Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд үнэхээр хариуцлага тооцоод байна уу, үзүүлэн тоглолт хийж, жүжиг тавиад байна уу

“Өдрийн сонин”-ы 2017.06.02-ны Баасан гаригийн №123(5690) дугаараас авч нийтлэв.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхэлсэн “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт, түлхүүрийг задалсан” гэх шуугиан Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулснаар шувтарч байна. Хүүхдийн баяртай давхацсан энэ үйл явдал өнгөрч буй долоо хоногийн гол шуугиан байлаа. Улс төр судлаач, ажиглагч эрдэмтэд үйл явцыг янз бүрээр ярьж, тайлбарлаж байгаа. Ардын засгийн албан ёсны PR-чид, сэтгүүлчид энэ тухай дуу алдан бичиж, нэвтрүүлцгээж байна. Шударга үнэний туйл юм, Ардын намын Засгийн газрын тэргүүн анх удаа кабинетийн гишүүндээ хариуцлага тооцлоо, сайн цаг ирлээ, ийм Ерөнхий сайд байхыг урьд хожид үзээгүй, хараагүй гэсэн магтаал хахаж байна. Эрх баригчдыг даган баясагчид нүдэндээ нулимстай шаагиж, бурхан Будда дахиад мэндэлсэн мэт бужигнаж байгааг бид хангалттай харлаа.

Энэ хүмүүсийнхээс арай өөр нүдээр, өөр өнцгөөс харвал Ж.Батсууриас өөр хэнийг ч огцруулах билээ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Юу ч үгүй, хамгийн сулхан улстөрч учраас тэр. Сайд асан Ж.Батсуурь ардаа улс төрийн ямар ч нөмөр, нөөлөг, хамгаалалтгүй хүн. Нутаг орноос нь Ж.Батсуурьт олигтой нэмэр болж түшээд, хамтраад явчих улстөрч ч алга. Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан хоёр Дорноговиос УИХ-д суусан ч нутгийн ганц сайдтайгаа хамтын ажиллагаа, харилцаа холбоо сул байгаа нь ажиглагддаг. Үүнээс өөрөөр төр засагт татаж, дэмжээд, арыг нь даагаад явчих бизнесмен, улстөрч, жигүүр фракц гээд улс төрд хүчтэй байх бүхий л хөшүүрэг, нөлөөлөл огцорсон сайдад үнэндээ байгаагүй нь ил байна. Энэ Засгийн газраас шүд сугалж, сор залъя гэвэл түүнийг л сонгох нь тов тодорхой байсан. Өөрөө ч говийн бодь эрсийн нэг. Айлын унгас, ноос цуглуулж, модон сэлэм барьж төрийн тайлга, тахилга хийхээс цаашгүй. Аймгийн Засаг дарга байхдаа төрийн албан хаагчдын тайлга, тахилга хийж, жижүүрээсээ эхлээд бүх хүнд түшмэлийн хувцас нөмгөн өмсгөж жагсаасан нь хошин үзүүлбэрийг хол орхихоор үзэгдэл болсныг хүмүүс мартаагүй байх. Айлаас цуглуулсан унгасаа шатааж, төрийн албан хаагчдаа дээгүүр нь харайлгаж байгаад хормойг нь шатааж сүйд болох шахсан түүхтэй хүн. Энэ хүний үүд хаалгыг нь дэлгээд, үүнээс өөр олигтой зүйл олоод харчихъя гэсэн ч гялтайх юм ховор доо.

Процессийн араас ард түмний дунд “Сайд болсон төлбөрөө төлөөгүй учраас” гэдэг яриа гарсан байна. Нээрэн яаж яваад 2016 онд сайд болчихсон юм бол. Ямартаа ч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсныхоо маргаашнаас хүн мундсан, боловсон хүчин дутсан юм шиг УИХ-ын гаднаас түүний нэрийг зүтгүүлсээр байгаад оруулж ирснийг санаж байна. Тухайн үед “Арева төлбөрийг нь төлнө, Арева Ж.Батсуурийг тэдэн тэрбум төгрөгөөр сайд болголоо” гэсэн мэдээлэл шар хэвлэлээр гарч л байлаа. Гадуур ч ийм яриа хангалттай явж байгаа. Шинэ Засгийн газар бүрдсэнээсээ хойш шар нунтагийн талаар ганц үг ч ганхийгээгүй. Хэн ч энэ тухай ярилгүй орхиж байгааг “Арева” хараад амлалтаасаа буцаж, мөнгө өгөхөө больсон байж магадгүй гэж бодож болохоор байна. Тохиролцоо ингэж нурсан бол сор залах хангалттай шалтгаан болох биз. Гэхдээ энэ бүхэн нотлогдоогүй, нотлогдох ч боломжгүй. Бас хүмүүсийн хардлагыг нотлох мэт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төлбөрөө төлөөгүй учраас та нар энэ номхон хүнийг ноолж байна уу” гэсэн нь нэгийг бодогдуулахаар үг. Олны яриа ортой гэдэг дээ.

Ер нь энэ намын натурыг харахад юм бүхэн мөнгөөр шийдэгддэг, мөнгө өгөөгүй бол унадаг, унагаадаг нь хэтэрхий ил цагаан болж. Бүхий л үйл хөдлөлөөс нь ийм үнэр ханхалдгийг дахиад нэг баталчих шиг боллоо. Бас муу нь муудаа, муна гадсандаа гэгчээр сулхан удирдагчид ийм л ажил хийдэг. Сулхан удирдагчид өөрийн командад байгаа хүмүүсийн хамгийн сулыг нь дээрэлхдэгийн жишээ олон бий. Түүнийгээ жигтэй ихээр сурталчилж, шударга үнэнийг тогтоож байна гэх ганц өгүүлбэрээр халхавчилсаар ирсэн. Нөгөө талаар хүчтэй хүмүүсээ айлгах оролдлого гэж тайлбарлах нь ч бий. Ийм л процесс явчих шиг боллоо. Ж.Батсуурийг л дээрэлхэхгүй бол өөр хэнийг дээрэлхэх билээ, энэ засгийн тэргүүн. Ерөнхий сайдыг сулхан удирдагч гэдгийг нь хэлэх гээд байна. Улс төрд удаагүй яг адилхан замналтай сулхан, номхон, хүлцэнгүй хоёр эрхэм билээ. Түүнд Ж.Батсуурь сайдаас ялгарч, онцгойрох юм байхгүй. Монголын улс төр дэх Сэлэнгийнхэн фракц, түүний хүч, улс төрийн хэлхээ сүлбээ, нам доторх хөдөлгөөн, дэмжлэг гэж товойж тодрох зүйл үнэндээ байдаггүй. Намын даргатайгаа ойлголцдог учраас Ерөнхий сайд болж, улс төрд цойлсон гэж яригддаг нь ч үнэний ортой биз. Сайдын суудлын үнэ тохироогүйн дээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан жүжиг тавих, хүн айлгах гэх мэтээр олон талын ашигтай учраас муу муудаа дээрэлхүү муна гадсандаа эрэлхүү гэдэг болж байх шиг байна. Ажиглагчид үүнийг шууд, ил цагаан хэлсээр байгаа. Тэр, кабинетаасаа өөр хэнийг оролдох билээ.

Хэрвээ даган баясагчдынх нь хоолой зангируулан хэлээд байгаа шиг хариуцлага тооцох ажил үнэхээр явагдаж байгаа бол шалгалтын тест задруулсан Ж.Батсууриас илүү ноцтой дутагдал гаргасан сайд олон бий. Хэзээ элсэлтийн шалгалтын тест задраагүй вэ. Задардаггүй жил гэж байсан билүү. Тест задарчээ гэдэг болохоос задраагүй гэж сонссон уу, үүнээс болоод сайд нь огцорч байсан уу гэсэн олон асуултад Монгол төрийн сүүлийн 30 шахам жилийн түүх бэлээхэн хариулчихна. Үүнтэй зэрэгцээд “Нийслэлийн Боловсролын газар, хариу түлхүүрийг задалсан хүмүүстэй нь хариуцлага тооцохгүй яагаад хэдэн шат алгасч сайдад нь хариуцлага үүрүүлж байгаа юм бэ” гэж зарим гишүүдийн өмгөөлж асуусан нь шударга сонсогдож байлаа. Монголд ийм шалтгаанаар сайд огцордоггүй юм. Энэ бүхэн сайдыг огцруулах шалтаг болохоос шалтгаан байгаагүй гэдгийг дахин давтан батлаад байх шиг.

Тэгвэл хариуцлага алдагдсанаас хоёрын хоёр цэрэг үхчихсэн батлан хамгаалах салбарын сайд, дэлхийд анх удаа хөхний сүүг хуульчилсан эрүүл мэндийн салбарын сайд яагаад огцрохгүй байгаа юм. Ерөнхий сайд хүчтэй удирдагч байсан бол эндээс эхэлж хариуцлага ярьж, шударга ёс тогтоон Б.Бат-Эрдэнэ сайдыг хамгийн түрүүнд огцруулах ёстой байсан байх. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулна гэвэл Ерөнхий сайдад арай ахдах хоол гэдэг нь тун ойлгомжтой. Б.Бат-Эрдэнэ шиг хатуу боорцгоор оролдвол хахна гэдгээ ч мэддэг биз. Дээрээс нь “Би Ерөнхийлөгчийн сонгуульд заалнаас нэр дэвшихгүй. Намайг битгий огцруулаарай” гэж Б.Бат-Эрдэнэ сайд намынхантайгаа тохироо хийсэн гэх шуум тараад намжсан нь бас нэгийг өгүүлнэ. Ийм процессийн ард хатуу боорцогийг зөөлчлөх гэж оролдвол “Та бүхнийг өрөвдөж Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй маань буруу болж л дээ” гээд ёстой туйлах биз.

Ерөнхий сайд шударга ёсыг тогтоох гээд байна уу, ард түмнийг хуурч тавилттай жүжиг тоглоод байна уу. Ийм л харагдаж, ингэж асуулт тавигдахаар байна. Сайдаар сор залсанд нь сүйд болж, хөөрцөглөөд байх юм огт алга. Үзье гэсэн ч өөр барах хүн Ерөнхий сайдад байхгүй. Барах байсан бол Б.Бат-Эрдэнэ сайдын алдаа дутагдалд хариуцлага тооцож, огцруулахад хангалттай боломж байсан. Ард түмний хэлээр Ареватай тохирсон үнэ буцсан юм уу иймэрхүү л шалтаг, шалтгаанууд байгаа байх. Мөнгөө өгсөнгүй гээд шууд халаад, хөөгөөд явуулчихаж болохгүй учраас жүжигчилсэн тоглолт тавих шиг боллоо. Ийм л байна.

Categories
мэдээ цаг-үе

Хамгаалал дутсан Хадран загас

Их нууруудын хотгорын Хар, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас, Орог, Хотон, Хоргон, Даян, Толбо, Ачит, Үүрэг, Увс, Тэлмэн нуур, Дархадын хотгорын Шишхэд гол, Хөвсгөл нуур, Дорнод Монголын талын Буйр нуур, Хэрлэн, Онон голд хадран загас бий. Хадран загас нь Яргайтан багийн Хадрангийнхан овгийнх. Дотроо монгол хадран, Хөвсгөлийн хадран, Амарын хадран гэсэн нэршилтэй. Ер нь гол нуурын аль ай савд багтаж байгаагаасаа хамаарч хадран загас өөр өөр. Номхон далайн ай савын гол нуурт Амарын хадран нутагшсан. Шууд хэлбэл Монголын зүүн бүсээс Манжуураар дамжин Номхон далайд цутгадаг Онон, Хэрлэн гол, Буйр нуурт Амарын хадран бий. Гэхдээ устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орсон. Халхын гол, Буйр нуурт сүүлийн 10 гаруй жил огт үзэгдээгүй гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл Хойд мөсөн далайн ай сав буюу Монголоос хойшоо урсдаг гол нуурт нутагшсан хадранг Хөвсгөлийн гэж тодотгоно. Бас л устаж болзошгүй гэж 1980-аад оноос хойш ярьж, тэмдэглэж байгаа ч хамгаалах арга хэмжээ нэг ч удаа авч байсангүй. А.Дулмаа доктор судалгааныхаа ид үед “Хөвсгөл нуурт генетикийн хувьд алслагдмал хоёр хэлбэр тохиолддог”-ийг зарлаж байв. Түүнээс хойш хэрхсэн тухай мэдээлэл хомс бөгөөд ховордсоор байгааг, хүмүүс их хэмжээгээр агнасаар буйг л ярьсаар байна. Тэгвэл Их нууруудын хотгорт буюу гадагш урсгалгүй гол, нууруудад монгол хадран байдаг. Монгол хадран мөн л мөхлийн ирмэгт ирснийг хүн бүр ярих болсон. Сүүлийн арваад жилийн турш эрчимтэй судлагдаж байгаа ч амьдрах орчин нөхцлийн хувьд ихээхэн хумигдаад байгаа.

Амарын хадран 305 мм урттай, 320 грамм жин татдаг бол Хөвсгөлийн хадран уртаараа 310-350 мм, хамгийн хүнддээ 330 грамм жинтэй. Монгол хадрангийн хувьд бусдаасаа хавьгүй том биетэй. Эмийг атуу, эрийг нь атуух гэнэ. Амарын хадран хүчилтөрөгчийн хангамж ихтэй голын ширүүн урсгалт хэсгүүдээр, мөн бургасан шугуй бүхий өндөр эрэг орчмыг дагаж амьдардаг байна. Голын цүнхээл хэсэгт өвөлжих бөгөөд мөс хайлмагц голоо өгсөж нүүдэллэн голын эх рүү түрж үржинэ. Хөвсгөлийн хадрангийн хувьд нуурынхаа эрэг орчмын гүехэн хэсгээс 50 метр гүн хүртэлх хэсэгт идээшилдэг нь А.Дулмаа докторын судалгаагаар тогтоогдсон. Гэхдээ Хөвсгөл нуурт бус түүнд цутгах голуудыг өгсөж нүүдэллэн түрсээ шахдаг. Хамгийн багадаа 15 километрийн нүүдэл хийдэг байна. Монгол хадрангийн нутагшил, идээшил, амьдралын хэв маяг бусадтайгаа нэн ижил. Ширүүн урсгалтай голыг өгсөж нүүдэллэдэг, цүнхээлд өвөлждөг, гүехэн газарт ч саадгүй нутагшдаг гэх мэтээр. Их устай гол зарим хэсэгтээ нимгэрсээр хайрга цухуйж гүрвэлзэн урсдаг. Голын ийм хэсгийг ч хадран загас ямар ч саадгүй туулж чаддаг гэж байгаа. Үүний учир шалтгаан нь усны хамгийн ихээр хүчилтөрөгч агуулсан хэсэгт амьдардгийнх гэж тайлбарлах судлаач бий. Нэг ёсондоо агаарт хамгийн удаан байж чадах загасны нэгд зүй ёсоор орно.

Монголын хадрангийн хамгийн том нь 70 см урт, гурван килограмм хүрч байсан бол Хятадад 2013 онд 2.65 метр урттай, 341.5 кг жинтэйг барьсныг дэлхийн хамгийн том хадрангаар нэрлэжээ. Зөвхөн хэл нь 30 см байсан нь Амар болон Хөвсгөл хадрангийн жинтэй ойролцоо гэсэн үг. Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд орсон бол Монголд буй гурван бүс нутагт бас л устаж болзошгүй ангилалд орсноор 20 гаруй жилийг үдсэн. Тулын түүхийг давтаж буй. Мэдээж бусад загас дотроо хадран хамгийн тансаг амттай учраас устах эхний шалтгаан болж байгаа. Тэр дундаа дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15 хүртэл загасны үржлийн үе. Загас агнуурыг энэ үед хориглодог ч голын эх хадрангаар хахаж байхад хүн хажуугаар нь зүгээр өнгөрнө гэж юу байх вэ. Ойролцоогоор 60 мянган метр квадратад нэг байгаль хамгаалагч оногддог учраас бизнес эрхлэгчид шөнө дүлээр, эзгүй хойгуур ачааны машинаар зөөж байгаа тухай Монголын цөөн хэдэн судлаач сүүлийн 20 жил ярьж байна. Худалдаж ашиг олох зорилгоор, хууль бус агнуур хийсний улмаас үржлийн насны бодгалиудын тоо буурсан нь энэ зүйл загас ховордох шалтгаан болсон хэрэг. Үүний зэрэгцээ бүс нутаг бүрт өөр, өөр хүчин зүйл нөлөөлдөг. Амарын хадрангийн амийг алтны компаниуд тасалж байгаа. Түүний тархац нутагт алт олборлосноор гол, нуур тундасжин, органик бус бохирдлын улмаас амьдрах орчин нь хэт доройтолд орсон байна. Хөвсгөлийн хадрангийн хувьд үржлийн газар хязгаарлагдмалаас шалтгаалж хорогдох болсныг судлаачид тогтоожээ. Хөвсгөл нуурт цутгах голуудаас 76 нь байнгын усгүй байх болсноос уг загасны нүүдэлд саад учруулж устахад хүргэж байгаа аж. Шууд хэлбэл байгалийнхаа аясаар алга болох ангилалд хамрагдана. Тэгвэл монгол хадран монгол хүмүүсийн гарт устаж байгаа. Их нууруудын хотгорын ихэнх гол нуур усан холбоотой буюу бүгд хоорондоо гол горхиор холбогддог. Энэ нь монгол хадран загасны нүүдэл, селекцийг хангадаг байсан гэсэн үг. Гэтэл Чоно харайхын гол, Дөргөн нуурын усан цахилгаан станцыг барьсан нь монгол хадрангийн аялалд саад учруулж, амьдрах орчинг хумьж, амьд үлдэх нөхцөл боломжийг шавхсан явдал болжээ.

Манайхаас бусад дэлхийн ихэнх орнууд зэрлэг амьтдын байгалийн гарцтай. Тэд усан цахилгаан станц, далан барихдаа ч загасны нүүдлийг тасалдуулахгүйн тулд гарц хийж өгсөн байдаг. Энгийнээр тайлбарлавал шат шиг дээшээ ахисан усан тавцангууд хийж түүгээр нь загас дамжин үсчсээр даланг давдаг байна. Энэ технологийг 1830 оны үед Францчууд сэтгэж олсон гэдэг. Гэтэл Монголд, Дөргөний цахилгаан станц дээр ийм гарц баригдаагүй. Загасны нүүдлийн замыг тасалдуулахгүйн тулд стаканы ам шиг нүх бэлдэж түүндээ хавхлага хийжээ. Ингээд үржилгийн үе эхлэхэд хавхлагаа нээхэд бэлдсэн нүхээр нь загас үсэрч орно гэж тооцоолсон байна. Харамсалтай нь монголчуудын энэ санаа байгаа оносонгүй. Хавхлага нээхэд асар их даралттай ус өөдөөс нь шүршин гарснаар юун загас үсэрч орох, эсрэгээрээ даралттай усанд цохигдсон эрэгт шидэгдсэн загас үхэж, үрэгддэг ажээ. Ингээд усан цахилгаан станцын ханыг давж голын эх хүрч чадаагүй загас цементен хананд түрсээ үлдээгээд буцдагийг судлаачид онцолсоор ирсэн. Эндээс нэг ч загас амилан сэлдэггүйг эрдэмтэд ярьсаар байгаа. Даяннуур, Дөргөн нуурт их хэмжээний хадран загас үхлээ гэсэн мэдээллийн цаад шалтгаан энэ. Ийнхүү хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж эхэлжээ. Оросууд хадрангүй болох шахсан ба сэргээн үржүүлж чадсан туршлагатай орон.


Categories
мэдээ цаг-үе

С.Нарангэрэл: Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж болох ч ард түмний эв нэгдлийг сахих эрхийг нь бүрэн хангаж өгөх учиртай

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулган өчигдөр зохион байгуулагдаж Монгол Улсын хууль эрх зүйн орчин, хүндрэл, алдаа дутагдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Хуульч эрдэмтэд чууллаа. Хууль эрх зүйн орчны талаар эрдэмтэд юу ярьж байна. Та ямар асуудал дэвшүүлэв?

-Хуульч эрдэмтэд хуран цугларч, Монгол төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгохыг ярилцаж, шүүн хэлэлцэж байсан анхны тохиолдол. Би энэ чуулганд “Монголын хуульчдын үүрэг, хариуцлага” гэсэн илтгэлийг тавилаа. Сүүлийн 30 шахам жилийн Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, эрхзүйн нөхцөл байдалд задлан шинжилгээ хийснээ илтгэлдээ тусгасан. Монголыг ширүүн урсгалтай мөрөнд хөвж буй завь гэж үзвэл өндөр эрэгтэй хүрхрээ рүү холбирч унах байдалд хүрсэн байна гэж үзээд байгаа юм. Бидний яриад байсан зах зээл, ардчилал, хүний эрх, эрхзүйт төр, чөлөөт сонгууль энэ бүхэн учир дутагдалтай байна. Барууныхны байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудыг хямд өртөг бүхий түшиц газар болгон хувиргах, шинэ колончлолын бодлогын золиос нь бид болчихож. Дээрээс нь Монгол төрийн бодлогын гол үзэл баримтлал бол мөнгө. Ямар ч аргаар хамаагүй, зальдаж, цөлмөх, байгуулагдсан засаг төр нь ч ард иргэдээ тонон дээрэмдэх хэлбэр рүү орчихож. Хуульчлалаа гадна талаас дэндүү ихээр хуулбарласан. Тийм учраас Монгол орныг хүнд хэцүү байдлаас гаргах шинжлэх ухааны үндэслэлтэй гарц нь Монгол язгуур үндэстэй, Монголын хөрсөнд нутагшсан үзэл санааны бодлогыг бий болгож түүнийг тууштай хэрэгжүүлэх явдал. Ингэснээр эх орноо хөгжил дэвшлийн замд ойрмогхон хугацаанд оруулах гол үндэслэл юм гэсэн дүгнэлтийг хийсэн.

Яагаад гэвэл бидний өвөг дээдэс хууль гэж цаасан дээр хараар бичсэн, үг үсгээр хөөцөлддөг зүйл биш шударга ёс, эр зориг, нигүүлсэнгүй сэтгэл, үнэн, нэр хүнд, үүрэг хариуцлага, жудаг юм байна гэж үздэг байсан. Чингис хаан 800 гаруй жилийн өмнө хуулийн амин сүнсийг ингэж тодорхойлоод үүгээрээ нэгэн үе монголчууд төдийгүй, дэлхий дахиныг засан төвхнүүлж байсан тэр арга ухааныг судалж Монгол төрийн бодлогод оруулах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл бид буцаад буурин дээрээ очно гэж ярьдаг шигээ хийх нь монголчуудын хөгжил, цэцэглэлтийг хангах амин үзэл гэсэн дүгнэлтийг илтгэлдээ шигтгэсэн.

-Яаралтай өөрчлөх ёстой, хүн ардад хамгийн их төвөг учруулж байгаа хуулийг нэрлэж, ярьж байна уу?

-Сүүлийн үед барууны хуулиар өөрийн үндэстнийхээ өв уламжлалыг үгүйсгэж, учир утгагүй хуулан хэрэглэснээс болоод Монголын эрх зүйн тогтолцоо ганхаж суларлаа. Энэ юунаас болсон бэ гэхээр долдугаар сарын 1-ээс дагаж мөрдөх Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх Процессийн тухай хууль бүхэлдээ Монголын эрх зүйн өв уламжлал, нэгэнт тогтсон, хүн бүхэнд мэдээжийн болсон тогтолцоог нураах байдал руу оруулчихлаа. Энэ алдааг түргэн засахгүй бол эрх зүйн хүнд байдалд орно гэсэн асуудлыг нэлээд ярилаа.

-Ямар учраас эрхзүйн тогтолцоог сулруулж байгаа хэрэг вэ?

-Монголын нийгэм, эгэл жирийн иргэд хуулиараа хамгаалалттай байх ёстой. Олон түмэн үүнд гарцаагүй хохирно. Тэр битгий хэл Монголын хуульчид, эрдэмтэд хүртэл энэ хуулийг тайлбарлаж, ойлгох ажлыг явуулж чадахгүй. Яагаад гэвэл шинжлэх ухааны үндэсгүй, өөрийнхөө хөрс сууринаас дэндүү хол болсон.

-Долдугаар сарын 1-ээс өмнө эдгээр хуулийг өөрчлөх ёстой гэж үү?

-Болж өгвөл хэрэгжиж эхлэхээс нь өмнө УИХ-аар оруулж засч сайжруулах ёстой. Гэвч долдугаар сарын 1-ээс хэрэгжээд явах байх. Хэрэгжсэнээр Монголын эрхзүйн тогтолцоо бүхэлдээ учир нь олдохгүй байдал руу орно. Хэсэг хугацааны дараа УИХ үүнийгээ засч сайжруулах байх гэж эрдэмтний хувьд дүгнэж байгаа.

-Дараагийн анхаарал татаж байгаа нэг асуудал нь Үндсэн хуулийг өөрчлөх эсэх санал асуулга явна. Энэ талаар хуульчид юу хэлж байна. Та ямар байр суурьтай байгаа юм?

-Ихэнх эрдэмтэд “Яаравчлах шаардлагагүй” гэсэн байр суурьтай байх шиг. Эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх шинжлэх ухааны баттай үндэслэл байгаа гэдгээ тогтоох, шинжлэн судлах шаардлагатай гэж үзэж байна.

-Санал асуулгын дүн ямар гарахаас эцэг хуульд гарах хүрэх эсэхээ шийдэх байх?

-Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт Монголын төрийг дампуу байдалд оруулж, үндсэндээ самарсан. Эрдэмтэд, судлаачид “болохгүй” гэж үзээд Цэцээр оруулж хүчингүй болгуулсан ч дохио санамжийг аваагүй. Явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Үүнээс гарах гарц хайхдаа бас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим заалтыг харсан. Таван яамны нэрийг заавал Үндсэн хуульд нэрлэнэ гэх мэтээр байна. Үндсэн хуулиар ингэж оролдож болохгүй. Тэртээ тэргүй бичих гээд, нэрлэх гээд байгаа таван яамыг ямар ч засаг гарсан үгүй хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэр тавын нэг нь байхгүй бол төр байхгүй гэсэн үг.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумих юм яригдаж байгаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэгийн шинжтэй, Монголын ард түмэнд онц үүрэг гүйцэтгэхгүй гэж үзээд байна. Би үүнийг буруу гэж үздэг. Яагаад гэвэл Монголын ард түмний хөгжихийн үндсийн үндэс нь эв нэгдэл. Асар их талцаж, хагаралдлаа. Олон нам гарлаа. Түүнийг дагасан ахмад, залуу, эмэгтэйчүүдийн байгууллага бий боллоо. Түүхэнд Монгол Улс Цагаан хэрэмээс Байгаль нуур, Хянганы нурууны хооронд ихээхэн том газар нутаг дээр байсан. Жишээ нь 1911 онд Монгол орон 150 хошуутай байж. Одоо 330 гаруй сумтай. Ингэж жижиглэснээс болж материаллаг, оюуны бүх хүчээ алдахаас гадна сумын нутгийн зөвлөлтэй болж 330 хуваагдаж байх шиг. Тэгэхээр монголчуудыг эв нэгдэлтэй болгоход Ерөнхийлөгчийн баримтлах бодлого маш чухал. Зөв бодлого боловсруулаад түүнийгээ УИХ, Засгийн газраараа хэлэлцүүлээд монголчуудыг нэгтгэдэг байх хэрэгтэй. Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчдийг томилж байна. Улсын Ерөнхий прокурор түүний орлогчдыг томилдог. Энд шүүгчдийг маш шударга, прокуроруудыг улс орны язгуур эрх ашгийн төлөө зүтгэдэг хүмүүсээр бүрдүүлж, томилоод эхлэхэд энэ бүхэн цэгцэндээ орно. Үүнийг Ерөнхийлөгч л хийж чадна.

-Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь засаглалын эрх мэдлийг булаацалдаж, улам талцал хагарал руу түлхээд байгаа юм биш үү?

-Хэлэлцээд ирэхээр үлдээх ёстой, хумих ёстой эрхүүд нь ялгарна. Ерөнхийлөгч болсон хүний хувийн зан чанараас бүх зүйл хамаараад байгаа харагддаг. Шуналгүй хүн хөрөнгө мөнгө рүү орохгүй. УИХ нь улсын сан хөмрөгийг шударгаар, зөв зарцуулж байна уу гэдэгт нь хяналт тавиад болохгүй бол шалгуулаад явдаг болох ёстой. Мэдээж Ерөнхийлөгчийн эдлэх эрхийг хасч болох ч ард түмний эв нэгдлийг хангах боломжоор бүрэн хангаж өгөх учиртай. Тийм учраас Ерөнхийлөгч гэдэг бол монгол төрийг засан тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг субьект гэдгийг анхаарч Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүй байх ёстой.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яригдаад больсон. Гишүүдийн тоог нэмэх нь зөв гэдгийг судлаачид хэлэх болсон?

-Зарим талаараа зөв. Гэхдээ олон цөөндөө асуудал байгаа юм биш. Эрх баригч намууд, улс төрд гол үүрэг гүйцэтгэгч намуудын удирдлагуудын боловсон хүчнээ шилж сонгодог арга нь мөнгө. Үүнээс болоод сонгуульд зарцуулсан санхүүгийнхээ шархыг нөхөх, аятайхан амьдарчих хөрөнгөө босгох гэж тэнд цуглаад байна. Гэтэл УИХ-ын гишүүн гэдэг нь өөрийн хувийн ашиг сонирхлыг огоороод эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэдэг, ачааны хүндийг үүрдэг хүмүүс байх ёстой.

-Үндсэн хуулийн Цэцэд хяналтын байгууллага бий болгох тухай яриа гарсан. Та судлав уу?

-Одоогийн Үндсэн хуульд Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг механизм нь Цэц. Цэцийн дэргэд дахиж тийм давхардсан тогтолцоо бий болгож огт болохгүй. Яваандаа Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн Шүүх болгон өөрчлөх ганцхан асуудлыг л хөндөх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Далайд гарцгүй орнуудын хөгжил ямар байдаг вэ

“Монгол Улс далайд гарцгүй учраас буурай хөгжилтэй” гэдэг яриа, тайлбар бий. Тэгвэл манайх шиг далайд гарцгүй бусад орнуудын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа бол. Энэ асуулт дэлхийн хэмжээнд аль хэдийнэ тавигдаж, хариулт нь гараад удаж байгаа юм байна. Таван тивийн улс орнууд дотроос 32 нь далай тэнгисээс хол, эх газрын төв хэсэгт бусад орнуудаар хүрээлүүлэн оршдог ажээ. Тэднээс нэрэлбэл Швейцарь, Люксенбург, Австри, Казакстан орныг жишээ болгон дурдаж болно. Африкийн 16, Азийн 10, Европын 14, өмнөд Америкийн Боливи, Парагвай хоёр гэх мэтээр тивээр нь ялгасан нь ч бий. Эдгээрээс тав нь яг манай Монгол шиг бөгөөд манай орныг нэмбэл дэлхийн түвшинд зургаа болж тоологдоно. Андорра гэдэг улс Франц, Испаниар хүрээлэгддэг бол Энэтхэг, Хятадын дунд Бутан оршин байна. Украйн, Румины хооронд Молдав, Швейцарь, Австрийн дунд Лейхтенштэйн оршдог. Лейхтенштэйн бүр ч сонирхол татам. Далайд гарцгүй орноор хүрээлүүлсэн далайд гарцгүй орон гэсэн сонирхолтой тодотголтой. Дэлхийд хоёрхон ийм орон байдагийн нөгөө нь Узбекистан юм. Үүний сацуу улс дотор улс буюу Ватикан, Сан-Марино, Лесото нь мөн л далайд гарцгүй. Тэгвэл хамгийн их хүн амтай далайд гарцгүй орноор Этиоп нэрлэгддэг. Газар нутгийн хэмжээгээрээ Казакстан тэргүүлж, Монгол хоёрдугаарт ордог бол Чад, Нигер, Мали гэх мэтээр жагсана.

Энэ 49 орноос манай орон шиг нь ч бий, хөгжлөөрөө тасарч цойлсон нь ч байгаа. Бүр үгээгүй хоосон, өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудын жагсаалтыг төв Африкийн зарим орон толгойлно. Статистик тоог аваад үзвэл 32 орны 16 нь буюу яг тал нь буурай хөгжилтэй үлдсэн нь хөгжилтэй, хөгжингүй гэх мэтээр тус тусын ангилалд хамаардаг. Газар нутаг, аж ахуй, газрын баялагаараа манайтай ижил төстэй Казакстаны жишээг аваад үзье. Уул уурхайн зохистой хэрэглээ, чанга хууль тус улсын хөгжлийн гол түлхүүр гэгддэг. Уранаа ухаж, олборлож ууж идсэнээр монголчууд шиг үзүүлэлттэй ч хөгжил нь хол тасархай байна. Швейцарын хөгжлийн нууцыг хүн бүр мэдэх байх. Төвийг сахих нэрээр дэлхийн ихэнх орны мөнгийг банкиндаа хадгалж чадсанаар хүчирхэг эдийн засгийг бүтээж чадсан байдаг. Тэгвэл Австрийн тухайд газарзүй, хил хязгаар, орд баялаг гээд бүхий л үзүүлэлтээрээ манайхаас хавьгүй бага ч эдийн засаг нь, хөгжил нь хэдэн арав дахин их. Ганцхан жишээ өгүүлэхэд Австрийн хилийн урт 2562 км гэгддэг. Хөгжлөөрөө хоцрогдолгүй яваагийн жишээг үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан Европын зургаан орны нэг гэдэгтэй холбон тайлбарлах судлаач, эрдэмтэд бий.

Тэгвэл бидний тэр бүр мэддэггүй Люксенбургийн их вант улс ямар байна. Хөгжлөөрөө дэлхийн хоёрт жагсдаг баян орон. Нийтдээ 2586-хан хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хүн ам цөөн хэрнээ Европын орнуудын хамгийн хурдан өсөлттэй гэсэн үзүүлэлтийг тэргүүлдэг. Яагаад дэлхийд тэргүүлэгч орон болсон бэ гэвэл түүхэнд байсан удирдагчид нь болоод өнөөдрийн удирдлагууд нь ухаантайнх гэж хэлж болно. Түүхэн замнал нь бусдын эрхшээлд орж байсан зэргээрээ манайхтай нэн төстэй. Европын орнууд бүгд шахам эзлэн түрэмгийлж байсан учраас бүхий л хэлийг мэддэг ард түмэнтэй болсон. Бараг мянган жил бусдын эрхшээлд байгаад одоогоос 200 орчим жилийн өмнө хөрш орнуудын зөрчлийг ашиглан Пруссын хаант улс ба Франц хоорондын жийргэвч орон болсноор тусгаар тогтнох эхлэл нь тавигдсан байдаг. Ингээд төвийг сахих үзлийг олж авснаар хөгжлийн зам дээрээ гарчээ. Энэ улс нь дэлхийн улс төр, цэрэг хүчний төв зангилааг эх орондоо бий болгож чадсан. Шууд хэлбэл Люксенбургийн их вант улсад Европын холбооны орнуудын шүүхийн төв байрладаг нь эхний давуу тал нь болжээ. Мөн НҮБ, НАТО-гийн гэх мэтээр олон улсын бүхий л байгууллагуудын Европ дахь салбарын төв энэ оронд бас байдаг нь дараа дараагийн давуу тал нь болж өгдөг. Улс төр, цэрэг хүчний төв зангилаа болдог давуу талаа ашиглан дэлхийн хамгийн өндөр, нэр хүндтэй эдийн засгийг бий болгож чадсан бөгөөд ОУВС үүнийг нь удаа дараа хүлээн зөвшөөрч байжээ. ОУВС зарласнаар эдийн засгаараа тэргүүлэгч орны хоёрдугаарт жагссан.

Одоо эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй, өсөлт нь тогтвортой, удаан үргэлжилдэг гэх номинацийг байнга тэргүүлж байна. Үүний зэрэгцээ маш бага инфляцтай, өндөр түвшний инновацтай гэх жагсаалтыг олон жил тэргүүлж байна. Энэ улсад тохиолдсон хамгийн муу явдал 2012 онд тохиолджээ. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас улбаатай ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрсэн нь үнэхээр ард түмнийх нь санааг зовоож, удирдагчдынх нь тархийг гашилгасан явдалд орж байв. Өнөөдрийн байдлаар Люксенбургийн их вант улс Европын орнуудын ард иргэдийн очиж ажиллахыг хүсдэг мөрөөдлийн орон юм. Манайхаар бол Солонгостой төстэй бололтой. Далайд гарцгүйн дээр газар нутаг, хүн ам, баялаг, аж ахуй гээд бүхий л талаараа манайхаас мянга дахин дутуу Люксенбургийн их вант улсын хөгжлийн жишээ ийм байдаг.

Дэлхийн далайд гарцгүй орны хөгжил алаг цоог байдаг нь эндээс харагдаж байгаа юм. Түүхээрээ, баялагаараа, аж ахуйгаараа, газар нутаг, хүн амаараа Монголтой төстэй, далайд гарцгүй орнуудын хөгжил өндөр байдаг бол халуун бүсийн ургамал, мал аж ахуй эрхлэх боломж хомс, орд баялаг цөөтэй орнуудын хөгжил манайхтай ижил буурай байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох. Гэхдээ ямар хүнээ экспортлох вэ гэдэг дээр цензур тавигдана. Ялангуяа чөлөөт болон жүдо бөх, боксын тамирчдаа дэлхийн зах зээлд гаргаж мөнгө болгох боломж бий. Мөн сүмо, самбо, дүрэмгүй тулаан, цэрэг арми гэх мэтээр тэмцэх чадвар шаардсан аль болох хүчний салбарын хүмүүсийг экспортлох, хөрөнгөтөн орнуудад хөлслүүлэх ажлыг монголчууд ганц сайн хийж чадна.

Нэгэнтээ эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэргээ, эргэлт буцалтгүйгээр их спортод хөл тавсан эрхмүүдээ ингэж л сайн сайхан амьдралтай нь залгуулах хэрэгтэй санагдана. Аль ч оронд очсон манай спортынхныг булаацалдаад авах учраас зах зээл бэлэн. Эргээд энд үлдсэн хэддээ олсон хэдээсээ илүүчлэх байдлаар нэгийн ард нэлээд хэдэн хүний амьдрал тэгшрээд ирэх болов уу. Вальютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэдэг улс эх орны эдийн засагт ч тустай. Ингэж шинэ жишиг, шинэ имиж тогтоох хэрэгтэй байна. Мөнгөгүйн гачланд байсан тэд юм юмны захад хүрч тэмцээн уралдаанд оролцоод ирэхээрээ тив дэлхийг донсолгосон амьд домог ч болох юм бил үү. Тамирчны амжилт түмний нүдэн дээр ил байдаг учраас өөр улсын нэр дээрээс боссон ч ард нь Монгол гэдэг нэр л цуурайтдагийг бид олонтаа харж байгаа.

Хүн хүчээ экспортлох жишгийн зах зухаас дурдвал, цэрэг армийн талбарт Коморын арал Франц хоорондын жишээ байна. Анх 1831 онд Луи хаан улсаа хамгаалахын тулд хөлсний цэргүүдээс бүрдсэн легионы анги байгуулсан нь одоо ч олон улсад зэвсэгт мөргөлдөөнийг дарах, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж дэлхийд Францын эрх ашгийг хамгаалж байгаа. Коморын аралд хөвгүүн төрөхөд Францын легионд ажлын байр нь бэлэн байдаг гэх хэлц яриа хүртэл тэр хавьд тархсан. Өнөө цагт францчууд 130 гаруй орны шилдэг эрчүүдээр улсынхаа эрх ашгийг хамгаалуулж байна. Монголын 50 гаруй цэрэг эр ч Францын төлөө амиа үл хайрлан тэмцэхээр тангараг өргөсөн байдаг. Зургаан мянган ам.долларын цалинтай болохоор бусдын нутгийг, бусдын эхнэр хүүхдийг хамгаалах үүрэг хүлээж байгаа юм. Бас цэрэг армийнхаа хүчийг зарж хөрөнгөжсөн орны тоонд Швейцарь зүй ёсоор орно. Энэ бизнес нь XIV зуунаас эхлэлтэй бөгөөд Швейцарийн ихэнх эрчүүд хөлсний цэрэг, үлдсэн нь дээрэмчид байсан гэдэг. Цаг хугацааны эрхээр бусдын хөрөнгийг хамгаалагч болж өнөөдрийн имижээ бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн кинонд гардаг, кино од сайхан бүсгүйчүүд нь бүгд л ойролцоохь орнуудаас гэрээгээр ирдгийг хүмүүс гадарлах байх. Ажиллах хүчний импортлогчдын талбарт Өмнөд Солонгосын жишээг монголчууд сайн мэднэ. Дээр нь Кувэйтийн иргэд 1980 он гэхэд хар бор ажил хийхээ больчихсон байсан. Бас Европын улс хооронд хөлбөмбөгийн тамирчид адуу мал шиг зарагдаж байдгийг ч бид ярьдаг. Челсигээс зарагдсан, мөнгө дагасан тамирчдын төлөөлөл Жош Макикран, Тибо Куртуа, Сэм Хатчинсон, Гаэль Какута гээд олон арав бий. Өөр улсын нэр дээр тоглосон гээд тэд буруудаагүй. Уруудаж, доройтсон юм ч байхгүй бүгд л шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин болон мандсан байдаг. Олимпийн хошой алтан медальт Усайн Болтоос хойш Ямайкийн иргэдийн гүйлгээ эрс нэмэгдсэн гэх юм билээ. Энэ мэтээр нялуун, нялзрай ард түмэнтэй улс орнууд олон байгаа учраас ийм бизнес дэлхийн зах зээлд баттай хадгалагдаж, тэнхээ, тэсвэр сайтай хүний эрэлт их байгаа.

Хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудын хүүхнүүд нь битгий хэл эрчүүд нь хүртэл энхрий зөөлөн, эелдэг булбарай болчихдог учраас ийм зах зээл бий болж. Төрсөн цагаасаа эхлээд хэрүүл зодооноос ангид, ёс суртахууны өндөр хэм хэмжүүр дунд өсч өндийдөг болохоор тэр биз. Тэдэнд цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэх тухай ойлголт байдаг эсэхийг бодох ч хэрэггүй. Нударга зөрүүлэх нь бүү хэл хүний өөдөөс ч муухай харж үзэлгүй хүмүүжиж байгаа хүмүүс яаж хатуу ширүүнийг мэдэх билээ. Мэдээж хүн л юм хойно хүчний спортыг сонирхож, амжилт олж алдар нэрд хүрэхийг мөрөөднө. Гэхдээ төрсөн цагаасаа хахир хатуутай нүүр тулж үзээгүй цагаан гартнууд спортын хүнд бэрхийг бүү хэл дасгалжуулагчийнхаа хатуу үгийн пянг даахгүй шантардаг. Тулааны талбар, бөхийн дэвжээнд гараад бидэн шиг хүмүүстэй таарчихвал хоёрхон удаагийн халахыг тэсэж чадалгүй бууж өгдөг. Ийм ард түмэнтэй орон олон байгаа.

Харин монголчууд ямар билээ. Монгол хүний амьдралын өдөр бүр нь тэсвэр хатуужил, тэмцэл шаардаж байдаг. Ядаж л цаг уур нь эрс тэс. Тэгээд ч барилдаж, ноцолдохыг цэнгэл жаргал гэж ойлгож өсдөг улс. Дээр нь төр засаг нь ард түмнээ хөрвийн аргаар хүн болгож байгаа. Хаврын хахир өдрүүдэд хурга, ишгэнд эхийнх нь хоосон дэлэнг нудчуулахаас өөр ямар ч нэмэлт тэжээлгүй бойжуулахыг хөрвийн арга гэдэг. Яг тэрэн шиг хүйтэн сэтгэл гаргаж хувийн өмч дээрэмдэж, татвар чангалсаар байдаг төртэй. Ийм орны иргэд хахир хатуу юуг ч даван туулж чадна. Ялангуяа манай хүүхнүүд. Эхний бэрхшээлтэй нүүр тулахад ажралгүй давчихдаг бол хоёр дахиас нь бүр жавхаажаад ирдэг. Гурав дахь саад бэрхшээлийг бүүр гар хурууныхаа үзүүрээр хөнгөхөн даваад гарчихна. Япончуудын хийсэн судалгаа байна. Монгол эмэгтэйтэй харилцахад хамгийн төвөгтэй гэсэн.

Эндээс дүгнэхэд монгол эмэгтэйчүүд спортын ертөнцөд цахиур хагалах нь тодорхой байгаа юм. Эрчүүдийн хувьд халирч шантраад хүнд бэрхийн өмнө өвдөг нугарч бор дарсанд шунах тал бий. Гэхдээ хасах 10 хэмийн хүйтэнд хатгалгаа тусдаг цагаан гартнуудын дэргэд цасаар цээжээ угаагаад зогсч байдаг жавхаатай улс. Хар нялхаасаа халангар эцгийнхээ оронд унага, даага татахаас эхлээд, эр, эмгүй эмнэг хангалтай ноцолдож, нүүр нүдгүй балбах цасан шуурга, хасах 40 хэмийн хүйтэнтэй тэмцэж байдаг болохоор арга байхгүй тэсвэр хатуужлын туйл болдог. Ийм хол ялгаатай учраас монголчууд бид хатуу ширүүнийг мэдэлгүй яах вэ. Хасах 10 хэмийн хүйтэн гэдэг манайхны наранд биеэ шарах хэмжээний дулаан бол цагаан гартнуудын цамцаа давхарлаж өмсдөг тэсгим хүйтэн юм.

Тамирчдын дутагдалд орчихсон орнууд хамгийн супер, мундгуудыг чинь авъя гэдэггүй. Монголчууд ч хүссэнийг нь өгөхгүй. Ядаж дөрөв, тавдугаар байр бүр адаглаад улс орных нь нэрийг гаргачих тамирчин, байгаа хэдэд нь зааж чиглүүлээд өгөх дасгалжуулагч л гуйдаг юм билээ. Тэр дундаа чөлөөт, жүдо, боксын эмэгтэй тамирчид эрэлт ихтэй дуулддаг.

Манайхаас гадагшлах урсгал ч эхэлсэн нь сүүлийн жилүүдэд хангалттай харагдаж байгаа. Риогийн олимпод Казахстаны далбааг өргөж хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг хамгийн сүүлийн жишээ нь. Г.Отгонцэцэг энэ нүүдлийг хийснээрээ алдаагүй гэдэг нь Казахстаны Засгийн газраас хүрэл медальтнууддаа 75 мянган ам.доллар, нэг өрөө байр өгнө гэж зарлаж байснаас харж болно. Д.Мөнхбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь Германы спорт гар бууны төрлийн анхны медаль болж байв. Монголд буудлагын талбай, буу, сум олдохгүйн зовлонг гэтэлж Германд очсон түүхтэй нь энэ. Түүнээс гадна гавьяат Д.Баттулга дасгалжуулагчдаас хамгийн түрүүнд гадны оронд хүрч Малайзын жүдочдын бэлтгэлийг хангаж байв. Түүний араас 1992 оны Барселонагийн олимпод оролцож явсан Д.Маралгэрэл мөн явсан. Чөлөөтийн Гансүх, гавьяат тамирчин Х.Болдбаатар нар Өмнөд Монголд мөн дасгалжуулж байгаа сурагтай байна. Ази, Европын орнууд Канадад хүртэл манай тамирчдаас оччихсон цагаан гартнуудад хатуу ширүүн, хүнд бэрхийг даван туулах арга замыг зааж сургаж эхэлсэн гэсэн. Гаднынхан монголчуудын туйлбартай, үнэнч занд хамгийн их дуртай байдаг. Очсон газраа эрчүүд охид хүүхнүүд рүү нь хараа бэлчээхээс илүү асуудал тарьдаггүйтэй холбоотой юм байна.

Хар ажлын талбарт хэдийнэ монголчууд гарчихсан ажил нугалах чадвар, арга барилаараа Солонгосын хойгт гайхуулж яваа. Африк, Арабын орнуудаас Монголын энхийг сахиулагчдын тэсвэр хатуужлын талаар онц сайн мэдээ тасралтгүй ирж байна. Энэ жимийг таслалгүй имиж болгож чадвал их юм дагуулна. Явж сайхан амьдар гэж байгаа болохоос эргэж битгий ирээрэй гэж байгаа юм биш.

Л.МӨнхтӨр

Categories
мэдээ цаг-үе

Тариалалтын ажил эхэлсэн Тал булгийн хөндий

Төв аймгийн Жаргалант сум Тал булгийн хөндийд ургац, тариалалтын их ажил ундарчээ. Тал булгийн бригадынхан техник сэлбэлт, үр таталт, талбайн борной гээд ар араасаа ундрах их ажилд дарагдаж амсхийх завгүй байцгаана. Дээр нь энэ хаврын ааш олдохгүй бас хур дусахгүй байгаа нь тариаланчдыг түгшээж эхэлсэн бололтой. Өдрөөс өдөрт хуурайшиж байгаа хөрсний чийгийг алхам тутамдаа хэмжиж, цаг минут тутамд цаг уурын талаар ярилцаж тэнгэр ширтсэн хүмүүс тэнд олон байна. Тэдний хамгийн их анзаарч сонсч байгаа мэдээ гэвэл цаг агаар, хур тунадасын буулт. Тавдугаар сар эхний арав хоногтоо борооших биш шорооших маягтай байгаа ч цаг уурчдын гаргасан мэдээгээр олон жилийн дунджаас ахиу хуртай гэснийг сонсоод горьдлого өндөртэй байгаа аж. Үүний зэрэгцээ бас нэг таатай мэдээлэл тархсан нь хөрсний чийг хангалттай гэдгийг мөн судалж тогтоосон бололтой. “Өнөө маргаашгүй орно гэдэг мэдээлэл гарсан л бол ордогсон. Үүл үзэгдэж харагдалгүй гэнэт ирдэг юм” гэж уулзсан хүн бүр учиртай хэлнэ. Гэхдээ цаг уурчид “бүх зүйл ок” гэж тэдэнд бас дуулгаагүй ажээ. Тавдугаар сар олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ, гэнэтийн хүйтрэлт ихтэй гэсэн нь иргэдийн эргэлзээг нэмжээ. Уулын ар, салхины цохилт ихтэй газарт талбайтай нөхөд тариалалтаа түр хойшлуулсан гэдэг мэдээлэл ч байна. Тариалалтын их ажил ийнхүү эхэлж Тал булгийн хөндий нүргээнтэй байна.

Уржигдар буюу энэ сарын 9-ний өдөр Тал булгийн хөндийд Болдоо хоёр нөхрийн хамт талбайгаа бэлдэж байлаа. Гурван найз, гурван трактороор найман га талбайг хагалаад эхэлжээ. Төмс тарьж, намар мөнгөжих төлөвлөгөөтэй дайралтаа эхлүүлсэн нь энэ гэнэ. Нэг га газраас 10 гаруй, зуншлага сайтай жил 20 гаруй тонн төмс хураадаг бөгөөд Барс захад тонн тутмыг нь 400-500 мянган төгрөгөөр арилждаг байна. Талбайгаа хагалахаас эхлээд төмсөө хураах хүртэл бүх ажлаа өөрсдөө хийчихдэг учраас боловсон хүчин, ажиллах хүчний доголдолд орж байсан удаагүй. Харин техник хэрэгсэл нь жил ирэх тусам доройтож байгаа бөгөөд сэлбэх, шинэчлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм байна. Шинэ, илүү хүчин чадалтай, боловсронгуй, ухаалаг болсон техник хэрэгслүүд тариалангийн бүс нутагт олноор ирж, орчин үеийн газар тариалангийн чиг хандлага, хөгжлийг тодорхойлж эхэлсэн ч хувь хүмүүс хоцрогдолтой яваа нь энэ.

Салбар яамнаас нь хөдөө аж ахуйн техник хэрэгсэл таван жилийн хугацаатай зээлээр олгодог ч хувиараа газар тариалан эрхэлж буй хүмүүст огт хүртдэггүйн дээр төрөөс хэрэгжүүлдэг төсөл бүхэн холуур тойрдог гэнэ. Энэ жилээс зээл тусламжийн төсөл арга хэмжээ бүр дуулдахаа ч байлаа гэдгийг бас ярьцгааж байна. Үүний зэрэгцээ шатахууны зээл, хөнгөлөлт, үр, үрсэлгээний зээл бүхэн тэдэнд хаалттай аж. Томоохон гэж өөрсдийгөө сурталчилдаг компаниудтай л төр түншилдэг бөгөөд хувийн хүмүүст бүр халгаатай гэж болохуйц бодлого тодорхойлдог гэсэн мэдээлэл сонстож байлаа. Тодруулбал, өчнөөн хөрөнгө зарж, хөдөлмөрлөж бий болгосон бүтээгдэхүүнд нь бага үнэ тогтоохоос эхлээд төр оролцож эхэлдэг нь нэмэр бус нэрмээс болдог байна.

Энэ хавийнхны яриагаар хүмүүс эрт ургацын тариалалтаас ерөнхийдөө татгалзах хандлага ажиглагдаж эхэлсэн бололтой. Учир нь эрт ургацын төмс, хүнсний ногоо наймдугаар сарын 10 гэхэд боловсорч гүйцэх бөгөөд хөрснөөс гаргаснаас хойш наранд хагас өдөр байлгахад л мөнгө бус хог болдог аж. Тэгэхээр томоохон компаниуд эрт ургацын ногоо тарьж, бичил тариаланчид ердийн тариалалт хийх болжээ. Энэ нь газар тариалан эрхэлж байгаа л бол компаничилсан байдлаар хангалттай хүн хүч, техник технологитой бай гэсэн шаардлагыг өөрийн эрхгүй тавих болсон бөгөөд сайн дурынхан буюу бага талбайд хувиараа тариалан эрхлэгчид шахагдаж эхэлжээ. Монголчууд энэ онд 485 мянган га талбайд тариалалт хийж 498 мянган тонн үр тариа, 166 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, дөрвөн мянган тонн жимс хураахаар төлөвлөсний 90 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд бэлтгэн нийлүүлнэ гэсэн мэдээ бий.

Болдоогийн зэргэлдээ урдах талбай Батбаярынх, түүний урдах нь Нэргүйнх гэх мэтээр газрын үндсэн нэршил устаж талбай бүр эздээрээ нэрлэгдэх болжээ. Тал булгийн хөндийн хойд хэсгийн гурван мянган га талбай “Хөх баян булаг” компанийнх. Тус компанийнхан өнөө жил уг талбайгаа амрааж буй бөгөөд Харанхуй, Мухарын хоолой тийш буудайгаа тариалахаар хөдөлжээ. Харин Батболд энэ жил нийт 200 га талбайд төмс тариалах бөгөөд хоёр ард, таван цэрэг хөлслөн авсан байхтай таарлаа. Нэг тоннын багтаамжтай сийлк чирсэн МТЗ-80 тракторыг энгийн ажилчид нь ажиллуулж цэргүүд үр ачих, талбай манах гэх мэтээр туслах ажил хийнэ. Төв аймгийн Батсүмбэр сумын С.Нямлхагва, Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Бүрнээбаатар нар нэг жилийн албаа хаагаад гэрээт цэргээр үлджээ. Төмс тарьж үзээгүй, гэртээ хоёр жил хариагүй тэд хавар болсоор гурав дахь талбайдаа ажиллаж байгаа нь энэ гэнэ. Тэдний үүрэг үрийн төмс талбай руу татах, буулгах, сийлк рүү хийх гэсэн дэс дараалалтай. Бас үхэр хөөж, талбайн тор хийх ажээ. Мөн энэ хавийнхан үхэр малд өстэй, үхэр, адуу ургац ногоонд дуртай гэцгээнэ.

Тал булгийн урд биеийн тариалангийн талбайн өнгө төрх нэг ийм байна. Хаашаа л харна хүрз, зээтүү барьсан хүмүүс хөлхөж, талбай бүрт хар утаа суунаглуулж их тоос босгосон трактор бараг мөлхөх шахам урагшилна. Хүрз, зээтүү барьсан хүмүүсийн нэг бол Б.Жамц. Тэрээр тариа тарихаар Баянчандмань сумаас иржээ. Өөрийн талбайгүй учраас хүмүүстэй нийлж нэг га бүрийг 200 мянга төгрөгөөр түрээсэлсэн байна. Үүний зэрэгцээ сийлк га газарт 60 мянга, дан трактор 40 мянган төгрөг гэх мэтээр түрээсийг төлдөг байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил хур тунадас хэр орох бол. Нэг гагаас хэр их ургац авна гэж тооцоолж байна вэ?

-Зургаан сард бороо орохгүй бол ургац авна гэж найдах хэрэггүй байдаг. Цаг агаарын мэдээ үзэхэд гайгүй юм дуулдаж байна лээ. Хамгийн хэрэгтэй үед чийг өгөөд цаашаа зуншлага сайн байвал га газраас 15, түүнээс дээш центнер ургац хураана гэж тооцдог юм.

-Чийг ямар байна?

-Өнгөрсөн жилийг арай гүйцэхгүй. Гэхдээ сүүлийн хэдэн жилийг бодвол нэлээн сайн байна. Хэмждэг багаж бий. Түүнийгээ өнөөдөр гэртээ орхичихсон учраас сүүлийн өдрүүдэд яаж өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй байна.

-Өнөө жил үрээ хаанаас авч байгаа вэ. Сүүлийн үеийн улаанбуудайн чанар ямар байгаа вэ?

-Чанар нь сайн муу гээд л яам нь тариаланчидтайгаа хэрэлдээд байдаг юм. Ер нь чанар нь муу үр гэж Монголд байхгүй болсон л гэж би үздэг. Манайх өнгөрсөн жил авсан ургацаасаа багахныг нөөцөлж одоо тарих гэж байгаа юм.

-Бензин шатахуунаа яаж шийдсэн бэ. Ихэнх тариаланчид яамнаас зээлдэг гэсэн?

-Яамны зээл бидэн шиг хүмүүст нэг их олдоод байдаггүй. Нутгийнхаа нэг компанитай хоршиж шатахууны зээл авахаар болсон. Урьдчилгаа 30 хувиа төлөөд үлдсэнийг нь намар мөнгөөр юм уу тариагаараа төлдөг. Ингэж дэмжихгүй бол бас хэцүү шүү. Мөн хор, бордоог яг ижил нөхцөлөөр яамнаас олгодог.

-Тариалангийн техник хэрэгсэл өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Шинээр боловсон хүчин бэлтгэгдэж байгаа юу?

-Ер нь нэгдэл, хоршооллын үеийн боловсон хүчин өнөөдрийг хүртэл явж байна. Шинэ технологиуд орж ирэхэд тэд л ном, зааврыг нь уншиж байгаад ажиллуулдаг юм билээ. ТМС-үүдэд трактор компанийн жолооч бэлддэг ч ихэнх нь уул уурхай руу урвадаг гэсэн.

Ер нь том талбайтай томоохон аж ахуйн нэгжүүд бүгд орчин үеийн техник технологи ашиглах болжээ. Жаргалант сумаас хойш Харанхуй, Мухарын хоолойд тариалалт хийж буй “Хөх баян булаг” компанийн талбайгаар ороход ажлаа эхлээд гурав хонож байв. Тэднийх Америкаас есөн жилийн өмнө оруулж ирсэн таван Челленжер трактор, сийлк ашиглаж байна. Үүнийг монголчууд “цанат” хэмээн нэрлэх болжээ. Лам нарын хооронд нь хавсарч чимээ гаргадаг цантай төстэй үрлүүртэй учраас ийм нэр өгсөн бололтой. Челленжер тракторын хувьд хойд дугуй нь хоёр давхраас эхлээд давуу тал, шинэлэг, ололт ихтэй юм байна. Мотор, кроп нь энгийн трактортой төстэй ч халуун, хүйтэн кондейшн, хөгжим, ажилласан талбай, зарцуулсан түлш, гаргасан үрийн хэмжээгээ хянах самбар гэх мэтээр орчин үеийн газар тариалангийн техникт байх ёстой бүхий л зүйл суурилагдсан аж. Гол давуу тал нь хуучны 5-6 трактор хийдэг ажлыг ганц челленжерээр гүйцэтгэдэг юм байна. Энэ бас хуучирсан технологи болж байгаа гэх мэдээллийг ч зарим хүмүүс өгч байна. Дөрвөн үйлдлээр хийдэг байсан хавах, бүхэл шороог бутлах, нягтшуулахыг нэг үйлдлээр хийдэг тракторыг сүүлийн үед монголчууд ашиглаж эхэлсэн байна. Сэлэнгийн томоохон тариалан эрхлэгчдийн техник хэрэгсэл ихээхэн шинэчлэгдсэн гэнэ лээ гэдэг мэдээлэл Жаргалант суманд яригдсаар гурван хаврыг үдэж байгаа гэх. Бүр өгсөн хэмжээгээр үрийг газар руу буудаж суулгадаг болсон тухай ч сонин болгон ярьцгаалаа. Үүний зэрэгцээ орчин үеийн бүхий л техник хэрэгслийн шатахуун зарцуулалт 8-10 дахин бага байдаг ажээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Нанотехнологи ба шинэ эрин

Өндөр хөгжилтэй орнуудын бараа, эд материал үйлдвэрлэгсдийн 8090 хувь нь бүтээгдэхүүнээ нанотехнологийн гэх үгээр рекламдаж байна. Эндээс хүн төрөлхтний өнөөдрийн хэрэглээний өнгө төрх хийгээд нанотехнологийн аргаар гарган авсан бүтээл, бүтээгдэхүүнүүд бидний амьдралд хэрхэн түрэн орж ирснийг харж болно. Ер нь хүн төрөлхтөн хэдий үеэс нано технологийг амьдралдаа хэвшүүлж, хэрэглэж эхэлсэн бэ гэдэг асуултад хариулж чаддаггүй. Одоогийн мэдэгдэж байгаагаар IV зуунд Ромд нано ололтот металл агуулсан шил хийдэг байсан гэгддэг. Өнөөгийн барууны сүм хийдүүдийн цонхны шил элдэв эрээн өнгөтэй байдаг нь энэ юм. Мөн 1883 онд Кодакийг үндэслэгч Жорж зургийн хар цагаан хальсыг бүтээхдээ өнгөний давсан давхаргыг нано бүтцээр хийсэн нь хөгжсөөр өнөөдөрт ирсэн байна. Энд монголчууд жоохон амбицалбал Ноён хутагт Данзанравжаа өнөөгийн нанотехнологи судлалын томьёог нарийн тоос, маш нарийн тоос, хумхын тоос гэх мэтээр аль хэдийнэ ангилаад гаргачихсан байсан гэхэд ч хилсдэхгүй гэдэг. Дэлхийд энэ чигийн судлалынхан хүлээн зөвшөөрч ярьсан тохиолдлууд ч байна. Одоогоос 40-өөд жилийн өмнөөс нэг метрийг нэг тэрбум хуваасантай тэнцэх үйлдэлт микроскопийг зохион бүтээж атомуудыг удирдаж эхэлснээр орчин үеийн нанотехнологийн салбарын үүсэл эхэлж, шил даран судлаачид төрж юм бүхэн нано болж эхэлсэн. Дэлхийн бүх зүйл нано орцтой байдаг бөгөөд физик, хими, инженерчлэлээс салбарласан нано судлалаас нанотехнологи, нанотехнологиос наноматериал бий болж дэлхийг бүрхэж байна гэсэн үг. Микротехнологийн үр дүнд компьютерийг бий болгож, тэжээснээр XX зууны сүүлчийн, XXI зууны эхэн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлсон гэдэг шиг нано судлагдахууны ололт нээлт эхэлснээр хүн төрөлхтний түүхэнд зөвхөн эд материалын хөгжлөөр хязгаарлагдаагүй. Анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим хүчний үйлдвэрлэл гээд бидний мэдэх бүхий л салбарт нэвтэрч микротехнологиос ч илүү амжилтад хүрээд байгаа билээ. Тухайлбал, нэг мм диаметртэй нано утас зургаан тонн 300 кгыг даах чадвартай, нэг кг жинтэй унадаг дугуй болоод шатдаггүй, нордоггүй, бохирддоггүй даавуу, хамгийн сайн шингэж арьсыг дээд зэргээр хамгаалдаг нарны тос, хоол хүнсийг шинээр нь хадгалсаар байх боодол, өөрийгөө цэвэрлэдэг бүрээс гэх мэтээр хэдий чинээ хэрэглээнд нэвтрүүлж туршина амжилт нь төдий чинээ их байсан. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр хуучирсан ололт болжээ.

Эл салбарын үүсэл болоод хөгжил ийм байгаа бол ирээдүй ямраар зурагдаж байгаа вэ гэдэг асуулт ч тавигдаад эхэлчихэж. Энэ асуултад дэлхийн болоод Монголын эрдэмтэн, судлаачид хэдийнэ хариулчихаад байгаа болов уу. Яваандаа энэ судлал өргөжсөөр нэг метр биетийг нэг тэрбумаас их нэгжид хуваан атомоос жижиг судлагдахууныг зоргоороо байрлуулж, нэгж нь бүр л нарийссаар байна гэсэн төсөөлөлтэй байгаа бололтой. Атомоос цааш байхгүй хоосон руу судалж тэндээс шинийг олж нээсээр байх болно гэсэн санаа энд гарч байна. Урьдчилан тааварлашгүй маш нарийн шинж чанартай хэмжигдэхүүнээр салбарын ирээдүй хэмжигдэх нь эндээс тодорхой болно. Үүнийг батлах гэж оролдвол хүн төрөлхтөн одоогоос хойш 50 жил л тэсчихвэл хуучирч муудсан элэг, бөөр эд эрхтэнээ автомашины сэлбэг хэрэгсэл шиг засч сэлбээд явах боломжтой болж одоогийнхоос урт насалдаг болно гэдэг мэдээлэл. Энэ үнэний ортой гэдгийг өнөөдрийн зарим жишээ нотолно. Жишээ нь нанотехнологийн нурууны диск, үе мөчний хавтант давхаргыг солих гэх мэтээр олон зүйлээр эрүүл мэндийн судлагдахуунд нэвтэрч тэр нь амжилт, ололт өндөртэй байна. Өмнө нь эдгээрийг сольдог байсан ч зэвэрч гэмтэхээс эхлээд хийлгэсэн хүндээ тээр ихтэй байдаг байсан бол одоо үгүй. Хэдэн жилийн өмнөөс ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нано судлал, нанотехнологийн ирээдүйн талаар ярьж хэлж, бичиж нийтэлсээр байгаа. Түүний болоод дэлхийн эрдэмтдийн үзэж байгаагаар жишээ нь эрчим хүчний салбарт томоохон үсрэлт болох нь. Үүний эхлэл нь устөрөгчийн машин байсан. Ер нь бол уснаас асар их энерги гарган авах бөгөөд ямар ч хоргүй, хамгийн хямд эх үүсвэр байхыг хэлээд байгаа. Одоо уснаас эрчим хүч гарган авах боломж, физик, химийн шинж чанарыг нь тодорхойлоод бэлэн болгочихсон гэх сураг дуулддаг. Удахгүй уснаас гарган авсан тэр их энергиэ хадгалах, ашиглаж, зарцуулах технологийг гарган авахаар судалгааг хийж байгаа бөгөөд ирээдүйд нүүрс, нефтийг мартаж магадгүй байгаа аж.

Эрүүл мэндийн тухайд хүний эд эрхтэн, арьсыг буюу яснаас бусдыг шахам ургуулж, төлжүүлээд эхэлчихсэн бөгөөд хараахан ашиглаж эхлээгүй, туршилтын явцад байна. Ингэсэн тохиолдолд дээр хэлсэнчлэн эд эрхтэнээ сэлбэж, засаад явах боломж нээгдэх юм гэсэн. Лав л донор хайж дэлхийгээр нэг давхихгүй болох нь. Гэхдээ хөгжил нь үүгээр саатахгүй. Эд эрхтэн, арьс зэргийг ургуулахтай хамт хийгдэж байгаа ажил бол нян, бактерийн хэмжээтэй бичил роботууд үйлдвэрлэхээр судалгаа эхлүүллээ гэдэг мэдээлэл. Энэ нь хүн төрөлхтөний хэдэн зуун дамнан хайсан мөнхийн усыг оллоо гэсэн үг ажээ. Олох юу байхав нээн илрүүлсэн, хийж бүтээсэн хэрэг болох юм байна. Бичил роботууд нь өтөлж өөрийгөө сэргээж чадахаа больсон улаан, цагаан эсийн үүргийг гүйцэтгэж, хүнийг мөнхийн залуу байлгах ажлыг хийнэ. Хоол хүнсний тухайд гэвэл дэлхийг хэдэнтээ туйлдуулаад амжсан өлсгөлөн хэмээгдэх үг үгсийн сангаас арчигдаж, мартагдана гэвэл хэт өөдрөг сонсогдох ч цаг хугацааны л асуудал болчихоод байгааг судлаачид онцлоод эхэлчихсэн байна. ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нэгэнтээ үхрийн хүнс буюу өвс тэжээлээс мах, сүү, арьс шир, тариа будаанаас өндөг, тахиаг гарган авна хэмээж байсан нь ч бий. Харин үйлдвэрлэлийн тухайд гэвэл нян бактерийн хэмжээтэй робот үйлдвэрлэж чадна гэж амбицалж байгаа юм чинь зөгнөлт киноных шиг хэл яриа ойлгох чадамжит “терминатор”ыг хийх явдал бол энүүхэнд гэсэн зоригтой мэдээллүүд дэлхийн томоохон медиа агентлагуудаар цацагдаад эхэлжээ. Гэхдээ кинон дээр зөгнөсөн шиг өөрсдийгөө устгуулахаар биш зарцлахаар робот хийх нь ойлгомжтой байгаа. Одоохондоо аж үйлдвэрлэл буюу бараа бүтээгдэхүүн ангилах, зөөх, ачиж буулгах зориулалттай роботын хэрэглээгээр Хятад тэргүүлж, үйлдвэрлэлээр Япон манлайлж, тэр дундаа тус улсын “Никкан Когёо Шимбүн” гэх компанийн нэр тодоор сонсогдож эхлээд байгаа юм.

Хөгжилтэй бүхий л орнууд робот үйлдвэрлэлийн холбоотой бөгөөд холбоодын хэтийн зорилго нь үйлдвэрлэлд бус хүний өдөр тутмын хэрэглээг дан биеэрээ хийх чадвартай “зарц” робот үйлдвэрлэх. Үүнээс өмнө “Авто машины дугуйг хэзээ ч хагарахгүй бас обудтай нь цугт нь үйлдвэрлэх, өөрийгөө нөхдөг биет, жишээ нь машины гупер цуурлаа гэхэд эргээд эдгэдэг байх, хичнээн цохиж нүдлээ ч хэмхэрдэггүй, цаас шиг нимгэн утас, базаад хаяхад тэнийдэг тeлeвиз, зэвэрч, цоордоггүй хоолой, барилгын бүх материал шатдаггүй байх, компьютерийн хурд одоогийнхоос сая дахин нэмэгдэнэ гэх мэт хүний бүхий л хэрэглэгдэхүүн эдийн засагт болоод экологид нэн ээлтэй, мянга дахин бат бөхөөр үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж эхэлнэ. Цаг хугацааны хувьд өнөө, маргаашгүй” гэдгийг Америкийн Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан, техникийн зөвлөл “Нанотехнологийн үндэсний санаачилга”аас өнгөрсөн жил албан ёсоор мэдэгдсэн. “Нанотехнологи хүн төрөлхтөний шинэ эринийг эхлүүллээ” хэмээн Билл Клинтон хэлэхэд дэлхий нийт инээж байсан ч өнөөдөр ичиж байгаа гэж Америкийн хэвлэлүүд мөн л бичиж байна.

Тэгвэл монголчууд энэ бүхний аль хэсэгт яваа вэ. Өнөөдөртөө хөгжилтэй орнуудын урд нь гишгэж чадаагүй ч хойно нь хол тасраад үлдсэн гэж бас болохгүй. Суралцаж судлаад, өөрийн нэрийн нано технологийн бараа үйлдвэрлэж, туршаад эхэлчихсэн байна. Тэр дундаа томоохон Их сургуулиудын судалгааны багууд ихээхэн ололт, амжилттай байгаа. Ямартаа ч дэлхийн жишгээр шатдаггүй, нордоггүй даавууг гаргаад авчихсан байгаа юм билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Социализмын үед коминтернийг сөрвөл толгой авдаг байлаа. Одоо яах юм бол…

Социализмын үед Монголын ард түмэн коминтерн гэдэг нэрийг хэлэхээс ч зүрхшээж байв. Монголыг удтал сонирхож, өнгөлзсөн коминтерн нөлөөгөө 1920-иод оны эхээр тогтоож, социализмыг задартал ноёрхохдоо бодлогыг нь сөрсөн, зөрсөн бүхний толгойг авч байлаа. Коминтернийн суурин төлөөлөгч Т.Рыскуловын анх 1924 оны арваннэгдүгээр сарын 2-нд нийслэл хүрээнд хүрэлцэн ирснээр энэ бүхэн албан ёсоор эхэлсэн. Мэдээж мөрдөгч Г.Ягода, П.Сорокин, И.Преобратенский, тагнуулч Г.Блюмкин, Х.Кнуков зэрэг олон арван залхаан цээрлүүлэгчид Т.Рыскуловыноос ч өмнө манайд ирж монгол аргаар Монголоо удирдах гэсэн хүмүүсийг устгаж коминтернийн оршин тогтнох үндэс суурийг бэлдээд байсан. Ийм аргаар нөлөөгөө нэгэнт тогтоосон коминтернийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх хэрээр монгол хөвгүүдийн цус урсаж, толгой хорогдсоор байсныг түүх гэрчилнэ. Коминтернийн бодлогыг жадлан эсэргүүцсэн хүмүүсийн толгойг, толгой дараалан авсан явдал Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржаваар үргэлжилж, цааш хэрхэн өрнөснийг архивт хадгалагдаж үлдсэн Монголын сэхээтнүүдийн хэлмэгдлийн урт баримт хэлээд өгдөг. Хүмүүсийг нь буудан хороож, Хүрээнийх нь нэрийг Улаанбаатар болгон өөрчилснөөс харахад Коминтерний суурин төлөөлөгч Т.Рыскуловын ямархан эрх хэмжээтэй туйлж байсан бэ гэдэг нь ил байна.

Монгол орон энэ эрх мэдлээс ангижраад, салж тусгаарлагдаад 20 гаруй жил болсон байна. Гэхдээ нэг барын амнаас гараад нөгөө барын саварт орсон байдал ажиглагдаад удлаа. Өнөөдөр бид Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэдэг орчин цагийн коминтернийн мэдэлд бүрэн шилжин оржээ. Энэ рүү бид хэтэрхий арчаагүйдээ орсон. Өөр явах газар ч байгаагүй болов уу. Өмнөх болоод өнөөгийн коминтернийн бодлого, үйл ажиллагаа, эрхшээлдээ оруулах арга хэлбэр нь хоорондоо дэндүү адил. Орчин цагийн коминтернийнхэн нэг зууны өмнөхтэй адилаар хэцүү үед туслах, аврах нэрийн дор мөнгө өгсөөр монгол төр мэдэлгүй болж, улс орны бодлогыг гаднаас импортолж эхэлсэн. Харин одоо энэхүү орчин үеийн коминтернийн бодлогыг сөрж, үйл ажиллагаанаас нь зөрвөл яадаг юм бол.

Хэдхэн хоногийн өмнө нэг тохиолдол бүртгэгдлээ. Тэр нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төсөвт тодотгол хийх үеэр “Оюу толгой ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг холбогдох байгууллагуудад хуваарилахдаа Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал байв. Энэ нь тухайн үед олонхийн дэмжлэгийг хүлээсэн. Нэг хэсэгтээ л зуунд дуурсах шийдвэр гаргасан мэт “Ядаж ард түмнийхээ төлөө ганц шийдвэр гаргах ёстой гэж үзээд санал оруулсан. Яагаад Оюу толгойн мөнгө Монголбанкаар дамждаггүй юм гэдэгт гол учир бий. Миний саналыг манай намын дарга болоод бусад гишүүд маань ихэд дэмжсэн. Оюу толгойн хөрөнгийн хуваарилалтыг Монголбанкаар дамжуулбал эдийн засаг сайжирна. Ам.долларын үнэ тогтворжиж юм бүхэн сайн сайхан болно” хэмээн ярьж байв. Гэхдээ түүний хэлсэн үгийн цуурай арилж, шүлс нь хатаагүй шахам байхад ОУВС гэдийлээ. Тэд ямар хүчтэй, бусдад өөрсдийн бодлого, үйл хэргээ яаж тулган шаардаж чаддаг вэ гэдгээ харууллаа. Энэ бол дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 1-ний хооронд буюу тун богино хугацаанд болсон асуудал. ОУВС-гийн шийдвэр гарсны дараа ч Ц.Даваасүрэн гишүүн ярьсаар байгаа. “Бид нэг компаниас айдаг эдийн засагтай болж байна. Олон улсын валютын сан нэг компанийн эрх ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эрх ашгийг бодож байгаа бол эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох валютын нөөцийн хомсдолыг арилгахын тулд Монголын баялгийн орлогыг Монголоор дамжуулдаг байхыг зөвшөөрөх ёстой. Улс орныхоо эрх ашгийг худалдсан, тэд нартай холбогдсон нөхдүүдээр дамжуулж айлгаж шахаад байгаа байхгүй юу” гэх мэтээр орчин цагийн коминтерний бодлогоос зөрсөөр байна.

Коминтернийхээ бодлогоос зөрсөн иргэнээ, гишүүдээ буудан хороодог уламжлалтай МАН одоо Ц.Даваасүрэн гишүүний толгойг авах болов уу. Хөгжил чинээндээ тулж, хүний эрхийг дээдэлдэг болсон XXI зуунд арай ч алж талаад байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ намаасаа хөөх шийтгэл хүлээлгэх эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалз гэсэн тулган шаардалт явуулах, түүнийгээ хүлээлгэх ажиллагааг уламжлал ёсоороо хэрэгжүүлэх болов уу. МАН уламжлалаа дагавал нэг иймэрхүү л юм болно.

Эндээс нэг зүйл ихээхэн ойлгомжтой болж ирж байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүнийх шиг гэнэтийн саналаар Монгол төрийн бодлогыг хийдэггүй юм байна гэдэг нь. Гэнэтийн санал бүхэн хортой, аюултай туссаар ирж, бидний амьдралд. Их олон зүйл дээрээс үүнийг ажиглаж болох бөгөөд тов тодорхой харагддаг. Монгол орныг амаар нь шороо үмхүүлж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн шийдвэр бүхэн гэнэтийн байсан. Нэг л өглөө сэрэхэд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг гэнэт санаачилчихсан байв. Үүний хор хохирол хэдэн жил баллуурдаад ч арилахааргүй болж, үүнээс улбаатай шарх одоо ч аниагүй байгаа гэхэд хилсдэхгүй. Жилдээ 25 тонн алт төв банкиндаа тушаадаг байсан монголчууд 68 хувийн татвараас бултахын тулд хоёрхон тонн алт тушааж үлдсэнийг нь далд арилжаанд шилжүүлсэн нь үүний нотолгоо. 68 хувийн татварыг цуцалсан ч алт тушаалт ахиж оргил үеийнх шигээ сэргээгүй. Одоогийн байдлаар жилд 15 тонныг нийлүүлдэг гэсэн дүн мэдээтэй байна.

Ямар бодлого яаж нөлөөлөх вэ гэдгийг судлалгүй шууд хэрэгжүүлдгийн гай энэ. Нэг гишүүний англи хэлтэй хүүхэд интернэт ухаж суухдаа энэ тухай олж мэдээд аавдаа хэлснийг шууд бодлого болгодог учраас гэнэтийн юм бүхэн гай болсоор байна. Бас л нэг өглөө сэрэхэд Г.Занданшатар гишүүн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гээчийг санаачилчихсан сууж байсан. Ёстой гэнэт барьж гарч ирсэн шигээ их түргэн хугацаанд батлуулж орхисон нь Монголын нийгмийг юу болгосныг хүмүүс санаж байгаа байх. Нэг ёсондоо хор хохирол нь асар хүндээр туссаныг монголчууд туулаад өнгөрч байна. Нэгэн цагийн эдийн засгийн 17,3 хувийн өсөлт, буурсаар нэг оронтой тоонд шилжиж, хөрөнгө оруулагчид бүгд нүүр буруулахад хүчтэй түлхэц болсон хууль. Уул уурхайн түүхий эдийн үнийн бууралт эдийн засгийн энэхүү уналтад нөлөөлсөн байх. Гэхдээ Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль яах аргагүй хөрөнгө оруулагчдыг эргэж ирэхээргүй үргээсэн гэж тухайн үед эдийн засагчид мөн ч олон удаа тайлбарлаж ярьсан бас эсэргүүцсэн байдаг.

Яг түүн шиг Ц.Даваасүрэн гишүүн санал оруулж бусад нь дэмжсэнээр бүхнийг баллах шахав. Ц.Даваасүрэн гишүүний аль хүүхэд нь англи хэлтэй байж, интернэт ухаж суугаад олсноо аавдаа хэлээд өгчихөв. Айхавтар татварын хажуугаар гэнэт ард түмэндээ хайр зарласан нь золтой л улс орон, эдийн засгаа хөмөрчихсөнгүй. Ахиад жаахан л хазгай гишгэсэн бол Засгийн газар дефолт, дампуурлаа зарлах явдал энүүхэн хаяанд ирээд буцлаа.

Энэ бүгдээс харахад төр засгийн бодлогыг гэнэтийн санал санаачилга, шийдвэрээр тодорхойлж бас хэрэгжүүлж болдоггүй юм байна. Гэнэтийн санал, гэнэтийн ажил, арга хэмжээ байж болно. Гэхдээ гэнэт гарсан санал бүрийг ул суурьтай, ухаж судалдаг байх ёстой юм байна. Гишүүдийнхээ дэвшүүлсэн саналыг албан ёсны судалгааны багаар судлуулж, хор хохирлыг нь нэн тэргүүнд үнэлүүлж дүгнүүлсний дараа бодлогодоо тусгадаг байх зайлшгүй шаардлагатайг энэ бүхэн нотолно. Ер нь Монголын төр засгийг Чапаевчлах байдлаар удирдаж, шийдвэр гаргасаар иржээ. Шууд хэлбэл сэлмээ сугалаад л их бууны өөдөөс давхиад ордог шиг шинэ юм сонсоод л хор хохирлыг нь тооцоололгүй хэрэгжүүлээд эхлэх нь дандаа сөрөг үр дагавартай байна.

Одоо цаг сайхан болсон учраас МАН уламжлалаа заавал дагаж Ц.Даваасүрэн гишүүний мууг үзнэ гэхгүй байх. Социализмын үед байсан бол коминтернийн шийдвэрийг жадлан эсэргүүцсэн хүн бүр толгойгүй болдгийг хөгшчүүд мөн ч их ярьдаг байж. Харин хуучин цагийн Коминтерний суурин төлөөлөгч Т.Рыскуловын үйл хэргийг орчин цагт ОУВС-гийн суурин төлөөлөгч Нийл Сакер үргэлжлүүлээд байх шиг.

Categories
мэдээ цаг-үе

Алт, коксжих нүүрсний үнэ чангарсаар байна

Энэ оны уул уурхайн улирал эхлэхэд газрын тосноос бусад түүхий эдийн буюу нүүрс, үнэт металлын хүдэр, баяжмалын дэлхийн үнэ тогтмол, өсөлттэй угтсан. Тиймээс ч Засгийн газраас “Алт-2” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан энэхүү үнийн өсөлтийн мөчлөгт экспортоо нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөх бодлого барьж эхлээд байгаа. Жишээ нь энэ оны эхний улиралд нүүрсний олборлолт экспортын хэмжээг нэмэгдүүлснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн дүнтэй гарчээ. Түүнчлэн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны олборлолтыг нэмэгдүүлснээр жилд 15-17 тонныг олборлож байгаа бол 2020 он гэхэд 25 тоннд хүргэнэ гэсэн тооцоо бий. Мөн энэ хүрээнд геологийн эрэл хайгуулын дагуу Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 150 тонноор нэмэгдүүлнэ гэсэн төсөл, төсөөллийг боловсруулан ажиллаж эхэлжээ.

Яг өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд 1941 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд энэ нь нийт газар нутгийн 6.9 хувийг хамарч байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 олгогдож Монгол орны нийт газар нутгийн 0.9 хувьд улирлын болон улирлын бус чанартай уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Сүүлийн гурван жилийн дүн мэдээг харвал хайгуулын тусгай зөвшөөрөл 2015 онд 706, 2016 онд 696, 2017 эхний хагаст наймыг олгоод байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 2015 онд 91, 2016 онд 91, 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 15-ыг тус тус олгосон дүн мэдээтэй байна. Хайгуулын явц, шинэ орд нээн илрүүлэлтийн тухайд дүн мэдээ нь хараахан зарлагдаагүй байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Баянхонгор аймагт томоохонд тооцогдох “Алтан нар” ордыг илрүүлснээс өөр мэдээлэл цацагдаагүй. Тэгвэл Монголын дотоодын томоохон компанийн хайгуулаар урт нь тодорхойгүй ч, Өвөрхангай аймгийн Онгийн голоос Арвайхээр сум хүртэл 20 орчим километрийн өргөнтэй дээрхээс дутахааргүй зэс, молибденийн томоохон орд илрүүлсэн ч нууцалж байгааг өгүүлэх хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол унасаар өчигдөр “хамгийн доод цэгтээ хүрлээ” гэдгийг олон улсын эдийн засагч, шинжээчид онцолж эхлээд байна. Өнгөрсөн сард 55 орчим ам.долларын үнэтэй байсан газрын тос тавдугаар сар гарсан даруйд буюу Нью-Йоркийн өчигдрийн үнийн мэдээгээр баррель нь 48,7 ам.долларт хүрч буурсан нь шинжээчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ нь долоон төрлийн татварын хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмж байгаа манай улс шиг орнуудад таатай мэдээ юм. Харин газрын тосыг ихээр экспортлогч, үйлдвэрлэгч орнуудын хувьд “үнийн харанхуй цонх” болон тэмдэглэгдэнэ. Мөн зэсийн үнэ өчигдөр Нью-Йоркт нэг хувиар буурсан мэдээ цацагдаад байгаа. Энэ нь айх зүйл биш гэдгийг олон улсын шинжээчид онцолж байна. Учир нь зэсийн үнийн хэлбэлзэл буюу өсөлт, бууралт дэлхийн зах зээлд нэг хувьтай, тогтмол гэж ойлгож болохоор байгаа ажээ. Бүр тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр зэсийн үнэ тонн тутамдаа 5821 ам.доллартай тэнцэж байсан бол өчигдөр Ime.com сайтын мэдээгээр 5688 ам.доллар 50 центээр үнэлэгдэж байлаа.

Харин алт өнгөрсөн сарын сүүлээр грамм тутам нь 97396 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өчигдөр Монголбанкны гаргасан мэдээгээр 98495 төгрөгт хүрч 1.5 хувийн өсөлтийг зааж байна. Тоог бүхэл дүнгээр авч үзвэл нэг килограмм алт 98 сая 495 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа гэсэн үг. Мөнгөний хувьд бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа бөгөөд грамм нь 1389 төгрөгийн үнэтэй байсан бол тавдугаар сар гарсаар 1354 төгрөг болоод байна. Харин монголчууд 56 хувийн агуулгатай төмрийн хүдрээ тонн тутмыг нь 63.8, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалаа 78.5 ам.доллараар экспортолж байгаа.

Тэгвэл монголчуудын хамгийн ихээр олборлож, экспортолдог коксжих нүүрсний үнэ дэлхийн болоод Таван толгойн нүүрсийг гол худалдан авагч Хятадын зах зээлд ихэд тогтвортой байгааг судлаач, шинжээчид дуу нэгтэй өгүүлцгээж байна. Энэ сард коксжих нүүрсний үнэ өсдөггүй юм аа гэхэд буурахгүй гэдгийг батлан хэлцгээж байгаа. Тэр дундаа далайн тээврээр Хятадад нийлүүлэгдэж байгаа Австралийн коксжих нүүрсний үнэ хэт өндөр, байнга өссөөр байгаа гэсэн шүүмжлэл их байгаа ч бууралт огт ажиглагдахгүй байна. Үнийн өсөлтийн үзэгдэл дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд манай улс шиг экспортлогч орнуудад тун таатай нөхцөлийг дагуулж эхлээд байгаа. Дэлхийн нүүрсний салбарын гол мэдээллийг түгээдэг en.sxcoal.com сайтын мэдээлснээр өчигдөр коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар байв. Тиймдээ ч БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо Шанси мужийнхаа коксжих нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж импортын нүүрсний үнийн дарлалаас ангижрах гарц хайж эхэлсэн мэдээлэл ч дуулдаж эхлээд байна. Харин уул уурхайн бусад бүтээгдэхүүн болох цайр 2781, хар тугалга 2276, цагаан тугалга 19819, хөнгөн цагаан 1901, молибдени 15000 ам.долларын үнэтэй байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Лувсанбалдан: Монголчууд дэлхийн II дайнд холбоотон болж орсноороо тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан

Өнөөдөр Эх орны дайны ялалтын 72 жилийн ой тохиож байгаа. Уг үйл явдлыг тохиолдуулан дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, МУСГЗ, академич, түүхийн ухааны доктор, профессор, эх орны дайны нэг, хоёрдугаар зэргийн одонт бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдантай ярилцлаа.


-Та дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хүн. Бас цэргийн түүхийн судлаач. Тухайн үеийн нөхцөл байдлаас ярилцлагаа эхлэх үү?

-Энхийг эрхэмлэгч улс түмэн буюу ЗХУ, АНУ, Британи, Монгол зэрэг орнууд Герман, Японыг ялсны 72 жилийн ой тохиож байна. Дэлхийн хүн амын 80 хувийг хамарч 60 сая хүний амийг бүрэлгэсэн дэлхийн II дайн бол олон улсын харгис хүчний нэн хурц зөрчлийн улмаас үүссэн. Дэлхийг эзэлж, ноёрхохыг хүссэн Германы толгойлогчид түрэмгий санаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн саад болох учраас ЗХУ-ын системийг унагаж ард түмнийг нь боолчлох зорилгоор гол цохилтоо чиглүүлсэн хэрэг. Зөвлөлтийн эсрэг Германы өдүүлсэн дайныг Монголын ард түмэн өөрийн эх оронд шууд халдсан хэрэг гэж үзээд эх орноо батлан хамгаалах, хүчийг бэхжүүлэх Зөвлөлтөд туслах ажилд бүх хүчээ дайчилсан түүхтэй. Монгол Улс Дэлхийн II дайнд шууд болоод шууд бусаар оролцсон учраас энэ үйл явдал бидний түүхийн салшгүй нэг хэсэг. Монгол Улс Германыг цохиход бүх үйл хэргээ чиглүүлэх шалтгаан нь 1921 онд Монгол, ЗХУ-ын тусламжтайгаар эрх чөлөөгөө олж авсан. Энэ дайн эхлэхээс хоёрхон жилийн өмнө Халхын голд Японы эсрэг тулалдахад Зөвлөлтийн хүчийг авч 10 гаруй мянган залуусынх нь амиар тусгаар тогтнолоо хамгаалж чадсан. Иймээс Монгол Зөвлөлтөд бүх хүчээрээ туслахаас өөр аргагүй гэдгийг залуус хойчдоо сануулан хэлэх нь зөв байх. Ингээд дайн эхэлсэн анхны өдөр МАХН-ын төв хороо, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газар, БНМАУ-ын сайд нарын зөвлөл хамтран хуралдаж “Германыг жигшин эсэргүүцэх” Монголын ард түмний оюун санааг тод илэрхийлсэн тогтоолыг гаргасан байдаг. Ер нь Монгол, Зөвлөлтийн хооронд харилцан туслалцах 1936 оны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж улаан армид туслах шийдвэрийг гаргасан.

-Монголчууд дайнд татагдан орж, дэлхийн II дайны холбоотнууд ялсан нь манай улсыг дэлхийд нээсэн гэж таны хэлэхийг сонсч байсан?

-Нэгдүгээрт, улс төрийн ач холбогдлоор нь авч үзвэл ЗХУ-тай 1936 онд байгуулсан гэрээндээ үнэнч байсан гэдгийг нотлох баримт болсон. Хоёрдугаарт, Англи, Америк, Орос гурав холбоотон болж энэ дайнд орсон учраас холбоотон гүрнүүдийн гадаад бодлоготой БНМАУ эв санаа нэгтэй байсан гэдгийг батлан харуулсан. Гуравдугаарт, Монгол, Зөвлөлтийн найрамдлыг шинэ шатанд гаргаж чадсан. Мөн Монгол Улс тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлээ бодит үйл хэрэг болгосон нь хамгийн чухал. Тодруулбал, 1945 оны хавар Ялта хотод АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт, Английн Ерөнхий сайд Черчилль, Сталин гурав уулзахдаа БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хил хязгаараар нь тогтооё гэж зөвшөөрөн тунхаг бичигт гарын үсэг зурсан. Ингэж л Хятадын муж гэж яригдаж байсан Монгол Улсыг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хүлээн зөвшөөрч үүний үр дүнд хожим НҮБ-ын гишүүн орон болж тусгаар тогтнолоо бүрэн эхээр нь олж авсан хэрэг.

-Монголчуудыг Эх орны дайны холбоотон гэж хэлэхээр элэглэж шоолоод байдаг тал бий?

-Түүхч Суваровын номондоо тэмдэглэснээр “АНУ, Их Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутаагүй. Ингэж хэлэхэд шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Учир нь Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэ стратегийг байлдааны үед танк, их буунаас илүү үнэлдэг байлаа. Манай орон нэхийтэй байх, эсэх нь ялах ялагдахыг тодорхойлох үе бидэнд байсан юм шүү. Яагаад гэхээр хөлдүү танк, их бууг хүн ажиллуулдаг. Хүн нь осгоод үхвэл юу болох билээ. Тийм учраас нэхийний ач холбогдлыг үүнтэй холбогдуулж тодорхойлсон байгаа юм. Монголтой холбоотой болсноороо Сталин энэхүү бүтээгдэхүүнээр улаан армийг хангаж чадсан” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Зөвлөлтөд туслах хөдөлгөөн Монгол орон даяар олон хэлбэрээр өрнөж байсан. Жишээлбэл, аж үйлдвэрийн комбинат, Гар үйлдвэрлэлийн хоршоолол, цахилгаан станц, Налайхын нүүрсний уурхай гээд томоохон байгууллагуудын ажилчид амралтын өдрөөр ажиллаж түүнийхээ хөлс мөнгийг бэлэглэлийн хөрөнгөнд шилжүүлж байсан. Бэлэглэл нь дайны жилүүдэд хагас сая гаруй агтыг худалдаж, 32 мянган морийг бэлэглэсэн. Найман удаагийн цуваагаар 400 сая төгрөгийн мал, түүхий эд, 300 килограмм алтаар Зөвлөлтийн ард түмэнд тусалсан гэдэг. Бас нэг мэдээгээр 336 вагоноос бүрдсэн бэлгийг хүргэсэн. Үстэй дээл эсгий гутал үстэй хантааз тус бүр 30 мянга, хүнсний зүйл 600 мянган тонн байснаас 37 мянган тонн зээрийн мах байсныг ч хэлдэг. Олон хүн, зэвсэгт хүчний байгууллагууд Эх орны дайнд оролцохыг хүссэн өргөдлөө МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөл, Зөвлөлтийн элчин төлөөлөгчийн газарт хүргүүлж байсан. Жишээ нь, Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын ажилтан Пүрэвжав, хилийн цэргийн байлдагч Балдан, Баатар нарын 100 гаруй хилчин заналт дайсныг даралцахад оролцохыг хүссэн хүсэлтээ командлалдаа ирүүлж байсан байна. Үүний зэрэгцээ 1942 оны дөрөвдүгээр сараас эхлээд бэлэглэлийн ажлыг улам эрчимжүүлэх зорилгоор Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын ард түмэнд хамгийн нэр хүндтэй МАХН-ын төв хорооны эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга Сүхбаатарын Янжмаагаар ахлуулж комиссыг байгуулсан.

-Монгол хүмүүсийн тусламжаас гадна монгол морины дайнд оруулсан хувь нэмэр ихээхэн дээгүүр үнэлэгдэж байна уу?

-Дайтаж явсан хүмүүсийн анхаарлыг татаж байсан зүйл бол монгол морь байсан. Олон хүн “Монгол морийг эхлээд манайхан голж герман морьдыг авъя гэдэг байсан. Гэтэл монгол морийг унаад гурав хоног явахад огт түүртдэггүй. Герман морь таван цаг яваад л зогсдог. Үүнээс болоод манай цэргүүд сүүлдээ монгол морийг гэх болсон” гэдэг. Генерал Плиев “Монгол морь бол Берлинд танктай хамт зуузай холбон орж байсан юм шүү” гэж бичсэн байдаг. Воранин гэдэг Ленинградын фронтын улс төрийн газрын дарга байсан хүн ард түмнийхээ санаа бодол ямар байгааг мэдэхээр тосгоноор явж байгаад нэг айлын хашаанд ортол монгол морь байжээ. Тэр түүх их сонин. Тэдний яриагаар “Манай тосгоноор улаан арми германуудыг цохиод өнгөрсөн. Үүний дараа бид шархдагсдыг олж авах, нас барагсдыг оршуулах ажилд орсон. Гэтэл энэ морь офицер эзнийхээ шарилын дэргэдээс огт холдохгүй, очихоор тангарах гээд нас барсан эзнээ хамгаалаад байсан. Хэд хоногийн дараа улаан арми бас л ирсэн. Тэгэхээр нь өгөөд явуултал хоёр сарын дараа эзнийхээ шарилын дэргэд ирчихсэн байсан. Гурван удаа явуулахад эргээд л ирсэн байдаг. Манай тэжээлийн морьдыг бодвол тачир өвс идэж чаддаг, хүчтэй, давуу тал ихтэй” гэж ярьсан байдаг.

-Ингэхэд та энэ үйл хэрэгт яаж оролцов. Хаана байв. Хувиасаа Зөвлөлтөд юугаар тусалсан бэ?

-Би Сүхбаатар аймаг, Онгон сумандаа Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Дайны аюул, Зөвлөлтөд туслахын ач холбогдлын тухай тоонотой бүхнээр орж, ярьж явлаа. Би хувийн зүгээсээ гэвэл Эвлэлийн үүрийн дарга нарын жишгээр сарын цалингаа удаа дараа хандивт шилжүүлсэн. Сумын олон түмнийг зохион байгуулахад өндөр хувь нэмэртэй оролцсон гэж аймгийн дарга Лувсандагвын гарын үсэгтэй тусгай үнэмлэх авч байв. Бас Эвлэлийн хорооноос цүнхэн дээр хадах мөнгөн тэмдэг, үнэмлэх, нэг сарын цалингаар шагнасан юмдаг. Энэ бол миний анхны шагнал байх.

-Тухайн үед Монгол орны аж байдал хүндхэн байсан байх. Нөхцөл байдал ямар байв?

-Идэх гурил, будаа, өмсөх хувцас байхгүй болж байгаа юм. Ю.Цэдэнбал дарга бидэнд “Дайны үед улс төрийн товчооны дарга нар өглөөний цай уухаа больж вареньтай талх идчихээд явж байлаа” гэж ярьж байсан. Улс төрийн товчооныхон ийм байхад жирийн ард ямар байх нь ойлгомжтой. Махнаас өөр юм байхгүй. Хамгийн аюултай нь настангууд ундаасч, унаж тусна. Өвс, ус уусаар байгаад ёстой хэцүүддэг байсан. Хааяа дугуй булантай цай олдвол шүдэнзний хайрцаг шиг болгож жижиглэн хувааж хэрэглэх явдал энүүхэнд. Шаараа дахин дахин буцалгаад ууна. Тамхи байхгүй учраас адууны хомоол, туулайны бааснаас эхлээд янз бүрийн юм татна. Шүдэнз байхгүй учраас гал тасалж болохгүй. Нэг асаасан галаа нутаг сэлгэтлээ унтраахгүй. Орой унтахдаа галаа үнс, нурмаар хучна. Өглөө цог гялайж байвал үүсгэж асаана. Цаас ч олдохгүй. Сүхбаатар аймгийн намын хорооны эвлэлийн анхдугаар бага хурал дээр цаас байдаггүй. Аймгийн намын хорооны дарга Түвдэн тогтоол гаргахын тулд сонины захын хоосон зайг зүсэж аваад бичиж байлаа. Ганц харилцаатай улсынх нь бүх үйлдвэрийг галдаж, дэлбэлчихээр аргагүй биз дээ.

-Эх орны дайны одон, тэмдгээр хэзээ шагнуулсан билээ?

-Би чинь бага, залуу хүүхэд байлаа. Хоёрдугаар дайнд орсон гэж янз бүрийн хүмүүс яриад байдаг. Тэр бол үндэсгүй. Би ч тэнд очиж, тулалдаж явсангүй. Харин 1945 оны чөлөөлөх дайнд цэргийн тагнуул явсан юм. Амиа золиосолсон тагнуул болохоос суурин тагнуул биш. Орос, монгол цэргийн хөл тавиагүй газарт эхэлж хүрч тагнуулын мэдээ цуглуулна гэсэн үг. Түүний ач буянаар эх орны дайны нэг, хоёрдугаар одон авсан.

-Чөлөөлөх дайнд оролцохдоо Жэхэ хот хүрч тагнуул хийж байсан гэл үү?

-1945 онд Монголын дөрвөн морин дивиз зөвлөлтийн нэг морин дивиз техникийн гурван бригад, Монголын нисэх дивиз, холбооны хороо явсан. Үүний гол хүч Сүхбаатар аймгаас хөдөлсөн. Баруун талаар туслах хүч гэж баатар Нянтайсүрэн даргатай нэг бригад, Зөвлөлтийн томоохон хороо орж явсан. Туслах хүч шууд явсаар Жанчхүү орчихож байгаа юм. Сайханы талаас эхлээд тэгшхэн, нээрээ л сайхан газар шүү дээ. Жанчхүүд тулаад Далан хар уул гээд багахан бартаатай. Бид зүүн талаар Тэнгэр элс, Хянганы нурууг туулж Жихэ хотод хүрсэн. Бидний наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороог Чойн Дугаржав гэж улсын баатар хүн удирдсан. Тэр үедээ баатар болоогүй Халх голын байлдаанд хороо удирдаж улаан тугийн одон авсан их нэр хүндтэй хүн байлаа. Тэр хүний удирдсан хорооны дөрөвдүгээр суманд би Эвлэлийн үүрийн дарга, ухуулагч, ханын сонины эрхлэгч, цэргийн шүүхийн төлөөлөгчийг хийж байсан. Яагаад гэвэл очсон цэргүүд боловсрол байхгүй. Би ч боловсролгүй. Монгол бичиг, дөрвөн аргын тоо, сампин мэднэ. Үүний тулд надад итгэл хүлээлгэсэн хэрэг.

-Яаж тагнуулч болсон хэрэг вэ?

-Дайтах болохоор бүх цэргээ нэг дор давшуулчихдаг юм биш байна. Урваж магадгүй, зугтаж магадгүй гэснээ ард талд, агт, гал зуух, ачаа хөсгөн дээр үлдээнэ. Галын шугамын тэргүүн эгнээнд найдвартай хүмүүсээ явуулдаг бололтой. Бичиг үсэг гадарладаг болохоор дарга надад үүрэг өгсөн. Үүр цайхаар цуглаан дээр үг хэлнэ. Даргын тушаалаар “Эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэнэ” гэсэн юм л ярина даа. Ингээд цаашаа явахад “Орос, монгол хүний хөл тавиагүй газар мэдээлэл олж ир, эх орны тушаал” л гэнэ дээ. Туслах бас холбоочин гаргаж өгнө. Заасан цэгт нь хүрээд морио нуучихаад дурандаж эхэлнэ. Нэг суурин байна, олон хүнтэй байна гэх мэтээр цаг хэртэй судалж байгаа холбоочиндоо хэлээд явуулна. Төд удалгүй холбоочин буцаж ирнэ, “Цаашаа тэдэн километр явж мэдээ ав гэж байна” гээд. Надтай эхлээд нэг Өвөр Монголын адуучин таарсан юм. Хэл мэдэх учраас асуудал гарсангүй. Нэг өдөр Тэнгэр элсний орчимд япон хүнтэй таарлаа. Япон гэдэг нэрийг дуулснаас таарч байсан биш. Этгээд амьтан байдаг байх гэж санаад бага залуу, юм үзээгүйг хэлэх үү. Өнөөх чинь үхэр тэрэгний нэг цувааг орхиод элсэн манхан руу гүйгээд орчихсон. Амьд хэл олзлохын тулд буудаж болдоггүй, гурвуулаа хашгирч, гуугалж байж барьж авсан. Гэтэл бид гурав дотор битгий хэл манай хороонд япон хэл мэддэг хүн байгаагүй юмдаг. Тэгээд Плиев генералын мэдэлд шилжүүлсэн байдаг.

-Хэд хоног давшиж Жэхэ хотод хүрэв. Газрын бартаа ихтэй гэж яригддаг?

-Хянганы нуруу чинь их хэцүү газар. Далайд ойр учраас манан их. Бороо орлоо гэж ярихгүй, ус асгана гэмээр юм билээ. Арав гаруй, хориод хоног яваад хүрсэн байх. Элсэн цөлд морины явж байгаа чинь ёстой өрөвдөм хөөрхий. Морьд элсийг туулах гэж дөрвөн хөл нь шигдээд ухархайгаа дүүрэн хөлс, нүд нь гөлийгөөд, хүзүүгээ сунгачихна. Ёстой хачин өрөвдмөөр болдог. Дээрээс нь хүнд, хөнгөн пулемёт чирүүлнэ. Нэг км хөтөлж алхаад нэг км унаж явах жишээтэй. Өвөр монголчууд Тэнгэр элсийг баруунаас зүүн тийш 500 гаруй, хойноосоо урагш 300 км гэдэг. Миний багцаалснаар лав 200 орчим км үргэлжилсэн байх. Элсийг арай гэж даваад Хянганы нуруунд хүрэхэд Богд уулыг дөрөв давхарлачихсан юм шиг өндөр, улаан хадтай уул таарч байгаа юм. Морь мал чинь нойргүй зүтгэчихээрээ хөдөлгөөнөө мэдрэхээ больчихдог юм уу, хөл алдаад тэр гүн хавцал, хясаа руу гулсаад тээр дор уначихдаг юм. Арай гэж нэгийг давахад дараагийн даваа нь түүнээс ч бэрх, өндөр байх жишээтэй. Хажуугаар нь гуу жалгаар нь нэг оволзсон их борооны ус. Тэгж байтал Шар мөрөн тулж ирж байгаа юм. Их устай голд морь сэлэхдээ эзнээ авч шидчих гээд болдоггүй юм билээ. Эмээлнээсээ л хөндийрвөл тэр их усанд үйнэ.

-Та нар япончуудтай таарч, байлдаан, мөргөлдөөн хийгээгүй юм уу?

-Хянганы нуруунд нэг өглөө явж байтал цэргийн сууринтай таарсан. Холбоочноо гэдрэг явууллаа. Тэднийг хүрээд ирвэл бид хоёр баригдаж огт болохгүй. Өөрсдийгөө устгах тушаалтай. Тагнуулчдад 71 үсэрдэг дугуй магазинтай жижиг буу өгдөг байсан. “Хоёул нуруугаараа нийлчихээд буудаад байхад 50-60 метрт хүн ойртуулна гэсэн ном байхгүй. Ядлаа гэхэд дөрвөн гранаттай юм даа” гэсэн тооцоо хийгээд байж байтал араас манайхан ч ирлээ. Тэд ч эсэргүүцэлгүй бууж өгсөн. Бид дараагийн цэг рүү тагнуул хийхээр явна уу гэхээс хэдэн хүн байна, яаж шүүх нь вэ гэдгийг сонирхоод байна гэж үгүй. Сүүлд дуулахад 400 гаруй япон хүн байсан гэдэг. Ингэсээр Жихэ хот руу хамгийн түрүүнд орсон хүмүүсийн нэг нь би болсон. Эх орны дайнд яваагүй ч эх орны дайны одонгоор хамгийн түрүүнд шагнуулсан түүх гэвэл ийм байна даа.

-Жэхэ хот та бүгдийг яаж угтсан бэ?

-Жэхэ гэдэг чинь хааны зуслан юм байна. Тэнд ороод очлоо. Эзэнгүй. Бүгд зугтчихсан. Конторуудыг нь үзтэл босоо төмөр шкафанд хятадаар бичсэн баахан л баримт байна. Аль нь чухал юм бүү мэд, нэг хэсгийг нь л авлаа. Бидэнд ямар ч бэлтгэл хийлгэлгүй гэнэт явуулсан юм шүү дээ. Бусдын нутагт хүрч байлдана гэдгээ ч мэдээгүй. Хүүхдийн жижиг машин байсныг сонирхоод өөртөө авлаа. Их юм авах хэрэг байхгүй. Хэдэн цагийн дараа үхэж магадгүй учраас эргээд Монголдоо очно гэж юм нөөцөлж, хураах шаардлага надад байхгүй. Бас цагаан пансан хөшиг байна. Түүнээс тасдаж аваад хөлөө ороолоо. Гэтэл панс бөөгнөчихөөд явж болдоггүй юм байна. Склад руу нь орж хүрэн хромон гутал байснаас нэгийг жийлээ. Бас борооны цув байснаас ч нэгийг өмсч япон хүн боллоо доо. Баахан жигнэмэг байснаас нь нөхдөдөө амсуулна гээд багахныг нөөцөллөө. Ихийг авбал морь даадаггүй юм. Жижиг ууттай сахар байсныг ч авлаа. Гарч ирээд мориндоо тохтол нуруу нь хотолзоод явдаггүй. Тэгтэл тариан талбайд нэг хүн сүүмэлзээд байсныг дуудтал нэг хятад байна аа. Нөгөө сахарныхаа уутны амыг дөхүүлтэл сүрлэн малгайгаа тосч байна. Дүүргээд өгтөл нөгөөх чинь толгойгоороо газар мөргөөд сүйд болж байна. Шөнө болж бидний байсан цэг рүү машин дөхөж ирсэн юм. Хоёул буугаа сумлачихаад гэрэл дөхөөд ирэхэд нь гялс гар өргөөд буцаад хэвттэл “хэн бэ” гээд монгол хүн дуугарлаа. Дивизийн штабын дарга Янжав гэдэг хүн байсан. Тэгж анги дээрээ очиж бантагнаж байлаа. Алийг хэлж гүйцэхэв. Тэрний зовлон бэрхшээлийг ярих юм бол тоочиж баршгүй.

-Тухайн үед урд хөршийн аж амьдрал ямархуу байсан юм бол?

-Хөгжил тэс ондоо. Хил гараад очив уу, үгүй юү, ардын хувьсгалаас өмнөх Монгол орон ийм л байсан болов уу гэхээр. Даавуу, ямбуу бүрээс гэж огт байхгүй. Цагаан эсгий бүрээс ч үгүй. Нэг муу борцгор бор гэрүүд. Улсууд нь жа гээд л хормойгоо дэвсээд газар унаад угтана. Хятад руу явж ороход хамгийн хэцүү амьдрал гэдэг тэнд л байсан. Хүмүүс нь хавраас эхлээд чармай нүцгэн. Урд, ардаа жаахан таарны өөдөс зүүчихсэн байх жишээтэй. Өмд ч байхгүй шүү. Гартаа төмөр хүрз, зээтүүхэн барьчихсан. Байнга нүцгэн явдаг хүний бие чинь тэмээний үдээр шиг цэл хөх болчихдог юм байна. Зарим нөхөд нь ус гатлахад газарчилж, гүехэн газар зааж өгнө. Бид ч өгөх юмгүй учраас ганзаганаасаа нөөцний цагаан өмд мэтээ шидээд өгчихнө. Тэгэхээр бас л газар мөргөөд сүйд болно. Бид нэг өдөр тосгонд хүрсэн юм. Ер нь явсан газраасаа хүнсээ залгуулдаг болохоор таарсан айлаасаа үхэр малаас нь авчихна. Цаад айл нь хөөрхий байсан ч хамаагүй. Дор нь нядлаад хооллочихоод явахад ширтэй нэг хэсэг нь үлдэж байгаа юм. Тэгэхэд тосгоныхон хүүхэд, томгүй бүгдээрээ хүрч ирээд булаацалдаад л үлддэг байсан. Уналаганы морь үхэхэд л хадуураар арьсыг нь салгасан болоод махыг нь тасчаад аваад явж байгаа харагддаг. Бидэнд хэлэхдээ гурван жил малын мах хараагүй гэж байсан. Тахиа, шувуухнаар л аргалж байдаг байсан юм билээ. Буцаж явахдаа тосгоны нэг айлаар орсон. Гэр нь муухан тагз. Дотроо хогшил гэхээр юмгүй. Наар, тогоо зэрэгхэн л байсан санагддаг.

Ер нь манай монголчууд азтай хүмүүс. Ямар ч л гэсэн тийм муу тавиланг туулж үзээгүй. Эргээд ирэхэд эх орон маань үгүй мөн гэрэлтэй сайхан, амар амгалан санагдаж байсан даа.