ДАЙНЫ ЭРСДЛИЙН САНГИЙН ГЭХ ХЭРЭГ НЭГ Л ХЭСЭГ НЬ
Аливаа улс үндэстний хувьд иргэний агаарын тээвэр нэрийн хуудас
нь болж бас тэр хэмжээгээрээ тодорхой хэмжээний орлогыг оруулж байдаг билээ.
Монголчуудын хувьд МИАТ тийм байж чадсан болов уу. Сүүлийн үед ил болох болсон
олон ноцтой хэргүүдийн зах зухаас сонсоход үе, үеийн сэтгэл зүрхгүй дарга даамлуудын
халаасыг зузаатгах хэрэгсэл болж ирснээс үндсэн үүргээ гүйцэтгэж байгаагүй мэт
санагдана. Идээ бээрэндээ баригдсан МИАТ хэмээх энэ байгууллагатай холбоотой дэгдээд
байгаа дайны эрсдлийн сангийн мөнгийг завшсан хэрэг бол нэгээхэн хэсэг нь юм. Үүний
цаана өчнөөн олон хэрэг, үй олон тэрбум төгрөгийн асуудал байсан нь эхнээсээ
ил болж байна. Хэрэв шинэ Засаг байгуулагдаж, улсын өмчийг өөрийн юм шиг зарцуулахаасаа
татгалзаж чадах удирдлага гараагүй бол энэ хэрэг урьд өмнийн адил дарагдаад
л өнгөрөх байжээ. МИАТ гэх төрийн өмчит байгууллага өнөөдрийг хүртэл ажиллахдаа
байнга алдагдал хүлээсээр ирсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар 108,1 тэрбум төгрөгийн
алдагдал хүлээгээд байгаа бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Засгийн
газрыг ийм хэмжээний өрөнд унагасан гэсэн үг.
Тодруулбал, 1999-2012 онд Европын чиглэлийн нислэгээс 73.35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол энэ тоо 2013 онд 11.75 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байгаа. Мөн 1993-2009 оны орон нутгийн нислэгийн үнийг тогтоон баригч болж ажиллахдаа 23,1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үе, үеийн Засгийн газрын шийдвэрээр МИАТ компани ийн алдагдалтай ажиллаж байхад ээлж дараалан томилогдсон дарга нар нь элдэв арга сүвэгчлэн ихээхэн хэмжээний хөрөнгө хувьдаа завшиж байсан баримт эхнээсээ дэлгэгдэж, үүнийг нь сонссон иргэд итгэж ч чадахгүй гайхширч суугаа нь үнэн. МИАТ компанийн үйл ажиллагааны зардал төрөөс гарч, үйл ажиллагаа явуулж олсон орлого нь хувь хүмүүсийн халаасанд ордог байсан гэхэд итгэж ч чадахгүй байгаа юм. Гэтэл байдал тийм л байж.
Сүүлийн үеийн гол дуулиан болоод буй “Дайны эрсдэлийн даатгал” гэдгийг 2004 оноос санаачлан өнөөг хүртэл 700 сая ам.доллар хуримтлуулж үүнийгээ төрд өгөх бус тойрон хүрээлэгсдээрээ хуваан идэж байсан нь илэрч Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нарын хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Гэхдээ “Дайны эрсдэлийн даатгал” гэх энэ хууль бус бизнес нь эрх мэдэлтнүүдийн МИАТ-ээс мөнгө гаргуулан завшдаг явдлыг хэргийн зөвхөн нэг хэсэг нь байжээ. Үүний хажуугаар “Катеринг”-ийн үйлчилгээ, “Карго”, шатахуун, баяр ёслол, амралт зугаалга, бусад үйлчилгээ гээд олон өөр хэлбэрээр их хэмжээний мөнгийг үргүй зардаг байсан нь илэрлээ. Ер нь яаж ийгээд үргүй зардал гаргаж, тэр бүхэн нь МИАТ хэмээх байгууллагын үе, үеийн дарга нарын халаас руу урсдаг ийм байдлыг өмнөх эрх баригчид уламжлал мэт тогтоож иржээ.
Төрийн томчууд болон тус байгууллагын удирдлагууд МИАТ-ийн хөрөнгө рүү гар дүрж эхэлсэн түүх 2001 оноос эхтэй. Тухайн үед УИХ-ын дарга асан Л.Энэбиш МИАТ-ийг хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн баталж Н.Энхбаярын Засгийн газарт чиглэл өгч байжээ. Энэ үйл явцаас хойш дөрвөн жилийн дараа буюу хуучин МАХН өнөөгийн МАН-ын ээлжит засаглал дахин бүрдсэн. Тэгэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж Ц.Нямдорж УИХ-ыг удирдаж байв. Энэ үед мөн л МИАТ-ийг хувьчлах асуудлыг дахин хөндөж 2005 онд 48 тоот тогтоолыг гаргаж байжээ. Тогтоолд тусгаснаар “бизнес ангилал болон нийтийн нислэгийг салгах замаар орон нутгийн нислэгийг гадаадын компанид хувьчлах шаардлага тулгарлаа” гэсэн заалтыг оруулсан байна. Энэ заалтын үрээр ямар нэгэн асуудалгүй амжилттай явж байсан орон нутгийн нислэг уналтад орж, өнөөдрийнх шигээ ийм байдалд хүрсэн нь үнэн билээ. Ер нь яагаад голдрилоороо явж байсан орон нутгийн нислэгийн асуудал хямралд орж, харин “Аэро Монголиа” гэх хувийн компани үүссэн нь анхаарал татдаг. Энэ бүхэн дарга нарын ашиг сонирхлын хүрээнд өрнөсөн явдал гэдгийг учир мэдэх хүмүүс нуудаггүй. Орон нутгийн нислэг, бизнес ангиллын нислэгийг салгаснаар хэдэн авиа компани, хувийн компани байгуулагдаж дарга нар нь ямар хэмжээний ашиг олсон нь тодорхой. Энэ бол зөвхөн эхлэл байлаа.
Энэ эхлэлийг нэгэн цагт МИАТ-ийг удирдаж байсан Б.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашиж асан Н.Энхбаяр нар тавьсан хэмээдэг. Тодруулбал, Б.Эрдэнэбилэг өөрийн эзэмшиж байсан “Blue Sky” буюу сэлмэн барилгаа Н.Энхбаярт өгч оронд нь МИАТ-ийн захирлын суудлыг авснаар тэдний хооронд ашиг сонирхол, албан тушаалын холбоо үүссэн гэх. МИАТ-ийг ээлж дараалан удирдаж байсан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, “Mongolian
Аirlines” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн нар бүгд гэр бүлийн найзууд гэж хэвлэлээр багагүй бичигдсэн. Энэ холбоо явсаар Н.Энхбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар гээд төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай ч холбогдоно гэдэг нь сүүлийн үед олон нийтэд ил болсон мэдээллээс тодорхой болсон билээ. Дайны эрсдлийн сангийн мөнгийг идсэн хэрэг буглаж бугшсан МИАТ-ийн хувьд нэг л хэсэг нь байлаа. Харин МИАТ-ийн идээ бээрийг шахвал үнэхээр ноцтой хэргүүд олон гарч ирнэ.
КАТЕРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МИАТ–ЭЭС САЛГАЖ ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН НЬ
МИАТ-ийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын дагуу хийгдсэн хувьчлалуудын нэг нь “Катеринг”-ийн үйлчилгээ буюу хоол нийлүүлэх үйлчилгээг хувьд шилжүүлэх явдал байв. Анх 1998 онд МИАТ өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийнхаа ажилчдын болон зорчигчдын хоолыг бэлтгэн нийлүүлдэг болжээ. Тухайн байгууллага нь жилд 100 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийж 30 гаруй мянган ам.долларын ашигтай ажилласаар ирсэн бөгөөд 2008 онд 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүр ч орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн байна. Энэ бүх үйл ажиллагааны мөнгө татвар төлөгчдөөс гарч, бас ч хөрөнгө оруулсных ашигтай ажиллаж байсныг сануулах хэрэг юун. Гэвч удаа дараа хөрөнгө оруулалт хийж амжилттай ажиллаж байсан энэхүү Катерингийн төвийг 2009 оны долдугаар сарын 23, 24-ний өдөр “Нүхт Тур” компанид шилжүүлэх гэрээг баталжээ. Ингэхдээ Катерингийн удирдлагыг хоёр жилийн хугацаанд хувьд шилжүүлэн авах бөгөөд хоёр удаа хоёр жилээр сунгах заалтыг оруулсан байна. Тус гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийг сонирхвол МИАТ-ийг төлөөлж Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан, “Нүхт тур” компанийг төлөөлж захирал Д.Хоржав нар байжээ.
Гэхдээ гэрээг үзэглэхээс сарын өмнө буюу тухайн жилийн зургадугаар сарын 30-нд Катерингийн төвийг “Нүхт тур” компанид шилжүүлсэн байсан нь хар дагуулахаас аргагүй байдаг. Уг төвийг “Нүхт тур” компанид шилжүүлэх гэрээ хийгдээгүй байхад нэг тэрбум 926 сая төгрөгийн барилга байгууламж, бүтээгдэхүүн бэлдэх, хадгалах технологийг Д.Хоржав нарын хүмүүст өгсөн баримт одоо ил болж байна. Үүнээс гадна гэрээг МИАТ компанийн ТУЗ-ийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлээгүй нь ямархан ашиг сонирхол байсныг илтгэх мэт. ТУЗ нь ийм гэрээ байгуулагдсаныг 10 хоногийн дараа мэдэж хурлаараа хэлэлцэн тооцоо судалгаа муу байна хэмээн буцаасан ч гэрээ аль хэдийнэ үзэглэгдсэн учраас буцаах боломжгүй болж харин ч эсрэгээрээ хэрэгжиж эхэлсэн түүхтэй ажээ. Ийн Катерингийн үйлчилгээг хувьчлах асуудлыг хөндөж ТУЗ-өөрөө хэлэлцэхээс өмнө хувьд шилжүүлэх гэрээ хийж, гэрээ хийхээсээ өмнө хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг Д.Хоржав нарт өгснийг хуулийнхан шалгахаар болж, цаад эздийг нь тодруулахаар ажиллаж байгаа сурагтай.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ гэрээг хууль зөрчиж хийсэн нь одоо тодорхой болж байгаа аж. Бас Катерингийн үйлчилгээ төрөөс хувьд шилжсэнээрээ алдагдалтай ажиллаж эхэлжээ гэсэн дүгнэлтийг жил бүр гаргаж, хуулийн байгууллагуудад шилжүүлж байсан ч дарагдсаар өнөөдрийг хүрчээ. Мэргэжлийн хяналтынхны илрүүлсэн бас нэг асуудал нь даатгалын асуудал. “Нүхт тур”-д удирдлагын эрхийг өгөх тухай гэрээнд тусгаснаар “Төвийн үл хөдлөх хөрөнгийг өмнө нь байгуулсан нөхцөлөөс дордуулалгүй даатгуулсан байх ёстой” гэжээ. Гэтэл “Нүхт тур” компани төвийнхөө лифт зэргийг 22 тэрбум 843 сая төгрөгөөр даатгуулах гэрээг “Монгол даатгал” компанитай хийж өмнө нь даатгалд өгч байсан мөнгөнөөс даруй хэд дахин ихийг шилжүүлсэн байдаг аж. Энэ нь бас л ээдрээтэй хэрэг бөгөөд учрыг нь олохоор хуулийнхан хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Төрийн мэдэлд байхдаа эрүүл ахуйн хувьд мэргэжлийн ажилтантай байсан уг газар хувьд очоод зорчигчдын эрүүл мэндэд баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэхээ байж байгаа талаар олон жилийн өмнө хэвлэлээр бичигдэж байсан удаатай. Гэвч үүнээс ч том асуудлыг гарын алга урвуулахын адил шийдэж байсан улсууд мэргэжлийн хүний үгийг нохой хуцахын чинээ тоож сонсоогүй билээ.
ТАТВАРЫНХНЫ МӨНГӨӨР ТАНСАГ БАЯР ТЭМДЭГЛЭНЭ
МИАТ-ийн удирдлагууд энэ мэтээр хуулиас гадуур хийсэн үйлдлээ нуухын тулд ажилчдынхаа шагнал урамшууллыг нь нэмж, их хэмжээний мөнгө амладаг байжээ. МИАТ-ийн үе, үеийн захирлууд буюу Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нар ажилчдынхаа амыг барихын тулд хөрөнгө мөнгийг ёстой цацдаг байжээ. Гэхдээ энэ нь тэдний хувийн хөрөнгө бус харин улсын хөрөнгөөс л гарч байгаа хэрэг шүү дээ. Тэд төрийн хөрөнгийг яаж үргүй зарцуулж байсан нь дараахь баримтаас тодорхой харагдаж байгаа. Одоогоос зургаан жилийн тэртээх шинэ жилийг МИАТ-ийнхэн тэмдэглэхдээ Хятадын “Huawen shishang tuwen” компанийн 2008 оны 21 мянган ширхэг календарийг 52.9 сая төгрөгөөр, Сөүлийн төлөөлөгчийн газраас 400 ширхэг цаг, 180 гүц, 597 бал, 199 флаш дискийг 109 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэдний шинэ жилийн бэлэг нь дээр дурдагдсан 152 сая төгрөгөөр тогтсонгүй. “Гранд компас” компаниас хөргөгчний наалт дөрвөн мянгыг болон дөрвөн мянган түлхүүрийн оосрыг 10 сая төгрөгөөр, “Хомо спресс” компаниас үзгэн бал, тэмдэглэлийн дэвтэр, дурсгалын цаг, энгэрийн тэмдэг зэргийг 14 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэд шинэ жилийнхээ бэлгэнд л гэхэд даруй 200 орчим сая төгрөг зарцуулдаг байсан нь эндээс харагдаж байна. Тодруулбал, шинэ жилийн бэлгийг ийн 200 сая төгрөгөөр бэлдэхийн сацуу хүлээн авалтад 47 сая төгрөг зарцуулж, 300 сая төгрөгөөр 100 хүнийг урамшуулж байсан баримт байна. Эндээс харахад МИАТ гэх компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэхдээ төрийн хөрөнгөөс даруй 500-600 сая төгрөг гарган авдаг байсан аж. Мөн 2007 онд ОХУ-ын “Аэрофлот”-ын ерөнхий захирлыг ирэхэд 13.3 сая төгрөгийн хэт хутга, буцахад нь 17 сая төгрөгийн алтадсан аяга бэлэглэж байх жишээтэй. 2007 оны арванхоёрдугаар сарын сүүлийн хэдхэн өдөрт МИАТ-ийнхэн ингэж тансагласан байна. Түүнчлэн “IOSA”-гийн гэнэтийн шалгалтад тэнцсэн гэдэг үндэслэлээр 250 орчим сая төгрөг гарган 30 гаруй ажилтнаа урамшуулж байсан байсныг ч гэрч өгүүлж байгаа. МИАТ-ийн урамшууллыг ийн бичээд байвал дуусахгүй. Үр дүнгийн гэрээг сайн байгуулсан гэдэг нэрийдлээр Гүйцэтгэх захирлаа 27 сая төгрөгөөр шагнаж байсан улсууд шүү дээ. Хуруу хумсаа зулгааж байж олсон хувийн компанийнхан хүмүүсээ ингэж шагнаж байсан бол гомдоллоод байх зүйлгүй. Гэтэл энэ бол төрийн мөнгө өөрөөр хэлбэл, идэж буй талх, утсаар ярьсан нэгжийнхээ секунд бүрт татвар хураалгаж байдаг олон түмний мөнгө шүү дээ. Гэхдээ энэ бүхэн шалгагдаж яригдаж байгаагүй биш яригдаж, бас шалгахыг хүссэн олон бичиг баримтыг нэг нэгэндээ илгээж байсан байдаг.
Бүр хэд хэдэн удаа цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч төд удалгүй дарагддаг байжээ. Үүнийг хөрөнгө мөнгөний сонирхол нэг, эрх мэдэлтнүүд зогсоож байсан нь мэдээж. Ямартаа ч ардчилсан засаглал гарснаар олон жил дарагдсан эдийн засгийн гэмт хэргийн үзүүр атгагдлаа. Идээ бээр одоо л хагарч, шахагдаж эхэлж байна.
Үргэлжлэл бий
Л.МӨНХТӨР