–Б.ГАНЗОРИГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ГЭДЭГ НИЙГЭМД
ЯМАР ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗЭВСЭГ ЮМ БЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨРӨӨ МЭДЭРЛЭЭ-
Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал сэтгүүлч, зураглаачдаа зодож танхайрсан гэх хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө гарсан билээ. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарыг гурван шатны шүүхээр гэм бурууг нь хэлэлцэж, 3.5 жилийн хорих ял оноосон байдаг.
Б.Ганзориг нартай холбоотой тухайн үед болж өнгөрсөн үйл явцыг
ажилчид нь камераар бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. Олон нийт дээрх бичлэгийг
үзээд Б.Ганзориг гэх залууг бүгд үзэн ядсан.Харин 30 насны босгыг дөнгөж алхах
гэж яваа, хоёр хүүхдийн аав болсон энэ залуу ямар учраас ажилчдаа зодох болов гэдгийг
тухайн үед хэн ч хөндөж тавиагүй. Энэ талаар асууж, хэргийн цаад учрыг мэдэх гэж
оролдсон нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч байгаагүй тухай тэрбээр
ярьж байна. Сэтгүүлчид зөвхөн нэг талыг барьж захиралдаа зодуулсан гэх сэтгүүлчдийн
“үгээр” олон нийтэд мэдээлэл хүргэсэн гэхэд болно. Хохирогчид гэгдэх хүмүүс өөрсдийгөө
“Ямар ч гэм буруугүй, зүгээр ажлаа хийж байгаад зодууллаа” хэмээн ярьсан бичлэг
интернэтээр цацагдаж байв.
Тухайн үед юу болсон талаар Хөвсгөл аймгийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригтой ярилцлаа.
АЖИЛЧИД НЬ ЗАХИРАЛДАА МЭДЭГДЭЛГҮЙ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ УЧИР
-“Хөвсгөл ньюс” ХХК–ийн гүйцэтгэх захирлаар хэзээ томилогдсон бэ. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Би
өнгөрсөн жилийн зургадугаар сарын 28-нд болж өнгөрсөн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихаас жаахан айгаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгэмд ямар хүчтэй нөлөөлдөг зэвсэг юм бэ гэдгийг өөрөөрөө мэдэрлээ. Сэтгүүлч хүн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйн хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг олон нийтэд хүргэмээр байна. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байгаа. Үүнийгээ танай сониноор дамжуулан хүргэмээр байна. Гэхдээ олон нийтэд тухайн үед болсон үнэн бодит мэдээлэл хүрч чадаагүйд харамсалтай байна. Ажилчдаа зодсон гэх хэргийн талаар нэг талыг хэт барьсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар дараа нь ярьж болно биз дээ.
–Болно.
-Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захиралд томилогдсон. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн ерөнхий захирал миний ажлын чиг үүргийг танилцуулахдаа Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Скай” телевизийг хариуцан ажиллах ёстойг хэлсэн. Өөрөөр хэлбэл намайг “Скай” телевизийг гардан ажилла гэсэн үүрэг удирдлагын зүгээс өгсөн гэсэн үг. Ингээд ажлаа хүлээн авсны дараа тухайн үед Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал байсан Ж.Эрдэнэцэцэгтэй уулзсан юм. Өмнө нь бид хоёр биенээ огт таньдаггүй байсан болохоор мэнд мэдэлцээд, цаашид хамтарч ажиллах талаараа ярилцсан. Гэтэл өөдөөс “Би “Скай” телевизийн 50 хувийг эзэмших саналтай байна. Чи цаадуулдаа хэлээрэй” гэсэн. Тухайн үед нэлээд балмагдаж байгаад ерөнхий захиралд саналыг чинь хэлнэ гэж хэлсэн. Бас та нэг ч тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулаагүй болохоор бүтэхгүй санал болов уу. Танд шаардлагатай бүх цалин, хөлсийг өгч байсан юм байна лээ ш дээ. Хангалттай цалин өгсөн болохоор та үүрэгт ажлаа л хийж байсан гэсэн үг гэж хэлсэн. Гэтэл жаахан дурамжхан байдалтай байж байгаад явсан. Ингээд дөрвөн сарын үед Хөвсгөл аймгийн төв болох Мөрөн хотод очиж “Скай” телевизийн үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий захирал “Скай” телевиз гурван жил гаруй үйл ажиллагаа явуулахдаа нэг ч төгрөгийн орлого өгч байгаагүй. Бас алдагдал байхгүй, балансаа бариад л байдаг юм. Хүмүүсийн хэлж байгаагаар телевизэд орсон орлого дундаасаа алга болоод байх шиг байна. Үүнийг сайн судалж үзээрэй. Захирлаар нь ажиллаж байгаа Ж.Эрдэнэцэцэг анх амьдрал жаахан тааруу хүн ирж байсан. Одоо жийп аваад уначихсан. Эд хөрөнгөтэй болсон байна лээ гэж хэлсэн юм. Үнэхээр Хөвсгөл аймагт очиж “Скай” телевизийнхээ үйл ажиллагаатай танилцахад телевизийн захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэцэцэг нэлээд бийлэгжүү хүн болох нь танигдсан. “Скай” телевиз зар сурталчилгаагаараа нэлээд ашиг олдог болох нь тодорхой байсан. Тэгсэн мөртлөө ажилчидтайгаа хамтарч ажиллах нэг ч гэрээ байгуулаагүй. Хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхой бус байсан. Орлого хэрхэн орж буйг хянаж үзчихээд Ж.Эрдэнэцэцэгт ажилчидтайгаа гэрээ байгуул гэж үүрэг өгөөд буцсан юм. Тэр ажилчидтайгаа маргааш гэхэд гэрээ байгуулна гээд гэрээний эхийг аваад үлдсэн. Гэтэл зургаан сард ирэхэд гэрээ байгуулаагүй сууж байсан. Тухайн үед УИХ-ын сонгууль эхэлчихсэн байсан болохоор аль нэг нэр дэвшигчтэй хамтарч ажиллах хэрэгтэй юм байна хэмээн үзээд Л.Мөнхбаатартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл сонгуулийн үеэр тэгж ажилладаг. Түүний жишгээр л ажилласан. Ингээд Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан Л.Мөнхбаатарын талаарх мэдээ мэдээллийг түлхүү гаргахаар болж оргил цагтаа буюу мэдээний цагаар оруулахаар болсон юм. Гэтэл эфиртээ хуваарийн дагуу зоож орхиод өөр ажил хөөцөлдөөд явахаар эсрэг талын хүмүүсийн суртчилгаа миний оруулах гэж байсан цагт орчихоод байсан. Энэ явдал гурван ч өдөр давтагдсан. Ажилтнууддаа Л.Мөнхбаатартай хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд ямар учраас эфирт зоосон нэвтрүүлэг, мэдээг өөрчлөөд байгааг асуухаар янз бүрийн тайлбар хэлээд байсан. Нэг өдөр нь мартчихсан байна лээ гэхэд маргааш нь андуурчихсан байна гэх жишээтэй. Тэгэхээр нь эфирийнхээ оргил цаг дээр хамтарч ажиллаж байгаа хүнийхээ мэдээг тавьчихаад өөрөө яс харж сууж байгаад гурав хоног гаргачихлаа. Уг нь бол ажилчдадаа үүрэг өгөөд явах байсан. Даанч редакцийнхан эсрэг ажиллаад байгааг мэдэж байсан болохоор өөрөө ажил дээрээ суудаг болсон юм. Тэгсэн нэр дэвшигч Б.Эрдэнэбатын бие төлөөлөгч болон хоёр ч нэр дэвшигчийн бие төлөөлөгч телевизийн байранд ирж, хэрүүл маргаан хийдэг юм байна. Тэд миний сууж байсан өрөөнд орж ирээд загнаж гарсан. Гэрээ байгуулчихаад гэрээнийхээ эсрэг ажиллалаа гээд сүйд боллоо. Юу болж байгааг ойлгодоггүй. Тэгсэн өөдөөс тавдугаар сарын 17-ны өдөр байгуулсан хамтарч ажиллах гэрээг үзүүлсэн. Гэрээг Ж.Эрдэнэцэцэг бидэнд огт мэдэгдэлгүй нууц хэлбэрээр байгуулчихсан байсан нь ингэж илэрлээ. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүслээ. УИХ-д нэр дэвшигчидтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан талаараа яагаад хэлээгүй юм бэ гэхээр юу ч хэлэхгүй байсан. Ингээд редакцийн зүгээс хамтарч ажиллах хүнээсээ уучлалт гуйгаад нөгөө хүмүүсийн сурталчилгааг эфирээрээ цацсан.
АЖИЛ ХАЯСАН ШАЛТГААН НЬ
–Таны өөрийн хийсэн гэрээ тэгээд талаар болсон байх нь ээ?
-Гэрээний
мөнгө ч эхнээсээ орж ирээд байгууллагын дансанд арав гаруй сая төгрөг хуримтлагдсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-нд ажилтнууд бүгд ажил дээрээ сууж байлаа. Тэд “Дансанд орсон мөнгөө яг тэнцүү хувааж авна. Хэрэв тэгэхгүй бол бид ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Яг эгзэгтэй, хүнд хэцүү цагт гурван жил цалингаа авч аж амьдралаа болгож ирсэн газар руугаа ямар ч хүн чанаргүй нулимж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь эв зүйгээ олж асуудлаа шийдэх талаар ярилцсан. Тэгээд нэг хүн сард хэдэн төгрөгийн цалин авч байгааг асуусан чинь хамгийн бага нь 800 мянган төгрөг авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь сонгуулийн дараа цалин, урамшууллын мөнгө өгнө санаа зоволтгүй гэж хэлээд түр гарсан. Тэд өмнө нь хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байсан болохоор яах учраа олохгүй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бодохоор ажлаасаа түр гарсан минь тэр. Тэгээд эргээд ороод ирсэн чинь ажилчид бүгд хаашаа ч юм бэ алга болчихсон байсан. Телевизийн Эрдэнэцэцэг, нягтлан хоёр л сууж байсан.
–Ажилчид чинь бүгд дансанд орж ирсэн мөнгөө тэнцүү хувааж авна гэж уурлаад ажлаа хаясан хэрэг үү?
-Тэгсэн.
Тэд өөрсдийгөө бараг л “Скай” телевизийн эзэд мэт зан гаргаж байсан. Телевиз байгуулах гэж хөрөнгө мөнгө гаргасан хүмүүст ашиг болж орж ирж байгаа мөнгийг дур мэдэн захиран зарцуулах гэж оролдож эхэлсэн. Ажил олгогч байгууллага буяны байгууллага биш гэдгийг хэлж байсан. Үүнийг тэд ойлгохыг хүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний хөрөнгө мөнгөө гарган байж босгосон телевизийн эфир, тоног төхөөрөмж хэдэн сэтгүүлч, ажилчдын мөнгө олдог хэрэгсэл болсон. Өөрсдөө эзэн мэт аашилж байсныг олон хүн ярьдаг. Энэ нь жинхэнэ эзэд редакциа хариуцах найдвартай хүнгүй орхисонтой холбоотой. Эзэнгүй орхисон газарт тэд дураараа аашилдаг байсан юм билээ. Тэгээд дураараа аашилсан хүмүүсийг хазаарлаж эхлэхээр бидний эсрэг ажиллаж байгаа нь энэ. Зургадугаар сарын 25-ны өдөр ажилчид бүгд ажил хаялаа. Сонгуулийн сурталчилгаа бужигнасан өдөр манай телевиз Солонгосын олон ангит кино гаргаад суугаад байдаг. Намайг залгахаар бүгд утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд телевизийн дансанд байгаа бүх мөнгийг хувааж өгөхөөр болж тэднийг ажилд нь оруулсан.
ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ЮУ БОЛСОН БЭ
–Тэднийг ажил хаяхыг хэн нь зохион байгуулсан юм бол?
-Нэг
л хүн зохион байгуулаад байсан юм билээ. Тэр нь телевизийн захирал. Түүний зохион байгуулалтаар миний эсрэг бүх ажилтан боссон байна лээ. Ажил хаях үед юу болсныг дараа нь мэдсэн. “Скай” телевизээ өөрсдөө авах санаатай байсан шиг байгаа юм. Түүнээс болоод л та нар ажил хаявал энэ телевиз байхгүй болно. Тэгээд бидэнд дансанд байгаа мөнгөө бүгдийг нь өгнө. Бүр цаашилбал хувь эзэмших асуудал ч яригдана гэж Ж.Эрдэнэцэцэг ажилчдадаа ухуулж, ажил хаялт зохион байгуулсан юм билээ. Ажилчдаа сүүлдээ гуйж байгаа юм. Би залуу хүн туршлага дутуу байж магадгүй. Телевизийн удирдлага болж ирэхдээ та нартай нэг ч удаа муухай харилцаж байгаагүй гэдгээ ч хэлсэн. Ажилт хаялт, нууц гэрээ гээд л дургүй хүргэсэн олон асуудал гарч байсан ч тэдэнтэй би муухай харилцаж байгаагүй.
–Тэгээд юу болсон бэ. УИХ–ын сонгуулийн шөнө буюу зургадугаар сарын 28-ны орой ажилчдаа яагаад зодох болов. Дээрх зүйлс нөлөөлсөн гэж үзэж болох уу?
-Би
тэдэнд тийм муухай зан гаргаж, толгой руу нь цохисондоо одоо ч гэсэн харамсч явдаг. Нөгөө ажил хаяж алга болоод байсан хүмүүс сонгуулийн үеэр эрчимтэй ажилласан. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэл цацагдахгүй болчихсон сул чөлөөтэй үед ч гэсэн ажил дээрээ бөөгнөрч суугаад л Даваасүрэн өнгөтэй байна даа, гарах байх гээд намайг орж ирж байгааг үл тоосон байдалтай яриад байсан. Би тэр үед нь сонгууль дуусгаад л хот руу явах талаараа бодоод явж байсан. Ингээд Л.Мөнхбаатарын штаб дээр нэлээн орой очлоо. Хотоос ирсэн хүмүүс архи задалчихсан сууж байсан. Надад хийгээд өгөхөөр нь нэг татчихсан. Түүнээс дахиж ерөөсөө уугаагүй. Тэр үед хөдөө орон нутгаас мэдээ ирж Л.Мөнхбаатар нэр дэвшигч дээгүүр гарч байгааг хэлсэн. Гэтэл Мөрөн дээр их олон хүний саналаар унасан байсан. Үүнээс болоод тэнд байсан хүмүүс над руу хамтарч ажиллана гэж хэлчихээд эсрэг ажилласан гээд асаж эхэлсэн. Өөрийн эрхгүй уур хүрээд байсан. Би тэдний төлөө загнуулна. Бас дээрээс нь доромжлуулна. Өөрийнхөө эд хөрөнгийг ашиглаж байгаа юм шиг аашилна. Дураараа мөнгө нэхнэ гэж бодогдоод өөрийн эрхгүй л уур хүрсэн. Тэндээсээ гэр рүүгээ үеэл эгч, ах, нэг найзтайгаа гарч, харих замаараа телевизийн байраар орсон. Ажилчид ихэнх нь сууж байгаа харагдсан. Тэгээд тэдэнд багтарч байсан уураа гаргачихсан юм. Би үнэхээр алдаа гаргасан. Гэхдээ би нэг зураглаач залууг хоёр удаа цохиж нэг удаа өшиглөсөн. Бас нэг залууг заамдаж аваад цохисон. Түүнээс хэвлэл мэдээлэл дээр гараад байсан шиг газар унагаж дэвслээд, гавлын ясыг нь цуу цохисон асуудал байхгүй. Анх Ж.Эрдэнэцэцэгийн өрөө рүү орж ам муруйхад тэр өөдөөс салаавч өгсөн юм. Үүнээс болоод л уур дээд цэгтээ хүрчихсэн байх. Хамт явж байсан эгч маань Ж.Эрдэнэцэцэгийг нэг удаа алгадсан юм. Тэр нь над руу салаавч өгснөөс болсон хэрэг. Мөн эгч рүү дахин дахин салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Эгч Ж.Эрдэнэцэцэгийг алгадахад өөдөөс нь дайрсан. Нөхөр нь эхнэрээ өмөөрөөд сууж байсан ширээ рүү нь өшиглөчихсөн байсан. Ийм л юм тухайн үед болсон. Цагдаа ирээд намайг аваад явсан. Аймгийн цагдаа дээр очоод драгер үлээлгээд согтолт бага байна гээд явуулсан. Цагдаагийн газраас гараад шууд гэртээ хариад унтсан. Өглөө нь сэрэхэд бөөн сенсаацийн эзэн болчихсон байсан. Зураглаач Цэдэндамбаа бусад ажилчид намайг орж ирэнгүүт гурван камер асаагаад бичлэг хийсэн юм билээ. Бичлэг хийж байгааг тухайн үед огт мэдээгүй байсан. Намайг тэгж их уурлаж цохиж авч байхад юу ч дуугарахгүй бүгд доошоо хараад суугаад байсан нь бичлэг хийж байгаатай холбоотой байсан гэдгийг сүүлд мэдсэн. Цагдаа явсны дараа ажилчид нэгнийхээ гэрт очиж бичлэгээ монтажлаад СD дээр хуулаад эх бичлэгээ устгачихсан байсан. Нэг цохисон үйлдлийг гурав болгоод давталт өгөөд бичсэн байсан. Бас дууг нь өндөрсгөөд монтажиндаа оруулчихсан нь намайг яг араатан шиг аашилж байгаа дүр төрхтэй болгож харагдуулж байна лээ. Тэгээд Цэдэндамба гэх нөхөр Youtube.com сайтад байршуулчихсан байсан. Би тухайн үед бичлэг дээр байгаа шиг тийм аймаар зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна.
–Гэхдээ та зураглаач нарынхаа гавлын ясыг цууртал, жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх хүүхдийг зулбатал зодсон юм биш үү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгж гараад байсан?
-Тухайн
үед би ажилчдынхаа хамраас дусал ч цус гаргаагүй. Бас эмэгтэй хүмүүс рүү нэг ч удаа дайрч, зодох битгий хэл гар далайгаагүй. Мөн хоёр зураглаачийн биеийн байдал маш хүнд болж эмнэлэгт хэвтсэн гэх худал мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Үнэн хэрэгтээ тэд гэмтсэн байж магадгүй хэмээн үзээд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд болон хөнгөн хэлбэрээр ямар ч бэртэл гэмтэл байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Дахиад л ажлын хэсэг томилуулан шүүх эмнэлэгт хандахад мөн л шүүх эмнэлэг огт бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэх дүгнэлт дахин гаргасан. Үнэхээр хүн аймаар болтол зодсон бол өөр хэрэг. Хоёр удаа цохиод өшиглөсөн асуудал байгаад байдаг. Тийм болохоор яалаа гэж гэмтэж бэртэх юм билээ. Ингээд байж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн шуугиан болсон. Сонгуулийн дараа байсан болоод бас миний хийсэн зүйл улс төртэй холбоотой болж хувираад бөөн асуудал босч ирсэн. Ажлын байран дээрх үл ойлголцол улс төр, сэтгүүлчдийн эрхийн асуудал болон өндрөө авч эхэлсэн. Монгол орон даяар, хүн бүр миний танхайрсан бичлэгийг үзсэн. Сонин сэтгүүл, телевиз, сайтууд бүгд энэ талаар гол сенсааци мэдээгээ болгон цацсан. Үүнээс болж бөөн дарамт ирж байгаа юм. Нэг өдрийн дотор утсанд маань мянга гаруй дуудлага ирсэн. Утсаа авахгүй болохоор мессеж бичиж дарамталсан. Гадаадаас хүртэл миний утсыг олоод залгасан байсан. Тэдний буруу биш л дээ, тухайн үед бодит мэдээлэл тэдэнд хүрээгүй учраас тийм байдалтайгаар хандаж байгаа нь тэр. Ж.Эрдэнэцэцэг Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтарч мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр намайг гүтгэсэн олон худал мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн байдаг юм. Тэр дотор хоёр зураглаачийн гавлын ясыг цуу цохисон гэх ямар ч ор үндэсгүй мэдээлэл байгаа юм. Үүнээс болоод л би гэдэг хүн харгис хэрцгий амьтан болж хувирсан. Аймгийн цагдаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.
ХОХИРОГЧИД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН НЬ
–Хохирогчид цагдаад юу гэж мэдүүлсэн байдаг вэ. Цагдаа нар хоёр хүний гавлын ясыг цууртал цохисон гэх мэдээлэл худлаа гэдгийг мэдэж байсан биз дээ?
-Мэдэж
байсан. Би цагдаад бичлэгийг монтажлан засвар хийгээд намайг хэрцгий болгоод байна. Тиймээс ажил дээрх камерын бичлэгийг нотлох баримт болгох санал тавьсан. Бас мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байхад хэргийн талаар худал мэдээлэл санаатайгаар цацаад байгааг зогсоож өгөхийг хүссэн. “Скай” телевизийн байранд найман камер ажилладаг байсан. Бичлэг нэг компьютерт хадгалагдаж байсан. Тэгсэн нөгөө бичлэг хадгалагдаж байсан компьютерийн процессор алга болчихсон байсан. Хэрэг гарах үед байсан юм. Хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй байсан. Үүнийг хэрэг мөрдөж байсан цагдаад хэд хэдэн удаа хэлж шалгаж өгөх хүсэлт гаргасан. Гэвч шалгаж өгөөгүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гараад байгааг шалгаад “Жаахан давсалсан юм байна, гэхдээ цохиод авсан чинь үнэн биз дээ” гэж хэргийг мөрдөж байсан цагдаа хэлсэн. “Үгүй наадах чинь цохиж авсныг бүр гэмтэл учруулж гавлын ясыг нь цууртал цохисон болгоод байна ш дээ” гэхээр “Яасан их хэл амтай юм бэ” гээд загнаад байсан. Энэ талаар хэд хэдэн удаа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Цагдаа нарт “Скай” телевизийн ажилтнууд аймшигт кино зохиол шиг зүйлс ярьсан байсан. Бүгд цагдаад мэдүүлэг өгөхөөсөө өмнө юу ярих вэ гэдгээ тохирсон байсан. Бүр огт байхгүй байсан хоёр ажилтан байсан болж ирээд мэдүүлэг өгсөн байв. Хоорондоо тохиролцсон мэдүүлэгт газар унагаж байгаад дэвссэн, эмэгтэй хүнийг багалзуурдаж аваад хана руу шахсан гээд л их олон худал зүйл байсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд дуу нэгтэйгээр дайраад байхаар хэрэгт сэжиглэгдэж байгаа би хүчин мөхөстдөг юм билээ. Гэхдээ тэд сүүлдээ цагдаад худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
–Тэгээд хэрцгий ааш авир гаргаж хүн дэвсээгүй гэдгийг нотлох бичлэгтэй компьютерийн процессор олдоогүй юу?
-Хэрэг
гарсны дараа наадам болж, түүнтэй залгаад хэрэг мөрдөж байсан цагдаа амралтаа аваад эргэж орж ирсээр байтал есдүгээр сар гарчихсан. Хэргийг мөрдөн байцаалт дуусах дөхөж байтал мөрдөн байцаагчийн өрөөнд нөгөө хайгаад байсан компьютерийн процессор байдаг байгаа. Тэр даруйд нь шалгаж үзсэн яг хэрэг гарах үеийн бичлэг устгагдсан байсан. Хохирогч нараас хэргийг мөрдөж байсан цагдаа ямар учраас бичлэг устсан талаар асуухаар тэр өдөр цахилгаан тасарсан гэж худал мэдүүлсэн. Ингээд нөгөө компьютерийг надад хүлээлгэж өгсөн. Тэр даруйд хотоос найзыгаа дуудаж устсан файлыг нь сэргээх гэсэн боловч дахиж сэргэхгүй программаар устгачихсан байсан. Ингээд нотлох баримт миний эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн гараар ороод дууссан.
–Тухайн үед Монголын сэтгүүлчдийн эвлэл Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа учиртай. Захиралдаа зодуулсан ажилчдын биеийн байдал хүнд хэвээрээ байгаа гэж ярьж байсан байх шүү?
-Монголын
сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Галаарид Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа хээл хахуулийн асуудал байж магадгүй. Б.Ганзориг бидэнд хахууль өгөх гэж оролдсон гэж ярьсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд миний эсрэг худлаа мэдүүлэг өгч байсан. Ер нь худлаа мэдээллээс болж шоронд орох магадлалтай юм байна гэж үзээд тэдэнтэй уулзсан юм. Мөн 12 сая гаруй төгрөгийг шүүх хурлаас өмнө сэтгэл санааны нөхөн төлбөр болгож орон сууцаа зараад өгсөн. Тэр үед яагаад бичлэгт монтаж хийсэн юм бэ гэж асуухад бичлэгийг сүртэй болгох гэж давталт өгөөд дууг чинь өндөрсгөөд янзалчихсан юм. Хөлбөмбөгийн алтан агшин шиг л болгох гээд тийм болгосон. Эх бичлэгийг бүгдийг нь устгачихсан гэсэн. Хэрэг гарах үед байгаагүй хоёр болоод огт гар хүрээгүй хүмүүст, зодсон хоёр залуудаа сэтгэл санааны хохирол гэж мөнгө өгсөн. Тэд гомдолгүй гэдгээ надад хэлсэн. Тэд хэдийгээр худлаа мэдүүлэг өгсөн ч гэсэн шүүх хурал дээр гомдолгүй гэдгээ хэлнэ гээд явцгаасан.
ШҮҮХ ТҮҮНИЙГ ХҮНД ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НӨЛӨӨЛСӨН
–Тэгээд юу болсон бэ?
-Анхан
болоод давж заалдах шатны шүүхээр хохирогчид бүгд гомдолгүй гэдгээ хэлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэднийг гомдолгүй гэдгийг авч хэлэлцэлгүй 3.5 жилийн ял оноосон. Уг нь хохирогчид бэртэл гэмтэлгүй гэдэг нь тогтоогдчихсон, бүгд гомдолгүй, худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хүнд зүйл ангид хамааруулаад ял оноосон. Тэгээд надад 3.5 жилийн хорих ял, хүргэн ах Д.Уламбаярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял шийтгэж, үеэл эгч Б.Лхагвасүрэнг 3.1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 хүнд
зүйл анги. Гэтэл миний үйлдсэн хэрэг хөнгөн зүйл ангид хамааруулах ёстой хэрэг байдаг. Ийм хэрэг үйлдсэн хүн анх удаа хүнд зүйл ангиар шийтгүүлсэн нь би.
–Яагаад хүнд зүйл ангид хамааруулсан юм бол?
-Үүнийг
би хэвлэл мэдээллийн салбар нийгмийн ямар хүчтэй зэвсэг вэ гэж ярианыхаа эхэнд хэлсэн дээ. Түүнтэй холбож бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал, илт гүтгэсэн, нэг талыг барьсан мэдээлэл хэт их гарснаас болсон гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа маш хүчтэйгээр гарснаас болж энэ хэргийг хэрхэн шийдэгдэхээс шүүхийн нэр хүнд шалтгаалах учир шууд ял өгөхөөс өөр ямар ч арга байгаагүй гэдгийг хууль хяналтын олон хүнээс сонссон. Сэтгүүлчид гэдэг хүний адаг байдаг юм байна даа гэж бодсон. Нэг нь гүтгээд нөгөө нь түүнийг давсалж дэвэргээд л хүний амьдралаар тоглож байна. Үгээр хүнийг алж болдог эсвэл амьдруулж болдог гэдгийг тэд мэддэггүй юм шиг байна лээ.
–Хохирогчид гээд байгаа ажилтнууд чинь эргэж уулзсан уу. Юу гэх юм. Одоо хаана ажиллацгааж байгаа бол?
-Үгүй
дээ, тэд надтай яах гэж уулзах вэ дээ. Харин ингэж явсныхаа төлөө тэд өөрсдийн гэсэн телевизтэй болж, одоо тэндээ ажиллаж байгаа.
–Ах эгчийгээ энэ хэрэгт оруулчихсан байна лээ. Одоо амьдрал нь ямар байгаа вэ?
-Би
ч нэгэнт гүтгэгдээд дуусч гэж бодоход сайхан амьдарч байсан ах, эгчийнхээ амьдралд маш том гай болчихлоо. Хэрэв би тэр өдөр ах, эгч хоёроо дагуулж ажил руугаа ороогүй бол эгч Ж.Эрдэнэцэцэгийг салаавч гаргахад алгадаагүй бол ял авахгүй байсан. Ахад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял өгсөн нь манай ажлын ширээг цөм өшиглөснөөс болсон. Би миний эзэмшлийн ширээ. Би эзэн нь болохоор ямар ч гомдолгүй байна гээд байхад л торгох ял оноочихсон. Үүнд үнэхээр харамсалтай байгаа.
–Одоо ар гэрийн чинь амьдрал ямар байна даа. Хоёр хүүхэд чинь хотод байгаа юу?
-Тэр
өдрөөс хойш миний амьдрал орвонгоороо эргэсэн. Хэрэгт орооцолдсоноос хойш байр машинаа бүгдийг нь зарсан. Гэргий маань хоёр хүүхэдтэйгээ хадмынд амьдарч байгаа. Би өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг буруугүй гэж байгаа юм биш шүү. Монголын ард түмэнд болсон хэргийн талаар үнэн бодит байдлыг хүргэлээ. Нэг ч худлаа зүйл, бусдыг гүтгэсэн яриа байхгүй. Тэртэй тэргүй гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг болохоор худлаа яриад байх шаардлага ч байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний нэр төрд халдан олон нийтэд буруу ойлголт өгсөнд харамсч байна. Бас том, жижиг гэлтгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг олохын тулд тэр хохирч, эмнэлэгт арай ядан хэвтэж байгаа гэгдэх хүмүүсийг эрэн сурвалжилж, мэдээлэл авахыг хүссэн бол байдал өөрөөр эргэх байсан. Гэвч нэг ч сэтгүүлч тэгээгүй. Энэ хэрэг ингэтэл газар аваагүй бол би тэнсэн харгалзахаа байг гэхэд арай бага жилийн ял авах байсан. Үүнээс гадна би гурван жилийн дараа гадаадад байж байгаад ирлээ гэхэд нийгэм, хүмүүс намайг арай өөрөөр хүлээж авах байсан. Гэвч одоо намайг эндээс гараад очиход хэн яаж хүлээж авах вэ гэдэг нь бараг тодорхой байна шүү дээ. Шоронгоос гарахад хүн бүр зэвүүцэн хүлээн авна гэхээс айж байна. Эцэст нь, мэдээлэл бүрийг нягталж, үнэн мөнийг нь олдог сэтгүүлч Монголын сэтгүүл зүйд хэд байгаа юм бэ гэж асуумаар байна.
Э.ХҮРЭЛБААТАР