Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Хэрэг хийсэн хүний асуудлаар олон юм яримааргүй байна


УИХын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

Удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. МАнын гишүүд амрахгүй гээд танай бүлгийн дарга мэдэгдсэн.Тиймээс завсарлагааны хугацаанд та бүхэн завгүй байв уу?

-Чуулганы завсарлагаа бол УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллах хугацаа олгодог л доо. УИХ-ын гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг танилцуулж, санаа бодлыг нь сонсдог.Энэ жишгээр л тойрогтоо ажиллалаа. Аймаг, сумын ойд ч оролцлоо.

Манай намын бүлгийн хувьд “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах тал дээр нэлээд сайн ажилласан. Ажлын хэсэг гаргаж, энэ хөтөлбөрийн аль зүйл, заалт дээр үр дүн гарав гэдгийг тулгасан. Орон нутгаар явж судалгаа хийсэн.Энэ тухайгаа манай бүлэг хэвлэл мэдээллээр зарласан.Намын ажлын хувьд хэд хэдэн бүсчилсэн зөвлөгөөн хийлээ.Намын дотоод ажиллагааг сайжруулах чиглэлийн эдгээр ажлуудад оролцлоо.

ТанайхЭзэн-100” хөтөлбөрийг хангалтгүй гэж дүгнэсэн. Засгийн газар болохоор 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээнэ гэж хэлээгүй. Энэ хугацаанд эрх зүйн чухал баримт бичгүүдийг гаргасан нь амжилт боллоо гэж дүгнээд байгаа?

-100 хоногийн дотор эдийн засгийг өөд нь татаад бүгдийг сайхан болгочихно гэж байхгүй л дээ. Ямар утгаар 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэж зарласныг мэдэхгүй. Мэдээж бид лав үүнээс тодорхой үр дүн гарахгүй гэдгийг ойлгож байсан. Үндсэндээ “Эзэн-100” гэдэг хөтөлбөр бол цаг хожсон арга хэмжээ гэдгийг нь мэдэж байлаа. Тиймээс хамгийн гол нь Засгийн газар хүндрэлтэй нөхцөл байдалд хүрэхээс өмнө өөрийнхөө үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай байсан. Болохгүй байгаа салбараа, түүнийг удирдаж байгаа сайдын асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Эрх зүйн орчноо ингэж сайжруулаач, ийм хууль гаргаач гэдгийг сөрөг хүчний хувиас шаардаж л байсан шүү дээ. Үүнийг “Эзэн-100” хөтөлбөртэй хөтөлбөргүй УИХ-аар оруулж ирэх нь нээлттэй байсан.Гэхдээ одоо манай намын гаргаж тавьсан баримт, Засгийн газрын ярьж байгаа хоёрыг ард түмэн ялгаж салгаж дүгнэлтээ хийх байх аа.

Үнэхээр үр дүн харагдахгүй байна уу эсвэл сөрөг хүчин юу ч байсан шүүмжлэх ёстой гэдэг өнгөнөөс хандаад байгаа юм уу гэдгийг бас ялгах хэрэгтэй байх л даа?

-Засгийн эрхийг олон жил барьсан хүчний хувьд манай нам харин ч асуудалд хүлээцтэй хандаж байгаа шүү. Болно биз, хийх байлгүй, анхаарах байх гэсэн байдлаар яваад байгаа. Зарим намын удирдлагууд “МАН их хүлээцтэй хандаж байна” гээд түрүүчээсээ яриад эхэлсэн байна. Тэр битгий хэл манай нам өөрсдийнхөө гишүүдэд ч зэмлүүлдэг. “Та нар шүүмжлэхгүй, эрх баригчдад юм хэлэхгүй байна” гэж. Гэтэл нөгөө талд эрх баригч хүчин “Биднийг ажил хийлгэхгүй байна” гэх юм. Тэгж яривал өмнө нь биднийг эрх барьж байхад АН-ынхан ёстой ажил хийлгэдэггүй байлаа.Бойкотолно, үймүүлнэ.Өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө явдаг байв. Харин манай нам ийм үйлдэл гаргахгүй байгаа. Хэлж буй бүхэн минь улс орны эрх ашгийн төлөө байгаа. Өнөөдөр яалт ч үгүй эдийн засгийн аюулгүй байдал, төрийн бодлогын залгамж чанар эрсдэлд орчихсон учраас анхаараач ээ л гэж байна. Түүнээс биш эрх баригч муу байх тусам бидэнд сайн гэдэг зарчмаар явсан бол чимээгүй суугаад байж чадна. Тэр тохиолдолд бүгд нураад дампуурна шүү дээ. УИХ дахь манай намын гишүүдийн чуулган, байнгын хороонд хэлсэн үгийг шүүгээд үзээрэй. Бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг ямагт анхааруулсан байдаг.Тэр бидний хэлж байсан зүйлүүд өнөөдөр батлагдаж байна шүү дээ.

-“Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд гарсан эерэг зүйлүүд их болсон. Ядаж л хоёр хөршийн дарга манайд ирлээ. Энэ нь эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж дүгнэх хүмүүс бий

-“Эзэн 100” хөтөлбөрийн үр дүнд хоёр хөршийн дарга айлчиллаа гэж ярьж болохгүй л дээ. Гадаад айлчлал өөрөө тодорхой давтамжтай. Мэдээж хоёр хөршийн төрийн тэргүүн манайд айлчилсан явдал бол чухал. Харин одоо дээд түвшинд ярьсан зүйлүүдийг ажил хэрэг болгох дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй. Яам, тамгын газрууд төлөвлөгөө гаргаж, айлчлалын үеэр яригдсан үг, өгүүлбэр бүрийн араас хөөцөлдөх хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тодорхой албан тушаалтан “Монголын тал өмнө нь ярьсан зүйлүүдээ хийдэггүй. Ажил хэрэг болгохгүй байгаа шүү” гэж мэдэгдэж байна лээ. Хятадын хувьд ч ялгаагүй. Тэднийхээс өмнө нь авсан зээл бусад асуудлаа шийдэж чадаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр айлчлал гоё сайхан боллоо гэж хөөрцөглөж гүйхээсээ урьтаж, айлчлалын үр дүнг бодох хэрэгтэй.

Хоёр хөршийн даргыг ирэхэд МАН жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, шүүмжлэлээ өрнүүлэх байтал тал засч гүйлээ гэдэг шүүмжлэл байлаа

-Олон улсын харилцаанд тал засах тухай ойлголт байхгүй шүү дээ. Манай нам туршлагатай улс төрийн хүчний хувьд улс орны эрх ашгийн асуудал дээр хариуцлагатай хандах ёстой. Тэр байр сууриар асуудалд хандсан. Айлчлалын үеэр Засгийн газрыг огцруулах ч юм уу, ээлжит бус чуулган хийх асуудлыг тавихгүй байя гэсэн юм. Үүнийг хүмүүс яаж ч ойлгож болно.

Оюу толгой, Таван толгойг энэ намар гацаанаас гаргана гэдгээ Засгийн газар зарлачихлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хоёр том төслийг өнөөдрийг хүртэл ярилаа. Гэвч шийдэж чадахгүй байна.Энэ бол манай улсын байгаа байдлыг л харуулж байна.Одоо боллоо, энэ намар, энэ өвөл төслийг явуулна гээд байнга ярьдаг. Гэвч өдий хүртэл бахь байдгаараа л байна.Оюу толгой бол Монголд орж ирсэн барууны хамгийн том хөрөнгө оруулалт.Тийм учраас урагш нь явуулах ёстой. Оюу толгой төсөл яаж явахаас дараагийн төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Ажлын хэсэг байгуулаад Таван толгойг гацаанаас гаргана л гэх юм. Гэхдээ хэцүү. Таван толгой төслийг явуулж болох тааламжтай цаг хугацааг алдчихсан шүү дээ. Одоо хичнээн зарлаад Таван толгойг хэн сонирхох юм бол доо. Нүүрсний үнийн байдал, прогнозыг харахаар надад итгэл төрөхгүй байна.

Таван толгойд хөрөнгө оруулах гэж хүлээсэн компани олон байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Тэгж хүлээж, бужигнаж байсан үе бий.Гэхдээ тэр үеийн боломжийг бид алдчихсан.

Тэгж бужигнаж байх үед нь эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтаа бэхжүүлээд авах бодлого явуулаагүй гэдэг шүүмжлэл байдаг?

-М.Энхболд, С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед эдийн засаг дандаа өсөлттэй байлаа. Гэтэл хэдхэн улстөрчийн санаачилгаар тодорхой хөрөнгө оруулагчдад хориг тавьсан хууль батлаад бүгдийг нь нураасан шүү дээ. Тэр хүртэл бүх юм зөв байсан. Тухайн үед тэр хуулийг батлуулсаннэр бүхий улстөрчид өнөөдөр ч байна. Зарим нь сайд болчихсон явж байна. Оюу толгойг хэн эсэргүүцэж байлаа. Тэр хүмүүс сайд дарга болчихсон байна шүү дээ.

Намрын чуулган эхлэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Дэгийн тухай хуулиар бол УИХ-аар нэгэнт хэлэлцсэн асуудлыг дуусгаж байж дараагийн асуудал руу ордог. Тэгэхээр Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх учиртай.Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудал оруулна гэж байх шиг байна. Үүнийг хоёр талаас нь харж байгаа. Засгийн газрыг анх байгуулагдахад нь манай бүлгээс ч миний зүгээс ч нүсэр бүтэцтэй байна. Ийм олон яамны хэрэггүй. Тэр тусмаа энэ олон сайд чинь УИХ-аасаа байх хэрэггүй” гэдгийг хэлж байлаа. Ер нь Монгол Улсын Засгийн газар есөөс арван яам, 12-13 сайдын бүтэцтэй явахад болдог. 1990-2012 он хүртэл ингэж л явж ирсэн уламжлалтай.

Хоёр том нам нийлээд ч юм уу эсвэл үндэсний тодорхой асуудлыг шийдэх үүднээсээ заримдаа бүтцийг өргөжүүлж болно. Үүнийг хуульчла х л хэрэгтэй. Нөгөө талаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог.Жишээ нь энэ дөрвөн жилийн хугацаанд манай Засгийн газар уул уурхайг тэргүүлэх чиглэл болгоно гэвэл тусгай яам байгуулах жишгээр явдаг. Харин энэ Засгийн газрын бүтэц арай хэтэрсэн.Тодорхой нэр бүхий хүмүүст суудал хуваарилж, бялуу хуваах маягаар явсан шүү дээ. Үүнийг цэгцлэх нь зөв.Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдэг нь өөрөө эрсдэл дагуулна. Дахиад бужигнана. Шинэ хүмүүс томилно гээд тав, зургаан сарын асуудал болно. Угаасаа өнөөдөр төрд ажиллаж байгаа алба мэргэшээгүй. Ажлаа мэддэг хүн тэнд байхаа больсон. Ийм байхад дахиад солио хийнэ гэдэг төвөгтэй. Тиймээс бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү сайд нарынхаа асуудлыг цэгцлэх замаар энэ сэлгээг хийх хэрэгтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүний хувьд ингэж бодож байна. Тэгэхгүй бол муу дээр муу муухай дээр улцан гэгч л болох байх даа.

Ардын нам АНын аль нэг фракцитай нэгдээд Засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөө зохиосон гэх мэтийн ярианаас үүдээд Ерөнхий сайд асуудлыг гартаа авч байгаа юм болов уу гэдэг таамаг ч бий

-Ер нь сайд бөгөөд Засгийн газрыг огцруулах нь ердийн асуудал. Угаасаа биднийг засаг барьж байхад ч огцорч л байдаг. Бусад улс орныг хараад байхад Засгийн газар нь өөрсдөө санаачлаад огцордог. Нэг сайд нь хариуцлага алдвал Ерөнхий сайд нь саналаараа огцордог. Сонгуулийн өмнө рейтингээ харж байгаад муу байвал Ерөнхий сайд нь танхимаа унагаж, шинэ баг бүрдүүлдэг байдлаар явдаг.Харин манайхан болохоор Засгийн газрыг огцруулж хүний мууг үзэх гээд байна гэдэг. Мэдээж Засгийн газар олон дахин огцроод байх нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ болохгүй байгаа бол халаа сэлгээ хийж болно. Харин Ерөнхий сайд юу бодож ийм асуудал оруулж ирж байгааг мэдэхгүй юм. Цаг хожихын тулд өнгөн өөрчлөлт хийж, хүмүүсийг хуурах гэж байгаа бол буруу. Үлдсэн хоёр жилд алдаагаа засаад цомхон чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж байгаа бол хамаа алга. Ер нь АН-ыг ойлгож байна. Засгийн эрхэнд олон жил гарч үзээгүй. Нэг гарсан болохоор тэр олон фракцийн гишүүдээ ажилтай болгох гэснээс асуудал үүссэн байх. Одоо үүнийгээ цэгцлээд улс орныхоо эрх ашгийн үүднээс явъя гээд оруулж ирвэл сайн л хэрэг.

Хэн дуртай хүн нь Засгийн газрыг огцруулах бичиг барьж гүйхээс сэргийлж, өөрөө асуудал оруулж ирж байгаа юм болов уу даа?

-Тэгвэл сайн л байна. Ер нь Ерөнхий сайд гэдэг хүн хүчтэй байх ёстой. Манайх сонгодог парламентын засаглалаа бий болгож чадаагүй болохоор харамсалтай нь Ерөнхий сайд нь тийм хүчтэй байж чаддаггүй.Тиймээс бараг муудалцсан сайдаа огцруулна гээд бичиг бариад гүйх хандлага давамгайлах шинжтэй болоод байна. Тэгэхээр Засгийн газрын гишүүнийг хэн огцруулах эрхтэй юм, Ерөнхий сайд Засгийн газрын өмнө, парламентын өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг эрх зүйн хувьд боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үгүй бол одоогийн байдлаараа л явна. Энэ бол тусдаа асуудал.

Харин өнөөдрийн Засгийн газар бол арай дэндүү хариуцлагагүй байгаа. Асуудлыг шийдэхээсээ илүү шоудах, эсрэгээр тайлбарлах чиглэл рүү анхаарлаа хандуулаад байна. Өөрсдийгөө их сайн ажиллаж байна гэдэг.Гэхдээ ийм их хэмжээний өр тавьчихаад ингэж ажилллана гэвэл ямар ч Засгийн газар чадна. Бондын мөнгөөр тавьсан зам Засгийн газрын ажил биш шүү дээ. Төсөв, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь тэдний ажил.Гэтэл баахан өр тавьчихаад ийм хэмжээний ажил хийснийг нь харахаар чамлалтай санагдаад байна.

Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг намрын чуулганаар дахиад ярих юм шиг байна лээ

-Одоо арай хэтэрлээ. Гадагшаа гаргадаг түүхий эдийн үнэ олигтой өсөхгүй байна. Тийм учраас энэ их өрийг төлөхөд хүндрэлтэй, өрийн дарамтад орох нь байна. Үүнийг бид ч хэлээд байгаа юм биш. Олон улсын санхүүгийн байгууллага, судлаачид, эдийн засагчид анхааруулаад байна.

Зээл авахгүйгээр өргөждөг бизнес байхгүй ч гэдэг

-Зээлийг хэр зөв зүйлд зарцуулж байна гэдэг нь чухал шүү дээ. Өмнө нь манай авч байсан зээлүүд удаан хугацаатай, хүү багатай байлаа. Гэтэл бондын өр богино хугацаатай байна. Таван жилийн хугацаатай зээл авсан бол тэр хооронд ашиг олох төсөлд мөнгөө зарцуулах хэрэгтэй байсан.Тэгэлгүйгээр манай танилын, ах дүүгийн компани гэдэг зарчмаар мөнгөө тараагаад байна уу, үгүй гэдэг дээр аудитын газар анхаарал тавих хэрэгтэй.

Эцэст нь танаас УИХын гишүүн асан Д.Дондогийн талаар асуух гэсэн юм. Түүнээс эхлээд танай намын гишүүд ял аваад шоронд ороод эхэллээ. Гэтэл яагаад Ардын нам дуугарахгүй байгаа юм бэ?

-Ер нь гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүйг шүүх тогтоодог. Үнэхээр сүүлийн үед манай намын гурав, дөрвөн хүн хуулийн хариуцлага хүлээж байх шиг байна. Гэхдээ энд улстөржилт явж байгаа.Хэргийг шийдвэрлэх үед ч энэ нь харагдсан. Манай нам улс төрийн үүднээсээ дүгнэлт гаргаж зохих байгууллагад хандаж байгаа шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлт. Хэргийг үнэн шударгаар шийдэх хэрэгтэй гэдэг үүднээс хандаж байгаа. Өнөөдөр намаар нь ялгаварлан шалгаж, хэрэг үүсгэдэг. Хэрэг үүсгэлээ гэхэд энэ намын хүмүүсийг шийтгэх ёстой гэдэг байр сууринаас хандаад байна. Үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй.

Та УИХын гишүүн асан Д.Дондогтой хамт Төв аймгийн тойргоос УИХд хэдэнтээ сонгогдож, мөр зэрэгцэж явсан нөхөр нь. Тиймээс таныг энэ талаар дорвитой юм хэлэх хүн гэж хараад байна л даа?

-Хууль хяналтын байгууллага дээр явж байгаа асуудал руу хөндлөнгөөс оролцох ёсгүй. Д.Дондог гишүүн хү-мүүсээс мөнгө аваад ид-чихсэн биш. Хөндлөнгийн хүн нэрийг нь ашигласан.Тодорхой хэмжээний мөнгө зээлсэн бол түүнийгээ буцаагаад төлчихсөн юм билээ. Тэр бол хувь хүнийхээ ч, улстөрчийнхөө ч хувьд ноён нуруутай. Улсыг болоод хүнийг хохироогоод явах хүн биш. Ер нь бол улс төрийн үйл ажиллагааны мөнгийг УИХ-ын гишүүний хувьд тусдаа хуулиар зарцуулдаг. Нэг тойргоос сонгогддог гэдэг утгаараа цуг байдаг гэдэг ойлголт байхгүй.

Ардын намыг эрх барьж байх үед УИХд суудал авч ирж байсан гишүүнээ тоохгүй хаячихлаа гэдэг ойлголт хүмүүст байх шиг байна

-Энэ тухай задалж яриад яах вэ. Хувь хүний, хэрэг хийсэн хүний асуудлаар сониноор дамжуулаад олон юм ярих нь дэмий. Чамд ч гэсэн тэнэг байгаа биз дээ. Тэнэг асуулт байгаа биз дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.И.Якунин Н.Алтанхуягт юу хийхийг заах нь улаан цагаан дээрэлхэж байгаа хэрэг биш үү?


Монгол улсын Ерөнхий сайдад ”Оросын төмөр зам” НХН-ийн дарга В.И.Якунин захидал илгээжээ. Энэ нөхөр Оросын төмөр замыг удирддаг хүн. туурга тусгаар улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж байгаа гэхээсээ илүү өөрийн харьяаны жижиг гарын компанийн захиралд хаяглаж байгаа аятай байх юм. тэрээр бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож байна.

Улмаар биднийг юу хийж болох, юу хийж болохгүйг зааварлаж байгаа нь ямар учиртай юм бэ. түүний энэ дураараа авир олон улсын харилцааны хэм хэмжээнд нийцэж байгаа болов уу. Цаашлаад олон улсын конвенци, хууль эрх зүйн актууд, НҮБ-ын дүрэмд харшлах юм биш биз.

в.И.Якунин захидалдаа “Монголын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл Монголд 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавих тухай “РЖД”НХН ойлгон нааштай хандаж байгаа мэт мэдээллийг тарааж байна. Энэ мэт мэдээлэлтэй холбоотойгоор “УБЖД” (УБТЗ)-ын оросын талын багц хувьцааг захиран удирдаж, Монгол улстай явуулж байгаа төмөр замын харилцаанд ОХУ-ыг төлөөлж байгаагийн хувьд “РЖД” НХН нь зарчмын хувьд Монголд нарийн царигтай төмөр зам барих шийдвэрийг алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаагаа онцлох шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.

Тэрбээр Н.Алтанхуягт юу хийхийг заах нь улаан цагаан дээрэлхэж байгаа хэрэг биш үү. түүний бичсэнд хариу болгоход төмөр замын ямар царигтай байх нь цэвэр Монгол улсын асуудал. Үүнийг ард түмний эрх ашиг шаардахаас хэн ч зааж зааварлах эрхгүй юм. Хэрвээ бид тусгаар улс юм бол ийм л байх ёстой. Одоогийн эрх баригчид хойд хөршид дагаар орчихоогүй юм бол шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Н.Энхбаяртай сэдэв үлдээхгүй олон асуудал ярилцсан

Ерөнхий сайд асан, МҮАНын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

Эдийн засаг хүндэрлээ гэдэг яриа үүссэнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-2012-2013 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд багтаж байсан.2014 онд Монголын эдийн засгийн өсөлт 9.5 хувь болно гэж Дэлхийн банк үзэж байна. Эдийн засгийн ийм өсөлтөд атаархах дэлхийн олон орон бий шүү. Гэтэл монголчууд өөрсдөө эдийн засаг хүндэрлээ гээд байдаг. Ингэж ярих үндэс бий. Нэгдүгээрт үнэ, инфляци өссөн. Энэ нь дотроо хэд хэдэн шалтгаантай.

Бид экспортыг бус импортыг хөхиүлдэг бодлоготой яваад байна уу даа. Уул уурхайгаас олсон хэдэн валютаа төгрөгийн ханшийг тогтворжуулах нэрийн дор хямдхан зарж дуусгадаг. Чингэс бондоо төгрөгт хөрвүүлээд ханшаа барьж байгаа мэт боловч эдийн засгийн өрсөлдөх чадвараа унагааж байна. Энэ бол Засгийн газарт гэхээсээ илүүтэй, Монголбанк, УИХ-д хамаарах мөнгөний бодлогын алдаатай холбоотой юм. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Дагаад баахан хүн ажил амьдралгүй болсон.Лицензүүдийг цуцлаад, геологи хайгуулын ажлыг зогсоогоод, Оюу Толгой, Тавантолгойг гацаагаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөчихвөл цэнгэлийн манлайд хүрэх юм шиг бид бүгдээрээ бодсон юм чинь аргагүй шүү дээ. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт нь Чингэс бондоос, Чингэс бонд нь Самурай бондоос хамаагүй дээр байсан юм. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт хойч үед маань өр болдоггүй.Бонд бол өрийн бичиг. Мэдэхгүй, чадахгүйн төлөө бид төлбөрөө амьдралаараа төлөөд явж байна. Үүнийгээ эдийн засгийн хүндрэл гээд байгаа. Төлбөргүйгээр сурахгүй юм шиг байна. Монголчууд ухаарч байна, сурч байна гэсэн бодлоор өөрийгөө тэтгэж байна. Тэнгэрийн хүмүүс гэж өөрсдийгөө өргөмжлөөд тансаглалд умбаж байснаас хямарч зовж хэрсүүжсэн нь дээр биз дээ.

Ийм байх нь Монголын ирээдүйд хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл дааж давахгүй зүйл биш. Монголчууд бидний сэтгэлийн тэнхээ л мэднэ. нэг үеэ бодвол монголчууд олон юм хийдэг болсон. Байшин барилга хурдан барьдаг болж.Зам гүүр бас л барьж чаддаг болж байна. ойр зуурын юмыг монголчууд өөрсдөө хийдэг болсон. Би бол Монгол урагш ахиж байгаа гэж бодож байгаа. Харин мега төсөл болон үйлдвэржилтийн том бодлогыг дөнгөж л эхэлж байгаа учир алдаж онох явдал байна.

Ер нь Дэлхийн эдийн засгийн байдал бүхэлдээ тогтворгүй, шинэ төлөв байдал руу шилжиж байна. Бүс нутгийн интеграци хүчтэй болж байна. Үйл явц хүйтэн, халуун дайн тулаан, мөргөлдөөн дундуур өрнөх нь ойлгомжтой болж байна. энэ нөхцөлд цаг хугацаатай уралдах явдал илүү чухал болж байна гэмээр.Монголчууд бид чадна. Би өөдрөг үзэлтэй хүн.

Засгийн газар өрийн хязгаарыг нэмэгдүүлэх нь Монголын хөгжлийн баталгаа гэж үзээд байна л даа?

-эдийн засгийн өсөлт тэлэлтэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. эдийн засаг өсөх хэмжээгээр зээл авах бололцоо нэмэгдэнэ. том эдийн засагтай болбол том өр тавьж болно. Хөдөлшгүй нэг тоо тавьчихаад яриад байх нь тийм ч зохистой биш.

Засгийн газар одоо явуулж байгаа бодлогоо эдийн засгийг зөв голдрилд нь оруулах арга хэмжээ авч байна гэж хэлээд байна л даа?

-засгийн газрын бодлого хэн нэгэн хүний хүсэлд нийцнэ гэж байхгүй. эхэндээ бүгдийнх нь сэтгэлд хүрэх гэж ажиллаад байх шиг байсан. Буруу зөвийг холино, сайн мууг хутгана. Бүгдтэй нь Ерөнхий сайд цаг гаргаж ярилцана. Ийм маягаар нэлээд цаг алдах шиг болсон.одоо хоёр жилийн дараа дүр зураг өөр болж байна. Хийх ёстой юмаа хийж, хийх ёсгүй юмаа цавчих ёстой гэдэг талаар нэг ёсны нийгмийн зөвшилцөлд хүрэв бололтой гэж бодож байна. Бодлогын хувьд цэгцрэх шатандаа орж байна уу даа гэж бодож байна.Ялангуяа “эзэн-100”
гэдэг хөтөлбөр засгийн газрын бодлогыг цэгцлэхэд ихэд тустай болсон гэж бодож байгаа. тийм ч учраас засгийн газарт, нэн ялангуяа Ерөнхий сайд алтанхуягт би хувьдаа том итгэл найдлага тавьж байгаа.

-“Эзэн-100″
хөтөлбөрийг нь сөрөг хүчин хангалтгүй гэж дүгнээд байгаа. Тэгвэл та юу гэж бодож байна вэ?

-Шүүмжлэл хэзээ ч байх байлгүй дээ. Харин сөрөг хүчин гэгдэж байгаа Ма н энэ засгийн газарт үйл ажиллагааны өргөн бололцоо өгөөд байгааг харахгүй өнгөрч болохгүй. төрийг олон жил авч явсан нам ийм л байх ёстой гэж бодож байна. Бидний хувьд “эзэн 100” хөтөлбөр төр, засгийн эдийн засгийн бодлогыг цэгцрүүлэхэд их чухал үүрэг рольтой байлаа гэж бодож байна. энэ асуудлынхаа хүрээнд хөрш орнуудын маань тэргүүнүүд Монголд айлчиллаа. Дам сонсох нь ээ Ерөнхийлөгч элбэгдорж чухал чухал баримт бичгүүдийн боловсруулалтад гар бие оролцсон. Чаддаггүй, мэддэггүй сайдуудын чихийг халууцуулан байж бодлогыг төлөвшүүлж өглөө. ажиллах л хэрэгтэй байна.

УИХаас хэд хэдэн хууль баталлаа. Хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх гээд л. Үр ашгийг нь та юу гэж харж байна.

-сингапурын Ерөнхий сайд асан Ли Кван Ю “From
third to First” номондоо энэ орны хөгжлийн түлхүүрийг хэлж өгсөн байдаг. тэр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах явдал юм гэнэ. Манайх хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдсэн орон бололтой юм. Шинэ тутам ардчилагдаж байгаа Мьянмарт зах зээлийн эдийн засгийн хичээл зааж байгаа синга багш нар “Монгол шиг байж болохгүй” шүү гэж байна гэсэн. Бид ч дэлхийн сурах бичигт муу үлгэр загвар болсон байна. Хөрөнгө оруулалтын сайн хууль гаргах хэрэгтэй. Тэглээ гээд хөрөнгө оруулалт буцаад ирэхгүй. Итгэл бий болгоно гэдэг цаг авсан, нөр их ажиллагаа шаардсан ажил. тэвчээр зааж ажиллах хэрэгтэй. Яг ийм цаг үе дээр бид үймж засаг төрд тогтворгүй зан гаргавал ёстой засахын аргагүй нүгэл болно.

Гэтэл энэ үед Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Түүний хийх сэлгээ ямар хэлбэрээр явах байх гэж бодож байна

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.тэр хүний шийдэх асуудлын талаар бид цэц уралдуулаад хэрэггүй.

Ер нь бол Засгийн газрыг огцруулах тухай яриа мөнхөд дагаж байна. Засаг муу, сайд нар нь тааруу ажиллаж байгаа учраас өөрчилж, шинэчлэх л гарц үлдлээ гэх юм. Танд тэгж харагдаж байна уу?

-надад муу хэлэх сайд алга. засгийн газар эхэн үедээ зөв бурууг холих, сайн мууг хутгах хэлбэртэй бодлого явуулж байсан гэдгийг түрүүнд хэлсэн. сайдууд яг тэгж л ажилласан. одоо бодлогоо цэгцлэх хэмжээгээр зарим нэг өөрчлөлт хийе гэж байгаа бололтой. энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бид ухаантай хүн болж элдэв маргаан дэгдээх хэрэггүй гэсэн байр суурьтай байна. алтанхуяг сайдад илүү харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авъя гэж байгаа шигээ монголчууд өөрийнхөө засаг төрийн тэргүүнд итгэдэг байх хэрэгтэй. элбэгдорж Ерөнхийлөгч, алтанхуяг Ерөнхий сайд Монголын түүхэн эгзэгтэй мөчид амь нэгтэй явж байгаа нь ардчиллын хувь заяа гэж бодож байна.

АНынхан дотроо хуваагдаж, Шонхор фракц нь МАНтай хүч хавсарч, засгаа авах гэсэн санаархал байсан учраас Ерөнхий сайд түрүүлж сэлгээ хийх тухай мэдэгдэл хийсэн ч байж болох. Та ямар бодолтой байна

-Би тэгж бодохгүй байна.Ман-д, ан-д ямар ч улс төрийн ашиггүй хувилбарууд. улс орны хувьд бүр ч ашиггүй. ан, Ма н дотроо зөрчилтэй ч улс төрийн нам. Нийтлэг эрх ашгаа бодох байлгүй дээ.

Тэр нийтлэг эрх ашиг нь юу гэж

-аль ч нам, ямар ч улстөрч өөр хоорондоо тэмцэлдэж байхдаа бидний дунд нэг эх орон байгаа гэж бодно биз дээ. Хэрүүл маргаан нь хэмжээ хязгаартай, Монгол төр гэсэн нэг хайрцганд байгаагаа мэдрэх явдал чухал. Монгол төрийг ардчилсан хэм хэмжээгээр хүчирхэгжүүлэх замаар бидний монголчууд ирээдүйгээ баталгаажуулна. төрийн доройтлоор Монголын тусгаар тогтнол хэврэгшинэ. Үүнийг нийтлэг эрх ашиг гэж бодоод байгаа.

Бондын мөнгөөр зам тавьж, үр ашиггүй гэдэг дүгнэлттэй та санал нийлж байгаа юу?

-Ярьж чамбайруулах асуудлууд байгаа байхаа.гэхдээ дүгнэлт хийх цаг болоогүй. эдийн засгийн өсөлтийг “үржүүлэгч” хүчин зүйл гэж байдаг. зам тийм хүчин зүйлд орох байх. зам тавих явдал чухал. Ямар ч байсан хоосон хөрөнгө оруулалт гэж бодож болохгүй. Чингэс бондын мөнгөөр олон арван хүлэмжийн аж ахуй барьж байгаа. нарийн ногоогоо монголчууд өөрсдөө шийддэг болно гэдэг юугаар ч хэмжихийн аргагүй. Том мега төсөл дээр мэр сэр алдаа гарч байгаа харагдана. Өндөр төлбөртэй суралцах юм шиг байна

Хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь Оюу толгой, Таван толгойгоос хамааралтай байх шиг байна. Засгийн газар ч энэ төслүүдийг гацаанаас гаргана гээд зарлаад эхэллээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгой болон Тавантолгой төслийг ажиглан харж байгаа. Олон жилийн өмнө номын дуу сонсож байхад гадаадын хөрөнгө оруулагчид “галуун цуваа” мэтээр явдаг гэж байсныг санаж байна. Эхний хөрөнгө оруулагчид чигээ өөрчилбөл тэр цуваа бүхлээрээ чигээ өөрчилнө. Ялангуяа Оюу толгойн гадаадын хөрөнгө оруулагчид монголчууд бидний стратеги түншлэгч мөн гэдгийг ойлгох шаардлагатай. Галуун цувааны эхний галуу л гэсэн үг. Монголчууд болон Оюу толгойн хөрөнгө оруулагчид бид биедээ шинэ байсан. Туршлагагүй байсан. Бид ч алдсан, тэд ч алдсан. Гэвч зөв буруу нь хамаагүй гэрээ байгуулаад нэг завин дээр, нэг галт тэргэнд, нэг онгоцонд суусан. Өчнөөн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орох эхлэл ингэж тавигдсан. Төд удалгүй дэлхийн эдийн засгийн хямрал, зах зээлийн үнийн уналт биднийг “шалгасан”. Асуудлаа харилцан ярилцаад харилцан ашигтай байх хувилбараар Монгол Улс, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид хурдан ажлаа явуулах ёстой байтал өөр хоорондоо маргаан дэгдээж цаг алдав. Оюу толгойн хөрөнгө оруулагчид бидний хувьд стратегийн хөрөнгө оруулагч гэдгээ умартаад байх шиг байна. Монголын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч нартайгаа ойрын үед асуудлаа цэгцэлж эдийн засагт шинэ хуудас нээе гэж байгааг талархан хүлээж авч байна. “Баахан ярилаа. Маргалдлаа. Одоо боллоо. Ажил хийх цаг болсон” гэж Монголын Засгийн газар, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчид ярьж байгаад хөндлөнгөөс бид битгий садаа хий. Энэ бол бидэнд, тэдэнд ашигтайгаас гадна хөрөнгө оруулагчдад хамгийн сайн дохио болох нь гарцаагүй. Оюу толгойн төслийн амжилтаас миний хариуцаж байгаа Тавантолгойн цахилгаан станцын хувь заяа бас хамаарч байгаа. Оюу толгой цахилгаан худалдан авч байж гэмээнэ Цахилгаан станцын төсөл бизнес утгатай болно. Цахилгаан станц баригдвал Тавантолгойн нүүрсний орд, бусад уул уурхай хөгжиж эхэлнэ. Өмнийн бүс үнэтэй болно. Монгол хүчтэй болно. Бүгд өөр хоорондоо уялдаатай. Ажиглаад байхад бидэнд “мега төсөл” гэдэг ухааныг ойлгоогүйгээс алдаа гараад байх шиг санагдаад байгаа. Энэ талаар хожим дэлгэрэнгүй ярья. Нэг л жишээ хэлэхэд юуг юугаар буюу
trade-off гэдэг ойлголтыг бид маруухан мэдээд байх шиг. Жижиг маргаан дунд том асуудлаа орхигдуулахыг хэлээд байгаа юм.

Та Н.Энхбаяр даргатай уулзсан байна лээ. 2012 онд таны хэвлэлд ярьснаас үүдэж, та хоёрын харилцаа муудаж, бүр уулзалдахгүй байх хэмжээнд хүрсэн гэж ойлгож байлаа?

-Саяхан Сөүл хотод байхдаа очиж уулзсан. Монгол төрийн тэргүүн байсан хүн. Миний хувьд хэзээ ч хүндэтгэл үзүүлэх ёстой хүн. Үе үеийн Ерөнхийлөгчид ханддаг миний хандлага ийм. Энэ бол миний номлоод байдаг Монгол төрийн төлөө гэдэг үндэсний үзэлтэй ч холбоотой. Өмнөхөө муулж өнөөг үгүйсгэж ирээдүйд хүрч болохгүй гэдэг зарчимтай бас холбоотой. Өөр хооронд нь муудалцуулахыг зөвхөн гадныхан харийнхан хүсдэг байх шүү.

Та хоёрын хооронд ямар яриа өрнөв гэдэг нь мэдээж хүмүүст сонирхолтой. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдаг, цаашид хэрхэх тухай, магадгүй 2016 оны сонгуульд яах талаараа ярилцсан байх гэж бодож байна?

-Ярьсан ярьсан. Сэдэв үлдээхгүй олон асуудал ярьсан. 2016 оны сонгуулийн тухай ч ярьсан. Юу ярьсан нь бидний хооронд үлдэг. Цаг нь болоогүй.

Н.Энхбаяр дарга хэзээ ирнэ гэж байна

-Хэлж мэдэхгүй юм.Эмчилгээний хажуугаар Монголдоо ойр ойрхон очиж байвал олон түмэн таныг зөв ойлгох байх даа. Байхгүй хооронд чинь муулаад танай намынхан таг суугаад хэцүү л юм байна гээд хэлчихсэн. Тэгж байна уу гээд л байна лээ.Мэдэж байгаа байх аа.

Түүнийг Монголд ирэхээр баривчлах нь тодорхой болчихсон гэдэг асуудал босоод байх шиг байна. Үнэхээр тийм бол та юу хэлэх вэ?

-Хар хэл ам байлгүй дээ.

Ингэхэд та түүнтэй авахуулсан зураг дээрээ хүзүүндээ хамгаалалттай байсан. Яасан юм бэ?

-Компьютерийн ард хэрээ мэдэхгүй тонгойж суусны гай болж хүзүүний бүх жийргэвчүүд нь мулт. Бусдыг тийм битгий болчихоосой гээд өвчний түүхээ найз нөхдүүддээ яримтгай болчихсон байгаа. Анхаарал тавьж асуусанд баярлалаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг: Ерөнхий сайдын үг хэн нэгэн сайд руу хандсан мэдэгдэл биш

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.

-Таныг
хэвлэлд хамгийн нээлттэй хүн гэж ойлгодог. Гэхдээ сүүлийн үед хаалттай хүн болчихоод
байх шиг анзаарагдаад байна. Эрхэлж байгаа албан тушаалаасаа болоод байна уу, эсвэл…

-Айл гэрийн гал тогооны ажил ямар их байдаг билээ. Хамгийн их ажлыг
нь нугалдаг хэрнээ үнэлэгддэггүй. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол яг
л тийм ажил шиг санагддаг юм. Гэрийн ажил дийлддэггүйтэй адил зохицуулах зүйл ихтэй
алба шүү.  Зарим сайд ч хааяа тоглоом шоглоомоор
хэлдэг л юм.  Гэсэн ч энэ бол миний ажил,
хүлээсэн үүрэг, хариуцлага минь учраас гомдол нэхээд байх шаардлагагүй. Нөгөө талаар
ЗГХЭГ гэдэг өөрөө замын цагдаатай тун төстэй. Тэд замын голд зогсоод машинуудын
урсгалыг зохицуулдагтай л адил чөлөө завгүй байдаг. Бүх аймаг болоод яамтай, УИХ,
Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдох Засгийн газрын бүхий л харилцааг зохицуулна.
Тиймээс тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд суух цаг гардаггүй юм. Мэдээж энэ албыг
үеийн үед хашиж ирсэн сайд болгон ийм л замыг тойроогүй дайраад өнгөрсөн байх. Би
ч тэр жишгээр явж байна даа.

-Ерөнхий
сайд танхимдаа сэлгээ хийнэ гэдгээ зарлачихлаа. Ингэж зарлах болсон шалтгаан нь
юу юм бол?

-Өөрийнхөө үгэнд тодорхой хэлсэн дээ. Засгийн газрын үйл ажиллагаанд
эрч нэмж, одоо байгаа зорилтуудаа биелүүлж, ямар чиглэлд ач холбогдол өгч ажиллахаа
тодорхой дурдсан. Үүнийхээ дагуу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд
ажилласан шигээ эрчтэй ажиллана гэдгээ хэллээ. Тиймээс Засгийн газрын бүтцийн хувьд
зарим нэг өөрчлөлт,  танхимын  сэлгээ хийхээ мэдэгдлээ. Үндсэн хуулиар олгогдсон
өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ингэж зарлалаа.

-Ер
нь бол өнгөрсөн хаврын чуулганаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах уу, яах уу гэж хуралдсаар
байгаад таарсан. Харин энэ намар Н.Батбаяр сайдын асуудлыг ярьсаар байгаад дуусгах
юм биш биз дээ гэдэг хардлага байна. Яг энэ үед Ерөнхий сайд мэдэгдэл хийчихлээ
л дээ?

-Тийм учраас байр сууриа албан ёсоор илэрхийлчихлээ.

-Тэгэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах тухай таамаглал үнэн
гэдгийг Ерөнхий сайд баталчихаж байгаа гэсэн үг үү?

-Зөвхөн Н.Батбаяр сайдын асуудлаар
гэж хэлээгүй шүү дээ. Засгийн газрын  танхимын
бүтцийн сэлгээ хийнэ гэдгээ хэллээ. Ерөнхий сайдын мэдэгдэл хэн нэгэн сайд руу хандсан
яриа биш шүү дээ.

-Гэхдээ түүнийг үг хэлсний дараа янз бүрийн таамаг хөвөрч
байна. Н.Батбаяр, Ч.Улаан зэрэг сайд нарыг огцруулахаар төлөвлөсөн гэх зэргээр явж
байна?

-Ерөнхий сайдаас бусад бүх хүн
таамаглах эрхтэй шүү дээ. Ерөнхий сайд Засгийн газрын танхим, зөвлөх болон бусад
хүмүүстэйгээ зөвлөлдөж байж энэ асуудлыг оруулж ирэх байх. Асуудлыг УИХ-аар оруулах
хугацаа нь тодорхой болсон учраас юу хийхийг Ерөнхий сайд өөрөө мэднэ. 

-Тэгвэл танхимын сэлгээ гэдгийг нь юу гэж ойлгох вэ. Жишээ
нь Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж, Сангийн яам бүхнээ хариуцдаг бүтэц
рүү шилжинэ. Ер нь зарим яамдыг нэгтгэнэ гэдэг санаа юм уу?

-Намрын чуулган эхлэх хүртэл  энэ асуудлаар ярьж, зөвлөлдөх хугацаа бий.  Тэртэй тэргүй 2012 оны сонгуулийн дараа, ер нь
ажлын явцад Засгийн газрын бүтцийн асуудлаар маш олон санал энд тэндээс ирж байсан.
Энэ бүхний жин банг тааруулаад нэгдсэн саналаа УИХ-аар оруулах болов уу. Ер нь манайхан
улс төр хийхийн оргил нь Засгийн газрыг огцруулах гээд ойлгочихож. Сүүлийн 20 жил
ингэж явлаа шүү дээ. Үүний оронд ямар бодлогоор яаж ажиллах вэ гэдгийг шийддэг улс
төр хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол заавал сөрөг хүчнээр шаардуулалгүйгээр
хариуцлага тооцох асуудлаа бид бүлэг дотроо ярьж шийдээд явж болно шүү дээ.

 

-Хүмүүсийн яриагаар бол энэ намар МАН, АН, МАХН-ын хамтарсан
их эвслийн Засгийн газар байгуулагдана л гэх юм. Ерөнхий сайдын хэлээд байгаа сэлгээ
нь магадгүй энэ ч юм бил үү?

-Засгийн газрыг огцруулна,  тэр сайдыг солино гэдэг яриа энэ Засгийн газрыг
байгуулагдах цагаас эхэлж явсан гэхэд болно доо. Тиймээс аль таамагт нь ямар хариу
өгөх вэ дээ. Би ч таамаглал дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ ингэж таамаглах нь хэнд хэрэгтэй
юм. Хэн нэгнийг огцруулах уу, үгүй юу гэдэг дээр бид дэндүү их сатаарах юм.

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон жил
үлдчихсэн. Тиймээс төр нь тогтвортой байж, улс орны ажлыг цалгардуулахгүй байх нь
чухал юм шиг санагдах юм.  Өөрчлөлт сэлгээ
хийх шаардлага байна уу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж
байгаа хүний хувьд шууд тийм шүү гээд хэлчихэд хэр зохистой юм бол. Гэхдээ ер нь
гадна, дотны хүмүүстэй уулзаж байхад “Танай хууль эрх зүйн орчин их аятайхан боллоо.
Одоо Оюу толгой, Таван толгойгоо яахыг чинь харж байна. Үүнийгээ боломжийн шийдчихвэл
дараа нь наад улс төрөө тогтвортой байлгах хэрэгтэй” гэдгийг л хэлж байна. Төрийн
тогтвортой байдал хадгалагдвал Монгол Улсын эрх ашигт л тустай. Тэрнээс хэн нэг
сайд, Засгийн газрын эрх ашгийн асуудал биш л дээ.

-Нөгөө талаар Засгийн газар тогтвортой байх нь Ардын намаас
биш АН-аас өөрсдөөс нь шалтгаалах гээд байх шиг заримдаа харагддаг…

-Тийм шүү. Бид дотроо хэл амаа
олох ёстой. Нэг зорилгын төлөө хамтдаа явах хэрэгтэй. Үүний тулд ҮЗХ, намын бүлэг
гэж байна. Асуудлыг энэ байгууллагуудынхаа хүрээнд ярьж шийддэг байх учиртай. 

-ҮЗХ хуралдсангүй, цус сэлбэлт явагдсангүй гэх мэтийн хэл
ам гараад л байна?

-ҮЗХ-нд 220  гишүүн бий. Тэд цөм өөр өөрийн бодолтой. Нэгийнх
нь сэтгэгдэл хэвлэлд гарахаар АН дотроо маргаантай байгаа юм шиг харагддаг байх.
Гэхдээ бид бодлогын асуудал дээр нэг цул болж чаддаг. Өнөөдрийг хүртэл бүх санал
хураалтад нэг байр суурьтай, зангидсан гар шиг саналаа өгч бодлогоо тодорхойлсоор
ирлээ. Цаашдаа ч энэ байдлаараа явна. АН бол сүүдрээ нуудаггүй нам. Тийм учраас
жирийн нэг гишүүн даргаа шүүмжлэх нь ердийн үзэгдэл. Бусад намд ийм үзэгдэл хэр
элбэг билээ гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Ингэхэд АН зөвхөн МАХН-тай нууц гэрээ хийх гэж байсан гэдэг
мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Гэрээнийх нь төсөл хэвлэлээр ч гараад амжсан. Энэ
тал дээр юу хэлэх вэ?

-2012 оны сонгуулиар бид хамтран
ажиллах гэрээ байгуулчихсан. Түүнээс тусдаа гэрээ байгуулах ямар шаардлага байна
аа. Харин 2016 оноос хойш хийх гэрээнийхээ асуудлыг ярья гэдэг саналыг Шударга ёс
эвслийнхэн тавьдаг. Энэ бол нээлттэй. Үүнийг нууцын хүрээнд яриад байх ч шаардлагагүй. 

-2016 оноос хойш хийх гэрээний төсөл хэвлэлээр задарсан гэж
ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно.

-Тэгвэл тэр үед Н.Энхбаярыг НҮБ-д ажиллуулахаар яригдаж байгаа
гэж үү?

-Тийм зүйл байхгүй. Наадах чинь
цэвэр хардлага байна. Улс төрийн намуудын тохироогоор ийм асуудлыг шийдчихдэг юм
биш шүү дээ.

-Ийм утгатай гэрээ хийхээр төлөвлөж байсныг МАХН-ын дэд дарга
Д.Тэрбишдагва хүлээн зөвшөөрч ярьсан учраас танаас асуугаад байгаа юм?

-Би хүний нам дотор болж байгаа
процесс,тэдний хэлсэн зүйлийн талаар яримааргүй байна. Манайхтай харьцаж байгаа
албан ёсных нь асуудлыг хэллээ.

-Тэгэхээр хоёулаа сая манайд айлчилсан урд, хойд хөршийн тэргүүнүүд
юу яриад явсан талаар ярилцъя. Мэдээж албан ёсны мэдээллүүд хэвлэлээр хангалттай
явсан. Харин ямар айлчлал болсон, юу тохирсон тухай энгийнээр илүү нарийн мэдээлэл
өгөх байх?

-Азтай тохиолдлоор гэх юмуу даа
айлчлалын үеэр болсон бүх уулзалтад оролцлоо. Ер нь бол Хятадын дарга манайд 11
жилийн дараа, ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн дараа ирлээ. Энэ хоёр улсын тэргүүн
манайд ийм хол зайтай ирдэг байсан бол өнөө жил хоорондоо ердөө 13 хоногийн зайтай
айлчиллаа шүү дээ. Үүгээрээ монголчуудын хувьд том завшаан тохиолоо гэж ойлгож болно.

-Том завшаан гээд хөөрцөглөөд байх хэрэг байсан юм болов уу.
Ер нь бол оросууд тэртэй тэргүй ганцаардаад, Азийг түшихээс өөр замгүй болчихсон
байгаа үед өөрсөд шиг нь гэдгэр байхад яадаг юм гэх мэтийн яриа гадуур хөвөрч л
байна…

-Энэ хоёр бол манай мөнхийн хөрш.
Тиймээс энд хөөрцөглөлөө гэдэг яриа гарах ямар ч шалтаг шалтгаан байх ёсгүй. Хөршүүддээ
хүндэтгэлтэй хандаж,  хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх нь бидэнд чухал.  Бид таны хэлдгээр
20 жил гэдгэр явлаа шүү дээ. Хэн ч хожоогүй. Үр дүнд нь Орос, Монголын харилцаа
улам холдлоо. Тиймээс хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа зүй зохистой хэмжээнд
хадгалж,  гуравдагч хөршийн харилцаагаа хэвийн
хэмжээнд хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гол баталгаа. Ийм учраас хоёр хөршийнхөө
харилцаанд ач холбогдол өгөх ёстой. Энэ чиглэлийн ажлуудыг хөхиүлэн дэмжинэ. Өмнө
нь манай хөрштэйгээ харилцах харилцааны түвшин буцалтгүй тусламжийн хүрээнд яригддаг
байлаа. Саяын айлчлалын үр дүнд харилцан эрх тэгш, хамтран ажиллах түншүүдийн харилцаа
руу шилжиж байна.

 -Хийн хоолойг Монголоор дайруулах
асуудал саяын айлчлалуудын хүрээнд яригдсан уу. 
Хийн хоолойн асуудал аль хэдийнэ хоёр хөршийн хүрээнд шийдэгдсэн асуудал
гэж ойлгоод байгаа…

-Нэг зүйлийг зөв ойлгох ёстой.
Орос, Хятадын хооронд гэрээ нь хийгдсэн хийн хоолой манай хойгуур тойрч, алс дорнодоор
дайрах юм. Манай яриад байгаа хийн хоолой үүнээс өөр. Манай баруун хязгаараар явах
юм. Үүнийг Монголын тал нутгаар дайруулах асуудлыг гурван улс судална гэж айлчлалуудын
үеэр ярьсан шүү дээ.

-Айлчлалын үеэр яригдсан зүйлүүд хэзээнээс биеллээ олох юм
бэ?

-Хятадын даргын айлчлалын үеэр
яригдсан асуудал болгоноор үр дүнг нь нэхэж байх үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн
газар байгуулсан.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар
яригдсан зүйлүүдийн үр дүнг ч ялгаагүй нэхнэ. Тийм учраас одоо манай сайд нар энэ
хоёр улсад чиглэл чиглэлийнхээ шугамаар ажиллахаар явцгаана.  Хятадын даргын айлчлалын үр дүнд бид далайд гарах
бололцоогоо нээлээ. 

-Ямар боомтуудаар
дамжиж гарахаар болж байгаа юм бэ?

-Бид Хятадын Тяньжин боомтоор дамждаг. Тэгвэл одоо нэмж найман боомтоор
дамжин гаргахаар болсон. Монгол  Улсын экспортын
барааны гуравны нэгийг гуравдагч хөршүүд рүү хүргэж өгөх эрхтэй болж байна. Энэ
боомтуудад хүрэх төмөр зам болоод бусад дэд бүтцүүдийг ашиглах боломж нээгдлээ.
Төмөр замаар зөөгдөж байгаа их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар
буюу дэлхийн зах зээлийн дунджаас 40 хувиар хямд үнээр тээвэрлэхээр хоёр тал тохирлоо.
Энэ бүхэн нь манайхыг хоёр
хөрштэйгээ харилцаагаа улам батжуулж байгааг илэрхийлж байгаа ч нөгөө талаар гуравдагч
хөршүүд рүүгээ илүү нээлттэй болж буйг дэлхий нийтэд харуулж байна. Дээрээс нь нэг
зүйлийг онцолж хэлье. Хятадаас Монголд үзүүлдэг буцалтгүй тусламж хуучин цагт
50, 60 сая юанийн хэмжээнд эргэлддэг байлаа. Тэгвэл одоо 1,3 тэрбум юанийн тусламж
өгье. Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгоё гэдгийг Хятадын дарга хэлсэн.
Хоёр улсын эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд томоохон
боломжит үүд хаалга нээгдлээ гэсэн үг.

-Зээл аваад л байдаг. Юунд зарцуулах нь
чухал байх. Хятадаас өмнө нь авсан зээлүүдийн эргэн төлөлт, үр дүн сайнгүй гэлцдэг.
Ийм байхад нэмж зээл авах яриа хэр үр дүнтэй бол. Ер нь зээлээс татгалзах нь зөв
гэдэг хандлагыг УИХ-ын дарга хаврын чуулганыг хаахдаа хэлэх шиг болсон…

-Монголын эдийн засаг
өсөлтийн хувь өндөртэй,  илүү ирээдүйтэй гэдэг
утгаараа манай зах зээл хүмүүсийн сонирхлыг татдаг. Гэхдээ бодит тоо руу ороод ирэхээр
бидний эдийн засаг дэндүү жаахан л даа. Гэлээ ч Монгол Улсын хөгжих шаардлага маш
их байна. Тэгвэл эдийн засгийг тэлэх гол аргуудын нэг нь зээл. Мөн хөрөнгө оруулалт
шүү дээ. Яахав сүүлийн дөрөв, таван жилд Оюу толгойгоос хамааралтайгаар хөрөнгө
оруулалт сайн байлаа. Үргэлж ийм байх юм шиг бодож явсаар харамсалтай нь үүнийгээ
хамтын хүчээр гацаачихлаа. Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай
хууль, араас нь урт нэртэй хуулийг баталж, 106 лиценз тойрсон хэрүүл маргаан хийж,
хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Тийм учраас одоо зээлийг хумина гэвэл бидний эдийн
засаг яаж тэлэх юм бэ. Хэн хариу өгөх юм.

Би зарим гишүүдээс
асуудаг юм. “Та хувийн компанитай байсан бол банкнаас зээл авч, бизнесээ өргөжүүлэхийн
төлөө гүйж байгаа. Гэтэл Монгол Улсын түвшинд зээл яригдахаар яагаад болдоггүй юм
бэ” гэж.

-Зээлээ үр ашиггүй зарцуулж, өр болгоод
байна. Үр дүнд нь харанхуй ирээдүй биднийг угтаж байна гээд сөрөг хүчин яриад байгаа
учраас яалт ч үгүй болгоомжлол төрөөд байна л даа?

-Ойлгож байна. Зээлийн
хажуугаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх ажлыг хамт хийх ёстой.  Бид улсын зээлийн хязгаарыг нэмэх асуудал тавьж
байна. Тэгтэл зэрэгцээд нөгөө талд нь хөрөнгө оруулалтын бололцоонуудыг давхар нээнэ.
Үүний тулд урт нэртэй хуулийн хэрэгжилтэд наанатай, цаанатай хандъя. 106 лицензийнхээ
асуудлыг цэгцэлье. Оюу толгой, Тавантолгойг шийдье гэж байна. Үнэндээ үүнийг л хөрөнгө
оруулагчид харж байгаа. Хөрөнгө оруулалт орж ирэх бүх үүд хаалгыг түгжчихээд байгаа
цоожнуудыг түлхүүр тааруулж онгойлгохоор ажиллаж байна. Гэтэл Оюу толгой, Тавантолгойг
тойрсон улстөрчдийн популизм тасрахгүй бол ажил яаж урагшлах юм бэ. Үүн шигээ зээлийг
хумина гэж ярих юм бол Монгол Улсаа дампууруулах бодлого явуулснаас өөрцгүй юм болно.  Импортыг орлосон олон зуун төсөл боловсруулаад,  зээл өгөөч гээд явж байгаа хувийн хэвшлийнхэн
дүүрэн байна. Энэ нь манай улсад мөнгө хэрэгтэйг харуулаад байна шүү дээ.

-Зээл авч зам тавиад байгааг сайшаахгүй
хүн олон бий байх?

-Замын үр ашгийн тухай
яриа харьцангуй ойлголт. Богд уулын бэлээр явах авто зам нээгдлээ. Баянзүрхийн товчооноос
нисэх хүртэл хэдхэн минут давхиад орохоор боллоо шүү дээ. Үүнийг үр ашигтай байлгана
гэвэл Баянзүрх юм уу нисэхийн уулзвар дээр машинуудаас мөнгө хурааж ч болно. Энэ
бол өөр асуудал. Тэгээд ч 21 аймгийн төвийг нийслэлтэйгээ замаар холбоогүй улсыг
ямар хөгжилтэй гэх юм. Тиймээс замын ажлыг хийхээс өөр арга байхгүй. Мэдээж эргээд
түргэн хугацаанд мөнгө олох төслүүдэд зээлээ зарцуулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж
байна. Энэ хандлага руу бодлогоо чиглүүлж, экспортод чиглэсэн үйлдвэрийг дэмжье
гэдэг маягаар Засгийн газар ажиллаж байгаа. Монголд орж ирж байгаа мөнгө болгоныг
үйлдвэр барих, нэмүү өртөг бий болгох ажилд оруулах ёстой гэдэг чиглэл рүү угаасаа
орж байна.

-Гэхдээ Ардын намыг сөрөг хүчин байх хугацаанд
өрийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай яриад нэмэргүй юм шиг байна лээ. Тэгэхээр яана
гэсэн үг вэ?

 -Сөрөг хүчин дэмжих үү, үгүй юу гэдгээр асуудлыг
харж болохгүй. Улс орны эрх ашгийн төлөө их үйл хэрэг дээр сөрөг хүчин эсвэл эрх
баригч яах бол гэдэг өнцгөөс хандаж болохгүй. Ийм зүйлүүд дээр улсын эрх ашгийг
нэгдүгээрт тавьдаг болох юм бол олон асуудал ямар ч түгжээгүйгээр урагшилна.

-Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудал дээр
сөрөг хүчнийхний өөрсдийнх нь хэлдгээр хүч түрээд явна гэсэн үг үү?

-Асуудлуудаа харилцан
зөвшилцлөөр явуулах нь хаа хаанаа хэрэгтэй. Гэхдээ өрийн хязгаарыг нэмэх асуудалд
хүч түрэх тухай ойлголт байхгүй шүү дээ. 
Хуулиараа боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр
асуудлыг шийдэх учраас. Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Намрын
чуулганы хугацаанд үүнийг шийдэх хэрэгтэй.

-Нэгэнт зээл ярьсан учраас Чингэс, Самурай
бондын талаар асууя. Зарцуулалт нь тодорхойгүй, хичнээн төгрөг үлдчихээд байгаа
нь ойлгомжгүй гэх мэтийн олон асуултууд байдаг?

-Бондын зарцуулалт,
хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүрийн талаар УИХ-д байнга тайлагнадаг шүү дээ. Ерөнхий
сайд ч өөрөө чуулганд гурав, дөрвөн удаа мэдээлэл өгсөн. Бондын мөнгийг юунд зарцуулсан
тухай зузаан баримтыг УИХ-ын гишүүдэд тараасан. Ийм байхад мэдээлэл дутмаг, бүрхэг
байна гэдэг яриа үүсгэж байгаа бол улс төрийн зорилготой гэж үзэхээс өөр аргагүй.  Хоёрдугаарт бондын үлдэгдэл мөнгийг үйлдвэрүүдэд
зарцуулна. Төсөл хөтөлбөрийг нь шалгаруулаад явж байна. Самурай бондын мөнгийг ч
энэ чиглэлээр зарцуулна.  Зээл авснаас хойших
хугацаанд бид бодлогоо улам боловсронгуй болгож, ухаажиж байна гэх юм уу даа.

-Ингэхэд ямар үйлдвэрүүдийн тухай яриад
байна вэ?

-Мах, сүү, ноос ноолуур,
өвлийн хүлэмж, оёдлын салбарт хөрөнгө оруулсан шүү дээ. Чингэс бондын мөнгөөр төмөрлөгийн
үйлдвэр, мөн цементийн гурван ч үйлдвэрийн төслийг дэмжихээр болсон. Цементээ дотооддоо
бүрэн хангахаар болж байна. Өнгөрсөн хавар сая тоннын хүчин чадалтай Хөтөлийн цементийн
үйлдвэр ашиглалтад орлоо. Оны төгсгөлд “МАК”-ийн мөн сая тоннын хүчин чадалтай цементийн
үйлдвэр ашиглалтад орно. Түүний дараа “Монполимент” компанийн сая тоннын хүчин чадалтай
үйдвэр ажиллаж эхэлнэ. Нийтдээ гурван сая тоннын цементийн үйлдвэр манайд бий болох
нь. Энэ үйлдвэрүүд ажиллаад эхэлбэл Чингэс бондын өрийг төлөх нөхцөл эхнээсээ хангагдаад
ирнэ шүү дээ.  Хэдийгээр муу хэлүүлсэн ч манай
Засгийн газар яаж ажиллаж байгаа тухай гуравхан тоо хэлье. Та тэртэй тэргүй танай
Засгийн газар яаж ажиллаж байна вэ гэж асуух байлгүй.

-Мэдээж…

-Монгол Улс
1991-2011 он хүртэл 200мГв эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байдаг. Тэгвэл
2012-2014 оны хооронд хоёр жилийн дотор Монгол Улс үүнтэй тэнцэх эрчим хүчний хүчин
чадал бий болголоо шүү дээ. 2000 оноос хойш 12 жилийн дотор Монголд нийт  2300 орчим км зам тавьсан байна. Гэтэл бид хоёр
жилийн хугацаанд 2500 км зам тавьжээ.  Жилд
дунджаар 38 мянган айлын орон сууц барьж байсан түүх байхгүй шүү.  Ингээд бодохоор бүтээн байгуулалт үнэхээр өрнөж
байна. Энэ бол муу хэлүүлэн байж мөнгө, хөрөнгө оруулсны үр дүн.

-Өөр онцлох ажил юу байна вэ?

-Эдийн засгаа эрчимжүүлэх
хөтөлбөр гаргаж ажиллалаа. Том бүтээн байгуулалтын үйлдвэр нээх гээд тоног төхөөрөмж
оруулж ирвэл татварыг нь хоёр жилээр хойшлуулах эсвэл хэсэгчилж төлөх боломжийг
нээж өглөө. Жижиг, дунд үйлдвэрээ дэмжиж, гааль,НӨАТ-ын татвараас чөлөөлдөг асуудлыг
2016 он хүртэл хойшлууллаа. Хайгуул хийх бололцоог хөрөнгө оруулагчдад нээж өгөв.
НӨАТ-ын буцаан олголтын асуудлыг УИХ-д өргөн барьчихсан байна. Энэ бүх хуулийг шийдүүлээд
байгаа нь бизнесийн орчныг таатай болгохын тулд шүү дээ. Мэргэжлийн хяналт өнгөрсөн
хугацаанд 6300 гаруй бараанд шалгалт хийдэг байж. Тэгвэл үүнийг нь цөөлж,  700-хан бараанд хяналт шалгалт хийдэг болголоо.
Хийсэн болгоноо нэг бүрчлэн ярина гэвэл та бид хоёрын ярилцлагын цаг хүрэхгүй байх.
Засгийн газар хийсэн бүхнээ заалт бүрээр нь энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэж,
УИХ-д өргөн барина. Ард түмэндээ ч тайлагнана.

-Эдийн засгийг 100 хоногт сэргээхгүй бол
огцроорой гэдэг сануулгатайгаар та бүхэн ажилласан байх. Үнэхээр 100 хоног ч хурдан
юм. Үр дүн нь юу болов. Сөрөг хүчин бол хангалтгүй гэдэг дүн тавьчихаад л сууж байна?

-Эдийн засгийг
100 хоногийн дотор эмчилнэ гэж хэн ч яриагүй. Тэр бол улс төрийн зорилгоор хачир
нэмсэн асуудал шүү дээ.  Бид 100 хоногт дэвшүүлсэн
зорилгоо биелүүлсэн. Эдийн засгийн асуудалд Засгийн газар, бизнесийнхэн, УИХ-ын
анхаарлыг хандуулна гэдэг зорилгодоо хүрсэн. Засгийн газар бизнесийнхэнтэй хамтарч
ажиллаж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Зөвхөн татварын чиглэлээр гэхэд 14 төрлийн
хууль санаачилж, ихэнхийг нь батлууллаа. Одоо хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр
хүлээж байна. Транзит тээврийн асуудлыг шийдчихлээ. Одоо төмөр замынхаа асуудлыг
шийднэ. Том бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийг урагшлуулах бололцоо гарч байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийсэн 100 ажлын жагсаалтыг бид гаргачихсан
байна.

-Хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв, долларын
ханш буурав уу, эдийн засгийн үзүүлэлт дээшлэв үү гэдэг бодитой тоог л хүмүүс нэхдэг
юм…

-Яг тийм бодит үзүүлэлтийг
гаргаж байгаа. Жишээ нь шатахууны үнэ тогтвортой байлаа. Өмнө нь байнга л нэмэгддэг
байсан. Гэтэл сүүлийн хоёр жил шатахууны үнэ нэмэгдлээ гэдэг яриа сонсоогүй болохоор
хүмүүс мартчихаад байх шиг байна. Үүнийг санах ёстой. Лицензүүдийн асуудлыг цэгцлэхээр
Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барилаа. Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг
баталсан учраас өнөөдөр Монголын алт Монголдоо үлдэж байна. Монголбанкинд жилд дөрвөн
тонн алт тушаагддаг байсан бол сая найман сарын байдлаар 6.6 тонн алт тушаагдчихаад
байна. Махны үнэ, гурилын үнэ огцом хөдөлсөнгүй. Орон сууцны бага хүүтэй зээлийг
хотод олгоод зогссонгүй хөдөө орон нутгийн иргэдэд долоон хувийн хүүтэй өгөхөөр
болж байна. Шинэ сум хөтөлбөр үргэлжилж байна. Өмч хувьчлалыг бид шинэ шатанд гаргаж
байна. Энэ бүхэн эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд бий боллоо. Гэхдээ 100 хоногоор энэ
бүхэн дуусгавар болохгүй. Цаашид үргэлжилнэ.

-Долларын ханш цаашид бууж төсөвт тусгагдсан
1384 гэдэг тоон дээрээ очих болов уу?

-Долларын ханшийн
асуудал дээр ганц юм хүсье. Улс төр бага хийгээч. Тэртэй тэргүй манайд доллар ихээр
орж ирвэл тэр хэрээр ханш нь бууна. Улстөрчид хэвлэлийн бага хурал хийгээд яриад
л байх юм бол ханш нь савлаад байна. Зүгээр зах зээлийнх нь жамаар явуулах хэрэгтэй
байна. Одоо Хятадын 160 сая ам.долларын санхүүжилт манайд орж ирнэ. Швейцарийн банкны
300 сая ам.долларын санхүүжилтийг энэ долоо хоногт авна. Араас нь Худалдаа хөгжлийн
банкны 500 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Он гартал долларын урсгал тасралтгүй
үргэлжилнэ. Дээрээс нь Оюу толгой, Тавантолгойн асуудлыг удахгүй шийдэж, гацаанаас
гаргана. Тэгэхээр хөрөнгө оруулалт саадгүй орж ирнэ. Уул уурхайн хайгуулын чиглэлээр
ам.долларын урсгал хөвөрнө. Энэ мэтээр дунд хугацааны төсөөлөл бүх зүйл дээр гэгээтэй
харагдаж байгаа. Тиймээс бүгдийг зах зээлийнх нь голдрилоор явуул. Дундаас нь улс
төрийн ашиг хонжоо хайж бүү хутгалдаасай гэж бодож байна.

-Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын
яриаг сонсохоор бүх зүйл гэгээтэй сайхан байгаа мэт санагддаг.  Гэвч бодит байдал дээр энэ бүхэн харагдахгүй байна
гэдэг шүүмжлэл бий…

-Бүх юм сайхан болно
гэдэг маягаар эрх баригчид иргэдээ хуураад байгаа юм биш ээ. Бидэнд асуудал их бий.
Тэр болгоныг тодорхой хэмжээнд шийдэж байна. Шийдэх ёстой асуудлууд ч үлдэж байна
гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ сөрөг хүчний зорилго нь эрх баригчдыг шүүмжлэх учраас
тэднийг буруутгаад яахав.

-Хаах, боох, хорих, цагдахаараа юу юунаас
давуу байна. Ардчилсан засаг гэж ийм байхыг хэлдэг юм уу гэдэг зэмлэл ч байгаа?

-Бидний амьдарч байгаа
нийгэм анархи биш учраас дүрэм, журам, стандарттай байхёстой. Үүнийг л мөрдүүлэх
гэж, ийм байх ёстой шүү, энэ шаардлагыг хангаарай гэхээр хаалаа, боолоо, хавчлаа
гэдэг асуудал яригдаад байх шиг байна. Жишээ нь өнөөдөр сэтгэгдлүүдийг хаасан билүү,
хаагаагүй. Сэтгэгдэл хаах тухай асуудал хэзээ ч тавиагүй. Харин хүн харааж, гүтгэж
доромжилж болохгүй гэдэг стандартын тухай ярьсан.  Хэвлэл мэдээллийн салбарт ч хааж боосон зүйл хаана
ч байхгүй.

-Яагаав өнгөрсөн жил кабелийн телевиз,
саяхан нэг сайтыг хаалаа. Энэ бүхэн нь эрх барьж байгаа ардчилсан засгийн хийсэн
ажил шиг харагдаад байна…

-Кабелийн телевизүүд
дээр стандартын асуудал яригдсан. Нэг нь яахаараа хоёр гурван тэрбумын хөрөнгө оруулалт
хийж, хүмүүс цалинжуулж, студи байгуулдаг. Нөгөө нь жижиг юмаар аргалж, бусдын оюуны
өмчийг ашигладаг юм бэ. Ийм учраас л стандартаа мөрдөх асуудал тавьсан. Гэхдээ үүнийг
Засгийн газар хийгээд байгаа юм биш. Харилцаа холбооны зохицуулах хорооноос дүрэм
журмынхаа дагуу асуудал тавьсан. Энэ бол аль Засгийн газар байхаас үл хамааран хийгдэх
ажил.  Зөвхөн хэвлэл мэдээлэл ч бус бүх салбарт
ийм стандарт мөрдүүлэх хэрэгтэй.  Үг хэлэх,
хэвлэн нийтлэх эрх нь бидний суурь зарчим учраас түүнд халдах эрх байхгүй.

-Ц.Бат гэдэг жиргээчийг хорьсон явдал
нь үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг гэж ойлгогдоод байгаа. Үүнийг ч Засгийн газрын
явуулж байгаа бодлогын үр дүн гэдэг утгаар харах хүмүүс байна л даа?

-Жиргээ олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү гэдгийг хуулиараа тодорхойлох шаардлагатай. Интернетийн
орчин дахь энэ асуудлуудыг зохицуулах хэрэгтэй юм байна гэдэг нь энэ жишээнээс харагдлаа.
Энэ бүхнийг шийдээд явбал ийм асуудал гарахаас нь өмнө сэргийлнэ.

-Ц.Бат жиргээчийг хэдийгээр сулласан ч
түүний хоригдсон явдал бол  нэгэнт өнгөрсөн
асуудал гэж үү?

-Засгийн газар хэн
нэгнийг шоронд хориогүй. Шүүх хүнийг хорих шийдвэр гаргадаг шүү дээ. Ер нь хүн өөрийнхөө
үзэл бодлыг илэрхийлсний төлөө эрх чөлөөгөө хасуулна гэдэг байж болохгүй л зүйл.

-Гэтэл танай танхимын сайд хүнийг үзэл
бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлуулсан нь Засгийн газрыг бүхэлд нь харлуулаад  байгаа юм шиг байна…

-Энэ асуудал руу засаг
хутгалдаагүй. Хувь хүмүүсийн хоорондын асуудал. Ер нь зарим найз нөхдөдөө хэлдэг
юм. Завгүй энэ их ажлын хажуугаар хаагуур нь жиргэдэг байна гэж. Хэрвээ хүн жиргэж
л байгаа бол тэндээс үүдэх үр дагаврыг өөрөө хүлээх ёстой. Тийм учраас миний хувьд
жиргээнд, фэйсбүүкт ч ордоггүй. Засаг төрд зүтгээд явж байгаа хүн жиргээд байх нь
тааламжтай иш. Миний өмнөөс хуурамч акаунт нээсэн байсныг харин буцааж олж авсан
шүү.

-Засгийн газраас нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
ч араасаа асуудал дагуулчихлаа. Үнэхээр ийм маапаантай хөтөлбөр байсан юм уу?

-Нэг зүйлийг ойлгохгүй
байна. Манай Л.Гансүх зөвлөх хааяа бараг нүүр нь хөө болчихсон л явдаг байлаа. Нүүрс
хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бүтэн жил зүтгэсэн дээ. Үр дүнд нь 200 мянган төгрөгийн
үнэтэй нүүрсийг хүмүүсийн гар дээр 80 мянган төгрөгөөр аваачсан. Тэр бол хөдөлшгүй
үнэн. Тийм байхад юу нь болохоо байчихсан юм. 
Асуудал байсан юм бол шүүх гэм буруутайг нь тогтоосны дараа барьж хорих ёстой.
Гэтэл яагаад шүүхээр буруутайг нь тогтоогоогүй байхад хорьчихов гэдгийг ойлгохгүй
байна. Энэ нь 1930-аад онд үйлчилж байсан зарчмаасаа салаагүйн илрэл гэдгийг нь
харуулж байна. Хуулийн шинэчлэлийг яаравчилж, ийм гажуудлыг даруй өөрчлөх ёстойг
нотлоод байна.

-Засаг барьж байгаа намд хууль, шүүхийнхэн
үйлчилдэг гэдэг ойлголт байдаг. Гэтэл эрх баригч намынхан ч баригдаад байгааг харвал
энэ ойлголтод өөрчлөлт орсных юм болов уу гэж бодогдохоор байна…

-Хуулийн байгууллагынхан
хэн эрх мэдэлтэй байхаас үл хамаараад, гагцхүү хуульд захирагдан ажиллах ёстой.
Таны асуултаас харахаар нээрээ бид урагшлаад ч байгаа мэт. Гэхдээ юу юугүй барьж
хориод л хуучин шигээ хэрэг тулгах гээд байгааг нь харахаар шинэчлэл яагаа ч үгүй
харагдах юм.

-Та түрүүнд хөрөнгө оруулалтыг хамтын
хүчээр гацаачихлаа гэдэг үг хэлсэн.  Яалт
ч үгүй АН-ын засгийн үед Оюу толгой, Таван толгой асуудалд орчихлоо.  Үүнийг өмнө нь Оюу толгойг эсэргүүцдэг байсан
хүмүүс сайд болчихсон зэрэгтэй нь холбож ойлгох нь их?

-Оюу толгой, Таван
толгой уналтад орох тухай ойлголт хаана ч байхгүй. Аль аль нь хүчин чадлаараа ажиллаж
байгаа. Жишээ нь Оюу толгойгоос гарсан зэсийн концентраци Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд
хүрчихлээ. Та бид хоёрыг яриад сууж байх энэ цагт Оюу толгой, Таван толгой хоёулаа
ажиллаж байна. Оюу толгойн гол баялаг газрынхаа гүнд байгаа. Түүнийг ашиглахад санхүүжилт
хэрэгтэй байна. Энэ төвөгтэй болчихоод байна. Оюу толгойн талаар маргаантай байгаа
30-аад асуудлаар Засгийн газар “РиоТинто”-той ярилцаж, эхнээс нь цэгцэлсэн. Одоо
дөрөв нь л үлдчихээд байна. Сайд нарын зүгээс хувь хүний байр сууриар хандаад байгаа
юмбайхгүй. Монгол Улсын эрх ашгийн өмнөөс Засгийн газрын нэгдсэн бодлогын дагуу
ажиллаж байгаа.

-Үлдсэн дөрвөн асуудлын тухай дэлгэрүүлээч?

-Нэгдүгээрт анхны
хөрөнгө оруулалтын илүүдлийн асуудлыг одоо болтол шийдэж чадаагүй. Хоёрдугаар шатны
олборлолтын ажлын ТЭЗҮ-г “РиоТинто” манай талд хүлээлгэж өгөх ажил байна. Сүүлд
гарсан татварын маргаан бий. Далд уурхайн төслийн санхүүжилт асуудалтай байгаа.Гэхдээ
есдүгээр 30-ны дотор эдгээр зүйлүүдийг нэг тийш нь болгоно. Тиймээс Засгийн газар
бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Есдүгээр сарын 30-нд хоёр тал нэгдсэн байдлаар
байр сууриа илэрхийлэхээр чармайн ажиллаж байгаа.

-Ийм богино хугацаанд шийдэж чадах уу?

-Шийдэх бололцоотой.
Одоогийн байдлаар Оюу толгойн зэсийн компанийн захирал Монголд ажиллаж байна. Энэ
сардаа багтаагаад гадаадад болон Улаанбаатарт хэд хэдэн яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн.  Сарын сүүлийн долоо хоногт “РиоТинто”-гийн нэгдүгээр
хүнийг Монголд ирүүлэх урьдчилсан тохиролцоотой байгаа. “РиоТинто”-гийн нэгдүгээр
хүн манайд өмнө нь ирж байгаагүй шүү дээ.

-Таван толгойн хувьд ямар яриа байна вэ?

-Таван толгойн хувьд
гурав, дөрвөн сая тонн нүүрсийг дангаараа гаргаж л байна. Гэхдээ хэд хэдэн дутагдал
байна аа. Төр менежментээ хийсэн хэвээрээ. 
“Чалко”-гийн өр одоо болтол дуусаагүй гэх мэтийн асуудал бий. Тийм учраас
Таван толгойг шинэ түвшинд гаргаж,  2010 оноос
хойш зогссон яриа хэлцлүүдийг сэргээе. Нүүрсний үнэ уначихсан байгаа энэ үед хэрхэн
урагшлах нөхцөлүүдийг ярья гэдэг маягаар Засгийн газраас  шийдвэр гаргалаа. Үндсэндээ долоон нөхцөл гаргаж
тавьж байна. Эхний ээлжинд ойрын 2.5 жилийн дотор 30 сая тонн хүртэл угаасан нүүрс
гаргах үүргийг Таван толгойн шинэ хөрөнгө оруулагчид оногдуулах гэж байна. Дээрээс
нь угаах үйлдвэр барих даалгавар өгнө. Мөн Таван толгой- Гашуун сухайтын чиглэлд
тавьж байгаа төмөр замыг гүйцээн барь. Дараа нь Сайншандын чиглэлд төмөр зам барих
ажилд оролц гэдэг даалгавар өгч байна. Таван толгойн лиценз Монгол Улсад үлдэнэ.
Таван толгой компани зөвхөн татвараа авдаг зохион байгуулалтад шилжинэ. Харин хөрөнгө
оруулагч нь олборлолт, тээвэрлэлт, менежментээ хариуц гэдэг чиглэл өгч байна. Монголын
консерциумууд Таван толгойд орж, хөрөнгө оруулалтаа хий. “Чалко”-гийн өр төлбөрийг
бүрэн барагдуул. Ингээд баруун, зүүн цанхи дээр үйл ажиллагаа явуул гэдэг чиглэл
өгч байна. Надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Засгийн газар ийм нөхцөл
тавьж байна гэдгээ Таван толгойд урд нь оролцсон бүх компани руу явуулж байна. Арваннэгдүгээр
сард багтаан хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд саналаа өгнө. Хамгийн сайн санал
ирүүлсэнтэй нь арван хоёрдугаар сарын 15-ны дотор Таван толгойг хөдөлгөх яриа хэлэлцээрээ
хийж дуусгана. Энэ түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа шүү дээ. Таван толгойг
сонирхоод байгаа том том компаниуд саналаа ирүүлэх байхаа гэж найдаж байна. Одоо
жижигхэн Налайхын уурхай шиг хөдлөхөө больё, хамгийн их нөөцтэй ордоо эдийн засгийн
эргэлтэд даруй оруулахын тулд ажлаа шуурхайлахаар төлөвлөж байна.

-Төмөр замын царигийн асуудлыг танаас
асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ маргааныг хэзээ эцэслэн шийдэх бол?

-Саяын айлчлалуудаар
тодорхой болчихсон. Хятадын даргын айлчлалаар дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг
тодорхой болголоо. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар үндсэн магистрал шугамаа хэвээр
нь хөгжүүлнэ гэдгээ тохирлоо. Одоо төмөр замын асуудлаа УИХ-аар оруулж ёсчлох ажил
үлдлээ.

-Хойшоо өргөн, урагшаа нарийн царигийн
төмөр зам тавих асуудлыг ёсчлуулна гэж үү?

-Тийм. Үүнийг УИХ-д
өргөн барьчихсан байгаа шүү дээ. УИХ батлах л үлдэж байна.

-Төгсгөлд нь нэг зүйлийг тодруулахад таныг
Говь-Алтайн дархан цаазтай хоёр газрыг төрийн тусгай хамгаалалтаас гаргаж, хувьдаа
завших гээд байгаа тухай мэдээлэл нэг хэсэг явсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн
үеэр өрсөлдөгч намаас гаргасан зохион бичлэг. Янз бүрийн асуудлаар санал онол нэгтгэх
асуудал Засгийн газрын тогоонд байнга явагддаг. Аймгийн хурал нь саналаа гаргадаг,
буцааж иргэдээсээ асуусны эцэст шийдвэр гаргадаг. Тэр процессоороо явдаг зүйл. Хэрэв
тэр мэдээлэл үнэн байсан юм бол тухайн үед Говь-Алтайн орон нутгийн сонгуульд АН
ялахгүй.  Тэгээд ч энэ талаар тэр үед нь тайлбараа
хийчихсэн. Өнөөдөр дахиж сөхөхөд ач холбогдолгүй болчихсон зүйл дээ. Энэ асуудлаар
Засгийн газар дээр ямар нэгэн шийдвэр гараагүй.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Муу хэлүүлэхээс айж, хийх зүйлээсээ ухрахгүй

Бид ямар гудамжны хүмүүс биш яалаа гэж барьцалдаж авах вэ?

Та сайхан намаржиж байна уу. Энэ зуны ажил хэр байв. Ид ажил алба цуглаад хот даяараа бужигнаж байна. Өвөлжилтийн бэлтгэл гээд зав муутай л байна уу?

-Мэдээж энэ зун ажил ихтэй өнгөрлөө. Зам засах, орон сууц барих гэх мэтийн ажлууд ундарсан. Хийсэн ажлууд цөм хүмүүсийн нүдэнд ил харагдаж байгаа учраас энд нуршаад юу хийхэв. Харин Монгол Улс эдийн засгийн хямралтай нүүр тулсан гэх боловч хотын бүтээн байгуулалт энэ шуурганд нэрвэгдэх нь бага байсныг онцолж болно шүү.

Гэхдээ эдийн засгийн хямрал ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байлгүй дээ?

-Тэр ойлгомжтой. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдгийг харуулж байлаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Хотод хураагддаг газрын төлбөрийн орлого тасалдсан. Хүн амын орлого буурсан зэргээс харвал мэдээж хямралтай байсан нь тодорхой. Гэсэн ч Улаанбаатарын бүтээн байгуулалтын эрч хүч буураагүй шүү. Тийм учраас нийслэл хот хямралд харьцангуй зөөлөн өртлөө. Одоо өвөлжилтийн бэлтгэл гээд мундахгүй их ажилтай л сууна.

Дулаан, цахилгааны засвар үйлчилгээнээс эхлээд төвхнүүлэх зүйл олон байна. энэ тухайгаа саяхан удирдлагын зөвлөл дээрээ ярилаа. Өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь амжуулахаар зүтгэж байна. Явц нь ахицтай, одоогийн байдлаар 80 хувьтай байна. тэгэхээр ажил хугацаандаа амжина.

-“Гудамжтөслийн санхүүжилт зогсох нь. Үүнээс болоод Э.БатҮүл дарга Н.Батбаяр сайдыг шанаадчихлаа гэх мэтийн явган яриа нэг хэсэг гарсан даа?

-Бид ямар гудамжны хүмүүс биш яалаа гэж барьцалдаж авах вэ. н.Батбаярын хувьд бол улаанбаатар хотын гудамж, талбайг сайжруулах тал дээр үнэхээр идэвх зүтгэл гаргасан хүн шүү. Өнөөдөр үр дүнд нь хотын гудамж, замуудын засварын ажил эрчимтэй явлаа. Хэд хэдэн уулзварыг заслаа. ажил хийж байгаа хүмүүст замаа үүгээр, түүгээр тавина гэх мэтийн маргаан, зөрөлдөөн үүсэлгүй яахав. “гудамж” төслийн санхүүжилт хэвийн. учирч байгаа нэг л бэрхшээл бий.

Юу юм?

-Урьд нь дутуу орхисныг нь нөхөж хийх ажил гараад байх юм. Жишээ нь Яармаг руу тавьсан замын зургийг гаргахдаа ухаан, санаа нь хаана явсан юм, бүү мэд. Ямар ч гарц, гэрлэн дохиогүй. Үүнээс нь болоод зам дээр дөрвөн ч хүн осолдлоо шүү дээ. Ингээд тэр замд нэмж гарц, гэрлэн дохио хийж, төлөвлөөгүй зардал гаргах юм.

Хариуцлага ч давхар яригдана биз?

-Хариуцлага тооцоход их төвөгтэй. замын зургийг анх гаргасан нөхдүүд “өгсөн мөнгөнд нь тааруулж зурсан шүү дээ” гэнэ. Мөнгө олгосон газар нь “Байгаа мөнгө чинь энэ” гэдэг юм. Ийм учраас хариуцлага хүлээх эзэн олдоход туйлын төвөгтэй. Үнэхээр байгаа мөнгөндөө тааруулж, зураг зурсан юм байж, тэр дагуу нь барилгын компани ажлаа хийж. тэгэхээр бас буруутгахын аргагүй.

Мөнгөгүйдээ муу ажил хийгээд байна гэдэгтэй эвлэрч болохгүй байх аа?

-Мэдээж мөнгөгүйдээ муу ажил хийгээд байна гэдэг худлаа л даа. Ямар ч хүн мөнгөндөө харам хандах нь жам ёсны хэрэг. татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацах ёсгүй. гэхдээ мөнгөө хэмнэлээ гээд иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болохгүй. Хүн алдаг зам хийчихэж болохгүй шүү дээ. тэгвэл тэр замаар яах юм. Үүнийгээ л боддог сэтгэл байх хэрэгтэй байна.

ӨНӨӨ жил зургаан мянган айлын орон сууц ашиглалтанд орно

Та хотын дарга болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацааг эргээд харахад юу амжуулсан бол. Дүгнэж, цэгнэж үзэв үү?

-Үнэнийг хэлэхэд энэ их ажлын дунд өөрөө ч заримдаа хөл алдаж байна. нэгдүгээрт, хоёрдугаарт гээд эхнээс нь жагсаавал их л юм ярих байх. гэхдээ бид хоёрын ярилцлагын цаг хүрэхгүй биз. Жишээ болгоод хэлэхэд гэр хороолол түрүүчээсээ орон сууцаар солигдож байна. зам барилгын ажлуудыг урьд хожид байгаагүйгээр хийлээ. Инженерийн бүтцийг шинэчиллээ. сургууль, эмнэлгүүдийг барьж байна.

-“Э.БатҮүл урьд хожид байгаагүйгээр ажиллалаа л гэх юм. Энэ бүхэн чинь бидний үед гаргасан төлөвлөгөө, зургийн дагуу явж байгаа ажилгэж өмнөх засгийнхан ярих юм.

-наадах чинь хаана ч, ямар ч улсад болдог яриа. Миний үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. хожид байгаагүйгээр ажиллалаа гэдэг нь эрч хүч, хурдны тухай яриа шүү дээ. Бид урьд хожид байгаагүйгээр хурдтай ажиллаж байна. зам засварын ажлыг ямар шуурхай хийдэг болсныг бүгд харж байгаа биз дээ. энэ хотод хийж байгаа бүхэн хүн бүрийн нүдэнд ил байна. тийм ч учраас шүүмжлэлд өртөж байгаа байх. ажил хийгээгүй бол өнөөдөр ийм шүүмжлэл өрнөхгүй.

угаасаа өмнөх засгийн хийсэн зүйлийг дараагийн засаг нь үргэлжлүүлээд явдаг нь жам ёс. Жараад онд баригдсан хотыг өдгөө бид өргөжүүлэн хөгжүүлэхээр зүтгэж байгаа нь үнэн шүү дээ. Хамгийн гол нь ажлаа хэн нь сэтгэлээсээ хийж байгаад нь асуудал оршиж байна. улаанбаатар бол бидний гэр орон гэдэг үүднээс өөриймсөг хандах ёстой. тэгж байж хотоо хот шиг хөгжүүлнэ. Гэр орноо тохижуулж, ая тухтай байлгахын төлөө явдаг шигээ амьдарч байгаа нийслэлээ хөгжүүлэхийн төлөө сэтгэл гаргах нь чухал байна. Үр хүүхдүүд минь өндөр хөгжилтэй хотод очоод “Манай нийслэл хэзээ ийм болох юм бэ” гэж дуу алдалгүй амьдраасай л гэж хүсч байна. Үр хойчдоо бид гоё хот үлдээх хэрэгтэй. Би ажилтнууддаа “Хүүхэд, ач, зээ нарынхаа зургийг жаазлаад ширээн дээрээ тавиарай. тэднийгээ харж, хэнд юу үлдээхийн төлөө ажиллаж байгаагаа байнга санаж бай” гэж хэлдэг юм. Бид ингэж л энэ хотыг сайхан болгоно. Ажилгүй, архи уусан хүнтэй таарахгүй, соёлтой, цэвэр цэмцгэр гудамжаар үр хүүхдүүдтэйгээ алхаж явбал сайхан биз дээ. Бид цөм ийм л хотын төлөө аль ч үед ажилласан.

Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах ажил хэр ахицтай байгаа вэ?

-зуун айлд орон сууцны хороолол бариад эхэлчихсэн байна. Энэ бол гэр хорооллыг орон сууцжуулах ажлын эхлэл. анх иргэдтэй уулзаад гэр хорооллыг орон сууцжуулна, хашаа руу нь шугам татна гэхэд яаж хүлээж авч байлаа. Бүтэшгүй санаа, үл гүйцэлдэх юм ярилаа гээд л. одоо бол иргэд “Манайх дахин төлөвлөлтөд хамрагдмаар байна” гэдэг хүсэлтээр биднийг булж байна. Магадгүй дахиад хоёр жилийн дараа иргэдийн хандлага 100 хувь өөрчлөгдөнө. “Би чинь газрын эзэн юм байна. Хөрөнгө оруулагч олж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм байна. нийтийн орон сууц эсвэл хаус бариулъя” гэдэг сэтгэлгээтэй болно.

Таныг анх ярьснаасаа хазайлаа. иргэдийн газрыг хэдхэн метр квадрат байраар сольж, дээрэмдлээ гэдэг шүүмжлэл дагаад байгаа шүү?

-анх сонгуульд оролцохдоо гэр хорооллыг хаус хороолол руу шилжүүлнэ гэж ярьсан нь үнэн. энэ байр суурь хэвээрээ байгаа. Энэ ажлыг эхлүүлэхээр улсын үйлдвэрийн газар ч байгуулсан. Одоо газар дээрээ хаус бариулах саналтай иргэдийн хүсэлтийг авч байгаа. Өнгөрсөн долдугаар сард өгсөн мэдээллээр хорин мянган өрх хаус бариулах санал тавьсан байна лээ. гэхдээ газраа чөлөөлж нийтийн орон сууцанд ормоор байна гэдэг хүсэлтэй иргэд их байна. газрын эзэд л бүгдийг шийднэ. надад тэдний газрыг дур мэдэн шийдэх эрх мэдэл байхгүй. газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийг нь олж өгөх л үүрэг бий. тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу ажлаа хийж байна.

Хаус хороолол руу шилжүүлэх ажил хэзээнээс бодитоор хэрэгжих юм бэ?

-Хөрөнгө босгох асуудал бий. Үүнийг шийдчихвэл иргэдтэй тохирно. Хашаагаа шахаж, гудамжнаасаа хандивын газар гаргаад өгөөч. Тэнд цэцэрлэг, сургууль барья гэдэг зарчмаар л явна. Иргэд тохирч өгдөггүй тал байгаа. Үүнээс болж ажил удаашрах хандлага гардаг. Жишээ нь гандангийн айлуудыг дахин төлөвлөлтөд оруулж, хаус хороолол бий болгоё гэж гуйгаад бүтэхгүй байна. Иргэд нь дөрөв хуваагдаад өөр өөр юм яриад суучихсан. аргаа барахдаа зөвхөн нэг гудамжийг нь загвар болгон засч “Ийм л болгоно шүү дээ” гээд харуулж байх жишээтэй. Өнөөдөр улаанбаатар хотын нийт суурьшлын бүсийн 78 хувь нь гэр хороолол. Үүнийг дэд бүтцээр хангахад асар их хөрөнгө шаардлагатай. Үүнийг шийдчихвэл энэ ажил эхлэх боломжтой. уг нь иргэд заавал биднийг харалгүй өөрсдөө хөрөнгө оруулагч хайж, газар дээрээ хаус бариулах боломж ч бий. Хэд хэдээрээ нийлж дундаасаа хандивын газар гаргаад хөрөнгө оруулагчдаа санал болгож болно шүү дээ. Харин одоо засгийн газраар нэг асуудлыг шийдүүлэх хэрэгтэй байна.

Юу билээ?

-аймаг, сумын иргэд хашааны газраа барьцаалж орон сууцны зээл авч болно гэдэг шийдвэр гарсан. гэтэл хотод үүнийг зөвшөөрдөггүй шүү дээ. Үүнийг л шийдүүлэх хэрэгтэй байна. Өнөө жил манай хэсэг сэтгүүлч нийлээд Америк стандартаар “Эрх чөлөө” гэдэг хотхон босгосон. газраа барьцаалж зээл авдаг болчихвол иргэдээ энэ загвараар хаустай болгох хэрэгтэй байгаа юм. Мэдээж бид шугамыг нь тавиад өгнө. Сургууль, цэцэрлэгийг нь байгуулчихна шүү дээ.

Яг одоогийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууц бариад эхэлсэн хичнээн хэсэг байна вэ?

-надад өгсөн мэдээллээр өнөө жил зургаан мянган айлын орон сууц ашиглалтад орно.

Аль аль хэсэгт вэ?

-энэ ондоо багтаагаад бидний нэрлэдгээр зуун айл болон Сонгинохайрхан дүүрэг гээд хэд хэдэн хэсэгт орон сууцнууд ашиглалтад орно. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг Баттулга болон очирбат дарга хариуцдаг учраас тэд илүү мэдээлэл өгнө.

Хотын захиргааг нүүлгэх асуудал юу болж байгаа вэ?

-Хотын захиргааг нүүлгэх бэлтгэл хангагдчихсан. Бид газраа чөлөөлчихсөн, барилгын зургийг гаргаж байна. Ирэх хавраас ажил эхэлнэ.

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг дөрөвдгээр сараас мөрдүүлнэ

Нийтийн тээврийн асуудал руу оръё. Бүтэн өдөржин 500 төгрөгөөр автобусанд суух нь сайхан ч төөрч будилаад нэг хэсэг хүмүүс бухимдах шиг боллоо. Автомашинуудыг улсын дугаарынх тэгш, сондгойгоор ангилан явуулахад түгжрэлгүй болсон нь авууштай. Гэсэн ч хүний машин унах эрхэд халдлаа гэх зэргээр таныг сайн, муугаар нэлээд ярилаа. Та өөрөө нэг тайлбар өгөөч?

-Автомашиныг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор явуулах аргыг бид өнгөрсөн жил ч хэрэглэсэн. Үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан шүү дээ. Есдүгээр 1-нээс өмнөх долоо хоногт улаанбаатар хотын түгжрэл хэрээс хэтэрч, тэг зогсолт хийхдээ тулдаг. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэх гэсэн эцэг, эхчүүд хөдөөнөөс цувдаг. Оюутнууд ч хотод орж ирдэг цаг. Ийм үед энэ арга хэмжээг авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ энэ хязгаарлалтыг хийхэд нэг хангалтгүй зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Машин нь явдаггүй өдөр хүмүүс автобусанд сууна. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгцээг нь хангаж чадахааргүй байлаа. Үүнийг бодолцож, нийтийн тээврийн шинэ үйлчилгээг автомашины хязгаарлаттай зэрэг нэвтрүүлж, туршиж үзсэн юм.

Үр дүнг нь яаж дүгнэж байгаа вэ?

-Сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэн хүний төлөө бус ашгийн төлөө давхидаг гэсэн муу нэр зүүдэг. Үүнийг залруулж, автобуснуудыг тодорхой стандарт хуваарийн дагуу явуулдаг болох л санаачилга байсан. Яагаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээний үүрэг нь иргэдээ ая тухтай байлгаж, түргэн шуурхай үйлчлэх шүү дээ. Нэг хүнтэй ч бай нийтийн тээвэр тогтсон цаг, хуваарийн дагуу маршрутаараа явж байх ёстой. түүнээс биш автобусаа дүүрэхийг хүлээж, зогсдог байж таарахгүй. Гэтэл манай нийтийн тээврийн үйлчилгээ яг ийм болчихоод зах зээлийнхээ замаас хазайгаад байна. Тиймээс бид орлого хөөсөн нийтийн тээврийн үйлчилгээнээс иргэддээ үйлчлэх нийтийн тээвэр рүү шилжих туршилтыг хийсэн юм. Мэдээж аливаа шинэ зүйлийг туршихад ямагт бэрхшээл шүүмжлэлтэй тулгарна. Бид саяын туршилтаас юу нь алдаа байсныг олж харсан. Яаж боловсронгуй болгохоо ч ойлгосон. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлж болох юм байна гэдгийг харлаа.

-Саяын туршилтын үеэр зарим чиглэлд явах автобус олдохгүй, хүмүүс яахаа мэдэхгүй будилаад байх шиг харагдсан…

-Маршрут дээр алдсан байж магадгүй. Үүнийгээ засч сайжруулна. Ер нь аливаа зүйлийг хийхдээ гарах алдаа дутагдлыг нь урьдчилж харах боломжгүй шүү дээ. Тиймээс л туршилт хийдэг юм. Уг нь бид нийтийн тээврийн туршилтыг явуулахдаа иргэдэд зөндөө хэлж, анхааруулсан. Гэвч цагаа тулахад бөөн асуудал бухимдал үүссэн. Нэг том хотын туршлагатай дарга надад “Хүмүүст ийм юм болно шүү гэдгийг яаж ч хэлээд нэмэргүй. Тэд өөрсдийн биеэр үзэж байж учрыг нь олдог юм. Тийм учраас нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг тоглоом биш шүү” гэж байсан юм. Түүний үг үнэн. Гэхдээ бусдад муу хэлүүлэхээс айж, хийх зүйлээсээ ухрахгүй. Хүмүүсийн төлөө зөв гэж бодсон болгоноо хийх л болно. Намайг муулж, сайлах нь сонин биш. Яагаад гэвэл би 1980-аад онд ухуулах хуудас нааж гүйхээсээ эхлээд өнөөг хүртэл бусдаас сайн үг дуулаагүй хүн. Муулуулсаар байгаад бүр дөжирчихсөн юм.

Гэхдээ сая болсон нийтийн тээврийн шинэ үйлчилгээний туршилтад хэрсүү хандсан иргэд ч олон. “Маш зөв юм боллоо. Өдөрт нийтийн тээвэр, унаж байгаа машиндаа ямар их мөнгө зарцуулдаг байснаа сая ойлголоо” гэж ярих хүмүүс байна. Автобус хооронд шилжин суух нь иргэдийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэн. Үүнээс болж жин хаслаа гэх хүнтэй ч таарч байлаа. Түгжрэлд зогсч, шатахуунаа хий шатаадаг байсан асуудал ч багаслаа гэж олзуурхах хүмүүс бий.

-Автобус нь тухтай, нийтийн тээврийн маршрут нь тодорхой, 500 төгрөгийн тасалбар тараалт боловсронгуй болбол ч хамаа алга…

-Яг өөрийн чинь хэлж байгаагаар бэлтгэлээ базаагаад ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн шинэ үйлчилгээг мөрдүүлж эхлэх санаатай байна. Зорчигч болгон автобусанд суухдаа карт уншуулж төлбөрөө хийдэг болно. Нэг, зургаан сар болон гэр бүлийн багцын тасалбар гаргана. Маршрутаа тодорхой болгоно. Автобуснуудыг ая тухтай болгоно. Сөүл юм уу гадны хотуудад үйлчилдэг автобуснууд манай жуулчдад үйлчилдэг унаатай адил ая тухтай байдаг. Хүмүүс нь тухтай суугаад явдаг шүү дээ. Нийтийн тээврийн үйлчилгээ ийм л стандарттай байх ёстой. Түүнээс биш манайхан шиг гулууз мах аччихсан аятай явдаггүй. Хэрэв дэлхийн бусад хотуудад манайхан шиг тэгж явбал хориотой. Цагдаа нар явуулахгүй. Ийм учраас 20 тэрбум төгрөг гаргаж, автобус нэмж авна. Урт сунадаг автобус оруулж ирэх гэж байна. Манай тээврийн газрынхны өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод 2500 автобус шаардлагатай. Тэгж байж бүх хүнд хүрэлцэнэ. Гэтэл одоо 800 автобус үйлчилж байгаа.

20 тэрбум төгрөгөөр хэрэгцээгээ бүрэн хангах автобус авч чадах юм уу?

-Яалаа гэж. Энэ бол нэг удаа авах автобусанд зарцуулах мөнгө. Бид жил бүр автобус худалдаж авна. Ингээд таван жилийн дараа автобусны хэрэгцээг бүрэн хангахаар тооцоолж байна.

Автомашинуудыг тэгш, сондгойгоор нь явуулах аргыг цаашид мөрдүүлэх юм уу?

-Мөрдүүлэхгүй. Энэ аргыг удаан хэрэглэвэл алдагдалтай. Хүмүүст ч хүндрэлтэй. Харин зарим иргэдийн зүгээс хотын төвөөр машинтайгаа явахын тулд төлбөр төлье гэдэг санал гаргаад байгаа. Тэндээс хураасан мөнгөө орлого багатай иргэд рүүгээ чиглүүлье.

Хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ?

-Санал асуулга явуулна. Хэрэв ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж, бүтэн өдөр 500 төгрөгөөр зорчдог болбол нийтийн тээвэрт 17 тэрбум төгрөгийн алдагдал гарна.

Энэ алдагдлыг нөхөхийн тулд хотын төвөөр явах машинаас 50 мянган төгрөгийн татвар авах гээд байгаа юм уу?

-Ингэж нөхөхөөс өөр арга байхгүй. Төсвөөс нөхөх ямар ч боломжгүй. Нөгөө талаар 50 мянган төгрөгийн татвар бол түгжрэлгүй үйлчилгээний төлбөр шүү дээ. Энэ бол дэлхийн жишиг. Лондон, Парис, Сингапурт ч байдаг зүйл. Бүх хот түгжрэлээ ийм аргаар шийддэг. Тэгж ярих юм бол Парис хотын архитектороор 35 жил ажилласан хүн хувьдаа машингүй байна. Яагаад гэвэл ая тухтай, түргэн шуурхай үйлчилгээтэй нийтийн тээвэртэй учраас тэр хүнд машин унах шаардлага алга. Бид ийм л болмоор байна.

-Наад саналыг чинь хүмүүс дуулахгүй байх даа. Энэ тухай сонсоод жагсана, цуглана гээд бухимдаад байсан л даа?

-Дэмжүүлэхийн тулд бүх л тайлбараа хэлнэ дээ. Хамаг байдгаараа ухуулж сурталчилна. Ач холбогдлыг нь ойлгуулна. Ер нь аливаа оронд чинээлэг хэсэг нь ядуучуудын нийгмийн дарамтыг багасгаж өгөхөд тусалдаг. Үүнийг шударга ёс гэж үздэг юм. Чинээлэг иргэд нь орлого багатайгаа дэмжиж, нийгмийн зөвшилцлөөр амьдармаар байна шүү дээ.

Таныг ийм зүйлүүд яриад байгаа учраас дарангуйлагчаар өргөмжлөөд эхэлсэн байна. Бин Ладен шиг сахал зүүлгэсэн зургийн эвлүүлэг интернэтэд тарчихаж…

-Үнэнийг хэлэхэд би хийе гэснээ хэнээс ч дальдчихгүй хийнэ. Хариуцлагаа ч үүрнэ. Манай улстөрчид зоригтой шийдвэр гаргаж чадахгүй, олон түмнээс айж эмээсээр яваад өнөөдөр улс орныг сайн ч биш, муу ч биш хоёрын хооронд байдалд оруулчихсан байна. Ингэхгүйн тулд хотын хөгжилд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргана. Шийдвэл шийдсэн шиг шийдэж, шийдэж чадахгүй бол ажлаа өгнө.

-Тэгэхээр энэ зун шуугисан бас нэг зүйл нь цахимаар газар эзэмшүүлэх асуудал байлаа. “Миний ойр тойрны хүмүүст газар эзэмших эрхтэй боллоо гэдэг мессеж ирсэнгүй, тэгэхээр шударга бус байна” гэх хэл ам гараад байна…

-Бид хүмүүсээ ямар итгэлгүй, хар санаатай болгочихсон юм бэ. Бүхнийг хараар боддог хүмүүс их байх шиг байна. Газар авсандаа баярлаад гүйж яваа хүн олон шүү дээ. Нялх хүүхдэд ч газар таарсан байна лээ. Арай тэр нялх хүүхдэд арын хаалгадаагүй байлгүй дээ. Үнэнийг хэлэхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гаргаж, 0.07 га газар өмчлүүлнэ гээд хэдэн жил яриад амжаагүй шүү дээ. Нэг сая 100 мянга гаруй иргэн газраа өмчлөөгүй үлдсэн. Тэдэнд газар өмчлүүлэхийн тулд бид энэ арга хэмжээг авч байна. Үнэндээ иргэн бүрт газар оноож өгнө гэдэг хүнд асуудал. Өнгөрсөн хугацаанд энэ ажлыг яаж хийх техникийн шийдлээ олоогүй байсан. Харин манай газрын албаныхан нойр хоолгүй сууж, программ хийгээд 15 мянга гаруй иргэнд агшин зуурын хугацаанд газар өмчлүүлэх ажлыг зохион байгууллаа. Уучлаарай энэ бол маш шударга болсон гэдэгт итгэлтэй байна. 15 мянган иргэнд газар өмчлүүлэхийн тулд найраа хийгээд явах уу. Санаанд багтамгүй шүү дээ. Хоёрдугаарт тэр оноолтыг хүн хийгээгүй. Компьютер хийсэн. Нэг хүнд арын хаалгаар газар өгөх гээд явж байдаг компьютер байх уу. Тийм учраас шударга бус болсон гэдэг яриа зүгээр л хий хоосон хардлага.

-Бүртгүүлсэн хүмүүсээс хичнээн нь газраа өмчилж авсан бэ?

-280-аад мянган хүн бүртгүүлснээс 15 мянган иргэн эхний ээлжинд газар өмчлөх эрхтэй болсон. Хачирхалтай нь 4000 иргэн газрын гэрчилгээгээ авахыг хүсэхгүй байна. Үүнийг гайхаад барахгүй юм. Эхний ээлжинд иргэдэд өмчлүүлж байгаа таван байршлын газрууд ямар сайхан гээч. Жишээ нь Улиастайн Хожуулын ам руу төсвийн мөнгөөр засмал зам тавина. Бохир дулааны шугам татна. Канад маягийн хаус хороолол бий болно шүү дээ. Гэтэл яагаад иргэд газрын гэрчилгээгээ авахгүй байгаа юм бэ. Энэ тухай бид учрыг нь олохоор хуралдсан. Тэгтэл манай нэг мэргэжилтэн “Зүгээр сугалаанд ороод үзье гэсэн хүмүүс бүртгүүлсэн байна” гэж хэлж байна. Үнэхээр тэгж саваагүйтсэн хүмүүс байгаа бол шууд хасъя. Тэдний аваагүй газар дээр дахин сугалаа явуулъя.

-Ер нь газар аваагүй бүх иргэнээ цахим сугалаагаар газартай болгоно биз дээ?

-Мэдээж. 0.07 га газраа аваагүй сая нэг зуун мянган иргэнээ бүгдийг нь газартай болгоно. Саяын сугалаанаас үлдсэн хүмүүс дараагийн ээлж рүү шилжинэ. Сая туршилтын маягаар эхний таван байршилд сугалаа явуулж үзлээ. Одоо цаашлаад бусад байршлуудад сугалааг үргэлжлүүлнэ.

Хууль бусаар газар өмчилсөн байгууллагуудаас газрыг нь буцааж авсан. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Зарим нь шүүхэд очсон. Зарим газруудыг төрийн өмчид буцаагаад авчихсан байгаа. Урьдчилсан байдлаар 65 газрыг дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байна. Гэхдээ зүгээр хоосон газрыг дуудлага худалдаанд оруулахгүй. Барилга барих зөвшөөрөлтэй, техникийн нөхцөл нь батлагдсан газрыг бид дуудлага худалдаанд оруулна. Хүн юу худалдаж авч байгаагаа мэдэх ёстой шүү дээ.

-Дуудлага худалдааны мөнгөөр юу хийх вэ?

-Иргэдээ орон сууцжуулах төсөлд зарцуулна.

-НОСК-т хөрөнгө оруулах юм уу?

-Тийм.

-НОСК-ийн ажил ямар явцтай байгаа вэ?

-Бэлтгэлээ үндсэндээ хангачихсан байна.

-Ингэхэд Улаанбаатар хот бонд гаргах уу?

-Бэлтгэж л байна. Эргэж төлөх баталгаагаа бид гаргаад өгчихвөл манай бондыг булаацалдаад л авна.

-Бондын мөнгийг юунд зарцуулах юм?

-Орон сууцжуулах төсөлд зарцуулна.

-Өнгөрсөн хавар Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкнаас зээл авсан. Юу хийж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банкнаас олон шатлалт зээл авсан. Ер нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад олон улсын байгууллагууд, Засгийн газар ихээхэн хувь нэмэр оруулж байна. Азийн хөгжлийн банк 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж, Улаанбаатар хотод хоёр дэд төв байгуулахаар ажиллаж байна. Баянхошуу, Чингэлтэй дүүргийг хот доторх хот болгоно. Дэлхийн банкнаас цэвэр усны хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлээд дуусч байна. Мөн сургууль, цэцэрлэг барьж байна. Азийн хөгжлийн банкны тусламжтай эмнэлэг барьж байна. Засгийн газар хөрөнгө оруулж, “Гудамж” төслийг хэрэгжүүлж байна. Хятадын Засгийн газрын тусламжтайгаар орон сууцны барилга барьж байгаа. Японы Засгийн газрын тусламжаар гүүр барилаа, одоо метроны ажил руу орж байна.

-Метрог хэзээнээс барьж эхлэх юм бэ?

-2016 оноос метро барих ажил эхэлнэ.

-Ингээд хараад байхад өнгөрсөн хугацаанд Засгийн газар, та хоёр л шүүмжлэлд их өртөж байх шиг байна шүү…

-Миний ажил яахав, бүхний нүдэн дээр ил байдаг юм. Би муу ажиллабал өөрийгөө мянга сайлаад нэмэргүй, ард түмэн дүгнэнэ. Мэдээж сөрөг хүчний хийх ажил нь шүүмжлэл өрнүүлэх шүү дээ. Тиймээс л сөрөг хүчин бачуурч байна. Тэгэхгүй гээд ч яах юм. Эрх баригчид ямар мундаг юм бэ гээд гүйгээд байлтай биш. Тэгвэл тэнэг болж хувирна биз дээ.

-Харин Засгийн газрын тухайд та ямар бодолтой сууна…

-Үнэнийг хэлэхэд бидэнд тогтвортой байдал хэрэгтэй. Нэн ялангуяа эдийн засгийн ийм хямралтай үед хоосон улстөржилт дэмий. Олон улсын практикт ч хямрал ойртох тусам улстөрчид нь илүү зөвшилцдөг шүү дээ. Давагдашгүй хүчин зүйлийг хамтдаа л даван туулах ёстой. Хямралаар далимдуулж нэгийгээ цохиж унагаагаад байвал байдлыг бүр дордуулна. Украиныг хар л даа. Хоорондоо ноцолдсоор байгаад улсаа дуусгаад авлаа. Одоо дэлхийг дайн руу түлхэхдээ тулчихлаа. Үнэндээ Украин бол авлигад идэгдсэн улстөрчид улсаараа яаж тоглодгийн тод жишээг харууллаа. Авлига авч, түүндээ амташсан сүргийн удирдагчдын зодоон Украинд болсон шүү дээ. Монголыг ийм болгож болохгүй.

-Сүүлийн өдрүүдэд явж байгаа нэг шүүмжлэл байна. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайд яагаад байр өгчихөв өө гэж. Хүмүүс жиргээд, буруутгаад л байна. Энэ тал дээр та нэг тайлбар хийгээч?

-Л.Цогзолмаа гуай хүсэлт тавьсан юм. Тэр хүнд үгүй гэж хэлэх эрх надад байхгүй биз дээ. Ер нь ганцхан Цогзолмаа гуай биш. Арван мянга гаруй ахмад бий. Тэднийг бүгдийг нь байртай болгоно. Тэр ахмадуудад үгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Зүгээр л аливаа юм дэс дараагаараа явдаг. Тэр зарчмаараа л явж байна.

-Ер нь таныг жиргээчдийн үгээр үг хийдэг гэх зэмлэл бий. Үнэхээр ч тэдний үгээр хогийн ногоон уутыг асуудал болгоод авсан байх…

-Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байх даа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг билээ.

Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Гэтэл интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй.

-Жиргээчдийг доромжиллоо гээд таны эсрэг бослого маягийн юм гарах байх даа?

-Тэгж л байг. Би хэлсэн байх аа. Элдвээр хэлүүлсээр байгаад дөжирчихсөн хүн гэж. Бат-Үүл үхээсэй гэж өнөөдрийг хүртэл бодож, залбирдаг хичнээн хүн бий гээч, цаана чинь. Надад хүндрэл тохиолдоход хоорондоо хундага тулгадаг нөхдүүд байгаа. Тийм учраас би юунд ч доргихоо больчихсон. Ертөнцийн бүх хараалыг овоолоод байгаа хүмүүс чинь галзуу байж таарна биз дээ. Тэгээд ч аймхай хүн үгээр өс хонзон авахдаа сайн байдаг юм шүү дээ. Монголчуудын нэр хүндийг унагаад яваа бүтэхгүй хүмүүсийг Баабар сүгсэлзүүр гэдэг юм. Бидний үед тэднийг лалрууд гэдэг байлаа. Нэг орос хүн надад ингэж хэлж билээ. “Танай монголчууд бие биедээ ямар дээрэлхүү юм бэ. Бусад үндэстэн тэгдэггүй. Бие биедээ тусалдаггүй юмаа гэхэд гай болохгүй явж болдоггүй юм уу” гэж. Тэгэхээр нь “Наадах чинь монголчуудын төрөлх араншин биш ээ. Бид оготнын хамраас цус гаргалгүйгээр ардчилал тогтоосныг харсан биз дээ. Харин нэг ийм хэсэг лалрууд байдаг юм. Тэднээс болж манай нэр хүнд гутаад байна. Гайтай нь тэр адгийн юмнууд гадаадад гарчихаад монголчуудын нэр хүндийг унагаад байна” гэж хэлсэн дээ. Намайг гадны улсад айлчлаад явж байхад гурван монгол залуу архи ууж байгаад хоёр нь нэгийгээ хүчиндчихсэн гэдэг мэдээ дуулгаж байлаа. Ийм юм сонсч суух ямар гутамшигтай, нүүр улаймаар байсан гээч. Яг тэдэн шиг лалрууд жиргээчдийн дунд зөндөө байна. Эмэгтэй хүний эсрэг жиргэхээрээ ямар бузартай муухайгаар хэлнэ гээч. Аманд багтахгүй үгээр тэднийг хараана. Ардчилал бол та галзуу байх эрхтэй гэсэн үг мөн. Галзуу хүн галзуу байх эрхтэй. Гэхдээ бусдад гай болох ёсгүй. Та өөрөө өөртөө л галзуу бай. Энэ л ардчилал гэдгийг ойлгоосой.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр даргаа хараад сөрөг хүчин эрх баригчаас илүү нялуурч байна

Урд, хойд хөршийн дарга нар манайд  айлчилж  байгаатай холбогдуулан МАН-ынхан өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд болон эрх баригч АН-д зориулж хоёр удаа мэдэгдэл гаргалаа. Эхнийх нь Си Жиньпин даргыг ирэх үеэр “Эвтэй байцгаая” гэдэг уриалга дэвшүүлсэн юм.  

Тэд “Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байна.  Энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байна. Энэ нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалд МАН ихээхэн ач холбогдол өгч байна.  “Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байна. МАН улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна” гэлээ. Та минь ээ манай Си  даргыг ирэхэд эвтэй найртай байж, дор бүрнээ хариуцлагатай байна шүү. Хэд хоног чих халууцуулалгүй даргыг минь аятай таатай байлгаад буцаагаарай гэх шиг тэдний энэ үгс нялуун сонсогдож байлаа.  

МАН ингэж гуйх ямар шаардлага байсан юм бол. Өнгөц харахад эх оронч, улс үндэснийхээ эрх ашгийн төлөө мэт л байна. Гэвч үнэндээ төр засгийн ажил  Ардын намынханд падлийгүй баймаар юм, тэд ямар эрх баригч биш.  АН-ын өмнөөс Хятадын даргаас айж, нүүр нь улалзаж, яс хавталзаад байсан юм шиг байна.  Яг л хотын айлд хүргэн орсон хархүү хадмуудаасаа санаа зовдог шиг. Тостой гараа дээлэндээ шударсан хээ шаагүй яриатай аавынхаа өмнөөс хавчигнаж, дэмий л “Манай аавыг битгий тоогоорой” гээд нэг муу мушилзан тал засдаг залуучуудтай адил авирлах мэт санагдлаа.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа ирэх ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путиныг угтан  Ардын нам хоёр дахь  мэдэгдлээ гаргав.  Тэр мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг ирэх үед юу хийхийг нь Ерөнхий сайд болоод Засгийн газрын гишүүдэд зааж өгсөн байна. “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин МАН  Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн билээ. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд дараахь чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай” гэжээ. 

Үнэндээ хойд хөршийн­хөө Ерөнхийлөгчтэй  юу  хэлэлцэж, юуг шийдвэрлэхээ төрийн удирдлагууд Ардын намаар хэлүүлсэн хэлүүлээгүй мэдэж байгаа. Оросын Ерөнхийлөгчийг ирэхээр нь юу ярих ёстойгоо Ардын намынхнаар заалгачихна гээд ямар ч зорилгогүй урилга явуулчихаагүй нь лавтай.   В.Путин ч тодорхой зорилготой, ярих, хэлэлцэх асуудалтай учраас манайд айлчилж буй нь мэдээж.  Ийм байхад Ардын намынхан  ингэж шалчигнахын хэрэг юу байна. Эсвэл Хятад, Орос хоёр орны төр барьж байгаа намууд МАН-ынхнаас  гуйгаад байдаг юм уу.  Уг нь ч Хятадын коммунист нам бол МАН-тай угшил нэг. Нэгдсэн орос нам Ардын намтай нягт холбоотой. Тэр  үүднээсээ хоёр хөршийн дарга “Бид очлоо шүү. Төр барьж байгаа нөхдүүддээ та нар сайн хэлж зохицуулаарай” гэж МАН-аас хүссэн юм байх даа. Тэгдэг болоод Ардын намынхан өөртөө итгэлтэйгээр эрх баригч шиг сүржин мэдэгдлүүд хийгээд байгаа бололтой. 

Ер нь МАН барууны ардчилалд дургүй. Зүүн чигийн коммунист угшилтай социалист дэглэмийг дэмждэг нам. Тиймээс хоёр хөршийн дарга нар ирэхийг дуулаад хөл хөөрцөг болж, сүр хүчийг нь бахдаж байх шиг байна.  Уг нь үүнийхээ оронд Ардын нам эрх баригчдыг эрс шүүмжилсэн бол сөрөг хүчин гэдгээ илүү мэдрүүлэх байлаа. АН сүүлийн 20, 30 жилийн турш  тэмцсэн үйл хэргээ умартаж, ардчилсан чиглэлээсээ ухарлаа. Ардчиллын үнэт зүйл болсон  үзэл баримтлалаа хэдхэн долларын төлөө хоёр хөрштэй наймаалцлаа гэх мэтээр шуугисан бол өнөөдрийн сөрөг хүчин болж яваа Ардын намынхны нэр хүнд өсөх байв.  Ийм л хатуу шүүмжлэлээр энэ нийгмийг цэвэршүүлэх байлаа. Харамсалтай нь сөрөг хүчин өөрийгөө эрх баригч мэтээр эндүүрсээр байгаа нь буруу юм.  Эдийн засгийн ороо бусгаа энэ үе эрх баригч АН-ын авч байгаа арга хэмжээ, хийж буй үйлдлүүд үнэндээ зөв ч байж мэднэ. Буруу ч байж магадгүй. Сайн мэдэх юм алга. Буруу, зөвийн аль нь болохыг удахгүй цаг хугацаа харуулах биз. Гагцүү энэ цаг мөчид нэг л зүйл буруу гэдгийг  баараггүй мэдэж байна. Тэр нь сөрөг хүчин болох Ардын нам хоёр хөршийн дарга нарт эрх баригчдаас илүү хөл алдаад байгаа явдал юм. Ямартай ч МАН-ынхан Си даргынхаа  барааг хараад   “Манай даргын хэлсэн үг бүрийг тэмдэглэж ав” гэж эрх баригчдад зөвлөх нь холгүй байлаа.  Харин В.Путин даргыгаа ирэхээр яаж нялуурахыг нь харах л үлдлээ.  Ийнхүү хойд, урд хоёр хөршийн даргыг хараад сөрөг хүчин эрх баригчдаас илүү нялуурч гүйцлээ.     

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Эдийн засаг, улс төрийн шинэ түвшний харилцааг нээлээ

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад
харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-БНХАУ-ын
дарга Си Жиньпиний айлчлалын улс төрийн агуулга, ач холбогдлыг монголчууд төдийгүй
дэлхий дахин анхааралтай ажиглаж, хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөр дүгнэн бичиж байна.
Гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж буй сайдын хувьд та айлчлалын үр дүнг хэрхэн
томьёолох вэ?

-БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн
дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг
бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн
түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг
тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд
оршиж байв. Айлчлал амжилттай болж, энэ зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал
санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд
өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо
биелүүлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга
Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ, УИХ-ын дарга З.Энхболд,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг
хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад  асуудлаар харилцан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг
айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм.

-Тухайлбал,
ямар асуудал дээр харилцан тохиролцсоныг тодруулж болох уу. Мөн ярианд дурдагдсан
тэдгээр асуудлыг хууль эрхзүйн хүрээнд ямар бичиг баримтаар баталгаажуулж, хэрэгжүүлэх
юм бол?

-Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү,  соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц
гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээнд өрнөсөн. Тэдгээрт дурдагдсан
олон ажил хэрэгч санал санаачилгыг хэрэгжүүлэх, бодитой болгох талаар хоёр талын
холбогдох албаны хүмүүс анхаарал, чармайлт тавьж ажиллах нь дараагийн шатны чухал
ажил болж байна. Юуны өмнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр
шийдвэрлэж гэрээ байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтуудад
хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн
үнийг эрс хямд, онцгой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм.

Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой
өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоорондох ачаа эргэлтийг Монголоор дамжуулж
байх, эрчим хүчийг экспортлох зэрэг зорилтууд байгаа юм. Эдгээр асуудлаар хамтын
ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хөндөж ярилцсан. Түүнчлэн манай Ерөнхийлөгч Монголд
үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа,
бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал
санал гэж үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл
манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдөхүйц экспортын үйлдвэрлэл
хөгжих ирээдүй харагдаж байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох,
нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа
ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм. Мөн хоёр
орны Засгийн газар хооронд “Нүүрснээс
синтетик хий боловсруулах, экспортлох төсөл” хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсныг
та бүхэн мэдэж байгаа. Энэ нь уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх,
эцсийн бүтээгдэхүүн гаргах бололцоог нээж байгаа юм. БНХАУ дотоодын эрчим хүчний
хэрэгцээгээ хангахын тулд нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх технологийг гарган авах
технологи, үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа юм билээ. Энэхүү
дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн арга туршлагаа хуваалцах, боловсруулах үйлдвэрлэл
хөгжүүлэхэд бидэнд туслахаар болж байна. Газрын баялгаа түүхийгээр нь зөөх биш нэмүү
өртөг шингээх үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийг мөн л багагүй хугацаанд ярьсан ч ямарваа
шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар
хамтын ажиллагааны олон чиглэлд бодитой гарцыг тодорхойлсон нь том алхам юм.

-Олон нийт аливаа айлчлалын үр дүнгээс тодорхой зээл, тусламжийн
хэмжээ, мөнгөн дүнг илүүтэй сонирхдог? 

-Монгол Улсад 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор БНХАУ-ын төр засаг шийдвэрлэснийг айлчлалын үеэр албан ёсоор
зарласны зэрэгцээ ирэх гурван жилийн хугацаанд нэмж нэг тэрбум юанийн буцалтгүй
тусламж, мөн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.
Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний
хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон
тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм. Тэдгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжээд
эхэлбэл үүнийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт, эдийн засагт эргэлдэх мөнгөний
хэмжээг тоогоор илэрхийлбэл чамгүй өндөр тоо гарч байна. Хувийн хэвшлийн хооронд
л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх
гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд
урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллар болохоор байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс, БНХАУ-ын
хооронд хийгдэх худалдааны эргэлтийг өнөөдрийнхөөс бараг хоёр дахин нэмэгдүүлж,
10 тэрбум ам.долларт хүргэхээр болсон. Худалдааны эргэлт ийн нэмэгдсэнээр манай
бизнес эрхлэгчид худалдаачид, жижиг, дунд, үйлдвэрлэгчдийн бизнесийн эргэлт тэр
хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэсэн үг юм. Үүнийг дагаад иргэд, үйлдвэрлэгчдийн
ашиг орлого нэмэгдэх, татвар, төсөв, банк санхүү салбарын үзүүлэлт өсөх нь тодорхой
юм.

Өнөөдөр хоёр орны хооронд хийгдэж
байгаа худалдааны 60-70 хувь нь юаниар төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг. Цаашид худалдааны
эргэлтийг дагаад юаниар хийх төлбөрийн хэмжээ ч нэмэгдэж таарна. Энэ удаад Монголбанк,
Хятадын Ардын банк хооронд шинэ гэрээ байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт солилцох
своп хэлцлийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлж 15 тэрбум юань болголоо.  Худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр хоёр талын
хооронд хийх төлбөр тооцоо нэмэгдэнэ, мөнгөн тэмдэгт хоорондоо түргэн шуурхай хөрвөх шаардлага ч улам бүр
нэмэгдэнэ. Тиймээс уг хэлцэл нь ам.долларын эрэлт хэрэгцээг бууруулах замаар ханшийн
өсөлтийг барих, үнийн өсөлтийг хязгаарлах санхүүгийн чухал арга хэрэгсэл болно.
Тэгэхээр үр дүн гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих нь өрөөсгөл. Эдийн засгийн утга агуулгаараа
эрс шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүлэх айлчлал боллоо гэж дүгнэвэл болох байх.
Харин үүнийг ухаалгаар удирдах, үр шимийг нь баялаг бүтээгч бүр, иргэн бүр хүртэх,
оролцох бодит нөхцөлийг төр засгийн бодлогын түвшинд бий болгох нь чухал. Энэ бол
бидний хийх ёстой үндсэн ажил юм.

-Монгол
Улс хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог. Мөн эдийн засгийн хувьд импорт, экспорт
маань хөршүүдээс ихээхэн хамааралтай байна. Цаашид өмнөд хөрштэйгээ эдийн засгийн
эрчимтэй харилцаанд орох, хил залгаа боомтуудаа бүрэн ашиглах, чөлөөт бүс байгуулах,
төмөр замаар шууд ачаа тээвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирлоо. Үүнийг дагалдаад зарим
нэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд бас байна. Энэ талаар
та юу хэлэх вэ?

-Хятад улс ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засаг болох нь
тодорхой байна. Үүнийгээ бүх шатанд ил тод илэрхийлж ч байна. Хөрш орнуудын хувьд
үүнийг боломж, бололцоо гэж харж, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлье гэж уриалж  байна. Энэ санаагаа тус улсын дарга Си Жиньпин
манай улсад хийсэн  айлчлалынхаа үеэр ч дахин
нотоллоо. Хөгжлийн хурдан гэлт тэргэнд маань хамтдаа суугаач гэсэн урилга өглөө.
Харилцан ашигтай стратегийн түншлэл, тэр дундаа иж бүрэн түншлэлийг хөгжүүлнэ гэж
тунхаглаж байгаагийн цаана их утга бий юм. Бид өөрсдийн эрх ашгаа илэрхийлэх, хамгаалах,
харилцан ашигтай нөхцөлийг ямар ч үед баримтлах бүрэн бололцоо бий шүү гэдгийг л
хэлээд байгаа юм.

Хятадын эдийн засаг томорч, хөгжлийн хурд эрчимжиж байгаагаас үүдээд
учирч болох эрсдэл, заналхийллээс эмээж байгаа улс орнууд байгаа нь үнэн. Монгол
Улс, БНХАУ-ын хооронд түүхийн маргаантай асуудлууд байсан нь үнэн. Үүнийг бид төрийн
ой санамжинд хадгалж байх ёстой. Гэхдээ миний харж буй өнцөг гэвэл БНХАУ бол хариуцлагатай
хөрш юм. Хойд хөрш ОХУ мөн адил дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Бидний аз завшаан
гэвэл хэдийгээр хоёрхон хөршийн дунд оршдог ч
гэлээ хариуцлагатай хөршүүдийн дунд оршдог. Өнөөдөр дэлхий дээр цөөнгүй улс
орнууд үймээн самуунтай бүс нутагт, янз бүрийн хөршүүдтэй хил залгаа оршиж байна.
Үүнээсээ болоод хөгжлийн боломжоо алдаж байна. Гэтэл бидэнд тийм саад бэрхшээл алга,
харин ч боломжоо хуваалцъя гэж урьж байна. Одоо хоёр том зах зээл, хоёр том үйлдвэрлэгчийн
дунд оршиж байгаагаа давуу тал болгон ашиглах ёстой. Бид аливаа асуудалд эрсдлийг
тооцох нь зөв ч гэлээ давуу тал, сайн талыг бодитоор үнэлж дүгнэж, түүнийгээ бодлогынхоо
үндэс болгож байж л хожно.

Энд өөр нэг зүйлийг зориуд тодотгон хэлэхэд БНХАУ-ын зүгээс зөвхөн
өөрийн улстай нь биш бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, бүс
нутгийн интеграцид байр сууриа бэхжүүлэх тал дээр Монгол улсыг дэмжиж байгаа нь
олзуурхууштай. Тухайлбал манай улс элсэх хүсэлтээ гаргаад 20 жил өнгөрчихөөд байгаа
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд
хэмжээний уулзалтад анх удаа дарга орны зочны хувиар оролцох урилгыг Си Жиньпин
дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сая өглөө.

-Та
“Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого юм” гэж нэгэн ярилцлагадаа
онцолсон байсан. Энэ үгийг дахин нотолсон айлчлалын нэг нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний
айлчлал гэж хэлж болно биз дээ?

-Өнөөдрийн дэлхий дахинд улс орнуудын гадаад харилцаа нь эдийн засгийн
харилцаа гэдэг утгаараа түлхүү хөгжиж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлж байж л
эдийн засгаа хөгжүүлнэ, хүчирхэгжүүлнэ. Мөн нөгөө талаас гадаад харилцаа гэдэг эдийн
засгаа хүчирхэгжүүлэх бодлого төдийгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах
цэрэг, батлан хамгаалахын маш чухал бодлого юм. Энэ ч утгаар гадаад бодлогын нэгдмэл
байдлыг хангах, айл өрх, аймаг сум, яам агентлаг, компани байгууллага бүхэн өөр
өөрийн гадаад бодлоготой ч нэг цонхоор хэрэгждэг байхыг шинэчлэлийн Засгийн газар
үйл ажиллагааны зарчмаа болгож ирсэн. Энэ чиглэлд хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй
болгох ажил УИХ-ын холбогдох байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байна.

-Удахгүй
хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Энэ айлчлалын ач холбогдол өмнөд
хөршийн айлчлалтай эн зэрэгцэн яригдах ёстой байх.

-Тийм ээ. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал таван жилийн дараа Монголд
хэрэгжих гэж байгаа бол өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлал 11 жилийн дараа хийгдсэн
айлчлал байлаа. Улс төр, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, агуулгаараа бол аль
аль нь манай улсад маш чухал нөлөөтэй юм. Манай гадаад бодлого, тэр дундаа тэргүүлэх
чиглэлдээ тасралтгүй амжилттай хөгжиж байгааг шил шилээ дарсан энэхүү хоёр айлчлал
харуулж буй юм.  ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалаар
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иргэд,
аж ахуйн нэгж, төр засгийн түвшинд улам бүр ойртуулна гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн
хамгийн ихээр сонирхдог нэг асуулт бий. Тийм ээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-д Монгол
Улсын иргэд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн асуудлыг шийдэх ганц арга нь хүүхэд харах үйлчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хүүхэд харах үйлчилгээ, бичил цэцэрлэг бий болгох асуудлыг  хуульчилж дэмжье хэмээн уриалсан.   Түрүү жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө  мөрийн хөтөлбөртөө энэ тухай тусгасан юм.  Тодруулбал, хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр хардаг болъё.  2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулъя. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоё гэдэг санаачилгыг дэвшүүлсэн. Түүний санаачилгын дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын эмэгтэй гишүүд боловсруулан өргөн барьсан гэх боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцсэнгүй. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд цэцэрлэг болгоны гадаа хэдэн хоногоор өдөр, шөнөгүй дугаарлан зогсдог үзэгдэл энэ намар давтагдсан хэвээрээ. Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ баталчихсан бол энэ жилээс эхлэн эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй зовлонд унахгүй байлаа. Тиймээс энэ цагт уг сэдвээр УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл танай  байнгын хороогоор хэлэлцэгдэх байх. Энэ төсөл юу болсон бэ?

-УИХ-ын гишүүд наад хуулийн төслийг чинь өргөн барих гэсэн боловч эргүүлэн татсан шүү дээ. Одоо Засгийн газраас өргөн барихаар зэхэж байгаа. Хэрэв Засгийн газар өргөн барьчих юм бол УИХ-аар хэлэлцээд даруй батлах бүрэн боломжтой шүү дээ.

-Яагаад Засгийн газраас өргөн бариулж байгаа юм бэ. Ингэж цаг хугацаа алдах хэрэг юунд байсан юм бол?

-Мөнгө төгрөгтэй холбоотой учраас Засгийн газраас өргөн бариулж байгаа юм. Наад хуулийн төсөл чинь эцсийн байдлаар манай байнгын хороон дээр орж ирээгүй. Хэрэв Засгийн газар яаралтай өргөн барьчих юм бол энэ намрын чуулганаар төслийг баталчих байх гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл зэргийг нэгтгэчихсэн гэсэн үг үү?

-Ер нь нэгтгэчихсэн бөөндөө л явж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилснаар гэдэг байдлаар орж ирэх болов уу. Гишүүд бол цөм дэмжиж байгаа шүү дээ. 

-Энэ хуулийг яаралтай гаргахгүй бол цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд болжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Маргааш (Өнөөдөр) манай байнгын хороо Төсвийн байнгын хороотой хамтраад нийслэлийн цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн боловсролын газрын дарга ирж мэдээлэл өгнө. Энэ үеэр цэцэрлэгтэй холбоотой бүх асуудлыг тал талаас нь ярина. Ирэх жил ямар арга хэмжээ авахыг ч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс ч УИХ-д цэцэрлэгийн талаар нэлээд гомдол, санал ирж байгаа. Үүний дагуу ярина. Нэгэнт манай улс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс цааш Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг даруй батлах шаардлагатай. Тэгсэн тохиолдолд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг асуудал эрс багасна.  

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ

-Намар бүрийн өдийд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг үзэгдэл хэвшил болчихжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Монголын төр засаг бүх хүүхдээ цэцэрлэгээр хангаж чадахгүй байна. Тиймээс энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг цаг үе нь шаардаад байна л даа. Цэцэрлэг гэдэг бол төрийн нуруун дээр байх ачаа биш. Хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч явах хэрэгтэй. Харин төр дэмжих л ёстой юм. 

-Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталчихсан бол энэ асуудлыг төвөггүй цэгцэлчих байсан байх?

-Монголчууд хэзээнээсээ хүүхдээ гэртээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлах л хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. 

-Ерөнхийлөгчийг ийм санаачилга гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Гэвч  УИХ-аар шийдэгдэхгүй юм?

-Харин тийм ээ. Уул уурхай, ашигт малтмал зэрэг их хэмжээний мөнгө харагдсан зүйл рүү  бид анхаарлаа илүү хандуулаад байх юм. Уг нь нийгэмд тулгамдаад байгаа зүйл нь цэцэрлэг учраас энэ салбарт үүссэн  хүндрэлтэй нөхцөл байдлыг даруй шийдээд яваасай гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Шинэ арга л хэрэглэхгүй бол цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ

-Яг өдийд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүдийн дараалал  их байх шиг байна. Энэ асуудлын талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүүхэд харах эрх зүйн шинэ орчныг бид яаралтай бий болгох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Ямар ч байсан намрын чуулганаар энэ асуудлыг шийдэж, асуудлыг цэгцлэхгүй бол жилийн жилд ийм байж болохгүй шүү дээ. Үнэхээр цэцэрлэг гэдэг бол эцэг, эхчүүдийн хувьд толгойны өвчин болчихоод байна. Эвслийн  бүлэг дээрээ энэ асуудлыг хөндөж тавья гэсэн бодолтой байгаа. 

-Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг төрөөс дэмжих тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Төрөөс хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэгийн ачааллыг бууруулна гэвэл хэдэн арван жил хүлээх хэрэг гарна. Тэгснээс гэртээ байдаг хүмүүс ойр тойрныхоо хүүхдүүдийг хардаг болж, түүнийг нь ажлын байр болгон баталгаажуулах нь чухал байна. Ийм л шинэ арга нэвтрүүлэхээс цааш цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хэлэлцэн батлах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байна

-Өнөөдөр цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийг баталчихсан бол ийм асуудал гарахгүй байсан байх. Та юу хэлэх вэ?

-Манай гишүүд 2012 онд ийм хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.  Хэрэв энэ чигээрээ хэлэлцэгдээд батлагдсан бол өнөөдөр цэцэрлэгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал бий болохгүй, эцэг, эхчүүд ингэж бухимдахгүй байсан юм. Гэтэл улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байгаа учраас хуулийн төслийг урагш нь явуулсангүй. 

-Та нарын өргөн барьсан төслийг яагаад буцаачихсан юм бэ?

-Ерөнхийлөгч өөрөө төсөл санаачилж өргөн барина гээд бидний боловсруулсан төслийг эргүүлэн татуулсан шүү дээ. Уг нь ард түмэнд л ашигтай хууль гарч байвал хэн санаачилсан нь хэнд хамаагүй байлтай. Чухам одоо энэ хуулийн төсөл хэзээ өргөн баригдахыг хэлж мэдэхгүй л байна. 

Монголд хашаагүй нэг ч хурга алга, харин цэцэрлэггүй хэдэн мянган хүүхэд байна

Нүүдэлчин Монголд  хурга, гөлөг, хүүхэд гурваас хурга нь илүү үрждэг гэж нэг нөхөр жиргэжээ. Энэ бараг үнэн. Тэгж их өсч байгаа хурганаас хашаагүй үлдсэн нь ганц ч үгүй. Тэгвэл  Улаанбаатар хотод жил бүр цэцэрлэггүй үлддэг хэдэн мянган хүүхэд байна. Монголчууд бид үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж үзээгүй учраас юу ч хийж мэддэггүйн тод жишээ энэ. Социализмын үед хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль Улаанбаатарт хангалттай байсан гэлцдэг. Гэхдээ тэр бол монголчуудын гавьяагаар бий болсон эд биш.  Анастасия Ивановна Филатова гэдэг орос эмэгтэйн бүтээсэн үйл хэрэг. Оросууд, ер нь европчууд үр хүүхдийнхээ төлөө юу хийхээ мэддэг, үүргээ ухамсарладаг учраас хойч ирээдүйдээ хэрэгтэй бүхнийг бүтээдэг. Юун түрүүнд үр хүүхдээ, юм бүхний эхэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулахыг эрхэм болгодог улс.  Энэ л жишгээрээ тэр орос эмэгтэй нүүдэлчин монголчуудын үр хүүхдэд хэрэгтэй гэж тэр цэцэрлэг, сургуулийг байгуулж өгчээ. 

Харин 1990 онд хувьчлал эхэлсэн.  Тухайн үед сургууль, цэцэрлэгүүдийг 100 мянгаар  худалдъя гэхэд авах хүн олддоггүй.  Цэцэрлэг гэдэг бол тэр цагт хэнд ч хэрэггүй хогонд тооцогдож байсан юм гэнэ лээ.  Хожмоо өрөөлд ч, өөрт ч, үр хүүхдүүд нь тустай зүйл гэдгийг хэн нь ч ухаараагүй. Тиймээс тэр үеэс  хойш Улаанбаатарт,  улс даяар  нэг ч цэцэрлэг нэмэгдсэнгүй. Ганц ч сургууль боссонгүй.  Тэгсэн хэрнээ монголчууд бид гуравхан хоног наадахын тулд хэдэн тэрбум төгрөгийг хичнээн ч жил урсгав.  Хэдэн цэцэрлэг барих мөнгөөр олон арван жил гараа угаав. 

Өнөө жил л гэхэд бид гурван хоног баярлаж цэнгэхийн төлөө дөрвөн тэрбум төгрөгийг үрэн таран хийлээ. Төв цэнгэлдэх хүрээлэндээ бүжиглэн, дуулахад  тал мөнгийг нь цацаж, хуванцар сандал болгон хувиргалаа. Үлдсэнийг нь “Хүй долоон худаг”-т цемент болгон дэвсэж, хүн, малын хөлд даруулав. Харин одоо цэцэрлэг хайсан эцэг, эхчүүдийн бухимдлыг барж, үүр шөнөөр дугаарлуулан даажигнаж байна. Хэрэв манай дарга нар наадмын дараа намар болно, ажил алба цуглана, адаглаад цэцэрлэгийн асуудал оволзоно гэдгийг мартаагүйсэн бол юу гэж дөрвөн тэрбумаар наадах билээ.  Харамсалтай нь тэд бүгдийг мартсан учраас дөрөв, таван цэцэрлэг барих мөнгөөр гурван хоног наадамлуулав.    Дөрвөн тэрбумаар босгох таван цэцэрлэгийн нэг нь 200 хүүхдийн багтаамжтай гээд бодвол одоо хичнээн эцэг, эхийн магнай тэнэгэр, сэтгэл уужим явах байв.  Бид ингэж л бодож тунгааж амждаггүй, хөлдүү сэтгэлтэй, иргэншиж чадаагүй хүмүүс юм. Төр засаг ч ард түмнийхээ төлөө огт  санаа зовдоггүйг эдгээр үйлдлүүд батлаад байна. 

Намар болохоор бүгд сандралдаж гүйдэг хэрнээ цэцэрлэг барих газар алга  гэж амтай болгон ярих юм. Гэтэл наана чинь хамар хашааны хоёр айлын газрыг хангалттай үнээр худалдаж авахад л хоёр цэцэрлэг босно. Орон сууцны нэг давхрын хоёр айлын байрыг  мөнгийг нь өгөөд суллахад л  хоёр, гурван цэцэрлэг гарна.  Сэтгэл байвал цэцэрлэг байгуулна гэдэг ийм амархан байна. Даанч төр засагт ийм сэтгэл алга. 

Сүүлийн үед эцэг, эхчүүд цэцэрлэгийн асуудлаар их хэл ам хийж байна. Энэ нь ч зөв. Цэцэрлэггүй хоцорч байгаа 40,50 мянган хүүхдийн ээж, аав бүр Сүхбаатарын талбайд жагсах хэрэгтэй. Миний нутгийн газар шорооноос  бурхан гуйсан ч бүү өг хэмээн дөвчигнөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн Монголыг чиглэх мөнгөний урсгалыг хааж байсныхаа оронд үр хүүхдийнхээ төлөө  шаардлага тавих илүү эрүүл үзэгдэл болно. Жинхэнэ тэмцэх ёстой, төр засгаас шаардах хэрэгтэй асуудал чинь энэ цэцэрлэг байна.  “Шорон биш цэцэрлэг барь” гэсэн лоозонтой гараад зогсвол эцэг, эхчүүд та нарыг хүн бүхэн дэмжинэ. Үр хүүхдийнхээ төлөө ийм бодитой зүйл шаардагсдыг үг дуугүй олон түмэн дэмжиж л таарна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ   

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно


ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг Япон Улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт явсан билээ. Түүнээс айлчлалын хүрээнд дараахь тодруулгыг авав.

-Япон улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалыг та юу гэж дүгнэж хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал маш амжилттай болж өндөрлөлөө. Энэ айлчлалын үеэр бид маш том ажлын ард гарлаа. Юу гэхээр, хоёр улсын хооронд хийх эдийн засгийн түншлэлийн гэрээний зарчмын ойлголтод хүрлээ. Энэ баримт бичгийг англиас монгол хэл рүү хөрвүүлж, УИХ-аар оруулж хэлэлцүүлэн батлуулах асуудал үлдлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ баримт бичгийг гаргахын тулд хоёр талаас хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Манай бүх яам энд оролцсон. Хамгийн сүүлийн хэлэлцээнд гэхэд л манай талаас 80 гаруй хүн энэ ажилд оролцсон байна. Ийм олон хүний хүч хөдөлмөрөөр хэдэн зуун хуудас гэрээг боловсруулах ажил үндсэндээ дууслаа.

-Японтой ийм гэрээ хийхээр болсон 15 дахь орон нь манайх гэж байгаа…

-Япон бол дэлхийн 200-гаад улстай харилцаатай, худалдаа хийдэг. Үүнээс ердөө 15 улстай ийм хэлэлцээрийг байгуулсан байдаг. Гэтэл манай улс 15 дахь орон нь болж байна гэдэг бол Монголд ямар их ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Бид маш олон гэрээ, хэлцэл хийдэг учраас хүмүүс Япон улстай хийж байгаа хэлэлцээрийн талаар нарийн мэдэхгүй байж магадгүй.

-Ямар ач холбогдолтой юм бэ?

-Япон, Монголын улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн ч бизнес, эдийн засаг, худалдааны харилцаа төдийлөн тийм сайн түвшинд хүрээгүй. Тэгвэл энэ салбарт хоёр орны харилцааг өндөр түвшинд аваачих хэлэлцээрийг хийхээр боллоо гэсэн үг. Монголчуудын сайн мэддэг сумогоор бол бид Журо зиндаанаас хамгийн дээд буюу Макүчи зиндаанд барилдахаар болж байгаатай адилтгаж ойлгож болно. Энэ хэлэлцээрийг хийсэн тохиолдолд манай бүх салбарыг хамарна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд гарна. Японы техник, технологи, ноухау цөм Монголд нэвтрэх боломж нь нээгдэнэ. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдааны хувьд үйлчлэх гэрээ биш Японы санхүүгийн хөрөнгө оруулалт манай зах зээлд нэвтрэх үүдийг нээж өгнө. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно.

-УИХ-аар хэдийгээр хэлэлцэх бол?

-Энэ олон зуун хуудас баримт бичгийг эх хэл рүүгээ хөрвүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд хоёр тал аль аль нь бүх процессоо дуусгасан байя гэж ярилцлаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн том форум зохион байгууллаа. Оролцсон төлөөлөгчдийн тоо их байна. Монгол руу хөрөнгө оруулах уу, яах уу гээд тээнэгэлзэж байсан Японы бизнесийнхэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай сонсоод “Монголд хөрөнгө оруулахад асуудалгүй болж. Тэнд ажиллах ёстой юм байна” гэдэг ойлголтыг авч тайвширч байх жишээтэй. Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан гэдэг нь өөрөө дэлхий дахинд маш эерэг дохио өгнө. Монгол Улсын эдийн засаг өсөх юм байна гэдэг мессеж очно. Долоо хэмжиж, нэг огтолдог япончууд Монголд итгэж ийм хэлэлцээ байгуулжээ гэдэг сайн дохио дэлхийд цацагдана. Ер нь олон улсад “Японтой түншлэлийн хэлэлцээ байгуулж чадсан бол бусад улстай хэлэлцээр байгуулахад хялбар” гэж ярьцгаадаг. Тиймээс энэ хэлэлцээг байгуулах ажилд оролцсон манай Засгийн газрынхан ч бас нэг дээд сургууль төгссөнтэй дүйцэх мэдээлэл, туршлагатай боллоо. Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг тохиролцсоны үр дүн Токиод байхаас л мэдрэгдэж эхэлж байна.

-Жишээ нь?

-Монголын MCS групп Японы Мицүбиши Хитачи компанитай нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Японы хоёр банк Монголд төлөөлөгчийн газраа нээгээд ажиллаж байна. Сая айлчлалын үеэр Японд манай хоёр банк төлөөлөгчийн газраа нээж байна. Банк санхүүгийн систем харилцан бие биедээ үүд хаалгаа нээж байна гэдэг бол эдийн засгийн бүх харилцааны асуудал шийдэгдэж байна гэсэн үг. Үүгээрээ Япон, Монголын харилцаа шинэ шатанд шилжиж байна. Манай Ерөнхийлөгчийн Японы Ерөнхий сайдтай хийсэн уулзалт гэхэд их элэгсэг халуун дотно байдалд өрнөсөн. Мөн хамтдаа оройн зоог барьсан. Энэ өндөр түвшний ойлголцол, хувь хүмүүсийн харилцаа хоёр орны харилцаанд эергээр нөлөөлж байна. Айлчлалын үеэр хамтран ажиллах бүх зүйлүүдээ ярьж авлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах ажилд зөвлүүлэхээр өөрийн талаас хүн томилно гэдгээ Японы Ерөнхий сайд хэлсэн байгаа. Тэгэхээр бидэнд маш өргөн боломжууд нээгдэж байна.

-Энэ хэлэлцээр байгуулагдсанаар манай бизнесийнхэнд ямар ач тустай юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Салбар болгон дээр ярихад урт болно. Хамгийн энгийн жишээ хэлье. Махны асуудал байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлууд махан дээр яригддаг. Тиймээс манай мах япончуудын стандартыг яаж хангах юм тэр бүгдийг мөрдүүлье гэдэг зүйлийг хэлэлцээрт тусгаж байгаа. Мэдээж Японы стандартыг хангасан тохиолдолд манай мах энд худалдаалагдах эрхтэй болно. Энэ ажлыг ойрын таван жилдээ багтааж хийхээр төлөвлөж байна. Нэг ёсондоо Японд монгол махны брэндийг бий болгох ажлыг хийе. Жишээ нь Австрали Япон улс руу махаа оруулахдаа 50 хувийн хөнгөлөлт авдаг. Манайх таван жилийн дараа ийм л процессоор мах болон өөр бусад бараа бүтээгдэхүүнээ энэ зах зээл рүү гаргахын төлөө ажиллах юм. Энэ боломж салбар болгон, манай бүтээгдэхүүн болгонд нээгдэнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн зарчмыг тохиров

Манай сонины тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Япон улсаас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.Уржигдар орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Эрхэм Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхийлөгчтэй “Тантай утсаар ярьсныг оруулбал бид нийтдээ таван удаа уулзаж байна. Монгол, Японы харилцаа тасралтгүй хөгжиж байгаад баяртай байна.Монголын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа улам хөгжөөсэй гэж хүсч байна.Таны манлайлал дор Япон, Монголын бизнес форум зохион байгуулсанд баяртай байгаа” гэсээр уулзав. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таныг Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны Засгийн газар тууштай харилцсаны хүчинд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тохиролцлоо. Энэ хэлэлцээрийг хийснээр Монголд эдийн засгийн таатай орчин бүрдэнэ. Эхний улиралд багтаан хэлэлцээрийг соёрхон батлуулах боломж байна” гэсэн юм.Тэд уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурал хийлээ.Монгол, Японы Засгийн газар хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг зарчмын хувьд үндсэндээ тохиролцсоноо зарлалаа.

Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ”Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээж авч байна. Манай хоёр орон стратегийн хүрээнд эдийн засгийн харилцааг улам нягт болгох нь чухал гэдэгт санал нэгдлээ.Доорх гурван зүйлийг агуулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.Юуны өмнө эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ үр дүнтэй болсныг сайшааж байна. Энэ нь манай хувьд гадаад улстай хийж байгаа 15 дахь хэлэлцээр. Монголын хувьд анхных бөгөөд бие биеэ харилцан дэмжсэн эдийн засгийн  харилцааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Цаашид энэхүү гэрээг соёрхон батлах асуудлыг түргэвчлэхийг зорьж ажиллана. Хоёрдугаарт Монгол Улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр эрч нэмэх санаачилгыг  миний хувьд санал болгосон. Өнгөрсөн гуравдугаар сард Монголд айлчлахдаа дэвшүүлсэн санаачилга юм.Энэ нь хамтын ажиллагааны үр шимийг нэмэгдүүлэх зорилготой.

Олон улсад чадвартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өргөтгөхөд манай талаас дэмжлэг үзүүлнэ.Гуравт эдийн засгийн бүтцийг шинэчлэх, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилох ажлын тухай ярьсан.Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно.Аюул­гүй байдлыг хангах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх талаар Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбарласан.Үүнийг ноён Ерөнхийлөгч ойлгосноо илэр­хийлсэн.Бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн. Харилцан ашигтай, бие биеэ харилцан нөхөх харилцааг улам хөгжүүлэх бодолтой байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ноён Шинзо Абэ гуайтай чин сэтгэлийн найрсаг байдалд яриа өрнүүлсэндээ  баяртай байна. Манай хоёр орны стратегийн харилцаа эдийн засгийн түншлэлийн харилцаагаар бэхжих болж байгаад баяр­тай байна.Хоёр талаас тохи­ролцсон эдийн засгийн түншлэлийн харилцааг эдийн засаг хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тогтвортой эрх зүйн орчин болж чадна гэдэгт итгэж байна.Ер нь бидний эдийн засгийн харилцаанд гаргаж ирж байгаа санал бол хамтарч бүтээе, зах зээлд гаръя гэдэг байр суурь.Энэ саналын хүрээнд Япон улсад өргөн хүрээтэй эдийн засгийн чуулга уулзалт боллоо.Энд  Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой ярьсан байгаа. Хоёр талаас чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчийн тоо 500-д хүрснийг тэмдэглэх хэрэгтэй. Япон улсын Засгийн газраас дэвшүүлсэн ардчилал, энх тайван, тогтвортой байдал,  хөгжлийн төлөөх санаачилгыг бид ойлгож хүлээж авч байгаа” гэв. 

Эх сурвалжийн хэлж бай­гаа­гаар энэхүү түншлэлийн хэлэлцээрийг намрын чуул­ган эхлэхээр УИХ-аар батлуулах л үлдэж байгаа юм байна.Хэлэлцээрийн дагуу Япон, Монголын хооронд экспортолж, импортлох зарим бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй болох асуудал тусгагджээ. Тухайлбал, Японы хуучин автомашиныг Монгол руу гаалийн татваргүйгээр оруулах асуудал дээр үнд­сэндээ тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Ийнхүү олон жил яригдсан Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг батлахад зарчмын хувьд тохи­ролц­лоо.Энэ тухай сай­хан мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мэдэгдлээ.

Айлчлалын хүрээнд Япон улсад болсон Мон­гол, Японы бизнес фору­мын үеэр Монголоос жамц давс импортолдог Японы бизнесмэн Котабэ Мицүноригоос дараахь тод­­руул­га авсныг толилуулъя.

-Монголоос жамц давс авахад хэр хүндрэлтэй вэ?

-Ямар ч хүндрэл байхгүй. Давс өөрөө хүнсний бүтээг­дэхүүн учраас тэр шүү дээ.

-Монголоос өөр ямар бүтээгдэхүүн оруулж ирэх бодолтой байгаа вэ?

-Арваад жилийн өмнөөс Монголоос жамц давс оруулж ирж байгаа. Анх оруулж ирэхэд жамц давс чулуу, хог ихтэй байсан учраас хүндрэлтэй байлаа.Монголоос энэ мэт давс оруулж ирдэг олон компани байсан, гэвч ихэнх нь дампуурсан даа.Одоо хийж байгаа гол хүн нь би байна.Монголоос өөр бүтээгдэхүүн импортолъё гэж бодож байгаа ч хүндрэлтэй байна.Японы нийгэмд хүний сонирхол татахаар зүйл байвал хүмүүс худалдаж авна. “Өө ямар сонин юм бэ. Хэрэглэж үзье” гэх бараа байвал оруулж ирмээр байна.  Гэтэл Монголд одоохондоо тийм зүйл  ховор байна. Мах бол манайд ч байгаа” гэсэн юм.

Ер нь хуралд оролцож байгаа япончуудын сэтгэгдэл дийлэнхдээ ийм талдаа байлаа. Голдуу “Дэлхийн зах зээлд өрсөлдөх том төслүүд дээр хамтарч ажиллая” гэдэг саналтай байгаа нь анзаарагдаж байв. Япончууд тийм ч хурдан “За” гээд хэлчих хүмүүс биш “хамтарч ажиллах талаар бодъё” гэдэг хашир үг унагацгааж байх нь олонтаа.Ямартай ч Японд болсон эдийн засгийн форумын үеэр Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монгол Улсын уул уурхайн салбарын бодлогын талаар танилцуулсан юм.Тэрээр “Монгол бол уул уурхай, аж үйлдвэрийн 100 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн байдлаар уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсон.Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй.1900 гаруй орд, 8100 нөөц бүртгэгдсэн боловч дөнгөж 300 гаруйг нь бид ашигласан байна. Алт, зэс, хайлуур, жоншны  нөөцөөр дэлхийд тэргүүлэхээр байна.  Монгол уул уурхайн салбарт Японы өндөр технологийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах зорилготой бай­на.Нүүрсний салбарт Монгол, Японы харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэсэн юм. Японтой хамтарч утаагүй түлш үйлдвэрлэх, нүүрсийг хуурай аргаар баяжуулах аргыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгааг танилцуулж байлаа.Газрын тосонд тулгуурласан үйлд­вэр барих бодлого барьж, 30 гаруй  талбайд хайгуул хийж байгаа, үүнийг Японтой хамтран хэрэгжүүлэх саналтайгаа уламжиллаа.  Төмөрлөг, гангийн үйлдвэрийн чиглэлээр Японы өндөр технологийг нэвтрүүлмээр байна, зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хамтран ажил­ламаар байна гэдгээ ч хэлэв.Газрын ховор элемент илрүү­лэхэд, алт хайлах, цэвэр­­шүүлэх чиглэлд хамтран ажил­ламаар байгаагаа илэр­хийллээ. Мөн Эрчим хүч­ний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Монгол Улс эрчим хүчний  нөөцөөр баян. 15 сав газарт 300 гаруй орд газар бий. Нүүрсний экспорт сүүлийн  үед өсч байгаа. Нар, салхины эрчим хүчний нөөц өндөр байгаа.АНУ-ын үндэсний сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар энэ нь тогтоогдсон. Энэ нөөцөө ашиглавал  дэлхийн эрчим хүчний хэрэглээний 66 хувийг бид хангах боломжтой” гээд энэ салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна гэдгийг хэлсэн юм. 

Тэгвэл Эдийн засгийн хөгж­лийн дэд сайд О.Чулуунбат “Таатай орчин бий болгож, Японы хөрөнгө оруулалт, менежментийн урлагийг Мон­голд оруулъя гэсэн зорилго бидэнд бий. Бид урд, хойд хоёр хөршийнхөө эдийн засгийн интеграцийн нэг хэсэг болж байгаа. Монголын бизнесмэнүүд Японы зах зээлд гарах чадвартай болно.Японы зах зээлд биш юм аа гэхэд Хятад, Оросын зах зээлд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохын төлөө ажиллана” гэлээ.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Японы парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхсан юм. Мицүй Сумитомо корпорацийн удирдлага, Шизүока мужийн захирагч Х.Кавакацү нар бараал­хав. Дараа нь Ерөнхийлөгч Фүрэай сэтгүүл, Никкей сонинд ярилцлага өглөө. Мөн Худалдаа хөгж­лийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк Японд төлөөлөгчийн газраа нээж байгаа юм байна. Энэ арга хэмжээ ч өчигдөр боллоо.