Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонсголыг Б.Энхбаяр гишүүн ганцаараа “сонссоор” байх юм уу? DNN.mn

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол өнгөрсөн нэгдүгээр сараас хойш явагдлаа. Асар их мөнгөтэй холбогдсон асуудал болохоор ийм сонсголыг нийгэм үнэн голоосоо нэхэж байсан юм. Тиймээс эрх баригч нам хүний өөрийн гэлтгүй Хөгжлийн банкнаас зээл авсан болгоныг дуудаж, ард түмний нүдэн дээр хэн нь хэн бэ гэдгийг ил болгоно гэж ам гарч байв. Хөгжлийн банкнаас шууд санхүүжилт авсан 3.5 их наяд төгрөгийн 77 төсөлтэй холбоотой асуудал сөхөгдсөн. Тэднээс хэвийн бус төлөлттэй 55 зээлдэгч эхний шатны сонсголоор орох ёстой. Ихэнх нь улстөрчид болохоор 300 хүнийг гэрчээр дуудсан гээд л сүрхий том дуугарч билээ. Гэрчүүдийн дунд өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан цөөнгүй улсын нэрс ч зарлагдсан. Харин энэ өдрүүдэд үргэлжилж байгаа гурав дахь шатны сонсголоор өмнө нь хэвлэлээр огт яригдаж байгаагүй, Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээлийн мэдээллийг олон нийтэд танилцуулна гэж билээ.

Үнэн хэрэгтээ ингэж сүртэй нь аргагүй эхэлсэн Хөгжлийн банкны сонсгол нийгэмд үүсээд байсан хүлээлтэд хүрч чадсангүй.

Анхандаа том, том компанийн захирлууд, улстөрчдийг өмнөө авчирч суулгаад амыг нь ухаж, аашилж зандардаг байсан сонсгол ахлагч Б.Энхбаяр гишүүн маань одоо ганцаараа шахам үзэгддэг болов. Төрийн ордонд, бүхэл бүтэн гурван шатны сонсгол дуусах өнгөндөө орж байхад тэрбээр ягштал гозойгоод байж л байна. Хажууд нь Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Э.Батшугар нарын гишүүд бараа болсон шиг суух юм. Сүүлийн сонсголоос харж байхад ордонд байгаа ганц нэг гишүүн гүйж ороод асуугдаж байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн парламентад орж ирээгүй байх үедээ авсан зээлийг урд, хойноос нь ухаж шалгааж байгаа харагдсан шүү. Бас дуудсан цагт гарын дор гүйгээд ирэх болохоор нь одоогийн Хөгжлийн банкны захирал Н.Мандуулыг хүртэл авчраад суулгачихсан байх шиг. За тэгээд гайхамшигтай том улстөрчид, групп, компаниудын эзэд нь гэгээн дүрээ үзүүлэхээ ч бүр байлаа. Нярав, нягтлангуудаа өөрийнхөө оронд явуулчихдаг болж. Энэ янзаар сүүлийн өдрүүдэд сонсголд тоож ирдэг ч хүнгүй боллоо. Их л сүрхий эхэлсэн сонсгол сүүл рүүгээ хэтэрхий намчирхсаны л тод жишээ юм даа. Сонсголд очихгүй байгаа том толгойтнууд бол эрх баригч намын харьяалалтай улсууд л юм байна. Ирсэн ганц нэг нөхөр нь хээвнэг пээдийж байснаа яваад өгдөг. Тэд Хөгжлийн банкны сонсголд ингэж л хандацгааж байна. Харин сөрөг хүчнийхэн болохоор ардаа ямар ч ажилтай байсан цагтаа гүйж очоод хариулж суугаа харагддаг. С.Баярцогт, Н.Батбаяр, Х.Баттулгаас өгсүүлээд бүгд л очиж тайлбар өгсөнийг орон даяар харлаа шүү дээ.

Үндсэндээ сонсголыг ахалж байгаа Б.Энхбаяр гишүүн өөрийнхөө ярьсныг өөрөө сонсдог, өөрийнхөө асуусанд өөрөө хариулдаг боллоо. Эцсийн бүлэгтээ Хөгжлийн банкны сонсгол гэж нэг иймэрхүү янзтай болж хувирлаа. Уг нь цаашдаа нээлттэй сонсголыг жинхэнэ утгаар нь явуулбал манай нийгэм, улс төр эрүүлжихэд маш их хэрэгтэй л байгаа юм даа.

Categories
мэдээ нийгэм

Г.Өнөрбаяр: Даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болно DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай ярилцлаа.


Хагас хуримтлалын тогтолцоонд шилжвэл тэтгэвэр өвлөгдөх асуудал яригдана

-Нийгмийн даатгалын шинэчлэл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Олон жил яригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслийг та ахалж багцлаад УИХ-д оруулж ирлээ. Нийгмийн даатгалын шинэчлэл хийх тохиромжтой цаг үе мөн үү?

-Одоогийн мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийт 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Шинэчилсэн найруулга огт хийгдээгүй. Суурь өөрчлөлтийг биш жижиг засваруудыг хийж гал унтраах маягаар ажиллаж ирсэн нь нийгмийн даатгалын тогтолцоог улам тамирдуулахад хүргэлээ.

Энэ Засгийн газрын үед л зориглож нийгмийн даатгалын системийн буюу тогтолцооны өөрчлөлт хийхээр өргөн баригдлаа. Тэтгэврийн шинэчлэлийг хийхэд тохиромжтой нөхцөлүүд гэж бий. Тухайлбал, улс төрийн хувьд тогтвортой байх, өндөр настны нийгмийн хамгаалалд ДНБ-ий тодорхой хэсгийг зарцуулах хүсэл эрмэлзэлтэй байх, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, орлогын тэгш байдлыг хангах, эдийн засаг өсөлттэй байх, төсвийн тэнцэл эерэг байх, хүний болон санхүүгийн нөөцийн хувьд боломжийн байх, аудит хяналтын механизм сайн ажилладаг байх зэрэг нөхцөлүүд хангагдаж байвал тэтгэврийн шинэчлэл үр дүнтэй байдаг гэсэн дэлхийн жишиг бий.

-Хуульд яг ямар суурь шинэчлэлтийг санал болгов?

-Бодлогын хэд хэдэн хувилбарууд дэвшүүлсэн. Хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжих тогтолцооны буюу системийн шинэчлэлийг санал болголоо. Олон давхаргат тогтолцоог дэвшүүллээ. Хуримтлал үүсгэх, нийгмийн даатгалын хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, тэтгэвэр өвлөгддөг байх асуудлыг оруулсан. Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зарим шийдлийг тусгасан. Олон жил ажилласан, өндөр шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр авдаг байх бодолтыг санал болгосон. Нийгмийн даатгалын харилцааг хэн эрх мэдэлтэй нь өөрсдийн салбарын эсвэл ажил мэргэжлийн олон хуулиар зохицуулж байгааг хязгаарлаж зөвхөн нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болно. Сүүлийн жилүүдэд маргаан дагуулсан тэтгэвэр тогтоох дараалсан жилүүдийг долоо биш тав байх хувилбарыг дэмжсэн. Тэтгэврийг тухайн үеийн байдлаас шалтгаалж нэмдэг биш жил бүр автоматаар индексжүүлж өсгөдөг байх шийдлийг оруулсан. Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх хувилбарыг санал болгосон. Нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэмжүүдийн нөхцөлүүдийг зөөллөж, олгох хэмжээг нэмэгдүүлж, хугацааг уян хатан даатгуулагчдад ээлтэй байхаар шийдсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хуулиар хориглохоор орууллаа. Ажил олгогчийг дэмжсэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгалаа. Эцэст нь энэ бүх шинэчлэл, өөрчлөлтүүдийг нас болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх бодлого баримталж хийнэ.

-Та энэ бүх шинэчлэлээс хамгийн түрүүнд хуваарилалтаас хуримтлалд шилжихийг нэрлэж байна. Энэ хамгийн чухал нь гэж үү?

-Тийм ээ. Та зөв анзаарсан байна. Даатгуулагчид нас, шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн бодолт гээд амьдралд шууд нөлөөлөх параметрүүдийг ярьж эхэлдэг. Үүнээс өмнө эдгээрийн суурь болсон тогтолцоог ярих ёстой юм. Тогтолцоо ямар байгаагаас шалтгаалаад нас, шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн бодолт нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орны тэтгэврийн тогтолцооноос тэтгэврийн бодолт, тэтгэвэр тогтоох дараалсан жилүүд, шимтгэлийн болоод тэтгэврийн хувь хэмжээ шууд шалтгаалдаг. Манай улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ төлсөн шимтгэлээс ахмадуудынхаа тэтгэврийг өгдөг эв санааны буюу хуваарилалтын тогтолцоотой. Сайн тал нь бүх хүний нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд хангахыг зорьдог. Сөрөг тал нь тухайн даатгуулагч насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэхгүй байх тохиолдол бий. Тухайн хүний шимтгэл өөр нэг ахмадын тэтгэвэр болоод гүйгдээд явдаг. Үүнийг сүүлийн үед ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс, залуучууд ихээхэн шүүмжилж байна. Харин хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь тухайн даатгуулагч даатгалын санд ямар хэмжээний хувь нэмэр оруулсан түүнтэйгээ дүйцэх тэтгэвэр авна гэсэн загвар юм. Хэрэв даатгуулагч насаараа шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгож чадахгүй, дөнгөж тэтгэврээ авч эхлээд нас барвал, нэрийн дансандаа үлдэгдэлтэй байвал өвлөгдөнө гэсэн үг юм.

-Тэгээд аль нь ард иргэдэд эсвэл ямар салбарынханд, хэдэн насныханд ашигтай вэ?

-Олон жил ажилласан, өндөр шимтгэл төлсөн хүмүүст бол хагас хуримтлалын тогтолцоо нь ашигтай. Харин цөөн жил ажилласан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг хүмүүст бол хуваарилалтын буюу одоогийн тогтолцоо л ашигтай болж таарна даа. Тэгэхээр малчид болоод багаар төлдөг бусад хэсгийнхний тэтгэврийн ачааллаас төр үүрэлцээд явах нь зөв болно.

-Таны яриад байгаа хуримтлалын тогтолцоотой хуримтлалын сан байгуулах асуудал хамаатай юу. Хуримтлалын сан байгуулах асуудал энэ хуультай хамт яригдах уу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж ирсэн том зорилтын нэг бол Хуримтлалын нэгдсэн сан байгуулах юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн даатгалын багц хуульд хуримтлалын сан байгуулах зүйл бий. Гэхдээ тэр зүйлийг хуримтлалын сангийн тусгай хуультай холбогдохоор хийсэн. Хуримтлалын сангийн бие даасан хуулийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ намар гэхэд хэлэлцүүлж эхэлнэ. Одоо шимтгэл төлж байгаа ажил олгогч 8.5 хувиар, даатгуулагч 8.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа. Энэхүү 17 хувиас хоёр хувийг салган тусад нь хуримтлал үүсгэе. Нэмээд байгалийн баялаг болоод нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж уг хуримтлалыг нэмэгдүүлэх заалтуудыг багц хуульд тусгасан. Ингэж үүсгэсэн хуримтлалаасаа даатгуулагч боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулж болох зохицуулалтуудыг ч оруулж өгсөн.

-Тэтгэврийн шинэчлэлээс насыг асуухгүй орхиж болохгүй. Нас нэмэгдэх үү?

-Нас нэмэгдэхгүй. Тэтгэвэрт гарах насны дөрвөн сонголт бий. Нэгдүгээрт, эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэврээ тогтоолгож болно. Хоёрдугаарт, жил бүр энэ насаа гурван сараар нэмэгдүүлэн тогтоолгож болно. Гуравдугаарт, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хэвээрээ байгаа. Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн хуулийн дагуу 65 нас хүртлээ ажиллаад тэтгэврээ тогтоолгож болно. Хүмүүсийн ажил амьдрал, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол өөр өөр байдаг учир бид тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон. Бүх хүнийг адил насанд ижил нөхцөлөөр тэтгэвэрт гар гэж шахаж болохгүй. Тиймээс настай холбоотой ямар нэгэн маргаан гарахгүй.

-Тэтгэвэр бодолтын аргууд ямар байх вэ. Хүмүүс үүнийг сонирхох нь гарцаагүй?

-Бид шилжилтээс болоод даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байхын тулд тэтгэвэр бодолтын гурван хувилбарыг санал болгож байна. Нэгдүгээрт, 1960 оноос өмнө төрсөн хүмүүс одоогийн уламжлалт хуваарилалтын буюу дараалсан таван жилийнхээ дунджаар тэтгэврээ тогтоолгоно. Хоёрдугаарт, 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолгоно. Үүнд дараалсан таван жил гэсэн ойлголт хамаагүй болно. Эхний 20 жилийг 2.25 хувиар үржүүлээд, бусад жилүүдийг 1.5 хувиар нэмж боддог одоогийн бодолт ч хэрэггүй болно. Нийт төлсөн шимтгэлийн хэмжээг амьдрах дундаж хугацааны илэрхийлэлд хуваагаад авах тэтгэврийн хэмжээг тогтооно. Гуравдугаарт, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс энэ хоёр аргаар бодуулаад өөрт аль ашигтайг нь сонгож тэтгэврээ тогтоолгож болохоор оруулж ирлээ.

-Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэр бодох 45 хувийг 40 болгон буурууллаа гэсэн шүүмжлэл иргэдээс ирж байсан. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүс аль болох урт хугацаанд ажилласнаар тэтгэвэр нь өндөр тогтоогдох хувилбарыг хуулийн шинэчлэлдээ оруулж ирж байгаа юм. Одоогийн тэтгэврийн бодолтын хувь маань даатгуулагчийг олон жил хөдөлмөр эрхлэхийг дэмждэггүй сул талтай. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан даатгуулагчийн сүүлийн жилүүдийг буулгаж боддог томьёололтой. Үүнийг засах гэж оруулж ирсэн. Тухайлбал, 30 жил ажилласан даатгуулагч байлаа гэхэд эхний 20 жилийг нь 2.25 хувиар бодоод сүүлийн 10 жилийг нь 1.5 хувиар бууруулж боддог юм.

-45 хувиар боддог биз дээ?

-Тийм ээ. 20 жилийг нь 2.25 хувиар бодохоор 45 хувь гэсэн тоо гардаг юм. Өөрөөр хэлбэл, 20 жил ажилласан нэг сая төгрөгийн цалинтай хүн 45 хувиар бодоход 450 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. 30 жил ажилласан бол сүүлийн 10 жилийг 1.5 хувиар нэмэгдүүлэхэд 15 хувь нэмэгдэнэ. Ингээд 30 жил ажилласан нэг сая төгрөгийн цалинтай хүн бол 600 мянган төгрөгийн тэтгэвэр авна л гэсэн санаа юм. Харин бидний өргөн барьсан хуулийн төсөлд ажилласан бүх жилийг 2.0 хувиар бодох томьёоллыг санал болгосон. Энэ нь олон жил ажилласан даатгуулагчийг дэмжих, наслалтын бодлоготой уялдсан, олон улсын жишигт нийцсэн сайн бодлого юм. Хэрэгжих хугацааг 2029 оноос гэж оруулсан. Тооцоо хийгээд үзэхэд 2022 онд тэтгэвэр тогтоолгосон дундаж шимтгэл төлсөн хугацаа 26 жил байсан. Цаашид жил бүрээр нэмэгдэнэ. Мөн 1979 оноос хойш төрсөн хүмүүс энэ бодолтоор тэтгэвэр тогтоолгохгүй. Ажилласан жил бүрийг хоёр хувиар тооцох хувилбар бол илүү шударга, ойлгомжтой, дэлхийн тэтгэврийн системд нийтлэг ашигладаг хамгийн сайн параметрүүдийн нэг юм.

-Тэгвэл хүмүүсийн тэтгэвэр яагаад бага байдаг юм бэ. Та сая хоёр хувийн бодолтыг өндөр хувь гэлээ. Амьдрал дээр иргэд тэтгэвэр бага тогтоогдлоо гэх гомдол их байдаг юм билээ?

-Манай улсын тэтгэвэр бодох хувь нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөрт тооцогддог. Бага тэтгэвэр авч байгаа нь тэтгэврийн бодолтдоо байдаггүй. Цалин хөлсний системдээ байдаг юм. Бага цалин авч байгаа учир тэтгэвэр бага тогтоогдох нь ойлгомжтой. Тэгэхээр тэтгэвэр бодох аргачлалыг биш цалин хөлсний тогтолцоогоо өөрчлөх, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь нэгдүгээр асуудал юм. Өндөр цалингаас өндөр л тэтгэвэр бодогдоно.

Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлэх улс төрийн шийдвэр, улстөрчдийн амлалтуудыг хатуу хориглоно

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Улсын төсвөөс байнга татаас өгсөөр ирлээ. Гэтэл та нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэх үеэр сан алдагдалд ороогүй гэж тайлбарласан. Энэ жил гэхэд улсын төсвөөс 500 гаруй сая төгрөгийн татаас өгөхөөр байхад улайм цайм алдагдалгүй гэж хэлж болох уу. Танай санд одоо мөнгө байна уу?

-Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн нэг их наяд гаруй төгрөгийн үлдэгдэл арилжааны банк болон төв төрийн сан дээр бий. Хугацаа хэтэрсэн шимтгэлийн авлага 400 орчим тэрбум төгрөг бий. Капитал банкнаас 69 тэрбум, Чингис хаан банкнаас 94 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Дээр нь даатгуулагчдын 1995 оноос өмнөх жилд дүйцэх шимтгэлүүдийн мөнгийг төр нийгмийн даатгалын санд өгөх ёстой. Энэ мөнгө 8.9 орчим их наяд төгрөг болно. Бас одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагчийн шимтгэлийг хий бичилт хийгээд шимтгэлээр нь ахмадуудын тэтгэврийг тавьдаг. Энэхүү хийсвэр бичилтийн мөнгө 24 орчим их наяд болж байгаа. Нэг жилийн улсын төсвөөс давсан мөнгө шүү дээ. Ийм санг хоосорсон гэж хэлж болохгүй байх. Нийгмийн даатгалын сан сүүлийн жилүүдэд улсын төсвөөс татаас аваагүй. Харин төр өөрийн өгөх ёстой мөнгөө өгч байгааг нийгмийн даатгалын сангийн алдагдал гэж тайлбарлаж болохгүй. Энэ жил улсын төсвөөс 545.3 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Үүний 273.0 тэрбум төгрөг нь төр тэтгэврийг нь хариуцах ёстой 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн мөнгө. Харин 235.3 тэрбум нь цэргийн алба хаагчдын тэтгэврийн мөнгө. Төр зарим иргэний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлсний мөнгөнд 15.5 тэрбум төгрөг өгсөн. Шимтгэлийн буцаан олголтод 21.5 тэрбум төгрөг өгсөн. Ингээд салгаад үзэхээр нийгмийн даатгалын санд улс ямар ч татаас өгөөгүй. Сан өөрөө өөрийнхөө орлого, зарлагыг хариуцаад явж байна. Гэхдээ нийгмийн даатгалын сан хүнд байгааг хэлэх ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй.

-Тэгвэл нийгмийн даатгалын сан хүнд байдалд ороход юу нөлөөлсөн бэ?

-Нийгмийн даатгалын сан яагаад хүндрээд байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийгээд үзэхээр улстөрчид, улс төрийн амлалтууд, улс төрийн намуудын поп шийдвэрүүд л байна. Ганцхан жишээ ярья. 2012 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд 1990-1994 оны хоорондох таван жилийг үнэгүй бичилт хийгээд, 1995-2000 оны хоорондох зургаан жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар төлүүлсэн байдаг. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 96 мянган төгрөг байсан гэхээр даатгуулагч нэг сараа 960 төгрөгөөр төлүүлсэн. Нийт зургаан жилээ 78120 төгрөгөөр бөглүүлсэн. Ингээд таван жилээ төлбөргүй бичилт хийлгүүлээд, зургаан жилээ 78120 төгрөгөөр бөглүүлээд 11 жилээр сангаас тэтгэвэр авах эрх үүсгэсэн. Хуулийн энэ заалтыг 608.0 мянган хүн ашиглаж 37 тэрбум төгрөг санд төвлөрүүлсэн. Энэ 608.0 мянган хүнээс одоо 299.0 мянга нь тэтгэврээ тогтоолгосон. Энэ шийдлийн нийгмийн даатгалын санд үзүүлж байгаа алдагдал нь одоогоор 1.8 их наяд болсон. Цаашид энэ бүх хүмүүс тэтгэвэр тогтоолгож, насан туршдаа тэтгэвэр авахад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хуулийн санд үзүүлэх алдагдал хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Ганцхан улстөрчийн сонгуульд санал авах гэсэн поп амлалтын үр дагавар ийм л байна. Хамгийн гол нь энэ олон их наядын хохирлыг улс гэхээсээ илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн шимтгэлээр л нөхнө. Тэгэхээр нийгмийн даатгалын санд алдагдал үүсгэх амлалт бүрийг ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагчид анхаарч, санал бодлоо хэлж, засаж залруулахгүй, попыг нь дэмжиж дагаж санал өгөөд байвал өөрсдийн хөдөлмөрөөрөө л хохирлыг төлнө гэдгээ ойлгож үзэл бодлоо илэрхийлэх ёстой.

-Тэгэхээр иймэрхүү сөрөг үр дагавартай хуулийн амлалтуудыг шийдвэрлэх шинэлэг зохицуулалт хуульд орсон уу?

-Нийгмийн даатгалын санд сөрөг үр дагавартай иймэрхүү хуулиуд, амлалтуудыг хориглох ёстой. Цаашид Нийгмийн даатгалын санд алдагдал үүсгэх үр дагавартай хуулийг хийхдээ эхлээд даатгуулагчдаас, ард иргэдээс асуух ёстой. Бусад улс орнуудын жишгийн дагуу олон нийтээс асууж байж шийдэх нь зөв. Яагаад гэвэл нийгмийн даатгалын мөнгө бол улсын төсвийн хөрөнгө биш. Энэ бол даатгуулагчдын мөнгө байдаг. “Ийм хууль батлагдвал Нийгмийн даатгалын санд ийм нөлөөлөл үзүүлэх юм байна. Үүнийг та бүхэн дэмжих үү” гэж бүх тооцоолол, судалгааг даатгуулагчдад танилцуулах ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын сан алдаатай явж ирсэн нэг дутагдал бол олон нийтийг мэдээлэлтэй, ил тод нээлттэй байлгаагүйд асуудал оршиж байгаа. Сонгуулийн ийм, ийм амлалтууд Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлнэ шүү гэдгийг олон нийтэд ойлгуулсан бол тэд эсэргүүцэх нь мэдээж. Тэгэхээр манай яамны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулиар оруулж ирж байгаа нэг чухал зүйл бол бүх шийдвэрийг ил тод, нээлттэй болгохоос гадна олон нийтийг мэдээлэлтэй болгоно. Энэ бол хуулийн амин сүнс, чухал өөрчлөлт юм. Хамгийн сүүлд Швейцарийн холбооны улсад эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэг жилээр нэмэгдүүлье гэдэг асуулгыг бүтэн жилийн турш олон нийтээр хэлэлцүүлсэн. Олон мянган хүн санал асуулгад нь оролцоод, хөрсөнд буусан шийдвэр гаргахад нөлөөлж байх жишээтэй. Нийгмийн даатгалын нэг санаачилга нэлээд олон хүнд таалагдахаар, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг ч нөгөө талаараа тэднээс дутуугүй олон хүний эрхийг хязгаарлаж, хөрөнгө мөнгийг боомилж байгааг бүгдээрээ ойлгодог болж байгаа нь сайн хэрэг юм.

-Нөхөн даатгалын хууль Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлсэн юм байна. Гэтэл улстөрчид оноо авахын тулд дахиад ийм хууль санаачлаад батална шүү дээ. Бүрмөсөн яаж хориглох юм бэ?

-Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж байгаад улс төрийн сонгуулийн өмнө багаар төлчихнө гээд Нөхөн даатгалын хуулийг хүлээх хандлага байдаг. Ялангуяа орон нутагт малчид ийм хүлээлттэй байдгаас малчдын нийгмийн даатгалын хамралт бага байна. Цаашид нөхөн даатгалын хуулийг хориглосон заалтыг шинэ хуульдаа оруулж ирсэн.

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даана

-Нийгмийн даатгалд хамрагсдын тоо ямар байна. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр танай яам ямар бодлого баримталж байгаа вэ?

-Жил болгон 3000 орчим аж ахуйн нэгж, байгууллага, 25.0 мянга орчим иргэн Нийгмийн даатгалд шинээр хамрагддаг. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлууд хийгээд явж байгаа. Цаашид нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай гурван том бүлэг бий. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд. Судалгаанаас харахад, өнөөдрийн байдлаар 400 орчим мянган иргэн нийгмийн даатгалд хамрагддаггүй, шимтгэл төлдөггүй. Эдгээрийн тэн хагас нь малчид. Тэднийг идэвхтэй хамруулахын тулд тав хүртэл жилийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсаас төлж өгье. Үлдсэн 50 хувиа малчин өөрөө төлөх болзолтойгоор хуульд өөрчлөлт оруулж ирж байгаа. Малчдад ноос, ноолуур, мах, сүүний гээд олон төрлийн урамшуулал төрөөс өгдөг. Тэр мөнгөнөөс нь Нийгмийн даатгалын шимтгэлд суутгаж аваад хамруулах юм. Таван жил нийгмийн даатгал төлчихсөн хүмүүс үргэлжлүүлэн төлснөөр НДС-гаас тэтгэвэр авах эрх нь нээгдэх бодлого зөв юм.

-Төр дандаа малчдыг дэмжсэн шийдвэр гаргах юм. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалаа шударгаар төлж байхад малчид төрөөр даалгах нь шударга юм уу?

-Иргэдийн дунд ийм шүүмж байгааг ойлгож байна. Гэхдээ танд тоо бодож үзүүлье. Ер нь малчдыг таван жилд нийгмийн даатгалын шимтгэлд хамруулахгүй бол улсын төсвөөс ирээдүйд гарах зардал мөнгө бүр ч их болно. Энэ хүмүүс өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол ирээдүйд нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид болж хувирна. Өөрөөр хэлбэл, 200 мянган малчинд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр халамжийн тэтгэвэр тавих болно шүү дээ. Иймд тэднийг даруйхан нийгмийн даатгалын тогтолцоонд татан оруулж, шимтгэл төлүүлэх нь улсад болон малчдад ашигтай. 200 мянган малчны нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээр нь төлөөд явахад улсын төсвөөс урт хугацаандаа 3.2 орчим их наяд төгрөг л гарна. Хэрэв тэднийг ингэж хамруулахгүй бол нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид боллоо гэхэд улсын төсвөөс алсдаа 13 их наяд төгрөг зарцуулна. Нөгөө талдаа бүх малчдын төлсөн шимтгэлээс нийгмийн даатгалын санд 50 хувийнх нь буюу 900 орчим тэрбум төгрөгийн орлого орно гэсэн тооцооллууд бий.

-Гадаадад байгаа болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах ажил хэр урагштай байдаг вэ?

-ХНХЯ-наас гадаадад байгаа иргэдийг болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг шимтгэлд хамруулах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Нийгмийн даатгалын үйлчилгээг нь цахимжуулаад, ил тод болгоод, ач холбогдлыг нь ойлгуулаад явахад хамрагдалт нэмэгдэж байгаа. БНСУ-д гэхэд манай Нийгмийн хамгааллын төв ажиллаж байна. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр 4000 гаруй монгол хүн хөдөлмөрлөж байгаа. Сар бүр 40 мянган вонныг нийгмийн даатгалын шимтгэлд төлөөд явж байна. Мөн тэнд гэрээгүйгээр оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг Монгол Улсын 30 гаруй мянган иргэн байна. Тэд манай төв дээр очоод сайн дураараа өөрийнхөө орлогын тодорхой хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжууд нь нээлттэй. Бас цахимаар төлөх нь нээлттэй болсон. Сүүлийн жилүүдэд ХНХЯ монголчууд олноор оршин суудаг ОХУ, БНСУ, Польш, Унгар, Турк, Чех гэх мэт улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулсан. Энэ жил Казакстантай гэрээ байгуулах ажил дуусна. Одоо АНУ, Швед, Япон улстай гэрээ байгуулахаар ярилцаж байна. Үүний үр дүнд эдгээр улсад ажиллаж байгаа иргэд тухайн оронд шимтгэл төлсөн хугацаагаа улсад ажилласнаар тооцуулах, хоёр улсаас тэтгэвэр авах боломжууд нээгдэж байна. ХНХЯ бусад орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах гэж хичээдэг нь ийм ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодгийг эргэж ярилцана

-Иргэд хүнд, хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог. Шинэ хуулийн төсөлд хүнд нөхцөлийг алга болголоо гэсэн шүүмжлэл байна. Яагаад ийм шийдэл гаргав?

-Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 478 мянган хүний 44 хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон. Энэ бол бидний санаа зовоосон асуудал мөн. Тиймээс зөвхөн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог байдлыг олон улсын жишгээр болиулах саналыг дэвшүүлсэн. Харин хүүхдээр, малчнаар, хортой, газрын доор, халуун гэх мэт нөхцөлүүд хэвээр үргэлжилнэ.

-Яагаад анхнаасаа хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжуудыг бий болгосон юм бэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж байх ёсгүй. Бүх аж ахуйн нэгж хөдөлмөрийн нөхцөлөө сайжруул” гэдэг зөвлөмжийг гишүүн орнууддаа өгч байгаа. Манай Үндсэн хуулиасаа эхлээд Хөдөлмөрийн хуульд ч хүнийг хөдөлмөрийн эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах агуулгатай заалтууд байдаг. Хуулийн энэ заалтаа хэрэгжүүлэхийг эрхэм болгож байна. Та бод доо, нийт тэтгэвэр авагчдын тал хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор энэ систем эрүүл байж чадах уу? Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажил мэргэжлийн жагсаалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд шийдвэрлэдэг. Үүнд 50 гаруй төрлийн ажил мэргэжлийг оруулах гэсэн өргөдөл, санал хүсэлтүүд манай яаманд ирсэн. Бараг мэргэжил бүрийг хүнд нөхцөлд оруулах лобби хийгдэж байна. Энэ бүхнийг шийдвэл жирийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил мэргэжил цөөхөн үлдэхээр харагдаж байна. Тиймээс ажлын байрны нөхцөлөө сайжруулах, хүнийг эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах, ажилтны ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах үүргээ ажил олгогчид шийдвэрлээд явах нь зөв юм.

-Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч, ялангуяа хууль, шүүхийн албан тушаалтнууд эрт тэтгэвэрт гардаг. Гэтэл зарим нь тэтгэврийн насаа хүлээгээд байдаг нь зөв юм уу?

-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн бас нэг гол зорилт бол шударга, ижил тэгш байхад чиглэгдсэн. Бид энэ хуулиараа Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн нийгмийн даатгалын хуулиар тэтгэвэрт гардаг байх зарчмыг мөрдүүлнэ. Гэтэл өнөөдөр манай улсад 10 гаруй хуулиар тэтгэвэр тогтоолгож байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүн 60 хувиар тэтгэврээ тогтоолгож байхад бусад хүн 45 хувиар бодуулдаг. Цэцийн гишүүнээр нэг сар ажилласан ч хамаагүй 60 хувиар тогтоолгодог хууль үйлчилсээр ирсэн. Энэ бол шударга бус явдал. Үүнийг л залуучууд шударга бус буюу “Дабл стандарт” гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр бүх хүн адилхан тооцоогоор тэтгэврээ бодох асуудлыг оруулж ирж байгаа юм. Мөн бусад хуулиар зарим ажил мэргэжлийг эрт тэтгэвэрт гардаг, насыг зааж өгдгийг болиулна. Монгол Улсад тэтгэвэрт гарах нас нь зөвхөн Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиараа зохицуулагдана. Хэн лоббитой нь хуульд заалт оруулаад эрт тэтгэвэрт гарах давуу эрх эдэлдэг байж болохгүй. Цаашид бид нийгмийн даатгалын сантай холбоотой харилцааг зөвхөн одоо оруулж ирэх багц хуулиар зохицуулдаг болно. Шударга ёсны хувьд хүн болгонд нийгмийн даатгалын харилцаа ижил үйлчлэх нь чухал юм.

Инфляцитай уялдаад тэтгэвэр автоматаар нэмэгддэг болно. Ингэснээр тэтгэврийн зөрүү арилна

-Хүмүүс тэтгэврийн зөрүүг арилга гэж олон жил ярилаа. Тэгвэл энэ хуулиараа шийдэж чадах уу. Яагаад тэтгэврийн зөрүү үүсээд байдаг юм бэ?

-Бид нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлээрээ шийдэж байгаа чухал зүйл бол энэ. Тэтгэврийн итгэлцүүр гэдэг бол арван жилийн өмнө багшаар ажиллаж байсан хүний цалингийн хэмжээ өнөөдрийн багшаар ажиллаж байгаа хүний цалин хоёр тэтгэвэр бодоход адилхан үнэлэмжтэй байх ёстой гэсэн санаа юм. Тэгэхийн тулд арван жилийн өмнө ажиллаж байсан хүний цалинг тодорхой итгэлцүүр буюу тоогоор үржүүлээд өнөөдрийн үнэ цэнэд авчирч тэр дүнгээс тэтгэврийг нь боддог. Хамгийн сүүлд 2014 онд Монгол Улс 2011 оны суурьтайгаар тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж байв. Түүнээс хойш тэтгэврийн итгэлцүүрийг батлаагүй учир тэтгэврийн зөрүү үүсээд байгаа юм. Тиймээс манай яамны зүгээс нэг удаа ахмадуудын тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж тогтоогоод цаашид жил болгон тэтгэврийг инфляцийн өсөлттэй холбогдуулаад автоматаар нэмэгддэг байх саналыг хуулийн төсөлдөө оруулсан. Ингэснээр таны яриад байгаа тэтгэврийн зөрүүний хэл ам дахиж гарахгүй.

Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй явж байгаад яг сонгуулийн өмнө огцом нэмдэг дээ. Ийм шийдвэр хэд хэдэн сөрөг байдлыг үүсгэдэг. Нэгд, тэтгэврийн нэмэгдлийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэтгэврийн худалдан авах чадварыг бууруулдаг. Хоёрт, нийгмийн даатгалын санд тооцоолоогүй их ачааллыг бий болгодог. Гурав, тэтгэврийн зөрүүг улам холдуулдаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тэтгэврийг инфляцитай уялдуулан автоматаар нэмэгдүүлдэг байх хуулийн заалтыг оруулж ирж байгаа юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, өнгөрсөн жил ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болсонтой холбоотой зарим хүний тэтгэвэр багаар нэмэгдсэн тухай санал, гомдол манай яаманд ирсээр байгаа. Нийт 60-70 мянган хүний тэтгэвэр бага дүнтэй нэмэгдсэн. Энэ асуудлыг тэтгэврийн итгэлцүүртэй хамт хуулийн хүрээнд шийднэ гэж төлөвлөж байгаа.

-Тэтгэврийг бодохдоо сүүлийн таван жил дараалан төлсөн шимтгэлийн дүнгээр тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нийгэмд багагүй маргаан дагуулсан сэдэв. Шинэ хуульд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Дараалсан 7 жилийг 5 жил болгохоор оруулж ирсэн. Гэхдээ дараалсан таван жил гэдэг ойлголт 1979 оноос хойш төрсөн хүмүүст хамаарахгүй. Тэтгэврийн бодолт өөр болно. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжвэл дараалсан жил, тэтгэвэр бодох хувь гэх мэт парамертүүд хэрэггүй болно. Дараалсан таван жилийг буруугаар их ашигладаг. Хамгийн багаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад таван жилдээ огцом өндөр болгож, дээд таазанд хүргэж 5.5 саяаас шимтгэл төлдөг. Тэгээд энэ таван жилээ сонгож тэтгэврээ өндөр тогтоолгодог. Сангаас харахад жилд ийм огцом төлдөг 3000 орчим даатгуулагч байдаг. Төрийн албан хаагчид давхар ажил эрхлэх хуулиараа хориотой учир таван жилийг огцом өндөр төлж чадахгүй. Баян, мэдээлэлтэй, боломжтой хүмүүс л ашигладаг. Үнэндээ бол боломжтой хүмүүст илүү их боломж олгож байгаа хуулийн цоорхой л юм даа. Үүнийг хязгаарлах нэг заалтыг оруулж ирсэн.

-Ямар?

-Сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс дээд хязгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж төлдөг. Үүнийг долоо дахин болгон бууруулж байгаа. Хуулийн цоорхойг ашиглахгүй байлгах л гэсэн хязгаарлалт юм даа. Уг нь миний хүсэл бол даатгуулагч дараалсан таван жилээрээ ч биш бүх ажилласан жилийн дунджаар тэтгэвэр тогтоолговол илүү шударга болно л доо.

Өнөөдөр Нийгмийн даатгалын санд итгэх иргэдийн итгэл улам л багасаж байна. Засаглалын тогтолцоо чинь зөв юм уу. Шинэ хуулиараа яаж шийдэх юм бэ?

-Тийм ээ, өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн засаглалын асуудлыг ярих цаг мөн. Засаглалын асуудлыг хөндөхөөс өмнө бас нэг зүйлийг анхаарах ёстой. Одоогийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үү. Хагас хуримтлалын сангийн хөрөнгийг санхүүгийн олон хэрэгсэлд оруулахыг Монгол Улс зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ ярих нь чухал. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газар, Монголбанкны үнэт цаас худалдан авах, банканд хадгалах гэсэн гурван сонголт л байгаа хуулиараа. Харин бусад орны жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр санхүүгийн өөр олон хэрэгсэлд мөнгө оруулах боломжууд нээгддэг. Тухайлбал, компаниудын хувьцаанд, гадаад, дотоодын үнэт цаасанд хөрөнгө оруулдаг. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдаж авч болно. Зээлжих зэрэглэл тогтоосон нээлттэй хувьцаат компаниудын хувьцаа, хөрөнгө оруулалтын сангуудад мөнгө оруулах боломжууд нь хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэн тохиолдолд яригдана. Бид найдвартай байдлыг нэгдүгээрт тавьсан хөрөнгө оруулалтын бодлогыг дэвшүүлсэн. Гэхдээ одоогийн хуваарилалтын тогтолцоогоор явбал засаглалын асуудал ямар байх вэ гэдэг нь өөр байна. Тэгэхээр засаглалын асуудал бол аль тогтолцоогоор явах вэ гэдгийг шийдсэний дараа тэрэнтэйгээ дүйцэж яригддаг сэдэв. Миний харж байгаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөжүүлэх, хөрөнгө оруулалтын олон хэрэгсэлд оруулах, хуримтлал үүсгэх асуудал яригдвал санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжлийн баг энэхүү хөрөнгийг итгэмжлэн удирдах ёстой. Үүнээс гадна нийгмийн даатгалын нэр хүнд унахад өөр нэг зүйл ойлгомжгүй явж ирсэн нь засаглалтай холбоотой.

-Тэр юу вэ?

-Нийгмийн даатгалын систем даатгуулагчид, ажил олгогчдод хаалттай явж ирсэн. Нийгмийн даатгалд асар их хэмжээний алдагдал үүрүүлэх хуулийн заалтыг ганц гишүүн санаачлахад тэр хуулийн үр нөлөө санд ямар хэмжээний алдагдал үүрүүлэхийг тооцож даатгуулагчдад ч, ажил олгогчдод ч мэдээлэл өгдөггүй явдал юм. Тиймээс бид энэ удаагийн багц хуулиараа нийгмийн даатгалыг илүү нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоог хангасан, тэдний саналд тулгуурласан шийдвэр гаргадаг байхыг чухалчилсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлүүд аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалагдаж байгаа, хэн гэрээ байгуулсан, юуг үндэслэсэн гээд бүх мэдээллийг ил тод болгоно. Бас нийгмийн даатгалтай холбоотой хуулийн заалтууд санд ямар нөлөөлөл үзүүлэх актуар тооцоолол хийж даатгуулагчдад мэдээлж байх мэргэжлийн хороонууд ажиллаж эхэлнэ. Хөрөнгө оруулалт, аудит, эрсдэлийн хороод ч ажиллана.

ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхачаалал буурна

-Та ярилцлагынхаа эхэнд шинэ хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй гэж хэлсэн. Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд ээлтэй зохицуулалт бий юу?

-Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан алдагдалд ороход, тогтворгүй болоход хамгийн их нөлөөлөл үзүүлсэн зүйл бол шимтгэлийн асуудал байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг тав, зургаан удаа өсгөж, бууруулсан. Одоогийн байдлаар шинэ хуулийн хүрээнд шимтгэл нэмэхгүй. ҮОМШӨДСанд аж ахуйн нэгжүүдэд ээлтэй заалтууд олон орсон. Өмнө нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад осол болсон байхад үйлдвэрлэлийн ослын шимтгэл авдаг байсан. Одоо үйлдвэрлэлийн осол болсон тухайн хугацаанд нь шимтгэл авахгүй байх зохицуулалт хийсэн. Мөн ҮОМШӨД-ын шимтгэлийг салбараар нь биш тухайн ажлын байрны онцлогт нь нийцүүлэн авдаг байх шинэ зохицуулалтыг оруулж ирлээ. Тухайлбал уул уурхай, бүтээн байгуулалтын компаниудыг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэж үзээд үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг 2.8 хувиар тооцоод авдаг. Одоогийн өргөн барьсан хуулиар тухайн аж ахуйн нэгжийн ажилтнуудын хэд нь эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа вэ? Тэр хэсгээс нь л өндөр шимтгэл авна. Эрсдэлгүй нөхцөлд ажиллаж байгаа захиргааны гэх мэт ажиллагсдаас нь хамгийн багаар авна гэсэн заалт оруулж өгсөн. Хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн энэ хэсгийн шимтгэл төлөх ачаалал буурна.

Хувийн нэмэлт тэтгэврийн сан иргэдийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ

-Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж та дээр хэлсэн. Гэтэл манай улсад хувийн тэтгэврийн сангууд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өндөр орлоготой хүмүүст зориулсан тэтгэврийн энэ тогтолцоог хуульчилснаар ямар үр дүн хүлээж байна вэ?

-Хэдийгээр манай улсад энэ харилцааг зохицуулах хууль байхгүй ч зарим байгууллага хувийн тэтгэврийн сангуудтай төсөөтэй үйл ажиллагаа явуулаад удаж байна. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй зохицуулах ёстой асуудлын нэг энэ юм. Монгол Улсад нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн дээд хэмжээг хуулиар зааж өгсөн байдаг. Энэ дээд хэмжээгээр шимтгэл төлж байгаа 20-30 мянган иргэн байна. Нөгөөтэйгүүр хувийн тэтгэврийн сангуудад тодорхой хуримтлал бий болгоод явж буй 18 мянган хүн бий. Эндээс дүгнэж үзэхэд, энэ зах зээлд хамрагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн санг хуульчлах шаардлагууд байна. Өндөр орлоготой хүмүүс эсвэл аж ахуйн нэгжийн удирдлагууд ажиллагсдынхаа нэр дээр хуримтлал үүсгээд хувийн тэтгэврийн санд хадгалуулаад тэндээсээ тэтгэвэр авах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, улсын тэтгэврийн сангаас гадна тусдаа тэтгэвэр авна гэсэн үг. Тэнд хуримтлуулсан мөнгөө санхүүгийн хэрэгсэлд оруулах, үүсгэх боломжууд нь нээлттэй байна.

-Хувийн тэтгэврийн сан хэлбэрийн хувьд албан журмынх уу. Сайн дурынх уу?

-Дэлхий дахинд хувийн тэтгэврийн сангууд албан журмын, сайн дурын, эсвэл албан журам сайн дур хосолсон хэлбэртэй байдаг. Манайх сайн дурын, нэмэлт хэлбэртэй байхаар оруулж ирсэн. Хувийн тэтгэврийн үйл ажиллагааг зах зээл дээр урт хугацааны даатгагч, хувийн тэтгэврийн сан аль аль нь эрхлэх боломжийг олгоно. Ингэхдээ хувь хүний болон ажил олгогчийн гэсэн хөтөлбөртэй байна. Үүн дээр санхүүгийн зохицуулах хороо хяналт тавиад явна. Хувийн тэтгэврийн сан үүсгэн байгуулагдахад ямар шаардлагууд тавигдах вэ гэдгийг ойлгомжтой болгож өгнө. Төр хувийн тэтгэврийн сангуудад зөвшөөрөл олгож, хяналт тавина. Бас юунд хөрөнгө оруулахыг эсвэл оруулж болохгүйг хуулиар нарийвчилна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь хэд байх гэх мэт тодорхой шалгуур тавигдана. Үүнээс өөрөөр төр оролцохгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй.

-Хувийн тэтгэврийн сангаас иргэд тэтгэврээ яаж авах вэ?

-Хувийн тэтгэврийн сангууд тэтгэврээ гурван янзаар авах боломжтой. Нэг удаа, хуваарийн дагуу, насан туршийн гэсэн хувилбар яригдаж байгаа. Нэг удаагийнх гэдэг нь тэтгэврийн нас болонгуут тэтгэврээ нэг удаа бодуулаад бөөнд нь авчихаж болно. Эсвэл насан туршдаа сар болгон юм уу, улирал тутамд хуваагаад тогтсон дүнгээр авдаг байх хувилбарыг санал болгож байгаа.

-Хувийн тэтгэврийн санд оруулсан хөрөнгөө өөр зүйлд зарцуулж болох уу. Юунд хөрөнгө оруулахыг зөвшөөрөх юм бол?

-Үүнийг шинэ хуулиар тодорхой зааж өгнө. Дотоод болон гадаад зах зээлд хэрхэн хөрөнгө оруулах, ямар зүйлд хөрөнгө оруулахыг хориглохыг ч нарийн тусгана. Тухайлбал, эртний эдлэл, урлагийн бүтээл, койн гэх мэт зах зээлд бүртгэгдээгүй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулахыг хориглоно. Хэт өндөр ашгийн төлөө хөрөнгө оруулах нь хэтэрхий их эрсдэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд Канадын Онториагийн тэтгэврийн сангийнхан койнд хөрөнгө оруулаад хувийн тэтгэврийн сан нь 100 орчим сая долларын алдагдал хүлээсэн байна лээ. Тиймээс эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг чухалчилж үзэх нь зөв юм. Олон улсын жишгийн дагуу ажилтан нь хувийн тэтгэврийн санд оруулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг урьдчилаад боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авахаар зарцуулж болох зохицуулалтууд оруулсан. Мөн хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг татварын бодлоготой уяж өгч байгаа. Тухайлбал, юуны татвараас чөлөөлөх юм, юунд татвар ногдуулах юм гэсэн бодлогуудыг хуулийн төсөлд олон улсын жишгийн дагуу нарийн суулгасан. Тэгэхээр хувийн тэтгэврийн санд улсын нийгмийн даатгалд хамрагдсан иргэд сайн дураараа нэмэлтээр хамрагдана. Даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой. Цаашлаад хөрөнгийн зах зээл хөгжих боломжууд нээгдэнэ.

-Та сая зарим тэтгэврийн сан койнд хөрөнгөө алдсан гэлээ. Ковидын үед бусад орны тэтгэврийн сангуудын ашиг алдагдал ямар байв. Та бүхэн ийм тооцоолол хардаг уу?

-Нийгмийн даатгалаар мэргэшсэн актуарчид, судлаачдын блогууд, мэдээлэл, дүгнэлт, судалгаагаа оруулдаг сайтууд байдаг. Тэдний нийтлэл, дүгнэлтүүдээс харахад ковид даатгалын сангуудад нэлээд хэмжээний алдагдлыг бий болгосон. Тухайлбал, ковидоос болж олон хүн ажлын байраа алдсан, цалин нь буурсан. Үүнийг дагаад төлөх шимтгэл буурч дагаад хуримтлал нь багассан. Ажилгүй болсон иргэдэд нийгмийн даатгалын сангаасаа олон төрлийн тэтгэмжүүд өгсөн. Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгө буурсан. Мөн ковидын нөлөөллөөс шалтгаалаад хөрөнгийн зах зээлүүд уналтад орсон. Хөрөнгийн зах зээлд оруулсан тэтгэврийн сангуудын үнэлгээ буурсан. Бас койн гэх мэт эрсдэлтэй зүйлд оруулсан тэтгэврийн сангуудын алдагдал нэмэгдсэн гэх мэт олон сөрөг үр дагаврууд гарсан. Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл сэргэвэл тэтгэврийн сангууд эргээд сэргэнэ л дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас Нийгмийн даатгалын сангийн багц хууль хэрэгжсэнээр ямар үр дүн авчрахыг асуумаар байна?

Нийгмийн даатгалын тогтолцоо маань хуваарилалтаас хагас хуримтлалд шилжих эхлэл тавигдана. Олон давхаргат даатгалын тогтолцоотой болно. Даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болно. Даатгуулагчид нэрийн дансны бодит хуримтлалтай болж, шимтгэлээр үүссэн хуримтлалын сангаасаа боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулдаг болно. Нэрийн дансны хөрөнгөө өвлүүлдэг болно. Тэтгэврийн зөрүү арилна. Тэтгэврийг дараалсан таван жилээр бодно. Олон жил хөдөлмөрлөхийг дэмжсэн бодолт хэрэгжинэ. Нийгмийн даатгалын засаглал олон улсын жишигт нийцнэ. Ил тод нээлттэй байдал хангагдаж, даатгуулагчид, ажил олгогчдын оролцоо хяналт шууд нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах, сан бүрэн бие даасан байдалд хүрнэ. Нийгмийн даатгалын хөрөнгийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулдаг болно. Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг дэлхийн хаанаас ч цахимаар хөнгөн шуурхай авдаг болно. Хамрагдалт нэмэгдэнэ. Энэ бүхэн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх нийгмийн хамгааллын бодлогын нэг шийдлүүд юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардын намынхан амралтын өдрийн сэм уулзалтаараа ямар тохироонд хүрэв? DNN.mn

МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ. Ардын намынхан хэзээнээсээ улс төрийн ямар нэг чухал шийдвэр гаргахдаа, тохироо хийхдээ тэнд уулздаг уламжлалтай. Энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, сайдууд болон Байнгын хороодын дарга нар, парламентын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь л бараг очсон юм уу даа. Тэд хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан ямар улс төр хийх талаараа нухацтай ярилцсан гэх. Ярианы гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яавал эвтэйхэн байдлаар явуулж болох гаргалгааг эрэлхийлж, энэ тал дээр санаа, оноогоо дэвшүүлцгээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар иргэд ҮХНӨ хийх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс төдийлөн үр дүн харагдахгүй байна гэж иргэд, эрдэмтэн судлаачид хүртэл хэлж байв.

Гэхдээ иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоог бий болгохыг хамгийн ихээр дэмжсэн. Үүн дээр дөрөөлж ҮХНӨ хийх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь хэлжээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаад зогсохгүй Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэх санал ч гарсан бололтой юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх тал дээр уулзалтад очсон эрх баригч намынхан дотор дэмжсэн байр суурь илүү давамгайлсан гэнэ.

МАН-ын удирдлагуудын хөндсөн өөр нэг сэдэв нь сонгуулийн тогтолцоо байсан аж. Энэ парламентыг тарааж ирэх намар ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч бүдэрсэн. Уулзалтад очсон гишүүдийн зүгээс ч ээлжит бус сонгуулийн эсрэг саналтай байжээ. “Одоо бидэнд гуравхан парламентын хугацаа үлдсэн болохоор бүрэн эрхээ дуусгачихмаар байна” гэх хүслээ нуулгүй илэрхийлсэн тухай дуулдав.Парламентыг тараахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжье гэсэн ам өчгөө ч өгсөн гэлцэх юм. Олны яриа ортой гэдэг дээ. Юутай ч хаврын улс төр хэрхэн үргэлжлэхийг одоо харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө тэд байр сууриа нэгтгэхийг чухалчилсан гэнэ. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад заавал УИХ-ын гишүүд гэлтгүй Засгийн газраас ч өргөн барих боломжтой. Иймд нам дотроо санаа нэгтэй дэмжих ёстой шүү гэсэн захиасыг эрх баригчид ой тоондоо ягштал мөрдөхөөр болжээ.

Ардын намын удирдлагууд энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олны анхаарлын төвд орсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцсан аж. Ингэхдээ АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын зарим гишүүдийн асуудал, эзгүйрсэн сайдын суудалд хэн тохиромжтой байж болох гээд улс төрийн дараагийн нүүдлээ ярилцацгаажээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: Монголын төр олон улсын конвенцийг Б.Баатар дээр хэрэглээгүй шалтгаан нь Оросын даалгавраар ажилласан гэж хардаж байна DNN.mn

Цагаан сарын өдрүүдэд монголчууд хотол түмнээрээ баярлаж байх зуур “Чингис хаан” онгоцны буудалд, хилийн зурваст халимаг эр Бормагнайн Баатар гацаад байгаа тухай “Өдрийн сонин” сурвалжилсан билээ. Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгтнүүдээ зорин ирсэн түүнийг манай улс босго давуулсангүй. Харин тэрбээр одоо эрх чөлөөт АНУ-д сэтгэл амар амьдарч байна. Б.Баатарыг тус улс руу гаргахад хамгийн том тус хүргэсэн хүн бол Олон улсын эрх зүйч Д.Ганбаяр юм. Баатар түүнийг АН-ын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн хувьд хууль зүйн зөвлөгөө авах хүсэлт гаргаж Ардчилсан намаас тусламж хүссэн байна. Болсон үйл явдлын талаар түүнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.


-ОХУ-ын иргэн Б.Баатарын асуудалд хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан танд яалт ч үгүй алга таших ёстой гэж бодож байна.

-Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн улс болсон. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн олон улсын пактыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан Үндсэн хуультай улсын хувьд хүний эрхийг хамгаалах үзэл баримтлалтай Ардчилсан намын хувьд, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын хувьд зүдэрч яваа элэг нэгтэн монгол туургатандаа туслах ёстой гэж уулзсан өдөртөө шийдсэн.

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд, хилийн зурваст олон хоносон түүнд Монгол Улс хэрхэн гараа сунгахыг НҮБ болон олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнууд анхааралтай харж байсан. Баатарт туслах ажлыг Ардчилсан нам багаараа гүйцэтгэсэн.

-“Б.Баатарын паспортын хугацаа нь дууссан учраас хил давуулахгүй, тэгээд ч манай улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй учраас хүлээж авах боломжгүй. Ирсэн газар буюу Казахстан руу буцаана” гэх асуудал яригдаж байсан шүү дээ…?

-Б.Баатарын хувьд дайнаас зугтаж ирсэн дүрвэгч биш, Монголд улс төрийн орогнол хүсч, Монгол Улсаас албадан гаргахгүй байх хүсэлт гаргасан элэг нэгт монгол үндэстэн бөгөөд ОХУ-ын иргэн. Орост цэрэг татлага явагдаж байгаа энэ үед олон орос залуус Монгол руу хил нэвтэрсээр байгаа. Монголоос өөр тосоод авах газар байхгүй гэж итгэж, найдаж ирсэн юм билээ.

Гэтэл паспортын хугацаа нь дууссан, дайнаас зугтаж ирсэн дүрвэгч мэтээр ойлгуулж “Дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй тул Монгол Улс хүлээн авах боломжгүй” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдэгдэл хийж байсан. Олон улсын нийтийн эрх зүйн талаарх мэдлэг хомс ийм хүмүүс төр удирдаж байгаа нь үнэхээр харамсалтай санагдсан.

Монгол Улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй нь үнэн. Олноор дайнаас дүрвэж орж ирэх тохиолдолд Дүрвэгчдийн конвенцийн дагуу Засгийн газар үүрэг хүлээх болдог. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн есдүгээр хавсралтын 5.9 дэх заалтад “…бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг тээвэрлээд ирсэн бол тухайн зорчигчийг харгалзан хамгаалах зардлыг хариуцан буцаах үүргийг нь тухайн компани хүлээнэ” гэж заасан байдаг. Энэ конвенц нь Казакстан улсаас авч ирсэн Б.Баатарыг ямар ч зардал гаргахгүй, албадлага хэрэглэхгүйгээр буцаах үүргийг “Хүннү Эйр” компанид хүлээлгэсэн заалт юм. Тэрнээс улсын хилээр шалгаж, нэвтрүүлэх чиг үүрэгтэй Хил хамгаалах ерөнхий газрыг, Тагнуулын байгууллагатай хамтран ирсэн онгоцонд нь хүч хэрэглэн албадан буцаах эрх олгоогүй. Нөгөөтэйгүүр энэ заалт нь энх цагийн буюу дайн дажингүй үед тухайн хүнийг буцаад очиход ямар нэг аюул занал учрахгүй байх тохиолдолд зохицуулдаг гэдгийг ойлгохыг хүсээгүйд асуудал байгаа юм. Гэтэл жирийн иргэнд зориулагдсан олон улсын конвенцийг ашиглаж Б.Баатарыг буцаана гэж муйхарласан явдал бол түүнийг ял авах, үхэл рүү нь илгээж байгаагаас өөрцгүй.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид Монгол Улс 1984 онд нэгдэн орсон. Энэ конвенцийн 3-р зүйлийн 3.1-т “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэсэн заалтыг Баатарын асуудал дээр хэрэглээгүй нь Төрийн байгууллага Үндсэн хуулийн 10.2-т заасан Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгааг нотлосон.

Иргэний болон улс төрийн олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2.1-т “…арьс үндэс, улс төрийн, бусад үзэл бодол …бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Гэвч Б.Баатарыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:30 цагт Казакстан явах Хүннү Эйр онгоцыг 43 минут хоцроож албадан хүч хэрэглэсэн, гар утсыг нь булаах гэж үзсэн. Бид түүний яриаг нь бичиж байв. Бас Б.Баатар бусдаас тусламж гуйж хашхирч байсан учраас яалт ч үгүй буцааж чадаагүй.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.3-т Гадаадын иргэн МУ-ын нутаг дэвсгэрт улс төрийн орогнол хүсэх эрхтэй байдаг ч энэ эрхийг хангахгүйгээр гуравдугаар сарын 2-ны өдрийн онгоцоор буцаахаар шийдвэрлэсэн байсан нь яах аргагүй гуравдагч орон АНУ-д улс төрийн орогнол хүсэх боломжийг хангуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Хэрэв Б.Баатарыг бид буцаасан бол Монгол Улс НҮБ-ын болон олон улсын гэрээ конвенцуудыг зөрчөөд зогсохгүй, олон улсад хүний эрхийг дээдэлдэггүй, хүмүүнлэг бус, харгис орон гэж харагдах нөхцөл байдал үүсээд байсан юм. Үүнээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа навс унаж, олон улсын санкцид ороход нэг алхам урагшлуулах байв. Манай улс Орос Украины дайнтай холбоотойгоор НҮБ дээр гурван удаа түдгэлзсэн байгаа шүү дээ. Уг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг эсэргүүцэх нь Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсын үүрэг баймаар. Харин өнөөдөр АНУ-д инээмсэглэн сууж буй түүнийг маш азтай нэгэн юм гэж олон хүн ярьцгааж байгаа нь тодорхой. Том зургаараа манай улс өөр дээрээ хүлээх эрсдэлийг зайлуулчихлаа гэж улс төрийн хүрээнийхэн надад хэлж байсан юм.

-Ингэхэд Б.Баатар яагаад Оросоос зугтах болов. Хэрэв түүнийг эх орондоо буцаж очвол ямар хувь тавилан хүлээж байсан бэ. Энэ тухай танд ярьж байв уу?

-ОХУ-ын Эрүүгийн хуульд 2022 оны есдүгээр сард өөрчлөлт орж дайн болон дайчилгааны ажиллагаанаас татгалзсан тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцож 3-10 жилийн ял оноохоор болсон. Мань хүн эх орондоо буцаж очих юм бол шоронд хоригдох, улс төрийн гэмт хэрэгтэн гэж үзвэл цаазлуулах ял авах ч нөхцөлд хүрэх юм байна лээ. Түүнийг ийм шийтгэл амсана гэдгийг мэдсээр байж бид буцаасан бол олон улсын конвенцийг биелүүлээгүй асуудал гадаадын хэвлэл мэдээллээр цацагдах байсан. Б.Баатар бидэнд ярихдаа “Намайг Казахстан руу нисгэвэл тэндээсээ Орос руу явуулах нь тодорхой” гэж байсан. Орос Украины дайн дөнгөж эхэлж байхад Казахстан болон хуучин ЗХУ-ын харьяанд байсан дийлэнхи улсууд эсэргүүцдэг байлаа. Олон улсын харилцаа талаас нь харахад дайны байдал сунжраад ирэнгүүт Казакстан зэрэг орнууд нь Оросыг хүчтэй эсэргүүцэхээ больсон.

Тэрбээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгссөн, түүх судлаач юм билээ. Монгол, Халимагийн түүхийн чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэн. Оросын “Яблоко” гэдэг ардчилсан намын Халимаг дахь намын дарга бөгөөд Халимагийн парламентын гишүүн байсан хүн. Өмнө В.Путины засаглалыг эсэргүүцэж, үндсэн хуулиа сүрхий шүүмжилдэг байсан гэсэн. Анх Крымын хойгт болсон Орос Украины дайныг эсэргүүцэгчдийн нэг байж. Мөн Хятадын Засгийн газраас Өвөр монголчуудыг уйгаржин монгол бичгээр сурах асуудлыг хориглосны эсрэг хүртэл байр сууриа илэрхийлж байсан юм билээ.

Б.Баатар нь Орос оронд ардчилсан нийгмийг авчрахын төлөө өөрийн гэсэн үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж ирсэн юм байна. Энэ хүн монгол түмнээ гэсэн сэтгэлтэй. Хүссэн хүсээгүй тува, буриад, халимаг, өмнөд монгол гэдэг ч юм уу монгол үндэстнүүдийн хувьд Орос, Хятадын хавчлагад байдаг. Улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй нөхцөл байдалд байгаа. Тиймээс Б.Баатар дөнгөж дайн эхлээд удаагүй байхад буюу 2022 оны гуравдугаар сарын эхээр шууд Казахстан руу явсан гэсэн. Угаасаа түүнийг улс төрийн нөхөд нь “Явахгүй бол болохгүй, дайныг эсэргүүцэж байсан хүмүүсийг хорьж барьж байна” гэсэн болохоор явахаар шийдсэн тухайгаа ярьж байлаа. Тэрбээр Казахстанд байх хугацаандаа олон халимаг нөхдөө тус улсаар дамжуулан барууны орнууд руу дүрвэхэд, улстөрийн орогнол хүсэхэд нь тусалж байсан гэсэн.

-Тэгсэн хэрнээ өөрөө яагаад Монгол руу зүглэсэн юм бол. Барууны орнууд руу гарах боломж байгаагүй гэнэ үү?

-Ярианаас нь сонсоход загасчны морь усгүй гэдэг шиг зүйл болжээ. Казакстан улсад байхдаа олон монгол туургатныг баруун руу явахад Элчин сайдын яамдаар дамжуулан тусалж байсан гэсэн. Процессын хувьд европ уруу гаргахад ачаалал ихэссэн учир хүлээж байгаад яах аргагүй паспортын хугацаа дуусах дөхөхөөр нь Монголд ирсэн юм билээ. Монголыг ардчилсан нийгэмтэй улс болохоор тосоод авна гээд итгэсэн гэсэн.

Түүний паспортын хугацаа хоёрдугаар сарын 22-нд дуусах байсан. Тэгээд хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар 20-нд Казахстаны Алматтагаас Улаанбаатар руу нисэх тийзээ бичүүлж авсан. Гэтэл түүнийг Казахстаны хил дээр 48 цаг буюу хоёр хоног саатуулж байгаад 22-нд нь Хүннү Эйр онгоцоор Монгол руу явуулж. Монголд ирэхэд хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон тул Хил хамгаалах байгууллага Монголын хилээр нэвтрүүлээгүй юм билээ. Дээр хэлсэнчлэн тус улсын Оросын талд үзүүлж байгаа байр суурь нь суларсан болохоор Б.Баатарыг тэнд байхад нь барих гэж нэлээд оролдсоныг үгүйсгэхгүй. Эсвэл өөрсдөө бариад явуулчих гэхээр нэр хүндээ бодсон ч байж магадгүй. Ямартай ч паспортынх нь хугацааг дуусгаад Монгол руу явуулчихвал тэндээсээ баригдаад буцаад ирнэ гэсэн байдлаар хандсан байх гэж би хувьдаа хардаж байгаа.

-Паспортын хугацаа нь дууссан зорчигчдыг цагаан хуудсаар хил нэвтрүүлээд байдаг биш бил үү…?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 16.1-т “… агаараар нэвтрэх зорчигчийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ” гэж бий. Нэгэнт дээр дурдсан Эрүү шүүлтийн конвенцийн дагуу Монголын төр буцаан явуулах эрхгүй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлийн 13.2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй…” гэсний дагуу Үндсэн хуулиар олгосон үүргийн хүрээнд болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.3-ыг л зөрчөөгүй бол улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байсан. Тэр нь Монгол Улсад нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол хилээр нэвтрүүлэхгүй байж болно. Улс төрийн орогнол хүсч байгаа хүнийг паспортгүй байхад хүртэл нэвтрүүлж, цагаан хуудсаар нэвтрүүлж байсан зөндөө л кэйс бий. Улс төрийн орогнол хүсч байгаа учраас паспортын хугацаагаа дууссан байх нь шалтгаан биш, нэвтрүүлэхгүй байх шалтаг юм даа. Миний олж харснаар цаанаасаа паспортын хугацаа нь дууссан хүнийг явуулж Монголд ирэнгүүт нь буцаана гэсэн улс төрийн захиалга байсан болов уу. Яагаад гэвэл болсон үйл явдлууд нотолж байгаа юм.

-Олон улсын болон Монголын хууль эрх зүйн талаар ойлгомжтой тайлбарласанд баярлалаа. Одоо хоёулаа болсон үйл явдлын талаар ярилцъя. Та анх Б.Баатартай яаж холбогдож, танилцсаныг сонирхмоор байна?

-Надад аливааг нуугаад байх ямар ч зорилго байхгүй. Удирдлагын академид 10 гаруй жил багшилж байсан нээлттэй хүн гэдгийг шавь нар маань мэднэ. Манай Булган гэдэг найз хоёрдугаар сарын 24-ний орой над руу холбогдоод, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монголын хилээр нэвтэрч чадахгүй ОХУ-ын иргэн, халимаг хүн ирсэн юм байна. Хөшигийн хөндий рүү яаж явахыг мэдэхгүй байна, хамт яваад өгөөч” гэж хань татсан. Би ч зөвшөөрч хамтдаа маргааш нь буюу бямба гаригийн өглөө очсон. Би хил хамгаалахын нөхөдтэй ярилцаж, бичиг баримтаа үзүүлэн даргаас нь зөвшөөрөл авч нэвтрэх үнэмлэх авч орсон. Булган унаган орос хэлтэй учир орчуулга хийж ярилцсан. Б.Баатартай хоёр цаг гаруй ярилцаж нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй юм байна гэж дүгнэсэн л дээ. Ингээд эрх чөлөөний төлөө ардчилсан үзэлтэй элэг нэгтэндээ туслах хэрэгтэйг ойлгосон. “Надад хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй байна. Та намайг итгэмжлэн төлөөлж чадах уу” гэхээр нь зөвшөөрсөн. Булган тэр өдөр очихдоо сим карт аваад очсон байсан тул ярилцаж байгаад надад албан хүсэлт ирүүлсэн.

-Таны найз Булган түүнийг онгоцны буудал дээр гацсан тухай мэдээллийг яаж авсан юм бол?

– Булганы Финляндад байдаг буриад найз нь холбогдсон юм билээ. Монгол туургатан халимаг хүн нисэх буудалд буугаад хоол ундгүй, холбоо барих боломжгүй байна. Тусалж өгөөч гэсэн юм байх. Б.Баатарыг хоёр хоног хил дээр байх хугацаанд биднээс өөр очиж уулзсан хүн байхгүй. Уулзсаны дараа Дэлхийн Монголчуудын холбоотой ярьж Б.Баатарт хамтран туслах талаар ярилцаж тэдний зүгээс НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллага руу албан бичиг явуулах талаар хамтран ажиллахаар болсон.

-Та хоёрыг анх очиход Б.Баатар ямаршуу байдалтай байв. Холбогдох байгууллагуудтай уулзахад ямар хариулт өгч байсан бэ?

-Б.Баатарын бронхит нь хүндэрсэн, ханиад хүрсэн байдалтай ядруу байсан. Нисэх буудал дахь ХХЕГ-ын удирдлагатай холбоо барихад “Аль хэдийнэ ирсэн газар руу нь буцаах шийдвэр гарсан, ХЭҮК, холбогдох төрийн байгууллагад хандаад шийдвэр гаргавал буцаахгүй байх боломжтой” гэсэн. “Амралтын өдрүүд таарсан учраас даваа гаригт ажил эхлэнгүүт албан бичиг явуулж хөөцөлдье” гээд буцаахгүй байхыг хүссэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн долдугаар зүйлд “Гадаадын иргэн хүн ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийгээгүй бол Монгол Улсын иргэн адил Үндсэн хуулиар олгосон эрх эдэлнэ” гэж заасан. Тэгэхээр энэ хүн хилээр нэвтэрч чадаагүй ч гэсэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангагдах ёстой. АНУ-ын хувьд гэхэд хилээр нэвтэрч чадаагүй хүмүүст түр байрлах de­tention center саатуулах байр байдаг. Тэнд бичиг баримтын зөрчилтэй, орогнол хүссэн иргэдийг байрлуулж эмчилгээ хийж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх, цагаачлах зэрэг үйлчилгээ авах боломжоор хангадаг. Харамсалтай нь Монголд ийм үйлчилгээ байтугай хилээр оруулж эмчилгээ, оношилгоо хийлгэх ч боломжгүй юм билээ. Б.Баатарыг өөрсдийн гаргасан шийдвэрээр албадаж магадгүй цаанаасаа захиалгаар буцаах гээд зүтгээд хүч хэрэглээд байсан нь Олон улсын конвенци, Үндсэн хууль зөрчсөн эмгэнэлтэй үйлдэл болсон.

-Даваа гаригийн нислэгээр Б.Баатарыг буцаах байсан гэлээ. Түүнд хүч хэрэглэн авч явахыг оролдсон тухай сошиалаар ч нэлээд явсан. Нислэгийг нь яаж хойшлуулсан юм бэ?

-Даваа гаригийн өглөө ХХЕГ, ХЭҮК-т албан хүсэлт өгсөн. Би намынхаа нөхөдтэй ч зөвлөлдөж улс төрийн эрсдэл, шийдэл гарц гаргалгаа байгаа талаар санал солилцсон. Б.Баатарыг тэр өдөр нь буюу хоёрдугаар сарын 27-ны 11:30 “Хүннү Эйр”-ийн нислэгээр буцаах нь хэвээр байсан учраас онгоцны буудал дээр цагийн өмнө очиж ХХЕГ-ын удирдлагатай уулзахад “Хэрэв Б.Баатар өөрөө хүсэхгүй бол албадан буцаахгүй” гэж хэлсэн. Түүнийг Монгол Улсаас улс төрийн орогнол хүссэн, надад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хүсэлт гаргаснаа танилцуулсан ч Ардчилсан намынхан юм байна гэж шууд ялгаварлаж хандан ярилцаж дуусалгүй үл ойшоож хаяж явсан. Б.Баатартай ярьж нөхцөл байдлыг асуухад “Түүнд хүч хэрэглэж онгоцонд суулгах гэж байна” гэхээр нь “Утсаа салгахгүй, болж байгаа байдлаа хэлээрэй” гээд бид бичлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.

“Хүннү эйр” компанийн менежертэй тэр өдөр нь уулзахад Б.Баатар “явахгүй гэж чанга хашхирч эсэргүүцэж байсан учраас нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулбал хэн хариуцлага хүлээх, хэрэв явуулбал 2-3 хүн авч явах хэрэгтэй” гэхэд болиулсан юм билээ. Тэгээд авч явж чадалгүй пүрэв гаригт Казахстан руу нисэх билет бичсэн байгаа юм. Тэр цагаас хойш Б.Баатарын дэргэдээс хүчний бололтой хоёр ажилтан салаагүй юм. Түүнийг хүчээр авч явах нь тодорхой болсон учраас асуудалд улс төрийн өнцгөөс хандаж, олны анхааралд оруулах нь зүйтэй гэж Б.Баатартай зөвлөлдсөн. Тэрбээр фэйсбүүктээ нөхцөл байдлын талаар англиар бичээд зурагтайгаа постолсон байсан. Үүнийг нь намын групптээ оруулж, манайхан олон нийтэд цацаж анхаарлын төвд оруулж чадсан.

-С.Одонтуяа гишүүн Б.Баатартай очиж уулзсан нь нийгэмд шүүмжлэл дагуулаад амжсан. Зарим нь попорлоо гээд л, нөгөө хэсэг нь Орос Монголын парламентын бүлгийн дарга гэдэг утгаараа түүнд тусалж чадах хүн мөн үү гэх асуудал ч хөндөгдөж байсан?

-Нам гэдэг бол хамтын ажиллагаа. Тиймээс Б.Баатар гэдэг хүний эрхийг хамгаалахын төлөө маш сэтгэлээрээ нэгдэж ажилласан. Ямар тактикаар яаж ажиллах төлөвлөгөөгөө ч боловсруулсан. Украинд сургууль төгссөн, дайныг эсэргүүцдэг Д.Ганбат гишүүний хувьд Солонгост ажлаар явсан байв. Ингээд С.Эрдэнэ даргатай ярилцаад Орос Монголын парламентын бүлгийн тэргүүн С.Одонтуяа гишүүнээр туслуулахаар болж утсаар холбогдсон.

“Хүннү эйр” компани түүнд хоол өгсөн юм билээ. Хүчээр авч явах гээд чадаагүй болохоор ч юм уу бүтэн өдөр Б.Баатарт хоол өгөөгүй байсан. Энэ талаар намынхаа группт бичихэд МоАХ-ын Рэнцэнтавхай, Батбаяр тэргүүтэй ах нар очиж хоол, эм, мөнгө өгсөн. Манай МоАХ-ныхан Б.Баатарыг таньдаг юм билээ. Урьд нь Оросын “Яблоко” намынхантай Халимагт очиж уулзаж байсан гэсэн. Тэр үед Б.Баатар бас Монголд ирж байсан, хуучны танил байна, тусалъя гээд очсон юм билээ.

-Б.Баатар “Өдрийн сонин”-д “Монгол миний эцсийн найдвар болчихоод байна” гэж ярьсан. Ерөнхийлөгчөөс улс төрийн орогнол хүссэн. Түүнийг Монголд үлдээх боломж байсан уу?

-Б.Баатар бол дайны түрэмгийлэл хийж байгаа Оросоос зугтаж Монголд улс төрийн орогнол хүсч ирсэн хүн. Гэтэл түүнийг Украин иргэн дайнаас зугтаад дүрвэгч болж байгаа юм шиг буруугаар ойлгуулахыг оролдсон нь үнэхээр харамсалтай. Уг нь Б.Баатар надад улс төрийн орогнол хүссэн хүсэлтээ өгсөн байсан. Тэрийг нь бид хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригт С.Одонтуяа гишүүнийг онгоцны буудал дээр ирэхэд нь албан ёсоор Ерөнхийлөгчид дамжуулаарай гээд өгсөн. Гэтэл түүнийг пүрэв гаригт буцаах нь тодорхой болсон талаар мэдээлэл авсан. Үнэндээ Б.Баатарыг Монголд үлдээх боломж хэзээ ч байхгүй. Оросууд үлдээхгүй шүү дээ. Үнэхээр улс төрийн орогнол хүссэн өргөдлөө өгч байгаа боловч тэрийг хэзээ ч шийдэхгүй л байхгүй юу.

Төрийн толгойд байгаа нөхөд орос ах нараасаа айгаад дарамтанд орсон гэдэг нь тодорхой юм билээ. Орос Украины дайныг түдгэлзсэн саналаа НҮБ-д гурван удаа өгчихөөд сууж байгаа нь үүний тод жишээ. Эрх баригч намынхан орос ах нараас айдаг үзлээсээ одоо болтол салахгүй байна. Ийм байгаа цагт Монгол хэзээ ч Үндсэн хуулиар тунхагласан тусгаар тогтносон, бие даасан, хараат бус улс болж хөгжиж чадахгүй. Монголчууд бид гадаад улсын дотоод асуудалд орж байгаа хөрш оросуудаас айгаад байх ямар ч шалтгаан байхгүй. Бид тусгаар тогтносон эх оронтой, газар нутагтай, туурга тусгаар бүрэн эрхт улс гэдгээ мартаж болохгүй.

-Та ярилцлагын эхэнд Б.Баатарыг буцаах захиалга үйл явдлуудаар нотлогдсон гэлээ. Оросууд захиалсан гэж хэлээд байна уу. Та бас түүнтэй үл таних этгээд очиж уулзаад, Монголоос явахыг зөвлөсөн тухай Б.Баатар албан хүсэлт дээрээ дурдсан гэсэн. Тэр ямар учиртай хүн байсан юм бэ?

-Хоёрдугаар сарын 28-ны 15:00 цагт “Хүннү Эйр” Улаан-Үүдийн нислэгийн хуваарьтай байсан. Тэрүүгээр Б.Баатарыг авч явж магадгүй гэж дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл биднийг хотод телевизэд ярилцлага өгөөд явж байх хооронд үл таних хүн өөрийгөө Гадаадын иргэн харьяатад ажилладаг гэж хэлээд Б.Баатартай унаган оросоор чөлөөтэй ярилцсан гэсэн. Дүр төрхийн хувьд монгол хүн шиг хэрнээ эрлийз гэж хэлсэн. Тэрбээр Б.Баатарын улс төрийн үзэл бодлыг нэлээд тандаж В.Путины дайн энэ тэр гэж ярьж байгаад Б.Баатарыг буцаж явах хэрэгтэй, Монгол Улс хэзээ ч улс төрийн орогнол өгдөггүй гэж ятгасан байгаа юм. Ингэхдээ ОХУ-ын Ростов, Буриад, Эрхүү гэсэн гурван хот руу та явах боломжтой гэж тулгасан юм билээ. Энэ хүний биеийн хэлэмж, гаднах төрх, үг ярианаас нь ОХУ-ын Элчингийн ажилтан гэж таамагласан бололтой. Тухайн нөхцөл байдлыг Б.Баатар надад бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Би тэрийг нь ХХЕГ-т өгөхдөө “Үнэхээр тэр үл таних этгээд Гадаадын иргэн харьяатад ажилладаг эсэхийг тодруулж Оросоос зугтаж ирсэн хүнийг яагаад элчингийнх нь (тагнуулын) хүнтэй миний зөвшөөрөлгүй, дур мэдэн уулзуулсан талаар бичгээр тайлбар гаргахыг хүссэн ч одоо болтол хариу өгөөгүй. Нөгөөтэйгүүр тэр хүн өөрийгөө худал танилцуулж Б.Баатарыг төөрөгдүүлж мэдүүлэг авч дарамталсан байна гэж үзэж байгаа. Энэ бол Эрүү

шүүлтийн конвенцийг зөрчсөн ноцтой асуудал. Баатарыг үхэл рүү нь явуулж байна гэдгээ ойлгож байгаа ч Монголын төр Оросын даалгавраар үүрэг гүйцэтгэдэг хэвээр гэдэг нь харагдаж байна. Тэр үл таних этгээд Б.Баатартай уулзаж байх үед бид АНУ-ын элчингийн хариуцсан хүнтэй уулзаж байсан. Энэ үйл явдлын талаар Булган надад хэлсэн. Нисэхийн лавлахаас асуухад тэр өдөр Хүннү Эйрийн Эрхүүгийн нислэг 15 цагт байсан нь бүр хардалт төрүүлж онгоцны буудал руу хурдалсан. С.Одонтуяа гишүүнтэй яриад Баатарыг эргэхийг хүссэн.

С.Одонтуяа гишүүнийг Б.Баатартай уулзах үеэр түүний бронхит нь хүндэрсэн байсан. Би гишүүнээс “Энэ хүний цээжний зургийг авахуулаад өгөөч” гэж гуйсан. Гэтэл гишүүнийг явсны дараа Б.Баатарт тариа хийж эхэлсэн. Тэгэнгүүт мань эр унтаад өгдөг байсан юм билээ. Одоо бодоод байхад унтуулж байгаад авч явах гэсэн санаа байжээ гэж хардаж байгаа. Ер нь бол маш том захиалгатай ажил гэдэг нь олон эх сурвалжаар батлагдсан. Ингээд пүрэв гаригт түүнийг авч явах нь баттай болсон гэсэн мэдээллийг гишүүнээс авсан. “Наад хүнийг чинь буцаана шүү. Сэтгэл зүйг нь бэлдээрэй” гэж хүртэл Казакстан руу хүчээр авч явах гээд чадаагүй хил хамгаалахынхан гарч ирээд надад хэлж байсан. Гэхдээ үүрээр сэм унтуулж байгаад Улаан-Үүдийн нислэгээр авч явах гэж байгаа талаар хардаад, сүүлд нь нээрээ тариа хийнгүүт унтаад байсан даа гэж бодоод сэжиг авсан. Лхагва гаригт буюу гуравдугаар сарын 1-ний 08:55 цагт УИХ-ын дарга Япон руу айлчлах нислэгийн хуваарьтай байсныг хэвлэлээр үзсэн. Мягмар гаригийн орой нь өөрийн фэйсбүүкээр лайв хийж УИХ-ын дарга, гишүүдэд хандаж Япон нисэхээс өмнө Б.Баатарыг эргэж түүнтэй ярилцахыг хүссэн. Тэрбээр айлчлалын өргөн бүрэлдэхүүнтэй явж байсан. Шөнө дунд намынхаа групп дээр пост оруулахад манай Ренцэнтавхай, Батбаяр, Ганпүрэв зэрэг МоАХ-ны ах нар маань “УИХ-ын эрхэм гишүүдээ Баатар тэнд байгаа, туслалцаа үзүүлээч” гэсэн постер бариад зогссон боловч УИХ-ын гишүүдийн хэн ч уулзаагүй, тоогоогүй юм билээ. Улмаар цагдаа ирж, тэднийг өрөөндөө дагуулан орж бичиг баримтуудыг нь шалгаж тэдний эсэргүүцлийг зогсоосон. Өглөө нь Д.Сосорбарам, Сүхбаатар, тэргүүтэй МоАХ-ны ах нар онгоцны буудал дээр ирсэн. Одоогийн Монголын төр яаж хүнийг хэлмэгдүүлж, зайлуулж, юу хийж болдгийг бодитоор харуулсан жишээ бол Б.Баатар гэдэг хүнд тохиолдсон явдал. Эрх баригчид арай дэндүү байна. Үнэндээ тэдэнд хэлэх ч үг олдохгүй юм. Оросууд эрх баригчдад заавар өгөөд байсан гэж дүгнээд хурдан маневр хийж, олон хүнтэй холбоо тогтоож багаар ажилласны үр дүн.

-ХЭҮК-оос хариу өгсөн юм уу?

-ХЭҮК-ийн Дондог гишүүнтэй хэдэн удаа ярьсан. Б.Хунан дарга нь гадаадад явж байгаа болохоор уг гишүүнд хариуцуулсан юм билээ. Ирэхээс нааш хуралдах боломжгүй гэж байсан учраас нэгэнт ХЭҮК-ийн шийдвэр гартал Б.Баатарыг буцаахгүй байх албан бичиг ХХЕГ руу явуулахыг хүсээд шийдүүлж чадаагүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гомдолтой байна. Монгол бол эцсийн найдвар гээд Оросоос зугтаж ирсэн элэг нэгтнээ босго давуулаагүйд үнэхээр гомдмоор. Монгол Улс бол Үндсэн хуультай. Хил хязгаар газар нутгийн халдашгүй бүрэн бүтэн байдалтай. Орос Хятад тэр байтугай АНУ хүртэл Монгол Улсын дотоод асуудалд ялангуяа төрийн халдашгүй бүрэн бүтэн байдалд халдах эрхгүй. Гэтэл оросууд өнөөдөр халдаад байна. Оросоос ирсэн даалгаврыг үг дуугүй биелүүлдэг нь Б.Баатарын кэйс дээр нотлогдсон.

-Б.Баатарыг АНУ руу гаргах санаа танд яаж төрөв. Энэ хүн өөрөө зөвшөөрсөн үү?

-Миний бие АНУ-д сургууль төгссөн. АНУ-д төгсөгчдийн холбооны гишүүн. НҮБ-д хандахад хамгийн хурдтай асуудлыг шийдэж болох улс бол АНУ юм билээ. С.Одонтуяа гишүүнд Б.Баатарын улс төрийн орогнол хүсэх өргөдлийг өгөхөөс өмнө би ХХЕГ руу яриад паспортын хуулбарыг нь авсан байв. Үүнийгээ бас АНУ-ын элчин руу явуулсан. Тэгсэн тулдаа энэ хүний АНУ руу явах асуудлыг хурдан шийдүүлсэн. Гуравдугаар сарын 1-ний өглөө АНУ-ын Элчин сайдын яамнаас “Таны хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүн АНУ явах боломжтой боллоо. Та зөвшөөрөх үү” гэсэн. Б.Баатартай анх уулзахад надаас хууль зүйн зөвлөгөө өгөөч гэж хүсч байсан. Харин үл таних хүн ирээд явсных нь дараа “Би танд амь насаа даатгая. Та заримдаа надтай холбогдохгүй байж болно. Өөрийнхөө зөв гэсэн шийдвэрийг өөрөө мэдээд гаргаарай. Намайг Орост битгий буцааж өгөөрэй” гэж хүсч байсан. Түүнийг амьд гаргах нь миний туйлын зорилго байлаа. Ингээд Б.Баатарыг АНУ руу явах шийдвэрийг Булгантай ярьж бид бие дааж гаргасан юм. Харин Б.Баатар АНУ руу нисэхээсээ цагийн өмнө тийшээ явах гэж байгаагаа мэдсэн.

-Тухайн үед яаж хүлээж авсан бэ?

-Шоконд орсон л доо. Гадагшаа явуулахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Тэгж байж энэ хүнийг аврах юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Би хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригт АНУ-ын элчингийнхэнтэй уулзахдаа Америк явуулж өгөөч гэж гуйсан. Тэгтэл маргааш өглөө нь асуудал шийдэгдсэн. Магадгүй би түүнийг АНУ руу явуулахаар бие даагаад шийдвэр гаргасан нь буруу байж ч болно. Харин явсныхаа дараа надад баярлах нь гарцаагүй гэж бодсон. Тэрбээр АНУ-д очсоныхоо дараа Халимагийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Дайн дууссаны дараа эх орон руугаа буцна. Мөн надад тусалсан Ганбаяр, Булган, Элбэгдорж, Одонтуяа болон Ардчилсан намынханд баярлалаа” гэж ярьсан байна лээ.

-Та сая Б.Баатарыг Америк гарах гэж байгаагаа нисэхээсээ ганцхан цагийн өмнө мэдсэн гэлээ. Түүнийг өөрийн хүсэлтээр гуравдагч орон руу явлаа гэж Гадаад харилцааны сайд мэдэгдээд байсан шүү дээ?

-Б.Баатарыг нисэнгүүт Б.Батцэцэг сайд араас нь яаран мэдэгдэл хийхдээ худал ярьсан. Яг үнэндээ Б.Баатар өөрөө ч хаашаа явах гэж байгаагаа мэдээгүй байсанЯагаад гэвэл Б.Батцэцэг сайд Баатар, бидний хэнтэй нь ч уулзаагүй. Нөгөөтэйгүүр түүнийг хаашаа явсныг бид 18 цагийн дотор нууцална шүү гэж тохирсон байхад С.Батцэцэг сайд, Онгоцны буудлын цагдаагийн дарга нь Сөүл явсан гээд нийтэд зарласан. Энэ бол хувь хүний нууцлалын тухай хууль зөрчсөн асуудал. Ингээд ярих юм бол хүчний байгууллагынхан өөрсдөө олон хуулийн заалт зөрчсөн юм шүү.

-Та хоёр сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Бид өнгөрсөн долоо хоногт зүүмээр уулзаж ярилцсан. Тэрбээр “Монгол Улсыг чинь хөгжүүлэхгүй байгаа том тээг бол Орос. Та нарыг албаар ядуу байлгаж байгаа шүү. Одоо би аюулгүй байгаа” гэсэн. Манай төр Орос Украины дайныг эсэргүүцэх юм бол Путин ах цахилгаанаа тасалчихна, шатахуун өгөхөө болино гэх айдастай байгаа нь үнэхээр харамсалтай. ОХУ-аас монголчуудыг, залуу үеийхэнийг тархи угаалтаар хүмүүжүүлэх гэж оролдож байгаа нь тусгаар улсын дотоод асуудалд орж байгаа ноцтой үйлдэл. Энэ талаар төр засаг мэдсэн ч мэдээгүй юм шиг чихээ таглаж байгаад харамсаж байна.

Мэдсээр байж хөрш орноороо Монгол Улсын дотоод асуудалд оролцуулж Үндсэн хуулиа сахихгүй байгаа Гадаад харилцааны сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Б.Батцэцэг сайдад хариуцлага тооцож чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн 66.1-т заасан эрхээ эдэлж Цэцэд өргөдөл гаргана.

Монгол туургатнууд дайныг эсэргүүцэж хүний эрхийн мэдрэмжтэй уриалга гаргах хэрэгтэй. Тэр утгаараа энэ сарын 18-нд “Дайны үр дагавар ба хүний эрх” сэдвээр дэлхийгээр тархсан монголчууд олон улсын цахим хурал зохион байгуулахаар санаачлаад эрх чөлөөний төлөө үзэл бодлоо илэрхийлдэг хүн бүрийг оролцуулахаар төлөвлөж байна. Орос ч байна уу, Украин ч байна уу дайнд хайран сайхан аавын хөвгүүд үрэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Даваадалай: Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор валютын нөөцөд дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.

-Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл ирэх даваа гаригт нээлтээ хийх гэж байна. Энэ гүний уурхай ашиглалтад орсноор том зургаараа манай эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Оюу толгойн уурхай нь Монголын эдийн засагт хэр өргөн хүрээтэй, хэр чухал болохыг монголчууд бид 10 жилийн хугацаанд харсан байх. Оюу толгойн төсөл бол Монголын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх хөдөлгөгч хүчний нэг болоод байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь зөвхөн уул, уурхайн салбарт орсон. Дийлэнх хэсэг нь Оюу толгойн уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой. Өнгөрсөн жилүүдийн дунджаар Оюу толгойгоос ойролцоогоор 400-500 тэрбум төгрөгийн шууд орлого төсөвт төвлөрдөг гэсэн тооцоо бий. Цаашлаад улс орны экспорт, валютын нөөц гээд олон зүйлд голлох нөлөө үзүүлдэг. Эцсийн дүндээ иргэдийн орлого, амьжиргаанд ч шууд болон шууд бус байдлаар ихээхэн эерэг нөлөөлөл үзүүлсээр ирсэн. Оюу толгой компанийн саяхан хийсэн мэдээллээс үзвэл 2010-2022 онд уг төслөөс Монгол Улсад дотоодод 15 тэрбум орчим ам.доллар зарцуулсан байх жишээний. Үүний 75 хувийг дотоодын худалдан авалт хийжээ. Энэ нь тухайн бүс нутаг, цаашлаад Монгол Улсын иргэд амьжиргаа, баялаг бүтээгчдийн бизнесийн үйл ажиллагаанд нэлээд дэмжлэг болсон болов уу гэж бодож байна.

Оюу толгойн төслийн далд уурхайн үйлдвэрлэл эхлэхээр байгаа нь эдийн засагт асар чухал эерэг хүлээлт бий болгож байгаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ эдийн засгийн асар хүндрэлтэй нөхцөлд байсан. Өнгөрсөн оноос сэргэлт ажиглагдаж байна. Ялангуяа, Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол өнгөрсөн 2022 онд 4.8 хувиар өсч, цар тахлын өмнөх түвшинд эдийн засаг маань ирснийг илтгэсэн. Энэ 2023 он болон ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн хувьд нэлээд эерэг төлвүүд ажиглагдаж байгаа.

Ялангуяа Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхлэх нь төсөв санхүү болон гадаад валютын нөөцөд дэмжлэг үзүүлэх болов уу. Урьдчилсан мэдээгээр далд уурхайн үйлдвэрлэл 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд одоогийн Оюу толгойн үйлдвэрлэлийг 2-3 дахин нэмэгдүүлнэ гэсэн ойлголттой байна. Энэ хэмжээгээр уг уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх нь Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд томоохон дэмжлэг болно гэж байна. Ингэж төсөөлбөл, Оюу толгойгоос төсөвт төвлөрөх зөвхөн шууд орлого 2030 он гэхэд дор хаяж 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан баримжаа төлөв харагдахаар байна.

-Манай улсад доллар олж ирж байгаа салбар бол уул уурхай. Тэр дундаа Оюу толгой шүү дээ. Тэгэхээр далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш тогтворжиж чадах уу?

-Өмнө хэлсэнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь зөвхөн уул, уурхайн салбарт орсон бөгөөд үүний дийлэнх хэсэг нь Оюу толгойн уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой байдаг. Энэ үзүүлэлтээс л харахад Монгол Улсын гадаад валютын нөөцөд Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл нэлээд дэмжлэг болж, эерэг хүлээлт үүсгэх боломжтой. Цаашлаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Гэхдээ бид импортын өндөр эрэлтийг бууруулах, экспортыг эрс нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй авч хэрэгжүүлэхгүй бол Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн эерэг нөлөөг бууруулах эрсдэлтэйг онцгой анхаарах хэрэгтэй. Мөн экспортын түүхий эдийн, ялангуяа нүүрсний үнэ буурах эрсдэл байгааг та бид онцгой анхаарах хэрэгтэйг сануулъя. Хэрэв нүүрсний үнэ буурвал нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж, улмаар төгрөгийн ханшинд дарамт учруулж болзошгүйг тал талдаа сайтар анхаарах нь зүйтэй болов уу.

-Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх өндөр технологитой орон болж байна. Тэр утгаараа манай улсын төсөв гурав дахин тэлнэ гэсэн төсөөлөл яг хэзээнээс бидэнд үр шимээ өгч эхлэх бол?

-Яах аргагүй дэлхийн шилдэг техник, технологийг монгол залуус эзэмшиж байгаа нь хамгийн чухал үр дүн. Энэ мэдлэг чадвараараа бусад төсөл хөтөлбөрийг монголчууд өөрсдөө хөгжүүлэхэд том боломж олгох юм. Өөрөөр хэлбэл, монгол хүний мэдлэг чадварт асар том дэмжлэг болж байгаа нь сайшаалтай.

Цаашлаад Оюу толгойгоос ойролцоогоор 400-500 тэрбум төгрөгийн шууд орлого төсөвт төвлөрдөг гэсэн тооцоо бий гэдгийг дахин хэлье.

Урьдчилсан мэдээгээр Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр жил бүр төсөвт төвлөрөх орлого нь аажим нэмэгдэнэ. Энэ орлого 2030 он гэхэд дор хаяж 2-3 дахин нэмэгдэх боломж байх гэж ойлгож байна.

Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоолол гэдгийг холбогдох байгууллагууд сануулж байгааг тодотгох ёстой. Нарийвчилсан тоонууд нь хэлбэлзэх боломжтой гэсэн үг. Хэдий ийм боловч Оюу толгойгоос төсөвт орох орлого нэмэгдэх нь Монгол Улсын төсөв, цаашлаад иргэдийн амьжиргаанд багагүй дэмжлэг болно. Хамгийн чухал нь уг орлогыг хэрхэн зөв зохистой зарцуулах вэ гэдэг нь суурь асуудал юм.

-Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхлэх нь гадна талд Монголын талаар эерэг мессеж өгч чадна. Ойрын үед Оюу толгой шиг том төсөл хэрэгжих боломж харагдаж байна уу?

-Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхлэх нь төсөв санхүү болон гадаад валютын нөөцөд багагүй дэмжлэг болно гэж хүлээж байна. Түүнчлэн нүүрсний томоохон ордуудын хувьд засаглал болон тогтолцооны нэлээд дорвитой шинэчлэлүүдийг төр засгаас хэрэгжүүлж байгаа нь энэ салбарт нэлээд дэвшил, ахиц гарах болов уу гэж хүлээж байна.

Цаашлаад бусад ашигт малтмалын ордуудыг байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглахад төр засаг онцгой анхаарч байгаа. Мөн олон төсөл, хөтөлбөрүүдийг судлан, хэрэгжилтийн тал дээр анхаарч байгаа гэж ойлгож байна. Хамгийн гол нь монголчууд бид томоохон хөрөнгө оруулалт орж ирэх суурь нөхцөл боломж, зах зээлээ сайжруулах, бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Энэ хүрээнд олон төрлийн эрх зүйн шинэчлэл, бизнесийн орчны шинэчлэл, авлига хүнд суртлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах чиглэлээр суурь асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэх нь юу юунаас чухал байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баасан: Улсын хэмжээнд 1.2 сая гаруй ажиллах хүч байгаагаас 442 мянга нь НДШ төлдөггүй DNN.mn

Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны тархалтын хэлтсийн дарга Д.Баасангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн асуудлаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хичнээн хүн байна вэ?

-Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас манай байгууллага улирал тутам цалингийн мэдээ гаргах зорилгоор тайлан, мэдээллийг нь авдаг. Энэ оны мэдээлэл ирэх долоо хоногт гарна. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээс хүргэе. Монгол Улсын хэмжээнд 758 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн гэж гарсан байна. Энэ нь улсын хэмжээнд дундаж цалинд хамрагдаж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манайд ажиллах насны буюу хөдөлмөрийн насны хичнээн хүн байдаг юм бэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрлөх насны хүн амыг 15 наснаас дээш гэж үздэг.

Хуучин бол манайд 16-64 нас гэж явдаг байсан. Тэтгэвэрийн насыг эрэгтэй хүн 59, эмэгтэй хүн 54 нас гэж тооцож явсан.

Ерөнхийдөө олон улсын байгууллагаас тодорхойлсоноор 15 наснаас дээш насных гэж үзэхээс өөр аргагүй л дээ. Тэр утгаараа нийт хөдөлмөрийн насны 2.2 сая хүн манай улсад бий. Үүнээс ажиллах хүч гэвэл улсын хэмжээнд 1.2 сая хүн байна. Харин ажиллах хүчинд харьяалагдаагүй 888 мянган хүн ам байна.

-Ажиллах хүчинд харьяалагдахгүй хүн ам гэхээр юуг хэлж байна вэ?

-Янз бүрийн шалтгаантай хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насных атлаа янз бүрийн шалтгаантай хүний тоо гэсэн үг. Үүнд дотор оюутнууд, хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд, малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарсан иргэд, гэрийн ажилтай, хөгжлийн бэрхшээлтэй гээд орно. Яг цэвэр ажиллах хүч гэвэл 1.2 сая хүн байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүс хэд байна вэ?

-Түрүү нь хэлсэн 1.2 сая ажиллах хүчин дотор байнгын болоод түр ажиллагсад орж байгаа юм. Үүнээс 758 мянган хүн нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гэсэн шүү дээ. Тэгэхээр үлдэж байгаа 400 гаруй мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэсэн ерөнхий дүн гаргаж ирээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 1.2 сая гаруй ажиллах хүч байгаагаас 442 мянган иргэн НДШ төлдөггүй гэж ойлгож болно. Гэхдээ үүн дотор ажил олгогч ажилтан хоёр хоорондоо тохиролцож, гэрээ байгуулаад ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ч ордог. Хувь хүмүүсийн хооронд ажиллах процесс явагдаж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл гэж төлөгдөхгүй. Эдгээр иргэдийг шууд нийгмийн даатгалын шимтгэл төл гэж шаардах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр ажил олгогч болон ажиллагсдын бүртгэлийн асуудал чухал байгаа. Бүртгэлийн асуудлыг илүү нарийн оновчтой хийж чадвал тодорхой тоон судалгаанууд бодитой гарч ирнэ л дээ.

-Сайн дурын даатгуулагчдын тоог тодруулбал. Ажил хийдэг атлаа даатгал төлдөг олон мянган иргэд бий шүү дээ. Тухайлбал, малчид, захын наймаачид гээд…?

-Хамгийн сүүлийн үеийн ирүүлсэн тайлан мэдээллээс аваад үзвэл тодорхой тоо гарч ирнэ. Юуны өмнө албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчдын тоог нэгдсэн байдлаар хэлэхэд 1.2 сая гаруй хүн бий. Үүнээс сайн дураараа даатгуулагч 162 мянга гаруй иргэн байна гэсэн тоо баримт ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Монгол Улс метан хийгээрээ Оросын гол өрсөлдөгч болохыг үгүйсгэхгүй DNN.mn

Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлын сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулахгүй юу?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа миний мэдэх гурван компани бий. Эхнийх нь “Эликсир Энержи”. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани. Тэндээсээ хөрөнгө мөнгөө босгоод ажлаа явуулдаг. Энэ компанитай хамтран ажиллаад 12 жил болж байна. Саад бэрхшээл их тулгарсан. Заримдаа больдог ч юм бил үү гэж бодох үе байсан ч захирал Нийл Ёнг хэзээ ч шантарч байгаагүйн хүчинд 2018 оны намар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Хоёр дахь нь “Эрдэнэс Метан” ХХК юм. Миний бие ихээхэн хөөцөлдөж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайханы шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр 2016 онд байгуулж, анхных нь захирлаар ажиллаж байсан. Бас л австраличуудтай ажиллаж байгаа. Эднийх Таван толгойн орд газарт ажилладаг. Сонирхуулж хэлэхэд Таван толгойн орд газрын нүүрсний давхаргын метаны тойм судалгааг “Эликсир Энержи” компанийн Монгол дахь охин компани “Жи Өү Эйч” манай Засгийн газрын хүсэлтээр хийж өгч байсан. Гурав дахь нь “Тэлмэн Ресурс

-“Эликсир энержи” компанийн хувьд бамбар асааснаас хойш яг 100 хонолоо гэж саяхан мэдээлсэн байсан. Австралид мөрдөгддөг стандартын дагуу энэ хэвээр дахиад хоёр сар орчим үргэлжилбэл нөөц батлагдлаа гэсэн үг юм байна. Тэгэхээр олборлож эхлэхэд бэлэн болсон гэж ойлгож болох уу?

-Үгүй л дээ. Нөөцөө тогтоочихоод цаашид яах вэ гэдгээ шийднэ. Их, дунд, бага буюу хэр зэрэг нөөц байна гэдгээс хамаарна гэсэн үг. Хийгээ хоолойгоор экспортлох уу, шингэрүүлэх үү, цахилгаан үйлдвэрлэх үү, Улаанбаатарын утааг шийдэхэд яаж оролцох вэ гээд л олон арван хувилбарыг харьцуулах хэрэгтэй болно. Хувилбар бүр өөрийн гэсэн хөрөнгө оруулалт шаардана.

-Улаанбаатарыг утаанаас салгах ганц шийдэл чинь метан хий болчихоод байна шүү дээ. Нийслэлчүүдийг 50 жил хангах боломжтой гэх юм билээ. Газыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хэдий хугацаа шаарддагдах бол?

-Нөөц тогтоогоогүй байхад 50, 100 жил гэх мэт онолын тооцооны тоо яримааргүй байна. Тун удахгүй нарийн тоонууд гарч ирнэ. Тэгээд ч энэ бол тогтмол тоо биш өрөмдлөг хийх тусам нэмэгдээд явдаг. Метан хийг олборлож эхлэхийн өмнө дэд бүтцээ хийх учиртай. Энэ нь бас л техникийн өргөн сонголттой, нарийн тооцох асуудал. Метан хий гэж их ярьдаг болж. Энэ чинь бидний мэддэг байгалийн хий шүү дээ. Монголд байгалийн хий огт байхгүй гэдэг нь Оросуудын зохиосон үлгэр л байсан.

-Бид метан хийгээ яг хэзээнээс ашиглаж эхлэх боломжтой вэ. Ингэхэд төрийн зүгээс юу хийх ёстой вэ?

-Бид 180 хоногийн дараа багцаа хэлэх болов уу. Төрөөс санхүүжилт нэхэхгүй нь тодорхой. Гэхдээ шинэ салбарыг хөл дээр нь зогсооход дэмжлэг хэрэгтэй. Нэг их ашигтай бизнес гэж хараад баахан татвар нэхээд унагаачих магадлал маш их.

-Манай метан хийн гарц, агууламж нь бусад орнуудтай харьцуулахад илүү байдаг гэх юм билээ. Нөөц баялгийнх нь талаар тодорхой тогтоосон юм болов уу?

-Өрөмдлөг бүрийн дүн янз янз л гардаг. Дэлхийд байхгүй гэх мэт яриа бол дэмий зүйл. Пермийн галавын нүүрсний ордуудын үүслийн процесс ерөнхийдөө адилавтар шүү дээ.

-Метан хий манай эрчим хүчний салбарт ямар хувьсал авчирах вэ?

-Нүүрснээс хий рүү шилжих асуудал шүү дээ. Энэ шилжилт бусад улсад яаж явсан тиймэрхүү л байдлаар явна. Сайн муу зүйл, саад бэрхшээл мундахгүй биз. Нүүрстэй харьцуулахад утаагүй шахам түлш л дээ. Эрчим хүчинд бол хийн станц маневрлах чадвараараа усан цахилгаан станцтай дүйцнэ. Эрчим хүчний яам ДЦС хоёрын талбай дээр хийн станц барина гээд байдаг. Түлшээ хаанаас, яаж авах юм бүү мэд. Хэрэв импортоор авах гэж байгаа бол нэг их амар зүйл биш. Нүүрснээс байгалийн хий рүү, байгалийн хийнээс устөрөгч рүү гэх мэт шилжилтийг манай улс хийж л таарна.

-Манай улс метан хийгээ ашиглаж эхэлснээр эрчим хүчний хараат байдлаас гарах бүрэн боломжтой биз дээ. Оросууд манайхаас урьтаад энэ онд хийн хоолой тавьж эхлэхээр болсон. Эгийн голын усан цахилгаан станцыг гацаасан шиг юм болох вий гэсэн болгоомж нийгэмд байх шиг?

-Эрчим хүчний хараат байдлаас гарна гэдэг чинь оргил юм уу, суурь чадлын дутагдалгүй болчихоор л болчихдог зүйл биш л дээ. 1970-аад онуудад суурь нь тавигдаад “ДЦС-4”-ийн барилга, угсралтыг дуустал манай төвийн систем 100 хувь тэр үеийн ЗХУ-ын техник, технологиор бүтсэн эд. Тэгэхээр сэлбэг, эд ангиудаа ч ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас одоо хүртэл авдаг. Их жин дардаг нь ОХУ, Украин хоёр. Ковид, дараа нь дайн гээд бид ямар хүнд байдалд орсон нь тодорхой. Гэвч ардчиллын жилүүдэд барууны техник, технологи бас ч гэж нэлээд орж ирсэн. Жишээлбэл, “ДЦС-4”-ийн нүүрсний тоос бэлтгэх систем бүхлээрээ японыхоор солигдсон.

Ашиглалтын зардал нь 2-3 дахин буурсан. Найдвартай ажиллагаа нь нэмэгдсэн. Манай дамжуулах болон түгээх сүлжээ, дулааны сүлжээнүүдэд барууны техник, технологи чамлалтгүй орж ирсэн. Бид нэг их зарлаад байдаггүй ч нэг улсаас хамаарах байдлыг чадах ядахаараа багасгаж ирсэн. Одоо Мянганы сорилтын сангийн “Компакт-2” төслийн хүрээнд “ДЦС-3” болон “ДЦС-4”-ийн хөргөлтийн систем саарал усанд шилжих ажил хийгдэж байна. Харин тэр улс дамжсан хийн шугамын хувьд нэг их түргэн бүтэх нь юу бол. Би бол тэр хийн хоолой байтугай “ДЦС-3”-ын өргөтгөлд ч найдахгүй л байгаа. Гэвч ОХУ, Украины дайны явцаас их юм хамаарах нь дамжиггүй.

-Метан хий экспортлогч орон болоход эдийн засагт орж ирэх үр өгөөжийн тооцооллоос хэлж өгөхгүй юу?

-Энэ талаар нарийн ширийнийг хэлэх үнэндээ боломжгүй. Яагаад гэвэл бизнесийн гол асуудлыг нь дэлгээд байж болохгүй л дээ. Зүгээр БНХАУ-д экспортлоход тээврийн зардал дэлхийд хаана ч байхгүй хямд гэдгийг л хэлье. Ер нь эрчим хүч, түүний нөөцийг экспортолж эхэлбэл манай эдийн засагт асар их нөлөө үзүүлнэ. Зөвхөн эдийн засагт ч бус, геополитикийн ч нөлөө бий. Энэ утгаараа ОХУ-ын гол өрсөлдөгч нь Монгол Улс болохыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, энэ өрсөлдөөнд Монгол Улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулдаг улстөрчид, хүмүүс байсаар л байна.

-Ер нь метан хийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд зардал нь нүүрснээс хямд байж чадах уу?

-Нүүрснээс хямд түлш дэлхийд ерөөсөө байхгүй. Гэхдээ БНХАУ-д экспортоор гаргах хэмжээтэй харьцуулахад Монгол Улсын хэрэглээ, түүн дотроо ахуйн хэрэглээ өчүүхэн учраас компаниуд өртгөөс нь бага үнээр борлуулсан ч алдагдал нь бизнесийн нөлөө багатай л даа. Хэдэн жилийн өмнө шатдаг занар олборлох зорилготой орж ирээд Төв аймгийн Эрдэнэсантынхад хөөгдөөд гарсан АНУ-ын компани дизелийн түлшээ зах зээлийн үнээр, харин хийгээ дагавар бүтээгдэхүүн учраас Улаанбаатар хотод үнэгүй нийлүүлнэ гэдэг байсан ч юу ч бүтээгүйг санах хэрэгтэй.

Улаанбаатар хотын нийтийн тээвэр, нийтийн хоолны газрууд, ахуйн хэрэглээ, халаалтын зуух дээр нь уул, уурхайн хүнд механизм гээд энэ хий рүү бүрэн шилжлээ гэхэд хоолойгоор тээвэрлэхээр том хэрэглээ гарахгүй. Харин шингэрүүлж тусгай зориулалтын автоцистернээр зөөх нь хамгийн уян хатан тээвэрлэлт болох байх. Нэг цистерн нь 17 тонн шингэрүүлсэн хий багтаадаг. Төмөр замын нэг платформд хоёр ийм цистерн багтдаг. Автоцистернийг ч хоёроор нь зөөдөг. 17 тонн шингэрүүлсэн хийг хийн төлөвт оруулахаар 10200 шоометр хий болно. Бүдүүн тоймоор энэ нь 10000 кг дизелийн түлштэй энергийн хувьд тэнцэнэ. Улсын хэмжээнд хэрэглэдэг шингэн түлш жилд хоёр сая орчим тонн гэж ярьдаг. Тэгэхээр авто тээврээр зөөхөд нэг их асуудалгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Отгонбаатар: МСНЭ-ийн гишүүн болсноор танд ямар давуу талтай вэ гэдэг чиглэлд илүү анхаарч ажиллаж байна DNN.mn


Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр утгаараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай товчхон ярилцлаа.


Та Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа товчхон хүргэхгүй юу?

-Миний хувьд өнгөрсөн долдугаар сарын эхээр Монголын сэтгүүчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит их хурлаар сонгогдон энэхүү нэр хүндтэй албыг хаших болсон. Гэхдээ тодорхой хугацаанд шүүхийн маргаан явагдаж, улмаар өнгөрсөн 12 дугаар сард Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Улмаар орон нутгийн форум хийлээ. Гадаад харилцаандаа идэвхтэй анхаарал хандуулан ажиллаж байна.

хэвлэлийн салбартай хамтран ажиллах, харилцаа холбоогоо идэвхжүүллээ. Энэ хүрээндээ БНСУ-ын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, баг хамт олныг эх орондоо хүлээн авч, уулзалтууд хийлээ. Дараа нь хариу айлчлалуудыг хийж, хамтран ажиллах тал дээр тодорхой ажлуудыг тусган хэрэгжүүлсээр байна. Ирэх тавдугаар сард Монголоос 25 сэтгүүлчийн баг БНСУ-д айлчлах гэж байна. Улмаар нөгөө талаас мөн тооны сэтгүүлчдийг бид эх орондоо урьж, хамтарсан формуудыг хийхээр төлөвлөж байна. Урд хөрштэйгөө бид цахимаар идэвхтэй харилцсан. Цаашлаад Европын холбоо болон АНУ-тай харилцаагаа улам эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд салбар мэргэжлийн төв байгууллагууд хамтран ажиллахаас гадна редакци хооронд солилцоо хийх маягаар хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Шинэ оны эхнээс хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл үйл ажиллагаагаа цахимжуулах асуудалд анхаарч, тэр чигийн ажлуудыг эхнээс нь шат дараатай хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, гишүүний бүртгэлээс эхлээд цахимжуулж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бүртгэлтэй гишүүд хэдэн мянга гэдэг ч бүгдийнх нь оролцоо хангагддаг уу гэвэл эргэлзээтэй. Тэр утгаараа энэ байгууллага гишүүдийнхээ татвараар санхүүжиж, тодорхой ажлууд явуулдаг учраас гишүүнчлэлийн асуудлыг илүү тодорхой, ил тод болгох, цахимжуулан шинэчлэх шаардлага байгаа юм. Тиймээс миний хувьд ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлээд хамгийн түрүүнд гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх байгууллагын нэр хүнд өнөөдөр ямар байна вэ?

-Миний хувьд ажил авсан өдрөөс эхлээд энэ чиглэлд голлон анхаарч, ажиллаж байгаа. Цаашдын зорилго маань ч энэ чиглэлд явна. Энэ байгууллагын үйл ажиллагаа бодитой, тууштай явагдах нь гишүүдээсээ хамаарна. Тиймээс юуны түрүүнд гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх ажлууд хийж байгаа юм. Дөрвөн жил тутам хуралдахдаа гишүүнийхээ татварыг төлсөн нь хуралд орно гэдэг хандлагаасаа бид одоо салах цаг болсон. Үнэхээр гишүүн мөн бол татвараа цаг тухай бүрд нь төлөх, улмаар эвлэлийн ажилдаа идэвхтэй оролцох, цаашдын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтдаа суугаад гаргадаг болох шаардлагатай. Өнөөдөр эвлэлийн гишүүн гэдгээ их хурлынхаа өмнө мэдэж, оролцоогоо хангадаг байдлыг халах цаг болсон. Энэ байгууллагын гишүүн гэдэг жилдээ дөрвөөс таван томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд заавал орсон байх ёстой. Мөн гишүүн болсноороо ямар давуу тал эдлэх вэ гэдэг чиглэлд ажиллаж байна. Тухайлбал, МСНЭ-ийн гишүүн болсноороо хувь сэтгүүлч, хэвлэлийн ажилтан яг ямар давуу тал, боломжуудыг эдлэх вэ гэдгээ тодорхой гаргаж өгнө. Юуны өмнө гишүүн болсноороо тодорхой хөнгөлөлтүүд эдэлнэ. МСНЭ хэмээх байгууллага олон зуун байгууллага, газруудтай холбоо тогтоон ажиллаж байна. Тэр дундаа гадаад харилцаандаа анхаарч байна. Тиймээс энэ байгууллагын гишүүн хамтран ажиллаж байгаа байгууллагаас тодорхой хөнгөлөлт эдэлж, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг бид бүрдүүлж өгөхийг зорьж байна. Наанадаж сэтгүүлч бид гадуур дотуур маш их явдаг. Тэр бүртээ өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж явдаг. Тэгвэл МСНЭ-ийн гишүүн болсноор үнэмлэхээ таксины жолооч, компанид нь үзүүлээд, уншуулаад хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Иймэрхүү маягаар МСНЭ-ийн гишүүн болсноор ямар давуу талтай вэ гэдэг ажлыг таниулах, мэдрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна.

-Үндэсний сэтүүл зүйн түүхт 110 жилийн ой тохиож байна. Салбарынхандаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ, цаашдын бодлого, зорилтуудаасаа товчхон хүргэхгүй юу?

-Өнөөдөр бол Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн өдөр. Тиймээс энэ салбарт хөдөлмөрлөж, зүтгэж буй хүн бүрд ойн баярын мэнд хүргэе. Бидний хувьд ойн баяруудаар хурал, цуглаан хийх гэхээс илүү бодит ажлуудыг хэрэгжүүлэх, илүү ажил хэрэгч байдлаар хандахыг хичээж байна. Өнөөдөр манай салбарт тулгамдсан асуудал олон байна. Энэ бүхнийг бид тогоон дотроо ярьж, хамтдаа гарц, шийдлийг олохын төлөө зорьж ажиллах болно. Ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлэх, хурал хийлээ гэхэд тодорхой шийдвэртэй, шийдэлтэй, үр дүн гарсан хандлагыг бид төлөвшүүлэх шаардлагатай. Хоосон хуралдаж, хийсвэр шийдвэр, үр дүнгээс бид салах цаг болсон. Бүх зүйлд бодитоор хандаж, тодорхой үр дүн гарган ажиллахын төлөө бид хичээх болно. Сэтгүүлчдийн эрх ашиг, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг бид сайжруулахын төлөө ажиллаж байна. Цаашид хэвлэлийн эрх чөлөөг бодитой хангасан эрх зүйн орчинтой болгох тал дээр санаачилгатай ажиллана.

Сэтгүүл зүйн салбарын эрх ашгийг хамгаалсан мэргэжлийн дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бид хоорондоо нэгдэж, нэгдсэн нэг бодлогоор салбарынхаа асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж явах учиртай. Тиймээс цаашдаа эвтэй, шинэлэг, үр дүнтэй, ажил хэрэгч байдлаар сэтгүүл зүйн салбараа, сэтгүүлчдийнхээ эрх ашиг, улс, нийгмийнхээ хөгжлийг бодитоор тодорхойлох цаг болсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН 100 жил төр удирдахдаа шатахууны нөөцийн савыг гагнаад хийчихдэг гэдгийг мэдэхгүй өдий хүрчээ DNN.mn

Ойрын өдрүүдэд шатахуун тасалдах маягтай болж байна. Сар шинийн баяраар орон нутагт бензин ховордсон тухай иргэд ярьж байв. Тэгвэл Улаанбаатарт ч ялгаагүй “А-92” бензин хомсдож эхэллээ. Урдаа барьдаг томоохон клонкууд шатахууны саваа цэнэглээд удаагүй байтал юу ч үгүй шавхагдчихаад байгаа гэнэ. Юунаас болоод ингэж бензин шатахуун тасалдахад хүрсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбарлахдаа “Манайд шатахууны нөөцийн сав хувийн компаниудад л бий. Хэрэглээ нэмэгдсэн ч түлш хадгалах савгүй өдий хүрсэн. Хоёр улсад баяр болох, өвөл, зуны түлш рүү шилжих гэх мэт гурван өдөр саатахад л том асуудал үүсдэг болж” гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шатахуун нөөцлөх савтай болох хэрэгтэйг салбарын сайд сануулаад байгаа нь энэ аж. Бүхэл бүтэн улс байж иймхэн аж ахуйн асуудлыг төдийгөөс өдий хүртэл шийдчихэж чадаагүй байгаа нь эмгэнэлтэй. Тэгээд зогсохгүй тэрийгээ агуу бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа юм шиг төрийн сайд нь сүржигнэхийг харахад үнэндээ л нүүр хийх газар олдохгүй юм. Шатахууны нөөцийн сав барих нь Ж.Ганбаатар сайдын хэлээд байгаа шиг тийм ч айхавтар нүсэр ажил биш. Нөөцийн сав барих шиг амархан ажил байхгүй. С.Баярын Засгийн газрын үед шатахуун тасалдаж, нэлээд өндрөө авч байхад хүртэл манай “Өдрийн сонин” энэ тухай хөндөж бичиж л байв. Тэр үеэс буюу 2008 оноос хойш манай улс шатахуун нөөцөлдөг болсон. Гэхдээ энэ ажлыг нөгөө муу хэлүүлдэг хувийн хэвшлийнхэн л хийсээр ирсэн. Зарим нь өөрсдийн хөрөнгөөр нөөцийн сав барьж байсан санагдаж байна. Стратегийн чухал бүтээгдэхүүн болох шатахуун тасалдахгүй, нийлүүлэлт нь хэвийн байх гол үндэс нь нөөц бүрдүүлэлт юм. Харин хувийн хэвшлийнхний боломж нь 30 хоногийн л шатахууны нөөц бүрдүүлэх багтаамжтай. Энэ хугацаа ядаж 90 хоног байх юм бол шатахууны үнийн хэлбэлзэлд ч хариу үзүүлэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Шатахууны хомсдол эдийн засагт савлагаа үүсгэж, инфляцид сөрөг нөлөөтэй. Зовлонг нь ард түмэн л үүрдэг.

Яг үнэндээ төрд өнөөдөр өөрийн гэсэн шатахуун нөөцлөх сав алга. Социализмын үед байсан хэдийгээ зах зээлд шилжингүүтээ хувьчлаад тараачихсан. Одоо тэрийгээ буцааж авч ашиглая гэж гоншигноод ч хэрэггүй. Бараг хагас зуун жилийн насжилттай тэдгээр сав эхнээсээ зэвэрч моралын элэгдэлд ороод цоорчихсон байлгүй. Тийшээ хараад угаасаа нэмэргүй. Хамгийн зөв гарц шийдэл нь шатахууны нөөцийн саваа өөрсдөө барих. Үе үеийн салбарын сайдууд шатахуун тасалдах болгонд нөөцийн савтай болох хэрэгтэй, гаднаас түрээсээр ч хамаагүй авчрах ёстой гэж мэдэмхийрцгээдэг. Манай төрийн удирдагчид аж ахуйн ажлын ямар ч зүг чиг байхгүйн тод жишээ бол энэ. Тэгсэн хэрнээ сүрхий мэддэг царайлаад амьтан хүний элэг доог болсон тэнэг, тэнэг юм ярина. Шатахууны нөөцийн сав хийх шиг амархан ажлыг харь гаригийн бүтээл хийх гэж байгаа мэт ярьцгаасаар өдий хүрлээ. Тэднийг цэцэрхэж байх хооронд бензин шатахууны хэрэглээ улам нэмэгдлээ. Цаашид нөхцөл байдал бүр ч дордож мэднэ. Гаднаас бэлэн сав түрээсэлж, валют урсгаж байхаар өөрийн юм өргүй нь дээр биш үү. Хэдэн гагнуурчин цуглуулаад, хавтгай төмөр худалдаж аваад хөндий торх хийх нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд ч бидэнд нөөцийн сав хийж байсан арвин туршлага бий дээ. Хуучин цагт гагнуурын аппарат, гагнуурчин хоёр ховор байхад монголчууд нөөцийн саваа жимбийтэл нь сайхан стандартын дагуу хийчихдэг байсан гэдэг. Цалин хөлс нь өндөр болохоор хүмүүс гагнуурын ажил хийхдээ ч жигтэйхэн дуртай байсныг хууччуул ярих юм билээ. Тэр үед манай улсын хүн ам дөнгөж 1.6 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол одоо үүнээс хоёр дахин нэмэгдсэн. Хаа сайгүй гагнуурчин байна. Жилд хэдэн зуугаараа гагнуурчид төгсч байгаа. Хүнд, хортой мэргэжил гэдэг утгаараа үнэлэмж нь ч өндөр хэвээр. Гагнуурын аппарат бол янз, янзаараа дэлгүүр болгонд овоолоотой зарагдаж байгаа. Электродыг нь хүртэл дотооддоо үйлдвэрлэдэг болоод удаж байна. Мэргэжлийн гагнуурчдад шатахууны нөөцийн сав хийх нь ядах юмгүй. Мөнгийг нь ахиу өгье гэвэл гагнуурчид захаасаа авахуулаад зөндөө. Хоногийн 24 цагаа дөрвөн ээлжтэй болгоод өдөр, шөнөгүй тасралтгүй нухахад Монгол орны талыг нь нөөцийн саваар хангачих юм биш үү. Ердөө наад захын ийм аж ахуйн ажлын зохион байгуулалтыг хийчихэж мэдэхгүй төртэй байхыг харахаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

Монгол Улс ядуу хоосон, дээрээс нь огт ажил хийж сураагүй ёстой хөгийн байж ханахгүй юм. Даанч яав даа гэмээр. Дарга нар нь амьдрал мэдэхгүй. Ард түмэн нь ажил хийж сураагүй. Ядаж л шатахууны нөөцийн сав барих тухай асуудлыг төрийн сайд хүн яриад сууж байхаасаа ичдэг баймаар сан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр монголчууд тэр аяараа бүх л зүйлд ялангуяа бүтээн байгуулах ажилд гэнэн, тэнэг, сонин хандлагатай. “Бид хийж чадахгүй. Бүтээж болохгүй” гэсэн арилшгүй тамга бүр генд нь суучихсан байх юм. Аливаа технологийн дэвшил, бүтээн байгуулалтыг тусгай улсууд л хийдэг гээд ухаан санаандаа бат шингээчихсэн. АНУ, Орос, Хятад, Япон л энэ бүгдийг хийж бүтээж чаддаг гэсэн мухар сэтгэхүйдээ хэзээнээсээ ч юм бүр итгэчихсэн. Төрд гарсан бүх дарга нар нь ийм бодолтой. Монгол хүний бүтээмжийг өсгөж, хөгжүүлэх тухай огт ярьдаггүй. Өөрсдөө хийж бүтээе гэсэн сэтгэлгээг нь дэмждэггүй. Тэгэхээр чинь Монгол Улс маань яаж хөгжих юм бэ. Уг нь монголчууд бид нар бүхнийг хийж чадна шүү дээ. Адилхан л гартай, хөлтэй, оюун ухаантай улсууд. Тэр байтугай дэлхийн хаана ч очсон амьдрах аргаа олоод юмыг амархан сурдаг гэж үнэлэгдээд байдаг биз дээ. Монгол хүний зохион бүтээсэн технологийн шийдэл, ноу-хауг дэлхийн брэндүүд нэвтрүүлээд бизнесийн ашиг орлогоо өм цөм нэмэгдүүлээд байгаа тухай бишгүй мэдээлдэг. Дэлхийд данстай Амазон, Гүүгл зэрэг компанид монгол залуусын оюуны бүтээмж өндрөөр үнэлэгдэж чадаж байна. Ямар ч салбарт хөрвөх ур чадвар монголчуудад бий. Цахилгаан станцаа ч бид өөрсдөө хийж чадна. Их, дээд сургуулиуддаа үүрэг өгөөд тооцоо судалгааг нь хийлгүүлээд бариулахад чадахгүй гэх газаргүй. Хамгийн наад зах нь Амгалангийн дулааны станцыг цахилгаан болгох техникийн шийдлийг хурууны үзүүрээрээ л гаргачихна даа. Ийм оюуны нөөц чадавх бидэнд бий. Гэтэл тэрийгээ ашиглаж чадахгүй ядуу, нунж дорой байхыг дээрээс нь алсуураар монголчуудын ухамсарт суулгачихжээ. Үүний тод жишээ нь дээрх шатахууны нөөцийн сав барих тухай яриа юм. Дахин хэлэхэд, ийм амархан ажлыг төрд гарсан дарга нар бушуухан хийгээд өгөх хэрэгтэй. Нөөцийн сав байхгүй болохоор одоо шатахуун тасалдлаа гээд л шуугицгаагаад байна. Ард түмэн хүртэл “Бензин байхгүй болчихлоо” гэж цуурахын оронд төр засгийг энэ ажлаа хийхийг шаардаж, шахдаг байя. Гагнуурчид нь аппаратаа бариад “Алив бид нөөцийн сав гагнаадахъя, таван цаасыг нь өгөөдөх” гээд салбарын сайдын өмнө оч л доо. Ингэж байж Монгол Улс хөдөлдөг, юм хийдэг болно шүү дээ. Ийм өчүүхэн аж ахуйн асуудлаа шийдчихэж чадахгүй байж шатахуун тасалдвал тусгаар тогтнолын хэмжээнд яригдана гэж суухаас ичээсэй. МАН-ын ойлголтоор бензин шатахуун байхгүй болчихвол иргэд талбай дээр цугларч жагсаад өөрсдийг нь өнхрүүлчихнэ гэж айгаад байх юм. Бодит үнэн гэвэл Орос, Украины дайн эхлээд бүтэн жилийг ардаа орхиж байхад МАН-ын байгуулсан засаг төр дэмжсэн ч биш, дэмжээгүй ч биш шившгээ хутгаж өдий хүрлээ. Оросыг дайн өдөөсөн гээд дургүй байгаагаа илэрхийлчихвэл нөгөөдүүл нь эрчим хүч, шатахуун хоёроо хаачихна. Тэгэнгүүт ард түмэн “Шатахуун өгдгөөр нь Орост дагаар орчихъё л доо” гээд босоод ирэх вий гэсэн айдастайгаа тэмцэлдсээр өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Улсаа ийм дархлаагүй, уруу дорой удирдмааргүй байна. Монголчууд ч гэсэн юм хийдэг болмоор байна. Хийж чадахгүй байгаадаа ичдэг баймаар байна. Бүтээмжээ нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлддөг болмоор байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Тэгшжаргал: Төрийн албан хаагч зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилнэ DNN.mn

Хуульч, өмгөөлөгч С.Тэгшжаргалтай ярилцлаа.


– Нүүрсний хулгайн хэргийн шалгалтын ажлын талаар АТГ-аас хоёр хоногийн өмнө мэдээлэхдээ УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгааг онцолсон. Ингэхдээ гишүүн тус бүрийг ямар үндэслэлээр татсаныг зарлалаа. Процесс яаж үргэлжлэх вэ?

-Хууль зүйн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа юм . Нэг ёсондоо Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдэд холбогдуулж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн. Уг хэргийг мөрдөж буй байгууллага буюу АТГ-аас ирүүлсэн саналыг прокурор хянаж тогтоолоо гаргадаг гэсэн үг. Гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон, тухайн хэрэгт холбогдсон этгээд хаана байгаа газар нь тодорхой тохиолдолд саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа юм. Цаашид процессын ажиллагаа яаж үргэлжлэх вэ гэхээр яллагдагчаар татсан тогтоолоор нэр бүхий гишүүдийг дуудаж, АТГтэдэнд танилцуулна. Үүнтэй холбогдуулж мэдүүлэг авах, бусад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Хуулиар тогтоосон мөрдөн байцаалтын хугацаа бол мэдээж хэргийг шалгахад хүрэлцэхүйц хэмжээний хугацаагаар сунгаад явна гэсэн үг. Хэрэгт хангалттай нотлох баримт бүрдээд энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх санал хүргүүлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусна. Тэгэхээр энэ ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломжгүй. Хууль зүйн хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж АТГ-аас нэр бүхий хүмүүсийг татсан нь гарцаагүй гэм буруутай байна гэдгийг эцэслэн тогтоож байгаа асуудал биш.

– Ингэхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад АТГ уг асуудлыг олон нийтэд ингэж зарлаж болдог юм уу. УИХ-ын дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөхгүй юу. Ер нь бүрэн эрхийг нь албан ёсоор түдгэлзүүлээгүй байхад яллагдагчаар татаж, олон нийтэд мэдээлэх нь хүний эрх зөрчсөн гэж үзэх үү?

-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заалт бий. Энэ юу вэ гэхээр, мөрдөн байцаалтын ажиллгааны явцад илрүүлсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, нууцыг задруулахгүйгээр прокурорын зөвшөөрлөөр хэргийн шалгалтын ажиллагааны мэдээллийг олон нийтэд мэдэгдэж болно. Ингэхдээ ямар хүмүүсийг яллагдагчаар татсан, ямар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар ерөнхий үйл явцыг тайлбарласан байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэв энэ хүмүүстэй холбоотой ийм нотлох баримт цугларсан байна, ингэж мэдүүлэг өгсөн байна, ийм нотлох баримт хэрэгт авагдсан байна гэдэг хэргийнх нь асуудал руу орох юм бол хууль зөрчсөн болно л доо. Хоёрдугаарт, УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй эсэхийг асууж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд энэ тухай зохицуулсан байдаг. Ер нь гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд яллагдагчаар татахад заавал УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдгийг хориглосон заалт байхгүй. Зүгээр яллагдагчаар татсаны дараа УИХ- ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж гишүүний эрхийг нь хураан авах, биед халдах, эд хөрөнгийг нь битүүмжлэх гэдэг ч юм уу ийм процессын ажиллагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж явагдах ёстой гэж үздэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх тухай заалт байна л даа.

Үүнд “Гэмт хэрэг үйлдэх явцад эсвэл гэмт хэргийнх нь газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэх үндэслэл нь яг гэмт үйлдлийнх нь явцад эсвэл хэргийн газрын нотлох баримтаар баривчлах ажиллагааны явцад түдгэлзүүлэх асуудал шууд яригдаж эхэлнэ. Саяын зургаан гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах үндэслэл бий болсон учраас татсан. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн процессын заалт байхгүй.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Хөрөнгийн хэмжээг нь яаж тогтоодог юм бэ. Үндэслэлгүй хөрөнгөжих гэж юуг хэлээд байна вэ. Хуруунд нь зүүсэн алтан бөгж, унаж байгаа автомашин, эдэлж, хэрэглэдэг зүйлсээр нь дүгнэдэг юм уу?

-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 10-т үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийн шинжийг тайлбарласан байдаг. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бол гэмт хэрэг болно гэдэг агуулгаар хуульчилсан. Авлигын эсрэг хуульд бас үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг ойлголтыг тайлбарласан нэр томъёо ч байдаг. Уг тайлбараар зургаан сарын цалин хөлсний орлогоос илүү хөрөнгийг ямар эх сурвалжаас яаж олов гэдэг нь хууль ёсны биш байна гээд гараад ирвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна гэх үндэслэлээр шалгаж болно. Гэхдээ нэр бүхий гишүүдийн сарын цалин хөлс, хууль ёсны орлого, түүний гэр бүлийн бизнес зэргээс орж ирсэн орлого нь хууль ёсны байна уу гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ. Үүнтэй холбогдуулж эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримт бичигт үнэлгээ хийх зэрэг олон асуудлын процесс явагдана л даа. Ингэж эдгээр гишүүдийн хөрөнгө орлого нь хууль ёсны байна уу, эх сурвалж нь хаана байна гэдгийг тогтоож байж гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэрнээс таны унаж байгаа машин үнэтэй байна, амьдарч байгаа байшин тансаг юм, брэндийн эд зүйл хэрэглэдэг юм байна гэдгээр шууд буруутгах боломжгүй.

-Мөн Т.Аюурсайхан гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Нөгөө айхавтар улс төрийн мафи гэж яриад байдгийн толгойлогч нь Т.Аюурсайхан гишүүн болж таарч байна уу. Эсвэл энэ хүн нүүрсний хулгайн мафи бүлэглэл гээчийн гол зохион байгуулагч нь гэсэн үг үү?

-УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хувьд зохион байгуулалттай бүлэг байгуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсан гэж ойлгосон. Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилготой, урьдчилан төлөвлөж нэгдсэн тогтвортой бүлгийг байгуулсан. Энэ бүлэгт бусдыгаа татан оролцуулж, элсүүлсэн. Бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, зэвсэг хэрэгслээр хангасан, гэмт хэрэгт бэлтгэсэн, төлөвлөсөн” гэдэг үйлдэл байх юм бол зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үздэг. Бас эрүүгийн үндсэн суурь онолд “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор байгуулагдсан, байнга тогтвортой шинжтэй, нарийн зохион байгуулалттай, тухайн бүлэглэлийн үндсэн үйл ажиллагааны эдийн засгийн эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олж ирсэн орлогоос үүддэг ийм бүлэглэлийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл” гэж үздэг. Тэгэхээр энэ зүйл ангийн гурав дахь хэсэгт төрийн албан хаагч хэрэв зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилнэ гээд заасан байдаг. Өөрөөр хэлбэл 12 жилийн ялтай. Энэ нь түүнд үнэхээр гэмт бүлэглэлийг зохион байгуулах, эсрэг үйл ажиллагаанд оролцсон, хамтарч үйлдсэн гэдэг шинж байдал байна уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж байгаа хэрэг. Мэдээж чиг үүрэг бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан нотлох баримтын хүрээнд үндэслэж, дүгнэлт хийж яллагдагчаар татсан байх. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хөндлөнгөөс шууд дүгнэлт хийх боломжгүй байна.

-УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан үндэслэлээс харахад нүүрсний хулгай бол зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж харж болох уу?

-Хуульзүйн хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд шууд ингэж хэлж болохгүй л дээ. Харин ард түмэн бол хардах эрхийнхээ хүрээнд ингэж харж болно.

-Энэ хэрэгт улс төрд нөлөө бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг АТГ зарласан. Харин УИХ-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа хэвлэлээр мэдээлж байсан. Энэ асуудлыг хуулийн талаас нь та яаж ойлгож байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт холбогдож шалгагдаж байгаа этгээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар баталгаажсан эрх байгаа. Мөрдөн шалгах байгууллага ч гэсэн тухайн хүмүүсийг өөрийнх нь гэм буруугүй гэдгийг нотлуулахыг шаардах эрхгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад л тэр хүн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтууд бусад байдлаар хангалттай тогтоогдож байж сая гэм буруутай гэдгийг шийдвэрлэнэ. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийнхөө гэм буруугүй байдалтай холбоотой, энэ үйлдэлд оролцоогүй, хамааралгүй гэдэг талаараа хуулийн байгууллагад баримтаа гаргах, мэдүүлэг, тайлбараа өгөх нь нээлттэй.

-Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа явагдана биз дээ?

-Энэ тохиолдолд зайлшгүй бүрэн эрхийн асуудал яригдана л даа. Хууль зүйн хувьд хоёр талаас хоёр зүйл босч ирж байна л даа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааг хянадаг, тэрийг хөтөлж явуулдаг прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар УИХ-д санал тавих, үүнийг шийдвэрлүүлэх хуулийн зангилаа асуудал яригдана л даа.