Categories
мэдээ спорт

С.Пүрэвсүх: Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна

Манай улсын хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг дөрвөн тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит академид өнгөрсөн жил суралцахаар Унгар улсыг зорьсон билээ. Эдгээр тамирчдийн нэг болох Ганболдын Ганбаяр “Пушкаш”-ийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна. Энэхүү тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” хэмээх дэлхийн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцдгийг хөлбөмбөг сонирхогчид, фанаатууд андахгүй биз ээ. Тэгвэл Г.Ганбаяр өнгөрсөн баасан гаригт “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар “Сузуки цом”-ын эхний тоглолтоо дэлхийд алдартай “Байерн мюнхен”-тэй хийсэн. Дэлхийд тэргүүлэгч шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн тамирчид энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл хэн хэн нь гоолгүй тэнцсэн юм. Улмаар тоглолтын сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал болсон. Г.Ганбаярыг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулснаар 1:0-ээр дэлхийн шилдэг баг “Байерн Мюнхен”-ийг буулган авчээ. Ийнхүү хүн төрөлхтний аугаа спорт хөлбөмбөгийн дэлхийн дэвжээнд монгол хүү гарч, олон улсад эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Ингээд түүний багш олон улсын хэмжээний мастер С. Пүрэвсүхтэй энэхүү түүхэн үйл явдлын талаар болон гарын шавь Г.Ганболдын тухай ярилцлаа.

-Таны шавь Г.Ганболд дэлхийн дэвжээнд гарлаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ амжилт гэж харж байна. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ хүүхдийн багшийн хувьд үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жил манай улсын шилдэг тамирчин Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарыг Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорих үед миний бие хариуцан шалгалт авч байлаа. Тухайн үед эдгээр дөрвөн шавьдаа “Та нар анх удаагаа Европын шилдэг академид очих гэж байна. Тэр газар бүтэн жил суралцаад, тоглоно гэдэг асар их хариуцлага шүү. Та нарыг амжилттай сайн суралцаад ирвэл, монголын хөлбөмбөгийн дараагийн үе дэлхийд гарах боломжтой болно гэдгийг сайн санах хэрэгтэй” хэмээн захиж билээ. Харин Г.Ганбаяр маань багшийнхаа итгэлийг алдалгүй, Пушкашийн үндэсний шигшээ багт нь тоглож, дэлхийн дэвжээнд гарч чадлаа. Энэ бол манай улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээх, том амжилт юм. Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна.

-Г.Ганбаярын гараанд гарч тоглосон тоглолтыг сэтгэл догдлон үзсэн байлгүй?

– Ер нь дэлхийн хэмжээний багуудтай Монгол тамирчин өрсөлдөнө гэдэг бидэнд ямар их боломж байгааг харууллаа. Тоглолтыг нь үзэлгүй яах уу. Гарч талбай дээр гарч ирэх тэр мөчид нулимс дуслуулсан шүү. Пушкашийн шигээ багийн үндсэн гараанд гарч тоглоогүй ч хоёрдугаар ээлжинд тоглохдоо үнэхээр ширүүн, хурдтай, тоглолтуудыг гаргаж байсан. Дэлхийд тэргүүлэгч “Байерн Мюнхен”-ий багийн эсрэг манай хүн үнэхээр сайн тоглосон.

Г.Ганбаярын баг дараагийн тоглолтоо ямар улсын багтай тоглох юм бол?

– “Реал мадрид” клубын багтай тоглоод байна. Энэхүү тоглолт хэрхэн болж өрнөснийг одоогоор мэдэхгүй юм. Бас дэлхийн шилдэг тоглогчтой, ширүүн баг шүү дээ.

-Г.Ганбаярыг анх хэдэн настайгаас нь өөр дээрээ хүлээн авч байсан бэ?

-Манай Ганбаа маань Сэлэнэгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат. Нэг настайдаа аав, ээжтэйгээ хотод ирсэн юм гэнэ лээ. Улмаар Ганбааг найман настай байхад аав ээж хоёр нь манай клубд дагуулан ирж, тоглуулдаг байлаа. Тэр үеэс эхэлж, энэ хүүхдийн ур чадвар тоглож буй арга барилыг нь хараад ирээдүйд сайн тамирчин болох шинжтэй хэмээн харж билээ. Ингэж л шавьтайгаа учирсан даа.

-Г.Ганбаярын тоглолтын онцлог нь юу юм бол?

-Энэ хүүхэд маань зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Манай “Хоромхон” клубд их олон жил тоглож байгаа. Аливаа зүйл туушдаа хандаж, бууж өгөхийг мэддэггүй, мэдрэмжтэй тоглодгоороо их онцлогтой. Мөн биеийн хөгжил сайтай, тоглолтыг уншдаг, ухаалаг тоглолт гаргадаг, ер нь багын л их мэдрэмжтэй, хурдтай, бусдаасаа онцлог, шаргуу хүүхэд байсан даа. Г.Ганбаяр маань өдгөө 17 настай, үеийнхээ хүүхдүүдээс ур чадварын хувьд хол илүү тасарчихсан, манай улсын ирээдүйн шилдэг тамирчин юм.

-Г.Ганбаярын өндөр нь хэд вэ. Өмнө нь гаргаж байсан амжилтынхан талаар яриач?

-Нэг метр 80 см-байгаа болов уу. Ер нь их нуруулаг хүүхэд, цаашид ч өсөх байх. Өмнө нь 15 настайдаа Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэнд таван гооль хийж, 16 настайдаа лигийн хүрэл медаль хүртэж байсан бахархмаар амжилттай тоглогчоо. Цаашид монголын хөлбөмбөг дэлхийд гарч тоглох боломжтой юм байна гэсэн итгэлийг Ганбаа маань өглөө. Энэ л хамгийн чухал амжилт.


Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Р.Нямдоржоос өөр тэргүүн Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын Үндэсний бөхийн холбоо хэдэн онд батлагдсан дүрмээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээр баталсан дүрэм, бас 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр баталсан дүрэм хоёрыг барин ажиллаж байна. 1998 онд сонгогдсон тэргүүлэгчдээс зарим нь мөнх бусыг үзүүлснээр хүчинтэй бүрэлдэхүүнгүй болсон тул 2010 онд сонгогдсон тэргүүлэгчид өдгөө ажлаа явуулж байна. Эдний 70 хувь нь хуучин тэргүүлэгчид юм.

-2010 оны их Эеийн хуралдаанаар яг юу болсон юм бэ. Ү.Хүрэлбаатар гуай “Их Эеийг дөрвөн жил тутам хуралдуулах ёстой. Гэвч 2002 оноос хойш хуралдаагүй” гэж ярьжээ. Энэ ямар учиртай вэ?

-2002 оны дараа 2006 онд их хурал хуралдах байсан. Бид 2005 оны зургадугаар сард Цэцдийн зөвлөлөө хуралдуулж ээлжит их эеийг товлох гэсэн боловч Х.Баянмөнх, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нарын бүлэг энэ хурлыг хийлгээгүй юм. Улмаар 2006 ондоо дахин Цэцдийн зөвлөлийг хуралдуулахад тэд санаатайгаар ирцийг хүргэхгүй болгосон тул дүрэмд заасан ёсоор бүрэлдэхүүнээ сэлбэж улсын арслан Б.Ганбаатар, улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын харцага Д.Одсүрэн, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, ахлах гарын даа С.Сэлэмбаатар, засуул Д.Цогзол нарын хэдэн хүнийг Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгож ирцээ бүрдүүлээд “Их Эе”-ээ 2006 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулах тов зарласан боловч Ж.Ганболд нар шүүхэд “Гудамжнаас хүмүүс оруулж ирээд Цэцдийн зөвлөлд сонгосон тул энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, “гудамжнаас хүн оруулсан” гэх үндэслэлд итгэж, “Их Эе” хуралдуулахыг зогсоосон. Гудамжнаас оруулсан гээд байгаа хүмүүс нь дээрх хүмүүс шүү дээ. Энэ мэтчлэн Бөхийн холбоог “Их Эе”-ээ хуралдуулъя хэмээн зарлах бүрд саад учруулаад, өөрснөө ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах тухай ярьж хөөцөлддөг улс.

Ээлжит бус “Их Эе” хуралдуулбал МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувийн болгоно гэж тооцож, увайгүй үйлдэл хийдэг юм. Бид 2010 онд ээлжит хуралдаанаа хийсэн. Гэтэл эд нар “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөлөөс зарлаж хуралдуулах ёстой байтал тэргүүлэгчид зарлаж хуралдуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан.Шүүх тэдний хүсэлтийг хангасан юм. Яг үнэндээ ээлжит “Их Эе”-ийг Цэцдийн зөвлөл зарлана гэсэн заалт дүрэмд байдаггүй. Дүрмийн 7.3-д Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь “Их Эе”-ийг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хугацаанаас нь өмнө хуралдуулж болно” гэсэн заалт бий. Энэ бол ээлжит бус “Их Эе”-ийн тухай заалт болохоос ээлжит “Их Эе”-ийн тухай заалт биш. Мөн энэ дүрмийн 7.16-гийн “В”-д зааснаар МҮБХ-ны тэргүүнд “Их эе”, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах эрхийг олгосон байдаг юм. Бид зургадугаар Их эеийг зөвхөн тэргүүний шийдвэрээр биш, хамтын удирдлагын байгууллага болох Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хуралдуулсан. Энд хууль дүрэм зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Гэтэл Ж.Ганболд нар дахиад шүүхэд “Их эеийг Цэцдийн зөвлөл зарлах ёстой байтал тэргүүлэгчид зарласан тул хүчингүй болгож өгнө үү” гэснийг шүүх бас л хүсэлт ёсоор болгосон юм. Ингээд харахаар бид Их эеэ хийх гээд байдаг, харин Ж.Ганболд нар нэг бол хийлгэхгүй гацаадаг, эсвэл хийснийг нь хөөцөлдсөөр байгаад хүчингүй болгодог ийм л улс байгаа юм.

-Тэдний яриад байдаг 403 дугаар тогтоол ямар учиртай юм бэ?

-Дөрөвдүгээр “Их Эе” хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусаад холбооны тэргүүний сонгуулийг явуулахад таван хүн нэр дэвшсэнээс Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар үлдэн өрсөлдөж, Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 хүний санал авч, Р.Нямдорж найман хүний саналын илүүгээр ялсан юм. Үүний амьд гэрч одоо 160-аад хүн байж байна. Мөн видео бичлэг нь, хүмүүсийн санал өгсөн хуудас зэрэг бүх нотлох баримт нь байж байхад гурван шатны шүүх “сонгууль явсныг үнэлэх боломжгүй байна” гэсэн шийдвэр гаргасан.Тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан юм. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд нарын урьдчилан төлөвлөснөөр энэ Их эе дээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах байж. Гэтэл энэ зорилгоо хэрэгжүүлж чадаагүй тул Х.Баянмөнх гуай ширээ шааж, элдвийн муухай үгээр харааж зүхэн хурлыг хүчээр тараасан. Энэ бичлэг нь одоо хадгалагдаж байна. Тэд “Хэрэв ялагдвал хурал хаяж явахаар тохирчихсон байсан юм” гэж Г.Бор нотлон хэлдэг юм. Ийм булхайтай, луйвартай юм болсныг дүрс бичлэгээр харуулж нотлоод байхад шүүх тийм шийдвэр гаргасан. Бодит амьдрал дээр ийнхүү Р.Нямдорж ялсан байхад шүүх түүнийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлдэг. Иймээс бид энэ асуудлаар шүүхэд дахин хандахаар бэлдэж байна.

-Р.Нямдорж тэргүүн биш гэж Ү.Хүрэлбаатар нар яриад байх юм, энэ ямар учиртай юм бэ?

-Манай гүйцэтгэх удирдлага бол тэргүүн, дэд тэргүүн нар юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын дөрөвт “Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан байдаг юм. Ү.Хүрэлбаатар Р.Нямдоржийг тэргүүнээр сонгогдсон гэж үзээд 2002-2013 оныг хүртэл МҮБХ-ны тэргүүлэгчийн сонгуульт ажлыг хийж байгаад, 2014 онд бусад тэргүүлэгчдийн санал болоод үйл ажиллагааг үл ойшоон хутган үймүүлж, түүнд нь сануулга өгөхөд “Одооноос эхлэн МҮБХ-ны эсрэг үйл ажиллагаа явуулна” гэж заналхийлсны учир тэргүүлэгчээс хөөгдсөн юм. Ү.Хүрэлбаатар өөрийн үзэл бодлоосоо урван өдгөө Р.Нямдоржийг тэргүүн биш гэж үзэж байгаа бол оронд нь сонгогдсон тэргүүн нь яагаад одоо болтол ажлаа хүлээж авахгүй байгаа юм бэ. Тэр тэргүүн нь хаана байна вэ. Хууль мэддэггүй, ямар нэгэн асуудалд мэдлэг мэдээллээр биш, сохор номингийн тэмтрүүлээр ханддаг хүмүүсийн яриа ийм л байгаа юм. Хуульд заасны дагуу бүрэн эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэргүүн бол Р.Нямдорж. Түүнээс өөр тэргүүн МҮБХ-нд байхгүй.

-Гэтэл Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүс Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг хуралдуулж, тэргүүнээ сонгочихлоо гээд байгаа?

-Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулсан “Их Эе” гэх цуглаанд ихэнх бөхчүүд нь оролцоогүй, ирц нь бүрдээгүй. Уг нь тэд бөхчүүд өөрснөө гүйгээд ирэхээс аргагүй болтол Р.Нямдоржийг гутаан гүжирдсэн хар нэвтрүүлэг хийж бараг бүх телевизээр олон хоногийн турш цацаж, сайт, фэйсбүүкийг дүүргэсэн. Гэтэл нөгөө цуглаанд нь улсын цолтой 40 бөх, хэн ч танихгүй хүмүүс очсон байна. Тэд сайн дураараа очсон ч биш нэг хүн рүү гурав, дөрвүүлээ ээлжлэн утасдаж улайран дуудсаар цуглуулсныг тэнд очсон бөхчүүдээс ярьж, зарим нь биднээс уучлал гуйж байна лээ. Бөхчүүд лут нуруутай, гол чиг алддаггүй хэрсүү улс байдаг юм. Тэр ч ёсоор 10 аваргаас гурав нь, 15 арслангаас дөрөв нь, 9 гарьдаас хоёр нь, 25 заанаас зургаа нь л очжээ. Энэ нь Монгол бөхийн асуудлыг шийдэх бүрэлдэхүүн болж чадах уу? Чадахгүй. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Монголын бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, судлаачид, жаяг дэгийн багийнхан маань эдгээр хүмүүсийг хэн бэ гэдгийг өмнөх замнал, ажил үйлсээс нь хангалттай сайн мэддэг болсных юм. Тиймээс ч Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар тэдний өмнө ил гарч чадахгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Л.Ням нарын ашиг сонирхолтой нөхдийг өмнөө бариад ард нь нуугдаад явж байна. Дээрх хүмүүс хуурамч бичиг бүрдүүлэх, ирээгүй хүнийг ирсэн болгож бичихдээ гарамгай, түүгээрээ шүүхийг хуурахдаа мэргэшсэн хүмүүс л дээ. Нөгөө талаас энэ цуглаан хууль бус болсны хууль зүйн нотолгоо нь прокурор дээр тэдний “нотлох баримтыг шүүхэд хуурамчаар гаргаж өгсөн” үйлдэлд Эрүүгийн хуулийн 253.1-ээр эрүүгийн хэрэг үүсгээд хянаж байхад буюу прокурорын эцсийн дүгнэлт шийдвэр гараагүй байхад яаран хуралдах гэж оролдсон явдал юм.

-Ү.Хүрэлбаатар гуай “Р.Нямдорж, Д.Данзан нар дүрмэндээ “Залгамжлагч” хэмээх үг оруулсан нь үр хүүхдэдээ МҮБХ-г өвлүүлэх гэж байгаа хэрэг юм” хэмээсэн байдаг. Энэ тухайд?

-Биднийг 2002 оноос хойш 2007 он хүртэл идэж ууснаар нь гүтгэж байлаа. Ингээд Монголын бүх хяналт шалгалтын байгууллагаар шалгуулж идэж, уусан зүйл байхгүй байна гэсэн. Ингэснээр биднийг гүтгэх арга нь мухардсан. Бид Монгол бөхийг спорт болоод өв соёл талаас нь хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж ажилласан. Монгол бөхөд 50 шинэ зүйл хийсэн. Үүнийг бөхчүүд, олон түмэн, төр засаг мэддэг юм. Зөвхөн бөхчүүдийн бай гэхэд л 1990-ээд оны үед түрүү бөхийн бай 50 төгрөг л байлаа шүү дээ. Мөнгөний ханш 1000 дахин унасан гэвэл түрүү бөхийн бай одоогийн ханшаар 50 мянган төгрөг болно гэсэн үг. Гэтэл одоо түрүү бөхийн бай хоёр сая төгрөг болсон. Бид бөхчүүдийнхээ байг ингэж 40 дахин нэмэгдүүлсэн байна. Тэмцэгчид маань бидний нэр төрийг гутаах, олны дургүйцлийг төрүүлэх өөр нэг юм бодож олсон нь биднийг МҮБХ болон Бөхийн өргөөг үр хүүхдэдээ өвлүүлэх зорилготой ажиллаж байна гэсэн ор үндэслэлгүй гүтгэлэг юм. Гэрчилгээн дээр “Хугацаагүй” гэсэн үг бий. Энэ нь бөхийн холбооны ажиллах хугацааг заасан утгатай болохоос өөрсдийнхөө ажиллах хугацааг заасан үг биш. Мөн гэрчилгээн дээр Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гэсэн нэр байхгүй. Тэгэхээр Ү.Хүрэлбаатар маань хий юм олж хараад тэгтлээ гайхсан юм болов уу? Харин “МҮБХ нь залгамжлагчид шилжинэ” гэдэг бол хувь хүнд юм уу, үр хүүхдэдээ өгнө гэсэн үг биш. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу дараагийн байгууллагад нь өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл МҮБХ-ны үйл ажиллагаа зогссон тохиолдолд залгамжлан үргэлжлүүлэх байгууллагад өмчийг шилжүүлнэ. Ийм ойлгомжтой зүйлийг мушгиж, гүтгэж байгаа нь арга ядсан хүмүүсийн үг юм даа. Дашрамд хэлэхэд Ү.Хүрэлбаатар бид нэг байгууллагад нэгэн сэтгэлээр зүтгэж явсан хүмүүс. Харин одоо Ү.Хүрэлбаатар царай нь мөн ч ярьж байгаа зүйл нь Ж.Ганболд болжээ. Ү.Хүрэлбаатарын хэлээд байгаа бүгдийг Ж.Ганболд ярьдаг байсан юм.

-Монголын үндэсний бөхийн өргөөний 10 хувь буюу 212 сая төгрөгийг Р.Нямдорж авчихсан хэмээн Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар хэлдэг. Одоо Ү.Хүрэлбаатар гуай бас хэлж байна. Энэ ямар учиртай юм бол?

-Бөхийн өргөө ашиглалтад орохоос хоёр сар гаруйн өмнөөс эдгээр хүмүүс Төрийн өмчийн хороогоор явж, Бөхийн өргөөг хувьчлах асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн юм. Тийм учраас бид төр булаацалдаж магадгүй юм байна гэж ойлгоод бөхийн талд давуу эрх байлгахын тулд менежментийн баг тодорхой саналын хувьтай байх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, төрийн оруулсан хөрөнгө 45 хувь, Бөхийн холбооны оруулсан хөрөнгө 45 хувь байх үед менежментийн багийн 10 хувийн саналыг төлөөлөх хүн нь бөхийн талын хүн байхаар шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг 2001 оны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор тэрхүү 10 хувийн саналыг менежментийн багийн удирдагч Р.Нямдорж төлөөлж байхаар зохицуулсан юм. Энд Р.Нямдорж Монгол бөхийн өргөөний 10 хувийг хувьчлаад авчихсан гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Бөхийн өргөөг хувьчлахад хүрвэл МҮБХ 45 хувь дээр нэмэх нь 10 хувь бүгд 55 хувийн төлөөлөлтэй байж, ингэснээр Монголын бөхчүүд ямар ч тохиолдолд Бөхийн өргөөгөө алдахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, бөхчүүдийн эрх ашгийг хангасан тогтоол гаргасан юм. Энэ тогтоолыг гаргахад Ү.Хүрэлбаатар өөрөө оролцож, гарын үсэг зурсан байдаг. Одоо болохоор эвдэрсэн хүний эвлэршгүй зан гарган рекламдаад ярьж байна.

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хуралд тэргүүн Р.Нямдорж та хоёрыг ирээгүй гэдэг юм билээ. Та хоёр яагаад очоогүй юм бэ?

-МҮБХ 2014 онд ээлжит Их Эеэ хуралдуулна гээд тэргүүн Р.Нямдорж сонин хэвлэлд “Р.Нямдорж, Д.Данзан нар Их Эеийг хуралдуулаад ажлаа өгнө. Бөхийн холбооны ажлыг хийх хүмүүсийг бөхчүүд маань дотроосоо сонгож, өрсөлдүүлээрэй” хэмээн албан ёсоор мэдэгдэж, улмаар 2014 онд Цэцдийн зөвлөлөө хуралдуулах гээд яг төлөвлөөд байж байтал Ү.Хүрэлбаатар, Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд, Х.Баянмөнх, А.Сүхбат нар мөн оны зургадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөлийн хурлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотойгоор дайрч хуралдуулсан. Тэгэх мөртөө МҮБХ ээлжит Их эеэ хуралдуулж болохгүй гэсэн захирамж гаргуулчихсан. Манайх ингээд хуралдуулах гэхээр энэ мэт арга хэрэглэж, болиулдаг. Өмнө нь 2006 он, 2010 оны Их эеийг ингэсэн. Сая өөрсдөө хурал хийлээ. Дүр зураг нь ямар болсныг хүмүүс харж, ойлгож мэдэж байна.

-Та нөхдийг шүүхийн шийдвэрийг үл хүндэлдэг, гүйцэтгэдэггүй хэмээн шүүмжлээд байдгийн учир юу вэ?

-2014 оны Цэцдийн зөвлөлийн хурал болж өнгөрсний дараа бидэн дээр тав зургаан хүн ирсэн. Эдгээр хүмүүс “Бид нар эдгээр хүмүүсийн зохион байгуулсан цэцдийн зөвлөлийн хуралд оролцоогүй, бас гарын үсэг зураагүй байтал яагаад бидний гарын үсэгтэй хуралд суусан гэсэн бичиг яваад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь бид цагдаад “Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болсон нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн байна, үүнийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан юм. Цагдаа эрүүгийн хуулийн 253,1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан. Ингээд цагдаагийн мөрдөн байцаалтаар эдгээр хүмүүс Цэцдийн хуралд оролцоогүй болох нь тогтоогдсон юм. Тэр таван хүн “Бид нар Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх, А.Сүхбат нарын зохион байгуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны оролцоотой хуралд ерөөсөө суугаагүй” гэдгээ цаасан дээр бичиж, амаараа хэлж, гарын үсгээ биш гэдгээ цагдаагийн мөрдөн байцаалтад хэлсэн. Гэтэл энэ хэргийг хянасан Сүхбаатар дүүргийн прокурор “эдгээр таван хүн хуралд оролцсон байна” гэсэн хачирхалтай дүгнэлт гарган манай гомдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргажээ. Прокурорын энэ шийдвэр эцсийн шийдвэр биш. Бид ийм хариу авчихаад дээд шатны прокурорт нь гомдол гаргасан, үүний дагуу одоо хянаж байгаа юм. Тэгтэл эдгээр хүмүүс анхан шатны прокурорын дүгнэлтийг шүүрч аваад хурал цуглаан хийсэн нь хууль бус ажиллагаа тул тэдний хийсэн дээрх хурал гэгч нь хүчингүй болж байгаа юм.

-Ээлжит Их Эеийг он гаргаад хийхээр товлож байгаа юу. Нөгөө талын хүмүүс энэхүү хурлыг Р.Нямдорж хийхгүй гэсэн байрь суурьтай байгаа гэх юм. Энэ талаар?

-Хүмүүс, бас зарим бөхчүүд манай 2016 оны арванхоёрдугаар сард гаргасан мэдэгдлийн утгыг буруу ойлгосон тал байна. Тэр мэдэгдэлд “2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийнхээ товыг тогтооно” гэж бий. Энэ бол хоёрдугаар улиралд Их эеэ хуралдуулна гэсэн үг биш. Одоо хоёрдугаар улирал дуусахад сарын хугацаа байна. Энэ хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулна, Их эеийнхээ товыг тогтооно. Манайх Их эеэ дөрвөн жил тутамд хуралдуулж ирсэн тул ээлжит Их эе 2018 он гаргаад хуралдана.

-Сая болсон ээлжит бус Их эе чинь тэргүүнээс гадна Цэцдийн зөвлөл, тэргүүлэгчдийг бас сонгосон юм уу?

-Бидэнд албан ёсны бичиг баримт шийдвэрээ өгөөгүй байна. Өөрсдийнх нь хэлж байгаагаар Цэцдийн зөвлөлийг байгуулж, Цэцдийн зөвлөлийн даргад Ү.Хүрэлбаатарыг сонгожээ. Бас тэргүүлэгчдийг, хяналтын албыг ч сонгосон гэнэ. Уг нь ийм эрх тэдэнд байхгүй л дээ, бас л хуулийн зөрчил. Нэг сэтгүүлчийн ярьж байгаагаар, бас Ү.Хүрэлбаатарын нотолж байгаагаар, Цэцдийн зөвлөлийн 46 хүний 27 нь Увсын бөхчүүд болсон юм байх. Энэ ч арай дэндэж байгаа хэрэг байхаа даа. Үүнийг учрыг Ү.Хүрэлбаатар Увс олон бөхтэй учраас гэж тайлбарлаж байна лээ. Олон бөхтэй нь ийм эрхтэй байх тухай ямар ч дүрмийн заалт байхгүй. Тэгээд ч Увс хамгийн олон бөхтэй нь бас биш. Тэд ийм юм хийгээд сууж байхаасаа ичихгүй байна л даа. Дашрамд нэг зүйлийг зориуд хэлэхэд тэр хуралд очиж суусан Увсын харьяалал, хамааралтай бөхчүүд, бусад хүмүүст бид ямар ч буруу өгөхгүй. Тэднийгээ ойлгож байна. Багш шавь, нутаг усны нөлөөллийг энэ хуйвалдааны шинжтэй цуглааныг зохион байгуулсан хүмүүс ашигласныг бид ойлгож байна. Ер нь бид 1990-ээд оноос өмнө нэгэнт бий болчихсон байсан нутаг усны үзлийг арилгах, тийм үзэгдэл гаргуулахгүй байх талаар хичээн ажиллаж ирсэн. Үүний тодорхой жишээ нь анхдагч, ахмад, бас халх гэдгийг бодолгүй амжилт илүү гэдгийг үндэс болгон Х.Баянмөнх аваргаа хамгийн түрүүнд Хөдөлмөрийн баатар болгуулсан билээ. Үүнд их баярласнаа аварга өөрөө ярьдаг бөгөөд бидний ийм үзэл гаргадаггүйг бас хэдэнтээ хэлж байсан юм шүү.

-Ү.Хүрэлбаатар гуай “Увсынхан бөхийн өргөөг авах гээгүй, харин Р.Нямдорж хувьдаа авах далд санаатай нь харагдаж байна” гэсэн байх юм?

-Харин тийм байна. Түүний санааны үндэслэлийг өмнө тайлбарласан. Бид Увсынхан ч гэдэггүй юм. Х.Баянмөнх, Д.Амгаа, Ж.Ганболд нар л гэдэг юм. Учир нь Д.Амгаагийн “Одоо Монгол улсад Бөхийн өргөөнөөс өөр авах юм үлдсэнгүй, бид заавал авна” гэж бөхчүүдэд ярьж явсан үг бий. Тэр ч санаагаараа элдэв хэрүүл тэмцэл өрнүүлэн дайрч давшилж, Бөхийн өргөөг гаднын хөлсний хамгаалалтын хүчээр булаан авч, тамгыг дээрэмдэж байсан үйлдлийг нь хүмүүс мартаагүй байгаа байх. 2010 онд болсон ээлжит Их эеэрээ холбооныхоо дүрэмд Бөхийн өргөөний тухай нэмэлт бүлэг оруулаад “1. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн, 2. Бөхийн өргөөг хувьчилж болохгүй, зээлийн барьцаанд тавьж болохгүй. 3.Бөхийн өргөөтэй холбогдох асуудлыг зөвхөн Их эеэр хэлэлцэнэ” гэсэн гурван заалт оруулан баталгаажуулсан юм. Гэтэл энэ хурлыг тэд шүүхээр хүчингүй болгуулсан. Үүний далд санаа нь Бөхийн өргөөг дур мэдэн авахад нь саад болох дүрэмд оруулсан энэ дархлааг л устгаж байгаа хэрэг л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ү.Хүрэлбаатар: “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй

“Өдрийн сонин”-й 2017.05.31-ний Лхагва гаригийн №122(5689) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар ээлжит бус “Их Эе”ийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.


-“Их Эе”-ийг хуралдуулах тодорхой журам байдаг байх. Энэ удаагийн “Их Эе” хичнээн хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрсөн бэ. Мөн хууль бус хурал зохион байгуулсан хэмээн МҮБХ-ноос үзээд байгаа шүү дээ?

-Монголын үндэсний бөхийн холбоо бол төрийн бус байгууллага. Тийм болохоор төрийн бус байгууллагын хуулинд нийцсэн өөрийн гэсэн дүрэмтэй газар. Яг одоогоор Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр “Их Эе”-ээр буюу 2002 онд батлагдсан дүрэм үйлчилж байгаа юм. Яг хүчин төгөлдөр байгаа ганц дүрэм бол энэ. Харин Р.Нямдорж, Д.Данзан нарын барьж яриад байгаа дүрэм бол 2010 оны зургадугаар “Их Эе”-ээр батлагдсан дүрэм. Гэтэл энэхүү зургадугаар “Их Эе”-ээр гаргасан шийдвэрийг гурван шатны шүүх бүхэлд нь хүчингүйд тооцчихсон. Тийм учраас өнөөгийн дэд тэргүүн, тэр үед батлагдсан дүрэм журам бүгд хүчингүй гэсэн үг. Гэтэл 2010 оны хуралдаанаар томилогдсон тэргүүлэгчид өнөөг хүртэл хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа нь хүчин төгөлдөр бус юм аа. Ингэж шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон хурлын шийдвэрээр тэргүүлэгчид шийдвэр гаргаж яваад байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодорхой хэлмээр байна. Яг барьж байгаа буюу 2002 оны “Их Эе”-ээр батлагдсан дүрмэнд дэд тэргүүн гэсэн бүтэц байхгүй. Би энэ батлагдсан хүчин төгөлдөр дүрмээ л барин ярьж байгаа юм. Дүрмийн дагуу Монголын үндэсний бөхийн холбооны эрх барих дээд байгууллага нь “Их Эе”. Энэ нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг байх ёстой. Гэтэл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй явсаар ирлээ. 2002 оны “Их Эе”-ээр бүх асуудлыг шийдвэрлэсэн ч тэргүүнээ сонгож чадаагүй тарсан. Үүний дагуу Р.Нямдорж “Би тэргүүн байх ёстой, найман хүний дундаас би ялсан. Үүнийг тогтоож өгнө үү” хэмээн шүүхэд хандсан юм. Улмаар Р.Нямдоржийн энэхүү асуудлыг гурван шатны шүүх авч хэлэлцсэн. Эцэст нь Дээд шүүхээс “МҮБХ-ны тэргүүнээр сонгох асуудлаар ээлжит бус “Их Эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтааж зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдэд үүрэг болгосугай” хэмээн дүгнэлт гарсан байдаг юм. Энэхүү Дээд шүүхийн шийдвэр сая болсон “Их Эе”-ээр дуусгавар болж байгаа хэрэг. Тэгэхээр 14 жил энэхүү шүүхийн шийдвэрийг Р.Нямдорж биелүүлээгүй байх нь ээ дээ. Үнэхээр энэ хүн тэргүүн юм бол Цэцдийн зөвлөлийг бүрдүүлж, хуралдуулах үүрэгтэй байсан. Үүнийгээ хийхгүй, хийсэн ч гэсэн хууль бусаар зохион байгуулж ирсэн учраас хэрэгжихгүй явсан. Тэр утгаараа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хурлаа хийхгүй явсаар 2014 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийг албан хуралдуулсан юм. Тэр хуралд Цэцдийн зөвлөлийн 67 хүн бүрдэж, хуралдсан. Энэхүү хуралдаанаар ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийг томилон гаргасан байдаг юм. Тэрхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь миний бие орсон. Энэ эрх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн жил Их хурлын товыг зарласан байсан. Гэтэл одоогийн тэргүүн нь тухайн үед нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд хэрэг үүсгэн шалгуулсан учраас тэрхүү хурал хойшилсон юм. Улмаар холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгаж дуусаад Р.Нямдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Тийм болохоор тухайн үеийн ном журмаараа ээлжит бус их хурлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл сая болсон “Их Эе”-ийг хууль ёсны дагуу явуулж, гүйцэтгэсэн гэсэн үг. Хамгийн гол нь 2003 оны Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу бид их хурлаа хийсэн.Нөгөөтэйгүүр гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эсэргүүцээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.“Их Эе” 200 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байж гэмээнэ ирц бүрэлдэнэ гэсэн дүрэмтэй. Харин сая болсон “Их Эе” 85 хувийн ирцтэй буюу 170 гаруй төлөөлөгч оролцсон. Улсын цолтнууд, бөхийн зүтгэлтнүүд болоод орон нутгийн төлөөллүүд өөрсдийн хурлаар сонгогдсон хүмүүс оролцсон албан ёсны “Их Эе” болсон.

-“Их Эе”-д оролцсон бөхийн зүтгэлтнүүд болоод бөхчүүдийн ихэнх нь Увс аймгийн гаралтай хүмүүс байсан хэмээн МҮБХ-ноос мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Хуралд оролцсон бөхчүүдийн ихэнх нь Увсынх байсан гэдэг бол худлаа. Цэцдийн зөвлөлд Увс аймгийн арав гаруй хүн л байсан. Ер нь толгой бөхчүүдийг харахад ихэнх нь Увсынх шүү дээ. Улсын цолтой бөхчүүдийг ангилаад үзвэл хамгийн олон бөхтэй нь Увс аймаг байдаг юм. Тэр ч утгаараа Х.Баянмөнх, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд улсын аварга, арслангууд нь оролцохоор тэр хүмүүс өлгөж авч байхгүй юу. Цэцдийн зөвлөлийг аймаг бүрээс сонгоод оруулах гэхээр Увс аймгаас арав гаруй хүн болчихож байгаа юм. Үүнийг бид яах юм. Ямар хүмүүс хэрхэн оролцсон нь бүгд л дүрэм журмынхаа дагуу л зохион байгуулсан. Улмаар Цэцдийн зөвлөл хуралдаж 11 тэргүүлэгчийг сонгосон. Эдгээр тэргүүлэгч дунд Увс аймгийн нэг л хүн бий. Энэ нь улсын гарьд Б.Гантогтох юм. Нэг л хүнийг ингэж сонгоход нийт даяар Увсынх юм шиг ярьж байгаа нь утгагүй л дээ.

-Тэгвэл 2010 онд хуралдсан “Их Эе” яагаад хүчингүй болсон юм бэ?

-Их Эе буюу их хурлыг Цэцдийн зөвлөл хуралдаж, товыг нь зарладаг дүрэмтэй. Гэтэл Цэцдийн зөвлөлөөс зарлалгүйгээр тэргүүлэгч, тэргүүн нь зарлаад 2010 оны зургадугаар их хурлаа хийсэн. Тийм болохоор энэхүү үндэслэлээр зургадугаар их хурал хүчингүй болчихож байгаа юм. Ер нь бол Р.Нямдорж, Д.Данзан нар иймэрхүү хууль бус, цаг авсан, амиа аргацаасан аргаар явсаар байгаад 15 жил боллоо.

-Гурван шатны шүүхийн үндсэн нотлох баримтыг та бүгдийг хуурамчаар үйлдсэн тухай МҮБХ-ноос яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Хуурамч материал бүрдүүлсэн гэх гомдлыг нь цагдаа шалгаж, шат шатны шүүхээр хэлэлцээд нотлогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсаны дараа үүнийг дахин дахин яриад байгаа нь олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн утга учир муутай, аргаа барсан хүний үйлдэл. Ер нь яагаад заавал шүүхийн шийдвэрээр их хурлаа хийх ёстой юм бэ. “Их Эе” боллоо гэхэд яагаад зохион байгуулалттай ажил хийж, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа юм. 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу албадан хурал болоход Р.Нямдорж ирээгүй. Өөрөө ирсэн гэдэг юм. Бүр тэр хурлын ирцийг нь бүрдүүлэхгүй байх ажлыг зохион байгуулсан. Энэ бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс санаатайгаар бултаж байгаа асуудал байхгүй юу.

-Та бүхний зохион байгуулсан “Их Эе”-ээр гарсан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоонд албан ёсоор танилцуулсан уу?

-Одоогоор бол өгөөгүй байна. Уг нь өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн тэргүүн биш гээд 2003 онд сонгогдоогүй шүү дээ. Тэр үеэс хойш тэргүүн бишээр явж байгаа. Тийм болохоор тэргүүн гэж үзээд гаргасан шийдвэрээ танилцуулаад байх шаардлага байхгүй. Сая их хурал болохоос өмнө бөхийн зүтгэлтнүүдийн хурал болсон юм. Тэр хуралд Р.Нямдорж, Д.Данзан нарыг урьсан. Гэвч хуралд хүрэлцэн ирээгүй. Тийм болохоор төлөөлөгч биш хүнийг энэхүү “Их Эе”-д урих ямар ч шаардлага байхгүй юм. Бидний явуулсан албан бичгийг буцаачихна, хүн очихоор доромжлоод хөөгөөд гаргадаг, урихаар ирдэггүй хэрнээ олон юм яриад гоншигоноод байдаг.

-Монголын үндэсний бөхийн холбоог анх санаачлан үүсгэн байгуулсан хүмүүс нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням, Ч.Даваасамбуу хэмээх таван хүн байдаг гэсэн. Харин та нөхдийг энэхүү хүмүүсийн үүсгэн байгуулсан холбоог хувьдаа авах гээд байна хэмээн олон нийтэд тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээг нь хараад би их гайхсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “хугацаагүй”, үүсгэн байгуулагч нь Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар гээд биччихсэн байсан. Гэтэл яг одоогийн хүчин төгөлдөр, мөрдөгдөж буй Р.Нямдоржийн гарын үсэгтэй дүрмэнд “Монголын үндэсний бөхийн холбоог өөрчлөн байгуулах, эсвэл татан буулгасан тохиолдолд залгамжлагчид шилжинэ” гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр тэр залгамжлагч гэдэг нь хэн юм. Мөн эдгээр хүмүүс наанаа Увсынхан Бөхийн өргөөг авах гээд байна, Бөхийн өргөө ашиглалтад орсноос хойш энэ хэрүүл эхэлсэн гэсэн хөшиг татчихаад, хэрэг дээрээ эрх зүйн бичиг баримтыг өөрсдөө авч байгаа нь энэхүү байгууллагыг хувьдаа авах гэсэн далд санаатай байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний 10 хувийг өөр дээрээ авч буй байдал, дүрмэндээ “залгамжлагч” гэж оруулж байгаа үйлдэл, үүсгэн байгуулагчаар нь өөрийн гурван хүнийг оруулсан нь эцсийн эцэст өөрсдөө Бөхийн өргөөг хувьдаа авах санаатай байгаа гэсэн үг юм.

-Дүрмэндээ дөрвөн жилд нэг удаа “Их Эе” хуралдана гэж заачихсан байдаг гэж байна. Ингэж бодвол дараагийн “Их Эе” ирэх онд болох ёстой биз дээ?

-Энэ бол тэр хүмүүсийн заль мэх. Үнэхээр л энэ дүрмээ барьдаг бол өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдах байсан юм. Гэтэл хуралдсангүй шүү дээ. Цэцдийн зөвлөл хоёр жилийн хугацаагаар солигдож, шинэчлэгдэнэ гэдэг. Өнөөг хүртэл хэдэн удаа Цэцдийн зөвлөл солигдохоор болж хэдэн удаа хурал хийчих байсан бол. Гэтэл 2002 оноос хойш хурал хуралдуулахгүй, 2014 он хүртэл явсан. Бүр болохгүй болохоор шүүхийн шийдвэрээр албадан хуралдуулсан шүү дээ. Үүнээс харахад Р.Нямдорж хэзээ дүрмээ барьж, хуралдаанаа хийдэг байсан юм. Өөрийнхөө тааллаар аливаа юмыг хийж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дүрмээ барих үедээ барьдаггүй хэрнээ өөрт ашигтай үе гарч ирэнгүүт дүрэм гэж ярих нь ёс зүйгүй юм. 2018 онд ярьж байгаа шигээ “Их Эе”-ийг хийхгүй. Тэр үед бас нэгэн маргаан гаргаж ирээд л хойшлуулна. Энэ мэтчилэн явсаар дараагийн дөрвөн жил тэргүүн хийнэ. Ингэж олон түмнийг хоёр талцуулж, бөхчүүдийг хагаралдуулж, хууль шүүхийн байгууллагыг доог тохуу хийж болохгүй шүү дээ. Би үүнд л дургүйцээд байгаа юм. Түүнээс биш Р.Нямдорж бид хоёр үе тэнгийн, нэг нутаг усны найзууд шүү дээ. Би шударга үнэний төлөө л явж байна. Би найзын хувьд хэдэн үг хэлье. Одоо миний найз болсон. “Их Эе” хуулийн дагуу хуралдаж шийдвэр гарсан болохоор шинээр сонгогдсон тэргүүнээ хадаг сүүтэй угтах хэрэгтэй. Битгий олон түмнийг талцуулаач ээ гэдгийг хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: А.Сүхбат, Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нарын үнэн, худал нь тун удахгүй тогтоогдож ил болно

“Өдрийн сонин”-ы 2017.05.30-ны Мягмар гаригийн 121(5688) дугаараас авч нийтлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс зохион байгуулан хуралдуулж, холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон талаар өчигдөр мэдэгдсэн. Хуралдааны үеэр МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэж мэдээллээ. Энэ үеэр М.Хүдэрбаатар “Энэ хурлаар Үндэсний бөхийн холбоо дэд тэргүүнгүй болсон. Дэд тэргүүний оронд дотоод үйл ажиллагаагаа удирдах Гүйцэтгэх захирлыг ойрын үед томилно гэж шийдвэрлэсэн. Бид энэ хурлын тайланг Бөхийн холбооны хуучин тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарт өнөөдөр албан ёсоор хүргүүлнэ. Хуучин удирдлагууд маань энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгнө гэж найдаж байна” хэмээв. Харин үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар нар албан ёсоор мэдээлэл хийж, дээрх хүмүүсийн зохион байгуулсан ээлжит бус “Их Эе” нэртэй цуглаан нь хууль бус болсон гэдгийг хэллээ.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү дөрөв, таван хүн буюу Х.Баянмөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар тасралтүй ээлжлэн ярьж, нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ятгасан боловч өдгөө амьд сэрүүн байгаа 10 аваргаас долоо нь, 15 арслангаас 11 нь, есөн гарьдаас долоо нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 179 начингаас 163 нь тэдний зохион байгуулсан цуглааныг хууль бус гэж үзэн оролцоогүй байна. Ийм цуглааныг Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе” гэж үзэж болох уу. Нөгөө талаас тэдний бөхчүүдийн цуглуулсан тэн хагас нь Увс аймгийн бөхчүүд байгаагийн зэрэгцээ хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл хамж нийлүүлэн, хэвлэл мэдээлийхнийг оролцуулалгүй, хаалттай хурал хийсэн нь энэ цуглаан хуйвалдаан болсныг нотолж байгаа юм. Мөн энэ цуглаан нь “Их Эе”-д төлөөлөгч сонгох тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмыг ноцтой зөрчсөн байна. Дээрх хүмүүс гурван шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 253.1 зүйлээр хэрэг үүсгэн шалгагдаж, тэр нь тогтоогдон, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа юм. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль, дүрмийн дагуу хүчингүй болно гэсэн үг. Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нарын нөхөд 2002 онд хуралдсан дөрөвдүгээр “Их Эе”-ээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах хуйвалдаан зохион байгуулж ажиллаад ялагдсан юм. Тэгээд гурван шатны шүүхээр явж “Тэргүүнийг сонгох сонгууль явагдсан нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргуулсан. Тэр шийдвэр нь үнэнд нийцээгүй. Иймээс энэ асуудлыг бид дахин хөндөнө, үнэнийг тогтоолгоно” гэлээ.

Өнгөрсөн ням гаригт болсон хууль бус гэгдээд буй Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-д Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, түүний хүргэн дархан аварга А.Сүхбат, Увсын С.Мөнхбат аварга, улсын арслан Ж.Хайдав, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, О.Одгэрэл, харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Б.Эрдэнэбилэг, Д.Жанчивдорж, Н.Мөнхжаргал, Б.Насандэлгэр, Ц.Цэрэнхүү, Даваасамбуу, Д.Энхбаяр нарын хуралд оролцсон бөхчүүдийн дийлэнх нь Увс аймгийнх байсан аж.

Уг нь ээлжит “Их Эе”-ийг хуралдуулахдаа бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэцдийн төлөөлөл, судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцох журамтай байдаг гэнэ. Ийм учраас Монголын үндэсний бөхийн холбоо дээрх цуглааныг жалга довны үзлээр цугласан, нэгнийгээ дарамтлан хүчээр оролцуулсан хурал болсон талаар ярьж байсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Эдгээр хүмүүс 2002 оноос МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бид хоёрыг идсэн ууснаар нь их гүтгэсэн. Тэгээд бидний идсэн уусныг Монгол Улсын хяналт шалгалтын бүх байгууллага шалгасан. Үр дүнд нь нэг ч төгрөгийн дутагдал гаргаагүй, идсэн уусан юм байхгүй гэдгийг тогтоосон. Ингээд хэлэх үггүй болсон Х.Баянмөнх, А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нар хэсэг чимээгүй болсон. Гэтэл саяхнаас өөр нэг шинэ зүйл олж авч л дээ. Тэр нь биднийг Монголын Үндэсний бөхийн холбоог алсдаа үр хүүхдүүддээ өгөхөөр бичиг баримт бүрдүүлж байна гэсэн ор үндэсгүй зүйлээр гүтгэх боллоо. Монголын үндэсний бөхийн холбооны гэрчилгээг авахдаа бүртгэлийн газар хандсан. Үүний дагуу Иргэний бүртгэл мэдээллийн газраас гаргасан гэрчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ гэсэн хэдэн заалт, журам бий. Энэхүү журманд тухайн байгууллагын үүсгэн байгуулагч нь хэн бэ гэсэн асуулт байдаг юм. Түүнд нь хэнийг хэлэх вэ гэхээр хамгийн анх үүсгэн байгуулсан хүмүүсийнхээ нэрийг л хэлэх ёстой. Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан, Д.Мягмар, П.Даваасамбуу, Р.Давааням хэмээх таван хүн үүсгэн байгуулсан болохоор нэрсээ бичсэн. Энэ бол Монголын түүхэнд тов тодорхой байгаа, худлаа зүйл биш. Ингээд бидний нэрээр гэрчилгээ шинэчлэгдсэн. Одоо бол Нямдорж, Данзан, Мягмар гэсэн гурван хүний нэр дээр бий. Төрийн бус байгууллагыг тодорхой хүмүүс байгуулдаг, дэмждэг. Энэхүү субектийг хэн ч авах боломж байдаггүй. Тэр үүсгэн байгуулагчийн гэрчилгээн дээр Ганболд, Дуламсүрэн, Амгаа гэсэн нэр бичих ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс энэхүү холбоог үүсгэн байгуулаагүй шүү дээ. Бид Монголын үндэсний бөхийг спорт, өв соёлын талаас нь хорь гаруй жил бодлого боловсруулж ажиллаж байгаа болохоос биш үхэхийнхээ өмнө энэ холбоог үр хүүхдэдээ аваад өгье гэсэн бодлого, сэтгэл өчүүхэн ч агуулаагүй хүмүүс” гэв.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн ням гаригт Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүс МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан талаар мэдэгдсэн. Тэрээр гурван шатны шүүхээс “Их Эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон тухай шийдвэрийг хууль ёсных хэмээн хэлж байсан. Мөн бидний хийсэн хурал хууль ёсны дагуу болсон гэж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдаад 50 шинэ зүйл хийсэн тухай ном бий. Тэр номонд 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон Монгол бөхийн өргөө юм. Бөхийн өргөөг байгуулах хүртэл ямар нэгэн хэрүүл, тэмцэл болдоггүй байлаа. Энэ Бөхийн өргөө хэмээх сав ашиглалтад орсноос хойш Х.Баянмөнх тэргүүтэй Ганболд нарын хүмүүс Бөхийн өргөөг авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Улмаар эдгээр хүмүүс 2002 оны ээлжит дөрөвдүгээр “Их Эе”-ийн хурлаар тэргүүнийг өөрчилнө, Бөхийн өргөөг хувьчилж авна гэсэн ойлголттой байсан ч чадаагүй. Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар гэсэн хүмүүс чинь нийгэмд бас их сонин зүйл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр хүмүүсийн зохион байгуулсан хурлаар Бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбоог бусдын гарт очихгүй ээ. Энэ хурал хүчингүй, хууль бус хурал болно. Энэ улсад чинь хууль хяналт, цагдаа шүүх гэсэн хүчний байгууллагууд байдаг юм. Гурван шатны шүүхээр бидний талд явсан маргаан тэдний талд гарсан нь үнэн. Ер нь Цэцдийн зөвлөлд жар гаруй хүн бий. Эдгээр хүмүүсийн гурваны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж, ээлжит бус “Их Эе”-ийг зарлах дүрэмтэй юм. Шүүхийн шийдвэрийг нэг хүн гүйцэтгэх ёстой шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс нь Ганболд, Дуламсүрэн, А.Сүхбат нар орчихсон. Улмаар бусад хүмүүсийг ятгаж, айлгаж, дарамталж байгаад сая нэг юм хурал хийжээ. Тэр хуралд нь таван хүн очоогүй байхад таван хүний хуурамч гарын үсгийг дууриалган хийсэн байна. Аймгийн бөхийн холбооны дарга нарыг янз бүрээр дарамталж байж, итгэмжлэл буюу төлөөний хүн оролцуулах бичиг авсан байна. Тэгэхээр цэцдийн зөвлөлийн хүн биш юу ч мэдэхгүй, танихгүй хүн оролцуулжээ.

-Гурван шатны шүүхийн шийдвэр Ү.Хүрэлбаатарыг ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч болохыг тогтоосон гэнэ. Шүүхийн энэхүү шийдвэртэй яагаад санал нийлэхгүй байгаагаа тайлбарлахгүй юу?

-Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн учраас Цэцдийн зөвлөлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр тэр хурлаа хийж байгаа юм. Гэтэл одоо тэрхүү хуурамчаар хийсэн зүйл нь цагдаагийн газар эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдээд тогтоогдсон. Одоо прокурорын газарт хянагдаж байна. Хүнийг хэлмэгдүүлэхгүйн тулд тав, зургаан прокурор хянадаг. Тэгэхээр хуулийн үйлчилгээ явагдаж байх хооронд хулгайч нохой шиг ийм зүйл хийсэн нь дэндүү ичгүүргүй явдал юм. Гэхдээ би энд худлаа гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар намайг бас үгүйсгэнэ. Тийм болохоор тун удахгүй Хүрэлбаатар, А.Сүхбат, Х.Баянмөнх нарын үнэн худал нь тогтоогдож, ил болно.

-Ер нь дараагийн албан ёсны “Их Эе”-ийг хэзээ хуралдуулах юм бэ. Хоёр талын асуудал хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх бол?

-Энэ оны хоёрдугаар улирал дуусахад гуч хоногийн хугацаа байна. Үүний дараа бид Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж “Их Эе”-ийнхээ товыг зарлана. Үүнийг зарим хүмүүс “Их Эе” хуралдахтай андуураад байна. Харин ээлжит “Их Эе” 2018 онд болно. Бүр яараад байгаа бол 2018 он дөнгөж гарангуут хуралдъя гэсэн бодолтой байгаа. Тэр болтол хүлээхийг хүсье. Тэр үед эдгээр нөхдүүд хүмүүсээ өрсөлдүүлнэ биз. Гэхдээ эдгээр хүмүүсийг олон түмэн мэдэж байгаа учраас сонгох нь юу л бол. Эдгээр хүмүүс бөхийнхөө хүрээнд нэр хүндээ алдсан улсууд шүү дээ. Ирэх намраас буюу есдүгээр сараас эхэлж хуралдах болно. Д.Данзан бид хоёр энэхүү албан тушаалаа өгье өө гэж байгаа. Гэхдээ Х.Баянмөнх, А.Сүхбат, Ганболд, Дуламсүрэн нар болоод энэ хүмүүсийн дэвшүүлж буй хүнд суудлаа тавьж өгөхгүй ээ. Эдгээр хүмүүс энэ ажлыг хийж чадахгүй, чадах ч сэтгэл байхгүй. Бид нарын өдийг хүртэл гаргасан амжилт, монгол бөхийн хөгжлийг улам дэлгэрүүлэн, сэтгэл гарган ажиллах хүнд л энэхүү суудлаа өгнө үү гэхээс ашиг хонжоо хайсан хүмүүст өгч болохгүй биз дээ. Бөхийн өргөө байгуулагдаад хорин жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд бид хоёр хувьдаа авах байсан бол аль хэдийнээ авчих л байсан. Гэтэл бидэнд тийм сэтгэл байхгүй. Зүгээр өгсөн ч авахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Д.Буяндэлгэр: 50 километрийн зайд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа аман хүзүүдэж билээ

Өнгөрсөн долоо хоногт болсон “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд 42 километрийн зайн төрөлд амжилттай оролцсон марафон гүйлтийн спортын мастер, ахмад тамирчин Даваадоржийн Буяндэлгэртэй ярилцлаа.


-“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдын хамгийн ахмад нь та байлаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Би 1945 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн хүн. Энэхүү олон улсын тэмцээнд анх зохион байгуулагдаж эхэлсэн 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 21, 42, 50, 75, 100, 250 километрийн холын зайн гүйлтийн төрөлд бүгдэд оролцож, тодорхой амжилтуудыг гаргаж байлаа. Харин өнөө жилийн тэмцээнд 73 насандаа 42 километрийн зайг таван цаг, хоёр минутын хугацаанд амжилттай гүйж, бариандаа орлоо. Аливаа спорт бусдыг ялж түрүүлэхдээ гол нь биш, өөрийгөө ялж сурах нь чухал байдаг. Марафон гүйлтийн тэмцээн ч гэсэн өөрийгөө ялах, тэсвэр тэвчээртэй болгоход сургадаг их спорт л доо.

-Барианд орохын тулд тасралтгүй гүйсээр л байх уу, эсвэл тусдаа арга жор байна уу?

-Холын марафонд гүйж байгаа бол замдаа амарч, хоол цай уух шаардлагатай болдог. Тасралтгүй гүйгээд байж бас болохгүй. Бүр ядраад байвал тайван алхах, замд тосоод хүлээж байгаа дасгалжуулагч, бариач нараараа хөлөө бариулах тохиолдол байна. Мэргэжлийн автомашины уралдаанд оролцогчид хэдэн тойрог явчихаад машиныхаа дугуйг сольдог биз дээ. Үүнтэй адилхан гүйлтийн тамирчид дор хаяж таван километр газар гүйчихээд амралт авдаг. Гэхдээ назгайраад удаад байдаггүй л дээ. Уралдаан л болсон хойно хурдан гүйж, цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй болдог. Цаг хэмнэж л байвал тамирчинд ашигтай гэдэг нь ойлгомжтой.

-Анх хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэх болсон бэ?

-Хүүхэд байхын л хурдан шаламгай хөдөлгөөнтэй, биеийн тамирын хичээлдээ үргэлж онц авдаг охин байв. Тавдугаар ангиасаа эхэлж гүйлтийн спортоор хичээллэж, сургуулийнхаа аварга болж байсан. Түрүүн хэлсэнчлэн гүйлтээс гадна цанын спортоор хичээллэдэг байлаа. Аравдугаар ангийн сурагч байхдаа Сэлэнгэ аймагт зохиогдсон цанын 5, 10 километрийн зайн уралдаанд түрүүлж, аварга болж байв. Өдгөө Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүндэт самбарт миний хөрөг, гаргасан амжилтуудыг бичсэн байхыг хараад их баярладаг юм.

-Таны насны хүн дөч, тавин километр зайд залуучуудтай хамт гүйнэ гэдэг бахархмаар шүү. Гүйлтийн спортоор хичээллэхэд нас хамаарах уу?

-Миний насны хүн гүйж болохгүй гэсэн хууль байхгүй нь мэдээж. Багаасаа энэ спортоор хичээллэж, гүйж ирсэн болохоор одоо ч орхиж чадахгүй юм. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хөл гар маань хөдөлж л байвал би гүйхэд болно. Ер нь хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үнэн шүү. Хөгшин бид хоёр өдгөө есөн сайхан үртэй, хорь гаруй ач, зээтэй, өнөр гэр бүл. Би үр хүүхдүүддээ ингэж л сургадаг. Хүн аливаа юманд хөдөлгөөнтэй, авхаалжтай, сэргэлэн байх л хэрэгтэй. Энэ спортын онцлог нь холын зайг, өөрийн нөөц бололцоо, хүч чадлаа хэрхэн тэнцвэртэй зохицуулах арга ухаанаар даван туулдаг. Өдий насны хүн залуучуудтай уралдах их хэцүү л дээ. Гүйлтийн тэмцээнд олон хүн бүртгүүлж ордог. Гэхдээ замынхаа дундаас оролцсон хүмүүсийн гуравны нэг нь шантарч, тэмцээнийг орхидог бичигдээгүй хууль байна. Зарим нь хөл холгох, шөрмөс татах, тэвчээргүй болох гэх мэт шалтгаанаар тэмцээнийг орхидог хүмүүс их бий. Би өдий насалтлаа энэхүү спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд орсон болохоор, мөн гүйлтийн спортод дур, сонирхолтой учир өдий хүртэл спортоосоо салж чадахгүй л байна. Би нэг ч тэмцээнээс шантарч, замын голоос хаяж үзээгүй. Үүгээрээ би өөрийгөө ялж чадсан хэмээн бодож, бахархдаг.

-Холын зайн марафонд хэдэн хоногоор ч гүйдэг гэсэн. Та хамгийн хол зайд, хэдэн хоногоор гүйж байсан бэ?

-Марафоныг зарим хүмүүс 5, 10 километрийн зайд гүйх гэж бодоод байдаг. Уг нь ч агуулгын хувьд мөн л дөө. Гэхдээ олон улсад марафоныг хагас, бүтэн, хэт холын гэж ангилдаг. Хагас марафон нь 21 километр, бүтэн нь 42, хэт холын марафон нь хоногоор 100-гаас дээш километрийн зайд гүйхийг хэлж байгаа юм. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан олон улсын 50 гаруй тамирчин оролцсон хэт холын марафонд зургаан хоног япончуудтай гүйсэн тэмцээн байлаа. Энэхүү уралдаан Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас гараагаа эхэлж, 250 километрийн зайд зургаан хоног гүйсэн юм. Энэ л миний хамгийн хол гүйсэн, бас их адал явдалтай марафон болсон доо. Гүйлтийн зам бартаа ихтэй л дээ. Өдөрт 60 километр замыг уул хад, өгсүүр, уруу, ус, горхийг туулан явж билээ. Энэ их хэцүү. Жирийн хүн замын дундаас шантарч үлдэх л уралдаан болсон. Нөгөө талаасаа энэхүү уралдаан миний өөрийгөө ялах бас нэгэн шалгуур болж өгсөн.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдахгүй юу?

-Ер нь би холын зайд гүйдэг хүн. 2013 онд манай улсад зохион байгуулагдсан холын зайн марафоны олон улсын тэмцээнд япончуудтай хамт оролцож, 250 километрийн зайд гүйж, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн гүйлтийн спортоос гадна байт харваа, цана, уулын алхалт, граунд гольф, хийн дасгал, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрлөөр тус тус хичээллэн, тэмцээн уралдаанд оролцож байсан. Мөн 2013, 2014 онд Багахангайд зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээний 50 километрийн зайд 100 гаруй тамирчинтай уралдаж, хоёрдугаар байрт орсон. Тухайн үед 50 километрийн зайн гүйлтэд 23 настай эмэгтэй түрүүлж, би жаран есөн настайдаа араас нь орж, аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж билээ. Харин амьдралын эрхээр спортоор төдийлөн гүнзгий явж чадаагүй л дээ. Гэхдээ олон сайхан гарын шавь нартай болсон. 1967 онд хуучнаар Багшийн дээдийг багш дасгалжуулагч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Өдгөө 34 жил хүүхдүүдтэй ажиллаж, багш-дасгалжуулагчийн ажлаа хийж л явна.

-Шавь нарынхаа тухайд яриач?

-Өдий наслахдаа олон сайхан шавь нар бэлдэж, гадаад, дотоодын тэмцээн уралдаан явуулж байлаа. Миний хамгийн отгон шавь болох А.Отгонбаяр маань гүйлтийн дөрвөн төрөлд уралдаж, улсынхаа рекордыг шинэчилж байсан. Тухайлбал, 60 метрийн зайг 7.0 секундийн хугацаанд туулж, улсынхаа рекордыг шинэчилсэн. Түүний энэхүү амжилтыг өдгөө эвдсэн, шинэчлэн тогтоосон тамирчин хараахан гарч ирээгүй л байна. Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Н.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан улстөрч Чимидийн Сайханбилэг миний хайртай шавь нарын минь нэг ээ. Энэ хүүхдийг би 45 дугаар сургуульд анх нэгдүгээр ангид орж ирэхэд нь хүлээн авч, аравдугаар ангийг нь төгстөл биеийн тамирын хичээл зааж, багшилдаг байсан юм. Эдгээр шавь нараараа би их бахархдаг даа.

-Та уулын аялал их сонирхдог, үүгээрээ спортын мастер болсон гэнэ. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Уулын аялал үнэхээр сайхан. Ер нь Монголынхоо маш олон хайрханд гарсан л даа. Тухайлбал, Бурхан Халдун, Асралт хайрхан, Өвөрхангай аймгийн Богд, Сэлэнгийн Булган хайрхан, Гүнжийн сүм гэх мэт ууланд явган аялал хийж, оргилд нь хүрч байлаа.

-Бурхан Халдун хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй гэдэг. Та яаж гарсан юм бэ?

-Энэ хайрхан бол эрт дээр үеэс монголчуудын тахин шүтэж ирсэн хүндтэй хайрхан. Эмэгтэй хүн гардаггүй нь үнэн л дээ. Тэр газар Бурхан гээд их сайхан гол байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ голын захад эмэгтэйчүүд нь үлдэж, цааш 11 километр газар эрэгтэйчүүд нь алхаж, Бурхан Халдун хайрхан дээр гардаг юм. Харин эмэгтэйчүүд нь Бурхан Халдун хайрханы баруун талын уулан дээр гардаг л даа. Өнгөрсөн оны өвөл, идэр есийн хүйтнээр Багануур хотоос аяллын багийнхан алхсаар Бурхан Халдун хайрхан дээр гарчихаад буцаж ирж билээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхнаран: Багийн спорт гэдэг нэгнийгээ мэдрэх, сул талыг нь нөхөж байж ялалтанд хүрдэг онцлогтой

Азийн Зүүн бүсийн орнуудын дунд зохион байгууллагддаг волейболын тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэмцээний эхний өдөр “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх ажээ. Энэ талаар болоод волейболын спортын талаар Монголын волейболын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баярбаатарын Мөнхнарантай ярилцлаа.


-Удахгүй болох тэмцээний онцлог болоод өмнө нь манай улсаас ямар амжилт гаргаж байсан талаар яриагаа эхлэх үү?

-Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад дөрөв дэх удаагаа болох гэж байгаагаараа онцлогтой юм. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд оролцож буй найман улсын багийн бүрэлдэхүүнд чансаа өндөр, ур чадвартай, дэлхийн шилдэг тамирчид орсон байна. Тэмцээний эхний өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон хойд Солонгосын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас Өмнөд Солонгосын шигшээ багийн эсрэг хийхээр тов гарсан. Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд тавдугаар байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсэн байдаг.

-Манай улсын багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг товчхон танилцуулахгүй юу?

-Тэмцээнд Макао, Монгол, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонгонг, БНХАУ, Япон улсын волейболын үндэсний холбоод оролцоно. Манай шигшээ багийн хувьд хоёрдугаар сараас эхлэн тэмцээний бэлтгэлээ базааж хорь хоногийн өмнөөс Хасу Мегаватт компанийн эко цогцолборт байрлан, нэгдсэн бэлтгэлд хамрагдсан. Багийн бүрэлдэхүүнд 15 тамирчин, ахлах, туслах дасгалжуулагч багтаж байгаа. Довтлогчоор олон улсын хэмжээний мастер Э.Сайнбилэг, М.Мягмарсүрэн, хамгаалагч, холбогчоор Э.Сайханбаатар, Э.Алтангэрэл, Б.Даваажаргал нар гарч тоглоно. Манай шигшээ баг сугалаагаар А хэсэгт Макао, Өмнөд Солонгос, Хятадын багуудын эсрэг тоглохоор болсон.

-Та волейболын багш, дасгалжуулагчийн ажлыг хичнээн жил хийж байна вэ?

-Миний хувьд 2000 оноос волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Харин Монголын волейболын шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос өдийг хүртэл ажиллаж байна.

-Энэхүү спортын онцлог нь юу вэ?

-Мэдээж хэрэг спорт болгон өөрийн гэсэн онцлогтой. Волейболын спорт нь тамирчин түргэн хугацаанд сэтгэх, мэдрэмжтэй байх, нэгэнт бөмбөг давуулчихсан, даваад ороод ирсэн бол зогсоох арга байхгүй, тийм болохоор богино хугацаанд шийдвэр гаргаж , нэгдмэл байж тоглодгоороо онцлогтой юм. Мөн агшны спорт ч гэж ярьдаг. Учир нь бөмбөгөнд нэг секунд ч хүрэхгүй хугацаанд агшин зуур хүрч, эсрэг талын талбай руу цохидог болохоор тэр. Мөн тамирчны хувийн ур чадвар, авхаалжтай байдал болоод нуруулаг байхыг шаарддаг спорт л доо.

-Багийн тоглогчид тоглолтын үеэр ямар үүрэг хүлээдэг юм бол?

-Волейбол нь багийн спорт бөгөөд талбайд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр гардаг. Хуучин өндрийн довтлогч, нам хагасын гэсэн нэршлээр баг бүрддэг байсан бол одоо үед арын зайнаас хүчтэй давуулан тоглох довтлогч гэсэн байрлал шинээр бий болсон. Мөн хоёр талын хамгаалагч, холбогч, үндсэн довтлогч гэсэн байрлалтай. Багийн зургаан гишүүн бүгд л өөрийн талбайд орж ирсэн бөмбөгийг хамгаалж, мөн довтлогчдоо шилжүүлэн, өрсөлдөгч багийнхаа талбайд бөмбөгийг унагаахыг зорьдог. Багийн бүх гишүүд хоорондоо зай талбайгаа мэдэрч тоглох нь чухал.

-Манай улсын волейболын баг бусад орны багтай харьцуулахад өрсөлдөх чадвар ямар байдаг бол?

-Манай волейболын шигшээ баг тамирчид олон улсад болдог чансаа өндөр тэмцээнүүдэд харьцангуй цөөн оролцдог. Тийм болохоор олон улсад өөрийн гэсэн байрь суурь, амжилт гаргаж амжаагүй л байна. Зүүн Азийн орнууд тэр дундаа Солонгос, Хятад, Япон улсын баг дэлхийд чансаагаараа эхний аравт ордог юм. Тэр ч утгаараа бид Зүүн Азийн хэдхэн орнуудтай өрсөлдөх гэж байгаа мэт харагдах боловч, чансаа өндөр, дэлхийн хэмжээний багтай өрсөлдөнө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Багийн спортоор манай тамирчид олон улсад төдийлөн өндөр амжилт үзүүлдэггүй. Үүний учир нь юу вэ. Эсвэл багийн тоглолт гэдгийг манай тамирчид ойлгохгүй, мэдрэхгүй байна уу?

-Аливаа спортын онцлог гэж бий. Волейболын спортод өндөр нуруулаг тоглогчид их давуу талтай. Олон улсын шилдэг тамирчид бүгд л хоёр метрээс дээш өндөр нуруулаг, тэр ч утгаараа бөмбөг давуулах, довтлох, хамгаалах техник, ур чадвараар бусдаас илүү л дээ. Өөр нэг зүйл нь манай тамирчид мэргэжлийн гэхээс илүү сонирхогчийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ажил, хувийн амьдралынхаа зав зайгаар бэлтгэл хийж байгаа нь амжилтад нь нөлөөлж байна. Харин гадаадын тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийж, зөвхөн тухайн спортдоо бүхий л цаг заваа зориулдаг. Өөрөөр хэлбэл гадаадын тамирчин спортоор амьдралаа аваад явах бүрэн боломжтой, тэдний хийх ёстой ажил нь зөвхөн бэлтгэл сургуулилалт. Өөр юунд ч санаа зовохгүй хичээллэж буй спортдоо бүрэн анхаарлаа хандуулдаг учраас өндөр амжилт гаргах нь тодорхой юм. Харин манай тамирчдын хувьд спортод бүхий л зав зайгаа зориулах боломж бололцоо хомс.Тэмцээн болохоос хоёр, гурван сарын өмнө л бэлтгэл сургуулилалт хийж эхэлдэг. Ийм маягаар яваад байх юм бол манай тамирчид хэзээ ч мэргэжлийн түвшинд хүрэхгүй, олон улсын тэмцээнд амжилттай оролцож чадахгүй шүү дээ. Бэлтгэл сургуулилалтаас гадна Монгол хүний зан араншин, биеийн онцлог, ур чадвар, арга барилаас хамаарч багийн спортоор амжилт гаргах, үгүй нь яригдах байх. Нэгдмэл чанар, нийтэч байдал манай тамирчдад бий. Гэвч нэгнийхээ сул талыг нөхөх чадвар дутагдалтай. Эдгээр сул талыг засахын тулд, олон улсад багийн спортоор амжилт гаргахын төлөө байнгын бэлтгэл сургуулилалт хийх хэрэгтэй юм.

-Волейбол сонирхогч, үзэгчид зарим довлогчийн гаргаж буй тоглолтод нь сэтгэл дундуур байдаг. Довтлогч гэхээрээ биеэ тоосон зантай, хувийн тоглолт үзүүлдэг байж болохгүй биз дээ. Ийм байвал багийн спорт манай улсад хөгжих үү?

-Тийм шүү. Орчин үед волейболын спорт довтолгоон дээр суурилаж, хожил авдаг болчихоод байгаа. Ялахын тулд маш хүчтэй довтолгоо, давуулалт хийх шаардлагатай болсон гэсэн үг. Тэр ч утгаараа өрсөлдөгч багаа ялахын тулд довтлогч маш сайн тоглох хэрэгтэй. Ерөнхийдөө гол тоглогч бол довтлогч. Гэхдээ багийн спорт учир бүгд л хичээх хэрэгтэй болдог. Довтлон тоглогч бөмбөгийг асар холоос биеийнхээ бүх хүчээр үсрэлттэй цохилт хийж, давуулна гэдэг өндөр ур чадвар шаарддаг техник. Үүнийг алдаагүй хийхийн тулд олон жил сургуулилж байж эзэмшдэг юм. Нэг хэсэг манай улсын волейболын тамирчид, баг хамт олонтойгоо зөрчилдөх, нэгдмэл бус байх, нэгнийгээ хүндэлдэггүй гэх мэт ёс зүйн алдаа их гаргадаг байсан л даа. Гэхдээ одоо бол ийм задгай байдал алга болсон. Хүн бүр тамирчин гэж ямар хүн байдгийг мэдчихсэн байна. Багийн спорт нэгдмэл нэг тоглолт гаргавал амжилт ойрхон гэдгийг мэддэг болжээ. Мөн багийн спорт гэдэг нэгнийгээ мэдрэх, сул талыг нь нөхөж байж ялалтанд хүрдэг онцлогтой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мэндбаяр: Хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадам өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон “Итгэл” уран сайхны кино шалгарав. Мөн тэрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ. Тус кино наадамд өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулсан юм. Тухайлбал шилдэг нүүр хувиргагчаар “Бүү март” киногоор Ц.Дэлгэр, шилдэг дууны найруулагчаар “Үргээлэг-2” киноны дууны найруулагч Б.Билгүүтэй, шилдэг хөгжмийн зохиолчоор “Итгэл” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр, шилдэг туслах эмэгтэй дүрээр “Атганд үлдсэн эрдэнэ” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин У.Уранчимэг, шилдэг туслах эрэгтэй дүрээр “Ээж” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, шилдэг найруулагчаар “Lov­ers” киноны найруулагч Ж.Сэнгэдорж нар шалгарсан юм. Ингээд тус кино наадамд “Ээж” киноны дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа.


-Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадамд “Ээж” киноны эхийн дүрд тоглон шилдэг эмэгтэй жүжигчин болсонд баяр хүргэе. Энэхүү наадмын тухайд болоод тоглосон уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Ээж” хэмээх уран бүтээлийг залуу авьяаслаг зохиолч Б.Мөнхтуяа бичиж, найруулагчаар нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан юм. Тус уран бүтээлийн зохиолыг Б.Мөнхтуяа арав гаруй жил бичиж, улмаар эхийн дүрд нь намайг тоглуулах санал ирүүлсэн. Өдий насанд “Ээж” уран сайхны киноны эхийн дүрд тоглох болсон маань бас нэгэн хувь заяа юм уу даа. Миний уран бүтээлийн их зам болоод өнгөрсөн амьдралдаа үзэж, харсан монгол эхчүүдийн олон сайхан зан араншин, нийтлэг эх хүнийг төлөөлөн энэхүү дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Киноны зураг авалт өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Зүүнбаянд хийгдсэн болохоор шороон шуурга ихтэй, ер нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд киноны багийнхан ажилласан. Энэ нутагт зураг авалтынхаа 80 гаруй хувийг авсан байгаа. Кино сайн болох уу, муу болох уу гэдэг хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээс их шалтгаалдаг л даа. Харин энэхүү уран бүтээлийн хамт олон үнэхээр сайн ажилласан. Тийм ч болохоор уран бүтээл маань үзэгч түмэнд их хүрсэн дээ. Миний шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн маань энэ бүх хүмүүсийн ач тус, үр шим юм аа. Мөн хаврын хавсарганаар Зүүнбаянд зураг авалт хийж байхад уугуул нутгийн ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ тус дэм болж байлаа. Тэр нутгийн ард олон “Мэндбаяр гуай ирчихсэн байна. Энэ их шуурга салхитай үед ажиллаж байгаа болохоор ядарчих вий дээ” гэсээр өдөр бүр борцтой, банштай цай хийж авчирдаг байсанд үнэхээр их баярлаж байна. Энэ их сэтгэлээр манай кино багийнхан маань ажлаа амжилттай хийж дуусгасан шүү. “Ээж” уран бүтээлийн гол утга агуулга нь 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян хотод өрнөдөг юм. Гол дүрийн ээж буюу Ханд 63 настай, Увс аймгийн малчин хүн. Хэнзхэн гарсан ганц хүүтэй. Хүү ээжийнхээ хайранд юугаар ч дутахгүй өсөж, цэргийн сургуульд суралцаж, төгсөөд Ардын армид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа, хайртай ээжээ удахгүй ирж авна гэж хүүгийнхээ хэлсэн баярт мэдээг сонсож Ханд хүлээнэ. Гэвч хүү нь ээжийгээ ирж авах биш, ээж нь хүү рүүгээ явах хэрэг гардаг юм. Учир нь хүү нь хэрэгт холбогдож шоронд орсноор үйл явдал өрнөж, ээж нь хорвоогийн бүх зовлон бэрхшээлийн өмнө үрээ хайрлах эхийн цагаан сэтгэлээр бамбай хийн тулалдаж, ялалт байгуулдаг. Монгол эхчүүдийн нийтлэг араншин, эх хүний үрээ гэсэн сэтгэл ямар байдаг вэ, монгол эхийн ухаан бусдаас арай өөр шүү гэдгийг энэхүү уран бүтээл хүргэж байгаа юм. Ийм сайхан эх хүний дүрийг өдий насандаа бүтээж, шилдэг гол дүрийн шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан “Серебряный Акбузат” кино фестивалаас миний бие энэхүү уран бүтээлийн ээж дүрээр “Шилдэг эмэгтэй дүр”- ийн шагнал авсан. Манай улсаас энэхүү наадамд тавиад жилийн өмнө “Ардын элч” киноны Ариунаад тоглосон гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн гуай мөнгөн шагнал авч байсан түүхтэй юм билээ. Энэ бол Зүүнбаянчууд, кино багийнхан, миний гэр бүл, үр хүүхдийн минь сэтгэлийн галаар дулаацсан уран бүтээлийн үр шим ээ.

-Энэхүү наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уу?

-Уламжлал болгон зохион байгуулагдах талаар мэдэхгүй юм. Ер нь манай улсад кино үзвэр гаргаж, олон түмэнд хүргэдэг кино театрууд хамтран Монголд анх удаа кино урлагийн их наадам зохион байгуулсанд үнэхээр талархаж байна. Намайг залуу байхад кино наадмыг хувь уран бүтээлч болоод кино үйлдвэр зохион байгуулдаг байлаа шүү дээ. Тухайн үед шинээр гарсан уран бүтээлийг кино театрууд авч гаргадаг, заримыг нь хүн үзэхгүй байна гээд буцаадаг, олсон хэдэн төгрөгийн ихэнх хувийг кино гаргасан газар нь авчихдаг байсан. Харин одоо үед кино театрууд боловсронгуй болж, үзэгч түмэндээ бидний бүтээсэн уран бүтээлийг сэтгэл гарган хүргэдэг болж.

-Тайз дэлгэцийн их урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-1957 онд намайг долдугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байлаа. Монголын радиод олон жил сэтгүүлч хийсэн, хэл уран зохиолын багш хүн л дээ. Багш маань “Муурын байшин” гэдэг жүжгийг тавиад ангийнхаа хүүхдүүдийг тоглуулсан юм. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглож байлаа. Тэгэхэд л би анх драмын жүжиг гэж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан юм. Манай сургууль төмөр замын сургууль байсан болохоор бид жүжгээ төмөр замын дагуу Сайншанд хүртэлх зөрлөгүүдээр явж тоглодог. Анх урлагийн зах зухаас мэдэрч эхэлсэн үе минь гэвэл энэ л юм даа. Үүнээс хойш өдгөө театрын урлагт 50 гаруй жил ажиллалаа. Өдгөө 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Монголын тайз дэлгэцийн их урлагт оруулсан хувь нэмрийг төр засаг, түмэн олон маань үнэлж, 2005 онд ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хайрласан.

-Та хамгийн анх ямар кинонд тоглож, ямар дүр бүтээж байсан юм бэ?

-Нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Должингийн дүрд тоглосон маань миний хамгийн анхны дэлгэцийн дүр байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байж билээ. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинон тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байдагт баярлаж явдаг аа.

-Өдий олон жил кино урлагт зүтгэж, олон сайхан дүрээр үзэгч олонтойгоо уулзлаа. Ер нь таны бүтээсэн дүрүүдээс таны амьдралд хамгийн ойрхон нь хэний дүр байсан бол?

-Ер нь хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг. Ингэж олон түмнийхээ дунд тоглосон киноныхоо дүрээр сайн, муугаар хэлүүлэх нь жүжигчин хүний хөдөлмөрийн үр шим байх хэмээн санадаг.

-Та Ховд аймгийн Манхан сумын хүн. Танай нутгаас төрөн гарсан алдартнууд хэн, хэн байна вэ?

-Олон ястны өлгий нутаг Ховд аймгаас төрөн гарсан алдартнууд их бий. Харин манай нутгаас Монгол Улсын баатар хилчин Цэндийн Олзвой, хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан, Улсын их хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл гуай гээд хүмүүсийн мэдэх олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг.

-Аав, ээжийнхээ тухай болоод гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярихгүй юу. Ач зээ хэд хүрч байна?

-Миний аав Ховд аймгийн Манхан сумын харьяат Лооройн Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орж “Бид ялав” гэсэн тэмдэг, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-гоор шагнуулсан, шударга, сайхан сэтгэлтэй, хүний мөстэй хүн байсан даа. Өдгөө амьд сэрүүн байсан бол зуун настай буурай байх байж дээ аав минь. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав маань ах, бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Намайг хоёр настай байхад ах бид хоёр аавыгаа дагаж, хотод орж ирсэн. Тийм болохооор хар багаасаа ээжээсээ хол өссөн. Би ханьтайгаа анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон юм. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хамт амьдарч байна. Миний хань бид хоёр өдгөө гурван сайхан үртэй, арван ач, зээ, дөрвөн гучтай өнөр олуулаа, энх тунх, элбэг хангалуун амьдарч явна.

-Сүүлийн үед шинээр гарч ирж буй киноны тухайд таны бодол ямар байдаг вэ?

-Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа кинонуудад сайн уран бүтээл ч байна, бага зэрэг тааруу болсон кино ч байна. Гэхдээ залуучууд юмыг хийж, бүтээж байна гэдэг сайн хэрэг. Хийж л байхад болдог юм, алдсан ч алдаан дээрээ суралцах боломжтой. Юм хийхгүй байвал алдах ч үгүй, онох ч үгүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Батзул: Эх орноо түүхий эд нийлүүлэгч бус баялаг бүтээгч улс болгоё гэвэл инженер, технологийн чиглэлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн багш, доктор Төмөрөөгийн Батзултай ярилцлаа.


-Таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?

-Би Ховд аймгийн төвд буюу одоогийнхоор Ховд Аймгийн Жаргалант суманд төрсөн хүн. Хүүхэд ахуй насандаа аймгийн төвөөр урсдаг тунгалаг Буянт голынхоо хөвөөнд үеийн багачуудтайгаа наадан тоглож өссөн маань одоо хүртэл сэтгэлд тодхон үлджээ. Аравдугаар анги дүүргэж оюутан болохоос өмнө аймгийнхаа ганц хоёр суманд очсоныг эс тооцвол бараг л аймгийн төвд эцэг эх, эмээ, дүү нартайгаа хамт байсан. Миний аав Ж.Төмөрөө Ховд аймгийн нисэх буудалд 2006 он хүртэл ажилласан, ээж Б.Батчулуун худалдааны байгууллагад ажиллаж байсан улсууд, одоо аав ээж хоёр маань Ховд аймагт амьдардаг.

-Сурагч ахуй насныхаа тухайд дурсахгүй юу?

-1979 он хүртэл аймгийн төвийн баруун хэсэгт Ховд аймгийн Буянт сумын захиргаа болон бага сургууль гэж байлаа. Тэр үед миний эмээ М.Балжир энэ сургуульд цэвэрлэгчээр ажилладаг, ээж маань Буянт сумын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байв. Анх 1978 онд хичээлийн шинэ жилийн анхны өдөр эмээ маань Буянт сумын бага сургуульд намайг дагуулан очиж нэгдүгээр ангид хөтлөн оруулж байсан юм. 1979 оноос буюу хоёрдугаар ангиасаа эхлэн аравдугаар анги төгстөл Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд суралцсан даа.Наймаас аравдугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж төгссөн. Арван жилд байхад манай ангийн хөвгүүдийн ихэнх нь хөлбөмбөг сонирхдог, тоглодог байлаа. Улмаар аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, 1988 онд Монгол Улсын Их Сургуулийн математикийн ангид элсэн орж суралцаад 1993 онд төгссөж, 2000-2003 онд их сургуулийн докторантурыг сурч төгссөн хүн.

-Анхны А үсэг заасан багш болоод их сургуулийнхаа багш нарын тухайд яривал?

-1978 онд анх нэгдүгээр ангид орж байхад Баасандорж гээд, хүүхдэд их хайртай багш гардан авч байлаа. Тухайн үед надад олон сайхан эрдэмтэй багш нар хичээл заадаг байснаас физикийн багш Б.Гантулга, Д.Борхүү, Ш.Харашаш, орос хэлний багш Ж.Энхтал, монгол хэлний багш Ц.Алтанцэцэг, биологийн багш Д. Даваахүү, химийн багш Ц.Энхжаргал, математикийн багш Г.Сонин нарын ахмад багш нар маань одоо хүртэл төрөлх сургуульдаа багшилсаар байгаа билээ. Оюутан байх үед А.Мекей, Л.Хадхүү, Ц.Лхамсүрэн, В.Адъяасүрэн, Ц.Дашдорж, Ц.Баясгалан, Р.Энхбат, Ц.Хашбаатар, .Лхагва, Б.Батцэнгэл, С.Батсүрэн, С.Төмөрбат, С.Ганбаатар, А.Галтбаяр, А.Булган, Ц.Далайжамц, Д.Гармаа, О.Цэрэнбат, Өвгөн зэрэг нэр хүндтэй эрдэмтэн доктор багш нараар математикийн хичээл заалгаж байснаараа бахархмаар санагддаг. Миний докторын ажлын удирдагч А.Мекей багш маань Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан нэрт математикч эрдэмтэн багш байсан юм.

-Ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-1993 онд их сургуулиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн салбар сургууль болох Ховдын их сургуульд математикийн багшаар томилогдон багшлах ажлын анхны гараагаа эхэлж байсан. Анх ажлын гараагаа эхэлж байх үед Ховдын их сургуулийн багш Б.Цэрэнжав, С.Шийдэв, Ц.Равданжамц зэрэг багш нар тусалж дэмжиж байсанд одоо хүртэл талархаж явдаг. Тэр сургуульдаа би арвангурван жилийн турш математикийн багшаар ажилласан даа. Улмаар 2006-2009 онуудад Дарханы техникийн коллеж, Эрдэнэтийн техникийн их сургуулийн дэд захирал, ахлах багш зэрэг ажлуудыг хийж байгаад 2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуулийн математикийн багшаар ажиллаж байна. Одоогоос 14 жилийн өмнө “Стандарт бус бодит тоон талбарын зарим чанарууд” сэдвээр математикийн ухаанаар боловсролын докторын зэрэг хамгаалж байлаа.

-Багш хүний сайхан нь юу вэ. Ер нь та багш болно гэж бодож байв уу?

-Анх дунд сургуульд байхдаа математикч эсвэл физикч болохыг их хүсдэг сурагч байв. Их сургуулийн матматикийн ангид элсэн орсноор миний хувьд математикч, математикийн багш болох хүсэл маань биелсэн юм даа. Би их дээд сургуульд олон жил багшилсны хувьд оюутан бүхэн бүтээлч сэтгэлгээтэй судлаач болоосой гэж хүсдэг. Хэрэв би математикч эсвэл физикч болоогүй бол байгаль орчин юм уу, газарзүйн чиглэлийн хүн болох байсан болов уу гэж санагддаг. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг багш хүнд заяажээ гэсэн энэ алдарт үг миний хувьд мэргэжлийн минь бахархал юм. Хүн амьдралынхаа турш суралцдаг гэдэг. Тэгвэл багш хүн амьдралынхаа турш шавь нартаа хичээл заана гэдэг нэгэн ёсны их бахархал гэж би боддог. Тухайлбал, багш хүний хичээл заалгаж байсан шавь багшийгаа ямар ч үед багш аа, сайн уу хэмээн хүндэлдэг бол том дарга байсан хүний удирдлаган дор байсан хүмүүс тэр хүнийг дандаа дарга хэмээн дуудахгүй шүү дээ. Энэ бол багш хүний жинхэнэ бахархал гэж хэлж болно.

-Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Мэргэжлийнхээ онцлог, давуу талыг дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үнэхээр математикийн судалгаа хийгдээгүй байгаль техникийн ухааны салбар гэж үгүй юм. Инженер хүн ямар нэгэн техникийн судалгаа хийх, ядаж тухайн салбартаа ашиглагдах инженерийн нэр томьёог ойлгоход математик хэрэгтэй байдаг бол байгалийн ухааны физик, хими, биологи, газарзүй зэрэг салбарууд математикийн шинжлэх ухаангүйгээр хүний ой тоонд буухгүй шүү дээ. Санхүү эдийн засаг, компьтерийн ухаан гээд ер нь бүхий л салбарт математикийн шинжлэх ухаан өргөн ашиглагддаг. Эдгээр салбаруудад ажилладаг хамгийн шилдэг мэргэжилтнүүд нь үнэн хэрэгтээ хамгийн сайн математикчид байдаг юм. Орчин цагийн шинжлэх ухааныг судлахад математикийн гүйцэтгэх үүрэг их. Улс орноо хөгжүүлье, эх орноо түүхий эд нийлүүлэгч бус харин үйлдвэрлэгч баялаг бүтэгч улс болгоё гэвэл инженер, технологийн чиглэлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд математикийн сургалтыг эрс сайжруулах нь зүй ёсны шаардлага юм. Нөгөө талаас математик гэдэг бол сэтгэлгээний гайхамшиг сэтгэлгээний гоо зүй гэдгийг хүн болгон мэдэж байх учиртай.

-Бидний амьдралд математик яг ямар ашиг тустай вэ. Тодорхой тайлбарлаж болох уу?

-Манай улсын хөгжилд ялангуяа баялаг бүтээгч улс болоход инженер технологийн чиглэл тэргүүлэх үүрэгтэй гэдгийг дахиад хэлье. Тэгвэл математикийн хичээлдээ сайн хүн л хамгийн сайн инженер, менежер болно. Тухайлбал, математик мэдэхгүй сайн эдийн засагч болно гэдэг амьдрал дээр бараг боломжгүй зүйл шүү дээ. Зарим хүмүүс математикаар яах юм бэ, хэн тэр тоог боддог юм эсвэл математикийг би амьдралдаа хэрэглэхгүйгээр сайхан амьдарч байна гэх мэтээр боддог. Үнэндээ бол математикаар байнга хичээллэдэг хүмүүс эсвэл түүнийг байнга ашигладаг инженер техникийн ажилчдын сэтгэлгээ нь бусад хүмүүсийг бодвол арай илүү тооцоотой юм уу гэж би ойлгодог. Тэр ч утгаараа өөрийнхөө амьдралыг хэрхэн зөв авч явах ухаанаа олдог юм болов уу.

-Тооны хичээл их хэцүү гэж зарим оюутан сурагчид шантардаг. Математикийн хичээлдээ сайн байхын тулд анхнаасаа яах ёстой юм бол?

-Ирээдүйд таны амьдралд математик ямар үүрэгтэй вэ гэдгийг эхлээд сайн ухамсарлах хэрэгтэй, бас эзэмшиж буй мэргэжилд нь математикийн хичээл хичнээн чухал үүрэгтэй вэ гэдгийг сайн ойлговол энэ хичээлийг сурах бэрхшээл багасна. Бодож чадахгүй бодлого, ойлгоогүй томьёогоо багшаасаа, найзаасаа ичиж зоволгүй шууд асууж байх нь их чухал л даа. Ер нь математикийн хичээлд сайн байхын тулд би яагаад ч энэ тоог бодож чадахгүй гэсэн хулчгар зангаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Нэг л удаа би энэ тоог, бодлогыг бодож чадахгүй гээд сэтгэвэл тэр хүнд математикийн хичээл хүнд л санагдана. Тэгвэл эрдэм сурахад оройтохгүй гэдэгтэй адил тооны хичээлийг ойлгоход ч хичээл зүтгэл итгэл байвал хэзээ ч оройтдоггүй юм. Үүнийг манай зарим математикч эрдэмтдийн түүх нотолдог.

-Өөрийнхөө болоод шавь нарынхаа гаргасан амжилтаас дурдахгүй юу?

-Би стандарт бус анализ, дифференциал тэгшитгэл, тодорхой бус олонлогийн чиглэлээр математикийн онолын судалгаа хийдэг хүн. Одоогийн байдлаар 26 өгүүллийг гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн байх юм. Мөн 10 орчим олон улсын их хуралд математикийн мэргэжлийн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн гээд өдий хүртэл гаргасан амжилтууд их бий. Миний хичээл заасан шавь нараас Т.Гансүх, Ц.Дашдэмбэрэл, М.Итгэл, Т.Цэвээнгэрэл, М.Мөнхтуул, Б.Алтангэрэл, Т.Ганзориг зэрэг нэлээд олон шавь маань их дээд сургуульд багшилж байна. Эдгээр шавь нараас зарим нь дифференциал тэгшитгэл, алгебр, криптографи зэрэг чиглэлээр онолын судалгаа хийж олон улсын хуралд илтгэл тавьж, гадаад дотоодын математикийн мэргэжлийн сэтгүүлд ажлаа нийтлүүлсэн байдагт нь би их бахархдаг.

-Урлаг соёл, спортын хүмүүс хэдийгээр эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа ч гэсэн, улсын хөгжилд төдийлөн нэмэр болдоггүй ээ хэмээн олон түмэн ярьдаг. Харин манай улсын хөгжлийг эрдэмтэд, баялаг бүтээгчид авч явна гэж та хэлж байна?

-Нэг талаасаа үнэн боловч урлаг соёл нь Монголын ард түмний үнэт баялаг юм. Монгол Улсын хөгжил дэвшил, үйлдвэрлэлд эрдэмтэд, баялаг бүтээгчид чухал үүрэгтэй гэдэгт хэн ч маргахгүй гэдэгт би санал нэгтэй байна. Ядаж л бид бусдаас эд материал гуйлгүй, дотоодынхоо үйлдвэрүүдийг улам хөгжүүлж, нөөц бололцоогоо өөрсдөө ашиглаж сурмаар байх юм. Чанартай хувцас, гутлаас эхлээд мал аж ахуйгаа өргөн хүрээнд дотооддоо чанартай боловсруулж, өөрсдийн хэрэгцээгээ хангах шаардлагатай юм шүү дээ.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Миний амьдралд их олон зорилго, мөрөөдөл бий. Эрдэмтэн хүний хувьд цаашдаа судалгааны ажилдаа амжилт гаргах, өөрийн судалгааны үндсэн чиглэл болох стандарт бус анализын чиглэлээр нэг сайн математикч шавьтай болох зорилготой. Мэдээж хэрэг түмний хүүхдүүдэд хичээл зааж байгаагийн хувьд сурагч бүрт хичээлээ ойлгомжтой тайлбарлаж, энэхүү аугаа шинжлэх ухаанд суралцуулах, дурлуулахыг эрмэлздэг, үүний төлөө зүтгэж явдаг.

Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх гавьяатын шавь Б.Бат-Энэрэл: Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг. Бас ээж шигээ сайн хүн болно

Монгол Улсын гавьяат жүжигчин “Завханы” хэмээх Санжаажавын Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал”, “Хаан заяатай орчлон” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Болормаагийн Бат-Энэрэлтэй ярилцлаа. Тэрбээр төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Иймд бяцхан хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс энэ сарын 20-нд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.


-Б.Бат-Энэрэл хүү хэзээнээс дуулах болсон юм бэ. Одоо хэдэн настай вэ. Гэртээ хэдүүлээ амьдардаг талаар ярихгүй юу?

-Манай ээж Солонгос руу явсан. Удахгүй ирнэ. Би гэртээ эмээ, ээжтэйгээ (ээжийнх нь төрсөн эгч), эгчтэйгээ хамт амьдардаг. Би чинь их багаасаа дуулж эхэлсэн л дээ. Анх хоёр настайдаа дуулж, дуунд дуртай болсон юм. Завханы С.Батсүх гээд хүн чинь миний дууны багш. Багшдаа үргэлж залбирч явдаг даа. Би одоо таван настай удахгүй зургаан нас хүрээд сургуульд явна. Ээждээ нэг юм хэлчих үү. Ээж ээ, сайн байна уу. Та наанаасаа хурдан ирээрэй. Та утсаараа их оролддог шүү. Ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу гэж хэлмээр байна.

-С.Батсүх гавьяатын дууг анх яагаад дуулах болов?

-Миний багш хорвоо дэлхийн үнэнийг үргэлж дуулдаг. Тэр нь надад таалагддаг. Бас багшийн дуулсан бүх дууны аялгуу нь гоё. Хүний сэтгэлд шууд л хүрдэг. Багшдаа баярлалаа, хайртай шүү.

-Ирээдүйд багш шигээ дуучин хүн болно гэж бодож байна уу. Юуг хүсэж, мөрөөддөг вэ?

-Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг өө. Бас ээж шигээ сайн хүн болно. Би дуучин, жүжигчин, урлагийн хүн л болохыг мөрөөддөг. Бас Отгонтэнгэр хайрхнаасаа миний хоолойг үргэлж ийм эвлэгхэн хөөрхөн байлгаж, ирээдүйд мундаг дуучин хүн болгоосой гэж хүсдэг. Бас том болоод гурван ажил хийнэ. Эхнийх нь цагдаа, дараа нь лам, сүүлийнх нь дуучин хүн болно доо.

-Яагаад энэ гурав гэж?

-Цагдаа хүн чинь хулгайч муу хүмүүсийг барьдаг, лам хүн сайхан сэтгэлтэй, буянтай амьдардаг, дуучин болох нь угаасаа тодорхой юм чинь ингэж хэлж байгаа юм. Ийм гурван ажил хийнэ.

-Анх тайзан дээр гарч дуулахад ямар санагдсан бэ. Ер нь дуулж байхдаа юуг дотроо боддог вэ?

-Тайзан дээр гарч дуулах гоё санагдсан. Би өмнө хүмүүсийн алга ташилтыг сонсож байсан. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан. Тэрийг нь би харсан юм. Дуулж байхдаа ээжийгээ их боддог. Бас багшийгаа яаж дуулж байсныг нь төсөөлдөг. Тэгээд хүмүүст миний дуулж байгаа дуу таалагдаж байгаа болов уу гэж боддог.

-Багшийнхаа “Орчлонг хайрлаарай” дууг үнэхээр сэтгэлээсээ дуулсан байсан. Мөн хамгийн сүүлд багштайгаа хамтарч уран бүтээл хийсэн. Тэр дуу олон түмэнд их хүрсэн шүү. Чиний хамгийн ихээр хайрлаж, хүндэлдэг хүн хэн бэ?

-Би дууг багш шигээ сэтгэл дотроо төсөөлж дуулахыг боддог. Тэгж дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг гэж багш маань хэлсэн. Хамгийн сүүлд багштайгаа “Хаан заяатай орчлон” гээд сайхан дууг нь дууллаа. Чи тэр дууны клиппийг үзсэн биз дээ. Багш бид хоёр хоёулаа хар хослолтой гоё харагдаж байгаа биз. Би дуугаа чин сэтгэлээсээ сүсэглэж дуулдаг. Миний хамгийн хайртай хүн ээж, эмээ, эгч, багш нар минь. Би энэ хүмүүсийнхээ төлөө залбирч дуулдаг.

-Ээжийгээ санаж байна уу?

-Үгүй ээ, санахгүй байна. Яагаад гэвэл би чинь одоо уул шиг том эр болсон шүү дээ. Тийм болохоор санахгүй байгаа юм. Гэхдээ жоохон л санаж байна. Манай багшийн дуулсан Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй ээж ээ гээд дуу байна ш дээ, энэ дууг дуулахаараа л ээжийгээ санаад байгаам.

-Найзууд нь чиний дууг сонсоод юу гэж хэлж байна?

-Чамайг телевизэээр харсан, чи од болчихсон юм уу гэсэн. Тэгэхээр нь би од биш ээ хүн гэж хэлдэг. Зүгээр л олны танил шүү дээ. Гэхдээ манай найзууд чинь жоохон болохоор дуу сонсдоггүй юм шиг байна лээ.

-Дуучин Төрмандахтай хамтарч дуулсан хүүг таних уу?

-“Булдруу” юу. Тэрийг танина. Бас хөөрхөн дуулдаг юм билээ. Төрмандахтай хамт дуулдаг мөн биз дээ. Бас адилхан дуулдаг “булдруу” байна лээ.

-Удахгүй болох тоглолтынхоо тухайд ярихгүй юу. Тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна уу. Тусалж, дэмжиж байгаа хүмүүс их байгаа байх. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний тоглолт энэ сарын 20-нд болно. Намайг бүгдээрээ хүрч ирж үзээрэй. Би та бүхэндээ гоё дуугаа дуулж өгнө. Манай тоглолтод багш маань болоод бусад Завхан нутгийн алдартай, мундаг дуучид ирж ая, дуугаа өргөнө. Хамгийн ихээр тусалж байгаа эгчдээ, ээждээ, багшдаа, бусад бүх хүмүүст баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

Ургац алдаж үзээгүй Улсын аварга тариаланч Нямжавын Хишигт

Төв аймгийн Борнуур суманд газар тариалангийн ажил эрхэлж буй Улсын аварга тариаланч Нямжавын Хишигтийнд өнжлөө. Бидний очих аварга тариаланчийнх сумын төвийнхөө баруун урд байрлах цэлгэр том модон хашаанд амьдардаг аж. Яваад очтол хашаан доторх зоориноос хэсэг залуус шуудайтай төмс зөөж, портер машин дээр ачиж байв. Тэр хүмүүсээс “аварга тариаланч Хишигтийнх мөн үү” хэмээн асуутал хувцас хунар нь шороо тоос болсон залуу “аав зооринд байгаа. Би дуудаж өгье” гэсээр зоорь руу орлоо. Төд удалгүй гэрийн эзэн хоёр бээлийгээрээ өмд, цамцаа гөвсөөр гарч ирэв. Ийнхүү учир явдлаа тайлбарлаж, танилцаж зогстол аваргын гэргий нь гэртээ орохыг урьсан юм.Улаан тоосгон байшингийн үүдээр нь ортол нэгэн эмэгтэй гал зуухны өрөөнд аяга таваг угаах зуураа мэнд мэдэж, зочны өрөөгөө заалаа. Аварга маань гэрийнхээ хойморт тахиа жилийн босгон дээр Ерөнхий сайдаас гардан авсан “Улсын аварга тариаланч” хэмээх хүндэд өргөмжлөл, тавын бидон шиг хэлбэртэй зэсэн сав, шаргал арвайн түрүү хэлбэрт цомоо хүндэтгэлтэйгээр залжээ. Харин хажуугаар нь газар дэлхий, үр тариагаа бэлгэшээж тавьсан улаанбуудай, овьёос, хөх тариа зэргийг тусгайлан чимэглэсэн ваар дотор хийж тавьсан байна. Ийн гэр доторх байдлыг сонирхон харж, цай ууж суух зуур гэрийн эзэн, гэргий хоёр орж ирээд “За бид хоёр гялс ажлын хувцсаа сольчихоод ирье” гэсээр жижиг өрөө рүүгээ орлоо. Төд удалгүй монгол дээл өмсөж, энгэртээ одон медалиа гялалзуулан гарч ирээд “Өнөөдөр манай хүүхдүүд хотоос ирээд, бид хоёрын ажлыг ёстой л нэг хүний хүчээр нугалж байна. Хөөрхий хүүхдүүд минь их туслах юм даа” гэсээр бидний яриа эхэллээ. Н.Хишигт ах өдгөө жар хүрч яваа, энэ нутагт насаараа газар, тариалангийн ажил эрхэлж, үр шимийг нь хүртэж, зургаан хүүхдээ дээд боловсролтой болгож, амьдралын захад хүргэсэн гэнэ. 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн тэрбээр мал маллаж, эцэг, эхдээ туслан хөдөөний бусад хүүхдийн адилаар өсөж хүмүүжсэн аж. Улмаар 1977 онд цэрэгт татагдаж, хотод Барилгын цэргийн 073 дугаар ангид гурван жил алба хаажээ. Энэ хугацаанд нутагтаа хоцорсон эцэг, эх нь хүүгээ бараадан Төв аймгийн Баянчандмань суманд ирж, суурьшсан гэнэ. 1980 онд цэргээс халагдаж ирээд Баянчандмань суманд ойр зуурын ажил хийж байгаад гэр бүлээрээ Борнуур суманд шилжин ирж, Борнуурын сангийн аж ахуйд уурын зуухны галч, сантехникийн ажил хийж эхэлснээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй гэнэ. Ийн ажиллаж байхдаа хань Х.Пүрэвсүрэнтэйгээ танилцаж, 1982 онд гэр бүл болцгоосон аж. Аваргын гэргий нь 1960 онд Улаанбаатарт төрсөн хэдий ч Борнуур суманд аав, ээжийнхээ дэргэд мал маллан өсчээ. Улмаар Борнуурын найман жилийн дунд сургуулийг төгсөж, сангийн аж ахуйн зочид буудалд тогооч хийдэг байж. Зах зээлийн нийгэмд шилжих үед ажиллаж байсан газрууд нь хувьд шилжин хаалгаа барьснаар хийх ажилгүй болж, бусдыг даган нөхөртэйгөө хамт ногоо тарьж, газар тариалангийн ажил эрхлэх болжээ. Анх ногоо тарьж байхад хүндрэл бэрхшээл их гардаг байсан ч гэсэн одоо бодоход тэр бүх зүйл болох ёстой амьдралын энгийн л шалгуур мэт санагддаг гэсээр ярьж суусан аваргын эхнэр “Алив цаагуур чинь хэн байна. Энэ хүмүүст хоол, цай хийж өгье” гэсээр галын өрөө рүүгээ орлоо.

БИД НУТГИЙНХАА АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУДЫГ ЦУГЛУУЛЖ ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛДАГ

Н.Хишигт гуай “Борнуур, Бороогийн голын сав уудам хөндий нь үржил шимтэй хөрстэйгөөс гадна усалгаат тариалан эрхлэхэд нэн тохиромжтой нутаг шүү дээ. Борхужирын голын баруунд Дал, Зур хэмээх хоёр томхон ам, зүүнээс цутгах Бөөрөлжүүтийн голын амны адгаар дээр үеэс хятад, орос иргэд суурьшин усалгаат талбайд ногоо тарьж ирсэн юм гэдэг. Манай сумын өмнөх бор толгойн урд Борнуур хэмээх жижиг нуур бий. Сая та хэд наашаа ирж байх замдаа харсан биз дээ. Бороо гол нь олон жил тариа ногоо тарьж, хүн ардаа хүнс тэжээлээр хангаж ирсэн үржил шимт хөрстэй хөндийгөөр хойт мөсөн далайг зүглэн урсдаг гол юм. “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэхэв” гээд дуу байдаг шиг Бороо голыг минь яаж гүйцэхэв дээ” гэсээр суугуул нутгийнхаа сайхныг бахархалтайгаар өгүүлэв. Ногооны талбай нь сумын төвөөсөө зүүн хойш 10 гаруй километр зайд хоёр голын бэлчирт байрлах 10 га газар байдаг гэнэ. Тэр талбайдаа төмс, хүнсний ногоо тарьдаг аж. Биднийг яг очих үеэр өнгөрсөн намрын төмсөө таваарт гаргаж, заримыг нь үр болгон ашиглахаар ногооны талбай руугаа зөөж байсан гэдгээ хэллээ. Анх ногоо тарьж, намар ургацаа хурааж аваад заримыг нь хүнсэндээ хэрэглэж илүү гарсныг нь хот руу орж, Хархорин зах дээр худалдаалдаг байсан тухайгаа ярив. Харин одоо хурааж авсан төмс, хүнсний ногоогоо шуудайг нь 12 мянган төгрөгөөр бодож ногооны ченжүүдэд арилжаалдаг болсон гэнэ. Н.Хишигт гуайтай ийн ярьж байх үеэр түүний гэргий Х.Пүрэвсүрэн хоол унд барьсаар орж ирээд “За хүүхдүүд минь сайхан хоол идэцгээ. Эгч нь гадаа байгаа ажилчдынхаа хоол цайг нь хийгээдэхье” гэсээр гарлаа. Тэднийх хаврын тариалалт, намрын ургац хураалтынхаа үеэр нутгийнхаа ажилгүй залуусыг цуглуулж, хөлсөөр ажиллуулдаг аж. Энэ тухайгаа аварга “Залуудаа бүх зүйлээ өөрөө л хийдэг байлаа. Одоо ч ногооны ажлаа хүчрэхээ байх нь ээ. Ямар сайндаа нутгийнхаа хэдэн дүү нарыг гуйж ажиллуулдаг болсон. Борнуурчууд их ажилсаг хүмүүс. Намар ид ургац хураалтын үеэр сумын төвд нэг ч хүн байдаггүй. Бүгд л ногооны талбай дээр ажиллаж байдаг нь сайхан. Манай ногооны талбайн буланд жижигхэн амбаар бий. Хавар үр тариагаа суулгачихаад намар болтол тэндээ амьдарна шүү дээ. Манайх бас хэдэн үхэртэй. Төмс, хүнсний ногоо тарихаас гадна бага зэрэг улаанбуудай тарьдаг юм. Тэрийгээ намар нь хадаж аваад үхэртээ өгдөг” гэв. Ийн ярьж дуусаад шүүгээнээс нэг бор дэвтэр гаргаж ирлээ.


НОГООНЫ ЧЕНЖҮҮД ҮНЭХЭЭР БАШИР АРГАТАЙ ХҮМҮҮС

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт манай суманд яамны хүмүүс ирж нийт тариаланчтай уулзсан юм. Тэр талаар би энэ дэвтэр дээрээ тэмдэглэчихсэн байгаа. Тэр хүмүүсийн хэлснээр энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га талбайд үр тариа тарина гэсэн. Мөн тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэнэ гэдгээ ч хэлсэн. Бид тэр шатахууны хөнгөлөлт гэдгийг нь хүлээж л сууна. Бас төр засгаас энэ олон тариаланч, ногоочдоо анхаарах хэрэгтэй. Бид бүхний нөр их хөдөлмөр хэдэн ченжийн гарт үгүй болж байна. Учир нь намар ургацаа аваад хэн хүнгүй л хот суурин газар зорьж шинэ ногоогоо борлуулахыг боддог. Харин үүнийг нь тэр ченжүүд нь андахгүй мэднэ. Ингээд бидний хагас жил орчим ногооны талбай дээр ажилласан нөр их хөдөлмөрийг тэр улсууд үнэлдэггүй, ашгаа л боддог, үнэхээр башир аргатай хүмүүс. Энэ бүхнийг төр засаг анхаарч, хувийн тариаланч ард иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх асуудал дээр бодлоготой ажил явуулах шаардлагатай байна. Бид чинь 40 килограмм шуудай төмсөө ердөө 10 мянгаар л өгч байна шүү дээ. Тэгэхээр нэг килограммыг нь 250 төгрөгөөр бодож өгч байгаа нь арай л хямд биш гэж үү. Сүүлийн жилүүдэд л ийм болчихоод байгаа юм. Үүнийг цаашид анхаарч тэр олон ногооны ченжийг зохицуулах хэрэгтэй” гэлээ.

БАЙГАЛЬ ЦАГ УУРААС ШАЛТГААЛЖ, УРГАЦ ХУРААЛТ МУУДАЖ БАЙНА

Улсын аварга тариаланчийнх хашаан дотроо 40 тоннын зоорьтой, мөн энэ хэмжээний нүхэн зоорь ч бий гэнэ. Ингээд тэр бүгдийгээ үзүүлэхээр биднийг авч гарлаа. Хашаан дотор нь “пад пад” трактор, ачааны портер машин, малын саравч байх юм. Саравчинд нь төрөөд сар гаруйхан болж буй хоёр хөөрхөн тугал хэвтэж харагдана. Ногоочдын ганц бэрхшээл нь цаг уурын өөрчлөлт гэнэ. Энэ тухайгаа “Сүүлийн жилүүдэд байгаль цаг уураас шалтгаалж, ургац хураалт муудаж байна. Гэхдээ манай ногооны талбай харьцангуй гайгүй байгаа. Учир нь хоёр талаараа жижигхэн гол урсдаг юм. Ерөнхийдөө байнгын усалгаатай гэсэн үг. Талбайгаа 14 хоногт нэг удаа усалдаг. Харин бусад ногоочдын талбай услалт муу, дээр нь бороо хур төдийлөн орохоо больсон болохоор хүндхэн л байх шиг байна. Манайх энэ жил долоон га газарт Герман улсын “Гала” сортын төмс, лууван, сонгино, манжин зэрэг хүнсний ногоо тарихаар ажиллаж байна. Ер нь энэ цаг уурын өөрчлөлт нь байгальдаа ээлгүй хандсан буруу санаатай хэдхэн хүний хор нөлөө юм уу даа” гэв. Мөн Борнуураа нутгийн иргэд нь хайрлаж, хамгаалж, засаж тордвол тариаланч, ногоочид алзахгүй гэдгээ ч хэлсэн юм. Ер нь хаврын үр тариалалтын ажлыг тавдугаар сарын 10-аас өмнө хийж дуусгасан байх шаардлагатай аж. Харин наадам өнгөрөөгөөд зэрлэг ургамал, хортон шавьж устгах зэрэг ажлуудыг хийхгүй бол болдоггүй гэнэ. Энэ жил Н.Хишигт гуай 10 га талбайдаа төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо тариалахаар болжээ. Ингэхдээ хамгийн чухал нь үр байдаг гэв. Үрэндээ л сайн анхаарвал намар ургац хураалт алддаггүй гэдгээ дуулгав.

НОГООЧДЫН АШИГ ОРЛОГО ЖИЛ ЖИЛД АДИЛГҮЙ БАЙДАГ

Н.Хишигт гуайнх жил бүр ногооны талбайгаа сэлгэж тариалалтаа хийдэг юм байна. Өнгөрсөн жил 10 га талбайнхаа зургаан га-д нь төмс, лууван, сонгино тарьсан гэнэ. Харин үлдсэн дөрвөн га талбайг амраах буюу дараа жилийн тариалалтаа хийхэд бэлтгэдэг байна. Ингэж ногооныхоо талбайг сэлгэж тариалалтаа хийснээр ургацын чанар, хөрсний шимтэй байдал хэвээр хадгалагддаг туршлагаасаа хуваалцсан юм. Ерөнхийдөө олон жилийн дунджаар авч үзвэл эднийх жил бүр 6-7 га газарт тариалалт хийдэг байна. Үүнээс дөрвөн га газарт төмс тарьж, намар нь 70 гаруй тонн төмс хурааж авдаг гэнэ. Хурааж авсан төмсөө таваарт гаргах, буцаан үр болгох, заримыг нь малд өгөх гэхчилэнгээр ялгаж авснаар 40 гаруй тонн төмсийг жил бүр зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн бусад 20 гаруй тонн хүнсний ногоог хамтад нь борлуулдаг байна. Энэ тухайгаа аваргын гэргий Х.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил нийт 60 гаруй тонн хүнсний ногоо хураан авч шуудайг нь 10-15 мянган төгрөгөөр борлуулсан. Ер нь жил жилд ногоочдын ашиг орлого адилгүй байдаг. Тухайн жил ногооны үнэ ямар байна, ченжүүд хэрхэн дуугарахаас л бидний ашиг орлого шалтгаална. Гэхдээ өдий олон жил газар дэлхийнхээ шимийг хүртэж яваа учраас ашиггүй ч гэх үү, алдагдалтай ажилласан тохиолдол байхгүй. Ер нь ногоочин хүнд дутагдах зүйл бага шүү” гэсэн юм. Мөн хөдөө аж ахуй, газар тарилан эрхлэгчдийн байгууллагаас ямар нэгэн зээл тусламж хүсч байгаагүй. Ер нь тэдгээр байгууллага төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг төдийлөн дэмжээд байдаггүй гэдгээ ч хэллээ. 1990 оноос хойш өдгөө 30 шахам жил төмс, хүнсний ногоо тарихдаа ургац алдсан тохиолдол гарч байгаагүй. Энэ нь цэвэр хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгээрээ улсын аварга тариланч бахархаж байсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН