Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Х.Батцэнгэлтэй ярилцлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг хааж хэлсэн үгийн талаар судлаачийн байр суурийг сонирхмоор байна?
-Түүний үгийг шүүж үзвэл анхаарал татсан хэд, хэдэн асуудал байгаа юм. УИХ-ын дарга болсон хүн бүр л хуулийн боловсруулалтыг сайжруулах, уялдаа холбоог хангах, хуулийн цоорхойг арилгах талаар ярьдаг нь бараг л уламжлал болсон гэж дүгнэж болохоор. Нэг талаас энд гайхах зүйл байхгүй. Төгс хууль гэж байхгүй, байнга л сайжруулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэх хэрэгтэй болно. Нөгөө талаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ суурь учир шалтгаан буюу агуулга бус, хэлбэр талтай нь ажиллаж байгаа тул бид алдаагаа байнга давтаад байна. Нэгэнт олон УИХ, засаг төрийг дамжиж ийм алдаа давтагдаж байхыг бодоход учир шалтгаан нь их гүнзгий, суурь шинжтэй. Хэрэг дээрээ бидний дотор, сэтгэж бодох загварт байж таарна. Хамаг бурууг өмнөх нийгэм, үзэл суртал, хуучин сэтгэлгээний үлдэгдэл рүү чихэж өөрсдийгөө хуурдаг, хүмүүсийн толгой тархийг угаадаг үзэл бодлоосоо эхлээд салах хэрэгтэй. Ардчилсан өөрчлөлт эхлээд 30 гаруй жил болоод байхад шинэ залуу үе, гадаад дотоодод мэдлэг боловсрол эзэмшсэн олон залуус өнөөгийн төр засгийн алдаа дутагдлын шалтгааныг өөрсдөөсөө биш, бас л өөр газраас, бусдаас эрж хайсаар байгаа нь бид нийтээрээ буруу сэтгэж бодоод буйг илэрхийлээд байна.
-Спикер хэлсэн үгэндээ эрх зүйн хувьсгал хийнэ гэсэн шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Үүнийг санамсаргүй хэлсэн үг гэж бодохгүй байна. Харин цаана нь ямар утга агуулга байгааг л тунгааж үзэх хэрэгтэй. Хувьсгал гэдэг үгээр хамаагүй тоглож дуртай үедээ, юм болгонд хамаатуулж болохгүй. Шинжлэх ухаанд хувьсгал гэдгийг шинэ үзэл бодол буюу парадигмыг дэвшүүлэх, бий болгохыг ойлгодог. Нийгмийн тухайд Монголын нийгмийг ойлгох талаар тогтсон үзэл бодлыг өөрчлөх бус, үндсээр нь солих, шинэ үзэл бодлыг дэвшүүлэх тухай ярих болно. Хэрэв ингэж ойлгож хэлсэн бол туйлын зөв санаа. УИХ, төр засгийн үйл ажиллагаанд нэг алдаа байнга давтагдаад байгаа нь хөгжлийн үзэл баримтлал маань Монголын нийгмийн дотоод утга агуулга, хувьсаж өөрчлөгдөх учиртай тэрхүү чиг шугамтай нь нийцэхгүй явж ирсэн гэдгийг л харуулаад байгаа юм. Монголын нийгэм хэмээх энэ онцгой системтэй бид түүний үг хэлээр ярьж, ойлголцож ухаарахын оронд бусдыг дагаж дуурайх, бусдын туршлага, хөгжлийн загварыг өөрсдөө сайтар ойлгож ухааралгүй, баяжуулж хөгжүүлэхгүй шууд хүчээр хэрэглэхийг оролдсоор ирсэн юм. Энэ байдлыг засахын тулд эхлээд бид Монголын нийгэм хэмээх системийг ойлгож ухаарах ёстой. Өөрөөр хэлбэл, системийн сэтгэлгээг бүх түвшинд бий болгож хөгжүүлэх нь чухал байна. Энд шинжлэх ухааны сэтгэлгээ гэхээс илүүтэй монгол хүн бүрийн байгаль орчин, эргэн тойрон, ажил хэрэг гээд бүхнийг системээр нь харж чаддаг төрөлхийн сэтгэлгээг л сэргээх, хөгжүүлэх тухай ярьж байгаа юм. Монгол хүний төрөлхийн “хар ухаан” гэдэг нь системийн сэтгэлгээний эх үндэс байдаг. Гэтэл бид түүнийгээ хүртэл өөрсдийн дутуу хагас мэдлэг боловсролоор, шинжлэх ухаан, боловсролын дорвитой шинэчлэгдэхгүй байгаа тогтолцоогоороо устгаж, залуу үедээ системтэй сэтгэх арга ухаан олгохын оронд нэг л их олон бүдүүвч, хүснэгт, тест цээжлүүлж үнэлж дүгнэдэг шавь, тогтвортой, санхүү, эрх зүй, сонгуулийн гээд л янз бүрийн гоё нэр хаяг бүхий мэдлэг “боловсрол” олгосоор байна. Бүр цаашлаад энэ бүхнийг шинжлэх ухааны тусгай судлагдахуун болгоод нийтээр судалж сурталчилж байгааг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн хувьсгал гэдгийг үнэхээр шинэ үзэл санааг дэвшүүлэх утгаар хэлсэн бол зөвхөн энэ салбар гэлтгүй нийт Монголын нийгмийн талаархи үзэл бодлоо өөрчлөх чиглэлээр системтэй, суурь судалгаа хийх шаардлагатай болно.
-Та систем, системийн сэтгэлгээ гэж ярилаа. Энэ талаар бүгд л ярьдаг шүү дээ. Гэтэл та арай өөрөөр тайлбарлаад байх шиг…
-Системийн талаар дээр доргүй ярьж бичиж байгаа тул давталгүй нэг л санаа хэлье. Дээр системтэй өөрийнх нь үг хэлээр ярьж ойлголцож сурах тухай дурьдсан. Систем нь хувь хүнээс эхлээд байгууллага, улс үндэстэн, дэлхий дахин өөрсдөө оролцож бүтээлцэж, хувьсаж өөрчлөгдөхөд нь хувь нэмрээ оруулж байдаг бүтэц. Гэхдээ нөгөө талдаа бидний явах зам мөрийг зааж, ийм оролцоо, үйл ажиллагааг хянаж чиглүүлж байдаг. Үнэндээ бидний дураараа аашлах, нийтийн эсрэг ажиллахыг хязгаарлаж зохих хил хязгаар тогтоодог хатуу, өөрийгөө удирдаж зохицуулах механизм, хууль дүрэмтэй.
Системийн энэ хоёр дахь талыг л эхлээд ойлгож ухаарах хэрэгтэй. Түүнд нийцүүлсэн үйл ажиллагаа, томоор ярьвал Үндсэн хууль, төр засгийн бодлого, шийдвэр л амжилттай хэрэгжинэ. Эсрэг тохиолдолд бидний байнга давтаж буй алдаа дутагдал арилахгүй. Системийг ойлгохын тулд эхлээд түүнийг үүсгэдэг хамгийн энгийн эд эс буюу “ген”, оршиж хөгжих гол механизм, хувьсал хөдөлгөөний үндсэн чиг шугам, зам мөрийг олж тогтоох нь чухал. Үүнийг санаанаасаа зохиох эсвэл хэн нэгэн ухаантны ном зохиолоос олохгүй. Судалж эргэцүүлж бодож, нарийндаа бусдыг дагаж дуурайлгүй, өөрсдийн тархи толгой, сэтгэл зүрхээрээ мэдэрч байж олдог учиртай. Бусдын туршлага, хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж байгаа юм биш. Монголчуудын хэлдгээр “Өөрийн бодол өөртөө зөв” гэдгийн адил бид эхлээд нийгэм, хөгжлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.
-Тэгвэл Монголын нийгмийн хамгийн энгийн эд эс нь юу вэ?
-Хүн, байгаль, техник технологи, шинжлэх ухааны хөгжил гээд л жагсаах байх. Хүн төвтэй хөгжил гэж ярьдаг нь бас л үүнийг олж тогтоох гэсэн оролдлого юм. Бидний бодлоор нийгмийг хүний бүтээл гэж үзвэл хамгийн энгийн эд эс нь үзэл байдаг. Хувь хүнээс эхлээд байгууллага, улс үндэстэн, төр улсын үзэл гэвэл тоолж барахгүй. Гэтэл системийг орших хөгжих эсэхийг шийдэх тухайд нэг л үзэл байх учиртай. Эс тэгвэл бүхнийг нэг үзэл бодлоор зангидах, нэг зүг рүү чиглүүлж удирдах, зохион байгуулах боломжгүй. Хөгжилтэй, ардчилсан гэгддэг улс орныг аваад үзье. Бүх иргэд, төр засаг, байгууллагуудыг нэгтгэж нэг зүг чиглэлд хөтөлдөг, хэн бүхэнд ойлгомжтой нэг л үзэлтэй. Харин тэр үзэл нь нийгмийн бүрэлдэхүүн хэсэг, удирдлагын түвшин бүрт хэрхэн яаж задарч салбарладаг тухайд бол өөр асуудал. Америкийн нийгэм гэхэд америк хүнийг бүхнээс дээгүүр тавих гэсэн нэг л үзлээр нэгдэж байна. Үүнийгээ ч хэрхэн яаж дагаж мөрдөгийг бүх зүйл дээр харуулж баталдаг. Америкийн төв банк ч гэсэн үүний гадна үлддэггүй. Түүний гол зорилгыг хөдөлмөр эрхлэлт гэж тодорхойлдог нь үүнтэй холбоотой. Банкны бусад бүх үүргүүд энэ зорилгыг хангахад чиглэж байдаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Үүний нэгэн адил Монголын нийгмийг системийн хувьд нэгтгэдэг нэг үзлийг тодорхойлохгүй бол ямар ч сайхан санаа шийдэл, бодлого шийдвэр, хууль дүрэм бүрэн хүч чадаараа ажиллаж чадахгүй.
-Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд эцэг хуулиа сурталчилна гэж УИХ-ын дарга хэлсэн. Сонгодог ардчилсан парламентын тогтолцоо бүрдэх үндсэн нөхцөл бол Үндсэн хууль гэж тэрбээр онцолно лээ?
-УИХ-ын даргын үгэнд Үндсэн хуулийн үзэл санааг хэлбэрэлтгүй сахих асуудлыг онцгой анхаарсныг ажиглаж болохоор байна. Гэтэл үзэл санаа гэдгийг хэрхэн ойлгох талаар нийтээрээ эргэцүүлж бодоход илүүдэхгүй. Нилээд тохиолдолд Үндсэн хуулинд тодорхойлсон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгыг үзэл санаа гэж ойлгож байна. Энд бидний цогцлуулан хөгжүүлэх нийгмийн гол шинжийг дурьдсан болохоос үзэл санааг тодорхойлоогүй юм. Монголын нийгмийн шинж, онцлогийг цааш үргэлжлүүлж шудрага, төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагтай гээд олон талаас нь тодорхойлдог. Тэгэхээр энэ бүх шинж, онцлогийг хураангуйлж агуулсан үзэл санаа байх учиртай. Тухайлбал, ардчилсан улсуудын Үндсэн хуулийн үзэл санааг шүүж үзвэл аль болох нийтэд ойлгомжтой, бүхнийг нэгтгэж нэг зүг рүү чиглүүлж чадах үзлийг тунхагласан байх юм. Америк улсын үндсэн хуулийг бид жишээ авах тун дуртай. Энэ үндсэн хуулийн гол үзэл нь бүгд хуулийн дор байх үзэл байдаг. Үүний цаана дээр дурьдсан Америкийн нийгмийн хамгийн энгийн эд эс болох америк хүнийг дээдлэх үзэл байх жишээтэй. Харин ардчилал, зах зээл, хувийн өмчийн дархан эрх, хүний эрх гээд энэ бүхэн гол үзлийг хэрэгжүүлэх зорилго, арга хэрэгслүүд болж хуульчлагдсан байдаг. Хүн лугаа адил нийгэм ч гэсэн нэг л зам мөрөөр явах, нэг л үзэл санааг удирдлага болгож хөгжих боломжтой. Харин нийгмийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд энэ үзлийг л иш үндэс болгож өөрийн зорилго, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадвал нэг зүг рүү харах, хамтарч ажиллах, төр засгийн түвшинд бодлого, шийдэл, хууль эрх зүйн дотоод нэгдлийг хангах боломж бий болно. Харин энэ үзэл санаа олон онолын чиглэл, үзэл болж салбарлан хөгжих нь нийгмийн системийг бид харилцан адилгүй өнцгөөс харж тайлж уншиж буйг л илэрхийлэж байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санааг тайлбарлах, сурталчилах, залуу үеийнхэнд тусгай хөтөлбөр боловсруулж сургалт зохион байгуулахдаа энэ бүхнийг бодолцож үзээсэй гэж хүсч байна.
-Намрын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?
-УИХ-аас батласан “Алсын хараа-2050” үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Түүнчлэн урьд нь төр засгаас боловсруулж хэрэгжүүлж ирсэн урт хугацааны хөгжлийн бодлогын маш олон, зарим тооцоог 500 орчим баримт бичгийг үнэлж дүгнэх, эргэж харах нь чухал. Тэгэхдээ урьдын адил хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлж тоолж бүртгээд орхиж болохгүй. Гадаад, дотоодын зээл тусламж, төсвийн асар их хөрөнгө мөнгөөр энэ бүх баримт бичгийг боловсруулсан, олон эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүд, байгууллагын хөрөнгө хүчийг дайчилж ашигласан тул үр дүн, ашиг өгөөж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавих цаг болсон гэж бодож байна. Дийлэнх тохиолдолд эхнээсээ нэгдсэн үзэл баримтлал, арга зүйн хүрээнд хийсэн системийн судалгаанд үндэслэж боловсруулаагүй энэ олон төрлийн төсөл хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжгүй. Үүнийгээ судлаачид, боловсруулагчдын нэлээд нь эхнээсээ мэдсээр байж хийдэг. Тиймээс цаг хугацааны шалгуур, хариуцлагаас зугтаж аажмаар мартагнуулдаг хандлага түгээмэл. Өнөөгийн төр засгийн удирдлага дахиж ийм алдаа дутагдал гарахаас сэрэмжилж асар их гадаад, дотоодын хөрөнгө мөнгөөр хийсэн боловч амласан үр дүнд хүрээгүй төсөл хөтөлбөрийг шалгаж хариуцлага тооцох цаг болсон гэж үзэж байна. Энэ бүхний шинжлэх ухааны үндэслэл гэгчийг боловсруулсан эрдэмтэд судлаачид, эрдэм шинжилгээний тэр олон байгууллагууд наад зах нь ёс зүйн хариуцлага хүлээж дахин давтан шинжлэх ухааны нэрийн дор төр засгийг хуурмааргүй байна.
Хөгжлийн цогц бодлогоос эхлээд бусад олон нэр хаягтай бодлого, төсөл хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэхийг оролдсон боловч дорвитой үр дүнд хүрэлгүй өөрчлөгдсөөр ирсэн цаад учир шалтгааныг тодорхойлж засч залруулахын тулд дахиад системийн судалгаа, системийн сэтгэлгээ, нэгдсэн үзэл баримтлалын асуудлыг сөхөж ярихаас аргагүй. Энэ талбарт бид асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ямар ч гоё, сэтгэл татам нэр хаяг зүүсэн ч, олон зуугаар нь хүмүүсийг дайчилж ажиллуулсан ч гэсэн сайтар бодож, дотоод бүтэц бүрэлдэхүүнийг системтэй уялдуулж боловсруулсан бодлого бий болохгүй. УИХ-ийн даргын үгэнд “Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх нь ач холбогдолтой юм” гэж тэмдэглэсэн байна.
Эдгээр бодлогын аль алинд цаг үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан олон чухал арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд багтсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин шүүмжлэлтэй хандвал Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал тодорхой бус, эрдэмтэд судлаачдын дунд ч гэсэн өөрийн гэсэн цэгцтэй онол үзэл бодол тогтоогүй байгаа нь эдгээр бодлогыг шинжлэх ухааны хувьд сайн үндэслэсэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Хамгийн гол нь олон чиглэл, салбараар ангилж дэвшүүлсэн зорилго, зорилтууд, төсөл хөтөлбөрийг системийн үзэл санаа, арга зүйн хүрээнд уялдаа холбоотой боловсруулах, улмаар практикт хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.