Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жагсаал цуглааныг улам гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу DNN.mn

Улс төр бужигнаантай, ард түмний уур бухимдал ноцсон өдрүүд үргэлжилж байна. Ил харагдаж байгаа сэдэв нь нүүрсний хулгайн асуудал. Үйл явдлын эргэн тойрондохыг судлаачид өөр өөрсдийнхөө өнцгөөр харж, тайлбарлах юм билээ. Улс төр талдаа ямар нөхцөл байдал үүссэнийг авч үзье л дээ.

Ардын нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрхэд гарсан. УИХ-д 62 суудалтай эрх баригчид бүрэн хүчээрээ ажиллаж байгаа. Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан намын хувьд 11-үүлээ байна. Тэд өнгөрсөн сонгуулиас хойш дотроо учраа олохгүй, эв түнжин муутай байсаар өдий хүрэв. Ардчилсан нам 2023 оны арванхоёрдугаар сард буюу парламентын сонгууль болохоос хагас жилийн өмнө эв цавандаа орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа байх. Тэр үед сонгуулийн хууль гарчихна, тэр үед л эвлэрсэн гэдэг жүжгээ яаж хийх үү гээд тайван хийнэ хэмээн ирэх жилийг хүлээж буй биз. Иймд сонгуулийн хууль гармагц нам доторх асуудал хэн нь хаана очих, байх гэсэн асуудлууд бүрэн цэгцэрнэ гэсэн тооцоолол Ардчилсан намынханд бий. Харин одоо хаа хаанаа жүжиг тавьж, хувийн тоглолт хийгээд л явж байна. “Фракцгүй нам боллоо” хэмээн эрх барьж байх үедээ зарлаж байсан Ардчилсан намын лидерүүд өнөөдөр таван тийшээ хараад хэвтчихсэн нь худлаа биш. Намаа эвлүүлье, аваръя гэдэг уриалга тал талаас гардаг ч яг нэгдье гэхээр ганц ч алхам урагшилдаггүй. Засгийн эрхийг бариагүй учраас намын дарга болох сонирхол хэн хэнд нь байхгүй. Нэгэнт л эрх мэдэл, мөнгөний авдар дээр сууж чадаагүй юм чинь намын дарга болбол санхүүгийн гарз гээд хойш гэдийдэг. Харин өөрсдийгөө дарга гэгчид нь зардал багатайхан шиг л намаа үлгэн салган чирч явахаас яахав гэсэн янзтай байна.

Ардын намын хувьд ирэх 2024 оны сонгууль амь тэмцсэн тулааны талбар болно. УИХ-д ноёлсон суудлууд нь хуу цөөрнө гэдгийг өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Төсөөлснөөс ч муу үр дүн үзүүлж, ялагдаж магадгүй гэсэн айдастайгаа нүүр тулсан. Тэдний засгийн эрхэд гарсан цагаас эхлэн үнийн өсөлт, эдийн Засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдралын чанар эрс муудсан. Тиймдээ ч ард түмэн өөрсдийг нь цусгүй алчихна даа гэж бодож байгаа. Үнэндээ хойно дайнтай, урд тахал өвчинтэй энэ хэвээр байх юм бол 2024 онд ард түмэн бүр ч ядарна. Сонгууль болтол ганц ч гэгээтэй юм харагдахгүй л байна. Ер нь дайн дуусч, тахал өвчин арилж байж сайхан цаг ирнэ. Тэр цагт ард түмний амьдрал сайжрах нь туйлын үнэн юм.

Жагсаал цуглаан ширүүсэх маягтай боллоо. Энэ бол гэнэтийн үйл явдал биш. Эрх баригчид бүгдийг нь тооцоолж мэдэж эхлүүлсэн үйл явдал. Яагаад гэвэл тэд нүүрсний хулгайг зарласан. Сонгууль хүртэл нууж болохгүй гээд нийтэд ил болгосон нь тод уншигдаж байгаа. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр сонгуулийн өмнө илрэх л байсан асуудал. Тэр цагт Ардын намд цохилт нь бүр ч хүнд ирнэ. Нүүрсний хулгайг одоо зарладгийн цаад шалтгаан нь энэ цохилтыг сааруулахад байгаа юм. Тиймдээ ч намын дарга нь асуудлыг зоригтой гаргаж тавьж, өндрийг нь авахуулж чадлаа. Мань эр цаана нь гарахад юу тулж ирнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өнгөц харахад, нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд ард түмнээсээ дэмжлэг авч байгаа мэт үйл явдал өрнөж байна. Сценарийн дагуу жагсагчдын шаардлагаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотой нийт 10 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа талаар мэдээлэв. Хэн, хэн холбогдсоныг нь хүртэл нэртэй устай нь зарлаж орхилоо. Дараагаар нь нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн оролцоотой нээлттэй сонсгол хийнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Гэтэл муу эр дайнд хөөрнө гэгчээр нэр бүхий улстөрчид жагсаалаар тодрох гэж зүтгэж байгаа харагдах юм. Хүн олноор бужигнасан газар попуудад том боломж байдаг. С.Ганбаатар, Х.Доржханд нар талбай дээр гарангуутаа нүүрсний хулгайн эзэд бол “Голомт”, “АПУ”, “MCS” гэж цоллов. Тэд жагсаал удирдах гэж сүгсэлзэж байгаад улсаа түймэрдэж орхих вий дээ.

Мэдээж энэ жагсаалын цаана улс төрийн ямар нарийн тактик яваа нь тодорхой. Улс төрийн хүрээнийхэн болон судлаачдын дунд янз бүрийн таамаг яригдаж байна. Биелэх, биелэхгүйг нь үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн бодит үнэнтэй ойр хувилбар гэвэл нүүрсний хулгайгаар өрдөж, УИХ-ын сонгуулийг наашлуулах гэсэн төлөвлөгөөг эрх баригчид боловсруулсан гэх. Ээлжит бус сонгуулийн угтвар нөхцөл жагсаал цуглаан маягаар тавигдлаа гэж улс төр судлаачид үзэж байна.

Хэрэв энэ үнэн бол 2024 онд ард түмний амьдрал улам ядуурч, Ардын нам суудалгүй хоцрох болгоомжлол байх шиг. Иймд ээлжит бус сонгууль зарлаж, 2023 онд явуулчихвал ядахдаа одоо байгаа 62 суудлынхаа талыг нь хадгалж үлдэнэ гэсэн тактиктай байгаа бололтой. Энэ прогноз ортой байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн эргэлт эрх баригчдад гэнэтийн цохилт болно. Тиймээс жагсаалыг улам дэвэргэх сонирхол их байгаа байх. Одоо УИХ-ын гишүүдийн 30 хувь нь нүүрсний хулгайчаар цоллогдоно. Ийм хулгайч гишүүдтэй цаашид хууль тогтоож, улсаа авч явахын аргагүй боллоо хэмээн ард түмнээсээ уучлалт хүсч тэднийг төрхөмд нь буцаалаа гээд ээлжит бус сонгуулиа зарлах байх.

Увайгүй улсуудыг дахиж нэр дэвшүүлэхгүй, намаас хөөж улс төрийн шийтгэл оногдуулсан гэж ард түмнийг тайвшруулна. Тэдний хулгай зэлгий хийсэн эрүүгийн шийтгэлийг нь цагдаа, прокурор амсуулна, ийм асуудлыг улс төрийн нам мэддэггүй гэж өөрсдөөсөө зайлуулах биз. Ингэж цэвэрхэн мултарч чадвал Ардын нам олонхоо байг гэхэд 50 суудал авна гэж тооцож байх шиг байна. Харин Ардчилсан нам ирэх жилийн арванхоёрдугаар сар хүртэл хүлээлтийн байдалтай байгаа учраас нэгдэх ямар ч бэлтгэлгүй байгаа. Тэд сонгуулийн өмнө механик нэгдэл хүчээр хийнэ. Ингэснээр амжилт олохгүй нь тодорхой. Арваад суудлаа дөнгөн данган зулгаах болов уу.

Улс төрд гэнэдүүлсэн юм болж магадгүй гэсэн ийм прогноз байна. Судлаачдын дэвшүүлж байгаа таамаг болохоор үнэн байх албагүй л дээ. Гэхдээ ард түмэн болон сөрөг хүчин эрх баригчдын огцом шийдэлд бэлтгэлтэй, бодолтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн толгой айхавтар ажилладаг. Саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яг ингэж гэнэдүүлж хийсэн шүү дээ. Тэгэхээр цаашид улс төрд юу ч болж мэдэхээр байна. Жагсаалаа удирдаж чадахгүй хяналтаасаа алдвал юу ч болж мэдэх юм. Жагсаал ерөнхийдөө захиалагат байж мэдэх юм гэсэн хардалт байгаа ч дарвисан ард түмэн хаашаа ч холбирч болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Заяабал: Уурхайн амнаас хил хүртэлх бүх процессыг бүртгэлжүүлснээр нүүрсний хулгай зогсоно DNN.mn

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд татварын орлого дандаа өссөн дүнтэй байгаа. Ирэх онд 19 их наядын орлого төвлөрүүлэхээр төсвөө баталлаа. Үүнтэй холбоотойгоор татвар нэмэх үү?

-Монголын татварын алба бол төрийн гаргасан шийдвэр, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч Засгийн газрын харьяа байгууллага. Тэр утгаараа татварын хуулийг хэрэгжүүлдэг, улс болон орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлдэг байгууллага гэсэн үг. Ирэх онд улсын болон орон нутгийн нийт төсвийн орлого 19.7 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Үүнээс татварын алба улсын төсвийн орлогын хувьд 55 хувийг нь буюу 7.2 их наядыг бүрдүүлнэ. Үлдэх хувийг нь бусад төрийн байгууллага бүрдүүлэн ажилладаг. Орон нутгийн төсвийг үндсэндээ татварын алба бүрдүүлэн ажиллаж байгаа, удахгүй орон нутаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн батлах хуулийн цаглабартай. Бидний харж байгаагаар орон нутгийн төсөв буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөв нийлээд 2.9 орчим их наядын орлого батлагдах байх. Ингээд үзвэл ирэх онд татварын алба 10 их наядын орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллах болж байна гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд ковидын жилийг эс тооцвол үндсэндээ эдийн засгийн өсөлттэй явж ирсэн. Шууд утгаар нь бизнесийн тэлэлт явагдаж байна гэж ойлгож болно. Тэгэхээр жил бүр татварын орлого дагаад нэмэгдээд явах нь зүй ёсны асуудал. Саяхан УИХ-аар 2023 оны төсвийн тухай хууль батлахад зөвхөн ХХОАТ-ын хуулинд олон улсын жишгийг дагуу шаталсан тогтолцоог оруулж өгсөн. Сарын 10 сая хүртэлх цалинтай иргэдэд одоогийн мөрдөж байгаа хууль хэвээрээ буюу 10 хувийн татвар үйлчилнэ. Харин сарын цалин нь 10 – 15 сая хүртэлх цалинтай бол 15 хувь, 15 саяас дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлөхөөр болж байгаа юм. Манай улсад 870 мянган ажил эрхлэгч цалин авч ажилладаг бүртгэлтэй. ХХОАТ-ын тухай хуульд орсон уг өөрчлөлт сарын цалин нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 хүнд л үйлчилнэ. Хуулийн нөлөөллөөр төсөвт нэмэлт 10 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Орлогын төлөвлөгөөг биелүүлэн ажиллахын тулд татварын тайлагналыг хялбар болгох, татварын баазыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах, татвараас зугатах, зайлсхийх явдлыг зогсоох гэх мэт олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. -Цар тахлын жилүүд, дайны нөхцөл байдал бизнесийнхэнд хамгийн хүндээр туслаа. Эдийн засаг амаргүй дээр татварын дарамтаас өндийж чадахгүй нь гэдэг. Нөгөө талд Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийг тэднийг дэмжих жил болгон зарлаад л байдаг. Хөрсөн дээрээ аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч байна. Ингэхэд бизнесийнхнийг дэмжсэн татварын бодлого бодитоор хэрэгждэг юм уу?

-Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ Засгийн газраас жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тэлэх зорилготой шинэчлэл хийгдсэн. Татварын шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан горим нэвтрүүлсэн. Ингэснээр татварын бүртгэл, тайлагналын тоог цөөрүүлсэн. Цахим орчноор татвар төлөгчийн ачаалал буурсан. Татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь нэг хувийн татвар төлөхөөр байна. Харин үлдсэн 2.7 хувь нь 10 хувийн, үлдсэн 0.3 хувь нь 25 хувийн татвар төлөхөөр болсон. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд ногдуулж, төлүүлсэн татварын 90 хувийн буцаан олголт хэрэгжиж эхэлснээр 2020 онд 900 орчим аж ахуйн нэгж 8.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байв. Тэгвэл 2021 оны жилийн эцсийн тайлангийн ногдлоо төлсөн 2.769 татвар төлөгчдөд 42 орчим тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн ашигт сөргөөр нөлөөлсөн нь хуулиар ногдуулсан татварыг хурааж төсөвт төвлөрүүлэхэд эрсдэл учирсан. Үүнийг дагаад татварын албанд төлөх өрийн хэмжээ нэмэгдсэн. Нөгөө талаар цар талхын үеийн олон улсуудын жишгийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож ирсэн. Тухайлбал, татвараа төлж чадахгүй болсон татвар төлөгчдийг алданги, торгуулиас чөлөөлөх, үйл ажиллагааны алдагдал болон түрээсийн үнээ буулгасан тохиолдолд дараа онуудад шилжүүлэн хасагдуулан тооцуулах, ажлын байрыг хадгалах бодлогын хүрээнд хувь хүний орлогын албан татвараас нь чөлөөлөх зэрэг нэлээд арга хэмжээ авсан. Нийт татвар төлөх мөнгөн дүнгээрээ 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний дэмжлэгийг үзүүлсэн нь эдийн засгийн уналтыг бууруулж жийргэвч болоход гол нөлөө үзүүлсэн гэсэн судалгаа тооцоонууд гарсан байгаа.

Монгол Улсад бизнес эрхлэх үүднээс жилдээ 15-20 мянган хуулийн этгээд байгуулагддаг. Таван жилийн өмнө гэхэд 160 мянган хуулийн этгээд байсан бол одоо 240 мянган хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Ковидын үед ч хуулийн этгээдүүд шинээр нэмэгдэх процесс хэвийн явагдаж байсан.

-Татварын алба бол нийгмийн хардлагад байнга өртдөг байгууллага. Байцаагч нар авлига авдаг ч гэсэн яриа салдаггүй шүү дээ?

-Төрийн байгууллагын үндсэн зарчим нийтэд нээлттэй, ил тод байх. Энэ дагуу олны нүдэнд ил тод байх нь эргээд бидний ажилд ч эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Нөгөө талаар Засгийн газрын цахим шилжилт бодлогын хүрээнд Монголын татварын алба үе шаттайгаар цахимжиж байна. Цахимжилтаа сайжруулах тусам таны хэлсний дагуу байцаагчийн санаатай болон санамсаргүй алдааг урьдчилан засварлах боломжтой болж байгаа. Тухайлбал, бид TAIS буюу Татварын нэгдсэн системтэй болсон. Манай байцаагч нар системдээ нэвтрэх өөр өөрийн кодтой. Үндсэн чиг үүргээсээ хамаараад системд хандах эрхтэй. Системд хэн, хэдийд нэвтэрсэн, ямар зорилгоор, ямар чиглэлийн ажил гүйцэтгэсэн, ямар татвар төлөгчийн тайлан мэдээ дээр ажилласан гээд эцэст тухайн байцаагчийн ажлын гүйцэтгэл нь шууд харагддаг болсон.

Одоо бид үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчийн тайлан илгээсэн тухайн цаг хугацаанд нь тайлангийнхан үнэн зөв байдлыг нь тогтоохыг эрмэлзэн ажиллаж байсан. Үүний тулд татварын мэдээ, дата дээр суурилсан их өгөгдлийн сан үүсгэн машинд таниулахуй технологийг ашиглан олон улсад татварын тайланг үнэлэх стандарт шалгууруудаар систем өөрөө тодорхойлох болсон. Системээс алдаатай тайлан гэж үзсэн тохиолдолд татвар төлөгчийг өөрийнхөө тайлан засах, алдааг нь илтгэсэн комментын хамт илгээн ажиллаж байгаа. Татвар төлөгч өөрөө алдаагаа засаад системд хянагдаад хүлээн авсан тохиолдолд татвар төлөгч татварын эрсдэлээс айхгүй үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн үг.

Татвар төлөгч алдаатай тайлан илгээхээс нь сэргийлэх үүднээс татварын алба өөрт байгаа мэдээлэл дээрээ тулгуурлан зарим төрлийн татварын тайланг урьдчилан бэлтгэн хүргүүлэх, татвар төлөгч өөрөө татварын мэдээтэй тулган хянан үзэж тайлан зөв ирүүлэх боломжийг хангаж өгсөн байгаа. Тухайлбал, ХХОАТ, НӨАТ, АМНАТ зэргийг ийм болгосон. Цаашид татвар төлөгчдийн санал, хүсэлтийн дагуу нэмэлт өөрчлөлт хийгээд сайжруулаад явах болно.

-Ингэж мэдээллийн технологийг татварын албанд нэвтрүүлснээр орлого төвлөрүүлэлтэд давуу тал болжээ?

-Тэгэлгүй яахав. Ковидын үед татварын алба орлогоо давуулан биелүүлж байсан нь мэдээллийн технологийг амжилттай нэвтрүүлсэнтэй шууд холбоотой юм. Энэ оны арванхоёрдугаар сард болох ОУВС-гийн захирлуудын хурлаар Монголын татварын албаны цахим шилжилт, үр дүнгийн талаар танилцуулга оруулахаар болсон.

-АМНАТ-ын тайлантай холбоотой заалт төсөв хэлэлцэж байх үед багагүй маргаан дагуулсан. Ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Ирэх жилийн төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд нүүрс экспортын асуудал, хулгайн нүүрс гэх мэт асуудлууд яригдсан. Ер нь Үндсэн хуулиараа Монголын иргэд байгалийн баялгийн эзэн буюу ашиг хүртэгч нь шүү дээ. Яаж гэвэл татвараар дамжиж л ашиг хүртэнэ. Манай албаныхан ч үүнийг ухамсарлан ажилладаг.

Байгалийн баялаг ашиглагчийн татварыг яаж ил тод, нээлттэй, үнэн зөв суутган тооцох, төлүүлэх вэ гэдгийн хүрээнд асуудал яригдсан гэж ойлгож болно. Энэ дагуу Засгийн газрын шийдвэр гарсан бид ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Монгол Улсын хилээр гарах бүх байгалийн баялгийн бүртгэлийг цахимжуулах, хаанаас олборлосон, хэнд зарсан, доторх баялгийн агуулга бүхий гаалийн лаборатори шинжилгээний дүн, тоо хэмжээ, биржийн үнэ зэрэг бүгдийг нь ил тод болгохоор болсон. Иймд бид энэхүү мэдээллүүд дээрээ тулгуурлаад АМНАТ тайланг гаргаж татвар төлөгчдөд алдаагүй үнэн зөв хүргүүлэх, төлүүлэх боломж бүрдэж байгаа.

-Нүүрсний хулгайн асуудал шуугьж байна. Н.Энхбаяр гишүүн таныг нүүрс гаргах процессыг мэддэг болох юм уу. Дараагийн мафийн эзэн зэргээр чуулганы хуралдаанд хэлж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Ашигт малтмалын баялгийг худалдах гэрээ, тээврийн гэрээ, биржийн үнэ, гаалийн лабораторийн мэдээ гэх мэт нүүрсний амнаас хил гарах хүртлэх бүх ажиллагаануудыг татварын мэдээллийн системд бүртгэж цахимжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Гол зорилго нь хулгайгаас хамгаалах, татвараа үнэн зөв тооцож авах шүү дээ. Үүнийг буруу ойлгосон байх.

-Далд эдийн засгийг ил болгохоор НӨАТ-ын сугалааг оруулж ирсэн байдаг. Ер нь далд эдийн засагтай яаж тэмцэж байна вэ?

-Далд эдийн засгийн судалгааг хуулиараа Үндэсний статистикийн газар Дэлхийн банкны заавраар хийдэг. Таван жилд нэг удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа явуулдаг. Хамгийн сүүлд 2020 оны байдлаар далд эдийн засаг ДНБ-ий 20 орчим хувьтай байсан байх. Татварын албаны бас нэг зорилго бол далд эдийн засгийг бууруулах юм. Өөрөөр хэлбэл, татвараа төлөхгүй эргэлдээд байгаа мөнгөнд хяналт тавьж татвараа авна гэсэн үг. Үүний тулд далд эдийн засгийг бууруулах стратегийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, НӨАТ-ын хэрэгжилтийг сайжруулах юм. Иймд урамшууллын бодлогыг хэрэгжүүлж байна. Урамшууллын бодлого дотроо хоёр төрөлтэй. Эхнийх нь хоёр хувийн буцаан олголт. Үүний цаана НӨАТ төлөгч татвар төлөгчдийн борлуулалтын орлогыг хянах юм. Хоёр дахь нь НӨАТ-ын сугалаа зохион байгуулах юм. Энэ нь НӨАТ төлөгч биш татвар төлөгчдийн борлуулалтын орлогыг хянах зорилготой. Урамшууллын бодлогын цаана худалдаа хийж буй бүх иргэдийг баримтаа авахыг шаардна. Энэ бол далд эдийн засгийг буулгахад иргэн бүрийн оролцоог нэмсэн бодлого юм. Үр дүнтэй зөв бодлого хэрэгжиж байгаа гэдэг нь тодорхой байгаа.

-Нийгэмд НӨАТ-ын сугалааг болиулж, иргэдэд очих хувийг нэмсэн нь дээр гэх байр суурь давамгайлдаг. Яагаад гэвэл сугалааны системийнхэн өөрсдөдөө хонжвор тааруулсан хэл ам гарсан шүү дээ?

-НӨАТ хоёр хувийн буцаан олголтыг жилд 1.2 сая иргэнд 260 тэрбумыг олгодог бол сугалааны хонжворт 350 мянган иргэнд 15 тэрбум төгрөг зориулдаг. Буцаан олголт нь НӨАТ төлөгч татвар төлөгчийн борлуулалтын орлогод хяналт тавих, сугалаа нь НӨАТ төлөгч бус татвар төлөгчийн борлуулалтын орлогод хяналт тавих зорилготой юм аа.

Энэ оны дөрөвдүгээр сард Сангийн сайдын зүгээс сугалаа зохион байгуулах арга хэлбэрийг олон улсын жишиг судлан өөрчлөх шийдвэр гаргаж зогсоосон. Бид Сангийн яамтай хамтран ажиллаж есдүгээр сараас сугалааны шинэ хувилбарыг явуулж эхэлсэн. Энэ хугацаанд НӨАТ баримт олголт сар бүр доошилж байсан. Шинэ хувилбараар сугалаа явуулж эхлээд хоёр сар болох хугацаанд НӨАТ баримт олголт 10 саяар нэмэгдэж эхэлсэн. Энэ сугалаа бас хэрэгтэй бодлогын арга хэрэгсэл байна гэдэг нь харагдаж байгаа.

Татварын системийн ажилчид хонжвор хождог гэх яриа нийгмийн сүлжээгээр удаа дараа явж байсан. Энэ дагуу холбогдох хууль хүчнийхэнд хүсэлт тавьж шалгуулж байсан. Тийм зүйл гараагүй гэдгийг мэдэгдье. Бидний хувьд эрүүгийн шинж чанар бүхий асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу зарим татвар төлөгчдийн хууль бус ажиллагааг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хамтран ажиллаж буй хэд хэдэн зөрчлийн асуудлууд бий.

-Олигархиуд, улстөрчид, эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан татварын хөнгөлөлт, урамшууллыг хүртээд байна уу?

-Татвар бол тусгаар тогтносон бүрэн эрхт байдлын баталгаа. Монгол Улс өөрийн татварын системээ өөрөө тогтоодог, бүрдүүлдэг орон. Энэ эрх нь УИХ-д хадгалагддаг. Татвар нь төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр болох хэдий ч нөгөө талдаа бизнесийг дэмжихүйц, хөрөнгө оруулагчдыг татахуйц, бусад орнуудаас илүү боломжийг олгосон татварын системтэй байхыг шаарддаг. Манай татварын системд импортыг орлох экспорт руу чиглэсэн үйлвэрлэл, үйлчилгээг дэмжсэн олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бий. Түүнийг хуулийн дагуу гадаадын болон дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч хэнбугай ч хүртэх эрхтэй.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа тухай хэвлэлүүд бичих боллоо. Татварын ерөнхий газрын дарга нараа шагнасан, байшин барилга, хувцас хунарт төсвийн мөнгө урсгалаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Төрийн байгууллагууд гагцхүү төрийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг байгууллагын хувьд хуулийг даган мөрдөн ажиллах хууль ёсны үүрэгтэй. Төрийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа нь төсвийн тухай хуулийн дагуу зарцуулагдах хуультай. Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтад тавигдсан хөрөнгө худалдан авах ажиллагааг тендерийн тухай хуулийн дагуу зохион байгуулах, тендерийн болон шилэн дансанд байршуулах ёстой. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан аж. Нийтэд нээлттэй тавигдсан асуудал. Шагнасан тухай бол аль ч төрийн байгууллага, төсөвт байгууллага төсвийн тухай хуульд заасны дагуу зарлагын хэмнэлтээсээ ажилчдаа шагнах боломжтой. Бидний хувьд хуулийн дагуу, дотоод журмынхаа дагуу ковидын үед болон олон жил албандаа ажилласан аймаг, дүүргийн дарга, эрүүл мэндийн хувьд хүсэлт гаргасан албан хаагчдаа, албаны цахим системийн хөгжүүлэлтийг хариуцан ажилласан, ковидын үед улсын комисст дайчлагдан ажилласан зэрэг ажилчиддаа урамшуулал олгосон. Олон нийтийн сүлжээгээр нэр нь буруу бичигдсэн, хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийг зөрчсөн алдаатай мэдээлэл явж байна лээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдагдсан боломжийг авчирч чадах уу? DNN.mn

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам сая ашиглалтад орлоо. Экспорт, импортын шинэ гарц болсон уг төмөр зам найман сарын дотор бүрэн дуусав. Энэ бол Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон төслүүдийн нэг. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд “Манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр замын ажлыг хоёрхон улиралд дуусгаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт ийм хурдаар явсан бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн байх байлаа. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэж хэлсэн.

Монголд алдагдсан боломжууд их байна. Наад зах нь өнөөдөр бид эрчим хүчний асуудлаа бүрэн шийдчихсэн, нефтийн үйлдвэртэй болчихсон сууж байх байлаа. Гэвч хэсэг бүлэг олигархиуд гадны гар хөл бологчид Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан. Ганцхан төмөр зам дээр гэхэд ямар их боломж алдсаныг Ерөнхий сайд дээр хэллээ. Тэрбээр алдагдсан боломжуудын өртгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг хөндөж, ажил хэрэг болгож байгаа нь сайн байна. Мань эр дахиад нүүрсний хулгайн том сүлжээг задлахаар зоригтой эхлүүлсэн. Энэ бол асар их алдагдсан боломж. Өртгийг нь авчирч чадах уу, үгүй юү гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд том сорил болж байна. Уг нь хэлсэн бол хийх гээд байдаг Ерөнхий сайдтай болсон бид. Нүүрснээс алдсан боломжийг ард түмэнд хэзээ авчирч өгөхийг тэрбээр мэдэж байгаа биз ээ.

Төрд үүрлэсэн том, том луйвар, хулгайг үндсээр нь тасалж чадвал Монгол Улсын хөгжлийн зам дардан байна. Тэдэнтэй тэмцэх гол хүч бол залуу Ерөнхий сайдын зангараг юм. Ковидтой, эдийн засаг хумигдсан хүнд хэцүү цагт ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн хувьд гараа хумихаад суулгүй алсыг харсан мега төслүүдийг эхлүүлсэн. Үе үеийн Засгийн газрын тэргүүний барьж авч зүрхлээгүй олон том ажлуудыг хэрэгжүүлж, эхнээсээ ард нь гарч чадсан нь түүнийг багаа хэрхэн залж чаддагийг харуулж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын зорьсон л бол ард нь гарч санаа нь амардаг чанар олон улсад төдийгүй хөрөнгө оруулагчдад зөв мессэж болж очно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ын ЭСЯ: Хөрш орнуудтайгаа Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна DNN.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн төлөөлөгч манай сонины асуултад хариуллаа.


-БНХАУ-ын Коммунист намын их хурлаар шинэ засаг бүрэлдлээ. Улс төрийн хорооны бүрэлдэхүүн насны хувьд залуужиж, талаас илүү хувь нь шинэчлэгдлээ. Монголтой харилцах бодлогод өөрчлөлт орох уу. Си Жиньпин манай улсад айлчлахдаа “Хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжинө” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан. Түүний энэ уриалгыг одоогийн шинэ засгийн бүрэлдэхүүн дагах уу?

-Саяхан, ХКН-ын ХХ их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар өнгөрсөн таван жилийн ажил болон шинэ эриний арван жилийн агуу өөрчлөлтийг дүгнэлээ. Мөн Хятад маягийн орчин үеийн Хятадын онцлог хийгээд мөн чанарын шаардлага зэрэг томоохон асуудлыг хэлэлцсэн. Хятадын хөгжлийн ирээдүйн чиглэл, үүргийг тодорхойлж, ирээдүйд хийх чухал ажлуудын талаарх стратегийн төлөвлөгөө гаргасан. Шинэ эриний шинэ аян дахь нам болон улс орны хөгжлийн үйл хэрэг, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлийг мөн тодорхойлсон.

Хурлаар Си Жиньпин даргыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Намын Төв хорооны удирдлагын шинэ бүрэлдэхүүн төрөн гарлаа. Хурлаар мөн Намын Төв хорооны шинэ гишүүд, Төв хорооны Улс төрийн товчооны шинэ гишүүд, сахилга, хяналтын хорооны шинэ гишүүдийг сонгосон. Эдгээр гишүүд нь бүх бүс нутаг, алба, салбарын намын гишүүд, шилдэг төлөөлөгчдөөс бүрдэж байгаа.

Хурлаар Хятадын цаашдын гадаад харилцааны чиглэл, бодлогыг тодорхойлж, Монгол Улс болон хөрш зэргэлдээ орнуудын харилцааны хөгжлийн чиглэлийг тогтоосон. “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй, уужуу багтаамжтай”, “Хөрштэйгөө найрсаар харилцах, түншлэх” үзэл баримтлалыг баримталж, хөрш зэргэлдээ орнуудтай найрсаг харилцан итгэлцэл, хамтын ашигтай байдлыг гүнзгийрүүлнэ гэж хурлаар онцолсон. Жинхэнэ элэгсэг дотно, үнэнч шударга үзэл болон эрх ашгийн зөв үзлийг баримталж, хөгжиж буй орнуудтай эв нэгдэлтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын эрх ашгийг хамгаална. Хятадын тухай сайн ойлголттой монгол нөхөд маань мэдэж байгаа байх, Хятадын дотоодын болон гадаадын бодлого тууштай, тогтвортой байдлаа хадгалдаг. Хятад улс “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй, уужуу багтаамжтай” хэмээх хөршийн найрсаг бодлогыг баримталж, хөршүүдийнхээ сонирхлыг харгалзан үздэг, Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна.

Хятад, Монгол хоёр улс бол хөгжиж буй орнууд. Талууд ашиг сонирхлын олон нийтлэг талтай. Монгол бол Хятадын ойрын хөрш орон. Тиймээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд газар зүйн байрлалын том давуу тал бий. Хятад улс Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг хөрш зэргэлдээ орны гадаад харилцааны чухал байранд тавьсаар байна. Цаашдаа Хятад улс хичнээн их хөгжилд хүрсэн бай энэ бодлого өөрчлөгдөхгүй. Хятадын хөгжил Монголын хөгжилд олон чухал боломж, чухал тавцан бий болгож байгаад бид итгэж байна. Таны хэлсэнчлэн Си Жиньпин дарга 2014 онд Монгол Улсын Их хурлын индэр дээрээс үг хэлж, хоёр улсын харилцааны ирээдүйд хөгжлийн зургийг гаргаж байсан. Энэ нь Си Жиньпин даргын Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол, хүлээлт өгдгийг харуулж байна. Саяхан, Си Жиньпин дарга Самаркандад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын харилцааны хөгжлийг улам бүр тодорхой болгосон. Цаашид Си Жиньпин дарга болон Монголын удирдагчдын дэмжлэгээр талууд стратегийн уялдаа, бодлогын зохицуулалтаа сайжруулж, төрөл бүрийн сорилттой хамт тэмцэж, харилцан ашигтай байж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг байгуулж, бүс нутаг, дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

-Саяын ХКН-ын хурлаар Ван И тушаал дэвшиж Улс төрийн хороонд сонгогдлоо. Тэрбээр “Дайчин чонын дипломат арга барил”-ыг хөгжүүлсэн нь ингэж үнэлэгдсэн тухай олон улсад мэдээлж байна. Энэ бодлого цаашид үргэлжлэх үү. “Дайчин чонын бодлого” нь Бээжинг дагахгүй байгаа улсуудад шахалт үзүүлэх бодлого гэж олон улсад зарлаж байсан шүү дээ?

-Хятад улс “Дайчин чонын дипломат арга” гэх бодлого гаргасан гэдэг яриаг тараасан хүн Хятадын талаар ямар ч ойлголтгүй хүн байх. Зөвхөн Хятадыг буруутгах зорилготой л байсан байх. Хятадын соёл, гадаад бодлогыг мэддэг монголчууд маань мэдэж байгаа байх, Хятад улс ямагт тусгаар, бие даасан, энх тайванч гадаад бодлого баримталдаг. Түрэмгийлэл хэзээ ч манай гадаад бодлогын уламжлал байгаагүй. Сул дорой байдал мөн хятад хүний чин зориг биш. Хятад улс асуудал үүсгэхгүй ч асуудлаас мөн айхгүй. Хятад улс хэзээ ч бусад улсад өдөөн хатгалга явуулж байгаагүй. Бусад улсын дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй. Бусад улсад хэзээ ч дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хятад улс бусад улсын сүрдүүлэг, өдөөн хатгалгаас айхгүй.

Уг үндсээр нь яривал, “дайчин чонын дипломат арга” гэх үг нь “Хятадын сүрдүүлгийн онол”-ын өөр нэгэн хувилбар юм. Хэсэг хүмүүсийн Хятадад тавьж буй “үгийн урхи” гэж ойлгож болно. Учир нь эдгээр хүмүүс бусдад “багшлах” дуртай ч бусдын няцаалтад дургүй. Тэдний зорилго нь Хятадыг хариу үзүүлэх чадваргүй болгож, энэхүү малгайг Хятадад өмсгөн Хятадын талыг сүрдүүлэн шахалт үзүүлснээр үнэнийг хэлэх эрхийг нь орхиулах явдал юм. Эдгээр хүмүүс Хятад улс 100 жилийн өмнөх Хятад биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад улс бусдыг дээрэлхдэггүй. Мөн, хятад хүн зарчимч, зоригтой. Хятадын дипломат ажиллагаа нь дэлхийн хүн амын бараг тавны нэгийг бүрдүүлдэг 1.4 тэрбум ард түмний эрх ашиг, нэр төрийг төлөөлж, хамгаалдаг. Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашиг болон олон улсын шударга байдалтай холбоотой асуудалд Хятадын дипломат ажиллагаа муу санаалсан өдөөн хатгалгад тууштай хариу өгдөг. Улсынхаа эрх ашиг, хүндлэлийг олон улсын шударга байдлыг хамгаалах хүчтэй.

-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа цаашид хэрхэн өргөжин тэлэх вэ. Ахисан түвшнээ сайжруулахад ямар боломжууд байна гэж харж болох вэ?

-Хятад, Монголын харилцаа 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэл хэмээх улс төрийн энэ өндөр түвшинд хүрсэн. Хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа тасралтгүй явагдаж, тэр хэрээр стратегийн харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Ялангуяа, хоёр улсын эдийн засгийн харилцаа цар тахлын нөлөөллийг даван туулж амжилтад хүрлээ. Хятадын тал 18 жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш болон чухал хөрөнгө оруулагч орон гэдэг байр сууриа хадгалсаар ирлээ. Хятад, Монголын худалдаа өнгөрсөн онд 10 тэрбум ам.долларт хүрсэн. Монголын талын статистик мэдээллээр энэ оны эхний 10 сарын байдлаар, хоёр талын худалдааны нийт эргэлт хэдийн 11 тэрбум ам.долларыг даваад байна. Ингэснээр дахин түүхэн амжилтыг эвдлээ. Энэ оны хоёр улсын өндөр дээд түвшний харилцааны явцад Хятадын тал хоёр улсын эдийн засаг харилцан нөхөх чадвар өндөртэй, Хятадын тал Монголын талд нөөц баялагаа хөгжлийн боломж, бодит үр ашиг болгон ашиглахад нь туслахад бэлэн хэмээн олон удаа онцолсон. Одоогийн байдлаар, талууд боомтын нэвтрүүлэлтийн бүтээн байгуулалт, нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтэц бий болгох, эрчим хүч зэрэг томоохон хүрээний төслийн талаар нэгдмэл ойлголтод хүрээд байна.

Саяхан, Си Жиньпин дарга Самаркандад Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийх үеэрээ, Хятад, Монгол хоёр улс найрсаг харилцаагаа хадгалж, харилцан туслалцаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг үзүүлэх хэрэгтэй хэмээн дахин онцолсон. Хятадын тал “нэг бүс нэг зам” санаачилга болон “талын зам” стратегийн уялдааг нэмэгдүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулахад бэлэн байна. Мөн, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, Монгол Улсын илүү хурдан, илүү сайн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Монголын талтай цөлжилтийн эсрэг хамтран ажиллахад бэлэн байна. Талууд боомт, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах олон боломж бий.

-Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн хаалттай байдал эдийн засаг сөрөг нөлөөтэй байгаа. Ер нь дээд түвшиндээ яриа хэлэлцээр болж зөвшилцдөг ч гүйцэтгэх шатныхан ачаа тээш гацахад хүргэж байна гэх юм билээ. Хэзээ хэвийн үйл ажиллагаанд шилжих вэ?

-Өдгөө, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байна. Украины хямрал болон цар тахлын нөлөө даамжирч, Монголын болон дэлхийн эдийн засагт томоохон цохилт авчирлаа. Хятад, Монголын эдийн засаг мөн нөлөөнд өртсөн. Гэвч, хоёр улсын удирдагчдын удирдлага, хоёр улсын бүхий л түвшний хамтын хичээл зүтгэл болон хоёр улсын ард түмэн санаа тавьснаар Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд олон амжилт гарсан. Ялангуяа, талуудын худалдааны эргэлт цар тахлын хүнд хэцүүг даван туулж, дахин шинэ түвшинд хүрсэн. Энэ нь хоёр улсын харилцааны өндөр түвшинг илтгэж байна. Хятадын тал ямагт Монголын талын чухал асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Цар тахлаас хойш, Монгол Улсад туслан Тяньжин боомтод гацсан Монголын чингэлэг тээврийн асуудлыг шийдсэн. Мөн, Монголын уул, уурхайн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох, өргөн хэрэглээний барааны импорт зэрэг асуудлуудад туслалцаа үзүүлсэн. Ингэснээр Монголын эдийн засгийн сэргэлт болон ард түмний амьдралд туслалцаа үзүүлсэн. Өмнө нь, хоёр улсын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлт гацсан гол шалтгаан нь боомтод цар тахал илэрсэнтэй холбоотой. Цар тахал намдсаны дараа, хоёр улсын боомтын нэмтрүүлэлт түргэн хугацаанд хэвийн түвшиндээ очно гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Малчид компанийн эзэн болно DNN.mn


Говь-Алтай аймгийн малчид нийлж үйлдвэр байгуулахаар болжээ. Энэ талаар тус аймгийн Засаг дара О.Амгаланбаатартай холбогдож тодрууллаа.


-Танай аймгийн малчид нэгдэж үйлдвэр байгуулах асуудал нийгмийн анхаарлыг татаж байна. Яагаад ийм санаачилга гаргах болов?

-Монгол Улс сүүлийн 100 жилийн түүхэнд малчдыг нэгтгэх гэж гурван удаагийн оролдлого хийсэн байдаг юм. Эхний 30 жилд хамтрал гэж хүчээр зохион байгуулсан. Энэ нь бүтэлгүйтээд ард түмэн хөрөнгийнхөө төлөө бослого гаргасан. Дараагийн 30 жил буюу 1950-иад оны сүүлчээс 1990-ээд он хүртэл нэгдэл хэлбэрээр малчдыг нэгтгэж байв. Тухайн цаг үедээ нэгдэл олон үр өгөөжөө өгсөн гэдэг боловч хүмүүсийн хүсэл зорилго дээр биш хүчээр шийдсэн учраас бүтэлтэй болоогүй. Социализм нурахад нэгдэл дагаад л унасан. Дараагийн үе буюу зах зээлийн нийгэмд шилжиж, малчид заавал нийлж нэгдэх ёстой гэдэг үүднээс хоршоо байгуулсан. Мөн л үр өгөөжгүй явж ирсэн. Хөгжих ямар ч ирээдүй байхгүй. Ингээд малчдыг нэгтгэх гэсэн гурван удаагийн оролдлого бүтэлтэй болсонгүй. Харин одоо малчид маань нийлээд үйлдвэрийн эзэд болох боломж байна. Төр засгаас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьдралыг нь сайжруулах хэрэгтэй, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх зэрэг томоохон зорилго дэвшүүлдэг шүү дээ. Тэгвэл УИХ, Засгийн газраас энэ зорилгыг биелүүлж өгөөч гэж гуйх биш, харин ч малчид маань өөрсдөө үйлдвэр байгуулах бүрэн боломжтой цаг үе ирээд байна.

-Малчид үйлдвэр байгуулъя гэвэл хөрөнгөө яаж босгох вэ. Ямар тооцоолол байна вэ?

– Өнгөрсөн амралтын өдөр манай аймагт 3000 малчин оролцсон зөвлөгөөн Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Энд ирсэн малчдын маань 99 хувь нь үйлдвэртэй болох асуудлыг дэмжлээ. Тэр дундаа 77 хувь нь 10 хүртэлх сая төгрөгөөр хувь нийлүүлсэн компани байгуулбал нийлж хөрөнгө оруулах саналтай байгаа юм. Нийт 2000 орчим малчин ийм санал өгч байна гэсэн үг. Тэдний саналаар бүгд арав орчим сая төгрөгөөр нийлбэл 20 тэрбум төгрөг цуглачихна. Монголд малчдыг нэгтгэсэн дөрөв дэх үеийг эхлүүлснээр өмнөх гурван удаагийн хамтрал нэгдэлд тулгарч байсан алдаануудыг нь засна.

-Ер нь үйлдвэр явуулахад түүхий эд, ажиллах хүчний асуудал нэн тэргүүнд яригдана. Танай аймгийн хувьд ямар нөөц бололцоо байгаа вэ?

-Говь-Алтай аймаг найман мянган малчинтай.

Тэдний маань хүүхдүүд гээд ажиллах хүчний нөөц боломж дутахгүй. Түүхий эдийн хувьд бүгд л малчдад байгаа учраас энэ боломжоо түшиглээд үйлдвэр байгуулахад ер зовлон байхгүй. Төр хувийн хэвшил хамтарсан ч болно. Эсвэл зөвхөн малчдынхаа хүрээнд ХХК байгуулаад явах ч боломжтой гэж үзэж байгаа.

-Ямар үйлдвэр байгуулахаар судлав?

-Манай аймгийн хэмжээнд нийт 8000 малчин бий. Бүгд үйлдвэр байгуулахад оролцвол малчин бүрээс нэг сая төгрөг гаргахад найман тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болно. Ноолуур угаах, самнах үйлдвэр гурав орчим сая ам.долларт босох юм билээ. Монгол мөнгөөр арав орчим тэрбум төгрөг гэсэн үг. Мэдээж энэ бол Монголд шинэ санаачилга учраас төр засгаас дэмжих байх гэж бодож байна. Өнөөдөр мах, арьс шир, малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна. Тэгвэл малчид маань үйлдвэртэй болсноор “Ийм хүнд цагт бид яаж амьдрах юм бэ” гэдэг асуудал чинь бүтнээр нь шийдэгдчихнэ. Үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэх юм. Улаанбаатараас хөдөө орон нутаг руу суурьших, төвлөрлийг сааруулах бодлого чинь жинхэнэ утгаараа иж бүрнээрээ шийдэгдэх боломжтой. Аймаг болгонд ийм үйлдвэр байгуулаад малчид өөрсдөө компанийн эзэн болоод явах боломжтой.

-Ажлын хэсэг байгуулсан гэл үү. Говь-Алтай аймгийн нийт малчид энэ санаачилгыг хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Бүгд маш сайхан хүлээж авсан. Бид Говь-Алтай аймгийн баг болгоноос нэг хүнийг сонгоод 88 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Энэ ажлын хэсэг маань үйлдвэрүүдэд судалгаа хийгээд, Засгийн газарт Говь-Алтайд ийм арьс шир, ноос ноолуур, мах зэргийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулж өгөөч гэсэн хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэгэхээр эрдэмтдийн судалгааг үндэслээд ямар үйлдвэр байгуулах уу, малчид хэдэн төгрөгөөр яаж нэгдэх үү гэдэг нь тодорхой болно.

-Малчид үйлдвэрийн эзэд болох санаачилга хэзээ биеллээ олох вэ?

-Энэ бол заавал ажил хэрэг болно. Ер нь монголчууд үүнийг хийх ёстой байсан. 30 жилийн хугацаа алдчихсан. Дахиад энэ чигээрээ хэдэн жил ч алдах байсан юм билээ. Тэгэхээр бид цаг хугацааг урагшлуулж байна. Бид энэ санаачилгаараа хөдөө орон нутагт аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж байна. Малчид маань дээшээ хараад үйлдвэр барьж өгөөч гэж царай алдахгүйгээр өөрсдөө шийдчих бүрэн боломж байна. Өнөөдөр хэн нэгэн мөнгөтэй том захирал, ченжээр дамжуулж ноолуур аваад угаагаад ашиг олж байна. Тэр ашгийг малчид авч болно шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баттөмөр: Хийн хоолой, төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан юм билээ. Удахгүй ил болох биз DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-2023 оны төсөв батлагдлаа. Төсвийн давуу болон сул талыг та яаж харж байна вэ?

-2023 онд, эдийн засгийн өсөлт таван хувь, хэрэглээний үнийн түвшний өсөлт 8 хувь, төсвийн орлого 19.0 их наяд, нэгдсэн төсвийн зарлага 20.4 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд, нийгмийн халамжид төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1.9 их наяд төгрөг байхаар төсөв баталлаа. Бидэнд үнийн өсөлтөөр бус нэмэгдсэн өртгийн өсөлтөөр хангагдсан эдийн засгийн тогтвортой өсөлт хэрэгтэй. Манай өсөлт ийм өсөлт болж чадахгүй.

Төсвийн давуу тал гэвэл “Хэмнэлтийн хууль”-ийг хэрэгжүүлж, төсөвт байдаг үргүй зардлуудыг бууруулж эхэлсэн. Дутагдалтай тал нь орлогыг нэмэгдүүлэх маш их боломж байлаа. Энэ боломжийг дайчлах тал дээр хангалттай ажиллаж чадсангүй.

-Ирэх оны төсөв ард түмний амьдралд ямар өөрчлөлт авч ирэх бол?

-Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал ирэх онд үргэлжилнэ. Манайд ч ялгаагүй. Сая би хэлсэн. Эдийн засгийн өсөлт нь инфляциасаа бага, төсөв, төлбөрийн тэнцэл, урсгал данс гурвуулаа алдагдалтай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унах эрсдэл өндөртэй энэ үед сайн өөрчлөлт гарахгүй. Ийм үед эдийн засгаа маш сайн удирдах шаардлага үүсч байна. Манай улс баялаг ихтэй мөртлөө төрийн төсөв даржин хэвээрээ. Төсвийн орлогын зонхилох хэсэг нь баялгийн өгөөж эзэлдэг. Баялгийн өгөөж, гадны зээл тусламж нь хөгжил, хүний хөгжлийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл манайд хөгжил биш, төсвийн алдагдал, үр ашиггүй урсгал зардал санхүүжүүлж байна. Байгалийн маш их баялагтай мөртлөө ард иргэд нь ядуу, улс орон нь өрөнд баригдаж, хөгжил зогсонги байдалд орохыг “Голланд өвчин” буюу “Баялгийн хараал”-д өртөх гэдэг. Үүнийг эмчлэх аргуудын нэг нь Ж.Соросын санаачилсан “Ил тод байдлын тайлан” гэдэг. Манайд олборлох компаниудын ил тод байдал үгүйлэгдэж байна. Төрийн оновчтой бодлого, зохицуулалтыг хийхгүй, Адам Смитийн “Зах зээлийн үл үзэгдэгч гар”-т итгээд суувал дампуурах эрсдэл ойрхон.

-Цалин, тэтгэвэр нэмнэ гээд байгаа шүү дээ?

-Байхгүй мөнгийг хэвлээд нэмж болно. Харамсалтай нь тэр нэмэгдэл нь үнийн өсөлт, ханшийн уналтаар буцаад гарна. Эдийн засгийн үзүүлэлтүүд, асуудлууд хоорондоо нягт холбоотой. Буруу гарсан шийдвэр хор хохирлоор илэрдэг. Манайд цалин тэтгэвэр нэмдэг боловч үнийн өсөлтөөр эргээд гарчихдаг.

-Төгрөгийн ханшийн уналтыг барихын тулд бодлогын хүүгээ нэмсэн. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2022 оны эхнээс 19 хувь сулраад байна. Олон ч хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүний гол шалтгаанууд гэвэл ханшийн уналтаас сэргийлсэн долларжилт, далд эдийн засаг, экспортод гаргасан бүтээгдэхүүний үнэ орж ирэхгүй байгаа зэрэг юм. Монголбанк бодлогын хүүг 12 болгосон. Цаашдаа ч огцом нэмж, ханшийн уналтыг зогсож болно. Сөрөг тал нь үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт зогсоно. Эдийн засгийн хямралыг даван туулахад ажлын байрыг хадгалж үлдэх нь онцгой ач холбогдолтой. Аль алиныг нь бодолцсон гибрид бодлого гэж байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Долларын ханш өдөр тутам өсч төгрөгний үнэгүйдлийг бид амсаж байна. Үүнийг “currency crisis” буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал гэдэг.

-Манай улс дефолт зарлахад хүрлээ гэж эдийн засагчид хэлж байгаа. Үнэхээр дампуурах эрсдэл ойрхон уу?

-Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед бид макро эдийн засгийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлж, өрөө зөв удирдахгүй бол дампуурах эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Манай нийт өр 33.3 тэрбум ам.доллар. Үүнээс 8.5 тэрбум нь Засгийн газрын өр. Бид 2026 он хүртэл 13.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Үүнээс 2023 онд 3.3 тэрбум ам.долларыг төлнө. Үүнээс Засгийн газрын төлөх нь 1.2 тэрбум ам.доллар. Самурай бондын 200.0 сая долларын өрийг Хөгжлийн банкаар төлүүлэх боломж бүрдсэн. Харин үлдэж буй 1.0 тэрбум ам.долларыг яаж төлөх бодлогоо тодорхой болгох шаардлагатай.

-УИХ дээр далд эдийн засаг гэж та их ярьдаг. Ер нь далд эдийн засгийн хэмжээ ямар байна. Таны хэлж ярьсан зүйл хэрхэн ажил хэрэг болж байна вэ?

-Монголын эдийн засаг жижигхэн. Орлого олдог гэж мэдүүлдэггүй, олж байгаа орлогоосоо хэтэрхий өндөр хэрэглээтэй хүмүүс маш олон болсон. Манай эдийн засаг жижиг, харах хүсэл байвал хаана юу нуугдаж байгаа нь харагдаж л байдаг. Өнгөрсөн 30 жилд 15 тэрбум ам.долларын эдийн засгийг бид бүтээсэн. Дэлхийд 15 тэрбум доллараас дээш орлоготой 11000 гаруй компаниуд байна. Бид Оюу толгой, Эрдэнэт, Таван толгойтогоо нийлээд эдний ард жагсаж байна. Манай эдийн засаг дэлхийн хамгийн баян хүний орлогоос 16 дахин бага байна. Далд эдийн засгийн хэмжээ манай улсын эдийн засагтай тэнцүү гэдэгтэй санал нэг байдаг. 2023 онд 200 тэрбум төгрөгийг далд эдийн засгаас оруулна гэж Засгийн газар тооцож оруулж ирж батлуулсан нь ДНБ-ий 0.37 хувьтай тэнцүү байгаа. Үүнийг нэг хувь болговол 340-өөд тэрбум төгрөг нэмж оруулах боломж байсан.

-Та далд эдийн засгийг ил болгох замаар төсвийг алдагдалгүй баталъя гэсэн санааг чуулганы хуралдаанд хэлж байсан. Энэ юу болов?

-Би тооцоо хийгээд далд эдийн засгаас олох орлогыг ДНБ-ий нэг хувь болгоход 350 тэрбум, нүүрсний экспортоос хамгийн багаар бодоход 720.0 тэрбум төгрөг, алтны олборлолт, тушаалтаас 53.0 тэрбум, үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрөөс 134.0 тэрбум, төрийн өмчит аж ахуйн нэгжийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх замаар 50.0 тэрбум гээд олох боломж байна. Энэ боломжуудыг дайчилж1.5 их наяд төгрөгийг нэмж олох замаар төсвийг алдагдалгүй баталъя гэсэн тооцоо хийж өгсөн. Үүнээс 127.0 тэрбумыг нь төсвийн орлого дээр нэмж, төсвийн алдагдлыг тэр хэмжээгээр бууруулсан. Бусад нь шийдэгдээгүй. Төсөв алдагдалгүй баталснаар үнэ, ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй байдаг.

-Нүүрсний хулгайн талаар шуугьж байна. Та ч нэлээд идэвхтэй дуугарч байгаа. Түр хорооноос явуулж байгаа шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум доллартай тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай “ардчилагдсан” гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон.

Нүүрс тойрсон хулгай өнөөгийн инфляци, ханшийн уналт, хямралыг өдөөж байгаа нь үнэн. Хөгжлийн хамгийн гол саад, дайсан бол авлига, хулгай яах аргагүй үнэн. Үүнтэй тэмцэхгүйгээр Монгол хөгжихгүй. Хятадын гаалийн байгууллагын мэдээгээр 364 мянган тонн нүүрс Монголын гаальд мэдүүлснээсээ илүү гарсан гэсэн мэдээлэл бий. Үүнийг хууль хяналтын байгууллага дөрвөн жил шалгаж байгаа гэсэн мэдээллийг өндөр албан тушаалтан твиттерээр жиргэсэн байсан. Үнэн бол их урт хугацаанд шалгаж байна даа. “Бээлийтэй муур хулгана барьдаггүй” гэдэг үг бий. Манай хууль хяналтынхан бээлий өмсчихөөгүй бол “хулгана”-уудыг барих л хэрэгтэй.

-Таван толгойн орд дээр нүүрсний хулгай их гарч байна. Яагаад хулгай гараад байгаагийн шалтгаан юу вэ, таслан зогсоох ямар гарц шийдэл байна?

-Таван толгойн ордын ТЭЗҮ-ийг 1991 онд ЗХУ-ын “Гипрошахт” институт,1999 онд Канадын “Норвест” корпораци хийсэн байдаг. Энэ бол дэлхийд хосгүйд орох маш том коксжих нүүрсний орд. Хулгай нүүрлэх болсон шалтгаан нь, ордын нөөцийг баруун, зүүн цанхи, жижиг Таван толгой, Ухаахудаг гэх мэтээр олон хэсэгт лицензийн талбайгаар хуваасан нь нөлөөлсөн нэг хүчин зүйл болсон. Мөн уурхайг ашиглах нарийвчилсан ТЭЗҮ судалгаагүй, уурхайн хүчин чадлыг бүрэн тодорхойлоогүй, оновчтой үр ашигтай ашиглах бодлогогүй, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах хувилбарыг дутуу үнэлсэн, уурхайн үндсэн процессыг түрээсийн хэлбэрээр олон байгууллагад ашиглуулж байгаа нь хулгай нүүрлэх үндсэн шалтгаан болж байна. Ашигт малтмалын хуулийн 5.4,5.6 дахь заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж,нөөц тогтоогдсон стратегийн орд газрын хувьд хувьцааныхаа 10 хувийг хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө орлогоо нээлттэй тайлагнаж байх ёстой ажил хийгдэггүй. Дээр нь Монголын төр өмчдөө эзэн байж чаддаггүй,компанийн засаглал, удирдлагын менежмэнт муу,мэдлэг чадвар муутай,зорилго бүхий хүмүүс хүсэл,сонирхлоороо очиж ажиллах боломжийг төр олгоод байгаа учраас хулгай нүүрлэсэн нь үнэн.Хулгайг таслан зогсоох маш олон арга байна.Үүний нэг нь Нээлттэй хувьцаат компани болгож,засаглалыг сайжруулах асуудал мөн.

-“Эрдэнэс Таван толгой” ХК олон оффтейк гэрээ байгуулсан. Аман дээрээс нь нүүрс худалдаж авах гэрээнүүд бас байдаг бололтой. Энэ компанийн санхүүгийн үзүүлэлтүүд тааруу байгаа сурагтай…

-Нүүрс худалдах, нүүрсээр төлбөр барагдуулах 84 гэрээ байна. Үүнээс долоо нь оффтейк гэрээ. Үүнд, Таван толгой-Гашуун сухайтын 230 км төмөр замын гэрээ, Таван толгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замын гэрээ, Таван толгой-Цогтцэций 23.7 км төмөр замын гэрээ, Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Богдхан Төмөр зам, Газрын тосны хийн хоолой, Ус хангамжийн систем. Эдгээрээс дөрвийг нь улсын нууцад авсан. Бусад 77 гэрээний 61 нь коксжих нүүрс борлуулах гэрээ. Уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээ 12, тогтвортой түншлэлийн гэрээ дөрөв байна. Энэ компанийн санхүүгийн байдал сайнгүй байгаа нь үнэн. Урт хугацаат өр төлбөр 1.7 их наяд төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 1.3 их наяд төгрөг, урьдчилгаа орсон орлого 2.0 их наяд төгрөг байна. Гэрээнүүдийг ил тод болгох шаардлага тавьсан. Ил тод болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Хийн хоолой тавих болон төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан гэж та хэлж байсан. Энэ үнэн үү. Тодорхой ярьж өгөхгүй юү?

-Үнэн. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эд болох түүхий нефтийг Дорнод аймгийн Тамсагийн сав газраас татах шаардлагатай байгаа юм. Хоолойн урт нь 530 орчим км. Энэ хоолойг барих ажилд БНХАУ-ын “Норико Интернейшл кооперэйшн” компани шалгарч гурван жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Гэрээт ажлыг “Эрдэнэс Таван толгой” компаниас нүүрс нийлүүлэх Оффтейк гэрээгээр төлбөрийг нь гүйцэтгэх мэдээлэл байгаа. Ямар үнээр барих хичнээн тн нүүрс нийлүүлэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Удахгүй ил болох биз ээ.

-Та дээр ил тод байдал үгүйлэгдэж байна гэсэн. Энэ талаар тодруулж ярина уу?

-“Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” компниудын үйл ажиллагаа, үр ашгийг харьцуулж үзэхэд өдөр шөнө шиг ялгаатай. “Энержи ресурс”-д хулгай гэж байхгүй. Энэ компани жилд 15 сая хүртэл тн нүүрс олборлож,хатуу зөөлөн чанарын металлургийн нүүрс гаргаж, БНХАУ-ын зах зээлд өөрийн тээврээр хүргэж,өндөр үр ашигтай ажиллаж чадаж байна. “Эрдэнэс Таван толгой” ХК нэг тонн коксжих нүүрснээс 11.2 долларын ашиг олдог бол “Энержи ресурс” компани 26.8 ам.доллар олж байх жишээтэй.”Энержи ресурс” хувьцаат компани болж, Хонконкийн хөрөнгийн биржид бүртгүүлж,бүх үйл ажиллагаа нь өнөөдөр ил тод,шилэн байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа бүгд хаалттай байгаа нь хулгай хийх боломжийг олгож, бид ямар ч мэдээлэлгүй сууцгааж байна.

-Уг нь монголчууд бид “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчид биз дээ. Яагаад үр ашиг, үйл ажиллагаагаа тайлагнадаггүй юм бол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 14 хувийг Монголын ард түмэн эзэмшдэг. Энэ утгаараа хувьцаат компани. Энэ компанийн үйл ажиллагаанд ард түмэн хяналт тавьж чадахгүй байна. Засгийн газрын хяналтад ажил явж байгаа нь хулгай нүүрлэх шалтгаануудын нэг болдог. Ард түмний мэдэлд байдаг баялаг хулгайч нарын гараар орж, үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Энэ компанийн үйл ажиллагааг яаралтай ил тод шилэн болгох хэрэгтэй.

-Манайх уг нь жижиг улс. Хөгжих, хөгжүүлэх боломж их бий. Яагаад хөгжихгүй байна вэ?

-Томд томын зовлон гэж байдаг. Багад багын давуу тал гэж бий. Жижиг улс гэж байдаггүй. Жижиг бодлоготой, боломжоосоо жижиг эдийн засагтай улс гэж байдаг. Тэр нь Монгол Улс. “Жижиг толгойноос том бодлого хэзээ ч гардаггүй” гэдэг дээ. Гэтэл Люксембург, Катар Сингапур манай томхон сумаас ч жижиг газар нутагтай боловч эдийн засгийн хөгжлөөрөө том том газар нутагтай орнуудаас давж, дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс тэнд амьдарч байна. Хүний амьдралын дайсан хүн өөрөө гэдэг. Монголчууд өөрсдөө л Монголоо хөгжүүлж чадахгүй байна. Бурууг бусдаас хайх хэрэггүй. Бидэнд өөрийн орны онцлог нөхцөлд тохирсон хөгжлийн зөв бодлого, төрийн оновчтой зохицуулалт хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Л.Оюун-Эрдэнэ их “тэнэг” хүн үү, эх оронч хүн үү? DNN.mn


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл хөдлөл улс төрийн бүлэглэлүүдийн дургүйг ихэд хүргэж байгаа сурагтай. Тэрбээр хамгийн сүүлд нүүрсний хулгайг гаргаж ирсэн. Үүгээрээ ч өөртөө их олон дайсан дуудав бололтой. Түүнийг ажиглаад байхад их “тэнэг” хүн юм. Нэг бол үнэхээр эх оронч хүн юм уу гэмээр. Аль нь ч байсан эхлүүлсэн үйл хэргийнхээ дундаас битгий л буцаж, няцаасай. Энэ чигтээ зүтгээд эцсийнх нь үр дүнг үзээсэй дээ. Ард түмэн түүнээс үүнийг л хүсч байгаа. Хэрэв мань эр эхлүүлсэн ажлынхаа ард гарч чадвал Монголд байхгүй шударга улстөрч болно. Энэ тухай бид өмнө ч бичиж байсан.

Л.Оюун-Эрдэнийн барьж авсан ажлуудын түүхийг харахад эргэж буцахааргүй л санагдаад байгаа юм. Дандаа л нийгэмд шуугиан тарьсан төрийн том, том луйвар хулгайн хэргүүдтэй зоригтой тэмцэж чаддаг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчрахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ. Хөгжлийн банкны хэргийг ил болгож, улсаа мөлжсөн эрхтэн дархтануудыг зарласан гавьяа мөн л Засгийн газарт харьяалагдана. Хариуцлага нэхэж, шорон гянданд хориод эхлэнгүүт ганцхан өдрийн дотор өчнөөн тэрбумаар нь өр зээлээ төлчих жишээний. Энэ бол өнөөгийн Засгийн газрын зангараг. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч зарласан. Түүний зоримог тэмцэл төмөр зам, нүүрсний хулгайгаар үргэлжилж байна. Дээрээс нь монголчуудыг тэжээж байгаа Оюу толгойн бүтээн байгуулалтыг байнгын ажиллагаатай болгоход анхны тэсэлгээг эхлүүлж, хөрөнгө оруулагч талыг буулгаж авч чадсан. Монголын талын төлөх ёстой байсан олон тэрбумын өрийг тэглэх тал дээр маш сайн тохиролцоо хийсэн гавьяа түүнд бий. Ер нь Оюу толгойн төсөл хэрэгжсэн олон жилийн түүхэнд ийм амжилттай хэлцэл тохироо хийгдэж байгаагүй гэдгийг эдийн засагчид сайшаах юм билээ.

Энэ Засгийн газрын зориг, зорилго зэргээс харахад Л.Оюун-Эрдэнэ эргэж буцахааргүй л “муйхар” эр бололтой. Тэрбээр залуу хүний хувьд үе, үеийн Ерөнхий сайд нарын түүхэнд байгаагүйгээр зангарагтай ажиллаж чадаж байна. Түүний энэ чанар эцсийн дүндээ ард түмэнд л хэрэгтэй. Нүүрсний хулгайгаар замхарсан тэр их мөнгийг төсөвтөө оруулж ирж чадаж, хийж хэрэгжүүлэхээр зүтгэж буй түүний бодлогыг шүүмжлээд байх юм алга. Тэгээд ч ард түмэн Ерөнхий сайдыг эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ гэдэгт итгэж байгаа. Цаг нь болохоор нүүрсний хулгайн цаад эздийн нэрсийг зарлах биз ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оролцооны нийгэмд эрх баригчдаас гадна иргэд ч давхар хариуцлага хүлээдэг DNN.mn

Дэлхий ертөнц дээрх нийгмийг том зургаар нь харвал оролцооны болон оролцооны бус гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Оролцооны нийгэм гэдэг нь ард түмэн олон нам, нэр дэвшигчдээс өөрт таалагдсан хүмүүс, намыг сонгон гаргаж төрөө бариулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, төрийн бүх эрх ард түмний гарт байдаг гээд байгаа чинь энэ сонголттой сонгуулийг хэлээд байгаа юм. Тэгвэл оролцооны бус гэдэг нь ганц хүн нэр дэвшүүлчихээд тэрийгээ сонгож байгаа дүр үзүүлдэг манай хуучин социализмын үеийн сонгуулийг хэлдэг. Тэд гадаад ертөнцөд харагдахдаа нээлттэй, сонгууль нь ил шударга явагдаж байгаа мэт дүр үзүүлдэг. Иргэд нь ч сонгуульдаа идэвхтэй хамрагдаж, саналаа өгөөд байгаа юм шиг сүрхий бужигнацгаана. Үнэн хэрэгтээ сонголтгүй сонгууль зохион байгуулдаг. Төрийн бодлого нь ч тийм. Цаанаас өгсөн нэрийг нь сонгохгүй бол болдоггүй.

Өөр нам, өөр хүний нэр дэвшүүлэх нь хориотой байдаг. Ийм улсууд гэвэл Хойд Солонгос, Хятад байна.
Харин манайх оролцооны нийгэм. Сонгуульд нэр дэвшигчдийг
эрх тэгш оролцуулж, өрсөлдүүлдэг. Бид одоо өөрсдийн сонгож, бүтээсэн нийгмээрээ явж байна. Үндсэн хуулиар баталгаажсан оролцооны эрхээ хэтэрхий давуулан биелүүлж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Амтай болгон нь эрх баригчдаа элдвээр шүүмжилж, гоочилж байгаа. Янз бүрийн нэр хоч хүртэл зүүх нь энгийн үзэгдэл болов. Улсаа дампуурлын ирмэгт авчирч, гадаадын өр зээлэнд өгөх гэлээ гэхчлэн харааж зүхэх нь хэрээс хэтэрсэн. Энэ бүгдийн цаана бид зүв зүгээр гэмгүй шударга ард, гэмтэй нь л энэ хэдэн эрх баригчид гэх буруугаа бусдад тохох гэсэн аминч үзэл нуугдаж байдаг. Тэгвэл энэ гэмтэй хүмүүс бидний оролцоотойгоор л төр барьж байгаа шүү дээ.
Амьдрал дээр эрх баригчид бэлэн мөнгө тараангуут хамгийн түрүүнд алгаа тосон баярладаг хүмүүс нь ард түмэн өөрсдөө байдаг. Ковидын үеэр иргэн бүр 100 мянган төгрөгийн халамж хүртчихээд “Төрийн минь буян хишиг” гээд л хөл нь газар хүрэхгүй хөөрцгөөж байсан нь саяхан биш бил үү. Тэгсэн хэрнээ өнөөдөр улс орон болохгүй байна гэх юм. Энэ бол бидний л сонгосон нийгэм. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид руу хамаг анхаарлаа төвлөрүүлж, тэдэн рүү шүлсээ үсчүүлэн шүүмжилсээр байгаад өөрсдийгөө гээжээ. Энэ улс орон яагаад өсөн дэвжихгүй байгаагийн буруутанг бусдаас хайгаад нэмэргүй. Ард түмэн өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. “Би төрийнхөө дээр залсан нөхдүүдийг яах гэж сонгов оо, ингэж ажиллахыг нь мэдсэн бол хэрэггүй гаргаж. Анхнаасаа хяналттай байлгадаг байжээ” хэмээн дотроо боддог баймаар байна.
Дэлхий нийтийн чиг хандлага аливааг ухаалгаар шийддэг болоод удаж байна. Энэ жишгийн дагуу оролцооны нийгэмтэй улсууд хариуцлага хүлээхээр болбол ард түмэн ч давхар шийтгэгдэнэ гэсэн үг. Зөвхөн эрх баригчид биш улс даяараа хариуцлага үүрдэг ийм үзэгдэл бий. Хамгийн тод жишээ гэвэл Орос байна. Олон улс ялангуяа ардчилсан орнууд дайныг өдөөж, удирдсан гээд В.Путин рүү дайрч, элдэвлэн зүхэж байна. Тэгвэл энэ хүний ноёрхол Оросын ард түмний оролцоогоор бий болсон шүү дээ. Тийм ч учраас Орос орон бүхэлдээ дэлхийн хоригт орсон. Ард түмэнд нь ч хатуу хөл хорио тавиад байгаа юм. Нөгөө талд энэ үйл явцыг “Яагаад дайн санаачилж, дэгдээсэн В.Путинд арга хэмжээ авахгүй ард түмнийг хохироож байна вэ. Жирийн иргэд ямар буруутай юм бэ. Дайн хийж байгаа нөлөө бүхий хүмүүсээ л чангална биз” гэдэг хандлага байгаа. Дээр хэлсэнчлэн оросууд өөрсдөө В.Путиныг бий болгож, оройдоо залсан оролцооны нийгэм юм. Яг үүнтэй адил бид ч хоригт орох аюултай. Тухайлбал, “Эрх баригчид гадаад бодлого дээрээ олон удаа түдгэлзсэн хариу өглөө” гэх шүүмжлэл үнэхээр байгаа онохгүй гэдгийг энд онцолмоор байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцож байхдаа “Украины ерөнхийлөгч В.Зеленскийгээр үг хэлүүлэх эсэх” санал хураалтад түдгэлзсэн санал өгөхөд манайхан баахан муулсан. Жинхэнэдээ бид л тийм санал өгч байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг бид бараг наян хувиар сонгож гаргаж ирээ биз дээ. Хэрэв эрх баригчдын үйлдэл санаанд чинь таарахгүй байгаа бол та өөрөө л буруутай. Яагаад гэвэл энэ намыг бас Ерөнхийлөгчийг оросууд, хятадууд бидэнд томилж явуулаагүй. Бид өөрсдөө л бүх нийтээрээ уухайлан байж улсаа удирдах эрх өгсөн. Та бидний сонголтоор л энэ нам, энэ хүн Монголыг удирдаж байгаа. Тэгэхээр дэлхий нийт зөвхөн Монгол Улсын эрх баригчдыг шийтгэнэ гээд нэр цохохгүйг Оросын кейсээс харж байна. Оролцооны нийгэмтэй бид ч бас дагаад л шийтгэлээ амсаж таарна. Тэр цагт бидэнд ямар шийтгэл ирэх бол гэж бодож үзсэн үү. Хамгийн түрүүнд гадаадын аль ч улс руу виз гарахгүй. Жижигхэн эдийн засагтай манайх шиг улсад хориг арга хэмжээ тавих бол үдийн будаа идэх дайны л асуудал. Яагаад ингэнэ гэж үү. Бидний л сонгож гаргаж ирсэн эрх баригчид байгаа учраас тэр юм. Ард түмний оролцоотой нийгэм болохоор адилхан шийтгэгдэнэ.
Хэрэв бид дэлхийд гадуурхагдвал
“Хөмөрсөн тогоон доторх хуучин хүү” гэдэг л болно. Манай хоёр хөрш ямар хэрцгий, бүдүүлэг, түрэмгий билээ дээ. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө монголчуудыг хумсын толион чинээ ч бодохгүй улс. Төдийгөөс өдий хүртэл тэд биднийг яаж уландаа гишгэж ирснийг түүх нотолно. Манж Чин гүрний 200 гаруй жилийн дарлалд монголчууд яаж зовж, тарчилж, сүйрлээ. Дараа нь социализмын үзэл суртал 100 жил ноёлов. Яг ийм түүх бидэнд давтагдвал яах вэ. Хүссэн орон руугаа дур зоргоороо нисч чадахгүй. Эх орондоо эрх дураараа амьсгалахад ч бэрх байна байх. Барууны технологи, хөрөнгө оруулалтууд байхгүй болбол монгол хүн хөмөрсөн тогоон доторх шиг л тавилан ирнэ.
Эрх баригчид дэлхийн хөгжлийн эсрэг байвал бид яг адилхан зовлон үүрнэ. Тэгэхээр тэднийг сонгож гаргаж ирчихээд энэ нийгмийн хамаг бурууг зөвхөн дарга нар руу чихээд суугаад байх цаг ард хоцорсон. Иргэд оролцоогоо илүү сайжруулах хэрэгтэй байна. Сонгуулиа өгөхдөө хэнийг яаж сонгохоо ядаж л бодож үздэг байх ёстой. Дуулианаар шуурдаг тэнэглэлээ одоо зогсоомоор байна. “Надад хяналт байвал би юу хийж чадахгүй вэ” гэдгийг хүн болгон дотроо боддог байя. Улстөрчдийг яг ийм хяналттай сонгож гаргаж ирдэг болъё. Ард түмэн хэрсүү, ухаалаг байх цаг аль хэзээний ирчихсэн. Тэрний дараагийн шат хүлээгдэж байна. Гэтэл одоо хэрсүү байх тухай ярьж эхэлнэ гэдэг бол үнэхээр хоцрогджээ. Сайхан ирээдүй бүтээхэд ард түмний ухаалаг оролцоо хамгийн чухал.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нүүрсний хулгайгаар УИХ-д нээлттэй сонсгол хийе DNN.mn

Хоёр сая тн нүүрс хулгайд алдагдсан дуулиан нийгэмд үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Улс төрийн бүлэглэлүүдийн оролцоотой энэ том хулгайг илчлэх түр хороог УИХ-аас саяхан байгуулсан. “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” нэртэй уг түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд гишүүн ахалж ажиллаж байгаа. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа нүүрсний хулгайг ил болгохын тулд нээлттэй сонсгол хийх ёстой гэж хэлж байв. Учир нь манай хил гаалийнхны мэдээнд зөвхөн Булганы боомтоор гэхэд 1.845 мянган тн нүүрс гарсан гэжээ. Гэтэл Хятадын талын хэвлэлүүд тус боомтоор 2.300 мянган тонн нүүрс Монголоос импортолж авсан гэж бичиж байгаа юм билээ. Хоёр улсын гаалийн байгууллагын мэдээлэл ийм зөрүүтэй байна. Тэгэхээр нүүрс тээвэртэй холбоотой бүх улсуудыг цуглуулж байгаад УИХдээр нээлттэй сонсгол хийе. Уурхайн амнаас ачигдсан нүүрс хилийн цаана хүрэх хүртэлх процессыг хариуцдаг хүн бүрийг дуудаж хариулт авах ёстой. Тухайлбал, боомтын дарга, гаалийн мэргэжилтнүүд, нүүрс тээвэр хийдэг машинуудын эзэн гээд бүгдийг оролцуулах нь зөв шийдэл болно. Ингэж ард түмний нүдэн дээр үнэн зөвөөр өчиж, асуудлаа нээлттэй хэлэлцмээр байна.

Яг үнэндээ нүүрсний хулгайг яриад нэг сар орчим боллоо. Ямар ч урагшаа ахисан юм алга. Тодорхой албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэхээс өөр нарийн мэдээлэл нь бүрхэг хэвээр байна. Тэгвэл нүүрсний хулгайтай тэмцэж байгаа үйл явцыг дорвитойхон шиг хөдөлгөх ажил бол ердөө нээлттэй сонсгол хийх шүү дээ. Угаасаа УИХдээр худал мэдээлэл өгөх нь хуулиар хориотой байдаг. Тиймээс нээлттэй сонсголын үеэр хэн нь үнэн, хэн нь худлаа ярьсныг дэлгэх хэрэгтэй. Энэ ажлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачлах ёстой. Нийгэм шаардаж байгаа учраас УИХ-ын гишүүддээ хүсэлт хүргүүлэх нь нэн түрүүний асуудал болоод байна.

Нүүрсний хулгай гарснаас хойш Ерөнхий сайд руу 30 гаруй гишүүн хандсан гэх дам яриа байна лээ.”Нүүрсний хулгайн асуудал гэж юу болоод байгаа юм бэ. Одоо үүнийгээ болиулъя” гэх янзтай ярьсан хүмүүс ч байгаа дуулдсан. Нийгэмд бүүм болсон энэ асуудалд өшөө олон хүн нэр холбогдож мэдэх учраас цааш явуулахгүй гэх сонирхол нөлөө бүхий улстөрчдөд байгааг үгүйсгэх аргагүй. Нүүрсний хулгайг илчлэх түр хороо ажиллаж байгаа нэр зүүж асуудлыг замхруулмааргүй байна. Тэдний эрх мэдэлтнүүд, улстөрчдийн нөлөөнд автахгүй байх ганц гарц бол бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нээлттэй сонсгол юм шүү. Ард түмэн гэдэг бол бага парламент байдаг. Иймд нүүрсний хулгайгаар УИХдээр нээлттэй сонсгол хийх асуудлыг даруй ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоо: Зөв замд ч буруу салаа олон DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Нэрт нийтлэлч Б.Цэнддоотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоотой ярилцлаа.


-Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиох гэж байна. Ололт амжилтаа ярихын зэрэгцээ “Манай ардчилал жинхэнэ ардчилал биш байна. Жинхэнийг л олж тогтоох чухал” гэсэн яриа ч дуулдаж байна. Энэ тал дээр та бодлоосоо хуваалцахгүй юу?

-Энэ яриа бол ардчиллын замаар явж байгаагийн баталгаа. Ардчилалтай ба ардчилалгүй гэсэн хөгжлийн хоёрхон л гарц байгаа. Хэрвээ нөгөө замаар л яваа бол ардчилалд эргэлзэх боломж гарахгүй.

Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, Америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна. Тэрнээс биш, ардчиллыг амжилттай байгуулаад хаячихсан, дуусгачихсан газар хаа ч үгүй. Ийм болохоор Монгол орон ардчилсан хөгжлийн замыг сонгоод түүгээрээ замнасаар “тавийн тал”-ыг насалсан гэсэн үг.

Ардчилал бол бариа биш процесс. ХХ зуунд байгуулж явсан социалист тогтоцын ул мөр Монголын нийгмийн сэтгэхүйд айхавтар ул мөр, сорви үлдээсэн. Социализм учраас л үзэл санаанд нь нэгшин шингэсэн юм биш, монгол хүн учраас л коммунист үзэл санаандаа автчихаад салахгүй байгаа ч юм биш. Нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, иргэд нийтээрээ шашны бус, ертөнцийг үзэх үзэлд суралцаж, нийгмийн ухааныг судалж, өрнөдийн стандарттай түүх бичлэгтэй болж эхэлсэн үе нь коммунист суртлын эринтэй давхацсан. Шинээр сурсан юм бүхэн нь марксист чиг баримжаатай байж таарсан. Тэр тогтоц “коммунист нийгэм” гэж нэг диваажин зохиож сурталчлаад, “1990-ээд онд энд хүрнэ”, “Энэ таван жилд бид 20 жилээр коммунизмд ойртлоо”, “коммунизмд орохоор хүмүүс дэлгүүрт ороод мөнгөнийхөө хэрээр биш хэрэгцээнийхээ хэрээр бараагаа авна” гэж сурталчилна. Үүнээс болоод нийгмийн хөгжлийг ямар нэгэн диваажинлаг бариа руу дөхөх, тэндээ очиж аваад хүний хорвоогийн бүхий л проблемээс салж амсхийх аян мэтээр төсөөлдөг болчихсон юм.

Яг л энэ энерциэрээ ойлгоод, энэхүү сонгуулийн дөрвөн жилд “жинхэнэ ардчилал руу яг хэдэн жилээр ойртсон”, “2030 он гэхэд ардчилалд бүрэн орох эсэх”-тэй холбоотой хариултыг тов тодорхой нэхээд байгаа хэрэг.

Бидний туулж байгаа бүхэн бодитой, өнөөгийн манайхны араншин бүхэн зүй тогтолтой болохыг л улам улам ойлгож байна. Хэдийгээр бид голж шилж, сэтгэл дундуур байдаг ч өнгөрсөн 20 гаруй жилд бид ямар их урагшлаа вэ гэж бодогддог. Энэнээс хавьгүй дээшээ гарсан байлаа ч бид сэтгэл дундуур л байх байсан. Монголчууд учраас ингэж байгаа юм биш, ерөөсөө хүн учраас л ийм байгаа хэрэг.

-Тэгэхээр бид ямар нэгэн барианд хүрэхгүй, гэхдээ яваад л байх нь зүйтэй гэсэн үг үү?

-Нэгэнт ингээд тогтчихсон нэхэл хатуу асуулт амар өөрчлөгдөхгүй. Мухардал болгонд гэрэлд гарах боломж нуугддаг гэдэг. Манай ард түмэнд хөгжлийнхөө зам мөрийн хэсэг хэсэгт тодорхой босго тавиад, түүндээ хүрэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөгжих дуртай юм байна. Яагаад үүнийгээ дагуулан хөгжлийн хөтөлбөрөө хийж болохгүй гэж!

Хотын дарга Э.Бат-Үүлийн “Мөрөөдөлтэй Улаанбаатар” бол үүний жишээ. Наад зах нь, “манай хотын зам мөдхөн түгжрээгүй болох гэж байгаа” гэсэн итгэлээр сэтгэл нь бадарч, долоо хоногийн нэг өдөр машинаа унахгүй, тэрэндээ гудийхгүй л явж байгаа. Нийтээрээ хүрэх сайн сайхны төлөө тэвчээр гаргаж байгаадаа бахаддаг. Бас олимпийн хот гэсэн далдын мөрөөдөл бий. Нийслэлийнхэн өнөөдөр мөрөөдлөөр жигүүрлэн урагшилж байна. Хэдийгээр тулгамдсан асуудал бишгүй байгаа ч гэсэн өдөр ирэх бүр мөрөөдөлдөө үнэмших болж байна. Улс ч ингэх ёстой.

-Иргэд, иргэний хөдөлгөөн төрийг амар заяа үзүүлэхгүй байна. Ийм учраас төр хэвийн ажиллаж улсаа хөгжүүлэхэд хэцүү байгаа гэж хэлэх хүмүүс байдаг юм билээ?

-Ардчилал иргэнээс маш их сонор сэрэмж, хариуцлага нэхдэг. Дарангуйлагч төрийн үед иргэн хүн төрөө ямар байлгах, түүнийг жолоодох хэлбэр зэргийн тухай бодох хэлцэх эрхгүй.Социалист сонор сэрэмж гэж байсан нь ерөнхийдөө хардлагын чанартай зүйл. Эргэн тойрон дайсан үүрлэчихээд хэзээ мөдгүй хорлочих гээд байгаад үнэмшсэн парной маягийн үзэгдэл.

Харин ардчилсан төрийн иргэний сэрэмж гэдэг бол төрийн тогтолцоогоо, хууль ёсоо хамгаалах зөнгөөс үүдэлтэй. Төр “найдвартай удирдагч” гэгчийн гарт бус, над шиг л эгэл хүний гарт байгаа учраас алдаж эндэж болно гэсэн энгийн дүрмээс гарвалтай эд.

Ардчилал нь хөгжлийн хамгийн сайн замнал боловч ардчилаад л авбал бүх юм болчихдоггүй. Тогтолцоогоо хамгаалж, сонор сэргэг амьдрах хэрэгцээ гарна. Зөв замд түүнээс салдаг, төөрүүлдэг буруу салаа олон байдаг шиг ардчиллаар явж байгаад дарангуйлагч тогтоц руу ордог. Жишээлэхэд, хотоос Зуунмод орох замд, мэдэхгүй хүн төөрөөд явмаар Сонсголон, Бөхөг, Өндөр дов гээд олон салаа бий шиг.

Гэхдээ хуулийн хүрээнд сонор соргог байх, бас хуулийн цоорхойг соргогоор олох, төрийн сул дорой байдлийг соргогоор урвуулах, төрийн эрх мэдэлтний эмзэг асуудлыг соргогоор хөндөн дарамтлах, соргог байх эрх чөлөөг соргогоор ашиглах зэрэг нь хоорондоо ялгаатай. Үүнийг олон түмэн ч, төр ч, социалист сонор сэрэмжийн менежмэнттэй “соргогтогч” талууд ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

-Ардчилсан нам дотроо их бужигнаж байна. Хэзээ нэг эвтэй болох бол гэж бодогдох юм.

-Амьд юм бүхэн дотроо хөдөлгөөнтэй. Хүн ч гэсэн дотор нь цус эргэж, зүрх нь цохилж, элэг бөөр сэлтээ сэвтээхгүй ажиллаж байхыгаа л амьд байх гэж хэлдэг биз дээ. Улс төрийн нам ч гэсэн амьд зүйл учраас дотроосоо хөдөлж, урваж хөрвөж байж өөрийгөө шинэчилж, оршдог.

Үхсэн амьтан юуны түрүүн хөдөлгөөнгүй болдог шиг үхэж байгаа нам дотроо зөрчилгүй болоод гөлийдөг. 1990 оноос хойш ямар нам хамгийн их бужигнав, АН. Ямар нам хамгийн их төлөвшиж бүрэлдэв, АН. Харин ямар нам гөлгөр байв, МАХН. Ямар нам алга болов, МАХН. Үнэн хэрэгтээ МАХН аль хэдийнэ бие барсан. Харин өөрийгөө түүний залгамж гэж нэрлэсэн хоёр шинэ нам шинээр бойжиж эхэлж байгаа. Монгол хүн бүр өөрийгөө Чингэсийн удам гэж үзэх эрхтэй шиг, МАХН-ын үеийн олон хүн өөрийгөө түүнийгээ залгамжаар нэрлэх үндэстэй учраас гайхах ч юм алга.

-Ардчилсан намын дотоод зөрчил, арсалдаан тэмцэлдээнийг зүй зохистой гэж үзэж байна уу?

-Өвчин туурч, халуурч эдгэдэг. Ардчилсан нам “туурах”-ынхаа хэрээр эрүүлжиж байгаа. МАН ч, МАХН ч ялгаагүй. Бас “Сайхан хүүхэн сахалтай, сайн гүү соёотой” гэгчийн үлгэрээр “Сайн нам хэрүүлтэй, сайхан улс төр зодоонтой” гэсэн үг гээд яс ойлгож хэрэггүй л дээ. Гэхдээ л нам байтугай гэр бүл ч гэсэн үе үе санал зөрөлдөж, тэрнийхээ дараагаар урьд урьдынхаасаа илүү эвтэй болж энэ тэр явдаг байх.

-Төр барьж байгаа нам эвтэй байж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй бус уу?

-Түрүүн ярьсан, ардчилаад л авбал болоод явчихдаггүй гэж. Тэрэн шиг ардчилсан сонгууль хийхээр л төгс хүмүүс сонгогдоод ирдэггүй. Хараажийн ардчилсан байдлаар жолоодохын хэрээр төр ардчилагдахгүй. Ийм болохоор төрд гарах, төрийг барих тэр системээ байнга шинэчилж, аль болох боловсронгуй болгох хэрэгцээ гарна.

Улс төр чимээгүй, улс төрчид эвтэй байхаар л бүх юм болоод явчихгүй. Хүүхэд хардаг байсан улс, ач гучаа авдаг эмээ өвөө нар нэг юман дээр санал нийлэх байх даа. Хүүхэд гэнэтхэн чимээгүй болоод түвэг удахаа байчихвал заавал нэг болохгүй юм хийгээд сууж байдаг даа, гурил будаа асгаад ч юмуу. Яг тэрэн шиг эрх баригч нам, намууд чимээгүй болоод ирэхээрээ л эвгүй юм хийчихсэн байдаг. 2000-2004 онд МАХН ч, бараг дангаараа нэг намаас бүрдсэн парламент ч яасан чимээгүй, тохитой байлаа даа, нөхөд минь!

Нэмж хэлэхэд, төрд сайн хүн жолоодох, сайн муу нам эрх барихаас хамаарахгүй тийм боловсронгуй механизм хэрэгтэй байгааг л “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих” гээд байгаа юм. Тэрнээс биш төрийн албан хаагчид ухаалаг гар утастай болох төдий зүйл биш.

-Та төрийн албан хаагчид ухаалаг утастай болсныг шоолох гээд байна уу?

-Яалаа гэж. Ядаж л утасныхаа бүх функцийг ашиглаад сурчихвал бас л эрдэм шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ