Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Т.Баатархүү: Хэдхэн хүн хууль боловсруулдаг гажигийг “D-Parliament”-аар өөрчлөх гэж оролдож байна DNN.mn

Улс төр судлаач, эрх зүйч Т.Баатархүүтэй цахим парламент буюу “D-Parliament” аппликэйшний ач холбогдлын талаар ярилцлаа.  

-УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдэд ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “D-Parliament” платформыг санаачилсан. Бусад орны хувьд цахим парламент ямар байдлаар хөгжсөн байдаг юм бол?

-НҮБ-аас 2014 онд “Цахим оролцоо” гэж мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдийг бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, үйлчилгээ бий болгох, хүргэхэд татан оролцуулах, улмаар иргэдийг оролцуулах, хамруулах, иргэдтэй зөвлөлдөх үйл явц юм гэж тодорхойлсон байдаг.

Энэхүү тодорхойлолтын дагуу “Цахим оролцооны индекс”-ийн шалгуурыг бий болгосон. Мөн НҮБ-ын гаргасан 2020 оны цахим засгийн судалгаагаар, цахим оролцооны “маш өндөр” түвшин бүхий эхний найман улсад Эстони, БНСУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, Австри, Сингапур, ИБУИНХУ тус тус багтаж байна. Тиймээс дэлхий дахинд цахим засаглал, цахим парламентын үйл явц хүчтэй өрнөж байгаа гэсэн үг. Тэр утгаараа дэлхий нийтийн хандлага, хөгжлөөс Монгол Улс ч хоцрох ёсгүй. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент сайнтай муутай. Түүнээс нэг сайн зүйл гэвэл цахим парламентын ажлыг эхлүүлсэн явдал гэж харж байгаа. Энэ бол дараа дараагийн парламент болон төр иргэдийн харилцааг бодитой дээшлүүлсэн бодлого.

-Яг бусад орны хувьд ямар тодорхой жишээ байдаг вэ?

-Цахим оролцооны маш өндөр түвшин бүхий Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын цахим парламентын зарчим, стратегийг товчхон хэлье л дээ. Парламентын цахим үйлчилгээ нь парламентын эхний танхим буюу төлөөлөгчдийн танхим, хоёр дахь танхим буюу лордуудын танхим болон парламентын ажилтнуудын мэдээллийн технологи, цахим хэрэгцээнд тулгуурладаг. Энэ нь парламентад юу болж байгааг хүн болгон мэдэх, ойлгоход чиглэсэн байдаг гэсэн үг.

ИБУИНХУ-ын парламент нь иргэдийн өмнөөс Засгийн газрын үйл ажиллагааг хянах, шалгах, үр нөлөө бүхий хууль тогтоомж боловсруулах, батлах болон өдөр тутмын амьдрал дахь томоохон асуудлаар мэтгэлцэх, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ажилладаг.

Энэ хүрээнд иргэдээс цахим өргөдөл хүлээн авах, түүнийг хэлэлцэх үүрэгтэй. Олон нийтээс парламентын төлөөлөгчдийн танхим болон Засгийн газарт цахим өргөдөл гаргах, зургаан сарын хугацаанд 10 мянга буюу түүнээс дээш гарын үсэг цугларсан цахим өргөдөлд Засгийн газар бичгээр хариу өгөх, түүнийг парламентын өргөдлийн хороо хэлэлцэж, мэтгэлцдэг ийм тогтсон цахим парламент төлөвшчихсөн байна.

-Саяхан УИХ-ын дарга цахим парламентаар иргэдийн өргөд саналын дагуу тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцүүлнэ гэдгээ хэлсэн. Тухайлбал, НӨАТ-ын хувийг тав болгох асуудлыг 100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төсөл болгон боловсруулна гэсэн боловч бүтсэнгүй. Үүнээс харвал “D-Parliament”-д шилжих цаг болоогүй байна уу?

-Дэлхий даяар цахим шилжилт хүчтэй явагдаж байна. Харин ч манайх хоцорчихсон яваа. Цахим парламентаар иргэдийн саналыг авах нь чухал. Түүнийгээ боловсруулж байгаа хуульдаа тусгаж өгөх нь бүр зөв. Харин улс төрийн өнцгөөр асуудлыг харж, шийдвэрлэж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаа. Түүнээс биш цахим парламент манайд арай болоогүй гэж асуудлыг хөнгөн харж болохгүй. Цаашид гарч байгаа алдаа болгоноо засаад явах л хэрэгтэй. Хэдхэн хүн хууль боловсруулдаг гажигийг “D-Parliament”-аар өөрчлөх гэж оролдож байна. Энэ бол сайн. Өнөөдөр Монгол Улсад хууль хэрэгжихгүй байгаа нь ерөөсөө судалгаагүй иргэдийн саналыг тусгаагүйгээс л болж байгаа. Тиймээс хуулийн төсөл боловсруулах системд иргэдийн саналыг оруулж, тусгаж өгөх нь өнөөдөр юу юунаас илүү чухал асуудал болоод байна. Тэр утгаараа “D-Parliament” цаг үеийн шаардлагаар хүссэн хүсээгүй төрийн тогтолцоонд сууж өгнө.

-Цаашид “D-Parliament”-аар дамжуулж иргэд төр барих эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох уу?

-Хуулийн төсөл болгонд иргэдийн саналыг тусгаж өгч байж тэр хууль амьдрал дээр маш сайн хэрэгжинэ. Үүнийг хийхийн тулд бид цахим технологийг ашиглахаас өөр гарц байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл энэхүү эрхээ бодитой шууд утгаар нь хэрэгжүүлэх гол суваг бол “D-Parliament” платформ. Үүнийг цаашид хөгжүүлэх, алдаагаа засаж сайжруулаад л явах ёстой. Ингэж байж төрийн уламжлалт хуучирсан тогтолцоог бид халж чадна. Цахим систем рүү шилжиж байж хүнд суртал, авлигал, нууц, далд байдал бүрэн алга болно.

Э.ТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч С.Амаржаргал: Нүүрсний хулгайг шүүхээс өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүхээ байгуулах хэрэгтэй DNN.mn

Улс  төр судлаач, хуульч С.Амаржаргалтай дагнасан шүүх байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа.

-Засгийн газрын тэргүүн энэ жилийг авлигын эсрэг жил болгон зарласан. Одоо он гарахад сар гаруй хугацаа үлдлээ. Үндсэндээ 2023 он шувтарч байна. Улс төр судлаач хүний хувьд Монголын авлига буурсан гэж харж байгаа юу?

-Юуны өмнө бусад орнуудын авлигын индексийг нэг хараарай. Манайх шиг огцом ухралттай орон нэг ч байхгүй байгаа. Бусад орны хувьд тэр дундаа манайх шиг авлигын эрсдэл өндөртэй орнууд болох Турк, Беларусь, Болгар зэрэг улсуудын авлигын индекс өсөхдөө нэг, хоёр байраар ухардаг. Харин буурахдаа огцом буюу 5-10 байраар урагшилдаг. Юу гэхээр Турк жишээ нь 180 орноос 100-д орсон байлаа гэж бодъё. Тэгвэл авлигын эсрэг арга хэмжээ авсанаараа ирэх жил нь 90 рүү бүр 80 руу ороод ирэх жишээтэй. Үүнийг огцом бууралт буюу урагшлалт гэж байгаа юм. Гэтэл манай орны авлигын индексийн бууралт удаашралтай буюу 1-2 байхад өсөлт нь огцом буюу 5-10 байраар явагдаж байна. Тэгэхээр бусад орны хувьд авлигал адилхан байгаа ч зоригтой тодорхой шийдвэрүүдийг гаргаснаараа авлигын индексээ огцом урагшлуулж чадаж байна.

-Авлигатай тэмцэх тогтолцоо нь өөрөө буруу байна уу?

-Харин манайд тодорхой зоригтой шийдвэр гаргадаггүй учраас авлигын индекс нь буурахдаа удаашралттай байна. Өөрөөр хэлбэл бидний авлигатай тэмцэх хөтөлбөр, бодлого зохицуулалт, тогтолцоо маань буруу, үр дүнгүй байна гэсэн үг. Өнгөрсөн 2021 онд Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 110-т орж байсан. Харин 2022 онд 116 дугаар байрт бичигдсэн нь огцом өсөлт. Тиймээс Ерөнхий сайдын хувьд 2023 оныг авлигын эсрэг жил болгон зарласан. Энэ хүрээнд “5 Ш” ажиллагааг эхлүүлсэн. Улмаар авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулна гэсэн зорилтыг тавьсан.

Гэхдээ миний харж байгаагаар авлига албан тушаалын хэрэгт хариуцлага тооцох арга механизм нь удаашралтай явагдаж байгаа учраас энэ жилийн тухайд Засгийн газар зорьсондоо хүрэхгүй байх. Монгол Улсын хувьд 116 гэсэн байраас буух ч хоёр оронтой тоо руу орохгүй.

-Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй хариуцлагын явц удаашралтай байна гэлээ. Яагаад удаашралтай байна вэ. Хурдан шуурхай шийдвэрлэдэг байхын тулд дагнасан шүүх байгуулах шаардлагатай юу?

-Авлига албан тушаалын хэргүүдийг манай цагдаа, АТГ тодорхой хэмжээнд мөрдөөд, илрүүлж л байна. Гэтэл илрүүлсэн, шилжүүлсэн хэрэг нь прокурор дээр очоод уддаг. Цаашлаад шүүхийн шатандаа очоод ял өгч чаддаггүй. Нэг бол торгоод явуулчихдаг. Тэгэхээр энэ систем маань өөрөө авлигыг өөгшүүлээд байна. Тиймээс бид яах ёстой вэ гэхээр маш тодорхой нэг зүйл байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд ч бий. Юу гэхээр, тусгайлсан буюу дагнасан шүүх байгуулж болно гэж заасан хуультай. Ийм эрх зүйн орчин нэгэнт байгаа учраас бид ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын хэргийг тусгайлан шийддэг шүүх Монгол Улсад нэн даруй хэрэгтэй болчихсон гэсэн үг.

-Гэхдээ цагдаа, прокурор, шүүх байгууллага энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж л байгаа шүү дээ…?

-Одоо бол Эрүүгийн болон Захиргааны хэргийг шийддэг шүүх байгууллагууд байна. Тэгвэл үүнтэй адилхан авлига, албан тушаалын хэргийг шүүдэг шүүх байгууллагатай болох цаг нь болсон. Мөн дан ганц шүүхээс гадна дээрх төрлийн гэмт хэргийг мөрддөг, шалгадаг тусгайлсан хууль хүчний байгууллагууд хэрэгтэй. Тэгэхээр бусад хэргийг шийдвэрлэдэг хууль хүчний байгууллага болон шүүхийн байгууллага авлига албан тушаалын хэргийг мөрдөж, илрүүлж, шүүж чадахгүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой харагдаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн байдлаар барьцаалагдсан байна. Ямар нэгэн байдлаар нөлөөнд автчихаж. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг үнэн зөвөөр, хурдтай, богино хугацаанд шийдвэрлэдэг хуулийн цогц байгууллагатай болох шаардлагатай байгаа юм аа. Ингэж чадвал Монгол Улсын авлигын индекс огцом буурч, Засгийн газрын дэвшүүлсэн зорилго буюу хоёр оронтой тоо руу орох боломж нээгдэнэ.

-Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудал 2020 оны сонгуулиас хойш л яригдаж байгаа. Одоо ямар шатандаа яригдаж байдаг юм бол. Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байгаа гэж сонссон, үнэн үү?

-Хотын шинэ дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа уг асуудлыг илүү анхаарч, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байсан. Одоо Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахлаад явж байгаа байх. Хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болсон гэдгийг миний танил хуульчид хэлж байсан. Тэгэхээр тун удахгүй Засгийн газраас авлигын асуудлыг дагнан шийдвэрлэх шүүх байгууллага байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих болов уу. Магадгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж ч болно. Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг нэн яаралтай хэлэлцээд шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа.

-Таны хувьд яагаад уг асуудлыг хурдлуулах шаардлагатай гэж үзээд байгаа юм бэ. Сонгууль дөхсөн учир авлигын асуудлаар улс төр явах гээд байна уу?

-Миний хувьд улс төр талаас нь асуудлыг харахгүй байна. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин болон шүүх, хуулийн байгууллагуудын тогтолцооны гажигаас болж авлигын асуудал хойшлогдох ёсгүй. Өнөөдөр авлига авсан гэх тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдаад байхад л тухайн этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Тооцлоо гэхэд толгойг нь илээд өнгөрсөн шийдвэрийг Монголын шүүх гаргаж байна шүү дээ. Тухайлбал, ЖДҮ гээд л мартагдсан. Дараа нь Боловсролын сангийн зээл гээд л бас мартагдсан. Хэн, ямар албан тушаалтан энэ асуудлуудад хариуцлага тооцогдсон бэ. Нэг ч байхгүй шүү. Одоо нүүрсний хулгай гэх хэдэн арван их наядын асуудал яригдаж байна. Анх нийгэмд ил тод болохдоо хулгайчдад хуулийн хамгийн өндөр хариуцлагыг тооцно гэж байсан. Гэтэл өнөөдөр уг асуудлаар нийтийн сонсголоо ч УИХ хийж чадахгүй, гацчихсан байна шүү дээ. Үүнээс харвал нүүрсний хулгайн хэрэг нөгөө л нэг ЖДҮ шиг таг чиг болох горимдоо орчихож. Саяхан “Ногоон автобус”-ны хэрэг гарлаа. Үүнд мөн хэн хариуцлага хүлээж байна. Хэдэн хүн хорьсон л гэж байгаа. Салбарын сайдыг нь яллагдагчаар татлаа, шүүх рүү шилжүүллээ гэсэн. Шүүх дээр очоод торгох, эсвэл албан тушаалаасаа буугаад л өнгөрнө. Монголд авлигын асуудал яг л ингэж шийдэгдэж байна. Ийм байхад яаж авлига буурах вэ. Тиймээс л одоо нүүрсний сонсгол явуулахаас өмнө авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл нүүрсний хулгайч нарт бид хариуцлага тооцож яагаад ч чадахгүй. Өнөөгийн шүүх л лав тэдэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдгийг олон нийт мэдлээ.

-Дагнасан шүүх байгуулах асуудал эрх зүйн хувьд боломжтой ч амьдрал дээр биелэх боломжгүй гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Таны хувьд уг асуудлыг яаж шийдэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Шүүх байгуулагдлаа гэхэд хорин нэгэн аймаг, сумдад давхар байгуулна. Тиймээс байр савны асуудлаа яаж шийдэх юм бэ гэх мэтээр асуудлыг дэндүү жижиг талаас нь харах хэрэггүй юм. Монгол Улсын эдийн засгаас давсан авлигын асуудал байхад бид мянга эдийн засгаа сайжруулна гэж яриад яах билээ. Эхлээд авлига авсан хулгайч нартайгаа тэмцэж, үр дүн гаргаж чадвал Монгол Улсын эдийн засаг гурав дахин тэлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр та нэг сая төгрөгийн цалин авч байгаа бол авлигын асуудлыг шийдчихвэл гурван сая төгрөгийн цалинтай болно гэсэн үг. Энэ бол нийтийн эрх ашиг. Тиймээс өнөөдрийн жижиг сажиг тулгамдсан асуудлыг бид олж хараад, том зорилгоосоо ухарч болохгүй. Нөгөөтэйгүүр бид хуучин сэтгэхүйгээсээс салах хэрэгтэй байна. Тэр нь жолооч гэхээр бүх техникийг мэддэг, жолооддог хүн гэж боддог. Эмч гэхээр бүх өвчнийг анагаах шидтэн мэт боддог. Орчин цагт нийгмийн салбар бүр дагнасан мэргэжлийг илүүд үзэх болсон. Эмч гэвэл зөвхөн зүрхний эмч. Жолооч гэвэл зөвхөн жижиг тэрэгний ч гэх үү эсвэл автобусных гэх зэргээр дотроо задраад явна. Үүнтэй адил гэмт хэргийг дотор нь задалж, зөвхөн нэг төрөлд нь хариуцлага тооцох, маргаан шийдвэрлэх механизмыг бүрдүүлж өгөх ёстой. Нийгмийн явж буй зүй тогтлоос шүүх байгууллага ангид байна гэж яагаад ч байхгүй. Тиймээс бид цаг үеэ дагаад дагнасан шүүх байгууллагатай болох шаардлагатай.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмэн ядуурч 100 саяын төлөө энхрий охидынхоо амийг эрсдэлд оруулахаас ч айхгүй байна DNN.mn

Дэлхийд алдартай телевизийн олон шоу нэвтрүүлэг бий. Орон орны телевизүүд зохих ёсны төлбөр төлж албан ёсны зөвшөөрлийг нь аваад эх орондоо дуурайн явуулдаг. Түүний нэг нь “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг. Хүнд ямар л авьяас байна, түүнийгээ үзүүлж, өөрийгөө олон нийтэд цаашлаад дэлхийд таниулах нэгэн боломж.

Гэвч энэхүү боломжийг монголчууд өөр өнцгөөр нь ойлгож, оролцож байна. Тус шоунд оролцож түрүүлбэл 100 сая төгрөгийн эзэн болно. 100 сая төгрөг гэдэг бол жирийн ард иргэдэд маш их мөнгө. Тэр тусмаа өнөө цагийн нийгэмд энэ мөнгийг авахын тулд хүн юугаа ч золиослоход бэлхэн болж. Учир нь ард түмэн ядуу байна, ядуурч байна. Ядуу учраас 100 сая төгрөгийн төлөө үхэхээс наагуур үзэлцэж байх юм. Нэвтрүүлгийн онцлог мөн оролцогчдын авьяасаа үзүүлэх төрлөөс хамаарч үзүүлбэр нь янз янз. Зарим нь 100 саяын төлөө нүцгэн бүжиглэж бусдын доог тохуу болж байхад зарим нь өнгөрсөн амьдралаа ярьж, өөрийгөө өрөвдүүлэх аргаар үзүүлбэрээ амжилттай дуусгаж чадаж байна. Ядуу ард түмнээс гарах ядуу сэтгэлгээ гэлтэй. Хамгийн аймшигтай нь 100-хан сая төгрөгийн төлөө энхрий бяцхан охидынхоо амь өрссөн үзүүлбэрийг эцэг эхчүүд нь инээж, ханиагаад үзэж байх шиг. Олон жил давтан, сургуулилалт хийж байж, тайзан дээр бэхэлгээ хамгаалалттай явагддаг циркийн хүнд үзүүлбэрийг телевизийн шоу нэвтрүүлгийн тайзнаас ямар ч хамгаалалт, бэхэлгээгүйгээр бяцхан охид шууд үзүүлж байна. Шүүж байгаа шүүгчдээс нь арай ахмад гэснээрээ Чука гавьяат л “охид минь болгоомжтой” гэж сэтгэл түгшин үзлээ. Бусад нь ердийн байдаг зүйл шиг л хүлээн авч сууна. Агаарт бэхэлгээгүй дүүжлэгдэж байгаад хийдэг циркийн үзүүлбэр олон. Гэхдээ тэр өндрөөс алдаа гаргаж уналаа гэхэд дор нь тор, зөөлөн матрас гэх мэт хамгаалалтын нууц хэсэг бий. Ядаж л доогуур нь хөвсгөр хувцастай алиалагчид хоёр гурваараа үзэгчдийг инээлгэж гүйдэг. Хэрэв өндрөөс циркчин унавал барьж авах, амь насыг нь хамгаалах давхар үүргийг алиалагчид гүйцэтгэдэг. Харин “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр ийм төрлийн хамгаалалт бий юу. Ямар ч хамгаалалтгүй, ердийн л нэг гэрлээр чимэглэсэн тайз байдаг гэж үзэгчид, нэвтрүүлгийн багт ажилладаг зарим хүмүүс хэлж байна лээ. Энэ үнэн бол үнэхээр аймшигтай. Бид зүгээр хүн амины хэрэг гарч болзошгүй орчинд инээлдээд сууж байгаагаас ялгаагүй. Үүнийг оролцогчид ч тэдний багш, ар гэрийнхэн ч мэдэж байгаа. Гэвч тэд хамгаалалт бэхэлгээгүй, амь өрссөн үзүүлбэр үзүүлж байж 100 сая төгрөгийг нь авна гэсэн хандлагатай байна. Гэтэл үнэндээ үр хүүхэд, энхрий бяцхан охидынхоо амь насаар дэнчин тавьж оролцуулж байгаа гэдгийг эцэг эхчүүд ээ, ухаараач. Нэг талдаа та бүхэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Шоу, энтертаймент нэвтрүүлэг гэдгийг нь хэн хүнгүй ойлгож байгаа. Хүүхдүүдээ оролцуулах эсэх нь ч та бүхний дур. Гэхдээ 100-хан сая төгрөгийн төлөө бяцхан хүүхдүүдийнхээ амь насаар дэнчин тавьж байгаагаа ойлгоорой. Хатуухан хэлэхэд таны үр хүүхдийн амь насыг хэн ч хариуцахгүй. Тиймээс үнэхээр хүнд үзүүлбэр үзүүлэх шаардлагатай бол нэвтрүүлгийн багийнхнаас аюулгүй байдлаа шаард. Ядуу ч гэлээ үр хүүхдээ бид аюулгүй, эрүүл саруул өсгөх үүрэгтэй. Бусад оронд явагдаж байгаа энэ төрлийн шоу нэвтрүүлэгт оролцогчид янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг. Гэхдээ тэр бүхнийх нь цаана ХАБ-ын дүрмийг маш сайн мөрдүүлдэг. Харин манайд мөрдүүлж чаддаг бил үү. Хууль, дүрэм, аюулгүй ажиллагаа гэдгийг монголчууд ер нь мэддэг бил үү. Шоу нэвтрүүлгийн ХАБ битгий хэл хүнд, хөнгөн үйлдвэрийн салбартаа ч ХАБ-ын дүрмийг мөрдөнө гэж “гурилддаг” ард түмэн дээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Социализмаараа үлдсэн манай армид цэргийн амь ялааны аминаас дор үнэлэгддэг болжээ DNN.mn

Манай ардын арми үнэхээр хоцрогджээ. Үүний баталгаа болгож армийн сүлд дууг нь та бүхэнд сонирхуулъя.

Ардын хувьсгалын гал дунд төрсөн

Алдарт Монголын залуу арми

Анд зөвлөлтийн дайчдын хамт

Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн

Ялагдашгүй манай армийн хүч нь

Яруу алдарт намын жолоодлого

Хөрш зөвлөлтийн их тусламж

Хөдөлмөрчдийн гүн дэмжлэг байдаг… гэх үгтэй.Өнөө цагийн Монгол ардын армийн сүлд дуу нь энэ. Энэ дуугаа одоо болтол шинэ цэргүүдэд бахархалтайгаар зааж, дуулуулан алхуулж байна. Яг ямар учиртай, хэдэн онд зохиогдсон дуу вэ гэдгийг армид очсон шинэ цэргүүд буюу өнөө цагийн залуучууд яагаад ч ойлгохгүй. Ойлгохгүй байгаа нь тэдний буруу огт биш. Дээрх дуунд “Анд зөвлөлтийн дайчид” гэж өгүүлж байгаа. Тэгвэл энэ дайчид нөгөө зөвлөлт нь өнөөдөр хаана байна. Аль тэртээ 1989 онд устаж, алга болсон улсыг хэлж байгааг тэд ойлгохгүй. Яруу алдарт намын жолоодлого гэж аль намын бодлогыг хэлээд байна вэ гэж залуучууд гайхаж байгаа. МАХН-ыг хэлээд байна уу. Гэтэл энэ нам чинь Монголын сүүлчийн коммунист удирдагч болох Ж.Батмөнхийн үеийн Үндсэн хуулийн үзэл санаанаас “Нэг нам ард түмнээ жолоодож, БНМАУ-ыг удирдан чиглүүлнэ” гэсэн заалтыг авч хаясан. Гэтэл өнөө цагийн Монгол ардын арми энэ дууг сүлд дуугаа болгочихоод цэргүүдээрээ дуулуулан явна. Он цагийн алдаа гэлтэй. Өнөө цагийн залуучууд ийм утга агуулга, үгтэй дууг дуулаад омогших уу. Ийм энгийн агуулгаас л Монгол ардын арми социализмаараа царцсаныг харж болохоор байна. Зөвхөн ардын арми социализмаараа үлдсэн Монгол дахь ганц субъект биш. Үүн дээр нэмэгдээд өөрчлөгдөөгүй ноцтой хэд хэдэн салбар манайд бий.Тухайлбал, цэрэг арми, цагдаа, шорон.Дотоод бүтэц, тогтолцоо, хандлага гээд бүх зүйл нь яг л социализмаараа. Өөрөөр хэлбэл зөвлөлт маягийн буюу хүнд сурталтай, хүнийг үл хайхарсан, жирийн ардыг нийгмийн нэг эрэг шураг, илүү юм биш гэж үздэг хандлага тогтолцоо нь яг хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ үеийн цэргийн сургаал, номлол ямар байсан бэ гэхээр нэг ийм. Тухайн үед домог, шүтээн болж явсан жанжин Г.К.Жуков “Цэргийн амь нас хайран биш. Манай хүүхнүүд төрүүлчихнэ” гэж хэлж байсан. Энэ үг бол тухайн үеийн цэрэг, армийн сургууль, номлол байлаа.Цэрэг эрийн амь нас ийм л дайны үнэлэгддэг байв. Энэ номлол ОХУ-д одоо ч ид хүчтэй байна. Саяхан ОХУ-ын Төрийн Думын депутат Виталий Милонов “Манай улсын охид 18 нас хүрээд сургуульд сурах гэж бүү яараарай. Орос оронд хүн хэрэгтэй. Ирээдүйд бид асар их хүнтэй армийг бий болгох ёстой. Тэгэхийн тулд манай охид 18 хүрээд төрөх хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Мөн өөр нэг Думын депутат “Хөвгүүд 18 нас хүрээд “оков”-д очих ёстой” гэжээ. Коммунист дэглэмийн үеэс л хамгийн эрүүл саруул сор болсон залуучуудыг шилж сонгож албаар цэрэгт татаж аваад цэрэг бол хүн биш, цэрэг дагахаар тэрэг дага гэдэг үг хэллэгийг гаргаж цэргийн алба хаагчдын амь насыг үнэгүйдүүлж олон аавын хүүхдийн толгойг залгиж, үлдсэнийг нь эрэмдэг зэрэмдэг болгож ээж аавд нь тушаасаар өнөөг хүрсэн. Яг ийм үзэл сурталаар Монгол ардын арми тэртээгээс өнөөг хүртэл явж ирлээ.Цэрэг, армийн үе үеийн боловсон хүчин дандаа хуучин ЗХУ-д сургуульд сурч төгссөн байдаг. Өнөө цагийн удирдлагууд нь ч гэсэн ОХУ-д сурч төгсөж ирээд ардын армид алба хашиж байна. Боловсон хүчнийхээ хангалтыг хойноос авах сонирхол нэг талдаа их байгаа. Нөгөө талдаа хойно төгссөн нөхдийн мэдлэг, арга барил, үзэл санаа өнөөгийн Монголын армид яг таг тохирч байгаа нь социализмаараа байгаагийн тод илрэл. Хуучирсан тогтолцоо, хуучирсан арга барил Монгол ардын армийг

сөнөөж байна. Өнөөдөр цэргүүдийн байрлах анги, байруудыг нэг хараарай.Ихэнх нь хуучин барилга.Саяхан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр хотын төвд байрлах цэргийн ангийн спорт заалны зураг нийгмийн сүлжээнд шуугиан боллоо. Хана, шал, тааз гээд бүгд эвдэрсэн, хуучирсан, мөөгөнцөрдсөн байна.Заалных нь цонхнуудыг гялгар уутаар таглачихсан байх. Ийм хуучин, хөгз, чийг үнэртсэн байранд ардын хүүхэд очоод яаж эрүүл байж чадах вэ. Өвлийн хүйтэнд гялгар уутаар жавраа хаасан цонхны доор хөлсөө гартал дэглүүлсэн цэргүүд очоод л эхнээсээ хатгаа тусна. Улмаар өвчин нь хүндэрч уушгиндаа орно. Ингээд л нэгэн сайхан аавын хүү өвчний улмаас өөд болно.Яг л ийм жишээ сая болсон. Монгол ардын армид ардын хүүхдийн амь ялааны аминаас доор үзэгдэх боллоо. Цэрэгт татагдаж очоод л эхний өдрөөсөө шанаа авч, дэглүүлдэг байдал нь бүр хорон болсон гэлцэх. Өмнө армид ямар дэглэлт байсан өнөөдөр ч ялгаагүй яг л тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлэх хүн олон байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь манай армид дэглэлт огт байхгүй гэж улаан цагаан худлаа хэлж байх жишээтэй. Ер нь цэргийн дэглэлт гэдэг ойлголт Зөвлөлт холбоот улсын нөлөөллийн армид л их түгээмэл дэлгэрсэн байдаг. Хүнд суртал ихтэй, хүнийг үл хайхрсан, аймшигтай дэглэлттэй атлаа цэргүүддээ байлдааны ямар ч чадвар эзэмшүүлж чаддаггүй нь харамсалтай. Үүний баталгааг Украин Оросын дайнаас тод, бодитой харж болно. Энэ дайнд ОХУ-ын цэргүүд ёстой махан таташ болж байна. Угтаа цэрэг гэдэг бол хүн. Бас нэгэн хорвоогийн бодьгал. Тиймээс цэрэг амьдрах, амьд явах жам ёсны эрхтэй.Гэтэл нэг өвгөн командлагчийн тушаалаар л дайны талбар руу оронгуут үхэж байна. Цэргээ үхэл рүү нь түлхсэн тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй.Яагаад гэвэл ялаа алсан хүн хариуцлага хүлээдэг үү. Хатуухан хэлбэл тэр үхэж байгаа цэрэг ч гэсэн өвгөн удирдагч шиг жаргаж зовж өсч үржиж дурлаж хайрлаж амьдрах ёстой. Яг л ийм үзэл суртал өнөөгийн Монгол ардын армид нэвт шингэсэн гэдгийг саяны амиа алдсан цэргийн үхэл бат нот харууллаа. Хүн ёсны харилцаа, хандлага гэж манай армид тэр дундаа офицер, албан тушаалтнуудад огтхон ч алга. Тэд цэргүүддээ, энгийн арддаа ийм хүйтэн сэтгэлээр хандаж байхад тэдний төлөө цаашлаад эх орныхоо төлөө ямар ардын хүү дайнд орж амиа өгөх вэ. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган дайн тулаан болсон байдаг. Дайнаас гарах хоёрхон үр дүн бий.Ялах эс бөгөөс ялагдах.Ялагдаж байгаа цэргийн хүчний гол алдаа нь ерөөсөө л цэргээ хүн шиг үздэггүй жанжидтай нь холбоотой байсныг түүх хэлж өгнө.Хүнээ, цэргээ хайрлаж, хөгжүүлж байж л бид батлан хамгаалах салбараа батлан даана. Орчин цагт цэргийн хүчээр буюу хүний олноор дайнд ялдаг гэсэн онол устчихсан. Нөгөөтэйгүүр армийн байлдааны бэлэн байдал гэдэг нь нолийн ноль. Ийм арми дайсанд эсэргүүцэл үзүүлэх талаар бодохын ч хэрэггүй. Саяны спорт заалнаас долоон дор байр, танхимтай цэргийн анги олон байна гэхээр манай армийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж гэж ямар инээдтэй юм байдаг бол. Хуучин нийгмийн үед Монголд цэргийн анги олон байсан. Гэвч тухайн үед яаралтай хэрэгцээнд хөдлөөд явчих техник машин ховор байсан, бүгдийг нь тоноод хулгайлчихсан байдаг талаар бидний аав, ах нар дурсан ярьдаг байлаа. Гэтэл одоо ч энэ байдал нь яг хэвээрээ байна гэж бодохоор эмгэнэлтэй санагдаж байна.Тэд энх цагт ч эсэн мэнд ээж аавдаа эргэж ирэх баталгаа байхгүй. Тиймээс Монголын армид шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Армид өөрчлөлт оруулах шаардлага бий болж. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийг бид даруй, бүр нэн яаралтай хийх шаардалагатай. Учир нь орчин үеийн геополитик өнөөгийн арми удирдаж, болдого тодорхойлж яваа нөхдийн бодож байгаагаас тэс өөр болсон. Хэн ч ямар ч дайсан хаанаас ч хамаагүй босоод ирэхээр болжээ, эрхэм нөхөд өө.Үүнээс харвал өнөөгийн Монгол Улс ямар ч хамгаалалтгүй болсон байна. Шинэ сэргэлтийн бодлогоо цэрэг армиасаа эхэл. Юун түрүүнд хуучин ЗХУ болон өнөө цагийн ОХУ-д сурч төгссөн боловсон хүчин болгоноо цомхотголд оруулж, армиасаа зайлуулъя. Тэдний оронд барууны орнуудад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай шинэ цагийн офицеруудаар сольё. Энэ маягаар юун түрүүнд өөрчлөлт хийхгүй бол ардын арми ардын хүүхдийн амиар тоглож дуусах нь…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Метротой болтолоо микро автобусаа явуулж байя DNN.mn

Нийтийн тээврийг 100 хувь хувийн хэвшилд нь өгөх хэрэгтэйг судлаачид хэлдэг. Төрд байснаараа үйлчилгээ, хүртээмж нь дээрдсэн зүйл огт харагдсангүй. Хулгай, луйвар л гаарсан салбар болж гэдгийг нийслэлчүүд бат нот ойлгосон. Мэдээж өнөө маргаашдаа шийдвэр гаргагчид тус салбарыг бүрэн хувьчилчихгүй нь тодорхой. Дээр нь метроны үлгэр яриад арав гаруй жил боллоо. Тиймээс тэр болтлоо нийтийн тээврийн үйлчилгээндээ хувийн хэвшлийг татан оруулъя. Тэр дундаа микро автобусуудад зөвшөөрлийг нь өгөөд үйлчилгээнд гаргуулъя. Нийслэлчүүд микро автобус хөлөглөдөг байсан цаг саяхан. Тэр үед нийтийн тээврийн салбар өнөөгийнх шиг хэл ам таталдаггүй, хулгай, луйвар ороогүй байсныг санаж буй байх. Гол нь иргэд, зорчигчид гэртээ, ажилдаа очих гэж даардаггүй, хүлээдэггүй, стресстдэггүй байв. Өглөө эрт ажилдаа явах дулаан, тухтай, түргэн шуурхай унаатай. Орой гэртээ автобус зогсчихно гэж айлтгүйгээр ажлаа амжуулчих боломж, нийслэлчүүдэд байлаа. Гэтэл нийтийн тээврийн асуудлаа цогцоор нь шийдэх бодлогоо гаргаагүй байж, хувь хүмүүс буюу микро автобусуудыг энэ салбараас нохой шиг хөөж явуулсан. Хотын соёлыг муухай харагдуулж байна, түргэн шуурхай явж иргэдийг айлгаж байна гэх нэрийдлээр түрий барьж олон жил дарамтад явуулсаны эцэст бүр мөсөн зогсоосон. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн салбарт хэрэгжсэн цогц бодлого байна уу. Нөгөө соёл нь сайжирсан уу. Тэртээ 1993 онд автобусанд суух гэж “алалцдаг” байсан хандлага өнөөдөр ч яг хэвээрээ. Энэ тэгээд хөгжил мөн үү. Иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих боломжоос гучин жил хулгай хийж ирсэн нь саяхнаас ил тод боллоо. Хулгай хийх гэж л хувьд хөгждөг салбарыг төрд авдаг “заваан” зуршлаасаа хэзээ салах вэ, эрх баригчид аа. Боломж бүрийг хулгайлах зуршлаасаа жаахан хөндийрөөд юун түрүүнд иргэдийнхээ зорчих эрхийг хангаад өгөөч. Метроны үлгэрээ бодит болготол микро автобусуудаа явуулаад өгөөч. Ингэхдээ тодорхой стандарт, шаардлага тавиад зөвшөөрлийг нь өгчих. “Нугасандаа” зорчигчтой явдаг гэж шүүмжилдэг. Тэгвэл тэр болгондоо хатуу торгуулийн системтэй болчих. Тэд ч одоо тэгж явахгүй л дээ. Өмнөх шиг тухгүй, утаатай “амбаарууд” ч ховор болсон. Дандаа он залуу микро автобусууд явж эхэлнэ. Өөр ямар алдаа байсан, тэрийг нь засаад, микро автобусуудаа үйлчилгээнд гаргая. Нэгдүгээр эгнээгээр явдагаас нь илүү төлбөр авчих. Өнөөгийн төр авах, хураах асуудлаа харин ч нэг хүнээр хэлүүлэлтгүй болсон доо. Дарамталж хураадаг татвараа ч авах нь тодорхой биз. Гэхдээ цаана нь ашигтай байх бага ч гэсэн зайг нь үлдээчихээрэй. “Үнэхээр хэлэх үггүй болтол улс орныг удирдаж байна шүү…” гэж ярих иргэд олон. Болж байгаа салбар болгоныг төрд авч “бодийг нь хөтлөх”- дөө гаршиж ч гэж байна. Тиймээс хүлээгээд ирдэггүй, ирлээ ч багтдаггүй нийтийн тээвэртээ гоё, сайхан амлалт, мөрөөдлөө хэрэгжүүлтэл, хулгайчдынхаа учрыг олтол микро автобусаа явуулж байя, эрх баригчид аа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжрүүлсэн ч, түгжрэлгүй байлгасан ч тэдний дур DNN.mn

Олон жил “0” зогсолтыг ярьсан эрх баригчдын мөрөөдөл уржигдар биеллээ. Улаанбаатар хотын автозам төв, зах гэлтгүй 6-7 цаг орчим “0” зогсолтод өртлөө. Үүнийг сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж, төрийн эрх барьж байгаа МАН 2016 оноос хойш л ярьсан. Үүний цаана ямар нэгэн зорилго байдаг. Тэгвэл эрх баригчдын зорилго уржигдрын “0” зогсолтын үеэр тодорхой харагдлаа. Өдөр болгон шахам түгжирч байгаа шалтгааныг холбогдох албаныхан тухай бүрдээ тайлбар мэдээлэл хийж ирсэн бил үү. Гэтэл уржигдрын их түгжрэлийн дараа албаныхан яаран сандран худлаа, үнэн тайлбар хийлээ. Ингэж яаран сандран тайлбар хийх болсны цаад учир нь ердөө л эрх зүйн өөрчлөлттэй л холбоотой. Хотын шинэ даргыг томилсноос хойш удалгүй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

Нийслэлийн энэхүү хууль үнэндээ хотын шинэ даргын санаачилга гэдэг нь тодорхой. Уг хуулиар түгжрэлийг шийдэхийн тулд төлбөр авах системийг оруулж ирэхээр байгаа. Үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцсэн. Эрх баригчдын хувьд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар ч сонирхолгүй. Тэр тусмаа сонгууль ойртсон үед аль болох иргэдийнхээ эрх ашгийн төлөө, халамждаа анхаарсан шийдвэр гаргахыг л тэд бодно. Тэглээ гээд өөрсдийнхөө өргөн барьсан хуулийг буцаачихаж бас болохгүй. Тэгвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр яаж өөрсдийнхөө хуулийг батлуулах вэ. Үүнийг эрх баригч нам өнгөрсөн найман жилийн хугацаанд маш чадамгай шийдэж ирсэн. Тухайлбал, уржигдар болсон түгжрэл эрх баригчид яаж хууль баталдгийн бодит жишээг ил тод болголоо. Тэд түгжрэлийг бууруулах хуулиа батлахын тулд ард түмнийг хохироон байж, зохиомлоор түгжрэл үүсгэж, бүр “0” зогсолтыг бодитой мэдрүүлж чадлаа.

Уржигдар, өчигдөр, өнөөдөр ч “0” зогсолтын талаар болон дахиад “0 зогсолт болох вий дээ гэж иргэд олон нийт санаа зовнин бичиж байна. Үнэхээр “0” зогсолт хийж байхаар төлбөртэй бүсээ байгуулъя гэж зарим нь хүсч байна. Ядаж төлбөр төлж чадах нь хотын төвөөр автомашинтайгаа яваад ажлаа амжуулъя гэдэг байдлаар нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдлөө. Нийгэм ийм сэтгэл зүйтэй болохыг эрх баригчид хүссэн учраас “0” зогсолтыг мөрөөдсөн. Одоо мөрөөдөл нь биелсэн болохоор хуулиа бушуухан батлуулаад авна. Энэ бол МАН-ын хууль батлах процессын ерөнхий план. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд яг ийм маягаар олон арван хуулийг баталсан. Ингэж батлуулсан хууль болгон нь эрх баригчдад наалдацтай, иргэдэд нийцгүй байгааг хэн бүхэн хэлнэ. Хотын замыг түгжрүүлсэн ч түгжрэлгүй байлгасан ч тэдний дур. Хулгайлсан ч баригдахгүй байх нь бас тэдний дур.

Саяны зохиомол түгжрэлээс болж, хэдэн арван хүн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй амь насаа алдсан бол. Онцгой байдлын тусламж хэрэг болсон хэдэн айл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон бэ. Үүнийг эрх баригчид хумсны чинээ боддоггүйгээ харууллаа. Нийгмийн сэтгэл зүйг зориудаар өөрчилж аливаа шийдвэрийг гаргах нь өөрөө үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд шууд заналхийлж байгаа үйлдэл. Ингэж шийдвэр гаргаж, хууль баталдаг төр засгаас бид шударга ёс нэхэх нь үр дүнтэй юу…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Бямбацогт: Монголын төмөр замыг Иран, Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбосноор Европ болон Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Тээврийн долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний ач холбогдол, хэлэлцэгдэж байгаа томоохон шийдэл юу байна вэ?

-Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног 2023 олон улсын форум үргэлжилж байна. Тус долоо хоногийн хоёр дахь өдөр Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан. 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2020 км болон өргөжөөд байна. Бидний урд хойд хөрш, Ази, Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая тн ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байлаа. Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа.

-Төмөр замын салбарт Зам тээврийн яам цаашид ямар бодлого дээр илүү анхаарч ажиллахаар байгаа вэ?

-Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна. Ингэснээр бид төмөр замын таван шинэ гарцтай болно. Хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ. Мөн хөрш орнуудад үзүүлж буй төмөр замын тарифын хөнгөлөлтийг байхгүй болгох нь бидний эрх ашигт нийцнэ.

-Мэдээж төмөр зам бол Монгол Улсын хөгжлийн гарц. Тэр утгаараа тус салбарт нэлээд их ажил өрнөх нь тодорхой. Ойрын хугацаанд хийгдэх хөрөнгө оруулалт юу байна вэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын дараах төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

Тухайлбал, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор нэмэгдэж, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжинэ. Түүнчлэн “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК хэрэгжүүлнэ. Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж түгжрэл буурах боломжтой. Мөн Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Тэгвэл энэхүү салбарт ямар бодлого баримталж байгаа вэ. Бодлого зөв байж үр дүн гарна шүү дээ…?

-Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж дөрөв дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт төмөр замын гол “гурван судас”-тай болно. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын гурван боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт долоон төмөр замын боомттой болно.Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу тав дахин өснө. Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тоннд хүргэнэ. БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэнэ. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно.

-Гурван улсын тэргүүнүүд саяхан урд хөршид уулзалдсан. Тэрхүү уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газар зүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан “Екатеринбург-Наушки-Замын-Үүд-Бээжин-Тяньжин” чиглэлийн Транс-Монголын коридор нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридор юм.

Энэ коридорын урт нь Казахстаны нутгаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр дөт гэдгээс эдийн засаг, тээвэрлэлтийн хувьд ямаршуу үр ашигтай болох нь шууд харагдана. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын курагино-Кызыл-Цагаан толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна.

Бидний барихаар төлөвлөсөн төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэхээр төлөвлөж байна. Ийнхүү бид урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болсноор бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадна. Манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Гэтэл бид үүдээ түгжээд суувал хүссэн хэмжээний үр ашиг хэзээ ч хүртэж чадахгүй шүү дээ. Дэлхийн хамгийн их нөөц баялаг, дэлхийн хамгийн том зах зээлийн яг тэхий дунд нь байгаа хэрнээ загасчны морь усгүй гэдэг шиг хоосон хоцорвол улс орон яаж хөгжих билээ дээ. Тэгэхээр тээвэр логистикийн холболтоо нэмэгдүүлж бүс нутагтаа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал мөн байгаа биз.

-Хойноос урагшаа гарсан голын босоо хурдны замаа хэзээ тавих вэ?

-Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн дөрвөн эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн хоёр эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг бид хөрөнгө оруулагчид санал болгосон. Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байгааг дуулгая. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Монголчууд бид “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” ярьдаг. Бүс нутгийн тээвэр логистикийн холболт бол бидний хамтдаа хөгжих хожлын нүүдэл байх болно.

-Дэлхийтэй холбогдсон төмөр замын гарц хамгийн ойр холбогдох нь Өмнөговиос урагшаа Казакстаны төмөр замтай холбох ажлыг эхлүүлэх үү?

-Өнөөгийн байдлаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын дагуу 618 сая.тн ашигт малтмалын нөөц бүхий лицензтэй 16 компани байна. Уг төмөр зам ашиглалтад орсноор жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтад найман тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Цаашдаа бид хөндлөн төмөр замаа барьж уг коридортой холбох болон баруун тийш Бургастайн боомтоор гаргаж БНХАУ, Европ, цаашлаад Иран Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбогдох шаардлага байгаа. Ингэж чадвал Европ болон Төв Азийн орнууд руу урдуураа холбогдох, цаашлаад Иран Пакистанаар дамжин Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно. Авто болон төмөр замын тээвэр логистикийн холболтоо олон сэжимээр холбож байж бид эдийн засгаа тэлнэ, тээвэр логистикийн хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13.0 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих гээд маш олон талын ач холбогдолтой.

-Эцэст нь нэг зүйл асууя. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор метро барих асуудал яригдаж байна. Ингэхдээ БНХАУ-ын арга туршлагаар барина гэх юм. Зарим нь бусад орноос зөвлөгөө авч, өөрсдөө барих хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Метро барихгүйгээр түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэх ямар ч боломжгүй нь нотлогдсон үнэн. Улаанбаатар хот метротой болох нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд түгжрэлээс гадна хөгжлийн олон асуудлыг давхар шийднэ. Метроны зогсоол дагасан худалдаа үйлчилгээ хөгжихөөс гадна, түүнтэй уялдуулж нийтийн тээврийн автобусны зогсоол чиглэлээ давхар ухаалаг шийдэх хэрэгтэй. Миний хувьд метро барих хамгийн сайн туршлага, хамгийн сайн технологи, хамгийн сайн ТЭЗҮ хаана байна, түүнийг ашиглах ёстой л гэсэн байр суурьтай байна. Барина гэж олон жил ярьсан хэрнээ энэ талаар дорвитой ямар ч бодит алхам хийгээгүй учраас одоо хэн юу ч гэж ярьсан олон нийт эргэлзэх нь аргагүй шүү дээ. Тэгэхээр Нийслэлийн шинэ удирдлага энэ талаар зоригтой, хурдтай, үр ашигтай, хамгийн оновчтой шийдлийг гаргаж богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хийгээд харуулчихвал мэдээж олон нийт алга ташин хүлээж авна, харин хий ярьсаар л байвал асуудал улам л ужгирах аюултай. Манай ЗТХЯ-ны тухайд хэдийгээр нийслэлийн замын асуудал хотын хариуцсан ажил ч Нийслэлийн тойрог зам төслийн урд хэсэг болох Туулын 35 км хурдны зам, мөн Нисэхийн замыг Туулын замтай 800 уртааш метр холбох дүүжин гүүр барих төслийг хэрэгжүүлж түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Энэ хүрээнд саяхан төслүүдээ зарлаж, хөрөнгө оруулагчдыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэ ажилд оролцохыг урьчихаад байна. Үр дүн нь ирэх хавраас гарч ажил эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Батбаатар: Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, эрхзүйч Т.Батбаатартай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хүрээнд ярилцлаа.


-Таны хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэр утгаараа яг одоо хэлэлцэгдэж байгаа нийслэлийн хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийж өгөх ёстой юу гэвэл, тийм. Эрх зүйн өөрчлөлтийг хийж өгөхийн тулд юун түрүүнд эхлээд нийслэлчүүдийн саналыг маш сайн сонсох ёстой байсан.

Гэтэл хотын шинэ дарга хоёр долоо хоногийн хугацаанд өөрийн хийх ажлаа хуульчлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлчихсэн. Мэдээж хотын дарга хууль санаачлах субъект биш. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл гэж явж байгааг та бүхэн анзаарсан байх. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг нь болсон ч ийм богино хугацаанд бүрэлдсэн хуулийн төсөл батлагдлаа гэхэд амьдралд буух, хэрэгжихэд олон алдаа дутагдал гардаг. Тэрхүү эрсдэлээ хотын шинэ дарга болон цаашлаад эрх баригч намын нөхөд тооцсон л байх. Мэдэж байгаа болохоор хуулиа эхлээд батлуулчихъя. Дараа нь алдаа байвал засаад, сайжруулаад явъя гэдэг зарчмаар уг асуудалд хандаад байна уу гэсэн дүгнэлттэй л байна даа.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлтэй нарийн танилцсан уу?

-Миний хувьд өмнө нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулалцаж явсан хуульч. Тэр утгаараа Нийслэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг байнга судалж явдаг хүний нэг. Тиймээс энэхүү хуулийн төслийн явц эхлэхтэй зэрэгцэн санал, шүүмжлэлээ холбогдох ажлын хэсгийн хүмүүст хэлж ирсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөл өөрөө зургаан бүлэгтэй байгаа.

Гол агуулга нь түгжрэлийг бууруулах зохицуулалт болон орон сууцжуулах, түүнийг дагасан газар олголт, чөлөөлөлтийн асуудлыг шийдэхэд зориулагдсан хуулийн төсөл. Тиймээс энэ хоёр агуулгын хүрээнд хуулийн төсөл бүхэлдээ бичигдсэн гэсэн үг.

-Олон нийтийн хувьд уг хуулийн төсөлд тусгагдсан хотын төвөөр зорчихдоо төлбөр төлдөг болно гэсэн заалт дээр л маргалдаад байгаа. Энэ ер нь эрх зүйн хувьд бодитой шинэчлэл, шийдэл мөн үү?

-Улаанбаатар хот өөрөө 1.6 сая хүн амтай. Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ хотод аж төрж байгаа. Нөгөөтэйгүүр нэг саяас илүү хүн амтай буюу метрополис хот болгонд тулгардаг зовлон бол түгжрэл. Москва, Берлин, Лондон, Мумбай, Токио гэх зэрэг хотууд энэхүү асуудлаа эрх зүйн орчноо сайжруулснаар шийдэж чадсан туршлага бий. Тиймээс хотын асуудлыг шийдэхийн тулд хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол шинэчлэл мөн. Гэхдээ хууль батлахын тулд мөрддөг нэг бичигдээгүй хууль гэж бий. Тэр нь хэлэлцүүлэхээсээ өмнө олон нийтэд хуулийн төслөө эхлээд ойлгуул, саналыг нь тусга гэж. Хэрэв олон нийтийн мэдээгүй, сонсоогүй хуулийн төсөл гэнэт хэлэлцээд эхэлбэл тухайн хуулийн батлагдах процесс, цаашлаад хэрэгжилтийн явцад олон алдаа хийдэл гардаг. Тухайлбал, өнгөрсөн жил Н.Учрал сайд Цахим сүлжээнд хязгаарлалт тогтоох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж, гэрлийн хурдаар батлуулчихсан. Гэнэтийн энэхүү шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандаж, улмаар Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Яг энэ эрх зүйн кэйс дахин давтагдаж байна уу даа гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр Х.Нямбаатарын санаачилсан энэхүү хууль УИХ-аар хэлэлцэгдээд батлагдлаа гэхэд олон нийтийн шүүмжлэлийг харгалзан үзээд Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр байгаа шүү. Ингээд энэхүү хуулийн төсөл дахиж хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй царцана. Ийм нөхцөл байдал руу оруулахгүйн тулд аливаа хуулийн төслийг эхнээс нь маш нямбай, судалгаатай, санал асуулгатай өрнүүлэх шаардлагатай. Ингэхгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийн саналаар, улс төрийн оноо авах гэсэн зорилготойгоор хууль санаачлах нь өөрөө нийгэмд асар хор хөнөөлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Адаглаад төр иргэний харилцаа улам алсардаг. Төрдөө итгэх иргэдийн итгэл унадаг. Үүнээс болоод нийгмийн хэрэгцээнд тулгуурлаж батлагдан гарсан хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Том зургаар нь харвал чанаргүй, судлагдаагүй хууль боловсруулах нь өөрөө Үндэсний аюулгүй байдлын эсрэг явуулж байгаа нэг төрлийн гэмт үйлдэл шүү. Тиймээс хууль гаргахаасаа өмнө тухайн хуулиа эхлээд олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх ажлыг маш сайн хийх ёстой гэсэн үг.

-Нийслэлийн хуулийг та ер нь хурдан хийгдсэн, түүхий хуулийн төсөл гэж хэлэх гээд байна уу?

-Түүхий хуулийн төсөл гэж яг ч тодорхойлж болохгүй байх. Гэхдээ хуулийг ийм богино хугацаанд батлуулах гэж зүтгэж байгаагийн цаана байнга улс төрийн эрх ашиг нуугдаж байдаг. Хууль гэдэг амьдрал. Тэр утгаараа чанаргүй хууль гарах болгонд нийгмийн нэг хэсэг амьдрал сөнөж байдаг. Тиймээс бид хууль батлахдаа үүнийг маш сайн анхаарах ёстой юм.

-Та энэхүү хуулийн төслийг анх бэлтгэж эхлэхтэй зэрэгцэн танилцаж санал шүүмжлэлээ хэлж ирсэн гэлээ. Түгжрэл, орон сууцжуулахаас өөр ямар зохицуулалт энэхүү хуулийн төсөлд байгаа вэ?

-Түгжрэл гэдэг бол бүх нийтийн асуудал. Үүнийг шийдэхийн тулд цогц асуудлыг дэвшүүлж байж шийднэ. Тэр утгаараа ганц түгжрэлийг бууруулах хууль батлагдаад асуудал шийдэгдэхгүй. Энэ хууль батлагдсанаараа бусад эрх зүйн актуудад мөн адил өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг дагалдах хуулийн төслүүд гэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг энд хэлэх нь маш их цаг хугацаа шаардана. Тиймээс яг гол хуулийн төсөлд орж байгаа шинэ зүйл юу байна. Ямар эрх зүйн акт батлагдах гэж байгааг хэлье. Миний харж байгаагаар түгжрэлийг бууруулахын тулд төлбөр авдаг бол гэж байгаа. Ингэхдээ хотын зах хэсгээр автомашинаа зогсоолд байршуулж, төв рүү нэвтрэх хөдөлгөөнийг сайжруулахаар байна. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээг гурав дахин нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа юм билээ. Үүнийг шийдэхийн тулд тус хуулиар Нийтийн тээврийг хөгжлүүлэх сан шинээр бий болохоор байгаа. Тус сангаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээг одоо байгаагаас гурав дахин илүү сайжруулах эрх зүйн орчин бүрдэж байгаа гэсэн үг.

-Нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэдэг нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн сан байгуулагдах нь иргэдэд таалагдах болов уу?

-Олон нийт хүлээж авах эсэхийг одоогоор хэлэхэд арай эрт байна. Уг хуулийн төсөл ч батлагдаагүй, дөнгөж хэлэлцэгдэх шатандаа явж байгаа шүү дээ. Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хуулийн төсөлд энэхүү заалт тодорхой байгаа. Ямар учиртай сан бэ гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой сонсогдож байгаа байх. Тус сангийн орлого яаж бүрдэх талаар тус хуульд мөн заасан байна лээ. Тухайлбал, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн орлого нь хандив, тусламж, нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн орлого, төлбөртэй бүсийн орлого, нийтийн тээвэр ашигласны орлого зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэж байхаар зохицуулсан байна лээ. Мөн Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, орлого, зарлага, хяналтыг НИТХ тавихаар хуулийн төсөлд тусгагдсан харагдсан. Бусад сангууд шигээ дампуурчихгүй бол нийтийн тээврийн салбарт хамгийн чухал шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

 

Categories
мэдээ улс-төр

“Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ DNN.mn

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан.

Тус Хянан шалгах түр хороо Түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөө, хянан шалгагч, шинжээч нарыг шинэчлэн баталсан бөгөөд иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ.

УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Түр хорооны дарга, УИХын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Төр зах зээл, эдийн засаг давамгайлах ёстой нийгмээ дарга, сайдын шийдвэр давамгайлсан нийгэм болгож хувиргалаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа. Ер нь байнгын хорооныхоо үйл ажиллагаатай танилцаж амжсан уу?

-Миний хувьд гэнэтийн л үйл явдал боллоо. Орж ирээд удаагүй байгаа болохоор эхнээс нь ямар асуудал байна, танилцаж л байна.

-Хууль зүйн байнгын хороо бол хамгийн чухал болоод ачаалал ихтэй хороодын нэг. Тэр утгаараа орж ирж байгаа хуулийн төслүүдэд анхаарал татсан ямар төсөл байна. Цаашлаад энэ намрын чуулганыг дуустал байнгын хороо юунд илүү анхаарч ажиллах вэ?

-Засгийн газраас орж ирж байгаа хуулийн төслүүдэд хүнд суртал гаргахгүйгээр байнгын хороогоо шуурхай, ачаалалтай ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана. Ер нь миний хувьд аливаа шийдэх ёстой асуудлыг олон талын судалгаа нь бэлэн байвал түргэн шуурхай хэлэлцээд шийдэх зарчмыг баримтална.

-Эрүүгийн хуулийн олон заалтыг Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа. Тус хуулийн зарим зүйл заалтыг чангаруулах төсөл орж ирсэнийг УИХ хэлэлцэж байна. Таны хувьд орж ирж байгаа хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байна вэ?

-Одоо өргөн барьчихсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд бол суурь эрх зүйн болоод хүний эрхийг хөндсөн норматууд орж ирж байна. Мөн Эрүүгийн болон Иргэний процессын хуулиуд дагаад орж ирсэн. Энэ бүгдэд миний хувьд болон манай байнгын хорооны хувьд анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр эдгээр өргөн баригдсан хуулиуд нийгэмд гарч байгаа цочирдом гэмт хэргүүдтэй холбоотой. Саяхан нийгэмд олон хэрэг гарлаа. Яалт ч үгүй бид хуулиа яах вэ гэдгээ ярихаас өөр аргагүй болгосон. Тэр утгаараа би нийгмийн өндөр захиалгатай байгаа хуулиудад илүү анхаарна гэж байгаа юм. Хүний эрхийн байгууллагуудын санаа оноог маш сайн авч, тусгаж ажиллана. Засгийн газрын зүгээс нэлээд хатуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна шүү дээ. Тэгэхээр уг хуулийн төслүүд нь УИХ-аар хэлэлцээд эхлэхээр бид яалт ч үгүй хүний эрхийн байгууллагуудын саналыг авахаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс хатуу орж ирсэн хуулийн төсөл тал бүрээсээ судлагдаад, санал орж ирээд арай бодитой, амьдралтай болон хувирдаг. Хуулийг чангаруулж болно. Гэхдээ аливаа шуугиан дээр үндэслээд чангаруулдаг зүйл гэж байх ёсгүй. Хууль гэдэг бол бүх талын санал, нийцэл дээр боловсруулагдаж батлагддаг зүйл. Тиймээс бид тэр чигт нь илүү анхаарч ажиллана.

-Хуулийг чангаруулах асуудал согтуу жолооч дээр илүү яригдаж байна. Засгийн газрын зүгээс согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг Эрүүгийн хуулиар авч үзэх нь зүйтэй гэдэг байдлаар хуулиа өргөн барьсан. Гэтэл үүнийг Зөрчлийн хуулиар шийдэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байх шиг байна. Таны хувьд уг асуудалд ямар бодолтой байгаа вэ?

-Миний хувьд уг асуудал дээр хууль болон ялын бодлогыг чангатгах нь зөв зүйл гэж боддог. Гэхдээ ялын бодлогыг чангатгаж байна гээд амьдралаас хол тасарчихсан хууль эрх зүйн акт бид гаргаж болохгүй шүү. Засгийн газраас орж ирж байгаа төслөөр бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол эхнийх, давтан гэлтгүйгээр шууд Эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж байгаа. Уг төсөл ажлын хэсэг дээр орж ирээд дахин өөрчлөгдсөн. Яаж гэхээр согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлье. Ингэхдээ эхний удаад баригдсан тохиолдолд торгуулийг нь маш өндөр тавьж өгөх нэмээд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болгох. Харин давтан согтуугаар автомашин жолоодсон бол шууд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болгох санал гарч ирсэн. Энэ санал одоогийн байдлаар хүчин төгөлдөр яригдаж байгаа. Цаашид чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэр үед яаж өөрчлөгдөх юм мэдэхгүй.

-Хүчингийн хэрэг дээр хүүхдийн насыг 16 болгох асуудлыг олон нийт шүүмжлээд байгаа. Уг хуулийн зүйл заалт дээр танай байнгын хороо ямар байр суурьтай байна вэ?

-Ажлын хэсэг дээр уг асуудал амьдралтайгаа нийцэж байхаар буюу 14 өөрөө байх ёстой гэдэг санал гаргаж ирсэн. Бид үнэхээр дэлхийн хандлагаа авч үзэхгүй бол болохгүй. Манай хөрш орнуудад хүний гэрлэх насыг 14-16 нас гээд заагаад өгчихсөн байна. Монголчууд бүгд Монгол Улсад л амьдардаггүй. Дэлхийд хаа сайгүй монголчууд амьдарч байгаа. Тухайлбал, АНУ-д олон монголчууд маань ажиллаж амьдарч байна. Тэр улс гэрлэх насыг Их Британийн XIV зууны хуулиар зохицуулан өдийг хүртэл явж байна. Тэр хуульд гэрлэх насыг 13 гэж заасан шиг санагдаж байна. Гэтэл АНУ-д манай 10 гаруй мянган иргэн амьдарч байгаа. Тэгэхээр АНУ-д байгаа иргэн маань Монголдоо хүрч ирээд шууд гэмт хэрэгтэн болох уу. Казакстанд гэрлэх нас 14 байсан байх. Тэгэхэд манай хэчнээн мянган иргэн тус улсад амьдарч байгаа билээ. Тэнд хуулийн дагуу гэрлээд эх орондоо ирэхээр гэмт хэрэгтэн болох уу. Иймэрхүү асуудлыг тал талаас нь бодож байж хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Энэ бол нэгхэн жишээ шүү дээ. Тиймээс байнгын хорооны ажлын хэсгийн саналаар 14 өөрөө байх нь зөв гэдгийг оруулж ирж байгаа. Гэхдээ дээрх хуулиуд бүгд яг одоо хэлэлцүүлгийнхээ шатанд л явж байгаа шүү.

-Согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг чангаруулах нь зөв. Бүр Эрүүгийн хуулиар шууд шоронд хий гэдэг саналтай иргэд олон байна. Тэгэхээр хуулиар энэ зөрчилд зөөлөн хандах шаардлага байгаа юм уу?

-Бусдад аливаа нэг гэм хор учруулаагүй байгаа тохиолдолд торгоод л явуулдаг олон улсын жишиг байна. Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулиар ч гэсэн ийм. Гэхдээ тухайн жолооч согтуугаар автомашин жолоодож явахдаа бусдад хохирол учруулсан тохиолдолд шууд Эрүүгийн хуулиар зохицуулагдаж явдаг. Ийм хуультай. Би энд гэм хор учруулаагүй согтуу жолоочид ямар хариуцлага оногдуулах ёстой вэ гэдгийг ярьж байгаа шүү. Ийм хүмүүсийн асуудлыг шууд Эрүүгийн хуулиар шийдэж болохгүй. Харин Зөрчлийн хуулиар торгодог, баривчилдаг байх хэрэгтэй. Гэхдээ торговол торгосон шиг торго. Бүр яс маханд нь мэдрэгдтэл торгох хэмжээг тогтоож өгөх ёстой. Анх удаагаа согтуугаар жолоо барьсан. Ингэх явцдаа бусдад хохирол учруулаагүй хүнийг Эрүүгийн хуулиар шийтгэчихвэл дараа дараагийн амьдрал нь хүнд болж эхэлнэ. Манай зарим компаниуд тэр дундаа төрийн байгууллага иргэнийг ажилд авахдаа Эрүүгийн ял шийтгэл эдлэж байсан эсэхийг нь шалгаж, оруулдаг. Тэгэхээр тухайн иргэнд энэ нь асуудал болно. Цаашид нийгэмд амьдрах орчин нөхцөл байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ тухайн иргэн оршин байх эсэх нь аюултай болно. Маш олон асуудал бий болно гэсэн үг. Тиймээс бид уг асуудалд алсыг харсан мөн нийгмийн амьдралд наалдсан байдлаар шийдэх шаардлагатай.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд чангарч орж ирж байна гэлээ. Нийгэмд үүссэн ноцтой асуудал болгон дээр хуулийг чангатгах байдал түгээмэл боллоо. Эргээд тэрхүү чангарсан хуулийн хэрэгжилт ямар байх вэ. Хуулийг бүх нийтээрээ л дагаж мөрдөнө. Тэгэхээр амьдралд нийцсэн хууль батлагдах нь эргэлзээтэй юм биш үү?

-Хууль санаачлагчид нийгэмд нэг сенсаци гарахаар л тэр чигийн хуулийн төслийг өргөн барьж байна. Гэтэл өнөөдөр нийгэмд гарч байгаа сенсаци хэргүүдэд үйлчилж байгаа хуулиуд бий. Энэ сенсаци дээр, энэ кейс дээр хууль байхгүй байна гэж ярихгүй байгаа биз дээ. Бүгд эрх зүйн зохицуулалттай байгаа. Харин гагцхүү хариуцлагыг чангатгах асуудлыг л ярьж байна. Гэвч өнөөдөр байгаа хуулиа хэрэгжүүлэх асуудал нь илүү чухал байгаа юм. Нөгөөтэйгүүр цочирдом хэрэг болчихлоо, хэдүүлээ энэ чигийн хуулиа чангалъя, ялыг нь өшөө илүү нэмээд өгье гэж яаран сандран хөдлөх нь асуудлыг шийдэхгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн байнгын хорооны хувьд орж ирсэн хуулийн төслүүдэд хүнд суртал үзүүлэхгүй. Аль болох түргэн шуурхай шийдэхийг зорино. Гэхдээ бид тал бүрийн судалгааг харна. Мэргэжилтнүүдийн байр суурийг тусгана. Нөгөөтэйгүүр бид нийгэмд болж байгаа процессоо илүү гүнзгий судлах шаардлагатай байна. Сэтгэл сэрт хийлгэсэн хэрэг гарлаа гэхэд энэ нь хууль сул байгаагаас болсон уу. Эсвэл нийгэм стресс бухимдалтай, эдийн засгийн дарамттай, өр төлбөртэй, ажилгүйдэл ихтэй байгаагаас болж ийм хэрэг гараад байна уу. Энэ бүхнийг тал бүрээс нь судлах шаардлагатай. Тэгэхгүйгээр зүгээр хууль сул байна, ялын бодлогыг чангалчихвал энэ хэрэг гарахгүй гэдэг өнцгөөр хуулийг баталж болохгүй. Хууль чангарах тусам гэмт хэрэг багасдаг байсан бол өнөөдөр дэлхийд цаазын ялгүй нэг ч улс байхгүй байх байсан. Цаазална гээд гэмт хэрэг хийхээсээ хүн айдаг байсан бол дэлхийн бүх улс орон ийм ялтай байлгана. Гэтэл цаазын ялтай улс оронд ч ноцтой гэмт хэргүүд олон л гарч байна. Ялгүй улс оронд ч ялгаа байхгүй гэмт хэргүүд гарсаар л байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ялын бодлого чангарах тусам гэмт хэргийг ор мөргүй дарчихна гэж байдаггүй. Нөгөөтэйгүүр сэтгэцийн гажигтай хүн ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол үүнд өөр хууль үйлчлэх ёстой. Эрүүл хүнд үйлчилдэг хуулийг сэтгэцийн гажигтай хүнд үйлчлүүлж болохгүй. Эсвэл сэтгэцийн гажигтай хүний хийсэн үйлдлээс цочирдож хуулийг хатууруулж, эрүүл хүнд үйлчлэх хуулийг чангатгаж болохгүй. Үүнийг ялгаж салган гэдэг бол өөрөө маш чухал асуудал шүү.

-Таны хувьд хүний эрхийг тодоор дуугардаг парламентын гишүүн. Тэр утгаараа Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь амьдардаг Улаанбаатар хотын асуудал их. Тэр дундаа түгжрэлийн асуудал байна. Түгжрэлийг шийдэхийн тулд тодорхой бүсэд төлбөртэй зорчуулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь өөрөө иргэдээ алагчлах, хүний эрхийн зөрчилтэй асуудлыг бий болгох уу?

-Төлбөртэй болсноор хүний эрх зөрчигдөхгүй. Хуулийн хүрээнд төлбөртэй болж байгаа тохиолдолд шүү дээ. Тухайлбал, бид цэнгэлдэх тойроод наадам үзэхээр төлбөр төлж байгаад үздэг биз. Би үүнийг үнэгүй үзэх ёстой гэж нэг ч иргэн дуугардаггүй. Үүнтэй адилхан асуудал. Хотын төвийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтээрээ нийгмийн бүтээмж доошоо унаж байна. Нэг ажилд явах гэж нэг иргэн хэдэн цагийг түгжрэлд зарцуулж байна. Тэгвэл зуу зуун иргэн хэдэн цагийг зарцуулах вэ. Үүний эдийн засгийн тооцооллыг гаргавал ямар их тоо гарч ирэх бол. Тэгэхээр энэхүү алдагдлыг багасгахын тулд тодорхой хэмжээний эдийн засгийн хөшүүрэг байх ёстой гэж үзэж байгаа. Хуулийн хүрээнд төлбөртэй болгосон тохиолдолд энэ нь хүний эрхийг зөрчихгүй. Харин хүний дургүйг хүргэж магадгүй. Түгжрэл гэдэг бол бүх нийтийн оролцоотойгоор шийдэх асуудал. Тиймээс бид бүгд ямар нэгэн төлөөс төлж байж л энэ асуудлыг шийдэж чадна.

-Төсвийн тухай хуулийг Их хурал хэлэлцэж байна. Мөн Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна л даа. Зарим улс төрчид гуя дагаж хүзүү гэгчээр хуульд өөрчлөлт хийдгээ зогсоо гэж байна. Таны хувьд дагаж орж ирж байгаа хуулийн төслүүдэд ач холбогдолгүй эсвэл хуулийн хулгай орсон зүйл байгаа гэж харж байна уу?

-Хууль хоорондын уялдаатай холбоотой асуудлыг үнэхээр эргэж харах зарим зүйл байна. Тухайлбал, Цахим технологитой холбоотой хууль орж ирж байхад дагалдаад 122 хууль өөрчлөх гэж байсан. Тэгэхээр ингэж хууль өөрчилж болохгүй. Учир нь байгаа бүх хуулиа шүүж гаргаж ирээд өөрчилнө гэвэл бүтэхгүй асуудал. Монголын хууль цаашдаа ч тоолж барамгүй олон болно. Тэр болгонд бүгдийг нь шүүж гаргаж ирээд өөрчилнө гэвэл бүтэхгүй шүү дээ. Батлагдаад гарсан хууль тухайн салбартаа нэвтрээд л орсон бол түүгээр нь орхих. Эсвэл өөрийнх нь хуулиар шинэчлээд л явдаг. Ямар ч эрх зүйн тогтолцоотой оронд хуулиуд хоорондоо зөрчилдөх зүйл бий. Гэхдээ үүнийг шийдэх механизм гэж бас байна. Тухайлбал, нэг зүйлд эрх зүйн хоёр зохицуулалт явж байвал сүүлд гарсан зохицуулалтаар хэрэгжинэ гэсэн заалттай. Эсвэл илүү нарийвчилж зохицуулсан хууль үйлчилнэ гэж байдаг. Нөгөөтэйгүүр бид энэ механизмаа бас эрх зүйн хүрээнд эргэж харах асуудал их байгаа юм билээ.

-Ер нь байнгын хорооны даргын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх жилийн Төсвийн тухай хуулийг юу гэж үзэж байна. Их тэлсэн төсөв л гэж хүмүүс дүгнэж байна л даа…?

-Урьд өмнө байгаагүй мундаг том төсөв орж ирж байна. Би эхнээсээ дуустал ганцхан зарчим хэлж байгаа. Энэ том төсөв чинь хэзээ ч өлсгөлөн нь тайлагдахгүй, шунал нь барагдахгүй том төрийг тэжээж чадахгүй. Алдагдалтай төсөв орж ирж байгаа. Олсон мөнгөө зарцуулаад зогсохгүй, дээр нь зээл авч байгаад үрж байгаа. Үүнийг бид багасгах хэрэгтэй. Үүнийг багасгах тухай ярихгүйгээр төсвийн өөрчлөлт шинэчлэлтийг ярих боломжгүй. Энэ бол суурь өөрчлөлт шүү. Бидний 1990-ээд онд байгуулсан зах зээл давамгайлсан эдийн засаг өнөөдөр төр давамгайлсан, сайд дарга нарын шийдвэр давамгайлсан нийгэм болж хувирсан. Бүр бодитой бий болчихсон. Бизнесүүд хоёр, гуравдугаар эгнээний тэр цаана нь байж байдаг болсон. Бизнесийнхэний дуу хоолойг сонсож байгаа хүн төрд байхгүй. Зөвхөн пиарын зорилгоор сонсвол сонсдог болсон. Гэтэл ийм биш шүү дээ. Баялгийг бизнесийнхэн бүтээдэг байх ёстой. Төрд ийм их мөнгө хуримтлагдах ёсгүй. Тэр мөнгөө бизнесийнхэнд дэмжлэг болгоод явуулах хэрэгтэй. Түүнээс 225 мянган хүнтэй төр хэмээх армийг тэжээх гэж алдагдалтай төсөв батлаад яах юм бэ. Бүр өр тавин байж санхүүжүүлж байгаа шүү.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ, тэгвэл. Ойрын хугацаанд энэ байдал засагдах болов уу?

-Өөрчилье гэвэл өөрчилж болно. 1990-ээд онд нэг өөрчилж болсон. Харин тэр өөрчлөлт бодит үр дүнгээ гаргатал хугацаа орно. Одоо үүнийг өөрчлөх тийм амар биш л дээ. Тиймээс миний түрүү нь хэлсэн Төрийн өмчит компанийг нэгээр ч нэмж байгуулахгүй гэдэг чинь ийм учиртай юм шүү дээ. Би энэ асуудлыг цөөлье гэж оруулж ирээгүй. Харин нэмж байгуулахгүй байя л гэж байгаа юм. Гэнэт цөөлчихвөл зах зээл дээр хоосон вакум орчин үүснэ. Ялангуяа бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж магадгүй. Тэгвэл эдийн засагт бүр сөрөг нөлөө учруулна. Тиймээс ямартай ч нэмж байгуулахгүй байя гэж байгаа юм. Эдийн засгаа хувийн хэвшлээрээ өсгүүлье. Түүнээс биш төр өсөөд томроод байж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал өөрөө тодорхой хугацаанд үе шаттайгаар зөв явах учиртай. Гол нь үүнийг бид даруй эхлүүлэх ёстой. Эхлэлээ хүлээгээд улам томруулаад байж болохгүй.