Categories
мэдээ цаг-үе

Ц.Элбэгдорж: Хамтарч бүтээе, үйлдвэрлэе, борлуулъя

Манай сонины тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Япон улсаас мэдээлж байна.


Монгол, Японы бизнес форум өчигдөр эхэллээ. Форумын өмнө Японы Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Кейданрэн нь Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо юм. 2002 онд бий болсон энэхүү байгууллагад Японд болоод дэлхий дахинаа нэр цуутай 1600 гаруй компани гишүүнээр нь ажилладаг. Хувь хүн, байгууллага ялгахгүйгээр шударга зарчмаар ажиллахыг эрхэм болгосон энэ байгууллага гаргасан шийдвэрүүдээрээ Японы төр засгийн бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрчлөх, байгаль орчны асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм байна. Энэ үүднээсээ Япондоо хүчтэйд тооцогддог байгууллага. Харин өчигдрийн бизнес форум тус байгууллагын байранд боллоо. 

Хурлын эхэнд Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара үг хэлсэн юм. Тэрээр “Монголд бизнес хийх сонихолтой япон компаниуд бий. Ойрын жилүүдэд Монгол Улс ашигт малтмалаар дамжуулан эдийн засгаа өргөжүүлэх зорилготой байна. Үүнийг ч Японы хөрөнгө оруулагчид найдвар хэмээн харж, том боломж гэж үзэж байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд чөлөөтэй, тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа.  Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих үедээ ирээд байна. Өнөөдрийн форум хоёр орны эдийн засгийн шинэ эринийг нээх боломж болно” гэв.  Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр  “Энд Монголын бизнесийн салбарын 130 гаруй төлөөлөгч ирсэн байна. Японы талаас 180-аад төлөөлөгч иржээ. Үдээс хойш хоёр талын бизнесийнхний танилцах уулзалт болно. Үүнд Японы талаас 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно гэсэн сайхан мэдээ байна. Ийм өргөн хүрээтэй анхны том уулзалт Токиод болж байгаад баяртай байна. Үр дүнд нь итгэлцлийн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Японтой харилцах харилцаа эртний түүхтэй. Түүхийнхээ онцгой мөч бүхэнд бид Япон улстай харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тодорхой жишээ дурдъя. Хубилай хаан ширээнд суусан цагтаа Японы хаантай харилцаа тогтоох захидал илгээсэн байдаг. Энэ захидлын хуулбар Японд хадгалагдаж байна. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр элч илгээж байсан. 1990 онд тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар  тусламж  хүссэн захиаг Япон руу  илгээж байжээ. 

Энэ бол Японтой түүхийн чухал үеүдэд харилцаж,  түнш гэдгээ бататгахыг зорьж байсан эрмэлзлэл. Монгол Улстай найрамдал хамтын ажиллагаа тогтоох гэсэн оролдлого 1960-аад оноос иргэдийн дунд хүчтэй өрнөсөн. Монгол Улстай хамтын үйл ажиллагаа өрнүүлдэг сайн дурын 70 гаруй нийгэмлэг байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье. 1990 онд ардчилал, зах зээлд шилжихэд Японы ард түмэн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улс өөрөө туслаад зогсоогүй, банк санхүүгийн байгууллагыг Монголд ажиллуулахыг эрмэлзэж иржээ.  Бидний хүнд үед байнга тусалж ирсэн Японы ард түмэн, танай Засгийн газарт үргэлж талархаж явдаг.  Хүний тусыг бүү март гэж  бидний өвөг дээдэс сургасан байдаг. Та бүхний тусыг бид мартахгүй. Японы дэмжлэг нүдээ олсон тусламж  байсан шүү гэдгийг цохон хэлье. Монголчууд өвлийн хүйтэнд гал алдахад манай цахилгаан станцид  тусалж байлаа. Нийтийн тээвэр зогсч бид хөл дүүжлэх унаагүй  болоход шатахуунаар тусалсан байдаг. Гал команд, түргэн тусламжийн машин хуучраад зогсоход та бүхэн урьдчилан харж тусалж байлаа.

Шилжилтийн үед монголчууд хөдөөгөөс хот руу нүүж,  сурах сургууль, цэцэрлэггүй болоход Япон улс тусламжаар олон арван цэцэрлэг барьж өгсөн. Өдгөө энэ цэцэрлэгт 55 мянга гаруй хүүхэд хүмүүжиж  байна. Энэ мэт тусламж дэмжлэгийн сайн үйл хэрэг өнөө жилээр дуусгавар болж байна. Япон улс манайд орчин үеийн эмнэлэг барьж өгснөөр тусламжийн ажлаа өндөрлүүлнэ. Ингээд манай хоёр орон  харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна. Япон улсын Монголд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухай яагаад энд  онцлов гэхээр энд ирсэн та бүхний ажилладаг япон  компаниудын татварын мөнгө Монголд  тусламж болж ирж байсан. Та бүхний зүтгэж олсон тэр мөнгө Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас үүнийг онцолж байгаа юм.  Тэр үед дөнгөж эхээс төрсөн унага тэнцэж ядаж байсан бол өнөөдөр Монголыг хөгжилд хүргэх агт болж өсчээ гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн арван жил Монголын ДНБ-ий хэмжээ олон дахин нэмэгдсэн. 1990 онд 500 сая ам доллар байсан бол өдгөө 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ босч чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын арван жилд дунджаар арван хувь байх тооцоо гарсан. Гэхдээ энэ нь уул уурхайгаас хэт хамаарсан өсөлт. Тэгэхээр цаашдаа энэ хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байна.  Цаг нь алт болсон ажил хэрэгч хүмүүс ирсэн учраас энэ уулзалт руу яриагаа чиглүүлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзахад энэ уулзалтыг хийх санаа төрсөн. Монголын Японтой харилцах хамтын ажиллагаа цөөн салбарт төвлөрч, цар хүрээ нь хэдхэн компаниас хальж чаддаггүй байлаа. Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ ч бага байна. Японы Монголд хийж байгаа хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Худалдааны хэмжээ нь 100 сая доллараас хэтрэхгүй байна. Ер нь манай эдийн засгийн харилцаа унтаа байдлаас гарах хэрэгтэй байна. Үүнд өнөөдрийн уулзалт чухал нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Япон, Монголын хувьд хамтарч судалъя, үйлдвэрлье, борлуулъя гэдэг бизнесийн харилцааг баримтлахаар зорьж байна. Мөн хувийн хэвшлийн санаачилгаар бус хоёр талын Засгийн газраас хамтарч дэмжье гэдэг чиглэл рүү анхаарлаа хандуулж байна.  Монголын эдийн засаг, зах зээл бага гэдэг. Гэхдээ дэлхий дахинд бидний үлдээсэн мөр том гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс дэлхийн зах зээлд хамтдаа гаръя. Зөвхөн Монголын зах зээл рүү биш дэлхийн зах зээл рүү чиглэсэн хамтын ажиллагаа явуулъя.  Монгол Улсын байршлыг та бүхэн мэднэ. Хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хөршүүд хоёр талд маань байна. Ямар учраас өнөөдөр бид энд ирэв ээ. Цаг нь болсон, одоо хөдлөх хэрэгтэй гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. Одоо хийе, хөдөлье. Энэ ажлыг хийхэд нөхцөл байдал бүрдсэн.  Нэгт хоёр орны улс төрийн түвшний, иргэд хоорондын харилцаа ойлголцлын түвшинд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай орнууд нь манай хоёр орон байна. Мөн олон талын хүчин чармайлт гарган ярьсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд байгуулах нөхцөл бүрдлээ. Хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн түншлэлийн хэлцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ хэлэлцээрийг УИХ-аар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Монголд эдийн засаг, хөрөнгө оруулалтын суурь болсон банкны харилцаа идэвхтэй сэргэж байгаа. Одоогоор Японы хоёр банк Монголд, Монголын хоёр банк Японд салбараа нээх гэж байна. Энэ бол манай банкууд нэг стандарттай, нэг зарчмаар явах боломж хангагдаж байна гэсэн үг. Цаг нь болсон гэж хэлэх дөрөв дэх шалтгаан бол боловсон хүчин байгаа. Энэ чиглэлд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн.  Цаашдаа ийм хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Японы хөнгөлөлттэй зээлээр Япон улсад 1000 инженер бэлтгэхээр зэхэж байна. 5000 мэргэжилтэй ажилтныг сургах талаар ярьж байна. Төгсгөлд нь хэлэхэд хоёр талын эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал. Монгол Улс сайн зүйлээ авч үлдэхийг оролдож байна. Япон улсын хувьд өндөр технологи, боловсон хүчнээ гадагш нь гаргаж, шинэ баялаг бүтээх бодлоготой байна. Энэ хоёр эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал юм.

 Ярианыхаа дараагийн хэсэг рүү оръё. Монголын онцлог юу байна гэдгийг хэлье.  Монгол Улс өөрөө нээлттэй. Сүүдрээ, дутагдлаа нуудаггүй төр засагтай. Иргэдийнхээ хэлж байгаа, түншүүдийнхээ үгэнд чих нээлттэй. Улс төр нийгмийн салбарын өөрчлөлтийн хувьд айдгаа ардаа хийж байгаа улс. Нөгөө талаар нээлттэй нийгэм гэдэг бол суралцах үйл явц гэж боддог. Бид алдаа хийдэг, түүнийгээ засахын төлөө ажилладаг хүмүүс. Монголд хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Эдийн засгийн зурвас өсөлтийг удаан байх юм шиг санаж явжээ. Иргэддээ бэлэн мөнгө тарааж, төсвийн зарлагыг ихдүүлсэн дутагдал бидэнд байсан. Гэвч  2012 оны сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хуулиараа хориглосон. Хөнжлийнхөө хэрээр жийх ёстой гэдэг сургамж авч байгаа. Бизнест оролцох төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн. Хувьчлалыг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлээ дэмжих нь хамгийн гол хүчин зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалтад төрөөс хувь эзэмшинэ гэдэг зүйл зогссон. Жишээ нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагүй гэдэг шийдвэр гаргасан нь сайны дохио.  Бид энэ зарчмыг хуульдаа тусгаж өгнө. Одоо эрх зүйн орчин Монголд ямар байгаа талаар хэлье. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Газрын тосны хуулийг шинэчилсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөр нэг сайн шинэчлэл бол хууль, шүүхийн байгууллагад ахиц гарч байгаа. Олон улсын авлигын эсрэг тооцоогоор авлигын түвшин байнга буурч байгаа оронд манай улс тооцогдож байгаа. Энд байгаа хөрөнгө оруулагчид сонссон байх. Оюу толгой, Таван толгойн талаар дуулсан байх. Оюу толгойн талаар мэдээлэл өгье. Одоогоор дэлхий дээр ажиллаж байгаа их нөөцтэй ордын нэг гэдгийг та нар мэднэ. Оюу толгой 2014 онд 2.6 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийхээ 1.2 тэрбумыг нь хийсэн байна.  Оюу толгой ашиглалтад орохоос өмнө Эрдэнэт үйлдвэр байсан. Одоо ч амжилттай ажиллаж байна. Гэтэл Оюу толгой Эрдэнэтээс 40 хувиар илүү байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтворжсон гэдгийг хэлье. Таван толгойтой холбоотой мэдээлэл өгье. Энэ бол коксжих нүүрсний том орд юм. Үүнийг хувийн хэвшил хариуцах нь зөв гэсэн байр суурь ойлголтод хүрч байгаа. Таван толгойд оролцох сонирхолтой компанитай манай хувийн хэвшлийн компани гэрээ хийгээд, шаардлагатай бол төр дэмжих бодлого барьж байна. Таван толгойг эргэлтэд оруулах ажил удааширсан нэг нөхцөл нь дэд бүтэцтэй холбоотой. Удахгүй тавдугаар цахилгаан станцыг барина.  Энэ баригдвал Таван толгойг эрчим хүчээр хангана. Таван толгой, Оюу толгойн бүтээгдэхүүнийг зөөх авто зам дуусч байгаа. Төмөр замын асуудлыг  нэлээд хэлэлцсэн.  Одоо УИХ шийдвэрээ гаргана. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс Японы хөрөнгө оруулагчдад ямар боломж байна гэдгийг хэлье. Манай Засгийн газрын түвшинд эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ бодлогуудыг ямар зарчмаар өрнүүлэх вэ гэдгээ Абэ Ерөнхий сайдтай уулзаж ярина. Мөн уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахаар бид сонирхож байгаа. Үйлдвэр худалдааны байгууллагын бааз суурийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс банк санхүү, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилга хот байгуулал, аялал жуулчлал, дамжин өнгөрөх тээврийн түшиц газар байх боломжтой. Монголчууд Японы зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлээд Японы бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд хамтарч оролцох сонирхолтой байна. Японы хөрөнгө оруулагчдаас болгоомжлох салбар бидэнд бараг байхгүй. Японы хөрөнгө оруулалт орох тусмаа сайн гэж үзэж байгаа. Монгол Японы эдийн засгийн харилцаанд нэг онцлог байдаг. Яагаад гэвэл бидэнд хоёр хөршийг дамжиж харилцах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харилцах нь хамгийн чухал. Бид хоёр хөрштэйгөө ижил түвшинд харилцахыг эрмэлздэг. Хөрөнгө оруулалт эдийн засаг худалдааны хувьд манай гурван улсад дамжин өнгөрөх тээврийн асуудал чухал байдаг. Энэ талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдсэн. Ерөнхий асуудлууд шийдэгдэж байгааг хэлье. Хятадын дарга Си Жиньпин ирэх наймдугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр  сард Монголд ирнэ. Хятад улсын хувьд нүүрс боловсруулах, дэд бүтцийн салбарт манайхтай  хамтран ажиллахаар бэлтгэж байна. ОХУ-тай төмөр зам, хоёр улсын иргэдийн визгүй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааны зураг гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгая. 

Монгол, япон хүмүүсийг нэгтгэдэг нэг зүйл байдаг. Тэр бол хөх толбо.Үүнийг монголчууд тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Эхээс төрөхөд тэнгэр тамгалж өгдөг  ийм хүмүүсийн үр хойч юм аа. Тиймээс дэлхийд нэг мөртэй явцгаая. Дэлхийн өнгийг газарт буулгаж, дархлах ажлыг хамтдаа хийцгээе. Хөх толбо бол тэнгэрийн өнгө. Энэ уулзалтаар бид дэлхийд хамт мөрөө гаргах үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэ мөр дэлхийн зах зээлд мянга мянгаараа дурайх болтугай”гэсэн юм. Түүнийг ийн үг хэлсний  дараа Японы Мицүбиши банкны ажилтан ингэж ярилаа.  

“Таны ярианаас тодорхой мэдээлэл авлаа.Манайх  Японы хамгийн том банк. Гадаад харилцааг өргөн хөгжүүлдэг. Монголтой албан ёсны тусламжийн харилцаа өрнүүлж байсан. Манай банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ерөнхий сайд Абэгийн уриалж байгаагаар ардчилал, энх тайван, харилцан туслалцах зорилгоор  үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гэж та ярилаа.  Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас болж Монголд гадаад валютын нөөц багаслаа. Энэ тал дээр бид санаа зовж байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ. Япон, Монгол хамтдаа дэлхийн зах зээлд гаръя гэж байна.  Аливаа гадаад орны зах зээлд оролцоход хүлээж авч байгаа орны идэвх зүтгэл маш их шаардлагатай байдаг. 

Монголын тал Японыг  халуун сэтгэлтэй хүлээж байгааг ойлголоо. Мөн Япон улсад Монголын хөрөнгө оруулалтын агентлагийг нээх талаар бодохгүй юу” гэв. 

Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмрийг халуун дээр нь давт гэж үг бий. Ийм үе Монголд иржээ. Ялангуяа Япон улс Монголд хөрөнгө оруулах боломж байна. Олон улсын зах зээлийг судалдаг байгууллагуудын үнэлгээ бол Монголд өгч байгаа анхааруулга гэж үзэж байна. Алдаатай явуулж ирсэн бодлогуудаа зас, түншүүдтэйгээ ажлаа эхэл гэсэн анхааруулга. Монголын хөрөнгө оруулалтын орчин нээлттэй байдлаасаа сайжрах чиглэл рүү орно. Засгийн газрын хамтын ажиллагааг хангах байнгын механизмтай болох талаар Абэ Ерөнхий сайдтай ярина. Өнөөдөр энд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай алба хашдаг хүмүүс ирсэн байна. Гадаад валютын болон бусад асуудлаар тодорхой хариулт өгөх байх” гэлээ. 

Монголын хууль эрх зүйн орчин таатай болсныг танилцуулав

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-аар баталсан зарим хуулиудын талаар товч танилцуулсан юм. Тэрээр “Бид өөрсдөө хөгжчих юм шиг санаж явсан үе бий. Тиймээс Засгийн газар алдаагаа ухамсарласан” хэмээн үгээ эхэлж байв.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ялгалгүй дэмжихээр болсон. Хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудлыг энгийн хүнд сурталгүй болгосон гэдгийг ч дуулгав.  Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хуулийг хүчингүй болгосон. Монголд гаднаас хөрөнгө оруулалт хийх бүх процессийг хариуцах “Инвес Монголиа” агентлаг байгуулсан зэргийг танилцууллаа.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар  Монгол, Японы хооронд хөрөнгө оруулалтын сан байгуулах процесс өрнөх боломж бүрдсэнийг дуулгав. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилснөөр стратегийн ордуудын тоог нэмэхгүй байх зарчмыг баримтлахаар болсныг хэлэв.  Ашигт малтмалын ордуудыг стратегийн болон түгээмэл тархацтай, энгийн гэж гурван ангилалд хуваахаар болсон. Сүүлийн жилүүдэд зогсоод байсан хайгуулын лицензийг олгох ажлыг эхлүүлсэн зэргийг танилцууллаа. Газрын тосны хуулийг баталснаар ойрын таван жилдээ НӨАТ, компанийн орлого, гааль, нөөц ашигласны төлбөр тогтвортой,  хүчинтэй байх зохицуулалтуудыг хийж өгсөн гэдгийг дуулгалаа. Гадны хөрөнгө оруулагчид тогтворжуулалтын гэрчилгээ авах боломж ч нээгдэж байгааг хэллээ. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг уламжиллаа. 

Валютын нөөцөд санаа зоволтгүйг дуулгав 

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засгийн хувьд сүлийн хоёр жил хүнд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нүүрсний үнэ буурснаас валютын урсгал суларсан. Үүний эдийн засагт ирэх ачааллыг яаж зөөллөх талаар Засгийн газартай хамтарч бодлого хэрэгжүүллээ.  Ажилгүйдлээ хамгаалах, хувийн сектораа хамгаалах үүднээс эдийн засгийн өсөлтөө долоон хувьд нь барих бодлого барилаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авч байгаа учраас эерэг үр дүн гарах болов уу. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, Оюу толгойн төсөл дээр Засгийн газрын зүгээс идэвхтэй арга хэмжээ авах ёстой гэдэг зөвлөмж өгч байгаа. Дотооддоо үүнийг дэлгэрэнгүй ярьж байгаа. Мөнгөний бодлогын хүрээнд эргэж харах зүйлүүдийг ярьж байна. Эдийн засгийн сулралтыг бид урьчилж харж байсан учраас яаж зөөлрүүлэх вэ гэдэг бодлого явуулсан. Цаашид мөнгө, төсвийн бодлого дээр тодорхой өөрчлөлт хийх боломж бүрдлээ. Ханш дээр гол ачааллаа авлаа. Гэхдээ эрсдэл үүсгэхгүй байх талаар идэвхтэй ажилласан. Үр дүнд нь манай банкуудын муу зээлийн дүн 2.4 гэсэн тоотой байна. Энэ бол муу дүн биш. Цаашид үүнийгээ тогтвортой хадгална. Иргэдийн моргейжийн зээлийн түвшингээ аль түвшинд барих вэ гэдэг бодлого барьж байна. Энэ нь эерэг үр нөлөө авч ирнэ гэж найдаж байгаа. Валютын нөөцийн талаар хэдэн зүйл хэлье. Валютын нөөцийн хэмжээ Монголын эдийн засгийн худалдаа, хэрэгцээг хангахад бүрэн боломжтой. 1.6 милллиард долларын нөөцтэй байгаа нь хангалттай тоо. Дээрээс нь Хятад бол Монголын эдийн засаг, худалдааны том түншийн нэг. Тэдний төв банктай валют солилцох гэрээтэй. Ер нь хоёр талаасаа мөнгөний бодлого дээр бүрэн итгэлцэлтэй яваа нь үүгээр илэрхийлэгдэж байна. Гэрээгээ гурван жилээр сунгасан байгаа. Тэгэхээр манай валютын нөөцөд ирэх ачаалал буурна. Валютын нөөц Хятадын зах зээлээс шууд хамаардаг. Гэтэл сүүлийн хоёр жил Хятадын түүхий эдийн зах зээл сул байлаа. Энэ байдал удахгүй сайжрах төлөвтэй байна. Эдийн засгийн асуудлаар товч хэлэхэд ийм байна. Японы хоёр том банк Монголд төлөөлөгчийн газраа жилийн дотор нээлээ. Үүний үр дүн удахгүй мэдрэгдэнэ. Монголын хоёр банк Японд төлөөлөгчийн газраа нээнэ. Энэ мэтчилэн санхүүгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна” хэмээн ярив.  

Түүний дараа Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга салбартаа хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, эрдэс баялгийн талаарх бодлогоо танилцуулсан юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат үг хэлж,  Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ч салбарынхаа бодлого, төслүүдийн талаар товч танилцуулга хийлээ. Энэ талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй бичих тул ингээд орхиё. Тэдний танилцуулгын дараа Японы зарим компанийн төлөөлөл өөрсдийн санаа бодол, явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, ноён Мицүй Сумитомо банкны гүйцэтгэх захирал Ф.Күрахара “Дэд бүтэц, ашигт малтмалын салбарт Японы талаас  дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна.  Япон Монголын харилцаа сайн. Гэхдээ Оюу толгой, Таван толгой зэрэг бодитой  том төсөлд хөрөнгө оруулна. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг төрийн хэмжээний томоохон төсөлд хамтарч ажиллана. Ер нь төслийн санхүүжилтийн хэмжээнд хамтран ажиллах саналтай байна. Томоохон хөрөнгө босгох шаардлагатай байхад тийм боломж нь Монголд  тааруу байдаг. Гэхдээ хууль эрх зүй шинэчлэглэгдэж орчин нь сайжирч байгаа юм байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч сая эрч, хүчтэй ярьж өглөө” гэсэн бол Японы Монголын эдийн засгийн хорооны дарга, Иточу корпорацийн захирал Ё.Кобаяши  “Монгол Улс өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй. Япон улстай дотно байдаг. Миний хувьд арав гаруй жил Монголын бизнест оролцсон. Монголын ашигт малтмал дэд бүтцийн асуудлаар идэвхтэй ярилцаж ирлээ. Нисэх онгоцны буудал, хот зохион байгуулалтын чиглэлээр ч ажилласан. Монгол бол уран зэрэг эрдэс баялгаар баялаг. Гэтэл энэ баялгийг бид гаднаас авдаг. Тиймээс Монголын ашигт малтмалыг төрөлжүүлэх чиглэлд ажилламаар байна. Ялангуяа Ган төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэгтэй коксжих нүүрс Монголд байна. Олборлосон коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замыг барих шаардлагатай. Транзит тээврийн асуудлыг шийдэх нааштай алхмууд Монголд хийгдэж байгаа талаар сая Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэллээ. Энэ чиглэлд том найдлага тавьж байна. Япон улс зөвхөн нүүрс биш өндөр чанарын ашигт малтмал авах сонирхолтой байна. Энэ арвин баялгийн талаар мэдээлэл авч болдог боловч хуулийн талаар хөрөнгө оруулалтын орчин ил тод бус байдаг. Энэ нь японы компаниудын хувьд хаалт болж байна” гэв. Монголын хөрөнгө оруулалтын газарт Япон битгий хэл англи хэлгүй хүн ажилладаг тухай зарим бизнесийнхний амнаас гарч байв. “Түүхийнхээ хувьд бид нэг ард түмэн гэж хэлж болно. Япон бол  Монгол Улсад их дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улс асар хурдтай хөгжиж байгаа. Үүнийг бэхжүүлэхийн тулд хоёр улс хамтарч ажиллах ёстой. Монголд олон сайхан зүйл байна. Гэхдээ онгоцны буудлаас Улаанбаатар ороход зам нь маш муу байдаг. Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ч анхаарах шаардлагатай зүйлүүд бий. Ер нь гурван жилийн өмнө энэ уулзалтыг хийсэн бол амжилттай,  илүү сайн байх байжээ” гэх япон хүн ч энэ үеэр байлаа. Ийм яриа өрнүүлсэн бизнес форум өндөрлөж,  айлчлалын багийнхан дараа нь Японы Жетро байгууллагатай хамтран хийж байгаа арга хэмжээнүүдтэй танилцаж, Монгол, Япон компаниудын танилцах уулзалт боллоо. Жетро нь Японы гадаад худалдааг дэмжих байгууллага юм. Японы бараа бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах, Японд хэрэгтэй импортын бүтээгдэхүүнийг судлах зорилготой юм байна. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засгийн форумын үеэр зарим төлөөлөгчдөөс авсан тодруулгын хамт дараагийн дугаарт уншигчдадаа хүргэе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталсан хийгээд буцаасан хуулиудын тухай

Хаврын чуулган завсарлачихсан байна. УИХ-ын гишүүд налгар зуныг найр наадам хэссэн шигээ өнгөрөөж явна.  Чухам хаврын чуулганы хугацаанд тэд ямар ажил амжуулж, хэдэн хууль гараас гаргаж, хэдийг нь буцаасныг энэ цагт эргээд нэг саная.  Хаврын чуулганаар нийт 106 хууль, тогтоол, шийдвэр гаргасан тухай УИХ-ын дарга хэлсэн байна.

Ямар хуулиуд батлав 

Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг гараас гаргажээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна.  “Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.  Шилэн дансны тухай төсөл ч хууль болон хэрэгжихээр болсон юм. Энэ хуулийн тухай яривал их түүхтэй. Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан уг төслийг УИХ эхэндээ хүлээж аваагүй, унагасан тохиолдол бий. Гэвч  төслийг хоёр дахиа өргөн барьж,  дэмжлэг авсан гэж байгаа. Ахин дахин өргөн барихаас ч өөр аргагүй. Энэ хууль заавал батлагдах нь нийгэмд хэрэгтэй байжээ. 

Хууль батлагдсанаар Монголын ард түмний татварын мөнгийг төвлөрүүлсэн төсөв хэмээгчийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд тайлангаа ард түмэнд тавина. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  шилэн хэлбэрт шилжих нь.  Төрийн компаниуд, төсөв захирагчид түмний мөнгийг яаж зарцуулж байгаа нь энэ цагаас бүхэнд ил тод болно гэсэн үг. Ингээд бодохоор сандал, суудлын төлөөх хаваржингаа оволзсон тэр их хэрүүлийн хажуугаар УИХ ганц ч болов хэрэгтэй хууль баталсан нь энэ болж таарлаа.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хууль болгон шийдвэрлэсэн явдал. Гэхдээ үүнийг нэг тохироотойгоор баталсан.  “Шударга ёс” эвсэл төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Үүнийгээ хэлж,  чуулган завсарлах тэр өдрийг гацааж, сунжруулж магадгүй болчихоод байсан юм. Учир нь тэд стратегийн ордуудад төр хувь эзэмших ёстой гэдэг жанжин шугам барьдаг. Үүнийгээ төсөлд тусгуулах байр суурь баримталж байлаа. Тиймээс чуулганаа хугацаа алдалгүй завсарлуулахын тулд тэдний саналыг намрын чуулганаар хэлэлцье.  Ашигт малтмалын тухай хуульдаа үүнийг нь оруулах эсэхээ ярья хэмээн  амлаад хуулиа “түр” баталсан гэхэд болно. Мэдээж хаврын чуулганаар хангалттай хэлэлцэж, баталсан асуудал нь “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх  тогтоолын төсөл байлаа. Талцаад байдаг намууд ч энэ төслийг батлахад харьцангуй тэгш оролцоотой байж, өөр өөрсдийн саналыг тусгасан юм. Тогтоолын дагуу хэд хэдэн хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг УИХ баталж өгсөн байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Засгийн газар эдийн засгаа сайжруулахаар амралтгүй ажиллаж яваа дуулдана. Мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших эсэхийг шийдсэн.  Шилэн дансны тухай хуультай адил “хувь заяагаар” эргэж буцсаны эцэст батлагдсан Хяналтын тухай хуулийг ч хаврын чуулганы нэгэн үр дүнгээр нэрлэж болно. Энд дурдагдсан ихэнх хуулиудыг эрхэм гишүүд маань “өрөөндөө” хуушуур захиалж, суудлаасаа өндийлгүй хуралдаж, нэг л өдрийн дотор баталчихсаныг ард түмэн цөм харсан. Тэдний баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдээс онцлон хэлэхэд ийм байна. 

Буцаасан хуулиуд 

Үнэндээ хаврын чуулганы хугацаанд  буцаасан, унагаасан төсөл, хэрэлдсэн, завсарлага авсан асуудал,  огцруулахаар зүтгэсэн сайд олонтой байлаа.  Тэдний тод жишээ нь Газрын тухай хуулийн төсөл.  Гадаадын иргэдэд газар эзэмшүүлье, газар тариалангийн бүс нутгийг хувьчилъя гэдэг үзэл санаа туссан тухай  сөрөг хүчин шүүмжилж байлаа. Үнэхээр тийм бол энэ  хууль амьдралд нийцээгүй байж.   Зөвхөн парламентад төдийгүй, нийгэм даяар иргэдийг талцуулах хандлагатай болсон Газрын тухай хуулийг өргөн барьсан хүмүүс нь явцын дунд буцаагаад татчихсан. Чухам энэ хуулийн төсөл хэзээ олны таашаалд нийцсэн байдлаар орж ирж, хууль болон батлагдах нь дахиад л тодорхойгүй хэвээр үлдлээ.  Хаваржингаа улстөржин хэлэлцчихээд эцсийн шатандаа батлалгүй унагасан  нэг төсөл бол яах аргагүй олны яриагаар давхар дээлийн асуудал. 2016 оны долдугаар сарын 1-нээс сайд нарыг дан дээлтэй болгочих гэсэн Ерөнхийлөгчийн санааг Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах дөгөө болгон хувиргахаар зүтгэсэн. Нэг ёсондоо  шал дэмий цаг үрсэн улс төр болон хувирсан билээ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал ч  үүнтэй адил “сценараар” явсан. О.Баасанхүү гишүүн парламентыг бүтэн хоёр сар ажил хийлгэлгүй, хамаг анхаарлыг нь хэрүүл шуугиан руу татчихаад эцсийн мөчид өргөдлөө буцаагаад авчих жишээтэй. Гэх мэтчилэнгээр үр дүнгүй ажлууд хаврын чуулганд олон байлаа. 

Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах төсөл ч мөн ялгаагүй гацчихсан. Анх санаачилсан хуульдаа гар хүргүүлэхгүй хэмээн бамбай бариад зогсч байгаа Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад таг зогссон.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ч хаврын чуулганаар эцэслэгдэж чадсангүй.  Хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах боломж  олгох асуудал байлаа. Гэвч Ардын намынхан үүнийг сөргүүлж, малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай төсөл өргөн барьж, барьцсанаар чөдөр тушаа болсон.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Галт зэвсгийн тухай, Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, Худалдааны тухай,  Өршөөл үзүүлэх тухай хууль, тогтоолын төслүүдийг  ор тас орхилоо.  Х.Тэмүүжин сайдаар овоглогддог Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийг ч батлах нь бүү хэл олигтой хэлэлцсэнгүй.  Төмөр замын царигийн асуудлаа ч нэг тийш нь болгосонгүй, хаалттай хуралдсаны эцэст “дараа болъё” гэж хойшлуулаад амарцгаав.  

Хаврын чуулганы үеэр  Засгийн газраас өргөн барьсан нэг дорвитой зүйл нь Эдийн засгийн өршөөл буюу ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Үүнийг УИХ эцэслэн шийдэж чадалгүй завсарлалаа. Гэхдээ намрын чуулганаар ч энэ төсөл батлагдана гэсэн баталгаа алга.  Учир нь Ардын намынхан уг хуулийн төслийг улдан эсэргүүцэж буйгаа хаврын чуулганы үеэр илэрхийлээд эхэлсэн. Бүлгийн дарга нь  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна” гэх мэтээр ярьж байгаа. Энэ байдлаас нь харвал Эдийн засгийн өршөөлийн тухай хууль сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Уг нь бол Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал Ардын намынханд юу юунаас хэрэгтэй баймаар. Төр барьж явсан  он жилүүдэд хийсэн гэм байдаг юм бол үүгээр л далимдуулж цайруулах гэхсэн.  Үүнийгээ мэдсээр байж худлаа жүжиглэж маяглахын хэрэг байхгүй мэт санагдана.  Гэвч энэ төслийг намрын чуулганаар хэрхэн хэлэлцэхийг хүлээх л үлдлээ. Энэ мэт хаврын чуулганаас гээгдсэн олон чухал хууль намрыг хүлээсээр, харин гишүүд наадамласаар л явна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна

Монгол, Японы бизнес форум өчигдөр эхэллээ. Форумын өмнө Японы Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Кейданрэн нь Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо юм. 2002 онд бий болсон энэхүү байгууллагад Японд болоод дэлхий дахинаа нэр цуутай 1600 гаруй компани гишүүнээр нь ажилладаг. Хувь хүн, байгууллага ялгахгүйгээр шударга зарчмаар ажиллахыг эрхэм болгосон энэ байгууллага гаргасан шийдвэрүүдээрээ Японы төр засгийн бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрчлөх, байгаль орчны асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм байна. Энэ үүднээсээ Япондоо хүчтэйд тооцогддог байгууллага. Харин өчигдрийн бизнес форум тус байгууллагын байранд боллоо. 

Хурлын эхэнд Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара үг хэлсэн юм. Тэрээр “Монголд бизнес хийх сонихолтой япон компаниуд бий. Ойрын жилүүдэд Монгол Улс ашигт малтмалаар дамжуулан эдийн засгаах өргөжүүлэх зорилготой байна. Үүнийг ч Японы хөрөнгө оруулагчид найдвар хэмээн харж, том бломж гэж үзэж байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд чөлөөтэй, тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа.  Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих үедээ ирээд байна. Өнөөдрийн форум хоёр орны эдийн засгийн шинэ эринийг нээх боломж болно” гэв.  Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр  “Энд Монголын бизнесийн салбарын 130 гаруй төлөөлөгч ирсэн байна. Японы талаас 180-аад төлөөлөлч иржээ. Үдээс хойш хоёр талын бизнесийнхний танилцах уулзалт болно. Үүнд Японы талаас 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно гэсэн сайхан мэдээ байна. Ийм өргөн хүрээтэй анхны том уулазалт Токиод болж байгаад баяртай байна. Үр дүнд нь итгэлцлийн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна. Монгол УлсынЯпонтой харилцах харилцаа эртний түүхтэй. Түүхийнхээ онцгой мөч бүхэнд бид Япон улстай харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тодорхой жишээ дурдъя. Хубилай хаан ширээнд суусан цагтаа Японы хаантай харилцаа тогтоох захидал илгээсэн байдаг. Энэ захидлын хуулбар Японд хадгалагдаж байна. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр элч илгээж байсан. 1990 онд тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар  тусламж  хүссэн захиаг Япон руу  илгээж байжээ.  Энэ бол Японтой түүхийн чухал үеүдэд харилцаж,  түнш гэдгээ бататгахыг зорьж байсан эрмэлзлэл. Монгол Улстай найрамдал хамтын ажиллагаа тогтоох гэсэн оролдлого 1960-аад оноос иргэдийн дунд хүчтэй өрнөсөн. Монгол Улстай хамтын үйл ажиллагаа өрнүүлдэг сайн дурын 70 гаруй нийгэмлэг байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье. 1990 онд ардчилал, зах зээлд шилжихэд Японы ард түмэн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улс өөрөө туслаад зогсоогүй, банк санхүүгийн байгууллагыг Монголд ажиллуулахыг эрмэлзэж иржээ.  Бидний хүнд үед байнга тусалж ирсэн Японы ард түмэн, танай Засгийн газарт үргэлж талархаж явдаг.  Хүний тусыг бүү март гэж  бидний өвөг дээдэс сургасан байдаг. Та бүхний тусыг бид мартахгүй. Японы дэмжлэг нүдээ олсон тусламж  байсан шүү гэдгийг цохон хэлье. Монголчууд өвлийн хүйтэнд гал алдахад манай цахилгаан станцид  тусалж байлаа. Нийтийн тээвэр зогсч бид хөл дүүжлэх унаагүй  болоход шатахуунаар тусалсан байдаг. Гал команд, түргэн тусламжийн машин хуучраад зогсоход та бүхэн урьдчилан харж тусалж байлаа. Шилжилтийн үед монголчууд хөдөөгөөс хот руу нүүж,  сурах сургууль, цэцэрлэггүй болоход Япон улс тусламжаар олон арван цэцэрлэг барьж өгсөн. Өдгөө энэ цэцэрлэгт 55 мянга гаруй хүүхэд хүмүүжиж  байна. Энэ мэт тусламж дэмжлэгийн сайн үйл хэрэг өнөө жилээр дуусгавар болж байна. Япон улс манайд орчин үеийн эмнэлэг барьж өгснөөр тусламжийн ажлаа өндөрлүүлнэ. Ингээд манай хоёр орон  харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна. Япон улсын Монголд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухай яагаад энд  онцлов гэхээр энд ирсэн та бүхний ажилладаг япон  компаниудын татварын мөнгө Монголд  тусламж болж ирж байсан. Та бүхний зүтгэж олсон тэр мөнгө Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас үүнийг онцолж байгаа юм.  Тэр үед дөнгөж эхээс төрсөн унага тэнцэж ядаж байсан бол өнөөдөр Монголыг хөгжилд хүргэх агт болж өсчээ гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн арван жил Монголын ДНБ-ий хэмжээ олон дахин нэмэгдсэн. 1990 онд 500 сая ам доллар байсан бол өдгөө 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ босч чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын арван жилд дунджаар арван хувь байх тооцоо гарсан. Гэхдээ энэ нь уул уурхайгаас хэт хамаарсан өсөлт. Тэгэхээр цаашдаа энэ хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байна.  Цаг нь алт болсон ажил хэрэгч хүмүүс ирсэн учраас энэ уулзалт руу яриагаа чиглүүлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзахад энэ уулзатлтыг хийх санаа төрсөн. Монголын Японтой харилцах хамтын ажиллагаа цөөн салбарт төвлөрч, цар хүрээ нь хэдхэн компаниас хальж чаддаггүй байлаа.  Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ ч бага байна. Японы Монголд хийж байгаа хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Худалдааны хэмжээ нь 100 сая доллараас хэтрэхгүй байна. Ер нь манай эдийн засгийн харилцаа унтаа байдлаас гарах хэрэгтэй байна. Үүнд өнөөдрийн уулзалт чухал нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Япон, Монголын хувьд хамтарч судалъя, үйлдвэрлье, борлуулъя гэдэг бизнесийн харилцааг баримтлахаар зорьж байна.  Мөн хувийн хэвшлийн санаачилгаар бус хоёр талын Засгийн газраас хамтарч дэмжье гэдэг чиглэл рүү анхаарлаа хандуулж байна.  Монголын эдийн засаг, зах зээл бага гэдэг. Гэхдээ дэлхий дахинд бидний үлдээсэн мөр том гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс дэлхийн зах зээлд хамтдаа гаръя. Зөвхөн Монголын зах зээл рүү биш дэлхийн зах зээл рүү чиглэсэн хамтын ажиллагаа явуулъя.  Монгол Улсын байршлыг та бүхэнд мэднэ. Хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хөршүүд хоёр талд маань байна. Ямар учраас өнөөдөр бид энд ирэв ээ. Цаг нь болсон, одоо хөдлөх хэрэгтэй гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. Одоо хийе, хөдөлье. Энэ ажлыг хийхэд нөхцөл байдал бүрдсэн.  Нэгт хоёр орны улс төрийн түвшний, иргэд хоорондын харилцаа ойлголцлын түвшинд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай орнууд нь манай хоёр орон байна. Мөн олон талын хүчин чармайлт гарган ярьсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд байгуулах нөхцөл бүрдлээ. Хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн түншлэлийн хэлцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ хэлэлцээрийг УИХ-аар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Монголд эдийн засаг, хөрөнгө оруулалтын суурь болсон банкны харилцаа идэвхтэй сэргэж байгаа. Одоогоор Японы хоёр банк Монголд, Монголын хоёр банк Японд салбараа нээх гэж байна. Энэ бол манай банкууд нэг стандарттай, нэг зарчмаар явах боломж хангагдаж байна гэсэн үг. Цаг нь болсон гэж хэлж дөрөв дэх шалтгаан бол боловсон хүчин байгаа. Энэ чиглэлд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн.  Цаашдаа ийм хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Японы хөнгөлттэй зээлээр Япон улсад 1000 инженер бэлтгэхээр зэхэж байна. 5000 мэргэжилтэй ажилтныг сургах талаар ярьж байна. Төгсгөлд нь хэлэхэд хоёр талын эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал. Монгол Улс сайн зүйлээ авч үлдэхийг оролдож байна. Япон улсын хувьд өндөр технологи, боловсон хүчнээ гадагш нь гаргаж, шинэ баялаг бүтээх бодлоготой байна. Энэ хоёр эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал юм.

 Ярианыхаа дараагийн хэсэг рүү оръё. Монголын онцлог юу байна гэдгийг хэлье.  Монгол Улс өөрөө нээлттэй. Сүүдрээ, дутагдлаа нуудаггүй төр засагтай. Иргэдийнхээ хэлж байгаа, түншүүдийнхээ үгэнд чих нээлттэй. Улс төр нийгмийн салбарын өөрчлөлтийн хувьд айдгаа ардаа хийж байгаа улс. Нөгөө талаар нээлттэй нийгэм гэдэг бол суралцах үйл явц гэж боддог. Бид алдаа хийдэг, түүнийгээ засахын төлөө ажилладаг хүмүүс. Монголд хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Эдийн засгийн зурвас өсөлтийг удаан байх юм шиг санаж явжээ. Иргэддээ бэлэн мөнгө тарааж, төсвийн зарлагыг ихдүүлсэн дутагдал бидэнд байсан. Гэвч  2012 оны сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хуулиараа хориглосон. Хөнжлийнхөө хэрээр жийх ёстой гэдэг сургамж авч байгаа. Бизнест оролцох төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн. Хувьчлалыг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлээ дэжмих нь хамгийн гол хүчин зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалтад төрөөс хувь эзэмшинэ гэдэг зүйл зогссон. Жишээ нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагүй гэдэг шийдвэр гаргасан нь сайны дохио.  Бид энэ зарчмыг хуульдаа тусгаж өгнө. Одоо эрх зүйн орчин Монголд ямар байгаа талаар хэлье. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Газрын тосны хуулийг шинэчилсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөр нэг сайн шинэчлэл бол хууль, шүүхийн байгууллагад ахиц гарч байгаа. Олон улсын авлигын эсрэг тооцоогоор авлигын түвшин байнга буурч байгаа оронд манай улс тооцогдож байгаа. Энд байгаа хөрөнгө оруулагчид сонссон байх. Оюу толгой, Таван толгойн талаар дуулсан байх. Оюу толгойн талаар мэдээлэл өгье. Одоогоор дэлхий дээр ажиллаж байгаа их нөөцтэй ордын нэг гэдгийг та нар мэднэ. Оюу толгой 2014 онд 2.6 тэрбум ам долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийхээ 1.2 тэрбумыг нь хийсэн байна.  Оюу толгой ашиглалтад орохоос өмнө Эрдэнэт үйлдвэр байсан. Одоо ч амжилттай ажиллаж байна. Гэтэл Оюу толгой Эрдэнэтээс 40 хувиар илүү байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтворжсон гэдгийг хэлье. Таван толгойтой холбоотой мэдээлэл өгье. Энэ бол коксжих нүүрсний том орд юм. Үүнийг хувийн хэвшил хариуцах нь зөв гэсэн байр суурь ойлголтод хүрч байгаа. Таван толгойд оролцох сонирхолтой компанитай манай хувийн хэвшлийн компани гэрээ хийгээд, шаардлагатай бол төр дэмжих бодлого барьж байна. Таван толгойг эргэлтэд оруулах ажил удааширсан нэг нөхцөл нь дэд бүтэцтэй холбоотой. Удахгүй тавдугаар цахилгаан станцыг барина.  Энэ баригдвал Таван толгойг эрчим хүчээр хангана. Таван толгой, Оюу толгойн бүтээгдэхүүнийг зөөх авто зам дуусч байгаа. Төмөр замын асуудлыг  нэлээд хэлэлцсэн.  Одоо УИХ шийдвэрээ гаргана. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс Японы хөрөнгө оруулагчдад ямар боломж байна гэдгийг хэлье. Манай Засгийн газрын түвшинд эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ бодлогуудыг ямар зарчмаар өрнүүлэх вэ гэдгээ Абэ Ерөнхий сайдтай уулзаж ярина. Мөн уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахаар бид сонирхож байгаа. Үйлдвэр худалдааны байгууллагын бааз суурийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс банк санхүү, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилга хот байгуулал, аялал жуулчлал, дамжин өнгөрөх тээврийн түшиц газар байх боломжтой. Монголчууд Японы зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлээд Японы бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд хамтарч оролцох сонирхолтой байна. Японы хөрөнгө оруулагчдаас болгоомжлох салбар бидэнд бараг байхгүй. Японы хөрөнгө оруулалт орох тусмаа сайн гэж үзэж байгаа. Монгол Японы эдийн харилцаанд нэг онцлог байдаг. Яагаад гэвэл бидэнд хоёр хөршийг дамжиж харилцах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харилцах нь хамгийн чухал. Бид хоёр хөрштэйгээ ижил түвшинд харилцахыг эрмэлздэг. Хөрөнгө оруулалт эдийн засаг худалдааны хувьд манай гурван улсад дамжин өнгөрөх тээврийн асуудал чухал байдаг. Энэ талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдсэн. Ерөнхий асуудлууд шийдэгдэж байгааг хэлье. Хятадын дарга Си Жинпин ирэх наймдугаар асард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр  сард Монголд ирнэ. Хятад улсын хувьд нүүрс боловсруулах, дэд бүтцийн салбарт манайхтай  хамтран ажиллахаар бэлтгэж байна. ОХУ-тай төмөр зам, хоёр улсын иргэдийн визгүй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааны зураг гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгая. 

Монгол, япон хүмүүсийг нэтгэдэг нэг зүйл байдаг. Тэр бол хөх толбо.Үүнийг монголчууд тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Эхээс төрөхөд тэнгэр тамгалж өгдөг  ийм хүмүүсийн үр хойч юм аа. Тиймээс дэлхийд нэг мөртэй явцгаая. Дэлхийн өнгийг газарт буулгаж, дархлах ажлыг хамтдаа хийцгээе. Хөх толбо бол тэнгэрийн өнгө. Энэ уулзалтаар бид дэлхийд хамт мөрөө гаргаах үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэ мөр дэлхийн зах зээлд мянга мянгаараа дурайх болтугай”гэсэн юм. Түүнийг ийн үг хэлсний  дараа Японы Мицүбиши банкны ажилтан ингэж ярилаа.  “Таны ярианаас тодорхой мэдээлэл авлаа.Манайх  Японы хамгийн том банк. Гадаад харилцааг өргөн хөгжүүлдэг. Монголтой албан ёсны тусламжийн харилцаа өрнүүлж байсан. Манай банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ерөнхий сайд Абэгийн уриалж байгаагаар ардчилал, энх тайван, харилцан туслалцах зорилгоор  үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гэж  та ярилаа.  Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалыг татах бодлого баримталж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас болж Монголд гадаад валютын нөөц багаслаа. Энэ тал дээр бид санаа зовж байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ. Япон, Монгол хамтдаа дэлхийн зах зээлд гаръя гэж байна.  Аливаа гадаад орны зах зээлд оролцоход хүлээж авч байгаа орны идэвх зүтгэл маш их шаардлагатай байдаг. Монголын тал Японыг  халуун сэтгэлтэй хүлээж байгааг ойлголоо. Мөн Япон Улсад Монголын хөрөнгө оруулалтын агентлагийг нээх талаар бодохгүй юу” гэв. 

Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмрийг халуун дээр нь давт гэж үг бий. Ийм үе Монголд иржээ.  Ялангуяа Япон улсад Монголд хөрөнгө оруулах боломж байна. Олон улсын зах зээлийг судалдаг байгууллагуудын үнэлгээ бол Монголд өгч байгаа анхааруулга гэж үзэж байна. Алдаатай явуулж ирсэн бодлогуудаа зас, түншүүдтэйгээ ажлаа эхэл гэсэн анхааруулга. Монголын хөрөнгө оруулалтын орчин нээлттэй байдлаасаа сайжрах чиглэл рүү орно. Засгийн газрын хамтын ажиллагааг хангах байнгын механизмтай болох талаар Абэ Ерөнхий сайдтай ярина. Өнөөдөр энд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай алба хашдаг хүмүүс ирсэн байна. Гадаад валютын болон бусад асуудлаар тодорхой хариулт өгөх байх” гэлээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбат: Өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.

-Өнөөдөр
эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Сайжрах төлөв байна уу?

-Манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд муудах тал руугаа хандчихсан.
Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларчихлаа. Төлбөрийн баланс алдагдалтай байна.
Төсөв төлөвлөснөөс хамаагүй доогуур үзүүлэлттэй. Үүнийг дагаад төсвийн хөрөнгө оруулалт
багасчихлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан хэвээр байна. Дотоодын зах
зээл дээр ажиллаж байгаа компаниудын орлого багаслаа. Эндээс харвал эдийн засаг
маань нэлээд тормостой явж байна. Эхний улирлын байдлаар долоон хувийн өсөлттэй
дүн гарсан. Гэхдээ ханш хэдэн хувиар унав гэдгийг сайн тооцож байгаад энэ долоон
хувийн хэд нь цэвэр өсөлт вэ гэдгийг гаргах ёстой. Тиймээс өнөөдөр Монголын эдийн
засаг сайхан байна гэж хэлэхэд хэцүү юм. Энэ хүнд байдлаас яаралтай гарах арга хэмжээг
төр засгаас авч байна л даа. Ер нь бол нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг таатай
болгох хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл одоогийн Засгийн газрын үед бий
болчихсон зүйл биш юм.

-Хэзээнээс  яаж бий болсон гэж?

-Монголчуудын сүүлийн дөрөв, таван жил хамтран хийсэн үйл ажиллагааны
үр дүн.  Хамгийн их хөрөнгө татдаг, орлого
өгдөг, эдийн засгийг тэлдэг уул уурхайн салбарыг сүүлийн тав, зургаан жил чангаллаа.  Жишээ болгоод хэлье, эхлээд Ураны тухай хууль
гарсан. Дараа нь гэнэтийн ашгийн татварын талаар гар мушгисан хууль гарлаа. Урт
нэртэй хуулийг баталж, энэ салбарынхны толгой дээр цохиод авлаа. Стратегийн салбарт
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулна гээд уул уурхайн салбарынхны тархин дундуур
мунаар цохиод авсан. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд бид ийм л зүйл хийсэн учраас өнөөдөр
үр дүн нь мэдрэгдэж, эдийн засаг дордож байна. Энэ арга хэмжээнүүдийг явуулахад
өнөөдрийн улс төрийн хүчнүүд цөм байсан, оролцсон. Эх орон газар шороогоо хайрласан
тэр их хайрын илчинд энэ хуулиудыг бий болгосон 
шүү дээ.  Тиймээс өнөөдөр хэн нь хэнийгээ
гэх вэ.

-Ингээд
ярихаар таныг эх орноо худалдагч, гадныхны гар хөл гэх байх?

-Өнөөдөр орлогоо бууруулахгүй, хөрөнгө оруулалтаа багасгахгүй байх
нь чухал байна шүү дээ. Монгол Улс мөнгөтэй байж хөгжинө. Тиймээс энэ мөнгө багасч
болохгүй.  Үүний эсрэг байгаа юм шиг сэтгэлгээгээр
улстөрчид хандаад байна. Гэхдээ  улстөрчид
бүгдээрээ ийм биш л дээ. Ялангуяа иргэний хөдөлгөөнүүд улстөрчдийг шийдвэр гаргахад
нь их нөлөөлөөд байгаа юм. Уг нь бол улстөрчид хөдөлгөөнийхнөөс илүү мэдээлэл, мэдрэмжтэй.
Намайг  2008-2012 онд парламентад сууж байхад
сая миний нэрлэдэг хуулиудыг батлахын өмнө гишүүдийн байр суурь өөр байснаа хөдөлгөөнийхний
үгэнд автаад кноп дарахдаа өөрчлөгддөг үзэгдэл олон байлаа. Монгол эх орноо хайрлаж
байгаа сэтгэгдэл төрүүлж, нэг ёсондоо сонгогчиддоо таалагдах үйлдэл хийдэг. Гэвч
тэр бүх шийдвэрүүд нь эх орноо хайрласан биш элэг нэгт монголчууддаа хор болох нь
их байсан. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурчихлаа.  Гадаадынхантай хийсэн гэрээ хэлэлцээрүүд дээр
бид ухралт хийчихлээ. Тогтвортой байдал, залгамж чанаргүй бодлого явууллаа. Дэлхийн
зах зээл Монголд итгэх итгэлгүй болчихлоо. Үүнээс бид маш том сургамж авч, алдаагаа
засах хэрэгтэй байна. Засаг солигдоод энэ төрийн бодлогод засч залруулах юм байна
гэж үзэж байгаа бол асуудлыг дотооддоо ярих болохоос гадаадтай хийсэн гэрээг өөрчлөх
гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хэлсэндээ хүрдэггүй, тогтворгүй бодлоготой улс гэдгээ
гадныханд батална. 

-Та
Оюу толгойг яриад байна уу?

-Энэ гэрээг  УИХ, Засгийн газраараа
ярилцаж байж, хичнээн их маргаан дэгдээж, нийгмээрээ хэлэлцэж байж хийсэн билээ.
Тухайн үед Оюу толгойн гэрээний талаар надад 
шүүмжлэлтэй хандах  ганц, хоёр зүйл
байсан. Гэсэн ч олонхиороо зөвшөөрөөд баталсан учраас яах юм. Энэ чинь ардчилсан
нийгэм биз дээ. Олонхиороо шийдсэн л бол тэр эцсийн шийдвэр шүү дээ.

-“Чалко”-той
хийсэн гэрээг ч өөрчилсөн. Энэ бүхэн таны ажиллаж байгаа Засгийн газрын хийсэн ажил
юм шиг байна…

-“Чалко”-г шууд буруутгаж болохгүй. Манайд наймаа хийх гэж л ирсэн
хүмүүс. Буруутгах гээд байгаа бол “Чалко”-той ярилцаж, хэлэлцээ хийхээр Засгийн
газраас томилогдсон хүмүүстэйгээ тооцоо бодох ёстой. Тэднээс  тайлбар авах хэрэгтэй. “Чалко”-той хийсэн гэрээний
практик бол олон улсын зах зээлд хэрэглэгддэг. Хятадын далайн дөрвөн порт дээр коксжсон
нүүрс ямар үнэтэй байна гэдгийг тооцож, дундаж үнийг нь тогтоогоод  тээврийн зардлыг нь хасаад “ийм үнээр авъя” гэж
л тохиролцсон юм билээ. Энэ бол дэлхийн худалдааны алтан зарчим шүү дээ. Үүнийг
нь бид хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл гэрээг өөрчилснөөр юу болсон юм.
70 ам.доллараар зарж байсан бол өнөөдөр хадгаа барьж очоод 35 ам.доллараар нүүрсээ
худалдаж байна. Үр дүн ийм байгаа юм. Ер нь гадныхан “Та нар гадны түншүүд рүүгээ
дайраад байх юм. Боловсролтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсээ сонгоод бидэнтэй хэлэлцээ
хийлгэсэн биз дээ. Тэдэнтэйгээ яагаад ярихгүй байгаа юм” гэж хэлдэг. Бизнесийнхээ
зарчмаар ирээд Засгийн газраас томилсон хүмүүстэй хэлэлцээд гэрээ хийгээд явсан
гадаадынхан руу ингэж дайрч болохгүй. Энэ бол монгол хүний зан биш. Монголчууд хэзээнээсээ
тууштай, тогтвортой, залгамж чанартай ард түмэн. Ийм л бодлого өнөөдөр дутагдаад
байна.

-100
хоног юу юугүй дууслаа. Эдийн засаг эрчимжих хандлага ажиглагдаж байна уу?

-Сая хэд хэдэн сайн арга хэмжээ авлаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль
баталлаа. Уул уурхайн бодлогын үзэл баримтлалыг баталсан. Газрын тос, Ашигт малтмалын
тухай хууль батлагдлаа. Шилэн дансны тухай хуультай боллоо. Шилэн дансны тухай хууль
маш чухал. Монгол Улсыг авлигад хэт идэгдсэн орон гэж хэлээд байна. Тэгвэл одоо
авлигад хэт идэгдээд байхгүйн баталгаа нь энэ хууль болж байна.

-Хэн
хэний, юуны данс шилэн болох юм бэ?

-Төсвийн бүх данс, төсөв захирагчдын данс шилэн болно. Төрийн өмчит
том  компаниуд хэнтэй, юуны гэрээ байгуулж,
хичнээн төгрөг зарцуулсан нь ил тод болно. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт, төмөр зам,
цахилгаан станциудад дандаа бараа шахсаар ирсэн. Энэ бүхэн алга болно. Эрдэнэт үйлдвэр
ус худалдаж авсан ч түүнийгээ вэб сайт дээрээ тавина. Олон нийтэд хэвлэл мэдээллээр
дамжуулж тайлагнадаг тогтолцоо руу орох юм. Ингэхээр нөгөө шахаанууд алга болно
гэсэн үг. Хоёр төгрөгийн барааг дөрвөн төгрөгөөр авахаа болино. Нэг даргын захиасаар
мянган төгрөгийн барааг хоёр мянган төгрөгөөр авахгүй гэсэн үг. Тэгэхээр ямар ч
байсан хууль эрх зүйн орчноо сайжруулах ажлуудыг сая УИХ, Засгийн газар хийлээ.
Тэрнээс биш эдийн засгийг 100 хоногт эв эрүүл болгоно гэж юу байхав. Бүхэл бүтэн
улс битгий хэл компанийн ажлыг 100 хоногт сайжруулахад бэрх шүү дээ. Энэ хөтөлбөрийн
үр дүн дунд болон урт хугацаандаа мэдрэгдэнэ. Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн
орчин аль болох нээлттэй, ил тод болмоор байна. 
Ер нь улс орны эдийн засгийг хэдхэн хүний захиалгаар, цөөн хүний ааш аягаар
удирдаж болохгүй. Мэдээллээр дамжуулж, олон улсын стандартын дагуу удирдах ёстой.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд яг өнөөдрийн бидний энэ замыг туулаад гарсан юм.
Солонгосоос эхлээд Азийн бар гэгдэж буй улсууд цөм дэлхийн стандартаар тоглоод
20-30 жилийн дотор ямар сайхан болсныг хар даа. Бүх иргэнээ байртай, хувцастай,
хоолтой, боловсролтой, эрүүл болголоо. Тэдний хэрэглэсэн тоглоомын дүрэм, стандартыг
бид сайн судалж мэдсэн байх ёстой. Үүний дагуу л явах хэрэгтэй. Тэрнээс биш дэлхий
дээр ганцхан Монголын дүрэм бий болговол тэр зах зээл чинь манайхыг ойлгохгүй.  Монголчууд одоо морин дэл дээр дэлхийг эзэлнэ
гэж байхгүйгээс хойш  олон улсын тоглоомын
дүрмээр  явах хэрэгтэй. 

-Ер
нь бид Монголынхоо дүрмээр тоглоод байгаа юм байна л даа?

-Хууль эрх зүйн орчныг дандаа монгол сэтгэхүйгээр өөрчилсөн шүү дээ.
Манай хууль эрх зүйн орчин хамгийн тогтворгүй байна.

-Эрх
баригчид зээл авч байж улс хөгжинө гэж үзэх хандлагатай. Үнэндээ зээлгүйгээр хөл
дээрээ боссон бизнес ч байдаггүй гэдэг утгаараа энэ нь зөв байх. Гэхдээ хаврын чуулганы
хаалтан дээр УИХ-ын дарга өрийг хязгаарлах нь зөв гэдэг утгатай үг хэлчихсэн. Та
энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ-ын даргын хэлдэг зөв. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа хөөчихсөн
учраас өр тавиад байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт хангалттай байсан бол
Засгийн газар өр тавиад байх шаардлагагүй. Монгол Улс хуульдаа өөрчлөлт хийгээд
өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй. Манай рейтинг найдваргүй,
тогтворгүй гэдэг үнэлгээтэй яваа учраас тэр. Хоёр жилийн өмнөх шиг манайд зээл өгөх
хүн олдохгүй. Монголчууд хэр тогтвортой байх юм, хууль эрх зүйн орчноо олон улсын
дүрмээр тайлбарладаг болох нь уу гэдгийг гадныхан харзнаж  байгаа. Эдийн засгаа муутгая гэсэн бодолтой ямар
ч хүн байхгүй. Бүгдээрээ нэг тоглоомын дүрмээр тоглохгүй бол үр дүн нь өөр тийшээ
гараад байна гэдгийг сүүлийн үеийн туршлагууд харуулаад байна.

-“Чингэс”,
“Самурай” бондын мөнгийг төсөвт тусгах ёстой гэдэг санаа УИХ-ын даргын үгэнд явж
байна лээ…

-Олон улсын практикаа л харах хэрэгтэй. Төсөвт тусгаагүй байхад  үзүүлэлт нь муу гарлаа гэж байна. Төсөвт тусгалаа
ч ялгаагүй шүү дээ. Харин зээлсэн мөнгийг сайн төслүүдэд зарцуулах юм бол төсвөөр
дамжуулаад хэрэггүй. Тав, арван жилдээ мөнгө нь найдвартай төлөгдөх учраас болно
гэсэн үг.  Эргэн төлөгдөх нь нүдэнд үзэгдэхгүй,
урт хугацааны дараа ашиг нь гарах төсөлд тэр зээлийг зарцуулсан бол төсөвт тусгах
хэрэгтэй. Жишээ нь замын төслүүдийг төсөвт тусгах л ёстой байсан. Яагаад гэвэл замд
зарцуулсан мөнгийг бид тав, зургаан жилийн дотор эргүүлээд олчихно гэж байхгүй шүү
дээ.  Төмөр замын төслийг төсвөөр дамжуулаад
хэрэггүй. Энэ бол цэвэр арилжааны ашигтай төсөл.  Үүнийг л хэлж байгаа болов уу.

-Эхнээсээ
ийм бодлого яагаад бариагүй юм бэ?

-Одоо ийм бодлого барих гээд л яваад байна.

-“Bank
of China”-гийн салбарыг Монголд нээх нь Засгийн газрын бодлого  биш гэдэг зүйлийг Ерөнхий сайд хэлжээ. Үүнээс
үүдсэн үү, Хятадын энэ банкийг Монголд оруулж ирэхээр О.Чулуунбат гэдэг хүн улайраад
байгаа тухай яриа дэгдсэн байна. Та юу хэлэх вэ?

-Би бодлого тодор­хой­логч биш. Бодлого то­дорхойлогчдод зөвлөх эрхтэй
хүн. Миний хувьд Н.Батбаяр сайдад зөвлөдөг. Шийдвэрийг тэр хүн гаргадаг. Засгийн
газрын ажилд ч зөвлөмж өгөх журмаар оролцдог. Гэхдээ би банкны салбарт 30 гаруй
жил ажилласан учраас туршлага дээрээ үндэслэж ийм зүйлүүдийг ярьж байгаа юм.  Дэлхийн аль ч улс оронд гадаадын банкууд очоод
тухайн орон сүйрчихсэн  зүйл байдаггүй. Энд
зөвхөн  “Bank of China”-г яриагүй шүү. Гадны
банкууд манайд орж ирнэ гэвэл алгаа ташаад хүлээж авах хэрэгтэй. Учир нь бид мөнгөгүй
байна. Мөнгө агаар ус шиг хэрэгтэй байна. Мөнгө, хөрөнгө орж ирэх бүх цонх, хаалгаа
нээх ёстой. Тэгж чадсан  орнууд хурдан хөгжиж
байна шүү дээ. Куб, хойд Солонгос зэргийн хаалттай орнууд яаж байгааг та нар мэдэж
байгаа шүү дээ.

-Ам.долларын
ханш бараг 1900 хүрлээ. Цаашид өссөөр байх юм уу. Засгийн газар үүнийг  хазаарлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм болов
уу?

-Төгрөгийн ханш бол эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг харуулж
буй  үзүүлэлт шүү дээ. Эдийн засаг сайжрах
юм бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт, валют орж ирнэ. Тэгж л  ханш тогтворжино.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Манай бүлэг наймдугаар сард намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийв. Тэрээр намын бүлгийнхээ хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнасан юм. АН-ын бүлэг 2014 оны хаврын ээлжит чуулганаар 18 удаа хуралдаж,  нийт 70 гаруй асуудал хэлэлцсэнийг дуулгалаа. Түүнийг ийн мэдээлсний дараа сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.  

-Энэ удаагийн хаврын чуулганы   өмнөх хуралдаануудаас ялгарах онцлогийг юу гэх вэ? 

-Энэ удаагийн хаврын чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Түүнчлэн бид  харилцан ойлголцол, зөвшилцөлд илүү ойртсон чуулган болж өнгөрснөөрөө онцлог гэж дүгнэж байна.  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудыг баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн, Амгаланд баригдах дулааны станцын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөллөө.  Гэхдээ  чуулганы хуралдсан нийт цагийн 50 орчим хувьд нь Засгийн газар болон сайд нарыг огцруулах асуудлыг ярьж өнгөрөөсөн. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах зарим хуулийн төслүүд хэлэлцэгдээгүй орхигдсонд харамсаж байна. Гэсэн хэдий  ч намрын чуулганы  явцад хэлэлцэн батална гэдэгт найдаж байна. Ирэх намрын чуулганы хуралдаанаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал,Өрийн удирдлагын тухай, Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого, НӨАТ-ын тухай, татварын шинэчилсэн багц хуулиудыг батлах төлөвлөгөөтэй байна. 

-Ирэх намрын чуулганаар  төлөвлөгдөж буй хуулийн төслүүдийг баталчихвал үүсч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломж бүрдэнэ гэж танай бүлэг тооцоолж байна уу?

-Эдийн засгийн хүндрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 20 жилийн туршид бий болсон эдийн засгийн суурин дээр бид бүдэрч байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслөө батлах юм бол 2015 оноос эхлэн Монгол Улс  нийгэм, эдийн засаг улс төрийн шинэ  харилцаанд шилжихэд бэлэн болно.Төрийн бодлого цэгцтэй ойлгомжтой байх ёстой.  Харин Монгол Улсад гялтайх зүйл байхгүй  мэт харагдуулах, хооронд нь талцуулах, иргэдэд айдас төрүүлэх явуургүй улстөр­жилтөд  улс төрийн намууд болон улстөрчид  дүгнэлт хийх шаардлага байна. 

-“Чингэс” бондын өрийн асуудал хаврын чуулганы хуралдаан гэлтгүй цаашид ч мөн яригдсаар л байх бололтой…

-“Чингэс” бондын өнөөдрийн өр болон өмнөх Засгийн газрын тавьж байсан өрийн хооронд том ялгаа бий. Өмнө нь 2.7 тэрбум ам.долларыг  уул уурхайн ордуудыг барьцаалж аваад халамжид тараагаад дуусгасан. Өнөөдрийг хүртэл 17.6 сая ам.долларын хүүгийн алдангийг  улсын төсвөөс төлөөд явж байгаа нь үнэн. Харин “Чингэс” бондын  мөнгө  бүтээн байгуулалт болоод  жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэгдлээ. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд “Чингэс” бондыг 908 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг  хурдасгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тиймээс энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт  болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, тооцоогүй авсан өмнөх өрүүд бидэнд хүнд дарамт болох нь тодорхой. Ирээдүйд авч буй бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд зарцуулагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Тодруулаач?

-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих, үйлдвэрлэл  үйлчилгээг дэмжих ажлуудыг хийсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны III, IV цахилгаан станцын өртөтгөлийг  Чингэс бондын мөнгөөр санхүүжүүлсэн. 2014 онд хэрэгжих төслийн хувьд 15 тэрбум  төгрөгийн эдийн засгийн шууд бус үр ашиг өгнө гэсэн тооцоолол байна. Тиймээс хийсэн бүтээсэн бүхэндээ өөр өөрийн дүгнэлтээ өгнө.Төрийн ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх тухай улс төрийн бүх намтай зөвшилцөнө. Ардын намын гишүүдэд зарим байнгын хороонд орох боломжийг олгосон.  Гэвч Ардын намынханд үүнийг хэлэх зориг дутаж байгаа бололтой.

-Валютын ханшийн савлагаа тогтворжихгүй байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшийн савлагаа, экспортын огцом татралт гэдгийг ойлгож байгаа. Долларын ханш савалгаатай хэвээр байна. Гэхдээ АН-ын бүлэг эсвэл УИХ хуралдсанаараа үүнийг бууруулж чадахгүй. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд хууль тогтоол, шийдвэрүүдээ УИХ баталж гаргасан. Одоо Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна.  Валютын ханшийг бууруулах, тогтворжуулах үүрэг нь Засгийн газарт оногддог. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэхийн  тулд бид хамтарч ажиллана. Хаврын чуулганы сүүлийн хуралдааныг зөвшилцөл ойлголцлоор ажил явуулж болно гэдгийг бид харуулсан, нотолсон үйл явдал болсон гэж дүгнэж байна. Бидний гаргасан өмнөх алдаа ч хамтынх. Ирээдүйд гаргасан ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улстөржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим хоног нь өнгөрчихлөө. Засгийн газраас өргөн барьсан эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хэдэн хуулийн төсөл өргөн барьснаас хэдийг нь баталсан бэ.  Хууль эрх зүйн орчин бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ? 

-Засгийн газрын оруулж ирсэн гол үндсэн суурь хуулиудыг УИХ баталж өгсөн. Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын  тухай хуулийн төслүүдийг баталж амжаагүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл 3/2-ын саналаар батлагдах учиртай. Гэвч Ардын намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай  хуулийн төсөлтэй холбоотойгоор намууд бүгд зөвшилцөлд хүрсэн. Гэтэл Ардын нам дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл батлагдаагүй. Засгийн  газрын 100 хоног дуусахад валютын ханшны савлагаа болон эдийн засаг тогтвортой болох ёстой гэсэн шаардлагыг манай бүлэг  тавьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд  УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай  хуулийн төслийг хэлэлцэх үед танай бүлэг эвслийн бүлэгтэй санамж бичиг байгуулсан гэсэн. Ямар утга агуулгатай санамж бичиг юм бэ?

-Стратегийн орд  байх эсэх дээр бид санал зөрөлдсөн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцье гэдэг санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн УИХ бүтэц бүрэлдэхүүний хувьд их онцлог. Уул уурхайд хандах хандлага, иргэдэд баялгаас хувь хүртээх талаарх байр суурь өөр өөр байна. Хэрэв шаардлагатай  гэж үзвэл стратегийн ордын асуудлаар ард түмнээсээ санал асуулга авахад болохгүй зүйлгүй.  Мөн хаврын чуулганаар Газрын тосны тухай хууль батлагдсан. Газрын тосны  эрэл хайгуул хийх, ашиглах бололцоо нээгдэж байна. 

-Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг сар гаруй хугацаанд сунжрууллаа, сандал ширээтэй зууралдсаар хаврын чуулганыг үдлээ гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байгаа. ..

-АН сандал ширээтэй зууралдаагүй. Харин АН-ын сандал, ширээг доголон байлгах гэсэн оролдлого хөндлөнгөөс гарсан. Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх тухайд цагаа олоогүй үйл ажиллагаа байсан.  Эдийн засгийн идэвхжилийг зарласан энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл юм. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, том уулзалт зохион байгуулах гэж байгаа. Ийм чухал үед Эдийн засгийн хөгжлийн сайдгүй байж болохгүй. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудалтай зэрэгцээд  АТГ-т гомдол ирж,  энэ салбартай холбогдолтой бусад газруудад нэгжлэг хийсэн. Ийм байж болох уу.  Асуудалд бид зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзээд АН Н.Батбаяр сайдын асуудлаар завсарлага авсан. Үүний дараа чуулган завсарлаж таарсан. Бид үүнийг буруу гэж бодохгүй байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэх нь намрын чуулганаар шийдэгдэх байх. 

-Төмөр замын асуудлаар хаалттай хуралдсаны дараа тогтоолын төслийг хойшлуулсан. Хуралдааны үеэр юу  яригдсан  бэ.  Өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гишүүн бүлгийнхээ хуралдаанд хэр суусан бэ. Нийгэмд тархаад байгаа энэ асуудлаар АН-ын бүлэг дотооддоо ярилцсан зүйл байгаа юу?

-Х.Баттулга сайдын хувьд бүлгийнхээ хуралд сууж, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа. Төмөр замын асуудлаар УИХ хаалттай хуралдаж, төмөр замын талаар баримтлах бодлогын асуудлыг түр хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлуудыг бүгдийг шийдвэрлэсний дараа ямар царигтай байх вэ гэдгээ хэлэлцье гэсэн.  Үүнийг зөв гэж үзэж байгаа. Төрд нууж хаах юм бий, ил тод ярих ч юм бий. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийн бодлоготой уялдуулж гаргах нь зүйтэй. 

-Байгалийн баялгаа барьцаалж, “Чингэс” бонд босгосон талаар хоёр жил хангалттай ярьсан. Гэтэл та юу барьцаалаад юу босгоод ирсэн гээд тэс өөр юм ярьчихав аа. Бонд ашигтай байсан, эдийн засгийг өөд нь татаж байгаа гэх юм.  Үүнд тайлбар өгөөч? 

-Өмнөх засгийн үед Оюу толгойгоос зээл авч, Таван толгой болон Эрдэнэт үйлдвэрийнхээ орлогыг барьцаалж, 2.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авсан. Энэ мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, бүтээн байгуулалтад зарцуулахаасаа илүүтэй халамжид зарцуулсан нь өнөөдөр түүх болоод үлдсэнийг бид мартаж болохгүй. Үүнтэй харьцуулахад өнөөдрийн “Чингэс” бондын өр үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг байгуулахад чиглэгдэж байгаа учраас ард түмний нуруун дээр 100 хувь өр болон үлдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

-АН фракцитай. Фракциуд нь хоорондоо хөлөө жийлц­сэнээс болж бүлгийн чинь хурал хоёр удаа шөнө дүл хүртэл үргэлжилснийг сэт­гүүлчид мэдэж байгаа. Фрак­циудынхаа бодлогыг зангидаж чадахгүйгээс ажил чинь явахгүй байгаа. Энэ асуудалд няцаалт өгч чадах уу?

-Бүлгийн хуралдаан урт хугацаагаар үргэлжилж байгаа. Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар мар­гал­дах мэтгэлцэх нь нээлттэй байдаг. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ явна. Фракци хоорондын ойлголцол, үл ойлголцол энэ намд байдаг. Үүнийг нуух юм байхгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаад, олонхийн саналын дагуу асуудал шийд­вэрлэгдсэн бол түүгээрээ явах ёстой гэдэг зарчим манай намд үйлчилж байгаа. Удаан хуралдсаныг хардах хэрэггүй. Удаан хуралдах тусмаа асуудалд нухацтай хандаж байна гэсэн үг. 

-Танай бүлэг пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа гэсэн. Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар боловсруулж байгаа вэ? 

-Сонгуулийн тухай хуульд АН мажоритар, пропорциональ тогтолцооын харьцааг 50:50 байлгая  гэсэн санал оруулсан. МАН 76 жижиг тойрог байя гэдэг санал оруулсан. Бид  2012 оны УИХ-ын сонгуулиар мөрдсөн харьцааг бууруулахгүй байх зарчим баримталж бай­гаа.  Төрийн тогтолцоотой холбоотой асуудлаар улс тө­рийн намууд ерөнхийдөө зөвшилцөөд ойлголцолд хүрсэн. Намрын чуулганаар хамгийн түрүүнд энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Хэрэв Монгол Улс парламентын засаг­лалтай улс мөн л юм бол улс төрийн намуудын оролцоо бодлогын хэмжээнд байх нь аль ч улс оронд тогтсон жишиг тул бид үүнийг дагахаас өөр арга байхгүй.  

-Эдийн засаг хүнд байна. Энэ зун УИХ амрахгүй ажиллах ёстой  гэсэн байр суурийг цөөнх илэрхийлж байна. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? 

-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна.  Монголчууд хавар намартаа хавчигдаж, өвөлдөө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх.  Түүнчлэн энэ зун олон сум  түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Тэдгээр сумдадаа ойн баярын мэндийг хүргэе. Ардчилсан намын бүлгийн хувьд долдугаар сард үндсэндээ амарна. Гишүүдийн хувьд тойрогтоо ажиллана. Наймдугаар сард ирэх намрын чуулганы бэлтгэл ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Азид харилцааны өөрчлөлтүүд гарч байгаагийн нэг илрэл нь энэ


МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятадын дарга Си Жиньпин хойд биш өмнөд Солонгост түрүүлж айлчиллаа. Энэ нь цаанаа ямар учиртай гэж та судлаач хүний хувьд үзэж байна вэ? 

-Ер нь Хятад улс Японтой харилцаа таарамжгүй. Энэ нь арлын маргаанаас үүдэлтэй.  Дээрээс нь бүс нутагтаа хэн нь нөлөөллөө тогтоох вэ гэдэг дээр өрсөлддөг. Ийм л шалтгаанаар Хятад улс өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулж байгаа болов уу. 

-Өмнөд Солонгосыг Японтой сөргөлдүүлэх  тактиктай  гэж үү? 

-Өмнөд Солонгос Япон хоёр холбоотны харилцаатай. Гэсэн ч  өмнө нь Япон улс  Солонгосыг колончилж байсан. Энэ хоёрын  ойрх үеийнх нь түүхэнд таагүй харилцаа бий. Дайны үед япончууд солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж байсан гэдэг талаасаа асуудалтай.  Хоёр улсын хооронд Такашима арлын маргаан ч байдаг.  Тиймээс өмнөд Солонгос өмнөх үеийн түүхийн талаар Японыг  шүүмжлэхийн тулд Хятадтай нийлж байж ч мэднэ. Хамгийн сонирхолтой нь  ирэх жил Японыг дайнд ялсны 70 жилийн ой болох гэж байна. Үүнийг Хятад улс Солонгостой хамтран  тэмдэглэж магадгүй болчихоод байна. Албан ёсоор зарлаагүй ч Хятадын зүгээс тийм санал гаргаж байгаа. 

-Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан баяраа тэмдэглэнэ…

-Тийм. 1945 оны дэлхийн хоёрдугаар дайнд Хятадын ардын чөлөөлөх арми  япончуудтай тулалдаж ялсан байдаг. Тиймээс энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг өмнөд Солонгост хэллээ. Хятадын дарга ОХУ-д ч энэ саналаа хэлсэн байгаа.  Хятадын энэ ялалт бол манай улстай ч хамаатай. 

-Нэг ёсондоо Японыг ганцаардуулах гэсэн санаа Хятадад байх шиг байна…

-Тийм.  Японыг  ялсан баяраа  бүс нутгийн хэмжээний томоохон үйл явдал болгохоор хичээж байх шиг байна. Үүний тулд хэдийгээр Японтой холбоотны харилцаатай ч гэлээ түүхийн таарамжгүй дурсамжтай өмнөд Солонгосыг өөртэйгээ нэгтгэх зорилго өвөр­төлж байна уу гэж харагдаж байна. Ер нь том орнууд өнгөр­сөн үеийн түүхийн маргааныг их сөхдөг боллоо.

Зүүн Азид түүхийн дайн явж байна гэж үзэх судлаачид ч бий.  Ялангуяа япон, солонгосчууд  түүхээрээ их бахархдаг хүмүүс шүү дээ. 

-Хятадын дарга зөвхөн үүнийг ярих гэж Өмнөд Солонгост очоогүй байх…

-Хятад, Өмнөд Солонгосын хооронд хамгийн их яригдаж байгаа зүйл нь өөр өөрсдийнхөө валютаар худалдаа наймаа хийх асуудал. Өмнө нь яадаг байсан гэхээр өмнөд солонгосчууд Хятадад бизнес хийж олсон юаниа доллар болгосныхоо дараа вон болгож авдаг байлаа.  Үүнээсээ их хэмжээний алдагдал хүлээдэг байсан.  Хятадын компаниуд ч ялгаагүй Солонгост бизнес хийж  вон олохоороо доллар болгож солиулсныхаа дараа юаньд хувиргадаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж, шууд өөр өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээр худалдаа наймаа хийх боломжийг хоёр улс хайж байгаа. Аль алиныхаа мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрөхөөр болж байх шиг байна. Хятадын даргын Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалын нэг зорилго энэ байсан.   

-Өөр ямар зорилго байгаа юм бол?

-2015 онд багтаагаад  энэ хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж байна.  Энэ нь хоёр улс харилцан гаалийн татваргүй болно гэсэн үг. Аль алиндаа ашигтай.  Магадгүй уг хэлэлцээрийг хийчихвэл Өмнөд Солонгосоос  Хятад улс  технологийн шинэ дэвшлүүдийг их хэмжээгээр авах байх. Гар утас, автомашин, хүнд болон хөнгөн үйлдвэрийн төрөл бүрийн  бүтээгдэхүүнийг  гаалийн татваргүйгээр гаргах боломж Өмнөд Солонгост нээгдэнэ. Мөн кимчигээ их хэмжээгээр Хятадын зах зээлд “шахах” боломжтой болох байх. Өмнөд Солонгосын хувьд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах болов уу. Ийм л зорилготой зүйлүүд Хятад, Өмнөд Солонгосын хооронд яригдаж байна.  

-Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг дэмжинэ гээд байх шиг байна. Хойд Солонгос үүнийг нь яаж хүлээж авч байгаа юм бол?

-Энэ айлчлалыг Хойд Солонгосын тал их шүүмжилж байна. Гол тулгуур түнш нь Өмнөд Солонгост түрүүлж айлчлахаар шүүмжлэх нь мэдээж. Си Жиньпинийг өмнөд Солонгост айлчлахын өмнөх өдөр хойдууд урагшаа хоёр удаа пуужингаар буудсан нь дургүйцлээ илэрхийлсний шинж байх.  Гэхдээ  Пак Гын Хэ БНСУ-ын Ерөнхийлөгч болохдоо  нэг том амлалт өгсөн. “Би Солонгосын хойгийг цөмийн аюулаас ангид болгохын төлөө чадах бүхнээ зориулна. Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх тэр цагт заавал ахиц гаргасан байна” гэж хэлсэн. Тиймээс Итгэлцлийн үйл явц гэдэг нэр томъёон дор энэ чиглэлийн бодлогоо явуулж байгаа.  Гэтэл Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгохын төлөө хамтарч ажиллана гэж мэдэгдсэн нь Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн амлалтын хүрээнд биелж байгаа томоохон үр дүн гэж болно. 

-Хятадын тэр мэдэгдэл үнэн болов уу. Хятад бол Хойд Солонгосын гол түнш биз дээ? 

-Солонгос бол өнөөдөр АНУ-ын цөмийн шүхэр дор байгаа. Хойд Солонгос бол дангаараа цөмийн зэвсэг бүтээх гэж оролдож, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Цөмийн туршилт хийж, бүс нутгаа байнгын аюул, түгшүүр дунд байлгадаг. Энэ дундаас хамгийн их түгшиж байгаа орон бол Өмнөд Солонгос мөн. Яагаад гэвэл Өмнөд Солонгос өөрөө цөмийн хөтөлбөргүй. Тиймээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөргүй болгоход хэн нөлөөлж чадахыг тэд хайж байгаа. Мэдээж цэргийн хүчин чадал, тогтоон барих бодлогоороо АНУ нөлөөлөх магадлалтай. Мөн Хойд Солонгосын ганц түнш нь Хятад улс.  Энэ түншээр нь дамжуулж бодлогоо хэрэгжүүлэхээр Өмнөд Солонгос хичээж байна. Ийм үед хийж байгаа Хятадын мэдэгдэл БНСУ-ын хувьд маш том ололт байлгүй яахав.  Гэхдээ зарим судлаачид “Энэ бол зүгээр дипломат үзэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байгаа.  Хэрэв Хятад улс үнэхээр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь холдуулна гэж байгаа бол мэдэгдэл хийгээд өнгөрөх биш, шахалт үзүүлэх ч юм уу тодорхой, бодитой үйлдэл хийх  байсан гэж үзэх судлаачид байгаа. Тэгээгүй учраас Хятадын энэ мэдэгдэл үр дүн муутай байх магадлалтай.  

-Гэхдээ Хятадын даргын өмнөдөд хийсэн айлчлал хойд Солонгос, Хятад хоёрын харилцаанд нөлөөлнө биз дээ? 

-Нэг их нөлөө үзүүлэхгүй гэж судлаачид үзээд байгаа.  Гэхдээ яг одоохондоо энэ талаар дүгнэлт хийхэд эрт байна. Хятадын зүгээс энх тайвны төлөө тодорхой алхам хийе гэдэг санаа дэвшүүлж байгаа нь өмнөдөд хийж байгаа  айлчлалаас харагдаж байна. Үндсэндээ Хятад, БНСУ  хоёр маш том процессийг эхлүүлж байна. Хятадын дарга Хойд Солонгос биш өмнөдөд очиж байна гэдэг нь Хятад улс Солонгосын хойг дээр энх тайвныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ харуулж байна. Цаашлаад Зүүн хойд Азид энхийн тогтолцоо чухал юм шүү гэдэг мессеж өгч байна. 

-Хятад бол бүс нутагтаа төдийгүй  дэлхийд нөлөөллөө тогтоох эрмэлзэлтэй. Үүндээ хойд Солонгосыг ашигладаг байх. Энэ бодлогоосоо  татгалзах нь гэдэг хандлага Си Жиньпиний айлчлалаас ажиглагдаад байх шиг… 

-Магадгүй. Гэхдээ одоогоор тааж хэлэхэд хэцүү. 

-Ер нь Си Жиньпинээс өмнөх даргын үед Хятад, өмнөд Солонгосын харилцаа, ер нь Хятадын гадаад харилцаа ямар байсан бэ? 

-Өмнөх дарга нарын үед Хятад том гүрэн болсон гэдгээ харуулахын тулд олимп зохион байгуулах, томоохон байгууламжууд барих зэргийн бодлого явуулж байлаа. Харин Си Жиньпин дарга бол өвөрмөц бодлого явуулж байна гэж судлаачид үздэг. Тэр аль болох их зардлаас татгалзаж байгаа. Хятадын дарга нарыг үнэтэй машин унахыг хориглосон. Улсын мөнгөөр хүлээн авалт хийж, хурал чуулган зохион байгуулж,  их хэмжээний архи дарс уухыг хориглосон. Тэнд зарцуулж байсан мөнгөөрөө хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулж, ард түмний амьдралд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахыг чухалчилж байгаа. Си Жиньпин дарга өөрөө саяхан жирийн гуанзанд хямд үнэтэй хоол идсэн нь бөөн шуугиан тарьсан.  Тэр жирийн сууцанд амьдарч, энгийн амьдралтай болсон гэж байгаа. Хятадад  удирдагчийнх нь үйл хөдлөл маш том мессежийг агуулдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр  Хятадад баян, хоосны ялгаа их. Үүнд Хятадын коммунист нам ихээхэн санаа зовж, аль болох дундаж ангийг бий болгох бодлого явуулахаар зорьж байгаа нь илт байна. Хятадад  гадаадын үнэтэй машин, орон сууцнаас татгалзаад жирийн нийгэм рүү явах үзэгдэл дэлгэрч байна. Тансаглалаас хэмнэсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэг барьж байна. Си Жиньпин дарга Хятадад  торгоны замыг сэргээж, хуучин харилцдаг байсан улсуудтай харилцаагаа сэргээж, гадаад худалдаа, бизнесийн тал дээр ихээхэн анхаарч байна.  “Хятад мөрөөдөл” гэсэн нэр томъёог мөн гаргаж ирлээ.  Үүгээрээ Хятад бол сайн сайхан руу тэмүүлсэн орон гэдгийг дэлхий дахинд харуулахыг хичээж байна. Соёлын дипломат бодлого буюу их хэмжээний жуулчдыг татах, бараа таваарын чанарыг эрс сайжруулах, авлигатай эрс тэмцэх маягаар үр дүнтэй бүтэц бий болгохоор зүтгэж байна. 

-Хятад улс эдийн засгийн харилцааг  чухалчилж байгаа учраас  хойд биш өмнөд  Солонгост түрүүлж очжээ?

-Хятад, БНСУ-ын эдийн засгийн харилцаа айхтар өргөжих нь. Ер нь бол Азид харилцааны өөрчлөлтүүд гараад байгаагийн нэг илрэл нь энэ л дээ. 

Хойд Солонгос Японы харилцаа сүүлийн үед ойртож эхэлж байна. Японд байдаг хойд солонгосчууд нутаг руугаа сая доллар хүртэлх хэмжээний мөнгө  шилжүүлэх эрхтэй боллоо. Мөн Японы боомт руу Хойд Солонгосын усан онгоц орохыг зөвшөөрч байна. Мөн аялал жуулчлалын зарим үйлчилгээ явуулах эрхийг хүлээн зөвшөөрөх зэргээр Япон, Хойд Солонгосын харилцаанд өөрчлөлтүүд гарч байна. Магадгүй энэ өөрчлөлт нь Хятадын даргын өмнөд Солонгост хийж буй  айлчлалтай давхцаж байгаа юм шиг анзаарагдаж байна л даа.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Цагаан суваргын ордыг ашиглахад төр оролцохгүй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны
байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

 -2014
оны хаврын чуулган завсарлалаа. Хаврын чуулганыг та яаж дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар хийсэн сайн зүйлүүд бий.  Олон асуудалд дарагдсан, хэрүүл, хэлцэлтэй, завгүй
үе их байлаа. Эдийн засаг хүнд, төсвийн орлого тасалдалтай үе ч таарлаа.  Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нэлээд олон
бодлогын бичиг баримтуудыг УИХ-аас гаргалаа. Эдийн засаг, газрын баялагтай холбоотой
олон асуудлыг хэлэлцэж шийдлээ. Энэ талаасаа яривал хаврын чуулган үр дүнтэй байсан
юм шиг. Гэвч цаг алдсан зүйлүүд их байлаа. “Давхар дээл”-ийн асуудлыг хагас жил
яриад эцсийн мөчид батлагдах шатанд нь унагаалаа. УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь
Засгийн газартаа ороод   суучихсан. Засгийн
газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэдэг шүүмжлэл бий. Ийм том зүйлийг ярьж, ярьж
эцэст нь ямар ч үр дүнгүйгээр унагалаа шүү дээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах,
томилуулах асуудлыг ярьж баахан цаг алдлаа. Долоо хоногийн дотор яриад, тухайн сайдыг
огцруулбал огцруулаад, огцруулахгүй бол болих хэрэгтэй байтал  завсарлага авдаг, хойшлуулж сунжруулдаг зүйл их
байлаа. Үүнийг дагаад ажил цалгарддаг асуудал их байв.  Энэ бүхнээс дүгнэхэд хаврын чуулганаар сайн зүйлүүд
ч хийсэн,  шүүмжлэлтэй асуудлууд ч байлаа.
Ер нь аливаа зүйлийг шүүмжилж байж алдаа мадгийг засдаг учраас үүнийг хэлээд байгаа
юм. Үүгээрээ УИХ-ын ажлыг бүхэлд нь харлуулах гэсэнгүй.

-Огцруулах,
томилох асуудал ярьсаар байгаад сүүлийн өдрөө хамаг хуулиудаа бөөндчих шиг болсон…

-Тэглээ. Улстөржилт, намчирхалт, талцал маш их байлаа. Сүүлийн өдөр
хуулиудыг бөөндсөн нь үнэн. Ер нь намын бүлгүүдийн дунд хууль гэдэг чинь хөлбөмбөг
шиг явж байдаг. Үүнийг батлахгүй, үүнийг батална гэдэг тохиролцооны хэмжээнд хуулиудыг  яриад байгаа нь зохимжгүй. УИХ хууль хэлэлцээд
эхэлсэн л бол батлах үгүйгээ ягштал шийддэг байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө
саналаар шийддэг. Гэтэл энэ бүхнийг намын бүлгүүд тохироогоор шийддэг  болсон. Ийм байж болохгүй шүү дээ.

-Та
хаврын чуулганы сүүлийн хуралдаан дээр үүнийг хэлж байсан…

-Тийм. Ямар хууль батлахыг хэдхэн дарга шийддэг юм бол УИХ-ын 76
гишүүн байсны хэрэг алга. Ямар хуулийг дараагийн чуулганаар хэлэлцэх вэ гэдэг нь
дарга нарын үзэмжийн асуудал болсон юм шиг байна. Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ
нь манай байнгын хороо арав гаруй хууль санал болгоход дөнгөж хоёрыг нь намрын чуулганаар
хэлэлцэхээр болж байх жишээтэй. Бид зөвхөн эдийн засаг, мөнгө ярьж болохгүй. Нийгмийн
чухал асуудлыг эдийн засаг, мөнгөтэйгээ хамт ярих хэрэгтэй. Гэтэл тэр чигийн хуулиудыг
хойш нь тавьж байна. Энэ алдаануудаа дараа дараагийн чуулганаараа засах байлгүй
дээ гэж найдаж байна. УИХ-ын гишүүд хуульд анхаарлаа тавихаасаа илүү сандал суудалд
ихээхэн ач холбогдол өгч байгаа нь туйлын харамсалтай байна.

-Сая
хаврын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлыг шийдлээ. Яахаар болчихов оо?

-Хамгийн анх Засгийн газраас орж ирсэн төсөлд Цагаан суваргын ордод
төр 34 хувь эзэмшье. Төр хувь эзэмшихдээ 350 сая ам.доллар төлнө гэдэг байдлаар
орж ирсэн юм. Тэгээд УИХ-аас гаргасан ажлын хэсэгт нь би байсан. Ажлын хэсэг, байнгын хороон дээр “Одоо бид сургууль
цэцэрлэгээ барьж дийлэхгүй. Дээрээс нь улс орон мөнгөгүй, төсөв тасалдалтай байхад
350 сая ам.доллар төлж, Цагаан суваргын ордоос хувь эзэмшээд яах юм” гэж ярьцгаасан.
Хэрэв Цагаан суваргын ордод төр хувь эзэмшвэл яах юм гэдгийг бид ажлын хэсэг дээр
ярьсан. Эхний ээлжинд төр 350 сая ам.доллараа олох ёстой. Яаж гэхээр бонд гаргаж
л таараа шүү дээ. Бонд бол  хүүтэй өр болно.
17 жилийн хугацаатай баахан хүүтэй мөнгө зээлчихээд түүнийгээ нэг компанид өгч,
34 хувийг нь эзэмшинэ гэхээр ямар ч ашиггүй. 
Тэгснээс төр  ямар ч хувь эзэмшихгүй.  Хувийн компани эрсдлээ өөрөө бүрэн даагаад явахад
л Монгол Улсад таван их наяд төгрөгийн ашиг унах юм билээ.  Энэ бол Цагаан суваргын ордоос авах татварын хэмжээ.
Энэ хувилбар нь зөв гэж үзээд тогтоолын төслийг ингэж өөрчилсөн. 

-Төрд ямар ч эрсдэл байхгүй юу?

 -Ямар ч эрсдэл байхгүй, ачаалал өгөхгүй. Хувийн
компани өөрөө мөнгөө босгоод ажлаа явуулна. Төрд ирэх ашиг нь  таван их наяд төгрөг.   Хэрэв бид бонд гаргаж, Цагаан суваргад 350 сая
ам.доллар төлөөд 34 хувийг нь эзэмших юм бол 17 жилийн дараа 200  тэрбум төгрөгийн  ашиг хүртэх юм билээ.  200 тэрбум төгрөгийн  ашиг олохын тулд өр тавьж 350 сая ам.доллар босгоод
яах юм бэ. Тэгээд ч нэг ч гэсэн үндэсний компани  том төслийг толгой дааж хэрэгжүүлээд улсдаа ашиг
өгч байвал болж байна. Тэр талаас нь асуудалд хандсан. Түүнээс биш  төрийн өмч байх ёстой зүйлийг  хувийн компани авчихлаа  гэж улстөржүүлж ойлгох хэрэггүй. Цагаан суваргын
ордод  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул
хийх нь хийсэн. Гэхдээ сүүлд нарийвчилсан хайгуулыг нэмж хийхэд хувийн хэвшлийн
тухайн компани маш их хөрөнгө зарсан юм билээ. Тэгээд ч улсын төсвөөр хийсэн хайгуулынх
нь зардлыг төрд буцаагаад төлчихсөн юм байна лээ. Төр бүх зүйлд хутгалдаж, будлиан
хийх шаардлагагүй л гэж үзсэн дээ.

-Төр оролцоод ирэхээр л хамаг ажил гацдаг. Хэрэв Цагаан суваргын
ордод төр оролцвол хоёр дахь  Оюу толгой болох
байлгүй…

-Төр хувь эзэмшээд ирэхээрээ будлиулдаг,
ажил нь гацдаг, төрийн нэрээр дундаас нь зувчуулдаг зүйлүүд зөндөө.  Тийм учраас хувийн компани хийх юм бол тэр төсөл
үр дүнтэй, хурдтай ахина.  Төр бол хянадаг
ажлаа хийгээд, авдаг татвараа авахад л болоо. 
Цагаан суваргын ордоос төр таван их наяд төгрөгийн татвар авах бол хувийн
компанидаа гурван их наяд төгрөгийн ашиг л унах юм билээ.

-Тэгэхээр Цагаан суваргын ордод төр ерөөсөө оролцохгүй болжээ?

-Төр оролцохгүй гэдэг байдлаар
төслийг баталсан.

-Зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаад байсан…

-Цөөн гишүүн шүүмжлэлтэй хандаж
байгаа. Гишүүн бүр өөр өөрийнхөө үзэж, харж байгаагаараа байр сууриа илэрхийлнэ
шүү дээ. Гэхдээ гишүүдийн дийлэнх нь төр оролцох ёсгүй л гэж үзсэн. Мэдээж 350 сая
ам.долларыг төр гаргаад өгвөл цаад компанидаа амар л байх. Гэхдээ төр яаж тэр мөнгийг
олох билээ.

-Ордыг ашиглах үйл явц ямар түвшинд байгаа юм бэ?

-2015 оны төгсгөлд баяжуулах үйлдвэрээ
ашиглалтад оруулна гэсэн. Тэгэхээр л болоо шүү дээ. Яваандаа зэс хайлуулах үйлдвэр
ашиглалтад орно. Өөрсдөө нэлээд хөрөнгө оруулчихсан. Одоо тэрбум хүрэхгүй ам.долларын
хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм билээ. Гаднаас хөрөнгө оруулах сонирхолтой компани
олон бий гэсэн. Тэгэхээр ямар ч гацаагүйгээр Цагаан суваргын ажил урагшилж, Монголд
ашиг орж ирэх нь.

-Тэгэхээр  танай байнгын
хороо хаврын чуулганы хугацаанд ямар хуулиудыг гараас гаргав?

-Манай байнгын хороо маш их ачаалалтай
ажилласан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг эцэслэж гаргалаа. Эрүүл мэндийн
даатгалын тухай хуулийг батлагдах эцсийн шатанд нь өгсөн.  Боловсролын талаар төрөөс баримтлах бичиг баримт
дээр нэлээд ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадуур багш нар, сурагчидтай уулзаж
байна. Батлагдсаны дараа амьдралд хэрэгтэй хууль гаргахын төлөө хичээгээд байна
л даа. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг эцсийн
шатанд нь хүртэл  бэлтгэсэн. УИХ-аар батлуулах
гэтэл бүлгийн дарга нарын тохироогоор оруулаагүй шүү дээ. Тиймээс үүнд бухимдаж  чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм.

-Энэ ямар ач холбогдолтой хууль билээ?

-Эмийн замбараагүй худалдаа, үнэ
хяналттай болно. Эмийг хянадаг байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үүнээс гадна
Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг манай байнгын хороо хэлэлцүүлнэ.
Мөн өргөн барихад бэлэн болсон хууль олон байна. Их, дээд боловсролын тухай хууль,
Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийг шинэчилнэ. Эрүүл мэндийн
тухай хуулийг УИХ-ын гишүүд өргөн барина. Тэгэхээр манай байнгын хороо ачаалал ихтэй
байна. Соёлын салбарт Номын сангийн тухай хуулийг өргөн барилаа, Соёл урлагийн талаар
төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ. Кино урлагийн талаар томоохон хэлэлцүүлгийг
манай байнгын хороо өрнүүллээ. Монгол төр кино урлагийнхаа салбарт анхаарахгүй бол
болохгүй нь. Гадны кинонууд ихээр түрж орж ирж байна. Монголын түүхийг гуйвуулсан
олон ангит кинонууд гардаг боллоо. Гадны улс орнууд энэ кинонуудаараа дамжуулж,
соёлын бодлогоо явуулж байна. Гэтэл манайд ийм зүйл дутагдаж байна. Тиймээс олон
ангит кино хийх эрэлт хэрэгцээ манайд их байгаа зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Үүнд
нь төр дэмжлэг үзүүлмээр байна гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлээр
улсын төсөвт мөнгө суулгадаг болмоор байна. Тусгай салаа гэдэг олон ангит кино гарснаас
хойш залуучуудын цэрэгт явах идэвх сэргэсэн гэдэг шүү дээ. Ийм байдлаар кино урлагаа
хөгжүүлмээр байгаа юм. Мөн хөдөлмөрийн талаар баримтлах бодлогыг оруулж ирнэ. Гэх
мэтчилэн манай байнгын хороонд хийх ажил байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн
хэлэлцүүлгийг хийгээд  дуусч байна. Тэтгэврийн
шинэчлэлийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар том хэлэлцүүлэг хийсэн.
Ийм учраас манай байнгын хороо нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа.  Ихэвчлэн нийгмийн асуудал хэлэлцдэг учраас гишүүд
намын өнцгөөр биш итгэл үнэмшлээрээ асуудалд ханддаг. Тиймээс байнгын хорооны хурал
дээр улстөржсөн талцал ч өрнөдөггүй.

-Та ямар нэг бүлэгт харьяалагдахаа байж сул гишүүн болсон.
Бүлэгт харьяалагдаж байсантайгаа харьцуулбал ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Ямар ч ялгаа алга. Байнгын хороогоо
удирдахад амар юм. Хэт нэг талыг барихгүй болохоор гишүүдэд ч тааламжтай, ажлыг
маань дэмжиж байна. Байнгын хороон дээр энэ тэр намынх, тэр энэ намынх гэдэг байдлаар
гишүүдэд ханддаггүй. Хэн нь ажлын хэсгийг удирдвал ажил хэрэгч байхав гэдгийг бодолцож
шийдвэр гаргадаг байх жишээтэй. Яахав, Шударга ёс эвслийн нэрээр байнгын хорооны
дарга болсон учраас  эвслийнхэн намайг өөрчлөх
болов уу гэж хүмүүс боддог байх. Хэрэв эвсэл шийдвэрээ гаргаад байнгын хорооны даргаа
өөрчилнө гэвэл энэ ажлыг өгөхөд би бэлэн. Гэхдээ эвслийн нөхдүүд маань “Хугацаатай
албан тушаал учраас ярих цагт нь асуудлыг ярья. Тэр хүртэл та ажлаа сайн хий” гэсэн.
Миний хувьд бүлэггүй сул гишүүн болчихоод хэцүүдээд байгаа юм одоохондоо алга.

-Бүлэггүй болчихоор таны үг хүчгүй, ганцаардахгүй юу?

-Намайг шударга ёс эвслийн бүлэгт
байхад бүлгийнхэн маань л дэмжиж байсан. Одоо бол бүх намын бүлэг намайг дэмжиж
байгаа.

-Ер нь та яагаад бүлгээсээ гаръя гэсэн юм бэ?

-Санал нийлэхгүй юм олон байсан.
Хэн нэгэн дарга миний өмнөөс шийдвэр гаргаад үүнийхээ дагуу явахыг тулгавал хэзээ
ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүний толгойгоор биш өөрийн толгойгоор ажлаа явуулна гэж
иргэдээс мандат авсан юм шүү дээ. Тиймээс ямар нэг бодлогод хайрцаглагдахгүйгээр
иргэдийн төлөөлөл болох учиртай.

-Намын чинь бодлого байр суурь бүлгээр дамжиж УИХ-д хүрч байгаа.
Гэтэл та бүлгээсээ гарсан болохоор намынхаа бодлогыг дагахгүй гэсэн үг үү?

-Өөрийнхөөрөө явж байгаа. Ер нь
Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн болсон шүү дээ. Яваандаа ямар улс төрийн хүчинд
байх юм, сонгуульд бие дааж дэвших үү гэдгээ шийднэ.

-Намын квотоор орж ирээгүй ч эвслийн нэрээр  УИХ-ын гишүүн болчихоод ингэж нүүр бурууллаа гэдэг
шүүмжлэлд өртөх байх?

-Би УИХ-д орж ирээгүй байхдаа
ч парламентын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан. Өнөөдрийн УИХ-ын уур амьсгалыг харвал
төвөгтэй байна. Ард түмний төр засагт итгэх итгэл суларсан. Өмнө нь ийм зүйлд шүүмжлэлтэй
ханддаг байснаа одоо энэ бүхэнтэйгээ эвлэрээд дуугүй яваад байвал утгагүй шүү дээ.
Ямар ч байсан өөрийн бодол өөртөө зөв гэж бодоод шийдвэрээ гаргасан. Сонгогчдоос
маань “та  зөв шийдвэр гаргалаа, хүндэтгэж
байна” гэдэг захидал ирсэн. Тиймээс өөрийгөө буруутгахгүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуулиант захиалгын нэвтрүүлгийн талаар Х.Баттулга гишүүнд хандан үг хэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудав. Х.Баттулга гишүүн орж ирээд ширээний зүүн талд суулаа. Хэвлэлийнхэн ч битүү байв. Харин Ерөнхийлөгч “Өнөөдөр Х.Баттулга гишүүнийг урьж уулзаж байгаагийн шалтгаан нь “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэгтэй холбоотой юм. Энэ нэвтрүүлэг олон телевизээр явлаа, олон ч хүн үзлээ. Хүмүүс гурван янзаар хүлээж авч байна. Ахмадууд нь бухимдаж байна, хүүхэд залуучууд шууд хүлээж авч байна. Учраа мэдэх хүмүүс голдуу халаглаж байна.  

Сайхан юм боллоо гэж ярих хүмүүс ямар хэмжээнд байгааг хэлж мэдэхгүй нь.  Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Бид хагаралдахгүй, нэгдэх ёстой тодорхой хэдэн сэдэв бий.  Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй. Яагаад гэвэл улс төр өөрөө хагарал үүсгэдэг учраас эдгээр сэдвүүдээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой.  Гэтэл ийм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалттай цацахаар нөгөө талаас өөрийгөө өмөөрөөд хэсэг хүн нэвтрүүлэг хийнэ. Ингээд учир нь олдохгүй. Үр дүнд нь бодлого гаргаж байгаа хүмүүс, жирийн иргэд хоорондоо хагаралдаж эхэлнэ.  Монголчууд хоорондоо зодолдоод эхэлбэл хэн очиж салгах юм. Эрхэм гишүүд очиж салгах уу. Тиймээс бодолтой хандах ёстой.  

Жирийн иргэд асуудлыг тал талаас нь ярьж болно. Харин УИХ-ын гишүүн ямар ч асуудлыг санаачилж УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хий. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ “харийн гар хөл” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь ингээд хэлээд эхэлбэл яахав” хэмээн Х.Баттулга гишүүн рүү харлаа.  Тэрээр үг дуугүй, урагшаа ширээ ширтэн сууна.  Ерөнхийлөгч цааш нь “Би тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд хэлж өгөөд байгаа юм бэ. Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад, хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм. Лав Монгол Улс өөрөө улс үндэстнээ хагалах ийм бодлого барьдаггүй. Хөршөө муулах нь манай бодлого биш. Хийе, бүтээе, Монголоо хөгжүүлье гэж бодож байгаа хүмүүсийг мохоох нь бидний  бодлого биш.  Гэтэл ийм бодлоготой мэтээр харуулах гээд байгаа арга чинь  Монголын сайн сайханд туслахгүй. Монголын улс төрд өмнө нь нэг зөвшил хийсэн. Бас л ийм нэвтрүүлгүүд хийдэг байлаа.  Тэгээд эцэст нь “За ийм нэг талыг барьсан, гүтгэлгийн шинж чанартай нэвтрүүлгүүд хийхээ больё” гэж шийдээд соёл тогтож эхэлсэн.

Тэгтэл үүнийг өөрөө эвдчихлээ” хэмээн мөн л гишүүн рүү харав. Цааш нь “Ийм муу зүйлд гаршиж болохгүй. Бид сайн соёлоо түгээх хэрэгтэй. Ил ярилцах ёстой. Иргэд хоорондоо байр сууриа илэрхийлээд явж байгаа бол яахав. Гэтэл улс төрийн албан тушаалтан энэ зохион байгуулалтад нь оролцож болохгүй. Ер нь захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүй гэдгийг бид сайн мэднэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжиж олон нийтэд хүрдэг хүмүүс нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Та нарын ярьж, хэлж байгаа болгон залуучуудад хүрч байгаа.  Байр суурь нь тодорхой болж чадаагүй, дөнгөж “цэцэглэж” яваа хүүхдүүд та нарын хэлж, ярьж байгааг сонсдог, хардаг.  Өнөөдрийн хүүхдүүд твиттер, фэйсбүүк, юүтүб гээд бүгдийг нь үзэж байгаа. Тэдэнд ийм маягаар улс төр хийж, асуудлыг шийдэж болдог юм байна гэдэг ойлголтыг төрүүлж болохгүй.  Асуудлыг зөв шийддэг үлгэр дуурайллыг үзүүлэх ёстой. Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос хүний цус шинжлээд сууж байж болохгүй. Ийм маягаар асуудалд хандаж зохион байгуулдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй.  Улс үндэсний эрх ашиг, гадаад бодлогын асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс ард түмнийг төлөөлж ярих эрх нэг л албан тушаалтанд бий. Энэ үүднээсээ би хэлэх үүрэгтэй. Зарим хүн “Нэг нэвтрүүлэг хийгээ л биз. Юун сүртэй юм” гэх байх. Гэтэл мэдээлэлтэй хүмүүс тэр нэвтрүүлгийг үзэхээр дэндүү өрөөсгөл, үр дагавар нь муу харагдаад байгаа юм.  Үр дагавар нь муу байна. Энэ бол Монголын хөгжил, сайн сайханд нэг тоосго ч нэмэрлэхгүй. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр яриад байгаа, олон жил хуваагдал үүсгээд буй нэг асуудал бий. Тэр нь төмөр замын сэдэв. Нэгдүгээрт монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Монголын төр ард түмэн дэмждэг, үнэлдэг. Төмөр зам бол Монголын хөгжил дэвшилд асар их үүрэг гүйцэтгэсэн. Төмөр замчид шөнө өдөргүй зүтгэж, нуруун дээрээ их ачаа үүрч яваа. Ноднингийн сонгуулиар би “Монголын өвгөн төмөр зам дан нуруутай учраас ачааллаа даахаа болилоо. Одоо давхар нуруутай болгоё. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй” гэж хэлж байлаа. 2008 онд Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход нь хэлээд л гаргасан. “Жижигхэн гацаа байгаа шүү. Богд уулыг тойруулаад төмөр замаа хурдан тавиарай” гэсэн. Гэтэл энэ ажил хийгдээгүй.  

Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол Улс өнчин хоцорч болохгүй. Энд бид заавал оролцох ёстой. Манай өвгөн төмөр зам жилдээ 20 сая тонн ачаа тээж байна. Үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. 20 сая биш 200 сая тонн ачаа тээдэг болъё. Тэгээд Алтанбулагаас Замын-Үүд явж байгаа төмөр замаа давхар болгоё. Улаан-Үд дээр Оросын төмөр зам ороод ирчихсэн байна.  Үүнийг урагшаа  Хятадын Жин Инь боомттой холбоё гэж гурван тал ярьж байгаа. Эрээнцаваас уламжлалт хуучин төмөр зам явж байна.  Чойбалсан хүрсэн төмөр замыг Бичигтээр гаргая гэж байна. Зүүн талаар дамжин өнгөрөх төмөр замаар  хоёр хөрштэйгээ холбогдож чадвал манай хөгжил босоод ирнэ. Баруун  бүс нутгаар дамжуулан төмөр зам тавих асуудлыг одоо УИХ руу оруулчихсан байна. Энэ бол муу юм биш. Энэ бүхэн бүс нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдаж байгаа. Ингэснээр Монголын ач холбогдол өснө, жин нь нэмэгдэнэ. Та бүхэн Казахстаныг хар. “Торгоны зам”-ыг төмөр замаар сэргээж байна. Хятадын ачаа Казахстан, Оросоор дайрч Европ руу гарч байгаа. Хятадын ачаа Турк улсаар дамжиж,  Европ руу гарч байна.  Иранаар дайруулж өөр бүс нутаг руу гаргаж байна. Энэ үйл ажиллагаанаас Монгол үлдэж болохгүй. Ер нь бидний өвөг дээдэс замд маш их ач холбогдол өгдөг байсан.  Жин тээдэг, өртөө бий болгодог.  Ийм байхдаа өвөг дээдэс маань хүчтэй, дэлхийн гүрнийг байгуулж явсан юм. Тиймээс одоо хэрүүлд дарагдаж, энэ бүхнээс  хоцорч болохгүй.

 Нүүрсний төмөр зам байна. Одоо яригдаад байгаа төмөр замыг өөрөө сайн мэдэж байгаа.  Яагаад гэвэл салбар хариуцсан сайд нь байсан” гээд  Баттулга гишүүн рүү хандлаа.  “Таван толгойгоос урагшаа Гашуун сухайтаар гардаг зам байна.  Үүгээр хэдэн жилийн өмнөөс монголчууд  нүүрс тээдэг болсон. Талыг там болгож, говийг гамшиг болгосон. Тэнд хөрс яасныг, ан амьтан нь ямар болсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс нүүрсээ төмөр замаар зөөх нь зөв юм байна гэж олон жил ярилаа. Энэ төмөр замыг тавих нь эдийн засаг, орон нутгийн хөгжилд хэрэгтэй юм.  Ингээд эхлээд хөндлөн төмөр замаа тавихаар Баттулга сайд болж  ажилласан. Гэтэл одоо болтол тавьсангүй. Босоо замаа тавиагүй болохоор хөндлөн замыг барьж болохгүй юм байна. Өнөөдөр манайд  ашигт малтмалаас хамгийн их нь нүүрс байна. Үүнийг авах эзэн нь байгаад үнэ хүрдэг л юм бол хаа байгаа газар нь бид хүргэж өгөх л ёстой. Эндээс орж ирсэн орлогоороо дараагийн төмөр замаа тавьж болно шүү дээ.  Гэтэл өөрөө энэ асуудлыг хариуцаад ажиллаж байсан сайд. 2008 онд би өөрийг чинь өрөөндөө дуудаад “За Баттулга аа зам тээврийн сайд боллоо. Ийм ийм ажил хийнэ шүү.  Хүрз барьж чадах хүн бүхнийг аваачаад далан бариул. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гээд хэлж байсан.  Одоо юу ч байхгүй. Хэрэлдэж байж төмөр замын бодлого гэж нэг зүйл оруулж УИХ-аар батлуулсан.  2010 онд бид дахиад уулзсан. “2012 онд энэ ажлыг хийнэ шүү” гэж хэлсэн. Дахиад юу ч байхгүй. Өөрөө ч ажил хийгээгүй, хүнээр ч энэ ажлыг хийлгээгүй. Жилийн өмнөх Засгийн газрын хурал дээр ороод “Битгий шалтаг тоочиж, санаа алдаад ажил уяад бай” гэж А.Гансүх, Х.Баттулга сайдын аль алинд нь хэлж байлаа.   Ажлаа хий гэдгийг үргэлж сануулж байсан. 

2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркаа Баттулга чи хий. Ер нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хариуц”  гэсэн. Гэтэл Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Юу хийв тэнд” гээд харахад нь Х.Баттулга гишүүн бас л дуугүй,  ширээ ширтсэн хэвээрээ. Ерөнхийлөгч үргэлжлүүлээд “Сая Иргэдийн хурлын дарга нь надад хэлж байна лээ. Газрынх нь асуудлыг Алтанширээ сум руу шилжүүлэхгүй бол болохгүй. Усны асуудал хүндрэлтэй. Сонгож авсан газар нь цэвдэгтэй юм байна” гэсэн. Наад зах нь үүнийгээ судалж байж хариуцлагатай хийх ёстой шүү дээ. Ажил хийх  бүх боломж өөрт чинь байсан шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Өөрөөс чинь хүмүүс “төмөр зам хаана байна” гэж хариуцлага нэхэх эрхтэй. Түүхийн зураг үзүүлээд хэдэн хүний яриа эвлүүлээд асуудлыг шийдэх боломжгүй. 

Өөрт чинь эрх нь байсан, боломж нь байсан, цаг хугацаа байсан. Одоо төмөр зам гээд яагаад ач холбогдол өгөөд байдаг юм гэдэг дээр хоёр, гурван зүйл хэлье. Төмөр замаар явсан ачаа шууд далайн боомт хүрэх боломжтой. Монгол Улсад энэ нь асар чухал. Машинаар явж байгаа ачааг дурын цагдаа, дурын хүнд сурталтан зогсоогоод янз бүрийн юм яриад байж болдог. Бид зөвхөн урд хөршдөө нүүрс зарах гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү бараагаа хүргэх гээд байгаа юм.  Төмөр зам гээд яриад байгаагийн цаад учир нь энэ.  Төмөр замаар явсан бараа олон улсын гэрээ хэлэлцээрийн субъект болдог юм. Тиймээс нэг хоёр улсаас хамаардаг зүйл биш.  

Дээр нь нэмүү өртөг үүсгэвэл  Монголд хэрэгтэй. Дамжин өнгөрөх тээвэр дээр тодорхой хөнгөлөлт авах ёстой.  Ийм боломж төмөр зам дээр гарч ирнэ. Үүнийг ашиглая гэсэн юм. Одоо нэг зүйл хэлье. Монгол Улс өөрийн эрх ашигтай, төмөр замын бодлоготой. Үүнийг Баттулга сайн мэдэж байгаа. Таван толгойгоос цааш төмөр зам тавих юм бол тэнд хөдлөх бүрэлдэхүүн нь монголчууд байна. Монгол инженерүүд ажиллана. Өртөөнд монгол хүн ажиллана. Нүүрстэй тэвшийг монгол толгой чирч гаргана.  Одоо Цагаан хад дээр нүүрс асгаж байгаа шиг тийм гамшиг болохгүй. Энэ бол Монголын байр суурь. Бид ийм эрх ашигтай.  Хоёр хөрштэйгээ энэ асуудлыг ярьж байгаа. 

Тиймээс хэрүүлийн алим болгох маягаар асуудлыг унагамааргүй байна. Хоёр хөрш рүүгээ бараа тээвэрлэж гаргана гэвэл  өөр өөрийнх нь царигаар төмөр замаа тавих нь зөв гэж үзэж байгаа. Дугуй сольж, нүүрс асгахгүйгээр яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Бид төмөр замын бодлогоор бүх асуудлыг шийдчихсэн байсан.  Хэрэлдээд байх шаардлагагүй юм шүү дээ.  Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байна. Одоогийн Алтанбулагаас Замын-Үүд рүү явах төмөр замын царигтай огтлолцохоор бол өргөн байна гэсэн үг. Бүтээгдэхүүн экспортод шууд тээвэрлэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэлх чиглэлийн төмөр замын шугамын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж төмөр замын бодлогын баримт бичигт тусгасан байна.   Үүний  дагуу Засгийн газар сая тогтоолын төслөө УИХ-д орууллаа шүү дээ.  Дээр нь 2009 оны долдугаар сард А.Гансүх сайдын гарын үсэг зурсан нэг санамж бичиг байна. Та өөрөө боловсруулсан биз дээ” хэмээн гэрээг нь харуулахад Х.Баттулга гишүүн толгой ч дохисонгүй, яасан ч үгүй,  нүднийхээ булангаар хялам хийн харж суув. 

Ерөнхийлөгч “Энэ санамж бичигт бүр тодорхой заагаад өгчихсөн байна. Талууд хамтран 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайтын төмөр замыг тавина. 2012 онд Таван толгой-Оюу толгой-Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Үүд, Замын-Үүд-Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус барьж дуусгана. Энэ чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн нарийн царигаар барина” гэжээ. Тухайн үед Баттулгын дэд сайд, өнөөдөр Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа А.Гансүх  гарын үсэг зурсан байна. Ийм санамж бичигт гарын үсэг зурлаа гэхэд нь  бид “Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Нарийн цариг барина гээд хоёр яам санамж бичиг байгуулж болохгүй.  Засгийн газрын хэлэлцээрээр шийд. Нарийн төмөр зам тавихдаа тулах юм бол дамжин өнгөрөх тээвэртэйгээ уялдуулж шийдэх хэрэгтэй. Далайд хүрэх тээврийнхээ эрх ашигтай уялдуулъя, хоёр хөршийн нутаг дээгүүр дамжуулах гэж байгаа бол тариф, татварын хөнгөлөлт авъя, ямар боомтоор манай бараа гарах юм үүнийгээ тогт, дээрээс нь хэдий хэмжээний ачаа гуравдагч талд худалдагдах юм үүнийг ярья” гээд энэ санамж бичгийг нь зогсоож байсан юм.  Энэ бүх асуудал одоо УИХ-аар хэлэлцэх тогтоолд тусчихсан байгаа. Монгол Улс ийм бодлоготой. Гэтэл Монгол Улс огт бодлогогүй байсан юм шиг эсвэл эх орноо худалдаж, баялгаа зөөх гээд байгаа гэдэг маягаар харуулах нь буруу. Бид зургаан жил хэрэлдлээ. Зурагт хараад сууж байгаа хүмүүс зургаан жилээр хөгширлөө. Нүүрс одоо хүнд хэрэгтэй гэж л байна. Удахгүй орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийд гараад ирэх ч юм бил үү. Тиймээс энд хэрүүл хийж суух цаг биш. 

 Хамгийн сүүлд хэлэхэд Монгол Улс өвөрмөц байршилтай. Хоёр том хөршийн дунд байдаг. Бидэнд нэг хөдөлшгүй үнэн бий.  Тэр нь Монгол бол энэ хоёр улстай хөрш. Асуудал гарвал энэ хоёртой л ярина. Энэ түвшинд ярьж байгаа зүйлүүд ч бий. Бидний эрх ашиг ийм байна гэхэд нөгөө тал ч эрх ашгийн асуудлаа тавьж байна. Ийм маягаар  бүх түвшиндээ хэлэлцээ хийж байна. Бид үнэхээр энэ хоёр орны дунд бүтнээрээ оршдог учраас ингэхээс өөр аргагүй. Ер нь хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого байж болохгүй. Хажуудахаа муу хэлдэг бодлого байж болохгүй. Ийм учраас бид нэгдмэл байр суурьтай байх ёстой. Төгсгөлд нь ганц хоёр зүйл хэлье.  

Монгол Улс хөгжинө, босно, болно гэж ирээдүйдээ итгэж байгаа монгол хүний  сэтгэлийг мохоож болохгүй. Баттулга гишүүний ярьдаг, хэрэгжүүлэхээр төлөвлөдөг сайн зүйлүүд бий. “Түмэн хишигтэн” бодлогыг дэмжинэ. Дэмжсээр ч ирсэн.  Майдар хот бол зөв бодлого. Шинэ сум төсөл байна. Үүнийг Засгийн газар хөтөлбөр болгоод явах хэрэгтэй. Хамгийн гол нь мөнгө нь хяналттай ард түмний хараан дор явах ёстой. Спортын талаарх бодлого, үйл ажиллагаа байна. Энэ бүгдийг нь дэмжинэ ээ. Гэхдээ төрд аливаа ажлыг хийж чаддаг хүмүүс гэж бий. Зарим өндөр албан тушаалтнуудыг харж байхад төр рүү, төсөв рүү ойртуулмааргүй хүмүүс байдаг. Авлига албан тушаалын асуудалтай тэмцэнэ. Сая Газрын тухай хуулийг баахан ярилаа. Тэгээд буцаагаад татчихлаа. Газар бол Монгол Улсын иргэний өмч байх ёстой. Монгол Улсын иргэнд баялаг бүтээхэд нь туслах ёстой. Тийм байдлаар хууль гарах ёстой. Тийм учраас буруу зүйл байгаа бол шүүмжилнэ. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж нэг зүйлийг хэлье. Олон нийтэд юм үзүүлнэ, айлын хоймроос ярина гэдэг бол онцгой хариуцлага шүү. Нэг хэсэг хүмүүс зочид буудлын арын өрөөнд цуглаж хийгээд  түлхэж байгаа нэвтрүүлгийг гаргаж л байдаг.  Тэнд менежер, захирал гэж хүмүүс бий байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн юм, хэн санхүүжүүлсэн юм, хэн зургийг нь авч, монтажилсан юм. Хэн ард талд нь санаачилж байгаа юм. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. Үнэхээр эх оронч хүмүүс юм бол нэрийг чинь  хармаар байна. Тухайн телевизээр гарах ёстой хөтөлбөр гэнэт өөрчлөгдөөд оронд нь тэр нэвтрүүлэг ямар учраас гарсан гэдгийг хариуцлагатайгаар ил болгох хэрэгтэй. Твиттер, фэйсбүүкт ч янз бүрийн юм ярьдаг хүмүүс өөрсдийгөө харуулдаг  байх ёстой. Нүүрээ нуучихаад асуудал яриад гүйлдээд байж болохгүй. Монгол Улс наад зах нь ийм хариуцлагатай болох хэрэгтэй. Үүнийг зориуд сануулж хэлье гэсэн юм.  Аливаа юм буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Үүнийг цаашдаа хууль дүрэмдээ сайн оруулж өгөх хэрэгтэй. Бид аливаа зүйлээс сургамж авах ёстой. Ингээд хамтарч ажиллая, Монгол Улсаа өөд нь татахын тулд тал талаасаа зүтгэе. Монголын нэг давуу тал бол нээлттэй байдал шүү. Бид муугаа ч ярьж чаддаг, сайныгаа ч хэлэлцэж  чаддаг хүмүүс. Ийм л зүйлийг хэлэх гэсэн юм, баярлалаа” гээд шанаагаа тулж хэсэг чимээгүй суув. Х.Баттулга гишүүн ч таг чимээгүй байлаа.  Хэвлэлийнхэн ч  өрөөнөөс цувран гарав.  Тэр үед Ерөнхийлөгч суудлаасаа босч, халаасандаа гараа хийн алхалж  байгаа харагдав. Харин Х.Баттулга гишүүн хөшөө мэт хөдөлгөөнгүй, бас дуугүй суусаар өрөөнд нь үлдэв. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ   

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Юм бүхэн сайхан байгаасай

Ажилдаа ирэх зам түгжрэлгүй. Гэртээ харих зам жаргалтай байгаасай. Гэвч эдийн засаг хямраад, юмны үнэ өсөөд, амьдрал доройтоод гэдэг  үгс оюун сэтгэлд нь хадаастай яваа юм уу хүн бүр нэг л бухимдуу болчихож. Харих замд хоёр согтуу хүүхэн үсдэлцэж, аль аль нь амнаасаа хөөс сахруулан биенээ элдвээр хэлэн бахиралдаж байх юм. Ажилдаа ирэх замд түгжрэлд бухимдаж, түнтийтлээ уурссан хүмүүс хараал урсган явах юм. Замаа олохгүй, хөл дээрээ тогтохгүй согтуу нэгэн хатуу цемент дээр ар дагзаараа савж ойчих дүр зургууд гол гогдом байна. Хаа сайгүй ажилгүй залуус бөөгнөрч, ганц шил “юмны” бөглөө мулталж, ардуур урдуур зөрөгсдийг айлгаж ичээх нь даанч гунигтай. Гол харлуулам энэ муухай дүр зургууд цөм амьдралаас зугтаасай. Хаашаа л харна инээд хөөр бялхаж, хүн бүхэн баян тансаг, сэтгэл тэнэгэр, юм бүхэн сайхан байгаасай. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Цөөнх бол олонхийн бодлогыг дагах ёстой. Энэ хувь заяатайгаа эвлэрэх хэрэгтэй


Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх төслийн явц ямар байгаа вэ.  100 хоногт юу хийж амждаг юм гэдэг шүүмжлэл дунд төслөө хэрэгжүүлж байх шиг байна?

-Эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх 100 хоногийн аян бол цоо шинэ бодлого гаргаж,  бүх зүйлийг өөрчилнө гэсэн үг биш.  Энэ бол оны эхнээс тодорхойлоод хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа эрч хүч, хурдацыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.  Өөрөөр бол уралдаж яваа морио ташуурдаж хурдыг нь нэмэгдүүлэх л санаа. Үүний дагуу Засгийн газар тодорхой төсөв төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд олон зүйлийг хийж байна. Сангийн яам бол  улсын төсвийн орлогыг бүрдүүлж,  оновчтой зарцуулж, санхүүжилтээ олгох үндсэн үүрэгтэй. Гэсэн хэдий ч төсвийн бааз суурийг өргөтгөх, татвар төлөгчдөө бэхжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. 

-Тухайлбал?

-Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай Засгийн газрын 147 дугаар тогтоол гарсан шүү дээ. Тиймээс төсвийн бүх шатны хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Үр дүнд нь төсөвт өргүй зардал үгүй болж, шат дамжлага нь багасч, зардал чирэгдэл нь буурах учиртай.  Ийм хэлбэрээр төрийн яамд  өөр өөрсдийнхөө ажлаа  хөөцөлдөж байна. Санхүү эдийн засгийн салбарт Сангийн сайдын тушаал гарч  татвар, гааль зэрэг яамны харьяа байгууллагуудын хүрээнд төсвийг оновчтой болгох ажил өрнөж байна.  Ийм маягаар татвар төлөгчдөө идэвхжүүлж, эдийн засагт эрч хүч нэмж, ажлын байр нэмэгдүүлэхээр багц бодлого боловсрууллаа. Ер нь эдийн засгийг идэвхжүүлэх  100 хоногийн хүрээнд манай яам УИХ-д 10 хууль, тогтоолын төсөл өргөн барилаа. УИХ-ын хоёр,  Засгийн газрын нэг тогтоолыг УИХ-аар гаргууллаа. 

-Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг саяхан батлуулсан байх аа?

-Тийм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье, ажлын байр бий болгоход нь тусалъя,  тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь дэмжлэг үзүүлье гэдэг байдлаар бид ажиллаж байна. Жишээ нь 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийн сан ажиллаж байна. Эндээс бизнес эрхлэгчдэд  хөнгөлөлттэй зээл олгож байгаа.  Зээлээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор батлан даалтын сан байгуулсан. Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг хоёр жилийн хугацаатайгаар чөлөөллөө.  Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд  Чингэс бонд,  Хөгжлийн банкаас  санхүүжилт авч шинээр үйлдвэрлэл байгуулж, тоног төхөөрөмж оруулж ирээд суурилуулбал төлөх албан татварыг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулдаг боллоо.  Хөрөнгө оруулалтаа хийж, үйлдвэрлэлээ өргөтгөж байх хугацаанд  татварынх нь ачааллыг хөнгөлж өгье гэдэг хууль гарлаа. Энэ дагуу Засгийн газраас хоёр ч журам батлагдсан.  Мөн том жижиг гэлгүйгээр  нийт бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа.

-Энд юу гэж тусгасан билээ? 

-НӨАТ-ынх нь 20 хувийг буцааж олгох хуулийн төсөл юм.  Ер нь бол татварын талаар бидний барих бодлого маш тодорхой.  Татварыг шинээр нэмэгдүүлэхгүй, татварын хувь хэмжээг өсгөхгүй, бизнесийнхээ орчныг тогтвортой байлгах л бодлоготой.  Татварын бодлогоор бизнес эрхлэгчдээ дэмжих  механизмуудыг  хийж өгөх учиртай. Энэ хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлуудыг оруулж батлуулаад байна.  

-Сүүлийн үед төсвийн данс улайгаад бүх юм болохоо байчихсан мэт сэтгэгдлийг сөрөг хүчний зүгээс хүмүүст төрүүлээд байх шиг байна. Төсвийн бодит байдал ямар байгааг та хэлээч?

-Төсвийн данс улайсан гэдэг бол улстөржсөн сурталчилгаа.  Хэрэв тийм бол бид цалингаа тавьж чадахгүй, тэтгэврээ өгөхгүй, санхүүжилтээ хийж чадахгүй.  Дээрээс нь бодлогын шинжтэй энэ олон хөнгөлөлт,чөлөөлөлт өөрчлөлтүүдийг хийхгүй шүү дээ. 

-Төсвийн орлого  тасалдчихаад байгаа нь үнэн байх? 

-Төсвийн орлого анх төлөвлөсөн хэмжээнээсээ жаахан тасалдалтай яваа нь үнэн.  Энэ нь санхүүгийн гадаад, дотоод орчин нөхцөлтэй уялдаатай байна. Гэхдээ Засгийн газар өөрийнхөө эрх хэмжээнд хуулиар олгогдсон  механизмуудынхаа хүрээнд улсын төсвийг бүрэн хэмжээгээр зарцуулаад явж байна. Цаг хугацаандаа олгох ёстой санхүүжилтүүдийг өгч байгаа. Цаашлах юм бол  хөрөнгө оруулалт санхүүжилтийн хуулийн хүрээнд явж байна.  Хөрөнгө оруулалтын идэвхижил сул байгаа нь үнэн.  Гэхдээ хуучинтай адил их зүйл төлөвлөчихөөд түүндээ тааруулж ажил хийсэн ч, хийгээгүй ч санхүүжилт олгодог  аргыг  бид өөрчилсөн.  Одоо бодитой ажил хийж, гэрээгээ биелүүлсэн гүйцэтгэгчид санхүүжилтийг нь саадгүй өгч байгаа. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилт саадгүй олгогдож байна. Тендер зарлах,  гүйцэтгэгчээ шалгаруулах,  байр байршлаа сонгох, газрынхаа асуудлыг шийдэх, зураг төсвөө боловсруулах ажил нь удаашралтай явж байгаа нь харин үнэн. Үүнийгээ л түргэвчилбэл санхүүгийн байдал ягтаа тулчихсан асуудал байхгүй. 

-Төсвийн тасалдал мэдээж хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юу?

-Эхний улиралд ер нь санхүүгийн идэвхжил муу,  төсвийн орлого бага байдаг.  Ямар ч байсан бид энэ улирлыг давчихлаа. Эхний гурван сарын дүнгээр төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасарч явсан юм.  Харин сая  тавдугаар сард тасалдлыг багасгалаа.  Дээр нь 100-гаад тэрбумаар нөхлөө. Тиймээс одоо  төсвийн тасагдал 300 орчим тэрбум төгрөг болж байна.  Зургаа,  долдугаар сар бол эдийн засаг идэвхждэг үе. Энэ хугацаанд төсвийн орлогын тасалдал гарахгүй байх гэж бодож байна. 

-Төсвийн  орлогын тасалдлыг яаж нөхсөн бэ?   

-Ер нь оны эхэнд байдал амаргүй байсан. Манай гол экспортын бүтээгдэхүүний үнэ ханш уналаа.  Манайхаас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан улс  төлбөрөө хийж чадахгүй байсан. Тиймээс эхний гурван сар бараагаа ачуулаад өгчихсөн мөртөө төлбөрөө авч чадахгүй байлаа.  Харин сая тавдугаар сараас энэ байдал өөрчлөгдөж,  манайхаас бүтээгдэхүүн авсан улс маань төлбөрөө хийж эхэлсэн. Үр дүнд нь нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж эхэллээ. Дагаад эдийн засаг маань бүхэлдээ идэвхжих хандлагатай болж байна. Бусад салбарууд ч идэвхжиж байна. 

-Одоо дахиад  төсвийн тодотгол хийх тухай ярьж байна. Энэ тодотгол ямар байдлаар орж ирэх вэ?

-Төсөв 300 гаруй тэрбум төгрөгийн тасалдалтай байна. Тэгэхээр зарлага санхүүжүүлэх төсөв байхгүй болчихож байна. Зарлагыг  хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг шүү дээ.  Орлогоор эсвэл зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Гэтэл өөрийн эх үүсвэр  бодитоор буурчихлаа. Тийм учраас зарлагаа хорогдуулахаас өөр аргагүй байна. Нөгөө талдаа  санхүүгийн эх үүсвэр нэмж дайчлах, улсын өр нэмэгдүүлэх боломж алга. Энэ тал дээр хатуу хязгаар тавьчихлаа. Тэгэхээр одоо орлогодоо тааруулж зарлагаа багасгана гэсэн үг. 

Энэ хүрээнд урсгал зардлыг бууруулна.  Засгийн газар төсвийн хэмнэлтийг таван чиглэлд хийхээр бодлого гаргасан. 

-Задлаад хэлбэл?

-Илүү орон тоо гаргахгүй. Төсвөөс санхүүждэг зарим аж ахуй нэгжүүдийг биеийг нь даалгая. Жишээ нь Засгийн газрын авто бааз,Төр засгийн аж ахуй эрхлэх бааз зэрэг  төрийн өмчийн үйлдвэрийн газрууд бий. Эдгээр байгууллага зах зээлийнхээ зарчмаар ажиллаад  өөрийгөө санхүүжүүлэх бүрэн боломжтой. Гувшаа хурга шиг улсын төсвийг “хөхөж” амьдардаг практик байхгүй болно. Цаашилбал Төрийн өмчийн оролцоотой газруудын татаасыг багасгана. Нийтийн тээвэр, эрчим хүчний татаасыг танана.   Ингэхийн тулд цахилгаан, дулаан эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэрийг УИХ-аар гаргууллаа шүү дээ. Дараа нь төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлье. Жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах  санхүүжилтээ оновчтой болгоё. Сонин хэвлэлд зургаа тавиад хамт олноо магтдаг үрэлгэн зардлыг больё.  Зөвхөн  төр засгийн бодлогыг нэгтгэж олон түмэндээ хүргэдэг байя. Дараагийн нэг том чиглэл бол төсөв захирагчдад төсвөө хэмнэх механизмыг төлөвшүүлье. Үүнийх нь төлөө эдийн засгийн урамшуулал бий болгоё. Төсөв захирагчид нэмэгдэл орлого олчих юм бол өөрт нь үлдээх жишгээр явъя гэх зэргээр  бодлогын өөрчлөлтүүдийг хийж байна. 

-2009 онд валютын ханш огцом өссөн байдаг. Тэр үед  төсвөө танаж,  Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр хямралыг амжилттай давсан гэж ярьдаг. Манайд яг одоо энэ арга хэрэгтэй гэх юм. Та юу гэж бодож байна вэ?  

-Үгүй ээ. Тэр бол мөнгөний хатуу бодлого байсан. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр эдийн засагт орох мөнгөний хэмжээ багассан шүү дээ.  Тэр хэрээр үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд очих санхүүгийн дэмжлэг буурсан. Эдийн засаг улам бүр агшсан байдаг. Хамгийн хүнд үр дагавар нь ганцхан жилийн дотор 70 мянган ажлын байр үгүй болсон шүү дээ.  70 мянган хүн ажилгүй болохоор чинь ард түмний амьдрал юу болох билээ. 2009 оны хямралын үед хэрэглэсэн арга бол амаргүй үр дагавартай байсан. 

-Энэ аргыг тэгэхээр хэрэглэх боломгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр бид энэ аргыг хэрэглэхгүй.  Өөр аргаар явж байна. Тодруулбал, эдийн засгаа идэвхжүүлэх замаар явж байна. Хамгийн гол нь бид ажлын байраа хадгалж үлдэнэ.  Иргэдийн амьжиргааны түвшин хадгалагдаж үлдэнэ. Бид эдийн засагтаа хөрөнгө оруулж байгаа учраас цаашдаа үйлдвэр үйлчилгээний газрууд сэргэнэ. Хэтдээ эдийн засгийн зөв үндэс суурь бий болж байна. Яахав үүний сөрөг  үр дагавар нь валютын ханшийн өөрчлөлт юм. Эдийн засагт мөнгө нэмж хийж байгаа учраас тодорхой хугацаанд үнэ ханшид өөрчлөлт гарна. Үүнийг бид анхнаасаа ч харж байсан.  Гэхдээ ажлын байраа хадгалж үлдээд эдийн засгаа идэвхжүүлэх үндэс сууриа зөв тавих нь чухал байсан учраас энэ аргыг сонгосон юм аа.  Тийм учраас хуучин үед хэрэглэж байсан эдийн засгаа борцлох, хатуу бодлого руу шилжихгүй.  

-Та нарын энэ аргын үр дүн  хэзээнээс мэдрэгдэх юм бэ. Ам.долларын ханш хэзээ буух вэ. Эсвэл өссөөр байх юм уу. Яалт ч үгүй хүмүүсийн түрүүвчин дэх мөнгө багасч, юмны үнэ тэнгэрт хадлаа.  Иргэдийн амьжиргаа доройтоод байгаа нь бодит үнэн. Энэ нь та бүхний сонгосон аргаас болоод байна гэж харах юм?

-Үр дүн удахгүй гарна. Эхнээсээ сайн үр дүн гараад эхэлж байна. Сая цементийн  үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Чингэс бондоос санхүүжилт өгсөн үйлдвэр шүү дээ. Үнэндээ 2009 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн зүйл бол цемент байсан. Үнэ нь өсөөд, үүнээс болж хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Барилгын компаниудын үйл ажиллагаа хүнд байдалд орсон. Тэгвэл одоо бид гаднаас цемент худалдаж авахаа болилоо. Өнгөрсөн жил  30 мянган орон сууц ашиглалтад орууллаа. Ийм маягаар бид цаашаа ахисаар байна. Мэдээж иргэдийн амьдралд  хүнд ачаа болж байгаа зүйлүүд бий. Харсаар байтал хүнс өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Энэ байдлаас  бид  удахгүй гарна. 

-Яаж?

-Үйлдвэрлэлүүд маань идэвхжээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдээд, валют зарж гаднаас  импортын бараа авахаа больчихвол. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт  нэмэгдээд ирвэл  эдийн засаг  өөрөө эрүүлжээд ирнэ. Тэр цагт одоо гарч байгаа сөрөг үзэгдлүүд арилна. Тэгэхгүй  зээл аваад л хишиг хувь нэрээр тараагаад  байвал тэр  мөнгө чинь гадагшаа гарч,  эргээд импортын бараа бүтээгдэхүүн  болж л орж ирнэ. Энэ нь валютын хомсдлыг улам өдөөнө шүү дээ. Ийм хорт хавдрыг бид үндсээр нь үгүй хийхийн төлөө ажиллаж байна.  

-Төсөвт ам.долларын ханшийг 1380-аар тооцсон. Гэтэл одоо 1800 гарчихлаа. Та нарыг буруутгах нэг шалтгаан энэ байна л даа. Ер нь яагаад ингэсэн юм бэ?  

-Наадах чинь бол хий хоосон улстөржсөн хийрхэл шүү дээ. Төсөвт тооцсон ханшаар хэзээ ч гадаад худалдаа хийдэггүй юм. Энэ бол зүгээр төсвийн тооцоонд хэрэглэсэн ханш. Үүнээс болоод бүх юм эвдэрчихлээ гэдэг бол буруу ойлголт.  Ер нь ханш, инфляцийн аль аль нь  байнгын хөдөлгөөнтэй байдаг үзүүлэлт.  Үүнийг хэн ч яг онож төлөвлөж чаддаггүй.  Яагаад гэвэл эдгээр үзүүлэлтүүд олон зүйлээс хамаардаг. Хэрвээ  өнөөдрийн бодит ханшаар ам.долларыг  тооцчих юм бол үнэ ханш бууруулах бодлого явуулах боломжгүй. Төсөвт ам.долларыг өндөр үнээр тусгавал цаашдаа ханш өсөх нь гэдэг дохиог  бизнесийнхэнд өгчихдөг.  Ингэхээр ханшийн өөрчлөлт  хүчээ авч, хяналтгүй болдог юм.  Өөрөөр хэлбэл  жолоог нь эвхээд  хүзүүнд нь зүүгээд ташуурдахтай адил.  Тиймээс  ханшийг байгаагаас нь  бага хэмжээгээр төлөвлөөд, цаашид буулгана гэсэн дохио өгөх нь эерэг.   Хол явах арга нь энэ. 

-Аливаа улсын эдийн засаг сайн эсвэл муу байгааг хэмждэг таван үзүүлэлт байдаг юм гэсэн.  Гэтэл энэ үзүүлэлтүүд муудчихсан гээд байна л даа? 

-За ямар үзүүлэлтүүдийг нэрлэх юм, сонсъё. 

-Инфляци, ханш, хөрөнгө оруулалт…

-Ханш өсч байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь худлаа. 

-Өсч байгаа гэж үү? 

-Өсөлгүй яахав. Хуучин бол хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тооцдог байсан юм. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа нь үнэн ч өнгөрсөн жилийнхээ түвшинд л байгаа.  Дээрээс нь эдийн засаг руу Хөгжлийн банк, Чингэс, Самурай бондоос хөрөнгө оруулж байна. Ингэхээр Монгол Улсын эдийн засагт орсон хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдсэн. Энэ нь тодорхой хугацааны дараа эдийн засгийг гурав дахин өсөх суурийг бий болгож байгаа хэрэг. 

-Тухайлбал, ямар салбарууд дээр хөрөнгө оруулалт өсч байна вэ? 

-Эрчим хүч, зам тээвэр, холбоо харилцаа, барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн  салбарт хөрөнгө оруулалт өсч байгаа. Таван үзүүлэлтийн  нэгээр төсвийн орлого тасарсныг хэлж байгаа байх. Энэ бол үнэн.  Гэхдээ алдагдлыг нөхсөн тухай би дээр хэлсэн.  

-Тав дахь үзүүлэлт нь богино хугацаат өрийн хэмжээ. Энэ нь 2.5 дахин  нэмэгдсэн гэсэн?

-Улсын өр нэмэгдэж байгаа.  Гэхдээ хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрээгүй шүү. Одоо харъя. Таван үзүүлэлтийн гурав нь өссөн, хоёр нь буурсан байгаа биз. Тэгэхээр таван үзүүлэлт бүгд муудсан гэдэг мэдээлэл худлаа. 

-Чингэс, Самурай бонд,  үнэ тогтворжуулах хөдөлбөрийг төсөвтөө суулгаад явж болдоггүй юм уу? 

-Энэ бол төсөвт суух ёстой  үзүүлэлт биш шүү дээ. Анх Хөгжлийн банкийг яах гэж байгуулсан юм. Монгол Улс төсвийн мөнгөөр  хөгжихгүй юм байна. Бусад газраас эх үүсвэр татъя, бусдын жишгээр явъя гээд Хөгжлийн банкийг  байгуулсан. Тиймээс Хөгжлийн банк төсвөөс гадуур явдаг хуультай.  Хэрэв Хөгжлийн банкнаас явуулж байгаа ажлуудыг төсөвт суулгачихлаа гэж бодъё. Энэ банк өөрөө санхүүжилт хийж чадахгүй. Төсвийн алдагдлаа  хоёр хувьдаа барьж чадахгүй юм болно. Гэтэл Монгол Улс хөгжих ёстой юм бол хөрөнгө оруулалт хийх ёстой. Чингэс бонд бол өөрөө улсын өрийн хэмжээнд орж тооцогдож байгаа. Тэгэхээр Чингэс бонд төсвөөр дамжаагүй гэдэг худлаа.  Үнэ тогтворжуулах хөтөлбөр төсвийн эх үүсвэр биш.  Төв банкаас гаргасан аж ахуйн нэгж хоорондын үйл ажиллагаа. Хэзээ бид арилжааны банкнаас аж ахуйн нэгжид өгсөн зээлийг улсын төсөвт тооцдог байсан юм. 

-Чингэс бондын зарцуулалт олон нийтэд бүрхэг байна.  Сангийн сайдын хувьд та энэ талаар тодорхой тайлбар хийгээч? 

-Ард түмэнд хардах эрх нь байна. Хардуулах ч ёстой.  Чингэс бонд, Хөгжлийн банкны зарцуулалт дээд зэргээр ил байх ёстой.  Эдийн засгийн хөгжлийн яамны  сайт руу ороод үз. Тэнд зарцуулалт нь байгаа шүү дээ.  

-Хамгийн гол нь үр ашигтай зарцуулж чадаж байгаа юу?

-Ард иргэд хянах ёстой.  Хэн ч энэ зарцуулалтыг  нууя, хаая гэж хэлэхгүй байгаа.   Нэг зүйлийг их олзуурхаж байгаа.  Улсын өр нэмэгдэх гээд байна, Монгол Улс өрөнд орох нь гэж яриад байгаа нь сайн.  Яагаад гэвэл бүх юм ард түмний хяналтан дор явах нь гэсэн үг. Ядаж Монгол Улс зээл авсан гэдгээ мэдэж байгаа нь сайн.  Гэтэл саяхныг хүртэл Монгол Улсыг их хэмжээний өрөнд оруулчихаад түүнийг нь Монголын ард түмэн огт мэдэлгүй өнгөрсөн, мэдүүлэхийг ч хүсдэггүй байж шүү дээ. Далд байгаа харанхуй руугаа эргэж харахгүй юм уу. 

-Тэр нь юуг хэлээд байна вэ?

-Оюу толгойд хичнээн хөрөнгө оруулалт орсон юм. Юунд зарцуулсан,  хичнээн хэмжээний өр болсон бэ гэдгийг хэн мэдэж байгаа юм. 

-Оюу толгой яг юу болчихсон гэж. Тодруулаач? 

-Хэлэлцээр үргэлжилсээр байгаа. Огт анхааралд өртдөггүй тэр зүйлийг нь  ил болгоод, тоон үзүүлэлтээ тохирч  бодлого чиглэлээ явуулах санаатай оролдоод байна.  Харамсалтай нь нөгөө тал маань ил болгохыг хүсэхгүй байна. Нэг хэсэг нь ил болгуулахыг ч хүсэхгүй байна. “Гадныхныг ад үзлээ, Оюу толгойг хаалаа, хөөлөө” гээд байх юм.  Гэтэл тэнд бид мэдээгүй, хүсээгүй мөртөө хүний эрхээр өрөнд ороод байгаа юм байна. 

-Жишээ нь?

-Оюу толгойн хөрөнгө оруулалт хэтэрчихсэн гээд байгаа биз дээ. Гэтэл хэн хэтрүүл гэсэн юм. Хэн ч тэгж хэлээгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалт ихсэхээр монголчуудын өр нэмэгдээд байгааг бүгд мэдэж байгаа. Тэгтэл хэн ч ярихгүй байна.  Үүнийг нь ил болгохын төлөө бид ажиллаж байна. Удахгүй ил болно. Маш их ажил хийлээ. Бүгдийг нь баримтаар хянаад, баталгаажуулж байна.  Ер нь бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрын ялгаа юунд байдаг юм. Бонд бол ил тод зарлаад олон талаас авч байгаа эх үүсвэр. Мөнгөө бөөн дүнгээр нь авдаг. Мөнгөндөө багтааж Засгийн газар үр ашигтай бодлого явуулах эрх нь нээгддэг.  Эрхээ дагаад хүлээх хариуцлага нь Засгийн газарт ирдэг. Бондыг муу ашиглавал өр болно. Ийм болгохгүйн төлөө ажиллах ёстой. Гэхдээ бондыг сайн ашиглавал үр ашгийг нь улс орон хүртэнэ. Муу ашиглавал Засгийн газар хариуцлагаа хүлээнэ. Үүгээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаас давуу. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нэг хөрөнгө оруулагчтай ажиллана. Эсвэл хамтарсан хөрөнгө оруулагчтай ажиллана. Хугацаа хожиж, түргэн хэрэгжих бололцоотой ч монголчуудаас хамаарахгүйгээр  хүний дүрмээр тоглодог.  Тэр хэмжээгээрээ зарлага,  үр өгөөж нь бидний хяналтаас ангид байдаг.  Хөрөнгө оруулалт буруудвал яадаг юм.  Монгол Улс байгалийн баялгаа алдана. Монголын өрийг нэмээд биччихнэ. Тэгэхээр хоёр хөрөнгө оруулалтын аль нь эдийн засаг, нийгмийн үр ашигтай вэ гэдгийг бодож, аль алиныг нь эрсдэлд оруулалгүй ашиглах ёстой. Харамсалтай нь Оюу толгойн гэрээнд маш том эрсдлүүд гарчихлаа. Тэгэхээр өөрийнхөө толгой дээр байгаа малгайг харахгүй мөртөө хүний толгой дээрх өвсийг ад үзлээ гэдэг шиг л асуудалд хандаад байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт,  Хөгжлийн банкнаас гаргаж байгаа бондын аль алиных нь оновчтой зөв хэлбэрийг олох хэрэгтэй. Бид ард түмний хяналт дор бүгдээрээ хэлэлцээд буруугүй замаа сонгох зарчмыг баримталж байгаа. Харин хүний анхааралд орохгүй, ярианд өртөхгүй битүү хамгаалаад байгаа зүйлээ ярих ёстой.

-Үүгээрээ Ардын намынхныг дайруулж хэлээд байна аа даа? 

-Оюу толгойн гэрээ хэзээ хийгдсэн юм бэ гэдгийг л хар. Гэхдээ одоо тэр, энэ  гэж хэлмээргүй байна. Бүгдээрээ л алдсан. Бид ч тэр үед УИХ-д байсан. Нэг хэсэг нь Монголыг сайхан болгоно гэдэг сэтгэлд хөтлөгдөөд хийсэн ажил. Даанч богино харсан байж. Одоо бид энэ хэлбэрээр цаашаа явах юм бол маш том алдана. Тийм учраас засахыг оролдож байна. Ийм үед сайн ч бай, муу ч бай бид дотроо эвдрэлцээд хэрэггүй.  Уг нь нийлж байгаад байдлыг сайжруулмаар байна. Өмнө нь бид хачин сайхан байлгасан чинь одоо энэ хүмүүс авах юмгүй болголоо гэж яриад байхаар чинь цахилгаан цахидаг юм байгаа биз дээ. Ингэлээ гээд хэнд ч ашиггүй. Өмнө нь эдийн засаг 17 хувь байсан гээд магтаад байх юм. Тэр  17 хувиа задлаад үзээчээ.  ДНБ гэдэг үзүүлэлт байдаг юм.  Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг үзүүлэлт цаана нь  бас байна. Тэр нь гадныхан аваад явсны дараа Монголд үлдэж байгаа ашгийг хэлдэг юм. Энэ үзүүлэлтээр нь аваад үзэхээр эдийн засгийн 17 хувийн өсөлт чинь алга.    

-Ер нь Оюу толгой таг зогсчихгүй юм байгаа биз дээ?

-Юу гэж зогсох юм. Нэгдүгээр ээлж нь ашиглалтад орчихсон. Анхны тохироогоор бол эхний үйлдвэр ашиглалтад ороод тэндээс олсон ашгаараа газар доорхи уурхайгаа барина гэдэг гэрээтэй. Гэтэл газар доорх уурхай дээрээ зээл авна гээд байна.  Тэгэхээр  манай өр нэмэгддэг юм байгаа биз дээ. Үүнийг яагаад Ардын намынхан ярихгүй байна, цаанаа улс төрийн сонирхол байгаа гэсэн үг. Бид яагаад үүнийг ил болгохгүй байна гэвэл юу юугүй гал авалцуулж, хагарчихалгүй, болж өгвөл асуудлаа яриад явъя гэж бодоод байна. Тэгэхгүй бүгдийг ил гаргаад зарлачихвал нэг хэсэг нь гараад л явчих биз. Монголд үлдсэн хэд нь хариуцлагад татагдана. “Яагаад ийм муу гэрээ хийсэн юм” гээд ард түмэн асууна. Гэхдээ удахгүй бүгд ил болно. Тэр үед эдний ярьсан бүхэн худлаа болж хувирна. Тэр цагт яаж хүний нүүр харна аа. Үүний оронд Ардын намынхан биднийг дэмжээд гэрээг засуулчих хэрэгтэй. 

-Ардын намынхан сөрөг хүчинтэй хамтаръя гэхээр хүлээж авдаггүй юм биш үү?

-Тэд яаж хамтарна гэсэн юм. Бодлогоо өөрчил гээд байгаа биз дээ. Бид бодлогоо үндсээр нь өөрчилж болохгүй. Бид бодлогоо өөрчлөөд ямар бодлого руу орох юм бэ. Өмнө явсан бодлогоор сайжирсан юм байна уу. Тэр их мөнгө тараагаад хүмүүсийн амьдрал сайжирсан билүү. Үнэ ханш хямд байсан юм уу. Улс орон хөгжиж дэвшсэн үү, эдийн засаг зөв болсон юм уу. Өр авлага багассан уу. Үгүй шүү дээ. 

Тэгэхээр нэг зүйлийг ойлго. Олонхи, цөөнх гэж хоёр өөр хувь тавилан. Эвлэрэх ёстой. Нэгэнт олонхи болсон юм бол бодлогоо явуулах ёстой, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Цөөнх нь олонхио алдаа гаргахаас сэргийлэх ёстой, зөвлөх хэрэгтэй. Гаргасан  бодлогыг нь дагах ёстой. Энэ хувь заяатайгаа эвлэрэх ёстой. Бодлогоо хэрэгжүүлэх мандатыг ард түмэн олонхид өгсөн байхад “Наадахаа өөрчил, биднийхээр яв” гэж цөөнх нь хэлж болох юм уу.  

-Ер нь бол Засгийн газрынхан буруу харж суучихаад Оюу толгойнхныг хөөж, бусад хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна гэдэг ойлголт яваад байгаа л даа?

 -Асуудал нь шал өөр шүү дээ.  Бид хамтарч ажиллая, хөрөнгө оруулалтыг чинь хүлээж авъя,  таатай орчин бүрдүүлж өгье,  бүх бололцоогоор дэмжье, татвараа тогтвортой болгоё, гэрчилгээ өгье, онцгой эрх олгоё, урьж байна л гээд байгаа. Ганцхан харилцан ашигтай ил тод байя гэдэг л зүйл санал болгож байна.  Гэтэл Монголын талд ашиггүй нөхцөлөөр хийчихсэн гэрээг  засахын тулд бидэнд маш их цаг хугацаа хэрэгтэй байна. Ийм байхад нэг хэсэг нь “Засгийн газраас болж хөрөнгө оруулалт буурч байна. Үүнээс  болоод бусад хөрөнгө оруулагч  дүрвэлээ” гэж яриад байна.  Хөрөнгө оруулагч тал манайд нөхцөлөө тулгаж,  бид тэдэнд нөхцөлөө тулгаад дундын хувилбар олохын тулд ажиллаж байна. Үүнээс өмнө дандаа хүний аманд орж, хөтлөгдөөд явж байсан юм билээ.  

-Дундын ямар хувилбар гаргах гээд байгаа юм бэ?

-Энэ бол бид хоёроос ахадсан асуудал. Цаг нь болохоор  дэлгэрэнгүй ярина.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ