Categories
мэдээ улс-төр цаг-үе

Т.Болд: Украинчууд тусгаар тогтнолынхоо төлөө бат зогсож байгаа гэдгээ илэрхийлж байсан

Дайны байдалтай байгаа Украинд очиж нэвтрүүлэг бэлтгэсэн “Парламент” телевизийн тоймч Т.Болдтой ярилцлаа.


-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Таныг очиход газар дээрээ нөхцөл байдал яг ямар байсан бэ?

-Бид Украинд 2019 оны есдүгээр сард буюу хоёр жилийн өмнө очсон юм. Тэр үед Украин ОХУ-тай дайны байдалтай байгаа гэж улстөрчид нь мэдэгдэж байсан үе л дээ. Орос улс Крымыг 2014 онд өөрийн болгоод эзлээд авсны дараа Украины Донецк, Луганск гэсэн хоёр муж дотроосоо эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан шүү дээ. Улмаар зэр зэвсэгтэй бүхэл бүтэн армийн хэмжээнд хүрсэн уг хөдөлгөөнийхөн мэдэгдэл хийгээд Украинаас салан тусгаарласан. Биднийг очиход Украины арми Донецк, Луганскийн хил дээр салан тусгаарлагчидтай сөргөлцөж, буудалцаж байдаг байсан үе. Тэнд өдөрт 10-20 хүн хоёр талаас нас барлаа гэж байнга мэдээлдэг байв. Тэрний өмнөхөн Украины дотоод асуудлыг зохицуулахаар Минскийн хэлэлцээрт Орос, Украин орсон байсан. Тэр хэлэлцээрт одоо байгаа хилээрээ тогтъё, буун дуу гаргахгүй байхаар мөргөлдөөнийг зохицуулъя гэж гэрээ байгуулсан бололвч тэрийгээ сахидаггүй, байнга л буудалцаж байсан. Украины тал бол нөгөө талаас байлдаад байгаа сайн дурын армийг Оросоос цалинждаг, хөлсний этгээдүүдээс бүрдсэн гэж үздэг юм билээ. Харин оросууд болохоор бидэнд хамаагүй гэж мэлздэг. Тэгсэн мөртлөө тэр бүлэглэл зэвсэг, техник сайтай, Украины армитай дайтаж байсан нь анхаарал татдаг.

-Та аль, аль хотод очив. Иргэдийн ахуй амьдрал, худалдаа наймаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан уу?

-Бид зөвхөн Киев хотод гурав хоног ажилласан. Нэг хоногт нь би зураглаачийнхаа хамт Чернобелийн хориотой бүс рүү явсан. 30 гаруй жилийн өмнө дэлбэрэлт болсноос хойш хориотой байсан уг бүсэд аяллын нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Одоо тэр бүсийг бага багаар нээж байгаа. Эхний ээлжинд аялагчдад зориулж нээсэн юм билээ. Манай нэвтрүүлгийн багийг Киев хотод ажиллах хугацаанд бүх зүйл хэвийн байсан. Иргэд нь хотоороо тайван зугаалж, ресторан, дэлгүүр гээд худалдаа үйлчилгээний газрууд нь хэвийн ажиллаж байлаа. Тэнд дайн болж байгаа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй, нам жим байсан. Киев хот нь дайн болж байгаа газраас нэлээд алс гурав, дөрвөн зуун км-ийн зайтай л даа. Тийм болохоор буун дуу гарахгүй тайван байсан болов уу. Украины нэг хүнд ногдох ДНБ нь 4000 орчим ам.доллар буюу манай улстай ойролцоо хөгжилтэй орон. Биднийг тэнд очсон байх үед оросууд газаа байн, байн хаадаг байв. ОХУгазаараа дамжуулж элдэв улс төрийн шантааж үзүүлдэг, өөрийнхөө бодлогыг тулгадаг, Украины бараа бүтээгдэхүүнд хориг тавьчихсан үе таарсан. Ер нь эдийн засаг нь маш хүнд байгаа гэж миний уулзаж, ярилцсан улстөрчид ярьж байсан шүү.

-Одоо Оросын арван мянга гаруй цэрэг Украины хил дагуу бөөгнөрсөн гэж мэдээлж байна. Ийм дүр зураг ямар газруудад харагдав. Дайны нөхцөл байдал гэхээр л гудамжаар нь буу шийдэм агссан хүмүүс явж байгаа мэт ойлголт гадаад ертөнцөд бий. Аль эсвэл дэлхий дахинд өөрөөр мэдээлэгдээд байна уу?

-Украин дайны байдалтай байсан ч Киев хот дотроо цэрэг техник байгаагүй. Цагдаа нар нь буу зэвсгээ бүрэн агссан байдалтай хотын гудамжаар эргүүл хийж явдаг байсан. Олон нийтийн газар аэропот, метро, вокзал болон засгийн газрын байруудаа цагдаагийн хүч нэмсэн отръяадуудаар хамгаалуулж байсан дүр зураг харагдана лээ.

-Украины ард түмэн Оросын талаар ямар хандлагатай байна вэ. Ялангуяа залуусын үзэл санаа ямар байна, тэд юу хүсч байх юм?

-Бид нэвтрүүлэг бэлтгэх явцдаа таван улстөрчөөс ярилцлага авсан. Гудамжинд явж байсан хорь, гучаад хүнээс сэтгэгдлийг нь сонссон л доо. Ер нь уулзсан хүн бүр тусгаар тогтнолынхоо төлөө байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Оросуудыг зөөлөн хэлэх юм бол үзэн ядсан ч гэх юмуу тун таагүй хандлагатай байсан. Тэд газаа хааж дарамталдаг л гэнэ. Киев хотын орон сууцны халаалтын үнэ найм дахин өсчихсөн үе таарч бидэнтэй байсан. Украин тэр чигтээ газан дээр суурилсан байхад Оросын талын энэхүү дарамт үнэхээр хүнд тусч байгааг гудамжинд таарсан иргэн бидэнд ярьж байлаа. Монголчууд бол газыг зөвхөн хоол хийх төдийд ашигладаг шүү дээ. Тийм болохоор газын талаар тийм ч сайн ойлголтгүй. Харин дэлхий ертөнц тэр чигтээ газан дээр тогтож байгаа. Гэтэл Орос газаа хаачихсан байсан тэр хүнд цаг үед Украинд Европын холбоо их тусалж байсан л даа. Оросоос авсан газаа буцаад Украин руу өгч, гал алдуулчихгүй хамтарч ажиллаж байсан. Дээрээс нь Европын холбоо Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр авах квот тогтоож өгсөн байв. Үүнд украинчууд тун тааламжтай хандаж, Европын холбоо биднийг ингэж дэмжиж байгаа гэцгээж байлаа. Биднийг очихын өмнөхөн Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрсөн л дөө. Шинэ ерөнхийлөгчөөр В.Зеленский сонгогдчихсон байв. Бид эндээс явахдаа урьдчилаад Украины ерөнхийлөгчийн Тамгын газарт нь хүсэлт гаргаад, шинэ ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлага авъя гэсэн боловч хариу ирээгүй. Тэнд Монгол Улсыг төлөөлж ажилладаг консул нь Украин хүн байдаг. Тэр биднийг хэд хэдэн улстөрчтэй уулзуулж өгье гэсэн учраас Киев хотыг зорьсон юм. В.Зеленскийн хувьд Крымыг буцааж авна гэсэн амлалт өгсөн болохоор сонгуульд ялалт байгуулсан нөхөр. Биднийг очиход сонгууль ч дуусчихсан шинэ засгийн газраа дөнгөж эмхлэн байгуулах үйл ажиллагаа эд өрнөж байсан үе таарсан. Харин өмнөх Ерөнхийлөгч нь цаагуураа Оросоос их хахууль авч, айлын талд үйлчилсэн гэх агуулгаар прокурорт шалгагдаж байгаа зэрэг үйл явдал болж байсан л даа. Украин бол хөдөө аж ахуйн хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Газар нь маш их үржил шимтэй. Европын хар шороо хөрсний 75 хувь нь зөвхөн Украины нутаг дэвсгэрт байдаг. Доошоо хэдэн зуун метр гүн хар шороо хөрстэй. “Бид хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлбэл эдийн засаг маань босоод ирнэ” гэсэн итгэл найдвар дүүрэн байсныг хэлмээр байна. Ялангуяа улстөрчид нь энэ тухай их ярьж байсан. Түүнчлэн Украины иргэд Европын холбооны улсад визгүй зорчих эрх удахгүй нээгдэнэ. Энэ тухай Европын холбоонд хэлэлцэгдээд биеллээ олох өндөр магадлалтай болчихсон үе байсан.

-Та Украинд ажиллахдаа улс төрийн намынхан болон Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын дэд сайд асантай ярилцсан байна лээ. Тэд Орос Украины харилцаа яагаад гэнэт дайн дажиндаа хүрсэн талаар юу гэж байна. Украины зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Украинд 2004 оны арваннэгдүгээр сараас 2005 оны нэгдүгээр сарын дотор ард түмний оранж хувьсгал өрнөөд ардчилал ялсан улс. Шинэ ерөнхийлөгчөөрөө П.Порошенког сонгоод ардчиллын зам дээр эргэж буцалтгүй гарчихсан байсан. Энэ мөчөөс эхлээд оросууд эдийн засгийн элдэв шахалт, дарамтыг үзүүлж эхэлсэн байдаг юм билээ. Миний түрүүний хэлдгээр газ, нефтиэ хаах зэрэг эдийн засгийн бүх арга хэрэгслээр Украинд дарамт шахалт үзүүлж, өөрийнхөө болзлыг тулгаж байсан. Одоо ч тулгасаар байгаа байх. Улмаар 2014 онд Орос Крымыг булааж авч, үүгээрээ олон улсын болон НҮБ-ын бүх дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал болсон шүү дээ.

-Украин бол нефтийн асар том нөөцтэй орон. Эдийн засгаа сэргээх тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлж байсан бэ?

-Социализмын үед Украин асар их нефть олборлодог. Түүнийгээ боловсруулдаг том, том үйлдвэрүүдтэй, ЗХУ-аа нефть, бүтээгдэхүүнээр хангах тэр үйлсэд хувь нэмэр оруулдаг том гүрэн байсан. Хувьсгал ялаад хувьчлал болсон. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжингүүт нефтийн салбарыг тэр чигт нь оросын том компаниуд орж ирээд хувьчлаад авчихсан юм билээ. Яг хувьчлах процесстоо энэ салбарыг ингэж, ингэж хөгжүүлнэ, ийм, ийм ашигтай байна гэж гоё зүйл ярьж байгаад авсан. Харин хэлсэн амандаа хүрэхгүйгээр барахгүй бүх үйлдвэр заводуудыг хаагаад лацадсан гэж байна. Үүгээрээ Украиныг өөрөөсөө бүрэн хамааралтай болгосон. Сүүлийн үед Украин аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр урьж, газрын баялгийн хайгуул хийлгэхэд хөнгөлөлттэй нөхцөл амласан хууль баталсан. Гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа хуулийн зохицуулалтууд нь мэдээж эдийн засагт нь хэрэгтэй байх. Нөгөөтэйгүүр тусгаар тогтнолын баталгаа болно шүү дээ. Бид Оюу толгойг оруулснаар гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирж, тусгаар тогтнол бэхэжлээ гэж ярьдагтай адил бодлогыг Украин баримталж байна лээ.

-Ингэхэд таны Украинд очиж нэвтрүүлэг бэлдсэний гол зорилго юу байсан юм бэ?

-Манай “Парламент” телевизийн хамт олон “Хөгжлийн нэгдсэн бодлого” гээд бодлогын контент бэлтгэсэн юм. Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан. Яагаад Украинд очсон бэ гэхээр тэдний хувь заяа биднийхтэй адилхан санагдсан. Украин том хөршийнхөө хажууд газ, нефть гээд юмаараа хамааралтай. Дандаа түүгээрээ шантаажлуулж байдаг. Тийм хувь заяатай улс юм билээ. Бид Украиныг зорьж очсон нь ийм учиртай юм.

Categories
мэдээ улс-төр

Б.Мөнхсоёл: Төсвийг дуусаагүй барилгуудад зарцуулдгийг цэгцлэх цаг болсон

Үндэсний стратегийн хүрээлэнТББын захирал, эдийн засагч, судлаач Б.Мөнхсоёлтой төсвийн талаар ярилцлаа.


Ирэх оны улсын төсөв батлагдсан цагаасаа багагүй шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд 2022 оны төсвийг том зургаар нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газар дэвшүүлж буй бодлогоо хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь төсөв юм. Гэтэл УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо мөнгө татах байдлаар төсвийг тал талаас нь зулгаасаар төсвийн бодлого хэрэгжүүлэх механизм байх боломжийг алдагдуулдаг. Үүнээс улбаалан зардлыг хэт тэлснээр, алдагдлыг бага байгаа мэт тооцох үүднээс орлогоо хэтийдүүлэн төлөвлөх байдал давамгайлж бодит амьдрал дээр Монгол Улсын Засгийн газрын өр, төсвийн алдагдал өндөр байхад хүргэсээр байна. Ийнхүү төсвийн сахилга бат жил дараалан алдагдсаар байна. Гол нөлөөлж буй асуудал нь олон жил яригдсан төсвийн бодлогын шинэчлэл хийгдэхгүй маш их хугацаа алдсаар байгаа нь хамгийн том бэрхшээл юм даа. Тийм ч учраас бидний байнга хэлдэг өгөөжгүй, эрэмбэ дараагүй хөрөнгө оруулалт, орлгого тал нь бодит байдалтай уялдаагүй, эрсдэлээ бүрэн тооцоогүй өөдрөг төсөв батлагдлаа хэмээн дахин шүүмжлэгдэж байна. Тухайлбал, экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг 8.915.6 ам.доллар, алтны дундаж үнийг 1.821 ам.доллар, нүүрснийүнийг 130 ам.доллар гэх мэт байж болох өндөр хэмжээнд тооцсон. Мөн 36.5 сая тонн нүүрс 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт экспортлохоор төлөвлөсөн зэрэг нь төсвийн орлого тооцсон хэмжээнд бүрдэхгүй байх магадлалтайг харуулж байна. Учир нь нүүрсний тухайд 2021 онд 46 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр Гашуунсухайтаар 20.5 сая тонныг л экспортолсон. Энэ хэмжээний нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхийтөмөр зам, зүтгүүр, вагон, контейнерийн хөрөнгө оруулалт, түүнийэх үүсвэр зэрэг нь 2022 оны төсөвт төлөвлөгдсөн эсэх, пандемикийн үеийн хорио цээр, тээвэрлэлтийн эрсдэлийг тооцсон эсэх нь бүрхэг байна. Хятад руу нүүрс экспортлогчдын өрсөлдөөн ихэссэн энэ үед Таван толгойгоос Хятадын хил рүү, Зүүнбаян руу тавих замыг яаралтайбарьж дуусгаж чадвал эерэг нөлөөтэй байна. Тухайн жилийн төсвийн тухай хуулийг илүү нягт бөгөөд оновчтой байлгахад анхаарахад иргэдийн төсвийн үйл явц дахь оролцоо маш чухал. Олон улсын төсвийн түншлэлийн гаргадаг Нээлттэй төсөв индекст төсвийн иж бүрэн, ил тод мэдээлэл, иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг чухалчилдаг. Монгол Улс хамгийн сүүлийн байдлаар буюу 2019 оны судалгаагаар төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоогоор нийт 100 онооноос 15 оноо л авсан байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Богд Зонховын хөшөөнд баталсан төсвийн хөрөнгө оруулалтын тухайд иргэд маш их бухимдаж төсвийн хөрөнгө оруулалт зөвхөн эрэмбэ дараалал алдагдсан төдийгүй үндэслэл тооцоолол дутуу, шилжих хөрөнгө оруулалт дээр мөнгөн дүн голдуу өссөн дүнтэй орж ирдгийг нотолсон, авлига орсон байх өндөр магадлалтайг харуулсан үйл явц болов. Хэдийгээр “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болсон ч энэ мэтээр УИХ-ын гишүүдийн тойрогт хуваагдсан төсөв нь хөрөнгө оруулалтыг улсын хэмжээнд хэрэгцээ шаардлага, шаардагдах төсөв, эдийн засгийн үр өгөөж гэх мэт үзүүлэлтүүдээр нэн тэргүүний ач холбогдлоор нь эрэмбэ дараалалтай хуваарилах боломжгүй болгож байгааг нотоллоо. Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг хуулийн цаг хугацаандаа багтаах нэрээр дутуу дулимаг, чанаргүй болж, гишүүд нь ч бүх мэдээллийг бүрэн аваагүй, богино хугацаанд, зөвхөн өөрсдийн тойргоо тойлсон байдлаар анхаарч төсөв баталж байгаа нь төсөв батлагдсаны маргааш нь л тодотгол хийх шаардлага гарч буй байдлаар нотлогдлоо.

2017 онд ОУВС-гийн хөтөлбөрийн хэлцэл явагдах үед Хөгжлийн банкны гэх мэт хөрөнгө оруулалтуудын зардлууд төсвөөс гадуур явж байсан нь төсвийн сахилга бат алдагдаж, нэгдмэл бус байдлыг бий болгоход хүргэж байсан. Энэ байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал төрийн өмчийн компаниудаас “нийгмийн хариуцлага, байгалийн баялгийг иргэдэд хүртээх” нэрийдлээр төсвийг олон сувгаар зарж, төсвийн хяналтыг сулруулах, Сангийн яамыг алгасах оролдлогууд бий болсоор байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зарим аж ахуйн нэгж, суурин газрын иргэдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг хариуцуулж 1.2 их наяд төгрөг, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ирээдүйд олох орлогыг барьцаалж, тэтгэврийн зээлийг тэглэхэд 694.9 тэрбум төгрөг, тэтгэврийн зээлгүйбайсан ахмадуудад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход 215.5 тэрбум төгрөгийн зардлуудыг гаргаж байна. Тиймээс төсвийн иж бүрэн байдал, сахилга батыг хангах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ), бие даасан хараат бус эдийн засагчид, төсвийн шинжээчдийн шүүмж, санал, зөвлөмжийг сонсох, хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж байна.

-УИХ-ын дарга “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжиж чадсан төсөв боллоо гэж онцолж байсан. Энэ хүрээнд ямар дорвитой ажлууд хийгдэхээр харагдаж байна вэ?

-Энэ зорилгодоо хүрэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээх шинэчлэл хийх, төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төрийн зардлыг бууруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллах юм билээ. Мөн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтойчиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээнийбайгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр цомхон, чадварлаг хариуцлагатайтөрийн албыг бүрдүүлэх зэрэг зорилт тавьжээ. Хавтгайрсан халамж бус хөдөлмөр эрхлэлтийг түлхүү дэмжинэ хэмээн нийгмийн халамжийн зардлыг нийт урсгал зардлын 23 хувиас дөрвөн хувь болгон бууруулан тооцжээ. 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад 5.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй2022 онд санхүүжих 2.1 их наяд төгрөгийн төгрөгийн санхүүжилт бүхий1334 төсөл, арга хэмжээ тусгагдсан байна. Үүнд зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлсэн гэсэн боловч зам, тээврийн төсвийн хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь авто зам, барилгын салбарын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь барилга, байгууламжийн хөрөнгө оруулалт байна. Эндээс дүгнэхэд хүндээ биш цементэд зориулсан, эдийн засгийн өсөлт авчрахааргүй, үр ашгийн тооцоололгүй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг төлөвлөлтийн аргачлалаар 16 шалгуур үзүүлэлтээр таван үе шаттайгаар эрэмбэлэн тэргүүн ээлжид хэрэгжүүлэх шаардлагатайхөрөнгө оруулалтыг тусгасан гэх хэдий ч хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зураг, төсөлгүйтөсөл, соёлын төв, спорт заалны барилга, усан бассейн, оффис конторын барилгууд олноор орсон байгаа нь хөрөнгө оруулалтын нэлээд нь шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй. Үйлдвэрлэл болон төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглээгүй, харин ч ихэнх хувь нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэх төслүүд байгаа юм. ТТБЗ-ийн дурдсанаар “материаллаг үйлдвэрлэлийн голлох яамдын хөрөнгө оруулалтын төслөөр бол жишээ нь Барилга, хот байгуулалтын сайдын хариуцах хөрөнгө оруулалтын төслийн 80 орчим хувь нь барилга (гудамж төсөл, сум, багийн тохижилт, тоглоомын талбай, орон сууцны болон гэр хорооллын шугам, гудамж талбайн тохижилт, нийтийн эзэмшлийн орон сууцны засвар, тохижилт гэх мэт) байгаа ч барилгын материалын үйлдвэртэйхолбоотойхөрөнгө оруулалт байхгүй. Зам, тээврийн сайдын төслийн 90 хувь нь зөвхөн авто замын барилга, байгууламж, Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайдын багцад ямар ч материаллаг үйлдвэрлэлийн санхүүжилт байхгүй. Ерөнхийсайдын хариуцах хөрөнгө оруулалт бараг 100 хувь (97 хувь) биеийн тамирын төсөл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөлд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийүйлдвэрлэлд зориулах санхүүжилтгүйатлаа гүнийхудаг, үйлчилгээнийтөвийн барилга, бэлчээрийн усан хангамж зэрэг үйлдвэрлэлийн бус барилга, байгууламжид 50 шахам тэрбум төгрөг зориулахаар төлөвлөсөн жишээтэйбайна. Үүнийзэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын 80-90 хувь нь цаашдаа төсвийн зарлагыг өсгөнө. Товчхоноор дүгнэхэд, зөвхөн төсвийн талаас нь авч үзэхэд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үлэмж их хувь нь цаашид төсвийн зарлагыг өсгөж, харин орлогыг нэмэгдүүлэхэд дорвитойнөлөөлөхгүйбайхаар харагдаж байна. Томоохон бүтээн байгуулалтын төслүүд болох Оюу толгойн далд уурхай, Таван толгойн цахилгаан станц, газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, улсын чанартайтомоохон төмөр зам, авто замын төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхээр тооцож, татварын бааз суурь өснө гэж үзэн татварын орлогыг 2021 оны тодотгосон төсвөөс 19.5 хувиар буюу 2,683.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнд НӨАТ, АМНАТ, гаалийн татвар, газрын тосны зэрэг татварууд 2020 оноос 86.0 хувь, 2021 оны тодотгосон төлөвлөгөөнөөс 46.4 хувиар тус тус өсөхөөр тооцсон байна. Эдгээр төлөвлөгдсөн ажлууд бодит байдал дээр хэрхэн биеллээ олох вэ гэдэг төсвийн орлого хэрхэн бүрдэх вэ гэдэгтэй шууд холбоотой юм.

-Аль арав гаруй жилийн өмнө эхлүүлж байсан төслүүд ч харагдаж байна лээ. Тэгэхээр жил бүр төсөвт өртгийг нь нэмэгдүүлээд яваад байдаг. Ер нь дуусгах сонирхол байдаг юм уу?

-Тийм ээ, ирэх жилийн төсвийн төсөлд он дамжин үргэлжилж буй төслүүдийн асуудал анхаарал татаж байна. 2017-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан боловч энэ онуудад 4.3 их наяд төгрөгийн ажил л хийгдэсэн байна. Төлөвлөж, тооцсон хэмжээндээ санхүүжилт гараагүй гэсэн үг. 2021 оны есдүгээр сарын 29-нийбайдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 43.2 хувьтайбуюу 728.6 тэрбум төгрөгийн санхүүжилт л хийгдээд байна. Тэгэхээр ажил хугацаандаа хийгдэхгүй байгаагийн бодит шалтгаануудыг нарийн судалж хөрөнгө оруулалтын төслүүдийг хугацаанд нь хийхэд анхаарах ёстой. Үүнд яг ТЭЗҮ нь бэлэн төслүүдээ оруулсан эсэх, тендер шалгаруулах процесс болон хугацаа, худалдан авалт гэх мэт олон шалтгаанууд нөлөөлсөн байх боломжтой. Нөгөө талаар анхны өртөг нь сууриа ч тавьж дийлэхээргүй дүнтэй төслүүд оруулж ирдэг нь санаатай үйлдэл байж болох. Өөрөөр хэлбэл, Нээлттэй нийгэм форумын судалгаанд дурдсанаар 7-10 жилийн өмнө эхэлсэн 250 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 барилга, байгууламжид 2022 оны төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна. Дуусгаагүй барилгын төсөвт өртөг 280 саяас 11 тэрбум төгрөг хүртэл өссөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 2013 онд эхэлсэн Найрамдал зуслангийн усан спорт цогцолборын санхүүжилтэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дуусаагүй учраас одоо барих нь зөв гэсэн утгыг агуулахгүй. Цаг хугацаа хойшлох тусам зөвхөн төсвийн ачааллаас гадна бусад эрсдэл дагуулна гэдгийг санах хэрэгтэй.

-Ирэх онд халамжууд зогсоно. Хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг, халаалт, дулаан, цахилгаан гээд нийгэм рүү чиглэсэн хавтгайрсан халамжуудаа төр өгөхгүй. Харин цалин, тэтгэвэр тэтгэмжийг ямар үе шаттай нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан бол?

-2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхэд бүрд сар бүр 100.0 мянган төгрөгийг олгож байна. Үүнийг цаашид Ирээдүйөв сангийн 1,461.7 тэрбум төгрөгийг 2022 онд тус санд төвлөрүүлж хүүхдийн мөнгөн хадгаламж бийболгохоор тусгажээ. Энэ шийдэл дээр талууд өөр өөр байр суурьтай байгаа. Тухайлбал, ТТБЗ үүнийг дэмжсэн байр суурьтай байсан. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар Ирээдүйн өв санг анх үүсгэсэн зорилгын дагуу өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын төслүүдэд оруулж ирээдүй хойч үедээ хадгалж хуримтлуулах ёстой хөрөнгийг төсвийн зардал болгож гаргах гэсэн нь буруу шийдвэр гэж шүүмжилж байна. Хүүхдийн мөнгө яагаад бий болсон зорилгыг сайн бодож үзэх хэрэгтэйн дээр төсвийн чадамж, эдийн засгийн өгөөжөө бид тооцож үзэх ёстой. Өнөөдрийн энэ цаг үед яг зорилтот бүлэг болох орлого багатай өрхүүдэд хүүхдийн мөнгийг огцом бууруулахгүй үргэлжлүүлэн өгөх, харин Ирээдүйн өв сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулан хүүлэх бус (хадгаламжийн хүү бас шийдэх ёстой тулгамдсан асуудал болсон) илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт хийж өсгөж, хуримтлуулах нь илүү алсаа харсан бодлого байж болох юм.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2021 оны түвшинд хадгална хэмээн тооцжээ. Ирэх онд урсгал төсөвт цалин хөлс 41 хувиар, нийгмийн халамжийн шилжүүлэг 81 хувиар буурч байгаа бол хувийн хэвшилд шилжүүлэх ажил үйлчилгээнийтөлбөр 16 хувиар, нийгмийн суурь үйлчилгээг үр дүнд суурилсан санхүүжилтийн зарчмаар хуваарилах зардал 2.4 дахин, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал тус бүр зургаан хувиар өссөн дүнтэй байна. Урсгал зардалд эзлэх хувь хэмжээний хувьд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал хэвэндээ буюу 20 хувь, харин цалин хөлс 19-11 хувь болж найман хувиар буурсан байна. Энэ оны төсөвт төрийн албан хаагчдыг цалинтай, орлоготойбайлгах талаас нь эсхүл төрийн албан контор, эмнэлэг, сургуулийг тавтайтохитойбайртайбайлгах талаас нь харж ирснийг төрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар өртөг зардал нь тооцогдож уу, тэдгээр үйлчилгээг хүргэх механизм нь оновчтойбайж чадаж байна уу гэдэг талаас нь сайтар анхаарна гэсэн байна. Гэвч нөгөө талдаа эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудал дахин хөндөгдөх магадлалтай.

-Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлсэн. Тэгвэл ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд хэдий хэмжээний хөрөнгө суулгасан байна вэ?

-2022 оноос эхлэн хавтгайрсан халамж тэтгэлгийг хязгаарлаж, зорилтот бүлэгт чиглүүлэх, ажлын байр, хуримтлал бийболгох, хөрөнгө оруулалтад илүү анхаарах зорилт тавина гэснийг дэмжиж байгаа боловч тоон мэдээлэл хангалтгүй байна. 2020 оноос тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучууд хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, ажилд бэлтгэх, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, ахмад мэргэжилтнийзөвлөх үйлчилгээ зэрэг төрлөөр урьд жилүүдэд гадныхантай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 10 их наядын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санаа нь зөв юм шиг боловч дэд хөтөлбөрүүд, зээл нь хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй байна гэсэн асуудлыг дагуулж байгаа нь үл итгэлцлийг бий болгож байна. Тэгэхээр процессын алдааг нь засахгүй бол хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай. Мөн эх үүсвэрийг тодорхой шийдэх, ил тод байлгах ёстой.

-Орлогоосоо зарлага нь давсан төсөв боллоо гэж байна. Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?

-2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтайбайхаар төлөвлөж, үүний 1.4 тэрбум төгрөгийг гадаадын зээлээр санхүүжүүлж, үлдсэнийг нь тогтворжуулалтын санд төвлөрөх 0.64 тэрбум төгрөг болон бонд гаргах замаар санхүүжүүлэхээр тооцсон байна. Одоогоор дотоодын бондын өрийн үлдэгдэл 3 дахин буурч, 2021 эхнийхагас жилийн байдлаар 1.046.1 тэрбум төгрөг болжээ. Цаашид төсвийг зээлийн буюу бондын хүүний зардалд ачаалахгүйн тулд дотоодын бондыг эдийн засгийн өсөлтийг хангах, төсөвт үр ашгаа өгөх, бизнесийн орчныг сайжруулах төслүүдийг санхүүжүүлэхэд зориулан гаргах, төсвийн сахилга батыг хангаж, төсвийн алдагдлыг эх үүсвэр нь шийдэгдсэн гадаадын зээлийн хэмжээгээр хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө төсвийн урсгал зардлыг цаашид нэмэгдүүлэхгүйбайх зарчим баримтлах зэргээр анхаарах шаардлагатай. Төсвийн тогтвортой байдлын хуулиа байнга өөрчлөх бус түүнд тавигдсан шалгууруудаа биелүүлэхийг зорьж ажиллавал зохистой.

-Ч.Номин сайд Богд Зонховын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт батлагдсан төсвийг буцаах боломжтой юу?

-Баталсан төсвийг тодотгол хийж өөрчилж болно. Угтаа аль болох тодотголгүй явах ёстой боловч олон жил бид өөдрөг төсөв баталж, бодит байдал дээр зардлаа дийлэхгүй зарим жилд хоёр ч удаа тодотгол хийж ирсэн. Харин эсрэгээрээ пандемикийн зайлшгүй тодотгол хийх шаардлагатай үед маш их цаг алдсаар байсан. Төсвийг батлангуутаа маргааш нь тодотгоно гэдэг бол “аюул”.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн эсэргүүцэлтэй нүүр тулж, 2016 онд зогссон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко манай улсад айлчлах үеэрээ мөн л энэ байр сууриа илэрхийлээд авав. Товчхондоо Байгал нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барихыг дэмжихгүй. Харин эрчим хүчийг бид нийлүүлнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Цаг үеийн асуудлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагч асан Д.Одхүүтэй ярилцлаа.


-ОХУ-ын Шадар сайд эмэгтэй манайд айлчлахдаа шуугиантай мэдэгдэл хийгээд буцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдах бүтээн байгуулалтад хойд хөрш яагаад хөндлөнгөөс оролцоод байдаг юм бэ. Манай улс өөрсдөө энэ төслийг шийдээд үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш шийдэхгүй. Олон улсын гэрээ эрх зүйн хувьд бид ямар нэгэн асуудалгүй. 1995 онд Монгол, Оросын хооронд байгуулсан хилийн усны хэлэлцээр гэж бий. Уг хэлэлцээрээр хил дамнаж урсдаг голууд, түүний дотор Сэлэнгэ мөрөн дээр ямар нэгэн усны байгууламж барихаар бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцоно гэсэн заалт л байдаг. Түүнээс бус хэн нэгэн аль нэг талаасаа зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт байхгүй.

-Хоёр улсын хилийн усны хэлэлцээрт ингэж тодорхой заачихаад ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын барих асуудалд оролцоод байдгийн гол учир нь юу вэ?

-Эгийн гол бол хил давж урсдаггүй. Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Сэлэнгэ мөрний хувьд энэ гэрээ яригдаж болно. Оросын талд бид шаардсан мэдээллийг нь ч өгдөг юм. Тэгэнгүүт манайхтай зөвшилцөж, зөвшөөрөл ав гэдэг асуудал тавьдаг. Харин манай зүгээс “Уучлаарай. Бид тэгэх шаардлагагүй” гэдэг байв. Ингээд бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэнгүүт “ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороонд бүртгэгдсэн Байгал нуурыг хамгаалах үүргийг Монгол Улс хүлээх ёстой” гэж ярьдаг. Дэлхийн өвийн хороогоор дамжуулж биднийг бараг арваад жил дарамталж, шантаажилж байгаа юм. Байгал нуурыг хамгаалах асуудал байгаа байх. Гэхдээ Байгал нуурыг биднээс илүү Оросын тал өөрсдөө хамгаалах асуудал нь илүү яригдана. Хаа хол Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцаас болж Байгал нуурын экологи сүйдэж, унаган төрх нь алдагдана гэж юу байхав.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар Байгал нуурт ямар нөлөөтэй болохыг Францын шинжээчид судалсан гэл үү. Ямар дүгнэлт гарсан байдаг юм бэ?

-Эгийн голын төслийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ хийлгэх явцад дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Францын “Трахтебель” компани бидний захиалгаар Байгал нуурын усны хэмжээнд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгааг хийсэн. Эгийн голоос Байгал нуур хүртэл гол дагуу 600 гаруй км байдаг. Яаж ч бодсон энэ усан цахилгаан станц баригдсанаар загас болон усны амьтдад нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Харин ч голын урсац буюу усны хэмжээ ихсэх, багасах нөлөөллийг тооцож судалсан. Ус ихтэй, ус багатай, дундаж устай гэж тус бүр гурван жилээр нарийвчилсан тооцоолол хийгээд, хамгийн ихдээ 0.023 хувь буюу( үл мэдэг) нөлөөлөл үзүүлнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг. Дэлхийд нэр хүндтэй, 200 гаруй жилийн түүхтэй компанийн мэргэжлийн хүмүүс хийсэн тооцооллыг Оросын эрдэмтэд болон албаны хүмүүст албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Яг энэ судалгааны талаар болон энэхүү судалгаатай холбоотой мэтгэлцээн, эргэлзээ Оросын талаас яригддаггүй мөртлөө байгаль орчинд хортой нөлөөлнө гэсэн ерөнхий нэр томьёогоор эсэргүүцэл илэрхийлээд байдаг юм.

-Ингэхэд ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станц Байгал нуурт ийм, ийм сөрөг нөлөөтэй гэсэн судалгааг манайд танилцуулж байв уу?

-2016 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Монгол Улс ОХУ-ын эрдэмтэн судлаачид болон албаны хүмүүс оролцсон уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байсан. Гурав хоног үргэлжилсэн энэ уулзалтын үеэр Байгал нуурт нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар Оросын талын тавьсан бүх асуултад хариулт өгч, нөлөөллийн судалгааг хийсэн Францын мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг албан ёсоор танилцуулсан. Тэр уулзалтын дараа нэг хэсэгтээ оросууд энэ талаар ярихаа байсан. Харин оросын буриадууд Эгийн голын усан цахилгаан станцын далан эвдэрвэл Улаан-Үд хот усанд живнэ гэдэг шинэ домог хүртэл гарган ярьж эхэлсэн. Хэрвээ үнэхээр баригдсан станцын далан нурлаа гэж бодоход Улаан-Үдээс өмнө Монголын тал хэсэг живнэ биз дээ. Гэхдээ ийм зүйл болохгүй. Энэ бүгд уран зөгнөлт зохиолын нэг хэсэг гэдгийг хүн болгон ойлгож байгаа. Дэлхийн ихэнх улс орон төрөл бүрийн далан бариад сурчихсан. Усан цахилгаан станцаа байгаль экологид хоргүйгээр ашигладаг туршлагатай болсон гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Та нар дэлхийн улс оронд байдаг бүх усан цахилгаан станцуудын байршлын зургийг гаргаад харвал хаана хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй улс байна, тэнд усан цахилгаан станц нь олон байгааг харж болно. Зөвхөн Байгал нуураас гарч байгаа Ангар мөрөн дээр дөрвөн том усан цахилгаан станц барьж ашиглаж байгаа. Усан цахилгаан станц тийм л их байгаль орчинд хортой юм бол өндөр хөгжилтэй европын улс орнууд АНУ, Канад, Азийн хүчирхэг гүрнүүд яагаад жил бүр шахуу шинээр усан цахилгаан санц бариад байгаа юм бэ. Энэ бүгдээс харахад манай хойд хөрш дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр бидний барих гэж төлөвлөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцэж байгаа арга нь л тэр.

-ОХУ-ын Шадар сайд хатагтай В.Абрамченко сая ирэхдээ цахилгаанаа манайхаас ав гэх маягийн шахан тулгалт үзүүлэх шиг болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Тодорхой хэмжээгээр ашиг сонирхол байдаг л байлгүй дээ. Намайг Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийж байх үед манай улс жилдээ 20 гаруй сая ам.долларын эрчим хүч хойд хөршөөс импортоор худалдан авдаг байсан. Одоо энэ тоо 64 тэрбум болсон гээд ярьцгаах болж. Өвөл эрчим хүчний оргил ачааллын үед яалт ч үгүй тохируулгын эрчим хүчийг авдаг. Тэгэхгүй бол Монгол Улс чинь хөлдөнө шүү дээ. Энэ эрчим хүчээ Гусиноозёрскийгоос ирж байгаа ганц шугамаар авч байгаа. Гэвч аль 1970-аад оны үед барьсан шугам болохоор хуучирсан, шаардлага хангахааргүй болсон. Дамжуулах чадварынхаа дээд түвшинд аль эрт хүрсэн. Жил ирэх тусам манай улсын эрчим хүчний хэрэглээ өсч байгаа болохоор импортын цахилгааны хэмжээ нь дагаад өснө. Ийм л аюулын байдалд орчихсон байгаа. Тэр утгаараа манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат байдалд байна. Импортоор авч байгаа эрчим хүч дотоодын үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс өндөр үнэтэй. Төлөвлөгөөт бус байдлаар авбал торгууль төлдөг системтэй. Монголын тэр дундаа төвийн эрчим хүчний систем Оросоос хамааралтай нь үнэн.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдчихвал энэ хамаарал багасах уу?

-Бүрэн утгаараа хамаарлаас гарч чадахгүй. Манай оргил ачааллын зөрүү 300 мВт-аас илүү гараад явчихсан учраас асуудал хүнд. Эгийн голоос гадна ядаж дахиад хэд хэдэн усан цахилгаан станц барьж байж тохируулгын хараат байдлаас гарч чадна. Ер нь Монгол Улсад эрчим хүчний хөгжил түрүүлж явах ёстой байтал энэ байдал алдагдаад удаж байна. Хэрэглээнийхээ хойно үйлдвэрлэл нь яваад байгаа. Цаашид Тавдугаар цахилгаан станц гээд бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээ яаралтай барихгүй бол тун удахгүй эрчим хүчний хямрал руу орох нь ойлгомжтой болжээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийх айлчлалын тов гарсан. Үүний өмнө Эгийн голын асуудал хөндөгдсөн нь улс төрийн агуулгатай гэж харах хүмүүс байгаа. Засгийн газрын хувьд энэ төслийг явуулах тал дээр дорвитой хөдлөхгүй байх шиг…

-Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын Шадар сайд ирж шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийх нь өөрсдөд нь хэр ашигтай байдаг юм бол доо. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд оросуудтай уулзахдаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг сайн ярьдаг байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй энэ станцыг барихгүй гээд оросуудад буугаад өгчихсөн юм ярьж байгаагүй. Бага ч гэсэн асуудлыг тавьж, ярьж л байсан. Усан цахилгаан станцыг барих тухай асуудлыг зөвхөн Орос ч биш, өөр бусад орнуудтай ярьж хэлэлцэж байсан юм билээ. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын ажилд Ерөнхийлөгчид санаачилга муу гаргаж байна гэж үзэхгүй байна. Харин бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдагийнхаа хувьд Засгийн газрын ажил хангалтгүй байна гэж боддог. 2016 онд төслийг зогсоосноос хойш таван жил өнгөрчихөөд байхад энэ ажлыг хэрэгжүүлэх талаар тууштай, зоримог, ухаалаг алхмууд хийгдэлгүй өдий хүрлээ. Одоо бүр амаа асуулгаад сууж байгаа нь харамсалтай.

-Бүтээн байгуулалт ямар шатандаа явж байсан билээ?

-Бид Хятадын ЭКЗИМ банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг амжилттай явуулж, хоёр улсын засгийн газраар гарын үсэг зуруулж, УИХ-аар соёрхон батлуулсан юм. Энэ зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр бүх түвшинд гарсан байдаг. Ингээд хятадын компани төслийн дэд бүтцийн ажил буюу Сэлэнгэ мөрөн дээгүүр барих том гүүрийг барьж эхэлж байгаад гэнэт зогссон юм. Үүнээс хойш ажил явсангүй. Хятадын талын ажлыг зогсоох нөлөөллийг Оросын тал хийснийг бид олж тогтоосон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энх-Амгалан: Зардал хэмнэх нэрийдлээр дархан цаазат газраа эзэнгүй орхиж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаар Н.Уртнасан сайдад тавьсан асуулгын хариуг тань чуулганы хуралдаанаар сонслоо. Ховд аймагт Говийн их дархан цаазат газрын захиргаа байгуулахыг та эсэргүүцээд байгаа юм шиг харагдсан. Энэ тухай эхлээд тайлбар өгөхгүй юү?

-Ховд аймгийн Алтай суманд “Дархан цаазат газрын захиргаа” байгуулахыг эсэргүүцээгүй. Харин ч шинээр байгуулбал эх орны маань баруун хязгаарт хяналт тавих, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах эзэнтэй болж байна хэмээн алга ташин баярлана. Адилхан Монголын маань нутаг учир маш сайн дэмжинэ. Одоогоор Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд ажиллаж байгаа Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг 34 хүн харгалзаж дийлэхгүй. Хулгайн ан, хилийн контрбанд, хууль бус алтны нинжа нарын зөрчил Говь-Алтайн хэсэгт улам нэмэгдээд байхад 1,054,971 га том газар нутгийг наймхан байгаль хамгаалагчид үлдээгээд бусад нь Ховд руу нүүчих шийдэл нь оновчтой биш ээ. Хяналт суларна, хязгаар нутаг эзгүйрнэ. Хууль бус үйлдэл газар авна аа л гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газрыг 911955.75 га талбайгаар өргөтгөж, нийт 1.835.724.94 га болгосон юм. Өргөтгөж тогтоосон нь бол Монгол төрийн зөв зүйтэй бодлого. Цагаан толгойн пост руу очиж ажиллахад талдаа 260 км зам туулж байна. Өвөлдөө … заставаар тойрч очиход нэг талдаа 400 км тойрч, 72 цаг явж байж зорьсон газартаа хүрч байна. Зардал өндөр, хамгаалж дийлэхгүй байна гэдэг нь үнэн. Зөвхөн энэ тоо хамгаалалт хүрэлцэхгүй, цаг алдаж, хэтэрхий том талбай хариуцаж байгаа юм байна. Явж очих гэсээр байтал хулгайн анчид, алтны нинжа нар зугтчих юм байна. Иймд шинээр хамгаалалтын захиргаа нэмж байгуулах ёстой юм байна гэсэн үндэслэл болно.

Харин Тахийн талын хамгаалалтын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл бол биш. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэсэн ойлголт төрд байх ёсгүй.

-Тахийн тал дахь Говийн их дархан цаазат газрын нэрийг салбарын сайд дураараа өөрчиллөө гэж та мэдээлсэн. Ингэхдээ бүр хууль зөрчсөн гэлээ. Сайд өөрөө тайлбарлахдаа хамгаалалтын захиргааны нэрээр нэрлэсэн гэв үү дээ. Хуулинд юу гэж заасан байдаг юм бол?

Хуулинд … “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн УИХ-аар батлуулна” л гэсэн байдаг юм. “Говийн их дархан газар” гээд аль эрт 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл энэ газрыг “Зүүн гарын говийн дархан цаазат газар” болгоод өөрчилчихсөн нь хууль зөрчиж байгаа юм аа. УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Захиргааны хууль, Эрүүгийн хууль, “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газарзүйн нэрийн жагсаалт батлах” тухай их хурлын тогтоол, “Нутаг орны газарзүйн нэрийг хамгаалах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гээд олон л эрх зүйн акт зөрчсөн.

Алтайнхан бол Алтайн өвөр говь, Хонин усны говь л гэдэг энэ нэрийг Хавтагийн нуруу, Хөх өндрийн нуруу, Тахийн шар нуруу, Тэнгэр уулын цаана хилийн цаана байдаг Ломын говь, Номингийн говийн цаана байдаг БНХАУ-ын Шинжаан Уйгарын Лао Юэ Мяо, Сан Тан Ху, Жинан тосгоны нутаг дахь “Зүүн гарын говь” (Жунгария гэж ном зохиолд бичигдсэн) гэж газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэрийг авчраад өгчихсөн. Сайдын тушаалыг уншаад үз, хэнд ч ойлгомжтой, захиргааны байшингийн хаяг биш газрын нэр өөрчилсөн байгаа.

-Байгалийн нөөц газрыг орон нутаг хариуцдаг юм биш үү. Яагаад орон нутаг нь хариуцахгүй байна вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт хоёр ч байгалийн нөөц газрыг хариуцуулж, Төрийн хамгаалалттай газрын хамгаалалт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах чиг үүргийг хүлээлгэсэн юм билээ.

-Байтаг богд дахь алтны зөрчлийг арилгахын тулд Ховд аймагт говийн дархан цаазат газар байгуулна гэж салбарын сайд тайлбарлажээ. Харин таны хувьд Алтайд ухаад байгаа алтыг яах вэ гэж асуусан байсан. Үнэхээр алтны зөрчлийг арилгах шалтгаанаар тэнд дархан цаазат газар байгуулна гэж та харж байна уу. Н.Уртнасан сайд асуудлаа мэдэхгүй оруулаад ирэв үү. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Ховд аймагт байгуулах биш, Говь-Алтай аймагт байгаа дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаа татан буулгаад Ховдын Алтай сум руу нүүлгэнэ гэвэл тушаалынх нь утга бүрэн гарна. Шинээр байгуулна гэвэл уухайн тас л зөвшөөрнө шүү дээ. Өөр ямар шалтгаантайг би яаж мэдэхэв. Миний асуулгын хариуд л Ховд аймгийн Булган сумын Байтаг багт гараад байгаа алтны зөрчлийг таслан зогсоохын тулд нүүх хэрэгтэй нэг үндэслэл нь л гэсэн шүү дээ. Алтайд, тэр дундаа энэ бүс нутагт бол хууль бус алтны нинжа нарын зөрчил тасрахгүй их байгаа. Монголын төрд өврөөс гарсан, араас гарсан нутаг гэж баймааргүй л юм. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэж болох уу.

-Ховд аймаг руу нүүлгэх болсон шинжлэх ухаан техникийн үндэслэлийг нь сонирхов уу?

-Шинжлэх ухааны болон эдийн засгийн тооцоо судалгаа би олж хараагүй, надад өгөөгүй. Үндэслэл муутай нүүх шалтаг л бичиж өгсөн байна лээ.

-Ерөөсөө зардал төсөв хэмнэхийн тулд захиргаа нүүхгүй бол болохгүй гэж үзээд байгаа бололтой?

-Зардал төсөв хэмнэнэ гэдэг нь дархан цаазат газраа эзэнгүйдүүлж орхихын нэр биш биз дээ. Яг энэ нутагт амьд байгалийн үзэмж бүрдсэн байгалийн “Зоо парк” байдаг юм шүү дээ. 42 овгийн 135 төрлийн, 204 зүйлийн ургамалтай. Үүний 113 зүйл нь эмийн увдистай. Нэн ховордсон, өөр хаана ч байхгүй навчит тоорой, олон цэцэгт сухай, хонхот харгана, сибирийн хармаг, яшилдуу чацаргана, тоорой, жигд, гоёо, ортууз гэх мэт олон төрөл зүйлийн ховор ургамал зэрлэг онгоноороо байна.

Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна. Энэ бол зөвхөн жишээ. Мөн 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс байгаа. Ийм ариун дагшин газрыг эзэнгүйдүүлж болох уу. Төр бензинээ хэмнэе гэж ярьж болох уу. Хамгаалалтын Захиргааг нь татан буулгаад нүүлгэе гэж болох уу. Хараа хяналтаа сулруулж болох уу. Тэгээд хилийн бүсэд шүү!!! Дэлхийд ч ийм онгон дагшин газар байхгүй шүү. Харамч хүн хоёр төлнө гэдэг шиг сүйрсэн хойно нь хорь дахин, хоёр зуу дахин төлөөд ч онгон дагшин газар сэргэхгүй. Улаан номонд орсон, устсан ан амьтад эргээд амилахгүй л дээ.

-Таны ярианаас анзаарч байхад хоёр тусдаа хамгаалалтын захиргаа байгуулах ёстой гэлээ. Ингэснээр хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно гэж үзээд байгаа юм уу. Ковидын үед илүү зардал гарна гэх хүмүүс байна лээ. Хэрэв шинээр захиргаа байгуулбал хэдий хэмжээний хөрөнгө зардал шаардагдах вэ?

-Зардал мөнгөний асуудалд сайд хариулна биз. Хүн төрөлхтөн цаашид ковидтойгоо зэрэгцэж амьдрахаас өөр гарцгүй. Бүрэн устаж, арилахгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна шүү дээ. Харин нэн ховор ургамлын аймаг, ан амьтан, араатан жигүүртэн бол хүний буруутай үйлдлээс хүйтэн хөндий хоноцын сэтгэлээс болж устана, дуусна. Эзэнгүй хязгаарт алтыг нь аваад авдрыг нь хаяна. Энэ бол эмгэнэл. Надад ирүүлсэн тайлбараас бол Ховд аймгийн Алтай сум газрыг нь олгочихсон юм байна, “Олон улсын тахь групп нийгэмлэг” ТББ, ХБНГУ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл” санхүүжилтийг нь гаргаад хамгаалалтын захиргааг нь бариад өгөх гэрээтэй юм байна. Цар тахлын үед улсын төсөвт дарамт ирэхгүй, боломжийг ашиглаад дахиад л нэг шинэ хамгаалалтын захиргаатай болчих. Нэг захиргаанд харьяалагдах газар нутгийн чинь хэмжээ багасна, хамгаалалтын торлог нягтарна. Жинхэнэ утгаараа хамгаалалт оновчтой, үр дүнтэй болно. Хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно. Ердөө л энэ шүү дээ. Төр байна даа, тусгаар улс байна даа хэдэн хүний цалин мөнгө гаргачихна шүү дээ.

-Н.Уртнасан сайд та хоёрын зөрчлийг улстөржүүлж харах хэсэг байх шиг. Хэрэв хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихвал бодит байдал дээр ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?

-Бид нэг намынх юугаа булаацалдаж улстөржих юм вэ. Бид хоёрын хооронд ямар ч зөрчил байхгүй. Зөрчилдөх шалтгаан ч алга. Хүнийх нь хувьд ялангуяа эмэгтэй хүнийх нь хувьд би хүндэлдэг. Тамга барьсан төрийн сайдынх нь хувьд, Байгаль орчин нутаг усаа хамгаалах төрийн бодлого тодорхойлогчийнх нь хувиар бол би асуудалд тун хариуцлагагүй ханджээ л гэж буруутгаж байгаа юм. Далдыг харах биш нүүсэн хойно нь ямар хувь заяа Алтайн өвөр говийг хүлээж байгааг би яаж мэдэхэв. Та гэрийнхээ хаалгыг дэлгэчихээд хэд хоног эзэнгүй орхивол юу болох нь ойлгомжтой. Тэгвэл бодит байдал дээр яг л тийм нөхцөл байдал хүлээж байгаа.

-Та хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого яваад байна гэж хэлэх гээд байна уу. Цаана нь ямар эрх ашиг байна гэж бодож байгаа вэ?

-Цаана нь ямар эрх ашиг байгааг би яаж мэдэхэв, бодоод байх ч юм алга. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь Ховд аймгийн Алтай сумын 745,1 мянга га, Үенч сумын 308,8 мянга га, Булган сумын 153,3 мянга га нутгийг хамардаг. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сум 458.4 мянган га, Говь-Алтай Тонхил сум 170,1 мянган га, Алаг хайрхан байгалийн нөөц газар 36400 га, Шаргын байгалийн нөөц газар 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1,054,971 га газрыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй. Найман байгаль хамгаалагч энэ том нутаг, талбайд хүрэлцэх үү. Бодоод үз дээ, хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихаар машин техник, өдөр тутмын удирдлага, үүрэг даалгавар, шуурхай байдал, хяналт шалгалт оновчтой хүртээмжтэй байна гэж бодож байна уу. Энэ бол хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх бодлого, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого л гэж үзэхээс өөр юу гэх вэ?

-Салбарын мэргэжилтнүүд зэрлэг амьтдын ихэнх нь Ховдын нутагт өвөлждөг учраас тэнд дархан цаазат газар байгуулах ёстой гэсэн тайлбар хийгээд байсан. Харин та болохоор тэр бүс нутагт хилийн зөрчил их байдаг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Танд баримт байна уу?

-Бугатын тахийн талын Дархан цаазат газрын хамгаалалын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл олж харахгүй байна. Би судалсан, холбогдох газруудаас нь албан ёсоор лавлагаа авсан. Хилийн зөрчил Алтайд ихтэй л юм билээ, баримттай. Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна, 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс чинь Гүн Тамгын Ам, Тангадын харын ар, өвөр хоолой, Хөндлөнгийн өвөр, Хайрхан булаг, Тахийн шар нуруу, Тахийн ус, Тахийн тал, Таван даваа, Тоодгийн ус, Хонин Усны говь, Шал хар, Таван хайрханаар нутаглаж, энд Алтайд төллөж байна шүү дээ. Ховдын нутагт бол 50 тахь нутаглаж байгаа. Ийм л судалгаа байна шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ламжав: Өөрчлөлтийг бусад механизмтай уялдуулахгүй өрөөсгөл байдлаар хийвэл Үндсэн хуулиа оршуулах аюултай

-2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14-НИЙ УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 30 ГАРУЙ ХЭСЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИН БАТАЛСАН БИЛЭЭ-

Үндсэн хууль тогтоогчдын нэг, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл бий. Харин таны байр суурийг сонирхъё?

-Хуулийн хэрэгжилт дор гаргах шаардлагатай хуулиудын төслийг боловсруулах, сайн боловсорсон төслүүдийг УИХ цаг алдалгүй батлах, нэгэнт батлагдсан хуулийг дагаж мөрдөж хэвших гэсэн хоёр том асуудал байна. Эхний асуудал бол гүйцэтгэх эрх мэдлийн удирдах, зохион байгуулах чадвараас, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээ хязгаарыг мэдрэхээс хамаардаг. Хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төрийн албан хаагчдын эрхэм байдлаас төрийн байгууллага өөрийгөө тольдох мэт харж болно.

Үүний нэгэн адил иргэн хэн боловч албан үүргийн харилцаанд орсон төрийн аль ч шатны албан хаагчийн эрхэм байдлаас тухайн төрийн байгууллагыг нэвт тольдох боломжтой. Шүүмжлэлээс айхгүй байх нь төрийн албан хаагчийн эрхэм байдлыг илтгэх нэгэн чухал үзүүлэлт. Шүүмжлэл үндэслэлтэй эсэх ямар ч байж болно. Шалтгааныг тэр дор нь тогтоож “гавьяа” байгуулахыг бүү оролд. Ингэх нь төрийн албан хаагчийн эрхэм байдлыг гутаана.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн яриа мэр сэр гарах боллоо. Хугацааны хувьд тийм боломжтой юу. Ер нь эцэг хуулиндаа дуртай үедээ гар хүрч болдог юм уу?

-Гарч байгаа бол гарахаас яах вэ, амыг нь барилтай биш. Ер нь бол гарах хангалттай шалтгаан ч бий. Энэ сэдвээр ярихын тулд бид ямар Үндсэн хуультайгаа ойлгох хэрэгтэй. Энд Үндсэн хуулийн хамгаалалтын тухай асуудал хамгийн түрүүнд тавигддаг. “69.1 Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” энэ бол хамгаалалтын гол хэсэг. Дор хаяж (76*3)/4=57 гишүүн шинэ Үндсэн хуулийг батлахаас эхлэн түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон байгаа. 1999-2000 оны үйл явдлаас энэ хамгаалалт хангалтгүй гэж сургамж авсан улс төрийн хүчнүүд Үндсэн хуулийг жирийн хуулиар хамгаалсан. Ингэхдээ өмнө оруулсан өөрчлөлтөө хамгаалах давхар санааг мэдээж баримталсан. Жирийн хуулийг УИХ хэзээ ч, яаж ч өөрчилж болох тул энэ бол найдваргүй-хуурамч хамгаалалт.

Хоёр дахь өөрчлөлт 2019 онд орсон. Анхны өөрчлөлтөөс заримыг үлдээсэн, заримыг хассан. Бусад өөрчлөлт ч орсон. Ялангуяа тогвортой сөрөг хүчин үгүйлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд парламент дахь хэт олонхи Үндсэн хуулиа яаж ч өөрчлөх бүрэн эрхтэй байгаа нь эрх зүйн хувьд амгалан бус байдлыг үүсгэж байна. Аз болоход хоёр том гүрний хооронд оршдог учраас гадаад харилцаанд элдэв ноцтой бэрхшээл ил ажиглагдахгүй байна. Гэвч ОХУ үндсэндээ Үндсэн хуулиа оршуулчихлаа, БНХАУ хүчирхэгжин хөгжиж байгаа боловч мөн чанартаа нэг намын дарангуйллын тогтолцоотой байна. Монголын хэврэг ардчилалд энэ хоёр гүрний тогтолцооны нөлөө нөмрөх вий гэсэн болгоомжлол байна. Иймээс Үндсэн хуульдаа байн байн гар хүрч болдог болдоггүйгээс илүү улс төрийн ээдрээтэй асуудлууд байна.

-Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ямар өөрчлөлтийг, яаж хийх ёстой вэ?

-2019 оны өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог ердийн хуулиар шийдэж байхаар өөрчилсөн. Одоо энэ том мажоритар тогтолцоогоо холимог болгон өөрчилье гэж яриад байх шиг байна. Улс төрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч байгаа бол холимог тогтолцоог зөвшөөрөөд зогсохгүй Үндсэн хуульдаа тусган хамгаалах шаардлагатай. Эс тэгвээс явцуу сонирхлын үүднээс энэ хоёрын хооронд сонгуулиас сонгуульд шидэгдсээр улс төрийн бодлого хөгжихгүй, энэ нь эцэстээ юунд ч хүргэж мэднэ.

2019 оны өөрчлөлтөөр иргэн Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жил ажиллах зэрэг нааштай өөрчилсөн боловч бүх нийтээр сонгохыг хэвээр үлдээсэн. Бүх нийтээр сонгогдсон явдлыг удаа дараагийн Ерөнхийлөгч нар мэдэх мэдэхгүйн хооронд эрх мэдлээ урвуулан ашиглаж ирсэн явдлыг эцэс болгохын тулд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох санааг хэрэгжүүлээгүй. Жижиг буурай манай Монгол Улсад асуудал бүхэн рүү хошуу дүрэн хөглөөд байдаггүй, өргөн хүрээнд сэтгэдэг, зайлшгүй хэрэгтэй цагт гарч ирдэг буурьтай томоотой Ерөнхийлөгч хэрэгтэй.

Албан хэргийг 2025 оноос эхлэн хуучин үсгээр хөтлөх “Монгол хэлний тухай” хуулийг хүчингүй болгон шинэ үсгээр үргэлжлүүлэн хөтлөх горимд шилжих зайлшгүй шаардлагатай. Нэр нь хүртэл агуулгадаа нийцээгүй энэ хууль хэрэгжих тавилангүй боловч аж амьдралаа залгуулахаар зүтгэж буй олонх иргэнд дарамт үүсгэж байна. Шаардлагатай бол Үндсэн хуульдаа оруулах хэрэгтэй. Шинэ үсэгт шилжсэнээр ахар богино хугацаанд нийтээр дунд боловсролтой, орчин цагийн монгол хэлэнд тохирсон бичигтэй үндэстэн болсон билээ. Монгол хэлний тухай энэ хууль бол эцсийн эцэст улс төрийн ашиг хонжоотой гэж үзвэл хамгийн энгийн юмыг хүртэл мушгин гуйвуулахаас буцдаггүй, амиа хоохойлохоос өөр эрхэм байдал хомс олон улстөрчдийн ухамсаргүй хамтын бүтээл болон хэлбэржсэн паянтай. 1990 он. СнЗ-ийн даргыг хэдхэн сар хаших болсон Гунгаадорж 1990 оны есдүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улс даяар хуучин бичгээр хичээл заах шийдвэр гаргасан. Гэтэл хуучин бичиг мэдэх бага ангийн багш байдаггүй. Тэр ингэж тодроод Ерөнхий сайд болчихно гэж бодсон юм боловуу. Оны сүүлээр Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу шинээр сонгогдсон Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан хэргийг хуучин үсгээр хөтлөх шийдвэрийг Улсын бага хурал-аар батлуулахаар оруулж ирэв. СнЗ-ийн дээрх шийдвэрийн хүрээг өргөтгөснөөс гадна хууль тогтоох байгууллагын шийдвэр болгон өөрөөс холдуулах гэсэн санаа. Нийтийн эрх ашгаа бодсон бол тэр СнЗ-ийн шийдвэрийг л хүчингүй болгочих байсан юм.

Улсын бага хурал дээр тал талын байр суурь баримтлагч эрдэмтдийг сонсон хангалттай тайлбар авсан боловч шийдэмгий шийдвэр гаргахын оронд буцаан пааслах олхиогүй арга хэрэглэсэн билээ. Засгийн газар 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан хэргийг хуучин үсгээр хөтлөх бэлтгэлийг хангасугай, өөрөөр хэлбэл, чи тэр их амлаад байгаа хугацаандаа наандаж бэлтгэлийг ханга гэсэн утгатай тогтоолыг Улсын бага хурал батлав. Энэ тогтоол нийгмийг төөрөгдүүлэх эхлэлийг тавьсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг Жасрайн Засгийн газрын үед хэлэлцсэн. Хуучин бичигт шилжихийг Сурганы хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулиуд эрс эсэргүүцэж байсан юм. УИХ бас л хаяагаа манасан, хоёр бичигтэн болох Үндэсний хөтөлбөр боловсруул гэх маягийн буцааж пааслах шийдвэр гаргав. Хуучин бичигтээ шилжвэл доллараар дэмжинэ гэсэн чимээ Тайвань зэрэг улсын зүгээс сонсогддог байсан. Монголын зовлонг мэдэхгүй гадаадынханд буруу өгөөд яахав. Хуучин бичиг бол бүр анхнаасаа монгол

хэлэнд зохицоогүй учраас бүх нийтийн болоогүй, ордоны хэргийг хагас дутуу хөтлөх хүрээнд хэрэглэгдэж ирсэн гэдэг. Монголчууд өөрснөө барьц алдаад байгаа хуучин үсгийг манай казахууд яах болж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болсон. Иймд Засгийн газар УИХ-аа сонсохгүй, парламентаасаа илүү эрх мэдэлтэй боллоо гэсэн шүүмжлэл байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлэх зүгт хийсэн өөрчлөлтийг зөв алхам гэж үздэг. УИХ гүйцэтгэх засгаа хямгадаж чадах хуулийг батлан мөрдүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ нь Засгийн газрын хараат бус ажиллагаанд хохирол үзүүлэхгүй байх ёстой. Их мөнгө захиран зарцуулж байна гэдэг явцуу өнцгөөс харж буруутгаж болохгүй. Эрх мэдлийн хуваарилалтын дагуу ингэхээс өөр аргагүй. Нөгөө талаас их мөнгө хөрөнгө зарцуулсан нь хийгдсэн ажлын үр дүнгийн шалгуур болохгүй. Үр ашиггүй зарцуулалт болсон байж магадгүй. Ер нь аливаа байгууллагын захиргааны зардал нийт төсвийнх нь хэдэн хувийг эзэлж байна гэдэг дээр анхаарч хязгаар тогтоодог баймаар. Жишээлбэл 15 хувь. Энэ харьцаан дээр онцгой анхаарч зохистой харьцааг тогтоох нь удирдлагын чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Сангийн болон бусад яаманд энэ талаар тодорхой статистик мэдээ хадгалагддаг байх ёстой. Аливаа төрийн байгууллага өөрийн бүрэн эрх, хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдад болон өөртөө чирэгдэл үүсгэн хөөцөөлддөгөө зогсоох нь тухайн байгууллагын эрхэм байдалд, өөртөө хүндэтгэлтэй хандаж сурахад

эерэг нөлөөтэй. Нэр хүндийг дарамталж биш, зөв үйлдэл хийснээр олж авдаг жамтай.

-УИХ-ын гишүүд давхар дээлтэй болох сонирхол их байх шиг байна. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзээд байгаа бололтой?

-Танд ноцтой мэдээ байгаа юм байна гэж ойлголоо. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын бүрэн эрхтэй холбоотойгоор УИХ-ын үе үеийн гишүүдийн сонирхлын зөрчлийг дэврээдэг ноцтой асуудал. 1999-2000 оны өөрчлөлт рүү буцъя гэсэн үг байна. Ерөнхийлөгчөөсөө эхлэн дээр дооргүй “давхар дээл тайлна” гэж бараг 15 шахам жил бужигнасаар байгаад УИХ-ын өмнөх бүрэлдэхүүн “Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын таван гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно” гэсэн хязгаарлалтыг тогтоосон. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн буцаагаад хөнтөрье гэж байгаа хэрэг үү. Энэ хоёр чинь хоёулаа МАН-ын хэт олонх. Нөгөө намынх нь бодлогын залгамж чанар хаана байна. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр гайхалтай санаа олсон байхыг үгүйсгэхгүй ээ.

-Парламентын гишүүдийн тооны асуудал бас яригддаг сэдэв. 76 байх нь зохимжтой хувилбар мөн үү, биш үү гэдэг дээ. Ер нь парламентын гишүүдийнхээ тоог Үндсэн хуулиар өөрчлөх асуудлыг оруулж ирэхдээ давхар дээлээ дахин сэргээх нь гэсэн хардлага байх шиг…

-Нөгөө гайхалтай санаа нь энэ байх нь ээ. Олон зуун гишүүнтэй парламентэд байж болдог зүйл гэсэн. Өөрчлөлтийг бусад механизмтай уялдуулахгүй өрөөсгөл байдлаар хийвэл Үндсэн хуулиа оршуулах аюултай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтах биш тосч авдаг болно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн салбарын реформыг өнгөрсөн онд хийсэн. Хэрэгжилт нь ямар шатанд явна вэ. Та бүхний хүлээж байсан үр дүнд хүрч чадаж байна уу?

-Хуулийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг эмчлэх том реформ хийгдэж байна. Өмнө төрөөс дааж байгаа тусламж үйлчилгээгээр хэдэн том эмнэлгүүдийн цалин, дулааны зардал явдаг байсан. Зарим санхүүжилтээ даатгалын сангаас өгдөг байв. Лапшатай зүйрлэх юм бол гурилыг нь даатгалын сан, махыг нь төр даадаг гэсэн үг. Энэ нь хэт их төвлөрлийг бий болгож байсан оновчгүй бодлого байлаа шүү дээ. Яагаад гэвэл заавал тэр санхүүжилт авсан газарт л иргэн үнэгүй эмчлүүлэх болно доо. Тиймээс хавдрын өвчтэй улсууд хавдрын эмнэлэг дээр төвлөрнө. Эрчимт эмчилгээний том эмнэлгүүдэд хичнээн хүн ямар зардлаар эмчлүүлсэн нь ямар ч хамаагүй. Төр “Би та нарт цалин өгч, байшингийн чинь дулаан цахилгааныг төлж байгаа учраас хэдэн хүн ч байсан эмчил” гэдэг байсан. Тэгэхээр эмийн төсөв нь хүрэхгүй. Эмчилгээнийхээ зардлыг даахгүй, ар гэрт нь захидаг байлаа. Сарын сүүлч болохоор эмнэлгийнх нь санхүүжилт нь дуусаад бас л ар гэрээс нь эм, тариа татдаг байсан. Бас нэг муу тал нь жилдээ нэг хүн хоёр сая төгрөгт багтаж өвдөх ёстой байв. Жилийн энэ лимитнээсээ хэтрэх юм бол даатгалаас мөнгө өгөхгүй. Тэгэхээр хавсарсан өвчтэй хүн бүрэн эмчлэгдэж чадахгүй. Үүнээс гадна бэртэж, гэмтсэн иргэд яаралтай тусламж хүсэхдээ заавал гэмтлийн эмнэлэгт очдог байсан. Хувийн эмнэлэг гараа зүссэн хүнд оёдол тавиад өгчихнө шүү дээ. Яагаад тэр санхүүжилтийг нь өгөхгүй байгаа юм бэ. Хаана ч эмчлүүлсэн мөнгийг нь өгдөг тогтолцоо дутаад байгаа биз. Дээрээс нь хэт их төвлөрдөг. Иргэд эмчлүүлэхийн тулд хол зам туулдаг. Эсвэл хувийн эмнэлэгт очихоор заавал халааснаасаа мөнгө гаргах болно. Улсын эмнэлэгт үзүүлбэл 90 хувийг нь даатгалаас төлдөг. Харин хувийн эмнэлэгт хандвал нийт зардлын аравхан хувийг төр даадаг байсан. Хуучин тогтолцооны өөр нэг дутагдалтай тал нь ор санхүүжүүлдэг байсан. Эдгэрсэн, эмчлүүлсэн хүнээрээ санхүүжүүлдэг биш. Зүгээр ор нь дүүрэн байвал мөнгө өгдөг байв.

Тэгэхээр өвдсөн, өвдөөгүй хүмүүс эмнэлэгт хэвтэх дуртай болно доо. Ороо дүүргэж байвал эмнэлгүүдэд хэнийг хэрхэн эмчилсэн чанар хамаагүй. Мөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээ, компьютер томогарфикт иргэн өөрөөсөө зардлаа төлдөг байсан. Сард 55 мянга, улиралд 160 мянган төгрөгөөр оношлогоо хийлгэх, эмчлүүлэх эрхтэй байсан. Тийм болохоор иргэд өвдөөгүй ч байсан тэр мөнгөө ашиглахын тулд эмнэлэгт ханддаг үрэлгэн зардал бий болчихсон байв. Дээрхээс гадна хөнгөлөлттэй эмнүүдийг маш түвэгтэй авдаг байсан. Хэдхэн эмийн санд тусгай зөвшөөрөл өгчихдөг, сарын эхэнд бөөн оочер дараалал үүсгэнэ. Санхүүжилт нь дуусчихна. Төсөв нь, эм нь хүрдэггүй. Ийм олон түвэгтэй бэрхшээлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн реформыг хийсэн. Аливаа шинэчлэл хийхэд засч залруулах жижиг, сажиг асуудлууд гарна. Явцын дунд засагдаад, сайжраад явна. Гэхдээ үндсэн том зорилго нь өөрөө зөв.

-Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийн хувьд өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн хэрнээ нэр төрөл нь багассан гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Амь насанд нь эрсдэл учирч болзошгүй хүний эмийг төр дааж байгаа. Ингэхдээ 30-70 хувийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хуучин жилийн 28 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан төсвийг 60 тэрбум болгож өсгөөд хүрэлцээтэй болголоо. Хоёрдугаарт, дурын эмийн сандаа ороод авах боломжтой болгож байгаа. Сарын хэд дэх өдөр ч хамаагүй очиж авах боломжтой. Түвэгтэй авдаг байсан эмийг хялбар авдаг тогтолцоо руу орсон нь маш том амжилт.

-Эмнэлгийн ор санхүүжүүлдэг тогтолцоо ямар болов?

-Хүн эмчилсэн бол тэр хүний эмчилгээний өртгийг нь тооцоод санхүүжилтийг нь олгодог болчихож байгаа юм. Жишээлбэл, ходоод тайруулах хагалгаа хийлгэхэд 10 сая төгрөгийг өгч байна. Улс, хувийн эмнэлэг мэс засал хийсэн нь хамаагүй олгож байна. Тухайн иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авсан бол хандсан эмнэлэг нь Даатгалын ерөнхий газартай гэрээтэй байвал санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр өгнө. Тэгэхээр иргэнээс гарч байгаа санхүүжилт байхгүй болчихлоо. Хуучин өндөр өртөгт болон эмчилгээний зардал тус тусдаа байсан. Тэрнийхээ 25 хувийг даатгал төлдөг. 25 хувийг нь өндөр өртөгтийнх зардлаас төлдөг байсан. Тэгвэл одоо бүгдийг 10 сая төгрөгийн өртөгтэй нэг багц болгосон. Хорт хавдрын эмчилгээ тэг өртөгтэй болчихлоо. Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэсэн байдаг. Энэ хууль одоо бодитоор биеллээ олж байна. Иргэнээс мөнгө гарахгүй, амар болсон. Энэ том дэвшил. Дээрээс нь төвлөрөл байхгүй болж байна. Аль ч эмнэлэг дээр хагалгаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн иргэд компьютер, томографик гээд өндөр өртөгтэй оношлогоо хийлгэх гэж ямар их мөнгө төлдөг байлаа. Тэгвэл төр 70 хувийг нь даадаг болсон.

-Эмнэлгүүдийн санхүүжилт өмнөхөөсөө нэлээд нэмэгдсэн харагдана лээ?

-Гуравдугаар шатлалын том эмнэлгүүдийг харахад энэ оны 3-9 дүгээр сар хүртэл 2-10 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт авсан байгаа. Эмнэлгүүд сайн ажиллаад, олон хүн эмчлэх юм бол санхүүжилтээ бүрэн авч чаддаг юм байна. Энэ нь өөрөө хуучин байсан төсвөөсөө хамаагүй илүү болж байгаа юм. Тэгэхээр эмнэлэг эм тариагаа ар гэрт нь захихгүй. Өөрсдөө даагаад явах боломж гарч байгаа дэвшил гэж харж болно.

-Гэтэл эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?

-Ийм сул тал байгаа нь үнэн. Эмнэлгүүдийн удирдлагын бие даасан тогтолцоо руу шилжих ёстой. Гэхдээ ямар ч хувьчлал байхгүй. Менежментийн хувьчлал ч биш. Зөвхөн эмнэлгийн байгууллага төсвөө өөрөө захиран зарцуулах эрхийг өгч байгаа юм. Хавдар судлалын эмнэлэг дээр жишээ аваад ярья л даа. Жилд зургаан тэрбум төгрөгийн төсөвтэй. Илүү хүн ажиллуулаад мөнгө өгч болохгүй. Төсвийн хуулиараа зардлаа зургаан тэрбумаас хэтрүүлэх нь хориотой. Ариутгах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэлд тэд, тэдэн төгрөг гээд төсөвлөчихдөг байсан. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээ өөрөө хязгаартай байж болохгүй. Ковид гарлаа гэхэд ариутгалын бодисоо илүү авах шаардлагатай. Өөр төрлийн өвчин гарсан учраас эмчилгээний эмийн төрлөө өөрчлөх ёстой. Нэг эмчийн ширээ сандал, өрөөг засахын тулд Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргана. Эрүүл мэндийн яамнаасаа Сангийн яаманд очно. Сангийн яамнаасаа буцаад Эрүүл мэндийн яаманд хариу өгнө. Ингэж бичиг, цаас болж явсаар бүтэн гурван сар өнгөрдөг. Эмнэлэг ингэж хүлээж болохгүй. Тэгвэл эмнэлгийн удирдлага өөрөө захиран зарцуулах эрхтэй, маневерь хурдан байх ёстой. Эмнэлгийн байгууллагын онцлог нь ийм. Дараа нь аудит шалгана биз. Гэтэл одоо болтол эрүүл мэндийн байгууллагууд бүтэц рүүгээ орохгүй байна. Энэ нь эрүүл мэндийн реформыг амьд болгоход чөдөр болж байна л даа. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулаад, эндээсээ захирлаа сонгоод, тэр захирал нь ТУЗ-рөө хяналтаа хийлгээд үүрэг даалгавар аваад орон тоогоо батлаад цалингаа нэмэх эрх нь байгаа. Тэгэхэд саяын энэ санхүүжилтээр нэмэлт урамшуулал байдлаар 20-50 хувийн цалин өгсөн. Гэхдээ үндсэн цалинг нэмж чадахгүй байгаад байна. Энэ бол засаглалын алдаа.

-Эрүүл мэндийн салбарт реформ хийснээр хувийн эмнэлгүүд их орлоготой боллоо, ор дүүргэлт нь сайн байна. Үүнийг хоёр талтай л тайлбарлаад байх юм. Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлж байна гэсэн хардлага байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тэд нар орлого олж байгаа. Зарим эмнэлгүүд иргэдээсээ мөнгийг нь авч эмчилгээ үйлчилгээ үзүүлчихээд дараа нь даатгалаас мөнгө нь орохоор буцаагаад өгч байна гэсэн. Энэ бол сайн дэвшил. Гэхдээ ийм том шинэчлэл богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй. Өвдөөд эмчлүүлсэн улсууд ямар их баяртай байгаа гээч. Ийм эмчилгээг хийлгэхдээ өмнө 3-5 сая төгрөг төлдөг байсан бол юу ч төлсөнгүй. Нүдний болор солиулахад ердөө 20 хон мянган төгрөг төллөө шүү дээ гэж байна. Хавдарын эмнэлэгт химийн эмчилгээг таван сая төгрөгөөр хийлгэж байсан бол өнөө жил нэг ч төгрөг төлсөнгүй гээд иргэд их талархалтай байна л даа. Бидний хүсээд байгаа том зорилго бол хүн өвчин тусаад ядуурч болохгүй. Иргэд хаана амьдарч байгаагаас үл хамаараад эмнэлгийн тусламж авдаг байх ёстой.

-Энэ шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг арилгана гэж байсан. Тэгэхээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг яаж чадавхижуулж байна вэ?

-Хамгийн ойр жишээ хэлье л дээ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг ТУЗ байгуулчихсан. Тэнд манай хавдрын эмнэлгийн хоёр залуу очоод ажиллаж байна. Долоо хоногийн өмнө над руу ярьсан. “Бид энд ирээд 22 хагалгаа хийлээ. Ходоодны хавдар, элэгний хагалгаа хийсэн. Хүмүүс нь хот руу явахгүй ямар амар юм гэж байна” гэсэн. Өндөр өртөг гэж тусгай тендер зарлаж эмнэлгүүдэд санхүүжилт өгдөг байснаа болиод зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон чинь аймгийн нэгдсэн эмнэлэгт ийм хагалгаа хийгээд мөнгөө авч байна шүү дээ. Иргэнээс мөнгө гаргуулахгүйгээр орон нутагт хагалгаа хийж чадаж байна. Хуучин өндөр өртгийн эрхтэй эмнэлгүүд авдаг байж. Тэгэхээр одоо багцаар нь үнэлчихээр аймгуудад эмчилсэн л бол тэр мөнгөө авна. Эмнэлэг нь 10 саяараа өндөр өртөгтэй багаж, эмээ худалдаад авчихна. Хүнээ эмчилнэ. Үлдсэн мөнгөө цалин болгоод тавина. Энэ тэгш байдлыг бий болгох том дэвшил. Үүнийг нэг өдөр хийчих ажил биш. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд тоног төхөөрөмжөө сайжруулах ёстой.

-Хувийн эмнэлгүүд тоног төхөөрөмж сайтай шүү дээ. Тэгэхээр тэдэнд давуу тал болохгүй юу?

-Энэ хуулиа зүгээр батлаад орхичихоогүй. Хувийн эмнэлгүүд давуу эрхтэй ажиллах эрсдэл байсан учраас өрсөлдөх чадварыг нэг гараанаас болгох зорилгоор 130 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүгээрээ аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд авах боломжийг тавиад бүрдүүлсэн. Тиймээс хэрэгжилт нь бодитой байна уу гэж шалгаж байгаа. Үр дүнгээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд тусгайлан анхаарахгүй бол болохгүй юм байна гэж үзсэн.

-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эмнэлгүүдийг хэрхэн анхаарч байгаа вэ?

-Анхан шатны тусламж үйлчилгээний төв хоёр санхүүжилт авдаг. Суманд харьяалалтай иргэдийн тоогоор тогтмол зардал буюу нэг иргэнээр 30 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Жишээлбэл, 2000 хүн амтай сум байлаа гэхэд жилдээ 60 сая төгрөгийн төсөвтэй. Тэгвэл энэ санхүүжилтийг ирэх оны төсөвт хоёр дахин нэмж байгаа. Анхан шатан дээр байгаа сумын эмнэлгийнхэн иргэддээ илүү ойрхон ажиллахыг хүсч байгаа. Орон тоогоо өөрсдөө нэм. Боловсон хүчнээ сайжруул гэж байгаа. Анхан шатанд үзүүлж байгаа хүнээ зөв оношлоод, зөв эмчилгээ хийх нь ямар үр дүнтэй байдгийг ковидоор харлаа. Жишээлбэл, ковид дөнгөж туссан хүнийг зөв тест хийнгүүтээ оношийг нь шуурхай тогтоож, алтан үед нь вирусийн эсрэг эмчилгээ хийчихвэл нам дарна. Мэдээж эмчлүүлэхгүй удвал хүндэрнэ шүү дээ.

-Ковидын эмчилгээнд асар их зардал гарч байна. Үр дүн хангалттай биш байна гэж нийгэм даяар шүүмжилж байгаа…

-160 мянган төгрөгийг гэрийн эргэлтэд зарцуулж байгаа. Энэ бол эмийн багц биш. Энэ бол өрх, сумын эмч нар өвчтөнөө гэрт нь байлгаж байгаад эмчил гэж байгаа мөнгө. Тэр дотроо эмийн багцаа өгөөд, шинжилгээгээ хийгээд, хүнээ хяна, хөдөлмөрийн хөлсөө ав гэж байгаа юм. Яг үүнтэй адил нэг хүнийг эдгээсний төлөө 160 мянган төгрөг өгч байна гэж ойлгож болно. Хэрэв гэрээр эмчлэхэд хүндэрсэн бол сумын эрүүл мэндийн төвд очоод хэвтүүлж, нэг хүнийг эмчилсэний төлөө 980 мянган төгрөг өгч байна. Сая Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж ажиллалаа. Сумын эрүүл мэндийн төв 300 гаруй иргэнийг хэвтүүлж эмчилсэн байна. Тухайн эмнэлэг 300 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Мэдээж, эм тариа авна. 14 хоног улаан бүсэд ажилласан хүмүүстээ тус бүр нэг сая төгрөг өгсөн байна. Одоо 13 дахь сарын цалин өгөх гэж байна. Энэ бодитой орлогыг нь нэмэгдүүлж байгаа юм. Тэгэхээр одоо би хэлэх гээд санаа бол Эрүүл мэндийн салбарын том реформын ач холбогдол нь хөдөлмөрлөөд мөнгө авдаг бай. Мөнгө авахын тулд хүн эмчлэхийн төлөө хүсдэг бол. Энэ бол анхан шат, хувь, гуравдугаар шатлалын эмнэлэг ялгаагүй чанарын төлөө өрсөлддөг болж байгаа юм. Анхан шатны эмнэлэг санхүүжилтээ бүрэн авахын тулд тухайн өвчтөнөө хоёр дахь шатлалын эмнэлэг рүү явуулахгүй сайн эмчлэхийг хүсч байна шүү дээ. Эмчилж чадахгүй бол аймгийн эмнэлэг тэр мөнгийг нь авна. Аймгийн эмнэлэг эмчилж чадахгүй бол улсын төв эмнэлэг авна. Тэгэхээр санхүүжилтээ авахын тулд бүгд хүнд чанартай тусламж үзүүлдэг болно. Өмнө эрүүл мэндийн салбар өвчтөнөөсөө зугтаадаг байсан бол одоо тосч авдаг болно. Энэ реформ амилахад мэдээж цаг хугацаа орно. Дэлхий дээр байгаа сайн туршлагыг Монголын хөрсөнд буулгаж, нэг ч гэсэн иргэнээ гадаад явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ ч гэсэн аймгаас Улаанбаатар явуулахгүй эмчилдэг байя. Нэг иргэнээ сумаас аймаг руу явуулдаггүй байя гэдэг эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг дэмжиж байгаа санхүүжилтийн тогтолцоо юм.

-Ирэх оны төсөвт өвчний эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн хугацаанд эрт илрүүлгийн олон хөтөлбөр байсан. Даатгалаас зургаан төрлийн багц үйлчилгээгээр эрүүл мэндийн эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хийж байгаа. Хамрагдалт нь 6-7 хон хувьтай байна. Яагаад энэ амжилтгүй байна вэ гэвэл хаа байсан хөдөөний хүн Улаанбаатар хотод ирж эрт илрүүлгийн үзлэгт орохгүй. Аймагт байгаа эмнэлэг нь эрт илрүүлгийн үзлэг хийх сонирхолгүй. Учир нь завгүй тоног төхөөрөмжтэй. Дандаа өвчтэй хүмүүсийг үзэж байхад юун эрт илрүүлгийг явуулах мантай. Нөгөөтэйгүүр санхүүгийн хувьд ашиггүй байна. Бага мөнгө тавьчихаар тэрийг хийх сонирхолтой хувийн эмнэлэг ч үнэндээ байхгүй. Манайх мөнгө төсөвлөхдөө амсуулах төдий тавьчихаар өгөөжөө өгдөггүй. Тэгвэл бид 2022 оны төсөвт эрт илрүүлэх үзлэгт 60 тэрбумтөгрөг тавьж байна. Тарифыг нь нэмээд зогсохгүй орон нутагт суурилсан эрт ирлүүлэх үзлэг хийнэ. Ингэхдээ эмнэлэгт суурилахгүй. Тусдаа эрүүл мэндмйн төвүүдээр дамжуулна. Нэг ёсондоо өвчтэй хүнтэй ажилладаггүй төвүүдэд эрт илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг сурилуулаад тэндээ үзлэг хийнэ. Иргэнийг дуудаж үзнэ. Дээрээс нь эргэн дуудах тогтолцоотой болно. Гар утсан дээр нь “Та 40 нас хүрлээ. Өнөө жил ходоодоо дурандуулна шүү” гэж урилга ирэх нь байна. Хаана очихыг нь ч тодорхой хэлнэ. Мессэж очсоноос хойш гурван сар өнгөрөхөд та үзүүлээгүй бол дахиад гар утсанд мессэж ирнэ. Гурав дахиа шаардана. Хэрэв ийм үзлэг хийж байхад ирж үзүүлэхгүй байсаар хорт хавдар илрээд оношлогдвол хамтын төлбөрөө төлөөрэй гэнэ. Арван саяын 2.5 саяыг төлөх нь байна. Иргэн өөрөө хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Энэ мэтчилэн тогтолцоогоо сайжруулахаар ажиллаж байна. Иргэн бүрээ эрт илрүүлэх үзлэгт оруулчихдаг, өвчнийг эрт үед нь оношилчихдог тогтолцоо руу орвол эдийн засгийн хувьд өгөөжтэй. Эрт оношилсон хүнийг бага зардлаар эмчилнэ. Эрт эмчлэгдсэн хүн хурдан ажилдаа орно. Хөдөлмөрийн чадвараа алдах нь бага. Хамгийн гол нь өвчин бүрэн эдгэрэх боломжтой.

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн явцыг сонирхуулахгүй юу?

-Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн цахим шилжилтийн төсөл хэрэгжиж эхэлж байгаад бүтэн жил гацсан. Ингээд Иноваци цахим бодлогын байнгын хорооноос “Энэ төслийг цааш нь яаж үргэлжлүүлэхэд гаргалгаа ол” гэсэн үүрэг даалгавар аваад ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ямартай ч бүтэн жилийн гацаанаас гараад Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай холбоод төслийг үргэлжлүүлэх тал дээр ажил нь явсан. Ингээд 2022 оны зургадугаар сар гэхэд Монгол Улсын 3.3 сая иргэн өвчтөний гар карт нь цахимжина. E-Mon­golia цахим хуудсанд байдаг шиг тухайн иргэний вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг эмч нэг удаагийн нууц кодоор үздэг болно. Зузаан гар карт аваад явах шаардлагагүй. Эмч ажлын компьютерээсээ тухайн өвчтөн өмнө хаана ямар эмчид үзүүлж, ямар эмчилгээ хийлгэж байсан зэрэг бүгдийг харах боломжтой. Энэ том тогтолцоо руу шилжчихээр 3.3 сая иргэнээ баахан давтан шинжилгээ хийлгэдэг үргүй зардлаа болино. Өвчтөний талаарх мэдээллийг хурдан авч үзэх боломжтой болно гэсэн үг. Амь нас нь эрсэдсэн хүн ухаангүй байж байхад өвчний түүхийг нь үзэх боломжтой болно. Цахим шилжилт хийснээр эрүүл мэндийн салбарт асар том дэвшил гарна. Цахим картаар дүрс оношлогоог хүртэл үзэх боломжтой. Ийм том цахим шинэчлэл эрүүл мэндийн салбарт хийгдэж байна. Хурдлуулах гэж олон оролцогч байгууллагуудыг дуудаж, хэлэлцүүлэг хийж, гаргалгаа гаргаж, зөв голдиролд нь оруулж ажиллаж байна.

-Ковидод 2.4 их наяд төгрөг зарцууллаа. Чингис бондын санхүүжилтээс давсан хөрөнгийг цар тахалд зориулсан. Энэ хөрөнгөөр эрх мэдэлтнүүд өөрсдийн хамаарал бүхий хувийн эмнэлгүүдээ санхүүжүүллээ гэж байна?

-Чанарыг шалгах ёстой. Даатгалын ерөнхий газрын бас нэг том чиг үүрэг нь яг худлаа хэлсэн үү, жинхэнэ хүн эмчилсэн үү гэдгийг хянадаг. Тэрийг хянах тогтолцоо одоо гүйцэт бүрэн ажиллаж эхлээгүй байна. Үүнийг хиймэл оюун ухаанаар дамжуулаад хянах боломжтой. Цахим шилжилтийн давуу тал нь энэ. Жишээлбэл, эмнэлгүүдийн эмчилсэн хүний өвчний түүх, шинжилгээ зэрэг цахимд ороод ирэхээр эрүүл мэндийн даатгалаас тэр хүний өмнөөс мөнгө нэхэмжилнэ. Ингэхдээ тухайн эмчлүүлсэн иргэний нэр нь нэхэмжлэлтэй хамт ирнэ. Хиймэл оюун ухаан нэр, регистр нь таарч байна уу гээд, паспортын хэсгийг шууд шалгана шүү дээ. Дээрээс нь энэ хүн хүнд гэсэн бол цээжний рентген зураг авсан байх ёстой. Тэр хүн ковидынхоо шалтгаанаар хатгаа болсон байж хүнд өвчтөндөө хамаарна. Хатгаагүй хүнийг хүнд гэхгүй. Энэ бүх мэдээллүүд байвал зөв эмчилсэн байна, мөнгийг нь өгье гээд хиймэл оюун ухаан эхний шалгуурыг хийж байх ёстой. Тэр цахим мэдээлэл бүгд нэг дор ирэнгүүт хүн болгоныг шалгах боломжтой. Хувийн эмнэлгүүд худлаа хэлж, хулгай хийж л байгаа бол эрхийг нь хасах ёстой. Ахиж санхүүжилт авах боломж нь хаагдана.

Хөнгөлөлттэй эмэн дээр сар бүр таван тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Хурууны хээгээр уншуулаад эм олгоод эхлэнгүүт дөрвөн тэрбум болоод буурчихаж байгаа юм. Ковид гараад хурууны хээг нь уншихгүй гэсэн чинь таван тэрбум нь нэмэгдсэн. Тэгэхээр аль нэг газар хулгай хийгээд байгаа биз. Цахимд шилжиж чадаагүйн алдаа энэ. Хулгай хийдэг тогтолцооноос гарахын тулд цахим шилжилт чухал.

-Ковидын түр хуулийн хэрэгжилтэд та ямар дүгнэлттэй байна вэ. Энэ хууль хэрэг болж чадсан уу?

-Энэ хууль үүргээ биелүүлчихсэн. Одоо дахиж сунгах хэрэггүй, болно. Хямралын үеийн менежментийг хийхийн тулд зайлшгүй түр хууль хэрэгтэй байсан. Тэгж байж мөнгө төгрөг төсвөө зөв хуваарилах шаардлагатай байлаа. Долдугаар сард төсвийн тодотгол хийхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарт 730 тэрбум төгрөгийг тусгасан. Тэрнээс бусад салбаруудад юу ч нэмээгүй. Цар тахлын үед хөрөнгө санхүүг зөв чиглүүлэхэд энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Ковидын эмчилгээний зардлаас гадна Монгол Улсад дутагдалтай байсан эрчимт эмчилгээг хөгжүүлж чадсан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас эрчим эмчилгээний ор, монитор, амьсгалын аппаратаар хангасан. Монгол Улс эрчимт эмчилгээний 1000 ор дэлгэх чадваргүй байсан. Нэг ор гэхэд мянган ам.долларын үнэтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд 3-5 амьсгалын аппараттай боллоо. Сумдад ч байна. Энэ том амжилт. Бид яаж эрчимт эмчилгээг хөгжүүлэх үү гэж толгой өвддөг байсан. Хуучин ямар ч санхүүжилт өгдөггүй байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.3 сая төгрөгийг эрчимт эмчилгээнд өгдөг боллоо. Тэгэхээр зөв шийдвэр салбарын хөгжилд ямар эргэлт авчирдгийг эндээс харж болно.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Ган-Очир: АН-ын “Онц Их хурал”-аар сонгуулиудын үр дүнд шударга дүгнэлт өгч, намын эв нэгдлийг хангуулна

Ардчилсан нам энэ сарын 5-нд буюу маргааш “Эв нэгдлийн Их хурал”-аа зарлаад байсан билээ. Тэгвэл энэ Их хурлыг хийх бэлтгэл ажил хангалтгүй байгаа учраас хойшлуулах саналыг М.Тулгатын талын АН-аас тавьсан байна. Харин О.Цогтгэрэлийн талын АН хурлаа явуулна гэсэн байр суурьтай байгаа юм. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, “Онц Их хурал”-ын төлөөлөгч Б.Ган-Очиртой ярилцлаа.


-“Онц Их хурал”-ын бэлтгэл ажил хангагдав уу. Хичнээн төлөөлөгч оролцох вэ?

-АН-ын энэ удаагийн Их хурлын бэлтгэл ажлууд маань дуусч байна. Монгол орны өнцөг булан бүрээс АН-ын гишүүд маань цугларч байгаа. Нийслэлд 330 сумаас төлөөлөгчид ирнэ. Сум болгоны хурлын төлөөлөгчид хурлаа хийгээд тогтоолоо гарагад, төлөөлөгчөө Их хуралд оролцуулахаар сонгосон байна. Их хуралд төлөөлөгчөө сонгоно гэдэг тун хариуцлагатай ажил. Тогтоол шийдвэрүүдээ гаргаад, бүх дарга нар маань тамга бичиг баримтуудаа аваад хүрч ирж байгаа. Гол нь Их хурал маань хүлээн зөвшөөрөгдсөн хурал уу гэдгээ хангахын тулд АН-ын үндсэн дүрэмд төдийгүй улс төрийн намуудын тухай хуульд заасан байдагчлан “Тухайн Их хурал хуралдахын тулд төлөөлөгчид нь өөрсдөө гишүүдийнхээ яг орон нутгаас нь сонгогдсон хүмүүс байх ёстой” гэсэн шаардлагыг бүрэн хангаад явж байна. Иймд АН-ын анхан шатны нэгж үүрүүдээс сонгогдсон 1318 төлөөлөгч маргааш “Онц Их хурал”-аа явуулна.

-Энэ удаагийн Их хурал бол намын хувь заяаг шийдэх түүхэн ач холбогдолтой гэж жирийн гишүүд үзэж байсан. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ. Та бүхэн “Онц Их хурал”-аасаа ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ер нь хурлаар хоёр гол асуудлыг шийдэх болов уу. Нэгдүгээрт, АН байгуулагдсан цагаасаа хойш 21 жилийн хугацаанд улс төрийн сонгуульд орсон хамгийн муу үр дүнтэй дөрвөн сонгуулийг дараалан амслаа.

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль, нөхөн сонгуулиудад АН үр дүн муутай оролцсон энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, бодит асуудлуудаа заавал ярилцаж, хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, сүүлийн үед намын даргын маргаантай асуудлуудаар хоёр тал болчихоод хоорондоо толхилцоод яваад байгаа асуудлыг авч хэлэлцэнэ. Дотоод сонгуулийн хорооны явуулсан, цахим, цаасан сонгуулиудын аль нь үр дүнтэй юм, юу болсон юм, хэдэн гишүүн орсон юм гээд олон асуудлыг ярилцах ёстой. Энэ хоёр чиглэлд “Онц Их хурал”-аа хуралдуулна гэж ойлгож болно.

-Сонгуулийн үр дүнгүүд үнэхээр хангалтгүй байсан шалтгаан нь намын хагаралтай шууд холбоотой. Сая нөхөн сонгуулийн өмнө эвлэрч байгаа гэж зарлаж байсан нь жүжиг байв уу. Гэтэл одоо ээлжит Их хурал дээрээ дахиад л хоёр талд гарчихлаа?

-Нөхөн сонгуультай холбоотой ажил дээр нэр дэвшсэн Э.Бат-Үүл баатар маань хоёр тал эвлэрэхтэй холбогдолтой асуудлыг санаачилж, сонгуулийн үеэр О.Цогтгэрэл, М.Тулгат дарга нар хамтарч мэдэгдэл хийгээд, ер нь эвлэрч учраа олох ёстой гэж Их хурал зарласан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын цэвэр дүрмээр аваад үзэх юм бол энэ удаагийн Их хурал дээр О.Цогтгэрэл дарга М.Тулгат дарга байхгүй байсан ч хамаагүйгээр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлаа шийднэ. Яагаад гэвэл манай намын төдийгүй улс төрийн намуудын дээд эрх бүхий байгууллага нь Их хурал байдаг. Их хурал дээр ярих гээд байгаа асуудал нь сонгуультай холбоотой тогтоол шийдвэр, явсан сонгуулийн аль нь хүчин төгөлдөр байв, аль нь хуульд нийцсэн, аль нь дүрэмд нийцсэн байгаа гэдгийг авч хэлэлцэх гээд байна. Тэгэхээр бүх асуудлуудыг авч хэлэлцээд дүгнэлт, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгууллага нь Их хурал. Иймд бид бүхэн хоёр талд гараад түүнээс ч олон ашиг сонирхол яваад байгаа энэ асуудлуудыг эрх мэдэл бүхий байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн АН-ын 290 орчим ҮБХ-ны гишүүдийн зарласан Их хурал юм. Энэ Их хурлыг хэн нэгэн дарга зарлаагүй. Намын дүрэмд зааснаар ҮБХ өөрөө нийт гишүүдийн 50 дээр нэмэх нэг гарын үсэг зурсан л бол автоматаар баталгаажиж намын Их хурлыг зарлах эрхтэй болдог. Энэ бол байгууллагын асуудал юм.

-Уг нь энэ Их хурлаар эвлэрнэ гэж байсан шүү дээ, бас яагаад талцчихав аа. М.Тулгатын тал бэлтгэл ажил хангагдаагүй гээд хойшлуулах санал тавьсан юм биш үү?

-Намын Их хурлын бэлтгэл гэдэг бол Баян-Өлгий аймгийн гишүүд тэндээ хурлаа хийж, Их хуралд төлөөлөгчөө сонгохыг, Дорнод аймгийн Халгол сумын гишүүд хуралдаж төлөөлөгчөө сонгохыг, Сэлэнгийн Баруунхараа сумынхан дотооддоо хуралдаж, төлөөлөгчөө сонгохыг хэлнэ. Өмнө бэлтгэл ажил дээр гараад байгаа шүүхийн маргаан олон түмний нүдэн дээр ил байгаа. Тэгэхээр энэ асуудлыг Их хурлаар хэлэлцүүлэн шийдэх нь бэлтгэл ажил болохоос биш, М.Тулгат даргын, О.Цогтгэрэл даргын хувийн бэлтгэл хангагдсан уу гэдэг нь ач холбогдлын хувьд дараагийн асуудал. Тэр хүмүүс зүгээр зангиагаа зүүгээд Их хурал дээр ирээд гишүүдийнхээ үгийг сонсох ёстой. Асуудлуудаа өөрсдөө учирлан тайлбарлаж, асуултад нь хариулах ёстой. Бэлтгэлийг шууд хангах ёстой. Түүнээс биш бэлтгэл ажил хангана гэдгийг хоёр гурван дарга хоорондоо суугаад албан тушаалаа хоорондоо тохирчихоод Их хурал дээр орж ирж батлуулахыг хэлэхгүй. Тэгэх юм бол ардчилал биш. Ардчилал гэдэг бол ард түмнээс байгуулагдсан ард түмний засаглал. Нам гэдэг бол намын гишүүд өөрсдөө үзэл санаан дээрээ байгуулагдсан байгууллага. Намын эрх мэдэл бүхий гишүүд нь өөрсдөө төлөөлөгчдөө сонгон Их хурлаа хийх нь хүн төрөлхтний өөрийнх нь улс төрийн тогтолцоог эрүүл шударга зөв болгож ирсэн түүх нь юм. Үүнээс өөр бэлтгэл ажил гэж байхгүй.

-Механик эв нэгдэл жинхэнэ биш болохоор намын хувь заяанд сайнаар нөлөөлж чадахгүй гээд байгаа бололтой?

-Yзэгдэл нь механик биш. Хуваагдал нь механик. Зөвхөн цөөхөн хүний хүрээнд үүссэн гомдол хагарлыг нийт АН-ын хагарал мэт харагдуулаад байгаа механик хагарал. Яг бодит байдал дээр орон нутагт хоёр хуваагдсан баг, сум байхгүй. Нийслэлд ч хоёр хуваагдсан дүүрэг байхгүй. Тэгэхээр АН эв нэгдэлтэй байгаа. Хямралын шалтгаан зөвхөн тамга тойрсон хэрүүл. Цөөн тооны анхдагч ах нарын хувийн шинжтэй. Бусад хүн мэдэхгүй өс хонзон өөрөө намыг механикаар хагаралд оруулаад хямралд өртсөн мэт харагдуулаад байгаа.Загас толгойноосоо өтдөг, булаг ундаргаасаа бохирддог гэдэг шиг дээр гараад байгаа ялих шалихгүй хэрүүл АН-ыг хувааж, дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн МАН-ын адын хүсэлд нь өгөөш болоод үндэсний хямрал болгоод байна. Тэр нь МАН-ын эгэл жирийн гишүүд болон жирийн дарга нарынх нь гаргаад байгаа араншин биш. Ардын нам ч гэсэн бодит байдал дээр маш их дарангуйлалд өртсөн. Намын дарангуйлал нь төрийн албаны дарангуйлал болчихсон байгаа.

-Та бүхний Онц их хурал гэж нэрлээд хуралдуулах гээд байгаа цаад зорилго юу юм бэ?

-АН-аас ч өргөн хүрээтэй ойлголт болох ардчиллыг түшиж, тулж, хамгаалж явдаг энэ гол багана өөрөө хямралд өртлөө. Ардчилал хямралд өртлөө. Тэгэх юм бол хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсын хувьд геополитикийн төдийгүй тусгаар тогтнолын маш эгзэгтэй асуудлууд гарч ирнэ. Тиймээс ардчиллыг бэхжүүлэхийн тулд түүний харуул болсон АН өөрөө асуудлыг шийдвэрлэж, эрүүл зөв үндэсний бахархалт нам байх ёстой. Зөвхөн сонгуульд ялах нь гол зорилго биш. Энэ Монгол Улсыг хамгаалж бүрэн бүтэн авч явах нь гол зорилго юм. Ер нь өнгөрсөн түүхийг харах юм бол нэг хаан энэ хоёр хөршийн дарамтыг тэсээгүй Богд хааны үе, нэг удирдагч тэсээгүй Х.Чойбалсангийн үе, нэг нам өөрөө тэсч чадаагүй Ю.Цэдэнбалын үе гээд 1990 онд түүхийн дуудлагаар АН-ыг авчирч Монгол төрийн хоёр баганы нэгээр Монголын ард түмэн өөрсдөө бүтээсэн зүйл юм. Гэтэл 30 жилийн дараа энэ нам маань өөрөө системийн хямралд бодитоор өртөөд, анхдагчдынхаа хэрүүл зодоонд туйлдаж, сонгуульд ялагдаж, эрх мэдэл алдахын хэрээр төрд ард түмний татварт хяналт тавьдаг сөрөг хүчний дуу хоолой хүчин мөхөсдлөө. Энэ хүсэл эрмэлзэл өөрөө МАН-д байна. МАН-ын жирийн гишүүн биш, жирийн даргад ч биш. Ганцаархнаа 100 жилийн турш Монгол Улсыг эзэгнэн захирах гэсэн хүсэл шунал. Тэр зүйл нь цаанаасаа үйлд гээд шаардаад байх шиг байна. Энэ болгоны эсрэг сөрөг хүчин өөрөө хүчтэй иргэдийнхээ талд байх ёстой. Үүний тулд “Онц Их хурал”-ыг хуралдуулах, намын маргаантай асуудлуудыг нэг тийш нь шийдэх, намын эгэл жирийн гишүүдийнхээ үгийг дарга нар нь ирж сонсож, бүр загнуулах хэрэгтэй байна.

-Энэ Их хурлыг дүрмийн бус, О.Цогтгэрэлийн тал зохион байгуулж нэг талыг барьсан, шахсан, улмаар намын дарга болох зорилготой байгаа учраас дэмжихгүйгээ нөгөө тал илэрхийлээд байгаа юм биш үү?

-Маргаан хаана ч гардаг. Айл гэр, албан байгууллагад ч. Хувь хүмүүсийнх нь өс хонзонгийн асуудлыг хөөгөөд байх юм бол маргаан огт шийдэгдэхгүй. Тиймээс тэрийг нийт олноороо хэлэлцэж, заавал шүүх ёстой. Тэр том улс төрийн намын байгууллага гэдэг өнцгөөрөө намын “Онц Их хурал” зарлагдсан.

-АН-ын дүрэмд ээлжит болон ээлжит бус Их хурал хэмээн заасан байдаг гэж байсан. “Онц Их хурал” гэж тодотгосны учир юу вэ?

-Намын Их хурал дээр ээлжит, ээлжит бус гэж байгаа нь үнэн. ҮБХ-ын 390 гишүүний 50 нэмэх нэг нь автоматаар хуралдаад хурлаа зарладаг эрхтэй. Тухайн нөхцөл байдлаасаа хамаараад нийгэмд өгч байгаа гол мессэж гэдэг утгаараа энэ удаагийн Их хурлыг “Онц Их хурал” гэж тодотгож байгаа юм. Яагаад гэвэл эв нэгдлийн асуудал гэдэг нь Их хурлын нэг хэсэг. Нөгөө хэсэг нь өнгөрсөн сонгуулиудын ялагдалд үнэн болоод шударга дүгнэлт өгөх ёстой.

-Их хурлаар тухайлсан хүнд хариуцлага ярих уу?

-АН-ын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд өрнөөд байгаа хямралыг ярилцана. Хүн ярихгүй. Албан тушаалтанд хариуцлага ярина. Үндсэн дүрмийн хороо хоёр байгаа. Аль нь хүчинтэй юм, аль нь хүчингүй юм. Яагаад юм бэ гэдэг асуудлуудыг хэлэлцэх бүрэн эрх нь Их хуралд хадгалагддаг.

-Цар тахлын үеийн халдваргүйжүүлэлтийн дэглэмээ хэрхэн баримталж ажиллах вэ?

-Монголчууд хувь хүнийхээ хувьд, АН ч гэсэн зохион байгуулалтынхаа хувьд бүх зааварчилгаа түрүүлээд өгөгдчихсөн байгаа. Их хурал нэг өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сосорбарам: Үзэл санаагаараа өрсөлддөг, чөлөөт сэтгэлгээтэй залуус энэ нийгэмд байгаад талархаж байна. Ийм хүмүүсийн тоо олшроосой

Маэстро Д.Сосорбарамтай хөөрөлдсөн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Түрүүч нь: https://admin.dnn.mn/%D0%B4-%D1%81%D0%BE%D1%81%D0%BE%D1%…


-АН-ын өнөөгийн энэ байдал 30 жилийн өмнөх эхлэлийн цэг дээрээ ирсэн байж мэднэ гэсэн горьдлого намын жирийн гишүүдэд байгаа бололтой. Монгол төрийн хоёр баганы нэг яалт ч үгүй мөн. Эсвэл энэ нам цаашид байх ёстой юм уу, энэ намгүйгээр Монгол Улс явах уу гэсэн асуудлууд ч байдаг. Харин таны бодлыг сонсъё?

-Монгол Улсын төр өрөөсөн баганатай байна. Эдийн засгийн эрх чөлөөг өөгшүүлдэг, бизнесийнхэн, сэтгэгчдийг зүгээр л орхичих. Би нэг түүхэн үйл явдлаас сонирхуулъя л даа. XVII зуунд Францын 17 дугаар Loui гэж айхавтар дарангуйлагч хаан байсан юм билээ. Түүнд Колберь гэдэг улс төрийн зөвлөх байж. Хаан түүнийг фабрикийнхантай уулзаад, төрөөс ямар тусламж хэрэгтэй байгааг нь мэдээд ир гээд явуулжээ. Фабрикийн эзэн Лежандр “Та нар биднийг зүгээр зөнд нь орхичих. Бид ажлаа хийе. Дэлхий өөрөө эргэдэг юм” гэж хэлсэн байдаг. Ингэснээр Францын эдийн засаг дэлхийн баян орнуудын нэг болсон жишээтэй.

Гэхдээ энэ социализм хүн төрөлхтөнд эргэж ирж байна. Хойд хөрш, баруун европ, АНУ ч гэсэн энэ зам руу явж эхэллээ. Тэдгээр улс орнуудад болж байгаа үйл явдлыг маш гярхай харж, цөөхөн хүн амтай үндэстний хувьд жигтэйхэн өөрийгөө аваад явчих боломж байгаа. Сэтгэлгээ, оюуны бядтай байж, тодорхой хэмжээний боловсролоо томсгож байж хүн хөгжинө. Улс үндэстний суурь бол хүн. Гэтэл энэ эрх баригчид ковидоос болж Монголын ирээдүй болсон үр хойчийнхоо боловсрол руу халдсан. Хоёр жил хөл хорио гэж хамаг юмаа хааж боохдоо ковидоос хүмүүсээ аврах биш, цар тахлаар далимдуулж мөнгө идэж байна. АН энэ Монгол гэдэг айлын бат бөх багана нь байя гэвэл чөлөөт зах зээлийн стратегийг баримтал. Тийм хүмүүс байгаа. Намыг аврах тухай биш. Хүн болгон өөрөө өөрийнхөө үзэл санаанд үнэ цэнэтэй хандах хандлага л хамгийн чухал. Хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэ алга болбол бүх юм устана. АН-д өндийх боломж ганцхан үлдсэн. Чөлөөт эдийн засгийн зах зээлд дээр хэлсэнчлэн хоёр гуравхан эрх бий. Чөлөөт зах зээл. Төр хувийн өмч, иргэдийн эрх чөлөө рүү халдахгүй байх. Төрийн оролцоог бүр байхгүй болгож байж явна. Өнөөдөр бүтэшгүй дээ гэж бодогдох боловч хүссэн хүсээгүй энэ тогтолцоо руу явна. Коммунизм, социализм байх биз. Яахав хугацаа орно л доо.

1990 оныхоо эрх чөлөөний үнэ цэнийг алдахгүйн тулд, 1996-2000 онд явуулсан бодлогоо чанд бариад тэрийгээ илүү бяджуулаад, хүний эрхийг тод томруунаар тунхаглаж өгөөд л барууны үзэл рүүгээ орох ёстой. Ер нь барууны үзэл гэдэг нэр томьёоноосоо ч татгалзмаар. Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт зах зээл. Энэ үйл явц дунд хүмүүс хоорондын гэрээ контракт явахад тэрийг нь хуулиар хамгаалдаг, ёс зүйгээр явдаг эрх байдаг.

-АН-ыг барууны үзэлтэй нам биш. МАН-ын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан нам гэж ярих хүмүүс байдаг. Социалист систем задран унах үед коммунист намууд татан буугдаж байсан. Харин тэр үед одоогийн МАН-ыг татан буугдаагүй үлдсэн шалтгаан нь АН-ыг байгуулж, олон намын тогтолцоотой юм шиг харагдуулахын тулд үүсгэсэн гэх юм билээ?

-Наадах чинь худлаа. Түүхийг гажуудуулъя гэсэн хүмүүсийн тиймэрхүү яриа байдаг. Харин МАН тэр үед юу ч үгүй тараах байсан юм. Тараагаагүй нь алдаа болсон. АН бол жинхэнэ бие даасан нам болж байгуулагдсан юм шүү.

Үүгээрээ Монгол Улсад олон намын системийг бий болгосон. Хэзээ байтлаа Улаанбаатарт гэртээ харих гэж машинтайгаа оочерлодог байсан юм. Дэлхийн зиндаанд ойр шилэн цамхагууд хэзээ манай нийслэлд байлаа даа. Би 90 оноос хойших 30 жилийг бүхлээр нь харлуулдаг хүмүүсийг төвөг цаашаа гэж хэлнэ. Ардчиллын хишгийг муу хэлж байгаа хүмүүс магадгүй илүү ихийг ч хүртэж байгаа. Сүүлийн 30 жилд Монгол Улс үсрэнгүй хөгжсөн. Улаанбаатарыг хар. Аймгуудаа хар. Орон нутагт тавигдсан зам харгуйгаа хар. Бүү чамла. Шүүмжлэлтэй асуудлууд бий. Тэр нь улс төрийнхөн л байгаа. Ер нь энэ дампуурал, хямрал хар бохир үйл явцыг улстөрчид л хийж байна. Эдийн засаг нь улстөрчдийн хоорондын хуйвалдаан, толхилцооноос болж хямарч байна. Улс төр оролцохгүй, төр зөнд нь орхичих юм бол тэр муу хэлээд байгаа 30 гэр бүл чинь энэ улсыг аваад явчихна. Тэрнийгээ дагаад хүмүүс нь хөгжинө. Манай Цогтсайхан социализм дөнгөж дуусах тэр агшинд “Зарц бол мэргэжил” гэж бичсэн байдаг юм. Хэн баялаг бүтээж байна, тэнд орж ажиллаж байгаа хүн үр хүүхдээ тэжээхийн тулд өөрийнхөө амьжиргааг сайжруулахын тулд л хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Хэн нэгэн компанийн захирал, хэн нэгэн байгууллагын төлөө ажиллаагүй. Иймээс тэр байгууллагад үнэ цэнэтэй хүн гэдгээ харуулахын тулд хүн болгон ур чадвараа дайчлан ажиллах ёстой. Тун удахгүй цалингаа нэмүүлж, орон сууцтай болохын тулд шунаж ажиллах хэрэгтэй. Мөнгийг өөрөө олж, босгож байна гэдэг бол өөрийгөө үнэлэх том үнэлэмж.

-Сөрөг хүчин үнэхээр муу байна. Төв нам нь дотроо хагаралтай, УИХ дахь намын бүлэг нь бас жонхуу шиг. Баабарын хэлснээр АН ёроолдоо хүртэл уначихав уу даа?

-Сөрөг хүчин бол сөнөсөн. Нэг намын дарангуйлалтай адил болчихсон. АН-аас УИХ-д оччихоод АН-ынхаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой болохоос биш эргэж тангарч болохгүй. Тэрний эсрэг улаан коммунист үзэлтэй хүнийг намдаа татлаа. Намын бүлэг доторх нөхөр бид үзэл бодол нэгтэй байсан гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ удаагийн УИХ доторх сөрөг хүчин сөнөсөн.

АН-ын энэ байдал илааршихгүй, удна. Эвлэрлийн Их хурал зарлаж байна. Би амьдралдаа ээлжит их хурал, ээлжит бус их хурал гэж сонсож байсан. Гэтэл эвлэрлийн их хурал, эвдрэлийн их хурал, хагарлын их хурал гэж сонсож байгаагүй. Одоо их хурлаараа шулуухан үзэл санаагаараа ялгарах хэрэгтэй. Социалист үзэл санаатай хүмүүсийг хүндэтгээд “Та нар тийм үзэл бодолтой нам руугаа л явчих. Бид бол чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлдэг стратегитэй нам байна. Тэгээд өрсөлдье. Сонгогчид хэнийг нь сонгохоо өөрсдөө мэдэг” гээд нэг талдаа гарах хэрэгтэй. Ингэж хоёрын хооронд, гурвын дунд нам ч биш, юу ч биш яваад хэрэггүй. Хүн эрх чөлөөтэй байх, өмчтэй байхыг хүсч байна уу, айдастай байхдаа дуртай байх нь уу. Эсвэл хэн нэгний хараат байх ёстой юу. Ингээд үзэл бодлоороо ялгараад жамаараа явах хэрэгтэй. Сайдаж муудаад байх ч хэрэггүй.

-АН-ын энэ нунж дорой, хэрүүл тэмцэлтэй байдал өнгөрсөн сонгуулиудад ялагдах гол шалтгаан байлаа. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө эвлэрлээ гэж зарласан ч нэмэр болсонгүй.

-Юун эвлэрэх. Энэ бол шоу байсан. Зүгээр явуулга. Монгол Улсын маань тав дахь Ерөнхийлөгч байсан нөхөр зүгээр л өөрийнхөө гар хөлийн хэдэн товарищуудыг эвлэрч байгаа дүр эсгээд ялагдуулчих гэсэн увайгүй үйлдэл байсан.

-Х.Баттулга, Н.Алтанхуяг нар нам байгуулах гээд намаа бужигнуулаад яваа л гэх юм?

-Тэгээд яваг л дээ. Иргэний зориг ногоон нам, Үндэсний фронтын нам, Шинэ нам, Нэгдсэн намуудаа нийлүүлээд яв. Эсвэл Ардын намдаа дагаар орог.

-Уг нь та Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход хамгийн их дэмжиж ажилласан хүн шүү дээ. Гэтэл таны мэдэгдэл зэргээс харахад нэлээд таарамжгүй харилцаатай байгаа бололтой?

-Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН баяртай гээд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энд ярьсан чөлөөт зах зээлийн зарчмыг хэлээд “АН дампуурлаа зарлаад тарчихъя. Манай нам улаан социалист болжээ” гэж хэлээд гарсан. Хэдий намаас гарсан ч уруул дордойвч элэг дордойхгүй гэгчээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход нь асар том түлхэц, нөмөр болсон хүн бол би. Тэрүүгээрээ бахархана. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчдээ болон сая Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Эрдэнийг хүртэл дэмжээд явсан. Энд би өөрийн үзэл санаагаараа намын нөхдөө дэмжсэн хэрэг. Харин үзэл санааны эсрэг нөхдүүдийг хэзээ ч дэмжихгүй, тэрийгээ ч шударгаар хэлчихдэг.

-“No naadam”, “No dou­ble standart” хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа таныг С.Эрдэнийн захиалгаар хөдөллөө гэсэн шүүмжлэл байна лээ?

-Энэ хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа явдал бол миний өөрийн оюун бодлын дуудлага. Тэдгээр залуус миний хүүхэд шиг. Би санхүүжүүлж чадахгүй, надад мөнгө байхгүй. Би биеэрээ, бодол санаагараа хамгаалах юмсан. Ядаж, түшиг болоод байх юмсан гэж дэмжиж байгаа юм. Би хэний ч хараат бус. Эхнэрийнхээ ч хараат бус. Эхнэрээ ч өөрийнхөө хараат бус байлгадаг. Ийм эрх чөлөөний эрмэлзэлтэй нөхөр шүү дээ. Тэгэхээр намайг хардаж, харлуулаад явахгүй. Нөгөө талаар онигоо болно. Х.Нямбаатар сайд хэлнэ ээ. “No naadam”, “No double stan­dart” хөдөлгөөний ард хэн хэн байна вэ” гэж. Энэ хүүхдүүд энэ нөхрийг өөрийг нь хүн гүтгэсэн гээд шүүхэд өгөх хэрэгтэй. Энэ хөдөлгөөний залуус Засгийн газрыг огцор гээгүй. Хүний эрхийг боомилсон Ковидын хууль, Онцгой байдлын хууль, Зөрчлийн хуулиа цуцал гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Харин бизнесээ тэлье гэж байна шүү дээ.

-Та бүхний Тамирын голын мөсийг долоох шахам тэмцэн байж авчирсан ардчилал эрх чөлөөний үнэт зүйл өдөр ирэх тусам бүдгэрсээр байгаа нь харамсалтай.

-Одоо байхгүй. Тэр үнэ цэнэ 1996-2000 оны хооронд дөрөвхөн жилийн турш том өгөөжөө өгсөн. Өмч хувьчилсан, иргэд орон сууц, мал хунартай болсон. Гадагш, дотогш зорчих паспорттой болсон, суурь үнийг чөлөөлсөн, гаалийн татварыг тэглэсэн. Зах зээлд нийцсэн бодлого явуулсан. 2000 оноос хойш энэ үнэ цэнэ баллагдаад, зугуухнаар коммунистжиж байна л даа. Нөгөө ардчилсан намын маань удирдлагууд засагт орохдоо эвсээд, зөвшилцөөд явчихдаг. Ер нь эвсэж, зөвшилцөнө гэдэг бол фашизмын үндэс суурийг тавьж байна гэсэн үг шүү дээ. 2000 оноос хойших бүх үйл явдал өнөөдрийн энэ дарангуйллыг далласан. Улстөрчдийн хоорондын тохиролцоо, үүнээс болж толхилцоо үүссэн. Харамсалтайгаар барахгүй, гашуудалтай болчихлоо.

-Үүнээс гарах ямар гарц байна вэ?

-Дээр хэлсэнчлэн үзэл санаагаараа өрсөлдөж байгаа, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, олшроосой. Аль нэг нам, хүний хараат бус. Яг өөрийнхөөрөө явж байгаа залуус энэ нийгмээс гарч ирж байгаа явдалд талархаж байгаа.

-Манай монголчууд тэмцэж чаддаггүй ард түмэн юм биш үү. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө огт дуугарахгүй юм. Шатахуун тасалдаад үнэ нэмэгдэхэд яав, нөгөө л хэдэн залуус талбай дээр очоод зогсдог байх жишээтэй. Нөгөөтэйгүүр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдийг барьж, цагдаад байхаар нийгэм бас айдаст автаад байна уу?

-Хүн бүр өөрийнхөө үнэ цэнэ, эрх ашиг, хийж чадаж байгаа зүйлээ хамгаалахын төлөө тэмцэхгүй байгаа юм. Өөрийн бүтээсэн, сэтгэсэн зүйл тархинд гэрэл гэгээ баялаг өгдөг биз дээ. Хүн бүр тэгж чадахгүй байна. Шимигч царайтай болчихсон. Тэрэн дээр нь нэмээд улстөрчид тархийг нь бохирдуулдаг. Эд нарт ийм нийгэмтэй байх нь өөрсдөд нь ашгтай байна шүү дээ. Дээр нь ковидоор айлгана, шонд дүүжилж шоронд хорино шүү гэж сүрдүүлнэ, сүүлдээ хорьж цагдаж байна. Жишээлбэл, 1937 оны хэмэгдүүлэлттэй дүйцэхүйц улс төрийн хэлмэгдүүлэлтийг явууллаа, эд нар. Груван Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд гээд олон хүнийг хорилоо. Эргээд бодоход тэдний хийсэн үйл хэргийн ачаар өнөөдөр эдийн засгаа авч явж, халамжаа тарааж байгаагаа санах хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаар гэрэл цахилгааны, дулааны төлбөрийг тэглэж байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь Орост байсан бол тэгж чадах уу. 100 хувь Монголдоо ирчихлээ. Үр дүн нь гарч байна. Цар тахлын үед ард иргэдийн амьжиргааны түвшинг аваад явах, амь тариа болж байна шүү дээ.

-Засгийн газраас Оюу толгойн хэлэлцээрийг явуулж байна. Энэ үйл явдлыг та хэрхэн ажиж байна вэ?

-Оюу толгойд их болгоомжтой, ухаалаг хандахгүй бол хөрөнгө оруулагчдаа алдана. Одоо явж байгаа гэрээгээ сайжруулаад дипломат маягтай харьцах ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчаа элдвээр гоочлох юм бол хаяад л гарна шүү дээ. Дэлхий дахинд баялгаар бизнес хийж байгаа хүмүүст ямар Монгол орон мундсан биш дээ. Үүний үр дүнд хэн хожих уу, хоёр хөрш ороод ирнэ. Оюу толгойд ажиллаж байгаа 15 мянган залуус ажилгүй болно. Тэдний ар гэр, амьжиргаа нь юу болох уу. Асуудлыг том хүрээнд харж, гэрээндээ аль болохоор чамбай хандвал сайн. Тэгж чадвал дараа дараагийн хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Гэтэл одоо манайх руу шагайж байгаа хөрөнгө оруулагчдыг бүгдийг хөөж байгаа нь үнэхээр тоогүй. Японы хөрөнгө оруулагчийг улстөрчдийн зарим нь айлгаж сүрдүүлээд явуулчихлаа шүү дээ. Түүний өрөөнөөс хар тамхи илэрлээ гээд дарамтлаад хөөчихсөн. Тэр хүн бусад хөрөнгө оруулагчдад ярьсан байна лээ, “Монгол руу битгий зүглээрэй. Тэгж л үйлээ битгий үзээрэй” гэж. Ингэж болохгүй л дээ. Ийм байхад хэн Монголд хөрөнгө оруулна гэж орж ирэх юм бэ. Харин хоёр хөрштэйгөө эдийн засгаараа нээлттэй харилцах хэрэгтэй. Энэ бол маш дипломат хүрээнд байх ёстой.

-Та өмнөх дугаарын ярилцлагад хойд хөршийн КГБ-ийн нөлөө одоо ч манайд оршин тогтнож байгаа гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Ер нь Орос араншин тавигдахгүй байна. Зөвхөн Монголд биш, Польш, Чех гээд гадны по-социалист орнууд руу савраа дүрж, КГБ-гийнхээ улсуудыг чихсэн хэвээр байгаа. Тэр бол манайд адилхан нөлөөлж байна. Тэгэхээр бие даасан хараат бус бодлогоо алдвал дуусаа. Дотооддоо хууль шүүхийнхнийгээ улс төрөөс хараат бус болгож, иргэдийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөтэйгөө холбох нь хамгийн чухал.

-Та шүүх эрх мэдлийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй гэж байна. Гэтэл манай Ерөнхийлөгч шүүх эрх мэдлээсээ татгалзаж, үүнийгээ УИХ-д шилжүүлж байх шиг. Уг нь Төрийн тэргүүн нам бус гэдэг утгаараа ийм эрх эдэлж ирсэн шүү дээ. Харин парламент бол олон намын тогтолцоотой болохоор шүүхийн томилгоонд жинхэнэ улс төр орох аюултай, гадныхны нөлөөнд автана гэж хуульчид, судлаачид үзэж байсан?

-Шүүхийн хараат бус байдлыг хамгаалж байгаа царайтай юм байна. Бүр эсрэгээрээ шүүх хууль цагдаа, прокуроруудаа улам хараат болгочихож байна уу даа. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн хараат болгочихов уу гэж харсан. Илүү олон хүний хараат болчихлоо. Харин Ерөнхийлөгч тэр эрх мэдлээрээ өөрөө оролцохгүйгээр хараат бус шүүхтэй байх тогтолцоогоо хадгалаад үлдсэн бол зүгээр байсан. Эрх чөлөөт орнуудад тагнуулын газар, хуулийн байгууллагынхны толгойд гарсан хүмүүс улс орны ерөнхийлөгч, парламентын гишүүдийнхээ нүд рүү нь харж байгаад “Би хараат бус ажиллана, тэгэхгүй бол энэ ажлыг хийхгүй” гэсэн эр зоригтой байдаг юм билээ. Ийм оюуны цартай хүмүүс байдаг юм байна. Гэтэл манай оюун санаа үнэхээр ядуурч байна.

-Ийм ядуу оюун санаатай төрийг удирдагчдад хэдий хугацаа үлдээ бол?

-МАН-ынханд дахин, дахин хэлэхэд 2024 оны сонгууль хүртэл явна. Засгийн газар нь огцрох гэхээсээ илүү өөрчлөгдөх ёстой. Ерөнхий сайдын зангараг гэж байна шүү дээ. Өмнө ямар, ямар зангарагтай Ерөнхий сайдтай байв, манай улс. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд болсон. Ер нь би боддог юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хүмүүс айж, эмээж байгаагүй. Сэтгүүлчийг шүүхэд өгсөн тохиолдол байхгүй. Хүн болсон хойно алдаа, оноо байлгүй яахав. Ололтоо дөвийлгөж, алдаагаа хянаж, анхаарч явбал тун хэрэгтэй. Манай улстөрчид тэгэхгүй байна.

-Жагсагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай орчин нөхцөлөөр хангах хуулийн зохицуулалт байдаг. Олон улсын гэрээ, конвенцэд ч энэ талаар тодорхой заасан байдаг. Гэтэл эрх баригчид жагсагчдын эрхэд халдаж байгаа нь нүдэнд ил байна. Өөрсдөө жагсахдаа хэдэн арван гэр талбай дээр барьдаг байсан шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд талбай дээр тэмцэж байгаа иргэдээ майхан барихыг нь хүртэл хориглож байгааг та юу гэмээр байна?

-Энэ бол хүнийг харгислаж байгаа харгислагчид. Яргын сэдэлтэй эрх баригчидтай, зандалчилж байдаг заналчин цагдаагийн дарга нартай болчихож. Тэд өөрсдөө үр хүүхэдгүй улсууд уу. УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд яагаад энэ асуудалд анхаарахгүй байна вэ. Өөрийнх нь үр хүүхэд, хамаатан садан ийм харгислал дор тэмцэж байвал ингээд гараа хумхиад суугаад байх уу. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

Тэгсэн атлаа аливаа баяр цэнгүүн, уул овооны тахилгад манай төрийн түшээд уухайлан оролцоцгоож байна. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Энэ зун Цамбагарав хайрхан, Отгонтэнгэр хайрханыг тахилаа. Баахан ковид тараалаа. Тахилгын үйл явц дунд муудсан идээ будаа их. Дээрээс нь жорлон байхгүй болохоор тэнд очсон олон мянган хүн дуртай газраа бие засна. Уулыг ингэж тахидаг юм уу. Отгонтэнгэрийн хормой дахь Бадархундага нуур руу алт, мөнгөн аяга, хадганд ороосон бумба хийж байх жишээтэй. Энэ чинь дээд зэргийн тэнэглэл. Тэр нь Бадархундага нуурыг бохирдуулаад зогсохгүй яваандаа ширгээх аюултай шүү дээ.

-Уулаа мөнгө болгох боломжийн талаар яриандаа цухас дурдаж байсан. Танд ямар санаа байна вэ?

Хаана байна, байгальдаа хайртай гээд байгаа нь. Тэгэхэд япончууд Фүжи уулаа өдөр бүр тахидаг юм байна гэж харсан. Тэр нь юу вэ гэвэл нэг, хоёр, гурав гэсэн үечлэлтэй. Тэнд нь бизнес явдаг. Дээд зэргийн ариун цэврийн өрөө, элдэв бэлэг дурсгалын дэлгүүрүүд, үнэтэй хувцсны брэндүүдтэй. иргэд зургаа авахуулна. Уулаа бизнес болгосноос гадна хамгаалчихаж байгаа юм. Хэн ч хог хаядаггүй. Би Австри, Швейцарийн өндөр уулуудад гарч байсан. Дэлхийн баячууд цугладаг Швейцарийн Санкт-Мориц хотод сар болж байлаа. Тэр уул бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орсон байгаа юм. Цанаар экстрим гулгалт хийн, хөлдсөн нууран дээр морин поло явуулна. Олон төрлийн спортын арга хэмжээ өдөр бүр болдог. Дүүжин галт тэрэгтэй. Тэнд байгаа үйлчилгээ нь бүгд мөнгө. Уул, орчноо цэвэр байлгаад хамгаалчихаж байна. Уулын тахилга гэж үүнийг хэлнэ. Найман мянган метрийн өндөрт гарах хүсэлтэй хүмүүс байна шүү дээ. Дүүжин гал тэргээр зорчоод орой дээр нь гарчихна. Цасан дунд дэлхийн дээд зэргийн ресторан тэнд барьсан байна. Уулаа ингэж амилуулах ёстой. Швейцарьт байдаг миний найз надад хэлж байсан юм. “Танайх Таван богдоо амилуулаач ээ. Таван богдыг дэлхий шавдаг газар болгож болно” гэж билээ. Үнэхээр Таван богдод өвлийн олимп, спорт наадам зохиодог газар болгох боломжтой. Тэрийг дагаад дэд бүтэц хөгжиж, орой дээр нь онгоц, нисдэг тэрэг гардаг бизнесийн төв болно. Уул судлах шинжлэх ухааны төв ч байгуулж болно шүү дээ. Гэтэл одоо жорлон байхгүй, хамаг ялгадсаа цацчихаад, хад харагдвал өөрсдийнхөө нэрийг биччихээд явж байгааг нь дээд зэргийн тэнэглэл гэхгүй бол өөр юу гэх билээ.

-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлыг та нэлээд шүүмжилж байгаа харагдсан?

-Мод тарьж болно. Гэхдээ айл болгон орчноо сайхан тохижуулж цэцэрлэгжүүлж, амьдрах орчноо тухтай сайхан болгох гэж хичээж байгаа. Тэрийгээ хуваарилчих хэрэгтэй. Тийм сайхан ажил өрнүүлж буй иргэдийн татварыг бууруулна гэж болно. Тэгэхгүйгээр ой модонд ургаж байгаа модыг огтолж авчраад өөр газар суулгахыг мод тарих гэхгүй ээ. Ургуулах биш, сөнөөж байна. Хоёр өөр хөрс шүү дээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал гээд яриад л байна. Би энэ тухай дэлхийн том эрдэмтний номыг уншсан. Ейн Флаймер гээд Австралийн геологи судлалын том эрдэмтний бичсэн “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” гэдэг номонд дэлхий угаасаа өөрийн жам ёсны цикльтэй юм гэжээ. Тэгэхээр жамаараа явж байгааг битгий оролдоод бай. Жамыг хэн ч сөрж дийлэхгүй шүү дээ. Ер нь жам гэдэг бол хатуу бөгөөд үнэн. Мөнхийн амьд юм шиг авирлах хэрэггүй. Ертөнцийн жам бол хэн байхаас үл хамааран үүрэх ёстой ачаа, эдлэх ёстой үйл лайг нь эдлүүлнэ. Энэ хорвоо дэлхийд хүн нүцгэн ирээд нүцгэн буцна.

-Оюун санааг тээгчид та бүхний үзэл бодол нийгэмд асар их үгүйлэгдэж байгаа энэ цаг үед илэн далангүй яриа өрнүүлсэн танд талархлаа. “Уран бүтээлч хүний хувьд ковидын үед ямар ажлуудыг амжлуулж байна даа” гэсэн асуултаар яриагаа өндөрлөе.

-Коронагийн үед уран бүтээл хориотой байна. Жилийн өмнө сар бүрийн сүүлийн гурав хоногт нэг жүжигчний уран бүтээлийн цэнгүүнийг толилуулж байя гээд эхлүүлээд хоёр гурван сар болсон байсан юм. Тэгээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын тасалбар ч дуусчихсан байв. Хөл хорио тогтоогоод бүх юм хаагдсан ч үзэгчид маань хүлээгээд байж байгаа. Одоо энэ сардаа ковид гайгүй бол уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ. Манай Б.Цэнддоогийн хоёр шүлэгт ая эгшиглэн хийсэн.Одоо хөгжмийн найруулга хийж байгаа. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн баримтат нэвтрүүлэг, кино хийж байна. Ер нь уран бүтээл зогсохгүй байгаа. Монголын 1921 оноос эдүгээ хүртэлх түүхийн бодитой баримт пактыг эмхтгэсэн түүхч Б.Баатар, Лонжид, О.Батсайхан нарын “Мартаж үл болох, давтах учиргүй түүх” номыг тус бүр 30 минутаар хураангуйлж бичсэн ведио бүтээл дээр ажиллаж байгаа. Бас сонсдог ном болгох гэж байна. Хааяа Баабар.мн дээр нийтлэл бичнэ ээ. Уран зохиолын болон судалгааны номуудыг ч харж байна. Америкийн алдартай зохиолч Айн Рэндийн бүтээлүүдийг анзаарч судалж байна. Тэр хүний гурван жүжгийг найруулж тавьсан. Цаг тавигдахаар жүжгүүдээ найруулж тавина. Ийм л ажлууд дээр ажиллаж байна. 1990 оноос хойших ардчиллын ороо бусгаа түүхийг онтой, сартай нь үлдээхгүй бол түүхийг бүтээсэн эзэд нь байхад гуйвуулж байна шүү дээ. Тиймээс тэрхүү түүхэн он цагийн бодит үнэнийг хэлхэж сууна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сосорбарам: Эрх баригчид дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох замаар хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Тантай улс төр, нийгэм эдийн засгийн талаар ярилцмаар байна. Эхлээд эрх баригчдын улс орноо удирдаж байгаа байдалд таны дүгнэлтийг сонирхъё?

-Ерөөсөө тодорхой.Сая болсон нөхөн сонгуулийн дүнгээс харахад л ойлгомжтой байна. Нөхөн сонгууль болоход ирц хүрээгүй. Нэмэлт санал хураалт явуулсан ч мөн адил ирц хүчин төгөлдөр болсонгүй. Гэтэл эрх баригчид олонхоороо түрий бариад л Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд хүчээр тангараг өргүүлж байна шүү дээ. Монголын сонгогчдын өмнө тангаргийг тонгорог болголоо. Урьд хожид битгий давтагдаасай гэмээр дээрэм, тонуул болж өнгөрлөө. XXI зуунд иргэд маань өөрийнхөө амьжиргааг хуулиар хамгаалуулах, бизнесээ арвижуулах, ашиг орлоготой байхын тулд төр юмуу түшмэд мяндагтнуудыг ажил үйлс рүүгээ оролцуулахгүй байх сонголтыг хийх болчихсон. Гэтэл үүнийг байхгүй болгочихлоо. Өнөөдөр эрх баригчдын хамгийн адгийн муйхар мунгинаа арга бол энэ. Нэмээд хоёр яам байгуулна гэж байна. Ялангуяа цахим яам байгуулбал маш их аюул дагуулна. Энэ бол урд талын коммунист намд хэрэгжиж байгаа хортой үйл явдал. Иргэн болгоноо тагнаж, чагнаж, хувь хүний эрх рүү хэтэрхий хөндлөнгөөс оролцоно. Хүний болоод айл өрхийн бизнесийн нууц руу халдаж, довтолно. Өнөөдөр цахим яамтай, яамгүй иргэд дэлхийн хаанаас ч хоорондоо харилцаж, нэг нэгийнхээ царай төрхийг хараад ярилцаж байна. Ийм байхад цахим яам байгуулна гэдэг нь монгол хүн бүрд халдаж байгаа халдлага гэж үзэж байгаа. Энэ бол социалист, коммунист, фашист халдлага гэж дүгнэж байна. Эрх баригчид үүндээ бодолтой, дүгнэлттэй хандахыг сануулъя.

-Гэтэл төрөө улам данхайлгаж байгаа эрх баригчид тань шиг ингэж дүгнэх болов уу даа…

-Тэд үнэхээр дүгнэж чадахаа байчихсан юм байна. Уг нь эрх баригчид ардчилал гэж яриад байгаа юм. Ардчилал гэдэг бол цөөнхөө, хувь хүнийг боомилох, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, хямгадаж, айлган сүрдүүлэх гажуу үзэгдэл болчихоод байна. Би эрх чөлөө гэдгийг малгайлж яримаар байгаа юм. Монгол Улс эрх чөлөөтэй байх уу, монгол хүн бүрийн эрх юугаар хамгаалагдах юм. Хувь хүний эрхээрээ дамжаад хувийн өмч нь яаж баталгаажих юм. Энэ хоёр эрх дээрээ үндэслэгдээд хүн хоорондын,

бизнес хоорондын гэрээний эрх гэж юу юм. Энэ гурван үндсэн эрх тулгын чулуу шиг нэгдэж явах ёстой. Гэтэл энэ эрх баригчид үүн рүү орохгүй юм байна.

-Яагаад та ингэж үзэх болов?

-Одоогийн Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайд байхдаа Чөлөөт зах зээл байхгүй гээд дэлхий даяар зарлачихсан. Би хураах гэдэг үгэнд дуртай гэсэн. Ямарваа нэгэн өмчийг төр рүү хураая, төрд бөөгнүүлье гэснээ ч хийж байх шиг байна. МАН-ын 100 жилийн хугацаанд ийм боомилолт дуусахгүй явсаар өдий хүрлээ. Үүнээс гарах гарцгүй болтол нь ингэж авирлана гэдэг бол өнөөдрийн эрх баригчид дэндэж байна. Дэндэх дэндэхдээ буцаад социализм руу, бэлэнчлэх сэтгэлгээ рүү ухарч байна. Хэтэрхий халамжийн тогтолцоо руу явж байна. Иргэдээ халамжаар угжаад байна. Энэ бол ард түмнээ хорлож байгаагийн хэлбэр. Тухайн иргэн хөдөлмөрлөхгүй, залхуу, амьдралын идэвхгүй, зальхай, ядуу болох үндэс энэ.

-Уг нь Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ?

-Нарийндаа ярихад энэ эрх баригчид ярьсныхаа эсрэг үйлдэл хийж, хийснийхээ эсрэг ярьж байна. Ороо бусгаа аль XIX зуунд суурь нь тавигдсан альтруизм буюу золиос төлөөс болдог тийм үзэл санаатай. XX зуунд бий болсон прагматизм буюу мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа гуйвж байдаг ийм үзэл санаатай эрх баригчид Монголд ноёлж байгаа. Энэ хэцүү. Эд нар өөрсдийнхөө энерциэр дампуурна. Үүнийг сонгогчид ч өөрсдөө харна. Харахаар барахгүй өөрсдийнхөө оюун санаа, бизнес гээд бүх зүйлдээ амсаад эхэлчихсэн байгаа.

-Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог болсон. Засгийн газар нь Их хурлаасаа илүү эрх мэдэлтэй болсон. Цаашид энэ эрх баригчид өөрсдийнхөө дарангуйллын тогтолцоог улам төгөлдөржүүлж, ноёрхлоо удаан хадгалах сууриа засаад яваад байна уу?

-Ерөөсөө л тэр. Дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох, хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна шүү дээ. Өнөөдөр энэ дарангуйллыг сөрж, эсэргүүцэх, зоригтой залуус байгаа нь сайн. Тэд ямар ч гэм зэмгүй, буруу үйлдэл хийгээгүй, асар соёлтойгоор байгаа үйл явдлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн “No Naadam”, “No double standart” хөдөлгөөнийхөн юм. Өнөөдөр эрх баригчдад ийм залуусын үгийг сонсох тэнхээ алга. Ертөнцийн анир чимээг олон талаас нь сонсох сонсгол нь дүлий болжээ. Эрдмээр буюу оюун санаагаар цэнэглэгдсэн оюуны сүв нь тагларчихаж. Коммунист үзэгдэл яг л ийм байдаг. Социалист систем, коммунист нөлөө, фашист хяналт гурав зэрэгцээд ирэхээр цааш явахгүй.

-Манай улс бол парламентын тогтолцоотой. Гэтэл ковидын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл томорчихлоо шүү дээ. Их хурлынхаа үгийг тоодоггүй, Их хурал нь хүчгүй болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Том эрх мэдлийг өөртөө авч байгаа нь үнэн. Манай энэ Ерөнхий сайд хийж байгаа хүүхэд чинь “Энэ ард иргэдийн эрх чөлөө хэтэрч байна. Ард түмэн дэндүү эрхэлж байна” гэж авч байна лээ. Харин амьдрал дээр эсрэгээрээ. Өөрсдөө бол эрх мэдлээр эрхэлж байна шүү дээ. Тэр зузаалсан Засгийн газрын эрх мэдлээр буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгож байна. Ковидын үед гадна дотны хандивлагч орнууд, баялгаас орж ирсэн мөнгө хаана байна вэ. Зарцуулалтыг нь тайлагнадаггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаагаа тайлагнадаггүй учраас Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж байна. Харин сонгогчид бол ямар ч эрх чөлөөний бололцоо байхгүй хумигдаж буй. Засгийн газар дарамталж, хүнд суртал гаргаж, хүний ажиллах бүх сонирхлыг халамжаар унтрааж байна. Нэг нь ард иргэдийг эрхлүүлж байна гэж ярьсан хэрнээ эрх мэдлээр өөрийгөө зузаалж байна. Энэ эрх мэдлийн цаана далд эдийн засаг, улстөрчдийн хуйвалдаан өрнөж байна.

-Эдийн засгаа тэлнэ, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд том амлалтууд өгөөд байгаа л даа?

-Коммунизмын үед шинэ эргэлтийн бодлого гээчийг ярьдаг байв. Урд хөршид одоо ч ярьж, хэрэгжүүлдэг. Энэ бол сэргэхгүй. Өөрөө нурна, дампуурна. Ойрын үед эрх баригчдын дунд зөв үзэл бодолтой сайд дарга нар байгаа. Төр хэтэрхий оролцоод ирэхээр төрийн оролцоотой компани болгон дампуурч байна. Үүнийг үнэлдэг зарим эрх мэдэлтэй хүмүүс бий. Ер нь эрх баригчид өөрөө өөрсдийнхөө энерциэр дампуурна л даа.

-Ерөнхий сайд саяхан төрийн өмчит компаниудыг хувьчилна гээд УИХ-ын чуулганы индэр дээрээс зарласан. Тэгэхээр төрийн өмчийг дампууруулаад үнэгүйдүүлж хувьчилдаг арга байна уу?

-Товчхондоо энэ бол коммунист арга.

-Таныхаар өмч хувьчлалыг яаж зөв замаар явуулах вэ?

-Ил тод, шилэн байх хэрэгтэй. Нээлттэй зарлаад хүн болгон өрсөлдөх боломжийг олгоод орхи. Ер нь зах зээлийн эдийн засаг, ёс зүйтэй капитализм байя гэвэл чөлөөт өрсөлдөөн байна. Тэгээд үнэ чөлөөлөх ёстой. Гэтэл манайд тийм биш болохоор өнөөдөр үнийн өсөлт аяндаа гарч ирээд байна шүү дээ. Төр оролцохоор бүх юм баларна гэсэн ланжгар үг байдаг. Дэлхий өөрөө эргэдэг. Тэр лугаа жам ёсоороо өөрсдөө ажлаа хийгээд явъя. Тэрэнд төр битгий гай бол. Төр байя гэвэл маш цомхон бүтэцтэй байх хэрэгтэй. Монголд долоо, найман яам хангалттай. Дэд сайд гээд олон төрийн эрх мэдэлтнүүд хэрэггүй. Маш авсаархан татвартай байх ёстой. Ард иргэд нь хугацаандаа татвараа төлчихдөг тийм бүтцийг бий болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр татвар өндөр болохоор иргэд нуудаг. Ард түмэн өөрсдөө хар аяндаа луйврын сэтгэлд суралцаж байна шүү дээ. Татвар өндөр байх тусам хяналтын хүнийг авлигадна. Татвараа нууна. Төр өөрөө дээр, дооргүй хулгай, дээрэм тонуулын сэдэлтэй болгоод хаячихаж байгаа юм. Энэ бол манай тогтолцооны гажиг.

-Тогтолцооны гажгийг өөрчлөх ямар боломж байна вэ?

-Үндсээр нь өөрчлөх ёстой. Үүний тулд хувь хүний эрх, хувийн өмчийн эрх, гэрээ хэлэлцээр, эрх чөлөө, гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж байж тогтолцооны гажиг өөрчлөгдөнө. Гэр бүлийн үнэ цэнэ дээр үндэстэн өөрөө оршин тогтнодог. Өнөөдөр хувь хүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй хэлэх, ярих, хэвлэх эрхийг хааж байна. Хувийн болон хувьсгалын мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгож байна шүү дээ. Дөрөв дэх засаглалыг Засгийн газар, эрх баригчид зүгээр л нам жим болгочихлоо. Гадаад, дотоодод гайгүй сургууль төгссөн хүмүүсийг Засгийн газар руугаа мөнгөөр цохиж авч байна. Энэ бол хорлож байгаагийн илрэл. Энэ алдагдсан эрх чөлөөг “No Naadam”, “No double stan­dart” хөдөлгөөний залуус нэхэж жагсаад байгаа юм. Тэд маш зөв шаарлага тавьсан. “Ерөнхий сайд та хэдэн мянгаар нь хүнээ цуглуулаад ковидоо тараадаг. Энэ бол гэмт хэрэг” гээд эсэргүүцсэн. Ерөөсөө бизнесээ чөлөөлөөд явуул гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрх чөлөөг төр засаг боогдуулснаар монголчуудыг үнэхээр айдаст автуулж байна. Тэр хувь хүмүүсийн ард байгаа гэр бүл, үр хүүхэд, ураг садан гээд нэлээд хэдэн айл айдаст автана. Тэгээд үндэстэн сүйрнэ. Тод жишээ хэлье л дээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө “No double” хөдөлгөөний 21 настай хоёр хүүхдийг баривчилсан. Ямар ч буруу үйлдэл хийгээгүй, зүгээр орцноосоо гарч ирэхэд нь цагдаа нар шууд гавлаад ачаад явсан байгаа юм. Тэдэнтэй хамт санаандгүй орцноос хамт гарч ирсэн огт танихгүй залууг хамсаатуулан баривчилсан. Энэ залуу амьдралаа залгуулах гээд хот хөдөөгийн хооронд хүн тээвэрлэх гэж зар бичээд тэрийгээ хүн ихтэй газар аваачиж наахаар гэрээсээ гарч ирж таарсан юм билээ. “Хэнтий рүү хүн тээвэрлэнэ” гэсэн бичгийг нь уриа лоозонтой андуураад “Энэ нөхөр талбай дээр очиж жагсах нь” гэж хүчнийхэн хардаад баривчилсан. Ингэхдээ зодож, нүдэж, гавлаж, гинжилсэн байгаа юм. Ямар ч гэмгүй хүнийг баривчлангуут эхнэр нь сандарч гарч ирээд, хүүхдүүд нь уйлалдаад тэр айлд ямар их түгшүүр бий болох нь ойлгомжтой. Гэтэл цагдаа нь “Амьдрал баян шүү дээ, уучлаарай хө. Би андуурчихлаа” гээд сууж байж болох уу. 1937 оны үед зүгээр хонь хариулаад явж байсан малчныг хороох хүнийхээ тоонд оруулах гэж баривчилж байсан хэлмэгдүүлэлттэй яг ижил үйл явдал болж байна.

-Сайн төр ямар байх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд энэ үндэстний дотор амьдарч байгаа иргэн болгоноо айдасгүй, тайван амгалан байлгах ёстой. Улмаар тэднийхээ эрхийг хамагаалах ёстой. Төрийн үүрэг бол хувь хүний эрхийг харгислал, хүчирхийллээс хамгаалах, хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалах, хүн хоорондын зөрүү, маргааныг ёс зүйтэй шүүдэг шударга шүүхтэй байх ёстой. Сайн төр бол энэ гурвыг хийдэг. Харин манайх эсрэг төр.

-Хоёр хөрш маань хилээ хаачихлаа. Одоо Солонгос хүртэл улаан бүсэд оруулж, нислэгээ зогсооё гэж байна. Хил гааль хаасан нөхцөл байдлыг боломж болгохын тулд бид юу хийж чадах вэ?

-Хил, гааль хааж байгааг том боломж гэж харж байгаа. Хэн нэгний хараат бусаар амьдарч чаддаг юм гэдгийг харуулах цаг болсон. Харамсалтай нь дотор талдаа коммунист дэглэм бэхжээд ирэхээр нэг аюул нь энэ. Хэрвээ чөлөөт зах зээлтэй бол хил гааль хаасан ч гэсэн Монголд боломж байна шүү дээ. Тэр боломжоо нээгээд гурав дахь улс руу арилжаа наймаа хийдэг, гэрээ контрактаа байгуулаад явах боломжтой.

Хоёр хөрш хилээ хаасан явдлыг би хоёр өнцгөөр харж байгаа. Өвчин эмгэгээс болж түр хааж байгаа байх. Нөгөө талдаа геополитикоор боолчлох гэсэн хоёр хөршийн айлган сүрдүүлэлт. Хойд, урдууд хүн юм болсон хойно өвчин эмгэгээсээ болсон байгаасай даа. Гэхдээ хил гаалиа хаасан ч монголчууд өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах хэрэгтэй л дээ. Ямарваа хатуу үйл явдал, эрсэдлийг давах чадвараар тэр шалгуурт унахгүй байх цаг тулж ирж байна шүү дээ. Тэгэхээр манайханд амьдрах боломж байгаа.

-Ковидоор манай улс нэг сумын дайтай иргэдээ алдчихлаа шүү. Танд юу бодогдож байх юм?

-12 гаруй сая хүн амтай Токио хотод халдварын тоо бараг арав дотор эргэлдэж байна. Гэтэл гуравхан сая хүн амтай үндэстэнд халдварлаж байгаа тоо, нас барагсдын тоо огт буурахгүй байна. Өдөрт 18-аас доошгүй хүн ковидоор нас барж байна. Энэ гай юунаас болсон нь манай залуучуудын тавиад байгаа шаардлагын бодитой үйл явдал нь харагдаж байна. Тэгэхээр дабель стандартыг зөвшөөрөх ёсгүй. Үүний эсрэг тэмцэж байгаа нь зөв. Энэ үндэстэн цаашид олон жил наадаж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн цэнгэн хөгжилдье гэвэл ганц жил наадмыг өнжиж болно. Гэтэл зунжин хөдөө орон нутагт үргэлжилсэн найр наадам, уул овоодын тахилгын дараа нян нь тархаад, хот руу орж ирээд өвчлөл улам нэмэгдсэн. Энэ коммунистуудын харалган бодол. Шангирилад хэдэн мянган хүн цуглуулаад маргааш нь залуус эмнэлгүүд дүүргээд яав. “Зайсан хилл”-д пижигнээд Халдвартаар дүүрэн залуус очиж байна. Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг юм шиг үйлдэл хийгээд байгаагаа зогсоогооч ээ.

-Нэр хүнд, пиартаа амиа тавих шахам ач холблогдол өгөөд байх шиг ээ?

-Үнэн, үнэн. Ард түмнээ хамгаалах биш, дарангуйлал шинжтэй. “Ард түмэн эрхээ дэндүү их эдэлж байна” гээд байгаа хүн шүү дээ. Энэ чинь ард түмнийг чангална гэсэнтэй агаар нэг ойлгогдож байгаа биз. Ер нь коммунистууд ийм харалган бодлоготой байдаг. МАН-ынханд нэг л зүйл хэлье. Та нар дотор амьдрал, улс төрд туршигдсан, тулх суусан зөндөө улстөрчид бий. Оюун санааны хувд төлөвшиж, тэгширсэн хүмүүс ч олон. Тэгээд яагаад ямар ч төлөвшил байхгүй, хаана ямар сургууль төгссөн нь тодорхой бус Дэлхийн Зөн гэдэг байгууллагаар дамжсан хүүхдээр засгаа бариулна вэ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-ынхны гашуудал. Би үүнийгээ энэ намын 50-иас дээш насны хэд хэдэн хүн рүү утсаар “Та нарын толгой хуучраагүй байгаа шүү дээ. Туршлагажсан төрийн жинхэнэ хар хүмүүс бий дээ. Энэ хүнд цаг үед тэднийхээ толгойг ашиглах ёстой” гэж хэлсэн.

-МАН-ынхан лидерүүдээ үечлэлтэй гаргаж ирдэг гэдэг шүү дээ?

-Үе өөрчлөгдөж болно. Тэр үе төлөвшиж үү, үгүй юү гэдэг асуудал чухал. Хатуухан хэлэхэд бид хүний амьдралын таван үеийг давж байж төлөвшдөг юм байна. Тухайлбал, 49-ний жил, 61-ний жил хүрч байж жинхэнэ байр сууриа авдаг. Ухаандаа захирагддаг, ухаанаа олон салбар руу, олон сэтгэлгээний үнэ цэнэ рүү хуваарилж чаддаг байх ёстой. Ухаандаа биш унжлагандаа захирагдсан хэдэн нөхөд төр засагт орчихоор ямар нэмэр байдаг юм.

-Л.Оюун-Эрдэнийн хувьд нэн шинэ залуу Ерөнхий сайд гэдэг утгаараа аргагүй л туршлага дутаад байх шиг. Түүнийг хүний өөрийн намынхан нь ч ингэж дүгнэдэг. Ард түмэн нь хэдэн зуугаараа цар тахлаар нас барж байхад хөшөөтэй зууралдаад сууж байж таарах уу даа?

-Энэ бол нэн хорлонтой Ерөнхий сайд. Монгол Улс оршуулгын газар биш. Хэрэв хөшөө дурсгалтай байя гэвэл бизнес болгох хэрэгтэй. Хүмүүс тэнд нь мөнгө төлөөд ордог, дотор нь музей байдаг, орой дээр нь гараад алсыг хардаг, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй байж хөшөө үнэ цэнэтэй болно. Тэрнээс энд, тэнд буулгаад, бариад байх юм уу. Хөшөө баригсад өөрсдийнхөө далд урхагийг нууж байна. Аргал түүж байгаа эмээгийн хөшөө барьчихсан ч байх шиг. Ямар ач холбогдол, ямар үр дүнтэй юм бэ. Тэрүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Ямар ч филисофигүй байна, бид. Сонгогчид, уран бүтээлчид, улстөрчид ч ялгаагүй. Дээр хэлсэнчилэн золиос төлөөс буюу альтриустууд, нөгөө талаар үзэл санаа буюу прагматикууд байхгүй. Энэ чин дампуурал руугаа яваад байгаагийн дохио юм.

-Та яриандаа эрх баригчдыг дампуурал руугаа явж байна гэж хэд хэдэн удаа дурдлаа. Гэтэл хуулиар дарангуйллын сууриа бэхэлж байна шүү дээ. 2016 онд засгаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. Одоо түүнийг цагаатгачихлаа. Хуучин нийгмийн дарангуйлагчаа алдаршуулж байна гэж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй харагдсан. Харин ардчиллын үнэт зүйлийг нутагшуулахад анхнаас нь гар бие оролцож ирсэн таны хувьд ямар байр суурьтай байдаг юм бол?

-Ю.Цэдэнбалыг цагаатгасан юм бол өнөөдөр Лоохууз, Сурмаажав, Нямбуу, Аварзэд, Лхамсүрэн гээд гадаад яамны сайд байсан улсууд бүгд хэлмэгдээд хядлаганд өртлөө гээд коммунизмын үед молхиогдсон. Эднийг уг нь цагаатгасан юм. Тэгвэл тэднийг гэмтэн болгох хэрэгтэй болж хувирч байгаа байхгүй юу. Энэ их хэцүү. “Манайх мөртлөө хүнийх болсон хүмүүс” гэж манай түүхийг бодитой судалсан судлаачдын хэлсэн үг бий. Хойд коммунист хөршийн КГБ-гийн айхавтар нөлөө өнөөдөр мөнх байна. Цаашид ч мөнх байж магадгүй болчихлоо. Урд нэг том коммунист орон байгаа. Тэрний гар хөл болсон улсууд улс төрд байна. Сэтгэлгээний өндөр цар хүрээтэй, оюуны бядтай, нэмээд эр зоригтой манлайлах чадвартай, дарангуйлал, айлган сүрдүүлж байгаагаас буцахгүй, няцахгүй хүмүүсийн тоо нэмэгдээсэй. Улс үндэстнүүдийг харж байхад нэгэн суутан хүний хэлсэн үг санаанд орлоо. Толгойлж авч яваа тавхан хувь байдаг. 95 хувь нь шимэгч байдаг юм байна. Цөөхөн ч гэсэн манлайлж яваа, түрүүлж сэтгэж байгаа болгоныхоо үгийг сайн сонсож байх хэрэгтэй. Ардчилал гэдэг бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг дарангуйллын тогтолцоо болчихожээ. Энэ ардчиллыг социализмаар сольчихлоо гэж хэлэх байна. Нөгөө талаар эрх баригчдад анзааруулж хэлэхэд би эд нарт өсөрхөж, дургүйлхсэндээ биш, бүх явдал суудал, үзэгдэлд баримт пакттай хандаж байгаа юм.

-Та “No Naadam”, “No dou­ble standart” хөдөлгөөний залуусыг нэлээд дэмжиж, дуугарч байгаа харагддаг. Тэдэнтэй ямар холбоотой юм бэ?

-Цөөхөн ч гэсэн ийм залуус, хэн нэгнээс хараат бусаар, аль нэгэн намын даалгавраар биш, дангаараа өөрсдөө бие даан сайн дураараа эвлэлдэн нэгдсэн. Бие биеэ танихгүй хэрнээ үзэл бодлын уулзвар дээр нэгдэж байгаа нь маш зөв хандлага. Ирээдүйд зөв үр соёолж байгаа юм байна гэж харж байгаа. Миний сэтгэлээ тэнийлгэх зүйл энэ байна даа.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Дугар: Монголын эрх баригчид Ханбогд-Хангимандалын нүүрс тээврийн авто замыг гацааж, улсаа хохироосон

Таван толгой, төмөр зам, авто замын асуудлаар улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Таван толгойг төрд авах асуудал одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2005, 2006 оны үед хөндөгдөж, иргэний хөдөлгөөнүүд төв талбайд жагсаж байсан. Үүний ард таныг удирдаж байсан гэх юм билээ. Таван толгойг төрд авахад таны үүрэг ройль юу байв. Тухайн үеийн үйл явдал өрнөх болсон шалтгааны талаар ярилцлагаа эхэлье?

-Таван толгойн бүлэг орд газрыг 1960-аад оны эхэн үеэс монголчууд ашиглаж эхэлсэн. Зөвлөлт Монголын геологичдын хамтарсан экспедици нөөцийг нь тогтоосон байдаг. Балансын нөөц нь 8.6 тэрбум тонноор хэмжигддэг. 1960-аад оны дунд үеэс хойш коксжих нүүрсийг Улаанбаатар хот руу татан авчирч, төмрийн үйлдвэрүүдэд ашигладаг байсан юм. Ахуйн хэрэглээнд ашиглах боломжгүй, илчлэг өндөртэй нүүрс шүү дээ. Цэвэр коксжих нүүрс нь 3-4 тэрбум тонн орчим нүүрс бий гэж тооцдог. Балансын 8.6 тэрбум тн нөөцөөс 5.6 тэрбум тн-ыг ашиглана гэж үздэг байлаа.

Социализмын үед ашигт малтмалын ашиглалтын нөөцийг тогтоохдоо балансын нөөцийн 60-70 хувийг нь ашиглана гэж тооцдог байв. Ер нь 100 хувь ч ашиглаж болно л доо. Ингээд 1980-аад оны үед Таван толгойн бүлэг ордыг Хойд Солонгос, зүүн европын орнуудад хамтарч ашиглах талаар тухайн үеийн төр засгаас санал тавьж байсан боловч металлургийн үйлдвэрт аваачихад үр ашиггүй байсан. Ингээд 1990 он болж, социалист систем нуран унаснаар эдийн засаг ч задарсан. Энэ үед гадаад харилцаа Монголын хувьд хомсдож ирсэн. 1998 онд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ баталж байлаа. Энэ хууль нь өөрөө нэлээд либераль маягийн. Ялангуяа гадныхны зааварчилгаа, үзэмжээр боловсруулагдсан хууль. Лиценз эзэмшигч нь банкинд барьцаанд тавьж, баталгаа гаргаж, зарж болно. Хэнтэй ч хувааж ашиглаж болохоор хууль байсан л даа. Энэ үед дэлхийд нэлээд дээгүүрт ордог, Австралийн нүүрсний том компани Таван толгой, Оюу толгойн бүлэг ордыг хуулийн дагуу эзэмшсэн. Ингээд Австралид 1999, 2000 оны үед буусан үерт уг томоохон компанийн уурхай өртсөнөөр нүүрсний зах зээлд дампуурах маягтай болж ирсэн. Энэ байдалдаа тэр компани дүгнэлт хийгээд Таван толгой, Оюу толгойн лицензийн төлбөрийг нь төлөх боломжгүй болоод Монголын төрд буцааж өгсөн түүхтэй юм. Тэр цагт мэдээлэлд ойр байсан манайхан голдуу алтны уурхай руу хошуурч байсан үе л дээ. Дээрх бүлэг ордыг хэн ч авахгүй байсан. Ингээд 2000-аад оны үед цэргийн бага дарга хийж байгаад халагдсан н.Батсайхан гэдэг хүн авсан. Тэрээр гадаад харилцаа холбоо төдийлөн сайнгүй байсан болохоор түнш хайж явж л дээ. Ингээд Сү.Батболд дээр очсон байдаг юм. “Та бол намайг бодоход гадаад харилцаа сайтай, хөл дээрээ тогтсон бизнестэй хүн болохоор хамтарч ашиглая” гэсэн санал тавьсан юм билээ. Ингээд Сү.Батболд 80 хувь, Батсайхан 20 хувийг нь эзэмшихээр тохирсон байдаг юм. 2003, 2004 оноос эхлээд Сү.Батболд энэ ордыг ашиглахаас илүү зарах тал руугаа хөөцөлдөж явсан. Үүнийг миний бие судалж, эсэргүүцсэн нь тэр. 2004 оны намраас эхлээд ил, далд сонин хэвлэлээр бичиж явлаа. Үүний нэг нь “Таван толгойн Батболд” гэсэн том нийтлэл. Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг Хятадын Шинхуад зарахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан үе байсан. Шинхуа яагаад Таван толгойг сонирхох болсон шалтгаан нь нэг талаас 2000-аад оны эхээр Хятадын төр засаг металлургийн үйлдвэрээр дэлхийд номер нэг болгох тэргүүн зорилт тавьж, Бугатын үйлдвэрийнхээ хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэх том төсөл хэрэгжүүлж байсантай холбоотой. Хоёрдугаарт, Шинхуа бол Шинжаанаас Тянжиний усан боомт хүртэл өөрийн төмөр замтай байсан. Тиймээс Шинхуагийн хувьд Бугат руу Таван толгойгоос нүүрс зөөх нь хамаагүй ойрхон байсан. Иймд манай Таван толгойн коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Хоёр тал хэд хэдэн удаа уулзахдаа хамгийн сүүлд нь үнэ ханшаа тохироод Бээжинд мөнгө төгрөгөө өгч, авалцахаар тохиролцсон байсан.

-Тухайн үедээ хэдий хэмжээний үнэ өртгөөр зарахаар тохиролцож байсан гэдэг билээ?

-Балансын нөөц нь 8.6 тэрбум тн хэмжээтэй Таван толгойн бүлэг ордыг 350-хан сая ам.доллараар зарах гэж байгааг нь мэдээд миний бие нэлээд эгдүүцсэн. Энэ талаар тухайн үеийн нэртэй сэтгүүлчтэй хамтарч нэлээд шүүмжилж, баримт дэлгэн бичиж байсан түүхтэй. Ингээд иргэний хөдөлгөөнүүдэд Таван толгойтой холбоотой материалуудыг өгснөөр тэд асуудлыг сөхөж, төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байсан юм. Ийм эсэргүүцэлтэй тулгарангуут Сү.Батболд арван хэдэн гэр бүлтэй хамтарч “Энержи Ресурс” гэсэн компани байгуулж, улс төрийн хамгаалалт хийсэн байсан. Нэгэнт ийм байсан ч би бууж өгөөгүй.

-Таныг Таван толгойг Монголдоо үлдээхээр тэмцэж байхад Оюу толгойн талаар дуугардаггүй гэж шүүмжилдэг байсан шүү дээ. Яагаад зөвхөн Таван толгойг ярьдаг байсан юм бэ?

-Санамж бичигт гарын үсэг зурчихсан, гадагшаа алдахад бэлэн болчихсон байсан учраас Таван толгойг ярих нь нэгдүгээр асуудал байсан. Харин Оюу толгойн төсөл хэрэгжээд, хөрөнгө оруулалт хийгдээд кноп дарах үед нь асуудлыг ярина гэдэг байсан. Оюу толгой шиг орд газар Рио Тинтод 100 жилд ч нэг удаа олдохгүй. Тиймээс хөрөнгө оруулалт хийгээд дуусаад үйлдвэр ашиглалтад орсных нь дараа дуугарах нь зөв. Тэр үед тэд хөрөнгөө хаяад явж чадахгүй шүү дээ.

-Сү.Батболд таныг иргэний хөдөлгөөнүүдийн ард байсныг мэдэж байсан уу?

-Тухайн үедээ мань эр энэ асуудлыг хэн турхираад байгааг мэдээгүй. Сэтгүүлчид бичээд байна гээд тэдэнтэй хөөцөлдөөд яваад байсан хэрэг.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг хамтарч ашиглах санал тавихад нь би татгалзсан гэсэн агуулгатай зүйл ярьж байсан?

-Тэр үед миний бие Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь ойрхон ажиллаж байсан учраас Таван толгойн бүлэг ордыг төрд буцааж авах ёстой гэж ярьдаг байлаа. Н.Энхбаяр дарга татгалзсан хариу өгсөн болов уу гэж боддог.

-Та “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “Энэ хоёр хувь дээрээ тохироогүй юм” гэж байсан санагдаад байна?

-Хэдийгээр Н.Энхбаяр 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо тийм асуудал үүсээгүй гэж ярьж байсан ч энэ хоёр хувь дээрээ тохироогүй нь үнэн. Сү.Батболд нь 51 хувийг авбал зөвшөөрөх гээд. Харин Н.Энхбаяр нь 51 хувийг авах сонирхолтой байсан. Н.Энхбаярын 100 эрхэмээр ярьсан зүйл нь зүгээр л үлгэр.

-Ингээд Таван толгойг зарах гэж байсан луйврыг хэн ил гаргаж тавьсан нууц задарчихангуут Сү.Батболд тантай уулзаж байв уу?

-Хэд хэдэн хүнээр дамжуулж надтай уулзах санал тавьсан боловч би зөвшөөрөөгүй. Сүүлдээ нөхцөл байдал хүндрээд янз бүрийн дарамт шахалт ирж байсан учраас 2007 оны хавар уулзаж байлаа. Зуучилсан сэтгүүлчтэй нь хамт уулзаж байсан. Сү.Батболд намайг “Бороо гоулд, Таван толгой, Чингис гэсэн гурван нийтлэлийг сэтгүүлчид бичээд байна гээд бодож явтал та ард нь байжээ. Бүх асуудал дууссан хойно би тантай тооцоо бодно” гээд цаг гаруй загнаж, заналхийлсэн. Би бүгдийг нь сонсож сууж байгаад “Батболд оо, чамд зүрхэнд чинь эх орон гэсэн сэтгэл байна уу. Таван толгойн бүлэг орд газар бол монголчуудад бурхнаас өгсөн бэлэг. Чи ганцаараа эзэмших ёсгүй. Шинхуад 350 сая ам.доллараар зарах гэсэн баримт чинь байгаа шүү. Тэр байтугай орчуулагчдаа ажлын хөлсөө ч өгөлгүй новширч явааг чинь хүтэл мэднэ. Чи намайг хөнөөж ч болно. Надаас өс хонзонгоо авахаас чинь өмнө маргаашийн сонинд чиний Шинхуатай байгуулсан санамж бичиг гээд бүх баримтыг тавина. Дараа нь чи надтай яриарай” гээд хэлчихэв. Тэгэнгүүт мань эр шууд хоёр гараа өргөөд бууж өгсөн. Ингээд намайг “Таван толгойн бүлэг орд дээр хамтарч ажиллая, би бүх үйл ажиллагааных нь зардлыг гаргая” гэдэг байгаа. Би “Тийм юм байхгүй. Төрд буцааж өг. Тэрнээс нааш чамтай яриа байхгүй” гээд хэлчихлээ. Сү.Батболд “Би намын дарга, Ерөнхий сайдад амбицтай явж байсан. Одоо УИХ-ын гишүүнээр сонгогдвол их юм болчихлоо. Та миний бүх ажлыг дуусгалаа” гэсэн. Хариуд нь “Чи энэ орд газраа төрд буцааж өгөх юм бол чамайг ардын баатар ч болгож болно” гэлээ. Тэгсэн мань эр 350 сая ам.долларыг ганцаараа идэхгүй, арван хэдүүлээ хуваана, тэгээд ажлын байр бий болгоно гэдэг байгаа. Би түүнд “Чи ямар жижигхэн тархитай хүн бэ. Чамайг сайн бизнесмэн, боловсролтой хүн гэж дүгнэдэг байтал ямар жижигхэн бодолтой юм бэ. Чи Таван толгойн бүлэг орд газар хуулийн дагуу эзэмших эрхтэй. Өөрөө ашиглах юм бол 200 жил ашиглана.

Хүн бизнесээ томруулъя гэж боддог байтал чи жижигрүүлье гэдэг нь ямар сонин хүн юм бэ. Шинхуад 350 сая ам.доллараар зарах гэж байна. Тэгвэл цаана чинь гадаадын компаниуд зөвхөн лицензийг 1-1.5 тэрбум ам.доллараар авах санал тавьж байгаа шүү дээ. Авахад бэлэн компаниуд ч байна. Чи яагаад ингэж үнэлж болдоггүй юм бэ” гээд босоод явах гэтэл утсаа өгөөч гэдэг байгаа. Тэгэхээр нь наад зуучилсан хүнээсээ аваарай гэчихээд гараад явсан. Гурав хоногийн дараа Сү.Батболд надтай уулзъя гээд утсаар ярилаа. Ингээд манай гэрийн гадаа ирэхэд түүний машинд нь уулзсан. “Би таны үгэнд ороод шийдвэр гаргалаа. Таван толгойн бүлэг ордыг төрд буцааж өгөхөөр шийдлээ. Харин та намайг ардын баатар болгоно шүү” гэхээр нь “Чи эхлээд таван толгойгоо өгчихөөд наадахаа яриарай” гэсэн. Ингээд таван толгойн ордыг төрд авах шаардлагаар шахалт өгсөн үндсэн шалтгаан нь энэ. Би дотроо “Энэ нөхөр Таван толгойг төрд өгнө гээд намайг тайвшруулаад хулхидаж магадгүй гэж хаширлаад Н.Энхбаярт орж хэлсэн. Сү.Батболд Таван толгойн бүлэг ордыг ганцаараа эзэмших ёсгүй шүү. Төрд авна гэж мэдэгд гэж хэлсэн. Төд удалгүй Н.Энхбаяр Ерөнхийлөгч Таван толгойн ордыг төрд авах ёстой гэж мэдэгдсэн түүхтэй.

-Таван толгойтой холбоотой тухайн үеийн баримт материалууд танд бий юү?

-Тэд баримт, санамж бичгүүдээ шатаасан. Харин надад баримтууд одоо ч хадгалаатай байгаа.

-Таван толгойг төрд авах процесст С.Баяр дунд нь ажилласан гэдэг байх аа?

-Таван толгойн лицензийн төлбөр төлсөн, хайгуул хийсэн гэдэг шалтгаанаар Ухаа худгийг авч хоцорсон. Ухаа худаг бол Таван толгойн бүлэг орд газрын өрөм нь байсан. Тухайн үеийн хайгуулын нөөцөөр 480 сая тн-ын нөөцтэй. Үүний 70-80 хувь нь коксжих нүүрс. Хөрс хуулалт нь 35 метр. Энэ газрыг MCS-д өгсөн. Уг нь өгөх ёсгүй л дээ. Эд нар хайгуулын нэг ч өрөм тавиагүй. Өрмийн хоёр шон аваачиж хатгасан. Хүн харахад хайгуул хийж байгаа мэт харагдуулах гэж тэр. Ингээд С.Баяр Таван толгойг төрд авах шийдвэр гаргахдаа Ухаа худгийг MCS-д өгөхдөө өөрийнхөө эрх ашгийг шингээсэн. Намдаа УИХ-ын сонгуулийн санхүүжилт авсан. MCS Ухаа худаг дээр нүүрс угаах үйлдвэр байгуулсан ч тэр нь хулхи технологи байсан. Геологийн нөхцөл нь доошоо ухах тусам хүндэрч, коксжих нүүрсний чанар илчлэг буурсан. Ингэнгүүт 2012 оноос хойш том Таван толгойг авах гэсэн ажиллагаа явагдсан түүхтэй юм. Яагаад гэвэл хажуунаас нь шууд олборлоход коксжих нүүрсний илчлэг нь Ухаа худгийн гаргаж байснаас сайн чанарын нүүрс гараад ирэнгүүт эргээд Таван толгой руугаа дайрсан хэрэг. Энд М.Энхсайханы ахалсан баг төсөл боловсруулж, Засгийн газраас зөвшөөрч, УИХ-д оруулсан боловч зогссон. Үүнийг Х.Баттулга “Би Таван толгойг Монголд авч хоцорсон” гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Засгийн газрын боловсруулсан төслийг УИХ батлах эсэх асуудлыг шийддэг. Тэрнээс Х.Баттулгын ярьсанчилан Таван толгойг хятадад өгөх гэж байхад нь авч хоцорсон гэдэг яриа бол үлгэр. З.Энхболд, Х.Баттулга хоёр Таван толгойг Монголын төрд авчирсан гэж худлаа пиар хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан түүхтэй.

-Ингэхэд таны боловсруулсан төмөр замын төсөл гацаж байсан цаад шалтгаан юу байсан юм бэ?

-2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Энэ УИХ-ын бүрэн эрх дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа байна. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Үнэгүй өгөхөөс харамсаад байгаа бол өртгөөр нь зар. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Тэгэхэд төмөр замын тухай юу ч яриагүй. Харин М.Энхболд надаас ганцхан зүйл асуусан. Тэр нь “Дулааны станц барихад дулааныг нь яах юм бэ” гэв. Хариуд нь би “Цахилгаан станц бол ДЦС, КЭС гэсэн хоёр төрөл байдаг юм. Дулаан бол асуудал биш, 100 хувь КЭС байж болно. Гэхдээ тодорхой хэмжээний дулаан үйлдвэрлээд орон нутгийн дулааны хэрэгцээг хангаж болно. Эсвэл говийн өргөн уудам газарт өвлийн хүлэмж бариад дулаанаа тэнд ашиглаж, нарийн ногоо тарь. Хятадаас авч байгаа бүх нарийн ногоог тэнд тарьж болно. Мэдээж тэр нарийн ногоог хятадаас авахгүй. Монгол нарийн ногооны дотоодын хэрэгцээгээ хангачихна. Монголтой хил залгаа Сибирь нарийн ногооны хомсдолтой байгаа. Тийшээ экспорт хийж болно. Яагаад гэвэл Монголын хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас оросууд дуртайяа авна. Гуравдугаарт, Оюу толгой, Таван толгойд ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрт ажлын байр бий болно шүү дээ” гэхэд М.Энхболд юу ч хэлээгүй. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Үүнийг Х.Баттулга өөрөө ч мэднэ. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Таван толгойгоос Гашуунсухайтын 267 км төмөр зам байсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Нарийн цариг бол Хятадаас орж ирсэн 267 км мухар зам шүү дээ. Тухайн үед юу гэдэг байлаа даа. Нарийн царигаар танк зөөнө гэж сүржигнэдэг байсан үе. Аль 18, 19 дүгээр зууны үеийн дайны тактик яриад байгаа цагт юм. Орчин үед танкийг төмөр замаар биш онгоцоор зөөдөг болсон. Танкны гүйцэтгэх үүрэг ч буурсан. Онгоцоор, пуужингаар тив алгасан дайтдаг эрин зуунд амьдарч байна бид. Ингээд төмөр замын асуудал гацчихсан. Тэгэнгүүт би дахиж нэг төсөл боловсруулсан. Нэгэнт төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байв. Нийт өртөг нь 650 орчим сая ам.доллар байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг

судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нь нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Ерөнхийдөө энэ 430 км авто замыг ордууд руу нэлээд дөхүүлсэн маягтайгаар дараа нь салаалах боломжтойгоор зураг төслийг хийсэн. Хятадад ч байхгүй тийм сайн замын төсөл. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан л даа. Энэ зам дагуу жолооч нарын амрах зогсоол, ариун цэвэр, амралтын байр, хоолны газар зэргийг иж бүрнээр төлөвлөсөн байсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Ингэхдээ “Говь-Таван толгой” гэдэг компанийн нэрээр оруулсан юм. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Тэр бол байж болно. Томоохон төсөл юм чинь. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Тэр үед Монголын төмөр зам жилдээ 20 орчим сая тонн ачаа зөөсөн байдаг юм. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон. Уг нь төслийн хүрээнд Монгол, Хятадын хамтарсан компаниуд энэ том бүтээн байгуулалтыг хоёр жил хагасын дотор бариад 15 жил ашигласны дараа Монголын төрд үнэгүй буцааж өгөх байсан юм.

-Концессоор шалгараад, гурван шатны шүүхээр яваад ялчихаад байхад яагаад төслийг гацаав. Үүний ард хэний эрх ашиг байв?

-Цаад зорилго нь Сү.Батболд өөрийнхөө намын Бага хурлын гишүүн болох “Мон- Лаа”-гийн Энхсайхантай хамтарсан компани байгуулаад ажиллаж байсан Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь нарт авч өгөх гэсэн оролдлого явсан. Эд нар Хөх хотын өөр компаниудтай яриад олон сая юанийн авлига авсан баримт нь надад байгаа.

-Яагаад заавал энэ авто замыг Хангимандалаар тавих гээд байсан юм бэ?

-Энэ замаар тээвэрлэх нүүрс Бугатын үйлдвэрийн ар шилд очиж байгаа юм. Гашуунсухайт Ганцмодоор явахаар хэдэн зуун км төмөр замаар тээвэрлэж, Бугатад хүрнэ. Өндөр хүчин чадалтай зохион байгуулагдсан авто тээвэр бол төмөр замаас илүү ачаа тээвэр зөөнө. 120 тн-ын даацтай 500 машинаар нэг удаа явахдаа 60 мянган тн нүүрс зөөх нь байна. Төмөр зам хос биш учраас нүүрсээ буулгаад буцаад эргэх ямар ч боломжгүй.

Нэг шулуун замаар зорчдог. Харин манай төслийн хүрээнд төлөвлөгдөөд байсан хоёр, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замаар тооцоход жилд 40 сая тн нүүрс гаргах байлаа. Энэ төслийг Х.Баттулга, Сү.Батболд, Д.Сугар, Зам тээврийн яамны ТНБД байсан Ж.Бат-Эрдэнэ нар гацааж Монголыг хорлосон түүхтэй.

-Танд ямар баримтууд байгаа вэ?

-“Мон-Лаа”-тай холбогдох гараар болон хятадаар бичсэн баримтууд байгаа. Ерөөсөө энэ төслийг Дугар гэдэг хүнд өгч болохгүй гэдэг үүргийг Сү.Батболд Д.Сугарт өгсөн байдаг юм. Би М.Энхболдыг Шадар сайд байхад нь орж уулзахад “Эд нар наагуураа таныг дэмжинэ гэчихээд битгий өг гэдэг юм билээ” гэж байсан. Уг нь мань эр энэ төслийг их дэмжиж байсан хүний нэг л дээ.

-Сү.Батболд Таван толгойн ордыг төрд алдсандаа танд юм бодоод яваад байжээ?

-Тийм бололтой.

-“Ардын баатар болгож өгөөрэй” гэснийг нь тоогоогүй юм уу?

-Таван толгойгоо төрд өгчихөөд “Надад юу ч байхгүй” гэж энхийн цагаан тагтаа царайлж байсан хүн шүү дээ.

-Тэгсэн хэрнээ цаанаа Ухаа худгийг аваад үлдчихсэн байж уу?

-Харин тийм. 2008 оны сонгуулийн дараа “Та намайг ардын баатар болгоно гэсэн дээ” гэж сануулж байсан. Тэгээд долдугаар сарын 1-ний асуудал боссон л доо. Ухаа худаг, Оюу толгойтой холбоотой асуудлаар С.Баярыг шахаж байж Сү.Батболдыг Ерөнхий сайд болгож байсан. Энэ явдалд Женко надад их дургүйцдэг юм. Та “Сү.Батболдыг дэмжлээ” гэхээр нь би ганцхан зүйл хэлдэг. “Сү.Батболдыг Ерөнхий сайд болгох нь чухал уу, С.Баярыг огцруулах нь чухал уу” гэдэг асуудал миний өмнө тулгарсан юм. Би тэрүүгээрээ шийдсэн” гэж.

-С.Баяр таныг баривчлуулсан бил үү?

-Долдугаар сарын 1-ний орой 19.31 цагт цагдаа, тагнуул хоёрт Н.Дугарыг барь гэж үүрэг өгсөн байсан. Мэдээж намайг баривчлах шалтаг байгаагүй болохоор бариагүй. Харин сарын дараа бол тагнуулын байгууллага намайг баривчилсан шүү. С.Баяр Ухаа худгийг MCS-д шийдэж өгснийхөө төлөө маш их авлига авсан байдаг. Намын байраа шатаасан. Таван хүний амь үрэгдсэн долдугаар сарын 1-ний ажиллагааг зохион байгуулагч нь С.Баяр гэж түүнийг шахаж байгаад Ерөнхий сайдаас нь огцруулах ажиллагааг явуулсан.

-Та М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь ойр байсан юм байна. Мөн тэрбээр таны боловсруулсан авто замын төслийг дэмжиж байсан хүмүүсийн нэг байсан бололтой. Харин та түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь дэмжсэн үү?

-2017 онд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд намайг урьж уулзсан. “Та намайг та дэмжинэ биз дээ. Судалгааны үр дүн ямар байна” гэж асууж билээ. Тэгэхэд нь би шулуухан л хэлсэн. “Та сонгогдохгүйгээр судалгааны үр дүн гарч байгаа шүү. 2006 онд таныг Ерөнхий сайд болсны дараахан Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам, Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр бий болго гэж хэлсэн. Та үүнийг хэрэгжүүлээгүй. 2006 оноос хойш 11 жил өнгөрсөн байна. Энэ хугцааанд 400-гаадхан км төмөр зам, Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахааргүй хүчин чадалтай цахилгаан станц барьж чадахгүй Монголын төр гэж хаашаа харсан байдаг юм. Та тэр төслийг миний үгэнд ороод хэрэгжүүлсэн бол одоо ашиглалтын тууз хайчлаад, ардын баатар болчихоод Ерөнхийлөгчийн сонгуульд гарах ялалтын оноогоо халаасалчихсан байх байсан.

Өнөөдөр хар даа та. Нүүрс нь байдаг, тээвэр нь гацчихсан. Цахилгаан станц барьчихсан бол өнөөдөр Оюу толгойд нийлүүлэх боломжтой байсан. Гэтэл Оюу толгой дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнэтэй эрчим хүчийг Хятадаас авч байна. Жилдээ 400-500 сая ам.доллар гадагшаа урсгаж байна. Хэрвээ станц барьж чадсан бол энэ мөнгө Монголдоо шингэх байсан юм. Өнөөдөр Улаанбаатар хот ч утаанаас салсан байх байсан. Ийм учраас би таныг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн. Ийм яриа болоод бид хоёр тийшээ салсан.

-Хэрэв таны төсөл биеллээ олж, зам ашиглалтад орсон бол өнөөдрийн боомт дээрх тээврийн асуудал үүсэхгүй байжээ?

-Жилд 40 сая тн нүүрс гаргаад байх боломжийг Монголын эрх баригчид, шийдвэр гаргах түвшний нөхдүүд гацааж, улсаа хохироосон. Өнөөдөр хил дээр тэр олон машиныг гацаагаад оочерлуулаад байгаагийн цаад эзэд нь дандаа улстөрчид. Нэгнийнх нь эрх ашиг хөндөгдөгдөхөд нөгөөхөө турхирч байдаг. Тэрнээс нэг эзэнтэй, нэгдсэн бодлоготой нүүрс тээврийн компани байх юм бол тэнд ийм маргаан өрнөхгүй. Нэгнийх нь эрх ашиг хөндөгдөхөөр нөгөөх нь шантааж хийж явдаг. Манай шийдвэр гаргагчид таван алхмын цаадахыг хардаггүй. Харин тавин алхмын цаадах мөнгийг яаж идэх вэ гэдэгтээ ухаанаа уралдуулдаг.

-Манай улс дотооддоо цар тахлаа барьж дийлээгүйгээс болж хоёр хөрш хилээ хаачихлаа. Энэ нөхцөл байдалд бид яах ёстой вэ?

-Энэ бол манай өөрсдийн олхиогүйн хэлбэр. Бид хоёр их гүрний дунд хавчуулагдсан байна. Тэдэнтэйгээ эв зүйгээ олж харьцахгүй бол хашаа давж хэнтэйгээ харьцах юм бэ. Ядаж энэ их гүрэнтэйгээ эв зүйгээ олоод өөрийн гэсэн байр суурьтай болчих хэрэгтэй шүү дээ. Тийм байж чадахгүй байж дэлхийд битгий хэл бүс нутагтаа байр сууриа олох юм уу.

Манайхны нэг том алдаа бол аливаа асуудалд улс төрийн өнцгөөс ханддаг. Уг нь эдийн засгийн үр ашгийг нь харж харьцах ёстой. Улс төрөө хоёрдугаарт тавих хэрэгтэй. Хоёр хөрштэйгээ хийж байгаа худалдаа маань ашигтай бол харьцах л ёстой. Дэлхий өөрөө худалдаан дээр тогтож байгаа. Хоёр хөрштэйгөө учир зүйтэй харилцсан бол аль хэдийнэ төмөр зам, авто замаа барьчихсан байх байсан. Бодлогогүй, туршлагагүй, боловсролгүй ганцхан мөнгө шүтдэг нөхдүүд төр засаг удирдаад байх юм. Ядаж жаахан ч гэсэн эх оронч сэтгэлгээтэй баймаар сан.

-Ер нь ингээд хил хаагдчихсан үеийг яаж боломж болгох вэ. Бид дотооддоо юу хийж чадах вэ. Эдийн засгаа яаж авч явах уу?

-Өнөөдөр Хятад Гашуунсухайтаар өдөрт 600 машин авъя гэж хүсэлт ирж байна. Тэнд авто зам, төмөр зам ашиглалтад орсон бол ковидын асуудал яригдахгүй. Яагаад гэвэл төмөр зам бол олон улсын конвенцоор зохицуулагддаг. Тиймээс ковидтой ч дайнтай байсан ч явж л байна. Автозам бол хил даваад PCR-ын шинжилгээ өгөөд нүүрсээ буулгаад явна шүү дээ. Монгол өөр өөрийнхөө хүчинд л хөгжих ёстой. Монголын асуудлыг Орос, Хятад, АНУ хариуцах юм уу. Монголд мөнгө, хөрөнгө бий. Гэвч зөв, арвич хямагач зарцуулахгүй, хамаа намаагүй цацаад байна шүү дээ.

Дээрээс нь сонгогчдын саналыг татахын тулд халамжийн хууль гаргасаар байгаад халамжид живсэн улс болгочихлоо. Хүүхэд болгонд 100 мянган төгрөг өг, хөгшчүүдэд 600 мянган төгрөгийн халамж өг, группт оруулаад өг гэж хэн ч шаардаагүй биз дээ. Тэгснээ өөрсдөө халамж амлаж, тэрэндээ боомилогдоод. Монголыг хохироож байна.

-Төмөр замын тухайд Х.Баттулга барьсан шүү дээ?

-Тийм ээ, барьсан. Гэхдээ энэ төмөр замыг ашиглатлаа дахиад нэг, хоёр жилийн зай байна байх. Яагаад гэвэл Таван толгой дээр байгаа эцсийн цэг нь уурхай руугаа холбогдоход 30 гаруй км дутуу байгаа. Хоёрдугаарт, ачих терминал баригдаагүй. Тэр төмөр замыг улсын комисс хүлээж аваагүй. Төмөр замыг зүгшрүүлэх технологи нь хийгдэж байгаа. Үүнд дор хаяж жилийн хугацаа шаардлагатай. Тэр талаар ирэх оны төсөвт хөрөнгө суулгахаар одоо яригдаад байх шиг байна.

-Гашуунсухайт-Таван толгойн төмөр зам барьж байгаа байх аа?

-Х.Баттулгын тавьсан төмөр замын суурь бүтэц нь Хятадаас орж ирэх замтай зөрчихсөн. Бас ойрын нэг хоёр жилдээ ашиглалтад орохгүй.