Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Түвшинтөгс: Инфляцийг тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөтэй DNN.mn

Эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Ам.долларын ханш 3470 руу оржээ. Сүүлийн нэг сарын хугацаанд тогтмол буулаа. Үүнээс хурдан доошлох боломж бий юу?

-Гадаад валютын ханш экспортын орлогоос ихээхэн хамааралтай. Экспортын орлого өсөх тусам гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Ингэснээр ам.доллар суларч төгрөг чангарна гэсэн үг. Энэ оны эхний гурван сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс экспорт бараг хоёр дахин өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 800 орчим сая ам.доллар байгаа нь энэ хэмжээний ам.доллар эдийн засагт нийлүүлэгдэж байна гэсэн үг. Үүнд, оффтэйк гэрээгээр аль хэдийнэ зарагдсан нүүрсээр засварласан ч багагүй ам.доллар эхний сард орж иржээ. Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханш чангарахад нөлөөлсөн. Өөр нэг хүчин зүйл гэвэл төгрөгийн нийлүүлэлт. Одоогийн байдлаар төгрөгийн нийлүүлэлт тогтвортой, бодлогын хүү 13 хувьтай байгаа. Бодлогын хүү инфляциас өндөр байна гэдэг нь мөнгөний хатуу бодлого үргэлжилж буйг илэрхийлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын байдлаар 11, зээлийн өсөлт долоо орчим хувьтай байгаа нь өндөр үзүүлэлтүүд биш. Төгрөг зэх зээлд ийнхүү хязгаарлагдмал байдлаар нийлүүлэгдэж байгаа нь ханшийг чангаруулна гэсэн үг.

-Доллар огцом суларч, төгрөг чангарснаар эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Энэ төгрөгийн чангаралтыг огцом чангаралт гэж үзэхэд учир дутагдалтай.

Учир нь 1.5 орчим хувийн хэлбэлзэл гарах нь ховор тохиолддог үйл явдал бас биш. Гадаад валютын ханш суларч төгрөгийн ханш чангарах нь импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Манай улсын хувьд өргөн хэрэглээний барааны сагсанд импортын бүтээгдэхүүн 40 гаруй хувийг эзэлдэг учраас энэ нь хүн амын амьжиргаанд эерэг нөлөөтэй гэсэн үг. Манай улс өөрөө үйлдвэрлэгч орон бас биш учраас ялангуяа хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэгцээгээ импортоор хангадаг. Тийм учраас төгрөгийн ханш сулрах нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэсэн үг. Энд нэг зүйлийг анхаарахад төгрөг ийм хэмжээгээр чангарах нь бараа бүтээгдэхүүний үнийг шууд бууруулчихгүй. Янз бүрийн шалтгаанаас болоод үнийн өсөлт гарахдаа амархан. Харин тэр болгон буурдаггүй. Төгрөгийн ханшийн үргэлжилсэн чангаралт экспортлогчдын ашгийг бууруулдаг учраас эдийн засагт сөрөг нөлөөтэй байх талтай.

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд яг хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?

-Сүүлийн жилд инфляцийн түвшин өндөр байсантай холбоотойгоор иргэдийн амьжиргаа буурсан. Бидний тооцоогоор улсын хэмжээнд инфляци 12 хувьтай байхад бага орлоготой иргэд 18 хувийн инфляцитай тулж байна. Энэ бол маш өндөр инфляци. Бага орлоготой иргэдийн бодит амьжиргаанд инфляци хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг. Учир нь бага орлоготой иргэдийн хэрэглээний сагсанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр хувийг эзэлдэг. Тийм ч учраас инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргааг богино хугацаанд тогтворжуулахад гол үүрэгтэй. Цаашилбал, дунд болон урт хугацаандаа уул уурхайн салбараас орж буй орлогыг иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлдөг байх тогтолцоог бий болгох ёстой.

-Хагас жилийн байдлаар төсөвлөсөн төсвөөс 500 тэрбум төгрөг илүү гарахаар байгаа тухай Ерөнхий сайд хэлж байсан. Цаашид эдийн засаг өсөлттэй байвал оны төгсгөлд нэг их наяд төгрөгөөр давуулан биелүүлэх боломжтой гэсэн. Энэ мөнгийг эдийн засгийг тэлэхэд зориулж яаж ашиглах ёстой вэ?

-Засгийн газрын зарлагыг өсгөх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих тохиолдол байдаг ч энэхүү бодлого нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бас бий болгодог гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Цалинг хавтгайруулан өсгөх тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг. Энэ тохиолдолд бодит худалдан авалт өсөхгүй, харин ч буурч магадгүй юм. Үр дүнд нь илүү өндөр инфляцитай нүүр тулна. Иймэрхүү байдлаар үнийн өсөлтийг өдөөвөл бага орлоготой иргэд илүү их хохирч үлддэгийг бид харж байна.

Нөгөө талаас, Монголбанк инфляцийг зургаан хувьд авчрах зорилго тавьсан ч одоогоор 12 хувьтай байна. Инфляцийн дарамт өндөр үед мөнгөний бодлогыг улам хатууруулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэснээр зээлийн болоод хадгаламжийн хүү өндөр болно. Зээлийн хүү өндөр байх тусам бодит эдийн засаг тэлэх боломж хумигдана. Тийм ч учраас цалингийн өсөлтийг зөвхөн тухайн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй нь уялдуулах ёстой гэж үздэг.

-Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдсэн эерэг мэдээлэл бий. Биржээр нүүрсээ арилжаалж эхэлснээр далд эдийн засгийг ил болгоход үр дүнгээ өгөх үү?

-Нэг цонхны бодлогыг олон жил хэлэлцсэн, судалсан. Биржээр арилжаалах суваг нээгдэж байгаа нь ил тод байдлыг дэмжих гол алхам болсон. Одоогийн байдлаар энэхүү сувгаар 1.1 орчим сая тонн нүүрс арилжаалсан нь эхлэлийн шатандаа явааг харуулж байна. Нэг цонхны бодлогын хамгийн том давуу тал нь экспортын хамгийн чухал энэ бүтээгдэхүүний борлуулалтад нээлттэй байдлаар хяналт тавих боломжийг олгож байгаа. Өмнө нь ийм төрлийн хяналт хийх боломжгүй байсан. Гэхдээ уг үйл явц эхлэл төдийгүй үргэлжлүүлээд холбогдох дэд бүтэц, логистикийг сайжруулж нэг цонхны бодлогыг тууштай, гүйцэд хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн нүүрсээр хязгаарлагдахгүй төмрийн хүдрийн болоод зэсийн баяжмалын арилжааг цахимаар хийж, ил тод, нээлттэй хяналтад оруулах ёстой. Биржийн арилжаа цаашид амжилттай болох эсэх нь төмөр замын гарцаас ихээхэн хамаарна.

-Ингэхэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, “5 ш” ажиллагаа гэх мэт төрийн том хулгайтай тэмцэж байгаа ажлуудын үр өгөөжийн талаар эдийн засагчийн хувьд ямар хүлээлттэй байна вэ?

-Зөвхөн эдийн засгийн талаас нь үзэхэд хууль, дүрэм журам, гэрээний хэрэгжилт сайн тохиолдолд эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлдгийг байгалийн баялгаа зөвөөр ашиглаж чадсан орнуудын жишээ бэлхэн харуулдаг. Бидний сайн мэдэх Чили, Норвеги, Канад, Австрали болоод бусад улсын жишээ үүнийг харуулсан. Түүгээр ч үл барам эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бас эерэг нөлөөтэй гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бусад салбарууд идэвхжих, тэлэх боломжтой болдог. Ил тод байдал, шударга ёс, хууль, дүрэм, журам, гэрээний хэрэгжилт сайжрах нь иргэдэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийн суурь нь юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь тодорхой болж байх шиг байна. Засгийн газраас өнөөдөр энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барина. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих үү?

-Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэх үед улс төрийн хүчнүүдийн хоорондох үл ойлголцлоос болоод зарим зарчмын шинжтэй чухал заалтууд унасан. Үүний нэг нь парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал байсан. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах асуудал унасан байдаг. Хэрэв тухайн үед эдгээр заалтуудыг Үндсэн хуульдаа оруулаад явчихсан бол өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа дахиад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярихгүй байх байсан. Тиймээс миний хувьд удахгүй Засгийн газраас оруулж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны ҮХНӨ-ийн үргэлжлэл гэж ойлгож байгаа. Тэр утгаараа уг өөрчлөлтийг миний хувьд бүрэн дэмжинэ.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын гишүүний тоог нэмэх асуудал илүү олон нийтийн анхаарлыг татаж байна. Таны хувьд тоог нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг миний хувьд улс төр судлалын эрдэмтэн байх үеэсээ эхлээд дэмжиж, судалж ирсэн. Монгол Улсын хувьд газар нутгийн онцлог болон хүн амын тооноос хамаараад парламентын төлөөлөх чадавхыг чухлаар харах шаардлагатай. Аливаа улс орны парламентын голлох чиглэл нь хууль батлахаас гадна төлөөлөх үүрэг байх ёстой. Үүн дотроо хүн ам болоод газар нутгийг төлөөлөх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн найман сонгуулийн долоод нь хэрэглэгдсэн мажоритар тогтолцоо нь газар нутгийн төлөөллийг харьцангуй сайн хангаж байсан. Өөрөөр хэлбэл тойргоор хуваагдсан систем нь газар нутгийн аюулгүй байдал, бодлогыг төрийн бодлогод тусгаж чадсан байдаг.

Тэр утгаараа газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар систем маань зайлшгүй байх ёстой гэж үзсэн. Үүнтэй зэрэгцээд хүн амынхаа төлөөллийг парламент нь хангах ёстой. Үүнийг өнөөдөр үйлчилж буй мажоритар систем хангаж чаддаггүй сул талтай байгаа. Тиймээс парламентад яах ч үгүй сонгуулийн пропорциональ системийг оруулж ирэх нь зөв. Энэ системийг оруулж ирэх өөр нэг шалтгаан нь нийгмийн бүтцийнхээ төлөөллийг оруулах явдал гэж хардаг.

Өөрөөр хэлбэл парламентад энэхүү системээр дамжуулан эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж ирнэ гэсэн үг. Тодорхой хэлбэл шийдвэр гаргах түвшинд төлөөлөл сул байдаг нийгмийн бүтцээсээ парламентад илүүтэйгээр оруулж ирэх боломж нь сонгуулийн пропорциональ систем.

-Та сая сонгуулийн тогтолцооны талаар ярилаа л даа. Таны хэлсэн тогтолцоог Үндсэн хуульд оруулж өгөх асуудал яригдаж байна. Ингэхгүй бол эрх баригч нам нь сонгууль болохоос өмнө уг хуульд байнга өөрчлөлт оруулдаг гэсэн шүүмжлэл их байна л даа…?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу сонгуулийн ямар ч тогтолцоог сонгох боломжтой. Гэхдээ сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульдаа тусгаж өгөх шаардлагатай гэдгийг улс төрийн зарим хүчнүүд ярьж байгаа. Таны хэлдэг шүүмжлэлийг л тэд ярьж байна. Миний хувьд энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгаад явахад ер нь буруудахгүй болов уу гэж боддог.

-Эрх баригч нам сонгуулийн хоёр системийг ижил түвшинд авч үзэж байгаа. Гэтэл сөрөг хүчний зүгээс 60, 40 гэсэн зарчмаар явах ёстой гэдэг. Тэгэхээр энэ чиглэлд судалгаа хийсэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад тохирох хамгийн сайн системийг сонгохын тулд өөрийн улсын онцлогийг харахаас гадна бусад улс орнуудын туршлагыг маш сайн судлах шаардлагатай. Миний хувьд энэ асуудлыг судлахаас гадна улс төрийн намуудын санхүүжилт, реформуудыг давхар шинжилсэн. Тэр утгаараа манай өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, үйл ажиллагаа, бүтэц, тогтолцоо нь 1980-аад оны Япон, Солонгосын нөхцөл байдалтай тун ойролцоо байна. Тухайлбал, 1988 онд Японд нэгэн компанийн томоохон хэрэг дэгдсэн. Уг компани нь өөрийнхөө хувьцааг улстөрчдөд тараасан буюу улстөрчид бохир мөнгөнд орооцолдсон шуугиан дэгдсэн байдаг. Уг үйл явдлын дараа тус улсын парламентаас улстөрчдийн санхүүжилтийг ил тод болгох, улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгах арга замыг эрэлхийлсэн байдаг. Ингээд улс төрийн болоод сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан.

-Ямар өөрчлөлт оруулсан гэж…?

-Дээрх алдааг засахын тулд эхлээд сонгуулийн холимог системийг сонгосон байдаг. Мөн улс төрийн намын санхүүжилтийг шинэчилж, компанийн болоод хувийн хандивыг хязгаарласан. Төсвийн санхүүжилтийг нэмсэн. Ерөнхийдөө улс төр дэх хувь хүний хүчин зүйлийг багасгахгүй бол ямар нэгэн байдлаар хувь улстөрчийн нөлөөлөл мөнгөнөөс хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа юм. Улмаар энэхүү том реформыг улс төрийн хүрээндээ хийсэн. Энэхүү реформын үр дүн нь арваад жилийн дараа буюу 2005 онд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсний үр дүнд улс төрийн намууд хүчтэй болж, улс төр дэх хувь хүмүүсийн нөлөөлөл багассан байдаг. Үүнтэй адилхан 1980, 1990-ээд оны үед Солонгос улсад улс төрийн том реформ явагдсан байдаг. Харамсалтай нь Солонгост хийгдсэн реформ Япон шиг үр дүн гарахгүй байсан талаар тус улсын эрдэмтэд хэлж байсан. Ямар учраас үр дүн гараагүй вэ гэхээр Солонгос улс сонгуулийн холимог тогтолцоог оруулахдаа пропорциональ тогтолцооны хувийг маш багаар нэвтрүүлсэн юм билээ. Үүнээс болоод үр дүн дорвитой гараагүй гэдэг. Тэгэхээр Япон шиг үр дүнд хүрэхийн тулд сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны хувь хэмжээ тэнцүү байх ёстой. Монгол Улсын хувьд пропорциональ тогтолцоо нь бүр илүү ч байхад гэмгүй гэж боддог.

-Намын санхүүжилтийн асуудлыг та хөндлөө. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөлд уг асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Уг хуулийн төсөл дэх санхүүжилтийн зохицуулалтыг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж энэ удаагийн Улс төрийн намын болоод Сонгуулийн хуулийн шинэчлэлийн гол зорилго нь улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, цэвэр бодлогын өрсөлдөөн болгох. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохоос гадна хувь хүний болоод компаниудын хандивыг хязгаарлах зорилготой байгаа. Тиймээс бидний хувьд энэхүү хуулиудын төслийг боловсруулах явцад олон улсын жишиг, туршлагуудыг их судалсан. Ерөнхийдөө дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн хоёр үндсэн хэв маяг байна. Нэг нь Америк маягийн санхүүжилтийн тогтолцоо, нөгөөх нь Европ. Америк хэв маяг гэдэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс орны хувьд улс төрийн намын нөлөө харьцангуй бага байдаг. Тэр утгаараа улс төрийн намуудад төрөөс дэмжлэг үзүүлэх, төсөв санхүүжилт олгох асуудал хязгаарлагдмал байгаа юм. Ингэхээр ерөөсөө хувь хүний хандив дээр улс төрийн намын санхүүжилт нь явагддаг гэсэн үг. Харин Европын загвар дээр гэвэл парламентын засаглалтай учир бодлогын гол институци нь улс төрийн нам байдаг. Тэр утгаараа намд үзүүлэх төрийн дэмжлэг хүчтэй, төсвийн санхүүжилт өндөр, тэр хэмжээгээр хувийн хандивыг хязгаарладаг байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын хувьд Ром, Германы эрх зүйн системтэй, парламент засаглалтай орон. Тиймээс бидэнд тохирох хамгийн ойрхон систем нь Герман маягийн улс төрийн тогтолцоо гэж үздэг. Тэр ч утгаараа бид Германы хуулиудыг Монголд цөөнгүй нутагшуулж байна.

-Хувийн хандив өгөхийг хязгаарлана гэж байна. Яг ямар ямар төрөлд энэхүү хязгаарлалт үйлчлэхээр байгаа вэ?

-Улс төрд хандив өгөх, өгөхгүй этгээдүүдийг нарийвчлан зааж өгсөн байгаа. Жилд өгөх хувь хүний болоод компанийн хандивын дээд хэмжээг тогтоон өгч байна. Мөн төрийн тендерт оролцсон компаниудыг дөрвөн жилийн наана, цаана улс төрийн намд хандив өгөхийг нь хориглож байгаа юм. Үүгээрээ улс төрийн намд хандив өгч, тендер ялах эсвэл тендерт ялсныхаа дараа улс төрийн намд хандив өгөх гажиг системийг үүгээр хязгаарлаж өгч байна. Мөн улс төрийн намд олгож байгаа төсөв, санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой болгон өгч байгаа. Эдгээр хязгаарлалтуудыг зөрчсөн улс төрийн намуудад оногдуулах хариуцлагын асуудлыг мөн хуульд тусган өгч байгаа. Одоо үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар намууд тайлангаа ил тавиагүйн улмаас ямар нэгэн шийтгэл, хариуцлага огт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилттэй холбоотой асуудлаар намд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй байгаа гэсэн үг. Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд энэ асуудлыг илүү нарийн тодорхой зааж, зааглаж өгсөн гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдэл зузаарч, улс төрийн намд ирэх дарамт нэмэгдэнэ гэдгийг зарим хүчний төлөөллүүд шүүмжилж байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намуудтай холбоотой асуудлаар манай олон нийтийн байр суурь маш тодорхой харагддаг. Тухайлбал, улс төрийн намууд ямар ч хариуцлага хүлээдэггүй, зарим намууд бүр нэг компанийн эсвэл нэг бизнесмэний нөлөөлөл дор байдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улс хүн ам цөөн учраас ийм олон нам байх ёстой юу үгүй юу гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс байнга гарч ирдэг. Тиймээс энэхүү хуулийн шинэчлэлээр улс төрийн намууд нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээх, олон нийтэд болон гишүүддээ ил тод байх, дотоод ардчиллын зарчмуудыг хэрэгжүүлэх үүргүүдийг тусган өгч байгаа. Эдгээр үүргээ биелүүлдэггүй намд хариуцлага тооцох институцийг бид Сонгуулийн төв байгууллага гэж төсөл дээрээ зааж өгсөн. Олон улсын туршлага ч тийм байдаг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн намууд болон хувь улстөрчдийн ихэнх нь дэмжиж байгаа гэдэг. Гэхдээ зарим улстөрчид энэхүү өөрчлөлтийг өнөөгийн парламент хийж болно, харин хэрэгжилтийг нь 2028 оноос эхлүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг илэрхийлж байна. Таны хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д суудалтай намууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Манай намын бүлгээс энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дурдагдсан гишүүдийн тоог нэмэх, орон нутгийг жигд хөгжүүлэх, хэт төвлөрлийг сааруулах үүднээс хотын статусыг Үндсэн хуульд шинээр оруулах асуудлыг дэмжиж байгаа. Мөн хүний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлдэг болох зэрэг асуудлыг МАН-ын бүлэг дэмжсэн. Засгийн газраас энэхүү өөрчлөлтийг УИХ-д албан ёсоор өргөн барьсны дараа гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдынхоо саналыг авна. Улмаар иргэдийн зүгээс энэхүү асуудлыг дэмжих юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ даруйхан хэлэлцэнэ. Тэр ч утгаараа хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь эхлээд мөрдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь олон улсын хямрал, газар нутгийн онцлогоос үүдэж парламентын чадавхыг нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал заавал 2028 оноос гэлтгүйгээр шууд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Ярианыхаа эхэнд дурдсан. Судлаач, эрдэмтэн хүний хувьд олны анхаарлыг татаад байгаа парламентын гишүүдийн тоо хэд байвал манай улсад илүү тохиромжтой юм бэ. Та үүнд яг тоо хэлэхгүй юу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байх үед миний хувьд эрдэмтэн судлаачийнхаа хувиар тодорхой байр суурь, саналаа өгч байсан. Манай улс төр судлалын эрдэмтэд, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачдын байр суурь нэг зүйл дээр нэгдэж байсан. Тэр нь өнөөгийн Монгол Улсын нэг танхимтай, парламентын 76 гишүүн хүн амын төлөөлөх чадварыг хангахгүй байна, парламентын хууль тогтоох бүтээмж дунд түвшинд буюу хангалтгүй байна гэж тодорхойлсон байдаг. Мөн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл өндөр байна гэдэг зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон байдаг. Энэхүү санал зөвлөмжөө тухайн үед удаа дараа гарган өгч байсан. Миний хувьд одоо ч энэхүү байр суурь дээрээ тодорхой байгаа. Ер нь манайх шиг жижиг улсын хувьд аюулгүй байдлаа хангах гол үзүүлэлт бол парламентын чадавх өндөр байх явдал юм. Тэр утгаараа парламент нь хүн амынхаа болоод газар нутгийнхаа төлөөллийг маш сайн хангасан байх шаардлагатай. Ингэхийн тулд мэдээж парламентын гишүүдийн зохистой тоог гаргаж ирэх ёстой. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай. Монгол Улстай төстэй бусад ардчилсан орнуудын туршлага, явуулж байгаа систем ч ийм байна. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад тухайн үед нэг гишүүн 15-20 мянган иргэнийг төлөөлнө гэсэн тооцооллоор оруулж ирсэн байдаг. Тухайн үед манай улс 2.1 сая хүн амтай л байлаа. Өнөөдрийн хувьд манай улс 3.4 сая хүн амтай болсон. Тэр утгаараа сонгогчдын тоо нэмэгдсэн, тиймээс УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зөв гэсэн статистик тооцоолол байдаг. Бусад ардчилсан улс орнуудын хувьд парламентын 100-аас дээш гишүүнтэй байна. Тиймээс манай судлаачид, эрдэмтэд УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Үүнийг миний хувьд дэмжиж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт хүргүүллээ. Ямар учраас уг хороог хуралдуулах хүсэлт хүргүүлэв?

-Сүүлийн үед шүүхээр шийдвэрлэгдсэн, эрүүгийн, зөрчлийн хэргүүдийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиар тодорхой заасан эрхийг хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ялгавартай хэрэглэж байгаа тухай гомдол иргэдээс ихээр ирж байна. Мөн сошиалд ч тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хуулийн тодорхой үндэслэлгүйгээр зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэж байгаа тохиолдлыг яаралтай таслан зогсоох ёстой. Энэ шаардлагаар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлтийг Н.Ганибал гишүүний хамтаар өгсөн.

-Өнгөрсөн чуулганаар ХЭҮК-ын тайлан мэдээллийг сонссон. Тус комиссоос гарсан тайланд хүнийг эрүүдэн шүүх, хүчээр ял тулгах, шүүхийн шийдвэргүйгээр хорих зэрэг хүний эрхийн ноцтой асуудлууд нэмэгдсэн хандлагатай байсан. Та энэ асуудлыг Их хурлын гишүүний хувьд юу гэж үзэж байна вэ?

-Энэ тайланг анхааралтай сонслоо. Мөн өнгөрсөн онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт НҮБ-ын Дур зоргоороо саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн дүгнэлтэд 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн зэрэг ноцтой дүгнэлтийг тодруулах асуулт хүргүүлсэн байсан. Үүнийхээ хариуг УИХ-ын чуулган дээр сонссон, мөн Улсын ерөнхий прокурорын газраас ч тайлбар авсан. Тиймээс би хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндсэн хуулиар олгогдсон эрх зэргийг зөрчигдөхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. ЦАУЗБУК-ын даргын хувьд өнгөрсөн зуунд болсон аймшигт хэлмэгдүүлэлтийг санхүүгийн хувьд нөхөн олгож, цагаатгасаар байна. Мөн орчин үеийн хэлмэгдэлт гаргахгүй байх тал дээр бид маш нарийн анхааралтай хандах ёстой.

-Монголд үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө шоронд хоригдож буй залуучууд цөөнгүй байна. Нийгэмд сайн муугаараа хэлүүлдэг ч байнга ардчиллын төлөө дуугардаг хүмүүсийг хорьчихдог. Тухайлбал Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ гэх мэт… Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шорон цагдаа болдог асуудлыг бид яаж зохицуулах ёстой вэ?

-Яагаад залуучууд талбай дээр үгээ хэлсний төлөө цахим гав зүүгээд, хорьж цагдаад байгааг би ч ойлгохгүй байна. Цаашлаад төрийн албан хаагч лайк дарахад л араас нь дарга нь дарамталдаг систем рүү орж болохгүй ээ. Энэ чинь л хэлмэгдүүлэлт рүү аваачдаг юм аа гэж би олон удаа дуугарч сануулсаар байгаа. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих нэг нөхцөл гэж би үзэж байна. Өчнөөн сар хорьчихоод ганцхан удаа байцаалт авдаг, шүүх хурал нь болохгүй хойшилдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хамгийн чухал зохицуулалт нь Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан эрх зүйн шинэчлэлийг хийж хүний эрхийг хамгаалах хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах юм.

-Ардын нам залуучуудаа дарга болгодог, ардчилсан намын залуучууд шоронд явдаг гэх зүйлийг нийгэмд ярьж байна. Хоригдсон, хэл аманд орсон залуучуудыг харахад дандаа танай намын гишүүд байх юм. Сөрөг хүчин энэ тухай хүчтэй дуугарч залуучуудаа шоронгоос гаргахгүй юм уу?

-Ардын хувьсгалаас Ардчилсан хувьсгал ялах хүртэл явагдсан хэлмэгдүүлэлтийн хор уршиг одоо ч арилалгүй үргэлжилсээр байна. Хэлмэгдүүлэлт нь зөвхөн цагдан хорих, амь насыг нь хороохоос гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гарал үүслээсээ болж хэлмэгдүүлэн гадуурхагдах явдал их байсныг түүхийн баримт нотолдог. Үүнтэй адил Ардчилсан намаар овоглосон ардчилсан үзэлтэй залуучуудыг үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьдог боллоо. Өмнө нь Сүхбаатарын талбайд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ингэж их шийтгүүлж байгаагүй. ХЭҮК-оос судалгаа хийхэд 864 кейсээс 73 хувь нь шүүхийн хяналтад орохгүйгээр баривчлагдсан байна. Хэлмэгдсэн хүний сэтгэл санааны хохирлыг хэзээ ч нөхөж чаддаггүй шүү гэдгийг л дахин дахин хэлье. Үүнд Ардчилсан намын бүлэг удаа дараа шаардлага тавьж дуугарч байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна.

-Улс төрийн намын тухай болоод Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд эдгээр хуулиудын төсөлтэй санал нэгдэж байгаа болон дэмжихгүй ямар зүйл заалтууд байгаа вэ?

-Би энэ хуулиудыг хэлэлцэж шинэчлэх цаг нь болсон гэдэгт санал нийлж дэмжиж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг болсон. Үүсээд буй хямралын суурь нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм. Сонгуулийн холимог систем нь парламентын сонгодог ардчиллыг бий болгож байдаг. Юун түрүүнд улс төрийн намыг төлөвшүүлж, үзэл баримтлалтай, хөгжлийн бодлоготой байхыг шаардсан хууль тогтоомжтой реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байж л улс орон хөгжинө. Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сонгуулийн жил бэлэг тарааж болохгүй гээд заачихсан байдаг. Үүнийг

УИХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараахыг хориглох заалтыг тусгах нь зүйтэй. Мөн УИХ-д нэр дэвшихээр горилогчдыг бэлэг тараахыг хориглох хэрэгтэй. Хууль тогтоогчид тэтгэврийн хүмүүст бэлэг сэлт, гурил будаа тараахын оронд тэтгэврийг нь амьдралд хүрэлцээтэй болгох, ажилгүйдлийг бууруулах, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх хууль санаачилж батлуулах гол ажилдаа анхаарах ёстой гэж би хувьдаа үздэг дээ.

-Мэдээж эмэгтэйчүүд квотын асуудлыг хөндөж байна. Таны хувьд парламентад хичнээн эмэгтэй гишүүн орж ажиллах ёстой гэж боддог вэ. Ирэх сонгуулиар эмэгтэй гишүүдийн квот нэмэгдэх хандлага байна уу?

-Жендерийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлын хүрээнд сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж босго тогтоосон байсан. Энэ бол маш чамлалттай тоо, хангалттай хэмжээ биш юм. Эмэгтэйчүүд маань улс төрд илүү орж ирээсэй, оролцоосой, илүү шударга байгаасай, илүү хяналт тавиасай. Учир нь ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж хүчирхийлэл, авлига хээл хахуулийн асуудал буурахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд бид Хөгжлийн банкны асуудлыг харлаа. Энэ бүхнийг үгүй хийх үндэс нь улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор очиж байж хамтдаа асуудлыг шийднэ. Сонгуулийн тогтолцоонд аль нэг хүйсийн квотыг хангалттай нэмэгдүүлж байж парламент дахь эмэгтэйчүүдийн суудал нэмэгдэнэ. Мөн намуудын жендерийн мэдрэмжтэй байдал эмэгтэйчүүдэд ээлтэй ажиллах эсэхэд чухал нөлөөлнө байх. Нөгөө талаар эмэгтэйчүүд улс төрд ороход төсөв санхүүгийн асар том ханатай тулж байгаа учир сонгуулийн үеэр тараадаг тараах материал, самбар зэрэгт зарцуулдаг тэр их мөнгө төсөв гаргадаг байдлыг зогсоох нь зүйтэй юм.

-УИХ-ын дэд даргын хувьд танай парламент ҮХНӨ-ийг хийж чадах уу. Засгийн газраас оржирсэн төслийг хэлэлцэх үү. Гишүүдийн тоог нэмэх шаардлагатай юу?

-Энэ асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэнэ. Үүний дараа өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргаж Засгийн газарт саналаа хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа хүлээлгэсэн ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно DNN.mn


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон гурван шатны шүүхээр орж ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг Улсын дээд шүүх дахин хэлэлцэж, уг хэрэгт холбогдолгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэн Б.Содномдаржаатай ярилцлаа.


-Та ямар ажил эрхэлж байна вэ?

-Яг тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Гэхдээ зүгээр суухгүй, том хүүгийнхээ бизнест туслаад л явж байна.

-Ямар бизнес вэ?

-Эрдэнэтийн барааны зах дээр манай том хүү лангуутай. Гэр ахуйн болоод бусад төрлийн бараа зардаг ухаантай. Бараа бүтээгдэхүүнийг нь зөөх, зарах, лангуун дээр зогсох гэх мэт ойр зуур ажил хийж, хүүдээ тусалж байна. Мөн захын манаач хийж байгаа. Хэцүү газраас гарч ирээд ажилд орох санаатай их явсан. Миний насны хүнийг авдаг газар гэж байхгүй болжээ. Дээр нь нуруу татчихаад, ойрд бие тааруу байна. Гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа болохоор удахгүй гайгүй болох байх аа.

-Тантай биечилж уулзаад ярилцаж байна. Таныг харахад ер нь их том биетэй, том гартай хүн байна шүү…?

-Миний өндөр нэг метр 85 сантиметр. Ер нь биерхүү шүү.

-Та ер нь залуудаа, хүүхэд ахуй насандаа ноцолдож явсан уу?

-Хүүхэд байхдаа бөхийн бэлтгэл хийж явсан шүү. Бусдын адил үеийнхэнтэйгээ ноцолдож л явлаа. Сургуульд байхад найзуудтайгаа барилдахад ер нь бүгдийг нь давчихдаг байсан даа. Яах вэ бөхийн удам бас нөлөөлж л байгаа байх. Аав маань намайг бага байхад бөхийн секцэнд явуулж байсан. Даанч өөрөө сонирхолгүй болохоор тэгэсхийгээд больсон.

-Бөхийн удамтай гэж үү?

-Миний аав аймгийн арслан цолтой бөх хүн байсан. Аав маань өнгөрсөн жил өөд болсон, хөөрхий. Хүүгээ хүлээсээр байгаад бурхан болсон доо. Аав маань 1991 онд хар тарлан үхрийн ферм байгуулж явсан хүн. 1992 онд би төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй шууд хөдөө гарч, аав, ээжийнхээ ажилд тусалсан даа. Тэр цагаас хойш хөдөө ажиллаж, амьдарч ирсэн. Улмаар 2000 оны эхээр наймаа хийж, зах зээл рүү ойртсон.

-Хэдэн онд гэр бүлтэй болж байсан бэ?

-1993 онд гэр бүлтэй болсон. Манай хоёр том хүүхдийн ээж Хөвсгөлийнх. Залуу ч байж, хоорондоо таарч, нийлэлгүй салцгаасан. Хожим одоогийн эхнэртэйгээ танилцаж, зургаан хүүхэдтэй болсон. Одоо өнөр өтгөн халуун ам бүлээрээ сайхан амьдарч байна.

-Мэдээж халуун ам бүлээрээ байх шиг сайхан зүйл юу байх вэ. Улсын дээд шүүхээс таны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэдээг сонсоод гэр бүлийнхэн тань бүр их баярласан байлгүй. Яг хэзээ ийм шийдвэр гарчихав аа?

-Мэдээж их баярласан. Шүүхийн шийдвэр арваад хоногийн өмнө гарсан. Анх фэйсбүүкээс л харлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд явж байсан. Түүнийг хараад ёстой их баярласан. Өөрийн эрхгүй нулимс дусалж, уйлсан шүү. Шударга ёс ялдаг, шударга ёс байдаг гэдэгт итгэсэн. Бурхан тэнгэр гэж бас байна.

-Таны хувьд энэхүү хэрэгт холбогдож хоригдсон. Ял сонссон. Тэр цагаас эхлээд үнэхээр хэлмэгдчихлээ, гэхдээ шүүхээс миний хэргийг хэзээ нэгэн өдөр хэрэгсэхгүй болгоно доо гэж итгэж, хүлээж байсан байлгүй. Гэхдээ зургаан жил суусан шүү дээ. Энэ хугацаанд таны тэр итгэл алдарч байв уу?

-Хориход байхдаа өглөө болгон босоод, за өнөөдөр намайг дуудна даа. За өдөр тийшээ дуудах байх даа. Би хэрэг хийгээгүй, гэмгүй хүн. Арай ч Монголын хууль, шүүхийн байгууллага намайг насаар минь хилсээр суулгачихгүй байлгүй дээ гэж боддог. Өглөө болгон намайг дуудна, би гарна гэсэн итгэлтэйгээр сэрдэг байлаа. Хэдий зургаан жил болсон ч миний энэ итгэл нэг өдөр ч алдарч байгаагүй шүү. Учир нь үр хүүхдүүд минь нүдэнд харагдаад, аав нь өнөөдөр гараад очно доо л гэж их боддог байсан. Заримдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүст хэлнэ. Намайг суллахгүй юм байх даа, би чинь хэрэг хийгээгүй хүн шүү дээ гэж хэлнэ. Хариуд нь таны шүүхийн тогтоол ингэж гарсан, тиймээс таны гэм буруугүйг бид мэдэхгүй гээд л өөр юм хэлдэггүй байлаа.

-Та яг хэзээ тэр хэцүү газраас гарсан юм бэ?

-2021 оны тавдугаар сарын 14-нд 411 дүгээр ангид байхад намайг дуудсан. Тэгээд таныг батлан даалтаар суллаж байна гэсэн. Би бодсон л доо. Гэмгүй, буруугүй хүнийг батлан даалтаар суллалаа гэж бас ямар юмаа яриад байна вэ гэж. Шууд гаргачихгүй, бас батлан даалт нь ч юу вэ дээ. Тэр өдөр гарч ирээд шууд л гэр рүүгээ тэмүүлсэн. Яг гарахад бас нэг бичигт гарын үсэг зуруулсан. Тэр нь элдэв хөдөлгөөн хийвэл буцаагаад хорьчихно шүү гэсэн бичиг бай луу даа.

-Гарч ирлээ, гэртээ ирлээ. Нийгмийн харилцаанд орлоо. Нийгэм таныг яаж хүлээн авсан бэ?

-Монголын ард түмэн Т.Чимгээ бид хоёрт их сайн гэж боддог. Дэлгүүр хоршоо, такси унаа гээд нийгмийн харилцаанд ороход уулзсан, учирсан хүн болгон та хоёр үнэхээр хэлмэгдсэн шүү л гэж хэлдэг. Миний хувьд одоо Эрдэнэтэд байна. Манай эрдэнэтчүүд надад их сайн. Гудмаар, захаар явахдаа харилцсан хүн болгон л өрөвдсөн харцаар хардаг. Зарим нь тус дэм болоод явж байна. Ер нь тусалъя л гэдэг шүү. Олон дунд сайнтай муутай л даа. Зарим нэг хүмүүс чи муу ялтан биз дээ, чи тэр хүнийг алаа биз дээ гээд айхавтар агсардаг. Гэхдээ ингэж агсардаг хүн цөөхөн л дөө.

-Шүүхээс таны хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш дахиж таныг дуудсан уу, ер нь…?

-Төв аймгийн шүүх дээр шүүх хурлууд үргэлжилж байгаа. Нөгөө Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Мөнхбаяр, Бархасбадь, Отгонбаяр нарын хэргийг шүүх хэлэлцэж байгаа. Бид хоёрыг эрүүдэн шүүсэн хүмүүс эд нар шүү дээ. Аюултай зүйл хийчихээд, өөрсдийгөө өмөөрөөд чичрээд л дайраад байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний хувьд гэрчийн хувиар Төв аймгийн шүүх рүү хэд хэдэн удаа очсон.

-Бид хоёрыг дахиад дуудаад суулгачих вий дээ гэсэн болгоомжлол байна уу?

-Тийм зүйл байхгүй байлгүй дээ. Шүүх шударгаар шийдвэр гаргасан. Тиймээс дахиад дуудаад хорьчихно гэж огт бодохгүй байна. Бид хоёрын хувьд хангалттай шалгууллаа. Зургаан жил гэдэг чинь урт хугацаа. Анх надад 2016 онд шүүхээс 25 жилийн гяндан сонсгож байсан. Тухайн үед энэ шийдвэрийг нь хараад үнэхээр шок, солиоролд орсон. Арай ч үгүй байлгүй дээ, Монгол Улсын шүүх тоглож байгаа байлгүй дээ л гэж бодогдсон. Тэгээд л гаргахгүй байсаар байгаад бүр гяндан руу хийчихсэн шүү дээ. Үнэхээр гомдмоор… (уйлав).

-Тайвшир даа та, одоо бүх зүйл сайхан боллоо шүү дээ…?

-Өөрсдийг нь тэгвэл яах бол, энэ хүмүүс. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг бүгдийг нь авч яваад хорьчихвол яах бол. Орилж чарлаад ёстой амь тэмцэнэ дээ…Тэгэхэд миний хувьд тэвчээртэйгээр зургаан жил үнэнийг харж өглөөг угтдаг байлаа.

-Гяндан гэдэг айхавтар газар байх л даа…

-Үгээр хэлшгүй муухай газар. Хааш хаашаагаа гурван алхам л өрөө. Тэр газарт “би гэмгүй хүн шүү дээ” гээд үзэл бодлоо илэрхийлэхэд л шууд л 72 цагийн баривчилгаанд гавлаж, дөнгөлөөд л хийчихдэг байсан. Тэгээд суухгүй шүү чи, босоогоороо байна шүү гэж дарамтална. Хүн чинь 72-т олон ороод ирэхээр сүүлдээ халшраад хэрэлдэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, таг дуугүй болдог юм билээ, дахиж орохгүйн тулд.

-Таныг хоригдож байх хугацаанд хүний эрхийн байгууллагаас болоод нэр бүхий улстөрчид эргэж тойрч явсан. Хамгийн их анхаарал тавьж, очиж уулздаг хүн хэн байсан бэ?

-Манай ээж, Т.Чимгээ эгчийн ах Хүрлээ маань бид хоёрыг байнга эргэж, тойрч явсан даа. Миний хувьд төрийн түшээдийг бүгдийг нь танихгүй, мэдэхгүй. Зарим нэг хүмүүс гэхдээ ирдэг байсан. За одоо, Ц.Нямдорж гуай, Лу.Болд гишүүн миний төлөө их явсан даа. Албан ёсоор нэг зүйл хэлье. Ц.Нямдорж, Лу.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, А.Сүхбат нарын гишүүд сайд нартаа үнэхээр их талархаж байгаагаа хэлье. Мөн хүний эрхийн “Нэхүүл” хөдөлгөөнийхөндөө баярлалаа. Эдгээр улстөрчид үнэхээр үнэний төлөө, шударга ёсны төлөө явдаг хүмүүс шүү.

-Таны хувьд шүүх, хуулийн байгууллагын буруу, зөв хоёр шийдвэрийг биеэрээ амслаа. Тэр утгаараа Монголын шүүх, хуулийн байгууллагуудын мөн чанар ямар санагдаж байна вэ?

-Хүн гэж сэтгэлийн амьтан юм байна лээ. Ялтан гэж хэлмэгдүүлэхэд төрдөө гомдож, ард гэж хэргийг минь цагаатгахад төрөө хүндэтгэсэн. Монголын хууль, шүүхийн байгууллагын албан хаагчдыг бүгдийг нь муу гэж би хэзээ ч хэлэхгүй, бодохгүй. Яг энэ хэрэг дээр ажилласан, хэрэг хянасан прокурорууд болох хэсэгхэн хүмүүс л Монголын төрийг гутааж байна. Дор бүрнээ мэргэжилдээ үнэхээр хариуцлагагүй ажилласан. Тангаргаасаа зөрсөн үйлдлүүд их гарсан шүү дээ. Цаашид ийм хүмүүс Монголын төрд бүү үзэгдээсэй л гэж залбирч байна. Угтаа тухайн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол хэргийг дандаа нотлох баримтад тулгуурлан авч хэлэлцэх ёстой. Гэтэл надад холбогдуулсан хэргийг нотлох баримтад биш хоёр хүний хэрүүл, маргааныг үндэслээд ял тулгасан шүү дээ. Үүнд нь би их харамсдаг.

-Ямар хэрүүл гэж. Ер нь анх таныг энэ хэрэгт холбох болсон шалтгаан нь юу юм бэ?

-Ц.Амгаланбаатар намайг “Чи С.Зоригийг алсан биз дээ” гэж гүтгэсэн. Зөрүүлээд би “би алаагүй, чи алсан биз дээ” гэж хэрэлдсэн. Зүгээр энгийн л маргаан. Хүн шууд хүн алсан гээд дайрахад нь чи өөрөө алаа биз дээ гээд л хэлсэн төдий. Үүнийг нь прокурор Г.Эрдэнэбат шууд л нотлох баримт болгоод хэрэгт холбогдуулсан. Энэ хоёр хүн ингэж хэрэлдлээ. Нэгнийгээ чи алсан гэж хэрэлдэж байгаа нь нотлох баримт мөн гээд л үзчихсэн. Г.Эрдэнэбат гэдэг хүн багш, тангараг өргөсөн хуульч хүн. Гэтэл Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн гээд л нийгмийг шуугиулсан. Ерөөсөө энэ хэрүүлээс болоод намайг хэргээ хүлээсэн гээд л үзчихсэн гэсэн үг. Ер нь гэхдээ тухайн үед байсан гэрчүүд хэлсэн байдаг юм билээ. С.Зоригийг хөнөөсөн хүмүүс эрэгтэй нь нэг метр тавин сантиметр, эмэгтэй нь метр наятай байсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй нь намхан, эмэгтэй нь өндөр гэж гэрчүүд нь хэлээд байхад л уг хэрэгт ямар ч холбогдолгүй бид хоёрыг шууд л хорьсон шүү дээ.

-Хэвлэлээр энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийн аман зураг ил болж гарч ирсэн. Уг зурагт байгаа эрэгтэй хүнтэй таны зургийг харьцуулан гаргасан байсан шүү дээ. Зарим хүмүүс өөр байна гэдэг ч зарим нь адилхан гэж үздэг…?

-Тэр зураг ийм учиртай. Миний дөчин настай байх үеийн зургийг харж байгаад л шууд зурчихсан юм билээ. Угтаа тухайн хэрэг гарах үед би дөнгөж л хорь гарч явсан залуу шүү дээ. Миний залуухан дөнгөж хорь гарч явсан үеийн зургууд байдаг. Тэр зургийг ард түмэнд харуулах ёстой. Яагаад дөчин настай үеийнх нь зургийг шууд харж зурчихаад аман зураг гэж явдаг юм. Угтаа С.Зоригийг хөнөөсөн хүн тухайн үед гучин тав, зургаан настай хүн байсан гэдгийг гэрчүүд нь хэлсэн юм байна лээ. Гэтэл энэ хэрэгт намайг холбогдуулахын тулд зорилготойгоор миний дөчин настай үеийн зургийг зурсан. Энэ мэт хэрэгт холбогдуулах гэж нотлох баримтуудыг санаатайгаар зохиож эхэлсэн дээ.

-Таны тэр хорин хэдтэй байх үеийн зураг байна уу, одоо…?

-Миний бүх зургийг тагнуулынхан авч яваад алга болгосон. Бүр манай гэрээс аваад зогсохгүй, хамаатан саднуудын гэрээс авсан. Одоо надад тэр үеийн маань зураг байхгүй.

-Дахиад асуухад энэ хэрэгт анх холбогдох шалтгаанаа та ер нь юу гэж харж байгаа вэ?

-Ерөөсөө тодорхой шүү дээ. Анх Ц.Амгаланбаатар гэх нөхрийн үгээр л бид хоёрыг энэ хэрэгт хэлмэгдүүлээд холбогдуулчихсан. Ц.Амгаланбаатар гэдэг нөхөр 2007 онд хүн амины хэргээр шоронд орсон хүн. Тэр цагаасаа эхлээд өөрт нь холбогдолгүй хэргүүдийг өөрөө хийсэн мэтээр хүлээдэг. Хүн амины долоо, найман хэрэгт өөрийгөө холбоотой гэж хүлээсэн байдаг шүү дээ. Ийм хүний үгээр бид хоёрыг хэлмэгдүүлчихсэн. 2012 онд Ц.Амгаланбаатар бид хоёртой нийлж С.Зоригийг алсан гээд л хэлчихсэн. Тэгээд л шууд бид хоёрыг хорьсон шүү дээ. Тэгээд шоронд хорьж байгаад энэ хэрэгт хүчээр холбогдуулсан. Огт гаргаагүй. Иймэрхүү гэмт хэргийг өөртөө нааж, худлаа ярьж хүлээн авдаг этгээдүүдийг таслан зогсоох ёстой. Мөн олдохгүй байгаа хэргийг бид хоёрт тохож, улс төрийн зорилгоо биелүүлсэн байх.

-Ямар хүмүүс нь улс төрийн зорилгоо биелүүлчихэв ээ. Танд хардаж байгаа хүн байна уу?

-Улс төрийн зорилготой хийгдсэн ажил гэдэг нь тэртээ тэргүй нийгэмд ил боллоо. Гэхдээ ямар хүн, ямар улстөрчид ийм бохир зүйлийг хийснийг би мэдэхгүй. Юутай ч Т.Чимгээ бид хоёрын амьдралыг там болгосон. Бүхэл бүтэн найман жилээр бид хоёр хохирсон.

-Та түрүү нь нэр бүхий хүмүүсийг хэлсэн. Эдгээр хүмүүс л бид хоёрын амьдралыг сүйрүүлсэн гэж. Одоо эрүүдэн шүүсэн хэргээр эдгээр хүмүүс шалгагдаж, зарим нь ял авсан. Эдгээр хүмүүст та дахиад гомдол гаргах уу?

-Мал хулгай хийсэн хүнд хоёр, гурван жилийн ял өгдөг. Гэтэл бүтэн хоёр хүний амьдралаар тоглосон хүмүүст дэндүү чамлахаар хариуцлага тооцсон доо. Хуулиараа хүн хэлмэгдүүлсэн этгээдүүдэд таван жилийн хорих ялтай гэж сонссон. Гэтэл эдгээр хүмүүст прокурор таван жил гэж байхад шүүх нь гурван жил, сүүлдээ нэг жил болгосон. Ингээд хоёр сар суугаад л гарчихсан. Миний амьдрал, ар гэр, үр хүүхдийн минь амьдралаар тоглож, амьдын тамд унагаасан хүмүүс хоёр сар суугаад л гарч ирсэнд нь гомдолтой байгаа. Гэхдээ одоо хичнээн гомдол гаргасан ч хүлээн авахгүй байлгүй дээ. Нэгэнт шүүхээр ялаа аваад гараад ирсэн хүмүүс шүү дээ. Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа хүлээлгэсэн ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно шүү. Үүнийг тэр хүмүүс санаж яваарай.

-Энэ хэргийг улс төрийн аллага гэж нийгэм ойлгодог. Гэхдээ одоо уг хэргийг илрүүлэх ажиллагаа нь өөрөө улс төрийн зорилготой болчихлоо. Таны хувьд уг хэрэг гарсан яг тэр үед хаана байсан бэ?

-Би аавынхаа үхрийн фермд л ажиллаж байсан. Эрдэнэтэд гэсэн үг. Тухайн үед телевизээр ийм хэрэг боллоо гэж мэдээлэхэд манай гэрийнхэн нөгөө мундаг хүнийг алчихсан байна шүү дээ гээд л ярьж суусан. Бусдын л адил энэ том улстөрчийн амиа алдсан хэрэгт харамсаж, яагаад ийм зүйл болчихсон юм бол доо л гэж бодож явсан. Улс төрийн зорилготой эсэхийг би үнэхээр мэдэх юм алга. Улс төр гэдгийг мэдэхгүй. Гэмгүй явсан хоёр хүнийг шууд барьж аваад л хорьчихсон шүү дээ. Энэ хэргийг хаахын тулд л бид хоёрыг хэлмэгдүүлсэн.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст материалуудын ихэнх нь нууцаас гараагүй гэдэг. Үүнийг ил болгох ёстой гэж үзэж байна уу?

-Ерөөсөө ил болгох ёстой. Тэр нууцад байгаа хавтаст хэргүүд ил боллоо гээд бид хоёртой холбогдох нэг ширхэг ч баримт байхгүй. Ямар ч нотлох баримт нь таарахгүй. Намайг мансууруулаад тэр байранд Ц.Амгаланбаатартай очсон материалууд л байгаа биз. Өөр надад холбогдох юу ч байхгүй. Бид хоёрын гарын хээ, нус, шүлс, цус гээд бүх зүйлээс дээж аваад Америк руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариугаар эл хэрэгтэй холбоотой баримтуудтай огт таарахгүй байна гэж гарсан. Угаасаа яаж таарах билээ.

-Та хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор С.Зориг агсны ар гэрийнхнээс холбоо барьсан уу. Угтаа та хоёроос уучлал гуйх нь хүн ёсны харилцаа байлгүй дээ…?

-Бидэнтэй холбогдоогүй. Саяхан С.Зориг агсны охин хэвлэлд ярилцлага өгч байхыг нь харсан. Маш зөв зүйл ярьж байна лээ. Би түүнд нь их баярласан. Үнэхээр шударга ярьж байна лээ.

-Таны хувьд эл хэргийн цор ганц гэрч гэгдэх Б.Булгантай удаа дараа уулзсан байх. Тэр хүн таныг харчихаад юу гэж байсан бэ?

-Төв аймгийн шүүх дээр хэд хэдэн удаа уулзсан, таарсан. Б.Булган гуай бид хоёрыг биеэ сайн бодоорой, энэ хэрэгт та хоёр бол холбогдолгүй. Үнэн ялдаг шүү л гэж хэлдэг байсан. Миний хувьд одоо нэг зүйлийг маш их боддог. Анх 2016 онд шүүх хурал болсон. Тэр шүүх хурал дээр Б.Булганыг оруулах ёстой байсан. Гэтэл тухайн үед прокурор, шүүхийнхэн оруулаагүй. Энэ хүн бол энэ хэргийн хамгийн гол гэрч нь. С.Зориг агсныг хөнөөсөн алуурчдыг харсан цор ганц хүн бол Б.Булган шүү дээ. Гэтэл яагаад тухайн шүүх хуралд Б.Булганыг оруулаагүй юм бэ гэж их гайхдаг. Алуурчдыг харсан цор ганц хүн болох Б.Булганыг 2016 оны шүүх хуралд оруулчихсан бол бид хоёрын амьдралын хувь заяа өөр байх байсан шүү. Тухайн шүүх хурлаар бид хоёрын амьдралыг шийдэх гэж байсан. Гэтэл энэхүү хуралд Б.Булганыг оруулаагүй. Үүнд л би одоо хүртэл их харамсдаг даа.

-Найман жилийн амьдралаараа хохирсон гэлээ. Одоо энэхүү хохирлоо нэхэмжлэх үү. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг юугаар ч хэмжишгүй байх л даа…?

-Гадуур буруу мэдээлэл яваад байна лээ. Б.Содномдаржаа 40 сая төгрөг нэхэмжилжээ, 32 сая төгрөг авна гэнэ гэх мэт. Ингэж нэхэмжилсэн зүйл би огт яриагүй шүү гэдгээ хэлье. Миний хувьд энэ асуудлыг өмгөөлөгчтэйгөө зөвшилцөж байгаа. Мэдээж сэтгэл санааны хохирол гэдэг юугаар ч хэмжигдэхгүй зүйл л дээ.


Categories
мэдээ улс-төр

Дэ факто Д.Жаргалсайхан юу ярив! DNN.mn

Улс төр, нийгэм, эдийн засгийн салбарыг ширхэглэн судалдаг хүн бол Дэ Факто. Тэр дундаа эдийн засгийн чиглэлд нэг ч бутархай тоо гээлгүйгээр шинжилж судалж, үр дүнг нь боловсруулдаг мэргэжлийн эдийн засагч, сэтгүүлч хүн. Тэрбээр саяхан улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар хэвлэлд ярилцлага өгч. Ингэхдээ нийгэмд шуугиан болоод буй нүүрсний хулгай, авлигалын арми хэрхэн ажилладаг болоод Засгийн газраас хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны талаар ярилцлагадаа онцлон хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Төрд шургасан хулгайг илрүүлэх тусам саарал ордон дахь зөрчилдөөн ихэснэ гэдгийг тэрбээр хэллээ. Энэ нь хулгай бүрийн ард улстөрчид байна гэсэн үг. Улстөрч болгон өөрийн гэсэн хулгай хийх схемтэй, тойрогтой, бүлэглэлтэй аж. Үүний эсрэг тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн маш том хайчин дунд яваа гэдгийг тэрбээр онцлон хэлж. Тиймээс эдгээр хулгайч улстөрчид, бүлэглэлүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаанд орохгүйн тулд авлигын арми бүрдүүлж, идэвхтэй хөдөлж эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь авлигын арми Засгийн газрыг унагаахаар ил далд улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах болсныг Дэ Факто дурдав. Авлигын арми хүчээ авч байгаагийн өөр нэг жишээ нь УИХ-аас төлөвлөчихсөн нийтийн сонсголыг зогсоосон үйл явдал гэдгийг хэллээ. Хамгийн ноцтой нь авлигын арми нийгмийг яаж бутлах вэ, хэнийг хэзээ нийгмээр яллуулах вэ гэдгээ төгс хийдэг гэнэ. Ард түмний нүдэн дээр авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглаж хөлжиж, баяжаад байхад л монголчууд чимээгүй хараад л сууцгаадаг байна. Боолын сэтгэлгээ маань монголчуудыг улам л боол болгож байгаатай холбоотой аж. Мөн тэрбээр шүүх засаглалыг авлигын арми томилдог асуудлыг хөндлөө. Хэн, хэнийг томилсон бэ гэдэг нь нууц биш байгаа ч үүнийг олон нийтэд ил тод зарлахаасаа айж байна гэв. Хэрэв авлигын армийн эсрэг тэдний томилгооны эсрэг үйлдэл хийсэн хэнд ч эзэнгүй хэрэг тохоод чимээгүй болгож дөнгөх аж. Үүнээс харвал нөгөө шударга бусын хонгил нурчихаагүй бат бөх өдийг болтол байсаар л байгаа юм байна. Авлигын арми цаг эргэнэ гэж ярьдаг аж.

Энэ нь Засгийн газрыг унагаах, өөрсдийнхөө нөлөө бүхий улстөрчдийг төрийн эрхэнд гаргахыг хэлж буй. Ингэвэл Монгол Улс хөгжлөөсөө ухарна гэдгийг тэрбээр онцолж байв. Тиймээс энэхүү авлигын армийг үндсээр нь устгахын тулд, нүүрсний болоод бусад хулгайг гүйцэт устгахын төлөө Засгийн газрын дэвшүүлсэн “5 Ш” ажиллагааг ард түмэн тууштай дэмжих шаардлагатайг Де Факто онцоллоо

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда: Худалдааны эргэлт нэмэгдэх тусам манай аж ахуйн нэгжүүд Монголыг ихээр сонирхож байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийж байна. Тус айлчлал 24-26-ны өдрүүдэд боллоо. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцлээ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцав. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

КОНСУЛЫН ХЭЛТЭС АЖИЛЛУУЛАХ МОНГОЛЫН ТАЛЫН ХҮСЭЛТИЙГ ПОЛЬШ УЛС 2024 ОНООС АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО

Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт санал нэгдлээ. БНПУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна Монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ нотлов. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд найрамдах Чех улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая орчим ам.долларт хүрэн, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг талууд онцлов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улс нь ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй БНПУ-ын бодлогыг хүндэтгэж, НҮБболон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг зохион байгууллаа. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов.

БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа. Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн, сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД

МУИС “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол иргэдэд төрийн одон гардуулав. Тухайлбал, Гавьяаны загалмайн алтан одонгоор Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяаг, Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор НЗДТГ-ын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагвыг, Гавьяаны загалмайн хүрэл одонгоор Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа. Дараа нь БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо. Үүний дараа эрхэм зочид “Чингис хаан” музейг үзэж сонирхов.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Болормаа: Улс төрийн зорилготой дайралтууд ирдэг ч үүнд нь эмзэглэхээсээ илүү харамсдаг DNN.mn


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт төрийн тэргүүн болоод Их хурал, Засгийн газрын гишүүд танай аймагт ажиллалаа. Энэхүү албан томилолтын хүрээнд ямар асуудал шийдэгдэв. Энэ талаар та товчхон ярихгүй юу?

-Таны хэлдгээр Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа Ховд аймагт ирлээ. Гурван хоногийн хугацаанд манай аймагт ажиллалаа.

Ингэхдээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын үйл явцтай танилцлаа. Ховд эко цементийн үйлдвэрийн нээлтэд оролцож, манай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан хаагч, эмч, ажиллагсадтай уулзалт хийлээ. Мөн шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсэн.

Үүнээс гадна Ховд аймгийн үйлдвэр технологийн шинэ парктай танилцсан гээд Ерөнхийлөгчийн орон нутагт хийсэн томилолт үр дүнтэй болсон гэж үзэж байгаа.

-“Ховд эко” цементийн үйлдвэр ашиглалтад орлоо. Энэхүү үйлдвэрийн ач холбогдол Ховдод төдийгүй баруун бүс цаашлаад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?

-Цементийг барилгын салбарын талх гэж ярьдаг. Хөдөөгийн сэргэлтийн хамгийн чухал зүйл бол барилгажилт. Тэр утгаараа орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, төвлөрсөн суурин хот, сумдын утааны асуудлыг шийдвэрлэхэд энэхүү “Ховд эко” цементийн үйлдвэр маш том нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Нөгөөтээгүүр энэхүү үйлдвэр ашиглалтад орсноороо баруун таван аймгийн цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна үнэ ханшийн хувьд Улаанбаатар хотынхтой адилхан байна гэсэн үг. Магадгүй зарим цементээс өртөг бага ч байж мэднэ. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн зүгээс бидэнд ирүүлсэн мэдээллээр задгай цемент тонн нь 363 мянган төгрөгөөр борлуулагдана гэсэн.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орохоос өмнө буюу намайг өнгөрсөн жил Засаг даргаар томилогдон ирж байхад манай энд нэг тонн цемент 700 гаруй мянган төгрөгт хүрч байсан. Өөрөөр хэлбэл дээрх үнээс хоёр дахин илүү өндөр ханштай байсан гэсэн үг. Тиймээс энэ өртгийг хоёр дахин буулгаж ард иргэдэд борлуулах болсон нь бидний хувьд аль хэдийнээ тус үйлдвэрийн үр шимийг хүртэж эхэлсэн гэж ойлгож болно. Товчхондоо энэхүү үйлдвэр нь Ховд аймагт гэлтгүй баруун бүсийн хувьд томоохон бүтээн байгуулалт болсон.

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт энэ зунаас эхлэх гэж байна. Маргаантай олон асуудал бий. Эдгээр асуудлыг Засаг даргын хувьд хэрхэн шийдэж, иргэд олон нийтэд зөв ойлголт өгч ажиллаж байна вэ?

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын хувьд баруун бүс гэлтгүй Монгол Улсын хэмжээнд яригдаж байгаа стратегийн чухал төсөл өө. Та энэхүү төсөл дээр маргаантай олон асуудал байгаа гэж хэллээ. Миний хувьд энэ асуудалд тантай санал зөрөлдөж байна. Яг бодит байдал дээрээ баруун бүс тэр дундаа Ховдын ард түмэн энэхүү төслийг маш их дэмжиж байгаа. Үүнийг би хариуцлагатай хэлье.

Бүгд хоёр гараа өргөөд, бүр биднийг наад ажлаа хурдан хийгээч гэж шаардан дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг баруун бүсийн иргэдийн 95 хувь нь дэмжиж байгаа гэдгийг миний хувьд ямар ч эргэлзээгүй хэлж чадна. Учир нь үүнийг олон удаагийн судалгаа, баримтууд нотлох юм.

Өөрөөр хэлбэл тус төслийн багийн надад ирүүлсэн тайлан мэдээллийг үндэслэж би ингэж тодорхой хэлж байна гэж ойлгож болно. Мэдээж зуун хувь бүгдэд таалагдах, бүгдийнх нь дэмжлэгийг авна гэж байхгүй. Энэ бол дэлхийд байдаг практик. Хаана ч ямар ч том төсөл эхлүүлэхэд бүгд зуун хувь дэмждэггүй. Яг л үүнтэй адил зарчмаар энэхүү төсөл явж байгаа. Мэдээж 90 мвт-ын усан цахилгаан станц гэхээр урьд өмнө нь Монгол Улсад баригдаж байгаагүй бүтээн байгуулалт.

Тэр дундаа орон нутагт баригдаж байгаа учраас ойр орчимдоо буюу байгальд, соёлын өвд, бэлчээр зэрэгт хэрхэн нөлөөлөх үү. Мөн нүүлгэлт, шилжилт хийгдэж байгаа иргэдэд яаж нөлөөлөх вэ гэх мэт асуудлууд бий. Үүнийг би Ховд аймгийн Засаг дарга болоод Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд бүсийнхээ иргэдтэй уулзаж, энэ талаар ойлгуулах. холбогдох албаныхантай хамт иргэдтэй уулзаж, танилцуулах ажлуудыг идэвхтэй хийж байгаа. Үүний үр дүнд тодорхой дэвшил гарсан.

Товчхондоо сошиал, зарим хэвлэл дээр гарсан шиг эсэргүүцэл Ховд аймагг on байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Сошиалд явагдаж байгаа харлуулалтад манай иргэд битгий автаарай, бодит байдлаа ойлгож. аль аль талдаа зөв хандлагаар хүлээн аваарай гэдгийг уриалж байна.

-Эрдэнэбүрэний УЦС ашиглалтад орсноороо баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ найдвартай, хараат бус болно гэж ярьж байна. Үнэндээ Дөргөний УЦС-ын төсөл анх яригдаж байхдаа яг ийм байдлаар олон нийтэд ойлгогдож байсан. Гэвч бага хүчин чадалтайгаар одоо ашиглагдаж байгаа. Энэ утгаараа Эрдэнэбүрэний УЦС энэ замаар орчих вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Таны хувьд энэ асуудлыг яаж харж байна вэ?

-Энэхүү усан цахилгаан станц ашиглалтад орсноороо одоогоор эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг зуун хувь дотоодод хангах боломжтой болно. Өөрөөр хэлбэл баруун бүс эрчим хүчээ зуун хувь дотооддоо хангадаг болно гэсэн үг. Таны асуусан шиг зүйл байхгүй. Энэ асуудалд бага зэргийн буруу ойлголт нийгэмд явж байх шиг байна.

Дөргөний усан цахилгаан станцын хувьд 12 Мвт-ын хүчин чадалтай. Уг станцыг байгуулж байх үеийн баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ маш бага байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл одоогоос бараг 10 гаруй жилийн өмнөх төслийг ярьж байна. Гэтэл өнөөдөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ хэрхэн өргөжсөн билээ дээ. Нөгөөтэйгүүр хорин жилийн өмнө манай улс ямар байлаа. Тухайн үед ухаалаг утас битгий хэл гар утастай хүн ховор байсан цаг.

Зам харгуй ямар байв, эрчим хүчний хэрэглээ ямар байлаа гэдгээ сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 200 гаруй сум төвлөрсөн эрчим хүчний шугамд холбогдоогүй байсан үеийг өнөө үетэй харьцуулж байна гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 Мвт-ын хүчин чадалтай гэдэг нь Дөргөний станцаас найм, ес дахин илүү гэсэн үг.

Дээрээс нь баруун бүсийг тэр чигээр нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн тооцооллыг төслийн багийн зүгээс удаа дараа гаргаж ирсэн. Тэгэхээр баруун бүсийн хувьд жил болгон долоон хувиар эрчим хүчний хэрэглээ өсдөг. Энэ графикаар тооцвол арван жилийн дараа гэхэд эрчим хүчний өнөөгийн систем хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станц нь энэхүү тооцооллыг бүрэн хангана. Магадгүй бидний тооцоолсноос хурдтай эрчим хүч өсвөл тэр үед дахиад хоёр дахь Эрдэнэбүрэний төслийг ярихаас өөр аргагүй байдалд орно.

-Үндсэндээ Ховд аймагт дээрх хоёр том бүтээн байгуулалт эхэлснээрээ албан ёсоор баруун бүсийн тулгуур төв гэдгээ батлах шиг боллоо. Цаашдаа ямар том бүтээн байгуулалтыг эхлүүлэх бодолтой байгаа вэ. Нөгөөтэйгүүр Ховд аймагт тулгамдсан асуудал юу байна вэ?

-Зөвхөн энэ хоёр том бүтээн байгуулалт гэлтгүй өөр олон зүйлээрээ Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэдгээ баталдаг болов уу гэж би бодож байна. Цаашид хийгдэх том бүтээн байгуулалтын хувьд гэвэл Үйлдвэр технологийн паркийг босгох асуудал яригдаж байна. Энэ паркийн хувьд нийтдээ 3,000 орчим ажлын байрыг бий болгоно.

Мөн мал аж ахуй, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрийг энэхүү парк дээр байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр төсөл нь хэрэгжээд явж байна. Улсын төсвөөр дэд бүтцийг нь байгуулаад хувийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ барих төр, хувийн хэвшлийн зарчим дээр хэрэгжих төсөл юм. Цаашдаа зөвхөн энэ төсөл гэлтгүй хувийн хэвшил орж ирээд томоохон бүтээн байгуулалт хийхийг бид үгүйсгэхгүй. Үүнд бид нээлттэй байгаа.

-Том бүтээн байгуулалтаа дагаад Ховдод амьдрах иргэдийн урсгал нэмэгдэнэ. Тэр утгаараа Ховд аймагт ажиллаж, амьдрах бололцоо бүрэн шийдэгдсэн гэж үзэж болох уу?

-Засгийн газрын зүгээс Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Үүний хүрээнд аймаг, орон нутаг хүн амынхаа тоог 10 хувиар өсгө гэсэн чиглэл ирсэн. Энэ утгаараа Ховд аймгийн хувьд 90 мянга гаруй хүн амтай. Үүнийг 100 мянга болгох шаардлагатай гэсэн үг.

Тэр утгаараа хүн амаа нэмэх, иргэдийн урсгалыг татах нь Ховд аймгийн нэн тэргүүний зорилт байгаа. Учир нь хүн байж хөгжил явагдана. Хүн байж ажил хийгдэнэ. Ажил хийгдэж байж бүтээн байгуулалт, хөгжил бий болно гэсэн үг.

Тэгэхээр бидний хувьд үүнийг гурван шат дараатай төлөвлөгөөгөөр харж байгаа.

Эхнийх нь аялал жуулчлал. Ховд аймагт ирж үзээгүй хүн хэзээ нэг өдөр бүх зүйлээ баглаад нүүгээд ирэхгүй шүү дээ.

Хоёрт, аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдыг татах. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймагт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд оролцсон том чуулга уулзалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд шинээр 100 гаруй аж ахуйн нэгж нэмэгдэж, мөн Улаанбаатар хотын томоохон аж ахуйн нэгжүүдийн долоон төрлийн салбар манай аймагт нээгдсэн байна. Ер нь бизнесийн ээлтэй орчин гэдэг бол цэвэр тогтвортой засаглалыг л хэлдэг.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр гурав дахь төлөвлөгөөний дагуу иргэд Ховд аймгийг зорин ирэх болно гэж тооцоолж байгаа. Ховд аймагт ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Миний хувьд Ховд аймагт амьдарч байна. Манай аймагт амьдралын чанар баталгаа өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Таны хувьд Засаг даргын албанд томилогдсон цагаасаа эхлээд улс төрийн хувьд зарим нэг гүтгэлэг дайралтуудыг авч байгаа. Үүнд та эмэгтэй улстөрчийнхөө хувьд эмзэглэдэг үү. Ямар байдлаар хүлээн авдаг вэ?

-Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт тодорхой хэмжээний өвдөлттэй ирдэг. Мөс хагална гэдэг бол маш том үүрэг хариуцлага. Тэгэхээр миний хувьд үүнийг сөргөөр хүлээн авахаас илүүтэй хүмүүс шинэ зүйлтэй нүүр тулж байна гэж ойлгодог.

Хэвлэлээр гарч байгаагаар бол миний хувьд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга гэж ойлгосон. Тэр утгаараа би ч гэсэн энэ ажлыг анх удаа хийж байна. Иргэд маань ч гэсэн эмэгтэй аймгийн даргатай байх ойлголтыг анх удаа авч байгаа. Ардчилсан орон учраас шүүмжлэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ гүтгэлэг, дайралтуудын хэм хэмжээ гэж байх ёстой.

Хөнгөн гүтгэлэгт эмзэглэдэггүй. Улс төрийн зорилготой дайралтууд ирдэг ч үүнд нь эмзэглэдэг гэхээсээ илүү харамсдаг. Учир нь бид цөөхүүлээ. Ийм цөөхөн ард түмэн аль болох эв нэгдэлтэй, улс орныхоо хөгжлийн чигийг нэг сэтгэл зүрхээр хардаг байх ёстой. Аливаа зүйлд туйлширсан улс төржилт хэрэггүй. Гэхдээ аймаг, орон нутгийн хувьд улс төржилт улам ихэссэн байдаг. Энэ улс төрийн зорилготойгоор ирж байгаа гүтгэлэг, дайралтууд бодит байдал дээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаагаас л үүсэлтэй. Тиймээс үүнийг би заримдаа эергээр нь хардаг.

-Таныг баруун аймагт тэр дундаа Ховдод гэр бүлтэй болох гэж байгаа гэх юм. Үнэхээр Ховдод гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ асуудлыг би танаас л анх удаа сонсож байна. Миний мэдэхээр одоогоор ийм асуудал надад байхгүй байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гардгийн жишээ юм. (инээв)

-Ховд аймгийн хувьд хаваржилт ямар байна вэ. Өнгөрсөн долоо хоногт ширүүхэн салхи шуургатай байлаа…?

-Хүндхэн өвлийг харьцангуй хохирол багатай давж чадсан. Малчдын бэлтгэл сайн байлаа. Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц хангалттай бэлдсэн байсан. Тэр утгаараа ширүүн өвлийг харьцангуй хохирол багатай тууллаа. Ховдын хавар ямар байдаг вэ гэдгийг ховдчууд бүгд мэднэ. Ховд нутагт хавар цаг угаасаа салхи шуурга ихтэй байдаг. Хаврын хавсарга гэж ярьдаг, тэр утгаараа гайхах зүйл биш болов уу.

-Хөшөөтийн уурхай Ховдын Дарви, Цэцэг сумдын нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ уурхай Ховдод болоод улсын эдийн засагт ямар ач холбогдолтой байна вэ?

-Ховд аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч томоохон төсөл бол Хөшөөтийн уурхай. Өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд хүрсэн нүүрсний экспортыг хийсэн. Үүний үр дүнд орон нутгийн хөгжлийн сангийн орлого төвлөрөлт нэлээд ихээр нэмэгддэг. Ер нь аймаг орон нутаг маань төсвөө яаж бүрдүүлдэг вэ гэдгийг товчхон хэлье. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нь аймагтаа авч үлддэг.

Монгол Улсын хэмжээнд зургаан аймаг л төсвөө өөрсдөө бүрдүүлж чадаж байгаа. Харин үлдсэн аймгуудын хувьд дандаа улсаас татаас авдаг. Тэр дагуу манай аймаг ч гэсэн улсаас татаас авч байгаа. Бидний хувьд 2024 он гэхэд зуун хувь орлогоо өөрсдөө бүрдүүлдэг аймаг болох зорилтыг тавиад аж ахуйн нэгжүүдээ уриалаад ажиллаж байна. Үүний том нөлөөлөл бол таны асуусан Хөшөөтийн уурхай юм.

Эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч гэсэн тус уурхайг нийгэм, эдийн засгийн орон зайны хувьд илүү сайжруулах шаардлагатай байгаа. Төр, иргэн, хувийн хэвшил гэх гурван талд гэрээний хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг дээр тус уурхайн үйл ажиллагааг сайжруулах тэр дундаа хариуцлагатай уул уурхай болгох чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Төр бол мэдээж бодлогоо тодорхойлоод явна. Мөн бодлогын хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

-Ховдын боомтуудын сэргэлтэд таны хувьд ямар бодлого барьж ажиллаж байна. Хил гааль, нүүрсний асуудал нийгэмд хурцаар яригдаж байна шүү дээ?

-Манай аймгийн хэмжээнд гурван боомт бий. Баруун таван аймгийн есөн боомт байдгаас манайд гурав нь байдаг. Үүний хоёр нь хуурай газрын боомт. Гурав дахь боомт бол манай аймагт байрлах олон улсын нисэх буудал буюу агаарын боомт. Хил гааль, нүүрсний асуудлын хүрээнд яривал манай хуурай газрын боомт буюу Булганы боомтоор нүүрсний экспорт явагддаг. Улс орны хэмжээнд нүүрсний асуудал яригдаж байгаатай холбоотойгоор аймаг. орон нутагт ажлын хэсэг гаргаж, шалгалт оруулсан байгаа. Мөн УИХ- аас томилогдсон боомт болон нүүрсний асуудлыг шалгах түр хорооны ажлын хэсэг манай аймагт ирж Булган боомт дээр очиж ажилласан. Цаашид боомтын сэргэлтийн хүрээнд аймаг орон нутгийн хувьд Булганы боомт дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Булган боомтын хувьд нэг гарц, нэг орцтой. Тэр утгаараа хязгаарлагдмал боомт гэж хэлж болно.

Үүнийг өргөжүүлэх, шинэ гарцыг нээхээр Хятад улсын талтай аймаг, орон нутгийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрч байгаа. Одоогийн байдлаар энэхүү асуудлаа Засгийн газрын түвшинд уламжлах ажлыг хийгээд явж байна.

Байтаг боомтын хувьд улирлын чанартай. Өөрөөр хэлбэл тус боомт жилийн 45 хоногт л ажилладаг. Тус боомтын хувьд дэд бүтэцгүй. Тэр утгаараа нэлээд хоцрогдсон боомтуудын нэг гэсэн үг. Тиймээс бидний хувьд эхлээд Булганы боомтын өргөжилтийн ажлыг хийчхээд дараагийн ээлжид Байтагийн боомтын асуудлыг тавина гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана DNN.mn

-НАМЫН ЖАГСААЛТАД ЯМАР ХҮН ОРУУЛЖ, ЭРЭМБЭЛЭХ ВЭ ГЭДЭГ ЭРХИЙГ АРД ТҮМЭНД ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ-

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.


-Чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Танай намын хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 42-ыг нь тойргоор, 28-ыг нь намаас гаргаж ирье гэдэг хуулийн төслийг боловсруулсан. Энэ тогтолцоог угтаа 2012 онд ашиглласан шүү дээ. Тэр утгаараа дахиад намын томилгоогоор иргэдийн сонгоогүй улс төрчид орж ирэх боломжийг та бүхэн нээж байгаа юм уу?

-Ерөнхийдөө 1992 оноос өдийг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгууль явж өнгөрсөн. Үүнээс ганцхан сонгуулийг буюу 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан нь үнэн. Бусад үед нь дандаа мажоратиораар явуулсан байгаа. Энийг та бүхэн нэг анхаараад харчихаарай. Энэ удаагийн буюу 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэдгийг улс төрийн ихэнх намууд байр сууриа нэгтгэсэн байгаа. Учир нь холимог тогтолцоогоор явуулбал сонгогчдын санал гээгдэхгүй, сонгуулийн ирцийг идэвхжүүлэх гээд олон давуу талтай. Та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны УИХ-ын сонгуулиудын ирц 90 гаруй хувьтай буюу маш өргөн оролцоог хамааруулж байсан. Гэтэл өнгөрсөн оны сонгууль бараг 60 хүрэхгүй хувьтай байсан уу даа. Тиймээс энэ сонгогчдын ирцийн асуудлыг бид бүхэн анхааран авч үзэх ёстой. Нөгөөтэйгүүр сонгуульд хамгийн их идэвхтэй оролцдог хэсэг болох залуучуудын ихэнх нь гадагшаа гарчихлаа. Нөгөөтэйгүүр дандаа мажиратораар явсанаас болоод улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдал яаж уруудсаныг бид бүхэн ил тод харж байгаа. Тиймээс энэ бүгдийг залруулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөс өөр сонголтгүй юм аа.

-Танай намын хувьд өнгөрсөн сонгуулийн өмнөх жилүүдэд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг хөндөж ирсэн түүхтэй. Тэр утгаараа энэ жил ч гэсэн сонгуулийг холимог болгохоор зүтгэж байх шиг байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ, тэр дундаа эрх баригчид чинь гаргана шүү дээ…?

-Ардчилсан намын хувьд үеийн үед сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж ирсэн гэдэг нь үнэн. Тэр утгаараа энэ жил Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг миний бие өргөн барьсан байгаа. Улс төрийн намуудын ихэнх нь холимогт тогтолцоог дэмжсэн учраас цаашид энэ асуудал дэмжигдээд явах нь тодорхой байх.

-Холимог тогтолцоонд мөн адил асуудал бий гэдэг шүү дээ. Тухайлбал, намын жагсаалтаар улс төрчид орж ирнэ. Энэ үйл явцыг иргэд, сонгогчид мэдээгүй, хүсээгүй байх, үүнээсээ болоод нийгмийн хувьд ч тэр улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын хувьд ч тэр маргаан гарч ирдэг шүү дээ. Энэ асуудлыг та хууль санаачлагчийн хувьд хэрхэн тусгаж, төслөө боловсруулсан юм бэ?

-Мэдээж намын жагсаалт гэж ярьдаг. Гэхдээ энэ удаад энэ жагсаалтыг Монгол Улсын иргэд өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчид саналаа шууд өгч, хэнийг оруулах уу, хэнийг эрэмбэлэх үү гэдэг эрхийг нь олгох ёстой. Тэр утгаараа намын жагсаалтад ямар хүн оруулж, эрэмбэлэх вэ гэдэг эрхийг нь ард түмэнд олгох шаардлагатай. Яг энэ агуулгаар миний бие энэхүү Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Мэдээж 2012 онд энэхүү системээр сонгуулийг явуулсан. Тухайн үед алдаа хаа хаанаа гарсан нь үнэн. Намын дарга нар жагсаалт гаргаж, намууд нь өөрсдөө жагсаалтаа баталсан. Үүнээс болоод сонгогчдын хүссэн улс төрчид орж ирээгүй. Иймэрхүү байдалтай явуулсан гэдэг нь үнэн. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн тулд бид намын жагсаалтыг ард түмнээрээ хийлгэе гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр жижиг тойргуудын зовлон их байгаа. Ард түмэн, нийт нийгмээрээ бид өнөөдөр ядуу байна. Тиймээс сонгуулиар мөнгө, санхүүгийн асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл мөнгө тарааж, жижиг тойргуудыг худалдан авдаг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Холимогт тогтолцоогоор сонгууль явуулахын нэг даваа тал бий. Монгол Улс өөрөө өргөн уудам нутагтай. Хүн амын тал нь тархаж байршсан онцлогтой. Тэр утгаараа бага ард түмэн гэгдэх УИХ-д эдгээр ард түмний төлөөлөлийг бүрэн хангасан байх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд мэдээж сонгуулийн холимог тогтолцоотой байх нь хамгийн зөв.

-Одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмэх чиглэл рүү явчихлаа. Тэр утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болчихож байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хүссэн хүсээгүй явуулахаар болчихлоо. Учир нь 2018 онд ээлжит бус чуулган хуралдаад 2019 оны Үндсэн хуулийг баталсан. Үүндээ дөрвөөс дээшгүй гишүүн нь давхар дээлтэй байж болно гэж заасан. Гэтэл энэхүү хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц нь өөрөө хууль тогтоогч юм шигээр шууд аваад хаячихсан. Үүнээс болоод УИХ, Засгийн газар хоорондын харилцан хяналт алдагдсан, алга болсон. Засгийн газарт УИХ хариуцлага тооцох боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын ихэнх гишүүд нь эрх баригч намын гишүүд байгаа. Тэдгээр гишүүдийнх нь мөн ихэнх нь дарга нар болчихсон байна. Өөрөөр хэлбэл УИХ гэдэг бүтэц нь өөрөө чадамжгүй, хяналтаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр манай улс хоёр их гүрний дунд оршдог. Тэр утгаараа нэг УИХ-ын гишүүний өөрийнх нь нөлөөлөх цар хүрээ өндөр байна. Мөн бид удахгүй дөрвөн сая хүн амтай болно. Энэ бүх зүйлийг дүгнэн үзвэл УИХ нь 100-аас дээш гишүүдтэй байхгүй бол болохгүй байгаа юм. Гэхдээ хэтэрхий их олон тоотой байх нь зохимжгүй. Хамгийн гол нь улсынхаа хэм хэмжээнд тохирсон, эрх мэдлийн зарчмыг хуваасан орон тоо бүтэцтэйгээр УИХ бүрэлдэх ёстой. Тэр утгаараа хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхбадрал: УИХ-ын тамгын газар гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг хууль зөрчин нууцалж байна DNN.mn

Социологич, улс төр судлаач М.Энхбадралтай мэдээллийн ил тод байдлыг хангах асуудал болон одоо ид яригдаж буй зарим хуулийн талаар ярилцлаа.

– УИХ-ын гишүүд аль хууль журам дээр ямар санал өгсөн нь нийтэд тодорхой байх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг. Таны хувьд үүнийг тодорхой болгохыг шаардсан ажлуудыг хийж эхлээд байна. Ард түмнийг төлөөлж ажиллаж байгаа тэр хүмүүсийн санал яагаад нээлттэй байдаггүй юм бол?

– УИХ төлөөллийн байгууллага. Тэр утгаараа өөрсдийнхөө өмнөөс төлөөлж сонгосон УИХ-ын гишүүдийг ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих ёстой. Харамсалтай нь, хууль, тогтоолууд батлахад УИХ-ын гишүүн тус бүр ямар санал өгсөн талаарх мэдээлэл хаалттай байна. Иргэдийг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүд хууль, тогтоол батлахад дэмжиж, эсвэл татгалзаж санал өгсөн талаарх мэдээлэл нээлттэй байх ёстой. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Мөн УИХ- ын тухай хуульд “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Түүнчлэн Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар ч нээлттэй хуралдаанд гишүүдийн өгсөн санал хураалтын дүн нь нээлттэй байх ёстой мэдээлэл юм. Гэвч хууль тогтоомж батлахад УИХ-ын гишүүдийн хэн нь дэмжсэн, эсвэл хэн нь татгалзсан, яг ямар санал өгснийг иргэд мэдэх боломжгүй байна.

-Танай “Цогц хөгжлийн үндэсний төв” “uih.mn” гэсэн платформд гишүүдтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэдэг байх аа. Энэ чиглэлээрээ ч дээрх мэдээллийг авъя гэхэд олдохгүй байна гэж үү?

-Бидний сонгосон төлөөлөл ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих боломж бүрдүүлэх зорилготойгоор гишүүдийн намтар, ирц, хууль батлахад өгсөн санал, санаачилж ажилласан хууль, хөрөнгө, орлогын мэдүүлэг, сонгуулийн түүх зэрэг мэдээллийг нэг талбараас авдаг болгохоор бид ажилладаг. Гэтэл бид 2020 оноос хойш УИХ-ын Тамгын газарт гишүүд хууль батлахад ямар санал өгч байгаа тухай мэдээллийг авахаар нийт дөрвөн удаагийн хүсэлт, хоёр удаагийн гомдол гаргасан ч мэдээллийг авч чадаагүй. Тиймээс иргэдийн мэдэх эрхийн зөрчилтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад байна. Мөн бидний зүгээс “Мэдэх эрхтэй” аяныг эхлүүлж байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын мэдээлэл авахыг хүссэн удаа дараагийн хүсэлтэд татгалзсан хариу өгч, нээлттэй байх ёстой мэдээллийг нууцалж байгаа нь хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл болж байна. Уг эс үйлдэхүй нь ил тод байдлын эсрэг, УИХ нь ил тод байдлыг хангах сонирхолгүй байна гэж бид үзэж байгаа тул энэхүү аяныг эхлүүлсэн.

-Аян өрнүүлэх ажлыг хэн ч, хэзээ ч зарлаад явуулчихдаг. Гол нь үр дүн шүү дээ. Та бүхний энэ арга хэмжээ хэр үр дүнтэй болж чадах бол?

-Сонгогчид бид мэдэх эрхтэй. Биднийг төлөөл гээд төрд илгээсэн тэр хүмүүс нь өөрсдийнх нь асуудлыг шийдэх аливаа нэгэн хуулийг батлахад яг ямар санал өгч байгааг мэддэг болно. Дэмжсэн, татгалзсан, аль эсвэл оролцоогүй аль нь болохыг бид мэдэх боломжгүй байж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагууд нь нэхээд хөдөлдөггүй юм бол бүх нийтээрээ шаардаад үзэх хэрэгтэй. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Аяны хүрээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас хэдэн зуун өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хаяглан хүргүүлнэ. Тодруулбал, 2020 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн парламентын баталсан бүх хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн мэдээллийг нээлттэй болгож, УИХ-ын гишүүдийн хууль батлах санал хураалтад өгсөн санал тус бүрийн мэдээллийг ирүүлэх тухай өргөдлийн загвар гаргасан. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд аянд нэгдэж, өргөдлийн нэгдсэн загварыг бөглөн УИХ-д хүргүүлэх юм. Ингэснээр нэгдүгээрт, мэдээллийг нээлттэй болгоход нөлөө үзүүлэх, хоёрдугаарт, иргэд төрийн байгууллагуудад тодорхой асуудлаар хандах, өргөдөл гаргаж, хариуг нь авдаг зөв хэвшилд суралцах ач холбогдолтой. Өргөдөлд нэгдэхийг хүсвэл “info@uih.mn” цахим шуудан болон “uih.mn” фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдоорой.

-Өчнөөн амлалт өгөөд иргэдээс илгээлт аваад явчихдаг. Яг юу хийв гэхээр хэлэх юмгүй, иргэд ч мэддэггүй. Ер нь ил тод байдлыг хангаагүйгээс бид юуг алдсан гэж та хэлэх вэ?

-УИХ-ын чуулганы хуралдааны шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харахад хуулийг эцэслэн батлах үеийн санал хураалтын дүнгийн зөвхөн эхний хэсгийг дэлгэцэд харуулаад өнгөрдөг буюу саналын мэдээлэл бүрэн нээлттэй харагддаггүй. УИХ-ын чуулганы нэгдсэн тэмдэглэлд нээлттэй хуралдаанд гишүүн тус бүрийн санал хураалтад өгсөн саналын мэдээлэл ордоггүй нь хууль зөрчсөн, иргэдийн мэдэх эрхийг боогдуулж байгаа хэрэг. УИХ өөрийн баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь байж болшгүй зүйл. Хуулийн биелэлтийг хангаж үлгэр жишээ болох институт нь УИХ, түүний Тамгын газар байх ёстой.

Уг мэдээллүүд ил тод болсноор УИХ-ын гишүүдийн хариуцлага дээшилж, сонгосон гишүүндээ тавих иргэдийн хяналт сайжирна. Нууц зүйлийн цаана заавал асуудал нуугдаж байдаг. Ил тод байдал нь ардчиллын тулгуур зарчим, баталгаа болохоос гадна ил тод байдлыг хангасан нийгэмд төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, иргэд сонгогчдын боловсрол дээшилж, сайн засаглалын суурь болдог. Ардчилсан засаглалыг ил тод байдалгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.

-УИХ-аар Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд эдгээр хуулиад олон нийтэд нээлттэй, ил тод байдлаа хангаж чадаж байгаа гэж үзэж байна уу?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удахгүй өргөн баригдана. Ийм чухал ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэн батлахад иргэний оролцоог хангах, хэлэлцэх процессыг нь нээлттэй байлгах ёстой. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэхэд иргэдэд нээлттэй бус байна. Уг нь ажлын хэсгийн гишүүдийнх нь мэдээллийг танилцуулж, төслийг нь ил тод болгож, иргэдээс ирүүлсэн аль саналыг төсөлд тусгасан талаарх товъёг нээлттэй байлгах ёстой.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд жагсаалтын хэсэгт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч, тавь тавин хувийн харьцаатай байхаар оруулж ирсэн нь дэвшилтэт зүйл боллоо гэж үзэх хүмүүс байна. Бас квот дээр янз бүрийн санал сонсогдох юм?

-Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нь гайхаж, цочирдож хүлээж авах зүйл биш. Төлөөллийн зарчмын дагуу олон талын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажллах ёстой. Төлөөлөл тэнцвэртэй бус байгаа хэсэгт зохицуулалт хийх буюу квотыг ашиглах нь боломжит аргуудын нэг л хувилбар. Хүйсийн квотыг Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд тусгаж байгаа нь сайшаалтай. Харин үүнийг хэрэгжүүлэх механизм, хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгахаас хэрэгжилт үр дүн нь шууд хамаарна. Тухайлбал, улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхдээ үүрэг хариуцлагыг санхүүжилттэй нь уях замаар хэрэгжилтийг хангах нь хамгийн үр дүнтэй нь батлагдсан. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүйсийн төлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор намын нэрсийн жагсаалтын хүйсийн харьцааг тавь, тавь байхаар тусгасан байна. Гэвч намаас гаргасан нэр дэвшичгдийн лист нь хөдөлгөөнгүй байсан тохиолдолд хүйсийн тэнцвэр хангагдана. Эс бөгөөс энэ нь урьдын л адил бэлгэ тэмдгийн шинжтэй зохицуулалт болох эрсдэлтэй тул олон нийт, сэтгүүлч, судлаачид үүнийг анхаарч, шаардлагаа тавих нь зөв.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сайнбаяр: Зэсийн үнэ 11 мянган ам.доллар болбол экспортын орлого 700 орчим сая ам.долларт хүрэх боломжтой DNN.mn


Нийгмийн ухааны доктор, эдийн засагч Б.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эдийн засаг эрчимжих үе ирж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ жилийн эдийн засгийн өсөлтийг яаж төсөөлж байна вэ?

-Таны хэлдгээр эдийн засаг энэ оноос урьд өмнөхөөсөө илүү эрчимжих хандлага ажиглагдаж байна. Тойргуудын төсөл, хөрөнгө оруулалтыг царцааж, томоохон төсөл хөтөлбөртөө анхаарсан Засгийн газрын бодлого үүнд том нөлөөтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ жилийн эдийн засаг эрчимтэй агаад эрүүлээр өсөх бололцоотой. Нөгөөтэйгүүр эрх баригчид энэ онд улсын эдийн засгийн өсөлтийн тухайд “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолтод гол найдлага тавьж байна. Уг уурхайн гүний олборлолт эхэлсэн. Тэр утгаараа “Оюу толгой” дэлхийн хэмжээнд зэсийн гурав дахь том төсөл болж, хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ гэсэн үг. Тус компанийн гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдасч зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа. Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой хэвээр үлдээсэн. Худалдааны тасалдал, Украины дайны улмаас үүссэн нөлөө багасч, Монгол Улсын экспортын гол түүхий эд Хятадад эрэлттэй хэвээр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувь хүртэл нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Энэ дан ганц миний төсөөлөл биш. Олон улсын эдийн засгийн томоохон судалгааны байгууллагуудын төсөөлөл.

-Тэгэхээр юутай ч энэ онд эдийн засгийн сэргэлт бодитой харагдана гэсэн үг үү?

-Ямар ч байсан эдийн засгийн агшилт явагдах боломжгүй. Төр, засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх болон хулгайтайгаа тэмцэх бодлогын нөлөөллөөр эдийн засаг улам бодитой өсөх нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр сая хэллээ, “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хил дамнасан дэд бүтэц сайжирснаар улс орны эдийн засагт илүү их үр өгөөж авчрах тул манай улс байгалийн баялгаа үр дүнтэй ашиглах боломжтой, ийм цаг үе ирээд байна. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын хилийн хязгаарлалтын үед түүхий эдээс хамааралтай Монголын эдийн засаг 2023 онд хилийн гарц хэвийн болж, экспорт сэргэснээр зургаан хувь хүрч өсөх боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Энэ бол маш том боломж гарч ирж байна гэсэн үг. Үүнийг бид тууштай, зөв ашиглах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, энэ 2023 онд Монголын эдийн засгийн өсөлт туулай шиг хурдтай байна гэж таамаглаж болох юм.

-Инфляцийн түвшин яг одоогийн байдлаар хэд байна вэ. Цаашид буурах боломж бий юу. Таны хэлснээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа бол энэ түвшин буурна гэж ойлгож болох уу?

-Яг өнөөгийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.3 хувьтай байна уу даа. Харин эдийн засгийн голлох төв болсон Улаанбаатар хотод 12 хувьтай л байх шиг байна. Энэ үзүүлэлт өмнөх оноос 1-2 хувиар буурсан гэсэн үг. Цаашид буурсаар л байх дүр зураг ажигллагдаж байгаа. Юутай ч оны сүүл гэхэд нэг оронтой тоонд хүрэх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ онд манай улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай гэсэн үг. Муу мэдээ дуулгахад дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Харин дотоодын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлэх хүчин зүйлс болоод байгаа юм.

-Инфляци буурлаа л гэнэ, эдийн засаг өсөлттэй гарлаа л гэх юм. Яг ард түмний амьдралд мэдрэгдэж байгаа зүйл юу байна вэ. Үнийн өсөлтөд одоо юу нөлөөлөөд байна вэ?

-Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм. Засгийн газар, төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр 2023 онд инфляци дунд хугацааны зорилтот түвшин болох найман хувь орчимд хүрэх төсөөлөлтэй. Гэвч бидний дүгнэж байгаагаар инфляцийн түвшинд огцом буурах хандлага алга байна. Товчхондоо, гадаадаас буюу импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжих нөлөө 54-55 хувь байх тул инфляцийг бууруулахад тийм ч амар байхгүй нь ойлгомжтой.

-Өнгөрсөн оны сүүлээр Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Цаашид нэмэх үү, эсвэл буурах уу?

-Юутай ч миний харж байгаагаар энэ онд одоогийн түвшин буюу 13 хувьд хэвээр хадгалагдах төсөөлөлтэй байна. Гэхдээ ирэх сараас 1-2 нэгж хувиар буурч магадгүй гэсэн тооцооллыг зарим эдийн засагчид хэлж байна лээ. Гэхдээ түвшин бол хэвээрээ байна гэсэн хувь эдийн засагчийн тооцоолол байна. Ер нь бол зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ бага байхад хүү өсгөх нь хадгаламж бонд, зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн өртгийг нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил Монголбанк инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ таван удаа нэмэгдүүлж, 13 хувьд хүргэсэн. Гэсэн ч бодит хүү сөрөг хэвээр байгаа учир бодлогын хүүг нэмэх төлөвтэй байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцитай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс тогтвортой байлгах нь өнөөгийн эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.

-Ам.долларын ханш анх огцом өссөн шалтгаан юу вэ?

-Хамгийн товчхондоо гэвэл өнгөрсөн 2022 онд алтны үнэ ерөнхийдөө харьцангуй доогуур байсан нь ам.долларын ханш чангарч, төв банкууд мөнгө, зээлийн хатуу бодлого явуулсантай холбоотой гэж хэлье. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2013 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Засгийн газраас экспортод гарч буй нүүрсийг ил тод болгох, төлбөр нь орж ирэхгүй байгаа нүүрсний тээврийг хязгаарласнаар валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болон багахан хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш өнгөрсөн оны эхнээс 18 хувиар суларсан. Цаашид сулрах хандлагатай. Тиймээс зөв менежмент хийх нь чухал.

-Тэгвэл бид яаж ам.долларын ханшийг тогтвортой барих вэ. Мэдээж экспортоо сайжруулах байх л даа…?

-Энэ оны төсвийн төсөлд экспорт 11.4 тэрбум, импорт есөн тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байгааг тусгасан. Монгол Улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна. Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсч буй нь таатай мэдээ юм. Зэсийн үнийг 2023 оны улсын төсөвт 8400 ам.доллараар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 9000 гаруй ам.долларт хүрч, цаашдаа 11 мянга орчим ам.долларт хүрэх таамаг бий. Хэрэв энэ таамаглал биеллээ олбол экспортын орлого 700 орчим сая ам.долларт хүрэх боломжтой. Юутай ч энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гол борлуулалт болох нүүрс, алтны үнэ нэн таатай байх нь. Мөн манай улс нүүрсээ төмөр замаар тээвэрлэж эхэлсэн нь экспорт нэмэгдэх шалтгаан болсон. Өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортлоно гэж төлөвлөж байсан ч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой.

Э.МӨНХТҮВ