Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбат: Мухар төмөр замуудаа яаралтай холбож байж нүүрсээ амжилттай борлуулж чадна DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” компанийн БЭТ, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбаттай ярилцлаа.


-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилоод хагас жил боллоо. Энэ хугацаанд тус компанид ямар өөрчлөлт гарав, БЭТ томилогдоод юу хийв. Үр дүнг нь эхлээд сонирхуулахгүй юу?

-Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэм энэ сарын 26-нд дуусах ёстой байв. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани 1.3 тэрбум долларын үнэлгээтэй 13 сая тн нүүрс борлуулсан. Үүнээс 800 орчим сая ам.долларыг улсын төсөвт оруулж ирсэн. Онцгой дэглэм тогтоох болсон гол зорилгын нэг бол Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлэх юм. Нөгөө талдаа бид өр төлбөрийг бууруулж ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоох үед нэлээд өр төлбөртэй байсныг бүгд мэднэ. 2022 онд гэхэд 603 сая ам.долларын орлогыг нүүрсээр төлөх нөхцөлтэй урьдчилаад авсан байсан юм билээ. Бид үүнээс бараг 300-гаад сая ам.долларыг нь төлж барагдууллаа. Одоо цаана нь 280-аад сая ам.долларын өр төлбөр үлдээд байна. Дээрээс нь урт хугацааны төлбөр болох 450 сая ам.долларын бонд бусад төлбөрийн өр бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан уг бондын төлбөрт энэ сарын долооны өдөр нийтдээ 236.5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларыг өөрийнхөө борлуулалтын орлогоосоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Ирэх наймдугаар сард дахиад хоёр дахь ээлжийн төлбөр болох 100 гаруй тэрбум төгрөгийг төлж барагдуулна. Нөгөө талдаа яг онцгой дэглэм тогтоох үед 123 тэрбум төгрөгийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд төлөх өр төлбөр байсан. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш хуримтлагдчихсан өр байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанид ажил гүйцэтгэчихээд мөнгөө авч чадахгүй байж. Тус компанид онцгой дэглэм тогтоосноор энэхүү 123 тэрбум төгрөгийн өрийг оны өмнөхөн бүрэн төлж барагдуулсан.

-Санхүүгийн хувьд ийм үр дүнтэй ажиллажээ. Тэгвэл экспорт хэрхэн нэмэгдэв?

-Энэ компани 13 жилийн түүхтэй. Хамгийн оргил үедээ буюу 2019 онд 15.5 сая тн нүүрс борлуулсан байдаг юм билээ. Бүтэн жилийн хугацаанд шүү дээ. Харин бид сүүлийн таван сарын хугацаанд 13 сая тн нүүрс борлуулсан амжилттай ажиллалаа. Эндээс 1.5 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн байгаа. Тодруулбал, борлуулалтыг 4.1, тээврийг 3.9, экспортыг хоёр дахин, борлуулалтын орлогоо 3.9 дахин, олборлолтоо долоо дахин нэмэгдүүлж чадсан. Ер нь “Эрдэнэс Таван толгой” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаад явахад сард 2-2.5 сая тн нүүрс борлуулах боломжтой гэдгийг нотолж харуулсан. Сая 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал нэгдүгээр улирлын дүнгээр 7.5 сая нүүрс борлуулсан. Энэ онд ТУЗ-аар батлуулсан төлөвлөгөөгөөр 23.9 сая тн нүүрс борлуулах ёстой. Үүнээс одоогийн байдлаар 7.5 сая тн-ыг нь борлууллаа.

Энэ эрчээрээ явах юм бол 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 30 сая тн нүүрс борлуулах бүрэн бололцоотой.

-Биржээр нүүрсээ худалдаж чадаж байна уу?

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд биржээр нүүрсээ арилжаалж эхэлсэн. Одоогийн байдлаар биржээр 416 мянган тн нүүрсийг долоон удаа амжилттай борлуулаад байна. Эндээс 20.9 сая ам.долларын орлогыг нэмэлтээр олсон. Өмнө сайн чанарын коксжсон нүүрсийг ам нөхцөлөөр 100-115 ам.доллараар борлуулдаг байсныг бид сая 180 гаруй ам.доллар хүргэж зарж чадлаа. Мөн бирж дээр анх удаагаа эрчим хүчний нүүрсээ туршилтаар 192 мянган тн-ыг зарлаа. Хуучин энэ төрлийн нүүрсийг маш бага хэмжээгээр л зардаг байсан. Ингэхдээ 2020 онд ам нөхцөлөөр 9-10 ам.долларын ханштай байв. Тэгвэл энэ удаа бид биржээр эрчим хүчний нүүрсээ 70 ам.доллараар зарсан.

-Айлын тал биржийн худалдааг хэр зэрэг сонирхож байна. Биржээр арилжаа хийхэд хүндрэл байна уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани анх 2011 онд нүүрсээ экспортолж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд худалдан авагч тал дандаа ам нөхцөлөөр, хямд үнээр авч ирсэн. Ийм байдлаар худалдаа хийгээд дасчихсан хүмүүсийн хувьд биржийн арилжааг гайхсан, тээнэгэлзсэн, хүлээсэн асуудал байна. Тэгсэн ч гэсэн сүүлийн үеийн арилжаануудад оролцогчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа БНХАУ-ын томоохон компаниуд биржид орох сонирхлоо илэрхийлж байна. Мэдээж өнөөдрийг хүртэл биржийн арилжаа явахад амаргүй байсан л даа. Янз бүрийн бойкот, саад, эсэргүүцэл, амжилтгүй болгож зогсоох гэсэн гадна, дотны хүчин зүйлүүд бишгүй л тулгарсан. Гэхдээ тэр бүгдийг бид даваад л биржийн арилжааг он гарснаас хойш долоон удаа амжилттай хийсэн. Эндээс харахад худалдан авагчид биржийн худалдааг хүлээн зөвшөөрөөд явах хандлага байна. Ерөөсөө бүх арилжаа биржээр явж байж борлуулалт ил тод болно. Хэн гэдэг хүн ямар үнээр, хичнээн хэмжээний нүүрс авч байгаа нь тодорхой харагдана. Хамгийн гол нь өрсөлдөөн бий болно. Энэ бол биржийн зөв зарчим. Бид энэ онд нийт экспортлох нүүрснийхээ 30 хувийг биржээр арилжаалахыг зорьж байна. Цаашдаа 100 хувь биржээр арилжаалдаг болох зорилт тавин ажиллаж байгаа.

-Тээврийн асуудал нэлээд хэл ам дагуулдаг. БЭТ томилогдож очсоноос хойш тээвэрлэлт огцом нэмэгдсэн гэж мэдээлээд байгаа. Энэ тал дээр ямар шийдлүүд хэрэгжүүлэв?

-Нүүрсээ биржээр нээлттэй, ил тод, хил нөхцөлөөр зарж байгаатай холбогдуулан бид тээврээ Монголын компаниудаар гүйцэтгүүлж байгаа. Урьд нь худалдан авагч тал аман дээрээс ирээд өөрсдөө тээвэрлээд аваад явчихдаг байсан. Өнөөдөр бид хилийн цаана байдаг Ганцмод боомт руу хүргэж өгч байгаа. Ингэснээр монгол тээвэрчид маань ажилтай, орлоготой байх үндсийг тавьж байгаа юм. Том зургаараа төлөх татвар нь Монгол Улсад үлдэнэ. Өмнө худалдан авагч нар өөрсдөө тээврээ хийж байсан болохоор бүх ашиг орлого хилийн гадна үлддэг байсан шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компани экспортоо, орлогоо нэмэгдүүлээд бирж нөхцөлөөр нүүрсээ ил тод нээлттэй зарлаад явах хамгийн том хөшүүрэг нь тээвэр л дээ. Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөрт 200-300 машин л хилээр гардаг байсан. Үүнийг бид нэмэгдүүлснээр одоо өдөрт дунджаар 800 гаруй, оргил үедээ 1100 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа. Энэ ажлыг манай монголын компаниуд маш сайн гүйцэтгэж байна.

-Нүүрсээ сорчилж зарж ирсэнээс болж их хэмжээний овоолго үүссэн байдаг. Цаашид нүүрсээ сорчилж зарсаар л байх уу. Бусад нүүрсээ бас зарах ёстой юм биш үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийг хүртэл дандаа сайн чанарын нүүрсээ зарсаар ирсэн. Цаашдаа эрчим хүчний, сул коксжсон нүүрсээ ч бас их хэмжээгээр зарахын төлөө зорьж ажиллаж байна. Олборлосон бүх нүүрсээ бүрэн зарж, борлуулдаг болж байж ашигтай, орлоготой болно. Сайн чанарын нүүрсээ авахын тулд дээрээс нь ухаад бөөн зардал гаргадаг. Тэгэхээр бид овоолгоо бас заръя гэдэг байдлаар зохион багуулалтаа хийгээд явж байгаа.

-Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс баяжуулах, угаах үйлдвэр барья гэдэг саналыг тавьсан. Хэрэв ийм шийдвэрт хүрлээ гэхэд иргэдийн хувьцаа жилд хэдэн хувиар яаж өсөх юм бэ?

-Жилд 10 сая тн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. Гэрээгээр 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Гэхдээ бид аль болох эрчимжүүлэхийг зорьж байна. Нүүрсээ угаагаад баяжуулаад зарах юм бол одоо зарж байгаа үнэ дээрээ 60-80 ам.доллар нэмж олно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 18.4 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Компани мэдээж ашгтай ажиллах юм бол ногдол ашиг тараах асуудлаа шийдвэрлэх ёстой. Гэтэл нүүрсээ угаах, баяжуулах үйлдвэрийг ашглалтад оруулахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Илүү ашиг олж, илүү өгөөжөө нэмэгдүүлье гэвэл бид энэ эхлүүлсэн төслүүдээ дуусгамаар байна. Жишээлбэл, илүү их экспорт хийе гэвэл төмөр замын асуудал зайлшгүй босч ирж байгаа. Гашуунсухайт төмөр замын холболтын асуудлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна. Нэмээд цахилгаан станцын асуудал байна. Тэгэхээр эдгээр төслөө аль болох хурдан дуусгаж байж компанийн зардал багасч, үр ашиг нэмэгдэнэ. Бид өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. 2019 оныхоо ашгаас нэг удаа 2020 онд ногдол ашиг тараасан. Тэр үед нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хүртээсэн байгаа. Одоо яг энэ зарчмаар ногдол ашиг тараавал нэг иргэнд 100-гаад мянган төгрөг л оногдоно.

Тэгэхээр иргэддээ ногдол ашиг тараах уу, төмөр замын холболт, угаах үйлдвэр зэргээ яаралтай ашиглалтад оруулах нь зөв үү гэдэг асуудал тулгарч байна. Ашиг орлогоо илүү ихээр нэмэгдүүлэх боломжууд байна. Тэгэхээр ногдол ашиг тараахаасаа урьдаар төслүүдээ дуусгах нь компанидаа болон улс орондоо хэрэгтэй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хувийг Монголын ард түмэн эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэдийн саналыг авах ёстой биз дээ?

-Энэ асуудлаар удахгүй ТУЗ хуралдана. Санхүүгийн тайлан гараад эцэслэгдчихсэн байгаа. Аудит ороод дуусч байна. Нэгдсэн тайлангаа ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэшигчдийнхээ хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд зарласан. Эндээс эцсийн шийдвэр гарна л даа. Компанийн 18.4 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдтэйгээ ойлголцох нь чухал. Гэхдээ бид ашгаа нэмэгдүүлж ажиллахын төлөө л зорьж байна. Нэг ч гэсэн доллар илүү орж байвал Монгол Улсад тустай.

-Нүүрс угаах үйлдвэрт одоо хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа юм бэ. Иргэд ногдол ашгаа авахгүй гэвэл нийт санхүүжилтийн хэдэн хувьд нь дөхөж очих юм бол?

-Нүүрс угаах үйлдвэр нийтдээ 955 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхэлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад ус хэрэгтэй. Усны төсөл амжилттай явж байна. Үүнд 41.5 сая ам.доллар зарцуулсан. Угаах үйлдвэртэй холбоотой нүүрсээ аль болох хямд өртгөөр тээвэрлэж хүргэхийн тулд конвейрийн систем нэвтрүүлнэ. Үүнд 190-ээд тэрбум төгрөг хэрэгтэй. Угаах үйлдвэр маань өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай явж байгаа. Дараа нь бид экспортоо улам нэмэхийн тулд төмөр замын холболт зайлшгүй хэрэгтэй. Энэ бүгдийгээ цогцоор нь шийдээд хөрөнгө оруулалтаа хийгээд дуусгахыг зорьж байна. Иймд ногдол ашиг тараах асуудал ТУЗ дээр яригдана. Иргэд жилд 100 мянган төгрөгийн ногдол ашиг авч байх уу цаашид хөрөнгө оруулалтаа хийгээд сая төгрөг авах уу гэдэг сонголт байна шүү дээ.

-Оффтэйк гэрээний хүрээнд хийгдсэн өр төлбөрийн асуудлуудыг яаж цэгцэлж байна вэ?

-Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байсан бүх гэрээг вэйб сайт дээрээ нээлттэй болгосон. Онцгой дэглэм тогтоох үед 178 борлуулалтын гэрээ байсан. Үүнээс Тавантолгой, Гашуунсухайт төмөр замтай холбоотой 27 гэрээ, Богдхан төмөр зам дээр есөн гэрээ байсан. Нийт 178 гэрээнээс 133 нь ам нөхцөлтэй байв. Бид гуравдугаар сарын 31-ний байдлаар эдгээр гэрээний хугацааг нь дуусгавар болгоод 87 гэрээг хил нөхцөл рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, биржийн үнээр хэлцэл хийгээд нүүрсээ зараад эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн ханшаар 300 орчим сая ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдчихсэн байна. ТТ-ГШ төсөлтэй холбоотой ам нөхцөлтэй байсан гэрээнүүдээс одоогийн байдлаар гэрээний хугацаа нь дуусгавар болсон гэрээг дуусгаад хугацаа нь дуусаагүй нэг л гэрээ үлдсэн нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дээр байгаа. Энэ гэрээ ирэх 2024 онд дуусна. Хэдийгээр хугацаа нь дуусч байгаа ч гэрээнийхээ хүрээнд төмөр замын төсөл цаашаа явах бүрэн боломжтой. Бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг зайлшгүй дуусгах ёстой. Цаашдаа холбож байж бид экспортоо нэмнэ. Тэгэхээр оффтейк гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсныг нь дуусгасан. Харин хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү, биржийн үнэ рүү өөрчилж явуулах байдлаар ажиллаж байгаа. Цаашид бид ам нөхцөлтэй болон шинээр гэрээ огт хийхгүй. Бүх нүүрсээ биржээр ил тод зарна. Энэ л хамгийн зөв.

-Нүүрсээ төмөр замаар зөөе гэтэл хоёр ч мухар төмөр зам барьчихсан. Энэ бол Монголыг хорлосон асуудал шүү дээ. Цааш нь яаж холбох юм бэ?

-Ер нь хүмүүс янз бүрээр шүүмжилдэг л дээ. Миний хувьд Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хамгийн зөв зам. Мэдээж цаашаа холбогдох зам шүү дээ. Аль болох богино хугацаанд холбож байж бид нүүрсээ илүү үнэ хүргэж зарна. Төмөр замаар явж байж илүү хилийн гүн рүү орж, цаана байгаа гангийн үйлдвэрүүдэд нийлүүлэх зам нээгдэнэ. Тэгэхгүй бол машинаар зөөгөөд зөөгөөд хил, хилийн дөнгөж цаахна л хүргэж байна. Иймд төмөр замаа заавал явуулах ёстой. Хугацааны хувьд улстөрчид янз бүрээр гацаасан гэж ярьдаг л даа. Одоо Ханги Мандал, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замаа яаралтай холбож байж нүүрсээ үнэтэй борлуулж чадна.

-Ямар хугацаанд холбож дуусах юм бол?

-Техникийн нөхцөлөөр хоёр жил хүртэлх хугацаанд гэж байгаа ч аль болох нааш нь шахаж оруулахаар яригдаж байгаа. Энэ төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгой компани ашиглана. Гол масс нь “Эрдэнэс Тавантолгой”-д төвлөрнө. Тэгж байж бид нүүрсээ илүү их гаргаж, үнэ хүргэж зарна шүү дээ.

-“Эрдэнэс Таван толгой” компанид үүссэн нүүрсний хулгай 40 их наядаар хэмжигдсэн. Энэ тоог зарим эдийн засагчид хөөс гэх юм билээ. БЭТ томилогдож очсоноор тухайн компанийн борлуулалт эрс өссөн гэж байна. Тэгэхээр нүүрсний хулгайн асуудал бүрэн цэгцэрсэн гэж үзэж болох уу?

-Нүүрс тойрсон асуудлуудыг нээлттэй болгосон. Олборлолтоосоо эхлээд тээвэрлэх хүртэлх бүх процесс ил тод явагдаж байгаа. Уурхайн үйл ажиллагааг Улаанбаатарт байгаа бид 24 цаг тасралтгүй хянаж чадаж байна. Бүрэн камержуулсан болохоор тухайн тээвэр хийж байгаа компани цаг, минуттайгаа харагдаж байна. Ингэж бүх процесс нээлттэй болсноор нүүрс тойрсон асуудал цэгцрэх ёстой.

-АМНАТ-ын жишиг үнэ тогтоосноор аж ахуйн нэгжүүдэд нэлээд дарамт учруулж байгаа талаар бизнесийнхэн бухимддаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд АМНАТ-аар улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

-Мэдээж бизнес хийж байгаа хүмүүст АМНАТ асуудал болдог. Гэтэл АМНАТ-ын үндсэн зорилго нь ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамаарна. Энэ бол Монголын баялаг. Байгалийн унаган төрхийг нь алдагдуулаад баялгийг нь ачаад гаргаж байгаагийнхаа хувьд АМНАТ заавал төлөх ёстой. Гол асуудал нь татварын хувь, хэмжээ өндөр, бага байна гэдэг дээр яригддаг. Мэдээж улс өндөр авахыг бодно. Хувийн хэвшлийнхэн бага төлөх гэнэ. Бодит байдал дээр очоод харах юм бол зүв зүгээс байсан уул асар том нүх болж үлддэг. Тийм болохоор АМНАТ зайлшгүй байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд борлуулалтаа нэмснээр 1.5 их наяд төгрөгийн татвар төлөх гэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Цэвэлмаа: 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барихад иргэдийн хувьцаа жилд хэдэн хувиар өсөх юм DNN.mn

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.


-Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараах мөнгөөр нүүрс угаах үйлдвэр байгуулъя гэж БЭТ санал гаргажээ. Энэ ер нь зөв үү?

-Таван толгойн ордын тодорхой хувийг Монгол Улсын иргэд эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа гэдэг бол тухайн өрхийн орлого, хуримтлал болох юм. Энэ хуримтлалыг хэ рвээ нүүрс угаах үйлдвэрт шилжүүлэх гэж байгаа бол тэрийг хэдэн хувиар өсгөх вэ гэдэг амлалтыг Засгийн газар давхар авах хэрэгтэй болно. Гэтэл нүүрс угаах үйлдвэр чинь шууд авсан орлогыг нь жил тутам өсгөж өгнө гэж амлаж чадахгүй. Учир нь үйлдвэр байгуулахад эхний хэдэн жил өндөр зардалтай явна. Ард түмэн өөрийнхөө хувьцаанаас ногдож байгаа хувийг нүүрс угаах үйлдвэрт тав, зургаан жил өсгөхгүйгээр өгөх үү гэдэг асуудал үүснэ. Иймд энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө юуны түрүүнд ард иргэдээс асуухаас өөр аргагүй. Тэрнээс шууд Засгийн газар иргэдэд ногдол ашиг хуваарилна гэчихээд өөрсдөө эргүүлээд татан төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд боломжгүй шийдвэр гэж харж байна. Дахиад нүүрс угаах үйлдвэрийг хэн байгуулах гэж байгаа вэ гэдгээс хамаарч энэ асуудал гарч ирнэ. Хэрвээ нүүрс угаах үйлдвэрийг төр өөрөө байгуулах юм бол ард иргэд тийм ч таатай хандахгүй. Яагаад гэвэл төрийн өмчийн компаниуд өнөөдрийг хүртэл ашигтай ажилласан нь хэд билээ гэж асуухад хүмүүс бол ер нь толгой сэгсэрнэ. Хоёрдугаарт, төрийн өмчийн компанийн засаглал ямар байгаа билээ дээ. Ийм засаглалтай тохиолдолд үйлдвэр байгууллаа гэхэд энэ мөнгө нь төрийн өмчит компанийн техник, эдийн засгийн үзүүлэлтийн урьдчилсан санхүүжилтийн хэдэн хувийг хангах мөнгө вэ. Хэрвээ тодорхой хэсгийг гэж үзэж багаа бол ийм шийдвэр гаргаад хэрэггүй. ТЭЗҮ-ийн хэдэн хувийг хангаж байгаа вэ гэдгээс хамаарч байж шийдвэрээ гаргавал зүгээр юм. Гуравдугаарт, нүүрс угаах үйлдвэр дандаа зардалтай гарч байгаа тохиолдолд ашиг орлого яригдахгүй. Тэгэхээр хүмүүс дуртай байх уу.

-Нүүрс угаах үйлдвэрийг хувийн хэвшилд хариуцуулбал илүү ашигтай ажиллуулж чадах байх даа?

-Хэрэв иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр байгуулна гэвэл хувийн хэвшилтэйгээ мөн л зөвшилцөж таарна. ТЭЗҮ-ийн тодорхой хувь нь 1072 хувьцаанаас бүрдсэн гэж үзэхэд дахиад л иргэдээс асуух хэрэгтэй болно. Ингэж асуухгүйгээр нүүрс угаах үйлдвэрт оруулна гэдэг бол оновчтой хөгжлийн гарц биш л дээ. Өөр нэг талаас нь харъя. 1072 хувьцааны хуримтлагдсан ногдол ашиг баялгийн санд орлоо гэхэд энэ сан өөрөө тогтвортой түвшинд хүрсэн бил үү. Тогтвортой түвшинд хүрснийхээ дараа иргэдийн ногдол ашгийг өсгөхөөр нүүрс угаах үйлдвэрт тодорхой хэмжээний санхүүжилт хийж болох болов уу гэж харж байна л даа. Гэтэл баялгийн сангийн эрх зүйн орчин тодорхой болоогүй байгаа нөхцөлд шууд хуваарилалт хийнэ гэж ярихаар энэ нь дутуу дулимаг шийдвэр гэж харагдаад байна л даа.

Яг энэ үйлдвэрийг босгоод санхүүжүүлээд цаашид тогтвортой ажиллах шийдвэрийг ул үндэстэй гаргавал яасан юм бэ. Дараагийн том асуудал нь төрийн өмчит компаниудын санхүүгийн менежментийн асуудал зах зээлийн тогтолцооны зарчмаар ажиллахгүй байгаа юм. Хамгийн энгийнээр харахад нэг тэрбум төгрөгийг хөрөнгө оруулсан бол гурван жилийн дараа 1.3 тэрбум төгрөг болсон байна гэвэл энэ нь хүмүүст тодорхой харагдана. Гэтэл хэдэн төгрөг оруулаад хэд болгох гэж байгаа вэ, хэдий хугацааны дараа яаж өсөх вэ гэдгийг төрийн өмчит компаниуд өнөөдрийг хүртэл жишээ гаргаж байгаа нь ховор байгаа юм. Ер нь олон талаас авч үзвэл энэ шийдвэр тулхтай, олон талаас авч үзсэн ч хөгжлийн бодлогын шийдэл гарц гэж харагдахгүй л байна.

-1072 хувьцааны ногдол ашиг гэдэг бол иргэдийн хөрөнгө. Гэтэл өнгөрсөн хугацаанд тасалдсан. Хэрэв энэ мөнгө цаг тухайдаа иргэдэд очиж байсан бол эдийн засгийн эргэлтэд орох байсан. Ядаж л банкинд хадгалуулж байвал өсөх байлаа шүү дээ?

-Санал нэг байна. Ер нь аль ч талаас нь харсан олон байгууллага өнөөдөр иргэдийн санхүүгийн боловсролын асуудлыг хөндөн ярьж байна. Гэтэл Засийн газар өөрөө санхүүгийн ямар боловсролтой байна вэ. Төрийн өмчийн байгууллага, Засгийн газарт санхүүгийн талаас нь шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг, зөвлөгөө өгдөг асуудал үнэхээр сул байна. Ямартай ч зах зээлийн зарчмаар шийдвэрүүд нь төдийлөн сайн явагдахгүй байна.

Иргэдийн 1072 хувьцааны хуримтлуулсан хөрөнгө энэ байна гээд шилэн дансаар харуулах хэрэгтэй л дээ. Нүүрс угаах үйлдвэрийг таван жилийн хугацаанд баригдах хооронд бидэнд энэ мөнгийг тодорхой хэмжээгээр өсгөж өгнө гэсэн хэлцэл хийх ёстой. Магадгүй зарим хүмүүс хөрөнгийн зах зээлд орох гэж байгаа бол хүлээн зөвшөөрч болох байх. Энэ тохиолдолд нэг талаас шууд шийдвэр гаргах юм бол ардчилсан зах зээлийн тогтолцоотой манай нийгэмд сайн шийдвэр болохгүй гэж харагдаад байна.

-Ер нь нүүрс угаах үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Эдийн засагт үр өгөөжөө өгөх энэ үйлдвэрийг байгуулахад хөрөнгө оруулалтыг шийдэх өөр ямар гарц байна вэ?

-Үнэхээр энэ үйлдвэрийг хувийн хэвшил сонирхож байна уу, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, цаашид бүтээмж, орлого гээд эдийн засгийн олон үзүүлэлтийг хангах талаас аваад явах уу гэдэг шийдэл, зөвшилцөл бол номер нэг асуудал юм. Өмчлөл, хяналт нь тус тусдаа болохоор хувийн хэвшлийн засаглал үнэхээр соёл болоод тогтчихсон. 1072 хувьцааны санхүүжилтийг аваад үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодорхой хувийг аваад явна гэвэл ийм хувилбар байж болно. Хувийн хэвшил өөрөө санхүүжилтийн дутуу гарч ирвэл тэрийг оруулах сонирхолтой бол аваад явна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бас татаж чадвал боломжтой. Өнөөдөр нүүрсний том, том компаниуд хувийн хэвшилд байна. Ингэж чадвал хувийн хэвшлийн бизнесийн өргөжилт, тэлэлт болно гэсэн үг.

-Монголбанкны ерөнхийлөгч сая хэвлэлийнхэнтэй уулзахдаа Хятадтай хийсэн своп хэлэлцээрийн таван их наяд төгрөг байгаа гэж хэлсэн. Энэ нь ямар учиртай хэлэлцээр юм бол?

-Ер нь нэг тогтмол ханшаар хэлэлцээр хийгээд тодорхой хугацааны дараа тэр мөнгөн дүнг төлнө гэсэн утга. Таван их наяд төгрөгийн хэлэлцээр нь юунд авсан бэ гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Энэ нь нүүрс, зэсийн салбарт уу. Эсвэл Монголбанк гадаад валютын хэлэлцээрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авсан своп хэлэлцээр үү гэдгээс хамаарч өөр, өөр байх юм.

-Монгол төгрөгөөр авбал манай талд ашигтай байх нь ээ?

-Ханшийн зөрүүний асуудал гарч ирэхгүй. Тогтмол үнийн дүн өөр бусад хэлбэлзэл орж ирэхэд нөлөөлөхгүй гэсэн үг. Бидний дийлэнх своп хэлэлцээрүүд гадаад валютаар хийгдэж байгаа учраас эдийн засаг их савлагаатай байгаа үед ханшийн зөрүүгээр алдаж байдаг юм. Тиймээс төгрөгөөр тооцож явах нь бидэнд ашигтай.

-Сүүлийн өдрүүдэд долларын ханш 20 төгрөгөөр бууж байх шиг байна. Энэ нь юутай холбоотой вэ. Түр зуурын үзэгдэл үү. Эсвэл цаашид буурсаар байх болов уу?

-Олон хүчин зүйлийн нөлөөтэй. Нэгдүгээрт, инфляц талаас харахад эрэлт нийлүүлэлтийн давхар нөлөөтэй. Нийлүүлэлт талаас нь авч үзвэл бизнесийн зээлийн өсөлт буурчихсан. Ихэнх бизнесүүд үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гаднаас авах гээд зээлийн эрэлт нэмэгддэг. Гадаад валютын эрэлт дагаад нэмэгдэнэ. Дотоод бизнесийн зээл буурчихаар гадаад валютын эрэлт буурна. Энэ тохиолдолд төгрөгийн доллартай харьцах ханш суларсан байж болох талтай. Монголбанк өөрөө хатуу мөнгөний бодлого явуулж байгаа, мөн бодлогын хүү өсгөсөн. Банк хоорондын зээлийн хүү өндөр түвшинд байна. Ийм байгаа тохиолдолд арилжааны банкууд төв банкнаас доллар худалдаж авах, эргээд худалдах үйл явцын үр дүнд зээлийн эрэлт нь буурч магадгүй. Хэрэглэгчдийн хувьд аваад үзэхэд өнөөдөр инфляцийн өндөр түвшнээс болоод хүмүүсийн хувьд нефть, махнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Энэ хэмжээгээр хүмүүс импортын бараа бүтээгдэхүүний хэрэглээ татарч байгаа. Иймд гадаад валютын эрэлт хэрэгцээ бага болж байгаа болов уу.

-Ер нь долларын ханш буурсаар 2000 төгрөг рүү орох боломжтой юу?

-Манай эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж инфляц гээд олон хүчин зүйл эдийн засгийг тогтворжуулахад нөлөө үзүүлдэг. Бид эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх хүчин зүйлээ хараад байна л даа. Зөвхөн экспорт, импортоо л харж байна. Бас иргэдэд мэдээлэхгүй зүйл их байна. Үндсэндээ технологийн манлайлагчид байх юм бол бусад нь дагалдаад, инноваци бүх салбарт шингэх боломжтой. Өөр нэг санаа гэвэл тодорхой хэмжээгээр төгрөгийнхөө худалдан авах чадварыг дээшлүүлэхийн тулд өрсөлдөөнд саад болоод байгаа зүйлийг харах хэрэгтэй. Зарим талаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа гээд Засгийн газар өөрөө саад болоод байна. Жишээлбэл, Газар тариалангийн корпораци. Хөдөө аж ахуйн салбарыг өнөөдөр төрийн өмчид байлгах нь зах зээлийн тогтолцооны арга мөн үү. Хамгийн их муугаараа хэлүүлдэг, хамгийн их орлого бүтээх, ажлын байрыг хангах салбарт санхүүжилт өгөх байгууллага нь төрийн өмчит байна. Үүний үр дагавар нь урт хугацаандаа хөгжилд нэмэр болж, төгрөгийн ханшийг тогтвортой барина гэдэг нь бүрхэг харагдаад байна л даа. Ер нь төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Төгрөгийн худалдан авах чадвар хэдийд, яавал дээшлэх вэ?

-Дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг иргэд нь илүү итгэл үнэшилтэйгээр худалдан авч, тэр бараа бүтээгдэхүүний үнэ нь өрхийн зардалд өндөр хувь эзлэхгүй байхад бидний амьжиргааны түвшин сайжирна. Ингэснээр инфляцийн түвшин тогтворжиж, төгрөгийн худалдан авах чадвар дээшилнэ. Эдийн засгийн ухаанд бид орлого үнийн харьцаа, худалдан авах чадварын өсөлт, нэг хүнд ногдох бодит орлого гэдгийг яриад байна л даа. Зах зээлд өнөөдөр өрхийн бодит орлого хэдэн хувиар өсч байгаа вэ гэдэг зах зээлийн ойлголтыг үндсэндээ төдийлөн сайн мэдээлэхгүй байна. Үнэхээр зах зээлд салбарын болон өрхийн бодит орлогын өсөлтийг ярьдаг бол өрхүүд тухайн бараа бүтээгдэхүүнд өөрийнхөө өрхийн зарлагыг хэрхэн хуваарилах вэ гэдэг шийдвэр гаргалтыг илүү дээшлүүлэх боломжтой. Зөвхөн бараа бүтээгдэхүүнд орлогоо хуваарилах гэдэг дээр нэмээд олсон орлогоосоо хуримтлуулах гэдэг санаа байснаар эдийн засаг тэнцвэр дээрээ тогтвортой байх, цаашлаад өсөх хандлага явагдана. Бодит байдал дээр хүн амын дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад зээлийн барьцаанд, сургалтын төлбөр төлөөд хадгаламжаа барьцаанд, хэрэглээний зээл аваад цалингаа барьцаалж байна. Дээр нь зээл авч болох бүх эх үүсвэрүүдийг ашиглаад ирэхээр өрх, бизнес, Засгийн газар гээд аль аль нь зах зээлийн тэлэлтэд орж байгаа юм. Ийм нөхцөлд бид төгрөгөө тогтвортой байлгах юм. Тэгэхээр төгрөгийн доллартой харьцах харьцаа буурч байгаад 2000-д хүрэх болов уу гэдэг төсөөллийг дэвшүүлэх нь өнөө үед хүнд байна л даа.

-Манай улсын эдийн засгийн онцлогт тохируулж дэлхийгээс мөнгө босгох ямар боломжууд байна вэ?

-Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд капиталын гадагшлах болон дотогшлох урсгалаар эдийн засгийн хөдөлгөөнийг идэвхжүүлж байх хэрэгтэй. Энэ нь манайд сул байгаа юм. Магадгүй өнгөрсөн 20 жилийн хөгжлийн туршлагаас харахад нэг салбар ажиллалаа гэхэд тэр доторх зарим шат дамжлага нь тасалдаад байхгүй болчихсон. Жишээлбэл, ноолуурын салбар байна. Яагаад энэ салбарт өнөөдөр өртөг нэмэгдэж чаддаггүй, бас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын урсгал сул байна вэ гэдгийг харах ёстой. Энэ салбарт ээрмэл, сүлжмэл хоёр шат дамжлага сүүлийн 30 жилийн хугацаанд байхгүй болсон. Өнөөдөр нэхмэлийн үйлдвэрүүд ажиллаад байна. Ноолуурыг малчдаас худалдаж авдаг дундын зуучлагчид ажиллаад байна. Гэтэл энэ салбар бүтэн шат дамжлагаараа нөхөгдөөд, нэмэгдсэн өртөгийг нь тооцох гэхээр хоёр салбар нь байдаггүй. Тийм болохоор энэ салбарт өртөг нэмж чадахгүй. Наад зах нь угаасан ноолуур гаргадаг байж байгаад самнасан ноолуураа гаргадаг болох гэтэл сая Засгийн газар шийдвэр гаргаад больчихлоо. Тэгэхээр бид дотооддоо өртөг нэмэх хамгийн наад захын экспортынхоо салбарыг дэмжихгүй байгаа юм биш үү. Ер нь Монгол Улс гадаад зах зээлд гарах, өөр зах зээлд нэвтрэх замыг засах ёстой. Гэтэл бид салбараа хөгжүүлэхдээ хооронд нь холбоотой авч үзэж, урт, дунд хугацаандаа ямар өгөөжтэй, салбарт нь юу нь хамгийн их зардалтай байгааг харахгүй байна. Ингэж харж чадвал тодорхой хэмжээгээр явах гээд байдаг. Харин хувийн хэвшил харж чадаад байна. Хамгийн гол нь хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа харилцан чиг үүрэг бүхий яамдуудын уялдаа холбоо одоо хүртэл сул хэвээр байна

Categories
мэдээ нийгэм

Ч.Лодойсамбуу: Цэц Үндсэн хуулийн талд шийдвэр гаргавал Засгийн газар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан гэдэг нь нотлогдоно DNN.mn


“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.


-Хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн цэц энэ сарын 21-нд хурал зарлажээ. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр олгох ёстой гэсэн та бүхний гомдлыг Цэц хүлээгээд авчихлаа. Цэцийн шийдвэрээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Гол нь хүүхэд бүр мөнгө аваасай гэсэндээ биш. Хамгийн чухал нь төр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг асуудал юм. Одоо зарим айлд өгөөд байгаа мөнгөний нэр бол “Хүүхдийн мөнгө”. Жилийн өмнө яг энэ Засгийн газар өөрөө “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн хөгжилд зориулсан хуримтлал юм” гэж зарлаж байсан. Гэтэл түүнээсээ хойш нэг ч жил бололгүй “Энэ бол халамж” гээд л хуулиа засаад, журмаа өөрчилчихсөн. Ингээд “Хүүхдийн мөнгө” хүүхдийн нэртэй ч тэр хүүхдийн амьдардаг айлын амьжиргаанд зориулсан мөнгө ч юм шиг утгагүй болж орхисон. Хүүхдийн мөнгө бол хүүхдийн мөнгө гэдэг нэртэй, хүүхдэд л зориулсан мөнгө. Гэтэл хүүхдийг аав ээжийнх нь орлого, амьдралын түвшингээр ялгаварлан гадуурхсан. Үндсэн хуулиар хүнийг гарал угсаа, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй ээ гээд маш тодорхой заачихсан. Засгийн газар гадуурхсан. Зарим гишүүд “Орлого сайтай айлууд угаасаа авдаггүй юм. Хэрэгтэйд нь өгөөд явах нь зөв” гэх мэт тайлбар хэлдэг. Гэтэл бид хэн хэндээ мөнгө өгүүлэх тухай биш Үндсэн хууль, зарчим ярьж байна. Ардчилсан Үндсэн хуулийн маань амин сүнс бол хэн ч байсан хүн бүр тэгш эрх эдэлж тэгш үүрэг хүлээх зарчим юм шүү дээ. Эндээс л ардчилсан орны хөгжил эхэлнэ. Гэтэл төр нь өөрөө энэ суурь зарчмаа ингэж байнга үгүйсгээд байвал ямар ч гоё авлигын төлөөх тэмцэл, ямар ч “ш”, “щ” ажиллагаа байгаад тэр нь эрх баригчдад л цаг зуурын улс төрийн ашиг тус өгөхөөс уртдаа энэ улсад юу ч үлдээхгүй шүү дээ. Суурь зарчмаа ойлгож хүндэлж хамгаалахаас л бүх зүйл эхэлнэ. Энэ бол энэ төрийн хамгийн том даалгавар байх ёстой.

-Хэрэв Цэц энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзвэл яах вэ?

-Мэдээж Цэцийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэвч тийм шийдвэр гарвал Үндсэн хууль маань Үндсэн хууль биш зүгээр нэг тунхаг бичиг л болсон гэсэн үг. Хуульгүй, дур зоргын, хүчирхийллийн нийгэм ингэж бүрэлддэг. Тийм нийгмээс дарангуйлагч төрдөг. Энэ л манай дарга нарын хүсэл юм байна гэж ойлгоно.

-Цэц хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэж шийдвэл төсөвт тодотгол хийж таарах нь ээ?

-Тэгнэ. Тэгэх боломжтой болсон гэдгээ ч Ерөнхий сайд хэлсэн. Гэхдээ Ерөнхий сайдын тэр үг бол маш хариуцлагагүй, утгагүй яриа байсан. Бидний дундын, хамгийн том, үнэт зарчим бол Үндсэн хууль. Мөнгөгүй үедээ үхүүлээд мөнгөтэй болохоороо амилуулчихдаг зарчим, Үндсэн хууль гэж байж болохгүй. Бид нар мөнгөний тухай биш Үндсэн хууль, хэнийг ч үл ялгаварлан гадуурхах зарчим яриад байгааг тэр залуу одоо болтол ойлгоогүй явна билээ. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн талд шийдвэр гаргавал энэ Засгийн газар Үндсэн хууль зөрчиж иргэдээ, иргэдийнхээ хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан гэдэг нь нотлогдоно гэсэн үг. Тиймээс заавал хариуцлага ярих ёстой. Мөн л зарчмын асуудал шүү дээ. Нийгэмд гэм хийсэн хүн гэмээ цайруулахаас гадна заавал хуулийн хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэгэхээр төсвөө тодотгохоос гадна дор хаяж иргэдээсээ, Үндсэн хуулиасаа уучлал гуйх ёстой. Ингэж байж дараа дараагийн Засгийн газруудад Үндсэн хуулиа эрхэмлэхийг ядаж эрмэлздэг жишиг тогтоно.

-Хүүхдийн мөнгөний асуудалд Цэц хойрго хандлаа гэж иргэд нэлээд бухимдалтай байгаа харагдсан. Он гараад бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрлөө. Хэрэв Цэц хүүхэд бүрт ялгаваргүйгээр тэтгэмж олгох ёстой гэж шийдвэл өнгөрсөн дөрвөн сарын мөнгийг нөхөж олгох хуулийн заалт бий юу?

-Хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Гэхдээ энэ нам яг одоогоор үхсэн хүн амилуулахаас бусдыг хийж чадаж байна. Дураараа аашилж байгаа. Тэд л хүсвэл болгочихно биз. Бид бол том жижиг гэлтгүй хэн ч юу ч гэж байсан зарчмаа л бариасай гэж хүснэ.

-УИХ-ын 71 дүгээр тогтоол Цэц дээр очоод унахыг Засгийн газар анхнаасаа мэдэж л байсан байж таарна. Хуулиа мэдэхгүй ийм шийдвэр гаргах нь юу л бол. Тэгэхээр зориуд төсөв хэмнэх гэж есөн хувьд нь олгохгүй гэсэн шийдвэр гаргасан юм биш үү. Хүүхдүүдийн есөн хувьд нь тэтгэмж олгохгүй байснаар сард 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж мэдээлж байсан шүү дээ?

-Сард 10 тэрбум. Төрийн өмчийн нэг компанийн хоёрдугаар даргын гэрт, шүүгээнд нь л байж байдаг мөнгө. Миний бодлоор бол тэд нэг их хэмнэх тухай боддог хүмүүс биш. Анзаарч байгаа бол эрх баригч нам сүүлийн долоон жил нийгмээ тэгшитгэх бодлогыг хатуу, зөөлөн хосолсон аргаар тууштай явуулж байна. Энэ улсын бүх иргэн хоёр идэхгүй, хоосон хонохгүй дуулгавартай, хүлцэнгүй ард

түмэн болж амар сайхандаа “жаргах” ёстой гэдэг бодлого. Иргэнийх нь орлого өсвөл татвар нэмчихнэ. Хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасчихна. Өөрсдийн хэдэн хэвлэлээрээ дамжуулаад хэдэн бизнесүүдээ бүгдийг нь хулгайч, дээрэмчин гээд цоллочихно. Үр дүнд нь ард нийт хөдөлмөрлөснийхөө хэрээр олсон байна уу, хулгай хийсэн байна уу, мөнгөтэй л хүн байвал хавтгайд нь шулаач дээрэмчин гэж итгэнэ. Үзэн ядна. Ингээд энэ улсад хүн хөдөлмөр хийх аргагүй болно. Ядуурал гүнзгийрнэ. Нэгэнт ядуурсан ард эрх баригчдын гарыг харж алгаа тосч амьдарна. Ам тосдсон даргыг л шүтэж амьдарна. Бидний үзээгүй коммунизмыг аав ээж ах эгч нар маань яг ийм байсан тухай л жигшиж ярьдаг шүү дээ. Монгол ардын намын түүхийн 70 жил нь улс, нийгмийг ийм л байлгахад чиглэж ирсэн. Амь нь болж тогтсон үзэл баримтлал нь тийм. Түүнийгээ л хийж байна гэж ойлгож байгаа. Тэд хүүхдийн мөнгөн дээр Үндсэн хууль зөрчиж байгаагаа мэдэж байсан. Одоо ч ойлгож байгаа. Гол нь нийтээрээ ингэж эсэргүүцнэ гэж бодоогүй. “Муусайн баячуудад өгөх хэрэггүй, болж” гэж хэлээд алга ташина гэж бодсон. Даанч тэгээгүй. Иргэд нь тэдний хүсч байгаа шиг хүлцэнгүй тэнэгүүд болж арай л амжаагүй байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын 71 дүгээр тогтоолд хүүхдүүдийн 91 хувьд нь мөнгөн тэтгэмж олгоно гэсэн. Үнэн хэрэгтээ нийт хүүхдүүдийн дөрөв, таван хувь нь л хүүхдийн мөнгөө авахгүй байгаа” гэж байсан. Гэтэл дундаж давхаргын өрхүүд хүүхдийн мөнгөө авч чадахгүй байна гэх гомдол бишгүй байсан шүү дээ. Энэ тал дээр та бүхэн холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч нягталж үзэв үү?

-Тэдний хэлж байгаа тоо л бидэнд олдоно. Бид нар өөрсдөө тоолж тооцож хүчрэхгүй шүү дээ. Хэлж байгаа олон тоонд нь эргэлздэг. Гэхдээ эргэлзээгээ тайлах бодит чадал бидэнд алга. Гол нь юм бүхэн цаг хугацаатай. Цаг нь ирэхээр үнэн мөн нь тодорно. Үргэлжийн мөнх өмнөх үеэсээ ял асууж ярдаглаж суудаг байдлаасаа гарах юмсан. Төрийн эрх барьж байгаа этгээдүүд тухайн цагтаа жаахан голч, зарчимтай байчихаасай.

-Гадаад байгаа хүүхдүүд энэ тэтгэмжид бүрэн хамрагдаж чадаж байгаа болов уу. Зарим эх сурвалжууд гадаадад байгаа хүүхдүүд хасагдсан гэх юм билээ. Ер нь хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Цэцэд хандсаны дараа та бүхэнд иргэд хэрхэн хандаж байв?

-Мэдээж хасагдсан хүмүүс авахыг хүсч дэмжиж байна. Гэвч дийлэнх нь ямар ч үед ялгаварлан гадуурхалтын эсрэг байгаад маш их баярлаж байгаа. “Хүүхдийн мөнгөө ер нь боль оо. Халамж хавтгайрлаа” гэх хүмүүс ч байна. Бидний юу хүсч шаардаад байгааг ойлгоогүй хүмүүс л тэгэж ярьдаг. Хаана амьдардаг, ямар хүмүүс хүүхдийн мөнгө авч байгаа, авахаа больсон тухай нарийн мэдээлэл алга. Энэ төрд ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Айл өрхүүдээ ч тоолчихож чадахгүй хольж солиод хөглөөд л сууж байгаа шүү дээ.

-Хүн амын орлогын албан татварын шатлал нэмэгдсэн асуудлаар та бүхэн Цэцэд бас гомдол гаргаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Орлогоос хамаарч тэгш бус татвар ногдуулж байгаа, Татварын алба хувь хүний дансны мэдээллийг дураараа онгичих боломжтой болсон зэрэг гурван асуудлаар мэдээлэл гаргасан. Гурвууланд нь тус тусад нь Цэц нэг өдөр маргаан үүсгэсэн. Үлдсэн хоёр асуудлыг хэлэлцэх хурлын тов зарлах хуулийн хугацаа мөн л дууссан. Хүлээж л байна. Тэгэж байна, ингэж байна гээд албан ёсоор мэдэгдэл өгөхгүй юм. Асуухаар нэмж шалгаж байна л гэдэг. Одоо нэг асууна даа. Орхихгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бадамжунайгийн ах Ж.Намшрай: Миний дүү янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг гадаадад байхад нь авлига, албан тушаалын хэрэгт буруутган эх оронд нь баривчилан авчирсан. Түүнийг Филлипин улсаас баривчилж авчирсан ажиллагаа нь хүний эрхийн зөрчил болохыг “Өдрийн сонин” хөндөн бичсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа түүний ах, өндөр настан Ж.Намшрайгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод амьдардаг ажээ.


-Сайхан хаваржиж байна уу. Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ. Т.Бадамжунай гуайтай их ойрын хамаатан гэж дууллаа. Ямар төрөл садан бэ?

-Т.Бадамжунай бол манай хөгшний төрсөн дүү нь байгаа юм. Хөгшин бид хоёр 76 настай. Манай хүн Т.Бадамжунайгийн хамгийн том эгч нь л дээ. Янз бүрийн юм дуулаад санаа нь зовоод даралт нь ихсээд хэцүү л байна.

-Ингэхэд Т.Бадамжунай гуай эхээс хэдүүлээ вэ?

-Олуулаа шүү. Одоо амьд сэрүүн байгаагаас манай хөгшин, Т.Бадамжунай, дандаа бүсгүй дүү нар нь байна даа. Хоёр ч сайхан эрэгтэй дүү нь залуугаараа бурхан болсон доо, хөөрхий.

-Эгч, дүү нар нь одоо ямар ажил төрөл эрхэлдэг улсууд байдаг юм бол. Амьдрал ахуй нь ямаршуу вэ?

-Хөгшин бид хоёр тэтгэвэртээ суусан хүмүүс. Аймгийн төв дээр хүүхдүүдээ бараадаад ирсэн. Залуугийн зүгээр сууж үзээгүй улс болохоор цагаан идээний лангуун дээр зогсч, өдөр хоногийг өнгөрүүлэх юм даа. Манай хүний бусад дүү нар нь тус тусынхаа ажлыг хийгээд амьдарцгааж байгаа. Булган аймагт нэг дүү нь бий. Тэндээ мал маллаж амьдралаа залгуулдаг. Нөгөө хоёр нь Сэлэнгэ, Дарханд амьдардаг. Өөр хоёр эмэгтэй дүү нь төрсөн нутаг болох Архангай аймгийн Чулуут сумандаа мал дээр байдаг. Бүгдээрээ л хэдэн малынхаа хүчинд амьдралаа авч яваа улс. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л байна. Ёстой бор зүрхээрээ амиа аваад явцгаадаг даа, хөөрхий. Цөмөөрөө мал дээр өссөн. Одоо ч малаа маллаж байна. Т.Бадамжунайгийн хамаатан садан гэхээр тамтаггүй баян улс гэж улсууд эндүүрч магадгүй. Ах, дүү, хамаатан садан дунд нь тарган цатгалан, баян тансаг хүн байхгүй. Бүсгүй дүү нарынх нь амьдралыг харахад тааруу л харагддаг. Хэдэн малынхаа буянд л амьдралаа аргацаадаг улс шиг байгаа юм.

-Гэтэл Т.Бадамжунай гэдэг хүн чинь Монголын хамгийн баян, нөлөө бүхий ноёнтон гэж цоллогдоод байна шүү дээ. Эгч, дүү нартайгаа тийм ойр биш хүн үү?

-Ойр байлгүй яахав. Зулай, зулайгаа гишгэж төрсөн ах, дүүс шүү дээ. Бие биеэ хайрлаж, түшиж, чадах чадахаараа дэм болцгоодог. Т.Бадамжунайд 20 гаруй орон сууц байгаа гэж гадуур шуугиад байх юм. Би одоо л дуулж байна.

Үнэхээр байсан бол эгч, дүүс нь ингэж амьдрах уу. Миний мэдэхийн хамаатан садангууддаа хамаагүй шидлээд байсан юм үнэндээ алга. Бүгд дор бүрнээ чадах ядахаараа амьдралаа авч яваа улс. Т.Бадамжунайг ямар хүн чанартай, хичнээн тохитой хүн бэ гэдгийг бид ойрын төрөл садангийн хувьд сайн мэднэ. Янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш. Түүнийг зориуд элдэвлэж, өрсөлдөгч талын дайвар нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Өвгөн ах нь ингэж л харж сууна даа.

-Та Т.Бадамжунай гуайн үр хүүхдүүдтэй нь холбогдож, учир байдлыг асууж үзэв үү?

-Гурван сайхан охин хүүхэдтэй хүн шүү дээ. Хамгийн том охин Б.Оюунбилэг нь аавыгаа ирсэн өдөр бидэнтэй өөрөө утсаар ярьсан. “Та хоёр минь биеэ бодоорой. Санаагаа битгий чилээгээрэй. Өндөр настай улсууд элдэв юм бодож, сэтгэлээ зовоогоод хэрэггүй. Даралтаа ихэсгээд янз бүр болох вий. Биеэ сайн тордоорой” гэж захисан. Үнэн мөнөөр явбал цагаадах байлгүй дээ. Т.Бадамжунай маань тэтгэврийнхээ насанд ирсэн хүн. Нас нь ахисан болохоор тэр хэцүү нэртэд орвол амь нас нь эрсдэх вий дээ гээд хөгшин бид хоёр зүрх түгшиж л суух юм. Бусад дүү нар нь ч ялгаагүй хямарцгаасан улс л байна. Т.Бадамжунай бол насаараа шахуу төрд үнэнчээр зүтгэсэн шүү дээ. Юу юугүй голгүй хэрэг хийгээд байх худрагагүй эр хүн биш. Хараад байхад улс төрийн хэргүүд чинь хүнийг буруутгахаас гадна нэмэх нь их байдаг бололтой.

-Та бол Т.Бадамжунай гуайн том хүргэн ах нь. Түүний суурь хүмүүжил, зан байдлыг хөндлөнгөөс юу гэж дүгнэдэг вэ?

-Бид нэг нутаг усны хүмүүс. Тийм болохоор Т.Бадамжунайг бараг төрөхөөс нь авахуулаад андахгүй. Хөдөө мал аж ахуйд эцэг, эхийнхээ гар дээр өссөн хүүхэд. Манай хадам аав, ээж хоёр нутаг усныхандаа ам сайтай, сүрхий ажилсаг, малчин хүмүүс байв. Т.Бадамжунай Чулуут сумынхаа бага сургуульд элсэн орж байсныг би санаж байна. Жаахан байхын л дуу цөөтэй, томоотой, даруухан хүүхэд байсан. Төрд ажиллаж байхдаа хүртэл яг л энэ хэвээрээ. Төлөв түвшин, хийж байгаа ажилдаа тун ч хариуцлагатай нэгэн байсныг ард түмэн мэднэ. Онгироо, сагсуу зан түүнээс өчүүхэн ч үзэгддэггүй. Хүнд их тусархуу. Олноор хүрээлүүлсэн, найз нөхөд сайтай хүн байгаа юм.

Т.Бадамжунай бурхан номд их сүсэгтэй. Шашны аливаа үйл ажиллагаанд их өгөөмөр ханддаг. Тээр жил түүнтэй

хамт Хархорин руу очсон юм. Тэндэхийн лам Баасансүрэн гэдэг залуу байдаг даа. Тэр хүү Хархориныхоо баруун хойд талд шинээр юм бүтээж босгож байсан. Тэрэнд нь Т.Бадамжунай лав хандив өргөж байгаа харагдсан. Тэгэхэд нь би дотроо түүнийг их л үнэлж байлаа. Бас нутгийнхаа ойд хүртэл өөрийнхөө чадахаараа тус дэм болж байсан. Ер нь түүнээс эх орон, нутаг усныхнаа гэсэн сэтгэл байнга мэдрэгддэг. Тиймдээ ч аливаа арга хэмжээнд гараа харамгүй сунгаж, тусалж, дэмждэг байлаа. Хувь хүнийх нь суурь хүмүүжил юм даа. Дээрээс нь аавынх нь сүшиг бишрэл бас нэлээд үлгэрлэсэн байх. Манай хадам аав бурхан шашны үзэлтэй, сүсэг бишрэлтэй, сайхан хүн байлаа. Нэлээд өндөр насалсан даа.

-Ер нь Т.Бадамжунай гуай танайхнаар хэр их очдог байв?

-Зуны амралтаар байнга ирдэг байсан. Манай хүүхдүүд дунд сум орон нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлсэн Улсын аварга малчин бий. Т.Бадамжунай сумандаа ирэхээрээ манайх, хүүхдүүдийнх гээд бүгдэд нь зочилдог сон. Найзуудтайгаа бас ирнэ. Төрийн ажил хийдэг улсууд тэгж их олон хоног саатахгүй ээ. Нутгийнхаа овоонд мөргөж, сүсэглэн залбираад, хамт яваа улсууддаа сум орон нутгийнхаа байгалийн сайхныг үзүүлээд буцдаг байсан.

-Хамгийн сүүлд танайд хэзээ зочилсон бэ?

-Гадаад руу явахаасаа өмнө ирсэн юм байна. Тав, зургаан жилийн өмнө юм уу даа. Манай сумын дээд хэсэгт Өлзийт голын хавиар сайхан байгальтай. Тэр сайхан байгалийг найзууддаа үзүүлэхээр ирсэн гэж билээ. Буцахдаа манайхаар дайраад явсан юм.

-Тухайн үедээ гадагшаа явна энэ тэр гэж ярьдаг байв уу?

-Тийм яриа огт болж байгаагүй ээ. Амарч, аялж ирсэн улсуудыг байгаагаараа сайхан цайлаад үдэх нь монгол ёс юм даа. Тэр утгаараа хөдөөний бид чинь ирсэн зочид гийчид болгоноо ялгалгүй аятай тухтай байлгахыг л хичээдэг улс. Ямар хэл, амыг нь сугалчих гээд асууж байцаагаад байх биш дээ.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан танай хадам дүүгийн талаар таагүй мэдээлэл гарахад төрөл садангууд нь болоод нутаг усныхан нь яаж хүлээж авдаг байсан бэ?

-Би хувьдаа Т.Бадамжунайг төрийн ажлыг маш сайн хийж байсан гэж боддог. Хариуцсан ажилдаа тун ч чамбай, үнэнч, нэр хүнд сайтай байсан шүү дээ. Авто тээврийн мэргэжилтэй хүн юм. Нэг хэсэг мэргэжлээрээ Улаанбаатарт ажиллаж байсан санагддаг. Дараа нь хотын менежер хэдэн жил хийсэн байх. Сүүлдээ Хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн болсон. Гадаад явахаас нь өмнө сонгуулийн үе ч байсан болохоор элдэв цуурхал, мэдээллүүд дуулддаг л байв. “Хөдөө аж ахуйн сайдаар очих юм гэнэ. Эрдэнэтийн дарга болох гэж байгаа гэнэ” гэж сонсогддог байлаа. Ер нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүнээс хэл ам, гүтгэлэг ер тасардаггүй бололтой. Шүүхээр үнэн, худал нь эцэслэгдээгүй байхад элдэв цуурхалд итгээд суух хүн байх уу даа. Улс төрийн зорилгоор өрсөлдөгч талын хүмүүс нь дайвар нэмж хорлодог байхыг ч үгүйсгэхгүй. Хүнийг гүтгэж, хорьж байгаад амь нас нь эрсдэлд орох вий гэдэгт л их санаа зовох юм, хүү минь. Манай хөгшин сүүлийн хэдэн өдөр их л хямарч байна. Би ч ялгаагүй дотроо адилхан санаа зовж байгаа хэрнээ “Ямар хүн алж, хүрээ талсан биш. Ямар юмандаа хямардаг юм бэ” гээд хэлж орхидог. Ер нь төрийн алба хашдаг улсууд бага гэлтгүй ямар нэг юманд холбогдчих гээд хэцүү л байдаг байх. Хадам дүүг маань хоёр талаас нь сугавчлаад авчирж байгаа нь их л муухай харагдаж байна лээ. Улс нийгмийнхээ төлөө зүтгэж, залуу халуун насаа зориулсны эцэст ингэдэг нь үнэхээр муухай юм. Төр зүтгэсэндээ халтай гэдэг нь энэ ба

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Оюун: Хөгжлийн банкны асуудлыг харахад манай орон анх зах зээлд шилжихдээ ийм бүдүүлэг байсан DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Хөгжлийн банкны нээлттэй гурван шатны сонсгол Төрийн ордонд болоод дууслаа. Эдийн засагч хүний хувьд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ сонсгол Монгол Улсын банкны тогтолцоо, Хөгжлийн банк хэрхэн ажиллаж ирснийг харууллаа. Засаглал ямар байгааг, улс төрийн албан тушаал хашигч түшмэлүүд хэрхэн ажиллаж байгааг олон түмэн мэдэж авлаа. Хэрэг алга л гэж хэлэхээс дээ. Хэн, хэн энэ банкнаас хэчнээн төгрөгийн зээл авсныг ард түмэн мэдэж авлаа. Төлөлт нь ч ямар байгааг харууллаа. Банкнаас хэн зээл авдаг нь, хэрхэн авдаг нь харагдаж байна шүү дээ. Жирийн хүмүүст тэр хэмжээний зээлийг авч чадахгүй. Танил талтай, дээгүүр албан тушаал хашдаг хүн л ийм зээл авч болох юм байна. Ямар нийгэмд, банк санхүүгийн ямар тогтолцоонд амьдраад байна даа гэж харамсаад сонсож байлаа.

-Хөгжлийн банкнаас тодорхой төслүүдэд арилжааны банкуудаар дамжуулж зээл олгож ирсэн юм байна. Ингэхдээ нэг хувийн хүүтэй авсан зээлээ арилжааны банкууд иргэдэд гурав нугалж хүү тооцохоор олгосон байна. Энэ ер нь зөв үү?

-Харин тийм. Хөгжлийн банк бол ашгийн төлөө бус, бодлого хэрэгжүүлэх санхүүжилтийг гаргадаг банк гэдгээрээ үйл ажиллагааны хувьд бусад арилжааны банкнаас зарчмын ялгаатай. Хөгжлийн банк маш тодорхой төслүүдийг санхүүжүүлэн ажиллах ёстой юм. Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг санхүүжүүлнэ. Энэ үндсэн дээр улс орон хөгжих ёстой. Олон улсын туршлага ийм байдаг. Дэмжиж байгаа байгаа төслүүддээ маш бага хүүтэй зээл олгодгоороо, тэгснээрээ улсын хөгжлийг урагшлуулдгаараа Хөгжлийн банк ялгардаг. Жишээлбэл, БНХАУ-ын Хөгжлийн банкууд хөдөө аж ахуйн, экспорт, импортын болон дэд бүтцийн барилгын гэх зэргээр төрөлжсөн байдаг. Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу салбаруудаа дэмжиж улс орныхоо хөгжлийг дэмжиж ирсэн байдаг. Манай орны хувьд Хөгжлийн банк нь тодорхой бүлэг этгээдүүдийн идэж ууж, баяжиж хөлжих суваг болж ирсэн байна. Тун харамсалтай. Эндээс бид сургамж авах ёстой. Ямар сургамж вэ гэхээр Хөгжлийн банк манай улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. Үүний хэрэгжилтийг тогтмол үнэлдэг, шинжилдэг, дүгнэдэг механизм ажиллах ёстой юм. Зээл авсан байгууллага улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулав. Экспортын хэмжээг хэдээр нэмсэн, импортын ямар барааг орлуулах үйлдвэр байгуулав гэх зэргээр үр дүнг нь дүгнэж болно л доо.

-Үүнийг яагаад хэмжихгүй байна вэ. Тийм амаргүй асуудал уу?

-Хэмжье гэвэл хэцүү биш. Зээл авахаас өмнөх санхүүгийн баримт тайлан, авснаас хойших санхүүгийн үзүүлэлтүүд яаж өөрчлөгдсөнийг харахад л болно. Энэ тайлагнал манай оронд тогтчихсон учраас боломжтой. Тэгээд зээл олгохдоо компанид олгож байгаа зээлийн хэвтээ болон босоо шинжилгээ хийж, түүний хөгжиж ирсэн түүх, чиг хандлага, зээл авснаар цаашид ямар үр дүн гарахыг төсөөллийн шинжилгээгээ хийж байж олгох зарчимтай байдаг. Зээл авах нөхцөлийг тухайлбал, авах зээлийн хэмжээ, хугацааг энэ санхүүгийн төсөөллийн тайлан, мөнгөн урсгалын болон орлого үр дүнгийн тайланг тооцоолж тодорхойлдог. Ер нь санхүүгийн шинжилгээг иж бүрэн хийж байж зээлийн эрсдэлээс хамгаалдаг. Энэ хэлэлцүүлгийг сонсоод сууж байхад энэ бүгд хийгдсэн гэхэд эргэлзэж байлаа.

-Таныг банкны Л.Оюун багш гэдгээр тань хүмүүс андахгүй. Өөр ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж харагдаж байв. Засч залруулах ямар боломж байв?

-Маш олон зүйл ажиглагдсан. Тэр бүрийг ярьж барахгүй. Гэхдээ зээлийн зориулалт, түүний хэрэгжилт дээр нэг хоёр зүйл хэлэх хэрэгтэй. Цаашдаа хэрэгтэй юм даа.

Зээлийн зориулалт их чухал байдаг. Зээлийг зориулалт дээр нь шинжилгээ хийгээд ашиглалтыг судлаад ирээдүйд эргээд төлж болох юм байна гэж тооцоолоод олгодог. Гэтэл зориулалтын бусаар хэрэглэдэг юм. Худлаа хэлж авдаг юм байна гэдэг нь харагдлаа. Зээл зориулалтаараа хэрэглэж байна уу гэдгийг зээл олгосон банк байнга хяналт тавьж явах ёстой. Манайд бол зээл олгочихоод хэдэн арван жил зүгээр л хаядаг юм байна. Санхүүжилтийн талаар ямар ч мэдлэггүй юм шиг хандаж ирсэн байна. Бүүр бүдүүлэг, хөгжлийн түвшин талаас нь яривал хамгийн эхний, энгийн шатанд явж байна. 1990-ээд оны эхэн үед манай орон зах зээлд шилжиж байх үед л ийм байдал байсан. Банк санхүүгийн шинжлэх ухааны үүднээс зээл зориулалтаараа хэрэглээгүй үед зээлийг шууд буцаан дууддаг.

-Зээл авсан нөхдүүд нөгөө мөнгөө зарцуулчихсан байдаг байхдаа. Зээл буцаан дуудна гэхээр төлүүлнэ гэсэн үг биз дээ. Тэдэнд мөнгө нь байх уу?

-Зээл буцаан дуудна гэдэг нь зээлийн нөхцөлүүдийг нь өөрчилнө гэсэн үг. Хугацааг нь богиносгоод, хүүний хувийг нь нэмээд, барьцаа хөрөнгийг нь мөрдөөд чанга нөхцөлтэй болгодог. Хариуцлагагүй зээл олгосон банкийг нь мөн эдийн засгийн аргаар шахдаг. Би бодохдоо банкны салбарынхан ийм арга хэмжээнүүдийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гагцхүү хэрэгжүүлэхгүйд учир байна л даа. Ийм жирийн биш, гаж зүйл гараад байна гэдэг нь нөгөө л танил тал, авлига, хээл хахуультай л холбоотой. Жирийн хүмүүст болохоор санхүүгийн дүрэм, журам, зарчим үйлчлээд байдаг, гэтэл зарим хүмүүст үйлчлэхгүй байна гэхээр тэгж бодогдоод байна.

-Ингэхдээ арилжааны банкууд нэг хувийн хүүтэй авсан зээлээ иргэдэд гурав нугалж хүү тооцохоор олгосон байна. Энэ ер нь зөв үү?

-Зээлийн хүүний хувь нь зээлдэгч зээл авснаар ашигтай байх тийм хүүний хувь л байх ёстой. Тэгэхээр зээлдэгч, зээлдүүлэгч хоёр зэрэгцэж суугаад зээлээр хэрэгжүүлэх төслийн үр ашгийг тооцоолж тогтоох ёстой юм. Зээлдүүлэгч нь ганцаараа монопольт байр сууринаас хүүний хувийг тогтоож болохгүй. Онолоороо бол энд хоёр зүйл яригдана. Нэгд, банк харилцагчгүйгээр оршин тогтнохгүй. Тиймээс харилцагчаа дэмжиж байж оршин тогтоно. Банкны харилцагч санхүүгийн хүнд байдалд орвол зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк санхүүгийн хүнд байдалд ордог зүй тогтолтой. Хоёрт, ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшлийн аж ахуйн нэг учраас арилжааны гэж нэр авсан бөгөөд зээлийн бүтээгдэхүүний үнэ болсон зээлийн хүүний хувь дээр харилцаанд орж байгаа талтайгаа тохиролцох ёстой байдаг. Энэ мэдээжийн зүйл ч манайд байхгүй байна.

-Сонсголын үеэр яригдаж байсан бас нэг асуудал бол Хөгжлийн банк өөрөө арилжааны банкнуудад хадгаламж байршуулсан гэж байсан. Бодлогын банк ингэж болдог юм уу?

-Болохгүй гэж бодогдож байна. Хэнээс авсан, юун хадгаламж вэ. Хөгжлийн банкинд мөнгө байдаг юм бол хадгаламжид хийж байхын оронд улс оронд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлэх ёстой шүү дээ. Олон улсын банкны тогтолцоо их сайхан байдаг. Жишээ нь, улс оронд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлэхийн тулд арилжааны банкууд нь хөгжлийн банкнууддаа албан журмаар, харин хадгаламжаасаа тодорхой хувь буюу 14 хувийг нь байршуулж улсын хөгжилд хувь нэмэр оруулж байдаг тогтолцоо байдаг.

-ТЭЗҮ байхгүй төслүүдийн санхүүжилтийг зээлээр босгосон гэж байгаа шүү дээ…

-Харин тийм, тийм зүйл яригдаж байна лээ. Ёстой дампуу юм. Энэ талаар ямар байх ёстойгийн зах зухаас нөгөө шинжилгээ хийж зээл олгодог гээд дээр ярьсан. Мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүс л Хөгжлийн банкнаас зээл авсан байна лээ.

-Хөгжлийн банкны өрийг төлүүлэхдээ боломжийн өртгийг тооцох ёстой биз дээ?

-Юуны өмнө банкны хичээл дээрээ хэлэх ярих арвин кэйстэй боллоо. Нөгөө талаар зээл авсан л бол төлөх ёстой гэдгийг энэ тохиолдлуудаар харуулах нь зүйтэй. Завшуулж болохгүй. Зээлийг төлөхдөө алдагдсан боломж гэж ойлголт байдаг. Түүнийг тооцож улсыг хохиролгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, тэдгээр зээл хугацаандаа эргэн төлөгдсөн бол түүнийг өөр компанид зээлдүүлж орлого бүтээж, бүтээн байгуулалт явах ёстой байсан гэдгийг тооцоолох тухай ярьж байна. Доллараар орлого олдоггүй компанид доллараар зээл өгч болохгүй. Зээлийн нөхцөлийг чангаруулах хэрэгтэй, төлөхгүй байснаас завшилт гарч болохгүй.тэгээд зээлийн шинжилгээг олон улсын банкны практикт хэрэглэдэг тоон болон чанарын шинжилгээний аргачлалаар хийх, ЖДБ -ийн санхүүжилтэд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийх гээд олон зүйлийг хэлэх хэрэгтэй.

-Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилт хийхэд хэрэглэдэг эрсдэлийг тодорхойлдог аргачлалыг асуумаар санагдчихлаа?

-ЖДБ-ийн санхүүжилтэд ашигладаг маш ухаалаг аргачлал байдаг. Тухайн аргачлал нь ЖДБ -д зээл олгохдоо эрсдэлийн зэрэгт нь тохируулан зээлийн нөхцөлийг нь тодорхойлж зээл хүссэн ЖДБ бүрд зээл олгодог. Энэ аргачлалын давуу тал нь их чухал. Юу вэ гэхээр энэхүү аргачлалаар зээл өгөхөд зээл авч байгаа тал юун дээр анхаарах ёстойгоо мэдэж аваад сул талаа арилгах арга хэмжээг зайлшгүй авч явдагт байдаг. Нээрээ энэ аргачлалыг бидний хэдэн судлаачид Монгол Улсад тохирох байдлаар сайжруулсан ба ХХААЯ -д танилцуулах хүсэлт илгээсэн боловч хариу ч байхгүй, нөгөө усанд хаясан чулуу шиг таг болсон. Тэгээд дүгнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын нөхцөлд тохирсон аргачлал сонирхолгүй юм шиг байна лээ.

-Ингэхэд долларын ханш 3500 давчихлаа. Цаашид долларын ханш яахаар байна вэ. Сайн, муу ямар таамаг байгаа бол?

-Манай улс импортлогч орон учраас долларын эрэлт байсаар байх болно. Ханш нь нэмэгдэнэ. Долларын ханш нэмэгдэхэд экспортлогчид маань гаднын зах зээл дээр үнэтэй зарах боломжтой болдог ба эсрэгээрээ импортлогч тал үнэтэй доллараар бүтээсэн бараагаа хямдхан төгрөгөөр борлуулахад хүрдэг. Тиймээс долларын ханш өсвөл экспортлогчдод ашигтай, импортлогчдод алдагдалтай байдаг бол долларын ханш буурвал байдал эсрэгээрээ эргэнэ. Хятад улс юанийн ханшаа зориуд цул байлгадгаас экспортлогчоо дэмждэг, долларын урсгалыг дотогш нь нэмэгдүүлдэг. Тэгээд маш олон жил олон улсын худалдааны байгууллагад АНУ, Хятад улсад гомдол гаргаж ирсэн. Үр дүнд нь яг дээрх зүй тогтлоор Хятадын экспортын бараа очоогүй дэлхийн өнцөг булан үлдээгүй гэж хэлж болно. Манай улс экспортоо нэмэгдүүлэх бодлого барьж байгаа учраас долларын ханшийг нэмэгдэхэд уг нь зорьсон бодлого хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Ийм сайн талууд байхад ард түмэнд таалагдах гээд үүнийг ярьдаггүй юм.

-Долларын ханшийг буулгах ямар аргууд байж болох вэ?

-Долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх арга зам байна. Энэ нь экспортыг нэмэгдүүлэх замаар л шийдвэрлэгдэнэ. Долларын ханшийн өөрчлөлт эдийн засагт нэг талын үр дагавар, муу эсвэл сайн нөлөө үзүүлэхгүй. Засгийн газрын бодлого л үүнийг Төв банкаараа дамжуулан шийдвэрлэнэ.

-Ингэхэд долларыг яавал 2000 төгрөг болгох вэ?

-Хол байна даа. Долларын эрэлт буурвал л 2000 төгрөг болно. Өөрсдөө үйлдвэрлэгч орон болж байж л ийм зүйл үзэх байх.

-Бидэнд уул уурхайгаас гадна доллар олох ямар боломжууд байна вэ?

-Уул уурхайн түүхий эд ашигт малтмалаа боловсруулах үйлдвэртэй болох. Хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй дээ.

-Алт, зэс, хүдэр гээд экспортолж байгаа эрдэс баялгийнхаа орлогыг төв банкаар дамжуулдаг болбол долларын нөөц нэмэгдэж, ханш нь буурах юм биш үү. Тухайлбал, Оюутолгойн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо зэрэг төв банкаар дамждаг болбол долларын урсгал сайжирна гэдэг шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь бол аж ахуйн нэгжүүд тэр дотроо Оюутолгой компани аль нэг арилжааны банкны харилцагч байдаг. Тэр банкаараа төлбөр тооцоогоо хийдэг. Нэг компани хэдэн ч арилжааны банкны харилцагч байж болно. Тэгэхээр Төв банкаар шууд төлбөр тооцоо, орлого, зардлаа гүйлгэхгүй. Зарчмын хувьд төв банк байна уу, арилжааны банк байна уу ялгаа байхгүй манайд долларын нөөц нэмэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд ууланд газар эзэмших нь гэмт хэрэг биш DNN.mn

Харахын заяа байхаас хазахын заяа үгүй гэдэг хуучны яриа байдаг сан. Хичнээн хүсэл байвч барьж, хүрч, эдэлж чадахгүй, зөвхөн нүдээ баясгаж л өөрийгөө хуурдаг гэсэн агуулга болохыг хүн бүр мэднэ. Тэгвэл Богд уулыг харахаар яг ийм зүйр үг санаанд бууж байна. Байсхийгээд л “Богд ууланд тэр, тэр сайд, дарга байхдаа газар эзэмших гэрчилгээ олгожээ” гэж шүлсээ үсчүүлэн зүхэх масс их байх юм. Байгалийн цогцолбор бүхий энэ сайхан газрыг эзэмшиж, ашиглахгүй юм бол харж баяслаа гээд юу нэмэгдэх вэ дээ. Тэгээд ч Богд уулыг хэндээ хадгалах гэсэн юм бэ.

Манайханд социализмаас хойш явж ирсэн нэг хэвшмэл ойлголт байдаг. Тэр нь дархан цаазтай газар гэхээр л хүн хар ойртож болохгүй, тусдаа байх ёстой юм шиг, хашаалчихдаг. Манай улс нутаг дэвсгэрийнхээ 14 сая га газрыг яг ийм байдлаар олны хөлөөс тусгаарлачихсан. Тийм болохоор аймаг, сумд дандаа хувхай цагаан, зэлүүд талд байрлачихсан байдаг шүү дээ. Монголын 330 сумаас хуруу дарам цөөхөн хэд нь л байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт төвхнөсөн байх жишээний. Тухайлбал, Хэнтийн Дадал, Биндэр, Булганы Хутагт-Өндөр, Тэшиг зэрэг сумд бол ярих юм байхгүй сайхан нутаг. Дээрээс нь Хөвгөлийн ганц нэгхэн сум л нэмэгдэнэ. Бусад сумд нь үзэж, харах ч юмгүй шороо манарсан байдаг нь худлаа биш.

Монголчууд бид өөрсдийгөө уул, ус, ургамал, ан амьтан хосолсон хосгүй сайхан үзэсгэлэнт байгалтай гэж дэлхий дахинд зарладаг хэрнээ тэрийгээ ашиглаж чаддаггүй. Байгалийнхаа энэ сайхан цогцолбор газрууддаа нүдээ хужирлаж, сэтгэлээ хуурч байхаар тэр тансаг орчныг биеэрээ мэдэрч, дотор нь орж амьдаръя л даа.

Тийм болохоор Богд уулынхаа ам бүрт хотхон бий болгоё. Тойруулаад хот байгуулж яагаад болохгүй гэж. Галт тэрэг, метро, дугуй, мотоцикль, явган хүн, хурдны зам гээд дэд бүтцээ цогцоор шийдэж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр амьдарч яагаад болохгүй гэж. Олон орон байгалийн чамин тансаг тогтоц дээрээ түшиглэн хотуудаа босгосон л байдаг шүү дээ. Бидний сайн мэдэх Австрали, Швейцарь байна. Үнэхээр очсон хүн бүр аз жаргал мэдэрдэг диваажингийн орнууд гэж шагшдаг. Тэгвэл яг тэдэнтэй адилхан манайд ч бас диваажин болсон энэ сайхан газар нутгаа эдлэх ёстой байтал хүмүүсээ ойртуулдаггүй. Очсон нэгэн рүүгээ шороо цацан үхэлддэг. Тэгэхээр одоо хэдүүлээ социализмын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салцгаая. Ардчилсан чөлөөт, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Шинэ мянганд амьдарч байж алийн болгон хуучинсаг арга барилаар аливаад хандах гэсэн юм бэ. Тиймээс Богд ууландаа хотхон төлөвлөж байгуулъя. Тэгээд ч Богд ууланд газар эзэмших нь гэмт хэрэг огтоос биш юм шүү

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ DNN.mn

Социализмд амьдарч байсан иргэд гэнэн хонгор, нялх хүүхэд шиг байх юм. Бусдын үгэнд оромтгой, бас итгэмтгий зан байдал нь яг л тэр үеийнхээрээ. Энэ бол хаалттай нийгэмд монголчуудыг хэрхэн хүмүүжүүлж байсны илрэл. Социализмаар амьсгалсан тэртээх он жилүүдэд монголчууд юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл хаалттай нийгэм учраас иргэд үнэхээр юм үзээгүй, дуулдаггүй тийм л ертөнцөд амьдарч байлаа. Ард түмэнд бодох эрх байхгүй. Аливаа бодлогыг зөвхөн нам болон дарга нар л гаргана. Тэдний хэлсэн болгонд монголчууд үнэмшихээс өөр аргагүй. Хэрэв эргэлзэх юм бол шууд алуулна. Иймд том даргын үгэнд нийгмээрээ итгэж, дагахаас өөр сонголтгүй байсан. Нам нь иргэдийн өмнөөс шийдвэр гаргачихдаг болохоор ард түмэн өөрөөр бодож, эргэцүүлэх ямар ч шаардлагагүй. Дуугүй л хэлсэн бүрийг нь даган биелүүлэх ёстой. Ийм хаалттай нийгэмд нийтээрээ хүний хэлсэн үгэнд шууд итгэдэг муу зантай болж хүмүүждэг. “Та нар юм бодвол хөнөөнө шүү” гээд байхаар хэн ч гэсэн утсан чинээ улаан амиа л авч явахыг хичээх нь аргагүй шүү дээ. Тийм болохоор социализм ноёрхсон бүхэл бүтэн 70 жилийн турш хүний хэлсэнд үнэмшээд, юу ч бодохгүй дагахаас гадна бүр шуугьж намираад сурчихсан байв, монголчууд маань. Энэ зан одоо хүртэл биднээс холдсонгүй.

Монголчууд зах зээлийн нийгэмд ороод 30 гаруй жилийг тууллаа. Тэгсэн байтал яг л социализмынхаараа байна. Тэр үед амьдарч байсан улсуудын хамгийн залуу нь гэхэд 50 насны босго давсан байгаа. Үүнээс ч өндөр настай хүмүүс олон бий. Тэд өөрсдийнхөө хүмүүжиж ирсэн хэв маяг, амьдралын замналаар хүүхдүүдээ зааж сургасаар байдаг. Үр хүүхдүүд нь хүртэл эцэг, эхийгээ хараад сурчихсан.

Барагтай л бол өөрсдөө бие дааж шийдвэр гаргахгүй. Аль сургуульд сурах, ямар мэргэжилтэй болохоос өгсүүлээд хүнтэй суухаа хүртэл аав, ээжээсээ асууж, заалгадаг. Энэ зан нь монголчуудыг юманд амархан хууртаж, үнэмшихэд их нөлөөлөх юм. Дээрээс нь сошиал сүлжээ дэлгэрсэн өнөө үед монголчуудын хүний үгээр явдаг, итгэмтгий зан бүр ч тод харагдаж байна. Нийгмийн сүлжээнд хүн болгон л нэг юм ярьдаг. Тэрийг нь массаараа дагаад шуурчихдаг. Үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг шүүж тунгаахгүйгээр үнэмшиж орхих юм.

Одоо бидний амьдарч байгаа ардчилсан чөлөөт нийгмийн гол зарчим бол та зөвхөн өөрөө, өөрийнхөө төлөө хариуцлагаа ухамсарлаж амьдрах ёстой байдаг. Энэ нийгэмд таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Бас таныг хааш нь ч залж чиглүүлэх ёсгүй. Хуучин социализм шиг ямар бодолтой байхыг чинь хүртэл заахгүй. Иймд та бүхэн аливаа асуудалд хандахдаа оюун ухаандаа эргэцүүлж боддог байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй ханддаг бол. Бусдын ятгалга, хууран мэхлэлтэд орохоосоо өмнө хаширлаж сур. Ингэснийхээ дараа шийдвэрээ гаргавал зөв болно. Ер нь ямарваа нэгэн асуудалд хашир байх тал дээр амьдралд шалгарсан аргуудын нэг бол танд хандаж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үзэх юм. “Хэрэв би энэ хүний оронд байсан бол яагаад ийм таатай боломжийг огт танихгүй хүнд санал болгоно гэж. Ашиг олох өчнөөн олон суваг байхад ганцхан хүний араас хөөцөлдөж чаргууцалдах байсан уу” гэх маягаар хэд хэдэн талаас нь эргэцүүлж бодож сурах хэрэгтэй.

Монголчуудын гэнэн занг ашиглан нийгмийн сүлжээгээр дүүрэн байдаг залилан, луйврын гэмт хэргүүд зүсээ хувирган танд ойртдог. Хамгийн энгийн жишээ гэвэл, фэйсбүүкийн пост болгоны доор шахам бичигддэг хэдэн өгүүлбэр бий дээ. Тэр нь “Манай санхүүгийн байгууллага танд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүй, хүүгүй шуурхай олгоно. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дараах мэдээллийг бөглөөд, үйлчилгээний хураамж болох 400 мянган төгрөг төлнө үү” гэсэн зар. Үүнд иргэд итгэж хувийн мэдээллээ алдаж, санхүүгээрээ хохирсон тохиолдол бишгүй байгаа юм билээ. Сошиалаар гаарсан өөр нэг залилан бол түрээсийн орон сууц. “Зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр танд байраа түрээсэлье. Та энэ данс руу урьдчилгаа нэг сая төгрөг бушуухан хийчихвэл өөр хүн оруулахгүй. Дараа нь сар сардаа түрээсийн мөнгөө өгч болно шүү” гэдэг. Ингээд байрандаа орохоор очиход нь өөр хүмүүс амьдарч байдаг. Дээрхээс гадна сүүлийн үед дэлгэрээд байгаа романс залилангийн хохирогчдын кэйс ч цагдаад их цугласан юм билээ. Огт танихгүй гадаадын иргэнтэй онлайнаар танилцаж, мессэжээр харилцаад өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар, ажлын газраа заагаад өгчихдөг. Тэгээд зогсохгүй өөрт нь илгээсэн бэлэгний гаалийн төлбөр гэж итгээд арван мянган ам.доллараа тэр дор нь шилжүүлчихсэн байгаа юм. Нэг биш хоёр удаа шүү бүр. Хүний ганцаардсан сэтгэлийн орон зайг ашиглан хууран мэхэлдэг иймэрхүү луйвраас гадна цаг агаарын гамшгийг далимдуулан малчдын хамаг байдгийг сэгсрэх залилан ч мэр сэр байна. Зуднаар цөхөрсөн хэдэн малаа ногоо цагаа ургах цагтай залгуулчих гэж тал, тал тийшээ өвс, тэжээлийн үнэ сурагладаг малчид барьцгүй наймааны золиос болцгоожээ. “За та энэ данс руу мөнгөө шилжүүлчихвэл яг одоо танай сум руу хөдлөх машинд өвсийг чинь ачуулчихъя. Энүүгээр өвс сурсан хүмүүс их байна. Таныг олон боодол өвс авч байгаа болохоор хямд өгч байна” гэх үгэнд малчид хууртаж хамаг байдгаа шавхаад явуулчих юм. Энэ мэтчилэн залилуулсан иргэдийн хохирол хэдэн тэрбумаар яригддаг болжээ. Статистикаас харахад, иймэрхүү луйврын хохирол жилд 250-300 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Хашир зан хэзээ ч алддаггүй. Юун түрүүнд тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзэхэд буруудахгүй гэж дахин хэлье. Дээрх кэйсүүдээс жишээ татъя л даа. Хэрэв би мөнгөө эргэлдүүлээд арвижуулах асар их боломж байхад хүнд хүүгүй, барьцаагүй зээл өгөх байсан уу. Хэрэв байрыг минь өндөр үнэтэй түрээслэх хүн олон байсаар байхад заавал энэ танихгүй хүнийг хямд оруулах байсан уу. Хэрэв би огт танихгүй, зүсийг нь ч үзээгүй хүндээ “Арван мянган ам.доллар шилжүүлчих, би чамд алмаз эрдэнэ явуулсан” гэхэд нь итгэх байсан уу. Хэрэв надаас хүмүүс өвс авах гээд шавалзаж байхад нь “Та нарт өндөр үнээр зарахгүй. Харин орон нутгийн малчинд хямд үнээр өөрөө ачаад явуулна” гээд сууж байх уу. Яг үнэндээ энэ бүгдийн хариулт нь танд “Үгүй” гэсэн ганцхан үг орж ирж байгаа биз дээ. Та ингэж бодож байгаа бол цаад хүн чинь хүртэл яг ийм л бодолтой байгаа гэсэн үг. Хүн хүний бодол хол зөрөөд байдаггүй. Та юу гэж бодно, тэр хүн тэгж бодох магадлал маш өндөр. Тэгэхээр хэрсүү байхын хамгийн эхний алхам бол энэ юм. Одоо хэдүүлээ гэнэн байхаа больцгооё оо. Өөрсдийгөө гэнэн цайлган болохоор бусдад мэхлэгдээд байна гэж өмөөрөх ч хэрэггүй. Энэ бол гэнэн цайлган биш, гэнэн тэнэг зан шүү дээ.

Бусдад итгэж, цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл зүрхээрээ хохирч байгаа монголчууд маань өнөөдөр мэдээллийн энэ их урсгалд оюун санаагаа хүртэл луйвардуулж байна. Нийгэм даяараа худал мэдээлэлд автаж, шуурдаг болсон. Ойрын үйл явдал гэвэл Дорнод аймагт сүрэг цагаан зээр хэдэн зуугаараа хорогдсон асуудлын учир шалтгаан нь тодорхой болоогүй байхад нийгмээрээ “Хятадууд цагаан зээр алчихлаа” гэж зүхсэн. Тэнд очсон иргэн ямар ч баталгаагүй, үзэмжээрээ асуудалд хандаж сошиалд цуурахад улс даяараа дагаад л бархиралдах юм. Ямар ч эрүүл хүн зүв зүгээр байж байгаад гэнэтхэн гурав, дөрвөн зуун цагаан зээр хядах уу. Хэрэв та байсан бол буу үүрч очоод байгалиа чимж яваа амьтныг сүрэг сүргээр нь шүрших байсан уу. Энэ бүгдээс худлаа гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ. Ингэж аливаа мэдээлэлд автахаасаа урьдаар өөрийгөө оронд нь тавьж үзэж сурмаар байна. Хэлсээр байхад суралцахгүй бол зах зээлийн нийгэмд амиа авч явахад үнэхээр хэцүү болсон байна шүү. Таныг хүн гэж боддоггүй, таныг ашиг гэж хардаг болсон нийгэмд бид амьдарч байгаа. Иймд улс төр, эдийн засаг болон хувийн амьдралдаа, хань ижлээ сонгохдоо хүртэл хэрсүү байж суръя.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан DNN.mn


УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс танд хадгалагдаж байгаа АН-ын тамга хүчин төгөлдөр гэж тогтоожээ. Энэ шийдвэр танай намын тамганы маргаанд цэг тавилаа гэсэн үг үү?

-Тийм ээ. АН-ын тамганы асуудал ингээд эцэслэгдсэн. Үүнээс өөр хуулийн ямар ч гарц байхгүй.

-Ингэхэд танай намын үл ойлголцол, тамганы маргааны эхлэл Ц.Туваанд та тамгаа өгсөнөөр эхэлсэн юм биш үү?

-АН-ын дүрэмд “Намын дэд дарга нь намын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дүрмийн дагуу 2020 оны сонгуулийн дараа миний бие АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд үүрэг өгч, намын тамгыг хариуцуулсан. Гэхдээ би түүнд намын тамгыг ашигла гэдэг эрх өгөөгүй. Харин дараагийн шинээр сонгогдож гарч ирсэн намын даргад шилжүүлж өгөх үүрэг өгөөд хариуцуулсан. Дээр нь Ц.Тувааныг “АН-ын дараагийн X их хурлыг хуралдуулаарай, намын даргын сунгааг зохион байгуулаарай. Тэр хүртэл намын даргын үүргийг хариуцлагатай хийгээрэй” гэсэн хугацаатай чиг үүрэг өгсөн. Харин Ц.Туваан наймдугаар сарын 23-нд хуралдах ёстой байсан намын X их хурлыг хуралдуулаагүй. Намын даргын сунгааг ч зохион байгуулаагүй. Эсрэгээрээ хууль бус үндэсний бодлогын хороог хуралдуулсан. Намын дүрэмд ҮБХ-г зарлах эрх Ц.Туваанд байхгүй. Гэтэл тэрбээр ҮБХ-ны хурлыг зарлаж өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн хуурамч тогтоол гаргуулсан байдаг.

Тэр үед нь би түүнд хэлсэн л дээ. “Яагаад ийм дүрмийн бус зүйл хийгээд байгаа юм бэ. Одоо үүнийгээ боль. Цаашдаа намын эв нэгдэл, дараа, дараагийн үйл ажиллагаанд асар том сөрөг үр дагавар авчирна шүү дээ. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна” гэхэд тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, Ерөнхийлөгчийн зүгээс янз бүрийн дарамтууд ирээд байгаа. Би адилхан зохицуулах гээд явж байна” гэж тайлбарлаж байв. Гэтэл мань эр сүүлдээ давраад намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Манай намын дүрэмд одоо байгаа Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол дүрмийн дагуу бүх гишүүдээс санал авах ёстой байдаг. Тэгэхгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулаад явсан. Тэгэхээр нь би “Больё, тамгаа авъя” гэтэл Ц.Туваан бүтэн хоёр сар шахам хугацаанд ор сураггүй алга болсон. Хууль дүрмийн дагуу би Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т гомдол гаргасан. Энэ асуудлын талаар УБЕГ хуулийн дагуу 14 хоногийн хугацаатай сонсох ажиллагаа явуулдаг юм билээ. Тамга тэмдэг нь алдагдаж, үрэгдсэн юм уу ямар шалтгаантай юм судалдаг юм байна л даа. Ингээд Ц.Туваан гэдэг нөхрийг хэд хэдэн удаа дуудсан боловч очоогүй. Хоёрдугаарт, нэгэнт хариуцагч этгээд сураггүй алга болчихсон. Тийм учраас тэр тамгыг үрэгдсэнд тооцоод УБЕГ-ын улсын байцаагчийн акт гарсан. Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүйд тооцсон. Ингээд надад хууль ёсны дагуу шинээр тамга хийх хяналтын дугаар олгосон юм. Тэрнийх нь дагуу би тамга хийлгэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ийм процесс явсны дараа Ц.Туваан гэнэт гарч ирээд “Надад тамга байхад яахаараа С.Эрдэнэд дахин тамганы дугаар олгодог юм бэ. Энэ бол хууль зөрчсөн байна” гэж гомдол гаргасан. Ингээд УБЕГ-ын Хяналт шалгалтын газрыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Ийм маргаан үүсэнгүүт би сөрөг нэхэмжлэл гаргасан. Ц.Туваан бол АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш” гэж миний бие захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр орсон.

-Энэ маргаан гурван жил орчим үргэлжилчихэв үү?

-Тэгсэн. Хэд дахин ч буцав. Нөгөө тал миний мэдэхийн арав, хорин удаа шүүх хурлыг янз бүрийн байдлаар хойшлуулж, саатуулсан. Явсаар байгаад хоёр сар орчмын өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэнгүүт тэд дахин давж заалдаад, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүхийн шийдвэрт процессын алдаа байна. Наадуулаа дахиж хянаж хэлэлц” гээд анхан шатны шүүх рүү буцаасан. Ингээд уржигдар буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүх дахиж хуралдаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хүлээж авахаас татгалзаад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хагаралтай мэтээр харагдуулсан хамгийн том эрх зүйн маргаан бол тамганы асуудал байсан.

-АН-ын аливаа үйл ажиллагаа тамгаар баталгаажна биз дээ. Тэгэхээр Л.Гантөмөрт байгаа нь хүчингүй болсон тамга уу?

-Булган аймгийн АН-ын даргыг томилоход гаргасан миний тушаалыг Л.Гантөмөр сая хүчингүй болгосон байна лээ. Ингэхдээ Х.Баттулга дээр байсан АН-ын хүчингүй тамгыг дарсан харагдсан. Л.Гантөмөр мордохын хазгай гэдэг шиг боллоо. Тэрбээр Дээд шүүхийн бүртгэсэн тогтоол шийдвэрт хүндэтгэлтэй хандаад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжийг хүлээгээд сууж байх ёстой. Гэтэл түүнд хууль ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй. Ингэхээр тамга олгогдохгүй гэсэн үг. ОДоо Л.Гантөмөрт АН-ын хүчин төгөлдөр тамга бас гэрчилгээ байхгүй. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй, зүгээр л бүртгэгдсэн гэсэн нэртэй дарга байж байгаа шүү дээ. Дээрээс нь Улсын дээд шүүхийн бүртгэсэн үйл ажиллагааг бид Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн байгаа. Ийм маргаантай үйл явц дунд Л.Гантөмөр тушаал гаргаад явж байгаа нь арай дэндүү, хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаа.

-Тэгвэл Дээд шүүх мэдсээр байж яагаад Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан юм бол. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын дээд шүүх улс төрийн намын даргыг бүртгэх бүрдүүлбэр хангах журмаа зөрчсөн. Дурдвал маш олон зөрчил байгаа. Нэгдүгээрт, эрх бүхий намын даргын гарын үсэгтэй тодорхойлолт бичгээр очсон байх ёстой. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Гэтэл Л.Гантөмөр, С.Баярцогт нарын ээлжит бус их хурал ямар ч эрх зүйн чадамжгүй.

-АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар сонгогдсон шүү дээ?

-Гудамжинд байсан нөхөд өөрсдийгөө АН-ын ҮБХ-ны гишүүн гэж зарлаад, 293 хүн хуралдсан болсон байдаг. Тэрнээс 152 хүний саналаар Л.Гантөмөр намын дарга гэж сонгогдсон. Манай намын дүрэмд ҮБХ намын даргыг сонгох дүрмийн заалт байхгүй.Харин АН-ын дарга нийт гишүүдээс сонгогддог дүрэмтэй. Жишээлбэл, би намын дарга болохдоо тавуулаа өрсөлдөөд, 21 аймгаар явсан. Ингээд хамгийн өндөр санал авч АН-ын даргаар сонгогдож байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд намын даргын сунгаа зохион байгуулагдахад Д.Ганбат 79 мянган гишүүний санал авсан шүү дээ. Гэтэл түүнийг бүрдүүлбэр дутуу гэж Дээд шүүх буцаасан хэрнээ 152-хон санал авсан Л.Гантөмөр гэдэг хүнийг бүртгэсэн. Тамга байхгүй, албан бланкгүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, хурлын протокол гээд хэдэн хуудас материал очсон байх. Ямар ч эрх зүйн боломжгүй хурал гээчээс гарч ирсэн өөрийгөө АН-ын дарга гэж нэрлэсэн этгээдийг Улсын дээд шүүх ямар үндэслэлээр бүртгээд авчихаж байгаа юм бэ. Жишээлбэл, аль нэг байгууллагын удирдлагын асуудлыг гудамжинд яваа таван хүн хуралдаад нэгийгээ дарга болгочихож болдог юм уу. Тэгвэл УБЕГ тэднийг бүртгэж авах уу. Тэгж болдог бол Монгол Улсад төр, хууль байхын хэрэг байна уу. Улсын бүртгэл дээр албан ёсны бүртгэлгүй хэн ч хууль бус. Ямар ч бүртгэлийн гэрчилгээгүй хүмүүсийг АН-ын эрх бүхий байгууллага гэж үзэж хурлын протоколийг хүлээж авч байгаа юм бэ. Ямар нотлох баримтаар АН-ыг төлөөлөх эрхтэй гэж үзээд байгаа юм бэ.

-Ер нь танд АН-ын тамгыг өөр хэн нэгэнд шилжүүлж өгөх сонирхол байна уу?

-Геополитикийн хүрээнд гадаадын нөлөөлөл Монголын улс төрд орж ирж байна. Хоёрдугаарт, манайх авторитор дэглэмтэй хоёр том гүрний дунд оршиж байгаа жижиг улс шүү дээ. Энэ улс дээр парламентын засаглалыг, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Монгол Улсын тусгаар тогтнолыг 100 хувь хамгаалж зогсч байгаа цорын ганц улс төрийн хүчин бол АН байна. Тийм учраас АН өнөөдөр түрэмгийллийг эсэргүүцэж байгаа.Энэ шударга ёсны төлөө АН дуу хоолойгоо өргөөд л зогсож байгаа. Яг үнэндээ АН-ыг устгах, бүр болохгүй бол эрх мэдэл, удирдлагыг ямар ч аргаар хамаагүй булааж авах нь гадны сонирхол байна. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Х.Баттулгын ҮАБЗ-ийн гишүүд Орос руу гараад, хайрцагтай 20 сая ам.доллартай буцаж орж ирээд сураггүй болсон. Тэр мөнгө одоо хаана байна вэ. Хэн ашиглаж байна вэ. Араас нь яагаад хууль хяналтын байгууллага ажиллахгүй байгаа юм. Би үүнийг шууд улс төрийн зорилгоор ашиглаж байгаа гэж хардаг. Өнөөдөр УИХ-д Х.Баттулгын лобби, нөлөөллөөр гишүүн болсон нөхдийн бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд энэ мөнгө зарцуулагдаж байгаа гэж хардаж байна.

Би М.Тулгатыг гурван удаа АН-ын даргад дэвшүүлсэн боловч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Сая дахиад Д.Ганбатыг бүртгүүлэх гэсэн боловч хүлээж авсангүй. АН-ын эв нэгдэл, шударга ёсны зарчим, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсдог энэ байр суурин дээр зогсч чадах дараагийн дарга гараад ирэх юм бол хэн ч байсан би энэ тамга, суудлаа өгөхөд бэлэн. Тэрнээс би АН-ын эрх мэдлийг гадны улс оронд, эрх баригчдад ашигтайгаар ашиглуулах тийм этгээдүүдэд өгөхгүй. Иймд Л.Гантөмөр бол АН-ын хууль ёсны намын дарга биш. Тэгээд ч түүнд АН-ын дарга хийх эрх зүйн чадамж болоод улс төрийн туршлага байхгүй. Яагаад гэвэл энэ нөхөр гарч ирээд л Х.Баттулга дээр очоод наалдчихсан. Л.Гантөмөрийн бүрдүүлсэн АН-ын хэрэг эрхлэх газар гэж нэрлээд байгаа бүтэц дээр дандаа Х.Баттулгын нөлөөний хүмүүс очсон байна лээ.

-Нийгэмд та л муухай хүн болж харагдаж байна…?

-Намайг 2018 оноос хойш хорвоогийн хамгийн муу хүн болгох ажлыг Х.Баттулга гэдэг хүн эрх барьж байгаа намтай хамтарч хийсэн шүү дээ. Миний тухай янз бүрийн зураг, постерууд хийсэн. Гэтэл яг үнэндээ би ЖДҮС, Хөгжлийн банкны хөрөнгө идчихсэн юм уу, нүүрс хулгайлсан уу. Надтай холбоотой ямар хэрэг байгаа юм бэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө идсэн гээд л байдаг. Харин ч би сайд байх үедээ энэ сангийн хөрөнгийг 265 тэрбум төгрөгөөр хүүгийн ашиг болгож арвижуулж байсан.Хэрэв намайг гэм буруутай гэж үзэж байгаа бол аливаа үйлдлээр нотлогдож, хохирлын тоо хэмжээ гарсан байх ёстой. Надтай холбоотой ямар ч төсөл тендер байхгүй. Би улсын төсвөөс тендер хэзээ ч авч үзээгүй. Уул уурхайн ашиглалтын байтугай хайгуулын лиценз ч надад байдаггүй. Намайг зөндөө л ухлаа шүү дээ.

-Ингээд янз бүрээрээ хэлүүлэн байж АН-ын тамга тэмдгийг дараад суух хэрэг байна уу. Та тамгаа өгөөд орхиод явчихаж болдоггүй юм уу?

-Би өнөөдөр энэ улс орныхоо төлөө өөрийн амьдралынхаа 33 жилийг зориулсан. Ганцхан зүйлд л би итгэл үнэмшилтэй явдаг. Монголд АН байгаа тохиолдолд тусгаар тогтнол байна. Ардчилал байхгүй тэр цагт Монголын тусгаар тогтнол устана. Өнөөдөр орос ах нар гээд байдаг. Бүр нарийн түүхийн хэмжүүрээр ярих юм бол оросууд Хятадаас илүү Монголыг хорлож байсан. Би улс төрд албан тушаал эрх мэдэлд хүрэх гээд улайраад байгаа юм биш. Би өнөөдрийнхөө зорилгоос ухрахгүй. Хатуу зогсоно. Нэгэнт надад хувь тавилангаар гэх юм уу ийм үүрэг оногдсон. Тийм учраас миний хувьд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л мөрөөрөө амьдаръя гэдэг хүсэл биелэхгүй.

-Бүгдээрээ тойрч суугаад зөвшилцөж болдоггүй юм уу?

-Би Л.Гантөмөр, С.Баярцогт хоёрыг ҮБХ-ны хуралдаан гээд хууль бус улс төрийн жүжиг тавих гэж байхад нь хэлж байсан. “Намын эв нэгдлийг хангах гэж байгаа юм бол хууль ёсны нам дээрээ ирээд даргын сунгаанд өрсөлд өө. Би удахгүй намын даргын сунгааг зарлана. Шударгаар сонгууль явуулах бүх боломжоор хангая. Тэнд нэр дэвшээд өрсөлд. Үнэхээр гараад ирэх юм бол надад ямар ч асуудал байхгүй. Одоо хууль бус, дүрмийн бус ҮБХ гэдэг улс төрийн жүжиг тавих юм бол би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж хэлж байсан. Яг энэ үгээ би С.Баярцогтод бас хэлсэн. Аль аль нь тухайн үедээ хүлээж аваагүй. Сүүлд бодоод байхад эд нар яриа тохироогоо эрх баригчидтай, хууль хяналтын байгууллагуудтай хийчихсэн байсан юм билээ л дээ. Би тэрийг нь мэдээгүй.

-С.Эрдэнэ дээр байсан хүмүүс Л.Гантөмөр рүү оччихлоо гэж гадуур ярьж байна. Л.Гантөмөр нь Х.Баттулгатай нэгдчихлээ. Та л энэ намыг эвлүүлэхгүй гүрийгээд байгаа хүн шиг харагдаад байгаа шүү дээ?

-Өнөөдөр АН-ын анхан дунд шатан дээр миний томилгоогоор үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаа аймаг, дүүргийн дарга яг 50 хувьд нь байгаа.

Ер нь УИХ-д байгаа АН-ын гишүүд үндсэндээ тухайн үеийн эрх баригчдын үнэмлэхүй олонх байсан МАН-тай нийлж хуйвалдаж байгаад Х.Баттулгын захиалгаар гарч ирсэн улсууд шүү дээ. Бүхэл бүтэн хоёр жил Х.Баттулгын үүдэнд суугаад л түүний үүрэг даалгаврыг биелүүлдэг утсан хүүхэлдэйнүүд байсан. Үүнийг монголчууд тэр чигээрээ мэдэж байгаа. Өнгөрсөн гурван жил манай намын нэрээр ард түмнээс сонгогдож УИХ-д суугаа нөхдөөс хэн дуугарсан бэ. Тэр байтугай 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг нэр дэвшиж байхад хаа хамаагүй бие даагчаар гарч ирсэн Н.Алтанхуяг гэдэг хүнийг дэвшүүлэх гэж СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулахын тулд Х.Баттулгын зохион байгуулсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад онигоо болж байсан биз дээ. Тэд яг үүн шигээ ард түмний төлөө яагаад өлсгөлөн зарлаагүй юм бэ. Яагаад өнөөдөр хэдэн саяараа ядуурсан байгаа монголчуудынхаа төлөө өлсгөлөн зарлаагүй юм бэ. С.Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр АН шударга ёсны байр суурин дээр байх ёстой гэдэг зарчим дээр зогсч байгаа. Өөр ямар ч зарчим булаацалдаагүй. Намайг гэм буруутай гэж үзвэл шалгаж болно шүү дээ. Надад хийсэн гэм буруу байхгүй. Би үүнийг хаана ч шударга хэлнэ.

-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Сонгуулиас өмнө та бүхэн нэгдэж чадах уу?

-Үнэхээр Монголд хууль гэж байдаг бол хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ. Хэрэв хүчирхийллээ энэ чигээр нь үргэлжлүүлээд явах юм бол Монголд хууль байхгүй, төр байхгүй юм байна. Зүгээр коммунист дарангуйлал бий болчихсон юм байна гэдгийн хамгийн том нотолгоо болно гэж харж байгаа. Эрх баригчид үнэхээр АН-аас айгаагүй юм бол, үүрэг хариуцлагаа шударгаар хүлээж чадна гэж байгаа бол сөрөг хүчнээ өөрсдийн мэдэлд байгаа хууль шүүхийн байгууллагаар бужигнуулдгаа болих хэрэгтэй.

-АН нэг туган доор цул болох ямар гарц шийдэл байна вэ?

-Хуулийн хүчирхийллийг зогсоох юм бол АН-ын одоо байгаа бүтэц нь сөрөг хүчний хувьд улс төрийн ямар ч сорилтод ороход бэлэн. Ний нуугүй хэлэхэд АН-ын өнөөдрийн үйл ажиллагаа, АН-ын бүтэц зохион байгуулалт дээр зориуд санаатайгаар эрх баригч, улс төрийн хүчин, өөрийн мэдэлд байдаг хууль хүчний хүчирхийллийг ашиглаж үймүүлж байна. Үүнд манай намд байгаа эрх баригчидтай хуйвалдсан, худалдагдсан хэсэг нь оролцож өнөөдөр АН-ыг самарч байна. Жишээлбэл, би эрх баригчтай ямар наймаа хийсэн юм бэ. Нэг ч хүнийг томилуулаагүй. Нэг ч зөвшөөрөл, лиценз гуйгаагүй. Ер нь би эрх баригчтай ямар тохироо хийсэн юм бэ. Гаргаад ир л дээ.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригчидтай тохиролцож, албаар унасан гэж танай намынхан шүүмжлэх юм билээ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө дэвшсэн. Яагаад гэвэл Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг дэвшүүлэхгүйн тулд. АН-ын мандатыг хэн нэгэн луйварчинд алдахгүйн тулд би дэвшсэн. Би өөрийгөө ялахгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад гэвэл, эрх баригчид аль эртнээс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлчихсэн. Улс орон даяар асар их мөнгө хөрөнгө зарцуулчихсан. Маш их эрх мэдэл тэдэнд төвлөрчихсөн нөхцөлд өрсөлдсөн. Тийм том зохион байгуулалттай, улс төрийн хэт нэг тал нь давамгай өрсөлдөөнд орохдоо би айгаагүй. Хоёрдугаарт, би 76 мянган сонгогчийн санал авсандаа маш их баярласан. Энэ бол их хурлын хоёр гишүүн гардаг сонгуулийн мандат гэсэн үг. Яг үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай зогсож, шударга байж чадсан, дарангуйлалгүй Монголыг хүссэн 76 мянган хүн надад саналаа өгсөн. Тэрний цаана АН-ын мянга мянган гишүүдийг зохион байгуулалттайгаар санал хураалтад оруулаагүй. Үнэхээр үзэл санаа, үнэт зүйл нь нэг юм бол хэн нэр дэвшиж байгаа нь хамаагүй АН-ыг ялуулъя гэсэн хүсэл эрмэлзэл байсан бол нэгэнт намын шийдвэр гарсан бол дэмжих л ёстой шүү дээ. Гэтэл намайг зарим аймагт очиход намын байраа цоожлоод зугтааж байсан. Тийм нөхцөлд би өрсөлдсөн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч гээд эрхэм хүндтэй суудал дээр сууж байсан хүн эрх мэдэл, албан тушаалаа зуун хувь ашигласан. Зөвхөн миний эсрэг төрийн одон медалийг хайр наргүй тараасан. 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулахын тулд АН-ын лидерүүдийг толгой дараалан барьж хорьсон. Би худлаа яриагүй. Би үндэслэлгүй яриагүй. Өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, АН-ын дотоод зөрчил дээр хамгийн их хурцдаж байсан тамганы маргааны асуудал эцэслэгдсэнд баяртай байна. Энэ хүртэл надтай хамт, үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай байсан эрхэм журмын мянга, мянган нөхдөдөө талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлмээр байна. Та бүх үнэний төлөө тууштай зогссон баатрууд юм шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Өлзийдэлгэр: Мөнгөний бодлогын хүү тогтвортой байснаар банкуудын зээл гаралт нэмэгдэж, бизнесийнхэнд таатай нөхцөл бүрдэнэ DNN.mn

Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.


-Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр оронтой тоонд буюу 13 хувьд хүргэлээ гэж оны өмнөхөн зарласан. Тэгвэл сая энэ дүнг хэвээр хадгална гэж мэдэгдлээ. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуралдсан Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүү өсөлттэй явсаар ирсэн. Энэ удаад харин 13 хувьд хэвээр нь байлгах шийдвэр гаргасан байна.

Ер нь Монголд ямар тохиолдолд бодлогын хүүг илүү хөдөлгөдөг вэ гэхээр валютын болон төгрөгийн ханш суларсан үед төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөдөг. Сүүлийн жил гаруйн хугацаанд 2850 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш одоо 3500 төгрөг давсан байгаа учраас энэ хооронд валютын ханшийг тогтвортой байлгах зорилгоор бодлогын хүүг өсгөж ирсэн гэсэн үг. Бодлогын хүүг тогтвортой үлдээж байна гэдэг нь Монголбанкны зүгээс цаашид нэгдүгээрт, валютын ханшийг тогтвортой байна гэж харжээ. Хоёрдугаарт, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсгөсөн бодлогын хүүгийн нөлөөлөл зах зээлд бүрэн орж амжаагүй байгаа.

Ер нь дунджаар 6-9сар буюу хоёр, гурван улирлын дараа шийдвэрийн өөрчлөлтүүд зах зээлд ордог. Энэ нөлөөллүүдийг зах зээлд буух уу, үгүй юу гэдгийг харъя гэсэн байр суурьтай байх шиг байна.

-Ер нь бодлогын хүү хэвээр байх нь ямар ашигтай вэ?

-Бодлогын хүү сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өсч байсан гэж хэллээ. Тэгэхээр бодлогын хүү хэвээр байх нь энэ өсөлтийг сааруулах юм.

Ингэснээр зээл гаралт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Эх үүсвэр сайжирч байгаа гэдэг талаасаа бизнесийнхэнд сайнаар нөлөөлнө.

-Цаашид бодлогын хүү буурах магадлал байна уу?

-Маш бага. Бодлогын хүү бол валютын ханшийг дагаж хөдөлж байгаа. Төгрөгийн ханш өнгөрсөн оных шиг хүчтэй биш юм аа гэхэд тодорхой хэмжээгээр сулрах хүлээлттэй байгаа. Тиймээс бодлогын хүүг эргэж буулгана гэсэн ойлголт байхгүй. Хэрэв бодлогын хүү буурчих юм бол төгрөгийн ханш улам суларна гэсэн үг. Тэгэхээр Монголбанкны зүгээс ийм эрсдэл гаргахгүй болов уу гэж харж байна.

-Цар тахлын улмаас хоёр жил царцаад байсан ипотекийн зээлээ иргэд энэ жилээс үргэлжлүүлэн төлж байгаа. Бодлогын хүү ер нь ипотекийн зээл гаралт болон төлөлтөд яаж нөлөөлөх бол?

-Энэ удаагийн бодлогын хүүгийн шийдвэр ипотекийн зээлийн төлөлтөд шууд нөлөөлж чадахгүй. Бодлогын хүү өөрчлөгдөж байгаа ч гэсэн ипотекийн зээлийн хүү дагаад өөрчлөгдөнө гэсэн үг биш. Ипотекийн зээлийн хүү зургаан хувь байна гээд Засгийн газрын шийдвэрээр тогтсон учраас шинээр зээл гарахад хүртэл бодлогын хүү нөлөөлөхгүй болов уу. Шууд бусаар гэвэл бизнесийн үйл ажиллагаа сайжраад ирэх юм бол зээл гаралт нэмэгдэнэ. Ингэснээр зах зээлд эргэлдэх мөнгөний эргэлт сайжрах боломжтой.

-Ер нь бодлогын хүү валютын ханштай уялддаг гэлээ. Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирж байгаа долларыг төв банк юм уу арилжааны банкуудаар дамжуулах ёстой юм биш үү?

-Бодлогын хүүг бууруулахын тулд мэдээж ханш тогтвортой байх ёстой. Төгрөгийн ханш долларын эсрэг чангарвал долларын хүү буурах боломжтой. Гэхдээ валютын ханшийг чангаруулахын тулд орж байгаа валютын урсгалыг Монголбанкаар дамжууллаа гээд үр дүн үзүүлэхгүй. Арилжааны банкаар орж ирж байгаа нийт валютын дүн маань гарч байгаа урсгалаасаа өндөр байснаар валютын ханш чангарна. Арилжааны банк байна уу, төв банк ч байна уу, хаагуур орж ирэхээс үл хамаараад валютын болон төгрөгийн ханш сулрах боломжтой байгаа.

-Бодлогын хүү буурснаар ямар боломжууд үүсэх вэ?

-Мэдээж бодлогын хүү буурвал хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурна. Зээлийн хүү буураад бизнес хийхэд өртөг багатай байна. Ингэснээр засаг сэргэнэ. Олон шинэ бизнесүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Мэдээж эдийн засаг сайжирвал хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Дагаад валютын ханшид сайнаар тусах давуу талтай. Хүү нам дор тогтвортой байхад валютын ханш тогтвортой байх хэрэгтэй. Валютын ханш тогтвортой байхын тулд валютын орлого зарлагаасаа өндөр байх хэрэгтэй. Тэгэхээр валютын орлогоос бүх эдийн засаг дахь нөлөөллүүд гараад ирж байгаа юм. Валютын орлого өндөр байвал хүү нам дор байгаад Монгол Улсын эдийн засаг, цалин орлого өндөр байх юм.

-Манай улсын бодлогын хүүд гадаад хүчин зүйлс, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал яаж нөлөөлж байна вэ?

-Энэ удаагийн бодлогын хүү нь гадаадын зах зээлээс хүчтэй нөлөөтэй байгаа. Дэлхий нийтээр үнийн өсөлттэй тэмцэх зорилгоор гадаадын банкууд сүүлийн 15 жилд байгаагүйгээр бодлогын хүүг өсгөсөн. Хүмүүсийн гар дээрх мөнгийг татах, хэрэглээг бууруулах зорилгоор бодлогын хүүг өсгөөд, инфляцийн түвшинг тогтвортой байлгах гэж үзсэн. Бусад орнууд бодлогын хүүгээ өсгөөд ирэнгүүт Монгол Улсын хувьд валютын ханшийг тогтвортой байлгах үүднээс бодлогын хүүгээ дагаад өсгөхөөс өөр аргагүй болсон. Тэгэхээр Монгол Улс бодлогын хүүгээ өөрчлөхгүйгээр хэвээр үлдээж байгаатай адилхан олон улсын зах зээлд үнийн өсөлт саарсан учраас зарим банкуудын хувьд бодлогын хүүгийн өсөлтийг бууруулах эсвэл хэвэнд нь үлдээх ярианууд гарч эхэлж байна. Тухайлбал, АНУ-ын бодлогын хүү одоо 4.75 хувь байгаа. Энэ хүүг таван хувьд хүргэхийн тулд 0.25 хувиар өсгөх шийдвэр гаргаж байна. Өмнө нь 0.75 хувь, 0.5 хувиар хүчтэй өсгөж байсан бол одоо багаар өсгөх жишээний. Нэгэнт өсгөсөн байгаа бодлогын хүүгийн нөлөөлөл Монголд ч төдийгүй олон улсын зах зээлд нөлөө нь тодорхой хугацааны дараа ордог. Тиймээс бүгдээрээ хүлээлтийн байдалтай ажиглаж байна л даа. Хэрэв гадны банкууд бодлогын хүүгээ бууруулаад эхэлбэл манай бодлогын хүү тогтвортой байх боломжтой. Харин гадны төв банкууд бодлогын хүүгээ өсгөөд эхэлбэл манайх дагана. Ингээд бодлогын хүү өсвөл зээлийн хүү өсөх, хүмүүсийн цалин орлого муудах, бизнесийн цикль буурах эрсдлүүд бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn

Монгол Улс ардчиллын замналд ороод 30 гаруй жил болж байна. Бид 1989 онд коммунист дэглэмээсээ салж, өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг байгуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгох энэ зам дардан байгаагүйг хүн бүр мэднэ. Хөхөө өвлийн хүйтэнд өрнүүлсэн улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөнгийн үр дүнд БНМАУ-ын удирдлагуудыг бүрэн огцруулж, цоо шинэ нийгмийг байгуулж чадсан. Ардчилсан төрийн бүтэц, засаглалын хэлбэрээ тодорхойлж, ардчиллын зарчмаар сонгуулиа явуулах тохироонд хүрч энэ замыг сонгосон нь туйлын үнэн билээ. Тэр ч үүднээс 1992 оноос хойш ардчилсан нийгмийн зарчмаар дөрвөн жил тутамд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын сонгуулиа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн парламентын сонгуулийг зохион байгуулж, ард түмнийхээ төрд төлөөлөх эрхийг хэрэгжүүлж ирлээ. Дараагийн сонгууль ч хаяанд ойртлоо. Бид цаашид сонгуулиа дүр эсгэхгүйгээр жинхэнэ мөн чанараар нь явуулдаг болмоор байна. Үүний тулд төрийн түшээдээ шударгаар сонгож, гаргаж ирдэг байх ёстой. Энэ бол ардчилсан нийгмийг сонгосон бидний том давуу тал.

Заримдаа бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартчихсан бололтой байх юм. Ялангуяа сүүлийн үед төр засаг, эрх баригч намын зүгээс иймэрхүү үйлдэл, үзэл санаа гаргах нь олонтаа давтагдлаа. Жишээлбэл, УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоо хаалттай горимд хуралдуулах нь бараг л энгийн үзэгдэл болов. Үүгээр зогсохгүй Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг хангах зорилготой ҮАБЗ нь хүртэл янз бүрийн хүмүүсийг хүлээж авч уулзлаа гэж дуулдах юм. Нууцын зэрэглэлтэй учраас эндээс юу ярьж, ямар тохироонд хүрсэн нь гадагшаа нийгэмд ил болоод байдаггүй.

Хаалттай хаалганы цаана өрнөдөг улс төрийн томчуудын ярианы ерөнхий уур амьсгал нь барууныхнаас болгоомжилсон маягтай байдаг юм уу даа. Өөрөөр хэлбэл, Монгол оронд барууны ардчилал тогтож магадгүй гэж түгшдэг сурагтай. Тэд Монгол Улс энэ байдлаараа Украины Майдан шиг болно гэж ярьж сууцгаадаг гэх нь ч бий. Украинд ардчилал тогтоохоор зориглосон Майданы үйл явдал бол саяхных. Одоогоос арваад жилийн өмнө Украины ерөнхийлөгч Януковичийн Оросын сонирхлыг дагасан бодлогыг эсэргүүцсэн украинчуудын эрх чөлөөний хувьсгал ингэж өрнөж байв. Харин бид ийм хувьсгалыг тэртээх 30 гаруй жилийн өмнө эхлүүлж, ардчилсан эрх чөлөөт Монгол Улсыг байгуулсан юм шүү. Тэгвэл төрийн өндөрлөгүүд эх орноо Украины Майдан шиг болно гэж яриад байгаа нь ямар учиртай юм бол.

Өнөөдөр 100 жилийн түүхтэй Ардын нам төрийн эрхийг барьж байна. Энэ намын удирдлагууд юу бодож, сэдээд байгааг ард түмэн ерөөсөө ойлгохоо болилоо. Та нар арай монголчуудыг хуучин социалист нийгмээрээ Майдан болж магадгүй гэсэн агуулгатай мэдээлэл ч үзэгдэх боллоо. Дахин, дахин хэлье. Энэ чинь аль хэзээний 1989 онд Монгол Улсад болоод өнгөрсөн хувьсгал шүү дээ. Ардчилсан нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үдчихсэн байхад одоо тэгээд юу болох юм бэ. Эрх баригчид та нар ийм дэмий балай, ойлгомжгүй зүйлсээр бодлогын түвшинд нууцаар хэлэлцэж байхаасаа санаа чинь зовдоггүй юм уу. Ингэж мөрөө хумьж суухынхаа оронд ардчилсан төрт улсыг залагчид гэдгээ сайтар ухаарч, цээж цэх бай л даа. Та нарын байгаа царайг харахаар “Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах ёсгүй. Үргэлж санаж байх хэрэгтэй” гэж бичмээр оргиод байх юм.

Ардчиллын үнэт зүйлийн тод өнгө бол ард түмний дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдал. Тэгвэл эрх баригчид ам нээсэн болгоныг хуулиар хязгаарлах гэж оролддог. Эрх чөлөөнийхөө төлөө дуугарсан хүмүүс шүүхийн хаалга татдаг боллоо. Сүүлд цахим сүлжээнд хүмүүс үзэл санаагаа хэтэрхий чөлөөтэй илэрхийлээд байгаа байдлыг болиулах гэж хууль хүртэл баталсан. Энэ бүгдээс харж байхад Монгол Улс чинь ардчилсан орон мөн л байгаа биз дээ. Ийм ардчилсан эрх чөлөөтэй оронд барууны засаглал тогтож, Украины Майдан болно гэж дэмий донгосох хэрэггүй.

Ардчилсан нийгэм гэдэг бол эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг эрх зүйт төрт улсын толь. Түүнээс биш хэн дуртай нь юу хүссэнээ хийж, жолоогүй морь шиг тарлахыг хэлэхгүй. Бид ардчиллаа зөв залж авч явахын тулд хуульдаа захирагдаж, хуулиа сахин биелүүлэх үүрэгтэй. Үүний тулд гагцхүү хуулиа л зөв хийх ёстой. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төрд хувалз шиг шигдсэн хэсэг бүлэг хүмүүс нам, улс төрийн нэрийн дор нийгмээ тоносоор ирсэн. Хөгжлийн банкны нээлттэй сонсголоос харж байхад аль ч нам нь ялгаагүй төрд гарсан нийтийн мөнгийг замбараагүй үрэн таран хийжээ. Ер нь улс төрийн нам гэдэг бол нийгмээ тонодог байгууллага юм байна. Энэ байдлыг л хуулиар хатуу хориглож, болиулчих хэрэгтэй.

Хүн бол нийгмийн амьтан. Хүнийг яаж ч залж болдог. Бид хуучин социализмын үед Ю.Цэдэнбалыг аугаа удирдагч хэмээн дагадаг байлаа шүү дээ. Яг л одоогийн Хойд Солонгосын ард түмэн удирдагч Жим Жон Уныгаа харангуутаа асгартал бархиран уйлдагтай адил. Манайхан тэр үед нийгмээрээ ийм л байсан. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас дээгүүр нь яаж зална, тийшээ л чиглэнэ. Буруу залвал буруудаад л яваад байдаг. Тэгэхээр бид нийгмээ зөв залж, ардчиллаа хамгаалж, бэхжүүлэх ёстой.