Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Согтуугаар автомашин жолоодсон этгээдийн эрхийг бүх насаар нь хязгаарлах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэв DNN.mn

Зам тээврийн ослын 80 орчим хувь нь согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Мөн өдөр болгон 400-500 согтуу жолоочийг Тээврийн цагдаагаас илрүүлж байна. Гэтэл илрээгүй хэдэн мянган согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог бол. Согтуугаар автомашин жолоодно гэдэг хяналтгүй “танк” хөдөлгөөнд оролцож байгаатай агаар нэг ойлголт. Энэ нь үнэхээр гамшигийн хэмжээнд замын хөдөлгөөн өрнөж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдийн аюулгүй байдал үнэхээр баталгаагүй байгааг дээрх согтуу жолоочийн тоо харуулж буй. Тиймээс согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг чангатгах, эрх зүйн шинэчлэл хийх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сүүлийн үед согтуу жолоочид үнэхээр олширч байгаа нь үнэн. Үндсэн хуулиараа хүн амьд явах, аюулгүй орчинд амьдрана хэмээн заасан байдаг. Тэгвэл энэхүү Үндсэн хуулиар олгогдсон хүний дархан эрхийг эдгээр согтуу жолоочид ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тиймээс тодорхой эрх зүйн өөрчлөлт хийх нь зөв. Тухайлбал, согтуу үедээ автомашин жолоодож гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцлөөр шийтгэдэг болох ёстой. Мөн хохирлыг бүрэн төлүүлдэг байх, торгуулийг нэмэгдүүлэх, давтан үйлдсэн бол бүх насаар нь жолоо барих эрхийг цуцлах зэрэг хатуу заалтуудыг нэмж тусгах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Хууль эрх зүйн орчин хатуу талдаа бүрдсэн. Талийгаач Г.Батхүү агсан Зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл санаачлан миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Одоо эн түрүүнд сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Балга уснаас болж бие биенийхээ болон бусдын эрүүл мэнд, амь насанд асар их хохирол учруулж байгааг ойлгуулах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолоочийн үйлчилгээ авдаг болох зэрэг олон талт арга хэмжээ авах ёстой. Иргэдээ мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй. Аливаа үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой,байнга, шат дараалалтай явж байж үр дүнд хүрдэг. Хуулийн хэрэгжилтийн хяналт, судалгаа, дүн шинжилгээ чухал. Харамсалтай нь хууль хэлэлцэх үед нэг шуугиад л дараагийн асуудлууд орхигддог. Тиймээс цаашид үүнийг засч залруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мэдээж хэрэг согтуу жолоочийн тоог тодорхой эрх зүйн зохицуулалтаар бууруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, торгуулийг өндөрсгөх, торгуулиа төлөөгүй машин баривал жолоодох

эрхийг нь нэг сар ба түүнээс дээш хугацаагаар хасах шаардлагатай. Хоёрдугаарт, торгуулиа төлөөгүй дээр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 6-12 сар эрхийг нь хасах шийтгэлийг оногдуулах ёстой. Гуравдугаарт, торгуулиа төлөөгүй, согтуугааар жолоо бариад дээрээс нь зөрчил гаргасан этгээдийг 2-3 жил эрхийг нь хасах гэх мэт шаталсан арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байх болов уу. Онцгой тохиолдолд бусад эрүүгийн арга хэмжээ байж болох байх. Ер нь торгуулиа төлөхгүй байна гэдэг нь өөрөө дүрэм зөрчинө гэсэн л логик байгаа юм шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Согтуу жолоочийн асуудлыг Зөрчилийн хуулиар бус Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох заалтыг чангалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд согтуугаар жолоо барьсан тохиолдолд дахиж авто машин барихгүйгээр эрхийг нь хасах заалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бурууд хатуу байж л улс хөгжинө. Одоо үйлчилж буй хууль, журам согтуу жолоочид арай л хөнгөдөөд байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Нөгөөтэйгүүр торгох, 30 хоног баривчлах заалт одоо байгаа боловч үр дүнд хүрэхгүй байна.

УИХ-ын гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа: -Хуулиа чангатгах хэрэгтэй. Бас согтуу жолоо барихын үр дагаварыг маш сайн таниулах ёстой. Олон улсад хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд байхад нь согтуу жолоо бариад осол гаргаж гэр бүлээ алдсан хүмүүсийн тухай баримтат кино үзүүлдэг. Үүгээрээ ирээдүйд гарч болзошгүй эрсдлийг урьдчилан таниулдаг байна. Хүүхэд гээд муу, муухай зүйлийг үзүүлж харуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өөрийнх нь ирээдүйд ийм зүйл болж магадгүй учраас үүнээс хол байх, хэрхэн зөв зохистой замын хөдөлгөөнд оролцох ёстойг багаас нь таниулдаг. Манайд дүрэм, зохицуулалтыг л сургадаг. Гадны орнуудад энэ чиглэлээр мэргэжлийн хүн сургууль дээрээ урьж, сурагчдадаа харилцан ярилцлагуудыг байнга хийдэг. Нөгөөтэйгүүр хүн шийтгэхдээ биш урьдчилан сэргийлэх, таниулах, ойлгуулах ажлыг маш сайн хийж өгөх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын фракцийг буланд шахаж, унагаах гэсэн ажиллагаа тэднийг улам хүчирхэгжүүлэх үү DNN.mn

Энэ хавар улс төрд гал гарсан үйл явдлуудын ар араасаа өрнөх нь тодорхой боллоо. “Авлигын загалмайлсан эцгийг алдчихлаа” гэж олон улсад цоллон байж Т.Бадамжунайг бариад ирэв. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас зарласан “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албыг хуу цэвэрлэхээр 800 албан тушаалтны сандал ширээний асуудал хөндөгдлөө. Энэ бүгдийн цаана МАН-ын фракцуудын тэмцэл улам хурцдаж, шуурга босож ч мэдэхээр байна.

МАН-ын 80-аад оныхон М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь унагааж, улс төрд багагүй хугацаанд ноёлсон хотын фракцийг хуйгаар нь унагасан. Улмаар түүний фракцыг устгах гэсэн явуулгууд хөшигний ил ч нэг, далд ч нэг өрнөсөөр ирэв. У.Хүрэлсүхийн томилгоогоор удирдах албан тушаалд очсон хотын бүлэглэлийнхнээс Л.Оюун-Эрдэнэ байсхийгээд л сугалж явуулдаг байлаа. Бас бус хэсэг нь М.Энхболдоосоо урваж, эрх мэдэлд хүрсэн нэгнийг тойрон хүрээлсэн. МАН-ын 80-аад оныхны бичсэн зохиолын дагуу хотын фракц яах аргагүй дотроосоо задарч, бутарсан. Бас хуваагдаж, хоёр талд гарсан. Улс төрд хэн нэгний хормойноос зүүгдэхгүй л бол хөлөө олоход хэцүү. Ялангуяа унасан фракцийнхаа удирдлагыг амбицад хөтлөгдсөн хүмүүс орхиод явдаг нь МАН-д гэлтгүй улс төрд байдаг л нэг үзэгдэл. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд хотын фракц М.Энхболдтойгоо хамт нам гүм болоод байв. Тал, тал тийшээ явах нь явж, цөөн хэд нь “эзэндээ” үнэнчээр үлдсэн гэж МАН-ынхан өөр хоорондоо ярьцгаах юм билээ. Харин М.Энхболдоос холдсон хэсэг нь У.Хүрэлсүх дээр очиж наалдсаныг улс төрийн хүрээнийхэн бүр ч андахгүй.

МАН-ын 80-аад оныхон төр барьж байгаа, тэдний эрин үед хотын фракцыг дахин сэхэхээргүй болтол нь бут цохиж чадлаа гэж Л.Оюун-Эрдэнийг дагагчид алга ташиж гүйлддэг нь худлаа биш. Тэгвэл тэдний хүслээр болохгүй гэх олны яриа оргүй биш бололтой. Хараад байхад хотын фракц тийм ч амархан ойчихгүй юм шиг байна. Мэдээж насаараа улс төрийн тогоонд чанагдсан хаширууд хэдийд яаж хөдлөхөө хэзээнээсээ зурчихаад сууж байгаа биз. Буланд хэт шахагдаад байсан хотын фракцынхан зохион байгуулалтад орж, хүчээ нөөж эхэлжээ. Тэд МАН-ын хуучны нөлөө бүхий кадруудтай нэгдэхээс гадна увсын фрацктай сүрхий сүлэлдсэн сурагтай.

Улстөрд хүчтэй нэгнийгээ дарахын тулд нөгөөдүүл нь нэгддэг процесс байдаг. Энд тэнд нууцаар уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хамаг “хор”-оо найруулж төлөвлөнө. Сонгууль хаяанд ирсэн болохоор одоо бүгд эрчимтэй хөдөлгөөнд орох нь ойлгомжтой. Харин хэн ухаалаг нүүдэл хийсэн нь ялна. Энэ өнгөнөөс харахад, Л.Оюун-Эрдэнийн хувьд хотын фракцыг дарах гэж байгаад дийлдэхээргүй хүчтэй болгоод босгоод ирж байгаа юм биш биз.

Гэхдээ улс төр ийм бужигнаантай байгаа үед асуудал яаж ч эргэж болно. Магадгүй намын дарга өөрөө М.Энхболдыг буцаад нэгдье гэж дуудаад ирүүлж ч мэднэ. Бүр ч эсрэгээрээ хүрээгээ тэлсэн У.Хүрэлсүхийн зүүний хүчний фракц Л.Оюун-Эрдэнийг унагаах гэж шуурхайлж ч магадгүй. Ер нь М.Энхболдын фракц улс төрд эргэн ирэлт хийхээс олон хүн тэр дундаа МАН-ын одоогийн удирдлагууд үнхэлцгээ хагартал айж суугаа.

Тиймдээ ч янз бүрийн улс төрийн акци өрнүүлж, массыг жигшүүлэхээр элдэв мэдээлэл хөврүүлж байгаа гэж харж, тайлбарлах хүмүүс ч байна. Эцсийн дүндээ хотын фракцыг нухчин дарах гэсэн иймэрхүү үйлдлүүд нь тэднийг улам хүчирхэгжүүлж, улс төрд эргэн ирснээ хэзээ мөдгүй зарлах нь үнэн ажээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хэн хэн зүтгэж байна вэ DNN.mn

Ядуурал, нийгмийн тэгш эрх, халамжийн бодлого , хөдөлмөр эрхлэлт гээд нийгмийн амьдрал энэ яаманд холбогддог. Тэр утгаараа хамгийн чухал салбар гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ чухал салбарыг удирдах сайдын суудал эзэнгүй удлаа. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ийн сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлов. Яагаад хойшилсны цаад учир нь улс төрийн тохироо бүрдэж өгөхгүйд оршиж байна. Өөрөөр хэлбэл, ХНХ-ийн сайдад зүтгэж яваа улстөрчид олон байна гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд хэнийг нь томилох, хэнийг нь гомдоох асуудалд эргэлзээтэй байгаа нь тодорхой. Мэргэжилтнүүд энэ салбарыг эмэгтэй хүн удирдах нь илүү зохимжтой гэж үздэг. Тэр утгаараа Ерөнхий сайд намынхаа эмэгтэй гишүүдийн саналыг сонсож байгаа. Нөгөөтэйгүүр сайд болох амбицтай эмэгтэй улстөрчид МАНдотор ёстой шоргоолж шиг л гүйлдэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын нэр яригдаж буй. М.Оюунчимэгийн хувьд хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүн. Холбогдох байнгын хороодыг удирдаж байсан туршлагатай. Тэр утгаараа тус салбарыг бусдаасаа илүү мэдэж, мэдрэмжтэй ажиллах бололцоотой гэдэг. Б.Саранчимэг гишүүний хувьд мөн адил хоёр дахь удаагаа сонгогдож, холбогдох байнгын хороодыг удирдаж байсан туршлагатай. Түүнийг нам доторх Сү-гийн фракц хүчтэй дэмжиж байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд УИХ-д анх удаагаа сонгогдон ажиллаж байгаа улстөрч. Тэр утгаараа хоёр сонгогдож, байнгын хороо удирдсан эгч нартайгаа өрсөлдөж байна. Гэхдээ түүний хувьд намынхаа эгч нарын амбицыг гүйцэхгүй байх гэсэн таамаг яригдаж байгаа. Харин эрэгтэй улстөрчдийн хувьд сайд болох цөөнгүй хүн байгаагийн нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм. Түүний нэр саяхнаас гарч ирсэн нь бас учиртай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийн фракцаа Засгийн газарт нэмэгдүүлэхийг хүсч байна гэсэн үг. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн фракц хумигдаж байгаа. Тиймээс тэрээр фракцынхаа нөлөөллийг тэлэх зорилгоор энэхүү саналыг гаргаж байгаа гэх бор шувуу саарал ордонд нисч эхлээд удаж байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдаас сайдын суудал гуйж, шаардаж байгаа нэг хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрээр МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Тулгыг зүтгүүлсэн. Гэвч үүнийг нь Ерөнхий сайд хүлээж аваагүй гэх. Харин одоо Н.Энхбаярын хувьд хүүгээ сайдад суулгахаар нөлөө бүхий зарим улстөрчтэй уулзаж яваа талаар “Тамхины цэг”-ийн мэдээ байна. Гэхдээ Ерөнхий сайд түүний хүслийг дахиад л буцаах магадлал өндөртэй. Тохироо, гуйлга, нөлөөлөл дунд толгой нь эргэх шахуу яваа Ерөнхий сайдын өөр нэг санаа зовоож байгаа асуудал бол ах нар нь. Тодруулбал, намын ах нар сайдын суудалд санаархаж эхэлсэн гэх. Хамгийн эхэнд Н.Энхболд, Ц.Нямдорж хоёр сайд болохоор ярьсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Энэ үнэн бол МАН-ын ах нарын албан тушаалын төлөөх шунал одоог хүртэл эрчтэй байна гэсэн үг. Н.Энхболдын хувьд ёстой ордны буг болсон улстөрч. Насаараа Их хурлын гишүүн, сайд дарга хийж яваа хүн. Тэр утгаараа өнөөгийн завхарсан нийгмийг гар бие бүтээлцсэн ах нарын нэг. Залуу, ид үедээ хийх ёстойгоо зөв хийж чадаагүй улстөрчид одоо засаад, сайжруулаад явна гэж түүхэнд байхгүй гэдгийг хэн хүнгүй хэлэх байх. Юутай ч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг сайдаар тавих вэ гэдгээ Ерөнхий сайд мэднэ. Түүний хувьд сошиалын нөлөөллийг харж сайдаа сонгодог жижиг улстөрч огт биш. Хэн нь илүү ажиллаж байна, хэн нь илүү салбараа мэдэж, мэдэрч чадах вэ гэдгээр нь сонголтоо хийнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. ХНХ-ийн сайдын асуудлыг Ерөнхий сайд хойшлуулаад байгаа нь тавих хүнээ сонгож чадахгүй дээ биш, намын эв нэгдлийг хангах, улс төрийн бужигнаан үүсгэхгүй байх гэдэг хандлагаар өдийг хүртэл яваа. Гэхдээ одоо цаг нь болсон. Чимэгтэй гишүүдээсээ сайдаар томилох уу, чирж яваа ах нараасаа сонгох уу гэдэг нь сонин.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөрөөр надтай холбох зүйл юу ч байхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө тантай холбогдоод буй цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн уурхайд хэсэг бүлэг хүмүүс хүч түрэн халдсан гэх явдлыг хууль хүчний байгууллагууд шалгаж байна. Таны хувьд тухайн орон нутгаас сонгогдсон төрийн түшээ. Тэр утгаараа энэхүү асуудлыг анхаарч үзэв үү. Яг юу болоод байна вэ?

-Надтай холбоотой асуудал ч юу байх вэ. Миний нэрийг гүтгэж, харлуулах үйл ажиллагаа гэж хэлбэл илүү тохиромжтой болов уу. Өнгөрсөн долоо хоногоос энэ асуудалд миний нэрийг холбож, гүтгэсэн. Харин энэ долоо хоногоос дахиад улам эрчтэй ч гэх үү, илүү олон сувгаар зохион байгуулалттай гүтгэж байгаа учраас тайлбар, бодит байдлыг хэлье гэж бодлоо. Нэг өглөө л босоод ирсэн чинь зарим хэвлэлээр миний нэр холбогдсон сенсацитай мэдээлэл түгчихсэн байсан. Тухайлбал, нэг хэвлэл дээр “Хятад иргэд зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байж ээ” гэх ор үндэслэлгүй зүйлд намайг гүтгэсэн мэдээллийг гаргуулсан байна лээ. Бүр ор үндэслэлгүй худал зүйл шүү дээ. Хэргийн эзэд энэ мэдээллээ улмаар санхүүжүүлж, олон нийтэд илүү өргөн хүрээгээр цацах ажлыг зохион байгуулалттай хийсэн гэж би хардаж байгаа. Энэ мэдээлэл гарсан өдөр нь би тойрог руугаа холбогдсон. Үнэхээр зэвсэглэсэн этгээдүүд ийм хууль бус үйлдэл хийв үү гэж орон нутгийн Цагдаагийн байгууллагаас тодруулсан. Тэдний зүгээс тийм зүйл огт болоогүй гэдгийг хэлсэн. Хэвлэлд ч хэлсэн байсан.

-“Андын илч” гэж ер нь ямар компани юм бэ. Та энэ компанийн талаарх мэдээллийг өгөөч. Яагаад энэ компанийн нэр нийгэмд ингэж хүчтэй гарч ирээд байгаа юм?

-Миний нэрийг холбогдуулан гүтгэж байгаа учраас мөн манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компани учраас тодорхой хэмжээгээр судалж үзсэн. Энэ компанийг анх буюу 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын VII багийн иргэн, инженер Ж.Доржсүрэн гэх хүн анх үүсгэн байгуулсан юм байна лээ. Тодруулбал, нэг ковштой, эксковатортойгоор энэ уурхайг нээж байсан түүхтэй. Улмаар тухайн үеийн байдлаас болоод энэ хүний үүсгэн байгуулсан уурхайг Хилийн цэргийн байгууллага булааж гэх үү, ямар нэгэн байдлаар авсан байдаг.

Тиймээс анх үүсгэн байгуулсан Ж.Доржсүрэн гэх хүн уурхайгаа буцааж авахын тулд 20 гаруй жил шүүх, цагдаагаар явсан гэсэн. Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар 2008-2016 онд ажиллаж байсан. Намайг ажил авахад Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувьд лиценз олгогдчихсон байсан. Би ажлаа өгөхдөө үүнийг 17 хувь болгож бууруулж ажилласан гэдгийг онцлон хэлье. Тэр утгаараа Засаг даргаар ажиллаж байхдаа энэхүү уурхайн асуудлыг судалж үзэж байсан. Уурхай Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид 51 хувийг нь зарсан байсан. Үүнийг яаж зарсныг би мэдэхгүй. Үлдсэн 49 хувийг олон жил хөөцөлдөж байж, 2015 онд миний бие Сүхбаатар аймгийн ИТХ-д бүртгүүлэн авч өгч байсан. Улмаар 2016 оны долдугаар сард Засаг даргын албаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Ерөөсөө ийм л түүхтэй. Миний хувьд ямар нэгэн уул, уурхайн асуудалд огт холбоо, хамааралгүй явдаг. Гэтэл нэг л өглөө миний нэрийг холбосон ор үндэслэлгүй ийм мэдээлэл гадуур цацагдсаныг хараад их цочирдсон шүү.

-Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн. Үүнийг зохион байгуулсан хүнийг таныг гээд байгаа. Та тэр уурхай руу хүн явуулсан юм уу?

-Тухайн мэдээллүүдэд сэтгэл сэртхийлгэм ноцтой асуудалтай миний нэрийг холбосон тул үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхээр гүтгэлэг тараасан БНХАУ-ын иргэн Wu Xia-г шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдлоо өгсөн. Өчигдөр түүний ярианд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийн баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өглөө. Нэр нь гараад байгаа энэ хятад эмэгтэй нь 2018 онд тус уурхайн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм билээ. Үүнээс хойш 2021 онд шинэ ТУЗ байгуулагдсан гэсэн. Ингээд хоёр ТУЗ-ийн хооронд зөрчилдөөн үүссэн юм байх. 2018 оны ТУЗ-ийн дарга монгол нэртэй хятад эмэгтэйн нөхөр Цогоо гээд хүнд гаруудтай нийлдэг хүн гэдгийг хүмүүс ярьж байна лээ. Мөн Туяагийнх нь дор ажилладаг Энхбаяр гээд шоронд сууж байсан бас нэг хүнд гар гэсэн. Иймэрхүү хэсэг бүлэг нөхдүүдтэй очтол сүүлд байгуулагдсан ТУЗ-ийнхан бас хэсэг нөхдүүдийг авчраад хоорондоо нэлээд маргасан гэж байна лээ. Эдгээр хүмүүс нь баригдчихсан, одоо шалгагдаж байгаа юм билээ. Тэгэхээр үүнд би ямар ч холбогдолгүй. Яагаад үүнд миний нэрийг холбосныг, яагаад намайг ингэж улаан цайм ор үндэслэлгүй зүйлд гүтгээд байгааг удахгүй хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоох байх аа.

-Сүхбаатар аймгийн өнөөгийн удирдлагууд гаднынхантай нийлж Монголын ард түмний баялгийг улсад бус амин хувьдаа ашигтай байдлаар ажиллуулсан гэх мэдээлэл явж байна. Энэ ер нь бодит уу?

-Энэ асуудалд Ж.Батсуурь гэх нэр холбогдож гадуур цацагдаад байгаа учраас анхаарч авч үзлээ. Ер нь улстөрчдийн хамгийн үнэт капитал бол нэр төр. Тэр утгаараа анхаарч олон нийтэд бодит, зөв мэдээллийг өгөхөөс гадна, өөрийн нэр төрөө худал гүтгэлгээс болоод сэвтээхгүйг зорилоо. Миний хувьд энэхүү асуудалд нэр дурдагдах шалтгаан, үндэслэл огт байхгүй гэдгийг дахин хэлье. Таны асуусан шиг үйл явдал болсон эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Намайг гүтгээд байгаа улсуудаас асуусан зөв байх. Яагаад миний нэрийг энэ асуудалд холбогдуулан зарлаад байгаа вэ гэж. Тэгэхэд тэдний зүгээс нэг л зүйлийг хэлдэг. Тэр нь бид хүн андуурсан байна гэдэг. Тэгэхээр иймэрхүү зохион байгуулалттай гүтгэлгийн ажлуудаа зогсоо. Түрүүн хэлсэн шүү дээ. Миний хувьд энэ уурхайн алдагдсан 49 хувийг олон жил хөөцөлдөж байж орон нутагт нь буцаах ажлыг хийж дуусгаснаар ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Харин дараагийн орон нутгийн удирдлагууд 2018 онд ИТХ-ын шийдвэр гаргаад дээрх уурхайг аймгийн өмчид авсан байдаг юм билээ. Ингэж өмчилснийхөө дараа тус уурхайн ТУЗ-ийг байгуулсан байх.

-“Андын илч” компанийн ТУЗ-ийн шинэ даргатай таныг холбоотой. Тэр дундаа таны сонгуулийн мөнгийг босгох ажлыг хийж байсан гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү. Үнэхээр та энэ уурхайгаас сонгуулийн мөнгөө босгож байсан уу?

-Миний хамгийн эгдүүцлийг хүргээд байгаа асуудал энэ. Би тэр 51 хувийг эзэмшигч Хятадын талыг ч танихгүй, мэдэхгүй. Юуны өмнө энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа. Энэ шалгалтаар бүх зүйл тодорхой гараад ирнэ. Өөрөөр хэлбэл миний нэр ямар ч холбогдолгүй гэдэг нь бодитой гараад ирнэ гэсэн үг. Тэр 51 хувийн хятад эзэд нь өмнө нь ямар ТУЗ-ийн даргыг томилж байсан, дараа нь хэнийг дарга болгосон гэдгийг би огт мэдэхгүй.

-Энэ уурхайн удирдлагуудын зүгээс яагаад таныг асуудлын ард нь байна гэж нэр зааж хэлээд байгаа юм бэ. Тэдний зорилгыг та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд уг уурхайн өмнөх гүйцэтгэх захирал гэх хятад эмэгтэйг цагдаад өгчихсөн байгаа. Би энэ уурхайн асуудлаар ямар нэгэн хүнтэй уулзаж, томилгооны тохироо ч гэдэг юм уу, хэн нэгний эрх ашгийн төлөө явж байсан удаа огт байхгүй. Энэ асуудал чинь тэгж яривал намайг ажлаа өгснөөс хойш хоёр ч Засаг даргын нүүр үзэж байгаа юм билээ. Тэгэхээр намайг хамаатуулж яриад байгааг би хувьдаа андуурал явагдсан болов уу гэж ойлгож байгаа. Түүнээс биш ямар ч ор үндэслэлгүй асуудалд миний нэр холбогдох учир байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ уурхайн 51 хувь Хилийн цэрэгт байхдаа гадаадын хөрөнгө оруулалт руу шилжчихсэн гэдэг. Улмаар 51 хувийн эзэд нь монгол нэртэй хятад захирлаа өөр нэг Хятад захирлаар сольсон юм шиг байна лээ. Ингээд солигдсон хоёр захирлын тэмцэл, маргаан л явагдаад байгаа болов уу. Энэ асуудлыг сүртэй болгож, улстөрч миний нэрийг холбогдуулж байгаад харамсаж байна.

-“Андын илч” компанийн гүйцэтгэх захирал асан Туяа гэх эмэгтэй таны талаар ноцтой зүйл ярьж байсан. Таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед орлогчоор ажиллаж байсан Лутбаяр гэх хүний нэр дээр уурхай байж. Энэ уурхайг хятадуудад өгөх асуудлыг таныг ярьсан гэж хэлж байна лээ. Энэ үнэн үү. Ийм зүйл үнэхээр болсон уу?

-Би дахиад хэлье. Миний хувьд 2008-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд надад болон надтай хамаарал бүхий хүмүүст ямар нэгэн уурхай огт байгаагүй. Тэр яригдаад байгаа Лутбаярт ч уурхай огт байхгүй. Лутбаяр гэх нөхөр ч миний орлогч хийж байгаагүй. Энэ хүн намайг ажил авахаас өмнө буюу 2004-2008 онд орлогч хийж байсан юм билээ. Би 2008 онд Засаг даргын албыг хүлээн авч хамгийн анхны захирамжаараа энэ Лутбаярыг чөлөөлж, орлогчоороо Хосбаярыг авсан байдаг. Хосбаяр бид хоёр найман жил хамт ажилласан түүхтэй. Тэгэхээр намайг Засаг дарга хийж байх үед Лутбаяр гэх хүн уурхайтай байсан, түүний ард намайг байсан гэдэг мэдээлэл бол ор үндэслэлгүй худлаа гэдэг нь үүнээс тодорхой болж байгаа биз. Энэ асуудлыг буруугаар тайлбарлаж, бодит үнэнээс зөрсөн мэдээллийг өгөөд байгаа тэр хятад эмэгтэй угтаа 2018 юм уу 2019 оны асуудлыг яриад байгаа болов уу.

-Энэ компанийн анхны ТУЗ 2018 онд байгуулагдсан гэлээ. Тэгвэл дараагийн ТУЗ-тай таныг холбож яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та өнөөгийн ТУЗ-тай холбоотой гэж үү?

-Одоогийн ТУЗ нь 2021 оны гуравдугаар сард байгуулагдсан юм билээ. Нэгдүгээрт, энэ ТУЗ ч бай өмнөх ТУЗ ч бай ялгаагүй, надтай холбоотой нэг ширхэг ч хүн эдгээр ТУЗ-уудад байхгүй. ТУЗ нь яаж байгуулагдсаныг ч би мэдэхгүй. Хоёрдугаарт, 2021 онд байгуулсан ТУЗ гэхээр тухайн жил чинь ковидтой байсан үе. Тэгэхээр огт ажиллаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар өгдөг. Миний хувьд орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд орон нутагт нь буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөр өдгөө хүртэл ямар ч холбоогүй.

Өөрөөр хэлбэл, тэр үеэс хойш одоог хүртэл ямар нэгэн хүнтэй уулзаагүй, ямар нэгэн гэмт бүлэглэлийг зохион байгуулаагүй, ямар нэгэн дарга, цэргийг томилох ажиллагаанд оролцоогүй. Өөртөө болоод бусдад ашигтай байдлаар шийдвэр гаргуулах гэж яваагүй. Хэн нэгэнтэй зочид буудалд нууц уулзалтууд хийгээгүй гэдгээ бардам хэлье. Хэрэв тэр үеэс хойш ямар нэгэн байдлаар хэн нэгтэй уулзаж, энэ уурхайн асуудлаар холбогдсон нэг ширхэг сэжим гарч ирдэг л юм бол би хувьдаа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байна гэдгээ хэлсэн шүү дээ. Гэвч надад миний явж ирсэн амьдралын түүхэнд тийм үйл явдал огт болоогүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Categories
мэдээ улс-төр

Д.Оргил: Намууд ардчилалтай, жендэрийн хариуцлагатай болж чадвал Монголын улс төр аяндаа төлөвшиж, цэвэршинэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд бол Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хууль. Өнгөрсөн даваа гаригт МАН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл танилцуулсан. Тэр дунд аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас доошгүй байлгах заалтыг ярьж байгаа юм. Шийдвэр гаргах түвшний тэгш оролцоо, тэгш төлөөллийн тухай ойлголттой хүмүүс энэ 30 хувь хангалтгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Энэ талаар улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.


-Монголын парламентын төлөөлөх чадварын талаар яриагаа эхлүүлье. Манай парламент нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангаж чадаж байна уу?

-Өчигдөр Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийсэн мэдээллийг үзлээ. УИХ-ын зарим гишүүдийн боловсруулж буй Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Засгийн газар 30 орчим санал өгч байгаагаас гурван саналыг онцлон танилцууллаа.

Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог тавь тавин хувийн холимог тогтолцоогоор явуулахдаа гурван хувийн босго давсан нам суудал авах боломжтой болох гэнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигчдийн хүйсийн квотыг 30 хувь байлгах, гуравдугаарт, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа тэнцүү буюу эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч ээлжлэн жагсах гэсэн утгатай саналыг Засгийн газрын зүгээс өгсөн талаар дурдлаа.

Эдгээр гурван санал гурвуулаа парламентын төлөөллийг хангахад маш чухал санал гэдгийг онцолмоор байна. Гурван хувийн босго гэдэг бол УИХ-д суудалгүй улс төрийн намууд УИХ-д орж ирэх боломжийг олгож, парламентат ёсонд олон ургальч үзлийг бэхжүүлэх, УИХ шийдвэр гаргахдаа хэлэлцэх, мэтгэлцэх, зөвшилцөх зарчмыг баримтлах бололцоог олгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Нэр дэвшигчдийн хүйсийн квот, намын жагсаалтаар нэр дэвшигчдийг хүйсийн хувьд нэг нэгийн харьцаагаар ээлжлэн байрлуулах зэрэг арга хэрэгсэл нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд хамгийн өндөр үр дүнтэй арга хэрэгслүүд гэдгийг дэлхий дахин туршлагаараа нотлон харуулсан байдаг. Засгийн газрын тус санал энэ хэвээрээ хуульд тусаж, батлагдвал ирэх сонгуульд хамгийн багадаа 20 эмэгтэй гишүүн сонгогдох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ 30 хувийн квот бол тааз биш босго гэдгийг ойлгох нь чухал. Мөн эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд тус квотыг өсгөх боломж бас бий.

-Тийм байна. Дахиад асуухад өнөөгийн УИХ нийгмийн төлөөллийг бүрэн хангасан гэж үзэж байна уу?

-Дэлхий нийтээр парламентыг нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр нийгмийн тусгал болсон бүх төлөөлөл бодитойгоор парламентад сууж, хамтдаа шийдвэр гаргаж байх ёстой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бид ярьж хэлэлцэж ирсэн шүү дээ. Энэхүү оролцох эрхийг хангах хамгийн гол платформ бол нам. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь төлөөллийн ардчиллыг сонгож, улс төрийн намаар дамжуулан ардчиллыг бэхжүүлсээр байна. Орчин үеийн ардчиллыг намгүйгээр төсөөлөх боломжгүй. Шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангах нь ардчиллын үндсэн шаардлага ч харамсалтай нь намууд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гаргахгүй байсаар удаж байна. Нас, хүйс, угсаатны төлөөлөл ч энд яригдана. Товчхондоо Монгол Улсын хүн ам 3.4 сая. Үүний 49 хувийг эрэгтэй, 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Харин парламентад эрэгтэйчүүдийн эзлэх хувь 83 хувьтай байна. Харин парламент иргэдийн төлөөллийг хангах, улс төрийн намууд төлөвшиж, бодлогын институц болоход чухал алхмууд одоо яригдаж буй улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиар зүгшрэх замдаа орно гэсэн хүлээлт улс төр судлаачид, сонирхогчдын дунд үүсээд байна.

-Төлөөлөл хангагдахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Мэдээж хамгийн том шалтгаан нь сонгуулийн тогтолцоо буюу тоглоомын дүрэм өөрөө төлөөллийг хангахад чиглээгүй. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь хамгийн эрх мэдэлтэй, мөнгөтэй, танигдсан хүнд л сонгогдох боломжийг олгодог. Ийм тогтолцоо нь нийгмийн бусад бүлгийн төлөөлөл буюу шинэ залуу улстөрч, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнх шийдвэр гаргалтад оролцох боломжийг хаадаг. Мөн Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилтийг ярих ёстой. Сонгуулийн зардал асар өндөр байна. Аль болох бага зардлаар, тэгш өрсөлдөх боломжийг олгох ёстой. Бид Сонгуулийн тухай хуулийг сонгууль болгоны өмнө өөрчилдөг мөртлөө Улс төрийн намын тухай хуулийг бараг өөрчлөөгүй буюу 2005 онд нэг л удаа шинэчлэн найруулсан. 2005 оноос уг хуулийг өөрчлөх ёстой гэж бүх түвшинд ярьдаг ч улстөрчид хойрго хандсаар ирсэн. Улстөрчид намын тухай хуулийг өөрчлөхөөс илүү сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж байнга ярьдаг. Гэтэл гол институт болох нам өөрчлөгдөхгүй, ил тод болохгүйгээр сонгуульд шударга өрсөлдөх боломжгүй шүү дээ. Манай улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангалттай хангаж чадахгүй байгаа. Нийгмийн төлөөллийг хангахад улс төрийн нам манлайлан ажиллах шаардлагатай. Тиймээс дээрх хуулиудыг нийгмийн хүлээлтэд нийцүүлж, улс төрийн зөвшилцөлд хүрч, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг бодитойгоор хангах боломжтой байдлаар өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой. 2012 онд бид 28, 48 харьцаатай холимог тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн. 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоход зарим эерэг үр дүн гарсан шүү дээ. УИХ-д анх удаа гурван намын бүлэг байгуулсан, УИХ-д хүчний тэнцвэр тогтсон, гурван намаас сонгогдсон эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулж тамхины хяналтын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх багц хууль зэргийг батлуулж чадсан. Одоо яригдаж буй тавь тавин хувийн харьцаатай сонгуулийн холимог тогтолцоо хуульд тусгагдаж батлагдвал УИХ төлөөллийг хангахад чиглэсэн маш том ахиц дэвшил болно.

-Энэ дээр квотын асуудал урган гарч ирж байна. Манай улстөрчид квотын ач холбогдлыг бүрэн мэддэггүй учраас зоригтой нэмдэггүй, багасгах бодлого баримталдаг гэж харагддаг?

-Би тантай санал нийлж байна. Шийдвэр гаргах түвшинд төлөөлөл тэгш бус, тэнцвэргүй байгаа учраас бид тэр байдлыг засахын тулд төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлэгт боломж олгох зорилгоор түр тусгай арга хэмжээ буюу квотыг ашигладаг. Дэлхийн жишиг ч мөн ийм. Гэтэл олон нийт ч, шийдвэр гаргагчид ч квотыг эмэгтэйчүүдэд л эрх мэдэл олгох зорилготой гэж харддаг нь учир дутагдалтай. Бид квотын төлөө өнгөрсөн 20 жилийн турш явж байна. Энэ түүх их адармаатай. 2005 онд Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байх квотыг баталсан. Харамсалтай нь үүнийг огт хэрэглээгүйгээр зогсохгүй, улстөрчид тэр тусмаа эрэгтэйчүүд 2007 оны 12 дугаар сард хуульд байсан энэ 30 хувийн квотыг цуцалж байхгүй болгосон. Олон улсын байгууллагууд, мэргэжилтнүүдийн шахалтаар 2011 оны 12 дугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуульд 20 хувийн квотыг арай гэж л оруулсан. Одоо энэ квот явсаар л байна. Гэхдээ бид дунд нь 30 болгоод дахин 20 хувь руу алдсан. 2016 оны тавдугаар сард сонгуулийн холимог тогтолцоог буцаан мажоритар болгохдоо 30 хувь байсан квотыг 20 хувь болгож бууруулсан түүхтэй. Бид зөвхөн хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг тэнцвэртэй болгох гэж ийнхүү адармаатай замыг туулсаар байна. Гэтэл энд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл огт яригдахгүй байгааг анзаарсан уу. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид олон улсад хүлээсэн амлалт, үүргээ биелүүлж чадахгүйгээр барахгүй дэлхий нийтийн үнэт зүйл, тогтвортой хөгжлийн үзэл санаанаас хоцорсоор л байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид 30 хувийн хүйсийн квотыг хуулиар баталж байсан ч хэзээ ч сонгуульд ашиглаж байгаагүй. Одоо яригдаж буй хуулийн төсөлд нэр дэвшигчдэд 30 хувийн хүйсийн квот, нэмэх нь намын нэрсийн жагсаалт 50:50 харьцаатай байхаар яригдаж байна. 30 хувийн хүйсийн квот нь одоогийн 20 хувийн квотоос хамаагүй дэвшилтэт боловч, төлөөллийг бүрэн хангахад хангалттай хувь хэмжээ биш.

-Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоороо дэлхийн дунджаас доогуурт эрэмбэлэгддэг. Хоёулаа энэ талаар бага зэрэг дэлгэрүүлж ярья…?

-Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын цаад утга агуулга нь эмэгтэйчүүдийн албан тушаалд томилуулах гээд байгаа асуудал огт биш. Харин өндөр боловсролтой, дундаж наслалт өндөртэй эмэгтэйчүүдийнхээ потенциал, нөөц чадварыг бид ашиглах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь өөрөө хамгийн том асуудал. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд талаас илүү хувийг бүрдүүлэгч нийгмийн том бүлгээ шийдвэр гаргалтад оролцуулахгүй байх нь өөрөө ямар асуудлыг дагуулахыг хүн бүр дотроо тунгааж бодож үзээсэй гэж хүсэж байна.

-Өнөөгийн улс төрийг харж байхад эмэгтэй гишүүддээ илүү хатуурхсан шинжтэй байх юм. Улс төр судлаач хүний хувьд энэхүү асуудал цаашид цэгцэрнэ гэж харж байна уу?

-Одоо эмэгтэйчүүд УИХ-д 17.1 хувийг эзэлж байна. Орон нутаг өөрөө удирдах байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 27.1 хувьтай байна. Мөн улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зориг хангалтгүй байна. Намын удирдлагууд нь манай эмэгтэйчүүд өөрсдөө дэвшдэггүй шүү дээ гэдэг. Гэтэл манай улс төр хэтэрхий эрсдэлтэй. Асар их хөрөнгө зарцуулахаас гадна эмэгтэй хүнийх нь хувиар гутаан доромжлох асуудлуудтай нүүр тулдаг. Миний харж байгаагаар эмэгтэйчүүд эрсдэлтэй шийдвэр гаргахаас татгалздаг. Учир нь тэд бүх зүйлийг тооцоолдог учир шударга бус тоглоомд оролцохоос татгалздаг. Улс төрд бэлтгэгдсэн маш олон эмэгтэйчүүд байна. Тэд тоглоомын дүрэм шударга байхыг л шаардаж байна. Мөн намын дотоод соёл эмэгтэйчүүдэд ээлгүй байдаг. ХЭҮК-ын 2022 оны Хүний эрхийн тайланд эмэгтэй нэр дэвшигчдэд намын эрэгтэй удирдлагууд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлдэг тухай дурдсан байгаа. Энэ мэт нүдэнд харагдах хийгээд харагдахгүй маш олон асуудлыг эмэгтэйчүүд даван туулж улс төрд өрсөлдөх шаардлагатай болдог. Үүнийг л бид квотоор шийдэх ёстой гэдэг дээр санал нэгдэх ёстой юм.

-Бодитой санал шийдлүүд юу байна. Улс төрийн намын тухай хуульд нэлээд дэвшилттэй заалтууд яригдаж байгаа юм билээ?

-Бидний санал болгож байгаа санал, шийдлүүд одоо боловсруулагдаад байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр нэлээд тусгагдсан байна лээ. Харин энэ хэвээрээ батлагдахыг л бүх нийтээрээ хүлээж байна. Нэгдүгээрт, улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Харин яаж санхүүжүүлэх ёстой вэ гэдэг дээр цоо шинэ шинэчлэл хийх ёстой. Бид уг санхүүжилтээр нам төлөвших боломж бүрдэнэ гэж харж байгаа. Улс төрийн намд олгох төрийн санхүүжилтийн механизмаар дамжуулан улс төрийн намын санхүүжилт ил тод, нээлттэй, шилэн байх боломж бүрдэх юм. Мөн тус санхүүжилт юунд зарцуулагдах, юунд зарцуулагдаж болохгүй байх, хэрхэн тайлагнах зэрэг үйл явцыг маш нарийн зохицуулж, иргэдийн хяналт тавих бололцоог хангаж өгснөөр улс төрийн намын санхүүжилт ил тод болох учиртай. Энэ бол том шинэчлэл. Намууд квотоос илүү эмэгтэй нэр дэвшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгох зэргээр дэвшилттэй зүйлүүд нэлээд багтсан байгаа харагдсан. Хэрвээ бид улс төрийн намуудын дотоод соёлыг өөрчилж, дотоод ардчилалтай, жендэрийн хариуцлагатай нам болгож чадах юм бол Монголын улс төр аяндаа төлөвшиж, цэвэр болж эхэлнэ.

-Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт хэр бодитой болох бол?

-Монгол Улс хамгийн тогтворгүй сонгуулийн тогтолцоог хэрэглэж байгаа улсуудын тоонд орж байна. Манай сонгуулийн тогтолцоо сонгууль болгоны өмнө өөрчлөгдөж байсан түүхтэй. Хуулийг цаг хугацааны шахаанд оруулж, хэлэлцэх боломжгүйгээр өөрсдөдөө ашигтайгаар өөрчилдөг. Ийм практик Монголын улс төрд байна. Харин энэ удаад бүх нийтээрээ хэлэлцэж, бүх нийтэд ашигтайгаар батална гэдэгт итгэж байна. Ийм нийгмийн шаардлага өндөр байгааг олон удаагийн жагсаал цуглаан харууллаа. Мөн улс төрийн намуудад ч гэсэн улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, намын төлөвшлийн асуудлыг нухацтай авч үзэх улс төрийн хүсэл зориг байгаа нь анзаарагдаж байна. Хэрэв бид сонгуулиа холимог тогтолцоогоор явуулах юм бол намын нэрсийн жагсаалтад орох хүмүүсийн хүйсийн харьцааг Засгийн газрын саналын дагуу дэлхийн жишгээр эр, эм нэр дэвшигч намын жагсаалтад солбин байршихаар хийж чадвал жинхэнэ утгаараа реформ хийж чадна. Олон нийт тогтолцооны өөрчлөлтийг нэхэж өвлийн хүйтэнд зөндөө жагссан. Тэгвэл тэр өөрчлөлт тэгш оролцоог хангаж, улс төрийн санхүүжилтийг ил тод болгож, сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөллийг хангаснаар эхлэх учиртай. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд, хүлээлт үүсгээд буй улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд чухал үүрэгтэй тул судлаачид анхааралтай ажиглаж байна.

Categories
мэдээ улс-төр

Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ! DNN.mn

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэхүү чуулганаар шийднэ. Нэр дурдагдсан дээрх гишүүдийн дотор Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн байгаа нь сонин. Хэрэв энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл Өмнөговийн 73 мянган иргэдийн төлөөлөл парламентад үгүй болно гэсэн үг. Нөхөн сонгууль явагдах боломжтой боловч ээлжит сонгууль хаяанд ирчихсэн учир бүтэн жил гаруй хугацаанд төлөөлөлгүй болох магадлал өндөр.

Төлөөлөлгүй болно гэхээр Өмнөговьд хэрэгжих олон төсөл хөтөлбөр гацна, бүтээн байгуулалтууд зогсоно, орон нутгийн иргэдийн эрх ашиг хаагдана гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр яагаад энэ аймгийн хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа вэ гэдэг нь сонин.

Нүүрс экспортолдог, олборлодог, нүүрсний уурхайтай учраас тус аймгаас сонгогдсон гишүүд нь хулгайч гэж үү. Тэрэн дээрээ тулбал хулгайч өөрөөсөө хулгай хийх үү. Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүнийг анх улс төрд орсноос нь хойш өдийг хүртэл янз бүрээр бичиж, гүтгэж, харлуулж ирсэн. Тэр утгаараа түүний хийсэн, бүтээснийг орон нутгийн иргэдээс бусад нь бараг мартаж. Монгол Улсын эдийн засаг өдий зэрэгтэй байгаагийн нэг тулгуур нь нүүрс. Нүүрсний экспорт нэмэгдэх тусам улсын эдийн засаг өснө. Улсын эдийн засаг өсөх тусам ард түмний амьдрал сайжирна. Товчхондоо энэ шүү дээ. Тэгвэл тэрхүү нүүрсний экспортыг эхлүүлж, анхны шанг татсан нөхөр нь Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүн. Үүнийг хүн ер нь мэддэг болов уу. Хоёр мянгаад оны эхээр Монгол Улсад нүүрсний экспорт хийдэг ганцхан компани байсан нь “Пүүшин” гэх 100 хувь хятад ажилчидтай, хятад компани байв. Үнэндээ бид нүүрсээ олборлож, гадагшаа экспортлох нь битгий хэл 100 тонны даацтай “Шланз” гэх машиныг хараад нүд нь орой дээрээ гартлаа ангайдаг үе байлаа шүү дээ. Тухайн үед аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс тус компанийг Монгол, тэр дундаа Цогтцэций сумын иргэдийг ажилд авахыг шаардахад, “Танай иргэд том машин барьж чадахгүй учир ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгч ганц нэг хүнийг хашааны манаач, харуулаар ажилд авч нойлын цаас, хог хаягдлаа түүлгэдэг. Тэр ч бүү хэл аймаг, сумын дарга нарыг хашаандаа оруулдаггүй, гаднаас нь явуулдаг байсан гэдэг. Тухайн үед буюу 2004 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д Өмнөговь аймгаас сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө, хятадуудын чадаж байгаа ажлыг монголчууд тэр дундаа өмнөговьчууд чадах учиртай хэмээн 30 сая ам.долларын хөрөнгөөр уурхайн олборлолтын том техник, тээврийн шланз машиныг оруулж ирж үндэсний тээврийн “Таван толгой транс” компанийг байгуулсан түүхтэй. Машин техник оруулж ирэх нэг хэрэг, түүнийг монгол залуус эзэмшинэ гэдэг амаргүй ажил байсан гэдэг. Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэдэд том тэрэг барьж сургах ажлыг зохион байгуулан монгол жолооч нарын анхны цуваа нүүрс тээвэрлэж эхэлж байжээ. Ийнхүү Монгол Улсад нүүрс тээврийн шинэ бизнес эхэлж, нүүрс тээврийн жолооч гэсэн шинэ мэргэшил бий болж, нүүрс тээврийн эхлэл тавигдсан нь үнэн. Товчхондоо түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна. Энэ худлаа биш. Энэ бол өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн түүх. Тэр утгаараа нүүрсний экспортын анхны шанг татсан Ажнай Д.Бат-Эрдэнийг алдаршуулах ёстой. Монгол хүн анх сансарт ниссэн шиг л… Гавьяа шагналыг нь байг гэхэд гай болгондоо нэрийг нь холбож зүхдэгийн учир нь юу вэ. Тэр говийн хүн. Угтаа говийн хүний тэвчээр, хүн чанарын мөсөөрөө өөр рүү нь мөндөр мэт чиглэсэн гүтгэлэг бүхнийг тэвчиж ирсэн нь тодорхой. Түүнийг прокуророос гурван үндэслэлээр нэр холбогдуулан яллагдагчаар татсан. Тэрхүү гурван үндэслэл нь үнэхээр энгийн агаад инээдтэй. Яаж хүнийг ингэж ялладаг байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Ингэж байгаа юм. Нэгдүгээрт, “Таван толгой” ХК болон “Таван толгой транс” компанийн хоорондын өр авлагын хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа. Угтаа Д.Бат-Эрдэнэ гишүүн нь орон нутгийн гэгдэх Таван толгой хувьцаат компанийн 19 хувийг эзэмшдэг нь үнэн. Тус компанийн 51 хувийг аймгийн ИТХ, 49 хувийг бусад хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг. Улмаар 51 хувийнхан таван хүн, 49 хувийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг бүрдүүлдэг. Тэр утгаараа тус компаниас гарч буй томооохон шийдвэрийг ТУЗ гаргана гэсэн үг. Тиймээс хоёр компанийн дундах өр, авлагын асуудал байгаа бол үүнийг гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь шийдэж явдаг нь ойлгомжтой. Түүнээс биш Д.Бат-Эрдэнэ асуудлыг нь шийдсэн гэдэг нь үндэслэлгүй болж байгаа юм. Хоёр дахь үндэслэл нь Д.Бат-Эрдэнийг Шүрэнхишиг, Сэддорж нартай гэмт бүлэглэл буюу мафи болж, ногдол ашгийг илүү авсан гэх. Үүнээс та нэг үгийг сайн хараарай. Мафи болж ажилласан гэж байгаа. Мафи гэдэг чинь хууль үйлчилдэггүй, өөрсдөө үзэгддэггүй зохион байгуулалттай гэмт байгууллага биш юм уу. Үүнээс харвал мафи гэх сүржин үгийг үндэслэлдээ оруулж, нийгмээр яллуулах гэсэн явцгүй улс төр гэж ойлгогдохоор.

Анхны Монгол жолоочдын нүүрс тээврийн цуваа. 2005 он

Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийддэг. Хөрөнгийн бирж хянадаг. Таван толгой хувьцаат компани хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани. Тэр утгаараа хувьцаа, ногдол ашигтай холбоотой бүх үйл ажиллагааг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор явуулдаг. Нээлттэй хувьцаат компаний хувьд ногдол ашгийг гүйцэтгэх захирал, нягтлан, нэг, хоёр хувьцаа эзэмшигч нар тохиролцон илүү дутуу хуваарилах боломжгүй. Товчхондоо нэг хувьцаа эзэмшигчийн нөлөө, компанийн гүйцэтгэх захирал, нягтлан нарын оролцоо байх боломжгүй. Тус компанийн санхүүгээс хувьцаа эзэмшигч Бат-Эрдэнийн тухайн жилийн ногдол ашгийг шилжүүлэхдээ түүний гэр бүлийн хувьцааны ногдол ашгийг Бат-Эрдэнийн харилцах данс руу хамтад нь шилжүүлсэн нь хувьцааны ногдол ашиг илүү авсан гэх хардлагыг төрүүлсэн бололтой. Нөгөөтэйгүүр Д.Бат-Эрдэнэ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нэлээн хэдэн компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Түүний нэг нь Капитрон банк. Д.Бат-Эрдэнийн хувьд орон нутгийн Таван толгой хувьцаат компаниас өөрийн хувьцаанд ногдож ирсэн ногдол ашгаар Капитрон банкны дүрмийн санг өсгөснийг тус банкаар дамжуулж мөнгө угаасан хэрэг үүсгэжээ гэх. Ямар ч бизнесмэн нэг бизнесийнхээ ашгаар нөгөө бизнесээ өргөжүүлдэг. Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Таван толгой” ХК-аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.

Эцэст нь Таван толгой орд, Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК-уудыг андуурч төөрч будилаад байгаа хүмүүст багахан тайлбар мэдээлэл хэлье. Монгол Улсад ашиглалтын “улаан” лиценз 1000 гаруй байдаг. Таван толгой орд газарт Төрийн өмчит Эрдэнэс Таван толгой ХК 68468 га буюу бүлэг ордын 90 хувь, хувийн өмчит Энержи Ресурс ХХК 2960 га буюу бүлэг ордын найман хувь, хувийн өмчит Хангад эксплорэйшн ХХК 12821 га, хувийн өмчит Аурум Ауруг ХХК 36390 га, орон нутгийн өмчит Таван толгой ХК 276 га буюу Таван толгой бүлэг ордын хоёр хувийн талбайг тус тус эзэмшиж олборлолт явуулдаг. Мөн орон нутгийн өмчит Таван толгой уурхайн бүлэг ордын нийт талбайн хоёрхон хувь буюу 276 га талбайд үйл ажиллагаа явуулж жил бүр өндөр ашигтай ажиллаж, жилдээ 70-100 тэрбум төгрөгийн татвар төлдөг төдийгүй өнгөрсөн хугацаанд 568 тэрбум ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгодог Монгол Улсын топ аж ахуйн нэгжийн нэг. Тус компани 2022 онд 290 гаруй төгрөгийн ашигтай ажиллаж түүнээс 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах талаар мэдээлэл гарч байна. Үүний 51 хувь буюу 73.4 тэрбум төгрөг Өмнөговийнхоо төсөвт орж, Өмнөговьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэнэ. Жил бүр л тодорхой ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилдаг. Ганцхан Таван толгой ХК-ийг биш бусад Төрийн болон хувийн өмчит компаниудыг ямар ашигтай ажиллаж байгаа, ямар татвар төлж байгааг илүү анхааралтай ажиглах хэрэгтэй. Эцэст нь энэ мэт үндэслэлээр Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үнэхээр байгаа юу. Улс төрийн зорилготой энэ мэт хэргээс болж парламентын дархлаа, чадавх улам л суларч байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн мэддэг үү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Наранбаатар: Намайг хэлмэгдүүлэх нөхцөл бүрдчихсэн байна гэх болгоомжлол төрсөн учраас л бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя гэж байгаа юм DNN.mn

УИХ-ын нэр бүхий гишүүдийг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан хууль, хяналтын байгууллагаас шалгаж буй. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү саналыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Тиймээс прокуророос нэр нь орж ирсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний хэрэгт холбоотой улстөрчдийн дунд таны ч нэр явж байх юм. Та үнэхээр энэ хэрэгт холбоотой юм уу. Яг яагаад нүүрсний гэх хэрэгтэй нэр холбогдчихсон юм бэ?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрсний хэрэгт холбогдолтой улстөрчдийг зарласан. Ингэж зарлахдаа надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Өөрөөр хэлбэл таныг бид ийм хэрэгт холбогдуулан ингэж шалгаж байгаа шүү гээд нэг удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Байцаалт авъя гэж дуудаагүй. Гэнэт нэг өдөр л шууд нийгэмд миний нэрийг зарласан. Хууль хяналтын байгууллагын энэхүү үйлдлийг миний хувьд тодорхой хүний эрхийн чигтэй хуулиудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Шалгаагүй, дуудаагүй, нэг ч мэдүүлэг, байцаалт аваагүй байж гэнэт нэг өдөр шууд нэрийг нь олон нийтэд зарлана гэдэг бол байж боломгүй том алдаа. Угтаа нэг удаа дуудаад гэрчээр мэдүүлэг авсан эсвэл яллагдагчаар татсан, бүр шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдолтой гэж үзэж байгаа үйл явцын дунд ингэж нэр зарлаж болох л байх. Гэхдээ огт тийм зүйл болоогүй байхад шууд нэрийг нь зарлана гэдэг бол цаана нь том сонирхол байна уу гэж хардаж байгаа.

-Таны нэрийг шууд зарласныг та хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм уу?

-Ингэснийх нь цаад зорилго бол тодорхой харагдаж байгаа юм.

Юу гэхээр эхлээд Н.Наранбаатар гэх нөхрийг нийгэмд нэрийг нь цоллоод олон нийтээр яллуулчихъя. Дараа нь хэрэгт холбогдуулаад шалгачихаж болох байлгүй гэсэн зохион байгуулалттай хууль бус ажиллагаа явагдсан гэж харж байгаа. Тэр дундаа олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, нийгмийн томоохон жагсаал цуглааны үеэр зарлаж байгаа нь миний хардах үндэслэл болж байгаа юм. Тодорхой биз дээ. Тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгалыг намжаахын тулд л бидний нэрийг зарласан шүү дээ. Энэ бол нэг талдаа хүний эрхэнд ноцтой халдаж байгаа үйлдэл.

Ингээд нийгмийн анхаарал энэ хэрэгт тэр дундаа ямар улстөрчид холбогдох бол гэсэн гал дунд намайг шууд шидсэн. Тэр утгаараа буруу ч зөв ч улстөрч гэдэг утгаараа олон нийт шууд л хулгайч гэж үзэх нь тодорхой. Цаг үеийг нь олж, улс төрийн зорилгоо биелүүлж чадсан. Өөрөөр хэлбэл эхлээд нийгмээр биднийг яллуулсан. Энэ зорилго нь амжилттай болсон. Одоо нийгэмд намайг нүүрсний хулгайч л гэж ойлгож байгаа. Энэ зорилгодоо хүрснийхээ дараа намайг шалгаж эхэлсэн байдаг.

-Одоогийн байдлаар танаас хэдэн удаа мэдүүлэг аваад байна вэ. Та дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч байгаа юу?

-Мөрдөн байцаах ажиллагаанд миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэдэг утгаараа огт саад болоогүй. Дуудсан цагт нь очиж, холбогдох мэдээлэл, мэдүүлгийг өгч байгаа. Өнгөрсөн арванхоёрудугаар сард надаас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан. Харин Цагаан сарын дараа таныг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой ирж танилц гэсэн. Улмаар тэрхүү яллагдагчаар татсан тогтоолыг нь харахад ямар ч үндэслэлгүй тодорхойлолтууд байсан.

-Үндэслэлгүй баримтуудаар яллагдагчаар татсан гэлээ. Яг ямар зүйлээр татаад байгааг та тодорхой хэлж өгч болох уу. Энэ нь эсвэл мөрдөн байцаалтын нууц уу?

-Яллагдагчаар татагдсан иргэн мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй гэсэн үүргийг хүлээж гарын үсгээ зурдаг. Тиймээс тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй.

-Таны хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ. Тэр утгаараа таныг энэ хэрэгтэй холбоотой гэж үзээд байна уу?

-Миний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Өнөөдөр шуугиад буй нүүрсний хулгайн хэрэг яг тэр үетэй давхцаж яригддаг. Энэ нүүрсний хулгай гэдэг зүйл Таван толгойн орд, Гашуунсухайтын хилийн боомтод гарсан асуудал байх. Үүнтэй аймгийн Засаг дарга холбогдох ямар ч боломж байхгүй. Засаг даргын ажил гэдэг бол хуулиараа эрх үүрэг нь заагдчихсан албан тушаал. Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлдэг л хүн. Төрийн ямар нэгэн яам, агентлагийн хүнтэй шууд харилцаад явах боломжгүй. Төрийн өмчит компаниудын болоод хил, боомтууд дээр шууд үйл ажиллагаа, бодлого гаргаад яваад байх боломжгүй. Тэр утгаараа нүүрсний хулгай гарсан гэх Эрдэнэс таван толгой компани бол зуун хувь төрийн мэдлийнх. Дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ТУЗ нь явдаг, гүйцэтгэх удирдлага нь байдаг зүйл. Оффис, ажлын байр гээд бүх зүйл нь Улаанбаатар хотод байдаг. Тиймээс үүнд хаа байсан Өмнөговь аймгийн Засаг дарга оролцоод явах ямар ч боломж байхгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр хил дээр ажиллаж байгаа газрууд байна. Тэр нь Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гааль, Тагнуул, Цагдаа, Авто тээвэр гэсэн босоо удирдлагатай байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын удирдлагуудын нэгийг ч аймгийн Засаг дарга томилдоггүй. Тэр утгаараа хил гаалиар хулгайн нүүрс нэвтэрч байна уу, үгүй юу гэдгийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс Засаг даргын ажил хийж байсан гээд нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй шүү дээ.

-Таны хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа холбогдох байгууллагуудын удирдлагуудыг томилдоггүй байсан учраас энэхүү хэрэгт холбогдолгүй гэж байна. Нөгөөтэйгүүр оффтэйк гэрээгээр дамжуулан нүүрсний хулгай явагдсан гэж үзээд байгаа. Үүнд та ямар нэгэн байдлаар оролцоотой юу?

-Үүнд бас л миний оролцоо гэж юу байх билээ дээ. Оффтэйк гэрээ гэж маш өндөр дүнтэй гэрээнүүд байгуулагдсаныг мэдэж байгаа. Нийтдээ есөн гэрээ байгуулагдсан гэж ойлгож байгаа. Эдгээр гэрээ хэзээ яаж байгуулагдсан, ямар үнэ өртгөөр хийгдсэнийг аймгийн Засаг дарга мэдэх боломжгүй. Үүнийг нууцын зэрэгт авчихсан байсан. Нөгөөтэйгүүр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг аймаг, орон нутаг өөрөө удирдаж зохион байгуулсан зүйл байхгүй. Энэхүү том бүтээн байгуулалт хийгдэж байхад орон нутгийн зүгээс иргэд, малчдынхаа амьдрах орчин нөхцөл ямар байна, тэр чигийн ажлуудаа л зохицуулаад явж байсан. Миний хувьд тэр нүүрсний гэрээ яаж хийгддэг, хэн нь зөвшөөрснөөр хийдэг юм гэдгийг огт мэдэхгүй ээ. Мэдэх ч сөхөөгүй, орон нутгийнхаа ажилд л анхаарсан. Нөгөөтэйгүүр манай аймагт олон аж ахуйн нэгж уул, уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс болж аймаг, орон нутгийн байгалийн сүйрэл явагдаж байгаа нь үнэн. Хөрш, шороо шимгүй болсон, ус татарсан, цөлжилт гамшгийн хэмжээнд хүрсэн гээд байгаль, экологийн асуудлууд үнэхээр санаа зовох асуудал болсон. Тэр утгаараа миний хувьд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудад Засаг даргын хувиар маш их шаардлага тавьж ажилладаг байсан.

-Засаг дарга байхдаа уул, уурхайн компаниудад өндөр шаардлага тавьж ажилладаг байсан гэж байна. Эдгээр компаниудын цаадах эзэд нь одоо тан дээр улс төрийн тоглолт хийгээд байгаа юм биш үү. Та асуудлыг энэ өнцгөөр нь харж байгаа юу?

-Миний хувьд энэ асуудлыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн байдлаар тэдгээр компаниудын эзэд намайг харлуулъя гээд зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байгааг худлаа гэж хэлэхгүй. Бусдаар бол ямар нэгэн намайг харлуулах сонирхолтой бүлэг байхгүй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нам талаасаа гэдэг юм уу, улс талаасаа тийм зүйл байхгүй. Зарим хүмүүс асуудаг. Тан дээр улс төр хийгдээд байгаа нь тойргийн зодоон хүчтэй явагдаад байгаагийн илрэл биш юм уу гэж. Би бол тэгж бодохгүй байгаа. Учир нь 2020 онд УИХ-д нэр дэвшиж өрсөлдөхөд нам дотроо битгий хэл өрөөлийн намаас ч намайг дайрсан зүйл огт ажиглагдаагүй. Тиймээс улс төр талаасаа ямар нэгэн явуулга байхгүй болов уу гэж хараад байгаа. Манай аймгийн хувьд ч улс төрийн асуудал бусдаасаа харьцангуй тайван явагддаг газар шүү дээ. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг зарим нэг хариуцлагагүй уул уурхайн компаниудын зүгээс намайг харлуулах, улс төрийн захиалгаар татаж унагаах үйлдлүүд хийж байж болзошгүй.

-Жагсаалын үеэр олон нийтэд нэрийг минь зарласан гэж байна. Тухайн үед танай намаас тантай хамт таван гишүүний нэрийг АТГ-аас зарласан байдаг. Гэтэл өнөөдөр прокуророос орж ирж байгаа нь таны нэр л байна. Нөгөө дөрвөн гишүүний нэр яагаад орж ирсэнгүй вэ. Үнэхээр тэд буруугүй та буруутай болж таарч байна уу?

-Би өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгээ маш сайн мэдэж байна. Бусад гишүүдийн асуудлыг би яаж мэдэх билээ. Хуулийн байгууллагууд нь шалгаад зарим гишүүдийг холбогдолгүй гэсэн байна лээ. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед миний нэрийг яагаад зарласныг та асуусан. Магадгүй надад муу санасан, өмнө нь таарамжгүй харьцаатай байсан хүмүүсийн зүгээс мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа дандаа аймгийнхаа төлөө, орон нутаг, иргэдийнхээ төлөө л ажилладаг байсан. Хувь хүн талаасаа тэднээс ямар нэгэн зүйл шаардаж, шахалт үзүүлсэн үйлдэл огт гаргаж байгаагүй.

-Таны хувьд асуудал маргааш, нөгөөдрийн чуулганаар яригдана. Тэр утгаараа гишүүдийн олонх таныг түдгэлзэх шаардлагатай гэж үзвэл яах вэ?

-Мэдээж олонхын шийдвэрээр л явах байх. Гэхдээ миний хувьд үнэхээр түдгэлзэх шаардлагатай байна уу гэдэг нь эргэлзээтэй. Би түдгэлзэхгүйгээр шалгуулчихъя л гэж байгаа. Ямар нэгэн байдлаар гишүүний дархан эрхийн дор нуугдаад бусдын үйл ажиллагаанд саад үзүүлээд байсан зүйл үгүй. Хууль хяналтын байгууллагуудын дуудсан цагт нь очоод мэдүүлэг юмнуудаа өгөөд явж л байна. Угаасаа миний хувьд ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй, буруу зүйл хийгээгүй учраас нууж хаах, шалгуулахгүй байх зүйл огт алга. Бүх зүйл нээлттэй. Бүгдийг нь шалгаж болно. Бусад гишүүдийн хувьд асуудлаа бүрэн эрхтэйгээ шалгуулаад л явж байна. Болохгүй ч юм алга. Тэр утгаараа гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхгүйгээр шалгуулахад миний зүгээс ямар ч саад гарч ирэхгүй гэдгийг хэлмээр байна.

-Яагаад та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчихаж болохгүй гэж…?

-Миний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл намайг сонгосон 72 мянган иргэний төлөөлөл УИХ-д алга болно. Өөрөөр хэлбэл Өмнөговийн 72 мянган иргэний төлөөлөл байхгүй болно гэсэн үг. Эдгээр иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд төлөөллөө явуулсан. Гэтэл ингээд түдгэлзүүлчихээр эдгээр иргэдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах вэ. Нөгөөтэйгүүр шуудхан хэлэхэд эдгээр 72 мянган иргэний сонгох эрхийг ямар нэгэн байдлаар няцаачихаж байна шүү дээ. Тэр дундаа Өмнөговиос сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнийг явуулах гэж байна. Дараагийн сонгууль болоход жил гаруйн хугацаа л үлдлээ. Миний хувьд гишүүн болсон цагаасаа эхлээд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн бодитой ажлууд цөөнгүй бий. Хийж хэрэгжүүлж эхэлчихсэн төслүүд ч их байна. Цаашид говийн бүсийн байгаль, экологийн асуудал, ус, цөлжилтийн асуудлаар чанга дуугарч ажиллахгүй бол болохгүй байна. Нөгөөтэйгүүр гишүүний бүрэн эрхээр дамжаад УИХ, парламентын бүрэн эрх, халдашгүй байдал яригддаг. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол халдашгүй байх ёстой. Тэр утгаараа нэг гишүүнийг хамгаалаад байгаа асуудал огт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдхэн гишүүдээсээ хоёр гурваар нь мултлаад байвал цаашид энэ УИХ чадамжгүй болно. Тиймээс миний асуудлыг заавал гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой л гэж харж байгаа.

-Та хэдийн зүгээс жинхэнэ хулгайчдыг зарлаач гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Тэр утгаараа жинхэнэ хулгайчид зарлагдахгүйгээр өмнөөсөө таныг болоод бусдыг түлхэж байна уу?

-Магадгүй. Жинхэнэ хулгайчдыг зарла гээд байгаа. Миний хувьд Өмнөговийн Засаг даргын ажил хийж байснаараа л зарлагдсан, энэ хэрэгт холбогдсон. Өмнөговьд би төрснөөрөө л зарлагдсан. Бусдаар бол өөр аймгийн Засаг дарга байсан бол намайг хэзээ ч зарлахгүй. Жинхэнэ хулгайчид гэж байна. Жинхэнэ хулгайн гэрээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хийгдэхгүй. Том, том хулгай, луйврын гэрээнүүд Улаанбаатарт л хийгддэг. Түүнээс биш Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс таван толгой компанийн захирлын өрөөнд энэ гэрээнүүд чинь хийгдээгүй шүү дээ. Тэр гэрээг аймгийн Засаг дарга үүрэг өгөөд хийчихдэг ч зүйл биш. Аймгийн Засаг дарга зохицуулаад тэр олон босоо удирдлагатай хил гаалийн байгууллагуудын хяналтаас гадуур нүүрсний хулгай хийж явдаг гэж ер нь юу байсан юм бэ. Нэг ёсондоо нүүрсний хэрэгт миний нэр холбогдсон асуудал бол жинхэнэ хулгайчид нь үлдээд, мань мэтээр туг тахиж, золиосонд гаргаж байгаа л улс төрийн нэг үзэгдэл. Гэхдээ энэ асуудлын үнэн зөв нь ялгарна. Арай ч дээ, намайг ингээд хэлмэгдүүлчихгүй байлгүй дээ. Жинхэнэ хулгайчдыг олж чаддаггүй юм гэхэд надад холбогдсон үндэслэлгүй хэргийн буруу, зөв нь ялгарах байлгүй дээ. Асуудал бол тодорхой байгаа. Гэрээнд гарын үсэг зурсан нь хэн юм. Тэр байгуулсан улсууд нь одоо ч хараад байж л байна. Тэд бидний өмнөөс энэ нэг нөхөр золиос болоод явчихаасай гэж бодоод сууж л байгаа.

-Нам дотроо энэ асуудлаа та ярьсан уу. Намынхаа даргатай уулзсан уу. Таны асуудалд ямар хандлагатай байх шиг байна вэ?

-Нэр дуудуулснаасаа хойш нэг ч уулзаагүй байж байгаад сая чуулган эхлэхэд намынхаа даргатай уулзсан. Уулзаад намайг ийм, ийм байдлаар ингэж татаж байна гэдгээ хэлсэн. Намын удирдлагуудын хувьд асуудал нь хууль хяналтын байгууллагаар тодорхой болно биз дээ л гэдэг зүйлийг хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Нөгөөтэйгүүр миний хувьд намынхаа удирдлагуудтай болоод намын нөхөдтэйгөө муудсан, сайндсан зүйл огт байхгүй. Нам дотор янз бүрийн тэрс үзэл гаргаад бүлэг фракц байгуулаад явсан зүйл байхгүй. Намын бодлого, Засгийн газрын бодлогыг дэмжээд л явдаг.

-Та бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулчих хүсэлтэй байгаа юм байна. Нөгөөтэйгүүр таны хэлснээр үнэхээр таныг ингэж гүтгэж өдгөө бүр яллагдагчаар татсан үйлдэл нь зохион байгуулалтай, хэн нэгний захиалгатай зүйл бол яах вэ. Гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуулчихвал зохиомол хэрэгт хэлмэгдүүлчихнэ гэсэн болгоомжлол танд байна уу?

-Яг энэ чигийн болгоомжлол надад байгаа учраас л би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулъя л гээд байгаа юм. Нөгөө хүн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг шүү дээ. Өргөдлөө өгөөд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах сонголт надад байгаа. Гэтэл намайг хэлмэгдүүлбэл яах вэ. Энэ хулгайн хэрэг асар том мөнгөн дүнгээр зохион байгуулагдчихаад байна. Тэр утгаараа өмнөөсөө хүн явуулах, хэлмэгдүүлэх байдал байж болзошгүй гэдэг болгоомжлол төрж эхэлсэн. Анх миний нэрийг зарласнаас хойш л надад тийм бодол төрж эхэлсэн. Юм гэдэг үнэхээр шударгаар явдаг байсан бол намайг ингэж яллагдагчаар татахгүй л байсан шүү дээ. Тэгэхээр эхлээд надаас нэг ч мэдүүлэг, нэг ч тайлбар аваагүй гэнэт миний нэрийг олон нийтэд зарласан. Ингээд нийгмээр намайг яллуулсан. Дараа нь бас л гэнэт яллагдагчаар татсан. Тиймээс явж ирсэн энэ процессыг харахад намайг хэлмэгдүүлэх нөхцөл байдал бүрэлдчихсэн юм биш байгаа гэсэн болгоомжлол төрж эхэлсэн. Бусдаар бол хэрэг хийгээгүй нь үнэн юм чинь өргөдлөө өгөөд шалгуулчихад асуудал алга байна шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Бямбахорлоо: ТӨХК-уудын нийт хөрөнгө 53 их наяд атлаа 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна DNN.mn

СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой төрийн өмчит компаниудын үр ашгийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцаа.


-Төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж байгаа талаар таныг судалгаа хийж байгаа гэж сонссон. Яг ямар судалгаа хийж байна, үр дүн нь эхнээсээ яаж гарч байна вэ?

-Манай улс ардчилсан эдийн засаг, зах зээлтэй гэдэг атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар буюу төрийн өмчит хувьцаат компаниудыг илүү хүчтэй гаргаж ирээд байна. Ер нь хувьцаат компанийн эцсийн зорилго нь ашиг олох, ашгаараа улсын төсвийг бүрдүүлэх гэсэн л үүрэгтэй. Тодорхой хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит газрууд бий. Одоогийн байдлаар тэр дундаа төрийн өмчит уул, уурхайн компаниудын талаар ярихад эдийн засаг талаасаа хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байна гэж хэлмээр байна. Ер нь нийт ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгө 53 их наяд төгрөг байдаг. Нийт ТӨХК гэхээр ойролцоогоор 94 аж ахуйн нэгж шүү дээ. Эдгээр компаниудын нийт хөрөнгө 53 их наяд гэсэн үг. Үүнээсээ ердөө 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна. Нийт хөрөнгөтэй нь харьцуулбал юу вэ гэмээр тоо байгаа биз дээ. Үнэхээр хангалтгүй, маш муу ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр 300 тэрбумыг нь хэдхэн уул, уурхайн компани бүрдүүлж байгаа. Тэгэхээр 94 аж ахуйн нэгжээс дөрвөн л энэ хөрөнгийг бүрдүүлчихдэг. Харин үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажилладаг гэсэн үг. Үүнээс 40 орчим ТӨХК нь санхүүгийн өндөр эрсдэлтэй буюу дампуурах болзлоо хангачихсан явдаг. Мэргэжлийн санхүүгийн үнэлгээгээр үнэлэхэд 45 хувь нь дампуурах болзлоо хангачихсан үзүүлэлттэй гарч ирдэг. 25 хувь нь цаашдаа санхүүгийн өндөр эрсдэлтэй гэдэг бол үлдсэн 14 орчим хувь нь ашигтай байж болох үзүүлэлт гардаг.

-Нийт ашиг нь 300 тэрбум. Үүнийг нь гарын таван хуруунд тоологдох хэдхэн ТӨХК бүрдүүлчихдэг гэсэн үг үү. Бусад нь яагаад ашиггүй, бүр дампуурах болзлоо хангачихсан атлаа өдий болтол үйл ажиллагаагаа эрхлээд яваад байдаг юм бол?

-Хамгийн түрүүнд тодорхой засаглалын асуудал яригдана. Учир нь ТӨХК гэдэг маань өөрөө Засгийн газрын мэдэлд байдаг. Тэр утгаараа намын болоод улс төрийн томилгоогоор тухайн ТӨХК-ийн удирдлага тодордог. Тиймээс ТӨХК-уудын алдагдалтай ажиллаж байгаагийн нэг шалтгаан бол засаглалын тогтолцоо гажсаных гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл дандаа мэргэжлийн бус болоод намын, улс төрийн томилгоо явагддаг учраас тэр.

-Засаглалын тогтолцоо нь гажсан гэж байна. Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа эдийн засагчийн хувьд тодорхой жишээ байна уу?

-Мэдээж бид жишээ, бодит үйл явдал дээрээс үнэлэлт дүгнэлт хийж, судалгаагаа боловсруулж байгаа. Тэр утгаараа Эрдэнэт ТӨҮГ-аар жишээ авъя л даа. Тус ТӨҮГ-ыг 2016 онд анх хувьчлахад буюу 49 хувийг нь авсан газар нь санхүүгээ барьсан байдаг. Улмаар 2017 онд буюу нэг жилийн дараа хөрөнгийн эргэц нь 96 хувь болсон. Хөрөнгийн эргэц гэдэг маань хөрөнгийн нэг хэлбэрээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг л хэлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 2016 онд тус үйлдвэр төрийн мэдэлд байхдаа 103 тэрбум төгрөгийн л ашигтай ажилладаг байсан. Гэтэл хувьд авснаараа нэг жилийн дотор ашгаа гурав дахин нэмсэн байдаг. Дараа жил нь бүр дөрөв дахин, 2019 онд тав дахин буюу 500 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Жил ирэх тусам хоёр дахин нэмэгдсэн ашигтайгаар ажиллаж ирсэн гэсэн үг. Гэтэл 2020 онд буцаагаад төрийн мэдэлд авсан. Ингэснээрээ тус үйлдвэрийн хөрөнгийн эргэц 0.4 хувь болтлоо буурсан. Үүнийгээ дагаад жил бүр өсөлттэй байсан ашиг нь бүр буураад 200 гаруй тэрбум төгрөг болсон. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 2019 онд хувьд байхдаа 350 орчим тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардалтай байсан. Гэтэл 2020 онд төрд очоод энэ зардал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төрд очоод 771 тэрбум төгрөгийн зардалтай болж өссөн гэсэн үг. Үүнээс бид бүхэн аливаа бизнес, компани хувьд байх эсвэл төрд байх хоёрын ялгааг тодорхой харчихаж болохоор байгаа юм.

-Энэ бүгд төсвийн бүрдүүлэлтэд хамааралтай асуудал байна. Тэр утгаараа төсвийн бүрдэлтийг хангах бүр илүү өсгөх гэж байгаа бол ер нь хувьд байсан нь дээр юм биш үү?

-Яг зөв. Төсөв бүрдүүлэлт талаас нь харвал төрийн менежменттэй байснаас илүү хувийн менежменттэй байсан нь ашигтай байгаа биз. Гэтэл иймэрхүү томоохон аж ахуйн нэгжүүдийг манайхан хувьд байхыг үзэн яддаг. Шууд хэлье, үзэн яддаг. Учир нь нэг хувь этгээд монголчуудын хөрөнгийг өөртөө зарцуулж байна гэж ойлгодог. Харин төрд байснаар бидэнд илүү үр өгөөжтэй гэсэн ерөнхий ойлголттой байна. Гэтэл эдийн засгийн тооцоо, судалгаа, үр дүнгээс энэ нь төрд бус хувьд байсан нь илүү ашигтай байгааг сая хэллээ шүү дээ. Тиймээс манай иргэд төрийн өмчийн ашиг, хувийн өмчид байхад яаж өсдөг, ямар илүү ашигтай байдаг талаар ойлголттой болох шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр хувьд илүү ашигтай байгаа зүйлийг төр заавал авах гээд байдаг хандлага, үйлдлээ цаашид зогсоох ёстой.

-Төрийн өмчит үйлдвэрүүдийн хамгийн их ашигтай байх компани нь таны жишээ авсан Эрдэнэт үйлдвэр биз дээ. Үүний дараа ямар компаниуд жагсаж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Дараа нь Эрдэнэс таван толгой компани жагсаж байна. ТӨХК-уудын нийт хөрөнгө 53 их наяд гэж хэлсэн шүү дээ. Үүний гучин хувь нь Эрдэнэс таван толгой компанийн хөрөнгө. Өөрөөр хэлбэл тус компани 15 их наядын хөрөнгөтэй байна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл Эрдэнэс таван толгой 15 их наяд төгрөгийн хөрөнгөөсөө хэдэн төгрөгийн ашиг олж, түүнийхээ хэдийг нь улсын төсөвт өгдөг юм бол?

-Энэ жилийн тооцоо судалгааг хараагүй байна. Харин өнгөрсөн 2021 онд тус компанийн нийт хөрөнгө 15 их наяд байсан. Үүнээсээ 110 тэрбум төгрөгийн л ашиг олсон байна лээ. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгийнхөө нэг хувьд ч хүрэхгүй ашиг олж байна гэсэн үг. Гэтэл тус хөрөнгөө өөр үйл ажиллагаанд зарцуулж зөв менежмент хийгээд явсан бол үүнээс ч их ашиг олох боломж хангалттай бий шүү дээ. Үгүй ээ, наанадаж бодлогын хүү 13 хувьтай байна. Бодлогын хүү гэдэг маань арилжааны банкууд хөрөнгөө байршуулснаар 13 хувийг нь аваад байж болохоор зүйл шүү дээ. Тэр утгаараа 15 их наядыг төв банкинд байршуулчихсан байхад дор хаяж 1.8 их наядын ашиг олох боломжтой байна. Зүгээр энгийн хар ухаанаар ойлгоход тийм биз дээ. Гэтэл Эрдэнэс таван толгой компани үйл ажиллагаа явуулаад л байдаг, эцэст нь 110 орчим тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ. Гэхдээ нэг зүйлийг онцлоод хэлэхгүй бол болохгүй. Саяхан Засгийн газраас тус компанийн менежмент засаглалыг өөрчиллөө. Ингэхэд тодорхой эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байдаг. Тухайлбал, борлуулалтын орлого нь гурав дахин нэмэгдчихэж байгаа юм. Эхний улиралдаа гэсэн үг. Яагаад орлого нь ингэж нэмэгдсэн бэ гэхээр энэхүү өөрчлөлтийг хийхдээ намын томилгоо гэдгийг болиулсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн удирдлагаар хангасан гэсэн үг. Тэр утгаараа менежмент нь сайжирснаараа бусад үзүүлэлт нь дагаад өсчихөж байгаа юм. Тиймээс хувьд байлгаж ашигтай ажиллуулж чадахгүй юм аа гэхэд ядаж энэ мэт мэргэжлийн багийг томилоод ажиллуулчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн болоод ямар нэгэн намын томилгоогоор бус мэргэжлийн багаар удирдуулах хэрэгтэй гэсэн үг.

-Тэгэхээр эцсийн бүлэгтээ аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагааг ашигтай байлгахын тулд хувийн менежмент чухал гэж хэлэх гээд байна уу?

-Манай зарим иргэд төр өөрийн мэдэлдээ авч байж л зөв болох юм шиг ойлгодог. Төрийн өмчит газрууд яагаад ашиггүй ажиллаад байгаагийн шалтгаан нь тодорхой. Төр авч байна гэдэг нь тухайн хөрөнгийг нийтийн өмч болгочихож байгаа юм. Тэр утгаараа нийтийн өмчит хувь хүн ямар нэгэн байдлаар хайргүй хандана. Энэ үзэгдэл нь бидний энгийн нэг араншин шүү дээ. Гэхдээ бүгд биш. Жишээлбэл зарим хүмүүс нийтийн бие засах газарт орохдоо үнэхээр соёлгүй авир гаргаж байдаг. Гэтэл тэр хүмүүс өөрсдийнхөө ариун цэврийн өрөөнд орохдоо цэвэрлээд л, ядаж усаа татаад гардаг. Ийм хандлагаар буюу нийтийн өмч гэдэг байдлаар надад хамаагүй бусад нь хийг гэсэн сэтгэлгээ дагалдан явдаг. Тэр утгаараа нийтийн өмчөөс л дандаа хулгай гарч байна шүү дээ. Нүүрсний хулгай гэж яриад байгаа. Үнэндээ нүүрс гэдэг маань нийтийн өмч. Тиймээс л хулгай гараад байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой томоохон хэрэг гарсан. Учир нь Хөгжлийн банк нь төрийн өмч. Хэрэв хувийн өмч байсан бол бид өөрсдөө өөрийнхөө нүүрснээс хулгай хийхгүй. Өөрөө авлигал аваад өөрийнхөө хөрөнгөөс хүнд зээл өгөөд байх вэ дээ. Тэгэхээр хувийн болоод нийтийн өмчийн үйл ажиллагаанд төрөөс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол болохгүй. Үүгээрээ заавал төрийн өмчийг хувьд гарга гээд байгаа зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр ардчилсан эдийн засагтай, ардчилсан үзэл баримтлалтай л орон юм бол хувийн өмчийг бүх талаар нь дэмжих л ёстой юм. Өнөөгийн нийгэмд хувийн өмчийг дэмжиж яваа төрийн үйл ажиллагаа, бодлогын томоохон жишээ юу байна вэ. Юу ч алга. Харин эсрэгээрээ хувьд илүү ашигтай ажиллаад байна, үүнийг төр авах ёстой гээд булаах үйлдлүүд гаарсан цаг үе.

-Төрийн өмчит газруудын үр ашгийг нэмэгдүүлэх, цаашлаад төр нь хувийн секторуудыг дэмжихийн тулд яах ёстой вэ. Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргаад явах ёстой юу, эсвэл эрх зүйн орчныг нь өөрчлөх шаардлагатай юм уу?

-Хамгийн чухал нь Засгийн газрын тодорхой менежментийн бодлого. Менежментийн зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээндээ тодорхой салбаруудыг хувьчилчих. Хоёрдугаарт, ТӨХК стратегийн салбарууддаа тодорхой мэргэжлийн багуудыг бий болгох шаардлагатай. Өнөөдөр ТӨХК-ийн ТУЗ гэхээр хэдхэн л хүн байдаг. Гэтэл тэр хүмүүс нь өөр хэдэн ч компанийн ТУЗ-д явдаг юм, мэдэхгүй. Бараг нэг хүн 5-6 компанийн ТУЗ-д явж байх жишээтэй. Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр хүмүүстээ шаардлага тавих, өөрчлөх, ТУЗ-ийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, бодлогын арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай. Нөгөөтэйгүүр хүний хувийн өмчийг хүчээр төр авдаг үйлдлээ зогсоох ёстой. Энэ бол ямар ч ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Гэхдээ манайхан зөв бодлого явуулчих л даа. Хувь гэдэг нь нэг хүн байж болохгүй. Ерөөсөө хувьцаат компани л байх ёстой. Жишээлбэл, Хөтөл компанийн хувьд багадаа 400 хүн хувьцааг нь эзэмшдэг байсан бол төр ингэж шууд авч чадахгүй байсан болов уу. Үүнээс юу харагдаж байна гэхээр компанийн засаглал ямар байх вэ гэдгээ бид одоо ойлгох цаг болсон. Хөгжлийн банкны асуудал гээд сүүлийн үед их шуугиан боллоо. Би энд нэг зүйлийг сайн ойлгодоггүй. Манай төр чинь Төрийн банк гээд банктай. Үүнийхээ хажуугаар Хөгжлийн банк гэж байгуулчихсан. Тэгсэн атлаа мөн арилжааны банкуудтай. Үүнээс одоо юу гэж ойлгох вэ. Хувийн банкуудтайгаа төр нь өрсөлдөх гээд байна гэж ойлгох уу. Угтаа тодорхой шалгуур тавиад санхүүжилтийг нь гаргаж өгөөд арилжааны банкуудаар эдгээр зээлийг явуулчих ёстой байсан. Тэгсэн бол өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээл гэдэг асуудал гарч ирэхгүй л байсан байх. Тиймээс төр зарим талдаа бизнесийн салбар руу хэт орохоос татгалзаж байх шаардлагатай юм. Аль болох хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, тэдний бизнес хийх орчин нөхцөлийг нь төгс бүрдүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтаа гаргаж явбал, эдийн засаг их амархан өснө.

-Нэг зүйл нэмж асуухад гадаад худалдаа эерэг байхад яагаад ам.долларын ханш буухгүй байна вэ. Үүнийг Засгийн газар зориудаар өндөр байлгаад байна уу. Эдийн засагч хүний хувьд энэ асуудлыг ямар өнцгөөр харж байна вэ?

-Тийм сонирхол байгаа. Засгийн газрын орлого валютаар, зарцуулалт нь төгрөгөөр хийгдэж байгаа. Тиймээс валютын ханш өндөр байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хиймэл валютын хэрэгцээ байна. Иргэд ханш өснө гэсэн хүлээлтээр хэрэгцээгүй ам.долларын нөөцлөлт хийж байна. Гуравдугаарт далд эдийн засаг авлигын гол хэрэгсэл нь валют болоод байна. Үүнээс болоод ам.долларын ханш буурахгүй байна гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Замаа чанартай барьж, хяналтаа ч сайн тавина DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Энэ чуулганыг олон нийт чих тавин анхааралтай ажиглаж байгаа. Учир нь нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтүүд хийгдэх чуулган гэж үзэж байна. Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг санаачлан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ хаврын чуулган үнэхээр ажил хэрэгч байхыг цаг үе шаардаж байна. Олон ч чухал хууль бодлого хэлэлцэгдэхээр хүлээгдсээр. Манай салбарын хувьд Төмөр замын тээврийн тухай хуулийн төслөө энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл байна. Өөрөөр хэлбэл салбарын эрх зүйн шинэтгэлийн тулгуур хуулиудаа энэ хаврын чуулганаар батлуулахыг хичээж ажиллана. Хууль бодлого маань цаг үетэйгээ хөл нийлүүлж байж л нийгмийн хөгжлийн хурдаа гүйцэнэ шүү дээ. Бид агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ нь шударга өрсөлдөөнийг дэмжинэ гэсэн үг. Өрсөлдөөнийг дэмжвэл эцсийн бүлэгтээ хожигч нь иргэд байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд 10 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж нийтдээ 50 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болгохыг зорьж байна. Сая л гэхэд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа. Зарим хүн Катар, Кувейттэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулах тийм ач холбогдолтой юу гэж асууж байна лээ.

Далайд гарцгүй манай улсын тухайд олон улсын зах зээлд гарах гарц нь агаарын тээвэр. Бид олон жил махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьсан. Тэгвэл нэг том зах зээл нь Персийн булангийн орнууд. Мөн Арабын ертөнцөөс аялагч жуулчдыг татахад агаарын тээвэр гүүр нь болно. Бид Катар Кувейт рүү мах, ноолууран бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байна. Үүнийг үндэсний компаниуд маань түрүүлээд олоод харчихсан. Тэгэхээр тэднийгээ тээвэр логистикоор дэмжээд өгөх нь чухал. Агаарын ачаа тээврийг хөгжүүлэхийн ач холбогдол гэж чухам энэ шүү дээ. Энэ оны зургадугаар сард АНУ- тай “OPEN SKY” хэлэлцээр байгуулна. Тус улсад амьдарч байгаа 50 гаруй мянган монгол иргэн шууд нислэгтэй болохыг тэсэн ядан хүлээсээр байгаа. Ер нь тээврийн салбарын либералчлал гэдэг үйлчилгээний чанарыг сайжруулах, үнэ өртгийг хямдруулах, өрсөлдөөнийг дэмжихийн л нэр.

-Хаврын улс төрийг та хэрхэн харж байна. Чуулган эхлэхээс өмнө гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн. Тойргийн иргэд, сонгогчтойгоо уулзахад тэд юуг хүсэж, юун тухай ярьж байна вэ?

-Улс төржихөөс илүүтэй цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтдээ анхаарах нь бидэнд илүү чухал байна. Хил боомт нээгдлээ, экспорт нэмэгдлээ, импортын гацаа түгжээ ариллаа, тээвэр сэргэлээ. Үүнийг дагаад 16 хувьд хүрээд байсан инфляцийн түвшин 11 хувь руу орж буураад байна. Энэ эрчээрээ бол оны эхний хагастаа багтаад нэг оронтой тоо руу орчих эерэг хүлээлт байна. Чуулганы завсарлагаар зав гаргаад тойрогтоо ажиллаад ирсэн. Үнийн өсөлт, ялангуяа манай алслагдсан баруун бүсэд шатахууны болон гурилын үнэ айл өрхийн амьжиргаанд багагүй дарамт болж байна. Бас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох тал дээр анхаарч өгөөч гэсэн санал хүсэлт их байна. Малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, түүхий эдээ дотооддоо боловсруулах, орон нутагт шинэ ажлын байр бий болгох, үйлдвэржүүлэхийг хүсэж байна. Хөдөөгийн сэргэлт эндээс эхэлнэ гэдэгтэй тэд санал нэг байна. Манай Ховд аймгийн тухайд 15 жилийн өмнө засмал зам гэх юм бараг байгаагүй. Харин өнөөдөр Ховд маань Улаанбаатар хот төдийгүй хойд урд хөрш, бүр Ази Европтой холбогдсон 1300 км хатуу хучилттай авто замтай, хос дулааны станцтай болсон. Энэ жил ажил нь эхлэх Ховд Улаангомын зам ашиглалтад орохоор Улаанбаатар хот руу хойгуураа холбогдоно. Байтаг боомтын үйл ажиллагааг эхлүүлж, хатуу хучилттай замтай болгон байнгын ашиглалтад оруулснаар баруун бүс урд хөрштэй холбогдох хоёр үүдтэй болно. Ховд Улаангомын замаар хойд хөрштэй холбогдох хоёр дахь хаалгаа нээнэ. Өөрөөр хэлбэл бид дэд бүтцийн асуудлаа ийм байдлаар эрчимтэй шийдэж байна. Энэ давуу байдлаа ашиглаад одоо үйлдвэрлэл хөгжүүлье, ажлын байр бий болгоё гэсэн хүсэлт их ирж байна. “Ховд эко” цементийн үйлдвэр ашиглалтад орж, 350 гаруй хүн ажлын байртай болж, “барилгын талх” цементээ баруун бүсийнхэн хотын үнээр авах болсон. Одоо харин энэ боломжоо ашиглаад иргэдээ хямд өртөгөөр орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээ орсон гэр хорооллын айл өрхүүдийг амины байшингаа хаус болгоход ипотекийн зээлийн бодлогоор дэмжих, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, ноос ноолуур, арьс шир, малын түүхий эдээ боловсруулах Үйлдвэрлэл технологийн паркийн ажлыг түргэтгэх асуудлыг эрчимжүүлэх нь жинхэнэ утгаараа Шинэ сэргэлт, Хөдөөгийн сэргэлт болно шүү гэдгийг иргэд хэлж уламжилж байна.

-Өнгөрсөн өвөл танай нутгаар тэр дундаа баруун аймгуудаар хүндхэн болж өнгөрлөө. Одоо хаваржилт ямар болж байна. Мал, малчид хэцүүхэн байх шиг байна уу?

-Амаргүй хүндхэн өвлийг давлаа. Ялангуяа баруун гурван сумын тухайд цас их унасан, жавар тачигнасан хүнд өвөл болсон. Одоо л цас хайлж хүн малын зоо тэнийхээ аядаж байна. Гэхдээ салхи шуурга ихтэй хэвээр байвал ядарсан хүн мал гуйвах янзтай. Тийм ч болохоор “Сум сумандаа тусалъя” аяныг өнгөрсөн өвлийн эхэн сараас зарлаж, малчдадаа туслах аяныг санаачлан зохион байгуулж, цагаа, эзнээ олсон тусламж үзүүлэхэд анхаарсан. Бид малаа гээд хүнээ мартдаг гэмтэй. Хаврын хахирт хүн ардынхаа эрүүл мэндийг бодох, хөгшид буурлууддаа анхаарал тавих асуудлыг орхигдуулж болохгүй гэсэн бодлоор л ажиллаж байна. Манайхан ч сум сумандаа тусалж, дэм дэмэндээ урин цагтай золгоход дор бүрнээ хичээж байгаад баяртай байна. Элэг сэтгэлээрээ эвлэж нэгдсэн тэр хүмүүстээ баярлалаа гэдэг үгийг малчдынхаа өмнөөс хэлье. Нэг үеэ бодвол малчид маань ч өөрсдөө өвс тэжээлээ боломжоороо бэлтгэх, цаг хүндрэхээс өмнө малаа эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаардаг болсон байна. Хүндхэн өвөл, хэцүүхэн хаврын ард гарч байгаа тэдэнд одоо малын түүхий эд нь үнэгүйдэхгүй байх нь л хамгаас чухал байна. Тиймээс Засгийн газар тодорхой хугацаанд малын түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлсөн. Үр дүн нь ч гарч байна. Махны, арьс ширний, ноос ноолуурын экспорт нэмэгдэж байна. Баруун хилээр энэ төрлийн экспортыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллаж байна. Үр дүнд нь түүхий эдийн үнэ өснө. Мэдээж хэрэг энэ бол ойрын хугацааны арга хэмжээ. Алсдаа бол бид өөрсдөө түүхий эдээ боловсруулж байж л малын түүхий эдийн үнэ тогтвортой өндөр болж, хөдөөд ажлын байр бий болно. Нэмүү өртөг, ахиу ашиг Монголдоо үлдэнэ.

-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы үеэр та замын даац хэтрэлттэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 110 сумаа хатуу хучилттай замаар холбож чадсан. Энэ бол том амжилт. Харин тэр бүх зам үнэхээр чанартай сайн баригдсан уу гэвэл үгүй. Одоо бид шинэ зам тавихаас илүүтэй байгаа замаа яаж арчилж хамгаалах вэ гэдгээ бодох цаг болсон. Шинэ барих замынхаа норм стандартыг эргэж харж, зам хүлээж авч байгаа улсын комиссын хандлага, хариуцлагын асуудлыг ч давхар хөндөнө. Даац хэтрүүлсэн тээврээс болж зам эвдэрч байгаа нь үнэн шүү дээ. Урьд нь даац хэтрүүлж явж болоод л байсан юм гээд бонд гаргаж өр тавьж байж барьсан замуудаа яйран болгоод байвал хайран. Өнөөдөр нийтийн зориулалттай зам ашиглагчдын 90 хувь нь жижиг тэрэгтэй иргэд байгаа. Гэтэл даац хэтрэлтээс үүдэлтэй эвдэрсэн замаас болж хичнээн хүн тэрэг техникээ эвдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг яагаад ярихгүй байгаа юм бэ. Ингээд ярихаар замаа зузаан чанартай бариач ээ гэнэ. Мэдээж хэрэг улс орон эдийн засгийн бяр тэнхээтэй байсан бол нэг метр зузаан асфальттай зам барьж болно. Гэтэл бидэнд тэр боломж нь өнөөдөр байна уу. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гээд зөвхөн өнөөдрөө, хувиа бодож дур дураараа туучаад байвал тавьсан замаа там болгож нийтээрээ хохирно. Ер нь Зам тээврийн салбарт бодлогын том өөрчлөлт хийх болсон гэдэгтэй санал нэг. Нэгдүгээрт замын чанараа сайжруулаач ээ гэсэн иргэдийн эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Даац хэтэрсэн, стандартад нийцэхгүй хэт том оврын тээврийн хэрэгсэл оруулж ирдэг явдлыг таслан зогсооно. Манайхан том оврын тээврийн хэрэгсэл оруулж ирэхдээ нийтийн зориулалттай бус технологийн тусгай зам дээр тээвэр хийнэ гэж худлаа яриад оруулаад ирдэг. Харин оруулж ирсэн хойноо нийтийн зориулалттай замаар даац хэтрүүлэн давхиж замыг нь алдуулж байна шүү дээ. Тэгэхээр тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохдоо зөвхөн тусгай зориулалтын зам дээр явахыг нь зөвшөөрсөн технологийн дугаарыг нь л олгоно. Оруулж ирсэн хойноо тээврийн хэрэгслээ монголчилж өргөсгөсөн, уртгасгасан, элдэв гагнаас залгаас хийдэг замбараагүй байдлыг таслан зогсооно.

-Замын стандарт гэдэг чухал шүү дээ…?

-Манайд зам дээрээ баримтлаад байгаа стандарт бол ОХУ-д ч, БНХАУ-д ч бүр цаашлаад Европын холбоонд ч мөрдөж байгаа стандарт. Бид хаа ч байхгүй стандарт мөрдүүлэх гэж огтхон ч шаардаагүй. Нийтийн зориулалттай замд нийт жин 44 тн-оос ихгүй байна гэдгийг чинь монголчууд өөрсдөө бодоод олчихоогүй юм. Венийн конвенцид нэгдсэн бүх улс орон энэ стандартыг мөрдөөд явж байгаа. Энд дураараа явдаг шиг даац хэтрүүлээд хойд юм уу урд айл руу гарах гээд үзээрэй. Нэг кг ч хэтрүүлэхгүй торгож шийтгэнэ. Хойд хөршид гэхэд л даац хэтрүүлсэн тохиолдолд монголоор зургаан сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг. Европын улс орнуудад даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг нэг метр ч явуулдаггүйг олон улсын тээвэр хийж байгаа манай тээвэрчид сайн мэдэж байгаа. Тэгэхээр хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шиг Монголд л ганцхан даац хэтрүүллээ гэж торгож шийтгээд, бага ачаа ачуулаад байна гэж муйхарлаад байж таарахгүй л дээ. Даац хэтрүүлж зам эвддэг байдлаас болж эцсийн хохирогч нь иргэд болдог. Тэд амь нас, эрүүл мэндээрээ золиослогддог. Тэгэхээр хүний амиар хэмжигдэж буй асуудлыг шийдэх гэж байхад өөр элдэв шалтгаар өөрсдийгөө өмгөөлөөд байх нь угаасаа буруу. Нэг талаар бид замаа чанартай барих, засвар арчлалтыг цаг тухайд нь чанартай хийлгэх тал дээр шахаж шаардана, хариуцлагаа өндөржүүлнэ. Нөгөө талдаа даац хэтрэлттэй тууштай тэмцэнэ. Даац хэтрүүлсэн тээвэр нэг постоор нэвтэрч чадлаа гэхэд дараачийн постон дээр зогсоож хатуу арга хэмжээ авна. Даац хэтрүүлсэн тээврийг ар өврийн хаалга, авах идэхийн донгоор нэвтрүүлсэн бол тэр этгээдийг хариуцсан ажлаас нь зайлуулж хуулийн хариуцлага тооцуулна. Өмнө нь ингэж чадахгүй үлгэн салган, хэлбэрдэж явж ирсэнээс болж асуудал ингэтлээ ужгирсан юм билээ.

-Даац хэтрэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах ёстой юм бэ?

-Өнөөдрийг хүртэл нэг зүйл буруу явж ирсэн. Дааж хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн зөвхөн жолоочид л хариуцлага тооцдог. Гэтэл уг нь хуульд даац хэтрүүлсэн тээвэр хийлгэсэн ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчид хариуцлага тооцох тухай тов тодорхой тусгасан байгаа. Манайд яаж ирсэн гэхээр нүүрс, шатахуун, цемент гээд даац хэтрүүлсэн тээвэрт ганцхан жолоочид л торгууль оногдуулаад байдаг. Торгочихоод явуулаад байдаг. Эцсийн үр дүн тэг. Зам эвдэрсээр л байдаг. Тэгвэл даац хэтрүүлж ачуулаад байгаа тэр уурхай, үйлдвэрийн эздэд яагаад хариуцлага тооцож болохгүй гэж. Ёстой нөгөө “…биш ээ жинхэнэ цаад эзнийг нь ол…” гэдэг шиг жинхэнэ цаад буруутай нөхөд нь тээвэрчдийн ард нуугдаж үлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр Авто тээврийн тухай хуулиар түүнийг дагалдаж орж ирэх Зөрчлийн тухай хуульд хариуцлагын асуудлыг улам чангатгахаас өөр арга алга. Тэгэхгүй бол даац хэтрүүлсэн жолоочид цаад компанийн нөхөд торгуулийнх нь цөөхөн хэдэн төгрөгийг өгөөд явуулдаг муу аргад ч гаршсан байна.

-Тухайлбал, аль чиглэлийн замд даац хэтрэлтийн асуудал илүү яригдаж байна вэ?

-Дахин хэлэхэд бид замын чанарт онцгой анхаарна. Бас түүнийхээ хажуугаар даац хэтрүүлэлттэй даамай сайн тэмцэнэ. Өнөөдөр бид өмнийн говь руу шинэ төмөр замтай болчихоод түүнийгээ ашиглаж шатахуун болон бусад овор жин ихтэй ачаа тээврийг хийхгүй бол Дундговь-Өмнөговийн замыг жил бүр хэдэн тэрбумаар засаад засаад нэмэргүй. Төсвийн мөнгө хүнд даацын машины дугуйнд тээрэмдүүлж тоос болоод л дуусна. Мөн энэ чиглэлд хүнд даацын тусгай зориулалтын зам барих эрхийг хувийн хэвшилдээ олгох ёстой гэж бодож байгаа. Нийтийн зориулалттай замаар иргэд маань аюул осолгүй зорчиг. Харин тусгай зориулалтын замаар хүнд даацын тээвэр нь замын төлбөрөө төлөөд зорчдог байг. Энэ жил бид Дундговь-Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн эвдрэлтэй замуудад их засвар хийх төлөвлөгөө гаргасан. Нийтдээ 300 гаруй км авто замд ийм их засвар хийнэ. Өнгөрсөн жил ашиглалтад орсон Өвөрхангайн Хүйтний хөндийн 60 км зам шиг болгож засна гэсэн үг. Гэхдээ богино хугацаанд чанартай засвар хийлгэхэд онцгой анхаарна. Мөн энэ жил шинээр ашиглалтад орох 500 км замын чанарт хатуу хяналт тавина.

-Засгийн газрын зүгээс энэ жилийг аялал жуулчлалын жил болгон зарласан. Гаднаас жуулчид хүлээж авахад танай салбар бэлэн үү?

-Монголд зочлох жилд зам тээврийн салбар бэлэн үү гэвэл би бэлэн гэж хариулна. Монголд ирэх жуулчдыг хөл залгуулах унаа нь манай зам тээврийн салбар. Монгол гэдэг айлд орох үүд нь манай салбар. Өөдлөх айл үүднээсээ гэж манайхан ярьдаг. Өөрөөр хэлбэл зам тээврийн салбарын үйлчилгээний чанар хүртээмж ямар байхаас Монголд ирэх гадныхны сэтгэл ханамж хамаарна. Жуулчдын дийлэнх нь мэдээж агаарын тээврээр ирнэ. Тийм болохоор бид энэ онд агаарын тээврээр 206 мян.тн ачаа тээж, 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ гэсэн зорилт тавьсан. Ирсэн жуулчид маань Чингис хаан нисэх буудалд буугаад, Улаанбаатарт байж байгаад буцахгүй нь мэдээж. Монголын үзэсгэлэнт байгалийг үзье, Монгол орныг таньж мэдье гэвэл дахиад л тэдэнд агаарын тээврийн үйлчилгээ хэрэг болно. Тиймээс орон нутгийн нислэгийг сэргээж, есөн чиглэлд тогтмол нислэгтэй болохыг Засгийн газар зорьж байна. Дотоодын нислэгийн тарифыг 40%-иар хямдруулж, орон нутгийн иргэд нь илүү хямдаар нисдэг байх зохицуулалтыг төлөвлөж байна. Мөн агаарын унаа хөсгийнхөө тоог нэмэгдүүлнэ. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын зургаан онгоц оруулж ирнэ. Эхнийх нь тавдугаар сард МИАТ компани өргөн биетэй агаарын хөлөг оруулж ирэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ер нь манай агаарын тээврийн либералчлалын гол үзэл баримтлал бол ая тухтай, агаарын тээвэр, хямд тийз, хүртээмжтэй нислэг. Үүнээс гадна төмөр замын зорчигч тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ая тухыг сайжруулахад давхар анхаарч байна. Ямар ч байсан бид Монголд зочлох гийчдээ хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахын төлөө хичээж байна. Харин аваад ирсэн зочид, хүрээд ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун байлгахад манай аялал жуулчлалын салбарынхан бас дор бүрнээ анхаараасай.

-Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд та автомашинуудын нүүрсэн яндангийн асуудалд ямар байр суурьтай байна вэ. Ер нь нүүрсэн янданг бүрэн хориглож болдоггүй юм уу. Энэ талын эрх зүйн орчин байна уу. Таныг энэ чиглэлд хууль санаачлан өргөн барих гэж байгаа гэж сонслоо…?

-Тоо баримтаас үзэхэд манай улсад 200 гаруй мянган приус машин байна. Энэ машины нүүрсэн янданг хулгайлах, худалдаж авах, хилээр гаргах явдал гаарч байна. Учир шалтгааныг нь судлаад үзэхээр нүүрсэн яндан гэдэг маань шүүлтүүр сайтай, үнэт металлаар хийгддэг юм билээ. Үүнтэй холбоотойгоор би бүр өнгөрсөн жил ЗТХ-ийн сайд болохоосоо өмнө Нүүрсэн яндангийн экспортыг хориглох УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, саналаа Засгийн газарт уламжилж дэмжүүлсэн. Энэ тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч энэ долоо хоногт өргөн барих гэж байна. Өнгөрсөн хугацаанд 30 орчим тн нүүрсэн яндан хилээр гарсан байна. Энэ хэрээр шүүлтүүргүй яндантай тээврийн хэрэгсэл агаар орчныг бохирдуулж, хүн ардын, хүүхэд хөгшдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Нэг ёсондоо шүүлтүүргүй яндангаар хүний уушги руу хортой утаагаар шүршиж алгуурханаар алж байна шүү дээ.

-Дарханы замын ажил хэзээнээс хийгдэх вэ. Одоо энэхүү ажлыг хийхэд тулгамдаж буй асуудал бий юу?

-Өнгөрсөн намар бид Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээсэн. Үндсэндээ таван жил сунжирсан ажлын 50 хувь нь хийгдсэн гэсэн үг. Харин энэ ондоо багтаж үлдсэн 50 хувийг нь хийж бүрэн ашиглалтад оруулахаар хичээж байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийнх шиг цемент, битум тасалдлаа гэдэг асуудал үүсгэхгүйгээр бүх ажлыг төлөвлөлтийн дагуу график гарган цаг алдалгүй хийхийг зорьж байгаа. Дарханы замын ажил үндсэндээ эхэлсэн гэхэд болно. Буталсан чулуун сууриа бэлдэх, асфальт заводынхаа бэлэн байдлыг хангах, хүн хүч, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангах ажлууд эхэлчихсэн. Саяхан би замчид болон замын компанийн нөхдийг хүлээн авч уулзсан. Хэдүүлээ замын салбарын сэвтсэн нэр хүндийг хамтдаа сэргээе гэдэг дээр тохирсон. Бүх шийдлийг яамнаас, дээрээс гаргах биш замын норм стандартыг шинэчлэх, чанартай зам барих, замын компаниудаа төрөлжүүлж мэргэшүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх тал дээр та нар хэлэлцүүлэг хийгээд дундын шийдлээ гаргаад ир, сайдын хувьд бүх талаар дэмжиж хамтарч ажиллая гэдгээ хэлсэн. Тэд маань ч талархан хүлээж авсан. Энэ долоо хоногт надад шийдлээ танилцуулаад, замын салбартаа шинэ сэргэлт авчрахын төлөө хамтдаа зүтгэхээр болсонд баяртай байгаа. Уулзах, хурал хуй хийх нэг хэрэг. Харин түүнээс гарсан санал, зөвлөмж, санаачилгаа ажил хэрэг болгох, тодорхой үр дүн гаргах нь хамгийн гол нь шүү дээ.

-Зам засварын ажил удахгүй эхлэх гэж байна. Манай нийслэлчүүдийн хувьд зунжин амарч амарч ирчихээд намар бүгд цуглаж, хичээл, ажил эхлэхтэй зэрэгцээд зам засварын ажлыг хийгээд эхэлдэг. Энэ байдал энэ жил давтагдах уу. Үүнийг салбар яамны зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

-Авто замын тухай хуулиар ЗТХЯ олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Харин аймаг нийслэлийн Засаг дарга нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Тэгэхээр нийслэлийн авто замын барилга, засвар арчлалтын асуудал Нийслэлийн чиг үүрэгт хамаарна. Яамны тухайд бодлогын дэмжлэг үзүүлэх, норм стандартаа мөрдүүлэх, хяналт тавих ажлаа хариуцдаг юм. Гэхдээ бид Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах чиглэлээр Туул гол дагуу болон Нисэх чиглэлд ямар том төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан ажиллаж байна. Наранд нь алдаж саранд нь гэдэг шиг ид ачаалалтай үеэр иргэдээ бухимдуулаад зам засаж байна гээд намар зэрэгцээд бужигнадаг асуудалд цэг тавих ёстой.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл зогсчихсон уу. Идэвхтэй явж байна уу. Сүүлийн үед яагаад таг чиг болчихов. Энэ төсөл хэзээ хэрэгжиж дуусах вэ. Тулгамдсан асуудлуудаа шийдэж чадсан болов уу?

-Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээний 72 хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНХАУ-аас импортоор авч, үлдсэн 26 хувийг Дөргөний УЦС-аас хангадаг. Хэрэв Дөргөний УЦС байгаагүй бол өвөл болгон баруун аймгууд хөлдөх эрсдэл нүүрлэх байсан. Өнөөдөр жил бүр 23 тэрбум төгрөгийн татаасыг баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд төлж байна. Түүнээс ч их мөнгийг хойд урд хөршид импортын эрчим хүчний төлбөрт төлж байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд найм орчим хувиар өсөн нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл тэр хэрээр бид эрчим хүчний хувьд гаднаас улам хараат болж байна гэсэн үг. Энэ хүлээсийг тайлахад Эрдэнэбүрэнгийн УЦС чухал үүрэгтэй. Энэ жил Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдээд барилгын ажил нь эхэлснээс хойш 61 сарын хугацаанд баригдаж ашиглалтад орох гэрээтэй. Нөлөөллийн бүсэд орсон айл өрх, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажил хийгдэж 150 гаруй өрх, 600 гаруй иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулаад үндсэндээ дуусч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих санхүүжилтийн зээлийн гэрээ батлагдаад байгаа. Нийтдээ 288 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарсан байна билээ. Гэхдээ энэ өртгөө 19.5 жилд бүрэн нөхнө. Өөрөөр хэлбэл цаг алдалгүй УЦС-аа барьж эрчим хүчний хараат байдлаас гарах нь хамгийн чухал. Тийм болохоор энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө анхнаас нь тууштай зүтгэсэн хүний хувьд бодитой ажил болгоход анхаарна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний сэргэлтийн нэг том хөдөлгүүр нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж ашиглалтад оруулах явдал гэж үзэн бүх талаар дэмжиж байгаа. Тэгэхээр ажил саатахгүй урагшилна гэдэгт бүрэн найдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийг сургууль, цэцэрлэгт даатгаж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай салбарын асуудлаар ярилцлаа.


-Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх чухал хуулиудын нэг нь Боловсролын багц хууль. Тэр утгаараа уг хуулиар яг ямар өөрчлөлтүүд хийх талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө Боловсролын багц хуулийг хэлэлцэх болсон шалтгаан юу байв гэдэг нөхцөл байдлыг дүгнэж үзэх ёстой. Өнөөдөр манай улс ажилгүйдэл, ядуурал, нийгмийн тэгш бус байдал, гэмт хэрэг, хүний хөгжлийн индекс, эрүүл мэнд, боловсролын тусламж үйлчилгээ, чанар хүртээмжийн шалгуураар бид дандаа сүүл мушгиж байна. Улс орны өрсөлдөх чадвар ч мөн орно. Ямар учраас ингээд сүүл мушгиад байгаа вэ гэдгийг эргэцүүлээд харвал энэ бүгд боловсролоос хамааралтай болж байгаа юм. Тэр дундаа манай улсад боловсролын чанарын ялгаа өдөр ирэх тусам томорч байна.

Өөрөөр хэлбэл хот, хөдөөгийн сургуулийн чанарын ялгаа, хувийн болоод төрийн сургуулиудын чанарын ялгаа гэсэн үг шүү дээ. Бүр хотын төвийн болоод захын сургуулиудын чанарын ялгаа гаарч байна. Тэгэхээр үүнийг бид тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол том асуудал болсон байна. Тэр утгаараа үүнийг бид Боловсролын багц хуулиар өөрчлөх гэж байгаа юм.

Цар тахлаас хойш дэлхийн улс орнууд боловсролын асуудлаа шинэлэх үйл ажиллагааг явуулаад эхэлж. Тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалд иргэдээ бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Дэлхий нийтийн хандлага энэ чиглэл рүү явж байгаа учраас манай Монгол Улс ч гэсэн явахаас өөр сонголтгүй.

-Боловсролын багц хууль гэж яриад байгаа. Яагаад багцаар нь өөрчлөх гээд байгаа талаар та тайлбарлахгүй юу?

-Боловсролын тогтолцоо гэхээр сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол буюу техникийн боловсрол болоод насан туршийн боловсрол зэрэг тогтолцоог багцаар нь авч үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр ингэж багцаар нь эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт хийж байсан нэг ч тохиолдол байгаагүй. Тиймээс Монгол Улсын боловсролын тогтолцооны хоорондын уялдаа холбоо алдагдсан байна. Өөрөөр хэлбэл хүн ямар насандаа юуг сурах ёстой вэ гэдэг тогтолцоог бид хийж чадаагүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ тогтолцоог бид бүтнээр нь хийхийн тулд Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа боловсролын эрх зүйн шинэчлэлийг ярьж байгаа юм.

-Манай улсын боловсролын тогтолцоонд асуудал байна уу гэвэл үнэхээр тийм. Тэгэхээр та сайдын хувьд яг өнөөдөр энэ салбарт тулгамдсан ямар асуудал үүсчихээд байна вэ гэдгийг хэлж өгөхгүй юу?

-Ерөнхийдөө боловсролын бүх түвшинд ялгаа байхгүй нийтлэг зургаан асуудал үүсчихсэн байна. Тухайлбал, боловсролын чанарын ялгаа хот, хөдөөгүй гарсан байна. Хоёрдугаарт, боловсролд зарцуулах санхүүжилтийн асуудал байна. Нэг хүүхдийг сургах хувьсах зардал хүүхдээ дагаж явдаггүй, эсрэгээрээ байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоотой болж. Өөрөөр хэлбэл тухайн сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдийг санхүүжүүлдэг болсон байна гэсэн үг. Гэтэл нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэдэг бол яг тухайн хүүхдээ дагаад тухайн сургуульд сурах орчин, өндөр чадвартай багш нараар хичээл заалгах боломж, мэдээллийн технологи болон байгалийн ухааны лабораториор хэр хангагдсан бэ гэдгийг шийдэж байх ёстой зардал шүү дээ. Өөрөөр хэлбэл санхүүжилт нь боловсролын чанартай огт холбогдолгүй болсон байна гэсэн үг. Тиймээс санхүүжилтийн энэхүү үр ашиггүй тогтолцоог хүүхэд бүрд нь чиглүүлэхийг зорьж байна.

-Боловсролын түвшин хоорондын уялдаа алдагдсан байна гэж та түрүү нь хэлсэн. Ерөнхий мэдлэг эзэмших гэж арав гаруй жил сурчихаад их дээд сургуульд төлбөрөө төлж орсныхоо дараа дахиад хоёр жил ерөнхий мэдлэг үздэг. Энэ нь таны хэлдэг боловсролын уялдаа алдагдсаны шинж үү?

-Нэгдүгээр ангид орох гэж буй хүүхдүүд бүгд л ижил тэгш гараанаас орох ёстой. Харамсалтай нь түвшин хоорондын бодлого алдагдсан учраас гарааны тэгш бус байдал үүсчихсэн байна. Тэр утгаараа анх суурь нь сайн тавигдахгүй учраас яваандаа хүүхдүүд хичээлдээ сонирхолгүй болох, ойлгохгүй байх асуудал үүсдэг. Улмаар хичээлийн хоцрогдолд орж, өөрийн сонирхсон, дуртай мэргэжлээрээ сурах боломжгүй болдог.

Боловсролын чанарын үнэлгээний судалгаагаар нэг хүүхэд дунджаар 2-3 ангийн хичээлийн хоцрогдолтой байна. Энэ бол ковидын үеийн хоцрогдол биш. Энэ бол манай боловсролын салбарын тогтолцооноос үүссэн хоцрогдол. Тэгэхээр бид цаашид боловсролын хоцрогдлыг яаж арилгах ёстой вэ гэхээр түвшин хоорондын уялдаа холбоог маш сайн хийж өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хөтөлбөр нь бага ангийн хөтөлбөртэйгөө уялдаж явдаг байх ёстой. Бага анги нь дунд, дунд нь ахлах ангийн хөтөлбөртэйгөө уялдах шаардлагатай.

Төгсөх анги нь их, дээд сургуулийнхаа боловсролын хөтөлбөртэйгөө уялдах ёстой гэсэн үг. Тэгэхээр манайд энэхүү уялдаа алдагдчихаад байна. Үүнийг засахын тулд Боловсролын багц хуулийг оруулж ирж байгаа юм.

-Боловсролын үнэлгээний асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хүүхдэд бид дүн тавьж ирсэн. Энэ бол буруу тогтолцоо. Хүүхдэд яагаад дүн тавьдаг вэ гэхээр хүүхдүүдийг хооронд нь уралдуулах биш шүү дээ. Тэр утгаараа бид боловсролын үнэлгээний тогтолцоог хийж чадаагүй юм билээ. Хүүхдэд дүн тавих бус ахиц дэвшлийн үнэлгээг л хийх ёстой. Өөрөөр хэлбэл намар хичээл эхлэхэд хүүхэд ямар түвшнээс эхэлсэн байна, зургаан сарын дараа ямар түвшинд хүрсэн байна гэдэгт нь л бид дүн тавих ёстой юм билээ. Гэтэл манайх шиг нэг даалгавар хийгээд ирэхээр шууд дүн тавьдаг. Нэг шалгалт авахаараа л дүн тавьдаг. Тэгсэн атлаа дүнгээ багш нар нь өргөж тавьдаг, ийм зүйл байж боломгүй юм билээ. Энэ тогтолцоо хоцрогдсон. Эцэг, эхчүүд нь багш нарын тавьсан дүнгээр хүүхдээ үнэлдэг ийм хуурамч тогтолцоо байсан. Тиймээс ийм хуурамч дүнгийн тогтолцоог халж, цаашид хүүхэд бүрд ахиц дэвшлийн үнэлгээтэй болъё гэж байгаа юм.

-Багш, ажилчдын цалин хөлсний асуудлыг нэмэгдүүлэх чиглэлд та ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн жил бидний хувьд хийсэн нэг том ажил бол багшийн үнэлгээ. Багш яг ямар ур чадвартай байна вэ гэдэг үнэлгээг бид орон даяар хийсэн. Улмаар нийт 35 мянган багшийг зургаан ангилалд хуваачихсан. Энэхүү ангилалд 1-4-т жагссан багш нарт ур чадварын нэмэгдэл олгож байгаа. Сайн багш өндөр цалин авдаг байя гэсэн бодлогын хүрээнд хийгдсэн ажил болсон. Энэ тогтолцоогоо бид цаашид илүү чамбайруулаад аваад явах ёстой. Түүнээс биш нийтээр нь цалин, хөлсийг өсгөе гэдэг ийм популист лоозон цаашид явахгүй ээ. Хэн илүү их ажиллана, хэн нь илүү ур чадвартай, хүүхдийнхээ сурлагын хоцрогдлыг арилгаж байна, хэн олон хүүхэдтэй ажиллаж байна, тэр багш өндөр цалин авна гэсэн үг. Нөгөөтэйгүүр бид багш бэлтгэлийн асуудлыг анхаарч харах цаг нь болсон. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч хамгийн бага оноо авсан хүүхдүүд багшийн мэргэжил сонгож байна гэдэг. Энэ бол бодитой байдаг зүйл. Тиймээс цаашид бид өндөр оноо авсан хүүхэд багш болдог энэ зарчмыг төрийн бодлогоор дэмжээд явна. Мөн төгсөөд ажлын байр дээрээ тасралтгүй хөгждөг тогтолцоог бид бий болгохоор ажиллаж байна.

-Сургуулийн захирлыг тэр даргын эхнэр хийж байна, энэ даргын ах, дүү нар хийдэг гэсэн яриа их гардаг. Энэ асуудалд та сайдын хувьд ямар бодолтой явдаг вэ. Угтаа удирдлагын менежментийн шаардлага гэж байдаг биз дээ?

-Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бидний гол алдаа энэ. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, сургуулиудын захирлыг сум, дүүргийн засаг дарга нар улс төрийн томилгоо хийж тавьдаг байсан. Сонгуулийн үр дүнгээс хамаарч нийт сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагын 70 гаруй хувь нь солигдсон гэсэн судалгаа гарсан. Үүнээс үзвэл маш тогтворгүй ажиллаж ирсэн нь харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр улс төрийн томилгоогоор очиж байгаа хүнд шалгуур огт тавьдаггүй байж. Үүнээс болоод боловсролын бүтэлгүйтэл үүссэн байна. Тиймээс цаашид бид тодорхой шаардлагыг тавьж, шатлан дэвшдэг зарчмаар энэ асуудалд ханддаг болно.

-Та түрүү нь хэлсэн, дэлхий даяар боловсролын тогтолцоогоо аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглүүлж байна гэж. Гэтэл манайд олон улс ч мэдэхгүй, биднээс өөр хүнд хэрэг болохгүй уйгуржин хэлийг заах юм. Угтаа бага ангиас нь эхлээд англи хэлийг түлхүү заавал таны яриад байгаа аж үйлдвэрийн хувьсгал руу чиглэх юм биш үү?

-Шинэ хөтөлбөрөөр англи хэлийг бид гуравдугаар ангиас нь эхэлж ордог болгоё гэж байгаа юм. Харин мэдээлэл технологийн хичээл буюу код бичдэг хичээлийг нэгдүгээр ангиас нь үздэг болно. Ингэж байж бид аж үйлдвэрийн хувьсгалд хүүхдүүдээ бэлтгэж, сургана. Таны хэлдгээр англи хэлийг тавдугаар ангиас нь үзэхээр хэтэрхий оройтож орж байгаа нь үнэн. Дэлхий нийт энэ чиглэл рүү явж байгаа учраас бид ч мөн өөрчлөгдөж, шинэчлэгдэх цаг нь болсон. Тэр утгаараа дээрх ажлуудыг хийгээд, хэрэгжүүлээд явж байна. Нөгөөтэйгүүр бид монгол хүнийг бэлтгэх ёстой. Монголоороо ярьдаг, түүх соёлоо мэддэг энэ хүмүүсийг бэлтгэх шаардлагатай. Тэр утгаараа бусдаас ондооших, монгол үндэстэн гэдгээ мэдэх үүргийг төр хүлээдэг учраас уйгуржин бичгийг заадаг. Гэхдээ хүүхэд бүрд уйгуржин бичгийг заагаад бай гэсэн ойлголт огт биш үү.

-Хүүхдийн хүмүүжлийн асуудал их яригддаг. Эцэг, эхчүүд нь үүнийгээ багш нарт нь хариуцуулж яваад байгаа нэг буруу хандлага байдаг шүү дээ. Хүүхдийн хүмүүжлийн асуудалд та Боловсролын сайдын хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Суралцахуй гэдэг нь өөрөө дөрвөн том зорилттой болчихсон. Суралцахуйн тулд суралцана, мэдэхийн тулд суралцана, бусадтай хамтарч амьдрахын тулд суралцана, юм хийж сурахын тулд суралцана гэсэн дөрвөн том баганатай. Тэр утгаараа бусадтай хамтарч амьдрахын тулд суралцах хөтөлбөрийг бид цэцэрлэгийн наснаас нь эхэлж заадаг болъё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгнийгээ ялгаварлан гадуурхдаггүй, хүн хүндэлдэг, зөв соёлтой бие хүн байхыг цэцэрлэгийн наснаас нь эхэлж заадаг болъё гэж байгаа юм. Тэр утгаараа мэдлэг, чадвар, төлөвшил дээр суурилсан цогц боловсролыг олгох Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм. Үүнд эцэг, эхчүүдийн оролцоо ямар байх юм бэ гэж. Бусад хууль дээр эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог тусгаагүй юм билээ. Тиймээс Боловсролын багц хууль дээр эцэг, эх асран хамгаалагчид ямар үүрэгтэй байх вэ гэдгийг тусгаж өгье гэж байгаа юм. Ер нь сургууль гэхээс илүү гэр бүлийн орчинд хүүхэд төлөвшиж, хүмүүждэг. Тиймээс гэр бүлийн орчныг эвтэйхэн, таатай байлгах, хүнтэй харилцаж сургах зэргийг эцэг, эхчүүдийн үүрэг болгох асуудал уг хуульд тусгагдсан гэж ойлгож болно. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд бүгд аав, ээжүүд болно гэдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ ирээдүйн аав, ээж болгоход нь сургах ёстой. Түүнээс биш хүүхдээ сургууль, цэцэрлэгт аваачиж өгчихөөд миний хүүхдийг хүмүүжилтэй, зөв хүн болго гэж шахаж, шаардах ёсгүй. Ийм хандлагатай байвал багш, эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ ирээдүйг баллуурдана л гэсэн үг. Тиймээс аль аль талдаа хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд нь анхаарах шаардлагатай.

-Шинэ хөтөлбөр хэрэгтэй л гэнэ. Боловсролын чанар хот, хөдөөгүй ялгаатай болсон тухай ч ярилаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ч гэж байна. Монгол Улсын зах хязгаар бүс нутгийн хүүхдийн сурах орчныг яаж хангах ёстой юм бэ. Тэр хүүхдүүд 21 дүгээр зуунд танхимдаа гал түлээд дулаацаад сууж байна. Энэ асуудлыг бид цаашид яаж шийдэх ёстой вэ?

-Түрүү нь хэлсэн, бидний нэг зорьж байгаа ажил бол хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгая гэж байгаа нь ерөөсөө энэ. Хүүхэд хотод сурч байна уу, хөдөө юу гэдэг нь огт хамаагүй. Адилхан орчинд, тэгш боловсролыг авч байх ёстой. Хамгийн сайн сургууль бол хамгийн ойр байна гэдэг зарчим шүү дээ. Тиймээс бид энэ зарчмыг л хэрэгжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр гал түлээд дулаацдаг анги танхим цөөн бий. Энэ нь хүүхэд бүрд чиглэсэн хувьсах зардалтай холбоотой асуудал. Гал түлээд сууж байгаа сургуулийн орчныг Улаанбаатар хоттой адилхан болгохын тулд санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох ёстой. Цаашлаад бид сум болгонд байдаг 12 жилийн тогтолцооноос салах цаг болсон. Сум бүрд 12 жилийн сургууль байна. Энэ нь шаардлагагүй. Харин сум бүрд цэцэрлэг, дунд сургууль л байя гэдэг зүйлийг ярьж байгаа. Монгол Улсын 365 сум болгон 12 жилийн сургуультай байхаар тэнд ажиллах багш боловсон хүчин гээд асуудлууд гарч ирээд байгаа юм. Үүнээс болоод хот, хөдөөгийн боловсролын чанарын асуудал сөхөгдөнө. Тиймээс энэ тогтолцоог халъя гэж байгаа юм.

-Их дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх тухай ярьдаг. Үнэхээр бүгдийг нь нийслэлээс гаргачихлаа гэж бодоход Улаанбаатар хотын эдийн засгийн байдал хүндрэх юм биш үү. Үнэндээ энэ хэдэн оюутнуудын орлогоор амьжиргаагаа залгуулдаг олон мянган бизнес эрхлэгчид байна шүү дээ…?

-Эдийн засаг сөнөнө гэсэн ойлголттой байж болохгүй. Улаанбаатар хот өөрөө 500 мянган хүн амьдрахад л төлөвлөгдсөн хот шүү дээ. Өнөөдөр нийслэлийн хүн ам 1.6 сая болчихсон байна. Нөгөө төлөвлөгдсөн хэмжээнээсээ гурав дахин хэтэрчихсэн явж байна. Нөгөөтэйгүүр нийслэл хотод нийт 150 мянган оюутан сурдаг. Тэр утгаараа эдгээр оюутнууд хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж яваа нь үнэн. Гэхдээ л бид цаашид хотын төвлөрөлтийг задлахын тулд Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Ховд, Дорнодод их дээд сургуулиудын хотхнуудыг шинээр бий болгох ёстой. Намайг сайд болоод ажлаа авч байх үед 100 гаруй их, дээд сургуультай байсан. Улмаар үүнийг цөөлж, 60 орчим сургуультай болсон. Одоо би дахиад ч цөөлнө гэж бодож байгаа.

-Багш нар авлига авдаг гэх асуудлыг нийгэмд шуугиан болгон ярьдаг. Гэтэл үнэндээ нэг шоколад, набор төдийхөн л байдаг. Ер нь багшийг хүндэтгэн талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг өгөх явдал эртнээс л байсан зүйл. Үүнийг гэмт хэрэг болгох, авлигал авлаа гэж харлуулах шаардлагатай юу. Ганц шоколад авсан багш ажлаа өгдөг, ийм сонин жишиг байна шүү дээ?

-Миний мэдэхийн нэг, хоёр шоколад авлаа гээд багшид хариуцлага тооцлоо гэж сонсоогүй. Энэ бол нийгмийн соёл. Мэдээж багшдаа талархаж цэцэг, шоколад өгч болно. Япончууд гэдэг юм уу бусад улс орнууд багшдаа талархаж шоколад битгий хэл юм өгдөг юм билээ. Үүнийг би сайдын хувьд авлигал гэж харахгүй, хардаг ч үгүй. Энэ бол цэвэр соёлын асуудал.