Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Өлзийдэлгэр: Ам.долларын бодлогын хүү ковидын өмнөхтэй адил түвшинд очвол төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой DNN.mn

Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.


-Долларын ханш 3500 төгрөг даваад удлаа. Цаашид яахаар байна. Сайн, муу ямар таамаг байна вэ?

-Ер нь долларын ханш үргэлжлэн суларна. Яагаад гэвэл эрэлт нь нийлүүлэлтээсээ өндөр болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирж байгаа валютын хэмжээ нь гарч байгаагаасаа бага байна гэсэн үг.

Монгол Улс зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс л доллар олж ирж байгааг бүгд мэднэ. Энэ нь монгол хүний хэрэглээнээс өндөр байна. Бид хоол хүнс, хувцас хунар, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа болохоор нүүрс зэсээ зараад олж ирсэн доллараа буцаагаад импортын худалдан авалтад ашиглаад байна. Өөрсдийн дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас тэр шүү дээ. Орж ирсэн доллараа тогтоох үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор долларын эрэлт нь нийлүүлэлтээсээ ямагт өндөр байдаг. Монгол Улс импортыг орлосон үйлдвэрлэлтэй, эсвэл өөр салбарт экспорт хийж байж долларын орох урсгалыг нэмэгдүүлснээр төгрөгийн эсрэг сулрах нөхцөл байдал бүрдэх юм.

-Долларын ханшийг тогтвортой барихад Засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүгийн түвшинг нам дор байлгах гол хүчин зүйл нь валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх буюу экспортыг өсгөхөд анхаарах шаардлагатай. Засгийн газрын гол хийх ёстой ажил бол уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Бусад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахуйц салбарыг олж, нээгээд тэрийгээ дэмжсэнээр экспортоо өсгөх шаардлагатай байна. Нөгөө талаасаа импортыг орлох үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлмээр байна. Хэрэв импортыг орлох бүтээгдэхүүн бий болбол гадагшаа гарах ам.долларын урсгал буурна. Энэ тохиолдолд гадаад валютын эрэлт буурах, валютын ханш тогтворжих боломжтой.

-Ингэхэд доллар ямар тохиолдолд 2000 төгрөгтэй тэнцэх вэ. Тийм боломж байна уу?

-Монгол Улс экспортлогч улс болох юм бол валютын ханш чангарна. Одоо бид эсрэгээрээ бүх зүйлийг гаднаас худалдаж авч байгаа. Тэгсэн хэрнээ гаднаас орж ирдэг доллар нь зөвхөн уул уурхайгаас болохоор долларын ханш 2000 төгрөг болох нь үнэхээр хүнд асуудал л даа.

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийж байгаа. Том зургаараа долларын ханшийг буулгахад нөлөөлж чадах уу. Ийм том бүтээн байгуулалтууд өрнүүлсний үр дүн, өгөөж нь ингэж илрэх ёстой биз дээ?

-Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь мэдээж хэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмтэй. Гэхдээ одоогийн барьчихаад байгаа төмөр замууд нь Хятадын хилтэй холбогдоогүй. Яг хил хүрээд зогсчихсон. Өнөөдрийг хүртэл хийсэн энэ хөрөнгө оруулалт бүрэн үр дүнгээ өгөөгүй байна гэсэн үг. Хятадын хилтэй төмөр замаараа холбогдоод тэрүүгээр нь нүүрс, зэс, жонш зэрэг урагшаа гарсны дараа одоогийн хөрөнгө оруулалтууд үр өгөөжтэй болно. Тэгэхгүй л юм бол ямар ч үр дүнгүй, зүгээр л говьд төмөр зам барьчихаад тэрийгээ ашиглахгүй болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын бодлого экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх шаардлагатай байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээнд үр дүн гаргаж байгаа ч гэсэн санасан шиг уул уурхайн экспортын дүнг нэмэгдүүлж чадахгүй байна.

-АНУ оны өмнөхөн бодлогын хүүгээ ойрын хугацаанд буулгахгүй гэж мэдэгдсэн. АНУ-ын Төв банкны бодлогын хүү бидэнд яаж нөлөөлдөг юм бэ?

-Ам.доллар Монгол Улсад гэлтгүй бусад орнуудын валютын эсрэг чангарчихаад байгаа. Доллар яагаад дэлхий нийтийн эсрэг чангараад байна вэ гэхээр бодлогын хүү өссөнтэй холбоотой. Долларын хадгаламж, хөрөнгө оруулалт хийснээр өндөр өгөөж хүртэх боломж нь бий болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр дэлхий нийтээр доллар руу шуурснаас болж эрэлт нэмэгдээд тухайн улсын валют сулардаг. Тэгэхээр ам.долларын хүү өндөр байх тусам төгрөгийн ханш суларна гэж ойлгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ам.долларын хүү буухгүй гэж АНУ-ын төв банкнаас мэдэгдсэн болохоор төгрөгийн ханш тогтвортой байхад улам хэцүү болно гэсэн үг. Эсрэгээрээ ам.долларын хүү ковидын өмнөхтэй адил хэт нам түвшинд очих юм бол төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой. 2020 оны үед 1.6 жилийн хугацаанд долларын ханш 2850 төгрөг дээр тогтвортой байж чадсан. Үүний гол шалтгаан бол тэр үед ам.долларын бодлогын хүү 0.25 хувь байсан. Харин одоо 4.75 хувь болж өссөн байгаа. Тиймээс доллар руу шуурах хүмүүсийн идэвх хүүгийн хувь хэмжээнээс болоод өндөр байгаа нь ханшид сөргөөр нөлөөлөөд байна.

-Ер нь ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулж, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалах вэ?

-Ерөөсөө л төгрөгийг хамгаалах нь төв банк гэхээс илүү Засгийн газрын хариуцсан ажил байгаа. Тэгэхээр нөгөө л яриад байгаа экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох хэрэгтэй байна. Дээрээс нь 2012 оноос хойш Засгийн газрын зүгээс бондыг ам.доллараар гаргаад явж байгаа. Үүний хүүгийн болон үндсэн бондын төлбөрт гээд валютын зах зээлд дарамт оруулж ирдэг. Нүүрс, зэсээ зараад валют олж ирчихээд зөрүүлээд хувцас хунар, машин техник гээд бүх хэрэглээгээ гаднаас худалдаж авч байгаа. Нэмээд бондын төлбөр гээд ханшид дахиад дарамт орж ирээд байна. Тэгэхээр бондын өрөө бууруулах хэрэгтэй байна. Эсвэл өндөр өр тавьж олсон мөнгөөрөө ирээдүйд экспортыг нэмэгдүүлэх салбарт хөрөнгө оруулах ёстой. Тэр нь буцаад үр өгөөжөө өгч, өр зээлээ ашигтайгаар дардаг байж болох юм. Гэтэл энэ хоёрын аль аль нь хэрэгжихгүй байна. Хөрөнгө оруулалт нь өгөөж муутай. Дээрээс нь зээлийн дүн, бондын төлөлтийн хүү нь ч буурахгүй, үнэ өсөөд яваад байгаа болохоор төгрөгийн ханш үнэгүйдээд байна л даа.

-Бидэнд уул уурхайгаас гадна доллар олох ямар боломжууд байна вэ?

-Дэлхийн зах зээлд монголчуудын үнэ хүргэж зарж чадах зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний бүтээмж, ур чадвар дэлхийд үнэлэгдэж чадахгүй байгаа учраас л тэр шүү дээ. Газрын тос, алт, зэс, нүүрс гээд үнэт метал бол биднийг байсан байгаагүй дэлхийн хаана ч борлогдох үнэ цэнэтэй. Яг монгол хүний ур чадвараар бий болсон бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй учраас тэр нь дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй байна. Тиймээс дэлхийд тоож байгаа ганц уул уурхайн салбараа зараад амьдарч байгаа хүмүүс шүү дээ, бид. Нөгөө талаар экспортыг дэмжиж, импортыг бууруулахад монгол хүний боловсрол, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Ингэж чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн гаргадаг, эсвэл монгол хүнийг тоож ажиллуулдаг болно. Үүнийг дагаад валютын урсгал ч нэмэгдэнэ.

-Алт, хүдэр, зэс, нүүрс гээд гадагшаа гаргаж байгаа эрдэс баялгийнхаа орлогыг төв банкаар дамжуулдаг болбол долларын нөөц нэмэгдэж, ханш нь буурах юм биш үү. Ер нь Оюу толгой зэрэг стратегийн том ордуудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо зэрэг төв банкаар дамждаг болбол манай улсын эдийн засаг тэлэх боломжтой гэдэг шүү дээ. Энэ тал дээр ямар шийдэл байж болох вэ?

-Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого арилжааны болон төв банкны алинаар нь ч орж ирэх нь валютын ханшид хамаагүй. Харин орж ирж байгаа валютын дүн л чухал. Манай улсад орж ирэх валютын дүн өндөр байх тусам ханш тогтвортой байна гэсэн үг. Одоо процесс яаж явж байгаа вэ гэхээр Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэрэг компаниуд экспортын орлогоо төв банкинд зардаг. Төв банк эдгээр компаниудаас худалдаж авсан доллараа арилжааны банкуудад хуваарилна. Арилжааны банкууд нь төв банкнаас худалдаж авсан валютаа иргэд, байгууллагуудад зардаг. Иргэд, байгууллагууд нь гадаад төлбөр тооцоогоо хийх маягаар явж байгаа. Тэгэхээр экспортын орлого аль ч банкинд төвлөрөх нь хамаагүй. Манай улсад орж ирж байгаа валютын дүнгийн хэмжээ л чухал болчихоод байгаа юм. Төв банкаар одоо ихэнх экспортын орлогын урсгал орж ирж байгаа. Хэрэв Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт үйлдвэрүүд шууд арилжааны банкуудад валютаа зардаг байсан бол томоохон банкууд өндөр үнээр ч юм уу, их хэмжээгээр худалдан авах боломжтой. Энэ үед жижиг банкууд валютгүй хоцроод зах зээлд бүр ч илүү хомсдол бий болж, огцом савлагаа үүсдэг. Төв банк бол тухайн арилжааны банкны гадаад гуйвуулгын хэмжээ, харилцагчдынх нь идэвх зэрэг хэмжээнд нь суурилаад хуваарилж байгаа юм. Энэ бол гэнэтийн савлагаа болохоос сэргийлэх нэг арга хэмжээ. Тэрнээс валютын ханшийн суурь зүйлд ямар ч нөлөөгүй болчихоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Батзориг: Бүтээмжээ өсгөснөөр эдийн засгийн гацаанаас гарч чадна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Туулай жил гарлаа. Энэ жилийн эдийн засгийн төлөв байдал ямар таамагтай байхаар байна вэ?

-Эдийн засаг бол гадаад, дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс хамааралтай. Гадаад эдийн засаг нь манай эдийн засагт 50-60 хувиар шууд нөлөөлж чадах хүчтэй. Тэгэхээр бид урд талдаа Хятадаас, хойд талдаа Оросоос хамаарч байна. Нэгдүгээрт, Хятад Америкийн харилцаа нэлээд таагүй байгаа. Дээрээс нь Австрали коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж эхэлсэн. Дайн эхэлснээс хойш коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж байгаа Оросын экспорт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч манай нүүрсний өрсөлдөх чадвар буурах шинжтэй харагдаж байна. Ийм үед дотоодын нүүрсний хулгай бас яригдлаа. Мөн биржтэй холбоотой нүүрсний экспорт удаашрах магадлалууд байгаа. Ер нь Хятад талдаа харах юм бол нүүрсний экспорт төдийлөн өсөхгүй байхаар харагдаж байна. Нөгөөтэйгүүр Орос дахиад Украин руу дайрна гээд нэлээд хүчтэй мэдэгдлүүд хийж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд очсон зэрэг нөхцөл байдлуудаас харахад манайд дизель, эрчим хүч хомсдож мэднэ. Оросоос хамаарах бүтээгдэхүүний импорт дээр нэлээд асуудал гарч ирэхээр байна. Мөн Оросоор дамждаг бүх тээвэр ложисткийн бараа бүтээгдэхүүн энэ нөхцөл байдалтай холбоотой бүгд хаагдаж байгаа учраас зардал нь өндөр байна. Энэ нь манайд экспорт буурахад нөлөөлнө. Импорт талдаа гол нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тасалдахад нөлөөлж байна. Үүнээс хамаараад төгрөгийн ханш унах, валютын нөөц буурах, инфляци өндөр байх зэрэг манай дотоод эдийн засагт үзүүлж байгаа хэлбэр нь ийм байна. Бид дотооддоо хичнээн том том бодлого ярилаа ч гэсэн гадаад эдийн засгийн орчноос холдож чадахгүй. Алим модноосоо хол унахгүй гэдэг шиг.

-Монголд мөнгө орж ирэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Дэлхий улс орнууд экспорт хийж байж л мөнгө олдог л доо. Зарим нь засаглал сайтай учраас том төслүүд дээрээ мөнгө олж ирдэг. Энэ нь валютын орох урсгалыг нэмэгдүүлээд, хүлээгдэж байгаа гарах урсгалуудыг хааж чадна. Валютын нөөц нь хангалттай байж чадна гэж боддог. Монголд мөнгө орж ирэх боломж одоогоор алга. Яагаад гэвэл дэлхий дээр хамгийн эрсдэлгүй бодлогын суурь хүү нь 4.5 хавьцаа байна. Тэгэхээр Монголд мөнгөө хийж, эрсдэлд орж байснаас Америкт хадгалвал хамаагүй ашигтай гэдэг логикоор явж байна л даа. Дэлхий нийтээр Америк, Европт мөнгө төвлөрсөн. Харин хөгжиж буй орноос валютын урсгал гарах буюу хөрөнгө оруулалт татарч байгаа.

Одоогийн нөхцөл байдалд хөгжингүй орнуудын хүү ийм байгаа нөхцөлд бид гаднаас ямар нэг шууд хөрөнгө оруулалт татна гэдэг бол хэцүү. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд гол сонирхох хүчин зүйл нь мега төслүүд байгаа л даа. Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүд өөрөө том том хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөтэй. “Бид дахиад том мега төсөл хэрэгжүүлбэл, Оюутолгой шиг үргэлжлээд яваад байх юм байна” гэдэг итгэл найдварыг Оюутолгой өгч байгаа. Одоо явж байгаа мега төслүүдээ бид янз бүрийн байдлаар харлуулж болохгүй. Мэдээж, гэрээ контрактаа засч сайжруулах зүйлс байгаа. Сайжруулаад цааш үргэлжлүүлээд явах нь зөв болохоос биш тэрийг болиулна гэдэг нь өөрөө Монголд орж ирэх мөнгөний боломжийг тэр чигээр нь хаана.

-Энэ туулай жил аль салбарт илүү өгөөжтэй байх бол?

-Монгол Улсад аль нэг салбар нь тусдаа хөгжинө гэдэг бол амаргүй. Яагаад гэвэл уул уурхайгаас бүх салбар хүчтэй хамаардаг. Их хэмжээний мөнгө зөвхөн уул уурхай дээр л яригддаг. Уул уурхай нь орж ирсэн мөнгөө тоног төхөөрөмж авахдаа зарцуулна. Тэр нь худалдааны салбарыг дэмжинэ. Нөгөө талдаа уул уурхай маань тээврийн салбарыг 100 хувь дэмжиж байгаа. Нүүрсэн дээр жишээ аваад үзэхэд тээврийн салбарын 80-90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний ачаа тээвэр эзэлж байна. Мөн худалдааны салбарын 50 хувийн импорт нь уул уурхайгаас хамааралтай орж ирж байгаа. Ингээд харвал эхлээд уул уурхай руу мөнгө орж ирнэ. Дараа нь худалдаа, тээврийн салбар руу хуваарилагдана. Цаашлаад үйлчилгээний салбарт очно гэсэн үг. Ийм байдлаар Монголд мөнгө хуваарилагддаг. Нөгөө талдаа уул уурхайгаас мөнгө орж ирэхгүй байлаа гэхэд бид дотоодын санхүүжилт ямар байлаа гэдгээ бодох ёстой. Дотоодын санхүүжилтээр аль салбарт илүү ээлтэй, өгөөжтэй байх нь тодорхой болдог. Дотоодын санхүүжилт гэдэг нь Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал талдаа болон банкны зээл байдаг. Сая бодлогын хүү өсчихсөн учраас банкны хадгаламжийн хүү дагаад нэмэгдсэн. Хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү дагаад өснө. Зээлийн хүү өсөхөөр аж ахуйн нэгжүүдийн зээл авах боломж хумигдана. Тэгэхээр худалдааны салбарт зээл олголт илүү явагдах болов уу. Жилийн жилд чанаргүй зээл нэлээд бага, төлөлт сайтай байдаг учраас худалдааны салбарынханд түлхүү зээл олгогддог. Харин уул уурхай, барилгын салбарынханд зээл хумигддаг талтай. Тэгэхээр уул уурхай бүрхэг байна. Дотоодын санхүүжилтийг худалдааны салбар хамгийн их дэмжиж байгаа учраас энэ секторт туулай жил илүү ээлтэй байх болов уу. Хөдөө аж ахуйн салбарын хувьд тоног төхөөрөмжөө Оросоос авдаг болохоор тасалдал өндөр. Тиймээс үйл ажиллагаанд нь нэлээд хүнд нөлөөлж магадгүй.

-Гацаанд орсон салбарууд сэргэх янз байна уу?

-Эдийн засгийн салбаруудыг эргэдэг араатай адилтгаж ойлгох хэрэгтэй. Нэг жижиг араа гацахад бүхэлдээ эргэдэггүй шүү дээ. Тэгэхээр салбарууд хоорондоо холбоотой учраас нэг нь хөдөлж байж нөгөөгөөг тэтгэдэг онцлогтой. Манай дээр гацаанд орсон хоёр хүчин зүйл бий. Эхнийх нь улстөрчидтэй холбоотой нүүрсний хулгайн асуудал байна. Хятадын талтай хийж байгаа нүүрсний экспортоо хурдан сэргээх нь хамгийн чухал. Бид нүүрсний гацаанаас гараад уул уурхайн салбараа сэргээх юм бол эндээс орж ирэх орлого бусад сектор руу татаад явчихна. Хоёрдугаарт, тээвэр ложистикийн хувьд дэлхий даяар асуудалтай байгаа учраас шийдэж чадахгүй байна. Наад зах нь бараа бүтээгдэхүүн оросоор орж ирдэг байсан бол больж байна. Энэ мэтчилэн ложистикийн зардал хугацаа зэрэг нь салбарын сэргэлтэд нэлээд саад болж байгаа. Тэгэхээр эргэдэг араа шиг уул уурхай сэргэж байж бусад салбар сэргэнэ.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Эндээс эдийн засагт орж ирэх шууд орлого нэмэгдэх үү. Зарим эдийн засагчид 2028 оноос л өгөөжөө өгч эхэлнэ гэх юм билээ?

-Оюу толгойн далд уурхайд баялгийн 70 хувь оршдог. Энэ газраас зэсийн баяжмалаа экспортолно. Нэг талдаа Оюу толгойн зэсийн баяжмал төлбөрийн тэнцэл дээр бичигдэж байгаа. Гэхдээ манайд цэврээрээ экспортын орлого гэж орж ирэхгүй. Тэгвэл орлого нь яаж орж ирж байгаа вэ гэхээр бүтээн байгуулалттай холбоотой Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан шилжүүлгээр сард 120 сая ам.доллар орж ирдэг. Далд уурхай ашиглалтад орлоо гээд экспортыг огцом нэмэгдүүлээд байхгүй. Яагаад гэвэл бодитоор доллар орж ирэхгүй. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдлээ гэж бодоход гадны компаниар бүртгэгдээд экспортын орлого нь гадагшаа явчихаж байгаа учраас Монголын эдийн засагт ерөөсөө орж ирэхгүй. Тиймээс валютын орж ирэх урсгал нь нэмэгдэхгүй, харин ч татрах эрсдэл байгаа.

-Яагаад тэр вэ?

-Оюу толгойн бүтээн байгуулалтад бэлтгэн нийлүүлэгчдийн ажил тодорхой хэмжээгээр дуусаад, тэдэнд зориулсан мөнгө нь багасна. Ингэснээр Оюутолгойгоос орж ирж байгаа доллар хумигдана гэсэн үг. Оюу толгой хамгийн найдвартай, тогтвортой валютын орлого олж ирдэг байлаа. Яг бүтээн байгуулалт дуусчихаар тэр олон аж ахуйн нэгж хаана ажлын байр бий болгох вэ. Бэлтгэн нийлүүлэгчид нь хаашаа ажиллах вэ гээд маш олон асуудал ургана. Мэдээж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа учраас ажлын чиг үүрэг зэрэг нь өөрчлөгдөх байх л даа. Тэрэнд зориулаад шинэ бэлтгэн нийлүүлэгчид ч бас орж ирэх байх. Гэхдээ эндээс шууд валютын орлогод нөлөө үзүүлж чадахгүй.

-Бид ямар чиглэлээр зүтгэвэл эдийн засаг сайжрах бол. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч, төмөр зам, боомт, утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл зэрэг тулгамдсан асуудлуудынхаа яг алинаас нь эхэлбэл дээр вэ?

-Нийгмийн энэ бүх асуудлыг хүний өвчнөөр авч үзэх юм бол илэрч байгаа шинж тэмдэг нь юм. Тэгэхээр өвчний гол шалтгаан бол бүтээмж. Гол нь бид улс орныхоо, хувь хүнийхээ, аж ахуйн нэгжүүдийнхээ түвшинд бүтээмжийн хямралд орчихоод байна л даа. Ингээд ирэхээр бидний үйлдвэрлэж байгаа баялаг үнэлэгдэхгүй байна. Гадаад зах зээлд улс орны хэмжээнд харахаар бүтээмж багатай байна. Бүтээмжийг хязгаарладаг хүчин зүйлс бий. Улс орнууд бүтээмжээ өсгөснөөр нэг хүнд ногдох хөдөлмөрийн хөлс өсөөд хүмүүсийн дундаж давхарга сайжраад явна гэсэн үг. Бидний хувьд бүтээмжийг хязгаарлаж байгаа хүчин зүйл гэвэл газар зүйн байршил байна. Далайд гарцгүй, хоёрхон хөршөөр хязгаарлагддаг. Тиймээс боомтын сэргэлт, төмөр замаас эхлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй. Ингэж чадвал бид хоёр хөрш рүүгээ хийх экспортоо нэмэгдүүлж чадна. Энэ нь мэдээж бүтээмжийг нэмэгдүүлж дараагийн түвшинд аваачна. Хоёрдугаарт, улирлын онцлог бидэнд сөрөг нөлөөтэй байна л даа. Бизнесийн хувьд хоёрхон улиралтай. Зуны сар богино учраас бизнес хийхэд маш хэцүү орчин. Тодорхой хугацаанд зогсоод, тодорхой хугацаанд идэвхждэг. Иймэрхүү улиралын шинж чанараас хамаарч бүтээмжийг хязгаарлахад нөлөөлж байна. Гуравдугаарт, бүтээмжийг хязгаарлахад авлига хамгийн их нөлөөтэй. Нэг компани талх үйлдвэрлэхэд татаас гээд дундаас нь авлига нэхээд ороод ирдэг. Тэр утгаараа манайх авлигын индексээр дэлхийн 176 орноос сүүл мушгидаг. Ингээд харахаар авлига нэлээд газар авчихсан, тэр нь бизнес рүү орчихсон. Эргээд бизнест том зардал болж гарч байгаа. Өртөг багатайгаар үйлдвэрлэх гэхээр төрийн хүнд суртал нэмээд саад болдог. Эргээд ашиг нь багасчихдаг. Тэгэхээр тухайн байгууллага тэлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өсгөж чаддаггүй. Гэх мэтчилэн иймэрхүү зардлууд төрийн институцитэй холбоотой авлигын асуудал, төрийн чадавхтай холбоотой бүтээмжийн хямрал нүүрлэсэн. Бүтээмжийг хязгаарлаж байгаа дөрөв дэх хүчин зүйл нь дэд бүтэц байна. Өргөн уудам газар нутагтай хэрнээ дэд бүтцээ хөгжүүлж чаддаггүй. “ТЭЦ-5”, Таван тогой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд томоохон дэд бүтцээ шийдэх ёстой. Жишээлбэл, “ТЭЦ-5” барья гэж олон жил ярилаа. Яг барихдаа тулахаар мөнгө байдаггүй. Мөнгө байгаад шийдье гэхээр улс төрийн нөлөө ороод явуулдаггүй. Энэ мэтчилэн бид дэд бүтцээ шийдэж чаддаггүй. Үүнээс болоод Улаанбаатарт нэмж барилга барихад асар хүнд болж байна. Дэд бүтэц нь хангалттай байвал хот тэлж хөгжих гээд байна. Тиймээс хотод байгаа хэдэн газар дээрээ алалцаад байна шүү дээ. Үүнээс болж орон сууцны үнэ өсөх, түгжрэл нэмэгдэх, утаа гээд нийгмийн суурь асуудлууд үүсээд байгаа юм.

-Тэгвэл бид энэ суурь асуудлуудын яг аль чиглэлийг нь барьж аваад зүтгэвэл эдийн засаг сайжрах юм бэ?

-Дээр таны дурдсан асуудлууд бол ердөө өвчний шинж тэмдэг хэлбэрээр гарч ирж байгаа. Үндсээр нь эмчилье гэвэл хүн ам багатай, байршлын хувьд давуу талгүй учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Аж үйлдвэржиж, нэмүү өртөг шингээгээд явах нь чухал. Гэхдээ бидэнд ажиллах хангалттай хүч байгаа бил үү. Хөдөлмөр эрхлэх насны иргэд нэг сая гаруйхан байна. Ингээд бодохоор бидэнд хангалттай хүний нөөц алга. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэвэл IT салбар байж болж байна. Дэлхий ертөнцийг ирээдүйд технологигүйгээр төсөөлөхөд хэцүү. Энэ үүднээсээ IT-д суурилсан чадвартай боловсон хүчнүүд хэрэгтэй байна. Жишээлбэл, Энэтхэг улсаас харахад Гүүгл, Амазон зэргийн олж байгаа орлого нь манай улсын төлбөрийн тэнцэлтэй дүйцэх хэмжээний байна. Ингээд бодохоор мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлж байж бидний валютын гадагшлах урсгал, импортын хэт хамаарал, тэндээс үүдэлтэй инфляци, валютын ханшийн уналт зэрэг асуудлуудаас гарч чадна. Манайх шиг хүн ам багатай улсад мэдлэгт суурилсан валют олж ирдэг эдийн засаг чухал.

-Мэдээж энэ бол хугацаа шаардах ажил. Харин өдрөөс өдөрт суларч байгаа төгрөгийн уналтыг зогсоохын тулд хамгийн түрүүнд юу хийвэл үр дүнд хүрэх вэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн чадамжийн асуудал бий. Дахиад хэлэхэд, түүхий эдээс гадна мэдлэгт суурилсан экспорт хийдэг байх ёстой. Тэгж байж хангалттай хэмжээний, тасралтгүй, уул уурхайн циклиэс хамаардаггүй валютын орлого олох юм. Ингэснээр манай валютын нөөц огцом багасаж, төлбөрийн тэнцлийн хүндрэлд ороод байхгүй гэсэн үг. Энэ бол дээр дурдсан эдийн засгийн хямралаас гарах гол гаргалгаа. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж олон жил ярилаа.

Гэхдээ энэ болгон дээр бидэнд хангалттай хүний нөөц байхгүй. Тодорхой хэмжээгээр хүний нөөцдөө тулгуурлаад гаргаж байгаа түүхий эдээ баяжуулаад экспортлох боломжтой. Жишээлбэл, зэсийн баяжмалын, нүүрс угаах үйлдвэрүүд байж болно. Одоо бид түүхий нүүрсээ тонн тутмыг нь 100 гаруй ам.доллараар зарж байгаа. Хэрэв угаагаад гаргах юм бол 3-4 дахин нэмэгдэнэ. Энэ мэтчилэн нэмүү өртгийг хүний нөөц болоод өөрсдийнхөө зардал дээр тулгуурлаад шийдэх ёстой. Гол үндэс нь гадаад зах зээлээс ахиу хэмжээний мөнгө олж авчиръя. Эргээд тэр нь эдийн засгийн импортоо хангаад, валютын нөөцөө хангалттай бүрдүүлээд төгрөг тогтвортой байх боломжийг бий болгоно. Гуравдугаарт, эдийн засгийн болоод улс төрийн маш тогтвортой бодлого хэрэгтэй байна. Энэ бодлого нь бидэнд төгрөгийн ханшийг огцом унагахгүй, инфляцийг огцом өсгөхгүй байх, эдийн засаг хэцүү үед дархлаатай байх, эсвэл гадаад өрөнд жил болгон нэг их наяд төгрөг төлдөггүй байх, өрийн зөв менежменттэй байх зэрэг маш олон зүйлд хэрэгтэй. Тэгэхээр бодлогын тогтвортой байдал гэдэг зүйлийг улс төр, эдийн засгийн хэмжээнд баримтлаад явах нь зүйтэй. Энэ бүхний үр дүнд гацсан байгаа эдийн засаг аажмаар өөрчлөгдөнө. Ингэж байж утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл гээд гарч ирсэн бүхнийг арилгана. Бүрэн гүйцэд арилгана гэж байхгүй ч бага түвшинд аваачиж чадна.

-Энэ онд ажилгүйдэл, ядуурал “шүдний өвчин” болно гэж статистик хэлээд байгаа. Орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ямар боломж байна вэ?

-Засгийн газраас боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр зам тавьж байгаа нь маш зөв алхам. Ингэж байж бид мөнгөтэй болно. Улс орны түвшинд бүтээмж нэмэгдээд ирмэгц дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг хийнэ гэсэн үг. Зам байгаа газарт хөгжил байдаг гэдэг дээ. Цаад логик нь дэд бүтэц байгаа газрыг тойрсон эдийн засаг бий болно. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засгийг тэлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх том давуу тал болно. Бүтээмж нэмэгдэх юм бол орлого өснө. Мөн улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой. Түүхийн явцад төр бол муу менежер гэдэг нь батлагдсан. Хувийн сектороос муу, үр ашиггүй хуваарилалт хийдэг. Тиймээс бүтээн байгуулалтыг аль болох хувийн хэвшлээр хийлгэснээр үр дүнтэй байна. Одоо бол бүхнийг төр хийх ёстой гэдэг давамгайлал маш буруу жишиг. Бүх юманд төр оролцдог байдлыг халснаар компанийн бүтээмжийг бид ярьж чадна. Хувь хүний бүтээмжийг сайжруулахын тулд дэлхийн түвшний боловсрол хэрэгтэй. Тэгж байж дэлхийн стандартыг хангасан гэрээ хэлцлийг ярих чадвартай болно. Тэгж байж бид дотоодын компаниа хөгжүүлнэ. Ингээд гурван түвшний бүтээмжийн асуудлаа шийдэх юм бол орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Цар тахлын үеэр хүнд цохилтод орсон худалдаа, үйлчилгээний салбар бар жилд сэргэж чадлаа DNN.mn

Эдийн засагч Ж. Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Бар жил шувтарлаа. Эдийн засгийн хувьд ямар байсан гэж та дүгнэх вэ?

-Саяхан гарсан эдийн засгийн гүйцэтгэлийн мэдээгээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.8 хувьтай гарлаа. Энэ нь оны дунд үе хүртэлх эдийн засгийн гүйцэтгэл олон улсын байгууллага, бусад талуудын хүлээлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Ер нь 2022 оны хувьд бидний анх таамаглаж байснаас нөхцөл байдал өөр, харьцангуй сөрөг байсантай харьцуулахад энэ үзүүлэлт нь муугүй үр дүн юм. Өөр нэгэн эерэг тал нь Монгол Улсын төсвийн урьдчилсан гүйцэтгэл харьцангуй бага алдагдалтай гарсан явдал. Үүн дээр гадаад худалдааны тэнцлийн байдлыг эдийн засгийн хувьд эерэг үр дүнтэй талд байсан гэж хэлж болох. Гэхдээ зөвхөн эдийн засгийн энэхүү өсөлт, төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийг бүхэлд нь тайлбарлах боломжгүй. Шулуухан хэлэхэд эдийн засгийн ерөнхий төлөв нилээд муу байдалтай байна. Дээрх цөөн эерэг үзүүлэлтийн эсрэг талд инфляци, валютын ханш, өрхийн орлого, хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд ихээхэн сөрөг нөхцөл байдалд байгааг анхаарах хэрэгтэй. Ялангуяа өрхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч өрхийн бодит орлого буурч байгаа нь хамгийн их анхаарал татах үзүүлэлт. Өрхийн орлого 2022 онд 0.7 хувь, сүүлийн улиралд 1.7 хувиар буурсан. Үүнд тэтгэвэр тэтгэмжийн орлогын бууралт нөлөөлж байгаа нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх гол сөрөг үзүүлэлт юм. Дээрээс нь төлбөрийн тэнцлийн алдагдал, урсгал дансны алдагдал өсч байгаа нь цаашид сөрөг нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг яах аргагүй болно. Гэх мэтчилэн эдийн засгийг цогцоор нь харвал хэдийгээр цар тахлын дараагийн харьцангуй сэргэлт ажиглагдаж байгаа боловч бидний хувьд хямралаас гарч чадаагүйг илтгэж байна.

-Ер нь аль салбарт илүү өгөөжтэй жил байв. Эсрэгээрээ ямар салбар уналтад орсон бол?

-Эдийн засгийн өсөлтийн тоон мэдээллээс харахад хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт давамгайлсан нь байна. Үүн дотроо мал аж ахуйн салбарын үзүүлэлтүүд бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар голлох эерэг нөлөөллийг үзүүлсэн байдалтай. Газар тариалангийн салбараас төмс хүнсний ногооноос бусад дэд хэсгийн үзүүлэлтүүд сөрөг байгаа нь анхаарал татаж байна. Эдийн засгийн өсөлтийн эерэг хэсэгт олон улирлын турш сөрөг өсөлттэй гарсан барилгын салбарын өсөлт сүүлийн хоёр улиралд эерэг гарсан нь энэ салбарын хувьд эерэг хүлээлтийг бий болгож байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт, бүтцэд томоохон жин дардаг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлогч боловч уул уурхай, олборлолтын салбарын хувьд 2022 онд 11.9 хувийн бууралттай гарч эдийн засгийн өсөлтөд голлох сөрөг нөлөөллийг үзүүллээ. Эндээс бид 2022 оны эдийн засгийн өсөлт нь цар тахлын дараах нийгмийн амьдрал харьцангуй хэвийн нөхцөл байдалд шилжсэнтэй холбоотойгоор бий болсон гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнээс гадна бидний эдийн засгийн бүтэц ямар байгаа нь харагдаж байгаа юм.

-Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улирал нүүрсний экспортод түүхэн амжилт тогтоосон үе байлаа гээд байгаа шүү дээ…

-2022 онд бид эрдсийн бүтээгдэхүүний хувьд ихээхэн том зорилттойгоор өөдрөг харж ажиллаж эхэлсэн боловч оны эхний хагас таатай байгаагүйгээс нөхцөл байдлыг эргэн харах шаардлагатай болсныг та бүхэн санаж байгаа. Үүний илрэл нь бид төсвийн тодотгол хийхдээ нүүрсний экспортыг 18 сая тонн болгон бууруулсан явдал. Гэтэл 2022 оны гүйцэтгэлээр 31.8 сая тонныг экспортолж чадсан нь хүлээлтээс давсан томоохон амжилт юм. Үүний гол нөлөөлөл нь өмнөх хөрштэй хийх худалдааны бодлого, тээврийн салбарын хүчин чадал, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж чадсан явдал гэж би хувьдаа харж байгаа. Мөн оны сүүлийн саруудад нүүрсний хулгай гэх асуудлыг хөндөж тэр чиглэлд тодорхой ажил хийж, “Таван толгой” ХК-ийн 2023 онд нүүрсийг биржээр арилжаалах асуудал болон төмөр замын тээврийн чиглэлд амжилт гаргаж чадвал үүнээс илүү амжилттай ажиллах боломж бий болох боломжтой.

– Эрдэс баялгийн салбарын орлого ямар байв?

-Салбарын хувьд манай улсын эдийн засаг, түүн дотроо аж үйлдвэрийн салбарын голлох байр суурийг эзэлдэг. 2022 онд голлох эрдсийн бүтээгдэхүүний борлуулалт 10.4 тэрбум доллар болсон нь өмнөх жилд 5.1 тэрбум байсантай харьцуулахад ихээхэн өссөн дүн юм. Үүнд нүүрсний борлуулалт тоо хэмжээний хувьд 2 дахин, үнийн дүнгээр 2.3 дахин өссөн нь голлох өсөлтийг бий болгосон. Ерөнхийдөө нүүрс, зэс борлуулалтын тоо хэмжээ үнийн дүнгийн хувьд өсч, төмрийн хүдэр, газрын тосны салбарт ихээхэн уналттай байсан.

-Өнгөрсөн онд бид Монголд мөнгө орж ирэх ямар боломжуудыг алдав?

-Зөвхөн 2022 оныг харж, ярих боломжгүй. Учир нь энэ асуудал нь сүүлийн 10 гаруй жилийн улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой холбоотой. Бидний бодлого алдаатай байснаас гадаадын хөрөнгө оруулалт гэх гол боломжоо бид маш ихээр хязгаарлачихаад сууж байна. Мөн 2012 оноос өрийн удирдлагын суурийг буруу тавьсантай холбоотой улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх өрийн санхүүжилтын сувгийн ашиглалт ихээхэн муудсан. “Одоо бид өмнөх өрөө хэрхэн төлж, өрийн нөхцөл байдлаа муутгахгүй хадгалах вэ” гэсэн байдалтайгаар сүүлийн жилүүдэд ажиллаж ирлээ. Үүн дээр экспортын бүтцээ бид мэднэ. Голлох бүтээгдэхүүн нь эрдэс байгаа нь бид эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйтэй холбоотой. Энэ мэт шалтгаануудаас болж мөнгө орж ирэх боломжууд бидний хувьд сүүлийн жилүүдэд ихээхэн хязгаарлагдмал байдал болсон. Би хувьдаа ойрын ирээдүйд бидний гол тулгуур нь эрдсийн салбар байсаар байх бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нөлөөлөл улам нэмэгдэх хандлагатай болж байна. Тодруулбал бид хэдий хэмжээний нүүрс зэс гарахаас хамаарсан эдийн засаг, валютын тогтолцоотой болж байна. Харин 2022 оны хувьд мөнгө орж ирэх ийм, тийм томоохон боломжийг алдлаа гэж хэлэх зүйл бага. Экспортоо нэмэгдүүлж, өрийн асуудлаа шийдэж чадсан нь тухайн жилийн хувьд гол асуудал байлаа. Өрийн хувьд сая оны эхэнд харьцангуй бага хүүтэй бонд гаргаж тулгамдсан сөрөг нөхцөл байдлыг саармагжуулж чадсан гэж харж байна.

-Ковидын хүнд жилүүд хувийн хэвшлийнхэнд хамгийн хүнд туслаа. Өнгөрсөн бар жил бизнесийнхэний хувьд хүнд байдлаас гарахад нь нөлөөлж чадсан уу?

-Үүний тулд бид ковид, цар тахал бидэнд ямар хохирол ул мөр үлдээснийг сайн тооцох хэрэгтэй. Миний бодлоор энэ онцлог хямрал нь эдийн засгийн суурийг хүртэл ганхуулсан. Үүний эсрэг тэмцсэн гэх эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээнүүд нь өнөөгийн эдийн засгийг цар тахлын өмнөх байдлаар төсөөлөх аргагүй болгосон. Энэ хямрал нь эрүүл мэндийн шалтгаантай байснаас худалдаа, үйлчилгээний салбарт эхлээд, цаашлаад бүх салбарт нөлөөлсөн. Энэ онцлогоос хамаарч 2022 онд гол цохилтод өртсөн худалдаа, үйлчилгээний салбар арай илүү сэргэлт авч чадав уу гэж бодож байна. Ерөнхий байдлаар тухайн жилийн ямартай ч цар тахлын дараах үеийн эхлэл гэж тодорхойлж болно. Бусад салбарын сэргэлт энэ онд илүү нэмэгдэж оны төгсгөл дараа жилийн эхэнд хэвийн байдалдаа орох боломжтой болно. Бусад шинэ том эрсдэл тулгарахгүй бол.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн амьжиргаа улам доройтлоо. Ядуурал, ажилгүйдэл нүүрлэснийг статистик харуулж байна шүү дээ. Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах ёстой байв. Судлаачийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Бидний гол асуудал энэ, сүүлийн олон жилийн турш Монгол Улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд өссөөр байгаа мэт боловч иргэдийн амьдралын чанар бодитойгоор нэмэгдэхгүй байна. Нэг хүнд ногдох ДНБ бараг 10 гаруй жил нэг түвшинд байлаа. Үүн дээр нэмээд цар тахал томоохон сөрөг дарамт болсон. Өрхийн бодит орлого нэмэгдэх байна. Энэ нь цаашид удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засгийн энэхүү асуудал нийгмийн томоохон асуудлыг дагуулж болзошгүй гэж би хувьдаа хардаг. Гол шалтгаан нь бид сүүлийн 30 жил эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадаагүй явдал. Бид өнөөдөр эдийн засгийн өсөлт 4.8 хувь гарлаа гээд баярлаж байна. Тэгвэл бидний энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанч, тогтвортой бодлоготой, түүнийг хэрэгжүүлж чадах засаглалтай байх ёстой. Үүний үр дүнд эдийн засаг дор хаяж 10 жил тогтвортой арав орчим хувийн өсөлтийг бий болгож байж энэ асуудлыг шийднэ.

-Долларын ханш өндрөө авсан жил байлаа. Ханшийн өсөлтийг хязгаарлах боломж байв уу?

-Долларын ханш өсөж байгаа шалтгааныг хайх шаардлагагүй. Товчхондоо бидний зарцуулж буй доллар, олж байгаагаасаа даваад байгаа. Дээрх дурдсан даа, бид доллар орж ирэх гол сувгуудаа тогтвортой хадгалж, нэмэгдүүлж чадахгүй байна. Төлбөрийн тэнцэл асар өндөр алдагдалтай, өрийн удирдлага үр ашигтай бус байгаа нь үүний гол шалтгаан. Хязгаарлахын тулд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Монгол Улсын Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд айлчилж очсон орон бүрдээ энэ бодлогоо танилцуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хаалга үүд нээлттэй гэж урьж байсан. Үр дүн мэдрэгдэв үү?

-Энэ бол сайн зүйл гэдэгтэй санал нэг байна. Томоохон бүтээн байгуулалтууд бидний хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэдэг нь ч тодорхой. Гэхдээ үүнийг зарлахаасаа илүү бид ажлаа сайн хийсэн байх хэрэгтэй. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тогтвортой бодлого, хэрэгжилтийн баталгаа хэрэгтэй. Харамсалтай нь бид үүнийгээ олон жилийн турш алдаж тэдний итгэлийг хөсөрдүүлсэн. Одоо бодит ажлаар харуулах хэрэгтэй. Иймд Оюу толгойтой холбоотой асуудлыг зөв шийдэх гэх мэтээс эхлэх нь чухал болов уу

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Утаанаас салах тэмцлээ бодит ажил болгож, янданг хориглосон бүсчлэлтэй болъё DNN.mn

Урин цагтай золгохоор Улаанбаатарын утааны асуудал хэсэгтээ мартагддаг. Одоо тэр үе нь хаяанд ирлээ. Гэвч өвөл болдгийг бид санах хэрэгтэй. Үнсэн саарал утаа нийслэлийг бүрхдэгээрээ бүрхэнэ. Энэ хэрээр элдэв өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд пиг дүүрдэг үзэгдэл сүүлийн жилүүдэд улам эрчээ аваад байгаа. Утаанаас үүдэлтэй хорт хавдар хүртэл гарч байна. Хүүхэд багачууд нь урьд хожид дуулдаж байгаагүй эмгэг өвчнүүдтэй нүүр тулдаг боллоо. Монголын хойч ирээдүй болсон бяцхан үрс хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн хорт утаагаар амьсгалж байна. Утаанд зориулж жил бүр улсын төсөвт тэрбум тэрбумаар нь хөрөнгө суулгадаг ч бодит үр дүн нь ямар байгааг та бид харж л сууна. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл агаарын бохирдлыг арилгахад нийт 500-гаад тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас урсгажээ. Дээр нь олон улсын байгууллагын хандив, тусламжийн том дүнтэй тоонууд нэмэгдвэл тоймгүй их мөнгө болно. Өнөө жилийн төсөвт утаатай тэмцэхэд 27.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээний. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хорт утааг арилгана гэж төдийгөөс өдий хүртэл мөн ч олон хүн хоолондоо хүрсэн дээ. Хамгийн тод үлдсэн мөр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх байна. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа Улаанбаатарын утааг арилгахад ядах юмгүй гээд л сүрхий пиар хийсээр байгаад Төрийн тэргүүнээр сонгогдсон. Түүний амласнаар нийслэлчүүд сайжруулсан түлшийг нь сүүлийн дөрвөн өвөл түлсэн боловч утаа 50 хувь буурсангүй. Харин ч химийн найрлагатай, хорт чанар нь ихэссэн гэдэг. У.Хүрэлсүх яаж жүжиг тавьж байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг бүгдээрээ харлаа. Утаагүй Улаанбаатар ямар гоё юм бэ, үүнийг Хүрэлсүх л чадсан гэж уйлан дуулаад байсан хүмүүс одоо угаарт хордсон биднийгээ хараад хорон гэгч нь мушилзаж суудаг биз ээ.

Өнгөрсөн хугацаанд утаанаас салах өчнөөн олон гарц, гаргалгаа нэвтрүүлсэн боловч бодитой алхам болж чадсангүй. Утаагүй түлш, утаагүй зуух, утаагүй яндан, утаагүй шүүлтүүр гээд олон аргын аль нь ч нэмэр болсон бил үү. Гал түлж байгаа бол ямар нэгэн байдлаар заавал утаа гарч л таарна. Зуух, яндан байгаа цагт утаанаас сална гэдэг бол үлгэр юм байна. Тэгэхээр утаатай хийх тэмцлээ бодит ажил болгоё гэвэл янданг хориглосон бүсчлэлтэй болох хэрэгтэй. Энэ бол утаанаас салахад маш энгийн бас үр дүнтэй шийдэл юм. Гэр хорооллын гүнээс хотын зах болон төв рүү ойртох тусам утаа сийрэгждэг дээ. Тэгвэл эхний ээлжинд орон сууцны хорооллуудтай залгаа гэр хорооллыг яндангаас салгах хэрэгтэй. Ингэхдээ хойноос хотын төв рүү орж ирдэг хэсгээс эхлэх хэрэгтэй. Нэг жилд хоёрхон хорооны өрхийг яндангүй болгоно гээд зорилт тавиад ажилламаар байна. Жишээлбэл, нийслэлийн хамгийн олон буюу 380 мянган хүн амтай Баянзүрх дүүргээс эхэллээ гэхэд 104 мянган яндан байхгүй болчихвол хичнээн сайхан бэ. Сансрын клонкоос урагш дандаа орон сууц байдаг. Харин хойд талдаа ярайсан гэр хорооллууд бий. Тэр нь Баянзүрх дүүргийн II болон XXI хорооны бүсчлэл юм байна. Өнөө жил зөвхөн энэ хоёр хорооны айлуудыг яндангүй болгох бодлого хэрэгжвэл Дарь-Эх орчмын утаа арилаад л ирнэ. Дараа жил нь тэр хоёр хороог яндангаас салгана гэсэн тууштай зорилго тавин ажиллах хэрэгтэй. Ингээд хотын төвөөсөө тойрог маягаар яндаг хориглоод явчихмаар байгаа юм.

Гэр хорооллыг яндангаас салгая гэвэл төрийн зоримог шийдвэр юу юунаас чухал. Улаанбаатарыг утаанаас салгах ийм бодлого хэрэгжинэ гэдгээ танилцуулаад иргэдтэй маш сайн ойлголцож , тохиролцож чадвал бүтэхгүй гэх газаргүй. “Энэ онд танай хороог яндангүй бүсчлэл болгож байна. Тэгэхээр та бүхэн гал түлэхгүй гэвэл эндээ насан туршдаа амьдарсан ч болно. Хөөж, туухгүй . Хамгийн гол нь яндангаа заавал халах хэрэгтэй” гэсэн хатуу шаардлага тавих ёстой. “Хэрэв яндангүй байж чадахгүй гэвэл та бүхэн тэр бүсэд очиж амьдарна уу” гээд нүүж очих газрыг нь заагаад өгчих. Хотын алслагдмал дүүрэг юм уу урагшаа Төв аймгийн Зуунмод орчмын газарт яндангаасаа салах хүсэлгүй хүмүүсийг суурьшуулах байдлаар асуудлыг шийдэж болно доо, уг нь. Харин яндантайгаа нүүсэн иргэдийн газрыг нь улс худалдаад авчих. Тэнд яндангүй айл байна гэвэл буулгадаг ч юм уу. Ийм бодитой, эрс шийдэмгий арга хэмжээ аваач ээ. Зүгээр л яндангаа чөлөөлөх шийдвэр гаргаад болно шүү дээ. Яагаад нийтийн эрүүл мэндийн төлөө нэг хэсэг улсад нь шаардлага тавьж болохгүй гэж. Бид бие биедээ шаардлага тавьж, хатуу зорилт дэвшүүлэхгүй юм бол цаашид яаж амьдрах болж байна вэ. Утаандаа хордож үхсээр байгаад дуусах уу. Ипотекийн зээлийн үндсэн зорилго бол янданг цөөлөх. Үнэхээр энэ зорилгоо бодит болгоё гэж байгаа бол яндангүй бүсчлэлийн бодлого хэрэгжүүлээд айлынх нь хашааг худалдаад авчихаж болох юм биш үү . Ор о н сууцны үнэд оролцуулбал иргэд лав дургүйцэхгүй. Харин суларсан газарт нь дахиж айл буулгахгүй байх нь чухал. Хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилтийн урсгал нүүдлийн сэтгэхүйгээрээ хаана сул газар байна, тэнд очоод буучихдаг талтай. Тиймээс тухайн газарт дахин яндан зоохоос өмнө хурдан эргэлтэд оруулах юм бол орон сууцны хороолол өргөжинө. Аль Э.Бат-Үүлийг хотын дарга байхаас эхлээд янданг байраар солино гэж байсан. Тэрнээс хойш яг бодитой хорогдсон яндан гэж байгаа юм уу. Жилд орон сууцанд орж байгаа иргэдийн тоо нэмэгдлээ гэж мэдээлээд байдаг ч Улаанбаатарын 200 мянган яндан хэвээрээ л тоологдоод байх юм. Нэг айл байранд оронгуут зөрөөд хамаатан садан нь хөдөөнөөс ирээд буучихдаг. Тэгэхээр яндан яаж цөөрөх вэ дээ. Энэ янзаараа бид 100 жилийн дараа ч утаатайгаа бөглөрөөд байж л байна. Үнэхээр төр засаг сайн сайхан ирээдүй бүтээе л гэж байгаа бол хатуу ширүүн шаардлага тавьдаг, яс тас ажилладаг болъё. Хэдий болтол нэг хэсэг нь гал түлж, нөгөө хэсэг нь хордож үхээд байхав дээ. Хотын захиргаа

үүн дээрээ даруйхан бодлого боловсруулж, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Магадгүй сошиалаар нүдэх л байх. Тэглээ гээд зорилгоосоо ухралгүй, хатуу байр сууриндаа бат зогсох ёстой. Ингэж байж утаа чинь буурна. Үүнийг хаа, хаанаа маш сайн ойлголцооч. Энэ олон жил бид утаанаас салах гэсэн оролдлого бүхэн бүтээгүйг харлаа, бас хэзээ биелэх бол гэж хүлээлээ. Ашгийг харагч этгээдүүд л бидний зовлонгоор зоолцгоолоо шүү дээ. Бид бүгд ганц юмыг маш сайн ухаарцгаалаа. Яндан байсан цагт утаа гэгч нь байхгүй болохгүй аж. Утаа байвал яндан байна, яндан гозойж байвал утаа түүнээс суунаглах л болно гэдгийг. Иймээс бүсчлэн яндангаа хатуу хорих хэрэгтэй. Та энд байж болно, харин энэ хэсэг яндангүй гэж зарласан газар шүү гэж л хэлэх хэрэгтэй.

Ер нь утаагүй бүсчлэл дэх айлуудад яндангүй амьдрах өчнөөн олон арга бий. Цахилгаан, газ, сэргээгдэх эрчим хүч гээд өнөөдөр гал түлэхгүйгээр амьдрах маш олон шийдэл байна. Нэг үеэ бодвол сүүлийн үеийн технологийн дэвшлүүд манайд сайн орж ирсэн. Тэдгээрээс иргэд өөрийнхөө хэрэгцээнд тохирохоо сонгож болно. Бүүр боломжгүй бол нүүгээд явах гарц байгаа. Харин хорт утаан дунд амьдарч байгаа ард түмэнд эрүүл мэндээ хамгаалах боломж байхгүй. Тиймээс бүгдээрээ яндангүй л амьдаръя. Утааны эсрэг тэмцлээ ингэж бодит болгоё. Үүнийг даах зориг зүрхтэй хүнээр хотынхоо, улсынхаа удирдлагыг тавих шаардлагатай байна. УИХ- ын гишүүд, Засгийн газар, Төрийн тэргүүн, хот ы н захиргаа нэгдмэл хатуу байр суурьтай байх ёстой. Гаргасан шийдвэрээ хамгаалж, гуйвж дайвдаггүй удирдлага Монголын төрд хэрэгтэй байна. Зоримог, шийдэмгий байж бид амжилтад хүрч, утаанаас жинхэнээсээ салж чадна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Арван хүний ес нь ядуу байна DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Сар шинийн баярт монголчууд байдгаа зориулдаг. Тэр утгаараа ирэх хавар иргэдийн амьжиргаа сайнгүй байх болов уу. Та хаврын эдийн засгийг яаж зураглаж байна вэ?

-Ирэх хаврын хувьд хоёр янзын дүр зураг ажиглагдаж байна л даа. Эхнийх нь цэвэр статистикийн хувьд харьцангуй гайгүй байх шинж харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний экспорт маш сайн байлаа. Манай нүүрсний салбарт түүхэн рекорд тогтоосон үе байсан гэж хэлж болно. Энэ нь өөрөө эдийн засгийг нэлээд өсөлттэй харагдуулах хүчин зүйл болж чадсан. Ирэх хавар ч энэ хандлага үргэлжилбэл статистикийн бичилтийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй байх боломж байна. Гэвч бодит байдал дээр анхаармаар зүйлүүд байна. Жишээлбэл, 2021 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэлээд хэдэн офф-тейк гэрээ хийчихсэн юм билээ. Тэр гэрээнийхээ дагуу 2027 он хүртэл нүүрсээ хямд үнээр тогтмол нийлүүлэх бололтой байна. Нүүрсний экспорт өсөхөөр эдийн засаг сайжирч байгаа юм шиг харагдах боловч яг мөнгө орж ирэх нь эргэлзээтэй. Өр төлбөртөө суутгагдах учир бодитой мөнгө орж ирэх нь хэр зэрэг байдаг юм бол доо. Хоёрдугаарт, ажилгүйдэл хурдтай өсөж байна. Урьд нь гадагшаа явдаг хүмүүс ажилгүйдлийн статистикийг аятайхан харагдуулдаг байсан. Одоо гадагшаа явах боломж улам бүр хумигдсан учраас ажилгүйдэл нэлээд хүнд байдалд орохоор харагдаж байна. Яагаад гэвэл ковидын өмнөх жил 80 орчим мянган ажлын байрны захиалга ирдэг байсан.

Гэтэл өнгөрсөн онд ердөө 45 мянга байсан байна. Ажлын байрны захиалга хоёр дахин буурчээ. Ковидын өмнө буюу 2019 оны байдлаар жилд 90 орчим мянган хүн гадагшаа яваад түр хөдөлмөр эрхлээд ирдэг байсан. Тэгвэл энэ тоо 2022 онд 34 мянга болсон байх жишээний. Хөдөлмөрийн зах зээл нэлээд хүндэрсэн байна. Үүний үр дүн ирэх хавар гарах болов уу.

-Засгийн газраас ковидын жилүүдэд ажлын байрыг хадгалж чадсан гэж байгаа шүү дээ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн тойм мэдээг гаргадаг л даа. Эндээс харахаар эсрэгээрээ байна. Ажил зуучилж байгаа байдал эрс буурсан. Гадуур тогтвортой, чанартай ажлын зар байхгүй байна. Энэ нь ирэх хавар эдийн засагт гарцаагүй нөлөөлнө.

-Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлууд хийж байгаа. Энэ нь ямар үр өгөөжтэй байхаар байна?

-Валютын нөөц өсөж байна л гээд байгаа. Манай импорт ч бас өсөж байна. Валютын нөөц маань импортын хэрэглээг хангаж чадахаар байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Сая хэдэн бонд гаргаад, өмнөх бондуудаа дахиж санхүүжүүлж байна гэж байгаа боловч эргэн төлөх шаардлагатай байгаа мөнгөний хажууд бол бага. 2023 оны төсвөө батлахдаа бараг хоёр тэрбум ам.долларын өр зээл шинээр авна гэж тооцоолсон шүү дээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг тэрбум ам.долларын бонд босгоно. Төсвийн алдагдлыг хаахад мөн л нэг тэрбум ам.долларын бонд гаргана.

Нөгөөтэйгүүр валютын нөөц төгрөгийн ханшийг хамгаалах хэмжээнд байж чадахааргүй байна. Ядуурал их өсөж байгаа. Сая Засгийн газар хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж юм, ядуу иргэдэд очиж байгаа гэж мэдэгдсэн. Энэ халамж нийт өрхийн 91 хувьд нь очно гэж байна. Засгийн газар энэ мэдэгдлээрээ ядуурал 91 хувьд хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Яагаад гэвэл албан ёсоор ядуурлыг 178 мянган төгрөгөөр тооцдог шугам бий. Жишээлбэл, 185 мянган төгрөг зарцуулж чадаж байвал ядуу биш болчихож байгаа юм. Өнөөдөр энэ мөнгөөр нэг ширхэг ууц ч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр манай ядуурлын шугам хэтэрхий доогуур, зохиомол байгаа юм. Албан ёсны статистик маань 10 хүний гурав нь ядуу гэж байна. Бодитоор арван хүний ес нь ядуу байгаа юм байна. Ирэх хавар бол ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдолын үр дагаврууд ил гарах байх. Цагаан сар гэж бэлгэдлээ бодоод байгаагаас биш амьдрал хүнд байна шүү дээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Монголд орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?

-Засгийн газраас инфляц тогтворжиж байна гэж албан ёсоор зарлаж байгаа. Гэтэл гурил, бензин, цахилгаан, усны мөнгө яаж өссөнийг бүгд мэднэ. Бид мөнгөний урсгалыг татах том боломж бол гадаадын хөрөнгө оруулалт. Мөн гацаад байгаа барилгын салбараа гацаанаас гаргах хэрэгтэй. Ипотекийн зээл хэрхэн үргэлжлэх нь үнэхээр ойлгомжгүй байна. Төв банкнаас Засгийн газарт шилжинэ гээд дөрөв, таван жил болчихлоо. Энэ хугацаанд арилжааны банкууд, барилгын салбар хүнд байдалд орсон. Уг нь ипотекийн зээл бол хүмүүсийн орлогыг урт хугацааны хөрөнгө оруулалт руу хөрвүүлдгээрээ ашигтай. Уг нь Засгийн газар ипотекийн зээлийг хурдхан өөр дээрээ зоригтой шийдээд явчихмаар байгаа юм. Хоёрдугаарт, ам.долларын урсгал нэмэгдэх том найдвар бол Оюутолгойн далд уурхай. Гэхдээ экспорт өслөө гэдэг чинь өөрөө импорт болоод гарна гэсэн үг. Тогтвортой арга биш. Ер нь төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шийдэл нь нөгөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах юм. Харамсалтай нь одоо үнэхээр амаргүй цаг үе тулгараад байна. Учраа ойлгохгүй байгаа Засгийн газарт итгэж хөрөнгө оруулах газар байхгүй л дээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх өөр нэг арга бол алтны салбарыг дэмжих ёстой.

Орон нутгийн иргэдээсээ айгаад хөдөлдөггүй. Уг нь үндсэн ордуудаа ашиглачих юм бол алт чинь Монголбанкинд очоод гадаадын валютын нөөцийг өсгөнө. Иймэрхүү зоригтой прагматик алхмуудыг хиймээр байна. Дээрээс нь инфляцыг үүсгээд байгаа өөр нэг шалтгаан бол боомтын гацаа. Том дарга, сайд нарын машинууд төрийн нэрээр далайлгаад, шар зөвшөөрөлтэй энэ тэр гээд хоосон орж, гарч болоод байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн гацаад асар их алдагдал хүлээж байна. Энэ нь инфляцыг өдөөгөөд байгаа юм. Тэгэхээр хил боомт дээр байгаа саадыг арилгахын тулд дарга нарын цавчаа хийдэг машинуудынх нь монопол эрхийг яаралтай задлах хэрэгтэй.

-Ерөнхий сайд энэ өдрүүдэд БНСУ-д айлчилж байна. Хоёр улсын эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр түүний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшлийнхний бий болгодог ажлын байрны хүрэлцээ асар их хумигдаж, харин эсрэгээр төрийн алба данхайсан. Нийгмийн баялгийг үйлдвэрлэдэг хэсэг нь ажлын байр бий болгож чадахгүй сульдаад байдаг. Харин нийгмийн баялгийг шимж амьдардаг

паразитууд болсон төрийн алба нь данхайгаад байна. Татвар, НДШ нэмэгдчихсэн болохоор хувийн хэвшил өндөр цалин өгч чадахаа болилоо. Чадалтай залуус ур чадвар цаг хугацаагаа өндрөөр үнэлүүлэхийг хүсэх нь тэдний жам ёсны эрх. Арга ядаад цалин багатай ажил хийж байгаа нь олон. За тэгээд төрд очихоор заавал улстөрчийн ая таалалд нийцүүлж ажиллаж амьдрах хоёрхон сонголттой болчихсон. Эндээс гарах нэг гарц нь Солонгос руу явах байгаа юм л даа. Солонгос, Монголын хөдөлмөрийн урсгалыг сайжруулахад Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэрэгтэй юм. Гадаадад байгаа монголчууд жилдээ 500 орчим сая ам.доллар эх орон руугаа явуулдаг. Энэ нь манай долларын ханшид эергээр нөлөөлдөг. Ер нь Монгол Солонгосын агаарын тээврийг эрчимжүүлэх хэрэгтэй. Илүү либералчлаад, илүү олон онгоц нисдэг болгох ёстой. Дээр нь Солонгос бол аж үйлдвэржсэн улс. Ийм оронд газрын ховор элемент зэрэг үнэт металлууд их хэрэгтэй байдаг. Хайгуул, олборлолт дээр хамтарч ажиллах боломжтой юм. Тэгэх юм бол их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

-Зэсийн үнэ сүүлийн хагас жил дээд түвшиндээ хүрлээ. Зэсийн үнийн ирээдүйн талаар ямар таамгууд зонхилж байна вэ. Дээрээс нь Оюутолгойн далд уурхай хоёрдугаар улирлаас ажиллаж эхэлнэ. Ер нь Монгол Улс зэсийн зах зээлд ямархуу байр суурь эзлэх бол?

-“Goldman Sachs”-ийн таамаглаж байгаагаар энэ онд зэсийн үнэ дунджаар 9750 ам.доллар байх гэнэ. 2024 онд дундаж үнэ 12 мянган ам.долларт хүрэх боломжтой гэжээ. Харин “IG Bank”-ны таамагласнаар Хятадын эдийн засаг сэргэнэ, мөн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх учир 9500 ам.доллар орчимд хэлбэлзэх гэнэ. “Bank of America”-ийн эрдэс баялгийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа. Ялангуяа оны сүүлийн хагаст тонн тутамдаа 10-12 мянган ам.доллар хүрэх боломжтой ажээ. Үнэ ингэж өсөөд дээр нь Оюутолгойн далд уурхай ашиглалтад орчихвол манай экспорт дор хаяж хоёр дахин өсөх боломжтой. Манай улс дэлхийн зах зээлд өчүүхэн бага хувь эзэлдэг. Хятадад ч тэр том тоглогч биш. Хятад өөрөө асар их нөөцтэй улс. Гэхдээ Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор бидний зах зээлд үзүүлэх жин нөлөө эрс өснө. Хятад бол зэсийн баяжмалын хувьд импортоос хараат орон гэдгийг анзаарах нь зүйтэй. Зэс, нүүрс хоёр энэ оны эдийн засгийг өнгөлнө. Гэхдээ ажлын байр бий болгох боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголд одоо цалин сайтай ажлын байрууд л хэрэгтэй байна. Иймд барилга, үйлчилгээ, аялал жуулчлал, тээврийн салбартаа зоригтой шинэчлэл хийж хөрөнгө оруулалт татах нь ус агаар мэт чухал болоод байна.

-Ингэхэд гадагшаа гаргаж байгаа алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд эрдэс баялгийнхаа мөнгийг Монголбанкаар дамжуулдаг болбол долларын ханш буурна биз дээ. Энэ тал дээр ямар гарц шийдэл байж болох вэ?

-Манай улс банкны хоёр шатлалт тогтолцоотой. Тиймээс төв банк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд, арилжааны банкууд нь гүйлгээ, шилжүүлгээ хариуцдаг жишигтэй. Монголбанкаар шилжүүллээ гээд нийт урсгалд чанарын өөрчлөлт гарахгүй. Учир нь экспортын мөнгө тэртээ тэргүй урсгал зардлуудыг санхүүжүүлдэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонгэрэл: “5Ш”-ийн төлөвлөгөө авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх бүрэн боломжтой DNN.mn

Засгийн газрын авлигатай тэмцэх “5 Ш”-ийн төлөвлөгөөний талаар хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар туулай жилд авлигатай тэмцэх бодлогоо “5Ш” ажиллагаагаар эхлүүлнэ гэдгээ зарласан. Хуульчийн хувьд та энэ төлөвлөгөөг яаж харж байна вэ?

-Манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг замбараагаа алдаж, дийлдэхээ байсан нь үнэн. Дэлхий дахинаа авлига эрчимтэй нэмэгдэж буй арван орны нэгээр нэрлэгдэх боллоо. Сүүлийн нэг жилийн авлигын индексээр тав, зургаан байраар ухарчихлаа. Иймд Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа баталсан Авлигатай тэмцэх тогтоолдоо “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авч ирэх, шилэн ажиллагаа” гээд “5Ш”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр танилцуулсан нь зөв алхам болсон.

-“Шүгэл” ажиллагааны талаар асуухад, гадны сайн туршлагуудаас сонирхуулахгүй юу. Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаж хийвэл үр дүнгээ өгөх бол?

-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлах юм билээ. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг батлах нь зүйтэй. Энэ хүрээнд шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулна, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах ажиллагааг хийгээд явах ёстой. Ер нь иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахад маш их чирэгдэл үүсдэг. Төрийн албаны хүнд суртлын ийм асуудал Шүгэл үлээгчийн хуулийг баталснаар арилна гэж харж байгаа. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнтэй хууль болох болов уу. Хэдийгээр ардчилсан Үндсэн хууль батлагдаад 31 жил болсон ч энэ мэт нарийн зохицуулалт хийж өгөхөөс гарцаагүй нөхцөл байдал үүсээд байна.

-Төрийн хулгай бүх шатандаа нүүрлэснийг том мөнгөн дүнтэй хэргүүд нотолж байна. Тиймээс “Шүүр” ажиллагаагаар энэ бүгдийг цэвэрлэж чадах уу?

-Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн орлогоосоо давсан хэрэглээ нэмэгдсэн нь нийгэмд ил тод болсон. Нас тогтсон юм уу хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс үнэтэй машин, тансаг хаусанд амьдарч байгаа бол өөр хэрэг л дээ. Гэтэл залуухан төрийн албан хаагч, хурган дарга нарын эдэлж байгаа хөрөнгүүдийн мэдээллийг харахад аманд багтахааргүй тоо хэлж байна. Үүнийгээ ямар орлогоор бүрдүүлээд улсад яаж татвар төлж байна гэдгээ нотлох ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-ийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар Монгол Улсын иргэн бүр төлсөн байх ёстой гэсэн үндсэн үүрэг бий. Хэдэн тэрбумаар тоологдох үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машинаа ямар хөрөнгийн эх үүсвэрээр авсан гэдгээ нотлох ёстой гэсэн үг. Гэтэл улс төрд нөлөө бүхий хүмүүс үүнийгээ нотолж чадахгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлогоо нотолж чадахгүй өндөр хэрэглээтэй байна. Энэ бол ёс суртахууны хувьд байж боломгүй үзэгдэл. Иймд “Шүүр” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага үүрүүлж, нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэснээр эрүүл нийгмийг бүрдүүлж чадна.

-“Шувуу” ажиллагааг зарим хүмүүс улс төрийн зорилготой гэж хараад байгаа бололтой…

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хилийн хориг тавьчихаад байхад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоод гадаад улс орон руу оргон зайлдаг, улс төрд нөлөө бүхий, бэл бэнчинтэй хүмүүс байдаг. Сүүлийн тав, зургаан жил илүү тод харагдлаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улс олон улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг эргүүлэн авчрах ажиллагааг хийх нь зөв. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим тэгж байж хэрэгжинэ. Энэ зарчим Эрүүгийн хуулийн 1.3-д бий. Мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Гэтэл хуульд заасан шударга ёсны зарчим хөрсөн дээрээ буухгүй, зөрчигдөөд байгаа юм. Нэг хэсэг нь гэмт хэрэг хийчихээд эх орноосоо зугтаж, гадаадад сайхан амьдраад байна шүү дээ. Тийм хүмүүсийг эргүүлэн авчирч, шударга ёсыг тогтоодог болмоор байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд анхаарал татсан өөр нэг асуудал нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тухай хөндсөн нь үнэхээр цаг үеэ олсон. Тэднийг хамгаалахаас аргагүй. Арав гаруй жилийн өмнөөс манай улс хөрөнгө оруулагчдад хаалгаа дэлгэж, урьж эхэлсэн боловч олон улсад “Hotel Mongolia” гэдэг нэр хочтой болсон шүү дээ. Энэ бол инээдэм биш. Хөрөнгө оруулагчдыг урьж залж, бизнесийг нь эхлүүлээд, жигдрээд ирэхээр нь эрүүгийн хэрэгт холбогдуулан хөрөнгө, мөнгийг нь дээрэмдэнгүүтээ хөөчихдөг. Үүнээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа навс унаж байгаа юм. Хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй ядуу буурай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, язгуур эрх ашиг баталгаажина. Хөрөнгө оруулагчид орж ирэх тусам манай улсын эрх зүйн байдал, байр суурь сайжирна. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүхэн тэгш эрхтэй байх ёстой гэсэн дээр дурдсан Үндсэн хуулийн зарчим үйлчлэх ёстой. Бид хуульдаа ингэж тунхаглачихаад гадаадын хөрөнгө оруулагчдад хатуурхаж болохгүй л дээ.

-Үе, үе оффшор бүс дэх хөрөнгөтнүүдийн нэр зарлагдахад манай улстөрчид цөөнгүй харагддаг. Гэвч тэд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэсээр ирсэн. Засгийн газрын “5Ш”-ийн ажиллагаагаар оффшор дахь хөрөнгийг эх орондоо татах юм билээ. Хамгийн түрүүнд энэ хөрөнгийг ил болгож, баталгаажуулах нь чухал биз дээ. Гадны улсуудын ямар сайн тогтолцоо байна вэ?

-“Шилжүүлэн авах” ажиллагаагаар оффшор бүс болон гадаадад нуусан хууль бус хөрөнгийг илрүүлэн татан авах ажиллагаа явуулна гэсэн байна лээ. Өнөөдөр үүнийг заавал хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Эрх мэдэлд хүрсэн хүмүүс төрөөс хулгайлсан мөнгөө оффшор бүсэд байршуулаад, эсвэл гадагшаа гаргаад байна. Энэ бол Монгол Улсын тэр дундаа татвар төлөгчдийн мөнгө. Уг нь орлогоо татварын байгууллагад мэдүүлээд явах ёстой байтал хөрөнгөө нуугаад хилийн цаана гаргачихдаг байдлыг таслан зогсоох ёстой. Европын холбоонд оффшор бүсэд байгаа хөрөнгийн мэдээллийг худалдаж авдаг сайн тогтолцоо байдаг. Жишээ нь Бүгд Найрамдах Герман улс Ангела Меркелийг канцлераар ажиллаж байх үед хэдэн удаа ийм мэдээллийг худалдан авч хөрөнгийг нь илрүүлэн, гадаад орноос оруулж ирж байсан. Иймэрхүү маягаар хөрөнгөө нуусан бол буцааж авчраад тэндээс нь татвар авах хэрэгтэй. Харин гэмт хэргийн замаар олсон орлого байвал хөрөнгийг нь хураах үйл ажиллагааг ил тод болгох нь зөв л дөө. Оффшороос хураасан хөрөнгөөр сан байгуулж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлж чадвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт харьяалагдах том гавьяа болно.

-Төрөөс зарласан тендер, худалдан авах ажиллагааг “Шил” ажиллагааны хүрээнд нээлттэй болгоно гэжээ. Бас улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох юм байна. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох нь зөв. Ил тод байх тусам бид төрийн үйлчилгээг хурдан шуурхай авдаг болно. Харин хаалттай орчинд хүнд суртал, авлигын хэрэг улам үрждэг. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоно, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нь чухал асуудал. Гэхдээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоё гэвэл намын санхүүжилтийг улсын төсвөөс 100 хувь өгдөг байх ёстой. Жишээлбэл, 1997 оноос Бүгд Найрамдах Польш улсад улс төрийн намын санхүүжилтийг эхэн үедээ 100 хувь төрөөс санхүүжүүлдэг байсан.

Ингээд 2011 оноос улс төрийн намын санхүүжилт, ил тод ойлгомжтой, намууд нь тогтвортой үйл ажиллагаа явуулах чадвартай болсноор улсын төсвийн санхүүжилтийг 60 хувь болгон бууруулсан. Манай улс ийм маягаар улс төрийн намын санхүүжилтийг ил болгох нь зөв. Тэгэхгүй бол сонгууль болохоос өмнө намууд компаниудаас хандив авдаг, цуглуулдаг. Заримдаа “ногоон гэрлийн” компаниуд гэсэн яриа байдаг.Тухайн нам сонгуульд ялсны дараа нөгөө компани нь албан тушаал, тендер нэхээд ороод ирдэг. Хэрэв “Шилэн” ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадвал ногоон гэрлийн компаниуд байхгүй болохоос гадна улстөрчид барьцаалагдахгүй.

-Авлигын асуудал бол үе, үеийн Засгийн газрын бодлогод байсаар ирсэн. Харин Л.Оюун-Эрдэнийн “5Ш”-ийн төлөвлөгөө авлигыг үндэс сууриар нь таслан зогсоож чадах болов уу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Дээрээс нь АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх эрхийг нь өгчихлөө. Өмнө нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг санал болгож, УИХ-д оруулдаг байсныг хүчингүй болгосон. Тиймээс АТГ-ын даргыг Авлигын эсрэг хуульд заасны дагуу Ерөнхий сайд УИХ-д оруулдаг байх эрхийг нь 2019 оны ҮХНӨ-өөр нээгээд өгчихсөн гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын чиг үүрэгт гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхээс гадна Засгийн газар, Ерөнхий сайдад АТГ-ын даргыг УИХ-д оруулж томилуулах, ТЕГ, ЦЕГ-ын даргыг томилох, чөлөөлөх бүх эрх мэдэл очсон. Урьд хожид байгаагүй сонгодог парламентын засаглалын нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнэд 100 хувь бүрдчихээд байна л даа. Герман, Польш, Японы улсын жишгийн дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүндээ эрх мэдлийг нь өгчихөж байгаа юм. Үндсэн хуулиар ингэж замыг нь нээгээд өгсөн болохоор “5Ш”-ийн ажиллагаа хэрэгжих бүрэн боломжтой. Өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэрэг төрийн дунд, дээд аль ч шатандаа хавтгайрсан. Үүнтэй тэмцэхэд Засгийн газрын дэвшүүлсэн дээрх бодлого үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа.

Яагаад гэвэл сая УИХ 2022 оны 12 дугаар сарын 16-нд Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр хэрэгжих үндсэн суурийг нь тавьчихлаа. Эрүүгийн хуулийн 22.1-д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4-т “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.10-т “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон. Улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд дээрх заалтуудаар авлигын хэрэгт холбогдсон бол ялын санкц нь чангарсан.

Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийдээд байсан юм. Нэг ёсондоо ялыг ялгамжтай оноодоггүй байв. Төрөөс хэдэн арван тэрбумаар нь тооцогдох авлигын хэрэгт холбогдоод гэм буруугаа (хэргээ хүлээвэл) хүлээвэл мөнгөн торгуулийн ял авдаг байсан нь шударга ёсонд нийцэхгүй л дээ. Тиймээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн алба, төрийн өмчийг шүүрдэн цэвэрлэж шимэгчдээс салгах ажиллагаа бодит үр дүнгээ өгч чадна.

Ялын санкцийг чангаруулснаас гадна, УИХ Монгол Улсын шүүхийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) баталж, 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Хоёр шатны шүүхээр буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр маргаан, гол асуудал шийдэгддэг болсон. Ингэснээр шүүхийн процесс түргэссэн. Эрүүгийн процессын хуулиар улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй гээд нэмэлт өөрчлөлт орчихлоо. Тэгэхээр авлига албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт шуурхай шалган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болж ахиц гарсан. Монгол Улс анх удаа авлигатай тэмцэх жил болгон зарлаж байгаа нь сайн хэрэг. Энэ бол аль нэг нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд байхаас үл шалтгаалаад зайлшгүй хийх ёстой ажил.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Дөрөвдүгээр эмнэлгийг төр худалдаж авбал хавдрыг эмчлэхэд хугацаа хожно DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Манай улсад хавдрын өвчлөл замаа алдлаа. Хавдрын эмнэлэг ч ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Та өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төв(ХСҮТ)-ийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ тус эмнэлгийг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт оруулна гэж байсан. Хамгийн ойрын хугацаанд биелэх боломжтой ямар хувилбар байна вэ?

-Ер нь хавдрын эмнэлгийг шинээр барих, өргөтгөх асуудал олон жил яригдаж байгаа. Шийдэл нь хүлээгдсээр л байна. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрчимтэй нэмэгдсэн. Маш ноцтой нь, Монгол Улс хавдрын өвчлөлийн нас баралтаар дэлхийд тэргүүлдэг боллоо. Ийм цаг үед бид хавдрын эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Хавдрын өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор ХСҮТ-ийн ачаалал маш хүнд байдалтай байна.

Миний хувьд Эрүүл мэндийн сайдын ажлыг авамагцаа энэ салбарт тулгамдаж байгаа асуудлууд тэр дундаа хавдрын эмнэлгийн барилгыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхий сайд энэ саналыг дэмжсэн бөгөөд судалж ажиллах чиглэл өгсөн. Ингэхдээ нэгдүгээрт, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан хоёр блок барилгыг төр худалдан авч хавдрын эмнэлгээр авч ашиглах боломж байна уу.

Хоёрдугаарт, Сангийн сайд бид хоёрыг гадаадын зээл тусламжийн хүрээнд хавдрын эмнэлгийн шинэ барилгын асуудлыг шийдэх боломжуудыг судалж, танилцуулах чиглэл өгсөн л дөө. Энэ дагуу миний бие өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-д очиж, нөхцөл байдалтай танилцсан.

Хавдар цаг хугацаа хүлээхгүй. Өдрөөс өдөрт эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа энэ үед цаг хожихын тулд дээрх хоёр шийдлээс хамгийн ойрын хугацаанд биелэх боломжит хувилбарыг сонгох нь зөв. Шинэ эмнэлэг барья гэвэл багадаа 3-4 жилийн ажил болно. Тиймээс ХСҮТ-ийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг шинээр баригдаж буй өргөтгөлийнх нь хамт худалдаж авах хувилбарыг судалсан. Хөгжлийн банкны өрөнд байгаа уг хоёр барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авбал хугацаа хожиж чадна.

-Хэрэв гишүүн асан М.Билэгт зөвшөөрвөл шүү дээ…

-Тэр мэдээжийн асуудал. Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг бариулсан М.Билэгт маань өөрөө Засгийн газарт худалдахыг зөвшөөрөх юм бол хууль журмын дагуу асуудал шийдэгдэнэ. Дөрөвдүгээр эмнэлгийн барилга Хөгжлийн банкны барьцаанд байгаагаас гадна АТГ-т шалгагдаж байгаа. Тэгэхээр тэндээс шинжээч томилоод барилгын үнэ өртгийг нь тогтсон байх. Дөрөвдүгээр эмнэлгийг төр худалдаж авбал 5-6 жилийн хугацаатай график гаргаад Хөгжлийн банкинд төсвөөс өр авлагыг нь барагдуулаад явах боломж бий. Гэхдээ энэ бол шүүхийн шатанд байгаа учраас бас шууд оролцоод авч болох эсэх дээр асуудал гарах байх. Барилгыг худалдаж авахдаа тулбал Хөгжлийн банкныхантай ярилцаж, ойлголтоо нэгтгэх асуудлууд байна. Нөгөөтэйгүүр энэ барилгыг бариулсан хүн нь хувийн хэвшлийнхэнтэй эмнэлгийн чиглэлээр ашиглана гээд гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Иймд гэрээг нь цуцлах боломж бидэнд олдох уу, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр учраа яаж олох нь уу гээд жаахан ярвигтай зүйл байгаа. Энэ бүгдийг хууль номынх нь дагуу зөв шийдээд гарц гаргалгааг нь олчих юм бол төсөвт өндөр ачаалал өгөхгүйгээр хавдрын эмнэлэгтэй болж, хугацаа хожих давуу талтай. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулна.

-Дөрөвдүгээр эмнэлэг хагалгааны оргүй юм биш үү?

-Хөгжлийн банкны зээлээр баригдсан хоёр блокийн нэг нь Дөрөвдүгээр эмнэлэг нэртэй ашиглалтад орчихсон байгаа шүү дээ. Хэвтэн эмчлүүлэх 100 ортой гэсэн. Шахвал 150 ортой болгох боломжтой гэж танилцуулж байсан. Нөгөө блок нь бүрэн баригдаж дуусаагүй. Барилгын ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм билээ. Хагалгааны өрөөнүүд болоод оношилгоо шинжилгээний зориулалттай байр сав нь тэнд бий.

-ХСҮТ одоо байгаа хагалгааны найман ороо 20 болгоход энэ их ачаалал мэдэгдэхүйц буурна гэж Ж.Чинбүрэн гишүүн ярьж байсан. Үүнийг эхний ээлжинд шийдэх боломж байна уу?

-Ер нь хавдрын шинэ эмнэлэг барих юм бол 600 ортой байна гэж төлөвлөж байгаа. Ингэж чадвал хавдрын өвчлөл, эмнэлгийн ачаалал буурах боломжтой. Хэрэв хугацаа хожиж Дөрөвдүгээр эмнэлгийг худалдаж аваад ашиглах юм бол 500-550 ортой болно гэсэн тооцоо байгаа. шинэ эмнэлэг барьсан, одоогийн баригдсан байгаа хоёр блок барилгыг аваад ашиглана гэх юм бол ийм хэмжээний орны нөөц боломж гараад ачаалал буурна.

-Хэрэв шинэ эмнэлэг барих бол хөрөнгө санхүүгийн асуудлыг нь яаж шийдэх вэ?

-Улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэж хичээсэн хугацаа их орно. Өртөг ч их гарна. Нэг давуу тал нь Улаанбаатар хотоос зүүн тийш Чулуутын аманд газрын асуудал нь шийдэгдсэн юм билээ. Манай яаман дээр зураг төсөл нь хийгдэж байгаа. Урьдчилсан байдлаар 140 тэрбум төгрөгөөр баригдах тооцоотой. Үүн дээр тоног төхөөрөмжүүд нэмэгдээд нийтдээ 170-180 тэрбум төгрөгөөр хавдрын шинэ эмнэлэгтэй болох урьдчилсан прогноз байна. Гэхдээ үүнийг ирэх жилийн төсөвт тусгаад явах юм бол дахиад 3-4 жилийн хугацаа шаардана.

-ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байдгаас болж иргэд хувийн эмнэлэгт өртөг өндөртэй оношилгоо шинжилгээ хийлгэдэг. Сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдах боломж байна уу?

-Австрийн засгийн газраас хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилттой 10 сая ам.долларын төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд хавдрын эмнэлэгт шаардлагатай байгаа MRI, компьютер томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ. Мөн химийн эмчилгээний шинэ технологи оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, шугаман хурдасгуур гээд яг хавдартай цэгийг оношлоод тэнд нь химийн туяа эмчилгээ хийдэг шинэ технологи. Иргэдийн зүгээс ХСҮТ улсын эмнэлэг байж зарим оношилгоо шинжилгээг хувийн эмнэлгээр хийлгэдэг гэсэн шүүмжлэл ирдэг. ХСҮТ-ийн амбулаторит 2019 оноос “Медпортал” гэдэг хувийн оношилгооны эмнэлэг 190 ам.метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. ХСҮТ компьютер томографаар оношилгоо шинжилгээ хийх боломжгүй учраас иргэд бүх төлбөрөө хувиасаа гаргаж дээрх эмнэлгээр үйлчлүүлдэг. Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх учраас хавдрын урдаа барьдаг ганц төв нь оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах ёстой. Дээрээс нь эмнэлгийн байр сав хүрэлцээгүй, ачаалал ихтэй байгаа учраас “Медпортал” эмнэлэгтэй байгуулсан гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгсөн.

-Оношилгооны тоног төхөөрөмжүүд бэлэн болсны дараа талбайгаа суллах асуудал яригдана биз дээ?

-Тэгэлгүй яахав. Өнөө маргаашдаа хувийн эмнэлгийг гаргачихгүй. Манай төслийн хүрээнд ирэх тоног төхөөрөмж тендер зарлагдаад ямар хугацаанд эмнэлэг MRI-тай болохоор байна вэ, тэр хугацаатайгаа уялдуулаад хувийн эмнэлэгтэй байгуулсан гэрээг цуцалж, өрөө тасалгааг суллана.

-Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэллээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Монгол Улс дотооддоо оношилж, эмчилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталчихсан байдаг юм байна. Гэсэн атлаа тэдгээр өвчнөөр шаналж байгаа иргэддээ үзүүлдэг тусламж үйлчилгээ дэмжлэг гэж үндсэндээ байхгүй. Гадаадад эмчлүүлээд ирэхээр нь бичиг баримтыг нь үзэж байгаад эмчилгээний зардлынх нь гүйцэтгэлийн ердөө тавхан хувийг Эрүүл мэндийн сайдын багцаас өгдөг юм байна. Нэгэнт дотооддоо оношилж, эмчилж чадахгүй гээд төр өөрөө шийдвэр гаргачихаж байгаа бол тэдгээр өвчнөөр шаналж буй иргэддээ тодорхой хэмжээгээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх шаардлагатай. Би ажлаа авмагцаа яамны харьяанд ажилладаг томоохон төрөлжсөн эмнэлгүүдийн дарга нарт үүрэг өгсөн. Дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх технологи, эмнэлзүйг нь оруулж ирвэл туршилтын хугацааны зардлыг ЭМДС-гаас гаргана. Нутагшаад үр дүнгээ баталгаатай өгдөг болсон нөхцөлд санхүүжилтийг ЭМД руу шилжүүлдэг байх юм. Тиймээс тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй Тусгай сангийн тухай хуульд архи, тамхи, эмийн импортын гаалийн татварын 1-2 хувийг ЭМДС-д төвлөрүүлдэг. Энэ сангаасаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа хийхэд зориулж болно гэсэн заалт бий. Тэгэхээр ЭМДС-д жилд 11-12 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа. Гэтэл Сангийн яам жилд ердөө хоёр тэрбум төгрөг баталж суулгаж өгдөг юм байна. Өнөө жилийн төсөвт бас ЭМДС-д хоёр тэрбум төгрөг хуваарилсан. Энэ тухай Сангийн сайдтай уулзаж, нөхцөл байдлыг танилцуулахдаа “Монголдоо 26 төрлийн өвчнийг оношлох технологи, эмнэлзүйн аргыг оруулж ирэх шаардлагатай байгаа зардлыг ЭМДС-гийн зарцуулалтад нь өөрчлөлт оруулах замаар шийдэх хэрэгтэй байна. Харин та нар онцгой татварынхаа хуулийн дагуу ЭМДС-д 11-12 тэрбум төгрөгийг бүтнээр нь суулгадаг байх асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Сангийн сайд энэ саналыг дэмжсэн. Тиймээс бид Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЭМДС-гаас 26 төрлийн өвчнийг оношлох технологи, эмнэлзүйг Монголд нутагшуулахад шаардлагатай зардлыг нь ЭМДС-гийн хөрөнгөөс зарцуулъя гэж байгаа юм.

-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг зарим улсууд ЭМДС-гийн хөрөнгийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдсан?

-Үүнийг буруу ч гэж хэлэхгүй. Гэхдээ эрүүл мэнд гэдэг бол нийгийн эрүүл мэнд болон урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал цогцоороо багтана. Тэгэхээр ЭМДС-гийн хөрөнгийг ганцхан нийгмийн эрүүл мэндийн асуудалд чиглүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Нөгөө талдаа эмнэлэгт тусламжийнхаа тодорхой хэсгийг зарцуулахад болохгүй юм байхгүй. Ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бол эрүүл мэндийн салбарын суурь асуудал. Бид өвчилсөн хойно нь оношилж, эмчлэх биш. Харин өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авах ёстой. Манайд нийгмийн эрүүл мэндийн асуудал хамгийн их орхигдож байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тухай цоо шинэ анхдагч хууль боловсруулж, хаврын чуулганд оруулахаар ажиллаж байна. Ер нь иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадах юм бол урт удаан наслах боломж бий. Тэр утгаараа Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль бол манай яам дангаар хариуцах асуудал ч биш. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Спортын яаманд ч хамаатай. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд орчны болоод агаарын бохирдол зэрэг асуудлууд ч орно шүү дээ. Салбар хоорондын зохицуулалт шаардсан суурь хуулийг хаврын чуулганд оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжихэд нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоог зохицуулсан, иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье. Хүүхдэд аль багаас нь эрүүл мэндийн боловсрол олгодог байх асуудалд онцгой анхаарах бодолтой байна. Манай салбарт үгүйлэгдэж буй бас нэг чухал асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт. Иймд эрүүл мэндийн салбарт баримтлах үйлчилгээний стандартыг боловсруулж, нэн даруй батлуулж мөрдүүлэх хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам ард түмний нийслэлийг нүүлгэх эрхтэй юу? DNN.mn

Орхоны хөндий бол тэр чигээрээ түүх, соёлын дурсгалт газар. Нийслэл Улаанбаатар хотоос 360-аад км алс энэ нутагт олон зууны турш талын нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрнүүд төвхнөж байв.Эртний нотолгоо нь VIII зууны үед Түрэг угсаатан оршин тогтнож байсныг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Билгэ хаанд зориулсан Руни бичээстэй чулуун хөшөө, эд зүйлс зэргийг археологичид нээж тогтоосон юм.Тэр утгаараа туркүүд Орхоны хөндийд анхаарлаа хандуулж ирсэн. Хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд туркүүд Хархорин-Хөшөө цайдамын автозамыг тавьж өглөө гээд сүйд болцгоож байсан нь саяхан. Бас болоогүй хэдэн хөшөө дурсгалыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, өөрсдийн хөрөнгөөр Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэцгээж байв.Тэд өвөг дээдсээ нутаглаж байсан хэмээн хүндэтгэж монголчуудад бүтээн байгуулалт өрнүүлж өгөх юм байна гэсэн ойлголтыг нийгэм аваад байв. Тэгтэл энэ нь сүүл рүүгээ улсын нийслэлийг зөөх асуудал болж хувирлаа.

Ардын намынхан ард түмний нийслэлийг Хархорин руу нүүлгэх тухай хулгайгаар яриа гаргах болов. Энэ яриа гэнэт өнөөдөр ч үүсчихсэн юм биш. Мэдээж, үүнийг ард түмэн зөвшөөрөхгүй гэдгийг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бас Үндсэн хууль зөрчинө гэдгээ мэдэж байгаа. Үндсэн хуульд улсын нийслэл бол Улаанбаатар хот байна гээд хоёргүй заагаад өгчихсөн байгаа. Ийм хулгай луйвар гарахыг сум нэгдлийн хашир дарга нар таамаглаж ч байсан биз. Эд нар юу гэж нийт массын анхаарлыг өөрсдөдөө наахыг хүсэхэв. “Шинэ Хархорин хот бол Монгол Улсын нийслэл болно шүү” гэж цочирдом мэдэгдэл хийхгүй. Иймд өөрсдийнхөө мөрөөдөл, зорилгыг түмэн олноор хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн дэмжлэг авахын тулд аядуухнаар эхлүүлсэн.Айлын хөрөнгөөр Орхоны хөндийгөө тохижуулаад шинэ суурьшлын бүс болгон томруулах боломжтой мэтээр ярьдаг байв.Улаанбаатарын хүн, машин нь багталцахгүй боллоо, яаралтай шинэ суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Улаанбаатар бол хүн амьдрахад хамгийн ээлгүй муу хот гэж төрд гарсан хүн бүр сүүлийн жилүүдэд ам ангайх тоолондоо хэлдэг болов.Хамгийн түрүүнд дагуул хот байгуулах ёстой, худалдааны төвүүдээ хотоос гаргая гэдэг шийдэл бол зүгээр жижүүрийн яриа болсон.Тэрийгээ ч тэгж шийднэ, энийгээ ч ингэж хөгжүүлнэ гээд гоё, гоё хөгжлийн загварууд их ярина.Даанч хэрэгждэггүй.Хэрэв биеллээ олдог бол манай улс бурхан бумбын орон болчих ёстой л доо.

УИХ-аас саяхан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг яаралтай горимоор батлав. Төсөл нь ч шуурхай бэлэн болчихно лээ.Өнгөрсөн зун УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн хэдэн гишүүн Орхоны хөндийгөөр баахан явж, газар нутагтай нь танилцсан.Гурван аймгийн найман сумын нутгийг хамарсан энэ хөндийд хангайн бүсийн тулгуур төв болох шинэ Хархорин хот байгуулна гэж байлаа. Төд удалгүй төсөл бичигдээд өрөнд баригдаж билээ. Нүүрсний хулгайн асуудал эд өндрөө авч, жагсаал цуглаан нийгмийн хамаг анхаарлыг татаж байсан үе л дээ.Судлаад үзтэл МАН-ын улсын хөгжлийн бодлогын зорилтыг тодорхойлохдоо 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж хэдийнэ төлөвлөчихсөн байж. Өнгөн дээрээ шинэ нийслэл байгуулна энэ тэр гэж огт дурдаагүй. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон гол дагуу сунасан тэр уужим хөндийг суурьшлын бүс болгосноор түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, валют олдог уурхай болох мэтээр тайлбарлаж байсан сан. Сүүлдээ хараад байсан чинь тэнд Ерөнхийлөгчийн ордон барина гээд сүйд болоод явчихлаа. Алсуураа Монгол Улсын нийслэлийг нэг бол тийш нь нүүлгэх, эсвэл улс нийслэлээ хоёр хуваах маягтай бодлого бололтой. Тэнд Ерөнхийлөгчийн тусгай ордон барих юм гэнэ үү. Тусгай ордон нь Туркийн мөнгөөр босно. Төрийн тэргүүн гэж нэг хүн гадаадын мөнгөөр баригдсан хотод зургаан жил тарвалзах юм байх.Ганцаараа ч очихгүй, төрийн захиргааны баахан улсуудыг дагуулахаар янз бүрийн л хувилбарууд ярьцгааж буй аж. Бас болоогүй, Төрийн тэргүүн Ерөнхий сайд хоёр тусдаа ажиллаж болдоггүй юм байна гээд Засгийн газраа дэргэдээ аваачина. Тэр үед юу болох вэ, та нар бод доо. Ерөнхийлөгч, Засгийн газаргүй Улаанбаатар хот засуулсан азарга шиг л болно. Ямар ч сүнс сүлдгүй, хийморьгүй хот болж хувирна.Хархорин хотыг байгуулчих л юм бол эхлээд Төрийн гурван өндөрлөг, нийслэлийн засаг захиргаа, 76-тайгаа очсон байхад бусад нь албан бусаар цуварч нүүсээр тэнд очиж л таарна гэсэн тооцооллыг эрх баригчид сэдсэн юм уу даа.Уучлаарай, ийм эрх Ардын намд байхгүй шүү.

Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн гэж тодоос тод нэрлэсэн байгаа.Үндсэн хуулийн заалтыг дураараа өөрчилж эвдэх эрх хэнд ч олгоогүй. Хуучин эрх мэдэлд хүрсэн болгон нь “Нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьдаг байсан. Тэр үед хэн ч тэднийг Үндсэн хууль зөрчлөө гэж чичилж байгаагүй. Гэвч улсынхаа нийслэлийг нүүлгэх нь Үндсэн хуульд харш юм байна гэдгийг анзаарч мэдсэн даруйдаа тэд өөрсдөө чимээгүй болдог байсан. Улаанбаатараараа оролдож дураараа авирлавал улстөрч ч, нам ч тэр дорхноо нэр хүндээ алдаж улс төрийн карьер нь дуусах юм байна гэж мэддэг байсан болохоор тэр юм. Тэгвэл одоо МАН-ын арга улам бүр нарийсчээ. Ард түмний гараар могой бариулахаар санаархаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ҮХНӨ-ийг явуулахаар Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар эхлүүлэх гэж байгаа. Иргэдийн саналыг авах асуулгадаа Улаанбаатар гэдэг нэрийг сугалж хаяхыг санаархаж, Орхоны хөндий рүү нийслэлээ зөөхөөр мөрөөдөж байна. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэд, ард түмэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Улсын нийслэл Улаанбаатар хот бол монголчууд бидний тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын дархлаа юм. Монгол Улсын эдийн засгийн гол цөм нь энд бий. Нийслэлийн засаг захиргаа, яам тамгын газар, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиуд бол Улаанбаатар хотын эдийн засаг гол тэжээгч амин судал нь юм. Тэгвэл нийслэлээ нүүлгэчих юм бол Улаанбаатарыг тэтгэж, босгож байх цусны эргэлт зогсоно. Яагаад гэвэл, одоо бидний амьдарч байгаа энэ нийслэлд маань ганц олигтой үйлдвэр байх биш ямар ч мөнгө үлдэхгүй. Тэгэхээр Улаанбаатар нийслэлийн статусаа алдвал хэдэн ядуус шавсан, навсайсан, хаягдсан хот болж хувирна. Монголын түүхэнд анх удаа сая гаруй хүн амтай болж чадсан энэ том хотыг устгах эрх МАН-д байхгүй. Улаанбаатар хотоо алдаж байхаар МАН-ыг татан буулгаж устгасан нь монголчуудад хамаагүй ашигтай биз ээ.

Төрийн тэргүүн гэдэг хүнд Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зүтгэнэ гэж ард түмэн итгэж, найддаг. Тиймээс У.Хүрэлсүхийг зургаан жилМонгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгээрэй гэж сонгосон болохоос нийслэлийг нь устгаж, өөртөө эрх ямба нэмээд дарангуйлагч ноён болж тусгаарла гээгүйг мартчихаа юу. Хэрэв ингэж ажиллаж чаддаггүй юм бол Төрийн тэргүүнийхээ суудлыг сайн дураараа өгөөд яв л даа. Ямар явж сураагүй биш, УИХ-ын гишүүн байхдаа хариуцлагаас зугтаад бүрэн эрхээсээ татгалзаж байсныг чинь ард түмэн санаж л байгаа.

Ер нь Улаанбаатар хотыг устгаж яасан ч болохгүй. Гэхдээ мөнгө ямар хүчтэй билээ дээ. Гадны хөрөнгөөр Хархорин нэртэй шинэ хот хурдан бий болж магадгүй байна. Далдуур тэнд Түрэг улсын нийслэл гэж байгуулах шинжтэй байж ч мэднэ.Хэдэн жилийн дараа Түрэг нь Турк болоод өөрчлөгдөх вий. Тэгвэл Турк нь манай байгуулсан хот гээд биднээс авчихыг ч үгүйсгэх газаргүй юм. Хархорины хийрхэлээс харахад эрх баригчид иймэрхүү маягтай улс төрийн буруу нүүдэл хийгээд байна.Тэд үнэхээр ажил хийж чаддаггүй хүнээр буюу гадны бэлэн тусламж гэдэгт найддаг учраас ийм буруу замаар эрх мэдэл ноёлох санаархалаа бодит болгож мэднэ. Ядаж л Яармагийн нүхэн гарцыг бүтэн жил яриад бараагүй юм чинь бүхэл бүтэн хот байгуулна гэхээр хүмүүс тоохгүй байсан. Даанч сүүлийн үед Улаанбаатараа тойруулаад дагуул хотууд сүндэрлүүлнэ гэдэг яриа намжаад байсан нь гадны мөнгөөр шинэ нийслэл барьж өөрсдөө утаа түгжрэлээс ангид диваажинд заларч ард түмнийг өмхий утаа улаан түгжрэл дунд нь хаях гээд инээд алдан гараа үрчээд сууж байсан юм байна л даа.Ганц байгуулсан ард түмний нийслэл Улаанбаатараа устган байж барих Хархорин хот чинь манай нийслэл болох уу, Туркийн нийслэл болох юм уу эрх баригчид аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: НӨАТ-ыг 100 хувь буцааж өгснөөр хар зах зээл, авлигыг устгах том хөшүүрэг болно DNN.mn


Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-НӨАТ-ын буцаан олголт 2016 онд хэрэгжсэнээс хойш эдийн засагт ямар нөлөө үзүүлэв. Үр дүнг нь та яаж харж байна вэ?

-НӨАТ-ыг манайх 1998 оноос хэрэглээд, 2016 он хүртэл буцаан авалтгүй шууд журмаар явж байсан. Ингээд 2016 оноос НӨАТ-ын 2 хувийг иргэндээ буцааж өгдөг болсон. НӨАТ гэдэг бол ажил үйлчилгээг орлого олж байгаа цэг болгон дээр нь бүртгэж авдаг систем. НӨАТ-ын хуулийг 2015 онд боловсруулж байх үед Монгол Улсад 1600 кассын машин байсан. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа баталсан кассын машин ашиглах хууль хэрэгжсэн царай энэ юм. Тухайн үед банкны АТМ 14 мянга байсан. Бид анх АТМ-тай НӨАТ-ын системээ холбох саналыг Банкны холбоонд тавихад тоогоогүй. Ингээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэллээ. Шинэ нөхцөлөөр иргэндээ тухайн төлсөн татварынх нь 2 хувийг буцааж өгдөг болсон. Ингээд кассын машин эхний хоёр жилдээ 200 мянга болж өссөн. Өнөөдөр энэ тоо 400 мянгад хүрсэн. Худалдаа ажил үйлчилгээ өгч байгаа цэг болгон дээр НӨАТ хэвлэдэг машин байна шүү дээ. НӨАТ-ын систем хэрэгжсэн эхний жил 47 их наядыг тэмдэглээд тухайн үед иргэдэд 71 тэрбумыг буцаан олгосон байдаг. НӨАТ-ын буцаан авалтад 500-гаад мянган иргэн хамрагдаж байв. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 600 сая талоны 97 их наяд төгрөг тэмдэглэгдэж байгаа юм. Тэгээд НӨАТ-ын системийг иргэнд буцаан авалт, нэмээд сугалаа өгөх маягаар идэвхжүүлснээр Монголын гурван сая иргэн бүгд татварын байцаагчийн ажлыг хийдэг болсон. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ системдээ дараагийн алхмыг хийх байсан. Гэтэл дараагийн алхмыг МАН-ынхан хийж чадахгүй байгаа.

-Дараагийн алхам нь юу вэ?

-Дараагийн шат бол мөнгөн сууриндаа орох ёстой. Нэг ёсондоо компаниуд ажил үйлчилгээгээ өгчихөөд мөнгө нь ирээгүй байгааг НӨАТ-ын орлого ороогүй гэж тооцно. Мөнгө нь орсон үед л тэрийг орлого гэж тооцно. Ингэж чадвал энэ нь дараагийн дэвшил. Даанч манай Сангийн яамныхан үүнийгээ одоо болтол мэдэхгүй байна л даа.

-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ямар боломжууд байдаг юм бэ?

-Ер нь дараагийн шатны дэвшлийн хүрээнд хийх ёстой хоёр дахь ажил энэ байх ёстой. Одоо иргэддээ НӨАТ-ын 20 хувийг буцааж өгч байна шүү дээ.

-Юу вэ хоёр хувь биз дээ?

-Манайхан хоёр хувь гээд буруу бичээд байдаг юм. Энэ тухай би дараа нь тайлбарлана. Одоо 20 хувь гэдэг дээрээ тогтоод хэлэхэд үүнийг 60, 70, 80, 100 хувь буцааж өгөх бололцоо байгаа. Яагаад гэвэл энэ системээрээ мөнгөний хөдөлгөөнийг бүртгэж чадаж байна. Тэгэхээр хар зах зээлийг илрүүлье гэвэл тэнд байгаа НӨАТ-ыг ахиу буцааж өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, орон сууц худалдаж авсан хүн НӨАТ-аа 100 хувь буцааж авдаг болбол барилгын салбарын бүх тооцоо гараад ирнэ. Уул уурхайн компаниуд алтаа дутуу тушаасан байна гээд байнга хардалт, сэрдэлт дагуулдаг. НӨАТ-ын асуудал дээр зохицуулалт хийвэл үнэн зөвөөр гараад л ирнэ. Энэ мэтчилэн дараагийн түвшний ажлуудыг энэ системийг анх нэвтрүүлсэн хүний хувьд хүлээгээд л байгаа юм. Гэтэл манай татварынхны өнөөдрийн байгаа арчаагүй байдал нь энэ сайхан “big data”, 400 мянган нэгж дээр бүртгэл хийж байгааг ашиглаж чадахгүй байна. Зөв зүйлд ашиглахаасаа урьдаар ХХОАТ-ыг 25 хувь болгоно гэх юм. Арай хийж 10 хувийн татвараа өгч байхад 25 болгож нэмэгдүүлээд яах юм бэ. Үүний оронд иргэндээ НӨАТ-аа буцаагаад өгчих. Яг үнэндээ бидний хийсэн систем бол улсын нийтийн санд мөнгө хуримтлуулалтыг маш сайн хийж өгсөн. Энэ бол дэлхийд үнэлэгдэх гайхамшигтай ажил юм шүү.

-Цар тахлын үед ч татварын орлого давж биелсээр ирсэн. Гэвч нөгөө талдаа авлига хэрээс хэтэрлээ шүү дээ…

-Хяналт байхгүйгээс болж хичнээн мөнгө цуглуулж өгсөн ч гэсэн ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудал үүслээ. Өндөр албан тушаалтнууд макро түвшинд явагдаж байгаа мөнгөний зарцуулалтыг дур мэдэн хийж, иргэдийн хяналтгүй байгаагийн хамгийн том жишээ. Би мөнгө цуглуулдаг системийг нь нэвтрүүлсэн. Буцаад зарцуулалт дээр хянах систем санал болгохоор огт хүлээж авахгүй байгаа. Хамгийн наад зах нь төсөвт хяналт тавихдаа НӨАТ ашиглаач гэхээр лав МАН-ынхан 2016 оноос хойш хөдөлсөнгүй. Ерөнхий сайд, Сангийн сайд нар татварын талаар мэддэггүй юм билээ.

Шийдэл нь төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцаагаад авчих гэж байгаа юм. Яг үнэндээ НӨАТ-ын буцаан олголтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субьект хүртэж байгаа. Иргэндээ 2 хувийг нь буцааж өгсөнөөрөө нийт бүртгэлийн системээ хийгээд авлаа. Буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь тухайн Ерөнхий сайдын өөрийнх нь ухааны асуудал. Төрийн худалдан авалт дээр төр 100 хувь НӨАТ буцаагаад авчих юм бол тухайн төсөвт байгууллагын дараа жилийн төсвийнх нь суурь мөнгө болно гэсэн үг. Жишээлбэл, 7.7 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ гэж тооцоход 700 тэрбум нь НӨАТ байгаа. Хэрэв 700 тэрбум төгрөгөө гүйцэд авч чадахгүй бол тэр байгууллага өөрөө хохирно. Тиймээс ажил үйлчилгээ хийлгэчихсэн, тендерт орсон бүх компаниас баримтаа 100 хувь шаарддаг болох юм. Үүгээрээ төр цэвэрших систем бий болно. Нийтийн мөнгийг нийтэд зарцуулж байгаа үйл явцыг хяналттай байлгах ийм сонирхол эрх баригчдад даанч алга. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мөнгөн сууриа бүртгэвэл амар болно. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд маань байгаагүй орлогоосоо НӨАТ төлөөд байдаг шүү дээ. Мөнгө нь орж ирээгүй байхад сар бүр НӨАТ төлөөд явсаар байгаад өрөнд орчихдог. Тэгэхээр аж ахуйн нэгжийг мөнгөн суурьтай болгох хэрэгтэй.

-Гааль импортоор орж ирсэн бараанд татвар авдаг. Дээрээс нь НӨАТ аваад байх юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хувьд орлого нуух, нөгөө талдаа гаалийнхны авлигын эх үүсвэр болдог гэх юм билээ. Үүнийг шийдэх ямар гарц байж болох вэ?

-Манай гаалийн орлогын 80 хувийг нь НӨАТ бүрдүүлж өгдөг. Гэхдээ энэ бол аль 1990-ээд оны бүдүүлэг систем. Гааль гэдэг байгууллага гаалийн ажил үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа хувьд татвараа аваад явуулах ёстой. Харин татварын ерөнхий газар нь НӨАТ авах ёстой байдаг. АНУ гэхэд НӨАТ байхгүй. Гэхдээ худалдааны татвар нэртэй НӨАТ-ын нэг хувилбар 1972 оноос хойш хэрэгжиж байгаа. Тэнд импортын бараа ирлээ, бөөний цэгээс дэлгүүр авч явсан үнээс нь гурван сарын дараа худалдааны татварын бүртгэл хийх эрх нь нээгддэг юм. Энэ бол мөнгөн суурийн хэлбэр. Гэхдээ нэг чингэлэг бараа ирээд сүүлчийн бараа зарагдмагц тухайн татвар нийтийн дансанд орох ёстой. Гэтэл манай гаалийнхан түрүүлээд НӨАТ-ыг нь авчихдаг. Нөгөө бараа зарагдсан, зарагдаагүй нь хамаагүй. Өнөөдөр гаалийн байгууллага таван их наядын орлого орууллаа гэхэд дөрвөн их наяд нь НӨАТ-аас бүрдэж байна. Тэгээд гааль дээрх татварын цаана асар их мөнгөний эргэлт бий болж байгаа учраас авлига татрахгүй байгаа юм. Зөвхөн гаалийн татвараа өгөх юм бол аж ахуйн нэгжүүд авлига өгч, орлогоо нуухгүй. Одоо бид ухаалаг татварын систем рүү ормоор байна. Манай татварынхан нийтийн санг арвижуулдаг систем рүү ажиллахын оронд цугларсан датагаар хувь хүн, аж ахуйн нэгжийг хянаж шалгах, боож хаах, дарамтлах, авлига авах ажлаа л хийж байгаа юм. Иргэнийхээ аж ахуй эрхлэх, эдийн засгийн эрх чөлөө рүү нь алхам, алхмаар хурдтайгаар халдаж эхэлж байна.

-НӨАТ-ын буцаан олголт 2 биш 1.6 хувь байжээ гэх яриа байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Би дээр хэлсэн. Манайхан хоёр хувь гээд буруу яриад байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын 1.7 хувь гэсэн үг л дээ. Жишээлбэл, тухайн орлого дээр НӨАТ нэмээд 110 төгрөг боллоо гэхэд арван төгрөгийнх хоёр төгрөг нь буцаагдаж байгаа шүү дээ. Нийт 110-аасаа ингээд бодохоор 1.6 хувь гэж харагдаад байгаа юм. Арифметикийн будилаан гэх үү дээ. Ер нь бизнесүүдийг салбараар ангилаад хөдөө орон нутгаар нь ангилчих хэрэгтэй. Махны үнэ нэмэгдэхэд ченжүүдийг бид барьж чадахгүй байгаа шүү дээ. Тэнд багадаа нэг их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүнийг илрүүлье гэвэл махны НӨАТ-ыг зуун хувь буцаагаад өгчих. Энэ бол хар зах зээл, авлига хоёрыг устгадаг том хөшүүрэг. Өнөөдөр Улаанбаатарт бизнесийн 67 хувь нь төвлөрч байна. Улаанбаатараас ажил үйлчилгээг гаргая гэж байгаа бол НӨАТ-ыг нь 100 хувь буцаагаад өгч болно. Тэгвэл иргэд Налайх юм уу Урьхан руу очоод ажил үйлчилгээ авчихаж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

И.Мөнхжаргал: Бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна DNN.mn

АН-ын генсек И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын эв нэгдлийн асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн хэвээр байна. АН-ын төв байгууллага ҮБХ-ны олонх Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Гэтэл нөгөө талд С.Эрдэнэ цахим санал хураалт явуулж Д.Ганбатыг намын дарга болсныг мэдэгдэв. Улсын дээд шүүх тэдний хэнийг нь намын даргаар бүртгэж авах вэ. Хоёр тал өөрсдийгөө хуулийн зөрчилгүй гэж тайлбарлаад байгаа?

-АН-ын эв нэгдлийн тухай хүн бүр ярьж байгаа нь сайн хэрэг. Намын гишүүд, дэмжигчид бүгд л хаа хаанаа намынхаа эв нэгдлийн асуудлыг хэлэлцээд явж байгаа. Гэхдээ нэг зүйлд бүгдээрээ төвлөрч ойлгох ёстой.

Эв нэгдэл гэдэг бол хэн нэгэн дарга сонгох тухай асуудал биш. Өмнөх олон удаагийн алдаагаа дахин, дахин давтаад байна. Улсын дээд шүүхээс долоон удаа буцаагдсан шийдвэрт “Нэгдэж нийлээд нэг л даргаа сонгоод ирээч ээ” гэдэг ганц тайлбарыг өгсөөр ирсэн. Үүнийгээ бүгд ойлгосон хэрнээ өөр өөрсдийнхөө үйлдлийг зөв гэж яваад байгаа юм. Одоо Дээд шүүхэд Л.Гантөмөр, Д.Ганбат нарын материалыг хүргүүлсэн нь ч хариу нь ойлгомжтой гарна. АН дотооддоо асуудлаа шийдээд, нэгдэж нийлээд нэг хурлаа хийгээд нэг хүнээ даргаараа сонгоод аваад ирээч ээ гэсэн хариугаа давтаж өгөх нь ойлгомжтой болчихоод байна. Ийм байхад намынхаа нэр хүндийг улам унагааж, даргын төлөө тэмцэл явуулаад хэрэггүй юм. Уг нь зөвшилцлийн ширээний ард бүгдээрээ суугаад нэгдэж нийлээд нэг даргаа сонгосон бол үр дүнд хүрэх байлаа. АН эвлэж нэгдэж байж эрх баригчдын дураараа авирлалтыг сөрөх хүчин байх болно.

-Л.Гантөмөрийг сонгоход ҮБХ-ны гишүүд бүгдээрээ намын эв нэгдлийг хангуулъя гэж санал нэгтэйгээр ээлжит бус Их хуралдаа оролцсон юм биш үү. Тухайлбал, танай зүгээс Эв нэгдэл ажлын хэсэгт орж ажилласан уу. АН-ын эв нэгдлийн гарц шийдлийг та юу гэж харж байна вэ?

-АН-ын дүрмийн дагуу намын бүх гишүүд хамтарч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдэх гарц байгаа. Түүнээс тус тусдаа хэсэг бүлгээрээ хуралдаж, нөгөө хэсэг нь оролцохгүй гээд гэдийчихээр хэдэн ч удаа эв нэгдэх ажлыг эхлүүлсэн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Ганц шийдэл нь хамтарч асуудлаа шийдэх. Үүний төлөө ажлын хэсэг гарч ажиллаад хоёрдугаар сарын 18-нд намын Их хурлаа товлоод, тэнд бүгдээрээ цуглаж, асуудлаа тал бүрээсээ ярилцах ёстой. Шаардлагатай бол намын даргаа сонгоод явъя гэдэг гарцыг яриад байна л даа. Энэ санаачилгад бүгд нэгдэж нийлэхгүй, тус тусдаа хуралдаад байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож байна. Бид ямар нэг зүйлийг намын гишүүдийн оролцоон дээр хамтарч шийдэхгүй бол Улсын дээд шүүх дээр очоод “Дотоод асуудлаа шийд. Хамтарч хуралдаад ир” гэдэг хариултыг олон удаа сонссон. Тиймээс хамтарч нэгдэхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Одоо Дээд шүүхэд намын даргын материалаа өгсөн хүмүүс сарын дараа хариугаа авна. Ингээд намын эвлэж, нэгдэх асуудал дахиад л хойшлогдоно. АН эрх баригчдын тоглоом болж байна.

-Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд АН хоёр талд бужигналаа. Энэ бол улс төрийн намын хувьд урт хугацаа. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад АН эв зүйгээ олохгүй байгаа нь харамсалтай. Ойрын өдрүүдэд ээлжит бус сонгуулийн тов яригдаад эхэлсэн байна шүү дээ …

-Мэдээж энэ тов үнэн байвал АН-ыг хүчгүй, олон хэсэг болгох нь эрх баригчдын зорилго. Намын гишүүдээ харахаар эрх баригчдын тоглоом болоод байгаагаа ойлгох хэмжээний хүмүүс байдаг. Эсвэл барьцаалагдчихаад ингээд тийчлээд байдаг юм уу.

-АН-ын тамганы асуудал байнга яригддаг. Тамга тойрсон хэрүүл хэзээ эцэслэгдэх вэ?

-Манай намын тамганы асуудал анхан шатны шүүх дээр маргаан үүсгэсэн хэвээр байгаа. Давж залдах шатны шүүхэд очсон боловч бүх асуудал нь анхан шат руугаа буцсан. Процессын хувьд ийм байна.

-Та бүхний зүгээс ирэх сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ танилцуулсан. Энэ үйлдэл танай намд дахиад маргаан дагуулсан асуудал болохгүй юу?

-АН-ын зүгээс ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй залуу боловсон хүчнүүдээ нийтэд таниулах нь улс төрийн намд байдаг л хэвийн үйл ажиллагаа. Энэ нь сонгуулийн маргаашнаас л хийгдэж байх ёстой ажил. Ер нь сонгуульд оролцох шийдвэрийг намын төлөөллийн төв байгууллага гаргаж, нэр дэвшигчээ анхан, дунд шатны гишүүдээрээ хэлэлцүүлж, баталгаажуулаад Сонгуулийн ерөнхий хороо руу хүргүүлдэг. 2020 оноос хойш манай намын даргын суудал онгорхой байгаа шүү дээ. Гэхдээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгуульд оролцсон. Одоо орон нутгийн сонгуульд ч манайхаас хүн өрсөлдөх нь нээлттэй. Энэ бол даргатай холбоотой асуудал биш юм. Намыг төлөөлөх эрх бүхий байгууллага нь байгаа учраас хуралдаанаараа шийдвэрээ гаргаад сонгуулийн хуульд нийцсэн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэхэд хүлээж авна. Харин аль талыг нь хүлээж авах вэ гэдэг маргаан үүсч магадгүй.

Ер нь манай намын маргаан удирдлагын түвшинд болоод байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймагт нэр дэвших хүсэлтэй гурван залуу байлаа гэхэд тэдэнтэй маргах ямар ч удирдлага байхгүй. Тэгэхээр АН сонгуульд оролцох л юм бол нэр дэвшигчид нь тойрог дээрээ танигдах, юу хийх нь үүрэг.

-Сөрөг хүчингүй эрх баригчид юу хүссэнээ дураараа хийж болдгийг ард түмэн харж байна. Жишээлбэл, хэд хоногийн өмнө Н.Учрал гишүүний санаачилсан цахим хууль гэрлийн хурдаар батлагдаж, олон нийтийн амыг үдэхийг санаархлаа. Иймд АН яаралтай нэгдэж нийлэх ёстой юм биш үү?

-Уг хууль батлагдсантай холбогдуулан АН байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Энэ бол ард түмний үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож, боомилсон хууль байна гээд Ерөнхийлөгчид манай намын зүгээс хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн бэлгэдэл, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүн. Энэ хүн улс төрийн намаасаа татгалзаад, бүх ард түмний эв нэгдлийг хангагч болсон. Тиймээс ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, хориг тавиач гэсэн хүсэлтийг АН-ын зүгээс илгээсэн. Үүнийг хүлээж аваад хориг тавьж байгаад нь талархаж байгаа. Ерөнхийлөгч аль намаас хамаараад сонгогдсоныг нь үл хамааран зөв зүйтэй шийдвэр гаргавал дэмжээд явна.

-Ерөнхийлөгч өөрөө захиалсан хуулиндаа хориг тавилаа. УИХ түүний хоригийг хүлээж авахгүй гэдгийг мэдэж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж олон нийт харж байгаа бололтой?

-Энэ хоригийг УИХ хүлээж авна гэдэгт итгэж байна. УИХ дахь АН-ын бүлэг уг хоригийг хүлээж авахад идэвхтэй оролцож, үүрэгжүүлэх чиглэл хүргүүлж байгаа. Мөн УИХ-ын даргад энэ хоригийг хүлээж авах тал дээр гишүүддээ ойлгуулах талаас нь шаардсан байгаа. Тэгээд ч энэ хууль нийтээр хэлэлцэгдээгүй. Процессын хувьд хууль зөрчсөн. Хууль батлагдсан өдрөөс хойш Ерөнхийлөгчийн хориг тавих 14 хоногийн хугацаа байдаг. Гэтэл энэ хууль батлагдсан өдрөөсөө хойш гурав хоногийн дараагаас хэрэгжээд явахаар алдаатай юм билээ. Хэрэв энэ хуульд хориг тавихгүй байсан ч Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана.

-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй болгож, улс төрийн нөлөөнөөс ангид байлгах хэрэгтэй гэж та мэдээлсэн. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Авлигын асуудлыг бид өнгөрсөн онуудад эрчимтэй ярьж байсан. 2022 оны сүүлээр нүүрсний хулгайн хэрэг ил болж, ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. АТГ-ын тогтоосноор авлига, албан тушаалын хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд улсад учруулсан нийт хохирлын хэмжээ таван их наяд төгрөг гэж зарлагдаж байна. Энэ бол 2022 оны улсын төсвийн дөрөвний нэгээс ч их дүн юм. Ийм байхад иргэд бухимдах нь битгий хэл энэ улс авлигадаа живчихсэн байна шүү дээ. Авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нийт таван их наяд төгрөгт холбогдсон хүний тоо 100 хүрэхгүй байна. Хэдхэн хүн улсын төсвийн дөрөвний нэгийг хулгайлаад идчихээд ард түмэнд хохирол учруулж байгааг анхаараач ээ. Зөвхөн нүүрсний хулгайд 44 их наяд төгрөгийн авлига яригдаад байна. Улсын төсвийг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө. Авлигатай тэмцэж байсан орнуудын туршлагыг харахаар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нийт улстөрчид нийгмийн анхааралд оруулж, олон нийтийн хяналт дор шийдвэрлэж байж нөлөөллөөс ангид байдаг юм билээ. Ер нь ийм том дүнтэй авлига, албан тушаалын хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлддэг. Энэ нь чимээгүй шалгагдах юм бол цаашид замхардаг. Үүнийг зүгээр хардалтаар яриад байгаа юм биш. Өнгөрсөн онуудад шүүх хуралдаанаар шийдэгдсэн статистикийг үзвэл маш ойлгомжтой харагдана. Яагаад гэвэл манай шүүхийн систем өөрөө ялзрал руу орчихсон. Анхан шатны шүүхээр эрүүгийн зуун хэрэг шийдэгдлээ гэхэд 50 хувь нь давж заалдах шатан дээр очоод өөрчлөлт орчихдог. Тэрний 25 хувь нь хэрэгсэхгүй болоод үлдсэн нь магадлалд өөрчлөлт оруулна гээд явдаг. Цаашаа шийдэгдэж байгаа 50 хэргийн дахиад тэн хагас нь Улсын дээд шүүх дээр очоод өөрчлөлт орчихдог. Үүнийг 2021, 2022 оны шүүхийн тайлан мэдээнээс харвал шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг нь тун цөөхөн байна. Тал нь алга болчихдог. Сөрөг хүчний хувьд авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд энэ төрлийн хэргийг иргэдийн хяналт дор шийдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ