Categories
мэдээ цаг-үе

Д.Энхтөгс: Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы № 237(5189), 238(5190) дугаарт>>

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнхөөс сурвалжлага бэлдэж явахад уулзсан хүн бүр бахтай, үг яриа бүрийг нь баярын инээмсэглэл дагадаг болох нь анзаарагдав. Тэд өмнө нь ямар байсныг мэдэхгүй ч лав өнгөрсөн долдугаар сараас хойш ийм байгаа бололтой. Тэгээд ч Хэнтий нутагт наадмын чимээ саяхнаас л намжиж байгаа ажээ. Улсын арслан Э.Оюунболдын алдрыг тэмдэглэх баярыг баг, сум, аймаг нь тус тусдаа хийсэн нь энэ гэнэ. Төрсөн баг болох Өмнөдэлгэр сумын Хэнтий баг наймдугаар сарын 10, Хэнтий аймаг наймдугаар сарын 13, Өмнөдэлгэр сум есдүгээр сарын 1-нд улсын арслантай болсноо тэмдэглэжээ. Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны орой Өмнөдэлгэр сумын иргэд бүгд машин, мотоциклио асаан сумаа гороолж баярлалдсан тэр эрчээрээ энэ зун, намрын турш л хөл хөөр болцгоосон байна. Намрын ажил, хичээл сургуулийн цаг болтол Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сумын иргэдийн дунд улсын баярын бөхийн барилдаан халуун сэдэв хэвээрээ байсан гэж байгаа. Монголчууд олимпийн алтан медаль хүртэхэд яалаа, яг л тийм үйл явдал долдугаар сарын 12-нд тэнд давтагдаж баярын тэр шокноос хэнтийчүүд одоо ч бүрэн гараагүй мэт. Хэнтийн АН, МАН-ынхан шинэ арслангаа булаацалдах хандлага бас байгаа л бололтой.

Нутгийн иргэд ийн баярлаж байхад улсын арслан Э.Оюунболдын ээж А.Алимаасүрэн хүүгээ аймгийн арслан, улсын харцага, арслан болоход нь нулимс унагаагүй. Сүүлд Хэнтий багийн иргэд хүүгийнх нь алдрыг тэмдэглэхэд л анх баярын сувд хэлхжээ. “Яагаад. Хүүгээ төрийн наадмын түрүү бөх болсон гэдэгт Хэнтий багийнхан чинь хүлээж авахад л итгэж байгаа хэрэг үү” хэмээн хошигноход гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн түлээ оруулах зуураа “Юу гэж дээ. Хамгийн их баярласан хүн нь би байх. Гэхдээ бөх үзнэ, хүүгээ барилдахыг харна гэдэг чинь тэс өөр зүйл байдаг юм билээ. Хамаг сэтгэл хөдлөлөө барилдаж байхад нь гаргачихаад давчихаар нь тайвширчихаж байгаа юм. Тийм болоод ч тэр үү яагаад ч юм тухайн үед уйлаагүй юмдаг. Хамгийн их санаа зовж яах бол доо хэмээн хүлээж байсан барилдаан нь энэ наадмын дөрвийн даваа. Тэгэхэд найз Ш.Мөнгөнбаатартайгаа тунаж барилдсан юм. Нэг нь цолонд хүрчихсэн, нөгөө нь цол ахих зорилготой болохоор өөрийн эрхгүй яах юм бол доо гэж бодогдсон шүү” хэмээнэ.

Эндээс улбаалан цолны найрааны тухай сэдэв рүү бидний яриа эргэлээ. Э.Оюунболдын аав Д.Энхтөгс найраа гэдгийг байж болохгүй үзэгдэл хэмээнэ. Яахав цол авах сонирхолтой олон хүн байдаг бол цолондоо хүрчихсэн бөхчүүд ч байгаа. Ингээд л эдийн засаг, санхүүгийн асуудал болдог биз гэсэн дүгнэлтийг тэрээр бас хийнэ. Улсын арслан Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймагт арслан болдог наадамд аавтайгаа хамт очжээ. Тэд халаасандаа 200 мянган төгрөгтэй. Хүү нь цол авах зорилготой. Гэлээ ч өөрийнхөө ур чадварыг мэдээгүй залуу байсан учраас байн байн “яах бол” хэмээн босч суухыг нь Д.Энхтөгс гуай анзаарчээ. Тэгээд хүүгээ зандарч бас захиж “Тайван л барилд. Миний хүү цолыг хэзээ ч гуйж авдаггүй юм шүү” хэмээн сургажээ. Аав, хүү хоёр Хэнтий аймгийн 2012 оны баяр наадмын өмнө иймхэн байсан ч тэр өдрүүдийн барилдаанаар Э.Оюунболд аймгийн арслан болж анхны цолоо авсан түүхтэй. Энэ зуны улсын баярын үеэр ч найрааны тухай яриа энэ гэр бүлийг тойроогүй сурагтай. Нэг ёсондоо нутгийн ах нар нь улсын заан цолонд хүрэх мөнгийг нь гаргая гэсэн санал тавьсан бололтой. Э.Оюунболд энэ асуудлыг яаж шийдвэрлэхийг ааваасаа л асууна. Д.Энхтөгс гуай ч эрс татгалзаж “Хүн өөрийнхөө хүч тэнхээнд тохирсон амжилтаа л үзүүлдэг. Цолыг, тэр дундаа улсын цолыг худалдаж авна гэж юу байхав” гэхэд хүү нь ч үгнээс зөрөлгүй өөрийнхөөрөө барилдсан нь оносон ч байж мэдэх. Хэрвээ шийдвэрийг эсрэгээр нь гаргасан бол даваа нь ханачихаж мэдэх байсан гэж одоо ч бөхчүүд, бөх судлаачид ярьдаг ажээ.

Яриа үргэлжилсээр 2015 оны улсын баярын үзүүр, түрүү булаалдахын өмнөх сэтгэгдэл, үйл явц, тэр мөчийн тухай хөөрөлдлөө. Олон ч хүн “Монгол Улс нэг туургатай ч гэлээ дотроо аймаг болон задардаг. Увс нуур дууг сүүлийн хэдэн жил сонслоо. Энэ жил Хэнтийн сүлд дуу Төв цэнгэлдэхэд хангинавал сайхан байна. Тайван, өөрийгөө болоод өрсөлдөгчөө мэдэрч барилд гэж Оюунболдод хэлээрэй” гэсэн мессежийг найз нөхдөд нь ирүүлсээр байсныг эцэг, эх нь сүүлд мэджээ. Наадмын өмнөх өдрүүд энэ гэр бүлд бүр ч тод дурсамжийг үлдээсэн байна. Аймгийн начин Д.Энхтөгс эхнэр А.Алимаасүрэн, охин Э.Оюунсувдаа дагуулан Улаанбаатар орж хүүгийнхээ барилдахыг харахаар Өмнөдэлгэрээс хөдөлжээ. Явдлын далимаар хэдэн мал зарж мөнгө хийх санаа өвөрлөн машиныхаа тэвшин дээр хэдэн хонь холбочихож. Бас болоогүй “Юмыг яаж мэдэхэв” гээд зодог шуудгаа бүсэлсэн байна. Долдугаар сарын 7-ны орой хөдөлж 8-ны өглөө Налайх руу орж иржээ. Ачиж ирсэн хонь малаа өлдүүлэхгүйн тулд өвс ногоо хазуулахын зэрэгцээ шөлний хонь хайж яваа нэгэн таарвал тохирсон үнээр ганц нэгийг нь зарсан шигээ байтал үд хэвийж. Тэр үед Э.Оюунболд Сүүж уулын бэлтгэлээсээ бууж Төр хурахад багш, улсын начин Б.Адъяахүү, штангийн багш Б.Хосбаяр болоод бусад бөхчүүдийн хамт байрлаж байсан байна. Аав, ээжийгээ ирснийг сонссон Э.Оюунболд ч төд удалгүй давхиж ирээд мал зарах ажилд нь тусалжээ. Зарагдаагүй хонио ч хариулан гүйж харайж байтал гар утсанд нь завсар чөлөөгүй дуудлага ирсэн нь багш нар, найз нөхөд, нутгийнх нь ахан дүүс байсан бөгөөд түүнийг хаана байгааг сураглан залгасан нь тэр. Э.Оюунболд ч үнэнээ хэлэн “Налайхад хонь хариулж явна” гэтэл бөөн хэрэг мандаж. Хүн бүр л “Барилдах гэж байж чи яасан саваагүй хүүхэд вэ” гэх мэтээр анхаарал хандуулсан нь мал зарж мөнгө болгохоор ирсэн Д.Энхтөгс гуайн зорилгыг тасалдуулахад хүрчээ. Тэрээр “Би Оюунболдыгоо барилдахын өмнө зарах хонио хариулуулж л байдаг хэнэггүй хүн шүү. Харин сүүлд хүүд минь нутаг усны ахан дүүс халуун хошуутай мал олныг өгсөн. Одоо ах нь хүүгийнхээ малыг хариулсан шигээ л явна даа” хэмээн нээлттэй, цагаахнаар өгүүлж сууна.Түүнтэй хүүгийнх нь тухай, Э.Оюунболдын амжилт, ирээдүйн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүүгийнхээ малыг хариулж явна гэлээ. Улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүдэд томоохон бэлэг ирдэг нь нээлттэй болсон. Бэлэг өгсөн бусад хүмүүсийг дурдалгүй өнгөрч болохгүй байх?

-Миний муу хүүд олон ч сайн хүн тусалж дэмжиж, хань болж явна даа. Заавал хэнтийнхэн гэхгүй аймаг бүрээс найз, ахан дүүстэй болчихож. Сайхан л байдаг юм. Юуны түрүүнд энэ хүмүүст байнга баярлаж талархаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Хүү минь өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн тус дэм их. Яахав хүн зон бэлэг дурсгал өгч л байдаг бололтой. Амьдрал ахуйд нь ч сайнаар нөлөөлж байгаа. Хэнтий аймаг, Эрдэнэт үйлдвэр, Ч.Энхтайван, Их засаг сургуулиас байр бэлэглэсэн. Түрүү бөхийн унаа гэж ч ирсэн. Олонтой явах, олны талархлыг хүлээх ийм сайхан юм даа.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай сайн яривал садан төрөл юм байна. Хүүд чинь тус дэм болно биз?

-Зааж сургадаг гэсэн. Тэр их хүнээр заалгаж, зөвлүүлж, сургаалийг нь сонсоно гэдэг бас том завшаан шүү. Хүүг минь тоож зөвлөгөөгөө хайрлаж яваа нь таатай л санагддаг юм.

-Танай удмынхан ачих мэх хийдэг гэсэн. Танай хүү энэ мэхийг хэр хийдэг юм бол?

-Биднээс дээш барилдаж явсан хүмүүсийн маань нэр нь хүртэл “ачаа” гэх болсон. Би ч нэг муу ачдаг санаатай. Хүн надад зааж өгөөгүй. Нэг мэдэхэд л ийм мэхтэй болчихсон байсан. Би ч хүүдээ зааж өгөөгүй. Миний муу хүү хааяа нэг ачиж байгаа харагддаг юм. Өнгөрсөн жил улсын заан М.Өсөхбаярыг, дээхнэ Л.Лха-Очирыг нэг аччихаж байгаа харагдана билээ. Бас тэр бүхэн хийгээд байдаггүй юм билээ.

-Хүүгээ яаж барилдана гэж бодож байв?

-Цолоо батлаасай гэж хүсч байлаа. Баталчихаар нь цаашаа явах юм байна гэх бодол орж ирсэн. Ц.Содномдорж харцагтай долоогийн даваанд таарч заан болоод Б.Гончигдамба гарьдтай наймын даваанд тунаад цаашаа өгсч барилдсан. Бэлтгэл сургуулилт сайн байсных болов уу.

-Та зодоглохоор очсон гэв үү. Яаж барилдсан билээ?

-Би нэгийн даваанд Ш.Мөнгөнбаатарынд хүүтэйгээ очоод байтал дуудаад байсан. Нэрээ бичүүлснээ бодоод бас улсынхаа баярыг хүндлээд очих гэсэн ч үнэхээр амжаагүй. Түүнээс хойш цэнгэлдэхэд дээлийг нь бариад л сууж байлаа. Зургаагийн даваанд баруун асарт халуун савтай цай бариад очдог юм. Би гэлтгүй манай аймгийн бөхчүүд тэнд очсон. Б.Адъяахүү начин ч тэнд байсан.

-Үзүүр түрүү булаалдахаар гарахад нь та юу гэж захив?

-Ер нь бол яах бол доо гээд л хүлээдэг юм билээ. Миний муу хүү ч өөрөө дайчин сайн барилдсан даа. Би ч гарахад нь юм захисангүй. Багш нар нь битгий их яараарай. Тайван барилддаг юм шүү гэж захиж байсан.

Адъяахүү, Батбаяр начин, Одхүү начингаас гадна аймгийн арслангууд олон байсан.

-Хүүгийнхээ ирээдүйг хэлж, ярихыг цээрлэдэг бололтой. Гэхдээ ер нь шинжинэ биз?

-Ер нь явж л байгаа нь энэ. 2012 онд аймагт түрүүлээд тэр жилдээ хоёрын даваанд Ц.Мягмарсүрэн зааныг орхиж гурав дээр Д.Лхагвадорж начинд унасан санагдана. Тэр жилээс барилдаан нь задарсан даа.

-Ер нь аймагт ч тэр улсад ч тэр барилдахдаа ам авахаар болбол тантай зөвлөх үү?

-Саяхан Б.Соронзонболд зааныг амлаж авчихаад уналаа гэсэн. Ер нь ам авна гэдэг их төвөгтэй. Ахмад хүн авчихвал загнана, залуу нь занана. Тийм учраас ам авахдаа учрыг нь сайн хараарай гэж л захидаг юм.

-Өнгөрсөн баярын учраа бөх, ам авалт, туналтуудыг нь яаж харж суув?

-Гуравт хэнийг авах вэ гэж байсан. Өөрөө мэд дээ, аймгийн начин, арслан, заанууд байгааг хэлсэн. Тэгээд Өвөрхангайн П.Ганхүү начинг авсан байсан. Дөрөв дээр Ш.Мөнгөнбаатартай таараад тав дээр аймгийн арслан М.Бадарчийг авсан байсан. Зургаа дээр Э.Дашийг амлана билээ. Долоо дээр хэнтэй тунах гэдэг л байсан. Гэтэл Ц.Содномдоржтой таарсан ч сайхан л барилдсан. Уг нь Ц.Содномдоржид хэд хэд уначихсан юм шүү. Бас Р.Пүрэвдагва начинтай хэд дээр тунах бол гэж байтал дөрөв дээр унасан. Ам авахад нь гайгүй тунах юм уу, оноолт тааруулахад л сэтгэл их чилдэг юм.

-Та өөрөө ингэхэд сүүлийн хэдэн жил ямар амжилттай байгаа хүн бэ?

-Би 2013 онд сумынхаа ойгоор шөвгийн дөрөвт үлдэж Болдоо хүү маань түрүүлсэн. Бас 2012 онд нэг удаа түрүүлсэн. Одооноос жаахан морь оролдож байгаа ч түрүүлж, айрагдуулж үзээгүй ээ.

Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгсийнд саатан хуучлахад ийм сонин, ийм хууч яриатай. Гэгээлэг, нээлттэй нэгэн гэр бүл юм. Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар мэндтэй угтсан шигээ сүүтэй үдлээ. Энэ гэр бүлийн цаашдын зам, ажил үйлсэд сайн сайхныг ерөөе.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Оюунболдын аав Д.Энхтөгсийнх төрийн наадмын түрүү авах үүдтэй айл

Улсын арслан Э.Оюунболдын төрсөн гэрээс сурвалжлага бэлдэхээр өнгөрсөн долоо хоногт түүний аав аймгийн начин Д.Энхтөгсийнхийг зорилоо. Тэднийх Өмнөлдэлгэртээ намаржиж буй. Чингис хот хүрэх засмал замаар 240, шороон замаар 50 гаруй километр довтолгож Өмнөдэлгэрт хүрнэ. Энэ намар, дунд сардаа хур тунадасын буулттай цас, бороо, солигдмол үүл, жаварлаг сэрүүн өдрүүдээр үргэлжилж байгаа. Хэнтий нутагт намрын энэ эгшин ялгалгүй иржээ. Шөнөдөө буусан хяруу бага үд хөдлөх хэртэйд арилж, урсгал ус захаараа, тогтоол ус энгээрээ зайрмагтан хонож байна. Сүүлийн өдрүүдэд Хэнтий нутагт Улаанбаатараас ч ахиу бороо орж, бүр ч сэрүүн байгаа бололтой. Хадланчид бууж, малчид энгэр ээвэр газар бараалан намаржаалж, шороон замын хонхор бүрт ус тогтож, тойром бүрт нуур мэлтийжээ. Жижиг тэрэг бүү хэл жийпийн тэнхээ шалгам балчигтай байна билээ, тэнд. Замд таарсан морьтон, мотоцикльтонгуудаас Энхтөгсийнх хэмээн асуухад “Арслангийн аавынх уу”, “Өө манай Төгсөөгийнх”, “Начингийнх” гэх мэтээр өөриймсөг зам заана. Замд таарсан хүмүүсийн яриагаар улсын арслан Оюунболдын аавынх хот хөдөөтэй айл гэдэг шиг сумын төв дээр нэг гэр нь байдаг бол Хэнтий багтаа мал аж ахуй нь байдаг ажээ. Засмалаар довтолгосноос ч удаан хугацаанд балчиг шавар туучсаар Өмнөдэлгэр сумын чанх урд толгодыг тойрон ороход сум суурингаас түрүүнд Хэнтийн нурууны салбар уулс нүднээ тусна. Өмнөдэлгэрийн төвийн иргэд урт урт гудам болон бууж улаан хүрэн гудамж олныг үүсгэсэн нь тун ч цэвэрхэн харагдах. Төв хэсэгтээ ёотон цагаан байшингууд эгнэсэн нь сургууль цэцэрлэг, сумын захиргаа, хүн эмнэлэг гээд бусдын л жишигтэй. Өмнөдэлгэр суман дахь гэрийг нь хэлд орсон хүүхэд ч хуруу гозойлгон төвөггүйхэн заана. Өмнөдэлгэрийн өмнөд хорооллын дугаар тоот Д.Энхтөгсийн үүдэнд хүрч зогсоход бага ангийн охин дагуулсан хижээл насны эмэгтэй зэрэгцэн ирсэн нь улсын арслан Э.Оюунболдын ээж Алимаасүрэн, дүү Оюунсувд хоёр нь байлаа. Өмнөдэлгэрийн бага сургуулийн нэгдүгээр ангийн пүрэв гаригийн хичээл тарж буй нь энэ.

Хашааны үүднээс урилгагүй гийчид гэрийн эзэгтэй Алимаасүрэнгийн урилгыг авч улсын арслан Д.Оюунболдын төрсөн гэрт хөл тавилаа. Элдэв хогшилгүй цээлхэн хашааг томоос том канад технологийн сууц чимнэ. Энэхүү сууцыг хүү нь улсын харцага цол хүртсэн намраа аав, ээждээ бариулж өгснийг сүүлд хуучилж суухдаа мэдэж авсан юм. Гэрт нь гэр бүлийн гэхээсээ илүүтэй Оюунболд арслангийн амжилт үзүүлсэн түүхэн зургууд их. Аймгийн начин Д.Энхтөгс мал аж ахуйгаа эргэхээр яваад эзгүй байж таарав. Алимаасүрэн гуай идээ будаа болох зуураа ханьтайгаа холбоо тогтооход Хэнтий багаас дугуйгаараа сумын төв рүү хөдөлж байна гэжээ. Дугуй гэдэг нь унадаг дугуй биш. Мотоциклийг энэ нутгийнхан ийн нэрлэдэг юм байна. 30 километрийн цаанаас хөдөлсөн мотоцикльтон ч төд удалгүй давхиад ирлээ.

Д.Энхтөгс, А.Алимаасүрэн, Э.Оюунболд, Э.Оюунсувд нарын гишүүдтэй энэ гэр бүлийн намтар түүх, угсаа гарал, аж амьдрал, амжилт бүтээлийн тухай яриа эндээс хөврөв. Улсын арслан Э.Оюунболдын аавын талыг Дашдоржийнхон гэнэ. Дашдоржийнхон үеэс үед, үүх түүхэндээ ч Өмнөдэлгэрийн иргэд. Есөн хүүтэй айлын дундах нь аймгийн начин Д.Энхтөгс аж. Аав нь буюу Дашдорж гуай залуу насандаа барилдаж ноцолддог нэгэн байсан бөгөөд сум нэгдлийн адуучин байжээ. Ер нь хөлөө гэмтээгээгүй бол улс, аймгийн цолонд ойрхон хүн байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Учир нь залуу халуундаа хөлөө хугалж хагалгаа хийлгэн хадаас тавиулжээ. Эргээд хадаасаа авахуулах гэтэл тийм хэмжээний мэс ажилбар хийчих эмч олдоогүйгээс зөнд нь орхин бөхийн хорхойгоо дарж сум нэгдлийн адуу маллаж эхэлсэн гэж байгаа. Хэдий тийм ч сум нэгдэлдээ бүү хэл аймагтаа зартай уран уургач болон мандаж явсан үе бас бий гэх.

Авга талаас нь сүүлийн үеийн бөх бас нэг байгааг дурдвал Хэнтий аймгийн арслан ачаа хэмээх Лхажав. Ачих мэхийг даанч уртай, хурдтай хийдэг учраас нутгийнхан нь Лхажав гэхээсээ илүүтэй “Ачаа” хэмээн нэрлэх болсон түүхтэй юм байна. Тэрээр цэрэгт байхдаа 1960-аад оны орчимд улсын наадамд дөрөв даван улсын начин цолны босгонд тулж ирсэн байгаа юм. Залуу хүн болсон хойно ам гарч “Улсын цол ийм ойрхон, ийм амархан байдаг юм уу” хэмээн он жавуудтайгаа ярьж инээлдэж байсан нь алдаа болсон гэж сүүлд харамсан ярьсан гэдэг. Учир нь улсын заан том хэмээх Ц.Санжаа “Энэ муу Хэнтийн хурайсан хар юм чинь яасан олон үгтэй юм. Нэг өрж үзвэл яадаг бол” гээд амлаж аван барилдаж давсан түүхтэй ажээ. Эднийхэн бүр дээд үедээ ч бөхийн удамтай байсан бөгөөд Дашдорж гуайн ээж нутаг орондоо тэнхээтэйгээрээ танигдсан нэлээд бүлэрхүү хүн байж. Тэгээд ч Д.Энхтөгс гуайг ээжийн буюу нагац талаасаа бөхийн орцтой гээд тодорхойлчихож болохоор юм билээ. Учир нь Д.Энхтөгс начингийн ээж нь Бадмаанямбуу гуайнхантай буюу Б.Бат-Эрдэнэ аваргатай холуур төрөлсдөг ажээ.

Дашдоржийнхон бөхтэй шигээ адуутай, хурдтай. Гэхдээ хэзээ ч барилдахаар очихдоо хусуур бүсэлж очдоггүй сүсэгтэй. Яагаад гэвэл авга талын Балдан Барайвин хийдийн хамба лам “Морь, бөх хоёр зэрэг амжилтад хүрдэггүй юм. Хүрлээ гэхэд хар цагаан хэл ам их дагуулна. Барилдах жилээ хусуураа далд хийж бай” хэмээн Д.Энхтөгс начинд захиж байжээ. Харин төрсөн ах Д.Энх-Амар нь морь сонирхож нэлээд хурдтай болсон хүн аж. Аймагтаа хэд хэдэн удаа айраг түрүү авч Их хурдад ч амжилт үзүүлж явжээ. Бас өвөөгийнхөө шийрийг хатаах уран уургач хүү энэ удмаас төрөөд байгаа сурагтай. Өнгөрсөн жилийн улсын баяраар Монгол адуучин тэмцээнд том ахынх нь хүү Бат-Эрдэнэ оролцжээ. Тэрээр бас л улсын аварга адуучин болж Өмнөдэлгэртээ ирсэн байна. Эмнэг булгиулах, уурга, ташуур шүүрэх, шургуу хийх гэх зэрэг бүхий л үзүүлбэрт даанч жавхаатай оролцсон гэнэ. Энэ удам угсааныхан улсын түрүү хүртэх амжилт ийнхүү өртөөлсөөр.

Харин гэрийн эзэгтэй А.Алимаасүрэн аав талаараа Дадалын буриад бол ээж талаараа Цэнхэрмандал сумын харьяалалтай ажээ. Түүний аавыг Александр гэх бөгөөд бас л удам угсаагаараа биерхүү, нутаг орондоо сайхан адуутай айл байсан гэнэ. Александр гэх хүний удам угсааныхны гал шарын угшилтай адуун сүрэг одоо ч нутаг усны хүн ардын нүдийг хужирладаг гэдгийг хүмүүс хамгийн түрүүнд өгүүлцгээх. Дашдорж, Александр гэх худ ураг хоёр айлын шигшмэл адуун сүрэг Өмнөдэлгэрт цус сэлбэж улам ч хурдтай болсныг нутгийн иргэд ийнхүү хуучилж байна. Ийм л угшилтай адуун сүрэгт улсын наадмын түрүү “Гоё халиун” төрсөн ч зарагджээ. Хэдийгээр унаган зэлнээсээ зарагдаж алдарт уяач Т.Энхтайваны наадмын малгайг мялаасан ч “Гоё халиун” гэх хурдан буяны гаргасан амжилт энэ хот айлтай ийн холбогддог байна. Гал шарын угшил сүргээсээ өөрсдөө төдийлөн уяж уралдуулдаггүй учраас нэртэй уяачид ирж адуун сүргээс худалдан авах нь олонтаа бөгөөд улс, аймагт уралдаж хурдалсан тохиолдол Гоё халиунаас гадна олон байдаг бололтой.

Ийм л үүх түүх, удам судартай Д.Энхтөгс, А.Алимаасүрэн нар 1990 оны тэртээд Өмнөдэлгэр сумандаа танилцаж дотноссон байгаа юм. Д.Энхтөгс адуучин, А.Алимаасүрэн нь малын эмч. Нэг нь адуугаа хариулж нөгөө нь малын тарилга, туулга гэж явахдаа танилцсан түүхээ одоо жаргалтай хуучилна. Шинэхэн гэр бүл 1993 оны гуравдугаар сарын 12-нд ууган үрээ өлгийдсөн нь өнөөдрийн улсын арслан Э.Оюунболд байжээ.

Хуучилсаар харуй бүрий буухад гадаа бороо орж улмаар мөндөр болон ширүүсч цас болон лавслаа. Энэ үед гудамжнаа “Хатан дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан монгол морь минь ээ” хэмээн эвлэгхэн хоолойгоор дуулах сонстож цааш урсгасаар гэрт хэн нэгэн дөхөн ирж буй нь мэдэгдлээ. Үүд сэвхийтэл татан орж ирсэн нь гэрийн эзний ангижав байв. Нэр нь Жав. Үл мэдэг бүлэмцүү Жав ангижав руугаа дөхөн очиж “Өмнөдэлгэрийн бас нэг аварга, аварга. Улсын түрүү бөх болсноос нь хойш хоёр сарын дараа ирж байгаа найзыгаа уучлаарай. Хундан цагаан хонь хүүд чинь амлаяа” хэмээн завсар зайгүй ярин тэвэрснийхээ дараа л мэнд мэдэлцлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном уншиж ухааждаг хүнгүй болж ном бичиж солиордог хүн хэт олширчээ

Манай улсад ном бичдэг хүн үй олноороо байна. Харин ном уншдаг хүн байхгүй болсон нь нэн харамсалтай. Энэ бол солиорол. Хуучин цагт өдрийн од мэт ганц нэгхэн ном хэвлэгдэн гарахад хүн бүр ёстой л булаацалдаж аваад шимтэн уншдаг байж дээ. Өнөөдөр ч Баабар, Б.Цэнддоо, Г.Аюурзана гэх мэт зохиолчдын гаргасан ном бүр нь уншигчдаа уйдаахгүй, эрэлтийг байнга тэргүүлсээр байдаг нь үнэн. Тэдний номыг л уншигчид булаацалдаж байгаа. Гэхдээ хэдэн мянган хийрхэгч солиорогч мөн л ном бичнэ гэх болжээ. Ийн солиорогсдын хий хоосон, унших юмгүй номууд дэлгүүрийн тавиур дүүргэчихээр дотроос нь жинхэнэ зохиолчдын бичсэн, бидний уншиж судлах ёстой бүтээлүүд олдож өгдөггүй. Хэнд ч хэрэггүй олон зуун ном хэрэгтэй цөөн хэдийгээ дарж хэрэглэгчдийн нүдийг халхлаад байна гэсэн үг. Тодруулж хэлбэл Монголын номын зах зээлд жилд 1.2 сая ширхэг ном шинээр орж ирдэг гэж байгаа. Нэг солиорогчийн бичсэн ном ердөө 100-500-хан хувь хэвлэгддэг гэж үзвэл хүн амын цөөнгүй хувь нь зохиолч болж таараад байгаа юм. Үүний ард худалдан авалтын дүнтэй нь иргэдийн тоог харьцуулаад үзэхэд нэг хүн жилийн турш тал ном уншдаг, талын тал ном худалдаж авдаг гэх прогноз гардгийг ч учир мэдэх хүмүүс өгүүлдэг. Манай улсын номын зах зээл, ихэнх цаг, цаасаа үрсэн хөдөлмөрийн ард ийм л эмгэнэлтэй дүр зураг, тайлан мэдээ ямагт гарч байдаг юм билээ.

Бас олон улсын NOP байгууллагаас хийсэн судалгаагаар үй олон хүн нь өөрсдийгөө зохиолч хэмээж ном бичин түгээхэд түүнийг нь хэн ч уншдаггүй орноор ганцхан Монгол Улс нэрлэгдчихээд байна. Бас бид унших чадвараараа Дундад Азийн орнуудтайгаа ижил түвшинд яваа гэдгийг энэ судалгаанаас харж болно. Африкийн зарим, Латин Америк болон Афган, Пакистан зэрэг Дундад Азийн цөөн хэдэн орон ном хэвлэдэггүй бас уншдаггүй жагсаалтыг тэргүүлдэг юм байна. Монгол болоод дэлхий дээрх хэдэн орноос бусад нь унших чадвараа хэзээ ч алдаж байгаагүйг NOP тодорхойлжээ. Судлаачдын олж мэдсэнээр Энэтхэгийн иргэн бүр нь долоо хоногийнхоо 10 цаг 42 минутыг ном уншиж өнгөрөөдөг гэнэ. Дэлхийг тэргүүлэх жишиг гэвэл энэ. Харин есөн цаг 24 минутаар Тайланд удаалсан байх жишээтэй. Бидний мэдэх АНУ, Англи зэрэг орнууд ч жагсаалтын 20-доор явдаг юм байна. Ном уншилтын цаг дэлхийд ийм байхад монголчууд бүтэн жилийн турш тал ном уншдаг гэж гарч байгаа нь юуны илэрхийлэл бол.

Энд дурдалгүй, жишиж харьцуулалгүй өнгөрч болохгүй бас нэгэн тоон баримт бий. Өнөөдөр дэлхийд зарагдсан тоогоороо 1859 оны хэвлэлт Английн зохиолч Чарльз Дикенсийн “Хоёр хотын үлгэр” 200 сая, 1954 -1955 онд хэвлэгдсэн Жэй.Р.Р.Толкины “Бөгжний эзэн” 150 сая, 1940 онд гарсан Францын зохиолч Антони Сант Эгзопюрын “Бяцхан ханхүү” 140 сая, 1754-1791 онд бичигдсэн Хятадын сонгодог зохилч Чао Шингийн “Улаан асрын зүүдэн буюу Чулууны түүх” 100 сая хувь борлогджээ. “Харри поттер” зохиол л гэхэд хэдхэн хоногт 80 орчим сая хувиар борлогдсон нь чанартай, үнэхээр төрмөл авьяастай хүмүүсийн бичиж чадсан ном зах зээлд ямар үнэд хүрдэг вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Харин монголын солиорогсдын хэвлүүлсэн ном хэдэн хувь борлогддог бол. Манай улсын номын үйлдвэрүүдээс гаргадаг мэдээгээр сая битгий хэл арван мянган хувь хэвлэгдсэн ном сүүлийн 10 жилд ховор. Хорь, 30 жилийн өмнө зуун мянган хувиар хэвлэгдсэн боть, романууд байдаг юм байна билээ. Гэтэл өнөөдөр 100-500 ширхэг, дээд тал нь хоёр, гуравхан мянган хувь ном хэвлүүлдэг болчихож. Үүнийхээ 70-80 хувийг бусдад бэлэглэж, шахаж устгадаг гэж байгаа. Монгол Улсын номын зах зээл дэх энэ мэдээ баримтууд төрмөл авьяасгүй хүмүүс ном зохиох их ажлыг оролдож жинхэнэ зохиолчдоо доромжилж буйг нотлоод байгаа хэрэг.

Ер нь дэлхий нийтийн оюун ухаан огт нэмэгдээгүй гэж үздэг тал бий. Өмнөх зуунуудын соён гэгээрэл Толстой, Эрнест Хэмингуэй, Шекспир, Чехов, А.Дюма, В.Гюго, М.Твен зэрэг нэрт зохиолчдын бичсэн сонгодог бүтээлүүдийг дэлхийн иргэд өнөөдөр ч шимтэн уншсаар буй нь үүнийг гэрчлэх биз. Үүнтэй яг ижлээр манай улсад Дулдуйтын хэдэн хүүхэд, Хохь тайж Дашдоржийн орь ганц хүү Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Л.Түдэв гээд хэдхэн хүний ном зохиол одоо ч уншигдаж байгаа. Нэг ёсондоо энэ эрхэм хүмүүс бичиж туурвиагүй бол өнөөгийн нөхцөл байдал үүнээс ч дор байх байжээ.

Ном уншиж ухааждаг хүн үгүй болж ном бичиж солиордог хүн хэт олширсон нь энэ. Тэгэхээр ном зохионо гэж солиорч хийрхэхийн оронд монголчууд эхлээд сайн уншигч болох шаардлага зүй ёсоор тавигдах байх. Сайн уншигч болж чадвал ихэнх нь бичсэнээсээ ичнэ. Ичихдээ бичихээ ч болих биз. Ингэж байж уг хийрхэл, солиорол, өвчигнөл алга болох бололтой. Ер нь ч тэгээд модоо ч тарьж чаддаггүй, номоо ч бичиж чаддаггүй бид энэ бүгдийг нэг насны буян гэж хийрхэхээ боливол ямар вэ. Мод тариад ургасан нь хаана байна. Ном бичээд ч үр дүн нь ийм байхад буян нь хаана байх билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Гончигдорж: Хуулийн дөрвөн заалтыг хамтатган хэрэглээд өршөөлийн ажлыг шууд зохион байгуулах боломжтой

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-УИХ хоригийг хүлээж авсан. Одоо ээлжит чуулганаар нэмэлт, өөрчлөлт
оруулна. Өршөөлийн хуулийг яг ямар түвшинд хэрэглэгдэж байгаа гэж ойлгож
болохоор байна вэ?

-Өршөөлийн хууль одоогийн шатандаа бол хүчин төгөлдөр. Хүчин төгөлдөр
хууль үйлчлээд өршөөлийн ажлыг зохион байгуулах комисс ажиллаж байгаа. Энэ
хуулийг байхгүй болчихсон эсвэл завсрын гэж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн
тавьсан хоригийн дагуу хоёр заалт нь хасагдаж үлдсэн заалтууд нь хүчин төгөлдөр
үйлчилж байна гэсэн үг. Харин яаж хэрэглэх вэ гэдэг дээр процессийн хувьд
өршөөлийг зохион байгуулж байгаа болон өршөөлийн ажиллагааны зохих шийдвэрийг
бүрэн эрхийнхээ дагуу гаргах шүүх бүрэлдэхүүн асуудалтай тулгарч болно. Тийм
бол тодорхойгүй байдлыг нь тодотгож өгөх боломжтой байгаа. Ээлжит бус чуулганы
хуралдаан өндөрлөхөд энэ байр сууриа ч илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл
Ерөнхийлөгчийн хоригийг хуулийн дагуу хэлэлцсэн, эцэслэн шийдвэрлэсэн. Хориг
хүлээж авсантай холбогдуулаад оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал үүгээр
дууссан. Тиймээс энэ хуулийг хэрэглэхэд боломж хязгаарлагдмал асуудлууд байвал
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно гэсэн үг. Байнгын
хорооны хуралдаан дээр ийм асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч ирц бүрдээгүй.
Ирц бүрдээгүйг гишүүдийн залхуу, хойрго байдлаас болоогүй гэж би үзэж байгаа.
Яагаад гэвэл гишүүдийг энэ асуудалд ямар нэгэн саналтайгаар ороход нөлөөлөх,
улс төрийн дарамтыг бий болгочихлоо. Үүнийгээ дэмжээд явъя гэсэн нэг хэсэг нь
авлигыг дэмжигчид болж байгаа бол эсэргүүцсэн хэсэг нь авлигатай тэмцэгч мэт
харагдана. Ухаандаа Миеэгомбын Энхболд авлигатай цогтой тэмцэгч болж би
авлигачдыг өөгшүүлэгч болж таарч байна. Нийгэмд яг л ингэж орчуулагдан хүрч
байгаа. Ийм улс төрийн шахалт, дарамтаар дарамтлаад байхаар УИХ-ын гишүүд
УИХ-ынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлж өөрийнхөө итгэл үнэмшлээр, өөрийнхөө үзэл
бодлоор оролцох боломжууд маш ихээр хязгаарлагдаж байгаагийн нэг илэрхийлэл нь
байнгын хорооны ирц бүрдээгүй асуудал. Гэхдээ байнгын хорооны ирц бүрдээгүй,
байнгын хороо энэ асуудлыг УИХ руу оруулж ирээгүй гэдэг нь хоригийг эцэслэн
шийдвэрлэх асуудалд ямар ч талаараа саад болоогүй. Тийм учраас хориг эцэслэн
шийдвэрлэгдсэн.

-Хуулийг одоо байгаагаар нь хэрэглэж болох нь ээ. УИХ заавал нэмэлт
өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үг үү?

-Энэ хуулийг гаргахдаа өршөөлд хамааруулахгүй хүмүүс гээд есдүгээр
зүйлээрээ заагаад өгчихсөн. Үлдсэн хэрэг нь өршөөлд хамрагдах учиртай.
Тавдугаар зүйлээрээ өршөөн хасах асуудал нь шийдэгдэнэ. Одоо үлдсэн хүмүүс нь
яах юм гэдэг л асуудал байгаа. Яаж, ямар хэлбэрээр өршөөгдөх юм. Ямар
процедураар гээд эхлэхээр асуудлууд гарч болзошгүй. Түүнээс биш өршөөлд
хамаарах, өршөөгдөх нь ойлгомжтой зүйл. Тэгэхээр шүүгчид болон бусад хүмүүс
Өршөөлийн хуулийн 10.10 дахь заалт (Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтангуудыг
энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн байдлаар нэг удаа өршөөлд
хамааруулна) гэж заасныг хэрэглэх байх. Эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн хэлбэр
гэдэг бол анхны 4.1-ийн үзэл санаа буюу бүрэн өршөөлд хамааруулах тухай
асуудал. Бүрэн өршөөлд хамааруулсугай гэж шууд заасан заалт байхгүйгээс
процессийн хувьд бэрхшээл үүсч магадгүй учраас УИХ-ын ээлжит бус чуулганы
төгсгөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хичээсэн. Тоогоор ишилсэн нь тав, есдүгээр
зүйл дээр хориг тавьж байгаа юм шиг ойлголт руу оруулчихаж. Ер нь тав, есдүгээр
зүйл нь өөрийнхөө харилцааг бүрэн зохицуулчихсан учраас үлдсэн зохицуулалт
дөрөвдүгээр зүйлээр хийгдэж байна гэдэг агуулга руу нь оруулаад өршөөлд
хамааруулахгүй болон хасан өршөөхөөс бусад хэргүүд нь бүрэн өршөөгдөх болж
байгаа. Хууль эрх зүйн ийм зохицуулалтыг нь үүсгээд өгчихсөн. Одоо Үндсэн
хуулийн Цэцийн маргаан гарлаа ч гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмаараа хуульд
дордуулсан заалт оруулж болохгүй. Нэг үгээр хэлбэл өршөөлд хамааруулна гэснийг
нэмэлт оруулаад өршөөлд хамааруулахгүй гэсэн шийдэл гаргах боломжгүй. Яагаад
гэвэл болоод өнгөрсөн хэргүүд дээр яригдаж байгаа. 2015 оны долдугаар сарын
2-ны 24 цагаас өмнө болоод өнгөрсөн зүйл дээр хүчин төгөлдөр үйлчлэх хуулийг
дордуулсан хэлбэрээр гаргаж болохгүй. Тэгвэл Үндсэн хуулийн суурь зарчмыг
алдагдуулна. Ер нь Өршөөлийн хууль гэдэг бол Эрүүгийн болон Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийг үл хэрэглэж өршөөл үзүүлэх хууль. Бүр тодруулж хэлбэл Эрүүгийн
болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг давж үйлчилнэ гэж гаргаж ирсэн юм. Тийм
учраас одоо олон түмнийг талцуулж, санаа сэтгэлийг нь хоёрдуулахаа больсон нь
дээр. Тэр асуудал дууссан. Зөвхөн тавдугаар зүйлд нэмэлт оруулъя, анх удаа
хэрэг хийсэн улсуудыг өршөөлд хамааруулахгүйгээр оруулчихаж, хоёр жил хасъя гэж
Ерөнхийлөгчийн санаан дотор явсан. Түүнийг ярьж болно. Эрх зүйг нь дээрдүүлсэн
байдлаар задалж ярих юм бол аливаа хуулиар хориглогдож, хязгаарлагдахгүй.

-Өршөөлийн хууль гарсан ч хүмүүс хоригдож эрх нь зөрчигдөж байна гээд
байгаа. Суллах ажиллагаа явагдаад эхэлчихсэн үү. Өршөөлийн хууль хэрэгжсэн байх
ёстой хугацаа гэж байна уу?

-Үндсэн хуулийн гол асуудал энэ. Үндсэн хуулийн хүний эрхийн хэсэг дээр
хэнийг ч хууль бусаар хорьж цагдаж болохгүй гэж заасан. УИХ Өршөөл үзүүлэх
хуулиа баталж, тогтоол гаргасан. Аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулна
гэж. Бүрэн дуусга гэсэн агуулгыг ямар ч байлаа гэсэн энэ тогтоолд оруулж
аравдугаар сарын 5-ны дотор өршөөгдөх нь өршөөгдөж, өршөөн хасагдах нь өршөөн
хасагдаад асуудал дуусах ёстой гэсэн ойлголт байгаа юм. Тийм учраас үлдсэн
хугацаа нь хасагдах юм уу бүрэн чөлөөлөгдөх хүмүүс хорих газарт хоригдохгүй
байх эрхээ эдлэх ёстой ч хоригдвол Үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Бидний
хүний эрхийг нь нэгдүгээрт тавьчихъя, бусад асуудал нь хоёр, гуравдугаар зүйл
гэж яриад байсан нь үүнтэй ч холбоотой. Хориг нэлээд хугацаанд хойшлуулчихлаа.
Хориг авсантай холбогдож хасагдсан хоёр заалт бол процессийн ойлгомжгүй байдлыг
үүсгэсэн байж болно. Түүнээс биш агуулгын хувьд ойлгомжгүй байдал үүсгээгүй.
Тод хэлье, энэ хуулийн агуулгын үзэл санаанд ямар ч өөрчлөлт ороогүй.
Тодорхойгүй байдалд орсон бол өршөөл үзүүлэх комиссынхон энэ энэ зүйлүүдийг УИХ
тодотгох шаардлага байна гээд оруулаад ирэх хэрэгтэй. Тэгээд хууль санаачлах
эрхээрээ УИХ-ын гишүүд хэлэлцээд явах боломжтой.

Бид энд цаг алдах биш тэнд хүмүүсийг нэг хоног ч болов хоригдохгүй байх
боломжийг бүрдүүлэх ёстой. Бидний үүрэг тэр. Өршөөх ажиллагаа тасралтгүй,
богино хугацаанд явагдах ёстой.

-Хуульд өөрчлөлт оруулах таны санал ажлын хэсгээс дэмжигдэж байнгын
хороон дээр ирчихээд байгаа. Гэтэл таны гаргасан санал хоригийг хүлээж авсан
аваагүй ямар ч ялгаагүй болгочихлоо гэх шүүмжлэл гарах болсон?

-Хоригийг хүлээж авсан аваагүй ялгаагүй болгочихоод байгаа юм биш. Хориг
яагаад буруу тавигдах байдал руу орчихсон юм бэ гэдэг л байхгүй юу. Өөрөөр
хэлбэл тав, ес дээрээ шууд хориг тавихын оронд өөр байдлаар явсан. Тийм
болохоор “Ерөнхийлөгч хориг тавихдаа энэ заалтуудыг тэгж ойлгоод хориглосон юм
бол тийм биш шүү” гэдгээр нь засч байгаа юм. Энэ заалт тэгж ойлгогдохгүй, энэ
заалт ингэж ойлгогдоно гэдгээр нь зассан гэсэн үг. Тэс өөр зүйл л дээ. Анхнаасаа
хоригийг тав, есдүгээр заалтад тавьсан бол хэтэрхий ойлгомжтой байх байсан.
Тэгэхээр өнгөн засал хийсэн юм шиг гэж ойлгож ярьж байгаа нь энэ хуулийг өнгөц
ойлгосон хүмүүсийн үг. Ийм байдлаар хоригийн томъёоллыг тавьж Ерөнхийлөгчийн
хүсэл санааг гүйцэлдүүлэх боломжийг хязгаарлаж, хориг хэлэлцэхдээ талцуулаад,
гишүүдийг чөлөөтэй саналаа өгөх боломжгүйд хүргэж, улс төрийн намуудыг ч
шударга, шударга бишээр нь уралдуулж хуурамч нүүр царай гаргуулах байдал руу
орчихож. Өршөөлийн хууль бол улс төрийн харилцаа биш. Хуулийг улс төр болгож
талцлыг эхлүүлсэн МАН-д харамсч байна. Тэнд томоохон эрх зүйчид байдаг. Ингэж
эхлэх ёсгүй байсан. Улс төрийн харилцаагаар биш эрх зүйн энэрэнгүй ёсны
харилцаагаар ярьдаг зүйлийг хоёр лагерт хуваачихаад байна.

-Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэсэн ч нэмэлт
өөрчлөлт оруулчихвал өршөөгдөх юм биш үү?

-Хүчин төгөлдөр байдалд өөрчлөлт оруулаагүй. Өршөөнө гэсэн заалт нь
хүчин төгөлдөр байгаа юм чинь яах юм. Би биш ш дээ. Надтай, хоригтой
хамааралгүйгээр үүнийг УИХ оролцсон гишүүдийнхээ 80-н хэдэн хувиар баталж хүчин
төгөлдөр болгоод өгчихсөн юм. Дахин хэлье хууль батлагдаж гараад л Ерөнхийлөгч
бид хоёроос хамааралгүй болчихсон юм. Дөрөв, долдугаар зүйл түдгэлзэж бусад нь
хүчин төгөлдөр үйлчилсэн байхгүй юу даа. Хэн ч түүнийг хөндөөгүй асуудал.

-Дахин хориг тавина гэх яриа бас гарч байгаа?

-Үүнийг мэдэхгүй. Нэг тавьсан зүйл дээрээ дахин хориг тавихгүй нь
ойлгомжтой. Яагаад гэвэл УИХ хоригийг нь хүлээж авах хэмжээндээ хүлээж авсан.
Хориг тавьсан заалтууд дээр нь хүлээгээд авчихсан байна. Үүнээс цаашилж хориг
тавиагүй зүйл дээр нь хамааруулж хүлээж авахгүй. Угаасаа хуульд бий. Хориг тавьсан хоёр
заалтын үйлчилгээ нь түр зогсоно гэж. Бусад нь хүчин төгөлдрөөр үргэлжилнэ. Ес,
тавдугаар зүйл нь үргэлжлээд явчихсан. Хориг тавиагүй байхад яаж тодорхой зүйл
нэмж эрх зүйн байдлыг дордуулах юм. Тавдугаар зүйл дээр нь эрх зүйн байдал нь
дээрдэх юм гэж нэмэлт оруулж болно. Гэхдээ энэ нь хориг тавьсантай
холбоогүйгээр л явах ёстой. Энэ асуудлыг одоо ч ярихад нээлттэй байгаа. Ийм
байхад олон улсын нэгдэн орсон гэрээ конвенци зөрчигдсөн гэх мэтээр асуудал
яриад эхэлж. Тэгвэл олон улсын гэрээ хэлэлцээрт нэгэнт хүчин төгөлдөр болчихсон
хуулийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар хуульчилж болохгүй гэсэн заалт бий
шүү. Тийм учраас асуудал эцсийн бүлэгтээ тодорхой байдалтай байгаа боловчиг
тодорхойгүй байдлаар сунжруулж улс төрийн шинжтэй хожоо олох гэсэн үйл хөдлөл
байна. Магадгүй тойруу эрх ашгаа хадгалах гэж оролдсон оролдлогууд ч байх шиг.
Энэ бүхнийг туулаад гарчихна гэж бодож байгаа.

-Хуулийг яаралтай хэрэгжүүлж, хүлээлтийг хурдан шийдвэрлэх ямар боломж
байгаа вэ?

-Миний санаагаар бол эрх зүйн хувьд Өршөөлийн хуулийн есдүгээр зүйл,
тавдугаар зүйл, 10.10 дугаар заалт, нэгийн нэг дэх хэсгийг хэрэглээд өршөөн
хамаарахгүй болон өршөөн хасахаас бусад гэмт хэргүүд бүрэн чөлөөлөгдөнө гэсэн
дүгнэлтээр өршөөлийн ажлыг шууд зохион байгуулах боломжтой. Энэ дөрвөн заалтыг
хамтатган хэрэглэхэд 4.1-ийг хуучнаараа байсантай адилаар өршөөлийн ажлыг
зохион байгуулах боломжтой гэсэн үг.

-Тэгвэл Ц.Нямдорж гишүүн ямар үндэслэлээр нэг ч хүн суллагдахгүй гэж
ярьсан юм бол?

-Тийм зүйл байхгүй. Өршөөлийг өмнө нь комисс хийдэг байсан бол одоо шүүх
шийднэ. Шүүх шийдэхээр өөрийнхөө хэрэглэдэг тэгсүгэй, ингэсүгэй гэсэн хэллэг нь
алга гээд байгаа хэрэг. Харин энэ дөрвөн заалтыг хэрэглэхээр бүтэн өршөөсүгэй
гэдэг хуулийн үзэл санаа нь гарч ирж байгаа юм. Тэгээд ч Өршөөлийн хууль бол
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа давж үйлчлэхээр гарсан. Яг ийм
маргааныг 2008 оны Татварын өршөөлийн хууль дээр гаргаж байсан. Саяын миний
хэлснийг үндэслээд Нямдоржийн үгийг тоолгүйгээр цаашаа явж байсан удаатай. Тэр
үед бас л үүнийгээ хэлж байсан юм.

-Ер нь Өршөөлийн хуульд нэмэлтийг хийх боломж байсан ч АТГ-ынхнаас
болоод асуудал ахиад удаашрах шиг болсон?

-АТГ бол энэ хууль дээр сонирхлын зөрчилтэй. Яагаад гэвэл АТГ хэрэг
мөрдөж, мөрдөн байцаадаг. Тэр авлига, албан тушаалын болон бусад хэргүүдийг
өршөөлд хамааруулахаар УИХ хуулиа тогтоочихсон. Тэр үүднээсээ АТГ сонирхлын
эерэг болоод сөрөг гэсэн хоёр зөрчилтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Агаар мандал дахь салхин гол

Дэлхийг хамгийн
богино хугацаанд агаарын бөмбөлгөөр тойрох уралдаан 1800 оны дунд үеэс эхлэлтэй.
Европын орнуудаас ихэвчлэн адал явдалд дуртай залуус ийм аялалд гардаг байж. Уралдаан
жилээс жилд өргөжсөөр 1800 оны сүүлчээр дэлхийг 80 хоногт тойрсон мэдээлэл цацагдсан
нь хүн бүрийг гайхашруулж байсан гэдэг. Шинжлэх ухааны хөгжил тийм өндөрт ирээгүй
байсан учраас 80 хоногт дэлхийг тойрсон асуудлыг эрдэмтэд тухайн үедээ төдийлөн
анхаарсангүй. Тэгээд ч 1900 он гарахад дэлхий нийт дайны хөлд донсолж энэ нээлт
мартагдсан удаатай.

Харин дэлхийн
хоёрдугаар дайн эхлэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт Японы тэсрэх бөмбөгийг тээвэрлэсэн
агаарын бөмбөлөг салхиар туугдан ирэх болжээ. Уг нь агаарын бөмбөлөг 600-хан км
яваад л унах ёстой байтал 3-4 бүр таван мянган км замыг туулан АНУ-ын нутагт тэсэрч,
иргэдийг түгшээх болсон учраас асуудлыг судалж эхэлсэн байдаг. Шалтгааныг судалсаар
дэлхий дээр асар хүчтэй салхин гол урсч байдгийг олж тогтоосон байгаа юм. АНУ-ын
эрдэмтдийг энэ нээлтийг хийхээс өмнө япончууд энэ тухай мэдчихээд АНУ руу мянга
гаруй тэсрэх бөмбөг тээвэрлэсэн агаарын бөмбөлөг хөөргөсөн нь энэ байж. Энэ бол
1940 оны эхээр болсон явдал. Нэг ёсондоо 12-14 мянган метрийн өндөрт 4-10 мянган
км цагийн хурдтай салхин гол баруунаас зүүн тийш мөнхөд урсч байдгийг ийнхүү олж
нээжээ. Ийм салхин гол дэлхийн төв бүслүүрт нэг, хойд өмнөд хагаст тус бүр хоёр
нийт тав байдаг гэж байгаа. Эргэлтийн хүчээс үүсч байгаа уг салхин голыг ашиглан
дэлхийг 21-хэн хоногт агаарын бөмбөлгөөр тойрсон нь хамгийн сүүлийн жишээ юм.

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Хоригийг хүлээж авсан, аваагүй үр дүн нь яг адилхан, сунжрах асуудал л бий

УИХ-ын дэд
дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Улс төрд
хүлээлт үүсгэсэн асуудлууд бий болчихоод байна. Засгийн газрыг бүрдүүлэх,
Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх гэх мэт. УИХ-ын дарга эзгүй байна. Орлож
байгаа хүний хувьд та мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газраас
сайд нарыг нөхөн томилох тухай асуудлыг өргөн барьчихвал ээлжит бус чуулганыг
энэ сарын 7-ноос зарлан хуралдуулъя гэж байгаа. Тийм байр суурьтай байгаагаа ч
УИХ-ын дарга илэрхийлчихээд АНУ-д болох Парламентийн спикерүүдийн хуралд
оролцохоор явсан. Заавал зургаан сайдыг бөөнөөр нь өргөн барихыг шаардаагүй.
Зарим сайдуудыг оруулж ирэн томилох боломж байна. Үлдсэн сайдуудынх нь асуудалд
тодорхой цаг, хугацааны шалтгаанууд байгаа юм. Тухайлбал, АН-ын дарга гадаадад
явж байна. Тиймээс боломжийг ашиглан оруулж ирэх болов уу гэсэн бодолтой
байгаа. Тэгэхээр ойрын өдрүүдэд Ерөнхий сайд зарим сайдыг нөхөн томилохоор
оруулаад ирвэл ээлжит бус чуулганы хуралдааныг зарлана. Хэрэв ээлжит бус
чуулганыг хуралдуулбал Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ч
хэлэлцэнэ. Ингэж л асуудлууд нэг мөр шийдэгдэх байх гэсэн бодолтой байна.

-Хамгийн их
яригдаж байгаа асуудал бол Өршөөлийн хуульд тавьсан хориг. Хориг хийгээд
Өршөөлийн хуулийг олон өөрөөр тайлбарлаж байна. Та гарц, гаргалгааг нь хэлж
өгөхгүй юу?

-Хориг болоод
хуулиа хүмүүс юу гэж ойлгож байгаа юм бол. Үүнээс шалтгаалан ийм нөхцөл байдал
гараад байгаа юм биш үү. Зарим хэсэг нь “тав, есдүгээр зүйл дээр хориг тавьсан
гэж яриад тийм, тийм зүйлийг нэмье, тэгээд шударга болцгооё” ч гэх шиг. Үнэн
хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол хоёрхон зүйл дээр байгаа.
Өршөөлийн хуулийн 4.1, долдугаар зүйл. Тийм учраас хориг хамаараагүй зүйл,
заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр. Тэр ч агуулгаараа Д.Ганбат гишүүнээр ахлуулсан
Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Хоригийг
хүлээж авбал яах юм. Бас хүлээж авахгүй бол ямар үр дүн гарах юм?

-Ялгаагүй.
Өршөөлийн хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээж авлаа гээд ч, хүлээж
авахгүй байлаа ч үр дүн нь яг адилхан. Ямар ч ялгаа байхгүй. Хүлээж авбал энэ
заалт хүчингүй болно. Хүлээж авахгүй гэвэл энэ заалт хүчин төгөлдөр үлдэнэ. Энэ
заалт алга болчиход бүх хүн өршөөгдөхгүй юм шигээр ойлгуулж, ярьж байгаа хүмүүс
байна. Гэтэл ийм зүйл яриад байгаа улсууд хуулийн 10.10 дугаар зүйлийг уншаагүй
бололтой. Хуучин Өршөөлийн хууль гарахад дээд шүүх болон зарим эрх бүхий
байгууллагаас тайлбар гаргадаг, тэгээд өршөөлийн ажлыг зохион байгуулдаг
байсан. Саяын Өршөөлийн хуулийг гаргахдаа тийм тайлбаруудыг нь хуулийнхаа заалт
болгоод оруулчихсан юм. Тодруулбал, 10 дугаар зүйлийн 10 дахь заалтад хэлсэн
байдаг. “…Сэжигтэн, яллагдагч, ялтан энэ хуульд заасан өөрт нь хамгийн
ашигтай тэр сонголтоор нэг удаа өршөөлд хамарна” гэж. Ингэхээр Эрүүгийн хуулийн
тав болон есд заагдсанаас бусад зүйл ангиуд бүрэн өршөөлд хамрагдах нь байна,
тийм үү. Энэ заалтыг л комисс хэрэглэнэ. Шаардлагатай гэвэл дээд шүүхээс
тайлбар гаргуулаад явна. Уг нь хоригийг хүлээж авах, нэмэлт тайлбарууд хийх
шаардлага байхгүй. Тийм учраас хоригийг хүлээж аваагүй нь илүү хялбар хувилбар.
Хүлээж авах юм бол хуулиа бүхэлд нь хэрэглэх замаар явах ч үр дүн нь яг ижил
гарна.

Өөр нэг зүйл нь
Өршөөлийн хуулийн долдугаар зүйл. Тэр нь хэргийг шүүхийн шатанд нь хэрэгсэхгүй
болгох тухай асуудал юм. Шүүхийн болон бусад процессоор явж буй хүн гэм
буруугаа хүлээн зөвшөөрөөд нөхөн төлбөрөө төлнө гэдгийг илэрхийлсэн тохиолдолд
шүүн таслах ажиллагаа явагдахгүй байхаар тусгасан. Тодруулбал, сэжигтэн хүн
өөрийгөө энэ хэргийг хийгээгүй гэж үзэж байвал бүх процессийг дуустал явуулаад
үнэхээр гэм буруугүй бол цагаатгана. Харин гэм буруутай байвал дараа нь
Өршөөлийн хуулийг хэрэглэнэ. Нэг ёсондоо Эрүүгийн хуулийн тэддүгээр зүйл ангиар
тийм ял оноосугай гээд шүүхийн тогтоол гарлаа. Гарсны дараа Өршөөлийн хуулийг
хэрэглэлээ, бүрэн чөлөөлөгдөх ангилалд байвал ялаас бүрэн чөлөөлж, жил хасахаар
бол түүнийг нь гүйцэтгээд л явна. Энэ заалтад тавьсан хоригийг хүлээгээд
авчихвал бас процесс сунжирна. Эцсийн үр дүнд ямар ч ялгаа гарахгүй. Өөрөөр
хэлбэл сэжигтний асуудлыг шүүхийн процессийн явцад хэрэгсэхгүй болгохгүй юм бол
түүнийгээ шүүн тасал. Тэгээд Өршөөлийн хуулиа хэрэглэ гэсэн үг. Уг нь бол
сэжигтэн болон шүүгдэгчид сонголт өгье
гэсэн юм. Гэтэл эрх мэдэлтнүүдэд яаж шүүх вэ гэдэг боломжийг үлдээх шив
дээ.

Эндээс
Ерөнхийлөгч авлига, хээл хахууль, албан тушаалтантай холбогдсон зүйл дээр
ерөөсөө хориг тавиагүй. Тэр нь саналын хэлбэртэй байсан. Хэрэв ердийн хууль
байсан бол Ерөнхийлөгчийн санал нь нэмэлт, өөрчлөлт болон орж ирэх ёстой.

-Өршөөлийн
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүх байхгүй ч Ерөнхийлөгчийн саналыг
тусгая гэж зарим гишүүд яриад байгаа ш дээ?

-Хориг гэдэг бол
нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал биш. Есдүгээр зүйлд тийм зүйлийг нэмсүгэй
гээд, Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд
зориулсан Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэсэн
томъёоллоор орох нь ээ. Уучлаарай. Тийм юм одоо байхгүй. Би зураг ойлгодоггүй л
дээ. Гэхдээ “Хашгираан” гэж их өндөр үнэтэй зураг бий. Зураач нь тэр зургаараа
ийм л орчныг хэлсэн болов уу гэж төсөөлж байгаа юм. Энэ байр сууринаас харвал
УИХ хоригийг авч хэлэлцэхдээ хүлээж авах шаардлагагүй юм байна гэх байх. Чухам
би яаж саналаа өгөх вэ гэдгээ хоригийг хэлэлцэх явцад хэлнэ. Яагаад гэвэл
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцлээ гэж шүүмжлээд байгаа. Угаасаа тэгдэг
номтой, журамтай. Учир нь тухайн гишүүн энэ асуудал дээр ийм байр суурьтай, ийм
санал өгсөн нь ил байвал түүнд нь баярлах нэг хэсэг байхад өширхөх нэг хэсэг
байдаг. Тийм учраас хууль батлагдсаныхаа дараа ил тод байна, харин хэлэлцэх
явцад хаалттай байдаг нь ийм шалтгаантай. Ийм учраас би хоригийг хүлээж авах
эсэхэд одоо саналаа хэлэхгүй гээд байгаа юм. Гэхдээ одоо байгаа нөхцөлд ямар ч
нөлөөгүй. Хүлээж авсан ч, аваагүй ч процесс сунжрах асуудал үүсэхээс цаашгүй
учраас зоригтой хэлж болох бас нэг хувилбар байна. “Хоригийг хүлээн авах
шаардлагагүй юм байна” гэсэн байр суурин дээр баттай байгаа. Энэ бол зөвхөн
процессийн сунжрал. Процессийг сунжруулах сонирхол хэнд байдаг юм бүү мэд. Хувь
хүн нь өөрөө сунжруулах сонирхолгүй байна. Гэм буруугаа ойлголоо, хохирлыг
барагдуулъя гэхэд л дуусч байгаа асуудал. Тийм байхад цааш нь явуулах гэж хориг
тавихын хэрэг юу байгаа юм. Энэ хуулийн санаа бол сэжигтэн хоригдогсдын эрх
ашгийг нэгдүгээрт тавьсан. Түүнээс биш шүүн таслах ажиллагаа, хэрэг мөрддөг
хүмүүсийн сонирхлыг нэгдүгээрт тавиагүй юм шүү.

-Одоо АН-ынхан
хоригийг хүлээж авбал хонь, хүлээж авахгүй бол чоно болно гэж яриад эхэлсэн.
Ямар ч тохиолдолд АН-ын нэр хүндэд халтай нөхцөл байдал үүсчихээд байгаа юм биш
үү?

-Хоригийг хүлээж
авахаар шударга улс болж таараад, хоригийг хүлээж авахгүй болохоор цагаан
захтнуудтай нийлж, нэгдсэн болоод, нийгмийг хоёр хэсэг болгож хуваалаа гэдэг
ийм л зүйл. Зөвхөн энэ асуудал дээрээс хар. Өршөөлийн хууль гэдэг ямар нарийн
зүйл байдаг юм бэ. Хэн нь хаана байгаа вэ гэдгээс ямар үр дагавруудыг гаргаж
ирдэг юм бэ гэсэн бас л нэг “Хашгираан”. Үнэн хэрэг дээрээ хориг бол сая
ярьсанчлан асуудалтай нэгэнт холбоогүй. Нөгөө талаас Эдийн засгийн ил тод
байдлын тухай хуультай ихэр. Нэг нь өнөөдөр үйлдэгдсэн нь илрээгүй байгаа зүйл.
Гэхдээ өөрөө нуусан хөрөнгөө ил болгож, татвараа төлөөгүй гэдгээ мэдэгдвэл
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нэг удаа “ил гараад ир” гээд
боломж олгож байгаа хэрэг. Тэгээд л “Та бүх бизнесээ ийм эрүүл орчиндоо эхлүүл.
Өмнө нь төр та бүхнийг ийм байдалд оруулж байжээ. Эндээс Монгол орон сүүдрийн
бус гэрэлтэй эдийн засагтай болно” гэсэн санаа. Гэрэлтэй эдийн засагтай
болчихвол мөнгө санхүү нь зөв явна, хүмүүс ч янз бүрийн дарамт шахаанаас ангид
эрх чөлөөтэй бизнесээ эрхэлнэ. Өршөөлийн хууль бол долдугаар сарын 2-ны 24
цагаас өмнө хэрэг хийсэн хүмүүсийн тухай ярьж байгаа юм. Хийсэн хэрэг нь ямар
нэг байдлаар сэжиглэгдчихсэн, эсвэл үйлдсэн гэм буруугийнхаа төлөө ял эдлээд
сууж байгаа хүмүүстэй холбоотой. Тэгээд шударга гэж цамнахаараа шударгаар
татвар төлсөн хэсэг нь яахаараа хохирдог юм гэж ярих юм. Нарийн дээрээ шударга,
шударга бус алинаар нь ч ойлгосон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль,
Өршөөлийн хууль бол ихэр. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр хориг
тавигдаагүй. Хүчин төгөлдөр. Энэ хуулийн хүрээнд хүмүүс хөрөнгө орлого, бүх
зүйлээ ил тод болгох гээд хуульчдыг хөлслөөд нягтлан бодох бүртгэлээ шинэчилсэн
бүртгэл рүүгээ оруулаад л явж байна ш дээ. Монголын нийгэм 25 жилийнхээ магнай
дээрээс цаашаа жигд, дарамтгүй, шахалтгүй,
эрх мэдэлтний байнгын бай биш болж явах эхлэл ингэж тавигдаж байгаа юм.

-Өршөөлийн
хуульд хориг тавьчихаад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг
тавиагүй нь шударга бус гэсэн үг үү?

-Би тэгж
хэлэхгүй. Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн дагуу л хийж байгаа. Буруу хориг
тавилаа ч гэж ярих зүйл байхгүй. Хоригийн асуудлыг улс төрийн өнцгөөс шинжээд
байх ч ёсгүй. Хамааралгүй зүйлтэй хамаарлыг үүсгэхэд дандаа буруу ойлголт,
буруу тайлбар, буруу хандлага гардаг. Түүнээс биш Ерөнхийлөгч бол төрийн
тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Ийм харилцаан дээр уучилъя гэснээ
уучилдаг эрх мэдлийг өөртөө хадгалж байдаг. УИХ нь өршөөе гэсэн бодлогоороо
өршөөлөө явуулж байдаг.

-Авлигачдын
нурууг тэнийлгэлээ гэдэг зүйл л яригдаад байна л даа?

-Санал нийлэхгүй.
Муугийн үрийг тасалбаас сайны үр дэлгэрнэ гэсэн сайхан үг бий. Одоо бид муугийн
үрийг л таслах гээд байгаа юм. Үнэн хэрэг дээрээ энэ хуулиуд авлигын нэг
давхаргын хөрсийг тэр чигт нь хуулаад хаячихсан. Ялангуяа болсон үйл явдалтай
холбогдуулаад үүсч болдог авлигууд. Бүгдээрээ шударга ёс гэж ярьж байвал ярья л
даа. Жишээ нь өнөөдөр албан тушаалын болон авлигын хэргээр ял эдэлж байгаа
хүмүүсийг хар. Нягтлан бодогчид, жижиг албан тушаалтнууд л бий. Нэг удаа ишлэл
татсан, том залилан хийчихсэн гэдэг Дондог гишүүнийгээ нэрлэчихье. Ингээд л дуусчихсан
юм уу. Шударга ёсыг ярихаар иргэдийн хэлдэг нэг зүйл бий. Мөнгөтэй нь үлдээд,
мөнгөгүй бидэн дээр хууль хатуу юм гэж. Яг энэ ярьдаг жишгээр нь, энэ рүү нь
нүдээ нээгээд хараадахъя. Тэгвэл энэ шударга ёс юм уу. Тэгвэл, шударга ёсны
үзүүрийг зөөлчлөх байдлаар хэрэглээд байгаа юм бол бүгдийг нь энэ удаа өршөөе.
Үүнээс цааш алагчлалгүй, ямар ч түвшний хүнд адил үйлчлэл ирдэг шинэ орчин руу
орсныхоо дараа өөр байдлаар ярья л даа. Шинэ Эрүүгийн хууль бол тэр үзэл санаа,
энэ тухай л асуудал ш дээ. Ялангуяа өнөөдөр нэг хүнд бүх гэм бурууг тохчихоод
түүнийгээ заавал хүлээлгэхийн тулд хэдэн сар, жилээр хорьдог. Цөөн хэдэн удаа
асуулт тавьдаг. Тэдгээр асуулт нь бараг хэрэгтэй нь холбоогүй буюу “Бид чамайг
хэрэгтэн гэж үзээд байгаа шалтгаан чинь бидний илрэлийн хэрэгт холбоогүй шүү.
Өөр нэгэн асуудалтай яагаад холбогдоод байна” гэдэг тийм л зүйл яригдаж байна.
Тэгвэл энэ тогтолцоогоо арилгачихъя. Ил тод байдлын тухай, Өршөөлийн, Эрүүгийн,
Зөрчлийн тухай хуулиа бүхэлд нь гаргаад ирэх юм бол энэ 25 жилд төр өөрөө албан
тушаалтнаа, ард иргэдээ тодорхойгүй байдал руу оруулснаа засах гэж байгаа
эгшин. Өршөөлийн хууль ингэж гардаггүй байсан, өршөөлд хамрагдсан хүмүүсийг
дахин өршөөдөггүй байсан, рецдив гэмтнүүдийг өршөөдөггүй байсан гэж хүмүүс
яриад байгаа. Гэтэл шинэ Эрүүгийн хууль юу гэж байгаа вэ гэвэл тухайн гэм
хорынх нь тухай л ярина. Тэр хүний түүхийг сөхөхгүй. Тиймдээ ч Өршөөлийн
хуулиар ялтайд тооцох хугацааг хүчингүй болгоё гэж байна. Шинэ Эрүүгийн хуулиар
бид цаашаа явах учраас Өршөөлийн хуулийн зарчим ч түүнд нийцсэн байгаа. Үүний
эргэн тойронд хүмүүс хуулиудаа сайтар уншиж, танилцсаны эцэст дуугарах хэрэгтэй
байна. Тэгвэл энгийн иргэд ч ойлгохын зэрэгцээ өршөөгдөх хүмүүсийн ч сэтгэл
тайвширна. Яагаад гэвэл УИХ нь өршөөнө гээд хэлчихсэн байхад 2-3 мянган хүн огт
өршөөгдөхгүй нь гээд мэдэмхийрэгчид ярьснаар бухимдал үүсвэл яах юм. Хамгийн
хатуу дэглэмтэй газар эмх замбараагүй байдал үүсвэл яах вэ.

-Сайд нарыг
чөлөөлөх, нөхөн томилох асуудалтай хамт Өршөөлийн хуулийг хэлэлцсэн нь МАХН-д
нөхцөл байдлыг барьцаалах боломжийг олгосон гэж яригддаг?

-Тийм зүйл
байхгүй ээ. Н.Энхбаяртай холбосон холбоосыг өөр улсууд л гаргасан. Ялангуяа
сүүлийн өдрүүдэд. Тэр асуудлыг тэгж холбож байгаа нь АН, Шударга ёс эвслийг
эвсээд цаашаа явахад нь дургүйцэж байгаа хүмүүсийн яриа. Ер нь уучлалыг нэг хүн
дээр ярьдаг болохоос өршөөлийг хэрэг явдал, процесс дээр нь ярьдаг юм. Тиймээс
уучлал, өршөөл хоёрын том ялгааг харах ёстой.

-УИХ-ын дарга
АНУ-д байгаа. Одоо ярьж байгаачлан ирэх 7-ны өдөр ээлжит бус чуулган зарлах
боломж хэр бүрдэж байгаа юм?

-7-ны өдөр ээлжит
бус чуулганыг зарлавал тэр өдрөө ээлжит бус чуулганыхаа нээлтийг хийчихнэ. Тэр
өдөр байнгын хороо, бүлгүүд нь хуралдана. Орой нь УИХ-ын дарга ирж 8-ны өдрөөс
УИХ-ын дарга ажилдаа ороод л явна.

-Засгийн
газрын зарим сайдыг нөхөн томилох боломжтой гэсэн. МАХН-ынхантай ойлголцчихсон
гэсэн үг үү?

-Манай намын
дарга эзгүй байна. Гүйцэтгэх зөвлөлийн хурал гэх мэт асуудлуудаас эхлээд засаг
бүрдүүлэхэд намын оролцоо байдаг. Харин Шударга ёс эвслийн хувьд сайд нараа
тодруулах бүрэн боломж бий. Тэгэхээр эхэлж байвал яасан юм гэсэн санааг би хэлж
байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Том бүлэглэлүүдийн талцал дундуур цөөврүүд орж сайд болохыг санаархаад байна

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргалтай ярилцлаа.

-Улс төрийн хамгийн сүүлийн үйл явдал бол Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсан явдал. Та ямар байр суурьтай байдаг юм?

-Наадах чинь их ярвигтай асуудал. Монголын нийгмийг хоёр хуваачихлаа шүү дээ. Нэг хэсэг нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь явуулах нь зүйтэй гэж байна. Би бол Монгол Улсыг хувааж талцуулсан ямар ч асуудлыг дэмждэггүй. Талцуулаад, хэрэлдүүлээд, наана цаана нь оруулж байгаа бол шийдэл биш, асуудал болж буйн илрэл. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс шийдэл олж, түүнийх нь дагуу улс нийгэм нь явах учиртай шүү дээ. Гэтэл шийдэл болж байгаа юм байхгүй, харин ч асуудал нэмж байгаа нь харамсалтай. Би сүүлийн хорин хэдэн жил батлагдсан Өршөөлийн хуулиудын ихэнхэд нь гар бие оролцсон. Энэ удаагийнх шиг ийм замбараагүй, дуулиан шуугиантай Өршөөлийн хууль гарч байсныг санахгүй байна. Урьд нь асуудлыг маш чанд үзэж харж судлаад, шийдвэрээ гаргачихаад УИХ-д оруулж албажуулдаг байсан. Тийм учраас хэл ам багатай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч маш хурдан шуурхай хийж хэрэгжүүлж болдог байсан. Өнөөдөр ороод ирсэн зүйлээ хар. Нэг л их хууль баталлаа гэдэг. Нөгөөх дээр нь хориг тавьчихсан, тэр хоригийг нь хэзээ хэлэлцэх гэж байгаа юм бүү мэд. Өнөөдөр энэ хууль нь явж байгаа юм уу, явахгүй байгаа юм уу. Асар их хүлээлт тал талд нь байдаг.

Үнэхээр төрийн өршөөлийг хүртэх ёстой нэг хэсэг байж болно шүү дээ. Тэр хүмүүс горьдлого тавиад л сууж байгаа. Гэтэл хууль нь хэрэгжих ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Нэг хэсэг нь төрийн өршөөлөөс бүр хол байх ёстой юм. Огт хамрагдах ёсгүй. 

Гэтэл тэр хүмүүс нь завших гээд сууж байдаг. Энэ удаа бол туйлын зохион байгуулалтгүй, туйлын хариуцлагагүй, туйлын замбараагүй хэрэгжүүлсэн. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа нүүр царай. Бид иймэрхүү л нүүр царайтай байгаа юм.

Аливаа асуудал нийгмийг бужигнуулах учиргүй, нийгмийг нягтруулж байх ёстой. Та нар ажигласан бол 2012 оны сонгуулиас хойш УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд дандаа нийгмийг бужигнуулж байна. Шоргоолжны үүрийг эвдэж байгаатай адилхан л юм хийгээд байна шүү дээ. Цэвэрлэж цэгцлэх, янзлах юм байдаг л байх. Гэхдээ дандаа дутуу дулимаг бодсон, хагас дутуу үсчиж харайсан, өнгө мөнгө дагуулсан юмнууд болоод байна. Тэр утгаараа Өршөөлийн хууль бас л ийм дүр төрхтэй болчихлоо. Энэ бүгдэд үнэхээр сэтгэл дундуур яваа. Би цаад агуулга руу нь орохгүй, зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь харахад иймэрхүү байна. Цаашаа орвол зөндөө юм бий байх. Миний мэдэрч байгаагаар бол энэ асуудал УИХ дээр нэлээн ярвигтай, төвөгтэй асуудал болох юм шиг байна.

-Хоригийг та дэмжих үү. Хоригийг дэмжсэн ги­шүүнээ АН ирэх сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн барь­цаа ярьж байна гэсэн?

-Би тийм юм тоодоггүй шүү дээ. Хэн нэг хүн намайг иймэрхүү юмаар барьцаалдаг нас, цаг өнгөрсөн. Би хэн нэгнийг ингэлээ, тэглээ гээд түүнээс нь айгаад явдаг хүн биш. Миний хувийн байр суурь бол Ерөнхийлөгч хоригоо тавьчихсан байгаа юм байна. Асуудал нь ороод ирэг, тал бүрээс нь нухацтай хэлэлцье. Тэгээд эцсийн дүндээ Монгол хожих ямар арга зам байна. Түүнийг хайя. Хэн нэгэнд таалагдах гээд мэдэгдэл хийгээд байх сонирхол алга.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар далд эдийн засгийг ил болгоно гээд байдаг. Үнэхээр далд эдийн засгийг ил болгох юм уу?

-Энэ хуулийг анхны хувилбараар нь хэлэлцэж байхад би “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль чинь тун цөөхөн хүний эрх ашгийн асуудал шүү. Хэсэг нөхөд энд тэнд баахан юм нууж хаасан, хулгайлсан юмнуудаа ил гаргах гэж байна. Түүнийг нь гаргачихаад дараа нь ямар нүүрээрээ олны нүүр рүү харж шударга ёс ярих вэ” гэж хэлж байсан. Үүнийг бодвол Татварын өршөөлийн хууль нь хамаагүй дээр байсан юм. Ядаж тооны хувьд ч олон хүнийг хамарна, жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой байсан.

Миний байр суурь бол Эдийн засгийн ил тод байдлын тухай биш, Татварын өршөөлийн тухай хуулийг гаргахыг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр татварын өршөөлийн хууль нь Эрүүгийн өршөөлийн хууль болж хувираад, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн нэрээр их олон хүний нүглийг дарж өгөх гэж байна. 

Манай нийгэмд хамгийн үгүйлэгдэж байгаа зүйл бол хариуцлага. Миний сүүлийн нэлээд хэдэн жил ярьж байгаа зүйл. Ямар сайндаа та нар хариуцлага тооцож чаддаггүй юм бол би хариуцлагыг чинь үүрье гээд УИХ-ын гишүүнээс гаръя гэж мэдэгдсэн шүү дээ. Өчнөөн хариуцлагагүй үйлдэл хийчихээд хариуцлагаас бултсан хүмүүсийн толгойг илж, та нар ингээд хулгай зэлгий хийгээд бай, нуугаад бай, хаагаад бай, луйвардаад бай, шулаад бай, дээрэмдээд бай. Тэр бүгдийг чинь ингээд сайхан ил тод гэдэг гоё нэр томьёогоор өршөөгөөд өгчихдөг юм. Санаа зовох юм байхгүй. Үргэлжлүүл гэж хэлж байгаатай адилхан болчихож байгаа юм.

-Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын хуульд хориг тавиагүй байж Өршөөлийн хуульд хориг тавьсан нь шударга зүйл мөн үү?

-Би Ерөнхийлөгчийн юу бодож байгааг мэдэхгүй учраас өмнөөс нь ярьж чадахгүй. Зүгээр Ерөнхийлөгч уг нь зөв асуудал тавьсан гэж бодож байгаа. Гэхдээ нэгдүгээрт цаг үе нь хэр оновчтой байсан юм бол, хоёрдугаарт, тавьсан хэлбэр нь хэр оновчтой байсан бол гэж бодож байна.

Ний нуугүй хэлэхэд үнэхээр энэ асуудлыг барьж аваад шийдье гэж бодсон бол ямар саран дээрээс буусан хүн биш. Өршөөлийн хууль гаргах гэж байна, татварын өршөөл, эдийн засгийн ил тод байдлын тухай гээд сүүлийн нэг жил яригдлаа шүү дээ. Өршөөлийн хууль бол бүр 2012 оноос, энэ хэсэг нөхөд УИХ-д орж ирж суугаад л ярьсан асуудал шүү дээ. Ерөнхийлөгч үүнийг мэдэж байсан. Үнэхээр асуудлыг зөв зүйтэй шийдье гэсэн бол ярьж байх үед нь шийдлийг нь олоод нийгмээ хагалж бутаргачихгүйхэн шиг явуулах ёстой байсан байх. Одоо ийм болчихсон хойно нь гэнэт гарч ирээд, юу болсон бэ гэсэн маягтай байгаа нь олны итгэл төрүүлэхгүй байгаа юм л даа. Асуудлыг шийдье гэсэн сонирхол байна уу, эсвэл популизмаа хийгээд байна уу гэж хараад байна. Тэр хэмжээгээрээ ярьж, хэлж байгаа зүйлийнх нь үнэ цэн унаад байна.

-Монгол Улс өрийн дарамтад орлоо. Гадаад нэр хүнд навс уналаа. Валютын ханш, төсвийн алдагдал гээд аюулын харанга дэлдсэн асуудлууд олон байна гэж ярьцгаасаар л байна. Эдийн засгийг сэргээхийн тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Эдийн засаг хэцүү байна гэж бүгд яриад л байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших хугацаанд би эдийн засаг, төр засагтай холбоотой асуудлаар бараг яриагүй. Энэ нь аминдаа дэмжиж байгаа хэрэг байхгүй юу. Сайн ч бай, муу ч бай, шинэ засаг гараад ирлээ, бас яадаг ч бол гэсэн горьдлого төрж байна шүү дээ. Залуу хүн юм, юм хийж магадгүй, арай өөрөөр ажиллаж магадгүй гэсэн. Одоо зургаа долоон сар өнгөрлөө. Итгэл байхгүй болсон. Би бол эднээс юм горьдохгүй байгаа. Яаж ийж байгаад салгануулаад сонгуульдаа хүргэчих юмсан гэх бодол төрж байна. Түүнээс сүрхий юм хийгээд өөрчлөөд аваад явна гэж байхгүй байх.

Зургаа, долоон сар боллоо туугаад тавьчихлаа. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэхээр унаган мэргэжлийнхээ дагуу л ажлаа хийлээ шүү дээ. Ерөнхий сайд маань пиараа л хийлээ. Бодит ажил бол явсангүй. Зургаа долоон сарын дараа үүнийг нь хэлэхэд болно байх гэж бодож байна. Ажил явахгүй байгаа бол буг болоод суугаад байх хэрэг юу байна. Үнэхээр л эх орондоо хайртай, тийм л өндөр ухамсартай юм бол хурдхан явах л хэрэгтэй шүү дээ. Урьд нь ч би хэлж байсан. Ажлаа хийж чадахгүй хүн байгаа бол нэг өдөр ч, нэг цаг ч битгий байлга. Хурдан явуул. Чаддаг хүн нь орж ирэг. Ердөө л энэ. Өөр асуудал байхгүй.

-Тэгэхээр яах ёстой юм?

-Юм эзэнтэй байх ёстой. хэн нэг хүн тодорхой ямар нэг ажлыг хариуцах ёстой. УИХ хууль тогтоох ажлаа хариуц. Хуулийнхаа хэрэгжилтийг хянаад сууж бай. Гүйцэтгэх засаглал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн хэрэгжилтийг хариуцна гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Энэ ажлаа л хий. УИХ нь хийх ёстойгоо, Засгийн газар нь хийх ёстойгоо хий. Аль алиндаа шаардлага тавь. Үүнээсээ эхэл.

Гүйцэтгэх засаглал хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хариуцна. УИХ энэ ажлаа хий. Засгийн газар өөрийн хүлээсэн үүргээ биелүүл. 

Үүнээсээ эхлэх ёстой. Маш энгийн зүйл. УИХ шаардлагаа тавьж чадахгүй байна шүү дээ. Одоо байж байгаа байдлаа хар. Энэ УИХ юу хийгээд сууж байгаа юм бэ. Зун хуралдаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Ээлжит бус чуулган зарлаад байгаа ч юм шиг зарлахгүй байгаа ч юм шиг. Зарлаад хуралдуулахдаа Эрүүгийн хуулийг өөрчилнө энэ тэр гэж байсан сүүлдээ больчихлоо шүү дээ. Эцэстээ зургаан сайдыг явуулсан, явуулаагүй гэсэн байдалтай тулгарч үлдлээ.

Засгийн газар юу хийгээд байгаа юм бүү мэд. Эдийн засгийн өнөөдөр тулгамдаад байгаа асуудал гэхээсээ хамгийн наад зах нь хүн бүр суурь суурин дээрээ байх ёстой. Суудал суудал дээрээ суух ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй. УИХ, Засгийн газар нь байр суурин дээрээ байж чадахгүй байхад ажил хийж байгаа яам гэж байхгүй шүү дээ.

Зургаан сайдыг нөхөн томилоод асуудал шийдэгдэх үү. Маш эргэлзээтэй. Шинээр гарч ирэх зургаан сайд явсан зургаан сайдаасаа илүү байх уу гэдэг нь бүр эргэлзээтэй. 

Гуравдугаарт, зургаан сайдыг нөхөөд нөхөөстэй Засгийн газар явлаа гэхэд энэ нь хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг хүмүүс яриад эхэлчихлээ. Үүнд хүлээлт бий болчихсон төр засгийн нэр хүнд байхгүй болчихсон, гүйцэтгэх засаглалын нэр хүнд шалдаа уначихсан тохиолдолд юун эдийн засгийг босгох асуудал яриад байна вэ. Тэр чинь байхгүй. Хамгийн түрүүнд хийх асуудал бол бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлж олны итгэл даах чадвартай зангарагтай хүн гарч ирэх ёстой. Тэгж байж хаана хэн нь эзэн юм бэ юугаа хариуцаж байгаа юм бэ гэдгээ маш тодорхой болгож байж дараа нь макро микро эдийн засгийн асуудлуудыг ярих ёстой.

Өнөөдөр ний нуугүй ярихад энэ нэг замбараагүй эцэс төгсгөлгүй байдал чинь элдэв янзын ашиг сонирхолтой хүмүүст маш хэрэгтэй байна. Үүний цаана яагаад ийм байдалд орчихоод байна, асуудал нь зургаан сайдыг явуулахдаа байгаа юм уу эсвэл өөр ямар нэг учир шалтгаан байна уу гэдгийг бид харах ёстой. Тэр учир шалтгаан нь үндсэндээ Тавантолгой шүү дээ. Тавантолгой дээр бизнесийн улс төрийн бүлэглэлүүд бий болчихоод хамгийн том юмаа хэн нь эзэмших вэ гэдэг дээр үзэлцээд байна. Ердөө л энэ. Би хэрвээ эзэмшихгүй бол чамайг эзэмшүүлэхгүй гэж нэг нэгнийгээ барьцаалаад хаагаад чөдөрлөөд боогоод явж байна. Ийм зүйл чинь энэ нийгмийг явуулахгүй л дээ. Чоно борооноор гэгчээр том том бүлэглэлүүд хоорондоо үзэлцэж байхад дундуур нь жижиг жижиг цөөвөр чононууд хажуунаас орж ирж хазаж, жаахан юм авч сайд болох гээд үзээд байна. Жижиг луйварчдын л асуудал.

Амаржаргал өнөөдөр шүүмжлээд сууж байна гэх байх. Гэхдээ би шүүмжлээд байгаа юм биш гарцыг нь хэлж байна. Гарц нь юу юм бэ гэхээр энэ улс, энэ засаг чинь эзэнтэй болох ёстой. Чадаж байгаа хүнээ ажиллуул, чадахгүй байгаа бол хурдхан шиг зайлуул. Ингэж байж юм эхэлнэ. Ингэж байж төсвийн бодлогоо тэлэх үү, хумих уу, мөнгөний бодлогоо нэмэх үү хасах уу, ханш, инфляцийг яах уу гэдгийг дараа нь ярина. Би шийдлийг нь маш тодорхой хэлж байна. Чадахгүй байгаа бол нэг минут ч битгий байлга. Үүнийг Засгийн газрын хэмжээнд хүртэл ярих ёстой.

-Засгийн газар огцрох ёстой гэсэн үг үү?

-Би бол тэгж л үзэж байна.

-Одоо Засгийн газар огцроод байдал дээрдэх үү?

-Энэнээс дордуулах юм уу.

-УИХ тарах талаар яриа гараад байсан?

-УИХ тарах тухай асуудал гарсан байна лээ. Хэд хэдэн хүн мэдэгдэл хийсэн байсан. Би түүнийг анзаарсан. Төрийн тогтолцоогоо та нар хэр зэрэг сайн ойлгодог эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн тогтвортой байх ёстой институц нь УИХ. Засгийн газар хэд ч өөрчлөгдөж болно. Тэр чухал биш. Төрийг тогтвортой байлгаж байгаа УИХ бүрэн хугацаагаараа ажиллаж байж дараа дараагийн УИХ руу шилждэг зарчим байвал сайн. Тийм учраас УИХ-ыг тараая гэж түүн рүү түлхэж байгаа хүмүүсийг би сайшаахгүй байгаа.

УИХ-ын ажиллагаа төгс төгөлдөр бус шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Үүн дотор түрүүний миний шүүмжилж ярьсан зүйлүүдийн гол хүмүүс нь энэ дотор сууж байгаа. Наполеоны хэлсэн нэг үг байдаг. Мөнгө бол үнэртдэггүй юм. Мөнгөнд эх орон байдаггүй юм. Тиймээс мөнгөтэй хүнийг улс төр рүү битгий оруулж бай гэж. Мөнгөтэй хүмүүс эх оронгүй хүмүүс, тийм ч учраас зарим нь цээжээ маш их дэлддэг байх. Би хязгааргүй их эх орондоо хайртай гэж. Үнэн хэрэг дээрээ мөнгөнд эх орон байхгүй. Тэр хүмүүс энд орж ирэхээрээ ямар гай болдгийг эрх биш харсан байх. 2016 оны сонгуулиар манай ард иргэд 25 жил сонгуульд оролцлоо, эрх биш гадарлах хэмжээндээ хүрсэн байх гэж бодож байна. Тэгэхээр бас зөв сонголт хийх байх гэж горьдож байгаа. Ямар ч байсан УИХ-ыг тараая гэдэг гайхамшигтай шийдэл биш. Үүнийг дэмжээд өөгшүүлээд байх зүйл биш.

-АН Монгол төрийг уландаа гишгэж байна гэж ярих юм?

-Ганц АН биш. Энэ улстөрийн намууд бүгд шүү дээ. 2000 оноос хойших үйл явдлыг аваад үзвэл МАХН тэр үеийн Засгийн газар барьж байсан, үндсэндээ 76:0 байсан шүү дээ. 72 нь МАХН, нөгөө намууд нь нэг суудалтай байсан. Тэгэхэд гишгэж эхэлсэн. Төрөөр тоглож эхэлсэн. Тэр дэд сайд гэдэг албан тушаалыг 500 сая төгрөгөөр үнэлээд энэ албан тушаалуудыг бий болгож эхэлсэн. Бүх зүйлийг мөнгөн хэлбэрт оруулсан. Үүнийг өнөөдөр хүмүүс ярихгүй л байгаа болохоос маш их зүйл тэр үеэс эхэлсэн. Манайхан муу зүйлийг “төгөлдөржүүлэхдээ” сайн хүмүүс. Тиймээс төгс төгөлдөр рүү оруулаад явж байх шиг байна. Тиймээс би ганц АН-ыг хэлэхгүй. Аль алиныг нь хэлнэ. Улс төрийн намын том том дарга нар дээд зэргээр хувь нэмрээ оруулсан.

-Одоогийн нөхцөл байдалд АН-ын нэр хүнд илүү унасан харагдаж байна. Та ч намынхаа үйл ажиллагааг шүүмжилж байна. Тэгвэл та намынхаа гишүүнээс татгалзчихаж болдоггүй юм уу?

-Түдгэлзэж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ намыг босгох гэж их зүтгэсэн. 2000 оны сонгуулийн өмнө би МҮАН-ын дарга байж байгаад тараад 5-6 болсон байсан намыг нэгтгээд орчин цагийн нам болгоод өглөө. Үүнд нам буруутай гэхээсээ илүүтэй субъектив талын асуудлуудыг хөндөх ёстой. Намын хэдэн мянган гишүүнд чин сэтгэлээсээ ардчилсан үнэлэмжийн араас явж байгаа. Болгох юмсан бүтээх юмсан энэ улс орныг, үр хүүхдээ аятай тухтай амьдруулахсан гээд чин итгэл үнэмшлээр явж байгаа. Тэр хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, үгүйсгэж болохгүй. Намын нэрийг барьж арчаагүй аашилж байгаа хүмүүст бид өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй байна. Манай намын ҮЗХ ямархуу байгааг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бусад улс төрийн намуудыг ч гэсэн хар л даа. Сая жаахан юм болонгуут МАН дотор бужигнаад эхэлж байна.

Гол нь нягтрах ёстой. Улс төрийн намуудаар дамжин төрийн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд улс төрийн намууд цөөхөн байх ёстой. Би хоёр улс төрийн нам давамгайлсан байх ёстой гэж үздэг хүн. Манайд 20-30 нам огт хэрэггүй. Хоёр нам бие биедээ хяналт тавьж чаддаг байх ёстой. Нэг нь засгийн эрх барьж байхад нөгөөх нь ажил хэрэгчээр шүүмжлээд шударгаар явах хэрэгтэй. Тухайн үедээ өрсөлдөгчөөсөө илүү олны санаа бодлыг дагуулж явах ёстой гэж үздэг. Тэгж ч явж ирсэн.

-Та АН-аас хөөгдөж үзэж, уригдаж дарга болж үзсэн хүн. Айх зүйл одоо байхгүй. АН-ын дотоод фракциудын зөрчлөөс дотоод хүч маш их суларч байна. Ийм үед удирдлагуудтайгаа тулж ярьж үзэж байна уу?

-Фракциуд тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Юм гэдэг чинь амьд организм. Үүргээ гүйцэтгэсэн бол одоо үеэ өнгөрөөгөөд явах л хэрэгтэй. Өнөөдрийн фракциуд шийдэл биш. Дандаа асуудал үүсгэж байна. Үүнээс татгалзана гэдэг зөв санаа. Яг цагаа тулахаар татгалзаж чадахгүй байна. Хэдийгээр албан ёсоор зарлаад байгаа ч татгалзаж чадахгүй л байна. З.Энхболд даргыг фракциас татгалзана гэж байхад нь би “За юу л бол” гэж бодож байсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, гайгүй явчих болов уу гэсэн чадахгүй байна. Өнөөдөр хэдэн сайд, дэд сайд нарын асуудал дээр наймаа хийгээд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болчихсон явж байна. Үүнийгээ том том ухаантай зүйлээр тайлбарлаад яваад байна. Бас л болоогүй байна. Бэлтгэгдээгүй л байна. Нялцгай л байна гэж хэлэх гээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын хурал монголчуудад хамаагүй бололтой

Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний
байгууллагуудын хурал боллоо. Энэ хурал монголчууд бидэнд хаалттай болов. Үндсэн
илтгэлүүдээ англи хэл дээр тавьж, хурал болж байгаа газар нь ч олон нийтэд
мэдээлэгдэлгүй өнгөрлөө. Бүр сэтгүүлчдэд мэдээлэл дутмаг олдож байснаас ингэж дүгнээд
байна. Цөөн хэдэн сонин, сайтад “Чуулган болно, болж байна” гэсэн товч мэдээ
гарч, ихэнх телевизээр энэ тухай мэдээлэл бараг цацагдсангүй. Ядаж нэг
телевизээр шууд дамжуулж хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, бусад орны жишээ,
хэтийн төлөв ямар байгааг ард түмэнд ойлгомжтой хүргэх болов уу гэсэн ч тэгсэнгүй.

Яг юу болоод өнгөрөв. Ихэвчлэн гадаад улс орнууд иргэдийнхээ
эрхийн тухай яриад өнгөрчээ. Тодруулбал, бүс нутгийн 28 орны хүний эрхийн
байгууллага, НҮБ-ын тусгай илтгэгчдээс бүрдсэн 160 гаруй нөхөд өнгөрсөн хэдэн өдөрт
англи хэл дээр Монголоос бусад улс үндэстний хүний эрхийн тухай хүүрнэлдсэн нь
энэ бололтой юм. Гадныхан Улаанбаатарт ирж өөрийн орныхоо эрүү шүүлтийн эсрэг,
хүний эрх зөрчигддөг явдлыг халахаар, иргэнийхээ эрхийн төлөө том том илтгэлүүдийг
ийнхүү тавьж байхад Монгол орон хүнийхээ эрхийг хэлж, ярих нь бүү хэл иргэддээ
ч энэ тухай мэдэгдсэнгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Монголын Хүний
эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг л улсаа төлөөлж энэ чуулганд илтгэл
тавьсан гэж байгаа. Гэхдээ түүний илтгэлд яг юу туссаныг бүү мэд. Учир нь
илтгэлээ урьдаас бэлдэж, төлөвлөлгүй тухайн үед санаандаа буусан зүйлийг
ярьсныг сэтгүүлчид сүүлд нь мэдсэн юм.

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт болсон хүний эрхийн төлөөх
томоохон чуулганы дараа ийм л яриа, сэтгэгдэл үлдэж байна. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж уг чуулганд уригдаж үг хэлээгүй бол бүр ч бүрхэг төсөөлөлтэй үлдэх
байсан биз. Төрийн тэргүүн тус хуралд хүрч очоод “Хүний эрхийн асуудал дээр, хүнийхээ
эрхийн төлөө Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ. Хүний эрхийн төлөөх бүхий
л гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон. Энэ бүхэн Монголд яг л хууль шиг хэрэгжинэ”
хэмээн товхийтэл дуугарсныг олон нийтэд түгээхэд ард түмэн алга ташин хүлээн
авч буй нь мэдрэгдэж байв. Үүнээс өөрөөр монголчуудын эрхийн төлөө, иргэдийн
эрхийг хамгаалж ярьсан нь тун ховор бололтой байна. Зарим нэг хүмүүс энэ талаар
үгээ хэлэхийг хүссэн ч биднийг оруулсангүй гэж гомдоллож яваа нь дуулдсан. Үндсэндээ
бидний хувьд үр өгөөжгүй хуралдаан болж өнгөрлөө
гэж дүгнэсэн ч болохоор байгаа юм.

Эндээс малчин монголчуудад хүний эрх үнэхээр хамаагүй юм уу
гэсэн асуулт урган гарч байгаа. Бид өөрсдийгөө хүн гэж санаад хүний эрх яриад
байсан нь буруу байсныг сая гэрчилчихлээ. Уг нь бид Ази, Номхон далайн бүс
нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хэмээх томоос том автортай
чуулган Улаанбаатар хотод болохоос өмнө яг энэ асуудлыг хөндөж хичнээн жил
ярьж, хэрхэн хийрхэж ирснийг олон түмэн мартаагүй байх.

Бусдыг дуурайж олон ч жил хүний эрх ярьсан жишээг “Өдрийн сонин”-ы шарласан хуудсууд өнөөдөр ч гэрчилсээр. Тухайлбал, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярын гэх асуудал бий. Түүнийг өмгөөлөгч Л.Баярмаа, Ц.Цэрэнжээ нар “Өдрийн сонин”-ы №101 (4741) дугаарт “Энэ хэргийн эргэн тойронд сонин сонин юм тохиолдож байна. Хүний амь эрсэдлээ. Өмгөөлөгч зодууллаа. Шүүгдэгчдийг 50 тэрбум төгрөг идлээ, уулаа, угаалаа гэх зэргээр холбогдоогүй хэрэгт нь гүтгэж байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон биз дээ. Энэ конвенцид гурав дахь этгээдийн эсрэг мэдүүлэг авахын тулд хүнийг хорих, дарамтлах, доромжлохыг хориглоно гэж заасан. Хуульч хүний хувьд үнэхээр цөхрөнгөө барж байна” хэмээн өгүүлж байв.

Мөн шоронд амиа алдсан Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Т.Нямдорж “Өдрийн сонин”-ы 2014 оны тавдугаар сарын 14-ний дугаарт “Төрийн тусгай харуул хамгаалалттай газар байсан хүн амиа алдлаа. Хорих ангийн эмч, эмчилгээний ажилтнуудын асуудал биш цаашлаад хуулийн байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын хууль бус үйлдэл хөндөгдөнө. Мөн хорих газрынхан энэ хүнийг хоригдож байхад хэрхэн харьцаж, эрхийг нь зөрчиж байсан гэх мэтээр сөхөх олон ноцтой зүйлс бий. Эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн гэх яриа байгаа нь үйлчлүүлэгчийн эрхийг ямар хэмжээнд зөрчиж байсныг харуулж байгаа хэрэг” хэмээн ярьсан байдаг. Түүнээс гадна Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мөн оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн дугаарт “Хууль тогтоогчид иргэний эрх зүйн салбарыг шалан дээр унагаж Монгол Улсыг эрүүгийн орон болгож байна. Миний бичсэн ноорог цаасыг АТГ-ынхан олж аваад олон нийтэд тарааж иргэний захидал, харилцааны нууцад халдсан. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаанд хүртэл саад учруулж өмгөөлүүлэгчийн маань эрхэд удаа дараа ноцтойгоор халдсаар байна” хэмээн өгүүлж АТГ-ыг шалгуулна гэдгээ мэдэгдэж байжээ.

Сэжигтнүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүж хүний эрх зөрчдөг талаар ердөө гуравхан жишээг сонины хуудаснаас жишээлэн дурдахад л ийм байна. Ер нь зөвхөн шоронд л хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш. Гэр дотор, гадаа гудамжинд гээд нийгмийн бүхий л харилцаанд иргэдийн эрх зөрчигдөж байдаг. Харин энэ тухай дэвшүүлэн ярих, олон улсын туршлага судлах томоохон боломж ийнхүү бидэнд хаалттай өнгөрчээ. Угтаа бидэнд Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын хурал хамаагүй байсан бололтой.

Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, зарим асуудлууд шийдэгдэхгүй хугацаа алдах төлөвтэй байна. Өршөөлийн хууль, Засгийн газрыг бүрдүүлэх тухай асуудлууд үүний жишээ. Та асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн ордон, ордны өрөөнд улс төрийн амьдрал өрнөдөг гэж дүгнэх нь бий. Тийм л зүйл өнөөдөр явж байна. Бид улс төрийн нөхцөл байдлыг гэнэт савалж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ бужигнаан, засаг төрийн тогтворгүй байдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас үүдэлтэй гэж би үздэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн, муу ажилласан гэхээсээ илүү унагах зорилго нь юу байсан юм гэдгийг харах ёстой. Ер нь бол улс төрийн нөлөөллөөс болж унасан нь тодорхой харагдсан байх. Тиймээс Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувьд аль болох эв нэгдлийг илэрхийлж, Үндсэн хуулийн зарчмаар ажиллах хэрэгтэй байгаа. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх болсон шалтгааныг бас хайх хэрэгтэй. Үүний цаана Оюу толгой, Таван толгойн асуудал бий. Оюу толгой, Таван толгойг явуулахын тулд МАН-ын дэмжлэг илүү их хэрэгтэй болж жин дарж байсан учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн процессийн эхлэлийг улстөрчид тавьсан. МАН засагт орж ирсэн даруйд л тогтворгүй байдлыг үүсгэсэн хүмүүсийн санасан ажил эхэлсэн. Дубайн гэрээ зурагдсан нь үүний нотолгоо. Харин, Таван толгойн асуудал урагшилсангүй. Тэдний тааллаар Таван толгойн асуудал явалгүй унасан нь засаг төр дахин бужигнах үндэс болсон гэж харж байгаа. Ард түмэн бодит үнэнийг л мэдэх ёстой.

-Яг өнөөдрийн нөхцөлд Өршөөлийн хуульд хориг тавьчихаад байна. Хоригийг хүлээгээд авчихвал МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа хэвээрээ үлдэх учраас танай намынхан сайд нарынхаа нэрийг өргөн барихгүй байгаа гэсэн ойлголт бий?

-Шударга ёс эвслийн үүсгэсэн шалтгаантайгаар Засгийн газрыг бүрдүүлэх ажил гацаанд ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Гацаанд оруулсан шалтгаан нь дээр хэлсэн Таван толгой. Таван толгой, төмөр замтай холбоотой асуудал Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа учраас томилгоо хийгдэж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Шударга ёс эвсэл олон сайдын суудал нэхээд, Өршөөлийн хуулиар барьцаалаад байгаа юм биш. Асуудал эсрэгээрээ байгаа. Ер нь Өршөөлийн хуулийг би өмгөөлж, хамгаалах бус ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүнийхээ хувиар бодит үнэнийг хэлж байгаа. Засгийн газрын өргөн барьсан Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл оролцсон. Ажлын хэсэг гарч ажиллаад УИХ-ын чуулганы дэгээрээ хөндөгдсөн асуудал, саналыг олонхийн зарчмаар дэмжээд л явсан. Ингээд байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж санал тус бүрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь УИХ-ын чуулган руу оруулж хэлэлцээд батлагдсан.

-Өршөөлийн хуульд туссан авлига, албан тушаалтантай холбоотой заалт хуулийн хэрэгжих эсэхийг шийдэхээр болчихож байна уу?

-Үнэхээр тийм асуудал бий юу гэвэл, тийм. Гэхдээ авлига, албан тушаалтан гэдэг хэргийг яаж тодорхойлоод, хэнийг нэрлээд байгаа вэ гэдэг нь бас л сонин. Яагаад гэвэл манайх “авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт орж байна” гэх хэрнээ авлигын сүлжээ нь эмч, багш нарын местенд илүү байдаг. Авлигад хамгийн их өртдөг нь эмч, багш нар гэсэн үг. Гэтэл хүмүүс улс төрийн тогоонд эргэлдсэн, АТГ-аар шалгуулж байсан хэдэн хүнийг гэж ойлгоод “тэднийг л суллах гэж байна” гэж яриад байгаа юм. Нөгөө талаар авлигач нэр зүүсэн хүмүүс яагаад шалгагдав гэдгийг судлаад үзэхэд зарим нь огт үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэгдсэн байдаг. Жишээ нь, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Авлигач гэж зарлаад, нэг их том зүйл ангиар шалгаж шалгасны эцэст ХОМ-ээ буруу бичсэн байна. Хариуцлага тооцоорой” гээд явуулсан байх. Хэрэг хийснийг нь шүүх л тогтоодгийг мэдсээр байж, Үндсэн хуулиар хэнийг ч ялгаварлаж болохгүй гэж заасан хэрнээ “Чи төрд албан тушаал хашиж байсан хүн. Чи өмнө Ерөнхийлөгч байсан” гэж ялгаварлаж гадуурхаж хуулийг гаргадаггүй.

-Тодруулбал, Өршөөлийн хуулийн 4.1, долдугаар зүйл дээр хориг тавьсан. Яагаад хэсэгчлэн хориг тавьж байхад Өршөөлийн хууль тэр чигээрээ хэрэгжихгүй гэж яриад байгаа юм?

-Өршөөлийн хуулийн 4.1 дэх заалт бол хорих ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой заалт гэсэн үг. Шууд хэлбэл хоригдож байгаа хүмүүсийн өршөөлд хамрагдахгүй хэсгээс бусад нь энэ заалтаар суллагдах учиртай буюу энэ заалт хэрэгжсэнээр л өршөөлд хамрагдсан бүх хүн суллагдана гэсэн үг. Долдугаар зүйл нь мөрдөн байцаалтын шатанд яваа хүмүүст хамааралтай байсан. Харин хүндрүүлсэн заалттай хэрэгтнүүд л өршөөлд хамрагдахгүй. Энэ заалтуудыг бүгдийг нь хаачихаар Өршөөлийн хууль бүхэлдээ хэрэгжихгүй л гэсэн үг.

-Тавьсан хоригоос гадна бас өөрчлөх санал ирсэн гэсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд одоо хуульд тусах боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн хориг дотор орсон саналаар буюу тухайн долоон зүйл заалтаар санал хураалгах боломжгүй. Учир нь тус хориг доторх зүйлүүдийг харахад Засгийн газраас өргөн барихдаа оруулж ирээгүй зүйлүүдийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байгаа. Дээр нь хоригийг тавихдаа бас л заль хэрэглэсэн байгаа юм. Би ийм зүйлүүдийг оруулах саналтай байна гэсэн хэрнээ хуулийн 4.1, долдугаар зүйлд хориг тавьсан. Хүн харахад хэсэгчлээд хориг тавьсан мэт харагдаж байгаа боловч хорих газар ял эдэлж байгаа хийгээд мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс нэг нь ч өршөөгдөхгүй. Шууд хэлбэл, хорих байгууллагаас нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтаас нэг ч хүн өршөөгдөхгүй. Тэгэхээр энэ хуульд хэсэгчилж хориг тавьчихаад байгаа юм биш, Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан гэсэн үг. Уг нь бүх зүйлийг тэглэж, бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй байгаа юм. Намрын чуулганаар хэлэлцэгдэх Эрүүгийн хууль сая батлагдсан бол хэзээ ч ийм зүйл яригдахгүй байсан.

-Яагаад?

-Жишээ нь хүн ялтай байх асуудал гэж бий. Таван жилийн ял эдлээд гараад ирсэн хүнийг дахиад таван жил ялтайд тооцож явдаг. Магадгүй шоронгоос суллагдсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эд хөрөнгийн хохирол учруулсан байх аваас дахиад л хоригдох болдог. Ийм заалт Эрүүгийн шинэ хуулиар байхгүй болж байгаа. Шууд хэлбэл, хүн нэгэнт ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн бол түүгээр далимдуулж хувь хүний нийгмийн харилцааг дордуулдаг заалтыг хэрэглэхгүй байя гэсэн зүйлийг ярьж байгаа. Дээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн ялын төрөл зүйл байхгүй болно. Тухайн хүн ямар гэмт хэрэг өдүүлснээсээ шалтгаалаад хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр 4-7 жил хорих юм уу, зургаан сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсийг тэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд ойлгомжгүй заачихсан.

Энэ нь шүүгч авлига авах боломжийг олгож байгаа хэрэг. Ийм замаар буюу ялгүй байх зарчимтай нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Гэтэл өнөөдөр авлига албан тушаалын хэрэгтэй хэдхэн хүнээс болж амьдралдаа алдаа гаргасан хоёр мянга 500 орчим хүнийг авлигач мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа нь харамсалтай. Яг үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүн 20 хүрэхгүй шүү. Бас залилангийн хэргийг үе үеийн Өршөөлийн хуульд орсонгүй гэж шүүмжилдэг. Залилангийн хэрэг гэдэг нь зүсээ хувилгаж, нэрээ өөрчилж бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг хэлнэ. Харин нэгнээ мэддэг, ойлголцоод мөнгө зээлэлцэж, өгөлцөж, авалцсан ч хугацаандаа төлж чадаагүй хүнийг залилан хийсэн гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Өнөөдөр таньдаг хүндээ зээлүүлсэн их хэмжээний мөнгөө буцаан авахын тулд цагдаад гомдол мэдүүлдэг. Мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг болгох уу, иргэний хэрэг болгох уу гэдгээ толгой даан шийддэг. Мөн л бидний яриад байгаа авлига өгөх боломж хуулийн энэ заалт дээрээс урган гарч ирж байгаа биз. Ийм зүйлүүдийг ялгаж салгаж ойлгоё гээд Эрүүгийн шинэ хуулиар ярьж байгаа. Ингэж Эрүүгийн хуулийн шинэ орчин бүрдэх учраас түүндээ нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Түүнээс биш Өршөөлийн хуульд тэр хамрагдах ёстой гэдэг байдлаар ажиллаагүй юм шүү.

-Бас авлига өгснийг өршөөж авсныг шийтгэх тухай яриа байна уу. Ингэж ялгаварлах нь хэр зохимжтой вэ?

-Авлига өгсөн хүнийг гэмгүйд тооцохоор болж авлигад зуучилсан, авсан хүнийг гэмт этгээд гэж нэрлэх шинэ ойлголт гарч ирэх гээд байна. Гэхдээ гүтгэх гэдэг зүйлчлэл байдгийг огт мартаж болохгүй. Эрүүгийн шинэ орчин бүрдэхэд хүнийг гүтгэх хэрэг зөрчил рүү орно. Гүтгэсэн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Яг энэ заалт сонгуулийн үед хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь нэр дэвшигчийг гүтгэвэл сая төгрөгөөр торгоод гүтгүүлсэн хүн нь сонгуульдаа нэр дэвшиж чадалгүй хуулийнханд ороогдож нэр хоч зүүгээд үлдэнэ.

Үүнээс улбаалж хэнийг УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг дэвшүүлэхгүй байх вэ гэдэг тоглоом бий болж гүйцэтгэгч нь АТГ болох гээд байгаа байхгүй юу. Хэрвээ авлигын асуудал яригдах юм бол өгсөн, авсан, зуучилсан бүгдээрээ ижил хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

-Н.Энхбаяр гэдэг хүн 2017 он хүртэл ялтайд тооцогдоно. Танай намын дарга өршөөлд хамрагдаж, ирэх сонгуульд өрсөлдөх боломж бүрдэх байсан уу?

-Өршөөлийн хуульд ч тэр, шинээр батлагдах Эрүүгийн хуулиар ч тэр хүнийг ялтайд тооцдог зохицуулалт байхгүй болж байгаа. Өнөөдөр Өршөөлийн хууль хэрэгжиж байж л ялгүй болно гэсэн ойлголт байхгүй болох нь ийм учиртай. Дараа нь гарах Эрүүгийн хуулиар ч энэ асуудал зохицуулагдана. Гэхдээ бид заавал манай дарга Өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэдэг үүднээс ажиллаагүй. Бид намын даргын өмнө нь ял шийтгүүлсэн байдлыг цагаадах ёстой гэж үздэг болохоос биш өршөөгдөх ёстой гэж үздэггүй.

-УИХ хоригийг хүлээгээд авчихвал ард нь ямар процесс өрнөх бол. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр хэрнээ хориг тавигдаж хэн ч суллагдахгүй нь байна шүү дээ?

-Өршөөлийн хууль хэрэгжихгүй л гэсэн үг. Гэхдээ хоригийг хүлээж аваад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өршөөлийн хууль хэрэгжихгүй байвал тун сонирхолтой дүр зураг буух нь ойлгомжтой. Өмнө нь таван удаа Өршөөлийн хууль гарахад нэг ч Ерөнхийлөгч хориг тавьж байгаагүй. Өнөөдрийн хориг наанаа хэсэгчилсэн нэртэй ч цаанаа бүхэлд нь хорьсон. Үүнийг ил цагаан ярих ёстой. Ер нь бол гэмт хэргүүдийн ихэнх нь санамсаргүйгээс үүддэг. Санаатай хүн хохироосон хэрэг тун бага байдаг юм шүү. Санаатай ч, санамсаргүй ч гэмт хэрэг үйлдэх нөхцөл нь мөн л төрийн буруутай холбогддог.

Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд төрийн буруу бодлоготой холбоотой нийгэмд үүссэн эмзэглэл л гэмт хэрэг болж байна. Тэгэхээр төр буруугаа засч залруулаад алдаа гаргасан иргэдээ нэг удаа нигүүлсэхэд гэмгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн оруулсан саналаар УИХ санал хураавал энэ хууль нэмэлт өөрчлөлт рүү орно. Өршөөлийн хуульд хэзээ ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Бид өнөөдөр 2009 оны Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж болох нь ээ. Ийм шинэ ойлголтыг бас бий болгочихлоо.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн тавьсан хориг дотор санал нийлэхгүй заалтууд байгаа

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Саяхан хуралдсан ээлжит бус чуулганаар МАН засгаас гарсан. Суларсан
яамдад дараагийн сайд нарыг хараахан томилоогүй байна. Ер нь сүүлийн үеийн улс
төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа бол. МАН сөрөг хүчин болсон ч асуудалд
анхаарч байгаа биз дээ?

-АН гэрээгээ цуцална гэж мэдэгдсэний дагуу бид засгаас гарсан байгаа. Уг
нь анх хоёр талаасаа гэрээ байгуулан аль нэг тал дангаараа шийдвэр гаргаж
засгаас гарахгүй гэж тусгасны үндсэн дээр засагт хамтарч байсан. Харамсалтай нь
АН-ын санаачилгаар гэрээ цуцлагдаж манай намын зургаан сайд Засгийн газрын
кабинетаас гарсан. Бид ч сандал ширээтэй зууралдаж, засгаас гарахгүй гэсэнгүй.
Тодруулбал, нэгэнт хамтрагч нам ийм шийдвэрт хүрсэн учраас түүнийг нь хүндэтгэж
асуудалд хандсан. Түүнээс хойших үйл явцыг хүн бүр анзаарч байгаа байх. Ээлжит
бус чуулганаар Эдийн Засгийн ил тод байдлын тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн
тухай, Өршөөлийн тухай, Галт зэвсгийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар
товлосон. Үүнээс Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай,
Өршөөлийн тухай хуулийг баталлаа. Бусад асуудал нь өнөөдөр тодорхойгүй байдалд
орсон. Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хуулийг намрын чуулган руу шилжүүлсэн
байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлсөн ч томилох асуудал нь мөн л
тодорхойгүй байна. Өршөөлийн хуулийг баталсан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан
учраас дахин ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага гарсан. Иймэрхүү л
нөхцөл байдалтай байна. Ер нь МАН асуудал бүхэнд тухай бүрт тайлбар хийж олон
нийтэд зөв мэдээллийг өгч байсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх
асуудалд МАН бүлгийнхээ дүгнэлтээр ямар байр суурьтай байсан, юу хийж бүтээж,
юу нь болж юу нь болохгүй байсан талаарх тодорхой мэдээллийг өгсөн байгаа.

-Өршөөлийн
хуулийг хаалттай хэлэлцэхэд буюу хөшигний ард МАН дэмжсэн юм биш үү. АН-ынхан
ингэж мэдэгдэж байгаа ч та бүхэн хүлээн зөвшөөрөхгүй бололтой?

-Өршөөлийн хууль
дээр МАН-ын бүлэг эхнээсээ л “Засгийн газрын өргөн барьсан төслөөр явах ёстой.
Тэр тохиолдолд дэмжье” гэсэн. Анх өргөн барьсан хувилбараар гэдэг нь “… анх
удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт холбогдсон,
ахмад настнууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Монголын төр иргэндээ өршөөл үзүүлэх
журмаар нэг удаа ялаас чөлөөлж болох юм. Дээрээс нь хүнд, хүндэвтэр хэрэгтэй,
давтан үйлдсэн нөхдийн ялыг тодорхой хэмжээнд хөнгөлөхийг дэмжиж байна” гэсэн
тодорхой нэг л байр суурьтай байсан. Харамсалтай нь асуудал үүнээс давж
хэлэлцүүлгийн явцад АН-ын болоод Шударга ёс эвслийн бүлгийн саналууд орж ирсэн
учраас бид эсэргүүцсэн. Гэтэл олонхийн саналаар хүч түрээд явсан учраас бид
эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Ялангуяа авлигын, албан тушаалын хэргийг
өршөөхийг бид хатуу эсэргүүцэж байсан.

-Өршөөлийн
хуулийн хоригийг хүлээж авах эсэхийг удахгүй ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.
МАН бүлгийн 26 гишүүн бүгд хоригийг хүлээж авахад бэлэн байгаа гэсэн үг үү?

-Дээр хэлсэн.
Өршөөлийн хуулийг Засгийн газрын өргөн барьсан хувилбараар нь дэмжиж байсан
гэж. Бүхэлд нь эсэргүүцээгүй. Тухайн үед энэ бодлогод бүлгийн гишүүд нэгдмэл
байж чадсан. Харин өнөөдөр шинэ нөхцөл байдал үүсч байна. Өршөөлийн хууль
бидний бодож байснаас өөрөөр батлагдсан. Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг
тавьсантай холбогдуулж МАН хуралдаж ямар байр суурь баримтлах вэ гэдгээ эргэж
ярина. Өршөөлийн хуулийг баталсны дараа манай намынхан “Ийм хэлбэрээр
батлагдсан Өршөөлийн хуулийг бид дэмжээгүй, Эсэргүүцэж байгаа” гэдгээ ч
мэдэгдсэн байгаа. Одоо хоригийг хүлээж авах эсэхэд бүлгийн нэгдсэн байр суурь
тодорхой гараагүй байгааг дахин хэлье. Би хувь хүнийхээ үүднээс энэ хоригийг
хүлээж аваад эргээд засч сайжруулах ёстой зүйл байвал түүнийг нь УИХ хэлэлцэх
ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа авлига авах, зуучлах асуудал дээр нэлээд
анхаарах ёстой. Албан тушаалтнуудын хэрэг дээр ч анхаар гэдэгт санал нэгдэж
байгаа. Дээрээс нь Залилан хийгээд хохирлоо барагдуулаагүй хүмүүсийг өршөөх нь
хэр зохимжтой вэ гэдэг зарчмын асуудлууд байгаа учраас хүлээж аваад ярилцах
ёстой гэж бодож байна. Гэхдээ хоригийг хүлээж авна гэдэг нь Ерөнхийлөгчийн
тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш шүү. Бүхэлд нь хүлээж авах
боломжгүй. Ерөнхийлөгчийн хоригоор 4.1, 7.1 гээд зарим заалтыг бүхэлд нь
тавьчихсан байна. Энэ дотор буюу Ерөнхийлөгчийн хоригтой санал нийлэхгүй нэлээд
хэдэн зүйл миний хувьд ажиглагдсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг задлаад
авахыг нь авч, явуулахыг нь явуулах ёстой гэсэн үг. Бүр тодруулбал, эхний
ээлжинд хоригийг хүлээж авчихаад үүнийг нь хүлээн зөвшөөрч болох юм, үүнийг нь
хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг дээр УИХ хэлэлцүүлэг хийх ёстой. Ийм эрх нь ч
УИХ-д байгаа.

-Тэгвэл Эдийн
засгийн ил тод байдлын тухай хуулийн тухайд МАН ямар байр суурьтай байгаа юм
бол?

-Эдийн засгийн ил
тод байдлын тухай хуулийг УИХ гурван удаа буцаасан. Бид ерөнхийдөө баялаг
бүтээгчдээ дарамтаас гаргая, эдийн засгаа эрх чөлөөтэй болгож аж ахуйн
нэгжүүдээ нуруу тэнэгэр, сэтгэл тэнүүн ажиллах бололцоог олгоё гэдэг том
агуулгаар нь дэмжиж болно. Гэхдээ энэ том ойлголтыг дагуулж буруу, муухай юм
оруулж ирж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байсан. Тиймдээ ч Эдийн
засгийн ил тод байдлын тухай хуульд Авлигын эсрэг хуулийг хамруулна гэж оруулж
ирснийг нь УИХ хэлэлцүүлгийн үед хасах санал гаргаж унагасан. Үүн дээр МАН-ын
бүлгийн гишүүд 100 хувь кноп дарж авлигачдыг Эдийн засгийн ил тод байдлын тухай
хуульд хамрагдуулаагүй. Үндсэндээ ХОМ гаргадаг төрийн дээд албан тушаалтнууд
хуулийг гажуудуулсан бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдаж,
эрх чөлөөтэй явах боломжгүй болсон юм. Ер нь хуулийг эсэргүүцсэн шалтгаан бол
авлигын хэргүүд, хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуусан хүмүүс хамрагдах
гээд байсан. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлөөд, баялаг бүтээгээд амьдарч
байдаг. Тэдэн дээр татварын хууль хяналтын дарамт шахалт өдөр бүр ирдэг. Хүү,
торгууль, алданги тооцож мөрөөрөө хөдөлмөрлөснийх нь төлөө хариуцлага
хүлээлгэдэг. Харин нөгөө талд танил тал, найз нөхөдтэй, хууль бусаар орлого олж
татвараа төлөлгүй явсан хүмүүс нь энэхүү хуулиар ямар ч хариуцлага хүлээлгүй
үлдэнэ. Үнэхээр шударга биш. Шударга иргэдээ урамшуулахгүй, хууль биелүүлэхгүй байсан
нөхдөд хариуцлага тооцохгүй юм бол ядаж арав биш нэг хувийн татвар аваачээ”
гэдэг асуудлыг ярьсан. Харамсалтай нь УИХ дээр дэмжлэг аваагүй. Ийм л хэлбэрээр
энэ хууль батлагдсан.

-Хууль нэгэнт
батлагдсан. Одоо монголчуудын мөнгөтэй болох ганц гарц нь энэ хууль гэж байгаа.
Эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн, хөрөнгөө нуусан нөхөд ямар шаардлага,
шалгуурыг хангах ёстой вэ?

-Бизнес эрхэлж
буй хүмүүст энэ хууль боломж олгож байгаа гэсэн үг. Хэрвээ хоёр тайлан гаргадаг
байсан бол, хөрөнгөө нуусан, татвараа нуун дарагдуулсан гэх мэтээр хууль
зөрччихсөн асуудалтай хүмүүс байвал тэднийгээ айдас хүйдэсгүйгээр ил болго.
Хууль бус эдийн засгийн эргэлтээ ил болгож хуулийн дагуу бизнес эрхлэхэд нь төр
туслахаар боломжийн хугацааг олголоо. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар
сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оффшор дансанд нуусан хөрөнгөө оруулж
ирсэн байсан ч ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Энэ хууль ХОМ гаргадаг төрийн
албан тушаалтнуудад хамаарахгүй. Харин жирийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй,
санхүүгийн эргэлт хийж буй иргэн бүхэнд энэ хууль хамаатай. Энэ боломжийг
иргэд, аж ахуйн нэгжүүд зөв ашиглаж өөрсдийгөө дарамтаас гаргаасай.

-МАН засагт
хамтрахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтлээ гэж ярьсаар Н.Алтанхуягийн Засгийн
газрыг огцруулж өөрсдөө орсон. Тэгээд ямар үр дүнд хүрсэн юм бол?

-Энэ тухай
Ерөнхий сайд өөрөө хэлж байсан. МАН-ын Бага хурал дээр “Та нар орохгүй бол
эдийн засаг улам уруудах нь. Үнэхээр энэ улс ёроолгүй ангал руу унах нь.
Ёроолгүй ангал руу унахаас та нар авраач ээ” гэж. Бид аварч чадсан. Ёроолгүй
ангал руу уначихаагүй байгаа биз дээ. Биднийг засагт хамтарч байхад валютын
ханш яаж буурч байлаа. Энэ бол эдийн засгийн хамгийн эерэг дохио болж байсан.
Цаашлаад олон зүйлийг жишээ болгон ярьж болно. Гэтэл МАН-ыг засгаас гаргаж
АН-ынхан төрийг барьсан. Энэ үйл явцын дараа ам.долларын ханш дахин өсч түүхэнд
байгаагүй дээд амжилтыг тогтоочихсон байна.

-Ам.долларын
ханшийн өсөлт Ардын намтай холбоотой гэсэн үг үү?

-Тэгж ойлгож
болохгүй. Монгол Улсын төрийн бодлого тогтвортой, улс төрийн орчин таатай байх
юм бол улс эх оронд л хэрэгтэй. Ойлголцож, зөвшилцөөд, улс орныхоо төлөө
хамтдаа зүтгэх байтал улстөржиж, хуваагдаад нэгнээ үзэн ядаад эхлэхээр эдийн
засаг хүндэрч байна. Тийм болохоор МАН Монгол Улсынхаа төлөө ойлголцож үндэсний
зөвшилцөлд хүрэх ёстой. Хамтарч ажиллая гэдэг. Хуваагддаг байдлыг л алга болгох
юмсан.

-Тэгвэл эдийн
засгийн хүндрэлээс гарахын тулд МАН юу хийж байгаа вэ. Танай намынхан л
хамтарсан засгаа муулсаар байгаад хөөгдсөн юм биш үү. Та л гэхэд Монгол,
Хятадын бизнесийн зөвлөлд байдаг. Юу хийж байна?

-Гадны хөрөнгө
оруулалт багассан, татарсан, дотоод эдийн засгийн идэвхжил буурсан үед
Монголынхоо эдийн засгийг өөд татахын тулд хүн бүр л хувь нэмрээ оруулах ёстой.
Тэр хүрээндээ Монгол, Хятадын бизнесийн зөвлөлийн шугамаар Өвөрмонголын Бугат
хотод айлчилсан. Тэгэхэд холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Орос, Монгол,
Хятад гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн чуулгад оролцлоо. Тэндээс харж
байхад гадныхан Монголд хөрөнгө оруулахад хууль эрх зүйн ямар орчинтой, боломж
бололцоо нь хэр вэ, ямар салбарт хөрөнгө оруулалт хийвэл ашигтай вэ гэх зэрэг
дээр маш бага мэдээлэлтэй байдаг юм билээ. УИХ-ын баталсан хуулиуд, Монгол
төрийн бодлогоос гадна гадаад орнуудын манайд үзүүлдэг боломж буюу Европын
холбооны орнууд долоон мянга 200, Япон руу таван мянга 700 нэр төрлийн бараа
бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гаргахад татваргүй гэдгийг мэддэггүй юм байна.
Монгол, Хятадын бизнесийн зөвлөл төрийн бус байгууллага маань чадах хэмжээндээ
мэдээллийг өгч байгаа. Ийм хүрээнд асуудал дэвшүүлэн ажиллаж байна. Эхний
ээлжинд мэдээллээр хангах нь чухал.