Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөгжлийн банкийг хөмрүүлэгчид буюу ТУЗ яаж ажилладаг байв? || DNN.mn

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 20-иод тэрбум ам.долларын өртөгтэй төслүүдээ зарлахтай зэрэгцээд Хөгжлийн банкны асуудал босов.

Түмний боломжийг хулгайлж, төрөл садангаараа нийлэн төрийн мөнгийг баруун, солгойгүй авсан эрх мэдэлтнүүдийн балаг эхнээсээ ил болоодохов. Статистикаас харахад манай улсад үйл ажиллагаа явуулдаг арав орчим арилжааны банкууд нийтдээ 21 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна.

Чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд. Харин үүний 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. АН, МАН-ын аль алиных нь үед төрд дээгүүр алба хашдаг нөхдүүдтэй ойр, холбоо сүлбээтэй хүмүүс зээл ахиу хүртсэн тухай нийгэм хэдийнэ мэддэг боллоо. Гэхдээ Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан зээлийн дүнг 2017 оноос өмнө ба хойно гэж хоёр ангилж болно. Хөгжлийн банк анхнаасаа Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан. Тэр утгаараа 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай олгогдож ирсэн. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэ хуулиар, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба үүнтэй холбоотой журмыг ТУЗ батална гээд хуулинд тодоос тод заагаад өгчихсөн.

Ингээд Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийг УИХ, Засгийн газар хянаж, батлах шаардлагагүй болсноор замбараагүй зээл олголтын хар данс зузаарч будлианы суурь тавигдсан хэрэг. Тус банкнаас 2017 он хүртэл 2000 орчим зээл гарч байжээ. Харин үүнээс хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авсан байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2020, 2021 онд Монголбанк, Сангийн яамны шалгалт Хөгжлийн банкинд орж байжээ. Нууцын зэрэглэлд багтсан уг материалд Хөгжлийн банкийг хөмрөхөд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцсон эрхмүүдийн нэрс дурайтал бичээстэй байгаа аж. Үйл ажиллагаа нь доголдсоныг яаралтай зарлаж, арга хэмжээ авах ёстой байтал 2020 оны сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлнө гэж үзэн хав дарсан тухай улс төрийн хүрээнийнхэн ярих юм билээ. Тэр бүү хэл, өндөр дүнтэй чанаргүй зээлдэгчдийг нийгэмд зарлах гэхээр намдаа өргөсөн хандив нь илэрчих гээд хаа хаанаа ихэд сандарцгаасан бололтой. Мэргэжлийн банкирууд тэрхүү хоёр удаагийн шалгалтаар олон ноцтой зүйл илрүүлсэн боловч дүгнэлт гаргалгүйгээр чимээгүй нууцын зэрэглэлд оруулсан гэх. Уг нь УИХ-д тайлагнах ёстой. Тэр мэдээлэлд Хөгжлийн банкаар хөлжигчдийн бүх зүйл тов тодорхой байгаа гэв.

Хөгжлийн банкны гол шийдвэр гаргач ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь хараат бус гишүүн байхаар хуулийн зохицуулалт үйлчилдэг. 2017 оноос өмнө ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газраас томилдог байв. Харин үүнээс хойш ямар журмаар хэрхэн яаж ТУЗ-д орж багтаж ирсэн нь сонирхолтой. Голдуу яам, тамгын газрын мэргэжилтнүүд гэдэг боловч дийлэнх нь Сангийн яамны харьяанд багтах эрхмүүд. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Хан Дай Ву, Н.Мөнхбат, Г.Амартүвшин нараас бусад нь бүгд Сангийн яамнаас угшилтай хүмүүс.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд улс төрийн томилгоогоор очиж, намынхаа болон сонгуулийн санхүүжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тухай ярьцгаах нь бий. Тэгвэл ТУЗ-д байсан гишүүд хэрхэн албан тушаал ахиж, дэвшиж байсныг сонирхуулъя.

Одоо нийтэд ил болсон мэдээллээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Б.Даажамба нарын үед хамгийн их дүнтэй зээл гарсан гэдэг. Б.Шинэбаатар 2014-2016 онд 924 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Чанаргүй активын хэмжээ 562 тэрбумаар хэмжигдэж байв. Одоо 362 тэрбум төгрөгийн зээлд зөрчил үүсээд байгаа юм. Б.Даажамбын хувьд нийт 400-гаад тэрбум төгрөгийн зээл гаргасан байна. Б.Шинэбаатар нь Фортуна Н.Батбаярыг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар очсон. Б.Даажамба бол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед Хөгжлийн банкны ТУЗ-өөр томилогдож байсан. Тэрбээр Сангийн сайд асан А.Базархүүгийн хүү юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл дэвшсэн, ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар хүртэл ажиллажээ. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Н.Мөнхсүх нарын үед ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай ажилласан байв. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатартай ойр гэгддэг. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаас улс төрийн карьераа томруулсан тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын албанд томилогдож байсан нэгэн. Одоо Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар өнгөрсөн 2020, 2021 онд ажиллаж байсан С.Наранцогтын хувьд Ч.Хүрэлбаатартай хамаатуулдаг. Учир нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нэлээд өсч дэвжсэн гэдэг. Тус яамны газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-д 2018 оноос байж ирсэн.

Хөгжлийн банкны ТУЗ-д байсан Б.Ганбат 2018 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байсан бол 2019 онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болон дэвшжээ. Тэрбээр 2021 он хүртэл Хөгжлийн банкны ТУЗ-д байв. Өөр нэг онцлох ТУЗ-ийн гишүүн бол М.Золжаргал. Тэрбээр Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн даргаар олон жил ажилласан хүн. 2017 онд Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгыг гардаж хийсэн. Харин 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон нь олонд хардлага төрүүлээд авсан юм. Мөн Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан Р. Мөнхтөр 2020 онд ТУЗ-ийн гишүүн болсон байх жишээтэй. Хөгжлийн банкны ТУЗ-д байсан хүмүүс дунд Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа хүний аминд хүрсэн Б.Махбалын нэр олны анхаарлыг татав. Тэрбээр 2016, 2017 онд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байхдаа Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Түүнээс гадна ХҮН-ын дарга Б.Найдалаа, “Капитал” банкны гэдгээр олонд танигдсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Чинбишрэлт гэх зэрэг олон сонин хүмүүс багтаж иржээ.

Хөгжлийн банкны удирдлагууд хөгжлийн зээлүүдийг эцэслэн баталдаг болсноор ТУЗ-ийн эрх мэдэл томорсон. Баталсан зээлийнхээ хэрээр намдаа оноо авч, албан тушаал ахиж дэвшиж байсан нь ч тодорхой байна. Зарим эх суралжийн хэлж байгаагаар зээл батлах болоход ТУЗ-ийн гишүүд мэр сэр алга болчихдог байж. Хөдөө, гадаа томилолттой гэх шалтаг тоочдог байсан гэнэ. Учир нь дээрээс шахсан даалгавраар том дүнтэй, эрсдэлтэй зээлүүдийг батлахаас эмээж, зугтдаг байсан гэцгээж байна. Иймд зээлийн хуралд биечлэн сууж чадахгүй бол цахимаар оролцдог байсан тухай яриа ч бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Даваадорж: Хөгжлийн банкны асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна || DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах талаар АН-ын бүлгийн даргын санаачилгыг гишүүд дэмжээд байгаа харагдлаа. Түр хороо байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэсэн заалт бий. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилга гаргасан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн түүний санал санаачилгыг дэмжиж гарын үсэг зуржээ. Удахгүй 19 гишүүн зурах нь тодорхой байна. Миний хувьд, парламентын мөрдөн шалгах ажиллагаа нь парламентаас Засгийн газрын үйл ажиллагааг шалгах үүргээ биелүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл гэж харж байгаа.

Өнгөрсөн жилийн сүүлээр их хурлын хяналт шалгалтын тухай хууль баталснаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Аливаа шалгах асуудлаар мэргэжлийн шинжээч, хянан шалгагч нар ажиллуулах, үндсэн нотлох баримт бичигтэй танилцах, гэрчийг дуудаж асуух зэргээр эрх мэдэл нэмэгдсэнтэй холбоотой улстөржилтөөс ангид үнэн зөв дүгнэлт гарах байх гэж найдаж байна.

-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг УИХ-аас томилогдсон шүү дээ. Тэдний үйл ажиллагаанд сөрөг хүчин ямар дүгнэлттэй байгаа бол?

-Тус ажлын хэсэг өөрийн шалгах ажлын хүрээндээ сайн ажиллаж байгаа ч иргэдийн хүсэн хүлээж буй шийдэл гарахгүй болов уу. Учир нь тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг байцаах, тухайн үеийн банкны зээл гаргасан эрх мэдэлтнүүдээс тодруулга авахаас эхлээд боломжгүй асуудал бий. Анх тус ажлын хэсгийнхэн шалгах материал хууль хяналтын байгууллага дээр байгаа учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй талаар яригдаж байлаа. Мөн Хөгжлийн банкны удирдлагын зүгээс зээлийн материал дотроос зарим шаардлагатай нотлох бичиг баримт алдагдсан талаар ярьж байсан. Тэгэхээр мэргэжлийн шинжээчид, хууль хяналтынхны оролцоогүй бодит дүгнэлт гарахгүй гэж үзээд тус банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах санаачилгыг гаргасан гэж ойлгож болно.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө хэрэгтэй байгаа. Иймд Хөгжлийн банкны асуудлыг ил болгов уу?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэж яригдаж байсан. Энэ бол асар их хэмжээний санхүүжилтийн асуудал. Гаднаас зээл авах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд босгох хоёрхон арга л бий. Гэвч Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний зээл авах, бонд босгох боломж хуулиараа боломжгүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан гадаад өрийн босго заасан хэмжээнээсээ хэтэрчихсэн явж байгаа. Монгол Улс гадаад өрийн хавханд гүн бат шигдсэн. Харин яаж энэ байдлаасаа гарах вэ гэдэг нь өнөөгийн манай улсын хувьд номер нэг асуудал. Тооцоо судалгаагүй зээл авдаг, их наядаар хэмжигдэх хөтөлбөр зарладаг замбараагүй байдал газар аваад байна. Нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн дампуу улсуудын нэг гэдгээ ч мэдэхгүй тууж явна. Монгол Улсын нийт гадаад өр өнгөрсөн оны байдлаар 33.2 тэрбум ам.доллар болсон. Нэг хүнд оногдох гадаад өр 30 сая төгрөг гэсэн үг. Нийт гадаад өрийн Засгийн газарт ногдох өр гэхэд л 8.5 тэрбум ам.доллар. Монголбанкных нь 2.5 тэрбум. Бусад баталгаа гаргасан өр зээлийг тооцвол нүсэр тоо гарна. Гэтэл манай улсын ДНБ ердөө 13 орчим тэрбум ам.доллар шүү дээ. Энэ бүхнийг эрүүл ухаанаар тооцож үзвэл ямар ч Засгийн газрын тэргүүний амнаас дахиж гаднаас мөнгө зээлнэ гэдэг өгүүлбэр гарах ёсгүй. Бид авсан бондоо нэрийг нь өөрчлөөд хэмжээг нь нэмээд л яваад байгаа. Тэртээ 2012 онд Сү.Батболдын авсан Евро бонд нэрээ хувиргаад л явж байгаа.

-Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж үзээд байгаа бололтой. Харин таны хувьд тус банкны нийгэмд хөндөж гаргаж ирсэн асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ маш их. Эргэж төлүүлэх боломж нэн хүнд. Төрийн байгууллагуудын зүгээс авсан зээл багагүй хэмжээтэй бий. Тэгэхээр чанаргүй зээлийг төллөө гэхэд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд элдэв хөтөлбөрүүдэд хэрэглэх боломж байхгүй. Ирэх жил валютын ханш нь 3000 төгрөг дотроо эргэлдэж байвал Хөгжлийн банк хоёр их наяд гаруй төгрөг төлнө. Ойролцоогоор 800 сая ам.доллар гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө төлөх ёстой. Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг маш анхааралтай харж байгаа. Тус банк дээр үүссэн асуудлыг хэрхэн зөв зүйтэй шударга шийдэхээс гадны хөрөнгө оруулагчдын Монголд хандах хандлага тодорхой болно.

-Хөгжлийн банкны хууль өөрчлөгдсөнөөр иргэдэд очдог байсан зээл эрх мэдэлтнүүдийн бизнесийг санхүүжүүлж, банкийг дампуурлын ирмэгт авчирлаа гэсэн шүүмжлэл бий шүү дээ. Хуульд өөрчлөлт оруулснаар зээлийн хэмжээ, улс оронд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудад хэрхэн нөлөөлөв?

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэн баталсан. Анхны хуульд хоёр чухал заалт байсан. Нэг нь, “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална”. Нөгөөх нь, “Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарна” гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл, 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай байжээ. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэчилсэн хуулиар, “Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална”, “Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй”, “Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй” гэдэг гурван заалт орсноор замбараагүй зээл олголтын түүх эхэлсэн. 2017 он хүртэл 2000 орчим зээлдэгчид зээл авч байсан бол 2017 оноос хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авчээ. 2017 он хүртэл тус банкны зээлээр хийсэн бүтээснийг яривал маш их цаг орно. Авто замын салбарт 2240.5 км хатуу хучилттай авто зам, төмөр бетон болон хөвдөг гүүр, “Дэд бүтэц”-ийн 25, нийт 50 төсөл хэрэгжсэн. Амгалан дулааны станц ашиглалтад орж, ДЦС-3, ДЦС-4 хүчин чадал 173 МВт-аар, нэмэгдэж, дулаан болон цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулаан дамжуулах төвүүд баригдсан. Нийслэлд 33 замын уулзварыг өргөтгөж, хэд хэдэн томоохон зам тавьсны хүчинд Улаанбаатар хот өнөөдөртөө тэг зогсолт хийлгүй явж байна. Олон мянган өрх шинээр байртай болсон, хэд хэдэн цементний үйлдвэр ашиглалтад орж, арматураа дотооддоо хийх боломж бүрдэж байв. Тоочвол улс орны хөгжилд хэрэгтэй маш олон чухал бүтээн байгуулалт босжээ. Харин 2017 оноос хойш улс оронд хэрэгтэй нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийснийг би лав мэдэхгүй байна.

-Хөгжлийн банкны нууцын зэрэглэлд байсан материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болголоо. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Хөгжлийн банкинд нийтдээ дөрвөн удаа шалгалт оруулсан. Анхных нь 2016 оны сүүлээр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн шалгалт. УИХ дээр мэргэжлийн түвшний бус улстөржсөн гэдэг дүгнэлтийг тухайн үеийн Ардчилсан намын бүлгээс өгч байсан. Энэ шалгалтын материалыг саяхан нууцын зэрэглэлээс гаргасан. Үнэхээр хулгайн том асуудал байсан юм бол өдий хүртэл МАН яагаад амаа хамхисан юм бэ. Гэмт хэрэг байсан юм бол өнөөдрийг хүртэл хэн дарагдуулав гээд маргааны сэдэв эхэлнэ. Дараа нь 2019 онд Аудитаас гүйцэтгэлийн аудит хийсэн. 2020 онд Сангийн яам, Монголбанкны хамтарсан, шалгалт болон 2021 оны долдугаар сарын 31-ний өдөр хийсэн Монголбанкны шалгалт тус банкны бүх но-г ил болгосон байдаг юм. Энэ сүүлийн хоёр шалгалт мэргэжлийн түвшинд хийгдсэн ч өнөө болтол нууцын зэрэглэлд байна. Хөгжлийн банкны асуудал ийнхүү хоёр жилийн өмнөөс ил болсон. Түүнээс биш банкны актив, пассиваа ялгахгүй сэтгүүлчид илрүүлсэн юм байхгүй. Хэтэрхий улс төржүүлж, нийгэмд улс төрийн өрсөлдөгчөө намнах байдлаар ашиглаж байна.

-Манай улсын банкуудын нийт зээлийн хэмжээг сонирхуулахгүй юу. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-Монгол Улсад арав орчим арилжааны банк үйл ажиллагаа явуулж нийт 21 их наяд орчим зээлийн өртэй байгаа. Үүнээс хоёр их наяд орчим зээл чанаргүй ангилалд багтаж байна. Энэ хоёр их наядын бараг 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. Төр банк удирдаж чадахгүй гэдгийг эндээс харж болно. Хөгжлийн банкны асуудал Монгол Улсын банкны салбар, санхүүгийн салбарыг донсолгох, цаашлаад улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна. Чанаргүй зээл улс орны эдийн засагт ямар хор хохирол авчрахыг тоймлож хэлье. Чанаргүй зээлийн төлөлт хүндэрвэл төсвөөс төлнө. Бодит секторт зээл олголт багасахад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд огцом буурдаг. ОУВС-гаас Төв болон Зүүн Европын 16 орны 1998-2011 оны туршлагад хийсэн судалгаагаар эдийн засагт чанаргүй зээлийн хувь нэг нэгжээр нэмэгдэхэд ажилгүйдлийн түвшин гурван жилийн дотор 0.5 нэгжээр, эдийн засгийн өсөлт хоёр жилийн дотор нэг нэгжээр буурсныг тогтоожээ. Хариуцлагатай зээлдэгчид чанаргүй зээлтэй холбоотой, түүнийг шийдвэрлэхэд зарцуулах үргүй зардлыг дам хариуцан төлж байдаг. Зээл олголт буурах нь зээлийн хүү өсөх суурь нөхцөл болдог гээд тоочвол энэ банк Монгол Улсын хөгжилд сайнаар биш, саараар нөлөөлж байгааг анзаарч болно.

-Олон улсад Хөгжлийн банкны амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн туршлагуудаас сонирхуулахгүй юу?

-Дэлхийн 30 орчим улсад Хөгжлийн банк байгуулж байсан. Япон, Солонгос, Хятад, Сингапур зэрэг улсад амжилттай ажилласан түүхтэй. Харин Өмнөд Америк, Африкийн орнуудад өмнөх зорилтоо биелүүлж чадаагүй. Дээр нь Монгол Улс нэмэгдэж байна. Хөгжлийн банк хэрвээ цаашид хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй нэрээ сольсон болоод чанаргүй зээлүүдээ активын удирдлагын компанид шилжүүлчихээд дахин гаднаас санхүүжилт аваад явна гэвэл хэдэн жилийн дараа Монгол Улс төрийн банкнаас болоод дампуурах дээрээ хүрч болзошгүй. Зээлтэй ААН-үүдээ нийтэд нь харлуулж, нэр хүндэд нь халдахаас илүүтэй гадны хүү багатай зээлийн олголтод улстөрчдийн оролцоог таслан зогсоох учиртай. Энэ маш амархан. Бондын аливаа санхүүжилтийг төрийн оролцоогүй арилжааны банкуудаар дамжуулж хийх явдал юм. 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банкны 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө хэрхэн барагдуулах, Засгийн газрын гадаад өрийн тэлэлт, түүнтэй холбоотой эрсдэлийг хэрхэн шийдвэрлэхийг гадаадын хөрөнгө оруулагчид нэн анхааралтай ажиглаж байгаа. Иймээс улс төрийн шийдлээс илүүтэй эдийн засгийн оновчтой арга хэрэгслүүдийг ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг цогцоор шинэчлэх, төрийн аливаа оролцоог санхүүгийн салбараас холдуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтыг тэнд тэдэн цагаас гэж зарлаад хийхийг үгүйсгэхгүй || DNN.mn

“Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


– Устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирвэл сэргээгдэх эрчим хүчний хөгжил “зад тавина” –


-“Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжиллээ. Энэ үеэр эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг түлхүү хөндлөө. Ямар шийдлүүд харагдаж байна вэ?

-Үнэ тарифын асуудалд гол гогцоо нь байна гэж санал нэгтэй дүгнэж байна лээ. Индексжүүлсэн үнэ тарифын тогтолцоонд энэ зунаас шилжих нь. Салбарыг олон жил зах зээлийн горимоос ангид байлгасны горыг эрчмийнхэн мэдэж, мэдэрч байсан ч өнөөдрийнх шиг хүчтэй дуугарч байсангүй. Залуу сайд Н.Тавинбэх энэ байдлыг засах итгэлтэй байгаа нь түүний түүхэнд нэрээ сайнаар үлдээх гавьяа болох биз.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Нэгд, гадны хамаарлыг арилгах хоёрт, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гуравт, боловсон хүчин бэлтгэх дөрөвт гадаадын хөрөнгө оруулалт татах. Энэ бүхний суурь нь үнэ тарифын зохистой бодлого. Хэдхэн жилийн өмнө бид оргил ачааллыг хангах хүчин чадал хүрэлцэхгүй боллоо гэж байсан бол одоо суурь ачааллаа ч дийлэхээ больж салбар суурилагдсан хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ямар ч нөөцгүй ажиллаж байна. Тэгэхээр шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ боломж бүрийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Төр засаг ч ойлгож эхэллээ.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт ямар ямар төслүүд хэрэгжүүлэх вэ. Тэдгээрээс ойрын хугацаанд бодит биеллээ олж хэрэгжих нь аль, аль бол?

-Хэрэгжих боломжгүй гэхээр төсөл харагдахгүй байна. Нэр заагдаагүй ч хэрэгжээд явж буй ажлууд бас бий. Нүүрсний давхаргын метан, устөрөгчийн эрчим хүч зэрэг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан цоо шинэ чухал салбарыг бий болгох төслүүд шүү дээ.

-Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх тэдгээр төслүүдийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?

-Дотоод эх үүсвэр хүрэлцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтаар л шийдэх ёстой. Түүнийг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Татвараа түр хойш нь тавьж хөл дээрээ бат зогссоны дараа авдаг юм байгаа биз.

-Цахилгааны үнийг чөлөөлөх асуудал байнга яригддаг шүү дээ. Хэрэв зах зээлийн зарчмаар үнэ чөлөөлбөл ард түмний нуруун дээр ачаа болох учраас салбар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний үнэ тарифын тухай та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх гэдэг нь нэгд, бүтэхгүй хоёрт, буруу ойлголт. Бүрэн чөлөөлж болохгүй заавал зохицуулалттай байх ёстой монополь салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан л болсон хойно бүр нөгөө тийш нь хэлбийлгээд халамжийн салбар маягаар явуулж ирлээ шүү дээ. Аль 1996 онд л Азийн хөгжлийн банктай үнийн индексийн томьёогоо хүртэл тохиролцсон хэрнээ нэг ч хэрэгжүүлсэнгүй. Үнэ, тариф тогтоодог байгууллагаа жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. Эрчим хүчний зохицуулах хороо дотроо асар их ажил, тооцоо, судалгаа хийдэг ч шийдвэр гаргаж чаддаггүй, засаг юу гэх бол гээд хараад суучихдаг байдлаар л өдий хүрлээ. Үнэ бага байгаагаас алдагдал үүсдэг байдлыг юуны өмнө зогсоох нь чухал. Ачаа үүрүүлэхгүй гээд салбараа нураачихаж болохгүй л дээ.

-Жилээс жилд эрчим хүчний хэрэглэгчид улам өсөн нэмэгдэнэ. Ирэх өвөл цахилгааны хязгаарлалтад орж дампуурах маягтай яриа дуулдаад байх юм. Тэгэхээр өвлөөс өмнө энэ салбарт яг юу юу хийх вэ?

-Шинээр орох чадал байхгүй шахам. 100 гаруй МВт чадалтай аккумуляторын батерей орж магадгүй ч суурь ачаалалд онцын нөлөөгүй. Үнэ нэмэхээр ачаалал бага зэрэг буурах байх. Хязгаарлалтыг урьдчилан тэнд тэдээс тэдэн цагт гэж зарлаад төлөвлөгөөтэй хийхийг үгүйсгэхгүй. Дампуурна гэдэг бол дэмий яриа.

-ОХУ эдийн засгийн хоригт орсонтой холбогдуулан манай улсад экспортолдог эрчим хүчний асуудалд доголдол үүсэх үү?

-Үгүй л болов уу. Санкцид хамгийн их тэсвэртэй салбар нь түлш эрчим шүү дээ. Манайхан харин гэрээндээ илүү чамбай хандах хэрэгтэй. Хэлэлцээр хийнэ гэдэг том урлаг байдаг юм л даа. Ядаж л оросуудаас илүү гардаггүй юм гэхэд дутахгүй орос хэлтэй, тэдний менталитетийг сайн мэддэг хүмүүсийг ашиглаж байгаасай.

-Манай улсад устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Нар, салхиа ашиглаж ногоон устөрөгч, хүрэн нүүрсээ ашиглаж хүрэн устөрөгч үйлдвэрлэх өргөн боломж байгаа. Их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох онцгой сайн байршил байна. Устөрөгчийн тээврийн зардал Монгол-Хятадын хооронд дэлхийн хаана ч байхгүй хэд дахин бага байх тооцоотой. Цоо шинэ, эдийн засгийн хүчирхэг салбар бий болох боломжийг төр ойлгож дэмжвэл дорхноо хөл дээрээ босно. Эдийн засгийн хүчирхэг гэдэг нь маш их валютын урсгал бий болно гэсэн үг шүү. Бидний тооцоогоор жилд 500000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болох юм. Нар, салхины эх үүсвэрийг хэлж байна. Одоогийн Монгол Улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3,8 дахин их чадал шүү дээ. За тэгээд 1 кг устөрөгч 2 америк доллар гээд бодоод үзээрэй.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд ямар тулгамдсан асуудлууд байна вэ. Манай улсад энэ салбар хөгжихөд юу саад болж байна?

-Эрчим хүчний системийн бүрдэл хязгаарлаад байгаа юм. Сэргээгдэх эх үүсвэрийн чадлын хэлбэлзлийг зохицуулах чадал алга. УЦС, хийн ЦС, устөрөгчийн ЦСгээд л шийдлүүд байгаа ч зарим нь саатаад зарим шинэдээд нэг тийм завсрын үе таараад байна. Дээр хэлснээр устөрөгчийн үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр сэргээгдэх эрчим хүчний хөгжил ёстой зад тавих учиртай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Оюунхорол: Хөшигийн хөндий дэлхийн брэнд болох нь ойрхон || DNN.mn

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа.


Хөшигийн хөндийгөөс Толгойт, Улаанбаатар, Амгалан өртөө хүртэл тогтмол цагтхөнгөн галттэрэг зорчдог болгохоор төлөвлөж байна


-Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Олон нийтийн анхаарлыг татаж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах “Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж байна.

Хөшигийн хөндийн орчмын бүсийг нэгдсэн байдлаар Олон улсын нисэх буудлын хот төлөвлөлтийн загвараар хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Дэлхийн улс орнуудын хувьд олон улсын нисэх онгоцны буудлаа аэротрополис загвараар хөгжүүлж байгаа. 2000 оноос хойш дэлхийн 83 нисэх буудал энэхүү загвараар хөгжиж байна. Энэхүү хот байгуулалт, ложистик, бизнесийн модель гурвын нэгдсэн орон зайн төлөвлөлтийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн нь Инчон, Бээжин, Дубай, Сингапур зэрэг хотууд юм. Бид энэ хотуудын орон зайн стратеги үйл ажиллагааны төлөвлөлтийг анхаарч судалгаануудаа хийж байна. Суурьшлын бүсийг Эдийн засгийн чөлөөт бүстэй уялдуулан Тээвэр логистикийн төв бүхий Үйлдвэржилтийн бүс, Мэдээлэл технологийн кластер төв, их дээд сургуулиудын хотхон зэргээс бүрдсэн байхаар төлөвлөлт хийсэн. Бид энэхүү бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийхдээ төрийн болоод хувийн хэвшлийн, гадаадын бүх талын оролцогчидтой уулзаж санал бодлыг нь сонсож тусгаж байгаа. Мөн олон улсын чөлөөт бүсүүдийн судалгааг хийж, Монголд тохирох загварыг боловсруулахаар ажиллаж байна. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон. Энэ зарчмаар төслийн ажил явагдана.

-Шинэ суурьшлын бүс үүслээ гэхэд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах боломж бүрдэх үү?

-Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судалгаа, шинжилгээ хийж, салбар дундын уялдааг нягт ханган ажиллаж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж амьдарч байгаа нь төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байна. Жилд дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэж байгаа гэсэн судалгаа ч бий. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд байгаа нь хүн амын төвлөрөлтийн гол шалтгаан болсон. Монгол Улсын Ерөнхий сайдаас төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд Төрийн захиргааны зарим байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөж судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. Барилга, хот байгуулалтын яам болон манай Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран судалгаа явуулж байна. Энэ шийдвэр нь Улаанбаатар хотоос Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс рүү хүн амын таталцлыг бий болгоход чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. Шинэ суурьшлын бүсэд 50-60 мянган ажлын байр шинээр бий болж үүнийг дагаж 150 мянган иргэн буюу 50 мянган орчим өрх суурьшина гэсэн урьдчилсан тооцоолол гаргасан. Ажлын байр бий болгох гол хүчин зүйл нь Эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Мөн их, дээд сургуулиудын хотхоныг байгуулснаар 15 мянган оюутан тэнд суралцах боломж бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын түгжрэл 15 хувь, нэг м.кв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна гэсэн тооцоолол гарч байна.


-Хөшигийн хөндий рүү зорчих хөдөлгөөн ихсэхээр Яармагийн замын ачаалалд яаж нөлөөлөх бол. Одоо энэ зам сүрхий түгжирч байгаа шүү дээ?

-Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү зорчих автозамын ачаалал нэмэхгүйгээр Богд хаан төмөр замыг зорчигч тээвэрт ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцэж, судалгаа хийж байна. Судалгааны үр дүнд Хөшигийн хөндийд өртөө байгуулах, өртөө орчмыг цаашид хоёр дахь замтай болгож, шинэ онгоцны буудал руу зорчигч тээврийн төмөр замын шугам, Тээвэр ложистикийн төв бүхий Үйлдвэржилтийн бүс рүү салбар төмөр зам барих боломжтой байхаар төлөвлөж байна.

-Төмөр замыг зорчигч тээвэрт ашиглана гэсэн үг үү?

-Тийм ээ. Хуучин карьерын зориулалттай Сонгинын төмөр замыг шинэчлэн Богд хаан төмөр замтай холбож, Хөшигийн хөндийгөөс Толгойт, Улаанбаатар, Амгалан өртөө хүртэл тогтмол цагт хөнгөн галт тэрэг зорчдог болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах нэг гарц болох юм. Тэнд амьдардаг, эсвэл онгоцонд суух гэж байгаа хүмүүс галт тэрэгний хуваарийн дагуу ажлаа төлөвлөөд зорчих боломжийг бүрдүүлж өгнө. Түүнээс одоогийн Яармагийн замаар Хөшигийн хөндий рүү зорчино гэвэл замын хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлэх нь ойлгомжтой.


Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын ресорт, энтертайнмент шоу бизнесийн төвийг байгуулагдана


-Хаврын чуулган эхэлж байна. Энэ долоо хоногт хэлэлцэх эхний асуудалд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байна лээ. Энд эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улс өнөөдөр уул уурхайн салбараас хэт хамааралтай хүрэн эдийн засагтай. Цаашдаа бид эдийн засгаа солонгоруулж төрөлжүүлэхийн тулд аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний эдийн засгийг бий болгох нь зүйтэй. Энэ нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан хэнийг ч орхигдуулахгүй хамруулж хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг бий болгож олон мянган ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ. Ингэхийн тулд Эдийн засгийн чөлөөт бүсийг шинэ нисэх буудлын зүүн хойд талд 1000 га газарт төлөвлөн гаднаас ирэх жуулчдад хамгийн түрүүнд үзүүлэх үйлчилгээний газруудыг бий болгох шаардлагатай байна. Чөлөөт бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, худалдаа, үйлчилгээний төвүүд, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, санхүү, бизнесийн төв, эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байхаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын ирээдүйн нүүр царай болох томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Засгийн газрын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Тэдгээр байгуулалтыг эхлүүлснээр залуучууд өөртөө болон ирээдүйд итгэлтэй, ажлын байртай, орлоготой залуусын амьдрах дуртай орчин үеийн шийдэл бүхий хот болж суурьшлын бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь тавигдана.

-Жуулчдыг татахын тулд эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулагдах аялал жуулчлалын салбарт шинээр юу юу хийх вэ ?

-Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын ресорт, энтертайнмент шоу бизнесийн төвийг байгуулна. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт шинээр бий болж байгаа бүтээгдэхүүний нэг нь жуулчид аялж амрангаа эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг илүү сонирхох болсон. Монголбанкнаас 2020 онд хийсэн “Эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын судалгаагаар 2019 онд Монгол Улсаас 21.636 иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад авсан байна. Чөлөөт бүсэд олон улсын сүлжээний томоохон эмнэлгийн салбарыг оруулж ирвэл Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг Монголд авах боломжийг бүрдүүлнэ. Гадны аялагчид гэлтгүй иргэдийнхээ эрүүл мэндэд гаргах зардлыг бууруулж, гадагшаа урсах эмчилгээний зардлыг бууруулна. Монгол эмч нарын чадвар их сайжирсан. Нарийн мэргэжлийн эмч нар, мэс засалчид, шүд, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр дэлхийд өрсөлдөх чадвартай болсон гэж үздэг .

-Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүсийн хувьд амжилттай хэрэгжих суурь нь юу байх юм бол ?

-Үе үеийн Засгийн газраас чөлөөт бүсийг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг цогцоор нь шийдэхийг эрмэлзэж тодорхой хөрөнгө санхүүжилтийг сүүлийн 15 жилд гаргасаар ирсэн. Гэсэн хэдий ч хууль эрх зүйн тодорхойгүй байдал, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах эрх зүй эдийн засгийн тогтвортой ээлтэй орчныг бүрдүүлж хангалттай хөгжиж чадаагүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигдсон байдаг. Энэ нь бодлогын тогтвортой байдлыг хангахад сөргөөр нөлөөлсөн. Мөн чөлөөт бүс хэрхэн төлөвлөх бодлого тодорхойгараагүйбайхад дэд бүтцээ барих ажил эхлүүлж, удаашрах саатах шалтгааны нэг болсон гэж харж байгаа. Бид өөрсдийн мөрөөдсөн төлөвлөлтийг хийх биш, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд нийцсэн төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн тухайд гэвэл төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан, тогтвортой ажиллах боломжуудыг олгохоор төлөвлөж байна.

-Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг яаж шийдвэрлэх вэ?

-Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим санал ирүүлсээр байгаа. Эдгээр байгууллагын төлөөллүүдтэй тогтмол уулзаж саналыг нь тусгахаар ажиллаж байгаа. Одоогоор Олон улсын хөрөнгө оруулалтын зохицуулагч компанитай хөрөнгө оруулалт татах, хууль эрх зүйн орчны урьдчилсан судалгаа хийх, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулаад байна. Эдийн засгийн чөлөөт бүсийн нэг гол онцлог нь тус бүсэд бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад Чөлөөт бүсийн тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх зэрэг таатай нөхцөлийг бүрдүүлж, тэгш оролцох боломжийг хангаж өгөна. Монгол Улсын болон олон улсын гэрээ конвенц, эрх зүйд нийцсэн бизнес, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхийг зорьж байна. Ялангуяа хөрөнгө оруулагчид бизнесийнхэнд ээлтэй, тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10-15 хувь тэлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа.

-Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ямар саналуудыг тавьж байна?

-Хөрөнгө оруулагчдын зүгээс олон улсын гэрээ, дүрэм давамгайлсан эрх зүйн таатай, тодорхой орчинтой, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангах тал дээр анхаарах хүсэлтүүдийг тавьж байгаа.

-Таны хэлсэнчлэн хөрөнгө оруулалт хийхэд дэд бүтцийн асуудал чухал байдаг. Ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

-Барилга, хот байгуулалтын яамнаас дэд бүтцийн зураг төслийн тендер зарлаж гүйцэтгэгчид нь шалгараад Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөгөө, Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөлтийг хийхээс гадна инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр ус хангамж, мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг төслүүдийг хийж гүйцэтгэж байна. Дэд бүтцийг хэсэгчилсэн байдлаар төлөвлөх нь оновчтой гэж бид үзэж байгаа. Удахгүй Засгийн газрын хурлаар ерөнхий төлөвлөгөө батлагдана.

-Олон улсад чөлөөт бүс амжилттай хэрэгжсэн туршлагаас сонирхуулбал?

-Монгол Улсын чөлөөт бүсийн тухай хууль, саяхан нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд сайн зохицуулалттай болсон гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн тогтвортой орчин, шийдвэр гарах процесс нь тодорхой, уян хатан хөрөнгө оруулагчдад ээлтэй, шуурхай хүнд сурталгүй, тогтвортой байдлын гэрээг хийж хөрөнгө оруулагчдын бизнесийн эрх ашгийг нь хамгаалж төр засагтай татварын бодлогоороо ил тод, шилэн, нээлттэй харьцдаг байх харилцааг бий болгож өгөх нь тэдэнд маш том дэмжлэг болох байх. Олон улсад чөлөөт бүс амжилттай хэрэгжсэн туршлагуудаас харж байхад дэд бүтцийг шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх гэх мэт төр засгаас бодлогын бодитой дэмжлэг үзүүлж хамтран ажилласнаар амжилтад хүрдэг юм байна.


Олон улсын агаарын Карготлогистикийн төв байгуулагдсанаар манай улс гуравдагч гарцтай болно



-Тээвэр логистикийн төвийг төлөвлөж байгаа талаар та дээр дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас нисэх буудлыг өргөтгөж, олон улсын агаарын ачаа тээврийн транзит төв болох зорилтыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн. Бид далайд гарцгүй ч Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа хуурай боомт бий болгохыг зорьж байна. Энэ бодлогын хүрээнд Богдхан төмөр зам, олон улсын хурдны авто зам, агаарын тээвэр гэсэн гурван замын зангилааг ашиглаж ачаа барааг логистикийн нэгдсэн төвд төвлөрүүлнэ. Эндээсээ аймаг орон нутаг руу авто тээврийн хэрэгслээр бөөний худалдааны төв сүлжээнүүдээс ачаа бараагаа авч шилжүүлж, түгээх юм. Мөн экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийг бий болгосноороо гадагшаа гарах барааг хамгийн шуурхай, хямд зардлаар түгээх, экспортлох боломж бүрдэнэ.

-Олон улсын агаарын ачаа тээврийн транзит төвийн манай эдийн засагт өгөх өгөөжийг том зургаар нь харвал…

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн каргоны терминалаа шуурхай барих шаардлагатай. Энэ терминал дагуу 720 га газарт агаарын ачаа тээврийн карго байгуулахаар төлөвлөсөн. Олон улсын агаарын Каргот логистикийн төв байгуулагдсанаар манай улс гуравдагч гарцтай болно. Үүний тулд бид нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нислэгийн тоог нэмэгдүүлье гэвэл “Нээлттэй тэнгэрийн бодлого” буюу агаарын орон зайн либералчлалд нэгдэх хэрэгтэй юм билээ. Зам тээврийн сайдад энэ чиглэлээр Ерөнхий сайд үүрэг өгсөн байсан. Удахгүй шийдвэрлэх байх. Манай улсын нутгаар жилд 60 орчим орны 130 мянга орчим онгоц дамжин өнгөрч байдаг. Өдөрт дунджаар 350 орчим онгоц. Үүний ядаж 10 хувь буюу 35 онгоцыг буулгамаар байна. Ингэж чадвал зорчигч тээврийн билетний үнэ хямдарч аялал жуулчлал өсөхөд том хувь нэмэр болох боломжтой.

-Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын нэг хэсэгт их, дээд сургуулиудын хотхон байна гэлээ. Яг ямар их дээд сургуулиудын хотхон байх боломжтой вэ?

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал аль хэдийнэ эхэлсэн энэ үед IT-гийн салбарыг бид бодлогоор дэмжиж техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах гол салбаруудын нэг нь IT-гийн салбар байх юм. Энэ салбарын мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөц бэлдэх хэрэгцээ үүснэ. Мэдээлэл технологи Шинжлэх ухаан, инновацид суурилсан их, дээд сургуулиудыг дэмжиж хамгийн сүүлийн үеийн их сургуулийн хотхон барихаар төлөвлөж байна. Ингэснээр оюутнууд дадлага хийх, хамтын туршилт, эрдэм шинжилгээ судалгаа хийх нөхцөл бүрдэхээс гадна оюутнуудыг ажилтай, орлоготой болоход том түшиц болно. Энэ асуудлаар Боловсрол шинжлэх ухааны яам судалгаа хийж байгаа.

-Бүтээн байгуулалтын төсөл дээр орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ. Орон нутагт хүртэх үр өгөөж нь юу байх бол?

-Төв аймгийн, сумдын удирдлагууд болон ИТХ-ын дарга нартай уулзаж төсөл хөтөлбөрөө танилцуулсан. Тэд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газрын Халамжаас-хөдөлмөрт шилжих бодлогыг Төв аймгаас эхлүүлэх боломжтой болно. Бид хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэхдээ залуучуудыг тэргүүн ээлжинд хамруулахаар бэлтгэл ажилдаа орж тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлэх судалгаа хийж байна.

Хөшигийн хөндийд сүндэрлэх дагуул хотын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Дэлхий нийтийн тухлан зочлохыг хүсдэг, Монголын залуучуудын ажиллаж, амьдрахыг мөрөөддөг орчин үеийн, ухаалаг, эрүүл амьдралын хэв маяг бүхий аялал жуулчлалын хотыг амжилттай байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хөшигийн хөндий дэлхийн брэнд болох нь ойрхон.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баруун гарын дүрмээ баримталж хэвшицгээе || DNN.mn

Ногоон гэрэл асч, замын хоёр талаас явган зорчигчид яаран сандран зөрөлдөв. Их сургуулийн өмнөх энэ гарц хөл хөдөлгөөн ихтэйг хэлэх үү, зам ачаалалтай үед гэрлэн дохио анивчих мэт солигдоно. Утсаа ширтэх залуус олны хөлийг дагаад ум хумгүй урагшлахдаа хоорондоо мөргөлдөж, барьцалдахаас наагуур юм болж, ам амандаа үглээд гэрлэн дохиотой уралдан гүйлдэх нь тэр. Монголчууд бид үнэндээ дүрэмгүй амьдраад сурчихсан улс гэдэг нь энэ мэт энгийн хэдхэн үйлдлээс шууд харагдана. Дуртай газраа тарлаж амьдардаг нүүдэлчин сэтгэхүй нь гудамжинд зөрөхөд, шатаар алхахад, хаалгаар орж гарахдаа ч мөргөлдөж, шүргэлцэх байдлаар илэрнэ. Бухимдал, стрессийн шалтгаан болсон энэ асуудлын шийдэл уг нь тун амархан. Хүн бүр баруун гарын дүрмээ баримталдаг болчихвол зовлонгүй. Зөв гарынхаа чигийг дагаад л явбал чихцэлдээн үүсээд байхгүй шүү дээ. Шатаар өгсөхдөө ханаа дагаад, уруудахдаа шатны бариулыг барина. Гарцаар гарахдаа хүмүүстэй зүүн талаараа зөрөлдөнө гээд ой санамжиндаа кодолчих хэрэгтэй. Ингэж хэвшээд сурчихвал хэн хэндээ амар. Ядаж л таксины жолоочид зам заахдаа хүртэл “Одоо ийшээ эргэнэ” гээд муйхарлаад байхгүйгээр “Баруун, зүүн тийшээ”-гээ хэмээн хэлдэг болчихно.

Нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцогч иргэн бүр их хотын наад захын дүрэмд суралцмаар байна. Ирээдүйн соёлтой иргэдээ бэлдэхийн тулд өөрсдөө үлгэрлэцгээе.

Categories
мэдээ нийгэм

Г.Төмөрчулуун: Хөрш орон руугаа довтлох нь олон улсын эрх зүйн бүхий л зарчим, хэм хэмжээг зөрчиж байгаа асуудал || DNN.mn

Ахмад дипломатч, шинжлэх ухааны доктор, профессор, МУЭИС-ийн Олон улс судлал, нийгмийн ухааны эрдмийн сургуулийн захирал Г.Төмөрчулуунтай ярилцлаа.


-Дэлхий дахиныг түгшээсэн Орос, Украины дайны талаар та ямар дүгнэлттэй байна вэ?

-Оросын арми Украин руу ороод долоо хонох гэж байна. Аль, аль талынх нь шалтаг, шалтгааныг нь ойлгох хэрэгтэй. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр нийгмийн сүлжээнд талцаж, мэдэмхийрч, хийрхсэн улс их харагдах юм. 2014 онд Луганск, Донецк гээд хоёр улс Донбассаас салж, тусгаар тогтнолоо зарласан. Украинд нацистууд төрийн эрхэнд гараад ирлээ гэж тэр хоёр үзсэн. Украины шинэ удирдлага байх орос, армен болон өөр үндэстнүүдийг алагчлаад эхэлсэн. 2014 оны Майданы хэрэг явдлыг төрийн эргэлт болсон гэж оросууд үздэг. Яагаад гэвэл, Янукович ерөнхийлөгчийг буулгахын тулд зориуд Америк тэргүүтэй улсууд энэ төрийн эргэлтийг зохион байгуулсан гэдэг л дээ. Тиймээс шинэ удирдлагуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Шинээр гарч ирсэн Украины удирдлагууд салан тусгаарласан Донецк, Луганскийг үзэн ядаж, тэдэн рүү их буугаар галлаж, бөмбөг хаясан. Өөрөөр хэлбэл, орос үндэстнийг үзэн ядах үзэл гаргасан. Дэлхийн II дайны үеэр Гитлер еврэй үндэстнүүдийг үзэн ядаж байсантай адилтгаж харсан хэрэг. В.Путин хоёр зорилго тавьсан гэж мэдээлээд байгаа. Нэгдүгээрт, Украин зэвсэггүй болох. Хоёрдугаарт, Украины нацист бодлоготой удирдлагыг өөрчлөх. 2014 оноос хойш тусгаар тогтнолоо зарласан дээрх хоёр улс 14 мянган хүнээ алдсан.

НҮБ-д ОХУ-аас суух байнгын төлөөлөгч хэлэхдээ “Орос хүн амь үрэгдэж, миний ахан дүүсийн эсрэг ингэж байхад бид зүгээр сууж чадахгүй. Надад тийм эрх байхгүй” гэж байна лээ. Тэгвэл В.Путин “Миний хаяанд байгаа хөрш Луганск, Донецкт орос үндэстнүүд голлон амьдардаг. Гэтэл Украины үндэсний хэт даврагсад олон хүнийг буудаж бөмбөгдөж хоморголон хороож байхад би зүгээр сууж чадахгүй. Би ах дүү нараа дэмжих ёстой. Тиймээс цэрэг оруулсан” гэж тайлбарлаж байгаа. 2015 онд Луганск, Донецк хоёрын асуудлыг шийдэхийн тулд Минскийн гэрээ байгуулсан. Тэр хэлэлцээрт Франц, Герман, Украин, Орос дөрвөн улс орсон. Ингээд Украины Засгийн газрыг “Чи энэ хоёр улстайгаа хоорондоо эв зүйгээр зохиц” гэсэн байгаа юм. Гэрээнд тухайн үеийн Украины ерөнхийлөгч Порошинко гарын үсэг зурсан. Гэтэл долоо, найман жил тэрийгээ зөрчсөн байгаа юм. Франц, Герман ч шахсан боловч Украины Засгийн газар гэрээг хэрэгжүүлээгүй.

-Хэрэв Минскийн гэрээ хэрэгжсэн бол өнөөдөр ийм дайны хэмжээнд хүрэхгүй байсан уу?

-Уг нь тэр гэрээг хэрэгжүүлсэн бол ийм дайнд хүрээгүй байх ч юм бил үү. Гэхдээ тэр гэрээг хэрэгжүүлэхгүй байх талаас нь америкчуудын нөлөө их байсан. Тэд Украиныг дэмжсэн. Ер нь АНУ ахнаасаа Украин, Орос хоёрыг хэрэлдүүлэх бодлого барьсан. Уулын орой дээрээс энэ хоёрыг хэрэлдэж, зодолдож байлдахыг нь хараад инээгээд сууж байгаа юм. НАТО ч мөн ялгаагүй. Украиныг Европын холбоонд элсүүлнэ, НАТО-д элсүүлнэ гэсэн амлалт өгсөн. ОХУ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа НАТО бол оросын нэг номерын дайсан гэж тодотгосон. Тэгэхээр Украин НАТО-д элсвэл хөрш орныхоо нэг номерын дайсан болно. Тэгэхээр НАТО-гийн цэргүүд оросын хамар дор ороод ирнэ гэсэн үг. Орос тийм зүйл хүсэхгүй нь мэдээж. Дайсантайгаа хил залгана гэдэг бол хамгийн аюултай. Ерөөсөө 1991 онд ЗХУ задарч бутарснаас хойш НАТО таван удаа Оросын хил рүү ойртсон байгаа юм. Хамгийн сүүлд Латви, Литва, Стони гурав НАТО-д орчихож байгаа юм. Унгар, Польш, Чех, Словак, Румын, Малдов гээд бүгд НАТО-д элссэн. Өөрөөр хэлбэл, НАТО-гийн цэрэг Оросын хил рүү тулаад ирсэн. Тэгэхээр ОХУ өөрийнхөө аюулгүй байдлыг бодно шүү дээ. Дээрээс нь Луганск, Донецикт оросуудыг хоморголон хядаж байна. Аль ч үндэстэн өөрийнхөө иргэдийг хамгаалдаг л даа. Ялангуяа том улсууд. АНУ гэхэд америк иргэдийн амь насанд аюул учирлаа гэх юм бол цэрэг оруулчихдаг. Франц, Герман, Англи ч ялгаагүй, далимдуулаад цэргээ оруулчихдаг. Яг энэ технологийг оросууд ашиглаж байна.

-Хоёр хөршийг холбосон хийн хоолой манай нутаг дэвсгэр дээгүүр тавигдахаар олон жил яригдсан. Энэ төслийн хүрээнд Шадар сайд С.Амарсайхан “Газфром”-той гэрээ байгуулсан явдлыг та хэрхэн харж байна вэ. Дайн эхлүүлсэн улстай гэрээ хэлэлцээр байгуулсан нь дэлхийд яаж харагдах вэ. Ялангуяа гурав дахь хөршийн орнууд ямар хандлагатай байх бол?

-Энэ бол дайн байлдаантай огт хамаагүй асуудал. Монголын нутгаар хий дамжуулах хоолой барина гэж хэдэн жил дамнан яригдаж байгаа шүү дээ. Дипломат ёсонд манай гурав дахь хөрш дайн байлдаан хийж байгаа Оростой гэрээ хийлээ гэж ярих нь утгагүй. Бид хэдэн жил ярьсан ажлаа явуулж байгаа юм. АНУ, Франц, Англи, Герман гэх мэт гурав дахь хөршид энэ асуудал ямар ч падлий байхгүй. Дипломат ёс гажсан зүйлгүй.

-Украинаас оюутнуудаа татах ажил нэлээд өрнөлөө. Дайн байлдаантай хямралын үед Гадаад харилцааны яам болон гадаад орнуудад суугаа ЭСЯ-ууд хэрхэн ажиллах ёстой байдаг вэ?

-Дайн болж байгаа газар гэдэг хэцүү л дээ. Агаарын болон газрын хилээ хаачихаж байна. Украины Польштой хиллэдэг баруун талын хил нь гарц болж байна л даа. Бидэнд тийшээ шууд очдог автозам, галт тэрэг, шууд нислэг гэж байхүй. Тэгэхээр хөрш орнуудад суугаа ЭСЯ-аас тусламж авна шүү дээ. Польш, Унгар, Словак улсуудад суугаа ЭСЯ консулуудаа түшнэ гэсэн үг. Тэрнээс Гадаад харилцааны сайд тийшээ нисч очоод асуудлыг шийдэх боломжгүй. Орос өөрөө дайн хийж байгаа улс хэцүү. Беларусь бас ялгаагүй. Польшийн хилд ойрхон Манай монгол залуучууд зөв сэтгэж, өөрсдөө санаачилгаараа дайн болоогүй газар руу дөхөөд очлоо. Гадаад харилцааны яаманд бол боломж хомс учраас муу ажиллалаа гэж буруутгах аргагүй. Утсаар л ярина уу гэхээс. Москвад суугаа ЭСЯ-нд ямар ч хамаа байхгүй. Варшавын ЭСЯ Украиныг хамаардаг гэдэг утгаараа их ажлыг нугалах ёстой. Болдог сон бол ЭСЯ-ны бүх ажилтнуудаа хил рүү явуулаад тэнд очсон монголчуудаа тосч аваад явах ёстой л доо. Ер нь хямралтын үеийн дипломат ажиллагаа гэж байх ёстой л доо. Энх тайван үеийнх гэж байна. Хямралын голомтоос монголчуудаа хэрхэн аварч, эрх ашгийг нь хамгаалах ёстой гэдэг дээр манай гадаад яам тааруухан гэдэг нь харагдлаа. Онцгой нөхцөлд ажилладаг дипломат ажиллагаа бол энгийн үеийнхээс хамаагүй өөр. Том гүрнүүд бол хямралын үед ажиллах тусгай төлөвлөгөөтэй байдаг. Манай ЭСЯ ингэж ажиллана гэсэн хөдөлмөрийн хуваарьтай. Гэтэл манайд энэ байдал ерөөсөө харагдахгүй байна. Дайн болж байгаа газарт манай хүүхэд эмэгтэйчүүд гацчихаад байхад Гадаад харилцааны яманд хямралын төлөвлөгөө гэж байна уу. Украинд дайн болох нь ойлгомжтой байсан шүү дээ. Гэнэт нэг өглөө орос дайрчихаагүй. 150 мянган цэрэг Орос Украины хил дээр бөөгнөрчихөөд байна гэж мэдээлээд байхад ЭСЯ, Гадаад харилцааны яам соргог, мэдрэмжтэй ажиллах ёстой байсан. Одоо ниргэсэн хойно нь хашгирлаа гэгч болоод байна.

-Ер нь дайнтай, цар тахалтай үед ард түмэн нь яах вэ. Засгийн газар нь яаж ажиллах ёстой юм бэ?

-Дайн болж байгаа газар хамгийн түрүүнд байшин барилга гэхээсээ илүү ард түмнээ аврах ёстой л доо. Хүний амь нас хохироохгүй байх талаас нь ажиллах нь амин чухал асуудал. Хүний наад захын хэрэгцээ болох бие засах, ариун цэврийн газраас өгсүүлээд дулаан хувцас, хоол ундаар хангах ёстой. Энэ бол засгийн газрын үүрэг. Нэг ч хүнийг тэнэсэн суманд өртүүлэхгүй байхын төлөө ажиллах ёстой. Хоёдугаарт, их хохирол амсахгүйн тулд дайнаа зогсоох талаас нь бодох хэрэгтэй. Иймд нөгөө талынхаа тавьж байгаа шаардлагыг хүлээж авахаас өөр гарцгүй. Дайн цаашид үргэлжлэх юм бол Украин асар их хохирол амсах нь ойлгомжтой болж байна. Хүний амь нас сүйрэхээс өгсүүлээд эд хөрөнгөөр хохирч байна. Украин дахиж арав, хорин жилд хөл дээрээ босохооргүй байдалд орчихлоо. Тэгэхээр ухаантай удирдагч бол нөгөө талынхаа тавьж байгаа шаардлагыг хүлээж авна л даа. Яагаад гэвэл хүч тэнцвэргүй байна. Цөмийн зэвсэгтэй Орос гүрэн 200-гаад мянган цэрэгтэй орж ирж байхад Украин яах юм бэ. Тэдэнд туслах улс үнэндээ алга. Украин анхнаасаа буруу тооцоолсон. Тэр тусгаар хоёр улсыг бөмбөгдөөд зогсохгүй бол НАТО-гийн цэрэг орж ирж надад тусална гэж бодсон хэрэг. Украин НАТО-гийн гишүүн биш учраас туслахгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Зеленский бодохдоо НАТО, АНУ бидэнд тусална гэж эндүүрсэн. НАТО орж ирээд бид Оростой байлдаад дийлнэ гэсэн түүний гэнэн бодол бодит амьдрал дээр байхгүй шүү дээ. Харин оросууд өнөө маргаашгүй Киев хотыг эзэлж авах гэж байна. Том гүрний өөдөөс сөрвөл муурын сахлаар оролдсон хулганы үлгэр болно. Том гүрэнтэй эв зүйгээр харьцах нь дипломат арга гэдэг юм. Цэргээр хэзээ ч Украин Оросыг дийлэхгүй.

-Украин байгалийн баялаг ихтэй. Европын үржил шимтэй хөрсний 75 хувь нь байна. Эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой улс вэ?

-Украин бол талх тариагаараа алдартай. Хуучин зөвлөлтийн үед Украин, Казахстан хоёр бол улаан буудайгаар хангадаг байсан. Дээрээс нь ашигт малтмалын уурхай болсон нутаг. Ялангуяа Донбасс нүүрсний баялагтай. Украины аж үйлдвэрийн нэг төв нь. Зеленский тэндээсээ салж байгаа юм. Өөр баялаг гэхээр юм байхгүй. Нүүрс, ашигт малтмалтай газар нь Донбассын нутаг. Тэгэхээр Украин ихээхэн хохирол амсана. Минскийн гэрээгээр дотоод асуудлаа зохицуулж болох байсан. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад тэр хоёрыг автономит гэж зарлаад гэрээ хэлэлцээр дотроо хийгээд шийдчих ёстой байсан юм.

-Орос эдийн засгийн хоригт орлоо. Хөрөнгийн бирж нь хаагдлаа, оросоос газаа авдаг улсууд болино гэж байна. Рубелийн ханш навс уначихлаа. Дайны хор уршиг яаж нөлөөлөх бол?

-Европын холбооны 27 улс бүгдээрээ Оросын эсрэг хориг тавилаа. Оросын иргэдэд виз өгөхгүй гэж байна. Мөн оросын олигархиудын банкины хадгаламжийг царцааж байна. Англид очоод суурьшсан баячуудыг нутгаасаа хөөж гаргана гэж мэдэгдлээ. Энэ бол наад захын асуудал. ОХУ-д болох спортын аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй гэж байна. Урлаг, соёлын олон арга хэмжээ 27 улсад тоглогдох байсныг хойшлуулчихлаа. Мэдээж ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээ хүнд тусна. Гэхдээ ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Матевинка хэлэхдээ “Бидний эсрэг тавих хориг арга хэмжээг мэдэж байсан. 2014 оноос хойш энэ бэрхшээлийг амссан. Бид өөрөө өөрсдийгөө тэжээх хэмжээний эдийн засгийг бий болгосон. Хичнээн хориг тавиад нэмэргүй. Харин ч бидэнд ашигтай тусна. Яагаад гэвэл импортын бараагаа өөрсдөө үйлдвэрлэж байгаа” гэсэн. Гэхдээ Европын холбоо энэ хориг арга хэмжээг удаан хугацаагаар үргэлжилнэ гээд байгаа. Байнгын ийм дарамтад байна гэлэг бол хичнээн хүчтэй улс байгаад ч давж гарахад амаргүй. Хоёр гурван жилдээ тэсч болно. ОХУ 600 тэрбум ам.долларын нөөцтэй. Энэ нь байгалийн баялаг шиг шавхагдах нь мэдээж. ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ удаан хугацаанд сөрөг үр дагавартай.

-В.Путины геополитикийн дайныг эхлүүллээ гэж дэлхий дахин шүүмжилж байна. Судлаач хүний хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Геополитик гэж газар зүйг дагасан улс төрийн бодлого. Ерөөсөө Орос гэдэг улс газар зүйн байршлын хувьд хүн болгоны шүлсийг гоожуулсан бүс нутаг. Жишээлбэл, 18 дугаар зуунд шведүүд дотвлоод Оросыг дийлээгүй. 19 дүгээр зуунд францууд довтолсон. 20 дугаар зуунд Гитлер хоёр ч удаа дайтаад бас хүчрээгүй. “Евразийг хэн эзэлнэ. Тэр дэлхийг эзэлнэ” гэсэн геополитикийн онол байдаг. Тэгэхээр европын том гүрнүүдэд Оросыг эзлэх юм бол дэлхийг гартаа оруулчих юм байна гэсэн геополитикийн онол байдаг. Цагаан хааны үеэс ОХУ эргэн тойрондоо жийргэвч улсуудыг бий болгох бодлого явуулсан. Шууд дайсантайгаа хил нийлэхгүй. Ялангуяа Зөвлөлтийн үед ийм байсан. Польш, Чех, Румин, Унгар, Малдов зэрэг орнууд бүгд социалист орнууд байлаа шүү дээ, зөвлөлтийг дагасан. Эд нар нь жийргэвч улс байлаа. Одоо ч гэсэн Украин тийм л үүрэгтэй. Орос руу дайрах биш. Том гүрнээс хамгаалах үүрэгтэй гэж оросууд үздэг. Харин НАТО ороод ирвэл ямар юмны жийргэвч байхав. Тэрийг таслан зогсоож байгаа хэрэг.

-В.Путин хөрш зэргэлдээ орон руугаа халдаж байгаа нь дипломат ёсонд харш үйлдэл. Дээрээс нь энэ бол анхнаасаа Лениний байгуулсан улс гэж түүх ярьж тусгаар улсыг эзэлж байгаа нь дэлхий дахинд муу жишиг тогтоох гэж байгаа юм биш үү?

-Ямар ч шалтгаан байсан хөрш орон руугаа довтлох нь олон улсын эрх зүйн бүхий л зарчим, хэм хэмжээг зөрчиж байгаа асуудал. Дээрээс нь орос бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүний нэг. Энэ таван гишүүн бол НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын энхтайван аюулгүй байдлыг хамгаалах гол үүрэгтэй. Ийм үүрэг хүлээсэн орон хөрш орон руугаа довтлох нь хүний толгойнд орохгүй асуудал. Ямар ч шалтаг шалтгаан гаргаад зөвтгөх аргагүй. Нөгөө талаас ОХУ өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж байгаа гэдэг нь зөвтгөх шалтгаан. Украин дангаараа ОХУ-д аюул биш. Харин Украин НАТО-гийн гишүүн болоод Европын холбоонд орчихвол Оросын хувьд байх уу, үгүй юү гэдэг асуудал болно. Орос бол түүхийн талаасаа ч аюулгүй байдалдаа тун эмзэг ханддаг. 1954, 1957, 1967 онд Унгар, Чехэд цэрэг оруулж байсан. 1921 онд Монголд цэрэг оруулж ирж байсан. 1939 онд Халхын голын дайн, 1945 онд чөлөөлөх дайнаар хүртэл цэрэг оруулж ирсэн. 1966 онд Хятадын эсрэг Монголд цэрэг оруулж ирж байв. Үнэндээ энэ нь Монголын аюулгүй байдал гэхээсээ илүү ЗХУ-ын аюулгүй байдлыг хамгаалж байсан алхмууд. Монголд хятад юмуу японы цэрэг ороод ирэх нь Эрхүү, Улаан-Үд Сибирийн төмөр зам дайсны гарт орно гэсэн үг. Уралаас нааш оросууд нутгаа алдана. Тэрнээс оросууд монголчуудад дуртай, хайртай гээд ах дүүгийн найрамдалдаа ч биш. Геополитикийн учир шалтгаан байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Зундуйдорж: Ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг эмгэнэл || DNN.mn


Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржтой ярилцлаа.


-Монгол Улс 30 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуультай орон болсон. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж тунхагласан “эцэг” хууль маань амьдрал дээр биеллээ олж чадаж байна уу?

-Ардчилсан Үндсэн хууль бол бидний хувьд том зол завшаан. Олон хүний үзэл санааны нэгдэл болсон амьтай хууль. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан эрх, эрх чөлөөний тухай олон зүйлийг тусгаж өгсөн. Тэр эрхүүд нийгмийн амьдралд хэрэгжиж, бодитоор хянагдаж, хамгаалагдаж байж баталгааждаг. Харамсалтай нь Үндсэн хуульд тусгагдсан тэдгээр эрх тунхаглалын шинж чанартай. Үүний үр дүнд эрх мэдэлтэй, хууль хүчний байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд өөрт олгогдсон давуу байдлаараа бусдын эрхэд халддаг үзэгдэл хавтгайрсан нь цөөнгүй зүйлээр нотлогддог.

-Хүний эрхэд халдаж буй энэ хандлагыг та юутай холбож хардаг вэ?

-Мэддэг нь мэдэхгүйгээ дээрэлхдэг. Хүний эрхийн мэдлэгээс гадна мэдрэмжтэй байх ёстой. Дорнын уламжлалт сэтгэлгээний уур амьсгал бол бусдаас илүү үг сонсдог, бусдад их найддаг. Тухайлбал, бид аав, ээж, ахмад настны үгэнд заавал орох ёстой гэсэн хүмүүжлээр өсдөг. Бараг тэдний буруу байсан ч дага гэдэг хандлагатай. Яагаад гэвэл, чамаас ахмад настай хүн зөв зүйл ярьдаг гэсэн ойлголт уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Харин өрнийнхөн өөр. Тэр хүн настай болохоос мэдлэгтэй биш, боловсролтой гэсэн үг бас биш. Ренчин Бямбаа гуайн хэлсэн үг байдаг даа. “Бодол нь босгоо, хөл нь хилээ давж байж бид нийгмийн харилцаанд зөв орох юм байна” гэж. Ерөөсөө аливааг томоор нь харах ёстой гэсэн санаа. Бид хүний эрх гэж дандаа ярьдаг. Энэ эрхийг “амьтай” байлгах гаргалгаа нь үүргээр хязгаарлагдаж, хариуцлагаар баталгаажих ёстой. Эрх, үүрэг дангаараа юу ч биш. Ард нь заавал хариуцлага дагаж байж амьтай болно гэсэн үг. Эрхээ эдэлж байхдаа зарим тохиолдолд үүргээ урд нь барьж байх ёстой. Эрх нь хэтэрчих юм бол хариуцлагаар зогсоодог байх. Ингэж байж зөв гольдролоор явах юм. Эрх-үүрэг-хариуцлага гэсэн хэлхээс тулгын гурван чулуу шиг байх учиртай.

-Тэгэхээр бидний сэтгэлгээнд хүний эрх гэдэг ойлголт байхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Байхгүй гэхэд хилсдэхгүй. “Мөрөөрөө чимээгүй явбал аминд өлзийтэй” гэсэн үг бий. Эрхээ мэддэг, өөртөө итгэлтэй, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг ойлгохын тулд бие хүн болж төлөвших ёстой. Гэтэл “Настай хүний урдуур битгий ор. Буруу зөрүү юм асууж, сөрж болохгүй. Заавал хүндлээд дуугүй байх ёстой” гэдэг. Мэдээж нас намбыг нь хүндэлж бололгүй яахав. Гэхдээ буруу үзэл сурталд автахгүй байх ёстой. Өвөө нь МАН-ын гишүүн бол заавал тэр намд саналаа өг гэдэг. Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа гэмт хэрэг. Бие дааж шийдвэр гаргах, төлөөллийн байгууллагаа сонгох эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн үг.

Дараа нь сурч боловсрох эрх, ажил мэргэжлээ сонгох амин чухал асуудал дандаа бусдын нөлөөнд автана. Тэр хүн өөрөө үлдсэн амьдралдаа сонголт хийхдээ өнгөц итгэсэн, эргэн тойрныхноороо шийдвэр гаргуулж байгаа бол төлөвших болоогүй байна. Бие хүн болохын тулд өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Чамд юу таалагдаж байна. Юу тохирох юм. Чамайг ирээдүйд итгэлтэй харагдуулж байгаа тэр сонголтоо тухайн хүүхэд өөрөө хийх ёстой.

Сургуульд багш нар самбарын өмнө гараад зөвхөн хичээлээ заасаар байгаад гараад явчихдаг. Сурагчид тэр бүр асуулт асуудаггүй. Багш хичээлийн дараа “Асуух зүйл байна уу” гэхэд хүртэл ангиараа дуугардаггүй. Зөвхөн “Хурдан хичээл завсарлаасай” гэсэн команд хүүхдүүдийн тархинд суусан гэсэн үг. Өөрт нь асуудал үүсэхэд ээж, ааваасаа асууж зүрхэлдэггүй, ярилцдаггүй. Энэ байдал нь ирээдүйд улстөрчид буруу шийдвэр гаргахад чимээгүй байх суурийг нь бэлтгэж байгаа юм. Өөрийнх нь эрхийг зөрчиж байхад нүдэн балай, чихэн дүлий байхыг гэр бүлд нь болон сургуульд байхад нь төлөвшүүлчихдэг.

Ингээд ажлын байран дээр гараад бас л даргын буруу шийдвэрийг дагадаг хүн болж төлөвшиж байна. Энэ нь өөрийн эрхийг бусдад бэлэглэсэнтэй ялгаагүй. Чиний ирээдүйг бусад хүн дураараа өөрчлөх, ашиглахыг өөрөө зөвшөөрчихөж байна гэсэн үг. Хүний биеийг олж, ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг бол бие хүний хувьд эмгэнэл.

-Харин өрнийн сэтгэлгээнд эсрэгээрээ гэж та дурдлаа. Сонирхолтой кейсүүд хуваалцахгүй юу?

-Өрнийн сэтгэлгээ дорныхоос дэндүү өөр. Хүүхдээ балчир гэлтгүй өөрөөр нь сонголт хийлгүүлж, шийдвэр гаргахад оролцуулж, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэдэг. Аав, ээжүүд аль нэг өрөөнийхөө хөшгийг солихоор болбол хүүхдийнхээ саналыг заавал авна. “Аав нь хөх, ээж нь ногоон өнгөтэй хөшиг авах бодолтой байна. Харин миний хүү ямар өнгийг санал болгомоор байна” гэж асууна. Хүүхэд нь ногоон өнгөтэй хөшиг авах саналтай байна гэвэл сонголтыг нь хүндэтгэж тэрийг нь биелүүлдэг. Энэ нь тухайн хүүхдэд “Би аливаа шийдвэр гаргахад оролцох ёстой, миний санал биелдэг юм байна” гэсэн ухамсар, итгэл үнэмшлийг суулгаж байгаа хэрэг. Өөр нэг жишээ, намайг Норвегийн Ослод байхад 18 настай охин нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшээд гишүүн болж байлаа. Түүний аав Норвегийн парламентын гишүүн. Тэр охин “Аав намайг ойлгохгүй байгаа юм чинь залуу үеийг бас ойлгохгүй байна гэсэн үг. Тиймээс дээд сургуулийг сонгохгүйгээр би нийслэлийн иргэдийн хуралд үеийн залуусаа төлөөлнө” гээд 18 настай охин нэр дэвшиж ялалт байгуулж чадсан. Энэ нь хувь хүний болоод нийгмийн эрүүл сэтгэлгээг тод харуулж чадсан. Манайд 18 настай охиныг УИХ, НИТХ-д нэр дэвших гэвэл “Хүн болоогүй байж юун ч амбицтай юм дээ” гэхчилэнгээр буруутгана. Өөрөөс нь дүү байх нь мэдлэггүй, ур чадваргүй байна гэсэн үг биш. Заавал настай хүн ухаантай байж, залуу хүн тэнэг гэсэн ойлголт ч бас биш. Ардчиллаар олгогдсон эрх нь хуульд баталгаажсан байгаа юм чинь 18 нас хүрсэн бол сонгох, сонгогдох эрх хүн бүрт бий. Үзэл санаа, үнэт зүйл, нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, ирээдүйд юуны төлөө зорьж байгаа гэдэг нь олон нийтийн дэмжлэг авах юм бол тэр хүн биднийг төлөөлөх нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Бид хүнд, намд, насанд биш зөвхөн тухайн хүний үзэл санаа, сэтгэлгээнд ач холбогдол өгөөд сонголтоо хийж чадвал нийгэм эрүүл болно.

-Энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр мөн үү?

-Нэг талаас нь тэгж хэлж болно. Бид хүүхдээ сургуульд заавал онц сурах ёстой, тэмцээн уралдаанд орох ёстой гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлж буй нь бас нэг төрлийн хүчирхийлэл. Ардчилал буюу эрх зүйт төр оршиж байгаа олон орон байна. Скандиновын хөгжингүй орнуудад танхимын сургалтад 25 хүүхэд байлаа гэхэд тав нь зайлшгүй онц сурдаг. 15 хүүхэд нь дунд, үлдсэн тав нь муу сурна. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл, тэр таван хүүхдийн муу сурч байгаа нь оюун ухаантай нь биш, багшийн заах арга барилтай холбоотой гэж үздэг. Цагийг үр дүнтэй өнгөрүүлж, илүү бүтээлч байхад чиглүүлдэг. Ээж, аавтайгаа салхинд гар, настай хүнд тусал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яг адилхан хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой гэхчилэн хүн байхын үнэ цэнийг мэдрүүлнэ. Харамсалтай нь бид сурч боловсрох эрх дээрээ асар олон ялгаварлыг бий болгочихсон. Энгийн жишээ хэлье. Өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь гадаад хэл заадаг. Тэгвэл улсын сургуульд тавдугаар ангиас нь орж эхэлдэг. Манайх хуулиараа ялгаварлыг бий болгочихсон. Ажлын байран дээр ч тэр ялгавартайгаар үнэлгээ өгдөг. Хувийн хэвшил, төр гэлтгүй яг адилхан хандлагатай. Хуулийн амин сүнс бол гарааны тэгш байдлыг бий болгох ёстой. Хувийн өндөр төлбөртэй сургуульд нэгдүгээр ангиас нь англи хэлийг зааж байгаа бол улсын сургуульд яг адилхан орох ёстой. Тэгвэл гарааны тэгш бус байдлаас болж улсын болон хувийн сургууль төгссөн хоёр хүүхэд ажлын байран дээр очиход хэнд нь илүү боломж олдох нь ойлгомжтой. Мөнгөтэй буюу хувийн сургуульд сурсан нь илүү боломжтой. Тэр хүүхэд амьдралын боломжтой, баталгаажсан нийгэмд орж байгаа юм. Харин улсын сургууль төгссөн хүүхдүүдээс асар олон эрсдэл, хичээл зүтгэл гардаг. Энэ нь өөрөө бидний хүсээд байгаа нийгэм биш.

-Бид хүссэн нийгмээ цогцлоож чадахгүй байгаа нь төрийн бодлого, шийдвэрийн алдаа гэдэг. Даргын шийдвэрийг дагадаг уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй нөхцөлд зарим эрхээ хязгаарлуулсаар байх юм биш үү. Жишээлбэл, цар тахлын түр хуулиар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж олон түмэн их л шүүмжилсэн. Дахиад нэг жилээр сунгачихлаа..?

-Миний өмнөөс оновчтой зөв шийдвэрүүд гаргаж, ирээдүйд ажиллаж амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулаарай гэж УИХ-ын гишүүдэд зарим эрхээ шилжүүлдэг. Гэтэл ард түмний итгэлийг аваад сонгогдон гарч ирсэн төрийн түшээд иргэдийн эрхийг нэмээд хязгаарладаг. Хар үгээр хэлбэл дээрэлхдэг. Эрх зүйт төр төлөвшсөн орны төр нь иргэдээ маш сайн сонсдог. Үзэл бодлыг нь хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Монголд эсрэгээрээ дарга төвтэй. Даргын зөв. Энэ бол уламжлалт сэтгэлгээтэй яах аргагүй холбоотой.

Ковид гэдэг бол шинэ үзэгдэл биш. Дэлхийн хэмжээнд цар тахлын үед оновчтой менежмэнт хэрэгжүүлсэн орнууд олон. Франц гэхэд ковидын үед эдийн засгаа хорихоосоо илүүтэйгээр чөлөөтэй байлгая, хувь хүн иргэн бүр эрүүл мэнддээ өндөр хяналт тавих ёстой гэсэн бодлого баримтлал. Манай төрийн шийдвэр иргэндээ ч, төрийн албанд нь ойлгомжгүй. Менежмэнтийн том алдаа гаргаж байна гэсэн үг. Монгол Улсад хүний эрхэд халдаж байгаа олон, олон шийдвэр гарч байна. Ковидын цаана иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цар тахлын талаар түлхүү ярьдаг болсон. Үүний цаана төсвийн үрэлгэн байдал ихэслээ. Төрийн албаны меррит зарчмыг байхгүй болгох гэж байна. Хэн дуртай хүнээ тодорхой албан тушаалд томилж байна. Төр өөрөө дадлагын оюутантай адилхан шийдвэрүүд гаргаж байгаа юм. Уг нь төрийн шийдвэр ямагт мэргэшсэн, мэргэжлийн, ур чадвартай, тооцоо судалгаа, шинжилгээтэй байх ёстой. Гэтэл эрх баригчид зөвхөн нийгэмд таалагдах сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байна. Эцсийн бүлэгт ард түмэн л хохирно. Төр өөрөө туршилтын талбар биш. Иргэд олон нийт ч гэсэн дур зоргоороо авирладаг төрийн үйлдэлд эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой.

-Гэтэл МАН-ыг эрх барьж байгаа цагт иргэд ил гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс айдаг болжээ. Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс баривчлагддаг. Ингээд байхаар төрийн түшээдийн гаргасан бодлого шийдвэрийг шүүмжлэх иргэдийн зориг зүрх улам мохоод байх шиг…

-Нийгмийн оролцоог айдсаар хязгаарлах тактик. Өөрөөр хэлбэл, бага өгөөшөөр том эрсдэлийг хаах. Төр барьж байгаа нам иргэдийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын амин сүнс болсон гол эрхүүдийг хязгаарлахыг хүсдэг. Нийгмийг чимээгүй болгох, бүх эрхийг нь айдастай байлгах, хянах, цагдах замаар мэдээллийн аюулгүй байдал, нууцад хамаарах зэрэг асар олон эрхийг дахиад хязгаарлаж байгаа юм. Төрийн туйлын зорилго нь урт хугацаанд энэ дарангуйллын эрхээ хамгаалж үлдэхэд оршиж байгаа хэрэг.

Өнөөдөр иргэд эрхээ эдэлж, үндэсний хэмжээний жагсаал цуглаан өрнүүлье гэвэл зөвшөөрөл авна. Нийтэд хортой, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн уриалга гаргаж, ийм үзэл санаан дээр иргэд нэгдэж жагсах гэж байвал зөвшөөрөл өгөх нь битгий хэл хориглоно. Бусад тохиолдолд буюу эдийн засаг, зорчих эрх, эрүүл мэндийн хувьд төрөөс шаардсан иргэдийг хууль хяналтын байгууллага хамгаалах ёстой. Улмаар нийгмийн хэв журмыг сахиулах, хуулиар олгогдсон эрх хэмжээг нь сануулах, ойлгуулах, ковидын үеийн зай хоорондын шаардлагуудыг нь хангуулж ажиллана. Ингэж ардчиллын амин сүнсийг бэхжүүлэх учиртай. Гэтэл бодит байдал дээр жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авахад хүнд суртал ихтэй.

Эрх барьж байгаа нам бусдаар муулуулахыг хэзээ ч хүсэхгүй. Тийм төрийн “хорхойтой шүдэнд” хүрэх төдийд таагүй мэдрэмж авна. Ингээд иргэдийг эрхийн хязгаарлалтад албаар оруулна. Утааны байдал, эдийн засгийн хямрал, замын түгжрэл, ажлын байрны олдоц, халамж гээд асар олон зүйлээр эх орондоо амьдрах орчныг хязгаарладаг. Эдгээр асуудлыг төр сайжруулахаасаа урьдаар муу дээр нь барих бодлого явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өндөр албан тушаалтнууд эс үйлдэхүйгээрээ төрийн эсрэг үйлдэл хийж байна. Тоо судалгаа мэдээллийг олон нийтэд танилцуулдаггүй. Хуульд өөрчлөлт оруулах замаар сайжруулах шинэ зүйлүүдийг хийх боломж нь байсаар атал эх орныхоо эсрэг үйлдэл хийдэг. Тэгснээ ард түмнээ юу ч хийдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж шүүмжлэх дуртай. Үнэн хэрэгтээ төрийн муу менежмэнт иргэдийн итгэл найдвар, хүсэл зоригийг мохоож байна.

-Ингэхэд сонгуульд иргэдийн итгэл үнэмшил суларсантай та санал нийлэх үү?

-Туйлын идэвхгүй болсон нь сүүлийн сонгуулиудаас тод харагдлаа. Сонголтгүй сонгууль гэцгээх болсон нь худлаа биш. Дүр эсгэсэн сонгуулиуд боллоо. Ер нь хүний итгэл найдвар шавхагдвал амьдрах орчингүй болж улмаар гадагшаа явах хүсэлтэй болдог. “Би идэвхтэй байгаад юу ч өөрлөгдөхгүй” гэсэн мэдрэмжийг авна. Уг нь иргэд олон нийт идэвхтэй байх тусам эс үйлдэхүйгээрээ улс орны эрх ашгийг хохироож байгаа хүмүүс өөрсдөө ухаарах ёстой. Ядуу буурай орнуудад юу шаардлагатай, яагаад тэднийг ядуу байлгадаг вэ гэхээр олон шалтгаан нөхцөлүүд хамаарна.

-Тухайлбал?

-Хүнийг хөгжүүлдэг хүчин зүйл нь эдийн засгийн баталгаат байдал. Хүн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орчноо шийдсэний дараагаар хөгжлийн замд орж ирдэг. Бусдад санаа тавьж, үр хүүхдүүдийнхээ боловсрол, хандлага, ирээдүйд анхаарал хандуулж эхэлдэг. Ингэснээр нийгэм аяндаа хөгждөг. Харин хөгжил бол өндөр байшингаар хэмжигдэхгүй. Гагцхүү нийгмийн оролцоо сайтай, буруу шийдвэрийг эсэргүүцэж, зөв сонголтыг оновчтойгоор хийдэг байвал хөгжил ирнэ. Ингэж байж эрх зүйт тогтолцоотой нийгэм төлөвшинө. Мэдлэгтэй, оролцоотой иргэд зөв төрийг бий болгоно. Системийн эсрэг ганц иргэн юу ч хэлж чадахгүй. Иргэд олуулаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг зөрчих явдал түгээмэл. Наад зах нь дуудсан цагтаа мэдүүлгээ авахгүй байн байн ирж, очуулж залхаадаг. Энэ нь тухайн иргэний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ?

-Хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж, нийгмийн хэв журмыг тогтоож байгаа хууль хүчний байгууллагууд, хэргийн мөрдөн байцаагч, цагдаагийн албан хаагчид зарим тохиолдолд хүний эрхийн зөрчил гаргадаг. Урт хугацаагаар шүүн таслах ажиллагаа явуулж байгаа, хэргийг үнэн зөв мэдээллээр хангах үүднээс тухайн хүний эрхийг зарим талаараа зөрчдөг. Гэрч, хохирогч, сэжигтэн болсон хүмүүс мэдүүлэг өгөхдөө удаан хугацаагаар хүлээнэ. Нэг талаар төрийн ачаалал нь өндөр байна гэж тайлбарлах байх. Хэдийгээр мөрдөгч дээр ирж байгаа гэмт хэргийн тоо өндөр байлаа ч боловсон хүчний чадавх, хүний эрхийн мэдрэмж чухал. Төр гэдэг байдлаар захирагдах, захирах ойлголтыг өндөр аваад эхлэхээр хүний эрхийн зөрчил гардаг. Мэдүүлэг өгөхөөр очсон хүнийг урт хугацаагаар зогсоох, бие засуулахгүй байх, бүр гэдэс өлсгөлөн үед нь хөтөлж байцаах нь энгийн тактик. Тухайн гэмт хэрэгт үнэн зөвөөр мэдээлэл авахын тулд мэдүүлэг өгч байгаа хүн сэтгэл зүйн хувьд тогтвортойгоор хариулах ёстой. Тэр хүний мэдээллийг авахдаа орчин бүрдүүлэх нь чухал. Тухайлбал, өрх толгойлсон аав есөн настай хүүхдээ гэртээ ганцааранг нь цоожилчихоод мэдүүлэг өгөх гээд байцаагчийн дуудсан цагт очиж гэж бодъё. Гэтэл найман цаг үүдэнд хүлээлгэж байгаад байцаалтаа эхлүүлэхэд тэр аав ямар ч асуултад хурдтай хариулна. Бодох, эргэцүүлэх, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь нотлох баримт бий болгоход шаардагдах хүчин зүйл. Харин цоожтой хаалганы цаана олон цаг хүлээж байгаа хүүдээ санаа зовсон тэр хүн өнгөрөөж буй цагтаа илүү төвлөрдөг. Түүний бодолд хүүхэд нь л байгаа. Зүй нь дуудсан цагтаа зохих журмынх нь дагуу байцаалт авах ёстой.

-Эрх зүйт нийгэм төлөвшсөн орнуудад иймэрхүү асуудлыг яаж шийддэг вэ?

-Шүүх процедурын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хуульд суурьтай, мэдлэгтэйгээс гадна иргэний оролцоо их хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын иргэн 18 мянган удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дийлэнх нэхэмжлэлийг нь шаардлага хангахгүй байна гээд буцаасан байдаг. Гэхдээ хэдэн кейс дээр ялалт авсан байдаг. “Macdonalds”-оос үйлчилгээ авсны хариуд нь салфетка өгөөгүйн төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан айл андуурч орсон үйлдэл гаргасан. Үүнд хүний эрхийг ноцтой зөрчсөн тул хотын захиргаа шүүхээс нь 2.1 сая ам.долларын нөхөн олговор олгосон байх жишээтэй. Хүний эрхийг хангах, хамгаалах талаар мэдлэг өндөр байх тусам хуульд итгэх, иргэдийн оролцоо сайжирна. Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хууль болон дагалдах 800 гаруй хууль байна. Эндээс яг хэд нь амьтай, иргэнд нийцсэн, иргэдийн амьдралыг хөнгөвчилсөн, тэдэнд ирээдүйдээ итгэлтэй амьдрах амьдралын орчныг бүрдүүлсэн хууль бол. Нийгмийн харилцааг зайлшгүй зохицуулж байгаа иргэд олон нийт болоод төрийн албан хаагч нарт уялдаа холбоог нь сайжруулж байгаа хууль бол амьтай. Харин амьгүй, нийгэмд хэрэгждэггүй нэр төдий хуулиуд их байгаа учраас хүний эрхийн зөрчлийг бий болгодог. Иргэд өөрсдөө мэдэх, оролцоотой байх эрхээ эдлээд ирэхээр бусад хүчин зүйлүүд нь сайжирна. Ямар удирдагчтай байна тийм л орон байна. Тийм л ард түмэнтэй оронд тийм л удирдагч гарч ирнэ. Хэрэв ард түмэн хэтэрхий амин хувиа хичээсэн, эрх ашгаа нэгд тавиад эхлэх юм бол популист улс төр гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнуудад хууль ялгаварлалгүйгээр хэрэгждэг учраас эрх тэгш байдлыг хангадаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Том гүрнүүдийн золиос болохгүйн тулд улстөржилтөө хойш тавьж, эв нэгдлээ хангая || DNN.mn

Зүүн Европын тэнгэрт дайны хар утаа суунаглалаа. Оросын арми Украин руу довтлов. Нийслэл Киев хотод болсон дэлбэрэлт том гүрнүүдийг сандаргаж, яаралтай мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Оросын үйлдлийг буруушааж, “Бид НАТО-гийн холбоотнуудтайгаа эвслийн эсрэг аливаа түрэмгийллийг таслан зогсоох хүчтэй, нэгдсэн хариу арга хэмжээ авахын төлөө хамтран ажиллана” хэмээв. Украин руу хөөргөсөн Оросын сөнөөгч пуужингийн халдлага бол дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн түрэмгийлэл билээ. Иймд Их долоогийн удирдагчид цахимаар хуралдаж, Оросын эсрэг авах хариу арга хэмжээний талаарх төлөвлөгөөгөө ярилцав. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский байлдааны бэлэн байдал тогтоосноо зарлаж, ард түмэндээ хандан “Бүү сандар, бид хүчтэй. Бүх зүйлд бэлэн. Бид ялах болно” гэж мэдэгдлээ.

Асар их уй гашуу, гарз дагуулах дайныг өдөөсөн В.Путиныг дэлхий даяар зүхэж сууна. Тусгаар тогтносон улсын халдашгүй дархан байдал руу түрэмгийлэн дайрч, эзлэн авах гэсэн түүний санаархал хэрээс хэтэрлээ гэж бичицгээх болов. Тэрбээр түүхийн шарласан хуудас сөхөж, “Украин бол анхнаасаа манай нутаг дэвсгэр байсан” хэмээн бүрэн эрхт хөрш орноо өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад зогсохгүй түрэмгий үйлдлээ зөвтгөж ирсэн. В.Путины энэ хандлага НҮБ-ын дүрэм, олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдэд илт харш үйлдэл болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. ОХУ-ын үйлдэл нь дэлхий дахинд “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгааг ч судлаачид онцлов. Энэ нь хойд бүсүүдэд нь оросууд суурьшдаг Казакстан, Тайванийн тусгаар тогтнол, Хонг Конг, Шиньжан-Уйгурын салан тусгаарлагчдын томоохон асуудалтай Хятадыг хүндхэн байдалд оруулж байгааг ч дурдана лээ. Өрнөдийн судлаачид Крымийн хойгийг булаасан ОХУ-ын үйлдлийг цагаандаа гарсан дээрэм “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас дутуугүй, бүр илүү нөлөө бүхий ноцтой үр дагавартай үйл явц” хэмээн дүгнэсэн. Тэгвэл Америкийн эрдэмтэн Роберт Легволд “Сүйрлийн уршиг тарьж мэднэ” гэж бичсэн нь ч бий.

В.Путин “Орос хүн бүрийн зүрх сэтгэлд Крым бол салшгүй хэсэг байсан” гээд 2014 онд эзлэн авсан. Ингэснээр их гүрнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч улс орноо эдийн засгийн хоригт оруулаад байв. Гэвч түүний шунал зогссонгүй. Донецк, Луганск мужийг өөртөө нэгтгэх гэсэн санаархал нь украинчуудыг төдийгүй хүн төрөлхтнийг нулимсанд живүүлэх пуужингийнхаа товчийг дарчихлаа. Өнгөрсөн хугацаанд Орос улс Украйныг өөртөө нэгтгэхийн тулд авч болох бүхий л арга хэмжээг авсан. Эдийн засгийг нь түгжиж, газ, шатахууны хоолойгоо хаахаас өгсүүлээд Украинд элдэв улс төрийн шантааж үзүүлсээр ирсэн. Тэр бүү хэл босогчдыг өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр ханган санхүүжүүлж байсан тухай гадаад ертөнцөд мэдээлдэг. Украины арми Донецк, Луганскийн хил дээр салан тусгаарлагчидтай сөргөлцөж, буудалцсаар өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Тэнд өдөрт хэдэн арваараа алтан амь үрэгдэж байв.

Украйн бол хөдөө аж ахуй хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Газар нь маш их үржил шимтэй. Европын хар шороо хөрсний 75 хувь нь зөвхөн Украйны нутаг дэвсгэрт байдаг. Доошоо хэдэн зуун метр гүн хар шороо хөрстэй. “Бид хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлбэл эдийн засаг маань босоод ирнэ” гэсэн итгэл найдвартайгаар Оросын талын дарамт шахалт, болзлыг сөрж зогссоор өдий хүрсэн. Уг нь тус улс социализмын үед асар их нефть олборлодог байв. Түүнийгээ боловсруулдаг том, том үйлдвэрүүдтэй, ЗХУ-аа нефть, бүтээгдэхүүнээр хангах тэр үйлсэд хувь нэмэр оруулдаг том гүрэн байсан. Хувьсгал ялаад хувьчлал явагдангуут нефтийн салбарыг тэр чигт нь оросын том компаниуд орж ирээд хувьчлаад авчихсан юм билээ. Яг хувьчлах процессдоо энэ салбарыг ингэж, ингэж хөгжүүлнэ, ийм, ийм ашигтай байна гэж гоё зүйл ярьж байгаад авсан гэдэг. Харин хачир дээрээ хэлсэн амандаа хүрэхгүйгээр барахгүй бүх үйлдвэр заводуудыг хаагаад лацадчихсан. Украйныг өөрөөсөө бүрэн хамааралтай болгочихож байгаа юм. Сүүлийн үед Украйн аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр урьж, газрын баялгийн хайгуул хийлгэхэд хөнгөлөлттэй нөхцөл амласан хууль баталсан. Гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа хуулийн зохицуулалтууд нь мэдээж эдийн засагт нь хэрэгтэй ч нөгөөтэйгүүр тусгаар тогтнолын баталгаа болно гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, манай Оюу толгойд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирсэнээр тусгаар тогтнол бэхжлээ гэж ярьдагтай адил бодлогыг Украин баримталсан хэрэг.

Украины хувь заяа бидэнд юуг сануулна вэ. Эндээс Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлөхийг тод харж болно. Том хөршөөсөө нефтийн бүтээгдэхүүнээр бүрэн хараат. Хүсвэл тэд шатахууныхаа цоргыг багасгавал бид л хэцүүднэ. Өнгөрсөн намрын бензиний хомсдол бол өнгөцхөн сануулга. Дөч гаруй сая хүн амтай Украиныг эзлэн түрэмгийлэх гэж ОХУ хэрхэн балмад аашилж байгааг бэлхнээ харж байна. Хоёр том гүрний дунд, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг бид хэр удаан оршин тогтнохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гуравхан сая хүн амтай, ядуу буурай улсыг эзлэн түрэмгийлж, эрхшээлдээ оруулах нь энэ том гүрнүүдийн хувьд үдийн будаа идэх дайны л хялбархан асуудал. Ийм хувь заяаг туулах уу, тойрох уу гэдэг нь монголчууд биднээс л хамаарна. Хамгийн гол нь дотооддоо эвтэй байх нь чухал. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр монголчууд ямар байгаа билээ дээ. Үг өчиггүй өөрийнхөөрөө зүтгэж, талцах дуртай ард түмэн. Улстөржилт ихтэй, оролцохгүй сэдэв гэж байхгүй. Ухаалаг утасны цаана их мэдэгч царайлсан үл мэдэгчид олширсон нь нийгмийн сэтгэл зүйд асар хортой. Ямар нэг асуудлыг өлгөж авч, улстөржүүлэхдээ бүр гаршсан. Тэр нь улс орны хөгжлийн замд дандаа чөдөр, тушаа болдог. Дээрээс нь улстөрчдийн попрол ард түмнээ улам сумлаж, хуваадаг. Аливаад туйлшрамтгай, үзэл бодол нь нэгдмэл биш, хагарч бутарсан ийм улсууд хамгийн түрүүнд харийнхны олз болох аюултай.

Хаврын чуулган удахгүй эхэлж, улс төр идэвхжинэ. Хэдий болтол бие биеэ хэмэлж амьдрах вэ дээ. Эцэс төгсгөлгүй улстөржилт, хуваагдлаа хойш тавьж, нэгдмэл бодлогоор эвтэй баймаар байна. Орос, Украины дайн цаашид яаж ч эвгүйтэж, дэлхий дахинд ямар хор уршиг авчирхыг урьдчилан таамаглахад бэрх. Наад зах нь бензин шатахуун хомсдож, үнэд орохоос өгсүүлээд бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж мэднэ. Одоо хоёр улсын довтолгооны өндөр техник, технологиудад ашиглаж буй шатахууны хэмжээ асар их. Дээрээс нь бэлтгэл сургуульдаа хүртэл хэдэн тэрбум ам.доллараар тоологдох зардал гаргаж байгаа нь тодорхой.

Иймд том гүрнүүдийн тоглоом болохгүйн тулд дотоодын эв нэгдлээ хангах нь юу юунаас чухал гэдгийг Украины дүр зураг бидэнд тод сануулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байна

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Ямар шийдэлд хүрэв?

-ОХУ Луганск, Донецкийн АБНУ-уудыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараа Украины хүсэлтээр хэдхэн цагийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан. НҮБ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло анхны илтгэгчээр “Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд үр дагавар авчрах эрсдэлтэй энэ шийдвэрт бид маш их харамсаж байна” гэж хэлсэн байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал болон Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах гол оролцогчдын санал зөрөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээний ач холбогдол гэдгийг ДиКарло хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. НҮБ-д суугаа АНУ-ын элч Линда Томас-Гринфилд В.Путиныг “Дэлхийн цаг хугацааг буцаах, НҮБ-ын өмнөх үе рүү, эзэнт гүрнүүд дэлхийг захирч байсан цаг үе рүү эргүүлэхийг хүсч байна” гэж буруутгаад “Олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчсөнийхөө төлөө ОХУ-д хариуцлага тооцохын тулд АНУ цаашид арга хэмжээ авна” гэжээ. “Ерөнхийлөгч В.Путин манай олон улсын тогтолцоог туршиж байна. Тэрбээр бидний шийдэмгий байдлыг шалгаж, биднийг хэр хол түрж чадахыг харж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Д

НҮБ-д суугаа Францын элчин сайд Николас Де Ривьер ОХУ Донбасст цэргээ илгээсэн нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн бас нэг хэрэг болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, “Бид Оросыг тогтворгүй болгох бусад аливаа үйлдлээс, ялангуяа энгийн иргэдийн аюулгүй байдал, аюулгүй байдлыг алдагдуулж, аюулд оруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг уриалж байна” гэж тэр нэмж хэлэв. НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Дэйм Барбара Вудворд хэлэхдээ, Оросын үйлдлүүд нь маш хүнд бөгөөд өргөн хүрээтэй үр дагаварт хүргэх болно. “Өнөөдөр хийж буй үйлдлүүд нь Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Будапештийн меморандум болон Минскийн хэлэлцээрт Оросын талаас хүлээсэн амлалтуудыг уландаа гишгэж байна” гэж тэр хэлэв. Энэтхэг, Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Хятад, Орос, Украин зэрэг бусад хэлээр ярьдаг улс орнууд байв.

Энэтхэгийн НҮБ-д суугаа элчин сайд Т.С.Тирумурти хэлэхдээ, Энэтхэг улс Украинтай холбоотой үйл явдлууд, тэр дундаа зүүн хилийн дагуух үйл явдлууд болон Москвагийн мэдэгдлийг “хянан ажиглаж” байна. “Украины ОХУ-ын хилийн дагуух хурцадмал байдал гүн түгшүүр төрүүлж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй” гэж тэр хэлсэн. “Бид бүх талаас тэвчээртэй байхыг уриалж байна. Яаралтай нэн тэргүүний зорилт бол бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хурцадмал байдлыг намжааж, бүс нутаг болон цаашлаад урт хугацааны энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэх явдал юм” гэжээ. Хятадын Элчин сайд Жан Жүн товч үг хэлэхдээ, талууд бие биенийхээ асуудалд хүлээцтэй хандаж, “боломжийн шийдэл” хайхыг уриалсан байна. НҮБ-ын АЗ-ийн бусад гишүүд болох Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Албани ойролцоо агуулгатай үг хэлжээ.

Украины Элчин сайд мэдэгдэхдээ “Кремлийн тархаасан “вирус” газар авч НҮБ-ыг ч нэрвэлээ” гэжээ. Ер нь бол Аюулгүйн зөвлөл тодорхой, үр дүнтэй шийдэл гаргаж чадахгүй. Учир нь ОХУ “veto” буюу хориг тавина.

-Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авахаа зарлаж байна. Орос ямар хариу үйлдэл үзүүлэх бол?

-АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдан ОХУ-ын эсрэг эдийн засгийн нэмэлт хоригийн эхний арга хэмжээг зарласан. Үүнд, ВЭБбуюу Внешэкономбанк, Промсвязбанк зэрэг батлан хамгаалахыг санхүүжүүлдэг банкууд, Оросын төрийн өрийн эсрэг цогц хориг арга хэмжээ авч байна. Энэ нь бид Оросын засгийн газрыг барууны санхүүжилтээс хассан гэсэн үг. Өрнөдөөс мөнгө босгож чадахгүй, АНУ зах зээл дээр ч, Европын зах зээл дээр ч шинэ өрөө арилжиж чадахгүй. Ойрын өдрүүдэд Оросын элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах юм байна. Бүтээн байгуулалтын ажил нь 2021 оны есдүгээр сарын 10-нд дууссан 11 тэрбум ам. долларын өртөгтэй “Хойд урсгал 2”-ыг зогсоолоо. Германы канцлер Олаф Шольц ч мөн ингэж мэдэгдлээ. Орос улс дараагийн алхмаа хийх гэж байгаа тул бид бас дараагийн алхмаа бэлдсэн. Хэрэв Орос түрэмгийллээ үргэлжлүүлбэл, тэр дундаа нэмэлт хориг арга хэмжээ авах юм бол үүнээс ч илүү үнэ төлөх болно. Харин Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс ОХУ-ыг одоогоор шууд хасаагүй байна. Их Британи, Канад, Япон хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Европын холбоо Украины салан тусгаарлагчдыг дэмжсэн ОХУ-ын Төрийн Думын 351 гишүүд, 27 субьектийн эсрэг хориг зарлаа. Дээрхүүд бүгд эдийн засгийн хоригийн эхний арга хэмжээ гэж мэдэгдэж байна.

Хориг арга хэмжээтэй холбоотойгоор ам.доллартай харьцах рублийн ханш огцом унаж 80 рублийг давлаа. ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч Д.Медведев ЕХ-ны эсрэг байгалийн хийн үнээ нэмнэ гэж сүрдүүлсэн байна лээ. Европ дахь 1000 шоо метр хийн үнэ 1000 ам.долларт тулж ирж байна. Мягмар гаригт болсон “Хий экспортлогч орнуудын форумын (GECF) VI саммит дээр В.Путин онлайн оролцож үг хэлэхдээ “Хий нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлнэ” гэжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах В.Путины хүсэлтийг парламентын доод дээд танхим ёсоор болголоо.

-Орос, Украины дайны дараа дэлхий ертөнцөд ямар өөрчлөлт гарах вэ. Ямар сөрөг үр дагавар бий болох вэ?

-Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журам үндсэндээ алдагдаж эхэллээ. Урьд өмнө байгаагүй цөмийн зэвсгийн сүрдүүлэгийн аюул шинээр гарч ирлээ. Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байна. Төв, Зүүн Европ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн улсууд НАТО-д элссэн нь аюулгүй байдлын хувьд ямар их чухал ач холбогдолтой болохыг Оросын заналхийлэл харуулж байх шиг.

-Украины эрх баригчид ямар арга хэмжээ авч чадах бол?

-Украины эрх баригчид тоймтой томоохон ямар ч арга хэмжээ авч чадахгүй болов уу. ОХУ-тай дипломат харилцаагаа таслах асуудлыг хэлэлцэж байх шиг байна.

-В.Путин украинчуудыг хагалан буталж байна шүү дээ. Ингэхдээ түүх ярьж, Лениний нэрийг хүртэл онцлох боллоо. Түүхээрээ авч үзвэл Украин Оросын мэдэлд байх ёстой гэж байна. Ингээд түүх яриад эзэлж болдог юм уу?

-В.Путин 2021 оны долдугаар сарын 12-нд “Об историческом единстве русских и украинцев” гэсэн томоохон хэмжээний судалгааны өгүүллээ нийтлүүлж байсан. В.Путин түүнийгээ л давтсан байна лээ. Ер нь Бүрэн эрхт тусгаар улсын түүхийг хөрш орных нь төрийн тэргүүн нь өөрийн үзэмжээр тайлбарлаж, түрэмгий үйлдлээ зөвтгөж байсан дипломатын түүх дэлхийн II дайны өмнө болж байсан. Энэ бол НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдэд илт харш үйлдэл л дээ.

-Ер нь В.Путин дэлхийг донсолгосон буруу хандлагыг тогтоох гэж байна. Судлаачийн хувьд та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-ОХУ-ын үйлдэл нь “prec­edent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгаа. Ийм жишиг бүр 2014 оноос л ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины орос хүн бүрийн зүрх сэтгэлд үргэлж “Крым бол Оросын салшгүй хэсэг байсан” гэж хэлсэн нь Крымийг Орос булаан авахыг зөвтгөхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шүүмжилж байсан. Энэ нь хойд бүсүүдэд нь оросууд суурьшдаг Казахстан, Тайванийн тусгаар тогтнол, Хонконг, Шинжаан-Уйгурын салан тусгаарлагчдын томоохон асуудалтай Хятадыг хүндхэн байдалд оруулж байна.

Өрнөдийн судлаачид Крымийн хойгийг цагаандаа гарсан дээрэм “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас дутуугүй, бүр илүү нөлөө бүхий ноцтой үр дагавартай үйл явц гэж дүгнэж, “сүйрлийн уршиг тарьж мэдэх” хэмээн америк эрдэмтэн Роберт Легволд бичсэн байна. Лалын ертөнц олон улсын харилцааг нэг айхавтар түйвээгээд араас нь Украин залгалаа гэж тэрбээр бичиж байсан. Тэр үйлдэл дахин давтагдлаа.

-ОХУ Донецк, Луганск руу танк, хуягт тээвэрлэгчид гээд сүүлийн үеийн техник, технологиудаа оруулчихлаа. Тэгэхээр газ, шатахууны хомсдол үүсэх үү. Яагаад гэвэл тэр тоног төхөөрөмжүүдийг хөдөлгөхөд асар их шатахууны хэрэгцээ гарна гэсэн мэдээлэл байх юм. Монголд бензин шатахуун доголдох уу?

-Зүүн Украины салан тусгаарлагчдыг “тусгаар улс” хэмээн хүлээн зөвшөөрч, “холбоотны гэрээ” байгуулснаар цэрэг техникийн хүчээ “энхийг сахиулах” хэмээн тус бүс нутагт орууллаа. Угаасаа томоохон хэмжээний дайны бэлтгэл сургуулилт асар их хэмжээний зардал гарч байгаа нь тодорхой. Түлш шатахууны доголдол гарахгүй болов уу. Харин нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт дөхөж ирсэн нь таатай мэдээ биш юм.

-Хоёр улсын мөргөлдөөний улмаас хичнээн хүний нас, эд хөрөнгө сүйдэв. Хохирлын хэмжээг сонирхуулахгүй юу?

-Тус бүс нутагт нөхцөл байдал хүндэрч нүүлгэн шилжүүлсэн Донбассын оршин суугчдын тоо 500 мянган хүнд хүрч болзошгүй гэж Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдсэн байна лээ. Цөөн хэдэн байшин их бууны суманд өртөж, таван энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: МоАХ-ны амин сүнс нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх сэтгэлд байдаг

МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-МоАХ-г үүсгэн байгуулагчид өнгөрсөн долоо хоногт зөвлөгөөн зохион байгуулж, 33 жилийн дараа энэ байгууллага сэргэж байгаагаа зарлалаа. Гэтэл нөгөө талд та бүхнийг эсэргүүцэж, хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж цоллож байна шүү дээ. Харин эндээс нийгэм МоАХ хоёр хуваагдлаа гэсэн ойлголт авлаа. Болсон процессын талаар та ямар тайлбар өгөх вэ?

-МоАХ хоёр хуваагдаагүй. Яагаад гэвэл одоо хэл ам хийгээд яваад байгаа ТУЗ-ийн бүрэлдэхүүн, МоАХ-ыг тэргүүлэгч гэгдэж буй Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2007 онд анх МоАХ-ны дарга болж байсан. Тэрнээс хойш 15 жил энэ холбоог авч явлаа. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хуулиараа болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар энэ хүн МоАХ-г тэргүүлж авч явах эрх нь дуусчихсан гэсэн үг. Тэгэхээр төрийн бус байгууллагын хурал, зөвлөгөөн, чуулганыг үүсгэн байгуулагч нь зарлах эрхтэй байдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 18-нд МҮСТО-нд МоАХ-г үүсгэн байгуулагчдын зарласан үндэсний зөвлөгөөн боллоо. Тэр үеэр Ерөнхий зохицуулах зөвлөлөө шинээр байгуулж, бүрэн эрхийг нь олгосон. Ингээд Ерөнхий зохицуулах зөвлөл V их хурлаа зарлаад тэндээсээ МоАХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулаад аваад явах үүрэг, чиглэл өгч байгаа юм. Тэгэхээр МоАХ хоёр хуваагдсан гэдэг асуудал ерөөсөө байхгүй гэдгийг дахин хэлье. Зөвхөн МоАХ үйл ажиллагаагаа цааш нь яаж үргэлжлүүлж авч явах тухай л яригдана.

-Гуравдугаар сарын 7-нд зарласан МоАХ-ны ээлжит их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Энэ бол түүхэн өдөр. 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны анхдагчид өлсгөлөн зарласан. Хоёр хоногийн дараа нь Улс төрийн товчоог огцруулж байсан шүү дээ. Одоо V их хурлаараа нийгэмд үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа, МоАХ цаашид ямар зохион байгуулалтаар хэрхэн үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн МоАХ-ны даргын асуудал ч их хурал дээр яригдана.

-МоАХ-ны жирийн гишүүд, дэмжигчид та бүхний шийдвэрийг хэрхэн дэмжиж байна вэ?

-МоАХ үүсгэн байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн 33 жилийн түүхэнд тус холбоог найман хүн ээлжлэн удирдсан байдаг юм. Анхны дарга нь С.Зориг агсан байв. Харин бусад долоон дарга нь өнөөдөр амьд сэрүүн байгаа. Тэдэнд бүгдэд нь хуралд оролцох урилга өгсөн. Билэгт, Х.Баттулга гэдэг хоёр хүнээс бусад нь оролцсон. Ц.Элбэгдорж гуай гадаадад явж байсан учраас мэндчилгээ илгээсэн. Ингээд анхны үүсгэн байгуулагчид цөм дэмжсэн. “МоАХ сэргэх цаг нь болсон. Шинэ үе маань гарч ирж байгаад баяртай байна. Дараагийн үедээ МоАХ-г хүлээлгэж өгье. Та бүхэн хүний эрхийнхээ тэмцэлд ороорой” гэж захисан. МоАХ-ны гишүүд бүгд дэмжиж байгаа. Одоо МоАХ-ны цагаан байранд тэндээс хоолоо олж иддэг, албан тушаалтай зууралддаг эсэргүүцэгч нөхдүүд бий. Харин жинхэнэ МоАХ-ны гишүүд биднийг массаараа дэмжиж байгаа.

-МоАХ 33 жилийн дараа сэргэлээ. Улс төрийн ямар акци үзүүлэх вэ?

-МоАХ шинэчлэгдэн зохион байгуулагдаад МАН хэмээх дарангуйлагч улс төрийн хүчинтэй тэмцэнэ. Хүний эрхийг хумьж байгаа хэнтэй ч МоАХ тэмцэх түүхэн үүрэгтэй. Тэр дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

-МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга даваа гаригт мэдээлэл хийхдээ та бүхнийг байгууллагын тамга, туг далбаа дураараа ашиглаж байна гэсэн. Мөн С.Эрдэнийг цагдаад өгч байгаагаа мэдэгдэнэ лээ. Та нарын ард С.Эрдэнэ байгаа гэж үзээд байгаа юм биш үү?

-“МоАХ-гоо нэгтгэж аваад хэдүүлээ МАН руу сөрөг довтолгоо хийе. Наадуул чинь хүний эрхийг уландаа гишгээд байна шүү дээ” гэхээр “Эрдэнэ, Женко” хоёрын зодоон гэж өнцөг гаргаж ирж яриад байх юм. Энэ бол “Хулгайчийг бариарай” гэж хулгайчийн орилж байгаа хэлбэр. Хажууд нь МАН гэж том дарангуйлагч байж байхад өөрсдийгөө МоАХ-ны ТУЗ, Хяналтын зөвлөл гэж нэрлэсэн нөхдүүд нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Тулга тойрсон хэрүүл хийгээд, тэрийг зохион байгуулаад байгаа нь харамсалтай. Тэр Пүрэвбаатар гэгч хуульч, өмгөөлөгч хүн юм билээ. Нөгөө талаас МоАХ гэдэг хүний эрхийг дээдэлдэг, дарангуйллын ханыг зад цохиж гарч ирдэг байгууллагын удирдах албанд байгаа гэдэг энэ хүн өнөөдөр өөрөө хүний эрхэд халдах тухай яриад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Энэ бол тус байгууллага өнөөдөр ямар дүр төрхтэй болчихсон, яаж өнгөрсөн 10 гаруй жил явж ирсний том илрэл. Өөрөөр хэлбэл, өнөөдөр МАН гэдэг асар том дарангуйлагч намын дэргэд МоАХ дарангуйлагч байгууллага болох гээд байгаа юм уу. Тэрээр “Ална шүү. Чи болгоомжтой яваарай. Араа харж яваарай” гэх зэргээр сүрдүүлж байна л даа. Ийм нөхцөлд эрх чөлөөг үнэт зүйлээ болгож хайрлаж хамгаалдаг, тэрийгээ хамгаалдаг үзэл санаатай байгууллагын дарга хийгээд явж байж таарахгүй л дээ. Ямартаа ч цагдаагийн байгууллагад иргэнийхээ хувиар очиж гомдол гаргаад өгчихсөн.

-Та нарыг бүртгэлтэй тамга тэмдэг дураараа ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа гээд байна шүү дээ. Албан ёсны тамга тэмдэг аль талдаа байгаа юм бэ?

-МоАХ-ны ганцхан тамгатай, тэдэнд өөрсдөд нь байгаа. Тэр нөхөр гүтгээд байна. Нэгэнт өөрөө цагдаад өргөдөл өгчихсөн юм билээ. Би хаана ч тамга тэмдэг ашиглаагүй.

МоАХ гэдэг байгууллага бол цагаан байр биш. Тэр бол зүгээр л объект. Тамга тэмдэг гэдэг бол баталгаажуулалт. МоАХ гэдэг байгууллагын амин сүнс нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх сэтгэлд байдаг. Тэгэхээр наадуул чинь МоАХ-г тамга тэмдэг гэж ойлгоод байгаа. Тийм биш. Гишүүдийнх нь эрх чөлөөнийх нь үнэт зүйл, үзэл санаа зүрхэнд нь цохилж байгаа эрх чөлөөний тэмүүлэл бол МоАХ юм. Тамгатай ч байсан, тамгагүй ч байсан МАН-ын эсрэг бидний тэмцэл үргэлжилнэ.

-Та нарыг МоАХ-ны туг далбаа ашиглалаа гээд цагдаад өгчихдөг шүү дээ. Тамга нь ч тэдэнд байгаа юм байна. Та бүхнийг үйл ажиллагаагаа явуулахад хориг болохгүй юу?

-Тэр нь бидэнд ямар ч нөлөөгүй. МоАХ-ны иргэн болгон тугаа барих эрхтэй. Тэр бүү хэл Монгол Улсын иргэн бүр тугаа мандуулах эрхтэй биз дээ.

-МоАХ бол эрх чөлөөний төлөө тэмцсэн залуучуудын нэгдлээр үүсгэн байгуулагдсан. Үнэхээр сүүлийн жилүүдэд амьгүй байлаа. Х.Баттулга гэдэг хүн удирдсанаас хойш яг хувийн өмч шиг байсан гэж жирийн гишүүд ярих юм билээ, тийм үү?

-Өндгөө дарсан тахиа шиг МоАХ-ны сандлыг тэвэрч суучихаад хааш нь ч хөдөлгөдөггүй, салхи савир оруулдаггүй. Сүүлийн арав гаруй жил хүний эрхийн төлөө ганц удаа жагссан билүү. Сандал суудлын зодоонд Женкогоо хамгаалах болохоор гараад ирдэг. Яг хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарсан уу. Эмнэлгийн гадаа иргэн хүн очоод тусламж авч чадалгүй нас барж байхад, ардчиллын буянаар олж авсан эрх чөлөөгөө эдэлж талбай дээр үзэл бодлоо илэрхийлэнгүүт тэрийг нь шоронжуулаад дарамталж байхад МоАХ-ны энэ удирдлага гээд байгаа нөхдүүд хаана байсан юм бэ. Үнэхээр одоо МоАХ-г эрх чөлөөнийхөө тэмцэлд гаръя. Мориндоо мордоцгооё гэхээр “С.Эрдэнэ чинь тэгээд байна. Женко чинь ингээд байна. Эбэ чинь тэглээ” гээд айлын эрх хүүхэд шиг хошуугаа унжуулаад суугаад байж болохгүй биз дээ. Тэр Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зодоон хоорондоо л юм байгаа биз. Гишүүд нь Ардын намтай тэмцэж, эрх чөлөөгөө олж авмаар байна шүү дээ.