Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Шүрхүү: Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн ширүүсэнгүүт эдийн засаг, зам тээврийн ил далд хорио цээр, тарифын бус хориг саад нэмэгдсэн бололтой

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.


-Тяньжины боомтод Монголын ачаа барааны бөөгнөрөл үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Далайд гарцгүй орны зовлонг эндээс тод харж болохоор байна. Айлын тал бусад улсын ачааг хэвийн явуулаад ганцхан манайхыг хориод байна уу?

-Тяньжин боомтод 3000 гаруй чингэлэг гацсан нь нэлээд олон учир шалтгаантай байж магадгүй. Ковидын улмаас хяналт шалгалт нэмэгдэж, ариутгал халдваргүйжилтэд багагүй цаг орохоос гадна зарим далайн боомтууд түр хугацаагаар хаагдсан нь сүүлийн саруудад Хятадад чингэлэг тээвэрт нэлээд ачаалал үүсгэсэн. Жишээ нь, өмнөд Хятадын Гуандун мужийн Яньтань гэх мэт хэдэн боомтыг халдварын улмаас тавдугаар сард долоо хоног хааж, дараа нь хүчин чадлын ердөө 30 хувь ажиллаж байв. Суэцийн сувагт хөлөг онгоц хайргадаж, олон зуун хөлгийн түгжрэл, чингэлэг тээвэрт хүндрэл үүсгэсэн нь далайн болон хуурай боомтуудад ачаалал үүсгэн, чингэлэг тээврийн хугацааг уртасгаж, үнийг ч өсгөхөд хүргэв. Мэргэжилтнүүд том боомтууд, зангилаа цэгүүдэд гарсан хүндрэл бэрхшээлийн үр дагавар их, нөлөөллийн хугацаа ч урт. Эдгээр түгжрэл хүндрэлийн сөрөг нөлөө тээвэрлэлт хэвийн болсноос хойш 2-3 сарын дараа л сая хэвийн голдиролд орно хэмээн үзэж байна. Далайд гарцгүй, жижиг зах зээлтэй манай орны хувьд далайн тээврийн түгжрэл, боомтод чингэлгүүд гацах илүү хүнд тусах магадлалтай. 3-4 мянган чингэлэг гэдэг жилдээ 40-50 сая, өдөртөө олон зуун мянган чингэлэг ачиж, буулгадаг боомтод бол маш өчүүхэн тоо. Тэгэхээр илүү олон мянган чингэлэгтэй их гүрнүүд, том компаниуд манай урдуур орох нь бараг ойлгомжтой асуудал. Үүнээс гадна их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн ширүүсээд ирэх үед эдийн засаг, зам тээврийн ил далд хорио цээр, тарифын бус хориг саад нэмэгдсэн бололтой.

Ийм нөхцөлд далайн тээврийн уламжлалт чиглэлүүдээс гадна альтернатив хувилбар арктикийн чиглэлд тээвэрлэлт огцом нэмэгдсэн байна. Арктикийн замаар 2017 онд 10 сая тн ачаа тээж байсан бол 2020 онд 33 сая болж гурав дахин нэмэгджээ. Гэхдээ Суэцийн сувгаар жилд нэг тэрбум давсан тонн ачаа зөөдөгтэй харьцуулбал энэ хэмжээ маш бага гэсэн үг.

Өөр нэг чиглэл бол эх газраар төмөр зам, авто замаар тээх урсгал ч ихээхэн нэмэгдэж байна. Хятадын талын мэдээгээр транс-евразийн гол замаар Хятад-Европын хооронд зөөсөн чингэлэг тээвэр 2020 онд 56 хувь өсч, 1.14 сая стандарт чингэлэгт хүрчээ. Транс-евразийн төв зам хойд буюу ОХУ, Монголоор дайрдаг чиглэл, Казахстан, Төв Азиар дайрдаг өмнөд чиглэл гэж хоёр хуваагддаг бөгөөд транзит тээвэр илүүтэй өсчээ. Казахстан транзит тээврийн тал дээр илүү идэвхтэй байсан, дамжин өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдсэний үр дүнд нийт транзит тээврийн гуравны хоёрыг тээвэрлэж байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо ч жилээс жилд хурдацтай өсч байна. Зөвхөн гурван жилд 60-80 хувийн өсөлттэй буюу 2018 онд 855, 2019 онд 1454, 2020 онд 2312 чингэлгийн галт тэрэг Монголоор дайран өнгөрчээ. Энэ өсөлт Ази-Европын хооронд бараа урсгал их нэмэгдсэнээс гадна Монголын тал өрсөлдөх чадвараа сайжруулах үүднээс үнэ тарифаа бууруулан, хямд найдвартай, шуурхай транзит тээврийн саналыг хэрэглэгч талуудад хүргэж чадсаны үр юм. Төмөр зам, авто тээвэр далайн тээвэртэй харьцуулбал зардал харьцангуй өндөр боловч тээвэрлэлтийн хугацаа богино, хэрэглэгчид илүү ойр хүргэлт хийдгээрээ давуу талтай. Сүүлийн жилүүдэд Оросын тал Арктикийн чиглэлийн тээврийн зардал Суэцийн сувгийнхаас 30 хувь өндөр байгааг бууруулж, наад зах нь ижил түвшинд хүргэхээр судалгаа явуулж эхлээд байна.

-Манайх төмөр замын нарийн цариг тавьсан байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэх юм. Бодит байдлын тухайд судлаачийн хувьд ямар дүгнэлттэй байна вэ. Нарийн царигийн асуудал явж явж эдийн засгийн хориг юм биш үү?

-Шуудхан хэлэхэд нарийн царигаас үүдэлтэй эдийн засгийн хориг, эсвэл урд айл Монголыг шахаж хавчин манай хэдэн чингэлгийг ялгаж үлдээгээд бусад орныхыг хэвийн явуулаад байна гэдэг хардлага үндэслэл муутайг дээр дурдсан жишээ баримтуудаас харагдах болов уу. Харин Хятад улс Монголд нарийн царигаа оруулах сонирхол байгаа нь нууц биш, зөвхөн энэ үүднээс манай чингэлгүүдийг Тяньжинд гацааж байна гэдгийг олон талаас нотлох шаардлагатай. Миний хувьд өмнөд хөршийн зүгээс манайд эдийн засгийн хориг тавихын тулд нарийн царигаас гадна хоёр талын харилцаанд ан цав, том зөрчилд хүргэх Хятадын язгуур эрх ашгийг хөндсөн ноцтой асуудлууд үүссэн байх ёстой. Тухайлбал, Далай лам Монголд айлчлах, өрнөдийн зүгээс Өмнөд Монгол, Шинжаан, Төвөд дахь шашин, соёлын хавчлага, Ковидын гарал үүслийн талаар Хятадыг буруутгасан улс төр-дипломатын алхам, хандлагыг Монгол Улс илэрхий дэмжих гэх мэт. Гэтэл манай хоёр орон бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй, язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчмыг чанд баримтлан найрсаг харилцаатай, цар тахлыг хамтдаа даван туулахын төлөө бие биендээ туслан дэмжиж, хилээ хаах, хорио цээрийн дэглэмээ чангатгах, худалдааны эргэлт буурах, хилийн боомтууд дээр хүндрэл бэрхшээл гарах үед харилцан ойлгож, хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулахыг эрмэлзсээр байна. Хил орчмын бүсэд “Ногоон суваг” байгуулах, боомтуудад ачаа, чингэлгүүд бөөгнөрсөн асуудлыг хоёр талын хүчин чармайлтаар бууруулах арга хэмжээ авч байгаа нь үүний нотолгоо. Тэгээд ч Тяньжинээс хоногт хуваарь ёсоор чингэлгийн нэг галт тэрэг илгээдэг байсныг хоёр болгосны үр дүнд тэнд цугларсан 3162 чингэлэг нэг мянгаар багасчээ. Нөгөө талаас царигийн зөрүүгээс болоод чингэлэг тээвэр гацсан бус, харин Эрээн өртөөний хүчин чадал, Тяньжинээс Эрээн хүрэх Хятадын төмөр замуудын ачаалал чингэлэг тээвэр, транзит галт тэрэгний тоог хязгаарлаж байгаа юм. УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголын нутгаар дамжуулах транзит ачааны захиалга 10 сая тонн, чингэлгийн галт тэрэг 4500 хүрсэн. Тээврийн захиалгын хэмжээг хязгаарлаад буй гол асуудал Эрээн-Замын-Үүдийн галт тэрэг солилцоо. Хоногт ердөө 14 галт тэрэг солилцдогийг 20 хүртэл нэмэгдүүлбэл манай хүчин чадал дээд хязгаартаа тулсан боловч ачаа тээвэрлэлтийг өөрийн нөөц бололцоо, тээврлэлтийн тохируулга хийх замаар нэмэгдүүлэх боломжтой. БНХАУ-ын төмөр замынхан дээрх тоог нэмэх боломжгүй. Эрээн өртөөний нөхцөл байдал, техникийн хүчин чадал бага” гэсэн хариуг өнгөрөгч 11 дүгээр сард албан ёсоор өгсөн. Харин Замын-Үүдийн шинэ логистикийн төвийн ашиглалт өнгөрсөн жил 40 орчим хувьтай байсан, ойрын үед 80 хувьд хүргэхээр зарим бүтээн байгуулалт, арга хэмжээг дэс дараатай авч байна гэж дурдсан. Тэгэхлээр Монголд нарийн цариг тавиагүйгээс чингэлэг тээвэр гацаж байна гэдэг нь огт худал зүйл, хойшдоо асуудал хүндрэл болгоныг царигийн зөрүүтэй холбох, их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил дээр улс төр-бизнесийн ашиг хонжоо олох гэсэн явцуу санаархлаа орхих хэрэгтэй. Харин бид хойд өмнөд хил дээр галт тэрэг солилцох, дамжин өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх тал дээр хоёр хөршөөсөө арай түрүүлж яваа, цаашдаа гол шугамын өргөтгөл шинэчлэлээ Эрээн, Наушкийн өртөөнүүдийн хүчин чадлын өргөтгөл шинэчлэлтэй уялдуулах, транс-евразийн гол шугамуудтай саадгүй холбох нөхцөл бололцоог хоёр хөрштэйгөө хамтдаа шийдвэрлэх нь илүү чухал ач холбогдолтойг ойлгох хэрэгтэй.

-Цар тахлын хөл хорио, эрэлт нийлүүлэлт нэмэгдэж буйн улмаас хил дээр үүссэн бөөгнөрөл цаашид эдийн засгийн сэргэлтийг даган энэ ачаалал улам нэмэгдэнэ. Тиймээс Тяньжинаас өөр замаар манайх ачаа бараагаа татах ямар, ямар боломжууд байна вэ?

-Цар тахлын эдийн засаг, худалдаанд үзүүлж буй сөрөг нөлөө, цахим шилжилтийг түргэтгэсэн нөхцөл байдал, хил дээр, далайн боомтуудад ачаа чингэлгийн бөөгнөрөл, тээвэр логистикийн зардлын өсөлт, их гүрнүүдийн геостратегийн өрсөлдөөн ширүүссэн зэрэг нь Монгол төдийгүй дэлхий даяар нийлүүлэлтийн найдвартай сүлжээг байгуулах, зам тээврийн шинэ хонгилууд, альтернатив чиглэлүүдийг сонгох, өрсөлдөх чадвараа сайжруулж, мэдээллийн шинэ технологийг түлхүү ашиглах сонирхлыг нэмэгдүүлж, зарим талаар тулгаж байна. Хэрэглээнийхээ ихэнх хэсгийг гол төлөв импортоор хангадаг, далайд гарцгүй Монгол Улсын хувьд нийлүүлэлтийн сүлжээгээ найдвартай болгохын тулд эх сурвалж, тээврийн чиглэлүүдээ төрөлжүүлэн олшруулах, өртөг зардлын өсөлтийг цаг хугацааны хэмнэлт, шинэ технологи, инновациар нөхөх шаардлага нэмэгдэж байна. “Ханбогд кашемир” компани “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий 400 тонн угаасан ноолуурыг Итали, Их Британийн үйлдвэрлэгч нарт газрын тээврээр нийлүүлэх эхний алхмыг амжилттай хийлээ. Тус компани урьд нь ноолуураа Итали руу экспортлохдоо БНХАУ-аар дамжин 90-100 хоног зарцуулж байсан бол энэ удаа 20 тн ноолуурыг зургадугаар сард автомашинаар 20 хоногт тээвэрлэн хүргэв. Энэ бол ханган нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх нэг суваг байгааг харуулсан жишээ. Хоёр дахь арга зам бол Европоос чингэлгийг төмөр замаар түргэн шуурхай, хямд зохион байгуулах явдал байна. Тээвэр зуучийн компаниуд, манай томоохон импортлогчид, тээврийн компаниуд, төр засгийн байгууллагууд Монгол хүрэх чингэлгийн буухиа галт тэргийг тогтмол давтамжтай явуулах нэгдсэн зохион байгуулалтад орох, боломжийг судлах шаардлагатай. Урьд өмнө Монголын хэрэгцээ бага, импортоор оруулж ирэх барааны нэр төрөл, овор хэмжээ ч бага байлаа. Гэтэл Европ чиглэлд ч, Тяньжинд ч чингэлэг тээвэрт дутагдаж байдаг нэг зүйл бол бүхэл бүтэн гал тэрэгний ачаа бүрдүүлэх, Монгол хүрэх чингэлгүүдийг цуглуулан төвлөрүүлэхэд нэлээд хугацаа, зардал гардаг ажээ. Европын аль нэг томоохон боомт, тээвэр логистикийн төв дээр хамтарсан компани байгуулах, эсвэл нутгийн тээвэр зуучийн компанитай гэрээ байгуулах замаар Монгол руу явах ачаа, чингэлгүүдийг тодорхой газар төвлөрүүлэн нэгдсэн журмаар илгээх, үүний тулд улс төр эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай бол гэрээ хэлэлцээр байгуулж болох юм. УБТЗ транзит тээврийг нэмэгдүүлэхийн тулд Хятад-Орос-Европын орнуудын хооронд чингэлгийн буухиа галт тэргийг өөрийн нутгаар дайруулан тогтмол явуулах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэх тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, жилээс жилд галт тэрэгний тоо хурдацтай нэмэгдсээр байна. Гэтэл Монголын ачаа ганц нэгээрээ маш урт зам, өндөр өртөг зардлаар цуварсаар өдийг хүрлээ. Харин нэгдсэн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бололцоо Монгол Улс Тяньжин дахь Дунжян боомт дээр тодорхой хэмжээний газрыг түрээсээр авч, төлөөлөгчийн газар байгуулан олон жил болж буй боловч өнөөг хүртэл бодитой ахиц дэвшил гарахгүй л байна.

Ирээдүйд шинэ төмөр замын бүтээн байгуулалтын эхний үе шатууд дуусч тээвэрлэлт эхлэх үед альтернатив чиглэл буюу Европоос Казахстанаар дамжин Гашуунсухайтын боомтоор барааны урсгал орж ирэх боломж аажмаар бүрдэх төлөвтэй. Арктикийн чиглэл хүчээ авч, өртөг зардал нь буурвал Алс Дорнодын боомтуудаар чингэлэг хүлээн авч, Трансибир, Трансмонголын төмөр замаар импорт, экспорт хийх шинэ суваг нээгдэж болох юм. Дашрамд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2018 онд байгуулсан билээ. Уг хэлэлцээрийн дагуу Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд авахаар болсон нь энэхүү боломжийг бодит ажил болгоход томоохон түлхэц болох учиртай.

Одоогоор авто зам, төмөр замаар чингэлэг, ачаа бараа алс тээвэрлэх нь өртөг зардал ихтэй тул далайн тээвэртэй хараахан өрсөлдөж чадахгүй байна. Гэвч жилээс жилд үнэ тариф нэмэгдэж, далайн тээвэрт элдэв түгжрэл, гацаа саад, сорилтууд нэмэгдэх төлөвтэй байгаа тул Монгол Улс ханган нийлүүлэлтийн шинэ шинэ суваг, чиглэлүүдийг судлан турших, чингэлэг тээврийн өртөг зардлыг бууруулах арга замыг эрэлхийлэх нь хөгжлийн ч, аюулгүй байдлын ч тулгамдсан асуудал болоод байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Цолмон: Нэг улсын ачааг нөгөөгөөс ялгаварлан түрүүлж ачсан бол гомдол гаргаж болно

ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДЭЭ ТАТАХГҮЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ТАСАЛДАНА. ҮҮНИЙ УЛМААС ХОМСДОЛ ҮҮСНЭ, ҮНЭ ӨСНӨ, ОРЛОГО БУУРНА, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ-

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа.


-Манай улсын гадаад худалдааны өнөөгийн байдал ямар байна вэ?

-Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны үйл ажиллагаа эрчтэй сэргэж байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Нийт эргэлт 2020 онтой харьцуулахад 48хувь, экспорт 67 хувь, импорт 30 хувь өссөн дүнтэй гарч худалдааны тэнцэл эерэг хэвээр байна. Эдгээр тоог цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулан харахад эргэлт 347 сая, экспорт 61 сая, импорт 286 сая ам.доллараар өссөн байгаа нь гадаад худалдаа эргээд сэргэж байгааг харуулж байна. Экспортын 95 хувь орчим нь эрдэсийн бүтээгдэхүүн, алт, нэхмэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг хэвээр. Харин импортын хувьд тээврийн хэрэгсэл, түлш шатахуун, машин тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь нийт импортын 72 орчим хувийг эзэлжээ.

-Монголтой хамгийн ойрхон далайн боомт бол Тяньжин. Тэнд одоогийн байдлаар 5000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээлэл байна. Судлаачийн хувьд та энэ гацааны шалтгааныг нь хэрхэн харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь эрэлтийн гэнэтийн өсөлт. Дэлхий нийтээр цар тахлын бууралттай холбоотойгоор эрэлт огцом өсөөд байна. Монголын хувьд дээрх шалтгаанаас гадна манай улсын эдийн засгийн идэвхжилтийн үе, ялангуяа уул уурхай, барилгын салбарын оргил үе нөлөөллөө. Мөн гуравдугаар сард Хятадын талаас хилээ сар шахам хаасан зэрэг шалтгаануудын улмаас хуримтлагдсан ачаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлснөөр одоогийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Ер нь энгийн үед голдирлоороо явдаг байсан урсгал гэнэтийн өсөлтийн үед ачааллаа даахгүй болсон нь энэхүү бөөгнөрөл, түгжрэлээс харагдаж байна. Мөн дээрээс нь Хятадын өөрийнх нь төмөр зам дагасан хотуудын дотоод ачаа, олон улсын транзитын ачаанууд нэмэгдэж орж ирэхээр Тяньжинаас Эрээн орох төмөр замын хүчин чадал яалт ч үгүй дийлэхгүйд хүрч байгаа.

-Монголын эдийн засаг хилийн боомтууд дээр түгжигдчихээд байхад төр засаг яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?

-Огт юм хийхгүй байна гэж болохгүй байх. Миний сонссоноор хоёр улсын тээвэр, гадаад харилцааны яамдын хооронд асуудлыг шийдэх чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү асуудал бас тийм амархан шийдэгдэхгүй.

Гол нь Дэлхийн худалдааны байгууллага(ДХБ), Дэлхийн гаалийн байгууллага(ДГБ) болон Олон улсын тээврийн конвенц, хэлэлцээрүүдэд нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй шийдэл олохын тулд ажиллах хэрэгтэй болно. Олон улсын болон транзитын тээврийн асуудлууд ялангуяа хатуу дэг журам, шаардлагын дор явагддаг, үүнийг зарим тохиолдолд хоёр улс яриад шийдэх боломж ч бага. Шийдвэр нь бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Гэхдээ ийм шийдэл, гарц байгаа гэж бодож байна.

-Асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Ямар гарц байна вэ. Үйл ажиллагаа хэвийн болоход хэдий хугацаа шаардах вэ?

-Тээврийн салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж байхад зарим нэг боломжит шийдлүүдийг санал болгож байсны нэг нь Монголын зүгээс Эрээн рүү өргөн царигаар орж буй экспортын болон транзитын вагонуудыг хоосон буцаахгүйгээр Тяньжин болон Эрээн дээр гацаад байгаа ачаа, чингэлгүүдийг ачин Монгол руу оруулах шийдэл юм. Тэгэхээр Тяньжинд гацаад байгаа чингэлгүүдийг Эрээн рүү автомашинаар тээвэрлэн авчирна гэсэн үг. Гэхдээ энэ шийдэл нь төмөр замын цариг солигдож сэлгэн ачилт хийгдэх олон улсын хэлэлцээрээр хориглогдсон үйлдэл юм. Тиймээс хоёр улсын засгийн газрын түвшинд уг асуудлыг авч үзэн бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэж чадвал Тяньжинд дараалал хүлээхгүйгээр тээвэрлэлтийн хугацааг хурдасгах боломж байна гэж харж байна. Харин зардал бол яах аргагүй өсөх болно.

-Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр боомтуудын асуудал цэгцэрнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэр болтол ингээд гацаад байж байх уу. Үүний цаана улс төр яваад байна уу?

-Эхлээд асуудлыг шийдэх гарцаа олоод мөн уг шийдэл нь хэрэгжүүлэх боломжтой, бас бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй, олон улсын байгууллага, хэлэлцээрүүдэд нийцсэн эсэхийг сайтар тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Түүний дараа албан ёсны уулзалт хэлэлцээр хийвэл үр дүнд хүрнэ. Улс орны эдийн засаг, ард иргэд, бизнесийн байгууллагуудын эрх ашигтай холбоотой, нэн яаралтай асуудал яригдаж байхад улс төрийн хүсэл сонирхол ямар ч хамаагүй гэж бодож байна. Цаг хугацааны хувьд аль болох хурдан шийдэхгүй бол эдийн засгийн идэвхжилийн чухал мөчлөгийг өнгөрүүлснээр эдийн засагт сөрөг үр дагавар авчирна.

-Боомтын гацаа бизнесийнхний бухимдлыг дээд цэгт нь хүргэж туйлдуулж байгаа. Ачаа тээврийн компаниуд хүртэл заналхийлэлд өртөж байна гэсэн?

-Бизнесийн байгууллагуудын хувьд маш том эрсдэл, томоохон хэмжээний алдагдлыг бий болгоод байна. Монголын эдийн засаг, бизнес импортоос маш өндөр хамааралтай гэдгийг бүгдээрээ мэднэ. Үндэсний үйлдвэрүүд нь хүртэл үйлдвэрлэлийн тодорхой шатанд импортоос хамааралтай. Худалдааны салбарын хувьд бүр ярилтгүй. Тэгэхээр бараа нь боомт дээр гацаад ирж чадахгүй байна гэдэг бол бизнесийн байгууллагуудын ашиг орлогод шууд сөрөг нөлөөтэй. Дээр нь тээвэрлэлтийн үнэ хөлс нь 2-4 дахин нэмэгдэн орж ирж байгааг мартаж болохгүй. Ийм байдлаар удаан үргэлжлэх нь бизнесийн үйл ажиллагаа тасалдахад хүрч эргээд нөгөө зээл, хүү, түрээсийн дарамтанд орох эрсдэлтэй. Ингэснээр Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөг бууруулж байгаа юм.

-Боомтын бөөгнөрлийг арилгахын тулд айлын талаас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Ер нь энэ бөөгнөрөл нь зөвхөн ганц Монголын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад өөрөө дэлхийн том үйлдвэрлэгч улс тул нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал Хятадтай бизнес хийдэг улс бүрт тулгараад байна. Хятад өөрөө ч экспортоос маш их хамааралтай улс. Тэгэхээр транзитын тээвэрт санаа тавьдаггүй юм аа гэхэд өөрийн экспортын тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд Хятад ч бас шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой. Гэхдээ асуудлыг дангаараа шийдэх боломж бас тааруу байна. Транзит гэхэд олон улсын дүрэм журмаар явагдана. Зөрчвөл конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ. Нэг улсыг илүүд үзвэл ДХБ-тай тулах болно. Одоогийн огцом өсөлт нь богино хугацааны шок тул учир зүггүй төмөр зам, дэд бүтцийн шинэ байгууламж барих сонирхол бага байгаа. Тэгэхээр Монголын талын аливаа санал шийдлийг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах нь хамгийн боломжит арга хэмжээ юм болов уу л гэж бодож байна.

-Монголын тал Тяньжинд гацсан чингэлгүүдээ татаж авахгүй бол цаашид учрах эрдсдэл нь эдийн засагт том зургаараа яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засаг хямрахад хүрнэ. Хэрэглээний салбартаа бид 80 хувь импортоос хамааралтай. Энгийнээр хэлбэл, үйлдвэрлэл, худалдаа тасалдана, хомсдол үүснэ, үнэ өснө, орлого буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ.

-Эрээнд бас нэлээд бөөгнөрөл үүсчихээд байх шиг. Хэвийн болгоход хэдий хугацаа шаардлагатай бол?

-Эрээний бөөгнөрлийн гол шалтгаан нь цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт. Өмнө нь дунджаар 300-400 машин нэвтрүүлдэг байсан боомтоор саяхныг хүртэл 60-100 машин л нэвтрүүлж байсан. Харин энэ долоо хоногоос 100-150 машин оруулж байгаа сурагтай байсан. Монголын вагон Хятадын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрхгүй тул цаанаас Эрээний ачааг автомашинаар зөөвөрлөн Замын-Үүдэд авчран вагонд ачдаг. Энэ процесс дээр л гацаа үүсчихээд байгаа. Эрээнээс шууд вагонд ачна гэвэл дээр дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцоог л хийх хэрэгтэй болно. Түүнээс шууд өргөн царигтай вагонд ачаад гарах эрх зүйн боломж одоохондоо байхгүй. Мэдээж ачих боломжтой болсон тохиолдолд вагоны багтаамж, даац их тул Эрээн дээрх ачааг богино хугацаанд тээвэрлэн импортлох боломжтой.

-Тяньжинд овоорсон 5000 гаруй чингэлгийг Хятад нааш нь явуулахгүй манай ачааг хойш тавиад өөр орнуудынхыг зөөгөөд ийм болсон гэх мэдээлэл байгаа. Далайд гарцгүй орны энэ зовлонг яаж барагдуулдаг вэ, олон улсын ямар байгууллагад хандадаг юм бэ?

-Хөндлөнгөөс харахад, “Манай ачааг зөөхгүй бусад ачааг зөөгөөд байгаа юм шиг харагдах магадлалтай. Учир нь транзитын тээврийн олон улсын хэлэлцээрийн дагуу боомтууд транзитын ачааг хамгийн түрүүнд нэвтрүүлэх зохицуулалт байдаг. Монголд ч транзит тээвэр ингэж явдаг. Тяньжин дээр Европ руу явах их хэмжээний транзит ачаа түгжирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр конвенцийн дагуу тэдгээр ачаанууд түрүүлэн ачигдаж байгаа байх. Үнэхээр нэг улсын ачааг нөгөөгөөс илтээр ялгаварлан түрүүлж ачуулсан бол ДХБ-ын үл ялгаварлах зарчмын MFN буюу нэн тааламжтай нөхцөл болон бусад тээврийн хэлэлцээрүүдийн заалтыг үндэслэн ДХБ-ын Маргаан шийдвэрлэх хороонд нэхэмжлэл гаргаж болдог. Харин дотоодын тээврийг илүүд үзэх тохиолдолд нотлох магадлал бага байдгаас шалтгаалан гомдол гаргаад амжилт олох магадлал тун бага байдаг.

Далайд гарцгүй орнуудад (44 орон бий) хамгийн түгээмэл асуудал нь тээврийн хараат байдал. Үүний нөлөөг бууруулахаар улсууд өөрсдөө л хичээнэ үү гэхээс яг эрх ашгийг төлөөлсөн том байгууллага байхгүй. Гэхдээ тээврийн ТИРКарнет-д далайд гарцгүй орнуудад зориулсан хөнгөлөлтүүд байдаг. Гэвч илүү тариф, төлбөр болон шалгалтын хувьд хөнгөвчилсөн нөхцөлүүд бий. Мэдээж ДХБ, ЮНКТАД зэрэг байгууллагуудад энэ сул талыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, хэлэлцээрүүд байдаг ч төдийлөн үр дүн сайн биш. Тэгэхээр бид өөрсдөө л илүү хичээж ОХУ-тай хийсэн шиг давуу тал бүхий хэлэлцээрүүдийг хийх хэрэгтэй.

-Тяньжины боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод өчигдөр буужээ. Энэ янзаараа Тяньжины гацааг шийдчих юм биш үү?

-Энэ бол богино хугацааны цөөхөн удаагийн авах арга зам. Товчхондоо гал унтраах маягаар зохион байгуулж буй ажил гэж ойлгож болно. Манай улсын Засгийн газрын зүгээс айлын талд шаардлага тавьсны үр дүнд нэмэлт вагон гаргуулаад чингэлгээ зөөсөн. Урт хугацаандаа байнга ийм маягаар асуудлыг шийдэх боломжгүй. Цаанаас хүлээгдэж байгаа ачаа барааны захиалгууд маш их байгаа. Тиймээс Тяньжинаас Эрээн рүү машинаар авчираад өргөн царигтай вагоноор зөөвөл хугацааны хувьд нааш татах боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Зөвлөхүүдийн танхим нь зөвлөж ажиллана

НАМЫН ДОТООД ШИЙДВЭРҮҮДИЙГ УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ГАРГААД ЯВНА –


АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


-АН-ын Зөвлөхүүдийн танхим гэж байгуулагджээ. Танхим ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-АН-ын Үндсэн дүрмийн 7.2-т намын даргын дэргэд “Зөвлөхүүдийн танхим” ажиллах зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Намын уламжлал-шинэчлэлийн уялдааг хангах, ахмад лидерүүдийн мэдлэг, туршлага, хүн холбоог ашиглах, үзэл баримтлал, улс төрийн болон хүний нөөцийн бодлого дээр зөвлөгөө, дэмжлэг авах зорилготой.

-Намын жирийн гишүүдийн хувьд энэ танхимыг хэр дэмжиж байгаа бол?

-Намын нийт гишүүдээр хэлэлцэгдэж, 2018 оны арванхоёрдугаар сарын их хурлаар шинэчлэн батлагдсан Үндсэн дүрмийн дагуу байгуулж байгаа танхим л даа. Тиймээс танхимыг дэмжих эсэх гэхээс илүү, түүн дотор ямар, ямар хүмүүс орсон байна гэдгийг сонирхож, хэлэлцэж байгаа харагдсан.

-АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд Зөвлөхүүдийн танхимд багтжээ. “АН-д буг болсон өвгөчүүд” гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг эдгээр хүмүүс намыг эвлэрүүлж чадна гэдэгт та итгэлтэй байна уу. Энэ хүмүүсийн тулааны золиосонд нам хоёр хуваагдчихаагүй юм уу?

-Угаасаа Үндсэн дүрэмд “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын даргаар ажиллаж байсан хүмүүс багтана” гэж заасан байдаг учир тэр дагуу бүрдүүлсэн. Гэхдээ заавал тийм хүмүүсийг авна гэсэн үг биш, намд нөлөө бүхий, намын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байсан, холын хараа, ноён нуруутай гэдгээ өөрийн ажил амьдралаараа харуулсан тийм хүмүүсийг авах нь нээлттэй байдаг.

Зөвлөхүүдийн танхим бол зөвлөж ажиллана, намын дотоод шийдвэрүүдийг Улс төрийн зөвлөл, Бодлогын зөвлөл гаргаад явна. Ер нь аливаа юм зөв байрлал, үүрэг ролио олсноор эв эе үүсч, үр дүнгээ өгдөг. Улс төрийн намд олон хүний эрх ашиг холилдож байдаг ч, эцсийн дүндээ гол бүтээгдэхүүн нь хөгжлийн бодлого, асуудалд хандах байр суурь, түүний шийдэл юм. Хэдийгээр АН сөрөг хүчин боловч, АН-ын байр суурь, хөгжлийн бодлого бол Монгол төрийн бодлогын нэг хэсэг гэж хэлж болно. Үүнд хууччуулын мэдлэг, арвин туршлага зайлшгүй хэрэгтэй. Нам гэхээр хэдэн хүний зодоон гэж, хов жив, кино драмын байдлаар хардаг сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Намын бодлого явсаар төрийн бодлого болно.

-Бусад намуудтай эвсэж эрс шинэчлэл хийнэ гэж та мэдэгдсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юү?

-Монгол Улсад өнөөдөр улс төрийн 36 нам албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас, үзэл баримтлал, үнэт зүйлийн хувьд АН-д ойролцоо, төстэй намуудтай хамтран ажиллах, цаашлаад хэрэв цаг хугацаа нь болсон гэж үзвэл нэгдэх талын санал санаачилгыг эхлүүлээд явж байгаа. Ер нь бусад улс төрийн намууд гэлтгүй, АН-ын суурь үнэт зүйлийг сэтгэлдээ дэмжиж явдаг боловч, АН-ын гадна байдаг маш олон иргэд бий. Тиймээс АН өөрийнхөө үзэл баримтлал, улс төрийн бодлогын онцлог, байр суурийг маш тодорхой, мөн гуйвж дайвахгүйгээр тууштай илэрхийлдэг болох ёстой. Тэгж байж нийгэм доторх үндсэн дэмжигч массынхаа итгэлийг олж авч, хөл дээрээ бат зогсож чадна. Энэ бол намын шинэлчлэлийн нэг чухал хэсэг.

-Намын дотоод эв нэгдлийг хангуулахын тулд онц их хурал хуралдуулах тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоогоор онц их хурал хуралдуулах албан ёсны төлөвлөгөө, тов байхгүй.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар намын гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж онц их хурал зарлана гэж мэдээлсэн. Нөгөө талд хэсэг залуу бас хэвлэлийн бага хурал зохион байгуулж харагдсан. Хэрэв хоёр талд онц хурал хуралдвал шүүх хүлээж авах юм уу?

-Хэсэг хүн гарч ирээд “Бид онц их хурал хуралдуулна, биднийг бүртгэж ав” гэдэг, түүнийг нь тэр болгонд нь шүүх авч үзээд, асуудал болгоод байдаг бол Монгол Улсад хууль гэж байгаад хэрэггүй юм. Тухайн улс төрийн намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд хэн бэ гэдгийг ном журмын дагуу нягталж, тэрхүү эрх бүхий этгээдээс зохион байгуулсан хурал хуй, ирүүлсэн хүсэлт юу байдаг юм, түүнийг хүлээж авах, шаардлагатай процедурыг хийх нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Харин намын гишүүд, дэмжигчид “онц” гэж нэрлэнэ үү, “яаралтай” гэж нэрлэнэ үү янз бүрийн хурал, чуулга уулзалт зохион байгуулах, санал солилцох нь нээлттэй юм. Асуудал байгаа бол цуглаж хэлэлцэж байж л шийдлээ олно шүү дээ.

-Уг нь шүүхийн байгууллага танай намыг дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн шаардлага тавиад байгаа шүү дээ. Нөгөө тал нь эвлэлдэхгүй гэвэл намын жирийн гишүүдийн гарын үсэг цуглуулаад онц хурал хуралдуулаад үр дүнгүй юм биш үү?

-Хамгийн сүүлд бүртгэлтэй холбоотой манай хүсэлтийг тавдугаар сарын 24-ний дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх байтал, ерөнхий шүүгч юмуу илтгэгч шүүгч нь “дотоод маргаанаа шийдээгүй” гээд хуралд оруулалгүй буцаасан байна лээ. Ганц хоёр хүн бол улс төрийн захиалгаар нөлөөнд орохдоо амархан, тийм эрсдэл бий.

-Танай нам эвлэрэх зайгүй болчихсон юм биш байгаа гэсэн болгоомж бас жирийн гишүүдийн дунд байх шиг байна лээ?

-АН-ын хуваагдлын асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Харин нэг зүйл хэлэхэд өнөөдрийн асуудал бол гэнэтийн юмуу, саяхны асуудал биш, хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш, олон жил бугшсан, хуримтлагдсан асуудал тэсэрч гарсан зүйл. Тиймээс бид шийдэхдээ нягт нямбай, хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна. Асуудлыг үндсээр шийдэх, мөн алсын хараатай, углуургаар нь сайн шийдэх ёстой.

-Сая Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялах бүрэн боломжтой байсан ч дотоод хагарлаас болж маш муу оролцлоо гэж улс төр судлаачид ярьж байна. Сошиалаар бичигдээд байгаа шиг тохиролцооны сонгууль болчихов уу гэсэн хардлага ч нийгэмд байна. Харин таны хувьд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-АН-ын гишүүд, дэмжигчдийн санал 3-4 хуваагдсан. Нэг хэсэг нь нэр дэвшигчдээ санал өгсөн бол ойролцоо тооны хүмүүс цагаан сонголт өгсөн. Намынхаа нэр дэвшигчийг дэмжихгүй, цагаан сонголт хийнэ шүү гэж уриалж, зохион байгуулсан хүмүүс тодорхой байгаа. Энэ хоёрын дунд итгэл алдраад очиж саналаа өгөөгүй хүмүүс ч нэлээд байлаа. Мөн гуравдагч хүчний нэр дэвшигчид ч тодорхой хэсэг нь өгсөн болов уу.

Тохиролцооны нэр дэвшигч гэдэг хардлага яваад л байсан. Бидний хувьд эрвийх дэрвийхээрээ л ажиллалаа. Нэр дэвшигч маань ч гэсэн 30 жил тэмцсэн, явсан үйл хэргээ үгүйсгэх, өөрийн итгэл үнэмшлийг уландаа гишгэж, өрсөлдөгч пост-коммунист намтай тохиролцоно гэдэг ухаан санаанд яагаад ч бууж өгөхгүй байна.

-Ингэхэд танай нам нөхөн сонгуульд яаж оролцох вэ?

-Ач холбогдол өгч оролцоно.

Байгаль орчны сайд болон Соёлын сайдыг огцруулах асуудал сонсогдох болсон. АН-ыг МАН-ын захиалгаар дуугарч байгаа тухай улс төрийн хүрээнд яригдах юм. Энэ үнэн үү?

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар манай намаас албан ёсоор байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргаагүй байна. Мэдээж Засгийн газрын үйл ажиллагааны алдаа, арчаагүй байдалд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Улс төрийн хүрээнд элдэв таамаг, хардлага явдаг нь байдаг л зүйл. Эрх баригчид ковидын үеийн менежмэнтийг хийж чадсангүй, дэлхий дээр хамгийн олон сараар карантин тогтоож, төсвийнхөө хэр чинээг давсан хамгийн их үрэлгэн зардал гаргасан хэр нь хяналтаас алдаж, дэлхий дээр халдварын тоогоор тэргүүллээ. 1.4 тэрбум хүн амтай урд хөршөөс олон хүн нэрвэгдлээ. Дотооддоо алдаагүй байхад жил орчим хамаг хаалга үүдээ хааж, эдийн засгаа боомилж, ард түмний амьдралаар тоглолоо. Энэ бүхний буруутан бол эрх баригч МАН, тэдний Засгийн газар. Тийм байтал бид захиалгаар юу дуугарна гэсэн үг вэ?! Байж боломгүй асуудал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам хийх 10 тэрбум төгрөгөөр 625 ширхэг амьсгалын аппарат авах боломжтой

Үндэсний их баяр наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулах болсноо Засгийн газар зарлаад байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож буй өнөө жилийн наадмын арга хэмжээнд арав гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан билээ. Өмнөх оныхоос долоон тэрбум төгрөгөөр давсан энэ хөрөнгийг урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахад зориулах аж. Тухайлбал, Ардын хувьс-галын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая, түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая, бүх ард түмний урлагийн наадамд 500 сая, утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая, “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт” телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая, тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг, “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая гэхчлэн 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд хичнээн төгрөг зарлагадахыг олон нийт чих тавин сонирхож байгаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан журмыг УИХ-аас баталсан ч төсөв хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл ил болгоогүй. Сонирхуулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан юм.

Үзэгчгүй наадамд зарцуулах 10 тэрбумыг арай бодитой зүйлд хөрөнгө оруулмаар байна. Ковидын цар тахлын улмаас халдвар авсан иргэдийн тоо хоёр мянга давж, хорвоог орхигсдын шарил өдөрт арав гаруйгаар нэмэгддэг боллоо. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмч бараадаж чадахгүй эндсэн тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Энд тэндгүй ор дэлгэж байгаа ч өвдөөд очсон иргэдээ аврах багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт байтугай энгийн өрөөнд ч орж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг амьдруулах боломж нь амьсгалын аппарат байсныг статистик мэдээллүүд бэлхнээ харуулаад байна. Иймд наадам хийх 10 тэрбумаараа амьсгалын аппарат авч цөөхөн ард түмнийхээ амийг аваръя.

Хүн амьсгалж чадахгүйгээр нэг хором ч байхад хэцүү. Амьсгалын зам хаагдсан, өөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат л аминд нь ордог. Ийм аппарат нь амьсгал дэмжих, зохиомол амьсгалыг гаргаж хүчээр амьсгалуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий. Дийлэнх нь насжилт удаантай. Номондоо амьсгалын аппаратны ажиллах хугацаа таван жил байдаг аж. Гэтэл манайд арав гаруй жил ажилласан аппаратуудаа ашигласаар л, тоолуулсаар л байх юм. Хөдөө орон нутагт бол бүр ч ярилтгүй. Монгол орны хаа сайгүй тархаж байгаа коронагийн үед аймгуудаа ч бас амьсгалын аппаратаар хангах хэрэгтэй байна.

Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн хооронд байдаг юм билээ. Үйлдвэрлэсэн улс, хүчин чадлаасаа хамаарч ийм үнэтэй аж. Наадам хийх 10 тэрбумаараа хямдаас нь гэхэд 625 ширхэг амьсгалын аппарат авчихаар байна.

М.МӨНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай

УИХын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд тань асуухад А.И.Филатоваг цагаатгасан тухай шийдвэр гарсан байна. Эхлээд энэ тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд А.И.Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасан. Уг асуудлаар үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ сарын 7-нд А.И.Филатоваг цагаатгуулах тухай өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй байна гэсэн үндэслэлээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн талаар нарийн мэдээлэл төдийлөн түгээмэл биш. Ер нь яг яаж хэлмэгдсэн юм бэ?

-1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг цуцалж хураан авахдаа мөн эхнэр А.И.Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг шагналыг нь хураан авсан байдаг. Ийнхүү төрийн тэргүүн байсан нөхөрт нь оноосон бүх ял шийтгэлийг “Хүүхдийн төлөө фонд” гэдэг олон нийтийн байгууллагын ТУЗ-ийн дарга гэх албан тушаалтай байсан эхнэрт нь ижил оноосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ын “Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал байсан юм.

А.И.Филатова дөч гаруй жил ханилсан нөхрийнхөө хамт 1984-1991 он хүртэл долоон жилийн турш Москвад гэрийн хорионд байсан бөгөөд нөхрийгөө оршуулсан өдөр нь буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд прокурорын байгууллага шөнө дөл болтол түүнээс байцаалт авч эд хөрөнгийг нь комиссын худалдаагаар зарж борлуулах, битүүмжилсэн байсан хадгаламжийн мөнгийг нь хураан авах баримт үйлдсэн байдаг. Харин шалгалтын явцад “Хүүхдийн төлөө фондын” хөрөнгөөс ашиглан завшсан үйлдэл нь тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй тул БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан А.И.Филатовад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтоосон байдаг юм. Гэвч албан ёсны шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан баримт бичгийг өдий болтол гаргаагүй байсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.

-XX зуунд улс орныхоо хагас зуун жилийн түүхийг бүтээсэн удирдагчийн талаар хэр их баримт, материал үлдсэн байдаг юм бол?

-Төр, засгийн шугамаар түүхийн холбогдолтой бичиг баримтын зүйлс нь харьцангуй сайн хамгаалагдаж үлдсэн юм байна. Харин манай улсын 40 гаруй жилийн түүхтэй холбоотой 670 нэрийн 1880 гаруй эд зүйлийг амьдарч байсан байрнаас нь хураан авсан байдаг. Хувийн архив, гэрэл зураг, ном, бэлэг дурсгалын зүйлс зэргээс нэлээд нь Үндэсний түүхийн музей болон архивт очоогүй алдагдсан нь тухайн үеийн баримт материалаас харагддаг юм.

1995 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Комсомольская правда” сонинд А.И.Филатова ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Хүүхдийн төлөө фондын” ТУЗ-ийн даргаас өөр албан тушаал хашиж байгаагүйгээ, энэ ажлыг эрхэлж байхдаа хүүхдийн олон арван цэцэрлэг, сургууль, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, Пионерийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг хүүхэд, залуучуудын төлөөх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлүүлж байснаа ярьсан нь үлдсэн. Тэрээр 2001 онд 81 насан дээрээ өөд болсон. Харин түүний хүү Ц.Зориг “Сүүлчийн долоон жил” гэсэн ном гаргасан байдаг юм.

Монголын хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хийж чадах бүхий л боломжит санаачилга, сэтгэл, зүтгэлээ дайчилж явсан энэ эмэгтэйн олон жил гутаан доромжлогдсон нэр төрийг сэргээж, амьд сэрүүн ахуйд нь уучлал гуйж амжаагүй нь нэн харамсалтай ч, ямар ч л байсан Монгол Улс түүнийг албан ёсоор цагаатгаж, түүхэнд гавьяа зүтгэлийг нь хэвээр үлдээж байгаа нь шударга ёсонд нийцсэн улс төрийн чухал ач холбогдолтой юм.

Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг байнгын хороогоор хэлэлцсэн. Ер нь та хүний эрхийн асуудалд ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Манай улсад хүний эрхийн талаар зөв ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй. Шийдвэр гаргагчдын дунд ч тэр, иргэдийн дунд ч байдаг буруу ойлголт бол хүний эрх зөрчигдсөн талаар ярихаар тухайн эрх нь зөрчигдсөн хүний талаар муулаад, шүүмжлээд, давхар яллаад үндсэн асуудлыг бүдгэрүүлээд байдаг. Тэр хүн хэн байх нь чухал биш, төрийн тэргүүн байна уу, дарга цэрэг байна уу, ял эдэлж байгаа хоригдол байна уу хамаагүй тухайн хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн үү. Зөрчигдсөн бол хэрхэн хамгаалсан юм гэдгийг анхааран авч үзэх ёстой.

Танай намын дотоод асуудлын талаар асуумаар байна. Намын жирийн гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж, Онц их хурал зарлах тухай УИХын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар мэдээлсэн. Гэтэл нөгөө талд хэсэг залуус хэвлэлийн хурал хийсэн. Хоёр талд Онц их хурал зарлах юм биш биз дээ. Тэгвэл шүүх хүлээж авах юм уу?

-Би Ардчилсан эмэгтэй-чүүдийн холбооны тэргүүний ажлыг хийдэг. Миний хувьд өнөөдрийг хүртэл хоёр талаа эвлэрүүлэхийн төлөө нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. Нэгдэх эвлэрэх уулзалтуудыг зохион байгуулж өөрөө ч оролцсон. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй ээ. Эхэндээ намын гишүүд маань зөв бурууг ялгаж салгахыг хичээж байсан бол сүүлдээ нэгдчихээч дээ гэж аймаг дүүргүүдээс гишүүд хандаж байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс уг асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо эвлэрэн нэгдэхийн тулд Онц их хурлыг дэмжиж байгаа юм.

Сонгуулийн өмнөхөн Оросоос авах Спутник вакциныг гацаасан хүн нь та болон таны нөхрийг гээд Л.ОюунЭрдэнэ сайд мэдээлээд байсан. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юү. Ерөнхий сайд ямар учраас тийм мэдээлэл тараав. Та шүүхэд хандсан уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр“УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд худал мэдээлэл тараасан. Энэ мэдэгдлийг нь сонсоод би ч их гайхсан. Хэт олонхоос бүрдсэн Засгийн газарт шийдвэр гаргах бүх эрх мэдэл байгаа ба вакцин гэрээлэх, оруулж ирэхийг бүрэн хариуцаж байгаа. Гэтэл сөрөг хүчний ганц гишүүн Засгийн газрын ажил гацаасан гэж мэдэгдэж буй нь нэг талаас туйлын хариуцлагагүй явдал ба нөгөө талаар ийм юм ярьж буй Засгийн газар ямар чадамжтай вэ гэдэг нь тодорхой харагдсан. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж буй ганц гишүүн яаж нөлөөлж чадах вэ дээ. Харин төсвийн хэлэлцүүлгээс эхлэн вакцины мөнгийг төсөвт суулгах, чанартай вакцин худалдан авах хэрэгтэйг сануулж ирсэн. Гэтэл гадны тусламж дэмжлэгт найдахын зэрэгцээ байгаа багахан төсвөө машин тэрэг, байшин барилга, тавилга хэрэгсэлд зарцуулж байгааг шүүмжилж байсан. Мөн “Засгийн газрын 100 хоног 170 хүний нас баралттай эхэлж байна шүү” гэж шүүмжилсний төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараан, нэр төрд халдсан. Энэ хэргээр миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно.Өнөөдрийн байдлаар Ковидоор нас барсан хүний тоо 400 хүрсэнд маш их харамсаж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хил гааль дээр бөөгнөрөл үүсч манай эдийн засаг тэнд түгжигдчихээд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа ч муудлаа. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-ээд оны эдийн засгийн гүн хямралаас хойш анх удаа 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувь хүртэл агшив. Энэ хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байраа цомхтгож, тухайн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт буурав. Харин ажлын байрны 80 шахам хувийг бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдийн эзэд хямралаас шалтгаалан хаалгаа барьж, ажилтнуудаа халахын зэрэгцээ өөрсдөө ч ажил орлогогүй болж өр, зээлийн дарамтад оржээ. Бүхэлдээ ажилгүйдэл өссөнөөс, орлогогүй иргэд ядуурлын түвшин рүү унаж байна. Макро түвшинд баялаг бүтээгч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хямарснаас улсын төсвийн татварын орлого буурлаа. Эрүүл мэнд, боловсрол, төрийн алба татварын орлогоор л санхүүждэг тул дагаад үйл ажиллагаанд нь хүндрэл учирч байна. 2020 онд улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсны шалтгаан нь энэ. Түүхэндээ Монгол Улсын төсвийн алдагдал ийм өндөр дүнтэй гарсан удаа өөр байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурч, Улсын өр Төв банкны гадаад өглөгийг оруулснаар ДНБ 92.4 хувь болж өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний инфляци өссөөр 8.5 хувьд хүрээд байгааг Азийн хөгжлийн банк анхаарууллаа. Инфляциас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газар яаралтай хариу арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.

Хэр хэмжээний санхүүжилтийг гадаадын орнуудаас татсан бэ?

-Хангалттай. 21 аймгийг Улаанбаатар хоттой холбосон замыг санхүүжүүлсэн Чингис бондтой тэнцүү шахуу мөнгийг авсан байна. 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай. Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл, тусламж авахаар гэрээ байгуулжээ. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон юм. Гадаадын зээл тусламжийг юунд хэрхэн зарцуулсан талаарх тайланг өнөөдрийг хүртэл хэн ч гаргасангүй. Цар тахлын байдал зээл авахын өмнөх үеэсээ хэдэн зуу дахин дордсон байгаагаар бол мөнгийг цар тахлын эсрэг зарцуулсан эсэхэд эргэлзмээр!

Засгийн газрын зүгээс эдийн засгаа аврах гарцыг эрэлхийлж чадаж байна уу?

-Манай улсын үйлдвэрлэж, экспортолсон бараа бүтээгдэхүүнүүд өмнөх жилээс илт багассан байхад эсрэгээр зах зээл рүү их хэмжээний мөнгийг нийлүүлжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын мөнгөний нийлүүлэлт гэхэд 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл яг нэг жилийн өмнө манай санхүүгийн зах зээлд 20.2 их наяд төгрөг эргэлдэж байв. Ганц жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляцийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан юм. Оны эхэнд хоёр хувь байсан инфляци одоо зургаан хувьд хүрсэн нь үр дүн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Инфляци өсөх нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд маш муу үзүүлэлт. Нэг жишээ гэхэд 2016 оны тавдугаар сард үхрийн ястай мах нэг кг нь 8590 байсан бол энэ оны мөн үед 14289 төгрөг, хонины цул мах нэг кг нь 7771 төгрөг байсан бол 12125 төгрөг болж 56-66 хувиар үнэ нь өсчээ. Эдгээр тоог нийслэлийн статистикийн газрын сайтаас харж болно.

Манай улсын гадаад өрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулиар МАН нэг хүнд 12 сая төгрөг ногдож байна. Нас барсан хөгшид ар гэртээ 13 сая төгрөгийн өр үлдээж байна. Дөнгөж төрсөн хүүхэд 13 сая төгрөгийн өр гэртээ авчирлаа гэх бохир сурталчилгаа явуулж байсан. Тэр хэмжүүрээр нь авч үзвэл өнөөдөр манай иргэн бүр 29 сая төгрөгийн өртэй болсон байгааг ҮСХ болон Монголбанкны сайтад бэлээхэн байна. Энэ бол Монгол Улсын нийт өрийн хэмжээ. Харин Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны хоёрдугаар улирлаас хойш 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Их наяд төгрөгөөр бүхэл бүтэн 330 сум шинээр барьчих тооцоог нэг эдийн засагч хийж байсныг санаж байна. Гэтэл ийм хэмжээний мөнгө хаачсан, юу хийсэн нь тодорхойгүйгээр зээлэгдэж, төлөх үүрэг нь иргэдийн нуруун дээр буухаар хүлээгдэж байна даа. Ам, ажлын зөрүү хэр их байгааг эндээс ойлгочихож болно.

Ингэхэд энэ Засгийн газрын хийсэн ажлуудаас сайн зүйл харагдаж байна уу?

-Гадаадад байгаа монголчуудын асуудалд шуурхай хандан, нислэгүүдийг олноор зохион байгуулж чадсан. Ямартаа ч гадаадад байгаа иргэдээс ирэх гомдлууд зогссон.

Categories
мэдээ цаг-үе

Г.Алтанзаяа: Багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт орж байгаа

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Уг хуулийн талаар Худалдаа үйлдвэрийн их сургуулийн дэд захирал, Татварын мэргэшсэн зөвлөлийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа.


-Татварын багц хуулийн төсөлд ямар, ямар шинэ заалтууд тусгагдаад байна вэ. Гол, гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?

-Татварын хуулийн шинэчлэлд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын төсөл явж байгаа. Эдгээр хуулиудын шинэчлэлийн хүрээнд нэлээд олон зүйл шинээр нэмэгдэж байгаа. Татварын ерөнхий хуульд Олон улсын татвар ногдуулалттай холбоотой шинэ нэр томьёо, ойлголтууд орж ирж байна. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг арга хэмжээ, мэдээлэл харилцан солилцох, харилцан тохиролцох журам, үнэ шилжилтийн механизм гээд шинэ, шинэ олон зохицуулалт тусгагдсан. Мэдээж хуулийг сайжруулахын төлөө хийж байгаа учраас хуулийн бүтэц, концепцийн хувьд олон зүйл дээр сайжирна. Хуучин хуульд тодорхой бус байсан зохицуулалтуудыг тодорхой болгох, нэг мөр ойлгох, зохицуулалтгүй, дутуу дулимаг байсан зүйлүүдийг өөрчлөх, шинээр нэмэлт заалт оруулах гээд өргөн хүрээний шинэчлэл болж байна гэж харж байгаа. Гэхдээ хүмүүсийн харах өнцөг нь өөр, өөр болохоор шүүмжлэлтэй хандах хэсэг ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хуулиудын шинэчлэл бол өнөө цагт зайлшгүй шаардлагатай, шийдвэрлэвэл зохих олон зүйлүүдийг төсөлд тусгасан. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, эрсдэлгүй татвар төлөгч хяналтгүйгээр татан буулгах, татварын тайландаа залруулга хийх, хялбаршуулсан горимыг хэрэглэх, татвар төлөх дарааллыг эхлээд нөхөн татварыг төлөх (өмнөх хуульд алданги, торгууль, нөхөн татвар гэсэн дараалалтай байсан), илүү төлөлтийг эхлээд буцаан олгох зэргээр татвар төлөгчийн эрх ашигт нийцсэн олон зохицуулалт байгаа төдийгүй татварын улсын байцаагчийн хариуцлагыг чангатгасан. Монгол Улсын хувьд татварын системд зайлшгүй хийх ёстой олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн, бидний мэдэхгүй шинэлэг харилцаанууд ажил хэрэг болно гэж харж байгаа. Хуулийг дагаад олон дүрэм, журмуудыг дагаж мөрдөх хэрэг гарна.

-Сайжруулсан заалтууд олон байгаа гэлээ. Эхлээд Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлээс сонирхуулбал…

-Татварын ерөнхий хуульд орсон шинэчлэлийг бүгдийг энд дурдах аргагүй л дээ. Яагаад гэвэл бүхэлдээ шинэчлэгдэж байгаа. Зарим нэгээс дурдахад дээр дурдсанаас өөр мэдээллийн санг өргөтгөсөн “Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах” гэсэн зүйлд 30-аад байгууллага, албан тушаалтан татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээж байгаа. Татвар төлөх хугацаа нэг жил байх, хүндэтгэн үзэх шалтгаантай бол дахин нэг жил сунгах юм. Хуучин хуульд энэ хугацаа 60 хоног байдаг. Эрсдэлтэй татварын урьдчилан хураах, эрсдэлтэй татвар төлөгчид хяналт шалгалт хийх, Маргаан таслах зөвлөлийг хоёр шатлалтай байсныг нэг шатлалтай болгоно. Татвар төлөгчдийг хүндрүүлэхгүй байх үүднээс шат дамжлагыг цөөрүүлсэн гэж үзэж байгаа. Өмнө нь анхан шатны Маргаан таслах зөвлөл дээр шийдүүлж чадаагүй асуудлаа дээд шатныхад шийдүүлдэг практик байсан. Энэ утгаараа татвар төлөгчид хэрэгтэй байсан гэж үзэх хүн ч тааралдаж байна. Татварын өр барагдуулахтай холбоотой өргөн зохицуулалт орсон. Тодруулбал, Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, Хөрөнгө битүүмжлэхэд баримтлах зарчим, Битүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлого, Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах, татварын өр гаргуулах, Авлага битүүмжлэх, татварын өр гаргуулах, Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх, татварын өр гаргуулах зэрэг.

Монгол Улсын хувьд олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх олон зохицуулалтуудыг Татварын ерөнхий хуульд оруулсан байгаа. Хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Олон улсын татварын зарчмын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэж бий. Үүнд, татвараас зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээ, харилцан тохирох журам, гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам зэрэг байгаа. Монгол Улс олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд ВEPS арга хэмжээний “минимум 4” стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэлээд олон өөрчлөлт орохоор төсөл боловсруулагдсан гэл үү?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд бас л өргөн хүрээний өөрчлөлт орсон. Энэ шинэчилсэн найруулга учир хуучин байсан заалтууд нь найруулгын өөрчлөлт хийх, зарим нь хасагдах, шинээр зохицуулалт нэмэгдэх юм. Юун түрүүнд концепцийн хувьд татвар төлөгч гэдэгт бүх хуулийн этгээд хамрагдахаар байгаа. Энэ хуульд татвар ногдох зүйлийг олж байгаа ашгийн болон ашгийн бус бүгд хамрагдаж тайлан гаргана. Гэхдээ ашгийн бус байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны орлого нь чөлөөлөлт эдэлнэ. Татвараас хасагдах зардал зарчимд үндэслэн хасагдана. Тухайн орлогыг олохтой холбоотой зайлшгүй гарах баримтаар (е-баримт) нотлогдох зардал хасагдана. Харин хасагдахгүй зардлыг зааж өгч байгаа. Хуучин хуулинд хасах зардал гээд баахан зардал жагсаасан байсныг өөрчилсөн гэсэн үг. Татвар төлөгчийг тодорхойлох байнга байрладаг, байрладаггүй, төлөөний газар гэсэн ойлголтуудыг илүү тодорхой болгож шалгуур оруулсан бөгөөд олон улсын жишигт нийцүүлсэн байсан. Жишээлбэл, “Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж гэдэгт шалгууруудын гурав ба түүнээс дээш нөхцлийг хангасан этгээд хамрагдана, арванхоёр сарын хугацаанд 90 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх …. үйл ажиллагааг төлөөний газар гэж үзнэ” гэж тодотгосон байгаа.

Мөн алдагдал шилжүүлэх хугацаа нь салбарын ялгаатай байсныг өөрчилж, салбар харгалзахгүй таван жилийн хугацаанд шилжүүлэх болж байна. Хувь хэмжээний хувьд 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, зургаан тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр зургаан тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Татварын тайлагналд хэлбэр болон хугацааны хувьд олон өөрчлөлт орж байна. Татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөхөөс гадна хялбаршуулсан горимоор тайлагнан төлөх боломж бий болж байна.

Хөнгөлөлт, чөлөөлөлтөд өөрчлөлтүүд орсон. Хүмүүсийн их асуудаг нэг зүйл нь нэг хувийн татварын тухай. МАН-ын мөрийн хөтөлбөрт нь тэгж байгаа л даа. Харин хуульд татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан. Өмнөх хуульд энэ заалтад хамрах салбарын хүрээ хязгаарлагдмал байсан. Харин энэ хуульд ашигт малтмал, согтууруулах ундаа, тамхи зэргээс бусад салбарт хамрагдахаар болсон байсан. Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, улс бүрээр үнэ шилжилтийн тайлан, эцсийн эзэмшигч гэсэн шинэ зохицуулалтууд орсон.

-Тавин сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг хувийн татвар төлдөг болно гээд байгаа. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татварыг нэг хувь болгох, ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх хоёр бол эцсийн дүндээ адилхан. Харин 50 сая гэж байгаа бол Хувь хүний орлогын албан татварын хуульд хялбаршуулсан горимоор 50 сая хүртэлх орлоготой татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяалах татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж нэг хувиар татвар ногдуулах заалт байгаа. Энэ тохиолдолд уг татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхгүй. Энэ нь бичил бизнес эрхлэгч татвар төлөгчид татвараа төлөхийг нь хялбарчилж байгаа, татварын алба татвар хураалтаа хөнгөвчилж байгаа зохицуулалт гэж үзэж байна даа.

-Байнга татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, хөнгөлөлт урамшуулал олгох заалт байгаа юу?

-Яг тийм агуулгатай заалт олж хараагүй юм байна. Зардалд ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг нийт цалингийн дүнгийн таван хувиас хэтрүүлэхгүй, хязгаарлалтаас давсан хүүгийн зардлыг ирээдүй рүү таван жилээр шилжүүлэх, ашигт малтмал эрхэлдгээс бусад нь барилгад элэгдэл тооцох хугацаа 25 жил, компьютер хоёр жил гэсэн татвар төлөгчид таатай байхаар зохицуулалт байна уу гэж харж байсан.

Орлого олсон бол татвараа төлдөг. Татвараа төлөөд төрөөс эдлэх ёстой дэмжлэгээ хүртэх ёстой. Иймээс хөнгөлөлт чөлөөлөлтийг, төлсөн татварын хэмжээгээрээ тайлагнаад эдлэхээр зохицуулсан байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд аль алинд үүнийг тодорхой заасан байсан. Тайлангаа гаргахын гол утга нь орлого, зардлаа, ногдох татвараа тодорхойлоод, төлөөд, төрийн дэмжлэгээ эдлэх юм. Энэ хоёр орлогын албан татварын тухай хуулийн төсөлд хуучин хуульд байгаа чөлөөлөлт, хөнгөлөлтийн заалтууд хэвээр байгаа харагдсан.

-“Х” тайлан илгээдэг аж ахуйн нэгжүүд жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн татвар төлдөг болохоор оруулж ирж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хялбаршуулсан тайлан илгээх тухай заалт байдаг. Үүн дээр тодорхой төлбөр төлөөд тайлангаа тушаасан гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан юм билээ. Ер нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо өсөөд байдаг, харин татвар төлдөг нь буураад байдаг. Судлаад үзэхэд хүнд хэлэхэд бэрх тоо гардаг л даа. Энэ тухай судлаачийнхаа хувьд нэлээд эртнээс олон удаагийн илтгэл өгүүллэгтээ бичсээр, ярьсаар л ирсэн. Уг нь аж ахуйн нэгжийг ашиг олох зорилготой байгуулдаг биз дээ. Ашиг олж л байгаа бол татвараа төлөөд тайлагнах үүрэгтэй. Манай улсад аж ахуйн нэгжийн тоог гаргахад ч хэцүү, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хорооноос татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо авахад өөр, өөрөөр гардаг. Өнөөдөр манай улсад бүртгэл тооцоо ямар түвшинд явж байгааг харуулж байна. Ер нь 160 мянган аж ахуйн нэгжийг тайлангийн ирцийг гаргахад “Х” тайлантай 40 орчим хувь байсан. Тэгэхээр энэ хэмжээний мэдээллийг татварын албаны хүрээнд боловсруулах ажиллагаа нь ямарч үр өгөөжгүй хий зардал үүсгэж байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй гэсэн агуулгатай баахан цаасан компаниуд хэдэн арван жилээр тайлан гаргах бүртгэлтэй яваад байгаа тогтолцоо зөв үү гэсэн асуулт гарч байна. Нийт аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь татвар ногдох орлоготой, татвараа төлөх үүргээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Үүнтэй уялдаад “Х” тайланг багасгах, тайлангийн ирцийг хангах үүднээс улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв хуваасантай тэнцэх хэмжээний татвар төлнө гэсэн заалт оруулсан бол уу. Энэ бол татвар төлөгчдийг дарамтлаад байгаа зүйл биш. Аливаа үйл ажиллагаа гэдэг бол эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор гарч, бодитоор явж байдаг систем. Үүнийг бий болгох нь татварын хяналтын үүрэг л дээ. Тиймээс “Та үнэхээр үйл ажиллагаа явуулна гэвэл ийм хэмжээний татвар төл. Үгүй бол татан буулга” гэсэн зарчим л болов уу.

-Иргэдийг бизнес эрхлэх хүсэл сонирхлыг нь унагааж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж байгаа хэрэг биш үү?

-Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзэж байна. Уг нь энэ нийгэмд иргэн хүн үүргээ хэрэгжүүлж байж эрхээ эдлэх, хариуцлагаа хүлээх харилцаа үйлчилдэг. Аливаа иргэн хуулийн этгээд үүсгээд, бизнес хийх эрхээ эдэлж байгаа бол татвар төлөх үүргээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Хуулийн этгээд үүсгэнэ гэдэг чинь цаанаа эдийн засгийнхаа мөн чанарын хувьд бодитоор үйл ажиллагаа хийж байх процесс шүү дээ. Тэгэхээр бодит бусаар цаасан компани үүсгэж тамга, тэмдэг ашиглах нь эдийн засгийн мөн чанараараа жинхэнэ бизнес биш юм л даа. Ер байх ёсгүй зүйлийг байх ёстой юм шигээр харж, эрх ярьдаг мөртлөө байвал зохих хэм хэмжээг ярьдаггүй хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Орлого олоогүй байж татвар төлөх нь шударга гэж үү?

-Орлого олоогүй байж болно. Энэ бол тодорхой хугацааны асуудал. Тэрнээс арав хорин жилийн хугацааны асуудал биш шүү дээ. Бас хэдэн арваар нь нэг өдөр компани үүсгээд нэг хүн захирал нь гээд нэг жишээ хэдхэн хоногийг өмнө олон нийтэд тодорхой болсон доо. Ийм л замбараагүй байдал Монгол Улсад хаа сайгүй байгаад байна. Нэгэнт л аж ахуйн нэгж үүсгээд орлого олох гээд явж байгаа юм бол хугацаа шаардана. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Тиймээс тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг тайлангаа гаргаж болно. Бас бизнес эрхэлж байгаа юм чинь алдагдал хүлээж болно. Ашигтайгаас нь татвар авдаг юм чинь алдагдлыг нь шилжүүлээд өгчихье. Үнэхээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм уу. Бодитоор алдагдал хүлээгээд байна уу. Энэ бол бодит юм уу бодит бус юм уу гэдэг асуудал дээр л яригдаж байгаа зүйл.

-Татварын өрөнд орлоо гэхэд гэр бүлийнхнийх нь хөрөнгийг хураах заалт орсон юм уу. Үндсэн хууль зөрчсөн асуудал болно биз дээ?

-Татварын ерөнхий хуульд Татварын өр хураах үйл ажиллагаа гэсэн бүлэг байгаа. Ер нь татварын өрийг барагдуулахтай холбоотой үйл ажиллагааг их өргөн хүрээгээр зохицуулсан харагдсан. Өртэй татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй нь тогтоогдсон, тухайн татвар төлөгч үр шимийг нь хүртдэг, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг өмчилдөг этгээд татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна гээд түүнд нь тухайн татвар төлөгчийн орлогоос хүртэж буй гэр бүлийн гишүүн багтах юм байна гэж ойлгосон. Хоёрдогч этгээдийн үүрэг, өр барагдуулах, хөрөнгө битүүмжлэх гэсэн харилцаануудын зохицуулалт шинээр орсон байна лээ. Яг гэр бүлийнх нь хөрөнгийг хураана гэсэн зүйл олж хараагүй юм байна. Ер нь өрийг төлүүлэх арга хэмжээний зохицуулалтыг өргөтгөсөн, татварын албаны хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болгосон байна.

-Маргаан таслах зөвлөлд хандахад арван хувийн дэнчингийн мөнгө яригдаад байна. Үүнийг татварын байцаагчтай тохиролцож, авлига авах боломжийг бүрдүүлсэн заалт гэх юм?

-Үүнийг ОУВС-ийн зүгээс зөвлөсөн гэж сонсож байсан. Олон улсад хэрэгжүүлдэг практик гэсэн. Яаж хэрэгжүүлэх үү гэдгээс л хамаарах байх. Нэгэнт маргаан үүсгэх бол татварын байцаагчтай тохиролцох шаардлага гарах уу. Ер нь татварын маргааныг шийдвэрлэх, маргааны үр дагаварт татварын албаны талд шийдэгдсэн төлбөрийг барагдуулах хөшүүрэг юм бол уу. Гэхдээ татвар төлөгчийн талд шийдвэр гарвал түүнийг яаж буцаан олгох уу, хүүтэй байх уу гэсэн зохицуулалт байх хэрэгтэй. Харин байршуулсан мөнгийг яаж буцаан авах тал дээр “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх байршуулах ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэсэн заалт байгаа.

-Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэлээд шинэлэг зүйлүүд орж байгаа юм байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Харин энэ хуульд концепцийн шинжтэй дорвитой шинэчлэл хийгдэхгүй нь гэж харж байгаа. Хуучин хуулиа найруулсан, сайжруулсан олон зүйл л хийгдсэн. Одоогийн хувь хүний орлогын албан татварын хууль нь татвар авах зорилготой хийгдсэн. Ингэхдээ иргэн хүн цалин хөдөлмөрийн хөлсний орлоготой гэдэг агуулгаар л хийгдчихсэн. Тиймээс өнөөдөр хувь хүний орлогын албан татварын 90 гаруй хувийг цалингаас суутгасан татвар эзлэж байгаа. Гэхдээ хуулинд иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргаж тушаана гэсэн заалттай. Тайлан тушаах гэдгийг зөвхөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүн хийх гэдгээр ойлгож ирсэн. Тайлан гаргах гол хөшүүрэг болох хөнгөлөлтийг цалингаас суутгасан татвараас хөнгөлөх үүргийг суутгагчид олгосон. Энэ хөнгөлөлтийг жилийн эцэст тайлангаа гаргахдаа иргэн өөрөө эдлээд буцааж авдаг нь олон улсын жишиг. Төрөөс авах дэмжлэгээ, татвар төлөх үүргээ тайлагнах замаар иргэний үндсэн үүргээ хэрэгжүүлдэг систем гэж ойлгосон. Харин манайд иргэний эдлэх эрхийг цалин хөлс олгож байгаа этгээд буюу ажил олгогчид нь даалгачихдаг. Ажил олгогч(нягтлан бодогч) болохоор тэр иргэдийн өмнөөс татварыг нь төлөх, төрийн өмнөөс татвар хураах ажлыг давхар хийгээд байгаа.

-Яагаад өөрөө тайлагнах гэж?

-Үндсэн хуульд зааснаар иргэний ардчилсан нийгэмд хяналт тавих үүрэг нь иргэний нийгмийн гишүүн хүн өөрөө байна. Тэгэхээр тэр гишүүн төртэйгээ харилцдаг гол харилцаа нь татварын тайлагналын асуудал. Тайланг хийхдээ үүргээ би гүйцэтгэлээ. Эдлэх юмаа эдэлье. Төрөөс авах ёстой дэмжлэгээ авъя гэдгээ тайлагнадаг систем юм. Тухайлбал, хүүхдийн мөнгийг өгөхийн тулд айл болгоныг “Хөргөгчтэй юу, машинтай юу” гэх, мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хөнгөлөлт гээд өнөөдөр асуудал дагуулсан олон зүйлийг энэ хуулиар шийдвэрлэх боломжтой. Хуулийн төсөлд ийм дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй. Судлаачийн хувьд шалтгааныг нь дэд систем нь хараахан бүрэлдэж чадаагүйтэй холбоотой болов уу гэж харж байна. Гэхдээ энэ хуулийг нэгэнт өөрчилж байгаа бол тэр сууриа хийчихээд явцын дунд системээ үүсгэж, хөгжүүлэх алхмыг дорвитойгоор шийдэх боломжтой.

-Хүн болгон татвар төлөгч биш гэдэг асуудал гарах байх л даа?

-Татвар төлдөг, төлдөггүй нь хамаагүй. Төрийн дэмжлэг, үйлчилгээг тайлагналаараа л буцааж авах замаар эдлэх асуудал юм. Монгол Улсын иргэн ийм үйлчилгээ авсан байна гэдэг нэгдсэн баазтай болно. Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн дугаараар иргэд нийгмийн харилцаанд оролцдог тогтолцоог бий болгосноор Үндсэн хуульд заасан иргэний нийгмийн харилцааг төлөвшүүлэх үндэс болох юм. Энэ хуулиар иргэдийн тайлагналын системийг хэрэгжүүлснээр е-баримтын хэрэгжилтийг эрчимжүүлэх төдийгүй хяналтгүй олон зүйлд хяналт тавих, нийгэмд авлигаас хол хариуцлагатай тогтолцоог бий болгох суурь нь болно гэж үзэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Хүйтэн дайны уур амьсгал олон улсын харилцаанд эргэж ирлээ гэж харагдахаар байна

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Венесуэлийн асуудлаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоотой ярилцлаа.


-Венесуэлийн улс төрийн хямрал хурцадмал байдалд ороод байна. Нөхцөл байдал энэ янзаараа үргэлжилбэл цаашид юу болох вэ?

-Нөхцөл байдал улам бүр л түвэгтэй, тааварлахын аргагүй болоод байх шиг төсөөлөгдөж байна. Харин сонголт сөргөлдөгч хоёр талд аль алинд нь байгаа. Хурцадмал байдал энэ чигээрээ үргэлжилбэл иргэний дайны хэмжээнд хүрчихгүй байгаасай л гэж залбирах үлдээд байна.Нөгөө талаас их гүрнүүд хүсвэл ямар ч улсыг сүйрэлд хүргэдэг гэдгийг нотлох саяхны жишээ байж л байна.

-Тус улс гэрэл цахилгаангүй болоод нэлээд хэд хоночихлоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Мадурогийн бодлого харанхуйгаас өөр юу ч авчирахгүй. Хоолгүй, эм тариагүй, одоо цахилгаан эрчим хүчгүй. Цаашлаад Мадуро ч байхгүй болно” гэсэн бол Н.Мадуро улс даяараа цахилгаан эрчим хүч тасалдсан явдалд “Америкийн империализм” буруутай гэж мэдэгдсэн. Үнэхээр АНУ-ын талаас цахим халдлага хийснээр ингэж тог цахилгаагүй болгочихов уу?

-Харин тэглээ, амаргүй л байгаа. Улс төрийн шийдвэрээс л улбаалсан гэдэг нь гарцаагүй. Гэхдээ өөрсдийнхөө алдааг бусдад нялзаах нь хүний түүхийн аль ч үед байсан зүйл. Нэгэн жарны өмнө л эрдэс баялгийнхаа үр шимээр баян тансаг биш гэхэд дунджаас дээгүүр амьдардаг байсан ард түмэн улс төрийн сонголтын улмаас богино хугацаанд өнөөгийн байдалд хүрсэнд харамсаад баршгүй. Эдийн засгийн онолд “баялгийн хараал” ч гэдэг дээ. Одоогийн тогтолцоо нь хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх. Байгалийн асар их нөөц баялагтай байх нь хөгжлийн баталгаа биш гэдгийн тод жишээ Венесуэл улс болоод байна.

-Венесуэлд улс төрийн хямрал эхэлснээс хойш эдийн засаг нь асар их доройтлоо. Ер нь энэ улс цахилгаангүй хэдий хүртэл явах нөөц боломжтой вэ?

-Зөвхөн цахилгаан эрчим хүч гэлтгүй бусад түлшээр суучихгүй бол учиртай биз. Ямар ч улс оронд гэнэтийн нөхцөл байдалд хэрэглэх аюулгүйн нөөц гэж байдаг. Гэхдээ венесуэлчүүдийн хувьд арай өөр. Гэнэт учирсан давагдашгүй хүчин зүйл биш сүүлийн хэдэн жил ужгирсан үйл явц учраас хэлэхэд хэцүү юм. Гадагшаа чиглэсэн эх орноосоо дүрвэгсдийн тоо бодит байдлыг илүү ойлгуулах байх. Эрчим хүчний хомсдол нь удаан үргэлжилбэл араасаа хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн эмх замбараагүй байдал, харилцаа холбооны гээд маш олон салбарыг хамарсан сүйрлийн эхлэл болох магадлалтай. Гэхдээ бүр муудахаас өмнө хөрш зэргэлдээ улс орнууд нь дэмжин туслах байлгүй дээ. Хил залгаа хөрш орнуудад амаргүй байдаг учраас дотоодод нь учирсан нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусалдаг нь аль, аль талдаа ашигтай байх болно.

Товчхондоо бол энэ улс дампуурлын ирмэг дээр ирчихээд байх шиг байна л даа. Эдийн засгийн энэ байдлаас улс төрийн хурцадмал байдал иргэний дайны түвшинд хүрчихгүй бол учир бий.Гуч гаруй сая хүн амынх нь аравны нэг шахам нь сүүлийн хэдхэн жилд гадаад улс орнуудад дүрвэж гарчихаад байна гэхээр байдал ямар болсон нь ойлгогдоно биз. “Цагийн сайханд” гэдэг шиг бензиний үнэ дэлхийд хамгийн хямдад тооцогддог байлаа. Мэдээж тэр нь асар ихээр олгодог байсан татаасны үр дүн байсан гэдэг. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци гэж ярихаар бол толгой эргэхээр их тоо. Дээр нь маш хурдацтайгаар нэмэгдсээр байгааг нь тоймлож хэлэхэд ч түвэгтэй болоод байх шиг. Үндэсний валют нь цааснаас ялгарахаа больсон газар нутагт итгэл найдвар, гэрэл гэгээ ямар түвшинд байдгийг хэдхээн жилийн өмнө бидний монголчууд тойроогүй, туулаад л гарсан даа. Бид бусдыг шүүх, шүүмжлэх биш, харин тэдний алдаанаас суралцах нь л чухал шүү дээ.

-Популизм ямар аюултайг Венесуэлийн үйл явдал бэлээхэн харуулж байна л даа. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдлаас гарах гарц нь юу байж болох уу?

-Таны хэлээд байгаа популизм гэдэг нэрийг хэрэглэж байгаагүй л болохоос хүн төрөлхтний түүхэнд өмнө нь тохиолдож л байсан үзэгдэл шүү дээ. Цорын ганц гарц гэвэл сөргөлдөгч талууд хэлэлцээний ширээний ард сууж ард түмнийхээ төлөө нэгдэн ажиллахаас өөр сонголт бараг байхгүй байх. Сонирхуулж хэлэхэд 1811 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан Өмнөд Америк тивийн анхны төрт улсуудын нэг гэхээр хуучны гэж хэлж болохоор уламжлалтай улс байгаа биз. Одоогийн хүүхэд залуус мэдэхгүй байж магадгүй, биднээс дээш үеийнхэнд “Халтар царайт” гэж телевизийн олон ангит киноны талаарх олон сонирхолтой дурсамж бий. Тэр киноны гол дүрд тоглосон олон жүжигчин манайд тухайн үеийн Холливудын оддоос илүү нэр хүндтэй ирж, бид хөл алдан гүйж байлаа. Оросоос өөр хэлээр дамжуулж аван олон нийтэд хүргэж байсан анхны латин америк кино байхаа. Хэдийгээр уран сайхны тал байгаа боловч кинонд дүрслэгдэж байгаа улс орон нь бас л чинээлэг, эдийн засгийн чадавхтай, бүс нутагтаа өөрийн гэсэн байр суурьтай байсныг илтгэдэг юм. Үнэндээ л тэр үеийн Венесуэл улс одоогийнхтой тэнгэр, газар шиг ялгаатай харагдахаар байдаг. Гэхдээ өнөөдөр бидний авч байгаа мэдээлэл нэг эх сурвалжтай, зарим талаар хэт нэг талыг барьсан гэдгийг мартаж болохгүй.

Нийгмийн сүлжээ хөгжсөн энэ цагт нэг улстөрчийн бичсэн ганц нэг сэтгэгдлээс нь тэр улсынх ашиг сонирхлыг мэдэж болохоор болжээ. Хөндлөнгөөс дотоод хэрэгт нь илт оролцоод байгаа юм шиг харагдахгүй ч гэсэн өөрийн геополитикийн эрх ашгийг тухайн үеийн энгийн иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьж байгааг харин зөвтгөх аргагүй.

-Талууд хэлэлцээний ширээний ард суух сонирхол байна уу. Венесуэл энэ чигээрээ явах нь хэнд хамгийн их ашигтай вэ?

-Харин бусад улс орны түүхэнд тохиолдож өнгөрсөн түүхэн талаас нь аваад үзвэл дотоодын тогтворгүй байдлыг ихэнхдээ гадны бизнесийн бүлэглэл өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж төгссөн байдаг шүү дээ. Аливаа зүйлийг нурааж, бусниулахад амархан боловч хийж бүтээх нь хамаагүй урт цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаарддаг нь харамсалтай нь үнэн дээ. Гэхдээ энэ чигээрээ байгаад байна гэж байхгүй биз дээ, хамгийн муу ч гэдэг юм уу доод цэгтээ хүрлээ гэхэд угаасаа эргэж сэргэх замдаа орох нь эргэлзээгүй.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 40 дүгээр чуулга уулзалт дээр “Венесуэл улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн нэг гол шалтгаанаар тус улсын эсрэг хоригийг ээлж дараалан чангатгаж буй явдал”гэсэн шүү дээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Эх орноосоо дүрвэж байгаа иргэдийг ямар ч тохиолдолд буруутгах аргагүй л дээ. Гэхдээ хоригийг чангалах үндсэн шалтаг нь улс төрийн алдаатай шийдвэрээс шалтгаалан иргэд нь эх орондоо амар тайван амьдрах аргагүй болчихоор дэлхийн хамтын нийгэмлэг, зарим их гүрнүүд шууд болон дам аргаар нөлөөлөх зорилгоор хориг арга хэмжээ авсаар ирснийг зэмлэх боломжгүй. Даяаршлын энэ цаг үед дангааршина гээд өөрийгөө ертөнцөөс тусгаарлан зүтгээд амжилтанд хүрэх боломжтой эсэхийг хүн төрөлхтөнд харуулсан нэг тохиолдол болон түүхэнд үлдэх биз дээ.

-Н.Модура АНУ-тай дипломат харилцаагаа тасалчихлаа. Түүнийг хууль ёсны Ерөнхийлөгч болохыг ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Тэгэхээр олон улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?

-Одоохондоо хууль ёсны удирдагчийнхаа хувьд гаргаж байгаа аливаа шийдвэрийг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй байх. Үндсэндээ бол бидний дууссан гэж ярьдаг байсан хүйтэн дайны уур амьсгал олон улсын харилцаанд эргэж ирлээ гэж харагдахаар байна. Хэнийг нь ямар засаглалтай улс орнууд дэмжиж байна вэ гэдгээс нь л зорилго чиглэл нь харагдана. Эдгээрийн ихэнх нь энэ бүс нутгийн улс орон биш учраас шууд хоорондоо сөргөлдөөд эхлэхгүй байх. Тиймээс аль ч улс дотоод үйл хэрэгт нь хөндлөнгөөс шууд оролцох биш хүлээцтэй, хэлцлийн замаар л шийдэгдээсэй хэмээн найдах л үлдлээ дээ.

-Монгол Венесуэлийн харилцааны талаар товч сонирхуулахгүй юу?

-Манай хоёр улс одоогоос 30 жилийн өмнө 1990 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан. Найрсаг хамтын ажиллагаатай гэдэг л ангилалд багтах байх. Хамгийн сүүлд Гадаад харилцааны дэд сайд нар Бээжин хотноо 2017 онд ГХЯ-д хооронд улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тус баримт бичгийг байгуулснаар талууд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спорт болон хүний хөгжлийн асуудлаар зөвлөлдөж ярилцах боломж нээгдсэн гэж үзэж болно.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар нэгэн харилцаа одоогоор бичигдэж амжаагүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Тавин сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад татварын багц хуулийн шинэчлэл багтаж байгаа билээ. Уг хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Татварын багц хуулинд шинээр ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Татвар төлөгч татварын албанд тушаасан татварын тайлангаа өөрөө засах эрхтэй болж байна.Урьд нь ийм боломж байгаагүй.Татвар бол төрийн оршин тогтнох үндэс гэдэг утгаар татварын давуу эрхийн зарчим шинээр үйлчилнэ.Өнөөдөр бүх өрийг төлүүлж дууссаны дараа татварын өрийг барагдуулж байна.Татварын үндсэн ажлуудын нэг нь мэдээ,мэдээлэл харилцан солилцох ажил байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолын дагуу татварын зорилгоор мэдээлэл солилцох олон улсын форумд элсэн орсноор бусад оронтой мэдээлэл солилцох сайн боломж бидэнд олдсон.Энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг үндсэний хууль тогтоомждоо тусгах үүргийг бид хүлээсэн. Одоогийн үйлчилж буй хуулийн зохицуулалтаар татвар хураах ажилд бодитой эрсдэл учирдаг.Олон улсын туршлагаар Эрсдэлтэй татварыг урьдчилж хураадаг,эрх зүйн зохицуулалт орж ирж байна.Төлөх татвараа төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлсэн бол шилжүүлж авсан этгээдээс татварын өрийг төлүүлдэг харилцаанд шилжинэ. Эдгээр өөрчлөлт,шинэчлэл нь бид бодоод олчихсон шинэ зүйл биш.Эдгээр нь олон улсын татварын харилцаанд байдаг хэм хэмжээнүүд гэж ойлгох хэрэгтэй.

Улс, орон оршин тогтнохын үндэс нь татвар гэдэгтэй бүгд санал нэгддэг.Татвар гэдэг бол хувь хүн,хуулийн этгээд,төрөөс тогтоосон хувь хэмжээгээр,тогтоосон хугацаанд улс орны хэрэгцээнд зориулан өгч буй хөрөнгийг хэлдэг. Одоогоос олон зуун жилийн өмнө Адам Смиттийн тодорхойлсон татварын эдийн засгийн зарчим нь өнөөг хүртэл агуулгаа алдаагүй байна.

Энэ зарчимууд нь нэгдүгээрт, татвар нь тэгш шударга байх. Хоёрдугаарт, бодитой байх. Гуравдугаарт, төлөгдөх боломжтой байх. Дөрөвдүгээрт, үр ашигтай байх гэж тодорхойлсон.Манай татварын багц хуулийн концепци энэ дөрвөн зарчимтай нийцэж боловсруулагдсан. Татварын бодлого бол улс эх орны хөгжлийн бодлоготой уялдаж байдаг гэдэг утгаараа хөгжлийн бодлогын нэг хэсэг гэж үзэж болно. Татвар нь улсын төсвийг бүрдүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах, дахин хуваарилалтын, хяналтын гэсэн дөрвөн үүргийг гүйцэтгэдэг.

-Та татварын бодлого нь хөгжлийн бодлогын нэг хэсэг гэлээ. Тэгэхээр татварын багц хуулийн шинэчилсэн найруулга улсын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дэлхийн бүх улс,орон хөгжлийн бодлоготой.Сүүлийн үед хөгжиж буй орнууд НҮБ-аас 2015 онд баталсан “Эх дэлхийгээ шинэчилье уриатай” 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-тэй уялдуулж хөгжлийн бодлогодоо өөрчлөлт оруулж байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд УИХ баталсан. Энэ баримт бичигт хөгжлийн маш том зорилтуудыг дэвшүүлсэн. 2030 оны түвшинд манай эдийн засгийн өсөлт 6.6 хувьд тогтворжиж, нэг хүнд ногдох ҮНО-ыг 17500 ам.долларт хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий 70 орны нэг болно. Монгол хүний дундаж наслалтыг 78 хүргэж, бүх төрлийн ядуурлыг устгах зорилт дэвшүүлсэн.Мөн орлогын тэгш бус хуваарилалтыг 6.5 оноогоор эх, нялхасын эндэгдлийг 50 хувиар тус тус бууруулж, жилд хоёр сая жуулчин авдаг болж, цахилгаан эрчим хүчээр иргэдээ 100 хувь,гол нэрийн шатахууны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь тус тус хангах зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэх, улс орноо хөгжүүлэхэд хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй нь ойлгомжтой боловч татварын зөв бодлого явуулж улс орны сан хөмрөг, хуримтлалыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Татварын хуулиудын шинэчлэл нь хөгжлийн шинэ зорилтот хөтөлбөр рүү чиглэж байна.

-Таны хэлж буй тоонууд биелэх боломжтой юу?

-Боломжтой гэж тооцож УИХ тогтоол гаргасан байх.Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр.хөгжлийн загвар, гарцаа зөв тодорхойлж, татварын хуулиудын үйлчлэлийг хөгжлийн төлөө хийж чадвал боломж байна. Хөгжихийн тулд төрд мөнгө хэрэгтэй.Тэр мөнгөний дийлэнхийг татварын аргаар бий болгоно.Татвар нь эдийн засгийг зохицуулж, төрийн мөнгөний нэгдсэн санг бий болгох, сонгомол хэлбэрийг өөртөө агуулдаг.

-Татварын багц хуулийн бодлого, концепцийг дэлгэрүүлэхгүй юу?

-Татварын багц хуулийн шинэчлэлийн концепци бол жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, жижиг татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжиж, өсгөж бойжуулах, хувь хүний орлого, нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг дэмжих гэж ойлгож болно. Аливаа хөгжлийн үндэс суурь нь хүний хөгжил байдаг.Одоогийн татварын багц хууль нь 2007 онд батлагдаж,2008 оноос эхэлж мөрдөж эхэлсэн.Энэ хууль нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж, халаагаа өгч байна. Өнөөдөр Монгол Улсын төсвийн зарлага нь орлогоосоо өндөр байгаа нь татварын хуультай холбогдож болох боловч төсвийн төлөвлөлтөө зөв хийж өсөлт бий болох салбарт бодлогын дэмжлэг үзүүлж, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхтэй тэмцэх тэмцлийг хүчтэй болгох, хуулиар тогтоосон татварыг заавал төлдөг эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага байна.

-Татвараас зайлсхийхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон шинэ ажил хийхээр хуулинд оруулж байгаа гэл үү?

-Туршлагаас харахад үндэстэн дамнасан кор-порациуд, том компаниуд татвараас зайлсхийх зорилгоор төрөл бүрийн арга замыг эрэлхийлдэг. Зарим компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа оффшор бүсэд цаасан дээр компани байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагааг явуулж байгаа нь манай улсын татварын суурь, орлогыг багасгаж байна. Монгол Улс хууль ёсны дагуу авах татвараа авдаг байх, татварын бааз сууриа хамгаалах зайлшгүй шаардалгаар холбогдох зохицуулалтуудыг оруулж өгч байгаа.

-Нийтлэг стандарт, зохицуулалтуудаас яривал…

-Татвар төлөгчдийн тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчдөд туслах, алдаагаа засах боломжийг тэдэнд олгож байгаа. Үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчилж байна. Өнөөдрийг хүртэл манай улс татварын хуулиндаа үнэ шилжилтийг сайн тусгаж өгөөгүйгээс их хэмжээний татвар төвлөрүүлэх боломж алдаж ирсэн нь үнэн.Манайд ажиллаж байгаа том компаниуд харилцан хамааралтай этгээдүүдтэй гүйлгээ хийхдээ, бодит бус үнэ хэрэглэх замаар зардлаа өсгөж, төлөх татварын хэмжээг бууруулж ирсэн.Энэ асуудлыг зохицуулах зорилгоор тусгайлсан тайлан авах, бусад улстай мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж байгаа. Татварын хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийнэ. Энэ нь шударга татвар төлөгчдөд ашигтай. Нөгөө талдаа татварын албаны мэдээлэл авах эрх зүйн зохицуулалтыг сайжруулж байгаа. Мөн татварын өр төлөх, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах, татварын өр хураах ажиллагааны гүйцэтгэх эрх мэдлийг өөрчлөх, татварын маргаан таслах зөвлөлийн үе шатыг бууруулах, татварын хяналт шалгалтаар тавигдсан актыг давж заалдах, гомдол гаргах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байгаа.

-Газар, ашигт малтмалын лиценз борлуулсны орлогоос 30 хувийн татвар авч байсныг 10 хувь болгоно гэж төсөлд тусгажээ. Татварын орлого их хэмжээгээр алдах юм биш үү?

-Одоогийн хуулиар 30 хувь байгаа нь хэтэрхий өндөр байна гэж татвар төлөгчид, судлаачид үздэг.Хуулийн энэ заалтаар төсөвт орж буй татвар маш бага байгаа тул авах татварын хэмжээг бууруулах замаар суурийг өргөтгөх тооцоог Сангийн яам хийж орууж ирсэнийг ажлын хэсэг дээр яриад явж байна.Их хурлаар хэлэлцэх явцад гишүүд энэ асуудал дээр нухацтай ярих байх аа.

-Арилжааны банкууд гадаад,дотоодын эх үүсвэрээс татсан зээл, хүүгийн орлого болон хувьцааны ногдол ашгийн орлогод таван хувиар татвар ногдуулна гэсэн заалт орж байгаа юм билээ. Энэ асуудал шүүмж дагуулж байна л даа?

-2017 оны тайлангийн тооцоогоор энэ өөрчлөлт, төсвийн орлого 17 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байгаа. Гэхдээ хуульд ийм заалт оруулсан нь зээлийн хүүг бууруулах зорилго хамт явж байгаа гэдгийг хэлье.

-Манай татварын ачаалал бусад орнуудтай харьцуулахад ямар байна вэ?

-Татварын ачааллыг ДНБ-д эзлэх татварын орлогын хувиар хэмждэг.Манай татварын ачаалал уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай.Сүүлийн жилүүдэд 20 орчим хувь байгаа нь өндөр үзүүлэлт биш боловч бас бага биш ачаалалтайд орно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дундаж 34 хувь байгаа бол Европын зарим орнуудын түвшингээс манайх бага байна. Энэ нь хөгжиж буй орнуудын түвшинд байна гэсэн үг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлт ямар түвшинд байдаг юм бол?

-Хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт, чөлөөлт 2016 онд татварын орлогын 18.3 хувьд хүрч байсан бол 2017 онд 12.7 хувь болж буурсан.Цаашдаа тууштай бууруулах арга хэмжээг авах ёстой.

-Хялбаршуулсан татварын горимд шилжихээр Аж ахуйн нэгжүүд жижигрэх эрсдэл бий болох юм биш үү?

-Хялбаршуулсан татварын горим нь 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг тайлан тушааж, нэг хувийн татвар төлнө. Жилд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж нь 10 хувиар төлөх боловч төлсөн татварын 90 хувийг буцааж авах тул адилхан нэг хувийн татвар төлөгч байна. Иймээс хялбаршуулсан татварыг ашиглах зорилгоор компани жижгэрэхгүй гэж тооцож байгаа.

-Нэгэнт төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах тул, хуульдаа адилхан нэг хувь гээд заагаад өгвөл хаана, хаанаа амар баймаар?

-Ази, Номхон далайн бүс нутгийн татварын байгууллагууд хамтарч байгуулсан Сгайтер гэж байгууллага бий. Энэ байгууллага болон олон улсын байгууллагууд Монголын татварын албаны өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг өндрөөр үнэлдэг. Арван хувийн татварыг халж,бүгд нэг хувийн татвартай болбол өнөөг хүртэл хөгжиж ирсэн бүртгэл, тайлагнал, хяналт шалгалт, сахилга, хариуцлага гээд олон асуудал хүрсэн түвшингээсээ ухрах болно.Бүгд нэг хувийн татвар төлдөг болчихвол хэн ч татвараа үнэн зөв гаргаж тайлагнах, төлөх шаардлагагүй болчихно. Мөн тайлан, бүртгэлийг үнэн зөв хөтлөөгүйгээс хүлээх хариуцлага бага болно. Ингэснээр сахилга бат алдагдаж, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд томрох, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжгүй болно. Иймд тайлангаа тушааж, холбогдох татвараа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх нь зүйтэй гэж үзсэн. Урт хугацааны бодлогыг харгалзан эдийн засгийн боломж сайжрах үед 90 хувийн буцаан олголтыг 80,70 гэх мэтээр бууруулах хувилбарыг хадгалан үлдэх нь зүйтэй гэж үзэж байгаа.Эдийн засаг, нийгмийн тодорхой секторыг татварын хөнгөлөлтийг буцаан олгох байдлаар дэмжих нь олон улсын практик болсон асуудал.

-Ингэхэд хөрөнгө оруулалт, IPO-оос татвар авах уу?

-Санхүүгийн зах зээлийн хөгжилд Хөрөнгө оруулалт, IPO хийх нь өндөр ач холбогдолтой. Хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй гаргасан хувьцааг худалдан авсан этгээдэд шилжүүлсэн ногдол ашгийн орлогыг 10 хувиас таван хувь болгож хоёр дахин бууруулсан. Мөн хөрөнгийн биржээс бонд гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох татварыг хоёр дахин бууруулж, таван хувийн татвар ногдуулах юм. IPO-оос татвар авахгүй.

-Татварын хувь хэмжээг бууруулах олон арга хэмжээ авах юм байна. Жишиг татвар, 90 хувийг буцааж авна гээд тооцохоор төсвийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө гарахгүй юу?

-Тийм ээ. Зөв зүйтэй асуулт байна. Жижиг татвар төлөгчдөд үзүүлж буй хөнгөлөлтийн орон зайг татварын бааз суурийг нэмэгдүүлж, татвараас зайлсхийж байгаа үзэгдэлтэй тэмцэх замаар нөхөх бодлого барина. Манай Сангийн яам, Татварын албанаас гаргасан нэг судалгаа байна.Бүртгэлийн байгууллагад байгаа бүртгэлээр татварын тайлан тушаах үүрэгтэй 160 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага байна.Үүнээс 2018 оны жилийн эцсийн тайланг татварын албанд 93899 аж ахуйн нэгж тушаажээ. Тушаасан аж ахуйн нэгжийн 39783 нь “Х” тайлан, 54116 нь ногдолтой тайлан тушаасан байна. Ногдолтой тайлан тушаасан 3159 аж ахуйн нэгж 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой байна. Энэ нь татварын тайлан гаргасан аж ахуйн нэгжүүдийн 3.4 хувь болж байгаа юм. Энэ 3.4 хувь нь манай аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 96.4 хувийг бүрдүүлж, үлдсэн 90740 аж ахуйн нэгж нь уг татварын 3.6 хувийг тус тус бүрдүүлсэн судалгаа байна.Энэ судалгаанаас харахад татварын хөнгөлт, төсвийн бүрдүүлтэд том хүндрэл учруулахгүй гэж үзэж байгаа.

-Хуулийн төсөлд “Х”тайлан гаргаж буй аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн татвар төлөх заалт явж байна. Яагаад ийм заалт оруулах болов?

-Компани байгуулах шалгуур багассантай холбогдуулан “Х” тайлан тушааж, татварын тооцоо хийдэггүй аж ахуйн нэгжүүд олширсон. Энэ нь бүртгэлийн баазад идэвхгүй татвар төлөгч олноор бий болж, татварын албаны хяналтын зардлыг нэмэгдүүлж байгаа юм. 2018 оны жилийн эцсийн тайлан тушаасан мэдээгээр “Х” тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 42.4 хувь болж өссөн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн тайланг хянах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт татварын алба өндөр зардал гаргадаг. Аж ахуйн нэгж байгуулж, гэрчилгээ, тамга эзэмшиж байгаагийн төлөө тогтмол татвар төлдөг жишиг дэлхийн олон улсад байдаг.Хэлэлцүүлгийн явцад энэ асуудал дахиж яригдана.

-Татварын маргаан таслах зөвлөл гомдол гаргахад барьцааны мөнгө байршуулахаар хуульчилж байгаа юм байна. Үүгээрээ Үндсэн хууль зөрчлөө гэж мэргэжилтнүүд үзэж байна лээ?

-Нэгэнт төлөх ёстой татварыг төлөөгүй гэдгийг эрх бүхий этгээд тогтоосон байхад татвар төлөгч,хугацаа хожих байдлаар маргаан таслах зөвлөл хуулийн байгууллагад хандаж,олон жил, сар сунжирдаг практик их байна. Татварын албанаас акт тавигдаж, маргаан таслах зөвлөл, шүүх дээр явж буй хэрэг олон байгаа. 1-2 жил,3-4 жил, найман жил шүүхээр явж, 11 удаа шүүхээр орж байгаа хэрэг ч байна.Олон жил, олон удаа шүүхээр явсаны эцэст татварын албаны талд шийдвэр нь гардаг. Энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй. Маргаан таслах зөвлөлд хандах эрх нь нээлттэй байгаа. Барьцааны мөнгө дундын дансанд байршина.


Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгор: Татварын шинэ хуулиар аж ахуйн нэгж орлого олоогүй байж татвар төлөх нь

– 50 САЯ ХҮРТЭЛХ ОРЛОГОТОЙ КОМПАНИУД ЗААВАЛ НЭГ ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ. 50 САЯАС ДЭЭШ ОРЛОГОТОЙ НЬ ШАЛГАЛТААР ТОГТООГДВОЛ ОРЛОГЫНХ НЬ АРВАН ХУВЬД ТОРГУУЛЬ НОГДУУЛНА-


Татварын багц хуулийг хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр яаравчилж байгаа билээ. Хэрэв энэ хууль батлагдвал аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт учруулна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар арбитрч, санхүүч Г.Хонгортой ярилцлаа.


-Татварын багц хуулийн төслийн гол, гол өөрчлөлтүүд нь юу байна вэ?

-Энэ хуулийн төсөлд нь хэд хэдэн эргэлзээтэй асуудал байгаа. Миний бие дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн л дээ. Татварын багц хуулийг дүүргийнхээ иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийн үүднээс уншиж, судаллаа. Манайх улсын хэмжээний хамгийн том дүүрэг. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Жижиг аж ахуйн нэгжүүдийг хөл дээр нь босгож чадсанаар дүүргийн төсөв халгиж цалгиж байх ёстой. Санхүүгийн хувьд бие даахын тулд татварын орлого өндөр байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл татварын багц хуулийн төслийг харахад татварын харилцааг шилэн, ил тод, хөнгөн биш хэлбэр рүү оруулж байна. Энэ бол хөгжил биш, ухралт.

Хууль санаачлагчид “Жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэсэн хуулийн үзэл баримтлалтай” гэж танилцуулж байгаа юм. Бодит байдал дээр асуудал өөрөөр харагдаж байна л даа. Аж ахуйн нэгжийн жилийн орлогынх нь хэмжээ 50 саяас доош тохиолдолд нэг хувийн татвар ногдуулна гэж ажлын хэсгийнхэн нь тайлбарлаж байгаа юм. Тэгсэн хэрнээ хуулийнхаа төсөлд энэ тухай огт үгчлэн тусгаагүй байж ингэж яриад байгаа нь ойлгомжгүй. Татварын ерөнхий газрын мэдээлж байгаагаар нийт бүртгэлтэй компанийн 90 гаруй хувь нь “X” тайлан илгээдэг. Үйл ажиллагаа явуулж чадаагүй, орлого олоогүй гээд тайлангаа өгдөг. Одоогийн хуулийн төслийн шинэ зохицуулалтаар бол ийм аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 320 мянган төгрөг төлөхөөр болж байна. Улирал тутамд 80 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 192 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг.

Тэднээс “Х” тайлан тушаадаг нь ойролцоогоор 50-60 мянга гэхээр нэг компани жилд 320 мянган төгрөгийн татвар төлнө. Тэгэхээр сансрын тоо гарахаар байгаа юм.

-Үйл ажиллагаа явуулаагүй байж татвар төлөх хэрэг үү?

-Үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж орлого олохгүй нь мэдээж шүү дээ. Орлого олоогүй байж татвар төлнө гэдэг чинь цэвэр аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт учруулж байна. Энэ бол иргэдийг бизнес хийх хүсэл эрмэлзлийг нь дараад зогсохгүй олон аж ахуйн нэгжүүдийг устгах гэсэн санаархал. Ерөөсөө ийм хуулийн заалт оруулж байгаа нь Үндсэн хуульд харш гэж үзэж байна. Маргааш бизнес эрхэлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй иргэн хүн Улсын бүртгэлд нь хууль тогтоомжийн дагуу материалаа бүрдүүлээд компани байгуулсан ч аргагүйн эрхэнд “Х” тайлан тушааж байгаа. Иргэн хүн эрх цаасан дээрх компани эзэмших эрхтэй гэж үзэж байна. Гэтэл тэр эрх чөлөөг нь боомилж байна. Ингэхдээ татварын дарамт учруулж албаар жижиг бизнесүүдийг татан буулгах гэсэн асуудал юм.

-Уг нь энэ хууль тэгш шударга зарчмыг нэвтрүүлнэ гэж байгаа. Тэр утгаараа далд эдийн засгийг хумихаар татварын орчныг нэлээд чангатгасан хууль гарах юм биш үү?

-Харин ч авлигын орчны эх үүсвэрийг бүрдүүлсэн хууль гарах гэж байна. Жишээлбэл, 50 сая төгрөгөөс доош орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөхдөө татварын албанд хүсэлт гаргана. Ингээд татварын шалгалтад орж 50 саяын орлоготой гэдгээ баталгаажуулна. Тэгээд татвараа бүрэн зуун хувь төлнө. Энэ шатанд татварын нэмэлт төлбөр торгууль үүсэх эрсдэлтэй. Компани хэрэв 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байна гэж үзвэл татварын акт тавигдана. Ингэхээр нэмэлт төлбөр торгууль төлөх болчихоод байгаа юм. 50 сая төгрөгөөс доош орлоготой гэдгээ шалгалтаар нотолсныхоо дараа Сангийн яамны зөвшөөрлөөр татварын буцаалтаа авах юм шиг л зүйл харагдаад байх юм. Сангийн яам төлсөн татварынх нь 90 хувийг буцааж өгөх асуудлыг шийдэх юм байна гэсэн.

-Тэгэхээр акт тавьсан компаниас шууд арван хувийг нь Сангийн яам авчих юм байна. Үүний оронд тухайн компани татварын байцаагчтайгаа тохиролцох нөхцөл үүсч болох нь ээ?

-Тийм. Энэ бол буруу. Жижиг бизнесийг ингэж дарамтанд оруулж болохгүй. Татварын байцаагчтай тохирох ч юм уу, амьдрал дээр янз бүрийн гажуудал гарч болзошгүй. Татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдтэй ханцуйн дотроо наймаалцах үндсийг бүрдүүлээд байгаад л шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Татварын багц хуулийн төсөл тэгш шударга зарчмыг хангахгүй байгаа өөр нэг дутагдал бол гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг хөнгөлсөн зохицуулалт байна. Одоо гадаадын компаниуд гадагшаа мөнгөө гаргахдаа 20 хувийн татвар төлдөг. Үүнийг таван хувь болж бууруулахаар төсөлд заажээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад татварын таатай орчин бүрдүүлэх ёстой гэдэг л дээ?

– Дотоодын “Х” тайлантай аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр бөөн дарамт үүрүүлэх гээд байна. Тэгсэн хэрнээ гадаадын компаниудад хөнгөлөлт эдлүүлэх гэж байна шүү дээ. Гэтэл манай дотоодын аж ахуйн нэгжүүд арван хувийн татвар төлж байгаа. Харин гадны компаниуд таван хувийн татвар төлж байгаа нь шударга байдалд хэр нийцэх вэ.

-Татварын багц хуулийн шинэчлэл бол нийгэмд нэлээд хүлээлттэй байгаа. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэхдээ төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулна гэж үүрэг хүлээсэн. Энэ хүрээндээ хуулийн өөрчлөлтөөр татварын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна уу?

-Хуулийн төслийг хаврын ээлжит бус чуулганаар батлах гэж яарч байгаа нь 2019 оны төсөвтэй холбоотой. Учир нь энэ оны төсвийг батлахдаа өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хувь хэмжээг мөрдөөгүй.

Харин одоо яригдаж байгаа татварын багц хуулийн төслийн төсөөллөөр баталчихсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиндаа суурилж байж төсвийн тухай хуулийг батлах ёстой. Гэтэл шинэ татварын хуулиараа иргэддээ дарамт учруулж болохгүй. Энэ олон аж ахуйн нэгжүүд татвар төлдөг болно гэдэг чинь татварынхаа бааз суурийг бэхжүүлж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүдээ устгах юм бол татварын баазынхаа эсрэг үйл ажиллагаа болно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх тухай асуудал хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Уг нь манай улс энэ байгууллагад 2004 оноос хойш ажиглагчийн статустай явж ирсэн. Гэтэл өнгөрсөн жилээс ШХАБ-ын жинхэнэ гишүүнчлэлтэй орон болъё гэх яриа гарч эхлэв. Эрдэмтэн судлаачид, энгийн ард иргэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ШХАБ-д орох нь“зөв”, “буруу” гэж талцаж байх зуур манай зарим яам, агентлаг түрүүчээсээ элсээд эхэлсэн бололтой. Үүний баталгаа нь Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийнх гэх тодотголтой тэр мэдэгдэлд “…Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно…Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай…” гэжээ. Эндээс харахад тус яам ШХАБ-д аль хэдийнэ элсээд зогсохгүй дүрмээр нь ажиллаж байгаа бололтой байна.

ШХАБ-ын гол дүрэм бол ардчилсан үзэл санааны эсрэг байдаг. Төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлдэг ардчилсан дэглэмийг хэрэгжүүлэхээс шууд татгалздаг гэсэн үг. Ингэснээр албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчид дур зоргоороо ноёрхлоо тогтоох боломж нь цогцолдог. Яагаад гэвэл тотилатор дэглэм ШХАБ-ын үзэл санааны цөм нь юм. Энэ нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини 1925 онд өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тотилатор дэглэм гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгэхээр тотилатор дэглэмийг муулж, шүүмжлэх нь хориотой. Хэрэв энэ дэглэмийн удирдагчийг нь элдвээр хэлэх юм бол шууд барьж хорьдог гэж байгаа. Тэрийг нь гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээрээ дамжуулан “Цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ хяна” гэсэн санааг тодоос тод анхааруулаад байна шүү дээ.

Бас түүний мэдэгдэл ШХАБ-д элсэхийг хамгийн ихээр эсэргүүцэж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт зориулагдсан гэж харагдаад байгаа. Энэ тухай “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улстөржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай… Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байгаа юм л даа.Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хариуцлагатай иргэн, жирийн иргэн гэж тусгаарлаж заадаггүй.

Монгол Улсын иргэн гэж тодотгосон байдаг. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл Монголын нийт ард түмэнд хандсан гэж ойлгогдохоор байна. Үүгээрээ тэд “ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж болохгүй, хөрш орнуудын удирдагч болох В.Путин, Си Жиньпин нарыг элдэвлэн гоочилж болохгүй” гэж лүндэн буулгаад монголчуудыг зааварчилж эхэллээ. Үүгээрээ ШХАБ-д “хөл тавьсан” Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхэнд халдаж байгаагаа мэдэж байна уу.

Энэ мэтчилэн манай гадаад бодлогыг тольдогч яам, төрийн томчууд, дарга нарын ярьж, хэлээд байгаа үгсийг хараад байхад Монгол Улс ШХАБ-д элсэх шинжиндээ орж байх шиг байна. Зүгээр нэг нийгэм даяар шуугьсан хөөс биш болж таарлаа. Ард түмэн тэнэг биш. Асуудлын буруу, зөвийг ялгана. Юуны тулд бид улс орны болоод ард түмний эрх ашигт үл нийцсэн төр баригчдын харалган шийдвэр, хувийн ашиг сонирхлын эсрэг тэмцэж чаддаг эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Ард түмэн ШХАБ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд амархан болсон.

Сошиал сүлжээ хүн бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх талбар бол энэ. Хуучин цагт шударга бусын өөдөөс зөвхөн “Өдрийн сонин” л ганцаараа үзэлцдэг байсан. Одоо ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индэр болсоор байгаа. Тэгвэл өнөөдөр бид хань ихтэй болсон шүү.

Эцсийн бүлэгтээ Монгол Улс ШХАБ-д орох, орохгүйг УИХ л шийднэ. Байнгын хороогоор нууцаар санал оруулж, зөвшилцөх маягаар асуудлыг явуулсан ч парламентын хуралдаан ард түмэнд нээлттэй хүрч байгаа. Эндээс хэн нь ШХАБ-д элсэхийг дэмжиж, хэн нь эсэргүүцэж буйг нь ил тод харах боломжтой. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд гишүүд найдваргүй, барьцаанд орсон харагдаад байна. Яалт ч үгүй ЖДҮ-дсэн 14 гишүүн эрх баригчдын кнопны барьцаанд дэгээдүүлсэн бололтой. Тэдэн дээр нэмээд ШХАБ-ын үзэл санааг дэмждэг хорин хэдэн гишүүн түвэггүйхэн олдчихно. Ингээд УИХ-ын олонхын шийдвэрээр Монгол Улсын хувь заяа тотилатор дэглэм рүү очиход ойрхон байна. Тэгвэл яагаад ийм хяналттай, эрх чөлөөгөө хязгаарлуулсан нийгмийн замыг сонгож,ШХАБ-д орох гээд үхэн хатан тэмцээд, эрчимтэй тэмүүлээд байна вэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн ашиг сонирхол гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ бол өнгөлөн далдлалт. ШХАБ-д элсэхэд эдийн засаг ямар ч хамаагүй. Цаад зорилго нь Орос, Хятад зэрэг дарангуйлагч улсуудад эрх ашиг нь нэгдсэн, тэдэнд дагаар орсон улс төрийн том зүтгэлтэн нарын шоронд насаараа хатахаас бултах цорын ганц арга нь ШХАБ байна.

ШХАБ-ын дүрмээр нэг хүн насан туршдаа дарга хийнэ. Сонгууль болсон ч дахиад л сонгогдсон мэтээр жүжиглэж улираан зална. Учир нь тэр удирдагчаа шүүмжилж, муулсан хүн баригдаж, хоригдох учир ноёрхол нь бат бөх оршдог. Харин манайд парламентын сонгууль болбол одоогийн улс төрийн өндөр, дунд шатны зүтгэлтнүүд бүгд унана. Ард түмэн тэднийг дахиж сонгохгүй болохоор төрд гарч чадахгүй гэдгээ өөрсдөө ч сайн мэдэх биз. Тэгээд ч заримыг нь ял шийтгэл хүлээж байгаа гэх юм билээ. Ийм нөхцөл байдлаас бултаж, насаараа төрийн удирдлагыг гартаа авахын тулд Монголын ард түмнийг барын аманд барьж өгөх гэж байх шиг байна.