Categories
мэдээ нийгэм

Эдийн засагчдын КАПИТАЛ ФОРУМ байгуулагдлаа DNN.mn

Эдийн засгийн бодлогын КАПИТАЛ ФОРУМ байгуулагдав. Форумын хэлбэрээр байгуулагдсан тус байгууллага нь чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эдийн засгийн бодлогын зөвлөмж боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Тус форумыг үүсгэн байгуулагчид нь өндөр хөгжилтэй барууны орнуудад эдийн засгийн болон төрийн удирдлагын боловсрол эзэмшсэн, санхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын чиглэлээр өндөр мэргэшсэн, гадаадын улс оронд болон Монголын эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллагуудад удирдах ажил хийж байсан туршлагатай залуус юм.

Тус форумын үүсгэн байгуулагчид КАПИТАЛ ФОРУМын зорилгыг тодорхойлохдоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилд суурилсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөнийг дэмжсэн бодлого боловсруулах, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүтээмжийг дэмжсэн технологи нутагшуулах бодлого боловсруулах гэж тодорхойлж байна. Мөн тус форум нь Ардчилсан намын бодлого боловсруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах бөгөөд улс төрийн фракц, клуб биш гэдгийг онцоллоо.

Капитал форумын үүсгэн байгуулагчид

  • М.Чимэддорж, Оксфордын их сургуулийн магистр, АНын Улс Төрийн Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн бодлогын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай
  • А.Батпүрэв, Сиднейн Их сургуулийн магистр, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн их сургуулийн доктрант, санхүү хөрөнгө оруулалтын салбарт 15 жилийн туршлагатай Ашид Ассет Менежмент компанийн үүсгэн байгуулагч
  • П.Батхишиг, Манчестерийн их сургуулийн магистр, Шунхлай компанийн гүйцэтгэх захирал зэрэг бизнесийн салбарт 15 жил ажиллаж байсан туршлагатай
  • Б.Баяртбилэг, Английн Империал Коллежийн магистр, Голомт банкны зээлийн газрын захирал зэрэг банк санхүүгийн салбарт 15 жил ажилласан туршлагатай.
  • М.Сугар Оксфордын их сургуулийн магистр, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн зөвлөхөөр 15 жил ажилласан туршлагатай, АНын гадаад харилцааны газрын дарга,
  • Г.Ганбат, Сассекксийн их сургуулийн магистр, UCL –ийн мэдээллийн доктрант, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай
  • О.Энхтайван, АНУын Гэгээн Петрийн их суруулийг төгссөн, Голдман Сакс зэрэг санхүү хөрөнгө оруулалтын салбарт 10 жилийн туршлагатай

КАПИТАЛ ФОРУМ –ын үүсгэн байгуулагч Баяртбилэг, О.Энхтайван, Ганбат нар АНд гишүүнээр элсэж, АНын дарга Л.Гантөмөрөөс намын батлахаа гардаж авсан байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батбаатар: Эрх чөлөөний тухай хуулийг ирэх сонгуульд барьж орно DNN.mn

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ИЗНН-ын X Их хурлаар таныг намын даргаар сонголоо. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх таныг ИЗНН-ын даргад бүртгэхээс татгалзсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай намын Үндэсний хурал 2023 оны зургадугаар сарын 5-нд хуралдсан. Энэ үеэр ИЗНН-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхуяг намын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ингэж хүсэлтээ гаргасан тохиолдолд Үндэсний хороо намын даргыг чөлөөлнө гэж дүрэмд тодорхой заасан байгаа. Оронд нь шинэ даргаа сонгох эрхтэй. Дээрх их хурлаар намын даргаар миний бие сонгогдсон. Ингээд Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Ер нь Дээд шүүх бол аливаа улс төрийн намыг бүртгэгч байгууллага. Тэрнээс манай намын даргыг томилохгүй. Энгийндээ бид бичиг цаасаа хүргүүлэхэд Дээд шүүхээс ганц л тайлбар өгсөн. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдрийн уг албан бичигт “Танай нам Их хурлаа найман жил хуралдуулаагүй байна. Их хурлаа хуралдуулж, бүтцийн зохицуулалт хийхгүй бол бүрэн эрх нь эргэлзээтэй байдалд орж байна” гэсэн. Энэ дагуу манай намын Үндэсний хороо наймдугаар сарын 5-нд хуралдаж Их хурлынхаа товыг зарласан. Ингээд есдүгээр сарын 9-ний өдөр ИЗНН-ын X Их хурал боллоо. Энэ хурлаар миний бие намын даргаар сонгогдсон байгаа.

-Сая их хурлаараа намын дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаж хийв?

-Мэдээж их хурлаар намын бодлого зорилгоо, тодорхойлохоос гадна намын даргын сонгууль явагдсан. Хоёр хүн өрсөлдөж, нууц санал хураалтаар миний бие ИЗНН-ын даргаар сонгогдсон байгаа. Мөн намын Үндэсний хороогоо баталсан. Намын хяналтын зөвлөлийг дүрмийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар дотоод зохион байгуулалтаа шийдсэн.

-Одоо таныг ИЗНН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүх хүлээж авна биз дээ?

-Дээд шүүхийн шаардлагыг манайх бүрэн хангасан. Тийм болохоор одоо бүртгэх байлгүй дээ.

-Танай нам ирэх сонгуульд ямар бодлоготой оролцох вэ?

-ИЗНН цаашид ямар бодлого баримталж, ямар хөгжлийн бодлого зорьж тэмүүлэх вэ гэдгээ сая намын X их хурлаараа ярилцаж шийдсэн. Дэлхийд ногоон соёл иргэншлийг хэдэн мянган жил тасралтгүй тээж ирсэн орон Монголоос өөр байхгүй. Тэгэхээр энэ ногоон соёл иргэншлийн асуудлыг төрийн бодлого болгох ёстой. Манай улс масс үйлдвэрлэлтээр, инноваци, сансрын технологийн үйлдвэрлэлээр дэлхийн улс гүрнүүдтэй, тэр дундаа хоёр том хөрштэйгээ өрсөлдөх боломжгүй. Тээвэр, дэд бүтэц, ажиллах хүчин, эрчим хүч, үйлдвэрлэлийн орчин гээд энэ бүх зүйлээрээ дэлхийд өрсөлдөхөд үнэхээр амаргүй. Тиймээс ногоон соёл иргэншлийн санаачлагаар дэлхий дахинд гаръя. Ингэж чадвал Монгол Улс хөгжилд хүрэхэд нэлээд том түлхэц болох юм. ИЗНН ногоон хөгжилд хүрэх замыг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Мөн эрх чөлөөний тухай асуудал байна. Өнөөдөр манай улсад хүний эрх, эрх чөлөө алдагдаад байгааг бүгд ярьж байна. Шударга ёс байхгүйгээс эрх чөлөө алдагдлаа. Иймд ИЗНН ирэх сонгуульд Эрх чөлөөний тухай хуулийг барьж орно. Эрх чөлөөний хууль тодорхой суурь бүлгүүдтэй байх юм. Нэгдүгээрт, санхүүгийн эрх чөлөөг хэрхэн бий болгох юм бэ. Шийдэл нь, Засгийн газар төрийн өмчит компани байгуулаад иргэдтэйгээ өрсөлддөг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт ашгийн төлөөх нэг ширхэг ч бизнес байх ёсгүй гэдэг бодлогыг бид гаргаж ирсэн. Засгийн газар бол иргэдтэйгээ өрсөлддөггүй, иргэдээсээ булаадаггүй, харин иргэдээ дэмждэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүмүүс харьцангуй ойлгож байгаа. Энэ эрх чөлөө Монголд маш төвөгтэй байдалд орчихсон. Гуравдугаарт, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө, хөрс, агаарын бохирдол гээд энэ бүх зүйл хүн, байгалийн хамтдаа амьдарч оршин тогтнох тэр эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна. Засгийн газар, төр иргэдээ хамгаалуулах, өмгөөлүүлэх, дэмжүүлэх эрх чөлөөг нь эдлүүлэх тэр зорилгоор ажилладаг болох ёстой. Дөрөвдүгээрт, дарангуйллын буюу чиг хандлагын, ялгаварлан гадуурхахын эсрэг ажиллах ёстой. Тавдугаарт, мэдээж ард түмэн амьдрах, боловсрох, хөдөлмөрлөх мэдэх эрхтэй байх ёстой. Тухайлбал, иргэдээ мэдэх эрхээр нь яаж хангах юм бэ гэдгийг тодорхой болгох нь зөв. Хамгийн чухал зүйл бол сонгох, сонгогдох, туурга тусгаар улсын иргэн байх эрх чөлөөний тухай асуудлыг бид намын их хурлаараа ярилцсан. Бид туурга тусгаар Монгол Улсын иргэд гээд ярьж байна. Гэтэл гурав, дөрвөн зуун мянган иргэд маань дэлхийн 70 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Энэ нь Монголын хүн амын өсөлтөд зайлшгүй нөлөөлнө. Том зургаараа Монголын баялаг бүтээгчдийн маш том орон зай Монголоос гараад явчихжээ. Өнөөдөр ч гэсэн ЭСЯ-уудад виз мэдүүлж байгаа монголчуудын оочер тасрахгүй байна. Ямар нэгэн аргаар тухайн улсад ажиллах, сурах, аялах хэлбэрээр виз аваад гадаадад очиж амьдрах иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Эрх чөлөө, ногоон соёл иргэншлээс гадна эдийн засгийн загваруудыг өөрчлөх ёстой.

-Манай улсад эдийн засгийн ямар загвар тохиромжтой юм бэ?

-ДНБ-ийг өсгөх тухай зорилт тавиад байгаа. Сүүлийн 70 жилийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад ДНБ өсөөд байдаг. Бодит амьдрал дээр иргэд нь ямар байна вэ. Хүртээмжтэй, хүрэлцээтэй байх дугуй буюу тойргийн эдийн засгийн асуудлыг гаргаж тавих цаг нь болсон. Урьд нь явж ирсэн хандлагаар нийгмийн амьдралын түвшин хоёр хуваагдчихсан. Хэт ядуу эсвэл хэт баян байна. Үүнээс болж дундаж давхарга байхгүй болдог. Тэгэхээр ИЗНН-ын тавьж байгаа бас нэг гол зорилт бол дундаж давхаргыг бий болгох юм. Манай нам ДНБ-ий хэмжээг өсгөхөөс илүү бүх иргэдэд хүртээмжтэй, хүрэлцээтэй байх тэр эдийн засгийн загварыг боловсруулан бодлогоо болгож сонгуульд орно. Дээр нь жендер, залуусын асуудлыг ч гэсэн нэлээд ярьж байгаа. ИЗНН-ын X их хурлаар тунхаг бичиг гаргасан байгаа. Удахгүй олон нийтэд хүргэх болно.

-ҮХӨ, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг шинэ батлагдсан хуулиуд ирэх сонгуульд эрх баригч намаас бусад намуудад ямар боломж олгож байна вэ?

-Үндсэн хуулинд бид засвар оруулах замаар биш, тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гээд хүн болгон яриад байна. Тогтолцооны өөрчлөлтийн хувьд бид арай өөр чиг хандлагатай байгаа. Жишээлбэл, өнөөдөр тогтолцоог бүтээгчид тогтолцооны өөрчлөлтийг ярьж байгаа. Тогтолцооноос шимэгчлэн амьдрагсад энэ тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр тогтолцоонд далд, шимэгчлэн амьдрах орон зайгаа нэмэх гэсэн тийм өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцнэ. Тэгэхээр ИЗНН-ын хувьд тогтолцооны томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Ний нуугүй хэлье л дээ. Монголын улс төрийн бүх намуудыг татан буулгах шаардлага ч үүсчихсэн байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн бүх намуудыг татан буулгахад хулгайч нь хулгайчтайгаа нийлж нам байгуулна. Харин эрүүл хэсэг нь хулгайчтай нийлж нам байгуулахгүй шүү дээ. ИЗНН бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 78 тойрогт, 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн нэр дэвшүүлэх байх. Ингэхдээ бид ард түмний тайз байх болно. Салбар, салбараа мэддэг хүлээн зөвшөөрөгдсөн тэр бүх хүмүүсийн төрийн эрх барих тайз нь ИЗНН байя. Одоо өнгөрсөн цаг хугацааны буюу 100, 30 жилийн дурсамж ярьдаг биш. Ирээдүйн 20, 30 жилийн дараахь цонхны цаанаас модон чихэр долоолгодог биш. Өчигдөрт хүндэтгэлтэй өнөөдрийг бүтээе. Өнөөдөр зөв бүтсэн бол маргаашийн суурь болж чадна.

-Ирэх сонгуульд намууд 60-100 мянган хүнээс санал авч гарч ирнэ. Ийм боломж жижиг намуудад байгаа юм уу?

-Ер нь сонгогчид хэдэн хувьтай оролцохоос хамаарна. Мундаг боломж биш. Өөрсдөө үнэхээр намын хэмжээнд институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс л шалтгаална байх. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй. “Энэ бол бидний боломж юм байна. Дээр нь гишүүн болчих юм байна” гээд хараад эхлэх юм бол жижиг гэж хэлээд байгаа намуудад ямар ч амжилт гаргах боломжгүй. Бүгдээрээ нам болохын төлөө, олон түмний нам байхын төлөө ажиллах ёстой. Тэгэхээр сонгуулийн өмнө тодорхой хэмжээнд намуудын нэгдэл явагдана гэж харж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Уламбаяр: Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшилж байна DNN.mn

Монгол Улсын гадаад харилцааны асуудлаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Та Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын асуудлаар судалгаа хийдэг хүн. Энэхүү бодлогын түүхэн үндсийн талаар яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь ХХ зууны туршид Монголын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн төлөө явуулсан тэмцлийн түүхэн сургамж, туршлагатай нягт холбогддог. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараах үеэс Монголын удирдагчид хоёр хөршөөс гадна гуравдагч гүрнүүд буюу өрнөдийн орнуудтай харилцаа холбоо тогтоохыг чинхүү эрмэлзэж байсан. Энэ нь гадаад улс төр, эдийн засгийн бодлогын чухал чиг шугам байжээ. Юуны өмнө өрнөдийн гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр орнуудтай худалдааны харилцаа холбоо тогтоох замаар түүнийгээ бататгах үндэсний ашиг сонирхол хийгээд үндэсний аюулгүй байдалтай ямагт холбогдож байжээ. Гол нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж, монголчуудын тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх хүчин чармайлт ХХ зууны туршид үргэлжилсэн байдаг. Туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улсын өмнөд хөрштэй харилцаагаа тогтоон хөгжүүлэх үйл явц ялангуяа тус улсын XX зууны эхэн хагасын гадаад харилцаа, дипломатын түүхэн дэх хамгийн ярвиг төвөгтэй асуудал байв.

Үүнд саад болж байсан хүчин зүйлүүдийн гол учир нь Монгол-Оросын харилцаан дахь Хятад, Орос-Хятадын харилцаан дахь Монгол, Монгол-Хятадын харилцаан дахь Орос гэхчлэн харилцан хамааралтай байв. Гэвч ялгаатай эрх ашиг, сонирхол хосолсон “стратегийн гурвалжин” бий болсон явдал юм. Энэхүү эрх ашиг, сонирхол нь нэгдүгээрт, хэзээ ч Хятадын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй туурга тусгаар Монгол Улсын хууль ёсны бүрэн эрхт байр суурь. Хоёрдугаарт, Монголыг халхавч, бамбай байлгах гэсэн Хаант Орос, дараа нь ЗСБНХУ-ын баримталж ирсэн өвөрмөц геополитик. Гуравдугаарт, Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж үзэж байсан өмнөд хөршийн илэрхий бусармаг байр суурь, явуулга байв. Энэхүү гурвалжинд Японы хүчин зүйл тодорхой байр суурь эзэлж байсан. Дээр дурдсан гурвалжинд нөлөө үзүүлж байсан голлох оролцогч нь АНУ байжээ. Холбоотон гурван гүрний Ялтын бага хурлын үеэр байгуулагдсан болзолт хэлэлцээрт заасан БНМАУ-ын status quo”-г их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн заалтыг Дунд иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгт АНУ шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Монголын тусгаар тогтнол сэргээн тунхагласны дараа 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Гадаад явдлын яамнаас нот бичиг үйлдэн Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг есөн гүрэнд илгээжээ. Нот бичигт: “…дурдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, … харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн саналыг дэвшүүлсэн байгаа юм. Энэ нот бичиг Монгол Улсаас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсны анхны баримт бичиг байв. Нэг сарын дараа Богд хаанаас хичээнгүйлэн Франц, Англи, Герман, Бельги, Голланд зэрэг таван улсын эзэн хааны амгаланг эрж, үүрд сайнаар найрамдахыг хүссэн албан бичгийг Бээжин дэх ЭСЯ-дад тухайлан илгээж байж. 1914 онд Монгол Улсын Гадаад явдлын яамнаас Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ-дад дипломат нот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх шинэ оролдлогыг үргэлжлүүлэн хийж байсан. Монгол Улсын Засгийн газар гуравдагч гүрнүүдтэй харилцаа тогтоож, тусламж авах талаар Япон улсад ихээхэн найдвар тавьж байв. Тиймээс Монгол Улсын хаан, Засгийн газраас Японы эзэн хаанд хандсан дипломат ажиллагаа онцгой байр эзэлж байсан түүхтэй.

1921 оны Ардын хувьсгал ялсны дараа ч есдүгээр сард Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны тэргүүн сайд Д.Бодоо Хаалган хотноо Гадаад Монголыг тусгайлан хариуцаж суусан Америкийн анхны суурин консул Самуэл Сокобиныг анх хүлээн авч уулзсан. Ингэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад хандсан нот бичгийг ноён консулд гардуулжээ. Нот бичиг Нью-Йоркт гардаг “The Nation” сэтгүүлийн 1921 оны арваннэгдүгээр сарын 13-ны дугаарт бүрэн эрхээрээ нийтлэгдсэн байдаг. Дээрх хоёр нот бичгийн нийтлэг үзэл санаа нь дипломат харилцаа тогтоох асуудлыг худалдааны харилцааг хөгжүүлэхтэй хамт хөндөн тавьж байсан явдал юм.

-Тэгвэл социализмын үед “гуравдагч хөрш”-тэй ямар түвшинд харьцаж байсан бэ?

-Социализмын үед “гуравдагч хөрш”-ийн бодлого гэж байгаагүй. Тийм шаардлага ч байгаагүй. Бас боломж ч байсангүй. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчим нь социалист интернационализмын зарчим байсан. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь энэ зарчмыг удирдлага болгон ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай бүх талаар ойртон нягтрахад чиглэж байв. Тухайлбал, ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөнийг дэмжих. Ази, Африк, Латин Америкийн чөлөөлөгдсөн орнуудад өрнөж буй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хөхиүлж, эв санааны нэгдэлтэй байх. Тэдгээрээс социалист чиг баримтлалтай орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх. Монгол Улсын капиталист бус хөгжлийн замын туршлагыг түгээн дэлгэрүүлэх. Харин капиталист гүрнүүдтэй зөвхөн энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан ёс төдий харьцаж байсан.

-Өнөөгийн Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын зорилго, мөн чанар ямар үр дүнд хүрч байна вэ. Судлаачийн байр сууринаас саналаа хуваалцахгүй юу?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тэргүүлэх, нээлттэй чиглэл нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх, дагалдах. Далд чиглэл нь зөөлөн тэнцвэржүүлэхүйн бодлого юм. Энэ бол “гуравдагч хөрш”-ийн бодлогын гол хэв шинж л дээ. Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитикийн орчинд “гуравдагч хөрш”-тэй болж, түүний эрх зүйн үндсийг тавьсан гэж үзэж болно. Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшилж байна. Түүнчлэн “гуравдагч хөрш”-ийн бодлогод гарсан шинэ хэлбэр бол Монгол Улс, АНУ, Япон, Монгол Улс, АНУ, БНСУ гэсэн хамтын ажиллагааны шинэ формат буй болж байнгын механизм болон төгөлдөршин хөгжиж байна. Хамтын ажиллагааны уг сурвалж нь нийтлэг хамтын үнэт зүйлс, Монгол Улсын газар зүйн байршил, байгалийн баялгийн шинэ үнэлгээ, ардчиллын зүгт хийсэн ололт юм. Эдийн засгийн үр дүнгээс дурдвал Британи, Австралид бүртгэлтэй Рио Тинто группийн Оюу толгой гүний уурхайн төслийн шинэ дүр төрх, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр босч буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Японы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, АНУ-ын Мянганы сорилтын компакт II гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усыг сайжруулах төсөл, Францын Орaнo группийн хөрөнгө оруултаар Зөөвч-Овоон ураны хүдрийг уусган баяжуулж, шар нунтаг боловсруулах төсөл, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр, шинэ технологиор 10 аймагт бүтээн байгуулж буй дулааны станц, Европын холбооны Ойн түншлэл хөтөлбөр зэргийг нэрлэж болох байна.

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын ирээдүйн ойрын төлөв ямар байх бол?

-Бусад улс гүрнүүдийн санаачлан хэрэгжүүлж байсан тухайлсан чиг бодлогыг ажиглахад эхлэл, үйл явц, төгсгөл гэсэн үе шатуудыг дамжсан байдаг. Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш”-бодлогыг хэрэгжүүлээд, үр дүнг нь нэгтгэн дүгнээд “хавтаст хэрэг”-ийг нь хаачихад нэн учир дутагдалтай. Монгол Улс хоёр хөрштэйгөө мөнхөд хаяа дэрлэн орших нь тодорхой. Одоогийн үйл явцыг ажиглавал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь урт удаан хугацаанд баримтлах стратегийн зорилт тул залгамж шинжтэй байх ёстой болов уу. Дараагийн ээлжинд Энэтхэг, БНСУ-тай тогтоосон стратегийн түншлэл, Турктэй тогтоосон иж бүрэн түншлэлийн түвшнийг шат ахиулах явдал юм. Brexit-ийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Их Британитай түншлэлийн харилцааны эрх зүйн үндсийг шинээр тогтоох, Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай Канад, Австралийг “гуравдагч хөрш”-д албан ёсоор оруулах хэрэгтэй болов уу.

-Ер нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын сорилт нь юу байв. Хятад, Орос хоёр хөрш хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна. Өргөн утгаар нь хэлбэл, “шинэ хүйтэн дайн” бодит зүйл болсон. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тухайд хоёр хөршийн судлаачид ямар байр суурь, хандлагатай байна гэдэг анхаарал татсан нэн чухаг асуудал мөн. Өмнөд, Умард хөршүүд албан ёсны түвшинд дурдсан асуудалд тааламжгүй эсвэл бүр сөрөг байр суурь албан ёсоор илэрхийлж байгаагүй ч, олон улсын харилцаа, геополитик, стратеги судлаачид олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж ирсэн. Хятадын албан ёсны төв хэвлэлүүдэд гарч буй өгүүллүүдэд Монгол Улсыг “жинхэнэ хөрш”-үүдтэйгээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн чухлыг “зөвлөж”, зарим тохиолдолд “сургах”, тэгээд “найрсаг сөргөлдөөн” байж болохгүй хэмээн бичиж буй нь ажиглагддаг. ОХУ-ын судлаачид Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь утоп буюу үл гүйцэлдэх үзэл бодол хэмээн бичиж, зарчимдаа тавласан шинж байдал ажиглагддаг. Сүүлийн үед хоёр хөрш болон “гуравдагч хөрш”-үүдийн хоорондын геополитикийн зөрчилдөөн гүнзгийрч буй үед хөрш орнуудын шүүмжлэл хоёрдугаар сувгийн түвшнээс 1.5 дугаар сувгийн түвшинд шилжих төлөвтэй байна. Энэ нь анхаарах асуудал мөн.

-Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн, айлчлалын үр өгөөжийг хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улс 2004, 2005 онд АНУ-тай “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэл”, 2018 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”, 2019 онд “Хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа Стратегийн түншлэл”-ийн эрх зүйн үндсийг тавьж, ямагт ахиц дэвшилттэй хөгжиж ирсэн байдаг. Өнгөрсөн сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Монгол Улс, АНУ-ын хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан Мэдэгдэл”, “Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурсан. Миний харж буйгаар хоёр орны харилцааны түвшин “Стратегийн түншлэл”-ээс шат ахиж “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д шилжсэн гэж дүгнэх гээд байгаа юм. Олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Үүнтэй холбогдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ, “Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар иргэд хоорондын улам олон солилцоог хөнгөвчлөх, илүү олон зочинтой болох, илүү олон жуулчин, илүү олон оюутан, илүү олон бизнесийн удирдагчид нааш цааш явах болно. Эдийн засгийн Замын зураглал нь цэвэр эрчим хүчний шилжилтийн тухай, тэр дундаа чухал ашигт малтмалын талаарх худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улам бэхжүүлнэ” гэсэн байна. Мөн дижитал эдийн засгийг хамтран хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын тухайд хамтын ажиллагааны шинэ зорилт тусгагдсан.

-Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн, Гэгээн хутагт Францисын Монгол Улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлал амжилттай өндөрлөв. Олон ач холбогдлыг дахин давтахгүйгээр нэг зүйлийг онцолбол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар Төрийн ордны “Их Монгол” танхимд хэлсэн үгэндээ хоёр орны харилцааны үндэс суурь 777 жилийн өмнө тавигдсаныг чухалчлан тэмдэглэсэн. Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийснээр 1.3 тэрбум хүн ам бүхий католик ертөнц төдийгүй дэлхий дахинд Монгол Улсыг шинээр таниулсан нь мөнгөөр хэмжиж үл болох үнэ цэнэ юм. Нөгөө талд Монгол Улс, ард түмний энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, ардчилал, оюун санаа, шашны эрх чөлөөг дэмжсэн бодлогын тод илрэл болов. Энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан хуудсаар бичигдэн үлдэж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар хийлгэмээргүй байна DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн салбар туйлын ядуу байна. Дийлэнх нь цалингаа тавьж хүчрэхээ байлаа. Бүхэл бүтэн зургаа, долоон сар цалингийн бараа хараагүй хэвлэлүүдийн тоо нэмэгдэх болов. Тэд эхнээсээ дампуурлаа зарлаад, хаалгаа барьж байна. Монголын хэвлэлийн салбар ийм ядуу дорой болсон дүр зураг саяхных. Энэ нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу фэйсбүүк, твиттертэй шууд холбоотой. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгийг тэд хуу хамдаг боллоо. Төр, хувийн хэвшил, бизнесийнхэн гээд цөм фэйсбүүк, твиттер хуудастай. Тэрүүгээрээ бүх төрлийн сурталчилгаагаа цацаж байна. Цаанаа асар өндөр төлбөр төлдөг. Сурталчилгааны төрөл нь олон янз. Фэйсбүүкээр зөвхөн бүүст хийхэд 1-1000 ам.долларын ханштай. Тухайн бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг 250 хүртэлх хүнд харуулъя гэвэл нэг ам.долларын өртөгтэй. Харин 50150 мянган хүнд хүргэх юм бол 1000 ам.доллар төлнө. Хугацааны хувьд 114 хоногийн сонголттой. Охин компаниудтай үндэсний хэмжээний аж ахуйн нэгж дээр жишээ аваад үзье л дээ. Ноос, ноолуур, архи, пиво гээд салбар болгон нь бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд гадаадын хэвлэлд мөнгө төлж байна. Монголчууддаа төдийгүй гадаад зах зээл рүү чиглэсэн сонголттой сурталчилгааг зөвхөн фэйсбүүкээр явуулахад зардал нь зуу, зуун саяар тоологдож байх жишээтэй. Бидний сайн мэдэх “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”, “АПУ”, “Таван богд” гээд бүгд фэйсбүүк, твиттерт мөнгө төлж пиараа “даатгадаг”. “Тамгагүй төр” жүжиг дэлхийн тайзан дээр гарах хүртлээ сошиалаар ямар их шуугиуллаа даа. Тэр болгонд бид гадагшаа асар их мөнгөө алдаж байна гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд 180 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик тоо байна. Тэдэн дунд фэйсбүүк, твиттерээр сурталчилгаагаа явуулдаггүй байгууллага нэг ширхэг ч байхгүй гээд бод доо. Бүгд их, бага гэлтгүй гадны хэвлэлд мөнгөө төлөөд өөрсдийгөө сурталчилж байна. Гадагшаа гүйж байгаа энэ их мөнгө үнэхээр хайран байна. Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгө гадны хэвлэлийн халаас руу урсдаг боллоо. Фэйсбүүк, Твиттерийн эзэд бол дэлхийн топ баячуудын жагсаалтыг тэргүүлдэг тэрбумтнууд. Элон Маскийн хөрөнгө гэхэд 187 тэрбумаар тоологдоно. Өнгөрсөн жил дэлхийн тэргүүн баянаар цоллогдсон. Тэгвэл М.Цукерберг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.

Өнөөдөр бид сошиалд их хэмжээний мөнгө зарцуулж, эздийнх нь дансыг ийм зузаан болтол нь хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талд Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой сошиалын хор нөлөөг хүмүүс огт анзаардаггүй. Тэр бол төрийн сонгууль юм. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг твиттер, фэйсбүүк ашиглан гаднаас удирддаг болсон. Шуудхан хэлэхэд, монгол төрийн сонгуулийг троллууд явуулж байна. Манай улсад 2.4 сая цахим хаяг бүртгэлтэй байдаг юм билээ. Нэг сая нь хуурамч буюу албан ёсны эзэнгүй. Үүний 400 мянга нь гадаадад байдаг гэж судалгааны байгууллагаас танилцуулж байсан. Тэгэхээр тролл армиуд хилийн чанадаас монгол төрийн хувь заяаг өлхөн шийдчихэж байна. Харин Монголд байдаг тэр олон зуун мянган сошиал хаяг хэдхэн хүний гарт байдаг гэх юм билээ. Энэ салбарынхны ярьж байгаагаар нэг хүний ард хэд бол хэдэн мянган хуурамч хаяг үүсэх боломжтой. Үүнийг хиймэл оюун ухаан төвөггүйхэн биелүүлдэг байна. Монгол хүнтэй төстэй царайтай зураг дэлхийн хаанаас ч олоод шинэ хаяг нээчихнэ. Дэлгэцийн цаанаас команд өгөхөд сонгуульд нэр дэвшигчийг яаж л бол яаж мандуулж бас дэвсэлж чадах аж. Жишээлбэл, нэр дэвшигч Доржийг сонгуульд ялуулахад ядах юмгүй. Түүний талаарх мэдээлэл бүрийг сошиалаас шүүж гаргаж ирэнгүүтээ коммент хэсэгт нь “долоох” түлхүүр үгийг сануулахад хангалттай. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар троллууд хоногийн 24 цагийн турш тасралтгүй Доржийн талаар эерэг мэдээлэл түгээнэ гэсэн үг. Ингээд бодохоор сошиалаар бидний тархийг яаж угаадаг нь харагдаж байгаа биз. Ерөнхийдөө сошиал хаягуудын харьяаллыг харахад андашгүй. Ард нь хуруу дарам цөөхөн хүн сууж байдаг. “Сонгуульд аль намын хэнийг дэмжих үү” гэдэг нь ийм хэдхэн хүний гарт орчихсон. Үзэл суртлын шинжтэй. Үр дүн нь ард түмний санал худлаа шахам. Тиймээс захын хүн “76-г буудаж алъя” гээд байгаа юм. Үүнийг хаацайлахын тулд “Сонгуулийн ирц хангалтгүй байна” гээд мажоритар тогтолцоо руу хамаг бурууг чихдэг. Энэ нь ч үнэний ортой. Гол нь сонгогчдын тархийг сошиалаар угаачихаад байгаа юм. Сонгуульд саналыг нь өгүүлэхгүй байх санаатай. Харин саналаа өгсөн хүмүүсийг нь буруу тал руу залчихаад байна. Энэ бол монгол төрийн сонгуулийг сошиал атгачихсаны тод хэлбэр. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний амьдралд ингэж л нөлөөлж байна. Харь орны нэг компанийн эзэмшилд байгаа сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой. Тийм болохоор сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах ёстой.

Үүнийг “Өдрийн сонин” хэдэнтээ хөндөж байна. Дахиад л хэлье. “Хэдүүлээ улс төрийн сонгуулиа дотоодынхоо хэвлэл мэдээллээр явуулъя. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон заалт Сонгуулийн хуульдаа оруулаад өгөөч” гэж өчнөөн бичсэн дээ. Улстөрчдөд шаардах хуудас хүртэл хүргүүлсэн. Харамсалтай нь хэн ч тоогоогүй. Хамгийн хачирхалтай нь хэвлэлүүд маань ер ойшоосонгүй. Эрхбиш хэвлэл мэдээллийн эзэд нь уншсан л баймаар юм. Даанч ган гэж дуугараагүй. Аргагүй биз дээ. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч нар хүний хөрөнгөн дээр байдаг улс. Өөрсдөө хангалттай цалинтай болохоор хүчлээгүй байж болно. Ядахдаа дагасан хэдэн сэтгүүлчдээ боддоггүй юм уу. Ний нуугүй хэлье. Улс төрийн сонгууль гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд алтан боломж. Дөрвөн жилд нэг удаа мөнгө олдог үе. Бодит үнэнийг худлаа нэрэлхэж нууцгаагаад яахав. Хэвлэл мэдээлэл хариуцдаг хүн бүхэн мэдэж байгаа. Улс төрийн сонгуулиар таван цаас олно доо гээд итгэл дүүрэн хүлээдэг. Энэ бол буруу зүйл биш. Хэний ч мэдэхгүй нэр дэвшигчдийг ард түмэнд таниулж өгөөд ажлынхаа хөлсийг авч байна. Гэтэл дотооддоо үлдэх боломжтой тэр их мөнгө гадаадын хэвлэл мэдээлэл рүү явчихаад байгааг бид бичсэн. Хэрэв хуульд дээрх заалтыг оруулсан бол хэдэн сэтгүүлчид чинь мөнгөтэй болох байсан шүү, хэвлэлийн эзэд ээ. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ асуудлыг дахин цааш нь идэвхийлэн авч хөөцөлдмөөр байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын арилжааны телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо болон хэвлэлийн байгууллагуудын удирдлагууд та бүхэн анхаарч үзээрэй. “Сонгуулийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулна” гэсэн заалт хуульд ороод ирвэл Монголын хэдэн сонин, телевиз, сайтууд сэпхийгээд өндийчихнө дөө. Том зургаараа Монгол Улсын тусгаар тогтнол бэхжинэ. Бодит байдал дээр энэ хэдэн хэвлэл мэдээллийнхэн чинь мөнгөтэй хүний төлөө юугаа ч барьж идэхэд бэлэн болоод байна. “Сэтгүүлчид мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй” гэж олон нийт биднийг дүгнэдэг. Явж, явж хэвлэл мэдээллийг дагасан хэл амтай бүх л асуудал мөнгөтэй холбогддог. Хэрэв гадны хэвлэлүүдэд цацаад байгаа тэрбумаар яригдах мөнгө дотооддоо үлдвэл эдийн засагтаа ч нэмэртэй. Наанадаж муу хэлүүлээд байгаа хэвлэлүүд чинь мөнгөтэй болгоны төлөө гүйгээд байхгүй. Реклам сурталчилгаа ахиухан байсан хуучин цагт хэвлэл, мэдээллийн салбар тийм л байсан шүү.

Аливаа улсын хэвлэл мэдээлэл гадаадын сошиал сүлжээний платформын гарт шилжиж байгааг өндөр хөгжилтэй, ардчилсан улсууд цохон тэмдэглэж байна. Үүний тод жишээ бол Монгол. Тэгэхээр зарим улс орнууд дотооддын хэвлэл мэдээллийн салбараа гадаадын сошиал нөлөөнөөс хуулиараа хамгаалдаг жишээ олон. Тухайлбал, Солонгос байна. Тус улсын төрийн өмчит компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах хуулийн зохицуулалттай. Хөгжсөн орнууд зах зээлээ ингэж л хамгаалж байна. Харин манайх эсрэгээрээ хэдэн хэвлэлүүдээ боомилсон хуультай. Тэгэхээр бид дотоодын сошиал сүлжээтэй болмоор байна. Энэ тухай Монгол HD телевизийн захирал залуу жиргэсэн харагдана лээ. Үнэхээр зөв санаа. Гэхдээ сонгуулиас өмнө амжихгүй байх л даа. Ер нь Монголын бүх мөнгө фэйсбүүк, твиттер гэсэн гадны хоёр байгууллагаар урсаж гарч байгааг ухаарах цаг хэдийнэ болжээ.

Categories
нийгэм улс-төр

Л.Оюун-Эрдэнэ чадаж байна DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун гурван аймагт ажиллаад иржээ. Ард иргэдийнхээ үгийг сонсож, ахуй амьдралтай нь танилцаж, сум орон нутгийн болохгүй бүтэхгүйтэй нь хамт хөгжил дэвшлийг нь ч нүдээр үзээд ирсэн нь сайн хэрэг. Сонгууль ойртоод хөдөө гадаагүй “гүйж” байна гэх шүүмжийг зарим хүн нийгмийн сүлжээнд бичсэн харагдана лээ. Тийм ч биз, үгүй ч биз.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л ярьсан авлига, хээл хахууль, шударга бус зүйлтэй хийх тэмцлээ Ерөнхий сайд болсноосоо хойш эрчимжүүлэхдээ олон ч бүлэглэл, эрх ашгийн уур бухимдлыг асааж, тэр хэрээр “гал”-ыг өөр дээрээ дуудлаа.

Хөдөөд ч хөндлөнгөөс иргэд ингэж дүгнэж буй.

Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр ч томоохон жагсаал болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагах гэхээсээ илүү төрийн бүх шатанд ажлаа хийж, нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг зад татах ёстойг жагсагчид шаардаж байв. Шударга ёсыг нэхэж Ерөнхий сайдаа “шахсан” л даа. Тэр бүхэнд мань эр асуудлыг намжааж, аргалах төдийхнөөр өнгөрөөлгүй, харин шууд нүүр тулчихсан. Манайд урьд нь нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд, нэг ч УИХ-ын дарга ингэж ордноос жагсагчид руу гарч ирж байгаагүй. Хүмүүст содон сонин л санагдсан. Ерөнхий сайд Төрийн ордноос гарч ирж жагсагчидтай уулзаад дараа дараагийн шийдлээ ярилцаад асуудлыг олон ургальч байдлаар шийдэж байв.

“Ерөнхий сайд болсноосоо хойш ард иргэдээ сонсолгүй “вакумжиж” байгаад сонгууль дөхөөд ирэхээр орон нутаг руу “гүйдэлтэй” болж байна” гэдэг шүүмж сошиалд саяхан мэр сэр харагдсан. Энэ тийм ч оносон дүгнэлт биш байх. Өнгөрсөн жил ч Ерөнхий сайд Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажилласныг санаж байна. Тухайн үедээ мөн л болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг нь шийдэх гэж иргэдийн үгийг сонсоод явж байсан. Сая Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллахдаа ямар ч байсан тухайн орон нутгийн иргэдийн үгийг тэвчээртэй сонсчээ. Зарим аймгийн уулзалт найман цаг үргэлжилсэн байна.

Говь-Алтайд 40 гаруй, Ховдод 50 шахам, Увсад 50 гаруй хүн Ерөнхий сайдад хандаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, зарим нь аймаг орон нутгийн удирдлагуудынхаа талаар бодит байдлыг ярьж, зарим нь улс төрийн, хувийн, бизнесийн шалтгаанаар зохион байгуулалттайгаар аймгийнхаа даргыгаа “матаж” хүртэл үзсэн байна. Нэг нь нөгөөгөө балбадаг, ялангуяа хөдөөгүүр бол байдаг л нэг улс төржилт мэт боловч Монголд хоцрогдсон л арга л даа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн талцал намчирхалаас илүүтэй асуудлыг том зургаар нь харахыг уулзалт бүхэн дээр хэлж явжээ. Харин болохгүй бүтэхгүй байгаа, шийдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах саналыг нь иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлсэн байна. Нэг талаараа шинэ жишиг. Хэзээ байтлаа ирэх жилийн төсөв батлахын өмнө Ерөнхий сайд нь гүйж очоод саналыг нь авдаг байлаа. Энэхүү зөв жишиг нэг талаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой.

Нөгөө талдаа асуудлаас зугтаадаггүй, ажлыг тойруулдаггүй хувь улстөрчийнх нь онцлог харагдаад байгаа юм. Ийм чанар уг нь улстөрч бүхэнд байх учиртай. Л.Оюун-Эрдэнэ улс төрд орж ирэхдээ ч, Ерөнхий сайд болохдоо ч “тэмцэгч” гэдгээрээ л танигдсан. Тэгвэл түүний Засгийн газрын явуулж буй шударга бустай тэмцэх 5Ш ажиллагааг баруун гурван аймгийнхан битүү дэмжсэн байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргийг иргэд сайшааж, төрийн албаны хүнд суртал, газар олголт, тендер зэрэгт 5Ш ажиллагаа ихээхэн нэмэр болох учраас шударга бустай эвлэрч болохгүйг иргэд Ерөнхий сайдад хэлжээ.

Засгийн газраас хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт шилжиж амьдрах иргэдэд таатай нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ мэтчилэн нэг газарт бөөгнөрөх бус орон нутагт ч аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээ Л.Оюун-Эрдэнэ уулзалт бүрдээ мэдэгджээ.

Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг дагуулан 21 аймгаа тойрч, иргэдийнхээ үгийг сонсож, асуудлыг шийдэх гэж байгаа төлөвлөсөн нь шулуухан хэлэхэд таалагдаж байна. Ялангуяа ирэх оны төсвийг удахгүй парламентаар хэлэлцэхийн өмнө, цаг үеэ мэдэрсэн чухал ажил гээд хэлчихмээр байна. Ер нь аливааг аргалж өнгөрөөдөггүй, асуудал бүхэнтэй нүүр тулдаг улстөрч л Монголд хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ чадаж байна. Ингэж гэмээнэ бид улс орны хөгжил дэвшлийн талаар нийтээрээ ярьдаг болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Нэг бараан дээр тав, зургаан удаа НӨАТ нэмж төлөөд хохироод байна DNN.mn

 -ХОЁР ДАХЬ ТҮҮХИЙ ЭД ГАРГААД, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ГЭЖ БАЙСАН МАШ ОЛОН ХҮН АМНАТ-ӨӨС БОЛЖ ДАМПУУРСАН –

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

– Нэг бараан дээр тав, зургаан удаа НӨАТ авдаг талаар бизнес эрхлэгчид ярьж байна. Энэ ямар учиртай юм бэ?

– НӨАТ-ын гол зорилго бол бүртгэлийн систем. Гэтэл нэг бараанаас олон удаа НӨАТ авч байгаа нь дамжлагын будилаан юм.

НӨАТ 2016 оноос хэрэгжсэн. Хууль нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн боловч 20-иод жил гажигтай явж ирсэн. Үндсэндээ унтаа байдалтай байсан НӨАТ-ын системийг ердөө зургаа, долоохон жилийн өмнөөс хөгжүүлж байгаа юм. НӨАТ-ын системийг оруулахгүй байх сонирхолтой мафийн бүлэглэлүүд бий. Эд нараас болж ажил үйлчилгээн дээр НӨАТ-аа хасуулж чаддаггүй. Тэр хэрэглэгч дараагийн хүндээ өгөхдөө албан бус сектор буюу мафийнхны НӨАТ-ыг өөрөө төлөхөөр болчхоод байдаг. Энэ бол том асуудал.

– Манай сонинд ярилцлага өгсөн бизнес эрхлэгч үйлдвэрээс нэг ширхэг нь 500 төгрөгийн үнэтэй гарсан цэвэр ус бөөний дэлгүүр, жижиглэн худалдаа, ресторан, цэнгээний газар хүртэл явахдаа 4,000 төгрөг болж нэмэгддэг. Тэр бүх шат дамжлагад НӨАТ төлж байна гэж байсан?

– Бүртгэл дээр нь такс ажиллаж байгаа. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний эхний суурь 500 төгрөгийн НӨАТ нь үйлдвэр дээрээ бий. Эндээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ тав дамжсан гэж үзье.

Тав дахь хүн дээр очихдоо 4,400 төгрөг болсон бол 500 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүний эцсийн НӨАТ нь шат шатандаа дамжиж нэмэгдсээр байгаад 400 төгрөг болж байна гэсэн үг. Үүнийг эцсийн хэрэглэгч төлж байгаа. Тэгэхээр эцсийн хэрэглэгч гэдэг бол иргэн, аж ахуйн нэгж, төр өөрөө. Ийм дамжлагын будилаан их. Ер нь төр гэж байгаа тохиолдолд татвар бий болгоно.

Татвараа буцаагаад жигд шударгаар төлүүлэх нь төрийн үүрэг. Үүн дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар НӨАТ-ын системийг бий болгож өгсөн. Өнөөдөр 400 мянган кассын машин ажиллаж байна. НӨАТ хэрэгжиж эхэлсэн 2016 оны нэгдүгээр сард 1,600-хан кассын машинтай байсан шүү. Үр дүнд нь Монгол Улс жилдээ 97 их наяд төгрөгийг бүртгэж авч байна.

Энэ бол манай улсын бүх мөнгөний тэмдэглэл. Өнөөдөр бэлэн бус гүйлгээ 99.99 хувь байгаа. 2016 онд энэ тоо ердөө долоохон хувь байлаа. Өнөөдөр ийм ухаалаг системийг бий болгочихсон байхад дараагийн түвшинд ашиглах, НӨАТ өгөхгүй байгаа газруудаас татвараа авах нь төрийн үүрэг.

Эд нар үүргээ биелүүлэхгүй байгаагаас дунд нь ажил үйлчилгээ авагчид, дахиад цааш нь эцсийн хэрэглэгчид өгч байгаа субъект хохироод байгаа юм. Ялангуяа барилгын салбар дээр НӨАТ-ын шат шатны дамжлага тэр аяараа нэмэгддэг. Бригад гээд маш олон ажил хийгээд явчихдаг. Дараа нь тэрнийхээ НӨАТ-ыг, нийгмийн даатгалыг ч авч чаддаггүй. Эцсийн дүнд захиалга өгсөн эзэд хохирч байгаа юм.

– Энэ байдлыг яаж арилгах вэ?

– Уучлаарай, НӨАТ-ын систем бол таван жил супер ажилласан. Дараагийн түвшинд хэрхэн шударга тал руугаа хандуулах вэ гэдэг асуудал бий. Ингэхийн тулд өнөөдөр иргэнд олгодог НӨАТ-ын 20 хувийг 70, 80, 100 хувь хүртэл буцааж өгч болно. Жишээлбэл барилгын салбарын хар мөнгийг илрүүлье гэвэл орон сууц худалдаж авсан иргэнд НӨАТ-ыг 100 хувь буцааж олгох хэрэгтэй.

Хэрэв мөнгөний урсгалыг гадагшаа шилжүүлье гэвэл Улаанбаатараас гадна ажил үйлчилгээ авсан тохиолдолд НӨАТ-ын 70 хувийг буцааж өгч болно. Тэгэхээр НӨАТ чинь бүртгэлээс гадна мөнгөний урсгал, хар зах зээлийг илрүүлдэг механизм. Үүнийг голд нь философи талыг нь харж чадахгүй гацаачихаад байна л даа. Тиймээс нэг бараан дээр НӨАТ-ыг тав, зургаан удаа нэмж төлөөд, хохироод байна.

барилгын салбарын хар мөнгийг илрүүлье гэвэл орон сууц худалдаж авсан иргэнд НӨАТ-ыг 100 хувь буцааж олгох хэрэгтэй

Ний нуугүй хэлэхэд, улаанбуудайн дээр манайхан хууль гаргадаг. Гурил, махан дээр НӨАТ тэглэлээ гээд хааяа цаг үеийн шинжтэй шийдвэр гаргаж ирсэн жишээ байна. Гэхдээ тэр системээр НӨАТ-ыг эхнээс нь эцсийн хэрэглэгч хүртэл дуустал нь чөлөөлдөггүйгээс болж гажиг үүсдэг. Гурилын тухайд НӨАТ-аас чөлөөллөө гэсэн боловч худлаа байдаг. Яагаад гэвэл үйлдвэр дээр очих НӨАТ-ыг чөлөөлөөгүй. Тиймээс талхан дээрх НӨАТ чөлөөлөгдөхгүй. Тэгэхээр чинь үйлдвэрлэгч хохирчхож байна. Max бэлтгэлийн хувьд манай улс жилдээ нэг их наяд төгрөгийг эргэлдүүлдэг.

Max, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд дээр жишээ авъя л даа. Хуульдаа малчнаас махаа авбал НӨАТ-ын арван хувь шингэсэн гэж үзээд цаашаа нэмээд явах ёстой. Тэгэхээр хуульдаа махны дундын гол нийлүүлэгчид буюу ченжүүдийг оруулаагүйн улмаас дахиад л нөгөө гажиг үүсчихдэг. Махны үйлдвэр дээр малчнаас очиж авах үнэхээр боломж байхгүй. Нөгөө муу хэлүүлж чичлүүлдэг ченжүүд нь авчирч өгдөг.

Гэтэл ченжээс нь авахдаа НӨАТ-ыг тооцохгүй гэхээр энэ чинь өөрөө гамшиг болчхож байгаа юм. Дээр нь сонгодог утгаараа яг орлогоос авдаг татвар бол хамгийн харгис татвар. Монгол Улсын хэмжээнд НӨАТ байна. Тухайн аж ахуйн нэгжийн орлого арван сая байвал шууд нэг сая төгрөгийг нь татвар гээд автоматаар авчихна.

Нөгөөх нь АМНАТ байна. Энэ хоёр татварыг орлогоос авдаг. Тэгэхээр орлогоос авдаг татварыг аль болох тэг рүү барих сонирхол капиталист нийгэмд их байдаг. Харин манайд эсрэгээрээ байна. НӨАТ-ыг төгөлдөржүүлэх ажил гацчихсан учраас буцаагаад дундын гажгууд гарч ирээд байгаа юм. Үүний тулд Сангийн яам, Татварын ерөнхий газрууд унтаа байдлаасаа сэрж, ажиллах хэрэгтэй.

– ААНОАТ улсын төсөвт том орон зайтай байх ёстой. Гэтэл тэр нь өчүүхэн. Аж ахуйн нэгжүүд нь ашиггүй ажиллаад татвар бүрдүүлдэггүй учраас төр засаг НӨАТ, нийгмийн даатгал хоёрын мөнгөөр төсвөө бүрдүүлдэг. Хөгжсөн нийгэмд ямар байдаг юм бэ?

-ААНОАТ шатлалтай болчихсон. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь ААНОАТ-ынхаа 90 хувийг буцааж авч байгаа. Иймэрхүү таатай шатлалууд гарчихсан. Үүнийгээ НӨАТ-тайгаа хавсраад аятай шийдэл гаргах байтал НӨАТ нь түрүүлээд явчихсан.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нягтлан бодох бүртгэлийн хуулиуд нь орж ирсэн. Дээрээс нь КОВИД ч таарсан. 2016 онд хийгдсэн татварын системийн шинэ өөрчлөлтийн 2020 оны дараах үр дүнг бол бид олж харж чадахгүй байгаа шүү.

Манай улс бага татвартай улс шиг харагддаг. Арав, арван хувь гээд, салгаад үзвэл үнэхээр бага гэнэ. Харин бүгдийг нь нийлүүлээд харахаар хөгжилд хүрсэн орнуудын авч байгаа 30 хувийн татвараас өндөр болчихдог

Гэхдээ КОВИД-ын хоёр жилд ААНОАТ-ыг хүмүүс гомдоллоогүй. Яагаад гэвэл 99 хувь нь жишиг татвар руу орчихсон. КОВИД-ын жилүүдэд татварын орлого дандаа биелж байсан гол үр дүн бол НӨАТ-ын бүртгэлийн систем юм.

Дайны үед ч бай, КОВИД-ын үед ч тэр татварын орлого тасраагүй. Дандаа давж биелсэн. Одоо энэ давж биелж байгаа тохиолдолд дараагийн татваруудаа ААНОАТ, ХХОАТ ч юм уу, дээр нь даатгалын системээ засах ёстой. КОВИД-оор даатгалын систем социализмаараа ямар ч ажиллах чадваргүй байсныг бүгд харсан. Даатгалыг системийнх нь хувьд засах ёстой. Тэр ажил одоо хийгдэхгүй байна л даа.

Өндөр хөгжилтэй орнууд дээр хэлсэнчлэн орлогоос авдаг харгис татварыг аль болох нэг рүү тэмүүлэх сонирхолтой. Жишээлбэл АНУ, Япон байна. Хэрэв орлогоос шууд авдаг татвар өндөр байх юм бол ХХОАТ-ыг тэг рүү тэмүүлэх ёстой. Энэ хоёр орлогыг зөрүүлдэг. Манай улс бага татвартай улс шиг харагддаг. Арав, арван хувь гээд, салгаад үзвэл үнэхээр бага гэнэ. Харин бүгдийг нь нийлүүлээд харахаар хөгжилд хүрсэн орнуудын авч байгаа 30 хувийн татвараас өндөр болчихдог.

Хоёрдугаарт, НӨАТ гэдэг бол эцсийн хэрэглэгч төлж байгаа татвар. Манай 1.2 сая иргэн хөдөлмөр эрхлээд дунджаар 12-13 их наяд төгрөгийг цалингийнхаа фонд болгож улс даяар авдаг. Үүний 3-4 их наяд нь төрийн албан хаагчдын цалин. Энэ нь ХХОАТ, бүх даатгалаа төлчихсөн дүн.

Ингээд гар дээр үлдэж байгаа цэвэр мөнгөөрөө дэлгүүрээс худалдан авалт хийж, үйлчилгээ авахдаа дахиад НӨАТ-ын 10 хувь төлдөг. Нэг ёсондоо бүх татвар, даатгалаа төлчхөөд дахиад татвар төлж байгаа нь үнэхээр харгис. Тиймээс ухаантай төр бол нөгөө татвараа арван хувь авсан бол үүнийгээ нэг рүү аваачих ёстой. Тиймээс НӨАТ-ын 20 хувь буцааж байгаа дүнгээ 70, 80 болгох ёстой.

– АМНАТ бас аж ахуйн нэгжүүдэд их том дарамт болж байна. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-АМНАТ, НӨАТ хоёрыг орлогоос авах нь төрийн хувьд хамгийн амар ажил. Тухайн аж ахуйн нэгж 100 сая төгрөгийн орлого олонгуут НӨАТ авчихдаг. АМНАТ-ийн хувьд уул уурхайн салбарын дараагийн үйлдвэрлэлд маш том гай болж байгаа. Хоёр дахь түүхий эд гаргаад, үйлдвэрлэл эрхлэх гэж байсан маш олон хүн АМНАТ-өөс болж дампуурсан. Тэгэхээр шороогоо дараагийн ээлжид бүтээгдэхүүн болгоё гэвэл АМНАТ-ийн асуудлыг шийдэх л ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрын бүтцээр ажиллана DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын Улс төрийн зөвлөл(УТЗ)-ийн гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Танай намын ҮБХ саяхан хуралдаж, удирдлагуудаа томиллоо. 2017 оноос хойш эрх зүйн чадамжгүй явж ирсэн УТЗ албан ёсоор байгуулагдлаа. ҮБХ-ны гишүүдийн тоо 504 боллоо. Намын аппаратын шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Ардчилсан нам 2022 оны гуравдугаар сард их хурлаа хуралдуулсан. Энэ үеэр Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхээр батлуулсан. Уг дүрмийн хүрээнд АН-ын ҮБХ-ны хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдлаа. Ээлжит бус энэхүү хуралдаанаар ҮБХ-ны 504 гишүүнийг хүлээн зөвшөөрөх, намын удирдлагуудыг томилох, УТЗ-ийг байгуулах асуудлуудыг авч хэлэлцсэн.

Ингээд АН цоо шинэ бүтэц, зохион байгуулалтад орлоо. Манай нам өмнөхөөсөө юугаараа ялгагдаж байгаа юм бэ гэвэл өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хуультай уялдуулаад ҮБХ-ны гишүүдийнхээ тоог өргөжүүлсэн. ҮБХ-ны хурлаар АН-ын дарга Л.Гантөмөрийн санал болгосон нэрсийн дагуу намын дэд дарга нарыг сонгосон. Дээр нь УТЗ-ийн 22 гишүүнийг бас сонголоо. Энэ эрх АН-ын шинэ дүрмээр зөвхөн намын даргад хадгалагддаг. Намын даргын санал болгосончлон удирдлагын багт орж ажиллах хүмүүсийг ҮБХ-оор томилдог.

АН-ын шинэ дүрмийн дагуу УИХ, Засгийн газар, хууль тогтоох байгууллага гэсэн Үндсэн хуулийн гурван гол субъекттэй адилхан бүтэцтэй гэж ойлгож болно. Нэг ёсондоо хууль тогтоох дээд байгууллага бол ҮБХ. Харин гүйцэтгэх засаглал нь УТЗ. Тэгвэл хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны бүтэц нь Үндсэн дүрмийн хороо.

-УТЗ яагаад заавал 22 хүнтэй байгаа юм бэ. Энэ тоо өөрчлөгдөх үү?

-Засгийн газрын бүтэц 22 яамтай байгаа шүү дээ. Тэр утгаараа намын дарга УТЗ-д 22 гишүүнийг санал болгосон. Дээр нь АН-ын дэд дарга нар болон бүлгийн дарга орно. Ингээд УТЗ маань 30 гаруй хүнтэй болж өргөжинө. Энэ бол АН-ын удирдлагын баг.

Компанийн засаглалаар аваад үзэхэд АН-ын УТЗ нь ТУЗ гэсэн үг үү. Ер нь бол ТУЗ бүх шийдвэрийг гаргадаг. Гүйцэтгэх засаглал тэдний шийдвэрийг дагадаг шүү дээ. Тэгвэл АН-ын УТЗ-ийн дарга С.Баярцогт шууд утгаараа Л.Гантөмөрийг удирдах юм уу?

-Өмнө С.Эрдэнийг дарга байхад АН-ыг хүмүүс их шүүмжилдэг байсан. “Нэг хүний толгойгоор намыг бүрэн хяналтад удирдаад байна” гэж бид хүртэл маргалддаг байсан. Тэгэхээр энэ удаагийн томилгоо бол намын дүрмээр хамтын удирдлагын зарчим гэдэг шинэ ухагдахуун гаргаж ирж байгаа. Намын дарга ганцаараа шийдвэр гаргадаг байсан үе ард үлдсэн. Удирдлагын баг буюу компанийн засаглалын хэлбэрээр олон хүний дунд асуудлыг ярьж, бодлогын шийдвэрүүдийг гаргаж, харилцан ойлголцъё. Энэ дундаасаа зөв шийдвэрүүдийг гаргая. Гаргаж байгаа шийдвэрийнхээ эцсийн үр дүнд багаараа хариуцлага хүлээдэг зарчим руу шилжиж байгаа хэлбэр.

АН-ын тэргүүн дэд дарга бөгөөд УТЗ-ийн дарга гэдэг бүтцийг шинэ дүрмээрээ бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, АН нь намын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нартай байж болно гэсэн заалттай. Тэр утгаараа намын дарга өөрөө УТЗ-ийг тэргүүн дэд даргын хариуцах эрх мэдлийн хүрээнд оруулъя гэсэн чиглэл гаргасан.

-УТЗ-ийн үндсэн чиглэл, үүрэг нь юу вэ?

-Манай намын ҮБХ жилд хоёр удаа албан ёсоор хуралдах Үндсэн дүрмийн заалттай. Албан ёсоор хавар, намартаа хуралдана. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх үеэр АН-ын ҮБХ-ны ээлжит хуралдаан болно. Дараа нь хаврын чуулган хуралдах үеэр бас нэг удаа хуралдана. Энэ завсар ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаас гадна намын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байх үүргийг УТЗ хүлээж байгаа юм. Тэгэхээр онцгой яаралтай, янз бүрийн үед УТЗ хуралдаж шийдвэр гаргаж байх чиглэлтэй. Гэхдээ УТЗ бол намын даргад зөвлөмж, хурлын шийдвэрүүдээ өгнө. Намын дарга тэр чиглэлийн дагуу ажиллана. ҮБХ бол УТЗ-ийг томилдог байгууллага. УТЗ-өөс гаргасан шийдвэр журмуудыг баталгаажуулдаг дээд байгууллага нь ҮБХ хэвээрээ. Нэг ёсондоо хурлын завсарлагаанд цаг үеийн тулгамдсан ажлуудыг УТЗ шийдвэрлэж байх зохицуулалттай.

-Шинэ бүтэц өмнөх УТЗ-өөс ямар ялгаатай юм бол?

-Өмнөх дүрмээрээ УТЗ-д аймаг болгоноос нэг төлөөлөл сонгогддог байсан. Нэг жилийн хугацаатайгаар УТЗ-д гишүүнээр ажилласны дараа эргэлтийн сонгуульд ордог байсан. Харин одоогийн УТЗ тийм биш. Засгийн газрын бүтцээр ажиллана. Өөрөөр хэлбэл, сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрын гишүүдийг УТЗ бүрдүүлж байна гэсэн үг. Намын бодлого шийдвэр, улс орны нийгэм эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг АН хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бодлогыг зангидаж байгаа гол субъект нь УТЗ.

-УТЗ нам доторх ямар нэг бүтэц, албан тушаалын томилгоонд яаж оролцох вэ?

-Зөвлөмж, санал, дэвшүүлэн тавих асуудлыг УТЗ хийж болно. Намын эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь ҮБХ. Сая АН үндсэндээ бүрэн томилгоогоо хийгээд жигдэрчихсэн. Ганцхан ерөнхий нарийн бичгийн даргын асуудал нээлттэй үлдсэн. Дараа нь ҮБХ-оор бид их хурлын бүтэц буюу, байнгын хорооны хурлын түвшний дарга нараа сонгох юм. Дүрмийн дагуу байнгын хороодод хуваагдаж, дотроосоо даргаа сонгох асуудал шийдэгдэнэ.

-Сая хуралдсан ҮБХ-ны хурлыг нээлттэй орхисон. Тэгэхээр генсекийг удахгүй оруулж ирнэ гэсэн хүлээлт намын гишүүдэд байгаа бололтой. Хэзээ оруулж ирэхээр яригдаж байгаа вэ?

-Цаг хугацаа хэлэх боломжгүй. Яагаад гэвэл ҮБХ-ны хурлыг нээлттэй үлдээсэн. Энэ асуудалд нууж хаах асуудал байхгүй байх. Генсек гэдэг бол намын гол аппарат, үндсэн зангилаа асуудлуудыг шийддэг албан тушаал. Тэгэхээр хэн байх вэ гэдгийг нэлээд бодох хэрэгтэй гэж намын дарга үзсэн болов уу. Генсекийг намын дарга оруулна. Тэрнээс хэн нэгэн хүн генсекийн асуудалд заалнаас юм уу хөндлөнгөөс оролцох талаар намын Үндсэн дүрэмд заагаагүй.

-Намын шинэ дүрэмд генсекийн эрх, үүргийн талаар юу гэж заасан байдаг юм бол. Ер нь АН-ын генсекийг МАН-ын Д.Амарбаясгалантай адилтгаж хараад байх шиг. Бүх мөнгө, санхүүд гарын үсэг зурдаг, томилгоонд оролцдог том эрх мэдэлтэй гэж ойлгоод АН-ын генсекийн төлөөх өрсөлдөөн нэлээд эрчимжих маягтай. Бас сүүлийн үед танай намын залуус АН-ын бүтэц яг МАН-ын хуулбар гэж намын шинэчлэлийн талаар дуугарах болжээ. Эдгээр асуудалд таны байр суурийг сонсъё?

-Магадгүй хүмүүсийн нийтлэг хандлага бол АН-ыг МАН-ын бүтэц зохион байгуулалттай ижил юм шиг ойлгоод байх шиг. АН бол МАН-ыг бодоход тэс өөр байгууллага. Яагаад гэвэл АН-ын үзэл санаа, чиг хандлага тэс ондоо. Бид өөрсдийнхөө бүтэц зохион байгуулалтыг яаж хийх нь намын дотоод асуудал. Тиймээс үүн дээр бусадтай адилтгаж, ижилсгэх ойлголт байж боломжгүй санагддаг. Улс төрийн албан тушаалууд нэр томьёоны хувьд ижилхэн байдаг боловч доторх эрхлэх асуудлын хүрээнд янз бүр байхыг үгүйсгэх аргагүй.

-Нийгэмд АН олон дэд дарга томиллоо гэсэн шүүмж бий. Дээрээс нь анхан, дунд шатны томилгоонуудаа яаж хийх вэ?

-Зөвхөн АН-ын дээд бүтцүүдийг бий болгохоос гадна анхан, дунд шатны асуудлууд хүртэл өнөөдөр хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр АН олон газарт зэрэг хүрч, далайцтай бодлого явуулахын тулд өөрийнхөө удирдлагын багийг өргөн утгаар нь байгуулсан гэж бодож байгаа. Энэ бол сонгууль угтсан бэлтгэл ажлыг хангахын тулд олон хүмүүсийг татан оролцуулах бодлого шийдвэрийг тодорхойлно. АН өнөөдөр засгийн эрхэнд үнэмлэхүй цөөнхийг төлөөлж байгаа. Бид өнгөрсөн хугцаанд намынхаа бодлого шийдвэр, цаашдынхаа зорилгыг намын гишүүд болоод ард түмэндээ таниулах мэдүүлэх ажлыг нэлээд бүрэн гүйцэд хийж явж чадаагүй. Тиймээс сонгууль дөхсөн богино хугацаанд тэр дутуугаа гүйцээх зорилгоор энэ улсуудыг тавьж байгаа юм. Бүгдээрээ “Бид хариуцлага үүрье, АН-ын төлөө тэргүүн эгнээнд явъя” гэдэг хүсэл зорилгоо илэрхийлсэн учраас намын дарга эдгээр нэрсийг санал болгосон гэдэгт итгэлтэй байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бодлогыг даян дэлхийд тодотгосон пап Францисын айлчлал DNN.mn

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар анх удаа зочилж буй ноён Францисын энэхүү төрийн айлчлал наймдугаар сарын 31-нээс эхлэв. Айлчлал өнөөдөр өндөрлөнө. Энэ хугацаанд айлчлалын хүрээнд ямар үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэе.

Дэлхий Монголоор амьсгалсан өдрүүд

Ромын пап лам Францисын айлчлалыг сурвалжлахаар 23 орны 150 гаруй сэтгүүлч, зураглаачид манай улсад хүрэлцэн ирлээ. Мөн шашны мяндагтан, албаны төлөөлөгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна. Тусгай үүргийн онгоцоор манай улсад зорин ирсэн пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буунгуут үндэсний дээл, малгай гоёлтой бүсгүй алд цэнхэр хадаг дээр цалин цагаан мөнгөн аягатай ааруул барин тосон авав. идээг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ааруулаас хүртлээ. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, алтан шаргал наран хосолсон уудам Монгол оронд хөл тавьж буйдаа сэтгэл хангалуун байгаа нь түүний инээмсэглэлээс тодорно. Алс холоос айлчлан ирсэн эрхэм хүндэт зочдоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид угтсан. Ватиканаас Улаанбаатар хүртэлх 9200 гаруй км зайтай. Ийм урт нислэг туулж ирсэн их хамба Францис амрахаар онгоцны буудлаас Католик шашны захиргааны байр руу хөдөллөө. Тэнд папыг очиход хүүхдүүдийн цангинасан дуу хуураар хүлээж авав. Мөн сүсэгтэн олон, жирийн иргэд хүртэл католик шашны тэргүүнд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байлаа.

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Францисын айлчлал түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг талууд онцолж байгаа. Улмаар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна манай улсын гуравдагч хөршийн, энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоож байв. Энэ хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Ер нь манай хоёр улс өнө эртний харилцаатайг түүхэн баримт бичгүүд нотолдог. Олон зуун жилийн тэртээ солилцож байсан захидлууд одоо ч гэсэн Гэгээн Ширээт улсын номын сан, архивт хадгалагдаж буй ажээ. Тэгвэл пап Францис энэхүү айлчлал найман зууны алсаас эхтэй харилцаагаа үргэлжүүлж байгаагийн тод илэрхийлэл билээ.

Энэ өдрүүдэд дэлхий тэр чигтээ Монгол Улсаар амьсгалж байна. папын айлчлалын мэдээ орон бүрт эрчимтэй түгж байна. Нэг хүний удирдлагын тогтолцоотой хоёр том гүрний дунд орших эрх чөлөөт ардчилсан Монгол орон олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлого явуулж байгааг дэлхий даяар харж байна.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлалыг албан ёсны үйл ажиллагаа есдүгээр сарын 2-ны бямба гаригт Сүхбаатарын талбайгаас эхлэв. Төв талбайдаа сүр жавхлант хүндэт харуулын цэргүүдээ жагсааж, айлчлан ирсэн хүндэт зочноо угтаж авлаа. Энэхүү төрт ёсны уламжлалыг ойроос үзэж сонирхохоор иргэд, жуулчид, сүсэгтэн олон Сүхбаатарын талбайд хуран цугларсан байлаа. Хоёр улсын төрийн тэргүүнийг эргэж харан мэндчилэхэд иргэд шаагилдан баярлаж, алга ташилтаар талархсанаа илэрхийлж байв.

Төрийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үргэлжлүүлээд тэд ганцаарчилсан уулзалт хийв. Харин албан ёсны уулзалтаараа хоёр орны эртний түүхэн найрсаг харилцааг өргөжүүлэхэд төвлөрлөө. Тухайлбал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотлов. Тэр дундаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон.

Айлчлал хөтөлбөрийн дагуу Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэх ёслолын ажиллагаанд төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөллүүд оролцов. Энэхүү айлчлалд зориулж танхимын тайзыг гантиган цагаан өнгөөр, налуу шаттай засчээ. Ирсэн зочиндоо хүндэтгэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ханджээ.

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тУлгУУрт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж хэлсэн үгийг тоймлоё. Эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг. Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна. Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай” гэв.

Пап Францис: Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их аМар аМгалан” цогцлох болтугай

Пап Францисын хэлсэн үгийг иргэд, олон нийт таатай хүлээж авлаа. Тэрбээр Монгол орон бол хүний эрхийг дээдэлсэн, энх тайван цогцолсон, амар амгалан улс хэмээн хэдэнтээ тэмдэглэв. Ялангуяа яруу найрагчдын шүлгийн мөртөөс эш татаж, хэлсэн үгэндээ шигтгэж байлаа. Тухайлбал, Дорнын их яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай”, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” хэмээх мөртүүдийг онцолсон нь хүн болгоны зүрхэнд тусах шиг болсон. Ингээд Пап Францисын монголчуудад хандсан айлдвараас хүргэж байна. Тэрбээр “Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай. Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужуу бодлогоор хандана гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь Монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.

Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.

Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсч байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амирлуулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа” гэв.

Уих-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүнд бараалхав

Айлчлалын эхний өдөр манай төр, засгийн тэргүүнүүд Пап ламд бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Пап Францист бараалхах үеэрээ энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг онцлов. Улмаар даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэлээ. Мөн, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэв. Хариуд нь Пап Францис Монгол Улсын төр засаг, түүний ард түмэн хүндэтгэлтэй, халуун дотноор бидний айлчлалыг хүлээн авч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм” гэж хэлсэн. Уулзалтын төгсгөл УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пап Францист бараалхах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Ватиканы гэнэтийн бэлэг

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн манай улсад нэгэн ховор бэлэгтэй иржээ. Тэрбээр Гүюг хааны захидлыг өргөн барив. Энэ нь 777 жилийн тэртээ Пап IV Иннокентийн Их хаанд илгээсэн захидлын хариу аж. Уг захидлыг дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар хуулбарласан байна. Пап Францис энэхүү хуулбарыг монголчуудад хүндэтгэлтэйгээр бэлэг болгов. Тэрбээр “Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай” гэв. Манай хоёр улсын харилцаан олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж баримт бичгүүд нотолно. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жил арвыг нь хуулбарлан аваад байгаа юм.

Пап Францисын айлдварыг сонсохоор 3000 гарУй гадаадын жУУлчин, сүсэгтэн олон Монголд иржээ

Манай улсад төрийн айлчлал хийж буй Ромын Пап Францис бямба гаригт хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахил хүртсэн хүмүүстэй уулзлаа. Энэ үеэр Пап монгол гэрт зочилсон юм. Түүнийг Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд залсан Тэнгэрлэг эх Мариагийн баримлыг анх олсон гэх Дархан-Уул аймгийн иргэн өндөр настан Цэцгээ угтан авлаа.

Пап Францис Монгол дахь католик шашны сүсэгтнүүдийн төлөөлөлтэй мэндчилэхдээ монгол ёс уламжлалыг хүндэтгэн цогчин дуганыг нар зөв тойрч морилов. Пап Францисын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гэгээн Ширээт улсын албаны хүмүүсээс гадна Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар Азийн Католик хамба лам нарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж бараалхлаа. Католик шашны их хамба Францистай уулзах энэхүү арга хэмжээнд маш олон хүн оролцов. Папыг сүмд орж ирэнгүүт сүсэгтэн олон түүнд гурван минут тасралтгүй хүндэтгэл үзүүлж, алга ташиж, үнэн сэтгэлээсээ залбирч байлаа. Пап Францис уулзалтын үеэр санваартнууд, сахилт хүмүүст хандаж айлдахдаа “Хүмүүст биечлэн анхаарал тавьж бай. Тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байх ёстой. Сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээний ариун айлчлалын дагуу тууштай байх болтугай” гэв.

Пап Францисын айлдварыг сонсох гэж, бас түүнийг ойроос харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон, жуулчид очсон газарт нь цуглардаг билээ. Тэгвэл Папын айлчлалтай холбоотой 3000 гаруй гадаадын жуулчид, католик шашинтнууд манай улсад зорьж ирсэн байна. Энэ бол албан бус тоо. Пап Францисын манай улсад морилон ирсэн нь Азид хийж буй анхны айлчлал нь. Тиймээс түүний шашины зүтгэлтнүүдтэй хийсэн уулзалтуудад солонгос, хятад, япон хүмүүс түлхүү харагдаж байлаа.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийж буй айлчлалын хоёр дахь өдөр шашин хоорондын уулзалтаар үргэлжлэв. Энэхүү арга хэмжээ өчигдөр “Хүн театр”-т боллоо. Католик шашинтны гэгээн эцэг Пап Францисыг Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хүндэтгэн угтсан юм. Шашин хоорондын уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 12 шашны урсгалын төлөөлөл оролцож үг хэлэв. Уулзалтыг нээж Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц “Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан. Өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд Гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна” гэдгийг онцолж байлаа. Харин Пап Францис шашны төлөөлөлд хандан үг хэлэхдээ “Хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Шашин шүтлэгийн нийтлэг нэг л эрэл хайгуултай” гэж эхлүүлэв. Театр дүүрэн хүн нам гүм гэгч нь Пап ламын үгийг анхааралтай сонсч байлаа. Тэрбээр буддын шашны эртний судар болох “Номын бадаг”-аас эш татаж шашин хоорондын эв зохицлыг онцолж байсан.

Уг уулзалтын дараа “Степп Арена”-д гэгээн мөргөлийн үйл ажиллагаа боллоо. Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэв. Сонирхуулахад, эдгээр шашны арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд оролцоогүй. Зөвхөн Соёлын сайд болон төр, шашны зөвлөхүүд оролцлоо.

Пап Францис өнөөдөр орой Ром хот руугаа буцна. Үдээс өмнө буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлэхээр айлчлалын хөтөлбөрт тусгагджээ. Харин 11:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэх юм байна.

Пап бол дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн. Мөн даян дэлхийд 1.3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Пап Францисын хувьд Гэгээн Ширээт улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа нэгэн. 2013-2023 онд 62 улсад айлчилсан байна. Үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад анх удаа айлчилжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал” сургууль хичээлийн шинэ жилээ арвин амжилтаар угтав DNN.mn

Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн хичээлийн шинэ жил халуун дулаан уур амьсгал, амжилт бүтээлээр дүүрэн эхэллээ. Түүхт 60 жилийнхээ ойтойгоо золгож буй тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд олон хүндтэй зочид уригдан иржээ. Тухайлбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх ноён Жан Ян, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шы Юунг Бин, Цагдаагийн атташе Жи Рэн, Консулын туслах хатагтай Юү Зы Чин, Монгол-Хятад “Найрамдал” сургуулийн захирал асан хатагтай Жиан Шиань Мэй нар оролцов. Тэд нийт багш, ажилтнууд болон сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр “Найрамдал” сургуулийн захирал хатагтай Зан Фэн Ейн хэлэхдээ ”Боловсролын салбарын нийт мэргэжил нэгт багш ажилчдадаа шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэж байна.

No description available.

“Найрамдал” сургууль нь 1964 онд байгуулагдаад өнөөг хүртэл 60 жилийн нүүрийг үзэж байна. Мийний хувьд энэ сургуулийн дөрөв дэх захирал. Манай сургуулийн сургалтын амжилтыг Хилийн чанад дахь Хятад хэлний боловсролын шилдэг сургуулиар үнэлж өргөмжилсөн. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсролын яам олон олон жил манай сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар ирсэн. Манай сургууль тогтмол суурьшсан багш ажилчидтай. Хятад хэлний багш нар маань 10-20 жилийн ажлын туршлагатай. Бүгд Хятад хэлний багшийн мэргэжлийн үнэмлэхтэй. Манай сургуулийн төгсөгчдийн 90 гаруй хувь нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг хүртэж Хятад улсын топ сургуулиудад элсэн суралцдаг. Жишээ нь : Бээжингийн их сургууль, Бээжингийн Чинхуа их сургууль, Шанхай хотын Фүдан их сургууль, Тианжин хотын Нанкай их сургууль гэх мэт. Манай сургууль жил бүр БНХАУ-аас зохион байгуулагддаг олон олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, маш сайн үр дүн үзүүлдэг. Мөн жил бүр бид шилдэг сурагчдаа дагуулан БНХАУ-ын байнгын оршин суугчдын нийгэмлэг болон муж хотуудын нийгэмлэгээс зохион байгуулдаг “Үндэс угсаагаа хайх аялал” өвөл, зуны амралтанд хамрагддаг. Монголдоо бид БНХАУ-ын Элчин сайдын яамнаас санаачилж, МУИС-ийн дэргэдэх Күнзийн инститүтээс хамтран зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, манай сургууль “Шилдэг зохион байгуулагч сургууль”-иар тодордог.

No description available.

Мөн Күнзийн инститүтээс зохион байгуулдаг хятад хэлний түвшин тогтоох болон ярианы шалгалтуудад хамрагдаж 95-аас дээш хувийн сурагчид маань тэнцэж гэрчилгээ авдаг. Манай сургуулийн багш сурагчид мөн Элчин сайдын тэтгэлэг болон Элчин сайдын сургалтын тэтгэлэг хүртсэн. Ирэх жил манай сургуулийн 60 жилийн ой тохиож байна. Нийт үе, үеийн төгсөгчдөө хүрэлцэн ирж хамтдаа 60 жилийн ойгоо тэмдэглэхийг урьж байна. Эцэст нь хэлэхэд бүгдээрээ итгэл сэтгэлээрээ нэгдэж шинэ, шинэ сорилтуудтай нүүр тулж, “Найрамдал” сургуулийн өнөөдөр маргаашийн төлөө хамтдаа хичээцгээе” гэв.
“Найрамал” сургууль нь Олон улсад мөрдөгддөг HSK шалгалтанд сурагчдаа тусгайлан бэлтгэж, БНХАУ-ын их, дээд сургуульд амжилттай элсүүлдэг. Тэр утгаараа Монгол Улс дахь Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай арав гаруй сургуулиас ялгарч, эхний топ гуравт эрэмбэлэгддэг билээ. Монгол-Хятадын “Найрамдал” сургуулиас БНХАУ-н Засгийн газрын тэтгэлгээр сүүлийн таван жилд 100 гаруй хүүхэд тус улсын шилдэг арван их сургуульд элсэн суралцаад байгаа гэнэ. Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын сургалтын тэтгэлэгт жил бүр энэ сургуулийн багш, сурагчид хамрагдсаар ирсэн байна. Өнгөрсөн хавар гэхэд найман багш, 16 сурагч уг тэтгэлэгт багтаж чаджээ. Тэгвэл шинэ хичээлийн жилд тэтгэлэгт шалгаран 3-11 дүгээр ангийн найман сурагч нээлтийн үеэр Элчин сайдын яамны төлөөлөгчдөөс сургалтын төлбөрийн батламжаа гардан авлаа. Үүнээс гадна Бээжин хотын “Гадаадад байнгын оршин суугчдын холбоо”-ноос зохион байгуулдаг ес дэх удаагийн “Уран бичигтэн” зургийн тэмцээнд шилдэг удирдагчаар шалгарсан багш Пи Ли Ли, Гуо Ейн Мэй нар болон тусгай байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм. Мөн БНХАУ-ын Мэдээ, мэдээллийн агентлагаас санаачилдаг Хятад соёлыг таниулах 71 дэх удаагийн тэмцээнд “Найрамдал” сургууль шилдэг зохион байгуулагчаар шалгарсан байна. Тус сургуулийн багш шилдэг удирдагч болж, хэд хэдэн сурагч тусгай байрын шагнал хүртжээ. Тэдэнд бас халуун баяр хүргэж, шагнал гардууллаа. “Найрамдал” сургууль ийнхүү шинэ хичээлийн жилээ эрдэм мэдлэгт түүчээлсэн амжилтаар угтаж байна.
Энэ сургуулийн багш, сурагчид урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй бас авьяастай юм билээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүд, найзууддаа өргөн барьсан урлагийн тоглолт хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, нижгэнэсэн алга ташилт хүртэв. Заал дүүрэн хүмүүст баяр хөөр, бахархал төрүүлсэн сурагчдын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэрүүд Монгол-Хятадын найрамдалт харилцааг улам тод харуулж байлаа. Хоёр улсын хэл соёл, ёс заншлыг ирээдүй хойчдоо таниулж, сургах зорилготой “Найрамдал” сургууль энэ хичээлийн жилд 600 гаруй сурагчид, 50 гаруй багш, ажилчидтай үйл ажиллгаагаа эхэлүүлж байна. Шинээр 100 гаруй бяцхан шавь нараа угтан авсан байна. Багш нарын хувьд тогтвор суурьшилтай ажилладаг болохоор сурагчдын сурлагын амжилтад сайнаар нөлөөлдөгт эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байдаг тухай ярьж байлаа. “Найрамдал” сургуулийн боловсон хүчний хувьд таван хувь нь доктор, профессор, 90 гаруй хувь нь магистр зэрэгтэй гэсэн. Сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг тохилог, тав тухтай, аюулгүй орчинд хүүхдүүд амар тайван сурч боловсорч байна.

 

М.МӨНХ

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үгээ нэгтгэж улс төрийн хамгаалалт хүсч эхэлсэн үү DNN.mn

Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болох байлаа. Уг нь шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тухайн өдөр товлон зарлаад байв. Гэвч хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нь өөр шүүх хуралдаантай давхацсан болохоор хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хэрэг нийгэмд нэлээд өндрөө авсан. Тэгвэл яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар асуудлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

Гадуур хүмүүсийн шуугьж байгаагаар Т.Аюурсайхан “Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэжээ. Б.Ганхуяг нь “Ерөөсөө цаг алдалгүй өнөөдрөөс шүүх хурлаа хиймээр байна” гэсэн санал гаргаж. Өмгөөлөгчид нь хүртэл хэвлэл мэдээллээр дориухан дуугараад эхэлсэн байна. Эндээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өгч байгаа мэдээллүүд агаар нэг байгаа нь харагдаж байна. Тэдний мэдээллээс “Цаг алдалгүй шүүх хурлаа нээлттэйгээр бушуухан эхлүүлье” гэх нэг агуулга уншигдаж байна. Үндсэндээ энэ бол МАН болоод намынхандаа, нүүрсний хэрэгт нэр холбогддог томчуудад өгч байгаа мессеж боллоо. Өнгөц харвал бүгдийг ил хийе, одоо удаан сунжраад яахав гээд байх шиг. Ухаад үзвэл нүүрсний хэрэгт нэр нь холбогдож байсан улстөрчид, сайд дарга нар, МАН-ын хойд, урдах томчуудад бүгдэд нь өгч байгаа сануулга биз ээ. Мэдээж нүүрсний хэрэг анх гарч эхлэхэд нэр холбогдож байсан, одоо УИХ-д суугаа гишүүд, сайд, дарга нар гээд нийт 17 хүнд хаягласан байж таарна. Яг үнэндээ өнөөдөр нүүрсний сонсголыг хийх, хийхгүй, хэрхэн явуулах тухай маргаан МАН-ын Удирдах зөвлөл дээр хүртэл дуулиан, шуугиантай байна. Хэрэв нүүрсний сонсголыг явуулбал, “Намаа хуваана, засаг тарна, сонгуульд ялагдана” гэх энэ нам доторх бужигнаан нийгэмд ил болж эхэллээ. Тэгэхээр энэ сенсаци бол МАН дотроо нэгэнт цоллогдож, нүүрсний хэрэгт нэр холбогдож, гэрэлд цохиулсан 17 хүн дээр тоо нэмэхгүй. Ухаандаа 18, 19, 20 дахь гэсэн этгээд гарч ирүүлэхгүй гэсэн зорилгыг харуулж байна. Хэрэв 17+…гээд зарлагдах юм бол энэ Төрийн ордонд юу ч болж мэдэхээр байна. МАН цагаан байраа ч буулгаж магадгүй. Баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцийн илэрхийлэл ч байж болох юм.