Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ашгийн далай “Улсын их дэлгүүр”, “Таван толгой” хоёр мөнгөгүй гээд хувьцааны ногдол өгдөггүй улсад хувьцаа гэдэг бол зүгээр цаас DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийн хувьцааг ирэх онд ард түмэнд эзэмшүүлэхээр ярьж эхэллээ. Энэ асуудал биеллээ олбол жил бүр иргэдэд хувьцааны ногдол ашиг тараана гэсэн. Тэр хэрээр монголчуудын амьжиргаа ахиж, дэвшинэ гэж хууль санаачлагчид үзэж байна лээ. Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний мэдэлд” гэх заалт ашгүй одоо л амилах нь гээд олон нийт жигтэйхэн баярлаж байна. Мэдээж энэ бол яалт ч үгүй сайн мэдээ. Гэхдээ хөрсөн дээр буутлаа удна. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг оронд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэнэ гэдэг бол зүгээр л үлгэр. Бид өмнө Таван толгойгоос юу авснаа эргээд санацгаая л даа.

Засгийн газраас анх 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ нь тус компанийн нийт 15 тэрбум ширхэг хувьцааны ердөө 20 хувь нь юм. Үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшил эзэмшдэг. Аж ахуйн нэгжүүдийн эзэмшил нь нэг хувьд ч хүрдэггүй гэдэг. Тухайн үед Засгийн газраас нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилав. Мөнгөн дүнгээр тооцвол нэг сая төгрөгтэй тэнцдэг. Гэтэл Засгийн газар төд удалгүй “Сайн хувьцаа” нэрээр иргэдэд тараасан 20 хувь хувьцааныхаа 6.2 хувийг нь хамаад авчихсан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгов. Мөн оюутнуудын сургалтын төлбөрт хамаг хувьцааг нь суутгаад авчихсан. Үүнээс хойш 1072 хувьцаатай холбоотой асуудал дөрвөн жил ор тас мартагдаж билээ. Иргэд ч хувьцааныхаа ногдол ашгийг нэхэж, санасангүй, дараагийн сонгуулийн жилтэй золгов. Ингээд 2016 оны сонгуулийн өмнө иргэдэд 300 мянган төгрөг тараахдаа бас л хувьцаанаас нь суутгасан байдаг. Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа ноогдол ашгийг түүхэндээ ганц удаа л хүртэж байсан нь 2019 он. Тухайн үед ХХОАТ-ын 10 хувийг хасаад цөөхөн хэдэн төгрөг өгсөн болсон. Тэгээд “Ногдол ашиг түрдээ байхгүй шүү. Энэ мөнгөөр чинь төмөр зам барина” гээд төр шийдчихэж билээ. Харин өнгөрсөн жилээс “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй ажиллаж байна гэсэн мессэжийг нийгэмд өгөөд эхэлсэн. Засгийн газраас томилогдсон БЭТ гэж нэг ярвайсан нөхөр гарч ирээд “Та нарт нэг удаа 100 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байснаас үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Нүүрс угаах үйлдвэр барьчих юм бол тонн тутамдаа 50-80 ам.долларын ахиу ашиг хүртэнэ” гэж ярьсан. Төр ард түмний ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулахдаа эздээс нь огт асуусангүй. Үнэн хэрэгтээ хууль нь анхнаасаа ингээд гарчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-гоос эзэмшиж байгаа иргэдийн хувьцаа ямар ч саналын эрхгүй. Нөгөө та нарын хэлээд байдаг цонхны цаанаас долоолгодог мөсөн чихэр энэ юм.

Өнгөрсөн жилүүдэд дандаа алдагдалтай ажиллаж ирсэн гэдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэн нүүр царайг хэдүүлээ сая нүүрсний сонсголоор сайн мэдэж авлаа. Ямар их хөрөнгө идэж, ууж, хулгайлсныг нь хар даа. Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн шуналын далай байж шүү дээ. Тэд бүхэл бүтэн 40 их наядын хулгай хийсэн байна. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө шийдвэр гаргах түвшний хүмүүс биш. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад оролцдоггүй гээд л камерын өмнө биеэ өмөөрөөд сууна лээ. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх ийм их хөрөнгийг хулгайлсан хүмүүст үнэхээр ичих нүүр гэж байдаггүй юм байна. Жирийн иргэн тооны машинд ч цохиж барахааргүй тийм том тоо энд яригдлаа. Та бүхэн тэр 40 их наяд төгрөгийг ямар хэмжээний мөнгө гэж бодож байна. Цаг тутамд арван сая төгрөг дансанд оруулахад 100 жилийн дараа хийж дуусах хэмжээний мөнгө шүү дээ. Зуу биш, мянга биш, бүр арван саяар нь гүйлгээ хийгээд байхад хүний нэг насны амьдралтай дүйцэх хугацаа хүрэлцэхээргүй их мөнгө байгаа биз. Элсэн чихэр дээр шавсан шоргоолж шиг л “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг эрх мэдэлтнүүд ингэж баруун, солгойгүй “идсэн” байхад “Та нарын ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барина” гээд нүд цавчихгүй ярьж байсныг нь бодохоор хэлэх ч муу үг олдохгүй юм. Тэр нөхөр ийм их мөнгө хулгай хийчихсэнийг мэдэхийн дээдээр мэдсээр байж “Та нарт өгөх мөнгө алга” гэж хэлж чадаж л байгаа юм даа. Тэгэхлээр энэ нөхөр л лав ард түмнийг юу ч биш гэж үздэг нөхдийн төлөөлөл мөнөөсөө мөн.

Хөрөнгийн зах зээл Монголд хөгжих ерөөсөө болоогүй байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниуд доороо охин компани байгуулчихдаг. Санхүүгийн тайлан дээрээ ашиггүй ажилладаг гэнэ. Үнэн хэрэгтээ охин компаниудаараа дамжуулаад хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх ёстой ашгийг өөртөө авдаг. Үүний сонгодог жишээ бол Улсын их дэлгүүр байна. Монголын хамгийн анхны том дэлгүүр төдийгүй ашгийг цөм хийдэг газар. Гэтэл түүхэндээ ганц ч удаа ногдол ашиг тарааж үзээгүй. Дандаа л ашиггүй ажилласан гэж гоншигнож ирсэн. Охин компаниудтайгаа түрээсийн гэрээгээ зах зээлийн үнээс хэд нугалж өндөр байгуулж байгаад хамаг ашгаа өөрсдөө луйвардчихдаг. Харин татварын дараах ашиг нь тэрбум тэрбумаар тоологддог гэсэн олон жилийн статистикийг судлаачид хэлдэг. Угтаа Улсын их дэлгүүр гэдэг чинь 45 мянган иргэнээс мөнгө босгож бий болгосон хөрөнгө.

Ийм санхүүгийн луйвраа цэгцэлж чадаагүй байхад Монголд хөрөнгийн бирж хөгжихгүй. Яагаад гэвэл хуулийг нь дандаа дутуу хийдэг. Дараа нь ингэж луйвардахад амар гэж бодоод хийдэг юм уу гэж бодогдох болсон. Ер нь аливаа улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос  хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болдог. Иргэдийн амьдралд капитал бий болох боломж ингэж бүрддэг. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 90 орчим хувь нь нээлттэй компани байна. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр

тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалж, нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Гэтэл манай төр баригчид үргэлж эсрэгээр нь ажиллаж ирсэн. Хууль гаргах бүрдээ дандаа дэгээ тавина. Тэгээд өөрсдийнхөө төлөө нүүдэл хийхдээ ашиглах хувилбараар хууль баталдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ард түмэндээ тараасан юм бол үр шимийг нь ард түмэндээ өчиггүй өгчих л дөө. Гэвч хуулиараа тэр боломжуудыг нь хаагаад өгчихсөн байх жишээтэй. Эсвэл “Та нарт ийм хувьцаа байгаа шүү” гээд шилэн хоргонд хадгалуулж, сэтгэлийг нь баясгах гэдэг юм уу. Өнөөдөр хувьцааны ногдол ашиг өгөхгүйг нь мэдсэн бол арван жилийн өмнө төр худалдаж авч байхад нь буцаагаад зарчихдаг байж л дээ. Тухайн үед хувьцаагаа зарсан мөнгөө банканд хадгалуулсан бол хэдийнэ дөрөв дахин өсөх боломж байсныг эдийн засагчид тооцоолох юм билээ.

Монголчууд их өлөн ховдог зантай. Шунал, сувдаг сэтгэл нь арай л дэндсэн үндэстэн. Сүүлийн гурван зуун жил өөрсдийнхөөрөө амьдарч үзээгүй. Бие биедээ үнэхээр хайргүй, аминчхан үзэлтэй хүмүүс. Ямар сайндаа “Монгол Монголдоо хайргүй. Мод ярандаа дургүй” гэдэг хуучны үг гарах вэ дээ. Хүн төрөлхтний хөгжлийн хэмжүүр нь хүн чанар, нинжин сэтгэл, үнэнч чанар. Гэтэл бид шуналтай, соёлгүй хувиа хичээсэн хандлагатай байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тараах нь, ногдол ашиг авч баяжих нь” гээд баярлаад байх юм байхгүй. Хамгийн гол нь монголчууд орлогоо хувааж сураагүй улс гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь аль эртний алдартай үлгэр домогт гардаг баатруудаар дүрслэгддэг. Ямар ч тохиолдолд дандаа ашгаа өөрсдөө авдаг. Жишээлбэл, 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэр байна. Эрэмгий дайчин баатар мангасыг хөнөөгөөд авгай хүүхэд, алт мөнгөтэй юутай хээтэй нь өөрөө авчихдаг л биз дээ. Бидний магтаж сайшаагаад байдаг шилийн сайн эрс хүртэл хулгайлсан эд хөрөнгөө өөрөө л авдаг. Хааяа ганц нэг адуу мал зовсон зүдэрсэн нэгэнд өгсөнийгөө нүдэндээ нулимс дуслуулан ярьдаг. Тэгвэл орчин цагт Монголын алдар цуутай бөхчүүд гэж хүмүүс байна. Ард түмний шүтэн биширч, дээдлэн хүндэлдэг тэр бөхчүүд чинь хагартлаа баяжчихаад “май” гээд алгаа дэлгэдэг бил үү. Тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд тийм сүрхий хандив өгч байсныг мэдэхгүй юм байна.

Харин тансаг орд харш, машин тэрэг, үнэтэй брендээр өрсөлддөг л гэж дуулсан. Гадаадаар аялж, бие биедээ идэж, ууж, өмсөж зүүснээ гайхуулсан хүмүүс л байх юм. Монголчууд ашгаа хувааж сураагүй болохоор ийм байна. Тэгэхээр хувьцаа хөрөнгийн бирж хөгжих нь өдий байна. Ашиг мөнгөний далай “Улсын Их дэлгүүр”, хэдэн зуун их наядын орлоготой Таван толгой хоёр л ногдол ашиг өгч чаддаггүй оронд хувьцаа гэдэг бол зүгээр л цаас юм даа. Таван толгойн хувьцаа бол бүүр цаас ч биш хэдэн дижитал тэмдэгт л юмдаг уу.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Оргил: Бүсчилсэн тойрог бол том нам, танигдсан улстөрчдөд л илүү ашигтай хувилбар DNN.mn

Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа

-Сонгуулийн бүсчилсэн тойргийн тухай асуудал яригдаад эхэллээ. Эерэг ба сөрөг талыг нь та хэрхэн харж байна вэ?

-Дэлхий ертөнц дээр хамгийн төгс, бусдаас илүү сонгуулийн ганц тогтолцоо гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн тогтолцоо нь тухайн улс орны онцлог, хүн амын болон парламентын гишүүдийн тоо, улс төрийн соёл зэргээс хамаараад харилцан адилгүй байна.

Бид “Мажоритар сонгуулийн тогтолцоонд санал их гээгдэж байна, гишүүд улсын төсөв ашиглаж, тойргийн сурталчилгаа хийж байна, гуравдагч хүчин, залуус, эмэгтэйчүүд сонгогдох магадлал бага байна” зэрэг сул талыг шийдэхийн тулд өнөө жил сонгуулийн тогтолцоог холимог болгосон. Гэтэл сонгуулийн холимог тогтолцооны мажоритар хэсэгт бүсчилсэн гэж нэрлээд байгаа томсгосон тойргийг бүр том болгож буй нь энд дурдсан бүх сул талыг хадгалж үлдэнэ гэсэн үг.

Холимог тогтолцоог сонгодог нь пропорционал (хувь тэнцүүлсэн) болон мажоритар (олонхын) сонгуулийн тогтолцооны давуу талыг багасгах гэсэн арга юм. Гэтэл томсгосон тойрог нь мажоритар тогтолцооныхоо сул талуудыг улам нэмэгдүүлнэ. Жалганы улс төр хийлээ гэж тойргоос сонгогдсон гишүүдийг бид шүүмжилдэг бол сонгуулийн тойргийг бүр том болгох нь жалгыг л томруулж буй хэрэг шүү дээ.

-Тэгвэл олон улсын туршлага ямар байдаг юм бэ?

-Сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэдэг улсуудын туршлагыг харахад намын жагсаалтаар улс нэг тойрог, харин мажоритар элемент нь нэг мандаттай жижиг тойрог гэсэн туршлага хамгийн элбэг байна. Холимог тогтолцоотой мөртлөө, block vote буюу томсгосон тойрог хэрэглэдэг улс бараг байхгүй. Холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг Герман, Итали, Япон, Киргизстан, Литва, Шотланд, Шинэ Зеланд зэрэг улсууд бүгдээрээ нэг мандаттай жижиг тойрог хэрэглэж байна.

– Монгол Улсыг баруун, зүүн, хангай, говь, төв гэсэн таван бүсэд хуваадаг. Тэгэхээр сонгуулийн тойргийг томсгохдоо энэ загвараар бүсчилнэ гэж байгаа. Ийм том бүсэд нэр дэвшигчид ямар тактикаар сонгуульд өрсөлдвөл ялалт байгуулах вэ?

-2020 оны сонгуулийн үр дүнг үндэслэн зарим жишээн дээр тооцоо хийж үзье. 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт 33 нэр дэвшигч, Сүхбаатар дүүрэгт 38 нэр дэвшигч тус бүр УИХ-ын гурван суудлын төлөө өрсөлджээ. Тэгвэл 2024 оны сонгуулиар тус хоёр дүүргийг нэг тойрог болголоо гэж бодоход зургаан мандатын төлөө 70 гаруй нэр дэвшигч өрсөлдөх болох нь. Энэ тохиолдолд хамгийн их танигдсан, хамгийн их хөрөнгө чинээтэй хүмүүст л илүү давуу тал бий болно. Шинэ нэр дэвшигчид сонгогдох магадлал маш бага тул, ямар нэг тактик ашиглавал ялалт байгуулах магадлалтай гэж хэлэх бололцоо алга. Үүнээс гадна, сонгуулийн үндсэн гурван элементийн нэг нь саналын хуудас байдаг. Саналын хуудас нь сонгогч санал авах байранд ороод саналаа өгөхөд маш энгийн, ойлгомжтой байх ёстой. Бүсчилсэн тойрог гэж нэрлээд байгаа энэ тогтолцоогоор явбал, саналын хуудас маш ойлгомжгүй болно. Сая дурдсан Сүхбаатар, Чингэлтэйг нэгтгэсэн жишээг авч үзэхэд 71 нэр дэвшигчээс зургаан хүн сонгох болжээ гэж тооцъё. Ийм олон нэр дэвшигчээс зургаан хүнийг дугуйлахад сонгогч их хугацаа зарцуулна. Ойлгомжгүй байдал үүснэ. Саналын хуудас хүчингүй болох магадлалтай. Энэ мэтчилэн олон бэрхшээл гарах болов уу.

-Шинэ нэр дэвшигчдэд бүсчилсэн тойрог халтай юм байна. Бас бүсчилсэн тойргийг эмэгтэй гишүүд эсэргүүцээд байгаа харагдсан. Тэд яаж өрсөлдвөл сонгогдох боломжтой вэ?

-Шулуухан хэлэхэд томсгосон тойрог тэдэнд ямар ч боломж олгохгүй. Дээр дурдсанчлан олонд танигдсан, хамгийн их мөнгөтэй намын дэмжлэг сайтай улстөрчдөд илүү ашигтай хувилбар.

-Манайх сонгуулийн сурталчилгааг 18-хан хоногт явуулах хуультай. Ийм богино хугацаанд нэр дэвшигчид дөрвөн аймгийг бүтэн тойрч амжихгүй. Тэгэхээр сурталчилгаа талдаа яаж анхаарвал санал авч чадах бол?

-Зөвхөн сонгуулийн 18 хоногт сурталчилгаагаа явуулснаар танигдах боломжгүй л дээ. Дахин хэлэхэд аль хэдийнээ ард түмэнд танигдсан улстөрчдөд тойрог томрох тусмаа ашигтай юм.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж байх шиг байна. Энэ зөв үү?

-21 аймгаас ганц Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэдэг утгаар нь тусад нь тойрог болгож буй нь нэг бол Баян-Өлгий аймгийн иргэдэд давуу тал олгож, эсвэл ялгаварлан гадуурхаж байгаа мэт уншигдаж байна. Үндсэн хуульд иргэн бүр эрх тэгш байх тухай, засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх тухай буюу эрх тэгш байдлыг хангаж өгсөн байхад, нэг аймгийг онцлон тойрог болгож буй нь эдгээр зарчимтай нийцэхгүй. Үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад оруулах нь зүйтэй боловч, тусад нь тойрог болгохыг сайшаахгүй байна. Намын жагсаалтад оруулах, нэр дэвшигчдийг тодорхойлохдоо анхаарах гэх мэт арга уг нь бий.

-Баруун бүсийн аймгууд нэг бүс болчихоор Баян-Өлгийгөөс нэр дэвшигч сонгогдох магадлал тун бага. Иймд Баян-Өлгийг тусад нь нэг бүс болгох санаачилга гараад байгаа юм билээ. Тэгэхээр Баян-Өлгийг дангаар нь нэг тойрог болгочихоор автономит эрх үүсэх эрсдэлтэй юу?

-Тусад нь тойрог болгохоор тусдаа улс болчихно ч гэж юу байх вэ. Миний хэлэх гэсэн санаа бол бүгдэд л ижил тэгш хандах ёстой. 21 аймаг бүгд л өөрийн онцлогтой шүү дээ. Үндэсний цөөнх гэдэг утгаар төлөөлөл заавал байх ёстой гэж үзвэл намын жагсаалтдаа оруулж болно. Тэгээд ч Баян-Өлгий аймаг, Увс эсвэл Ховд аймагтай харьцуулахад олон сонгогчтой учир сонгогдох магадлал бага гэж бодохгүй байна. Хэрэв намууд нь нэр дэвшүүлбэл шүү дээ.

-Ингэхэд аль, аль аймаг нэг бүс болж, хэдэн мандаттай байх бол. Улс төр судлаачийн хувьд та тохиромжтой хувилбарыг хэлж өгөөч?

-Мэдэх зүйл алга. 10-15 тойрог болгож хуваах талаар яригдаж байна. Хэдэн ч тойрог болсон, хэдэн ч аймгийг нийлүүлж нэг сонгуулийн тойрог болгосон, нэг санал, ижил үнэ цэнэ гэдэг зарчмаа мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгогч бүрийн саналын үнэ цэнэ, хот хөдөөд амьдарч буйгаасаа үл хамааран ижил хүчтэй байх ёстой. Суманд амьдарч байгаа сонгогчийн санал, хотод амьдарч буй сонгогчийнхоос гурав дахин хүчтэй байж болохгүй гэсэн ардчилсан сонгуулийн зарчим юм. Мөн УИХ бол төлөөллийн байгууллага тул иргэдийн, хүйсийн, нийгмийн төрөл бүрийн бүлгийн төлөөллийг хангах ёстой гэдгийг анхаарч тойргийн хуваарилалт хийх ёстой.

-Улаанбаатарын хувьд аль бүсэд нь багтах вэ. Дүүргүүдийг нэгтгэж томсгох асуудал бас яригдаж байгаа?

-Тийм бололтой. Улаанбаатар хотод нийт хүн амын бараг тал нь шахам амьдрах тул миний яриад байгаа нэг санал, нэг үнэ цэнэ гэдэг зарчмаа баримталбал Улаанбаатар хот хэд хэдэн тойрог болж, хотын хүн амыг төлөөлж чадах тооны төлөөлөгчидтэй байх нь зүйтэй.

-Бүсчилсэн тойрог том зургаараа Монгол Улсын хөгжлийн гарц шийдэл гэж байна. Гэтэл сая Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр олон намын тогтолцоотой парламент бүрдүүлэх сонгуулийн системийг баталсан. Ингээд тойргоо томсгоод бүсчлэхээр жижиг намуудад суудал олдох уу гэдэг асуудал үүсэх байх. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Дахиад л давтаж хэлэхэд том нам, танигдсан улстөрчдөд л илүү тохирох хувилбар болов уу. Судалгаа хийж үзээгүй байгаа тул тэр нам тэдэн суудал авах прогнозтой байна гэж хэлэх боломжгүй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Сонгуулийн бүсчилсэн тойргийн тогтолцоотой болох ёстой DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх асуудал яригдаж эхэллээ. Сонгуулийн тойргийг томсгосноор Монгол Улс сэхээнээс гарна гэж нийтлэлч Баабар хэлсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Сонгуулийн тогтолцооны асуудал бол ардаа олон том асуудлын суурь болдог. Энэ бол нэг нам сонгуульд ялах, ялагдах тухай асуудал биш. Ялангуяа манай улс шиг газар зүйн байршилтай орны хувьд, геополитикийн өнөөгийнх шиг хурцадмал үед маш болгоомжтой хандах ёстой асуудал мөн. АН сонгуулийн тогтолцооны асуудлыг парламентын засаглал бүхий ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн бодлогыг тэтгэх, төрийн нэгдмэл байдлыг хадгалах үүднээс авч үзэж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд ч сонгуулийн пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх, Үндсэн хуулийн цэцийн дур зоргын шийдвэрээс гарсан алдааг залруулахад чиглэгдсэн улс төрийн болон эрх зүйн орчны хүрээнд түүхэн шийдвэрүүд гаргаж байсан. Сонгуулийн тогтолцоотой олон санаачилга гардаг. Бидний анхаарах ёстой зүйл бол цогцоор нь шийдвэрлэж, тууштай хэрэгжүүлэх явдал юм.

Өнгөрсөн ням гаригт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөг хүртэл явж ирсэн бидний зам хариуцлагын зуд дагуулж, эрх зүйт ёс гажуудахад хүргэсэн. Хөгжлийн бодлого улам бүр алсарч, өдөр тутмынхаа асуудалд зүдэрсэн ард түмэн болж хувирлаа. АН-ын улс төрийн зөвлөл асуудалд нухацтай хандаж олон цагаар хуралдсан. Мэдээж хэрэг эрх баригчид ялахын төлөө юу ч хийхэд бэлэн болж байна. Гэхдээ, АН-ынхан ирэх сонгуульд ялах эсэхээ биш улс оронд ямар сонгуулийн тогтолцоо, тойрог алс хэтдээ хэрэгтэй вэ анхаарч ярилцаад бүсчилсэн тойргийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн. Товчхондоо, өөрсдийнхөө ялалт, ялагдлын асуудлыг биш улс орныхоо хувь заяаг бодсон эх оронч шийдвэр гаргалаа.

-Бүсчилсэн тойргийн ач холбогдлыг яаж харж байна вэ?

-АН ийм шийдвэр гаргах болсон гурван шалтгааныг дурдъя. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжил, төсвийн бодлого оновчтой болж хот хөдөөгийн болон бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох боломж бүрдэнэ. Сүүлийн үед сонгууль мөнгөний сонгууль болсон. Улстөрчид бодлогоороо биш, хэр их мөнгө тараах вэ, хэр олон танилын сүлжээтэй байх вэ гэдэгт л анхаарч ирсэн. Цаашдаа мөнгөний сонгууль үргэлжлээд байвал энэ улс орны оршин тогтнохуйд заналхийлэх түвшинд хүрлээ. Тиймээс бүсчилсэн сонгуулийн тойрог нь мөнгөний нөлөөллийг бууруулна гэж үзсэн. Гуравдугаарт, сонгогчдын сонголт өргөжих юм байна гэж үзсэн.

Улс төрийн намуудын тулгадаг сонголтгүй сонголтоос биш олон сонголтоос төлөөлөгчөө сонгох юм байна гэж үзсэн. Тиймээс, эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай улс орноо бодсон шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудлыг анхаарах ёстой. Монгол бол нэгдмэл улс. Монгол Улсын төрийн нэгдмэл байдал, газар нутгийн нэгдмэл байдлыг бодолцох ёстой. Дараагийн асуудал бол сонгууль шударга болох ёстой. Энэ тал дээр улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Ногоон автобусны сонсголыг явуулах түр хороо байгуулахаар Ардчилсан нам гарын үсэг цуглуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Ногоон автобусны асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах тогтоол санаачлан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Түр хороо байгуулах шаардлагад хүрсэн. Одоо УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулж, түр хороо байгуулах ажил УИХ-ын дарга Г.Занданшатараас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна. Ер нь цаашдаа ганц ногоон автобусны биш нууцад хамруулсан олон гэрээ байгааг ил болгох, шалгах шаардлагатай байна. Үүнд нүүрсний оффтэйк гэрээнүүдээс эхлээд төмөр зам, улаан автобус, сургуулийн автобус, цагдаагийн машин хүртэл олон арван гэрээ байна. Эрх баригчид эдгээр асуудал дээр ус балгачихсан юм шиг л яваад байгаа. Нууцаас гаргая гэсэн ч Засгийн газрын л шийдэх асуудал. Эрх баригчид нууж байгаад сонгуульдаа орчихъё л гэж асуудалд хандаж байгаа.

-Нүүрсний сонсголын хоёр дахь шатны хэлэлцүүлэг эхэллээ. Б.Энхбаяр жинхэнэ бүүм болно гэсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Нүүрсний хулгайн олон их наядын асуудал дэлгэгдсэнтэй зэрэгцүүлээд эрх баригчид олон нийтийг төөрөгдүүлэх кампанит ажил эхлүүлсний нэг нь нүүрсний сонсгол.

-Яагаад. Харин ч төрийн том, том хулгайг нэртэй устай нь зарлаад байгаа юм биш үү?

-Намынх нь нэр хүнд шалан дээр унаад ирэхээр эрх баригчид “дэр авч үхье” гэдэг тоглоом тоглож байна. АН-ын баахан хүнийг дуудсан, хувьцаа нь бирж дээр арилжаалагддаг компанид бүрэн эрхт төлөөлөгч гэж хууль дээр гишгэдэг хүн томилж үзсэн. Эцэст нь өндөр ашигтай ажилладаг орон нутгийн өмчтэй компанийг борлуулалтгүй болгочихсон сууж байна. Харин төрийн өмчтэй системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийсэн хамгийн том авлига, хулгайн хэргийнхээ гүйцэтгэгчийг шоронд хийчихээд сонсголд оруулахгүй байгаа. Амыг нь барьж байгаа хэрэг л дээ. Хэргийн жинхэнэ захиалагч нь, зохион байгуулагчид нь ордонд хурал хийгээд, эх орончийнхоо дүрд тоглоод байж байгаа. Хулгайн хэрэг яригдаад эхлэнгүүт баахан хүний нэр зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч оруулж ирэхгүй байна. Тэгэхээр энэ засаг хулгайтай тэмцэж байна уу, сайн бодоод үз. Дөрөв хоног жүжиг тоглоод, тэрэндээ АН-ынхныг хавчуулаад л өнгөрнө. Энэ сонсголын зорилго бол МАН ганцаараа хулгайч биш юм шүү л гэж иргэдийг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн шоу. Оффтэйк, төмөр замын гэрээнүүд, баяжуулах үйлдвэр барьсан, газрын тосны хоолой барьсан гээд тус бүрдээ хэдэн их наядын дүнтэй хулгай байгаа. Яагаад эдгээрийг ярихгүй байгаа юм бэ. Яагаад эдгээр гэрээнүүдийг нууцаас гаргахгүй байгаа юм. Засгийн газарт, УИХ-д бүх эрх нь бий. Хулгайтай тэмцэж, хулгайг ил болгох гэж байгаа юм бол АН-ын бүлэг санаачилсан ковидын ерөнхий хяналтын сонсголыг яагаад зогсоов. ковидын үеэр Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон. нэрээр хорин их наяд төгрөг хулгайн замаар орчихсон байна. Гэтэл Эдийн засгийн байнгын хороо нэг жилийн хугацаанд сонсгол зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Сонгууль хүртэл ярихгүй л гэсэн үг.

-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд шатахуун, түлш хомс боллоо. Бас Оросоос авдаг эрчим хүч хязгаарлана гэж байна. Сөрөг хүчний дуу хоолойг ард түмэн үгүйлж байна. Энэ цөвүүн цагт бид яах ёстой вэ?

-Сөрөг хүчний дуу хоолой байхгүй байна гэдэг бол эрх баригчдын пропагандагийн нэг хэсэг. АН-ын бүлгийн хурал дээр сарын өмнөөс л холбогдох сайд, албан тушаалтнуудаас мэдээлэл авч, шийдвэрлэхийг шаардаж ирсэн. Цас их орж зудын байдалтай байна, дизель түлш 5000 төгрөг боллоо гэхэд эрх баригчид тасалдахгүй л гэцгээж байсан. Гэтэл бодит байдалд ямар байгааг харж байгаа биз дээ. Ардчилсан нам хэвлэлүүдийг худалдаж авдаггүй, тролл баг ажиллуулдаггүй. Асуудлыг судалдаг, хууль санаачилдаг, шийдэл санал болгодог, хүмүүст түүнийгээ хүргэдэг. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой ажил нь. Оросоос түлш орж ирэхгүй боллоо, дайнаас боллоо л гэдэг. Гэтэл оны эхэнд нүүрсний экспорт нэмэгдэж байхад шатахууныхаа захиалгыг нэмэгдүүлээгүй л байхгүй юу. Ногоон автобусны хулгай гараад өвөл суух автобус байхгүй болох нь тодорхой л байсан. Автобусгүй хүмүүс машинд суугаад бүгдээрээ бөглөрч байна. Зам дүүрэн бөглөөтэй хэдэн цагаар зогсож байгаа автомашины шатахууны хэрэглээ өсөх нь тодорхой шүү дээ. Товчхондоо хулгай нүүрлэснийх нь гайгаар шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Энийг ч олж харж чадахгүй бензинээ захиалаагүй л байхгүй юу. Нэг бүдэрвэл долоо бүдэрдгийн үлгэр болж байна. Цаашаа авлига хулгайдаа бүдрэх явдал үүгээр зогсохгүй.

-Саяхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хууль батлагдлаа. Энэ хуульд түгжрэлээс ангижрах ямар шийдлүүд байна вэ?

-Эрх баригчид аанай л хорьчихоор асуудал шийдэгдчихнэ гэж боддог хэвээрээ. Захиргааны аргаар л асуудалд хандаж байна. Иргэдийн 65 хувь нь газраа зарчихаар үлдсэн газрыг нь хураагаад авчих юм гэнэ. Ингэж хүний өмчид халдаж болдог юм уу. Яахаараа МАН-ынхан эзэнгүй газар гарын үсгээр авч тэр рүүгээ төсвийн мөнгөөр дэд бүтэц бариад хэдэн тэрбумаар зарж ашиг олоод сууж байхад өмчилж авсан алга дарам газрыг нь хууль гаргаж хурааж авдаг юм. Ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна төлбөр тогтоосон бүсэд зорчсоны төлбөрийг иргэний данснаас шууд гаргуулж авдаг болох зохицуулалт оруулж ирсэн. Магадгүй бидний олонх нь зөв гэх байх. Гэхдээ энэ бол таны дансанд төрийн эрх мэдэлтэн дур зоргоороо халддаг хаалга үүдийг нээж байгаа юм. Ийм ухвар мөчид байж болохгүй. Энэ хууль хүний өмчлөх эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэц дээр яригдах ёстой. Ардчилсан нам Улаанбаатарын хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэх бодлого боловсруулаад явж байгаа. Гэхдээ иргэнээ төвдөө тавьсан, иргэдийнхээ эрхийг хадгалсан, утаа, хөрсний бохирдлыг бууруулах цогц бодлого боловсруулж байна.

-Сонгууль дөхөж байна Ардчилсан намын бодлого хэр цэгцэрч байна?

-Ардчилсан нам үзэл баримтлалдаа тулгуурласан бодлого дээрээ ажиллаж байна. Бид суурь бодлогын асар том ялгаатай нам. Бид хүмүүст, иргэддээ итгэдэг. Өөрсдийнхөө ахуй амьдралыг өөд нь татах гэж хичээж зүтгэж яваа иргэдийнхээ өмнөөс орж зүгээр байж бай, төр тэжээж тэтгээд өгнө, та нарын амьдралыг өөрсдөөс чинь илүү бид мэднэ гэж хэлэхгүй. Харин ч энэ хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлэхгүй, хааж боохгүй байхыг бодлогынхоо цөмд тавьж явна. Энэ бол АН-ын улс төрийн философийнх нь үндсэн асуудал юм. Харин өнөөдөр нэгэнт бий болж Монголын төр, нийгмийн бүх тогтолцоонд гүн шингэчихээд байгаа энэ картелийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг бидний маш чухал асуудал. Энэ картелжсэн, төрийг бүхэлд нь хувьчлаад авчихсан клептократик тогтолцоо тийм амархан алга болчихгүй. Бид үүний үр дүнг замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэнд, боловсролын салбарын дампуурлаас бэлхнээ харж байна. Цаашилбал энэ улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйд заналхийлж байна. Улстөрчийнхөө хувьд зарим талаар итгэл алдармаар дүр зураг ч харагддагийг нуугаад яах вэ. Гутрангиар харвал нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх аргагүй ч байж магад, бүр сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх боломжгүй болтол сүлжчихсэн ч байж магадгүй.

-Тэгвэл үүнийг засч залруулахын тулд юу хийх ёстой вэ?

2024 оны сонгууль маш чухал сонгууль болно. Хэрэв сонгуулийн үр дүнгээр байдал дээрдэхгүй болчихвол бид нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Зүгээр нэг бодлогын реформын түвшинд биш, сэтгэлгээний илүү гүнзгий түвшинд өөрчлөлт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг улстөрчдийн гомдлоор шалгадаг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Сэтгүүлчдийн ажил бол мэдээллийг эрэн сурвалжлах, олсон мэдээллээ нийгэмд түгээх. Энэ ажлаа хийснийхээ төлөө яллагддаг байж болохгүй. Чөлөөт хэвлэл, эрх чөлөөтэй иргэн, иргэний нийгмийн байгууллага бол ардчилсан тогтолцооны даацын багана. Зөвхөн улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг байгаагаар ардчилсан байна гэж ойлгож болохгүй. Харин ардчиллын суурь институциуд байж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэж байж ардчилал оршин тогтдог, хөгждөг. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээлэлд ярилцлага ч өгдөггүй, шаардсан мэдээллийг нь ч гаргаж өгдөггүй. Урьдчилж бэлтгэсэн асуултаа холбоо харилцаатай хэдэн хүнээр асуулгаад түүндээ хариулаад явдаг болсон. Сүүлийн үед эрх баригчдын бусармаг, хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг ил болгосон хүмүүс шоронд явдаг боллоо. Бүр эрх баригчдын хүсээгүй асуултыг асуусан хүн шоронд явдаг боллоо. Товчхондоо үзэл бодлоо илэрхийлсэн хүн, үнэнийг олж мэдэх гэж оролдсон сэтгүүлчид эрх баригчдын улс төрийн дайсан болчихлоо. Ямар ч хамаагүй аргаар барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг, эцэст нь хэрэг тохдог тогтолцоо бий болж байна. Энэ бол харгис төрийн шинж. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ харгис тогтолцооны золиос болон хоригдож байна. Н.Өнөрцэцэг өнөөдөр сэтгүүлч гэхээсээ эрх баригчдын заавраар явдаггүй, нийгэмд нөлөө бүхий субъект гэдэг утгаараа эрх баригчдын дайсан болчихсон учраас хоригдож байна гэж үзэж байна. Шуудхан хэлэхэд, улс төрийн хоригдол болчихлоо. Сайн ажиглавал эрх баригчид эхлээд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллээр эхэлж гэмт хэрэгтэн болгож нийгэмд яллаад, дараа нь хорьж цагддаг. Эцэст нь ямар нэг хэргээр ял өгдөг боллоо.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Юуны өмнө сэтгүүлчдийг яллаад байгаа эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна. Цаашдаа улс төр, төрийн алба хашиж байгаа хүмүүс гүтгэлээ гэдэг заалтаар сэтгүүлчдийг шалгуулж, залхаан цээрлүүлэхэд ашигладаг тогтолцоотой байж болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэдэг нь тэдний амьдралын эх үүсвэрийг таслах гэсэн хорлогчин санаа юм DNN.mn

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан саяхан болов. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж улсын заан Б.Серик, сумын заан Г.Ганбат нарын барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Тэд учраа бөхөө давсны дараа ёс зүйгүй авирласан нь камерын дуранд тод бичигдэн үлдсэн юм билээ. Ингээд дүрэмд заасны дагуу энэ хоёр залуу бүтэн нэг жилийн турш зодоглох эрхгүй болж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан уг шийдвэрийг нийгэм буруутгахдаа “Б.Серик зааныг казах болохоор нь ингэж гадуурхаж, арьс өнгөний үзэл гаргалаа” гэж байх юм. Тэр худал гэдэг нь түүнтэй хамт барилдсан сумын заан Г.Ганбат яг адилхан хугацаатай барилдах эрхээ хасуулчихсанаар харагдах болов уу. Дүрэм бол дүрэм л байдаг юм байна. Бөхийн холбоо нутаг ус, арьс өнгөний үзлийг ярих хүртэлээ доошоо ороогүй байлгүй дээ. Гэхдээ Монголын үндэсний бөхийн энэ дүрэм дэндүү харгис юм.

Бөх хүн юу хийж, яаж амьдардаг юм бэ. Мэдээж бөхөө барилдаж л амьдралаа залгуулна биз дээ. Тэгвэл тэдний барилдах эрхийг нэг жилээр хасаад байгаа шийдвэр чинь бөхчүүдийг амьдрах аргаас нь салгаж байна. Мөнгө олж, хоолоо олж иддэг амьжиргааг нь яг ингэж зогсоож хорлох нь амьдрах эрхийг нь хасч байгаа хэрэг биш гэж үү. Барилдахаас гадна ивээн тэтгэдэг компаныхаа рекламаар мөнгө олдог нь байхгүй болно. Улсын заан Б.Серикийн хувьд жудо бөхийн тамирчин юм билээ. Нэг хэсэг “Bek Traivel” компанийн нэр дээр барилддаг байсан. Сүүлд хэд хэдэн удаагийн барилдаануудад “Онлайн ложистикс” компанийн бөх гэж дуудуулж байсан гэсэн. Тэрбээр барилдах хугацаандаа спонсоруудаа олонд зарлуулж байсан бол таван төгрөг олох байсан байлгүй дээ.Бүтэн жилийн хугацаанд тэднийг юугаараа, яаж амьдар гэж ийм дүрэм зохиодог байна аа. Хүч чадалтай юм болохоор дээрэм хий гэж ингэж шийтгэдэг юм уу. Үнэхээр монголчууд бидний бие биедээ хандаж байгаа байдал үнэн харгис цаанаасаа яг голыг нь олж хорлож байгаа нь харагдах юм.Эсвэл суурин иргэншилд төвхнөх гэж ядаж буй үндэстний онцлог ийм байдаг юм уу. Гэтэл хөгжилд хүрсэн улс орнууд, том гүрнүүд яаж хүнээ дээдэлж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг билээ дээ. Нэгэн танилд маань тохиолдсон явдлыг хуваалцмаар санагдлаа.

АНУ-д амьдардаг тэр нөхөр халамцуу жолоо барьж яваад цагдаад баригдчихав. Архи уусан хүн ямар араншин гаргах нь ойлгомжтой шүү дээ. Цагдаа нарын өөдөөс нь агсамнаад галзуурч өгчээ. Ингээд уг асуудал шүүх рүү шилжив ээ. Шүүхээс түүний жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргах нь тэр. Шүүх энэ монгол залуугийн жолоодох эрхийг нь хасахдаа яаж тогтоосон гээч. “Чи ажил, гэр хоёрын хооронд л зөвхөн машинтайгаа явж болно. Бусад үед нь жолооны ард сууж болохгүй” гэсэн шийтгэл өгч байсан юм. Америк бол олон үндэстнээс бүрдсэн том улс. Тэнд машингүй бол амьдралгүй. Тэр танил маань ажлаа хийж амьдралаа залгуулах ёстой. Түүний амьдралыг нь таслахгүйн тулд АНУ-ын шүүх ийм шийдвэр гаргасан байгаа юм. Үнэхээр хүнлэг, мэдрэмжтэй байгаа биз дээ. Гэтэл манайд яаж байна. Монгол бөхийн дүрэм гээч нь хүртэл хаашаа янзын харгис юм бэ. Өнөө хэдэн бөхчүүдийнхээ амьдралыг нь таслахгүйгээр шийтгэж болдоггүй л юм байх даа. Дэндүү аминчхан, хүнлэг бус шийдвэрүүдийг харахаар гол зурах юм. Би эмэгтэй хүн болохоор бөхийн талаарх нарийн ширийнийг мэдэхгүй, үнэнээ л хэлье. Яалт ч үгүй дүрмээ зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг нь ийм урт хугацаагаар хасахаас өөр шийтгэл яагаад оноож болохгүй гэж.

Миний бодлоор Серикийг бүтэн жил орлогогүй болгож шийтгэхийн оронд улсын заан цолыг нь гурван сарын хугацаатай харцага цол руу буулгаад барилдуулчихаж яагаад болохгүй гэж. Нэг бол начин цолоор таван сараар барилдуулчих л даа. Ингээд ярихаар олон хүн эсэргүүцэж, бэлэн тайлбар тавихыг нь мэдэж л байна. Бөхийн цол

олгоход Ерөнхийлөгчийн зарлиг гардаг. Тэгэхээр цол хураахад бас Ерөнхийлөгч зарлиг гаргаж таарна. Дүрэм зөрчсөн бөхчүүдийн цолыг бууруулж барилдуулах тоолонд Төрийн тэргүүн зарлиг гаргаад явна гэж юу байсан юм хэмээн олон хүн дургүйлхэх нь тодорхой. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүх юманд оролцохоо больчих л доо. Монгол Улсын баатар, гавьяатын цолыг Ерөнхийлөгч өгөхөд болж байна. Болсон болоогүй цол, гуншин болгонд Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулаад байгаа нь амьдралд нийцэхгүй байна шүү дээ. Үүнийг бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг дүрэм гээч чинь хэлээд өгч байна. Тэгээд ч бөхчүүдэд цол өгөөд суух нь Ерөнхийлөгчийг хэтэрхий доош нь хийсэн үзэгдэл биш юм уу. Тэрний оронд Монголын үндэсний бөхийн холбоо нь хуралдаад шийддэг болох хэрэгтэй. Ер нь спортын цол зэргийг спортын холбоо нь мэддэг. Тийм амжилт гаргасан тамирчинд ийм зэрэг цол өгнө гээд бүх юм нь тодорхой байдаг даа. Үүнтэй адилхан Үндэсний бөхийн холбоо нь бөхчүүдийнхээ цол, хэргэмийг нь ямар журмаар олгож, яавал хураах асуудлыг дүрмээрээ зохицуулж, бие даан шийддэг болчихвол хэн хэндээ амар байхсан.

Бас байнга хэл ам дагуулдаг допингийн асуудлаас болж олон сайхан бөхчүүд амьдралаасаа салж байна. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн М.Бадарч гэж залуу бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч орхисон. Ид сайхан зодоглож, эр бяраа гайхуулдаг насан дээрээ барилдах эрхээ хасуулна гэхээр тэр хүнд ямар их харамсалтай вэ. Гол нь энэ хүн бөх барилдаж амьжиргаагаа залгуулсаар ирсэн байх. Гэтэл допинг уусан байна гээд барилдах эрхээ бүхэл бүтэн дөрвөн жилээр хасуулчихаар ямар их боломжоо алдаж байгаа бол. Гэтэл шийдвэр гаргагчид нь үүнийг огтхон ч бодолцож үзсэнгүй. Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо энэ допингоо байнга шалгаад байвал ийм асуудал гарахгүй дээ. Бөхчүүдээсээ тогтмол допингийн шинжилгээ авч, илэрсэн хүмүүсийг нь ингэж заавал дөрвөн жилээр “яллаж” байхаар доогуур цолтой барилдуулбал хүнлэг болох юм биш үү. Монголчууд бид нэг нэгэндээ үнэхээр хайргүй байна. Нутаг ус, намаараа талцаж байна. Цаашлаад дарга цэргээрээ ялгарч, хөгшин залуугаараа нэг нэгнээ үзэн ядацгаах юм. Өстөн дайснаа нам дарж, дахиж өндийхөөргүй болгох гэж байгаа юм шиг л хоорондоо хонзогноцгоохоо одоо болих хэрэгтэй. Уг нь Монгол хэмээх туган дор багтаж байгаа нэг үндэстнүүд чинь бие биедээ хүнлэг, хайртай, хоорондоо ойлголцож байж эв түнжинтэй байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын эв нэгдэл хамгаас чухал боллоо DNN.mn

Хойд хөршид дайнаас улбаатай дотоодын нөхцөл байдал нь амаргүй байна. Байгаагаа хөршдөө илүүчлэх нь бүү хэл дотооддоо шатахуун, эрчим хүч, хүнсний хангамжаа хэрхэх вэ гэдэгт толгойгоо гашилгасан цаг үетэй тэд нүүр тулжээ. Тиймдээ ч манайх руу импортолдог эрчим хүчнийхээ 50 хувийг өгч чадахгүй болсноо мэдэгдлээ. Шатахуунаа ч хасаж танаад эхэлсэн. Хоёр том гүрний дунд оршиж буй “жижиг” улсын хувьд шатахуун, эрчим хүч, цаашилбал эдийн засгийн хамааралтай нь маргаангүй үнэн. Монгол Улс 80, 90 жилийн турш шатахуун, эрчим хүчний хараат явж ирсэн. Энэ бол өнөөдөр гэнэт үүссэн, Засгийн газар муудаа ийм болгосон асуудал огт биш. Хэн нэгнийг буруутгах аргагүй олон жилийн зовлон. Харин ч энэ бүх хараат байдлаас гарах шийдлийг монголчууд сүүлийн хэдэн жилд дотооддоо ил ярьж, авлига хулгайгаасаа салах талаар эрчимтэй хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн нь их гүрний дургүйг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс МАН, АН, ХҮНгэхээс илүү улс үндэстнээрээ нэгэн цул болж хүнд хэцүү үеийг давах нь юу юунаас илүү чухал боллоо.

Эрчим хүч хязгаарлах сургаар “Шатахуун, тог цахилгаангүй боллоо, Монгол Улс 90-ээд он руу ухарч дампуурч байна” гэж нийгмийн сүлжээнд уралдан бичиж, улс орноо зүхэх хүн ч гарч ирж байна. “Монголоос л зайлах минь элээ халаг” гэх хөндий цээжтэнүүд ч ил гарч ирж байна. Уг нь эсрэгээрээ бид яг одоо л дотооддоо урьд урьдаас илүү эв нэгдэлтэй болмоор байна. Бусдын идэш бололгүй давж гарах түүхэн мөч бидний өмнө ирлээ. Монгол Улс хоёр хөршөөсөө шатахуун, хүнс, эрчим хүчний хараат явж ирсний хор уршиг ийнхүү геополитикийн онцгой цаг үед, өвлийн ид хүйтэн эхлэх өдрүүдэд ил болж бидэнд санаж сэрэх том дохио боллоо.

Нөгөө талаараа Оросоос авдаг эрчим хүчээ бүр болиод дотоодын эх үүсвэр, нөөц боломжоо ашиглах том үүд хаалга нээгдэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Тогны хязгаарлалтад хоёр жил болоход л монголчууд бараг учраа олчихно доо. Амьд хүн аргатай гэгчээр нар, салхины цахилгаан эх үүсвэрүүд нэмэгдээд, байгаагаа илүүчлээд төр, хувийн хэвшил нь нэг зүг рүү хараад ганц том станц нэмээд барьчих ч юм бил үү. Ковид хэцүү байсан ч гэлээ бидэнд их зүйлийг сургасан. Шулуухан хэлэхэд бид заавал Орос руу жил бүр их хэмжээний доллар өгч байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэр хөрөнгийг тооцож үзвэл хэд хэдэн станц барих дайны дүн гарах биз.

Төрд үүрлэсэн авлига, хулгайтай засаг төр хэрэндээ л тэмцэж байна. Үр дүнд нь

2023 онд ДНБ62.4 их наядад хүрч, 2022 оны төсвийн орлого 1.8 их наядыг давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлсөн. Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.доллараар эерэг гарсан. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн. Үүнд арай ч оросууд дургүйцмээргүй юм.

Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын эхний шатны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж, хууль хяналтын байгууллагаар холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар боллоо. Төрийн албыг, ард түмний өмнөөс төр төлөөлөх эрхээ өөрсдөө баяжих хэрэгсэл болгож ашигласан, бүлэглэл болтлоо “хөлжсөн” хулгайч нартай үзэлцэх энэ тэмцэлд эрх ашиг нь хөндөгдсөн бүлэглэлүүдийн уур ундуйцал дээд цэгтээ хүрч байна. Тэд “Улс орныг удирдаж чадахгүй байна, ингэж амьдруулах гэж” гэсэн суртал ухуулга явуулж, шатахуунгүй, эрчим хүчгүй болж 1990-ээд оны үе рүүгээ шилжлээ гэж цуураад эхэлжээ. Олон нийтийг мэдээлэлд ойр бус байдлыг ашиглан худал цуу тарааж, айдаст автуулах ажлаа тэд хэдийнэ хийж эхэлсэн байна. Ийм учраас л өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтахгүйн тулд нийгмээрээ илүү хэрсүү, эв нэгдэлтэй байх шаардлага үүсч байна. Одоо л авлига, төрд үүрлэсэн энэ хулгайн голомтуудыг таслахгүй бол дундаж давхаргагүй, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг нийтээрээ хүртэж чадахгүй бүлэглэл тойрсон хэдхэн хүн баяждаг байдал ирэх жилүүдэд ч байсаар байна. Энэ бол Монгол Улсын хувьд эрчим хүчний хязгаарлалтаас ч илүү том ухралт болно. Нүүрсний сонсголоо заавал хийж дуусгах ёстойг ч бидэнд сануулж байна.

М.МӨНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Отгонгэрэл: Ер нь хувь тэнцүүлсэн системийнхээ тоог нэмж байж нутаг усны талцал, мөнгөний нөлөөллийг байхгүй болгоно DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах асуудал яригдаж эхэллээ. Судлаачийн хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?

үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1д “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХын 78 гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан байгаа. Тэгэхээр тойргоо бүсчилнэ гэхээр энэ холимог тогтолцоог эвдэгдэх үү, үгүй юу гэдэг асуудал гарах байх. Харин Сонгуулийн тухай хуулийн 4.3.2-д “Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар” сонгоно гэж тодорхой бий. Өөрөөр хэлбэл, улс орон даяар нэг тойрог болчихож байгаа юм. Тэгэхээр холимог системийнхээ мажоритарыг дахиад бүсчлээд томсгох гээд байна уу гэж харж байгаа.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахын эерэг болон сөрөг тал нь юу вэ?

-Манайд байгаа сонгодог жишиг бол аймаг, аймгаараа л явна.

Аймаг дотроо жижигсгэсэн мажоратор систем юм уу, томсгосон юм уу гэдгийнхээ аль нэгээр нь явах байх. Тэгэхгүй бол хэтэрхий том тойрог болгоод бүсчлэхээр мажоритарын утга жинхэнэ алдагдана. Тэгээд ч Үндсэн хуульд “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж байгаа.

-Сонгуулийн тойргийг томсгож бүсчлэх нь Монгол Улсын хөгжлийн гарц шийдэл юм биш үү?

-Бүсчилж болно. 21 аймгийг баруун, зүүн, өмнөд, хойд, төв гээд таван бүс болговол дөрвөн аймаг нийлээд нэг бүс болно гэсэн үг. Нэг бүсэд ойролцоогоор 15 гишүүн очиж өрсөлдөнө. Тэгэхээр анхнаасаа 78-ыгаа пропорциональ болгох хэрэгтэй байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхдаа сонгуулийн тогтолцоогоо ингээд шийдчихсэн бол асуудалгүй. 48-ыгаа мажоритар болгоод, 78-ыгаа пропорциональ болгох байжээ. Уг нь пропорционалиар олон хүн гаргаад, Монгол Улсаа жинхэнэ баруун зүүн бүс болгож 78-ыгаа өрсөлдүүлэх ёстой байсан юм. Эсвэл 2-3 аймгийг нэг бүс болгодог ч юм уу. Хэтэрхий том бүсчлээд явах юм бол холимог тогтолцооны олонхийн төлөөлөл алдагдчихна. Пропорциональ дээр хэрэглэдэг тогтолцоог мажоритар дээр оруулж ирэх гээд байна шүү дээ.

Манайх 18-хан хоног дотор сонгууль явуулах хуультай. Таван аймгийг бүсчилье гэж бодъё. Тэгэхээр энэ хугацаанд нэр дэвшигчид дөрвөн аймаг тойроод явж чадах уу. Энэ олон асуудал үүснэ. Хугацааны хувьд яасан ч амжихгүй.

-Хэрэв тойргоо томсгоод бүсчилчихвэл мөнгөний хамаарал, жалга довны талцлаас ангид болно гэж байгаа. Том зургаараа төсвийн үрэлгэн байдал арилж, Монгол Улс сэхээнээс гарна гэж байна шүү дээ?

-Ер нь хувь тэнцүүлсэн системийнхээ тоог нэмж байж нутаг усны талцал, мөнгөний нөлөөллийг байхгүй болгоно. Пропорциональ дотроо Монгол Улсыг дөрөв, таван бүсэд хувааж болно. Тэгэхэд намд санал өгч байгаа учраас намын жагсаалтад байгаа тухайн бүсчлэл дээр нэр дэвшигчдийг таних шаардлага байхгүй. Намаа сурталчлаад л тойроод явна гэсэн үг.

-Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийн асуудлыг тодорхой болгох тал дээр МАН санал нэгдсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хууль зөрчих юм бол яагаад энэ асуудлыг хөндөж гаргав?

-Жижиг мажоритар руу явуулж байхаар том руу очиж буулгах гээд байгаа санаа гэж харж байна. “Жижиг мажоритароор явуулах нь дэмий юм байна. Иймд бүсчлэх ёстой” гэж үзэж байгаа бололтой.

-Улсын хөгжилд аль хувилбар нь илүү үр өгөөжөө өгөх вэ?

-Намынхаа нэрээр орж ирдэг гишүүдийнхээ тоог нэмж байж үр дүн гарна. Гэтэл манайхан эсэргээрээ олныг төлөөлөх мажоритар системийг 126-гийнхаа 78-аар эхэлж Үндсэн хуулиндаа хийчихээд одоо гэнэт ухаарсан юм шиг ярьж байгаа юм. Тухайн үед өөрийнхөө тойргийг өгөхгүйн тулд үхэн хатан Үндсэн хуулиндаа оруулж баталчихаад одоо болохоор логикийн зөрүүтэй асуудал яриад явж байна. Сонгууль хаяанд ирсэн богино хугацаанд бүсчлэх боломжгүй. Харин нэг аймгийг томсгосон тойргоороо явбал бодитой болно.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Ийм үед татвар нэмэх нь авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээх эрсдэлтэй DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Энэ өвөл эдийн засаг ямар байхаар байна вэ. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баярууд болдог улирал. Тэр утгаараа иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Өдийд улирлын шинжтэй бизнесүүдийн идэвхжил багасдаг үе. Өвөл томоохон баярууд давхцдаг учраас худалдааны салбарт мөнгөний эргэлт бий болдог. Ялангуяа өрхийн хэрэглээ тал дээр шинэ жилээс эхлээд цагаан сар хүртэл их хэмжээний зардлын дарамт үүсдэг. Учир нь иргэд өр зээл тавьж тухайн баяруудыг тэмдэглэдэг. Энэ нь хаврын улиралд санхүүгийн нөхцөл байдалд нь нөлөөлдөг. Иймээс өвлийн эдийн засгийн хувьд өрхийн хэрэглээ талдаа нэлээд зардал ихтэй.

-Бизнесийн салбарт хэрхэн өгөөжтэй байх вэ?

-Дээр хэлсэнчилэн өвөл улиралын чанартай ихэнх бизнес зогсдог. Ялангуяа уул уурхай, барилга, зарим үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоно. Харин үйлчилгээ, худалдааны салбарууд нийтийг хамарсан тэмдэглэлт баярыг тохиолдуулаад идэвхждэг. Тэгэхээр улирлын онцлогоос хамаараад бизнесүүд ялгаатай.

Яг одоо бол баар, ресторан, дуучид уран бүтээлчдийн жинхэнэ сезоны үе. Наад зах нь оргилуун дарс гэхэд нийт борлуулалтынхаа 60 орчим хувийг шинэ жилээр хийдэг. Ийм онцлогтой бизнесүүдийн орлого өвлийн улиралд өсдөг бол зарим нь хаврыг хүлээсэн байдалтай царцдаг. Ер нь бол Монголын бизнесүүд хөгжихөд том хүндрэл болдог нэг хүчин зүйл бол улирал. Жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Тодорхой мөчлөгүүдэд идэвхждэг болохоор олсон орлогоороо орлого багатай үеэ санхүүжүүлж явдаг. Ийм учраас манай бизнесүүд хөгжихөд хэцүү байдаг.

-Инфляц сүүлийн хоёр сар дарааллан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Цаашид ямар байх вэ. Ер нь инфляцийг хурдан буулгая гэвэл төсвийн бодлого яаж нөлөөлөх юм бэ?

-Мэдээж инфляц сүүлийн хоёр сар аажмаар буурч байгаа нь тухайн улирлын чанартай бүтээгдэхүүнтэй холбоотой. Тухайлбал, намрын ногоо хураалттай залгаад идэш уушны цаг эхэлсэн байгаа шүү дээ. Нөгөө талд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, зээлийн хэрэглээ саарсантай холбоотой бас үнийн өсөлт буурч байна гэдэг санаа. Мэдээж төсвийн бодлого өөрөө мөчлөгсөрсөн хэлбэртэй байх ёстой. Эдийн засгийн идэвхжил өндөр үед төсвийн бодлого аль болох хумих чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг хянах чиглэлтэй. Одоо барьж байгаа мөнгөний бодлого бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш өндөр зээлийн дарамт үүсгэж байгаа. Сүүлийн хоёр, гурван жил ингэж явж байна. Энэ бүх хичээл зүтгэлийг төсвийн сонгууль дагасан бодлого үгүй хийлээ. Тэгэхээр ирэх онд дахиад инфляц бол буурахгүй байх. Эргээд валютын ханш, ам.доллар чангарах дарамт үүсэх нь тодорхой. Үүнийг сөрж зогсох зүйл нь нүүрсний экспорт ямар байхаас хамаарна.

-Сонгуулийн жилийн төсөв хэт өндөр байгаа нь мөнгөний бодлогын нуруунд ачаалал үүсгэнэ гэж Төв банкнаас мэдээлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ өндөр түвшинд аваачсан. Үүнээс үүдэж хадгаламжийн хүү өссөн. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Дагаад бондуудын хүү нэлээд өндөр болчихсон. Хувьцааны зах зээл сэргэхгүй байх гол хөшүүрэг болж байна. Монголбанкны бодлого өөрөө иргэд, аж ахуйн нэгжүүд дэх хэрэглээний болоод бизнесийн зээлийн хүүг өндөр түвшинд аваачихаж байгаа юм. Хоёр, гурван жил бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаад явахаар бизнесийн өртөг талдаа хүүгийн дарамт нэлээд их байна гэсэн үг. Энэ нь компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үндсэндээ иргэд хоёр зүйлээр хохирч байгаа гэсэн үг. Нэгдүгээрт, цалингаа нэмүүлж чадахгүй. Хоёрдугаарт, бизнесийн болон хэрэглээний зээл авахдаа өндөр хүүтэй авчихаж байгаа юм. Ийм нөлөөтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийг хүнд байдалд оруулан инфляцийг бууруулах зорилтдоо маш их өртгөөр хүрч байна шүү дээ. Дээрээс нь төсвийн бодлого маш их тэлэлттэй ороод ирэхээр нөгөө буурч байсан инфляцаа өдөөх эрсдэл бий болчихож байгаа гэсэн үг.

-Ам.долларын ханш тогтвортой байгаа. Сонгууль дөхөөд валютын ханш бууна гэсэн хүлээлт бий. Харин та яаж харж байна вэ?

-Валютын ханш одоо тогтвортой байна. Энэ нь валютын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой. Валютын нийлүүлэлт хангалттай байх юм бол төгрөг тогтвортой байна. Мэдээж манай улсад валютын нийлүүлэлт нүүрсний экспортоос орж ирж байгаа. Өнөө жил 50 гаруй сая тн нүүрс зарсан болохоор валютын орлого сайн байлаа. Үр дүнд нь валютын ханш тогтворжиж, нөөц нь 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ бол боломжийн өндөр түвшин. Бас сонгуулийн өмнө долларын ханш өсөхгүй гэдэг иргэдийн хүлээлтээс үүдэлтэй шийдвэрүүд долларжилтыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар болгодоггүй гэсэн үг. Тэр үүднээс сонгуулийн өмнө ханш хөдлөөд байхгүй болов уу. Харин сонгуулийн дараах ханш бол цэвэр валютын нийлүүлэлт буюу нүүрсний экспорт хэрхэн явж байгаагаас хамаарна. Нүүрсний экспорт харьцангуй сайн байх юм бол ханш огцом савах үндэслэл алга. Тэгэхээр эрэлт бий болох нь ойлгомжтой. Нэгдүгээрт, хүлээлтээс үүдэлтэй. Хоёрдугаарт, сонгуулийн замбараагүй төсвийн 60, 70 орчим хувь нь тэр чигээрээ импортыг дэмжсэн буюу валютын эрэлт хэрэгцээг бий болгож байгаа. Тэр үүднээсээ аваад үзвэл эрэлт талдаа дарамт байх нь гарцаагүй. Төлбөрийн тэнцлийн хувьд урсгал дансан дээр нэлээд алдагдал үүсэх эрсдэл байгаа. Энэ алдагдлыг бууруулах буюу валютын эрэлтийг хангахад нөөц нь хангалттай байх ёстой. Бас нүүрс хангалттай хэмжээнд гарах ёстой. Гуравдугаарт, гадаад бондын өр төлбөрүүдийг ирэх онуудад төлөхөөргүй байгаа. Тэгэхээр нэмэлт томоохон валютын урсгал байхгүй. Түүхэндээ гурван удаа 10-аас дээш хувь төгрөгийн ханш суларсан байдаг. Бусад үед нь 5-6 хувь байсан. Ирэх жил нүүрс хангалттай гарвал дахиад энэ хувь дээрээ байх болов уу гэж харж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямар байх вэ. Тухайлбал, нүүрс, зэсийн хувьд төсвийн өндөр зарлагыг гүйцэхээр орлого олж чадахаар байна уу?

-Өнөө жил бид нүүрсээ түүхэн дээд хэмжээнд экспортоллоо. Энэ нь Хятадын өөрсдийнх нь нүүрсний уурхайд болсон осол, түүнтэй холбогдож гарсан хяналт шалгалт зэрэг дотоод асуудалтай нь холбоотой байв. Түүнээс гадна 2021 оноос хойш улс төрийн шалтгаанаар гарахгүй байсан нүүрс 2022 онд Хятадтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд энэ жил үр нөлөөгөө өгч, түүхэн дээд хэмжээнд нүүрс гарч байгаа. Нүүрсний 20 орчим сая тн нь бол цэвэр зах зээлийн шинж чанартай. Үлдсэн 30 орчим сая тн-ыг Хятадын улс төрийн бодлого, гэнэтийн янз бүрийн хэрэгцээний шоктой холбон тайлбарлаж болно. Нөхдүүд ирэх жил 50 сая тн дээр бодоод байдаг. Гэтэл энэ дүн биднээс хамаарахгүй зүйл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цаашид өнөө жилийнх шиг өндөр байх уу гэдгийг таамаглахад бэрх. Тэгэхээр ирэх жил багаар бодоход зах зээлийнхээ жамаар 28- 30 сая тн нүүрс гаргана гэж бодож байна. Зэсийн хувьд ямар нэг эрсдэл байхгүй. Гол нь нүүрсний хувьд төсвийн орлогод нөлөөлж байгаа хэсэг нь учраас тоо хэмжээн дээрээ нэлээд ач холбогдол өгөх ёстой. Нүүрсний үнийн хувьд огцом буух шалтгаан алга. Хэдийгээр Хятадын үл хөдлөх салбарын хямрал эдийн засагт нь саар болно гэж ярьж байгаа ч гэсэн тус улс мөнгөний олон төвт сангийн хүчтэй бодлогоор эдийн засгаа дэмжиж байна. Зургаа, зургаан сараар үр дүнг нь авч үзэж байгаа. Үр дүнгүй бол бодлогоо өөрчлөөд явж байна л даа.

-Сая 2024 оны төсвийг батлахдаа Үнэт цаасны хуульд гурван төрлийн татварын дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Үнэт цаасны тухай хуулиар татварын хөнгөлөлт, хувьцааны арилжаа, бондын хүүгийн татвар зэрэг хөнгөлөлт эдлүүлж байгаа нь хөрөнгийн зах зээл рүү олон хүнийг оруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна. Улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болчихсон. Эндээсээ хамаараад амьдралд нь капитал бий болох боломжтой. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 10 орчим хувь нь хаалттай компани байна. Бусад нь нээлттэй компани. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байна гэдэг санаа. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалдаг. Нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Жирийн иргэд үндэсний компанийнхаа хувь эзэмшигч болох боломжийг улам бүр нээлттэй бүрдүүлж өгөх хөшүүрэг л дээ.

-Нийслэлийн татварыг хоёр хувь болгохоор ярьж байна. Энэ нь зөв үү?

-Олон нийт, иргэд бүгд татвар төлөх ямар ч сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл хотоос авч байгаа татварын санхүүжилтийн мөнгө түгжрэл, утааны асуудлыг шийдэж чадсан уу. Энэ мэтчилэн нийслэлд тулгамдсан маш олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь иргэд эргээд татвар төлөх сонирхлыг асар ихээр бууруулж байгаа юм. Тэгэхээр нэмж татвар гаргаж ирэх нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй. Ер нь ямар нэгэн бодлогын хамгийн сүүлийн сонголт нь татвар байдаг. Яагаад гэвэл татвар шууд нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр. Тэгэхээр шууд татварын бодлого нь буруу гээд хэлчихвэл хэцүү. Гэхдээ татвар аваад юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой байх ёстой. Дээрээс нь өөрсдөө суурь асуудлуудаа одоогийн татварын мөнгөөрөө шийдчих хэрэгтэй. Үүний дараа магадгүй нэмж янз бүрийн татвар авбал иргэд хүчтэй эсэргүүцээд байхгүй болов уу. Тэгэхээр суурь асуудлуудаа одоогийн татварын орлогоор шийдэж чадахгүй байж нэмж татвар авна гэдэг бол одоогийн түвшинд оновчтой арга биш. Дээрээс нь инфляц, валютын ханшийн дарамттай, төсөв нь тэлчихсэн, аж ахуйн нэгж, иргэд өндөр зээлийн хүүтэй. Амьжиргаагаа яая гэж байхад ковидын дараах нөхцөл байдалд нэмж татвар авах нь тийм ч оновчтой шийдэл биш.

-Нийслэлийн татварыг 100 хувь нэмэгдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл учрах вэ?

-Өнөөдөр иргэд банкинд 17-25 хувийн хүүгийн зээл төлөөд явж байна. Энэ бол хамгийн өндөр түвшин. Нэг талдаа орлого тал дээр нь дарамт үүсгэж байгаа зүйл нь инфляц, валютын ханш байна. Яг орлого авах гэхээр нь халааснаас нь зөвшөөрөлгүй инфляцийн 10 хувийн өсөлт, ханшийн 20 хувийн уналт гарч ирээд байвал зарлага нь хэвэндээ байж байхад худалдан авах чадвар нь орлогоос нь буураад эхэлж байна гэсэн үг. Яг ийм эрсдэл үүсчихээд байгаа. Дээрээс нь зарлага талдаа зээлийн өндөр хүүгийн төлөлт явж байна. Ийм үе дээр нь татвар нэмж авах нь зөв бодлого биш. Дээрээс нь далд эдийн засаг руу буюу албан бусын сектор руу шилжилт явах сөрөг нөлөө бий болгоно. Одоо далд эдийн засаг манай эдийн засгийн 30 орчим хувьтай байгаа гэдэг. Албан бус сектор нь татварын гурван тайлан, ашгаа бууруулах гээд олон байдлаар илэрч байна. Энэ нь эргээд авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээдэг. Тэгэхээр хотын татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх бодлого нь яав ч эергээр нөлөөлөхгүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сайтуудын нэг “Zarig.mn”ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчилчихлаа.

Нийгэмд сүрхий дуулиан тарьсан энэ үйл явдалд хүмүүсийн бах тав их ханаж байгаа харагдав. Ялангуяа өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн сошиалд олон мянган дагагчтай улсууд хамгийн ихээр шүлсээ үсчүүлж байна. Ганц ч контент хийж үзээгүй, хов хөөцөлдөж, хэрүүл хийж гөлийж хэвтэхээс өөр шидгүй тэд баяраа нууж ядан уралдаж бичицгээнэ.

Хийе гэсэн ч санаа оноо төрөхгүй, авьяас билэг байхгүй, Н.Өнөрцэцэгийн чигчий хурууны хумсанд нь ч хүрэхгүй тэд түүнийг өөрсдийнхөө өрсөлдөгч зайллаа гээд бодчихсон бололтой юм.

Н.Өнөрцэцэгийг хоригдсонд хуучин уламжлалт хэвлэл мэдээллийнхэн ч бас бах нь ханаад сууцгааж байгаа. Телевиз, сонин, радиогийнхон чинь. Өөрсдийг нь ч зүгээр суулгахгүй, өөрөө ч зүгээр суухгүй юм чинь тэгнэ биз дээ. Аль гоё контент, аль гоё мэдээ, аль л гоё эх сурвалжийг олоод, аваад хийчихдэг байсан юм чинь одоо атаархах юмгүй болоод амарч байх шиг байна аа.

Сэтгүүлчид, сайтууд бас ний нуугүй хэлэхэд дэмжихээсээ дэмжихгүй нь их байгаа. Өөрсдийгөө zarig.mn-тэй дээр, дороо ордог бараг л илүү гэж үздэг. Бас заригийн хаана ч хүрэхгүй байж “Өрсөлдөгчөө далд хийлээ” гэж ихэд баяртай ханцуйдаа нууж инээцгээсээр амгалан налайж байна.

Ийм үед төр засаг хэвлэл мэдээллийг дуугүй болгож авлаа гээд бөөн баяр болж байгаа нь илэрхий. Баяраа нууж чадахгүй байгаа нь ойрмогхоны нэг үйл явдлаас та бид харлаа. Хэвлэл мэдээллийн том “Эгч” Н.Өнөрцэцэгийг баригдсан чинь хотын орлогчдын нэг П.Сайнзориг сэтгүүлчдийг загнаж зандраад чухам сүйд. Цаашаа явж байснаа “битгий галзуурцгаагаад бай” гээд эргэж ирээд загнаж байх нь эрэмгий бөгөөд түрэмгий харагдаж байв. Түүний далд ухамсрыг илэрхийлэх биеийн хэлэмжийг нь харахад “Хэвлэлийнхэн та нар ер нь яах юм. Яаж чадах юм. Яаж л бол яаж та нарыг өөрсдийнхөө дураар нохойн гөлөг шиг байлгаж чадна. Дургүй хүргээд байвал шоронд хийчихдгийг мэдэж байна уу” гэдгийн хэлбэр. Хуучин цаг сайхан “Том эгч” хүчтэй байхад П.Сайнзориг яаж нахилзаж юү ч асууж байсан уйгагүй тайлбарлан таниулдаг эелдэг нэгэн байв. Тэгвэл монголын хэвлэл мэдээлэл үүнээс айж, бууж өгнө ч гэж юу байх вэ. Ичиж эмээх юм ч байхгүй. Яагаад гэвэл дэлхийн ардчилсан орны хэвлэлүүд бүгд л ийм зарчмаар ажилладаг. Төр засгийн булхайг илрүүлдэг, мэдээлдэг. Иймдээ л тэд хүчтэй байдаг. “Манайхан бүдүүлэг, араас нь ингээд л микрофоноо бариад элдээд байдаг нь ичмээр” гэх зэргээр сэтгүүлзүйг гутаах гэдэг. Энэ бол ардчилсан тогтолцоотой бүх оронд байдаг л зүйл. Дэлхийн ардчилсан орны хэвлэлүүдийг та нар хараарай. Бүгд ийм байдаг юм. Хаана л зай завсар байна, хаана л боломж байна тэр бүгд рүү микрофоноо бариад л дайраад байдаг.

Манай “Шогшдог эгч” бол харин ч даруухандаа орно. Харин орос, хойд солонгос мэтийн дарангуйлалтай орныхон араас нь гүйж барих, бэлдээгүй хүн нь асуулт энэ тэр асуувал шоронд аваачаад хийчихдэг байх. Тэгэхээр хэвлэл мэдэллийнхэн маань асуултаа асуугаад, араас нь хөөцөлдөөд, ард түмэндээ мэдэх эрхийг нь хангаж, үзэж тарж өгөх хэрэгтэй байна. Тэр зэрэгтээ шантрахгүй байх ёстой юм шүү. Тэгж байж энэ оронд ардчилал гээч зүйлийг нь тогтоон барьж байх юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Амангүл: Монгол Улс эрчим хүчээ цөмийн цахилгаан станцаар хангадаг болбол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулна DNN.mn

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.


– Дэлхийн улс орнуудын удирдагчид сая АНЭУ-ын Дубай хотноо НҮБ-ын дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлаар хоёр өдрийн турш хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалтын зорилго, ач холбогдол юу байв?

– АНЭУ-ын Дубай хотноо болсон НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (СОР28) дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлын хүрээнд дэлхийн улс орнууд байгалийн гамшгаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг хэрхэн гарз хохирол багатай даван туулах гарц, шийдлийг эрэлхийлсэн чухал уулзалт болжээ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй, нэлээд хөндөгддөг асуудлуудын нэг болоод байна.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын дулаарал, бэлчээрийн талхлагдал, цөлжилт, шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол эрчимжих боллоо. Энэ нь эргээд дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засагт сөрөг үр нөлөө дагуулсаар байна.

Тус СОР28 бага хурал нь байгалийн гамшгаас үүдэлтэй аливаа сөрөг нөлөөллийг дэлхийн улс орнууд хэрхэн эрсдэл, гарз хохирол багатай даван туулах талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. Улмаар “Гарз хохирлын сан”-гийн үйл ажиллагаанд дэлхийн улс орнууд идэвх санаачилгатай оролцож, төсөв санхүү бүрдүүлэхэд хандив туслалцааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү хандсан байна. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох, цаашид хэрхэн ахиц дэвшил гаргах зорилтуудыг хэлэлцлээ.

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж буй эмзэг өртөмтгий орнуудад туслах, алдагдал хохирлын санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж, нарийн тооцоолол гаргах. Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй хүчин чармайлтыг үнэлж санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг хурдасгах зэрэг асуудлуудыг ил үү өргөн хүрээнд хэлэлцсэн байна.

– СОР28-ын үеэр 20 гаруй орны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан тунхаглал баталсан. Үүнд манай улсын оролцоо ямар байх бол?

– Өнөөдөр улс орнуудын өмнө тулгарч буй байгаль орчны тулгамдсан асуудал бол яах аргагүй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудал юм.

Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчөөр ажилладаг цахилгаан үйлдвэрлэлээс үүдэлтэй агаар дахь хүлэмжийн хий болон химийн хорт бодисын хэмжээг бууруулах явдал юм. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цахилгаан үйлдвэрлэлдээ цөмийн эрчим хүчийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах нь байгаль орчин болон эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаачид дэвшүүлээд байгаа.

Тиймээс манай улс шиг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртээ нүүрс зэрэг шатах түлшийг илүү ашигладаг орны хувьд нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх буюу цөмийн эрчим хүч ашиглах нь байгаль, нийгэм эдийн засгийн асар их үр өгөөжтэй хувилбар болоод байна.

Нүүрстөрөгчийн ялгарлын нөлөөг хамгийн их амсаж, агаар, хөрс орчны бохирдолд өртөж байгаа орнуудын нэг бол яах аргагүй Монгол Улс мөн. Дэлхийн улс орнууд нүүрс шатаадаг технологиос татгалзаад удаж байна. Гэтэл Монгол Улс түүхий нүүрсээ шатаагаад эрчим хүчний эх үүсвэрээ хангадаг. Тиймээс түүхий нүүрсний ашиглалтыг багасгаж, эрчим хүчний эх үүсвэрээ цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр хангавал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд Монгол Улсын үүрэг оролцоо ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах үндсэн гол нөөц болох ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 12 дугаарт бүртгэгдэж байна.

– Сая СОР28-аар Парисын хэлэлцээрийг эрчимжүүлнэ гэлээ. Ингэхэд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг судлаачийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

– Дэлхийн 200 орчим улс орон 2015 онд Парист тунхагласан хүлэмжийн хийн ялгарал багасгах, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дундаж температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлах уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах олон улсын хэмжээний баримт бичигт нэгдсэн юм.

Нүүрстөрөгчийн ялгарлын нөлөөг хамгийн их амсаж, агаар, хөрс орчны бохирдолд өртөж байгаа орнуудын нэг бол яах аргагүй Монгол Улс мөн

Энэ удаагийн СОР28 уулзалт нь дэлхийн температурын урт хугацааны өсөлтийг 1.5 цельс хүртэл хязгаарлах зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн хурал боллоо. Учир нь НҮБ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр 1.5 цельсийн зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хор хөнөөлтэй нөлөөллөөс зайлсхийхийн тулд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр. Тиймээс тус бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн улс орнуудын хүчин чармайлтыг дүгнэн хэлэлцсэн нь үр өгөөжтэй болсон байна.

– Тэгвэл СОР 28-аас дорвитой өөрчлөлт гарч чадах болов уу?

– Энэ удаагийн СОР28 бага хурлаар Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилтуудыг үнэлж дүгнэхийн зэрэгцээ цаашид хэрхэн хүрэх ахиц дэвшилтэй ажиллах талаар хэлэлцжээ. Тухайлбал 2030 оноос өмнө хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж, эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих алхмыг хурдасгах, уур амьсгалын эсрэг арга хэмжээний санхүүжилтийг хөгжингүй орнуудаас хөгжиж буй буурай орнуудад хүргэх, хөгжиж буй орнуудын байгаль орчинд чиглэсэн шинэ хэлэлцээрт анхаарлаа хандуулж байгаагаараа СОР28 илүү “тэгш хүртээмжтэй” бага хурал болсон болов уу.

Мөн эрүүл мэнд, санхүү, хүнс тэжээл, байгаль орчин зэрэг тусгайлсан сэдэвт өргөтгөсөн хурлуудыг эдгээр өдрүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа юм байна.

– Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар СОР28-Д оролцлоо. Манай улсын хувьд СОР 28-аас ямар үүрэг, амлалт авсан бэ?

– Монгол Улсын зүгээс цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Иймд Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулах, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох зэрэг зорилтуудыг төлөвлөн ажиллахаа илэрхийлсэн байна.

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганд хэлсэн үгэндээ далайд гарцгүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй өртөж байна гэсэн. Манай улсын зүгээс ямар санаачилга дэвшүүлэв?

– Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг бага хуралд оролцож уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож, хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийг танилцуулсан.

Тэрбээр манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон бөгөөд энэхүү газарзүйн байршил нь улс орны нийгэм эдийн засагт зарим сорилт бэрхшээлийг дагуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгддэг орон болохыг онцолжээ. Тиймээс далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриалсан.

Эрчим хүчний эх үүсвэрээ цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр хангавал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд Монгол Улсын үүрэг оролцоо ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй

Улмаар хамтарсан шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн чиг баримжаатай болгохыг дэвшүүлсэн байна. Ингэснээр далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой болохыг илэрхийлжээ.

Манай улс энэ удаагийн СОР28 уулзалтаас гарсан “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал” санаачилгуудыг дэмжиж, тэдгээр нэгдэн орсон байна.

– Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Арабын хооронд нэлээд олон баримт бичгүүд байгуулах шиг боллоо. Цаашид аль, аль салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өргөжихөөр байна вэ?

– Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Улс АНЭУ-ын хооронд хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, өргөн хүрээтэй чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Цаашид хоёр орон харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдлаа.

АНЭУ-ын хувьд байгалийн баялаг ихтэй, газарзүйн таатай байрлалдаа тулгуурлан зөв бодлогоор элсэн цөлд хэрхэн хөгжиж болдгийг дэлхийд харуулсан чинээлэг улсын нэг. Иймд хоёр улсын давуу тал, нөөц бололцоогоо ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байна.

Манай улсын хувьд цаашид хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай болон агаарын тээвэр, судалгаа шинжилгээ, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй байх болов уу.

– Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдлээ. Энэ нь манай эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

– Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал боломжуудын нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал юм. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдсэнээр хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар өргөжнө. Ингэснээр Монголын уламжлал, байгаль ан амьтан үзэх зорилгоор манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Хотын татварыг хоёр хувь болгох нь буруу DNN.mn

Улаанбаатар хотын ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ хэлэлцэж эхэлсэн. Төсөлд хотын татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх санал тусгагдаад байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.


-2024 оны нийслэлийн төсөв өнөө жилийнхээс 30 хувиар тэлсэн байна. Нийслэлийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг танай нам эсэргүүцэж байгаа харагдсан. Ер нь яагаад татвар нэмж оруулж ирсэн юм бол?

-Өнөөдөр нийслэл хотын албан татвар нэг хувь байгаа. Үүнийг хоёр хүртэлх хувь болгох боломжтой гэсэн хуулийн заалт бий. Энэхүү хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын татварыг хамгийн дээд хувиар нь буюу хоёр хувь болгоно гэж оруулж ирсэн. Хуулиараа татвар нэмэхийн өмнө эхлээд заавал иргэдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийдэг. Ингэхдээ “Ийм үндэслэлээр хотын татварыг хоёр хувь болголоо.

Татвараас цугларсан мөнгийг ийм, ийм зүйлд зарцуулна” гэх байдлаар дэлгэрэнгүй танилцуулж, тэднээр хэлэлцүүлэх ёстой. Гэтэл татвар нэмэх талаар ямар ч мэдээлэл өгөлгүй 2024 оны нийслэлийн төсөвт шууд оруулж ирлээ. Ялангуяа ковидын дараах өнөө үед эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орлого, хүмүүсийн амьжиргаа ямар болсон билээ дээ. Дээрээс нь цавчаа ногоон автобусны хулгай гарч, иргэдийн нийслэлд итгэх итгэл сул байгаа өнөө үед татвар нэмж хэрхэвч болохгүй. Хотын даргаас “Яагаад, ямар үндэслэлээр нийслэлийн татварыг нэмэх болов” гээд асуухаар “Энэ төслийг иргэдээр хэлэлцүүлсэн” гэх хариулт өгч байгааг ХҮН намын бүлэг эсэргүүцсэн юм.

-Одоо үйлчилж байгаа нийслэлийн нэг хувийн татварыг ямар, ямар салбарт ногдуулдаг юм бэ?

-Хуулиараа бүх төрлийн тамхи, согтууруулах ундаанд нэг хувийн татвар ногдуулдаг. Мөн ресторан, зочид буудал, амралтын газар, машин угаалга, авто үйлчилгээ зэрэг салбарууд багтсан байгаа. Нийслэлийн төсөвт хийсэн төрийн аудитын дүгнэлтээс харахад автомашин угаалгын газраас нэг хувийн татвар авдаггүй юм билээ. Өөр хуулиар татвараас нь түр хугацаагаар чөлөөлчихсөн юм байна. Ийм байхад автомашин угаалгын газарт шууд хоёр хувийн татвар ногдуулж болохгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өргөн барьсан хотын хуульд татварыг нь буцааж оруулахаар тусгасан байна. Гэхдээ одоогийн хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байхад хоёр хувийн татвар авахаар төсвийн төсөл өргөн барьж болохгүй. Энэ нь өөрөө давхар хууль зөрчсөн асуудал болно.

-Хотын татварыг хоёр хувь болгохоор нийслэлийн төсөвт хэдэн төгрөг цугларах гээд байгаа юм бэ?

-Засаг даргын тооцооллоор 17 орчим тэрбум төгрөг цуглах юм байна. Тэгтэл ирэх оны нийслэлийн төсвийн нийт хэмжээ 2.6 их наяд төгрөг байна гэж оруулж ирсэн. Энэ бол урьд өмнө байгаагүй их мөнгө.

Нийслэлийн төсөв нэмэгдээд явна гэдэг сайн үзүүлэлт. Гэхдээ дээр дурдсан ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, нийслэлд итгэх иргэдийн итгэл суларчихсан өнөө үед заавал татвараа нэмнэ гэдэг зарчмын хувьд буруу.

-Татвар нэмчихлээ гэж бодъё. Төсөвт цугларах 17 тэрбум төгрөгөөр нийслэлд юу, юу хийхээр төлөвлөсөн юм бол?

-Нийслэлийн татварыг нэмж байгаад иргэдийн амьдралд тулгамдсан асуудлуудаа шийдье гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл тийм зүйл огт харагдахгүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг бол үер усны гамшиг.

Өнгөрсөн зун гэхэд нийслэлд үерийн улмаас ямар их гарз, хохирол нүүрлэснийг бүгд мэдэж байгаа. Тэгвэл ирэх оны нийслэлийн төсөвт үерт зориулж нийт 12 тэрбум төгрөг тавьсан. Үүний таван тэрбум нь Жаргалантын аманд хийгдэх ажил байна. Яг үнэндээ энэ зун хотын төвөөр урссан үер тэр дундаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбэ гол дагуу ямар их аюул боллоо доо. Гэтэл үүн дээр нэг ч төгрөг тавиагүй байх жишээтэй. Ядаж татвар нэмээд “Сэлбэ голынхоо түр даланг бүр болгоё” гэдэг ч юм уу. Эсвэл ийм учир шалтгаанаар татварын хэмжээг нэмэгдүүлж байна гэж ерөөсөө тайлбарлахгүйгээр шууд нэмж болохгүй.

-Ер нь МАН найман жил төр барихдаа татвар нэмэхээс өөр юу ч гийгүүлсэнгүй гэж ард түмэн шүүмжилж байгаа. Нийслэлийн албан татвараас гадна өөр ямар, ямар төрлийн татвар нэмэгдэж байгаа бол?

-Татварын хувь хэмжээг хуулиараа УИХ тогтоодог. Нийслэлийн татварын тухайд дээд хэмжээг нь хоёр хувь байна гээд УИХ тогтоосон. Нийслэл өөрсдөө ИТХ-аараа хэлэлцээд шийдвэрлэх хуулийн гаргалгаа бий. Ер Үндсэн хуульд татварын хувь хэмжээг хуулиар тогтооно гэж байгаа. Иймд аливаа татварыг нэмэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал л даа.

М.МӨНХЦЭЦЭГ