Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Золбоо: Хятадын шинэ засгийн Монголтой харилцах бодлогод зарчмын өөрчлөлт гарахгүй DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-Хятадын коммунист намын их хурал олон улсын анхаарлыг татдаг том үйл явдал. Хятадын шинэ засаг Монголд ямар бодлого явуулах бол. Хэр найзархаг юм уу дайсагнасан байдалтай байх вэ?

-Судлаачийн хувьд өөдрөгөөр харж байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг даа. Манай хоёр талын харилцааг найзархаг, дайсагнасан гэж төсөөлөхөөсөө илүүгээр хэн хэнд маань мөнхийн эрх ашиг гэж байдгийг мартаж болохгүй. Цар тахлын хүндрэлийг даван туулсны дараагаар бидний харилцаа өмнөхөөсөө ч илүү түвшинд гарна гэдэгт найдаж байна. Гүйцэтгэх засаглалын хүмүүс нь солигдсон ч төрийн, тэр дундаа гадаад бодлогод нь зарчмын өөрчлөлт тэр бүр ороод байдаггүй нь дорнын улс орнуудын түүх, соёлтой холбон тайлбарлаж болох юм.

-Саяны хурлаар бараг Си Жиньпинээс бусад нь солигдох шиг боллоо. Си Жиньпин манай улсад айлчлахдаа “Хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжинө” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан. Түүний энэ амлалтыг одоогийн шинэ засгийн бүрэлдэхүүн хэрхэн биелүүлнэ гэж харж байна вэ. Шинээр томилогдох Гадаад хэргийн сайд нь манай улстай баримтлах бодлого нь ямар байх бол?

-Улс төрийн хорооны бүрэлдэхүүн насны хувьд арай залуужиж, талаас илүү хувь нь шинэчлэгдсэн байх. Си Жиньпиний манай улсад айлчлахдаа УИХ-ын индэр дээрээс хэлсэн уриалга бол хий хоосон зүйл биш байх аа. Ерөнхийдөө их гүрнүүд өөрсдийн хил залгаа юм уу, эрх ашиг байгаа улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, тогтвортой байдлыг хадгалахыг хүсдэг нь ажиглагддаг. Түүнээс гадна уламжлал, шинэчлэлийн асуудал байгаа тул эрс тэс, өөр бодлого явуулна гэж байхгүй. Тиймээс ямар ч хүн Гадаад хэргийн сайд болсноор манай хоёр улсын харилцаанд зарчмын өөрчлөлт гарахгүй гэдэгт найдаж байна. Аль ч талд харилцааны хүрсэн түвшнээ ахиулах хүсэл сонирхол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Таван жилд нэг удаа болдог энэ удаагийн ХКН-ын хурлаар тус улсын Гадаад хэргийн сайд тушаал дэвшиж Улс төрийн хороонд сонгогдлоо. Тэрбээр “Дайчин чонын дипломат арга барил”-ыг хөгжүүлсэн нь ингэж үнэлэгдсэн гэжээ. Яагаад ийм бодлого гаргах болов. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Их гүрний улс төрийн томоохон үйл хэрэг тул бүх дэлхийгээрээ л анхааран ажиглалаа. Дипломат албаны арвин туршлагатай, хамгийн гол нь 2013 оноос Гадаад хэргийн сайдаар тасралтгүй ажилласан Ван И Төрийн зөвлөлд, албан тушаал ахихаар болсон нь нэг талаасаа түүний хийж гүйцэтгэсэн ажилд өгсөн үнэлгээ болов уу. Таны асуултад дурдсан “Дайчин чонын дипломат бодлого” гэсэн нэр томьёоны хувьд бол арай өөрөөр тайлбарлаж болмоор санагдаж байна. Яг ийм нэртэй бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн үү гэдэг чинь л өөрөө асуулт шүү дээ. Би нэр томьёоны хувьд л ярьж байгаа шүү. 2015 онд анхны анги нь дэлгэцэнд гарсан “Дайчин чоно” (Wolf Warrior 战狼) нэрт, зодоонт төрөлд багтдаг Хятадын уран сайхны кинотой холбодог юм билээ. Харин улс төрийн хэрэглээнд орсныг бол 2020 оноос эхтэй гэж судлаачид хэлдэг. Тухайлан, цар тахлын дэлгэрэлтийн эхэн үеэс гэж үзээд байх шиг. Тэрнээс биш Хятадын төр засаг, дипломат бодлогодоо албан ёсоор хэрэглэж байгаа томьёолол биш. Энгийнээр жишиж хэлбэл манай “Гуравдагч хөрш”-ийн бодлоготой адилтгаж болно гэх юм уу даа. Гадны судлаач, улстөрчид биднээс сонирхоод, асуугаад байдаг бие даасан баримт бичиг байхгүй шүү дээ. Харин гарал үүслийн хувьд өрнөдийн судлаач, сэтгүүлчид хятад киноны нэрээр төлөөлүүлж анх хэрэглэсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй байх. Тиймээс цаг хугацааны хувьд энэхүү томьёоллыг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор санагдаж байна.

-Бээжинг дагахгүй байгаа улсуудад шахалт үзүүлэх бодлого гэж олон улсад зарлаж байсан шүү дээ. “Дайчин чонын бодлого”-ыг аль, аль улсад хэрэгжүүлсэн бэ?

-Олон улсад зарласан гэдэг нь ямар утгаар хэрэглэхээс л болох байх. Өмнө хэлсэнчлэн Хятадын төр засаг, дипломат албаныхан албан ёсоор зарлаж, мөрдөж эхэлсэн бодлого биш учраас дэлхийн ямар улсуудад хэрэгжүүлсэн гэдгээр ярих боломжгүй. Түүнээс гадна олон улсын тавцанд Бээжингийн засаг захиргаатай сөргөлдөж байгаа улс орон тийм олон биш, тиймээс шахалт үзүүлэх бодлого гэж тайлбарлах нь бүр ч боломжгүй.

-Та дээр “Цаг хугацааны хувьд өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор” гэлээ. Хятадын энэхүү гадаад бодлогын эерэг болон сөрөг тал нь юу вэ. Тэд өөрсдөө энэ бодлогоос ямар үр дүн хүлээж байгааг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Цаг хугацааны хувьд л зарчмын гэж хэлж болохоор ялгаа гарсан учраас 2020 оноос хойших Хятадын гадаад бодлогын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж байж л тайлбарлаж болох байх. Таны асуусанчлан судлаачийн хувьд л хариулж чадахаар байна. Цар тахлын дэгдэлтийн эхэнд өрнөдийн улс орнууд Хятадыг буруутгаж эхлэх үеэс Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчид улс орныхоо байр суурийг тайлбарлахдаа хэрэглэсэн үг хэллэг, биеийн хэлэмжийг хэлж эхэлсэн байдаг. Албан мэдэгдлүүд нь өмнөх үеэс ялгаатай болсонд маргах шаардлагагүй.

-Тэгвэл энэ нэрлэгдээд байгаа “Дайчин чонын бодлого” манай улсад хэрхэн нөлөөтэй вэ?

-Цар тахлын үеийн эхнээс өнөөг хүртэл манай хоёр талын харилцаа бусад улс орнуудтай харьцуулахад илүү сайн хөгжиж ирснийг та бид мэднэ дээ. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийн “Гучин мянган хонь”-ны дипломат үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж түүх болон үлдсэн. Хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тасралтгүй үргэлжилсээр ирлээ. Мэдээж хэрэг Хятадын төрөөс баримталсаар байгаа “Тэг Ковид” бодлого эдийн засаг, санхүүгийн хувьд бусад улсуудын адил бидэнд ч хүндээр туссаар байна. Бараг л таны асуудаг нэртэй нь холбогдуулж бодсон ч “Чоно үүрэндээ өлзийтэй” гэж үгээр егөөдөн тайлбарлаж болох юм шиг.

-Ер нь ардчилсан орнууд Хятадын коммунист намын дайчин чонын бодлоготой нүүр тулахад дипломат харилцаагаа хадгалсаар байх уу?

-Зөвхөн ардчилсан ч гэлтгүй бүх л улс орнууд цаашид Хятадтай тогтоосон харилцаагаа хэвийн хадгалахыг зорих биз. Яг үнэндээ бол гадныхны өгсөн сүржин нэрнээс болоод зарчмын ялгаа өөрчлөлт гарахгүй болов уу. Зарим судлаачдын бичиж байгаагаар өмнөх үеийнхнээс хавьгүй залуу, шийдэмгий түшмэд төрийн албанд гарч ирснээр тэднийг “Си-гийн дайчин чононууд” гэх болсон хэмээн ярих нь ч бий. Зарим хятад дипломатчын мэдэгдэлд олон улсын харилцаанд чоно шиг тоглогч олон болсон тул бид чоно шиг байж хариуг нь өгч яагаад болохгүй гэж хэлсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран эсэргүүцсэн нэрээр урваж яваагаа мэдэхгүй иргэдэд сануулга өгөх хэрэгтэй DNN.mn

Байгаль орчныг хамгаалах нэрээр уул уурхайг эсэргүүцэгчид Монголд эрчээ аваад байгаа. Одоогоос 15 жилийн өмнө “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр Голдман сангийн нэрэмжит шагнал авснаас хойш байгаль хамгаалагч иргэдийн хөдөлгөөн борооны дараах мөөг шиг гарч ирцгээсэн. Энэ бол байгаль хамгаалахад зүтгэсэн сайн үйлийн эзэнд олгодог дэлхийн хамгийн том шагнал. “Нобель”, “Плуцер”-тэй дүйцэхүйц нэр хүндтэй. Шагналын сан нь 200 мянган ам.доллар юм билээ. Ц.Мөнхбаяр нь уг шагналыг аваад зогсохгүй “National Geographic” сэтгүүлд “2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүн”-ээр шалгарч байв. Энэ үйл явдлаас хүмүүс нэлээд сэдэл авсан харагддаг. Жагсаал цуглаан хийгчид бөөн бөөнөөрөө гарч ирцгээсэн нь “Байгаль орчин гэж тэмцэж, уухайлаад байвал дэлхийд танигдаж, алдар нэртэй болох юм байна. Ийм их тэнгэрийн мөнгө ч атгадаг юм байна. Хүмүүсийн ярьдгаар алт ухах гэж байгаа компаниудыг эсэргүүцэж жагсаад байвал эзэд нь мөнгө өгөөд байхаар юм байна” гэх зэрэг горьдлогуудаас эхтэй.

Уул ус, газар шороо, жалга довныхоо төлөө тэмцэгчдийн хөдөлгөөн дан ганц Монголд байдаг үзэгдэл ч биш. Ядуу буурай орнуудын түгээмэл практик. Сэргэлэн, хөдөлгөөнтэй нөхдүүд үнэнч шударга, эх орончийн баг өмсөөд мөнгө олчих санаатай гүйгээд байдаг тал бий. Бүгдийнх нь процесс яг нэг хэвэнд цутгачихсан ижилхэн өрнөлтэй. Аль нэг аймагт ашигт малтмал олборлохоор очсон компанийг нутгийн иргэд хэдэн янзаар зовооно. Хөрс хууллаа, гол ус бохирдуулаад ширгээх нь, мал амьтан үхэж үрэгдээд байна гэдэг. Энэ янзаар эсэргүүцэж нэлээд явна аа. Сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт орно гэж сүрдүүлнэ. Ингээд байхад хүн амьтан тоохгүй болонгуут залхаж эхэлнэ. “За ерөөсөө больё, мөнгө төгрөг өгөхгүй юм шиг байна” гээд хүч нь сулраад ирдэг. Хэсэг намжмал болоод байж байтал гэнэт тэднийг дэмжигчид бий болно. ”Та нарын энэ үйлдэл ёстой зөв. Заавал үр дүнд хүрч, зорилгынхоо ард гарах ёстой” гэсэн хандивлагчид тодорно. Улмаар ТББ байгуулж өгнө. Зөвлөгөө мэдээллээр хангана. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэг хүртэл үзүүлдэг. Цаашлаад зорилготой тэмцэж байгаа юм чинь хүчээ томруулах нь зөв, ТББ-аа нэгтгэчихье гэнэ. Сайн хүн санаагаараа гэгчээр “Зам нэгттэйгээ нийллээ” хэмээн бөөн баяр болоод үхэхээ мэдэхгүй зүтгэцгээдэг, манайхан. Тэгсэн нэг мэдэхэд гадаадын гар хөл, тагнуул болчихсон байж байдаг. Тэд ихэвчлэн Орос, Хятадын халаасанд орох нь бий. Эсвэл Энэтхэгийнх ч юм уу. Манайхыг тоож санхүүжилт өгдөг хүмүүс эд нар л байдаг юм дөө. Харамсалтай нь хандив, тусламж гэж санаад гадаадаас баахан мөнгө авч, тэдний бодлого заавраар хөдөлж буйгаа өөрсдөө ч мэдэхгүй явсаар эх орноосоо урвагчид болж хувирдаг нь гашуун үнэн. Мөнгө хаана даллана, тэр газар нь очдог тэмцэгчид манайхаар дүүрэн болсныг гадныхан овжноор ашиглаж, Монголын хөгжлийг уяад байгаа юм.

Монгол Улс ашигт малтмалаар дэлхийд эхний тавд ордог мөртлөө ийм ядуу байна гэдэг чинь үнэхээр биднийг хорлож дуусч байгаа хэрэг биш юм уу. Орос, хятадууд гүйж ирээд Монголын төрийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа ил цагаан мэдэгдээд жагсахгүй нь ойлгомжтой. Манай хэд л уухайлан хашгичаад байна. Пөөнийсөн хэдэн малчин эсэргүүцээд л үзээд байдаг. Тэдний үйл хөдлөл бүхэн ардаа мөнгөтэй гэдгийг бүгд мэддэг болсон. Наанадаж хэвлэлийн бага хурал хийхэд хичнээн төгрөг байдаг билээ дээ. Нэгэндээ ганц төлөг зүгээр өгчихөж чаддаггүй харам улс шүү дээ, малчид. Гэтэл эд нар яагаад мал хунар, хадлан тэжээл гээд хөдөөний түмэн ажлаа хойш тавин жагсаж, тэмцээд байна вэ. Мэдээж бүгд ивээн тэтгэгчидтэй гэсэн үг. Тухайн уул уурхай эрхлэгчдийн өрсөлдөгч компанийн мөнгө тэднийг хөдөлгөдөг. Дийлэнхдээ Монголын эдийн засгийг боомилох гэсэн гадны бодлого үйлчилж ирсэн. Манай улсыг хөгжихөөс хамгийн их айдаг улс бол хоёр хөрш. Яагаад гэвэл Монгол Улс өөдөлж дэвжээд хөгжилтэй, хүчтэй байвал буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэж үхтлээ айдаг. Гэтэл манай жагсагчид ийм хорон санаатнуудын гар хөл болоод шоронд явах хайран биш гэж үү.

Хаа газар нутаг усаа хамгаална гэж дөвчигнөж байдаг малчид ч одоо боль оо. Та нарын 90 сая малын бэлчээрээс ямар ч уурхай бага газар эрхэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь ихгүй байж таараа. Харин ч олборлолт явуулсныхаа дараа байгальд нөхөн сэргээлт хийж, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдээд явдаг л юм билээ ш дээ. Одоо бид яасан ч байсан хөгжиж, өргөжихгүй бол ямар хэцүү ирээдүй, нөхцөл байдал хүлээж байгааг цаг үеийн байдал харуулаад байгаа биз дээ. Ядуу орон руу пуужин харваад л дуусгачихдаг юм байна. Эрхбиш Украин гарын ая даах тулдаа тэсээд байна. Манайх шиг оронд 1000 танк орж ирвэл юу болох вэ. 300 пуужин харвахад Улаанбаатар хот байхгүй болно. Бид өөрсдийгөө хамгаалаад өөдөөс нь эсэргүүцэх чадалтай ч биш. Ийм ядуу дорой байдлаас гарахын тулд иргэд нь баян, улс нь хүчтэй байдаг. Зуун мянган иргэн нийлээд зуун мянган пуужин худалдаад авчих чадалтай болох хэрэгтэй байдаг юм байна. Тийм зиндааны болохын эсрэг байгаа гол зүйл бол иргэд, малчдын өрнүүлдэг хөдөлгөөн тэмцэл юм.

Ашигт малтмалын хайгуулыг өргөжүүлж, төр бодлогоор дэмжмээр байна. Улстөрийн зорилгоор хайгуулын ажлыг устгаад 15 жил боллоо. Шинжлэх ухаан цаг минутаар хөгжиж байгаа энэ үед сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан газрын дор юутай, ямар баялагтай байгаагаа мэдмээр байна. Тэрийгээ бариад зээл хуй авах, ашиглалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Монгол баяжиж өргөжвөл амьтны адаг арьсны гол байхаа болино. Иймд хөдөө орон нутагт уул уурхайг эсэргүүцдэгээ болих хэрэгтэй. Өөрсдийгөө эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаагаа ч мэддэггүй тэдгээр тэмцэгчдийг эх орноосоо урвагч гэдэг нэр зүүж, ялтан болохоос нь сэргийлдэг байя, цагдаа тагнуулынхаан. Бүх юм дууссан хойно нь хэдэн малчныг орилуулаад шоронд хийх биш. Та нарын энэ жагсаал хөдөлгөөний цаана ийм хортой бодлого явж байгаа, дараа нь ингэж ялтан болдог шүү гэдгийг гарч ирэнгүүт нь ухааруулж сануулдаг болмоор байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аар шийднэ DNN.mn

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


-Танай яамнаас боловсруулсан 2023 оны улсын төсөв нэлээд маргаан дагуулж байна. Орон нутагт хуваарилсан хөрөнгө харилцан адилгүй байна гэж гишүүд гомдож бухимдацгаагаад байх юм?

-Төсөв бол улс орны хөгжлийн бодлогоо дагаж явдаг. Ирэх оны төсвийн хувьд Шинэ сэргэлтийн бодлоготой уялдаж байгаагаараа онцлогтой. Хоёрдугаарт, төсвийн тэнцлийг сайжруулах, алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан төсөв болсон. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг үр ашигтай байх тал дээр хэд хэдэн реформын шинж чанартай арга хэмжээг тусгасан.

Тухайлбал, 2023 онд шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж байгаа. Оронд нь 2010 онд эхэлсэн хөрөнгө орууулалтуудыг ирэх оны төсөвтөө суулгаад 1061 төсөл хөтөлбөрүүдээс 86 хувийг нь ашиглалтад оруулах зорилт тавьсан.

Ер нь хөрөнгө оруулалын үр ашиг удаан хугацаанд жил дамнан явах нь аж ахуйн нэгж болон засаг талдаа ч хүндрэлтэй байдлыг бий болгодог. Өнгөрсөн хугцаанд эхлүүлсэн ажлуудаа бүгдийг нь дуусгах зорилт тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр хамгийн чухал нь бэлтгэл ажил байдаг. Зураг төсөвтэй, дэд бүтэцтэй бэлтгэл ажил нь хангагдсан хөрөнгө оруулалт төлөвлөсөн хугацаандаа бүтээн байгуулагддаг. Тэгэхээр энэ бодлогыг цаашид хэрэгжүүлж явна. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт тавиагүй ч гэсэн дараагийн жилийн шинэ хөрөнгө оруулалтуудын бэлтгэл ажил болгож зураг төсөл дээр 80 тэрбумыг суулгахаар оруулж ирсэн байгаа. Орон нутагт хуваарилсан хөрөнгө оруулалтуудыг олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна л даа. Хөрөнгө оруулалтын бодлого маань тэгш хуваарилах зарчим биш. Харин хөгжлийнхөө бодлогыг дагаж хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд эдийн засагт үр өгөөжөө өгөх, нийгмийн өндөр ач холбогдлоор нь эрэмбэлж хөрөнгө оруулдаг. Жишээ нь замын хувьд, боомтын хүчин чадлыг сайжруулахын тулд боомт хүртэлх замыг тавих нь эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй. Тийм учраас боомтын замаа эхний ээлжинд тавина. Дараа нь аялал жуулчлалыг дэмжсэн зам, Гуравдугаарт, улсын шинж чанартай зам. Дөрөвт, орон нутгийн шинж чанартай замуудыг тавихаар эрэмбэлэгдсэн.

-Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт яалт ч үгүй өндөр дүнтэй байна шүү дээ?

Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтыг байршил, нэршил, зориулалт, эхлэх дуусах хугацааг тодорхой зааж өгдөг. Тэгэхээр улс орны хөгжлийн, стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд ч бүтээн байгуулагдаж байгаа нутгийнхаа нэрээр бичигдэж, тухайн аймгийн хөрөнгө оруулалтыг өндөр харагдуулдаг. Хэнтийн хөрөнгө оруулалтад Ульхан боомтын зам, аялал жуулчлалыг дэмжсэн замуудын бүтээн байгуулалт тусгагдсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоно гэсэн бодлогыг хоёр жилийн өмнө зарласан. Тэр хүрээндээ аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн учраас үргэлжилнэ. Иймд Хэнтий аймаг дахь хөрөнгө оруулалт том дүнтэй харагдаад байгаа юм. Яг аялал жуулчлалын үр өгөөжийг зөвхөн Хэнтийд байгаа иргэд хүртэхгүй. Том зургаараа манай улсын эдийн засаг солонгорох, нийгэмд үзүүлэх үр өгөөж өндөр байна. Хоёр жилийн өмнө Баянхонгор аймагт өндөр төсөв тавигдсан гэдэг хэл ам дагуулж байсан шүү дээ. Тэнд Баянхонгор, Говь-Алтай аймгийг холбосон улсын шинж чанартай замын ажилд хөрөнгө оруулалт тавьсан байв. Тэр нь тухайн аймгийн төсвийг өндөр харагдуулж байсан хэрэг. Одоо энэ замын үр шимийг ард иргэд хүртэж байгаа шүү дээ. Яг ийм төлөвлөлтөөс хамаарч тухайн жилийн төсөв өндөр харагдах тохиолдол бий.

-Ирэх онд шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө тавиагүй хэрнээ төсвийн дүн өссөн нь ямар учиртай юм бэ?

– Хөгжлийнхөө бодлоготой уялдуулаад авч явах шинэ бүтээн байгуулалт байгаа. Жишээлбэл, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулаад Хөшигийн хөндийн дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бий. Түгжрэлийг бууруулахад нийслэлд 339 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг сайжруулах чиглэлийн бүтээн байгуулалтад зориулна.

-Хэмнэлтийн хуулийн хүрээнд анх удаа зохиогдож байгаа төсөв гэдэг утгаараа 2023 оны төсвийг хэрхэн хэмнэсэн юм бол. Төсвийн танилцуулгаас харахад зардал нэлээд нэмэгдсэн байх юм?

-Нийт зардлын хувьд ирэх оны төсөв маань 20.5 их наядын үзүүлэлттэй гарсан. Энэ онтой харьцуулахад өссөн дүнтэй байгаа. Зайлшгүй зардал нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Энэ нь УИХ-аас өмнө гаргасан хууль тогтоол, хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлага, цэцэрлэг, сургууль, тэтгэвэр авагчдын тоо өссөн зэрэгтэй холбоотойгоор 1.6 их наядын зардал нэмэгдэхээр байгаа. 2022 онд цагаан сарын өмнө тэтгэврийн хувь хэмжээ нэмэгдсэн шүү дээ. Үүнтэй холбоотой ирэх оны төсөвт 231 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Дээр нь Ерөнхийлөгчөөс санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрт 228 тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөсөн. Дээр нь төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөх бодлого орж ирж байгаа. Үүнийг дагаад 266 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооноос хамаарч хоолны зардал 80 тэрбумаар өссөн. Эрчим хүчний тарифтай холбоотой зардал гарч байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болох учраас гарах зардал өсч байгаа. Үүнээс гадна тодорхой бодлогын шинж чанартай зардлууд нэмэгдэнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит боловсролын тэтгэлэг байна. Мөн 10 их наядын хүрээнд авч хэрэгжүүлэх гэж байгаа орон нутагт төвлөрлийг сааруулах, ипотекийн зээлийн зургаан хувийг гурав болгон бууруулж, зөрүү татаасыг төсвөөс өгөх гэх мэт иймэрхүү зардлууд зайлшгүй нэмэгдээд 1.6 их наяд болно. Харин бусад зардал буюу төрийн байгууллагуудын урсгал зардлыг 2022 оны түвшнээсээ өсгөөгүй, бууруулж оруулж ирж байгаа. Хэмнэлтийн хуулийн хүрээнд анх удаа боловсруулсан төсөв гэдэг утгаараа хэмнэлтийн хуулийг бүрэн баримталсан. Энэ хүрээнд нэг их наяд төгрөгийг хэмнэж оруулж ирж байгаа. Ер нь манай улсын зарлага их эмзэг бүтэцтэй л дээ. 73 хувь нь цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө байдаг. 15 хувь нь төрийн байгууллагуудын урсгал зардал. Найман хувь нь гадаадын зээл тусламжийн үйлчилгээний заавал төлөх ёстой мөнгө. Үлдсэн дөрвөн хувь нь аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих үүднээс татаас өгөх бүтэцтэй байдаг. Бид тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө гээд хүний гар дээр очиж байгаа мөнгийг дорвитой хэмнэж чадахгүй байгаа. Ялангуяа үнийн өсөлт ихтэй инфляци өндөртэй энэ үед бууруулах боломж тун бага. Бидний гол хэмнэж болох мөнгө гэхээр төрийн байгууллагуудын зардал буюу урсгал зардлын 15 хувь л байдаг. Ирэх оны төсвийг боломжийн түвшинд нэлээд сайн хумьж оруулж ирсэн. Үүнээс доош бууруулбал төрийн үйл ажиллагаа доголдоход нөлөөлж болзошгүй гэж харж байгаа. 2023 оны төсвийн алдагдлыг энэ оныхтой харьцуулахад 833 тэрбум төгрөгөөр бууруулсан.

-Ингэхэд яавал алдагдалгүй төсөв баталдаг болох вэ?

-Мэдээж, аль болохоор төсвийг алдагдалгүй, үр ашигтай баталдаг байвал их сайн. Гэхдээ төсөв эдийн засгийн өсөлт, хөгжлөө дэмжсэн тодорхой хэмжээний алдагдалтай байх нь муу зүйл биш. Ирэх онуудад төсвийн хүрээний мэдэгдэлдээ бид алдагдлыг бууруулж ашигтай байх төсвийг баталдаг зарчим руу үе шаттайгаар явж байгаа. Төсвийн алдагдалтай байна гэдэг нь Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын өрийг бууруулахын тулд аль болох алдагдалгүй төсвийг төлөвлөдөг байх үндсэн зарчим руу явах нь зөв. Тиймээс ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэх байсныг бууруулаад 2.8 хувь дээр барьж байгаа. Цаашид 2024 онд ДНБ-ний 2 хувь гэх мэтчилэн бууруулахаар тооцсон.

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт энэ онтойгоо ижил дүнтэй орж иржээ. Эмийн үнэ өсчихлөө. Эрүүл мэндийн даатгалаар иргэд 70 хувийн хөнгөлөлттэй эм авдаг байсан бол одоо 30 хувь болжээ. Энэ мэтчилэн иргэдэд нэлээд хүнд тусна гэж салбарынхан үзэж байсан?

-Эрүүл мэндийн салбарын зардлын хувьд энэ онтойгоо адилхан нэмэгдээгүй, буураагүй оруулж ирсэн нь үнэн. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хоёр жилд нийт зардлын нэлээд өндөр хувийг ковидын эмчилгээ эзэлж байсан. Одоо цар тахал харьцангуй намжсан учраас тэр орон зайд бусад эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлууд орж ирэх бүрэн боломжтой гэж тооцоолсон.

-Түгжрэлийг бууруулахад 339 тэрбумийг тавьжээ. Энэ хөрөнгөөр ямар ажил хийх вэ?

-550 нийтийн тээврийн автобус шинээр авна. 20 гаруй тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ. 550 автобусны 450 нь цахилгаан автобус авах техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байгаа. Цахилгаан автобуснуудын цэнэглэх, парк шинэчлэлт нь цуг ороод явах юм. Яг ийм тодорхой хоёр чиглэлд энэ хөрөнгийг зарцуулахаар тусгагдсан байгаа.

-Бизнес эрхлэгчдэд ээлтэй төсөв боловсруулсан гэж Засгийн газраас мэдээлж байсан. Аж ахуйн нэгжүүд татварын ямар хөнгөлөлт эдлэх боломж байна вэ?

-Гарааны бизнес эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд эхний таван жилд татвараас нь хөнгөлж, чөлөөлнө. IPO гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд IPO гаргах зардлыг нь татвар ногдуулах орлогоос нь хасч тооцоно. Хөрөнгө оруулалтын сан татвар ногдуулахгүй, үйл ажиллагааных нь орлогоос татвар авахгүй байх юм. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийнх нь татварыг дөрөв дахин бууруулж байгаа. Мөн IT компаниудын гадаадын шилжүүлэг буюу серверийн түрээсийн суутган татвар 20 хувь байсныг таван хувь болгосон гэх мэтчилэн татаврын бодлогууд хэрэгжинэ. Үүнээс гадна түгжрэлийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтууд байгаа. Тухайн аж ахуйн нэгж ажилчдаа нийтийн тээврээр зорчиход нь дэмжлэг үзүүлбэл төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Жишээлбэл, ажилчдаа нийтийн тээврээр зорчихыг дэмжиж автобусны карт авч өгвөл энэ зардлыг нь 50 хувиар нэмэгдүүлж тооцон татвар ногдох орлогоос хасч тооцно. Мөн ажилчдаа зөөх автобус оруулж ирлээ гэхэд гаалийн татвараас нь бүрэн чөлөөлнө.

-Шаталсан татварын бодлого оруулж ирж байгаа гэлүү. Уг нь МАН татвар нэмэхгүй гэж сонгуульд амлалт өгч ялсан хэрнээ татвар нэмээд байх юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед татварын дарамт их байна гэж иргэд бухимдалтай байна?

-Арван сая төгрөгөөс дээш цалин, түүнтэй адилтгах орлого олж байгаа бол зөвхөн давсан хэсэгт нь 15 хувийн татвар авах юм. Жишээлбэл, 11 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд арван сая төгрөгт нь арван хувь, давсан нэг сая төгрөгт 15 хувийн татвар өгнө. 15 саяас дээш цалинтай бол давсан хэсэгтээ 20 хувийн татвар өгөхөөр зохицуулалт орж ирж байгаа. Манай улсын хэмжээнд 817 мянган татвар төлөгч байдаг. Үүнээс саяын хэлсэн шаталсан татварын нөлөөнд 1300 орчим хүн орох юм байна гэсэн тооцоолол гарч байгаа. Төсвийн орлого талдаа нөлөөлөл нь багатай. Төсвийн орлого гэхээсээ илүү улс орны хэрэгжүүлж буй орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилготой татварын тогтолцоог оруулж ирэх нь зүйтэй. Дэлхий дээр 150 улс шаталсан татварын тогтолцоотой. 14 улс л манайх шиг тогтолцоотой байдаг. Татварыг нэмснээр төсвийн орлогыг өсгөх зорилготой биш. Ер нь шаталсан татварын зөв системд бодлогын хувьд тодорхой шилжилт хийгээд орох нь зүйтэй гэдэг утгаар ирэх оны төсөв дээр ороод явж байгаа.

-Та дээр төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог шинэчлэх бодлого орж ирж байгаа гэж дурдсан. Энэ хүрээнд ямар өөрчлөлт орох вэ?

-Ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгоно. Нэг жил ажиллавал нэг хувийн, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллаж байгаа бол гурван хувийн нэмэгдэл гэдэг ч юм уу цалин нь өсөн нэмэгдэх байдлаар явна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тав, таван жилийн хугацаатай байгаа. 0-5 жил ажилласан хүн ямар ч нэмэгдэлгүй. 6-10 жил ажилласан бол цалингийн таван хувийн нэмэгдэлтэй. Тэгэхээр зургаа болон есөн жил ажилласан төрийн албан хаагч яг ижилхэн нэмэгдэл авдаг байх нь. Харин шинэ зохицуулалтаар зургаан жил ажилласан бол зургаан хувь, есөн ажил ажилласан бол есөн хувийн нэмэгдэл авдаг болно. Гуравдугаарт, төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх асуудал орж ирж байгаа. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож олгох юм. Үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгаас өгөхөөр зохицуулалт хийсэн. Орон нутгийн төрийн албан хаагчдын цалин 100 хувиар нэмэгдэх боломжийг нээж өгч байна. Дөрөвдүгээрт, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдана. Нийт 160 мянга орчим төрийн албан хаагчдад хамрагдах тооцоотой байгаа.

-Ирэх оны төсөвт боловсруулах үйлдвэрийг одоо байгаагаас нэг шат ахиулна гэл үү. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Үүнтэй холбогдолтой хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр үйлчилгээг боловсруулдаг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлж байгаа. Ингэснээр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Эрчим хүчний тариф яаж өөрчлөгдөх вэ?

-Үндсэн бодлого барьж байгаа салбарын сайд нь эрчим хүчний тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн. Сангийн яамны зүгээс төсөвтөө энэ тооцооллыг оруулсан. Эрчим хүчний тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах уу. Орон нутагт ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлнэ гэж та ярилцлагынхаа эхэнд хэллээ. Хичнээн хүн хамрагдах боломжтой вэ?

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулсан шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Үүнээс хойш үргэлжлүүлэх эсэхэд УИХ-аас шийдвэр гаргана. Харин ирэх оны төсөвт орон нутагт шинээр орон сууц худалдаж авсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох зохицуулалтын хүрээндээ 5600 өрх энэ зээлд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. Хөдөө орон нутагт Улаанбаатараас шилжиж очоод ипотекийн зээлд хамрагдаж байгаа хүн, мөн тэндээ амьдарч байгаа хэрнээ анх удаа ипотекийн зээлд хамрагдах өрхөд энэ дэмжлэгтэй хөтөлбөр хэрэгжинэ. Ер нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй залуу гэр бүлүүдэд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх нь амаргүй байдаг. Тэгвэл үүний 60 хувьд нь зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргах зохицуулалтыг хийж өгсөн байгаа. Ирэх оны төсвийн дагалдах хуулийн хүрээнд газартай холбогдолтой хуулийн зохицуулалт ч орж ирж байгаа. Орон нутагт шилжиж очсон иргэдэд үнэ төлбөргүйгээр газар олгоно. Гол нь нийслэлээс орон нутагт шилжиж очсон иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах бодлоготой холбоотой эдгээр хөтөлбөр хэрэгжих юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Батзориг: Аймгуудад их, бага мөнгө төсөвлөсөн гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудад жигд хөрөнгө хуваарилсан уу гэдэг нь чухал DNN.mn

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн эрх зүйн профессорын багийн гишүүн, доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг нэлээд их маргаан дагуулж байна. Учир нь аймгуудад харилцан адилгүй хөрөнгө төсөвлөснөөс гишүүд бухимдаж, бие биетэйгээ барьцах боллоо. Аймгуудад өөр, өөр дүнтэй хөрөнгө хуваарилсан нь хууль зөрчсөн явдал мөн үү?

-Төсөв гэж юу вэ гэдгээс эхэлье. Айлаар авч үзвэл хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол унд, малын өвс тэжээлээ яаж бэлтгэх вэ. Малаа хэнд, хэдээр зарах вэ гэдийг тооцохтой л адил. Хуулиараа төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөнгө хөрөнгө яаж бий болгох, түүнийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах талаар зохицуулсан. Хүүхдүүддээ харилцан адилгүй мөнгө хуваарилаад, амттай, амтгүй хоол өгөөд ялгаварлаад байвал гомдоод зогсохгүй юм болно биз дээ. Харин бөөнөөрөө ярилцаж мөнгө цуглуулаад “Ахыг нь гадаадад сургууль явуулъя, том эгч нь ажил хийж байгаа гэвч байрны лизингд нь жаахан нэмэр болчих мөнгө өгье” гэх нь барьцах зүйл биш. Үүнтэй адил Засгийн эрх авсан нам 2020-2024 онд юу хийх хөтөлбөрөө баталсан байдаг. Түүнд энэ аймгаа хөгжүүлнэ, тэр аймаг жаахан гүрийж байгаарай гэсэн зүйл харагддаггүй. Харин Хөвсгөл, Хэнтий аймагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлнэ, Нууц товчооны дурсгалт газрыг хамгаалж сурталчилна гэвэл энэ хоёр аймагт их мөнгө төсөвлөсөн байсан. Хамгийн бага мөнгө төсөвлөсөн Булган аймагт засмал зам барина, Сүхбаатар аймагт дулааны станц барина гэж хөтөлбөрт тусгасан байна лээ. Тэгэхээр аймгуудад их бага мөнгө хуваарилсан гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийхэд жигд мөнгө хуваарилсан уу гэдэг нь тусдаа асуудал.

-Сангийн сайд Б.Жавхлан чуулганы танхимд хэлэхдээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа баримталж төсөв оруулж ирсэн” гэж байсан. Уг хуульд төсөвтэй холбоотой ямар заалтууд байдаг юм бэ?

-Энэ хууль төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах, иргэдийг орон нутгийн үйл хэрэгт оролцох боломжийг олгосон хууль л даа. Тэгэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийг иргэд, тэднийг төлөөлж аймгийг удирдаж байгаа албан тушаалтнууд улсын төсөв санхүүгийн эх үүсвэрээ хуваарилуулах ажлыг хийх ёстой. Түүнийгээ үндэслэлтэй, судалгаатай, иж бүрэн, үнэн зөв, хариуцлагатай байх бас Сангийн яамны мэдэлтэй хүмүүсийн үүдийг сайн сахих, лобби хийх ёстой гэсэн үг. Төсөв тусгуулж чадаагүй бол тэдний буруу, төсвөө сайн тусгуулсан бол орон нутгийнхны сайных гэсэн утгаар хэлсэн юм болов уу гэж харж байна.

-Ингэхэд хуулинд нэг аймагт 20 сая, нөгөөд нь найман саяыг хуваарилна гэх маягтай зохицуулалт байдаг юм уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан ажлуудаа хийхэд зориулагдсан л байх ёстой. Яг мөнгөн дүнгээрээ тусгах боломжгүй л дээ.

-Хэмнэлтийн хуультай уялдуулж Засгийн газраас 2023 оны төсвийг оруулж ирсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл төсөв хуулийн хэрэгжилттэй зохицоогүй байна гэж зарим гишүүд шүүмжилж байсан. Хуулийн судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татвар төлөгчдийн мөнгийг ард түмний өмчид байдаг баялгийн мөнгөөр үрэлгэн байдлыг хязгаарлах, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх гэж Хэмнэлтийн хууль батлагдсан. Уг нь хуультай хуульгүй мөрдөх ёстой, үгүй бол шийтгүүлэх ёстой биз дээ. Тэгэхээр наад хуульд зааснаар хэмнэлт хийгдсэн эсэхийг хуваарилсан төсвийг яг тулгаж үзэж байгаад хэмнэсэн, хэмнээгүй гээд харьцуулахаар тодорхой болно.

-Хуулиар батлагдсан төсвийг орон нутагт зарцуулж амжаагүй байхад цуцалдаг тал бий. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Төсвийн жилдээ зарцуулж чадаагүй бол буруутай буруугүй хамаагүй цуцална л даа. Харин буруутай албан тушаалтанд хариуцлага заавал тооцох ёстой. Манайд хариуцлага гэдэг зүйл алга болчихоор буруугаа ийш тийш шидээд ширээндээ шигдээд байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Үсээ зөв угааж хэвшвэл нүд өөхлөхгүй DNN.mn


“Монголчуудын үс, арьс яг цаг агаар шигээ хуурай, ширүүн юм аа” гэж гадны гоо сайханчийн амнаас сонсож байв. Үнэндээ хүн бүр тийм биш л дээ. Хэдийгээр эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр үс гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөн хуурайшдаг ч арчилгаа сайн бол ийм асуудлаас бүрэн сэргийлж чадах аж.

Сүүлийн үед дэлгэрээд байгаад элдэв шалдав үсний тэжээлийн бүтээгдэхүүнүүд ч асуудлыг бүрэн шийдчихгүй. Бүгд химийн найрлагатай болохоор хэсэгтээ үсийг гялалзуулан намируулж байгаад үйлчилгээ нь гарахаар өмнөхөөсөө ч дорддог болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулах нь бий. Иймд үсээ эрүүл сайхнаар нь урт хугацаанд хадгалах хамгийн энгийн арга бол зөв угааж хэвших юм байна. Юун түрүүнд бүлээн зэлгий усаар үсээ угааж байх ёстой гэнэ. Манай орны хувьд усны хатуулаг чанар өндөр болохоор зөөлрүүлсэн ус хэрэглэж байвал илүү тохиромжтой ажээ. Ингэхдээ шампуниа хуйхандаа жигд түрхэж, сайтар хөөсрүүлэн массажилсны дараагаар усаараа зайлж байгаарай. Үсэнд шампунийн үлдэгдэл байхгүй болтол нь угаах хэрэгтэйг мэргэжлийн хүн сануулав. Хэрэв дутуу зайлвал үс зууралдаж, улмаар гэмтэж, хагтах зэрэг бүх асуудлын суурь болдог гэнэ. Угаасан үснийхээ усыг алчууранд шингээсэн маягтай шавхаарай. Ингэж зөв угаасан үсээ тасалгааны темпратурт өөрөөр нь хатаавал чийгшлээ алдахгүй, эрүүл сайхнаараа байх бүрэн боломжтой.

Хамгийн чухал нь үсээ тонгойж биш, гэдийсэн маягтай зулайнаасаа эхэлж угаах нь зөв аж. Толгойгоо тонгойж угааснаар зөвхөн үс гэмтээд зогсохгүй нүдэнд ч сөрөг нөлөөтэй байна. Нүд рүү саван, хөөс орж, өөхлөлт үүсэх нэг шалтгаан болдог юм байна шүү. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Үсээ зөв угааж хэвшвэл олон талын ач тустай байх нь ээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар хямралын ирмэгт ирлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн 2023 оны төсвийн тухай хуульд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-2020 онд Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэддээ ээлтэй, хүндрэл чирэгдэлгүй, өвчнөөс болж ядууралд хүргэхгүй нөгөө талаас эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд бидний олон жил хүсэн хүлээсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тийм тогтолцооны эхлэлийг тавьсан.

Монголбанкны албан ёсны цахим сайтад байршсанаар 2021 онд инфляци 9-10 хувь байжээ. Харин 2022 онд 15-16 хувьтай байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн. Эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляциа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэнд харамсаж байна.

-Эдийн засаг хүнд байгаа болохоор хэмнэлтийн горимд шилжиж ажиллах ёстой гэсэн зарчмаар төсвөө боловсруулсан юм биш үү?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сард баталсан 01 дугаартай тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тарифын хэмжээг тооцож оруулж ирсэн нь инфляци, долларын өсөлт, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы өсөлтийг тооцоогүй байгаа юм. Уг тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар инфляцийн сүүлийн хоёр жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн хоёр жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифыг заавал шинэчилнэ гэж баталсан. Гэтэл эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж, тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляци, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэйгөө уялдуулан нэмэгдүүлж шинэчилж, эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг бодитой тооцож оруулж ирээгүй. Үүнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

-Улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ингэж тусгаснаар нийгэмд ямар үр дагавартай байх вэ?

-Энэ бүхний цаана иргэд хохирно. Хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэдэд хамгийн хүндээр тусна. Яагаад гэвэл тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, оочер дараалал бүр нэмэгдэнэ. Эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсч байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

-Ирэх онд эрүүл мэндийн салбар хүнд байдалтай нүүр тулгарна гэж та хэлээд байна уу?

-Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифыг шинэчилж, 2023 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол тийм байдалтай нүүр тулна. УИХ-аас 2023 онд баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн 14.9.12-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь тусламж үйлчилгээний өртгийн жинг батлахдаа орон тооны бус техникийн хорооны мэргэшсэн шинжээч, судлаач нараар бодитой тооцоо хийлгэж дүгнэлт, зөвлөмжид нь үндэслэн шийдвэр гаргана гэж хуульчлан баталсан. Гэтэл УИХ-аас баталсан хуулийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2.1-д заасан Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн заалтыг зөрчиж байна.

-Энэ онд эхлүүлсэн эрт илрүүлэгт 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин ирэх онд энэ дүн яаж өөрчлөгдөх вэ?

-УИХ-аас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад миний бие эрт илрүүлэх, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх талаар оруулж өгсөн. Үүнд 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн. Гэтэл 2023 оны Улсын төсвийн төсөлд тусгайлан санхүүжилт тавигдаагүй байна.

Эрүүл мэндийн сайдаас асуухад 100 тэрбум төгрөг төлөвлөсөн боловч Сангийн яам хасч хуучин төсвөөр нь оруулж ирсэн байна гэж хэллээ.

-Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмийн талаар их гомдоллох юм билээ?

-Бид хөнгөлөлттэй эмийг хүндрэлгүй, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна. Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмийн талаар маш их гомдолтой байна. Хөнгөлөлттэй эмийн үнэ маш их өссөн, авдаг тэтгэвэр тэтгэмж нь эм аваад л дуусдаг, хөнгөлөлттэй эмийг бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд маань хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг хүндрэл учруулахгүйгээр хэрэгжүүлэх шаардлагатай.

-Нийгэмд элэгний Д вирусийн эм нэлээд хүлээлт дагуулдаг. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-УИХ-аас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний Д вирустэй иргэдээ эмчлэх тухай тусгасан. Энэ ажил хоёр жил огт хэрэгжээгүй учраас энэ хавар миний бие Эрүүл мэндийн сайдаас асуулга асууж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Асуулгад Эрүүл мэндийн сайд удахгүй вирусийн эмийн судалгаа дуусна, эмийн компанитай олон удаагийн уулзалт хийж нааштай байгаа гэх мэдээлэл өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ ажил урагшлаагүй байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөр тусгайлан төсөвт суух ёстой. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудаа, ард иргэдээ сонсож ажиллах шаардлагатай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Оюун: Төгрөгийн ханш суларснаар экспортоор дамжиж долларын урсгал нэмэгдэх боломжтой DNN.mn

Эдийн засагч, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Ам.долларын ханш явж өглөө. Ноён “ногоон”-ы өсөлтийг хязгаарлахад бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Доллар олох бодлого хэрэгтэй. Энэ бодлого нь экспортыг нэмэгдүүлэх бодлого байх болно. Тэгэхээр дэлхийн стандартыг хангасан бараа экспортлох судалгаа хийх хэрэгтэй. Ийм бараануудаа тодорхойлоод үйлдвэрлэх нөхцөлийг маш сайн хангах хэрэгтэй. Үүнд бага хүүний хувьтай зээлээр хангах, санхүүжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх улс орнуудтай гэрээ хэлцэл хийхэд Засгийн газар нэгдсэн журмаар оролцох гэх мэт арга хэмжээнүүд авах нь зүйтэй л дээ.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн манай сонинд өгсөн ярилцлагадаа валютын нөөцөөсөө гарах урсгалаа нөхөж байна гэсэн. Энэ нь юу гэсэн үг юм бол?

-Экспортыг нэмэгдүүлэх тухай ярьсан байна. Бид импортоор бараа авч төлбөрийг нь доллараар төлдөг. Манай орноос валютын нөөц гадагшилж байгаа тул тэр гарч байгаа валютын гарах урсгалыг нөхөх тухай хэлж байгаа юм.

-Ам.доллларын ханшийн өсөлтийг авч үлдье гэвэл нэг бол валютын нөөцгүй болох, эсвэл ханшийн өсөлтийг сул тавиад валютын нөөцөө хэвээр хадгалах гэсэн хоёр сонголт байгаа гэх юм. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юү. Гадны улс орнуудад ингэдэг үү?

-Ам.долларын ханшийн өсөлт нь импортын барааны эрэлтээр тодорхойлогддог. Импортоор хэрэглээний 90 орчим хувийг хангадаг манай улсад импорт нэмэгдэх хэрээр нөөцөө алдах нь ойлгомжтой. Валютын нөөцийг хэвээр хадгалахын тулд дээр хэлсэнчлэн экспортыг нэмэгдүүлж доллар олж ирэх хэрэгтэй. Нөгөө талаар импортыг бууруулах бүхий л арга хэмжээг авах нь валютын гадагшлах урсгалыг багасгана. Импортын барааг орлуулах бараа үйлдвэрлэх үндэсний үйлдвэр чухал байгаа нь эндээс харагдаж байна. Засгийн газар олон улсын худалдааны дээрх бодлогыг байнга барьдаг. Гэхдээ хангалтгүй, хэрэгжихгүй байна гэж дүгнэж болно. Засгийн газар онцгой дэмжсэн бодлого барихгүй байна. Хамгийн наад зах нь аж ахуйн нэгжүүдийн өмнөөс манай барааны экспортыг нэмэгдүүлэх талаар улс орнуудтай гэрээ хэлцлийг хийж өгөх нь чухал. “Хөөрхий” аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо өрсөлдөөд л өөрсдөө гэрээ хэлцэл хийгээд л, бие биенийхээ үнэ ханшийг бууруулаад л яваад байгаа юм.

-Ханшийг тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө их хэмжээний ам.доллар гаргахаас өөр замгүй гэж Монголбанк хэллээ. Хэдий хэмжээний ам.доллар гаргаж байж үр дүнд хүрэх вэ. Манайд ямар боломж байна вэ?

-Ханшийг тогтвортой байлгахын тулд зах дээр валютын нийлүүлэлтийг нэмж өгөх нь зайлшгүй. Нийт Монгол Улсын импортын барааны үнийг тооцоолж манай улсын долларын нөөцийн хэмжээ гарна. Импортын бараанууд дотроос зайлшгүй бараануудын нийлүүлэлтийг тооцоолох хэрэгтэй болно. Жишээлбэл, эм, эмнэлгийн зайлшгүй хэрэгцээг тооцоолно гэсэн үг. Монголбанк энэ тооцоог байнга гаргаж байдаг бөгөөд импортын төлбөрийг хийх 11 долоо хоногийн валютын нөөцийг барьж байх бодлого барьдаг. Өмнө нь импортын зайлшгүй барааны нийлүүлэлтийг хангадаг 50 компанийн шаардлагатай валютыг тооцдог байснаа 100 компанийн хэрэгцээг тооцдог болсон байдаг түүх бий. Валютын нөөцөө барих манай боломж бол экспортыг нэмэгдүүлж, импортыг бууруулах л зам байна даа.

-“Төгрөгийн ханш өнөөдөр 15 хувиар суларсан нь хангалттай хэмжээнийх, үүнээс цааш сулрахгүй” гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлжээ. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол төгрөгийн ханш хэдэн хувь хүртэл унах вэ?

-Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг хэлье. АНУ БНХАУ хоёрын хооронд гадаад худалдаан дээр юанийн ханшийн талаар байнга маргаан гарч байдаг л даа. АНУ, БНХАУ-ыг байнга Олон улсын худалдааны байгууллагад өгч гомдол гаргадаг. Маргааны гол санаа нь юанийн ханшийг Хятадын Засгийн газар, Хятадын төв банк зориуд бага сул байлгаж байна. Зах зээлийнх нь эрэлт ба нийлүүлэлтийнх нь зүй тогтлоор тогтоохгүй байна гэж гомдоллодог. Юанийн ханш байнга сул байдаг тул Хятадын экспортыг дэмждэг бодлого барьж ирсэн. Үр дүнд нь Хятадын бараа дэлхийн өнцөг булан бүрт хүрснээр харагдаж байна. Тэгэхээр манай төгрөгийн ханшийг сулруулах юм бол экспорт дэмжигдэх ба Монгол Улсын санхүүгийн зах руу доллар дотогшлох урсгал нэмэгдэнэ гэсэн үг.

-Ханшаа сул тавина гэдэг нь яана гэсэн үг вэ?

-Ханшаа сул тавина гэдэг нь валютын ханшийг түүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлохыг хэлж байгаа юм. Долларын эрэлт нь импортын барааны эрэлтээр, харин долларын нийлүүлэлт нь манай улсын экспортын барааны эрэлтээр тодорхойлогдоно. Экспортод бараа гаргаж байгаа аж ахуйн нэгжийн дансанд доллар орж ирдэг. Энэ доллараа тухайн аж ахуйн нэгж төгрөг болгох үедээ банкиндаа хэлж, тэдний долларыг банк нь банк хоорондын зах дээр зарна.

Барааг импортоор авдаг аж ахуйн нэгж худалдан авсан барааныхаа төлбөрийг хийхийн тулд өөрийн харилцагч арилжааны банкиндаа доллар худалдан авах захиалга өгнө. Банк нь тухайн аж ахуйн нэгжид шаардлагатай долларыг банк хоорондын зах зээл дээрээс худалдан авна. Яг эдгээр үйл ажиллагааны явцад валютын ханш тогтоогдож байвал валютын ханшийг сул тавьлаа гэж ярина. Манайх энэ журмаар явдаг.

-Ер нь төгрөгийн ханш сулрахаар ямар үр дагавар гарах вэ?

-Төгрөгийн ханш суларна гэдэг нь долларын ханш чангарна гэсэн үг. Аливаа эдийн засгийн арга хэмжээ нь эдийн засагт үзүүлэх үр дүнгээрээ заавал эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Дан ганц буруу, эсвэл зөв арга хэмжээ гэж байхгүй. Аль үр дагавар нь давамгайлж байна гэдгийг жигнэж байгаад шийдвэрээ гаргах ёстой гэхүү дээ. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь экспорт нь хямд төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг дэлхийн зах зээлд гаргаж үнэтэй доллараар зарахад хүргэнэ. Ингэснээр манайх руу орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. Долларын ханш чангарснаар үнэтэй бараа импортоор орж ирэхэд хүргэх ба манай оронд инфляц өснө. Эндээс харвал хоёр талтай байгаа биз. Манай төгрөгийн ханш сулрах нь ийм л хоёр үр дагавар авчирдаг. Нэг талаас долларын дотогшлох урсгал нэмэгдэнэ, нөгөө талаас инфляци өснө. Манайх шиг импортлогч оронд инфляци өсөх үр дагавар нь давамгайлах талтай. Засгийн газар нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төв банк энд чухал үүрэгтэй оролцдог. Орон бүрийн нөхцөл байдал өөр учраас судалгаан дээр үндэслэн бодлогоо тодорхойлно гэдгийг дахин цохож хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа эвлэрье DNN.mn

Дэлхий тахалд нэрвэгдээд, дайны хөлд сүйрч байна. Хор уршгийг нь бид өдөр тутамдаа, алхам бүрдээ мэдэрч байгаа. Хамгийн наад зах нь бараа таваарын үнэ огцом нэмэгдэж байна. Цаашид амьдралаа залгуулахад улам хүнд болно гэж эдийн засагчид анхааруулж, түгшүүр зарласаар. Улс орон бүр өөр, өөрийнхөө онцлогт тохирсон арга хэмжээг ч авч эхэлсэн. Европын холбоо гэхэд ард түмнээ тансаг хэрэглээнээсээ татгалз хэмээн өдөр болгон уриалж байна. Лаа шүдэнзээ бэлдэж, түлээ түлшээ базааж, өвөл хөлдөж үхэхгүйн тулд бүхий л аргаа хэрэглэ гэв. Энэ бол дайны төлбөрийг төлж байгаа хэлбэр юм.

Дайны төлбөр гэж юу яриад байна вэ, ард түмэн тансаг хэрэглээнээсээ татгалзах нь үүнд ямар хамаатай юм бол гэж үү. Энгийнээр тайлбарлавал дэлхийд дарангуйллыг байхгүй болгохын тулд төлж байгаа төлбөр. Хүчтэй улс нь сул доройгоо дээрэлхдэг. Эрхшээлдээ оруулж, өөртөө нэгтгэж чаддаг. Улмаар өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн дэглэм тогтоодог болоод удсан байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь зэрлэг, араатан амьтдын ертөнцөд л байдаг үйлдэл. Тэд угаасаа тэгж л оршин тогтнодог. Харин хүн төрөлхтөн араатнаас ялгаатай нь ухамсар, оюунтай. Орчин цагт, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн даяаршлын ертөнцөд хүчтэй нь хүчгүйгээ шууд дарангуйлна гэдэг бол үнэхээр байж боломгүй явдал. “Та нар муусайнууд миний санаанд нийцсэнгүй” гээд сэлэм эргүүлэн дайлаар морддог эрин зуун биш. Гэтэл өндөр технологижсон зэр зэвсэг, цэрэг армиар дарангуйлал тогтооно гэдэг юу гэсэн үг вэ. Аль нэг дарангуйлагчийн хүсэл, шуналыг гүйцэлдүүлэхийн тулд сайхан залуу, халуун амиа “тушаах” нь дэндүү хайран. Хүний амь ганцхан. Хойд нас байдаг гэж хэн ч баталчихаагүй байгаа. Орчлонд нэг л олдох амьдралаа хүний шуналд зольж, өөр шигээ гэм зэмгүй жирийн хүмүүстэй алалцана гэдэг ухаан санаанд багтамгүй явдал биз дээ, яаж ч бодсон. Дарангуйлал, ноёрхлыг болиулах нь энэ дэлхийд амьдарч байгаа хүн бүхний туйлын хүсэл, зорилго байх ёстой.

Түүхээс харвал Монгол Улс дайны төлбөр төлж байсан орон. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголд гурил, будаа, цай, тамхи, даавуу дайлан тасарч байсан гэдэг. Тэр үед ард түмэн маань хуучин нойтон хувцсаа өмсөж, уулнаас ургамал, навч түүж цайгаа чанан ууж, тамхиа нэрж дайныг даван туулж байжээ. Энэ бол фашист дэглэмийг дарахын төлбөр байсан юм. Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр бидний өмнө ирчихээд байна. Гэхдээ бидний энэ удаагийн дайны төлбөр маш хямдхан тусна. “Энэ хамгийн хүнд дээ” гэж бодоход юу байж болох уу. Ямар зүйл хийж болно гэж та нар бодож байна вэ.

Ердөө л Энхтайваны гүүрийг өвлийн хүйтэнд жавар сөрөн алхах л байгаа юм шүү дээ. Машинаа тавиад бензиний хэрэглээгээ таначих л даа. Алхах нь эрүүл мэндэд ч тустай. Ийм хүнд бэрх цагт заавал шинэ хувцас авч дэгжирхээд юүхэв. Дулаан л байвал хуучин ч байсан яахав дээ. Арчилж, тордож өмсөөд нэг өвлийг явган алхаад давж үзье л дээ. Хэдүүлээ нэг өвөл алим, мандарин, салатны навчгүй өвөлжье. Нэг өвөл орой 12 цаг гэхэд бүгд гэрэл чийдэнгээ унтраагаад унтдаг болъё. Хэдэн үйлдвэр, уурын зуухандаа л цахилгааныг нь өгөөд эрчим хүчээ хязгаарласан ч яахав дээ. Эсвэл 12 цаг өнгөрвөл лаагаа бариад утсаа ухахад болохгүй юмгүй. Монголчуудад ийм л дайны төлбөр байгаа. Энэ бол маш хялбархан. Хэсэгтээ цэмцгэнэхээ больж, тансаг хэрэглээнээсээ татгалзаж, дарангуйллын эсрэг төлбөрийг төлцгөөе өө. Энэ бол ардчилал, тусгаар тогтнолдоо төлж байгаа бидний өчүүхэн төлбөр юм шүү.

Түгжрэлтэй замд бензин их зарцуулдаг жийп хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар өрсөлдөж, брэндээр хийрхэцгээдгээ л больчихъё. Өнгө алагласан чамин хоолныхоо зургийг сошиалаар гайхуулж онгирцгоохоо л байчихъя. Ер нь монголчууд дандаа тансаг, хангалуун амьдарч байгаа юм шиг жүжиг тавьдаг улс. Одоо бодоод байхад, хэлсэн үгнээсээ болж элдвээр зүхүүлдэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Мах, гурилтайгаа байхад болно доо” гэсэн нь үнэн юм. Нэрэлхээд нэрээ идэхгүй. Гэртээ очоод гэрээ идэхгүй гэж хуучны үг бий. Юундаа ч нэрэлхэж, ичихэв. Шатахуунаа бага авъя. Цахилгаанаа хэмнэлттэй хэрэглэе. Байгаа хэдэн хуучин хувцсаа цэвэрхэн өмсье. Бор зүрхээрээ амьдраад үзье л дээ. Ямар насан туршдаа ийм байх биш. Дарангуйлал мөнхөд үргэлжлэхгүй. Дор хаяж ганцхан өвлийн л асуудал байгаа. Хойтон хавар ирэхэд цаг сайхан болчихно.

Өнөөдөр ардчилал, тусгаар тогтнолоо алдаж буй улс орон ямар эмгэнэлтэй байна вэ. Ард түмэн нь айдастай, хайртай дотны бүхнээсээ хагацсан элэг эмтрэм дүр зургийг дэлхий нийтээрээ харцгааж сууна. Иргэд нь тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө цусаа урсгаж, амь насаа өгч байна. Үүний хажууд бид дэндүү жаргалтай байгаа. Хоёр том гүрний дунд оршдог ч иргэд нь эрх чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг индэртэй байна. Дүрвэгсдийн мөрөөдлийн улс.

Дайны төлбөрт хүн бүр эрвийх, дэрвийхээрээ оролцох ёстой. Тэгж байж л сайхан цагийг наашлуулна. Тэгж байж л энэ дарангуйллын, бусармаг бурангуй нийгмийг дэлхийн түүхээс арчиж хаяна. Фашизмыг дарахын тулд 1940-1945 онд иргэд буутайгаа хөлдөж үхэж байсан юм. Үүний хажууд бидний тансаглалаа тэвчих асуудал инээдэмтэй байгаа биз дээ. Ингэж байж л хүнд үеийг давцгаана. Түрдээ цэмцгэнэхээ больж мах, гурилтайгаа өвөлжье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Улс орны эдийн засаг амаргүй байна. Эрх баригчдын зүгээс ковид, дайнтай холбоотой тайлбарлаж байна. Ийм үед төр засаг ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Эрх баригчдын эдийн засгаа сэргээх гэсэн бодлого байгаа онохгүй зургаан жил өнгөрлөө. Ковидын хуулиа он дуустал сунгасан нь энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэх, түүний ард ковидын нөхцөл байдал гэсэн нэрийн дор эдийн засгийг эдийн засгийн бус арга механизмаар удирдаж ирлээ. Үүний том илрэл нь төсвийн данхайлт, улсын өр, төгрөгийн ханшны уналт, инфляциар дамжин ард иргэд бидэнд мэдрэгдэж байна. Гурван их наяд, 10 их наядын хөтөлбөр зарласан нь бодит эдийн засагт хэр их нэмэр болсныг дүгнэж ярих цаг болсон. Үүний тайланг тавьж хэлэлцэхийг шаардаад ч бүрхэг хэвээр үргэлжилсээр байна. Өнөөгийн нөхцөлд төсвийн данхайсан зардлыг бууруулах хэрэгтэй. 2021 оны төсөвт бидний шүүмжилж сануулж ирсэн хөшөө, театр, музей гэсэн нэртэй хагас их наядын хэмнэлтийг хийх боломж байсан. Хойшлуулж болох энэ мэтийн хөрөнгө оруулалтыг түр царцаагаач гэж олон хэлсэн. Тоть шиг хэдэнтээ давтлаа. Хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь хүнд өвдсөн үед эмчлэхээс хамаагүй бага зардалтай, эмчилгээний үр дүн ч эерэг байдагтай адил. Эдийн засаг хүндрээд байна гээд байхад “Бид мэдэж байна” гээд төсвийн зарлагаа галзууртал нэмчихээд одоо юу ч байхгүй болсон учир нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй гэж хоёр тийш савладаг, туйлширдгаа болих хэрэгтэй. Эдийн засгийг аль болох савлуулахгүй тогтвортой өсөлттэй байлгах нь чухал. Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй байна. Богино хугацаанд татварыг хойшлуулж, шаардлагатай бол бууруулах нь дунд, урт хугацаанд аж ахуйн нэгжүүдийг байр сууриа олох, шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх боломж олгоно. Жишээ нь, НӨАТ таван хувь болгон бүгд ижил тэнцүү төлөх үүрэгтэй байвал эдийн засагт сайнаар тусах нь тодорхой. Гэтэл эргээд сугалаагаар дамжуулан И-баримт бүртгэлээ эрчимжүүлэх гэж буй ядарсан арга. Татварын бодлого сугалаанд ялагдаж байна гэсэн үг. Мөн төсвийн зардалд бүтээмжийн өсөлт хийхгүйгээр бий болгосон олон албан тушаал, ажлын байрууд байна. Эдгээрийг цомхотгож, төрийн үйлчилгээ бүтээмжтэй болмоор байна. Эдийн засаг агшихад нэгэнт данхайсан том зардлыг аж ахуйн нэгжүүдийн татвар дийлэхгүй нь тодорхой. Бодлогын хүүг оройтож нэмлээ. Ханшийн уналтаас сэргийлж буй боловч зээлийн хүү өсөх нь иргэд, аж ахуйн нэгжийн зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын идэвхийг бууруулна. Гол ажил бол экспортын орлогоо яаж ийгээд нэмэгдүүлэх юм даа. Төр болон хувийн хэвшлийнхэн орлогын гацалтаасаа хөдлөх нь чухал. Бэлэн байдал нь ч харьцангуй сайн байгаа гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд ханшийн уналт хязгаарлагдан хэрэглээний үнэд учруулах дарамт буурна.

-Намрын чуулган эхэлж байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед чуулганаар хэлэлцэх асуудлаас 2023 оны төсвийн тухай хууль анхаарал татсан сэдэв боллоо. Ирэх оны төсөвт шинээр ямар ч бүтээн байгуулалтад хөрөнгө тусгахгүй гэсэн мэдээлэл байна. Ер нь яавал ухаалаг сахилга баттай төсөв батлах вэ?

-Төсөв эцэслэгдэж танилцуулагдаагүй болохоор нарийн дүгнэлт өгөхөд эрт байна. Төсвийн алдагдлаа өмнөх онуудтай харьцуулахад нэлээд багасгаж байгаа гэсэн. Энэ нь сайн үзүүлэлт юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо хамгийн бага байх ёстой. Тодруулбал, төрийн мэдэж зарцуулдаг мөнгө бага л байх ёстой. Төрийн нэрийн дор нэмэгдүүлж буй орон тоо, үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн нэгж гэсэн болгон төсвийн зардлыг нэмэгдүүлнэ. Гэтэл төр эдийн засагт бодит юм бүтээдэггүй, зөвхөн татварын орлогыг зарцуулдаг. 2017 онтой харьцуулахад төсвийн зарлага бараг хоёр дахин нэмэгдсэн. Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй. Хөшөө, хаалга, театр болон эдийн засагт орлого шууд авчрахгүй хөрөнгө оруулалтыг хасах хэрэгтэй. Мэдээж эдийн засаг сэргэх үед тэдгээрийг гүйцээж хийхэд ямар ч асуудалгүй. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ. Нөгөө талдаа төрийн өмчит алдагдал хийдэг аж ахуйнуудаас салах, хувьчлах, олон нийтэд санал болгох ажил ч хийгдмээр байна. Ингэсэн тохиолдолд төрийн мэдлийн дор үр ашиггүй ажлууд хумигдаж, эдийн засгийг эрүүлжүүлэхэд эерэг нөлөө гарна. Өнгөрсөн хугацаанд цахимжлаа, И монголиа орлоо, яам байгууллаа гэсэн мөртлөө тэр үр дүнгээс шалтгаалан зардлын хэмнэлт, бүтээмжийн өсөлт гэсэн нэг ч зүйл яригдсангүй. Аливаа өөрчлөлт шинэчлэлт дэвшил авчирсан бол дараа дараагийн зардлыг бууруулж, бүтээмжийг өсгөсөн байх ёстой. Ирэх оны төсөвт орлогыг бодитой төлөвлөх нь чухал. Бид орлогоо хэт өөдрөг төсөөлөн том тоо тавьж гүйцэтгэлээ хийж чадахгүй жилийн хугацаанд төсвөө хэд хэд тодотголоо. Нэг талаар төлөвлөж чадахгүй байна гэсэн үг.

-Манай улс уул уурхайн хараат эдийн засагтай орон. Доллар олох өөр ямар боломжууд байна вэ. Валютын нөөцийг яаж бүрдүүлэх вэ?

-Доллар олох манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Экспортын орлого ологч гол бүтээгдэхүүн. Хэдийгээр нэмэлт өртөг бүтээх нь хангалтгүй байгаа ч өнөөгийн байдлаар буюу ухаад ачиж буйгаа хагас боловсруулах, урт хугацаандаа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох бодлого хэрэгтэй. Нүүрс, зэс, алтны салбарын бодлогыг улам нээлттэй болгож, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Харин одоогийн үйлдвэрлэгчдийг дараагийн боловсруулалтын хөрөнгө оруулалт хийхэд бодлогын дэмжлэг чухал. Түүхий эдийн үнэ зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий байдаг бол боловсруулсан бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Засгийн газраас явуулж буй боомтын сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Бидний экспортын бүтээгдэхүүний тааламжтай байгаа энэ цагийг сайн ашиглах хэрэгтэй. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалт үүнд чухал үүрэгтэй. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээнд хүчтэй нөлөөллөө. Богино хугацаанд экспортоо төлөвлөсөн хэмжээнд хүргэхийн тулд боомтын үйл ажиллагаа, хил нэвтрүүлэлт, ач тээврийн зохицуулалтыг тасралтгүй, цаг бага шаарддаг болгох нь зөв. Бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас хэдийгээр биет хэмжээгээр төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй ч мөнгөн дүнгээр зорилтот түвшинд дөхөхөөр байгаа. Энэ бол сайн мэдээ. Үүгээр хязгаарлагдалгүй чөлөөт бүс, гадаадын хөрөнгө оруулалт, хайгуул олборлолтын салбарыг эрчимжүүлэх ажлуудыг ч зэрэгцүүлж хиймээр байна.

-Чуулган эхлэхтэй зэрэгцээд хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөөд эхэллээ. Амьдралын түвшнээс хамаараад ялгавартай олгоно гэх юм. Эрх баригчид төсвөө танах болохоор хүүхдийн мөнгийг болиулна гэдэг. Энэ зөв гаргалгаа мөн үү?

-Халамжийн хавтгайруулсан бодлого явуулснаа хүүхдийн мөнгөнөөс боллоо гэж ойлгож болохгүй. Хөдөлмөрийн насны залуусыг халамжийн бодлогоор залхуу болгож байгаа тухай л иргэд шүүмжилж байгаа. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөтэй хольж ойлгож болохгүй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш учраас халамжийн хуулиар зохицуулагддаггүй. Ялгавартай олгох нь Үндсэн хууль зөрчих асуудал яах аргагүй үүснэ. Иймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хэрэгтэй.

-УИХ дахь эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийг санаачилж өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй байна. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт хүлээж байна?

-УИХ дахь эмэгтэй гишүүд гэр бүл, хүүхэд хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн тулгамдсан асуудал ихтэй хуулиудыг барьж авч ажиллаж байна. Таны асуусан Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хүүхдийн тэтгэмж олгох зэрэг олон нэмэлт өөрчлөлтийг агуулсан. Хууль батлагдсанаар гэр бүлийн харилцааны зарим асуудлыг зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдах, гэр бүлийн тулгамдаад байсан хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Жишээ нь, хүүхдийн тэтгэмж төлөх байдал хангалтгүй байсан бол түүнийг хугацаа алдалгүй барагдуулах, хүүхдэд зарцуулах тэтгэмжийг хэрэгцээт хугацаанд нь төлүүлэх, төлөхгүй тохиолдолд алданги тооцох зэргээр хариуцлагыг өндөрсгөж байна. Хууль хэлэлцэх шатанд илүү нарийн заалтуудыг олон талаас хэлэлцэж эцэслэнэ.

-Засгийн газрын бодлогуудаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бодлогын хувьд цэцэрлэгийн асуудлыг сайн шийдэж чадсан. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хийж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Төр өөрөө ажлын байр нэмэгдүүлэх биш, ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой юм. Гадаад нислэгийн тоог зоригтой нэмэгдүүлсэн нь эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүллээ. Мөн солонгос иргэд визгүй зорчиж эхэлснээр аялал жуулчлалын салбарт нэлээд дэмжлэг боллоо. Түүнчлэн төсвийн хэмнэлтийн хууль батлагдсанаар нэлээдгүй зардлыг багасгалаа.

-Танай намын асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. АН-ын дотоод хямрал шийдэгдэхгүй удлаа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг харж байна. АН яаралтай эв цавандаа орохыг нийгэм хүлээж байгаа. Намаа эвлүүлэх тал дээр жирийн гишүүд хэрхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа бол?

-Нам хуваагдсанд жирийн гишүүдийн оролцоо огт байхгүй, тэдэнд ямар ч буруу байхгүй. Зөвхөн дээрээ лидерүүдийн хооронд хуваагдал явагдсан. Эсвэл зөвшилцөөд явцгаах, эсвэл зайгаа тавьж өг гэхээр хэн нь хэнийгээ дийлдгээ үзнэ гээд хоёр жил үзэлцлээ. Жоомоо алах гээд байшингаа шатаачихлаа. Эндээс хохироогүй үлдсэн нэг ч Ардчилсан намын гишүүн алга. Хамгийн том хохирол гарз нь Монголын Ардчилал. Хүнээр зүйрлэвэл сэхээнд орчлоо.

-Намын дотоод маргаанд цэг тавих зорилготой АН-ын залуус үе, үе дуу хоолойгоо нэгтгэж харагдах юм. Энд тэнд л уулзалтууд болж байна. Эдгээр үйлдлүүд АН-ыг нэгтгэхэд нөлөөлж чадах уу. Тэдний үйлдлээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, хариуцлагыг нэхэж байна.

-Ер нь АН улс төрийн бүх акциудаа орхиод ёроолдоо хүртэл унасны дараа ард түмэн ардчиллыг хүсч үгүйлсэн тэр цагт сэргээх ёстой гээд байгаа юм уу?

-“НЭГНЭЭ УГТАН АЛХаЦГААЯ” гэдэг уриалга гаргасныг өнцөг булан бүрт гишүүд маань давлагаалан дэмжсэнд баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлэх гэж нэлээд хичээсэн. Сүүлдээ олон жил хамт зүтгэсэн дотны найз нөхөд, андуудтайгаа ч намын асуудлаас болж санал зөрж муудалцаад авсан. Би эхнээсээ хоёр талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаад эвлэрлийн хурлуудаа хийе гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “Үгүй ээ, наашаа л ирж нэгдвэл нэгд, үгүй бол үгүй” гэдэг байр суурийг талууд хатуу баримталсаар их ч цаг хугацааг алдлаа.

-АН-ын дотоод байгууллагууд бүгд хоёр хуваагдчихлаа. Хамгийн удаан тэссэн нь эмэгтэйчүүдийн байгууллага болон залуучуудын холбоо байсан. Гэтэл С.Эрдэнэ таныг төдийгүй УИХ-ын нэр бүхий гишүүдийг намаасаа хөөж, УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж байгааг мэдэгдсэн. Хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаж ардчиллын лидерүүд рүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пиар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд дотроо ойлголцохгүй санал зөрөх зүйл зөндөө л байдаг. Бүлгийн даргаар Д.Ганбатыг ажиллах хугацаанд УИХ-ын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс нэг ч удаа шалтгаангүйгээр бүлгийн хурлыг таслаагүй идэвхтэй байсан. Одоо О.Цогтгэрэл даргын ажлыг ч бүх талаар дэмжээд л ажиллаж байна. Учир нь УИХ-аар түүхэн чухал хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. Тухайлбал, Сонгуулийн холимог тогтолцоо, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хуулиуд орж ирнэ. Улс төрийн намуудын төлөөллийн хувьд энэ гурван хуульд онцгой анхааран ажиллх шаардлагатай юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

С.Будням: Дотооддоо инновацийн салбаруудаа зөв сонгож хөгжүүлбэл валют олж чадна DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухаан доктор С.Буднямтай ярилцлаа.


-Эдийн засаг хүнд байгааг цар тахал болон ковидтой холбон тайлбарлаж байгаа, төр засгийн зүгээс. Цаашид бидэнд мөнгө олох ямар боломжууд байна вэ?

-Гадны нэмүү өртөг бүтээдэг улс руу бид түүхий эдээ өгдөг. Жишээлбэл, ашигт малтмал байна. Уул уурхайгаас өөр мөнгө олох боломжуудаа эрэлхийлэх ёстой. Шийдвэр гаргагчид эдийн засгаа солонгоруулна гэж байнга ярьсаар ирсэн. Тэгэхээр хөгжлийн бодлогодоо юун түрүүнд монгол хүн гэж хэн бэ гэдгийг харуулах ямар салбар байгаагаа чиг шугамаа болгож, хөгжүүлэх ёстой. Монгол хүнийг насан туршид нь тэжээж ирсэн уламжлалт нүүдлийн аж ахуйгаа түшиглэн мөнгө олох боломж бий. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол органик гэдэг утгаар гадныхан их сонирхоно. Иймээс энэ салбарт хамгийн түрүүнд орчин үеийн ямар л технологи байна тэр бүгдийг нэвтрүүлэх ёстой. Ингэж чадвал бид хүнсний асуудлаа дотооддоо бүрэн шийдэж болохоор байгаа юм. Малаас гарах бүхий л түүхий эдийг орчин үеийн технологиор дэлхийн жишигт хүртэл боловсруулж, нэмүү өртөг шингээх бүрэн бололцоотой. Инновацийн хэд хэдэн гол чиглэлүүдийг сонгож аваад кластер үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ашигладаг, түүхий эдийг боловсруулдаг энэ салбар дахь бүгдийг уяж өгөх нь чухал. Ингэж дотооддоо инновацийн шинэчлэх салбаруудыг зөв сонголт хийвэл гаднаас валют олж чадна. Нүүрстэй адил гэсэн үг. Өнөөдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр савлахад яадаг билээ дээ. Тэгэхээр бидний өөрсдийн бүтээсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэ орвол доллар татах том боломж

-Гадны өндөр технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Нэгдүгээрт, кластер гаргах хэрэгтэй. Өөрийнхөө эдийн засгийг солонгоруулахад боловсруулах үйлдвэрийн салбаруудаа дэмжих ёстой. Тэднийг зангидаж байгаа нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байна. Хөдөө аж ахуй гэхээр хүнсний үйлдвэр нь сэргээд ирнэ. Дээрээс нь малаа үүлдэржүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол хөнгөн үйлдвэрийн салбарууд бас сэрнэ. Ийм маягаар эдийн засгийнхааа бүтцийг балансжуулмаар байгаа юм. Салбарын холбоосыг технологиор л дамжуулах ёстой. Нэмүү өртөг шингээсэн оюуны багтаамжтай технологи оруулж ирэхийг хэлээд байна л даа. Долоо, найман салбарыг санхүүжүүлбэл бусдыгаа өөд нь татна. Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд дэвшүүлсэн. Эдгээр бодлогын баримт бичгээ боловсруулахдаа хүртэл гадна байгаа технологийн хөгжлийг эргэж харах ёстой. Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байна шүү дээ. Тэгэхээр мөнгө олоход шинэ технологи юу юунаас чухал.

-Энэ тал дээр манайд ямар байна вэ?

-Хоёр дутагтал байгаа. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн салбарууд шинжлэх ухааныг хүлээж авах мэдрэмж муутай байна. Жижиг, дунд үйлдвэрүүд анх зах зээлд суралцаж эхлэхдээ голдуу бартераар солих юм уу, гадны хэрэгцээгүй болсон хуучин технологи авчирдаг байсан. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийнхөө салбарын хөгжлийг харахдаа шинжлэх ухаан,шинэ технологи хэрэгтэй гэдэг мэдрэмж байхгүй. Барууны орнуудын үндэстэн дамнасан том компаниуд бол өөрийнхөө дэргэдээ мотиваци центртэй байдаг. Тухайн салбарын хөгжлийг ойрын хэдэн жилд ямар технологи суулгах уу, юуг эзэмшиж нэвтрүүлбэл дэлхийд байр сууриа өргөтгөх үү гэдэгт тусгайлан бодлого гаргадаг. Түүнээс биш манайх шиг бүх юмыг төр хариуцахаар мөнгө нь ч байхгүй. Нөгөө талаар манай бизнес эрхлэгчид орчин үеийн бизнесийн хөгжлийг бага мэдэрч байна.

-Төрийн зүгээс юу хийх ёстой юм бэ?

-Ерөөсөө төр зохицуулах ёстой. Бизнесийнхэнтэй зөв харьцаж, тэднийг соёлжуулахад анхаарна. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилд их, дээд сургуулиуд, Шинжлэх ухааны академийн судалгаа хийдэг хүрээлэнгүүд төрийн бодлогын хараанаас гадуур явж ирсэн. Тэд ямар ч шинэчлэл хийж чадалгүй, боловсрол ч гэж боловсрол алга. Шинжлэх ухаан ч гэж авах юмгүй болов. Тэднийг буруутгах ч аргагүй. Боловсролын систем бүхэлдээ оюутны төлбөр дээр буусан учраас чанар нь муудсан шалтгаан ийм юм. Одоо төрийн зүгээс боловсролын салбартаа анхаарах нь хөгжлийн том хөшүүрэг болно. Эрх чөлөөг шинжлэх ухаан боловсролын салбар олгодог. Түүгээр дамжиж хөгжил бий болно. 21 дүгээр зуунд өрсөлдөөн оюуны салбарт явна. Манай хүмүүс өндөр боловсролтой, чанартай бүтээгч байх юм бол хэн ч, хаана ч амьдрах чөлөөтэй болчихлоо. Ингэснээр дэлхийн хөгжилд нэмэр болно гэсэн үг.

-Эдийн засгийг тэлэхэд гадны хөрөнгө оруулалт юу юунаас чухал. Манайх яавал тэднийг татаж чадах вэ?

-Уул уурхайгаас гадна валют татах салбараа олчих юм бол гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Гадны хөрөнгөгүйгээр хөгжсөн улс гэж хаана ч байгхгүй. Шинэчлэл хийсэн орон дотроос Япон, Сингапур, Финлянд, Тайваньд ажиллах хүчин хэрэггүй байсан юм байна. Хүмүүс нь боловсролтой байсан учраас. Шинэчлэл хийх гэж байгаа бодлогыг хүлээж аваад технологийг нь маш хурдан эзэмшиж чадсан болохоор хөгжсөн. Ер нь эдийн засгаа шинэчилсэн дэлхийн түүх бол 20-25 жилийн хугацаанд он оноор нь хөрөнгөтэй, хүрэх зорилттой нь нарийн тодорхойлсон байдаг юм. Ялангуяа БНСУ-ын хөгжил ингэж явсан. Төр нь бизнесийнхэн болон иргэдтэйгээ хамтарсан байгаа юм. Тэдний хөгжилд иргэдийн дэмжлэг маш чухал байв. Ерөнхийлөгч Пак иргэддээ хандан “Та нар өөрөө өөрсдөө өөрчлөгдөөд хөгжицгөө” гэдэг лоозон дэвшүүлсэн нь ард түмэнд хүрсэн. Өмнөд Солонгосын жижигхэн хошууг хачин сайхан болгосон. Усан онгоцны Бусон боомтыг хөгжүүлэхэд том компанийн захирлуудаа дуудаад “Та нар энд хөрөнгө оруул” гээд бизнесийн эрх чөлөөг нь өгсөн. Тэр боомт дорхноо босоод ирсэн. Бусоны боомт байхгүй байхад Германы Хамбург маш ашигтай байсан. Гэтэл Бусон боомт ажиллаж эхэлснээр тэдний орлого багассан. Ийм л нүүр царайтай бизнесийг Монгол олох хэрэгтэй. Үүн дээр төр засгийн зүгээс анхаарах ёстой. Сая шинээр байгуулагдсан хоёрыг яамны хувьд салбар хоорондын холбоосыг яаж нягтруулах уу, ямар кластеруудыг хаана, хаана гаргах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Баруун аймагт, Сэлэнгэд ямар кластер байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэх юм бол жигд хөгжил ирнэ. Одоо Улаанбаатарт төвлөрөл нэмэгдэж, хөдөө орон нутагт хүртээмж тааруу байна шүү дээ. Амьралын ялгаа асар их. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлогоо бүхэлд нь зангидаж, “Алсын хараа-2050” мэт хөтөлбөрөө эргэж хараад, Шинэ сэргэлтийн бодлогодоо ч тодорхой хөрөнгөөр нь уяад, аль аль салбарт яаж мөнгө хаях вэ гэдгээ яам хийх ёстой. Технологийн эрин зуунд үндэсний цахим платформыг салбар яам нь бий болгох нь нэн түрүүнд хийх ажил. Төрийн бичиг цаас гэлтгүй яамдын гаргаж ирсэн нэгдмэл салбар дундын холбоосын хөтөлбөр цахим платформ дээр хамгийн хямд явах ёстой. Цахим эдийн засгийн гол онцлог энэ. Улсын хэмжээний бүх өгөгдлүүд нэгдсэн тавцан дээр бүрэлдээд хоорондоо харилцан солилцох бололцоотой. Өндөр мэргэжилтэй хүмүүсээ сайн бэлдэх юм бол маш амархан хийчих ажил. Тиймээс их, дээд сургуулиуд өөрийнхөө сургалтын программыг өндөр түвшинд аваачаад, эдийн засийн баялаг бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх ёстой. Дэлхийн жишгээр их сургууль төвлөрсөн, мэдлэг үйлдвэрлэдэг кластер болохыг хэлж байгаа юм.

-Бид дэлхийд өрсөлдөх брэнд үйлдвэрлэнэ гэж ярихаасаа урьдаар хоёр хөрш рүүгээ экспортолдог орон баймаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Эхний байдлаар хоёр хөршийн сонирхол бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Түүхийгээр нь биш, боловсруулсан байдлаар авах туйлын их сонирхолтой. Энэ хоёр бол идэж дуусахгүй. Харин манайхан хангахад анхаарах ёстой. Юун түрүүнд бид хэрэглээний барааны хувьд импортын хамаарлыг багасгах хэрэгтэй. Боловсроуулах үйлдвэрүүддээ бодлого гаргамаар байна.

Хүнсний, хөнгөн үйлдвэрийг кластеруудыг газар нутгийнхаа географикийн байршлаар хаана бололцотой байгааг тодорхойлох ёстой. Эхлээд дотоодоосоо мөнгө олдог салбаруудыг ол, эсвэл тэр салбарууд дээрээ гаднаас хөрөнгө татах хэрэгтэй.