Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгогчдын тал нь хэнийг сонгохоо шийдээгүй энэ үед намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж юу хийхээ ард түмэндээ танилцуулах хэрэгтэй DNN.mn

Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр, социологийн тандалт судалгаанууд олон хийгдэж, үр дүнгээ танилцуулсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгааг жишээ болгон дурдъя. Тус судалгааны мэдээллийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад оршин суудаг сонгуулийн насны 901 иргэнээс авчээ. Ингэхдээ мэдээллээ 2024 оны хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулсан байна. Судалгаа авахдаа “Тухайн улстөрч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл та сонгох уу” гэдэг асуултыг иргэдээс асуужээ. Ингээд үр дүн гарч. Судалгаанд оролцсон иргэдийн 30 аад хувь нь л намуудад саналаа хуваан өгчээ. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх буюу 70 орчим хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэдэг саналыг өгсөн байна. Энэ мэт судалгаануудын үр дүнгээс харахад сонгогчдын талаас илүү хувь нь аль ч нам, улстөрчийг сонгохоо шийдээгүй байгаа нь сонирхол татаж буй. Нөгөө талдаа улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд муу байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Гэвч сонгогчдын талаас илүү хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг бол нам, улс төрчдөд маш том боломж гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь сонгогчид одоогоор хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг нь таныг, эсвэл танай намыг ч сонгоход бэлэн байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгогчдын тал хувь нь таныг, танай намыг огт танихгүй байна гэсэн үг. Тиймээс сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, улстөрчдийг энэ том боломжийг эртнээс ашиглах, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа идэвхтэй явуулах шаардлагатайг тандалт, судалгааны дүн тодорхой харуулж. Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад хуучин улс төрийн намуудад иргэдийн урам хугарсан, түүнээс болоод төрд итгэх итгэлээ алдсан хувь нь өндөр гарчээ. Нөгөө талдаа шинэ нам, шинэ улстөрчдийг сонгогчид одоохондоо танихгүй байгаа нь судалгаануудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Мөн хэт залуу хүмүүсийг улс төрд гаргах нь замбараагүй байдал газар авч төр самуурах юм биш байгаа гэсэн болгоомжлол иргэдийн дунд бас байна. Энэ мэт олон судалгааны дүн эхнээсээ гарч байгаатай зэрэгцээд улс төрийн нам, улстөрчид сонгогчид руу чиглэсэн пиарын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, хуучин намуудад урам хугарсан гэдэг судалгааны дүн гарч. Тэгвэл энэ дагуу МАН, АН-ын хувьд бидэнд урам хугарах хэрэггүй ээ, бид та бүхний төлөө ийм, ийм ажлууд хийнэ гэдэг ухуулгаа хэвлэл мэдээллээр явуулж эхлэх цаг нь болсон гэсэн үг. Харин шинэ нам, шинэ эвсэл, шинэ улстөрчдийн хувьд өөрсдийгөө таниулах ажлаа идэвхжүүлэх шаардлагатай аж. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нээлттэй байгаа. Гэтэл яагаад өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өргөх ажлаа өнөөгийн нам, улс төрчид хийхгүй байна вэ. Энэ олон судалгааны дүнтэй танилцах завгүй явна уу. Сонгууль гэдэг бол цэвэр судалгаа, стратеги. Үнэхээр сонгуульд ялъя л гэж байгаа бол та бүхний хийх хамгийн гол ажил чинь өөрсдийгөө таниулах, нэр хүндээ хэвлэл мэдээллээр дамжуулан өсгөх биш юм уу. Нөгөөтэйгүүр иргэдийн санал хүсэлт, судалгааны дүнгээс өөр нэгэн чухал зүйл ажиглагдаж байгааг судлаачид анзаарч. Тэр нь нам, улстөрчдийн дунд өрнөх улс төрийн мэтгэлцээн гэжээ. Урьд өмнөх сонгуулиар ч улс төрийн мэтгэлцээнүүдийг их явуулахыг сонгогчид хүсэж байсан. Тэгвэл энэ удаад ч улс төрийн намуудын мэлтгэлцээнүүдийг явуулж эхлэхийг сонгогчдын ихэнх нь хүсчээ. Тиймээс улс төрийн намууд, улстөрчид мэтгэлцээнээ явуулж эхлэх цаг нь болсон байна. Ингэхдээ улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай нам сонгуулиар ялж, олонх болвол энэ хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулна гэдгээ одооноос сонгогчдод танилцуулчих хэрэгтэй гэсэн үг. Яг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл өмнөхөө бодоход асар их нэмэгдсэн. Мэдээж сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа тавина. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгогчдын хувьд улс төрийн намууд хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдэг чухал байна. Тэр утгаараа улс төрийн намууд энэ хүнийг бид Ерөнхий сайдаар томилно гэдгээ одооноос шууд зарлаад явчих хэрэгтэй.

Ингэх нь нэг талдаа улс төрийн намуудад сонгогчдын саналыг татах том боломж гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг ийм байхыг иргэд хүсэж байгаа юм. Ингээд тал талаасаа Ерөнхий сайдаа тодруулчихсан намууд одоо юу хийх вэ гэж. Мэдээж улс төрийн, бодлогын том том мэтгэлцээнүүдээ явуулж эхлэх хэрэгтэй. Бүр аль телевизээр хэзээ, хэдэн цагаас ямар нам, улстөрчид мэтгэлцээн хийх вэ гэдэг хуваариа сонгууль хүртэлх байдлаар хөтөлбөрийг нь гаргах шаардлагатай байна. Ингээд хуваарийн дагуу дараагийн Ерөнхий сайдууд бодлого, мөрийн хөтөлбөр, хийх ажлаа танилцуулах маягаар мэтгэлцэнэ. Харин иргэд, сонгогчдын хувьд хэн нь ямар бодлого дэвшүүлж байна, аль улс төрийн хүчин хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаас хамаарч сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх давуу талтай. Сонгогчдын талаас их хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байгаа энэ цаг үед намууд, улстөрчид одооноос Ерөнхий сайдаа зарлаж, иргэд, сонгогчдод танигдах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай болсныг дахин хэлье. Одоо л энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол бусдаасаа хоцорч мэдэх юм. Монгол Улс бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэхүү эрхээ бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар эдэлж, төр, засгаа байгуулдаг тогтолцоотой. Төрөө байгуулахгүй байна гэж байхгүй. Сонгууль болдгоороо болно, төр засаг байгуулагддагаараа байгуулагдана. Гагцхүү төрөө байгуулахын тулд аль нэг намыг сонгох нь тодорхой. Гэтэл улс төрийн намууд байх шаардлагагүй, нам, улстөрчдөөс болж авлига, хулгай үүсдэг гэдэг яриа нийгэмд цөөнгүй гардаг. Гэвч энэхүү яриа нь ихэнхдээ улс төрийн тодорхой зорилготой байдгийг сонгогчид хэрсүү ойлгодог болсон. Тиймээс монголчууд удахгүй болох сонгуулиар дараагийн төр барих төлөөллөө гаргаж ирж л таарна. Харин хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал өлдөж, тамирдсандаа үхэж, малчид ядарч туйлдсандаа уйлж байна DNN.mn

Нэгэн жаранд тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл Монгол Улсад ид болж байна. Нийт нутгийн 80 орчим хувь нь цастай, 21 аймгийн дийлэнх нь буюу 19 аймаг зудтай байгаа. Тэр дундаа нутгийн зүүн хэсгээр нэлэнхүйдээ төмөр зудтай байгаа нь хүн, мал амьдрах нөхцөлийг асар хүндрүүлсэн байдалтай байна. Төвийн болон хойд, баруун бүсээр ч зудын эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах, хүндэрсэн аймаг, сум, багт хүрч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мал, малчдад туслах шуурхай багийн хуваарилалт гарган ажиллуулж байна. Энэ хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай багт нэгдэн Төв аймгийн зургаан сумаар хоёр багт хуваагдан явлаа.

Ингэхдээ Төв аймгийн баруун болон баруун урд талын сумд болох Лүн, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан гэсэн зургаан сумаар явж, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь очиж сурвалжиллаа. Эхний очсон газар Төв аймгийн Эрдэнэсант сум байв. Тус сумын хувьд Төв аймгийн бусад сумаас нөхцөл байдал хамгийн их хүндэрчээ. Төв замаараа Эрдэнэсант руу саадгүй явсан ч сумын төвөөс холгүй орших айлын хот руу очно гэдэг жийп автомашины хувьд ямар ч боломжгүй болтол цас даржээ. Бартаат замын “хаан”, туулах чадвар сайтай, хурд хүчний гайхамшиг гэж яригддаг “V8” хөдөлгүүртэй ланд-200, 300, бүрэн тоногтой ниссан патрол, уаз-469-үүд энэ хөр цасанд зүтгэх нь хүүхдийн удирдлагатай машин гэлтэй. Алсаас хүчтэйхэн дайрсан ч автомашины хамартай зэрэгцэх цасанд тулж мөргөөд л зогсож байв. Ийнхүү ёстой хоёр алхам хойшилж гаргасан мөрөөрөө дахин дайрч, цасаа ухаж нэг алхам урагш чадан ядан явсаар эхний айлдаа очлоо. Том, хүчтэй жийп ингэж явж байхад малчдын унаа тэрэг, тэр дундаа портер бол энэ хатуу цасанд ёстой шонгүй юм байх. Магадгүй хөнгөхөн мотоцикль, жижиг автомашинууд хатуу цастай газраар нь цөмөрчихгүй бол явчихмаар санагдлаа.

Бидний эхний очсон айлын эзэд гэрийнхээ доохно талд хунгарласан цас малтаад зогсож байв. Цаана нь алга дарам газрын цасыг хүрздэж гаргаад тойруулан овоолжээ. Тэр багахан тойрог дотор зуднаар мэнд үлдсэн хэдэн богоо оруулчихсан харагдана. Сульдсан тамиргүй харагдах хэдэн мал нь хагдарсан хатуу дэрс, өвс зулгаах гэхээс илүү цас хунгарт шигдэхгүй хуурай хөрсөн дээр хөлөө амрааж, шороо үнэрлэн зогсоно. Энэхүү айлын өвөлжөө нь сумын төвөөс баруун хойд зүгт ердөө 16-хан километр зайтай. Гэвч зам харгуй хаагдаж төв зам руугаа орох битгий хэл өвөлжөө хавиараа явган алхахад ч хүнд хэцүү болжээ.

МАЛЧНЫ ХОТОНД МАЛЫНХ НЬ 10 ХУВИЙГ Л ҮЛДЭЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ГАМШИГ ИД ЯВАГДАЖ БАЙНА

Ийм маягтай арав гаруй хоног болж байгаа гэдгийг гэрийн эзэн болох Эрдэнэсант сумын малчин Г.Галсандорж хэлж байлаа. Тэрээр “Манай энд цас зудын байдал эрт эхэлсэн. Өнгөрсөн жилийн намар оройхон буюу 11 дүгээр сарын эхээр орсон их цаснаас хойш өнөөдрийг хүртэл бараан газар харуулсангүй цас орж, заримдаа хүчтэй шуурч байна. Бид 40 дөнгөж гарч байгаа хүмүүс. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань сумын төвд хичээлдээ явж, сургуулийн дотуур байранд амьдардаг. Хоёр хүүхдээ эргэж очиж чадалгүй бараг сар орчим боллоо. Утсаар л холбогдож байна. Энэ жилийн өвөл маш хүнд байсан. Энэ хавар ч бүр илүү хүнд болж байна. Цагаан сарын баяр гэдгийг энэ жил л бид огт тоосонгүй өнгөрлөө. Одоо болтол аав, ээж ах дүүстэйгээ золгож чадаагүй л байна. Өөрсдөө хоосон хоночихгүй, үлдсэн хэдэн бага малаа үхүүлчихгүйхэн шиг л хаврын урт өдрийг өнгөрөөж байна даа” гэсээр нулимс дуслуулан зовлон бэрхшээлээ ярилаа. Үнэхээр зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Гамшигт үзэгдэл удаан үргэлжлэхийн хэрээр энэ бүсэд амьдарч байгаа хүн, мал ялгаагүй туйлдаж, ядарч, шантарч байгаа нь бодитой үнэн ажээ. Малчид нь ядарсандаа уйлж, мал нь өлдөж, даарч бээрсэндээ хотондоо үхэж байгаа энэ мэт дүр зураг хөдөөгийн ихэнх малчны хотонд тохиож байна. Айлын эзэгтэй “Хоёр хүүхэд ч яах вэ, дулаахан байранд хичээл номоо сайн үзээд сууж байхад удахгүй уулзчихаж болно биз. Хамгийн гол нь зам харгуй хаагдсанаас болж хэдэн малдаа өвс, тэжээл татаж авах боломжгүй болсон” гэдгийг хэллээ. Үнэхээр энэ айлд задлаад талдаа орчихсон ганц шуудай хивэг, тэжээл л үлдэж. Өвөлжөөн дээрээ хураасан өвсний үлдэгдлээ цуглуулан малдаа өгч байгаа нь өр эмтэрмээр ажээ.

Яг энэ хүнд цаг үед Засгийн газраас тусламж ирж, өвс, тэжээл, хүнс, эрүүл мэндийн багц олгосонд малчид баярлаж байв. Өвс, тэжээл, хоол хүнстэй болж баярласнаас илүүтэйгээр зам харгуй гаргаад өвөлжөөнд нь ирсэнд туйлын их баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Малчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол өвс, тэжээл, хоол хүнс гэхээс илүү чөлөөтэй явах зам харгуй ажээ. Зам нээлттэй байвал өвс, тэжээлээ авчихна, хоол хүнсээ цуглуулчихна. Үр хүүхдээ эргэж тойроод байна гэдэг хамгийн чухал гэдгийг малчид хэлж байлаа.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ХҮНДЭРСЭН ГАЗРУУДАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ ЗАМ ХАРГУЙ ГАРГАХ АЖИЛ БАЙНА

Тиймээс Засгийн газрын зүгээс өвөлжилт, хаваржилт хүндэрсэн газруудад нэн тэргүүнд зам харгуй гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Бидний ирсэн эхний суманд нөхцөл байдал хүнд байна. Эрдэнэсант сум өнгөрсөн жилийн сүүлээр явагдсан мал тооллогын дүн мэдээгээр нийт 404 мянга орчим мал тоолуулж. Гэтэл өнөөдрийн байдлаар 630 өрхийн 23 мянган мал хорогдсон мэдээ бий. Гэтэл цаашид цаг агаарын нөхцөл байдал сайжрах яагаа ч үгүй байна. Зарим малчдын хувьд нөөц боломжоо хэдийнэ шавхсан нь зудын эрсдэл улам нэмэгдэж, мал хорогдох нөхцөл байдлыг эрчимжүүлж байгаа юм. Тиймээс Засгийн газрын зүгээс нөхцөл байдал хүндэрсэн малчдад хүнс, эрүүл мэндийн багц болон өвс, тэжээлийн тусламж ийнхүү хүргүүлж байна. Мөн сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахууны асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Ер нь асуудалтай танилцах биш, газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор явж байна. Асуудал тодорхой, тиймээс асуудлаа бид яаж шийдэх вэ гэдгээ шуурхай хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой. Эрдэнэсант сумын нийт нутаг дэвсгэр хатуу цасан бүрхүүлтэй байгаа. Тиймээс нэн тэргүүнд зам харгуй гаргах ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд нөхцөл байдал харьцангуй дээр байгаа Дархан-Уул аймгаас хоёр ковш ирүүлж, зам гаргахаар боллоо. Нэмэлтээр таван тонн түлш, 80 тонн хивэг, улаанбуудайг малчдад олгохоор шийдвэрлэлээ. Мөн зарим сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгох зэрэг ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна” гэв.

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ТАВЬСАН СУМДЫН ӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Ийнхүү зам харгуй хүндрэлтэй нөхцөл байдалд өдрийн тал шахуу хугацаанд явж ирсэн эхний айлын хаваржилт ямаршуу байгаатай танилцаж, Засгийн газрын тусламж, сэтгэлийн дэм өгснөөр дараагийн сум руу хөдөллөө. Эрдэнэсантаас наашилж Өндөрширээт суманд ирлээ. Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зарим газраараа мөсөн зудтай байна. Ерөнхий нөхцөл байдал Эрэдэнэсант сумтай адилхан аж. Цасны зузаан хээр тал газраараа 40-50 см, гуу жалгандаа 60-110см болж, гурван багийн 825 км зам цасанд боогдсон талаарх мэдээллийг аймаг, сумын онцгой комиссоос өглөө. Яг өнөөдрийн байдлаар тус сумын нийт малын гуч гаруй хувь нь хорогдсон гэв. Сумын 504 малчин өрх 2023 оны сүүлээр 218 мянган толгой мал тоолуулсан бол он гарсаар малын зүй бус хорогдол 11 мянгыг давжээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх эрсдэл өндөр байгаа гэв. Тиймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай баг тус сумын нөхцөл байдлын мэдээллийг сонсож, асуудлыг нь шийдвэрлэлээ. Өндөрширээт сумын хэмжээнд туулах чадвар сайтай нэг автомашин байдаг тэр нь мотор нь цохиж, явах боломжгүй болжээ. Тиймээс ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Мөн удаан үргэлжилж байгаа зуднаар сумын хэмжээнд зам харгуй гаргах, малчдын хотонд өвс тэжээл хүргэх зорилгоор шатахуун түгээх станцуудаас өр тавьж түлш, бензиний хэрэглээг зохицуулж ирсэн байна. Харин энэхүү өр нь нийтдээ 20 гаруй сая төгрөг болсон гэдгийг Өндөрширээт сумын Засаг дарга шуурхай багийн хүмүүст танилцуулсан юм. Сангийн сайд шатахуун түгээх газруудад тавьсан 20 сая төгрөгийн өрийг тэглэх, нэмж таван тонн түлш, бензин олгох, мөн хивэг, улаанбуудай нэмж 40 тонныг олгох, өвс тэжээлийн хоёр сарын нөөцийг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Бидний явсан бусад сумдад ч нөхцөл байдал болон тулгамдсан асуудал адилхан байв.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Намуудын жагсаалтад орох ханш дөрвөн тэрбум төгрөг гэв үү DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ жилийн сонгууль бүх талаараа өөр арга барилаар явагдана. Учир нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг төрийг төвхнүүлэх эрх зүйн систем бүхэлдээ өөрчлөгдсөн. Юун түрүүнд УИХ-ын 126 гишүүнийг иргэд, улс төрийн намууд гаргаж ирнэ. Ингэхдээ 76 гишүүнийг нь тойргоос ард түмэн сонгоно. Харин улс төрийн намууд үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргачлалаар гаргаад ирнэ.

Гол нь сонгууль яаж явагдах вэ. Тойргийн хувьд бүсчилсэн системээр гэж байгаа. Нэг бүсээс 3-10 хүн гарч ирэхээр хуульчилсан. Тэр утгаараа горилогчид аль хэдийнэ бүс бүс рүүгээ очиж, сонгогчдодоо таалагдах ажлаа эхлүүлчихсэн. Харин намын жагсаалтаар орох хүмүүсийн хувьд хамгийн чухал нь мөнгө болсон уу гэлтэй. Томсгосон тойрогт нэр дэвшиж ялахын тулд улстөрчдийн хувьд ч, намын хувьд ч асар их мөнгө, санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс өмнөх шигээ 100, 500 сая төгрөг өгөөд намын жагсаалтад орно гэж горьдолтгүй ажээ. Намын жагсаалтын ханш зөвхөн өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв огт биш. Он гарахаас ч өмнө зарим улс төрийн намууд ханшаа тогтоогоод эхэлчихсэнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тухайлбал, ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум төгрөгөөс эхэлж байгааг улс төрийн хүрээнд ил тод ярих болж.

Тус намын хувьд энэ сонгуулиар УИХ-ын ганц суудлаа нэлээд өсгөх боломжтой гэдэг. Тэр утгаараа намын жагсаалтын 1-5-д бичигдэх ханш багадаа дөрвөн тэрбум төгрөг байхаар байна. УИХ-д нэг суудалтай ХҮН намын ханш ийм байхад нөгөө хоёр том намын хувьд ямар ханштай гэдэг нь тодорхой биз. Сонгуулиар манай нам хэд орчим хувийн санал авах уу, түүнийгээ хувь тэнцүүлсэн байдлаар бодоход намаасаа тэд орчим хүн УИХ-д суулгах нь гэдэг тооцооллоо энэ хоёр том нам хэдийнэ хийчихсэн байгаа.

Улс төрийн хүрээнд болон судлаачдын хэлж байгаагаар энэ сонгуульд МАН-ын жагсаалтын эхний 20-д бичигдсэн улстөрчдөд УИХ-д суух магадлал өндөр байгаа аж. Харин АН-ын хувьд 10 суудал. Бусад намуудын хувьд үлдсэн 18 суудлыг хувааж орж ирэх бололтой гэнэ. Тэгэхээр ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум юм бол МАН-ын хоёрт бичигдэх ханш 20-30 тэрбум байж мэдэх нь. Хоёроос хойшоо буюу 5-10 дугаар байр бол 10-15 тэрбум, 10-20 дугаар байрт бичигдэх бол 4-10 тэрбум гэх мэт жагсаалт нь 40 хүртлээ үнэ ханш нь өөр өөр байх бололтой. АН-ын хувьд жагсаалтын хоёрт бичигдэх ханш нь 15-20 тэрбум төгрөг гэх.

Мөн түүнээс хойш жагсаалтын тоо нэмэгдэх тусам үнэ ханш нь багасах эдийн засгийн тооцоолол харагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар улстөрчид намын жагсаалтад орох бол дундаж доод ханш дөрвөн тэрбум төгрөгөөс эхлэхээр байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа энэхүү ханшийн мэдээлэл үнэн бол 4-10 тэрбум төгрөгтэй байхад л аль нэг улс төрийн намын жагсаалтын эхний 10-т бичигдэх боломжтой ажээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Уурхайчдын илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Монголын Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан DNN.mn

Уурхайчдын цалин хөлс буурч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуультай хамаатай эсэх асуудлаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Оюу толгой компани ажилчдынхаа цалинг 30 орчим хувь бууруулсан талаарх мэдээллийг ажилчид нь өгсөн. Таны хувьд энэ асуудлыг компани бус Хөдөлмөрийн хуультай холбоотой гэж жиргэсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюу толгой дээр юу болсныг би сайн мэдэхгүй. Харин миний санаж байгаагаар жил гаруйн өмнө Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орсон юм. Өөрчлөлт орохдоо ростер буюу цагийн хуваарийг өөрчилсөн. Хуучин 14 хоног ажиллаад долоо хоног амардаг хуваариар явдаг байлаа шүү дээ. Эсвэл 10/20 ч юм уу. Гэтэл шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар уг хуваарийг 14/14 болгочихсон байхгүй юу.

-Ажиллах, амрах өдрийг тэнцүү болгосон гэсэн үг үү. Ингэхээр ямар асуудал үүсч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, хүн ажил хийсэн цагаараа цалингаа бодуулж авдаг. Ямар ч газар тийм. Хийснээрээ хөлсөө авах зарчимтай. Ажил хийгээгүй бол цалин бодогдохгүй шүү дээ. Тэгэхээр хуучин нэг хүн 21 хоног ажиллаад долоо хоног амардаг байсан бол одоо хуулиараа 14 хоног ажиллаад 14 хоног амарч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр ажиллаж байгаа өдөр нь бага учир түүнийг дагаад цалин нь бууж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бага цаг ажилласан гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр 14/14 болсноороо тухайн компани ээлжээ нөхөхийн тулд дахин нэг ээлж нэмж авах шаардлагатай болно. Хоёр ээлжтэй байсан компаниуд ээлжээ гурав болгоно. Гуравтай байсан нь дөрөв болгоно гэх мэт.

-Тухайн үед энэхүү асуудлыг компаниуд ярьдаг байсан биз дээ?

-Та санаж байгаа бол тухайн үед Монполиметийнхэн асуудал үүсгэж байсан. МАК ч ярьж байсан. Юу гэхээр хөдөө гадаа байдаг том уурхайнууд хүн хүчний асуудал хомсдож эхэлсэн. Ингээд хүнээ нэмж авахын тулд цалингаа өсгөхөөр жижиг уурхайнуудад ажиллаж байсан хүмүүс том уурхай руугаа орчихдог. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд энэхүү ростерыг 14/14 болгох ажлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо маш идэвхтэй хийсэн. Тухайн үед уг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байсан. Тэр үед ҮЭХ талбай дээр гарч жагсаал хийж, 14/14 болгохыг хүчтэй шаардаж байсан шүү дээ. Бүр ажлын хэсгийн гишүүд рүү мессэж бичиж, сүүлдээ орж уулзаж байсан.

Хөдөө орон нутагт олон цагаар ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр, нийгмийн хэрэгцээ хүнд байдалтай байна. Тиймээс 14/14 болгох шаардлагатай гэдгийг тухайн үед ҮЭХ хэлж байсан. Ингээд ажлын хэсгийн ахлагч гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хүмүүс тус шаардлагыг хүлээн авч болно гэдгээ хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг тухайн үед онцгой анхааруулж хэлж байсан. Тэр нь ростерыг 14/14 болгочихоор уурхайн ажилчдын цалин хөлс шууд багасна гэдгийг хэлсэн. Хариуд нь ҮЭХ уг асуудлыг маш сайн ойлгож байгаагаа хэлж байсан юм. Тэгээд л Хөдөлмөрийн тухай хуульд сүүлийн 20 гаруй жил орж байгаагүй том өөрчлөлт орсон санагдаж байна.

-Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулиас болж уурхайчдын цалин хөлс багассан гэсэн үг үү. Хуульд уг асуудлыг яаж тусгаж өгөх байсан юм бэ?

-Манай улсын хувьд уг асуудлыг угтаа нээлттэй орхичихсон бол зүгээр байх байлаа. Өөрөөр хэлбэл, 14/14-өөрөө ажиллуулах нь ажиллуулаад, бололцоогүй зарим нь 21/7-гоороо явна гээд нээлттэй заагаад өгчих ёстой байсан. Уурхайчдын цалин багасаад ирэхээр хэвлэлийн хурал хийж харагдсан. Тэгэхээр аль нэг компани цалингаа буулгалаа гэхээс илүү цалин буурах эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж хуульд ийм заалт оруулахыг хүчээр тулгасан газар бол Монголын үйлдвэрчний эвлэл. Үйлдвэрчний эвлэл бол цалин нэмэх асуудлаар л тэмцдэг болохоос биш буурах эрсдэлтэйг нь мэдсэн атлаа хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан.

-Тэгэхээр компанийн хувьд шинэ хуулиа л барьж ажилласан гэсэн үг үү?

-Миний хувьд аль нэг компанийн асуудлыг огт мэдэхгүй шүү. Ажилчдын хэвлэлийн хурлыг харж байхад цалин нь 25-30 хувь буурсан гэдгээ хэлж байсан. Мэдээж бага хугацаанд ажиллаж байгаа болохоор бага л цалин авна шүү дээ. Олон хоног ажиллавал төдий чинээ их цалин авна. Ингээд жилд 240 хоног ажилладаг байсан хүмүүс 180 хоног ажилладаг болно. Ажиллах хоног нь 1/3-ээр буурахаар авдаг цалин нь 30 хувиар буурч таарна. Гэхдээ манай үйлдвэр, уурхайд ажиллаж байгаа хүмүүс хоёр хуваагддаг юм билээ. Зарим нь 14/14 болгож хуульчилсан нь зөв гэдэг. Зарим нь зээлтэй болохоороо илүү цаг ажиллаад ахиу цалин авсан нь зүгээр. Гэтэл урт цагаар ажиллах боломжийг хуулиар хязгаарлачихлаа гэдэг.

-Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй гэж харж байна. Хуулийн заалтыг нь таны хэлснээр нээлттэй болгочих хэрэгтэй юү?

-Мэдээж хуулийн заалтаа эргэж харах ёстой. Учир нь аж ахуйн нэгж, иргэн хоёрт төр сонголтыг нь өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, манайх жижиг уурхайтай байлаа гэж бодоход 14/7 хоногийн ростероор хүнээ ажиллуулмаар байна. Учир нь цөөхөн хүн ажиллуулаад илүү цалин өгдөг болно. Гэтэл Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой гэх мэт санхүүгийн хувьд бие даачихсан энэ том компаниуд ажилчдадаа бодоод 14/14 хоногийн ростероор явна. Тэгэхээр энэ сонголтыг хуулиараа ажил олгогч болон ажилчдад нь өгчих ёстой байсан. Гэтэл ажилчид болон ажил олгогчид хүссэнээрээ ажиллах байсныг ийнхүү хуулиар хатуу заагаад өгчихөж байгаа юм. Тэгэхээр эцсийн бүлэгтээ хүмүүсийн цалин буурах зохицуулалт л болчихож байгаа хэрэг.

-Уг зохицуулалт их энгийн, ойлгомжтой санагдах юм. Яагаад цалин буурна гэсэн эрсдэлийг тооцохгүйгээр УИХ баталчихсан юм бол?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөл явж байх үед Монголын үйлдвэрчний эвлэл хүчтэй тэмцэл хийсэн шүү дээ. Жагсаал, тэмцэл хийгээд байгаа болохоор УИХ-ын гишүүд шаардлагыг нь хүлээн аваад уг хуулийг өөрчилсөн. Угтаа манай улсын хувьд зарим ажил мэргэжил цаг улирлын шинжтэй байдаг. Барилга, уул уурхайн салбар тэр чигтээ улирлын чанартай явагддаг. Тэр утгаараа дулааны улиралд ахиу цаг ажиллаж байгаад овоо хэдэн төгрөг хураачихъя, тэгээд өвөл хүйтрэхээр сайхан амарчихна даа гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл энэ боломжийг нь хуулиар хаачихаж байгаа юм. Илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан. Одоо жилийн хагаст нь уурхай ажиллаж байна. Энэ хугацааных нь дахиад талд нь хүн ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр ямар л олигтой цалин авах билээ дээ. Цаашид энэхүү асуудлыг эрх зүйн хувьд өөрчлөх, иргэн, аж ахуйн нэгжид нь боломж, сонголтыг нь нээлттэй болгох шаардлагатай.

Э.МӨНХ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хавар хямд мах идье л гэж байвал одоо малчиддаа тусалъя DNN.mn

Түүхэнд байгаагүй гамшигт үзэгдэл хөдөө орон нутагт тохиож байна. Хамгийн олон буюу 20 гаруй сая мал хорогдсон жил болох эрсдэл бүрдлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ хавар, зун малын үнэ тэнгэрт хадна.

Махсаг монголчууд бензингүй, тоггүй байж чадах ч махгүй бол долоо ч хонохгүй. Хичнээн үнэтэй байсан ч мах идэх гэж олсон орлогоо бүгдийг нь зарцуулж чадна. Тиймээс хавар цалиндаа таарсан боломжийн үнэтэй мах авмаар байгаа бол малчдаа тоохгүй, миний мал биш гэсэн хүниймсэг хандлагатай байж болохгүй. Хүнд хэцүү энэ үед аль чадахараа малчиддаа тусалцгаая. Зун, намрын дэлгэр цагт хөдөө очиж жаргацгаадаг хотын бид хавар, өвөл малчны хот ямар байдгийг тэр бүр мэдэхгүй.

Ажилгүй, анхиагүй хөдөөнийхөн гэж ад шоо үздэг буруу хандлагаа одоо больцгооё. Эцэст нь хямд мах идмээр байгаа бол одоо л малчиддаа тусалцгаая!

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай зудын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын гишүүд багт хуваарилагдан зудтай аймаг, сумдаар явж, малчдад тусламж үзүүлж байна. Таны хувьд саяхан Төв аймгийн сумдаар явлаа. Зудын нөхцөл байдал ямар байна. Малын хорогдол мөн өндөр байгаа шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд зун нь гантай, зарим хэсгээрээ ус үер ихтэй болдог болсон. Харин намар орсон цас хайлж дуусалгүй өвөлтэй золгож, өвөлжилтийг хүндрүүлсэн ийм цаг уурын гамшигт үзэгдэлтэй жилүүд тохиолдсоор байна. Тэр дундаа өнгөрсөн өвөл, энэ хаврын их цас, хүйтрэлийг малчид өмнө үзээгүй амьдралдаа үзээгүй гамшигт үзэгдэл болж байна гэж ярьж байна лээ. Зөвхөн Монголд болж байгаа цаг уурын өөрчлөлт огт биш. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллөөс болж ийнхүү огцом хүйтэрдэг, их цас ордог, хур бороо их орж, үер болдог гэх мэт цочир өөрчлөлтүүд болж байгааг цаг уурчид тайлбарлаж байна. Тэгэхээр малчид, иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Өнөө жил ингэж зуд болсон учир дараа жилийн өвөл өнтэй сайхан байна гэж бодох хэрэггүй. Учир нь ойрын жилүүдийн цаг уурын байдал яг ийм байх төлөвтэй байгааг олон улсын цаг уурчид онцгойлон анхааруулсаар байна. Тиймээс энэ жилийн зудыг давчихлаа гээд сэтгэл амар болно гэсэн үг биш шүү. Ирэх жил дахиад л өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учир цаг уурын энэ өөрчлөлтөд тохируулан аливаа эрсдэлээс сэргийлж мал аж ахуйгаа эрхлэх шаардлагатай.

-Цаашид мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт хийгдэх шаардлага үүслээ гэсэн үг үү?

-Тийм. Тэр дундаа бид малын тоо толгойн ардаас хөөцөлдөх биш, малын чанар, таваарлаг байдал, мэдээж эрчимжсэн мал аж ахуй руу нийтээрээ шилжих цаг үе ирлээ. Суурин мал аж ахуй руу шилжих нь өнөө цагийн тулгамдсан гол асуудлын нэг болоод байна. Бидний сая ажилласан Төв аймгийн баруун урд талын сумдуудад малын хорогдол өндөр байна. Зөвхөн он гарснаас хойш нийт малын зургаан хувь нь хорогдсон гэсэн дүн мэдээ ирсэн. Гэтэл цас ханзарч, шинэ ногоо цухуйх цаг яагаа ч үгүй байна. Цас зудын байдал хүндэрч, малын хорогдол ид явагдаж байхтай зэрэгцээд мал төллөх хугацаа ирлээ. Өвөлжилтийн хүндрэл дуусаагүй байхад хаваржилтын хүндрэл эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, хатуу цаг их урт үргэлжлэхээр байна

-Энэ хүндрэл яг хэзээнээс эхэлсэн бэ. Малчид бол өвөлжилтийн хүндрэл эрт эхэлсэн гэж ярьж байна лээ?

-Хүндрэл бол эрт эхэлсэн. Бүр өнгөрсөн намрын арваннэгдүгээр сарын эхээр орсон цас хайлалгүй нэмэгдсээр, шуурсаар мөсөн зуд үүсэх нөхцөлийг бүрдүүлчихсэн юм билээ. Тиймээс эрт эхэлсэн энэхүү зудын нөхцөл байдлаас үүдэж малын хорогдол их явагдаж байна. Тэр дундаа залуу малчдын хувьд зүй бус малын хорогдол өндөр байгаа юм. Цөөн хэдэн малаа маллана гээд өрх тусгаарлаад гарсан малчид энэ жилийн зуданд ихэнхийг нь алдлаа гэж ярьж байна. Мал бол малчдын амьжиргааны гол зүйл. Тэгэхээр амьжиргааны малаа зуднаар алдсан энэ мэт залуу малчид хаачих вэ. Мэдээж хот, суурин газрыг бараадна. Тэгэхээр зуд турхан гэдэг зөвхөн хөдөө малчдын асуудал огт биш юм аа. Энэ бол улс орны хамгийн том тулгамдсан асуудал болж ирж байна. Тиймээс цаашид уламжлалт мал маллагааны арга технологио өөрчлөх, бүр цогц байдлаар реформ хийх шаардлага үүссэн гэж харж байна. Засгийн газрын хувьд энэ салбар луу чиглэсэн бодлого зорилтуудаа илүү тодорхой болгож, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд түүхэнд байгаагүй их мал хорогдох эрсдэл үүссэн гэж байгаа. Нөгөөтэйгүүр үлдэж байгаа малаа хамгаалах, зөвхөн мал гэлтгүй малчид, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Энэ жилийн зуд үнэхээр гамшгийн хэмжээг хэдийнэ давчихаад байна. Энэ гамшиг дараа жил болох магадлал өндөр гэдгийг анхааруулж байгаа. Тиймээс үлдсэн малаа хамгаалахтай адил малчид, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь Засгийн хувьд нэн тэргүүний зорилго юм. Засгийн газрын хувьд Монгол Улсын зургаан чиглэл рүү буюу бүсчилсэн хэлбэрээр томилгоот бүлгүүд гарч ажиллаж байна. Миний хувьд Төвийн бүс болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүндэрсэн сумдаар явж ажиллалаа. Бидний хувьд хүндэрсэн аймаг, сумдын асуудалтай танилцаж очих биш, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явж байгаа.

-Яг зудтай, нөхцөл байдал хүндэрсэн газарт тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Нэн тэргүүний тулгамдсан асуудал бол малчдын хот руу зам харгуй гаргах ажил байна. Сумын төвөөсөө 5-10-хан километр зайд байгаа хэдий ч сургуулийн хүүхдүүдээ эргэх нь битгий хэл төв суурин газраас өвс, тэжээл, хүнсний наад захын хэрэгцээгээ татаж чадахгүй малчин айл өрхүүд их байна. Гэхдээ нэг үеэ бодоход манай малчид тэжээл, өвсөө нэлээд их хэмжээгээр эртнээс базаадаг болсон нь сайн. Гэвч энэ жилийнх шиг удаан үргэлжилж байгаа байгалийн гамшигт үзэгдлээс болоод нөөц шавхагдах асуудал байна. Тиймээс нэн тэргүүнд бид малчдын хот руу зам гаргах, төв замтай холбох ажлыг эхлүүллээ. Өнөөдрийг хүртэл манай онцгой байдлынхан холбогдох албаныхан зам гаргах ажлыг сайн хийж байсан нь харагдсан. Гэвч нэг зам гаргаад удаагүй байтал цасаар шуурч дахиад хаагдах тохиолдол их байна. Зам нээх болгонд тодорхой хэмжээний техник, түлш, шатахууны зарцуулалт гарах нь тодорхой.

-Тэгвэл цаашид хэчнээн удаа цас орж шуурахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр болгонд зам гаргасаар л байх уу?

-Зам гаргах, сэргээх ажлыг цаг уурын нөхцөл байдал сайжиртал явуулахаас өөр гарц бидэнд байхгүй. Манай багийн хувьд Төв аймгийн хүндэрсэн сумд болох Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл зэрэг сумдад ажиллалаа. Эдгээр сумдын боогдсон зам харгуйг дахин сэргээн нээх, малчдад өвс, тэжээл болон хүнс, эрүүл мэндийн багцуудыг тараалаа.

-Бүсчилсэн хөгжил гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Иргэдийн хувьд энэхүү хөгжлийг улс төр, эдийн засаг талаас нь илүүтэй ойлгосон байх. Харин бүсчилсэн хөгжил хөдөө аж ахуйн салбарт хэрхэн тусах вэ гэдгийг одоо эхнээсээ мэдэрч байгаа болов уу. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд цаг уурын нөхцөл байдал Төв аймагтай адил байгаа ч малын хорогдолд харьцангуй хэвийн түвшинд байна гэж байгаа. Энэ нь нэг талдаа эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бүс нутгийн онцлог байх. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжээд явбал Төв аймаг Дархан-Уул шиг аливаа байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэл багатай давах боломж гарч ирэх үү?

-Таны хэлж байгаа санаа маш зөв. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоорондоо хоршиж ажиллах боломж энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бий болно. Эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хувьд ч энэхүү гурван аймаг хоорондоо уялдаа холбоотойгоор хамтран ажиллахад хамгийн тохиромжтой. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалан хөгжсөн, тийм үү. Дархан хотын хувьд аж үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн газар. Төв аймгийн хувьд хойд бүсээрээ газар тариалантай. Яг газар тариалан, мал аж ахуй хосолсон ийм бүс нутаг. Төв аймгийн хамгийн гол онцлог бол Монгол Улсын хүн амын талаас их хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хотыг мах болон хүнс ногооны хэрэгцээгээр хангадаг. Тэгэхээр ийм онцлог бүхий аймгийн малыг бид энэхүү зуднаар хорогдуулаад байж болохгүй. Энэхүү гурван аймаг хоорондоо салбар бүртээ хоршин ажиллаж чадвал жинхэнэ утгаараа бүсчилсэн хөгжил гэдэг зүйл маань тодорхойлогдоно. Үүнийг л бүсчилсэн хөгжлийн эдийн засаг гэж байгаа юм шүү дээ.

-Засгийн газраас аймаг, сум болгонд зудын эрсдэлийг бууруулахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хуваарилан олгосон. Гэхдээ аймаг, сум бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж жигд олгосон хөрөнгийг илүү хүндэрсэн аймаг, сум руу шилжүүлэх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд энэ жилийн зудын нөхцөл байдал бусад аймагтай харьцуулбал харьцангуй хэвийн байна. Тиймээс дарханчууд маань хөрш зэргэлдээх аймгуудад өөрсдийнхөө боломжоор туслалцаа үзүүлж байгаа. Үүний нэг жишээ саяны бидний ажилласан Төв аймгийн хүндэрсэн сумдад зам харгуй гаргах зориулалтын техник буюу ковшийг Дархан хотоос авчрууллаа. Энэ бол нэг бүсийн аймгууд нэгэндээ туслах боломж байгааг харуулсан үйл явдал. Мэдээж бусад шаардлага хөрөнгө мөнгийг хүндэрсэн аймаг, сумд руу шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

-Төсөв санхүүгийн хувьд ямар хуваарилалтуудыг хийж ажиллаж байгаа вэ гэдгийг тодруулбал?

-2023 оны нөөц тэр ондоо дууссан. Одоо ид явагдаж байгаа энэ зудын гамшигт нөхцөл байдал аль эрт арваннэгдүгээр сараас эхэлж явагдаж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр утгаараа 2023 оны үлдэгдэл нөөцөө аймаг, сумдууд маань тэр ондоо дуусгачихсан байгаа. Он гарснаас хойш болон цаашлаад хоёр сар гаруй хугацаанд энэхүү хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр 2024 оны нөөцөө тэр чигээр нь энэхүү цас зудын хүндрэлд зарцуулах болно. Үүнтэй холбогдох төсвийн хуваарилалтуудыг бид одооноос шинэчлэн өөрчилж байгаа. Бүр төсвийн тодотгол ч хийх нөхцөл байдал үүсэх магадлалтай болсон. Ер нь аймаг, орон нутгийн төсвийн нөөц боломжууд урьд өмнөхөөсөө илүүтэйгээр нэмэгдсэн. Аймагт олгогддог гурван ч том орлого сумдуудад хуваагддаг болсон. Улсын төсөв рүү татдаг аж ахуйн орлогын албан татварын 40 хувь нь эргээд орон нутагтаа хуваарилагддаг болсон. Ингээд аймгуудын 2023 оны төсвийн гүйцэтгэл дээрээс харахад нийтдээ 570 гаруй тэрбум төгрөгийн төсвийн давсан орлого байгаа юм. Үүнийг 2023 онд хуваарилсан. Харин 2024 оны хуваарилалтыг хараахан хийгээгүй байна. Тэр нь ч зөв болсон байна. Үүнийг бид одоо өвөлжилт, хаваржилтын хүндрэлд бүрэн зарцуулна.

-Монгол Улсын хувьд 1990 он хүртэл 25-30 орчим сая малтай байсан. Одоо 70, 80 сая болсон. Гэвч энэ жилийн зуднаар 20-25 сая мал хорогдох эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг зуднаар хорогдоно гэдэг асар сөрөг үзүүлэлтүүд бий болно гэсэн үг шүү дээ. Үүнд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Тэр 30 сая малтай байх үед л бэлчээрийн даац гэдэг зүйлийг ярьж байсан. Одоо 60, зарим үедээ 70 гаруй сая мал тоологддог нь нөгөө бэлчээрийн даацыг хэд дахин нэмэгдүүлчихэж байгаа юм. Нэг талдаа бэлчээрийн даацын асуудал яригдана. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөж малын тоо нэмэгдэх тусам өсдөггүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйгаа бид суурин мал аж ахуй руу шилжүүлэх бодлогын томоохон өөрчлөлтийг хийх цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол жил болгоны зуднаар 10, 20 саяараа цөөрсөөр л байх нь. Тиймээс малаа эхлээд чанаржуулъя. Зөвхөн тоонд нь анхаардгаа больцгооё. Чанартай цөөн мал чанаргүй олон малаас хэд дахин илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдгийг суурин мал аж ахуй эрхлэгчдээс бид тодорхой хардаг шүү дээ. Эрчимжсэн мал аж ахуйтай болчихвол ямар ч байгалийн гамшигт нөхцөлд бараг нэг ч толгой малын хорогдолгүй давна. Үүнийг манай уламжлалт мал аж ахуй эрхлэгчид маань ойлгоосой.

-Малын хорогдол малчин айл бүрд л явагдаж байна. Тэр утгаараа малаа даатгуулсан айл өрх ямар хэмжээнд байна. Ер нь даатгалын асуудалд Сангийн яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Даатгалын тогтолцоо гэдэг улсын төсөв, нөөц хөрөнгөөс тусдаа ойлголт шүү. Үүнийг хольж хутгаж огт болохгүй. Манайд өнөөдөр хэрэгжиж байгаа даатгалын систем 10, 20 жилийн өмнөхийг бодоход сайжирсан зүйл бий. Зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь ч нэлээдгүй өргөжсөн. Хохирлын нөхөн төлбөрүүд ч боломжийн нэмэгдэж байгаа. Харин малын эрсдэлд нөхөн төлбөр олгодог даатгал өөрөө маш эрсдэл өндөртэй гэдэг учраас хувийн даатгалын компаниуд үүн рүү огт ордоггүй. Нөгөөтэйгүүр энэ бол сайн дурын даатгалын систем. Тиймээс энэхүү том орон зайд төрийн даатгалын компаниуд чадан ядан орж байгаа. Тэр утгаараа энэ салбарын даатгалын асуудлыг бид цаашид хөгжүүлэх шаардлага бол бий. Нөгөөтэйгүүр даатгал бол тусдаа асуудал. Бид бэлчээрийн мал аж ахуйгаа суурин, эрчимжүүлсэн мал аж ахуй руу шилжүүлэх нь л хамгийн том зорилт болчихоод байна.

-Зудын гамшигт өртсөн малчдын амьжиргаа ямар байна вэ. Цаашид эдгээр малчдын амьжиргааг дээшлүүлэх асуудалд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бэ?

-Гамшигт өртсөн малчдын маань амьдрал үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр хүнд байна. Мэдээж зээлтэй, өртэй малчид ч цөөнгүй. Тэгэхээр дунд болон урт хугацааны бодлогоор энэхүү асуудалд далайцтай, хүртээмжтэйгээр шийдвэрүүдээ гаргаж явах шаардлагатай. Ойрын хүндрэл, тулгамдсан асуудлаа бид газар дээр нь шийдвэрлээд явах хэрэгтэй байна. Ядаж л үлдсэн хэдэн малаа хорогдуулалгүйгээр дулаан цагтай золгуулах нь юу юунаас илүү чухал.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Игавахара: Япон улсын буцалтгүй тусламжаар “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ DNN.mn

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай ярилцлаа.


-Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж, ажиллах болсонд таньд баяр хүргэж, амжилт хүсье. Өмнө нь манай улсад ирж байсан уу. Монгол Улсын талаарх таны хувийн бодол, сэтгэгдлийг тань эхлээд сонсохыг хүсэж байна?

-Баярлалаа. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод томилогдон ирээд 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар дипломат үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэн.

Би өнөөг хүртэл дипломат алба хашиж байх хугацаандаа Япон, Монголын харилцаатай холбоотой олон ажилд оролцож байсан. 1988 онд Бээжин хотоос албан томилолтоор анх Монголд ирж байснаас хойш 1991 онд Япон улсын Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Ерөнхий сайд Т.Кайфү Монгол Улсад айлчлал хийх үед Улаанбаатар хот дахь бэлтгэл ажлын багт ажиллаж, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах урьдчилсан хэлэлцүүлэгт оролцон, Японы компаниудын хамт нүүрсний уурхайг үзэж танилцаж байсан. Үүнээс гадна гэр бүл, найз нөхөдтэйгөө жуулчны хувиар ирж, тал нутагт морь унаж, одот тэнгэрийг харсан аялалдаа сэтгэл ханамж дүүрэн байдаг.

Монголын өвөл хүйтэн хэдий ч монгол хүний сэтгэл халуун дулаан санагддаг. Цаашид цэцэн цэлмэг монголчуудтай дотносон нөхөрлөхийг хүсэж байна.

-Хоёр улсын хувьд хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Монгол Улсын хувьд Япон улсыг хамгийн том гуравдагч хөрш гэж үздэг. Цаашид гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагааг илүү нягт, өргөн цар хүрээтэй болгохын тулд та ямар ажил, бодлого гаргаж явах вэ?

-Монгол Улс гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа хадгалах нь нэн чухал хэдий ч, тэдгээр улстай хэт хамааралтай байж нэг талыг барихгүйн тулд “Гуравдагч орнууд”-тай харилцаагаа хөгжүүлэх олон тулгуурт гадаад бодлогыг баримталж байна хэмээн ойлгож байна.

Монгол Улс гуравдагч орнууд дундаас харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухалчилж буй улс орнуудыг “Гуравдагч хөрш” хэмээн заасан байдаг. Монгол Улс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон улсыг  чухал ач холбогдол бүхий улс орнуудын нэг хэмээн үздэг бол Япон улсын хувьд ч мөн Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орлуулашгүй түнш хэмээн тооцдог.

Япон, Монголын харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, спорт зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа туйлын өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч мөн өргөн хүрээнд нягтран гүнзгийрч байгаа нь хоёр орны харилцааны давуу тал юм. Цаашид энэ давуу талыг үр дүнтэй, бүрэн дүүрэн ашиглах бодолтой байна.

Түүнчлэн хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн тулд хөгжих нөөц боломж ихтэй салбар болох хувийн хэвшлийнхний худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь чухал. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, бизнесийн орчинг улам сайжруулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, Япон, Монголын харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

-“Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” харилцаа, түүний ач холбогдлын талаар дурдахгүй юу?

-2022 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ф.Кишидагийн хамт “Япон улс, Монгол Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”ийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Өнөөг хүртэл хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл” болон хөгжиж ирсэн бөгөөд улмаар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болон шат ахиж, энэ хүрээнд Япон, Монголын харилцаа улам бэхжихийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бидний зорилго бол Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхээс гадна хоёр орны найрсаг харилцааг түшиглэн, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах явдал юм.

-Мэдээж хоёр улсын хооронд хийгддэг худалдаа жил ирэх тусам өсч байгаа. Ингэхдээ Монгол Улсын хувьд Япон улсаас автомашин импортлох хэрэглээ нэмэгдсэн. Харин Япон улсын хувьд манай орноос ямар төрлийн бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байдаг вэ. Цаашид импортын бараа бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Ихэнх япончуудын хувьд танил болсон монгол бараа, бүтээгдэхүүн гэвэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн түрүүнд санаанд орж байна. 1977 онд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан “Говь”ийн ноолуурын үйлдвэр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үеийн Монголын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан юм. Тус үйлдвэр нь 2007 онд хувьчлагдсанаас хойш хийц, технологи нь ихэд сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх болсон. Түүнчлэн Монгол Улсын дотоодын өрсөлдөөнөөс үүдэн Говь компани төдийгүй бусад олон компанийн бараа, бүтээгдэхүүний чанар улам сайжирч дэлхийн улс орнууд руу экспортлогдож байна.

Монгол бэлэг дурсгалын дэлгүүрт байдаг үзгийн сав, түрийвч, таблетын гэр, цүнх зэрэг монгол эсгий эдлэлүүд өвөрмөц хийцтэй байдаг нь япон хүмүүст ч таалагдах байх гэж боддог. Энэ төрлийн гар урлал нь монгол соёлыг мэдрүүлж, шинэлэг мэдрэмжийг төрүүлдэг учраас япончуудын сонирхлыг татах байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн л бодол гэдгийг ойлгоорой. Би өнгөрсөн 12 дугаар сард ирээд удаагүй байгаа учраас япончуудад ямар бүтээгдэхүүн санал болгох талаар илүү ихийг олж мэдэхийг хүсэж байна.

Мөн Япон, Монголын хооронд хийгдэж буй гадаад худалдааны тухайд, 2016 оны зургадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хүчин төгөлдөр болсноос хойш Япон руу чиглэсэн зорилтот бараа, бүтээгдэхүүний экспортын хэмжээ тогтмол өсөж, 2021 оны коронавирусийн цар тахлын улмаас зогсонги байдалтай байсан ч дахин экспорт нэмэгдэх хандлагатай байна. Энэ мэтчилэн Монголоос импортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээ цаашид ч өсөх боломжтой гэж бодож байгаа ч монголчуудад хандаж хэлэхэд, яг ямар төрлийн бүтээгдэхүүн япончуудын таашаалд нийцдэг болохыг сонирхон судалж үзээсэй гэж хүсэж байна.

Мөн ЭЗТХ хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц худалдаа аяндаа өснө гэх буруу ойлголт зарим монголчуудад байна. ЭЗТХ нь гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг дотоодын бараа, бүтээгдэхүүнийг бусад орны зах зээлд гаргах хялбар орчинг бүрдүүлэх зорилготой. Энэ нь Япон улс Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээнэ гэсэн үг биш юм. Японы хэрэглэгчид Монголын бараа, бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авахгүй бол Монголоос Япон руу хийх экспорт тийм ч амархан өсөхгүй шүү дээ. Иймээс Японы хэрэглэгчдийн сонирхлыг татах бүтээгдэхүүнийг үйлдвэр лэх нь хамгийн чухал.

-Япон улсын хувьд Монгол Улсад олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тэр утгаараа ирэх онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр юу байна вэ?

-2022 онд Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хоёр орны харилцаа идэвхтэй өрнөсөн билээ. Дараагийн 50 жилийг угтан, 2024 онд хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд, Япон улс 1.56 тэрбум йенийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төсөл нь ЗамынҮүд дэх төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн Замын-ҮүдУлаанбаатар хоорондын ачаа тээврийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой бөгөөд энэ төсөл саадгүй хэрэгжсэнээр Монгол орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох юм. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор япон хэв маягийн инженер, технологийн “Коосэн” сургуулийг сургалт, судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, дадлага хийх байгууламж барьж өгөх судалгааг хийхээр төлөвлөж байгаагаас гадна энэ оны төсвийн тодотголоор инженер, технологийн дээд боловсролын сургалтын байгууллагын практик боловсрол, япон хэлний чиглэлээр суралцаж буй оюутнуудад Японд суралцахын өмнөх сургалт болон япон компанид нэг сарын хугацаатай дадлага хийх боломжийг олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа юм.

Япон улс нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж буй хүртээмжтэй нийгмийг цогцлооход чиглэсэн үйл ажиллагааг ч дэмжин хамтран ажиллахыг зорьж байна. Тухайлбал, өнгөрсөн зуны үерийн гамшгийн улмаас ариун цэврийн байгууламж хангалтгүйгээс үүдэн халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийслэлийн үерийн эрсдэлд өртөх өндөр магадлалтай айл, өрхийн эрүүл ахуйн орчинг сайжруулахад “Ариун цэврийн байгууламжийг сайжруулах, үерийн гамшгийн үеийн ус зайлуулах насосыг нийлүүлэх, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх” төсөл хэрэгжих болсон. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн эрүүл ахуйн орчин сайжирч, иргэдийн амьдрах нөхцөл дээшлэхэд нэмэр болох юм.

Соёл, урлагийн салбарт Соёлын буцалтгүй тусламжаар 97.5 сая йенийн “Чингис хааны үндэсний музейн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн боловсрол, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр соёлын өвийг нийтэд үзүүлэн сурталчлах арга техникийг сайжруулж, сургалт явуулах боломжийг хүртээмжтэй бөгөөд илүү чанартай болгохоос гадна хүний нөөцийг чадавхжуулахад ч хувь нэмрээ оруулах төсөл болох юм.

-Хөрөнгө оруулалт татахын тулд, Монгол  Улсад үйл ажиллагаа явуулдаг япон компаниудын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Монгол Улсын хувьд гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа. Энэ чиглэлд Элчин сайдын хувьд ямар байдлаар анхаарч ажиллах вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой ихэнх Япон болон бусад гадны хөрөнгө оруулагчдад нийтлэг асуудал, бэрхшээл тулгардаг байх гэж бодож байна. Хөрөнгө оруулагчдад өгсөн амлалтаа биелүүлдэггүй, Япон болон Монгол талын хууль болон гэрээний агуулгын тайлбар нь ялгаатай байх, анх тооцоолсноос өөр асуудал үүсэх, тухайн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хангагдахгүй байдал үүссэн жишээ олон бий. Миний хувьд, хууль тогтоох байгууллагаас гаргасан хууль, дүрэм журмыг тэгш хэрэгжүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн захиргааны байгууллагын ажилтны чадварыг дээшлүүлэх, хууль сахиулагч болсон шүүхийн байгууллагаас шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгах шүүхийн сайн шийдвэрүүдийг жишиг болгон хуримтлуулах шаардлагатай. Дэлхий ертөнц мэдээллийн технологиор холбогдож байгаа өнөө үед Монголд өрнөж буй үйл явдал тэр даруй бусад улс орнуудад дамжин хүрнэ. Хэрэв Монголд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн хэрэгжилт асуудалтай байна гэж үзвэл хөрөнгө оруулахаа азнаж таарна.

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад, бэрхшээлийг бууруулахад нэлээд анхаарал хандуулж, ширүүн маргаан өрнөж байгааг ойлгож байна. Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалтууд гадаадын иргэдийн хувьд таатай байж болох ч эх орон, байгалийн баялаг, эрхээ хамгаалах үүрэгтэй монголчуудад тийм ч таатай заалтууд биш байж болох юм. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой энэ асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй ард иргэд ч ойлгон, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, бүгд хүлээн зөвшөөрсөн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах нь тун чухал. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг хэрхэн өрнөж, ямар дүгнэлтэд хүрэхийг нь ганц би төдийгүй гадаадын олон хөрөнгө оруулагчид сонирхож, анхааралтай ажиглаж байна.

-Хоёр улсын харилцан визний хөнгөлөлтийн асуудлыг та ямар байдлаар зохицуулж ажиллах вэ?

-Япон улсын Засгийн газар захиргааны цахим шинэчлэл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 оны гуравдугаар сарын эцсээс зөвхөн аяллын зорилгоор Япон руу зорчих визийн мэдүүлгийг цахимаар авч, цахим виз олгож эхлээд байна. Цаашид цахимаар мэдүүлж болох улс орон, бүс нутгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих визийн мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

2022 онд зохион байгуулагдсан Япон, Монголын Засгийн газрын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын энгийн паспорт эзэмшигчдийн виз мэдүүлгийн журмыг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэхээр тогтож, 2023 оны зургадугаар сарын 30ны өдрөөс эхлэн өмнө нь хэрэгжиж байсан богино хугацаагаар зорчих олон удаагийн виз олгоход тавигдах шаардлагыг хөнгөвчилсөн. Мөн шинээр өндөр орлоготой Монгол Улсын иргэнд богино хугацааны олон удаагийн визийг олгож эхлээд байна.

Түүнчлэн виз мэдүү лэгчдийн аюулгүй байдал, тав тухыг сайжруулах үүднээс бид 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Японы виз мэдүүлгийн төвийг нээн ажиллуулж байна.

-Япон улс бол технологийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орон. Мөн тээврийн салбарт үсрэнгүй хөгжил гаргасан улс. Тухайлбал, Японы метро буюу хурдны галт тэргийг нэрлэж болно. Манай улсын нийслэл хот сая гаруй хүн амтай. Тэр утгаараа бусад метрополис хотуудын жишгээр метротой болох төслийг ярьж байгаа. Энэ тал дээр Элчин сайдын хувьд тодорхой хамтарч ажиллах төлөвлөсөн ажил бий юү. Ер нь метротой болохын тулд хамгийн түрүүнд юу чухал байдаг вэ?

-Одоогоор тодорхой хамтын ажиллагааны төлөвлөгөө гараагүй байгаа ч Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах зорилгоор метроны талаарх судалгааг Япон улс 2013 онд хийсэн. Уг судалгааны үр дүнг бусад байгууллагын хийсэн судалгааны хамт Улаанбаатар хотод метро байгуулах судалгаанд ашиглаж байгаад баяртай байна. Ийм том хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд замын маршрут, чиглэлийн сонголтоос хамааран өдөрт тээвэрлэх зорчигчдын тоо, хэрэглэгчийн зардал, өгөөжийн тооцоо, ашиг орлого зэрэг бүх талыг харгалзан Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох нь нэн чухал. Жишээлбэл, метро барихад хэт их хугацаа зарцуулах, тасалбарын үнэ хэт өндөр тогтоовол зорчих зорчигчгүй болох, эсвэл хэт хямд тогтоовол метро хариуцсан байгууллага алдагдалд орох зэрэг асуудлууд үүсч тогтвортой ажиллах боломжгүй болно. Алсаа харж, нийтийн тээврийн бусад хувилбаруудыг тооцоолохын зэрэгцээ метро нь тогтвортой бөгөөд бодитоор хэрэгжих эсэхийг сайтар нягтлах,улмаар иргэдийн санал хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлэх нь ихээхэн чухал.

-Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Япон улсын хэчнээн иргэд байна вэ. Тэдний эрх ашиг бүрэн хангагдаж чадаж байгаа юу. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хэчнээн иргэн Япон улсад амьдарч байна вэ?

-Өдгөө Монгол Улсад 300 орчим япон иргэн оршин сууж байна. Монгол Улсад оршин суугаа иргэдийн эрх ашиг хамгаалагдсан байдаг. Элчин сайдын яамны зүгээс энд оршин суугаа иргэддээ зориулан бүхий л төрлийн төрийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн Монгол Улсад оршин суугаа япон иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг асуудалд холбогдсон тохиолдолд бид Монгол Улсын аюулгүй байдал, хэв журмыг сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авдаг.

Япон улсад амьдарч буй монгол иргэдийн тухайд Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын харьяатын албанаас гаргасан материалд дурдсанаар ойролцоогоор 18,000 орчим монгол иргэн оршин сууж байгаа мэдээлэл байна. (2023 оны зургадугаар сарын байдлаар)

-Хоёр улсын төрийн томоохон айлчлал ирэх жил хийгдэх үү. Ойрын хугацааны харилцан айлчлал юу байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас хойш Япон, Монголын Парламентын гишүүд, холбогдох яамдын сайд, дэд сайд, орон нутгийн удирдлагууд мөн бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал ч идэвхжиж байна. Үүнээс гадна 2022-2023 онуудад Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг Япон улсад тус тус айлчлал хийлээ.

Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хоёр орны өндөр дээд албаныхны харилцан айлчлал хийгээд бусад гуравдагч оронд хийсэн уулзалтуудаар дамжин нягт харилцаа тогтоож, нэгдмэл ойлголтод хүрч, санал бодлоо солилцох нь туйлын их ач холбогдолтой хэмээн бодож байна. Одоогийн байдлаар төлөвлөгдсөн төрийн дээд айлчлал байхгүй ч цаашид айлчлал, уулзалтууд нэмэгдэж улам бүр идэвхжинэ хэмээн найдаж байна.

-Элчин сайдын хувьд ирээдүйн зорилго тань юу байна вэ?

-Би дипломатчаар ажилласан хугацааныхаа тэн хагаст Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Япон улс тууштай дэмжин, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлсээр нэгдсэн, “Гуравдагч хөрш”-ийн хувиар Монгол Улстай гуйвашгүй бат бөх итгэлцэл, найрамдалт харилцааг хөгжүүлж байгааг харж ирсэн. Хоёр жилийн өмнө хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, дараагийн өндөрлөгт гарах шинэ эхлэлийг тавьсан. Мөн энэ онд Япон, Монголын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн тэмдэглэлт ойн жил тохиож байна. Өнөөгийн хоёр орны найрсаг харилцаа нь өмнөх үеийн болон бусад холбогдох олон хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэдгийг дахин тэмдэглэж хэлэхийн хамт найрамдалт харилцааны хэлхээ холбоог ирээдүй хойч үеийнхэндээ баттай залгамжлуулахыг хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Өндөрширээт суманд цасны зузаан хээр тал газраараа 40-50см, гуу жалгандаа 60-110см болжээ DNN.mn

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, зарим газраараа мөсөн зудтай байна.

No description available.

Цасны зузаан хээр тал газраараа 40-50см, гуу жалгандаа 60-110см болж, 3 багийн 825 км зам цасанд боогджээ.

Түлш, өвс тэжээлгүй болсон мөн малын 30-аас дээш хувь нь хорогдсон малчдад Засгийн газрын тусламж хүргэж өгөхөөр ажиллаж байна. Сумын 504 малчин өрх 2023 оны сүүлээр 217,812 толгой мал тоолуулсан бол он гарсаар малын зүй бус хорогдол 11 мянгыг давсан байгаа бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх нь…

No description available.

Өнөөдөр газар дээр нь

-ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин

– ЗДТГ-ын Шатахуун түгээх газруудад тавьсан 20 сая төгрөгийн өрийг тэглэх

– Нэмж 5 тонн түлш, бензин олгох

– Хивэг улаанбуудай нэмж 40 тонн олгох

– Өвс тэжээлийн хоёр сарын нөөцийг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болъё DNN.mn

Шинэлгээ хуучраагүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгуут хийх гэсэн иргэдийн хөдөлгөөн шинийн нэгэн, хоёрон шиг л бужигнаж өнгөрлөө. Учир нь энэ жилийн цагаан сарын баяр амралтын өдрүүдэд тохиосон. Тиймээс энэ хоёр хоногт хотын түгжрэлд арай яадан явсаар хоёр талынхаа аав, ээж, азай буурлуудтайгаа л золгуулт хийж амжсан байх. Бусад авга, нагац, ах, дүүсээрээ орж амжилгүй ажлын өдрүүд эхэлсэн. Мөн битүүнгүй гэх шинийн нэгний өмнөх өдөр ажлын өдөр байсантай холбоотойгоор иргэд баярын бэлтгэлээ орой ажлын цаг дуусгаад нэгэн зэрэг хийж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор энэ жилийн цагаан сарын баяр эхнээсээ л түгжрэл, бөөгнөрөл, оочер, бухимдалтайгаар өрнөлөө. Ингэж эхнээсээ бухимдсан иргэд амралтын хоёрхон өдөрт золгуултаа хийж чадалгүй ажилдаа орцгоосонд улам дургүйцэв. Хүн бүр нийгмийн сүлжээгээрээ дамжуулан цагаан сарын баяраар дор хаяж долоо хоног амардаг болмоор байна. Ер нь монголчууд хавартаа цагаан сарын баяраа тэмдэглэж 10 хоног, зундаа үндэсний их баяр наадмаа тэмдэглэж 10 хоног л амардаг болъё. Харин бусад баяраар амардаг байдлаа зогсооё гэх агуулгатай сэтгэгдэл, үзэл бодол нийгэмд шуугилаа. Зөвхөн иргэд ч гэлтгүй зарим УИХын гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа ч илэрхийллээ. Нэрт нийгмийн зүтгэлтнүүд болон судлаачид, эрдэмтэд, хуульчид ч гэсэн цагаан сарын баяр, үндэсний их баяр наадмаар л амардаг бусад баярыг ердийн тэмдэглэлт өдөр болгох нь зөв гэдэг байр суурийг хэлж байна. Бид жилд сар орчим хоногийг нийтээрээ баяр тэмдэглэж амарч өнгөрөөдөг. Үүнээс цагаан сараар гурав хоног, үндэсний их баяр наадмаар гурав хоног амардаг байна. Харин үлдсэн 20 орчим хоногийн амралтыг бусад баяр, тэмдэглэлт өдрөөр эдэлдэг. Тэгвэл нэгдүгээр сарын 1, гуравдугаар сарын 8, Бурхан багшийн их дүйчин өдрүүдийн амралтуудыг болиод цагаан сар, үндэсний их баяр наадмын амралт дээр нэмчихэд л энэ асуудал шийдэгдэнэ гэдгийг нийгмийн зүтгэлтнүүд ярьж байх юм.

Жишээ нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтээрээ амардаг. Гэтэл зургадугаар сарын нэгэнд буюу эх, үрсийн баяраар мөн адил нийтээрээ амардаг. Угтаа энэхүү хоёр баярын утга агуулга тийм ч хол зөрөхгүй. Тиймээс мартын амралтыг болиод зургадугаар сарын 1-нд бүх нийтээрээ амарч, эмэгтэйчүүд, хүүхдүүдээ баярлуулах боломжтой юм. Харин мартын амралтыг цагаан сарын баярын амралт дээр нэмчихнэ. Энэ мэт бусад баяраар нийтээрээ заавал амраад байх шаардлагагүй амралтуудыг цагаан сар болон үндэсний их баяр наадмын өдрүүдэд нэмчих хэрэгтэй гэдгийг иргэд болон их хурлын гишүүд ярих боллоо. Тиймээс энэ хаврын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт орж магадгүй. Үнэхээр энэхүү асуудал хуулийн хүрээнд ийн хэлэлцэгдэж эхэлбэл нэг мөр цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болгохчих хэрэгтэй. Жил бүрийн цагаан сарын баяр хоёрдугаар сард болдог. Заримдаа нэгдүгээр сарын сүүл, эсвэл бүр гуравдугаар сарын эхээр ч болох нь бий. Хэзээ болох нь тодорхойгүй ийм үндэсний томоохон баяр гэж юу байх билээ. Гэтэл орчин цагт нийгмийн амьдрал цаашлаад улс орны амьдрал цаг, минут бүрээр хэмжигдэн төлөвлөгдөж явдаг болсон. Суурин амьдралын хэв маягтайгаа нийцүүлэн өв соёл, уламжлалт зан заншил хүртэл өөрчлөгдөн хувьсаж байна. Гэтэл монголчуудын өргөн тэмдэглэдэг цагаан сарын баяр нэг, хоёр, гуравдугаар сарын аль нэг өдөр эхэлнэ гэдэг бол цаанаа нийгмийн амьдралд маш том тодорхойгүй хүндрэл үүсгэж байна гэсэн үг.

Мэдээж зурхайн ухаанаар сар өдөр нь тодорхойлогддог ч зарим жил хоёр шинийн нэгэнтэй байх жишээтэй. Үүнээсээ болоод монголчууд хоёр хэсэг хуваагдан золгож ч байсан түүхтэй. Энэ жил гэхэд битүүнгүй цагаан сар болж, иргэд ч үүнээс болж хоёр хуваагдав. Угтаа өв уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ахмадуудаа хүндэтгэн золгодог үндэсний их эв нэгдлийн баяр. Гэтэл зурхайчдын харилцан адилгүй саналаас болж үндэстнээрээ талцдаг баяр болж хувирсан. Тиймээс өв уламжлалаа хадгалж, өргөн дэлгэр оролцдог цагаан сарын баяраа тэмдэглэдэг тогтмол өдөртэй болох нь зөв юм. Тогтмол өдөрт тэмдэглэдэг болсноороо иргэд, байгууллагууд ажил, орлогоо эртнээс зөв зохицуулах боломжтой болно. Өдөр судрын хэрүүл маргаан зогсоно. Тэр дундаа шинийн нэгэнд биш шинийн гурванд ирж золголоо гэх ах, дүүсийн гомдол, тунирхал ч алга болно. Мөн янз бүрийн мухар сүсэг арилна гэх мэт олон давуу талтай. Харин тэмдэглэх тогтмол өдрөө хэзээ байвал улс, нийгэмд ашигтай вэ гэдгээ тал талаасаа ярилцах хэрэгтэй. Улс орны хувьд эдийн засгийн мөчлөгтэйгөө уялдуулан цагаан сарын баярыг тэмдэглэх өдрийг тодорхойлж болох юм. Цагаан сарын баярыг зөвхөн

монголчууд тэмдэглэдэг юм биш. Азийн ихэнх орнууд энэхүү хаврын баярыг өөр өөрсдийнхөө ёс заншлаар тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэр утгаараа дэлхийд ч

шинэ жилийн баярыг тогтмол өдөр тэмдэглэдэг жишээ олон бий.

Тухайлбал христмассын баяр байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд энэхүү баярыг дэлхийн олон улс нэгэн зэрэг тэмдэглэдэг. Харин дараа нь шинэ он гардаг. Мөн исламын шашин шүтдэг орнууд ч хаврын баяр болох Наурызаа жил бүрийн гуравдугаар сарын 22нд буюу өдөр, шөнө тэнцдэг өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл монголчууд цагаан сарын баяраа хоёрдугаар сард заримдаа нэг эсвэл гуравдугаар сард тэмдэглэж байгаа нь энэ том баярын утга учрыг жилээс жилд алдагдуулж байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр нийгмийн аж, амьдралд ч хэзээ болох нь тодорхойгүй баярын нөлөөнөөс болоод олон сөрөг асуудал үүсэж буй. Адаглаад л цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын

үеэр баяр тэмдэглээд явах нь хэцүү асуудал. Тиймээс цагаан сарын баярыг улс орны эдийн засгийн мөчлөгтэй уялдуулах, цаг агаарын нөхцөл байдалтай нийцүүлэх, нийгмийн аж, амьдралтай холбон ойлгож тогтмол өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байх нь юу юунаас илүү чухал асуудал болоод байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс бол эрх зүйт төртэй ардчилсан орон. Тэр утгаараа нийгмийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдан явагддаг. Тиймээс цагаан сарын баярыг ч хуульчлахад болохгүй зүйл байхгүй гэдгийг нэрт хуульч, академич С.Нарангэрэл гуай ярьсан. Эхлээд цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөх тогтмол өдрөө хуульчлах хэрэгтэй. Дараа нь уг хуульдаа хэрхэн цагаан сарын баярыг тэмдэглэх ёстой вэ гэх журам баталчих. Энэхүү журамдаа тухайлбал, залуу өрх тавгийн идээгээ гурван үеэр засна. 65аас дээш насныхан ууц тавина гэх байдлаар уг баяртай холбоотой ёс заншил, өв уламжлалтай нийцүүлэн хуульчилчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол цагаан сарын баяр гэдэг ахмадуудын тархинд цус харвуулсан, залуучуудын санхүүг цөлмөсөн нэг үгээр баяр биш зовлонт өдөр болж хувирч байна.

Сүүлдээ цагаан сарын баяр битгий болоосой гэх бодолтой хүмүүс ч олширлоо. Энэ хандлага нийгэмд хүчээ авбал жинхэнэ утгаараа өв уламжлал, ёс заншлаа бид өөрсдөө сөнөөх эрсдэл өндөр байна. Тиймээс энэхүү өв соёлоо бид байгаагаар нь хадгалж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэхийн тулд яг одооноос төрийн бодлогоор зохицуулах шаардлага зүй ёсоор тулгарлаа.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан: 14 аймгийн 47 сум цас, мөс ихтэй байгаагаас мал бэлчих боломжгүй, зам гаргах, өвс тэжээлээ татаж авч чадахгүй байна DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас өвөлжилт, хаваржилтийн асуудлаар тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хаваржилтийн нөхцөл байдал амаргүй эхэлж байна. Тэр утгаараа Засгийн газрын зүгээс энэ хүнд цаг үеийг малчидтайгаа хамтдаа даван туулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдуудад энэ хаврыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлалаа. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдийн тэр дундаа малчдын орлогыг дэмжих, нэмэгдүүлэх, малын хорогдлыг багасгах, цаашлаад эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан.

-Тодорхой ямар шийдвэрүүд гаргасан бэ?

-Юуны өмнө импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийн татварыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр гурилын үнийг бууруулах, хөдөө хомсдоод байгаа өвс тэжээлийн хангалтыг нийлүүлэх асуудлыг ярьж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээнд малчид, иргэдээ дэмжих аяныг зарлаж байна. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага, үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулан малчдад хаваржилтийг хүндрэл багатай даван туулахад нь туслах аяныг үндэсний хэмжээнд зарлаж байгаа гэсэн үг. Нийт иргэддээ хандаж хэлэхэд энэ хаврыг малчиддаа дор бүрнээ чадах чинээгээрээ туслаж, бие сэтгэлээрээ хамт байхыг уриалж байна.

-Малчиддаа туслах аян зарлалаа гэж байна. Аяны хүрээнд хандив цуглуулна гэсэн үг үү?

-Хандив гэхээс илүү бүх талын дэмжлэг туслалцаа чухал байгаа юм. Би сая хэллээ шүү дээ. Хавар хүндхэн болох нь ээ. Тиймээс хэн хүнгүй малчиддаа бие сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг уриалж байна. Нэн ялангуяа малчдын эрүүл мэндийн асуудал байна. Эрт илрүүлэг хамруулах ажлыг түргэн шуурхай хийх, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор малчдад туслах аяныг илүү зохион байгуулалттай хийх бодлогыг барьж ажиллаж байна. Мал аж ахуйн салбар гэдэг бол өөрөө хөдөө аж ахуйн эсвэл хэдэн малчдын асуудал огт биш. Энэ бол нийт монголчууд бидний амь амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс хүнд цаг үеийг бид даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм. Зам харгуй гаргахаас эхлээд хүн хүч дутаж байгаа салбар болгонд хүний оролцоог нэмэгдүүлье. Цаашлаад шаардлагатай арга хэмжээнүүд шат дараатай авна. Үүссэн хүндрэлтэй холбоотой зарим асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг ч боловсруулан өргөн барина.

-Яг одоогийн байдлаар 21 аймгийн хэд нь зудтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байна вэ?

-Энэ хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 47 сум зудтай байна. Мөстэй, мал бэлчих боломжгүй, зам харгуй гаргаж чадахгүй байна. Өвс тэжээлээ ч татаж авах боломжгүй ийм байдалтай болсон. Мөн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 256 сум зудын нөхцөл байдалтай байгаа юм. Өнгөрсөн өвөл авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ энэ хаврын турш хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж хэлж болно. Тиймээс малчид, иргэдэд туслах аяныг Засгийн газраас уриалж байгаа юм.

-Сонгууль ойртсон энэ үед аливаа нийтийн аян зохион байгуулах, хандив цуглуулах асуудлыг хуулиар хориглодог. Энэхүү малчдад туслах аян энэхүү хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?

-Энэ бол өвөлжилт, хаваржилтийн асуудал. Нөгөөтэйгүүр бидний өв уламжлал болсон нүүдэлчин ахуй, Монгол Улсын эдийн засгийн нэгэн тулгуур салбарыг эрсдэл багатай байлгахын тулд тэр сонгууль, улс төр үүнд ямар ч хамаагүй. Бидэнд ямар боломж байна тэр бүх боломжоо дайчлаад малчид, иргэддээ тусална.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэж байна. Тэгэхээр Улсын онцгой байдлын зүгээс яг ямар арга хэмжээ авч ажиллана гэсэн үг вэ?

-Цагаан сарыг хүртэл бид бэлэн байдлын түвшинд явж ирсэн. Харин нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас цаашид шат ахиулж өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байна. Учир нь цас, хур тундас их хэмжээгээр нэмэгдлээ. Шар усны үеэр болох эрсдэл өндөр байна. Тиймээс нийслэл орон нутаг гэлтгүй бүхий л газар нутагт өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм. Тэр утгаараа иргэд, малчидтайгаа хамтран хаа хаанаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулалтад орж авна гэсэн үг.

-Өвс тэжээлийн нөөц ямар байгаа вэ?

-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард хөнгөлттэй үнээр өвс, тэжээлийг аймаг, орон нутагт олгосон. Гэвч өнөөдрийн хувьд энэхүү нөөц хангалттай биш байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор орж ирж байгаа өвс, тэжээл, гурилыг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг өргөн барина. Нөгөөтэйгүүр улсын нөөцөөс өнгөрсөн жил бид 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчиддаа нийлүүлсэн. Удахгүй дахиад зургаан мянган тонныг нийлүүлэх гэж байна.

-Зам харгуй хаагдсан асуудал их байна. Аймаг, орон нутгийн хувьд зам гаргах техникийн хүчин чадал ямар байдаг юм бэ?

-Яг одоогоор 21 аймгийн түвшинд зам гаргах шаардлагатай техникийг Батлан хамгаалах салбарын зохицуулалтаар шийдэж байгаа. Ер нь бол аймаг болгон харьцангуй өөр байна. Зарим аймгуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь байхад заримд нь дутагдалтай байгаа. Хэдий техник, механизмууд байгаа ч гэлээ бүх сумдад хүрч ажиллах боломж ч хязгаарлагдмал байна. Тиймээс Улсын онцгой комисс, аймгийн онцгой байдлын комисстой хамтарч ажиллах, нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Сая хэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон гэдэг бол бүх төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой нягт хамтран ажиллана гэсэн үг.

Э.МӨНХТҮВШИН