Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шүгэл үлээгч Ж.Энхбат: Сайд, даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын “нүүрээ угаах” арга DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, шүгэл үлээгч Ж.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ногоон автобусны асуудлаар анх нийгэмд шүгэл үлээсэн хүн бол та. Тэр утгаараа энэхүү асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсанаараа холбогдох албан тушаалтнууд ажлаа өгч, огцорлоо. Үнэхээр хариуцлагаа үүрээд огцорч байна уу, эсвэл хариуцлагаас мултрах гэж ажлаа өгөв үү?

-Монгол Улсад тулгамдсан олон асуудал байгаа. Гэтэл тулгамдсан асуудлыг барьж төрийн сайд, дарга нар хулгай хийх, бусдад давуу байдал олгох, сонгуулийн зардлаа босгож байна уу гэдэг байдлаар иргэн хүнийхээ хувьд хардсан. Тэр ч утгаараа нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэх нэрийн дор ногоон автобуснууд оруулж ирсэн. Үүнд миний бие инженер хүнийхээ хувьд хяналт хийж, дүгнэлтүүд гаргасан. Уг дүгнэлтийнхээ үндсэн дээр холбогдох төр засгийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулах гэсэн боловч надад ямар нэгэн мэдээлэл гаргаж өгөөгүй.

Мэдээлэл хаалттай, улсын нууц гэсэн тайлбарыг өгсөн. Яагаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобус худалдан авч байхад мэдээлэл нь нууц байдаг юм бэ гэж гайхсан. Тиймээс уг асуудлыг нууцаас гаргаач ээ гэдэг шаардлагыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олон нийтийн хувьд ч анхаарлаа уг асуудал руу чиглүүлсэн. Улмаар өөрийн цуглуулсан дүгнэлтүүдээ АТГ-т хүргүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа АТГ-аас олон нийтэд уг асуудлаар мэдээлэл хийсэн шүү дээ. Аливаа нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар Засгийн газрын зүгээс тогтоол гаргаж байж, түүнийг нууцын зэрэглэлд авдаг. Тэгвэл энэхүү автобус худалдан авах асуудал нууцын зэрэгт орсон юм бол Засгийн газрын ямар тогтоолоор нууцад оруулсан бэ гэдгийг ил болго гэсэн. Ингээд цаашаа асуудал үүсэж, нийгмийн анхаарлыг гүнзгий татсан. Үүний эцэст холбогдох хоёр албан тушаалтан ажлаа өгч байна.

-Хариуцлагаа үүрч ажлаа өгөв үү, эсвэл хариуцлагаас мултарч ажлаа өгч байна уу гэдэг дээр та тодорхой байр суурь илэрхийлсэнгүй…?

-Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн булхай, луйвруудын дөнгөж зэс нь цухуйсан асуудал шүү. Цаана нь олон хулгай, луйврын асуудал далд хэлбэрээр оршиж л байгаа. Энэ хоёр хүн яагаад огцров гэдэг асуудлыг улс төрч хүнийхээ хувьд өөрөөр харж байна. Нэгдүгээрт, сонгууль ойртчихсон байна. Тиймээс Ардын намынхан энэ мэт үл мэдэх нөхдүүд манай намын рейтинг цаашлаад сонгуульд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас огцрохыг шаардсан. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр өөрсдийнхөө хүслээр ажлаа өгсөн юм биш. Харин улс төрийн шахалтаар огцорсон гэсэн үг. Гол асуудал байна. Энэ хоёр хүн огцорсноороо Улаанбаатар хотын хулгай арилахгүй. Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж хууль бусаар дүүрэн бугшсан газар байна. Тус газрын дарга нь өөрөө цагдаагаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргаснаасаа болж хөөгдсөн байгаа юм. Яагаад ийм ёс зүйн зөрчилтэй хүн өнөөдөр нийтийн тээврийн газрыг удирдаж байна вэ. Яагаад өнөөдөр асуудал дагуулаад байгаа компанийн удирдлагуудтай найзууд байгаа юм бэ. Энэ бол тохиолдол биш. Үүний цаана маш том сүлжээ, маш том бүлэглэл байна. Тиймээс зөвхөн Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хариуцлага үүрлээ гэдэг нэрийн дор огцроод энэ асуудал шийдэгдчихгүй. Цаана байгаа эдгээр хүмүүсийг бүгдийг нь хууль, хяналтын байгууллагууд шалгах шаардлагатай. Товчхондоо хоёр дарга огцорсон асуудал бол ерөөсөө МАН-ын сонгуулийн өмнө нүүрээ угаасан л асуудал.

-Одоо дараагийн хотын дарга хэн болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Таныхаар бол дараагийн дарга ирсэн ч энэ хулгай үргэлжлэх нь ээ?

-Мэдээж дараагийн Засаг дарга МАН-аас л томилогдоно. Ингэхдээ бүр өмнөх Засаг даргынхаа ивээлд багтсан нэг цүнх баригч нь гарч ирнэ. Угаасаа намынх нь тогтолцоо тийм. Нийслэлийн намын хороо хуралдана. Хуралдаанаараа дараагийн Засаг даргаа томилоно. Тус хорооны дарга нь Д.Сумъяабазар. Энэ хүн ажлаа өгөхдөө “Дараагийн Засаг даргаа хайрлаарай” гэж тодорхой хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би хүнээ явуулна, түүнийг та бүхэн хайрлаарай л гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр НИТХ 45 төлөөлөгчтэй. Үүнээс АН-аас найм, ХҮН-ээс гурав байдаг. Тэгэхээр нийслэлийн намын хорооноос гарсан шийдвэр НИТХ-аар шууд дэмжигдэнэ гэсэн үг. Тэгэхээр Д.Сумъяабазараар Ардын нам нэг удаадаа нүүрээ угаасан ч өнгө орохгүй. Хулгай үргэлжилнэ. Үргэлжлэхдээ улам нарийн, улам томоор явагдана. Бид одоо бодит үнэнийг л хэлэх хэрэгтэй. Ерөөсөө одоо байгаа бодит байдал ийм шүү.

-Нийслэлийн намын хороо нь хуралдаад шийдвэр гаргана гэж байна. Гэхдээ хэн хотын дарга болох вэ гэдгийг Ерөнхий сайд эцэслэж шийдэх байх л даа…?

-Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад, бөөн маргаан өрнөж өрнөж тарсан байна. Хотоос сонгогдсон гишүүд нь уг асуудлыг хотын намын хороо өөрсдөө шийдэх ёстой. Намын удирдах зөвлөл уг асуудал орох ёсгүй гэж үзсэн байна. Үүнээсээ болоод хоорондоо маргалдаж, хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэнэ. Тэгэхээр дараагийн хотын дарга хэн болох асуудлыг хотын намын хорооныхон нь шийдэх гээд улайраад байна гэсэн үг. Түүний цаана хэн байгаа вэ гэхээр нөгөө ажлаа өгсөн Д.Сумъяабазар л байгаа. Нөгөөтэйгүүр бид Нийслэл дээр хулгай яваад байна гэж сая харлаа, ойлголоо. Гэвч нийслэлийн дүүрэг тус бүр дээр том, жижиггүй хулгай явагдаж байгаа. Тэр дундаа дүүргүүдэд асар том хулгай явагдаж байгаа шүү. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулна гээд бүх дүүргүүдэд агаар шүүгч шахсан. Уг асуудал одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад нэг нам дангаараа найман жил засаг барилаа. Өнөөдөр Улаанбаатар хот битгий хэл Монгол Улсын хэмжээнд яг юу сайжирчихсан юм бэ. Юу хөгжөөд байна. Юуг эд нар хийж чадав. Ганцхан хулгай сайжирлаа, хулгай хөгжлөө, хулгайг эд нар хийж чадлаа.

Өөр юу ч хийсэнгүй. Өнөөдөр Улаанбаатар хотыг гурав ангилчихлаа. Богд уулын аманд амьдрагсад. Орон сууцанд амьдрагсад. Сүүлийнх нь гэр хороолол буюу улны хэсэгт амьдрагсад гэж. Тэгээд орж ирж байгаа төсвөө Богд уулын аманд амьдрагсадын сайн сайхны төлөө зарцуулчихна. Тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөр, тоглох талбай, сургууль цэцэрлэг гээд бүх зүйлд нь зориулна. Гэтэл гэр хороололд амьдарч буй иргэддээ яг юу хийж өгөөд байна вэ. Нийгэм үнэхээр л ийм байна. Бодит байдал энэ л байна. Үүнийг ярихгүй байх юм уу.

-Дээр дооргүй хулгай гаарлаа гээд байна. Хулгайчдад хариуцлага тооцлоо гээд хэд хэдэн албан тушаалтнууд ажлаа өгч байна. Тэглээ гээд хулгай алга болохгүй гэлээ. Тэгвэл хулгайг зогсоох, арилгах ямар гарц шийдэл байгаа юм бэ?

-Хулгайг зогсоох ганц арга бол хулгайчдыг үүрээр нь олж, хариуцлага тооцох явдал. Ганц нэг хүнийг нь барьж хорих биш. Бүлэг, үүрээр нь барьж, шалгаж, хариуцлага тооцох ёстой. Жишээлбэл, Ж.Сүхбаатар сайдын зөвлөх, туслах, багийн хүмүүс Нийслэлийн худалдан авах газарт дарга, хэлтсийн дарга гэсэн албан тушаалуудад очиж. Эдгээр хүмүүс саяны ногоон автобусыг худалдан авах ажлыг гардан зохион байгуулж. Тэгэхээр Ж.Сүхбаатар ажлаа өгөх биш түүний гар хөл болгоныг нь шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашлаад Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж байгаад шалгах шаардлагатай. Ингэж хууль хэн бүхэнд тэгш үйлчилнэ. Ингэж байж хуулийнхан хүн бүрийг тэгш шалгана. Тэгэхгүйгээр зөвхөн нэг дээлээ тайлснаараа хариуцлага үүрчихлээ гэж эндүүрэх хэрэггүй. Уг асуудлыг ч ингээд орхиж болохгүй. Тэгвэл Монгол Улсад хулгай гэдэг зүйлийг таслан зогсоох боломж байхгүй. Гарсаар байна, нарийссаар л байна.

-ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, ногоон автобус гээд салбар бүрийн хулгай нийгэмд ил тод ээлж дараатай гарч ирсээр байна. Тэгвэл дараагийн хулгай аль салбараас ямар хулгай илрэх бол. Та шүгэл үлээгчийнхээ хувьд дараагийн хулгай үүрлэсэн салбар аль нь гэж бодож байна вэ?

-Миний хувьд дараагийн том хулгай шахмал түлш буюу Эрчим хүчний салбараас гарч ирнэ гэж хардаж байгаа. Салбар хариуцсан сайд нь гаднаас коксон нүүрс импортоор авч, Улаанбаатар хотын тодорхой бүсүүдэд туршилт явуулна гэдгээ улаан цагаан хэлж байгаа. Бүр том алдаа гарахаас сэргийлж хэсэг бүлэг бүс газар туршилт явуулаад үзье гэж чичрээд байгаа шүү. Үгүй ээ, Улаанбаатар хотын иргэд туршилтад ордог хархнууд уу. Туршилт хийх гээд байгаа юм бол хүн дээр биш лабораторид хий л дээ. Мэргэжлийн байгууллагууд нь үүнд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт гаргалдаа. Дараа нь үнэхээр хоргүй, хохиролгүй гэж үзэж байгаа бол амьдрал дээр шууд үүнийгээ нэвтрүүлэлдээ. Юун туршилт вэ. Үнэхээр стандарт, шаардлага хангаж байгаа бол шууд нэвтрүүлэлдээ. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Туршилт хийгээд үзье гэж хэлсэнийхээ төлөө энэ сайд өнөөдөр ёс зүйн хариуцлага үүрээд ажлаа өгөх ёстой. Гэтэл үүнийг нь эсэргүүцдэг хүн ч алга. Эсэргүүцсэн ч хамаагүй бид туршилтаа хийх л болно гээд гүрийгээд дайрч байна. Ийм төр, ийм сайд гэж дэлхийд л лав байхгүй. Ганц байгаа нь Монголд л байна. Жишээлбэл, Японд аль нэг дарга нь гарч ирээд ийм бүтээгдэхүүнээ эхлээд энэ хэсэг хотын иргэдэд туршаад үзье. Болж байвал Япон даяараа хэрэглэцгээе гэж хэлбэл яах бол. Түүнд шууд хорих ял өгнө. Эсвэл галзуурсан байна гээд эмнэлэгт хүргэх байх шүү. Гэтэл манайд төрийн сайд хүн улаан цагаан иргэд дээрээ туршилт хийх гээд байхад, түүнийг нь болиулах нам, засаг гэж алга байна. Энэ нь цаанаа асар том хулгай явагдах гэж байна гэж хардаж байгаа. Утааг багасгах арга байж болно. Гэхдээ туршилт гэдэг үгийг ашиглаж, иргэдийгээ айдаст автуулах шаардлага байгаа юу гэдгийг эхлээд нэг бодох хэрэгтэй.

-Энэ олон хулгай луйвар өдөр бүр нийгмийн анхаарлыг татах нь өөрөө нийгэмдээ ямар сөрөг үр дагавар авчирч байгаа бол. Нөгөөтэйгүүр нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрвэл ирэх оны ээлжит сонгууль болох уу. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчих юм биш үү?

-Нийгэм бухимдалтай байгааг хүн болгон хэлнэ. Улаанбаатар хотын урдаас хойшоо хүртэл яваад иргэн болгоноос асуугаад үзье. Таны амьдрал сайхан байна уу, Улаанбаатар хотод аз жаргалтай амьдарч чадаж байгаа юу гэж. Тэгвэл 10 хүний найм нь таны өөдөөс шууд гаргадаг хуруунуудаа үзүүлнэ дээ. Харин үзүүлэхгүй байгаа хоёр хүн нь нөгөө дарга, сайд, хулгайчдын гар хөл болсон нөхдүүд л байгаа. Нээрээ бодит үнэн нь л энэ байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсад үнэхээр үнэн гэдэг зүйл алга байна. Болж бүтэж байгаа юм ч алга. Хэдэн дарга нар төрийн цаанаас хулгай хийх гэж үе удмаараа төрийн эрхийг барьж байна. Нөгөөтэйгүүр сонгуулийг энэ аравдугаар сард болгох гэсэн МАН-ын нэг улс төрийн нарийн арга байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хулгай яагаад ингэж их ил тод болоод байна. Хэн хүнгүй хулгайчаараа дуудуулаад байна вэ. Яагаад хулгай нийгмийн гол сэдэв болчихов. Энэ бүгд цаанаа улс төрийн зохицуулалттайгаар явж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл МАН-ынхан ирэх сонгуулиар олонхын саналыг авч чадахгүй гэдгээ мэдсэн гэсэн үг. Тиймээс сонгуулиас өмнө хулгай гаарсан байна, манай танайгүй хулгайчдаасаа салахын тулд хэдүүлээ сонгуулиа хийе гээд шийдвэр гаргачихыг хэн байг гэхэв. Засгийн бүх эрх мэдэл ганцхан намд л байна шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Т.Билэгжаргал: Давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа DNN.mn

Нийтийн удирдлагын магистр, түүхч, улс төр судлаач Т. Билэгжаргалтай улс төрийн үйл явцын талаар ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу байна. Улс төр судлаач хүний хувьд энэ намрын улс төр ямар байдлаар явах чигтэй харагдаж байна вэ?

-Энэ намрын чуулганыг хариуцлага тооцох, хэн нь хэн байсан бэ гэдгийг тодоор харуулах чуулган болоосой гэж иргэд хүсэж байна. Нийгэмд ил тод гарсан хулгай, луйвар бүгд холбогдох эзэнтэй. Хулгай хийсэн үйлдэл нь тодорхой байна. Хулгайлсан хүн нь ч тодорхой байна. Тиймээс одоо хариуцлага үүрүүлэх ёстой гэдэг иргэдийн шахалт энэ намрын чуулганы үеэр хүчээ эрс нэмэгдүүлнэ. Иргэд хариуцлага нэхээд ирэхээр эрх баригчид, улс төрчид, холбогдох этгээдүүд бүгд сандралдаж, зөвхөн өөрсдийнхөө арьсыг л хамгаалсан мэдэгдлүүдийг удаа дараа хийх байх. Ингэснээр намын эв нэглэл, ер нь аливаа бүлэг, фракцын эв нэгдлийг шууд зад татна. Ингэж задарсан нам, бүлэг, фракц болгон дундаасаа хэн нэгнээ золиосонд гаргаж л таарна. Тиймээс 2020-2024 оны УИХ-ын намрын отгон чуулган хамгийн их гал гарсан, хамгийн их биеэ өмөөрсөн, улс төржилт, попролыг дээд цэгт нь хүргэсэн чуулган болно гэж харж байгаа. Мэдээж хуулийн төслүүдийн хувьд УИХ-аар хэлэлцэгдэх эсэхээ хүлээн байгаа олон эрх зүйн актууд бий. Түүнээс хамгийн чухал нь ирэх оны төсөв. Дараа нь Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь чухал юм.

-Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн улс төрийн үйл явц хурцаар тавигдаж эхэлж байна. Тухайлбал, өчигдөр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ажлаа өгөхөө мэдэгдлээ. АН-ынхан С.Зоригийн хэргийг дахин сэргээхийг шаардаж, үүгээр эрх баригч нам улс төр хийхгүй байхыг шаардлаа л даа…Тэгэхээр судлаач хүний хувьд намрын улс төрийн халалт ямар хэмжээнд, ямар үр дагавартайгаар ирэх бол гэж бодож байна вэ?

-УИХ-ын 76 гишүүнтэй. Удахгүй 126 болно. Яг өнөөгийн байдлаар Засгийн газар дэд сайд нартайгаа нийлээд нийт 40 гаруй сайд, 20 орчим яамдтайгаар ажиллаж байна. Энэ нь өөрөө ард түмний 40 хувийн саналыг авсан намын хувьд асар том бүтэц гэсэн үг

Тэр чинээгээрээ авлига, хүнд суртал, хулгай гаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв өнөөгийн эрх баригч нам ард түмний 80 орчим хувийн саналыг авсан бол ийм хэмжээний бүтэцтэй ажиллаж болно. Энэ өөрөө улс төрийн удирдлагын онолоор тодорхойлогддог зүйл. Тэгэхээр ард түмний саналыг хэдэн хувьтай авч, түүнд тохирсон төрийн бүтцээр ажиллаж байна уу үгүй юу гэдэг чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл байгуулсан төрийн бүтэц нь ард түмнийхээ саналын хувиас хэт давсан данхар бүтэц байвал хулгай, авлига, хүнд суртал тэр хэмжээгээрээ гардаг. Ард түмний саналын хувьтай энэ тэнцүү эсвэл доогуур буюу цомхон бүтэцтэй бол ийм зүйл гарах боломж тэр хэмжээгээрээ багасдаг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс дараа дараагийн сонгуулиар гарч ирсэн нам нийт ардын саналын хэдэн хувийг авсан бэ гэдгээс нь хамааруулж, Засгийн газар, төрийн бүтцийг байгуулах шаардлагатай гэсэн үг. Манайд энэ тогтолцоо, бодлого байдаггүй. Ялсан нам ялахад нь үйлчилсэн хүмүүсээ “хооллох”-оо л боддог. Түүнээсээ болж эрх мэдлийн хувиарлалтаа алддаг. Эрх мэдлийн хувиарлалтаа алдсан нам зөв бодлого, хууль гаргасан ч төрийн үйлчилгээ, чанар, нэр хүнд нийгэмд улам доош орсоор байдаг.

-Та мэргэжлийн хүний хувьд ерөнхий онолын агуулгатай зүйл ярилаа. Ярианы эхэнд хэлсэн шүү дээ. Ард түмэн хариуцлага л нэхэж байна гэж. Эхнээсээ сайд, дарга нар хариуцлагаа үүрээд албан тушаалаа өглөө. Нэг талдаа зөв юм шиг. Нөгөө талдаа хариуцлагаас улам өөрийгөө чөлөөлж байгаа мэт харагдаж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хариуцлага нэхэж байгаа ард түмний гол хүсэл нь яг юу юм бэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Зарим нь ажлаа өг, огцор гэж байна. Зарим нь ажлаа өгөөд хуулийн хариуцлага үүрээрэй гэж байна. Тэгэхээр ард түмэн хариуцлага нэхэж байгаа бол яг ямар хариуцлага хүсээд байгаагаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Ж.Сүхбаатар сайд ажлаа өгнө гэж байна. Энэ хариуцлага үүрч байгаа хэлбэр мөн үү. Үнэхээр ард түмэн түүнийг огцрохыг л хүсэж байсан гэж үү. Яагаад энэ хүн ажлаа өгөхөөр болов гэдгийг хэрсүү ойлгох хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс Ж.Сүхбаатар сайдын судлаа өгчихлөө гэхээр хариуцлага үүрчихлээ гээд энэ асуудлыг мартана. Ийм байвал бид хэзээ ч хариуцлага хэн нэгэнд үүрүүлж, эсвэл хэн нэгнээс хариуцлага нэхэх боломжгүй болчихож байгаа юм. Ард түмний тодорхойгүй хүслийг өнөөгийн улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлээд сурчихсан байна. Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайдын албаа өгдөг. Өгөхдөө хариуцлага үүрч байна гэдэг нэрийн дор огцордог. Төсөв захиран зарцуулагч болохын тулд УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгдөг. Үүнийгээ би илүү сайн ажил хиймээр байна гэсэн хоосон попрол явуулж байгаад л Нийслэлийн Засаг дарга болчихдог. Үүнээс юу ойлгогдож байна вэ гэхээр ард түмний хариуцлага нэхэж байгаа хүслийг улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байгаа юм. Улс төрчид юу хийхийг хүсэж байна, тэр болгоноо хийх арга чаргаа ард түмний хүсэл сонирхол, эрх ашигт тулгуурлаад гаргаад ирж чаддаг болж. Энэ бол нийгмийн, улс орны хамгийн том аюул.

-Тэгэхээр Ж.Сүхбаатар сайд ажлаа өгч байгаа нь угтаа хариуцлагаас мултарч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгох уу?

-Шуудхан хэлэхэд Ж.Сүхбаатар гэх хүн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдчихсан гэж ойлгож болно. Хулгайч үйлдэл дээрээ баригдахаар яах ёстой вэ. Ямар ч яриангүй шууд хуулийн хариуцлага хүлээнэ. Дэлгүүрээс нэг шил архи хулгайлж байгаад баригдсан нөхрийг цагдаа дуудаад шууд хариуцлагыг нь үүрүүлдэг биз дээ. Гэтэл улс төрчдөд хариуцлагаас зугтах, хариуцлагыг аргалах тусгай механизм оршиж байдаг. Түүний нэг нь давхар дээл. Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь давхар дээлтэй байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хууль бус үйлдэл ил тод боллоо гэхэд тэд зөвхөн сайдын суудлаа л өгнө. Ингээд л цааш хуулийн хариуцлага үүрүүлэх ямар ч боломжгүй болно. Сайдын суудлаа өгчихөөр манай ард түмэн түүнийг хариуцлага үүрээд явчихлаа гэж ойлгоно. Нийгмийн ухамсар, хандлага доогуур байгаа болохоор эрх баригчид, улс төрчид өөрсдийнхөө хүслээр амьдарч болоод байна. Тэр утгаараа давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа. Хариуцлагаас өөрийгөө яаж мулталч чадаж байгааг Ж.Сүхбаатар сайдын мэдэгдлээс сонссон байх.

-Ж.Сүхбаатар сайд ямар мэдэгдэл хийсэн гэж. Та түүнийг нь яагаад хариуцлагаас мултарч байна гэж ойлгоод байгаа юм бэ?

-Би хэлсэн. Энэ хүн хулгай хийж байгаад баригдсан. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа байх. Мэдсэн учраас сайдын суудлаа бушуухан өгчихөж байна. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэдэг үгтэй. Өөрийнх нь гаргасан шийдвэр бүрэн хэрэгжиж чадаагүй, түүнээс нь болоод асуудал үүссэн байхад өөрийнхөө алдааг бусад руу шууд чихэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Ж.Сүхбаатарын хэлсэн мэдэгдлийг судлаач хүнийхээ хувьд агуулгаар нь дүгнээд хэдэн зүйл хэлье л дээ. Нэгдүгээрт, Ж.Сүхбаатар намынхаа төлөө сайдын ажлаа өгсөн. Засгийн газрын нэр хүнд цаашлаад намын нэр хүнд улам унахаас сэргийлсэн улс төрийн тоглолт. Ингэхдээ нэгэнт явж байгаа учраас намынхаа бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг магтан дуулж өгсөн. Энэ үйлдэл нь “ах аа намайг бодоорой” л гэсэн үг. Өөрөөр хэлбэл би сайдын суудлаа өгөөд нийгмийн галыг өөртөө татъя. Нэгэнт тугаа тахиж байгаа учраас намаа өргөөд өөрөө явъя. Тиймээс миний арыг нам маань бүтэн даагаарай гэж ойлгогдож байгаа юм. Хоёрдугаарт, сонгууль ойртчихсон учраас улс төрийн рейтингээ бодсон мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Би энэ ажлыг сайн хийж байсан л даа, гэхдээ олон хүний дургүйг хүргэсэн шийдвэр гаргаж байж миний ажлын үр дүн гарч ирнэ. Тиймээс би ирэх сонгуулиар дахин гарч ирэхээ бодсон учраас улс төрч хүнийхээ хувьд өнөөдөр хариуцлагаа үүрээд сайдын суудлаа өгчихье өө гэж байна. Ард түмний тархийг угаагаад сурчихсан, явцгүй улс төрчдийг дахин битгий гаргаж ирээсэй. Асуудлыг даагаад явж байгаа бол даасан шиг даачих зангарагтай улс төрчид үнэхээр алга. Бүгд дараа дараагийнхаа эрх мэдлийн төлөө өөрөөсөө бусад бүх зүйлийг солиосонд гаргаж улс төр хийж байгаа нь эмгэнэлтэй.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тавинбэх: Нөөцгүй учраас эх үүсвэр дээр гэмтэл гарлаа гэхэд шууд цахилгаан хязгаарлалт хийгдэх эрсдэл бий болсон DNN.mn

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхтэй тус салбар өвөлд бэлэн байгаа эсэх асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө танаас эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбар ямар хэмжээнд явж байна. Мэдээж тулгамдаж байгаа асуудал олон бий…?

-Таны асуултад шууд хариулъя. Бид өнөөдөр улс даяараа чадлын дутагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл бид эрчим хүч үйлдвэрлэхээсээ илүү хэрэглэдэг болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр бид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих шаардлага бий боллоо. Энэ ажлыг бид яарахгүй бол цаашид эрчим хүчний доголдолд орж болзошгүй байна. Нөгөөтэйгүүр үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалаад м а н а й салбарын ажиллагсдын орох, гарах хөдөлгөөн их байгаа. Сүүлийн жилүүдэд энэ хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Бид цаашид энэ салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авах болно.

-Та хэллээ. Бид эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хэрэглэж байна гэж. Тэр утгаараа эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна шүү дээ?

-Жилээс жилд санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад бид 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй хөрөнгө оруулалтын ажил, хийж чадаагүй засварын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага зэрэг тулгамдсан нийгмийн асуудал байна. Ер нь өнөөдөр учраад байгаа энэхүү санхүүгийн алдагдал нэг зүйлээс шалтгаалж байгаа юм. Т ухайл бал , хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртөгөөс нь доогуур үнээр борлуулж байгаад учир байна. Товчхондоо санхүүгийн алдагдал үүнтэй холбоотой. Тиймээс энэхүү алдагдлаас гарахын тулд эхний ээлжинд бид доод өртөгт хүргэх шаардлагатай. Мэдээж хэрэглэгчдийн үнийг нэмнэ гэдэг нь өөрөө нийгэмд амаргүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Тэгэхээр үнэ тарифын асуудал хариуцсан Эрчим хүчний тухай хуулиар бие даасан, хараат бусаар шийдвэр гаргадаг Эрчим хүчний зохицуулах хороо гэх байгууллага бий. Бидний зүгээс үнэ нэмэгдүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад байнга тавьдаг. Удахгүй энэ асуудлаар шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

–  Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй бол бид хомсдолд орно гэж ярилаа. Т э р утгаараа эрчим хүчний хараат байдлаас гарах, хэрэгцээгээ бүрэн хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохын тулд ямар ажил хийж байна. Ойрын хугацаанд шинээр бий болох эх үүсвэр юу байгаа вэ?

-Мэдээж эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл сайн. Гэвч бид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэрэглээгээ цаг тухай бүрд нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож чадаагүйгээсээ болоод өнөөдөр б ид импортын эрчим хүчээр хангаж байна. Импортын эрчим хүч гэдэг маань өөрөө тийм ч муу зүйл огт биш шүү. Энэ нь өөрөө олон улсад байдаг систем. Тэр бүү хэл өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн импортоор эрчим хүч авдаг. Гэхдээ импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг зохистой харилцаанд барих хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах зорилгоор 11 эх үүсвэрийг барихаар тусгасан. Үүн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ч бий. Уламжлалт нүүрсний технологитой эрчим хүчний эх үүсвэр ч байна. Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох гэж байгаа эрчим хүчний эх үүсвэр бол хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөгжүүтийн 300 Мвт- ын хүчин чадалтай станц байгаа. Энэ станц 2024 оны өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад орохоор бүтээн байгуулалтынх нь ажил эрчимтэй өрнөж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжээд явж байна. Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч нь тодорчихсон. Одоо гэрээний хэлэлцээрт орохоор ажиллаж байгаа. Эдгээр станцууд 3-4 жилийн дараа бүрэн ашиглалтад орохоор байна. Дор хаяж  ййм хугацааны дараа ашиглалтад орох учраас тэр хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ бид хэрхэн хангах вэ. Энэ бол манай салбарт тулгамдаж байгаа амаргүй асуудал. Гэхдээ бид гарц шийдлийг нь олж явахаас өөр арга байхгүй.

-Эрчим хүчний сайд ч хэлж байсан. Б и д өнгөрсөн өвлийг амаргүй давсан шүү гэж. Тэгэхээр энэ жилийн өвлийг хэрхэн давах төлөвлөгөөтэй байна вэ. Үүсч болзошгүй эрсдэл юу байна?

-Өвлийн бэлтгэл хангах ажлыг салбарын хэмжээнд төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн авч хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар өвлийн ачаалал эхэлчихсэн байна. Бид бүх хэрэглэгчдээ цахилгаан, дулааныг нь хангаад ажиллаж байгаа. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тиймээс ажиллаж байгаа тоноглол дээр тэр дундаа эх үүсвэр дээр гэмтэл саад гарлаа гэхэд гэмтлийнхээ хэмжээгээр эрчим хүч хязгаарлаж болзошгүй хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь олон улсын жишгээр бол дотоодын эрчим хүчний 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой.

Гэтэл манайх ийм нөөцгүй байгаа нь өөрөө эрсдэлтэй нөхцөлд бид ажиллаж байна гэсэн үг.

-Сайжруулсан шахмал түлшний асуудал танай салбарт харьяалагдах зүйл. Тэр утгаараа шахмал түлшний чанар, аюулгүй байдал ямар байгаа юм бэ. Мөн энэ өвлийн нөөц хангалттай хэмжээнд байгаа юу?

-2023-2024 оны өвлийн ид ачааллыг давахын тулд бид 118 мянган тонн сайжруулсан түлш бэлдсэн. Энэ нь өөрөө Улаанбаатар хотын хэмжээнд 45 хоногийн нөөц байна гэсэн үг . Өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний нөөц бэлтгэсэн нь хангалттай байсан . Тэгэхээр шахмал түлшний нөөц боломжийн хэмжээнд бэлтгэгдсэн гэсэн үг. Чанар, аюулгүй байдлын асуудал мэдээж их яригддаг. Тэр утгаараа сайжруулсан шахмал түлшний үйлвэрлэлд өдөр болгон Мэргэжлийн хяналтын байгууллагууд ирж шалгалт хийдэг. Одоогоор ямар нэгэн байдлаар Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Тийм бүтээгдэхүүн гарвал бид үйлдвэрлэлийг шууд зогсоох арга хэмжээ авдаг. Тиймээс шахмал түлшний хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна.

Э.МӨНХ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач О.Төгөлдөр: Жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай DNN.mn

Хуульч, улс төр судлаач О.Төгөлдөртэй Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний тоог 126-д хүргэсэн. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хуульч өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж байгаа. Хуульч хүний хувьд энэхүү өөрчлөлтийг ямар байдлаар харж байна вэ?

-Юуны өмнө гишүүдийн тоог нэмэгдүүлсэнийг хуульч, улс төр судлаач хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Энэ бол парламентыг чадавхжуулах, нэг улстөрчид оногдох эрх мэдлийн төвлөрлийг задлах эрх зүйн том алхам хийгдсэн гэж үздэг. Үүнийг дагасан өөрчлөлт ирэх жилээс бодитой мэдрэгдэж эхэлнэ. Мэдээж гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн учраас үйл явцын дунд алдаатай, дутагдалтай олон асуудал гарч ирж магадгүй. Тэр бүхнийг тухай бүрд нь засаад явах эрх нь УИХ-д бий. Хоёрдугаарт, шинэчлэгдсэн Сонгуулийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсний дараа дагалдах журмыг баталдаг хуультай. Журам гэдэг бол тухайн хуулийг амь оруулагч эрх зүйн акт. Тиймээс батлагдсан хууль хэр бодитой орших вэ, амьдрал дээр ямар байдлаар хэрэгжих вэ гэдэг нь дагалдан гарах журмаас тодорхой харагдана. Одоогоор Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн ерөнхий агуулгаар шинэчилсэн. Холимог тогтолцоо дундаа яг ямар хэлбэрийг нь сонгож явах вэ гэдэг нь харин чухал асуудал.

-Сонгуулийн хууль ирэх оноос хэрэгжинэ гэж байна. Мэдээж дагалдах хууль, журам яаж гарч ирэхийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа ирэх сонгуулийг том тойргоор явуулбал хэнд ашигтай, үр дүн нь яаж гарах бол гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа улстөрчдийн хамгийн их анхаарч буй зүйл бол олныг төлөөлөх 78 гишүүнийг тойргоос сонгохдоо том, жижиг мажоритар хувилбарын аль замаар нь явуулах вэ гэдэг асуулт байгаа юм. Тэгэхээр 2020 оны сонгуульд ашигласан томсгосон мажоритар хувилбарыг сонгох нь зүйтэй гэж ихэнх судлаачид үзэж байгаа юм билээ. Энэ нь юу гэхээр дахин сонгогдох боломжоо тасралтгүй эрэлхийлж яваа одоогийн УИХ-ын гишүүд жижиг мажоритар хэлбэрээр 78 тойрогт хүч үзэх санаатай байгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд тойргоо хангалттай “усалчихсан”, тойргийн сонгогчдодоо харьцангуй танил дүрийг бүтээчихсэн шүү дээ. Нэг ёсондоо жижиг тойрогт мөнгөөр “зодох” сонирхол, боломж өнөөгийн улстөрчдөд, тэр дундаа эрх баригчдад их байна.. Өөрөөр хэлбэл, жижиг тойрогт очиж өрсөлдөх нь МАН-ынханд тэр дундаа ах нарт нь илүү ашигтай. Намын нэр, намын даргын нэр хүнд гэхээс илүүтэй жалга, жалгандаа үзэлцэх нь МАН шиг “хөл” сайтай нам хамаагүй бага хохирно гэж судлаач хүнийхээ хувьд харж байгаа. Гэхдээ аль хувилбараар явах вэ гэдгийг одоохондоо эрх баригчид зарлахгүй. Он гараад, сонгууль нэлээд дөхүүлж байж зарлах байх. Энэ нь эрх баригчдад илүү ашигтай.

-Эрх баригчдын хувьд жижиг тойргийг илүү сонирхоно гэлээ. Тэгвэл бусад намуудын хувьд жижиг тойрог ашигтай гэж харж байна уу?

-Сая хэллээ, жижиг тойрогоор явах нь мөнгөтэй, тойргоо сайн усалдаг улстөрчдөд илүү ашигтай. Тэгвэл тойргоо хамгийн сайн усалж байгаа гишүүд, улстөрчид нь хэн бэ. Аль нам бэ гэдэг нь тодорхой. Мөнгөтэй улстөрчид нь хэн бэ гэдгийг ч ард түмэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Тиймээс жижиг тойргоор явбал мэдээж бусад улс төрийн хүчнүүдэд болон бие даагчдад төдийлөн ашигтай биш болов уу. Тэд том тойрогт нэр хүнд, мэдлэг боловсролоо өмнөө тавьж өрсөлдөх сонирхолтой байгаа. Гэвч уг асуудлыг Монголын хоёр том нам өөрт аль болох ашигтай хувилбараар шийдэх нь тодорхой биз. Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө буюу 2019 онд өөр байр суурь илэрхийлж байсан.

-Ямар байр суурь вэ?

-Тэд ирэх сонгуулийг томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбарыг дэвшүүллээ гэж байсан шүү дээ. Угтаа эл хувилбар мөнгө тараах, “царцааны нүүдэл” ашиглах боломжийг багасгах учраас иргэдэд таалагдана. Гэвч МАН-д энэ нь ашиггүй гэдгээ тэд одоо ухаарсан байх.

-Сонгуулийн томсгосон нэг тойрог гэхээр 2008 онд сонгууль явуулсан хувилбар биз дээ?

-Тэр үед буюу 2008 онд сонгууль зохион байгуулсан томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбар л даа. Сонгуулийг аль болох томсгосон тойргийн хэлбэрээр зохион байгуулж, сонгогчид лидер болсон улстөрчдийг сонгох, сонгогдсон хүн нь иргэдээ бүрэн төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ер нь Монгол Улсын хөгжилд бүсчилсэн бодлого зохимжтой гэдгийг судлаачид бид удаа дараа ярьдаг. Тиймээс ойрын хугацаанд бүсчилсэн тойргийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Томсгосон болон жижигчилсэн тойргийн ялгааг манай сайн ойлгохгүй хүн цөөнгүй байгаа болов уу. Та үүнд хуульч хүнийхээ хувьд тайлбар хэлэхгүй юу?

-Үндсэн хуульд ард түмэн төрөө шууд сонгож байгуулна гэж заасан байдаг. Энэ нь иргэд төрийнхөө түшээдээр хэнийг сонгох вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Тиймээс сонгуульд мажоратори тогтолцоо нэвтэрсэн. Энэхүү тогтолцоо нь сонгогч нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хэнийг дэмжих вэ гэдгээ ямар нэг зуучлагч, намын оролцоогүйгээр шууд илэрхийлж, дэмжинэ гэсэн санаа. Томсгосон тойрог гэдэг нь нэг дүүргийг, эсвэл нэг аймгийг бүтнээр нь нэг тойрог гэж үзээд мандатын тоотой тэнцэх хүнийг дугуйлахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай учраас зургаа, Чингэлтэй дүүрэг дундаж учраас дөрвөн хүнийг дугуйлах тойрог юм. Гэхдээ энэ тогтолцоо нь сонгогчдын эрх тэгш байдлыг үгүйсгэж байна гэж үзсэн. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн иргэд зургаан хүний төлөө санал өгч, төлөөллөө сонгож байхад, Говь-Алтай гэх мэт цөөн мандаттай аймгийнхан зөвхөн нэг хүний төлөө санал өгч, УИХ-д нэгхэн төлөөлөлтэй болох нь шударга бус гэж үздэг тал байна. Тэр ч утгаараа өнгөрсөн 2020 оны сонгууль явуулахдаа улс орныг 76 жижиг тойрогт хувааж, нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох хувилбар гаргасан. Энэ хоёр тогтолцооны аль алинд нь сайн болон сөрөг тал бий. Ер нь сонгуулийн тогтолцоо бүрд сайн болон сөрөг тал гэж байдаг. Сайн нь гэвэл, сонгогч хэнийг дэмжих вэ гэдгээ тухайн нэр дэвшүүлсэн нам, мөрийн хөтөлбөр, хувь хүний боловсрол, цаашлаад удам судрыг нь харж сонгох бололцоо олгодог. Харин сөрөг тал нь, танил тал, хөрөнгө мөнгө тараах хэлбэрээр сонгогчдын санал худалдан авч, тойргууд хувьчлагдах үзэгдэл жижиг тойрог дээр гардаг. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүс сонгуульд ялах бололцоог нээж өгсөн. Үүнээс болж өнөөдрийн завхралын үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Тиймээс одоо сонгуулийг томсгосон тойргоор явуулах шаардлагатай.

-126 гишүүний 78-ыг нь мажораториар харин 48-ыг нь пропорционалиар гаргаж ирнэ. Ингэхдээ 48-ыг хаалттай эсвэл нээлттэй явуулна гэж байгаа. Аль хувилбар нь илүү дээр вэ?

-Намын жагсаалтыг нээлттэй байх уу, хаалттай байлгах уу гэдэг хувилбараа сонгуулийн хуульдаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байхад хуулийн төслийн ажлын хэсэг дээр хаалттай хувилбараар жагсаалтын асуудлыг шийдэхээр ярьж байсан. Ингэхдээ хаалттай жагсаалтад багтаж байгаа 48 нэр дэвшигчээ нийтэд эрт зарлаж, ил болгох хувилбар яригдаж байсан л даа. Ингэснээр сонгогчид эртнээс мэдээлэлтэй болж, нэр дэвшигчдийг жагсаалтад анализ хийсний дүнд хүмүүст нь тулгуурлаж нам дугуйлах боломжтой гэж үзсэн. Намуудын авсан саналын хувийг нь босго оноотой нь уялдуулан хувь тэнцүүлж суудал хуваарилна. Эсэргээрээ нээлттэй жагсаалтыг сонгож болно. Гэхдээ нээлтэй жагсаалт нь сонгогчдын санал өгөх хугацаа сунаж, сонгуулийн ирцтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Мөн саналын хуудсанд маш олон тэмдэглэгээ хийх тул энэ хэрээр хүчингүй саналын хуудас маш их гарах эрсдэлтэй. Энэ бол бодит эрсдэл. Манайхан нэг хүн дугуйлах гэж будилдаг. Гэтэл 2-оос дээш хүн бүрийг дугуйлна гэхээр хүчингүй саналын хуудас 10-аас зургаа болох нь энүүхэнд болов уу. Тиймээс хаалттай жагсаалт гаргаад, жагсаалтад багтсан хүмүүсээ эрт зарлах хувилбараар явуулах нь төсөв, цаг, ирцийн хувьд илүү ашигтай.

-Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн 30 хувийг дуустал эрэгтэй, эмэгтэй гэж дараалуулж бичнэ гэдэг заалтыг оруулж өгөх ёстой гэж яриад байгаа. Намууд үнэхээр жагсаалтаа хүйсээр сөөлжүүлэн бичих үү?

-Сонгуулийн хуульд намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг 1:1 гэсэн байдлаар тусгах дээр ихэнх судлаачид, хууль санаачлагчид, ажлын хэсгийнхэн санал нэгдэж байсан. Ингэснээр намын жагсаалтад эмэгтэйчүүдийн эзлэх хувийнхаа дагуу эрэмбэлэгдэхдээ нэг эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч гэсэн байдлаар бичигдэнэ гэсэн үг. Тиймээс дараагийн парламентад урд нь байгаагүй олон эмэгтэй гишүүд орж ирэх нөхцөл бүрдэх боломжтой гэж харж байгаа.

Парламент бол нийгмийн бүлэг, сегмент, газар нутгийн төлөөллийг бүрэн хангах учиртай. Одоогийн харьцаагаар бол 17 хувийг нь л эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол тэгш оролцоо, тэгш төлөөлөл огтоос биш. Мөн эцэст нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлуудыг нэг тийш болгосноор Сонгуулийн хууль бүрэн зургаараа бэлэн болж, ирэх оны гуравдугаар сар гэхэд эцэслэгдэх болов уу.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Б.Мягмар: Эмээлтийн аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүллээ гэхэд эдийн засгийн асар том боломж, өсөлт бий болно DNN.mn

– ҮЙЛДВЭРИЙН АРГААР МАХ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙГАА УЧРААС ОЛОН УЛСЫН ЧАНАР, СТАНДАРТАД НИЙЦНЭ ГЭСЭН ҮГ –


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмартай арьс шир боловсруулах үйлдвэрийг нүүлгэх, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн асуудлаар ярилцлаа.


-Арав гаруй жил гацсан Эмээлтийн аж үйлдвэрийн парк энэ жилээс үйл ажиллагаа нь идэвхжиж эхэллээ. УИХ, Засгийн газар, Нийслэлийн зүгээс уг паркийг байгуулах чиглэлд тал бүрийн дэмжлэг үзүүлж байх шиг байна. Тэр утгаараа тус паркийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг анх 2014 онд НИТХ-аар байгуулж байсан. Яг ямар зорилготой анх энэхүү паркийг байгуулах асуудал яригдаж эхэлсэн бэ гэж. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Тодорхой хэлбэл Туул голын ус, ай сав орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн учир тус үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн. Хэдий 2014 онд байгуулагдсан ч гэсэн бүр анхны УИХ, Засгийн газрын тогтоол 2012 онд гарч байсан. Тус тогтоол гарч ирэхээс бүр өмнө буюу 2009 онд энэхүү арьс, ширний үйлдвэрийг Улаанбаатар хотоос гаргах асуудал олны дунд яригдаж эхэлсэн байдаг.

-Хан-Уулд байх арьс, ширний үйлдвэрүүд байгаль орчны ямар их бохирдол гаргадгийг нийслэлчүүд бид сайн мэднэ. Анх 2014 онд шийдвэр нь гарсан гэлээ. Гэтэл одоог болтол нүүлгэж чадаагүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-2014 онд НИТХ-ын шийдвэр гарснаас хойш уг үйлдвэрүүдийг нүүлгэхээр олон удаагийн оролдлого хийж байсан. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүй. Харин саяхан УИХ-ын Аж, үйлдвэржилтийн байнгын хороо болон Засгийн газрын зүгээс тогтоол шийдвэр гарч, энэхүү үйлдвэрүүдийг зайлшгүй нүүлгэх асуудлыг дэмжсэн. УИХ, Засгийн газрын зүгээс дэмжинэ гэдэг маань бодитой үр дүн гаргаж ажиллахад том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатараас нүүлгэх асуудлаар холбогдох шийдвэр, тогтоолууд хэдийгээр өмнө нь гарч байсан ч ажил хэрэг болж чадаагүй. Гол шалтгаан нь хөрөнгө санхүүжилтийн асуудал тулгарч байсан. Мөн дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүйтэй холбоотой байсан гэж ойлгож болно.

-Одоо тус үйлдвэрүүдийг Эмээлт рүү гаргалаа гэхэд дахиад л орчны бохирдлын асуудал яригдахгүй юу. Нөгөөтэйгүүр Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах төсөл ямар шатандаа явж байна вэ?

-Нэгдүгээрт, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолууд гарсан. Үүнтэй холбоотойгоор арьс, ширний үйлдвэрүүдийг гаргах болон Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах суурь бүх судалгаа хийгдсэн. Тухайлбал, арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх үү эсвэл Дархан руу юу гэх судалгаа бүрэн хийгдсэн гэсэн үг. Дэлхийн банкны зүгээс суурь судалгааг хийсэн. Эдгээр судалгааны үндсэн дээр арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэсэн нь эдийн засгийн болоод байршлын хувьд илүү үр өгөөжтэй гэж тодорхой гаргаж ирсэн. Тиймээс Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулах төслийг Нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар тус паркт байрлах арьс шир, завод ноосны бүсийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн бөгөөд Олон Улсын санхүүгийн корпораци ирэх оны хоёрдугаар сард ТЭЗҮ-г хүлээлгэн өгөхөөр ажилдаа орсон. Түүнчлэн ХУД-ийн 20 дугаар хорооны бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх талаарх нарийвчилсан төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагууд хийж байна. Нөгөөтэйгүүр арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхэд 100 сая орчим ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн судалгааг урьдчилсан тооцоо гарсан. Уг санхүүжилтийг Дэлхийн банкны зээл, тусламжаар шийдвэрлэхээр Засгийн газрын холбогдох яам, агентлаг, газар нэгжийн удирдлагуудтай уулзалтуудаа хийсэн. Юутай ч НЗДТГ-ын зүгээс онцгой анхааран ажиллаж буй энэхүү төслийг холбогдох яамд дэмжин ажиллаж байна.

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн нийт талбайн хэмжээ ямар байгаа вэ. Нөгөөтэйгүүр тус паркт хичнээн чиглэлээр үйлдвэрүүд байгуулагдах юм бэ?

-Угтаа 160 гаруй га газарт бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөлттэй байсан. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг паркийн газар нутгийн хэмжээг 539 га болгон нэмэгдүүлсэн байгаа. Ингэснээрээ Эмээлт аж үйлдвэрийн паркт зөвхөн арьс ширний үйлдвэрүүд байгаад зогсохгүй хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үйлдвэрүүдийг байгуулах боломжтой болсон. Тухайлбал, мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэр, дайвар бүтээгдэхүүн буюу малын гаралтай бүхий л түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг энд цогцолбор болгон байгуулахаар ажиллаж байна. Одоо Эмээлт орчимд малын гаралтай түүхий эд буюу дайвар бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээх боломжгүйгээр хаясан байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч хаягдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой зүйлийг бид хог болгон хаяж байна гэсэн үг. Махны томоохон захуудад бог, бодын ясыг ямар их хэмжээгээр зүгээр л хог дээр хаячихдаг билээ. Энэ паркийн газар нутгийг чөлөөлөх гэж бид 800 гаруй тонн малын гаралтай хог хаягдлыг цэвэрлэж байсан. Тэгэхээр бидний хувьд нэн даруй энэхүү паркийг байгуулах, үйлдвэрүүдээ босгох, үйл ажиллагааг нь эхлүүлэх нь өөрөө маш чухал байгаа гэдгийг харж болохоор. Малын гаралтай түүхий эдээ хог дээр хаяж, байгаль орчин, эдийн засгаараа хохирч байхаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд нийлүүлэх шаардлагатай. Ингэснээр эдийн засаг өснө, экспорт төрөлжинө, ажлын байр бие болж, орчны бохирдол буурна шүү дээ.

-Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт нь ямар байх юм бэ?

-Хэрэгцээтэй байгаа нийт санхүүжилт нь 1.4 их наяд төгрөг. Бид энэхүү санхүүжилтийг улсын төсөв, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийнхэнтэй хамт босгоно. Тус паркт үйлдвэр байгуулах асуудалд төр бага оролцоно. Эсрэгээрээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, боломжийг нь нээж өгнө. Тэр утгаараа нийт хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 65 хувийг хувийн хэвшлийнхэн маань хийнэ гэсэн үг. Энэ нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжсэн төрийн бодлого, нөгөө талдаа эдийн засгаа сэргээх, үйлдвэрлэгч улс болох агуулгаар хийгдэж байгаа томоохон төсөл.

-Монгол Улсын мал сүрэг хэдэн саяараа нэмэгдчихсэн. Тиймээс одоо бид махаа экспортлох, малын гаралтай түүхий эдээ боловсруулах асуудал чухал байгаа. Тэгэхээр тус паркийн үйл ажиллагаа бүрэн жигдэрснээрээ махны экспорт нэмэгдэж, эдийн засагт бодитой өсөлтийг бий болгож чадах уу?

-Эмээлт эко аж үйлдвэрийн паркт олон бүс бий. Тээвэр логистикийн асуудал байна. Нөгөөтэйгүүр мал нядалгаа, мах боловсруулах асуудал байна. Бид арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэд нэг зүйлийг хэлж байна. Юу гэхээр ирж байгаа арьс, шир маш их гэмтэлтэй ирдэг гэж. Энэ нь юу гэхээр мал нядалгааны технологитой холбоотой асуудал. Амьдын үеийн гэмтэл, мал нядалгааны үеийн гэмтэл гэж гарна. Мэдээж амьдын үеийн гэмтэл гэдэг маань малын эрүүл мэндтэй шууд холбоотой. Нядалгааны үеийн гэмтэл гэдэг нь үйлдвэрийн аргаар малыг нядлаагүйгээс болдог. Үйлдвэрийн аргаар нядлаагүй малын арьс, ширд нэмүү өртөг шингээхэд туйлын хүнд. Тэгэхээр хаягдахаас өөр сонголтгүй болж ирж байгаа юм. Тиймээс бид мал нядлахдаа заавал үйлдвэрийн аргыг тусгах шаардлагатай. Тэр утгаараа Эмээлт эко аж үйлдвэрийн паркт мал нядалгаа, махны чиглэлийн томоохон үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөгдсөн. Нөгөөтэйгүүр үйлдвэрийн аргаар мах боловсруулагдаж байгаа учраас мах олон улсын чанар, стандартад нийцэгдэнэ гэсэн үг. Тэр утгаараа тус парк бүрэн зургаараа ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ гэхэд эдийн засгийн асар том боломж, өсөлт бий болно. Мөн малаас гарч буй дайвар бүтээгдэхүүн нь олон төрлийн үйлдвэрүүд байгуулагдах боломж бөгөөд энэ талаар ч бид төлөвлөлтөндөө тусгасан. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, инноваци шингэсэн экспортын чиг баримжаатай кластер үйлдвэрлэлийг дэмжсэн эко парк болох юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон улс судлаач С.Пүрэвдорж: Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо DNN.mn

Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдожтой ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины айлчлалын хүрээнд ярилцлаа.

-ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдан шийдвэрлэгдсэн гол хэлэлцээрүүд юу байна вэ?

-Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын доод танхимын дарга В.Володин манай УИХ-ын даргыг айлчлан ирэхийг урьсан. Улмаар Их хурлын дарга ОХУ-д тав хоногийн айлчлал хийгээд ирсэн байдаг. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мань нөхрийг хариу айлчлахыг урьсан. Энэхүү урилгын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд манайд айлчлаад буцлаа. Айлчлал дэндүү албан ёсны агуулгаар болж өндөрлөлөө гэж харж байгаа. Мэдээж албан ёсны арга хэмжээ. Гэхдээ дэндүү албан ёсны гэхээр байдаг л асуудлаа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэж, цагаан цаасан дээр гарын үсэг зурсан төдийд л үйл ажиллагаа өрнөсөн гэсэн үг. Дэлхий дахинд ОХУ-ын төр, засгийн гаргаж байгаа үйл ажиллагаа, хөдөлгөөн бүрийг нягт нарийн анхааралтай ажиглан харж байна. Тэр утгаараа айлчлал товлогдсон өдрөөс эхлээд олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилж байгаа нь ямар учиртай вэ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мэдээлэл дунд нэг сонин өнцөг харагдсан. Дэлхийн бүх улс оронд харилцан нэгнийдээ айлчилдаг. Айлчлал бүр харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэсэн оролдлого гэж үздэг. Гэвч айлчлал бүр тийм байдаггүй. Судлаачид айлчлал хэзээ, хэдэн өдөр болохоос хамаараад үр дүнтэй чухал айлчлал эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тухайн айлчлал ажлын өдрүүдэд товлогдсон бол маш их үр дүнтэй, ажил хэрэгч айлчлал болох юм байна гэж үздэг. Харин амралтын өдрүүдэд тохиож байгаа айлчлалыг тийм ч үр дүн гарахааргүй буюу чанаргүй айлчлал хэмээн тооцдог.

 

-Тэгэхээр ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал өөрөө амралтын өдрүүдэд тохиосон. Тэр утгаараа чанаргүй айлчлал гэх ангилалд оруулна гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд олон улсад айлчлал судлалын олон баг, хүрээлэн бий. Энэ бол олон улсад байдаг нэг судалгааны арга. Тэгэхээр шууд чанаргүй айлчлал болно гэж үзэх нь нэг талдаа учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон улс, гүрний удирдагчид аль нэг оронд айлчиллаа гэхэд дандаа ажлын өдрүүдэд, тэр дундаа ажлын эхний долоо хоногоос айлчлалаа эхэлдэг.

Бүр урьдчилж эдгээр өдрүүдийг сонгодог. Үүгээрээ бидний айлчлал харилцан адил ашигтай үр дүнтэй чухал айлчлал болно шүү гэдгээ илтгэдэг байх нь. Харин амралтын өдрүүдэд болж буй айлчлал нь өөрөө стратегийн чухал ач холбогдолтой айлчлал биш гэдгийг илэрхийлдэг.

-ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал эхлэхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газраас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоох, хориглох шийдвэр гаргасан. Уг хоригт Монгол Улс орж байгаа гэх мэдээлэл хүчтэй явсан. Харин тус айлчлалын үеэр Монгол Улсыг уг хоригт оруулахгүй байхыг албан ёсоор шийдвэрлэсэн гэж харж байгаа. Та судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр ажигласан бэ?

-Мэдээж хэрэг Төрийн дум, Засгийн газар гэдэг нь хоёр өөр үйл ажиллагаатай байгууллага. Манайхаар бол УИХ, Засгийн газар хоёр л гэсэн үг. Тэр утгаараа Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг нь Төрийн думтай холбох боломжгүй. Төрийн дум нь ч Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлөх хориотой. Аль аль талдаа хяналтын тогтолцоотой гэсэн үг. Тэгэхээр саяны айлчлалаар Төрийн думын дарга В.Володин хэлж байна лээ. Юу гэхээр “Монгол Улсыг энэхүү шатахууны хоригт бид оруулахгүй” гэж. Түүний хэлсэн үгэнд бид шууд итгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл Төрийн дум Засгийн газрынхаа шийдвэрт нөлөөлж чадахгүй. Тиймээс Холбооны хурлын доод танхимын даргын үгэнд зуун хувь итгэх боломжгүй юм. Тэр утгаараа үнэхээр энэ асуудлаар ажил хэрэгч уулзалт хийж бодит шийдвэр гаргуулъя гэж байгаа бол ОХУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй л харилцах ёстой. Түүнээс биш Төрийн думын дарга Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг тайлбар өгнө гэсэн зүйл огт байхгүй. Тэгж хэлж байгаа нь манай улсыг хуурч, хоосон амлалт өгч байгаагаас ялгаагүй үйлдэл. Бас нэг дипломат харилцааны бүдүүлэг үйлдэл гэж хэлж болно.

-Бүдүүлэг үйлдэл гэснээс энэхүү айлчлалын эхний өдөр хоёр улсын парламентын дарга нар Чингис хааны хөшөөнд очиж хүндэтгэл илэрхийлсэн. Энэ үеэр ОХУ-ын Төрийн думын дарга манай хаанд мэхийж ёслоогүй гэж цахим сүлжээнд шуугьж байна л даа. Энэ нь өөрөө дипломат ёсондоо ямар байдаг юм бэ. Заавал мэхийх ёстой юу?

-Энэ асуудлаар манай захын дипломат албанд зүтгэж яваа ахмадууд маань тодорхой хэлнэ л дээ. Дипломат ёс гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний энх тайвны амин сүнс болсон хамгийн том суурь ойлголт. Тэр утгаараа жижиг, том улс гэсэн ойлголт дипломат ёсонд байдаггүй. Улс л бол улс. Ард түмэн бол ард түмэн. Жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч Монголд ирлээ гэж бодъё. Үнэндээ АНУ болон Монгол Улсын эдийн засаг, хөгжил тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ Монгол бол тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн онцлогтой. Эдийн засагтай, ард түмэнтэй, төр засагтай. Америк ч ялгаагүй. Тиймээс жижиг улсад айлчиллаа, энэ улсын эдийн засаг жижиг, ард түмэн нь цөөхөн гэж огт ярьдаггүй. Улс орон гэдэг утгаараа дипломат ёсыг маш өндөр зэрэгт мөрдөж явдаг. Үүнийг нь олон улс анхааралтай ажиглаж байдаг. Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм.

-Ер нь оросуудад бид яагаад дургүй юм бэ. Эсвэл оросууд яагаад бидэнд дургүй юм бэ. Та үүнийг судлаач хүнийхээ хувьд юу гэж ойлгодог вэ?

-Монгол Улс өөрөө Ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй орон. Харин ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тэр утгаараа нэгдүгээрт, Засаглалын тогтолцоо өөр. Мөн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал нь өөр. Тиймээс манай хоёр улсын иргэдийн ойлголцол, үнэт зүйл эсрэг тэсрэг гэж хэлж болохоор. Гэхдээ 1990 оноос эсвэл ерэн оны эхэн үед бид оросуудад их сайн байсан. Оросуудыг ах шигээ үздэг, хүлээж авч хүндэлдэг байлаа. Яагаад гэвэл тухайн үед Монгол Улсад ардчилсан тогтолцоо бэхжиж амжаагүй, хуучин нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөөгүй байсан гэсэн үг. Харин 2010 оноос хойш монголчуудын сэтгэлгээ, нийгмийн ухамсар эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Монголчууд цахим орчинд идэвхтэй болж эхэлсэн. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдсэн. Тиймээс бодит түүх, дэлхий нийтийн чиг хандлага, улс гүрнүүдийн бодлого зэрэг дэлхийтэй илүү бид танилцаж эхэлсэн гэсэн үг. Тиймээс Оросыг ойлгох монголчуудын хандлага шал өөр болсон байж мэднэ. Судлаач хүний хувьд бид илүү ардчилагдах тусам хойд хөршөө улс төрийн түвшинд байнга шүүмжилдэг болно байх гэж ойлгодог. Дээгүүрээ шүүмжлэлтэй байхаар ард түмнийх нь дунд ч үзэл бодлын зөрчилдөөн, ойлголцлын асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш оросууд бүгд муу хүмүүс биш. Муу гэж бодох хандлага нь манай улсын иргэдийн зөв хандлага биш. Ардчилсан хүмүүнлэг улсын иргэн бол аливаа асуудлыг ул суурьтай, бодитой харж байх шаардлагатай.

Э.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Болормаа: Шударга ёсыг сахиулж, санаачилсан ажлынхаа үр дүнг гаргаж тултал ажиллана DNN.mn

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Жил бүрийн зун, намар Ховдын тарвасыг амтлах хүсэл хүн бүхэнд байдаг. Энэ намар аймгийн хэмжээнд хичнээн га талбайгаас тарвас хураан авсан бэ. Цаашлаад энэхүү брэнд бүтээгдэхүүнийг эдийн засгийн хувьд хэрхэн хөгжүүлэх ёстой гэж бодож байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Яах аргагүй Ховдын намрыг тарвасгүйгээр төсөөлшгүй. Яг өнөөдрийн байдлаар Ховд аймаг ургац арвинтай тэр дундаа брэнд болсон тарвасаар элбэг сайхан намар болж байна. Манай аймаг нийт 3200 орчим тариаланчинтай гэсэн судалгаа бий. Үүний 700-аад нь энэ жил 500 гаруй га талбайд зөвхөн тарвас тариалсан. Одоогийн байдлаар 3000 орчим тонныг хурааж авсан мэдээтэй байгаа. Энэ жил тарвасын анхны үнэ нэг кг нь 4000 төгрөг байсан бол одоо 400-700 төгрөг болж буурсан. Ховдын хөрсөнд ургасан тарвас бусад аймагт тариалсан тарвасаас илүү амттай гэж үздэг. Тиймээс тарвасаар жүүс ундаа, хатаамал, компот зэрэг бүтээгдэхүүн хийж аль ч улиралд хэрэглэх шийдлийг эрэлхийлж байна. Одоогоор хоёр ч газар туршилтаар “тарвасын хатаамал” хийсэн. Цаашдаа сав баглаа боодлыг нь шийдэж дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийх зорилт бий. “Тарвас” эвент зохион байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх, Ховдын тарвасыг газар зүйн заалттай болгох зэрэг ажлыг үе шаттай хийж байна.

-Өнгөрсөн жил Ховд аймгийн зарим суманд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн. Энэ жилийн хувьд цаг агаар ямар байх төлөвтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Энэ оны 10 дугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын нөхцөл байдлын мэдээ урьдчилсан байдлаар гарсан байгаа. Хүйтний улирлын төлөв байдлаар 11 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн. 10, 12 дугаар сард олон жилийн дунджийн орчим харин хур тунадасны хувьд 12 дугаар сард олон жилийн дунджийн орчим бусад хугацаанд харьцангуй бага орох төлөвтэй байгаа

Үүнээс харахад өвөлжилт харьцангуй хүндрэл багатай байх болов уу гэж харж байгаа. Гэхдээ эрсдэлийг тооцож бид бэлтгэлээ сайтар хангах нь зүйн хэрэг. Өвөлжилтийн бэлтгэлийг бид ХАА-н болон төв суурин газрын гэсэн хоёр чиглэлээр бэлтгэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаанаас үзэхэд Ховд аймаг 58-60 мянган тн хадлан бэлтгэж байсан бол өнгөрсөн жил 68 мянга гаруй тн хадлан бэлтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Харин энэ жилийн тухайд Ховд аймгийн малчид 58.6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Хадлан бэлтгэх ажил хөдөөгийн сумдад харилцан адилгүй түвшинд өрнөж байгаа. Тухайлбал, Булган суманд ойролцоогоор 90 хувьтай явж байгаа бол Буянт, Мянгад суманд 40-60 хувьтай. Аймгийн хэмжээнд 1000 тн хадлан бэлтгэхээр ажиллаж байна. Малчдын хувьд ч гэсэн өнгөрсөн өвөл, хаврын хүндрэлээс сургамж авч өөрсдийн хэрэгцээний өвс тэжээлийг хангалттай хэмжээнд бэлтгэн нөөцөлж байгаа нь сайшаалтай байна. Мөн адил төв суурин газрын бэлтгэлийг ч сайтар хангаж шугам сүлжээг шинэчлэх, засварлах зэрэг ажлыг үе шаттай хийж байна даа.

-Саяхан Ерөнхий сайд орон нутагт ажилласан. Томилолтын хүрээнд ямар ажлууд яригдсан вэ?

– Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсоноосоо хойш анх удаа манай аймагт ирж ажилласан. Энэ үеэрээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг нээж, “Шинэ Ховд” Үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Үүнээс гадна орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсан. Зарим иргэд маш бүтээлч саналыг уламжилж байсан бол зарим нь харин тодорхой асуудалд шүүмжлэл хэлж, албаны төлөөллүүдээс холбогдох хариултаа авсан. Энэхүү уулзалт нь 5-6 цагийн хугацаанд маш ажил хэрэгч байдлаар үргэлжилж, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлт, Ховд аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын талаар ярилцсан юм. Ерөнхий сайд хөдөө орон нутаг, аймгуудаар явж, иргэдийнхээ санал, дуу хоолойг сонсож байгаа нь олон давуу талтай.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо нэмэгдэх болжээ. Таны хувьд аймгийн Засаг даргаар ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ер нь эмэгтэй хүний хувьд энэ ажлыг хийхэд бэрхшээлтэй зүйлс байна уу?

-Энэ талаар харьцуулж бол сайн мэдэхгүй байна. Аймгийн Засаг даргын ажил бол нэлээд аж ахуйн шинж чанартай ажил байдаг учир үүнд эмэгтэй хүн давуу тал ихтэй гэж харж байгаа. Эмэгтэй хүн удирдах албан тушаалд илүү шударга, энэрэнгүй, нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргадаг, авлига хүнд суртал гаргах нь бага байдаг гэсэн олон улсын судалгаанууд бий. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ эмэгтэй хүний давуу талыг харуулж, сайн хийхийг зорьж байгаа. Уг ажлыг хийхэд эмэгтэй, эрэгтэй гэхгүйгээр хүндрэлтэй тал байлгүй яах вэ.

-Мэдээж та улстөрч хүн. Ажлын явцад эерэг болон сөрөг шүүмжлэгчид гарч ирэх нь цөөнгүй. Энэ асуудлыг цаашид яаж зохицуулж ажиллах вэ?

-Орон нутгийн түвшинд шударга ёсны тэмцэл хийж буй хүнд эсэргүүцэл тулгардаг, амаргүй байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрч явна. Үүнийг мэдэж байж ирсэн гэвэл өрөөсгөл, харин хүн туулж үзэж байж мэддэг зүйл юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэгчлэн маш олон иргэн надтай уулзаж, үүнд битгий шантраарай, улам шаргуу ажиллаарай гэж дэмждэгт талархалтай явдаг. Ямар ч ажилд шүүмжлэгчид байдаг. Зөв шүүмжлэлийг мэдээж хүлээн авалгүй яах вэ. Гэхдээ хувийн эрх ашиг нь хөндөгдсөн хоосон атаархал, доромжлолын эсрэг тууштай зогсоно.

-Орон нутгийн зарим иргэдийн хувьд нутгархах, аминчирхах үзэлтэй байдаг. Таныг Ховдын хүн биш учраас аймгаа удирдуулах дургүй байна уу эсвэл үнэхээр та ажлын туршлага дутмаг байна уу?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хот хөдөөгийн сэргэлт, ялангуяа Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хөдөө орон нутагт амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд олон ажил хэрэгжиж байна. Энэ дунд маш олон хүн хөдөө орон нутаг руу шилжин суурьшихад нутгархахаад ерөөсөө хүлээн авахгүй байна гэдэг асуудал ярьдаг. Тэр дунд Засаг дарга эсвэл хувиараа бизнес эрхлэгч байна уу ялгаагүй, харагдаж байгаа нийтлэг үзэгдэл. Би Ховдын хүн. Миний өвөө, эмээ одоо ч Манхан суманд амьдардаг. Аав маань Мөст сумын уугуул. Ийм байхад яагаад би Ховдынх биш гэж. Тэрийг сайн ойлгохгүй байна. Монгол Улсад төдийгүй олон улсад зөндөө л хүмүүс ажил албаны шаардлагаар хөдөө орон нутаг руу томилогдож ажилладаг. Ганцхан жишээ дурдахад, Дэлхийн банк ажилтнуудаа сэлгэж өөр хот, өөр өөр газруудад томилдог. Хэзээ ч тухайн орны хүнийг орон нутагт нь суурин төлөөлөгч болгодоггүй. Яагаад гэвэл ямар нэгэн нөлөөлөл, авлига, хүнд сурталд автахгүй байх давуу талтай. Өөрөөр хэлбэл орон нутгийн суугуул хүнийг шийдвэр гаргах түвшинд томилох нь авлига, хүнд сурталд автах өндөр эрсдэлтэй байдаг гэсэн үг. Өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байгаа бол түүнийг үзсэн, харсан хэн нэгэн ирж эхлүүлж “соёлын үр” болох нь зүйтэй болов уу.

-Таныг харж байхад нийт ховдчуудын эрх ашигт нийцсэн бодлого түлхүү явуулж байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт сөргөөр нөлөөлөөд байна уу даа… Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар явбал шүүмжлэл, дайралт арай л багасах юм биш үү?

-Зарим хүмүүс тэгж зөвлөдөг. Хэрвээ авлигатай тэмцэж, улсаа хөгжүүлье гэвэл эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар явж болохгүй. Зарчим гэдэг нь ямар ч үед бат зогсох ёстой зүйл. Тиймээс албан бус жижиг асуудал, шүүмжлэлд эмзэглэж ухрах ёсгүй. Харин ч илүү хурцлагдаж шударга ёсны төлөө санаачилсан ажлынхаа үр дүнг харахыг чухалчилна. Ховдын хөгжил Болормааг ажиллахаас өмнө ямар байсан, дараа нь хэрхэн өөрчлөгдөж байгааг нутгийн иргэд анзаарч байгаа байх. Цахим орчин бол амаргүй. Ерөнхий сайдын Ховд аймгийн иргэдтэй хийсэн зургаан цагийн уулзалтын үеэр хоёр иргэний хоёрхон минутад шүүмжилсэн үгийг цахим орчинд түгээж Болормаагийн бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил, Ховд аймгийн ЗДТГ, төрийн албан хаагчдын ажлыг үгүйсгэх нь өрөөсгөл, ташаа ойлголт байх. Миний хувьд ажлаа гүйцэтгэхдээ иргэдээсээ санал авдаг нь нэг төрлийн судалгаа. Иргэд сошиалаар өдөр бүр газрын асуудал ярихгүй байгаа. Гэхдээ яг иргэдийн амьдралд бодитоор хэрэгтэй байгаа зүйл юу вэ гэж судалгаа хийхэд газар олголтын асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Үүн дээр үндэслэн газрын асуудлыг шийдэхэд бид анхаарлаа хандуулж тодорхой ахицтай явж байна. Бид ажлаа цахим орчин дахь хов живээр хийдэг биш цаашид олон нийтийн чиг хандлага, судалгаанд суурилж, дүгнэлтүүдийг гаргах нь чухал гэж бодож байгаа. Ингэж байж манай улс илүү оновчтой шийдлийг гаргадаг болно.

-Магадгүй таныг Ерөнхий сайдын ахлах зөвлөх хийж байсан гэхээр шууд крандуулаад аймгийн Засаг дарга болсон гэж бодох иргэд бий. Таны хувьд орон нутгийн засаглалыг ямар байдлаар явах ёстой гэж боддог вэ?

-Таны сая хэлсэн “крандуулсан” гэдэг үг “тэнд байх ёсгүй хүн ирсэн” гэх ойлголтыг төрүүлж байна. За тэгвэл ямар хүн нь тэнд байх ёстой юм бэ гэдгийг бүгдээрээ ярилцах ёстой. Орон нутагтаа удаан хугацаанд амьдарч, тэндээ шат шатандаа ахиад Засаг дарга болсон хүн байна уу гэвэл байгаа. Үүнд давуу тал бас сул тал бий. Харин миний хувьд магадгүй Ховд аймагт амьдраагүй нь сул тал ч гэсэн давуу тал бас байгаа гэж боддог. Ямар нэгэн бүлэглэлтэй ашиг сонирхлоороо нэгдээгүй, тийм зүйл огт байхгүй. Хамгийн гол нь миний хувьд Ерөнхий сайдын Ажлын албанаас гадна олон улсын байгууллагад ажиллаж, Монгол гэлтгүй Ази, Номхон далай, дэлхийн бусад орнуудын хөгжлийн бодлогууд дээр зөвлөн, гүйцэтгэл дээр нь ажиллаж байсан туршлага энд хэрэгтэй болов уу. Тэгэхээр “крандуулсан” гэдэг ойлголттой санал нэгддэггүй. Манай улс бол залуучуудын орон. Залуучууд нийгмийн бүхий л салбарт ажиллаж яваа. Төрд залуучуудын оролцоо бага байгаа, тэр нь шинэ содон харагдаад тийм ойлголт төрүүлсэн байж болох юм. Аль ч улсад улс төрийн зарчмаараа ялалт байгуулсан, эрх барьсан нам бол өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогоо явуулах бүрэн эрхтэй. Мэдээж энэ нь хуулийн хүрээнд байх учиртай.

-Халзан Бүрэгтэй ер нь ямар учиртай орд газар юм бэ. Аймгийн Засаг даргын хувьд улс төрийн сонирхол нь юу юм, хувь хүний эрх ашиг илүү давамгайлаад байна уу гэдэгт тайлбар өгнө үү?

-Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан Бүрэгтэй ууланд газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн хайгуулын ажил 2012 онд эхлээд түр зогсоод, намайг аймгийн Засаг даргаар томилогдохоос өмнө буюу өнгөрсөн намар хайгуулын ажил нь эргэж сэргэсэн гэх мэдээлэлтэй байгаа. Халзан Бүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлож эхэлбэл эндээс үүсэх цацраг идэвхит бодис нь хүний эрүүл мэнд, мал сүрэг, байгаль орчинд хорт нөлөө үзүүлнэ гэж зарим иргэд үзэж, эсэргүүцэх болсон. Энэ тал дээр аймгийн ЗДТГ, орон нутгийн удирдлагуудын зүгээс барьсан бодлого бол юуны өмнө иргэдийн дуу хоолой нээлттэй байх ёстой гэж үзсэн. Миний хувьд Мянгад сумын нутагт жагсагчидтай уулзаж, Улаанбаатар хотоос мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг ажиллуулж, иргэдийн шаардлагад үндэслэн аймгийн Онцгой комиссын хурлаар хайгуулын ажлыг түр зогсоосон. Тус шийдвэр нь хуулийн дагуу явж, шүүх дээр унаад эргээд хайгуулын ажил сэргэсэн. Мэдээж иргэдэд бодит санаа зовинол байгаа учраас уул уурхайн салбарын эерэг, сөрөг туршлагуудыг судалж, судалгаанд үндэслэн шийдвэр гаргахыг чухалчилж, иргэдэд танилцуулсан. Саяхан Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдийн олонхын саналыг үндэслэн тус ордын хайгуулын ажил нутгийн иргэдийн дэмжлэггүйгээр явагдахгүй гэдэг шийдвэрийг гаргаж, хайгуулын ажлыг албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж байгаа. Өөр томоохон ямар төсөл, бүтээн байгуулалтын ажил Ховдод хэрэгжиж байна вэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Анх иргэдийн эсэргүүцэл багагүй байсан. Харин одоо бол төслийн үр өгөөж, ач холбогдлыг иргэд ойлгож, ер нь дэмжих болсон. Ховд аймгийн хувьд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бүх иргэдтэй уулзаж, гэрээ байгуулан нөхөн төлбөрийг олгоод байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” барих төслийг урагшлуулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгой анхаарсны үр дүнд төслийн ажил цаг хугацаандаа явагдаж байгааг хэлэхэд таатай байна. Өөр томоохон төслүүдийн хувьд одоогоор “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн ажил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай аймагт явагдаж байна. Үүнээс гадна Булган-Такашкен боомтын өргөтгөлийг хийх зэрэг ажлуудыг дурдаж болно. Саяхан бид “Дижитал Ховд” арга хэмжээг зохион байгууллаа. Урт хугацаандаа бид хувийн хэвшлийн байгууллага, бүхий л салбарыг дэмжинэ. Тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд багтах аялал жуулчлал, мэдээллийн технологи, тээвэр логистик зэрэг салбарт онцгойлон анхаарна. Аймгийн Засаг даргын хувьд амьдралын чанар, шударга ёс гэх мэт асуудалд мөн давхар анхаарч байна. Ховд аймаг бол баруун бүсийн хөгжлийн тулгуур төв учир бусдыгаа манлайлж, бүсийнхээ хөгжлийг хамтын хүчээр бүтээх үүрэгтэй. Бидэнд өгөгдлийн хувьд маш олон давуу тал бий. Хуурай газрын хоёр боомттой, олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудалтай, замын дэд бүтцийн хөгжлөөрөө тэргүүлж байна.

-Ирэх жил бол сонгуулийн жил. Сонгууль гээд орон нутгийн ажил зогсох ёсгүй байх. Нөгөө талаар орон нутагт улс төрийн “зодоон” өдөр ирэх тусам ширүүсэх нь тодорхой?

-Яг үнэн. Сонгуулийн жил гээд төрийн бүх шатны ажил зогсох учиргүй. Засаглал, хөгжлийн бодлогын ажлаа тогтвортой явуулах, оновчтой үр дүн гаргах чиглэлд анхаарал хандуулна. Ер нь миний харж байгаагаар орон нутагт илүү улстөржилт явагдаж магадгүй. Үүнд маш их харамсдаг. Намууд, нэр дэвшигчид хөтөлбөр, бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлаараа уралдаж болно. Гол нь бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёс зүйг эрхэмлэх нь чухал гэж бодож байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Т.Ганболд: Гоё сайхан үг, амлалтыг хэн ч өгч чадна, хамгийн чухал нь ажлын үр дүн DNN.mn

– АМЛАСНАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ АЖИЛлаЛА, ҮГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ОГЦОРДОГ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ НЬ МИНИЙ ЗАРЧИМ –

Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, оролцоог нь нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах эрхэм зорилготой Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал өнөөдөр эхэлж байна. Уг хурлаар МҮХАҮТын ерөнхийлөгчийг сонгоно. Тэр утгаараа тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Алтан Дорнод Монгол” ХХКийн захирал Тордайн Ганболдтой ярилцлаа.

-Өнөөдөр МҮХАҮТ-ын ээлжит их хурал эхэлж байна. Таны хувьд тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Тэр утгаараа танаас шулуухан асуухад яг ямар, шаардлага, зорилгоор нэр дэвшээд байна вэ?

-Юуны өмнө тус байгууллагын түүхээс нь эхэлж танд хэлье гэж бодлоо. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хэмээх байгууллага нь өөрөө Монголын нийгмийн шилжилтийн он жилүүдэд буюу социализмын үед төрийн яамны бүтцэд харьяалагдаж байсан. Улмаар олон нийтийн байгууллага болсон түүхтэй. Анх бизнесийг өмгөөлөх, бизнест дэмжлэг үзүүлэх, Монголын бизнесийн орчин, бизнесмэнүүдийг олон улсын зах зээлд нэвтрүүлж, таниулах, ингэснээрээ хөрөнгө оруулалтыг татах зэрэг өргөн цар хүрээтэй бодлогыг хэрэгжүүлсэн МҮХАҮТ хэмээх байгууллагын тулганы чулууг миний ах С.Дэмбэрэл хэмээх хүн анх тавьж байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсдаа анх удаа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан, олон улсын жишигт нийцсэн хүчирхэг, үндэсний байгууллагыг бий болгосон хүн хэмээн ахаараа бахархдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төр засгийн бодлогод бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг хүргэж чадсан том байгууллага болтол нь өсгөж, бойжуулж торниулсан хүн. Энэ утгаараа МҮХАҮТ хэмээх байгууллага нь өөрөө Монгол Улсын зах зээл, эдийн засгийн салбарт хүндтэй үүрэг гүйцэтгэж яваа гэж боддог.

-Гарцаа байхгүй дэлхийн бусад улс орнуудын жишгийн дагуу энэхүү байгууллагын хөгжих суурийг тавилцсан хүн бол С.Дэмбэрэл гуай байх аа…?

-Мэдээж ахын маань хийсэн, бүтээсэн болгоныг Монголын ард түмэн, тэр дундаа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид тодоос тод ярих байх. Ахынхаа энэхүү замнал, хийж бүтээх үйлсээр нь ч би өнөөдөр бахархаж, энэ л зарчмаар нь ажиллаж, амьдрахыг өдий болтлоо хичээж яваа хүн. Мэдээж ахтай маань хамт мөр зэрэгцэн зүтгэсэн удирдлагууд болон үе үеийн дарга нарын хийсэн бүтээснийг бид үгүйсгэхгүй. Өмнөх удирдлага, баг хамт олны зорьсон үйлсийн төлөө дараа дараагийн удирдлагууд, баг хамт олон энэхүү байгууллагын үйл ажиллагааг улам чамбайруулан авч явна гэдэгт итгэлтэй байдаг. Тэр утгаараа МҮХАҮТ-ын ээлжит их хурал өнөөдөр болж байна. Бид хурлаараа дараагийн бүрэн эрхийн хугацаанд энэхүү байгууллагыг удирдаж явуулах хүнээ сонгох гэж байна. Энэ байгууллагыг удирдаж явж чадна гэсэн хүсэл сонирхолтой олон залуучууд нэр дэвшин өрсөлдөж байгаа нь өөрөө бахархалтай сайхан санагдаж байна. Тэр утгаараа юуны өмнө надтай хамт нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүст амжилт хүсье гэж хэлмээр байна. Нэр дэвшиж байгаа арав гаруй хүмүүс дунд таних ч хүн байна, танихгүй шинэ залуу бизнес эрхлэгчид ч бий. Мэдээж эдгээр хүмүүс салбар салбартаа шилдэг нь байж, амжилтын үнэрийг мэдэрчихсэн баялаг бүтээгчид болов уу гэж ойлгож байгаа.

-Олон нэр дэвшигч дундаас нэг л сонгогдон гарч ирнэ. Энэ бол нэг талдаа уралдаан шүү дээ?

-Мэдээж хэрэг, тэгэлгүй дээ. Уралдаан, өрсөлдөөн дундаас тодорч гарч ирэх шиг сайхан зүйл үгүй. Сайхныг нь бататгах хамгийн гол зүйл бол өрсөлдөөн шударга явагдах асуудал. Аливаа өрсөлдөөн шударга явагдаж, түүн дотроос гарч ирсэн хүн яах аргагүй удирдагч, манлайлагч байдаг. Дагаад ажил үйлс нь ч бүтэмжтэй байдаг нь байгалийн нэгэн бичигдээгүй хууль гэж үздэг. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр өрсөлдөөн цэвэр, шударга явагдаасай. Тэртээ тэргүй танхимын гишүүд, байгууллагууд хэн нь хэн бэ, хэн нь юу хийж чадах вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Манай бизнесийн салбарынхны гол чадвар бол хүнийг маш сайн таньж чаддаг хүмүүс байдаг. Тиймээс хэнийгээ ерөнхийлөгч болгох вэ, хэнийг дэмжих вэ гэдгийг гишүүд, байгууллагууд, баялаг бүтээгчид хүнээр заалгалгүй шууд шийднэ байх. Нэг зүйл хэлэхэд хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, зан араншинтай. Монголын гурван сая хүн битгий хэл дэлхийд оршин суугаа найман тэрбум хүн бүр өөр өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай. Тиймээс аливаа өрсөлдөөн өөрөө мэтгэлцээн, үзэл бодлын зөрчилдөөн явагдах нь эрүүл үзэгдэл байдаг. Гэхдээ аль болох хурал тайван, шийдэлтэй, хүлээцтэй, хамгийн чухал нь үр дүнтэй болоосой гэж би хүсч байна. Хуралд оролцож байгаа хүн бүр л үүнийг хүсч байгаа.

-Таны хувьд танхимын ерөнхийлөгч болчихвол яг ямар ажилд анхаарч, хэрэгжүүлэх вэ. Нөгөөтэйгүүр баримталж байгаа зарчим тань юу вэ?

-Хурлын үр дүнд нэг хүн танхимын ерөнхийлөгч болох нь тодорхой. Тэр хүн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлэх гол ажлын нэг бол Танхимын хуулийг УИХ-аар яаралтай батлуулах ажлыг эрчимтэй явуулах ёстой. Нөгөөтэйгүүр миний ахын өөрөө явж, зүтгэж босгосон энэхүү танхимын барилга, үл хөдлөх хөрөнгийг МҮХАҮТ өөрийн эзэмшилдээ бүртгүүлж авах ёстой. Одоо бол төр засгийн нэрээр явж байгаа шүү дээ. Гуравдугаарт, МҮХАҮТ-ын өөрийнх нь хийх ёстой үүрэг, бодлого чиглэл өнгөрсөн хугацаанд алдагдаж ирсэн гэж дүгнэж байгаа. Үүнийг бид цаг хугацааны эргэлтэд алдах биш улам эрчимжүүлж, төр засгийн бодлогод хүчтэй нөлөөлж чаддаг болгох хэрэгтэй. Дөрөвдүгээрт, төр, засгийн зүгээс бизнес эрхлэгчдэд өгдөг элдэв янзын зөвшөөрлийг бизнесийг төлөөлж буй төрийн бус байгууллага нь өргөн цар хүрээтэйгээр өөртөө авах шаардлагатай. Улмаар түүнийгээ ямар нэгэн хүнд сурталгүй, авлигал, элдэв янзын шахалт, шаардлагагүйгээр бизнес эрхлэгчдэдээ олгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж чаддаг болох хэрэгтэй.

-Тус танхим гадаад харилцааны хувьд ямар байдлаар ажиллах ёстой юм бэ. Бизнес гэдэг бол цар хүрээ нь тэлэх тусам эдийн засгийн урсгал нь улам нэмэгддэг зүйл шүү дээ?

-Монгол Улс хөгжлийнхөө шатанд явж байна. Товчхондоо бид ээдрээтэй цаг үеийг туулж байгаа гэсэн үг. Тиймээс бидний гол зорилго бол гадаад ертөнцөд зөв харагдах ёстой. Тэр дундаа МҮХАҮТ хэмээх байгууллага нь өөрөө Монголын бизнесмэнүүдийн нүүр царай болж дэлхийд танигддаг байгууллага. Тэр утгаараа бидний бодлого зорилт маш тодорхой, маш зөв байх учиртай. Гадаад ертөнцөд зөв харагдахын тулд өөрсдийгөө зөвөөр сурталчлах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг эх орон луугаа улам их татах шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын томоохон компаниудыг эх орондоо нутагшуулах, бизнесийн орчныг нь нээлттэй болгох нь чухал. Тодорхой хэлбэл Монгол Улсыг дэлхий нийт бизнес хийхэд таатай орчин бүрдүүлсэн бүс нутаг шүү гэж хэлтэл нь бид ажиллах ёстой. Ингэхийн тулд юун түрүүнд засаг төртэйгөө зөв өнцгөөрөө нийлж, ойлголцох шаардлагатай байгаа юм. Бид дотооддоо асуудлаа ойлгуулж чадахгүй бол ямар юмаараа гадаадад өөрсдийгөө зөвөөр ойлгуулах вэ дээ. Тиймээс дотооддоо асуудлаа зөв ойлгуулах, цаашлаад зөв шаардлагаар, зөв бодлого гаргуулан дэмжүүлэх нь бидний ойрын хугацааны зорилго. Хамгийн чухал нь хийж байгаа ямар ч ажлаасаа үр дүн гаргадаг байхыг зорино. Энэ бол миний зарчим. Амьдралынхаа турш баримталж яваа хөдөлшгүй бат нот зарчим. Тиймээс энэ зарчмаа жанжин шугам болгон барьж явна. Ер нь сайхан гоё үг, амлалтыг бүгд л өгч чадна. Хамгийн чухал нь ажлын үр дүн.

-Та хэллээ л дээ. Төр, засгаас олгодог элдэв төрлийн зөвшөөрөл, шаардлага, шалгаруулалтыг МҮХАҮТ өөртөө авах ёстой гэж. Үүнийг би хувьдаа бизнесийн салбар руу бүдүүлгээр ордог төрийн оролцоог зогсоох хаалт гэж харж байна л даа. Угтаа бид чинь эрх зүйт төртэй, ардчилсан орны иргэд шүү дээ?

-Таны ойлгож байгаа асуудал нэг талдаа туйлын зөв. Монгол Улс өнөөдөр авлигын индексээрээ дэлхийн орнуудын сүүлийг мушгиж байна. Монголыг хамгийн өндөр авлигажсан улс гэдгийг дэлхийн орнууд хэлж, ярьж байна. Угтаа олон улс ярьсан, яриагүй үүнийг гудамжинд яваа монгол хүн бүр л хэлнэ, ярина, ойлгоно. Тэд бүгдийг нь мэдэж, мэдэрч байгаа. Зөвхөн тэр олон улсын байгууллагын судалгаа гарсан учраас монголчууд сая нэг мэдсэн зүйл огт биш. Манайхан 119 дүгээр байрт байна гэхээр гайхаж цочирдож байна лээ. Үгүй ээ. Монгол Улс маань ямар болчихсон бэ гэдгийг эгэл жирийн ард иргэд чинь бүгд мэдэж байгаа шүү. Захын залуу л үүнийг хэлээд өгнө. Учир нь авлигалын хор уршиг, улс орныг сөнөөж байна. Тэр залуугийн амьдралыг сөнөөж байна. Амьдрал дээр нь бодитой болоод байгаа зүйлийг мэдэхгүй өнгөрдөг хүн гэж нэг ч байхгүй. Гэвч манай иргэд мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байгаа нь харамсалтай. Энэ байдал нь удаан үргэлжлээд ирэхээр нийгэм өөрөө зэрлэгших, хэт нэг талын үзэл бодолтой болох, хэн нэгнийгээ даган дууриах гажиг үзэгдэл ихсэж байгаа нь өөрөө Монголын аюул. Товчхондоо Монголын нийгэмд монгол хүний оюун ухаан, сэтгэл зүйн хувьд мутаци явагдаж эхэлж байгаа нь эмгэнэлтэй.

-Нийгмийн сөрөг, гаж бүхэн авлигал, хариуцлагагүй байдалтай холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Угтаа бид эрх зүйт төртэй, ардчилсан оронд амьдарч байгаа. Гэтэл эрх зүйт төр гэдэг маань авлигажсан төр гэх утгатай агаар нэг болчихоод байна. Бүр тодруулбал эрх зүй гэдэг үг авлига гэдэгтэй утга, агуулгаараа уусч, нэгдчихээд байна гэсэн үг. Шударга ёс гэдэг зүйл өнөөдөр Монголын нийгэмд байхгүй хий үзэгдэл мэт болж. Тэгэхээр энэ бүхний цаана улс орны хөгжил, хүний амьжиргаа сайжрах, дэлхийн хөгжилд хүрсэн улс орнуудтай хариуцуулахад бидний байгаа царай тоон үзүүлэлтээрээ бодитой харагдаж байгаа. Тиймээс энэ бүх алдаа завхралыг өөрчлөхийн тулд ганцхан төр засгийг хараад суух биш л дээ. Өнөөдөр ажил олгож байгаа, баялаг бүтээж байгаа, хамгийн чухал нь Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа эдгээр хүмүүс өөрсдөөсөө эхлээд зөв хандлагыг бий болгох ёстой. Дараа нь нийгэмд үлгэр жишээ зөв хандлагыг түгээх үйлийг хийх хэрэгтэй. Ингэснээрээ энэ хүмүүс нэгдэн нийлж, нэг үзэл бодлоор, нэг дуу хоолойгоор өөрсдийнхөө асуудлыг төр засагтаа хүчтэй хүргэж, шийдвэрлүүлж чадна. Төр засгийн хүнд суртал, боож, хааж байгаа бүх зүйлийг нээж, гэрэлтүүлж чадна. Ард иргэдээ ажлын байраар хангаж байгаа удирдагчид, баялаг бүтээгчид үлгэр жишээ, зөв хандлагатай болоод ирвэл нөгөө хүмүүстээ тод нөлөөлж эхэлдэг. Ингэснээрээ нийгэм өөрөө хэрсүүжин, нийгэм өөрөө тодорхой хэмжээнд боловсрогдож эхэлнэ. Нийгэм боловсролтой, соёлтой, олон ургальч үзэлтэй, аливаа зүйлд нухацтай хандаж эхлэхээр дагаад сонголтууд нь өөр болно. Тодруулбал, улс төрийн сонголт нь шал өөр болно.

-Улсын хөгжил хүнээсээ гэдэг үгтэй л дээ. Нөгөөтэйгүүр улс нь ямар байна, хүн нь тийм байна гэж ойлгож болох ч хүн нь ямар байна, улс нь тийм л байна гэж ойлгох хэрэгтэй юм шиг ээ?

-Бид гуч гаруй жил зөвхөн дарга нарыг л шүүмжилж ирлээ. Тэглээ гээд өнөөдөр өөрчлөгдсөн зүйл юу байна вэ. Ерөөс бид ямар байна ,тэнд тийм л хүмүүс гарч ирээд байгаа юм. Бидний нэг муухай зан чанар байна. Хэт нэг талыг барьдаг, асуудлыг ганцхан талаас нь ойлгодог, нийгмээрээ туйлшрамтгай, ороо бусгаа, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч улайрдаг. Мэдэхийн төлөө явъя гэсэн бодолгүй. Чаддагтаа гүн сэтгэлээсээ атаархуу. Чадахгүйдээ аархуу, сургачихъя, надтай адилхан болог гэсэн өчүүхэн ч сэтгэл байдаггүй. Ийм ахуйн шинжтэй хандлагаасаа болоод улс орны хэмжээнд гаргадаг том сонголтууддаа бид дандаа алдаа гаргадаг. Алдааныхаа эсрэг хариуцлага ярьж, нэхэж чаддаггүй. Тиймээс энэ олон том ажил олгогчид, бизнес эрхлэгчид гэдэг бол цаанаа олон хүнд нөлөөлөл үзүүлэх цар хүрээнд амьдарч байдаг. Товчхондоо эдгээр эрхмүүд нийгмийг өөрчлөхөд маш том хувь нэмэр оруулах бүтэц. Баялаг бүтээгчид л бид зөв хандлагатай, зөв бодлоготой, зөв сэтгэлтэй л байвал нийгэм биднийг дагаад зөв болно гэсэн үг шүү дээ. Би хувьдаа ингэж л ойлгодог. Үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө л явна. Хүнд суртлын цаана дандаа хуулийн тайлбар явдаг. Хуулийн тайлбар нь өөрөө авлигын дандаа халхавч нь байдаг. Энэ сөрөг зарчмын дагуу гуч гаруй жил төр засаг оршин явлаа. Ийм сөрөг зарчимтай төр засаг, ард түмэн байсан цагт олон арван уул уурхай нээгээд ч эдийн засгийн үр өгөөжид хүрч чадахгүй. Хүнд суртал, авлигал, буруу хандлагаасаа салаагүй цагт эдийн засгийн хөгжлийг ярих туйлын хэцүү, боломжгүй.

-Иргэдийн хандлагыг өөрчилснөөрөө улс орон хөгжинө, эдийн засаг өснө гэж байна. Гагцхүү хувь иргэний хандлагыг өөрчилж чадах, нөлөө үзүүлэгч нь хэн байх вэ?

-Эцсийн зорилго бол иргэдийнхээ хандлагыг өөрчлөх. Ингэснээрээ бидний амьдрал ахуй дээшилнэ. Иргэдийн хандлага гэдэг маань юм бүхний том суурь шалтгаан гэж хараад байгаа юм. Харин хэн өөрчилж чадах вэ. Үүнийг өөрчилж чадах хүн бол ажил олгогчид. Би юу гэх гээд байна вэ гэхээр ажил олгогчид зөв хандлагаар ажилчидтайгаа харилцаж, тэдэнд үлгэр жишээ болж явбал нийгэмд том өөрчлөлтийг богино хугацаанд бий болгоно. Бид өөрсдөөсөө зөв үлгэр дууриаллыг эхлүүлэх ёстой. Ингэж байж бид төр засгаа шаардаж, шахаж ажиллаж чадна. Бидний эргэн тойронд өдөр болгон харагдах болсон жишээ олон байна. Авлига авсан, хууль зөрчсөн үйлдэл нь олон нийтэд ил тод байхад л албан тушаалтайгаа зууралдсан сайд, дарга нар цөөнгүй байна шүү дээ. Үнэхээр албан тушаалд шуначихсан, авлигаар хөрөнгөжсөн учраас л тэрхүү халуун суудлаасаа босох дургүй байна шүү дээ. Тиймээс би үүний эсрэг ажиллана. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч заавал дөрвөн жил бүрэн эрхээ дуусгаж байж сая нэг суудлаасаа ховхордог байна гэсэн зүйл байхгүй. Нэг жил болоод л тайлангаа тавина. Тавьсан тайлан нь гишүүд, байгууллагуудын дэмжлэг, талархлыг хүлээж авч чадаагүй бол өөрийнхөө хүсэлтээр шууд ажлаа өгнө. Ийм ёс зүйтэй байх ёстой. Төр, хувийн хэвшил ер нь бүх шатанд л хариуцлага гэдгээ өөрсдөө эхлээд ухамсарлачихдаг болчихмоор байгаа юм. Заавал бүрэн эрхийн хугацааг нь дуустал хүлээх шаардлага хэнд яагаад төрдөг юм. Тэнд авлига албан тушаалын хэрэг явагдаж байна л гэсэн үг. Тиймээс наанадаж нэг жилийн хугацаанд ямар ажил хийсэн бэ. Ажил хийсэн үү, цаашид амласан, дэвшүүлсэн зорилтдоо хүрч ажиллаж чадах юм уу гэдгээ тайлагнаад гишүүд дэмжигчид, ард түмнээрээ нэг шүүлгэчих хэрэгтэй. Тэгээд чадаагүй бол явъя, чадаж байгаа бол үргэлжлүүлье гэдэг энгийн зарчмаар асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэчихдэг болмоор байгаа юм. Хаа хаанаа амар шүү дээ.

-Товчхон хариулбал таны ирээдүйн хүсэл юу вэ?

-Бид бүгд макро эдийн засгаас хамааралтай амьдарч байна. Мэдэх, зохистой байж чадах салбарыг хүчтэй тоглогч, хүчтэй нөлөөлөгч болгож чаддаг байх ёстой. Энэ л миний хүсэл зорилго. Би үндсэндээ бүх насаараа бизнесийн салбараар явсан. Өнөөдрийг тооцвол би гучин гурван жил бизнесийн салбарт зүтгэж яваа хүн. Энэ хугацаанд би өмч хувьчлал, тендер, концесс, ХБ, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гэх мэт нийтийн хөрөнгөд хэзээ ч хуруу дүрж үзээгүй. Би битгий хэл миний эх, эцэг, ах, дүүгийн хэн ч түүнд оролцож үзээгүй. Энэ үгээрээ эдгээр сангуудыг буруу гэж байгаа юм биш шүү. Монгол Улс авлигажсан улс учраас тэрхүү санд хүрч байгаа хүмүүс нь дандаа эрх мэдэлд ойр хүмүүс байна. Үүнийг нь монголчууд бүгдээрээ л ойлгож, өдөр болгон хэвлэлийн нүүрнээс харж байна. Гучин гурван жил бизнесийн салбарт явахдаа хийсэн, барьж авсан юм бүхэндээ дандаа амжилт гаргасан. Амжилт гаргасан бизнес болгон дандаа хүнд, асуудалтай бизнесүүд байсан. Амжилт болгоны цаанаа ямар нэгэн байдлаар төр засгаас эдэлж байсан давуу эрх огт байгаагүй. Энэ түүхээрээ, энэ салбарт нэр цэвэр явж байгаагаараа би өнөөдөр бардам амьдардаг. Хэний ч нүүр рүү бардам харж чадна. Би Монгол Улсын хөдөлмөрийн баатар Самбуу хэмээх хүний гар дээр л өссөн хүн. Хөдөлмөрч, хөдөлмөрийн баатар хүний гар дээр өссөн хүүхэд учраас хөдөлмөр гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож хүмүүжсэн. XX зууны алдартай модернист уран бүтээлч Constantin Brancusi-ийн “Create like a god. Com­mand like a king. Work like a slave” хэмээх үг байдаг. Орчуулбал, бурхан мэт бүтээж, хаан мэт удирдаж, боол мэт ажилла гэж байгаа. Энэ л миний зарчим даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Зам тээврийн салбарт гарч буй үр дүн л миний өмнөөс ярина байх даа DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд Дарханы замын нөхцөл байдалтай танилцаад он гарахаас өмнө бүрэн дуусгах чиглэл өгсөн. Хариуцсан сайдын хувьд энэ замыг дуусгах боломжтой гэж харж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Олон жил иргэдийг бухимдуулж бөөн чирэгдэл болсон энэ замыг энэ намар бүрэн дуусгана. Одоогоор хоёр урсгал дөрвөн эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.

Ямар ч байсан ирэх 10 дугаар сарын 30 гэхэд хоёр урсгал дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажлаа шахаж чанартай, хурдтай ажиллахыг гүйцэтгэгч компаниудад чиглэл болгосон. Тиймээс ч зам барилгын талбайд хүн хүчээ нэмэгдүүлж ажиллах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 398 машин тоног төхөөрөмж, 871 инженер техникийн ажилтан тэнд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зогсоо зайгүй ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар хөдөлгөөн нээсэн нэг урсгал хоёр эгнээ зам дээрээ нэмж өнгө асфальт бетон хучилт хийнэ. Төлөвлөсөн хугацаанд нь ажлаа чанартай хийхэд гол анхаарлаа хандуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн салбарт чамгүй олон ажил хийгдлээ гэж олон нийт ойлгож байгаа. Сайдын хувьд голлож ямар ажлууд хийсэн гэж хэлэх вэ?

-Энэ тал дээр би өөрөө нэг их яриад байх нь зохимжтой биш болов уу. Өмнөөс чинь хийсэн ажил чинь ярина гэж нэг үг байдаг даа. Гэхдээ ганц нэг ажлынхаа үр дүнг тодотгох нь зүйтэй байх. Олон улсын нислэгийн тоо давтамж эрс нэмэгдэж үнэ нь буурлаа. Дэлхийн 42 улсын 105 цэгт нислэг үйлдэх боломжтой боллоо. Өдөрт Солонгос, Япон, Турк, Хятад, Герман гээд олон орноос хэдэн арван нислэг хүлээн авч байна. Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж онгоцны тийзний үнийг хоёр дахин буурууллаа. Авто тээврийн салбарт гэхэд өнөөдрийн байдлаар 40 гаруй сая тн ачаа тээвэрлэж тавьсан зорилтоо 160 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Тээврийн өртөг зардал цар тахлын үеийнхээс 10-аас 20 дахин буурлаа. Улс орон нутгийн төсвөөр 540 гаруй км хатуу хучилттай авто зам шинээр барьж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй технологийн замуудыг нэмбэл шинэ баригдаж буй замын урт 1000 гаруй км болно. Монгол Улс төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол энэ оны сүүлээр Шивээхүрэн-Сэхээгийн хил холболтын төмөр зам ашиглалтад орно. Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил ид хийгдэж байна. Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гээд урд хөрштэй холбогдох төмөр замын нийт таван гарцтай болох ажил эрчимтэй өрнөж байна. Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр ирэх жилээс бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох ажил эхэлнэ. Сайншандыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Дорнодыг- Сүхбаатартай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг- Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой, Булганыг Арвайхээртэй гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Мөн урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал одоогоор Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулна. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох төлөвлөгөөтэй байна. Бид ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй болчихоод байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай,, Баянхонгор зэрэг аймгийн нийт 660 гаруй км авто замд их засвар хийхээр болж байна. Урьд нь төсөв мөнгө дутмаг, дээр нь сутгал хандлага дутсан байдлаас болж энэ хэмжээний ээлжит болон их засварын ажил хийгдэж чаддаггүй байлаа.

-Агаарын тээвэрт хийгдсэн хамгийн том ажил бол АНУ руу шууд нислэгтэй болгож чадсан явдал. Удахгүй анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Үнэ ханш нь ямар байх вэ, цаашид энэхүү нислэгийн тогтмол хуваарь яаж гарахаар байгаа юм бэ?

-Энэ талаар иргэд маань чамгүй сайн мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түрүүчийн долоо хоногт Засгийн хуралдаанаар энэ хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн албажиж байна гэсэн үг. АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 2000-4000 долларын үнээр тийз авдаг. Тэгвэл шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжинд ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ер нь нэг зүйлийг онцлоход АНУ-тай байгуулсан “Open sky” хэлэлцээрийн эхний үр дүнгүүд аль хэдийнэ гараад эхэлчихлээ. Ганцхан жишээ хэлэхэд саяхан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой болсон. Үр дүнд нь МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхээр болж тийз борлуулалтаа эхлүүлээд байгаа. Тухайлбал Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах таатай боломж бүрдээд байна. Ингэснээр зорчигчдод нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэлгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломж олдож байгаа юм.

-Олон улс руу шууд нислэг хийгдсэнээрээ эдийн засгийн хувьд ямар үр өгөөж үзүүлэх бол?

-Түрүүн бий хэлсэн. АНУ руу гэхэд 2000-аас 4000 долларын үнэтэй нисч байгаа бол шууд нисдэг болсноор 1000-аас 1500 доллар болж нислэгийн үнэ хоёр дахин буурна. Иргэд цаг хугацаагаа хэмнэнэ. Үржүүлэгч нөлөө нь эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарын хөгжилд шууд өгөөжөө өгнө. Бид шууд нислэг үйлдэх том онгоцтой болсон учраас одоо монголчууд олноор амьдрах болсон Австрали зэрэг улс руу ч бас шууд нислэг хийх хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг зорьж байна.

-Сайны хажуугаар саар гэгчээр хийж байгаа олон ажлын хажуугаар хэл аманд орох зүйл бас гарч ирсэн. Тодруулбал Драгон автотээврийн товчоог та яагаад нүүлгэж байгаа юм бэ. Үүнийг зарим хүмүүс яагаад эсэргүүцээд байна вэ?

-С.Бямбацогт нүүлгэлээ гээд л хэсэг бүлэг нөхөд эгдүүцээд байгаа бололтой юм билээ. Тэнд чинь барилгын ажил явагдаж байгаа. Автобус зогсох байтугай жижиг тэрэг зогсоход ч бэрх болсон. Би Драгон холдинг компанийн захирал С.Баярт гэж хүнийг сүүлд хүлээж авч уулзсан. Учир байдлыг танилцуулсан. Өөрийнх нь үг саналыг ч сонссон. Би энэ долоо хоногт Драгон болон Зорчигч үйлчилгээний төв шилжин байрласан Номингийн талбай дээр очиж бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөөд байна. Нэг зүйлийг хэлэхэд Драгонаас Номин руу нүү гэсэн миний ямар ч тушаал, шийдвэр, чиглэл байхгүй. АТҮТ өөрийн эрхлэх асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт хийж сонгосон асуудал юм билээ. Миний хувьд нэгдүгээрт нийтийн эрх ашиг, иргэдийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хамгаас чухал гэдэг өнцөгөөр асуудалд хандаарай гэсэн шаардлага л тавьсан. Оносон уу үгүй юу, нүүлгэх нь зөв байж уу үгүй юу гэдгийг иргэд, түүгээр дамжин хот хөдөөд зорчдог 800 мянган иргэн л дүгнэнэ. Хэвлэлээр, сошиалаар онилоод балбаад байвал иргэдийн талд гаргасан шийдвэрийг айж хулчийгаад цуцалчих байх, больчих байх гэж зарим нөхөд бодож байгаа бол эндүүрэл шүү. Монгол Улс чинь төртэй, хуультай, дүрэмтэй, журамтай, стандарттай улс. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульдаа хуульчилчихсан. Тэгээд тэр заалт, тэр нийтийн эрх ашгийн төлөө нэг ч гэсэн зүйл дээр хатуу зогсож чадахгүй бол төрийн нэрийн өмнөөс алба хашаад яах юм. Үнэхээр тэр Драгон нь орчин нөхцөлөө сайжруулаад, барилга байшингаа барьж дуусчихаад, стандартаа хангачихаад юм ярьж байгаа бол өөр хэрэг. Тэгсэн цагт нь асуудал ярихаас барилгын ажлын талбай болчихсон газар дээр хөдөө гадааны олон мянган хүний амь насаар дэнчин тавьсан харалган үйл ажиллагааг бол дэмжихгүй.

-Төрийн албан хаагчдын автомашины дугаарыг цэнхэр өнгөөр ялгах болсон. Энэ нь зарим хүмүүст бас таалагдаагүй. Ер нь ялгах гол шалтгаан юу байв. Нөгөөтэйгүүр энэ ажилд ямар хэмжээний төсөв зарцуулсан бэ?

-Сая би хэллээ. Монгол улс хуультай улс аа гэж. Хэрэгжүүлэх гэж хууль байдаг болохоос нэгэнт батлагдсан хуулийг үүнийг нь хэрэгжүүлнэ, харин үүнийг нь хэрэгжүүлэхгүй гэдэг байж болохгүй асуудал. Төрийн хэмнэлтийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Юу гэхээр “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” гэж заасан. Өнөөдрийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын хэмжээнд суудлын 5300, ачааны 2100 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Хууүь хэрэгжүүлэх үүднээс, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн байгууллагын машины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох ажлыг би зам тээврийн салбараасаа эхлүүлсэн. Өмнө нь баахан л хэл ам гарч байсан биз дээ. Дарга нар төрийн машинаар сургууль цэцэрлэгт хүүхдээ зөөлөө, дэлгүүр хоршоо хэслээ, хөдөө гадаа амарч зугааллаа, хувийн ажилдаа зайдаллаа гээд. Тэгээд энэ асуудлыг олон нийтийн хараа хяналтад оруулж, төрийн машиныг тэмээнээс тэмдэгтэй болгож, байгаа зөрчлийг таслан зогсооё гэхээр шүүмжлээд унадаг. Эртээд нэг цэнхэр дугаартай нөхөр машиных нь дугаар явахгүй өдөр явж байгаад олон нийтийн хараанд өртсөн. Хэрэв тэр нөхөр иргэдийн адил энгийн дугаартай байсан бол төрийн машин зайдагнаж байгаад баригдахгүй. Чухам ингэж л хяналтад оруулж, амин хувьдаа албаны машин ашигладаг, дүрэм журам зөрчдөг дабль стандарт гээчийг нь арилгах гээд зүтгээд байгаа юм. Хууль хэрэгжүүлэх гэж зориод байгаа юм. Цэнхэр дугаарыг шүүмжлээд, өөлөөд байгаа нөхдийн ард унадаг төрийн машин нь олон нийтийн хараанд өртдөг болсонд унтууцсан хэдхэн нөхөр л байгаа. Одоо бүр цэнхэр дугаартай машиныг цагдаа зогсоохгүй давуу эрх үүсэх нь гэж хүртэл мушгиж байна лээ. Замын хөдөлгөөний дүрмээс авахуулаад дүрэм журам зөрчиж л байгаа бол зогсоо, торго, арга хэмжээгээ ав. Энэ нь Тээврийн Цагдаагийн албаны ажил. Цэнхэр дугаар бол давуу эрх биш, харин олон нийтэд хянах эрхийг нь олгож байгаа шийдэл. Батлагдсан хууль бодитой хэрэгжүүлж байгаагийн илрэл. Төрийн машины шатахуун тос хувийн холхионд үрэгддэг байдлыг арилгаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байгаа хэрэг.Төрийн машин унаж буй төрийн албан хаагчид иргэдээсээ илүү эрх дарх эдэлдэг байж таарахгүй. Тэгүүлэхгүйн тулд цэнхэр дугаарыг бий болгосон. Одоо харин иргэд олон нийт цэнхэр дугаартай машин дүрэм зөрчиж байвал, дэлгүүр хоршоо, сургууль цэцэрлэгийн гадна сойлттой байвал дор бүр нь мэдээлээд байх хэрэгтэй. Төрийн машины цэнхэр дугаарын ард чухам ямар байгууллага албан тушаалтан буйг бид ил тод болгох, мэдээлэл нь тодорхой байх асуудалд анхаарч байна.

-Чингэлгийн бөөгнөрлийг арилгах чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

-Ноднин яг өдийд намайг сайдын ажлаа авахад хамгийн тулгамдсан асуудал наадах чинь байлаа. УБТЗ-д чиглэл өгч, Хятадын Элчин сайд болон Тээврийн сайдтай удаа дараа биечлэн болон цахимаар уулзаж байж тухайн үед нэг сарын дотор энэ асуудлыг цэгцэлсэн. Гэхдээ энэ асуудалд нэг удаагийн гал унтраах төдий бус урт хугацааны даацтай шийдэл хэрэгтэй юм билээ. Саяхан би БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажилласан. Энэ боомт Ази, Европыг холбосон ложистикийн нэг том зангилаа нь. Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт гэсэн үг л дээ. Ганцхан жилд нэг сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай. Манай улсын хувьд жилд 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаагддаг. Тэгэхээр энэ боомтыг ашиглах нь стратегийн хувьд онцгой ач холбогдолтой. Манай импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тн ачаа боловсруулдаг. Гэхдээ тэнд, Тяньжинд манай импортын чингэлгүүд байсгээд л бөөгнөрдөг, түгжирдэг, уддаг. Энэ хүндрэлийг бүрмөсөн арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болохыг чухалчилж байна. Жинжөү боомт манай улсаас хамгийн ойр буюу ердөө 866 км. Нийт 3397 мянган метр квадрат агуулах талбайтай, дэлхийн 100 гаруй улс орон, Ази, Америк, Европ, Африк тивийн бүс нутгуудтай навигацийн харилцаатай. Тэгэхээр бид энэ боомтыг ашигласнаар чингэлгийн бөөгнөрөл арилж цаашдаа тээврийн үнэ буурч, манай, улсын импортын ачаа маш хурдан ирдэг болно гээг нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Тиймээс бид эн түрүүнд Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг барьж байгуулах, Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг нэн хурдтай хийж хэрэгжүүлэх бодит шаардлага байна. Үүний тулд хөрөнгө оруулагчидтай нээлттэй, ил тод ажиллах зарчим баримталж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл яг хэзээ дуусах вэ. Хэзээ цахилгаан үйлдвэрлэж эхлэх вэ. Одоо тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Бараг 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаас хөдөлсөн. Энэ оны зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд гацаатай байсан асуудлууд эцэслэн шийдэгдсэн. Сая Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа энэ оны сүүлээр юм уу, ирэх оны эх гэхэд гэрээ контрактын зарим нэг асуудал бүрэн эцэслэж бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг дуулгасан. Нэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихвэл 5-6 жилийн дотор баригдаад ашиглалтад орчих юм билээ. Өдрөөс өдөрт эрчим хүчний, тэр дундаа УЦС-ын техник технологи хөгжиж шинэчлэгдэж буй учраас түүнээс ч бага хугацаанд ажил хэрэг болох боломж бий. Ямар ч байсан энэ УЦС ашиглалтад орсноор импортын эрчим хүчний төлбөрт хойд урд хөршид өгч байгаа валютын урсгал татарч, эрчим хүчний тусгаар тогтнол баруун бүсэд батажна. Ирэх жилүүдэд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС, 35 МВт-ын нарны дөрвөн эх үүсвэр ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр 125 МВт болж нэмэгдэнэ. Ингэснээр бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс даруй 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Чухам үүнийг л эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм аа.

-Та Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа ховдчуудын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Маш гэрэлтэйгээр харж байна. Манай аймаг сүүлийн 13 жилд 1300 шахам км хатуу хучилттай авто замтай болсон. Хойд урд хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг Ховд байх болно гэдгийг онцоллоо. Ирэх жил гэхэд Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань сумд хатуу хучилттай авто замтай болж Дөргөн, Цэцэг сумыг замтай болгох ажил эхэлнэ. Ховд-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Байтаг боомтын замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Энэ бүрхний үр дүнд Ховд аймаг урдуураа ч хоёр боомттой, хойгуураа ч хоёр боомттой хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатартай урдуураа хатуу хучилттай авто замаар холбогдсон бол хойгуураа ч бас холбогдоно. Гэр хорооллын 5700 айл өрхөө бүгдийг нь цэвэр бохирын шугамд холбож, хашаандаа сайхан амьдрах боломжийг бодитоор бүрдүүлнэ. Одоогоор 400 шахам айлыг инженерийн шугамд холбож, 3000 айл өрхийн гудамжинд цэвэр бохирын шугамыг нь оруулаад байна. Ингэхээр анхны бүх сум нь замтай, бас анхны аймгийн төв нь агаар хөрсний бохирдолгүй ая тухтай аймаг болох боломж ойрхон байна. Мөн улсын хэмжээнд хоёрхон газарт малын гаралтай түүхий эд боловсруулах ҮТП байгуулагдаж байгаагийн нэг нь манай Ховд. Ховд агро парк төслийн хүрээнд хүлэмжийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, эрдэнэшишийн тариалалтад онцгой анхаарч байна. 3000 га-д усалгаатай газар тариалан хөгжүүлж ойрын үед энэ хэмжээг 10 дахин өсгөх бодлого баримталж байна. Арван аймаг одоо л дулааны цахилгаан станцтай болох тухай яригдаж байхад бид аль хэдийнээ хос Дулааны цахилгаан станцтай болж одоо дулааны цахилгаан станцаа улам өргөтгөх тухай ярьж байна. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн бахархал болсон Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орж баруун аймгууд хотын үнээр Ховдоос цементээ авах боломж бүрдлээ. Энэ бүхэн цогцоороо ШИНЭ ХОВД-ын СЭРГЭЛТ болж баруун бүсэд хөгжлийн нэгэн татах хүчийг бий болгож байгаа юм.

-Халзан Бүрэгтэй орд яагаад олны хэл ам болоод байдаг юм бэ. Ном журмаар нь ашиглаад үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломжгүй юм уу. Угтаа ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох гээд эерэг зүйлүүд олон байгаа байх даа?

-2019 онд миний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж баталсан ҮХНӨ-өөр “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалт орсон. Иргэдийн энэ мэдэх эрхийг хангаж байж л дараачийн асуудал яригдах ёстой. Байгаль орчинд, Хар-Ус нуурын ай савд, хүний эрүүл мэндэд хортой эсэхийг нь эхэлж тогтоогоогүй байж дан ганц эдийн засгийн агуулгаар нь, ашиг орлого мөнгөний нүдээр харж таарахгүй. Тийм болохоор аливаа байгалийн баялгийг ашиглахдаа тухайн нутгийн иргэдээс, тухайлбал Мянгад сумын иргэдээс саналыг нь авч шийдэх ёстой. Энэ асуудал яг жилийн өмнө яригдаж байхад ч би ийм л байр суурьтай байсан. Өнгөрсөн зун Алтан Хөхийн тахилгаар иргэд байр суурийг маань асуухад ч яг л энэ үгээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халзан бүрэгтэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ гэдгээ ч сая ховдчуудтай уулзахдаа тов тодорхой хэлчихлээ шүү дээ. Би ч бас ийм л байр суурьтай байсаар ирсэн, одоо ч, хойшид ч энэ байр суурь дээрээ бат зогсоно.

-Намрын чуулганаар УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар хуулийн төсөл боловсруулан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Намрын чуулганаар УИХ-ын гишүүний хувьд гэхээс илүүтэй Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын хувьд Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барихыг зорьж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар бид Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай гээд салбарын гол тулгуур хуулиудаа батлуулж, эрх зүйн орчныг нь гайгүй сайн бүрдүүлээд авсан. Одоо автотээврийн салбарын эрх зүйн орчноо илүү тодорхой, ойлгомжтой болгож хуулиар чөдөр тушаа болсон, олон жил шийдлээ хүлээж өдийг хүрсэн асуудлуудыг цэгцлэх бодолтой байна даа.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Алтанхуяг: Том хулгай хийдэг намыг дахин сонгох уу, хулгайчдын эсрэг хүчээ нэгтгэж чаддагийг нь гаргаж ирэх үү гэдгийг ард түмэн удахгүй шийднэ DNN.mn

Ардчилсан намы н Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хичээл эхлэхээс өмнө АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж, намын даргынхаа баг бүрэлдэхүүнийг сонгосон. Хурлын уур амьсгал их халуун болсон гэлцдэг. Одоо ер нь намын дотоод уур амьсгал ямар байна вэ?

– Халуун болсон гэж та хэллээ. Их дуулиан шуугиантайгаар Үндэсний бодлогын хороо хуралдсан. Тус хурал эхлэх гэж хоёр цаг болсон. Хоёр цаг Үндэсний жигүүр зарчмын боёкот өрнүүлсэн. Учир нь энэхүү хурал эв нэгдлийн Үндэсний бодлогын хорооны хурал гэдэг байдлаар анх зарлагдсан. Тэр утгаараа Үндэсний бодлогын хорооны нийт гишүүн уг хуралд оролцох ёстой байсан. Гэтэл ҮБХ-ны жар, далан гишүүн хурлын гадна үлдчихсэн байлаа. Өөрөөр хэлбэл татвараа цаг тухай бүрд нь төлчихсөн, саналын эрхтэй Ү Б Х – н ы г и ш ү ү д хуралдаа сууж чадалгүй үлдчихсэн байсан. Сууж чадахгүй гэдэг маань хуралд тэр хүмүүсийг оруулалгүй эхлүүлэх гэж байсан гэсэн үг. Тиймээс Үндэсний жигүүр зарчмын боёкот өрнүүлж, эдгээр гишүүдийг хуралд нь оруулснаар ҮБХ-ны ээлжит бус хурал эхэлсэн.

-Улмаар ҮБХ хуралдсан. Хурлын үр дүн юу байв. Тус хурлыг бүрэн дуусгаж чадалгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдэг нь үнэн үү?

-Мэдээж хурал болж байгаа учраас тодорхой үр дүн гарах ёстой. Уг хурлаас үр дүн гарсан гэж би хэлнэ. Юуны түрүүнд намын дарга багаа бүрдүүлж чадсан. Тодорхой хэмжээнд намын бүтцээ бий болгосон. Тодруулбал, намын дэд дарга нарын асуудлыг бүрэн шийдэж чадсан. Мэдээж гарсан үр дүн сайн, муу гэсэн хоёр талтай.

-Муу үр дүн нь юу байна, тэгвэл?

-Урьд өмнө бие дааж нэр дэвшсэн нөхөд намын дэд даргад нэр дэвшиж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл намын дүрмийг зөрчиж бие даан нэр дэвшсэн нөхөр намын дэд даргаар “шагнагдчихсан” асуудал яригдаж байна. Тодорхой хэлбэл Б.Галиндэв гэх нөхөр өмнө нь бие даан нэр дэвшиж байсан. Манай нам бие даан нэр дэвшсэн хүнд найман жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн дүрэмтэй байдаг. Гэтэл энэхүү хурлаар Б.Галиндэвийг АН-ын дэд дарга болгож байгаа нь олон гишүүний эгдүүцлийг хүргэсэн. Нөгөөтэйгүүр энэ үйлдэл нь манай намын залуучуудад буруу үлгэр дууриалал, жишиг тогтоосон гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 2024 онд намын гишүүд хариуцлагаас цугтаж бие даан нэр дэвшиж болох ю м б а й н а г э с э н б у р у у ойлголтыг өглөө гэсэн үг. Та түрүүн асуулаа, ҮБХ-ны хурал дуусалгүй хойшилсон гэж. Хурлын уур амьсгал ширүүхэн байсан учир хурлаа бид дуусгаж чадаагүй. Харин тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тиймээс хурал удахгүй дахин үргэлжилнэ. Тэр үед дэд дарга нартай холбоотой хариуцлагын асуудлыг бид дахин ярих байх гэж найдаж байна.

 

Нийгмийн хувьд АН олон дэд даргатай болсонд их шүүмжлэлтэй хандсан. Нөгөөтэйгүүр ирэх сонгуулиар намын жагсаалтад шууд бичигдэх хүмүүсээ дэд дарга болгочихлоо гэж ярьж байгаа шүү дээ. Үүнд та тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Нэгдүгээрт, Ардчилсан нам бол ямар нэгэн төрийн байгууллага биш. Бид татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй. Нөгөөтэйгүүр эрх баригч нам өнөөдөр үндсэн 22 сайдтай байна. Дэд сайд нараа нэмбэл дөч, тавь руу дөхөх том бүтцээр төр удирдаж байна. Биднийг биш энэ хүмүүсээ энэ өнгө аясаараа шүүмжилбэл нүдээ олох биз. Тиймээс манай намын хувьд хэдэн ч, дэд даргатай байх нь тийм чухал асуудал биш болов уу. Хоёрдугаарт, эдгээр дэд дарга нар намын жагсаалтад орохгүй. Бүгд тойрогт нэр дэвшинэ. Тиймээс намын жагсаалтаар шууд гараад ирэх хүмүүс гэж ойлгож болохгүй. Эрх баригч нам дэндүү данхар бүтцээр төр удирдаж байна. Тэгээд гараас нь гарч байгаа зүйл яг юу байна вэ. Ардчилсан нам гурван жилийн хугацаанд гурван мянга гаруй километр зам тавьж чадсан. Харин эрх баригчид найман жилийн хугацаанд 200 километр зам тавьчихаж чадахгүй байна шүү дээ.

-Дэд дарга нар намын жагсаалтад орохгүй гэж та хэллээ. Яг орохгүй байх асуудлыг дүрмээрээ баталгаажуулсан юм уу?

-Уг асуудлыг саяны ҮБХ-ны хурлын үеэр намын дарга өөрөө албан ёсоор тайлбарлаж хэлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр дэд дарга нар бол үүрэг, хариуцлагаа ойлгож тойрогт очиж нэр дэвших төлөөлөл шүү гэдгийг албан ёсоор хэлсэн гэсэн үг. Тиймээс ҮБХ-ны гишүүд уг асуудалд нэгдсэн байр суурьтай болсон.

-Намын тэргүүн дэд даргын хувьд олон нийт янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Харин танай намын дотоодод тэргүүн дэд даргаа ямар хандлагатай хүлээж авсан бэ?

-С.Баярцогтын хувьд нийгэм ч тэр, Ардчилсан нам ч тэр яг л адилхан байр суурьтай хүлээж авсан. Өөрөөр хэлбэл түүнийг дэмжих хүн намд ч байна, нийгэмд ч байна. Бас муу хэлэх хүн намд ч байна, нийгэмд ч байна. Гагцхүү аль нь илүү давамгай байгааг ард түмэн харж л байгаа байх. Ард түмэн бүгдийг ялгаж салгаж чаддаг. С.Баярцогтыг юу туулж ирсэн, юу хийж бүтээсэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Тиймээс энэ хүний хувьд бусдын яриад байгаа шиг хэрэг, төвөгтөн, ял зэмтэй хүн биш л гэж ойлгодог. Хуулиараа ч тэр. Шүүхээс С.Баярцогтыг цагаатгасан. Тиймээс уг хүн маань ямар нэгэн ялтан, гэмт хэрэгтэн биш гэж үзнэ. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг тунхагласан нам. Тиймээс нийгмийн үзэмжээр, эсвэл хэсэг хүмүүсийн ятгалгаар хувь хүнийг дүгнэдэг, ялладаг нам биш. Тэр утгаараа үүрэгт ажлаа хийгээд явахад тухайн хүний хувьд асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Намын гишүүдийн ихэнх нь ч ийм бодолтой яваа гэдэгт эргэлзэхгүй байна.

-ҮБХ-ны хурлаар намын генсекийг тодруулах асуудал яригдах ёстой байсан. Яагаад уг асуудал хойшлов…?

-Тухайн өдрийн хурлаар намын генсект Эрдэнэболдыг нэр дэвшүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч түүний өмнө намын дэд дарга нарын асуудал нэлээд их шуугиантай үргэлжилсэн. Тиймээс хурлын уур амьсгал тийм ч таатай бус байсан учраас уг асуудлыг дараа дахин үргэлжлүүлэн хуралдахаар болсон байгаа.

-Намын жагсаалтын талаар та түрүү нь ярилаа. Ямартай ч энэ олон дэд дарга намын жагсаалтад бичигдэхгүй юм байна гэж ойлголоо. Тэгвэл намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд намын жагсаалтад шууд орж ирнэ. Тиймээс эдгээр байгууллагуудыг авах сонирхолтой хүмүүс танай намд цөөнгүй байгаа болов уу. Асуудлыг та яаж харж байна вэ?

-Яг өнөөгийн цаг үед ид яригдаж байгаа асуудал бол энэ. Намын дэргэдэх гурван байгууллагын удирдлага бүтцийг гаргаж ирэх асуудал ээлж дараатай яригдаж байна. Хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага, бүтцийг хэлэлцэж байгаа. Тус байгууллага энэ удаагийн хурлаараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Одоогийн байдлаар тус байгууллагын ерөнхийлөгчид манай намын арав гаруй гишүүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Мэдээж нам доторх клуб, бүлэглэл, фракцууд төлөөллөө энэхүү сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа.

-АН-ын үндсэн дүрмийн хорооны гишүүний хувьд Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид ямар хүн очоосой гэж бодож байна вэ?

-Миний хувьд улс төрийн жиргээ хэмээх контентийг хөтөлж явуулдаг. Уг контентоороо АН-ын дотоодох асуудлыг түлхүү хөндөж ярьдаг. Тэр утгаараа уг контентдоо тус эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнд сонгогдох гэж буй хүмүүсийн талаар товч тодорхой ярьсан. Хувь хүнийхээ үүднээс тус холбоог нэр цэвэр, намаа мэддэг, намынхаа төлөө сэтгэлтэй хүн болоосой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам өөрөө бизнес эрхлэгчдийг дэмждэг, тэдний боломжийг илүү бүрдүүлж өгөхийн тулд бодлого боловсруулан ажилладаг нам. Үзэл бодол нь ч хувийн хэвшлээ дэмждэг нам шүү дээ. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг утгаараа АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр бизнес эрхэлдэг, аж ахуйн зовлон жаргалыг ойлгодог хүн очоосой гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл өөрөө бизнес хийгээд үзчихсэн, жаргал зовлонг нь ойлгодог эмэгтэй хүн байх хэрэгтэй гэсэн үг.

-Сөрөг намын гишүүний хувьд эрх баригчдын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар ямар байр суурьтай явдаг вэ. Нэг нэгнийхээ хулгайг дуудсан хүмүүс л байх шиг байна гэж олон нийт шүүмжлээд байна шүү дээ?

-Дээрээ хулгай үүрлэчихсэн ийм цаг үед улс орны хөгжил гэж яриад ямар ч хэрэггүй. Хулгайтай тэмцэх асуудал ярих гэж байгаа бол сүүлийн арав орчим жил хэн дангаараа засаглаж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр утгаараа МАН хулгайтай тэмцэнэ гэдэг бол өөртэйгөө тэмцэнэ гэсэн үг. Өөртэйгөө тэмцэж чаддаг нам мөн үү. Тийм эр зориг МАН-аас гарах уу. Ард түмний хувьд энэ бугшсан хулгайгаас салах асар их хүсэлтэй, хүлээлттэй байна. Энэхүү хүлээлтийг нь эцэс болгож чадах нам нь МАН мөн үү. Гэтэл сүүлийн үед үнэхээр хулгайчдаасаа салах гээд байна уу, үгүй юу гэдэгт ард түмэн эргэлзэж эхлээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр манай нам ч гэсэн хулгайчдаасаа салах шаардлагатай. Мэдээж хулгайч, идэж, уусан хэмжээгээрээ МАН-ын хаана ч хүрэхгүй л байх. Гэхдээ хулгайд их бага гэсэн зүйл байхгүй. Хулгай бол хулгай. Тиймээс бид хулгайчдаасаа салах цаг хэдийнэ тулж ирчихээд байна. Ард түмэн нэг зүйлийг маш сайн ойлгосон байх.

-Юуг ойлгосон гэж…?

-МАН-ынхан хоорондоо эвтэй, үзэл бодлоороо нийлж чаддаг. Үүнд нь ард түмэн итгэж, улс орныг нэгэн сэтгэлээр хөгжүүлээд аваад явчих юм байна гэж бодсон. Үнэндээ МАН-ынхны нэгдэж чаддаг, хоорондоо уралцдаггүйн гол шалтгаан нь хулгай байж. Чимээгүй нэгдмэл бүлэг хамгийн том хулгайг хийдэг гэдэг үгтэй. Харин эсрэгээрээ Ардчилсан нам тал тал тийш харсан эвэрнүүд шиг нийгэмд үзэгддэг. Нэгэнтэйгээ эв түнжингүй, зарчмын асар их зөрүүтэй атлаа Ардчилал гэдгийн дор нэгдэж чаддаг нам. Ардчилсан намынхан хэдэн их наядын хулгай хийх битгий хэл, хэдхэн сая төгрөгийн хулгайгаа ил ярьчихдаг хүмүүс. Тиймээс хүчээ нэгтгэж том хулгай хийсэн намаа дахин сонгох уу, хулгайчдынхаа өөдөөс хүчээ нэгтгэж чаддаг ардчилалтай намыг сонгох уу гэдэг нь ард түмний л мэдэх асуудал.

э.МӨНХТҮВШИН