Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Баяраа: Иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна

Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульч Б.Баяраатай ярилцлаа.


-Хөөн хэлэлцэх хугацааны талаар эхлээд ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юү?

-Иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр, үйл ажиллагаанд өргөдөл гомдол гаргах, мөн шүүхэд хандах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэгт хуулийн хугацаатай болохыг бид бүхэн мэднэ. Үүний нэгэн адилаар төр нь иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахад ч хуулийн хугацаа тогтоосон байдаг. Зөвхөн эрүүгийн төдийгүй иргэн, захиргааны аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагддаг. Хуулийн процесс нь хэмжээ хязгаар, нарийн цаг хугацаатай байх зайлшгүй шаардлагатай. Хуулийн салбарт цаг наргүй, тодорхойгүй нэг ч ажиллагаа байж болохгүй. Үүний нэг нь эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах, улмаар ял шийтгэх боломжит дээд хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтоор илэрхийлдэг.

-Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа заавал байхын ач холбогдол юу вэ. Заримдаа их шүүмжлэл дагуулж байх юм?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн үнэт зүйлсийн нэг юм. Эрүүгийн эрх зүйгээр жишээ татъя. Төрийг төлөөлдөг хууль хүчний байгууллагаас хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдэл, эдийн засгийн давуу байдал зэрэг төрийн механизмуудыг ашиглах замаар хэн нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгадаг.

Ийм хүч тэнцвэргүй харилцаанд хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа иргэдийг цаг наргүй хэдэн жилээр шалгаж шаналган залхаан цээрлүүлэхгүй байх зорилгоор Эрүүгийн хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгснөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн өндөр ач холбогдолтой. Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй бол бүх насаараа хэрэгт шалгагдаж байна гэх нэр зүүж хилээр зорчихгүй, ажилд орохгүй, өдөр бүр цагдаагийн байгууллагад цагаа бүртгүүлж, хуулийн байгууллагад дуудагдах, цагдан хоригдох зэргээр иргэнд маш их хүндрэл учирдаг тул энэ процесст ямар нэгэн хуулийн хязгаарлалт зайлшгүй шаардлагатай. Нэг ёсондоо хэрэгт шалгаж байгаа нэрээр хэт сунжирсан урт удаан хугацааны залхаан цээрлүүлэлтээс урьдчилан сэргийлж иргэнийг хамгаалсан хууль зүйн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөнөөс гадна өөр нэг ач холбогдол нь хууль шүүхийн байгууллагыг гэмт хэрэг илрүүлэх, шалгах үүрэгтээ хайнга назгай хандахгүй байх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэх, тэдгээрийг хариуцлагажуулах үүднээс дэлхийн ихэнх улс оронд хөөн хэлэлцэх хугацааг түгээмэл хэрэглэдэг.

-Төрд иргэнийхээ гэм буруутай эсэхийг шалгах хугацаатай үүрэг өгч байна гэсэн үг үү?

-Тийм. Хуулийн байгууллага, албан тушаалтныг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Товчхондоо хугацаатай үүрэг өгч байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш бус тэнцвэргүй нөхцөлд явагддаг тул нөгөө талаас иргэний хувьд боломжит хугацаанд гэмт хэрэг үйлдсэн эсэхээ шалгуулах, гэм буруугийн асуудлаа шуурхай шийдвэрлүүлэх эрх олгож байна гэсэн үг.

Хэрэв эрүүгийн хэрэг шалгах хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бол огт гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах нэрийдлээр урт хугацаанд, магадгүй бүх насаар нь залхаан цээрлүүлэх байдлаар эрүүдэн шүүхийг зөвшөөрнө гэсэн үг.

-Олон нийтийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшуулдаг гэсэн шүүмжлэл их өрнөдөг шүү дээ?

-Ял завших болон хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь хууль зүйн агуулга, ач холбогдлын хувьд тэс өөр ойлголт. Ял завших гэдэг нь хууль бусаар төрийн албан хаагчид нөлөөлөх замаар эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, мултрах тухай ойлголт бол хөөн хэлэлцэх хугацаа нь иргэнд хуулиар зөвшөөрөгдсөн боломж юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь нэг талаар төрийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг шуурхай болгож хариуцлагажуулах, нөгөө талаар иргэний хувьд шалгагдаж буй хэргээ боломжит хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг илэрхийлсэн ойлголт юм. Тиймээс тодорхой хугацаанд шалгагдаад гэм буруу нь тогтоогдоогүй бол хэрэгсэхгүй болгуулах нь иргэний хууль ёсны эрх.

Хөөн хэлэлцэх хугацаа нь мөрдөн байцаалтын шатанд дуусгавар болбол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд зогсоох үндэслэл болдог. Энэ тохиолдолд шалгагдаж байгаа иргэний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй юм. Мөрдөгч, прокурор нь гэм буруутай эсэхийг шийдвэрлэх эрхтэй этгээд биш. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн суурь зарчим байдаг. Тиймээс шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын шатанд хэн нэгнийг гэм буруутай эсэх асуудлаар мөрдөгч, прокурор нь дүгнэх эрхгүй. Гэм бурууг эцэслэн шийдвэрлэдэг эрх нь гагцхүү шүүхэд хадгалагддаг. Шүүхийн өмнөх шатанд хугацаагүй шалгагдахаас урьдчилан сэргийлж хууль тогтоогчид хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулдаг.

-Саяхан Үндсэн хуулийн Цэц дээр Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж эцэслэн шийдвэрлэсэн талаар тайлбарлахгүй юу?

-УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдийг сэргээн шалгах хууль баталсан. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шүүх, хуулийн байгууллагаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдэж дууссан хэргийг архиваас авчирч сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэл оногдуулахыг хуулийн байгууллагуудад үүрэгжүүлж тулгасан хууль байсан учраас иргэний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчсөн дэлхийн жишигт байхгүй муу хууль болсон. Энэ нь Монгол Улсын парламентат ёсны төлөвшил, ардчилал хүний эрх, эрх чөлөөний дархлаа ямар сул байгааг харуулж байна. Ер нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, тэр дундаа яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэхийг үүрэгжүүлсэн хууль Монгол Улсад урьд хожид байгаагүй. Дэлхий нийтэд ч олон улсын эрх зүйн зарчим, гэрээгээр хориглосон байдаг. Хуучин коммунист улсуудад Эрүүгийн хуулийг дордуулж буцаан хэрэглэсэн цөөн жишээ бий. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд Эрүүгийн хуулийг дордуулах замаар буцаан хэрэглэхийг хүлээн зөвшөөрөгддөггүй шалтгаан нь хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт дахин шүүж, дахин ял шийтгэж хэлмэгдүүлж хохироохгүй байх зорилгоос үүдэлтэй. Эрүүгийн хуулийг буцаагаад хэрэглэвэл хэрэг хэзээ ч хуучрахгүйн зэрэгцээ “Хүн нь олдвол хэрэг нь олдох” байдлаар хүссэн хүндээ эрүүгийн хэрэг үүсгэх аюултай. Энэ бол иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Үндсэн хуулийн Цэцээс уг хуулийг хүчингүй болгосон. Гэвч хууль үйлчлэх хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулиар хэсэг хугацаанд иргэдэд ял өгчихсөн. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу тухайн хэргүүдийг шинээр илрүүлж дахин шийдвэрлэх үндэслэл бүрдсэн.

-Манай улсын хууль тогтоох байгууллагаас хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар бодлого баримталдаг вэ?

-Монгол Улсад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оныг хүртэл Улсын дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл, харин 2017 оноос анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл, харин 2020 оноос яллагдагчаар татагдах хүртэл тоолдог болов. Хуулийн бодлого боловсруулагчийн түвшинд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг улам чангаруулж яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог болсон. Энэ нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Эрүүгийн хуульд оруулсан яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг зохицуулалт нь уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай юм. Үүнээс өмнөх үйлдлийн хувьд тухайн үеийн хуулиар яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

Гэтэл манай зарим мөрдөгч, прокурорын хуулийн мэргэжлийн мэдлэг дутмагаас шалтгаалж яллагдагчаар татагдсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэсэн буруу ойлголт нийтлэг байдаг. Үнэндээ 2020 оноос хойш үйлдлийн тухайд л яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоохоор хуульчилсныг анзаардаггүй. Түүнчлэн заавал шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоолгосны эцэст хөөн хэлэлцэх хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа нь ажиглагддаг. Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаа явуулахыг шууд хориглосон зохицуулалттай.

-Одоо хуулийн байгууллагуудад хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэр үндэслэлтэй хэрэглэж байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол мөрдөн байцаалт, шүүхийн аль ч шатанд эрүүгийн хэргийг шууд хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журам, хугацаагаар хязгаарлагддаг нарийн төвөгтэй процесс юм. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглодог. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт мөрдөн байцаалт явуулах, эсхүл шүүхээс ял шийтгэх нь хууль дээдлэх зарчмыг шууд зөрчих төдийгүй иргэний халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрхэд халдаж байгаа хэрэг юм.

Ер нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихөөд байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгаад байвал үүнийг эрүүдэн шүүх нэг хэлбэр гэж үздэг. Тухайн хэргээ хуульд заасан хугацаанд нотолж, эсхүл цагаатгаж чадахгүй атлаа хугацаагүй, цаг наргүй шалгаад байж болохгүй.

-Энэ тохиолдолд эрхээ яаж хамгаалах боломжтой вэ?

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнийг тодорхойгүй хугацаагаар хэрэгт холбогдуулан шалгаж, залхаан цээрлүүлж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт иргэнийг үргэлжлүүлэн шалгах нь хууль зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар мөрдөж шалгаж хэлмэгдүүлэх үндэслэлийг бий болгодог. Мөн эрүүгийн хэрэг шалгах ажиллагаа аливаа хязгаарлалтгүй, дур зоргын шинжтэй байж болохгүй. Иймд иргэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан хэрэгт холбогдуулан илэрхий үндэслэлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол тухайн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль бусаар шалгагдсан нөхөн төлбөр авах, хохирлоо нэхэмжлэх зэргээр эрхээ хамгаалах нь зүйтэй. Тухайн иргэнд холбогдох үйлдэл хэрэгсэхгүй боллоо гээд гомдол гаргахгүй орхигдуулах нь хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр юм. Зарим тохиолдолд тухайн шалгагдаж байгаа гэмт хэрэгт шүүхээр орж ял шийтгэл эдлээд дуусах хугацаанаас ч удаан хугацаа өнгөрчихөөд байхад цаг наргүй шалгаад л байдаг. Бүр таван жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт 10 жил өнгөрчихөөд байхад ч шалгаж байгаа тохиолдол байсаар байна. Энэ нь иргэнийг залхаан цээрлүүлж эрүүдэн шүүж байгаа хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Монгол Улс Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчилж, шударгаар хамтарч бизнес хийх ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Ойрын үед Оюу толгойн талаар нэлээд шуугиж байна. Засгийн газрын хэлэлцээрийн ажлын хэсэгт байгаа хүний хувьд шинэ мэдээлэл өгөхгүй юү?

-Оюу толгойн хэлэлцээр үргэлжилж байна. 400 тэрбум ам.долларын баялагтай энэ орд Монголын ард түмнийг ажилтай, орлоготой болгоод зогсохгүй ядуурлаас гаргана. Монголын ирээдүй үүнээс шалтгаална гэдэгт ард түмэн итгэдэг.

Оюу толгой зөв замд орсноор үүнээс том бүтээн байгуулалтууд ар араасаа шударгаар явах уу, луйвраар явах уу гэдгээ хүлээгээд байж байна. Шинэ Жинстийн алтны орд байна. Бас Дорнод дахь том бүтээн байгуулалт байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын төслийг Монголд ашигтай болгоно гэдэг бол өнөөдрийн УИХ-ын нэг номерын барьж авах ёстой чухал асуудал. Энэ бол үе үеийн Засгийн газрын 30 жилийн түүхийн бүтээн байгуулалт. Даанч энд луйвар байгаа.

-Рио Тинтогоос Монголын Засгийн газарт дөрвөн зүйл заалттай захидал ирсэн шүү дээ. 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэх саналыг манай талд тавьсан байх аа. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-Удаа дараа захидал ирж, илч төлөөлөгч ирж, хэлэлцээрт суух гэж оролдож байна. Энэ бол сайны тэмдэг. Биднийг гөлөг ч гэж тоодоггүй байсан шүү дээ. Тэд Монголын ард түмнээс айхгүй, Засгийн газрыг төлөөлж байгаа Уул уурхайн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамыг халаасалчихсан гэж боддог байсан. Тэдний төлөөний агентууд энэ дөрвөн яамд үеийн үед шигдэж, ажилладаг байсан. Би баримттай ярина. Тэгэхээр Монголын улстөрчид анх удаа нэгдэж, Оюу толгой дээр Монголын эрх ашгийн төлөө байж чадсан.

Миний бие энэ асуудлыг 17 жил ярьж байгаа. Олон иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байсан. Тамга барьсан төр Монголынхоо ард түмний талд байна гэдэг ямар том давуу талтайг асан Х.Баттулга харуулсан.

Түүнээс гад на тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар байснаар АТГ, шүүх, прокурор, төрийн өмчийн газрууд нийлж, нэгдсэн зохион байгуулалтад орж хоёр жил хөөцөлдлөө. Үүний үр дүнд таван улсын шүүх дээр хөрөнгө оруулалтын гэрээг луйвар хийсэн байна, өөрчлөх ёстой гэж Монголын Засгийн газраас сөрөг нэхэмжлэл явуулсан нь хамгийн чухал. Үүнтэй холбогдуулаад Рио Тинто ялагдах магадлал ихтэй байгаа учраас таван улсын шүүх дээрх нэхэмжлэлээ татаач ээ, та бүхэнд бид дөрвөн янзаар тал засъя гэсэн агуулгатай захидал ирсэн байна гэж би ойлгож байна. Нэгдүгээрт, 34 хувийг монголчууд худалдаж авснаас болж үүссэн өр буюу 2.3 тэрбум ам.долларын өр бий болчихсон. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэдэг найрсаг санал орж ирлээ. Монголоор орчуулах юм бол “Би чамаас 34 хувийг чинь үнэгүй аваагүй. Бүр дамлаж зарж, хүүтэй авсан луйвраас ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.доллар болох өрнөөс харж үзэж, 1.6 тэрбумыг нь хасъя. Чамаас би луйвардаж, 2.3 тэрбум ам.доллар авах ёстой байсан боловч 700 сая ам.долларыг харж үзэж авъя” гэж байгаатай агаар нэг. Үүний эсрэг шийдвэртэйгээр үгүй гэж хэлэх ёстой. Цаашид Монголын ард түмнийг энэ 34 хувиараа жилийн арав орчим хувиар хүүлнэ гэсэн үг.

-Та бүхэн ямар саналтай байгаа вэ?

– Энэ 34 хувийг бид баялгаараа дүйцүүлж авах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 50 хувийг монголчууд авахдаа нэг ширхэг ч төгрөг төлж байгаагүй шүү дээ. Бид ийм олон сая тн баялгаа өгч байна. Бий болсон ашгийн 50 хувийн ашгийг авна шүү гэдгийг оросуудтай социализмын үед тохирч чадсан. Тэгвэл өнөөдөр бид ийм их 400 тэрбум ам.долларын алт, зэсээ өгөөд 34 хувьтай тэнцэх хэмжээний ашгийг хүүтэйгээр худалдаж авах болчихоод байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид 34 хувиа баялагтайгаа дүйцүүлж авна. Нарийн яривал 2007 онд талбай дээр миний бие өлсгөлөн зарлаж байхдаа тухайн үеийн Засгийн газартай ярьж, 34 хувийг монголчууд баялгаараа дүйцүүлж авна гэж Айвенхоу Майнз гэрээнд гарын үсэг зурчихсан байсан шүү. Гэтэл тэрийг улстөрч луйварчид зогсоогоод 34 хувийг үнэтэй авъя гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгой гэдэг саалийн үнээнээс 100 литр сүү гарлаа гэхэд “Миний үнээ учраас 34 хувийг нь манайх авна” гээд тохирчихсон байсныг цуцалчихсан. “Миний үнээг Рио Тинто чи саагаад 100 литр сүүнээс 34 литрийг нь хүүтэйгээр худалдаж авъя” гэж байгаа юм. Гэтэл энэ 34 литр сүүний хүү нь 23 литр болчисон. Үүний 70 хувийг хөнгөлье гэсэн хайр зарласан захидал ирүүлж байх юм. Дэмий юм ярь гэж хариулъя даа.

-Энэ 34 хувийг роялти болгож хувиргах ёстой гэж та хэлдэг. Үүнийг ажлын хэсэг дэмжиж байгаа юу?

-Роялти хувиргаж болно. 10-15 хувийн роялти гэсэн үг. Өнөөдрийн тавтай нийлээд 15-20 хувийн роялти авъя гэдэг байр суурийг тооцоо судалгаатай хэлж байсан. Энэ бол миний байр суурь. Үүнийг хэлэлцээрийн ширээнд ярих бүрэн боломжтой.

-Айлын тал далд уурхайн б ү т э э н б а й г у у л а л т т а й холбогдуулан нэг их наяд төгрөгийг бенефит төсөвт оруулъя гээд байгаа шүү дээ?

– Бенефит гэдэг нь гуйлгачин хүнд хоол өгч байгаа аятай харж үзсэн санаагаа хэлж байна л даа. Энэ ашиг биш, татвар биш. Тэгвэл Рио Тинтогоос Монголын а р д т ү м э н г у й л г а г у й х гээгүй. Шударгаар хамтарч бизнес хийе, биднийг битгий луйвардаач ээ гэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчлөөч ээ гэж хүсч байна.

-Захидалд далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Гэтэл энэ нь өсчихсөн. Үүн дээр цаг хугацаа хойшилж, зардал хэтэрсэн учраас менежмэнтийн төлбөр авахгүй байх тухай дурдсан байсан?

-Мөн зардал хэтрэлттэй холбоотойгоор 1.9 хувийн шимтгэлийг зогсоох тухай эд нар саналаа ярьж байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Зах дээрх буузны наймаачид биш дээ. Хүн авахгүй байна, хугацаа хэтэрлээ, буузаа зарах гэсэн чинь банкны хүүндээ дарагдаад байна гэсэн яриа шиг зүйл биш шүү дээ. ТЭЗҮ- тэй, тооцоотой ажил. Зардлын хэтрэлт гэдгээ “Таксинд явж байхад хүн суухгүй байна” гэдэгтэй адил зүйл яриад байх юм. Зардал хэтэрсэн тохиолдолд заавал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Дураараа өөрсдөө мөнгө нэмчихээд дараа нь тэр зардлыг Монголын ард түмэн л үүрнэ. Нэмсэн зардлаа биднээс хүүлж байна. Менежмэнтийг хариуцаж байгаа Рио Тинто зардлын хэтрэлтийг хар толгойгоороо 100 хувь хариуцна гэдгээ хөрөнгө оруулалтын гэрээндээ тусга. Оюу толгойн гэрээ анх 1.7 тэрбум ам.доллараар бүтээн байгуулалт босно гэж байсан. Дараа нь 2.7 болоод дахиад дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн. Дараа нь 5.1 тэрбум ам.доллар дээр тогтсон. Одоо 17 тэрбум ам.доллар болчихсон.

-Европын худалдааны танхим гэдэг байгууллагаас мэдэгдэл гаргасан байна лээ. “Хөрөнгө оруулалтын шинжээчид Монгол Улс энэ янзаараа маргаантай байвал ашиг хүртэхгүй” гэсэн агуулгатай. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

– Энэ бол хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг нь хангаач гэсэн шахалт үзүүлж байгаа явдал гэж харагдахаар байгаа юм. Монголоор орчуулбал, Европын худалдааны танхим гэж гоё нэрийг ашиглаж байгаа луйварчид буюу Рио Тинтогийн пиарчид. Монголын ард түмний өмнөөс энэ байгууллага юу ч билээ дээ. Олон улсын шинжээчийн дүгнэлт гэж ямар хүмүүсийг яриад байгаа юм бэ. Харин өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон улсын шинжээчдийг хөлслөөд, дүгнэлт гаргаад Рио Тинто Монголыг хуурч, худлаа ярьж, зардлын хэтрэлт нэрийдлээр луйвар хийж байсан гэж найман шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ бол Канад, Америк, Австралийн шинжээчдийн дүгнэлт. Дээр нь нэмээд хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ байгуулаач ээ гэж айлын тал шахаж байна. Өнөөдрийн Монголын ард түмнийг цөм луйвардсан хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортойгоор луйвраа үргэлжлүүлээч ээ гэж шаардаж байна. “Оюу толгой төслийн одоогийн яриа хэлэлцээ дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөхгүй дахин хэлэлцэхгүй байх хэрэгтэйг онцлон анхааруулсан байна” гэжээ. Монгол Улс маань Европын холбоо гэдэг байгууллагын охин комдани уу. Анх Оюу толгойн гэрээг байгуулах гэж байхад гадаадын таван ЭСЯ-даас дарамт үзүүлдэг байсан. Өнөөдөр тэдгээр яамдын нэрийг дурдаад яахав. Том каптилист эдийн засагтай орнуудын ЭСЯ-дууд ийм луйвар болчихлоо гэхэд яагаад чимээгүй суугаад байна вэ.

-Таван улсын шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ. Оюу толгойд гадаадын өөр хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлж байгаа юу?

-Монголын Засгийн газрын холбогдох хүмүүс авлига авах журмаар хөрөнгө оруулагчдаа хэт давуу байдал бий болгосон байна гэдэг баримт материал байгаа учраас таван улсын шүүх дээр асуудал явж байгаа. Авлига авч байгуулагдсан гэрээ байна гэж тэдгээр улсуудын шүүх үзэх юм бол цуцална. Гадаадын хөрөнгө оруулагчийг хайхаас илүү Рио Тинтотой цоо шинэ нөхцөл байдлаар хэлэлцээрийн ширээнд суугаач ээ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Рио Тинтог хөөж гаргаад өөр улсын хөрөнгө оруулагч оруулж ирэх байр суурь үнэндээ алга. Харин цоо шинэ нөхцөлтэйгөөр Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд суух алтан боломж гэж харж байна. Тэр хэлэлцээрийн ширээнд суугаад ойлголцохгүй бол Монголын тал хэнтэйгээ яаж ярих нь Засгийн газрын асуудал. Миний бие үүнд оролцох ч эрх байхгүй.

-Таныг УИХ дахь АН-ын бүлгээс хаслаа гэж Д.Ганбат гишүүн зарласан нь саяхан. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай нийлээд тусдаа нам байгуулахаар АН-ыг бужигнуулж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Би үргэлж сөрөг хүчин байсан. Өнөөдөр Эрдэнэтийн ард түмэн намайг “Эрх баригч нарт сайн хяналт тавиарай” гэж сөрөг хүчин болгож сонгосон. Гэтэл миний байсан нам намайг худалдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд эрх баригч намтай нийлээд явсан. Малыг бэлчээрээр нь зарна гэдэг шиг болсон. Сонин дээр бичиж байснаар тооцох юм бол би Шадар сайд болчихсон, хувийнхаа амьдралын хувьд их л сайхан болчихсон байх байсан байна даа. Олон ул стөрчд ийн н үд э э ухаж өгөхөөс буцахгүй асуудал шүү дээ, энэ чинь. Би тэнд надтай хэн, хэн юу ярьсан тухай юу ч ярихгүй. Миний онцлог бол би итгэлтэй, гэхдээ шийдвэрээ гаргана. Би эрх баригчдад очиж, Эрдэнэтийн ард түмний сайхан сэтгэлийг худалдах хэмжээний хүн биш. Би сүнсээ худалдахгүй. Ингээд гудамжинд гарчихсан, намыг нь хоёр тамгатай болгоод хуваачихсан ардчиллын төлөө явж байгаа энэ улсуудад нэмэр тус болъё гэж орж ирсэн. АН-ын гишүүнчлэл маань хэвээрээ байгаа. Тиймээс өөрийгөө бүлэгтээ байгаа л гэж бодож яваа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Өмч хувьчлал улстөрчдийн тоглоом болох ёсгүй

Засгийн газраас ирэх онд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж зарласан. Энэ асуудлаар Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс төрийн өмчит 339 аж ахуйн нэгж дотор алдагдалтай ажилладаг компаниудыг хувьчилна гэлээ. Энэ шийдвэр ер нь хэр бодитой хэрэгжих бол. Үе үеийн Засгийн газрын тэргүүний хэлдэг үг шүү дээ. Ээлжит попрол болоод дуусах юм биш биз дээ. Ер нь өмч хувьчлалыг ямар замаар, яаж явуулах ёстой вэ?

-Өмч хувьчлалд бид тун болгоомжтой хандах ёстой. Өмнө нь алдаж, оносон зүйл их бий. Тухайн компанийг үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг буруу сэтгэлгээгээр явж ирсэн туршлагатай шүү дээ, манай улс. Засгийн газар ийм замаар төрийн өмчийг хувьчлах гэж байгаа бол муу үр дүн, асуудал дагуулна. Аливаа төрийн өмчит компанийн техник, технологи, удирдлагын менежмэнтийг нь оновчтой болгож, сайжруулж уг компани цаашид биеэ даагаад явчих боломжтой юм байна гэж үзсэний үндсэн дээр хувьчилбал илүү үнэ цэнэтэй болно. Ингэх юм бол улс оронд маань хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж байна, ер нь хувьд очиж байж хөгжиж чадна. Нөгөөтэйгүүр төрийн ачааллыг хөнгөвчлөх ёстой ч гэж яриад байдаг шүү дээ?

-Манай улстөрчдөд ийм синдром яваад байдаг. Энэ бол маш буруу гаж сэтгэлгээ. Ер нь төр, хувийн хэвшлийн харьцаа хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт аж ахуйн нэгжийн 30 хувь нь төрд, 70 нь хувийн хэвшилд очсон байгаа юм. Энэ харьцаа 20:80 байж болно.

Тэрнээс бүгдийг хувьчлах шаардлагагүй. Одоогийн эрх баригчид хэтэрхий нүд нь улаанаараа эргэлдээд төрийн өмчийг хэн нэгэндээ хямдхан авч өгөх гээд чичирч болзошгүй. Тийм замаар хувьчлал хийх нь улс оронд ашиггүй, хувь хүнд бол ашигтай. Тэрнээс “төрийн нуруунаас ачаа авч байна” гэсэн малгайн дор өмч хувьчлалаар далимдуулж ашиг хонжоо хараад байгааг үгүйсгэх аргагүй. Төрийн наймаа, төсвийн хулгай хийж буйгаа төрийн нуруунаас ачаа авч хаяж байна гээд байгаа юм уу… гэдгийг бодох хэрэгтэй.

-Ерөөсөө л төрд байгаа хүмүүс хоноцын сэтгэлээр хандаж, тэнд тендер, элдэв зөвшөөрлөөр мөнгө угаадаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон. Тийм болохоор төрийн үйлчилгээг хувьд шилжүүлэх нь зүйтэй юм биш үү?

-Тендер, концессыг нэг талаас хатуу хэлэх юм бол зохион байгуулалттай төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа тогтолцооны нэг хэлбэр. Хэл ам дагуулдаг ЖДҮ, концесс, тендерийн хулгайгаар төрд очсон хүмүүс баяжих үндсийг нь хуульчлаад өгчихөөр аргагүй шүү дээ. Монголын нийгэмд салбар бүхэнд хулгай нүүрлэсэн.

Төрийн наймаа төсвийн хулгай хавтгайрчихсан. Концесс, тендер зэргээр төрийн наймаа хийж, төсөвт бүтээн байгуулалтуудыг царцаах замаар хөрөнгө хулгайлдаг болсон нь гашуун үнэн. Жишээлбэл, нэг сургуулийн барилгын ажлыг 500 сая төгрөгөөр барихаар төсөвт нь оруулаад шийдчихдэг. Тэрийг зориуд нэг жил дуусгахгүйгээр царцаачихаад, дараагийн жил нь дахиад 500 саяыг нэмж тусгуулаад төсвөөс хумслаад байгаа хэрэг. Үүнд яамдын дэд сайд нар хамгийн сайн оролцдог.

Бялдуучдын хамгийн том албан тушаал бол дэд сайд, газар, хэлтсийн орлогч дарга нар байна. Эдгээр орон тоо Монголын төрд хамгийн хэрэггүй орон тоо. Тэд намдаа үйлчилж, намынхаа эрх ашигт тохируулж шийдвэр гаргуулахын төлөө ажилладаг. Төрийн ажил гэхээсээ илүү намынхаа ажлыг хийгээд байдаг. Хатуухан хэлбэл, Төрийн том тогооноос хулгай хийх гэж очдог албан тушаал гэсэн үг.

-Төрийн алба улс төрийн наймаа болсон. Сонгуульд ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд төрд аваачиж тавьдаг жишиг тогтсон. Төрийн өмчийг хувьчилснаар данхар бүтэц багасаж, албан тушаалын наймаа арилна гэж харж байгаа?

-Төрийн зардлыг хэрхэн, яаж хэмнэхээ Ерөнхий сайдад анхааруулж хэлж өгөхгүй бол залуу, туршлагагүй хүн болохоор мэдэхгүй байна. Ажлаа дандаа пиараар хийгээд байгаа нь сүүлийн үеийн арга хэмжээнүүдээс харагдах боллоо. Үүндээ дүгнэлт хийх ёстой болов уу. Хүн алдаж болно. Харин түүнийгээ маш түргэн засаад явах нь чухал. Том, том төсөл хөтөлбөр, макро хэмжээний ажлууд яриад байна. Ний нуугүй хэлэхэд, том тогооноос их хөрөнгө л хусах гээд байгаа хэрэг.

Намайг Төрийн өмчийн хорооны дарга байх үед 140-өөд мянган төрийн албан хаагч байсан. Харин одоо 198 мянган албан хаагчтай болчихоод байна. Ингэж бялдууч нараа ажилд оруулахаар төрөөс хулгай л ихсээд байна гэсэн үг. МАН дөрвөн удаагийн сонгуульд үнэмлэхүй яллаа. Үнэмлэхүй мөртлөө дандаа ойролцоо тоо хэмжээтэй ялалт байгуулаад байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ардчилсан нийгэмд нэг улс төрийн хүчин дараалан ялдаг тогтолцоо явагдаж байгаа нь учир шалтгаантай. Энд нэгдүгээрт, хар машины кодын эзэмшил, хугацаа, мөн модемоор зөөж байгаад хамаг учир байна. Луйврын сүлжээ явж байж болзошгүй гэж хардах үндэслэлтэй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдаа, ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа хорооны Засаг даргын дор маш олон хүмүүсийг зохион байгуулалттайгаар ажиллуулдаг болсон явдал. Хуучин хэсгийн ахлагч цөөхөн тоотой байсан, одоо маш олууллаа болжээ. Тэд хариуцсан хэсгийнхээ гэр бүл, айл өрхүүдийг бүгдийг нь командлаад хүчээр санал өгүүлчихэж байгаа юм. Нэг хэсгийн ахлагч 200 айл, өрх бүрд нөлөөлж нэг гэр бүл таван ам бүлтэй байлаа гэхэд тэр хэмжээний сонгогчийг татаж байна гэсэн үг. Чамд төрийн үйлчилгээ үзүүлэхгүй, бизнесийг чинь хаана, хүнсний талон олгохгүй гэх зэргээр айлгаж, сүрдүүлж саналыг нь аваад багцалчихаж байгаа юм.

Өмч хувьчлал үүнтэй ялгаагүй. Хулгайн замаар явуулах гээд байна уу, үнэхээр сэтгэл гаргаад хувьчлах гээд байна уу гэдэг нь хоёр өөр асуудал.

-Төрийн өмчит компаниудын дарга нар хэл аманд орж, шалгагдаж, хоригдох нь элбэг. Жишээлбэл, МИАТ байна. Монросцветметийн захирлыг хүртэл барьж хорилоо л гээд байсан. Тэгэхээр таны хувьд зайлшгүй хувьчлах шаардлагатай ямар байгууллагууд байна вэ?

– МИАТ-ийн хувьд хоёр талтай. Төр өөрийн онгоц худалдан авчихаад хувьчлах нь эргэлзээтэй л байна. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газрын зоригтой хийсэн ажил бол Монгол Улс өөрийн онгоцтой болсон явдал. Аливаа хувьчлал хийхдээ сайн л тооцоо, судалгаа, үндэслэл гаргаж байж хийх хэрэгтэй.

Нэн түрүүн хувьчлах шаардлагатай төрийн өмч гэвэл яамдуудын дэргэдэх хөгжлийн төв, аж ахуйн байгууллагууд. Эдгээр байгууллага олон байх тусам төрийн хулгай хөгжиж байна гэсэн үг. Мөн автобус компаниуд байна. Өөрөөр хэлбэл, төрд дарамт болж байгаа зарим төрийн өмчит компаниудыг хувьчилна уу гэхээс биш бэлэн байгаа нийгмийн хариуцлага хүлээж байгаа компаниудыг хувьчлах нь өнөөгийн хувьд шаардлагагүй.

-Тухайлбал?

-Эрчим хүчний компаниудыг яаралтай хувьчлах ёстой гээд байна. Цаг нь болоогүй ээ.

Тиймээс зайлшгүй эрчим хүч, цахилгаан холбоо зэрэг төрийн өмчүүдээ хувьчлах гэж яараад хэрэггүй. Норвеги Улс зэрэг европын улсууд цахилгаан холбоогоо хувьчилчихаад төр нь 2013 онд буцаагаад худалдаж авсан түүх саяхных. Үндэсний тусгаар тогтнол, стратегийн ач холбогдолтой үйлдвэрээ хувьчлахдаа тун болгоомжтой хандах ёстой. Бензин шатахууны төрийн өмчит компаниудаа хувьчилчихаад одоо тэднийхээ аманд уначихаад байна шүү дээ. Тэгэхээр стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдээ хувьчлах цаг нь болоогүй. Аливаа зүйлд цаг хугацаа их нөлөөтэй.

Төр зарим үед ард түмнийхээ төлөө өөрөө алдагдал хүлээдэг нь улс орнуудад явагддаг хэвийн үзэгдэл. Энэ бол нийгмийн хариуцлагаа үүрээд явж байгаа асуудал. Ингэж байж ард түмнээ дулаан, цахилгаан, усны болон зарим үйлчилгээгээр тасралтгүй хангаж, улмаар үнийн асуудалгүй авч явж байна гэсэн үг.

-Төрийн өмчит компаниудаас хамгийн ашигтай ажиллаж байгаа тод жишээ бол “Эрдэнэт” үйлдвэр байна. Ер нь 49 хувийг төр авсанд та ямар бодолтой байдаг вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компани. Энэхүү үйлдвэр нийгмийн хариуцлагаа хүлээж бүхэл бүтэн Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийг бүрэн хариуцаад явж байна шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийг зөв менежмэнтээр удирдаж авч явбал ногдол ашиг нь нэг их наяд, хоёр их наядаар яригдана. Энд маш их шахааны бизнес явагддаг. Дандаа эрх мэдэлтэй хүмүүсийн бизнес эргэлдэнэ. Миний хувьд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа заримаас нь зогсоож байсныг Монголын ард иргэд санаж л байгаа байх. Тусгай гэрээг зогсоосон. Мөн Ган бөмбөлгийн бэлдэцийг дотооддоо хийлгэж, “Белаз” том оврын хүнд машин механизмын дугуйг хямд авах, боломжийг нээн өгч, үхмэл хөрөнгийг зогсоож байлаа. Ган бөмбөлгийг хоёр хөршөөс арав, арван мянган тонноор авдаг байсан. Төрийн иймэрхүү наймаа явагддаг тогтолцоо бий болсон байсан. Хажууд нь байгаа Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт бэлдэцээ хийлгэх, нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг төрийн өмчит компаниуд бие биеэ дэмжиж шууд байгуулж тэндээс сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадах юм бол тэрхүү хамтын гэрээ, ганцхан энэ бизнесээс нэг жилдээ дөрвөн сая ам.долларыг улсын төсөвт оруулаад байх байсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 120 сая ам.долларыг нэг худалдан авалтаас гадагшаа алдчихаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт худалдан авалтыг зогсоох юм бол улам ашигтай ажиллах боломж байсаар байна. Одоогийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн бол тэнд юм хийхгүй хүн. Хулгайг л хөгжүүлж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай олон нийтлэлүүд бичигдэж байгаагаар харагдаж байна.

Энд зоригтой сайн менежер, өөрийн бодолтой, дарга нартаа “үгүй” гэж хэлж чадах хүнийг л тавих ёстой. Иймэрхүү байдал улс төрийн аль, аль намд нь дутаад байгаа юм. Төрийн дээд удирдлагууд, тухайлбал Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар зөв, сайн менежерүүдийг томоохон стратегийн ач холбогдолтой компаниудад тавихгүй, харин өөртөө долигоносон бялдууч улсуудыг тавиад байгаа нь хувийн эрх ашгаа өндөрт тавьж байгаагийн илрэл. Тэр бялдууч нар нь даргадаа долигонож бизнесийг нь хийж өгөөд байна шүү дээ. Энэ мэтээс болж төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байна.

-Ашигтай ажиллаж байсан төрийн өмчийг үнэгүйдүүлж, хулгайн замаар хувьчлал явуулдаг гэж та дээр хэллээ. Тэгэхээр ийм жишээ гэвэл алийг нэрлэх вэ?

-“Оргил” рашаан сувилал ашигтай ажиллаж байхад нь хямд үнээр хувьчилчихсан. Тэдгээр хүмүүст газар нь чухал байсан байх. Менежмэнт нь сайн яваа аж ахуйн нэгжийг хувьчилмаар байгаа бол өндөр үнээр үнэлэх ёстой.

-Төр муу менежер, дандаа алдагдалтай ажилладаг гээд л чичлүүлдэг. Харин та албаар ийм яриа гаргаж, төрийн өмчийг хувьдаа завшдаг гэх гээд байна уу?

-“Төр муу менежер” гэдэг бол төрөөс хулгай хийх гэсэн цэцэн үг. Өөрөөр хэлбэл, пиар шүү дээ. Тэгэнгүүт төр муу менежер байна, хоноцын сэтгэлээр хандаж байна гээд хувьчлах тал руугаа ордог. Миний хувьд “төр сайн менежер” байх ёстой. Албаар муу менежер болгоод байгааг эсэргүүцдэг хүн л дээ. Өмч хувьчлалыг амаар донгодож ярьдаг зүйл биш.

-Таны үед өмч хувьчлал хэрхэн явагдаж байв?

-Намайг 2013 онд Төрийн өмчийн хороог хүлээж авахад төрийн өмчит компаниуд нийт 64 тэрбум төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг 2013 онд 15 хувь, 2014 онд 17 хувь бууруулсан. Төрийн өмчит компаниуд аливаа шүүх дээр очоод дандаа ялагддаг уламжлал тогтсон байсан. Шалтгаан нь тухайн компаниуд сайн хуулийн баггүй болоод ялагддаг байв. Ингээд заавал төрийн өмчит компани хуулийн сайн багтай болох шаардлага тавиад ирэнгүүт ялж эхэлсэн. Хуучин үеийн компанийн захирлууд зориуд ялагддаг байхгүй юу.

Дээрх зохицуулалтаар төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн түүхтэй. Надтай хамтарч ажиллаж байсан төрийн өмчит компанийн захирлууд сайн мэдэж байгаа даа. Миний үед ганцхан дуудлага худалдаа болсон. Тэр нь Тагнуулын ерөнхий гарын шинэ барилгыг 11 тэрбум төгрөгөөр хувьчилж байлаа. Хүмүүсээ ямар нэгэн хэлбэрээр оролцох юм бол хариуцлага тооцно шүү гэж анхааруулсан учраас дунд нь ямар нэг зуучлал явагдаагүй юм даа.

-Өмч хувьчлалтай холбоотой олон улсын туршлагаас сонирхуулахгүй юу?

-Франц улс 1825 онд өмчөө тоолж, 1960 онд төрийн өмчүүдээ хувьчилсан байдаг. Франц Улс тэрхүү өмч хувьчлалын алдаа оноондоо зарчмын дүгнэлт хийж, ер нь төрийн өмчийг бүгдийг нь хувьчлах нь буруу юм байна гэж үзээд аливаа улс оронд төрийн өмч, хувийн өмчийн зохистой харьцаа байх нь зөв юм байна гэсэн ойлголт төрсөн учраас 2013 оноос зарим улс орнуудын төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй өмч хувьчлалын асуудлаар чуулга уулзалт хийж, харилцан ярилцах, хэлэлцэж байх боломжийг бүрдүүлж ирсэн байдаг.

Түүнд анх удаа Монгол Улсын Төрийн өмчийн хороо оролцсон юмдаг. Одоо энэ уулзалтад Монгол Улс оролцохоо больсонд харамсаж явдаг даа.

Иймд Монголын төр яарч, улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх нэрийдлээр олноор нь бөөндөх бодлогоор хувьчлах төрийн ээлжит алдаатай бодлого явуулах вий гэдэгт эмзэглэж явдгаа нуух юун. Онцгой анхаарах ёстой асуудал. Тэгэхээр манай улс өмч хувьчлалыг тун болгоомжтой явуулах хэрэгтэй (1990 оны зах зээлийн харилцаанд шилжиж байгаа үе биш шүү дээ) гэдгийг дахин хэлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаатайгаар мушгин гуйвуулж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд хэл ам дагуулж байгаа. Уг хуулийн заалттай холбоотой асуудал нийгэмд шуугиан дэгдэнгүүт УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өөрсдийн тайлбар мэдээллийг өчигдөр Төрийн ордоноос хүргэв. Хуулийн зүйл заалтын талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөлд 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэн манай улсын иргэншил авч болно гэсэн заалт байгаа тухай шуугьж эхэллээ. Та энэ заалтыг тайлбарлахгүй юу?

-Нэр бүхий энэ хуулийн төслийг буруу ойлгоод, өөрсдийнхөөрөө тайлбарлаад явчихлаа.

Ер нь гол концепци нь юу гэхээр, мянган ам.доллар ч бай, 100 мянган ам.доллар ч бай гадаадын хөрөнгө оруулагч л бол хамтраад бизнес хийгээд явах бололцоог нээж өгөх зорилгоор энэ хуулийн гол үзэл баримтлал хийгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гадаад ч бай дотоод ч бай ялгаагүй хөрөнгө оруулагчийн босго адилхан болоод явна гэсэн үг.Энэ саналыг маш олон бизнес эрхлэгчид, эдийн засагчид тодорхой үндэслэлтэйгээр хэлж байсан. Мөн наймдугаар сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаас санал ирсэн. “Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ 100 мянган ам.доллартай холбоотой асуудал маш их үүсдэг. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахдаа гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй байна. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг байрлуулж, визээ авсны дараа буцаагаад татах явдал цөөнгүй болоод байна” гэдэг ийм санал ирсэн. Иймээс бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож аж ахуйн нэгж шууд бүртгүүлэх, бизнесээ эхлүүлэх боломжтой болгосон.

За ингээд адилхан босготой болчихоор, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчийн байнга оршин суухтай холбоотой асуудал яах юм бэ гэсэн асуулт гарч ирсэн учраас бид тэр 50 мянган ам.долларын асуудлыг оруулсан. Хуулинд, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг үндэслэн олгох гэсэн үг, өгүүлбэр байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгийг багасгаж байгаа юм шиг боловч, хариуцлагыг нь өндөрсгөчихсөн юм. Манайд хөрөнгөө оруулж байгаа иргэд заавал ажлын байр бий болгосон байх, орлогын албан татварын болон бусад татварууд болон нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэсэн заалтыг нэмсэн. Холбогдох гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар визээ аваарай гэсэн ийм л агуулгатай заалт юм. Гэтэл хуулийг сайн судлаагүй хүмүүс мушгин гуйвуулж, энэ хуулиар виз өгөх гэж байгаа мэт иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. 50 мянган доллараар байр, машин авчихвал хөрөнгө оруулалт биз дээ гээд байх юм.Би маш тодорхой хэлье. Хөрөнгө оруулалт бол байр, машин биш. Энэ бол ажлын байр, татвар, хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгө гэх мэт юм

Бүр тодруулбал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтыг гаргуулсны үндсэн дээр олгохоор заасан. 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад албан татвар төлж байгаа хөрөнгө оруулагчийн гэр бүлийн гишүүнд олгохоор заасан нь одоогийн үйлчилж байгаа нөхцөлийг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулахад босгогүй харин байнга оршин суух зөвшөөрөл авах үед хүн тус бүрт 50 мянган ам.долларын босготой болгож шаардлагыг өндөрсгөсөн.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тайлбарлахдаа Монгол Улсад байнгын оршин суух эрх 50 мянган ам.долларын ханштай боллоо гээд байна шүү дээ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2–т зааснаар, виз олгох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байгаа. Энэ чиглэлд нэг удаа журам гаргаж, шинэчилдэг. Яагаад гэвэл манайх ҮАБЗ болон гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэг улсын иргэний дээд талын хувийг зоогоод өгчихсөн байдаг. Нэг улсаас Монгол Улсад манай улсын нийт хүн амын нэгээс илүүгүй хувиар орж ирнэ гээд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг байхгүй юу. 100 мянган доллараас дээш хөрөнгө аль нэг арилжааны банкинд байршуулсан бол оршин суух эрхээ хүсч болно гээд заачихсан байдаг. Гэтэл энэ хууль тэр бүр хэрэгждэггүй. Ихэнх нь визээ авчихдаг боловч буцаагаад татчихдаг. Ченж хүртэл гарчихсан гээд хуулийн хэлэлцүүлгийн үеэр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн хүмүүс бидэнд ярьж байсан. 20-30 сая төгрөгийн ханштай болчихсон гэх асуудлууд байгаа юм билээ. Дашрамд хэлэхэд, Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хууль бол маш сайн хууль, манай энэ чиглэлийн төрийн байгууллагууд ч маш сайн ажилладаг юм билээ.

-Та энэ хуулийн төслөө хамт өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүдэд мэдэгдэлгүйгээр 50 мянган ам.доллартай холбоотой заалтыг нэмчихсэн юм биш үү?

-Энэ нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж бид сүүлийн нэг жил тасралтгүй ажилласан. Бизнес форум хийлээ, гадаад дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчидтай уулзлаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд, компаниудтай уулзлаа. Одоо тренд болоод байгаа мэдээлэл технологийн салбарын старт апуудтай ч уулзаж байсан. Хамгийн сүүлд тавдугаар сарын 26-нд Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр УИХ-ын дарга Г.Занданшатар, танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын Байнгын хорооны дарга нар, хууль санаачлагч Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын гишүүдтэй хамт уулзалт хийж, хуулиа танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн. Ингээд зургадугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Ер нь хууль өргөн барих процесс өөрөө яаж явдаг вэ гэвэл, УИХ-ын Тамгын газарт хуулиа өргөн мэдүүлээд зөвшөөрлөө хүсдэг. Тамгын газар иж бүрдэлийг нь нягтална, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг шалгадаг. Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэж байгаа эсэхийг ч шалгана. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барих зөвшөөрлийг өгдөг. УИХ-ын даргад өргөн барихаас өмнө бид Засгийн газраас санал авахаар явуулдаг. Тэгээд өргөн баригдсаны дараа шууд Парламент.мн дээр тавигддаг. Энэ хууль ч гэсэн энэ бүх процессыг давсан. Тэгэхээр миний хэлж байгаа Засгийн газар руу явуулсан, УИХ-ын даргад өргөн барьсан, Парламент.мн дээр тавигдсан энэ хуулиуд хоорондоо нэг ч үг, үсгийн ялгаа байхгүй. Үүнийг би баттай хэлнэ. Тэр хүмүүс юу хасагдсан, юу нэмэгдсэн гээд байгааг сайн ойлгохгүй л байна.

-П.Анужин гишүүн таныг “Хогоо татаж ав” гэсэн байсан. Их хурлын гишүүд хог боловсруулаад сууж байдаг болж байна уу. Нөгөөтэйгүүр хамт өргөн барсан хоёр гишүүн нэрээ татчихаар төсөл цаашаа хэлэлцэгдэх үү?

-УИХ энэ заалтуудыг хэлэлцэх нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. Энэ цаашаа хэлэлцээд явах байх. Одоо төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдана. УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол, хууль санаачлагч энэ ажлын хэсэгт орох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяа бид хоёроос өөр гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад явна гэсэн үг. Тэр ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай судалгааг хийнэ. Үүний дараа анхны хэлэлцүүлэгт оруулдаг. Ер нь хууль санаачлагч аль ч шатанд хуулиас нэрээ татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л хэрэгжүүлсэн болов уу гэж харж

байгаа.

Нөгөө талаар би тэр хоёрыг ойлгож байгаа. Надад гэхэд асар их дайралтууд ирсэн. Манай хүүхдийн зургийг хүртэл над руу явуулаад, “Хүүхдээсээ хагацмаар байна уу” гэсэн зурвас хүртэл ирлээ. Би энэ хүмүүст уурлахгүй, гомдохгүй байгаа юм. Яагаад гэвэл, манай иргэдэд улсын маань тусгаар тогтнолын асуудал бол үнэхээр амин чухал. Бид хуулиа дутуу тайлбарласан тал бий. Энэ хууль уг нь оны сүүлээр хэлэлцэгдэх ёстой байтал гэнэт дээшээ татагдаад ороод ирсэн. Бид нар ирэх долоо хоногт эдийн засгийн чуулган төлөвлөөд, энэ үеэрээ хуулиа танилцуулаад салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, иргэдийн саналыг авна гэж төлөвлөж байтал гэнэт ороод ирсэн.

-Яагаад гэнэт ороод ирэв. Таныг Хятадын гар хөл мэтээр энэ хуулийг оруулж ирлээ гэж нийгэм хардаж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал захын хятад иргэн орж ирээд монгол иргэншилтэй болно. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болно гэх зэрэг ойлголттой байх шиг?

-Олон улсын жишгээс харахад манайх шиг жижигхэн орнууд харьяатын хуульд маш болгоомжтой ханддаг. Тухайлбал, бидний өргөн барьсан хуультай холбоотойгоор гадны цагаачдад иргэншил олгох гээд байна ч гэх зэргээр иргэдийн санаа зовж байх шиг байна. Иргэншлийн асуудлыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Оршин суухтай холбоотой хуулиудад заасны үндсэн дээр Засгийн газар жил бүр журмаа шинэчилж байдаг. Хаана, хэдэн гадаадын мэргэжилтэн хэрэгтэй байгаа, хичнээн хөрөнгө оуруулалтын мэргэжлтнүүд байгаа юм гэсний үндсэн дээр журам тогтоодог. Гадаадын иргэн харьяат нь болон хууль, журмаа бариад хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь хамаагүй виз олгох, олгохгүй байх эрх Гадаадын иргэн харьяатын байгууллагад байдаг. Тийм ч учраас 100 мянган ам.доллартай холбоотой асуудлыг ярилаа шүү дээ. Энэ хэмжээний мөнгийг тухайн улсын банкинд байршуулаад визээ авчихаж болдог гэж дээр хэллээ. Өнөөдрийн байдлаар 1800-гаад гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байгаа. Тэрний 65 хувь нь канадууд байна. Хятад иргэд долоон хувь нь байна. Хөрөнгө оруулалтын

хуулиар цагаачлал, визийн асуудлыг зохицуулдаггүй. Хөрөнгө оруулагч гэдэг статусыг тодорхой болгож өгч байгаа. Монгол Улсын холбогдох хуулиудаар хамтад нь зохицуулдаг.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жилийн хугацаанд 14.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр энэ хууль батлагдаж гарснаар гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэх вэ. Монгол Улсад ямар үр өгөөжөө өгнө гэж харж байгаа вэ?

-100 мянган ам.долларын босготой болохоос өмнө Монгол Улсад жил болгон дунджаар 1400-1600 аж ахуйн нэгж шинээр байгуулагддаг байсан. 2013 оноос хойш буурч явсаар байгаад 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай 70 аж ахуйн нэгж, 2021 онд 35 аж ахуйн нэгж бүртгэгдсэн. Бид гэнэт энэ хуулийг санаачилсан юм биш л дээ. 2020 оны Дэлхийн банкны судалгаагаар 118 оронд аж ахуйн нэгжийн бүртгэлийн босгыг тэглэчихсэн. Тэрний 48 нь 2020 онд ковидтой холбоотойгоор тэглэсэн. Харин энэ онд нэмээд 22 орон тэглэчихлээ. Одоо дэлхий дахинд нийт 150-иад орон энэ босгоо тэглэгчихээд байна. Тэгэхээр олон улсын зах зээлтэй өрсөлдөж өөрийн орондоо хөрөнгө оруулалтыг нь татах ёстой. Тэрнээс цааргалсаар байтал өрөнд баригдаад дууслаа л даа. Гадаадын хөрөнгө оруулалтдаа 100 мянган ам.долларын босго тавьснаас болж гадаадын хөрөнгө оруулалт байхгүйтэй адил болсон. Сүүлийн 10-аад жил манай улс зээлээр урд хормойгоо нөхөж ирсэн. Төсөв алдагдалтай баталдаг. Тэгэхээр бонд гаргаад дахиад зээл авна гэсэн үг. Ингээд байнгын зээлээр сүүлийн арван жилд бүх санхүүжилтээ угжчихсан. Өрийн таац тулчихсан. Одоо түүхий эд нь хилээр гардаггүй. Сүүлдээ гаднаас бараа таваар нь орж ирэхээ ч бүр байлаа. Тэгэхээр цааш яаж амьдрах юм бэ. Бид ковидтой холбоотойгоор асар хурдтайгаар эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл эдийн засгийг сэргээх, босгох ажилд хойрго хандаад байна л даа.

-Гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр манайхан баялгаа ухуулаад дууслаа гээд эсэргүүцдэг. Тэгвэл төсөл батлагдсанаар аль салбарт хөрөнгө оруулалт түлхүү орж ирэх вэ?

-Одоогийн хуулиар 100 мянган ам.долларын босго тавьчихаар уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байхгүй юу. Уул уурхайн компани юмуу энэ чиглэлээрээ мэргэшсэн, эсвэл визний ченжүүдээр дамжуулж компани байгуулсан зэрэг ангиллаар хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Гэтэл дэлхийн хамгийн том 500 компанийн 70 хувь старт апууд эзэлж байдаг. Яагаад дэлхий даяар тэднийг дэмжээд яваад байна вэ гэхээр эдийн засгийн дараагийн гол хөдөлгөх хүч нь. Залуучууддаа гадны хүмүүстэй хамтарч ажиллах хаалгыг нь нээж өгөхгүйгээр зөвхөн том төсөлтэйгөө зууралдаад яваад байх юм уу гэдэг асуудал тавимаар байгаа юм. Бидэнд шинэ уур амьсгал, шинэ салхи хэрэгтэй. Бид хөрөнгө оруулалтын орчноо ээлтэй болгох ёстой юм шүү гээд зарлаж байна. Тэр босго мөнгө болох 50 мянган ам.доллараар манай улсад байр, машин худалдаж авангуутаа хөрөнгө оруулагч гэх ангилалд багтаж, Монгол Улсад суурьшина гэсэн ойлголт огт биш л дээ. Хөрөнгө оруулалт гэдэг маань өнөөдрийн хуулийн томьёогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан хөрөнгө байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаанд хөрөнгө оруулах ёстой. Тэгэнгүүт эхлээд байр, машин, хятад иргэдийг оруулж ирэх гэж байна гэж үзлээ. Хуулийг санаачилсан биднийг худалч, урвагч гэж ярьж үзэж байна. Уг нь парламент бол мэтгэлцээний талбар. Энэ хуулийн төсөлтэй холбоотой баримт, судалгаагаа гаргаж тавиад мэтгэлцээнийхээ зарчмаар явах ёстой. Хэрвээ мэтгэлцээний зарчмаар явахгүй бол парламент гэж яваад яах юм бэ. Ямар нэг хууль орж ирвэл ярсхийтэл гараа өргөөд баталдаг байж болохгүй л дээ. Хууль хэлэлцүүлгийн явцад улам сайжирна. Ард түмэн яагаад энэ парламентын шинэ залуу гишүүдийг сонгосон юм бэ гэхээр нийгэмд шинэ салхийг хүсч байгаа учраас. Энэ хуулийн төсөлд орж байгаа гуравхан өгүүлбэр манай улсын эдийн засагт асар том өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэлтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх хүний эрхийг хууль хүчний байгууллагууд зөрчиж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Сүхбаатарын талбайд иргэд жагсаж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байна. Гэтэл зарим иргэдийг баривчилж, хорьсон асуудлууд гарсан. Эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчсөн явдлуудад сөрөг хүчин төдийгүй ард түмэн шүүмжлэлтэй хандаж байгаа. МАН-ын, тэр дундаа УИХ-ын эмэгтэй гишүүн, хүний эрх зөрчигдсөн асуудалд зоригтой дуугарч байгаад баярлах хүн олон байна. Хүний эрхийн мэдрэмжтэй түшээ МАН-д байдаг юм байна хэмээн нийгэм танд талархаж байна.

-Тайван жагсаал цуглаан хийх эрх нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан. Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан байдаг. Цар тахлын үед жагсаал цуглааныг хязгаарлах, үндэслэл зарчмуудыг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон байгаа. Гэхдээ цар тахлын үеийн нөхцөлд харахад тодорхой иргэдийн жагсаал цуглаан хийх эрх үндэслэлгүйгээр зөрчигдсөн асуудлууд гарсан. Жишээлбэл, 2020 оны дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайн өмнө цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур хийхийг эсэргүүцсэн иргэн М-ийн жагсаалыг цагдаа нар ирж тараагаад микрофоныг нь хурааж авсан байдаг. Мөн маргааш нь иргэн дахиад жагсаал хийх үед цагдаагийн албан хаагчид архи уусан байна гэдэг шалтгаанаар торгох шийтгэл ногдуулсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн зөрчил биш. Зөрчил гэж тогтоодохгүй байна” гээд торгох шийтгэлийг хүчингүй болгосон. Ер нь цар тахлын нөхцөлд тайван замаар жагсаж буй иргэдийн эрхэнд хууль хүчний байгууллагуудаас тодорхой үндэслэлгүйгээр халдах явдал гарч байгаа тухайд би Хууль зүйн байнгын хорооны хурал дээр байр сууриа илэрхийсэн. 2021 он гарснаар хавар, зуны турш олон удаагийн давтамжтай жагсаал, цуглаан болж байгаа. Энэ болгонд иргэдийн улстөрийн эрх чөлөө буюу жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх, нөгөө талаас цар тахлын үеийн нөхцөл байдлын зэрэглэлээс хамаараад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх гэсэн хоёр асуудлыг тэнцвэрийг хангах ёстой юм. Гэтэл тусгаарлалтад байгаа хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан. Жишээлбэл, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатад ял оноосон. Иргэн Д.Монголхүүг удаа дараа баривчлах явдал гарсан. Тиймээс Хууль зүйн байнгын хороо Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх тогтоол гаргахдаа иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагууд зөрчөөд байгааг оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

-Төв талбай дээр тээвэрчид жагсч байна. Мөн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг суллахыг шаардаж, тэдэнтэй хамт хоригдож байсан иргэн Ц.Чинбат төв талбайд өлсгөлөн зарлаж байна. Өлсгөлөн зарлаж байгаа хүнийг майхан барихыг хоригложээ. Тэгсэн хэрнээ сурталчилгааны хэдэн арван майхан талбай дээр барьсан байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Иргэн Ц.Чинбат Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа нөхцөлд Монгол Улсын одоо үйлчилж байгаа хууль тогтоомжуудын дагуу, мөн хүний амь нас, аюулгүй байдлын эрсдэлийн улмаас майхан болон халаах хэрэгслээр хангах боломжийг нь бүрдүүлэх ёстой. Тухайн өлсгөлөн зарлаж байгаа иргэний эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллах нь эрүүл мэндийн байгууллагуудын үүрэг. Сүхбаатар дүүрэгт харьяалагдаж байгаа учраас дүүргийн эрүүл мэндийн төв үзлэг шинжилгээ хийх ёстой. Мөн Цагдаагийн ерөнхий газраас өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй байх үүднээс тодорхой майхан халаалтын хэрэгслээр хангах нь зөв. Ер нь өлсгөлөн зарлана гэдэг бол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсч болзошгүй тэмцлийн хурц хэлбэр шүү дээ. Тиймээс ХЭҮК болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс үзэл бодлоо өөр аргаар илэрхийлэх эрхийг зөвлөх нь чухал байна. Хэдийгээр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүн бүрт нээлтэй байгаа ч гэсэн бүх нийтийн эрүүл мэнд, тодорхой цар тахлын гамшгийн нөхцөл байдалд тохирсон арга байдлаар тэмцэх замыг сонгох нь зөв шүү гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд, жагсаал цуглааныг хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр майхан бусад түр орогнох байр барих, хоноглохгүй байх, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх гэсэн заалт байдаг. Иргэн Ц.Чинбатын хувьд хууль хүчний байгууллагууд энэ заалтаар хязгаар тавьж байгаа. Гэтэл иргэдийн хувьд, ялангуяа төр засагт дуу хоолойгоо илэрхийлэхээр тэмцэж шаардлага тавихад олны анхаарлыг татах орчин гэдэг утгаараа Сүхбаатарын талбай байдаг. Цаашид жагсаал цуглааны тухай хуульд өөрчлөлт оруулах, иргэд хүйтэн сэрүүний улиралд олон хоногоор жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах тохиолдолд боломжит талбайг хуулиар зааж өгөх шаардлагатай.

-Жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа иргэд төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг болсон. Нэг ёсондоо “Таны эсрэг жагсах гэсэн юм, зөвшөөрөх үү” гэж асууж байна. Мэдээж хэн ч гэсэн өөрийнхөө эсрэг тэмцэхийг зөвшөөрөхгүй. Нөгөө талаар энэ хуулийн заалт нь иргэн хүн Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нийцэхгүй байна шүү дээ. Хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар жагсаал цуглаан хийх мэдэгдлээ бүртгүүлэх журмаар зохицуулдаг. Жагсаал цуглаан хийх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Жагсаал цуглаан хийх мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга нь хориглогдсон үндэслэл байгаа тохиолдолд татгалзсан шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тэгэхээр жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг Засаг дарга гаргаад байгаа юм. Хуулинд жагсаал цуглаан хийхийг хориглогдсон газруудад төмөр зам, нисэх онгоцны буудал, нийслэлийн зорчих тээврийн төв буудал, цагдаагийн байгууллага, төрийн хамгаалалттай газар, эмнэлгийн байгууллага, олон улсын худалдаа, яармаг зохион байгуулж байгаа газрууд, радио, телевизийн байгууллага зэрэг орчинд хамаардаг. Гэтэл Засаг дарга маань тухайн жагсаал цуглаан хийх иргэдийн мэдэгдлийг авч үзээд улс төрийн болон бусад шалтгааны улмаас тухайн үед алагчилсан шийдвэр гаргах тохиолдол байдаг.

Мөн аяндаа үүссэн цуглаан гэж бий. Тодорхой цаг нөхцөл зарлагдаагүй байж байгаад гэнэтийн тодорхой шалтгаануудаар жагсаал цуглаан болохыг хэлдэг л дээ. Энэ нь ихэвчлэн урьдчилан мэдэгдээгүй, зар тарааж түгээгээгүй байдаг. Монгол Улсын хувьд аяндаа үүссэн цуглаанд санамсаргүй байдлаар оролцсон, сүүлд нэгдсэн иргэдэд эрүүгийн болон захиргааны шийтгэл оногдуулах, албадан тараахдаа тодорхой хууль, журмыг зөрчих тохиолдлууд түгээмэл байдаг. Энэ талаар судлаачид, хүний эрхийн хуульчдын зөвлөмж, тайлангуудад ч байгаа. Ер нь Монгол Улс хүний эрхийн ихэнх гэрээ конвенциудад нэгдсэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын улс төр, ардчиллын бүх стандартыг дагаж мөрддөг улсын хувьд иргэдийн тайван замаар жагсаал хийх, аяндаа үүссэн төлөвлөгдөөгүй цуглаан хийх эрхүүдийг нь илүү нээлттэй болгож, хязгаарлалтуудыг олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Ийм жагсаал цуглаанд оролцсон иргэдэд шийтгэл оногдуулах буюу захиргааны хариуцлага хүлээлгэх явдлыг хязгаарлах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд ямар нэгэн шийтгэл оногдуулахаас татгалзах ёстой. Гагцхүү хүний эрхийн тэмцэл үйл ажиллагаа маань хуульд нийцсэний дагуу явж байна уу гэдэг дээр мэргэжлийн хүний эрхийн байгууллага дүгнэлт хийнэ.

-УИХ-ын хаврын чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан шүү дээ?

-Монгол улс Азид анх удаагаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон, хүний эрхийн төлөө зүтгэгчдээ хуулийн хүрээнд хамгаалан дэмжих болсон. Үүнийг НҮБ, Европын холбооны зүгээс маш сайн алхам боллоо, хүний эрхийн үндэсний тогтолцоогоо бэхжүүлсэн сайн механизм гэж гэж үнэлсэн байгаа. Энэ хуулийн дагуу хүний эрхийн хамгаалагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, шударга ёс, хүнлэг ёсыг эрхэмлэн тайван замаар үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулийн 8.1.1-д “Хүчирхийлэлийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах”-ыг хориглосон.

Тиймээс тайван замаар хийж байгаа хүний эрхийн төлөөх бүх үйл ажиллагаа бол хүний эрх хамгаалагчийн тухай хуулиар хамгаалагдана. Хэрэв хүний эрхийн хамгаалагч тайван замаар тэмцэл явуулж байгаа эрх нь зөрчигдөх, эд материалын болон бусад хохирол учирсан тохиолдолд тэр хохирлыг төрөөс нөхөн олгохоор хуульчилсан. Төрийн бүх байгууллага албан тушаалтнууд хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, хуулиа зөрчихгүй байх, хүлээцтэй тайван хандах, хүчирхийллийн бус тайван аргаар явуулах боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Хүний эрхийг хамгаална, түүнд хяналт тавина гэдэг бол нарийн түвэгтэй мэргэжлийн үйл ажиллагаа. Тиймээс тухайн жагсаал цуглаанд хүний эрх зөрчигдөж байгаа эсхэд хяналт тавьдаг гол байгууллага бол Хүний эрхийн үндэсний комисс. Энэ байгууллагыг чадавхжуулах, тодорхой хүний эрхийн кейсэд биечлэн, газар дээр нь очиж ажиллах зэрэг боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой. Энэ дашрамд хэлэхэд, хүний эрхийн нэр барин хүчирхийлэл, үймээн самуунд өдөөн дуудах, эмх замбараагүй байдалд турхирах явдал гарч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн 4.1.2-т Хүний эрх хамгаалах үйл ажиллагааг “Хүний эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг хэлнэ” гэж заасан байдаг. Иймд хүний эрхийн эрх зүй, жагсаал цуглаан хийх эрхийн зохицуулалт гэдэг бол өндөр түвшний, олон улсын стандартыг дагах, дээрээс нь хүний эрхийг ялангуяа хууль сахиулах байгууллагууд зөрчихгүй байх мэдрэмж шаардсан үйл ажиллагаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Гунгаадорж: Цар тахлын үед эв нэгдэлтэй, сахилга баттай, дэг журам сайтай ажилламаар байна

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.


-Та нийгэмд өрнөж байгаа улс төр, цаг үеийн асуудлуудыг хэрхэн ажиж сууна даа?

-Цар тахалтай холбоотойгоор улс орны эдийн засаг, нөхцөл байдал, явц зарим талаараа урагштай биш харагдаж байна.

Уг нь урагштай байлгахын төлөө Засгийн газар түвшин, түвшиндээ ажиллаж байгаа ч гэсэн объектив, субьектив янз бүрийн шалтгаанаар тэр болгон бүтэх, бүтэхгүй асуудлууд байх шиг. Засгийн газрын хувьд ерөнхийдөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Намрын чуулган ч эхэллээ. Засгийн газар улам сайн ажиллаж, ард түмнийхээ санал сэтгэгдлийг сайн авч, тэрэнд түшиглэн ажлаа явуулахад анхаарах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар тариа буудайны асуудалд их л тайван чимээгүй яваад байх юм. Цаг агаар цаашилж байхад тариа хураалт маань дундаа ороогүй явж байх жишээтэй. Энэ мэтчилэн ирэх жилийнхээ хүнсийг бэлтгэх ажилд засаг төрийн зүгээс ч анхаарах ёстой.

-Засгийн газрын үйл ажиллагаанд ард түмэн нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. АН-ын зүгээс хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг танхимаараа огцрохыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ковидын хуулиар далимдуулж Засгийн газар эрх мэдлийг гартаа авч, УИХ ямар ч чадамжгүй байна гэх юм?

-Нийгэмд тийм яриа хөөрөө байх шиг байна. Тэрэнд ул суурьтай хандах ёстой байх л даа. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад үгийг нь сонсохгүй ажиллаад байгаа байдлыг би хувьдаа ажиглахгүй байна. Яахав, тодорхой хүмүүс юм уу сөрөг хүчний нүдэнд өө хайж байгаа нөхцөлд сиймхий цоорхой харагдаж л байгаа байх. Мэдээж Засгийн газарт дутагдал байлгүй яахав. Ер нь шуурхай ажиллах, асуудлынхаа дэс дарааллыг зөв тогтоох, алинаас нь эхлээд алинаар нь дуусгах вэ гэдэг тал дээр жаахан учир дутагдалтай. Тайван байгаа юм уу даа гэмээр харагдаж байгаа. Иймэрхүү цоорхой, сэжмийг ажиглаад Засгийн газрыг олигтой ажиллахгүй байна, огцруулъя гэдэг санаа зарим иргэдээс, сөрөг хүчнээс гарч жагсаал цуглаан хийж байна. Энэ бол байх л асуудал. Гэхдээ өнөөдөр бодитойгоор Засгийн газрыг огцруулах шалтгаан үүсээгүй байна.

-Яагаад?

-Засгийн газраа огцруулаад юу хожих вэ гэдгийг хаа, хаанаа бодох ёстой. Монголчууд Засгийн газраа ямар огцруулж үзээгүй биш. Засгийн газар огцрохоор үймээн шуугиан, дээр дооргүй бужигнаан болдог. Ингээд улс орны ажлыг явуулахад цаг алдана. Өнөөдөр цар тахлын үед аль болох эв нэгдэлтэй, сахилга баттай, дэг журам сайтай ажилламаар байна. Дутагдал доголдлыг нь шүүмжлэх нь зөв. Гэхдээ огцруулах бол эцсийн арга хэмжээ биш. Тэрний наана хэлэх ярих, шаардлага тавих асуудлууд бий. Миний хувьд МАН-ынх болохоор Засгийн газрыг хайрлаад огцруулахгүй гээд байгаа юм биш. Яриад хэлээд, шүүмжлээд ажиллуулах цаг хугацаа байна шүү дээ. Засгийн газар нь өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж, Ерөнхий сайд нь салбарын сайдуудтайгаа тулж хатуухан шахаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Түлш, шатахууны хомсдолтой холбоотой ундарсан асуудлуудад хариуцлага тооцох тал дээр Ерөнхий сайдад дутагдал байна уу даа. Өөрөө ч их аажуухан, тайван хүн юм. Ерөнхий сайдын зүгээс шаардлага хэрэгжүүлэх, танхимынхаа гишүүдтэй нэлээд хатуухан тулж ярих ёстой.

-Цар тахлын үед парламент сул ажиллаад байна. Эдийн засаг хэцүүдээд байхад ээлжит бусаар хуралдахгүй гүрийсээр намрын чуулгантай золголоо доо?

-Яриа байхгүй, үүнтэй санал нэг байна. Ер нь ийм үед УИХ ингэж удаан хугацаагаар, хуучин тайван цагийнх шиг налайгаад байх ёсгүй. Гишүүд нь хаана яваа нь ч мэдэгдэхгүй, юу хийж байгаа нь ч ойлгомжгүй ингэж хоёр, гурван сарыг өнгөрөөх шаардлага хэрэгцээ байгаагүй байх. Цаг үеийн нөхцөл өөр байна. Энэ чинь ганц Засгийн газрын асуудал биш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ бүгд нэгдэж, нийлж ажиллаж байж энэ бэрхшээл зовлонгийн цаана нэгдсэн хүчээр гарах юм шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр Их хурал учир дутагдалтай, цаг үеэ мэдрэхгүй ажиллав уу даа. Одоо нөхцөл байдал жирийн тайван үеийнх шиг биш байна. Хатуухнаар хэлбэл, байлдааны цаг үеийн байдал шахуу байна. Тэгэхээр цар тахалтай байлдах арга тактик бүрэн хэмжээгээрээ явагдаж чадахгүй, дийлж, дийлдээд, холилдоод яваад байна шүү дээ. Үүн дээр Төрийн гурван өндөрлөг хамтын хүчээр явж байж цаана нь гарна. Үүнээс гадна улсын өчнөөн төчнөөн ажил ундарч байна. Хатуу цаг ирж байна. Ийм үед өвөлжилтийн бэлтгэл юу болж байна вэ. Хадлан, тариа гээд том ажил өрнөнө. Орон нутагт болон хэдэн компанийн үйл хэрэг болгоод орхиж болохгүй. Бүгд энэ асуудалд анхаарал тавьж байж цаана нь гарна. Ингэж байж ард түмнийхээ жилийн хүнсний хэрэгцээг хангана шүү дээ.

-Хоёр жилийн хугацаанд хамаг юмаа хаагаад хөл хорио тогтоолоо. Үр дүн гэж байна уу?

-Байхгүй болоод өвчин улам нэмэгдээд байна. Хөл хорио бол манай улсын хувьд байгаа олсон буудалт биш байжээ. Тиймээс Засгийн газар хөл хориог одоо больё гэж байх шиг байна. Иргэд, айл өрх, албан байгууллага хувь хувьдаа дэг журмаа сахиж чадах юм бол цар тахал давагдашгүй хүчин зүйл биш юм шиг харагдаж байна л даа. Иргэн бүрийн ухамсар, хариуцлагыг шат шатанд нь үүрүүлж ажилласан бол нөхцөл байдал арай өөр байх байсан ч байж болох юм. Нас барсан болон халдварлаж байгаа хүмүүсийн ч тоо хорогддоггүй. Хөл хорио юу өгөв. Эхний хөл хорионоос л дүгнэлт хийгээд арай өөр арга хэмжээ авч эхлэх ёстой байжээ гэдэг нь харагдаж байна шүү дээ.

-Улс орны нөхцөл байдал иймдээ тултал сөрөг хүчин муу ажиллачихав уу?

-За даа, сөрөг хүчин гэж байна уу. Сая Засгийн газарт шаардлага хүргэх шиг боллоо. Сөрөг байх нь байтугай өөрсдөө дотроо сөрөг болчихоод яахаа мэдэхгүй байгаа юм биш үү. Уг нь АН бол гол сөрөг хүчин. Сөрөг хүчин сайн ажиллах юм бол эрх барьж байгаа Засгийн газарт ташуур өгнө. Нэлээд чухал байх ёстой. Гэтэл энэ сөрөг хүчин өөрөө өөрийгөө яая гэж байх шиг байна. Юуны өмнө АН дотроо эв нэгдлээ хангаад жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг хангамаар байна.

-Шатахууны хомсдолд орсон өдрүүд стратегийн түүхий эдийн хувьд хоёр хөршөөс хараат байгааг ард түмэнд дэндүү мэдрүүллээ. Нефть боловсруулах үйлдвэр ус агаар мэт хэрэгтэй байгааг ч сануулаад авав. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манай улс шатахууны хувьд хоёр хөршөөс хараат гэдэг нь урьд нь ч үе үе мэдрэгдээд байсан. Сая бол яс махандаа хүртэл мэдэрлээ. Одоо нефть боловсруулах үйлдвэрээ түргэн босгох тал дээр анхаарах хэрэгтэй. Манайх нэг юм үүсгэчихээд тэрнийгээ бушуухан шиг ашиглалтад оруулаад үр шимийг нь үзэх тал дээр учир дутагдалтай. Нэг юм эхлээд он, сарыг нь тавьчихаар болчихдог юм шиг санаа амраад суучхдаг монгол хүний нэг зан юм уу даа. Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэр баригдаж эхлээд гурван жил болчихлоо. Энэ хооронд хэд хэдэн үйлдвэр барих хугацаа өнгөрлөө. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ үйлдвэрт Төрийн гурван өндөрлөг анхаарлаа хандуулаад явах хэрэгтэй. Ганц шатахуунаас бол олон удаа хор хохирол амслаа шүү дээ. Энэ үйлдвэрт юу хэрэгтэй байдгийг нь манай засаг төр хурдан шийдчихмээр юм.

-Ковидоос болж хил гааль дээр ачаа нь гацсан гэдэг тайбартай яваад л байх шиг. Үүнээс гадна эмийн хомсдолд орж, иргэдээ эмчилж чадахгүй сандарч байв. Ер нь хомсдолын шалтгааныг ковидод тохох юм байна шүү дээ...

-Манайхан чинь нэг юм руу бурууг чихэхдээ гаргууд л даа. Ковид бол шатахууны үйлдвэр ашиглалтад ороход юунд нь саад болох вэ дээ. Бинзен шатахуунаа татаж авахад ковид нөлөөлөхгүй. Явдаг улсууд нь яваад, хийдэг хэлэлцээрээ хийгээд ирэх боломжтой. Аль түвшинд байдаг юм болохгүй бол Ерөнхий сайд нь ,Ерөнхийлөгч нь ч явсан яадаг юм. Гал ассан түймрийг унтраахад цаг их алдах юм. Бэлчээрийн малчны сэтгэлгээгээрээ тайван байгаад байдаг заншлаасаа татгалзмаар байна л даа.

-Ингэхэд манай улс хөрштэйгөө шинэ түвшинд ямар бодлого баримталж, яаж харилцах вэ?

-Хоёр хөрштэйгөө сүүлийн 30 жилд харилцаж ирсэн харилцааг айхавтар өөрчлөөд яахав. Гурав дахь хөрш байх ёстой. Гэхдээ уулын бугыг хараад унаснаа хаяна гэгчээр хоёр хөршөө орхиж болохгүй. Тиймээс хоёр хөрштэйгөө уламжлалт харилцаагаа бодлогын түвшинд яаж шинэчлэх үү, Монгол Улсын эрх ашигт нэн тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхээр гэрээ хэлэлцээр удирдагч нарын түвшинд явуулах асуудлаа бодмоор. Өндөр дээд түвшний уулзалтуудыг санаачилж хийх хэрэгтэй. Ингэхдээ улсынхаа эрх ашиг, хөгжил дэвшилд нэмэр болохуйц яриа хэлэлцээр хийж, өндөр түвшинд тохиролцож, ингэж өгөөж авах нь чухал юм шиг харагдаад байна л даа.

-Манай Засгийн газрын тэргүүнийг нэн залуу Ерөнхий сайд гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Тийм учраас туршлагагүйтээд байна уу гэсэн шүүмжлэл бий. Засаг төрийн бодлогыг зангидаж байсан хүний хувьд та энэ тал дээр ямар дүгнэлттэй байна вэ?

-Засгийн газрын сайдууд нь цөм залуу, ихэнх нь туршлага багатай улсууд харагдаад байх юм. Туршлага хэзээд ч хэрэгтэй, татгалзаж, ухарч болохгүй. Энэ бол анхаарах ёстой асуудал.

-МАН ахмадуудаа хүлээж авч, үгийг тань сонсдог уу?

-Яахав, дээр хязгаартай даа. Жилд нэг удаа уулзах юм байсан. Одоо ч байхгүй болсон доо. Тэр ч одоо бидний ярих зүйл нэлээд элэгдсэн байдаг юм байлгүй дээ.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс хамгийн ахмад нь Д.Содном гуай та хоёр л байна даа. Та хоёр маань уулзаж, санаа бодлоо хуваалцаж байх юм уу?

-Хааяа утсаар ярина аа, ярина. Бид хоорондоо ярихаас илүү бидний яриаг сонсож байх нь чухал юм даа.

-Уг нь төр засаг удирдаж байсан хүмүүсийнхээ туршлагаас суралцаж баймаар юм?

-Уулзаж, ярьж, зөвлөж байхад илүүдэхгүй. Залуу удирдлагууд, залуу үеийнхэн анхаарах л ёстой. Нэгдүгээрт, бидний яриа таалагдахгүй, хоёрдугаарт, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг юм болов уу даа. Ер нь засаг төрөөс хөдөө аж ахуйдаа хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ алга. Мал аж ахуй зүгээр улирлын чанартай явж байгаа. Бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрийн бодлого болгоод хэрэгжүүлж байгаа зүйл миний харж байгаагаар алга даа.

-Манай улс олон сая малтай хэрнээ эдийн засаг уул уурхайгаас 80 хувь хамааралтай. Таныхаар эдийн засгийн суурь бааз аль нь вэ?

-Уул уурхай монголчуудыг нэг хэсэгтээ амьдруулах байх. Гэхдээ газрын доорх баялаг барагддаг. Хөдөө аж ахуй гэдэг бол мөнхийн ундаргатай баялаг. Үргэлж оргилж, ундарч, ард түмнээ тэжээж байдаг барагдашгүй баялаг. Тиймээс хөдөө аж ахуй руугаа, ялангуяа мал аж ахуй руугаа төр засаг бодлогоо илүү чиглүүлмээр байгаа юм. Малчид, мал аж ахуй руугаа чиглэсэн тодорхой бодлого явуулмаар байна. Зуд болоход уулын хярд байгаа хэдэн малчид маань малтайгаа, хүнтэйгээ сүйд болдог. Цаг сайхан байвал малаа өсгөөд явдаг. Байгалийн аясыг дагасан ийм байдлаар 21 дүгээр зууныг дуусгаж болохгүй байх. Бэлчээрийн мал аж ахуй Монголд байх шаардлагатай юу гэвэл байж таарна. Дэлхийд манай орон бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж байгаа ганц улс орон шүү дээ. Би тухайн үедээ Засгийн газар, Их хуралд санал дэвшүүлж байсан. Ер нь цаашид бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн эрхлэх юм, энэ хэдэн малчдаа яаж анхаарч, ямаршуу байдлаар тэдэндээ үйлчилгээг нь хүргэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Ерөөсөө манай улсын эдийн засгийн суурь бааз бол мал аж ахуй шүү дээ. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал болоход Монгол Улс ганцаараа малынхаа буянаар хямралд айхавтар өртөөгүй юм шүү.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН, МАХН нэгдсэн шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Нэг угшилтай, нэг л нам шүү дээ. Янз бүрийн шалтгаанаас болоод хоёр хуваагдаад арав гаруй жил явсан. Түүхийнхээ учир тавилангаар, зайлшгүй шалтгаанаараа нийлэх нь гарцаагүй байсан. Тэр хугацаа нь болоод ингээд нийлж, нэгдсэн бодлоготой болоод явахаар байх шиг байна л даа. Нийлж байгааг зөв гэж бодож байгаа. Хэдэн жил тусдаа явсны хэрэг улс оронд ч, намд ч гарсангүй. Харин цаашид бодлогоо нэгтгээд явбал улс оронд маань ч хэрэгтэй.

-Та намынхаа лидер улстөрчдийн талаар юу хэлэх вэ. С.Баяр, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Сү.Батболд гээд тодорхой кадрууд байна шүү дээ?

-Ерөнхийлөгч бол намаасаа холдоод явсан ч манай намын аргагүй л нэг лидер байлаа. Лидерийнхээ үүргийг ч нэлээд гүйцэтгэсэн. Залуу улстөрч гэвэл одоогийн Ерөнхий сайд байна. Дараа дараагийн үеийн лидерүүд төрнө биз дээ. С.Баяр, Н.Энхбаяр, Сү.Батболд гээд манай намын хуучин кадрууд өнөөдөр учир дутагдалтай, янз бүрээр яригдаж байгаа ч гэсэн аргагүй тулгуур, үндсэн хүчин кадрууд. Энэ хүмүүсийн намд оруулсан хувь нэмэр, намыг авч явж байсан үйл хэргийг нь үгүйсгэх арга байхгүй.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга танай намыг тараана гэж байсныг та юу гэж харж байсан бэ. Гэтэл ингэж ярьж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайдад зөвлөж байгаа шүү дээ?

-Энэ бол тун мунхаг шийдвэр. Мань хүний ерөнхий улс төрийн ойлгоцын хэмжээндээ л гаргасан шийдвэр юм уу даа. Намыг тараах асуудалд өөр олон шалтгаан байх ёстой. Өмнөх Ерөнхийлөгчийн хувьд их л болчимгүй алхам хийчихлээ дээ гэж харж байсан. Би Ерөнхий сайд байсан бол ийм хүнийг яагаад ч зөвлөхөөр авахгүй. Цаад улс төрийн бусад тохироо янз бүрийн шалтгаан байдгийг үгүйсгэх аргагүй. Тэрнээс Л.Оюун-Эрдэнэд зөвлөх нь юу л болов гэж дээ. Бизнесээ хийгээд явбал өөрт болон улс оронд ч өгөөж нь хэрэгтэй сэн.

-Ардчилал, үг хэлэх эрх чөлөө өдөр ирэх тусам бүдгэрээд байна. Эрх баригчид дарангуйллаа тогтоолоо. Бизнесийнхэн дампуурч байна гээд нийгэм бухимдалтай байна шүү дээ?

-Энэ бол огт үндэслэлгүй яриа биш л байх л даа. Хэн бүхэнд ажиглагдаж, харагдаж байгаа зүйл шүү дээ. Ардчиллыг хумиад байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тэдний хүчинд тулгуурлаж, засгийн бодлого явах тал дээр жаахан доголдолтой байгаа харагдаад байна. Сая Ерөнхийлөгч дээр цуглахдаа нэлээд ярьцгаах шиг боллоо. Гэхдээ ярианы үр дүн юу болохыг мэдэхгүй. Манайхан чинь нэг хурал хийж ярьчихаад л том ажил бүтээчихсэн юм шиг болоод санаа амраад өнгөрдөг шүү дээ. Тэр уулзалтын мөрөөр ямар ажлууд хийгдэх юм бэ гэдэг нь дуулдахгүй байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, бизнесийнхэнд түшиглэж, яаж төрийн бодлогоо хэрэгжүүлж явах юм гэдгийг гаргаад ирэх болов уу гэж харж байлаа. Удахгүй гарч ирэх байх. Ерөнхийлөгч Засгийн газартаа чиглэл өгөх шиг болно лээ. Засгийн газар ямар шийд гаргах юм. Чиглэл өгөх гэж долоо, арав хонодог. Чиглэлийг нь аваад судлаад дахиад арав хонодог битгий болоосой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Засгийн газрыг танхимаараа хариуцлага хүлээтэл тэмцэнэ

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулсан. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг танхимаараа хариуцлагаа хүлээж, огцрохыг шаардаж буй. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын дарга М.Тулгат нар Засгийн газрын тэргүүнд гардуулсан шаардлагад, “Монгол Улсад сүүлийн 20 жилд болоогүй эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд байна. Цар тахал эхэлсэн үеэс, ирж буй аюул эрсдэлийг Ардчилсан Нам анхааруулж, тодорхой шийдлүүдийг санал болгож байсан. Өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын тархалт хяналтаас бүрэн гарч, 300 мянга гаруй хүн халдвар авч, 1300 орчим иргэн амь насаа алдлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хомсдож, ажилгүйдэл ядуурал дээд цэгтээ туллаа. Гэвч эрх баригч МАН алдаагаа засаж, албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцохгүй, ард түмнээ тахал, ядуурлын ангалд орхилоо. Өдөр бүрийн эргэж буцсан буруу шийдвэр, хулгайд идэгдэж авлигажсан төсөв, иргэддээ биш хөшөө дурсгалд зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг зөрчсөн дарангуйлал зэрэг нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа энэ цаг үед Ардчилсан Намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тодорхой асуудлуудаар удаа дараа шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Одоо боллоо!” гэсэн байв. Тэд хариугаа аравдугаар сарын 5-ны дотор өгөхийг Ерөнхий сайдаас шаардсан юм.

АНын дарга М.Тулгатаас дараахь тодруулгыг авлаа.


Засгийн газар та бүхний тавьсан шаардлагад хариу өгөх сүүлийн хугацаа өчигдөр байлаа. Ямар нэг хариу өгсөн үү?

-Одоогоор шаардлагын хариу ирүүлээгүй байна. Бидний шаардлага маш тодорхой байгаа. Засгийн газар өнөөдөр бодлогынхоо алдаа дутагдал, эргэж буцсан шийдвэртээ хариуцлага хүлээгээд огцор гэсэн шаардлага тавьсан.

Сөрөг хүчин цаашид ямар улс төрийн акци үзүүлэх вэ?

-Бид Засгийн газрыг огцортол нь явна. Тэмцлээ үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн танхимд бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох ёстой.

УИХын ердийн олонхын саналаар Засгийн газрыг огцруулах хуулийн заалттай. Дээрээс нь Засгийн газрыг огцруулах саналыг УИХд тавихын тулд хамгийн багадаа 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Гэтэл сөрөг хүчин өнөөөр 13-уулаа байдаг. Ер нь Ардын намын гишүүд дунд та бүхний шаардлагыг дэмжиж байгаа хүн байна уу?

-Хэдийгээр энэ пар-ламентад өөр, өөр намын төлөөлөл байгаа ч гэсэн улс орны өнөөгийн нөхцөл байдлыг эрүүлээр харж байгаа гишүүд цөөнгүй бий. Засгийн газарт үнэхээр хариуцлага тооцохгүй бол болохгүй гэсэн үзэл бодол, байр суурьтай МАН-ын гишүүд ч байна. Өөрсдийгөө худлаа Пиардсан эрх баригчдын үнэн нүүр царайг нь илчилж, асуудлыг эрүүлээр харах ёстой.

Энэ Засгийн газрыг УИХаасаа илүү эрх мэдэлтэй болчихсон гэж үзээд байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог кабинетийн зарчим руу орсон. Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлдэг болсноор ажиллахад хялбар. Харин ажлаа хийж чадахгүй бол багаараа хариуцлага хүлээдэг зарчим үйлчилж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх Засгийн газарт УИХ хариуцлага тооцохдоо сайдуудыг нэг нэгээр сугалж болдог байсан. Одоо тийм биш болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ковидын хууль энэ Засгийн газрын эрх мэдэл тэлсэн. УИХ-ын дээр гараад суучихсан байна шүү дээ.

Төрийн бүх эрх мэдлийг авчихсан МАН-ын өнөөдрийн хийж хэрэгжүүлж байгаа царайг ард түмэн дэндүү сайн мэдэрч байна. Өвлийн хүйтэнд төрөх эмнэлгээс таавчигтай эмэгтэйг гаргаж, хүний эрх зөрчсөн гэх асуудалд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хариуцлага хүлээгээд огцорч байсан. Өнөөдөр тэрнээс арав дахин ноцтой байдал үүссэн байхад тоосон шинжгүй яваад байж болохгүй. Ковидоор нас барагсад 1300 хүрлээ. Хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд нэг номерт бичигдэж байна. Гэтэл Ерөнхий сайд нь “Цахим үндэстэн” шоуг зохион байгуулж, парк дээр 1000 хүн цуглуулсан. Энэ засаг бол үнэхээр нөхцөл байдлаа ойлгохгүй байна. Тэд Монголын ард түмнийг зүгээр элэглэж байна. Үйл хөдлөлөөрөө “Та нар биднийг яаж ч чадахгүй шүү” гэж байна шүү дээ.

Дарангуйллын систем үйлчилж байна гэж үү?

-Ганцхан жишээ хэлье. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан Монголхүү гэдэг залууг цагдаагийн хүчээр хэрхэн баривчилж, саатуулсныг ард түмэн сайн санаж байгаа байх. Гэтэл урьд шөнө түүнийг хөдөөнөөс 01.30 цагт хотод ирээд гэр рүүгээ орж явахад нь баривчилсан байна. Энэ баривчилгаа нь хэд хэдэн хууль зөрчиж, порцедурын алдаа гаргасан үйлдэл гэж хуульч, өмгөөлөгчид үзэж байгаа. Хуулийн дагуу шаардлага өгөөд явах ёстой байтал гэртээ орж явахад нь хойшлуулшгүй ажиллагаа хийж байна. Онц ноцтой гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг авирлалаа. Энэ залуу хүний эрхийн төлөө, ард түмнийхээ үг хэлэх эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж тэмцсэн. Гэтэл буутай зэвсэг агссан террористтой харьцаж байгаа мэт яаран түргэн авч харанхуй шөнөөр хойшлуулахгүй ажиллагаа явуулж баривчилж байгаа нь 1930-аад оны ногоон малгайтнуудыг санагдуулсан явдал боллоо. Энэ үйлдэл нь манай улс юу руу явж байгааг тод харуулж байна л даа.

Ингэхэд сонгуулийн явц ямар байна вэ?

-Сонгуулийн үйл ажиллагаа жигд явж байгаа. Сая Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Манай сонгуулийн баг идэвхтэй, гар нийлэн ажиллаж байна. Ер нь иргэд уулзалтууд дээр ирээд үгээ хэлж байна л даа. Хэнтийчүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг учраас өнөөгийн эрх баригчдад хэр халдаахгүй болов уу гэж бодсон чинь эсэргээрээ их шүүмжилж байна. Монгол Улсыг халам-жийн хараат болгож, ард түмнийг амьдралаа аваад явах чадваргүй болгож буй төр засгийн алдаатай бодлогыг нэлээд шүүмжилж байна лээ. Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийн тухайд УИХ-ын гишүүн байхдаа орон нутагтаа бүтээн байгуулалтын аж-луудыг чамгүй өрнүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг зургаа дахин нэмэгдүүлж байсан хүн. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн болохоор иргэд их дэмжиж байгаа харагдсан. Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл нэр дэвшигчийн сонгуулийн ажил мөн л амжилттай явагдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Хяналтгүй олонх ямар байдгийг Монголын ард түмэн мэдэрч байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд сөрөг хүчин улс төрийн акц үзүүлж эхэллээ. Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагын талаар ярилцлагаа эхэлье?

-Өнөөдөр улс орны нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Ковидоор нас барагсдын тоо өдөрт 20 шүргэдэг боллоо. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл цар тахлаар нэг сумын дайтай хүмүүс нас барчихлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 330 сумын нэг сумынх нь хүн ам үрэгдчихлээ гэсэн үг. Дээрээс нь таван аймгийн хүн амтай тэнцэхээр хэмжээний буюу 300 гаруй мянган хүн ковидоор өвдчихлөө. Хэдийгээр илааршсан ч урхаг илэрч байна. Дэлхий нийтэд энэ өвчнийг амжилттай даван туулж байгаа улс орнууд ч байна, арга хэмжээ авч чадахгүй нь ч бий. Манай улс өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрэхгүй байх боломж бүрэн байсан. Харамсалтай нь төр засаг ажлаа хийхгүй байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл энэ парламент бүрэлдсэн цагаасаа эхлээд ковидоор шалтаглаад цахим хурал хийж, гишүүдийн үгээ хэлэх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласаар ирсэн. Ингээд бүх эрх мэдэл Засгийн газарт шилжсэн шүү дээ. Ерөнхийдөө Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгааг цар тахлын нөхцөл байдал бэлхнээ харуулж байна л даа. Үүнийг зарим хүн дарсан тоо ч гэж хэлж байна. Дээрээс нь мэдээлэл хаалттай болсон. Шилэн дансаа хөтлөхгүй байна.

Ард түмний татварын мөнгийг зарцуулж байгаа улсуудад УИХ хяналт тавих эрхээ эдлэхгүй байгаа нь харамсалтай. УИХ зүгээр л нэр төдий болсноос асуудал тартагтаа тултал хүндэрлээ. Тиймээс энэ Засгийн газар бидний хүссэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Хариуцлагаа хүлээх ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй УИХ өөрөө тарахыг АН-ын бүлэг шаардаж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-өө хуралдуулж Ерөнхийлөгчийнхөө институциэс явуулж байсан алдаатай бодлогууддаа уучлалт гуйх ёстой.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хонолоо. Энэ хугацаанд улс орны нийгэм эдийн засгийн амьдралд ийм, ийм ахиц дэвшил гарлаа гээд л ажлаа тайлагнаад байсан шүү дээ…

-МАН засгийн эрхийг барихдаа үеэ сольж чадаж байна гэж сайрхацгаадаг. Тавиад оныхон, жараад оныхон, далаад оныхон засаг барьж байна гээд байдаг хэрнээ шаардлага хангаж ажиллаж чаддаггүй. Авлига, хээл хахууль, төрийн мөнгийг зувчуулсан тэр мөрөө баллаж, олигтойхон ажиллаж чадаагүй балгаа далдлахын тулд дараагийнхаа үед шилжүүлчихдэг. Энэ залуу үеийнхэн нь ёстой үзүүлээд өгөх байх, ард түмний амьдрал нүдэн дээр цэцэглэнэ гэсэн хүлээлтийг өөрсдөө зохиомлоор бий болгодог. Өөрөөр хэлбэл, засаг төрийг энтертайнмент маягаар бариад гаршчихсан. Ийм бүхэл бүтэн үеийг МАН бэлдчихжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ард иргэд ямар их зүйл алдсаныг юугаар ч нөхөж барахгүй. Орон даяар сургуулиудаа хааж, цахим хичээл нэртэй ямар ч үр дүнгүй мөнгө зарсан ажил явуулсан. Харанхуй засгийн үед харанхуй үеийг бий болгох бодлого барьсан. Юу ч болоогүй байхад хатуу хөл хорио тавьчихаад яг асуудал хүндэрчихээд байхад хамаг юмаа задгай орхисон. Тиймээс бид Засгийн газрыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьсан.

Энэ Засгийн газрын хамгийн урхагтай нь шатахууны хомсдол байлаа. Энэ бол асуудал туйлдаа хүрсний илрэл. Цаашид ямар замаар яаж илэрч гарч ирэхийг нь тааварлашгүй. Монгол Улс машинтай болсноос хойш ингэж шатахууны хомсдолд орж байсан түүх байхгүй.

-Ийм цаг үед ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Асуудлыг авч хэлэлцээд, шийдвэрээ гаргаад, Засгийн газрын үйл ажиллагааг хянах эрх мэдлийг ард түмэн УИХ-д өгсөн. Гэтэл энэ парламент нэр төдий болчихсон байдлыг ард түмэн Бид харанхуй төр засгийн үед амьдрач байна гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр ард түмнээс мандатаа аваад сонгогдсон УИХ ажлаа хийхгүй байна. Нэг өдрийн өмнө ч болтугай орж ирээд асуудлаа ярилцмаар байна. Цаашид энэ улсын төсөв, төлөвлөгөө, нийгмийн байдал улам хүнд байдалд орж болзошгүй байна. ДНБ 10-12 тэрбум ам.долларын эдийн засагтай арван жил явсан шүү дээ. Ерөөсөө ахиж дэвжсэнгүй. Гурван хүний нэг нь ядуу байлаа. Энэ халамжийг зогсоох юм бол хоёр хүний нэг нь ядуу болох нь. Ковидын үед хувийн хэвшлийнхэн туйлдаж байна. Ганц нэгхэн уул уурхай юмуу архины үйлдвэр гэх мэт монополь компаниуд үлдээд байгаа. Тэрнээс жижиг дунд үйлдвэрлэгчид, хувийн аж ахуйнууд, дундаж давхарга байхгүй болчихлоо.

-Засгийн газраас их гоё, гоё нэртэй уриа лоозон дэвшүүлээд байна л даа. Халамжаас хөдөлмөр рүү гээд л. Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийн хууль оруулж ирэх гэж байна. Эдгээр хууль батлагдсанаар нийгэмд үзүүлэх үр өгөөж нь ямар байх бол?

-Бусад улс орнуудын жишгийг харахад ковидын дараахь эдийн засаг өсөлттэй гардаг. Мэдээжийн хэрэг хөл хорионы дараа тодорхой хэмжээний өсөлт гарна. Манай улсын тухайд ковидын үеийг аятайхан давах боломжийг Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс таван толгой гэсэн гурван том төсөл маань олголоо шүү дээ. Уг нь хувийн хэвшлийн компаниудыг зөв залж чиглүүлсэн бол ковидын үеийг бүр ч аятайхан давах байлаа. Гэтэл энэ боломж шавхагдаж байна. Тэр их хөрөнгийг буруу зүйлд зарцууллаа. Хяналтгүй засаг, хяналтгүй олонх ямар байдгийг Монголын ард түмэн сүүлийн хоёр сонгуулиас сайн мэдэрсэн болов уу.

-Ковидоор нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Шадар сайд цар тахлын хуульгүй л бол хүнээ эмчилж чадахгүй гэж чуулганы танхимд үглэн байж сунгасан. Зарим гишүүд Үндсэн хууль зөрчсөн заалтуудтай уг хуулийг эсэргүүцэж байсан ч эрх баригчид баталсан шүү дээ. Харин таны хувьд уг хуулийн үр дүнгийн талаар юу хэлэх вэ?

-Үндсэн хуулиасаа илүү хууль байх ёсгүй л дээ. Гэтэл эрх баригчид зүтгэсээр байгаад Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг сунгасан. Бодит байдал дээр тэгж хэлснээсээ 100 хувь эсрэг байна л даа. Тийм болохоор нэг сумын хүн амтай тэнцэхүйц иргэнээ цар тахлаар алдчихлаа. Таван аймгийн хүн амтай тэнцэх хүнээ ковидоор өвдүүлчихлээ шүү дээ. Дээрээс нь ковидоор дамжуулж хууль бус томилгоонууд хийж, мөнгө их идэж байна. Бүх мэдээллээ дарж байна. Уг нь ковидын хууль хүний эрхийг дээдэлсэн ил тод байх ёстой. Гэтэл дарангуйллын шинжтэй хууль гарсан. Ямар ч чадваргүй, дураараа ажиллаж байгаа Засгийн газрын үйлдлийг шүүмжилсэн хүмүүст заналхийлдэг болсон байна. Жишээлбэл, Андлалын хөшөөг шүүмжилсэн хүмүүсийг Монгол Улсын түүх рүү дайрлаа гэж байсан. Нэг жилд 2.9 тэрбум төгрөгөөр барьчихаад шүүмжлэлд өртөнгүүтээ өдөрт нь нураачихаж байна шүү дээ. Ийм үлгэрийн байж болох уу. Эдний ганц хийсэн сайн ажил нь вакцинжуулалт. Гэхдээ халдвар яагаад ийм их байна вэ. Улсын төсөвт тусгалгүй, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажаагүй вакцин оруулж ирж хийсэн нь үнэн. Яахав, дараа нь тэр вакцин батлагдсан ч эдний үйлдэл хүн ардаа хааш нь, юу руу ч хийчихэж мэдэхээр байгааг харуулаад байна. Хятадаас оруулж ирсэн вакциныхаа хоёр дахь тунг тасалдуулсан. Тэгэхээр вакцины тээвэрлэлт, хадгалалт хамгаалалт дээр алдаа гарсан байх магадлалтай. Тийм болохоор өвчлөл нэмэгдэж байна. Хоёр хөрш маань манай улсын талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Мэдээж вакцинаа өгчихөөд хилээ хаагаад байдаг нь ямар нэг асуудалтай болохыг хэлээд байна. Манай нөхдүүд вакциныхаа хадгалалт, тээвэрлэлтийн горимыг зөрчсөн байх гэж үзэх үндэстэй байгаа юм.

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан уулзалтуудад оролцоод ирлээ. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэг цаг мөчид нэг оронд ингэж айлчилж байсан тохиолдол байхгүй. Энэ хооронд шатахууны асуудал босч хоёр хөрш маань карантаа хаачихлаа. Олон улсад их гүрнүүдийн харилцаа таагүй байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зэрэг айлчилсан нь хөршүүдийнхээ дургүйг хүргэчихэв үү гэж харагдахаар. Харин сөрөг хүчний хувьд улс төрийн өнцгөөс нь хэрхэн ажиглав?

-Манай улс гадна, дотны дүгнэлтээр хагас ардчилалтай орны тоонд орсон байна. Цар тахал нүүрлэчихсэн, эдийн засаг нь уналтад орчихсон, улс орны амьдрал өнөө маргаашаа яая даа гэж байхад ҮАБЗ-ийн хоёр гишүүн маань АНУ-д явж таарахгүй. Тохиолдлоор тэр албан айлчлал нь давхацсан байж болох ч өнөөх долоогчид гэдэг гишүүдээ дагуулаад явж байгаа харагдсан. УИХ нь ч хуралдсан юм байхгүй. ҮАБЗ нь ч асуудлыг авч хэлэлцсэн юм байхгүй Төрийн хоёр өндөрлөг ингээд хамт явсан нь зөв зүйтэй алхам биш юм. Өмнө Ерөнхий сайд нь наадмаа хийж чадахгүй байж Токиод оччихсон олимп үзээд сууж байсан. Тэр өндөр ёс зүйтэй орны Ерөнхий сайд нь ард түмнээ хүндэтгээд олимпийн нээлтэд оролцохгүй гэж байхад манай Засгийн газрын тэргүүний байж байгаа царай ийм л өдөр шөнө шиг ялгаатай байна шүү дээ. Намайг хэн хэлэх үү, нохойг хэн саах уу гэсэн маягтай байгаа нь ард түмний бухимдлыг туйлд нь хүргэж байна.

-Шатахуун хомсодсон өдрүүдэд нефть боловсруулах үйлдвэр Монголд ус агаар мэт хэрэгтэйг ойлгууллаа шүү дээ. Олборлосон газрын тосоо хямд үнээр зарчихаад түүнээс хэд дахин өндөр үнээр шатахуун худалдан авдаг манайх шиг орон байна уу?

-Өнгөрсөн өдрүүдэд хойд хөрш маань шатахууныхаа крантыг хаачихсан. Өөрсдөд нь зовлон бэрхшээл тулгарсан л юм шиг ярина лээ. Эсвэл санаатай ч юмуу, санамсаргүй ч юмуу ингэж шатахуун тасалдуулснаас болж ард түмэн олон хоног ажил амьдралаа алдлаа. Мэдээж цар тахлаар өдөрт ийм олон хүн нас барж байхад ажил явдалд явах шатахууныг нь ч өгчихгүй байсан. Нефть боловсруулах үйлдвэр барина гээд л арав гаруй жил ярилаа. 2008 оноос хойш эхэлсэн энэ төсөл өнөөдөр бахь байдгаараа мэлтийж байна. Ашиглалтад өгөх хугацаагаа хоёр, хоёр жилээр сунгаад л яваад байдаг. Мөн тээвэр ложистик хэрхэн яаж ажиллаж байгааг та бүхэн харж л байгаа байх. Урд хөршөөс шатахуун татлаа гэхэд өргөн цариг руу шилжүүлж ачихад өдөрт 480 тн-ыг тээвэрлэх боломжтой гэж байна. Хэрэв шууд олон улсын стандартын нарийн царигтай төмөр замаар нь оруулж ирэх боломжтой байсан бол өнөөдөр шатахууны хувьд нэг орноос хараат байхгүй байлаа.

-Сангийн сайд танхимын гишүүддээ төсвийн талаар танилцуулга хийсэн. АН-ын бүлэг төсөв дээр ямар байр суурьтай байна?

-Төсөв бол маш хүнд байна. Өнгөрсөн жил хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Өнөөгийн байдлын гүйцэтгэлээр нэг их наядын алдагдалтай байна. Улсын төсөв 26 хувиар тасраад байна. Валютын нөөц багасч байгаа. Инфляци 10 хувь хүрэх гэж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр хүмүүс халамжаар хагас өлмөн зөлмөн байдалтай амьдралыг зогоож байна. Ийм хүнд үед шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэвч нэмж болохгүй. Ковидын хүнд хэцүү үед халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Зүүний намын гол үзэл баримтлал энэ шүү дээ. Ядаж хүүхдийн мөнгийг нэмдэггүй юм аа гэхэд энэ хэвээр нь ковидыг дуустал хадгалах ёстой. Эрх баригчид дулаан, цахилгаан, түлээ түлшний үнийг ковид дэгдээгүй байхад тэглэж, хөнгөлж, ард иргэддээ халамж өгч дасгасан. Одоо үүнийгээ улам сайжруулах ёстой. Харин дундаас нь идэж үүрэгдүүлсэн хүмүүстээ хариуцлага хүлээлгэх ёстой. Уг нь бид зөв сайн ажилласан бол уул уурхайн супер циклийн үед төсвийн орлогоо нэмэгдүүлж, 20 тэрбумын эдийн засагтай болох бүрэн боломжтой байлаа. Гэтэл хилээ хаалгачихсан.

МАН 100 жилийнхээ хугацаанд дангаараа шахуу төрийн эрхэд ноёлсон. Сүүлийн зургаан жил хэт олонх байлаа. Гэтэл тэд улс орны хөгжил дэвшилд ямар хувь нэмэр оруулав. Дарханы замыг хуулаад хэдэн жил болж байна. Тэнд өчнөөн олон хүний амь үрэгдээд л байдаг. Одоо ард түмэн эрх баригчдын худлаа амлалт, хошгоруулалтыг ойлгодог болсон.

-Хариуцлагын механизм эрх баригчдад үйлчлэхээ больсон юм биш үү?

-Тийм болохоор ковидоор далимдуулж хулгай, төсвийн мөнгө шамшигдуулалт гаарч байна. Сүүлийн үед цагдаа нар авлигачдыг хамгаалдаг болсон байна. Хууль сахиулагчид нь ард түмний төлөө биш, хэн нэгэн даргын хувийн бие хамгаалагч мэт зүтгэдэг болж. Үндсэн хуулиа хамгаалж ч чаддаггүй Үндсэн хуулийн Цэцтэй байна.

-Намрын чуулганд АН-ын бүлгээс ямар ямар хуулийн төслүүд хэлэлцүүлэх вэ. Өргөн барихаар зэхэж байгаа төслүүдээсээ сонирхуулахгүй юу?

-Нэлээд хэдэн асуудал байгаа. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардлагын хэмжээнд хийж чадаагүй. Үүнийг ярилцаж ойлголцох ёстой. Мөн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох нь зүйтэй гэж АН үздэг. Дээрээс нь шилэн данс хөтлөхгүй байгаа байгууллагуудад хариуцлага тооцох ёстой. Төрийн албаны зөвлөлийн тухай хууль, Боловсролын тухай хууль гэх мэтчилэнгийн олон асуудлыг намрын чуулганд хэлэлцүүлэхээр зэхэж байна.

-МАН бол халамжийн бодлогыг жанжин шугамаа болгодог зүүний үзэлтэй улс төрийн хүчин. Ард түмнийг халамжаар бөөцийлж байгаад дарангуйллын системээ алхам алхмаар тогтоож байна. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт эдийн засаг хумигдаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх боогдлоо. Манай улс ардчиллыг ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл өнөөдөр яагаад ийм байдалд хүрчихэв?

-Ер нь өвчнөөр далимдуулаад юм, юм л болох шинжтэй. Зуд болоход нохой зоолдог гэгчээр авлигачид, дарга нар зоолж байна. Ард түмний амьдрал тэсэхүйеэ хүнд байгаа. Монголын ард түмэн нэг намын, тэр дотроо нэг хэсэг хүний дарангуйлал руу шилжиж байна. Уг нь ковидыг хяналтанд оруулах хуулийг гаргах ёстой байсан. Гэтэл хэдхэн хүний гарт эрх мэдлийг аваачиж өгсөн. Өнөөдөр технологи хөгжсөн үед бүх зүйлийг цахимаар ил тод болгох хуулийг гаргах хэрэгтэй байсан. Гэтэл эсрэгээрээ дарангуйлал руу аваачихын тулд ажиллаад байна.

Ер нь өвчнийг даамжруулахад эрх баригчид өөрсдөө буруу үлгэр дуурайлал үзүүлсэн шүү дээ. Одон медаль тараах, уул овоо тахих, сонгуулиа хийсэн. Саяхан хүртэл Цахим үндэстэн гэх шоу зохион байгуулж нэг дор тэр олон хүнийг цуглуулчихлаа. Олон зуун жил тасралтгүй явж ирсэн төрийн наадмаа МАН-ынхан өөрсдөө тасалчихаад ингэж шоу цэнгээнийг дэмжээд яваад байж таарахгүй ээ. Уг нь Солонгосын жишгийг харахад цахим шоугаар эрүүл мэндийн салбарт зүтгэж, ачааны хүндийг үүрч байгаа эрхэм хүмүүстээ талархал илэрхийлдэг юм билээ. Гэтэл тавхан секундэд буюу зөрөөд өнгөрөхөд халдварладаг дельта вирус тархсан энэ үед нэг дор гурав, дөрвөн мянган хүн цуглуулсан нь өвчин даамжирах гол шалтгаан болсон. Цаашлаад хичээл сургууль, намрын их ажил, хүйтний улирлын ханиад томуу ихэсдэг үед шоу хийсэн нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болохоор. Одоо энэ эмч, сувилагч нар туйлдаж байна. Эмнэлэгт нь ор байтугай шал олдохоо ч байж. Хүмүүс гэртээ нас барж байна. Гэтэл засаг төр нь шийдвэртэй арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Монгол Улс төргүй байсан бол одоо засаггүй болж байх шиг байна.

Миний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд, ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд улс орны тулгамдсан асуудлуудаа парламент халуун тогоондоо ярилцаж, санал шүүмжлэлээ хэлэлцэх зарчмаар бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Бид бүхэн хуулиа дээдлээд энэ улс орныг зөв замд нь чиглүүлээд авч явах боломж бололцоо байна. Хүнд хэцүү үеийг эв нэгдлийн хүчээр давах ёстой. Төрийн хоёр багана гэж ярьдаг АН, МАН эв нэгдлийн хүчээр цар тахлын нөхцөл байдлыг даван гарах хэрэгтэй байна. Энэ өвчнөөс дэлхийн хүн төрөлхтний хэн ч ангид байж чадахгүй. Тиймээс УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй бол асуудал өдрөөс өдөрт хүндэрч байна.

-Танай намын дотоод асуудалтай холбоотой зүйл тодруулъя. Удтал хагаралтай байсан АН нөхөн сонгуулийн өмнө нэгдэж чадсан нь нийгэмд оноо авлаа. Эв нэгдлээ цаашид хадгална биз дээ?

-АН байгуулагдаад 30 жил болж байна. Ард түмэн итгэл хүлээлгээд байхад хийх ёстой ажлуудаа хийж чадаагүй. Өнөөдөр гэхэд хоёр талд гарчихаад ялих, ялихгүй зүйлд хэрүүлтэй маргаантай байна. Булаацалдаад байх сэг ч үгүй байхад хоорондоо маргалдаад байгаа нь үнэхээр ичгүүртэй. Харин УИХ дахь АН-ын бүлэг хоорондоо хуваагдалгүй, эв нэгдлээ ханган ажиллаж байна. Засгийн газарт хариуцлага тооцъё гэж дуугарсаар ирсэн. Хаврын чуулган өндөрлөж байхад АН-ын бүлгийн шийдвэр ч гарсан байгаа. УИХ-ын 19-өөс багагүй гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай. Мөн парламентын ердийн олонхын саналаар огцруулдаг.

-УИХ-д эрх баригч олонх байхад Засгийн газрыг огцруулах хэмжээнд яригдаж чадах уу?

-УИХ дахь МАН-ын шударга гишүүдтэй санал санаачилга гаргаж, уулзаж ярилцаж байна. Энэ Засгийн газрыг шахаж ажиллуулах болно.

-Нөхөн сонгуулийг ерөнхийд нь хэрхэн зураглаж байна вэ. АН-ын саналыг хуваахын тулд хэн ч танихгүй хүмүүс болон жижиг намуудыг оролцуулдаг тактик сүүлийн хэд хэдэн сонгуульд ажиглагдаад байгаа л даа…

-МАН цүнх барих, долоох хүмүүсээ шат дараатайгаар бэлдэж ирсэн, туршлагатай нам. Тухайлбал, Оюутны холбооны дарга нэртэй оюутнуудын автобусны билетийг дундаас нь авч шагладаг хүмүүсийг бэлдээд авчихсан. Тэд яаж ч хулгай хийхээс буцахгүй. Тэр хүмүүсийг зөвхөн МАН ажилд авч торддог. Тэрний үр дүн 80-аад оныхон байна. Нөгөө нэг хэсэг нь үе удам дамжсан дабль стандартаар баяжиж хөлжсөн хүмүүс байгаа. Хуучин социалист нийгэмд өөрөө ч, бусдыг ч сайхан амьдруулдаггүй байсан. Харин одоо ард түмнийг өөд нь гаргадаггүй. Өөрсдөө сайхан амьдраад байдаг. Хөрөнгө орлогоо ч тайлбарладаггүй. Хаанаас авснаа ч хэлдэггүй. Ийм нэг үеийнхэн бий болоод байна. Ер нь МАН сонгуульд нүдээ ухаад ч өгөхөөс буцахгүй, муу юманд гаршсан тактикуудыг хэрэглэдэг. Дотор нь хувааж, худалдаж авч байна.

-Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдийнхөө талаар юу хэлэх вэ. Тэд УИХ-д орж ирвэл сөрөг хүчний дуу хоолой чангарна гэсэн хүлээлт нийгэмд байгаа болов уу?

-Энэ хүмүүс маань маш хүнд хэцүү үед нөхөн сонгуульд оролцож байна. Ардын намд одоо байгаа суудал нь илүүдээд байгаа. Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь ард түмэнд хүрэхгүй байна. Энэ улсыг цааш өнгөтэй өөдтэй авч явах бодлогыг ардчилсан намын үзэл санаа хэлж ярьдаг. АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёр маань өмнө УИХ-д сууж байсан улс төрийн арвин туршлагатай хүмүүс. Бидэнд төдийгүй Монголын ардчилалд нэг ч гэсэн хүний дуу холой ус агаар мэт хэрэгтэй байна. Үүнийг ард түмэн ойлгож ухамсарлаж саналаа өгнө гэдэгт найдаж байгаа. МАН-ын явуулж байгаа бодлого өдөр ирэх тусам явуургүй, явцгүй шавхагдсан, энтертайнмент хэмжээнд оржээ гэдгийг ард түмэн мэдэрч байна. Энэ шавар шавхай, балчиг намгаас гаргаж чадах хүмүүс Монголд бий. АН-ын асуудалд хандах хандлага, 30 жилийн туршлага гэж байна шүү дээ. Сонгох эрх нь ард түмэнд байгаа. Гэхдээ өөрийнхөө амьдрал ахуй өнөөгийн нөхцөл байдлыг бодолцон сонголтоо зөв хийгээсэй гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

М.П.Сингх: Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монголын эдийн засаг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрнэ

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.


-БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага манай улсад ус агаар мэт хэрэгтэй байгааг ойлгуулсан өдрүүд өнгөрлөө. Харин таны хувьд энэхүү үйл явцыг хэрхэн ажиглав?

-Монгол үндэстэн бүхэлдээ нефтийн хомсдол, өндөр өртөгтэй нүүр тулж байгаа тул дизель түлш, шатахууны тасалдалгүй, боломжийн үнээр тасралтгүй, төвөггүйгээр нийлүүлэх баталгааг хангах нь чухал болж буй энэ үед та ийм чухал асуултыг тавьж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Монголын эдийн засгийн тулгуур, Энэтхэг, Монголын хөгжлийн түншлэлийн тод жишээ, бидний бат бөх

харилцааны гайхалтай нотолгоо болно гэж би хэлсэн үгэндээ олонтаа дурдсан. Монгол Улсад үндэсний хэмжээний ач холбогдолтой энэхүү стратегийн төслийг 2024 онд ашиглалтад оруулахын тулд нарийвчилсан ТЭЗҮ -д тусгагдсан хугацаанд нь төлөвлөгдсөн ажлуудыг биелүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж, тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.

-Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц ямар шатандаа байна вэ?

-2021 оны нэгдүгээр сарын 15-нд төлөвлөлтөөс барилгын үе шат руу шилжсэнээс хойш -35 градусын температур, хоёр футын цасан дунд 1.236 тэрбум ам.долларын нефть боловсруулах үйлдвэр нь цар тахлын үед боломжийн түвшинд амжилттай хэрэгжиж буй цөөхөн төслүүдийн нэг юм.

Одоогийн байдлаар усан сан, ариутгах татуургын систем, захиргааны барилга байгууламж, гал унтраах газар, ус дамжуулах хоолой гэх мэт барилгын инженерчлэл, худалдан авалт-I (EPC-I)гэх мэт үйл ажиллагааг JMC India компани нь “Mongol Refinery and Engineers India” ХХК-ийн хяналт, зөвлөмж дор хийж байна. Өнөөдрийн байдлаар EPC-I ажлын 51 орчим хувь нь дууссан байна. Бусад дэд бүтцийн ажлуудад болох 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын авто замын ажил, 18.6 км цахилгаан дамжуулах шугам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын 550 байшин баригдаж дуусах гэж байна. Бид EPC2 ба EPC 3 ажлын гэрээ байгуулах эцсийн шатандаа явж байна. Үүнтэй зэрэгцэн лицензийн долоон чухал гэрээ дууссан, эсвэл дуусах шатандаа байна. Дэлхийн бусад орнуудын нэгэн адил тахал өвчний улмаас хүрээлэн буй орчны нөлөөгөөр хэн нэгний хяналтаас гадуур ямар нэгэн үндэслэлгүй саатал гардаг. Гэсэн хэдий ч хоцролтыг аль болох бага байлгахын тулд Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэгийн засгийн газрын агентлагууд хамтран хүчин чармайлт гаргаж байна.

-Хил гаалийн гацалтаас үүдэж шаардлагатай ачаа бараа саатсан гэж Уул уурхайн сайд Г.Ёндон өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан л даа. Ер нь бүтээн байгуулалтын ажилд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна вэ?

-Сайд Ёндон урьдчилан тооцоолоогүй цар тахлын улмаас Монгол Улс тодорхой бэрхшээлтэй тулгарч байгааг зөв ажигласан. Цар тахлын нөлөөлөлд өртсөн байгаль орчны үед Монгол Улс ч мөн адил газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын материалын тээвэрлэлт, контейнерийн хомсдол, аялал жуулчлалтай холбоотой урьдчилан сэргийлэх хязгаарлалтын улмаас мэргэжилтнүүдийн шилжилт хөдөлгөөн, ногоон коридор, хорио цээрийн дэглэм гэх мэт бэрхшээлтэй тулгарч байна.

Одоогоор маш чухал тоног төхөөрөмж, бараа материал ачсан 40 гаруй контейнер 55 болон түүнээс илүү хоногоор хил дээр гацаад байна. Мөн хил гаалийн хорио цээрээс хамааран 200 гаруй контейнерийн ачилтын хуваарийг эцэслэн гаргах боломжгүй байдалтай байна. Бид эдгээр сорилтуудыг Монголын талын өндөр албан тушаалтнуудын сонорт хүргэсэн бөгөөд энэхүү саад бэрхшээлийг хурдан шуурхай шийдвэрлэж, ямар нэгэн нэмэлт сааталгүйгээр ажлыг цаг тухайд нь ахиулах боломжтой болно гэж найдаж байна.

-Энэхүү нефть боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт үр өгөөжөө хэрхэн өгнө гэж харж байгаа вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн, ач холбогдлын хувьд, жилд 1.5 сая тонн олон төрлийн түлш үйлдвэрлэх Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын зөвхөн эрчим хүчний аюулгүй байдал болон газрын тосны бие даасан байдлыг хангана. Үүгээр зогсохгүй дотооддоо үйлдвэрлэсэн боломжийн үнэтэй дизель, бензин зэрэг бусад түлшийг улсынхаа хэрэгцээнд тасралтгүй нийлүүлэх боломжтой болно. Газрын тос боловсруулах үйлдвэр нь улсын эрчим хүчний хэрэгцээний 75 хувийг хангах чадвартай юм. Үүнд, 824 мянган тонн дизель түлш, 339 тонн бензин, 80 мянган тонн онгоцны түлш, Монголд тогтмол хэрэглэгддэг 43 мянган шингэрүүлсэн хий болон бусад дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Мөн боловсруулах үйлдвэр нь 700 орчим шууд ажлын байр бий болгож, шууд бусаар гурав дахин их ажлын байр бий болгоно. Үүнээс гадна уг үйлдвэр нь аж үйлдвэрийн нэгдсэн хөгжлийн чухал элемент болох Монгол дахь нефть химийн үйлдвэрлэлийн суурийг тавих болно. Монголын эдийн засагчид улсын ДНБ 10 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа болон улсын мөн орон нутгийн төсвийн нэгдсэн орлого жилд 200-300 сая ам.доллар хүртэл өсөх боломжтой гэсэн тооцоо гаргасан. Мөн валютын гарах урсгалыг буруулж монгол төгрөгийн ханшийг тогтворжуулахад тустай. Эдгээр нь шууд ашиг тусын зарим жишээ бол шууд бусаар улсын нийгэм, эдийн засагт бас нөлөөлнө. Учир нь дизель болон бензин нь улсын эдийн засгийн бүх салбарт нөлөөлдөг. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монголын эдийн засгийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэх нь дамжиггүй.

-EPC-1” багц ажлыг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хэзээ тодорхой болох вэ. Энэ багц ажлуудын хүрээнд ямар бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх билээ?

-Таны өмнөх асуултад хариулахдаа хэлсэнчлэн, газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нарийвчилсан ТЭЗҮ-д заасан хугацаандаа хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаатай бид уралдан ажиллаж байна. JMC India компани нь урьдчилан тооцоолоогүй ковидын цар тахлын улмаас мэргэжилтнүүд болон барилгын материалын татан авалтад зарим хязгаарлалт, саатал учирч буйгаас шалтгаалан зарим үйл ажиллагааны хугацааг сунгаж байгаа ч цаашид хойшлуулахгүйн тулд бүхий л чармайлт гарган ажиллаж байна. Тус төслийн Инженерчлэл, худалдан авалт, барилгын EPC-2 ба EPC-3 ажлыг дуусгахаар бид шуурхай ажиллаж байна. Тендерт ирүүлсэн үнийн саналуудын

үнэлгээг Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК яг одоо хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд EPC-3 буюу дулааны болон цахилгааны хэрэгцээг хангах станц барих тендер болон EPC-2 буюу вакум нэрлэгийн байгууламж, хадгалах сав, хий ялгах байгууламж, үйлдвэрийн автоматжуулалт, цахилгаан дэд станц барих гэх мэт гэрээг эцэслэн байгуулж, гарын үсэг зурна гэж найдаж байна.

-Ингэхэд түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэтэл манай газрын тосны царцамхай байдлыг шийдвэрлэхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай гэж эрдэмтэд ярьж байсан. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд энэ асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ. Та бүхний зүгээс ямар хувилбар дэвшүүлэх вэ?

-Дорнод аймгийн газрын тосны талбайгаас Сайншанд дахь газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 530 км урт хоолойг Монгол Улсын Засгийн газар барьж байгаа. Түүхий тос тээвэрлэх шийдвэрийг олон хувилбаруудыг нарийвчлан судалж, шинжилж, үнэлсний дараа гаргасан байдаг. Эдгээр судалгааг Монгол, гадаадын болон Энэтхэгийн тухайн салбарын шинжээчид, мэргэжилтнүүд хийсэн. Олон хувилбаруудад шинжлэх ухаан, эдийн засгийн үнэлгээ хийсний дараа дамжуулах хоолойн сонголтыг цаг уурын эрс тэс нөхцөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг жилийн турш тасралтгүй түүхий тосоор хангах шаардлагатай байгааг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газар эцэслэн шийдвэрлэсэн. Инженерчлэл, худалдан авалт, барилгын ажил болон санхүүжилт (EPC+ Finance)-ийг хийж гүйцэтгэх нөхцөлтэй шугам хоолой барих үнийн саналыг 13 компаниас хүлээн авч Монголын тал үнэлгээ хийж байгаа гэж ойлгосон. 2024 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаас зургаагаас доошгүй сарын өмнө түүхий тос тээвэрлэх хоолойн барилгын ажлыг дуусгахын тулд энэхүү тендерийн процесс шуурхай болно гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна.

-Төсөлд өөр тулгамдсан ямар асуудлуудтай нүүр тулж байна вэ?

-Ийм хэмжээний мега төсөл нь тогтвортой байдал, материалын тасралтгүй урсгал, газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардагдах мэргэжилтнүүдийн ажиллах хүчийг урьдчилан харж, урьдчилан таамаглаж байхыг шаардах нь ойлгомжтой юм. Ковидын тахлаас эсрэг урьдчилан сэргийлэх дэглэм хэвээр байсаар байгаа тул ирээдүйд юу болох нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү төсөл дээр ажиллаж амьдарч буй Энэтхэг ажилчдыг бүрэн вакцинд хамруулсныг дурдахыг хүсч байна. Импортын хязгаарлалт, хязгаарлагдмал аялал хорио цээрийн дэглэм гэх мэт тодорхой бус байдал, бэрхшээлүүд нь боловсруулах үйлдвэр барих ажилд саад болохгүй байх гэх мэт цар тахлын нөхцөл байдал удахгүй суларч, хэвийн байдал хурдан эргэж ирнэ гэсэн итгэл найдвараар бид урагшилж байна. Алдагдсан цаг хугацааг нөхөхийн тулд бид зарим хоцролтыг нөхөх боломжтой болно. Түүнчлэн 2024 онд нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахын нэгэн чухал элемент болох дамжуулах хоолойн тендерийг хурдан дуусгах болно гэж итгэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна

БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн албаны төлөөлөгчөөс байр суурийг нь сонслоо.


-Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орсон. БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа. Манай улсын зүгээс Хятадын талд шатахуун тээвэрлэх хугацааг наашлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш. Хятадын талаас яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг хүлээж аваад үүнд өндөр ач холбогдол өгч, дотоодын холбогдох байгууллагуудыг зохицуулан Монголд шатахуун нийлүүлэх ажлыг яаралтай эхлүүлсэн. Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийн, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн.

Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ.

Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна.

Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг мөн онцолмоор байна.

-Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, вагоныхоо кодыг авчихсан, наашаа ачуулах л үлдээд байгаа юм билээ. Стратегийн бүтээгдэхүүнийг оочер дараалал харгалзахгүй тээвэрлэж болдоггүй юм уу?

-Ямар бараа, бүтээгдэхүүн байх нь хамаагүй, гаалиар нэвтрэх үед бүгд Хятад, Монгол хоёр улсын боомтын тухай зохих хэлэлцээр болон гаалийн дүрэм журмын дагуу явагдана.

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа?

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ. Хятад, Монгол хоёр улс Их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна.

-Ковидын дараахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор улс орнуудын бараа эргэлт сайжирч, Тяньжин дахь чингэлгүүдийн бөөгнөрөл улам нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсаар байх уу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлын дараахь дэлхий дахинд ажил, үйлдвэрлэл сэргэж буйг дагаад дэлхий нийтийн хэмжээнд худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэж, зөвхөн Тяньжин боомт төдийгүй дэлхийн олон томоохон боомтуудад бөөгнөрөл үүсч байна. Монголын тал гуравдагч талаас импортолсон ачаа бараа цар тахлын өмнөх үеийнхээс ихээр өссөн. Энэ нь хоёр талын одоогийн хэрэгжиж байгаа гэрээнд заасан хүчин чадлын хязгаараас хавь илүү давсан байдалтай байгаа. Хэдий ийм боловч Хятадын тал бэрхшээлийг зохицуулж, нааштайгаар шийдвэрлэн, Монголын тал хүнд асуудлаа шийдвэрлэхэд аль болох туслахыг хичээж байна.

-Цаашид Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа үнийн асуудалд Хятадын тал ямар бодлого баримтлах вэ?

-Монголын тал Хятадын газрын тосны компанитай хэлэлцээ хийж байгаа ба Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцохгүй.

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ Хятадаас импортолж буй шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ирнэ гэж байсан. Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний баяр болдог. Тэгэхээр хил гааль хаалттай байх юм биш үү?

-Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

-Ингэхэд та бүхэн өөрийн улсынхаа үндэсний баяраар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойг ЭСЯ цахим хэлбэрээр тэмдэглэх болно.