Categories
мэдээ нийгэм

Хот болох амбицтай сумын нэг өдөр DNN.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сум хотын статустай болох цаг ойртжээ. Ханбогдыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. Мега төсөл хэрэгждэг энэ суманд сайхан амьдрал хайсан залуус Монголын аймаг бүрээс нүүж суурьшжээ. Энэ утгаараа Ханбогдыг Монголын хамгийн интернационал сум гэчихэж болно. Бусад сумдаас ялгарах ийм тод өнгөтэй Ханбогдын нэг өдрийг манай сонин “Өдрийн сурвалжилга” буландаа онцолж байна. Айл бүр нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдох боломжтой цор ганц сум


Орчин үеийн орон сууцны хороолол сүндэрлэж, засмал замаар машин техникүүд сүлжилдсэн, хүний хөл хөдөлгөөн ихтэй том сум юм, Ханбогд. Аймгийн төвийн дайтай тэлсэн энэ сумын суурин хүн амын тоо найман мянга давчихаж. Ханбогдод бүх төрлийн үйлчилгээ байна. Худалдаа үйлчилгээний төв, Улаанбаатарт төвтэй тансаг зэрэглэлийн ресторан, сүм хийд, томоохон эмнэлэг, цэцэрлэг, сургуулиуд гээд бүгд л байна. “Орчин цагийн Монголыг дэлхийн газрын зураг дээр тамгалсан мега төслийн их бүтээн байгуулалт өрнөж байгаа сум гэдэг утгаараа хөгжлөөрөө түүчээлэхээс аргагүй дээ” гэсэн бодол төрж явсныг энэ дашрамд онцолъё. Ханбогд цаг агаарын хувьд хамгийн таатай нутаг аж.

Газар зүйн байршлын хувьд ч урд хилтэй ойр гэх мэт давуу тал олонтой. Энэ утгаараа хот болж хөгжвөл Монголын эдийн засагт том нөлөө үзүүлж чадна гэж учир мэдэх хүмүүс онцолдог.

Ханбогд сумын үе үеийн удирдлагууд сумаа хот болгох том мөрөөдөлтэйгөөр орон нутгийнхаа хөгжлийг харсаар өнөөдрийг хүрсэн нь тэнд өрнүүлсэн бүтээн байгуулалтуудаас тод харагдахаар юм билээ. Дэд бүтцийн ажлуудыг нарийн төлөвлөлттэйгөөр хийж чадсан нь анхаарал татаж байв. Газар доорх инженерийн шугам сүлжээг байгуулснаар айл өрх, албан байгууллагууд цэвэр, бохир усны хоолойд холбогдоод эхэлчихэж.

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” болон Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийгдсэн ажлууд олон аж. Оюу толгой Ханбогдыг холбосон 35 км-ийн хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, Малын эрүүл мэндийн төв гээд жагсаавал цөөнгүй том бүтээн байгуулалт өрнөжээ, Ханбогдод. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Оюу толгойтой хамтраад инженерийн шугам сүлжээ, Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламжийг шийдэж өгсөн байна. Ханбогд сум 35 мянган хүн амьдрахад хүрэлцээ бүхий цэвэр ус, цэвэрлэх байгууламжтай болчихож. Товчхондоо Ханбогд айл бүр нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдох боломжтой цор ганц сум болж чаджээ.

Ханбогд сум хот болсноор нийслэл Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг сааруулах нь тодорхой болжээ. Уул уурхайн том төслийн өгөөж дагасан их нүүдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Ханбогдын хүн амын өсөлтөөс харчихаж болно. Наад захын жишээ гэхэд л сум руу чиглэсэн нүүдлийг дагаад сумын төвд газрын олдоц тааруу болжээ. Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө энэ сум 2000 хүрэхгүй хүн амтай байсан бол өнөөдөр дөрөв дахин нэмэгджээ. Хуучин цагт нутгийн иргэд биенээ анддаггүй байсан бол одоо хот хүрээ газар шиг хөрш айлуудаа ч таньж мэдэхгүй болтлоо өргөжсөн том суурин болж.

Сумын сурагчид Brit­ish school-ийнхний хэрэгжүүлдэг англи хэлний хөтөлбөрөөр хичээллэж эхэлжээ

Төв суурин газраас алс хөдөө нутагт ирж амьдрах иргэд хамгийн түрүүнд эмнэлэг, сургуулийн чанарыг чухалчилдаг. Ханбогд сумын сургуулийн орчинтой танилцахаар нэгдүгээр сургуулийг зорив. Яг л хотын төвийн сургуульд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Энэ сургуульд англи хэлний хичээлийн олон улсын хөтөлбөр хэрэгждэг нь анхаарал татав. Улаанбаатарын өндөр төлбөртэй, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын явуулдаг программаар хичээллэж эхэлжээ. Бүр тодруулбал British school of Ulaanbaatar-ийн англи хэлний хөтөлбөрөөр Ханбогдын сурагчид хичээллэж байгаа аж. Англи хэлний багш нарын нэг нь Австралийн Күисландийн их сургуулийг төгссөн Д.Давааням. Тэрбээр “Би 2019 онд Оюу толгойн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт зарлагдахад шалгарч, Австрали улсын Күисландийн их сургуульд хоёр жилийн магистрын хөтөлбөрөө амжилттай дүүргээд ирсэн.

Ханбогд сумын нэгдүгээр сургуульд 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. 5-10 дугаар ангийн сурагчдад англи хэлний хичээлийг олон улсын хөтөлбөрийн дагуу зааж байгаа. Дэлхийн хэмжээний том уурхайг түшиглээд хөгжиж яваа сум учраас хүүхдүүдийн хувьд давуу тал их бий гэж хардаг. Энэ сумын хүүхдүүд үнэхээр азтай. Оюу толгойгоос зарласан 2019 оны тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн хүн шалгарсан. Бидний гурав нь Ханбогд сумын нэг болон хоёрдугаар сургуульд багшилж байгаа. Нөгөө төгсөгч маань эмнэлгийн удирдлагын чиглэлээр төгссөн болохоор сумын эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажилладаг. Бид өндөр хөгжилтэй оронд сурч мэдсэн, тэнд хэрэгждэг хөтөлбөрүүдийг Ханбогд сумын хөрсөнд буулгахын тулд хичээж ажиллаж байгаа. Англи хэлний хичээлээ Жоли Фоликс гээд авиа зүйн системээр явуулдаг. Энэ сургалтын арга зүй нь Улаанбаатар хот дахь өндөр төлбөртэй, олон улсын стандарттай сургуулиудад хэрэгждэг л дээ.

Манай нийгэмд улсын болон хувийн сургуулийн хүүхдүүдийн англи хэлний түвшин ялгаатай байдаг шүү дээ. Гол нөлөөлдөг хүчин зүйл нь сургалтын арга зүйтэй шууд холбоотой. Манайхан анхнаасаа уламжлалт арга барилаар буюу “a, b, c, d” гээд үсэг үзээд эхэлдэг. Монгол хэлэнд “А” үсэг “а”-гаараа дуудагддаг. Харин англи хэлэнд үсэг яг дуудлагаараа дуудагддаггүй. Тийм болохоор улсын сургуулийн хүүхдүүд маань анхнаасаа шууд үсэг үзчихээр холбож уншихдаа буруу хэлдэг. Ингээд дуудлагаасаа санаа нь зовоод тэр бүр яриагаа хөгжүүлж чаддаггүй. Тэгээд ч зогсохгүй, өөртөө итгэлгүй болно. Энэ нь цаашдаа ярианы, бичгийн гээд англи хэлний бүх л чадварт нь сөргөөр нөлөөлдөг. Ханбогд сумын хүүхдүүд азтай гэж дээр хэлсний учир нь тавдугаар ангиасаа эхлээд олон улсын стандартад нийцсэн буюу Австрали, Америкт хэрэгждэг системээр суралцаж байгаа юм. Иймд сурагчдын маань ирээдүйд маш олон давуу тал бий болно. Одооны тавдугаар ангийнхан маань их, дээд сургуульд элсэн элсэлтийн ерөнхий шалгалтдаа дээгүүр жагсаж чадна. Өөртөө итгэлтэй англи хэлтэй болно. Оюу толгойд хэлний хувьд гологдохооргүй ажиллах хүч нь болж чадах байх. Зөвхөн Оюу толгойд гэж хязгаарлахгүй, олон улсын тэтгэлэг аваад, гадагшаа сурч, дэлхийн иргэд болоход нь багш хүний хувьд чадах, мэдэх бүхнээ өгнө гэж боддог. Энэ бол миний ажлаасаа авч байгаа хамгийн том сэтгэл ханамж” гэв. Түүнтэй хамт тэтгэлгээр суралцаж төгссөн багш нарын хувьд сургуульд ажиллахын зэрэгцээ англи хэлний ярианы клубийг Ханбогд суманд байгуулжээ. Клубийн шийдлээр дамжуулж сумын сургуулийн 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийн англи хэлний ярианы ур чадварыг сайжруулах ажил хийгдэж эхэлсэн гэнэ.

Англи хэлний шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл нэмэгдэж, хандлага нь ч өөрчлөгджээ. Өмнө хичээлдээ дургүй, идэвх муутай оролцдог байсан хүүхдүүд англи хэлний хичээл гэхээр нүд нь сэргээд ирдэг болж. Хүүхдүүдийг ширээний ард суулгаж багш самбарын өмнө зогсож заадаг уламжлалт хэлбэрийг халсан энэ хөтөлбөрийн үр дүн маш өндөр байгаа гэж Д.Давааням багш ярив. Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчидтай уулзахад бүгд л англи хэлний хичээлдээ дуртай болсноо ам булаалдан ярив. Яриа талаасаа илүү сайжирч байгаа гэж хэлэх хүүхэд олон таарлаа. Тус сургуулийн төгсөх ангийн сурагч А.Намуун “Хичээл энэ улирлаас үнэхээр сонирхолтой байдлаар ордог болсон. Ингээд сонирхолтой болчихоор англи хэлээ сурмаар санагдаад байдаг юм байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.


Ц.Алтанбаяр: Сумынхааэмнэлгийг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдчихсэн


Ханбогд сумын эмнэлэг улсын эмнэлгээс дутахааргүй том юм. Уул уурхайтай сум гэдэг утгаараа хөдөлгөөнт хүн амын тоо оргил үедээ 32 мянгад хүрдэг аж. Тэр утгаараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд ч олон байдаг аж. Нүүрсний 200 гаруй км замын 140 км нь Ханбогдын нутаг дэвсгэрт багтдаг учраас тээвэрлэлт идэвхжингүүт ослын дуудлага зонхилдог байна. Тэр хэрээр яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болдог гэнэ. Тэр утгаараа эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд хангалттай хэмжээнд байх шаардлагатай гэж эмнэлгийнхэн ярьж байв. Энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэж Ханбогдын сумын эрүүл мэндийн төвийн чанарын менежер, эмч Ц.Алтанбаяр ярилаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Оюу толгойгоос зарласан гадаадын тэтгэлэгт тэнцэж чадсан дөрвөн хүний нэг юм. Австралид эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр суралцаад ирсэн тэрбээр орон нутгийн эмнэлгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна. Ц.Алтанбаяр сүүлийн долоон жил эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээг Ханбогдод авчирсан нь сумын эмнэлгийг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болжээ. Энэ тухай Ц.Алтанбаяр “Сумын эрүүл мэндийн төв маань гурван жилийн өмнөөс Оюу толгойн ажилчдад хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг хийж эхэлсэн. Оюу толгойд ажилд орох хүмүүсийг ажлын байрандаа эрүүл мэндийн хувьд тэнцэхээр байна уу, ажлаа хийж байх явцад орчны нөлөөгөөс эрүүл мэндэд нь ямар нэгэн эрсдэл учирч байна уу гэдгийг байнгын хянаад явдаг.

Оюу толгойн хувьд ажлын байрны онцлогоос хамаараад харилцан адилгүй давтамжтайгаар ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Ийм үйлчилгээг Улаанбаатар хотод хувийн эмнэлгүүд үзүүлдэг байсан. Бидний хувьд энэ үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвд нээх зорилготойгоор ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар бэлтгэл бүрэн хангагдсан. Эрүүл мэндийн үзлэг бол төлбөртэй үйлчилгээ. Тиймээс сумын эмнэлэгт нэмэлт орлогын эх үүсвэр бий болно гэсэн үг. Ханбогдын Эрүүл мэндийн төв маань төсөвт байгууллага. Тэр утгаараа тоног төхөөрөмж авах гэхээр санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Харин энэ үйлчилгээний нэмэлт орлого сумын эмнэлгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт болж чадна” гэлээ. Ханбогд сумын эрүүл мэндийн төв нь их эмч, бага эмч нийлээд арав гаруй нарийн мэргэжлийн эмчтэй аж. Сумын эмнэлэг гэхэд тоног төхөөрөмжийн хувьд ч дажгүй түвшинд хүрчээ. Хот болох төлөвлөгөөтэй сум гэдэг утгаараа эмнэлгийн барилгыг томоор төлөвлөж барьжээ. Эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Оюу толгой болон, Оюу толгойтой гэрээтэй ажилладаг компаниудын тусламж дэмжлэгээр шийдсэн байна.


Ч.Амгалан: Манай суманд ирсэн улсын амьдрал нүдэн дээр цэцэглэхийг харах сайхан байдаг


Ханбогд сум 441 ахмадтай ажээ. Тэд сар бүрийн 10, 20, 30-нд Ахмадын өргөөндөө цугладаг гэнэ. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, спорт аялал хийхийн зэрэгцээ нийгмийн сайн үйлсэд ч оролцдог юм байна. Ковидоос болж хоёр жилийн хугацаанд нийтийн арга хэмжээ зохиож чадаагүй сумын ахмадууд одооноос нэгдэж цуглана гэсэн яриа хөөрөө үүсгээд эхэлжээ. Ахмадын хороог даргалдаг Ч.Амгалантай уулзахаар залгатал биднийг гэртээ урив.

Шүлэг, зохиол бичих авьяастайн дээр гэрэл зургийн мэдрэмжтэй нэгэн аж. Тэрээр “Ханбогд хайрханыг минь шүтэж, дээдэлж ирсэн хүмүүсийн амьдрал ахуй өсөн дэвжиж, өнгөлөг сайхан явдаг даа. Манай сум үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй байгаа биз. Хуучин цагт сумын төвийнхөн маань бие биенээ сайн мэддэг байсан. Харин одоо тэр үе түүх болжээ. 21 аймгаас иргэд ирж суурьшиж байна. Манай хойд руу “Увс хороолол”, “Ховд хороолол” гэж нэрлэсэн хэсэг хүртэл бий. Баруун аймгийнхан нэгнийгээ татаж, дэмжихдээ сүрхий улс юм. Солонгост очсон монголчууд нэгнийгээ татдаг шиг Ханбогдод ирсэн өөр аймгийнхан ах, дүү, танил нөхдөө татна шүү дээ. Манай суманд ирсэн улсын амьдрал ахуй нүдэн дээр цэцэглэхийг харахад сэтгэл өег сайхан байдаг юм. Ханбогд сум маань түүхийн баялаг дурсгалтай нутаг.

Долоон сүм хийдтэй байсан гэхээр эрдэм номд шамдсан хутагт, хувилгаад олон байсныг гэрчлэх байх. Данзанравжаа хутагт баруун хойд зүгт миний амьдарч болох газар байгаа юм байна гээд энд ирсэн гэдэг. Равжаа хутагт Галбын гурван хийдийг байгуулж, хятад барилгачдаар бариулсан түүхтэй. Манай сумаас төрсөн олны танил эрхмүүд цөөнгүй бий. П.Даш генерал байна. Хөдөө аж ахуйн ухааны доктор Ц.Отгон, Р.Цагаанхүү, Н.Банди гуай, хэл бичигийн ухааны доктор Д.Төмөртогоо, Х.Сүглэгмаа, гавьяат малчин Д.Хүүхэнхүү нарын эрдэмтэн судлаачдыг нэрлэж болно. Мөн улсын хэмжээнд сумдын соёлын төвүүдээс Монгол Улсын соёлын гавьяат цолтон тодорсон. Ханбогдын соёлын төвийг олон жил авч явсан И.Нарангэрэл гэж хүн байлаа. Арваад жилийн өмнө бурхан болсон доо. Манай сум чинь гоёо, хармаг зэрэг эмийн чанар жимс, ургамал элбэгтэй. Бас хайлс гээд модлог ургамал байна. Олон жилийн настай энэ ургамал манай сумын нутагт нийтдээ мянга гаруй бий. Дээр үед малын эмч Раднаа гэдэг хүн явган явж нэг бүрчлэн тоолсон гэдэг” хэмээн хууч дэлгэв.

Монголын хотуудын тоог нэгээр нэмэх нь тодорхой болсон Ханбогдын нэг өдрийг сонирхоход ийм өнгө тодорч байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Мөнгөншагай: Том бүтээн байгуулалтад оролцож яваа залуус бол жинхэнэ эх орончид DNN.mn

Оюу толгой төслийн удирдах түвшний, өндөр мэргэшил чадвар шаардсан ажилд гадныхан голдуу ажилладаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ байдал өөрчлөгдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж буй энэ өдрүүдэд дэлхийн хэмжээний уг төслийн удирдлагын багт монгол залуус ажиллаж эхэлж байгаа нь яалт ч үгүй сайн мэдээ юм. Тэдний нэг бол Э.Мөнгөншагай. Оюу толгойн гүний Уурхайн Босоо Амны ашиглалт, ложистикийн менежерээр ажилладаг түүнийг “Шинэ цагийн монгол” буландаа урилаа.


-МАНАЙ БАГИЙНХНЫ САНААЧИЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛЛАГАА “РИО ТИНТО”-ГИЙН БУСАД УУРХАЙД ХЭРЭГЖИХ ГЭЖ БАЙГАА-

-Таны Оюу толгойтой анх холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?

-Би 2012 онд Оюу толгойн баяжуулахын төсөлд ажиллаж эхэлж байлаа. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн төсөл дээр ажиллаж байсан юм. Ерөнхийдөө уул уурхайн том машин, механизмын суурилуулалт тохируулгыг хариуцаж ажилладаг байсан л даа. Тэр ажил маань дуусаад байтал 2016 онд Оюу толгой уурхайд “бүүм” болсон. Залуу хүний хувьд тэсрэлт болж буй ийм гал тогоонд орж ажиллахыг хүссэн. Ингээд уурхайн талбарт ирж ажилласан юм. Өнгөрсөн хугацаанд гүний уурхайн босоо амны бүтээн байгуулалтууд өрнөлөө. Надаас “Жинхэнэ эх орончид гэж хэнийг хэлэх вэ” гэж асуувал ямар ч эргэлзээгүйгээр “Эх орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа залуус” гэж хэлнэ.

Бид дэлхийн хэмжээний уурхайн босоо амыг ашиглалтад орууллаа. Горимыг нь алдагдуулахгүй цааш аваад явах нь хамгийн том сорилт юм. -Таныг дороос удирдлагын түвшинд гарч ирж чадсан цорын ганц менежер гэж сонсоод уулзъя гэж зорилоо л доо. Монголчууд дэлхийн топ компанийн өндөр босгыг давж чаддаг гэдгийг харуулж яваагаар тань бахархаж байна. Ер нь Оюу толгойд монгол менежерүүд хэр олон байдаг бол?

-Надаас гадна гэвэл баяжуулах үйлдвэрт олон жил менежер хийж байгаад ирсэн монгол залуу бий. Миний хувьд одоогоор доод түвшнээс менежер болсон анхдагч нь гэх үү дээ. Монголчууд удирдлагын түвшинд ажиллаж чаддагийг харуулахын тулд үлгэрлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгойгоо монголчууд өөрсдөө удирдаж чадахгүй, гадныхнаар удирдуулаад явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг. Энд жинхэнэ ур чадварын цагаан буюу зөв, эрүүл өрсөлдөөн явдаг. Хэн ур чадвартай байна, тэр хүн тодорч гарч ирэх боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, ажлаа чин сэтгэлээсээ дурлаж хийдэг хүмүүст амжилт ойрхон байдаг. Түүнээс биш монгол, гадаад гэж ялгаварладаг хандлага Оюу толгойд байхгүй. Оюу толгойд ажилласнаар дэлхийн хэмжээний боловсон хүчин Монгол Улсаас төрж байгаа нь бидний хувьд маш том давуу тал. Манай баг гэхэд 300 гаруй хүнтэй. Канад, Австрали, Англи, Өмнөд Африкаас ирсэн залуус ч бий. Багийн бүрэлдэхүүний 30-аад хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн тусгай хэрэгцээт хүмүүс манай багийн бүрэлдэхүүнд нэгдэн амжилттай ажиллаад явж байна. Хүйсийн байдал, нийгмийн гарлаас үл хамааран тэгш боломжийг олгож, хөдөлмөр зүтгэлийг үр дүнгээр нь үнэлээд явдаг тогтолцоог бүрдүүлэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг. Ийм олон орны хүмүүстэй монголчууд маань хамт ажиллаад, гадны экспертүүдээс суралцаад, буцаагаад тэдэнд заагаад явж байгаа нь сайхан. Оюу толгойн гүйцэтгэх удирдлагаас оператор хүртэл монголчууд ажиллаж байгаад нь хамт олноороо үнэхээр бахархдаг. Дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалтыг монголчууд босгож, хийж бүтээж чадаж байна гэдэг бол гайхамшиг.

-Таны удирддаг хүмүүсээс хэчнээн нь гадны иргэд вэ?

-Миний удирдлага дор ажиллаж байгаа 300 гаруй хүний дотор гадаадын 20-иод мэргэжилтэн байна. Хэлний бэрхшээлээс үл харгалзаад хоорондоо ойлголцоод ажиллаж чадаж байна. Аюулгүй ажиллагааг алдахгүй, хүний амь нас эрсдүүлэхгүй, бэртэл гэмтэл гаргахгүй явж байгаа нь том үзүүлэлт. Сониноос өнгөрсөн жил Оюу толгой аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр “Рио Тинто”-д номер нэгд шалгарсан. Монголчууд бусад орны хүмүүстэй хэрхэн яаж хамтарч ажиллаж чаддагийг, хэр өндөр чанартай ажилладгийг тодоор харуулсан үнэлэмж гэж бодож байна.

-Танай баг яг ямар ажил хариуцдаг юм бэ?

-Оюу толгой уурхай дахь газрын гадарга, дунд, гүнд нь гээд аль ч түвшинд үйл ажиллагаа явуулдаг баг л даа, манайх. Ерөнхийдөө гүний уурхайд таван босоо ам хэвийн үйл ажиллагаанд орох ёстой. Одоогоор гурван босоо ам ашиглалтад орсон. Үйлдвэрлэлийн ам маань дэлхийд топ гуравт орох өргүүрийн систем бүхий механизмтай. Өндөр даацын чадвартай гэсэн үг. Дэлхийн хэмжээний топ үйлдвэрлэлийн амны үйл ажиллагааг хариуцаад явж байгаа багийнхаа хамт олноор үнэхээр бахархдаг (инээмсэглэв).

-Газрын хөрснөөс километр гаруйн гүнд хүн, ачаа бараа тээвэрлэсэн машин механизмууд хөлхөлдөж байна гэхээр асар том бүтээн байгуулалт өрнөжээ. Хүн, машин нэмэгдэхийн хэрээр түгжрэл гэх мэт асуудлууд үүсэх үү?

-2016 онд төслийн үйл ажиллагаа буцаж сэргээд уурхайн амны үйл ажиллагаа маань нэлээд эрчимжиж эхэлсэн. Тэр үед ганцхан автобустай уурхайчдаа тээвэрлээд явж байсан. Харин одоо 15 автобусаар 90-ээд км нэвтрэлт хийсэн уурхайгаар тээвэр хийж байна. Тоо нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний нарийн механизмыг зохион байгуулах шаардлага үүсэх нь ойлгомжтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд гүний уурхайн ложистикийн автобус тээврийн системийг бий болгосон. Уурхайн тунельд замын хөдөлгөөний хоёр эгнээ урсгал гэж байхгүй. Зөвхөн нэг эгнээтэй. Мэдээж түгжрэл гарна. Үүнээс болж уурхайчдын ажлын цаг хорогдоно. Тиймээс хүмүүсээ ажлын талбарт нь саадгүй хүргэж өгч, олон цагаар ажиллах боломжийг нь хангах том сорилттой тулгарсан. Гэхдээ автобусны нарийн хуваарь гаргаснаар энэ асуудлыг шийдэж чадсан. Метроны системээр төлөвлөсөн нь амжилттай хэрэгжиж байгаа. Уурхайчид маань ажлын байрандаа аятай тухтай ажиллах боломжтой болсон.

-Уурхайн ажлын өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Ээлжийн эхэнд ажлын даалгавруудаа авах хурлаа хийнэ. Аюулгүйн заавар зөвлөмжүүдээ аваад, хийгдэх ажлуудын даалгавраа аваад уурхай руу орцгоодог. Уурхайд оронгуут манай автобуснууд уурхайчдаа аваад ажлын байранд нь хүргэнэ. Ерөнхийдөө нэг ээлж 12 цагийн циклд ажилладаг.

-Хүн тээврийн хувьд асар том бүтэцтэй гэж та хэллээ. Харин түүхий эдийн хувьд нэг удаадаа хэдэн тн-ыг зөөвөрлөдөг вэ?

-Үйлдвэрлэлийн өргүүрийн систем маань нэг удаадаа 60 тн-ын чулуулаг шууд гаргаж ирэх боломжтой. Үйлчилгээний клеть маань уурхайчдыг газрын гадаргаас гүн рүү 3 минут хүрэхгүй хугацаанд тээвэрлэдэг. Үйлдвэрлэлийн амны нийт өндөр нь газрын тэг түвшнээс 1285 метр. Үйлчилгээний ам болохоор 1385 метрийн урттай. Хүмүүст илүү ойлгомжтой байдлаар тайлбарладаг л даа, бид. Хотын төв дэх “Блью скай” барилгыг 12 давхарласантай тэнцэхээр гүн, арван метрийн диаметртэй гэсэн үг. Нэмэлтээр туслах өргүүр маань ажиллагаанд орохоор ачаалал хэмнэнэ. Бүтэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 28 мянган тн чулуулгийг үйлдвэрлэлийн амаар дангаараа гаргах хүчин чадалтай. Нэг ээлжиндээ 1200 хүртэлх уурхайчин ажиллах төлөвлөгөөтэй. Тэгэхээр өдөрт 2400 хүнийг уурхай руу оруулж, гаргаад өдөр, шөнийн ээлжээр ажиллаад явах боломжтой.

-Ингэхэд үйлчилгээний болон үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө ямар сорилттой тулгарч байв?

-Үйлчилгээний амыг ашиглалтад орох хүртэл үйлдвэрлэлийн ам маань уурхайн гол гогцоо болно гэж үзэж байсан. Нэг ээлжиндээ 400 хүн ажиллаад, 800 метрийн ахилттай явж байхад тэрнээс илүү хүчин чадлаа даахгүй гэсэн анхны ТЭЗҮ-ийн судалгаа байсан л даа. Манай монгол инженерүүд гадаад мэргэжилтнүүдтэйгээ хамтарч ажиллаад бүх гогцоонуудыг шийдсэн. Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орохоос өмнө нэг ээлжиндээ 700 ажилчин аваад сарын 1500 метр хүртэл ахилтуудыг хийгээд явж байсан том рекордуудыг тогтоосон. Босоо амны ашиглалтын дэлхийн топ стандарт 92 хувьтай байдаг. Харин манай босоо ам 95 хувь хүртэл ашигтай үйл ажиллагаа явуулсан.

-Гүний уурхайн туузан дамжуурга ашиглалтад орсноор ажлын үр дүн ямар байна вэ?

-Сая манай анхдагч бутлуурыг улсын комисс хүлээж авсан. Туузан дамжуурга үндсэн гол механизмын нэг хэсэг байгаа. Энэ маань ашиглалтад ороод ирэхээр олборлосон хүдрээ газрын гадарга руу илүү үр ашигтай гаргах бололцоо бүрдэж байгаа юм. Туузан дамжуургын тухайд хүнээс шалтгаалсан алдаа дутагдал гарна гэсэн асуудал бага. Хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр зөөхөд техникийн эвдрэл, гэмтэл гэнэтийн зогсолт байдаг. Туузан дамжуургад эхлээд оруулах хөрөнгө өндөр ч ашиглалтын зардал бага байдгаараа давуу талтай.

-Оюу толгойн гүний уурхайд дэлхийн хаана ч байхгүй хүргэлтийн шинэ систем нэвтрүүлсэн гэл үү?

-Ложистикийн шинэ soft­ ware system хөгжүүлсэн л дээ. Энэ нь “Амазон”-ы үйлчлүүлэгчдэдээ суурилсан систем дээр үндэслэсэн загвар юм. Бид цоо шинэ системийг бий болгосон. Жишээлбэл, уурхайн гүнд маш олон багууд ажиллаж байгаа. Засвар үйлчилгээний багт гэхэд цахилгаан, хөдөлгөөн тоног төхөөрөмж гээд дотор нь таван өөр машин тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч байна. Бүгд өөр, өөр материалтай. Бүгдийнх нь карго түгээлтийг +90 км дотор хийх юм бол нэлээд бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Тэнд нэг талд нь барилгын ажил, нөгөө талд нь уул уурхайн нэвтрэлтийн багууд ажиллаж байгаа. Тэр болгонд аль материал нь хаана яаж хүрэх үү гэдгийг soft­ангилж, ялгах нь том комплекс асуудал байдаг. Тэр асуудлыг шийдэхээр уурхайн iLogistics software хөгжүүлсэн. Энэ бол цэвэр манай багийнхны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юм. Уг хөгжүүлэлт маань “Рио тинто”-гийн бусад уурхайд хэрэгжээд явах боломжтой болсон.

-Газрын гадаргаас 1000 гаруй метрийн гүнд ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэрхэн шийдсэн бол?

-Бие засах газар хэрэглэх асуудлуудын тухайд манай баг уурхайн үндсэн багтаа дэмжлэг үзүүлээд явж байгаа юм. Хоолны өрөөгөөр үйлчлэх, уурхайчид ээлжийнхээ дундуур хоолоо иднэ. Мэдээж хүний заяагдмал эрхтэй холбоотойгоор бие засах асуудал тавигдана. Уурхайд эмэгтэйчүүд олноор ажилладаг. Урьд нь эмэгтэй бие засах газар гэж тусдаа байгаагүй. Харин одоо эмэгтэй, эрэгтэй бие засах газартай болсон. Оюу толгойн гүний уурхай 20 хүн тутамд нэг ариун цэврийн өрөө ногдох стандарт барьж ажиллаж байгаа. Уурхай тэлээд явахаар ариун цэврийн өрөө нь зэрэгцээд баригдаад явдаг. Бохирынхоо асуудлыг зөөврийн аргаар шийдсэн. Соруулдаг машин бохироо авангуут цэвэрлэгээний баг араас нь ороод явдаг.

-Гүний уурхайгаас их хог хаягдал гардаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Хаягдал тодорхой хэмжээгээр гарна. Оюу толгойн стандарт өндөр учраас хогоо заавал ангилан ялгадаг. Тэгэхгүй бол галын эрсдэл учирч болзошгүй. Манай гүний уурхай тамхигүй орчинтой. Агаарын урсгал явж байдаг учраас галын эрсдэл хүнд асуудал байдаг л даа, гүний уурхайд.

-Уурхайчдын уух усны хэрэглээний хувьд сонирхолтой тоо гарах байх шүү…?

-Говьд халууны хямрал гэж явагддаг. Уурхайд олон цаг ажиллахаар халууны нөлөөнд өртөх нь бий. Байнга хөлс гардаг учраас усаа нөхөж байх ёстой. Цэвэр усны хэрэглээгээ үйлдвэрийн савлагаатай усаар шийдсэн. 7 хоногт 2000-3000 ширхэг жижиг савтай цэвэр ус хэрэглэдэг. Эндээс харахад хоосон савны хаягдал асар их байгаа биз. Харин уурхайд ашигласан усаа газрын гадаргад буцааж гарган саарал усаа дахин ашигладаг. Ер нь Оюу толгойн уурхайд бүх юм инженерчлэлийн шийдэлтэй байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Mонгол, Японы стратегийн түншлэлийг улам бататгасан айлчлал боллоо DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өнгөрсөн өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, үр дүнгийн талаар эхлээд ярихгүй юу?

-Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Гадаад хэргийн сайдын түвшний айлчлал тухайн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцдэгээрээ бусад түвшний айлчлалуудаас цар хүрээ, агуулгын хувьд ялгаатай байдаг. Ё.Хаяши сайдын айлчлалаар Монгол, Японы стратегийн түншлэлийн бүхий л асуудлуудыг бид нухацтай хэлэлцэж, зарим асуудлаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал солилцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хоёр орны хүүхэд залуучуудад зориулсан олон сайхан арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь ноён Хаяши Ёшимасагийн айлчлалын бас нэгэн чухал агуулга байв.

Айлчлалын хүрээнд сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхлаа. Энэхүү айлчлал нь манай улсын гуравдагч хөрш Япон улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

-Монгол, Японы Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Албан ёсны хэлэлцээний үеэр бид хоёр улсын улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцан солилцоо, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон. Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлсэн. Япон Улс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгоход үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Цаашид Хөшгийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах чиглэлд Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ хөндөж байсан бөгөөд түүнээс хойш манай талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж, Японы хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд Япон улсад айлчлахдаа нүүрснээс устөрөгч гаргах цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн улс орнууд нүүрсхүчлээс ангид байхыг зорьж, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд анхаарч байгаа энэ цаг үед нүүрсээр баялаг манай улсын тухайд энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Манай талаас дэвшүүлсэн эдгээр саналуудыг Японы тал нухацтай судалж үзэхээ илэрхийлсэн. Монгол Улс, Япон улсын хооронд 2016 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2019 онд хоёр дахин нэмэгдэж, 585.5 сая ам.долларт хүрсэн. Цаашид тус хэлэлцээрийг үр өгөөжтэй ашиглах хүрээнд худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйл ажиллагааг дэмжих, гарал үүслийн гэрчилгээ зэрэг асуудал хариуцсан дэд хорооны хамтарсан хуралдааныг ойрын үед зохион байгуулах саналыг манай зүгээс айлын талд тавьсан. Сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг дэмжиж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орчны салбар нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хамтын ажиллагаа байх болно гэдэгт бид санал нэгдсэн. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн асуудлаар идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр 2017-2021 онд хэрэгжсэн. Дүгнээд хэлбэл…

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг маш тодорхой дүгнэж, айлчлалын үеэр олон нийтэд танилцуулсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Дунд хугацааны хөтөлбөрт талуудын улс төр, аюулгүй байдал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг тусгадаг. Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, аль болох бодитой арга хэмжээг тусгасан баялаг агуулгатай байгуулахаар ярилцлаа. Бэлтгэл ажил хангагдаж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Японы шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа манай талаас илэрхийлсэн. Айлын тал хэрхэн хүлээж авав?

-Бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийн талаар Японы талд мэдээлэл өгсөн. Япон улсын ЭСЯ, ЖАЙКА болон Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн Японы талын байгууллагууд энэхүү хөтөлбөрийг хэдийнэ судлаад эхэлсэн бөгөөд шинэ Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтууд тусгана гэж найдаж байна. Одоо Японы хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг аль болох ойрын үед зохион байгуулж, манай хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх ач холбогдол өгч буй төсөл, хөтөлбөрүүдээ Японы хувийн хэвшилд танилцуулах ажлыг шуурхайлах хэрэгтэй байна.

-Японы хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд байна вэ?

-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ихээхэн чухал. Энэ салбарт бидэнд хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, Говь үйлдвэрийг 1980-аад онд байгуулж, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулахад чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Мобиком, Хаан банк зэрэг хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлсэн амжилтын түүхийг дурдаж болно. Япон улсаас 1990-2020 оны хооронд нийт нэг тэрбум 21.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг худалдаа, нийтийн хоол, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт хийсэн байна. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 600 гаруй компани манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь хамтын ажиллагааны чухал үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс нь дэвшилтэт техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Япон улстай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь манай улсын хувьд гадаад улстай байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Цаашид энэхүү хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн идэвх, санаачилга ихээхэн чухал юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Япон улсын Засгийн газраас манай хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тууштай, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Сүүлийн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр манай хоёр орны залуучууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа энэ чиглэлд түлхүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Хөшигийн хөндийн нисэх буудлын чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, устөрөгчийн цахилгаан станц зэргийг байгуулахад Японы талтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газар саяхан баталлаа. Үүний дагуу Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт хийгдэх бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулагдаж байна. Бүтээн байгуулалтад олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай тул Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Шинэ Зуунмод хотод агаар, төмөр зам, авто замын терминал бүхий олон улсын тээвэр, логистикийн төвийг шинээр байгуулах, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Япон улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын мөрөөр хоёр талын холбогдох байгууллагууд эдгээр асуудлаар нарийвчлан санал солилцож, хамтран ажиллах нь зүйтэй байна.

-Саяны айлчлалаар Японд манай боловсон хүчин бэлтгэх, энэ талаар дэмжлэг үзүүлэх тухай яригдсан гэл үү?

-Боловсролын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. 1000 инженерийн төсөл, Гурван коосэн гээд Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлд хийгдсэн ажлууд тодорхой туссан байгаа. Энэ удаа бид хүний нөөцийн хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурсан.Тухайлбал, 2022 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оны байдлаар, нийт суралцагчдын тоо 400-д хүрсэн. Үүнээс 357 нь төгсөж ирээд төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 2022 онд магистрын хөтөлбөрт 15 оюутан, докторын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуулиудад тус тусын мэргэжлээр суралцуулахаар боллоо.

-Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэж та ярилцлагынхаа эхэнд дурдлаа. Ойн хүрээнд талууд ямар ажил өрнүүлэх вэ?

-Энэхүү тэмдэглэлт ойг бид хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, манай хоёр улсын ард түмний найрамдлыг улам бататгахын төлөө байна. Монгол Улсын Засгийн газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулж, миний бие ажлын хэсгийн даргаар ажиллаж байна.

Тухайлбал, “Монголын соёлын өдрүүд”, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны тухай эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 50 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Токио хотноо хоёр орны хүүхэд залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг энэ намар зохион байгуулахаар ажиллаж байна. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын цуврал арга хэмжээний нэг болгож Монгол Улсын Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь “NHK”-ийн концертын танхимд энэ оны сүүлээр тоглуулахаар бэлтгэлийг хангаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Бүх зүйл ил тод байхад заавал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах шаардлага байгаа гэж үү DNN.mn


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Улсын ерөнхий прокуророос та дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирлээ. Таныг эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгажээ. Тантай нэр холбогдсон “Вертекс майнинг партнерс” гэдэг компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Зээлийн эргэн төлөлт нь ямар байгаа талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Энд дурдагдаад байгаа компани бол манай эгчийнх. Таван толгойд нүүрсний хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг компани. Миний санаж байгаагаар 2016, 2017 оны үед байгуулагдсан. Анх 2018 онд Хөгжлийн банктай зээлийн харилцаанд орж байсан юм билээ. Тухайн үед найман тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл авсан гэдэг.

Тэрийгээ төлөөд 2019 онд төслийн шинж чанар нь өөрчлөгдсөн гэж ярьж байсныг нь мэдэх юм байна. Таван толгойн уурхайн 300 метрийн гүнээс шороогоор нүүрсээ зөөдөг.

Тэгэхээр хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд олборлох хэмжээ нь нэмэгдсэн болохоор тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай болж л дээ. Анх эднийх 500 мянган куб метрийн талбайд ажил хийдэг байсан. Энэ хэмжээ нэг сая куб метр болонгуут тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Иймд 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авъя гэж хүссэн юм байна лээ. Тухайн жилийн арванхоёрдугаар сарын сүүлээр зээл олгох шийдвэр нь гарсан байгаа юм. Арилжааны банкнаас иргэн, аж ахуйн нэгж яаж зээл авдаг билээ дээ. Яг тэрэн шиг процедураар эгчийн маань компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Эхлээд тус банкнаас 54 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн гэсэн. Барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй юм байна гэж буцаагдаж явсаар 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоо үүссэн нөхцөл байдлын хувьд зээл олгоход намайг нөлөөлсөн юм биш үү гэж яллаад байгаа. Нөлөөлсөн гэдгийг сайн ойлгохгүй байна. Иргэн Хашчимэг, Ганхуяг нар тэр олон хүнд нөлөөлөлх боломж байхгүй шүү дээ. Байгаа бол тэрийгээ нотлох баримт болгох ёстой биз дээ.

Эгчийн компани Хөгжлийн банкнаас 13 хувийн хүүтэй зээл авсан. Сүүлийн хоёр жил арилжааны банкнуудын хүү 11, 12 хувьтай байлаа. Тэгэхэд хамаг барьцаа хөрөнгөө байршуулчихаад 13 хувийн хүүтэй зээл авна гэдэг бол бага биш. Өнөөдрийн байдлаар 10-аад тэрбум төгрөгийн хүү төлчихсөн. Үндсэн төлбөрт 17 тэрбум төгрөг төлсөн дүнтэй байна. Өнгөрсөн жил цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бүтэн зогссон. Энэ хооронд зээлийн хүүгийн төлбөрийг нэг ч удаа тасалдуулаагүй. Тэр байтугай илүү төлөлттэй яваа. Үйл ажиллагаа зогсонги байсан ч гэсэн банкны зээлээ тасалдуулалгүй, ажилчдаа цалинжуулж байсан гэсэн. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сараас үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа таны хамаарал бүхий дээрх компанид давуу байдал олгосон гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэрхэн яаж нөлөөлснийг би хувьдаа мэдэхгүй, ойлгохгүй байна. Манай эгч болон миний бие түүнд хэрхэн яаж нөлөөлсөн юм бэ. Тэрийг нотлох баримт болгох ёстой гэж дахин хэлье. Тэгээд ч Хөгжлийн банкны хуулиар аливаа зээлийг захирал нь дангаараа олгодоггүй. ТУЗ-ийн хамтын шийдвэрээр зээл батлагддаг хуультай. Яг үнэндээ ТУЗ-ийн тэр олон хүнд миний зүгээс нөлөөлж, зээл авсан гэдгийг сайн ухаж ойлгохгүй байна. Тэрийг хууль хяналтын байгууллагынхан нотолж гаргаж ирэх ёстой байх. Банкны дотоод процессыг бид мэдэхгүй шүү дээ. Банкны зүгээс иргэн, аж ахуйн нэгжид ямар шаардлага тавьж, зээлтэй холбоотой ямар материал нэхнэ, түүнийг нь бүрдүүлж өгдөг дөө. Энэ шат дамжлагыг банкнаас зээл авсан хүн бүр мэднэ.

Иймэрхүү байдлаар үргэлжилсээр дээр хэлсэнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр зээлийн шийдвэр гарсан байдаг. Барьцаа хөрөнгүүдээ байршуулаад, тэр хэмжээгээрээ зээлээ ав гэдэг шийдвэр гарсан юм билээ. Авч байгаа тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгө зэргээ барьцаанд нь байршуулаад зээлээ аваач гэсэн байгаа юм. Ингээд зөвхөн зээл авах үйл явц нь 2-3 сар дамнасан гэдэг.

-Халдашгүй байдлын дэд хороо хэргийн материалуудтай танилцаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд шийдвэрээ гаргаад холбогдох байнгын хороонд танилцуулна. Танд өөрийгөө буруугүйг нотлох баримтууд хангалттай байгаа юу?

-Энэ компани жилийн 30-40 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилладаг. Цар тахлын нөхцөл байдлаас болоод зарим тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт нь хил дээр саатаад 2020 оны сүүлээр зээлээ авсан юм шиг байгаа. Одоо надад үүсгэгдээд байгаа нөхцөл байдлын хувьд зээлд нөлөөлсөн болон барьцаанд тавьсан тоног төхөөрөмж яагаад саатаж ирэв гэсэн хоёр асуудал хамаатуулсан. Зээлийн гэрээ зэрэг шаардлагатай материалуудыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд тараана. Мөрдөгч болон прокурорын байгууллагад гаргаж өгөхөөр материалуудыг нь бэлдээд сууж байна.

Төслийн хувьд 1000 гаруй ажлын байр бий болгосон. Аж ахуй эрхэлж үзсэн хүмүүсийн хувьд харахад асуудалгүй. Харин зээл олон удаа эргэж буцаж, Г.Амартүвшин бид хоёр бие биеэ таньдаг гэдэг үндсэн дээр буруутгах нь ойлгомжгүй юм. Ер нь бие биеэ таньдаг байлаа гээд дураараа зээл олгодог асуудал аль ч банкны удирдлагад байхгүй.

-Танай нам Хөгжлийн банктай холбоотой арваад хүний нэрсийг эхлээд оруулж ирсэн. Энэ дундаас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг та гурвыг прокуророос түдгэлзүүлэх хүсэлт ирлээ. Бусад нь сугараад үлдчихэж. Энэ үйл явцыг та юу гэж харж байна?

-Ний нуугүй хэлэхэд, би өөрөө сайн ойлгохгүй байгаа. Бүх зүйл ил тод байна. Би сонгууль болохоос өмнө энэ тухай хэлж байсан. Манай эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авч байсан шүү гэж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байнга л ингэж байна, тэгж байна гэсэн мэдээ шуугьж байлаа шүү дээ. Муу нуухаар сайн илчил гэдэг. Яг үнэнийг хэлэхэд, энэ болж байгаа процессыг сайн ойлгохгүй л байна. Миний бие 2018 онд Канад руу сургуульд сурахаар явсан. 2019 оны эхний хагас жил тус улсад сурч байсан. Харин дараагийн зургаан сард нь аяллын нэвтрүүлэг гээд Монголд байхаас байхгүй нь их байлаа. Хүний байтугай өөрийнхөө ч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй хүн шүү дээ, би.

-Таны хувьд заавал гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэх гээд байна уу?

-Хэрэг үүссэнээс хойш яг л дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгч байгаа. Энэ шалгагдаж байгаа аж ахуйн нэгж нь өөрийн зүгээс бүхий л бичиг баримтуудаа хангаж өгсөн байна лээ. Миний зүгээс ч гэсэн шаардлагатай зүйл байвал сайн дураараа аваачиж өгөх боломжтой.

Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгахдаа заавал гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлага байсан уу гэдэгт эргэлзээд л байгаа. Бүх зүйлс нь ил тод, шалгаад явж байгаа шүү дээ.

-Бүрэн эрхээс тань түдгэлзүүлж байгаа шалтгаан бол албан тасалгаа, орон гэр, оффист бүрэн нэгжлэг хийх боломжтой гэж тайлбарлах байх?

-Тийм тайлбар явж байсан. Гэхдээ Х.Ганхуяг зээл аваагүй. Манай эгчийн компани зээл авсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-“МАН-ын удирдлагууд дараагийн сонгуульдаа бэлдээд эхэлжээ” гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна л даа. Өөрийнхөө фракцийн хүчийг томруулах гэж үгэнд орохгүй гишүүдээ намаас зайлуулахын тулд Хөгжлийн банкаар далимдуулаад хэдэн нэрс оруулаад ирлээ гэх юм..

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Халдашгүй байдлын дэд хорооны хурал хоёр удаа хойшилчихлоо. Энэ хорооны гишүүд өөрсдийнхөө фракцийн хүнийг сугалж авах тохироогоо хийж байна гэж ярьцгааж байна лээ?

-Хойшилсон шалтгаан нь тодорхой байгаа. Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Хорооны нэг гишүүн Н.Энхболд гуай ковид тусаад өвчтэй гэсэн. Ингээд үлдсэн дөрвөн гишүүн санал хураахаар тэнцэж болзошгүй гээд хойшилж байгаа байх.

-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг УИХ-ын даргад өгсөний дараагаар таныг “кнопны найраа хийж байна” гэх мэдээлэл Төрийн ордонд тарсан байсан. Таны тайлбарыг сонсъё?

-Энэ бол ташаа мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй.

-Таны хувьд АН-ын угшилтай болохоор МАН-аас гар сунгах хүн алга гэсэн яриа дуулдах боллоо. Намынхаа удирдлагуудтай таарамжгүй харилцаа үүсчихэв үү?

-Би 2017 онд МАН-д элссэн. Намынхаа квотоор УИХ-д нэр дэвшсэн. Намын удирдлагуудтайгаа маргалдаж, зөрчилсөн асуудал байхгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: АН-ын маргаантай бүх асуудал хууль эрх зүйн хувьд нэг талдаа гарсан DNN.mn

АНын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Саяхан Улсын дээд шүүхийн бүртгэж авсан АН-ын үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орсон бэ?

-Өнгөрсөн хугацаанд АН-ын Дээд шүүхэд хандсан бүх хүсэлт буцаагдсаар ирсэн. Дотоод сунгаа болон түүний үр дүнгүүдийг Дээд шүүх бүртгэхээс татгалзахдаа “Танай нам дотоод асуудлаа цэгцэл” гэдэг байв. Өмнөх дүрмийн өөрчлөлтөд хүртэл “Танай УДШ-д бүртгэлтэй дүрмээр намын их хурлаараа дүрмээ хэлэлцэх ёстой байдаг юм байна” гэсэн шаардлага тавьж байсан. Энэ дагуу гуравдугаар сарын 3-нд АН XIII ээлжит бус их хурал хийж, дүрмийн өөрчлөлтөө баталсан.

Энэ өөрчлөлтийг аймаг, нийслэлийн дунд шатны намын хороо болон ҮБХ-гоороо хэлэлцэж батлаад Дээд шүүхэд өгч байсан бөгөөд түүнийгээ Их хурлаараа дахин оруулж баталсан гэсэн үг. Өмнөх дүрэмд байсан хэд хэдэн заалт манай намд үл ойлгогдох байдал үүсгээд байсан юм. Тодруулбал “Бүх түвшинд ялагдсан удирдлагын баг сонгуулийн үр дүнгээр шууд огцорсонд тооцогдоно” гэдэг заалт үйлчилдэг байв. Энд “Багаараа огцорсонд тооцогдоно” гэчихээд “Ажлаа нэг дэд даргадаа түр хариуцуулна” гэсэн хачин заалт байсан. Энэ заалтыг талууд өөр, өөрийнхөөрөө “орчуулж” хэрэглээд, АН-ын дотор 2020 оны сонгуулиас хойш үл ойлголцол үүсэх гол шалтгаан болоод байсан юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр С.Эрдэнэ даргыг огцорсонд тооцно гэсэн шаардлагаар тэрбээр ажлаа өгөхдөө дэд дарга байсан Ц.Туваанд шилжүүлсэн. Гэтэл манай Үндсэн дүрмийн хорооноос энэ процессыг “Үндсэн дүрэм зөрчсөн байна, үл ойлгогдох байдал үүсэх юм байна. Багаараа огцорно гэсэн болохоор Ц.Туваан хүртэл огцорсон хүн байна” гэсэн. Тухайн үеийн Үндсэн дүрмийн хороо “Нэг огцорсон хүн нөгөө огцорсон хүндээ ажлаа шилжүүлсэн нь буруу юм аа. Тэгэхээр дараагийнхаа даргыг сонгож баталж байж, тэр хүндээ ажлаа өгөх ёстой” гэж дүгнэсэн. Одоо нөгөө талд яваад байгаа Мягмардаш гэж хүн өөрөө ҮБХ-ны дарга байхдаа гаргасан дүгнэлт нь энэ. Сонгуулийн үр дүнгээр багаараа огцрох заалт хуучин дүрмээр нийслэл, аймаг, дүүргийн намд ч мөн адил үйлчилж байсан. Гэтэл орон нутгийн сонгуульд тухайн намын хороо, удирдлагын баг мянга хичээсэн ч гадны олон хүчин зүйлээс сонгуулийн үр дүн шалтгаалах тал байдаг. Тэр багийн ажиллагаа сонгуулийн үр дүнг дангаараа шийддэггүй гэсэн үг. Үүнээс болж аймаг, нийслэл, дүүргийн намын хороо бүхэлдээ огцорч байгаа юм. Орон нутагт АН-ын боловсон хүчин хангалттай биш тохиолдолд хүний нөөцийн хувьд энэ нь ээдрээтэй байдал үүсгэсэн. Төв нам дээр ч гэсэн дэд дарга, бусад багт нэлээд хичээж ажилласан улсууд залгамж чанараараа дараагийн даргад өрсөлдөөд, цааш улам өсч хөгжөөд явж байх ёстой байдаг. Гэтэл тэр нь байхгүй, бүгд огцорчихоор ямар ч залгамж чанаргүй, цоо шинэ хүмүүс гарч ирэх үл ойлгогдсон байдал дүрэмд байсан. Энэ нь намын хагарлын эх үсвэр болоод байгаа юм байна гэж бид дүгэнэсэн. Тийм ч учраас саяны дүрмийн өөрчлөлтөөр энэ байдлыг тодорхой болгосон. Тухайн шатны удирдлагын баг сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээх заалт хэвээрээ. Гэхдээ тэрийг төв нам дээр ҮБХ хороо, дунд шатанд намын хороо нь авч хэлэлцэнэ. Ямар шалтгаантай байсныг нь ярилцаад, тухайн баг хариуцлагагүй ажилласан байна гэж үзвэл огцруулна. Өөр хүчин зүйл нөлөөлсөн байвал итгэл хүлээлгэх эсэх дээр санал хураана. Олонх нь энэ багт итгэл хүлээлгэе гэвэл үлдээнэ. Эсвэл нэр бүхий улсуудад хариуцлага тооцох ёстой гэдэг байдлаар ч юмуу тухай намын хороо, ҮБХ-ны асуудлаа дотроо шийддэг болно гэсэн үг.

-Хуучин дүрмээр намын дарга сонгуулийн үр дүнгээр ажлаа өгдөг байсан бол одоо итгэл хүлээлгэснээр дахин нэрээ дэвшүүлэх боломжтой гэсэн үг үү?

-2020 оны сонгуулийн үр дүнгээр аваад үзэхэд тухайн үеийн С.Эрдэнэ даргын багт дараагийн намын даргад өрсөлдөх оюуны чадамжтай Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Р.Амаржаргал гэх мэтийн бэлтгэгдсэн хүмүүс байсан. АН сонгуульд ялагдал хүлээнгүүт тэд багаараа автоматаар огцорсонд тооцогдох болсон. Хамгийн ноцтой нь огцорсон багийн хүмүүс дахиж намын даргад өрсөлдөх эрхгүй гээд хуучин дүрэмд заачихсан байсан. Одоо энэ шинэ дүрмийн заалтаар ҮБХ-гоор тэр хүмүүст итгэл үзүүлчих юм бол дахин сонгогдох, нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдчихэж байгаа юм. Тэгэхээр дүрэмд байсан үл ойлголцол, өөр өөрөөр тайлбарлагдаад байсан ойлгомжгүй зүйлүүдийг тодруулж өгснөөрөө энэ өөрчлөлт давуу талтай. Нөгөөтэйгүүр өмнөх дүрэм бол хүний сонгогдох эрхийг удирдлагын багт байсан гэдэг шалтгаанаар хаачихсан байсан бол одоо тухайн хүнд намын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг нь нээж өгч байгаа юм. Дээд шүүх гуравдугаар сарын 31-нд АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар өмнө үүсээд байсан бүх эргэлзээтэй, ээдрээтэй асуудлууд цэгцэндээ орлоо гэсэн үг. Шинэ дүрмийн өөрчлөлтийн дагуу ҮБХ маань холбогдох журмуудаа өөрчлөөд, дотоод сонгуулиудаа явуулна.

Улс төрийн намын тухай хуульд “Намын эрх бүхий байгууллага” гэсэн үг байдаг. Энэ байгууллага нь юу вэ гэдгийг манай хуучин дүрэмд заагаагүй. Харин “ҮБХ бол төлөөллийн төв байгууллага” гэж тодотгосон байсан юм. Гэвч Улс төрийн намын тухай хуульд ийм үг байхгүй. Үүнээс болоод уг хуульд байгаа дотоод асуудлаа шийддэг бүх процесс манай намын өмнөх дүрэмд тодорхой бус байсан. Улс төрийн намын тухай хуулиар аливаа намын дотоодод үүссэн маргаантай асуудлыг эрх бүхий байгууллага нь хурлаараа шийднэ гээд заачихсан байгаа. Манай намын дүрэмд эрх бүхий байгууллага гэж байхгүй учраас энэ маргаантай асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй байсан. Одоо дүрмийн шинэ өөрчлөлтөөр эрх бүхий байгууллага нь ҮБХ байна. Аймаг, нийслэлийн хэмжээнд намын хороо нь байна гээд тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр намын доторх маргаантай асуудлыг эрх бүхий байгууллага нь буюу ҮБХ дотроо хэлэлцээд шиийдэх болсон.

-АН шинэ дүрмийнхээ дагуу бүтцээ шинэчилж, ҮБХ, улс төрийн зөвлөлөө эмхлэн байгуулна гэж байсан. Ротаци яаж зарлах вэ?

-Ротацийг зохион байгуулдаг дотоод сонгуулийн хороо маань журамтай. Тэр журамд байгаа хуучин үг үсгийг шинэ батлагдсан дүрэмдээ тохируулж, сая ҮБХ-ны хурлаар өөрчилсөн. Дотоод сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэдэг Үндсэн дүрмийн хорооны журмыг мөн өөрчлөгдсөн дүрмийнхээ заалтуудад тохируулан шинэчиллээ. Тэгэхээр энэ хоёр журмыг сая хуралдсан ҮБХ-ны хурлаар шийдсэн гэж ойлгож болно.

ҮБХ, Улс төрийн зөвлөлөө шинээр эмхлэхийн тулд өнөө маргаашгүй зохион байгуулъя гэвэл асуудал алга. Гэхдээ бүх талд байгаа намын гишүүддээ энэ асуудлаа ойлгуулж, тэгш оролцох боломжоор нь хангахын тулд эхлээд дүрмийнхээ өөрчлөлтийг танилцуулах нь зүйтэй гэж үзээд, гишүүддээ шинэ дүрмээ сурталчлан таниулах саналыг бид гараад байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн маргааны аль ч талд нь ороогүй гишүүд олон бий. Ер нь АН-ынхаа бүх гишүүддээ шинэ дүрмийн өөрчлөлтөө тайлбарлаж, ойлгуулаад, дараа нь ҮБХ-ныхоо сунгааг зарлах нь зүйтэй гэдэг саналууд гарч байна. ҮБХ маань шинэ дүрмийн дагуу дахин шинээр бүрдэх ёстой. Иймд АН-ын бүх гишүүн ҮБХ-ныхоо сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Фракц харгалзахгүй ҮБХ-ндоо ороод ир. Тэндээ эрх бүхий байгууллагын хувьд намын асуудлаа өөрсдөө дотооддоо шийдье гэдэг дүрмийн өөрчлөлт хийсэн, тэр дагуугаа асуудлаа яриад явъя аа л гэж байгаа юм.

-АН-ын дүрмийн асуудал хуулийн хүрээнд шийдэгдчихлээ. Дотоод маргаан нэг талдаа гарах болоогүй юу. Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн асуудлыг нөгөө тал арай өөрөөр тайлбарлаж байгаа харагдсан?

-Хууль эрх зүйн хувьд бүх асуудал нэг талдаа гарчихсан. Тэрийгээ гишүүддээ ойлгуулж, оролцоог нь хангана. Дээд шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Шүүхийн шийдвэрийг шүүх өөрөө л тайлбарлана. Тэрнээс АН-ын жирийн гишүүдийг төөрөгдүүлэх зорилгоор Дээд шүүхийн шийдвэрийг хэн нэгэн өөрийн үзэмжээр тайлбарлах нь утгагүй, арга ядсан үйлдэл.

-Энэ сарын 7-нд АН-ын даргыг батламжлах их хурлыг нөгөө тал зохион байгуулсан шүү дээ?

-Энэ бол дүрмийн хууль бус үйл ажиллагаа гэдгийг ҮБХ-ны хурлаар хэлэлцэж тогтоосон. Яагаад гэвэл Дээд шүүх АН-ын шинэ дүрмийг бүртгэж авсан өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс хойших бүх үйл ажиллагаа шинэ дүрмийн дагуу болох ёстой.

-АН удаан хугацаанд хагаралтай явлаа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг харцгаалаа. Одоо та бүхнийг намаа эмхлээд сөрөг хүчний үүргээ биелүүлэхийг нийгэм хүсч байна шүү дээ?

-“Сөрөг хүчингүй” гээд байгаа хэлц бол цар тахлын хуультай холбоотой юм. Ковидын хуулиар Засгийн газар үнэмлэхүй эрх мэдлийг өөртөө авсан. УИХ-ын хянан шалгах, төсвөө хуваарилах, хянах бүх эрх мэдэл засагт төвлөрсөн. УИХ дахь олонх хүртэл засагтаа хяналт тавьж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ковидын хуулиас болоод сөрөг хүчингүй эрх баригчид биш, УИХ-гүй Засгийн газар ажиллаад байгаа юм. Тэд сөрөг хүчний хийж болох бүх үйл ажиллагааг ковидын хуулиар хорьчихсон. Чуулганы танхимд АН-ын бүлгийн гишүүд маань үг хэлэх, хурлаа орхих, шаардлага хүргүүлэхээс өөрөөр тэмцэх бүх боломжийг боомилчихсон. Хөл хориог цуцлангуут залуучууд тэсвэр алдан төв талбайд гарч ирж жагслаа. Тэрнээс өмнөх жагсаал цуглаантай холбоотой бүх үйл ажиллагааг цагдаа нар тараадаг байсныг бүгд мэднэ.

-Үнэ тогтоох хуулийг АН нэлээд эсэргүүцсэн ч олонх баталсан. Хуулийн сул тал нь юу вэ?

-Үүнийг заавал хууль болгож батлахгүйгээр Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлж болох хөтөлбөр юм. Тэгээд ч нэг жилийн хугацаатай хууль гэж юу байхав дээ. Засгийн газар хариуцлагаас мултрах гэж оролдож байна гэж АН дүгнэж байгаа. Яагаад гэвэл, Засгийн газар дараа нь алдаагаа УИХ руу тохож, хариулагаас мултрах гэсэн оролдлого. Нөгөөтэйгүүр үнэ тогтворжуулах хөтөлбөр батлагдахдаа хэдэн төгрөгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байгаа юм, ямар хэмжих нэгжийн үнэ юм, хэн хянах юм, хэн хариуцлага хүлээх зэрэг нь тодорхойгүй. Жишээлбэл, шатахуун, гурил, махны үнийг барина гээд байна. Хэдий хэмжээний мөнгө зарцуулж, хаана, яаж нөөцлөх гэж байгаа нь бүрхэг. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг дээрх зүйлүүдийг тодорхой болгох шаардлага тавьж, завсарлага хүссэн. Гэвч 30-хан минутын завсарлага өгөөд хуулийг хүчээр баталсан. Тэгэхээр асар их мөнгийг зүгээр л хэвлэх гэж байгаа юм байна. Хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна. Гол үр дагавар нь эдийн засгаа алж байгаад байна. Эргээд сэргэхгүйгээр эдийн засаг уруудлаа. Бүх иргэнд бизнес эрхлэх эрх чөлөөг олгож байж эдийн засаг сэргэдэг. Гэтэл одоо эсэргээрээ төр бүгдийг авах чиглэл рүү яваад байна. Бага багаар авторитор дэглэм рүү шилжих бодлого явуулаад байна, энэ эрх баригчид.

-Төсвийн тодотгол Засгийн газраас оруулж ирлээ. Таналт хийх ямар боломжууд харагдав?

-Эдийн засаг хямралтай үед эргээд орлого олдог салбар руугаа хөрөнгө оруулах ёстой. Гэтэл тодотголд янз бүрийн хөшөө дурсгал, музей, соёлын төв, элдэв цогцолбор зэрэг байшин барилгын ажлуудаа танаагүй оруулж иржээ. Үүнд АН-ын бүгээс нэлээд шүүмжлэлттэй хандаж байгаа. Хэмнэх ёстой төсвөө хэмнээгүй байна. Аймгуудад ялгавартай хуваарилсан төсөв нь ч хэвээрээ. Хэнтий аймгийн төсөв бусад аймгаас хоёр дахин их байх жишээтэй. Тиймээс хүүхдүүд аль тойрогт төрснөөс шалтгаалж, алагчилсан нөхцөлд сурч боловсорч байна. Хэдхэн дарга, сайдын тойргийн иргэд л давсан их сургууль, цэцэрлэгтэй, хөшөө дурсгалтай амьдрах гээд байна шүү дээ. Үнэхээр хэмнэлтээ оновчтой хийгээгүй байна. Мөн Засгийн газар УИХ-аас бүх эрх мэдлийг нь “булаасан” ковидын хуулиа цуцлахгүй байна. УИХ-ын гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрэгжүүлдэг. Гэтэл цар тахлын хуулиар засаглал хуваах тогтолцоог гажуудуулсан. Жагсагчдын тавьсан шаардлагад нийцүүлж Засгийн газар нь түрүүлж гаргасан шийдвэрт нь УИХ тохируулж төсвөө тодотгож байх жишээтэй. Тэгэхээр засаглал хуваах Үндсэн хуулийн тогтолцоог нураах чиглэл рүү маш буруу жишиг тогтоож байна. Зөвхөн эдийн засгаа алаад зогсохгүй тогтолцоогоо нураах маш аюултай, дураараа авирлалт хэрээс хэтэрлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Тооцоо судалгаагүйгээр эдийн засгийг удирдах нь хямралд хүргэх эрсдэлтэй DNN.mn


УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон инфляци өсч байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Улс орнууд цар тахлын дараахь эдийн засгийн хүндрэлээс гарч амжаагүй байхад ОХУ Украины хоорондох дайн дэлхийн эдийн засагт давхар цохилт өгч хямрал болох нь тодорхой боллоо. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувьтай өссөн байна. Гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудай 17 хувь, ургамлын тос 23.2 хувь, элсэн чихэр 6.7 хувь, мах 4.8 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 2.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 1990 онд анх хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү улс орон бүрд инфляци өсөх нь тодорхой байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн хямралаас үүдэлтэй бараг хоёр жил хөл хорионы дэглэм хэрэгжсэн. Үүнээс үүдэн бизнесийг зогсоож, улмаар улс орнуудын эдийн засаг уналтын байдалтай байсан шүү дээ. Гэтэл одоо үргэлжлээд түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гаралтай саатал нэмэгдэж инфляцийг хөөрөгдөж эхэллээ.

-ОХУ болон Украины хооронд өрнөж буй дайн бусад улсын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх бол?

-Орос-Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засагт нэгэн зэрэг хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нэгдүгээрт, Орос, Украин нь титан, палладий зэрэг ховор элементийн дэлхийн зах зээлд гол нийлүүлэгчид юм. Тиймээс нийлүүлэлт нь тасалдах нь автомашины үйлдвэрлэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болно. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болно. Гуравдугаарт, бусад буюу Украинаас дүрвэж буй их хэмжээний цагаачдын асуудал. Мөн улс төрийн эрсдэл, тодорхойгүй байдал гэсэн эрсдэлүүд бий болоод байна. Эдийн засагчид эрчим хүчний зах зээл дээрх нөхцөл байдлыг Арабын орнуудад нефтийн хориг тавьсан 1973 оны нефтийн шок, 1979 онд Иранд гарсан хувьсгалын дараа газрын тосны хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал болсон үетэй адилтгаж байгаа. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн газрын тосны цочролоор хязгаарлагдахгүй. Орос Украин бол дэлхийн улаанбуудайн хамгийн том экспортлогчид. Энэ хоёр улс дэлхийн экспортын бараг 30 хувийг хангадаг. Улаанбуудайн фьючерс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чикагогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрчээ. Украин бол эрдэнэшишийн томоохон экспортлогч. Дэлхийн экспортын тавны нэгээс илүү хувь энэ улсад оногдож байна. Орос бол дэлхийн хамгийн том бордоо экспортлогчдын нэг бөгөөд үнэ нь сүүлийн 1.5 жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Цаашид ч өсөх нь тодорхой байна. Энэ нь дэлхийн хүнсний нөөц буурч, үнэ өсч, хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. ОХУ-д дэлхийн газрын тосны экспортын 11 хувь, хийн экспортын 16 хувь, үнэт металлын 11 хувь, үйлдвэрийн металлын ес, бордооны найм, палладий 37, цагаан алт 12 хувь оногддог. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Малпасс “Зах зээл нийлүүлэлтэд ийм том цоорхойг тийм ч хурдан засаж чадахгүй. Аль хэдийнэ хурдсаж буй дэлхийн инфляци дээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх өндөр эрсдэл бий боллоо” гэж анхааруулсан байна лээ.

-Засгийн газрын зүгээс үнэ тогтоох хуулийг оруулж ирсэн. Энэ хууль батлагдсанаар таны дээр хэлсэнчлэн гадны эрсдэлийг даван туулж чадах уу?

-Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ жагссан залуучуудаас тавьсан шаардлага саналтай холбоотой ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэж үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдаж байсан.

Эндээс дүгнэж үзвэл, Монгол Улсын Засгийн газар хийх ёстой ажлаа мэдэхгүй байна гэж тодорхойлж болохоор байна. Учир нь жагссан залуус тодорхой асуудал гарган тавьснаар өнөөгийн Засгийн газрыг ямар нэгэн шийдэл гаргахаар хөдөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэллээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцитай байгаа. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио. Мөн Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой хүнсний хомсдол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байна. Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа туйлын сул, алсын хараагүй, үүсч бий болох эрсдэлээ ч тооцож чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Эрх баригчид эдийн засагт яагаад хямрал нүүрлэж, үнэ огцом өссөн учир шалтгаанаа ч өнөө хүртэл бүрэн гүйцэд ойлгоогүй байна. Гэтэл дэлхийн улс орнуудад үүссэн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэр ид хэлэлцэж байна.

-Манай улс стагфляцид нэрвэгдсэн гэж АН-ын бүлэг мэдэгдсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?

-Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавар зөвхөн дайн өрнөж байгаа хоёр улсаар хязгаарлагдахгүй. Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн судалгааны дүн саяхан гарсан. Дэлхийн олон улс стагфляцийн уналтад хүрч болзошгүй гэж анхааруулсан.Аливаа улсын эдийн засаг агшиж хямрахтай зэрэгцэн үнэ өсөх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг. Стагфляци гэдэг нь эдийн засгийн зогсонги байдал, инфляци гэх үгнүүдийн нийлбэр. Энэ үзэгдэл 1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахад үнэ өссөн “хар үе”-ийг анх ийнхүү нэрлэсэн байдаг.

2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ий өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсны илрэл. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хэмжээнд инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсч орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол Улс стагфляцид нэрвэгдсэнийг батлан харуулж байна. Манайхан бүх бизнесээ зогсоочихоод асар өндөр зардалтай төсөв баталсан. Нэмээд олон их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэрэгжүүллээ. Асар их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүллээ. Энэ бүхний үр дагавар инфляцын өсөлтөөр илэрлээ.

-Стагфляциас гарах ямар арга байна вэ?

-Стагфляцитай тэмцэж түүний хурдыг сааруулахын тулд макро эдийн засгийн шинжээчид, судлаачдын оролцоотойгоор ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн төлөв байдлыг хамгийн нарийвчлалтайгаар урьдчилан гаргах ёстой. Эдийн засгийн төлөв муудаж байгаа энэ үед үнийн өсөлт хурдсах нь дэлхийн томоохон төв банкнуудыг мөнгөний бодлогыг чангатгах замаар инфляцитай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн хоёрдмол шийдвэрийн өмнө авчирсан хүнд үе. Эдийн засгийн өсөлт саарч буй үед эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл ийм бодлого нь үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцийг улам бүр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог. Энэ тохиолдолд төв банкнууд мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг суларч байгаатай холбогдуулан мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно. Энэ бүгдээс дүгнэж үзвэл инфляциа бууруулах, эдийн засгаа өсгөх зэрэгцүүлэн хийдэг арга байхгүй. Харин хямралаас аль болох бага хохиролтой буюу “зөөлөн буулт” хийх талаар улс орон бүрийн шинэхэн зорилт болсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон улсын хуралд оролцсон орос “Гэрт амьдардаг монголчуудад УЦС ямар хэрэгтэй юм бэ” гэжээ DNN.mn


Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.


– Г.Ёндонгомбо: Эгийн голын УЦС-ын эсэргүүцлийг томоор бодоход ОХУ Монгол Улсыг нөлөөндөө байлгах сонирхолтой –


-Хэдхэн хоногийн өмнө цахимаар зохион байгуулагдсан олон улсын бага хуралд эрчим хүчний асуудлын талаар яригдсан байна. Энэ ямар учиртай хурал болов?

-ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн институт, ШУТИС хамтарч “Орос Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв” сэдвээр Олон улсын бага хурал зохион байгуулсан юм. Миний оролцсон “Түлш эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа” хэсэгт ОХУ-аас авдаг импортын цахилгааныг 345 МВт болгосонтой холбоотой Аваарь эсэргүүцэх автоматикийн өөрчлөлт, Сэлэнгэ мөрөн ба түүний цутгалууд дээр барихаар төлөвлөгдсөн усан цахилгаан станц(УЦС)-ын каскадын Орост үзүүлж болох нөлөө,УЦС-ын төслүүдийн явц, Монгол Улсын хийн салбар, Монгол Улсаар дамжих хийн хоолой гэх мэт олон асуудлаар эрдэмтэн судлаачид судалгааны дүн санал, бодлоо солилцсон.

-Оросын эрдэмтэн судалгааныхаа дүнг танилцуулсан юм билээ. Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн маягтай асуудал хөндсөн гэж дууллаа. Ер нь Монголын төр эрчим хүчний эх үүсвэрээ хойд хөршөөр заалгахүйгээр өөрөө мэдээд барьж болдоггүй юм уу?

-Оросууд дээр дурдагдсан УЦС-ууд Байгал нуурт нөлөөлнө гэж үздэг. Төрийн бус байгууллагууд нь ЮНЕСКО-гийн Байгалийн өвийн хороонд гомдол гаргасан байдаг. Хамгийн гол нь Байгал нуур Байгалийн өвийн жагсаалтад байдаг юм. Өөрөөр хэлбэл, ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг гэсэн үг. Монгол Улс гишүүн орон учраас энэ байгууллагын шийдвэрийг үл тоомсорлож болохгүй л дээ. Оросуудын гомдлыг Байгалийн өвийн хороо авч хэлэлцээд шийдвэр гаргах үндэслэл дутуу байна гэж үзээд зарим нэг судалгааг нэмж хийн үр дүнг танилцуулахыг даалгасан юм. Эгийн голын УЦС-ын хувьд биологийн олон зүйлд үзүүлэх нөлөөг нэмж судлах болсон. Судалгаа хоёр жилийн өмнө эхэлсэн ч ковидоос болоод зогссон. Энэ жил дахин эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд мэдэгдсэн шүү дээ. Энэ ажил хоёр жил орчим үргэлжлэх байх. Судалгааны үр дүнг танилцуулсны дараа шийдвэр гарах юм. Оросууд бие даан хийсэн нь энэ талынх биш урсацтай холбоотой судалгаа юм.

-Францын эрдэмтэд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг нь хийж, Эгийн голын УЦС бараг нөлөөгүй шахуу гэсэн санаад байна. Гэтэл оросууд үүнийг зөвшөөрөхгүй байгаа цаад санааг нь та хэрхэн хардаг вэ?

-Нөлөөгүй гэсэн нь үнэн л дээ. Гэхдээ дээр дурдсан судалгааны үр дүн эерэг гарвал Монголд тустай. Цаад санааг нь томоор бодоход ОХУ Монгол Улсыг нөлөөндөө байлгах сонирхолтой, жижгээр бодвол Дерипаска гэх мэт олигархуудын бизнесийн эрх ашиг нь хөндөгдөнө гэж хардаг даа.

-Оросын эрдэмтэд Шүрэнгийн УЦС-ыг байгаль орчинд их нөлөөтэй гэжээ. Энэ ямар учиртай судалгаа юм бол?

-Дахиад л урсацын асуудал. Ялангуяа өвлийн цагт Сэлэнгэ мөрний түвшин ихэснэ гэж үзэж байгаа юм билээ. Манай эрдэмтэд бол эсрэг байдаг. Энэ талаар усныхан маань судалж байгаа. Дүгнэлт нь удахгүй гарна.

-Сэлэнгэ мөрөн Байгал нуурт цутгадаг. Гэтэл Байгал нуураас гарсан Ангар мөрөн дээр хэд хэдэн том хүчин чадалтай УЦС байдаг. Тэндээс бид өндөр үнээр цахилгаан худалдан авч байна шүү дээ. Тэгсэн хэрнээ манайд бодлогоо тулгаад байдаг. Ерөөсөө монголчуудыг эрчим хүчээр урт хугацаанд хараат байлгах сонирхолтой байна уу?

-Байгал нуурт цутгаж буй усны 62 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг. Наад ярьж буй цахилгааны 62 хувийг манай усаар үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Чадлын хэмжээ 7 ГВт. Хилийн усны гэрээгээ өөрчилж чадвал 345 МВт чадлыг үнэгүй авч ч болохоор байгаа юм. Хил дамжсан усан дээр ийм жишээ олон байдаг.

-Энэ бага хурлын үеэр “Гэрт байдаг улсад УЦС ямар хэрэгтэй юм бэ, гэрүүдийг чинь сэргээгдэх эрчим хүчээр хангаад өгье” гэсэн гэв үү?

-Тийм ээ. Буриад хүн байсан л даа.

-Захын нэг Оросын буриад хүн Монголыг цахилгаангүй байлгах гэж хэлж байгаа юм уу?

-Монголын тухай ямар ч мэдээлэлгүй. Ерөнхийлөгчөө магтаад авна лээ, дундуур нь. Яах нь тэр хүний эрх ч Оросын зарим бага ястнуудын орос хүнээс илүү эх оронч болж харагдах гэдэг зангийн илрэл. Хэзээнээсээ тийм л байсан.

-Устөрөгчийн эрчим хүч ирээдүйд том байр суурь эзлэх нь ээ. Манай улсын хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

-Устөрөгчийн хувьд ямар ч байсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа олсон. Цөмийн ба устөрөгчийн энергийн асуудал хоёулаа. Олон хүн энэ хоёр асуудлыг нэг зүйл гэж ойлгодог юм билээ. Тэс өөр гэдгийг далиманд хэлчихье. Нэг нь цөмийн задралын энерги ашиглах, нөгөөх нь устөрөгч гэдэг химийн элементийг түлш болгон ашиглах. Хоёуланг нь дэмжиж байдаг. Устөрөгчийн хувьд үйлдвэрлэл, хэрэглээ одоохондоо үнэтэй байгаа. Манай холбоо гишүүдтэйгээ олон талын судалгаа хийж байна. Хууль эрх зүйн орчны судалгаа дууссан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад ямар ч өөрчлөлт хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан. Харин Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шинэ салбарыг хөрөнгө оруулалтын түвшинд дэмжих нэлээд асуудал бий. Түүнчлэн инженерчлэл, зах зээлийн чиглэлээр судалж л байна. Бас олон нийтийг гэгээрүүлэх ажил ч хийж байна. Энэ чиглэлээр вэб сайт, нүүр номын пэйж нээж, хувийн сошиал аппликэйшнүүдээ ашиглаж байгаа. Манай одоогийн эрчим хүчний салбарын талаар энгийн хүмүүс тааруу ойлолттой байдаг. Устөрөгчийн эрчим хүчийг олон нийтэд маш сайн ойлгуулах нь зүйтэй. Том чадлын дан устөрөгчөөр ажилладаг турбин гараад ирэхээр дэлхийн эрчим хүч сууриараа өөрчлөгдөнө. Үүнд Монгол Улс бэлэн байх ёстой. Одооноос эхэлж мэргэжилтнүүдээ бэлдмээр байна. Цахилгааны инженер, турбины инженерүүдийг сургадаг хөтөлбөртөө шинэчлэл хийнэ гэсэн үг шүү дээ.

Японы Хүнд аж үйлдвэрийн Мицубиши компани цэвэр устөрөгчөөр ажилладаг Н-25 хийн турбин хийж байгаа. Хоёр жилийн дараа арилжаанд гарах болов уу гэж хэлсэн. Хүчин чадал нь 60 МВт байх юм. Германы түрүүчийн удирдагчид тус улсыг Оросын эрчим хүч буюу хийн хараат болгосныхоо горыг улсын хэмжээнд ч өөрсөд дээрээ ч амсаж хатуу шүүмжлэлд өртөөд байна. Тэгэхээр асуудлыг аль болохоор хурдан шийдэхийн тулд Сименс компани устөрөгчөөр ажилладаг хийн турбин бүтээх ажлаа түргэтгэх нь ойлгомжтой. Устөрөгчийн том чадлын эрчим хүчний төхөөрөмжүүд хэрэглэгдээд эхэлбэл нүүрсэнд тулгуурласан эрчим хүч жинхнээрээ шахагдаж эхлэх нь тодорхой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Цогзолмаа: Эрдэмтдийнхээ судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар эрдэмтэд өчигдөр Төрийн ордонд цугларлаа. Тэд хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцав. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Уулзалтад нэлээд олон эрдэмтэн судлаач ирсэн харагдлаа. Эрдэмтэд хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ?

-Парламентын судалгааны хүрээлэн 30 хүрэхгүй судлаачтай. Бид УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, үр дүнтэй, өгөөжтэй болгох зорилготой. УИХ-ын гишүүдэд хавар, намрын чуулганаар хэлэлцэгдэх тухайн хуулийн төслүүдэд төрөлжсөн, яаралтай гэсэн хэлбэрээр судалгааг нь гаргаж өгдөг. Яаралтай судалгаа хийхэд судлаачдын маань нөөц хүрэлцээ муутай байдаг л даа. Судалгааны хүрээлэнгүүдийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүсийг хүлээн авч уулзсаны гол зорилго бол судалгааны чиглэлд хамтарч ажиллах юм. Нарийн мэргэжлийн шинжлэх ухааны судалгаануудад шаардлагатай бол УИХ захиалга өгөөд эрдэмтэдтэйгээ хамтарч ажилладаг. Нөгөө талд маш олон салбарт нийгэмд хэрэгтэй судалгаануудыг хийсэн эрдэмтэн доктор, профессорууд олон бий. Тэдгээр эрдэмтэн судлаачдынхаа том датаг үүсгэе гэж байгаа юм. Эрдэмтэд маань хоорондоо шейр хийж ажиллана гэсэн үг. Мөн арав, хорин жил судалгаа хийсэн доктор, профессоруудын маань судалгааны бүтээлүүд өнөөдөр үхмэл хэлбэртэй байгаа нь тун харамсалтай. Төрийн тогтвортой бодлогыг явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тэдгээр бүтээлүүд ашиглагдаж байх учиртай шүү дээ. Иймд эрдэмтдийнхээ судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой.

-Эрдэмтдийн бүтээлийг нийгэмд яаж бодитой болгож, үр шимийг нь хүртэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “D parlia­ment” платформд үхмэл судалгааны бүтээлүүдийг шейрлэж солилцох том дата үүсгэе гэж байгаа юм. Эдийн засаг, нийгмийн салбар юм уу нарийн мэргэжлээр хийсэн судалгаануудын мэдээлэлтэй баазууд үүссэнээр олон талын ач холбогдолтой. Тэр чиглэлээр УИХ-аар хууль хэлэлцүүлэхэд, гишүүд болон хэрэглэгчид, дахин судалгаа хийх гэж байгаа оюутан хүртэл ашиглаж болохоор судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулах юм.

-Үр дүнгийн хувьд ямар хүлээлт байгаа вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын парламентын судалгааны хүрээлэнгүүд яг ийм байдлаар ажилладаг. Шинжлэх ухаанд үндэслэсэн улсын хөгжлийн бодлого нь эрдэмтдийн судалгаанд тулгуурладаг. Тэр мэдлэг, хуримтлуулсан мэдээллүүдийг шийдвэр гаргагч нар зөв ашиглаад, зөв чиг баримжаа тогтоосон хууль батлах юм бол урт настай, амьдралд хэрэглэгдэнэ. Ийм байдлаар дэлхий нийтийн жишиг рүү хандаж ажиллах юм. Дэлхийн улс орнуудын парламентын судалгааны хүрээлэнгийнх нь суурь бааз бүх судалгааны хүрээлэнгийнх нь дэргэдэх номын сан байдаг. Манайд ч бас хамгийн баялаг номын сан байна. Бид олон нийтэд нээлттэй болгож заншаагүй л болохоос биш, эртний олдоц ховор тэр бүх ном манай номын санд байх жишээтэй. Цааш нь номын сангаа цахимжуулах хэлбэрт шилжүүлэх бодлогоор авч явна.

-Аливаа улсын хөгжил шинжлэх ухаанд суурилагддаг. Гэтэл манай улс энэ салбараа хөгжүүлэх тал дээр хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл их байдаг шүү дээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Сайн засаглал, тогтвортой хөгжлийн баталгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлогоо тодорхойлох. Улмаар санхүү хөрөнгө мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлэх нь менежмэнтийн асуудал. Тэгж байж хөгжлийн бодлого алдаагүй, төсөв нь үр ашигтай байна. Бид сайн судалгаа хийе, томоохон асуудлыг судалъя гэвэл нэмээд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардлагатай. Өнөөдөр томоохон судалгаануудын хөрөнгө санхүүг олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн байдалтай явж байгаа. Цаашдаа бид жил жилийнхээ төсөвт хийх судалгааныхаа хөрөнгийг тусгаад явдаг дэлхийн жишиг рүү ороод явах нь зүйтэй.

-Ер нь шинжлэх ухааны салбараар мөнгө босгох ямар боломж байна вэ. Энэ тал дээр эрдэмтэд ямар санал, шийдэлтэй байдаг юм бол?

-Судлаачдаа маш сайн үнэлэх хэрэгтэй. Жишээлбэл, ноолуурын зах зээлийн өнгөрсөн арван жилийн судалгааг ирэх арван жилийн судалгаатай хиймээр байна. Эдийн засгийн үр ашгийг нь тооцно гэвэл манай судлаачид захиалагч байгууллагад ноолуурын үнэ ханш, юунаас болж унасан зэрэг нарийн судалгааг хийгээд өгөх боломжтой. Тэр судалгаанд үндэслээд дараагийн арван жилийн ноолуурын зах зээлийн нөхцөл байдлыг харуулсан мега төслийн суурь бэлтгэгдэнэ гэсэн үг. Яамдууд засаг төр салбар салбарын бодлогыг мэргэжлийн эрдэмтэн судлаачдаар хүрээг нь өргөжүүлж, баяжуулж хийх юм бол тэр чинээгээр л зөв тооцоо судалгаатай чиг баримжаа гарна. Мөн нүүдэлчний өв соёлоороо дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд эдийн засгийн агуулгаараа яаж шийдэж, юугаараа бид ямар ашиг орлого олох боломж байгааг гаргаж ирнэ гэсэн үг. Мөнгө босгох бололцоотой. Эхний суурь санхүүжилтийг нь төр хийгээд өгчих юм бол цаашаа жил болгон өөрсдөө хэрэгтэй төсвөө аваад, нэмж орлого олоод судалгаагаа явуулах бүрэн боломжтой. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдиийн эцсийн зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэх шүү дээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Хуулийн байгууллага өнөөдөр улс төрөөс хараат бус байсан бол Н.Мөнхбатыг аль хэдийнэ цагаатгасан байх ёстой DNN.mn

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хориод сар гаруй хугацаа өнгөрлөө. Анх 30 хоногоор цагдан хорих гэж байснаа яагаад 30 хоногоор сунгачихав?

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь “хуульд заасан үндэслэл журмаас гадуур гарсан” гэж үзэх хуулийн үндэслэлтэй байдаг. Энэ тогтоолыг үндэслэж, цагдан хорих саналыг прокурор ирүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад үндэслэл бүхий тайлбар, няцаалтыг Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан боловч харамсалтай нь огт хүлээж аваагүй. Цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахаар “өмнөх үндэслэл арилаагүй, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх прокурорын ирүүлсэн саналыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Шүүгч Х.Идэр нь прокурорын саналыг мөн л үндэслэлтэй гэж үзээд, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “Н.Мөнхбатын хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Энэ эрхийг нь хамгаалаад өгөөч. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ мэдээлэл нь энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур авагдсан баримт учраас нотлох баримт биш юм. 2017 оноос хойш буюу таван жил шалгасан хэргийг өнөөдөр ээдрээ төвөгтэй гэж прокурор үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Суллаж өгөөч ээ” гэсэн өмгөөлөгч нарын тайлбар, санал, хүсэлтийг хүлээн авахаас эрс татгалзсан. Үргэлжлүүлэн нэг сараар цагдан хорьж, сунгах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамжтай дараа нь танилцахад Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбар, санал, хүсэлтийг шүүгч үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байна лээ.

-Өмгөөлөгч нарын зүгээс “прокурорын тогтоол хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гарсан” гэж үзэх болсон хуулийн гол үндэслэл нь юу юм бэ?

-Н.Мөнхбатыг буруутгаж буй үйлдэл нь цаг хугацааны хувьд 2014 онд төгссөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, яллагдагчаар татаж болохгүй” гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл прокурор хуулийн энэ хэмжээ хязгаарыг давж, 2022 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш гурван жилийн дараа бусдад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.

Өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Мөнхбат гэм буруутай эсэх” асуудлыг огт хөндөж яриагүй. Харин хуульд заасан түүний эрх нь зөрчигдөөд байна шүү гэдэг асуудлыг яриад байхад шүүх үүнийг анхаарч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа Н.Мөнхбатын эрхийг хамгаалах” талаар шийдвэр гаргаагүйд нь миний хувьд туйлын их харамсаж байгаа.

Шүүхийн эрхэм зорилго нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”-д оршдог. Нөгөө талаар Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд Шүүхийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Энэ зорилт, зарчмаа шүүх баримталж, хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх нь өнөөдрийн хувьд, цаашид ч эргэлзээтэй болжээ гэж харж байна.

-Шүүгчээсээ татгалзсан гэл үү. Ямар үндэслэлээр татгалзсан юм бэ?

-Шүүхийн хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт болох тухай мэдэгдсэний дагуу Н.Ариунболд өмгөөлөгчийн хамт очсон. Ингээд Н.Мөнхбатыг өөрийг нь биечлэн эсхүл онлайнаар оролцуулан, прокурорын саналд дурдагдсан нотлох баримтыг няцааж тайлбар өгөх, Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах цаг хугацаа, нөхцөл боломжийг түүнд олгож өгөөч гэдэг хүсэлт тавьсныг шүүгч Х.Идэр хүлээн авч, хэлэлцүүлгийг тухайн өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Ингээд 16:00 цагт хэлэлцүүлэг эхэлсэн. Гэтэл цагдан хорих байранд шүүх хурал явагдаж байгаа учраас Н.Мөнхбатыг онлайнаар оролцуулах техникийн боломжгүй байна, иймд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан. Ажлын цаг дуусах дөхөж байсан, гэвч хурлыг үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан учраас бид шүүгч Х.Идэрийн гаргах шийдвэр ойлгомжтой, энэ хэрэгт шууд бус хувийн сонирхлоор хандаж байна гэж үзээд түүнээс татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт гаргасан. Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай, түүний энэ шийдвэр эцсийнх болох тухай Захирамжийг маш хурдан гаргаж ирүүлсэн учраас хэлэлцүүлэг үргэлжилсэн.

Иймд өмгөөлөгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн бүх шүүгчдээс татгалзах тухай дээр дурдсан үндэслэлээр хүсэлт дахин гаргасан. Гэвч шүүгч Х.Идэр “Хүлээн авах хуулийн үндэслэлгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа” гэж алх цохисноор хэлэлцүүлэг дахин үргэлжилсэн. Улмаар Н.Мөнхбатыг нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3. “…Шүүхийн хэлэлцүүлэгт … хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэсэн заалтыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр зөрчиж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцээгүй. Мөн Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангахаас татгалзсан шийдвэр гэж бид үздэг юм. Шүүх нь үндсэн хуулиа зөрчөөд байхаар бид тэгээд хэнд итгэх вэ.

-Та Н.Мөнхбаттай уулзаж байгаа юу, биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Миний хувьд ажлын байдлаас шалтгаалан долоо хоногтоо нэг удаа очиж уулзаж байгаа. Н.Мөнхбатын хувьд элэгний архаг үрэвсэлтэй, уушгины архаг бронхит өвчтэй. Хоригдоод 40 гаруй хонож байна. Агааржуулалт муутай орчинд олон хоногоор хоригдож байгаа учраас эрүүл мэндэд нь нөлөөлөөд эхэлсэн байна. Биеэр нь тууралт гарсан, ханиалгасан байдалтай байсан. Биеийн байдал нь тийм орчин нөхцөлд доордоно уу гэхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна. Цагдан хорих ангийн удирдлагууд, хорих санал гаргасан мөрдөгч, прокурорууд түүний эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал тавьж байгаа байх гэж найдаж байна даа.

-Батлан даалтад, гадуур байцааж болдоггүй юм уу?

-Заавал хорьж цагдахаас өөрөөр таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжууд хуульд байгаа. Хувийн батлан даалтанд өгч болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хуулийн зохицуулалт бий. Мөн тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх аргах хэмжээг Н.Мөнхбатад авах боломж уг нь байгаа юм.

Н.Мөнхбатыг цагдан хорьсон үндэслэлтэй холбоотой заалтыг хэзээ хэрхэн өөрчилсөн тухай ярья л даа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа ” гэсэн өмнөх заалтыг, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэж 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан байгаа юм.

“Гэмт хэрэг дахин үйлдэх”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн үгнүүдэд агуулгын ялгаа харагдаж байна уу. Сүүлд оруулсан хуулийн өөрчлөлт нь цагдан хоригдох гэж байгаа яллагдагчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Болзошгүй” гэдэг нь үндэслэл бүхий нотолгоо, баримт байхгүй гэсэн үг. Тэгэхлээр хууль тогтоогчид “хэнийг ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих боломж, нөхцөл”-ийг хуульчлаад өгсөн байгаа юм. Эрх баригчид “Хүний эрх, эрх чөлөөг онцгой анхаарч хамгаална” гээд зарлаад байгаа биз дээ. Гэтэл араар нь хүний эрхийг доордуулсан ийм өөрчлөлт хуульд оруулсныг юу гэж ойлгох вэ. Хоёр нүүр гаргаж байна шүү дээ.

Н.Мөнхбатыг яг энэ “болзошгүй” гэдэг үгээр, ямар ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан. Баримтыг нь үзье гэхээр үзүүлэх зүйл байдаггүй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-д, ”Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж маш тодорхой заасан. Ийм байхад Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн “гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй тухай мэдээлэл “авагдсан” гэх албан бичиг байгаа гэж шүүгч н.Дарьсүрэн тайлбарлаад , хууль зөрчөөд цагдан хорих шийдвэр гаргасан.

-Н.Мөнхбат гэдэг залууг нийгэмд олон жил харлууллаа гэж та ярьж байсан. Олон жил шүүх цагдаагаар явлаа. Энэ хугацаанд ар гэрийнх нь амьдрал ахуй ямаршуу байгаа вэ?

-Хүний амьдралын нэг жил гэдэг их хугацаа. Юу ч хийж, бүтээж, амжуулж болно. Гэтэл зургаан жил гэдэг бас л их хугацаа шүү. Энэ хугацаанд Н.Мөнхбат огт орлогогүй байсан. Түр хугацаагаар ч болов ажилд оръё гэхээр бүгд таньдаг болчихсон, ажилд авахаас татгалздаг юм билээ гэж ярьж байсан.

Тэгэхээр түүний ар гэр ахуй амьдрал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин хэд байгаа билээ, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ямар байгаа билээ дээ. Энэ залууд бие дааж гаргасан шийдвэр, хууль, дүрэм, журам зөрчсөн нэг ч үйлдэл байдаггүй юм. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн байдаг.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд бие дааж дангаараа шийдвэр гаргах эрхийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, дүрэм, журмаар олгоогүй байдаг юм. Гэтэл түүнийг маш их эрх мэдэлтэй байсан гэж иргэд, олон нийт ойлгодог. Учир нь тийм ойлголт төрүүлэхүйц буруу ташаа мэдээллийг маш сайн явуулж байна шүү дээ. Тухайлбал, хууль, журам, дүрмийн хүрээнд зээл олгох шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон гүйцэтгэх захирлыг гэмт хэрэгтэн мэт баривчилж цагдан хорьчихоод зээлээ төлөөгүй байгаа гол буруутай этгээдүүдэд хариуцлага оногдуулж, өр барагдуулах ажлыг хийхгүй байна. Үүнээс шалтгаалж энэ залуу л буруутай мэт маш буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байх юм.

Нөгөө талаар энэ хэргийг эрх баригчид хэт их улстөржүүлж, туйлширч, түүнд нь хууль хяналт, зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар татагдан орж, илт яллах талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, Н.Мөнхбатын үед л банкны энэ их луйвар булхай гарсан мэтээр төөрөгдүүлэх, тухайн үеийн нөхцөл, бодит байдлаас зөрүүтэй мэдээллээр олон нийтийн тархийг угааж, олон нийтээр буруутгуулж, яллуулах, улмаар энэ нь шүүхийн шийдвэрт урьдчилж нөлөөлөхөд хүргэхүйц хэмжээний ил тод, эрээ цээргүй үйл ажиллагаа болж хувирч байгаа нь туйлын харамсалтай.

Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага өнөөдөр улс төрөөс хараат бусаар, хуульд захирагдаж ажлаа явуулдаг байсан бол Н.Мөнхбатыг аль хэдийнэ цагаатгасан байх байлаа. Уг хэрэг дээр олон жил ажиллаж, Хөгжлийн банктай холбоотой бүхий л хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа, зарчмыг нь мэддэг болсон хуульчийн хувьд энэ залуу огт буруугүй байжээ гэдгийг өнөөдөр биш ч гэсэн олон нийт ойлгох тийм цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байдаг юм. Өнөөдрийн явуулж байгаа улс төрийн акцуудыг хараад 1930, 1960-аад оны хар түүх дахин бүү давтагдаасай гэж бодох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Болд: Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх сонирхол хоёр хөршид бий || DNN.mn

Олон улс судлаач, тоймч Т.Болдтой ярилцлаа.


-Манай улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг хоёр том хөршийн дунд оршдог хэрнээ хөгжихгүй байгаагийн шалтгааныг та хэрхэн хардаг вэ?

-Ер нь манай хоёр хөрш Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой. Яагаад гэвэл, аль алинд нь монгол үндэстэн байна. Орост буриад, тува нар бий. Урд талд өмнөд монголчууд маань байна. Хэрвээ Монгол Улс хөгжөөд, дэлхийн хүмүүсийг татах хэмжээнд хүрэх юм бол монгол үндэстнүүд маань хоёр хөршөөс салан тусгаарлаж мэднэ. Улмаар Монгол руу нэгдэх хөдөлгөөн өрнөхөөс хоёр хөрш маань айж байгаа.

Тиймээс манай улсыг хөгжүүлэхгүй байх зорилго аль, алинд нь бий гэж боддог. Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц Орос, Хятадын хөрөнгө оруулалт манайд үнэндээ алга.

Орос бол бүр тэг гэж хэлж болно. Хятадаас жижигхэн үйлчилгээний газрууд ч юмуу, хамгийн ихдээ ноос угаах үйлдвэр л байдаг Тэрнээс яг Монголын хөгжилд түлхэц болохоор хөрөнгө оруулалтууд байхгүй. Харин энэ хоёр их гүрний дунд Оюу толгойд гурав дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь бидний хувьд маш том зол завшаан. Мэдээж, энэ том төсөл эхэндээ хоёр хөршийн эсэргүүцэлтэй их тулсан. Тэр зовлонг туулж давж гарч, хөдөлгөж чадсан С.Баярын Засгийн газарт талархах ёстой. Өнөөдөр Оюу толгой төсөл Монголын эдийн засгийг тэтгэж байгаа гол суваг боллоо шүү дээ.

-Өнгөрсөн 30 жилд манай улс стратегийн томоохон бүтээн байгуулалт босгож чадсангүй. Цахилгаан, шатахуунаараа Оросоос хараат байсаар ирлээ. Үүнд хэн буруутай вэ?

-Монгол Улсыг олигтой хөгжүүлж болохгүй гэсэн хойд хөршийн гол явуулга. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 20-иод жилийн өмнө М.Энхсайханы Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Анхандаа монголчууд өөрсдөө учраа ололгүй, төслийг эсэргүүцэж байсан байх. Сүүлийн үед оросууд хаалт тавьж байгаа. ЮНЕСКО-гоор дамжуулаад Байгал нуурын экологи сүйдэх гэж байна гэсэн шалтгаанаар хориг тавиад байна. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцад төдийгүй өөр газарт барих эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслийг Монголд байгаа өөрсдийн гар хөлөөрөө дамжуулж гацаадаг. Жишээлбэл, Багануурын, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслүүд олон жил яригдлаа. Хөдөлж өгдөггүй. Оросууд шууд өөрсдөө оролцож гацаахгүй ч гэсэн эндэх иргэдийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудаараа дамжуулаад бойкотолж чадаад байгаа юм. Бид өнөөдөр Оросоос эрчим хүчээр 25 хувь, нефтийн бүтээгдэхүүнээр 98 хувь хараат байж ирсэн, үнэхээр харамсалтай. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлж чадсан нь том амжилт. Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа уг үйлдвэрийн бүтээн байгуулалт бас л их зовлон туулж байж хойд хөршийн явуулгыг давж гарч чадсан төсөл. Тэр нь сүүлийн үед явц нь нэг л удаан байна уу даа гэж харагдаад байгаа.

-Ер нь хойно сургууль төгссөн, орос школтой нөхдүүд төрд гарчихаад улсаа хорлоод байгаа юм биш үү?

-Бүгд биш гэж бодож байна. Манай улстөрчдийг урвуулах замаар бодлогоо хэрэгжүүлээд байгаа юм. Тэрэн дотор нь орос школтой нөхдүүд бас харагддаг. Төмөр замын талаар ярихаар бүгд л мэднэ. 2008 оноос MCS компани төмөр зам бариад Гашуунсухайт руу нүүрсээ зөөх төслийг Германы банкнаас зээл аваад эхлүүлж байхад нь Х.Батуулга гэж тэр үеийн Зам тээврийн сайд Их хурлаар нэг тогтоол гаргуулаад зогсоочихсон. Заавал улс барих ёстой гээд төмөр замаа эхлүүлсэн боловч одоо хүртэл гацаатай. Таван толгойн нүүрсээ зарж олсон орлогынхоо цэвэр ашгаар нь барьж байгаа асуудал шүү дээ. Тэр төмөр замаа дуусгаагүй байж хажуугаас нь Зүүнбаян руу өргөн царигтай төмөр зам тавиад л хөрөнгө мөнгийг тарамдуулаад байна л даа. Энэ бол улсаа санаатайгаар хохироож байгаа үйлдэл. Зүүнбаян руу 400 гаруй км зам тавих ямар ч хэрэггүй. Үүний оронд Гашуунсухайтаар явж байгаа замаа барихдаа хоёр салаа болгох ёстой байсан юм. Нарийн царигаар барих ёстой замыг хорлож байгаа юм шиг өргөнөөр барьсан. Тэрийгээ дуусгаагүй байж, Зүүнбаян руу дэмий төмөр зам татсан. Гэтэл энэ төмөр замыг чанаргүй барьсан нь сая харагдлаа шүү дээ. Хоёр хоногийн өмнө вагон уначихсан байна гээд баахан шуугилаа. Албаар чанаргүй барьсан нь эндээс тодорхой харагдаж байна. Цэргүүдээр бариулсан гэж байгаа. Мэргэжлийн улсууд “Төмөр замыг цэргүүд барьдаггүй юм аа” гээд зөндөө хэлж байсныг санаж байна. Энэ бол улсын хөрөнгө мөнгийг тарамдуулж хаясан хорлон сүйтгэх ажиллагааны зүгээр л нэг жишээ.

-Ер нь төрийн хийсэн ажил чанаргүй болдгийн тод жишээ боллоо. Сая Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр худалдаж авсныг нэлээд шүүмжилж байгаа харагдах юм. Та ямар байр суурьтай байна?

-Төрийн хийсэн ажлууд чанаргүй, гүйцэтгэл муутай байна. Шат, шатандаа хоноцын сэтгэлээр ханддагтай холбоотой. Хөтөлийн үйлдвэрийн тухайд нэг зүйл дээр эргэлзээтэй байна. Менежмэнтийн хувьчлал гээд төр үнэгүй хувьчилсан гэж яриад байгаа юм. Нөгөө талд нь болохоор 41 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гээд яваад байх юм. Үнэхээр төр хувьчилсан юм бол хувийн өмчийг ямар нэг шүүхийн шийдвэргүй булааж авч болдог юм уу. Би үүн дээр гайхаж л байна. Хууль зүйн яам гээд том аппарат байна. Бодвол тэр яам нь болно гээд булааж авч байгаа юм байлгүй. Нөгөө тал нь шүүхээр заргалдаад явах биз ээ.

-Ер нь Монголоо хорлосон хүмүүсийг яаж шийтгэвэл зохистой вэ. Зарим нь үе удмаараа төрд шургаж, шимэгчилж амьдрах сонирхолтой байдаг бололтой…

-Манай улс хүний буруутай үйлдлийг шүүхээр тогтоодог ардчилсан зарчимтай. Үнэхээр Монгол Улсдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдвол зохих ялыг нь өгдөг. Тэр дунд нийтийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хаслаа гэсэн шийтгэл байдаг. Харин тэдний ялыг удам дамжуулан эдлүүлнэ гэвэл бидний ардчилсан зарчим биш.

-Орос ах нарын байгуулж өгсөн хот, тэд байшин савтай болгож өгсөн гэж ярих хүмүүс их байх юм?

-Харин тийм. Тэмбүүнээс салгаж өглөө гэж сайрхацгаах нь ч бий. Орос бидний тусгаар тогтнолын баталгаа гэж ярьж байна. Украинтай хийж байгаа дайнд Орос хэрэв ялахгүй бол Хятад биднийг эзэлнэ гэж ярьдаг юм. Тийм зүйл байхгүй гэж зуун хувь хэлмээр байна.

-Хөгжлийг зарим хүмүүс нүдэнд харагдах шилэн барилгаар жиших юм. Сүүлийн 30 жилд эдийн засагт хувь нэмрээ оруулсан томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэвэл та юуг онцлох вэ?

-Оюу толгой, Эрдэнэс Таван толгой л байна даа. Энэ хоёр л Монголыг тэтгэж байх шив. Өнгөрсөн 30 жилд бидний эхлүүлсэн өөр том бүтээн байгуулалт үнэндээ алга. Уг нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой Хөгжлийн банкны зээлээ төрд гарсан улсууд өөрсдөө хуваагаад идчихлээ. Ер нь бол төрд аливаа банк, сангууд, үйлдвэрийн газар, бизнес байх ямар ч шаардлагагүй. Байх л юм бол бүгд хулгайн замаар орно. Тиймээс төрд байгаа аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь хувьчлаад төр өөрөөсөө салгах хэрэгтэй. Нэг ширхэг банк ч байх хэрэггүй.

-Засгийн газраас зарласан шинэ сэргэлтийн бодлогыг та хэр гэгээлгээр харж байна?

-Санаа нь бол зөв. Хэрэгждэг бол үнэхээр сайхан. Хэрэгжүүлэх хүсэл зорилго, чин сэтгэл нь байна уу, зүгээр шоу юм уу. Том том бүтээн байгуулалтууд ярьж байна. Тэрийг хийх мөнгө нь байгаа юм уу. Хувь хүнийхээ хувьд эргэлзэж л байна.

-Орос Украины дайнтай холбоотой манай ард түмэн их талцах юм. Дайны талаар янз бүрээр л тайлбарлах юм. Харин таны хувьд Украинд очоод нэвтрүүлэг бэлдэж байсан хүний хувьд юуг онцлох вэ?

-Тэр дайн яагаад эхэлсэн тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг л энд дурдмаар байна. Мань эр “Диктатуртай том улс өөрийнхөө хажууд эрх чөлөөтэй, ардчилсан, хөгжингүй улс байлгахгүйн тулд эхлүүлсэн дайн” гэж хэлсэн. Яг л Монгол хөгжөөд ирвэл хойноос буриад, тува нар нутгаа аваад таслаад ороод ирж мэдэх улс Оросын бөөрөнд байгаа учраас энэ үндэстэнг дарж авъя гэсэн В.Путины хорон санаа гэж Ц.Элбэгдорж ярилцлаганд орохдоо хэлж байсан л даа. Миний хувьд зуун хувь санал нэг байгаа. Монгол Улс бол дайныг дэмжихгүй, эсэргүүцэхгүй, түдгэлзэж байна гээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр манайх байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Монголын дотоодод иргэд тэрийг эсэргүүцэнэ үү, дэмжинэ үү гэдэг нь цэвэр хувь хүний эрх чөлөөний асуудал. Монгол Улсын иргэд чөлөөтэй сэтгэн бодох, тэрийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө Үндсэн хуульдаа баталгаажуулсан орон шүү дээ. Тийм учраас дайны тухай монгол хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Тэрийг хэн ч хааж боож чадахгүй. Хэрэв оросын төр манай ард иргэдийг дотроо эсэргүүцлээ гээд шатахуунаараа хааж боох юм бол маш харалган бодлого. Боовол боохоос биш. Бид ямар тэрнээс нь айгаад ардчиллаасаа ухралтай биш. Ард түмнийхээ амыг барилтай ч биш.

-Сүүлийн үед ардчиллыг бүдгэрүүлэхийг оролдох хандлага их ажиглагдах боллоо. Орос шиг, Хятад шиг байвал амар гээд л адилсгах гэж оролдох болсон. Энэ үзлийн талаар та юу хэлэх вэ?

-Манай нийгэмд болохгүй бүтэхгүй юм зөндөө л байна, тэр бүгдийг ардчилалтай холбож тайлбарлах гэж оролддог нь бусармаг явдал шүү. Ардчилсан парламентын засаглалтай аливаа улсын улс төр, эдийн засгийн шийдвэрүүд гарах гэж уддаг, хэрэгжүүлэх шатандаа хариуцлага алддаг, эзэнгүйрдэг муу гэмээр талууд бий гэвэл бий. Иймээс зарим иргэд “хатуу” гарыг хүсэмжилдэг байх. Гэхдээ бидний засаглалын хэлбэр нь бидний Тусгаар тогтнолын баталгаа гэдгийг иргэд маань хатуу ойлгоосой гэж хүснэ. Нэг хүний засаглалыг хоёр том хөрш маань тэр дор нь урвуулж Монгол Улс Тусгаар тогтнолгүй болохыг хэн ч хүсэхгүй биз ээ.