Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: С.Эрдэнэ, Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс цэрвээд байна DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.


-Намрын улс төр бужигнаад эхэллээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар давхар дээлтэй сайд нарын тоог нэмлээ. Уг нь ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирнэ гэж байсан боловч орхигдуулсанд нийгэм шүүмжлэлттэй хандаж байгаа. Харин танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Түүхэнд хамгийн муу ажиллаж, байр суурь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнээд байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхийн тулд УИХ-ыг сайдын суудлаар хахуульдлаа. Үндсэн хуульд ганц өгүүлбэр хасч, ганц амьсгаагаар засвар оруулаад гишүүд бөөн бөөнөөрөө сайд болох боломжийг нээлээ. Процессийн олон алдаа гаргаж, туйлын муу жишиг тогтоолоо. Үндсэн хуулиа хамгаалах ёстой Цэц нь Үндсэн хуулийг хүчирхийлэх үүдийг нээж, УИХ-аас ээлжит бус чуулган яаран зарлаж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль зэргийг бөөндөж засаад, нэг өдрийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихсан.

Үндсэн хууль бол ард түмний гэрээ болохын хувьд заавал ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, судалгааны шат дамжлага, хууль тогтоох байгууллага дээрх олон шатыг дамжих ёстой байтал үүнээс хойш Үндсэн хууль, органик хууль хоёр бараг ялгаагүй боллоо. Таны хэлээд буй ҮХНӨ-ийн бусад зарчмын чухал асуудлууд цаашид явах эсэх нь тодорхойгүй болчихлоо. Сандал ширээний төлөө хийдгээ хийчихсэн улс.

-Эрх баригчид намын дотоод асуудал нэлээд ээдрээтэй байгаа бололтой. МАН-ын генсекийн суудлын төлөөх марафонтой зэрэгцэн М.Энхболд улс төрд эргэн ирснээ зарлав. Улстөрч хүний хувьд МАН-д өрнөж буй үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өөрийн намын асуудлаа яая гэж байж МАН-ын асуудлыг дүгнэх нь ч хаашаа юм. Гэхдээ анх “Шударга 5” гишүүн, одооны Ерөнхий сайд, хууль зүйн сайд зэрэг нь гарч ирээд учиргүй намаа ч шинэчлээд, Монголын нийгмийг ч хөгжүүлнэ, жаргаана гэсэн. Эсрэгээрээ болсон. Тиймээс нам доторх бусад фракц, жигүүрүүд нь зүгээр хараад суухгүй байгаа байх.

-Та саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг юу ч хийсэн нийгэм хүлээж авахгүй” гэжээ. Энэ үгийг юу гэж ойлгох вэ. Яагаад ийм итгэл үнэмшилгүй болчихов?

-Ардчилсан нам үндсэн асуудлаа шийдэхгүй бол сөрөг хүчний ажлаа хийх боломжгүй болчихоод байна. Үндсэн асуудал гэдэг нь “албан ёсных нь аль юм бэ” гэдэгт эцсийн хариу өгөх. Өөрөөр хэлбэл, намын дараагийн даргыг Дээд шүүх дээр бүртгүүлэх. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл бусад бүх дагавар хэрүүл маргаанд цэг тавигдаж, зохион байгуулалтаа жигдрүүлээд, цоо шинэ баг гарч ирж, намын дотоод шинэчлэлийн болон улс орны хөгжлийн бодлогуудаа зарлаад, түүн дээрээ ажиллаад явах боломжтой болох юм.

Уг нь “С.Эрдэнийн” гэдэг тодотголтой тал нь албан ёсны юм. Тийм ч гэж үзсэн учраас би сунгаанд оролцсон. Өнөөдөр манай генсек Ч.Өнөрбаяр аливаа төрийн байгууллагатай албан ёсоор харилцаж, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж, УДШ дээр намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлээд ирсэн. Энэ бүхэн энэ талдаа нам албан ёсны гэдгийн маш тодорхой баталгаа юм. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар дүрмээрээ хариуцлага хүлээж огцорсон С.Эрдэнэ дарга намын дүрэм доторх зөрчилтэй байдлыг ашиглаад, мөн намын даргаар хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байгаа нь дүрмийн явж байгаа зүйлийг дүрмийн бус болгочихоод байна. Намын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс, залуучууд цэрвээд байна. Байгаа хэд нь хэд гурван талд учраа олохгүй байна.

-АН-ын төв аппарат төдийгүй доторх байгууллагууд нь бүгд хоёр хуваагдчихлаа. Энэ намын ирээдүйн лидерүүд болох залуус та бүхэн намаа эвлэрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. “АСЕМ ВЕЛЛА”-д АН-ын залуус хуралдаж, шийдэл ярьцгаая гэж байсан. Өчигдөр гэхэд Төрийн ордонд “Цугтаа хэлэлцье” гээд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Гол нь үр дүн байна уу?

-Уулзаж цуглах, ярилцах нь зөв. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг явуулъя гэдэг дээр бүгд нэг талдаа гараад нэгдчих хэрэгтэй. Харин зүгээр нэг бид нар хүчтэй шүү, даацтай юм хийж байгаа шүү, санаачилга алдаагүй байгаа шүү гэж бусдадаа харуулах гэсэн рекламны зорилготой уулзалтуудыг мянга хийгээд үр дүн байхгүй. Тиймээс өөр өөрсдийн амбицыг хаяад их зөвшилцөл рүү явмаар байгаа юм. Би ч бас “сонгогдсон намын дарга” гээд зүтгэвэл зүтгэчих хүн, өнөөдрийг хүртэл хэрүүл дээр тос нэмээд яахав гээд объектив байдлаар хандахыг хичээж ирлээ.

-Танай намын залуус “ах нар”-аасаа яаж салъя гэж бодож байна вэ. “Ах нар”-ын заавраар тэдний эрх ашгийн тулааны төлөө өмнөөс дуугарч, үзэл бодлыг нь олон нийтэд мэдээлдэг баймааргүй байна шүү дээ. Ардчилсан намын залуус өөрчлөлт шинэчлэлийн салхийг хагалах болоогүй юу?

-Хүнийг насаар нь ялгаварлах, тэтгэвэрт гаргана гэх нь ялангуяа улс төрд бол зохимжгүй. Спорт бол одоо яая гэхсэн. Намд үзэл санаагаар нэгддэг тул хөгшин залуу гэлтгүй тэр үйл хэргийнхээ төлөө явж байхад болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл “ах нар” гай болоод байгаа юм байхгүй. Өнөөдөр хуучны лидерүүд маань саналаа хуваалцах үедээ хуваалцаад, зөвлөх үедээ зөвлөөд явж байна.

Харин дээр хэлсэн хоёр хүний тухайд бол дүрмийн ойлгомжгүй байдал, өөрсдийн тогтоосон эрх дарх, хүрээлэлдээ дулдуйдаж, намын дүрэм, байгууллагын соёлыг уландаа гишгэж байгаатай бүгд нийлээд тэмцэх ёстой юм. Үүн дээр ер нь нийтээрээ санал нэгтэй байгаа. Өнөөдрийг хүртэл “яг хэзээ вэ?” гэдэг дээр өөр өөр байр суурьтай байсан юм. Жишээ нь С.Эрдэнэ бол энэ 21 онд багтаагаад намын даргаа өгчихнө гэсэн худал болсон, энэ жилийн наадмаар шинэ баг бүрэлдэхүүн ажиллаж байна гэсэн байхгүй, саяны наймдугаар сард өгнө гээд л ярьж байсан. Одоо ч хэвээрээ, “би байхгүй бол Женко орж ирнэ” гэж хэлдэг нэг аргатай. Манай зарим нөхөд хэлсэндээ хүрчих байх гээд хүлээзнээд байсан. Одоо эрхбиш цаг нь болжээ.

-Он гарангуут 2024 оны сонгуулийн уур амьсгал орно. АН энэ янзаараа байвал сонгуульд ялагдах нь тодорхой. Улс орны өнөөгийн амьдрал хүнд байхад сөрөг хүчний байж байгаа царайг хар даа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг бид бэлхнээ харж байна шүү дээ?

-Үндсэн асуудлаа шийдчихвэл АН хурдан босч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Нийгмээс ч хүлээлт асар өндөр байна.

-Ингэхэд С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүнээ жин дээр тавиад бүх гишүүдээ оролцуулсан санал хураалт явуулж, шинэ даргаа сонгочихвол гомдолгүй юм биш үү. Тэгэхгүй бол шүүхийн шийдвэрийг өөр өөрийнхөөрөө тайлбарласан маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилнэ биз дээ?

-Тэгж бодох амархан. Гэтэл намын даргын бүртгэл Улс төрийн намын хууль болоод, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу аваад үзэхээр яалт ч үгүй адармаатай болчихоод байгаа юм. Үндсэн дүрэм дээр зөрчилтэй заалтууд байсан, мөн түүнээс болж ойлгомжгүй нөхцөл байдал ар араасаа үүсч хуримтлагдсан учраас хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхэд хүнд болчихоод байна л даа. Гэхдээ гарц гаргалгаа бий. Бид ч ажиллаж байна. Шулуухан хэлэхэд, уул нь “С.Эрдэнийн” гэж байгаа талаас дараагийн намын даргаа дээд шүүхэд бүртгүүлэхээр өгвөл ер нь тэгээд шийдэгдчихнэ. Гол нь огцорсон даргад өөр сонирхол яваад байгаа юм болов уу гэж хардаж байна. Ойр хүрээнийх нь хүмүүс “энэ чигээрээ 24 он хүртэл явсан ч яадаг юм” гэж чухал хурал дээр ам алдчихаж байсан. Намын аль нэг шатны даргын байр суурийг бизнес болгодог завхарсан жишээ олон. Гэхдээ би өөдрөг байгаа, бид илүү сайн ажиллах ёстой.

-Дайныг эсэргүүцсэн “NoWar” жагсаалын үеэр “Восток” цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн иргэд цагдаа нарын дунд үл ойлголцол болсон. Энэ үеэр Японы төрийн далбааг цагдаа нар урж тасддаг нь ямар учиртай юм бэ?

-“Восток 2022” цэргийн сургуулилтын явагддаг байршлуудын хоёр нь Японы хувьд эмзэг цэг болох Куриллын арлууд дээр байгаа юм. Угаасаа Украины дайнаас улбаалаад цэрэг дайны аливаа ажиллагаанд дэлхий нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байгаа цаг үед ОХУ-тай хамтарсан хээрийн сургуулилтыг удаа дараа хийгээд байх нь зөв үү гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Тэр дундаа ардчилсан Монгол Улсын жилүүдэд хамгийн том хандивлагч байсан, иж бүрэн стратегийн түнш болох Японы ард түмэнд сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй тун эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоно гэдэг маш том хариуцлагын асуудал. Үүнийг эсэргүүцсэн плакат цаасыг том самбар дээр наасныг цагдаа нар хуулж авсан. Учиргүй Японы далбааг ураагүй ч, тэр плакатанд японоор бичсэн “дайныг эсэргүүцэж байна” гэсэн бичиг, Японы төрийн далбаа зэрэг байсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Болормаа: Манай нийгэм шударгаар хөдөлмөрлөж олсон хөрөнгийг шүүмжилдэггүй байгаасай DNN.mn

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ярилцлаа.


-Монгол Улсын түүхэнд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга боллоо. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Ховд аймаг бол дэд бүтэц, бүс нутгийн хувьд ч өгөгдөл сайтай. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг тэндээс эхлүүлэх боломжтой гэж хараад байгаа. Миний хувьд нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарна. Сая Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд газар тариалан, мал аж ахуйн салбар болон эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажилд нухацтай анхаарч, эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Миний хувьд мэдээж, Ховд аймгийн Засаг даргын алба гэдгийг ойлгож байгаа. Хөгжлийн бодлогын чиглэлийн мэргэжилтэй миний хувьд шинэ алба маань мэргэжлээрээ ажиллах боломж гэж харж байгаа. Ховд аймагт шийдэх асуудал олон бий. Мэдээж бидэнд төсөв мөнгө шаардсан асуудал их. Манай улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хэцүү байна. Сэтгэл зүтгэл гаргаад зохион байгуулалтад ороод шийдэх асуудлууд ч бий. Иймд Ховдын Засаг дарга болсноор орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Жишээлбэл, хогны асуудал бол орон нутгийн хэмжээнд хамгийн тулгамдсан асуудал. Очоод хогоо түүгээд хаяхаас илүү орон нутагт энэ асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл хайж ажиллана. Хогноос эрчим хүч гаргах технологийн шийдлүүд дэлхий дахинд нэвтэрчихээд байгаа энэ үед менежмэнтийн ажлуудыг зохион байгуулах ёстой. Үүнээс гадна Ховдод утааны асуудал их. Улаанбаатарын утааны асуудлыг шийдсэн шиг орон нутагт тохирсон жижиг загварыг Ховдод нэвтрүүлэх юм уу, инновацилаг аргуудыг судалж хэрэгжүүлэх ёстой.

-Ховд аймгийн хувьд эрчим хүчээ Оросоос авдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хараат байдлаас гарна. Энэ том бүтээн байгуулалтыг хөдөлгөх тал дээр та ямар ажлууд хийх вэ?

-Энэ бол тэр чигээрээ Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт. Багцлаад хэлэхэд, Ховд аймагт шинэ сэргэлтийг авчирна гэж мөрөөдөж байгаа. Эрчим хүчний сэргэлтийн хувьд Ховд аймагт 90 мВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах ажил эхэлж байна. Засгийн газар, БНХАУ-тай амжилттай хэлэлцээр хийсний ачаар энэ төслийн барилга угсралтын ажил нь эхлэхээр болж байна. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС ойрын үед ашиглалтад орсноор Ховд аймаг Монгол Улсад төдийгүй дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлэх газар болж чадна. Яагаад гэвэл бүх аймгийнхаа эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болно. Ховдчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол шинэ үзэгдэл биш. Дөргөний УЦС, Тайширын УЦС байна. Саяхан Мянгат суманд 10 мВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ашиглалтад оруулсан төслийн нэг. Ховдчуудын хувьд нийт 22 мвт-ын сэргээгдэх эрчим хүчтэй болсон. Нэмээд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орж ирэх юм бол Ховд аймаг тэр чигээрээ эрчим хүчээр хангагдах боломжтой. Дэлхийд Ногоон хөгжлийн загвар болно. Ер нь хөгжлийн суурь нь эрчим хүч байдаг. Саяхан ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар ороход Ховдод гурав хоног тог тасарсан. Энэ бол бидний яриад шийдэх гээд байгаа эдийн засгийн тусгаар тогтнол, эрчим хүчний хараат бус байдал. Эрчим хүчний асуудлуудаа шийдэхгүйгээр аж үйлдвэржилт, эдийн засаг тэлэх асуудлуудаа ярих ямар ч боломжгүй юм. Тиймээс Ховд аймаг эрчим хүчний сэргэлтийн хувьд маш чухал газар.

-Боомтын хувьд ямар шийдлүүд байна вэ?

-Булган бол баруун бүсийн БНХАУ-тай хиллэдэг гол боомт. Сая ковидын үеэр энэ боомтын үйл ажиллагаа харьцангуй тасалдалгүй явж ирсэн. Цаашид Засгийн газраас боомтуудын сэргэлтийн хүрээнд боомтын хүчин чадлыг нэвтрүүлнэ гэж байгаа. Тиймээс миний хувьд Булган боомтын хүчин чадлыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хэрэгжилт дээр анхаарч ажиллана гэсэн үг. Баруун бүсийн тулгуур төвийн хувьд Булганы боомтыг хөгжүүлж чадвал аялал жуулчлал, экспортын том гарц болно. Боомтын сэргэлтийн хувьд агаарын тээврийн асуудалд ч анхаарч ажиллах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл, аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Гэтэл өнөөдөр та бид Ховд руу нисэхэд Солонгос руу нисэхээс илүү үнэтэй байна. Ховд аймаг руу хоёр цаг хүрэхгүй ниснэ. Гэтэл Солонгос руу нэг талдаа 3-4 цаг нисдэг. Олон улсын нислэг гэдэг утгаар тэнд буухаас өгсүүлээд татварууд нь илүү өндөр байхад яагаад Ховдын нислэгийн тийз илүү үнэтэй байна вэ.

Энэ бол логикийн хувьд үнэхээр ойлгомжгүй. Гэтэл бид аялал жуулчлалаа дэмжинэ гээд улсын төсвөөсөө МИАТ-тээ татаас өгдөг. Гадаадын жуулчин Франкфуртээс 1500 ам.доллараар Улаанбаатар ирчихээд Ховд аймаг руу автомашинаар 24 цаг явж хүрэх үү, 700 ам.доллараар нисэх үү. Манайх аялал жуулчлалын бодлогоо дотооддоо боомилоод байдаг. Яг үнэндээ гадаадын жуулчид Улаанбаатарыг гэхээсээ илүү Монгол орны байгалийн үзэсгэлэнг харах гэж ирдэг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө машинаар хөдөө явах кайфтай. Тэр жуулчид бидэн шиг биш. Магадгүй ажлаасаа чөлөө аваад цаг хугацаагаа амралтдаа зориулаад зорьсон газраа хурдан очихыг хүснэ. Тэгэхээр агаарын боомтын асуудалд онцгой анхаарна. Ховдоос цаашаа Казахстан, Үрэмч, Солонгос руу нисч болохгүй зүйлгүй. Ингэж том мөрөөдөж, том сэтгэх хэрэгтэй. Ер нь Ховд аймагт амьдралын чанартай аж төрж болно. Яг үнэндээ Улаанбаатарын энэ түгжрэлд лагер руу явах гэж дөрвөн цаг шаардагддаг. Харин Ховд руу хоёр цаг нисээд тэндээ агаарт сайхан амьдраад, 1-4 дэх өдөр хотдоо ажлаа хийгээд амьдарч яагаад болохгүй гэж

-Та бол Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан хүн. Тэр утгаараа орон нутагт төрийн бүтээмжийг яаж сайжруулах вэ?

-Манай улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл нь төрийн бүтээмж юм. Судалгаан дээр үндэслэн бид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс үүнийг Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогод оруулсан. Миний бие үглэж биш, үлгэрчилж манлайлж ажиллана. Ховд аймгийн иргэдтэйгээ төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь бид бүгдийн хамтын хичээл зүтгэл байх болов уу гэж найдаж байгаа.

-Таныг орон нутагт дээрээс шууд томилогдсонд ИТХ нэлээд таагүй хүлээж авсан. Тухайн орон нутгийг удирдах хүний хувьд тэдэнтэй хэл амаа ололцсон уу?

-Ерөнхий сайдын ажлын албаны дарга гэдэг бол урагшаа ил гардаг ажил биш. Хэвлэлийнхэн маань ч анзаарсан болов уу. Тэгээд ч энэ хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зохимжгүй л дээ. Сүүлийн хэд хоног миний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар нэлээд явсан нь хувь хүний хувьд шок байлаа. Гэхдээ хүмүүс ямар дүр зургаар хармаар байна, тэрүүгээрээ л болно шүү дээ. Би аль болох эергээр харахыг хичээсэн. Э.Болормаа гэдэг хүнээс илүүтэйгээр том, том сэдвүүд энэ хүрээнд яригдаж байгаа харагдсан. Ялангуяа орон нутгийн хөгжлийн талаар. Яагаад бид хот руу чиглээд байдаг юм. Хөдөө сайхан амьдрах хүсэлтэй залуусын цуваа орон нутгийг нэлээд зорих болсон. Энэ нүүдэлд би залуу хүний хувьд дэм болсон болов уу гэж найдаж байгаа.

Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж юу юм бэ гэвэл Монгол бол холбооны биш нэгдмэл улс. Тэр нь амьдрал дээр яаж хэрэгжих юм бэ гэвэл Засгийн газартаа хэрхэн яаж захирагдах асуудлууд яригдана. ИТХ гэж ямар үүрэгтэй байдаг юм бэ гэхээр Засаг даргаа дэвшүүлэхээс өгсүүлээд орон нутгийн асуудлуудаа хэлэлцдэг. Тэнд нь дагуулаад төсвөө хэлэлцэнэ. Тэгэхээр бид улс төрийн оролцоо гэдгийг зөвхөн гишүүн сайд, яамны дарга гэж харахаасаа илүү нийгэмд оролцох нь чухал. ИТХ-ын төлөөлөгчид бүгд давхар ажил эзэмших эрхтэй улс. Гэхдээ иргэдийн дуу хоолой болж байгаа. Тиймээс өрнөсөн үйл явдлууд тэр процессыг тод харуулсан болов уу. Анхны эмэгтэй Засаг даргад дэвшигч байх шийдвэрийг миний хувьд үнэхээр хариуцлагатайгаар маш их бодож гаргасан. Мэдээж эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудыг бодит байдал дээр сошиал дээр харлаа. Энэ нийгэмд эмэгтэйчүүд бидэнд ямар их бэрхшээл тулгардгийг, хувь хүний амьдралыг яаж оруулж ирж байгааг хангалттай харцгаалаа.

Магадгүй би эрэгтэй хүн байсан бол ингэж сэвэх байсан уу. Магадгүй энэ бүхэн бидэнд нэгийг бодогдуулсан болов уу. Ер нь Ерөнхий сайдыг хувьдаа феминист хүн гэж боддог. Энэ хүрээнд Монгол Улс хамгийн их эмэгтэй сайдтай танхим бүрдүүлсэн. Ажлын албаны даргаа хүртэл эмэгтэй хүнээр томилсон. Миний хашиж байсан энэ албыг эмэгтэй хүнд үргэлжлүүлээд өгч байна. Тэгэхээр бид Ерөнхий сайдыг үйлдлээрээ феминист хүн гэж боддог. Бас шинэ залуу үе ямархуу байдаг нь харагдаж байгаа байх. Ер нь залуучууд бид эв нэгдэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр нь ч харагдлаа.

Засгийн газрын яам, харьяа агентлагуудын залуучууд бид баг болж ажиллаж чаддаг. Шинэ сэргэлтийн бодлого бол шинэ үеийн залуучуудын бодлого. Өмнө манайх хөгжлийн бодлогуудынхаа загварыг гадны байгууллагын зөвлөх компаниудаар, эсвэл хэдэн судлаачийг суулгаад гаргачихдаг байсан. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг бичих ажлын хэсэгтээ яамдын хамгийн шилдэг гэсэн залуусыг цуглуулсан. Төрийн албаны шилдэг залуус нэгдэж байгаад Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын бодлогыг тодорхойлж чадсан.

-Эмэгтэй хүн төрд ялангуяа удирдах албаны ажлыг чамбай хийдгийн тод жишээ болж чаджээ. Нөгөөтэйгүүр залуу үеийнхэнд том урам зориг, итгэл өглөө гэж харж байгаа. Харин таныг нийгмийн зарим хэсэг нь “Том даргын хүүхэд болохоор дарга хийдэг” гэж байна. Аав, ээжийнхээ тухай тухай сонирхуулахгүй юу?

-Аав минь олон жил улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Над руу дайрахдаа аав руу минь даваад орж байгаа нь үнэхээр харамсалтай. Би өөрийгөө даргын хүүхэд гэж хардаггүй. Эгэл жирийн монгол айлын хүүхэд. Аавын маань аав Ховд аймгийн Манхан сумандаа амьдарч байгаа, жолооч хүн. Эмээ маань эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан. Тэд маань Ховддоо бүх насаараа амьдарч байгаа. Аав, ээж маань тухайн үеийн залуучуудын жишгээр ЗХУ-д суралцаж төгссөн, ойн инженер мэргэжилтэй хүмүүс. Аав маань Байгаль орчны яамыг Ойн яам байхаас нь насаараа зүтгэсэн. Тэр дундаа гадны төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байв. НҮБ-ын төслийн дарга, АНУ-д НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байлаа. Миний хувьд аавыгаа үнэхээр хүндэлдэг. Төрийн албан хаагч ямар ёс зүйтэй байхыг ааваасаа л үлгэрлэсэн. Улс орныхоо төлөө өдөр, шөнөгүй ямар их зүтгэдэг байсныг одоо ч тод санадаг. Ажлынхаа их стрессийг хэзээ ч гэр бүлдээ авчирч байгаагүй. Оройн хоолоо заавал гэртээ ирж эхнэр хүүхдүүдтэй зооглочихоод буцаад л ажилдаа явдаг. Аавынхаа ажилдаа хандах хандлага, зан чанараас үлгэр авч, гадаадад сурахдаа эдийн засаг, хөгжлийн бодлогыг сонгосон. Би бүх сургуульдаа тэтгэлгээр суралцаж төгссөн. Орон нутгийн ажил амаргүй шүү дээ гэж одоо хүмүүс ярьж байна. Гадаадад монголчууд маань хөлөө амархан олдог шүү дээ. Дасан зохицох чадвар гэдэг бол монголчуудын хувьд хамгийн том давуу чадвар. Тэр байтугай би ядуу оронд ажиллаж байсан.

-Нээрээ таны ажлын туршлагыг харахад Дэлхийн банкинд шигшигдэн ажиллаж байсан юм билээ. Тийм том ажил хийж байсан хүн яагаад төрийн албыг сонгосон юм бол?

-Хөгжлийн бодлогын мэргэжилтэй миний хувьд хаана шийдэж болох асуудал байна, тийшээ явах нь сонирхолтой. Өөрийн амьдралын ая тухыг чухалчлахаасаа илүү ажлаасаа үр дүн гарах нь илүү кайфтай. Миний хувьд 2014 онд магистраа төгсөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Дэлхийн банкинд анхны залуу манлайлагчдыг шалгаруулдаг хөтөлбөрт нь 14 мянган анкетаас шалгарсан арав гаруй хүний дунд багтаж чадаж байв. Дэлхийн банкинд 10 гаруй мянган хүн ажилладгийн 2000 орчим нь staff байдаг. Бусад нь ажлын шаардлагаар авдаг гэрээт зөвлөхүүд. Харин staff нь болохоор Дэлхийн банкны ажилтнууд. Урт хугацаандаа гол хүний нөөцөө барьж байна гэсэн үг. Цалин хангамж, тэтгэвэр нь асар өндөр. Миний хувьд энэ ажлаа орхино гэхэд сонин шийдвэр байсан. Би Дэлхийн банкны захирлын ажлын алба болон Уур амьсгалын өөрчлөлтийн албанд ч ажиллаж байсан. Нэг бодлын том дарга шиг ордонд шигдээд байгаа мэт санагддаг байв. Ингээд газар дээр нь ажилламаар байна гээд өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарч байсан. Бараг зарим хүн staff болохын тулд 10 жил зөвлөх хийдэг. Тэр болгон хүнд олддоггүй том боломж. Ийм ажлаа хүсэлтээр орхиж байхад ойр тойрныхон гайхаж байсан. Тухайн үед нэг оронд гэхээсээ илүүтэйгээр бүс нутаг сонгон ажиллах хүсэлтэй байв. Би Дэлхийн банкинд байхдаа НҮБ-ын Уур амьсгалын ногоон хөгжлийн сантай хамтардаг байсан болохоор тэндээс надад ажлын санал ирсэн юм. Ингээд Африкийн дайнгүй, хамгийн ядуу оронд очсон. Тэндээ хоёр, гурван жил ажиллахдаа уурхайн байгаль орчны үнэлгээг хийдэг байв. Ингээд дараагийн ажлаа бодож эхэлсэн л дээ. Хятад улс миний сонирхлыг татсан. Би барууны боловсролтой хүн. Хятад, Орос хоёр манай мөнхийн хөрш орнууд. Би тэдний сэтгэхүйг ойлгох ёстой. Ингээд Хятадын хөрөнгө оруулалттай, Дэлхийн банктай өрсөлдөх гэж гаргаж ирсэн том банкинд хамгийн анхны монгол ажилтан болсон. Удалгүй энд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дөнгөж байгуулагдахад намайг Ерөнхий сайдын Ажлын албаны дарга болох санал ирсэн юм. Би ямар ч асуудалгүй шууд ажлаасаа гарах өргөдлөө өгөөд, шинэ Засгийн газартай хамт ажилдаа орж байлаа. Өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүн солигдож байхад би давхар ажлаа өгөөд явж байна.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг их татлаа. Төрд богино хугацаанд ажилласан залуу хүн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байх боломжгүй гээд л шуурсан. Таны тайлбарыг сонсъё?

-Энэ бол төрд ажиллаад авсан мөнгө биш. Би өөрийнхөө амьдралдаа хэрэглэдэг бүх төгрөг, ам.доллар, хөрөнгийг бүгдэд нээлттэй тооцоолж чадна. Залуу байхдаа өндөр цалинтай болчихоод яахаа мэдэхгүй байж байсан үе бий. Нэгэнт АНУ-д амьдрах нь тодорхой юм чинь гээд моргажийн зээлээр байр авсан. Тэр байраа одоо түрээсэлдэг. Дэлхийн банкнаас гарахад тэтгэврийг нь ажилласан жилээр нь урьдчилаад өгчихдөг юм. Тэр мөнгөөрөө Монголдоо ирээд байр авсан. Хүний л амьдрал болсон хойно, тэрийгээ Ховд явахдаа түрээслэх байх. Надад машин, газар, мал байхгүй нь үнэн. Би багадаа гэрээсээ явж, бие даасан маань их нөлөөлсөн.

Хөрөнгө орлогын мэдүүлэг ингэж нээлттэй байдаг нь маш зөв. Монголд хичээгээд өөрсдийгөө болгож байгаа маш олон залуус бий. Би бол зүгээр л нэг жишээ. Гадаадад ч тэр, дотоодод ч тэр хөдөлмөрлөсөн хүн хөрөнгө хурааж чадна. Монголд бизнесийн асар их боломж байгаа. Хүн ажил хийвэл ам тосдоно гэж сайхан зүйр байдаг даа. Ямар ч ажлыг барьж аваад цаг нартай уралдахад үр шимийг нь заавал хүртдэг. Залуу хүн тэрбум төгрөгтэй байх ёстой. Тэр бол 300 мянган ам.доллар шүү дээ. Найм, арван жил хөдөлмөрлөсөн хүнд байж болох л хөрөнгө. Манай нийгэм үүнийг шүүмжилдэггүй байгаасай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ын генсекийн төлөөх алалцаан хэдийнэ эхэлжээ DNN.mn

Засаг хөдөлгөөнд орж, Л.Оюун-Эрдэнэ танхимаа өөрөө бүрдүүлснээр УИХ-ын есөн гишүүн давхар дээл “өмсөв”. Сүүлийн хоёр удаагийн парламентад үнэмлэхүй олонх болсон МАН зургаан жилийн дотор гурван удаа Ерөнхий сайдаа солив. Засгийн газрын бүрэлдэхүүнээ таван удаа өөрчлөв. Энэ өдрүүдэд дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаар дайран ухаангүй зүтгэцгээлээ. Зарим Байнгын хороодын дарга сайд болж, тэдний оронд очих гэсэн гишүүдийн амбиц ил цагаандаа гарцгаав. Одоо МАН-ын генсекийн суудалд олон хүний шунал шүгэлж байгаа. Д.Амарбаясгалангийн дайтай ажиллах улстөрч хэн байж болох уу гэсэн хувилбарууд МАН-ын удирдлагуудын түвшинд шигшигдэж буй аж.

Засгийн газрын гишүүн болсон Д.Амарбаясгалан намдаа том оноо авчирч чадсан улс төрийн гол стратегич гэж үнэлэгддэг. Тэрбээр намын шинэчлэл болоод сонгуулиудад МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан хүн. С.Баярын үеэс л удирдлаганд нь ажиллаж, сонгуулийн технологид маш сайн суралцсан, туршлагатай улстөрч. Төв намын аппаратын төлөөх алалцаан МАН дотор хурцадмал байгаа сурагтай. Хүк, Сү-гийн фракц засгаа тэнцүүхэн хуваагаад авчихлаа. Харин одоо генсекийн суудлыг авахын төлөө ширүүхэн үзэлцэх бололтой.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлын 479 гишүүн сонгодог дүрмийн заалттай. Тухайлбал, МАН-ын дүрмийн 29.2-т, “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалт бий. Иймд одоо генсект нэр нь яригдаад буй Я.Содбаатар гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой болно.

Түүнээс гадна МАН-ын генсект Ерөнхилөгчийн хүргэн Б.Пүрэвдагва, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас сая буусан А.Ариунзаяа нарын нэр яригдаж байгаа аж. А.Аруинзаяагийн хувьд Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин. Хэрэв тэрбээр генсекээр сонгогдвол МАН-ын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болно. Гэхдээ ийм том намын удирдлагыг эмэгтэй хүнд өгөх нь юу л бол. Энэ албан тушаалын төлөө МАН-ын залуучууд нэлээд идэвхтэй гүйлдэж байгааг хуучцуул тийм ч таатай хүлээж авахгүй байна лээ.

Амбицаа дарж чадахгүй өвгөчүүл нэрээ зүтгүүлэхээр Бага хурлын гишүүдтэй яриа тохироогоо хийгээд эхэлсэн гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос сонсогдов. Мэдээж МАН-ын фракциуд төв аппаратыг алдахгүйн тулд өөрсдийнхөө хүнийг тавих гэнэ. Тэгж байж түлхүүрээ халаасалчихлаа гээд бат итгэлтэйгээр алхана шүү дээ.

Намын генсек бол маш чухал албан тушаал. Зөв бодлогоор намынхаа гал тогоог барихгүй бол АН-ын өнөөгийн зовлонг МАН үүрэх магадлал өндөр гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоглоомын Цэцийг даруйхан татан буулгах хэрэгтэй байна DNN.mn

Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа. Ардчиллын амин сүнсийг хамгаалагч байгууллага ч гэж хэлж болно. Тэр утгаараа Цэц нь Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр, зарлиг, олон улсын гэрээ контракт зэрэгт хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагуудын гаргасан шийдвэр, хууль тогтоомжууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргаж, маргааныг шийдвэрлэдэг онцгой субьект юм. Тиймээс “Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр бий” гэсэн зүйрлэлийг зүгээр ч нэг оноогоогүй байх.

Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэц юу ч хийхээс сийхгүй болжээ. Ямар ч хамаагүй шийдвэр гаргаж мэдэхээр байгууллага болж хувирсан байна. Нэг өглөө сэрэхэд Монгол Улсад хаант засаглал зарлахад бэлэн юм байна гэдгийг хамгийн сүүлийн шийдвэр нь нотолчихлоо. Ер нь Цэцийн урьд хожид гаргаж байсан хуумгай, эрх баригчдын захиалгаар гаргасан шийдвэр олон бий. Жишээлбэл, сонгууль дөхөхөөр л тогтолцоог өөрчилдөг буруу зуршилтай. Түүх санацгаая. УИХ-ын 2012 оны сонгууль болохоос гурван сарын өмнө буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Цэц сонгуулийн тогтолцоог холимог болгож шийдвэрлэсэн. Тухайн үед МАХН-ын Э.Эрдэнэжамъяан нарын хүмүүс Цэцэд гомдол гаргаснаар сонгуулийн системийг ийн өөрчилсөн байдаг. Энэ сонгуулиар АН олонх болж, МАХН 10 суудал авч байв. Дараа нь 2016 оны сонгуулиас хоёрхон сарын өмнө дахиад л сонгуулийн тогтолцоогоо өөрчилчихөв. Тухайн үед Цэц “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Ингэснээр 2016 оны сонгуулийг мажоратор тогтолцоогоор явуулав. АН засгийн эрхэнд байсан үе. Гэвч эрх баригч хүчний тооцоолол биелээгүй. Тэр сонгуулиар МАН 65 суудал авч байлаа. Цэц ингэж УИХ-ын сонгуулийн системийг улс төрийн нөлөөлөлд автаж дахин, дахин өөрчилснөөс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөн л эрх баригч хүчинд үйлчлэв. Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Цэцийн дүгнэлт МАН-ын нэр дэвшигчдэд ашигтай болж хувирсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэж заасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм өгүүлбэр байгаагүй. Хуулийн энэ гаргалгаагаар Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой байв. Ингээд ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг хааж чадсан. Ингээд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй.

Ерөөсөө Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулиа манах эрхэм үүргээ умартаж, улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ирсний балаг үүгээр дуусахгүй. Сая дахиад л ҮХНӨ оруулах эрх баригчдын захиалгыг гүйцэлдүүлчихлээ. МАН-ын гар хөл гэгддэг ХҮН намын дарга Х.Доржхандын гаргасан гомдлыг Цэц хүлээн авахаар барахгүй Үндсэн хуулиа буруутгав. Цэц дээр дурдсан 2012, 2016 оны дүгнэлтүүдээ хүчингүй болсонд тооцлоо. Ингэснээр сонгуулийн тогтолцоог УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөх тэр боломж үүсэв. Энэ тухай Х.Доржханд гишүүн “Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох эсэх түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, цэг тавилаа” гэж ихэд додигор мэдэгдсэн нь саяхан. Их хурлын гишүүдийн тоог нэмж, тэдний хэд нь ч давхар дээлтэй байж болно гэж Цэц шийдчихлээ. Дээрээс нь сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх замыг зассан Цэцийн дүгнэлттэй зэрэгцээд Их хурал ээлжит бусаар чуулж, Үндсэн хуулийг өөрчлөх шийдвэрээ гялс баталчихлаа. Анхнаасаа өөрсдөө захиалсан юм болохоор ярсхийтэл дэмжинэ лээ. Уг нь 2019 оны ҮХНӨ нь Үндсэн хуультай нийцэж байна уу гэдэг асуудлыг Цэц зөвхөн процессын талаас нь хянах ёстой. Улмаар ҮХНӨ оруулах журмын тухай хуулиа баримталсан эсэхэд дүгнэлтээ гаргах үүрэгтэй. Харин агуулга нь зөв, буруу болсон гэдгийг хянах нь дэндүү том толгой гаргасан үйлдэл. Үндсэн хуулийн “эх баригч” Б.Чимэд гуайн хэлснээр Үндсэн хууль бол алганд багтсан эх орон яах аргагүй мөн. Тэгэхээр Үндсэн хуульд хэн дуртай нь гар хүрвэл улсаараа тоглож байгаатай адил болохыг хашир улстөрчид сануулсаар байгаа. Гэтэл Үндсэн хуулиа буруушааж, алх цохиод суудаг Цэцтэй улс дэлхийд манайхаас өөр алга. Цэцийн энэ үйлдлийг гадныхан хүндрүүлж ойлгох юм бол ордны эргэлт маягийн юм хийж байна гэж харахаар.

Төрийн залгамж чанар нь үйл хэргийн туршлагаар өвлөгддөг. Аль ч нам, улс төрийн хүчин төрийн эрхэнд гарсан бай урьд урьдынхаа засгийн гаргасан шийдвэрүүдийг эргэж хардаг практик бий. Үүнийг парламент мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүд нь дор бүрнээ сайд болчих санаатай тэр тухай ам ангайсангүй. Яг үнэн хэрэгтээ гишүүн болгон сайд болох санаатай учраас Цэцийн шийдвэрийг нүдээ аниад дагаж байна. Энэ удаадаа Цэцийн шийдвэрийг буцааж болохгүй гэдэг байдлаар ҮХНӨ-ийг зүтгүүлж байх шиг байна. Одоо энэ нь дүүрсэн хэрэг гэж бодож болох ч дахиж ийм үйлдлийг давтмааргүй байна. Үүний гайгаар Цэц ямар ч шийдвэр гаргаж болдог гэсэн буруу дэг жаяг Монголын улс төрд үлдэх аюултай. Ийм улбаатай Цэцийн гишүүдийг яг энэ үйлдэл дээр нь бүрэн бүрэлдэхүүнээр цэвэрлэх хэрэгтэй. Уржигдар ээлжит бус чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлав. Дараа дараагийн Цэцийн гишүүдийг дахин ийм шийдвэр гаргуулахгүйн тулд даруй түгжиж, хазаарлахгүй бол эд нараас ямар ч шийдвэр гарч мэдэхээр болчихлоо. Тэгэхээр Цэцийн гишүүдийг 100 хувь солих саналаа Их хурал ээлжит бусдаа гаргачихаад буумаар байна.

Ер нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага муу бүхэнтэй нэр холбогдож ирсэн. Улс төрийн хамаг булхайг гүйцэлдүүлэгч гэдгээ хэд хэдэн удаагийн шийдвэрээрээ зарлачихлаа. Орон гүрэн дамжсан бөгс бөөрний хэрэгт хутгалдаж, Монгол Улсыг шившгийн хөндий рүү чирч байсан гээд тоочвол асуудал их бий. Мэдээж Цэцийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг үгүйсгэхгүй. Өндөр боловсролтой, Үндсэн хуулиар мэргэшсэн залуусаар цус сэлбэсэн ч гаргаж байгаа шийдвэр нь дандаа эрх мэдэлтнүүдийн талд байсаар байх юм. Цэцэд очсон залуу үеийнхэн тэнд уусаад байлгүй бугшсан үзэл, нөлөөлөлд автдаг хандлагыг өөрчилж, мэдлэг чадвараа илэрхийлдэг болох хэрэгтэй байна шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын сугалааны санд их баримт уншуулбал хонжвор өснө гэв DNN.mn

НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээхээр болсныг Сангийн яамнаас мэдээлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ урамшууллын сугалааг зогсоосноор татварын хувь хэмжээ буурсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал ярихдаа “2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан.

Тэгвэл сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50 хувь болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сонирхол ч суларсан байна. Иймд одоо баримт бүртгүүлэлт 50 хувьтай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн. Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100 хувь байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6 хувьд хүрсэн. НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70 хувьд хүрч өссөн. Сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан учраас сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа. Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг улам хумигдах ач холбогдолтой” гэв.

Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээхтэй холбоотой хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн мэдээлэл өгөв. Тэрбээр “Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард нэг сая орчим баримт И-баримт системд уншуулдаг. Үүний 10 хувьнь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй. Үүнд эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг. Сард нэг сая баримтаар нэг их наяд төгрөг бүртгэгдэж байдаг. Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ И-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг. Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан. Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10 хувийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн” хэмээв.

НӨАТ-ын сугалааны зарчимд дөрвөн аргаар шинэчлэл хийж байгаа юм байна. Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох аж. Ингэснээр хонжворын магадлал өснө гэж үзжээ. Мөн сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжвор өндөр байхаар шийджээ. Орон нутагт НӨАТ-ын баримт өгөх нь ховор. Иймд орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байжээ. Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ч яригдаж байгааг Б.Тэлмүүн дарга онцоллоо. Хамгийн чухал нь сугалаа олон нийтэд нээлттэй явагддаг болох нь ээ. Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг албаны хүмүүс нэмж хэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Ариунзаяа: Тэтгэврийн шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


-Саяхан Сингапураас ирсэн мэргэжлийн баг өөрийн улсынхаа хуримтлалын нэгдсэн сангийн туршлагыг танилцуулж байгаа харагдсан. Тус улсын хуримтлалын нэгдсэн сангаас загварчилсан тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажил эхэлж байгаа гэл үү?

-Сингапур улс 1955 онд хуримтлалын сангийн хууль баталсан юм билээ. Улмаар сангаа байгуулж хуримтлал бий болгосон арвин туршлагатай. Ингээд 13 жилийн дараа буюу 1968 онд хуримтлалын сангаа орон сууцны, 1984 онд эрүүл мэндийн, 1989 онд боловсролын хөтөлбөртэй холбосон гэдэг. Хуримтлалын нэгдсэн сан нь үйл ажиллагаатайгаа уялдуулан Орон сууцны даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Насан туршийн орлого даатгалын сан, Халамжийн тэтгэмжийн сан гэсэн дөрвөн даатгалын санг удирддаг. Хуримтлалын нэгдсэн сангийн орлого нь Засгийн газрын тусгай үнэт цаасны хүүгийн орлого, хуримтлалын шимтгэлийн орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийн орлого гэсэн гурван төрлийн эх үүсвэрээс бүрддэг. Харин зарцуулалтын хувьд, өндөр насны тэтгэвэр, орон сууц худалдаж авах, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, сургалтын зээл гэсэн дөрвөн чиглэлд зарцуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоогоор дамжуулан иргэдийн нийгмийн суурь хэрэгцээ, асуудлыг цогцоор нь шийдэж чадсан онцлогтой байгаа юм.

-Тэгвэл манай улсад хуримтлалын нэгдсэн сан байгуулснаар ямар асуудлуудыг шийдэж чадах бол?

-Тухайн үед Сингапурт тулгамдаж байсан нийгмийн асуудлууд яг одоо манайд байна. Бид инженерийн байгууламж, дэд бүтэцгүй газарт нүүрсээ түлж амьдарч байна. Үүнээс үүдсэн хөрсний болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өөрөө болон гэр бүлийн хэн нэг нь хүндээр өвдөхөд эмчилгээний өртөг зардлаа төлж дийлэхгүй мухардаж байх жишээний. Ахмадуудын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Хүүхдээ мэргэжилтэй болгох гэж сургалтын төлбөрт халаасаа хоосолж байна шүү дээ. Монголчуудын дийлэнх нь хуримтлалгүй. Энэ бүх асуудлыг тус тусад нь шийдэх гэж өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Өөр, өөр арга замаар их оролдсон. Олон хууль баталж, янз бүрийн бодлого хэрэгжүүлсэн. Гэвч гэр хорооллын айл өрх нэмэгдсэнээс биш буураагүй. Гадагшаа эмчилгээнд явахын тулд хүмүүс хандив гуйсаар. Тэтгэврийн шинэчлэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлын араас олон замаар үр дүнгүй гүйсэн байна. Тэр хэрээр төсөв мөнгө ч багагүй зарцуулжээ. Иргэдийн итгэл алдарсан. Тэгвэл бидэнд нарийн, бартаатай олон салаа зам хэрэггүй юм байна гэдгийг Сингапурын туршлагаас харж болно. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан энэ бүх асуудлыг сууриар нь шийдэх боломжтой.

-Сингапурын туршлага Монголын хөрсөнд хэрхэн амжилттай бууна гэж та харж байна вэ?

-Мэдээж зуун хувь шууд хуулбарлаад тавьж болохгүй. Манай нийгмийн болоод хүн ам зүйн бүтцийн онцлог бий. Хамгийн гол нь одоо ашиглаж байгаа тогтолцоогоо бас харах ёстой. Шууд хуулбарлаж ирээд тавихад хэв загвар нь таарахгүй тэс өөр хоёр систем шүү дээ. Тиймээс энэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, алдаа оноог нь туулсан улс, хүмүүсээс маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Бидэнд сохроор турших, бодлогогүй алхам хийх эрх байхгүй. Ул суурьтай хандахгүй бол сэлэм эргүүлж хийдэг шинэчлэл биш л дээ. Тиймээс бид Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай 2021 оноос удаа дараа харилцан санал солилцож, цахимаар уулзаж, ажлуудаа ярьсан. Улмаар 2022 оны долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчлах үеэр энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчид буюу зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллалаа. Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх мэдээллээ танилцуулж нөхцөл байдлаа харуулсан. Тэд нутаг буцаж очоод ажлын тайлангаа боловсруулна. Бидэнд санал болгох зөвлөмжүүдээ гаргаад энэ намар ирүүлэх юм. Түүнд үндэслэн дараа дараагийн ажлуудыг хийнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн санхүүгийн, үйл ажиллагааны болон бизнесийн загвар гаргах, хуулийн төсөл боловсруулах гээд ажлууд бий. Шаардлагатай бол Сингапураас шинжээчдийн баг дахин ажиллуулна. Энэ ажлыг бид заавал үр дүнд хүргэх ёстой. Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулж өргөн барьсан. Одоо Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Аль алиныг нь алгуурлах цаг хугацаа байхгүй. Хойшоо алхах орон зай үлдээгүй. Өөрөөр хэлбэл, галт тэрэг нэгэнт хөдөлсөн.

-Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан хоёр хоорондоо яаж уялдах вэ?

-Шинээр боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуульд хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих талаар, мөн олон тулгуурт буюу хувийн нэмэлт тэтгэврийн тухай суурь зохицуулалт орсон. Энэ нь нэг талаас бидний зорьж буй шинэчлэлд нээлттэй эрх зүйн орчин болж өгнө. Нөгөө талд Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийг бид шинээр боловсруулах юм. Шинэ тогтолцоог Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчинд нийцүүлэх тал дээр тохиргоо хийх хэрэгтэй болно. Үүн дээр ч гэсэн Сингапурын мэргэжилтнүүд санал, зөвлөмжөө ирүүлнэ. Бид ч бас төр, хувийн хэвшил, иргэд, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны болон энэ салбарын төлөөлөгчид ойрын өдрүүдэд бас манай улсад ажиллаж байна. Бид хоёр улс хоорондын Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Казахстан улсаас ч гэсэн авах сайн жишээ байж болно. Бид аль нэг загварыг тулгаж бусдынх нь өмнө хаалгаа цоожлохгүй. Авах гээхийн ухаанаар хандаж Монгол Улсын онцлогт нийцсэн тогтолцоо бий болгохын төлөө явна.

-Монголд хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож үр ашгийг нь хүртэж эхлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Сингапурын зөвлөх баг манайд ажиллаж дуусаад дүгнэх уулзалтыг олон яамдын төлөөллийг байлцуулан хийсэн. Тэр үеэр эхний байдлаар ерөнхий дүгнэлтээ танилцуулсан л даа. Нэгдүгээрт, тогтолцоогоо цаг алдалгүй шинэчлэх шаардлагатай. Хоёрдугаарт, шинэчлэлийг шат дараатай, аажим хийхгүй бол одоо байгаа систем, шинээр бий болгох тогтолцоогоо давхар нураах эрсдэлтэй. Гуравдугаарт, шилжилтийн цаг хугацаа зайлшгүй байх хэрэгтэй гэдэг анхааруулгыг хэлсэн. Сингапур улс өөрөө Хуримтлалын сан байгуулснаас хойш 13 жилийн дараа орон сууцны, 29 жилийн дараа эрүүл мэндийн, 34 жилийн дараа боловсролын хөтөлбөртэйгөө уялдуулсан байгаа юм. Бид заавал ийм хэмжээний цаг хугацаа хүлээнэ гэсэн үг биш. Аль болох хурдан хугацаанд үр ашгаа өгөх тогтолцооны төлөө ажиллана. Гэхдээ өнөөдөр туршлага судлаад, маргааш хуулиа батлаад нөгөөдөр нь тогтолцоогоо солино гэж дайрвал бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. Эхлэлээ зөв тавьж чадвал дараагийн алхмууд зөв байх суурь нь болж өгнө.

-Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн орлого ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг та дээр ярилаа. Харин Монголын нөхцөлд хуримтлалын нэгдсэн сангийн орлогыг яаж бүрдүүлэх вэ?

-Хамгийн чухал асуудал бол энэ. Бидний шинээр хийх гэж буй тогтолцоо ямар загвартай байх нь эндээс эхэлнэ. Орлогоо хаанаас бүрдүүлэх вэ гэж. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлалын нэгдсэн сангийн тухай судалгааг нэлээд хийлээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуримтлалын нэгдсэн сангийн тандан судалгааг өөрсдийн хүч боломжоор хийж дуусгасан. Манай улстай ижил бусад улсууд хуримтлалын тогтолцоонд хэрхэн шилжиж байгааг мөн судаллаа. Эдгээр улс одоо төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг бодит хуримтлал болгож хүн бүрийн дансанд төвлөрүүлж байгаа юм байна. Манай улсын хувьд тэтгэврийн даатгалын шимтгэл 17 хувь байгаа. Үүний тодорхой хувийг бодитоор хуримтлал болгох концепцийг бид Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. Үүнээс гадна энэ бодит хуримтлалын менежмэнт ямар байх нь нарийн ярих, шийдэх асуудал болж байна. Үүн дээр нэмээд Монгол Улсын Засгийн газрын барьж буй нэг бодлого бол уул уурхайн баялгийн орлогын тодорхой хэсгийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулах тухай юм. Бидэнд хамгийн тод харагдаж байгаа боломж, давуу тал бол энэ. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хөгжлийг шингээсэн өөр хувилбарууд байж болно. Сингапурын зөвлөх багийнхан манай онцлогийг судалж үзээд үүнд бас тодорхой зөвлөмж ирүүлэх байх.

-Зарцуулалтын тухай сонирхуулахгүй юу?

-Ерөнхий зургаараа Сингапурын жишээтэй ойр. Мэдээж орон сууцанд ороход энэ сангаасаа санхүүжилтээ шийдэж болно. Залуус орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж болно. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлнө. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Тэтгэвэрт гарахад санхүүгийн баталгаатай болно гэх мэт. Энэ бол хуримтлалын сангийн орлого, зарлагын ерөнхий төсөөлөл. Загвар нь тодорхой гарч, хуулийн төслөө боловсруулахад энэ бүхнийг нарийн ярина.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үе, үеийн үхээнц сайдуудын адилаар ажиллаж байгаа Н.Тавинбэхэд эрчим хүчний салбарыг гийгүүлэх бодлого алга DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуулийн асуудлаар хуралдаж байгаа энэ өдрүүдэд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний томилгоо хөшигний ард ид өрнөж байна. Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хэрхэн сэлгээ хийх нь нийгмийн анхаарал татсан асуудал болов. Нэгэнт засаг хөдөлгөөнд орох нь ойлгомжтой болсон энэ үед сайд нараас хэн нь үлдэж, хэн нь явах талаар ард түмэн хэлэлцэж бас дүгнэж суугаа. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангаараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг онцолж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед томилогдсон түүнийг эрчим хүчний салбарынхан маш таатай хүлээж авсан. Өмнөх сайдуудыг бодвол мэргэжлийн хүн ирлээ хэмээн алга ташиж байв. Монгол Улсын шүдний өвчин болсон эрчим хүчний салбар одоо л мэргэжлийн хүний, алсын хараатай онч шийдлээр гацаанаас гарах нь гэж хэн хүнгүй харж байлаа. Үнэн хэрэгтээ эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал үе үеийн Засгийн газрын жижүүрийн үг. Ерөөсөө эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал энэ салбарын хамгийн том хүлээлт гэдгийг аль ч нам, засаг мэддэг болохоор улс төрдөө ашигладаг гэмтэй. Харин Н.Тавинбэхийн хувьд үе, үеийн сайд нарын уриа лоозонг бодитоор хэрэгжүүлж, эрчим хүчний салбарыг зах зээлийнх нь жамаар хөгжлийн замд хөтөлж чадна гэж итгэж байсан хүн олон. Гэтэл тэрбээр өдөр хоногийг аргацаасан өнөө л байдаг сайд нараасаа ялгарч чадсангүй. Хөрсөнд буух гавьтай бодлого түүнээс үнэртсэнгүй.

Тэрбээр өнгөрсөн хаваржин “Эрчим хүчний өнөөгийн байдал туйлын хүнд байгаа, ирэх өвөл хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Тиймээс эрчим хүчнийхээ үнийг нэмэхээс өөр гарцгүй” гэж шаргуу ярьж эхэлсэн. Тэг зогсолт хийхэд ойрхон болсон энэ салбарыг эмчлэх цаг нь болсныг мань хүн мэдэрч эхэллээ гээд л учир мэдэх хүмүүс баярлаж байсан сан. Харамсалтай нь түүний шийдэл Засгийн газрын босгыг давж чадаагүй. Эрчим хүчний үнийг долдугаар сарын 1-нээс эхэлж нэмэх асуудлыг тэнхимийн нөхөд нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихав. Давхар дээлгүй Н.Тавинбэхийн хүч үнэндээ хүрсэнгүй. Тэгээд ч эрчим хүчний эх үүсвэрүүдээ бариагүй байж үнэ нэмэх асуудал ярих нь тийм оновчтой шийдэл биш гэдгийг мэргэжлийн сайд уг нь мэдмээр юм.

Менежмэнтгүйгээр эрчим хүчний үнийг өсгөөд ямар ч нэмэргүй. Суурь эх үүсвэр нь хомс байхад мянга үнэ нэмсэн ч ашиг олохгүй. Өнөөдөр бид ОХУ-аас жилдээ 40-өөд сая ам.долларын цахилгаан худалдаж авч байна. Уг нь дотоодын эрчим хүчний хямралаас гарах байгалийн нөөц боломж нь манай улсад хангалттай бий. Даанч энэ салбарт социализмын үед баригдсан ДЦС-3, ДЦС-4-өөс өөр дорвитой бүтээн байгуулалт юу ч хийгдсэнгүй, өнгөрсөн 30 жилд. Том төслүүд нь ч гадна, дотны нөлөөллөөр гацдаг. Ажиллаж байгаа хоёр том станц нь байн байн гэмтээстэй. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд “ДЦС-4”-ийн 120 МВт-ын блок трансформатор гэмтээд ажилгүй болчихсон гэж байсан. Өвөлтэй уралдаж засах хэрэгтэй байдаг. Гэтэл Орос-Украины дайн, хил гаалийн хаалт том саад бэрхшээл болж байна гээд ярьж суух юм. Улаанбаатар хэзээ мөдгүй хөлдөхөд ойрхон байхад Н.Тавинбэх сайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яг юу хийв. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэж дэмий лоозогнохоос цаашгүй үхээнц сайдуудын адилаар ажиллаж ирлээ, тэр. Улс эх орныхоо эрх ашгаас урьдаар намдаа таалагдах гэж долдойддог, шийдлээ зоригтой ажил хэрэг болгож чаддаггүй үе, үеийн сайд нарын л нэг шив дээ. Иймд эрчим хүчний салбарыг гийгүүлэх бодлогогүй тэрбээр явах ёстой сайд нарын тоонд зүй ёсоор багтана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Амиа алдсан цэргүүд хоногоор нэмэгдэж, аж ахуйн няраваа хүртэл генерал болгон салбараа дампууруулсан Г.Сайханбаяраас хариуцлага нэхье DNN.mn

Засаг хөдлөх нь тодорхой болсон энэ үед Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн нь үлдэх, эс үлдэх тухайд нийгэм хэлэлцэж байна. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангийн эзэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Тэрбээр уг албанд томилогдоод яг хоёр жилийг үдэв. Түүний батлан хамгаалахын салбарыг удирдаж байгаа хугацаанд Монголын армид хар бараан үйл явдал бишгүй өрнөлөө.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн баасан гариг буюу наймдугаар сарын 19-ний өглөө Хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбарын орлогч, ахлах дэслэгч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулсан байна. Арваад хоногийн өмнө цэргийн ангийн барилга дээр ажиллаж байсан 017 дугаар ангийн дэд ахлагч тогонд цохиулж нас барсан. Зэвсэгт хүчинд тохиосон энэ уй гашуутай залгаад 327 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч залуу Хэрлэн голд живж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Мөн улсын баяр наадмын үеэр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэрэг барилга дээр ажиллаж байгаад өөд болсон. Дээрх золгүй явдлуудаас гадна өнгөрсөн зургадугаар сард дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18-хан настай хүүгийн ходоод нь задарч харамсалтайгаар нас барсан хэрэг нийгмийг цочирдуулж байв. Одоо хүртэл энэ хэргийн учир шалтгаан тодорхой болоогүй. Энэ мэтчилэн Монголын армид ардын хүүхдүүд ар араасаа амиа алдсаар байг уу. Нас барсан цэргийн тоо хоног, хоногоор нэмэгдсээр байг уу. Монголын армид эрүүл саруул очсон аавын хөвгүүд эрэмдэг зэрэмдэг, эсвэл шарил нь буцаж ирдэг боллоо.

Г.Сайханбаярыг ажлаа авснаас хойш арваад цэрэг армид амиа алджээ. Энэ бол батлан хамгаалахын салбар ямар ч бодлогогүй эмх замбараагүй, эх захгүй явж байгаагийн наад захын жишээнүүд. Уг нь Г.Сайханбаяр генералыг анх сайдаар томилж байхдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх туйлын аз жаргалтай сэтгэл хангалуун байсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан тэрбээр “Батлан хамгаалахын салбарыг мэргэжлийн хүн удирдах болсонд сэтгэл хангалуун байна” гэж тодотгож байв. Тэгэхэд нь Г.Сайханбаяр генерал ч хариуцлагатай ажиллана гэдгээ цэрэг хүний хувиар нэр төртэйгөөр хэлж байсан. Мань хоёр цэргийн сургуульд хамт номын дуу сонсож байсан эртний андууд гэгддэг. Нэг нь өнөөдөр Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, нөгөөх нь Батлан хамгаалахын сайд болсон ангижавууд Монголын армид ёстой дураараа дургиж байгааг өөр олон жишээнээс харж болно.

Тэдний үед хурандаа цолтой бүхэн генерал болдог болох нь. Г.Сайханбаяр сайд болсноор газар, хэлтсийн дарга нар хүртэл генерал болдог жишгийг харуулж байна. Энэ бол Монголын армийн түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл. Хоёр нийгмийн үед нийлээд 180-аад генерал төрж байв. Харин сүүлийн үед улиралд л тав таваар нь генерал төүүлдэг жишиг тогтоолоо, тэд.

Үүгээр зогсохгүй Г.Сайханбаяр сайд дайн өдөөгч ОХУ-ын цэрэг, зэвсгийг хээрийн сургууль нэрийн дор эх орондоо залсан. Уг үйлдлээрээ манай улс ОХУ-ыг дэмжиж байгаа мэт ойлголтыг дэлхий дахинд өгчихлөө. Г.Сайханбаяр сайдын алдаатай, мэдрэмжгүй бодлогын уршгаар армид алба хаах хүнгүй, дайн үүсгэсэн орны өнгөнд авчирлаа. Батлан хамгаалахын салбарыг дампууруулж байгаа Г.Сайханбаяр бол яах аргагүй явах ёстой сайдын тоонд орно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Болор-Эрдэнэ: Асуудлыг алсын хараатай, углуургаар нь харж шийдвэрлэх эрмэлзэл эрх баригчдад алга DNN.mn

АН-ын Залуучуудын байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.


-АН-ын ээлжит бус хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад ардчилал үгүйлэгдэж байгаа нь тод харагдаж байна. Эрх баригч нэг нам зөвхөн өөрийнхөө эрх ашигт нийцтэй байлгахын тулд тооцоо судалгаа, үндэслэл муутай бодлогын шийдвэрүүдийг гаргадаг, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлэн дураараа хийдэг, иргэдийн амьдралын чанар, нөхцөл байдлыг үл тоон, бодит амьдралд нийцэхгүй шийдвэрүүд гаргаж байгаад цэг тавих ёстой. Бодлогын сөрөг хүчин үгүйлэгдэж байна. Тиймээс энэ орон зайг бид богино хугацаанд нөхөх хэрэгтэй. Монголчууд ардчилалд хайртай. Хүний эрх, хувийн өмч, үг хэлэх, хууль дээдлэх, эвлэлдэн нэгдэх, хувь заяаныхаа эзэн байх боломжийг дэмждэг ардчилсан нийгмийг бодитоор оршин тогтноосой гэж хүсдэг. Ялангуяа энэ цаг үед эдгээр эрх ашгийг хамгаалах, бодлого тодорхойлоход гол үүрэг оролцоотой байх учиртай Ардчилсан намыг илүү зохион байгуулалттай, илүү эв нэгдэлтэй байлгах нь ард түмний хүсэл юм. Энэхүү нийгмийн хариуцлагыг АН-ын гишүүд ойлгохын илүүгээр ойлгож, намын удирдлагын түвшний асуудлыг түргэн шийдвэрлэхийг хүсч байна. Тиймээс энэхүү ээлжит бус Их хурлын ирц, идэвх, оролцоо маш сайн байна. АН-ын анхан шатны үүр болох 330 сумаас төлөөлөгчид маань цахимаар болон өөрийн биеэр оролцоцгоож байна. Намын гишүүдийн зүгээс ҮБХ болон бусад эрх бүхий хүмүүст өндөр шаардлага тавьж байна. Тухайлбал, АН-ыг нэг цэх шугамд оруулаач, хуваагдмал байдлыг арилгах бодитой алхамуудыг хийгээч, бодлогын сөрөг хүчний ажлаа хийгээч гэж байна. Зарим гишүүдээс АН-г дахин нэгтгэхийн тулд Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүнээ сонгуулийн хавтгай дээр тавьж байгаад нийт намын гишүүдийг оролцуулсан санал хураалт явуулах ёстой гэсэн саналууд ч гарч байна.

-АНшинэ залуу үеэ гаргаж ирдэггүй, ах нар намын удирдлагын төлөө тэмцэлдсээр энэ нам мөхөл рүүгээ явлаа гэсэн шүүмж нийгэмд бий. Залуучууд та бүхэн энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-АН-ын удирдлагын түвшний хямрал хүчтэй сөрөг хүчин байх боломжийг хязгаарласан. Ингэснээр Монголын нийгэмд ардчилал бодитойгоор амьдрах орчин нөхцөлийг нь боомилсон. Үүнээс улбаалж иргэдийн амьдралын чанар буурч байгаа нь хамгийн том хохирол. Хэдий тийм ч яг АН-ын дотоодод бага ч гэсэн эерэг зүйл харагддаг. Өнөөдөр АН-ын гишүүд бид өмнө явж ирсэн замналаараа бүлэг фракцид хуваагдсан жижиг эрх ашгийг урдаа тавьсан ах нарыг дагаж болохгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Бид өөр өөрсдөдөө итгэх ёстой. Хувь заяагаа бүтээх хэрэгтэй.

Мөн намын удирдлагын хямралд хүргэсэн хүмүүст бодитой хариуцлага тооцож, хатуухан үгээ хэлдэг нам болж өөрчлөгдөх ёстойг сануулж байна. Өнөөдөр улс орны хөгжлийг бид илүү шинжлэх ухаанчаар, залуу хүний эрч хүч, зориг шийдвэр дээр тулгуурлан санаачилгатай бүтээх ёстой гэдгийг тунгааж байна. Энэ нийгмийг ирээдүйд үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх учраас өөрсдийгөө зольж, зориулахаас өөр замгүй. Иймээс үеэрээ нягтарч, хамтарч, илүү сайны төлөө тэмүүлэх ёстой юм байна гэсэн хандлага төвлөрч байгаа. Иймд АН-ын удирдлагын түвшний хямрал нь залуус биднийг өөрчлөлт шинэчлэлт рүү бодитой түлхэж өгч байна. Өөрөөр хэлбэл, “Ах нар бүгдийг мэддэг, чаддаг” гэдэг хандлагыг өөрчлөх ёстой. Тэр хүмүүсийн Монголын нийгэмд оруулсан хувь нэмэр, гавьяаг үгүйсгэх гэсэнгүй. Ахмад, дунд, залуу үеийн алтан аргамжаа гэдэг шиг бие биесээ хүлээн зөвшөөрч, түлхэх үедээ түлхэж, дэмжих үедээ дэмжих ёстой. Үүнд өнөөдөр залуучуудын манлайлал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, ойлголцол, хариуцлагатай байдлаа мэдрэх цаг үе ирээд байна. Залуус бид бүлэг фракц гэхээс илүүтэйгээр Монгол Улсын ирээдүйн төлөө өөрийнхөө зориг зүрхийг зориулж, нэгдэх орон зайг үүсгэж байгаа нь хамгийн том ололт.

-АН-ын хагарал, бутралтай байдал нь намын оюунлаг залуусыг үргээгээд байна уу гэж харагдах боллоо. Учир нь танай намын оюуны потенциал сайтай залуус өөр нам руу орж байна гэх юм билээ?

-Монголчууд бид үзэл бодлоо илэрхийлэх, аливаа нам эвсэлд элсэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Иймд иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг хүндлэх ёстой. Сүүлийн найман жилийн байдлыг харахад МАН хүний нөөцийн бодлогынхоо хүрээнд олон улсын өндөр түвшний боловсрол эзэмшсэн залууст шууд ажлын байр санал болгох хэлбэрүүд явж ирлээ. Энэ бол төрийн бодлогын хүрээнд байж болно. Тухайн хүний оюуны потенциалыг улс орныхоо хөгжилд зориулъя гэдэг байдлаар ажлын байр санал болгож урьж оролцуулах нь зөв. Нөгөөтэйгүүр намын үзэл баримтлалын талаар ойлголт байхгүй, хувь хүнийхээ талаар өөрсдийн үзэл бодлоо олж аваагүй, зарчим байр сууриа тодорхойлоогүй залуус хиймлээр эрх мэдэл, эд хөрөнгө дагаж, хэн нэгний нөлөөнд ордог. Ингэж улс төрийн шийдвэр сонголтуудаа хийж байгаа нь харамсалтай. Өнөөдөр мандаж байсан туг маргааш салхинд сэмрээд солихоос аргагүй болдог. Үүнтэй адил өнөөдөр МАН хөрөнгөтэй, эрх мэдэлтэй, бүхнийг өөрийн тааллаар шийдэж байна. Энэ нь өөрийн үзэл баримтлал, зарчмаа ойлгоогүй залуусын хувьд гоё сайхан, мундаг харагддаг байж болно. Залуус эргэлзэх цаг үе ирж болзошгүй учраас сонголтоо хийхдээ ултай байгаасай. Ардчилсан үзэл санаа юу юунаас чухал. Ардчилсан Монгол Улс байхын тулд ардчилсан парламенттай, ардчилсан Үндсэн хуультай, ардчилсан зарчим үйлчилдэг байх ёстой. Тиймээс АН-ын гишүүн болмоор байна гэсэн бодолтой маш олон залуус ирж байгаа. Бид нэг зүйлийг ер мартаж болохгүй. АН-ын анхан, дунд шатанд аймаг, сумандаа сонгогдсон оюуны өндөр чадамжтай олон залуус орон нутагт намаа ялуулахад даруухнаар хувь нэмрээ оруулж, өөрчлөлт, манлайллыг бий болгож байгаа. УИХ-ын түвшин үнэмлэхүй зөрүү гарчихсан байгаа мэт боловч Монгол Улсын 145 суманд АН ялчихсан. Тэдгээр сумдын 50-иас илүү хувьд залуус Иргэдийн хурлын төлөөлөгч,Засаг даргаар сонгогдож, сум орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлоод, үйл ажиллагаагаа явуулж байна.

-Намрын улс төр өрнөж эхэллээ. Засаг төр хөдөлгөөнд орох сурагтай. Ер нь нийгэм, улс төрийн байдлыг ардчилсан залуучууд яаж харж байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл тус намын мөрийн хөтөлбөр бодитой биелсэн үү гэвэл бид маш том асуултын тэмдэг тавихаас аргагүй. Тухайн үед МАН Монголынхоо өрийг дарна, ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөргүйгээр олгоно гэдэг ч юмуу маш олон амлалтуудыг өгсөн. Тухайн үедээ эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийлгүйгээр ард түмний саналыг авахын тулд томоохон амлалтыг өгч үнэмлэхүй олонхи болсон. Дараа нь 60 тэрбумын луйвар нь илэрсэн. Үүнээс болж төрийн засаглах чадвар суларсан. Мөн 2020 оны сонгуулиар өмнөх амлалтууддаа хүрээгүй, мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй байхад ард түмэн дахин итгэл хүлээлгэсэн. Мэдээж сонгуулийн жилийн хүчтэй тархи угаалтад нь ард түмэн хууртсан. Эрх баригчид ЖДҮ-ийн зээлээр дамжуулж иргэдийн боломжийг булаасан. Харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үүгээрээ ард түмнийг тэнэг мунхаг гэж доромжилсон. Удаа дараагийн ийм үйлдлийг мартаж болохгүй. Ямар засаглал байна, тийм л ард түмэн байна гэдэг үг байдаг даа. Тэрнийхээ урхагаар үр дүнг нь ард түмэн хүртэж байна шүү дээ. Жишээлбэл, өнөөдөр уул уурхай, газар тариалангийн салбарын хөдөлгөгч эх үүсвэр түлшний үнэ хоёр дахин нэмэгдлээ. Инфляц 16.1 хувьд хүрч, төгрөг үнэгүйдлээ. Бид үйлдвэрлэгч орон биш. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ валютаар худалдаж авдаг. Ийм байтал ам.долларын ханш ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Ковидын хуулийн нэрийн дор эдийн засгийн томоохон боомилолт явагдсан байх жишээтэй. Ам.долларын нөөц хомс боллоо. Өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр болсон зэрэг хөөсрүүлсэн эдийн засгийг эрх баригчид үүсгэчихсэн байгаа нь харамсалтай. Монгол хүмүүс дотроо бодолтой, дороо суурьтай хандах цаг үе ирсэн байна. Яагаад гэвэл нэг нам найман жил дангаар засаглахдаа бүх эрх мэдэл нь 100 хувь олгогдчихсон байж байх энэ үед нөгөө л хэвээрээ хэн нэгэн буруутныг хайсан байдалтай байна. Саяхнаас АН-ын тавьсан өрийг төлөх гэж байна гэдэг ухуулгыг нийгэмд өгч байх жишээтэй. Магадгүй өөрсдөө төр барьж байх хугацаандаа сөхрүүлсэн эдийн засгийн буруутныг хайж байх шиг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ цаг үед яригдаж байна. Залуучууд дэмжиж байгаа юу?

-2019 онд ард түмэн, сөрөг хүчнээр удтал хэлэлцүүлж, батлагдсан Үндсэн хуулийг төд удалгүй дахин өөрчлөх тухай ярьж байна. Ер нь асуудлыг алсын хараатай, мөн уг углуурга талаас нь харж шийдвэрлэх гэсэн эрмэлзэл эрх баригчдад алга. Богино зайн улс төр хийх гэж эрх ашиг харсан шийдвэрүүд гараад байна уу даа. Энэ бүхнийх нь горыг ард түмэн амсаж байна. Өөрсдийн талдаа шийдвэр гаргаад байна гэж хожлын нүүдлээр харж байгаа эрх баригчдад өөрсдөд нь ч халтай. Тухайлбал, сөрөг хүчний үйл ажиллагаанд зориудын нөлөө үзүүлж байна. Энэ бол зориудаар хагалан бутаргасан, шүүхийн маргааныг хоёр үзүүртэй гаргаж, асуудлыг удтал даамжруулж байгаагаас тодорхой харагдана. Аль болох АН-ыг олон хэсэгт жижиглэж байгаад МАН 2024 оны сонгуульд ялалт байгуулъя гэсэн явцуу эрх ашгийн талд шүүхийн шийдвэр гараад байгаа нь харамсалтай. Нөгөө талд ийм шударга бус үйл ажиллагаа явагдаад байхад хүчтэй сөрөг хүчний дуу хоолой хоригдож буй нь хамгийн том эмгэнэл. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед АН нэр дэвшигчээ нэгэн дуугаар баталж, дэмжиж чадаагүй. Сөрөг хүчнийг удирдлагын хямралд орчихсон ойлгомжгүй байх үеийг ашиглан цөөнхийн саналаар шийдсэн нэр дэвшигчийг бүртгэж байв. Энэ нь АН-д хүлээн зөвшөөрөгдөөгүй өрсөлдөгчийг МАН-ын зүгээс захиалан бодлогоор дэмжиж нэр дэвшүүлснийг ард түмэн мартаагүй. Энэ мэт үйл ажиллагаанаас Монгол Улсад нийгмийн засаглал, хууль журам яаж бодит байдал дээр алга болж байна вэ гэдгийг харж болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой гэсэн шийдвэрийг сая Үндсэн хуулийн Цэц гаргачихлаа. Давхар дээлтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа. Хэдхэн жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд кноп дараад дэмжиж байна. Зарчим, үзэл бодол, зорилго хаана байна вэ гэж асуумаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Номин: Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн төв болно DNN.mn

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Энэ зун танай яам нэлээд завгүй ажиллаж байгаа харагдлаа. Хэдхэн хоногийн өмнө “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгууллаа. Том зургаараа уг арга хэмжээ манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын оюун санааны дархлаа, тусгаар тогтнолыг батжуулж байгаа зүйл бол соёлын биет бус өв. Энэ бол бидний бусдаас ялгарч байгаа өнгө. Үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд “Нүүдэлчин” дэлхийн фестиваль онцгой үүрэгтэй. Соёлын өвийн тухай хуульд энэхүү наадмыг гурван жилд нэг удаа хийх заалттай байдаг юм. Хүй долоон худагт анх 2018 онд зохион байгуулж байсан. Тиймээс энэ удаагийн фестивалийг цоо шинэ арга хэмжээ гэж ойлгож болохгүй. Бүр өмнө Бүх ард түмний урлагийн их наадам, Ардын урлагийн их наадам зэрэг нэрээр зохион байгуулагдаж байсан. Иймд бид наадмыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын агуулга, үзэл санаанд нийцүүлэн “Нүүдэлчин” сэдвийн хүрээнд цар хүрээг нь өргөжүүлэн зохион байгуулж байгаа юм. Фестивалийг зөвхөн соёлын биет бус өвийг тээгчдийн дунд зохион байгуулахаас илүүтэйгээр иргэдийн оролцоотой байлгая гэж зорьсон. Цаашлаад энэ нь Монгол Улсыг дэлхийд сурталчилсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох учиртай. Тэр утгаараа өнөө жил Соёлын яамнаас энэхүү наадмынхаа цар хүрээг өргөсгөөд “Нүүдэлчин” дэлхийн соёлын өвийн фестиваль болгож өөрчлөн зохион байгууллаа. Дэлхий дахинд 80 гаруй нүүдлийн соёл иргэншилтэй улс байдаг. Үүнийгээ нэгтгэсэн фестивалиудыг Унгар, Кыргыз зэрэг таван улс зохион байгуулдаг. Дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв цэг болсон монголчууд маань соёлын өвөө сурталчлан таниулсан олон улсын фестивалийг эх орондоо яагаад хийж болохгүй юм гэсэн амбиц бидэнд байх ёстой.

Салбарын яам төлөвлөгөө гаргаад, 2030 он гэхэд нүүдлийн соёл иргэншлийн улбаатай улс орнуудыг Монголд төвлөрүүлж, дэлхийн хэмжээний фестиваль хийнэ гэсэн том зорилготойгоор энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалиа хийсэн.

-Та энэ наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэлээ. Гадны жуулчид нэлээд харагдсан. Саяын фестиваль манай эдийн засагт хэдий хэмжээний орлого оруулав?

-Фестивалийг зорьж ирсэн гадаадын жуулчид цөөнгүй байсан. Жишээлбэл, АНУ, Солонгос зэрэг улсаас ганцаараа болон группээрээ жуулчид ихээр ирсэн байв. Ер нь манай аялал жуулчлалын салбар сэргэж байна гэж харагдлаа. Жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр тэр орчмын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон дэлгүүр, кемпүүдийн орлого нэмэгдэнэ. “Нүүдэлчин” фестивальд 20 мянга гаруй хөдөлгөөн үүссэн гэсэн тоо миний өмнө байна. Мөн 13 мянган машин Тэрэлж рүү зорчжээ. Сошиал сувгийн үзэгчдийн тоо давтагдсан тоогоор олон зуун мянган хүнд хүрсэн байна. Фестивальд оролцсон 21 аймгийн иргэд маань өөрийн онцлог бүтээгдэхүүн, идээ ундаагаа дэлгэн танилцуулсан. Нэг талд нь жижиг, дунд үйлдвэрлэгчид маань өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг борлуулсан. Тэд орлого сайтай байлаа гээд тун их сэтгэл өндөр байсан. Тэр орчимд 230 гаруй жуулчны бааз байдаг юм билээ. Фестиваль болсон гурван өдөр тэдгээр кемпүүд бүгд үйлчлүүлэгчдээр дүүрсэн. Энэ утгаараа “Нүүдэлчин” наадам маань эдийн засагт хувь нэмрээ оруулсан болов уу.

-Салбарын сайдын хувьд өнөө жилийн “Нүүдэлчин” наадмын онцлогийг та юу гэж дүгнэх вэ?

-Монгол Улсад бүртгэлтэй 11 мянган өвлөн уламжлагч байдаг. Тэдний 102 нь үндэсний жагсаалтад бий. Нэг ёсондоо энэ хүмүүсийг төр хамгаалах үүрэгтэй. Зарим улсад төрийн бодлогоор хамгаалдаг л даа. Харин манайд хамгаална гэхээр жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх жишээний. Саяны наадамд аймаг болгоноос 2-94 насны 61 өвлөн уламжлагч ирсэн. Энэ хүмүүс бол мэргэжлийнх биш. Бүгд ээж, аав, эмээ өвөөгөөсөө биет бус өвийг уламжлан авсан байдаг. Фестивальд оролцогчид болон хүрэлцэн ирсэн иргэд маань тэр олон аймгийн өв соёлуудтай танилцаад явж байхдаа “Бид өв соёлоо мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй зүйл их байна” гэж байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл өв соёл маань өдөр өдрөөр гээгдсээр аюулын хэнгэрэг дэлдээд байгаа юм байна гэдэг мэдрэмж авахаар байгаа юм. Тэгэхээр фестивалиар дамжуулж, монгол соёл, монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг бий болгох том зорилготой. Үнэхээр тэнд очсон хүүхдүүдэд ийм бахархал асч байсан. Нөгөөтэйгүүр орчин цагт хот, хөдөөгийн соёлын зааг үүсээд байгааг арилгах давуу талтай. Үүгээр дамжуулж Монгол бахархал, Үндэсний нэгдмэл үнэт зүйл бий болгох нь Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн есөн тулгуурт бодлогын хамгийн нэгдүгээрт байдаг юм. Тодруулбал, уг зорилтод бид нүүдлийн соёл иргэншлийн төв улс болно гээд заачихсан байгаа. Тэр утгаараа Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож болно.

-Цаашид соёлын биет бус өвийг дэлгэрүүлэх тал дээр салбар яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Долоон ай савын хүрээнд 362 соёлын биет бус өв байдаг. Энэ өв болгоноо “Нүүдэлчин” фестивалиар нийтэд таницуулах гэж хичээлээ. Нийслэлчүүд маань үр хүүхэд, ээж аав, эмээ, өвөөтэйгөө бүгдээрээ ирээд 21 аймгийнхаа онцлог, өв соёлыг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн. Дээрээс нь ирсэн хүн бүрийн оролцоог хангахаар зохион байгуулсан. Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүртэл урьж авчран наадмын уур амьсгал, өв соёлоо таниулж мэдрүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн ирээдүй хойч болсон хүүхдүүд маань ноос савж, унага тамгалахад оролцож байх жишээтэй. Энэ мэтчилэн аймаг болгоноос ирсэн соёлын өв тээгчидтэй цагийг хөгжилдөн өнгөрүүлж, шагай тоглох, алаг мэлхий өрөх гээд өв соёлын онцлог болгоныг танин мэдэж авсан. Ер нь нүүдэлчдийн соёлын өвийг сурталчилж, цааш уламжлуулах ач холбогдолтой уг наадмыг жил бүр хийх шаардлагатай. Хэдийгээр хуульд гурван жил тутамд нэг удаа гэж заасан ч наадмыг тогтмол хийж хэвшвэл монголчууд маань өв соёлоо мэдээд зогсохгүй, биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлахад өндөр ач холбогдолтой л доо. Нөгөөтэйгүүр жуулчдын Монгол руу ирэх урсгалыг нэмсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадна. Цаашлаад бид тэмээний баяр, айрагны баяр, мөсний баяр зэргээ олон улсын стандарттай болгож, календарьчлаад тухайн аймаг болгонд зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна.

-“Нүүдэлчин” олон улсын фестивалийг яагаад Горхи Тэрэлжийн цогцолбор газарт зохион байгуулахаар болсон юм бэ?

-Соёлын биет бус өвийг нийслэлчүүдэд ойрхон, дэд бүтэцтэй газраас үзүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд манайхаас ажлын хэсэг гарсан. Олон газраар явж судалсны эцэст агуулга, бэлгэдлийн хувьд тэр газрыг сонгосон. Сайхны саравч, Чингис уулын бэлд, Туул голынхоо эхээр байгалийн үзэсгэлэн цогцолсон хамгийн тохиромжтой газар гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Фестивальд аймаг, аймгийн хүмүүс маань мал хунартайгаа зорьж ирэн оролцох зэргийг нь давхар бодолцсон. Хамгийн гол нь байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газарт Монголын соёлын өвийг дэлхийд таниулснаар жуулчдыг татах маркетинг болно.

-Танай салбарын бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн явагдаж байна вэ. Чингис хааны музей хэзээ олон нийтэд хаалгаа нээх бол?

-Графикийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа ч зарим хүндрэлтэй асуудал тулгарч байсан. Ковидын нөхцөл байдлаас болж зарим ажил хойшилсон тал бий. Дээрээс нь хил гаалийн асуудлаас улбаалж барилгын бараа материалын үнэ өсөлттэй байна. Бид Чингис хааны музейгээ есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Дэглэлт 8З орчим хувьтай явж байна. Энэ бол олон улсын стандартад нийцсэн том бүтээн байгуулалт. Хүннү гүрнээс эхлээд Богд хааныг хүртэл Монголын түүхэнд байсан бүх хаад язгууртнуудын үеийг таниулсан музей юм. Үүнээс гадна өнөө жил Өмнөговь аймагт хоёр бүтээн байгуулалт, Архангайд мэдээллийн төв ашиглалтад орууллаа. Энэ онд бүтээн байгуулалтуудаа эрчимжүүлэхээр ажиллаж байна. Шинэ бүтээн байгуулалт гэхээс илүү аль хэдийнэ ажил нь эхлээд талдаа орсон барилгууддаа түлхүү анхаарч байгаа.

-Түүхэн дурсгалт барилгуудаа авч үлдэх тал дээр ямар ажил өрнүүлж байна вэ?

-Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилгуудынхаа хүчитгэлийн зургуудыг авах хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан байгаа. Эрдэмтэн судлаачдынхаа хийсэн дүгнэлтийн хүрээнд аль барилгаас нь эхэлж засах талаар листтэй болохоор манай яам ажиллаж байна. Эхний ээлжинд Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Занабазарын музей, Төв номын сан, Чойжин ламын музей гэсэн барилгууддаа өнгөн засвар хийнэ. Үргэлжлүүлээд сэргээн засвар хийх зэргээр үе шаттай ажлуудыг төлөвлөөд явж байна. Одоогийн байдлаар Богдын музейн засвар хийгдэж байна. Чойжин ламын музейн зураг хийгдэж байгаа. Эдгээр ажлуудыг олон улсын зөвлөх багуудтай хамтарч гүйцэтгэж байна.

-Соёлын яамтай болсноор кино урлагийн салбар өөрийн гэсэн хуультай болсон. Хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сонирхмоор байна…

-Монгол Улсад кино урлагийн тухай хууль батлагдсан нь энэ салбарт бодлогын том дэмжлэг болж чадсан. Хуулийн гол агуулга нь монгол киноны уран бүтээлчдээ дэмжих, олон улсаас манайд кино уран бүтээл хийх сэдлийг дэмжихэд чиглэсэн. Гадаадын киночид Монголд ирснээр валютын урсгал нэмэгдэнэ. Мөн олон улсын томоохон продакшн, найруулагч, жүжигчдээс манайхан суралцах боломжтой тэр хөрс нь бүрдэж байгаа юм. Хамгий чухал нь кино үйлдвэрлэх олон улсын стандартыг нутагшуулна. Киноны хууль маань батлагдсанаар манайд Холливууд ирж байна. Ирэх есдүгээр сарын 15-наас зургаан том продюсер Монголд ирэх гэж байна. Энэ сарын 21-нд Солонгосын хамгийн том к-поп компанийн үүсгэн байгуулагч, найруулагч нь ирнэ. Энэ мэтчилэн Монголыг зорих гадаадын киночдын урсгал нэмэгдэж байна.

-С.Чулуун нарын хүмүүсийг соёлын өв дурсгалыг завшсан байж болзошгүй асуудал шүүх, цагдаагийн газар үүссэн шүү дээ. Тэгэхээр соёлын биет өвийг хамгаалах тал дээр сайдын хувьд ямар бодлого баримталж байна вэ?

-Аливаа нэг зүйлийг баримт нотолгоогүй хэлэхийг үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар нотлогдож, батлагдсан зүйл алга.