УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр
мэдээлэл хийлээ. Тэрээр “Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокийн
“ЕTV” телевизэд өгсөн ярилцлагатай холбоотой зарим тайлбарыг хийсэн юм. С.В.Паушокийн
“ЕTV” телевизэд өгсөн ярилцлагыг “Зууны мэдээ” сонин бүрэн эхээр нь нийтэлсэн
нь түүнийг ийн хэвлэлийн бага хурал хийхэд хүргэжээ. Ц.Нямдорж гишүүнийг болон
МАН-ын нэр бүхий улстөрчдийн талаар С.В.Паушок юу гэж өгүүлснийг Ц.Нямдорж
гишүүний мэдээллийн өмнө сийрүүллээ.
-Манай компанийн үйл ажиллагааг доголдуулсан,
хааж боосон олон хүн бий. Энэ хүмүүсийн тоонд С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил
зэрэг хүмүүс багтах байх. Энэ дөрөв зөвхөн С.В.Паушокийг устгасан бус бусад олон
алт олборлогчдын хувь заяагаар тоглосон гэж хэлж болно. Үүнийг дайн гэж дөвийлгөх
нь хаашаа юм. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн, бизнесийн
ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Гол дүрээр Сү.Батболд, С.Баяр тоглосон бол Ц.Нямдорж
зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэсэн.
-Та энэ хүмүүсийг ард түмний эрх
ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө материаллаг эрх ашгийн төлөө ажилласан гэж
хэлж байна уу?
-С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж
л орж ирсэн хүн. Ард түмний эрх ашиг С.Баярт огтхон ч сонин биш. Сү.Батболд бол
ард түмний эрх ашгийг өөрийн эдийн засгийн эрх ашигт ашиглаж хөрөнгөө босгож амжсан
эр. Бүр маш их хэмжээний шүү. Тэд эрх мэдэлд байгаа богинохон хугацаанд яаж ийм
хөрөнгийг босгосон бэ гэдэг нь тодорхой. Тэдэнд зориулж ганц тодорхойлолт хэлье.
Тэд бол долларын тэрбумтнууд.
-Богино хугацаанд долларын тэрбумтнууд
болно гэдэг маш их хөдөлмөрч байсны илрэл биш үү?
-Төгрөгийн биш долларын тэрбумтнууд
шүү. Энэ хоёрын хооронд том ялгаа бий. Тэд яг л зөгий шиг өглөөнөөс орой болтол
ажилласан. Миний бодлоор Ц.Нямдорж холын бодолгүй юм шиг. Зөвхөн тэдний гар хөл
байсан учраас тэдний өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн байх. Тэдний гол зорилго “Алтан
дорнод монгол” компани биш. Татвар ч биш. Зөвхөн Паушок л байсан юм. Яагаад гэхээр
Паушок дандаа үнэнийг хэлдэг байсан. Би дургүйцлээ хэзээ ч нууж байгаагүй. Яагаад
гэвэл тэр хүмүүс эрх мэдлээ эрх ашгийнхаа төлөө ашиглаж ойр хавийнхаа бүхнийг авлигын
сүлжээнд оруулж ард түмнийг хохироож байгаа нь надад таалагдаагүй. Бас нэгэн том
зөрчлийн шалтгаан нь миний барихыг хүссэн нефть боловсруулах үйлдвэр. Барих үйлдвэр
маань орлогыг нь багасгах учраас тэр. Хоёр сая хүн хортой агаараар амьсгалж, хордож,
элдэв өвчнөөр өвчилж, дундаж наслалт богиносч байгаа нь ердөө сонин биш. Тэд намайг
гадны хүн ирээд Монголд хаан шиг авирлаж байна гэдэг байсан ч надад хааны шилтгээн
байгаагүй. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголд оруулсан. Манай найз нар ч хэлдэг
юм. Гадны би хөрөнгө оруулаад байхад ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой
төрийн өндөр албан тушаалтнууд нь хөрөнгөө гадагш нь гаргаж байгааг нь ойлгохгүй
байна. Тухайлбал С.Баяр засгийн эрхэнд гарч мөнгө олох зорилгоо биелүүлчихээд буучихсан.
Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Канадын иргэн болсон гэж сонссон. Яаж түүнд тийм хурдан
иргэншил олгож өртөг өндөртэй газар амьдарч байгаа нь сонирхолтой.
-Та хэдэн жил Монголд ирсэнгүй
вэ?
-2007 оны арванхоёрдугаар сард би
Монголоос явсан. Түүнээс хойш очсонгүй. Монголоос ирсэн хүмүүсээс л мэдээлэл авч
байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүхдэлцэж байхад Ц.Нямдорж намайг интерполоор
эрэн сурвалжлуулсан. Би их удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан. Мөн миний орлогчийн
үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч
дарга Игошин маань зүрхний өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн
бичгийн дагуу манай Элчин сайд болон анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ
“Орос руу явуулъя” гэж Ц.Нямдоржоос гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч
нас барсан. Тиймээс Ц.Мөнх-Оргил болон Ц.Нямдорж нар ард түмэн дээрээ туршилт хийж
дураараа дургиж байсан үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг болсон гэж үзэж байна. Тэр
явдлыг би аллага гэж үздэгээ нуухгүй хэмээн Ц.Нямдорж гишүүн болон С.Баяр, Сү.Батболд,
Ц.Мөнх-Оргил нарын талаар хүүрнэжээ.
С.В.Паушокийн өгсөн энэхүү ярилцлага
“ETV” телевизээр цацагдаж “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн даруй Ц.Нямдорж гишүүн
өөрийгөө өмөөрч хэвлэлийн бага хурал зарлан тайлбар хийлээ. Түүний юу гэж өчсөнийг
тайлбаргүйгээр хүргэе. Тэрээр “МАН-ын Их хурал хийж байгаа үеэр зарим телевизээр
“Алтан дорнод монгол” компанийн захирал байсан С.В.Паушокийн ярилцлага гарч нэлээд
ойлгомжгүй байдлыг бий болгоод байна. Тийм учраас энэ асуудалтай холбоотой бүхнийг
ярья. С.В.Паушок гэдэг хүн 1997 онд Монголд орж ирээд алтны олборлолтын бизнес эрхэлсэн.
Ерөнхийдөө Монголын хуульд захирагддаггүй, Монголын газар нутгийг хувийн өмчөө гээд
тооцчихсон ийм нэг дураараа дургисан хүн бий болсон. 1990-ээд он бол Оросын дотоод
амьдрал эгзэгтэй хүнд үе байсан. Нэг хэсэг нь дотооддоо муудалцаж, нөлөө багатай
хэсэг нь гадагшаа гарч дорой буурай орныг эзэмшилдээ оруулах оролдлогыг хийж байсан.
Тэгээд Заамар гэх мэтийн нийтдээ 40 орчим лиценз авч түүгээрээ үйл ажиллагаа явуулсан.
Ингэхдээ татвараа төлдөггүй, хууль зөрчдөг, зарим улстөрчийн нөөлгөнд орж дураараа
дургиж байсан явдал бий. 2006 онд намайг УИХ-ын дарга байхад Гэнэтийн орлогын
68 хувийн албан татвар гарч байсан. Энэ хуулийн дагуу татвар төлөхөөс зайлсхийж
тэр үйл ажиллагааг нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат өөгшүүлж 1.5 тэрбум
ам.долларын хөрөнгийг 2007 онд Монголын Засгийн газраас нэхэмжилж байсан юм.
2008 онд би Хууль зүйн сайдаар дахин томилогдох үед энэ маргаан ид үргэлжилж байсан.
АНУ-ын “Мил” хуулийн фирмийг хөлсөлж зургаан сая ам.доллар зарлагадаж байж Монголын
талд ашигтайгаар шийдвэрлүүлж чадсан. Энэ нь Монголбанкийг 1.5 тэрбум ам.долларын
өрөнд орохоос сэргийлж чадсан шийдвэр болсон. 2008 оноос хойш Арбитрын шүүх дээр
энэ асуудал хэлэлцэгдэж байхад “Танай тал ялагдах нь ойлгомжтой. Тийм учраас хэлэлцээр
хийе” гэж далдуур дарамтлах ажиллагаа хийгдсэн. Манай улсын зарим улстөрчид ч гэсэн
“Манайх ялагдах учраас маргаанаа татаж ав” гэж ятгаж байсан. Надад хоёр зам байсан.
Нэг дэх нь Монголын тусгаар тогтнолыг, бүрэн эрхт байдлыг хангаж гадныхан орж ирээд
дураараа дургидаг байдлыг таслан зогсоох байсан. Хоёр дахь нь гадныхны аманд орж
таллаж асуудлыг шийдэх боломж байсан. Би нэг дэхийг нь сонгосон. Ингээд 2011 онд
168 хуудастай хэрэг Арбитрын шүүхээр Монголын талд бүх асуудал шийдэгдэж байсан
юм. Ийм түүхтэй гадны этгээд МАН-ын Их хурлын үеэр ийм ярилцлага өгч улс төрийн
хоёр том хүчний нэгнийх нь дотоод хэрэгт оролцож байгааг үнэн бодитоор нь ярих
хэрэгтэй байна. 1990 онд нийгэм задрахад Женев гэдэг Канадын луйварчин орж ирж Монголыг
баахан бужигнуулсан байдаг. Тэгээд сүүлд нь С.В.Паушок гэж нэг нөхөр орж ирж бужигнуулсан.
Тэдний хагалан бутаргах, хорлон сүйтгэх ажиллагааг нь таслан зогсоосон юм. Гандирс
хорооллыг барих нэрийдлээр 250 сая ам.долларын өрийн бичиг Монголбанкнаас гаргаж
Челмерс гэдэг хүн орооцолдсон. Тэр америк хүн Индонезид хөлсний байранд суудаг
Харвардын гэсэн хуурамч дипломтой, Сан-Францискогийн шүүхээр залилангийн хэрэгт
шийтгүүлсэн эцэг хүү Гремен гэдэг хүмүүс тэр 250 сая ам.долларыг залилахад оролцсон.
Би 2006 онд УИХ-ын дарга болоод Монголбанкны ерөнхийлөгчийг солих ажлыг хийсэн.
Сольсны хүрээнд энэ хэрэг боссон юм. Нийт дүнгээрээ 230 сая ам.долларын өрийн бичгийг
хүчингүй болгоод 30 сая долларын өрийн бичгийг яаж ч чадалгүй алдсан. Одоо тэр хэрэг
шүүх дээр Монгол мөнгийг нь төлөх ёстой гэсэн шийдвэр гарчихаад байж байна. Нийт
дүнгээрээ 170 тэрбум төгрөгийн татвар төлөлгүй гараад явчихсан юм, С.В.Паушок. Өөрөөр
хэлбэл Монголбанкаар дамжуулж мөнгө угаах ажил олон жил явагдсан. 2002 онд Оросын
дампуурчихсан “Транс” банкинд 10 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг нь
авангуут тэр Оросын банк татан буугдаж шилжсэн
мөнгө нь одоо болтол олдохгүй байгаа. Ер нь цаашдаа Монголд гадны хар мөнгө орж
ирэх, улмаар Монголын төрд нөлөөлөх нүх сүвийг бүрэн хаах ёстой гэж хэлэх байна.
Төр засаг солигдох үед нөхцөл байдал савлаж гадны хар мөнгө орж ирдэг юм. Үүн дээр
болгоомжтой байх ёстой” гэдэг мэдээллийг өгснөөр сэтгүүлчид түүнээс дараахь асуултад
хариулт авлаа.
-Дөрвөн хүний нэр холбогдоод байгаа.
Яагаад?
-С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил
бид дөрвийн нэрийг дурдсан байна билээ. С.В.Паушоктой холбогдсон нэхэмжлэл гарч
С.Баярын Засгийн газраар эхлээд Сү.Батболдын Засгийн газраар дууссан юм. Ц.Мөнх-Оргилыг
Хууль зүйн сайд байхад энэ маргаан эхлээд намайг болоход дууссан юм. Ц.Нямдоржийг
С.Баяр, Сү.Батболд нарын гар хөл болсон гэж ярьсан байна билээ. Би хэний ч гар хөл
болоогүй. Намайг бас аллага зохион байгуулсан гэж байна билээ. “Алтан дорнод монгол”
компанид ажиллаж байсан 70 настай хүн машинтай явж байгаад гудамжинд нас барсан
харамсалтай хэрэг гарсан юм. Ердийн л өвчин. Үүнийг хүртэл гүтгэлэг болгож байна.
Тийм юм байхгүй. Зүрхний шигдээс өвчнөөр хаа таарсан газраа нас бардаг л тохиолдол.
-“Алтан дорнод монгол” компанитай
холбоотой улстөрчид байдаг гэлээ. Энэ хүмүүсээ зарлах уу?
-Эрхшээлд нь гэх юм уу маш нарийн
холбоотой байсан хүн гэвэл одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат.
68 хувийн хууль гарахад 1.5 тонн алтыг нь хадгалалтын хууль бус гэрээ хийж хадгалаад
хуулиас зайлсхийх боломжийг олгосон. Ийм байдалтай байж байгаад хилээр гараад алга
болсон. Сая Монголын хэвлэлээр захиалгатай ийм зүйл хийсэн хүн нь ч О.Чулуунбат.
Ер нь ийм залилангийн олон үйлдэл хийгдсэн.
-Челмерсийн тухайд. Одоо болтол
сураг гараагүй юу?
-Челмерс чинь Монголд орж ирээд залилангийн
хэрэгт шалгагдаж хоёр жил болсон. Гадагш гарах эрхийг нь хассан ч гэнэт алга болсон.
Эрэн сурвалжилсан ч олдоогүй. Нэгэнт гараад явчихвал интерполоор дамжуулж авчрах
ганц арга байдаг.
-Монголбанкинд алтаа тушаачихсан
байсан гэсэн. Ямар замаар буцаж гарсан юм. Бас Монголын хилийг яаж нэвтрэв?
-Монголбанкинд алтаа бүү тушаа гэдэг
сигналыг зохион байгуулалттайгаар өгсөн. Ингээд алтны нийлүүлэлт буурсан. П.Очирбат
Ерөнхийлөгч “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж хамаг зүйл эхэлсэн. Алтыг нь авдаг,
татвараа төлдөггүй байсан. Үүнийг л цэгцлэх үү гэдэг асуултын өмнө оччихоод байгаа
юм. Хилээр гардаг чинь намайг 2008 онд сайд болоход гараад явчихсан байсан. Хууль
хяналтынхан оролцсон гэж ярьдаг. Гэхдээ нотолгоо байхгүй. Ер нь Монголын хил бол
хамгаалахад бас их амаргүй шүү дээ. Хойд урд хөрштэйгээ арван мянган километр газраар
хиллэсэн байдаг юм. Машинаар давхиад гараад явчих боломж бас бий. Паушок, Челмерс
нараас гадна Монголын шоронд байсан хүн өмгөөлөгчийн батлан даалтаар гараад Хөх
хотод хүн алчихсан тохиолдол ч байдаг юм шүү.
Л.МӨНХТӨР