Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Алтанхуяг: Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулан ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Олны анхаарал татсан нэг том хууль бий. Тэр нь Эрүүгийн хууль. Уг хуулийн төслийг энэ долоо хоногоос эхэлж хэлэлцэж байна. Таны хувьд уг хуулийн төслийн ажлын хэсэгт багтан орсон шүү дээ?

-Хоёр том хууль явж байгаа шүү. Нэг нь эрүүгийн хэргийн тухай хууль. Нөгөөх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль явж байна. Нэг нь материалаг хууль. Нөгөөх нь процессын хууль гэсэн үг. тэгэхээр миний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах асуудал гарч ирэв ээ. Тэгэхээр манайд шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. баривчлагдсан хүмүүсийн дийлэнх буюу 90 орчим хувь нь дандаа шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдсан гэсэн үг.

Олон улсын шинжээчид хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл манайд ирээд энэ хуулиа янзал, өөрчил гэсэн. Үүнийг Засгийн газар дэмжээд, зөв чигтэй ажлыг эхлүүлж байгаа нь сайн.

-Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсанаараа шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг байдал зогсох уу?

-Зогсоохын тулд л энэ хуулийн шинэчлэлийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. аливаа этгээдийг баривчлахын тулд заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой болно гэсэн үг. Зарим нэг тохиолдолд заавал баривчлах зүйл гарч ирнэ. тэгвэл маш түргэн хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргах ийм зохицуулалтыг тус хуульд оруулж байгаа. Наанадаж хагас, бүтэн сайн өдөр шүүгчид амрахгүйгээр ажилладаг болно. Нөгөөтэйгүүр одоо манайд ямар практик байна гэхээр хүнийг баривчилчихаад хугацааг нь сунгаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг бариад хорьчихлоо гэхэд тэр хүнийг 1-12 сар хүртэл баривчилж болдог эрх зүйн зохицуулалт байна. Үүнийг энэхүү хуулиар цэгцлэх гэж оролдож байна. монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж. Өнөөдрөөс эхлээд байнгын хороод дээр ярина. Улмаар энэ чуулганы хугацаанд батлагдчих болов уу гэж ойлгосон.

-Сонгуулийн тойрог, мандаттай холбоотой өөрчлөлтүүд батлагдлаа. Энэ бол маш том өөрчлөлт гэж иргэд дүгнэж байна. Таны хувьд уг өөрчлөлтийг ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?

-Том өөрчлөлт гэдэгтэй нь санал нэг байна. харин үүнийг хийхдээ цагийг нь тулгаж байгаад баталчихсан нь жаахан тиймхэн санагдсан. Үүнээс хойш манай улс бүсчилсэн хөгжлөөр мандан бадрах юм шигээр ярьж байна. тиймээс үүнийг би бол монголчуудын тархийг угаах гэсэн нэг оролдлого гэж харсан. яах вэ, ерөнхий санаа нь бол буруу юм биш.

Сонгууль болохоос зургаахан сарын өмнө энэ том өөрчлөлтийг маш богино хугацаанд шийдчихэж байгаа нь өөрөө хардалт төрүүлж байгаа юм. МАН-ын хувьд 2024 оны сонгуульд оролцоход маш хүнд байгаа. Намын хувьд ч улстөрчдийнх нь хувьд ч тэр. Ихэнх нь хулгайд нэр холбогдчихсон.

– Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна-

Тиймээс үүнийгээ бодож тооцоолоод сонгуулийн энэхүү тогтолцоогоор явах нь илүү ашигтай гэж үзсэн байх. Тэр утгаараа сонгуулийг зөв, шударга, зарчимтай явуулъя гэхээс илүү энэ сонгуульд бид яаж ямар тогтолцоогоор оролцвол илүү ашигтай вэ гэдгээ юун түрүүнд харж ийм шийдвэр гаргасан болов уу. Түүнээс биш улсын хөгжил энэ тэр бол дараагийн асуудал байх аа.

-Тэгэхээр энэхүү сонгуулийн тогтолцоо танай намд ямар ч ашиггүй гэж үзээд байна уу?

-Тэр чинь өөр асуудал. Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая орчим иргэн байна. Үүний тал нь Улаанбаатарт, үлдсэн хэсэг нь орон нутагт байна. Тэр утгаараа тойргоос сонгогдох 78 мандатынх нь хуваарилалт шог болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос 20 гаруйхан хүн гарч ирнэ. Үлдсэн нь хөдөө орон нутгаас. Үүнийг нь хэлэхээр эрх баригчид өөрсдийгөө зөвтгөж дандаа ярьдаг. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл эхлээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх шаардлагатай биз дээ. Гэтэл энэ олон асуудалтай газраас гарч ирж байгаа төлөөлөл нь хамаагүй цөөн болчихож байгаа юм.  Тиймээс зарчим гэхээс илүү өөрсдөдөө илүү ашигтайгаар энэхүү тогтолцоог хийжээ гэж надад харагдаж байна. Нэмээд хэлэхэд тогтолцоо, үндсэн асуудлаар өөр нэг зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Мөнгө. Манай ард түмэн бүгд л харж байгаа байх. Нүүрсний хулгайчаас эхлээд асар их мөнгө эрх баригчдад байна. Тэр утгаараа хэн мөнгөтэй нам, улстөрч нь ялдаг сонгуулийн тогтолцоо руу битгий явчихаасай гэж бодож байна. Гэтэл тойргийг томсгочихлоо. Тэгэхээр гурван аймгийн “атаманууд” мөнгөө нэгтгээд зүтгэчихвэл бусад нэр дэвшигчдэд тун хүнд сонгууль болно л доо. Жижиг нам болон залуу нэр дэвшигчдийн хувьд танигдах цаг хугацаа болон санал аваад гараад ирэх боломж асар бага л болно.

-Тэгэхээр бүсчилсэн тойргийн давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Хэрвээ шударга явагддаг бол бас давуу тал харагдаж байна л даа. Угтаа том тойрог гэдэг бол улс төрийн намуудын тулалдаан болно гэсэн үг. Гэтэл манайд олон нам гэхээр зүйл алга байна шүү дээ. Тойргоо томсгочихоор улс төрийн жижиг намууд бараг алга болсонтой адилхан гэсэн үг. Тэгэхээр МАН болон АН л үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр намын тулалдаан л болно. Угтаа улс төрийн нам өөрсдөө зөв зохион байгуулалтад ороод явбал маш том боломж. Гэвч тэгж чадахгүй л дээ, манай жижиг намууд.

-Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Нам гэж ярьсных та өнгөрсөн сонгуулиар намаасаа гарч бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа бие дааж нэр дэвших үү, Ардчилсан намаас гарч ирэх үү?

-Би энэ удаа намаасаа нэр дэвшинэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар намайг энэ намаас зүгээр л хасаад хаячихсан. Тэгэхээр намгүй хүн чинь яах вэ дээ, бие дааж л нэр дэвшинэ биз дээ. Гарцаагүй намгүй учраас өөр арга байхгүйгээр бие даасан болохоос биш. Намаа орхиод амиа бодсон юм байхгүй. Энэ Ардчилсан намыг байгуулалцаж явсан хүний нэг нь би. Ардчилсан намын асуудлыг би цагтаа мэддэг байсан. Харин одоо удирдлага биш болохоор төлөөлж байр суурь илэрхийлэх боломж алга. Бидний хувьд зориг зүрх муутай, унхиагүй л ажиллаж байна. Тухайлбал, саяны энэ томсгосон тойрог дээр МАН-тай нийлээд нэг цаас бариад дэмжээд зогсох шаардлага манай намд огт байхгүй шүү дээ. Учир нь жар гаруй хүн хуулиа баталъя гэвэл манай намтай намгүй л батална. Тэгэхээр хам хэрэгтэн болох ямар ч шаардлагагүй байсан юм.

-Таны хувьд Ардчилсан намын “Алтангадас” фракцад нөлөөтэй хэвээрээ байгаа юу. Таныг сонгууль дөхөөд ирэхээр энэ намын дарга болно гэсэн мэдээлэл гадуур мэр сэр явж байна. Та үнэхээр сонгуулийн өмнө АН-ын дарга болох уу?

-Юуны өмнө Ардчилсан намаасаа би нэр дэвшинэ. Харин намын дарга болох асуудал өөр шүү. Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна. Ер нь надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. Монгол Улсын хувьд тэртээ 1990 онд ирсэн ардчилал хаачив. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэх мэт маш олон эрх чөлөө өнөөдөр алга болсон. Үүнийг шинэ залуу үеийнхэн маань огт анзаарахгүй байх шиг байна. Надад бол хуучин байсан хар цагаан кино, өнөө цагийн өнгөт кино хоёрын ялгаа асар их мэдрэгддэг. Үүнд л их санаа зовж байна. Тиймээс би зөвхөн Ардчилсан намын тухай яримааргүй байна. Харин тэр 1990 оноос олж авсан монголчуудын эрх, эрх чөлөө хаана байна гэдгийг л нэхмээр байна даа. Чи ярилцлагынхаа эхэнд асуусан, УИХ өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэж. Энэ УИХ хоёр ч удаагийн сонсголыг маш сайн хийлээ гэж харж байгаа. Нэг нь Хөгжлийн банкны сонсгол, нөгөөх нь Нүүрсний сонсгол. Ардын намын бүх юм нь муу биш шүү. Энэ намын хулгайчид л муу байхгүй юу. Тэр хулгайчдад ер нь нам ч байхгүй л дээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүдийн санаачилсан Хяналт шалгалтын хууль маш сайн хууль болсон. Энэ хуулийн хүрээнд л дээрх хоёр сонсголыг явуулсан гэж харж байгаа. Эхний удаа хийж байгаа учраас жижиг алдаанууд бий. Гэхдээ хийж байгаа нь өөрөө маш том амжилт юм.

-Нийгэмд “одоо сонсгол хийгээд л суугаад байх уу. Өөр ямар нэгэн хариуцлага тооцохгүй юм уу” гэдэг хандлагатай байна. Таны хувьд ч гэсэн ийм бодолтой байна уу?

-Тиймээс л бид УИХ дээр сонсголын дараа эхлээд хуулиуддаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Дараа нь холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой юм. Сонсгол болоод дууссан. Одоо таны хэлдгээр маш олон шийдэл үлдчихлээ. Үүнийгээ УИХ сонгуулиас өмнө шийдээд явах байх аа. Одоо “Ногоон автобус”ны сонсгол хийнэ гээд явж байна. Үүнийг дээрх хоёр сонсгол шиг хийх л хэрэгтэй.

-Эрх баригчдын төсөвт олон жил дарамт үүсгэсэн гадаад өрийг тэглэлээ гэдэг зүйл ярьж байгаа. Уг өр нь таныг Ерөнхий сайд байх үеэс эхэлж тавигдсан гэдэг. Та үүнд тодорхой байр суурь хэлэхгүй юу?

-Өр гэдэг дээр би хоёрхон тоо хэлье. Намайг Ерөнхий сайдаас огцруулдаг жил буюу 2014 онд Засгийн газрын өр 3.5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр энэ өр 8.5 тэрбум ам.доллар болж өссөн. Өөрөөр хэлбэл Чингис бондыг гурав дахин үржүүлсэн их мөнгийг эд нар нэмж зээлсэн гэсэн үг. Үүнийг та бүхэн хаанаас ч харчихаж болно. Одоо яаж байна гэхээр нүүрсний хулгайн мөнгөөрөө эд нар маш буруу суртал ухуулга хийж байна. Өр анх тавьсан. Одоо тэр өрийг л дарах гэж махаа идэж байна гэдэг. Тэгэхээр би түрүү нь хэллээ шүү дээ, анх 3.5 тэрбум ам.долларын өр байсан. Үүнийг эд нар дараагүй. Харин нэмчихсэн байгаа биз дээ, 8.5 тэрбум болгоод.  Одоо тэгээд тухайн үед өр тавьсан нь буруу мэтээр ойлгуулах гэж эд нар хичээж байна. Үүнийгээ маш сайн явуулж байна. Яах вэ, хулгайчид асар их мөнгөтэй л байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Арванхоёрдугаар сарын жаврыг түлшний хомсдолтой давсан хөдөөнийхөн DNN.mn

АЙМАГ РУУ БЕНЗИН ХАЙЖ ЯВАХДАА ЗАМАА ДӨТЛӨХ ГЭЭД НУУРЫН МӨСӨНД ЦӨМРӨН ОРЖЭЭ

Өвөрхангайн замд үхчихсэн үхэр, адуу хэд хэдэн удаа таарсан. Өвсөө дарсан цастай, дээр нь жавартай учраас бог мал эхнээсээ үхэж байгаа нь тэр аж. Баянхонгор, Говь-Алтай аймгуудад харин цас багатай ч хүйтэн, мөн шуургатай байв. Харин Ховдод мал зулгаах өвстэйн дээр амны цангаа тайлчих цастай байна. Бид аймгийн төвөөс хойшоо Чандмань сум руу хөдөллөө. Идэр хүйтэн дундаа орж байгаа ч цаг агаар хасах 12 хэм байгаа нь дулаахан гэсэн үг. Өвлийн улиралд аймаг сум хооронд гэдэг нь болох шиг боллоо. Ийм төр засагтай байгаадаа гутарч явах юм. Заримдаа ч би өөрөө буруутай юм шиг санагддаг. Гэхдээ одоо нэгэнт Монголд монгол хүн болоод төрчихсөн юм чинь амьдрахгүй гээд яах билээ. Бид ч яах вэ, тэтгэвэртээ суучихсан хүмүүс. Харин үр хүүхдүүд минь ийм эх оронд үлдэнэ гэхээр өөрийн эрхгүй сэтгэл харанхуйлах юм” хэмээн цөхрөнгөө баран сэтгэгдлээ хуваалцлаа. Бид аймгийн Онцгой байдлын газар руу утсаар ярьж, тусламж дуудчихаад сум руу явахдаа гурван хүүхдийг нь суулгаад хөдөллөө. Сүүлд утсаар холбогдоход “Онцгойгийнхон түргэн ирсэн. Эхнэр бид хоёр автомашинаа татуулж гаргаад чирүүлээд аймаг орсон. Хабрид автомашин болохоор батарей, мотор гээд хамаг юмыг нь солихоос нааш асахгүй гэж байна лээ. Тэр сэлбэгийг нь авах гэж бараг нэг автомашины үнэ зарлагадах юм билээ. Тэгэхээр нь шууд сэлбэгт хямдаар өгчихлөө. Гарах ёстой юм нь гарч байгаа юм байлгүй. Угтаа бензин, түлш сум орон нутагт чөлөөтэй өгч байсан бол хаанаас ийм юм болох билээ. Одоо тэгээд эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бид хэнээсээ ч энийгээ төл гэж шаардах юм билээ” гэлээ. Бензин түлшний асуудал зөвхөн нэг айлд л ийм том асуудал болж байхад нийт иргэдийн хувьд ямар байдалтай байх нь тодорхой биз.

“ХОТ ОРОХ УНАА БАЙНА УУ”

Бид Ховд аймгийн Чандмань суманд зорьсон ажлаа амжуулчихаад буцаад аймаг орж, тэндээсээ Улаанбаатар хот руу хөдлөхөөр боллоо. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоног дулаахан байсан ч биднийг буцах үед буюу 10-12-ны өдрүүдэд дахин хүйтэрч эхэллээ. Цасан шуургатай өглөө сумын төвөөс нэг унаа олоод аймаг руу хөдөллөө. Аймагт ирээд хот руу явах санаатай фэйсбүүкээс зар хайтал ихэнх нь бензин, түлшгүй гээд зогссон байв. Дахиад л түлш, шатахууны асуудал яригдлаа. Үнэндээ Монгол Улс бензин, түлшгүй, эрчим хүчгүй бол хаана ч амьдрал таг зогсох юм билээ. Ховдоос хот руу явах санаатай хүмүүс олон. Энд тэнд л хот явах унаа байна уу гэцгээгээд л. Ингээд үдээс хойшихно нэг танил маань залгаж байна. Тэрээр “Нэг автобус хот руу өглөө хөдөлнө гэнэ. Гэхдээ замаасаа түлш олдвол орох байх гэсэн. Олдохгүй бол Говь-Алтайд бас түлш хүлээж зогсоно гэдгээ анхааруулан хэлж байна шүү. Тэр унаанд суугаад явах уу” гэлээ. Бид ч өөр аргагүй учир тэр автобусанд суугаад явахаа хэллээ. Ингээд маргааш өглөө Ховдын захаас улаан, том оврын автобусанд суугаад хотын зүг хөдөллөө. Жолооч нь Н.Баяр гэх хүн юм байна. Жолоочоос яаж түлш олсныг нь асуулаа. Тэрбээр “Манай нэг танил Хөшөөтийн уурхайд ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулаад 100 литр түлш авахууллаа. Одоо хэдүүлээ энэ түлшээрээ ямартай ч Говь-Алтай орчихно. Цаашлаад Баянхонгор бараг дөхчих байх” гэж байна. Бас л эрсдэлтэй юм ярилаа. Хот руу явах хүн их байсан ч бидний явсан автобус дүрмээ баримтлаад хүн хэтрүүлж авч явсангүй. Хол газар, дээр нь түлш ховор үед тэр нь ч зөв байх. Аймгаас биднийг хөдлөхөд нэг настай эмэгтэй “Эмээгээ аваад явчихаач ээ. Эмээ нь хотод очиж ач нараа харахгүй бол сургууль амарчихсан хэцүү байна, хүү минь” гээд жолоочоос гуйсан. Тэр эмээг л авсаныг эс тооцвол хүн бүр суудалдаа яг тоогоороо суугаад явлаа. Ховдоос Дарви ортол замын мөс, цас гайгүй байсан. Гэтэл Дарвиас цааш Говь-Алтай хүртэл ёстой нүдгүй цасан шуурга тавилаа даа. Жолооч ч болгоомжтой гэлдэрлээ. Шаргын говь, Ээвийн тал хэзээний л цас ордоггүй газар. Гэвч энэ өдөр чамгүй их цас орж байна. Автобусанд явсан хүмүүс дор бүрнээ чимээгүйхэн түгшин явлаа. Түлш хомс, дээр нь цасан шуурганаар засмалаас гарах боломжгүй том оврын автобустай явж байгаа хүмүүс шүү дээ. Бүгд л ямар нэгэн муу зүйл битгий болоосой хэмээн залбирч явах шиг. Ээвээс цаашаа хэсэг явсаар Баарангийн даваа өөд өгслөө. Бидний урдаас ирж явсан ачааны том тэрэг ёстой хөдөлж байгаа нь мэдэгдэхгүй шахам л даваа уруудаж явна. Ёстой нөгөө элгээрээ мөлхөх шахам л явж байв. Бид өгсөж байгаа ч замын гулгаа их, зарим газартаа автобус нааш цааш шарвах нь айдас хүрмээр. Юутай ч бид Говь-Алтай аймгийн төв орж ирлээ. Цасаар шуурсаар л. Колонк болгон дээр зогслоо. Түлш өгч байгаа нэг ч газар байсангүй. Ингээд цаашаа Баянхонгор хүртэл бараг 400 км. Замаасаа бага зэрэг түлш нэмэхгүй л бол аймаг орох эсэх нь эргэлзээтэй байв. Автобусанд явсан зарим зорчигчид таньдаг хүмүүс рүүгээ утсаар ярьж зам зуур түлш байгаа эсэхийг лавлав. Нэг идэрхэн насны залуу Бацагаан дээр түлш өгч байгаа юм байна гэдгийг хэллээ. Жолооч “Ахын дүү наад хүнээ түлшээ хадгалж байгаарай гээд захьчихгүй юу” гэж байна. Ингээд аймгаас цаашаа Баянхонгор руу бид хөдөллөө. Түлш, цасан шуурга гээд хоол унд идэхээ ч мартсан гэлтэй. Хүн бүр явдал дундаа өөр өөрсдийн бэлдсэн хүнсээ хэрэглэн явав. Говь-Алтайгаас цааш Дэлгэрийн тал өнгөрөөд Үнээ ус дээр уг нь хоол идэх гэж зогссон. Гэвч тэндхийн гуанзууд ажиллахгүй байв. Учир нь түлшгүй болоод аймгаас хүнсээ татаж чадаагүй байгаа гэнэ. Бас л нөгөө түлшний асуудал замын хоолны газруудыг ч зүгээр өнгөрөөсөнгүй бололтой. Түүнийг сонссон зарим зорчигчид уурлаж, үглээд автобусандаа суулаа. Монгол Улс нээрээ яаж хөгжинө дөө гэцгээх хүмүүс их байв. Зарим нь “Түлш шатахуунаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсээс том зүйл хүлээх хэрэг байна уу. Ардчилал, эрх чөлөө гээд ярьдаг. Олон гадаад хүмүүстэй уулзлаа л гэдэг. Тэгээд бидэнд наалдацтай ямар шийдвэр гаргасан бэ. Хойшоо оросуудынхаа уурыг хүргэж байгаад л түлш, шатахуунаа тасдуулаа биз дээ” гэж ярих хүн ч байна. Тэр яриаг нь дэмжээд “Оросууд биднийг боож байхгүй юу даа. Наадах чинь цаагуураа улс төр явж байгаа юм” хэмээн айхавтар геополитикийн асуудлыг хөндөх улсууд ч байх юм. Автобусан доторх хэсэг хүмүүсийн ярианаас харж байхад асуудал бидэнд биш Оросуудад байгаа юм шиг ойлгогдоно. Эрх баригч намыг дахин гаргахгүй ёсгүй шүү л гэнэ. Зарим нь МАН-аас өөр олигтой улс төрийн нам байхгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй бид МАН-ыг дахин сонгоно ч гэж мэр сэр ярьж байгаа нь дуулдлаа. Цасан шуурга үргэлжилсээр.

ХОВДООС УЛААНБААТАР ХҮРТЭЛ 1000 ГАРУЙ КМ ҮРГЭЛЖИЛСЭН ЦАСАН ШУУРГА

Угтаа Говь-Алтайгаас гараад бараг 200 гаруй км явсан ч шуурга намдсангүй. Бүр ширүүсэх маягтай. Автобусны цонхоор харж явахад нийт нутгаар цас их дарах шинжтэй. Зарим малчид малынхаа хойноос нааш цааш гүйлдээд тууж байгаа нь хүндхэн харагдав. Энэ цасан шуурган дунд яагаад явган малаа тууж, хөөгөөд байгаа нь сонин. Мотоцикльтойгоо явахаар бензингүй. Автомашинтайгаа явахаар түлшгүй. Морьтойгоо явахаар тэжээлгүй. Тиймээс явган малаа хариулж байгаа нь энэ аж. Хөдөөнийхнийг яг энэ үед л их өрөвдлөө. Үнэхээр тэдний амьдралд түлш, шатахуун ямар их хэрэгтэй байдгийг мэдрэх шиг. Чандмань, Дарви суманд ажиллаж байхад түлш, шатахуунаас болоод өвөлжөөндөө буугаагүй айлууд ч их байсан. Идэр есийн хүйтнээр өвөлжөөндөө буугаагүй гэхээр ямар хүндхэн өвлийг туулж байгаа нь ойлгомжтой биз ээ. Бид явсаар Бацагаан сум орж ирлээ. Нөгөө залуугийн түлш ашгүй байж байна. Гэхдээ гучин литрийг л өгнө гэнэ. Чамлахаар чанга атга гэгчээр нэмүүлж аваад цааш явлаа. Шөнө дөлөөр Баянхонгорт ирлээ. Энд ч түлш алга. Шөнөжин бүх колонкоор түлш хайж яваад олдсонгүй. Яах ч аргагүй эндээ бид хонохоор боллоо. Автобусны жолооч тэр хугацаанд ийш тийшээ ярьж түлш сураглаж байна. Хүн болгоны ад үзээд байдаг “хувийн” гэх тодотголтой колонк байдаг даа. Угтаа бүх колонк л хувийнх. Гэхдээ “Хөрс” гээд колонкийн түгээгчтэй жолооч ярьж байна. Тэдний хэлж байгаагаар өглөө түлш ачсан машин орж ирнэ гэлээ. Бид хүлээж байгаад авахаас өөр аргаггүй. Харин ч өглөө ирж байгаа нь бидний хувьд баярт мэдээ юм. Ингээд аймагт зарим нь автобусанд зарим нь таньдаг айлдаа, зарим нь гуанз, буудалд орж хонолоо. Өглөө 10 цагийн үед мөнөөх түлш ачсан автомашин орж ирэв. Ингээд түлшээ аваад бид хот руу хөдөллөө. Бас Өвөрхангайгаас жаахан нэмэхгүй бол яг таг Улаанбаатар хот хүрэхгүй гэдгийг жолооч хэллээ. Явсаар Өвөрхангай орсон ч бас л түлш байсангүй. Цааш явлаа. Элсэн тасархай, Эрдэнэсант бас л түлшгүй явсаар Лүн орлоо. Харин аз болж Лүнгийн “Сод” түлш өгч байна гэнэ. Бушуухан яваад очтол бас л гучин литрийг өгнө гэлээ. Түүнийг нь аваад хот арай ядан орж ирлээ дээ. Ховдоос гарахад цасан шуурга нүдсэн. Хотод орж иртлээ шуурга намдсангүй. Баянхонгорт бол айхавтар цасан шуурга болж, зарим газар зам ч тасарч байсныг бодохоор айдас хүрэх шиг. Арванхоёрдугаар сарын жаврыг түлш шатахууны хомсдолтойгоор арай ядан Ховдоос хотод ирсэн бидний зам ийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд байлаа. Гэхдээ бид ч төв замаас холдолгүй явж ирцгээсэн хүмүүс. Харин төв зам битгий хэл төв суурин газраасаа хол, уулын мухарт, талын голд хэдэн малынхаа төлөө амиа өгөхөөс наагуур яваа хөдөөнийхөнд энэ сарын жавар, бензин, шатахууны хомсдол амьдралд нь ямар том бэрхшээл дагуулсаныг хэн ч мэдэхгүй биз ээ…
Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь DNN.mn

Нар орой дээр гарлаа. Ихэвчлэн үүрийн гэгээ, өглөөний нартай уралдаад чоно гүйдэгсэн. Заримдаа нар гарсны дараа нэлээд оройхон чоно гүйдэг гэлцдэг. Ямартай ч энэ өдөр нар голлотол дурандсан бидэнд чонын бараа сураг харагдсангүй. Харин хоёр, гурваараа шогших хар сүүлт л олж харлаа. Дөргөний тал, Суудал, Мөнгөн Аяга уул орчим том том жалга, сайр ихтэй учир хар сүүлт элбэг юм. Тээр доор бөхөнгийн сүрэг ч амар амгалан идээшилж байсан. Харин зорьсон ан маань бараагаа харуулсангүй. Биднийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө яг энэ л газарт таван чоно явж харагдсан гэж байгаа. Бид уулнаас буугаад буцаад өвөлжөө рүүгээ хөдлөх зууртаа мөнөөх таван чонын чиг, баримжааг өөр хоорондоо хэлэлцэн явлаа. Бааяа “Биднийг дурандаж суухад шувуу огт үзэгдсэнгүй. Уг нь шувуу үзэгдвэл бас ч гэж бараа харахад ойрхон байдагсан. Одоо тэгвэл хэдүүлээ жаахан дээгүүр үзье дээ” гэлээ. Дээгүүр гэдэг нь уул руугаа гүн орж үзье гэсэн үг. Ингэж ойр зуур ярьж явсаар Бааяагийн өвөлжөөнд ирээд гэрт нь орж цай, хоол болцгоолоо. Нутгийн зарим залуучууд биднийг чоно авлах сургаар ихэнх нь ирчихсэн байв. Хэдэн малаа боохойд авахуулсан малчдын хувьд бидний үйл хэрэг буян мэт л санагдсан байх. Дээр нь ан авд сонирхолтой залуучууд хонио өөд бэлчээчихээд хэрэгт дурлан ирсэн нь энэ байх. Бааяагийн өвөлжөөнөөс дээшлээд Ханант хэмээх газар бий. Тэнд бидэнтэй явсан Т.Ганхуягийнх өвөлжиж байгаа. Тэднийхээс дээшлээд айлгүй зэлүүд уулаар явна. Үхэр, адууны бэлчээр л дээ. Тиймээс доогуур айлууд ихтэй байгаа учир боохойнууд дээшилсэн гэж бид үзлээ. Гэрийн эзэгтэй мах чанаж, бууз жигнэлээ. Тэр хооронд Бааяа хоймор дахь жаазны араас нэг шил хатуу эд гарган ирж, сэржим өргөлөө. Хотоос хүмүүс ирчихсэн дээр нь Засаг дарга явж байгаа. Бүр хотыг нь эргээд малыг нь тогтоохгүй байгаа боохойг цөөлөх гэж байгаа болохоор нутгийнхан бидэнд их л хүндэтгэлтэй хандаж байв. Бидэнд ч гэлтгүй дээ. Манай малчид, хөдөөнийхөн маань ямар ч хүн ирсэн аль байдгаараа л дайлж цайлдаг зан соёлтой ард түмэн дээ. Энэ соёл алс хязгаар нутгийнханд л жинхэнэ утгаараа оршин байна.

ЧОНЫН СУРАГ ДУУЛГАСАН ХҮРГЭН ЗАЛУУ

Үдээс хойших нь доо. Биднийг элдэв юм ярьж суутал Т.Ганхуягийн үхэрт явсан хүргэн нь орж ирлээ. Т.Ганхуяг “Миний хүү үхрийнхээ сургийг гаргав уу” гэв. Хүргэн залуу “Сураг ч дуулсангүй. Хэд хоногийн өмнө арын худаг дээр ус уух гэж ирсэн байхыг Дархаа жаажаа харсан байна” гэлээ. Т.Ганхуяг “Тэгвэл цасаа бараадаад доошилж дээ. Гэхдээ биднийг өглөө Суудал хайрхнаас дурандахад үхэр огт харагдаагүй юмсан” гэв. Хүргэн нь залгаад “Та хэдийн ажил бүтэмжтэй юу. Нөгөөхөө олж харж чадав уу” гэж байна.

Бид ч барааг нь олж харсангүй гэдгээ хэллээ. Тэгтэл мань хүн “Түрүү нь Дархаа жаажаатай уулзахад чоно харагдсан талаар ярьж байна” гэв. Хажуу бөөрөө наалдаж суусан бид чонын сураг сонсоод бүгд суудлаа засаад яриаг нь анхааралтай сонслоо. Хүргэний хэлснээр бол хэдэн чоно өнөө өглөө арын шилээр даваад цаашаа Сонгинотын даваа өгссөн сурагтай. Түрүү нь Бааяагийн хэлсэнчлэн дээшээ уул руугаа нөгөө хэд маань орсон нь үнэн боллоо. Нэгэнт сураг сонссон учир Бааяа униндаа хавчуулсан утсаа шүүрээд “сүлжээнд гарчихаад ирье” гээд мордлоо. Удсан ч үгүй эргээд ирлээ. Бааяа “За би сая Дархаа жаажаа руу ярилаа. Тэдний арын даваагаар өглөө явж байсан гэж байна. Хэдүүлээ тэдний өвөлжөө рүү машинтайгаа хөдлөөд цаашаа мориор яваад даваан дээр гарч дурандъя” гэлээ. Бид ч ухасхийгээд хувцаслаад Засгийн машинд сууж хөдөллөө. Эднийхээс Дархаа жаажаагийнх 15 орчим км зайтай аж. Уул хадан дундах зам учир хоёр цаг гаруй гэлдэрсээр очлоо. Дархаа жаажаа хониндоо явж. Бид цай балгачихаад шууд л даваан дээр гарахаар мордлоо. Зарим нь “мотоцикльтой эвийг нь олоод гаръя” гэв. Ингээд нар жаргах алдад Сонгинотын даваа дээр гарч дурандлаа. Бүүр дээгүүр Их давааны энгэрт хэдэн янгир идэж байна. Доогуурхан шиг адуу, үхэр ч харагдлаа. Бидний дурандаж суусан газрын баруун доогуур юмдаг уу даа. Хуучин Дархаа жаажаагийн өвөлжөөний яг хажууд нөгөө тав чинь хэвтэж байна шүү. Түүнийг нь анх Т.Ганхуяг олж хараад бидэнд хэллээ. Бид ч бүгд дурандаад таван чоно байгааг олж харав. Яагаад ингээд тавуулаа нэг дор хэвтиж байгаа нь сонин. Өдийд нар жаргах гэж байгаа үе. Тэдний хувьд гэгээ тасрахыг хүлээж ийн хэвтэж байна гэсэн үг. Учир нь дээхэн талд нь бэлчээрлэх янгирын сүрэг болон хэдэн үхрийн байр байдлыг хэдийнээ мэдчихээд гэгээ тасрахыг хүлээж байгаа нь энэ аж. Чоно бол байгаль дээрх хамгийн шилдэг анчид юм. Сүргийн зохион байгуулалт, ан хийхэд чоно тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэлцдэг. Нүүдэлчин монголчууд чонон сүргийн ан барих арга барил, ов мэхийг дайн байлдаанд ашиглаж, дайснаа ялан дийлж ирсэн түүхтэй. Биднийг дурандаж суутал ойр орчим хэрээ, тас шувууд эргэлдэх нь ихэслээ. Тэд бол чонын хамгийн сайн туслахууд. Хэрээ чоныг ан байгаа газарт хүргэж өгдөг бол тэд хариуд нь хоолныхоо үлдэгдлийг өгөхийг зөвшөөрдөг. Нэг ёсондоо харилцан ашигтай хамтарч ажилладаг гэсэн үг.

ХАЙГААД БАЙСАН ҮХРҮҮД НЬ ТАВАН ЧОНЫН ЯГ ДЭЭР НЬ БЭЛЧИЖ ЯВНА

Таван чонын байр байдлыг хэсэг дурандан суулаа. Тэдний ан ав нь ойрхон байгаа учир огт хөдлөхгүй оршино. Угтаа бусад үед чонон сүрэг ингэж хэвтэхдээ нэгэнтэйгээ тоглож, ноцолддог. Харин одоо анд гарах гэж байгаа учир тэд дор бүрнээ биеэ хяран чимээгүйхэн гэгээ тасрахыг хүлээнэ. Чоно их гэр бүлсэг амьтан гэж сонсож байсан. Тэгвэл бидний харсан таван чоно нэг гэр бүл байх магадлалтай гэдгийг Бааяа хэллээ. Гэхдээ энэ тавд нэг ч өлөгчин чоно харагдахгүй байгаа нь сонин. Угтаа азарган чоно өлөгчин чоно хоёр нийлсэн л бол нэгэнтэйгээ үхтэл хамт байдаг онцлогтой. Харин энд өлөгчин чоно байхгүй нь тэднийг ямар нэгэн байдлаар салгасан байх магадлалтай юм. Магадгүй ангийн учир мэдэхгүй хүмүүсийн тэнэсэн суманд өртөж үхсэн байхыг үгүйсгэхгүй юм. Түүнээс биш ороо хөөцөлдөө нь эхлэх гэж байгаа энэ үед харин ч хамт явах учиртай. Хэрэв бидний таамаглаж байгаа шиг өлөгчин чоно нь үхсэн бол эдгээр таван эр чоно айлын малыг сүйд хийх сүрэг мөн юм. Сүүлийн хоёр сарын турш эл нутгийнхны хоттой хониноос өдөрт л тав, арваар нь барьж идсэн сүрэг эднээс өөр байхгүй гэдгийг Бааяа хэллээ. Тиймээс хамгийн том, хөгшин азарган чоныг нь эхлээд унагая. Дараа нь хамгийн бага биетэйг нь гэх мэт авлая. Тэгээд хамгийн голд нь хэвтэж байгаа залуу азарган чоныг үлдээе гэж ярилцлаа. Учир нь удахгүй ороо хөөцөлдөөний цаг болно. Энэ өвөл дулаахан байгаа учир оны сүүлээр ороо нь эхлэх болов уу. Учир нь азарган чонын эр бэлгийн эс боловсорч ороо нь жигдрэхэд хасах 25 хэмийн хүйтэн орчин бүрдэх шаардлагатай. Тиймээс залуу азарган чоныг нь үлдээвэл удахгүй өлөгчин чонотой нийлж нэгэн гэр бүл болох учиртай. Чоно гэдэг нэг талдаа мал амьтны дайсан ч гэсэн нөгөө талдаа байгаль дэлхийд хамгийн хэрэгтэй махчин амьтан. Чонын тоо толгой хэт цөөрөвөл малын гаралтай өвчин ихэснэ. Тэр утгаараа малчдад ч гэсэн хэцүү болно. Тиймээс нутгийн иргэд чонотой жил мал өвддөггүй гэж ярьцгаадаг. Харин байгаа нутагтаа тоо нь хэтрээд ирэхээрээ эсрэгээрээ малчдад дайсан болж үзэгддэг. Тиймээс үүнийг зохицуулахын тулд зөв зохион байгуулалттай анг зөвшөөрөх нь аль аль талдаа ашигтай билээ.

ТАВААС НЭГИЙГ НЬ…

Сонгинотын даваанаас шууд буудчихъя гэхээр арай дэндүү хол байв. Тиймээс энэ таван чононд сэжиг авахуулахгүйгээр болгоомжтой жаахан дөхье гэв. “Зарим нь эндээ үлдээд дурандаж суу. Хоёр буутай нь доошоо бууя” гэлээ.

Ингээд Бааяа, Т.Ганхуяг хоёр буугаа аваад уруудлаа. Үлдсэн гурав нь байсан газраасаа дурандаж ажиглахаар болов. Манай хоёр яах ийхийн зуурт сэжиг авахуулахгүйгээр наад талын хамар дээр очлоо. Буудахад бас л хол харагдана. Нүдэн баримжаагаар 800 орчим метр байх гэж ойлгосон. Бааяагийн барьсан буу нь “7х64”. Гэхдээ дуран хараагүй. Харин Т.Ганхуягийн барьсан буу бол дурантай “Remington 700”. Хоёулаа л туссан байгаа нам авах л хүчтэй буу. Ашигтай тусгал нь 400 метр гэж байгаа. Харин ан маань 800 түүнээс ч хол байх магадлалтай байдаг. Гэлээ гэхдээ тэр хоёр цааш явах ямар ч боломж байхгүй. Тэр хамраа даваад хөдлөх л юм бол нөгөө тав шууд л үнэр, чимээгээр нь мэдчихнэ л дээ. Тэгэхээр яг энэ хамраасаа л хол байсан ч буудах л болж байгаа юм. Манай хоёр туршлагатай хүмүүс учир түүнийгээ мэдсэн бололтой буудах байрлалаа эзэллээ. Бид ч наана нь сэтгэл түгшин дурандаж суув. Удалгүй манай хоёрын нэг нь амаараа зурам шиг дуугарлаа. Гэтэл нөгөө тавын нэг нь сэрт гээд л босоод ирлээ шүү. Байр байдлыг нь харвал нөгөө хөгшин азарган чоно бололтой. Бидний зүг анхааралтай харж зогстол буун дуу тас хийлээ. Өндөр Алтайн уулс дунд буун дуу ч ёстой сүртэй. Тээр дээр идэж явсан янгирын сүрэг чимээ аваад Их давааг давж одлоо. Наана нь байсан үхэр, адуу тоосон шинжгүй л иднэ. Харин нөгөө тав аль хэдийнээ босон дөрвөн зүгт таран харайлаа шүү. Бидэн рүү харж зогссон хөгшин чоно газар дээрээ нам унажээ. Уул толгод дунд дөрвөн зүгт зугтсан чоныг дахин буудна гэдэг бараг боломжгүй. Ингээд зугтсан дөрвийг хаяад бид унагасан ан дээрээ очлоо. Бууны сум дал хавсраад орж. Ингэж оногдсон ямар ч ан газар дээрээ нам л даа. Нэг талдаа амьтан зовоолгүй, маш сайн буудлаа. Уг нь хоёулаа буудсан. Т.Ганхуяг дуран хараатай буутай байсан болохоор яг л барьсандаа авч. Харин Бааяагийн буу овоо хараатай ч дурангүй учир тэр хол угаасаа яаж ч онох билээ. Ингээд ангаа ганзагалаад буцаад Бааяагийн өвөлжөөнд иртэл аль хэдийнээ одод түглээ. Бид ч саяны хийсэн ангаа өөр хоорондоо ярилцаж, маргаашийн мандах нарнаар үлдсэн дөрвөн чонын барааг харах төлөвлөгөөгөө давхар хэлэлцэн хонолоо.

Зорьсон хэргээ бүтээсэн бид маргааш өглөө хотын зүг жолоо заллаа. Буурлын буян заяа оршоосон Бумбат хайрхны өвөр бэлээс алтайн хишгийг хүртсэндээ талархан буцав. Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан хэдхэн хоног нүд ирмэх төдийд өнгөрч одлоо.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь DNN.mn

Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал гэхээр зүүн эсвэл урагшаа говь руу гэж бодож магадгүй. Эдгээр алдарт говиуд таширлаад Говь-Алтай, Ховдын нутаг буюу Монгол Алтайн нурууны төв хэсэгт бий. Мөн Дөргөний хүрэн тал хэмээх өвс, ургамал, ан амьтан, нуур далайгаар баян нутаг гагцхүү Ховд аймгийн Чандмань, Дөргөн сумд оршино. Мөнөөх Дөргөний талаас баруун дээшээ явахаар Алтайн нурууны салбар уулс болох Бумбат, Жаргалант хайрхан тусгаарлан сүндэрлэнэ. Чандманьчууд эл хоёр хайрхнаа “Хос Алтай” хэмээн нэрийдэж, үе удмаараа шүтэн дээдэлдэг. Хотоос Ховд руу аялж, зугаалж үзсэн олон хүн бий байх. Тэгвэл Зэрэг сумын нутагт орших алдарт Алтан Тээлийн хөндийгөөр нэвт баруун тийшээ чиглэх засмал зам Дарви, Зэрэг, Манхан сумыг дайрч өнгөрөөд Ховд хот ордог доо. Энэхүү замд буюу Дарви, Зэрэг сумын хооронд явахаар зүүн талдаа Алтайн нуруу тасралтгүй үргэлжилнэ. Ингэхдээ мөнх цаст Сутай хайрхан ханагар нурууны цаанаас дүнхэлзэн харагдах нь сүртэй. Ёстой уулсын цаана оргил сүндэрлэнэ гэдэг шиг. Харин баруун талаараа Дөргөний хүрэн тал залгаад Бумбат, Жаргалант хайрхан хөхрөн харагдана. Дээр хэлсэнчлэн Бумбат, Жаргалант хайрхныг Алтайн нуруунаас салангид оршоож байгаа нь Алтан Тээлийн хөндий ажээ.

Бидний очсон цэг болбоос Ховд аймгийн Чандмань сумаас урагшаа 60 орчим км-т орших Бумбат хайрхны зүүн үзүүр Суудал хэмээх уул билээ. Эл газар бол Ховдын Чандмань, Дарви сумын нутгийн хил зааг. Харин Бумбат хайрхны баруун үзүүр нь Чандмань, Зэрэг, Манхан сумын хил заагт ордог сунайсан урт хайрхан юм. Бумбат хайрхны баруун үзүүрээс хойшоо Хөтөл-Ус хэмээх хөндийгөөр Жаргалант хайрхны зүүн үзүүр эхэлнэ дээ. Жаргалант хайрхны өвөр бэлд Хар-Ус хэмээх үзэсгэлэнт нуур мэлтэлзэн оршино. Тус хайрхны баруун хойд үзүүрт Үүдэн далай, түүнээс хойшоо буюу Завхан чигтээ Хар нуур, залгаад урагшлахаар Дөргөн нуур бий. Нэг тийм уулс, нуурууд, говь, талын тойрог мэт сонсогдож буй. Үнэндээ тийм. Хос Алтай, холбоо гурван нуурын дунд Чандмань хэмээх сум оршин байдаг. Ийм байгалийн өвөрмөц нутагт идэр есийн үеэр очиж, чонын авд мордох шиг эр хүний жаргал хаана ч үгүй биз.

 МАЛЫГ НЬ ТОЙРЧ ЧОНО УЛИАД, ШӨНӨ БҮР ХОТ РУУ ДАЙРААД БАЙХАД МАЛЧИН АМАР ТАЙВАН СУУЖ ЧАДАХ УУ

Өнгөрсөн өвөл Ховдын ихэнх сум зудтай байснаас болж хавар мал хүндэрсэн. Онд орж чадаагүй, орсон ч зулгаах өвсгүйгээс болоод олон ч мал үхсэн. Харин энэ өвөл өнтэй сайхан байгаа ч байгалийн бас нэгэн бэрхшээл Ховдын ихэнх сумдаар тохиож, малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Тэр нь мэдээж “Уулын эзэн”, “Хангайн өвгөн”, “Боохой”. Малчдын ганц хөрөнгө болсон мал сүрэг нь аюулд учраад байгаа талаар аймгийн малчдын зөвлөгөөнөөр ярилцсан байна. Үүнд анхаарч өгөөч, сүүлийн 20 жил чонын ав, бэлтрэг суйлах ажил хаягдлаа. “Хот руу довтлох чоныг бид дийлэхээ болилоо” хэмээх гомдол малчдаас их ирэх болж. Малын хотыг нь тойроод 10 гаруй чоно улиад, шөнө бүр хот руу дайраад байхад малчин амар тайван сууж чадахгүй. Яг ийм байдал Ховдын ихэнх сумын малчдад адилхан зовлон болж буй. Тиймээс Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр нэг хугацаанд нийт нутгаар чоно авлах тухай тогтоолыг баталжээ. Зохион байгуулалттайгаар чонын бэлтрэг суйлах ажил сүүлийн 20-иод жил хийгдээгүй. Үүнээс болж чонын тоо толгой эрс өссөн. Малчдын гол амин зуулга болсон мал чонын хоол болсноор онд орохоо больсон. Малчид өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуныг халууныг туулан төл авч мал сүргээ өсгөдөг. Гэтэл гарсан төлийг нь хээрийн амьтан зооглочихоор яаж мал сүргээ өсгөх билээ дээ. Зэрэг, Чандмань сумынхан бол өдөрт л арав гаруй хонио хотноосоо идүүлж байна гэх. Ийм аймшигтай нөхцөлд ганц, хоёроороо малаа маллаад аж төрж байна гэхээр монголчуудын зориг тэвчээр үнэхээр тулчихсан байгаа юм шүү. Чөдрийн морь, саалийн үнээ, хоттой хонио чононд сийчүүлсэн малчдад хэн туслах вэ. Угтаа малчид хот эргээд буй боохойг зайлуулахын тулд ганц нэг буу дуугаргадаг. Гэтэл төр, засгийн шийдвэрээр зөвшөөрөлгүй гэх нэрийдлээр хамаг бууг нь хурааж авсан байна. Үүнээс болоод орой шөнө хоттой хонийг нь эргэх чонын тоо толгой эрс өсчээ. Нэг үгээр чоно хүнээс айхаа больсон гэсэн үг. Тиймээс энэ нутгаар чонын тоо толгой байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өсчээ. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт анчид цөөрсөн, ганц нэг ан авд морддог хүмүүсээ хардаж сэрдээд үйл хөдлөл бүрийг нь хянахаас наагуур болдог гэнэ. Ийм дарамт дунд хэн буу үүрээд явах билээ. Хааяа нэг залуучууд нийлж чонын авд морддог байна. Гэвч залуу хүмүүс хаана, ямар чоно агнах вэ гэдгээ мэддэггүй. Түүнээс болоод хангайн амьтныг улам догшруулдаг. Улмаар малчид бидэнд л тус болохоосоо илүү гай болдог гэдгийг нутгийн иргэд ярилаа. Үнэхээр хурдан машин, хүчтэй буугаар хаа таарснаа усгадаг нөхдийг анчид гэхгүй, алуурчид л гэнэ. Тиймээс аймгийн ИТХ-ын ан ав хийх тухай тогтоолыг сум орон нутгийн албаныхан хэрэгжүүлэхдээ баг болгоноос хашир туршлагатай хоёр хүнийг сонгон авч чонын авд мордуулсан юм.

ЧОНО БИДНЭЭС ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЛАА…

Чандмань сум зургаан багтай. Баг бүрээс хоёр хүн гэхээр нийт 12-15 хүн хоёр хэсэгт хуваагдан чонын авд мордлоо. Ингэхдээ бид урагшаа буюу Бумбат хайрхнаас чоно авлах багт нэгдэн явсан юм. Сумын төвөөс ойр зуур бэлтгэлээ базаагаад Засаг даргын албаны унаанд тавуулаа суугаад урагшаа хөдөллөө. Чоно авлана гээд байсан газарт нь очоод шууд буудаад унагаачихгүй нь тодорхой. Эхний өдрөө Бумбат хайрхны Талынбулаг багт өвөлжиж буй нутгийн айлд очиж хаагуур чоно гүйж байна, хэд орчим байгаа болон бусад зүйлийг судлан ярилцлах шаардлагатай болов. Бид сумын төвөөс урагшаа 50 орчим км яваад Суудал хайрхны ар бэлд өвөлжих нутгийн малчин Б.Баянмөнхийнд ирлээ. Түүнийг нутгийхан Бааяа хэмээн дуудна. Бааяа өдгөө 40 гаруй настай өндөр биетэй, улаан шар хүн. Хар багаасаа аав, ах нарыгаа дагаж ан гөрөөнд явж өссөн учир ангийн байр байдлыг хэнээс ч дутуугүй мэдэх нэгэн. Хэдхэн хоногийн өмнө Бааяагийн хотноос арав гаруй хонь чононд бариулжээ. Тэгэхээр нь мань хүн маргааш үүрээр Суудал хайрхан дээр гарч дурандахад Дөргөний талд таван чоно олж харсан байна. Тэр таван чоно доошилчихоод буцаад дээшээ уул руугаа орох гэж яваа байж. Доод тал руу тэгэж олуулаа явж байгааг харвал дандаа эр чоно байсан гэв. Учир нь энэ жил дулаахан, төдийлэн хүйтрээгүй тул чоно Дөргөн нуурын мөсөн дээр очиж суугаад буцдаг байна. Нөгөөтэйгүүр талд бэлчих адуун сүрэг болон бөхөн, хар сүүлтээр амаа цусдаж, ходоодоо баярлуулж буцаад уул руугаа явж байгаа нь энэ аж. Дараа өдөр нь Бааяа дахин Суудал хайрхан дээр гарч дуран тавихдаа нөгөө таван чоныг олж харжээ. Ингээд буцах замыг нь тосон хүлээж байтал оройхон талаас өгссөн чонын бараа харагдсан байна. Ингээд мань хүн рүү тавуулаа чиглэн ирж, дөрвийг нь өнгөрөөгөөд хамгийн сүүлд явааг нь буудсан боловч алдсан гэнэ. Буудлагын газар нь дэндүү хол, бас овоо хараатай дундын буугаар буудснаас болж алдсан гэдгээ хашир анчин Бааяа бидэнтэй хуучлан ярилаа. Ямартай ч Бааяагийн өвөлжөөтэй ойрхон таван чоно байгаа нь түүний ярианаас тодорхой болов. Тиймээс түүний сууж дурандсан Суудал хайрхан руу маргааш үүрээр гарч дуран тавихаар тохиролцлоо. Өвлийн богино өдөр яах ийх зуургүй шувтарч Суудал хайрхны ар бэлд харанхуй нөмрөв. Шөнө гадаа саргүй байлаа. Харин тоолж баршгүй олон оддын гэгээ шөнийн харанхуйг үргээх шиг. Ингээд бид үүрийн таван цагт Бааяаг нэмж суулгаад Суудал хайрхан руу хөдөллөө. Биднийг дагаж нутгийн хоёр залуу мотоцикльтой давхилаа. Дуран тавих газар эдний өвөлжөөнөөс холгүй оршино. Гэхдээ автомашинаар явах зам нэлээд бартаатай, хад чулуу ихтэй юм. Цаг гаруй хугацаанд гэлдэрч явсаар Суудал хайрхны өвөр бэлд очоод автомашинаа зогсоолоо. Дээшээ бид явган алхаж хайрхны орой дээр гарч ирлээ. Суудал хайрхнаас урагшаа Мөнгөн Аяга хэмээх уул харагдана. Харин зүүн хойд зүгт Дөргөний хүрэн тал нүдэнд торох бараагүй цав цагаанаар цавцайна. Талын доод хэсгээр Дөргөн нуураас савсан уур будан татуулан хөшиглөнө. Тэр будангийн үзүүр бидний сууж байгаа Суудал хайрхны энгэрт жавартай хамт нүүж ирээд хацар хайруулах шиг. Үүрийн жавар ёстой тачигнаж байна. Заримдаа Бааяагийн өвөлжөөнөөс дээшээ Бумбат хайрхны дунд хэсэг хүртэл битүү будан татдаг гэнэ. Энэ нь нуурын мөс цөмөрснөөс болдог бололтой. Мөнгөн Аяга уулын наад захаар хэд хэдэн адуун сүрэг амар тайван идэж харагдана. Дурангаа бага зэрэг зүүн тийш явуулахад Дөргөний талд ч энд тэндгүй адуун сүрэг харагдав. Гэгээ бага багаар нэмсээр ойр орчим бүхэлдээ нүдээр харагдах хэмжээнд хүрлээ. Энд чонын хоёр ч гүйдэл байдаг гэв. Нэг гүйдэл нь Суудал хайрхнаас Мөнгөн Аяга уул руу явдаг байна. Харин нөгөөх нь Дөргөний талаас Суудал хайрхан руу аж. Үүрийн таван цагаас хойш өглөө нар мандтал дурандаж суухад хоорондоо элдэв янзын зүйл л ярьдаг нь анчдын нэгэн жаргал. Манай багийн хамгийн туршлагатай хэмээх анчин нь Бааяа болон Т.Ганхуяг нар юм. Т.Ганхуягийн өвөлжөө Ханантад. Бааяагийн өвөлжөөнөөс холгүйхэн гэсэн үг. Т.Ганхуяг ахын аав, өвөө, ах дүүс нь бүгд анчин хүмүүс аж. Бумбат хайрханд жилийн дөрвөн улирал буйр сэлгэн нүүж, олон зуун жилийн турш нутаглан амьдарч байгаа нэгэн. Одоо ч үр хүүхдүүд нь өвөг дээдсийнхээ нутагт, өвлөгдөн ирсэн ёс заншлаа даган аж төрж л байна. Алтайн хишгийг олон хүртсэн гэнэ. Чоно хот руу нь орох бол энүүхэн асуудал. Түүнээс ч том, сүрдэм амьтан манай ууланд бий шүү дээ. Ёстой жинхэнэ уулын эзэн гээд яриагаа түр дуусгаад тамхиа сорж, доод талаа үргэлжлүүлэн дурандлаа. Би наанаас нь тэр уулын эзэн гэдэг нь ямар амьтан бэ гэж асуув. Т.Ганхуяг ах “Ирвэс, ирвэс” гэлээ. Та ирвэстэй тулж таарч байв уу гэтэл “Тааралгүй хаачих вэ. Хэдэн жилийн өмнө уулаар ганц нэг тарвагачилж явлаа. Гэтэл Богдын наад талаар аргалийн сүрэнг ус уугаад гарч байна шүү. Наанаас нь дурандаад Алтайн сайхан амьтныг тоолмооршүү аятай сууж байтал нөгөөдүүл чинь гэнэт дээрээсээ үргээд урууддаг байна шүү. Барагцаагаар 100 гаруй аргаль өндөр уулын зайвраар тайван өгсөж явснаа гэнэт бөөнөөрөө сүр сар гээд үргэхээр айхтар чимээ гардаг юм билээ. Хаа холоос дурандаж суусан надад хөлнийх нь гишгэгдлээр нурж байгаа чулууных нь чимээ хажууд юм шиг сонсогдсон шүү. Золигнууд чинь юунаас ингэтлээ их үргээд нисчихэв ээ гээд дурангаа жаахан дээшлүүлтэл өндөр хаднаас доош хийсчихэв үү гэлтэй нэг цоохор юм зурс гээд өнгөрдөг юм байна. Сандраад дурангаа доошлуулаад хартал айхтар сунасан амьтан газрын уруу гулгаж байгаа юм шиг л давхиж байсан нь ирвэс байж л дээ.

Ёстой уулын эзэн нь юм болохоор хаана яаж гишгэж, ямар хурд авахаа мэддэг бололтой. Тэр их өндөр эгц хадтай уруу ирвэсээс өөр амьтан тэгж хурдан харайлгахгүй дээ. Ирвэс ямаа барьж идэх санаатай довтолгож байгаа нь тэр. Хэд хэдэн тэхийн сүрэг нийлчихсэн байсан болохоор арай багахан шиг тамир муутайгийнх нь нэг дээр үсрээд л наалдсан даа. Ээ… ёстой сүртэй харагдсан гэж. Саяхан Мөнгөн Аягын хойд хэсгээр адуугаа хайж яваад Гансүхийн хаваржаанд очлоо. Тэднийх хүн бүл цөөтэй болохоор хаваржаанаасаа гэрээ нүүлгээгүй юм билээ. Гэтэл гэрийнх нь хойд орой нурчихсан байхаар нь морьтойгоо өнгийгөөд хартал зээрийн хуучирсан зэг үзэгдсэн. Бодвол ирвэс барьчихаад тэдний гэр дээр гарч нөгөө зээрээ тухтай зооглосон байх л даа. Үүгээр чоно их сүрэглэж явдаг, баахан чонотой таарч ангаа тухтай зооглохоор гэр дээр үсрээд гарсан гэж бодож байгаа юм. Ер нь их сонин зантай амьтан. Заримдаа хүний дуу, адуу малын чимээг хаа холоос сонсчихоод тэр чигтээ үзэгдэхгүйгээр алга болно. Заримдаа олон морьтой хүмүүс өөрийг нь харчихаад өөдөөс нь яваад байхад үргэхгүй таг хярчихдаг. Хүнээс айдаг юм болов уу гэхээр үгүй ч юм шиг” гэлээ. Суудал хайрхан дээр бид сонирхолтой яриа өрнүүлж, тал тал тийшээ дурандаж суусаар өглөөний наран мандлаа. Чонын бараа харагдахгүй л байв. Угтаа хэдхэн хоногийн өмнө тав, арваараа явж байсан чоно өнөө өглөө бараа сураггүй. Байгаль дэлхий өөрийн гэсэн зөн совинтой мэт. Чоно элбэг, бараг айлын гэр рүү орох нь холгүй байна гэсэн атлаа яг зориод харъя гэхээр бараагүй болчих нь сонин. Үнэндээ ан ав гэдэг бол тэвчээр. Хэн илүү ухаан гаргаж, хэн илүү тэвчээртэй байсан нь ялна. Энэ удаа бид чонын бараа олж харсангүй. Өнөөдөртөө чоно биднээс илүү тэвчээртэй байв уу гэлтэй…

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнээс шинэ оны анхны нарыг тосон харлаа DNN.mn

Өглөө бүр нар манддагаараа манддаг. Гол нь хаана, хэзээ мандах нарыг харж байгаагаараа хүний сэтгэлд өөр өөрийн дурсамж үлдээдэг биз. Иймд өөрийн нэгэн дурсамж бүтээх гэж шинэ оны анхны нар харах зорилгоор “Жаргалант” уулчдын клубийннхэнтэй нэгдлээ. 31-ний орой гэр бүлээрээ шинэ оноо угтахаар зэхэж байтал нар харах алхалтын багийнхан утсаар залгаж байна. Бүгд гэр гэртээ оноо гаргачихаад төв талбайд шөнийн хоёр цагт цугларна шүү гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж дуусахтай зэрэгцэн салют, шампанск буудуулж, шинэ оноо гэр бүлийнхээ хүрээнд баяр жаргалтайгаар угтан авлаа.

Монголчуудын хувьд эрт үеэс мөнх тэнгэр, нар, сараа шүтэн ирсэн уламжлалт зан заншилтай ард түмэн. Мандах нартай зэрэгцэн цай сүүнийхээ дээжийг өргөж, аж амьдрал, хувь заяагаа даатгадаг заншил одоо ч хэвээрээ. Нэг хэсэг нь нар харахыг энэ мэт ёс заншил, бэлгэшээл, хийморь, эрч хүчтэй холбон ойлгож байгаа бол нөгөө хэсэг нь цэвэр агаарт ууланд алхах, эрүүл аж төрөх дасгал хөдөлгөөн хэлбэрээр хүлээн авч байна. Яг энэ агуулгаар “Жаргалант” уулчдын клубийнхэн нийслэл хотын маань урд сүндэрлэх Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхахаар төв талбайд цугларлаа. Хоёрхон цагийн өмнө хөл гишгэх зайгүй хүмүүс хөгжилдөж, шинэ оноо угтан авсан төв талбайд оргилуун дарсны бөглөө, элдэв янзын хогийн уут энд тэндгүй. Түүнийг нь цэвэрлэж харагдах хоёр, гурван ТҮК-ийн ажилчид хогийн саваа чирэн алхана. Оргилуун дарсны хагарсан шилний хажууханд нь том ногоон хогийн сав байх. Энэ шилийг яагаад хогийн саванд хийчихгүй, энд хагалчихсан юм бол гэсэн бодол төрнө. Угтаа хогийн сав хаа сайгүй л тавьж. Гэвч хог нь сав дотроо гэхээс илүү гадуураа байх нь их аж. Нийслэлчүүд бидний ухамсар ийм сул болчихсон уу эсвэл хэт их баярласандаа хогоо саванд хийхээ мартчихав уу гэлтэй. Юутай ч хөл хөөр болсон төв талбай шөнийн хоёр цагт нам гүмхэн. Ийн орчноо дотроо дүгнэн бодох зуур алхалт хийх багийн гишүүд бүрдлээ.

Шинэ оны анхны нар харах багийн 13 гишүүн намайг нэмээд 14 болоод урагшаа хөдөллөө. Цэцээ Гүн өөд гарахын тулд Төв аймгийн Манзушраар явж байснаа саналаа. Тэр ам өөд өгсөөд алхах юм бодсон үгүй байж. Бид энэ удаад Их тэнгэрийн амаар өгсөөд Цэцээ гүн дээр гарна. Их тэнгэрийн амаас Цэцээ Гүн хүртэл 12.5 км. Хоёр талдаа нийлээд 25 км зам алхана гэсэн үг. Уулчдын хувьд 25 км-ийн алхалт гэдэг саахалтын зай юм. Харин надад туулж барахгүй тал шиг л сонсогдож байв. Ингээд бид Их тэнгэрийн аманд хүрч очоод алхалт хийх бэлтгэлээ базаалаа. Улмаар шөнийн гурван цагт алхалтаа эхлүүлэв.

Нар өглөөний найман цагт мандана гэж тооцлоо. Тэгэхээр бид дээшээ оройлцоогоор таван цаг алхана гэж үзлээ. Их тэнгэрийн ам өөд хэсэг модон дунд цуваагаар алхаж эхний нуруу дээр гарлаа. Цаашлаад Цэцээ гүн хүртэл нуруулдаж явсаар очно гэв. Алхаж явах зууртаа багийн гишүүдтэй ойр зуур яриа өрнүүлэв. Энэ уулчдын клубийнхэн долоо хоног бүрийн ням гаригт ууланд алхдаг гэнэ. Энэ алхалт нь бүр тогтмол болж. Өнгөрсөн онд “Жаргалант” уулчдын клуб амжилт дүүрэн өнгөрүүлсэн байна.

Дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд багаараа гарч Монгол Улсын уулын спортын түүхэнд том алдрыг үлдээжээ. Хэдий дэлхийн дээвэр ч гэлээ уул, уулын оргил адилхан гэдгийг уулчид хэлж байна. Учир нь уулын оргил өөд гарна гэдэг болгоомж алдвал нам, өндөр хамаагүй байдаг аж. Ямагт тогтсон стандартыг баримталж, тусгай зориулагдсан алхалт, мацалт, авиралтын техникээр оргилд хүрдэг байна. Монголчууд бид байгаль, дэлхийд ам гардаггүй нь энэ байх. Нийслэлчүүд бидний хувьд Богд уулын ноён оргил Цэцээ гүн гэж мэдэхээс яг зориод оргил дээр нь гарсан нь цөөхөн байдаг гэв. Бидэнтэй хамгийн ойр орших байгалийн тансаг орчин энд л байна гэлтэй. Алхаад явах олон жим гарсан ч арай илүү тод, зөв жимээрээ бид өөд өгслөө. Цас ихтэй, салхи багатай учир дулаахан, аниргүй өвлийн ой бидний алхалтын чимээнээр жавраа хөөх шиг. Энэ өдөр зөвхөн бид л нэгдэж алхалт хийж байгаа биш байж. Дөрөв, тавуулаа баг болоод алхаж байгаа хүмүүс их байв. Хамгийн олон хүнтэй баг нь 20 гаруй гишүүнтэйгээр оргил өөд өгсөж байхтай таарлаа. Бас уулчдын клуб гэнэ. Алхалт хийж буй багууд авиралтын явцад урд хойноо гарцгаагаад л. Зарим нь ойн чөлөөнд гал ноцоож, хоол цай болцгоон сууна. Зарим нь зураг хөргөө даруулан, хөгжилтэй гэгч дээшээ алхана. Нэг үеэ бодоход гэр бүл, найз нөхдөөрөө ууланд, байгальд алхах сонирхолтой хүмүүс олон болж. Хотын утаанаас нэг ч өдөр хол байх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх сонирхол нийслэлчүүдэд их байна. Бид явсаар уужим тэнүүн нуруу дээр гарч ирлээ. Энэ бол Цэцээ гүний ар бэл. Уулын орой атлаа тал газар шиг өргөн юм. Нүцгэн орой дээр үүрийн таван цагийн төгсөл үед гарч ирсэн болохоор бага зэрэг салхитай, жавартай байлаа. Уулчдын хувьд зориулалтын хувцас, алхалтын арга техниктэй учир ийм жаварт тэр болгон шантраад байдаггүй нь тодорхой. Цааш явсаар Цэцээ гүн оргил харагдлаа. Оргил нь харагдсан ч очих газар нь хол, уужим байв. Нүдэн баримжаагаар явах замаа тооцвол багадаа л 4-6 км болов уу гэлтэй. Задгай оргил дээрээс Улаанбаатарын гэрэл утаан дундаас бүртэлзэх янзтай бүгээн харагдана. Яг энэ оргил дээр аварга том сэнс тавиад энэ бүгсэн утааг хийсгэчихвэл мөн ч сайхан даа гэх гэнэн бодол өөрийн эрхгүй төрнө. Цэвэр агаарт нэг өдөр ч гэсэн алхаж яваад уушги минь баярлах шиг. Утаан дундаа униартан харагдах Улаанбаатарт үр хүүхэд минь унтаж байгаа гэж бодохоор айдас хүрэх шиг. Ингэж бодож явсаар оргил ч дөхлөө, өглөөний гэгээ ч тодорлоо. Нар юу юугүй мандахаар зэхнэ. Энэ шөнө өөд алхсан олон багаас хамгийн түрүүнд бидний хэд оргил дээр хөл гишгэлээ. Араас цуван харагдах олон хүмүүсийн сүүлийг харвал өглөөний нарыг тэд энгэр бэлдээ тосон харах бололтой. Багийнхан оргил дээр гарч ирээд овоогоо тойрч, идээ будаагаа өргөлөө. Цэцээ гүн хайрхан эр савдагтай учир идээний дээж архи өргөх ёстой гэнэ. Уул, уулын савдаг ямар байхаас хамаарч өргөл барьц нь ийн өөр байдаг аж. Богд хааныхаа нэрээр нэрлэгдсэн дэлхийн хамгийн анхны дархан цаазат хайрхан Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн дээр ийн гарлаа. Одоо шинэ оны анхны нараа тосон харах л үлдлээ. Зүүн зүгт тэнгэрийн хаяа алтан шараар эмжигдэн туяарна. Суунагласан үүлсийн цаанаас шар туяа аажим аажмаар цагааран тодорсоор. Удалгүй ургах улаан нарны шаргал үзүүр цасан ширхэгийн гялбаантай сондорлон цухуйлаа. Нар мандах эгшигтэй зэрэгцэн Цэцээ гүн оргил дээр цугларсан хүмүүс уухайлан шинэ оны анхны алтан нарыг тосон харлаа. Уухай, уухай, уухай… Ёстой л олны энерги нь бүрдсэн үү, оны эхэн нар онцгой гоёор мандах шиг. Элч гэрэл нь дулаанаар нүүр төөнөж, гэрэл гэгээ, цацраг болгон нь биед шингэх шиг ер бусын мэдрэмж төрнө. Шинэ оны анхны нар шижир алт шиг тод, зөөлөн мандлаа. Мандах нарыг харсан болоод ч тэр үү, маргаашад огт санаа зовох хэрэггүй мэт. Магадгүй бүх зүйл сайхан болчих юм шиг санагдана.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Баттай эх сурвалж тогтмол хэвлэлийг сонгосон танд баярлалаа DNN.mn

Итгэлтэй хүн гэж бий. Хэзээ ч хаана ч нэг л зангаараа. Ямар ч асуудал гарсан даагаад гардаг хүн гэж бий. Хамгийн чухал нь юу болсон, өрнөснийг бодитой хэлдэг хүн л хамгийн итгэлтэй, хамгийн түшигтэй хүн байдаг. Үүн шиг энэ олон мэдээллийн урсгал дунд өдөр тутмын сонин гэдэг хамгийн үнэмшилтэй, хамгийн итгэлтэй эх сурвалж болж чаддаг. Шинэ он шувтарч байна. Ирэх жил улс төрийн хүрээнд цоо шинэ үйл явдал болно. Гучин жил өрнөсөн УИХ-ын 76 гэх нэршил ирэх жилийн намар 126 гэх ухагдахуунаар өөрчлөгдөх гэж байна. Гишүүдийн тоог нэмэх нь парламент засаглалтай улс орны хувьд хамгийн зөв шийдвэр гэдгийг улс төрийн хүрээнийхэн болоод судлаачид, эрдэмтэд батлан ярьж байна. Сонгуулиа ч том тойргоор явуулж байгаа нь Монгол Улсын хөгжил яг одоо л гараанаасаа бодит утгаараа хөдлөх гэж байна. Нэг үгээр парламент гэдэг жинхэнэ утгаараа улс орныхоо эрх ашгийн төлөө бодлого, хуулиа гарган ажиллах боломж бүрдэх гэж байна. Тиймээс энэхүү хөгжлийн өөрчлөлтийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, яг одооноос л ирээдүйнхээ төл зөв улс төр хийх, оролцох үүрэг иргэн бидэнд ирлээ. Өнгөрсөн хугацаанд жижиг тойрог ярьсан улстөрчдийн уран сайхан яруу үгсэд бид хууртаж, ирээдүйгээ баллах шахлаа. Алдаагаа олж харсан бол даруй засах арга хэмжээг авч, төр засгийн үйл хэргийг идэвхтэй үргэлжлүүлснээр улс орны хөгжил цаг алдалгүй урагшилна гэж итгэнэ. Сонгууль гэдэг нэг талд боломж олгоно, нөгөө талд боомилолт бий болгоно. Гэлээ гэхдээ Ардчилсан, эрх зүйт Монгол Улсын хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ дөрвөн жил тутам эдлэх л учиртай. Энэхүү эрхээ зөв танин мэдэж, сонголтоо хийхийн тулд тулд танд цаасан хэвлэл буюу сонин хүчтэй нөлөөлнө. Хамгийн баттай эх сурвалж. Хамгийн итгэл үнэмшилтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол сонин. Сошиалаар түгсэн мэдээлэл бүхэн эргээд уулзах эзэнгүй. Буух хаяггүй. Харин сонин хэвлэл бол буух эзэнтэй, буцах хаягтай автор. Үүнийг сонгогчид болон сонгогдох улстөрчид бүгд эрхэмлэн, сурталчилгааныхаа үнэ цэнийг тодорхойлох гэж байна. Өнгөрч буй 2023 оноо улс төрийн хүрээнд зөв дүгнэж, ирэх 2024 ондоо сонголт нь мэргэн байх болтугай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Багануур дүүргийн АН-ын дарга Ц.Өлзийхишиг: Төвийн эрчим хүчний 60 хувийг нүүрсээр хангадаг багануурчууд хоёр дахин илүү дулааны төлбөр төлөх ёсгүй DNN.mn

Багануур дүүргийн АН-ын хорооны дарга Цэвэгмидийн Өлзийхишигтэй ярилцлаа.


-Та Багануур дүүргийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Нийслэлийн захын дүүргийн намын ажил байдал ер нь ямар түвшинд байна вэ. Багануур дүүргийг сонгож улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан тань юу вэ. Ний нуугүй хэлэхэд дунд шатны намын байгууллагыг удирдаж ажиллана гэдэг тийм ч амар бишийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ шүү дээ?

-Мэдээж амаргүй алба гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. 2016 оноос хойш АН ямар байгааг, ер нь Монголын ардчилал ямар түвшинд очсоныг бүгд мэднэ. АН-ын хувьд ерөнхийдөө дотоод бүтэц зохион байгуулалтаа шинэчлээд эхэллээ. Улмаар улс төрийн томоохон хүчний хувьд улс эх орны хөгжил дэх дараагийн үе шатны манлайллаа хэрэгжүүлэх ёстой. Тийм болохоор намын бүх шатны удирдлага зохион байгуулалтууд хийгдсэн. Дунд шатны намын дарга нар шинэчлэгдэж дараагийн удирдлагуудаа томиллоо.

Миний хувьд бол Багануур дүүрэгт дунд сургуулиа дүүргэсэн унаган иргэн нь. Мөн “Багануур” ХК буюу Багануурын уурхайд инженерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Миний өсч торнисон орчин юм. Гэтэл өнөөдөр дүүрэг маань ямар байгаа билээ. Бүгд л харж байна. Дүүргийн хөгжлийн төлөө өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, байгаа бүгдээ зориулах насан дээрээ ирлээ. Үүний төлөө АН-ын суурь үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн чиг баримжааг ашиглан дүүргийн хөгжлийн дараагийн үе шатыг эхлүүлэх ёстой гэж үзсэн. Өөрийн биеэр оролцох ёстой гэсэн хувь хүний итгэл үнэмшилээр шийдвэр гаргасан. Товчхондоо улс төрийн зорилго маань энэ, үүний төлөө улс төрийн ачаанаас үүрэлцэх ёстой. Нэгэнт ингэж шийдсэн миний хувьд бүгдийг даван туулах, ажлын ард гарах л үлдлээ. Эцсийн үр дүн нь нийгмийн хөгжил шүү дээ.

-Багануур дүүргийн тухайд хөгжлийн давуу талуудыг яаж харж байна?

-Багануурын уурхай 1978 онд нээгдсэн. Өнөөдрийн хувьд тус уурхай нь төвийн эрчим хүчний 60 хувийг дангаараа түүхий эдээр хангаж байна. Бахархам хөдөлмөр эрхэлж буй хамт олон. Уурхай анх ашиглалтад орсон үеэс л Монголын өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд болсон шилдэг охид хөвгүүд цуглаж Багануур хотыг бий болгосон. Илгээлтийн эздийн байгуулсан уурхай, дүүрэг юм. Монголын гал голомт болсон Багануурын уурхайд залуу халуун насаа зориулсан ах эгч нарын минь дүүрэг билээ. Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим хүнтэй, Улаанбаатар хотоос 130 км зайтай байдаг. Мөн энэ 30 мянган хүний 15 мянга орчим нь хөдөлмөрийн насны залуучууд байгаа. Өнөөдөр харамсалтай нь эдгээр залуучуудын 7600 орчим нь л ажлын байраар хангагдаж байгаа. Үлдсэн нь ажиллая гэсэн ч ажлын байр байхгүй нөхцөл байдалтай байна. Мөн Багануур дүүрэг маань зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах төв сүлжээ. Энэ сүлжээгээр дамжуулан долоон аймаг 54 сумыг эрчим хүчээр хангаж байна. Энэ хүчин чадлаараа явах юм бол 200 жилийн нүүрсний нөөц байна. Дэд бүтцийн хувьд зүүн гурван аймгийг дамнасан мянганы зам явж байна. Нүүрс тээвэрлэх хамгийн зүүн талын тээврийн төмөр замын сүлжээ очсон. Ер нь бол дэд бүтцийн бодитой, ирээдүйтэй маш сайн суурьтай. Ийм орчинд дүүргийн хүн амын маань 50 хувь нь ажилгүй байгаа нь байж болохгүй асуудал л даа.

-Томоохон хотыг түшиглэн дагуул хотуудыг хөгжүүлэх нь наад зах нь их хотын түгжрэлээс зайлсхийх хамгийн сайн арга гэж судлаачид үздэг. Өнөөдөр нийслэлийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал буюу нэг километр квадрат талбайд 370-400 орчим хүн амьдарч байна. Энэ бол хэтийдсэн их төвлөрөл. Дөрвөн уулын дундаас хальсан асуудал. Түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд хүний нийгмийн суурь хэрэгцээг хангахад бэрхшээлтэй хүндрэл чинээндээ туллаа. Гэтэл дөнгөж 130 километрийн цаана эрчим хүчний, зам тээврийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн хот дүүрэг цэмцийж байна. Багануур дүүргийн 62 мянган га газар нутагт 30 мянган хүн Улаанбаатараас арав дахин сийрэг амьдарч байна. Яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Яагаад төр засгийн зүгээс тусгайлсан хөгжлийн хөтөлбөрийн тийм бэлэн суурин дээр хэрэгжүүлдэггүй юм бэ. Нөгөө дүүрэг нь ажилгүйдлийн байдалтай. Улаанбаатар хот энэ их ачааллаа өөр дээрээ хадгалалгүйгээр дагуул хотууд руугаа хуваарилах, тухайлбал Багануур дүүрэг рүү шингээж, илүү үр дүнтэй хөгжүүлж болно. Энэ бол дэлхийн өндөр хөгжсөн орнуудын жишиг. Багануур дүүрэг маань Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг өөр дээрээ авч, цэгцтэйгээр маргаашийн хөгжлийн загвараа гаргаад явах бүрэн боломжтой.

-Таны ярьж байгаа бүх дэд бүтэц хөгжлийн боломжууд мөн. Төв шугам, зүүн зүгийн авто замын зангилаа, нүүрсний тээвэр гээд. Энэ бүгдийг зорчигчидтой болгох боломжтой юу?

-Өмнө нь бол зорчигчдын байсан боловч нийгэм эдийн засгийн урсгал бага учраас больсон. Гэхдээ нэг зүйл харагдаж байгаа нь зүүн гурван аймгаас ирж байгаа тээвэр ложистик, бараа таваар яагаад заавал 130 км-ийг туулаад энэ хотын бөглөрөлд ирэх ёстой юм бэ. Өдөр болгон нүүрс татаж байгаа төмөр замын боломжийг ашиглан бид бараа таваарыг Багануурт төвлөрүүлж, тээвэр ложистикийн төв бий болгох боломжтой. Орон нутгийн худалдаа эрхлэгчид, иргэд, ер нь дүүрэг, нийслэлийн аль алинд ашигтай. Энэ зүгээр менежментийн асуудал.

-Том хөрөнгө оруулалт, улс төрийн шийдвэр гэхээсээ илүү дотроо хийх менежментийн, зохион байгуулалтын асуудал гэдэг нь үнэн. Шийдвэр зориглон гаргаж чадвал Багануур дүүрэгт хөгжил ойрхон байна шүү?

-Тийм ээ. Ер нь боломж байгааг хүн бүр мэдэж байгаа. Харамсалтай нь улстөрчдийн хоосон амлалт болоод өнгөрдөг. Та сонсож байсан байх, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах тухай яригдаж байсан, Аж үйлдвэрийн парк мөн яригдаж байсан, Багануурын цахилгаан станц баригдаж байгаад улс төрийн шалтгаанаар барилгажилтын ажил нь зогссон. Энэ бүхэн яагаад яригдаж байна гэхээр, суурь боломж нөхцөл нь байдаг учраас яригддаг.Гол нь үүнийг ажил болгоод авч явах дүүрэг нийслэлийн түвшинд магадгүй Засгийн газрын түвшинд бодлого болгоод аваад явах эзэн байхгүй байгаа нь харагдаад байна.

-Сонгуулийн ялалт АН-д ирвэл та хамгийн түрүүнд ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?

-Миний хувьд одоо 40 нас хүрч байна. 80 орчим ажилтантай бизнесийн компани удирдаж байна. Энэ яах вэ, миний хувийн амьдрал. Манайх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдардаг. Гэхдээ яг өнөөдрийн байдалд би зөвхөн урдах амьдралаа аваад явах гэдэг түвшинд харвал нэг өөр хэрэг. Гэтэл бидний үр хүүхдийн маргаашийн ирээдүй байгаа. Эдний төлөө бид юу юу хийх ёстой вэ. АН-ын хувьд хэрвээ Багануур дүүрэг, Нийслэл, Засгийн газрын түвшинд олонх болж чадах юм бол Багануур дүүргийг цэвэр нийгэм эдийн засгийн шийдэл байдлаар нь авч явж манлайлахын төлөө зүтгэнэ. Багануур дүүргийн нийгэм эдийн засгийн судалгааг хийлгэж байна. Түрүү нь хэлсэнчлэн 7000 гаруй хүн ажилтай байгаа. Үүний дөнгөж 3000 гаруй нь төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байна. Гэтэл 3900 хүнийг хэн ажлын байраар хангаж байна вэ. Ерөөсөө хувиараа жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тэд маань төрөөс ямар ч дэмжлэг хүсэхгүйгээр энэ олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үнэндээ төрөөс эдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр Багануур дүүргийн бизнес эрхлэгч Улаанбаатар хотын бизнес эрхлэгчээс хоёр дахин өндөр дулааны татвар төлөөд бизнесээ хийж байна. Тэгэхээр Багануур дүүргийн хөгжлийн загварууд тодорхой юм. Нэгдүгээрт, Багануурын ДЦС барих ажлыг шийдвэрлэж хувиараа бизнес эрхлэгчдэд очиж буй өртгийг бууруулах, мөн төрөл бүрийн үйлдвэрлэл хөгжүүлэх бааз суурийг бий болгох ёстой юм. Хоёрдугаарт, Багануур УБ-ыг холбосон замыг өргөтгөх, өдөр бүр нүүрс татаж байгаа төмөр замын тээврээр бараа эргэлт татаж зүүн бүсийн тээвэр ложистикийн төв болох суурийг тавих асуудлыг шийдэх. За тэгээд гэр хороолол руу тавьж буй дулаан, усны шугмыг үргэлжлүүлэн тавьж иргэдийг хувийн сууцандаа тухтай, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал. Нөгөө яригдаад байдаг Аж үйлдвэрийн парк, Оюутны хотхон ингэж байж л ажил болно. Багануур дүүрэг хотын асуудлыг боломж болгон ашиглаж, 100000 хүнтэй бие даасан хот болон хөгжих бүрэн боломжтой. Багануурчууд хөнгөн гал тэргээр ажил бизнесээ ярилцаж, төлөвлөнгөө Улаанбаатар руу зорчдог байж яагаад болохгүй гэж. Би ингэж л ирээдүйг нь хардаг.

-Багануур дүүргийг төлөөлөн УИХ-д байгаа төрийн түшээдэд энэ бүх ажлыг хийх хууль эрх зүйн боломжийг бий болгох боломж байна шүү дээ?

-Хуульчлаад 2012-2016 оны Бат-Үүл даргын үед дагуул хотуудыг хөгжүүлэх эхний алхмууд хийгдсэн. Багануур дүүргийн иргэд дагуул хот болох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүндээр тулгуурлаж дагуул хот болгон хотын захирагч хүртэл сонгож байсан. Харамсалтай нь өнөөдөр УИХ-д иргэдийг төлөөлж байгаа хүмүүс маань хувийн ашиг сонирхлоо хараад байгаа болохоос иргэдийн хүсэл сонирхлыг хангахын төлөө ажил хийхгүй байна.

-Дүүргийн хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байдаг вэ?

-Багануур дүүргийн жилийн төсөв 14-16 тэрбум орчим байна. Үүний 11 тэрбумыг татварын орлого бүрдүүлнэ, үлдэгдэл нь хариуцсан яам, тамгын газрын багцаас орж ирдэг. 10 тэрбум нь урсгал зардалдаа явдаг. Би Атлантик сити гэдэг Америкийн нэгэн жижиг хотод очиж байсан. Тэр яагаад байгуулагдсан бэ гэхээр Америкийн баруун эргээр бизнес их хөгжсөн байдаг. Зүүн эрэгт ч гэсэн хөгжүүлэхийн тулд тус хотыг байгуулж татвараас чөлөөлснөөр бизнес хөгжих таатай орчин бүрдсэн, татваргүй учраас бизнес аялал жуулчлал хөгжөөд маш хүчирхэг эдийн засагтай хот болсон байсан.

-Амьдрах таатай орчин гэдэг бол угаас хүний мөрөөдөл, Багануур хотыг маш цэвэр цэмцгэр хот гэж бид төсөөлдөг, нэг хэсэг тийм ч байсан. Одоо бол гэр хороолол нь тэлж байгаа боловч орон сууцны хороолол гэх мэт хотын дүр төрхийг харуулах зүйл их бага харагдаж байна лээ?

-Багануурын бренд бол уурхай, бас бидний бахархал болсон цэвэр цэмцгэр хот байсан. Одоогийн манай дүүргийн хүн амын бүтэц яаж харагдаж байна гэхээр Багануур дүүрэгтэй ойролцоо 10 мянга орчим хүнтэй таван сум байгаа. Дүүргийн 9000 өрхийн 5000 орчим нь гэр хороололд, 3500-3600 орчим нь орон сууцанд амьдардаг. Өдрөөс өдөрт гэр хороолол тэлж орон сууц, барилгажилт хомс байгаа.Энэ байдлыг Багануурчууд маань мэдэж байгаа гэж бодож байна.Тэгэхээр үүнд төр бодлого хийх цаг болсон.

-Одоогийн байгаа нөхцөл байдал дээр мэдээж та хүмүүсийн үзэл бодлыг сонссон байх. Хөгжлийн бодлогыг эцсийн бүлэгт УИХ гаргана. Дүүргээс УИХ-д сонгогдсон ямар гишүүд байна вэ?

-Багануур, Налайх, Багахангай гурван дүүрэг нийлээд УИХ-ын хоёр мандаттай. Эндээс Амарсайхан, Сандаг-Очир гэдэг хоёр гишүүн сонгогдсон байгаа. Сандаг-Очир гишүүний хувьд хоёр ч удаа дүүргийн Засаг даргаар ажилласан. Дүүргийн амьдралын нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Уг нь ханцуй шамлан юм хийх ёстой хүн гэж миний хувьд хардаг.

-Тэгэхээр сүүлийн 7-8 жил дорвитой бүтээн байгуулалт юу ч бий болсонгүй. Нүүрсийг нь ачаад явчихдаг. Хөдөөнөөс хүмүүс нүүж ирээд гэр хороолол үүсгэдэг. Зөрөөд боловсролтой сэхээтэн хүмүүс нь Улаанбаатар руу яваад байдаг ийм нөхцөл байдалтай байна уу?

-Та түрүү нь анзаарсан байх, бид төвийн эрчим хүчний 60 хувийн түүхий эдийг хангадаг бахархалтай сайхан дүүрэг гэсэн атлаа тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд маань Улаанбаатараас хоёр дахин илүү дулааны төлбөр төлдөгийг. Ийм байж болох уу.

-Ямар учиртай юм бол…

-Том бодлого алга байна. Багануурын дулааны станцын үйлдвэрлэж байгаа өртгийн байдал тийм байгаа. Нэг ёсондоо үр ашиг муутай үйлдвэрлэлээр дүүрэг бизнес эрхлэгчдээ хангаж байна гэсэн үг. Багануурын цахилгаан станцын барилгажилт нь явж байгаа төслийг хэн нэгэн улс төржүүлээд гацаах биш барьж аваад урагшлуулах ёстой.

-Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэдэг нэртэй, тэгээд зогсонги байдалд орсон. Энэ асуудлаар улстөрчид бүгд л ярьж байсан. Мөн сонгуулийн өмнө маш их ярьдаг. Харамсалтай нь ажил болдоггүй. Таны хувьд бас ингээд яриад өнгөрөх хүн биш байгаа?

-Ийм үг байдаг, “Амжилттай ажил, амжилттай бизнес хийе гэвэл асуудал ол” гэж. Тэр асуудал хэр олон хүний асуудал байна гэдгээс хамаар хамгийн амжилттай ажил, хамгийн амжилттай бизнес болно гэсэн дүрэм. Яг үүнтэй адил бидэнд маш их асуудал байна. Энэ бидэнд ажил хийх, бизнесээ босгох маш их боломж байгаа гэсэн үг. Барьж аваад ажил болгох хүн л дутаад байна. Би нэг юманд харамсаж байгаа. Багануур дүүргийн АН-ын даргаар томилогдоод хэд хэдэн ажил зохион байгуулж, 100 орчим айлаар орлоо. Амьдрал ямар байна, Ямар асуудал байна гээд. Яг саяны асуудлууд үүсч байна. Бидэнд гишүүдийн авдаг хэдэн тэрбумын зээлээс жаахан нь олддог бол хийж хэрэгжүүлэх маш олон санаа байгаа тухай ярьж байлаа. Тэдэнд боломж олгох хэрэгтэй.

-Хүн амьдрах эдийн засгийн таатай орчин бүрдсэн Багануур дүүргийг бүтээж өнөөдрийн Улаанбаатараас хүмүүсийг татах улс төрийн бодлого дээр та төвлөрч байгаа юм байна гэж ойлголоо?

-АН-ын дунд шатны дарга нарын 80 орчим хувь нь залуучууд болсон. Миний хувьд зөв шинэчлэл болж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр энэ хүмүүс л ажил хийх насных гэж харж байна.Өмнөх үеийнхэн шиг аливаад хаагдаж боогдохгүй зоригтой үе. Бидний үеийн залуучууд ханцуй шамлаад ажиллахад бэлэн байна. Энэ боломжийг иргэд маань бидэнд олгох ёстой. Надад бодлого, бас боломж байгаа учраас хийе хэрэгжүүлье гэж шийдсэн.

-Төсөөлөхөд тодорхой хугацааны дараа Багануур дүүргийн хүн ам, тээвэр ложистик, эдийн засгийн өсөлт ямар түвшинд хүрсэн байх бол?

-2012-2016 онд АН Багануур дүүрэгт засаглаж байсан. Тэр үед санаачлан, энэ бодлогын эхлэл болгоод Багануур дүүргийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж нийслэлийн ИТХ-аар батлуулсан байдаг. Энэ нь 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө ёсоор 60 мянган хүнтэй хот байхаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө газар дээр хэрэгжих алхам хийгдээгүй гэсэн үг. Миний хувьд Багануур дүүргийн сөрөг хүчин болох АН-ын дарга байна. Өнөөдрөөс эхлээд Багануур дүүрэгт болж байгаа, тухайлбал яг тэр 7000 ажлын байр дээр яаж ажилтай байлгах тухай бодохын оронд, тэр 7000 ажлын байранд хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгаа. Манай намын батлах байна уу, манай намын даргаас бичиг аваад ир, тэгээд ажилд авна ч гэх шиг. Ажилтай болохын тулд үзэл бодлоороо барьцаалагддаг байдалтай байна. Чи АН-ын үзэл бодлыг дэмжээд тэдний хуралд суух юм бол ажилгүй болно шүү гэх жишээний. Миний хувьд үүн дээр маш том акц, арга хэмжээ авч ажиллана. Хувь хүний үзэл бодол бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Хүн үзэл бодлоороо хэзээч ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй. Олон нийтийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа хүртэл ийм байдлаар явдаг болсон. Энэ асуудлаар Олон улсын байгууллагуудад хүртэл хандана гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол хүний эрх чөлөө, чөлөөт эдийн засагт олон улсын байгууллагууд, нэг дүүргийн удирдлага халдаж болохгүй. Үүний эсрэг бол ажиллана. Сөрөг хүчний намын даргын хувьд энэ завхралыг ярьж байна, хийж эхэлнэ, шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд, Олон улсын байгууллагад хандаж эхэлнэ. Мөн бизнес эрхлэгчдэд боломж олгох Олон улсын бизнесийн форум, хөрөнгө оруулалтын чуулгануудыг дүүрэгтээ зохион байгуулах цаг болжээ. АН-ын мөрийн хөтөлбөрт оруулах бодлогуудыг намын хорооны гишүүд, Бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэх, улмаар мэргэжилийн экспертүүдээр дамжуулан судалгаанууд хийж байна. Бидэнд өнөөдөр улаан гэрэл асаасан ямар асуудлууд байгаа юм. Тэрийг шийдэх ямар боломжийг нөхөд хийгээгүй юм. Үүнийгээ хий гэдгийг шаардана. Бидэнд цаашдаа хийх ёстой ямар ажлууд байгаа юм. Богино, дунд, урт хугацаанд ямар ажлууд хийх юм. Үүнийг би АН-ын даргын хувьд дүүргийнхээ иргэдтэй хамтраад хийхийн төлөө хичээх болно. Бид хамтдаа хөгжих загвараа батлах ёстой. Энэ нь иргэдээрээ хэлэлцүүлэх. АН-ын хувьд иргэдтэйгээ ойр байж, олонхоороо дэмжигдсэн ажлыг барьж авна. Тийм дэмжлэгтэй ажил бүтдэг. Хот төлөвлөлтийн бүх зургийг иргэдээрээ хэлэлцүүлээд гаргаж ирнэ. Эрх барьж байгаа төр засгийн бодлого явцгүй бол тэднийг сонгуулиар сольж л байх ёстой. Харин эрх баригчид солигдохгүйн тулд сайн ажиллах ёстой. Муу ажиллаад байхад нь солихгүй байхаар эрх баригчид ажил болж байгаа юм байна итгэж эхэлдэг. Энэ бол аюул. Өрсөлдөөний дүнд сайн бодлого гарч, сайн бодлого иргэдийн амьдралд хэрэгждэг. Ийм нөхцөлийг бий болгох эрх нь иргэдэд өөрсдөд нь байгаа. Багануурчуудад өөрсдөд нь байгаа. Үнэхээр болохгүй байгаа юмыг сайжруулах хамгийн сайн арга бол иргэдийн сонголт шүү. Үүнийг л онцлон хэлэх байна.

Э.ТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: Нефтьгүй ихэнх орнууд шатахууны гурван сарын нөөцтэй байдаг DNN.mn

УИХ гишүүн, Уул уурхайн сайд  асан Д.Ганхуягтай шатахууны асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн бараг хагас сар үргэлжилсэн шатахууны хомсдол одоо ч хэвийн горимдоо ороогүй байна. Та өмнө Уул уурхайн сайд байсан хүн. Тэр утгаараа бензин шатахууны асуудлыг бодлогын хувьд яаж зохицуулж байсан бэ?

-Ер нь ямарч асуудлыг  сэтгэл байвал зөв шийдэж болдог л доо. Дэлхий дээрх ихэнх орнууд нь  газрын тос олборлодоггүй тул, тэр орнууд бүгд л шатахууны гадаад худалдаа эрхэлдэг. Энэ орнууд олон улсад тогтсон нийтлэг худалдааны аргачилаар ажилладаг. Энийг судлаад амьдралд хэрэгжүүлэх ажил юм. 2012-2015 оны хооронд Бензин, шатахууны гадаад худалдаа зах зээлийн  зарчимд бүрэн шилжсэн байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд эрх баригчид  бензиний гадаад худалдаан дээр дэвшилттэй ямар ажлууд хийсэн нь тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа бензин хомсдож, хомсдолыг дагаад бензиний үнэ нэмэгдэж, энэ нэмэгдэл нь иргэдийн халаасыг сэгсэрсээр ирсэн.

-Танай нам эрх барьж байхдаа уг асуудлыг яаж шийдэж байсан юм бэ?

-2012 онд Ардчилсан нам олуулаа засаглаж эхэлсэн. Олуулаа гэдэг нь АН-ын 33 УИХ-ын гишүүн дээр Шудрага Ёс эвслийн  12 гишүүн орж байж 45-уулаа УИХ-ын олонхыг бүрдүүлж, үр дүнд нь Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан түүхтэй л дээ. Тухайн үед буюу 2012 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өндөр нэг баррель нь 80-90 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар стратегийн бүтээгдэхүүн болох, иргэдийн амьжиргааны өртөгт чухал нөлөөтэй бензиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд гаалийн татвар, ОАТ-ыг бага багаар бууруулж сүүлдээ тэглэхэд хүрч байв. Мөн тэр үед Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол банк Уул уурхайн яам хамтарч бензин импортлогч компаниудыг бага хүүтэй зээлээр дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.

-Бага хүүтэй зээлээр дэмжих бодлогын шалтгаан нь юу байсан юм бэ?

-Шалтгаан нь Роснефть  компани нь Монголын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийг дагуулаад бензиний хилийн үнэ, экспортын татвар зэргийг тасралтгүй нэмсээр байсан байдаг. Үүнээс гадна 2012 оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны зах  зээлийн үнэ өсч 110 ам.долларт хүрч байсан. Гэсэн  хэдий ч тухайн үеийн Уул уурхайн яамны хамт олон, мөн Г.Өлзийбүрэн даргатай  Газрын тосны газрынхан хамтарч зах зээлийн зарчимд нийцсэн хэд хэдэн тууштай арга хэмжээ авсанаар Роснефттэй хэлэлцээр хийж үр дүнд нь хуримтлагдсан олон асуудлуудыг шийдсэн байдаг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Уул уурхайн яамнаас Роснефтээс манай улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нь зах зээлийн үнээс нэг тонн дутамд 410 орчим ам.доллараар илүү  болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Ийм учраас Роснефть компаниас үнээ бууруулахыг удаа дараалан хүссэн ч амжилтанд хүрэхгүй байсан.

-Тэгэхээр нь яасан байх уу. Өөр орноос шатахуун импортлох болсон гэж үү…?

-Иймээс тэр үед яам, агентлагын зүгээс бензин импортлогч компаниуддаа зөвхөн Роснефт  компаниас бензин авах биш ОХУ-ын өөр компаниуд,  мөн Солонгос улсын боомт дээрээс ч бензин авч импортлоход хямд тусахаар байгаа мэдээлэлийг өгсөн юм. Энэ мэдээлэлийн дагуу манай компаниуд сайн ажиллан  Роснефтээс өөр компаниудаас бензин худалдан авч импортолж эхэлсэн байдаг. Зэрэгцүүлээд бензиний нийлүүлэлтээс эрэлт нь илт илүү болж хомсдол үүсвэл нийт хэрэглэгчидийн эрх ашиг хамгийн их хохирох тул бензиний нөөцийн хэмжээг 30 хоногоор нэмэгдүүлж, шатахууны бүх төрөл буюу AИ-92, АИ-95, дизел зэрэг дээр  Засгийн газар болон хувийн хэвшил хамтран байнга 60-аас доошгүй хоногийн нөөцтэй байлгах зорилготой Засгийн газрын тогтоолыг хуульд нийцүүлэн гаргуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дэлхий дээр байгаа орнуудын ихэнх нь нефть олборлодоггүй тул  хомсдол үүсгэхгүйн тулд нөөц бүрдүүлдэг жишиг. Нөөц бүрдүүлэхдээ бүтээгдэхүүнээр биш, ууршилт зэрэг хорогдол багатай, аюул багатай тул түүхий нефтээр бүрдүүлдэг байна. Тухай орны хэрэглээний нийт хэмжээнээс хамааран ихэнх улсууд гурван сараас дээш хугацааны нөөцийг бүрдүүлдэг юм билээ. Хэрэглээ ихтэй том эдийн засагтай орнууд ихэвчлэн зургаан  сараас доошгүй хугацааны нөөцтэй байдаг. Бензин зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, борлуулалт зэрэг үйл ажиллагааг 100 хувь хувийн хэвшил хэрэгжүүлдэг бол нөөц бүрдүүлэхэд нь төрөөс нь дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладаг байсан. Гэтэл манай улсын Засгийн газрын гишүүд, улс төрчид сүүлийн үед өөрсдөө ажилдаа хариуцлагагүй хандаж бензиний хомсдол үүсгэчихээд ажлын гол ачааг үүрдэг хувийн компаниудад буруу өгч байна.

-Нээрээ л бензин, шатахуун өгөхгүй байгааг хувийн хэвшил буруутай мэтээр үзэх хүмүүс цөөнгүй байна шүү…?

-Тийм. Улмаар худалдаа, борлуулалт зэргийг хуучин социалист нийгмийн үеийнх шиг буцааж төрд авах тухай ярих болсон. Энэ бол боломжгүй зүйл. Шалтгаан нь социализмын үеийнхээс суудлын машины тоо л гэхэд хэдэн 1000 дахин өссөн. Нөгөө талаас манай  шатахуун импортлон борлуулагч компаниуд мэрэгшсэн, туршлагажсан асар их хөрөнгө оруулалтыг хийсэн, хүний нөөцийнх нь ур чадвар нь ч сайжирсан. Олон ажлын байр бий болгодог, мөн энэ салбарт менежмент, технологи болон тоног төхөөрөмжийн шинэчлэл байнга явагдаж байдаг онцлогтой. Гэхдээ бараг бүх оронд энэ салбарын бизнесд тусгай зөвшөөрлөөр дамжсан төрийн зохицуулалт, хяналт бас дэмжлэг байдаг. Гол шалтгаан нь бензин нь улс орны эдийн засгийн амьдрал, иргэдийн амьжиргааны өртөгт маш  их нөлөөтэй байдагтай холбоотой.

-Та хэллээ шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд үндэслэдэг зах зээлийн зарчимд нийцсэн учир амжилттай урагшилсан байна гэж. Одоо тийм биш байна уу?

-Түрүү нь хэлсэн ажлуудыг явуулахын зэрэгцээ Петрочайна компанид шатахуун худалдаж авах саналыг Уул уурхай яамнаас тавьж байсан. Петрочайна ХК нь энэ саналыг хүлээж авсан учраас хэлэлцээр эхэлж бензиний үнийг Сингапурын хөрөнгийн биржийн Дачин-33 түүхий нефтийн үнэнээс олон улсад тогтсон аргачилаар тооцохоор болсон байдаг. Дачин-33 гэдэг нь манай Дорнот аймгаас олборлож байгаа түүхий нефтийн хөрөнгийн биржийн үнэ. Ингээд Петрочайна компаниас бензин, дизел авахын тулд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг шахаж маш хурдан ашиглалтанд оруулсан шүү дээ. Ингэснээр яам, агентлагаас Роснефть компанийн удирдлагад уулзаж хэлэлцээр хийх саналыг дахин тавихад, тэд саналыг хүлээн авсан байдаг. Шалтгаан нь Монголын компаниуд ОХУ-ын өөр компаниудиас ,мөн Солонгосын боомт шатахуун худалдан авч байгаа, дээрээс нь Петрочайна-гаас шатахуун авахаар болсон гэсэн мэдээлэлийг Роснефть  компани аль хэдийн авсан байсантай холбоотой. Бодит байдал дээр тэр үед Роснефть компаниас манай компаниудын авдаг нийт бензин шатахууны хэмжээ 10 гаруй хувь буурчихсан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ 10 хувийг өөр нийлүүлэгчээс авдаг болчихсон байсан гэсэн үг.

-Хомсдолд орохгүй байхын тулд нөөцөө сайн бүрдүүлэх хэрэгтэйг наад захын эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс хэлнэ дээ…?

-Зах зээлийн үндсэн зарчим бол нэгдүгээрт, эрэлт нийлүүлэлтийн харьцааны тэнцвэрийг хадгалах буюу зах зээл дээр хомсдол үүсгэхгүйн тулд хангалттай нөөцтэй байх. Хоёрдугаарт, харилцан хамааралгүй нийлүүлэгч олонтой байх тусам өрсөлдөөнөөр худалдан авагч талд ашигтай хэлэлцээр хийх нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, сая хэлсэн эхний хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд шудрага зарчим буюу зах зээлийн үнээр бүтээгдэхүүнийг авах хэлэлцээр хийх боломтой болдог. Эндээс тэр үед  манай Засгийн газар, яам, агентлаг нь эдгээр зарчмыг баримталж ажилласан нь тодорхой харагдах болов уу.

-Гадаад харилцаа гэдэг чухал. Ядаж л тухайн орны хэл устай хүн хэлэлцээр хийх байх л даа. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга нь ОХУ-ын Ленинградын их сургуулийг эдийн засагч мэрэгжлээр төгссөн орос хэлтэй хүн байсан. Харин сайд таны хувьд Япон улсад нефт боловсруулах хими технологийн инженерийн мэрэгжлээр дээд сургууль төгссөн байсан зэрэг нь зөв тохиол байсан байх даа?

-Намайг сайдаар ажиллаж байх үед ОХУ-ын тал эхний уулзалтаараа дараахь зүйлийг мэдэгдсэн.Бензиний худалдаанд дунд нь зуучилдаг Монгол-Роснефть гэдэг хамтарсан компанитай бид одоо харьцахгүй, танай яам, агентлагийн төлөөлөл болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй 45 хоногийн дараа дахин хэлэлцээр хийе. Мөн Роснефт компанийн өнөөг хүртэл Монголыг хариуцсан ажилтануудаа өөрчилнө гэж мэдэгдсэн байдаг. Саяхан буюу өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард бас л манай зах зээл дээр шатахууны хомсдол үүссэн. Тэр үед төрийн өмчийн Эрчис Ойл гэдэг компани байгуулагдсан. Энэ компаниас болж хомсдол үүслээ гэсэн мэдээлэл гарч байсан даа. Энэ компани нь одоо юу хийж байгаа нь тодорхой бус л байна. Ингээд 45 хоног бололгүйгээр нэг сар орчмын дараа хоёр тал Москвад дахин хэлэлцээр хийж бензин шатахууны хилийн үнийг тонн дутамд 280 орчим ам.доллароор бууруулахар тохирсон байдаг. Ингэж үнэ буулгасан үндэслэл нь Итали улсын биржийн түүхий нефтийн үнэнээс олон улсын аргачилаар нефтийн бүтээгдэхүүний үнийг тохирсонтой холбоотой. Ийм замаар МУ-ын Роснефттэй хийдэг бензин шатахууны үнэ тохирох аргачилал нь зах зээлийн зарчимд шилжсэн түүхтэй. Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд 2012-2014 оны хооронд Роснефть компаниас авдаг “Бензин, шатахууны хилийн үнийг олон улсын хөрөнгийн биржийн түүхий газрын тосны үнэнээс тооцдог болсноор”, бензин шатахууны үнийг тонн тутамд дунджаар 320 ам.доллароор бууруулж  чадсанаар бензин худалдан авагч иргэдээс гарах зардлыг  нэг их наяд төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байдаг.

Түүхээс харвал бид урдаас бензин шатахуун оруулж ирсэнээрээ хойноос авдаг хэмжээгээ огцом бууруулж чадсан гэдэг. Магадгүй хойно, урдаасаа тэнцүүхэн аваад байвал бензин, шатахууны асуудал хэвийн болох юм биш үү?

-Тухайн үед буюу 2013 оны хоёрдугаар улиралд БНХАУ-ын Петрочайна компаниас  эхлээд дизел, дараа нь АИ-92 бензин ( МГЛ93) импортолж эхэлсэн. МГЛ93 гэдэг нь Петрочайна ХК нь Дорнот аймагт газрын тос олборлож, олборлосон газрын тосоо бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортолдог. Энэ нь эх орны баялагаар хийсэн бүтээгдэхүүн гэсэн утгатай. Тэр үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонгуульд хоёр дахь удаа оролцож сонгуулийн компанит ажлаа эхлэхдээ “машиныхаа банкийг МГЛ93-аар дүүргэв” гэсэн мэдээлэл орон даяар гарч, шуугиан болж байсан шүү дээ. Монгол улс сарын хэрэглээний нийт бензин, шатахууны 96 орчим хувийг  “Роснефть”-ээс авдаг байсан бол 2013 оны гуравдугаар улиралын байдлаар  энэ хэмжээ 68 орчим хувь болтлоо буурч байсан. Харин 2014 оны зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчлах үеэрээ Монголын талын төлөөлөгчидийн  өмнө Роснефтийн ерөнхийлөгч И.Сечин гуайг Монголд нийлүүлдэг шатахууны хэмжээг бууруулсанаа буцааж нэмэгдүүлээрэй гэж хэлсэн байдаг. Энэ амжилт 2016 оноос хойш өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй. Үр дүн нь лав тааруу байна.

-Бензин, шатахуун хомсдохын зэрэгцээ орж ирж байгаанууд нь чанар муутай байна гэх шүүмжлэл иргэдээс их гарах боллоо. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Бензиний чанар их муудсаар байна гэж хэрэглэгчид ярьсаар байгаа л даа. Энэ үнэн. Тирафигура гэх компани керосинийг онцгой албан татваргүй оруулж ирээд бензинд 50 хувь хүртэл хольж борлуулдаг гэж их ярьж , бичиж байсан.Иймэрхүү хольцтой чанаргүй бензинээс болж 2018, 2019 онуудад иргэдийн машины бензиний нацосс их хэмжээгээр эвдэрч хохирч байсан гэдэг. Энэ асуудлын талаар манай Б.Пүрэвдорж гишүүн л ганцаараа УИХ дээр ярьсаар байдаг. Олонх нь ер тоосон шинжгүй байгаа харагдсан. Хэрэв энэ нь үнэн бол иргэдийн өмч хөрөнгийг санаатай эвдсэн, үүнийг дэмжсэн гэмт хэрэг болох байх. Ковидын үед нэг баррел газрын  тосны үнэ олон улсын зах зээл дээр эрэлт огцом унасан учраас 30 ам.доллар хүртэл буурч байсан. Гэлээ гээд бензин, шатахууны үнэ олигтой буурсан уу. Бензин нийлүүлэгч орон дайн хийж эхэлмэгц л олигопол нийлүүлэгч Роснефть  компани нь ОХУ-ынх тул ядахдаа нөөцөө нэмэгдүүлэх, хоорондоо хамааралгүй нийлүүлэгчийн тоог нэмэгдүүлэх Монгол ухаан МАН-ын дарга нарт байхгүй гэж үү. Тэгсэн атлаа дандаа том дарга нараа урдаа барина. Нөгөө том дарга нарын хооронд болсон яриа нь амьдрал дээр урт настай хэрэгжих үү. Тэр тусмаа ороо бусгаа ихтэй энэ цаг үед.

-Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор түлш, шатахууны хомсдол бий болсон гэж тайлбарлах хүмүүс ч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бензиний шатахууны  гадаад худалдаа өнөөдөр ч гэсэн олон улсын жишгээр компани хоорондын, эсхүл компани төрийн хэрэгжүүлэгч агентлаг хоорондын ойлгомжтой гэрээ, хэлэлцээрийн дагуу явж байгаа. Уул уурхайн тэр дундаа нүүрсний олборлолт нэмэгдээд дизелийн хэрэглээ өссөнөөс болчихлоо ч гэх шиг. Дизель дээр нэг жилийн хэрэглээний өсөлтөө төлөвлөж чадахгүй бол яам, агентлаг гэж байх шаардлагагүй баймаар. Тэгээд бензин шатахууны нөөцөө төлөвлөж хэрэгжүүлж чадаагүй бол нийлүүлэгч чангалах нь ойлгомжтой асуудал. Монгол кинон дээр  Хатанбаатар Магсаржав Цахиур төмөрт гамингуудтай хэлэлцээр хийх гэж байхад “Чи яагаад тэдний адууг туугаад ирэв” гэж асуухаар нь мань нөхөр “хөлгүй явган бол тэд таны үгийг илүү сонсох байх  гэж бодсон”  гэдэгтэй агаар нэг ойлголт шүү дээ. Бензин дээр хомсдол үүсвэл даамжирдаг, дагаад үнэ нэмэгддэг  ийм гинжин зарчим үйлчилдэг.

Хөдөө дизел нэг литр нь 4700 төгрөг байсан бол, одоо 5500-аар ч олдохгүй байна гэх.Хөдөөний иргэдийн дизелийн  сарын хэрэглээг сарын 20 мянган тонн гэж үзэхэд лав 16 тэрбум төгрөгөөр тэдний халаасыг хоосолсон гэсэн тоо гарна байх.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ёндон: Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай DNN.mn

Социологч, улс төр судлаач Б.Ёндонтой ирэх жилийн сонгуулийн сурталчилгааны талаар ярилцлаа.


-Ирэх жил бид шинэ тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болж байна. Судлаач хүний хувьд уг тогтолцоог яаж дүгнэж байгаа вэ?

-Саяхан эрх баригчид сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу бидний хэлж сурсанаар том тойрогоор явуулах болсон талаар мэдээлсэн. Тэгэхээр энэ бүсчилсэн тойргоор Монгол Улс өмнө сонгууль явуулж байгаагүй. Бидний хувьд шинэ систем гэсэн үг. Мэдээж сонгуулийн ямар ч тогтолцоонд давуу болон сул тал гэж байдаг. Тухайлбал, бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь өөрөө парламент засаглалтай оронд асар том боломжийг авчирдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог гэсэн үг. Одоо 76 гишүүнтэй байгаа. Бүгд жижиг тойргоос сонгогдсон ард түмний төлөөлөл. Тэр утгаараа баг, сум, хороо, дүүрэг, аймаг гэх мэт засаг захиргааны анхан болон дунд шатны асуудлыг л түлхүү ярьж, зөвшилцдөг. Энэ нь макро улс төрийн хувьд зарим сөрөг нөлөөллийг бий болгодог. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол бүхэлдээ улс орны хэмжээнд бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл улс орны хэмжээний буюу макро улс төрийн бодлого бус эсрэгээрээ жижиг улс төрийн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс жалга довны үзэл, аймаг орон нутгийн өрсөлдөх чадвар алсуураа удааширдаг. Учир нь жижиг тойргоос сонгогдсон гишүүд л сайн ажиллаж чадвал тухайн орон нутгийн төсөв нэмэгдэж, иргэд нь орлоготой, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог. Тиймээс хувь гишүүний нөлөөлөл асар өндөр болдог. Түүнийгээ дагаад авлига, хүнд суртал, нөгөө хулгай гэдэг нь гарах боломжийг бүрдүүлдэг байна. Тиймээс үүнийг тогтолцооны хувьд зогсоох гол өгөгдөл нь бид сонгуулиа бүсчилсэн тойргоор явуулах юм.

Тэгэхээр бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах нь Монгол Улсын хувьд хөгжих нэгэн том боломж гэж та үзээд байна уу?

-Би ч гэлтгүй дэлхийн жишиг ийм юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ч анх бүсчилсэн тойрог руу чиглэгдэж гарсан. Үүнийг зарим хүмүүс анзаараагүй. Ерөөсөө Монгол Улсын хөгжил бол бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах. Өнгөрсөн гуч гаруй жил Монгол Улс хөгжлийнхөө гараанд ирчихээд гацчихаад байсан. Энэхүү гацааг тайлах, төрийн бодлогыг илүү макро түвшинд хүргэх асуудлыг 2016 оноос хойш л улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Гэвч 2020 оны сонгууль эдийн засгийн хямралтай зэрэгцэн явагдсан учир энэхүү том бүтцийн өөрчлөлтийг Үндсэн хуулиараа хийж өгөлгүй үлдээсэн шүү дээ. Угтаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л 126 гишүүнтэй болох асуудал яригдаж, тусгагдсан байсан. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж уг асуудлыг хойшлуулсан. Харин одоо эдийн засаг өсч байгаа энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь маш том алхам гэж харж байгаа. Эрх баригчдын хувьд хамгийн зөв хийсэн цор ганц ажил нь бараг энэ байх.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулна гэдэг бол хэд хэдэн аймгийн иргэд нэгдээд төлөөллөө сонгоно гэсэн үг. Тэр утгаараа нэр дэвшигчдийн хувьд өөрийгөө таниулах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажилд хүндрэл гарах уу?

-Мэдээж төлөөлөх тойрог нь томорч байгаа учраас тэр чинээгээрээ нэр дэвшигчдийн нэр хүнд, бодлого, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх нь чухал. Тиймээс зарим хүмүүс бүсчилсэн тойрогт бие даагчид гарч ирж чадахгүй гэж ярьж байгаа. Нэг талдаа боломж бага харагдаж байгаа хэдий ч хувь улстөрч өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгаа сайн хийж чадвал гарах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүсчилсэн тойрог байгуулж сонгууль явуулсан анхны улс бол АНУ. Анх энэ системээр сонгууль явуулахад улстөрчид гэхээс илүү салбартаа танигдсан мэргэжлийнхэн буюу олон нийтэд нэр хүндтэй бие даагчид сонгуульд ялж байсан. Тэгэхээр манайд ч гэсэн улс орондоо нэртэй, салбартаа үнэлэгдсэн эрхмүүд олон. Нөгөөтэйгүүр зөв менежмент хийж чадсан улс төрчид л том тойрогт ялалт гаргаж чадна.

-Зөв менежмент гэхээр та юуг хэлж байна вэ?

-Ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой олон хүн байна. Тэр бүгдтэй биш гэхэд өөрийнхөө хэмжээнд тодорхой хүмүүстэй уулзаж, сонгуульд яаж өрсөлдөх гэж байгаа санаа бодлыг нь асуусан. Судлаач хүний хувьд нэг том алдаа байгааг олж харсан. Тэр нь юу гэхээр, манай улстөрчдөд зөвлөж, пиар-ыг хийж байгаа сонгуулийн менежерүүд дан ганц сошиал дээр төвлөрч байна. Нэг талдаа тэдний зөв. Олон нийтийн хандлага ямар байгааг сошиалаар дамжуулан олж мэдэх, эсрэгээрээ олон нийт рүү сошиал ашиглан сурталчилгаагаа хийх нь энэ цаг үед хамгийн чухал. Гэхдээ энэ бол зөвхөн төвлөрсөн газар буюу Улаанбаатар гэх мэт бүсэд л үр дүнтэй. Харин хөдөө, орон нутагт интернэт сүлжээгүй олон өрх айл бий. Тэр хүмүүст яаж өөрийгөө таниулах вэ, яаж мөрийн хөтөлбөр сурталчилгаагаа хийх үү. Үүнийг өнөөгийн сонгуулийн менежерүүд огт бодохгүй байна. Цаашлаад сонгуулийн сурталчилгааны үеэр интернэт сүлжээнд доголдол үүсвэл яах вэ. Нөгөөтэйгүүр сошиалд өөрийнхөө мэдээллийг өгөх тусам эргээд гарч ирэх сөрөг мэдээлэл ихэсдэг. Тиймээс зарим сонгуулийн менежерүүд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг сошиалаар явуулахыг бүрэн зогсоохыг зөвлөж байгаа юм билээ.

-Сошиалаар сурталчилгаа явуулах асуудал ээдрээтэй, барьцгүй гэдэг. Тэгвэл нэр дэвшигчид ямар хэвлэлээр дамжуулан сурталчилгаа мэдээллээ сонгогчдод өгөх нь илүү дээр юм бэ?

-Бүсчилсэн тойрог гэдэг бол 3-4 аймгийн сонгогчтой уулзаж, өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулна гэсэн үг. Нэг аймаг ойролцоогоор 70-150 мянган хүн амтай. Тэгэхээр гурван аймгийн хүн ам гэхээр 210- 450 мянган хүн гэсэн. Үүнээс сонгуулийн насны 120-250 мянган хүн байхаар байна. Тэр бүгд дан ганц аймагтаа суурьшихгүй нь тодорхой. Тэгэхээр бүх баг, сумдаар нь явж таарна. Ингэж явахдаа тухайн нэр дэвшигч уулзалт хийж өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Гэвч ийм уулзалтад ирдэг хүн одоо бий бил үү. Тиймээс хамгийн зөв сурталчилгааны арга бол цаасан хэвлэл буюу сонин хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өөрийнхөө мөрийн хөтөлбөр, танилцуулгаа тодорхой гаргаад хүргүүлэх хэрэгтэй. Сонин гэдэг бол сошиалаас тэс өөр зүйл. Уламжлалт хэвлэл. Илүү олон хүнд баттай эх сурвалж болж очих хамгийн бодит хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай. Нэгдүгээрт, цаасан хэвлэл хэзээ ч баримт болж үлддэг. Хоёрдугаарт, мэдээллээ нягталж, олон талаас нь дүгнэх боломжийг уншигчдад олгодог. Гуравдугаарт, мэдээлэлд итгэх үнэмших бодит байдлаар нь хүлээн авдаг. Үүнийг манай улстөрчид, сонгуульд нэр дэвшигчид маш сайн ашиглах ёстой. Ашиглаж чадсан баг л энэ том тойргийн сонгуульд ялж чадна. Сошиалаар мянга өөрийгөө гайхуулаад иргэд хүлээж авахгүй гэдгийг л ухаарчих хэрэгтэй. Учир нь сошиалаар явж буй мэдээлэл иргэдийн итгэл үнэмшилийг төрүүлэхээ больсон байна. Ёстой хараад л мартдаг болсон. Харин цаасан хэвлэл гэдэг бол баримттай, бодит мэдээллийн эх сурвалж. Үүнийг ирэх сонгуулиар маш сайн ашигла. Би сая хэллээ яагаад сошиалаар сурталчилгаагаа хийж болохгүй юм бэ гэдэгт хэдэн зүйл хэлье.

-Юу тэр вэ?

-Өнгөрсөн сонгуулийн үеийн улстөрчдийн сурталчилгааг та бүхэн хараарай. Бүгд сошиал сувгаар дамжуулан сурталчилгаагаа явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр амлалтуудаа өгч байж. Аливаа контентуудаа цахим хэлбэрээр бэлтгэн хүргэсэн гэсэн үг. Ингээд нэр дэвшээд сонгуульд ялж, УИХын гишүүн болсон хойноо эдгээр хүмүүс нэг үйлдлийг тэр дор нь хийдэг. Тэр нь юу гэхээр цахимд оруулсан мэдээлэл, контентуудаа эхнээс нь бүгдийг устгаж эхэлдэг. Сонгуулийн үеэр өгч байсан хоосон, худлаа амлалтаа хийсвэл, баталгаагүй мэдээллийн урсгалыг ашиглаж олны тархийг угааснаа устгадаг гэсэн үг. Тэгэхээр одоо сонгогчид хэрсүүжсэн. Тэдэнд улстөрчдийн амлалт цагаан дээр хараар бичсэн хэлбэрээрээ л хэрэгтэй. Иргэдийн итгэлийг авч гарч ирчихээд амлалтаа хэрэгжүүлэхгүй бол баримттай эх сурвалж буюу сонинг нь гаргаж ирээд амлалтаа шаардана. Тэр утгаараа сонин хэвлэлд сурталчилгаагаа өгсөн, сонгуулийн сурталчилгаагаа цаасан хэвлэлээр дамжуулан тарааж байгаа улстөрчдийг сонгогчид илүү хүндэтгэн үзэхээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Болд: Хомсдолын үндсэн шалтгаан нь түлш, шатахууны нийлүүлэлтэд төр хөндлөнгөөс оролцож байгаад л оршино DNN.mn

Түүхийн ухааны доктор, судлаач, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Р.Болдтой бензин, шатахууны асуудлаар ярилцлаа.

-Монгол Улс даяар түлш шатахууны хомсдол үүсч буйн шалтгааны талаар та судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу. Яг юунаас болж ийм байдалд хүрээд байна гэж та харж байна вэ?

-Манай албаны хүмүүсийн хэлж байгаагаар түлш шатахууны хомсдолд монголчуудын хэрэглээ нэмэгдсэн, ОХУ-д дотоодын хэрэглээгээ хангах нь дайны улмаас хүндрэлтэй болж байгаа зэрэг нь нөлөөлсөн гэдэг нь мэдээж үндэслэлтэй. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөний шалтгаан. Хомсдолын үндсэн шалтгаан нь түлш, шатахууны нийлүүлэлтэд төр хөндлөнгөөс оролцож байгаад л оршино доо. Манай албаны хүмүүс Роснефтьтэй АИ-92-ыг 10 хувийн хөнгөлөлттэйгээр удаан хугацаанд авч байх тохироо хийлээ гээд 2022 оноос хойш нэг бус удаа мэдэгдэж ирсэн. Гэхдээ үзүүлж байгаа хөнгөлөлтийн хувь хэмжээ ч багасаад байгаа. Хөнгөлөлтийн хариуд Роснефтийн тавьсан нөхцөлийн дагуу худалдан авах төлбөрийг манай импортлогчид тодорхой хугацааны өмнө урьдчилан 100 хувь хийх болсон. Ингэснээр тус Роснефтиэс өмнө нь зээлээр авч нийлүүлэлтээ хангаж байсан хамтын ажиллагаа үгүй болж, Оросын бусад нийлүүлэгчид зах зээлээс шахагдан, Роснефть манай зах зээлд ноёлох байдалтай болсон байна.

-Ер нь ийм тохироо хэрэгтэй юм уу?

-Анхнаасаа хэрэггүй зүйл байсан. Түлш, шатахууныг төр биш шатахуун түгээх станц ажиллуулдаг хэдэн пүүс л оруулж ирдэг биш бил үү. Тэд л зах зээлийн үнээрээ нийлүүлэгчтэйгээ шууд юм уу эсвэл биржээрээ тохироод л явна биз. Үнэтэй зарах эсэх нь тэдний л асуудал. Тэглээ гээд ард олны амьжиргааны түвшинд нөлөөлөх ч юм уу, мэдэхгүй. Үнэтэй байна гээд машин унахаа болиод л нийтийн тээврээр эсвэл явган л явж таарна биз дээ. Тэглээ гээд иргэн ядуурах юм уу. Харин ч түгжрэл багасч, иргэдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй байх, нэг талаасаа. Түлш, шатахууны асуудалд төр оролцох нэг л асуудал байна. Энэ нь улсын нөөц бүрдүүлэх л явдал. Өөрөөр оролцох шаардлага огт байхгүй.

-УИХ-ын дарга Г.Занданшатар, сайд, дарга нар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. Шатахууны нөөцтэй бас улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй. Гэтэл нөөцийн савуудаа гадагшаа зарчихсан байдаг. Үүнийг ярьж байгаад санхүүжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Үүнийг та дэмжиж байна гэсэн үг үү?

-Миний санаж байгаагаар Засгийн газраас түлш шатахуун импортлодог аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц бүрдүүлж байх тогтоолыг 2021 оны сүүлчээр гаргаж, бараг 300 тэрбум төгрөгийг гаргасан.

Гэтэл арилжааны банкууд нөөц бүрдүүлэх хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд зээл болгон тараагаад ер нь аль ч үгүй болгож, салхинд хийсгэсэн дээ. Нөгөө талаар нөөцийг хэрхэн бүрдүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс нөөц гэдэг нь импортлогч компаниудын худалдан авсан бараанаас ялгагдахгүй байна уу даа гэж харагдсан. Уг нь нөөц бүрдүүлэх төрийн шийдвэр зөв байсан ч харин хэрэгжүүлэх арга замыг ийнхүү будилаантуулсан. Ямар яам, тамгын газар, албан тушаалтан уг зөв шийдвэрийг үр дүнгүйдүүлсэнийг нягтлах ёстой байх аа. Засгийн газрын нөөц бүрдүүлэх дээрх шийдвэр бол хэрэглээний нөөцийг л хэлж байх шиг байгаа юм. Монгол Улсын түлш шатахууны сарын хэрэглээ 200-220 мянга орчим л тонн. Харин бүх импортлогчдын түлш шатахуун хадгалах савны багтаамж бараг сая тонн хүрнэ. Иймд тэдэнд нөөц бүрдүүлэх сав хангалттай бий. Г.Занданшатар дарга хэрэглээний нөөц бүрдүүлэх сав суулгыг хэлж байгаа бол энэ нь хувийнханд хангалттай бий гэсэн үг. Санхүүжүүлэх шаардлагагүй. Харин түлш, шатахууны улсын нөөц гэдэг нь онцгой үед хэрэглэх улсын халдашгүй нөөц бүрдүүлэхийг би хэлж байгаа юм шүү. УИХ-ын дарга үүнийг хэлж байгаа бол харин өөр хэрэг. Үндэсний аюулгүй байдлын 1994 оны үзэл баримтлалд түлш шатахууны хоёр сарын импорттой тэнцэх улсын нөөц бүрдүүлэх заалт байсан. Ер нь бол улсын мэдлийн түлш шатахууны халдашгүй нөөц нь улсын халдашгүй ерөнхий нөөц, бас зэвсэгт хүчний халдашгүй нөөц хоёроос л бүрэлдэнэ. Бусдын жишгийг харвал энэ хоёр нөөцийг тодорхой хугацаанд, жишээ нь 2-3 жил болоод нээлттэй тендерээр борлуулж, шинэчлэн сольж байдаг.

-Тэр нь ямар учиртай юм бэ?

-Учир нь чанар муудах, хорогдол зэргээс сэрэмжлэхийн тулд шүү дээ. Гэхдээ энэ нь эргээд газрын тос боловсруулах үйлдвэргүй зарим улс оронд хувийн импортлогчдоо дэмжих нэг хэрэгсэл болж байдаг. Ийм нөөцийг дунд, жижиг улс орны зарим нь бүрдүүлдэг, зарим нь үгүй. Ер нь нөхцөл байдлаасаа л шалтгаалдаг. Манай улсын хувьд түлш, шатахууны халдашгүй нөөцийг бүрдүүлэх зайлшгүй нөхцөл байдалд оршдог улс гэж би хувьдаа үздэг.

-Түлш шатахууны хараат байдлаас гарахын тулд тэгээд яах ёстой юм бэ, бид гучин жилийн турш л ярилаа даа?

-Харин ярьж, ярьж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн биз. Энэ бол бодлогын хувьд хараат байдлаа багасгах шийдвэр гэж ойлгох ёстой. Үйлдвэр 2027 онд ашиглалтад орно гэдгийг тооцож Роснефтиэс түлш, шатахууныг тэр хүртэл хөнгөлөлттэй авч байхаар тохиролцсон биз. Гэхдээ л үйлдвэр маань Монголын хэрэгцээг зуун хувь хангаж чадахгүй, хажуугаар нь олон асуудал амьдралаас үүдэн гарна.

-Ямар асуудал гарна гэж…?

-Хориод жилийн өмнө “Оюуны Ундраа” компани газрын тос боловсруулах үйлдвэр барих, оруулж ирэх төсөл гаргаж нэлээд их хөөцөлдөж байсан. Энэ туршлага, жишгийг хувийн хэвшлийнхэн 2027 оныг хүлээлгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай юм даа. Төр, хувийн хэвшил хоёр түншилж, хосолж байж л хараат байдлаас гарна.

-Газрын тосны үйлдвэр гэснээс энэ үйлдвэрийн Дорнодоос татах түүхий эдийг дамжуулах хоолойг Хятадын олон улсын “Норинко” инженерийн компани хариуцан ажилладаг, энэ компанийн талаар их л зүйл дуулдах юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-“Норинко” групп буюу Умардын аж үйлдвэрийн корпораци бол БНХАУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн корпораци л даа. Дэлхийн зэр зэвсгийн зах зээл дээр ширүүн өрсөлдөгч. Жилдээ бараг 20 тэрбум ам.доллароос давсан зэвсэг экспортлодог. Мөн төрөл бүрийн судалгаа болоод өөр юу хийдгийг миний ажиллаж байсан салбарынхан бүгд сайн мэднэ дээ. 1990-ээд оны эцсээс иргэний салбарт идэвхтэй өрсөлдөх болж, олон тооны охин пүүсүүд байгуулагдсан. Учир нь орчин үед аливаа техник, технологи гол төлөв хоёрдмол зориулалтаар хэрэглэгдэх болсонтой холбоотой. Нэг охин пүүс нь Хан-Уул дүүрэгт бил үү дээ, салбараа нээчихсэн их сайхан байгаа юм шиг байна лээ.

“Норинко” бол газрын тосны салбарт хэрэглэдэг техник төхөөрөмжийг үйлдвэрлэх талаар туршлагажсан групп. Гэхдээ дамжуулах хоолой үйлдвэрлэх, тавих талаар туршлагагүй л дээ. Гэвч яах вэ, манайд хийж байгаа “туршилт” нь амжилттай болно гэдэгт бид их найдаж байгаа. Найдахаас ч өөр аргагүй байх.

Э.МӨНХТҮВШИ