Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Том тойргоос сонгогдсон парламентын гишүүд жалга, довны асуудал ярьдаггүй болно DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг  үеийн асуудлаар ярилцлаа.

– Ирэх сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах асуудлыг эрх баригч намын бүлэг дэмжлээ. Тэгэхээр бүсчилсэн тойргоор явуулна гэдгийг та тодорхой тайлбарлахгүй юу?

– Тойргийг бүсчилж томсгоё гэдэг дээр УИХ-д суудалтай улс төрийн намууд санал нэгдсэн. Улсын хэмжээнд 21 аймаг бий. Үүнээс харвал ерөнхийдөө сонгуулийн долоон бүс буюу долоон тойрог болох боломж бүрдэж байгаа юм. Ингээд л ерөнхийдөө том тойргоор л сонгуулиа явуулна гэсэн үг. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахын гурван том давуу тал байна гэж бид үзэж байгаа.

-Давуу талууд нь уу?

-Тийм. Нэгдүгээрт, УИХ улс орны эдийн засаг, төсөв, хөгжлийн асуудлыг цогцоор нь ярьдаг болно. Улс орны түвшинд гэсэн үг. Ийм парламенттай болох нь бидний хувьд яг өнөөгийн цаг үед маш том давуу талыг бий болгоно. Одоо бол парламентад гишүүд өөр өөрсдийнхөө тойргийг л ярьдаг шүү дээ. УИХ-ын гишүүн атлаа сум, багийн сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг ярьдаг. Үүнийг шат шатандаа буюу доогуураа шийдээд, яриад явах боломжтой. УИХ-ын гишүүн хүн ийм нарийн ажлыг буюу дэндүү цөөнхийн эрх ашгийг ярих ёсгүй. Тиймээс энэ байдал засагдана. УИХ-ын гишүүн хүн улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэх, улс орны хөгжлийн бодлогыг илүү боловсронгуй болгох чиглэлд л гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, хот, хөдөөгийн тэнцвэр хангагдаж эхэлнэ. Өнөө цагт хот, хөдөөгийн ялгаа маш өндөр байна. Энэ асуудал дээд түвшиндээ буюу бодлогын түвшинд шийдэгдэнэ гэсэн ү г . Гуравдугаарт, мэргэшсэн парламент бүрдэхэд уг сонгуулийн систем чухал ач холбогдол үзүүлнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын нэр хүнд өснө.

Энэ байгууллага руу төрийн болон улс төрийн зүтгэлтэн орж ажиллана гэсэн үг. Дээрх гурван том давуу талыг нь харгалзан үзээд гурван намын дарга уг асуудлаарх Тунхаг бичигт гарын үсэг зурсан байгаа. Тиймээс уг асуудал ерөнхий түвшиндээ шийдвэрлэх шатандаа хэдийнэ орсон гэж ойлгож болно.

-Тэгэхээр тэр, тэр аймгуудыг нэг бүс болгоно гэдгээ албан ёсоор тохироод тогтчихсон уу. Мэдээж 78 мандаттай байх нь тодорхой биз?

-Ирэх сонгуулиар бүрдэх парламент 126 гишүүнтэй байна. Үүнээс 78 нь тойргоос сонгогдоно. Тэр утгаараа яг одоо бол энэхүү 78 гишүүний тойрог, мандатыг хувааж байна гэж ойлгох хэрэгтэй. Албажуулж УИХ-аар хараахан хэлэлцүүлээгүй байгаа. Ерөнхий боловсруулагдсан төслөөс харвал 13 тойрог, 78 мандаттай байхаар тусгаж өгсөн байгаа. Орон нутгийн хувьд гэвэл долоон тойрог гарч ирэхээр байна. Үүнээс Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж явах боломжтой гэсэн анхны төсөл гарсан.

-Бүсчлэх асуудлыг яг ямар шалгуураар тогтоон гаргаж ирсэн байх уу?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа Бүсчилсэн хөгжлийн хуулиар нийт таван бүс байдаг. Баруун, зүүн, төв, хангай, Улаанбаатарын бүс гэх мэт. Уг гол таван бүсийг дотор нь дэд хэлбэрээр ерөнхийд нь ингэж долоо хувааж болох юм байна гэж үзсэн. Мэдээж энэ бол анхан шатны санал, төсөл. Цаашид УИХ-аар хэлэлцэгдээд явахаараа зарим нэг зүйлд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Мэдээж олонхоороо хэлэлцээд засч сайжруулаад явна гэсэн үг.

-Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс, тойрог болгож байгаа нь ямар учиртай юм бэ?

-Сонгуулийн тойрог гэдэг бол засаг захиргааны нэгж огт биш шүү. Үүнтэй манайхан жаахан андуураад байх шиг байна. Баян-Өлгийн тухайд гэвэл Үндэсний цөөнх гэдэг агуулгыг нь бид хамгийн түрүүнд авч үзэх шаардлагатай. Монголд ч гэлтгүй бусад улс орнуудад тухайн үндэстэнийг парламентдаа төлөөлөлтэй байлгахын тулд мандат олгодог. Ийм жишигтэй. Тиймээс бид ч гэсэн үндэсний цөөнх гэдэг утгаараа Баян-Өлгийн төлөөлөл парламентад заавал байх ёстой гэсэн зарчимыг барьсан. Тус аймаг одоо гурван мандаттай. Энэ тоог нь бууруулахгүйгээр хадгалж үлдэх нь илүү чухал гэдэг утгаараа дан тойрог болгосон. Хэрэв бусад аймгуудтай нийлүүлчихвэл гурваас илүү ч мандаттай болж магад, эсвэл бүр гурваасаа багасахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс төлөөллийг нь найдвартай хангахын тулд л гурван мандаттайгаар нэг бүс болгон өгч байгаа юм. Бусдаар бол илүү дутуу үзсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Та бол эрх баригч намын бүлгийн дарга. Тэр утгаараа бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь хэнд ашигтай гэж харж байна вэ?

-УИХ-д суудалтай парламентын гишүүд болон улстөрчид, судлаачид энэ асуудлыг дэмжиж байгаа гэдгийг онцлон хэлье. Ямар учраас гэдгийг нь дээрх гурван үндэслэлээр би хэлсэн. Нөгөөтэйгүүр бүсчилсэн тойргоор явуулах нь улс оронд, улс орны хөгжилд нэн чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Өмнө нь бид энэ хэв маягаар сонгууль явуулж үзээгүй. Тиймээс алдаа, оноо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйл дээр бид итгэл үнэмшилтэй яваа. Тэр нь том тойргоос сонгогдсон парламентын гишүүд дов, жалганы асуудал ярьдаггүй, улс орны хэмжээнд, олон нийтийн эрх ашигт нийцсэн асуудлыг илүү ярьдаг болно л гэж харж байгаа.

-Улстөрчдийн хувьд фракцлах их дуртай хүмүүс. Тэр утгаараа уг хэв маягаар сонгууль явууллаа гэхэд үр дүнд нь бүрэлдсэн парламент бүс бүсээрээ фракц үүсгээд төрийн ажлыг гацаах эрсдэлтэй юу?

-Тийм үзэгдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Бүсийн фракц гэдэг зүйл яагаад ч гарах боломжгүй байх. Одоо нэг аймгаас сонгогдсон гурван гишүүн хоорондоо нэгдэж чаддаг бил үү. Нэгдээд тухайн аймаг, тойргийнхоо асуудлыг шийддэг нь цөөхөн байна. Тиймээс үүнийг зогсоож нийтээрээ нэг зүйлийн төлөө буюу улс орны хөгжлийн төлөө хардаг болгоход энэ хэв маяг чухал л гэж ойлгож байгаа. Цаашид энэ тогтолцоогоор явбал УИХ-ын гишүүн жалга дов ярьдаггүй болно. Сум, аймаг, хороо, дүүрэг ярихгүй. Харин бүс л ярьдаг болно. Монгол Улсын хувьд бүс нутгийн хөгжил хамгийн чухал байгаа шүү дээ.

-Сул тал танд харагдаж байна уу?

-Мэр сэр сул тал байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэр нь бие даагч яах юм бэ гэж. Энэ том тойрогт бие даагч гарч ирэх боломжгүй юм биш үү гэж байгаа. Би хувьдаа үүнийг харин ч том боломж гэж ойлгож байгаа. Бие даагч гарч ирэх боломжтой. Тухайн бүсдээ нэр хүндтэй хүн бие даагаад гараад ирэхгүй гэх газар үгүй. Тиймээс энэ нь тийм ч сул тал болохгүй болов уу. Гол нь улс орны хөгжил хэлэлцдэг парламенттай болох нь бидний чухал давуу тал болно.

-Бүлэг дээр шатахууны асуудлаар салбарын сайдын мэдээллийг сонссон. Яг одоо гараад харвал нөхцөл байдал тун хүнд байна. Үүнийг яаралтай шийдэхийг иргэд шаардаж байгаа. Бүлгийн даргын хувьд уг асуудлын шийдлийг болоод шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ?

-Хэвийн болно гэдгийг салбарын сайд Ж.Ганбаатар байнга л мэдээлэл өгч байгаа. Гол асуудал байна. Шатахуун дээр гэж яривал өнгөрсөн ес, 10 дугаар сард нэлээд хязгаарлалт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс шатахууны нөөцөө үндсэндээ шавхчихсан. Одоо шавхчихсан нөөцөө буцаагаад бүрдүүлж гүйцэж чадахгүй байгаатай холбоотой л хүндрэлүүд гарч байх шиг байна. ОХУ-ын хувьд шатахууныхаа хэмжээг бууруулаад байгаа зүйл огт байхгүй. Хоёрдугаарт, манай дотоод хэрэглээ маш их хэмжээгээр огцом өсч байна. Сард 90 мянган тонн түлш хэрэглэдэг байснаа 140 мянган тонныг хэрэглэж байна. Энэ бол эдийн засаг өссөн, эскпорт нэмэгдсэнтэй холбоотой хэрэглээний өсөлтүүд гэж ойлгох хэрэгтэй. Бид өмнө нь 30-40 сая тонн нүүрс гаргачихлаа гэхээр маш өндөр экспорт хийлээ гэж ойлгодог байсан. Харин одоо 70-80 сая тонн нүүрс экспортлох урьдчилсан гүйцэтгэл харагдаж байна. Хоёр дахин нэмэгдчихсэн гэсэн үг. Тэгэхээр экспорт, эдийн засгийн өсөлтөө дагаад шатахуун түлшний хэрэглээ нэмэгдчихэж байгаа юм. Үүнээс болоод л нөөцөө шавхчихаж байна гэсэн үг. Уул уурхайн яамнаас энэ оноос өмнө АИ-92 бензиний нийлүүлэлт, борлуулалт хэвийн түвшиндээ орно гэсэн мэдээллийг өгч байгаа. ОХУ-тай манай улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга холбогдох сайд, дарга нь байнгын холбоо харилцаатай байна.

-Ер нь ингэж гаднын улс орныг царайчилж суухаар өөрсдөө дотооддоо энэ асуудлаа шийдэх боломжийг УИХ-ын түвшиндээ хэлэлцэхгүй юм уу. Нефтийн үйлдвэр барина гэж олон жил ярилаа шүү дээ. Энэ асуудал жишээ нь ямар түвшинд яваа юм бэ?

-Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ чиглэлд бид Энэтхэг улстай хамтарч уг том төслийг хэрэгжүүлж байна. Ямартай ч нефтийн үйлдвэрийг бид барьж байгаа. Ковидын болоод хил хаалттай нөхцөл шалтгаанаас үүдээд тус төслийн ажил саатсан нь үнэн. Угтаа 2024 онд нефтийн үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан.

-Тэгвэл хэзээ яг ашиглалтад орох юм бэ?

-Уул уурхайн яамнаас нефтийн үйлдвэр 2025 оны сүүлээр ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс дотоодынхоо түлш, шатахууны тодорхой хэрэгцээг өөрсдөө хангадаг чиглэл рүүгээ явж байна. Нөгөөтэйгүүр манай иргэд шатахуун бензин хомсдоод ирэхээр ОХУ крантаа хаачихлаа гэж шүүмжилж байна. Угтаа ОХУ-ын талаас ямар ч асуудалгүй нийлүүлэлтээ хийж байгаа юм билээ. Тиймээс цаашид сошиалаар давлагаалж хэт нэг өнцгийг барьсан мэдээлэл түгээхгүй байх дээр анхаарах ёстой байх аа.

-Өнгөрсөн жилийн өдийд иргэд нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж жагссан. Тухайн үед та бүлгийн даргын хувьд “Манай намд нүүрсний хулгайд нэр холбогдсон хүн алга байна” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг та харж байгаа байх. Тэр үед яагаад та ингэж хэлэв. Үнэхээр намынхандаа итгэж байв уу?

-Тэр ийм юм шүү. Яг үнэн бодит асуудлыг нь зарим хүмүүс ингээд гуйвуулчихдаг. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг та эргээд нэг санаарай. Гадаа ард түмэн жагсчихсан хэн нь нүүрсний хулгайч вэ, Ерөнхий сайд хэний нэрийг зарлах бол, аль намаас нь нүүрсний хулгайч гарч ирэх вэ гэдэг дээр төвлөрчихсөн, хүлээчихсэн үе байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайч нарыг зарла гэж шаардсан. Иргэдэд нэр гарч ирэх нь чухал байсан. Тэр үед надаас танай бүлгийн гишүүдээс нүүрсний хулгайтай холбогдсон гишүүд байхгүй юм уу гэж олон хүн асууж байсан. Тэгэхээр нь тэр үед “Өнөөдрийн тухайд манай намын бүлгээс энэ хэрэгт нэр холбогдсон хүн гарч ирээгүй байна” гэдэг тайлбарыг л өгч байсан. Түүнээс биш манайд ер нь нүүрсний хулгайч байхгүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Тэр өдөр, тэр мөчид л манайд хулгайтай холбогдсон улстөрч байгаагүй. Би байгаагүй зүйлийг байгаа, байж магадгүй гэж хэлж болохгүй биз дээ. Гэтэл үүнийг Д.Тогтохсүрэн ёстой нам дотор нь хулгайч байхгүй гэж хэлж байсан. Ингэж нэгнийгээ өмөөрдөг гэх мэтээр гүтгэсэн, дайрсан л даа. Тэгэхээр асуудал, он цагаа зөв ойлгож байж бусад руу дайрах хэрэгтэй.

-Нүүрсний хулгайтай нэр холбогдсон МАН-ын гишүүдээ та бүхэн 2024 оны сонгуулиар дахиад гаргаж ирэхгүй биз дээ…?

-Тухайн хүнийг нэр дэвшүүлэх эсэхийг бүлэг ч юм уу, би мэдэх асуудал биш. Намын удирдлагуудын түвшинд яригдах асуудал байх. Мэдээж нэр цэвэр хүмүүсээ л нам дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Нүүрсний сонсгол ид үргэлжилж байна. Сонин, содон хүмүүсийн нэр ч гарч ирж байх шиг. Зарим хүмүүс ямар учраас очиж байгаагаа ч мэдэхгүй гэж байна. Энэ асуудалд таны нэр ч холбоотой гэх мэдээллийг цахим сүлжээнд нийтлэх болж. Та нүүрсний хулгайтай ямар нэгэн байдлаар холбоотой юм уу?

-Сүүлийн үед их амар юм болж байна. Юм л болбол миний нэрийг хаа хамаагүй хэрэгт гутгах ажил идэвхтэй өрнөж байна. Тэр дундаа нэр, зүсээ нуусан фэйсбүүк хуудас болон пэйжүүдээр миний нэр төрд халдсан үйлдлүүдийг их хийх болж. Тухайлбал, Чалкогийн машин дунд Д.Тогтохсүрэнгийн машин давхар явдаг гэсэн зүйлийг гаргаж ирсэн байна лээ. Мөн Өвөрхангай аймагт болсон хэрэг төвөг, янз бүрийн доголдолтой зүйлд л би буруутан, би хамаарал бүхий этгээд болчихсон явдаг. Ёстой нөгөө муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Мэдээж улс төрийн сонирхол цаана нь явагдаж байгаа. Гэхдээ юм гэдэг хэмжээ хязгаартай. Ганц нэг гүтгэлэг, доромжлолыг тэвчиж болно. Түүнээс ихэдвэл энэ нь хууль зөрчсөн хүнд гэмт хэрэг болж хувирна. Тиймээс зарим нэг улаан цагаан гүтгэж, доромжилж байгаа этгээдүүдийг би холбогдох хууль цагдаагийн байгууллагад нь өгнө гэж бодож байгаа. Нүүрсний хэргийн тухайд гэвэл миний нэр битгий хэл сүүдэр ч энэ хэрэгтэй огт хамаагүй. Надад нүүрс болон бусад байдлаар ашиг орлого олъё гэсэн санаа зорилго байх битгий хэл тийм бодол ч толгойд орж ирэхгүй. Би ийм л хүн. Намайг мэдэх хүмүүс олон. Нуулгүй хэлэхэд ЖДҮ, сангуудийн зээл, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг янз бүрийн асуудалд нэр холбогдоогүй гишүүд цөөхөн байх. Түүний нэг нь би. Харин сүүлийн үед Өвөрхангайтай холбоотой асуудал болгоны ард миний нэрийг оруулж байна. Энэ бол улс төрийн цэвэр явуулга. Өөрөөр хэлбэл миний өрсөлдөгчдийн хийж байгаа ажил гэдгийг би тодорхой хэлье.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Адьшаа: Нүүрсний сонсгол гэгч нь чиглэлээсээ хазайж, жинхэнэ хулгайч нараа нуух зорилго цаагуураа агуулж байгаа юм биш үү DNN.mn

Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ.


Сонсголын эхэнд Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Нүүрсний хулгайтай холбоотой янз бүрийн тоон дүн яригддаг. Зарим нь 40 их наяд, 44 их наяд гэж ярьдаг. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай байна гэж хэлсэн. Тиймээс анх 40 наядын хулгай гарсан гэдгийг нотолж ярьж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд болон 440 их наяд гэж хэлсэн С.Ганбаатар нарыг гэрчээр дуудаж, энэ талаар тодруулъя. Тиймээс түр хорооны хоёр гишүүн энэ ярьсан тоо баримтаа ямар үндэслэлээр гаргаж ирсэнээ эхлээд хэлээд өгөх үү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Шинжээчдийн хэлж байгаагаар бол нөгөө 40 их наядын хулгай бараг нэг их наяд төгрөг болоод буурчихлаа. Бодвол тоонуудыг нь сайн харсан байлгүй дээ. Уг нь энэ тооцоолол бол 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд байсан. Тооцоод 40 их наядын хулгай явагджээ гэж гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг болон энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан байдаг. Тэгэхээр түр хорооны шинжээчдийн туршлага, мэдлэг ямар билээ гэдэгт миний хувьд эргэлзээтэй байгаа. 40 их наяд гэдэг бол магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ “Эрдэнэс Монгол” ХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байгаагаа онцолсон. Тодруулбал, төрөөс гадуур их хэмжээний мөнгө хяналтгүй эргэлдэж байна. “Таван толгой” ХК дээр өнөөдрийг хүртэлх сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллароор ачигдаж байж, хилийн цаанаа 180 гаруй ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр далд байгаа эдийн засгийг ил болгож дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэхээр байгаа гэдэг мэдэгдлийг хийж байв. Энэ мэдэгдлийн дараа бидний эдийн засагчид судалж үзсэн. 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад ДНБ 46 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэсэн үг.

Одоо хоригдож байгаа Б.Ганхуяг гэдэг нөхөр нүүрсний хэргийн талаар мэдэхгүй байна гээд байгаа. Мэддэг хүн нь ирнэ гэсэн, ирсэн хүн нь Н.Удаанжаргал байсан. Хоёр том тортой зүйлийг нь 20-хан минутад танилцуулаад нууцад хамаарна гээд гарын үсэг зуруулсан. Тэр тортой зүйлстэй нь танилцах гэтэл удаан танилцаж болохгүй гэсэн. УИХ-ын гишүүд нь түүнийг мэдэхгүй байсан. Тухайн үед би Зам тээврийн сайд Л.Халтарыг ч дуудсан. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг нөхдийг дуудаж мэдээлэл авч ир гэхэд сайд нар нь ч мэдээллээ мэдэхгүй байсан. Тухайн үеийн нууцлалтай гэрээгээр нүүрсний тонн тутмаас их хэмжээний мөнгө авч, гэрээгээр халхавчилсан. Өнөөдрийн сонсголын үеэр шинжээчид ч танилцуулж байна. Статистик мэдээлэл нь зөрүүтэй. Тэгсэн мөртлөө эзэн холбогдогч, баримт материал нь далд. Тиймээс энэ асуудлыг шинжээчдийн хувьд нухацтай авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, битгий улс төр хий. Би хэвлэл мэдээлэл дээр явж байсан тоог үндэслээд тайлбарласан. Жишээ нь 40 их наяд төгрөг гэдэг бол 400 сая хонь. Ард иргэдэд нүүрсний хулгай гэж ямар том зүйл байгааг л ойлгуулах гэж ингэж хэлсэн.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -С.Ганбаатар гишүүн ээ, та одоо 440 их наяд гэдэг тоон дүн дээрээ байна уу. Эсвэл тэр үед сэтгэл тань хөөрөөд ингээд хэлчихсэн юм уу. 440 их наяд гэж танаас өөр ярьсан хүн алга. Ийм нэг уянгын халилаа та одоо боль оо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Б.Энхбаяр аа, чи яасан юм ойлгодоггүй хүн бэ. Би хэлж байна шүү. Хэвлэл мэдээлэл болон интернэтээр явж байсан тоог тайлбарлаж ярьсан. Энэ бол аугаа том хулгай. Энэ бол мянганы хулгай. Энэ бол эрх баригчдын тэр дундаа МАН-ын хулгай шүү. Та тэгээд өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Б.Ганхуягийг л хурдан авч ир гэдгийг би хэлье.

Ингээд Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр гишүүнийг эргээд суудалдаа суухыг урьсан. Энэ үеэр Түр хорооны бусад гишүүд С.Ганбаатар болон Т.Доржханд нарын гишүүдээс асуулт асуух гэсэн боловч Түр хорооны дарга зөвшөөрсөнгүй. Үүнээс болж Түр хорооны гишүүдийн дунд маргаан өрнөсөн.

Үргэлжлээд Нүүрс тээвэр болон экспортын асуудлаарх шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Шинжээчдийн дүгнэлтийн дараа Түр хорооны гишүүд холбогдох гэрчүүд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа нараас асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Шинжээчдийн дүгнэлтээс нийт тав орчим тэрбум ам.долларын нүүрс тээвэрлэлт Монгол Улсаас гарсан гэж байна. Үүнээс хамгийн их буюу хил гаалийн бүрдүүлэлтгүй гасран 20 жолоочийг гэрчээр дуудсан. Мөн тооны компанийн холбогдох хүмүүсийг гэрчээр дуудан оролцуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -УИХ-ын гишүүдээс гарч байгаа үг ямар хор нөлөөтэй гэдгийг 40, 440 их наяд төгрөгийн хулгай байна гэдэг зүйлээс тодорхой харж болно. Үүнээс болж өвлийн хүйтэнд олон залуус эрүүл мэнд, үзэл бодлоороо хохирсон. Гэтэл сая гишүүд хэлж байна. Интернэтээр явж байгаа мэдээллийг л эш татсан гэж хэллээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй байж болохгүй. Та нар муу сайн ч УИХ-ын гишүүд биз дээ. Та бүхний хэлсэн энэ хариуцлагагүй үгнээс болж Монголын ард түмний төрд итгэх итгэл буурсан шүү.

Гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Энэ сонсголд би ард түмэн, төр засгаа хүндлээд ирсэн. Ийм бузар гүтгэлэг Монголын түүхэнд дахиад гарах уу, үгүй юу. Би хэлж мэдэхгүй юм. Би 2005 онд Монголын гаалийн байгууллагаас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр томилогдсон. 2012 оноос хойш миний бие болон манай ах дүүс, хамаарал бүхий хүмүүс “Эрдэнэс Таван толгой” компани болон бусад уул уурхайн компаниудаас нүүрс худалдан авах, хөрс хуулах үйлчилгээний бизнес хийсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг тойруулах, жинхэнэ нүүрсний хулгайч нарыг нуух зорилго цаана нь явагдаж байгаа юм биш үү. “Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг энэ сонсгол гэгчдээ яагаад оролцуулахгүй байгаа юм бэ. Энэ хүн оролцох ёстой. Гол гэрч болсон хүн шүү дээ. Тиймээс энэ хүнийг оруулахыг албан ёсоор хэлж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Ш.Адьшаа гишүүн ээ. Энэ зөвхөн “Эрдэнэс таван толгой”-н асуудлыг ярьж байгаа. Бусад уул уурхайн компаниудыг яриагүй шүү.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Б.Энхбаяр аа, би ярих ёстой зүйлээ хэлчихье ээ. Чи тэнд суучихаад дарга гэдэг эрх мэдлээрээ хүний хэлэх үгийг боох, хаах эрх байхгүй шүү. Би таныг хүндэтгэж байгаа шүү. Жаахан хүндэтгэлтэй байна шүү.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -Би таныг хүндэтгээд л яриулаад байгаа шүү дээ. Таны үүсгэн байгуулсан компани дээр Жаргалсайхан гэдэг хүн өмнөх сонсголын үед жижиг “Таван толгой” компанитай холбоотой асуудлаар гэрчээр оролцсон. Та энэ хүнтэй хамтарсан нүүрс тээврийн компанитай юм байна. Мөн таны зөвлөх бас нүүрс тээврийн компанитай гэдэг асуудал яригдаж байна шүү. Зөвлөх нь ийм асуудалд холбогдохтой зэрэгцээд та чөлөөлчихсөн байна. Баригдахаа мэдээд ийм үйлдэл хийв үү. Та юунд сандраад байна вэ.

УИХ-ын гишүүн Адьшаа: -Би биш Б.Энхбаяр чи өөрөө сандраад байгаа юм биш үү. Өнөөдөр миний хувьд тэр Мөнхцэцэг гэдэг хүн ямар компанитай, ямар аж ахуй эрхэлдэг гэдэг байдлыг нь харгалзаж зөвлөхөөрөө томилоогүй. Харин гадаадад сургууль төгссөн. Англи, Орос хэлний онцгой орчуулагч бүсгүй учраас л зөвлөхөөрөө авсан. Миний хувьд хуулийн төсөл боловсруулах ажилдаа туслуулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авч томилсон. Ийм зүйлээр намайг яллах ажиллагаа явуулах гэж байгаа нь өөрөө утгагүй. Өнөөдөр чинь 1937 он биш шүү, Б.Энхбаяр аа. Ийм зүйлээр хүнийг хэрэгт хийнэ гэвэл энэ төр, энэ нийгэм чинь хаашаа явах вэ. Бусад тэр компанийн талаар би юу ч мэдэхгүй. Энэ ер нь юу болоод, ямар ажиллагаа явагдаад байгаа юм бэ. Өглөө энэ сонсголд ирээд л 10 компанитай болсоноо мэдлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -А.Адъяасүрэн таныг УИХ-ын гишүүн болохоос өмнө бил үү, болсоны дараа ч юм уу, мэдэхгүй. С зөвшөөрөл авах гэж бусдад авлига өгсөн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудал үнэхээр бодитой юм уу.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: -Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдан олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс би хүндэтгэн ирсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө би улс төрд ямар нэгэн нөлөө бүхий ажил хийж байгаагүй. Улс төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаагүй. Би 1999 оноос эхлээд зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Жолооны сургалт, авто тээврийн бизнес явуулж ирсэн. Монгол Улсад нийт 40 гаруй мянган жолооч бэлтгэсэн байна. Миний үед Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан 400 гаруй тээврийн компани байсан. Хамгийн оргил үе дээ 17 мянган жолооч ажиллаж байсан. Жолооч, тээвэрчдийн зовлон жаргалыг мэддэг, энэ бизнесийн орчны сайн, мууг ойлгодог бүсгүй УИХ-д орж ирсэн. 2020 оны тавдугаар сар хүртэл намайг хэн ч таньдаггүй байлаа. Өөрөөр хэлбэл сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлээд намайг энэ С зөвшөөрөлтэй холбоотойгоор гүтгэж ирсэн. Миний хувьд бизнес эрхлэгч эмэгтэй. Тэр утгаараа бизнес эрхлэгчдийг ухах юм бол зээлийн гэрээнүүд л гарч ирдэг. Тухайлбал манай эгч нэг хүнд зээл өгсөн. Тэр зээлийг надад авлигын хэрэг болгож наасан. Уг наалтаа сонгууль дуустал намайг харлуулсан. Сонгуулийн дараа нэг хэсэг чимээгүй болсон байдаг. Хэрэг ч хаагдсан байсан. Гэтэл нүүрсний хэргийн дуулиан шуугианаар буюу жилийн өмнөөс дахин гарч ирсэн. Ер нь хулгай хаана байдаг вэ. Эрх мэдэлтэй, нууц газарт л хулгай байдаг. Эрх баригчид хэрхэн авирлаж байгааг олон түмэн харж байгаа байх. Ардчилсан намд хоёрхон эмэгтэй гишүүн байдаг. Бид хоёрыг ямар ч нотлогдох зүйлгүйгээр байнга гүтгэж ирсэн. Одоо энэ сонсголоор хамаарал бүхий олон компанитай байснаа мэдлээ. Үнэндээ энэ олон компаниас нэгийг нь ч би мэдэх юм байна. Бусдыг нь ч мэдэхгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Даваасүрэн: Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх вэ гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж DNN.mn

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Орон нутагт цас зудтай. Хот суурин газруудад эрчим хүч, бензин түлшний асуудал хомсдолтой гэх мэт. Яагаад бид өнөөгийн ийм хүнд нөхцөл байдал руу орчихов. Цаашид байдал улам л асуудалтай болох шинжтэй байна шүү дээ?

-Манай улс төрчид түлш, шатахуун, эрчим хүчээр хойд хөршөөсөө хамааралтай гэдгээ ирэх ч биш мэддэг байх. Үүний цаана ямар хор уршиг оршиж байгааг нь харин сайн ухаардаггүй юм болов уу. Энэ талаар хэлэхэд нэг их ач холбогдол өгөхгүй л өдий хүрлээ. Анхаараа ч гэхээр попорлоо гэнэ. Ер нь улс орны үндсэн язгуур эрх ашиг байхгүйтэй адил болсон байна. Улстөрчдийн дийлэнх нь цаашид эрх мэдэлтэйгээ яаж үлдэх үү гэдгээ л тэргүүнд тавьдаг явцуухан бодолтой хүмүүсээс бүрдэх болж дээ. Язгуур эрх ашгаа эрхэмлээд шийдье гээд зүтгэл гаргасан бол хөрөнгө мөнгө дутаагүй байх.

-Тодорхой жишээ байна уу?

-Жишээ нь, 2019 онд ковидын үед иргэд, аж ахуй нэгжийн тог, цахилгааны мөнгийг 800 гаруй тэрбум төгрөгөөр төлнө гэж байсан.

Тухайн үед би энэ мөнгө чинь 200 МВт-ын цахилгаан станц барьчих хөрөнгө. Тиймээс цахилгаан станцтай болохгүй бол ирэх 2024 онд хүндэрч эхлэх гээд байна шүү гэж анхааруулан хэлж байсан. Тэр үед хэлж байсан миний энэ үгийг хэн ч ойшоогоогүй. Эцэст нь би юу гэж хариулах гээд байна гэхээр, уг асуудлыг шийдье гэсэн сэтгэл дутаад байна л гэж…

-Сэтгэл үнэхээр дутаж байгаа нь өнөөгийн байдлаас илүү тодорхой харж болохоор байна л даа. Ер нь өнгөрсөн 30 гаруй жил энэ асуудлыг дотооддоо шийдэх боломж байсан уу. Та үүнд тодорхой хариулт хэлэхгүй юу?

-Би байсан л гэж хариулах байна. Дээр нэг л жишээ хэллээ шүү дээ. Бидний нэг жилд халамжинд зарцуулж буй хоёр их наяд төгрөгөөр 500 МВт-ын станц барьж болно. Гэх мэт… Нөгөө талаар, нэг станц барих гэсэн оролдлого бүрийг ямар нэг байдлаар саринуулж, нураадаг нэг хүчин зүйл бас байгаад байгаа юм. Тухайлбал, ДЦС-V-ыг барих гэхэд нь газаргүй гэж баахан будилуулж байснаа эцэст нь Багануурын цахилгаан станцыг оронд нь гаргаж ирээд нурааж байх жишээтэй. Багануурыг нь болохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс явуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаад л. Мөн Тавантолгойн ДЦС-ыг явуулах гэж миний хувьд хоёр ч удаа Засгийн газарт оруулаад олигтой үр дүнд хүрээгүй. Рио Тинто Оюу толгойгоор бариулахгүй монголчууд өөрсдөө барина гээд л өнгөрсөн. Одоо ч барьсан юм байхгүй. Харин намайг эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ДЦС-IV-ын хүчин чадлыг 90 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 50МВт-аар тус тус нэмэгдүүлэх төсөл болон 150 МВТ цагийн батарей хуримтлуурын станцын төсөл хэрэгжээгүй байсан бол балрах байлаа. Мөн тухайн үед санал болгож байсан ДЦС-III, Амгалангийн ДС-ын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хийчихсэн бол арай л дээр байх байсан болов уу. Даана ч хэрэгжүүлсэнгүй.

-Тэгвэл цаашид яах ёстой юм бэ. Яаж бид эрчим хүчний хараат байдлаас гарах вэ?

-Тодорхой. Ажил хийе гэсэн сэтгэлтэй эхлээд болох хэрэгтэй. Дараа нь хийх гэсэн ажлаа дуустал хийж чаддаг байх шаардлагатай. Угаасаа эрчим хүчний хараат байдлаар гарахын тулд шинэ станц л барих ёстой. Ялангуяа хурдан маневрын зохицуулах чадамжтай Усан цахилгаан станц болон хийн станц барих хэрэгтэй. Ингэж байж л эрчим хүчний хараат байдлаасаа гарна. Үүнийг ч улиг болтол л ярилаа даа. Хийе, болгоё гэдэг нь харин цөөхөн юм.

-Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал тун хүнд байна. Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ жилийн өвлийг малчид, иргэд яаж даван туулахаар байна вэ?

-Саяхан би орон нутгаараа явж, иргэд малчдын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Ер нь зудтай сумдын нөхцөл байдлыг харахад цас эрт унаснаас шалтгаалж, мөн эрт орсон цас багасах битгий хэл улам нэмэгдснээс болж мал бэлчээрлэх боломжгүй болсон байна лээ. Тиймээс орон нутгийн иргэд, малчид маань өвлийг хохирол багатай давахын тулд малаа юун түрүүнд их хэмжээгээр нядалж байна. Өөрөөр хэлбэл мал хэт муудахаас өмнө эрт нядлаад эдийн засгийн эргэлтэд оруулчихъя гэсэн малчид олон байсан. Ер нь малчдын хувьд УИХ, Засгийн газарт гурван зүйлийг хандаж тавьж байна лээ. Нэгдүгээрт, бидний нядлаж байгаа малыг худалдаж авах тэр эдийн засгийн боломжийг бий болгоход анхаарч гэж байгаа юм. Хоёрдугаарт, өвөлжилт эрт хүндэрч байгаа учраас өвс тэжээлийн үнийг хямдруулаад өгөөч гэж байна. Гуравдугаарт, орон нутагт түлш шатахууны хомсдол их байна. Үүнийгээ шийдээд өгөөч ээ л гэж байна. Отор нүүдлээ хийх гэхээр түлш шатахуун нь байхгүй. Нөгөө нядласан хэдэн малаа сум оруулъя, аймаг, нийслэлд хүргээд ирье гэхээр түлш байхгүй. Зуд болоод яаядаа гэж байхад нэмээд түлш шатахуунгүй болчихлоо гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.

-Малчдын хувьд малаа ингэж их нядлаж байгаа нь мэдээж үнэ буурах шалтгаан болно байх л даа. Тэр нь эргээд малчдадаа эдийн засгийн хувьд үр өгөөжгүй болж ирнэ. Тэгэхээр үүнд төр, засгийн хувьд ямар бодлого барьж ажиллах ёстой юм бэ?

-Жилдээ 10 сая орчим бог мал нядлаж байгаа болов уу. Үүний зөвхөн арьсыг нь 10 ам.доллар болгъё гэвэл оройлцоогоор 100 сая ам.долларын эдийн засгийн орчин үүснэ. Гэтэл бид өнөөдрийг хүртэл энэ 100 сая ам.долларын эргэлтийг зүгээр л хаячихаж байна. Монгол Улс эрчим хүчний хараат байдалтай байгаа. Эрчим хүч хомсдож байна. Гэтэл үнэндээ бидний хаяж байгаа тэр 100 сая ам.доллар гэдэг чинь үнэндээ 100 МВт-ын станц л байхгүй юу даа. Нөгөө талдаа бидний их том дутагдал байна. Байгаа боломжоо огт ашигллаж чаддаггүй дутагдал. Жишээлбэл, сүү байна. Бид нийт 20 орчим сая бог сааж байгаа. Үүн дээр нэмээд хоёр сая үнээ сааж байна. Тэгэхээр нэг литр сүүг нэг ам.доллар гэж бодъё. Тэгвэл 400 сая литр сүү гэдэг нь дор хаяж 200-300 сая ам.доллар болно. Үүнийг бид ашигладаггүй. Ашигллаж чадвал энэ нь өөрөө 300 Мвт-ын цахилгаан станц л гэсэн үг. Боломжоо ашиглладаггүй байдал нь бидэнд бэлэн шахуу орж ирдэг байгалийн баялагтай л холбоотой. Энэ жаахан нөөцөө бид эдийн засгийнхаа голлох судас болгочихоод бусад боломжоо огт харахгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл биднийг юм хийх сэтгэлгээгүй болгочихсон гэсэн үг. Юм хийх сэтгэлгээгүй байхад бусдаас хараат байхаас өөр яах билээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батцэцэг: ОХУ-аас шатахуун, эрчим хүчний асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Швейцарын Женев хотноо болсон “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд та оролцоод ирлээ. Энэхүү арга хэмжээний ач холбогдол, агуулгын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ онд НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой тохиож байна. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу одоогоос 75 жилийн өмнө уг баримт бичиг батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх үндэс суурь болсон юм. Дэлхий дахинаа жил бүрийн энэ өдрийг нэгдмэл уриан дор тэмдэглэж ирсэн. Түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Женев хотноо зохион байгуулагдсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ нь ихээхэн онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар Түгээмэл тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэсэн. Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан энэхүү дээд, өндөр түвшний арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

-Монгол Улсын зүгээс уг дээд, өндөр түвшний арга хэмжээнд ямар үүрэг оролцоотой байсан бэ?

-Монгол Улс гадаад бодлогодоо тэргүүлэх ач холбогдол өгдөг үндсэн чиглэл бол хүний эрх, эрх чөлөөний баталгааг бэхжүүлэх явдал. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах мөн олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байж ирсэн. Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд өргөн хүрээтэй бодлогын болон хууль, эрх зүйн шинэчлэлийн алхмыг авч хэрэгжүүлж байна. Бид мөн бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна. Тус дээд, өндөр түвшний түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

-“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга их өвөрмөц, сонирхолтой сонсогдож байна. Ер нь охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн санаачилга их байдаг. Та энэ санаачилгынхаа талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Манай улсад жендэрийн эрх тэгш байдал гэхээр зөвхөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, тэдэнд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой мэтээр ойлгодог. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь тухайн нийгэмд тодорхой үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн, боломж, нөөц урамшууллыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эдлэх эрхтэйг илэрхийлдэг. “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга дэвшүүлснээр охид, эмэгтэйчүүдийн асуудлыг хойш тавьж байна гэж ойлгож болохгүй. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, тэдний цогц хөгжил, боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг дэмжих бодлоготой байх нь нэгэн адил чухал байна. Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлого нь нөгөө талаас охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангасан, тэдгээрийн байр суурь, үзэл бодол, аюулгүй байдал, суурь эрхийг нь хүндэлсэн, жендэрийн тэгш, тэнцвэртэй нийгмийг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Дэлхийн банкнаас 2020 онд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох чанарын судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар манай улс дахь “маскулин хэв шинж” буюу “эр хүн шиг байх ёстой” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт, уламжлалт сэтгэлгээнээс дээрх эрсдэлт үр дагаврууд гарч байна гэж мөн тодорхойлсон байдаг.

-Уг санал санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Бид хүний эрхийг хангах, хамгаалах гэж цогцоор нь ярихаас илүүтэйгээр хамгийн ихээр тулгамдаж буй нэг сэдвийг сонгоод тодорхой үр дүнд хүрэх нь зүйтэй гэж үзэн энэхүү санаачилгыг дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг өнгөрсөн жил зохион байгуулж, чуулганы мөрөөр холбогдох зөвлөмжийг гаргасан байдаг. Манай холбогдох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байгаа. Энэхүү санаачилгыг олон нийтэд сурталчлан таниуцлах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа нэн чухал. Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлогын асуудал нь зөвхөн хэдхэн байгууллагын хүрээнд шийдвэрлэх асуудал биш тул бүх салбарын байгууллага, олон нийтийн оролцоотойгоор анхаарал хандуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна. Эхний ээлжинд зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг бүх насныханд ойлгомжтойгоор тайлбарлан таниулах, нийгэмд чиглэсэн салбар дундын нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулахаар зорьж байгаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?

-Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан. ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн зэрэг асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан. ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. ОХУ-ын дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн. Үүнд бид талархаж байна. ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн.

-Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?

-Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм. Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг энэ оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон. Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн. Монгол Улсаас ОХУ-д суралцах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээ болон соёл урлаг, спортын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд оросын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласны дотор ОХУ-ын хил залгаа субъектуудын удирдлага ОХУ-ын БН Буриад, БН Алтай Улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн Амбан захирагч нар ирж оролцсоныг онцлон дурдаж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганхуяг: Монгол Улс нь Ази тивдээ ковидын дараа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орон болсон DNN.mn

Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж “Democ­racy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэг “Бултаараа баяжигтун” уриан дор өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуягтай эдийн засаг, улс төрийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.


-Өчигдөр болсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр та “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачлагыг танилцуулсан. Тус санаачлагын гол зорилго юу байна вэ?

-Энэ санаачлагын зорилго нь Монгол хүний орлогыг дунд хугацаанд америк доллараар хоёр дахин нэмэгдүүлэх юм. Хүн ч, айл ч, байгууллага ч, улс орон ч зорилгогүй бол доороо хий эргэсээр байдаг. Зорилготой хүн зорилгогүй хүн хоёрын амжилтын зөрүү тэмээ, ямаа шиг зөрүүтэй байдаг. Өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхлэн тогтвортой хөгжил хэмээх ухагдахуун гарч нийгмийн амьдралд бодит байдлаар биеллээ олсон. Үүний томоохон төлөөлөл нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 зорилт юм. Тиймээс хөгжлийн бодлогын зорилт нь богино хугацааны зорилтын хэрэгжилтээсээ эхлэн тасралтгүй үргэлжлэх процесс юм.

-Таны хувьд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтийг ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?

-Би сүүлийн 12 жилийн макро эдийн засгийн зарим үзүүлэлтийг хэлье. 2008-2009, 2012-2013, 2016-2017, 2020-2021, 2021-2022 онд УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуультай байсан тухайн жил, мөн сонгуулийн дараагийн жилийн үеэс ам.доллартай харьцах төгрөгийн ханш огцом унаж ирсэн нь тодорхой харагдаж байна. 2008-2009 оны хооронд төгрөгийн ханш огцом унасан нь нөгөө 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалттай холбоотой. Энэ болон бусад амлалтаар 2.8 тэрбум ам.долларыг тараасан тооцоо гардаг. Хэрэв 1072 ширхэг хувьцаагаар энэ амлалтын заримыг нь хааж зохицуулаагүй бол улам хүндрэх байсан. Гэхдээ 2017-2023 оны хооронд бол бараг л шулуун шугамаар төгрөгийн ханш унаж, өнөөгийн байдлаар 2016 оны үетэй харьцуулахад 75 орчим хувь унасан байна. Энэ нь мэдээж ковид хэмээх олон улсыг хамарсан халдварт өвчний хорио цээртэй ч холбоотой байх. Гэхдээ Монгол Улс нь Ази тивдээ ковидын дараа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орон болсон байдаг.

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тэгвэл ДНБ болон цалингийн үзүүлэлт ямар байдлаар хэлбэлзэж ирсэн байна вэ. Та маш тодорхой судалгаа гаргасан байна л даа…?

-2011-2022 оны 12 жилийн хугацаанд нэг хүнд оногдох ДНБ төгрөгөөр тооцоход 2.5 дахин, улсын төсвийн зарлага 3.9 дахин тус тус нэмэгдсэн байна. Харин ам.доллараар нэг хүнд оногдох ДНБ-нд бараг өсөлт байхгүй, дунджаар 4300 ам.долларын түвшинд хэлбэлзэж. Энэ тоо 2013 онд 4658 ам.долларт хүрсэн нь дээд амжилт байв. Өөрөөр хэлбэл сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгөөр бол эдийн засгийн өсөлт байсан ч, ам.доллароор өгөөгүй гэхэд хилсдэхгүй. Харин улсын дундаж цалин сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгөөр 3.2 дахин нэмэгдсэн бол, ам.доллараар бас л өсөлт байхгүй, дунджаар 435 ам.долларын түвшинд хэлбэлзэж ирсэн байна.

Эндээс ам.доллараар эдийн засгийн үр өгөөж тун хангалтгүйгээр зогсохгүй, иргэдийн амьжиргаанд наалдац муу байсан нь харагдах байх.

-Саяхан улсын төсөв батлагдсан. Төсвийн талаарх таны дүгнэлт ямар байгаа вэ?

-Эрх баригч улс төрийн намууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд сонгуульд дахин ялах,түүнчлэн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд иргэд сонгогчидын саналыг худалдан авах зорилгоор сонгуулийн өмнөх жилүүдэд өрөө нэмэгдүүлж ирээдүйгээсээ зээл авдаг болсон. Чаддагаараа мөнгө хэвлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төсвийн зарлагыг чинээнээс нь хэтэртэл нэмж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг дахин нэмэгдүүлж, чухалд эрэмбэлэгдэхгүй баахан байшин барьж, сум руу чиглэсэн орон нутгийн чанартай асфальтан зам зэргийг тавьж, бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулж ирсэн нь судалгаанаас тодорхой харагдах болов уу. 2023 оны байдлаар төрийн байгуулагуудын өмч, хөрөнгийн ашиглалтын зардал буюу хөрөнгийн зардал нь ДНБ-ны 12 хувьтай тэнцэж байна. Ингэж хэрээс хэтэрчээ.

-Төсвийн асуудлыг ингэж зохицуулснаар гарах сөрөг үр дүн ямар байх вэ?

-Үр дүнд нь төр томорч, төрийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэж, орон нутгийн эрх мэдэл хумигдаж, манай улсын өр сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдлээ. Иргэн бүрт оногдох өрийн хэмжээ 32 сая төгрөгт хүрч,10 гаруй төрлийн татвар хураамж нэмэгдсэн. Арилжааны банкны зээлийн хүү өндөр хэвээр байна. Төрийн ард түмнээс албан бусаар авдаг татвар хэмээгдэх инфляц нь сүүлийн хоёр жил дараалан хоёр оронтой тоон дотор байж, үндэсний валют төгрөгийн ам.доллартай харьцах ханш бараг хоёр дахин уналаа. Олон улсын хэмжээнд үндэсний валют төгрөгийн ханш үнэ цэнээрээ сүүл мушгихад ойртож байна. Төгрөгийн ханшын навс уналтаас улбаалж импортын өргөн хэрэглээний барааны үнэ гурав дахин түүнээс ч илүү өсч байна. Гэтэл дундаж цалинг ам.доллараар тооцож үзвэл 48 хувиар буурчээ. Тодруулбал, өнөөгийн хоёр сая төгрөгийн дундаж цалин нь 2016 оны төгсгөлд 930 ам.доллар болж байсан бол, өнөөдөр 580 ам.доллартай тэнцэж байна. Түүнчлэн Монголд баян хоосны ялгаа эрс ихэсч, ядуурлыг хамрах хүрээ тэлсээр 40 хувьд хүрэхэд ойртож. Энэ нь юу гэхээр 10 монгол хүний дөрөв нь ядуувтар амьдрах болж, ядуурлыг хамрах хүрээ тэлж байгаа учраас дундаж орлоготой иргэдийн давхарга жилээс жилд нимгэрч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхээ болилоо. Тиймээс сарын 2000 ам.долларын цалин авахын тулд олон залуус, багш, эмч нар маань гадаадад хөдөлмөр эрхлэхээр дүрвэсээр байна даа.

-Төрийн эдийн засгийн бодлогын гол хэмжүүр нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм. Тэгвэл манай улсад бизнесийн орчны гол үзүүлэлтүүд ямар байна вэ?

-Төр нь эдийн засагтаа хэтэрхий их оролцоотой тул хувийн хэвшлийн орон зай хумигдсан. Төгрөгийн ханш тогтвортой бус сонгуулийн дараагаас огцом унадаг, арилжааны банкны зээлийн хүү хэт өндөр байна. Төсвийн үр өгөөжийн үзүүлэлтээр Дэлхийн банкны гишүүн орнууд хойноосоо XI байрт орлоо. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэрээс хэтэрсэн учир авилгал ихтэй. Тэр утгаараа олон улсын хэмжээнд авилгалын индекс сүүлийн жилүүдэд өссөн, өрсөлдөх чадварын болон бизнес эрхлэх орчны үзүүлэлтээрээ олон улсад доогуур байрт эрэмбэлэгдэх боллоо. Хуримтлал багатайн дээр хуримтлалаа ам.доллар зэрэг чөлөөт валютаар арвижуулан өсгөх менежментийг огт хийхгүй байна. Гаднаас авсан зээлийн ашиглалтын үр дүн хангалтгүй. Шалтгаан нь гаднаас авсан зээлээ эргээд эдийн засгаа тэлэх төсөлд ашиглах үйл ажиллагаа учир дутагдалтай, өр зээл ихтэйгээс төлбөрийн чадавх тааруу зэрэг байдалтай байна.

-Тэгэхээр одоо яах вэ?

-Монгол Улс хөгжлийн бодлогоо зургаан жил хүртэл буюу дунд хугацаанд тогтвортой болгоё. Хоёрхон жилийн хугацаанд хөгжлийн бодлого гаргахаа зогсооё. тухайлбал төсөв, мөнгөний бодлогоо сонгуульд ялахад зориулж өөрчилдгөө болих хэрэгтэй. Байдал нэгэнт ийм байгаа учир дунд хугацааны буюу зургаан жил хүртлэх хугацаанд хөгжлийн бодлогынхоо зорилтоо төгрөгөөр бус ам.доллараар тодорхой болгож жил бүр энэ зорилтдоо чиглэн урагшлах хэрэгтэй байна. Энэ л монгол хүний орлогыг дунд хугацаанд америк доллараар хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачлага юм. Энэ санаачлагыг 2016 онд байгуулагдсан “Монголоо Шинэчилье клуб”-ээс анхлан гаргаж байсан. Энд монгол хүний орлого гэдэг нь нэг хүнд оногдох ам.доллараар илэрхийлэгдсэн. ДНБ-ыг, дэлхийн дундаж орлого гэдэг нь нэг хүнд оногдох ДНБ нь 10.000 ам.доллар буюу түүнээс дээш орлоготой улсыг хэлж байгаа юм.

-Мэдээж санаачлага гаргахын тулд тодорхой судалгаа байх ёстой байх. Таны гаргаж ирсэн судалгаа юу байна вэ?

-Нилээд их судалгаа хийсэн. Япон улс 1961-1970 оны 10 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ буюу эдийн засгаа ам.доллараар ойролцоогоор 7.3 хувийн голчтой өсгөх зорилтыг тавьж, энэ зорилтоо 10 жил биш долоон жилийн хугацаанд хэрэгжүүлж, дэлхийн эхний тавд орох том эдийн засагтай орон болж хөгжсөн түүхтэй. Энэ зорилтыг дэвшүүлж байх үед Япон улсын эдийн засгийн өсөлт 1.25 хувьтай байсан байна. Монгол Улс 2022 оны байдлаар ДНБ-ний нийт хэмжээгээр 17.2 тэрбум ам.доллар буюу 184 орноос 125 дугаар байр, мөн нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээгээр 4954 ам.доллар буюу 192 орноос 114 байр байранд байна. Энэ судалгааг Олон улсын валютын сангийн мэдээллээс харж болно. Үүнийг 30 орчим байраар урагшлуулахад манай улсын нэг хүнд оногдох ДНБ 10,000 ам.доллар орчим болох юм. Бид энэ санаачлагын зорилтыг хэрэгжүүлэхийг зорихоос өөр хөгжлийн гарц одоогоор харагдахгүй байна.

-Энэ санаачлагын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар зарчим баримтлах ёстой вэ?

-Засаглалын хүрээнд хуулийн засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Энэ ажлыг дээрээсээ эхлүүлэх. Тодруулбал Үндсэн хуулийг зөрчсөн ямарч даргыг огцруулдаг, эсхүл өөрөө огцордог бусад хөгжилтэй орнуудын сайн соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Угтаа Үндсэн хуульд ч ингэж заасан байгаа. Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд төрийн, тухайлбал төрийн өндөр, мөн ямар ч албан тушаалтаны зүгээс хийж болохгүй зүйлийг тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд манайд хүний эрх ихээхэн зөрчигдөх болсон. Иргэний баталгаатай эдлэх 18 эрх, эрх чөлөөг хэрхэн хэрэгжиж байгаа талаар олон улсын хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж, энэ мөрөөр органик хуулиудаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Нэг дарга Үндсэн хууль зөрчихөд л олон иргэдийн эрх, эрх чөлөөнд халддаг.

-Үндсэн хуулиа мөрдөх битгий хэл байнга өөрчилж байна л даа…?

-Угтаа Үндсэн хуулийг байсхийгээд өөрчилдөг хууль биш. Үндсэн хуулийг ард түмний төр засагтайгаа байгуулсан гэрээ гэдэг. Үндэслэл нь Үндсэн хуулиар төрийн эрх ард түмний эрх мэдэлд байна хэмээн хуульчилсан байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа яг сонгуулиар иргэдийн саналыг нууцаар хүн нэг бүрээр авдаг шиг санал асуулга явуулдаг байх хэрэгтэй. Ингээгүйгээс болж Үндсэн хуулийн хямрал бий болж, нийгмийн тогтворгүй байдал үүссэн орнууд байдаг.

-Та сая засаглал талаас нь ярилаа. Тэгвэд эдийн засгийн хүрээнд бид яах ёстой юм бэ?

-Төр, засаг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждгийнхээ хувьд бизнесийн өрсөлдөх чадвартай, таатай орчныг бүрдүүлэх үндсэн чиг үүргийнхээ ажлыг чанартай, хариуцлагатай хийх хэрэгтэй. Төр, засаг, нийт иргэдийн нэн тэргүүнд тавих зорилт бол экспорт. Экспорттой холбоотой элдэв хориг, хязгаарлалт, цензурыг хүчингүй болгох шаардлагатай. Ажил хийж, баялаг бүтээж байгаа хүн бүрийг дэмждэг болъё. Иргэд, компаниудыг улс төрийн үзэл бодлоор нь Үндсэн хууль зөрчин ялгаварлан гадуурхсан төрд алба хашиж буй хэнтэй ч хариуцлага тооцдог болох ёстой байна. Ойрын хоёр жилд төрийн өмчит компаниудын жилийн борлуулалт орсноор төрийн эдийн засаг дахь оролцоог 40 хувиас илүүгүй болгож хэвшүүлэх шаардлагатай. Төсөв, санхүүгийн хүрээнд улсын төсвийг боловсруулах, өргөн барих, хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, төсвийн тогтвортой байдлын, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай зэрэг хуулиудыг ягштал мөрдөх хэрэгтэй.

-Төсвийн үр өгөөжийн үзүүлэлтийг сайжруулахын тулд яах ёстой юм бол?

-Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж УИХ-д төсвийн тухай багц хуулийг өргөн барихын өмнө олон нийтэд танилцуулдаг болох нь чухал. Хувийн хэвшлийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан дэмжих бодлогоосоо татгалзах. Энэ бодлогыг цаашид үргэлжлүүлвээс эрх мэдэлтэй, төсөвд ойрхон бүлэг хүмүүсд төсвөөс зооглох боломжийг олгосоор байх болно. Нөгөө гадныхны шүүмжилдэг төсвөөсөө тэрбумтан төрүүлдэг байдал даамжирсаар байна. Монгол Улсын бүх компаниуд бүгдээрээ байшин барьж, зам тавьдаг байх шаардлагагүй. Үүний оронд аж үйлдвэр хөгжсөөр байгаа орнуудын адилаар экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологийн хиймэл оюун, финтек зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа ААН, ЖДҮ эрхлэгчид, иргэдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь зохистой. Мөн Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж ам.доллараар арвижан өсдөг болгох, нийт иргэддээ ноогдол ашиг хувиарилдаг болох хэрэгтэй. Өгдөггүй, арвиждаггүй нэг мэдэхэд хоосон болчихдог Засгийн газрын тусгай сангуудын ихэнхийг нь татан буулгах ёстой.

-Сүүлийн жилүүдэд манай улс авлигын индексээрээ дандаа сүүлийн байрт орж байна. Тэр утгаараа авлигал өнөөдөр Монгол Улсыг сөнөөж байна л даа. Ер нь авлигын эсрэг бид яаж тэмцэх ёстой юм бэ?

-Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтөөр улс төрийн намын санхүүжилттэй холбогдуулж “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд нэн яаралтай Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүсэх байна. Таны хэлдгээр Монгол Улсад авилгал өсөөд байгаа томоохон шалтгаанууд бий. Хамгийн том нь улстөрч болон улс төрийн намын санхүүжилт, түүнчлэн сонгуулийн зардлын эх үүсвэрийн ихэнх нь тодорхой бус байдагтай шууд холбоотой. Улс төрийн мөнгөний эх үүсвэр нь тодорхой бус байна гэдэг нь хууль бус мөнгө гэсэн үг. Хууль бус мөнгө гэхээр ихэнхдээ татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсөв, эсхүл төрийн өмчит компаниудын өмчөөс завшсан, зувчуулсан хөрөнгө, мөнгө байх үндэслэлтэй. Намууд том компаниудаас хуульд заасан хязгаараас хэд дахин их санхүүжилт авч, хууль бусаар сонгуульд ялсныхаа дараа олон нийтийн баялгаас дахин илүү хэмжээгээр нөхөх давуу эрхийг тэдэнд бүрдүүлдэг жишээ бий. Энэ талаар саяхан ерөнхий сайд УИХ-ын чуулганы индэр дээрээс ярьж байсан. Иймд бусад орны адил татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсвөөс, мөн төрийн өмчит компаниас хөрөнгө гаргуулж сонгуульд зарцуулсан нь тогтоогдвол тухайн намын удирдлага, түүнчлэн намын даргыг нь сонгуульд ялсан, ялагдсанаас нь үл хамаарч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах хэрэгтэй. Энэ нь хэрэв ноцтой бол тухайн намыг нь татан буулгах хүртэл хуулийн хариуцлага тооцдог болгочих. Мөн нэр дэвшигчийн сонгуульд зарцуулсан мөнгөний эх үүсвэр шалгалтаар, эсвэл нотлох баримтаар хууль бус нь тогтоогдвол сонгуульд ялсан, ялагдсанаас үл хамаарч, тухайлбал гишүүн болсон байсан ч улс төрд буцаж ирэхгүйгээр зайлуулах хэрэгтэй. Дагаад гишүүнээс нь огцруулдаг байхаар хуульчлахыг цаг үе шаардаж байна.

-Төрийн албыг намын, төрлийн алба болгодгийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь нийгмийн асуудал болсон. Таны харж байгаагаар бид үүнээсээ хэзээ салах вэ?

-Юуны өмнө 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд “Амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үүний баталгаа болох шинээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг” олон улсын жишгийг дагах хэрэгтэй байна. Авлигатай тэмцэхийг хэн ч дэмжинэ, дэмжсээр ч байгаа. Гэтэл хуулийн хяналтын байгуулага, ялангуяа шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байгаа асуудлаар өрсөлдөгчдөө хэт харлуулах нь иргэдийнхээ улс төрийн нам, улмаар төрд итгэх итгэлийг улам алсруулах нь ойлгомжтой. Бид нэг л эх оронтой, нэг л ирээдүйтэй, хүн бүрт үргэлжлэл байх нь тодорхой. Хэрэв ийм асуудлаар улс төрийн нам, эсхүл улстөрчдийн дохио зангаагаар санамсаргүй ажиллаж буй хуулийн байгуулагын ажилтан байваас Монгол хүнийхээ хувьд анхаарах цаг үе иржээ гэж харж байна. Гаднын оронд сонгуулийн үед сөрөг PR-аар өрсөлдөгчөө харлуулах тусам өөрөө илүү харладаг гэсэн онч үг байдаг. Харлуулах тусам харамсалтай үр дүн гардаг гэх.

-Хэзээ Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх вэ гэдэг нь өөрөө нийгмийн томоохон асуудал болсоор байна л даа…?

-Ийм шүү дээ. Хуучин социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн үрэлгэн тогтолцоо, засаг захиргааны нэгж, тухайлбал 21 аймаг 330 сум хэвээрээ байх уу. Эсвэл нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарын бүсэд цугларсан байхад хуучин засаг захиргааны нийгэм хэвээрээ байх нь зөв үү. Мэдээж өргөн уудам нутагтай тул шинэ засаг захиргааны өөрчлөлт хийвэл аль болох хилийн бүс нутагт суурьшлын бүсийг бий болгоход анхаарах хэрэгтэй байх. Монгол Улс дэлхийн бараг ихэнх оронд ЭСЯ, консулын газартай. Энэ байдалд ирээдүй, үр дүн зэрэг талаас нь дүгнэлт хийх шаардлагатай болсон. Технологийн дэвшлийг нэвтрүүлж төрийн нүсэр бүтцийг авсаархан болгох ажлыг эхлүүлэх. Тухайлбал бусад орны жишгээр Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг нэгтгэн орон тоог дахин бууруулах ажлыг дэс дараатай хийх гэх мэт асуудал байна. Хэрэв сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн сонгуульд зориулсан тогтворгүй бодлогоо буюу төсвийн цоорхойг нөхөх зорилгоор гадаад өр зээлээ нэмэгдүүлдэг, төгрөг хэвлэн, төсвөө чинээнээсээ хэтрүүлэн тэлдэг замаар явбал Венесуэл, Аргентин зэрэг улсын замаар орно. Энэ замаар зорчвоос юмны үнийн өсөлт, инфляц хяналтаас гарч болзошгүй юм. Өнөөгийн Монгол Улс ийм зааг дээр ирээд байгаа нь бодитой үнэн шүү. Тиймээс би иргэнийхээ хувьд 2024 онд дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ханшийг чангаруулах, нэг хүнд оногдох ДНБ-ийг 8,000 ам.долларт хүргэж, улсын дундаж цалинг 1200 ам.доллар хүргэх зорилт дэвшүүлсэн нэр дэвшигч, намыг сонгоё гэж бодож байна. АН-ын эсвэл МАН-ын Монгол Улс, эдийн засаг гэж байхгүй ээ. Бид нэг эх оронтой. Нэг л эдийн засагтай

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Орос Монголын дарга нар шатахуунаар “үерлүүлж” байгаа гэх ч колонкууд нь хоосон хэвээрээ л байна DNN.mn

ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шатахууны хоригт Монгол Улс орсон юм байна. Үүнийг монголчууд хэдхэн хоногийн өмнө Ж.Ганбаатар сайдын амнаас бодитоор ойлголоо.Энэ намрын эхээр ОХУ-ын Засгийн газар зарим орнууд руу экспортолдог түлш, шатахууны нийлүүлэлтэд хориг тавьсан.Тус хоригоос хойш нэг сар орчим Монгол Улс руу дусал ч шатахуун орж ирээгүй гэдгийг салбар хариуцсан сайд нь онцлон хэлж байх юм. Ж.Ганбаатар сайдын хэлж байгаагаар Монгол Улс руу одоогоос л бага сага шатахуун орж ирэхээр болж байгаа аж. Ер нь өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүд дунд орос хэлтэй хүн ховор гэлцдэг.Ганц гайгүй хэлтэй гэгддэг нь Эрхүүд төгссөн УИХ-ын дарга Г.Занданшатар юм уу даа. Тэр утгаараа улс даяар түлш шатахууны эрэл сурал болохтой зэрэгцээд Их хурлын дарга хойшоо ярьж. Ярихаас ч өөр яах билээ. Өмнө нь ОХУ-ын хоригтой зэрэгцэж манайд айлчилсан тус улсын Думын дарга В.Володинтой манай спикер шатахууны асуудлыг угтаа тохирчихлоо гэж ойлгосон юм чинь.Үүгээрээ Г.Занданшатар дарга маань баатар болж, салбар хариуцсан сайд болоод Засгийн газрыг ажил хийх нүүргүй болгосон биз дээ.Гэтэл хоригтой байсныг нэмээд сар орчим хойноос нэг дусал ч шатахуун орж ирээгүй гэдгийг нь Ж.Ганбаатар сайд одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийж саяхан хэллээ. Тэгэхээр УИХ-ын дарга ичсэн нүүрэндээ хойшоо ярьж таарна.Өөрөөр хэлбэл “Ах аа та хоригт дүүгээ оруулаагүй, оруулахгүй гэж хэлээ биз дээ” гэх мэтээр арагдан асуух нь тодорхой л доо.Ер нь бол бид хоёрын яриа тохироо зүүдэн зэрэглээ лугаа байсан юм уу гээ байлгүй. Хулхин дээр цэцэг ургуулж л байсан юм уу гэж гомдоллож чадаа болов уу даа. Үгүй шахуу биз дээ. Нэг ийм үйл явдал өрнөж байна.Улс даяар бид шатахууны хомсдолд орсон нь үнэн.Зөвхөн өчигдөр, өнөөдөр хомсдоод байгаа асуудал биш. Олон сар түлшний хомсдолтой байгаа. Үүнээс болоод иргэд бухимдаж эхэлсэн. Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар орос хэлтэй гэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хойшоо явуулах гэж байгаа талаар нөгөө л салбар хариуцсан сайд болох Ж.Ганбаатар нь мэдээлсэн. Яагаад Ч.Хүрэлбаатарыг явуулах болов гэдэг асуудал яах аргагүй урган гарч ирнэ. Угтаа УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын дарга нартай уулзаад хэлэлцээр хийгээд, түүнийгээ олон нийтэд ил тод мэдээлчихсэн биз дээ.Гэтэл одоо яагаад Засгийн газраас Ч.Хүрэлбаатарыг дахин явуулах гээд байна вэ. Хэрэв Ч.Хүрэлбаатар явах юм бол Г.Занданшатарын Оростой тохирсон яриа хэлэлцээр зүгээр л ээлжит пропаганда гэдэг нь болно.Их хурлын дарга Засгийн газрын гишүүдийн хооронд үүнээс болж улс төрийн халалт яг үүсэх гэж байхад аз болж ОХУ-ын эрх бүхий албан тушаалтан манайд ирж таарлаа. Таарлаа ч юу байхав, думын дарга нь худал “бүлтэрсэн” гэж дэлхий даяар хэлүүлэхгүйн тулд ирээ биз. Ингээд түүнийг ирсэн даруйд манай УИХ-ын дарга хүлээн авч уулзсан. Энэ нь нэг ёсондоо Г.Занданшатар В.Володин хоёрын ярьсан тохиролцоо хэвээрээ байсан гэдгийг харуулах уулзалт болсон.Уулзалтын үеэр мэдээж яагаад шатахуун манайх руу оруулж ирэхгүй байгааг тодруулна. Гэтэл Оросуудын хэлсэн тайлбар манайхныг цочирдууллаа. Юу гэхээр тэд “Бидний хувьд Монгол руу экспортолдог шатахуун түлшиндээ хориг тавьсан зүйл огт байхгүй. Монгол Улсын хүссэн хэмжээгээр шатахуунаа өгч байгаа гэдгийг манай нийлүүлэгчид бидэнд хэлсэн. Гол асуудал нь танай улсын тээвэрлэлтэд саад учирчихсан юм болов уу гэж бид ойлгосон” гэдэг юм байна. Оросуудын хэлж байгаагаар бол түлш, шатахуун тасарч, хомсдол бий болсон асуудал нь Оросуудад биш манайд байсан болж таарч байгаа юм. ОХУ-ын хувьд Монгол Улсыг анхнаасаа хоригт оруулаагүй аж. Эсрэгээрээ бидний хүссэн хэмжээгээр л шатахууны нийлүүлэлтээ хийж байгаа гэдгийг ОХУ-ын Засгийн газрын гишүүн А.А.Козлов УИХ-ын даргатай уулзах үеэр хэллээ. Мөн тэрээр цаашид түлш шатахууны асуудлаар хоёр улсын харилцааг холбодог хүнтэй болох саналыг ч УИХ-ын даргад уламжлаад амжсан. Энэ бас их сонин санал гэдгийг олон улс судлаачид өөрийн цахим хуудаснаа тасралтгүй бичиж байна. Мэдээж сонин. Хэрэв ийм хүнтэй боллоо гэхэд Засгийн газар хоорондын харилцаа юу болох вэ, ерөнхий сайдын хэрэг байгаа юм уу, Думын дарга Шатар дарга хоёр байхад л болох биш үү гэх мэт дээд түвшний харилцаа будилж эхлэнэ.Тиймээс үүнийг түр орхиё.Түлш шатахууны хомсдол нийгмийн бухимдлыг хүргэж, машинтай жолооч болгон бухимдлаа илэрхийлсээр л байна. Асуудлыг шийдчих хүнийг нийгэм анхааралтай ажиглан харж байгаа.Ийм цаг үеийг улс төрчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд янз бүрийн шийдэл, шийдвэр гарган ирж олон нийтэд танилцуулдаг жишиг манайд тогтсон. Яг л энэ уламжлалаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түлш шатахууны импорттой холбоотой мэдээллийг гаргаж ирэн тодорч эхлэв Нөгөө шууд харилцах тусгай хүн нь ч юм уу гэж горьдмоор. Тэрээр “Ойрын хугацаанд 730 вагон түлш ОХУ-аас оруулж ирэхээр болсон. Арваннэгдүгээр сарын 29-нд 117 вагон, 30-нд нь 54, 12 дугаар сарын 1-нд 67, 2-нд нь 120, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад орж ирнэ” гэж мэдээллээ. Засгийн газрын гишүүн ч биш бүр салбар хариуцсан сайд ч биш байж Монгол Улс руу түлш шатахууны их үер удахгүй орж ирэх гэж байна гэдэг мэдээллийг хийсэн. Тэгэхээр нөгөө орос даргын нэхээд байгаа “коминтерны төлөөлөгч” нь тодорч гэж бодохоос ч яахав.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг ОХУ руу түлш, шатахууны асуудлыг зохицуулахаар явуулах гэж байгаа гэдэг мэдээлэл түгсэн байна. Би явахгүй шүү. Энэ бол худлаа мэдээлэл” гэж нийгэмд мэдэгдлээ. Угтаа танхимынх нь гишүүн Ж.Ганбаатар л түүнийг явах гэж байгаа гэж хэлсэн биз дээ. Үүнээс харвал түлш шатахууны асуудлаар ОХУ-ын талтай УИХ-ын дарга түрүүлээд уулзчихаар мань Ч.Хүрэлбаатар сайд нэрээ татаж байгаа хэлбэр гэж ойлгогдохоор.Ингэхдээ танхимынхаа сайд Ж.Ганбаатараа худалч болгочихож байгаа юм. Улс төр хийнэ гэдэг энэ л дээ.Ингээд Ж.Ганбаатар сайдын хэлсэн ярьсан зүйл хэдхэн хоногийн дотор шал эсрэг эргэчихлээ. Тэрбээр бараг л оросууд шатахуун өгөөд байсныг бид мэдээгүй яваад

байж хориг мориг байгаагүй юм байна. Нааш нь л зөөж чадахгүй мунгинаад байж гэх ухааны юм яриж эхэллээ. Бас шатахууны асуудлыг би биш Ч.Хүрэлбаатар сайд явж зохицуулна гэж хэлсэн ч үүнийг нь Ч.Хүрэлбаатар өөрөө үгүйсгэлээ. Бүр шатахуун тасарсан нь Зам тээврийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэрлэлтэд гацаа үүссэн гэж бусад бүх дарга сайд бүүр нөгөө орос дарга хүртэл хэлцгээв. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Манай төмөр зам ачаа тээврээ хэвийн үргэлжлүүлж байгаа.Төмөр замын хувьд байгаа шатахуун болгоныг оруулж ирж байгаа” гэж телевизийн ярилцлагад орохдоо онцлон хэллээ. Ингээд харвал орос, монгол нөхдийн дуу нэгтэй хэлээд байсан төмөр замын гацаа манайд л лав байхгүй юм байна гэж ойлгогдохоор. Яг үнэндээ Монголын ард түмэн хэнд нь итгэх ёстой вэ. УИХ-ын дарга нь нэг өөр зүйл ярьдаг. Засгийн газрын бодлого нь тодорхой бус. Салбар, салбарын сайд нарынх нь үг үйлдэл байнга зөрдөг. Ийм улстөрчтэй төрийн бодлого яаж тогтвортой, яаж зөв явах вэ гэдэгт ард түмэн эргэлзэж эхэллээ. Тэр дундаа сайд нарын байр суурь нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай болж даамжирсан тул ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түлш шатахууны асуудлаар үг дуугарсан. Тэрбээр “Бид зөвхөн Оросоос биш мөн Хятад улсаас дизель түлш оруулж ирж байгаа” гэж мэдэгдсэн. Мэдээж УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг зохицуулах гэж дор бүрнээ хөөцөлдөж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч яаж зүгээр суух билээ. Яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж байгаа. Энэ үеэр тэрээр тус улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн. Уулзалтаар яригдсан зүйл нь мөн л түлш шатахуун авах тухай яриа байлаа. Энэхүү яриа хэлэлцээр бодит болбол магадгүй Монгол Улс ирэх жилүүдэд түлш шатахуунаа гурван эх үүсвэрээс авах боломж бүрдэх бололтой.Ямартаа ч өнгөрсөн хэдхэн хоногт түлш, шатахууны асуудлаар төр засгийн хэмжээнд иймэрхүү дуулиан шуугиан боллоо. Орос, Монгол гэлтгүй сайд, дарга нар Монгол Улсыг шатахуунд “живүүлэх” гэж байгаа мэтээр өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд сүржигнэцгээлээ. Оросуудын ярьж байгаагаар манай улсыг ямар ч хоригт оруулдаггүй юм байж. Өгье, авъя гэсэн болгоныг л хүссэн хэмжээгээр нь өгдөг гэлээ. Манай сайд, дарга нарын ярьж байгаагаар бол Монгол Улс удахгүй шатахуундаа “живэх” бололтой байна. Орос, Хятад бүр Арабаас хүртэл түлш шатахуунаа авчих юм гэнэ. Гэтэл өнөөдөр бензин, түлшиндээ ханачихсан тэр колонкууд чинь яагаад хувхай хоосон байгаад байгаа юм бэ. Орон нутаг, Улаанбаатарт ч ялгаагүй бүх шатахуун түгээгүүр түлш, шатахуунгүй болоод зогсчихсон машинуудаар дүүрлээ. Жирийн малчид чинь малтайгаа зэрэгцүүлээд машинаа хөлдөөгөөд дууслаа. Бодит амьдрал ийм л байна. Ер нь түлш шатахууны хомсдол дээр сонгууль дөхсөн хаврын улс төр хийх гэж байгаа үзэгдэл л одоогоос нэвт шувт харагдаж байна. Эрх баригчдын шүтээн болсон Орос ах нар нь ч үүнийг нь мэддэг бололтой. Хэнийг өөд нь татах уу хэнийг гутаах уу гэх зэргийг тэд л мэддэг аж. Үүний нэг тод жишээ бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн байлаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Ер нь түлш шатахууны асуудлыг сонгууль хүртэл энэ мэт аргаар явуулах нь бололтой. Зөвхөн Оросоос бид шатахуунаа авах ёстой, тэд минь л бидэнд хориг битгий тавьчхаасай гэсэн долоогчид улс төрд олширох нь. Тэд нь арай тасалчихгүй шиг амсуулсаар сонгуультай золгох биз. Биднийг сонгохгүй бол түлш байхгүй шүү гээд ман-ыхан гүйлдэх юм байна л даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсний сонсгол “Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар өнөөдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилнэ DNN.mn

Өнөөдөр нүүрсний сонсгол албан ёсоор эхэлнэ. Хамгийн эхлээд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-тай холбоотой асуудлыг нүүрсний сонсголоор хэлэлцэх юм. Тус асуудлыг сонсголын хүрээнд дөрвөн хоног үргэлжлүүлэн явуулахаар байгаа. УИХ-аас байгуулагдсан нүүрсний асуудлыг судлах хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр эл сонсголоор “Таван толгой” компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно гэдгээ мэдэгдсэн. Нийт 62 хүнийг гэрчээр дуудсаны олонх нь Ардчилсан намын угшилтай улстөрчид багтаад буй. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголоор эхлээд Ардчилсан намын угшилтай улс төрчдийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эхлээд манай намын угшилтай улс төрчтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол уг сонсголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Юутай ч өнөөдөр сонсгол болно. Нөгөөтэйгүүр Засгийн газар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан ч удалгүй буцаан татсан. Учир нь, “Таван толгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил газар руу хилийн зурвас хэтэрч олборлолт хийсэн гэдэг маргаан нь хуулийн байгууллагаар шалгагдаж, төлбөр барагдуулах ажил дуусах шатандаа орсон байсан тул Засгийн газраас томилогдсон БЭТ-д хийх ажил байгаагүй гэж хэлж болно. Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний сонсголыг өнөөдөр эхлүүлэх бол хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо байгуулагдсан. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан эсэх талаар асуухад Түр хорооны дарга Б.Энхбаяр, өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал байгаа ч гарын үсгээр баталгаажаагүй. Улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас хоёр хүн, Монголбанкнаас дөрвөн хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас авч ажиллуулна гэсэн юм.

Э.ТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Оргилболд: Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон DNN.mn

Эдийн засагч С.Оргилболдтой Монгол Улсын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Он шувтарч байна. Энэ 2023 оны эдийн засгийн үзүүлэлт ямар байв. Мэдээж тодорхой өсөлт ажиглагдаж байх шиг байна, тийм үү?

– Ирэх оны төсвийг батлаад удаагүй байна. Миний хувьд УИХ Төсвийн тухай хуулиа он гаргаад дахиж харах болов уу гэж бодож байна. Учир нь маш замбараагүй төсөв батлагдсан.

Мэдээж эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд харагдсан нь үнэн. Гэхдээ улсын төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлттэйгөө илүү сайн уялдуулж өгөх ёстой байсан. Энэ ажлыг маш хариуцлагагүй дутуу хийсэн. Тиймээс бодит өсөлт харагдахгүй гэсэн үг. Угтаа боломж бидэнд байна. Гэвч тэр боломжоо бид ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ жилийн тухайд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр байлаа. Түүнээс гадна маш тогтвортой байж ирлээ. Энэ тогвортой байдал гэхдээ удаан үргэлжилдэггүйг өнгөрсөн хугацаанд бидэнд тодорхой харуулж байгаа шүү дээ. Гэтэл Засгийн газар энэ байдлыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэлтээ хийсэн нь том алдаа. Он гараад нүүрсний болоод, зэсийн үнэ унах магадлалтай байгааг олон улсын эдийн засгийн судлаачид анхааруулж байна. Учир нь Хятад улсад одоо ч гэсэн цар тахлын нөлөөлөл арилаагүй байна. Эдийн засаг нь амаргүй үеийг туулж байна. Америкийн хувьд улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа нь дэлхийн эдийн засагт зарим нэг талаараа сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм билээ. Тиймээс бидний хувьд өнөө маргаашийн өсөлтөд тулгуурлаж улсын эдийн засгийн бодлогоо гаргах нь дэндүү эрсдэлтэй байлаа. Тиймээс л оны дараа УИХ, Засгийн газар төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх байх.

-Засгийн газрын зүгээс Монгол Улсын эдийн засаг энэ онд зургаан хувиар өслөө гэж байгаа. Энэ өсөлт нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол. Иргэдийн амьдралд мэдэгдэж байгаа зүйл ажиглагдах юм уу?

-Эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдээгүй. Гэхдээ өмнөх онуудтай хариуцуулахад өсөлт бол явагдаж байгаа.

Энэ оны хувьд 5.2 хувь, ирэх онд 6.5 хувиар өсөх хандлагатай байгаа нь үнэн. Энэ нь БНХАУ-д Монголоос авдаг түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Таван толгойн нүүрсний ордуудыг Хятадтай холбосон төмөр замууд ашиглалтад орж, гүний уурхай ажиллаж эхэлсэнтэй холбоотой гэж ойлгож болно.

Аялал жуулчлалын салбар бүрэн сэргэсэн нь ноос ноолууран бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын ажиллагааг сайжруулахад түлхэц болсон. Экспорт, уул уурхай, аялал жуулчлалын салбар өссөөр байвал хэтийн төлөвийг бэхжүүлж магадгүй юм. Гэхдээ дэлхий даяар бодлогын хүү нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэтийн төлвийн гол эрсдэл болно. Үүнийг бид маш сайн анхаарч харах хэрэгтэй. Манайд нэг сонин үзэгдэл байдаг. Яг эдийн засаг өсөх бололцоотой үед төсөв нь батлагддаг. Баахан халамж тараадаг. Давхцаад шинэ жил, цагаан сар гээд нийтийн тэмдэглэлт баярын өдрүүд тохиодог. Үүнээс шалтгаалж, эдийн засгийн үргүй зардлууд нэмэгддэг. Ямар ч амьгүй эдийн засгийн урсгал он дамжин явагддаг. Үүнээс болоод өсөх боломжоо бид үргүй зардлаараа таг зогсоочихдог. Дахиад мөнгөний ханш унадаг. Валютын нөөц эрс багасдаг. Үүнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт хасах руу тэмүүлдэг. Ийм нэг сонин “чөтгөрийн тойрогт” Монгол Улсын эдийн засаг эргэлдэж байна. Үүнээс гарах хамгийн энгийн шийдэл бол Улсын төсвийг батлахдаа нэгдүгээрт, ямар ч алдагдалгүй батлах. Хоёрдугаарт, халамжийг 2-3 дахин бууруулах шаардлагатай. Нэмээд бодлогын хүүгээ багасгах, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шаардлагатай. Мөн импортын бараа бүтээгдэхүүний урсгалд хязгаарлалт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл яг эдийн засаг өсөх бололцоотой үед нийтээрээ бүсээ чангалж байх бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тэгэж чадвал бид энэ тойргоосоо гарч чадна.

-Инфляци хамгийн өндөр түвшинд буюу 16.9 хувьд хүрч байсан. Одоо яг ямар түвшинд байна. Цаашид Засгийн газрын дэвшүүлсэн зорилт болох зургаан хувь руу орох боломж бий юу?

-Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Монгол Улсын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм. Мөн цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцийн төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс. 2023 онд Монгол Улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай байгаа. Яг одоогийн байдлаар инфляци нэг оронтой тоо руу орсон. Өөрөөр хэлбэл 9.4 хувьтай байгааг Монголбанкны мэдээллээс харж болно. Гэхдээ удахгүй баяр болох гэж байна. Тиймээс энэ бууралт дахиад хоёр оронтой тоо руу орох эрсдэлтэй. Ер нь цаашид инфляцийн түвшин алгуур буурах дүр зураг харагдаж байгаа. Мэдээж зургаан хувьд хүрэх эсэх нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтаас шууд хамаарна.

-Цаашид ер нь Монголын эдийн засгийн өсөлтийг бодит байдлаар хэрхэн нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Ирэх 2024 оны төсвийг зарим нь ашигтай баталсан гэж яриад байгаа. Төсөв ашигтай байна гээд бүх зүйл сайхан болж байна гэсэн үг биш. Татварын орлого биелж байгаа. Цаашдаа Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос илүү хурдтай саарвал яах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Хил дээр гацаа саад үүсэх, Хятад Монголоос импортоор авдаг түүхий эдийн хэмжээндээ хязгаарлалт тогтоовол яах вэ. Бид үүнд илүү анхаарч бэлдэх хэрэгтэй. Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон. Ийм шинэчлэл хийхгүй бол одоогийн эдийн засгийн өсөлт цаг зуурынх байгаад дахиад л хямралд өртөж мэднэ. Дотоод нөөц боломжоо ашиглан татварын сууриа тэлэх хэрэгтэй байна. Ингэвэл илүү тогтвортой татварын орлого төсөвт бүрдэнэ. Цаг үеийн шинж чанартай төсвийн тэлэлтийн бодлогоо дуусгавар болгон хумиж, эдийн засгийн хэвийн өсөлттэй үеийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтуудын үр ашгийг дээшлүүлэх нь чухал. Эдгээр хөрөнгө оруулалт нь дандаа Монгол Улсын өрсөлдөх болон шингээх чадварыг сайжруулахад чиглэх учиртай. Төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн багтаамж шингээх чадвартай нь уялдуулахгүй бол улирлын шинжтэй эдийн засгийн мөчлөгдөө амждаггүй.Орлого өндөр байгаа үед төсвийн хуримтлалаа хийхгүй бол болохгүй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын нам автобусаа үнэгүй явуулж байгаа бол Ардчилсан намынхан архиа үнэгүй тараах хэрэгтэй DNN.mn

Ардын нам сонгууль дөхсөн биш ард түмнээ ёстой нэг бөөцийлж эхэллээ дээ. Ахмадуудаа бодож тэтгэврийг нь нэмэхээр болов. Ажилчдын цалин хөлсийг ч давхар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ард түмнээ хайрлах хүсэл нь бадарч ирэх 2024 оны төсвийн хоёр их наяд төгрөгийг халамжид тараахаар батлав. Залуучууддаа засаг төрийн тэтгэлгийг харамгүй өгнө л гэлээ. Нийтийн сайн сайхны төлөө нийтийн тээврийг ч үнэгүй болгочихлоо. Ёстой л нэг гараа тэнийлгэж, харсан үзсэн хүн болгондоо аль байдгаа л өгье, тусалъя гэж байна, Ардын намынхан маань. Ард түмнээ огцом ингэж хайрлаж, халамжлаад ирэхээрээ л МАН сонгуульд олонх болчихдог доо. Үүнийг эрх биш Ардчилсан намынхан энэ олон жил судалсан байлгүй дээ. Тиймээс сөрөг хүчнийхэн маань өглөгийн үүдээ нээсэн эрх баригч намын бодлоготой зэрэгцээд л боломжтой бүгдийг л үнэгүй болгож өгөх хэрэгтэй байна. Улс төрд адилхан аргаар л өрсдөлдөж байж, ялна. Ардын нам автобусаа үнэгүй явуулахаар болсон юм чинь Ардчилсан намынхан архийг үнэгүй болгоно гэдгээ зарла. Адилхан л тараа, адилхан л үнэгүй болгох бодлого гарга. Архиа үнэгүй болгоод тараачихъя гэж хэлэхээсээ айж ичээд байх ч зүйлгүй шүү, Ардчилсан намынхан. Та бүхэн өнгөрсөн долоон жил айж, ичиж суулаа. Одоо зоригтой байцгаа. Улс төрийн ууган хүчнийхээ явуулж байгаа бодлогыг анзаар. Тэдний бодлого байгаа онож байгаа учраас олонх болоод байна. Тиймээс одоо адилхан аргаар л үз. Энэ хоёр том нам ана мана үзэж байж ойролцоо суудал авч байсан улс төрийн бодит түүх ч бий. Тэртээ 2004 оны сонгуулиар Ардын нам “Эх орны хишиг” гэж нэг сая төгрөг иргэн бүрдээ амалж байхад Ардчилсан нам “Эрдэнийн хувь” гэж 1.5 сая төгрөг болгон ахиу өгөх амлалтыг өгч байсан. Үүнийхээ хүчинд ч УИХ-д хоёулаа ойролцоо суудалтай, гарын таван хуруунд багтах бие даагч болон бусад намын төлөөлөлтэй гарч ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаа ч гэсэн адилхан л амалж, адилхан өгөх хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Дэлхийн ихэнх оронд дагнасан шүүх байхгүй байгаа нь ямар нэгэн асуудал байна л гэсэн үг DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах талаар тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хороогоор авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх байсан боловч хуралдаан болоогүй. Яагаад хурлын ирц хүрсэнгүй вэ?

-Тухайн өдрийн өглөө есөн цагаас бид хурлаа зарласан. Засгийн газрын зүгээс Шүүх байгуулах тухай хуулийг яаралтай горимоор өргөн барьсан. Тиймээс яаралтай горимоор хэлэлцэх ёстой учир өргөн баригдсаных нь маргааш л шууд хэлэлцэхээр хурлаа зарласан. Ингээд өглөө есөн цагаас хурлаа зарлаад өдөр 13 цаг хүртэл хүлээсэн. Ирц бүрдээгүй.

-Яагаад ирц бүрдээгүй юм бэ. Гишүүд уг хуулийг хэлэлцэхээс зайлсхийгээд байна уу?

-Зарим гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж байгаа. Үүнээс харвал дагнасан шүүх байгуулах асуудлаар зарим гишүүдийн хувьд эргэлзээ байгаа юм шиг байна лээ. Тиймээс тэр өнцгөөрөө гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн болов уу. Миний хувьд ч гэсэн заавал дагнасан шүүх оруулж ирэх шаардлага үнэхээр байгаа юу гэдэг асуудал байна. Гэхдээ нэгэнт Засгийн газраас яаралтай горимоор ороод ирчихсэн хуулийн төслийг хэлэлцэх хуулийн үүрэгтэй. Тиймээс уг асуудлаар байнгын хороо хуралдах байсан боловч ирц хүрсэнгүй. Ямартаа ч асуудлаа тал талаас нь хэлэлцээд явах л ёстой. Огт хэлэлцэхгүй хойшлуулаад байхыг миний хувьд тийм ч зөв шийдвэр биш гэж үзэж байгаа. Учир нь УИХ гэдэг бол аливаа асуудлыг хэлэлцэж байж шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс хэлэлцэж байж л шийдэх ёстой.

-АН-ын бүлгийн гишүүд байнгын хороог хуралдуулахгүйгээр акц хийсэн гэдгээ үгүйсгэж байсан. Энэ асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Хурлын ирц бүрдээгүй. АН-ын болон манай намын гишүүд ч ирээгүй. Ер нь бол байнгын хороонд дор хаяж арван гишүүн ирж байж хурлын ирц бүрдэнэ. Бүрдэхгүй дээрээ тулбал нэг гишүүн ч нэг гишүүн шүү дээ. Тиймээс АН, МАН гэлтгүй гишүүдэд ер нь бол эргэлзээ байна.

-Тэгэхээр гишүүд дагнасан шүүх байгуулахыг дэмжихгүй гэсэн үг үү?

-Нийт гишүүдийн өмнөөс байр суурийг нь би хэлэх боломжгүй. Миний хувьд бол уг асуудлаар судлах, тодруулах зүйл байна. Нөгөөтэйгүүр дэлхийн 27 оронд л ийм төрлийн дагнасан шүүхтэй улс байна.

Нөгөө нэг судалгаа нь бол 50-аад оронд энэ төрлийн шүүх байгаа гэж байна лээ. Гэхдээ НҮБ-ийн 193 гишүүн орон байгаа шүү дээ. Тэгэхээр нийт улсын олонход нь ийм шүүх байдаггүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл дэлхийн ихэнх оронд ийм төрлийн дагнасан шүүх байхгүй байгаа нь ямар нэгэн асуудал байна л гэсэн үг. Тиймээс тал талын судалгаатай л үзэх ёстой. Миний хувьд ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн судалгааг нэг бүрчлэн үзнэ гэж бодож байгаа.

-Анхан шатны шүүхийг алгасаад шууд Давж заалдах шатны шүүхээр шийдүүлээд хэргийг хурдасгах хуулийн төсөл гэж харж байгаа. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Энэ бол бүр эргэлзээтэй асуудал шүү. Миний хувьд сая дагнасан шүүх байгуулах нь зөв үү, буруу юу гэдэг дээр байр сууриа хэллээ шүү дээ. Энэ чинь Эрүүгийн хууль. Хүний эрх рүү халддаг хууль. Тэгэхээр үүний үе шатыг богиносгоно, хурдасгана, цөөлнө гэж яриад байдаг нь ямар учиртай юм. Шүүх гэдэг чинь үнэнийг л олох байгууллага. Хүний эрхэнд халдахын тулд хүндтэй шалтгаан хэрэгтэй. Тэгэхээр үүнийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг. Түүнээс биш хэн нэгний бах тавыг хангах гэж хугацаа богиносгоно гэдэг нь юу гэсэн үг вэ. Өнөөгийн нийгэмд олон түмэн уурсчихсан байна. Гэхдээ эцсийн дүндээ ийм хууль батлагдал иргэдэд яаж тусах вэ. Хууль гэдэг чинь гурван сая хүнд үйлчилнэ. Тэгэхээр хэдэн авлигачдыг хуулиар хорих гэж байна гээд ард нь хэчнээн энгийн иргэд хохирч үлдэх вэ. Шийтгэмээр байна гэдэг хүслээрээ хуульд хандаж болохгүй.

Авлигачдаа шийтгэж болдог юм байж. Тэгвэл энэ хууль чинь энгийн олон мянган иргэдэд сөргөөр тусаж магадгүй шүү. Учир нь хууль гэдэг бол хэсэг бүлэг хүнд биш нийт улсын иргэдэд зориулагдаж гарна. Тиймээс миний хувьд үе шатыг нь богиносгон гэдэг асуудал дээр жинхэнээсээ эргэлзэж байна.

-Танай нам олонхоороо байгаа дээр шүүхийн асуудлыг оруулж ирье гээд байгаа юм биш үү?

-Ийм өнцгөөр асуудлыг ойлгож болохгүй. Манай нам дотор ч гэсэн үзэл бодлын ялгаатай маш олон хүмүүс бий. Би жишээ нь нэг талын өөр өнцгийг харж хэлж байгаа биз дээ. Тэгэхээр нэг нам гээд бүгдэд нь хамтатгаж болохгүй. Үзэл бодлын уралдааны үзүүрт л эдгээр асуудлууд шийдэгдэж явдаг. Би тухайлбал, өөрийнхөө байр суурийг хаана ч хэлээд л явна. Хэнээр ч амаа бариулахгүй.

Э.МӨНХ