Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Гаалийн татвар дээр нэмж авч байгаа НӨАТ-ыг зогсоох ёстой DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Манай улс гаалийн таван хувийн татвар дээрээ НӨАТ нэмчихдэг. Энэ нь том зургаараа эдийн засагт яаж нөлөөлдөг вэ?

-Гаалийн татвар дээр НӨАТ нэмэгдчихээр импортлогчид нийт 15.2 хувийн татвар төлж байна. Энэ нь манайх шиг хэрэглэгч улсад импортын инфляцийг өндөр болгох хөшүүрэг болчихож байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар юмны үнэ өслөө. Олон улсад инфляци ингээд нэмэгдчихээр энэ 15.2 хувийн татварыг өссөн дүнгээс аваад байгаа юм. Дээр нь төгрөгийн ханш их унасан. Нэг ам.доллар 3500 болчихлоо. Ханшийн зөрүүгээс болж импортлогч аж ахуйн нэгж маш их татвар төлж байгаа. Жишээлбэл, барилгын компани байлаа гэхэд өртгөө шингээж таарна. Тэгэхээр эцсийн хэрэглэгч асар өндөр татвар төлж байна гэсэн үг. Гааль дээр үйлдвэрлэгч татвараа төлчихнө. Дараа нь эцсийн хэрэглэгч худалдаж авахдаа НӨАТ төлнө шүү дээ. Ингээд хоёр давхар НӨАТ төлж байгаа юм. Уул уурхайн компани дээр жишээ авъя л даа. Баяжмал гаргаж байгаа компанийг НӨАТ-аас чөлөөлчихдөг. Гэхдээ тэд тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхээр НӨАТ-ын авлага үүсгээд буцааж өгдөггүй. Уг нь буцааж авах ёстой. Гэтэл экспорт дээр чинь чөлөөлчихсөн гээд өгдөггүй. Далд татвар төлөлт явагдаж л байгаа гэсэн үг.

-Татварын баазын нэлээд хувийг НӨАТ бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд татварын орлого давж биеллээ л гэдэг. Тэгэхээр гаалийн татвар дээр нэмж авдаг НӨАТ-ыг зогсоох нь зөв үү?

-Төсвийн хамгийн том бүрдүүлэгч нь НӨАТ байдаг. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл маргаантай асуудал л даа. Зарим аж ахуйн нэгж нь НӨАТ төлөгч. Зарим нь НӨАТ-ыг бүртгэлийн зорилготой гэдэг. Үндсэндээ НӨАТ-ын буцаан олголт бол далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг. Гэтэл хүмүүс НӨАТ-аас нуугдах гээд үйл ажиллагаагаа салаалуулчихсан. Энэ нь анхны зорилгоосоо гажиж, татвараас зайлсхийхэд хүргэж байна.

Дээр хэлсэнчлэн ханш өсөхөөр гаалийн болон НӨАТ-ын татвар өсчихнө шүү дээ. Энэ нь инфляциа өдөөгөөд байдаг. Манай инфляцийн ихэнх нь импортын бүтээгдэхүүний нөлөө юм. Тэгэхээр гаалиййн татвар дээр нэмж авч байгаа НӨАТ-ыг зогсоох ёстой.

-Гаалийн татвар дээр НӨАТ-ын арван хувийг нэмээд ийм өндөр татвар өгөх болохоор гааль дээр барааны үнийг буулгах, худал мэдүүлдэг гэх юм билээ. Хамгийн гол нь гааль дээрх хамаг авлигын үүр уурхай нь НӨАТ болоод байна гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Хоёр шалтгаантай. Гаалийн байцаагчид үзэмжээрээ жишиг үнэ тогтооно. Магадгүй орлогоо биелүүлэх гээд өндөр тавьж болно. Тэр нь аж ахуйн нэгжүүдэд ашиггүй. Харин таньдаг компануд дээрээ зориудаар бага татвар тавьж болно шүү дээ. Үүнийхээ төлөө хэдэн цаас авгчихдаг. Тэгэхээр улсын төсөвт орох ёстой мөнгө чинь гаалийн байцаагчийн халаас руу л орно гэсэн үг. Иймд жишиг үнэ тогтоодог утгагүй зүйлээ зогсоох хэрэгтэй. Ер нь аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авдаг нь буруу. Улстөрчид нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Арьс, шир, ноос, ноолуураа боловсруулах ёстой л гээд байдаг. Гэтэл энэ ажлыг хийе гэхээр наад зах нь боловсруулах шатанд химийн бодис орно. Тэр нь Монголд байхгүй. Тэгсэн хэрнээ өндөр НӨАТ, гаалийн татвар тавиад байхаар үйлдвэрлэл чинь яаж хөгжих юм бэ. Аль нэгэн аж ахуйн нэгж цоо шинэ хэвлэх үйлдвэр оруулж ирлээ гэхэд гаалийн нэгдсэн санд тэр машины үнэлгээ байхгүй бол хамгийн өндөр татвар тавьчихаж байгаа юм. Гэтэл тэр үйлдвэр нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, цаас, хор, тог, бага хэрэглэдэг гээд бүтээмж өндөртэй байж болно шүү дээ. Харамсалтай нь тэр бүгдийг харгалзаж үзэхгүй татвараар “торгож” шийтгээд байна.

-Гаалийн байцаагчид өөрсдийнхөө үзэмжээр татвар авдаг гэсэн хэл ам олон. Саяхан нэгэн иргэн энэ тухай жиргэхдээ 15 мянган ам.доллараар авсан машиныг нь гаалийн сүлжээн дэх жишиг үнээр 33 мянган ам.доллараар үнэлнэ гэжээ. Энэ нь манай гаалийн татварын системийн алдаатай бодлого гэж үзэж болох уу. Олон улсад ер нь ямар байдаг юм бэ?

-Монголд огт үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд жишиг үнийг зориуд тавьдаг. Авсан үнээс нь илүү өндөр үнэ тавьж байгаад 15 хувийн татвараа нэмээд авчихдаг. Энэ бол шийтгэл шүү дээ. Тэгэхээр яаж аж үйлдвэрээ хөгжүүлэх шинэ сэргэлт нь явах юм бэ. Одоо манай үйлдвэрүүд өмнөд Монголд юм уу, Англид байгаа үйлдвэрүүдтэй өрсөлдөж байна. Тэд тоног төхөөрөмжөө дотоодынхоо үйлдвэрээс авна. НӨАТ-аа буцаагаад авдаг гэсэн үг. Ийм том давуу тал тэдэнд байна. Харин манайх гаднаас импортолж байгаа болохоор НӨАТ-аа төлчихөөд тэрийгээ буцааж авна гэсэн ойлголт байдаггүй. Манай үйлдвэрлэгчид хилийн цаана байгаа өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад 15.2 хувийн торгууль төлөөд байгаа юм. Монголд хөрөнгө оруулсныхаа төлөө ингэж торгууль төлөөд байхаар яаж үйлдвэрлэл бий болох юм бэ. Дээрээс нь НДШ гэж том дарамт байна. Ажилтан, ажил олгогч нийлээд 20 гаруй хувийн татвар төлдөг. Ингээд харахаар НӨАТ 10 хувь, гаалийн татвар таван хувь, орлогын албан татвар нэмэгдээд татварын ачаалал бараг 60 хувь болчихоод байгаа юм. Манайх шууд харахаар татварын хувь хэмжээ бага юм шиг мөртлөө нийт давхацсан ачааллыг нь тооцохоор өндөр. Дэлхийд хоёрдугаарт орно. Уул уурхай бол бүр ч өндөр татвар төлдөг. Зардал ямар байх нь хамаагүй борлуулалтын орлогоос нь шууд рояалти авч байна. Гэтэл бусад улсууд ашгаас нь 4-5 хувийн рояалти авдаг. Манайх борлуулалтаас нь шууд авчихдаг болохоор ачаалал нь хэт өндөр байгаа юм. Бараг ашгийн татварын 20 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр тухайн компанидаа ашиг үлдэхгүй болчихоод байгаа хэрэг. Ашиг байхгүй болохоор улсууд хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт хийхгүй бол ажлын байр бий болохгүй. Тэгэхээр манайд ажлын байрыг, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн хүмүүсийг торгосон, шийтгэсэн бодлого хэрэгждэг. Дээр нь Монголд банкны хүү ямар өндөр билээ. Барьцаа ямар их байдаг билээ. Тэгэхээр чинь Монголд үйлдвэрлэгчдийг боомилсон бодлого явж байгаа биз дээ.

-Дэлхийн улс орнуудын төсөвт гаалийн татвар 2-3 хувийг эзэлдэг юм байна. Харин манайд эсрэгээрээ 30-50 хувийг бүрдүүлдэг. Энэ нь төр иргэдээ, бизнесийнхнээ тонож байгаагийн тод жишээ мөн үү?

-Дэлхий дээр бүх татвар нь нийлээд дунджаар арав орчим хувь л байдаг юм байна. Манайх шиг үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа зарим оронд татвар тэг хувьтай байдаг. Ойрын жишээ гэвэл, Казахстан. Тэд яагаад хурдан үйлдвэржээд байна вэ гэвэл төслийн явцад нь хөрөнгө оруулагчдыг НӨАТ-аас чөлөөлчихөж байгаа юм. Тэгэхээр энэ улс руу хөрөнгө оруулагчид урсахгүй гээд яахав. Тэнд үйлдвэр бий болж, ажлын байр нэмэгдэж байна. Харин манайх хөлөө олсон хэдхэн том компаниуд мөлжөөд л, тэднийгээ унагаад л байдаг. Бусдыг нь томруулахгүйгээр бага дээр нь нам дарчихдаг. Жишээлбэл, Герман юм уу Японд нийт татварын баазын 80 хувь нь жижиг, дунд үйлдвэр байдаг. Харин манайд эсрэгээрээ 4-5-хан компани бүрдүүлж байна. Энэ бол тогтолцооны гажуудал. Өөрөөр хэлбэл, татварын тогтолцоо гажигтай байна гэсэн үг. Ямар ч эдийн засаг өсөхийн тулд бүтээмж өндөр байх ёстой. Ингэхдээ өндөр технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн орж ирэх нь чухал. Гэтэл манайх яг үүн дээр өндөр татвар тогтоочихдог. Яагаад гэвэл жишиг бараа байхгүй учраас санаанаасаа өндөр тавьчихдаг. Ер нь аж үйлдвэржсэн улсуудыг харахад эхэндээ үйлдвэрүүдээ хамгаалах нь зөв. Гэхдээ хамгаалж байна гээд алж болохгүй шүү дээ. “Монос”-ыг хамгаалах гэж байна гээд бусад жижиг эмийн сангуудыг хохироогоод байж болохгүйтэй ижил. Тэгэхээр НӨАТ чинь монопольчуудад ашигтай. Жижиг дундуудад ашиггүй болчихож байгаа юм.

Манайх нээлттэй эдийн засагтай орон. Аж үйлдвэржсэн орон биш. Аль болох худалдааг чөлөөтэй байлгаснаар өртөг зардлыг бууруулж чадна. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого гэж байдаг л даа. Ингэхийн тулд импортын татварыг өндөр тавьдаг зүйл бий. Энэ нь нөгөө талд хэрэглэгчдэд очихоороо өндөр үнэтэй хүрнэ. Хоёрдугаарт, буцаад өрсөлдөх чадваргүй болчихдог. Ер нь үндэсний үйлдвэрлэгчид нутаг дэвсгэр дээрээ байгаа юм чнь давуу талаа ашиглах ёстой. Тээврийн зардал нь бага. Хэрэглэгчдийнхээ зан төлөвийг илүү мэддэг болохоор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү гарах ёстой. Германыг хар л даа. Америк, Япон, Францын машинуудыг чөлөөтэй оруулаад л байгаа биз дээ. Герман өөрөө автомашины эх орон мөртлөө “Tesla”-г урьж оруулж ирээд үйлдвэр бариулж байна. Эхэндээ татварын хөнгөлөлт үзүүлж байх жишээний. Тус улс асар их борлуулалттай, өрсөлдөөн ихтэй мөртлөө “Бенз”-ийг хамгаалъя гээд өндөр татвар тавихгүй байна. Харин ч гадныхныг урьж оруулж ирээд өрсөлдөөн бий болгож байна. Ингэснээр өрсөлдөх чадвар сайжирч, үнэ хямд болно. Гэтэл манайх үндэсний үйлдвэрүүддээ монополь эрх өгчихдөг. Нөгөөдүүл нь өрсөлдөх чадвар муутай, өндөр үнэтэй байдаг. Энэ нь инфляциа өсгөдөг.

-НӨАТ бол анх гарч ирэхдээ далд эдийн засгийг ил болгох том хөшүүрэг гэж байсан. Ер нь НӨАТ-ыг иргэддээ бүтнээр нь буцаагаад өгчихвөл эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Татварын орлого нэмэгдээд байна гэдэг чинь НӨАТ өсөөд байна гэсэн үг. Энэ бол худлаа хөөс л дөө. Өнгөрсөн жил талх 1000 гаруй төгрөгийн үнэтэй байсан. Одоо 2000 төгрөг давчихсан. Тэгэхэд ноднин талхаа авахдаа 100 төгрөгийн НӨАТ төлдөг байсан бол одоо 200 төгрөгийн НӨАТ төлж бана. Энэ нь бодитой өсөлт биш, хөөс яваад байгаа гэсэн үг.

НӨАТ-ыг иргэдэд бүрэн буцааж өгч болно. Ингэвэл эдийн засагт асар том түлхэц болно. Ядаж, эдийн засгаа 20-30 хувиар өсгөнө. Харин улстөрчдөд ашиггүй. Тойргийнхоо усалгааг хийж чадахгүй. Сонгуулийнхаа худлаа амлалтыг хийж биелүүлж чадахгүй, андлалын хөшөө, энэ олон усан оргилууруудаа барьж чадахгүй. Тэгэхээр НӨАТ-ыг бүрэн буцааж өгөх нь улстөрчдөд ашиггүй. Харин ард түмэнд ашигтай. Том зургаараа эдийн засагтаа өгөөжтэй. Одоо нүүрсний экспорт өндөр байна. Бүтэн жилд экспортолдог байсан нүүрсээ гуравхан сарын дотор зарчихаж байгаа болохоор эдийн засаг өсөлттэй харагдаад байгаа юм. Ихэнх нь өрөндөө явна. Хөрсөн дээрээ хүмүүсийн амьдрал муу байна. орлоготой хэсэг нь дундаж давхарга руугаа унаж байна. Эмэгтэйчүүдийн 50 хувь нь хөдөлмөр эрхлэхгүй байна. Жижиглэнгийн борлуулалтын орлого муу байна. Малын хорогдол их байна. Уул уурхай, тээврийн салбар уналттай байна. Бодит байдал дээр эдийн засгийн ноён нуруу хүндхэн байгаа. Монголд хүний бүтээмж унаад байна. Энэ бол тун аюултай үзэгдэл. Бүтээмж өсч байж эдийн засаг чинь урт хугацаанд тогтвортой, органикаараа амьд өснө. Зүгээр л хөөсөн, дансны өсөлт хийгээд, бие биенийгээ хуураад яваад байж болохгүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтыг ахиулах ёстой DNN.mn

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монгол Улсын нийт таmварын баазын 20-иод хувийг НӨАТ бүрдүүлж байгаа. Энэ системийн шинэчлэлийг анх нэвтрүүлсэн хүний хувьд та үр дүнгийнх нь талаар ямар бодолтой байдаг вэ?

-НӨАТ-ын шинэ системийн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварыг маш өндөр хэмжээнд цуглуулдаг энэ систем ажиллаж эхлэхэд манай улс 1600 кассын машинтай байсан. Тэгвэл хоёр жилийн дараа 200 мянга болж өсөв. НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж эхлэхээс өмнө нийт мөнгөний 93 хувь нь бэлэн бус, долоохон хувь нь карт байсан. Харин 2018 онд 200 мянган кассын машинтай болоод тухайн үедээ 60-аад их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Өнгөрсөн оны байдлаар 400 мянган кассын машинтай болсон байна. Жилдээ 600 сая талон хэвлэж, 97 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. НӨАТ-ын системийн үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж байсан. Түүнээс хойш жил болгон татварын орлого нэг их наяд төгрөгөөс дээш давж ирлээ. Бүртгэлийн системээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ тусламжтайгаар хийчихсэн.

НӨАТ-ын шинэ систем ажиллахад иргэд, аж ахуйн нэгжээс 500 тэрбум, улсаас дөрвөн тэрбум төгрөг зарцуулж, ийм том системийг ажиллуулсны үр дүн өнөөдөр 97 их наяд төгрөгөөр тэмдэглэгдэж байна. Гэтэл МАН-ынхан энэ системийг унтраах гэж их үзсэн дээ. Эхний хоёр жилдээ үр дүн гарангуут систем маань тогтож чадсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр бэлэн бусын гүйлгээ 99.97 хувь болсон. Зөвхөн бэлэн мөнгөний гүйлгээ нь 0,03-хан хувьтай байна. Энэ бол НӨАТ-ын системийн нөлөө юм.

-НӨАТ бол анх гарч ирэхдээ далд эдийн засгийг ил болгох том хөшүүрэг гэж байсан. Гэтэл иргэдэд ердөө хоёрхон хувийн буцаан олголтыг өгсөөр ирсэн. Энэ нь иргэдийн НӨАТ-аа бүртгүүлэх идэвхид сөргөөр нөлөөлөөд байгаа юм биш үү. Арван хувийг нь тэр чигт нь буцаадаггүй юм аа гэхэд найман хувьд нь очвол татварын орлого харин ч нэмэгдмээр юм?

-Ерөнхий сайдын түвшинд гаргах ёстой шийдэл бол энэ л дээ. НӨАТ-ын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субъект авч байгаа. Бид иргэнд буцаалт өгөхөөр системээ хийсэн. Өнөөдөр Монгол Улсад 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж цалин авч байгаа. Сард дунджаар нэг их наяд төгрөгийн цалин авдаг гэхээр жилдээ 12 их наяд төгрөг болно. Цалин дээрээсээ бүх татвараа төлөөд, гар дээрээ цэвэр мөнгөө авдаг. Тэгээд дэлгүүрт орохоороо бүх татвараа төлчихсөн цэвэр мөнгөнөөсөө дахиад арван хувийн татвар төлж байна. Тийм болохоор иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтын хувийг ахиулах ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын бүртгэл мөнгөний урсгалыг зохицуулдаг. Улаанбаатарын гадна үйлчилгээ явуулж байгаа бол татварынх нь 70 хувийг нь буцааж өгч болно. Төв аймагт очоод дэлгүүрээс бараа худалдаж авахад 70 хувийг нь буцааж өгөх жишээтэй. Төр засаг иргэдээ орон сууцаар хангах нь Үндсэн хуулийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлье гэвэл орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүмүүст НӨАТ-ыг нь 100 хувь буцааж өгч болно.

НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй. Энэ бол Ерөнхий сайдын тоглох хөгжмийн аялгуу юм.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын буцаалттай холбоотой ямар шийдэл байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд нь НӨАТ-ын хэрэглэгч бас дамжуулагч болдог. Бид 50 сая төгрөгийн босго гаргаж өгсөн боловч тэр нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайланг мөнгөн сууриар бүртгэх ёстой. Мөнгө орж ирсэн үед өгдөг татвар байхгүй юу. Компаниуд хоорондынхоо гүйлгээг мөнгөн сууриар хийгээд, хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь татвараа төлөх ёстой. Ийм уян хатан аргыг АНУ, Японд хэрэглэдэг.

-Манайх яагаад мөнгөн суурь руу орохгүй байна вэ?

-Хуучин 30-аад жил явж ирсэн буруу хэвшлээсээ салахгүй байна. Миний бие 2006 онд Н.Баяртсайханыг Сангийн сайд байхад нь “Одоо мөнгөн суурин дээр шилжээч ээ” гэж өргөдөл өгч байсан. Гэтэл тэр үеэс хойш аль ч Сангийн яам хийсэнгүй, 20 жил өнгөрлөө. Нэг ёсондоо манайх Сангийн яаман дотроо өөрсдөө энэ бүртгэлийн ажилд будилаад, хуучны буруу процессоороо дахиж явуулаад байгаа юм.

-Гаалийн татвар дээр НӨАТ нэмж авдаг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болдог шүү дээ. Мөнгөн сууринд шилжвэл гааль дээрх НӨАТ зогсох ёстой юу?

-Гаалийн татвар таван хувь, НӨАТ-ын арван хувь гээд нийтдээ 15 хувийг төлж байгаа. Одоо гааль дээрх НӨАТ-ыг зогсоох ёстой. Зөвхөн гаалийн татвараа төлөөд ороод ирнэ. Энэ чинь мөнгөн сууринд шилжчихээр компани бараагаа оруулж ирлээ, худалдаж борлуулсны дараа төлбөрөө шилжүүлнэ гэсэн үг. Ингэж уян хатан болж байгаа юм. Гэтэл манай улсад гаалийн таван хувийн татвар дээр НӨАТ-ын 10 хувийг нэмчихээр маш их мөнгө төлөхөөр харагддаг. Үүнээсээ болоод гааль дээр барааныхаа үнийг буулгадаг, янз бүрийн мэдүүлэг өгдөг. Гаалийн хамаг бузар булай энд л явж байдаг. Манай гаалийнхан ч олон улсад энэ буруу системээрээ онигоо болдог. Бусад улсын гааль улсын төсвийнхөө 2-3 хувийг л бүрдүүлдэг. Гэтэл манайх 30-50 хувийг бүрдүүлдэг гэж хэлээд шившиг болж байсан даа. Ямар сайндаа “Тэгвэл танай гааль буруу системээр явж, авлигын үүр уурхай болжээ” хэмээн хэлүүлж байхав. Ер нь гааль дээр ингэж их мөнгө авдгаа болих ёстой. НӨАТ-ыг татварын байгууллага авах нь зөв. Засгийн газар аж ахуйн нэгждээ энэ шинэчлэлийг хийгээд өгөхөд маш том реформ болно.

-НӨАТ-ыг хэрэглэгч, бас худалдан авагч нь төр. Тэгвэл төрийн худалдан авалттай холбоотой ямар реформ хийж болох вэ?

-Хэрэв Засгийн газар авлигаас салъя гэж үнэн сэтгэлээсээ бодож байгаа бол төрийн ажил үйлчилгээнд авч буй НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцааж авах ёстой. Учир нь төрийн ажил үйлчилгээ, төрийн хөрөнгө оруулалт дандаа тендерээр явагддаг. Жишээлбэл, 1.1 тэрбум төгрөгийн тендер байлаа гэж бодъё. Үүний НӨАТ нь 100 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр байгууллага 100 сая төгрөгөө буцааж авснаар дараа жилийн төсвийнх нь үндсэн суурь болох юм. Хэрэв 100 сая төгрөгөө дутуу авбал өөрсдөө хариуцлага хүлээнэ. Ингэж чадвал авлига байхгүй болно. Яагаад гэвэл НӨАТ-ыг 100 хувь буцаачихвал тендерийн арван хувийг авлигад өгдөг байдал алга болно. Энэ бол төрийн хувьд маш том реформ болно. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн хувьд ийм том реформыг хийж чадах юм бол 400 мянган кассын машин ажиллаж байгаа систем гайхалтай сайхан үр дүнд хүргэнэ.

-Ер нь НӨАТ бол иргэдийг тонож байгаа нэг хэлбэр гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Одоо бид иргэдээсээ хулгайлдаг, татвараас бултдаг гэсэн хуучин коммунист онолоо хаях ёстой. И-баримтаас жилд бараг 700 сая талон хэвлэгдэж, 100-гаад их наяд төгрөгийн орлого бүртгэгдэж байна. Иргэд үүнээс 234 тэрбум төгрөгийг нь буцааж авч байгаа. Өнгөрсөн жилийн тайлангаар НӨАТ-аар 1.7 их наяд төгрөгийн орлого олсон. Зөвхөн иргэд 1.1 их наядыг нь бүрдүүлж өгсөн. Харин цаана нь үлдэх 600 тэрбумыг аж ахуйн нэгж бүрдүүлж өгч байгаа. Нарийндаа иргэдийн гар дээрх цэвэр орлогоноос авдаг татварыг аль болох нэг рүү тэмүүлүүлдэг байх ёстой. АНУ, Японд бол иргэдээс 1-1.5 хувийн татвар л авч байгаа. НӨАТ гэхгүйгээр худалдааны татвар гэж нэрлэдэг. Францад 1957 онд НӨАТ эхэлсэн. Дараа нь европын улсад арван хэдэн жил явсан. Ингээд АНУ, Япон хоёр худалдааны татвар хэлбэртэйгээр хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг хувиас хэтрүүлээгүй. Яагаад гэвэл эдгээр улсад хувь хүний орлогын албан татвар өндөр. АНУ-д гэхэд дунджаар 30-40 хувь байгаа. Харин худалдаанаас авдаг татварыг аль болох бага өгөөд тэнцүүлэхээр 41 хувь болно. Иймэрхүү жишээ европын орнуудад бий. Харин бид 16 төрлийн татвар төлж байгаа. НӨАТ нь бүртгэл тал руугаа явахаар нөгөө 15 татварынхаа орлогыг ихэсгэж байгаа юм. НӨАТ бүртгэдэг болсноос хойш манай бусад татварын орлого өндөр байдаг. Энэ бол татварын систем, татварын байгууллага мундагтаа биш. Ерөөсөө НӨАТ-ын системийн үр дүн.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Золбоо: Э.Макроны айлчлалаар ураны салбар дахь гацаа шийдлээ олно гэсэн хүлээлт бий DNN.mn

Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх долоо хоногт манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Үүнтэй холбоотой ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-Ойрын жилүүдэд Монгол Франц хоёр улс төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макронын айлчлын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Түүний айлчлалын тов саяхнаас л тодорхой боллоо. 2011 онд Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл гуайн Францад хийсэн айлчлалаас хойшхи дээд хэмжээний айлчлал гэдэг утгаараа хоёр орны харилцаанд чухал үйл явдал болно. Ирэх 2025 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны

60 жилийн ой тохионо. Эзэнт гүрний үеэс харилцаж байсан гэдэг манай хоёр улсын дипломат харилцааны “нэгэн жаран”-ы түүхэнд болох хамгийн өндөр хэмжээний айлчлал болон бичигдэх байх. Монголын гадаад бодлого амжилттай хэрэгжсээр байгаагийн нэг илрэл нь энэхүү айлчлал гэж болно. Манай хүрээлэнд Монгол-Францын харилцааны түүхийг тусгайлан судалдаг ахмад эрдэмтэд байдаг. Шинэ залуу үеийн судлаачид ч төрөн гарч байна. Дэлхийн Монгол судлалын түүхэнд франц эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг багагүй бий. Нөгөө талаасаа Монгол дахь Франц судлал ч тодорхой хэмжээнд хөгжиж, франц хэлтэй судлаачид өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг болсон. Хамгийн энгийн жишээ гэхэд Францаас манайд ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлнө. Олон жилийн өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу шууд нислэгтэй болоод авчих хэрэгтэй байна.

-Ер нь манай хоёр улсын худалдаа эдийн засаг, улс төрийн харилцаа ямар түвшинд явж ирсэн бэ?

-Албан ёсоор нэр нь заагдаагүй ч Европын холбооны голлох улс гэдэг утгаараа манай “гуравдагч” хөршийн нэг. Худалдаа, хөрөнгө оруулалтын дүн тооцоо нь харин бидний хүлээлтээс хол байсаар ирлээ. Биднээс шалтгаалаад тэдний эрх, ашиг сонирхлыг бодитойгоор бий болгож чадахгүй байна. Улс төрийн харилцааны хувьд гологдохгүй ч энэхүү харилцаагаа эдийн засагжуулах талаар анхаарах зайлшгүй шаардлага байсаар л байна. Соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа сайн, Монголд хандивлагчдын дунд францчуудын эзлэх хувь чамлахааргүй.

Энгийн үүргэвчтэй аялагч биш өндөр зэрэглэлийн франц жуулчид манайд ирэх нь л цаагуураа маш том хөрөнгө оруулалт. Харамсалтай нь нислэгийн тийзний өндөр үнэ, дэд бүтцийн хөгжил гээд биднээс шалтгаалах маш олон асуудлаас болоод хангалттай түвшинд хүргэж чадахгүй байна.

-Ингэхэд Э.Макроны айлчлалын хүрээнд талууд ямар, ямар асуудал шийдэх бол. Одоо яригдаж байгаагаар атомын цахилгаан станц, уран ашиглалт зэрэг хөрөнгө оруулалтын төслүүд хөдөлнө гэсэн хүлээлт бий?

-Зөвхөн дээд хэмжээний айлчлалын үеэр хэрэгждэг олон чухал ажил шийдлээ хүлээж байгаа даа. Франц бол Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын сонгодог төлөөллийн нэг. Олон салбар яригддаг боловч таны асууж байгаа уран олборлолт, цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц хамгийн голлох сэдэв байсаар ирлээ. Францын талаас сонирхлоо ойлгомжтойгоор илэрхийлдэг. Гэвч манайхны бодлогын тогтворгүй байдал “чөдөр, тушаа” болсоор байна. Хүлээлт аль аль талдаа байгаа, зарим нэг гацааг арилгахад иймэрхүү өндөр түвшний айлчлал, яриа хөөрөө их үүрэг гүйцэтгэнэ.

-Франц бол манай гуравдагч хөрш орон. Яавал хоёр улсын харилцааг шинэ шатанд өргөжүүлж, хөгжүүлэх вэ?

-Харилцааны түүх хөгжлийн нэг шатандаа ахиж л байгаа. Бид гадны хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоход анхаарахгүй бол зөвхөн Франц гэлтгүй бүгд л бидэнд эргэлзэж, холуур тойрч байна. Украины дайнаас үүссэн дэлхийн улс төрийн нөхцөл байдал бидэнд шууд болон дам хэлбэрээр нөлөөлсөөр байна. Гадаад харилцаа, бодлогын чиглэлээр Монгол Улсын баримталж байгаа байр суурь алдаа мадаг багатай байгааг өндөр хэмжээний олон тооны айлчлал харуулж байна. Энэ байр сууринаасаа буцаж, няцаад байхгүй, яаж ийгээд л идэвхтэй байдлаа хадгалаад баймаар байна даа. Өнөөдөр дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт Францтай өрсөлдөх улс орон ховор. Тиймээс бид тэднээс суралцах, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Одоогоос 100 жилийн өмнө Засгийн газрын дэмжлэгээр цөөн ч гэсэн монгол хүүхэд залуусаа Францад илгээж, тэд маань эх орондоо эргэн ирж соёлын үрийг тарьж байсантай адил өнөөгийн бид ч хичээвэл оройтоогүй л санагддаг юм.

-Монгол Улс дахь Францын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь ураны салбар байдаг. Сүүлийн үед хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга байгууламж зэрэг бусад салбарт хамтран ажиллах саналууд хэр зэрэг байдаг юм бол?

-Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Гадаад харилцааны яам, бизнесийн хүрээнийхэн илүү нарийн мэдээлэлтэй байгаа болов уу. Бага хэмжээгээр хийгддэг жижиг сажиг худалдаагаар бүхнийг дүгнэж болохгүй. Тэдний эрх ашгийг хэрхэн бий болгож чадах вэ гэдэгт л анхаарлаа хандуулбал хариулт нь тодорхой болно. Зөвхөн уул уурхай гэлтгүйгээр эдийн засгаа солонгоруулах ялангуяа хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хамтрах боломж бидэнд зөндөө бий. Дайны нөхцөл байдлаас шалтгаалаад шинжлэх ухаан, эрдэм судлалын чиглэлд зарцуулах мөнгө хомс байна гэж европчууд ярьдаг болсон байна билээ. Гэхдээ энэ муухай дайн нэг өдөр дуусна, бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Монгол Францын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд зузаарч байна. Монгол залуус легионерын алба хаадаг болсон.

-Сүүлийн үед манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал ойр ойрхон давтамжтай болж байна. Э.Макроны хувьд Орос Украины дайныг зогсоох тал дээр нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлж ирсэн. Тэр утгаараа саяхан манай урд хөршид айлчлахдаа Хятадын удирдагчийг ятгасан боловч бүтэлтэй болоогүй талаар дэлхийн томоохон агентлагууд мэдээлсэн. Энэ цаг үед Э.Макрон манай улсад айлчлах гэж байгаа нь олон улсын анхааралд зүй ёсоор багтаж буй. Ялангуяа манай хоёр хөршийн хувьд хэрхэн ажиглаж байгаа бол?

-Өнөөгийн гадаад харилцааны чиглэлээр олж байгаа манайхны амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн дуу хоолой, байр сууриа ойлгуулах талаар зөв бодлого барьж байгаагийн илрэл гэж боддог. Хоёр хөршийн хувьд манай улсын дотоод хэрэг, гадаад харилцааны асуудалд хүндэтгэлтэй хандах биз. Энэ айлчлалын талаарх судлаачдынх нь байр суурийг одоогоор олж үзээгүй л байна. Ямартай ч төр засгийн аль ч түвшинд дайныг дэмжээгүй, энхийг эрхэмлэж байгааг улс орнууд ойлгож хүлээн авдаг гэдэгт итгэдэг. Гадаад харилцааны ямар ч асуудал нэг амьсгаагаар шийдэгдэх нь ховор шүү дээ. Харилцан ойлголцлын хамгийн чухал хэлбэр бол айлчлал. Бие биетэйгээ ярилцаж байж л илүү ойлголцоно. Нэг яриад шийдэгддэг асуудал гэж тэр бүр байхгүй. Дипломат арга ухаан, туршлага гэдэг зүйл хамгийн чухал чадвар болоод байна. Манай хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжсон гээд харилцаа, хамтын ажиллагаа хэвийн сайн гэсэн тодотголтой байгаа нь яалт ч үгүй амжилт шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Макрон Монголд айлчилна DNN.mn

Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон тун удахгүй манай улсад айлчилна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй ч Akipress.com сайтад Э.Макроныг тавдугаар сарын сүүлээр Монгол Улсад очно гэж мэдээлжээ. Тэгвэл албаны эх сурвалжуудын хэлж буйгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 22-нд манай улсад ирэх ажээ. Тэрбээр тавдугаар сарын 19-21-нд Японы Хирошима хотод болох “Их долоо”-гийн уулзалтад оролцох юм байна. Тэндээсээ залгуулаад Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэх бололтой.

Монгол Франц хоёр 58 жилийн түүхэн харилцаатай орнууд. Сүүлийн жилүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгдээгүй. Иймд Э.Макроны энэ удаагийн айлчлалд хоёр улс маш их ач холбогдол өгч байгаа билээ. Ялангуяа эрчим хүчний салбарт нэлээд гэрээ, хэлэлцээр хийгдэх болов уу гэсэн хүлээлт бий. Тухалбал, ураны эрчим хүчийг ашиглах асуудлыг хөндөж, томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлнө гэж судлаачид үзэж буй юм.

Тэгвэл Францын хамгийн залуу ерөнхийлөгч Э.Макрон гэж хэн бэ. Түүний туулж ирсэн амьдрал болоод улс төрийн замналыг сонирхуулъя. Эмч гэр бүлээс гаралтай тэрбээр 1977 онд төржээ. Парисын X-Нантеррийн их сургууль, Улс төрийн судалгааны хүрээлэн, Үндэсний Удирдлагын сургуулийг тус тус дүүргэжээ. Э.Макроны ажлын гараа сургуулиа төгсөөгүй байхад буюу 20 наснаас нь эхэлсэн тухай түүний намтарт өгүүлсэн байдаг. Ингэхдээ Францын нэрт сэтгэгч, гүн ухаантан Пол Рикёрийн туслахаар ажиллаж байв. Дараа нь 2004-2008 онд Эдийн засгийн яаманд байцаагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Жак Атталигаар ахлуулсан Францын өсөлтийг сайжруулах комиссын дэд илтгэгч болсон байна. Түүнийг “санхүүгийн Моцарт” гэж хочилдог байсан юм билээ. Учир нь “Roth­schild & Cie Banque”-д хөрөнгө оруулалтын асуудлыг чамбай эрхэлдэг байсантай нь холбож ийм хоч өгчээ. Э.Макрон 2012-2014 онд ерөнхийлөгч Олландын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор нь ажиллаж байсан. Уг албан тушаалаа 2014 оны долдугаар сарын 15-нд өгсөнөөс сарын дараа Эдийн засгийн сайдаар томилогдсон юм.

Э.Макроны улс төрийн замнал асар хурдтай өрнөж, өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан болохоор европчууд түүнийг янз бүрээр дүгнэдэг. “Гялалзаж яваа улстөрч, сүрхий эдийн засагч” гэх үнэлэмжтэй зэрэгцэн гэр бүлийнх нь талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлаас мултарч чадаагүй. Учир нь тэрбээр өөрөөсөө 24 насаар эгч франц хэлнийхээ багш Брижит Троннётой 2007 гэрлэжээ. Э.Макрон 2016 онд “Бүгд найрамдах улс урагшаа” улс төрийн намыг үүсгэн байгуулаад жилийн дотор Францын төрийн тэргүүнээр сонгогдсон чадварлаг улстөрч. Түүний сонгуулийн хөтөлбөр зүүний үзэлтэй байж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн албан журмын даатгалаар төлөх үйлчилгээний өргөтгөл, багш, цагдаа нарын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх амлалтууд өгч байв. Эрх зүйн талаас хийх шинэчлэл нь хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, төрийн албан хаагчдын тэтгэврийн тэтгэмжийг халах, хамгийн чинээлэг иргэдийн татварыг бууруулах зэрэг мөрийн хөтөлбөр нь ард түмэнд таалагджээ. Ийнхүү тэрбээр 2017 онд Францын ерөнхийлөгчийнн сонгуульд 66.1 хувийн саналаар илүүрхэж, улсынхаа түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болов. Э.Макрон 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж, Францын төрийн тэргүүнээр улиран сонгогдоод байгаа билээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дуугаа битгий хаяарай” гэсэн захиас ямар тэнэг үг байсныг одоо бид харж байна DNN.mn

Монголчуудын ганц чаддаг болоод хамгийн амар юм бол зурагтын шоу, цэнгээнт контент гэж хэлж болохоор байна. Зуун, зуун сая хүн амтай дэлхийн том улсуудын тайзан дээр тавигддаг шоуг ялгахын аргагүй тэр өнгө төрхөөр нь сүртэй хийдэг болсон. Одоо “Яг түүн шиг” дууны шоу эхэлчихсэн явж байгаа. Үүнтэй зэрэгцээд “ Авьяаслаг монголчууд” шоуны бүртгэл эхэлжээ. Араас нь залгуулаад “Voice” шоунд оролцогчдыг бүртгэх юм гэсэн. Орой болгон ард түмнийг хийх ажилгүй болгож, телевизийн өмнө уядаг энэ нүсэр шоунууд анх гарч ирж байхаас нь л бид дэмий дээ гэж өчнөөн сануулж бичиж байлаа. Жишээлбэл, “Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “ Авьяаслаг монголчууд” шоун дээр шавж байна” нийтлэлээрээ монголчуудыг дэмий дуулалдаж байхаар хөдөлмөр хийж, бүтээмжээ нэмэгдүүлж, мөнгөтэй болохыг уриалж байсан. Яагаад гэвэл Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын шоу цэнгээнт нэвтрүүлэг телевизээр гарч монголчууд түүнийг нь үзээд юу ч хийхгүй байгааг шүүмжилсэн хэрэг л дээ. “Зөвхөн шоунд орохын тулд гэр бүлээрээ, анги хамт олноороо, ах дүүсээрээ хамаг арын ажил амьдралаа орхин байж бөөн зардал чирэгдэл болж ирцгээдгээ болиоч ээ. Та нар дуулсан дуундаа уярч уйлж суух хойгуур хамаг боломжууд чинь дууслаа. Нэг хэсэг нь шоунд оролцож, нөгөө хэсэг нь зурагтынхаа өмнө тэднийг харан баясч дэмийрэхийн оронд хөдөлмөр хийгээч ээ” гэж мөн ч их хэлсэн сэн. Дуу хөгжим, урлаг уран сайхан гэх улсын хөгжилд ямар ч өгөөжгүй хийсвэр зүйлд хамаг хүч, хөрөнгөө шавхаад хэрэггүй гэж бичиж эхлэхэд улсууд бидэнд асар их дургүйлхэж байж билээ. Нүд, сэтгэл баясгаж байгаа цор ганц шоуг минь үгүйсгэлээ гэцгээдэг байв. Тэгвэл энэ олон шоунд түрүүлээд супер од болон мандаж байсан залуучууд одоо ямар байна. Тэд хүний нутагт биеийн хүчний ажил хийж амьдралаа зогоож явна. “Та нар бол тайзан дээр байх ёстой. Төрсөн авьяастнууд” гэж шүүгч болох урлагийн хэдэн залуус тэднийг магтан шагширч хөөргөж байв. Тэнгэрт тултал нь хөөргөж, магтаж байсан тэдгээр залуус ямар болсон байгаа талаар саяхан зурагтай, хөрөгтэй нь баахан шуугицгаалаа. Шоунд ялаад гарах, ялагдаад буухын аль алинд нь шүүгчид “Дуугаа л битгий хаяарай” гэж чин сэтгэлээсээ захиж, далилзаж байгаа харагддаг. Гуравхан сая хүн дотор дуу дуулаад яаж амьдрах юм бэ. Хүн амьдрахад мөнгө хэрэгтэй, мөнгийг дуугаар олж чадах хүн нь тоотой. Нэгэнт нэр алдар нь түгсэн тэр хэдэн шүүгч л дуугаар мөнгө олж чаддаг байх. Бусад нь мөнгө олж чадахгүй. Үүний баталгаа нь Солонгост хар ажил хийгээд явж байгаа улсууд юм биш үү. Тэд “Биднийг дуугаа битгий хаяарай гэсэн” гээд барилга барьж байхдаа дуулаагүй нь лавтай. Энэ том, том шоуг боломж гэж итгэсэн хүмүүсийн харамсалтай төгсгөл ч бий. “Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар байрт шалгарч, барилгачин гэсэн тодотголтой дуулж байсан залуу сүүлд амиа хорлочихсон. Гэнэтхэн олонд танигдаж, од болоод хяналтаа алдсаны улмаас ийм болчимгүй зүйл хийчихлээ гэж тухайн үедээ бас багагүй шуугьж байв. Өөр нэг харамсалтай явдал санаанд тод бууж байна. Сүүлийн үед дэлгэрсэн шоунуудаас өмнө, арваад жилийн тэртээ тайз, дэлгэцийн жүжигчдийг төрүүлдэг телевизийн шоунд оролцож байсан нэгэн залууг шүүгчид нь “Ёстой төрөлхийн авьяастай хүү байна. Чи бол Монголын урлагт их юм хийнэ. Энэ авьяасаа л орхиж болдоггүй юм шүү” гэцгээн сүйд болцгоосон. Тэр шоунаас хойш түүний барааг ямар ч тайз, дэлгэцнээс олж хараагүй. Гэтэл саяхан гудамжинд “Намайг урлагийн бурхад төрчихсөн авьяастай гэж байсан юм шүү. Та нар муусайн юмнууд… ” гээд шуудай үүрчихсэн орилж сууна лээ. Энэ маягаар олныг шууруулдаг шоу тэмцээнүүд монгол залуусын амьдралыг жинхэнэ алж байна.

Монголд соёл урлагийн чиглэлээр оюутан элсүүлдэг өчнөөн олон сургууль бий. Эдгээр сургуулиуд 10-аад мянган оюутантай гэсэн. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд жилд химийн ангийг гуравхан оюутан төгсч байхад уран сайханчид гурван мянгуулаа дипломаа авч байх жишээний. Манай нийгэмд хамгийн их илүүдэлтэй мэргэжлийн жагсаалтад дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжимчин гээд соёл урлагийнхнаас гадна эдийн засагч, сэтгүүлч, хуульчид нэрлэгддэг. Тэр дундаа соёл урлагийн салбарынхныг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэх юм. Тэнд суралцаж байгаа залуус үнэхээр амьдралаа алдаж байгаагаа мэдэхгүй байна. Энэ олон дуучинд ажлын байр байхгүй. Түрүү хэлсэн гуравхан сая хүнд бүх юм тоотой, тэнд гуравхан дуучин л дуугаараа амьдарч чадна. Ядарсан буурай, хүчгүй ийм жижиг оронд инженер техникчид, ухаалаг, оюун санааны потенциалтай хүмүүс амин сүнс нь байх ёстой. Бид яавал мөнгө олох вэ, яаж хөгжилд хүрэх вэ гэж сэтгэдэг улс хэрэгтэй байна. Тэгэхээр аливаа шоуны шүүгчид та бүхэн минь “Дуугаа битгий хаяарай” гэдэг худал үгээ дахиж хэлэмгүй байна. Энэ дэмий яриа чинь цаашаа хүмүүсийн амьдралд асар муугаар нөлөөлөөд байна. Сүүлдээ үргэлж ингэж захидаг шоуны шүүгчид“ Дуугаа битгий хаяарай” гэдэг үгээ бодлоготой хэлдэг юм шиг санагдах юм. Яагаад гэвэл “Дуунд сонирхолтой ийм нэг хүмүүс байж л байг. Ядахдаа миний билетийг худалдаж аваад байна. Намайг тоглолт хийхэд хэдэн хүн дагуулаад яваад ирнэ дээ” гэсэн далд санаатай л тэгж хэлдэг байх. Ард түмний нүдэн дээр ил болсон дуугаар амьдрах боломжгүй гэдгийг мэдэхгүй л байв гэж.

Монголд дуугаар хэдхээн хүн амьдарч байгаа. Юу үнэн гэвэл энэ үнэн. “Voice” шоуг шүүгээд байгаа Ука, Болд Хурд хамтлаг л амьдарна шүү дээ. Өөр хэн тэдэн шиг амьдардаг юм бэ. Энэ олон дуучдыг хэн тоох юм бэ. Тэр олон мянган дуучдаас яаж ялгарч гарч ирж, амьдралаа авч явах мөнгө олох юм бэ. Ингээд бодохоор энэ цөөхөн хүн амтай улсад төгс авьяас тоотой төрдөг бололтой юм билээ. 1990-ээд онд яруу найраг сонирхдог залуусыг яг ингэж баллаж байсан гэдэг. Тухайн үед шүлэг бичдэг хүүхэд, залуусыг хайж олоод “Та нар жинхэнэ суу авьяастнууд байна. Энэ сайхан сэтгэлгээ, яруу авьяасаа хаяж болохгүй шүү” гэж хөөргөж яруу найрагч ингэж амьдардаг гэж архи уулгаж, хөнгөн хийсвэр амьдруулан амьдарлыг нь баллаад хаячихсан. Бүхэл бүтэн нэг үеийнхнийг, бараг бүгдийг нь найрагч, архичин болгочихсон. Энэ олон шоунууд яг үүн шиг л болгох гэж байна. Одоо телевиз болгон болсон болоогүй дууны шоу давхар явуулах юм. Ямар ч олон хүн оролцдог юм бэ дээ. Малчид, цэрэг цагдаа, багш, эмч нар, ахмадууд, хүүхдүүд гээд эх адаггүй ээлжилдэг болжээ. Тэр болгон дээр өнөөх хэдэн шүүгчид маань “дуугаа битгий хаяарай” гэдгээ хэлсээр суугаа харагдах юм. Тэгэхээр одоо бүгдээрээ “Дуугаа битгий хаяарай” гэдэг үгийг бүр хориглочихмоор байна.

Шинжлэх ухаан, баялаг бүтээгчид улс орноо босгож чаддаг. Тэгвэл манайхны соёл урлагаас гадна сүрэглэн хошуурдаг өөр нэг салбар гэвэл спорт байна. Олимпийн аваргуудад сар бүр зургаан сая төгрөгийг улсаас өгдөг болохоор хүүхэд залуус хичээл номоо хаяад спорт руу хөл алдахгүй гээд ч яах билээ. Өөр ийм өндөр цалинтай ажил байтугай дарга ч алга. Тэгвэл энэ спорт гэдэг чинь улс орныг сэпхийтэл хөгжүүлдэг ч эд биш. Харин ч улам ядууруулахад гол үүрэгтэй салбар. Хөдөлмөрийн насныхныг хөдөлмөрөөс хөндийрүүлдэг эд. Нэг л их улсын төсвөөр гадагшаа тэмцээн уралдаанд явж, баахан төмөр зүүж ирцгээсэн улс. Ингэж хэлэхээр төрийнхөө далбааг мандуулсан хөлс хүчийг үнэлсэнгүй л гэх байх. Тэглээ гээд тамирчид өөрсдийнхөө сайн сайхны төлөө зүтгэж байгаа биз дээ. Тэдний медалийн тоогоор Монголд мөнгө орж ирээд байна уу. Дээрээс нь хүн бүр хүүгээ бөх болгоно гэж бас муйхарлацгаах юм. Тэгэхээс ч өөр яах вэ. Тэд өндөр цолонд хүрч төрийн наадамд түрүүлбэл нүдэн дээр баяжиж төрөл арилждаг. Гэхдээ хүн бүр түрүүлдэггүй, арван жилд нэг хүн л гардаг гэдгийг мэддэггүй бүгд бөх болох гээд л зүтгэцгээдэг. Харин 24 цаг мал маллаад, дэлгүүр ажиллуулаад ингэж бондойж чадахгүй. Яагаад гэвэл хөдөлмөр хийдэг хүмүүс төрийн дарамттай нүүр тулдаг. Тэгэхээр чинь хүүтэй аав болгон бөх рүү зүтгэхгүй гээд ч яахав.

Ер нь Монголд хөдөлмөр хийхээс бусад нь хөгжөөд бужигнаад байх юм. Худлаа гэвэл нэг л их улстөрч, намчин, спорт, дуу хуур, балет бүжиг, урлаг уран сайхан, шүлэг, зохиол, лам, хуульч, загвар өмсөгч болох гэж массаараа тэмүүлж байгааг хар даа. Энэ нь гараар бодитой хийж бүтээх ажлаас бусдыг зориуд дөгөөж байдаг бодлого байж ч мэднэ. Яагаад гэвэл сар бүр тамирчдад зургаан сая төгрөг өгнө гэж юу гэсэн үг вэ. Ийм маягийн хялбар аргаар мөнгөжих замыг нийгэмд дэлгэрүүлээд байхаар хүн бүр хөдөлмөрөөс зугтааж дайждаг боллоо. Уг нь хөдөлмөр хийж, үйлдвэрлэл байгуулж, баялаг бүтээж, мөнгө олж баяждаг. Гэтэл манайхан үүнийг мэддэггүй. Хөдөлмөр хийж, юм бүтээхгүй бол яаж баян тарган болох юм бэ. Хөдөлмөр хийхгүй болохоор мөнгөжихгүй. Энэ бол нь энгийн логик. Нийгэм тэр чигтээ ядуу байгаагийн шалтгаан энэ. Өнөөдөр машин мөргөж, шүргэчихвэл бараг нэгнийгээ хөнөөнгөө алддаг биз дээ. Яагаад гэвэл тэр мөргөсөн машины жолоочид мөнгө байхгүй. Хэмхэрсэн машиныг засуулъя гэвэл олж байгаа мөнгөнийх нь талыг аваад явчихна. Юугаараа амь зуух билээ. Тэгэхээр дайрсан машины жолооч нөгөөгийнхөө хоолойг нь хяргахгүй гээд яах юм бэ. Монголчууд өөрсдөө юм бүтээхгүй болохоор ийм л ядуу зам руугаа уруудаад байгаа хэрэг.

Өнөөдөр эдийн засгийг залж чиглүүлж байгаа хүчин зүйл бол доллар байна. Импортоос 90 гаруй хувь хараат болсон бид доллар өсмөгц дээр дооргүй сандарч, бархирдаг. Тэгвэл доллараар юмаа зардаг бол л доо. Хэрэв бид хийж, бүтээж, эскпортолж чаддаг байсан бол доллар өсмөгц үхчих гээд байхгүй. Харин ч долларын ханш чангарах тусам баярлаад сууна биз дээ. Тэгэхээр хүн бүр хөдөлмөр хийж баян тансаг болцгооё. Үнэхээр хөгжилд хүрье гэж байгаа бол “Дуугаа битгий хаяарай” гэж далдганацгаахаа больё оо.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Зэгиймаа: Эхлээд дээд боловсролын хуулиа анхаараач. Тэгээд их сургуулийн амин сүнс болсон шинжлэх ухаанаа дэмжээч ээ DNN.mn

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэд хэдэн парламент дамнасан уг хуулийн алдаа, оноог та хэрхэн харж байна вэ?

-Боловсролын хууль бол маш цомхон байх ёстой. Өөрөөр хэлбэл, цогцоор нь сайн харж хийх нь чухал. Энэ бол бидний барьж явах зарчим. Тэр утгаараа Боловсролын ерөнхий хуулийг багцалъя гэсэн санаа нь сайн. Гэхдээ энэ хууль өөрөө цогц байж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Ажлын хэсгүүд нь тусдаа гарсан. Өргөн барихдаа долоо, найман хууль оруулж ирсэн. Дээрээ гараад зарим хууль нь бусадтайгаа салж, нийлсэн. Тэр хооронд ажлын хэсэг ямар их өөрчлөгдөв өө. Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгийн заримд нь миний бие орж ажиллаж байсан. Бид Боловсролын яаман дээр байгуулагдсан ажлын хэсэгт саналаа хүргүүлж байсан боловч тусгагдаагүй. Жишээлбэл, судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль тусдаа өргөн баригдахад миний бие ажиллаж байлаа. Тэгэхэд энэ асуудлыг их, дээд сургуультай нийлүүлнэ гэснээ салгачихсан. Тэгснээ буцаагаад нийлүүлчихсэн. Тэгснээ ажлын хэсгээ хэд сольж явсан. Дээд боловсролын тухай хуульд хүртэл бас их халаа, солио явлаа. Энэ маягаар хуулийн процесст ажлын хэсэг нь жигд, яг анхнаасаа орсон баг нь явж ирээгүй. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд харахад ер нь хууль их хариуцлагагүй явдаг юм байна. Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг долоон удаа хуралдахад тавынх нь ирц бүрдэхгүй байх жишээний. Дараагаар нь УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй, мэдлэг нь алга.

Уг нь Монгол Улсын хэлний тухай хууль гэж гаргах ёстой байсан юм. Миний бие тухайн үед 15 эрдэмтэн ахлаад хоёр жил гаруй уг хууль дээр ажилласан. Ингэхдээ хууль санаачлагчид “Шинжлэх ухаанаа дагаад явах уу. Эсвэл аль нэг улстөрчийн захиалгаар явах уу” гэдэг асуудлыг тавьж байв. Шинжлэх ухаанаа дагана гэхэд нь хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Ингээд яг өргөн баригдах үед гэнэт өөрсдөө дураараа өөрчилчихсөн. Ямар ч хамааралгүй гурван ардын багш авч ороод батлуулсан. Энэ хууль гарснаас болж их буруу, байхгүй ойлголтууд гарч ирсэн нь нийгмийг бухимдуулж байгаа. Жишээлбэл, Боловсролын хуулийг өргөн баримагц эхний өдөр англи хэлний асуудал үүссэн дээ. Англи хэлний лобби бүлэг байгуулагдаж, нэгдүгээр ангиас нь заах ёстой гэсэн мэдээллийн дараа нийгэм шуугьсан.

Тэр даруйд салбарын сайд нь гуравдугаар ангиас заах ёстой гэж мэдэгдмэгц ард түмэн талцаад эхэлсэн. Уг нь Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсын Хэлний бодлогын зөвлөл гэж бүхэл бүтэн байгууллага бий. Тэд энэ шуугианыг зохицуулах ёстой. Гэтэл ард түмэн дороо бужигнаад байхад тэнд таг чиг шүү. Яагаад гэвэл тэнд гадаад хэлний бодлого байхгүй. Монгол Улсын гадаад хэлний бодлого, Боловсролын салбарын гадаад хэлний бодлого гэж бий л дээ. Боловсролын салбарын гадаад хэлний бодлогод давамгай үүрэгтэй нь Боловсролын яам. Тэнд хариуцсан албан тушаалтан байх ёстой. Хууль орж ирэхэд тэндээс зөвлөгөө аваад, шинжлэх ухааны үндэстэй гардаг байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Хуульд хариуцлагагүй ханддаг явдал одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Монголын эмгэнэл.

-Ер нь манайхан гадаад хэлийг багаас нь заах асуудлыг эсэргүүцэх нь их юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манайхан гадаад хэлийг монгол хэлтэйгээ дайсагнуулдаг. Аль ч хэл нэг нэгэндээ дэмжиж туслалцаа үзүүлдэг юм. Түүнээс хоорондоо байлддаг хоёр зүйл биш. Тэгэхээр одоо гадаад хэлний мэдлэгтэй, сайн сурсан хүмүүс бол монгол хэлний олж хараагүй, монгол хэлний хөгжлийн зүй тогтлыг гаргаж ирж байгаа шүү дээ. Ер нь монгол хэл шинжлэлийн шинэ салбар эхлэхэд гадаад хэлнийхэн л оруулж ирсэн. Монгол хэлээ сайн сураад, найруулчихдаг байхад гадаад хэлээр ялгаагүй сайн найруулж чаддаг болно. Тиймээс нэг хэл нь нөгөөдөө тусалж байдаг нь ийм учиртай. Тэрнээс хооронд нь дайсагнуулж, сөргөлдүүлдэг хандлага манайд гарч ирэх юм. Гадаад хэлийг дэмжсэнийгээ дайсны тагнуул болгоод л. Зөвхөн монгол хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн ч гэнэ үү. Харин гадаад хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн биш болчихгүй шүү дээ. Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн мэддэг хүмүүсийнх нь зохицуулалт байхгүйтэй холбоотой ийм маргаан гараад байгаа хэрэг. Анхнаасаа иймэрхүү маягийн будилаан шуугиан үүсгээд байвал энэ хууль явахгүй шүү дээ. Ер нь ЕБС-иудад гадаад хэлийг сонголтоороо сурах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Чөлөөтэй менежментээр зохицуулж болно.

-Та сая Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг Боловсролын багц хуульд тусгах шаардлагатай гэлээ. Том зургаараа ийм сургуулийн цар хүрээ, ач холбогдол нь улсын хөгжилд нөлөөлж чадах уу?

-Хэрэв ийм хуультай байвал Монгол Улс яг жинхэнэ оюуны чадамжаа үнэлж гаргаж ирэх гэж байна хэмээн учир мэддэг хүмүүс бахархах байсан байх. Хамгийн гол нь ийм чухал хуулиа бужигнуулаад байгаагаас төрийн залгамж чанар, аливаад хандах хандлага ямар байдаг нь тод харагдаж байна. Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулиуд, коллежууд багтаж байгаа. Өнөөдрийн Монголын оршин тогтнох, ирээдүйд хэрхэн хөгжихөд монгол тархийг яаж бий болгох вэ. Энэ улс орныг монголчууд л авч явна. Бид өөрсдөө ямар замаар явах вэ гэдгээ гаргана. Үүнийг хэн гаргах вэ, Монгол хаашаа явах юм, хэдийд ямар түвшинд хүрэх юм бэ.

Тэгвэл гадны улсуудад хөгжлийн замын зураглал байдаг. Харин манайд алга. Нэг сайн тал гэвэл Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлогууд гаргаад байгаа нь зөв. Гэхдээ тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж чадаагүй. Бидний хөгжлийн замыг тодорхой гаргаагүй гэсэн үг. Тиймээс одоо үүнийгээ дахин засч залруулж хийх ёстой. Бидний очих цэгт явах зам нь тодорхойгүй байгаа үед доошоо бүх зүйл будилаантай байна. Эхлээд үүнийгээ засъя. Тэгвэл хэн засдаг вэ. Гадны өндөр үнэтэй экспертүүд авчрах уу. Тэр хүн монгол ахуйг гадарлах уу. Сүүлийн үед гадаадын том, том дипломтой хүмүүс ирлээ л гэж байна. Тэд Монголын амьдралыг мэдэх үү. Эцсийн дүнд монгол боловсрол, монгол тархи гарч ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр дэлхийн түвшний судалгааны их сургуулиуд байх ёстой. Тэд зөвхөн улс орны төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжлийн таамаглал, үндэслэлийг тогтоодог байгууллага. Үүнийг хөгжүүлэхийн тулд онцгой анхаарах цаг болсон.

-Боловсролын салбарыг хөгжүүлж, мөнгө олдог салбар болгохын тулд төрийн зүгээс ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

-Хамгийн том асуудал бол татвараас нь чөлөөлөхөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагуудыг татвараар дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалтууд хуульд тусгагдаагүй. Тэгэхээр энэ хуулиуд ямар ч амин сүнсгүй. Дэлхийн чиг хандлагыг харахад тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулахад саад тотгор үзүүлж байгаа зүйлийг хөнгөлөхийн тулд хууль оршин тогтнодог. Гэтэл энэ том хөшүүрэг байхгүй хууль баталчих юм бол ямар ч хэрэггүй. Боловсролын багц хуулийг үнэхээр батлах гэж байгаа юм бол олон жил хүлээлттэй байсан гэдгээр шахаж болохгүй. Харин жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, Монголын боловсролыг хөгжүүлж, өөрчилнө гэсэн чиг хандлагатай гаргаж ирэх ёстой.

Ер нь аль ч салбарыг хөгжүүлэхэд тогтолцоотой шууд холбоотой. Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлого гараад, тэрийг хэрэгжүүлдэг арга зам нь тодорхой болсон үед мөнгө аяндаа урсаад ороод ирнэ. Гэтэл цоорхой шүүр шиг байгаа үед хичнээн мөнгө оруулаад ямар ч нэмэргүй. Жишээлбэл, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй юм уу, уул уурхай юу гэдэгтээ тогтох ёстой. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод найман эрхэм зорилго тавьсан байна лээ. Ийм олон толгой хаашаа ч явж чадахгүй. Тэгэхээр монгол хүн баян тансаг сайхан орны иргэн болохын тулд юу хийх ёстойг өрөх хэрэгтэй. Ингэхдээ монгол хүнээ голд нь тавиад тойруулаад зорилтоо зооход яалт ч үгүй боловсролын салбар гараад ирнэ. Хичнээн сургууль, боловсон хүчин бэлтгэх вэ, хаана яаж байрлах вэ, санхүүжилтийг нь яаж шийдэх вэ гээд төлөвлөөд гаргаад ирэхэд болох л асуудал. Гэтэл өнөөдөр хувь, хувьсгал гээд талцаад байх юм. Наанадаж төрийн төлөвлөсөн бодлого байгаагүйгээс Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн боловсон хүчний асуудал үүссэн байж таарна даа. Энэ гажгаа засч сайжруулах гарц гаргалгаа зөндөө бий. Үүнийг ажлын хэсэгт орсон хүмүүс зохицуулах бүрэн боломжтой. Дээд боловсрол дээр бас маргаан явж л байна. АНУ-ын хөгжлийнх нь гол үндэс нь АНУ-ын их сургуулийн хөгжил гэж үздэг. АНУ-ын их сургууль, шинжлэх ухаан нь хөгжөөд ирсэн учраас улсаа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон болгочихсон юм. 1965 онд Калифорни муж хөгжихийн тулд дээд боловсролын байгууллагаа гурав хуваасан байдаг. Эхний арван сургуулиа зөвхөн шинжлэх ухаанчаар улс орноо хэрхэн яаж хөгжих замыг гаргаад өг гэсэн. Дараагийн хэсэгт нь та нар бидэнд дээд боловсролтой боловсон хүчнээ бэлтгээд өг. Гурав дахь хэсэгт нь коллеждоо ажиллах хүчнийг бэлтгээд өг гэсэн. Ингээд байгууллагаа гурав хуваасан. Калифорнийг хөгжүүлсэн, яг тэр загвараар АНУ-ыг хөгжүүлчихсэн юм. Тиймээс АНУ-ын энэ загвар бол алтан загвар гэж дэлхийгээр түгсэн. Ганцхан Монгол Улс л энэ олон их, дээд сургуулиа хувааж өгөхгүй байна.

-Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Сургуулиудын зорилго нь өөр, өөр байгаа. Тухайлбал, судалгааны их сургууль улсын хөгжлийн загварыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Тэдэнд“Яг Монгол орныг хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагыг та нар гаргаж өг” гээд Засгийн газар нь толгойлоод захиалгаа өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийнхөө байгууллага дээрээ төсөв мөнгийг нь аваад нурааж, самраад байна. Тэгэхээр олон зуун жил туршигдаад ирсэн, мэдлэгийг үйлдвэрлэдэг судалгааны сургуулиудыг хөгжүүлээгүй орон хөгждөггүй юм. Энэ утгаараа бид их сургуулиа анхаараач ээ гээд байгаа юм. Өнөөдөр ЕБС-ийн хуулиасаа илүү энэ чиглэлд онцгой ач холбогдол өгөх ёстой. Боловсролын салбарын төдийгүй Монгол Улсын толгойг бий болгох гэж байгаа тэр байгууллага энэ багц хууль дотор явж байна. Үүнийг босгочих юм бол дараа, дараачийн шатных нь их сургууль, дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэг, ясли гээд энэ салбар бүхэлдээ жигдэрчих юм. Тэгэхгүй дороо л бужигнаад байхаар үр дүн олохгүй байна. Эхлээд дээд боловсролын хуульдаа анхаараач ээ. Их сургуулийн амин сүнс болсон шинжлэх ухаанаа дэмжээч ээ.

-Манай улс Шинжлэх ухааны академитай биш бил үү?

-Шинжлэх ухаан гэхээр ямар нэгэн академи болж хувирдаг. Тэндээ дорвитой хөгжсөн шинжлэх ухаан ч байдаггүй. Их сургууль нь ч их сургуулийнхаа утгаар ажиллахгүй байна. Шинжлэх ухааны мэдлэг бий болохгүйгээс иргэд хоцрогдоод байна. Чанар биш тоо ярьдаг болчихлоо. Өнөөдөр ҮХНӨ-ийг хийж, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх асуудал орж ирэхэд нийгэм талцаж, маргалдаад байна шүү дээ. Хамгийн гол нь ямар тогтолцоо, тэр нь яаж ажиллах вэ гэдгээ Монгол Улс өөрийнхөө онцлогт тохируулах ёстой. Гэтэл манайх эх, зах нь олдохгүй хууль үйлдвэрлээд байдаг, хөгждөггүй ээ. АНУ-д гэхэд ийм олон том, том хууль байхгүй. Акт маягаар зохицуулдаг.

-Боловсролын салбарыг хөгжүүлэх гарц шийдэл?

-Хамгйн гол нь дэлхийн жишгийн дагуу хөгжих ёстой. Олон төрөл ангилал болох ёстой. Бодлого нь зөв байх юм бол хөгжил ирнэ. Эхлээд саадгүй, гадаадын зах зээлд өөрийн олсон мэдлэгээ борлуулаад, гадны оюутнууд манай ирээд хөгжөөд явчихаж болж байна. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг дахин хэлмээр байна. Ойрын жишээ гэвэл манай урд хөрш байна. Социалист орон хэрнээ хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаа дэмжих хууль гаргалаа. Энэ хуулиараа хувийн их, дээд сургуулиудад төрийн байгууллагууд байр саваа үнэгүй ашиглуул. Хувийн их, дээд сургуулиудад байшин сав барья гэвэл газрыг нь үнэгүй өг гэж байна. Банкууд бараг хүүгүй шахам зээл өгч оюутнуудаа дэмжиж байнгаа. Тэгэхээр манай ардчилсан орон юун хувийн хэвшлийн манатай байдаг. Юм л болбол хувь, хувьсгал гэж ялгадаг. Монголын л боловсролд хүндэтгэлтэй хандах ёстой.

Яг үнэндээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа улстөрчид ярилцлага өгөөд байдаг. Тэд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр, зарим нь ард түмэнд таалагдах гэж худлаа попордог. Энэ бол чөлөөт хэвлэл мэдээллийн орон зай дутагдаж байгаагийн тод жишээ. Чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн, яаж хөгжүүлэх талаар манай сургууль дээр удахгүй докторын хамгаалалт болох гэж байна. Үүнд бид маш их анхаарал тавьж байгаа. Өнөө цагт мэргэжлийн судлаачдын дуу хоолой үгүйлэгдэж байна. Ардчилсан улс оронд “Өдрийн сонин” шиг судлаачид, ард түмнийг төртэй холбодог гүүр болсон чөлөөт хэвлэлийг дэмжихгүйгээр улс орон хөгжиж чадахгүй. Аливаа асуудал шинжлэх ухаанчаар ханддаг судлаачдын байр суурийг ард түмэн, төр засагт хүргэдэг танай сонинд үнэхээр талархаж байна. Иймээс өнөөдөр шинжлэх ухааны үнэн үг бусад хэвлэлүүдэд гарахгүй байгаа нь худлаа биш. Энэ бол гамшиг. Ардчилсан оронд төрийн үүрэг бага, иргэдийн эрх нэмэгддэг. Үүнийг удирдан чиглүүлэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг оролцоо асар өндөр. Тиймээс чөлөөт хэвлэлийг төрийн бодлогоор дэмжихгүй бол энэ улс орон чинь явахгүй ээ.

-Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хос бичигтэн” хөтөлбөрийн талаар таны байр суурийг сонсъё?

-Дэлхийд хос бичиг гэж байхгүй. Хос хэл гэж бий. Хоёр хэлийг төгс эзэмшиж байгаа бол хос хэл гэнэ. Харин хос бичиг гэж нэг үгийг хоёр янзаар тэмдэглэдэг орон дэлхийд байхгүй. Манай улс 2025 оноос уйгаржин хос бичгээр бичнэ гэсэн хууль баталчихсан. Ийм дампуу зүйлийг ярих арга алга.

Монгол хэлийг сайн сурахын тулд жинхэнэ цэгцтэй, орчин цагийн тэмдэглэж байгаа бичиг үсэгтэй нь сурах хэрэгтэй. Харамсалтай нь дөнгөж монгол хэлээ сурах гээд ядаж байгаа хүүхдүүдэд эртний хэлийг эртний бичигтэй нь оруулж ирж байна. Энэ бол өнөөдөр гадаад хэл, монгол хэлийг төгс сурахад нь хорлож байгаа асуудал юм. Дээрээс нь одоо монгол хэл, бичиг гэж үг шалгалтад оруулаад ирмэгц уйгаржин болгочихдог. Ингээд түм, буман хүүхэд монгол хэлнийхээ шалгалтад унаад байна. Үүнээс болж хүүхдүүд монгол хэлэндээ дургүй болох, үгүйсгэхэд хүрдэг. Цаашилбал гадаад хэл сурах сонирхолыг нь алж байна. Тэгэхээр одоо үүнийгээ боль.

Тэр хуулийг хэрэгжүүлэх гээд шахахаар явахгүй. Гэтэл амьдралд хэрэгждэггүй ийм хуультай адилхан Боловсролын багц хуулийг битгий хийгээсэй. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр сайн хэлэлцүүлэх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Номин: Монголчуудынхаа соёлын өв, оюун санааны дархлаа, тусгаар тогтнол руу халдаж улс төр хийнэ гэдэг тун харамсалтай DNN.mn

Чойжин ламын сүм музейг газрын хөрстэй тэгшлэх нь гэх шуугиан нийгэмд дэгдээд байна. Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-“100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын музейг нурааж, соёлын өвөө устгах гэлээ” гэж сүүлийн үед тан руу их дайрч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл тийм зүйл байж болохгүй гэж анхааруулж жиргэсэн нь олон нийтэд үнэмшил төрүүлэх шиг боллоо. Чойжин ламын сүм музейтэй холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Энэ асуудал нийгэмд үүссэнтэй холбоотой би ганц л зүйлээр бахархаж байна. Тэр нь юу вэ гэвэл, Монголын ард түмэн өөрсдөө соёлын өвөө хадгалъя, хамгаалъя, сэргээн засварлая, хөгжүүлье гэсэн бодолтой байгаад маш их талархалтай байна. Харамсалтай нь соёл, соёлын өвтэй холбоотой зүйлүүдийг маш их улстөржүүлэх юм. Миний хувьд Соёлын сайдын ажлыг авсан цагаас хойш Чойжин ламын сүм музейг яавал олон улсын стандартад нийцсэн, хадгалалт, хамгаалалттай болгох вэ, өв соёлоо эрсдэлээс хэрхэн сэргийлж, авч үлдэх үү гэдэг дээр ажиллаж байгаа. Намайг ирэхэд энэхүү сүм музейг тойроод битүү машин шавчихсан, соёлын үнэт өвийн хашаанд тултал нь машины зогсоол хийчихсэн байсан. Ар талынх нь зогсоол болсон газрыг өөр гэрээний зөрчилтэйгөөр бусдад эзэмшүүлчихсэн байв. Үнэн бодит байдал ийм л байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд миний хийсэн зүйл гэвэл Чойжин ламын сүм музейн эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Энэ сүм музей маань модон хийцтэй, дэрсийг шавартай холиод барьчихсан юм билээ. Тийм учраас өнөөгийн нөхцөлд халаалт, дулаан тавих боломжгүй. Дотор нь байгаа хосгүй үнэт өвүүд эрсдэлд орчихсон байгаа юм. Чойжин ламын сүм музейн байшин маань өөрөө соёлын үнэт үзмэр. Гэтэл огт сэргээн засварлалтад хамрагдаагүй өдий хүрсэн. Иймд бид улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгууллагуудтай хамтран энэ сүм музейгээ сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Өнгөрсөн хугацаанд сүм хийдээ сэргээхээр шаргуу ажиллаж байгаа Соёлын яам юу гэж нураах юм бэ. Үүнийг ингэж улстөржүүлж байгаа нь маш харамсалтай.

-Энэ сүм музей дотор байгаа соёлын өвүүд эрсдэлд орсон гэлээ. Тэгэхээр сэргээж, хамгаалахын тулд хэл ам болоод байгаа энэ барилгыг барих ёстой юм уу?

-Монголчууд маань Чойжин ламын сүм музейгээрээ ихэд бахархаж ярьдаг. Хувийн хэвшлүүдийн тусламжтайгаар эргэн тойрныг нь ногоон байгууламжтай болгосон тал бий. Дотор нь байгаа соёлын өвүүд буюу тухайн музейн барилга маань өөрөө эрсдэлд орчихоод байгаа юм.

Энд ажилладаг ажилтан албан хаагчид олон жилийн турш яам, тамгын газарт тавьж ирсэн хүсэлтийн дагуу бид судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд танилцуулсан. Ингэхдээ газар доогуур байрладаг сан хөмрөгийн өрөө, лаборатори шинжилгээний төвтэй байх ёстой. Үүнээс гадна соёлынхоо өвийг гадаадын жуулчид ирэхэд олон улсын стандартад нийцсэн жишиг болгох нь зөв. Ядаж л үзэсгэлэн үзүүлэнгийн танхим, хүлээгээд авдаг билетийн касс гэх мэтчилэн ажлуудыг стандартад нийцүүлж хийх зэргээр судалгаа хийж байсан. Ингэхдээ ногоон байгууламж нь угсрагдаж хойноосоо яваад, урд талын өндөр нь зургаан метр өндөртэй байгууламж байхаар судалсан ажил. Гэтэл намайг болон Соёлын яам сүм нураах гэж байна хэмээн нэлээд явсан. Энэ нь худлаа болох нь тодорхой болмогц ногоон байгууламжийг устгах гэлээ хэмээн дайрсан. Ингэж соёлын өв, монголчуудынхаа оюун санааны дархлаа, үндэстнийхээ тусгаар тогтнол руу халдаж улс төр хийнэ гэдэг тун харамсалтай. Надад өөр хэлэх юм алга.

-Энэ бол зүгээр танилцуулга зураг биз дээ?

-Өнөөдрийн байдлаар тэнд байшин барих төсөв хөрөнгө улсын төсөвт суусан юм байхгүй. Дахиад хэлэхэд тухайн байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах ёстой. Үүнээс гадна соёлын өвөө стандартад нийцсэн сан хөмрөгт хадгалах сэргээн засварлах лабораторитой байх нь юу юунаас чухал. Үүнээс гадна гадаадын жуулчдад ая тухтай үйлчлэх боломжийг хангахын тулд эскиз зураг гарч, судалгааны түвшинд явж байгаа. Тиймээс энэ асуудал Нийслэл дээр яригдаж байна. Шууд хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Соёлын яам, соёлын бодлого байгаагүйгээс болж нийслэлд байгаа соёлын өвүүд хаягдчихсан байсан. 2023 оны төсөвт бид Драмын театрын дотор засал, Дуурийн театрын гадна засал, Чойжин ламын сүм музей болон Үндэсний төв номын сан, Богд хааны музейн сэргээн засвар, хүчитгэлийг хийлгэх хэмжээнд төсөв санхүүгийн шийдвэр гаргаж байсан тохиолдол байхгүй. Энэ болгон яамтай, бодлоготой болсны үр дүн.

-Эскиз зураг бодит болохын тулд цаашаа ямар процесс явагдах вэ?

-Эхлээд эскиз нь гарлаа. Хэрэв цаашаа хийгдээд явна гэвэл зураг төслийнх нь мөнгө төсөвт тавигдана. Үүний дараа зураг төсөлтэйгөө холбогдоод барилгын төсөв тодорхой болно. Тэрийг нь Барилгын хөгжлийн төв батлаад, дараа нь баригдах хөрөнгө мөнгө нь улсын төсөвт тавигдаад явна. Өнөөдөр эдгээр процессуудын аль, аль нь ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр улсын төсөв бол хууль. Энэ хуулиар ийм бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ гэсэн тохиолдолд бодит болж хэрэгжинэ. Одоогийн байдлаар зөвхөн эскизнийхээ түвшинд яваа, зураг төсөл нь хийгдээгүй. Тиймээс бид иргэдийн санал бодлыг харгалзаж үзнэ. Гэхдээ аливаа ажлыг цөөхөн хэдэн хүний ашиг сонирхол дээр суурилж гацаадаг байж болохгүй. Бид ирээдүй хойч үедээ соёлынхоо өвийг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх, ЮНЕСКО-д нэгдэн орсон конвенциудаар хүн төрөлхтний түүхэнд хадгалж явах үүрэгтэй.

-Чойжин ламын сүм музейн халаалт, дулааныг нь шийдэх ямар ч боломжгүй юу?

-Энд ажиллаж байгаа манай ажилтан албан хаагчид -30 хэмээс +30 градуст зохицож ажиллаж ирсэн. Үзмэр тайлбарлагчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа цаг агаарын шилжилтийн өөрчлөлт үзмэрүүдэд нөлөөлж байгаа. Халж, хөрөөд эсвэл нороод байх болгонд тухайн үзмэрийн өөрийнх нь унаган төрхөд эрсдэл үүснэ. Дээрээс нь Чойжин ламын музей маань цэвдэгтэй газарт баригдсан модон байшин. Анхных нь хэлбэрээр байлгах шаардлагатай учраас орчин цагийн халаалтын технологиор шийдвэл соёлын өвдөө халтай. Япон, Хятад, Солонгост байдаг сүм хийдүүд яг адилхан нөхцөлд байдаг. Гэхдээ үзмэрүүдээ лабораторидоо сэргээн засварлах, шаардлагатай бол сан хөмрөгт хадгалах сав нь байдгаараа манайхаас ялгаатай.

-Чойжин ламын сүм музейд барилга бариад дотор нь түрээсийн үйлчилгээнүүд оруулах нь гэсэн яриа байсан?

-Тийм зүйл огт байхгүй. Уртаашаа 12 метр, өндөр нь зургаан метрийн хэмжээтэй газарт барилгын эскиз хийгдсэн. Ингэхдээ ногоон байгууламжийг устгахгүй. Сүм музейн урд хэсэгт зогсоол байгаа шүү дээ. Зогсоолоо багасгаад газрын гүн рүү оруулна. Зогсоолынхоо тэр хэсгийг ногоон байгууламжтай дээвэр болгоод, доод талд нь байгууламжаа бий болгох юм. Тэнд өөр төрлийн үйл ажиллагаа явахгүй. Нэгдүгээрт, сан хөмрөг болно. Хоёрдугаарт, тэнд лаборатори байрлана. Лабораторидоо сүм музейдээ байгаа соёлын өвүүдийг сэргээн засварлана гэсэн үг. Ингэж сэргээн засварлахгүй бол жил ирэх тусам соёлын өвүүд улам муудаж өгөрших аюултай. Үүнээс гадна тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан тодорхой хэмжээний орон зай бий болно.

Мөн гадны жуулчид төдийгүй дотоодын иргэдийг ая тухтай байлгах боловсон, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төв байна. Музей гэдэг бол өнөөдрийн нөхцөлд иргэдийн оролцоон дээр суурилсан төв байдаг болсон. Хэдэн үзмэр тавьчихаад алсаас хардаг байхаа больчихсон. Илүү арга хэмжээ, боловсролын хөтөлбөртэй төвүүд байдаг болсон.

-Ингэхэд тэр эскиз зургаа яаж шалгаруулсан юм бэ?

-Тендерийн хуулийн хүрээнд зарлагдаад хийгдсэн ажил. Тодорхой деталь нь тухайн шалгарсан байгууллагын хүрээнд хийгдсэн. Харин бодлогын шийдвэрийг Соёлын яам бөгөөд сайдын түвшинд дэмжиж, судалгаа шинжилгээ эскизийг нь авч үзье гэсэн ажил юм.

-“Тамгагүй төр” жүжиг тайзнаа олон удаа тавигдсан. Соёлын яамнаас энэ жүжгийг санхүүжүүлж, хамаг төсвийн хөрөнгийг урсгалаа гэх хэл ам гараад байсан. Энэ үнэн үү?

-Манай яамны зүгээс энэ жүжигт ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Харин ч энэ хүмүүс монгол түүх, соёлыг дэлхийн тайзан дээр гаргахад маш идэвхтэй ажиллаж байгаа. Бодлогын түвшинд дэмжсэн. Бид олон улсад өөрсдийгөө сурталчилна, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлнэ, дэлхийд гарна гээд байдаг. Энэ бүхэн соёлоор дамжиж гардаг. Тийм учраас би тоглолтоо хийх гээд байгаа театрт нь очиж, уулзалтыг нь хийж, анхны танилцуулгыг нь хийж өгсөн нь үнэн. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд хийж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Төр бол бодлогын дэмжлэг үзүүлж, харин хувийн хэвшил бүх санхүүжилтээ гаргаад явж байгаа ажил. Тэр хүмүүс театраа өөрсдөө санхүүжүүлээд түрээсэлж байна. Дахиад энд бэлтгэлээ хийхдээ театртаа түрээс төлж байгаа.

-Саяхан танай салбартай холбоотой бас нэг асуудал нийгмийн анхаарлыг татсан нь дуурийн дуучдын цалин хөлсний асуудал байсан. Үнэхээр дуучид бөөн бөөнөөрөө ажлаасаа гарч, харийн оронд хар ажил хийх болсон юм уу. Салбарын яам энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн соёлын салбар бодлогоос гадуур 20 жил явсан. Үүнээс болж энэ салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудал үнэхээр орхигдсон нь үнэн. Соёлын яам байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа богино хугацаанд харин ч хууль эрх зүйн орчноо бүрэн шийдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар бас ч гэж 20 орчим хувийн цалингийн нэмэгдэл ирсэн. Энэ нь орон нутгийн болоод төсвийн байгууллагуудын хувьд бусад салбараасаа 20-40 хувь бага байгаа. Салбар яамны зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлс жигд байх ёстой гэдэг байр суурин дээрээ байгаа. Дан ганц төсвийн санхүүжилтээр цалинжихаас гадна бусад орлогоор санхүүжих боломжийг нээж өгч байгаа. Манай мэргэжлийн урлагийн байгууллагууд төсвөөс авсан суурь зардал дээрээ суурилан аливаа нэгэн уран бүтээл туурвиад үүнээсээ олсон орлогоо буцаад захиран зарцуулах эрх нь бүрэн нээлттэй байгаа.

Нэг ёсондоо уран бүтээл хэр сайн байна, төдий чинээ орлого олох боломжтой. Нөгөө талдаа хувийн уран бүтээлчид ашигтай ажиллаж болоод байгаатай адил манай уран бүтээлчдэд тэр боломж бий. Үндсэндээ бид бүтээлч үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ингэснээр орлогын систем илүү тогтвортой болно. Тэр утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг өргөн бариад байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бээжин рүү машинаар очих нь “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг гунигт түүхийг үгүй болгох юм DNN.mn

Монголчууд автомашинаар Бээжин рүү зорчдог болно гэсэн нь үнэхээр сайн мэдээ байна. Салбарын яам уг асуудлаар нэлээд идэвхтэй хөөцөлдөж, ажил хэрэг болгохоор хичээж байгаа дуулдсан. Энэ нь биеллээ олчих юм бол манай ард түмэнд хэрэгтэй. Том зургаар нь харахад бидний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжраад ирнэ. Олон, олон таатай боломжууд ч нээгдэнэ. Ядаж л Бээжинд сурахаар мордож буй учраа мэдэхгүй шинэхэн оюутнаа ээж, аав, ахан, дүүс нь өөрсдийнхөө унаагаар хүргэж болж байна. Хүний газарт анх очиж байгаа хүүхдээ түм түжигнэсэн их хотод төвхнүүлчихээд буцахдаа тэр гэр бүл ч гэсэн сэтгэл өег байх нь үнэн. Хамгийн гол нь эдийн засагт хэмнэлттэй. Онгоцонд ганц хүн явах зардлаар хувийн унаатайгаа бүхэл бүтэн гэр бүлээрээ Бээжин ороод ирчихнэ. Зүгээр ч үгүй тэндээ шоппинг хийж, газар үзэж, гадны соёлыг биеэрээ мэдрэх боломжтой.

Улаанбаатараас Бээжин хүртэл 1170 км-ийн зайтай. Энэ нь манай баруун хязгаар аймаг болох Баян-Өлгий орохоос ч ойрхон гэсэн үг. Өлгий рүү бид үүрээр хөдлөхөд шөнө дунд очдог. Замдаа саатахгүй, тасралтгүй явахад шүү дээ. Харин Бээжин рүү үүнээс ч богино хугацаанд асуудалгүй хүрнэ. Улаанбаатараас эртхэн шиг гарч давхиад Эрээн ороод хоночихно. Тэндээсээ өглөө Бээжин рүү гишгэхэд оройхондоо зорьсон газартаа очсон байна. Ингэж хувийн унаагаараа Бээжин рүү явдаг болвол хичнээн сайхан бэ. Галт тэргэнд чихцэлдэж, давчдахгүй. Аяллын компанийн хөтөлбөрт захирагдахгүй. Өөрийнхөө унаагаар явж байгаа улс чинь ёстой тааваараа жаргаад ирнэ дээ. Холын замд ингэж явна гэдэг жинхэнэ тав тух.

“Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц үг бий. Урд хөрш рүү жин тээдэг байсан эрт цагт буюу хувьсгалаас өмнө үүссэн яриа л даа. Бээжин рүү тэмээгээр, үхэр тэргээр жин тээдэг байсан тэр үеийн монголчуудын дунд ийм хэлц байсан гэдэг. Жинчдийн гаргасан энэ яриаг аваад үзвэл үнэхээр гунигт түүх юм. Эрдэмтэн, судлаачдын бүтээл болтлоо судлагдсан жингийн цуваа зорьсон газартаа хүрэхийн тулд олон хоног, сараар явж туулдаг байв. Арваннэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл жинчдийн улирал байсан гэж хэлж болохоор. Тэмээ гэдэг амьтан халуун зунаар ачаалал авбал тамир нь унаж, хайлдаг учраас хүйтэн сэрүүний улиралд холын замд жин тээхэд тохиромжтой. Тэгэхээр голдуу намар, өвөл, хаврын эхэн саруудад жингийн цуваа явдаг байсан нь ийм учиртай байжээ. Тухайн үед өнөөдрийнх шиг зам харгуй байсан ч биш, саад бартаа мундахгүй. Бээжин рүү хөдөлсөн жингийн цуваа зогсолтгүй явлаа гэхэд өдөрт хамгийн ихдээ 40-45 км зам л гэлдэрдэг байж. Энэ янзаар Бээжин рүү хурдлаад, хурдлаад шальтай зам хороож чадахгүй. Холын замд жинчид өөрсдөө амарна, үхэр, тэмээнийхээ нурууг тэнийлгэнэ. Цаг агаарын хүнд бэрхтэй учирна. Ингэж явсаар урд хөршийнхөө нийслэлд очиход хоёр сар шахам хугацааг зориулдаг байсан гэлцдэг. Буцаад тэндээс бараа аваад эргэхэд мөн л ийм хугацааны дараа гэртээ харина.

Тэгэхээр “Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц яалт ч үгүй гунигт түүхээс үүссэн байгаа биз. Бээжин хөдлөх биш, байрандаа байж л байна. Харин жинчид хэзээ нэгэн цагт хүрч л таарах байх гэсэн санаа юм. Тэгвэл өнөөдөр энэ гунигт түүх ард хоцорч байна. Бээжин сууж л байна, бид газраар хэдхэн цагт давхиад хүрдэг болох нь ээ. Мэдээж монголчууд Бээжин рүү машинтай зорчдог болвол хариуд нь хятадууд манайд ирж л таарна.

Бид очиж байгаа юм чинь тэд ирж бололгүй яахав. Тэгээд ч дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг эдийн засагтай Хятад оронтой бид дотносох хэрэгтэй шүү. Хэдий болтол элдвээр зүхэж, хужаа энэ тэрээр нь дуудах юм бэ. Энэ үзэл, хийрхлээсээ болж бид их юм алдаж байгаа. Ухаантайхан нүүдэл хийж, түншийн харилцаагаа зузаатгах нь юу юунаас чухал.

Тэглээ гээд бид дагаар орчихгүй гэдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. Орчин цагийн олон улсын харилцаа өөр болсон. Хуучин шиг хүчтэй, зэвсэгтэй нь жижиг улсыг залгих биш, эсрэгээрээ харилцан нэгнээ дэмжиж, хөгжих нь дэлхийд тогтсон жишиг юм. Харин бид хөрш орноо үзэн ядаж, гоочилдог хандлагаасаа болж олон боломжийн гадна үлдсэн гэдгээ ойлгох ёстой. Адаглаад л дэлхийн том, том хотуудад “Чайна таун” байдаг. Ийм хотхонгүй нийслэл гэвэл Улаанбаатараас өөр байхгүй биз. Бусад орны Чайна таун”-д очиж үзсэн монголчууд маань сайн мэднэ дээ. Хотхон руу нь оронгуут л хоол хүнс, ахуй соёл, орчин нөхцөл, арилжаа наймаа, хүмүүсийн харилцаа зэргээс нь яг л Хятад улсад очсон мэт болдог. Нөгөөтэйгүүр гадаадын жуулчдын хамгийн их очдог газрын нэг байсаар ирсэн.

Хятадууд чөлөөтэй ирдэг болбол үндэсний аюулгүй байдал алдагдана гэж айж сүйд болоод байх хэрэггүй. Харин ч манай хөдөлмөрийн зах зээлд нэмэртэй. Өнөөдөр манайд хар ажил хийх хүн олдохгүй байгаа талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Монголд 200 мянган ажлын байр сул байна гэж Баабар хүртэл жиргэж байсан. Яг үнэндээ нэг үндэстэн бие биедээ хар ажил хийж өгөх ясны дургүй байдаг. Тэгсэн хэрнээ өөр улс, үндэстэн дээр очиж хамаг муу ажлыг нь голж шилэлгүй хийж өгч мөнгө олдог. Ойрын жишээ гэвэл, солонгосчуудын тоож хийхгүй байгаа хамгийн хүнд хэцүү ажлуудыг монголчууд болон гадны ажиллах хүч л хийдэг шүү дээ. Харин манай барилгын салбарт хятадууд л голдуу ажилладаг байх жишээтэй. Монголд хар бор ажил хийх хүн үнэндээ олдохгүй хэцүүдлээ. Залуучууд нь гадны улс орнууд руу борооны дараах мөөг шиг шавчихаар ажиллах хүчний хомсдолд орлоо гэж дээр, дооргүй ярих нь ч аргагүй юм. Тэгэхээр энэ сул орон зайд хятад хүмүүсээр ажиллуулж баймаар байна.

Ер нь хөрш орнууд хоорондоо сайн, муу хэлэгдээд л цуг амьдардаг шүү дээ. Мөнхийн зэрэгцээ орших учраас аль болох найрсаг, дотно харилцаатай байх хэрэгтэй. Гэтэл бид дэндүү хийрхсэн зантай байх юм. Ажиглаад байхад энэ нь бидний яг төрөлх мөн чанар биш юм шиг. Дээр үеийн улсуудын яриагаар Бээжинтэй ямар чухал түншийн харилцаатай байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Тэгсэн атлаа орос ах нар гээд л дагаж намирдаг мөртлөө “Москва сууж байна. Би очиж байна” гэсэн хэлц үг бий бил үү. Бид хэзээнээсээ хоёр хөрштэйгөө ийм л маягтай харилцаатай ирсэн. Монголчуудын үндсэрхэг үзлийг ашигласан элдэв суртал ухуулга бидний өнөөгийн хийрхэлд асар их нөлөөлсөн. Шулуухан хэлэхэд, хятадуудыг харааж зүхдэг тэр хийрхэл бол оросуудын суулгасан зан. Одоо хэдүүлээ хэн хэнийг нь муу хэлж, нөгөөг нь дагадгаа больцгооё. Цаг үе өөр болж байна. Олон талын мэдээллийн эх сурвалжтай болсон. Тэгэхээр мөнхийн хоёр хөршийнхөө нэгэнд нь саймширч, нөгөөг нь муулдгаа болих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Долларын ханш сулрах, чангарах нь эдийн засагт сайн муу хоёр үр дагавартай DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Ам.долларын ханш аажмаар буурч байна. Өчигдрийн байдлаар 3480 руу оржээ. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд төгрөгийн эсрэг доллар тогтмол буурч байгаа нь юутай холбоотой вэ?

-Монголын зах зээл дээрх долларын нийлүүлэлтээс ханш ямар байх нь хамаардаг. Тэгэхээр ам.долларын нийлүүлэлт нэмэгдсэн учраас ханшийн бууралт явагдаж байна л даа.


-Нийлүүлэлт яаж ихэссэн бэ?

-Экспортод бараа их гаргах тусам төлбөр нь ам.доллараар орж ирдэг. Манай экспортын ихэнх хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэр дундаа нүүрсний экспорт он гарснаас хойш эрчимтэй нэмэгдэж байна. Гол нөлөөлөх хүчин зүйл нь биржээр дамжуулан нүүрсний борлуулалт явагдаад эхэлсэнтэй шууд холбоотой. Нэг тонн нүүрсний ханш дэлхийн зах зээлийн үнэ рүү нэлээд ойртсон. Бид нүүрсээ өндөр ханшаар зарж эхэлсэн болохоор долларын нийлүүлэлт нэмэгдсэн гэж шууд холбож харж болно.

-Цаашид долларын ханш ингэж буусаар байх уу. Ямар таамаг байна вэ?

-Судалгаанаас харахад долларын төгрөгтэй харьцах ханш нь мөчлөг цикль хэлбэртэй байдаг. Шинэ жил, цагаан сар, наадам, хичээлийн жил эхлэхийн өмнө импортын бараа их хэмжээгээр нэмэгдэх үед долларын эрэлт нэмэгдэж, ханш чангардаг талтай. Бусад хугацаанд долларын ханш харьцангуй сулардаг. Монгол Улс цаашид төгрөг чангарч, долларын ханшийг бууруулъя гэвэл экспортоо нэмэгдүүлж, импортыг орлож чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц л бий.

-Ингэхэд долларын ханш буурах, төгрөгийн ханш чангарах хоёрын аль нь эдийн засагт зөв юм бэ?

-Ер нь доллар, төгрөгийн ханшид өөрчлөлт ороход экспортлогч болон импортлогч нарт эсрэг үр дагавартай байдаг. Бид хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор хангадаг. Тэгэхээр долларын ханш сулраад, төгрөг чангарах нь нэг талаасаа зөв. Нөгөө талдаа төгрөг чангараад доллар суларчихаар экспортлогч нарт алдагдалтай болчихдог. Эндээс харвал, доллар буурч, төгрөг чангарах нь сайн, муу гэж шууд хэлэх боломжгүй.

Ханш өөрчлөгдөх нь Монгол Улсын эдийн засгийн бүтцээс хамаарна. Уул уурхайн экспорт давамгайлсан хэвээрээ байх үед төгрөг нь долларын эсрэг чангараад байх юм бол экспортоос орж байгаа мөнгө л багасна. Хүмүүс импортыг хямдруулахын тулд доллар сулраасай гэж боддог. Гэтэл доллар суларчихаар эдийн засагт орох мөнгөний урсгал хумигдана. Хуулиараа Монголбанк төгрөг болон долларын ханшийг тогтвортой барих үүрэгтэй. Гол зорилго нь ханшийг савлуулахгүй байх ёстой.

Ингэсэн тохиолдолд долларын ханш тогтвортой байх үед бизнесийнхэн өөрсдөө асуудлуудаа шийдээд явчихдаг л даа. Ханш савлаад тогтворгүй байхаар импортлогч, экспортлогч нар барих стратегигүй болдог. Өөрөөр хэлбэл, эрсдэлээсээ эмээгээд шийдэл гаргаж чадахгүй эрчим нь удааширдаг. Улмаар гацах тохиолдол ч гардаг.

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Өмнө нь 50 мянган төгрөгөөр нэг тор хүнс авдаг байсан бол одоо 100 мянган төгрөгөөр ч дүүргэж чадахгүй байна гэж иргэд ярих боллоо. Долларын ханшийн бууралтын бодит үр дүн ард иргэдэд хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?

-Одоо шууд мэдрэгдэж болно. Долларын ханш сулрахаар импортын өргөн хэрэглээний барааны үнэ буух ёстой. Гэтэл манайд өссөн үнэ буцаад буухдаа тун дургүй. Шалтгаан нь өрсөлдөөний түвшнээс хамаарч байгаа юм. Хэрэв өрсөлдөөн идэвхтэй байх юм бол импортлогч нар өөрийнхөө ашгийг тооцсон үнээр бараагаа хямдруулаад хурдан борлуулж, мөнгөө эргэлдүүлэхийг бодно. Өрсөлдөөний эрчим бага байх юм бол “Угаасаа миний барааг авч л таарна” гэдэг хандлагаараа өссөн үнийг бууруулж өгдөггүй.

-Өнгөрсөн оны төгсгөлд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт өндөр байсан. Харин одоо эрэлт багассан гэж мэдээлж байна. Энэ сайн уу, муу юу?

-Банк хоорондын зах дээрээс арилжааны банкууд доллар худалдаж авч, худалдаж байдаг. Энэ нь харилцагчдынхаа нэрийн өмнөөс хийж байгаа үйлдэл. Арилжааны банкны нийт харилцагчдад доллар хэрэг болох юм бол валютын зах дээрээс тухайн банк доллар худалдаж авна. Тэгэхээр банкны валютын зах дээр оролцож байгаа үйлдэл бол харилцагчийнх нь захиалга юм. Оны төгсгөлд эрэлттэй байсан доллар одоо багассан гэдэг нь экспорт, импортын өөрчлөлтийн хэмжээгээр тодорхойлогдож байгаа гэсэн үг. Баяр ёслолын үеэр импортлох бараа өсөх учраас долларын ханш чангарчихаж байна. Эрэлт нь ихэссэн болохоор. Одоо долларын эрэлт суларсан гэдэг нь импортын хэмжээ багассантай холбоотой. Манайх улирлын эдийн засагтай орон шүү дээ. Удахгүй барилга, газар тариалангийн салбар идэвхжинэ. Энэ үед импортын барааны эрэлт өсөөд ирэнгүүт тэрийг нь худалдаж авахад зориулагдах долларын эрэлт нэмэгдэж, ханш нь чангарна. Доллар, төгрөгийн ханш бол эдийн засгийн халууны шил гэсэн үг.

-Төлбөрийн тэнцэл өмнөх оны энэ үеэс 66.2 сая ам.долларын ашигтай гарсан гэж Засгийн газраас зарласан. Цаашид хэрхэх бол?

-Энэ бол Монгол Улсын мөнгөн урсгалын тайлан. Монгол Улсад хэдэн төгрөг хаанаас орж ирэв, хаашаа гарч байна гэдгийг харуулдаг үзүүлэлт л дээ. Төгрөгийн урсгал зардал дээр экспорт, импортын хэмжээ гарч ирдэг. Тэгэхээр экспортоор орж ирж байгаа мөнгө нь дотогшоо орж ирж байгаа үед нэмэхээр тэмдэглэгдэнэ. Импортод төлбөр төлж байгаа үед мөнгөн урсгал нь Монголоос гарч байгаа учраас төлбөрийн тэнцэл дээр хасахаар тэмдэглэгддэг. Энэ хоёрын зөрөөнөөс урсгал дансны үлдэгдэл нь тодорхойлогддог. Манай экспорт нэмэгдээд Монгол руу орж ирэх долларын хэмжээ өсөөд, импортод төлөх төлбөр нь багасаад ирэх юм бол гадаад худалдааны төлбөрийн тэнцэл эерэг гардаг. Гэхдээ урсгал зардлаас гадна үндсэн хөрөнгийн данс гэж бий. Үүгээр санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагаа тэмдэглэгдээд явдаг. Хэрвээ Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм бол энэ тэмдэглэгээ нэмэгдэнэ. Харин гадны орны хувьцаа, бондыг манай талаас худалдан авбал хасах тэмдэгээр мөнгөн дүнгнь тэмдэглэх жишээтэй. Урсгал данс болон хөрөнгийн данс хоёр нь гадаад худалдааны төлбөрийн балансыг тэнцүүлж явдаг хоорондоо уялдаа холбоотой байдаг юм. Тийм болохоор гадаад худалдааны төлбөрийн тэнцэл эерэг гарлаа гэдэг нь Монгол Улсад долларын нөөц нэмэгдлээ гэсэн эерэг мэдээ л дээ.

Импортоор оруулж ирж байгаа бараагаа цөөлөх юм уу, орлох барааг Монголдоо үйлдвэрлэх, эскпортод бараа их гаргах бодлого нь үе үеийн Засгийн газар болгоны тавьдаг ба эдийн засгийн бодлого дандаа энэ рүү чиглэдэг шүү.

-Төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 620 тэрбумаар буурсан гэв үү. Цаашид валютын ханш суларвал төгрөгийн хадгаламж нэмэгдэх боломжтой юу. Ер нь хадгаламж буурахын эерэг болон сул тал юу вэ?

-Хадгаламж багасч байгаа нь эдийн засаг сэргээд, бизнест мөнгө эргэлдээд эхэлсний дохио юм. Хий дэмий мөнгөө хадгалж байхаар эргэлтэд оруулахаар мөнгөө татаж авч байна шүү дээ. Төгрөгийн хадгаламж багасаад долларын хадгаламж нэмэгдээд байх юм бол хүмүүс эрсдэлээ хамгаалахын тулд төгрөгөө валют болгоод байгаа хэрэг. Одоогийн байдлаар долларын хадгаламж ч бас нэмэгдээгүй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үг, үзэл бодлоо ил гаргасны төлөө шоронд хийх нь ардчилал биш DNN.mn

Ардчиллын амин сүнс нь айдасгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Манай улсын хувьд тэртээх 30 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжихдээ хүний эрхийн суурь зарчмуудаа Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тодоос тод бичсэн байгаа. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс гадна Монгол Улс нэгдэн орсон олон улсын пактууд нь бидний үг, үзэл бодлоо ямар ч хорио саадгүй түгээх эрхийг давхар хангадаг. Тийм болохоор ардчилсан нийгэмд үг, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш юм. Харамсалтай нь Монгол Улсад энэ эрхээ эдэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дахь хүний эрхийн цөм болсон дээрх заалт ноцтой зөрчигдөх болов. Сүүлийн үед энэ байдал эрс нэмэгдлээ. Ялангуяа нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлсэн хүмүүс ял шийтгэл авах нь ихэсч байна. Энэ нь Монгол Улсыг дэлхий дахинд ардчилалгүй орон гэж харагдуулж байна.

Монголчуудын хэдийнэ мэддэг болсон ойрын жишээ гэвэл “No war”, “Double stan­dart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нар бий. Эрх баригчид, төр засгийн бодлого шийдвэрийг тэд зоригтой шүүмжлэхээс гадна зарим нь дайныг эсэргүүцэж жагссан. Өөрсдийн үг, үзэл бодол, байр сууриа хаана ч, хэзээ ч, хэнээс ч айхгүйгээр ил гарч дуугарсныхаа төлөө эдгээр залуус өнөөдөр ялтан болцгоогоод байна. Тэднийг олон нийт элдвээр хэлж бүр харааж зүхэж байгаа харагддаг. Шоронгийн хаалга татсанд нь баярлаж, бах таваа хангах хүмүүс ч олон байх шиг. Магадгүй тэд муу, муухай хүмүүс байж болно. Хувь хүнийх нь тухайд сайн, муу гээд уралдан шүүх нь огт сонин биш. Харин ардчиллын суурь зарчим болсон үг, үзэл бодлоо илэрхийлэх тэр эрх чөлөө маань тас цохигдож байгаа нь л асуудлын гол юм. Ил гарч, үгээ хэлж, тайван замаар жагсч, төр засагт дуу хоолойгоо хүргэсэн болгоны амыг ингэж үдэж, эрх чөлөөг нь тушаад байхаар дараа нь хэн гарч ирж зүрхлэх юм бэ. Өнөөдөр “No war”, “Double standart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг элдэвлэж байгаа ч маргааш та бүхний эрх зөрчигдөхөд үгээ ил хэлж чадах уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байвч шоронд орно гэсэн айдастаа автаж биеэ нөөнө. Эрх баригчид, засаг төр үүнийг л хүсч байгаа. “Сайтар хэлж байхгүй бол сайн засаг ч ялзарна” гэсэн хэлц үг байдаг. Ялзарсан засаг бол ардчилал биш. Ардчилалтай л биш бол амьдрах арга байдаггүйг бид бэлээхэн харж мэдэж байна.

Ардчилсан нийгэмтэй оронд шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжлээс үл хамаарч хэн боловч үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй. Аливаа асуудалд өөрийн итгэл үнэмшлээр хандаж, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байдаг. Энэ бол олон нийтийн оролцоотой чөлөөт, ардчилсан нийгмийн онцлог, мөн чанар. Ямар нэг хүний дарангуйлалтай хаант засаглал байгаа биш. Гэтэл ард түмний төлөө үг, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шорон руу ачих явдал олширч байгаа нь улам муу засаг тогтохын дохио юм. Уг нь манай улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуульдаа сүрхий тунхагласан байдаг боловч амьдрал дээр эсрэгээрээ болчих гээд байна.

Ардчиллыг өдрөөс өдөрт бүдгэрүүлж, тэрэнд нь ард түмнийг дасгах маягтай бодлогыг энэ засаг төр алхам алхмаар хэрэгжүүлж байх шиг. Тэрийг нь сөрж зогсч чадах хүмүүс бол үгээ хэлж шаардлага тавьж чаддаг ард түмэн юм.

Энэ ард түмнийг өмгөөлөн хамгаалагч нь шударга шүүх мөн. Тэд ухаалаг байж, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиж засаг төрийг дагаж намирдаггүй байхад л болно. Дээрээс нь өөрсдийнхөө үзэмж, эрх баригчдын захиасаар биш, зөвхөн өргөсөн тангарагаа ухамсарлаж хуулийн дагуу асуудалд ханддаг баймаар байна. Хувь хүн үг, үзэл бодлоо нийгэмд илэрхийлэх нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгэмд хүнийг үзэл бодол, гадаад төрхөөр нь ялгаварладаггүй шүү дээ. Тухайн хүн ямар ч үзэл бодолтой байж болдог ийм эрх чөлөөг зөвхөн ардчилал олгодог юм.

Сүүлийн үед хөрш орнууд маань Монголыг үзэл бодлын зөрүүгүй байх ёстой гэж ярих боллоо. Улмаар “Үнэт зүйлийн тухай ойлголтоо ойртуулах хэрэгтэй” гэх зэргээр хөвөнд боосон чулуу шиг үгээр түнших болсон. Анзаараад байхад энэ яриаг эрх баригчид ихэд олзуурхан хэлдэг, ярьдаг боллоо. Энэ нь биднийг нэг хүний дарангуйлалтай, авторитор засаглалтай, өөрсөдтэйгөө адилхан орон байхыг л хэлсэн үг. Түүнээс биш ямар өөрсдийгөө Монголтой адилхан болгохыг л хэлэв гэж. Бидэн шиг хүссэн үедээ төв талбай дээрээ гараад жагсч чаддаг, төр засгаа чөлөөтэй шүүмжилчихдэг, үзэл бодлоо хэзээ ч илэрхийлчихдэг байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Харин өөрсөд шигээ нэг сайн даргатай, тэр даргынхаа үгэнд ордог байхыг л хэлээд байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд ийм зүйл гэж байдаггүй юм. Энэ тухай бид байнга л бичиж ирсэн. Үүнийг олон ч зүйл баталж байгаа. Дайн дажин, өвчин тахал хамгийн тодоор харуулж байна.

Тэгэхээр ардчилсан эрх чөлөөт нийгэмтэй манай оронд ард түмэн нь үгээ хэлдэг байх ёстой. Төр засаг нь иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээгээд авчихдаг байх хэрэгтэй. Харин үг, үзэл бодлоо ил гаргасан болгоныг толгой дараалан шоронд хийгээд байж болохгүй. Тэгвэл энэ чинь ардчилал биш дарангуйлал тогтохын эхлэл шүү гэдгийг дахин, дахин хэлмээр байна.