АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбаттай ярилцлаа.
-Танай намын ҮБХ-ны хуралдааныг тойрсон будилаан ямар учиртай юм бэ. Энэ сарын 28-нд хуралдах хэвээрээ юу?
-АН өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй цорын ганц даргатай. Тэр нь Л.Гантөмөр гэдгийг бүгд мэднэ. Түүнийг намын даргаар сонгогдсоноос хойш нэг ч удаа ҮБХ хуралдаагүй. Үндсэндээ найман сарын хугацаа өнгөрчээ. Уг нь намын дүрэмд заасны дагуу хавар, намартаа нэг, нэг удаа хуралдах ёстой. Бидний зүгээс наймдугаар сарын 28-нд товлосон ҮБХ-ны хурлыг дүрмийн бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай намд өөрсдийгөө ҮБХ-ны дарга гэж нэрлэсэн гурван нөхөр яваад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганбат, Т.Мөнхбаяр нар. Ж.Батсуурийн хувьд Л.Гантөмөр, С.Баярцогт нарыг АН-ын даргад өрсөлдөх үед хуралдсан ҮБХ-г ахалж ажилласан хүн. Гэтэл өөрийгөө одоо болтол ҮБХ-ны дарга хэвээр байгаа гэж ойлгочихоод хурлын тов зарлажээ. Түүнийг ҮБХ-ны даргаар томилсон нэг ч тогтоол, шийдвэр байхгүй. Д.Ганбатын хувьд С.Эрдэнэ дарга байхдаа, харин Т.Мөнхбаярыг Х.Баттулгын тал ҮБХ-ны дарга болгосон байдаг. Ингээд тал, талд АН-ын ҮБХ гурав хуваагдчихаад байгаа юм. Үнэн хэрэгтээ өөрсдийгөө дарга гээд яваад байгаа хүмүүсийн хэн нь ч өнөөдөр хүчин төгөлдөр бус. Тиймээс гаргасан тогтоол шийдвэрүүд нь ч хүчингүй гэж ойлгож болно. Ер нь бол наймдугаар сарын 28-нд ҮБХ-г хуралдуулах нь зөв. Энэ хурлаар намынхаа бүтэц, Дүрмийн хороо, ҮБХ-ны даргын асуудлаа ярих ёстой.
-Хурлыг намын дарга зарлаж болно биз дээ?
-АН-ын дүрэмд ҮБХ-ны хурлыг зарлах эрхтэй гурван субъект бий. Намын дарга, ҮБХ-ны дарга, Улс төрийн зөвлөл ҮБХ-ны ээлжит хурлыг товлож болно гээд намын дүрмээр баталгаажуулсан. Гэтэл одоо ҮБХ нь гурван даргатай, тэр нь маргаантай байгаа учраас хурлаа зарлаж болохгүй байна. Улс төрийн зөвлөлийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа 2021 онд дуусаад тарчихсан. Нам үндсэндээ гурван жил орчим маргаантай явж байгаад сая Л.Гантөмөрийг намын даргаар сонгосныг Улсын дээд шүүхэд бүртгэж авсан. АН-ын Үндсэн дүрмийн 5.13.10-т “Намын дарга ҮБХ-ны хурлыг зарлах эрхтэй” гэж тов тодорхой бичсэн байгаа. Одоо ҮБХ-ны хурлыг тойрсон будилаанаас гарах цорын ганц гарц нь намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хурлын товоо зарлах ёстой. Хурлаар ҮБХ-ны даргаа сонгож, томилмоор байна. Тэгэхгүй бол тал, талд хүчин төгөлдөр бус олон дарга ҮБХ-г самрах аюултай.
-Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоод найман сарын нүүр үзлээ. Өдий хүртэл намын бүтэц, зохион байгуулалтаа хийхгүй байгааг та юу гэж харж байна вэ?
-Манай нам өнөөдөр 20-иод клубтэй болчихсон байна. “Хоньчин”, “Анчин”, “Хийморь”, “Шонхор” гээд янз янзын нэртэй байх жишээтэй. Бид клубийн системийг дэмжиж байгаа. Гэхдээ эрх мэдлийн төлөөх клуб байх хэрэггүй. Харин мэргэжлийн клубүүд болох ёстой. Эдийн засгийн, хуульчдын, IT сонирхогчдын гэх зэргээр мэргэжлийн тал руугаа төрөлжөөд явах нь зөв. Тэгэхгүй бол эд нар ҮБХ-ны 300 гишүүнийг арав арваар нь хувааж авчихаад намын даргыг блоклоод байж болохгүй. Клубүүд өөр өөрсдөөсөө АН-ын дэд даргад есөн хүнийг зүтгүүлэх гэж үзсэн. ҮБХ-ны ээлжит хурлаас намын дэд дарга нар томилогддог. Намын дарга санал оруулж, ҮБХ батламжилдаг.
Генсекийг хүртэл ҮБХ батламжилна. Гэтэл клубүүд саяхан ҮБХ-г хуралдуулахгүйгээр дэд дарга, генсекийг батлах гэж оролдсон. Бид энэ байдлыг эсэргүүцэж, дүрмээ сахихыг хатуу анхааруулж, болиулсан.
-Намын дарга хүчгүй байна уу?
-Одоо Л.Гантөмөр дарга дүрмээ сахих юм бол хамгийн хүчтэй дарга болно. Фракцууд бол тохироод явчихъя гээд байгаа. Тийм зүйл байхгүй ээ. Өнгөрсөн хугацаанд тохирч ирсэн, ах нарынхаа явсан замаар явмааргүй байна. 30 жилийн гашуун түүхийг одоо давтаж болохгүй. Хуучин АН өчнөөн олон фракцтай байлаа. Одоо клуб нэртэй яг ийм зам руу ороод байна. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. АН олон жилийн өмнө фракцгүй нам боллоо гэж зарлаж байсан шүү дээ. Тиймээс одоо энэ гарч ирж байгаа клубүүдээ мэргэжлийн болооч гэж шахаад байгаа юм.
-АН цаашид яаж шинэчлэгдэх ёстой вэ?
-Бидний залуус нам доторх асуудлаа нээлттэй, ил тод ярьж эхэлье гэж байгаа юм. Тэгэхгүй АН өнгөрсөн 30 жилд Ардын намыг дагаж, тэдний системийн дагуу явж ирлээ. Манай намын дэргэдэх эмэгтэйчүүдийн болон залуучуудын байгууллага, ахмадын хороо зэрэг нь ч гэсэн коммунист,ояг коммунист намын загвар. Одоо энэ гурван байгууллагыг ҮБХ-гоороо татан буулгая. Цашдаа АН-ын залуучууд эрх баригчидтай ил гарч тэмцэхээ больё гэж байгаа юм. Бид хүний гэрийг цэвэрлэх гээд 30 жил тэмцсэн байна. Өөрсдөө гэр оронгүй байж шүү. Шударга үнэний төлөө дуугарсан манай намын олон сайхан залуус хохирлоо. Иймд гудамжинд тэмцэхээ болиод институцийн эсрэг институци гаргаж ажиллах нь зөв юм байна. Намд муу түүхтэй улсуудыг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Тэдэнд улс төрийн дэмжлэг ч үзүүлэхгүй гэж ярьж байгаа. Жишээлбэл, одоо Женкогийнхан урьд нь С.Эрдэнэтэй ажиллаж байсан Одбаярыг захиалаад байгаа юм. Энэ нөхөр өмнө Кёкшүюзантай 600 сая төгрөгийн асуудал үүсгэсэн, маш муу түүхтэй. Гэтэл нөгөө 17 тэрбумын Г.Дэнзэн хүртэл манай намын Сургалт, судалгааны газрын дарга болчихлоо. Ийм байж болохгүй. АН өөрөө шинэчлэгдэхгүй бол нийгмийг яаж шинэчлэх юм. Үндсэн дүрмээ сахиж чадахгүй бол эндээс гарсан Их хурлын гишүүд нь яаж хууль сахин биелүүлэх юм бэ. Өөрсдөө үлгэрлэл манлайлал нь байхгүй болчихоод байгаа юм. Энэ зэрэг асуудлаа ҮБХ-ны хуралдаан дээр ярья. Л.Гантөмөр даргыг дүрмээ сахь гэж бид маш хатуу шаардаж байгаа.
Ер нь АН шинэчлэгдье гэвэл Ардын намыг дагасан бүтцээ эвдэх ёстой. Энэ бол асар их мөнгө уудаг, нүсэр уламжлал, коммунист дарангуйлсан намын бүтэц. Тэгэхээр одоо бид цомхон, хүчтэй, клубүүдийн хэмжээнд ажиллая. Цаашид Ардын намын бүтцээр яваад байвал АН эргээд харахад коммунист нам болчих гээд байна. Эргэн сануулахад манай намыг 2008 оноос Н.Алтанхуяг долоон жил удирдаж ирсэн. Энэ хугацаанд АН яг социол демократ коммунист нам болчихсон. Яг л Ардын намын системээр ажилладаг маш хүнд аппараттай. Тэрийгээ тэжээхийн тулд том компаниуд, мөнгөтэй хүмүүсээс ивээн тэтгэлэг авдаг. Ингээд авсан мөнгөнийхөө оронд эздийг нь сонгуульд нэр дэвшүүлдэг. Сүүлийн арван жил манай нам өөрийн гэсэн байргүй байлаа. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт намын байраа хулхидуулчихсан. Ийм маягаар бид өөрсдийн өмчөө хамгаалж чадахгүй байж яаж нийт ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж чадах юм бэ.
-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Танай нам хурдан цэгцэндээ орох ёстой юм биш үү?
-Наймхан сарын дараа сонгууль болох гэж байна. Л.Гантөмөр даргад “Бүтцээ цомхон болгоод ажиллачих, дэд дарга нар хэрэггүй ээ. Сонгуулийн штаб байгуулаад яв. Сонгуулийнхаа ерөнхий менежерийг баталчих” гэдэг шаардлагыг тавиад байгаа юм. Тэгэхгүй бол намын дэд дарга тавингуут эхлээд ажлын өрөө, сандал, ширээ нэхнэ. Намын даргыг байнга дагаж явна гэнэ. Ингээд хэрүүл маргаан нь бүр ч ихэснэ. Дарга гэхээрээ хүнээр хүндлүүлэх гээд коммунист систем бий болчихоод байна шүү дээ. Менежер гэдэг чинь өөрөө ажил хийх ёстой хүн гэж ойлгох байхгүй юу. Тэгэхээр фракцуудаас дэд дарга болохоор ирж байгаа хүмүүсээ авчих аа. Есөн хүн ирвэл бүгдийг нь менежер гээд нэрлэчих. Тэднийг ажлаар шахахад юу ч хийж чадахгүй. Хаяад хаяад алга болчихно. АН өнгөрсөн гурван жил дотроо учраа олохгүй, Ардын намтай маргалдаад явж байхад манай намаас сайд болж байсан хүмүүс хаана байв. Манай намаас гишүүн болж, албан тушаалд очиж байсан хүмүүс үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө гарч ирж, гудамжинд жагссан бил үү. Сүүлийн зургаа, долоон жил хэн ч байгаагүй. Өнөөх Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ, Х.Алтанхуяг, Энхбат, Хажидмаа гээд манай хэдэн залуучууд л гудамжинд гарч ирж тэмцдэг байлаа. Эрх баригчдын эсрэг тэмцсэнийхээ төлөө хоригдож, цахим гав зүүсэн байна. Манай намаас албан тушаалд очсон хүмүүс “Энэ хэд яах вэ тэмцэгчид. Бид бодлого тодорхойлогчид” гээд дээр суугаад байдаг. Тэгвэл бид одооноос Ардын намтай хийх тэмцлийн үйл ажиллагааг зогсоож байгаа. Харин намаа цэвэрлэнэ. Нам доторх жоомоо шатаана. Биднийг ингээд ярихаар зарим нь “Та нар жоомоо шатаах гэж байгаад гэрээ шатаачихав” гэж даапаалдаг. Үнэндээ одоо бидэнд гэр алга. Аль хэдийнэ Худалдаа хөгжлийн банк залилаад авчихсан. Гэргүй хүмүүс чинь хаана цуглах юм. Хаана бодлогоо ярих юм бэ. Тийм болохоор манай намын архив, түүх, музей гээд үнэт зүйлс маань тоногдоод дуусчихсан. АН-ынхаа өмч хөрөнгүүдийг тонодог бүлэглэл бий. Намаа тонодог хүмүүс төрд гараад эх орноо л тононо. Тэгэхээр АН цаашид авлига, албан тушаалын хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээсэн хүмүүсийг намын удирдлагад дахиж ажиллуулахгүй гэдэг зарчим баримтлах ёстой. Цоо шинэ 126 хүнийг нэр дэвшүүлж гаргаж ирэх хэрэгтэй байна. Одоо УИХ-д сууж байгаа АН-ын арван гишүүнийг жагсаалтад оруулахгүй байх. Энэ болгоныг ҮБХ-ны хуралдаан дээр ярина. Энэ хурлыг маргаангүй болгохын тулд Ж.Батсуурийн тушаалыг Л.Гантөмөр дарга өөрөө хүчингүй гэж тооцоод албажуулмаар байна.