Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

И.Мөнхжаргал: УДШ цаг хожихын тулд улс төрийн захиалга биелүүлж байна DNN.mn

АН-ын генсек И.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүх(УДШ)-д холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх байсан. Гэтэл УДШ өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлуулсан гэх юм. Энэ үнэн үү, юу болоод байгаа юм бэ?

-Үнэн. Монгол Улсад хуулийн хамгийн сүүлийн шатанд хэргийг хянан шийдвэрлэдэг, хууль тайлбарладаг байгууллага бол УДШ гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл энэ байгууллага захиргааны маргаанд орохдоо гэрчилгээний ард гурван өгүүлбэр сольж бичихийн тулд төсвийн мөнгөөр өмгөөлөгч авна гэнэ. Иргэдийг хэлмэгдүүлээгүй гэдэг баталгаа алга. Яагаад гэвэл ур чадваргүй, хууль зүйн мэдлэггүй хүмүүс УДШ-ийн Тамгын газарт ажилладаг юм байна. Энэ бол хуулийн байгууллагын ялзрал дээд цэгтээ хүрсний нотолгоо.

-УДШ улс төрийн намтай шүүхдэлцдэг тохиолдол өмнө гарч байсан уу?

-Монгол Улсад бүү хэл, дэлхийд ч ийм тохиолдол гарч байгаагүй.

-Гэрчилгээн дээр гурван өгүүлбэр сольж бичихийн тулд УДШ өмгөөлөгч авсан гэж та хэллээ. Гэтэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудал үүсээд хоёр жил болох гэж байна. Үүний цаана ямар улс төр яваад байна вэ?

-УДШ нь улс төрийн намын бүртгэлийг л хөтөлдөг. УДШ-ийн гаргасан шийдвэрийг Тамгын газар нь биелүүлэх ёстой. Гэтэл шүүхээс гарсан 4-5 удаагийн шийдвэрийг Тамгын газар нь биелүүлээгүй. Тамгын газрын ажилчид гэрчилгээний ард бичилт хийх л ёстой юм. Энэ нь ямар нэгэн шүүх үйл ажиллагааны процесс биш, улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ажил. Энэ ажлаа хий гэж бид олон удаа шаардсан. Биелүүлээгүй учир Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр уг асуудлыг хэлэлцээд УДШ гэрчилгээн дээр бичилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэрчилгээнд хийх ёстой бичилт бол маш энгийн. “Иргэн С.Эрдэнийг Ардчилсан намын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Ц.Тувааныг бүртгэлд бүртгэв, хасав” гэх мэт процессын тэмдэглэлийг хийх ёстой юм. Харамсалтай нь УДШ үүнийг ойлгохгүй, эсвэл эсэргүүцэж улс төрийн намтай шүүхийн маргаан үүсгэсэн. Сүүлдээ энэ гуравхан өгүүлбэрийг бичих нь зөв эсэхийг хариуцсан ажилтан нь хүртэл ойлгохоо байж өмгөөлөгч авахыг хүссэн.

Өмгөөлөгч гэдэг бол тухайн иргэнд эрх зүйн тусламж үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн дарга өөрөө ажлаа хийж чадахгүй байгаа учраас улсын төсвөөс мөнгө гаргуулж өмгөөлөгч авах гэж байна. Энэ хүний хувийн эрх ашиг зөрчигдөөгүй. Зөвхөн ажлаа хийх чадваргүй, хийж чадахгүй байгаа учир эрх зүйн туслалцаа хүсэж байгаа нь маш том эмгэнэл. Эсвэл энэ албан хаагч улс төрийн даалгавар биелүүлж байна. Өөр ямар нэгэн ойлголт байхгүй.

-Хэрэв тийм бол 2024 оны сонгуулиас өмнө танай нам учир зүйгээ олохгүй бол энэ шүүхийн асуудал чинь дуусахгүй юм биш үү?

-УДШ-ийн дээрх албан тушаалтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй хүн. Тийм учраас өмгөөллийн үйлчилгээ авч байна гэж ойлгож байна. Эсвэл цаг хожих гэж байгаа улс төрийн захиалга биелүүлэгч.

-УДШ дээр үүсээд байгаа эл асуудал АН-д өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний хохирол учруулаад байна вэ?

-Ардчилсан нам өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг нийгэм харж байна. Үүнийг ярихаар хүмүүс Ардчилсан намын дотоод асуудал мэтээр ойлгодог . Гэхдээ би намын хохирол гэхээс илүү нийгмийн хохирлын тухай яримаар байна. Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2023 оны төсвийг хамгийн их зарлагатайгаар баталлаа. 20.5 их наяд төгрөг. Харамсалтай нь энэ асуудалд Ардчилсан нам хяналт тавих, сөрөг хүчний дуу хоолойг хүргэх бололцоо байсангүй. Хоёрдугаарт, Монгол Улс бол ардчилсан орон. Гэтэл хүний эрхийн асуудал хөсөр орхигдож, хүний эрхийн зөрчлүүд дээд цэгтээ хүрсэн. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн яллагдагч болдог боллоо. Гуравдугаарт, нэг намын тогтолцоо руу хазайж эхэллээ. Энд сөрөг хүчний дуу хоолой дутагдаж байна. Ард түмэн “АН сөрөг хүчний үүргээ биелүүл” гэж байгаа. Гэвч одоогийн нөхцөл байдлаас хамааран МАН-ын зүгээс бидний хэлсэн бүхнийг АН-ын дотоод асуудал мэтээр гуйвуулж нийгэмд ойлгуулж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй мэт харагдуулах гэж хичээж байна. Монгол Улс цаашдаа парламентын тогтолцооноосоо буцах аюул заналхийлж байна. Энэ бол нийгэмд учирч болох асар том хохирол. МАН-ыг хазайлгах хүч зөвхөн АН-д л байсан. Учир нь АН олон намын нэгдэл, олон хүний тэнцвэрийг 30 гаруй жил хадгалж ирсэн. Гэтэл тэд энэ том сөрөг хүчнийг үгүй хийж, өнөөдрийг хүртэл Ардчилсан нийгмийг босголцож ирсэн нэг хөлөө хөрөөдөж хаяхыг хүсч байна. Хэрэв тэд хүссэндээ хүрвэл Монгол Улс нэг намын тогтолцоо буюу дарангуйллын нийгэмд шилжинэ.

-Ер нь танай нам яавал эв цавандаа орох юм бэ. Брюссельд уулзсан төлөөллүүд ажлын хэсэг байгуулсан гэл үү. Бас Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр эвлэрэх ажлын хэсэг байгуулсан гэж байсан. Тал талд уулзалтууд хийгээд яваа гэж дуулдах юм. Үр дүн байна уу?

-2022 оны наймдугаар сарын 14-нд Үндэсний бодлогын хороо хуралдаж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал миний биед намын гишүүдийг эвлэрүүлэх, цаашид АН эв нэгдэлтэйгээр ажлаа явуулах тухай үүрэг өгсөн. Үүний дагуу миний бие Ардчилсан намын шат шатны бүх гишүүдтэй янз бүрийн хэлбэрээр уулзаж намын эв нэгдлийн тухай, АН-ынхаа цаашдын ирээдүйн тухай санал солилцож байна. Одоогоор энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-С.Баярцогт хурдан ирж намаа цэгцлээсэй гэсэн хүлээлт АН-ын жирийн гишүүд дэмжигчдэд байгаа бололтой. Явж, явж намын даргын асуудал, ах нарын эрх ашгийн зөрчилдөөнөөс танай нам тархай бутархай болсон шүү дээ. Тэд байгаа цагт энэ нам хэзээ ч эвэндээ орохгүй юм биш үү?

-Улс төрийн нам хүнд нөхцөлд орлоо гэхэд нэг гишүүн ирээд намаа авардаг тухай ойлголт байхгүй. Мэдээж энэ хүн бол намаа аврахын тулд намынхаа эв нэгдлийн төлөө идэвхтэй зүтгэж буй АН-ын нэгэн гишүүн. АН-ыг өнөөгийн нөхцөл байдлаас нэг биш нийт 200 мянган гишүүн хамтдаа зүтгэж байж гаргаж чадна. Эндээс хэн нэгнийг нь онцолж, хэн нэгнийг үгүйсгэж ярих аргагүй. АН гурван үеийн хэлхээгээ хадгалж явах учиртай. Одоогоор үүссэн нөхцөл байдалд аль нэг үеийг буруутгаж, үгүйсгэх биш бид тойрч суугаад ярилцаж шийдэлд хүрэх нь чухал байна. Мэдээж улс төрд хэн нь манлайлагч байх вэ гэдгийг намын гишүүд шийднэ.

-АН хурдан нэгдэж нийлэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирлээ. Мэдээж шүүх дээр танай асуудал сунжирсаар сонгуультай золгох нь тодорхой. Сөрөг хүчингүй энэ улс яаж доройтож байгаагийн горыг ард түмэн амсаж байна шүү дээ?

– Хамгийн их хохирч байгаа нь ард түмэн. Сөрөг хүчингүй эрх баригчид, дарангуйллын тогтолцоо, дураараа дургисан төсвийн захиран зарцуулалт гэх мэтчилэн маш их сөрөг үр дүн гарч байна. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нэгдэж орох болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын анхны казиногийн анги DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2015 ОНЫ АРХИВААС… ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Зах зээлийн эдийн засагт хамгийн супер үйлчилгээтэй бизнес бол яах аргагүй казино. Одоо УИХ-аар Казиногийн тухай хуулийг батлахаар хэ­лэлцэж байгаа. Хэрэв ма­най улс казинотой болбол энэ бизнесийг хөгжүүлэх мэр­гэжлийн баг зайлшгүй шаард­лагатай. Тэгвэл төгс ут­гаар нь ажиллуулах чадвар­тай Монголын анхны казиногийн ангийнхантай уншигчдаа уулзуулж байна. Одоогоос 19 жилийн өмнөх энэхүү төгсөгчдөөс хойш нэг ч казиногийн анги хичээллээгүй юм. Тиймээс Монголд ганцхан байсан анги хамт олон гэж тэднийг нэрлэж болно.

НЭГ АНГИЙНХНЫГ НЭГТГЭСЭН КАЗИНО

1990-ээд оны сүүлээр “Чин­гэс” зочид буудалд казино ажил­­лаж байсан түүхтэй. Ту­хайн үед тэнд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байжээ. Англи улсаас ирсэн казиногийн мэргэжилтэн Крис­тофер Фокстон 1000 гаруй залуусаас хэлний мэд­лэг, харилцааны соёл, зан чанар зэргийг нь харгалзан шигшихэд 200 хүн тэнцэж байжээ. Ингээд 1996 оны арванхоёрдугаар сард Чингэс хаан зочид буудлын хоёр давхрын зааланд казиногийн тоглоомын мэргэжилтэн бэлт­гэх анги хичээллэж эхэл­сэн байна. Гадаад багш ка­зино­гийн бүхий л төрөл болох америк рулет, блэк жек, бака­рат, покер, пунтун гэх мэт арав гаруй тоглоомын дүрмийг нэгд, нэггүй зааж сургасан байна. Ингээд зургаан сарын дараа шижигнэсэн 100 залуу орчин үеийн казиногийн бүх тоглоомыг тоглуулж чадах чадвар эзэмшжээ. Улмаар төгсөгчдөд дэлхийн хаана ч, ямар ч казинод ажиллах эрхийн сертификат гардуулж байсан аж. Тухайн үед тэд­гээр залуусыг “Оргиналиуд” гэж нэрлэдэг байж л дээ.

Казино асар өндөр соёлтой бизнес. Тэр утгаараа хамгийн их мөнгөтэй, хөрөнгө чинээтэй дээдсүүд л тэнд чөлөөт цагаа өнгөрүүлж жинхэнэ кайфыг мэдэрдэг. Иймд дотор нь ажиллаж байгаа хүмүүс ньхэлний мэдлэг, харилцааны соёл зэрэг нийтлэг үзүүлэлтээс гадна үнэнч шударга бай­дал, хүний итгэлийг даах чанар, баг хамт олон болж ажил­лах эв нэгдэлтэй байхыг чухал­чилдаг. Монголын анхны казиногийн ангийнхан энэ бүх шалгуурыг бүрэн хангаж чадаж байснаараа онцлогтой. Тэд бүтэн зургаан сарын турш нэг танхимд номын дуу сонсоц­гоожээ. Ихэнх нь 20-21 насныхан байж. Хэдий бо­ги­но хугацаа мэт боловч залуучуудын дунд хайр сэтгэлийн романс үүсээд амжжээ. Эдний ан­гиас хэд хэдэн хос төрж, гэр бүл болцгоосон байна. Тухайлбал, “Tescoma”-гийн брэнд дэлгүүрийн эзэн Б.Бат­зориг, “Tom N Toms” кофе шопын Монгол дахь салбарын захирал Б.Оюунтөгс нар энэ ангиас төрсөн хос аж. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй, өнөр бүл болсон байна. Казиногийн анхны нэг ангийнхан төгсөөд бүгдээрээ нэг газарт ажил­лаж, нэг хамт олон болж бүрэлд­жээ. Ингээд 1997 оны тавдугаар сарын сүүлчээр манай улсад Англи болон Чехээс мэргэжилтнүүд ирж, казино ч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Гэхдээ “Оргиналиуд” маань бүгд диллерээр ажиллаагүй аж. Касс, угтах үйлчилгээ, хамгаалалтын алба болон казиногийн дэргэдэх өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллацгаасан байна. Ингээд “Чингэс” зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан казинод залуус ёстой нэг зангидсан гар шиг нэг хамт олон болж ажиллажээ.

CNN-ЭЭР СУРТАЛЧИЛСАН МОНГОЛЫН КАЗИНО ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДАЖ БАЙВ

Тухайн үеийн сонин хачнаас тэд ярихдаа “Казино маш амжилттай ажиллаж, шилдэг татвар төлөгчөөр шалгарч байлаа. Япон, Солонгос, Хятад, Африк, Америк, бүр Арабын орнуудаас чинээлэг хүмүүс ирж тоглодог байсан. Энэ хэрээр Монголд маш их валют орж ирдэг байлаа. Үйлчлүүлэгчид орж ирэнгүүтээ эхлээд казиногийн кассандвалютаа өгч хясаа авна. Тэгээд хожсон бол тэрийгээ буцаагаад мөнгөн дэвсгэрт болгоод авдаг байв. Казиногийн реклам маань CNN-ээр цацагдаж байсан. “Монгол оронд казино нээгдлээ. Оньсого мэт энэ оронд тавтай морилно уу” гэх зэргээр дэлхий дахинд сурталчилж байв. Ингээд жуулчдын хөл ч тасраагүй. Арабын Шех ирж их хэмжээний мөнгөөр тоглож байсныг тод гэгч нь санаж байна. Богино хугацаанд казиногийн үйл ажиллагаа ч өргөжсөн. Өвөл, зунгүй ажиллаж байсан болохоор Чингис зочид буудлын өрөө бүр хүнтэй, пиг дүүрдэг байв. Ресторанд гэхэд Германаас ахлах тогооч авчран ажиллуулж, зочдод төрөл бүрийн гадаад хоолоор дайлдаг байлаа. Монголын тэмдэглэлт баяруудаар гайхалтай шоу тоглолт болдог сон. МУГЖ Т.Ариунаа, Камертон хамтлаг гээд бүх одод ирж үдшийг хөгжөөдөг байлаа” гэж дурсав.

Казинод ажиллаж байсан залуус тухайн үед Монголдоо хамгийн өндөр цалинтай хүмүүсийн нэг байв. Бараг ГОК-ийн ажилчдын цалинтай дүйцэхүйц сардаа 500 ам.доллар авдаг байжээ. Тэд анхныхаа цалингаар өөр, өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж байсан гэдэг. Мэдээж, залуу хүмүүс цалингаа буунгуут наргиж, цэнгэж л таараа. Юу юу ч үгүй бүгдээр нь дарвичихгүй. Аав, ээждээ хадгалуулж, хуримтлал үүсгэж байсан гэдэг. Батзориг гэхэд Сайншандад байсан хоёр өрөө байраа зараад Улаанбаатар хотод хоёр өрөө орон сууц авч байсан аж. Ингэхдээ ажлаасаа зургаан сарын цалингаа урьдчилан авчамьдралдаа томоохон хөрөнгө оруулж байжээ. Ямар ч хүүгүйгээр цалингаа урьдчилан авсан Батзориг улан идэвхтэй ажиллах урам зориг орсон гэдэг.

Ажлын байран дээр тохиолдсон хөгжилтэй явдлуудаа дурсахдаа тэд тухайн он цагт оччихсон мэт тодорхой гэгч нь ярьж байлаа. Диллерүүд 20-30 минутын зайтай ширээн дээр гардаг байжээ. Ээлж солигдоход ширээний ард байгаа диллерийн нуруунд орных нь хүн хүрэхэд ажлаа өгдөг байна. Тэр үед нь тоглоом үргэлжилж лбайдаг ажээ. Ерөнхийдөө ширээн дээр байгаа хясаабол мөнгө гэсэн үг. Энэ тухай ангийнхаа нөхөр Баасансүрэнд тэд маш сайн ойлгуулж хэлсэн аж. Хамгийн гол нь читагаа амь л мэт сайн хамгаалах ёстой шүү гэжээ. Ингээд тэрбээр ширээний ард сууж байгаа тоглогчдод үйлчлэнгээ хайрцаглачихсан хясаанаасаа бараг нүдээ салгахгүй л байгаад байж. Дүрмийн дагуу дараагийн диллер ирж, түүний нуруунд зөөлөн хүрэхэд босох ёстой байв. Гэтэл Баасансүрэн босохдоо хайрцагтай хясаагаа тэр чигт нь тэврээд босоод явчихжээ. Тэнд тоглож байсан хүмүүс мэл гайхаж хоцорсон хөгжилтэй явдал болж байсныг тэд хөхрөлдөн ярив. Тоглоом үргэлжилж байгаа цагт хясаа ширээн дээр байх ёстой аж. Гэтэл Баасансүрэн хясаагаа амь мэт хамгаалах ёстой гэдэг үгийг толгойдоо кодолж, биенээсээ огтхон ч салгаж болохгүй гэж бодсон бололтой. Мөн ажлын байран дээр нь удирдлагууд нь тэднийг дугаараар нь дууддаг байжээ. Харин диллерүүд үүнд дургүйлхжээ. “Шоронгийн хоригдлууд шиг байна” гэжудирдлагууддаа хэлэхэд тэдний богино нэрээр бичсэн пайз энгэрт нь хадаж өгч байжээ. Гадаадынхан дуудахад ч амар гэж үзээд Баасансүрэнг Бааска гэх жишээний товчилсон байна. Иймд залуус ангийнхныхаа бүтэн нэрийг одоо бүдэг бадаг л санацгааж байсан гээч.

Эдний ангийн мундагчууд тухайн үед урилгаар гадаадад казиногийн арга зүйчээр ажиллаж байжээ. Монгол дахь казиногийн хөрөнгө оруулагчид Бирм буюу одоогийн Мьянмар улсад шинээр казино нээхээр болж Баясгалан, Чулуунцэцэг, Баасансүрэн, Жаргал, Банзрагч нарын залуусыг аваачин ажиллуулж байсан гэнэ. Монгол залуус гадаадад ажиллах чадвартайг харуулсан томоохон боломж энэ байжээ.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ, ДЭЛХИЙД ТАРХСАН ДИЛЛЕРҮҮД

Монгол дахь казино ганцхан жилийн настай байв. Ид цэцэглэж байсан бизнес гэнэтхэн хаагдсан. Амьдралаа өөдрөгөөр төсөөлж, олон зүйлийг төлөвлөж тэнд ажиллаж байсан 200 гаруй монгол залуусын итгэл найдвар унтарч,гудамжинд гарцгаажээ. Харин тэдний энэ байдал удаан үргэлжлээгүй нь сайн хэрэг. Учир нь монгол диллерүүдийн чадвар олон улсад үнэлэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллаж чадсан юм. “Чингис” зочид буудлын казинод хөрөнгө оруулж байсан гадаадынхан ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн залууст хамтран ажиллах санал тавьжээ. Хамгийн гол нь монгол залуусын ажлын чадвар, итгэл даах байдал, үнэнч шударга чанарыг нь гадаадынхан мэдэрсэн болохоор ийм боломж олгожээ. Ингээд монгол залуус Герман Чехийн хил дээр байгуулагдсан казинод ажиллахаар мордоцгоожээ. Ажил олгогч тал тэдний замын зардлыг нь даахаас өгсүүлээд тэнд очоод байрлах байр, хоол хүнс, хувцас хунар гээд бүх хэрэгцээг нь хангажээ.Дээрээс нь өндөр цалин амласан байна. Ахуй, хэрэгцээндээ мөнгө зарахгүй, дээрээс нь цалингаа хуримтлуулах алтан боломж байсан нь мэдээж. Анх удаад хилийн дээс давж, тэр дундаа Европын соёл иргэншилтэй танилцаж байгаа монгол залуус маань ёстой нэг соёлын шоконд орох шиг болсноо нуугаагүй шүү. Нас биед хүрсэн тэд цанаар гулгаж, усанд сэлэхдээ тав, зургаан настай хүүхдүүдээс ч долоон дор байсан тухайгаа инээлдэн ярьцгаав.

Ийнхүү арваад жилийн дараа нэг хэсэг нь эх орондоо буцаж ирцгээжээ. Одоо тэнд 20-иод монгол диллер ажиллаж байгаа гэнэ. Зарим нь Чехийн иргэн болж, гэр бүлтэй болцгоосон байна. Харин Монголдоо буцаж ирсэн залуусын хувьд “Хэдийгээр тэнд өртөг багатай, сайхан хангамжтай амьдарч болох ч Монголдоо эх орондоо амьдрахыг хүсээд ирсэн дээ” гэв.

Казиногийн ангийнхнаас одоо Чехээс гадна Америк, Африк, Азидтивийн казинод ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Саруул гэдэг бүсгүй Америк Европын хооронд аялдаг усан онгоцны казинод олон жил ажиллаж байгаа гэнэ. Мөн Ачмаа, Урантуяа нар нь Америкт ажиллаж амьдарч байгаа аж.

Харин Монголд байгаа хүмүүсээс гэвэл систем судлаач Банзрагч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүүжин, сэтгүүлч Ц.Цасчихэр нар байна. Ер нь эдний ангийнхан нийгэмд нэр хүндтэй алба хашиж байгаа ажээ. Энэ нь казиногийн ангид үзсэн хичээл, хүнтэй хэрхэн харилцах талаар заасан эрдэм тэднийг боломжийн ажил хийхэд нь ихээхэн суурь болсон гэж байлаа. Цаашилбал, Батхүрэл нь Төрийн банкинд, Б.Насанбуян нь Японы “Сожицу” корпорацийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер хийж байна. Мөн Однасан “Нью Ком”-д ажиллаж байгаад одоо хувиараа бизнес хийж байна.

“МОНГОЛД КАЗИНОГ БҮРЭН УТГААР НЬ ХӨГЖҮҮЛЖ, УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЧАДНА”

Казиногийн тухай хууль батлахыг тэд ихэд дэмжиж байсан. Казиног дагаж улс орон хэрхэн хөгждөгийг нүдээрээ харж, олон жил халуун тогоонд нь ажилласан туршлагаасаа хуваалцсан юм. Ер нь манайхан казиног хар талаас нь ойлгодог тал бий. Энэ тал дээр тэд тайлбарлахдаа “Өнгөрсөн арав гаруй жил олон улс орны казинод ажиллаж байхад нэг ч удаа хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, хууль бус үйл ажиллагаатай таарч байгаагүй. Энэ бол асар өндөр соёлтой, дээдсүүдийн зугаа цэнгээний газар. Казинод эрчүүд таавчиг, углааш байтугай шорт футболкатай орохыг ч хориглодог. Албан ёсны хувцасласан байхыг шаарддаг. Харин хүүхнүүд гоо сайхнаа илэрхийлсэн гоё ганган, дэгжин даашинзтай ордог” гэж байсан юм. Юутай ч эхний ээлжинд Монголд казино байгууллаа гэхэд Улаанбаатар хотод байсан нь дээр гэж тэд хэлэв. Учир нь гадаад орнуудаас жуулчид ихээр ирэх учраас онгоц буудаг хотод байх нь зохимжтой гэлээ. Тэрнээс дэд бүтэц хөгжөөгүй чөлөөт бүсэд казино байгуулаад дэмий гэж байсан. Жуулчид дэлгүүр хэсч, брэнд л сонирхоно. Мөн наргиж, цэнгэж, дээд зэрэглэлийн үйлчилгээг сонгоно. Жуулчдыг казиногийнхоо байнгын үйлчлүүлэгч болгохын тулд хотод байгуулахын ач холбогдол нь ийм учиртай ажээ. Яваандаа хотоос зайдуу бүсэд байгуулж, өргөжүүлж болно гэсэн.

Казиногийн хуулийн төсөлтэй холбогдуулан монголчуудыг орж тоглохыг нь хориглосон заалт яригдаж байгаа. Үүнийг ч мэргэжлийн диллерүүдийн зарим нь зөвтгөж байсан бол нэг хэсэг нь дэмжихгүй байв.Эсрэг саналтай залуус “Казинод хүмүүс эхлээд тоглохоороо их хэмжээний мөнгө хождог. Дараа нь алддаг. Ингээд хүмүүс шунадаг. Манайхан орон байраа зараад казинод донтох аюултай. Тиймээс хориглох нь зүйтэй” гэв. Харин нөгөө хэсэг нь “Чингис зочид буудалд казино ажиллаж байхад хар дэвтэр нээчихсэн байдаг байлаа. Үйлчлүүлэгч казинод донтож байгаа тухай ар гэрээс нь гомдол ирэх юм бол тэр дэвтэрт тэмдэглэнэ. Энэ дэвтэрт нэр нь бичигдсэн хүн хэзээ ч тэр казинод орох эрхгүй болно. Ийм зохицуулалт байж болно. Нэгэнт Монголын хөрөнгөтнүүд казинод тоглох гээд гадагшаа явж, хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм чинь Монголдоо тоглог л дээ” гэж байсан.

Ер нь Монголд казино байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг мэргэжлийн диллерүүд татах бүрэн боломжтой гэдгээ онцолж байлаа. Зуун хувьд гадаадын хөрөнгө оруулалттай байвал Монголд үлдэцгүй гэв. Тиймээс казиногийн 20 хүртэлх хувьд нь дотоодын компаниуд хамтрах ёстойг тэд зөвлөж байсан. Эдгээр залуус “Монголд казиног бүрэн утгаар нь хөгжүүлж, улсынхаа эдийн засагт том хөрөнгө оруулалт хийж чадна. Тиймээсказиног мэргэжлийн түвшинд удирдаад, ажиллуулах бүрэн чадварбий” гэлээ.Монголд казино байгуулбал 1000 ам.доллараас дээш цалинтай ажиллах бололцоотой гээд тэд бүх тооцооллоо хийчихсэн байгаа аж. Мөн “Чингис” зочид буудлын казинод ашиглаж байсан ширээ, сандал, чита зэрэг бүх тоног төхөөрөмжийг тэд одоо хэр нь хадгалж буй гэнэ.Тэр үед хөрөнгө оруулагчид гадаадаас авчирсан эдгээр тоног төхөөрөмжүүдээ казино татан буугдахад тэдэнд үлдээгээд буцсан юм байна. Хэрэв Монголд казино байгуулбал дэлхийд тархан ажиллаж, амьдарч байгаа диллерүүд эх орондоо эргэн ирэхэд бэлэн байгаа юм билээ. Тэд нутгаа маш их санагалздаг ч ирээд ажлын байр, амьдралын баталгаа байхгүй болохоор хууль эрх зүйн таатай орчин бүрдэхийг чих тавин хүлээж байгаа сурагтай.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“No War”-ын хохирогч Ерөнхий сайд гэж зарлах нь хэнд ашигтай вэ DNN.mn

Дайн эсэргүүцэж жагсаал хийсэн залуусын шүүх хурал гурав хоног үргэлжилж, таван залууд ял оноов. Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө тэд ялтан болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиж чадахааргүй хөл хорионд орлоо. Шүүхийн энэ шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлыг үндэслэсэн гэж тодотгоно лээ. Гэтэл Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайдын зүгээс дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, дуу хоолойг ямар нэгэн байдлаар боомилоогүй гэдгээ илэрхийлсэн. Мөн арваннэгдүгээр сарын 9-ны Засгийн хуралдаан дээр “Шүүгчид аль нэг компанийн захирлын арын өрөөнд , аль эсвэл аль нэг намын даргад горилогчидтой ял наймаалцаж тоглож болохгүй. Энэ бол эрх зүйт төр биш. Цаг хугацаа бүхнийг илчилнэ” гэж хэлсэн тухай эх сурвалжууд хэлж байна. Мөн нам нь “Хүний жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй ээ. Харин ч бид хүний эрхийг дээдэлнэ” гэж байсан. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “No War” хөдөлгөөнийхний залууст “жагсав” гэж гомдол гаргаагүй юм байна. Бас Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл нь Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан учир МАН-ын хууль эрхзүйн хэлтсээс хууль эрхзүйн байгууллагад хандаж гомдол гаргасан” гэж мэдэгдсэн зэргээс харахад Ерөнхий сайдын шүүхэд гаргасан гомдол шал өөр хэрэгт байсан аж. Тэрбээр аль хавар автын осол хийсэн этгээд надтай хамаатан биш гээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байжээ.

Тэгвэл шүүгч нар огт хамааралгүй хоёр өөр хэргийг яагаад нэгтгэв. Ингээд зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн гомдлоор гэж зарлаж байгаад “No War”-ынхныг шүүсэн. Энэ процесс бол МАН доторх бүлэглэлүүдийн зодооны эхлэл гэж улс төрийн хүрээнийнхэн үзэж байгаа юм билээ. Судлаачдын харж байгаагаар Л.Оюун-Эрдэнийн явуулж буй бодлого шийдвэрүүдийг эсэргүүцсэн нам доторх өрсөлдөгчдийнх нь сануулга гэнэ. Тэрбээр Ерөнхий сайд болоод төрийн том, том хулгайтай зоригтой тэмцэж байгаа нь яалт ч үгүй үнэн. Эргэн саная л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчрахад Л.Оюун-Эрдэнэ сүрхий үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Оюу толгой, Хөгжилийн банк, нүүрсний хулгай зэргийг тэрбээр нийгэмд илчлэн энэ бүхэнтэй тэмцэнэ гэж байгаа. Үе, үеийн Засгийн газрын шүдний өвчин болсон том асуудал бол нүүрсний төмөр зам. Нүүрсний төмөр замыг гацаасан улстөрчдөд хариуцлага тооцох асуудлыг аль ч Засгийн газрын тэргүүн хөндөж зүрхэлдэггүй байсныг Л.Оюун-Эрдэнийн танхим буруутныг нь нэртэй устай нь зарласан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч хатуухан илэрхийлчихсэн. Мань эр энэ бүгдийг зоримог хийж, ил гаргаж чадсаных нь төлөө нам доторх өрсөлдөгчид нь “Битгий давраад байгаарай” гэж өөрсдийнхөө хүчийг шүүгчээр дамжуулж илэрхийлж байгаа явдал бололтой. Залуу Ерөнхий сайдын хувьд олон удаа ийм “шанаа аваад” байвал зориг нь мохож, Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн том, том ажлууд зогсох вий гэсэн харамсал нийгэмд үүсээд байна.

Ийнхүү улс төрийн далд тэмцлийн хөлд гэмгүй залуус үрэгдэж байгаа нь хамгийн харамсалтай. Гадны захиалгаар “No War” хөдөлгөөнийг хаах, жагсаалыг зогсоох асуудлаа шийдчихлээ. Үүнийг хийхдээ өөрсдийн бүлэглэлд гай болох нөхрийг хамтатгаж нэр хүндийг нь унаган хүн бүхний анхаарлыг “Оюун-Эрдэнэ захиалаад шоронд хийв” гэсэн ойлголт төрүүлж чадав. Жинхэнэдээ жагсаалыг болиулж өгөөч гэсэн захиалагч нь олны анхаарлаас мултарч чадав. “No War”-ын залуусыг шүүж ял өгөх нь олны анхаарлыг татна. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг холбож чадвал хүссэн үр дүнгээ үзүүлнэ гэж тэд тооцжээ. Энэ бүхэн тэгээд хэнд ашигтай юм бэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тендерийг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах ёстой DNN.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хуулийг боловсруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй хоёр, гурван ч удаагийн уулзалт хийж, тэдний саналыг сонссон. Энэ хуулиар тендерийг шуурхай зарлах боломжийг нээж өгч байгаа юм билээ. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл боловсруулагчид болон бизнес эрхлэгчид нэгэн дуугаар тендерийг цахимаар зарлана гэцгээж байсан. Тендерт оролцдог 980 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 92 хувь нь сонгон шалгаруулалтын мэдээллийг цахим системээс авдаг гэнэ. Иймд тендерийг цаасан сонинд зарладаг процессыг өөрчлөх шаардлагатай гэж төсөл санаачлагчид ярина лээ.

Тендерийн зарыг зөвхөн цахимаар зарладаг болбол зардал мөнгө хэмнэх ач холбогдолтой гэж хараад байх шиг. Үнэн хэрэгтээ цаасан сониноос харамлаж, цахимд зориулсан мөнгө чинь Монголд үлддэггүй. Гадаадын компанид л орлого болж очдог. Дэлхий дахин хэвлэл мэдээллийн хоёрхон “байгууллага”-тай болсон. Тэр нь фэйсбүүк, твиттер сүлжээ. Цахимд онлайн байх минут, секунд бүрийн цаана тоолуур ажиллаж байдгийг бүгд мэднэ. Цахим орчинд зориулах мөнгө фэйсбүүк, твиттер компанийн эзэд рүү урсаж байдаг. Тэгэхээр цахимаар зарлаж байгаа мөнгө болгон энэ хоёр америк нөхрийг баяжуулдаг, ийм л энгийн логиктой. Үүнээс болж дэлхий даяар дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сөхөрч байгаа. Манай төр засгийнхан зарлаж байгаа тендерүүдээ дотоодын цахим вэб сайтууддаа байршуулна гэж өөрсдийгөө хаацайлцгаах байх л даа. Тэгсэн ч тэр вэб сайтуудад орж байгаа иргэн бүрийн интернэтэд төлж байгаа мөнгө том зургаараа дээрх хоёр америкийнх юм шүү дээ. Энэ байдлыг олон улс ойлгоод эхэлчихсэн. Тэгэхээр аль болох цахимаас татгалзаж, цаасан сонингоо түлхүү хэрэглэж байгаа.

Төр засгийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дотоодын тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих үүрэгтэй. Энэ үүргээ ч биелүүлж, тэр дундаа цаасан хэвлэлээр тендерүүдээ тогтмол зарладаг байх ёстой. Гэтэл манай төр тендерийн зарыг цахим дээр байршуулахыг илүүд үзэж байх юм. Яагаад гэвэл цахим сонгон шалгаруулалт нь луйврын эх үүсвэр болдог талтай. Цахимын нэг онцлог нь тухайн зарлагдсан тендер тодорхой бүлэг, оноосон хүмүүст харагдахаар тохиргоо хийж болдог. Ийм аргаар тендерт өрсөлдөгчгүй ялах боломжтой. Дараа нь хэл ам гарангуут тендер зарласан уу гэвэл зарласан гэж хууль хяналтын байгууллагад үзүүлж харуулах ханатай байя гэдэг үүднээс цахимыг сонгоод байх шиг. Гэтэл цахимд байршуулсан мэдээллийг шүүх дээр нотлох баримтын хэмжээнд үздэггүй. Яагаад гэвэл тухайн баримтыг зөвхөн шүүх хуралд нь зориулаад яаж ч өөрчилчихөж болно. Эх хувийг нь тогтооход хүндрэлтэй байдаг болохоор цахим сул тал ийм. Тэгэхээр тендерийг үндэсний хэвлэлүүдэд зарладаг болох ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ш.Сүхбаатар: Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Хууль зүйн ухааны док­тор Ширчингийн Сүх­баатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Юм бүрт урагш давшилттай байваас юуг ч бүтээж
чадна. Монгол төрийн жо­лоог ухаалгаар удир­дан залж явсан Жамс­рангийн Самбуу гуай
ингэж хэлсэн бай­даг билээ. Түүний амьд­ралын хуудсууд хий­гээд төрийн албыг ямар
сайхан төвшин нуруулаг хашиж яв­сан тухай түүхийг “Мон­гол төрийн мэргэн өвөө” ном өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны док­тор
Ширчингийн Сүх­баатар­тай ярилцлаа.


-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Сам­буу
гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө” ном тань хоёр дахиа хэвлэгджээ.
Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс сонирхож эхлэв?

-Би 1982 оноос энэ мундаг хүний
талаар су­далж эхэлсэн гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу
гуайн талаар маш сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон
аман түүхээ “Мон­гол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л
дээ. Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэв­лэлээ одоо гаргаж бай­на. Ж.Самбуу гуай на­сан туршдаа тавин жил тасралтгүй
төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хо­шуу тамгын хавсраа бичээчээс, Сангийн яамны
тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад нь анхны
дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга бай­лаа. Орон нутагт төр төвхнүүлэх ажлыг
хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлт­сийн дарга, дараа нь Гадаад
яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дипломат хүн. Мон­гол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг
со­нир­хон судлах бүх ухаад барш­гүй уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ
бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.

-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн талаар олон ном бичсэн байх
аа?

-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин,
мал сүрэг хоёртоо амиа тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс
нь харагддаг. “Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арч­лалт арга маягийн
сэ­дэв” гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэр­лэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичи­хийн
тулд хуучнаар Д.На­цагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан эсгий
гэр бариулаад Монгол орны бүх бүсээс шалгарсан
сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж авсан байдаг юм. Ингэхдээ
уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл ч бий. Ийм хашир малчдын мал
маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаан­тайгаа нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн.
Эдгээр номууд бол мал маллах ухааны ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай
мал аж ахуйн талаар томоохон эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бү­тээсэн хүн.
Энэ тухай Академич Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж
эрдэмтэд санал тавихад Ж.Самбуу гуай “Би
төрийн том алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.

-Түүний талаар хү­мүүс ер нь юу ярьдаг юм бол?

-Ж.Самбуу гуайн тө­рийн хүний
төвч ухаан, ноён нуруу, зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал
дар­га гэхэд “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж
онож хэлсэн. Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг
чанарыг хүндэтгэдэг” гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу
даргын ард түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг
эрхлэх ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрх­гүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж байсан
сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний жудагтай, хүнтэй
нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн хоёрдугаар дайны үед гадаадын
Элчин сайд нар Москвагаас хол­дож, зарим нь нутаг буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч
сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд
үнэлж дайны дараа Монголын Элчин сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр
гаргаж байсан түүхтэй. Бас Хойд солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж.
Ким Ир Сен Монголд ирэхдээ “Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан
удаатай.

2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн
өргөө гэрийг босгоход Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол
төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг
торгоор хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэ­тэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм билээ.
Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй. Жаргал зовлонгоо
хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя” гэсэн. Энэ дагуу 150
хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний гэрийн хөшгийг хатгаж
өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10 дахин өндөр зардал гарах
байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм. Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй
ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.

-Монгол төрийг 20-иод жил удирдаж явсан энэ эрхмийн талаар
судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс хара­хад төрийн хүн ийм л байх ёстой”
гэх бодол байгаа байх…?

-Монголын төрд Сам­буулаг хүнийг
олон болгох хэрэгтэй гэж сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би
түүнтэй санал нэг байна. Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж
хашдагийн үлгэр жишээ бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ
барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирж.
Тэгэхэд Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн та­лаар Элчин Самбуу
шиг бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм шуналгүй
хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байхдаа Улаанбаатар
хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө
“Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу гээд гарын үсгээ зурчихсан байсан
гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай хүмүүс тухайн үед бариг­даж буй барилгаас
дураа­раа авдаг байсан цаг шүү дээ. Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй
ханддаг байж. Нэг удаа Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хү­сэлт
тавьж л дээ. Тэг­сэн Ж.Самбуу гуай “Дам­динсүрээн наадах чинь хороон даргын чинь
шийдэх асуудал байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга
оролцож аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний
үгийг тэвчээр­тэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.

Аливаа асуудалд Монголоо, монгол
хүнээ юун түрүүн боддог байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист
өмч үрэгдүүлж, хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд
Ж.Самбуу гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ
л гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын баатар
цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд шийдэгдэхээр орж
ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж байсан. Үнэхээр Монголд
улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй аж. Ингээд анх Түвдэнгийн
Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн шагнаж, анхны эмэгтэй баатар болгож
байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг хүн байлаа. Түүний шинж чанарыг
харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой. Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн
нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна. Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр
хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг
юм байна. Төрийн ажил бол ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай
нь өнөөгийн манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал байдаг
юм. “Төрийн алба хаагч хүн амнаас гарах
хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү.
Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын
тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ. Хүрз зээтүү барьж,
малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно. Тиймээс төрийн том албанд
хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим
барьж бай” гэдэг байсан юм билээ.

-Ж.Самбуу гуайн гэр бүлийнх­нийх нь талаар сонирхуулахгүй
юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?

-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа
гуай нар төрүүлсэн үр хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд,
хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу
гуайд төрсөн хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр
хүүхэд нь уулздаг, өргөмөл хүүхдүүдтэй нь
ойр дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн Цэвэгжав
гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд охин нь төрж
л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно холбоотой байсныг
О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү С.Ганбаатар нар нотолдог.

-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж үзэв үү?

-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ган­баатар,
С.Баярсайхан гэж байсан. Харин С.Баярсайхан нь өөд бол­чихсон юм билээ. С.Баярсайханы
хүү Б.Батсайхан гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу
гуай төрсөн үр хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу
ухаанаар ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад
Цэнд эгч хамт байсан, түүний тухай ярихгүй
бол алдас болно” гэж хэлж байна билээ.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг байсан гэдэг. Та ч бас
энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн бэ?

-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн
дүү, ах дүүс манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн.
Мал хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг байв.
Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай намайг сургуульд
орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт янжуур тамхи шиг бал
өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг сургуульд ороход өгсөн юм.
Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг.
Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг
байв. Тэр үед ховор байсан хулсан сам, толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд морь сарлаг буюу коньяк зэрэг
ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу
байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо суулгаж байгаад хурал хийдэг байсан. Ан ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг
хоршоонд тушаагаад хамт явсан хүмүүстээ хувь тараагаад өгдөг хүн байсан юм билээ.

-Та ч бас төрд олон жил ажил­лаж байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас
үлгэр дуурайлал авдаг болов уу?

-Би төрдөө зүтгэж л явна. Ийм
хүний тухай ном бичихээр өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж та дээр хэллээ.
Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?

-Төрийн албаны зөвлөл өөрийн­хөө
хууль эрх зүйн баримт бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор
Д.Даваа-Очир “Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа.
Энэ нь төрд Сам­буулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.

-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм бол?

-Төрийн албаны хуулиар хүлээ­сэн
үүрэг, төрийн албан хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх.
Яг үнэндээ өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс
Ж.Самуу гуайн нэрэмжит шагнал бий болох байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халловин, вакцин, барууны ардчиллыг эсэргүүцдэг хүмүүсийн ганц бахыг хангасан осол боллоо DNN.mn

Сүнсний баяр буюу Халловиныг муу ёр гэж итгэдэг, вакциныг эсэргүүцэж, Америкийг үзэн ядаж, Оросыг дэмжигч хүмүүсийн бах тавыг хангасан харамсалтай үйл явдал өрнөлөө, Итэвонд. Аравдугаар сарын 29-ний шөнө БНСУ-ын Сөүл хотноо байрлах тус дүүрэгт Халловины баярыг тэмдэглэхээр мянга мянган хүн цугларсаны дотор гадаадын олон орны жуулчид хүртэл ирсэн байв. Энэ бол цар тахалын хөл хорионд хоёр жил хашигдсан дэлхий нийт тэмдэглэлт баярыг тэсэн ядан хүлээж байсныг харуулж байгаа юм. Ер нь улс үндэстэн бүр Халловиныг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Тэр утгаараа дэлхий нийтийн баяр гэж хэлж болно.

Итэвонд цугларсан тэр олон мянган хүний бөөгнөрөлд 150 гаруй хүний амь үрэгдлээ. Гэтэл манайхан энэ харамсалтай ослыг мухар сүсэгтэйгээ холбоод мэдэмхийрцгээх юм. “Муу ёр зөгнөсөн харийн соёлыг Монголд орж ирэхийг бүрэн хориглох хэрэгтэй” ч гэнэ үү. Сошиалаар дүүрэн ийм бодолтой, цөс нь хөөрсөн хүмүүс нэг нэгнээ уриалаад давлагаалж байгаа харагдав. Зарим нь бүр “Ёртой юм шиг захиад байхад ингэх байсан юм аа. Чөтгөр шулам дуудаад өөрсдөө тэдэндээ хөтлөгдөөд явлаа” гэхчлэн баяртай нь аргагүй жиргэцгээх нь яасан муухай юм бэ. Тэд хүн мөн үү гэж асуумаар. Дэлхий даяараа гашуудаж байхад хүний зовлонгоор бах таваа ханган суудаг монгол хүмүүс байдаг л юм байна. Яг үнэндээ ингэж ярьж, бичиж, хөөрцөглөж байгаа хүмүүс өөрсдөө жинхэнэ харанхуй мунхагийн туйл байна шүү. Аливаа осол хаана ч тохиолдох явдал. Ямар ч баяр ёслол болж л байдаг. Тэр болгоныг өлгөж аваад өөрсдийн мунхаг үзлээрээ тайлбарлаж, бусдад тулгаж болохгүй. Манай улсад хүртэл нийтийг хамарсан үндэсний хэмжээний баяр болдог. Баяр болгоноор золгүй явдлууд ар араасаа өрнөж л байдаг. Сар шинийн баяраар гэхэд цаг агаарын байдлыг тооцоололгүй хөдөө орон нутаг руу зорчигчид замдаа цасанд боогдон төөрч осгох юм уу гэмтэж бэртэх, нас барах золгүй явдал хэдэн арваар тоологдох нь олон. Энэ зун улсын баяр наадмаар 29 хүний алтан амь үрэгдсэн харамсалтай статистик хүртэл байна. Найз нөхөд, хамт олон, ахан дүүсээрээ баяраа тэмдэглэж байсан хүмүүс болгоомж алдан гал түймэр, зам тээвэр, ахуйн осол, усанд живж хорвоог орхисон явдал тохиолдов. Тэр болгонд бид бах таваа хангаад суудаг бил үү. Бурхан болоочдын араас эмгэнэн гашуудаж, ерөөл залбирал үйлддэг нь хүний л ёс биз дээ. Тэгэхээр дэлхий даяар дэлгэрсэн Халловины баярыг бид уламжлалт баяртайгаа л адилхан хүлээж авч, сэтгэдэг болчих хэрэгтэй байгаа юм. Даяаршил хурдтай явагдаж буй энэ ертөнцөд хааж боогоод ямар ч нэмэргүй. Нэг л бөмбөрцгийн хавтгай дээр оршин байгаа бид соёл иргэншил, ухаалаг хэрэглээгээрээ улам л ойртож байгааг санах ёстой. Үр хүүхдүүд маань Халловиныг ойлгоод, баярлан тэмдэглэцгээгээд хөөрхөн л байна шүү дээ. Харин ч айлд орж ирсэн хүүхдийн алгыг дээш харуулдаг монгол уламжлал өдрөөс өдөрт бүдгэрч байсныг та нарын үзэн ядаад байгаа харийн соёл чинь сэргээгээд байгаа юм биш үү. Дуртай баатруудынхаа дүрд хувирсан хүүхэд, залуус хэсэг хугацаанд ч гэсэн ууртай улаанбаатарчуудын стрессийг мартуулж, баяр хөөртэй өнгө нэмээд авлаа. Инээд цалгисан газар аз жаргал дүүрэн байдаг даа. Тийм болохоор манайхан шашинлаг өнцгөөр аливааг хар бараанаар хардаг хандлагаа больцгоох хэрэгтэй.

Итэвонд болсон осолд бах таваа хангацгаах хүмүүсийг хараад байхад өнөө л барууны үзэл баримтлалыг эсэргүүцэж, вакцин бол алуурчин, ардчилалд ороод сөнөж байгаа гэж чарладаг хэрнээ дайн хийх нь зөв хэмээн шүтэж, өмгөөлж явдаг хүмүүс байх шиг. Тэд бол “Орос авгай нар нөхөртөө украин хүүхэн эмлэхдээ хамгаалалт сайн хэрэглээрэй гэж захидаг юм байна” гэж бахархан ярьж гайхуулдаг хүмүүсийн нэгэн л аж. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авч чадахаа байсан, үзэн ядалт, зэвүүцлээр аливаад ханддаг туйлшрагчид энэ нийгэмд асар хортой. Дайны хөлд сүйрч

байгаа ард түмнийг өрөвдөж нигүүлсэхийн оронд “Хохь нь. Манай орос ах нарын зөв” гээд хөөрцөглөж, бүрээ үлээж, бөмбөр цохин марш алхахаас холгүй баярлацгаахыг харах нь үнэхээр эмгэнэлтэй. Дайлаар орсон орос цэргүүд ч тэр,

дайнд түрэмгийлүүлж байгаа украин цэрэг, ард түмэн ч тэр бүгд л амьд хүмүүс. Энэ сайхан цагт үзэл суртлаас болоод тэд амиа алдах нь хайран биш үү. Бүгд л амьд бодгаль шүү дээ. Тантай л адилхан эх дэлхийнхээ агаараар амьсгалж, хөрс шороондоо уусан шингэдэг, махан бие.

Ингэж бусдын зовлонгоор бах таваа хангадаг явдал бол ардчилал дэвшил, барууны хөгжил, шинжлэх ухаан техникийн ололтыг хүлээн зөвшөөрдөггүй хуучинсаг үзэл л дээ. Ийм хүчин Монголд их байна. Мэдээж социалист нийгэмд амьдарч байсан иргэдийн дийлэнх олонх нь ийм үзэлтэй байгаа. Үнэхээр бид ардчилсан улс болох яагаа ч үгүй юм байна. Тиймээс ард түмнээ гэгээгээрүүлэх, соёлжуулах, шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг сурталчлах, мухар сүсгээс нь салгах

хэрэгтэй. Коммунизм бол хүмүүсийн оюун санааг угаах маягаар хүмүүжүүлчихдэг. Коммунизмаар хүмүүжсэн социалимын үлдэгдлүүдийг залгаад залуучууд мухар сүсэгтэй болж байна. Энэ бол боловсролгүй болцгоосны илрэл. Улсын хөгжил шинжлэх ухаан, боловсрол дээр л суурилдаг гэдэг дээ. Гэтэл салбар яамдууд Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдүүдээ боловсролтой болгох, мухар сүсэгт автаж шашинжвал хоцрогддог гэдгийг ойлгуулах тал дээр юу ч хийхгүй байна. Тэднийг эрдэм боловсролтой зөв хүн болгож сургахын оронд элэрсэн баларсан түүхээр хий дэмий л цээжээ дэлдсэн хийрхэгчид болгон хүмүүжүүлж байна. Боловсролын дутуугаас нийгмийн хар бараан өнгө арилахгүй байна шүү дээ.

Ардчилал, барууны, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын талд байхгүй бол бидний тусгаар тогтнол, ардчилал ямар хэврэг юм бэ гэдгийг Орос Ураины дайн харуулж байна. Нэг үзэл сурталд хийрхсэн нөхөр ганц кноп дарахад пуужин нисч ирээд хотыг нь хавтгайлчихдаг ийм л цаг үе иржээ. Америкийн зэр зэвсэг Украиныг тогтоон барьж байгаа нь ардчиллыг тогтоон барьж байна гэсэн үг. Энэ нь яваандаа монголчуудын тусгаар улс байхыг тогтоон барьж байгаагийн илрэл гэж ойлгож, харж болно. Хэрэв энэ дайнд Орос ялах юм бол аль дуртай улс руугаа Укрианыг дарангуйлсан байгаа шигээ л дайрахгүй гэх баталгаа байна уу. Орос адилхан Орос руугаа дайрч чадаж байгаа юм чинь Монгол руу дайрах бол юу ч биш. Оросыг магтаад л сүйд болоод байдаг хүмүүс одоо ойлгомоор доо. Хэдий болтол мунхаг харанхуйгаараа явж дуусах гээ вэ. Тэгээд ч Итэвонд болсон том осолд хандаж байгаа бидний хандлага маш буруу, бүр хоцрогдсон хэт туйлширсан, мөн ардчилсан соёлт улс болох яагаа ч үгүй байгаагийн том анхааруулга дохио боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Монгол Улс их гүрнүүдийн болон үндэстэн дамнасан бизнес бүлэглэлүүдийн геополитик, гео-эдийн засгийн ашиг сонирхлыг татаж байна DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ цаг үед Монгол Улсад геополитикийн алтан боломж нээгдлээ гэж зарим судлаач, улстөрч дуугарах боллоо. Энэ нь юуг хэлээд байна вэ, ямар цонх нээгдэж байгаа юм бол?

-Өнөөдөр дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин хурдацтай доройтсоор байна. Цөмийн заналхийлэл бодитой хүчин зүйл болсоор байгааг үгүйсгэх боломжгүй байна. Хойд хөрш ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа дэлхий нийтийг эрчим хүч, хүнсний хямрал руу түлхэж, үүнээс үүдэлтэй инфляцийн огцом өсөлт хөгжиж буй төдийгүй хөгжингүй орнуудын ард иргэдийн амьжиргааг туйлдуулж байгааг бид харж байна.

Ер нь эдийн засгийн онолд хямралыг хөгжлийн гарц шийдэл, алтан боломж гэж үзэх нь бий. Урьд өмнө тохиож байгаагүй цар тахал, геополитикийн сөргөлдөөн урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, онцгой байдал, хямралын үеийн бэлэн байдал, шуурхай удирдлага, оновчтой шийдвэр, аюулгүйжүүлэх бодлого явуулах арга барилыг чадварлаг эзэмшихийг шаардаж байгаа нь тодорхой. Дэлхийн эдийн засаг ихээхэн зовуурьтайгаар сэргэхийг оролдож байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” чухамдаа үүнд чиглэж байгааг бид харж байна. Өөр нэг чухал зүйл бол Монгол Улсын газарзүйн байршлын геостратегийн үнэлгээг шинээр авч үзэх шаардлагатай болсон. Далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хоёр их гүрний дунд хашигдсан, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй, бага жижиг улс хэмээн онцолж байсан Монгол Улсын газарзүйн байршлын геополитикийн тодорхойлолт хэдийнэ хуучирсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Манайх геополитик, гео-эдийн засгийн орчинд далайд гарцгүй ч холболтын байршилтай. Цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнд хоёр жил тутамд үнэлгээ хийж тогтоолын төсөл баталдаг,

Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс улс төрийн баталгаа гаргасан. Нөгөө талд хоёр их гүрний дунд хашигдсан ч монгол угсаатнаар хүрээлэгдсэн онцлогтой. Хоёр хөрштэйгөө “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг баттай тавьж, Зүүн хойд Ази болон Төв Азид газар нутаг, улс төрийн аливаа маргаангүй цорын ганц улс болов. АНУ Монгол Улстай “хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, Монгол Улсын ардчилал, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг дэмжихээ илэрхийлдэг.

Европын холбооны Ази дахь “үнэ цэнэтэй түнш” бөгөөд давтагдашгүй геостратегийн “онцгой” байршилтай ардчилсан Монгол Улсын бие даасан гадаад бодлого явуулахад нь дэмжлэг үзүүлнэ хэмээн Европын парламентын тогтоолд онцлон тэмдэглэсэн байдаг. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Bloomberg L.P, “Goldman Sachs Group”, Standard & Poor’s Fi­nancial Services LLC, Moody’s Investors Service, Fitch Rat­ings Монгол Улсын газарзүйн байршил нь стратегийн онцгой ач холбогдолтой гэж дүгнэх болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй бүс нутагт орших болж, эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний үлэмж нөөцтэй нь тодорхой болсон. Энэ нь олон улсын анхаарал, их гүрнүүдийн болон үндэстэн дамнасан бизнес бүлэглэлүүдийн геополитик, гео-эдийн засгийн ашиг сонирхлыг эрхгүй татдаг. Тиймдээ ч томоохон шинэ боломж төдийгүй эрсдэлийг дагуулж байгааг хэлэх нь зүйтэй.

-Богино хугацаанд эдийн засгаа сэргээх, 1990 оны шилжилтийн үе шиг дахин сэргэн мандах ямар боломж байна вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын зоримог үйл ажиллагааны үр дүн болон Л.Оюун-Эрдэнийн Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд “ТЭГ” гараанаас эхлүүлсэн. Монгол Улс Оюу толгойн ордыг “гуравдагч хөрш” орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан шүү дээ. Тийнхүү гүний уурхайг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар тохиролцсон гэж мэдээлж байв. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой болж байна. Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэхээр байгаа юм.

Монгол Улсын оюун санааны хөрш, стратегийн түнш БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт өртөг зардлаар “Оюу толгой” төслөөс бага боловч ашиглалтад орсноор эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал улам баталгаажих учиртай.

ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн ТЭЗҮ маш ашигтай гарсан. Монголын нутгийн босоо тэнхлэгээр 970 км үргэлжлэх хийн хоолой зургаан аймаг, 22 сумын нутгаар дамжин тавигдана. Цаад хугацаа нь 2028 он гэхэд ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажиллахад жилд 53 тэрбум шоо метр хий дамжуулах юм билээ. Ойролцоогоор 12 мянган ажлын байр шинээр буй болж, транзитын нэмэлт орлого орж ирэх юм. Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс өмнөд хөрш рүү төмөр замын хоёр гарцтай боллоо. Энэ нь эрдэс, түүхий эдийн экспортод хувьсгал авчрахуйц үйл явдал болсон. Малын тоо толгой түүхэндээ энэ жил анх удаа 71 саяыг давж байна. Энэ бол эдийн засгийг солонгоруулах асар их нөөц боломж байгааг харуулж байна.

-Засгийн газраас боомтын сэргэлтийг эрчимжүүлж байна. Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсыг холбох хурдны замын ТЭЗҮ бэлэн болсон гэж зарлалаа. Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридор байгуулах боломжтой гэж үздэг. Судлаачийн хувьд том зургаар нь хэрхэн харж байна вэ?

-Бид ер нь урьд өмнө экспортоо нэмэгдүүлэх тухай ярьж байснаас боомтын тухай ярьж байсангүй. Боомтын сэргэлт хичнээн чухал болохыг бид эдүгээ бие сэтгэлээрээ мэдэрч байгаа болов уу. Гурван хөршийг эдийн засгийн коридороор холбох мега хөтөлбөрийн 32 төслөөс эхний ээлжинд тэргүүлэх гурван чиглэл болох эрчим хүчний сүлжээ, төмөр зам, автозамын коридорт төвлөрөхөөр тохиролцсон. Үүн дээр хийн хоолойн төсөл шинээр орж ирж байна. Монгол Улс Ази-Европ, Орос-Хятадыг дөт замаар холбож байна. 2022 онд Орос-Хятадын худалдааны эргэлт 140 тэрбум ам.долларыг давсан. 2023-2024 онд 200 тэрбум ам. долларт хүргэх төлөвлөгөөтэй. Европын холбоо, Хятадын аль аль нь худалдаа эдийн засгийн харилцааны түвшинг хэвээр хадгалах сонирхолтой байна. Тиймээс Монгол Улс “газрын гүүр”, идэвхтэй “транзит” улс байхын тулд эдийн засгийн коридор төслийг эрчимжүүлж байна. Саяхан гурван хөршийг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийн 745 км авто зам ашиглалтад орлоо. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болжээ. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Таван толгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болж бүрдсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Бид босоо тэнхлэгийн магистраль төмөр замаас бусад өмнөд хөрш рүү чиглэсэн экспортын чиглэлтэй төмөр замын сүлжээгээ нарийн царигаар тавих хэрэг гарах болов уу.

Одоогийн Засгийн газар асар өргөн хүрээтэй эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эхлүүлж, дотоодоос үл хамаарах хүндэл сорилтуудтай тулгарч байгаа ч амжилтай урагшилж байна. Өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бэхжиж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нийт хүн төрөлхтөн, дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол учруулсаар байна. Тиймээс гурван хөршийн хамтын ажиллагаа энэ чиглэлд идэвхиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилга үндэсний хөдөлгөөн болон өргөжөөд зогсохгүй дэлхийн хамтын нийгэмлэг, улс гүрнүүдийн дэмжлэгийг хэдийнэ авч эрчээ авсныг тэмдэглэх нь зүйтэй.

-Хоёр хөршийн хувьд цаашид манай улстай геополитикийн ямар бодлого явуулах хандлага ажиглагдаж байна вэ?

-Монгол Улс хоёр хөрштэйгөө “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн эрх зүйн үндсийг баттай тавьсан. Мэдээж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндөөгүй хоёр хөрш хийгээд “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөнд манай улс оролцохгүй. Түүнчлэн их гүрнүүдийн аливаа геополитикийн сөргөлдөөнт хэрэг явдалд Монгол Улс төвийг сахисан голч, төвч байр суурь илэрхийлж буйг “төвийг сахих олон улсын эрхзүйн статус”-тай хольж хутгаж болохгүй.

Categories
мэдээ улс-төр

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ DNN.mn

Эдийн засаг амаргүй, нийгэм бухимдалтай байгаа ч зам харилцаа, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж буй сайн мэдээ байна. Улиг болсон Дарханы зам ашиглалтад орж, олон хүний нурууг тэнийлгэв. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Бор-Өндөр хүртэлх 50 км хатуу хучилттай зам бэлэн болсон. Дээрээс нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орлоо. Тэгвэл Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна. Ямартаа ч хүнд үзүүлэх юмтай сууж байна гэдэг сайн хэрэг. Энэ мэтчилэн сүүлийн үед Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл бүхэн бодит ажил болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж байгааг судлаачид онцолж байна. Том зургаараа баруун, зүүн талдаа боомтуудаа авто замаар холбох нь жижиг эдийн засагтай манай улсад үнэхээр үр дүнгээ өгөх биз ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд мэдэгдсэн юм. Уг асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр “Тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км авто замын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Энэ нь олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд ШХАБ-ын цахим хуралдаанд оролцсон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг урилаа. Боомтын сэргэлт урагшилсаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж, долларжилт нэмэгдэж байгаа хэрэг DNN.mn

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Долларжилт хурдтай явагдаж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна гэх юм. Банкуудын харилцах хадгаламжийн 23 хувийг доллар бүрдүүлж ирсэн. Тэгвэл энэ нь 35 хувь болж, 600 сая ам.долларын шилжилт бий болсон. Энэ ямар шалтгаантай вэ. Цаашид нэмэгдээд явах уу?

-Долларжилт гэдэг нь тухайн орны эдийн засгийн харилцаанд долларын эзлэх хувь, нөлөөлөх нөлөөллийн тухай асуудал. Энэ нь ямар байх, цаашид хэрхэх нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал, долларын урсгалын тэнцвэрээс шалтгаална. Эдийн засгийн хүчин чадал сайн байж, долларын орох урсгал нэмэгдэхийн хэрээр ханшийн өсөлт удааширч, цаашилбал тогтворжих нөхцөл бүрдэнэ. 2022 оныг хүртэл хоёр жил долларын ханш харьцангуй тогтвортой байсан. Энэ үед хэдийгээр эдийн засгийн томоохон эерэг үзүүлэлт байгаагүй ч ханшийн тогтвортой байдал нь долларын хадгаламж буурах, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн.

Өнөөгийн байдал яг түүний эсрэг болчихоод байна. Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Худалдааны тэнцлээс шалтгаалу орох урсгал буурч байна. Нөгөө талд гарах урсгал нэмэгдсэн. Валютын орох урсгал өмнөх хоёр дээр нэмэгдээд гадаад санхүүжилт, алт гэсэн цөөн эх үүсвэртэй. Харин гарах урсгал төр, хувийн хэвшлийн гэх байдлаар маш олон хэлбэртэй бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь оны эхний хагаст төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.доллар болсноор батлагдаж байгаа хэрэг. Оны дүнгээр энэ хэмжээ хоёр тэрбум ам.доллар дөхөх таамаглалтай байна. Энэ нь валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж долларжилт нэмэгдэж байгаа хэрэг. Цаашид бид долларын орох урсгалыг нэмэгдүүлэх, гарах урсгалыг өдөөх, үр ашиггүй зардлуудыг танах байдлаар үүнийг зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол тэнцвэргүй нөхцөлд ханш өсөх нөхцөл хэвээр байсаар байна гэсэн үг. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ажлууд хийж байна гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр цаашид долларын хадгаламж өсөх нь ээ. Долларжилтыг яаж сааруулах вэ?

-Ханш уналт үргэлжилж байгаа, дээр нь инфляци өндөр байгаа нь төгрөгт итгэх итгэлийг бууруулах нөлөөтэй. Энэ нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах, төгрөгийн үнэгүйдлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал тулгарч байгаа хэрэг. Үүний эсрэг хэрэгжүүлэх гол арга хэрэгслийн нэг нь доллараар тодорхой активтай байх сонголт болж байна. Нөгөө талд үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд байж болох боловч түүнд итгэх итгэл, хөрөнгө оруулалт хийх ойлголтын түвшин харилцан адилгүй тул хандах хандлага тийм өндөр биш байна. Ялангуяа бусад санхүүгийн хэрэгслүүдийн хувьд нийтээр хандах боломж бага. Иймд бид богино хугацаандаа долларын орох урсгалыг нэмэгдүүлэх шууд болон дам арга хэмжээг авах шаардлага гарцаагүй байна. Ингэж чадвал нийгэм дэх ханшид хандах хандлагыг өөрчлөх боломжтой. Ингэснээр долларжилтыг сааруулж чадна. Хэрвээ бид төлбөрийн тэнцэл, төсвийн өндөр алдагдалтай байгаад байвал энэ нь үргэлжлэх магадлалтай. Учир нь дээрх ханш, инфляцийн эрсдэлээс гадна бизнес, өрхүүдийн хувьд доллараас хамаарах хамаарал улам нэмэгдсэн нь бас нэг шалтгаан юм.

-Засгийн газраас долларын хашийг яавал барьж чадах вэ. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Долларын ханшийг хэн хэрхэн барих вэ гэсэн асуудал бий. Үүний эсрэг голлон тэмцэх субьект бол яах аргагүй Засгийн газар гэж хариулах нь зүйтэй байх. Бидний дээр дурдаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, гадаад санхүүжилтийг нэмэгдүүлэх нөхцөлийг хангахын тулд Засгийн газрын зүгээс богино хугацааны тактикийн шинжтэй, урт хугацаанд бодлогын зөв арга хэмжээг авах нь чухал. Ер нь бид ханшийн байнгын дарамтад байж түүнийгээ валютын нөөцөө ашиглах интервенц хийх замаар өнөөг хүртэл явж ирсний шалтгаан нь сүүлийн 30 жилд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой бодлого байхгүй байсан явдал. Иймд бид энэ алдаагаа дүгнэж, цаашид ийм нөхцөл байдлыг бууруулах талаар хүчтэй ажиллах хэрэгтэй. Үүний тулд богино хугацаанд төсвийн, хөрөнгө оруулалт, татварын зөв бодлого чухал. Урт хугацаандаа олон жил ярьсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал. Харамсалтай нь энэ тал дээр 1998 оноос эхэлж анхаарч эхэлсэн боловч шинжлэх ухаанч сайн бодлого байгаагүйн улмаас өнөөг хүртэл хэрэгжээгүйгээр барахгүй нөхцөл байдал улам дордож хэдхэн экспортын бүтээгдэхүүнээс валютын урсгал төдийгүй эдийн засгийн өсөлт хүчтэй хамааралтай болчихоод байж байна. Нэг жишээ дурдахад, 1998 онд Монгол Улсын экспортын 70 орчим хувь эрдсийн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон тухай, түүнийг бууруулж экспортыг төрөлжүүлэх талаар “бодлогын” түвшинд ярьж эхэлсэн байдаг боловч өнөөдөр эрдсийн бүтээгдэхүүн нь экспортын 90 орчим хувьтай тэнцүү болчихоод байгаа нь тун эмгэнэлтэй зүйл. Нөгөө талаар импортыг орлох асуудал ч орхигдсон нь өнөөдөр суурь салбар болох эрчим хүчний, хүнсний салбаруудаас тод харагдана. Тиймээс энэ шинэ сэргэлтийн гэж яригдаж байгаа бодлогын хүрээнд үүнийгээ илүү анхаарах шаардлагатай юм.

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр үр дүн байгаа юм уу. Зарим хүн үр дүн олохгүй гээд шүүмжлээд байх юм?

-Бодлогын хүү гэдэг нь аль ч улс орнуудын Төв банкны зорилгыг хэрэгжүүлэхэд ашигладаг үндсэн арга хэрэгслийн нэг. Мөн хамгийн хүчтэй арга хэрэгсэл. Миний ойлгож байгаагаар бол ийм. Тэгээд ч миний хувьд өнгөрсөн оны мөн үед бодлогын хүүд тохиргоо хийж, ирж буй эрсдэлийг саармагжуулах талаар өөрийн саналыг хэлж байсан. 2022 оны нэгдүгээр сараас Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр мөнгөний нийлүүлэлтийг хүчтэй хязгаарлаж чадсан. Есдүгээр сарын дүнгээр мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Гэтэл 2021 оны мөн үед мөнгөний нийлүүлэлт 20 гаруй хувиар өссөн байсан. Энэ нь долларын ханшийн гэхээсээ илүү инфляцид чиглэсэн бодлогын арга хэрэгсэл. Цар тахлын дараа нийгмийн амьдрал хэвийн түвшин рүүгээ ойртож байгаа нь энэ оны хавраас мэдрэгдэж хэрэглээний үнэ, валютын ханшид дарамт болсон. Үүний эсрэг зорилтынхоо хүрээнд бол тодорхой нөлөө үзүүлсэн. Зарим хүний хэлж байгаа нь ямар шалтгаантайг мэдэхгүй юм. Гэхдээ ханш болон үнийн өсөлтийг яг ийм эдийн засгийн өвөрмөц, мөн сөрөг орчинд дан ганц бодлогын хүүгээр зохицуулах боломжгүй. Мөн энэ нь эерэг нөлөөллөөс гадна эдийн засгийн идэвх, өсөлтийг сааруулах сөрөг нөлөөтэй тул цаашид хэт бодлогын хүүг өсгөх нь зохимжгүй гэж би хувьдаа үзнэ.

-Цаашид ам.долларын ханш өсвөл сайн, муу ямар таамаг байна вэ?

-Яг өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд валютын ханшийн өсөлт нь олон талаасаа бидний хувьд сөрөг нөлөөтэй нь тодорхой. Иргэн, аж ахуйн нэгж, төр гээд хэнд ч энэ нь сайнаар нөлөөлөх нөлөөлөл бага. Валютын төлбөртэй бизнес, валютаар цалин хөлсөө авдаг иргэд гэсэн цөөнхийг эс тооцвол. Үүний шалтгаан нь нөгөө л бидний эдийн засгийн дорой байдал, үүнээс хамааралтай иргэдийн амьжиргаа, орлого бага, хэврэг байгаа байдал. Иймд бидний зүгээс ханш өсөх нь сайн гэсэн өнцгөөр харахаас илүү цаашид бага өсгөх, үүгээр дамжиж ирэх сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах нь зүйтэй.

-Арилжааны банкуудыг долларын гүйлгээгээр луйвар хийж ашгаа нэмж байна гэсэн шүүмжлэл дуулдах боллоо. Банкны хамааралтай доллараа данснаасаа аваад өөр дансанд хийхдээ монгол төгрөгөөр худалдаж аваад хийчхдэг. Энэ мэтээр зөрүүнээс нь ашиг олж байна гэх юм. Ингэж ашгаа нэмж байх боломжтой юу. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач. Ер нь арилжааны банкууд долларын ханшийн өсөлтөөс ашиг хийх цоорхой хэр их бол?

-Арилжааны банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Иймээс валютын арилжаа, ханштай холбоотой тухайн байгууллага дээр ашиг, алдагдал бий болох боломжтой. Валютын ханшийн өсөлт банкинд ч бас байнга эерэг нөлөөлөхгүй. Банкууд улирал бүр тайлан гаргаж байгаа. Энэ тайланд валюттай хамаарал бүхий ажил, үйлчилгээний мэдээлэл багтдаг. Өөрөөр хэлбэл, тухайн банк валютын арилжаа, холбоотой үйл ажиллагаанаас ямар хэмжээний ашиг бий болгосон, хэрхэн гэдэг нь харагдах боломжтой. Үүнийг Монголбанкны зүгээс хяналт тавьдаг тусдаа хуультай өвөрмөц салбар. Тиймээс банкууд болон хяналт тавьж буй эрх бүхий байгууллагууд үүнд хариулах ёстой.

-Банкууд харилцагчдадаа валютын данс нээхгүй байна гэж иргэд нэлээд бухимдаж байсан. Энэ нь гадаад төлбөр тооцоо хийх, иргэн аж ахуйн нэгжүүд, гадагшаа явах хүмүүст эрсдэлтэй биш үү?

-Өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой валютын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвтгөх аргагүй. Бас бүр буруутгаад бүх зүйлийг хэвийн үеийн байдлаар шийднэ гэвэл үүсэх гарз нь илүү байх магадлалтай. Иймд би үүнд хувь хүн болгон өөрсдийн өнцгөөс хандаж байгаад хүндэтгэлтэй хандана. Бухимдаж байгааг ч ойлгоно. Яг иргэдийн валютын харилцах данс нээхгүй байгааг би хувьдаа мэдэхгүй байна. Ямартаа ч өмнө нээлгэсэн дансаар гүйлгээ хийж болоод байгаа. Харин энэ нөхцөл байдалд хийж байгаа энэхүү хязгаарлалтууд нь валютын захын өнөөгийн нөхцөлд нийцүүлэхийг хичээсэн, цаашид гарч болзошгүй том эрсдэлийг хаах үүднээс болов уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Батжаргал: Импортын барааг агаараар тээвэрлэх боломжийг төр дэмжвэл шийдэлд хүрч чадна DNN.mn

Инженер нисгэгч, доктор (Pn.D) Т.Батжаргалтай ярилцлаа.


Ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримтална гэж салбарын сайд мэдээлсэн. Хамгийн алдагдалтай ажилладаг энэ салбарт улсаас татаас өгөх тухай ч хөндсөн. Энэ шийдвэрийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Аль ч улсын эдийн засагт хамгийн үр дүнтэй шууд орлого ордог, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг салбар бол аялал жуулчлал. Мэдээжийн хэрэг Монголд зочлоход агаарын тээврийн олон улсын болон орон нутгийн нислэг үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал. Гэвч манайд зорчигч тээврийн агаарын хөлгийн хүрэлцээ муу, нислэгийн давтамж бага, тийзний үнэ өндөр, олддоггүй гэх зэргээр аялал жуулчлал хөгжүүлэхэд саад болж байна гэж шүүмжилдэг. Аялал жуулчлалын салбар өөрсдөө одооноос бэлтгэлээ

базааж жуулчдаа татах ажлыг эхлүүлж, ирэх зун хэдэн орноос хэдэн жуулчин Монголыг зорьж ирнэ гэдэг судалгаа, захиалгаа гаргах хэрэгтэй.

Агаарын тээвэрт улсаас татаас олгох асуудал хөндөгдөж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ хаана, хэнд татаас өгөхийг сайтар бодож судалж, оновчтой шийдэхгүй бол ямар ч үр дүнгүй болчих вий гэхээс санаа зовж байна. Одоо цагт орон нутгийн нислэг дангаар гүйцэтгэдэг хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгээ хэвийн явуулж чадахгүй улам бүр хумьж байж олон улсын чиглэлд нислэг хийх гээд зүтгээд байгааг шүүмжилмээр байна. Тэдэнд төрөөс татаас өгөөгүй биш өгсөөр ирсэн. Түүгээр зогсохгүй ИНЕГ-т төлөх ёстой хуримтлагдсан өр ширийг нь удаа дараа тэглэж, мөн хүмүүсийнх нь сургалтын төлбөр олон арван сая төгрөгийн зардлыг хүртэл дааж байсан. Гэтэл тэд нислэгийн чиглэл давтамжаа нэмдэггүй, тийзний үнэ тарифаа хямдруулдаггүй. Жирийн иргэд орон нутагт агаарын хөлгөөр зорчих зардлаа дийлэхгүй газраар авто тээврийг сонгох болсон. Манайд орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэг үйлчилгээ хувийн хэвшилд шилжээд өнөөдрийн байдлаа хөгжсөнгүй уналтад орчихсон, тэдэнд зүгээр татаас өгөөд түр зуурын л аргацаасан улс оронд өгөөжгүй ажил болно.

-Орон нутгийн нислэгийн тийз дэндүү өндөр үнэтэй байна. Агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. Салбарын сайдын хувьд 50 хувь бууруулах боломжтой гэсэн. Ер нь дотоодын нислэгийн үнэ тарифыг өөр ямар арга замаар, хэрхэн яаж бууруулах вэ?

-Манай салбарын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажил авсан даруйдаа нисэх онгоцны шатахууны үнийг бууруулах, орон нутгийн нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, тийзийн үнэ тарифыг бууруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн.

Манай улсад нисэх онгоцны шатахуун ТС-1 керосинийг “Мэрэг ван” ХХК, “Сод монгол” ХХК, “Монголин авиашин Фүүл” буюу хуучин “А жет” ХХК, “Эрчис ойл” ТӨХХК гээд компаниуд ОХУ-аас импортоор оруулж ирж нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нисэх онгоцны нэг тонн шатахууны үнэ дунджаар 5.6 сая төгрөг болсон. УИХ-ын Байнгын хороон дээр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа гэсэн. Манай улсад дэлхийн жишиг үнээр шатахуун авах асуудал олон жил яригдаж байгаа юм. Одоо Оросын талтай тогтсон үнээр тогтмол авч байх гэрээ байгуулбал нислэгийн зардлыг бууруулж ялангуяа тийзний үнэ тодорхой хувиар буурах болов уу гэж бодож байна.

Олон зүйлийн шалтгаанаас болоод орон нутгийн нислэг сүүлийн 30 жилийн турш уналтаас гарч чадахгүй байна. Ер нь агаарын тээврийн бизнес төдийлөн ашигтай бизнес биш. Тэр тусмаа Монгол шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, зорчигч эргэлт бага, иргэдийн амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадвар сул ийм нөхцөлд агаарын тээврийн бизнес ашиггүй. Шулуухан хэлэхэд, орон нутгийн нислэг үйлчилгээ эрхэлж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид хэт өндөр үнэтэй тийз борлуулж нэг ёсондоо ард түмнээ шулж ашиг олж байна. Учир нь орон нутгийн нислэгийн тийзийн үнэ тарифыг хувийн агаарын тээвэрлэгчид өөрсдийн дураар тогтоодог төрөөс ямар ч хяналт тавьж чаддаггүй. Харин авто тээврээр хот хооронд зорчих тийзийн үнийн дээд жишиг тарифыг төрөөс тогтоож өгч байгаа нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн байдаг. Монголд өнөөдөр дотоодын нислэгийн тийзийн үнэ тухайн чиглэлд зорчих авто тээврийн үнэ тарифаас 4-9 дахин өндөр үнэтэй байна. Орон нутгийн нислэг үйлчилгээг зах зээлийн жамаар нь хөгжүүлнэ гээд хувийн хэвшилд өгсөн нь Монголын онцлогт энэ цаг үед тохирохгүй юм байна. Хувийн хэвшил ашгийн хойноос хэт улайрч ард түмнийхээ эрх ашгийг хохироож байна. Жишээ нь баруун, зүүн аймгуудын алслагдсан цэгт агаарын тээврийг сонгохоос өөр аргагүй болсон хэвтрийн зорчигч гэгддэг дамнуурга дээр авч ирдэг хүнд өвчтөн онгоцоор явахаа больсон. Учир нь хэвтрийн нэг зорчигч тээвэрлэхэд 8-10 зорчигчийн суудлын үнэ төлөхийг шаарддаг зэрэг ийм хахир хатуу үйлчилгээ байж болохгүй. Үүнийг манай төр анхаарах хэрэгтэй. Агаарын тээврийн зах зээлд ганц, ганц онгоцтой олон жижиг компаниуд гаргасан нь муу үр дүнтэй байна. Эд нарыг нэгтгэх хэрэгтэй, эсвэл МИАТ-ийг олон улс, орон нутгийн нислэгт үйлчилгээг хамтад нь эрхлүүлж бүр томруулж зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг сэргээх хэрэгтэй байна. Манай нөхцөлд орон нутгийн нислэгийн чиглэл давтамжийг олноор нэмэгдүүлж тийзний үнэ тарифыг одоогийнхоос 50 хувь бууруулах нэг л боломж байна. Би энэ талаар олон жил судалж эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээ шинэ сайддаа өргөн барьсан байгаа.

-Цар тахал, Орос Украины дайны байдал дэлхий дахинд том дохио өглөө. Ялангуяа далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог манай улсад хамгийн хүнд тусав. Хөршүүд газрын хилээ хааж, ачаа бараа гацаж, эдийн засаг түгжигдсэн. Нэгэнт газраар тээвэр хийгээд бүтэхгүй гэдгийг тод харууллаа. Тэгэхээр гадаад худалдаагаа агаарын тээврээр явуулдаг болох боломжтой юу?

-Далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээвэр маш чухал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болсон. Тэгэхээр нэн хэрэгцээтэй импортын бараа бүтээгдэхүүнийг агаарын тээврээр авах шаардлага их байгааг төр дэмжээд, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож байж шийдэлд хүрнэ.

-Нисэхийн салбараа хөгжүүлж, ачаа, барааг агаарын тээврээр зөөдөг болоход төрөөс ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

-Хөгжүүлэх боломжтой үйлчилгээний нэг нь энэ бөгөөд төр бодлогоор дэмжих ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийн энэ зорилтот бодлогыг ажил болгох хэрэгтэй. Тэгэхээр хадгалалтын хугацаа богинотой, амархан гэмтдэг ачаа барааг шууд агаараар цаг хугацааны хувьд алдагдалгүй тээвэрлэдэг ачааны зориулалттай 2-3 ширхэг том онгоцтой болох хэрэгтэй байна. Дэлхийн агаарын ачаа тээврийн сүлжээнд нэгдэж орох ёстой. Одоо АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Герман, Турк улсаас агаараар ачаа бараа тээвэрлүүлэх хүсэлт, эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ тал дээр мэргэжлийн байгууллага нь тооцоо, судалгаа хийж үзэх хэрэгтэй.

-Ингэхэд агаарын тээврээ хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгамддаг юм бэ?

-Хамгийн нэгдүгээрт эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний нисэхийн тухай хууль бол сайн хууль. Энэ хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг долоон жилийн өмнөөс томилогдсон боловч чадах чадахгүй хүмүүс оролцоод гологдол хийгээд удааж байгаа. Хуучирсан гээд буй энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх замаар хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. Иргэний нисэхийн талаар “Төрөөс барих бодлогын бичиг баримт”-ын хугацаа нь дуусчихсан байна. Нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих багц дүрмүүдээ шинэчлэх хэрэгтэй болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын бүтцийг төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд л ИНЕГ дээр нэмээд Иргэний нисэхийн үндэсний төв хэмээх хуулинд байхгүй нүсэр том аппарат бий болгоод удирдлагын давхардал, илүү зардал үүсгэж байна. Үүнийг Төрийн хэмнэлтийн хуулинд нийцүүлж засч залруулах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд төр Иргэний нисэхийн тухай хууль руугаа анхаарах, ажлын хэсгээ оновчтой томилж ажиллуулах ёстой. Эрх зүйн зөв орчинг бий болгох, хуулиар дамжуулж төрийн бодлогыг гаргаж ирэх систем алдагдсан. Хамгийн том саад бол Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ЗТХЯ нь төрийн бодлогоо явуулж чадахгүй болсон. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх зургаан жилийн хугацаанд салбарын сайд нь долоон удаа солигдлоо. Ингэснээр тус яаман дээр зөв бодлого гаргахад хэдэн арван жил хийсэн хашир туршлагатай мэргэжлийн хүн байхгүй, ой санамжгүй болгосон.

Дарханы замын дампуурал, төмөр замын осол аваар, нийслэл хотын авто замын түгжрэл, Иргэний нисэхий аюулгүй байдал алдарсан, албан тушаалтнууд нь гэмт хэрэгт холбогдох зэргээр мэргэжлийн чадамжгүй болж салбар дампуурсан гэж болно. Уг нь 2006-2012 онд Иргэний нисэхйн салбарыг удирдаж байсан доктор С.Батмөнхийн үед асар их ахиц дэвшил гарч эрчимтэй хөгжлийн зам дээрээ гаргахад түүний мэргэжлийн удирдлагын чадал чансаа шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг дурдах ёстой. Харамсалтай нь улс төр Иргэний нисэхийн мэргэжлийн салбарыг мөрөөр нь хөгжүүлэхгүй маш их саад болж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК–ийг үе үеийн улстөрчид маш их үймүүлдэг. Чадварлаг мэргэжлийн удирдлага гаргаж ирэхгүй танил талын карманы, мэргэжлийн бус зальтай хүмүүсийг тус компанийн удирдлагад тавьж үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нь алдагдуулдаг. Мэргэжлийн бус хүмүүс удирдлагад нь ирэхээрээ чадварлаг боловсон хүчнүүдийг нь халж сольж, хавчин гадуурхаж ажил унагана, аюулгүй байдлыг нь алдагдуулж дураар авирлах нь цадигаа алдсан. Одоо үүнийг болиулах хэрэгтэй. Туршлагатай, мэдлэгтэй, сэтгэл зүтгэлтэй, мэргэжлийн удирдлагыг шилж сонгон шалгаруулж компанийг удирдуулах шаардлагатай. Энэ бүх бэрхшээл, тулгамдсан асуудлууд шинээр томилогдсон С.Бямбацогт сайдын өмнө тулгарч байна.

-Хуучин цагт орон нутгийн агаарын тээвэр сүрхий явж байсан. Тэрийгээ сэргээх боломж байна уу?

-1960-1990 онд манай ахмад үеийнхэн агаарын тээврийг гайхалтай хөгжүүлж ард түмэндээ үйлчилж, улс орноо хөгжил дэвшилд хүргэсэн бахдам амжилт гаргасан. Тэр цагт нийслэл хотод 500 мянган хүн амьдарч орон нутагт 1.5 сая иргэн оршин сууж байсан. Улсын нийслэлээс Сэлэнгэ, Дорноговиос бусад 16 аймаг руу хот хоорондын зорчигч тээврийн тогтмол нислэг өдөр бүр үйлддэг байв. Тухайн үед зорчигч тээврийн 75 хувь нь агаарын тээврээр явдаг байсан. Мөн Сэлэнгээс бусад 17 аймгийн 300 орчим сумдыг аймгийн төвтэй нь холбосон шуудан тээврийг тогтмол нислэг долоо хоногт хоёр удаа үйлдэж 1989 он гэхэд агаарын тээврээр 800 мянган хүн тээвэрлэсэн үзүүлэлт байдаг. МИАТ жилд 22 мянган цагийн нислэг үйлддэг байсан. Үүний зэрэгцээ ой хээрийн түймэр, хадлан бэлчээрийн талбай, ойн сан, газар тариалангийн ургацыг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалахад нисэх онгоцыг өргөнөөр ашиглаж байсан юм. Дээрх ажил үйлчилгээг одоо цагт сэргээх бүрэн боломж байна. Энэ бол цоо шинэ зүйл биш, өмнө нь манай ахмад үеийнхний амжилттай хийж байсан ажил үйлчилгээг өнөө үед сэргээн хийх боломж нөхцөл байсаар байгаа. Орчин үед орон нутгийн авто зам сайжирсан, авто хөсөг олон болсон хэдий ч иргэд тав тухтай, түргэн шуурхай, цаг хугацаа хэмнэсэн агаарын тээврийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна. Одоо нийслэл хотод 1.7 сая, хөдөө орон нутагт 1.5 сая иргэн амьдарч байна. Хот хооронд агаарын тээврээр зорчих эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Төрийн үйлчилгээ хямд, хүртээмжтэй байх ёстой. Орон нутгийн нислэгт тохирох агаарын хөлгийг сонгож оновчой парк ашиглалт бий болгох, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлж, давтамжийг нь ихэсгэх, зорчигчийн тийзийн үнэ тарифыг хямдруулах ядаж авто тээврийн тарифтай ойролцоо жишгээр тогтоох шаардлагатай. Ингэж чадвал иргэд цаг хугацааны үнэ цэнийг эдэлнэ. Орон нутгийн авто зам дээр гардаг осол эндэгдэл эрс буурна. Хот хөдөөгийн ялгааг арилгахад дөхөм болоод зогсохгүй, нийслэл хотын төвлөрлийг бууруулахад нөлөөлнө, хөдөөд хөгжил дэвшил хийгдэж аялал жуулчлалын хөгжилд бодитой дэмжлэг болно доо.

-Сүүлийн үед агаарын тээврийн салбар дахь дэлхий нийтийн чиг хандлага ямар болж байна вэ?

-Дэлхийн агаарын тээврийн чиг хандлагыг олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаас тодорхойлж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах бодлогыг баримталдаг. Ковидоос болж олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа уналтад орсон. Үргэлжлээд Орос, Украины дайн нөлөөлөөд эхэлсэн нь агаарын тээврийн чиг хандлагыг тодорхойлоход хэцүү болсон. Дэлхий нийт 2025 он гэхэд 2018 оны агаарын тээврийн хүрсэн түвшиндээ очно гэсэн төлөв яригдаж байгаа. Короно бас их юм сургаж заавал биеэр очиж оролцож хийдэг ажлуудыг зайнаас хийдэг болгосон. Жишээлбэл, олон улсын хурал, семинар, сургалтууд зайнаас явагддаг болсноор агаарын тээврийн зорчигч урсгалд нөлөөлж байна. Ер нь дэлхийн агаарын тээврийн өсөлт жилд 4-6 хувь байдаг. Эрчимтэй өсөлт нь долоон хувь. Хамгийн эрчимтэй өсөлт Хятад болон Арабын орнуудад 10 хувь байдаг. Агаарын тээврийн өсөлт нь тухайн улсынхаа эдийн засгийн өсөлттэй ойролцоо байна. Зорчигч, аялал жуулчлалын талаар тавьж байсан зорилт тодорхойгүй л дээ. Зорчигч тээврийн дуунаас хурдан агаарын хөлөг бүтээх, ашиглах тухай их ярьдаг болсон. Мөн хэд хэдэн улсад нисгэгчгүй агаарын хөлөг, агаарын такси хийгдэж туршигдаад эхэлсэн. Дэлхийн улсуудад түгээмэл ашиглагддаг ерөнхий зориулалтын нисэхийн ололт амжилтыг манай улс авч ашиглаж дотооддоо хөгжүүлэх цаг болсон.

-Шинэ нисэх буудалтай болсон. Гэвч талбайн хувьд Буянт-Ухаагаас дээрдэх юмгүй. Өргөтгөх боломжтой юм уу?

-Шинэ нисэх буудлыг түшиглэн тээвэр ложистикийн төв байгуулна гэж байгаа. Төмөр зам, олон улсын хурдны автозам үүгээр дайрч өнгөрнө. Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын гол үзүүлэлт нь агаарын хөлгийн буулт суултын хоёр талын оролттой байгаад юм. Цаашид өргөтгөх боломжтой. Перрон талбайн хувьд одоогийн Буянт-Ухаа нисэх буудлаас томгүй 107.000 мет.кв байдаг. Шинэ нисэх буудлыг эхэндээ өөдрөгөөр харж байсан. Гэтэл 10 жилийн өмнө 247 сая ам.долларын зээлээр хийхээр зураг төсөв нь гарч байсан. Гэтэл тооцоолшгүй ихээр төсөв нь өсч 750 сая ам.доллар болж хугацаа нь таван жилээр хэтэрч ашиглалтад орсон. Миний харж байгаагаар ерөнхий зориулалтын нисэх болон орон нутгийн нислэгийг хуучин Буянт-Ухаа нисэх буудалдаа буцаан үйлдүүлэх нь оновчтой гэж хардаг.

-Агаарын тээврйн либералчлалын асуудал байнга яригддаг. Төрөөс ямар зохицуулалт хийвэл биеллээ олох бол?

-Либералчлал гэдэг нээлттэй, чөлөөтэй, мөн уян хатан байх бодлого. Одоо ч нээлттэй байгаа. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангуулах нь чухал. Үндэсний агаарын тээвэрлэгчийг янз бүрийн байдлаар боомилсон, эрх ашгийг нь хохироосон байж болохгүй. Аль ч улсын төрийн гадаад бодлогод үндэснийхээ агаарын тээвэрлэгчийнхээ эрх ашгийг хатуу хамгаалж байдаг. Гэтэл манайд юм л бол МИАТ рүү дайрч давшилж, МИАТ л болохгүй, бүтэхгүй, МИАТ л үнэтэй гээд давшлаад байдаг. Гэтэл Монгол руу нислэг үйлдэж байгаа энэ олон компаниудаас ганцхан МИАТ л олон төрлийн тийзийн хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал өндөр настны, эмчилгээнд явж байгаа өвчтөнд, оюутны, гэр бүлийн, салбарын ажилчдад, мөн тэмцээн уралдаанд оролцох тамирчид, урлагийнханд үзүүлдэг биз дээ.

Үнэндээ МИАТ-ийн удирдлагад буруу томилгоогоор санамсаргүй гарч ирсэн хүмүүс л ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртүүлээд байдаг. Тийм удирдлагууд компанийнхаа эрх ашгийг нь хохироогоод байхад хамгаалах арга хэмжээ авч чадахгүй мэрүүлээд байдаг. Монгол Улсад өнөөгийн нөхцөлд олон улс, орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээг нэг л том компани хийх нь оновчтой үр дүнтэй байх болов уу.