Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Амартүвшин: Либертари нам яаж үзэл санаандаа тууштай байдгийг зааж өгнө DNN.mn

Либертари намын дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө танай нам анхдугаар их хурлаа хийлээ. Энэ хурлаар ямар асуудлууд шийдэв?

-Манай нам анхны хурлаараа намынхаа дүрмийг баталлаа. Туг, далбаа болон намынхаа удирдах багийг сонгож баталгаажуулсан байгаа.

-Ингэхэд Либертари нам ямар бүтэц, зохион байгуулалтаар ажиллах вэ?

– Манай намын бүтэц бол маш цомхон ойлгомжтой, авсаархан. Бага зардалтай бүтэц бий болгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо цөөн. Бидэнд генсек гэж байхгүй. Харин менежэртэй байна. Энэ мэтчилэн манай нам бусад улс төрийн намуудаас ялгарах шинэлэг бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр шиг нүсэр, данхайсан масс гишүүнчлэлийн бүтцээс манай нам татгалзаж байгаа.

-Танай нам ямар бодлого баримтлах вэ?

-Хэт их төвлөрсөн, данхайсан төрийн эрх мэдлийг бид аль болох өөрийнхөө чадах чинээгээр багасгах зорилготой бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хавтгайрсан халамжийг танах ёстой.

Төрөөс бүх төрлийн үнийг хянаж байгаа хяналтуудыг тодорхой шат дараатайгаар байхгүй болгох хэрэгтэй байна. Мөн ард түмний нуруунд хүнд дарамт болж байгаа хэт өндөр татваруудыг аль болох минимум хэмжээнд аваачих бодлого баримтална. Ер нь төрийн данхар бүтцийг хумья гэвэл төрийн албан хаагчдын болон яамдын тоог багасгах зайлшгүй шаардлагатай.

-Либертари нам хэдэн гишүүнтэй вэ. Ямар боловсролтой залуусын нэгдэл болов?

-Манай нам 1050 гишүүнтэй. Гишүүдийн маань 94 хувь нь 18-38 насны залуучууд байгаа. Боловсролын хувьд хувиараа бизнес эрхэлдэг, ажил олгогчид голдуу байна. Бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа залуусаас гадна тодорхой албан тушаал эрхэлдэг, яг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явдаг дундаж давхаргынхан, жирийн иргэд маань ч Либертари намд итгэл үнэмшлээрээ нэгдээд байна.

-Жижиг намуудыг МАН-ын халаасны нам гэж нийгэм шүүмжилдэг тал бий. Ялангуяа сонгуулийн жил ойртсонтой холбоотой улс төрийн намууд шинээр мэндэлж байгаа нь санал хуваах зорилготой гэх нь ч бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой. Өнөөдөр манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй нам байна. Тэгвэл эдгээр намууд сонгуульд санал хуваадаггүй юм уу. Яагаад шинээр байгуулагдсан намууд санал хуваана гэж. Харин ч эсэргээрээ манай нам бол Монголын анхны үзэл санааны нам болох зорилготой. Тэгэхээр санал хуваах, үгүй гэхээсээ илүү нам ер нь ямар байх ёстой юм. Үзэл санаа гэж юу юм. Яаж үзэл санаандаа тууштай байдаг юм бэ гэдгийг зааж өгөхийн тулд бид Либертари намыг байгуулсан юм.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батзориг: Ирэх жилийн төсвийг сонгуульд бэлдсэн данхар дүнтэй төсөөлжээ DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой 2024 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.

-Ирэх оны улсын төсвийг таван их наядаар тэлнэ гэж Сангийн яамнаас танилцуулсан. Эдийн засагчийн хувьд 2024 оны улсын төсвийг том зургаар нь хэрхэн харж байна вэ?

-Нэлээд өөдрөг төсөв болох нь гэж харж байгаа. Төсөв дээр хэд хэдэн ойлголт бий л дээ. Төсвийн төсөөлөл, зарлага, орлого, алдагдал гэх мэт. Төсөөлөл дээрээ эдийн засгийн өсөлтийг долоон хувь, валютын нөөцийг таван тэрбум ам.доллар, экспорт тэр дундаа нүүрсний экспортыг 60 сая тонн гэх мэтээр авсан байна лээ. Энэ бол өөдрөг төсөөлөл шүү. Мэдээж өөдрөг төсөөлөл дагаж төсвийн орлого нэмэгдэнэ. Төсвийн орлого нэмэгдэхээр зардлаа тэр хэмжээнд өндөр гаргана. Үүнтэй уялдаад төсвийн алдагдал өсөөд явна гэсэн үг. Ерөнхий том зургаараа сонгуулийн өмнөх нэлээд данхар, өөдрөг төсөөлөлтэй, алдагдал өндөр төсвийн төсөл болжээ.

-Төсвийн орлого, зарлага нь ямар байна вэ?

-25 их наядын орлоготой, 27 их наядын зарлагатай төсөв байхаар төсөлд тусгажээ. Нийтдээ 2.1 их наядын алдагдалтай. 27 их наяд гэдэг бол ДНБ-ий 47 хувь буюу бараг тэн хагас руу нь дөхсөн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Төсвийн зарлага талдаа түүхэн дээд хэмжээнд нэмээд яваад байна л даа. Орлого талдаа 25 их наядад хүрэхийн тулд уул уурхайн орлогоос бараг 30 хувийг нь бүрдүүлнэ гэж үзжээ. Тэр дундаа нүүрсний экспортыг 60 сая тн гэж үзэж байгаа нь төсвийн орлого талдаа өндөр тоо тавьжээ. Төсвийн зарлага эдийн засгийн тал хувьтай тэнцэнэ гэдэг нь төр хувийн хэвшилтэй зэрэгцэж хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө гэсэн үг. Сав л хийвэл төсвөөр шийдэж, төр шийднэ гэх хандлагатай болжээ. Гэвч ногоон автобусаар бодвол төр ямар ч үр ашиггүй шийдвэр гаргадгийг харж болно.

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ, зэсийн үнийг 9000 ам.доллараар тооцоолсон байсан. Төсвийн өндөр зарлагыг гүйцэхээр орлого олж чадах юм уу?

-Зэсийн үнэ дээр 9000 ам.доллар гэдэг бол нэлээд өндөр авч байна. Гэтэл ирэх жил Хятадын үл хөдлөхийн хямралтай холбоотой тус улсын эдийн засаг саарна гэж ОУ-ын байгууллагууд таамаглаж байна. Дээрээс нь Орос, Украйны асуудал үргэлжилсэн хэвээр байна. АНУ-ын хувьд, өндөр инфляцаа буулгах гээд хүүгээ өндөр түвшинд хадгалсан хэвээр байна. Дэлхийн хамгийн эрсдэлгүй оронд хүү өндөр байх нь бүх хөрөнгө оруулалт түгжигдэнэ гэсэн үг. Дэлхийн эдийн засаг хүчтэй тэлэхгүй үед зэсийн үнэ өсөх боломж тун хомс. Хоёрдугаарт, нүүрсний экспортын 60 сая тн бол бидний л бодол.

Бүх зүйл Хятадын улс төрийн байдлаас хамаарна. Энэ жил нүүрсэн дээр 50 сая гаруй тонн экспортолсон нь бидэнд үүлэн чөлөөний нар шиг үзэгдэл болсон төдий. Тэгэхээр ирэх жил нүүрсэн дээр 60 сая тн гаргана гэдэг бол өөдрөг төсөөлөл, биелэх магадлал бага. Жил бүр л төсөөлөл ийм өндөр орж ирдэг. Зах, замбараагүй үрж цацдаг улс төрийн шийдвэрийг яалтай билээ.

-Ирэх онд 60 сая тн нүүрс экспортлох боломжгүй гэж үү?

-Энэ жилийн хувьд 50 сая гаруй тн нүүрс гарсан шалтгаан бол Австрали, Хятадын харилцаатай холбоотой байсан. Энэ хоёр улсын түнжин муудсанаас болоод Хятадууд Автралиас коксжих нүүрс авахгүй байна. Иймд Хятадын коксжих нүүрсний бараг тал хувийг нь монголчууд бүрдүүлж байгаа. Ирэх жилийн хувьд 60 сая тн нүүрс гаргана гэдэг бол дээр хэлсэнчлэн нэлээд өөдрөг төсөөлөл гэж харагдаж байна. Яг үнэндээ экспортын хэмжээг бид биш худалдан авагч тал мэднэ шүү дээ.

-Ам.долларын ханш яахаар байна?

-Мэдээж төсөв маш ихээр тэлнэ. Цалин хөлс өснө. Төсөв тэр чигээрээ импортыг дэмждэг. Тэгэхээр сонгуулийн өмнө ханшийг хөдөлгөх сонирхол байхгүй. Сонгуулийн дараагаас валютын ханш дээр нөлөөлөх болов уу гэж харж байна. Тэр дундаа төсвийн өндөр зарлага өрх рүү очно. Тендерт тэнцсэн компаниудын данс руу очно. Энэ бүх зарлага эргээд импортыг дэмжинэ. Импортыг нөхөхийн тулд экспорт хангалттай байх ёстой. Хангалтгүй бол валютын нөөцөөсөө хэрэглэж эхэлдэг. Ирэх жил төлбөрийн тэнцэл дээр дарамт нэмэгдэнэ. Улмаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах эрсдэл нэлээд өндөр байгааг дурдах нь зүйтэй.

-Инфляцид ямар эрсдэл байна вэ?

-Нийт инфляцын 30 орчим хувийг валютын ханшаас хамааралтай инфляц бүрдүүлж байгаа. Ам.доллар чангарвал инфляцыг өдөөнө. Нөгөөтэйгүүр инфляцын 40 орчим хувь нь мах, ногоо гэх мэт улирлын чанартай дотоодын бүтээгдэхүүн. Одоо бол бодлогын хүү өндөр байгаа учраас инфляц аажмаар буурч байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд зээл гаргах уу. Монголбанкны 13 хувь хүүтэй үнэт цаас авах уу гэдэг сонголт хийнэ. Тэгэхээр эрсдэлтэй зээл гаргаж байснаас үнэт цаас авсан нь дээр гэж үзээд зээл гаргалтын хэмжээгээ багасгана. Зээл тэлэхгүй учраас иргэдийн хэрэглээ буурна. Хэрэглээ буурахад эрэлтийн гаралтай инфляц буурна гэсэн үг.

Зээлийн оронд ирэх жил гэхэд төсвийн зардал орж ирж байна. Төсөв тэлээд ирэхээр хэрэглээ өсч, инфляц буурна гэдэг зорилт маань улам худлаа болж байгаа. Иймд ирэх жил инфляц хоёр оронтой тоонд хэвээр байх болов уу.

-Сангийн яам сая танилцуулгадаа инфляцыг 8.5 хувь байна гэсэн шүү дээ?

– Өөдрөг төсөөлж байгаа гэсэн үг. Одоо тэгээд улс төрийн шийдвэр гаргалт юм чинь юу ярих билээ. Боломжгүй гэдгийг мэдсээр байж, хүссэн тоогоо тавьж, ярьж чадаж байна шүү дээ.

-2024 он бол сонгуулийн цикл үе. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардалд 72 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Энэ нь төсөвт яаж нөлөөлөх вэ?

-Сүүлийн 30 сар дарааллаад инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан учраас иргэдийн амьжиргаанд үнийн өсөлт маш ихээр мэдрэгдсэн. Худалдан авах чадвар огцом буурсан. Ийм үед бид төсвийн тэлэх бодлого явуулж байна. Иргэдийн бодит орлогыг арван хувиар нэмэгдүүлэхийн тулд цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмнэ гэж тусгасан байна билээ. Тухайлбал, сонгуулийн өмнөх үед төрийн 200 гаруй мянган албан хаагчийн цалин, ахмадуудын тэтгэврийг арав орчим хувиар нэмнэ гэж. Энэ бол цалин дэмжиж сонгуулийн насны ард иргэд рүү чиглэсэн арга хэмжээ болов уу. Дээрээс нь хүүхдийн мөнгө үргэлжилнэ.

Ипотекийн зээлийн их үүсвэрийг сонгууль дөхүүлээд дахиад тавиад эхэллээ. Энэ мэтчилэн сонгууль дагасан дам нөлөөлөл чинь эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Хот, хөдөөгүй амьжиргаа доройтсон ийм үед бэлэн мөнгө тараах эрсдэл өндөр бий. Эргээд энэ бүхний сөрөг үр дагаврыг инфляц, валютын ханш, үл хөдлөхийн үнийн өсөлт гэх мэтээр иргэд нуруун дээрээ үүрнэ. Гол айдас энд л байна. Дөрвөн жилийн давтамжтай үргэлжлэх цикл.

-Бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн өрнүүлсэн төсөв байх бол?

-Төсөв бол урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, гадаад бондын өр төлбөр гэхчилэн хуваагдаад явчихдаг. Жилийн жилд 3-4 их наяд төгрөг хөрөнгө оруулалтын зардалд хуваарилагддаг. Тэр нь тухайн жилдээ дуусах төсөл гэхээсээ илүүтэй ирэх хоёр, гурван жилийн нэмэлт санхүүжилтээр үргэлжилдэг. Манайд дуусгаагүй концесс, гэрээнүүд, барилгууд ямар их байгаа билээ дээ. Бараг арав гаруй жил төсвөөс жил болгон мөнгө аваад байгаа хэрнээ дуусаагүй үйлдвэрлэл байдаг. Уг нь эдгээрийгээ үнэлж үзчихээд бүтээн байгуулалт энэ тэрээ цэгцтэй ярьвал зүйтэй юм болов уу. Жил болгон тийм эмнэлэг, ийм ч сургууль барина гээд төсөв оруулдаг. Нөгөөх нь ямар нэгэн байдлаар гацчихдаг тохиолдол олон. Ирэх жилийн хувьд ч энэ байдал давтагдана.

-Ирэх онд цалин нэмэхэд 881 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон байна лээ. Төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэнэ гэж байсан. Тэгэхээр алдагдлаа яаж нөхөх вэ?

-Ирэх онд цалин нэмхээр инфляцыг өдөөх нь ойлгомжтой гэдгийг дахин хэлье. Дээр нь валютын ханш сулрахад нөлөөлнө. Эргээд өссөн цалингийнхаа хэмжээгээр инфляц болон валютын ханш үл хөдлөхийн үнийн өсөлт зэргээр хариугаа авчихаж байгаа. Төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж байна. Энэ алдагдлаа гадны хямд эх үүсвэр, дотоодын бонд, улс хоорондын зээл зэргээр нөхнө л дөө. Эсвэл ирээдүйн өв сангийн мөнгөөрөө нөхдөг ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг. Судалгаагаар төсвийн алдагдал нэг их наядаар нэмэгдэхэд урсгал тэнцэл дээр 200 сая ам.долларын ачаалал үүсдэг. Энэ бол валютын ханшийг тодорхой хэмжээгээр сулруулж байгаа гэсэн санаа. Энгийнээр тайлбарлавал хүний эрүүл мэндтэй зүйрлэж болно. Хүн амьдралын буруу хэв маягтай байснаас болж бие нь давтамжтай өвдөөд л яваад байдаг даа. Яг үүнтэй ижил улс төрийн аливаа шийдвэр гаргалттай холбоотой төсөв ингээд тэлээд яваад байхаар эргээд авсан ямар ч арга хэмжээ нь эдийн засаг дахь хүнд байдлыг илааршуулж чадахгүй. Жилийн жилд бид үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй эдийн засагтай яваад л байна.

-Ирэх онд манай улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байна гэх төсвийн төсөөлөл хэр бодитой вэ. Ер нь Монгол Улс эдийн засгаа тэлэх ямар гарц шийдлүүд байна?

-Эдийн засгийг ихэнх мэргэжилтнүүд, байгууллагууд 4-5 орчим хувиар харж байна. Энэ өсөлтийн гол хувийг уул уурхай, түүнийг дагасан худалдаа, тээврийн салбар бүрдүүлнэ гэжээ. Тав, долоо хоёрын хооронд хүчтэй зөрүү байхгүй л дээ. Гол нь энэ өсөлт салбар бүрт шингэж, иргэдийн орлогод нөлөөлдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд хүртээмжтэй өсөлт чухал байна. Олдсон жаахан өсөлтөө инфляц, ханш зэрэгт хулгайлуулаад амьдрал ердөө дээрдэхгүй байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй DNN.mn

Монгол Улс хүүхдэд ээлгүй орон болж хувирлаа. Энэ байдлаар нийт хүн амын ердөө гучаадхан хувийг эзэлдэг 1.3 сая монгол хүүхдийн ирээдүй үнэхээр хэцүү харагдаж байна. Жилээс жилд гэмт хэргийн золиос болдог хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсныг статистик бэлхнээ хэлээд өгөв. Энэ бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн л дүн. Цаана нь цагдаад дуудлага өгөөгүй хэчнээн бяцхан зүрх айдастайгаа нүүр тулж, зовж шаналдгийг хэн ч мэдэхгүй. Ийм байхад бид өөрсдийгөө хүүхэд, залуусын орон гэж цээжээ дэлдээд яах юм бэ.

Ер нь монголчууд хэзээнээсээ хүүхдийн эрхийн талаар ямар ч ухамсаргүй явж ирсэн улс. Өнөөдөр л гэв гэнэт хүүхдүүдэд харгис хандаад, үл тоогоод байгаа юм биш. Бүр эртнээс хүүхдийг зарцын хэмжээнд ярьдаг байсан. Хүүхдээ төрүүлэхдээ “Хөлөө хучуулах хүүхэдтэй болно. Хөгшин болсон хойноо туслуулах үртэй байх хэрэгтэй. Үхэхдээ өргүүлнэ” гэдэг. Тэгээд “Хүүхэд том болоод сайхан байна. Малын хошуу эргүүлдэг боллоо” гэж боолчилно. Үүнийгээ амьдралын ухаанд сургаж байна гэж өөрсдийгөө зөвтгөнө. Энэ бүгдийг эргүүлээд харахад монголчууд эртнээсээ болон одоо хүртэл хүүхдийн яргын орон байжээ. Яг үнэндээ Монголд хоншоортой нь л хүн болдог байж. Баргийн хүүхэд хүн болдоггүй. Үхээд дуусдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй байна. Тэгээд болоогүй би чамайг төрүүлсэн гээд өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг. Тэр хүүхдийн ертөнц, үзэл бодол, эрх чөлөөг огт бодолцдоггүй. Хүүхэд бол ая тухтай амьдралынх нь төлөөс байх ёстой мэтээр аашилдаг. Энэ бол монголчуудын мунхаг үзэл. Сүүлийн үед төр засгийн үйл ажиллагаа нь хүртэл яг ийм болчихсон. “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ, хүүхдийн эрхийг хуулиар хамгаална” гээд л бодлогын түвшинд сүрхий шийдлүүд ярьдаг хэрнээ хөрсөн дээрээ хэрэгжилт нь нойл. Сая гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа парламентад Хүүхэд хамгааллын сангийн тайланг танилцуулна лээ. Улсаас санхүүждэг энэ байгууллагын зардал хүүхэд хамгаалахад хүрэлцдэггүй юм байх. Өнгөрсөн жил найман тэрбум төгрөгийн төсөвтэй байсныг ирэх онд 14 тэрбум болгож нэмэгдүүлэхээр УИХ-д өргөн барьсан гэнэ. Ингэснээр хүүхэд хамгааллын ажлыг илүү өргөн цар хүрээнд хийж чадна гэж салбарын сайд нь ярина лээ. Энэ сан төсвөөс авсан найман тэрбумынхаа ердөө гуравхан тэрбумыг нь зориулалтын дагуу зарцуулсан гэж тайлагнасан байгаа юм. Харин таван тэрбум төгрөг нь хүүхэд хамгаалахад биш өөр зүйлд зарцуулагджээ. Архи, виски, сонгуулийн зардал гээд явж өгсөн байна лээ. Тэр бүү хэл гэр орондоо цахилгаан хэрэгсэл хүртэл авчээ. Энэ бүхэн аудитын дүгнэлтээр ил цагаан болсныг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ярих шив дээ.

Хүүхдүүдээсээ голоо тасартал харамладаг манай төр малд мөнгө өгөхдөө их өгөөмөр. Ямааны ноолуур, үнээний сүүнд гээд л мөнгөө цацаж өгнө. Өнгөрсөн хавар үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбумыг зориулна гэж салбарын сайд нь мэдэгдэж байлаа. Тэгсэн хэрнээ хүүхдийн мөнгөн дээр яаж үхэн хатан эсэргүүцлээ дээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгдгөө болимоор юм. Хөдөө хүүхэд болгон дугуй унаж байна” гэж байна. Ингэхэд яагаад хүүхэд дугуй унаж болдоггүй юм бэ. Энэ бол хамгийн наад захын хэрэгцээ шүү дээ. Хүүхдийн 100 мянган төгрөг өгснөөс болж айл өрхүүд баяжаад толгой дарааллан дугуй авч унаад байна гэж гомдолсон. Тэд дугуйгаар наадаад эрхэм гишүүнд ажил хийж өгөхгүй байгаа гэнэ. Хүүхдийн мөнгөөрөө амьдраад иргэд ажил хийхээ байлаа гэж мушгисан. Ганц Ц.Даваасүрэн ч биш өчнөөн олон гишүүн ил, далд хүүхдийн мөнгийг болиулах гэж гүйсэн. Ард түмний боломжийг хулгайлж, хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө цуглуулчихсан төрийн түшээд нь хүртэл ийм муухай үзэлтэй. Энэ бүх зүйл дээрээс монголчууд хүүхэд хөгшиддөө ээлгүй улс гэдэг нь харагддаг. Хүч чадалгүй сул дорой нэгийгээ дээрэнгүй ханддаг хулчгар улсын л зан юм даа. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

Сая Дорноговь аймагт харамсалтайгаар амиа алдсан 12 настай охины үхэл монголчуудын жинхэнэ нүүр царайг харууллаа. Таксинаас эхэлье л дээ. Машинтай хүн болгон таксинд явдаг болсон. Одоо энэ асуудлыг цэгцлэх ёстойг хөөрхий охинд тохиолдсон эмгэнэлт явдал гашуун сургамж болов. Такси бол үйлчилгээний нэг төрөл. Таних тэмдэг, стандарт гэж байх ёстой. Гэтэл хэн дуртай нь болсон болоогүй таксичид гэж галзуурдгийг зогсоомоор байна. Дээрээс нь нийгэмд үгүйлэгдэж байгаа хамгийн том асуудал бол камержуулалт. Мэдээлэл технологийн эрин үед манайх шиг ийм харанхуй улс алга. Зургаан жилийн өмнө Замын-Үүдэд Д.Сэржмядаг охиныг алга болоход л орон нутагт камер тавина гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Хүүхдүүд алга болсоор, амиа алдсаар л байж байг уу. Яс юман дээр улсаас камер суурилуулаарай гээд мөнгө өгөөгүй биш, өгдөг юм билээ. Харамсалтай нь хөгийн шимигчид тэр мөнгөнөөс нь хулгай хийж идчихээд юу ч болоогүй юм шиг сууж байна. Камержуулсан дүр үзүүлдэг. Дараа нь камерын засвар үйлчилгээний мөнгө гэж дахиж төсөв өгдөг ч тэрийг нь хуу хамаад дуусдаг. Энэ бол монголчуудын дээрээсээ доошоо хүртэл бүх шатанд хулгай хийж гаршсаны үнэн төрх. Тэр дундаа хүүхэд хэл ам хийхгүй болохоор бүр ч дээрэнгүй хамдаг.

Хүүхдүүдээ зүгээр л хөсөр хаячихжээ, манай улс. Хүүхдийн хажууд архидан согтуурах нь энгийн үзэл. Энэ байдлыг нийгмээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Цэцэрлэг дотор архидаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нарыг “Яахав дээ ганц баярын өдрөөрөө наргиж цэнгэж л байг” гээд өмөөрцгөөх. Гол нь хүүхдийн орчинд согтууруулах ундаа хэрэглэж байгаа зохисгүй үйлдлийг нь огт олж харахгүй шаагилдах юм. Бас хүүхдээр морь унуулна. Монголчууд өөрсдийнхөө зугаа цэнгэл, дур хүслээ гүйцээхийн тулд хүүхдүүдийг адгуусан дээр мордуулаад барианы цаана хөөрч зогсцгоодог. Хүүхдүүдийн эрх зөрчигддөг өөр нэг асуудал бол дотуур байр байна. Аймаг, сумын төвд зургаан настнуудыг аав, ээжээс нь салгаад дотуур байранд аваачаад хашчихдаг. Ийм балчир хүүхдүүдэд ямар ч шоронгоос илүү тамын газар. Гэр бүл, өсч торнисон орчин, адаглаад тоглоомоо хүртэл санаж бэтгэрнэ. Ээж, аавынхаа энгэрээс салж үзээгүй зургаан настнуудын хувьд дотуур байранд өдөр өнгөрөхгүй. Нэг хоног бүтэн жил шиг л удаан санагддаг. Гэтэл манайхан дотуур байр шиг сайхан жаргалтай газар байхгүй гээд л ярьцгаадаг. Бодит үнэн гэвэл дотуур байранд хүүхдүүд яаж ганцаарддаг, өлсдөг бүүр цаашлаад амиа хорлох явдал гарсаар байгааг парламентын танхимд хэлэлцэж л байна шүү дээ. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа өөр нэг орчин бол сургууль байна. Өнөөдөр нэг анги бараг 60 хүүхэдтэй хичээллэдэг. 20 хүүхэд суух стандарттай өрөөнд гурав дахин их хүүхэд бөөгнүүлж хашчихаад юу сурна гэж найдаж хүлээх юм бэ. Ядаж л амьсгалах агаарын хүрэлцээ ямар байхыг бодолцох ёстой. Цонхоо онгойлгох юм бол хөлдөж үхчих гээд хэцүү. За тэгээд тэр олон хүүхдэд дуу хоолойгоо хүргэх гээд багш самбарын өмнө өдөржин орилно. Орой нь тэр багшийн яриа хүүхдүүдэд дуулдах уу. Хүүхэд хичээлээ ойлгох уу. Хүүхэдтэй холбоотой бүх юмаа эргүүлээд нэг бод доо.

Монголчуудын сэтгэлгээнд хүүхэдтэй болбол хариуцлага хүлээдэг гэдгийг нутагшуулах ёстой юм байна. Сүүлдээ хүүхнүүд нөхрөө тогтоохын тулд бушуухан хүүхдийг нь гаргана гэж ярьдаг болсон ч байх шиг. Хүүхэд ямар завхайрлын золиос юм уу. Тэгэх хүүхдийн эрх, амьдрах орчин гээд бүхий л зүйлсийг нь стандарт, ном журмын дагуу болгох хэрэгтэй байна. Шийдэл нь мэдээж хуулийн гаргалгаа гэдэг. Саяын хэрэгтэй холбоотой хүүхэд хүчирхийлэгчдэд өршөөл үзүүлдэггүй больё гэж ярьж байна. Ингэж ярихаасаа урьдаар хүчирхийлэл үүсдэг орчныг нь болиул л даа. Өнөөдөр Монголд хүүхдийг яаж л бол яаж хүчирхийлж болохоор байна. Эрхбиш монголчууд номхон тулдаа л тэсээд байх шиг. Дотуур байр, хонины бэлчээрт охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг явдлыг яагаад зогсоож болдоггүй юм бэ. Суурин газраас илүү сум орон нутагт хэдэн малчдын хүүхдүүд ийм айдастай нүүр тулан амьдарч байгаа. Зэлүүд сумын нэг захаас нөгөө зах хүртэл сургуульдаа алхаж явдаг хүүхдүүд олон. Аль ч суманд очвол өсвөр насны охин 4-5 км-ийн зайтай сургуулиасаа гэр рүүгээ шөнө оройн цагаар алхаад явж л байгаа. Хэн ч түүнийг хүүе, хаая гэж анхаараад хүргэж өгч, тосдоггүй. Үеийн хөвгүүд нь татаж чангаана. Хүүхэд болсон хойно ичиж, ээж аавдээ хэлж зүрхлэхгүй. Насанд хүрсэн эрчүүл нь харин нэрээ хичээгээд гайгүйхэн өнгөрөх юм даа. Хүн цөөнийх л байдаг байх. Хэн гуай явуулахгүй байсан гээд ярьвал нүдний булай л даа. Энэ бол манайд өдөр бүр л болдог асуудал. Энэ бүхнийг бий болгож байгаа орчныг нь үгүй болгох ёстой. Наад зах нь сумын сургуульд хүүхдийн унаа авч өгөх хэрэгтэй байна. Хүүхэд хамгаалах ажлыг ингэж л хийдэг байх. Тэрнээс хэдэн утасны дуудлаганд хариулаад тоон дүнг нь нэгтгээд, сургалт явуулсан болоод төсвийн мөнгийг үрэн таран хийхийн нэр биш шүү. Хэрэв энэ янзаараа яваад байвал Монгол Улс хүүхдийн яргын орон хэвээрээ л байна.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд 100 жилтэйгээ золгох гэж байна. Ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлоосон гэж дэлхий дахинд үнэлэгддэг бид хүүхдүүддээ дэндүү харгис байгаа нь нүүдэлчдийн хатуу ширүүн орчинд аминчхэн үзэлтэй явж ирсэний л гай. Суурин иргэншилд шилжсэн бид одоо энэ зангаасаа салах хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ DNN.mn

Эрх баригч намын доторх үл ойлголцол нийгэмд ил цагаан боллоо. Сонгуулийн жил ойртсоныг ч хэлэх үү, эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцдах нь ойлгомжтой. Сая гэхэд ногоон автобусны асуудлаар хэд хэдэн хүнийг “золигт” гаргачихлаа. Улс төрийн оролцоотой хэрэг болохоор цаашид олон хүн чирэгдэх нь тодорхой байна. Ерөнхий сайдын зүгээс авлигад идэгдсэн хотыг цэвэрлэж, булан тохойг нь юу ч үгүй шүүрдэж цэвэрлэнэ гэдгээ дориухан мэдэгдэнэ лээ. Тиймдээ ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нь нийгэмд гэрэл асаасан үйл явдал болов. Хэдийгээр тэд ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь улс төрд сайн жишиг тогтоолоо.

МАНдоторх энэ бужигнаан одоо генсекийн суудал руу чиглэлээ. Д.Амарбаясгалангийн байр суурь нэгэнт ганхаад эхэлсэн байна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намын лидерүүд нь түүнийг генсекээс буулгахаар нэлээд шахаж байгаа гэх. МАН-ын генсек гэдэг бол намын гал тогоог барихаас гадна нөлөө бүхий том эрх мэдлийг атгадаг албан тушаал. Хүссэн бүхэн нь очоод заларчихдаг суудал ч биш. Тийм болохоор генсекийн төлөөх марафон үнэхээр “алаан” болдог. Д.Амарбаясгалангийн хувьд ногоон автобусны хэрэгт өөрийгөө “гэрэл цохиулчихсан”. Бас нүүрсний хулгайтай холбоотой хэмээн бичигдэж байна. Иймэрхүү хэргээр нь түүнийг барьцаалан гарцгүй болгож байгаад генсекийн суудлаас нь мултлах нөхцөл нэгэнт бүрджээ. Шахаанд орсон Д.Амарбаясгалан генсекээ өгөхөөс ч өөр замгүй. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар нам дотроо хэдийнэ тохироогоо хийчихсэн бололтой.

Х.Нямбаатар хотын дарга болсноор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Уг нь тэрбээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатарын статус өөрчлөгдчихөөр нүүрсний сонсгол явах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг болж байна. Эндээс харахад, МАНнүүрсний хулгайг намжааж байгаад сонгуульдаа орох хувилбар уншигдахаар. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсекээс холдуулж байгаад нүүрсний хулгайг нь ярихгүй гэж тохиролцсоныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг барьцаалж, урдах хойдохыг нь ухаж л таарна. Мань эр генсекээ өгч л байгаа бол нүүрсний сонсгол явахгүй гэж судлаачид харж байна билээ.

Тэгвэл МАН-ын дараагийн генсек хэн байх вэ. Энэ бол Ардын намын зодооныг улам ширүүсгэх сэдэв. Д.Амарбаясгалангаас өмнө Я.Содбаатарын нэр нэлээд хүчтэй яригдаж байсан удаатай. Бараг л генсекээр томилоод буцаасан гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намын генсекийг давхар эрхэлж болох эсэх нь тухайн үед маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хүний нэрс хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тэр дунд хамгийн түрүүнд мөн л Я.Содбаатарын нэр цохогдсон бололтой.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна DNN.mn

Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгт Монгол орноо зорьж ирсэн ОХУ-ын иргэн Халимаг Б.Баатарын эрхийг хамгаалж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан Олон улсын эрхзүйч Д.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр Ардчилсан намд Хүний эрхийн хороог гишүүдийн хамт санаачлан байгуулжээ. Тус хорооноос С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэдэг аравдугаар сарын 2-ны өдөр “Хүний эрх ба Үзэл санааны хоригдол” форумыг зохион байгуулах аж.

-Таныг Удирдлагын академид багш байхаас эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн болж компанийн засаглалыг Монголд бий болгох гэж явж байгааг мэдэхийн хувьд яагаад улс төрийн намд орж сүүлдээ хүний эрхийн хамгаалагч болсон талаар юуны өмнө тодруулж болох уу?

-Би Америкт эрсдэлийн удирдлага, компанийн засаглалаар суралцаж ирээд судалгаа хийж багшилж зөвлөж байсан. Компанийн засаглал сайн байж гэмээнэ бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж улмаар нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулж, улс орон хөгждөг. Сайн засаглалыг компаниудад хэрэгжүүлэх гэж явахад төрийн байгууллагын дарамт шахалтаас болж авлига өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр компаниуд шударгаар үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрдэг. Тиймээс Монголын төрийг нийтийн засаглалыг хэрэгжүүлдэг болгохын тулд олон улсын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) эхлээд байнга шаарддаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Шалтгаан нь төрийг сонгуулиар байгуулдаг болохоор яах аргагүй улс төрийн намын засаглалыг сайжруулах хэрэгтэй болдог.

Миний хувьд 2000 онд Ардчилсан намд элссэн ч төрийн (public governance) засаглал, улс төрийн намын засаглалыг (political gover­nance) сайжруулах зорилго өвөртлөн 2017 оноос улс төрд оролцож байна. Монголын улс төрийн намын засаглал улам л тааруу болсоор байна. Үүнийг сайжруулах санаатай Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын ажлыг хийж явсан.

Өнгөрсөн Цагаан сарын үед Халимаг Баатарт туслах ажлыг санаачилж Ардчилсан намынхныг баг болгож ажилласны үр дүнд бид хүний эрхийг хамгаалж чаддаг гэдгээ харуулж Монгол Улсын нэр хүндийг олон улсад аварч гарсан. Энэ талаар олон хүн хэлж талархсан.

-Та эрхзүйч хүний хувьд өнөөгийн Монголын асуудал нь улс төрийн намын засаглалын гажуудлаас болоод Төрийн засаглал болохгүй байна гэж хэллээ. Тодорхой хуулийн жишээгээр тайлбарлахгүй юу?

-Монголын улс төрийн намууд төрийн сонгуульд оролцож эрх барихыг л боддог болохоос биш бусад ардчилсан улс орнуудын улс төрийн намуудтай адил улс төрийн ажил хийдэггүй. Хийх гэхээр нэр хүнд, рейтингт нь нөлөөлөх гээд байдаг тул эрх баригч нам төрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хүч, нөлөөгөөрөө дарангуйлж сөрөг хүчнээ намнах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Товчхондоо эрх баригчид өөрсдөө Үндсэн хууль зөрчиж, хууль хүчний байгууллагыг өөрсдийг нь хуулиа зөрчүүлж ашиглаад байгааг хүн бүр л хэлдэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Хүнийг эрхэлсэн ажил, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж болохгүй, мөн 16.10-т аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө, гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэдэг боловч зөвхөн сөрөг хүчний гишүүдийг гэлтгүй, үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийн эрхийг зөрчих нь хэвийн үзэгдэл болчихоод байна.

Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Ковидын үеэс хэлсэн, шүүмжилсэн болгоныг барих, хорих, гав зүүх үзэгдэл ердийн болж Монгол Улс дарангуйллын нийгэм рүү аажмаар орж байгааг иргэд анзаарч эрх нь зөрчигдсөн ч хүлцэнгүй болж, дийлэнх залуус харь улсад очиж амьдрахыг сонгож байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан ч хэрэгжүүлэх байтугай хариуцлагаа хүлээдэггүй төрийн засаглалтай улс болчихоод удаж байна.

-Үндсэн хуулийн уг заалтад хүний эрх, эрх чөлөөг хангахуйц гэдэг нь чухал болчихоод байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх боломж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг хангаж чаддаггүй юм гэхэд Үндсэн хуульд заасан хүний эрхийн ядаж Үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Энэ эрх нь бусад эрхээ эдлэх суурь нөхцөлийг хангаж байдаг хамгийн чухал заяагдмал эрх юм шүү.

Үүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл тараах” гэж оруулсан нь эрх баригч төр засгийг шүүмжилж эсэргүүцэх, жагсах байтугай цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоор пост хийхэд хүртэл эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог.

Эрүүгийн хэрэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой байтал энэ зүйл ангиар бүрэлдэхүүнтэй болохыг нотолж чаддаггүй. Надад ч гэсэн иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч үг хэлж, шүүмжилсэний төлөө хэрэг үүсгэж байсан гэж бодоход дэлхийд байхгүй стандартыг Монголд бий болгож улмаар дарангуйллын нийгэм рүү хөтөлж байна.

Тийм учраас улстөрчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн 14.1.3-т заасан намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороог үзэл санаа нэгт нөхөдтэйгөө санаачлан байгуулсан. Энэ хорооны үйл ажиллагаа нь улс төрийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалах боломж олгож байгаа юм.

Нөгөөтэйгүүр 2021 онд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг нь эрх баригч МАН 30 дугаар их хурлаас 30 мянган хүний эрхийн хамгаалагчийг бэлтгэнэ гэж сүртэй тогтоол гаргаж Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран бэлтгээд байсан. Тэр тогтоол хаана байна вэ. Өнөөдүүл нь яагаад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж хүний эрхийг хамгаалахгүй байгаа нь тодорхой. Яаж өөрийн намын байгуулсан төрийг шүүмжилж, өөрсдийгөө эсэргүүцэж чадах билээ дээ. Тиймээс л улс төрийн намын засаглалыг төрийн засаглалаас салгаж өгөхгүй бол улс төрийн ялгаварлан гадуурхалт их болж хүний эрх ноцтой зөрчигдсөөр байна.

-Танай Хүний эрхийн хороо яаж ажиллах гэж байна вэ?

-Монголын ардчилсан нийгмийг бий болгоход манлайлсан сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, улстөрч С.Зориг агсныг жил бүр Ардчилсан намын зүгээс хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөөд тардаг байсан. Бид С.Зориг агсныг Хүний эрхийн хамгаалагч байсан учраас өнгөрсөн төрийн дарангуйллын нийгмийг өөрчилсөн гэж үздэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр Хүний эрхийн форум зохион байгуулж байхаар намын дарга тушаал гаргаж Хүний эрхийн хороог байгуулсан. Тус хороо нь улс төрийн намын засаглалыг бий болгох GRC буюу Засаглал-Эрсдэл-Комплаенс тогтолцоог Ардчилсан намд бий болгож түүчээлэх юм.

Үүнийг бий болгох гэж энэ форумыг зохион байгуулж, бусад уригдан оролцож байгаа намын нөхдөдөө уриалж, хамтдаа хүний эрхийг хамгаалдаг тогтолцоог улс төрийн нам хэрэгжүүлдэг болгохоор ажлаа эхлүүлж байна. Цаашид хийх ажлаа хийсэний дараа л яаж өөрчилж болдгоо харуулах нь чухал байх даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд орсон нь тун харамсалтай DNN.mn

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэлээд маргаантай байгаа . Энэ асуудлаар геологич Ц.Мөнгөн шагайтай ярилцлаа.

– Ашигтмалтмалын тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сараас хэлэлцэж эхэлсэн. Салбарынхны зүгээсДорвитой өөрчлөлт хийгдэж чадаагүй энэ төсөл батлагдвал Монгол Улсыг тэжээж байгаа уул уурхай салбар хүнд байдалд орно гэж бухимдаж байсан. Хуультай холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Асуудлыг нь ярих юм бол урт жагсаалт гарна. Хамгийн том асуудал нь АМНАТ болон татвар төлбөрүүдийг хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарсан хууль болсон. Энэ хуульд АМНАТ-ийн талаар тусгахдаа “Ашигт малтмалуудыг олон улсын биржээр арилжаалахад анхаарна. Заримыг нь Монголд дахь биржийн үнээр авна” гэсэн байгаа. Тэгвэл манай суурь үнэ далайн боомтын үнэтэй ойролцоо байдаг. Хуулийн төсөлд “Эрлийн ажлыг төрөөс хийнэ, хувийн хөрөнгөөр хийж болно” гэдэг заалт бий. Дахиад нэг шат дамжлага нэмэгдэж байна гэсэн үг. Төрийн хяналт, зохицуулалт улам нэмэгдсэн хуулийн төсөл болжээ гэж харж байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль есөн дагалдах журам, 66 зүйл заалт, 11 бүлэгтэй. Харин шинэ төсөл 38 дагалдах журам, 76 зүйл заалт, 18 бүлэгтэй болж орж ирсэн.

Яг үнэндээ эрдэс баялгийн салбарын хөгжлийг хангахуйц давуу тал алга. Энэ салбарыг хөрш зэргэлдээ болон холын өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх бизнесийн өрсөлдөөний давуу талыг бий болгох, түүнтэй харьцуулан боловсруулах бус зөвхөн төсөвт төвлөрүүлэх татварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг илүү орлого олохоос “сэргийлсэн” улам л хатуу бодлогоор зохицуулахыг хичээж боловсруулсан байна гэж харж байна

Нэмэгдсэн зүйл заалт болгоны цаана хариуцлага, үүрэг нэмэгдэнэ. Тэр байтугай хайгуулын ажил хийхийн тулд байгаль орчны ерөнхий үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гэхчлэн дөрвөн өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Энэ нь эргээд үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ачаалал үүсгэнэ. Дээрээс нь энэ хуулиар “Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв” байгуулна гэж байна. Дахиад л нэг эрх, үүрэг нь тодорхойгүй байгууллагын бүтэц үүсгэж, төрийн аппаратыг нэмэхээс хэтрэхгүй. Чухал ашигт малтмал болон стратегийн орд гэсэн нэршил нэмэгдсэн байна. Стратегийн орд гэсэн ойлголт ямар бүрхэг тодорхойгүй байгаа билээ. Ямар нэг шийдэлгүй өчнөөн жил бугшсан том асуудал болсныг бүгд мэднэ. Стратегийн ордоо шийдээгүй байж чухал ашигт малтмал гэсэн нэршил нэмчихвэл үл ойлголцол нэмэгдэх нь гарцаагүй. Тодорхой зохицуулаад өгөөч гэж байгаа зүйлийг энэ мэтээр олон салгах нь сайн зүйл дагуулахгүй. Хаалт, нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж байршуулсан байх ёстой. Баталгаагаар байршуулна гэж яриад байгаа ч биелэх боломж тун бага. Одоо ямар нэгэн хаалтгүй байхад, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 84 хувь нь хөдлөхгүй. Ийм байхад нэмчихээр юу болох вэ. Уул уурхайн төслийн зайлшгүй дамжиж байж хөрөнгө оруулалт татаж хөгждөг зүйл болох шинэ хөрөнгө оруулагч орж ирэх буюу тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд урьдчилж гарсан зардлаас болон ирээдүйд олох орлогоос татвар авдаг зарчмыг хэрхэх талаар бас л тодорхой зохицуулалт алга. Аливаа төсөл тодорхой үе шатыг дамждаг. Тэгэхээр хайгуулын үе шат гэдэг тухайн төслийг бүтэн зургаар харвал бойжилтынх нь үе. Бойжилт нь дуусаад өсөлт ирэхэд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт хэрэгтэй болоход тухайн тусгай зөвшөөрөл, төслийн хувьд шинэ эзэмшигч шаардлагатай болдог. Шинэ хувь эзэмшигч оруулж ирэхгүйгээр дараагийн өсөлтийн үе шатандаа гарах боломжгүй л дээ. Энэ үе шатан дээр нь ирээдүйд олох ашгаас чинь, эсвэл өнгөрсөнд зарцуулсан зардлаас чинь татвар авна гээд байгаа учир уул уурхайн төслүүдийн 86% эхний үе шатандаа гацчихаад байна.

-Орон нутаг уул уурхайн хөгжилд том тээг болдог. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдвал ахиц гарах нь уу?

-Нэгдүгээрт орон нутгийн иргэн бол тээг болоод байгаа юм байхгүй, харин тухайн орон нутагт төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэгдийн буруутай үйл ажиллагаанаас зөрүүтэй ойлголцол үүсдэг. Шинэ боловсруулсан хуулийн төсөлд үүнийг шийдэх ямар ч зохицуулалт байхгүй. Харин “Ашигт малтмалын газрын төлөөлөгчийг аймгуудад байршуулна” гэж байна. Төлөөлөгчийн газар байгуулснаараа ямар асуудлыг, яаж шийдэх нь тодорхойгүй. Төлөөлөгчийн газарт дахиад л очиж бүртгүүлэх ч юм уу, төрийн аппаратыг данхайлгахаас өөр өгөөжгүй шийдэл.

-Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар боломжууд харагдаж байна вэ, төслөөс?

-Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгөө харьцуулах хэрэгтэй. Гэвч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна. Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна. Энэ нөхцөлүүдтэй харьцуулсан судалгаа бас л дутуу. Бид аль болох хөрөнгө оруулалт татаж, амжилт гаргаж байсан сайн туршлагаа харж хөгжих боломжтой зүг рүүгээ явах ёстой шүү дээ. Энэ хуулийн төслөөс өмнөх шиг амжилт үзүүлж чадна гэх хүлээлт алга.

Тэр бүү хэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэдэн арав дахин нэмэгдүүлэх, олгох талбайн хэмжээг жижгэрүүлэх зэргээр хөрөнгө оруулалтыг улам түлхэх шийдлүүд орсон нь харамсалтай.

Ер нь энэ хуулийн төсөлд шинэчлэн найруулаад байхаар бодлогын том өөрчлөлт байхгүй. Магадгүй, ашигт малтмалын нөөцийг төр баталдгаа болих, тухайн компанийн эдийн засаг, технологийн асуудалд хэт оролцдог байдлаа хязгаарлах гэх мэт шийдлийг гаргасан бол том алхам болох байлаа.

-Геологийн салбар дахь дэмжлэг хүчгүйдээд байна уу?

-Миний хувьд бага дэмжээсэй л гэж боддог. Ер нь ямар ч салбарыг төр бага дэмжих хэрэгтэй. Тэгж байж л жамаараа хөгжих боломж үүснэ.

-Манай улс газрын ховор элементийн багагүй нөөцтэй гэдэг. Энэ хэр бодит судалгаа бол?

-Манайх газрын ховор элементийн хувьд хэтийн төлөв, ирээдүйн хувьд дэлхийд дээгүүр явдаг гэж яригддаг. Тогтоогдсон гээд байгаа нөөц нь эдийн засгийн хувьд хэр ашигтай юм бэ гэдэг эргэлзээтэй, анхаарах ёстой зүйл. Гаргаад ирэхэд мөнгө олоод дэлхийтэй өрсөлдөөд явж чадах юм уу, үгүй юу гэдэг л хамгийн том асуулт. Тогтоогдсон нөөц маань хэзээ баялаг болох вэ гэдэг чинь өөр асуудал. Бид нар хэт хөөрөлд автаад, “алаагүй баавгайн арьсыг” хуваагаад байгаа юм биш биз. Цаашид судалгаа хийх потенциал, судалгааны хэтийн төлөв боломж байгаа л байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна DNN.mn

Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын шатахууны хоригт оров. Энэ үйл явдал монголчуудыг тэр чигт нь доргиолоо. Нийт түлш, шатахууныхаа бараг 90 хувийг хойд хөршөөс авдаг манай орны хувьд тэвдэж сандрахаас ч аргагүй юм. Бензин колонкуудад урт очер дараалал үүсч, салбарын сайд нь ч яаран мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Удахгүй Оросын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ үеэр шатахууныхаа асуудлыг төрийн дээд түвшинд ярилцаж шийдвэрлэнэ” гэж ард түмнээ тайвшруулав. Үнэхээр ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин манай улсад ирээд “Та нарыг хоригт оруулахгүй” гээд хэлчихлээ. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар “В.Володин дарга манайхыг хоригт оруулахгүй гэсэн” гээд жигтэйхэн зоримог дуугарч байгаа харагдах юм. Өнөөдөр монголчуудын хамгийн их болгоомжилдог зүйл нь “Бид оросуудын дургүйг хүргэвэл шатахууны хоригт орно” гэх айдас. Нийгмийн энэ сэтгэхүйг эрх баригчид өөрсдөдөө давуу байдал болгон ашиглаж ирсэн. Сая болсон үйл явдлаас харж байхад Ардын нам сонгуульдаа бэлдээд эхэлсэн нь илт байна.

Ингэхэд МАН-ын ирэх сонгуульд ялах тактик нь ард түмнээ Оросоор айлгах юм шиг байна. Хойтонгийн сонгууль хүртэл монголчууд их ч юм үзэх бололтой. Тэр болтол хахир өвлийн хүйтэн, хаврын урт өдрүүд сунайж байна. Өвлийн хүйтнээр, хаврын тариалалтын цагаар Оросоос авдаг шатахуун, эрчим хүч хэд л бол хэдэн удаа тасарч мэдэх байх. Хөхөө өвлөөр тоггүй бас шатахуунгүй болчихвол монголчууд ёстой хэцүүднэ. Халаалт, дулаанаа ч тавьж дийлэхгүй улс даяараа тас, няс хөлдөнө. Энэ байдлыг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм болохоор байсхийгээд л “Манай улс шатахууны хомсдолд орлоо. Оросоос ирдэг эрчим хүч тасарлаа” гэсээр сонгуультай золгох байх. Энэ болгонд Ардын намын дарга нар хойд хөрш рүү давхиж очоод л уулзах болов уу. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар нь хамгийн түрүүнд манлайлан гүйх биз. Ингэж гуйж гувшиж ирсэнийхээ дараа “Намайг байхад шатахуун, эрчим хүчээр айлтгүй гэсэн” гэдэг юм ярьж байх нь шиг байна. Нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг хараад байхад Ардын намын сонгуульд барьж орох тактик ийм байх аж.

“Хэрэв монголчуудыг Оросоор айлгавал бид сонгуульд ялсаар байх болно” гэж эрх баригчид бодож байна. Явж, явж оросуудын эрхшээлд байх нь МАН-ынханд өөрсдөд нь ашигтай л даа. Магадгүй оросууд манайх руу ороод ирсэн ч энэ намд хохирол байхгүй. Яагаад гэвэл эд нар орос ахтайгаа нийлээд төр бариад явчихна гэж санаж байгаа. Тэд хуучин Монголын төрийг хамтран шахам барьж явсан цаг саяхан. Тэд харин нео либералуудаасаа сал гэж шаардана. Манай Ардын нам коммунистуудын бодлогыг сөрдөг, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талд зогсдог залуусыг хамгийн түрүүнд барьж хорихоор шамдах биз. Яг л “Алтан ураг бол феодалын эзэн. Тиймээс алтан ургийг устга гэсэн” гэдэг шиг “даалгавар”-аар бүгдийг нь чимээгүй болгоно. Аягүй бол “Нео либерализм, оросуудыг муу хэлдэг ардчиллынхны нэгийг гаргаад ир гэсэн” гээд өнөө хэдэн үзэж чаддаггүй сөрөг хүчнийхнийгээ шоронд хийчих ч юм билүү. Ийм маягаар мөнхөд эрх барих нь үнэхээр ашигтай гэж Ардын намынхан тооцож байна.

МАН-ын явуулж байгаа бодлогоос харахад тэд гадаад харилцаандаа  “гурван нүүр”-тэй болжээ. Өмнөд хөршдөө тал засч гүйгээд л. Эсвэл оросуудын өмнө сөгдөхөөс наагуур бөхөлзөөд л. Харин гурав

дахь хөршдөө “гурав дахь хөрш” гэдэг нүүрээ харуулна. Тэд ингэж “гурван нүүр” гаргаад яваад байж болно гэж бодож байвал том эндүүрэл. Өнөөдөр “гурван нүүр” гаргаад удаан явахгүй ээ. Энэ байдлыг чинь дэлхий хараад ядах юмгүй ойлгоно. Уг нь ковидын дараах дэлхийн улс гүрнүүдийн төрийн дээд хэмжээний айлчлал идэвхжиж байгаа өнөө үед бид гурван нүүр гаргавал өөрсдөө л хохирно. Монгол Улсыг гуравдагч хөршүүд нь шууд хаяна. МАН-ын гаргаж байгаа “гурван нүүр” ийм л хортой. Магадгүй та нар “Яахав дээ, хоёр нүүртэйгээ үлдэхэд хангалттай” гэж бодож байгаа байх. Хэрэв “Орос ах нартайгаа байхад болно доо” гэж үзэж байгаа бол алдаж байна шүү. Яг үнэндээ Орос нь сайн ах байж чадахаасаа нэгэнт өнгөрсөн. Украинтай байлдаад сүйрч дууслаа. Цаашид амиа яая гэж байгаа улс. Юун бидэнд нөлөөлөх манатай байна. Дэлхийн эдийн засгийн хоригт орчихсон Орос гүрэн хэзээ мөдгүй “шүдгүй арслан” боллоо. Үүний баталгаа нь Азербайжан байна. Оросын байгуулсан уулын Карабахыг ганцхан өдөрт бут цохиод өөртөө нэгтгэчихлээ. Энэ бол асар том дохио. Харамсалтай нь үүнийг манай Ардын намынхан ойлгохгүй байна. Хойд хөрш Украинтай эхлүүлсэн дайнаа яая даа гэж байхад дээрээс нь Монголд нөлөөлөх гэвэл бүр ч баларна. Тэгэхээр Орос биднийг айлгаж чадна гэж бодож байвал том эндүүрэл.

Бодит нөхцөл байдал дээр МАН биднийг Оросоор айлгаад амжилт олохгүй. Одоо хэдүүлээ Оросын нөлөөнөөс салахын тулд МАН-ыг сонгуулиар ялах хэрэгтэй байна. Харин ч эсрэгээрээ Оросыг буруутгах биш. Монгол Улс хоёр хөрштэйгөө эвтэй найртай байх улс төрийн шинэ хүчнийг гаргаж ирэх ёстой. Улс төрд төлөвшсөн, хүчтэй нам гэвэл одоо АН байна. Үнэндээ МАН бол үеэ өнгөрөөсөн бодлого барьж байгаа. Одоо шинэ нам, шинэ бодлого гарч ирэхгүй бол бид мөнхөд ядарсан Оросын дор явах болно. Ядарсан орны нөлөөнд бүр ч ядарсан орон болох гээд байна. Энэ янзаараа явбал өнөөдрийнхөөс ч дор ирээдүй биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс 1989 онд биеэ даана гэж Ардчилсан хувьсгал хийсэн. Одоо үүнийгээ гүйцээж бие даах хэрэгтэй болсныг өнөөгийн монголчуудын амьдрал бэлхнээ харуулж байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасүрэн: Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо DNN.mn

“Өдрийн сонин”-ы “Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн хандлаа. Тэрбээр орон нутгийнхаа удирдлага болон байгууллагатай холбоотой ноцтой асуудлын талаар шүгэл үлээж байна.


-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил хийдэг хүн бэ?

-Миний бие Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт найм дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгт жижүүр-үйлчлэгчээр ажилладаг. Энэ ажлыг хийхдээ давхар цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн цагаан хэрэглэлийг угаадаг. Миний ажил үүргийн хуваарьт ийм зүйл байхгүй. Угаалгын ажилтны орон тоон дээр тусдаа хүн ажиллах ёстой. Гэтэл тэр хүн нь манай сумын Халуун-Ус багийн салбар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Ингээд би хоёр хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Та ямар асуудлаар шүгэл үлээж байна вэ?

-Чулуут сумын Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нарын ашиг сонирхол хэрээс хэтэрсэн. Тэд төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүгээр зогсохгүй төрөл садангийн алба болгосон.

-Танд тодорхой баримт байна уу?

-Манай Засаг дарга Э.Анхбаяр нь АН-ын хүн. Тэрбээр өнгөрсөн хавар томилогдсон. Ингэхдээ намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй. Харин МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Түүнийг Засаг дарга болсноос хойш сумын МАН-ын тодорхой нэр бүхий хүмүүс төрийн албанд томилогдохоор санаархаж байна. Энэ асуудлыг сум, орон нутаг даяар хүн бүр мэдэж байгаа. Засаг даргын МАН-тай үгсэн тохиролцсоны тод жишээ гэвэл сумын цэцэрлэгт хүмүүс ажилд оруулахаар шахаж байна. Орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн ашиг сонирхол ноёлсноос болж иргэн миний эрх ноцтой зөрчигдлөө. Уг нь би туслах багшаар ажиллах эрхтэй. Харамсалтай нь миний хийх ёстой ажлын байранд цэцэрлэгийн эрхлэгч танил тал, хамаатан садангуудаа дүүргэсэн. Энэ бол төрийн алба. Хувийн хэвшил биш.

Дээрээс нь цэцэрлэгийн удирдлагатай холбоотой өөр нэг ноцтой асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү тооцож авдаг. Тодруулбал, тухайн өдөр ирсэн хүүхдийн ирцийг үнэн бодитоор мэдээлдэггүй гэсэн үг. Хорин хүүхэдтэй ангид 10 хүүхэд ирлээ гэхэд цаашаа тоогоо өгөхдөө 15 хүүхэд ирсэнээр давуулж өгч байх жишээтэй. Халуун-Ус багийн салбар цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй. Заримдаа ганц хүүхэд ирэх үе байна. Энэ тохиолдолд 12 хүүхэд ирсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү бодож авдаг. Үүнээс гадна цэцэрлэгийн ажилтнуудын цалинг дандаа дутуу бодож өгдөг. Надаас гадна дөрөв, таван хүний цалин дээр акт тогтоосон. Юунаас болж ингэж дутуу бодоод байгааг асуухаар удирдлага маань өөдөөс загнаад тодорхой тайлбар өгдөггүй. Заримдаа дараа нөхнө гэчихээд бас л дутуу олгодог. Энэ талаар би Засгийн газрын 11-11 төвд хандсан. Цэцэрлэгийн энэ зөрчил аймгаас ирсэн аудитын шалгалтаар ч илэрсэн.

-Цэцэрлэгийн эрхлэгч нар хамаатан садангуудаа ажилд авдаг гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Манай цэцэрлэг 25 хүнтэй. Үүний бараг 50 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчтэй төрөл садан. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам гэдэг хүн тэтгэвэртээ гарчихсан хэрнээ өнөөг хүртэл ажилласаар байгаа. Тэрбээр Архангай аймгийн Тамгын газрын дарга Д.Алтангэрэлтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Халуун-Ус багийн цэцэрлэгийн галч Н гэдэг хүн бас Д.Алтангэрэлийн төрсөн ах нь. Мөн манай цэцэрлэгийн багш М, туслах багш Э нар Д.Алтангэрэл даргатай ойрын хамаатнууд. Тэд төрсөн ахан дүүсийн хүүхдүүд. Цэцэрлэгийн галч Ш, Ц нар эрхлэгч Бүжинлхамын хүргэнүүд. Дээрээс нь бүлгийн багш Н, ахлах тогооч С нар мөн л эрхлэгчтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Бас бичээч О хүртэл Бүжинлхамтай ойрын хамаатан садангийн улс. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгосон бодит үнэн. Мэдээж ажилд авах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Дээр дурдсан Д.Алтангэрэл даргын хамаатан Э, бүлгийн багш Д нарыг манай эрхлэгч шууд ажилд авах гэхэд Э.Анхбаяр Засаг даргад томилогдохоосоо өмнө “Наадах чинь ашиг сонирхолын зөрчилтэй байна” гээд АТГ-т өгч байсан. Ингээд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шууд ажилд орох гэж байсан хоёр хүн сонгон шалгаруулалтад орсон. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам, бичээч О нар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нэрийдлээр тестийг урьдчилж аваад тэдэнд өгсөн гэдэг яриа гарсан. Энэ тухай хамт олны хурал дээр хэд хэдэн удаа яригдсан суудал. Би үүнийг үнэний ортой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед сонгон шалгаруулалтад тэр хоёроос өөр хүн ороогүй. Би хүртэл сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ даргад тавьж байсан. Тэгэхэд “Чи хэрэггүй. Энэ удаа хүлээж бай” гээд зөвшөөрөөгүй. Ер нь бол асуудал тодорхой болсон байсан болохоор ингэж намайг оруулаагүй гэж бодсон.

Ер нь бол цэцэрлэгт явж байгаа хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоо уялддаг. Тиймээс цэцэрлэгийн удирдлага ах дүү, хамаатан садан, намын нөхдөө ажилтай байлгахын тулд хүүхдийн тоог зориудаар нэмдэг гэж хардаж байна. Тухайлбал, Халуун-Ус багийн цэцэрлэг аль хэдийнэ татан буугдах хэмжээнд хүрсэн. Заримдаа ганцхан хүүхэд, бүр хүүхэд ирэхгүй үе ч байна. Гэтэл хүүхдийнхээ тоог нэмж өгөөд л, ажилд хүн аваад л байдаг. Тэгсэн хэрнээ намын дэмжлэггүй, танил талгүй над мэтийн хүмүүс үндсэн ажлаа хийж чаддаггүй. Би туслах багшийн эрхтэй мөртлөө жижүүр хийж байна. Гэтэл хамаатан садангууд нь болохоор угаагчийн орон тоон дээр орчихоод тогооч хийж байх жишээний.

-Та сум орон нутгийн удирдлага болон байгууллагынхаа талаар шүгэл үлээснээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж байна уу?

-Над дээр маш их гал ирж байгаа. УИХ-аас Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталсан. Би хуулиа биелүүлж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон асуудлыг хөндөж байна. Харамсалтай нь миний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Манай цэцэрлэг дээр таван ажлын байрны орон тоо яригдаж байгаа юм. Бүлгийн хоёр багш. Багшийн туслах хоёр, тогооч гэсэн ажлын байрууд. Миний бие туслах багшийн орон тоон дээр яригдаж байсан. Байгууллагын хурал есдүгээр сарын нэгэнд болсон. Хурал дээр сумын Засаг дарга улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг завдсан. МАН-ын дэмжлэгтэйгээр гарч ирсэн учраас хоёр хүн ажилд оруулна гэж шахсан. Үүнээс үүдэж байгууллагын хурал дээр маргаан үүсч, асуудал шийдэгдэж чадалгүй тарсан. Маргааш нь ажилдаа иртэл ”Засаг дарга цагдаатай ирж, драйвер үлээлгэж ажилтнуудыг шалгасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илрүүлсэн” тухай дуулсан. Ингэхдээ Засаг дарга нь иргэн Б.Бямбасүрэн буюу миний дуудлага мэдээллээр ирсэн гэдгийг манай хамт олонд хэлсэн байгаа юм. Энэ бол миний нэр төрд халдсан ноцтой асуудал. Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглаж, улстөржиж хүний нэр төрд санаатайгаар халдлаа. Тэрбээр төрийн удирдах албан тушаалтан хүн байж ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөө гүйцэлдүүлэхийн тулд намайг буланд шахаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болчихоод хариуд нь хоёр хүн ажилд оруулах гэж улайран дайраад байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ миний ажлын байрыг булааж байна.

-Та цагдаад дуудлага өгсөн юм уу?

-Би албан ёсоор хаана ч дуудлага өгөөгүй. Энэ хүн анх Засаг дарга болонгуутаа манай байгууллага дээр ирсэн. Болох бүтэхгүй асуудлыг цэвэрлэнэ. Хов живээр ажил хийхгүй гэж сүрхий уриа лоозонтой орж ирж байв. Тухайн үед би “Манай байгууллага дээр шударга зүйл байдаггүй. Ёс зүйн хороо гэж байдаг хэрнээ асуудлыг шийддэггүй. Манайд эрх зүй, ёс суртахууны талаар лекц сургалт явуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Сүүлд байгууллагын хурал дээр үүссэн асуудал өөртэй нь хамааралтай байсан болохоор утсаар залгаж хэлсэн төдий. Анх шударга үнэний төлөө ажиллана гэж байсан хүн яагаад миний ажлын байрыг булааж байгаа юм бэ гэдэг агуулгаар. Мань хүн намайг ажлаа тараад явсны дараа цагдаатай хүрч ирээд драйвер үлээлгээд согтуу хүн илрүүлсэн юм билээ. Тэгээд “Танай ажилтан Бямбасүрэнгийн дуудлагаар ирсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан байгаа юм. Албаар байгууллага дотор хагарал үүсгэж, намайг нохойд барьдаг мод шиг л шидчихлээ. Энэ бол санаатайгаар миний ажлын байрыг ганхуулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Засаг даргыг ингэж хэлснээс болж намайг манай ажлынхан гадуурхаж байна. Үүнээс үүдэн миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал доройтлоо. Би нойргүйдэлд орж, зүрх өвдөж, даралт ихэсч байна. Энэ байдал давхар үр хүүхдүүд, гэр бүлд маань нөлөөлж байна. Тэд маань сэтгэл санаагаар хямарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би байгууллагадаа гадуурхагдаж, хохирогч боллоо.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Сумын Иргэдийн хурал, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгөөд долоо, найм хонож байхад асуудал огт шийдэгдэхгүй байна. Сум орон нутаг намын харьяалал, ах дүүсийн хэлхээ холбоо, бүлэрхэг байдал хэрээс хэтэрсэний жишээ энэ юм. Уг нь Засгийн газраас ард түмнээ хөдөө очиж амьдрахыг уриалаад байгаа биш билүү. Гэтэл хөрсөн дээрээ нөхцөл байдал ийм байна. Гадуурхал, намчирхдаг байдал орон нутагт очиж амьдрах хүсэлтэй иргэдийг үргээгээд байна шүү дээ. Ийм байхад төр засгаас мянган сайхан бодлого гаргаад нэмэр байна уу.

М.МӨНХ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг-ангиллын-баннер

А.Батпүрэв: Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа

-Иргэдийн цалин үнийн өсөлтийг дийлэхгүй байгаад нийгэм бухимдалтай байна. Тэгэхээр цалингийн хэмжээг ахиулахын тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Цалин нь иргэдийн гол орлого болохоор амьжиргааны түвшинтэй шууд холбоотой. Үүнээс гадна иргэдийн боловсрол, ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлд эергээр нөлөөлдөг. Тэр утгаараа эдийн засгийн нэг чухал нөөц болох хүмүүн капиталын хөгжилд голлох үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн өсөлтийн амин чухал хөдөлгөгч хүч юм. Учир нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хөдөлмөрийн орчныг сайжруулах, бодит цалинг нэмэгдүүлэхэд оролцох зайлшгүй шаардлага тулгардаг.

Монгол Улсын дундаж цалин сүүлийн таван жилд 60 хувь өсч 1.5 сая төгрөг болсон байна. Байршлаар нь харвал уул уурхайн дагасан Орхон ба Өмнөговь аймгууд хамгийн өндөр цалинтай байна. Гэвч энэ хугацаанд бодит цалин арван хувиар л өсчээ. Иймд ажилчдын худалдан авах чадварыг хамгаалах зорилгоор бодит цалингийн өсөлтөд анхаарах шаардлага тулгарч байна.

Том дүр зургаар нь авч үзвэл төрөөс иргэдийн цалингийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, инфляцийг нам тогтвортой байлгах ажлуудаа сайн хийх ёстой. Харин микро түвшинд шууд оролцдог үндсэн арга хэлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн орлогын татварыг оновчтой тогтоох юм.

-Төрийн албан хаагчдын цалин саяхан нэмэгдсэн. Энэ нь бодит цалинг өсгөхөд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай улсад албан ёсоор байнгын ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 20 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа гэдэг. Энэ бол хувийн хэвшил давамгайлсан чөлөөт эдийн засагтай орны хувьд өндөртөө орохоор тоо. Тийм ч учраас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь хөдөлмөрийн зах зээл дэх нэг өрсөлдөгч гэдэг утгаараа хувийн хэвшлийн цалинд тодорхой нөлөө үзүүлж болох юм. Гэхдээ төрийн албан хаагчдын тооны гол цөмийг бүрдүүлдэг эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувьд угаасаа хувийн хэвшилд илүү өндөр цалинтай байдаг. Иймд орлуулах нөлөө нь бага.

-Манай улс импортлогч орон. Гэтэл цалингийн хэмжээ дэлхийн дунджаас ч доогуур байдаг. Ийм бага цалингаар дэлхийн зах зээлийн ханшаар заримдаа бүр өндөр үнээр худалдан авалт хийж байна. Тэгэхээр цалин хөлсний хэмжээгээ дэлхийн дундаж руу дөхүүлж очихын тулд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

-Хөдөлмөрийн нийлүүлэлт болон бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин харилцан хамаарал бага явж ирсэн. Энэ нь манай эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар нь ажиллах хүчийг бага шингээж байгаатай холбоотой юм. Уул уурхайн салбарт бүтээмж бусад салбартай харьцуулахад өндөр байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт уул уурхайгаас тав дахин их хүн ажилладаг боловч бүтээмж нь 8.6 дахин бага байгаа. Үүнээс болоод хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт цалин бодитой өсөхгүй байгаа юм. Товчхондоо бүтээмж, цалингийн өсөлт өндөр байгаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн нийлүүлэлт нь эрэлтээсээ өндөр. Харин бусад салбарт нийлүүлэлт нь хомс буюу бүтцийн ажилгүйдэл бий болоод байна. Тиймээс хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цалинг өсгөх шаардлагатай. Цалин өсгөхийн тулд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой.

-Ингэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлж байна?

-Саяхан “Нээлттэй Нийгэм Форум”-ын захиалгаар манай судлаачид судалгаа хийсэн. Үр дүнгээс нь үзэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлж байна. Тодруулбал, судалгаанд авч үзсэн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхэлдэг болон хөдөлмөр эрхэлдэггүй байдалд нийгмийн халамжид хамрагддаг эсэх нь бодитой нөлөөтэй байгаа юм. Судалгаанаас харахад халамж авдаг иргэдийн хувьд халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад 12.1 хувиар доогуур хөдөлмөр эрхлэх магадлалтай. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.5 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна.

-Хувийн хэвшлийнхэн цалингийн өсөлтийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ. Ямар шийдэл байна. Цаашлаад бидэнд эдийн засгаа тэлэх ямар боломжууд байгаа вэ?

-Эдийн засгийг тэлэх гэдэгт өсөлт, төрөлжилт аль алиныг нь багтаана гэж ойлгож байна. Өсөлтийг дэмжихийн тулд өнөөдөр бид төр буюу төсвөөр дамжуулан орлого хуваарилах юм уу төрийн өмчит компаниудыг улам томруулснаар сайн үр дүнд хүрэхгүй. Энэ бол онолын хувьд төдийгүй бодит амьдрал дээр одоо нэгэнт нотлогджээ. Сүүлийн 20 жилд манай улсын төсөв 30 дахин томорсон. Гэвч өрхийн орлого ердөө арав дахин нэмэгдсэн. Үр дүнд нь хувийн хэвшил шахагдаж нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим долларын хавьцаа арав гаруй жил гацлаа. Иймд эдийн засгийн өсөлтийг дорвитой томоор нь өөрчилье гэвэл эдийн засгийг нээлттэй болгоё. Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг салбар бүрд татах, бас айл өрхийн санхүүгийн чадавхыг бий болгох хэрэгтэй байна. Яг орон сууц, мал хувьчилсан шиг, хилээ нээж бүх хүн гадаад паспорт аваад наймаанд явдаг болсон шиг реформын шинжтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг хийх боломжит гарц нь төрийн мэдэлд байгаа уул уурхайн ордууд, тэдгээрийг эзэмшиж буй ТӨК-иудыг иргэддээ эзэмшүүлэх. Мөн иргэн бүрдээ газар өмчлүүлэх явдал байж болох юм. Аль алийг нь сайтар судлаад оновчтой хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Мөн эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих тамир тэнхээг нь бүрдүүлэхийн тулд одоо нэгэнт бий болсон “Голланд өвчин”-ий сөрөг нөлөөг анагаах орлогын зөв менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж бий болгосон үр өгөөжөөсөө уул уурхайн бус, нэн ялангуяа олон улсад өрсөлдөх боломжтой салбаруудаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Дахиад л улс төр, засгаас хамааралтай байдлаар хуваарилах биш жинхэнэ утгаар нь Үндэсний баялгийн санг байгуулж хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал.

-Ер нь Монгол Улсад дундаж давхаргыг яаж нэмэгдүүлэх вэ?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас өндөр. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. Уг нь цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг бууруулах ёстой. Мөн бага орлоготой өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр нийгэм болон эдийн засагт эерэг нөлөө авчрах боломжтой. Ингэснээр хөдөлмөрийнхөө үр шимээр боломжийн амьдардаг дундаж давхаргыг бий болгох нөхцөл бүрдэнэ. Мэдээж хэрэг дундаж давхарга гэдгийг цалин гэх мэт орлогын абсолют тоогоор биш амьдралын чанараар нь тодорхойлох нь зүйтэй. Ингэж авч үзвэл дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх бодлого нь эдийн засгийн тогтвортой, олон тулгуурт өсөлт, нийгмийн цогц арга хэмжээнээс бүрдэх учиртай.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-тай зорчих нөхцөлийг визтэй болгох хэрэгтэй DNN.mn

Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУын Засгийн газар Монголд төрийн эргэлт хийхээр оролдож байна гэж мэдэмхийрэв. Улмаар “Одоо Монголд байдал тун хүнд байна. Украин төрийн эргэлт хийхэд нөлөөлсөн АНУ-ын Төрийн департаментын дэд дарга Виктория Нуланд Монголын ард түмнийг, тэр дундаа залуучуудыг нь сургахаар оролдож байна. Монголчууд хүчтэй ард түмэн. АНУын утсан хүүхэлдэй болохгүйн тулд үүнийг эсэргүүцэх хангалттай хүч байгаа гэж найдаж байна. Одоо ч гэсэн монголчууд давна гэж бодож байна” гэх зэргээр дэлхий нийтэд цацагдаж буй телевизэд ярилцлага өгөөд сууж байх юм. Буриад улсын төрийн тэргүүн хүн энэ үйлдлээрээ бүхэл бүтэн тусгаар улсыг үл тоолоо. Бидний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод зогсохгүй ард түмнийг өдөөн турхирсан өнгө аяс илэрхийлэв. Угтаа аливаа улсын тэр дундаа уламжлалт найрсаг харилцаатай хөрш орныхоо талаар ингэж амныхаа зоргоор ярих нь дипломат ёсонд харш гэдгийг мань хүн мэдэхийн дээдээр мэдмээр сэн. Олон улсын харилцааг зохицуулдаг гэрээ конвенцууд, холбогдох хууль журмуудад “Нэг улс нөгөө улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зарчим үйлчилдэг. Ингэж байж энэ дэлхийд энх тайван ноёрхоно. Ийм л энгийн логиктой. Харин эрхэм ерөнхийлөгч Алексей Цыденов дипломат хүнд баймааргүй ноцтой алдаа гаргалаа. Сураг сонсох нь ээ, энэ хүн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэлээд төвхнөсөн гэх юм билээ. Хүссэн үедээ, дуртай цагтаа манай улс руу орж, гардаг бололтой. Яагаад гэвэл, ОХУын иргэд Монгол руу визгүй зорчдог учраас аягүй хялбархан чөлөөтэй ирж, буцаад байна. Тэр байтугай гэртээ байгаа юм шиг тухлан амьдардаг гэлцэх.

Энэ хүн монголчуудад атаархдаг нь тодорхой. Яагаад гэвэл Буриад бол ОХУ-ын бүрэлдэхүүн орнуудын нэг. Түүхээс харвал, XVII зуунд Оросын эзэнт гүрний мэдэлд очсон. Олон зууны турш эрх чөлөөгөө хумиулсан ийм жижиг улсын дэргэд Монгол бол диваажингийн орон. Ардчиллын туган доор тусгаар тогтнолоо бэхжүүлж, энх тайвныг эрхэмлэдэг улс. Ийм эрх чөлөөтэй нийгмийг байгуулж чадсан монголчуудыг хараад дотроо байж суухын аргагүй тэвдэж байгаа. Мэдээж улсынх нь ард түмэн Монгол шиг бие даасан, эрх чөлөөтэй орон болохыг хүсч мөрөөднө. “Ардчилал хөгжсөн орон хэнээс ч хараат биш, амар амгалан байдаг юм байна. Хүсвэл Монгол шиг ийм сайхан амьдарч болдог юм байна. Гэтэл манай дарга нар яагаад биднийг ингэж амьдруулахгүй байгаа юм бэ” гэж Буриадын зон олон өөрийг нь зүхээд босоод ирнэ гэхээс зүрх нь хагарах шахаж байгаа байх. Тэгээгүй л юм бол Алексей Цыденов бидэн рүү ам хэлээрээ халдаж эхлэхгүй. Олон улсын мэдээллийн агентлагт зориуд Монголын талаар байр сууриа илэрхийлж, манай дотоод хэрэгт оролцож байгаагаас нь харвал ОХУ-ын эрх баригчид тэрэн дотроо буриадын дарга нар бидэнд үнэхээр хорсож буй аж. Ер нь буриадын сэхээтэн эрх баригчид хэзээнээсээ биднийг орост барьж өгч байсан байж магадгүй гэж ярьдаг. Саяхан хэлмэгдлийн өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүхэнд оросоос 117 хүний нэр ирсэн гэдэг. Хэн энэ нэрсийг өгсөн байж таарах вэ. Тэр оросууд манайд байгаа хүмүүсийг нэрсээр нь мэднэ гэж үү. Бас оросын октябрын хувьсгалаас зугтаж ирсэн хүмүүсийг хэн тэгж сайн мэдэх вэ. Монголчууд бол “аа энэ хойгуур нутаглаж байсан шиг байна лээ” л гэж их сайндаа ярина. Гучаад онд Чит хавиар нутаглаж байсан монголчуудыг гадаадад амьдарч байсан гэж ч бараг мэдэхгүй. Яагаад гэвэл тэр нутаг нь хэзээнээсээ л манайхны ирж буцаж байсан л өвөлжөө хаваржаа. Энэ бүгдээс харахад буруу санасан оросыг бишрэн шүтдэг буриадууд л тэр нэрсийг гаргасан байх өндөр магадлалтай байдаг. Түүхээсээ үндэстэн нэгтнээ барьж өгч байсан энэ их атаархал, хорсол монголчуудад хүндрэл бэрхшээл учруулж болзошгүй. Түүний энэ өдөөн турхиралт даамжирсаар Украин шигээ юм болохыг ч үгүй гэх ч газаргүй.

Дайнтай холбоотой Орос орны байдал улам доройтсоор байна. Украиныг Беларусьтай адил дагуулаа болгоно гэж ассан энэ улс өнөөдөр цагаан тугаа өргөхөд ойрхон байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр Орос оронд задрал явагдаж, зэвсэгт бүлэглэлүүд үүсч, хоорондоо бужигнах шинж тэмдэг ажиглагдах боллоо. В.Путин ард түмнээ иргэний дайны ирмэгт авчирлаа гэж дэлхий дахин буруушааж байна. Дээрээс нь ОХУын эдийн засаг шалдаа буулаа. Дайн эхэлснээс хойш ядуурал хүрээгээ тэлсэн. Ядуу нийгэм ямар ч ёс зүйгүй болдгийг бүгд мэднэ. Хулгай, дээрэм, тонуул, аллага, луйвар, хүний наймаа гээд болохгүй бүхэн цэцэглэнэ. Аажимдаа энэ үйл явц 1917 оны иргэний дайны хэмжээнд хүргэхээр байна. Энэ үгийг оросын ерөнхийлөгч хаврын Пригожины үймээний үед хэлж байсан нь санамсаргүй тохиолдол биш. Үүний хор уршиг хаяа залгаа нутагтай бидэнд л хамгийн их халтай. Адаглаад л зэр зэвсэг агссан хэдэн хүн хулгайгаар орж ирнэ. Бөглүү зэлүүд газруудын малчин өрхүүдийг дээрэмдэж, ан гөрөө хийх жишээний. Энэ зэргээс харвал манай улсын хилийн аюулгүй байдал хүндрэх шинжтэй болж байна. Тиймээс ОХУын иргэдийг Монгол руу визтэй зорчдог болгох хэрэгтэй.

Монгол Оросын хооронд 2014 оны арваннэгдүгээр сарын 14ний өдрөөс эхлэн харилцан визгүй явж эхэлсэн. Хоёр улсын Засгийн газрын энэ шийдвэр монголчуудад ямар үр өгөөж өгөв. Манай эдийн засаг хэр их олз омогтой байв. Статистик эргүүлээд харъя л даа. Харин ч эсрэгээрээ, хоёр улсын хооронд визгүй зорчиж эхэлсэн эхний жилд Буриад улсын худалдааны салбар эрс өссөн байх жишээтэй. Оросыг зорьсон монгол жуулчдын тоо нэмэгдэж, Буриадын худалдааны салбарынханд бизнесээ тэлэх боломжийг олгосон. Тэгвэл манайхаас тус улс руу 100гаад наймаачин гарч хэдэн хатсан жимс мэмсхэн, хуурамч виски зэрэгхэн авчирч монголчууддаа дамлаж шулж байгаа. Өөр юу ч худалдаалж чаддаггүй. Хоёр орны хооронд худалдааны 60100 хувийн татвартай. Тэгэхлээр яаж ч худалдаа наймаа хөгжих вэ. Яг үнэндээ ОХУд манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах орчин үеийн өндөр технологи ч бараг байдаггүй. Өнөөдөр бид голцуу Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг орноос хамгийн сүүлийн үеийн технологийн бүх шийдлийг олоод авчихаж байна. Тэгэхээр Оростой визгүй зорчдог болсны үр дүн бидэнд алга.

Монгол Улс улс хоёрхон хөрштэй. Олон улсын харилцаа талаас авч үзвэл бид хоёр хөршөө алагчилж байна. Хойд хөршөө болохоор дураар нь сул тавьчихсан. Дуртай цагтаа орж гарахыг нь зөвшөөрдаг. Харин урд хөршийнхөн манайд зочлохын тулд заавал виз хүсдэг. Энэ байдал шударга ёсонд нийцэх үү. Төр засгийн энэ буруу бодлого яваандаа аль, аль талдаа хүндрэл учруулж мэднэ. Урд хөрш “Өнөөдөр танай улстай ганц наймаа хийж байгаа нь хятадууд бид биш үү” гэх үед тэднийг визгүй оруулахгүй гэх нүүргүй шүү дээ. Энэ нь ч худлаа биш. Манай улсын гадаад худалдааны эргэлтийн гол цөм нь Хятад. Өнгөрсөн жил манай улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд БНХАУтай хийсэн худалдаа 64 хувийг эзэлж байв. Харин ОХУ-тай хийсэн худалдаа ердөө 12.7 хувь байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад мөн л оросуудын эзлэх байр суурь өчүүхэн. Ердөө хоёр, гуравхан хувьтай. Дийлэнх нь Хятад болон гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалт манай эдийн засагт жин дардаг. Ийм байхад бид хятадуудад виз өгөхгүй гэх шон байгаа юм уу.

Ер нь Буриадын ерөнхийлөгчийн өдөөн хатгалт, Оросын эдийн засгийн байдал, геополитикийн шалтгаан зэргээс харахад бид оросуудыг визтэй болгох нь зөв шүү. Хэнд зориулж, яах гэж хийсэн нь мэдэгдэхгүй энэ визгүй болгох нөхцөлийг даруйхан болиулах хэрэгтэй байна. Лав л монголчуудад орос руу визгүй зорчоод хожоод хөгжөөд байгаа юм харагдадгүй. Яах вэ элэг нэгтэй юм гээд бид буриадуудыг орж ирэхэд л дуртай байх юм даа. Тэдэнд маань өгөөжөө өгч байгаа л гэж найдахаас.

М.МӨНХЦЭЦЭГ