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн категорит орж байгаа нь гашуун үнэн. Хүн амын орлоготой холбоотой судалгаа явуулахад “Хөргөгч, индүүтэй айлууд яахаараа нийгмийн халамж авч чадахаа байчихдаг юм бэ. Авмаар байна” гэж байсан. Энэ нь хүмүүс халамжийг хүсээд байгаагийн илэрхийлэл. Хоёрдугаарт, ядуурал тогтоож байгаа аргачлал нь хэр зөв юм бол доо. Аргачлалаасаа болоод буруу гарсан байлаа гэхэд ямартаа ч ядуурал өндөр байгааг хэн ч үгүйсгэхгүй. Тогтвортой хөгжлийн нэгдүгээр зорилт ядуурлыг арилгах. Хоёрдугаарх нь өлсгөлөнгүй байх. Хүн өөрийн гэсэн орлоготой болж идэх хоолтой байж дараа нь боловсролтой байх зорилтоо биелүүлнэ. Хоосон ходоодтой хүн яаж боловсролын тухай бодох юм бэ. Ингээд дөрөвдүгээр зорилт нь эрүүл мэнд гэх зэрэг бүгд уялдаа холбоотой байгаа. Миний бодлоор 16,17 дугаар зорилтууд буюу засаглалын асуудал тун чухал. Толгой зөв тийшээ ажиллах чухал байна. Нийгэмд шуугиан тариад хүмүүс бухимдаад байгаа ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан, хариуцлага тооцоход хүнд байгаа энэ асуудал бол буруу засаглалтай холбоотой. Ядуурлыг арилгаж тулгамдсан асуудлуудаа шийдье гэвэл өнөөдөр ЖДҮ-ийн сангаас гишүүдийг авлигадсан асуудалтай заавал тэмцэж, эцсийг нь үзэх ёстой. Ингэж байж арай гэрэл гэгээтэй ирээдүй рүү очно.

-Хүмүүсийг ядуурлаас гарах гол арга зам бол ажилтай орлоготой байх. Гэтэл засаг төр энэ ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр яагаад анхаарахгүй байна вэ?

-Ажлын байрыг бий болгоё гэвэл төр дангаараа хариуцаж дийлэхгүй. Дийлэнхийг хувийн хэвшил л үүрч чадна. Эрүүл эдийн засагт арван ажлын байр тутмын нэг нь төрийнх, ес нь хувийн хэвшлийнх байдаг. Тэр дундаа найм нь жижиг, дунд үйлдвэрийнх байна. Гэтэл өнөөдөр нийгэмд ЖДҮХС яагаад энэ олон хүнийг бухимдуулаад байна вэ гэхээр тэр хэрээр ажлын байр, орлого, бага хүүтэй зээл хэрэгтэй байна шүү дээ. Залууст найман хувийн хүүтэй орон сууцны зээл олдохгүй, өндөр хүүгийн дарамтад амьдарч байна. Захуудаар өдрийн зээл хүртэл гарчихсан байгаа. Ийм их эрэлттэй байхад бизнесийн амин сүнс болсон ЖДҮХС-гийн зээлийг мэдээлэлд, эрх мэдэлд ойрхон хүмүүс давуу талаа ашиглаад аваад байна. Нэг удаагийнх ч биш. Бүр олон удаагийн давтамжтай, аваад сурчихсан байдаг. Тэрэндээ өчүүхэн ч гэмшиж байгаа шинжгүй суух юм.

-ЖДҮХС-гаас мөнгө авсан арваад гишүүнийг АТГ-аас шалгаад гурвынх нь бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн гэсэн. Үр дүнд хүрэх юм болов уу. Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэн асуудлыг Ерөнхий прокурор оруулж ирээд явуулаагүй шүү дээ?

-Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Б.Батзориг гишүүний асуудлыг анх гарч байхад арай ийм олон хүн холбогдсон энэндээ тулсан гэж бодоогүй. Андуурсан ташаа мэдээлэл юм болов уу гэж бодож байлаа. Тиймдээ ч Б.Батзориг гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй гэж санал өгч байлаа. Гэтэл байдал хүнд байжээ. Одоо энэ ЖДҮХС-гаас ямар олон хүн мөнгө авсан нь өдөр өдрөөр нэмэгдээд байна шүү дээ. Бараг л тэр олон тэрбум төгрөгөөр гишүүдийг авлигадаж, Засгийн газраа байгуулсан асуудал руу явж байх шиг байна. Тиймээс энэ асуудлыг сайн шалгах ёстой. Ерөнхий сайд өөрөө хүртэл холбогдсон тухай хэвлэлээр мэдээлэх боллоо. Төрсөн дүү нь ЖДҮХС хаана байна, тэнд явж байдаг. Бүр дөрвөн яам дамжиж найман жил тэр асуудалтай холбогдсон хүн юм билээ. Бүр сурцтай болсон гэсэн үг үү. Ер нь АТГ өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж хэвлэлийн хурал дээр мэдээлсэн байсан. Маш их мөнгөн дүн, олон хүн холбогдсон асуудал учраас шалгалтын ажиллагаа явуулахад амаргүй байх. Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хариуцлагатай шударга хийгээсэй.

-Сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэж та нэр бүхий гишүүдийн хамт уриалга гаргасан шүү дээ. Одоогоор хичнээн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

-20 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Зориг эрмэлзлээ илэрхийлж байгаа. Эдгээр гишүүд айх юмгүй болоод шалгуулъя гэж байгаа байх.

-Танай намын хагарал бутралыг тулхтай гишүүд оройлоод яваад байх шиг харагдах юм. Төрийн өндөр албан тушаалд оччих санаатай л зүтгээд байгаа юм уу даа?

-Тулхтай юм шиг дүр үзүүлдэг тэд залуу гишүүдийг турхирч байна. Тав, зургаан удаа сайд хийсэн хүн байна. Дахиад л сайд хийнэ гээд явж байх юм. Тэгээд хагарал дээр нь шар шувуу шиг харж байгаад өөртөө ашигтай байж магадгүй гэсэн тал руу нь гүйгээд ордог. Тэр хүмүүст улс орны ирээдүйг бодож байгаа юм нэг ч байхгүй. Гаргаж байсан шийдвэр, ярьсан ярианууд болох архивын маягтай мэдээллүүдийг нь харахаар ямар ч санаачилгагүй үхээнц явж иржээ. Хийхийн төлөө, санаачилж, гэгээтэй зүйлд зорьж явсан бол оролдлого ядахдаа харагдах ёстой. Гэтэл сэтгэл байхгүй, зөвхөн өөрийнхөө хар амийг бодож, яаж ийж байгаад сайд болчих гээд явдаг байсан байгаа юм. Олон удаа сонгогдсон, одоо ч сайд хийж байгаа зарим гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг санаатай тасалдуулж байгаа. Ард олон маань энэ хүмүүст ямар олон удаа хууртагдсан юм бэ. Би улс төрд орох сонирхолтой залуучуудын манлайлал хөтөлбөр лекцэнд олон удаа очдог л доо. Энэ намд хар толбо болсон, буг болсон тэдгээр хүмүүсийг хар толбоор нь жишээ татаад ярина гэж бодож байгаа. Ялангуяа залуус аливаа байдалд олон талын мэдээлэл авч байж эрүүлээр харах хандлага их байдаг. Магадгүй гуравдагч хүчин Монголын улс төрд орж ирэхийн үндэс суурийг тавьж байгаа юм билүү. Олон залуус улс төрийг сонирхоосой, эрүүл зөв шийдвэр гаргадаг систем рүү яваасай гэж хүсч байна даа.

-Зуун жилийнхээ ойтой золгох гэж буй МАН Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Энэ нам татан буугдах ёстой гэж хуульчид Дээд шүүхэд хандсан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Намын дарга л хариулах ёстой байх.

-М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл байгаа цагт танай нам хэзээ ч эвлэлдэхгүй нь ойлгомжтой боллоо. Аль нэг нь үлдвэл унасан талынх нь тэмцэл дуусахгүй. Хоёуланг нь явуулж байж энэ нам аврагдахгүй юу?

-Яг М.Энхболд гэдэг хүн өөрөө хууль зөрчсөн бол явах л ёстой. Гэхдээ хуулийн байгууллага л тогтооно шүү дээ.

-Намын Бага хурлаас шийдэл гарах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан боловч хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл цацагдсан?

-Намын бага хурал бол анхнаасаа сайтар дэглэсэн жүжиг байсан л даа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүмүүсийн мэдэх эрх чөлөө, хоёр талын байр суурийг илэрхийлээгүй. Одоо бүр нам дээр санаа нийлээгүй хүнийг хөөдөг болно гэж байна. “Зуун хувь саналаа нэгтгэ. Чи өөр бодолтой байх ч эрхгүй, саналын зөрүүтэй байж болохгүй” гэж байна шүү дээ. Уучлаарай бид робот биш. Коммунизм ч ийм байгаагүй. Энэ бол фашизм. Би намын бага хурал дээр байр сууриа илэрхийлсэн. Бага хурлын гишүүдийн өмнө зогсч, намын даргын нүүр рүү харж байгаад “Хүний эрхийн ноцтой зөрчил шүү” гэдгийг хэлсэн.

Улс төр хэдийгээр утаатай байгаа ч ирээдүйд итгэх итгэлээ алдаж болохгүй шүү гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс шинэ үеийн залуус юм байна гэдэгт итгэлтэй байгаа. “Өдрийн сонин”-ы нийт уншигчдад шинэ оны мэнд хүргэе.


Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Танай намын дотоод хэрүүл тэмцэл төрийн үйл ажиллагааг гацаахад хүргэлээ. Чуулган хуралдахгүй сар шахам болж байна. Энэ янзаараа үргэлжлээд байх юм уу. Ямар гарц байж болох вэ?

-Парламентад 65 суудал авч гарч ирсэн МАН эв эеийг олж хамтран ажиллах ёстой. Ард түмэн манай намыг төр барих туршлагатай хэмээн итгэж хариуцлага үүрүүлсэн. Энэ хариуцлагаа ухамсарлаж өнөөгийн Монголын төрд үүссэн алдаа завхарлыг нэн даруй засч залруулах шаардлагатай байна. Хариуцлагыг эзэнтэй болгоод, шударга ёсоо тогтоож, хэн хэнээ хүндэтгэн ойлголцоод, зарчим дээр суурилсан улс төрийн зөв бодлогоо тодорхойлоод урагшаа хараад алхмаар байна. Өнөөдөр Монголын улс төр хямарснаас хөгжлөө зогсонгишуулж, нийгэм, эдийн засгийн байдлыг гүн хямрал руу татан оруулах нь. Энэ талаар би эрэгтэй гишүүддээ өчнөөн олон удаа хэлж байгаа. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт рүү далдуур хөтлөх буруу мессэжүүд явуулж байгаад анхааралтай хандах ёстой. Өнөөдөр валютын ханш, нефть шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, утааны асуудал, иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй олон асуудлууд шийдэгдэхгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Инфляцитай уялдуулаад цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх шаардлагатай. Засгийн газар эдийн засгийн өсөлт 6.4 хувь хүрсэн тухай мэдээллийг хийж байгаа. Харамсалтай нь энэ үр өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэж нөлөөлөхгүй байна. Иргэдийн зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж өгөөч, амьдрах орчны маань нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болж дэд бүтцийн шугам татаж өгөөч, шахмал түлш, халаагуур олгооч, гэрийнхээ ойр орчим хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсч, уламжилж байна. Үүний тулд Засгийн газар маш хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл Засгийн газрын 15 сайд УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Цаашид Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг дан болгох нь Монголын төрд ч, улсын хөгжилд ч зайлшгүй шаардлагатай юм байна. Энэ мэтчилэн асуудлуудаа Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөрөө хэлэлцье гээд мөн ч олон удаа хэлж, уриалж байгаа боловч сонсохгүй юм байна шүү дээ.

-Уг нь МАН-ын хоёр бүлэглэл зөвшилцөх гэж хэд хэдэн удаа оролдоод амжилттай болж чадаагүй. Үр дүнд хүрч чадах нь уу?

-Хоёр тийшээ харж зүтгэснээр хэн нь ч сайхан харагдахгүй байгааг харж байгаа биз дээ. Хамтдаа нэг ширээний ард сууж ярилцаж, ойлголцож эв эеэ олж, хамтран ажиллаж байж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлууддаа гарц шийдлийг олно. Уг нь дөрөв, дөрвөн гишүүнтэй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан. Гурван удаагийн уулзалт хийсэн. Улстөрчид маань эрх ашгаа зөв эрэмбэлээд улс орноо, ард түмнээ гэсэн том эрх ашгаа өмнөө тавиад аль аль талаасаа хичээл зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй л дээ.

-Ерөөсөө танай нам М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүнээсээ салбал энэ тулаан зогсохгүй юу?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ардын мэргэн үгээ санаж ухаанаа уралдуулахыг гишүүдээсээ хүсч байна. Парламентын ардчиллаа зөв төгөлдөржүүлж, арчилж, хөгжүүлж авч явах нь бидэнд хамгийн чухлаар тавигдаж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон сонгуулийн тогтолцоо маань ганхаасай гэж ард түмэн огт хүсэхгүй байгаа. Үүнийг мартах хэрэггүй.

Гучин жилийн алдаа завхарлыг ганцхан хүн дээр овоолох гэсэн увайгүй явуулга явлаа. Намаа болон өөрсдийгөө муухай харагдуулж байна. Гэхдээ энэ их хэрүүл тэмцэл зогсоно гэдэгт найдаж байна. Бидэнд ч, удирдлагуудад маань ч гэр орон дотроо учраа олох, эвлэрэх, намынхаа эв нэгдлийг хангаад явах орон зай бий. Хэзээ болтол гадны шидсэн чулуу болгонд цохигдож, өнхөрөх юм бэ. Хоёулаа ухаантай, хүчтэй, жудагтай хүмүүс шүү дээ. Нэг зүйл ажиглагдаж байгааг энд хэлчихмээр байна. Өчүүхэн эрх ашиг харж, өс хонзон өвөрлөж, дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайж, хутгаж байгаа хоёр гурван хүн байна. Тэд мөн ч муухай харагдаж байна даа.

-МАН-ын тулхтай гишүүд намдаа ассан галыг намжаахын оронд энэ хэрүүл тэмцлийг нь улам оройлон манлайлах юм. Тэд сиймхийгээр нь төрийн өндөр сэнтийд санаархаж байна уу даа гэж харагдаад байгаа?

-Үнэндээ тэр, энэ гэж нэр цохож яримааргүй байна. Монголын ард түмний нүдэнд бүгд ил тод байгаа. Ер нь бол манай улстөрчдийн наад захын ёс зүй байх ёстой хэмжээнээсээ хальж үсрээд даваад явчихлаа. Олон түмэн бидний хэн нь ямар үг үйлдэл хийж байгааг харж, дүгнэж цэгнэж байгаа шүү дээ. Улстөрчдийн замбараагүй хийж байгаа мэдэгдэл, улс төрөөс үүдэлтэй энэ олон хөл толгой нь мэдэгдэхгүй байдал Монголын нийгмийг асар их бухимдуулж байна. Энэ бүхэнд олонхын бүлгийн 64 гишүүн дүгнэлт хийх цаг нь болсон. Улстөрчид маань хариуцлагаа ухамсарлаж, нийгмийг зөв чиглүүлж, улс орныхоо хөгжлийн асуудлаар улстөржиж, намчирхалгүй зөвшилцөлд хүрч, ард түмнээ хүндэтгээд, төрийн хүний ёс жудаг гаргаж, нийгмээ айх айдасгүй байлгаж, төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Өнөөдөр Монголын улс төрд холыг харж хөдөлдөг, хувь хүнийхээ хувьд нуруутай, аливаад зарчим барьж асуудлыг шийддэг лидерүүд, төрийн зүтгэлтнүүд хомсджээ. Улс төрийнхөө дотоод нөхцөл байдлыг намжааж чадахгүй, мэдрэмжгүй улс төр хийж, төрийн хямралаасаа гарч чадахгүй байгаадаа Монголын төр дүгнэлт хийх цаг ирээд байна. Улс төрийн намууд ч өөрсдийн хийсэн боловсон хүчний томилгоо, бодлогын алдаагаа залруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Төрийн түшээд маань нэг нэгийгээ 60 тэрбумчин, ЖДҮ-чин гээд л зарлаад байх юм. УИХ-ын даргыг огцортол нэр бүхий гишүүд жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдчихлээ…

-Ер нь нэлээд олон гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд ЖДҮДС-гаас зээл авсан асуудал яригдаж байгаа. Өнөөдөр зарим УИХ-ын гишүүд маань ЖДҮ жижиг асуудал, том том асуудлуудаа ярья гэж өөрсдөө холбогдсон асуудлуудаа бүдгэрүүлэх оролдлого хийгээд байх шиг. Хууль зөрчсөн хүмүүс хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдралыг нь сайжруулна гэж гарч ирчихээд зөвхөн өөрсдийгөө бодсон явуургүй үйлдэл гаргаж, иргэдийнхээ хоолны мөнгөнөөс хороож, хоосон хоноход хүргэж байгаа хүмүүс зохих ёсны хариуцлагаа хүлээх нь зөв. Бодвол хууль хяналтын байгууллага 2-3 янзаар авч үзэх байх. Үнэхээр ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан, мөнгө хүүлж ард түмнээ шулсан, ийм үйлдэл хийсэн УИХ-ын гишүүд байгаа бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол шударга ёсны төлөө сэдвийг бид нар яриад хэрэггүй.

Хэдэн оноос, хэний үеэс бодлогын алдаа завхрал явж эхэлсэн юм. Тэгээд одоо яаж шинэчилж, цэвэрлэж авах юм. Хэзээ үеийн ямар баримтууд батлагдаж нотлогдсон юм. Тэрийгээ тэгээд яаж шийдвэрлэцгээх юм гээд нээлттэй, хоёр үзүүргүй, хутган үймүүлэлтгүй хэлэлцье л дээ. Тэгэхгүй бол одоо бүлгийн 65 гишүүн бүгд л тэр 60 тэрбумтай холбоотой гэж үзээд байгаа юм байна. МАН-ын боловсон хүчний бодлогод гарсан алдаа завхралд олон түмэн бухимдаж байна. Энэ бол бодит зүйл. Тийм учаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг тэр ургийн мод гээчийг нь зураад, УИХ-ын гишүүд ямар ажил албан тушаал дээр ямар хүмүүсийг яаж томилсон байна. Үнэхээр мөнгө төгрөг авсан юм уу, аваагүй юм уу гэдгээ ил тод ярих хэрэгтэй.

-Та нэр бүхий гурван гишүүний хамтаар Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл огцрох ёстой. Ер нь засаг солигдох нь ард түмэнд болоод эдийн засагт хохиролтой. Унасан хүмүүс нь шинэ засгаа огцруулах гээд дахиад л бужигнах байх даа?

-УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Гэвч доголдож байгааг бүгд мэднэ. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар хойшлуулж байна.

Энэ бол дахин хэлэхэд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн хуульд зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой байдаг. Түүнчлэн Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой.

Чуулганы Дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй байдаг. Одоо манай Засгийн газрын гишүүд нь дөрвөн хуулийн заалтыг тус тус зөрчөөд яваад байна. Үндсэн хуулийн хоёр заалтын гурван зүйлийг зөрчсөн байна. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно.

-Та ярилцлагынхаа эхэнд Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг ярих хэрэгтэй гэсэн. Улс төрийн намуудын тухай хууль гэж гацаанд орсон төсөл байна. Эхлээд энэ хуулиа тодорхой болгоод Үндсэн хуулиа барьж авах ёстой гэж эрдэмтэн, судлаачид ярьж байгаа. Харин таны бодлыг сонсъё?

-Улс төрийн намуудын тухай хууль дээр ажлын хэсэг ажиллаж л байна. Сүүлийн үед улс төрийн намууд маань үзэл сурталд тулгуурласан үнэт зүйл байхгүйгээс болж улс орны хөгжлийг дэмжихүйц бодлого үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихсон байгаа нь л хамгийн харамсалтай юм даа. Намын дотоод ардчилал хумигдаж, санхүүжилт, эрх зүйн орчны талаарх бодлогууд хаалттай, гаргаж байгаа шийдвэрүүд нь нээлттэй биш байна. Дорвитой шинэчлэлүүдийг хийхгүй бол улс төрийн намын ч, улсын ч хөгжил явахгүй нь. Тийм учраас улс төрийн нам нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байхыг бид шаардаж байгаа. Хүмүүсийн улс төрийн намд итгэх итгэл алдарч, залхаж, намын нэр хүнд унаж байгаа энэ цаг үед эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол асуудлуудын нэг нь мэдээж давхар дээлийг тайлах. Удаах нь УИХ-ын гишүүдтэй сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг, тооцдог болох хэрэгтэй. Парламентын баталсан хууль тогтоомжоо зөрчвөл эгүүлэн татдаг байх заалтыг ч оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдээ томилдог, хариуцлагаа тооцдог байх, Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг олгох асуудлыг хуульчлах ёстой. Дараагийн нэг чухал асуудал бол орон нутагт зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ингэхэд намрын чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-2019 улсын төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Цаг хугацаатай, хариуцлагатай том ажлын ард гарсан. Мөн Тендерийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Үүнээс гадна Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна. 1990-1995 онд олон хүүхэдтэй гэх үндэслэлээр 35-45 насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж тэтгэвэрт гарсан 18,6 мянган ээж бий. Өнөөдөр тэтгэврийн нас нь хүрсэн боловч ажилласан жил нь хүрээгүй гэдэг шалтгаанаар эдгээр ээж хувь тэнцүүлсэн буюу 280 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Энэ ээжүүдийнхээ тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэж 340 мянга төгрөг болгуулах хуулийн төслийг эмэгтэй гишүүдийнхээ хамт өргөн барьсан. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж, өндөр насны тэтгэвэрт гарсан эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. 1990-1997 онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ хасуулан наснаасаа эрт тэтгэвэрт гарч, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан ээжүүдэд Монголын төр нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ёстой гэж энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг өөрийн цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал хүсэлт нээлттэй авч байгааг энэ дашрамд дуулгая.

-Таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа шонхор шувууны бизнест гаршсан мэтээр бичээд байдаг. Та үнэхээр 750 идлэг шонхорыг арабуудад зарсан юм уу?

-Нөгөө эцэс төгсгөлгүй сөрөг пиарын нэг жишээ энэ л дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа “Арабуудад 750 шонхор шувуу зарж 75 сая долларын авлига авсан гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон” мэтээр зарим мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зохион байгуулалттайгаар түгээсээр байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Холбогдох хууль, тогтоомжоор энэ шувууг соёлын зориулалтаар экспортолж болох бөгөөд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоог тогтоосон Засгийн газрын тогтоол бий. Үүнийг үндэслэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үед Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөл олгодог хуулийн зохицуулалттай. Ийм байтал намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, шонхор шувуу зарж хувьдаа их хэмжээний ашиг олсон мэтээр гүтгэж, гүжирдэх явдал хэрээс хэтэрч байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганболд: Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй

-ТИЙМЭЭС ТЕХНИКИЙН ШАЛГАЛТ ХИЙХЭД
БАГАГҮЙ ХУГАЦАА ОРДОГ-

МИАТ ТӨХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.


-Өнгөрсөн тав дахь өдөр Сөүлээс Улаанбаатар руу хөөрсөн МИАТ-ийн онгоц ослын буулт хийлээ гэж шуугьж байна. Яг юу болсон юм бэ?

-Эхлээд ослын буулт гэдэг нэр томьёоноос нь тайлбарлая л даа. Ийм нэр томьёо манай иргэний нисэхийн дүрэм, батлагдсан стандартад байхгүй. Харин осол зөрчил гэсэн нэр томьёо бий. Тэгэхээр Сөүлээс хөөрсөн “Боинг-767” онгоцны тухайд техникээс шалтгаалсан аргагүйтсэн буулт хийсэн. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагаагаа хангах үүднээс техникийн дутагдал гарсан даруйд хийдэг аргагүйтсэн буулт гэж нэрлэдэг юм. Онгоц Сөүлээс хөөрсний дараагаар дугуй хураагдах явцад хаалга нь дутуу хаагдсан байна гэж хяналтын самбар дээр дохиолол өгсөн. Манай ИНЕГ-аас батлагдсан стандартын дагуу бол ийм үед онгоц буулт хийж шалгах ёстой. Тэр дагуу явагдсан асуудал.

-Онгоц буулт хийж чадахгүй тойроод эргэлдээд байсан гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Онгоцны хөөрөлтийн жин, буултын зөвшөөрөгдөх жин ялгаатай байх ёстой. Онгоц хөөрөхдөө шатахуунаа дүүргэдэг. Нислэгийн явцад шатахуун нь зарцуулагдана гэж тооцоод онгоцны буух жин багасдаг. Хөөрөлтийн жингээсээ буултын жин нь бага байх ёстой гэсэн үг. Саяын агаарын хөлгийн хувьд дөнгөж хөөрсний дараагаас анхааруулах гэрэл ассан учраас шатахуунаа тодорхой хэмжээгээр зарцуулах шаардлагатай болсон. Ингээд буултын жиндээ хүрэхийн тулд хүлээлтийн зонд шатахуунаа зарцуулаад онгоц хэвийн буулт үйлдсэн. Улаанбаатарт ч ялгаагүй манайх салхитай тохиолдолд онгоц бууж чадахгүй хүлээлгийн зонд тойроод л нисээд байдаг шүү дээ. Яг үүнтэй л адилхан.

-Зорчигчдод утаа үнэртсэн гэсэн. Ачааны хэсэгт гал гарсан мэтээр ойлгогдоод байсан?

-Тэр онгоцонд манай үйлчлэгч нар ажлаа хийгээд л явж байсан. Тэднээс бас тодорхойлолт авсан. Тийм зүйл болоогүй. Утаа үнэртэх боломжгүй л дээ.

-Онгоцны дугуйны хаалга дутуу хаагдсан гэлээ. Энэ нь юунаас болдог юм бэ. Ер нь уг онгоц хэдэн жилийн настай юм бол?

-“Боинг-767” агаарын хөлөг маань 2000 онд үйлдвэрлэгдсэн. Тэгэхээр 18 настай гэсэн үг. Үйлдвэрлэгчээс онгоцыг 15 жилээс дээш настай бол ашиглахгүй гэх мэт хязгаарлалт байхгүй. Харин УИХ-аас баталсан манай бодлогын бичиг баримт дээр Монголд 20-иос дээш насжилттай агаарын хөлөг ашиглахгүй гээд заачихсан байгаа. Энэ дагуу “Боинг-767” онгоц маань 2020 оны зун хамгийн сүүлчийн нислэгээ хийгээд буцах ёстой юм. Мэдээж онгоц хөөрөхөөсөө өмнө бүх үзлэг шалгалтаа хийгээд, аюулгүй байдлаа хангаад гарна. Гэтэл хөөрсний дараа хяналтын самбар дээр анхааруулах гэрэл ассан. Ингээд буулт хийж дутагдлыг засаад онгоц шөнөдөө хэвийн нислэг үйлдэж Улаанбаатарт ирсэн. Улаанбаатарт буусны дараа ч бас дахин нарийвчилсан үзлэг хийсэн. Хянах самбар дахь гэрэл ямар шалтгаанаар ассаныг тодруулахаар манайхан ажиллаж байна л даа. Жишээлбэл, зөрчлийн, саатлын, нисэх багийн репортыг тус бүрт нь гаргаад шинжлэн шалгах руугаа явуулаад байна. Өнөөдөр МИАТ компани процедурын дагуу л ажиллаж байгаа.

-Зорчигчид нэлээд бухимдаж байгаа харагдсан. Тэд энэ онгоцоороо буцаж ирсэн үү. Эсвэл өөр онгоц гаргаж өгсөн үү?

-Нийт 244 зорчигч явсан. Манай агаарын хөлөг 00:43 цагийн үед Сөүлээс хөөрөөд Улаанбаатарт 04:04 цагт хэвийн буусан. Сөүлээс хөөрөхөд 12 зорчигч өөрсдөө явахгүй гээд үлдсэн юм билээ. Гэхдээ маргааш нь яг манай энэ онгоц буцаад Сөүл ниссэн. Үлдсэн зорчигчид энэ онгоцоороо буцаад Улаанбаатарт ирсэн байгаа. Инчоны буудал дээр онгоц буцаж буугаад хэсэг хугацаанд саатахад зорчигчид бухимдах нь аргагүй. Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Тиймээс онгоцыг шалгахад багагүй хугацаа ордог. Тэрийг хүмүүс тэр бүр мэддэггүй болохоороо буруу ташаа ойлголт авсан байхыг үгүйсгэхгүй. Онгоц буулт хийгээд ямар дутагдал гарсныг тодорхойлох гэж эхлээд үзлэг хийнэ. Солих шаардлагатай сэлбэгийг тодруулаад захиална. Онгоцонд бүх сэлбэг явна гэж байхгүй шүү дээ. Захиалсан сэлбэг ирсний дараа сольж тавихад бас л хугацаа орно. Тэрний дараа тавьсан эд ангийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг шалгана. Энэ мэтчилэн олон шат дамжлага байдаг. Бүх авиа компанийн хувьд аюулгүй ажиллагаа тэргүүнд тавигддаг. Бид үүнийгээ л хангах үүрэгтэй. Тэрнээс манай зорчигчид яарч, бухимдаад байна хурдан явъя гээд хам, хум ажиллана гэсэн ойлголт хаана ч байхгүй шүү дээ. Бүгдийг 100 хувь асуудалгүй болгож байж нислэг үйлдэнэ. Бямба гаригийн үүрээр онгоц Улаанбаатарт буусны дараа дахиж бид баталгаажуулж үзлэгээ хийгээд 07.45 цагт Сөүл рүү тэр онгоц буцаад явсан. Одоо онгоц нислэг хэвийн үйлдэж байгаа.

-Ингэхэд МИАТ компанийн аюулгүй ажиллагаа олон улсын хэмжээнд ямар түвшинд байдаг вэ?

-МИАТ компани өнөөдөр иргэний нисэхийн бүх гэрчилгээ зөвшөөрлийг авсан. Монгол Улсын иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээр нь олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас батлагдсан олон улсын аюулгүй ажиллагааны стандарт багц шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байна. 2006 оноос хойш манайх зургаан удаа IOSA аудит шалгалтад 100 хувийн амжилттай шалгагдсан. Ирэх 2019 оны долдугаар сард долоо дахь удаагаа аюулгүй ажиллагааны хөндлөнгийн аудитоор шалгуулах гэж байна. Хоёр жил тутамд хийгддэг шалгалт юм. Тэгэхээр МИАТ компани аюулгүй ажиллагааны шаардлагаа хангах гээд бүх л хийх ёстой ажлуудаа хийж байгаа.

-Одоо МИАТ компани хэдэн онгоцоор нислэг үйлдэж байгаа вэ. Парк шинэчлэлт хэрхэн хийгдэж байна?

-Өнөөдрийн байдлаар зургаан онгоцтойгоор агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Манайх парк шинэчлэлтийн хүрээнд ирэх онд хоёр шинэ онгоц авна. Он гараад нэгдүгээр сарын 21-нд цоо шинэ “Боинг-737МАХ”онгоц маань ирнэ. Дараагийн яг ийм онгоц тавдугаар сард орж ирнэ. Шинэ онгоцнуудаа авангуутаа зөрүүлээд хуучин онгоцоо түрээслэгчид нь буцаана. Ингэж парк шинэчлэлтийг үе шаттайгаар явуулж байна. Компанид шинэ онгоцнууд орж ирж байгаа гэдэг утгаараа үйл ажиллагааны зардлууд өснө. Хуучин онгоцыг бодвол түрээс нь өндөр л дөө.

Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, бид Боинг компаниас багш урьж авчирч байгаа.Ямар ч авиа компани онгоцоо авахдаа “Боинг”-ийн багш нисгэгчийг авчраад өөрийнхөө экипажийнхантай явуулж байгаагүй. Шинэ онгоцоо нэгдүгээр сарын 21-нд аваад дөрөв хоногийн дараагаас эхний нислэгээ үйлдэнэ. Тэр үед “Боинг”-ийн багшийг авчирна. Манай “Боинг-737” онгоц 18 экипажийн багтай байдаг. Энэ багш бүх экипажитай нэг, нэг удаа нислэгт гарна. Энэ бол дадлагажуулах нислэг биш. Манай хүмүүсийн чадвар, шинэ онгоцондоо ямар байна гэдэг мэдээллийг удирдлагууд авах ёстой. Бас онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Женерал Электриктэй бид ойр ажиллаж байгаа. Тэд манай шинэ онгоцыг ирэнгүүт бидэнд сургалт явуулна.

-Сургалтын баазтай болно гэснээ тодруулахгүй юу?

-Бид өөрсдийн “Боинг-737” онгоцны Mock Up, “Боинг-767”-гийн хаалгыг авчирсан. Манайх ерөнхийдөө долоон групп болоод сургалтад явдаг. Тэр нь “Боинг-737”, “Боинг-767” онгоцон дээр ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсэх үед яаж ажиллах вэ гэдэг сургалт. Тэгэхээр онгоцны хаалгаа онгойлгохоос авахуулаад зорчигчдынхоо аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, усан дээр яаж буух уу гэх зэрэг сургалт юм. Эдгээр сургалтыг Монголдоо хийдэг болгоё гэж зорьж байгаа. Ингэснээр гадагшаа явдаг сургалтын зардлыг хэмнэх зорилготой. Өөрийн гэсэн сургалтын төвтэй болсон тохиолдолд жилдээ 2-3 удаа сургалт хийж болно. Нөгөөтэйгүүр гадны авиа компаниуд ийм сургалтуудаа Монголд ирж хийх боломжтой болно.

-Манай инженерүүд гадны авиа компаниудад нэлээд танигдаад байгаа. Хичнээн орны онгоцонд засвар үйлчилгээ хийсэн бэ?

-2013 оноос бид гадны онгоцны хүнд хэлбэрийн техник үйлчилгээг авч хийсэн. Өнөөдрийн байдлаар 62 дахь онгоцонд техник үйлчилгээ хийгдээд дуусч байна. Үйл ажиллагаагаа экспортлохын хэрээр орлого олж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол үзүүлэлт нь эргээд аюулгүй ажиллагаатай холбож ойлгож болно. Гадны“Боинг- 737”, “Боинг-767” онгоцнуудад үйлчилгээ хийдэг. Гадны онгоцонд үйлчилгээ хийгээд дутагдал олчихоод дараа нь өөрийнхөө онгоцон дээр ирээд харьцуулж шалгадаг. Тэр бол аюулгүй ажиллагааны хамгийн том давуу тал. Ингэснээр манай онгоцны нислэгт бэлэн байх байдал, аюулгүй найдвартай ажиллагаа илүү сайжраад байна гэсэн үг. Цааш цаашдаа энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Солонгос, Орос, Якутын авиа компаниуд манайх руу онгоцоо явуулж засуулж байна. Дөнгөж сайхан “Рояал флат” гэдэг компани“Боинг-767” онгоцоо засуулаад явлаа. Бас Тайландын гурав, дөрвөн авиа компанид техникийн үйлчилгээ хийсэн. Манай залуус өнгөрсөн жил Америкийн авиа компанийн онгоцны хөдөлгүүрийг солиод ирсэн. Дараа нь Арабад хоёр ч удаа очоод онгоцны хөдөлгүүрийг нь солиод ирсэн. Энэ бол биднийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг хавар УИХ-аас баталсан. Ингэснээр Сөүл, Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөн бий болж, тийзийн үнэ буурна гэж харж байгаа. Танай компанийн хувьд хэр зэрэг бэлтгэл хангаж байна даа?

-Мэдээж өрсөлдөөн нэмэгдэнэ. Агаарын хөлгийн паркаа шинэчилж байгаа нь тэр өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэж байна гэсэн үг. Аюулгүй ажиллагааны хувьд өөрсдийгөө улам сайжруулж байна гэдэг бол авиакомпанийн хувьд хамгийн том үзүүлэлт нь. Мөн бид ирэх гурван жилийнхээ бизнес төлөвлөгөөн дээр ажиллаж байна.

-МИАТ компанийн нислэгийн тийз үнэтэй тул манайхан Эрхүү, Улаан-Үүд, Бээжингээр дамжаад “Low cost”-ийн компаниар нисээд байдаг. Нэгэнт МИАТ компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захиралтай уулзсаных Low cost болон “full service”-ийн авиа компаниудын ялгааны талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-“Full service”бүтэн үйлчилгээ үзүүлдэг. Харин бага зардлын авиа компаниуд хэмнэж болох бүх зардлыг хэмнэдэг. Өнөөдөр МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг утгаараа“full service”үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр хямд зардлын авиа компаниудтай адил бүх зардлаа танаад явна гэж байхгүй. Зардал танах тусам үйлчилгээ муудна. Хэрэв манай үндсэн чиглэлүүдэд бага зардлын авиа компани орж ирэх юм бол бид өрсөлдөхөд хүндрэлтэй болно. “Low cost”-ийн хувьд бизнес класс бараг байхгүй. Онгоцны суудал хоорондын зай нь ч бага. Жишээлбэл, “Full service”-ийн суудал хоорондын зай 31 инч байхад “Low cost” 29, 28 шахуу байна. Энэ болгонд зорчигчийн тав тух, нислэгийн турш зорчигчдод үзүүлж байгаа үйлчилгээ зэрэг ялгаатай.

-Сая Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэхээр ярилцсан байна лээ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-ИНЕГ-аас манайд өгсөн чиглэлийн дагуу ирэх оны долдугаар сарын 10 гэхэд шинэ нисэх буудлаас эхнийхээ нислэгийг хийнэ гэсэн. Мэдээж бид бэлдээд л ажиллаж байгаа. Өмнө ч гэсэн бэлтгэл ажил хийгээд л явж байсан. Шинэ нисэх буудлын шалгах нислэгийг МИАТ-ийн онгоцоор хийсэн. Эхний шалгах нислэгүүдийг манайх үйлдсэн болохоор бид шинэ буудалтай бараг танилцсан гэхэд болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг дүгнэлээ

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Япон улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний айлчлал ямар онцлог ач холбогдолтой болов?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын гол онцлог нь 2017 оны 3 дугаар сард Токио хотноо гарын үсэг зурсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т эхний шатны явцын иж бүрэн үнэлгээ хийсэн явдал боллоо. Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа Япон улсад айлчилж буй У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, Япон улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын зүгээс өнөөг хүртэл үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол Улсын орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч тус улсад гурван ч удаа айлчилсанд талархдагаа нотлов.

Ерөнхий сайд Ш.Абэгийн 2013 онд дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг Монголын тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн байна. Эрч санаачилга гэдэг нь Стратегийн түншлэлийг ардчилал, энхтайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх тухай гэж ойлгож болох юм.

-2017-2021 онд Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийн айлчлалаар хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үр дүнг тодорхойлсон юм байна. Судлаачийн хувьд энэ хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байна вэ?

-Хоёр улсын Ерөнхий сайд нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Ер нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ингэж явцын үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй юм. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын салбар дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, иргэд хоорондын солилцоо гэсэн чиглэлээр нэлээд нарийвчлан хийжээ. Өөрөөр хэлбэл жил хагасын хугацааны ажлын тайлан гэж хэлж болохоор байна. Одоо 3 жил үлдэж байна. Хамгийн гол бүтээн байгуулалт нь нэгдүгээрт, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаа алдалгүй ашиглалтад оруулах, хоёрдугаарт, Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал болно.

-Токиод Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр болсон байна. Манай бизнесийнхэнд том боломж авчирна гэж хараад байна л даа. Ер нь тус улсад худалдааны төлөөлөгчийн газартай болсноор хоёр улсын эдийн засагт ямар өөрчлөлт бий болох вэ?

-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сард ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Монгол Улсын дурдсан чиглэлд худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, ложистикийн чиглэлийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг харуулж байгаа хэрэг. Бээжин, Токио дахь Монголын ЭСЯ-нд худалдаа-эдийн засгийн атташе, зөвлөхийн аппарат ажилладаг. Миний ойлгож байгаагаар энэ нь ЭСЯ-наас тусдаа бие даасан бүтэц байх болов уу. Худалдааны Төлөөлөгчийн газар аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, үзэсгэлэн, экспортод оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түншлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр бие даан ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудтай шууд харьцах болов уу.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ. Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ямар байна уу?

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж, хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголын тал эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болж байна.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах гэрээний үүрэгт ажлыаа эрчимжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежмэнтэд шаардлагатай холбогдох бүх ажлуудаа бүрэн дуусгахаа нотолсон байна. Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, энэ чиглэлд РРР-г эрчимжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэх, ноолуурын салбарын чухлыг онцолж, дээрх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтжээ. Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болж байгаа бөгөөд тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх ажээ. Гэхдээ хамгийн гол нь Монгол Улсын төр засаг, эдийн засгийн тогтвортой байдал, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага чухал билээ.

-Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийсний дараа Хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар юуг онцолмоор байна. Ажил хэрэг болох ямар, ямар санаачилгууд байна вэ?

-Давхардуулахгүйгээр тэмдэглэхэд, Япон улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэсэн байна. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол, АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Япон улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжих бол Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг Япон улс дэмжиж байгаагаа нотлов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэж, Зүүн хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон улсын гурван талт хамтын ажиллагааны шинэ формат болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн ахул Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчилалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчилалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэсэн байна.


Categories
мэдээ цаг-үе

Р.Раш: Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.


-Ардын намын талцал төрийн үйл ажиллагааг гацааж байна. Та энэ намын гишүүний хувьд болж байгаа процессын талаар ямар бодолтой байна вэ. Үүнээс гарах гарц нь юу вэ?

-Би ч улс төрөөс хөндийрөөд нэлээд жилийн нүүрийг үзэж байна л даа. Гэхдээ МАН-ын гишүүн, төрийн албыг хашиж байсан хүн болохоор сэтгэл зовж л сууна. Энэ төрийн ажил дээгүүрээ гацаанд орлоо гэдэг бол яах аргагүй манай намын доторх хагарал, үг хэлээ олохгүй байгаа явдалтай холбоотой. Нэг нь гүрийгээд суугаад байдаг. Нөгөөх нь чи яв гээд дайраад байдаг. Ер нь Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой. Энэ үзэгдэлд эртнээс дүгнэлт хийгээд засч арилгаад ирсэн бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан биз.

-Яавал хоёр тийшээ харсан МАН-ын лидерүүд учраа олох вэ?

-Тэд харилцан ухаалаг буулт хийх ёстой л доо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Тэгээд ч заавал тэндээ шигдээд байна гээд гүрийгээд байх нь зөв юм уу. Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа юм бол улсынхаа ажлыг бодоод буулт хийх л ёстой шүү дээ. Бие биенийгээ загнаад хэрэггүй. Нам доторх цэц булаалдсан тэмцлийг намжаах гарц нь энэ. Бид 90-ээд оны үед ямар байлаа даа. Нийгмийн өөрчлөлтийг зөв механизмаар эвтэйхэн даван туулж чадсан шүү дээ. Тэр туршлагаа өнөөдөр эргэж хармаар байна. Манай намын түүхэнд ч “Би, чи, баруун, зүүн” гэсэн үзэл 20, 30-аад онд гарч л байсан. Тэр болгонд хурлаа хийгээд, зөв улсуудаа гаргаж ирээд асуудлыг шийдэж байсан түүх Монголын нийгэмд ч, манай намын түүхэнд ч байгаа.

-1990-ээд онд та АИХ-ын депутат байсан байх аа. Тэр үеийн механизмыг ашиглах ёстой гэхээр хоёр танхимтай парламент байгуулах ёстой гэсэн үг үү?

-Улсын бага хурлыг байгуулаад, тэр хооронд хоёр танхимтай парламент ажиллаж байсан шүү дээ. Тэр үед туршлагатай, үнэнч шударга, жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй шилдэг хүмүүсийг гаргаж ирж байлаа. Өнөөдөр ийм маягаар ажиллах хэрэгтэй байна.

Тэрнээс цээжээ балбасан биш, харин Ц.Балхаажав, Г.Очирбат, Б.Даш- Ёндон, Жанцан, Пүрэвням, Я.Долгоржав зэрэг мундаг эрдэмтэд хуульчдыг түлхүүхэн гаргаж ирээд, шударга тал руугаа явдаг улсуудаар бүрдүүлээд ажиллах юм бол аятайхан бичиг баримт гарч, зөв голдирол руугаа орно л доо. Нам дотор түймэр авалцаж байхад УИХ-д байгаа манай намын ахмад, хашир нөхөд ажигласан байдалтай чимээгүй суугаад л байх юм. Наад залуучууд нь хоорондоо би чи гэлцээд, тар няр гээд л үзэлцээд байдаг. Дуугарч байгаа хүмүүс нь дандаа улс төр талаас нь яриад байх юм. Улсын бодлого ярьж буй хүн бараг алга.

-УИХ-ын гишүүд, төрийн эрх баригчид хуулиа мөрдөж ажиллах ёстой улсууд биш бил үү. Гэтэл хуулиар хамгаалалтад байгаа юм шиг л аашлах юм?

-Үндсэн хуулиа өөрчилнө гэж олон жил ярилаа шүү дээ. “Уг нь Үндсэн хуульдаа байгаа юм биш. Тэрийг хэрэгжүүлэх арга механизмдаа байна” гээд л Үндсэн хууль батлалцсан хүний хувьд хэлээд явдаг байлаа. Одоо иймэрхүү байдлаас харахад Үндсэн хуульдаа яалт ч үгүй өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна л даа. 90-ээд оны эхэн үеийн жишгээр тэрийг хоёр танхимтай парламент байгуулах замаар шийдэж болно. Бага хурлаа байгуулъя. Одоогийн УИХ-ыг больё гэвэл больчихъё л доо. Өнөөдөр шууд сонгууль явуулна гэхэд зовлон байлгүй яахав . Монгол орон ямар нөхцөлд ажиллаж амьдарцгааж байгаа билээ. Гэхдээ шаардлага байвал хийж л таарна л даа.

-Эрх баригчид маань нэг нэгнийхээ идэж, уусныг сөргүүлээд л илчлээд байна. Ийм бэлэн мэдээлэл дээр шүүх прокурорынхон яагаад хөдлөхгүй байна вэ?

-Нэгэнт ил болчихсон процессыг хууль хяналтын байгууллага цэгцлэх л ёстой л доо. Үндсэн хууль дээр Төрийн гурван өндөрлөг, шүүх засаглал гээд байдаг. Тэгтэл шүүх, прокурор, АТГ нь хараат байна. Нэгэнт Төрийн өндөрлөг л юм бол өндөрлөгийнхөө ажлыг л хиймээр байгаа юм. Аль нэгнийх нь талд орохгүйгээр шударга ажилламаар байна. Дээр нь эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч маань чимээгүй маягтай суугаад байх юм. УИХ-ыг тараая гэсэн ерөнхий үг хэлсэн байх.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай гар нийлчихээд байгаа юм биш үү. Энэ ажлыг жинхэнэ зураглаж байгаа хүн л гэх юм байна шүү дээ?

-Улсууд тэгж яриад л байх юм. Цаагуураа яаж гар барилцсаныг нь харсан биш, мэдэхгүй юм даа.

-УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шахаж байгаа. Хэрэв Их хурал тарвал төрийн эргэлт болно биз дээ. Тэгээд ч дараагийн хүмүүс гарч ирээд өөрчлөгдөх үү?

-Ухаандаа одоогийн байгаагаасаа дээрдүүлнэ, олон жил үргэлжилсэн бохир юмнаасаа салъя гээд байгаа шүү дээ. Үүний цаана бас засгийн төлөөх өрсөлдөөн явж байгаа. Нэг нь Их хурлын дарга болчих санаатай хүн ч бий л биз. Зарим нь сайд болъё гээд цохиж явна. Ингэж болохгүй шүү дээ. Зөв бодлого л байх ёстой. Ер нь цаашид засаг нь парламентынхаа гадна баймаар байна. Манайх бол парламентын бүгд найрамдах улс байх нь гарцаагүй. Энэ бол улс орны язгуур эрх ашиг. Геополитиктой холбоотой.

-Нэг нэгнийгээ хэмлэж байгаа улс төрийн энэ нөхцөл байдлыг зарим хүн сайн цагийн эхлэл гэж бас хэлэх юм…

-Идээ бээр шахагдаж байна. Энэ утгаараа төр цэвэршинэ л дээ. Ашигт малтмалыг маань бүлэг эрх ашиг ухаж аваад гадагш нь гувчуулж, өнөөдөр ядуу ард түмэн ходоодоороо сонгууль хийдэг ийм л голдрил руу урсаад орчихсон. Үүнээс яаж гарах вэ гэдэгт эрдэмтэн мэргэд, ухаантай хүмүүсээ оролцуулсан яриа хэлэлцээний замд л орох хэрэгтэй байна. Өөрийнхөө эрх ашгийг урьд нь тавих биш, явцуу хэдэн хүний эрх ашгийг биш, явцуу бүлгийн эрх ашгийг биш, улс орны язгуур эрх ашгийг урдаа тавих ёстой.

Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж ухаалаг сайхан ярианууд гарч байна. Энэ болгоныг шүүр шанагандаа тунгааж үзээд юм болгох хэрэгтэй байх даа. Монголчууд чинь баялаг түүхтэй, баян орон шүү дээ. Газар дороо ямар их баялагтай билээ. Бас ч гэж өнөөдөр ард түмэн амьдрах гээд үзээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудал ярианаас цааш олигтой явж чадахгүй байна. Хачир дээрээ үндэсний үйлдвэр байгуулна, жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гээд байдаг мөртлөө түүнд зориулсан мөнгийг нь энэ хэдэн золигнууд хуваагаад идчихсэн байна. Тэд шившгээ дэлгэж байна. Тэгэхээр ард түмний уур хилэн буцлах нь аргагүй. Уг нь ухаалаг бодлогоор ажиллавал энэ нөхцөл байдлаас гарах гарцууд зөндөө бий. Юун түрүүнд мундаг дүгнэлт хийх хэрэгтэй байна. Мөн улс төрөөс төрийн бодлогыг яаж гаргаж ирэх вэ гэдэг ухаалаг гаргалгааг судалгааны үндсэн дээр хийх ёстой. Манайд мундаг эрдэмтэд олон байгааг дахин хэлье. Олон сайчууд байгаа. Даанч тэр ухаан гортигны гадна гарчихсан. Би намынхандаа хэлдэг юм. Улс орны хөгжилд түшиг тулгуур болох судалгаандаа энэ сайхан хүмүүсээ ашиглаж болдоггүй юм уу гэхээр “Тэгнэ ээ” л гэдэг. Тэгээд л таг.

-Сонирхолгүй байна л даа?

-Харин тийм. Явж, явж шинжлэх ухаанаас бодлого руу, бодлогоос практикт гэдэг шүү дээ. Гэтэл шинжлэх ухаан, судалгаагаа орхигдуулаад байгаа юм. Тэгээд л наана нь бодлогоо улс төрийн явцуу эрх ашгаар дүрсэлж ойлгоод яваад байдаг. УИХ-ын гишүүд чинь яг үнэндээ улс төрийн бодлоготнууд мөн юм уу. Зүгээр л улс төр хөөцөлдөгчид болчихоод байна. Жинхэнэ улстөрч гэдэг бол төрийн бодлоготон хүнийг л хэлнэ.

-МАН-ын бага хурлын шийдвэр ямар гарах бол гэж нийгэмд хүлээж байгаа. Гэтэл эд нар учраа олох янзгүй байх шиг. Хоёр тал нэг нэгдээ буулт хийж өгөхгүй бол цаашид ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Одоогийн байдлаар тааж хэлэхэд хэцүү л байна Хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчидөө сайн сонсох ёстой. Тэд амьдралыг бараг илүү мэднэ.

-Бага хурлын гишүүдийн ихэнх нь намын даргын хүмүүс юм уу даа?

-Намын бодлого анхан шатны үүрээс гарч, шат, шатаар ахиж гардаг. Гэтэл манай нам ийм байхаа больжээ. Их хурлын төлөөлөгчдийг сонголоо гэхэд үүрийн хурлаа ч гишүүддээ зарлахаа больж. Гэнэтхэн хэрэгтэй хэрэгтэй хүмүүстээ хэлээд л, төлөөлөгчөө явуулдаг болсон. Дээрээс захиалгаар тэр, тэрийг сонгоорой гээд л хуруугаараа заадаг. Нөгөө намын шинэчлэл энээ тэрээ ч яалаа. Наад үүрийн дарга нар нь ч тэр дохио зангаагаар ажилладаг. Ийм утсан хүүхэлдэй шиг байж болохгүй л дээ.

-Энэ янзаараа цааш үргэлжилбэл 100 жилийнхээ ойгоор гудамжинд гарах нь л дээ?

-Би дээхнэ үед намын Удирдах зөвлөлийн Ахмадын хорооны хурал дээр намын дарга У.Хүрэлсүхэд хандаж хэлж байснаа санаж байна. Дөмөгхөн ажиллахгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг бид гудамжинд, нөгөө арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайд хэдэн өвөгчүүл СССР-ийн туг бариад явдаг шиг болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.Би муу ёрлож байгаа юм биш шүү. Уг нь Монгол Улсын түүхэнд Ардын хувьсгал жинхэнэ том өөрчлөлтийг авчирсан. Саяхан талийгаач болсон Дамдин дарга надад хэлж байсан юм. “Раш аа бид та нарт цэцэглэн хөгжсөн Монгол орныг гардуулж өгсөн шүү. Та нар өнөөдөр юу болгох гээд байна вэ” гэсэн нь одоо толгойд бодогдох юм. Би тэр үед УИХ-д хуралд суудаг байлаа. Шударга гээд ярьж байгаа хүн ч хоёр талтай. Жинхэнэ шударга хүн ч байгаа. Зүгээр нэг кино жүжигчин ч бий. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Ард түмэн одоо жаахан ухаажиж байгаа байх гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч овоо мэдээлж байна. Үнэндээ бид өнөөдөр мөнгөгүйдээ ингэж яваа юм биш. Мөнгө бол байгаа. Мөнгөө шударгаар л хэрэглэх ёстой. Уг нь бид мөнгөний хойноос гүйх биш, мөнгө бидний хойноос явах ёстой юм. Өнөөдрийн банк санхүүгийн зах зээл дээр шударга бус л мөнгө эргэлдээд байна.

-МАН-д У.Хүрэлсүх гэдэг хүний дарангуйлал ноёллоо гэж Д.Хаянхярваа гишүүн бүлгийн даргаасаа огцорсны дараа мэдэгдэж байсан. Үнэхээр танай нам тэр хүний дарангуйлалд орчихов уу?

-Эд нар нэг нэгнийхээ дээр гарах гээд л юу ч хамаагүй хэлцгээх болжээ. Нөгөө парламентын соёл энэ тэр гэж алга. Нэг нэгийгээ муухай харагдуулах гээд л бие биеэ доромжлоод байна. Үүнийг улс төрийн соёл гэх юм уу. Бие биеэсээ улс төрийн хожоо олох гэсэн байдал ажиглагдаад байна шүү дээ.

Ардчилсан нам ч, манай нам ч иймэрхүү л яриад байна л даа. “Их хуралд нэрийг чинь дэвшүүлэхгүй шүү” гэх юм. Энэ юу гэсэн үг юм бэ. Заавал дэвших ёстой юм уу. Зарим нь болохоор заавал дэвшинэ гэж амьдралынхаа зорилго болгочихсон байдаг юм байна л даа. Тэгж баяжих нүх сүв, зөөлөн дэвсгэрээ эрээд байдаг юм болов уу даа. Тэнд байгаа ахмад гишүүддээ шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Болж өгвөл дахиад нэг гарч ирэх юм сан. Дахиад сайд болчих юм сан” гээд л ажиглалтын байдлаар хандаад байх шиг.Уг нь тэд ийм үед манлайлах ёстой улс.

-Ард түмэн энэ хоёр намаас үнэхээр залхсан, бас урам нь ч хугарсан. Дараагийн улс төрийн хүчин гарч ирлээ гэхэд эд нараас дээр байж чадах болов уу?

-Манайд олон намууд байна. Бүгд л бас л амбицад хөтлөгдсөн маягтай. Энэ олон намаар ч яах юм. Намууд зөв голдрилд орж хөгжиж бэхжиж чадахгүй байна. Ардчилсан нам ч чадахгүй байна.

Бид чинь жижигхэн улс, үндэстэн шүү дээ. Юм л болбол тэр тийм, энэ ийм гаралтай гээд л гоочилдог. Өөр өөрсдийгөө ингэж чичлээд байгааг буруу л гэж бодож байна. Хоёр аугаа том гүрний дунд оршиж байгаа шүү дээ. Иймд үндэсний явцуу үзэл бол дэмий. Цэдэнбал гуай, Самбуу дарга нар мундаг бодлого явуулж байсан юм билээ. Яаж зохицуулах уу гээд тарчилж л байж л дээ. Тэгж байж Монгол Улсыг бидэнд үлдээсэн. Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа гацаж, хамгийн чухал яам нь сайдгүй л сууж байна шүү дээ. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу цагийн байдалд хөдөөгийн малчид яажшуухан байгааг мэдэж байна уу, ер нь. Ялангуяа манай говь руу цас ороогүй, хуурай. Малчид суганы булчирхайгаа цочиртол ховоодоод хэдэн малаа ундалж байна. Жаахан ургасныг нь оготно идээд дөхүүлж байх шиг… Улс амьтны яриаг чагнаж байхад ийм байна. Гэтэл эрх баригчид асуудалд бодитойгоор хандахгүй, ёстой дэвээд л байх юм. Хий цэцэрхсэн юм бидэнд хэрэггүй гэдэг нь харагдаж байна. Ард түмэн хичнээн хүнд байгаа ч ухаарч байгаа байх. Ирэх сонгуулиар сэхээрлийг өгөх байлгүй дээ.

-Саяхан УБТЗ-ын Хамтын хурал болсон дуулдсан. Үр дүн нь ямар болсон бэ?

-Тэгсээн. Асуудлуудаа ярьж шийдэцгээсэн юм билээ. Харин Төмөр замын ерөнхий хороонд Монголын талаас сонгогдсон гишүүдийн хувьд Ахмад төмөр замчин хүний хувьд сэтгэл гонсгор байгаа.

-Яагаад?

-Дахиад л манайхан юмыг зөвхөн улс төрийн өнцгөөс харж, мэргэжлийн хүчин зүйлийг огт харгалзаагүй. Гэтэл нөгөө тал маань жинхэнэ мэргэжлийн мундагчууд байна шүү дээ. Бид тэгэхлээр тэдэнтэй юм ярихад жолдолгүй яахав.