Categories
мэдээ цаг-үе

“Эко-алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч, дөрвөн хүн амиа алджээ

-ХОЁР АЖИЛТНЫ ЦОГЦОСЫГ ОСЛЫН ГАЗРААС ГАРГАВ-

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28ны 16:20 цагийн орчимд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдсан билээ.

Тодруулбал, ОБЕГын шуурхай удирдлагын төвд ““ЭкоАлтан Заамар” ХХКийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайн зүүн хэсэгт нуралт болж зургаан хүн, “КАТ-374” загварын эксковатор, “КАТD8Т” загварын бульдозер дарагдаад байна” гэх дуудлагыг осол болсон даруйд буюу 16:20 цагт хүргүүлсэн байдаг. Ингээд Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГын ГШУГын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми171Е” загварын нисдэг тэргээр очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна. Мөн нэмэлт хүчээр Орхон, Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид ирээд байгаа. Одоогийн байдлаар “ЭкоАлтан Заамар” компанийн осол болсон талбайд 100 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Мөн тус газарт Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Прокурорын байгууллагын алба хаагчид болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажиллаж байна.

Манай сонины сурвалжлах баг Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд очиж ослын учир шалтгааны талаар болон шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа хэрхэн хийгдэж байгаа талаар сурвалжлага бэлтгэлээ.

Гуравдугаар сарын 1-ний үдээс хойш нийслэл хотоос Заамар сумын нутагт байрлах “Эко-алтан заамар” компанийн уурхай руу хөдөлсөн юм. Ухсан нүх, овоолсон шороо, энхэл донхолтой замаар явсаар Баянголын аманд очлоо. замд усны насос ачсан машинууд осол гарсан уурхайг чиглэн ар араасаа цувран явж байв. Мөн шороон нурангид дарагдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэн бололтой хүмүүс явж байгаа харагдлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко-алтан заамар” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс компанийн ажилтнууд бидэнтэй зөрөн заамар сум, Хайлааст баг руу хэд хэдээрээ цувран явж байлаа. Баянголын амны жалга даган ус хоржигнон урсах ажээ. Онцгой байдлынхан ослын газарт байгаа зайрмагтсан их усыг шавхаж байгаа бололтой. Уурхайн гүнээс ундарсан ус шавхаж байгаа болоод ч тэр үү тусгайлан сайжруулан зассан зам тэр чигтээ шавхай шалбааг болжээ. Ийнхүү явсаар “Эко-Алтан Заамар” компанийн 65 дугаар хяналтын пост дээр ирэв. Харуул хамгаалалтын ажилтан бололтой өндөр биетэй залуу хүрч ирэн “Дотогш хүн оруулж болохгүй. Прокурорын байгууллага хэргийн газрыг хамгаалалтад авсан. Та бүхэн энд байгаад ямар ч нэмэргүй. одоо эндээсээ буцсан нь дээр” гээд л баахан дүрэмдэх нь сүртэй сонсогдож байв. ослын газарт орж сурвалжлага бэлтгэх боломжгүй учир сэтгүүлчид уурхайн үүдэнд оБЕг, Мэргэжлийн хяналтынхныг ослын талаар цаг үеийн мэдээлэл өгч магадгүй хэмээн олон цаг хүлээн зогссон юм.

ХОЁР НАСОСЧИН ХАР ХУРДААРАА ГҮЙЖ ЯВААД Л ШОРООНД ДАРАГДЧИХСАН

“Эко-алтан заамар” компанийнхнаас ослын талаар тодорхой мэдээлэл өгөх саналыг удаа дараа тавьсан боловч “Прокурорын байгууллага хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэх хариулт өгч байв. Харин компанийн ажилтнууд ослын талаар бидэнд мэдээлэл өгсөн юм. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Манай компани 500 гаруй ажилтантай. Өнгөрсөн өдрүүдэд 300 гаруй хүн ажиллаж байсан юм. осол болох үед миний бие уурхайн амсар дээр байсан. Манай компанийн уурхайн талбайд алт олборлодог орд газрыг 80 гаруй метр доош ухсан талбай байдаг. Өргөн нь зуу гаруй метр урт. Бүдүүлгээр хэлэх юм бол алт байгаа хэсэгт хүрэхийн тулд техникийн хүчээр газрыг ухдаг. Ухсан том нүхний эргэн тойронд зургаан ч том усан сан буюу далан бий болгосон. Уурхайн талбай маш их устай. Газрын гүний ус, хөрсний ус тэр чигтээ оргилж байдаг газар. Уснаас болж ажил хийхэд хүндрэлтэй асуудал байнга үүсдэг. Хэрэг болох үед уурхайн гүнд есөн хүн ажиллаж байсан. Өглөө ээлжинд гарсан хүмүүс ажиллаж байсан юм. Хоёр операторчин буюу эксковатор, бульдозерын жолооч нар газар шорооны ажил хийж байсан. тэднээс холгүйхэн мөн операторчин техникгүй ажиллаж байлаа. Усны насос дээр хоёр хүн ажиллаж байгаа харагдсан. Гэтэл гэнэтхэн л далангийн шороо эхнээсээ нурж эхэлсэн. Хад чулуутай хэсэг их хэмжээний шороотой хамт пүрхийгээд л явчихсан. Дөнгөж шороо нураад эхлэх үеэр амьд гарсан хоёр хүн үсрээд л хамаг хурдаараа шороо нурж байгаа хэсгийн эсрэг зүг рүү гүйж байгаа харагдсан. Насосчин хоёр залуу мөн л хоёр тийшээ гүйсэн. Тэд багцаагаар 20 хүрэхгүй метр газарт гүйж байхад нуранги шороо дарчихсан. Ямар ч байсан 80 метрийн өндрөөс их хэмжээний шороо маш хүчтэй нурж, тэр хавиар их хэмжээний ус цацарсан. Харин эксковатор, бульдозерын жолооч нар техникнээсээ ч бууж чадаагүй. Техник нь асаалттай, чөлөө завгүй ажлаа хийж байсан болохоор нуралт болж байгааг хараагүй, сонсоогүй байх. 70 тонн жинтэй бульдозер нуралтын шороонд цохигдоод хажуу тийшээ унаж байгаа харагдсан. Шороо тоос бужигнаад л явчихсан. Ингээд л энүүгээр бөөн бужигнаан болсон доо. Осол болсон уурхайн талбай дундуур нь хүнд даацын техник явах боломжтой зам засчихсан. Зассан зам тойроод арав гаруй метрийн гүн, бүхэлдээ мөстсөн устай байсан. Компанийн ажилтнуудын хувьд тэр их усыг насосоор соруулж, хоолойгоор дамжуулан шавхаад тусгайлан бэлтгэсэн усан сан буюу хиймэл нуур руу цутгадаг байсан. Ус шавхагдахаар газар шорооны ажил хийгддэг байлаа. Өөрөөр хэлбэл, тэндээс алттай шороо олборлодог юм. Хана хэсгийн шороо нурснаас үүдэж ил уурхайн гүн тэр чигтээ усанд автчихсан. Техник явдаг сайжруулсан зам ч харагдахгүй болтлоо усаар дүүрчихсэн. Шороо нурсан газрын хананаас маш их даралттай ус олгойдсон. Дөрвөн хүний дээрээс эхлээд шороо хад, чулуу нурсан. Түүний дараа ослын газар болох тэр хавийн талбай бүхэлдээ усаар дүүрчихсэн гэсэн үг. Ийм ослоос хүн амьд гарч ирэх ямар ч боломж байхгүй. Онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан ослын шалтгааныг анх хараад л “Усан сангаа буруу байршуулсан байна. 80 метр ухсан хананы цаахна арав хүрэхгүй метр газарт усан сан бий болгож газар ухчихсан. Үүнээс карьерь хиймэл нуур хоёрын дундах шороог ус доогуураа “идэж” явсаар гулсалт үүсч нуралт болсон байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн буруутай үйлдлээс болж хана бүхий шороо нурсан гэх дүгнэлтийг хэлж байна лээ. Бүр 25 мянган метр куб шороо нурсан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. тэгэхээр ямар их хэмжээний шороо нурсан бэ гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Компанийн удирдлагуудын зүгээс нийт ажилтнуудад “ослын талаар хэнд ч мэдээлэл өгч болохгүй. Юу ч мэдэхгүй байна” гээрэй гэж хэлсэн. Тиймээс олны өмнө нэрээ гаргаж ярилцлага өгч болохгүй байна. Ослоос амьд гарсан хоёр хүний хувьд нэг нь нуралт үүсч байгаа газрын чигтээ шороон хана руу гүйчихсэн. Гүйж явахдаа шаварт зоогдчихсон. Бага хэмжээний шороонд дарагдсан. Ингээд азаар амьд үлдэж чадсан юм байна лээ” гэв. Мөн “Эко-Алтан Замаар” компанийн ажилтнууд “Биднийг маш хүнд нөхцөлд ажиллуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ямар ч ойлголт байхгүй. Өмнө нь жижиг хэмжээний шороон нуралт хэд хэдэн удаа болж байсан. Гэвч компанийн удирдлагууд тас нуусан. Хөөрхий жирийн ажилтан буруу ажилласан гээд ажлаасаа халагдаж байсан. Манай компанийн ихэнх ажилтан усанд ажиллаж байгаа. Үүнээс болоод бүгд нуруу бөөрний өвчтэй болчихсон. олон ажилтан хавагнаж, өндөр хэмтэй халуурч байна шүү дээ” гэх мэдээллийг өгч байлаа.

УУРХАЙН КАРЬЕРИЙН ДЭЭД ТАЛД АРАВ ХҮРЭХГҮЙ МЕТР ГАЗАРТ ХИЙМЭЛ НУУР БАЙГУУЛСНААС ҮҮДЭЖ, ДАЛАНГИЙН ШОРОО НУРСАН БОЛОЛТОЙ

Биднийг компанийн ажилтнуудтай уулзчихаад компанийн уурхайн үүдэн дээр зогсож байтал Онгцой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр гарч ирж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ослын газраас дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа тасралтгүй хийгдэж байна. Аврах ажиллагаа явуулахад нөхцөл байдал маш хүнд байна. Бид эхний ээлжинд ослын газарт 3-4 метр гүн усыг соруулах ажлыг эхлүүлсэн. Осол болсон газрыг харахад нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус урсаж байна. Ус шүүрэх биш гоожоод лаг шавартай хутгалджээ. Эндээс харахад усан сангаас ус урсаж, тухайн нуралт үүссэн хананд нэвчилт өгөөд доод хэсгээрээ сулралт үүссэн гэж урьдчилсан байдлаар таамаглалаа. одоо бидний хамгийн чухал хийх ажил бол дөрвөн хүний цогцсыг яаралтай гаргаж авах л үлдээд байна” гэсэн юм.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан “Мэргэжлийн хяналтын алба хаагчид ослын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа. гэхдээ бид эхлээд тэр доор байгаа дөрвөн хүнээ гаргах ёстой. Дараагийн ажил бол осол ямар шалтгаанаас үүдсэн бэ гэдгийг тодруулна. Одоогийн байдлаар маршрутын хэмжилтийг хэрхэн зөв хийсэн, энэ улиралд ажиллах нь зөв байсан эсэх, ямар зөвшөөрөл дутуу байсан, хүчин чадлаараа ажиллах боломж нь хэр байсан бэ гэдгийг нарийн судална. Ер нь маш олон хүчин зүйлээс осол шалтгаалдаг.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа. одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. тиймээс уурхайн карьерыг аюулгүй болготол үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргасан. “Эко-алтан заамар” компанийн ил уурхайд байгаа хэд хэдэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ гэдэг асуудал яригдана. одоогоор онцгой байдлын аврагч нар анх ажиллаж байсан арга барилаа өөрчилж байгаа. Уурхайн гүнд байгаа усыг бүрэн соруулж дуусгах боломжгүй байгаагаас үүдэлтэйгээр хэсэгчилж хаалт хийсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн байгаа газрын байршлыг урьдчилсан таамгаар тогтоосон. ингээд хэсэгчилж шороон хаалт хийсэн байгаа. Үүний үр дүнд техникүүдийн байршил тодорхой болсон. Ус шавар холилдсон болохоор татаж гаргаж ирэх боломж тун тааруу байна. Уурхай дулааны улиралд ажилласан бол осол гарах байсан уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагчдын хяналт шалгалт давхар хийгдэж байна. нуралт үүссэн карьерын дээд талд нь арван метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн байгаа юм. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх гэсэн таамаглал байгаа. “Эко-алтан заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа” гэв.

ХОЁР ХӨЛ НЬ ШАВАРТ ШИГДЭЖ, АМИА АЛДСАН ЦОГЦОСЫГ УСАН ДОТРООС ГАРГАЖ ИРЭВ

Улаанбаатар хотоос ус соруулах насос авчирч, ус соруулах шланкыг хооронд нь наах зэрэг ажил хийгдэхээс гадна зуун метрийн өргөнтэй газрын гүнд байгаа хэсэгт талийгаач нарын байж болох байршил координатыг тогтоож, Онцгой байдлын ерөнхий газрын аврах, эрэн хайх ажиллагааны шумбагч нар 7-15 см зузаантай мөсийг цөмлөж, дөрвөн ажилтан байж болзошгүй газар руу шумбаж байсан юм. Эхний ээлжинд эксковатор, бульдозер байгаа газрыг шумбагч нар илрүүлжээ. тэдний хэлж байгаагаар хоёр техник хажуу талаараа уначихсан байсан гэнэ. тиймээс уурхайн техникийг ашиглан бульдозерийг троссоор оосорлож татсан байна. Шаварт шигдэж, шороонд даруулсан, дээрээс нь мөстэй барьцалдсан техникийг татахад хүндрэл үүсч татлагын тросс нь тасарчээ. Шумбагч нар мөстсөн усан доогуур шумбалт хийж байгаа боловч ус булингартсан шавар ихтэй байгаагаас үзэгдэх орчин юу ч харагдахгүй байгаа гэнэ.Мөн шумбагчдын хувцас мөсний шовх ирмэгт зүсэгдсэн тохиолдол ч гарсан байна. Онцгой байдлынхан ус шавхах ажиллагааг эрчимтэй хийсний үр дүнд усны түвшин багасч ус 1.5 метр доош суугаад байгаа гэдгийг энэ сарын 2-нд буюу бямба гаригийн орой мэдэгдэж байсан. тэгвэл шумбагчид тухайн өдрийн 19:04 цагийн үед дөрвөн ажилтны нэгнийх нь цогцосыг гарган авсан юм. арав гаруй метрийн гүн усанд найман удаа шумбалт хийсний эцэст цогцос байгаа газрыг олж илрүүлсэн гэнэ. Эхний олдсон талийгаачийн цогцосны хоёр хөл нь шаварт зоогдсон, цээжин хэсэгт нь шороонд дарагдаагүй, усан дотор байсан аж. Хэргийн газарт ажиллаж байгаа алба хаагчид шорооноос зугтаад карьерийн хана хүртэл гүйх үед хоёр хөл нь шаварт шигдсэн бололтой. 80 метрийн өндрөөс хүчтэй унасан шороо гүнзгий усан дээр буух үед талийгаач усанд цохигдож, амь насаа алдсан хэмээн үзээд байгаа ажээ. Харин өчигдөр 13:30 цагт нэг иргэний цогцосыг гаргаж авсан юм. онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын хэлж буйгаар эхний гаргаж ирсэн хоёр цогцос тус компанийн хоёр насосчин байх магадлалтай. тиймээс үлдсэн хоёр нь эксковатор, бульдозерт байгаа байх хэмээн таамаглаж байлаа. Талийгаачдын цогцосыг таниулах ажиллагаа хийгдэж байна.Мөн ослын газарт хаалт хийсэн хэсгийн усыг насосоор соруулсаар байгаа гэдгийг Онцгой байдлынхан мэдэгдлээ. гадаа харанхуй болсон учир эрлийн ажиллагааг зогсоож, маргааш эртлэн үргэлжлүүлэхээр болов.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нас барсан шүүгчийн хүү С.Төмөрбат: АТГ-ын мөрдөн байцаагч хууль зөрчиж миний ээжийг цагдан хорьсонд маш их гомдолтой байна

-БИ ЭЭЖИЙНХЭЭ НЭР ТӨР, АЛДАР ГАВЬЯАГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 23нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач ямар учраас амь насаа алдсаныг тогтоох хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд “Миний ээж амиа хорлох хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан. АТГ хууль зөрчин баривчилгаа хийсэн” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар шүүгч асан Л.Бямбаагийн том хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбаттай ярилцлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Сүүлийн үед таны ээжийн амь насаа алдсан асуудалтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл яваад байна. Танд мэдэж байгаа зүйл байна уу. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай гэр бүлийн амьдралд үнэхээр хүнд хэцүү цаг үе тохиолдож байна. Ээж минь хорих ангийн өрөөнд амь насаа алдчихлаа шүү дээ. Юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ойлгож чадаагүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэддээллийн хэрэгслээр хүний санаанд багтмааргүй ор үндэслэлгүй худал мэдээлэл ар араасаа цувран гарч байна. Амьдралынхаа турш чин шударгаар амьдарч ирсэн ээжийн минь талаар нэг л өдөр бүх зүйлийг нь харлуулсан худлаа мэдээлэл гараад эхэлсэн. Ямар учраас, ямар зорилготойгоор зохион байгуулалттай гэмээр мэдээлэл яваад байгааг ойлгохгүй байна. Би нэг л зүйлийг үндэслэлтэй, баримт нотолгоотой хэлж чадна. Миний ээж амиа хорлох тийм сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид энэ хэрэгтэй холбоотой асуудлаар нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар үнэндээ мэдээлэл алга байна. Миний ойлгож байгаагаар хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа байх.

-АТГ-аас танай ээжийг ямар шалтгаанаар саатуулан шалгасан юм бэ. Ээжийг тань баривчилж байгаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Энэ сарын 21-ний 21:00 цаг орчимд аав руугаа утсаар залгаж ярьсан. Тэр үед ээжийг шалгаж байгаа талаар огт мэдээгүй байсан. Аав, ээжийнхээ биеийг асууж, гэрээр сонин сайхан юу байгаа вэ гэхэд аав “АТГ-ын гэх хүмүүс ирчихсэн манайд нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Би ч тэр даруйд нь аавынхаа гэр рүү явсан. Намайг очих үед гэрт нэгжлэг хийсэн АТГ- ынхан яваад өгсөн байсан. Аав “Ямар учраас гэрт нэгжлэг хийсэн бэ гэдгийг мэдэж чадсангүй. Ээж чинь сураггүй болчихлоо”гэсэн. Тэгэхээр нь ээжтэй хамт ажилладаг ажилтан руу холбогдсон. Тэр хүн өдрийн 12:00 цагийн үед АТГ-ын алба хаагчид орж ирээд ажил дээр нэгжлэг хийлээ. Танай ээжийг аваад явчихсан” гэсэн. Ингээд бид АТГ руу шууд очсон. Шөнийн 02:00 цаг хүртэл тэнд байсан. Маргааш нь өмгөөлөгч авсан. Ингээд Цагдан хорих төвд очсон. Ээжийг өмгөөлөгчтэй уулзуулах гэтэл Цагдан хорих төвийнхөн “Манайд таны үйлчлүүлэгч байхгүй. АТГ- ынхан аваад явсан” гэж хэлсэн. Бид буцаад АТГ дээр ирсэн. АТГ-аас ээжийг тэнд байгаа эсэхийг олон удаа асуусан боловч ямар нэгэн хариу огт өгөөгүй. Мөрдөгч нар нь утсаа авахгүй байсаар ажлын цаг дуусгачихсан. Бидэнд өгсөн мэдээллийн дагуу 24 цаг саатуулаад суллах юм байна гэж ойлгосон. Ээжийгээ хаана байгааг мэдэж чадаагүй. 48 цаг саатуулаад суллах юм байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өдөржингөө АТГ-ынхан болон ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангийнхантай өмгөөлөгч, манай эхнэр хоёр ярьсан. Тэд “Энэ талаар хэлэх боломжгүй” гэсэн хариу өгч байсан. Сүүлдээ утсаа авахаа больчихсон. Хоёрдугаар сарын 24-ний үүрээр 04:00 цагийн орчимд 461 дүгээр хорих ангийн үүдэнд очиход Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр цагдаа “Танай ээж амь насаа алдсан байдалтайгаар олдлоо. 21:40 цагт амьсгал хураасан байна. Цагдаагийн шуурхай удирдлагын төвд 00:14 цагт дуудлага ирсэн. Бид хэргийн газарт үзлэг хийчихээд явж байна” гэж хэлсэн. Ямар учир шалтгаанаар амиа алдсан бэ. Амь насыг нь хохироосон юм уу, амиа егүүтгэчихсан юм уу. Эсвэл гэнэтийн өвчний улмаас амь нь хохирсон юм уу гэдгийг одоо хүртэл бидэнд мэдэгдээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Бид ээжийгээ амиа алдсан гэдгийг сонсоод сэтгэл санааны хувьд гүн цочирдолд ороод байна. Миний мэдэж байгаа, болж өнгөрсөн асуудал ердөө л энэ. Үнэхээр хэцүү байна.

-Таны ээжийг Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргээр шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдсэн шүү дээ. Та Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой асуудалд ээжийгээ холбогдсон гэдгийг мэдэж байсан уу?

-Ээжийг минь амь насаа алдаад хэдхэн цаг болж байхад, бие цогцос нь хөрөөгүй шахам байх үеэс цахим сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл гараад эхэлсэн. Дандаа амиа хорлосон гэх мэдээллийг гаргаад эхэлсэн. Би өнөөдрийг хүртэл ээжийгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа. Аллага үйлдсэн юм уу, эсвэл ямар нэгэн дарамт шахалтнаас болж амиа хорлох нөхцөл байдал үүсчихсэн юм уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байгаа. Дүгнэлт нь гараагүй байгаа шүү дээ. Салхитын орд газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлсийг харсан. Энэ ордтой холбоотой хүмүүс маргалдаад байгаа юм байна гэсэн ойлголттой л байгаа. Гэхдээ ганцхан зүйлийг хэлж чадна. Миний ээж хууль бус зүйл хийх хүн биш.

-Хүмүүс 68 настай хүнийг АТГ барьж хорино гэхээр ноцтой асуудал байсан юм байна. Тийм болоод л цагдан хорьсон бололтой гэсэн ойлголт аваад байгаа. Таны ээжийг цагдан хорьсон асуудал дээр ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд хэдийгээр хуульч ч гэсэн Эрүүгийн хэргээр мэргэшээгүй. Би Захиргааны хэргийн шүүгч. Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны талаар сайн мэднэ. Би ээжийгээ амь насаа алдсан үйл явдлаас хойш миний ээжийг баривчилсан талаар хууль судалсан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дөрөвийн тав дахь заалтад “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацааг 48 цагаас хэтэрч болохгүй” гэсэн байна лээ. Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг 48 цаг гээд хуулиар тогтоочихоод байхад АТГ-ын мөрдөгч яагаад шүүхийн ямар ч зөвшөөрөлгүйгээр миний ээжийг цагдан хорьчихсон юм бэ. Ямар хуулийн заалт үндэслэж 48 цаг хорино гээд хорьсон юм бэ. Энэ асуудалд маш тодорхой хариулт хүсмээр байна. Хоёрдугаарт, мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтэнг баривчлах хуулийн хугацааг 24 цагаар хязгаарласан байхад хаанаас ямар хуулийн зүйл заалт гаргаж ирээд 48 цаг саатуулах талаар яриад байгааг хуульч хүнийхээ хувьд ойлгохгүй байна. Би мөрдөгчийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Миний ээж насаараа шүүхэд ажилласан шүүгч хүн. Монгол Улсын гавьяат, хууль зүйн ухааны доктор хүнд хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж зөрчиж, эрхийг нь хязгаарлаж, үндэслэлгүйгээр баривчлан хорьж, эцсийн дүндээ амь насыг нь хохироож байгаа юм чинь жирийн иргэдэд яаж хандаж, хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг таашгүй. Хуулийг маш сайн мэддэг. Хуулийн зүйл заалтыг маш сайн тайлбарлаж чаддаг хүнийг ингээд хууль зөрчөөд хорьчихсон, амь насаар нь хохироочихоод байна шүү дээ.

-Өмнө нь 48-72 цагаар сэжигтнийг саатуулдаг байсан биз дээ?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэргүйгээр баривчлах хугацааг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Энэ асуудалд хуульч нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Хууль буруу хэрэглээд АТГ-ын мөрдөн байцаагчид эрдэнэт хүний алтан амийг хохироочихлоо шүү дээ. Монголын нэр бүхий тэргүүлэх хуульчийг ингээд хэлмэгдүүлчихлээ. Үүнд маш их гомдолтой байна. ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах газар энэ хэргийг үнэн зөвөөр мөрдөн шалгана гэж итгэж байгаа. Манай гэр бүл 90 жил Монголын шүүхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний зүгээс АТГ-ын хууль завхаруулсан үйлдэл, дээрээс нь гүтгэж доромжилсон нөхцөл байдлыг зогсоож үнэн зөвийг олно. Би ээжийнхээ нэр төр, алдар гавьяаг эргүүлэн авчрахын төлөө тэмцэнэ. Үнэн гэж байдаг гэдэгт би итгэдэг.

-Таны ээж ямар зан араншинтай хүн бэ. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажилласан гэдгээр нь асууж байгаа юм биш. Хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ?

-Би хүү нь болохоор ээжийгээ сайн мэднэ. Бүр ааваасаа илүү ээжийнхээ ямар хүн бэ гэдгийг мэднэ гэж хэлсэн ч чадна. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж байсан болохоор тэр. Манайх гурван үеэрээ шүүхийн байгууллагад ажиллаж ирлээ. Ээж намайг шүүгч болоход хэлж байсан. “Чи хууль бус шийдвэр гаргахад хэзээ нэгэн цагт тэр буруу шийдвэр чинь хүн дээрээ эргэж тусдаг юм аа. Хууль бус зүйл хууль бусаараа дуусдаг. Өнөөдөр хууль бус зүйл үнэн мэт харагдаж байж болох ч хэзээ нэгэн цагт илэрдэг. Аливаа зүйлд шударга хандах ёстой. Чи шударга шийдвэр гаргах ёстой” гэж хэлж байлаа. Би аав, ээжийнхээ сургаж хүмүүжүүлсэн шулуун шударга зарчим дунд өсч, хүмүүжиж өдий зэрэгт хүрсэн. Миний өвөө Лувсандорж гэж хүн байсан. Монгол Улсад шүүхийн байгууллага анх үүсэн байгуулагдах үед Хөвсгөл аймгийн шүүхэд бичээчээр ажилд орсон байдаг. Тэр үед бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан. Бичээчээс ажлын гараагаа эхэлсэн өвөө минь шүүгч, аймгийн шүүхийн дарга, бүр Улсын дээд шүүхийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан түүхтэй. Сүүлд Шүүхийн даргаар ажиллаж байсан мөртлөө харуул хийгээд суудаг байлаа. Одоогийн прокурорын байр байгаа газарт манаачаар ажиллаж байхад нь би эгчтэйгээ хамт өвөөдөө цай хоолыг нь дөхүүлж өгдөг байсан. Өвөө минь шулуун шударга болохоороо л Улсын дээд шүүхийн дарга байсан атлаа хөгширсөн ч үүдний манаачийг нь хүртэл гололгүй хийдэг байсан байх. Миний аав, ээж жирийн дундаж давхаргын сэхээтэн айлуудын жишгээр амьдарч өнөөдрийг хүрсэн. Ямар сайндаа тэтгэврийнхээ мөнгөнөөс гадна амьдралдаа тус нэмэр болохоор хууль зүйн зөвлөгөө өгөх нөхөрлөлийг хүмүүстэй хамтран байгуулж ажиллаж байхав. Миний аавын хувьд жирийн тамирчин хүн. Дөрвөн ч удаа олимпод оролцсон улсын нэртэй тамирчин. 1990 оноос жимсний аж ахуй эрхлээд явж байгаа. Би ч гэсэн өнөөдөр цалингийнхаа зээлийг төлөөд л амьдарч байна шүү дээ. Миний ээжийг ямар ааш араншинтай, шулуун шударга зантай хүн бэ гэдгийг олон хүн мэднэ. Шударга ёс, хуулинд захирагдах ёстой гэдгийг амьдралынхаа туршид мөрдлөг, алтан зарчмаа болгож ирсэн хүн шүү дээ.

-АТГ-аас “Зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хөрөнгөө хэрхэн олж авсан бэ гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа” гэж мэдэгдсэн. Зургаан шүүгчийн нэр дотор таны нэр байгаа. Шууд асууя, танд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа юм уу?

-Яагаад ч юм бэ гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгч гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад ирсэн. Зургаан шүүгчийн нэрс гарахад миний нэр дунд нь байсан. Би цаг тухайд нь хуулийн хүрээнд ХОМ үнэн зөв өгдөг. Энэ мэдээ гарснаас долоо хоногийн дараа миний ээжийг барьж хорьж, өнөөдрийн байдалд хүрсэн. Миний ээж аливаа асуудлыг дандаа өөдрөг талаас нь хардаг. Тулгарсан асуудлын гарц гаргалгааг нь олж чаддаг хүн. Надад хөрөнгө мөнгө байхгүй. Миний ард ямар нэгэн нөлөө бүхий хүч байхгүй. Надад нэг л зүйл байгаа. Үнэн шударга ёс. Ээжийн минь сүнс намайг харж байгаа гэж бодож байна. Би энэ асуудалд эцсээ хүртэл тэмцэнэ. Миний ээжийг мэддэг олон хуульч надтай хамт тэмцэнэ гэж итгэж байна. Хууль яаж завхруулдаг, хүнийг хууль зөрчин хорьж амь насыг нь хохироодог асуудлыг таслан зогсооно. Хүн ямар нэгэн асуудалд шалгагдаж, байцаагдаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу

Хар тамхи хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бүр Монгол Улс зуу мянга орчим байнгын хэрэглэгчтэй болсон гэх ноцтой мэдээллийг судлаачид хэлээд байгаа. Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд хууль хяналтын байгууллагынхан “Монголд хар тамхи хэрэглэгчдийг хууль хяналтынхан хяналтаасаа алдсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд оюутан залуус, гэр бүл, гэр бүлийн найзууд, ажлын хамт олон, найзуудаараа нийлж мансуурдаг. 63 настай хөгшид хүртэл хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн он гарсаар ердөө сар гаруйн хугацаанд энэ төрлийн 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин мэдээлээд буй. Тэрбээр өнгөрсөн жил хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүн бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 эмэгтэй байсан. Өсвөр насны 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирж байсан гэх судалгаа бий гэдгийг онцлон ярьсан юм.

Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсныг Хууль зүйн сайдын тушаалаар Хар тамхитай тэмцэх газар болгон өөрчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс онцгойлон анхаарч эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Сүүлийн нэг сарын хугацаанд тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хар тамхийг цагдаа нар хураан авч, гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Нигер улсын гурван иргэнээс 300 сая төгрөгийн хар тамхи хураан авсан. Харин одоогоос гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи тээвэрлэж явсан монгол залуусыг хуулийнхан саатуулсан. Тэд нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан гэгдэж буй. Гэхдээ энэ зөвхөн хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн баримт юм. Үүний цаана бидний болоод хуулийнхны нүднээс далд хичнээн тэрбум төгрөгийн мансууруулах бодис хүүхэд залуусыг хэрж байгааг таах аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн, энэ төрлийн хууль бус бизнес хэрхэн цэцэглэсэн нь дээрх цөөн тооны хэргээс л тодорхой харагдаж байна. Тэрбум төгрөгийг Монголын томоохон алтны уурхайнууд л олдог байх.

Гэхдээ сард тэрбум төгрөгний борлуулалт хийдэг уурхай гарын таван хуруунд багтахаар цөөхөн биз ээ. Ихэнх алтны уурхай сард 400 орчим сая төгрөгийн алт тушааж байгаа. Монголд хамгийн ашигтай бизнесийг алт гэдэг. Гэтэл алтны уурхайнуудаас хоёр дахин ашигтай бизнес манайд хар тамхины наймаа болсон гэсэн үг. Тэгэхээр хар тамхи Монголд цар тахлын хэмжээнд хүрсэн гэхэд буруудахааргүй байна. Цар тахал гэдэг нь дэлхий дахинд холбогдох албаныхны хяналтаас гарчихсан, алдагдчихсан, гамшгийн хэмжээнд хүрсэн зүйлийг нэрлэдэг. Ингэж хар тамхины наймаа алтны уурхайгаас илүү ашигтай болсон байгаа нь Монгол Улс мансууруулах бодис хэрэглэгчдийн тоогоор, энэ төрлийн бизнесээр цар тахлын хэмжээнд хүрснийг илтгэж буй хэрэг юм.

Тэгвэл хар тамхины наймааг хэн тэтгэж явуулаад байна вэ. Мансууруулах бодис их хэмжээгээр худалдан борлуулах хууль бус үйлдлийн ар талыг хэн хариуцаж, их хэмжээний мөнгөний ашиг хүртэж байгаа нь нэн тэргүүний чухал асуудал. Хил гаалиар нэвтрүүлэхээс эхлээд бусдад худалдан борлуулах гээд хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас мултарч чадаж буй наймааны цаана мэдээж эрх мэдэлтнүүд байгаа нь тодорхой. Нэг хэсэг хар тамхины наймааны хэрэгт хууль, хяналтынхан орооцолдож байсан. Бүр прокурор, шүүхийн ажилтнууд ч хар тамхи татдаг, худалдан борлуулах наймаанд гар бие оролцож, дундаас нь их хэмжээний ашиг хүртдэг нь нийтэд ил болж байлаа. Ойрхны жишээ гэхэд,Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хамгаалалт байхгүй бол Монголд энэ төрлийн бизнес хийх боломжгүй гэж хуулийнхан ярьсан ч удаатай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ МОНГОЛД ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРСЭНД БУРУУТАЙ

Манай улсад хар тамхины хэрэглээ хэд дахин нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруутай. Бүр тодруулбал, хамгийн гол буруутан нь телевизүүд. Рок, попын од гэсэн нэртэй, хар нүдний шил зүүсэн, шал нял хийсэн яриатай, мансуурагчдыг бараг өдөр бүр нэвтрүүлэгтээ урьж, даль даль гэсэн яриаг нь гаргадаг байлаа. Ингээд зогсохгүй мансуурах нь гоё, сайхан гэх далд агуулга, ил цагаан үгтэй дууг нь өдөрт хэдэн арван удаа давтаж гаргадаг байлаа. Зарим нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж мансуурчихаад телевизийн ярилцлага, тоглолтод орсон тохиолдол ч цөөнгүй давтагдаж, урлагийн хүрээнийхэн дунд яригдсаар ирсэн. Рок, поп, хип хоп урсгалын мансуурагчдаас гадна зарим загвар өмсөгч, мисс ч ийм хэл аманд өртөж байсан удаатай.

Мөн нэр алдартай, рок попын “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас, “Icetop” хамтлагийн гурван гишүүнээс “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар “Гайз 666” хамтлагийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал, “А-Capella” хамтлагийнхан гээд л урлагийнхны хар тамхи хэрэглэгчдийн цуваа хөвөрдөг. Сүүлийн жишээ гэхэд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл, “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Коби, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар шалгагдаж байгаа. Рок, поп дуучдын энэ байдал залуусыг хэдэн мянгаараа хар тамхинд ороход гол нөлөө үзүүлж байгааг албаныхан тодотгодог. Өсвөр насныхан “Нэр алдартай, гоё хүмүүс хар тамхи хэрэглэдэг юм байна. Хар тамхи хэрэглэх ёстой юм байна” гэсэн ойлголттой болох нь түгээмэл гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тэр баяны хүүхэд хар тамхи татлаа. Тэр улстөрчийн хүүхэд мансуурч байгаад баригджээ. Сайдын хүүхэд хар тамхинд холбогджээ” гээд л дэвэргээд бичээд байдаг. Бүр БНХАУ-д хар тамхи зөөж байгаад баригдаж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн Байгалмаа гэх эмэгтэйг баатарлаг гавьяа байгуулсан юм шиг л хэдэн удаагийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацаж байв. Ерөнхийлөгч нь хүртэл төрийн айлчлал хийхдээ “Амийг нь өршөө” гэж гуйж байсан удаатай. Энэ бүхэн хар тамхи татах нь нийгмийн элитүүдийн хийдэг зүйл гэж нийгэмд, тэр дундаа өсвөр үеийнхэнд ойлгогддог гэдгийг албаныхан онцолдог. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн арав гаруй жил хар тамхичдыг санаатайгаар дэмжээд байгаа юм шиг тухай бүрт дэлгэрэнгүй мэдээлж, заримыг нь өмөөрч, өөгшүүлэх байдал гаргасаар ирсэн билээ.

ХАР ТАМХИЧДЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОО ӨӨРЧИЛЬЕ

Хар тамхи цар тахлын хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн өөр нэг гол зүйл нь хүмүүсийн хэдэн төгрөгийн төлөө төрсөн эхээ ч худалдахад бэлэн шуналтай зан. Энэ шунал хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг улам бүр дэвэргэж байна. Нутаг нэгтэн, элэг нэгтнээ үл хайрлан хэдэн төгрөг олохын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шунал залуусыг хар тамхинд донтуулж живүүлж буй. Өөрөөр хэлбэл, тодорхой хүрээний залууст хар тамхи зараад мөнгө олох боломжийг хар тамхи борлуулагчид бий болгоод байгаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох боломж байхад ашиглахгүй байна гэдэг хүн төрөлхтний ааш араншингаас харш зүйл. Ашиг олох зүйл байвал түүнийг өөрт байгаа боломжоор хүн бүр ашиглахыг бодно. Энэ араншинд нь дөрлөж, хууль бус наймаачид залуусыг гар хөлөө болгож буйг хуулийнхан онцолдог.

Үүнээс гадна бид хар тамхичдын тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн элит хэсэг хар тамхи хэрэглэж байна гэж харж ойлгох биш, нийгмийн шаар шавхруу, ажил хийж амьдралаа аваад явах чадваргүй, нийгэмд эзлэх байр суурь огт байхгүй сул дорой хүмүүс хар тамхи хэрэглэж байгааг ойлгох цаг нь болсон. Ингэж байж хар тамхины хэрэглээг хянаж, багасгаж чадна. Өөр нэг чухал асуудал нь олны танил улстөрчид, дуучид болон тэдний үр хүүхдүүд нэг л удаа хар тамхи хэрэглэсэн байвал бодлогоор эцэг, эхтэй нь холбоотой бүх төрлийн ажил, гэрээг зогсоодог болох хэрэгтэй. Дуучин, жүжигчдийг хар тамхи хэрэглэсэн бол тайзан дээр гарах эрхийг хасдаг болох цаг нь болсон. Уран бүтээлийг нь олон нийтэд хүргэлээ гэхэд Хар тамхитай тэмцэх газраас хянаж байгаад нийт орлогын 80-90 хувийг хураан авдаг баймаар байна.

Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичныг гаргах юм бол сайн сайхан байгаа үеийг харуулалгүйгээр хар тамхины эцсийн шатанд орсон байдлыг ичиж нэрэлхэлгүй харуулж байх хэрэгтэй. Нүүрээр нь дүүрэн хөх толбо үүсч, турж эцсэн биетэй, тариа хийлгээд өвчтэй болсон байдлыг тод томруунаар харуулах ёстой. Ингэж байж хар тамхинаас залуус жигшин зэвүүцнэ. Баян тансаг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэж байна, хар тамхи хэрэглэх нь энгийн зүйл гэсэн буруу ойлголтыг зогсоож чадна. Мөн хар тамхины эсрэг хуулийн заалтыг хатуу чанга болгох хэрэгтэй байна. Ингэж л нийгэмд хүчтэй хөдөлгөөн өрнүүлж, үлгэр дуурайл үзүүлж, хар тамхи хэрэглэвэл амьдралгүй болох юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж л хар тамхичин бол нийгмийн хог шаар, адгуус маягийн амьтан гэсэн харилцаа, ойлголт, сэтгэл зүйг бий болгоно. Монголчууд донтомхой ард түмэн. Хар тамхи, мансууруулах бодисын цар тахлыг ийм аргаар даруй дарж авахгүй бол цөөхөн хүн амтай манайх шиг улс маш богино хугацаанд үгүй болно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол үндэстэн улам хүчирхэгжиж, амьдрал сайхан болж байна

Маргааш шинийн нэгэн. Урин хавар тал нутагт минь айлчлан ирж, хахир хатуу өвлийг өнтэй давсны баяр тохиож байна. Айл хотол, ахан дүүс, ураг саднаараа цуглаж, амар мэндийн хадагтай золгох хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр. Тийн унжлагат хэмээх шороон нохой жил монголчуудад ээлтэй сайхан жил байлаа. Шарагчин гахай жилийн өнгө ч сайхан, өөдрөг байгаа гэдгийг зурхайч нар өөр өөрсдийн тайллаар олон нийтэд хүргэсээр байна. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Од эрхэсийн хөдөлгөөний нөлөө болон хүмүүсийн хоорондын харьцаанаас шинээр гарах жилийнхээ өнгийг үздэг ёс бидний уламжлалт зурхайд байдаг. Жилийн өнгө ороо бусгаа, идэр залууст ширүүн боловч нялхас болон хөгшдөд ээлтэй шинжтэй. Жилийн дундуур бороо хур ихтэй хэмээн зурхайд буужээ” хэмээн шинжсэн. Харин Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиш “Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа, төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.

Улиран одож буй нохой жил сүүлийн жилүүдэд байгаагүй өнтэй сайхан жил байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бороо хуртай, цэцэг навч алаглан дэлгэрч, тариа ногооны арвин их ургац хураан авсан тоон мэдээллийг Үндэсний статикийн хорооноос мэдэгдсэн. Мөн хумигдаад байсан эдийн засаг цар хүрээгээ тэлж, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг багагүй тэтгэсэн. Дэлхийн зах зээлд нүүрс, алтаа үнэтэй нийлүүлж, чамлалтгүй ашигтай ажиллаж чадсан. БНХАУ руу л гэхэд 2018 онд 40 орчим сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ бий. Үүнээс “Эрдэнэс-Таван толгой” ХК 12.8 сая тонн нүүрс экспортолж, улсдаа дахин тэргүүлсэн байна. Түүнчлэн шинэ нефтийн үйлдвэрийн шавыг тавьлаа. 2021 он гэхэд манай улс шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа.Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох тооцоог албаныхан хэлж буй. 40 жил толгой өвдөхгүйгээр нефть нэрж шатахуун үйлдвэрлэх нөөц Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгаа.

Мөн энэ онд ашиглалтад орох томоохон бүтээн байгуулалтын нэг нь Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Төв аймгийн Сэргэлэн суманд байх Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орвол олон зуун ажлын байр нэмэгдэхээс эхлээд монголчуудад эдийн засгийн ашиг, өгөөжтэй олон зүйл бий болох нь дамжиггүй.

Монголбанкныхан эдийн засгийн өсөлт дээр өөдрөг тоо хэлж буй. Өнгөрсөн 2018 онд 6.2 хувиар хэмжигдэх эдийн засгийн өсөлт энэ онд 6.6 хувьд хүрэх гэнэ. Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болон уул уурхай дагасан бүтээн байгуулалт гэдгийг онцолсон. Монголбанкны зүгээс энэ онд уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 7.9 хувиар хэмжигдэнэ гэсэн таамаг гаргаснаа танилцуулав. Уул уурхайн хувьд түүхий эдийн үнэ бага зэрэг буурах ч нүүрс, төмрийн хүдрийн ханш эерэг нөлөө үзүүлэх төсөөлөлтэй байна. Зэсийн баяжмал дахь алтны агууламж өснө гэсэн сайн мэдээг ч дуулгасан. Улс эх орны эдийн засагт ийм гэрэл гэгээ тусахаар байгааг мэргэжлийн судлаач, ажиглагчид онцлон тэмдэглэж байна.

Өөр нэг чухал асуудал бий. Тэр нь хувь хүний зан чанар өөрчлөгдөж буй явдал. “Монголчууд амин хувиа бодсон зантай. Сайн яваа нэгнийгээ үзэж чаддаггүй, үргэлж үзэн ядаж муулдаг, бүдүүлэг” хэмээн олон хүн дүгнэдэг. Тэгвэл монголчууд хувьсан өөрчлөгдөж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд бие биедээ сэтгэлийн халуун гар сунган тусалдаг болоод цөөнгүй жил болж буй. Цахим ертөнцөд бусдаас тусламж эрж буй олон зуун хүн байх. Тэр болгонд залуус чадах чинээгээрээ тусалж дэмжиж байгаа харагдах юм. Аюулт өвчинд нэрвэгдсэн нэгэндээ эмчилгээнийх нь бүх зардлыг аян өрнүүлээд л олоод өгөх ажээ. Мөн гэр оронгүй ядуу зүдүү, олон хүүхэдтэй айл өрхөд гэр орон, хашаа байшин хүртэл худалдаад аваад өгч байгаа жишээ олон байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө нийслэл хотын гудамжаар алхах залуус царай зүс гундуухан, хувцас хунар тааруухан байдаг байв. Ажилгүй залуус архи ууж, энд тэнд согтуу хөлчүү хэвтдэг байлаа. Гэр оронгүй хүүхдүүд ч халтайчихаад л хотын төвөөр гадаад, дотоодын иргэдээс гуйлга гуйгаад зогсож байдаг байв.Тэгвэл өдгөө тэнэмэл, гэр оронгүй хүүхдүүдийн тоо эрс цөөрч, бараг үзэгдэхээ больжээ. Мөн архи уудаг залуусын тоо хэд дахин буурсан гэх үзүүлэлт гарсан байна лээ. Цагаан сар, шинэ жилээр хавтгай архидалт болж, эрүүлжүүлэх байр багталцахгүй хүнтэй хонодог байсан. Өнгөрсөн жилийн Цагаан сараар нийслэлийн есөн дүүрэгт арав хүрэхгүй хүн эрүүлжүүлэгдсэн байдаг. Жил ирэх тусам архи уудаг залуус цөөрч байна. Хотын гудамжаар алхах залуус өнгөлөг болжээ. Хаа таарсан газраа шүлс цэр, нусаа хаяад байдаг муу зуршлаасаа ч тэд бага багаар салж байгаа нь илтэд мэдрэгдэнэ. Үүний дээр онцлох нэгэн зүйл нь монгол залуус дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэн алхдаг болсон. Дэлхийн шилдэг сургуулиудад хамгийн өндөр тэтгэлгийн эзэн монгол хүүхдүүд болж суралцаж байна. Мөн эрдэмтэн залуус шинэ шинэ нээлтүүдийг шил дараалан хийсээр байна.

Өөрөөр хэлбэл, Шарагчин гахай жилийн босгон дээр монголчууд амин хувиа хичээдэг гэх мэт муу зуршил, зангаа хаяж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлдэг болсныг онцлох нь бэлгэ ерөөлөөс гадна биелэлээ олж буй нэгэн сайн зүйл билээ. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засгийн сэргэн мандалтын үе ирж байна. Улс даяар өрнүүн их бүтээн байгуулалт өдөр шөнөгүй өрнөж байна. Ажлын байр хэдэн мянгаараа нэмэгдэж, монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, зарим салбарт тэргүүлэн алхах нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь монгол үндэстэн улам бүр хүчирхэгжиж,амьдрал сайхан болж байгаагийн тод илрэл билээ.

Эрхэм уншигч та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, өтгөс буурлууд нь үр хүүхэд, ач гучаа тойруулан суугаад тэнэгэр сэтгэлтэй, тайван сайхан жаргах болтугай.


Categories
мэдээ цаг-үе

800 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа улам ихсэв

-30 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ МӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ-


Улаанбаатар хот тэр аяараа өтгөрсөн хар утаан дунд сүүмэлзэн байна. Гэр хорооллын айлуудын яндангаас хөө тортог болсон хар утаа олгойдож, үзэгдэх орчин харагдахгүйд хүрээд хагас сар боллоо. энэ гамшигт байдлыг хэд дэх жилдээ бичиж байгаагаа ч мэдэхээ байлаа. Хүйтний эрч чангарч эхэлсэнтэй зэрэгцэн нийслэлийн гэр хороолол тэр чигтээ утаа “үйлдвэрлэж” байна. Түлж болох бүхнийг ард иргэд түлшиндээ хэрэглэж, тэр хэрээр нүүрс, модны үнэ ч тэнгэрт хадаж байгаа бололтой. Үүнээс гадна агаарын бохирдлыг улам нэмж байгаа нэг зүйл нь гал түлэхэд бэлэн болгож жижиглэсэн хаягдал дугуйг захын хорооллоор 500-1000 төгрөгөөр худалдаалсан хэвээр байна. Амьдралын боломж тааруу айлууд даарч, хөлдөхгүйн тулд хаягдал дугуй, гялгар цаас, хуванцар сав, шахмал хөөсөнцөрийн хаягдал, үхсэн муур, нохойны сэг зэмээр хүртэл гал түлж байгааг төр засгийн удирдлагуудаас эхлээд бүгд мэдэх болсоор бас л олон жилийн нүүр үзлээ.Утаанаас үүдэлтэй өвчин эмгэг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Бүр тодруулбал, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн цуснаас хар тугалга их хэмжээгээр илэрснийг мэргэжлийн байгууллагынхан онцлон хэлж буй. нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн багш нар улаанбаатар хотын Баянхошуу, да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийсэн. Шинжилгээний үр дүнгээр Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна.

Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй гэх судалгааг олон нийтэд танилцуулсан нь утаа аюулын харанга дэлдэж байгаагийн тод илрэл юм. Хар тугалга хүнийг маш их уур уцаартай болгодгийг судлаачид бичих болсон. Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой гэж тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатарын нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй ес дахин их байна хэмээн тооцоо судалгаа гаргасан байдаг. Гэвч төр засгийн удирдлагууд, ядаж Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг, хариуцсан алба, хэлтсийнхэн нь утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарт баригдаж нүдэнд харагдахаар нэг ч ажил хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монголын үе үеийн улстөрчид утаатай хатуу тэмцэнэ гэдгээ янз бүрийн аргаар илэрхийлж байв. “Утааг бууруулах чиглэлээр ийм ийм ажлуудыг шат дараалалтай хийнэ. Тэдэн он гэхэд Улаанбаатар ямар ч утаагүй болно. Энэ жил утааг 20 хувь бууруулах тооцоо гаргасан” гэх мэтээр ярьдаг ч утаа улам өтгөрсөөр, ард иргэд, бяцхан үрсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсээр байна. Түүнчлэн утааг бууруулахаар шахмал түлш, гэрийн дулаалга, утаагүй зуухыг улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг гаргаж тарааж байгаа нэрээр их хэмжээний мөнгө “идсэн” нэр бүхий улстөрч, дарга, мэргэжилтнүүдийн тоо толгой, утаатай зэрэгцэн өсч байна. Өөрөөр хэлбэл, утаа улстөрчдийн мөнгө олох нэг төрлийн арга хэрэгсэл болоод удаж байна. Ингээд уншигч та бүхэнд утааг бууруулах чиглэлээр хийсэн томоохон төсөл хөтөлбөр, ажил болон зарцуулагдсан мөнгөн дүнг хүргэе.

800 ТЭРБУМ ТӨГРӨГ УТААНД ЗАРЦУУЛСАН НЭРИЙДЛЭЭР САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ

2008-2016 он хүртэл зөвхөн найман жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд аудит оруулсан байна. 2008-2016 онд нийтдээ утаанд зарсан 164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар буюу 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгвэл үүний задаргааг үзье. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хамгийн түрүүнд 8500 өрхөд гурван тэрбум төгрөгийн гэрийн дулаалга тараажээ. Мөн тээврийн хэрэгслийн утааг бууруулна хэмээн татвар төлөгчдийн мөнгөнөөс 9.8 тэрбумыг зарцуулсан боловч бэлтгэл хангаагүй гэх үндэслэлээр бүрэн хэрэгжүүлээгүй байна. Ингээд удалгүй Цэвэр агаар санг байгуулсан түүхтэй. Цэвэр агаар сангийн хийсэн ажил, санхүүгийн тайланг авч үзье. Тухайлбал, Засгийн газар 2010 онд Цэвэр агаарын санг байгуулж 2015 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ сангийн тайланд Аудит хийхэд зөвхөн зар сурталчилгаанд л гэхэд хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргасан байсан аж. Тодруулбал, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, Агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг мэдээллийн сайтуудад шилжүүлжээ. Мөн Цэвэр агаар сангийн дотоод зардалд 2011-2015 оны хооронд 932 сая төгрөгийг зарцуулсан гэх баримт байна. Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Иймээс удалгүй Цэвэр агаар санг татан буулгасан түүхтэй. Тэгвэл 2012-2013 онд боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна.Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү хөрөнгийн 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 2014 онд агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ. 2017 онд таван тэрбум төгрөгийн 3.5 тэрбумыг нь шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаа гэсэн дөрвөн чиглэлд зарцуулсан байдаг. Утаагүй түлшний үйлдвэр барихад тендерт шалгарсан “Намир инвест” компанийн охин компани болох “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” компанитай хамтран 17 тэрбум төгрөгийн төсөвт ажил эхлүүлсэн байдаг. Гэтэл дээрх компани одоо хүртэл утаагүй түлшээ үйлдвэрлэж чадаагүй сууж байна. Өнөөдрийг хүртэл 17 тэрбум төгрөгийн шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй гол шалтгаан нь тус компанийнхан тоног төхөөрөмжөө өөрсдөө зохиосон гэнэ. Ингээд зохиосон тоног төхөөрөмжүүд нь хоорондоо таарахгүй байгаас болж 17 тэрбум төгрөг салхинд хийсээд байна. Эн мэтчилэн утааг устгахад зарцуулсан тэрбум тэрбум төгрөгийн зардлыг тоочвол толгой эргэм их юм гарна. Эцсийн үнэн гэвэл утаа улам ихэссээр байна.

Ийнхүү утаанд улсын төсөв болон гаднын хөрөнгө оруулалттай нийлээд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан орон сууцжуулах тооцоогоор 800 тэрбум төгрөгөөр 30 мянган өрхийг орон сууцжуулах боломжтой гэнэ. Орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувийг урьдчилж төлсөн тохиолдолд иргэд орон сууцтай болох юм гэдгийг онцолж байсан. Тэгвэл 30 мянган айл өрх гэдэг нь хамгийн их утааны бүсэд амьдарч байгаа Баянхошуу, Зуун айл, 32-ын тойрог, Толгойт орчмын айлуудыг орон сууцанд хамруулж болох хэмжээний мөнгийг салхинд хийсгэж, ямар ч үр бүтээлгүй зүйлд зарцуулсан гэсэн үг юм.


Categories
мэдээ цаг-үе

Монголын хуульчдын ноён оргилуудын нэг академич С.НАРАНГЭРЭЛИЙНХ

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл багшийн даруухан гэрээс хүргэж байна.

Тэрбээр хотын их чимээ шуугианаас хол, утаа униаргүй, цэнгэг агаар цэлсхийж, зулзаган ногоон гацуур, чилгэр урт нарс мододтой Хандгайтын богины аман дахь байшиндаа өөрийнхөө гараар бүтээсэн бүхнээ арчилж тордохын зэрэгцээ судалгааныхаа ажлыг хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн аж төрөх ажээ

БАТСУУРЬ ГҮНИЙ ҮР САД БУЮУ АЛТАН УРГИЙН УДАМ С.НАРАНГЭРЭЛ

Биднийг өнгөрсөн баасан гаригт гэрт нь очих үед академич С.Нарангэрэл ганцаараа байж таарав. Эхнэр З.Энхжаргал нь чухал ажил гарсан учир эзгүй байлаа. Бид түүнтэй нэгэн өдрийг хууч хөөрөн өнгөрүүлсэн юм. Ингээд түүний удам судраас эхлэн хөөрөлдлөө. С.Нарангэрэл Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын гаралтай гэнэ. Түүний аав Б.Содовсүрэн албан ёсны намтартаа өөрийгөө ядуу ард малчны хүүхэд гэсэн байдаг аж. Түүнчлэн “Хоёр настай байхад аав минь жинд явж байгаад насан өөд болсон.Өөрийнхөө өвөг дээдсийг ямар хүмүүс байсныг огт мэдэхгүй” гэдэг байжээ.Удам судрынхаа талаар үр хүүхдүүддээ үүнээс өөр зүйл огт ярьж байгаагүй аж. Ийн явсаар С.Нарангэрэл академичийн аав 2000 онд гэнэт цус харваж нас барсан гэнэ. Аавыг нь тэнгэрт дэвшээд удаагүй байхад буюу 2001 онд “Маш нууц” сонинд “Академич С.Нарангэрэлийн аав Содовсүрэн гуай бол цагаан ястан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүний үр сад юм” гэсэн утгатай мэдээ гэнэт гарчихсан байжээ. Түүнийг УИХ-ын гишүүн байхад Хятадын эрлийз гэж хүртэл доромжлон гүтгэж, олон нийтэд тарааж байсан гэнэ. Ингээд С.Нарангэрэл Батсуурь гүн гэж ямар хүн байсан гэдгээс эхлэн удам угсааныхаа талаар судалсан байна. Тэгсэн Батсуурь гүн яах аргагүй дээд удмаараа Гэрсэнз, Батмөнх даян хаан гэх мэтээр дээшээ явсаар байгаад Хубилай хаан, Чингис хааны отгон хүү Тулуйгийн үр удам болоод иржээ. Олон сараар судалгаа хийсний үндсэн дээр Батсуурь гүн нь Чингис хаан буюу алтан ургийн хүн болохыг тогтоожээ. Ингээд түүний аав Б.Содовсүрэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүнтэй хэрхэн холбогдох болсныг мөн л судалжээ. Улмаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ядуу ард малчны хүү Б.Содовсүрэн гэж түүхийн сэжүүрээс атган хөвөрдсөн байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсыг тунхагласан байдаг. Монгол Улс тусгаар тогтнох их үйлсэд хувь нэмэр оруулсан олон хүнд цол хэргэм олгосон байдаг. Цол хэргэм олгосон хүмүүс дотор Батсуурь гүн багтсан байжээ. Батсуурь гүнд олгосон цол хэргэм лүндэнг уншиж үзэхэд “Монголын засгууд дотроос хамгийн ахимаг” гэсэн үг байж. Түүнээс хамгийн настай Батсуурь гүн байж гэсэн бодолтойгоор үлдсэн гэнэ. Гэтэл түүхчид Чингис хааны үр удмын 25-30 үе нь явж байна гэж бодоход 25 үеийг нь ахимаг гэж нэрлэдэг гэдгийг надад хэлж өгсөн. Түүний аав Содовсүрэн зөвхөн үр хүүхдүүддээ зориулж 1996 онд дурсамжийн ном бичсэн байна. 2001 онд аавынхаа хүүхдүүддээ зориулан бичсэн дурсамжийн номыг уншиж эхэлсэн байна. Гэтэл аавынх нь эмэг эх Монголын соёлт гэр бүлд өсөж торнисон Бадам гэж байсан гэх өгүүлбэр байжээ. С.Нарангэрэл академич Бадам гэдэг хүнийг судалж үзтэл Дайчин бэйсийн хошууны засаг ноён Батсуурь гүний охин болох нь түүхийн эх сурвалжуудаар тогтоогдсон байна. Тэгэхээр түүний аав Б.Содовсүрэн гуайн ээж нь Батсуурь гүний зээ охин байж. Аавынх нь нэрийг Сономсүрэн гэж байсныг Б.Содовсүрэн болгож өөрчлөөд овгийг нь өөрчилж, ядуу амьдрал дунд өсгөж, их хэлмэгдүүлэлтээс амьд үлдээж чадсан нь энэ ажээ. Ингэж л С.Нарангэрэл өөрийнхөө хэдэн үеийн удам судрыг олж мэдсэн байна. Гэхдээ өөрийнхөө удам угсааны талаар хүн бүрт “Би алтан ургийн цустай хүн” гэж цээжээ дэлдээд байдаггүй юм билээ.

ААВ Б.СОДОВСҮРЭН НЬ 18 НАСТАЙДАА УЛААНБААТАР ХОТЫН ШҮҮХИЙН ОРЛОГЧ ДАРГА БОЛЖЭЭ

Бидний яриа удам судраас цааш хөвөрч, аавынх нь талаар хөөрөлдсөн юм. Аав Б.Содовсүрэнг нь Монголын түүхэнд 16 настай Шүүх байгууллагын дарга болж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг билээ. Тэгвэл Б.Содовсүрэн гэх эрхэм 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй гэнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан гэнэ. Түүнийг хар бага наснаас нь дарга болгох замыг заасан хүн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай гэнэ. Монголын төрд Б.Содовсүрэн гэх хүн зүтгэсэн шиг зүтгэж, газар нутгийн бүрэн бүтэн байдалд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэг юм байна. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсон. Тэр үед манай улсын урд хэсгийн хилийн бүс БНХАУ-тай хилийн маргаантай байсан гэнэ. Тиймээс түргэн хугацаанд хилийн маргаантай асуудлаа шийдэх шаардлага тулгарсан байна. Жил гаруйн хугацаанд БНМАУ болон БНХАУ-ын хилийн маргаантай газруудыг тодотгон тогтоох улсын комиссын хуулийн зөвлөхөөр түүнийг томилсон байдаг. Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын нууц тушаал дээр “БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хуулийн хорооны орлогч дарга гэж албан тушаалыг нь өөрчилж байгаад нууц тушаал гаргаж хэлэлцээрт явуулсан байдаг. Тэр үед 15 мянган га газар хилийн маргаантай байсан ч хэлэлцээрийг амжилттай хийсний дүнд ихэнх газар нутгаа манайх авч үлдэж чадсан байдаг. Ялангуяа хилийн дайчдын булш, харуулын овоо зэргийг урд хөршийн нутагт өгөлгүйгээр авч үлдсэн нь түүхэн гавьяа яах аргагүй мөн билээ.

ААВЫНХАА ЗААСАН ЗАМААР ХУУЛЬЧ БОЛСОН ТҮҮХ

Н.Нарангэрэл гуай аавыгаа Төв аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байхад буюу 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлсэн байна. Түүний аав нь 1954 онд ЗХУ-ын Москва руу сургуульд явжээ. Аавыгаа иртэл дөрвөн жил гаруй хугацаанд Рашаантын гудамжинд айлын хашаанд ээж, эмээтэйгээ ядруухан аж төрж байсан гэнэ. Харин аав нь сургуулиа төгсөж ирээд Улсын дээд шүүхийн даргаар ажиллаж, ингээд Улаанбаатар хотын хамгийн анхны орон сууцны хороолол буюу нэгдүгээр 40 мянгатад амьдрах болжээ. Тэрбээр “Би хүүхэд байхаасаа яруу найрагт их дуртай. Арван жилийн сурагч байхдаа хуульч болно гэж бодож байсангүй. Үнэнийг хэлэхэд, хуулийн мэргэжлийг үзэн яддаг байсан ч гэж хэлж болно. Аавын талын хамаатны хүүхдүүд мөрийтэй тоглоом, малын хулгайн хэрэгт холбогдож, хоригдохоор болно. Тэр үед ар гэрийнхэн нь ааваас туслахыг гуйхад, “Би мэдэхгүй. Монголын шүүх мэднэ” гэж хэлж байсан. Гэтэл авга эгчийн нөхөр нь манайд халамцуу ирж, аавыг минь цус нөжтэй нь хутгалдтал зодчихоод “Чамаас цусан төрлөө салгалаа. Ах дүүс байж яахаараа тусалдаггүй юм. Наад хэдэн хүүхдийг чинь сайн сайхан явахыг харна” гэж хэлээд хаалга өшиглөөд гарч байв. Ийм нөхцөл байдлыг дэргэдээс нь харж байсан учраас хуульч болохгүй гэж боддог байсан хэрэг. Тэгээд л сурагч байхдаа яруу найраг, уран зохиол, түүхийн чиглэлээр өөрийгөө бэлдэж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсч байлаа” гэв. Их сургуульд сурч байтал аав нь өрөөндөө дууджээ. Тэгээд аав нь “Манайх хоёр хүү, таван охинтой айл. Хэн нэгийг чинь хуульч болгохгүй бол миний олон жил хураасан эдгээр ном үгүй болно. Би бодож, бодож чамайг МУИС-ийн хуулийн ангид сургахаар боллоо. Өнөөдөр МУИС-ийн профессор Д.Цэвэгмид багштай уулзсан. Сургалтын тэтгэлэг, ангийг чинь хуулийн ангид шилжүүлсэн. Хэзээ нэгэн цагт чи надад залбирна” гэж хэлжээ. Ингээд л эцэг хүний эрс хатуу шийдвэрийн дагуу С.Нарангэрэл хуульч болох амаргүй хувь тавилантай нүүр учирсан байна. Тэрбээр эхлээд хичээлдээ тааруу сурдаг байсан гэнэ. Өөрийнхөө сонгосон мэргэжлээр сураагүй болохоор сэтгэл гонсгор байдаг байснаа ярив. Хоёрдугаар курст орох жилээсээ өөрийнхөө мэргэжлийг бүрэн ойлгож, хичээлдээ сайжирч эхэлсэн байна. Ийн хичээсээр тэргүүний сурлагатай оюутнуудын нэг болж сургуулиа төгсчээ. С.Нарангэрэлийг сургуулиа төгсөх үеэр багш нар нь ярилцаад үндсэн багш болгожээ. Будаг нь ханхалсан шинэхэн залуу байхдаа сургуулиудад хичээл ордог байж. 1977 онд Худалдааны эдийн засгийн факультетийн ангид хичээл зааж байхдаа насны хань З.Энхжаргалыгаа анх харж байсан гэнэ. Ийнхүү залуу багш оюутнаа эргүүлсээр гэргийгээ болгожээ. Түүний гэргий Улаанбаатар хотын уугуул З.Энхжаргал гэх эмэгтэй бий. Хадам аав нь түүхч Б.Загд гэж хүн байжээ. Аав, ээж нь багш мэргэжилтэй сэхээтэн айлын охиныг эхнэрээ болгож авч, 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. Академич дөрвөн охинтой юм билээ. Н.Жаргалан, Н.Тэмүүлэн, Н.Нинжин, Н.Танан гэх дөрвөн охин нь том болж, айл гэрийн эзэгтэй нар болсон гэнэ.

С.ЧОЙНОМ НАЙРАГЧИЙГ ЦАГААТГАСАН ПРОКУРОР БА 50 МЯНГАН ХУВЬ ХЭВЛЭГДСЭН “Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ЯЛ” НОМЫН ТУХАЙ

С.Нарангэрэл МУИС-д арван жил багшилжээ. 1985 онд Улсын ерөнхий прокурор С.Будрагчаа түүнийг гэнэт дуудаж уулзжээ. Тэрбээр “Хотын намын хорооноос хууль сайн мэддэг залуу хүнийг Улаанбаатар хотын прокурорын даргаар томил гэсэн чиглэл өгсөн. Тэр хүнд нь С.Нарангэрэл гэх хуулийн сургуулийн залуухан багш буюу чи таарч, тэнцжээ. Иймд ажлаа хүлээж ав” гэхэд С.Нарангэрэл “Би энэ ажлыг хийж чадахгүй байх. Надад ямар ч туршлага байхгүй. Нэг жил туршлагатай хүний дор ажиллая” гэх санал тавьжээ. Гэсэн ч түүнийг Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогчоор томилжээ. Энэ албан тушаалд томилогдож очоод нэгэн сонирхолтой, содон хэргийг судалж эхэлсэн байдаг. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Р.Чойномыг юунаас болж улс төрийн хэрэгт шийтгэгдэх болсныг судалж эхэлсэн байна. 1980-аад оны дундаас хойш Р.Чойном яруу найрагчийг хэлмэгдүүлсэн тухай ам дамжин яригддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь их гардаг байжээ. С.Нарангэрэл ч оюутан байхдаа Р.Чойномын хаалттай шүлгүүдийг уншдаг, цээжилдэг байсан гэнэ. Ингээд Р.Чойномын хэрэг гэж ямар зүйл байгааг судалж эхэлжээ. Түүний хэрэг Аюулаас хамгаалах яамны архивт онц нууцын ангилалтай хадгалагдаж байсан гэнэ. Р.Чойном яруу найрагчийг БНМАУ-ын эсрэг сурталчилгаа явуулсан, төрийн эсрэг онц хүнд хэргээр чанга дэглэмтэй хорих ангид, таван жил хорих шийдвэр гаргасан байсан хэргийн хавтаст хэргийг авчируулаад уншжээ. Р.Чойномыг хоёр шүлгээр нь шийтгэсэн байжээ. Түүний

Уур минь хүрч байна.

Уур минь шатаж байна

Улаан тугаас үнтэй амьд

Улаан зүрх минь шатаж,

Уужим дэлхийд би шатаж байна

Нэг даваанд өссөн үе чацуутан

Нэг тогоонд хооллосон ахан дүүс гээд шүлэг байх.

Нөгөөх нь өөрөө өөртөө унших шүлэг юм. Шүлгэнд засаг төрийн харилцаа, ЗХУ-ын эрх баригч нарын явуулж байгаа бодлого, үндэсний өв соёлыг дорд үзэж байна гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Гэтэл байцаагчид шүлгийг нь мөр мөрөөр нь агуулгыг нь тайлбарлуулж, мөрдөн байцаалтыг явуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Р.Чойном яруу найрагч өөрийнхөө шийтгүүлсэн шүлгийн агуулга бүрийг мөрдөн байцаах газарт тайлбарлаж өгсөн байдаг юм. Тэр мөрдөн байцаалт бүхэлдээ яруу найраг байжээ. Ингээд С.Нарангэрэл Р.Чойномыг уран бүтээл, итгэл үнэмшлээр нь шийтгэсэн байна гэж үзээд цагаатгах асуудлыг УДШ-д оруулахаар УЕП-оос санал явуулжээ. Тухайн үед цаг нь болоогүй ч хожимоо цагаатгасан байна. 1980-аад оны сүүлчээр Монголын яруу найргийн ноён оргилуудын нэг Д.Пүрэвдорж гуай “Сая би хөөцөлдөж яваад Монголын уран зохиол гэдэг эвлэлийн газрыг байгууллаа. Чи Р.Чойномын хэргийг хамгийн сайн мэдэх, цагаатгуулж явсан хүн. Манай эвлэлээс Р.Чойномын тухай баримтат тууж гаргах гэж байгаа, бичээч” гэсэн даалгавар түүнд өгчээ. С.Нарангэрэл ч “Ээ, ах минь нэг мөр шүлэг хэвлүүлж үзээгүй би баримтат тууж яаж бичих вэ дээ” гэж хэлсэн. Үүний хариуд “Үгүй ээ, яах вэ. Утга зохиол, урлаг сонинд тэр жил хэвлэгдэх номын төлөвлөгөө гаргадаг байсан. Тэгээд уншигчдаас хамгийн олон санал авсан номыг нь хэвлэдэг. Тиймээс чи надад номынхоо гарчгийг хэлчих” гэжээ. Мань эр ч бодож, бодож, “Р.Чойномд тулгасан ял” гэж хэлээд явуулчихаж. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа Д.Пүрэвдорж гуай утасдаж, “Нарангэрэл ээ, энэ жил хэвлэгдэх номын хэмжээнд чинийх 28 мянган захиалагчийг олоод ирлээ. Одоо чи номоо бич. Оролдоод үз” гэжээ. Ингээд С.Нарангэрэл хоёр сар гаруйн хугацаанд суусан байна. 1990 онд “Р.Чойномд тулгасан ял” гэсэн ном 50 мянган хувь хэвлэгдэж, Монголд ардчилал, шинэчлэл бүх зүйлийг эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧИЛЖЭЭ

Тэрбээр 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 Парламентын дэргэдэх академийн дэд захирал зэрэг албан тушаал хашсан байна. Ингээд 1992-1996 оны парламентын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ. Тэр үед шинэ Үндсэн хуульд нийцүүлсэн хууль тогтоомжийг өөрчлөх том ажил хийж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа тэрбээр Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх их ажлыг дангаараа хийж, шаардлагатай хуулиудыг батлуулсан байна. Олон хоног нойргүй сууж Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилж, өөрчилсөн гэнэ. Гэсэн ч 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаад МУИС-ийн Хууль зүйн тэнхимд ажиллах болсон байна. Ингэснээр С.Нарангэрэл Монголын олон хуульчийг бэлтгэн гаргасан нэгэн. Тэрбээр “Би сайн муу олон шавьтай хүн. Манай сургууль болон миний гараар нухлагдсан шавь нар минь Монголын хууль хяналтын байгууллагад ажиллаж байна даа” хэмээн ярив.

Центрпойнт дахь “Казино” бааранд болсон зодооны үеэр олон хүнийг баривчилсан байдаг. Энэ үеэр Ч.Энхтайван С.Нарангэрэлд “Намайг хилс хэргээр шалгаж байна. Та надад өмгөөлөл үзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг зөвшөөрч Ч.Энхтайваныг өмгөөлж, хилсээр олон хэрэгт ял тулгасан байсныг таслан зогсоож чаджээ. Мөн үүний дараа томоохон хэрэгт өмгөөлөл үзүүлсэн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлсөн явдал юм. Цагтаа Н.Энхбаярын эсрэг ажиллаж, түүнийг хууль бус үйлдэл хийж байгааг хамгийн ихээр шүүмжилдэг байсан С.Нарангэрэл Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласан нь олны гайхширлыг ихэд төрүүлсэн. Н.Энхбаяр ч сайн өмгөөлөгч авсны үндсэн дээр өөрт холбогдолгүй олон хэргийг үнэн зөвөөр шийдүүлсэн байдаг.

Өвлийн жавартай салхи үлээх хэдий ч нийслэлийн бүс нутаг цэв цэнгэгхэн байх ажээ. С.Нарангэрэл академич хашаандаа хоёр том хүлэмжтэй. Тэндээ хүнсний ногоо, жимс тарьдаг. Цаг агаар дулаарах үеэр хүнсний ногоо тарих, услах ажлуудыг өөрөө хийдэг байна. Тэр гараараа тарьсан хүнсний ногоогоо жилийн дөрвөн улиралд хүнсэндээ хэрэглэдэг аж. Мөн энэ зусланд нүүж ирээд өөрөөсөө намхан хэдэн нарс суулгасан байна. Одоо түүний тарьсан нарс долоон метр өндөр, чилгэр сайхан мод болон ургажээ. Хашаандаа гурван мянга гаруй мод, бут сөөг суулгасан гэнэ. Жимсний моднууд өнгөрсөн жилээс эхлэн үр өгөөжөө өгөх болжээ. Мөн хашаандаа таван ханатай сийлбэртэй гэртэй юм. Гэрээ тохижуулж, Их хааны хөрөг зургаас эхлээд аавынхаа хөрөг зургийг хойморт нь залжээ. С.Нарангэрэл олон жилийн турш Чингис хааны алтан ургийн цогцолбор бий болгох санаа зорилгыг тээх болжээ. Энэ нь өөрийн удам угсаа Чингис хааны отгон хүү Тулуйн хөшөө дурсгалыг босгох юмсан гэх бодлоос эхтэй гэнэ. Ингээд Хэнтий аймгаас урт хатсан нарс мод авчруулж Есүхэй баатар, Чингис хаан тэргүүтэй хаадууд есөн өрлөг жанжин гээд алтан ургийн цогцолборыг хашаандаа бүтээлгэжээ. Гадаадын нэрт эрдэмтдийн дунд“С.Нарангэрэлийн зуслангаар очиж үзэхгүй бол Монголд очих хэрэггүй” гэх яриа хүртэл гарсан байна. Зундаа цогцолборын тэр хавиар битүү цагаан уул цэцэг ургачихдаг гэсэн. Ийм л нэг даруухан бөгөөд өдөр шөнгөгүй хөдөлмөрлөсөн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор академич С.Нарангэрэлийнд нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэрбээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн талаар судалгаа хийж байгаа юм билээ. Удахгүй судалгааны үндсэн дээр тулгуурлаж шинээр батлагдсан хуулийн алдаа, дутагдлын талаар ноцтой баримтууд дэлгэх юм гэнэ лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Амьд гарах итгэл найдвар буюу шүдэнзний толгойн чинээ гэрэл

-НАЛАЙХЫН УУРХАЙН ОСЛООС АМЬД ГАРСАН Т.СЕЙТМУРАТТАЙ ЯРИЛЦЛАА-

VI бүлэг

Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбай нар үхэл амьдралын заагаас буцжээ. Хэрэв Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн залуус хэдхэн секундын л хугацаа алдсан бол дээрх гурван залуу харамсалтайгаар нартаас буцаж, хайртай гэргий нь эр нөхрөө, ангаахай бяцхан үрс нь өнчирч, гурван айл эзгүйрч үлдэх байлаа. Тэдний амь минут, секундээр хэмжигдэж, амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байсан гэнэ. Залуус уурхайн цооног нүхийг тэр чигт нь дарсан шавар, чулуутай шороог нэг нэгээрээ ээлжлэн гарынхаа шууны шөрмөсийг зангиртал дотроос нь самардаж байсан гэнэ. Харин аврах багийн залуус гаднаас нь хөлсөө дуслуулан дөрвөн цаг тасралтгүй зүтгэсэн байна. Нар уулын цаагуур жаргах гэж баруун талын хөх уулын дээгүүр зэсэн улаан туяагаа цацруулан байхад эхэлсэн аврах ажиллагаа үдшийн гялаан түгж, сартай саруулхан шөнөөр сая нэг дуусчээ. Битүү булаатай шороон доороос амьд гарч ирсэн залуусыг ойр дотных нь тэврэн авч, Яаралтай түргэн тусламжийн эмч нар үзлэг хийх үеэр духныхаа хөлсийг арчиж зогссон аврагчид “Амьд гаргаж ирж чадлаа шүү. Гар сарвайгаад ядарсан байна” хэмээн хоорондоо намуухан ярилцсаар аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хураан зогсож байжээ. Энэхүү осол Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэр Сүмбэр худаг компанийн талбай, “Билгүүн сар” нөхөрлөлийн цооногт энэ сарын 25-ны өдөр гарсан юм. Бид аврагчид гурван хүний амийг аварсан талаар нэхэн сурвалжилж, уншигч та бүхэнд хүргэж байна.

ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УУРХАЙД 180 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх уурхай нийслэлчүүдийг нүүрсээр хангадаг болоод зуун жилийн нүүр үзэх гэж байна. Тэртээ 1900 оны эхэн үед хятадууд энэ хонхороос нүүрс олборлож эхэлсэн түүхтэй. Харин 1922 онд Налайхын улсын үйлдвэр болсон юм. Өөрөөр хэлбэл, зуун жил нийслэлчүүд Налайхын гялгар хар нүүрсийг өвлийн хүйтэнд түлж, гэрээ дулаацуулж, өвлийг өнтэй давж байна. Тортог багатай, мод шиг асалт сайтай, илчтэй нүүрс хэмээн хүмүүс энэ уурхайн нүүрсэнд ам сайтай байдаг. Энэ ч утгаараа эрэлт хэрэгцээ ихтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Налайхын уурхайн нөөц дуусч, хувийн компани нөхөрлөл, газрыг нь оготно шиг сэндийчлэн энд тэндээс нь ухаж, бага багаар нүүрс гаргаж байгаа билээ. Мөн үүнийгээ дагаад уурхайн осол аваар тасралтгүй гарах болсон. Бүр Налайх дүүргийг сүүлийн үед үхлийн хөндий хэмээн нэрлэх болсон аж. Нүүрс ухаж амьдралаа залгуулах гэсэн олон залуус уурхайн цооногт шороонд дарагдаж, халуун амиа харамсалтайгаар алдсаар байгаа юм. Өвлийн улиралд Налайхын уурхайд гарсан ослын талаар мэдээ тасралтгүй гардаг. Сүүлийн 20 орчим жилд Налайхын уурхайд 180 гаруй хүн амь насаа алдсан байна.

Т.СЕЙТМУРАТ: БИ УУРХАЙН ХАРАНХУЙ НҮХЭНД ҮХЭЖ БАЙГААГАА МЭДЭРСЭН. ТЭГЭЭД “АМЬД ГАРАХ ЮМСАН, ҮХЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ” ГЭЖ ӨӨРТӨӨ ХЭЛЭЭД ШОРОО САМАРДСАН

Бид Налайхын уурхайд амь насаа алдах дөхсөн Т.Сейтмуратыг зорин очлоо. Түүнтэй хамт байсан З.Далайбай, С.Асербек нар гэртээ эзгүй байсан юм. Тэрбээр Дархан-Уул аймгаас 1992 онд Налайхад нүүн иржээ. Т.Сейтмурат өдгөө 41 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт тус дүүрэгт амьдарч байгаа юм. Түүнтэй уулзаж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах анги дээр очиж ярилцлаа.

-Юуны өмнө уурхайн нуралтаас амьд гарсанд баяр хүргэе. дөрвөн цаг агааргүй шахуу нүхэнд байсан гэсэн. таны амьд гарсан түүхийг яриулах гэсэн юм?

-Амьд гарсандаа үнэхээр их баяртай байна. Тухайн үед юу болсон талаар эхлээд ярьсан нь зөв байх. Энэ сарын 25-нд нутгийн ахынхаа уурхайд ажиллахаар өглөө эрт очсон юм. Гэрээсээ 08:30 цагт гарсан.Манай эхнэр багш мэргэжилтэй, хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульдаа явсан. Хүүхдүүддээ “Аав нь орой мөнгөтэй болоод дуртай зайрмагийг нь авч өгнө” гэж хэлээд л гарсан. Сүүлийн хэдэн сар ажилгүй байгаа юм. Ар гэрээ тэжээхийн тулд уурхайд очиж ажиллахаар шийдсэн. Өдөрт 40-50 мянган төгрөг олдог гэхээр нь очсон. Ингээд З.Далайбай, С.Асербек нартай уурхайн гүн рүү орсон. Өдөржин нүүрс ухаж, ковшинд ачсан. Хоёр гурван ковш нүүрс гаргачихаад бууя гэж хоорондоо ярилцаж байсан юм. Ковш ямар нэгэн саадгүй ажиллаж байсан. 18:00 цаг болох гэж байх үед дүүрэн нүүрс ачсан ковшоо дээш нь татсан. Гэтэл гэнэт тэр хавийн цахилгаан тасарчихсан. Тэгснээ пүр пар хийх бүдэгхэн дуу гараад агааржуулагч ажиллахаа больсон. Бид гурав эхлээд цахилгаан тасарлаа гэж бодсон болохоос нуралт үүссэнийг мэдээгүй. Ингээд дээшээ чийдэн тусгаад өгсөж үзтэл ковшны тэнд нуралт үүсч, ойр хавийг тэр чигт нь шороо, шавраар дараад, гарах ямар ч боломжгүй болчихсон байсан. Агааржуулагч ажиллахгүй болж, агааргүйтэж эхэлсэн. Эхлээд бид гурав сандарсан. Нөгөө хоёр сандралдаж, тамхи асаах гэж хүртэл оролдсон. Надад тухайн үед нуралт үүсэн шороог зайлуулаад гарц гаргая гэж бодогдсон. Ингээд нуралт үүссэн газрын шороог самардаж эхэллээ. Шавартай болохоор үнэхээр хэцүү байсан. Дээр нь агаар маш бага, амьсгалж болохгүй хоолой боогдоод, хар хөлс цутгаад байлаа. Бид гурав ээлжилж ухаж байв. Тэгсэн хэн нэгэн “Хүн байна уу. Амьд байна уу” гээд л хашхирах чимээ сонсогдсон. Бид гурав ч чадах чинээгээрээ орилж, хашхирч, амьд байгаа гэдгээ мэдэгдсэн. Надад тэр үед бодогдож байгаа зүйл юу гэхээр “Аврагч нар цаг алдалгүй ирээсэй. Тэд л биднийг аварч чадна” гэж бодогдож байлаа. Өмнө нь манай Уул уурхайн аврах ангийн залуусыг ажилдаа сайн. Олон хүний амь аварч байсан гэдгийг сонсч, дуулж байсан юм шүү дээ. Цаг явахын хэрээр агааргүйтэж, амьсгал давхцаад хэцүүдэж эхэлсэн. Яах учраа олохгүй амь тэмцээд амьсгалж чадахгүй дотор давчдаад л толгой дүүрээд байлаа. Ойролцоогоор 30 гаруй минут болсон байх. Тэр үед “Ингээд үхдэг юм байж, яах гэж энд ирэв, амьд үлдэх юмсан. Би амьдармаар байна. Үхэж болохгүй шүү” гээд л бие биенийгээ зоригжуулаад хашхираад байлаа. Нуралтны шороог л сэтэлчихвэл амьд гарах гээд байдаг. Гэвч санаснаар болохгүй, замд тээглэж нурсан шороог холдуулж чадахгүй, хий самардаад л байлаа. Гарны шөрмөс татаж хөдөлж чадахгүй болчихсон ч хүчээ шавхаад л устай шавар ухаад байсан даа. Би тэнд үхэж байгаагаа мэдэрсэн. Ингээд л үхэх нь гэж надад бодогдоод нүднээс нулимс цийлэгнэж, дотор хар юм тээглээд байгаа юм шиг л санагдсан. Эхнэр, хүүхдүүд минь нүдэнд харагдаад яаж ийж байгаад л амьд үлдчихсэн юмсан гэж бодож байлаа. Магадгүй намайг ингэж ярихаар олон хүн шоолж, тохуурхаж магадгүй. Үнэндээ үхэлтэй нүүр тулаад, яах ч аргагүй болж, арга мухардсан үед хүнд ийм л зүйл бодогдож, амьд гарахын төлөө эцсээ хүртэл тэмцье гэж бодогддог юм байна лээ. Хамт байгаа З.Далайбай ахын даралт ихэсч, С.Асербек дүү уйлж эхэлсэн. Би тэр хоёрыг тайван байлгах ёстой гэж бодоод “Гурвуулаа амьд гарч байгаад өмхийртлөө тамхи татна. Долоо хоног навсайтал архи ууна шүү” гээд л хөгжөөх маягтай ярилаа.

Тэд ч миний ярьж байгааг сонсоод тайвширч эхэлсэн. Тэгсэн Онцгой байдлын аврагч нар цаанаас нь нуранги, шороог ухаж байгаа нь сонсогдсон. Эхлээд бүдэгхэн пүн, пүн гээд л ямар нэгэн зүйл цохиод байгаа юм шиг л сонсогдсон. “Хүн байна уу. Та нар тэсээрэй. Бид та нарыг аварна. Гол нь тайван байгаарай” гэж хэлэх сонсогдлоо.

-Тэгээд юу болсон бэ?

-Ямар нэгэн зүйл бүдэгхэн тогшоод байгаа чимээ улам тодорч байгаад бэхэлгээний банзан доогуур турбо гараад ирсэн. Үзүүрт нь ажлын цагаан бээлий чихсэн 50-ын турбо байсан. Тэр турбо бидэнд амьдрал бэлэглэсэн. Амьд гарч ирэх эхлэлийг тавьсан. Турбоны үзүүрт байх бээлийг сугалаад автал цэвэр агаар цэлсхийтэл ороод ирсэн. Турбоны үзүүрийг амандаа үмхэж аваад л урт урт амьсгаа авлаа. Нөгөө хоёр маань ч турбо руу зэрэг дайрлаа. Агаарын дутагдалд ороод үхэх гэж байгаа болохоор амьд үлдэх гэж амь тавьж байгаа нь тэр. Турбоны нүхээр амьсгалж, Онцгой байдлынхныг гарц гаргахыг хүлээсэн. Бид ч агаар амьсгалсан болохоор өмнөөс нь ухсан даа. Багцаагаар гурван цаг орчим болж байхад хоёр талаас их ойртож байгаа нь мэдрэгдсэн. Тэгсэн аврагчийн каск малгайны бололтой гэрэл ус нь шүүрсэн шавар дотроос туссан. Гэхдээ шүдэнзний толгойн чинээ жижигхэн гэрэл харанхуй нэвтлэн туслаа. Тэр үед “Би амьд гарах нь. Би эндээс амьд гарч чадах нь” гэж бодогдож, урам зориг орж ирсэн. Шүдэнзний толгойн чинээ гэрэл эндээс амьд гарна гэсэн итгэл найдварын гэрэл байлаа. Нөгөө жижигхэн гэрэл бага багаар томорсоор аяганы амсрын чинээ болж, мэлтэсхийсэн. Тэгээд гэрлийн тусгал улам бүр томорч, хүний толгой багтахаар болсон доо. Тэгсэн Уул уурхайн аврагч “Жижигхэн биетэй нь эхлээд энэ олсоор өөрийнхөө цээжээр хүл. Биеэ чангалж болохгүй шүү. Хананд хүрвэл дахин нуралт үүснэ. Биеэ сул тавь” гэж тайван хэлсэн. Хамт байсан хоёрыг энэ янзаар татаад гаргалаа. Би ганцаараа үлдэж, яг оосорлож аваад татах гэж байтал дахин нуралт үүсчихсэн. Хав харанхуй нүхэнд ганцаараа үлдсэн дээ. Нуралт үүсэх үед хүмүүс хашхирах шиг болсон. Тийм болохоор аврагч нарыг шороонд дарагдчихлаа гэж бодоод, “Би аврагдахаасаа өнгөрлөө. Би ямар азгүй юм бэ” гэж бодсон.

-Ганцаараа хэдэн цаг байв?

– Цаг орчим ганцаараа байсан байх. Аврагч нуранги шороог ухсаар байгаад л намайг аварсан. Нүхнээс арай гэж гараад иртэл бөөн хүмүүс зогсчихсон. Хэдэн талаас тэвэрч аваад байгаа нь мэдрэгдсэн. Хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалж, “Амьд байх ямар сайхан юм бэ” гэж бодсон. Удалгүй шоконд ороод эмнэлэг рүү явсан даа. Надаас түрүүлээд гарсан хоёр маань дүүргийн эмнэлэгт очиж тайвшруулах тариа хийлгэчихээд миний араас санаа зовоод эмнэлгээс гараад явж байхдаа надтай таарсан. Бид гурав амьд гарсан гэж бөөн баяр болж, эмнэлгийн өрөөнд сүүтэй цайтай цуйван идээд л бие биенийгээ шоолж баахан инээлдсэн. Амьд гарсандаа үнэхээр баяртай байгаа. Уул уурхайн аврах ангийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа дахин дахин хэлмээр байна гэв.

Д.БАЯРЖАРГАЛ: ХЭДИЙГЭЭР МАШ ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАСАН Ч БИДНИЙ ҮҮРЭГТЭДНИЙ АМИЙГАВРАХШҮҮ ДЭЭ

Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбай нарын амь насыг аварсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн залуус биднийг очих үед гараатай байж таарав. Бүлгийн ахлагч ахлах дэслэгч Д.Баяржаргалтай уулзлаа. Тэрбээр “Манай бүлэг энэ сарын 25-ны өдөр гараатай байсан. 18:09 цагт манай ангид “Гурван хүн шороонд дарагдаад гарч чадахгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Бид дуудлага авсан даруй ослын газар очсон. Биднийг очих үед нөхцөл байдал их хүнд байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, ковшоор нүүрс татах үед бэхэлгээний араам нурсан. Үүнээс үүдэлтэйгээр нуралт үүссэн болох нь тодорхой байсан. Биднийг очих үед гурван хүн амьд ч дахин нуралт үүсэх аюул өндөртэй байлаа. Бид багаараа орж, нуралт үүсэхээс хамгаалж, бэхэлгээ хийж, агааржуулалт оруулах ажиллагаа шуурхай хийсэн. Үүний үр дүнд гурван хүний амь насыг аварч чадсан. Бид дөрвөн цаг тасралтгүй ажиллаж, тэр хүмүүсийг гаргаж авсан. Хэдхэн л секундын хугацаа алдах юм уу, буруу тактикаар ажилласан бол тэд амь насаа алдах өндөр эрсдэл дунд байсан. Ус нь шүүрсэн шар шавар ухах маш хэцүү. Дээрээс нь дахин нуралт үүсэх гээд энд тэндгүй шороо нурж байсан. Үнэхээр хүнд нөхцөлд аврах ажиллагаа өрнөсөн. Гэхдээ хүмүүсийг аврах нь бидний үүрэг шүү дээ. Манай бүлэг гэхэд сүүлийн жилүүдэд 200 гаруй хүний амь аварсан байна. Хэдийгээр аюултай гэдгийг урьдчилж хэлж, аюулгүй байдлыг хангахыг удаа дараалан анхааруулсаар байдаг. Гэвч хүмүүс нүүрс ухах гэж нүх рүү орж, амь насаа эрсдэлд оруулсаар байдаг нь харамсалтай” гэв.

Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбайнар ус уух хувьтай байжээ. Тэд амьд гарсандаа баярлаж, амь насанд аюул багатай, эрсдэлгүй ажил хийхээр шийдсэн гэсэн.Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн шижигнэсэн залуус бусдад амьдрал бэлэглэж, эрдэнэт хүмүүний амь аврах гэж цаг нартай уралдан ажиллаж байна. Олон зуун хүний амь аварсан залууст чин сэтгэлээсээ баяр хүргэе. Магтуулж, алдаршуулахгүй юм бол гавьяа байгуулахын хэрэг байхгүй гэсэн үг байдаг. Тийм ээ, Д.Баяржаргал ахлагчтай дөрөвдүгээр бүлгийнхнийг магтан сайшаая. Тэд хүний алтан амь авардаг эгэлхэн бөгөөд амьд домог болсон баатрууд мөн ажээ.


Categories
мэдээ цаг-үе

Атрын гурван аяныг үзсэн буурал тариаланч Д.Батаагийнх

Д.Батаа “Өгөөж сүмбэр” компанийн захирал, охин Б.Пүрэвжаргалын хамт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Өвгөн ах нь газар тариалантай амьдралаа холбоод нэгэн жаранг туулжээ. Цэл залуухан насандаа энэ нутагт ирж, атрын анхны шанг татаж байлаа. Би шинэхэн трактороор энэ нутгийн зөөлөн, шимт хөрсийг хөндөж, загон татаж байсан түүхтэй. Хавар атрын хөндий талд улаанбуудайн нялх соёо бор хөрснөөс цухуйчихсан байх эсвэл намрын хонгор шаргал өдрүүдэд болц нь гүйцсэн тариа хээрийн салхины аясаар найган давалгаалан шаргихад их дуртай. Газар эх хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнд үр шимээ харамгүй өгдөг юм даа. Түүний үр шимийг хүртэж явна даа өвгөн ах нь” хэмээн Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай хэлсэн юм. Өдгөө 90 нас хүрч байгаа өвгөн тариаланч энэ жил арвин их ургац хураан авч байна лээ. Га-гаас 20 гаруй центнер улаанбуудай хураан авч байгаа гэнэ. Өнгөрсөн улсын баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Гавьяат механикжуулагч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Д.Батаа гуайнд очиж тариан талбай дунд өнжлөө. Д.Батаа гуай Октябрын Сангийн аж ахуй буюу одоогийн Төв аймгийн Сүмбэр сумандаа 60 гаруй жил улаанбуудай тариалан амьдарч байгаа анхны атарчин юм.

Биднийг Д.Батаа тариаланчийн гэрт очтол гэрийн эзэн эзгүй байв. Сумын эмнэлгийн ахмад ажилтнууд уулзалдаж байгаа гэнэ. Тэр уулзалтад хүндэт зочин болон уригджээ. Түүний гар утас руу залгаж, сумын төвд ирчихсэн байгаа гэдгээ хэлтэл өөдөөс “Ах нь одоохон очно. Манай үтрэмийн хашаанд очиж бай. Тэнд манай охин байгаа” гэж хэлээд утсаа салгачихлаа.Бид түүний хэлснээр “Өгөөж сүмбэр” компанийн үтрэмийн талбайд очлоо. Цементэн талбай дээр улаанбуудайг хөл гишгэх зайгүй шахам нуруулдаад асгачихсан байв. Компанийн ажилтнууд борви бохисхийлгүй л ажиллаж байгаа харагдлаа. “Өгөөж сүмбэр” компанийн захирал Б.Пүрэвжав гэх эмэгтэй биднийг тосч авч уулзлаа. Тэрбээр “Цас орохоос өмнө тариа хураалтаа дуусгачих гээд л зүтгэж байна. Бороо, цас орсоор байгаад улаанбуудайн болц жаахан удааширсан. Саяхан манай талбайгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээд явлаа. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ жил улаанбуудай өндөр үнээр худалдаж авна гэсэн. Бид хурааж авсан улаанбуудайгаа зарах асуудалд санаа зовохгүй байгаа” гээд ярилаа. Биднийг ийн ярилцаж байтал Д.Батаа гуай хүрээд ирлээ. Тэрбээр гавьяатынхаа тэмдгийг зүүчихсэн, тод ногоон өнгийн дурдан бүс бүсэлж, бүрх малгай духдуулан тавьжээ.

90 нас хүрч байгаа хөгшин гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн юм. Бидэнтэй мэнд мэдэлцэж, хөөрөглөв. Тэгснээ “Хэдүүлээ тариан талбай дээр очиж байгаад ярилцах уу. Надад бас тэнд очих ажил байна. Нас хөгширсөн болохоор хэдэн хүүхдүүддээ заавар зөвлөгөө л өгөх юм. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан тариа тарихдаа овоо туршлагатай болоод байгаа шүү” гэв. Ингээд сумын төвөөс гарч, баруун хойшоо давхилаа. Загдалын гол захаасаа зайрмагтан хөлджээ. Замд өвс навсайтал ачсан машинууд зөрнө. Намар цагийн хөдөөд малчид өвөлдөө бэлдэж байгаа нь энэ билээ.

Намар хоёр ч удаа тариалангийн бүс нутагт цас орсон. Энэ талаар өвгөн тариаланч “Зурагт, телевизээр тариа цасанд дарагдаж унаад сүйд болоод байгаа гэх мэдээлэл гарч байна лээ. Яахав тариа унасан нь үнэн. Гэхдээ комбайнаар хадаж байгаа болохоор давгүй. Сая хэд хоног цаг агаар тун чиг сайхан байлаа шүү дээ. Энэ үеэр манайхан тариагаа овоо хураачихлаа. Одоо хэдхэн хоночихвол ургац хураалт дуусна. Энэ жилийн буудайны чанар сайн байгаа. Цавуулаг чанар, хог хаягдал бага гарч байна. Бусад айлын талбайд ямар байгааг мэдсэнгүй” гэв. Бид Жавхлант толгойн зүүн дор, Бор өндөрийн өвөрт очлоо. Тариа хураалт ид өрнөж, комбайны дуу хөндий талаар нүргэлэн сонсогдох ажээ.

АЙЛД ӨРГӨГДСӨН НЬ

Д.Батаа гуай Увс аймгийн Ховд сумынх гэнэ. Түүнтэй удам судрынх нь талаар яриа дэлгэв. Тэрбээр 1929 онд Хижиг гэх хүний ууган хүү болон мэндэлсэн байна. Тэрбээр төрөөд долоо ч хонолгүй айлд өргөгджээ. Сонин нь түүний төрүүлсэн аав, ээж болон өргөж авсан аав нь эхийнхээ хэвлийд байхад нь өргөж авах талаар хэдийнэ тохиролцсон байсан гэнэ. Түүнийг өргөж авсан аав Доржийнх зургаан охин ганц хүүтэй айл байж. Гэтэл ганц хүүг нь өвчин ээрээд байсан аж. Ингээд нутгийнхаа мэргэн хүнд үзүүлтэл “Их ядуу тарчиг амьдралтай айлаас могой жилтэй хүүхэд өргөж ав. Тэгвэл танай энэ хүүхэд хүн болно” гэж хэлсэн гэнэ. Арга чарга нь барагдсан Дорж нутгийнхаа айлуудаар бууж, өргөж авах хүүхдийн эрэлд гарчээ. Тэгсэн нутгийн урд хэсэгт орших Бор хад хэмээх газарт их ядарсан амьдралтай айл нүүж чадалгүй хар нутагт хаягдаж үлдсэн, эхнэр нь тогоон чинээ гэдэстэй байсан гэж нутгийн хүнээс сонсчээ. Үүнийг сонссон даруйдаа нөгөө айлаа зорин очсон гэнэ. Нар, сар гэрэлтсэн гэртэй, гэрийнхээ гадаа ганц бор морь, хэдхэн ямаатай залуухан хосууд хар нутагт үлдсэн нь үнэн байжээ. Гэрийн эзэгтэйг нь харсан эрэгтэй хүүхэд тээж байгаа нь илтэд мэдрэгдсэн байна. Тэгэхээр нь шууд л хүүхдийг нь өргөж авах талаар гэрийн эздэд хэлж, хадаг барьжээ. Ингэж л эхийнхээ хэвлийд бүрэлдэн байгаа хүүг өргөж авахаар тохиролцож, гэрийнхээ ойр буулгахаар болж, ачаа хөсөг зөөх тэмээ өгсөн байна. Д.Батааг өргөж авсан аав нь сумандаа мал хөрөнгө ихтэй нэгэн байсан гэнэ. Мөн феодалуудын малыг хурааж авах үед төрсөн аав, ээжид нь 100 гаруй мал тасдан өгч байсан түүхтэй аж. Түүнийг таван настай байхад өргөж авсан аав нь 73 насандаа өөд болсон байна. Удалгүй ах нь цэрэгт явж, ээжтэйгээ үлджээ. Мичин жилийн зуднаар хонь, ямаа, адуу, тэмээгээ нутгийн хүмүүст өгч, отроор явуулсан байна. Харин Д.Батаа ээжийнхээ хамт 30 гаруй тооны үхрээ аваад нутагтаа үлдсэн гэнэ. Мичин жилийн зудны талаар “Би амьдралдаа тийм хүйтэн өвөл болж байхыг үзээгүй. Үхрийн сүүл хөлдөөд тасраад ойчсон. Болжмор шувуу харганы нөмөрт бөөн бөөнөөрөө шавааралдаад тас хөлдчихсөн. Туулай бас хөлдөөд үхчихсэн байдаг байж билээ. Шүлсээ хаяхад агаар дээр хөлдөж байсан юм шүү дээ” гэв. Мичин жилийн зуднаар малаа барж, цөөхөн малтай үлдсэн байна. Гэтэл ах нь цэргээс ирж, дүүдээ монгол бичиг зааж өгчээ. Монгол бичиг сураад удаагүй байтал бүх нийтийг кирилл бичиг үсэг сургах аян улс даяар өрнөсөн байна. Д.Батаа ч кирилл үсэг амархан сурчээ. Бүр шинэ үсгийн багш болж нутгийнхаа арван хөгшинд шинэ үсэг заасан байна. Сар гаруй хугацаанд өдөр бүр хичээл заасан ч нэг ч хүнийг бичиг үсэгтэй болгож чадаагүйгээ ярин хөхөрч зогсов. Настай хүмүүс бичиг үсэг сурах гэж бөөн хөгжилтэй зүйл болдог байсан гэнэ. Ингээд шинэ үсгийн багш хийж байгаад сумын салбар агент хийж, тэндээсээ Баян-Өлгий аймгийн Даянгийн заставт цэргийн алба хаажээ.

Д.Батаагийн гэр бүл

АНХНЫ АТАРЧИН БОЛСОН НЬ

Цэргээс халагдаж ирсэн Д.Батаа нутгийнхаа бүсгүйтэй ханилан суусан байна. Нэгдэлд элсэж, тугал хариулах болж, нэгдлийн даргын тушаалаар Ховд аймагт мал зохиомол хээлтүүлэх курст суусан гэнэ. Нэгдэлдээ хоёр жил орчим ажиллаж байтал “Залуучуудын үнэн” сонин дээр “Барилгын ажилтан элсүүлж авна” гэсэн зар байхыг уншаад нэгдлээс гарах өргөдлөө өгөөд, эхнэр, том охин Б.Нямсүрэнгээ дагуулаад аймгийн төв рүү гараад давхичихсан аж. Түүнд нутгаасаа явж олны газар ажиллах хүсэл сонирхол байнга л төрдөг байснаа ийн эхлүүлсэн байна. Дээр нь тухайн үед гэр бүлийнхэн нь ээлжилж өвдөөд байж. Нутгийн мэргэн хүнд үзүүлтэл “Хүний нутагт очиж амьдарвал сайн сайхан явна” гэж хэлжээ. Ингээд барилгачин болохоор эхнэр, хүүхдээ дагуулан явж байгаа нь энэ аж. Аймгийн төвд иртэл барилгын ажилтан аваад дуусчихсан байжээ. Харин Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуй шинээр байгуулагдаж байгаа. Атрын анхны аян эхлэх гэж байгаа болохоор залуусыг ажилд авч байгаа. Бүр сангийн аж ахуйн хүн нь ирчихсэн бүртгэж байгааг нутгийнхаа хүнээс сонсчээ. Ингээд САА-н хүнтэй уулзаад удалгүй Жаргалант суманд анх хөл тавьсан байна.

Шинэ суурин суурьшсан Д.Батаа үүрэгт ажлынхаа дагуу трактор, комбайны жолооч болсон байна. Ингээд 1958 онд одоогийн Сүмбэр сумын нутагт, Хар эргийн тасаг буюу Улаан чулууны дөрөвдүгээр бригадыг анх байгуулж ажиллахаар анхны атарчин болон иржээ. Хар эргийн тасагт долоон хүн хуваарилагдаж ирсний нэг нь Д.Батаа тариаланч юм байна. Тэд шинэ газрыг анх хагалж, атрын анхны шанг энэ нутагт татжээ. Тэр тусмаа Д.Батаа гуай хамгийн анхны загоныг татаж, пооль дөрвөлжилж байсан гэнэ. Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд л шилдгүүдтэй нэг бригад болон хамтран ажиллаж, анхны атрын шанг Сүмбэр нутагт татсан түүхтэй ажээ. Д.Батаа Хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт Н.Батдорж, Ц.Сандагдалай гээд газар тариалангийн “бурхад”-тай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднээс дутахааргүй ажиллаж байжээ. Тэр ид ажиллаж байхдаа гурван ч удаа БНМАУ-ын хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолны болзол хангаж байсан гэнэ. Гэхдээ Загдалын голын хойд эргийг хагалж, төлөвлөгөөт эдийн засгийг биелүүлнэ гэсэн дарга нарын шийдвэрийг эсэргүүцэж, “Чулуутай газар хагалаад хэрэггүй. Ямар ч тариа ургахгүй” гэж эсэргүү зан гаргасан. Өөрийнхөө үзэл бодлыг сумын хурал болгон дээр шүүмжилж ярьсан гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн баатар болж чадаагүй хоцорчээ. Түүнийг анх энэ нутагт ирж байхад сумын төв байгаа газарт гурван казах, нэг урианхай айл байсан гэнэ. Энэ ч үүднээс тэр Сүмбэр сумыг анх байгуулалцсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр 265 га газраас тогтмол 428-440 тонн тариа хурааж гарамгай амжилт үзүүлэн БНМАУ-ын өндөр ургацын аварга хэмээх цолыг 1967, 1969, 1973 онуудад гурван удаа хүртсэн гэнэ. Мөн Төв аймгийн “Өндөр ургацын аварга” таван удаа, сумын долоон удаагийн аварга тариланч болж 1967 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 онд Жаргалантын САА-н хүндэт дэвтэрт бичигдэж байсан гэнэ. Эгэл жирийн тракторын жолоочоос сангийн аж ахуй тоо бүртгэгч, орлогч дарга хүртлээ дэвшин ажилласан байна. Тэр ингэж л анх Октябрын САА-г, Сүмбэр сумыг анх байгуулалцаж байсан түүхтэй ажээ.

ХҮҮХДҮҮД НЬ ААВЫГАА ӨРГӨЖ ЯВНА

Д.Батаа нутгийн бүсгүй Бадамтай ханилан сууж зургаан хүүхдийн ээж, аав болсон байна. Тэдний тав нь Сүмбэр суманд төржээ. Ууган охин Б.Нямсүрэн нь сумын сургуулийн багш, захирлаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Харин дараахь охин Б.Нямжав нь сангийн аж ахуйн нягтлангаар олон жил ажиллаж байсан бол одоо “Өгөөж сүмбэр” компанийн нягтлангаар ажиллаж байгаа юм. Гурав дахь охин Б.Пүрэвжаргал аавынхаа ажлыг өвлөн авч, “Өгөөж сүмбэр” компанийн захирлын албыг хашиж байгаа ажээ. Харин хүү Б.Даваажав нь Ражив гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежийн захирлаар ажиллаж байгаа бол Б.Даваасүрэн хүү нь Дархан хотын гаалийн дарга гэнэ. Харин бага хүү Давааням нь “Өгөөж сүмбэр” компанийн менежерээр ажиллаж байгаа юм байна. Д.Батаа гуайн эхнэр олон жилийн өмнө бурхан болжээ. Гэхдээ үр хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй хүмүүжилтэй, хөдөлмөрч болгосон тэрбээр өдгөө ач, зээ нараа тойруулан суусан өвөө болжээ. Хүүхдүүд нь аавыгаа байнга эргэж тойрч, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаа юм билээ.

Монгол Улсын Гавьяат механикжуулагч Д.Батаа гуай бид намрын салхинд үелзэн найгасан тариан талбай дундуур алхаж явахдаа түүний өсч торнисон нутаг, өдий зэрэгтээ авч яваа Сүмбэрийн уул, усны талаар хөөрөлдсөөр байв. Тэр атрын анхны шанг татахаас эхлээд амьдралынхаа нэгэн жарныг газар тариалангийн амьдралтай холбосон нэгэн. Монгол Улсад өрнөсөн гурван атрын аяны гэрч, тод төлөөлөгч юм. Тэрээр “Тариа тарих тийм амархан ажил биш. Одоо манай улс Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлэх цаг нь болсон. Хөрсөө сайжруулах хэрэгтэй байна. 60 жил огт сэлгээ хийлгүй тариа тарилаа шүү дээ. Одоо дараагийн халаа болсон хүмүүсийг төр бодлоготойгоор дэмжих хэрэгтэй байна. Шинэ боловсон хүчин байхгүй болчихлоо. Улаанбуудай сайн ургах нь тракторын жолоочоос хүртэл хамаарна. Одоо газрын хөрсний чийг хэрхэн хадгалах талаар ч тариаланчид анхаарах хэрэгтэй байгаа” хэмээн онцлон ярьж байв.

“Өгөөж Сүмбэр” компани 2000 га талбайгаас улаанбуудай, гурвалжин будаа хураан авч байгаа юм билээ. Өвгөн тариаланч маань намар намрын шаргал наран дор алтан тариа халиуран найгасан талдаа сэтгэл тэнэгэр алхаж явна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Алтай таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүртэл (III)

Түрүүч нь №193(6037), 197(6040) дугаарт


Цэнгэл сумын хоёрдугаар багийн наадам өргөн дэлгэр гэж жигтэйхэн боллоо. Энгэр дүүрэн одон медаль гялалзуулсан өвгөд наадмын баруун дэнж дээр суучихсан шилтэй цэнхэрийн бөглөө мултлаад элдвийг хөөрөлдөн суух ажээ. Төр засаг казахуудад хайр энэрлээ харамгүй хайрласан нь тэдний энгэрт гялалзах одон медалиас тод харагдах юм. Зарим нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэргүүтнийг ихэрлүүлээд зүүчихсэн таахалзах юм. Яам, тамгын газрын тэргүүний ажилтан, ойн медалиудаа ирийтэл нь зүүчихсэн хүмүүс олон тааралдаж байв. Хэн олон одон медаль зүүснээрээ уралдаад ч байх шиг сэтгэгдэл төрөх. Тэд Хөдөлмөрийн хүндэт медаль зүүсэн нэгнээ “Олигтой юм авчихсан юм шиг наад мөнгөө битгий зүү” гэж хүртэл шоолдог байна. Үндэстний цөөнх гэдэг утгаар нь Баян-Өлгий аймгаас тодорхойлсон хүн бүрийг манай үе үеийн төрийн тэргүүнүүд гар таталгүй шагнаж урамшуулж байсан нь энэ бүгдээс харагдана. Наадмын талбай тойроод УАЗ 469 маркийн автомашин, фургон эгнүүлээд тавьчихжээ. Машиныхаа сүүдэрт берзинт, цэнхэр, цагаан өнгийн метрийн материал дэвсээд дээр нь чихэр, боов, ундаа тэргүүт амттан, хувцас хунар, хүүхдийн тоглоом зэргийг дэлгэжээ. Энэ бүгдийг харахад тэртээ 1990 оны дунд үед очсон мэт мэдрэмж төрж байв. Нэг ч сүүлийн үеийн суудлын автомашин байхгүй. Орос ах нарын үйлдвэрлэсэн машин, тэр үед хүмүүсийн өмсөж, хэрэглэж байсан хувцастай хүмүүсийг хараад өөрийн эрхгүй тийм мэдрэмж төрж байв. Элдэв цэцэг, хээ хуартай өнгө өнгийн алчуур зүүсэн казах эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө хөшилдөн, тас тас хөхрөлдөн алхаж, архайж дархайсан залуус хүүхнүүдээ харж хөгжин баясаад аль ч газрын наадам иймэрхүү дүр зурагтай болдог юм байна. 200-гийн төмөр поошикт спармак нэртэй үндэсний хоолоо чанаад утаа май савсуулж, наадмын талбай дүүрэн чанасан махны үнэр хамар цоргино.

Цэнгэл сум Баян-Өлгий аймагтаа хурдан морь, бөх хоёроороо алдартай гэнэ. Гэхдээ багийн наадамд 16 бөх барилдаж, Хотон нуурын хойд эрэг зээр зусаж байгаа Болат гуайн бага хүү Жанат түрүүлж байна лээ. Уулын эхэнд наадмаа хийж байгаа болохоор хурдан морь уралдуулах задгай тэгш газар байхгүй гэнэ. Тиймээс найман километрийн радиустай тойргийг гурван удаа тойрч морио уралдуулдаг ажээ. Сүүлийн 20 гаруй жил иймэрхүү байдлаар наадмаа хийж байгааг нутгийн иргэд хэлж байна лээ. Хэд хоног уяж, сойж хөнгөрүүлсэн 20 гаруй морио морин тойруулга шиг газраа уралдуулав. Жижигхэн биетэй улаан зээрд морь бусдаасаа саахалтын зайд ганцаараа түрүүлж ирэв. Өнгөрсөн жил зээрд морийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас худалдан авсан гэнэ. Цэнгэл сумын залуус сүүлийн үед морь уях эрдэмд шамдан суралдах болжээ. Анх гурав хоног уяж хөнгөрүүлж байгаад уралдуулчихдаг байсан бол одоо орой бүр тар хийж, богино сунгаа хийн, уяж байгаа мориноосоо хөлс авч сурч байгаа гэсэн. Энэ янзаараа хичээгээд байвал төрийн наадамд морь түрүүлгэнэ гээд л залуус бие биенийгээ хөөрөгдөж онгироох нь чих үе үе дэлсэнэ.

ХОЁР ИРГЭНШИЛТЭЙ СУМЫН ЗААН НУТАГТАА ИРЭВ

Цэнгэл сумын заан Бакей Казахстанаас багийнхаа наадамд оролцохоор иржээ. “Бакей заан иржээ. Бакей гуай ирсэн гэнэ” гээд л наадам үзэж байсан хүмүүс шуугилдаад явчихлаа. 70 гаруй настай болов уу гэмээр том биетэй, цал буурал үстэй, өндөр шар хүн иржээ. Биеийн тамирын хувцастай эрийг нутгийнхан нь ихэд санасан бололтой. Тэвэрч аваад л байх юм. Нутгийн хөгшчүүд бүр уйлаад л тэвэрч аваад байх. Сумын заан “Казахстанд хүүхдийнхээ авч өгсөн байранд сайхан л амьдарч байна. Тэнд тэтгэвэрт орчихсон. Монгол мөнгөөр 600 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Хоёр талд тэтгэвэр аваад л дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна. Гэхдээ өсөж төрсөн нутаг гэдэг нас явах тусам бодогдоод мөн ч хэцүү юм. Нутгаа их санасан” хэмээн ярив. Нутгийн хөгшин К.Өбөргалы сумын заан хоёр наадмын талбайгаас зайдуухан алхсаар холдов. Улаанбаатар хотоос сэтгүүлч ирсэн гэх сургаар тэд намайг дуудаж уулзлаа. Нутгийн хөгшчүүд “Сүүлийн үед манай нутгийнхантай холбоотой янз янзын л юм дуулдах боллоо. Тэр дундаа Казахстан улстай нэгдэх гэж байна гээд л худлаа үнэн зүйл яригдах юм. Бидний аав, ээж энэ нутагт ирсэн. Бид үе удмаараа сайхан л аж төрж байна. Тийм болохоор хоёр сэтгэлгүй л байх учиртай” хэмээн ярив. Мөн цагаан сахал намируулсан К.Өбөргалы гуай сүүлийн үеийн малчдын талаар шүүмжилж шүлэг зохиол бичих болжээ. Мотоцикль унаж малаа хариулж байгаагаас эхлээд эхнэрээ сахиад ажил хийхээ байсан эрчүүдийн талаар ч хөндөн бичсэн шүлгээ уншиж өгөв. Бүр сайхь хоёр эр нутгийнхаа нэг охинд сайн болж байсан залуу насныхаа түүхийг ч ярьж өгөв. Сумын заан Бакей нутгийнхаа охиныг эхнэрээ болгохоор тохирч, маргааш нь гэрт нь очихоор болсон гэнэ. Гэтэл К.Өбөргалы гуай шөнө нь эхнэрийг нь хулгайлаад гэртээ аваачсан байжээ. Ингээд хайртай бүсгүйг нь аваад суучихсан түүхтэй гэнэ. Тэд бие биедээ элдэв харын муу зүйл санаж бодолгүй 60 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа гэдгээ яриад инээлдсээр үлдсэн юм.

МОНГОЛ ХАДРАН ЗАГАСНЫ ЭХӨЛГИЙ НУТАГ БАГ ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Хотон, Хурган нуур бараадан нутаглах казах түмэн байгалийн үнэхээр тансаг сайхан газар аж төрж байна лээ. Их түргэний ам дагаад битүү ой модтой, ой мод нь сүүлийн үед нэн ховордоод байгаа ургамал, цэцэг навчнаас эхлээд зэрлэг сонгино, жимс ургадаг байна. Мөн ховордоод буга, цоохор ирвэс, баавгай зэрэг амьтдын эх өлгий нутаг гэнэ. Тэр тусмаа баавгай энд олноор байдаг. Алс бөглүү нутаг болохоор хууль бус ангийн гэмт хэрэг тэр бүр гараад байдаггүй гэж байна лээ. Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын жуулчдыг соронзон мэт татах болсон газар нь Бага түргэний хавцал гэнэ. Мөнх цаст уулнаас эх авсан голууд нийлж, Хавцал буюу хүрхрээнд нийлдэг байна.Хүний хөл хүрч байгаагүй болов уу гэмээр онгон дагшин байгаль дунд орших Бага түргэний хүрхрээ үнэхээрийн сайхан газар ажээ. 15 метрийн өндрөөс шуугьсан их ус доош бууна. Бургас модод салхинд нь найган нахилзаж, хонин арц, алтайн зэрлэг сонгино нэлэнхүйдээ ургасан тийм л баян тансаг нутаг ажээ. Жил бүрийн хавар нуурын загас голоо өгсөнө. Хүрхрээний цэнгэг усан хавцалд түрсээ шахаж, сая сая монгол хадрангийн үр төл энэ л мөсөн голд бойжиж, Хотон, Хурган нуур, Ховд голыг уруудан явсаар Ховд аймгийн нутаг дэвсгэр Хар-Ус нуурт хүрдэг байна.

НУТГИЙН ЗАЛУУГИЙН ҮНЭН ҮГ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Нар баруун тийш хэвийж байхад багийн наадам шингэрлээ. Нутгийн залуус хөгшчүүлийнхээ хажууд архи дарс ууж, агсан согтуу тавиад байдаггүй юм байна лээ. Гэхдээ бие биенийгээ харж хөөрдөг юм уу, яг л согтуу, галзуу юм шиг л навсгар “69”-өө сэгсчүүлэн давхилдах ажээ. Машиндаа хүүхэд хөгшид нийлээд 20 гаруй хүн чихэлдэж суучихаад л хашхиралдан одох нь нэн цоглог юм. Наадам тараад бид ч хөдлөх гэж байтал архи ууж нэлээд согтсон гурван залуу хүрээд ирлээ. Тэд “Бид энэ нутгийн эзэд Урианхай ястны үр удам байна. Та нарыг ирсэн гэхээр чинь зорьж ирлээ” гэсээр мэнд мэдэлцэв. Тэд энэ нутаг бидний өвөг дээдсийн эх өлгий нутаг. Хэдэн мянган жилээрээ энэ сайхан газарт амьдарч ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед казахууд нутгийн иргэд биднийг дээрэлхэж, шахаж хавчих болсон. Казахуудын шахалтаас болоод урианхайчууд тэр аяараа шахуу хот руу нүүчихлээ. Энд хэдхэн айл үлдчихсэн гэм хийсэн хулгайч шиг шуудхан хэлэхэд айдастай амьдарч байна. Казахуудад Чойбалсан дарга хамгийн сайхан нутгаа зааж өгсөн. Голтой, устай, байгальтай, ан амьтан модтой, мөнх цаст уулстай хамгийн сайхан нутгаа өгсөн. Гэтэл тэд жилээс жилд монголчууд биднээс нүүр буруулж, Казахстаны харьяанд орох гэж зүтгэж байна. Үүнийг Монголын төр анхаарах ёстой. Энд зөвхөн казахууд биш олон ястан баймаар байна. Ингэж хооронд нь холилдуулж өгөхгүй бол алс баруун хязгаар дураараа дургисан казахуудын мэдэлд очоод тусгаарлагдах гээд байх. Бид казахуудад муудаа тэгж хэлж байгаа юм биш шүү. Төрийн тэргүүнээс нь эхлээд хүн бүрийг хэлэхийн муухай үгээр хэлж, монгол төрийг хараан зүхэж байна. Тэгээд Казахстаны төрийн тэргүүн, албатуудыг хамгийн сайн хүн мэтээр үр хүүхдүүддээ ойлгуулж, ухуулга хийж байна. Хүүхдүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэхэд Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг хэлж байсан. Энэ бол үнэн түүх” хэмээн хэлж байв. Мөн үе үеийн төрийн тэргүүнүүд Баян-Өлгий аймагт ирэхдээ “Казах түмэн” хэмээн хэлж, Тува, Урианхай нарыг үл тоодог гэнэ. Үүнийг ч бас тэд ярьж байна лээ. Сумын болон аймгийн баяр наадам ямаршуухан болдог талаар ч инээдтэй, эмгэнэлтэй гэмээр олон зүйлийг бидэнд хэсэгхэн хугацаанд хуучилчихаад гуйвж, дайвсаар явж одсон билээ.

ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН БАЯН-ӨЛГИЙ

Бид цэлмэг хөх тэнгэр, хөвөн цагаан үүлс, цаст уулсыг тольдон давалгаалах Хотон, Хурган нуурыг орхин Ховд голоо уруудан явлаа. Голоо уруудаж явсаар Хар-Ус нуур орох ёстой. Гэхдээ замаараа Баян-Өлгий аймгийн төвөөр орох юм. Тэртээ мөнх цаст уулсаас эх авсан Ховд гол цэлэлзэн тунарч алсыг зорино. Холбоо нуурын мандалд цагаан цахлай жигүүрээ дэвэн усны мандал алгадан ус цацруулах нь шингэж буй нарны улаан шаргал туяанд уран зураг шиг л харагдах ажээ. Монголын эрдэмтэд Алтай таван богдын мөс, цас дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчимтэй хайлж урсаад байна. Мөсны хайлалтыг зогсоож удаашруулахгүй юм бол мөнх цаст уулгүй болох нь гэх судалгааг гаргажээ. Гэтэл Баян-Өлгий аймгийнхан ямар ч судалгаа шинжилгээ хийлгүйгээр “Ховд гол дээр усан цахилгаан станц барина. Казахстанууд хөрөнгө оруулалт хийх болохоор яаралтай барина” гэж дур зоргоороо аашлах болжээ. Бүр техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчинд хэр хор уршигтай вэ гэдгийг ч тооцоолсон судалгаа байхгүйгээр усан цахилгаан станц барих гэж оролдох болсон байна. Үүнийг МУИС-ийн багш нараас эхлээд ШУА-ийн олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа ажээ. Бид шөнөжин давхисаар Өлгий хотод ирлээ. Өндөр уулсын дунд өнгө өнгийн гэрэл чийдэн асах аж. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг нүүрээ угаасан хүүхэд шиг л өнгө төрх засч, өндөр барилга олноор баригдах болжээ. Тус аймагт ХААН банк, Мобиком компанид ажиллаж байсан залуус их хэмжээний мөнгө хулгайлаад зугтаасан хэрэг гарчээ. 200 гаруй сая төгрөгийг нь бэлнээр гаргаж аваад Казахстан руу оргон зугтаасан томоохон хэргийг аймгийн цагдаа шалгаж байгаа аж. Мөн сүүлийн үед Баян-Өлгий аймгийн иргэд хоёр иргэншилтэй болж, манай улсаас ч Казахстанаас ч тэтгэвэр тэтгэмж авах нь ихэсчээ. Хуулиар хоёр иргэншилтэй байж болохгүй гэх хуультай ч үүнийг нутгийн иргэд даган мөрддөггүй байна. Өөр нэг сонирхолтой зүйл нь Баян-Өлгий аймаг халамж үйлчилгээнд хамрагдаж, улсын төсвөөс их хэмжээний мөнгө авдгаараа бусад аймгийг тэргүүлжээ. Казахууд олон хүүхэдтэй, тэр болгондоо хүүхдийн мөнгө улсаас авдаг. Мөн аймгийн нийт иргэдийн ихэнх хувь нь нэн ядуу айл өрхийн тоонд хамаарагдаж, хүнсний талон авдаг байна. Заримынх нь улсаас мөнгө авах арга бүр нарийсч, хэзээ мөдгүй бурхан болох гэж байгаа аав, ээжийнхээ нэр дээр ач, зээ нарыг нь бүртгүүлчихдэг байна. Ингээд тэжээгчээ алдсаны тэтгэмж хүртэл олоод авчихдаг ажээ. Өнгөрсөн жил бага насны 13хүүхэдтэй, 90 гаруй насны өвгөн өвчний улмаас амьсгал хураасан гэнэ. Ингээд бага насны 13 хүүхэд тэтгэмж авдаг болжээ. Энэ мэт халамж Баян-Өлгий аймагт хавтгайрч, хоёр улсаас тэтгвэр авдаг хүний тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна. Алтайн баруун хязгаар Баян-Өлгий аймгаар ийм л сонин сайхантай байна. Урианхай залуучуудын хэлснээр тэнд төрийн хар хайрцагны бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ сайхан нутаг руу өөр аймгуудын олон өрхийг бодлоготойгоор нүүлгэн суурьшуулах нэн чухал шаардлага бий болсон гэдэг нь олон зүйлээс тод харагдаж байсан. Бид өглөө эртлэн Өлгий хотоос Ховд аймаг Хар-Ус нуурыг зорилоо.

Баян-Өлгий, Ховд аймгийг холбосон хатуу хучилттай зам хариугүй холбогдох гэж байна лээ. Хятадууд яралзтал ажиллаж, шинэ зам тавьж байсан. Ховд аймгийн төвийнхөн Буянт голынхоо хөвөөнд хэдэн зуугаар нь гэр бариад зусаж байна. Аймгийн төвд нь хөл хөдөлгөөн сийрэгхэн байхад Буянт гол тэр чигтээ хүний хөлд дарагдан байх аж. Ховд голын зүүн талд орших Хар нуур, түүний цаахна байх Хар-Ус нуурын эрэг дээр очлоо. Зун болж, зургаан сар дөнгөж гарангуут нуур тэр чигтээ шумуулны эх орон болчихдог байна. Хүн битгий хэл мал ч байж тогтохын аргагүй учир нуурын эрэг орчим намар болтол ихэнхдээ хөл хөдөлгөөнгүй нам жим байдаг гэнэ. Холбоо хоёр нуур ингэж л өөрсдийгөө хамгаалсаар олон мянган жил болжээ. Гэвч нуурын ус гүехэн, Ховд голын ус татарахад л цэлийсэн их ус ширгэх нь аюултай гэнэ. Хар-Ус нуур нүүдлийн шувуудаар дүүрэн байх. Тэр тусмаа гангар цагаан хун эв хавгүй гэгч нь гуагчин урт хүзүүгээ хооронд нь орооцолдуулан хөвөх юм. Нуурын шагшуурга хээрийн салхинд тохилзон найгаж, нүүдлийн шувууд сүргээрээ тэнгэрт сүр бараатайхан зэллэх ажээ.


Categories
мэдээ цаг-үе

Алтай Таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүртэл

Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйлчлэгч хоёр залуу ширүүн “гар”-ууд байх юм. Онгоцноос буугаад хүлээлгийн өрөөнд ачаа бараагаа хүлээгээд зогсож байгаа дотоод, гадаадын олон хүний нүдэн дээр голынхоо дуугаар хашхираад л сүртэй гэж жигтэйхэн байх. Дугуй нь салах дөхөөд яажийж, өнгө нь гандсан чирэгч тэрэгнээс хүмүүсийн ачаа барааг баруун солгойгүй авч чулуудаад байх. Тэнд байсан хүмүүс “Та нар ачаа яаж буулгаад байгаа юм бэ. Хагарч, хэмхрэх юм байгаа шүү дээ” гээд дургүйцлээ илэрхийлэхээр өөдөөс нь казахаар чанга хашхирч яриад л хорсон зэвүүцэж байгаа юм шиг л гартаа тааралдсан ачаа болгоныг тээр хол чулуудах ажээ. Ядаж байхад манай улсад сайн үйлсийн аян эхлүүлж, хэдэн мянган еврогийн тусламж үзүүлсэн гадаадын 20 гаруй жуулчин Алтай Таван богдыг үзэхээр ирцгээсэн байгаа харагдлаа. Тэд нөгөө хоёр залуугаас айгаад нүр ам нь эргэлдээд, орчуулагч эмэгтэйгээ бараадан хошуурч гүйлдээд мөн ч их айж байгаа бололтой. Зүрх нь амаараа гарчих шахсан хүмүүс өөрсдийнхөө ачаа барааг санд мэнд аваад л үүд рүү гүйцгээх ажээ. Тэгтэл гай газар доороос гэгчээр бас нэг хөмхийгөө зуусан сахал үсэндээ баригдсан эр хаалга таглаж зогсчих юм. “Чи яг өөрийнхөө ачааг авч яваа нь үнэн юм уу. Бичиг баримтаа үзүүл. Ачааны бичиг чинь алга байна. Өөр хүний цүнх авч яваад дараа нь лай болоод байдаг муусайн п… ” гээд хараал унших. Баян-Өлгий аймагт жилдээ 20 гаруй мянган гадаадын жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Гадаадын жуулчид болгоныг ирэхэд иймэрхүү байдлаар угтвал мөн ч олон хүн дахиж ирэхээргүй алга болох байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдох ажээ.

ӨЛГИЙ ХОТ ҮЕРТ АВТАХАД ХОТЫНХОН БИД ХЭТ СҮРЖИГНЭЖЭЭ

Улаанбаатар хотоос гарах үед “Баян-Өлгий аймаг тэр чигтээ усанд автчихсан байна гэнэ. Аймгийн төвийн айлуудын хашаа, байшин гэрийг уулын эрчилсэн их үерийн ус тэр чигт нь хуу хамаад аваад явчихжээ. Орох орон ч үгүй, оочих аягагүй болсон иргэд аймгийнхаа төвийн талбай дээр яах учраа олохгүй, зогсож байна” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүртэйхэн мэдээлэл цацагдаж байв.Биднийг очиход тэнгэр бүртийх ч үүлгүй цэлмэж, халуун нар шарах ажээ. Өлгий хотын төвөөр урсах Ховд гол улаанаараа эргэлдэж, саваа халин цовхчин шуугих ажгуу. Үер болоод айл өрхүүд гэр оронгүй баларч байгаа гэсэн. Улаан Загалмайн тусламжийн цуваа наашаа гарсан гэнэ гээд л жолооч залуутай хөөрөлдөж гарлаа. Тэгсэн 40 эргэм насны жолооч эр “Манай энд сүртэй үер болоогүй ээ. Зурагтаар л баахан гамшиг болсон гээд яриад байна лээ. Үнэндээ хэдэн айлын хашаа урсаж, гэрийн доод бүслүүрээр ус орж ирсэн. Аймгийн төвийн баруун уулнаас гэнэт их ус орж ирээд л хэдэн айлын хашааг урсгачихсан” гэдэг юм байна. Би ч үгүй аймаар юм болсон гээд л бөөн тусламж өгөх асуудал Засгийн газарт яригдаж байна лээ” гэтэл жолооч эр маасайтал инээд алдсаар “Үер болсон газрыг нүдээр үзэх үү” гээд л салхи татуулан давхилаа. Аймгийн төвийн замаар хэзээ мөдгүй эрэг боолт нь мултрах дөхсөн “69” янхийтэл тоормос гишгэн хоорондоо мөргөлдчих шахан давхих ажээ. Мөн сарампай эксель хүртэл энд тэндгүй явж байгаа харагдлаа.Үер болсон газарт очлоо. Хотод Баян-Өлгий аймагт үер болсон гээд бөөн шуугиан болж, хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр дүүрэн дуулиан шуугиан болж байсан. Гэтэл яг үер болсон газраа нам гүм байх ажээ. Айлууд норсон хөнжил гудас, хувцас хунараа эрийтэл дэлгэчихсэн. Хашаа хороогоо янзлаад, гэрийнхээ хананы тасарсан үдээрийг сэлбээд зогсож байх аж. Улс даяар шуугиан болж байхад Баян-Өлгий аймагтаа ийм л нам гүм байх ажээ. Өнгөрсөн жил аймгийн төвийн зүүн хойд талын хадат уулсын дундаас их ус ороод ирсэн гэнэ. Харин өнөө жил баруун уулнаас үерийн ус мэлтэс хийгээд л гэнэт ороод иржээ. Ирэх жилээс үерийн далан барих ажил хийгдэх юм гэнэ лээ.

БҮРЭН КАМЕРЖСАН БАЯН-ӨЛГИЙ

Бид Баян-Өлгий аймагт болсон үерийг сурвалжлах гэж анхнаасаа зориогүй билээ. Алтай Таван богд, Хотон, Хурган нуур, мөсөн голоос эх авсан Ховд голыг өгсөж уруудах аяллын маршруттай явсан юм. Өлгий хотын төвөөс хоол хүнсээ сайтар базааж аваад их цас уулсыг зорин гарах юм. Лаа чүдэнзнээс эхлээд, гар чийдэн, дулаан хувцас, аяллын майхан, мишок зэргийг базааж авлаа. Баян-Өлгий аймгийн иргэд сүүлийн жилүүдэд их л уур уцаартай байх болсон гэнэ. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралтаараа улсад тэргүүлээд байгаа билээ. Банк, үүрэн телефоны компанид ажиллаж байсан залуус үгсэн тохиролцож, онц их хэмжээний бэлэн мөнгийг хонхойтол нь хулгайлаад хил гараад зугтчихдаг болжээ. Энэ мэт улсын нууцад хамаарах хэд хэдэн ноцтой асуудлаас үүдэлтэйгээр хууль хүчний байгууллагын дарга нарыг өөр аймагт ажиллаж байсан хүмүүсээр сольчихсон байна. Үүнээс үүдэлтэйгээр гэмт хэргийн гаралт багасчээ. Бүр гэмт хэргийн илрүүлэлтээр бусад аймгийг ардаа орхисон амжилттай байгаа ажээ. Улсын төсвөөс тэрбум гаруй сая төгрөг гаргаж, Баян-Өлгий аймгийг бүхэлд нь камержуулжээ. Камерийн тусламжтайгаар хэнийхээс хаанаас ямар хүн гараад явж байгааг дурайтал нь татаад гаргаад ирдэг болсон байна. Нутгийн иргэд хашаандаа байсан тугал, бяруу, даага, шүдлэнгээ гараад явчихаар нь хайж эрэхээсээ залхуурдаг болжээ. Шууд л цагдаагийн хэлтсийн өрөөнд давхиж очоод “Манай гудамжны камерийг ухааж үзэх гэсэн юм. Хашаанд байсан тугал алга болчихлоо” гээд л хяналтын камерийн бичлэг ухрааж үзээд олдог болчихжээ. Дархан-Уул, Баян-Өлгий аймаг иж бүрэн камерийн системд бүрэн холбогдоод байгаа гэсэн. Хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймагт Батлан хамгаалахын сайдын тушаалаар Барилгын цэргийн анги байгуулсан билээ. Цэргийн ангийнхан баяр ёслол болохоор техникүүдээ гаргаж ирээд буу барьж, нүүр амаа хар будгаар будсан булиа эрс аймгийн төвийн гудамжаар ярайтал хөл тавьж алхаад сүр хүчийг үзүүлдэг байна. Бас болоогүй ээ, цэргийн сургуулилт хийж, тоосго давхарлаж хага цохихоос эхлээд хутга барьсан хүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, олон хүн дайраад ирвэл ганц хүн тэднийг хэрхэн зодох арга техникийн үзүүлбэрийг нутгийн иргэдэд үзүүлж сонирхуулдаг болжээ

ХУЛГАР ШАР МАШИНД ДАЙРУУЛЧИХ ГЭЭД ЗАМ ХӨНДЛӨН ГҮЙГЭЭД Л

Сүрлэг хөх уулсын хадат өндөр хавцал дундуур бидэртэн явлаа. Аймгийн төвөөс гараад 20 орчим километр замаар тоос татуулан давхиад л ийнхүү хавцал дунд ороод ирэх ажээ. Жолооч залуу “Энэ жил бороо ороод зам явахын аргагүй болсон. Эвгүйхэн явах юм бол эрэг, ганга руу нисэж үхнэ. Хотоос ирсэн та нараа сүйд хийчихвэл баларсан юм болно” гээд л явж ядан машинаа тэнчигнүүлэн “мөлхөх” ажээ. Түүний хэлснээр үнэхээр зам найгүй эвдэрчээ. Үерийн ус замын ховилыг онги татаад гүнзгий нүх болгочихсон байх юм. Бидэнд замчилж яваа Онгар гэх 60 гаруй насны эр замдаа элдвийн сонин сайхан яриад л яваад байх ажээ. “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат ирчихсэн байгаа. Сумдуудын наадмын морины түрүүг байлж, их хэмжээний мөнгө өгөөд л яваад байгаа сураг байна. Манай аймгийнхан одоо морь уядаг болсон шүү” гээд л бидэнд сонин сайхан ярих ажээ. Тэгэхээр нь “Д.Мураттай шүүхдэлцээд байгаа хүүхэн аймгийн төвдөө байдаг юм уу” гээд асуусанд нэг л ёозгүй царай гаргаад “Нутгийн нэр хүнд унагасан хоёр юм. Энэ талаар ярихаар уур хүрээд байгаа юм. Манай нутгийнхан тийм ч айхтар хэл амтай хүмүүс биш. Хэн хэндээ л буруу байгаа юм. Үүнийг нь улстөрчид улам бүр дэвэргэж, Баян-Өлгий аймгийнхныг доромжлоод байна” гэх. Бид ийн хөөрөлдөж явсаар хэдийнэ 30 гаруй километр газрыг туулжээ. Хавцал дундуур явж байгаад цэлийсэн их хөндий мэлтэсхийтэл угтаад авах нь тэр. Тэртээ холоос мөнгөн дуулгатай хөх уулс хөхрөн дуниартаж, улаан будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг шовх оройтой өндөр халил болсон хадат уулс дүнхийгээд даан ч сайхан нутаг ажээ. Мөнгөн утас шиг гол цаст уулсаас эх авах хөндий талаар мяралзан урсах ажээ. Голын ногоон ширэг бараадаад казах гэрүүд дүнхийх ажээ. Ёстой л оосор бүчгүй орд цагаан гэрүүд ярайх юм. Айл болгоны гэрийн гадаа гадаадын жуулчид үзэж, зураг хөргөө авах зориулалттай бүргэд байх. Өл халзан толгойны үс нь бууралтсан хөгшин бүргэд гэрийнхээ гадаа “сойжээ”. Бүргэд хөгшрөөд ирэхээрээ хошуу, хумс нь зөөлрөөд ангаа барьж чадахгүй болчихдог байна. Ан хийж чадахаа байсан бүргэдүүдийг эзэн нь гэртээ тэжээгээд жуулчид зураг хөрөг авахуулахад ашигладаг байна. Сагсай сумын хойгуур Ховд гол урсана. Харин сумын төвийн урдуур Сагсай гол урсана. Сүүлийн жилүүдэд Сагсай сум овоо хөгжиж байгаа гэнэ. Нутгийн иргэд навсайсан амбааруудаа шинэчилж, дүнхийсэн тоосгон байшин барих болжээ. Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. 1956 онд сумыг татан буулгаж Алтанцөгц, Буянт, Улаанхус суманд зургаан багийг хоёр хоёроор нь нийлүүлсэн байдаг. Гурван жилийн дараа 1959 онд Сагсай нэртэйгээр дахин байгуулсан түүхтэй. Урианхай түмний эх өлгий болсон Сагсай сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар гээд олон алдартнууд төрөн гарсан байдаг юм билээ. Бид Сагсай сумын төвд түр саатаад цааш хөдөллөө. Эндээс 200 орчим километр давхиад Цэнгэл сум орж хонох юм. Сагсай сумын хойд энгэрийн хэдэн товцог тойроод л тарваганы эх орон ажээ. Алтайн тарвага улаан шаргал өнгөтэй, том биетэй ажээ. Сунайсан урт биетэй хулгар гарууд машин замаар хөндлөн гүйж орж ирээд машинд дайруулчих гээд байх ажээ. Зэрвэсхэн харахад газар буцлаад байна уу даа гэлтэй энд тэндгүй тарвага гүйлдэх юм. Машин ирж байгааг тоосон шинжгүй хэдэн усан мөндөл тошин дээрээ гараад гозойчихсон “Хэг хог” гээд л дуу дуугаа авалцан хошгирох. Бид машинаа зогсоогоод бууцгаалаа. “Буцалж” байгаа тарвагануудыг үргээж оруулах гэж бид хэрэндээ л юм болцгоолоо. Бүгд хоолой нийлүүлээд хашхирч үзлээ, үргэж байгаа шинж алга. Хамт явсан залуу амаараа “пан” гээд л чанга дуугараад ч нэмэр болсонгүй. Арай л нохой хөөж байгаа юм шиг чулуу шидэж жов гэж хөөсөнгүй. Нутгийн иргэд тарвага огт агнадаггүй, ерөөсөө тоодоггүй болохоор хүнтэй ингэж л ижил дасал болжээ. Тарваганы мах идэх сонирхолтой хүмүүс ирээд ганц нэгийг нь буудаад боож идэж үзсэн гэнэ. Хангайн тарваганаас мах нь шал өөр амттай, газар амтагдаад адууны мах шиг сонин амтагдаад идэж болохгүй байжээ. Алтайн тарвага өсч үржээд байгаа цаад шалтгаан нь мах нь олигтой амт байхгүй байгаатай холбоотой ажээ.

Бид үдшийн бүрийгээр Цэнгэл суманд очлоо. Баян-Өлгий аймгийн хамгийн том сум ажээ. Засмал зам сумандаа тавьчихсан, нутгийн залуус мотоцикльтой давхилдсан хөл хөдөлгөөн ихтэй байв. Зуны гурван сардаа Цэнгэл сум гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг байна. Нутгийн иргэд уулнаас мод цагаалж ирээд палкан байшин барьчихсан байх юм. Мөн хоёр давхар байшингууд нутгийн иргэд хашаандаа барих болжээ. Бидэнд газарчилж, Алтай Таван богд, Хурган, Хотон нуур хүртэл дагуулж явах залуу цэнхэр 69 хаазалсаар давхиж ирэв. Тэр залуу биднийг гэртээ урив. Бид тэндээ хоноод өглөө эртлэн зорьсон газраа хүрэх юм. Бидний хоносон айлын гэрийн эзэгтэй казах түмний зочломтгой зангаар ширээ дүүрэн идээ, будаа засч, спармек гэх нэртэй мах чанаж өгөв. Казахуудын нэг онцлог нь архи дарс тэгж их уугаад байдаггүй юм байна. Тэр тусмаа ахмад хүмүүсийнхээ хажууд залуус нь архи уудаггүй ажээ. Архи уухгүй болохоор залуучууд нь манайхан шиг ийш тийшээ тэнэж алга болоод байхгүй. Гэрийнхээ хар бор ажлыг хийж, ажил хүнд энэ тэр гэж голж шилэлгүй мөнгөний ямар ч ажлыг хийдэг байна. Тиймдээ ч амьжиргааны түвшин сайн байдаг бололтой.

Цагаан гэгээ дөнгөж хаяарч байхад Цэнгэл сумын төвөөс хөдөллөө. Эндээс шууд Алтай Таван богд орох юм. Шавартай, хад чулуутай замаар давхисаар их цаст уулын хаяанд ирлээ. Эндээс л сурвалжлага минь эхэлж байгаа билээ. Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд урсана. Мөсөн голууд сүүн цагаан өнгөөр халгин цалгиж, хад чулууг эмтэлчих шахан зэлэндээ номхроогүй унага шиг л цовхчин шуугих ажээ. Алтай Таван богдын мөсийг манай улсын болоход ОХУ-ын эрдэмтэд судалж үзсэн байна. Мөс болгоны давхаргыг өрөмдөж үзээд 60 сая жилийн өмнөх мөстлөгийн үеийн мөс байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байна. Харамсалтай нь, энд цаг агаар хэт их дулаарч байгаагаас нөгөө 60 сая жилийн тэртээх мөс өдөр шөнөгүй хайлж урсах болжээ. Мөн Потанины мөсөн гол цагаан өнгөөр урсаж байгаа нь голын эхэнд шохойн асар их нөөц байгаатай холбоотой гэнэ. Мөс хайлж урсахын хэрээр шохойнд уусч найрагдаад сүүн цагаан өнгөөр урсдаг байна. Сүүлийн жилүүдэд уулын мөс тэр чигтээ урсаад байгаа нь эрдэмтдийн анхаарлын төвд ороод байгаа аж.

Үргэлжлэл бий