Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

Ховд аймгийн Булган сум арван мянга
гаруй хүн амтай. Аймагтаа хам­гийн олон хүн амтай тө­дийгүй хөгжил сайтай сум. Хүний
олноо дагаад эдийн засгийн хувьд ч боломжийн. Зөвхөн энэ суманд 200 гаруй хүнс­ний
дэлгүүр, 50 гаруй цайны газар үйл ажилла­гаа явуулдаг юм билээ. Мөн баар цэнгээний
га­зар ч олон байх. Булган суманд 2009-2010 оны өвөл сүүлийн 60 жил унаа­гүй их
цас орсон гэнэ. Үүнээс болж 250 мянган мал тоолуулж байсан сум зудны дараа жил зуун  мянга гаруй малтай үлд­сэн байна. Үүнээс үүдэн
олон малчин айл өрх хотоо харлуулж, сумын төв бараадсан гэнэ. Харин одоо эргээд
мал нь өсч, 150 мянган тоо тол­гойд хүрээд байгаа аж. Зуд болдог 2009 оны өвөл бод
малын хэнх­дэгээр татсан цас орсон юм байх. Газар нутгийн хувьд говийн бүсэд ха­маарагддаг
болохоор тачир өвстэй аж. Цас их орсноос 
мал бэлчих ямар ч боломжгүй болжээ. Нам­рын хадаж авсан өвсөө өгөөд л хавар
цөөн хэдэн малтай үлдсэн бай­на. Бүр хотоо харлуулж нэг ч малгүй үлдсэн олон малчин
байгаа гэсэн. Тэд эхнээсээ малжиж эхэл­жээ. Бүх малаа зуданд өгчихсөн малчдыг мал­жуу­лах
төсөл хүртэл хэрэгжиж эхлээд байгаа юм байна.

Нутгийн иргэд таван хошуу малын үр
шимийг хүр­тэ­хээс гадна газар тариа­лан­гаар амьдралаа болгодог. Тэр тусмаа төмс
хүний ногоо, жимс айл бүрийн орлогын эх үүсвэр болчихдог юм билээ. Айл болгон хашаандаа
хүнс­ний ногоо болон жимсний мод тарьчихсан байх. Хавар Булган голынхоо эрэг дээр
хүнсний ногоог төрөл төр­лөөр нь тариад, намар ба­руун аймгуудад борлуулдаг иргэн
олон. Булган голоос ус татаад ногооныхоо талбайг зунжин услачихдаг юм билээ. Бороо
орохгүй байсан ч байн­гын услагаатай боло­хоор ургац алдана гэж байх­гүй. Намар
арвин ургац ху­рааж аваад баруун аймгуу­дын сумдаар яваад борлуул­чихдаг гэнэ.

Мөн сумын төвийн хойд талд 1950 оноос
жимс тарь­сан түүхтэй. Булган голоо дагаад 50 гаруй га газарт жимс ургадаг талбайтай
бол­чихсон. Энэ бүгдээс амьд­ра­лын­хаа хэрэгцээний мөнгийг олоод байдаг гэнэ.

Харин гурав дахь амь­жир­гааны эх
үүсвэр нь хилийн боомт. Ярантын хилийн боомт ойрхон байдаг учир  нутгийн залуус БНХАУ-ын Үрүмч хотоос  барилгын 
мате­риал болон цагаан бу­даа, цахилгаан бараа оруулж ирдэг. Түүнийгээ цааш
нь борлуулдаг гэж байгаа. Бүр нийслэлийн иргэдийн цагаан будааны хэрэгцээний ихэнх
хувийг Булган сумын хэд хэдэн ченж хангадаг гэж бай­гаа. Угаалгын машин, будаа агшаагчаас
эхлээд олон төр­лийн цахилгаан барааг Бул­ган сумаас хямд үнээр авах боломжтой  юм билээ. Мөн “Нарантуул” захаас ОХУ-д үйлдвэрлэсэн
чихэр, жимс­ний чанамал зэргийг хил да­вуулж 
БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Чингэл сум,  Такешикений 
боотмын иргэ­дэд худалдаалдаг байна.

Булган сумаас төрөн гар­сан олон иргэн
хотод чинээ­лэг амьдардаг гэж сумын иргэд ярьж байна лээ. “Таван богд” группын захирлаас
эхлээд “Номин холдинг” ХХК захирал Шагдарсүрэн гээд бизнесийн салбарын олон томчууд
Булган сумаас төрөн гарсан байдаг аж.  Тэд
сумын­хаа хөгжилд анхаарал хан­дуулж, цэцэрлэгт хүрээлэн, хилчин баатруудын хөшөө
дурсгал, тоглоомын талбай, усан оргилуур зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт  хийж өгсөн байна лээ.

Мөн сумынхаа дундуур засмал зам тавиад
гэрэл­түүлэг хийчихсэн. Удахгүй Засаг даргын Тамгын газрын  хажууханд Шатрын ордон барих гэж байгаа юм билээ.  Мөн усан оргилуурын хажууд Увш хааны хөшөө барьчих­сан,
сүүдрэвчтэй сандал, тэрийгээ тойрсон мод, хий­мэл нууртай цэцэрлэгт хүрээлэн нутгийн
иргэдийн очих дуртай газрын нэг болжээ.

СУМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГЧ ЧАДААГҮЙ
ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙВ

Тус сум нэгдүгээр арван жилийн сургуулиас
гадна шинэ цогцолбор сургуультай болоод удаагүй байгаа аж. Тиймээс сургуулийн хувьд
ачаалал гэсэн асуудал яриг­дахаа больжээ. Харин цэцэр­лэ­гийн насны хүүхдүүд орон
тоогүйгээс “албандаа” мор­дож чадахгүй хэцүүхэн бай­гаа  аж. Энэ жил 800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах
ёстойгоос 500 нь хамрагд­жээ. Цэцэрлэгийн байр 200 гаруй хүүхэд хүлээж авах хүчин
чадалтай юм байна.  Гэвч бүх боломж бололцоогоо
ашиглаж, нэг ангид 40-50 хүүхэд авч, гэр цэцэрлэг хүр­тэл нээсэн ч байдал ийм байгааг
онцолж байв. Бүр авлига өгөөд ч хамаагүй хүүх­дээ цэцэрлэгт явуулмаар бай­на гэх
ээж, аавууд цэцэр­лэ­гийн эрхлэгчийг “ээрсээр” байгааг ярьж байв.  Харин цэцэрлэгийн эрхлэгч О.Түмэн­жаргал “Ирэх
жил сургуульд орох бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Тэгэхгүй бол нэгдүгээр
ангид орох хүүхдүүд хүнд байдалд орно. Энэ жилийн хувьд 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт
хамруулах ямар ч боломжгүй болоод байна. Үүнийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Манай
гэр цэцэрлэгийн гад­нах орчин хөрсний бохир­дол­той байна, ямар нэгэн халдварт өвчин
гарах магад­лал өндөр гэж аймгийн Мэр­гэж­лийн хяналтын газраас дүгнэлт гаргаад
байгаа. Уг нь хуучин цэцэрлэгийн  барилга
бий. Их засвар хийгээд, засаж, янзалбал ашиглаж болох ч улсаас  төсөв мөнгө баталж өгөхгүй байгаа” гэв.  Биднийг Булган суманд очих үед олон эцэг, эх хүүхдээ
цэцэрлэгт хамруулж чадахгүй байна хэмээн хандаж байсан юм.

ЭМНЭЛЭГ “ХУУЛЬ ЗӨРЧИХӨД” ХҮРЧЭЭ

Мөн тус сумын эмнэлгийн асуудал хүндхэн
байна. Шөнө нь төрсөн эмэгтэйг өглөө нь гаргах, мэс засал хийсэн хүнийг хоёр хонуу­лаад
гэрт нь буцаалаа гэх мэт гомдол олон гарч байв. Үүний дагуу бид сумын эмнэлэг дээр
очлоо. Эмнэлгийн хаал­ган дээр Ховд аймгийн Мэр­гэж­лийн хяналтын газрын байцаагчийн
гаргасан дүг­нэл­тийг наасан байгаа харагд­­лаа. Байцаагчийн дүг­нэл­тээр “1957
онд ашиглал­тад орсон Булган сумын эмнэл­гийн барилгыг цаашид эмнэлгийн зориулалтаар
ашиг­­лах боломжгүй” гэх утга бүхий эмнэлгийн үйл ажил­лагааг зогсоох тухай шийдвэр
байлаа. Олон жил болсон барилга ханандаа цууралт өгч, бороо орох болгонд дээврээсээ
ус гоожоод, хана, тааз, шал зэрэг нь мөөгөн­цөрт­сөн байдалтай байв. Тус  эмнэлгийн хувьд эмч болон боловсон хүчин, тоног
төхөө­рөмжийн хувьд аль ч сумын эмнэлгээс дутахааргүй аж. Алтай, Үенч, Булган, Хилийн
цэрэг, боомтын ажилчид болон түүгээр өнгөрч буй иргэдэд үйлчилдэг болохоор ачааллаа
даахгүй хэмжээнд хүрчээ. Анх 35 хүний ортой байгуулагдаж байсан бол өдгөө 40 гаруй
хүн байнга хэвтэн эмчлүүлдэг болжээ. Сүүлийн үед Булган суманд амьдарч байгаа казах
үндэст­нүүдийн эмэгтэйчүүд олноор төрөх болжээ. 
Ихэнх залуу гэр бүл 3-4 хүүхэдтэй болж байна гэж эмч  нар ярьж байв. Бүр 14 хүүхэдтэй айл хүртэл байгаа
гэсэн. Үүнээс үүдэн төрөлт Булган суманд 
нэмэгд­­жээ. Гэтэл эмнэлгийн барилга үйл ажиллагаа явуу­лах боломжгүй гэх
мэргэж­лийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Тиймээс шинэ эмнэлгийн байр битгий
хэл сураг ч байхгүй учраас “хууль зөрчин” өвчтэй иргэдэд үйлч­лэ­хээс өөр арга бидэнд
алга, иргэдийг харж байгаад үхүү­лэл­тэй нь биш. Эмнэлэг ажил­­лах боломжгүй ээ
гээд гадаа төрүүлэлтэй нь биш хэмээн эмнэлгийн дарга О.Батбаатар ярвсан.    

БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ
ХАДЖЭЭ

Алтайн нурууны цаана орших гурван
сумын дэлгүү­рийн бараа, бүтээгдэхүүн хотынхоос өндөр  үнэтэй. Нийслэлийн алслагдсан дүүр­гийн хүнсний
дэлгүүрт 1400 төгрөгөөр  борлуулдаг 0.33 литрийн
ундаа гэхэд гурван мянган төгрөгөөр худал­даалж байх жишээтэй. Тамхи, архи, пиво
гүйлгээ ихтэй бараа учир мөн л өн­дөр үнээр иргэдийн гарт хүрч байна лээ. Цайны
газруудын хоол мөн л өндөр үнэтэй юм. Бүх хоол таван мянган төгрөг­нөөс дээш. Яран­тын
боомт руу явж байгаа машин болгон Булган суманд дээрээс хоол, цай идэж уугаад гардаг.
Мөн нутгийн иргэд цайны газраар үйлчлүүлэх нь элбэг тул ийм өндөр үнэтэй байдаг
энэ. Өөр нэг шалтгаан нь мах өндөр үнээр худалдаалж байгаатай холбоотой юм байна.
Булган сумаас хот руу явлаа гэхэд 30 гаруй цаг явдаг. Замын зар­дал нь 120 орчим
мянган төгрөг болдог байна.

Бага, их улаан давааны замыг зассан
болохоор  өв­лөөс бусад улиралд хот руу машинаар
саадгүй явах боломж­той болжээ. Засмал зам барих ажил хоёр жилийн өмнө эрчимтэй
байсан бол өнөө жил дорвитой юм хийгээ­гүй гэнэ. Ер нь хотоос алс­лагд­сан орчинд
амьдарч бай­гаа иргэд өдөр, шөнөгүй хөдөл­­мөрлөхгүй бол нэн  ядуу айл өрхүүдийн эгнээнд орчих гээд байдаг гэмтэй
гэнэ. Хөдөө орон нутагт ажлын байр хомс дээрээс нь бараа ,бүтээгдэхүүний үнэ өндөр
болохоор “Хөдөө, орон нутаг ялангуяа алслагдсан сумдын иргэд асар их тэвчээр, хатуу­жил,
хөдөлмөрөөр амьдар­даг” хэмээн тодорхойлох нэгэн ч байв.  

Монгол Улс эдийн засгийн хямралд орлоо
гэхэд хамгийн түрүүнд хямралд орох газар 
холын аймаг, сумд байдаг гэнэ. 2009 онд эдийн засгийн хямрал боллоо гэхэд
Булган сумын иргэдийн амьжир­гаанд хамгийн түрүүнд нөлөөлж байсан гэнэ. Хотод өргөн
хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэллээ гэх худал мэдээлэл телевизийн
мэдээгээр гара­хад маргааш өглөө нь бүх дэлгүүр худалдаалж буй зүй­лийн­хээ үнийг
нэмж байжээ.

Монголын баруун хязгаар дахь сумын
амьдрал иймэр­хүү сонин сайхантай байх аж. Гудамж талбайгаар нь тор­гууд хувцас
өмсөж, цагаан алчуур зангидсан өндөр нас­тай хүмүүс явах, хар өнгөтэй жийп унасан
залуус тоос татуулан давхих нь энгийн үзэгдэл. 
Булган суманд өнгөр­сөн хавар онц байдал тогтоосон. Тэр нь дунд сургуу­лийн
хүүхдүүд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрсэн явдал. Тухайн үед Булган
суманд болж өнгөр­сөн үйл явдал болоод тус сумын иргэдийн амьдрах аж байдлын талаарх
сонир­хол­той мэдээллийг уншигч та бүхэнд маргаашийн дугаа­раараа хүргэх болно.

Э.ХҮРЭЛБААТАР

 

Categories
редакцийн-нийтлэл

Алтайн нурууны цаадах гурван сумын нутгаар…

-БУЛГАН СУМ НААДМАА НАМАР ХИЙДЭГ-

Алтайн нурууны сүр­лэг өндөр уулсын
баруун талд Ховд аймгийн Бул­ган, Үенч, Алтай гэсэн гур­ван сум өртөө шахуу га­зарт
хаяа залган оршин буй. Улаанбаатар хотоос 1800 километр хол ба­руун хил Байтаг уулын
наад хөндийд. Булган сумынхан Булган голоо бараадан аж төрөх. Үенч сумынхан Үенч
голын хөвөөн дээр, Алтай сум гурван жилийн өмнө их нүүдэл хийгээд Бодон­чийн голын
эрэг дээр буу­чихсан. Намрын шаргал өдрүүдийг хадлан тэжээ­лээ бэлтгэх, тариа ногоо,
жимсээ хураах, найр наа­дам хийж, морь, бөх ба­рил­дуулах зэрэг ажил­тай­гаар өнгөрөөж
байна. Алтайн нурууны баруун дор байх гурван суманд амьдрал хэрхэн “буцалж” байгааг
сурвалжлахаар томилолт өвөртлөн зорь­сон юм.
Ховд аймгийн Булган суманд дээр үеэс
л онгоц буудаг байсан юм байна. Одоо бол долоо хоногт нэг удаа онгоц ирээд буцна.
Арван мянга хол давсан хүн амтай боло­хоор онгоцоор явах хүн мундахгүй болжээ. Булган
сум биднийг очих үед хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Малчин айл өрхүүд нь зуслан­гаасаа
нүүж ирээд, Алаг толгойн урд өвөр Дашваанжил уулынхаа наад дор Булган голын эрэг
дагуу, өвөлжөөнийхөө хажуухан намар­жиж байна. Наймдугаар сарын сүүлчээр хадсан
өвсөө өвөлжөөн дээрээ бухалдчихсан. Нутгийн малчид “Өнөө жил  цас их орчихгүй бол өвлийг өнтэй сайхан давна”
гэж яриад сууж байна лээ.

Харин сумын ойр тойрны но­гоо­чид
хавар тариалсан ногоогоо хураачихсан. Баруун аймгуудад төмс хүнсний ногоогоо худалдаа­лаад
эхэлчихсэн. Бүрэн гүйцэд болсон жимсээ хурааж байсан юм.  Булган сум наадмаа намар хийгээд бүр сурчихсан
юм байна. Зундаа наадам хийх гэхээр малчид 200 гаруй километрийн цаана зуслан руугаа
гарчихдаг учир наадам хийх боломж байдаггүй гэсэн. Бид Бул­ган сумынхан наадмаа
хийх өдөр очиж таарлаа. Тиймээс намар хийдэг сумын наадам хэрхэн болж өнгөрдөг талаар
сурвалжлагаа эхэлсэн юм. “Жороо морьтойгоо нийлээд долоон насны морь урал­дуулах
гэнэ. Нутгийн дөрвөн залуу нийлээд дундаасаа 20 сая төгрөг гаргаад “Торгууд түмний
хишиг 2013” гэсэн том наадам зохион байгуулж байв. Түрүүлсэн моринд нэг сая төгрөгийн
бай өгөх гэнэ. Морины бай өндөр гэдгийг хаа байсан мянга гаруй километрийн цаана
байх Өвөрхангай аймгийн уяачид дуулчихсан зориод иржээ. Уралдуулахаар авчирсан морьд
дунд даншиг наадамд түрүүлсэн даага ачигдаж ирсэн сураг дуул­дав. Завхан, Говь-Алтай,
Ховд аймгийн сумдаас олон морь урал­дахаар ирсэн гэнэ. Ховд аймаг Улаанбаатар хотоос
нэг цагийн зөрүүтэй. Хотод аль хэдийнэ нар мандчихсан байхад энд үүр дөнгөж хаяарч
байх. Наадам хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр сүргийн манлай азарганы уралдаан болов.
Зургаан цаг гэхэд бүртгүүлээд дуусчихсан байх ёстой гэнэ. Тий­мээс Ярантын боомтын
наахна байх Бор толгой дээр бүртгэл хийж эхэллээ. Булган сумынхан Ховд аймгийнхаа
наадмын айраг, түрүүг жил бүр хүртдэг гэсэн. Сүүлийн жилүүдэд Монголын зүүн хязгаар
болох Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн Хөлөнбуйраас хүртэл хурдан удмын адуу үнэ
цохиж авсан байна. Ихэнх уяач аймгийн алдарт уяачид олгодог тэмдэг бүхий залаатай
малгай өмссөн байх ажээ. Азарганы уралдаанд 70 гаруй хурдан бүртгүүлжээ.

Булган сумын удирдлагууд өнөө жилийн
сумын баяр наадмаар морь дагах хүсэлтэй иргэд 500 мянган төгрөгөөр дагах эрх авах
тогтоол гаргачихсан байна. Энэ нь уралдаж байгаа морьдыг цөөн машин дагуулах гэсэн
далд санаа юм байх. Тэгсэн ч Булган сумын “Ланд 200” унасан залуус таван зуун мянган
төгрөг бэлнээр өгөөд морь дагах эрх аваад байгаа харагдлаа. Ер нь Булган сумынхан
чинээлэг хүмүүс гэдэг нь унаж байгаа машин болоод өмсөж зүү­сэн хувцаснаас илт харагдах
ажээ.

Зурхайн наахна уралдах азар­ганы бүртгэл
хийгдсэн болохоор цаашаа хоёр километр туугаад л эргэх ёстой. Хурдан морь унаач
хүүхдүүдийн олонх нь олон наа­дамд уралдчихсан болохоор хаш­лаж байгаа гэж жигтэйхэн.
Морь тууж байгаа хүмүүс загнаад байхад л явахгүй гэдийгээд байх. Тууж байгаа хүмүүс
машинаар шахаад байхад л явахгүй эргэж зугтаах гээд сандаргах. Тэр болгонд тууж
бай­гаа хүмүүс “Муусайн чонын хоол­нуудаа эргэх болоогүй байна. Чонын бэлтрэгнүүдээ
яваачээ. Битгий чоно санаа гаргаад байгаа­рай” гээд л загнаад байх ажээ. Арай гэж
зурхайндаа хүрээд азарга тоос татуулан эргэлээ. Хамт явсан уяачид хоорондоо “Манай
хүүхэд түрүүнд гарсан байна. Ёстой чонын хүүхэд. Сайн чоно юм” гэж ярих. Тэднээс
ямар учраас хүүхдүүдээ ингэж дуудаад байгааг сонирхон асуулаа. Тэгсэн жолооч ах
“Манай нутгийнхан хүүхдүүдээ чоно гэж дуудаад байгаа нь хийморьтой амьтантай зүйрлэн
далдуур бэлгэшээж байгаа юм” гэв.

Булган сумын газар нутгийн ихэнх нь
уул хад. Азарганы урал­даанд гадны морьд түрүү айргийг нь авсан байв. Сумын төвөөс
арав гаруй километрийн цаана болсон морины уралдааныг үзэхээр олон хүн иржээ. Бүр
80 гаруй насны болов уу гэмээр хоёр хөгшин ухаа хонгор морь ижилсүүлэн хөх торгон
дээлээр гангарсан нь содон хараг­даж байлаа. Мөн сумын төвөөс том оврын автобус
иргэдэд үнэгүй үйлчилж байгаа юм байна. Сумын болон Ховд аймгаас ирсэн цагдаа нар
наадмын өдрүүдэд  их л ачаа­лалтай ажиллаж
байх шиг санагд­сан. Хавар энэ суманд дунд сургуу­лийн хүүхдүүд цагдаа буудсан хэрэг
гарсан. Үүнээс хойш цагдаа нар их сайн ажиллаж байгаа тухай хүн бүр л ярих аж. Наадмын
өдрүү­дэд ямар нэгэн эмх замбараагүй зүйл ажиглагдахгүй байна лээ. Азарганы уралдааны
дараа их насны морьдын урал­даан болсон юм. Их насны морь улсын хилийн торонд тулах
шахаад эргэх ажээ. Ийнхүү гурван насны морь урал­дуулаад нар баруун тийш хэвийж
байхад сумын төвд байх цэнгэлдэх орж бөхөө эхлүүлэн бүрэнхий болтол барилдуулах
юм. Жил бүрийн наадмаар цэнгэлдэхдээ гэрэл тавьж байгаад харанхуйд бөхөө барилдуулдаг
юм байх. Харин энэ жил эрт буюу Улаан­баатар хотын цагаар 21:10 цагт дөрвийн даваагаа
дуусгалаа. Энэ жил Ховд аймгийн наадамд Булган сумын залуу бөх Бадамгарав үзүүрлэн
аймгийн цол хүртсэн гэнэ. Тэр залууг ирэх жил улсын цол авах болов уу гэж нутгийн
хүмүүс найдлага тавьж байгаа юм билээ.

НУТГИЙН ЗАЛУУС ҮҮР ЦАЙТАЛ БҮЖИГЛЭВ

Ингээд эхний өдрийн наадам дуусав.
Харин залуусын хувьд  соёлын төв орж наадмын
эхний өдрийн концерт үзээд дараа нь төв талбай дээрээ бүжиглэх хөтөлбөр­тэй. Бид
ч сумын шөнийн амьдрал хэрхэн өрнөж байгааг уншигч олонд хүргэх үүднээс гараад
“намир­сан” юм. Булган сумын иргэдийн ихэнх нь торгууд ястан.  Өвөг дээдэс нь Чингис хааны торгон цэргүүд байсан
учир торгууд хэмээн нэрлэх болсон гэгддэг. Сумын  наадмын хөтөлбөрийн дагуу концерт болов. Ихэнх
нь торгууд нутгийн дуу эгшиглэнэ. “Торгууд нутгийн сэвгэр”-ээс эхлээд “Минжит булган”
гээд л энэ сум 20 гаруй дуутай болжээ.

23:40 цагт Булган сумын авто­машин
зогсдог талбай дээр хэдэн талаасаа гэрэл тусгав. Тэгж байснаа портер машины тэвшийг
тайз болгож, сумын соёлын төвд дэвсээтэй байсан жижиг улаан дрожийг дэвслээ. Соёлын
төвийн эрхлэгч залуу дуу өсгөгчөөс эхлээд өнөө оройны шоунд хэрэгтэй бүхнийг аль
хэдийнэ авчирсан бололтой. Чөлөөт бүжгийн аяыг энэ хавийн дуу чимээг эвдэж, тэрүүгээр
яваа залуусыг урих гэсэн шиг чангахан тавилаа. Гурван ч ая явлаа. Талбайд бүжиглэх
хүн байхгүй, хэдэн биенээсээ ичээд байгаа бололтой зогсоод байх. Тэгж байснаа бөөн
зогсож байсан залуус нэгэн саарал дээлтэй залууг бүжгийн талбай руу түлхэхэд нөгөөх
нь буцаж зүтгээд л инээд наргиан болж байгаа харагдана. Дахиад хоёр ч ая явлаа,
бүр мон­гол бүжгийн ая тавилаа. Тэгж бай­тал Соёлын төвийн эрхлэгч чанга яригчаар
“Бүжиглэхгүй юм бол тарцгаана уу, манай сумынхаан” гээд загнах янзтай хэлж байна.
Намрын орой салхи сэрчигнээд сэрүүхэн ер нь хөдлөхгүй зогсоод байвал жиндэх шинжтэй.
Тэгсэн тэр оройны шоу тоглолтыг нээж дунд эргэм насны хоёр эмэгтэй намбалаг гэгч
эргэлдэн бүжиглэв. За ингээд бүгд нүүр хагарч бүжиглэж эхэллээ. Нутгийн залуус хоорондоо
“Бааган гуайн том охин  аятайхан сэвгэр болжээ”
гэж ярих. Мөн “Боожоо ахын сэвгэр уулын согоо юмаа” гээд л инээлдэх. Залуу­сын  харцыг булаагаад байгаа хоёр эмэгтэй намжирдаад  хэн биднийг урих юм бол гэсэн шиг зогсож байгаа
харагдана. Өнгөр­сөн хавар их сургуулиа төгсөөд сумандаа багшаар ажиллахаар ирцгээсэн
сураг дуулдана. Залуус бөөн бөөнөөрөө алга болоод удалгүй сархад сэнгэнүүлчихсэн
эргэж ирэх. Оройн шоунд ирсэн тэд нүүр хагарцгаасан бололтой. Тойрог болж байгаад
л чөлөөт бүжиг бүжиглэх. Бүжгийн дундуур соёлын төвийнхөн ээлжлэн дуулах ажээ. Ийн
үргэлжилсээр үүрээр дууслаа. Архи ууж халамцсан залуус хоорондоо зодолдож хэрэг
төвөг гаргачих гээд цагдаа нарын ажлыг шалгасан зүйл сум бүрийн наадмын орой гарчих
гээд байдаг. Харин Булган сумын цагдаа нар шөнөжин эргүүл хийж хоносон юм. Засаг
даргын Тамгын газартай хамтраад халамцуу агсам согтуу тавих гээд байгаа нөхдүүдийг
гэрт нь хүргэж өгөх зэрэг шуурхай арга хэмжээг авч байна лээ. Мөн суманд үйл ажиллагаа
явуулж буй дэлгүүрүүдийг эрт хаалгажээ.

 Өглөө болж соёолон насны морьд бүртгүүлэх үед шөнө
бүжгийн талбайд бүжиглэж байсан залуу хусуур сойзоо бүсэлчихсэн морь унаж байгаа
хүүхдэдээ за­хиас хэлээд гүйж яваа харагдана. Наадам ямар нэгэн будлиангүй, хэрүүл
маргаангүй сайхан болж өнгөрсөн юм. Аймгийн шинэхэн заан түрүүлж, Мөст сумын аймгийн
начин үзүүрлэж, Булган сумын наадам харанхуй шөнө дуусав. Баруун хязгаар нутгийн
сумын наадам иймэрхүү өнгө аястай болдог ажээ.

Үргэлжлэл
бий

  Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Дөлгөөний энгэрээс урагш хараа сунгахад
цэлийсэн  шаргал тал. Шим нь толгой руугаа
орсон өвс буцаж буй цагийн эрхээр тогоотой сүүний цөцгий шиг л шар­галтан намрын
хонгор салхинд найган ганхана. Тэртээ зүүн дороос ба­раан морьтой хүн айсуй. Гүүн
зэлнээс залуу хосууд гурван хувин дүүрэн 
саам дамжлан алхаж явна. Мөн шувууд хаашаа ч юм бэ зэллэн нисч байв. Ийм
л дүр зураг намаршин буй хөдөөнөөс  хараг­дана. 

Их үдийн алдад гэ­рийн эзэн Д.Цэрэндорж
гуайтай хамт хонинд морд­лоо. Уяан дээр нь зээрд, алаг зүсмийн хоёр морь байна.
Тарган бай­гаа дээр нь одоо хөнгө­рүүлж хүчийг нь тогтоож, хавар унах гэж барьж
авсан морьд гэнэ. Хө­дөө­нийхөн үүнийгээ морь шарлуулах хэмээн ярь­даг билээ. Ингээд
гэрийн зүүн хойд талын толгод руу явцгаалаа. Морины уяан дээрээс мордоход л агь,
таанын үнэр хамар цоргих.

Замдаа бид хоёр ам хуурайгүй яриад
л яваад байгаа.

Ноосны урамшуулал мөнгөө авч байгаа
юу гэхэд “Өө тэрийг манай эхнэр л авч байгаа байх, би сайн мэдэхгүй. Ер нь тэрийг
авсан аваагүй болоод л байдаг юм. Хотын хүмүүсийг хараад байхад махандаа л байдаг
цалингаа барьж байгаа улсууд юм. Ченжүүд бид­нээс мах хямд үнээр авчихаад цааш нь
өндөр үнэтэй өгөх юм. Махны бизнесийг ченжүү­дээс салгах төрийн бодлого дутаад байх
юм. Бид махаа мах зардаг хүмүүст шууд өгчихдөг, тэр нь багахан үнэ нэмээд худалдан
авч байгаа хүн­дээ шууд өгчихвөл болох юм. Ингэж чадвал хотын хүмүүс цалингаа маханд
биш өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах байх гэж бодогддог юм” гэв. Ийнхүү ярьж явсаар
толго­дынхоо орой дээр гараад ирлээ. Хаашаа л харна шаргал тал цэлийн хараа булаах
ажээ. Тал дунд адуу, үхэр, хонин сүрэг тайван гэгч нь налайх юм. Бандгай гуайн хонь
баруун энгэ­рийг барин идээ­шилж байна. Цаг агаарын мэдээ­гээр удахгүй цас орж,
бага зэрэг хүйтрэх гэж байгаа гэдгийг Д.Цэрэн­дорж гуай ярив. Түүний хэлж буйгаар
одоо бага зэрэг цас орох нь газарт нэн хэрэг­тэй зүйл гэж байна. Хатсан өвсөнд чийг
өгөхөөс гадна намрын хайлган цагаар мал усанд явж тарга тэвээр­гээ алдаад байхгүй.
Цаг агаар эрт хүйтрэхээр мал өвөл бээрэхгүй өлчир байдаг гэсэн. Тэдний амь­жиргааны
гол эх үүсвэр нь бог мал. Бог малдаа хонь олон. Тэдний хонь Баянцагааны илүү нугаламтай,
данхан сүүлтийн үүлдрийн хуц жил бүр тавьдаг гэсэн. Харин ямааг Увс аймгийн Өлгий
сумын хар ухна тавьсан. Ноолуур сайн гардаг том биетэй учир Увс аймгаас нүүж ирсэн
айлаас ухна худалдан авчээ.  

БУХИМДАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДРАЛ
Д.Цэрэндоржоос хөдөө дутаг­дах гачигдах
зүйл байна уу гэж асуулаа. Тэрээр хэсэг дуугүй суун бодож байснаа “Хөдөө дутагдах
гачигдах зүйл юу л байв гэж. Хэрэг­лээ бага шүү дээ. Сүүлийн үед залуус хот руу
дайжих болж. Хүн чадлаа мэдэж, боломжоо харж амьдрах орчноо сонгох учиртай юм. Үүнийг
л өнөөгийн залуус мэдэхгүй байна. Эртхэн эхнэр, хүүхэдтэй болоод амьдралын мөрөө
хөөсөн залуус бол хөдөөд сайхан амьдарч бололгүй яахав. Монголын хөдөө гэдэг чинь
цэвэр агаар, цэвэр хүнс, амгалан тайван орчин шүү дээ. Наад зах нь эрүүл мэндээ
боддог хүнд хот гэдэг чинь уурын зуух л болчихоод байна шүү” гэв. Үнэхээр түүний
хэлснээр хөдөө нутаг сайхан. Монголд хямрал болох гэж байна. Ам.долларын үнэ нэмэгдэж
байна гэх зэрэг зүйлс малчдад огт хамаагүй. Бас цалин бага, зарлага их байна. Автобус
унаа, ус цахилгааны мөнгө зэрэг  аар саар
зүйлээс бүр ангид. Дур­тай цагтаа хотноосоо хонь төхөөрч тарган мах идчихээд, үнэтэй
эд зүйлс хэрэглээд л явж байна. Цаг агаар тогтуун өвс, ногоо элбэг байвал жаргалтай,
дэлгэр байж чадна. Хөдөөд ямар ч бухимдал алга. Зөвхөн хөдөлмөрлөж түүний үр шимийг
хүртсэн хүмүүс. Харин хотод дээд сургууль төгсөж, мэргэж­лээрээ ажиллаж чадаагүй
барилга дээр туслахаар ажиллаж, бор хоногийг хүний эрхээр  өнгөрөөж буй 
залуус олон бий. Тэд барил­гын туслах хийгээд мөрөөдөөд байгаа сайхан амьдралдаа
хүрнэ гэдэг бүтэшгүй мэт. Харин мал маллаад түүнийг өсгөж чадвал хэнээс ч дутахааргүй
сайхан амьд­рах боломж энд байх шиг хэмээн ярив.

МАЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫГ
ТӨЛДӨГ АЖИЛ ОЛГОГЧ МАЛЧИН

Мал нь хоёр мянгаас дээш гарсан малчид
доороо 2-3 малчин айлтай болчихсон байна лээ. Тэднийгээ цалинжуулаад бас хоол ундыг
нь даачих аж. Хонь, үхрээ таслаад гэрийнхээ ойролцоо мал­чин айлуудаа буулгачихаад
өглөө болгон машинтай очиж заавар зөвлөгөө өгсөн шиг л амьдардаг юм байна. Д.Цэрэндорж
гуайнх мөн л гурван малчинтай юм билээ. Мал­чин айлуудынхаа гэрийн эзэн болоод эхнэрийг
нь цалинжуулаад бүр нийгмийн даатгалыг нь хүртэл төлдөг гэж байгаа. Үүнийгээ яваан­даа
нас өндөр болохоор өөрсдөд нь хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна лээ. Өнгөрсөн жил
гэхэд Төв аймгийн Баянцагаан суманд өвөл, хавар малыг нь харж өгдөг хоёр айлд цалингаас
нь гадна мал тасалж өгчихөөд иржээ. Д.Алтан­гэрэл, Дармаа гэх хоёр айлд нэгэнд нь
50 эм хонь, нөгөөд нь 30 хонь, ямаа өгсөн 
байна. Гэхдээ малыг хүн шиг л хайрладаг хүнд мал өгөхгүй бол сайн санаад
өгөхөөр маргааш нь хот руу мөнгө болгох гээд махлаад аваад явчихдаг хүн ч байдаг
хэмээн ярьж суув.

Ийнхүү хонины бэлчээр дээр хэсэг яриа
өрнүүллээ. Бандгай надтай элдвийн зүйл ярьж суухдаа ийш тийшээ дурандаад байх. Тэгс­нээ
“Өглөө хүүгийн олохгүй байсан хүрэн азаргатай адуу тэнд л байна. Пүрэв хэдэн хонио
хариулаад явж байна” гэх мэт малаа, байгаль, ойр орчмоо бүртгэнэ. Хонь тогтуун байгааг
харсан болохоор гэр рүүгээ явлаа. Тэр үеэр том хүү Батзаяа өглөө олоогүй адуундаа
явжээ. Тиймээс бид хоёр гүү татах ажилд томилогдлоо. 40 гаруй унага татав. Ихэнх
гүү нь сүү сайтай юм. Удалгүй хувин дүүрээд, том саванд юүлэх ажээ. Энэ үеэр хотоос
хүүх­дүүд нь ирцгээсэн юм. Тэд гэртээ орж, айраг уучихаад аав, ээжийнхээ түлээг
бэлдэж,  өгөхөөр явцгаалаа. Баруун талд байх
уулнаас бургас олж ирэх гэнэ. Мөн усны том цэн­хэр савуудыг нь дүүргэхээр хоёр нь
явлаа. Гэрийн эзэгтэй тогоо нэрж байлаа. Нэрмэлийн жалавчны ус халахаас өмнө үхрийн
зэлэн дээ­рээ очиж үхрийн баас дэлгэх юм. Намрын шар аргал бэлдээд авчих­сан байхад
мод шиг л асна. Намаржаан дээр байхад цас орлоо гэхэд түлшгүй гэж муухай царайлахгүй.
Мөн аймгийн төвд байх хамаатнууддаа намар, өв­лийн түлшийг бэлдэж өгнө хэмээн Пунцагдулам
эгч энэ тэрийг хийх  зуураа ярина.

Гэрийн эзэд удахгүй Баянца­гаан орж
өвөлжөөгөө янзалж өнгөр­сөн өвөл хураасан аргалаа хураах юм гэнэ. Амралтын өдрүү­дээр
хүүхдүүд нь ирсэн болохоор хадсан  өвсөө өвөлжөө
рүүгээ зөөх гээд мундахгүй олон ажилтай. Пунсалдулам эгч саяхан л зэлэн дээр үхрийн
баас дэлгээд зогсож байсан ч аль хэзээний гэрийнхээ үүдэнд ирээд ааруул тавьж байгаа
харагдав. Хэзээд нь амжуулдаг юм гэмээр дэлгэцтэй ааруул гэр дээр эрийтэл нь тавьчихсан
байх аж. Мөн тэднийх том гэртээ бяслаг шахаж байлаа. Ус, модонд явсан хүүхдүүд ч
удалгүй ирлээ. Ойрхон байх уулнаас цөөн хэдэн бургас олж иржээ. Том хүү Ц.Батзаяа
ч адуунаас ирлээ. Аавынхаа гэрт орж ирснээ нэг найз руугаа залгаж байгаа бололтой
суурин утсаар ярив. “Чиний алдсан гээд байгаа гурван адуу чинь ямар зүстэй билээ.
Аан цэгээн дэлтэй шарга үрээ байна лээ. Нөгөөх нь хүрэн адуу байсан бараг мөн юм
биш үү” гэв. Тэгснээ “За тэгвэл адуу гарга­хаар хүрээд ир. Хамт явж харах уу” гэж
нэг найзынхаа адууны сургийг гаргаж өглөө. Тэгснээ гэрээсээ хонины арьс гаргаж ирээд
гэрийн­хээ ард байх шүүтэй сав руу хийж байгаа харагдлаа. Өвөл өмсөх сэгсүүргэн
дээлнийхээ арьсыг шүүдэж байгаа нь энэ аж. 
Харин бусад нь гүү саах цаг арай болоогүй байгааг ашиг­лаж, хотоос ирсэн
хүүхдүүдтэй дэмбээдэх аж. “Дэмбээ манан даа тавын манан зургаа байна” гээд… үзэж
тарлаа, нөгөө­дүүл чинь. Би ч  юу дутахав
гэсэн шиг дунд нь суугаад л тэдэнтэй дэмбээдэв. Намрын өдий цагт хөдөөнийхөн их
ажлынхаа хажуу­гаар найрлаж, бас дэмбээднэ. Ийнхүү нэг өдрийг жирийн нэг малчин
айлд өнгөрөө­лөө. Ямартай ч бидний очсон айл амьдралд дарлуулалгүй, харин ч давж
гараад даацтай амьдарч болж байгаагийн жишээг тэднээс олж харлаа. Үүнийг гэрийн
эзэн “Хэрэвзээ бид хотод байсан бол цалингаас цалингийн хооронд царай алдаад сууцгааж
байх байсан биз” хэмээн ярьж байсан юм. Зарлагаа давсан орло­готой, гэрийн эздийн
яриагаар бол зарлагагүй орлоготой амьдарч байгаа эгэл өрх айлын амьдралын зах зухаас
сурвалжлахад ийм байна.

Нар баруун тийш  хэвийж, бүлээн элчээ түгээх ажээ. Тэртээд харагдах
өндөр уулс халиун бугын зоо шиг шаргалтан байна. Бүх зүйл нарны өнгөтэй болчихсон
мэт шаргал. Зүүн уулын энгэрээр хонин сүрэг тааваараа идээшлэх үед гэрийн эзэдтэй
дахин уулзах ерөөл тавин нийслэлийн зүг хөдөллөө. Ай даа, Монголын  налгар намар мөн ч сайхан юм аа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Н.Цэрэндоржийнх хоёр мянга хол давсан малтай. Хоёр мянга гаруй
хонь, ямаа, 400 гаруй адуу, 200 гаруй үхэр, сарлагтай аж төрж байна. Тус айлын гол
амьжиргаа нь мал. Тэднийх Төв айм­гийн Сэр­гэ­лэн сумын ну­таг Ав­дарын уул гэх
дүн­хийсэн хөх уулын хойхно Дөл­гөө­ний энгэр гэдэг газарт намаржиж байна лээ. Нутгийнхан
нь түү­нийг Бандгай хэмээн ав­гайлан дууддаг юм байна. Жаран насны босго алх­сан
тэр­бээр “Буянт ма­лын үр шим барагдахгүй. Хөдөө ну­тагт мал ха­риулж, өөрийн­хөөрөө
явсны үр шимээ ах нь үзэж байна. Хэдэн хүүх­дүүдээ хотод байр, орон сууцаар хангаж,
эрдэм номын мөр хөөл­гөлөө.

Бусдын хүүхдүүдийн уна­даг үнэтэй
машин хүртэл авч өглөө. Үүнээс илүү жаргал хаана байх вэ. Мал дагавал ам тосдоно
гэж үнэн үг шүү.  Хөдөлмөрлөж чадвал Мон­голын
хөдөөд сайхан амьд­рал байна шүү залуусаа. Ямар ч зарлага байхгүй, орлого ороод
байх тийм л амьдрал энд байна” хэмээн ярьж байсан юм.

Өвсний шим толгой руугаа орсон энэ
л цагт хөдөө нутаг үнэхээр сайхан байдаг. Бүх зүйлс тогоо дүүрэн сүү шиг л мэлтэлзээд
байх. Малын тарга тэвээрэг нэмэгдчихсэн. Сүү гэж будаг шиг л өтгөн. Хөхүүртэй айраг
чимчигнээд л, хөдөө нутгийн тэнүүн жар­гал гэдэг энэ. Шаргал намрын хайлган цагаар
хүн бүр зав­гүй хөдөлмөрлөж байна, Мон­голын хөдөөд. Тариа, ногооны хураалт эхэлчихсэн.
Малчид өвс, хадлангаа зэхээд өвөлжөө бууцаа янз­лах, малаа “язартал” тарга­луулж
өвлийг өнтэй давах гээд борви бохис хийх завгүй. Ийм л цагаар сайн сайхныг цогцлоон
буй  Цэрэн­дорж гэх санасан бод­сон зүйлээ
шууд хэлчихдэг зантай хөдөөний малчинтай нэг өдрийг хамт өнгөрөөж сурвалжлага хийсэн
юм. Тэд­нийх хөдөөний зочломтгой халуун дулаан зангаар сур­валжлага хийхээр ирсэн
биднийг угтсан юм.  

Бидний очсон айл маань өөдөө дэвшин
дээшилж буй нь илт. Гэрийнх нь гадаа очиход л амьжир­гааны түв­шин сайтай нь ха­раг­дах
аж. Хонины хашааны наана улаан “жийп”-ээ тавь­чихсан. “Аавын цээж” гэх ногоон УАЗ
машинаа баруун хамар дээ­рээ мануухайн оронд зогсоо­жээ. Ачааны “Бонго”-гоо гэрийнхээ
үүдэнд сойчихсон байх юм. Мөн бага хүүгийнх нь жийп байна. Таван хана­тай их гэр,
сүү цагаан идээний дөрвөн хана­тай гэр барьчих­сан байна. Үх­рийн зэлэн дээр нь
гуч гаруй тугал эгнүүлээд уячихсан. Гүүн зэлэн дээр нь багширсан олон адуу байх.
Н.Цэрэндорж гуайтай хууч хөөрөхөөс сур­валжлага маань эхэлсэн. Тэрбээр “Ах нь энэ
нутагт төрж өссөн хүн. Багаасаа л мал хариулж явсаар өдий хүрч байна. 1971 онд Төв
аймгийн дунд сургуулийг төгсөөд шууд цэрэгт явсан. Тэгээд нэгдэл дундын үйлдвэрийн
туслах аж ахуйчаар буюу малчин бол­сон юм. Тууврын мал туудаг байлаа. 1979-1982
он хүртэл туувар туусан. Тэгээд нэгд­лийн мал хариулж байгаад л 1992 онд хувьцаандаа
цөөн хэдэн мал авч өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод гарсан. Тухайн үед 200 гаруй мал
хувьцаандаа авч байлаа. Цаг ч сайхан байсныг хэлэх үү, манай мал хурдан өссөн шүү”
хэмээн тамхиа нэрэн суух ажээ. Гэрийн эзэгтэйг Пунсалдулам гэдэг юм байна. Сэргэлэн
сумын уугуул. Мэнд устай, цай цүй болсон хөгшин юм. Бидэнтэй “Манайх зур­гаан хүүхэдтэй
айл. Одоо том хүү манайхтай хамт намар­жиж байна. Дунд хүү, том охин хотод. Бага
охин Японд сура­хаар явсан. Отгон хүү маань энд ирчихсэн байгаа. Гүүн зэл хавиар
байгаа байх. Манайх гэдэг айл иймэрхүү байдалтай аж төрж байна даа” хэмээн гэр бүлээ
танил­цуулсан.

СЭРГЭЛЭН СУМЫН АНХНЫ МЯНГАТ МАЛЧНЫХ

Сэргэлэн сум олон мянгат малчинтай.
Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайгаас эхлээд Монголд олон адуутайгаараа алдартай
“Ханан” хочит Төмөр­­баатар ч бий. “Ханан” Төмөрбаатар өнөө жил 1500 гаруй адуу
тоолуулжээ. Тэгвэл бидний сурвалжлага хийхээр очсон айл маань Сэргэлэн сумын анхны
мянгат малчин болж байсан бахдам түүх сөхлөө. Үүнийгээ “Хэдэн малын буян биднийг
өдий зэрэгтэй сайн сайхан амьд­ралд хүргэсэн” гэж тайлбар­ласан юм. Цэрэндорж гуай
гурван жилийн өмнө “Айм­гийн сайн малчин” хэмээх цол тэмд­гээр шагнуулжээ. Том хүү
Батзаяа гаднаас орж ирлээ. Адуугаа хурааж ирээд, гүүгээ барьчихаад орж ирж байгаа
нь энэ. “Хүрэн азаргатай адуу алга. Долоо­ны тэр хавь руу өнгийхөөс. Өдөр хэрд тэнд
усанд орох байх даа” хэмээн аавтайгаа ярилцана. Дээрх ярианаас хурдан мори­ны яриа
руу орлоо. Тэднийх сүүлийн үед адууныхаа цусыг холдуулах, хурдан удмын адууны үр
удам тавих зэргээр цус сэлбэ­хэд их анхаарч бай­гаа аж. Сүхбаатар, Дорнод, Хэнтий
аймгаас адуу худал­дан авч адуундаа тавь­жээ. Бүр улсын баяр наадамд аман хүзүүдсэн
“Босоо дэлт” хүрэн азарганы төл, “Их хурд-4” уралдааны түрүү  магнай, халтар азарганы үр удам тэдний адуунд
байна. Дор­нодын бүсийн уралдаанд түрүүлж Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд
айрагдаж байсан буурал азарга хүртэл адуун дунд нь зогсож байх жишээтэй. Мөн Өмнөд
Монголын барга адуу­наас хүртэл худалдаж аваад азарга тавьсан болохоор адууныхаа
удам угсааг сайж­руулж чаджээ. Ирэх жилээс морь уях ажилдаа орох юм гэнэ.
1980-1990 оны үед аймгийнхаа наадамд олон морь айрагдуулж байсан юм билээ. Сүүлийн
хэдэн жил морь уях ажлаас жаахан хөндийрсөн гэв.

“АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ МАНАЙД ИРЭЭД
ЦАГААН ИДЭЭ ХУРААГААД АВ ГЭХЭЭР ИРДЭГГҮЙ”

Намрын шаргал нар ээсэн тогтуухан
өдөр болохоор гэрийнхээ хаалгыг дэлгэжээ. Урагш харахад цэлийсэн хөндий тал шаргалтан
үзэг­дэх ажээ. Гэрийн эзэгтэй хөхүүртэй айраг хэд бүлж байснаа ваарандаа дүүргэж
өмнө тавих. Бас болоогүй бага гэрт тогоо нэрэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд
ажил мундахгүй харагдлаа. Пунсалдулам эгчээс “Цагаан идээгээ худалдаж байгаа юу”
гэтэл “Юун худалдах. Цагаан идээгээ ах, дүүстээ тарааж өгөөд л таардаг. Ганцаараа
болохоор бүх үнээгээ сааж чадахгүй хэцүүдэх юм. Айм­гийн төвд ажилгүй байгаа айлыг
ирж үхэр, мал саагаад цагаан идээ хурааж аваад яв гэхээр ирэх хүн олдохгүй юм. Уг
нь аймгийн төвийн ажилгүй айл, өрхүүд зундаа манайх­тай хамт зусаад цагаан идээ
бэлдэж аваад буувал болох­гүй гэх газаргүй. Даанч залхуу нь дэндсэн хүмүүс юм. Хэрэв
манай хэдэн үнээ, ямааг саа­вал “Дэлэнт мал дээшээ” гэж бараг жилийнхээ хэрэгцээний
мөнгийг олчих боломжтой юм шүү. Гэвч тэгдэг хүн алга байна” гэв.

Цэрэндорж гуайнх гурван зуднаар өнчин
ишигний гарз­гүй давсан байна. Намар гэрийн эзэн цаг агаар ямар байхыг урьдчилан
таамаг­лаад отор, нүүдэл хийгээд явчихдаг байна. 1999, 2000 оны зуднаар гэхэд Сэлэнгэ
аймгийн Орхонтуул, Төв айм­гийн Заамар суманд отор хийж зудтай жилүүдийг малын гарзгүй
давжээ. Энэ жил ч гэсэн Баянцагаан сум руу нүүх юм байна. Сэргэлэн сум өнөө жил
өвс, ногоо сай­хан гарчээ. Сүүлийн 30 гаруй жил огт үзэгдээгүй байсан мангир энд
тэндгүй гарсан тухай хуучлав. Мангир идсэн бог мал тарга тэвээрэг сайн авч, өвлийг
өнтэй сайхан давдаг тухай өвгөдийн яриаг ч дуулгав. 

ХҮҮХДҮҮДДЭЭ ХОТОД ОРОН СУУЦ ХУДАЛДАН
АВЧ ӨГСӨН ГЭНЭ

 Цэрэндорж гуайнх намар малаа худалдаалдаг гэнэ.
Хонь, ямаа, үхэр, адуунаасаа харж байгаад өвөл онд ороход тааруу гэсэн хэдийгээ
зарж мөнгө болгодог аж. Баг­цаагаар 30 гаруй сая төгрө­гийн мал зарчихдаг гэсэн.
Том хүүдээ мал таслаад өгчихсөн. Энэ өвөл мянгат малчин бо­лох гэнэ. Харин хотод
байгаа хүүхдүүдээ орон сууцтай бол­гожээ. Бага хүү Баттөрдөө Төв цэнгэлдэхийн тэнд
зуу гаруй сая төгрөгөөр байр авч өгсөн байна. Мөн саяхан 40 гаруй сая төгрөгөөр
машин авч өгчээ. Удахгүй том хүү­гийнхээ машиныг томруула­хаар зэ­хэж байгаа гэсэн.
Мөн өөрс­дөө аймгийн төв дээр хашаа байшинтай юм байна. Түү­нийгээ ирэх хавраас
орчин үеийн хаус болгох төлөв­лөгөө гаргажээ. Хоёр хөгшин том хүү болон охины­хоо
хүүг малчин болгосон байна. Бусад хүүхдүүд нь хотод ажиллаж амьдардаг. Намар малаа
зарах, хавар ямааны­хаа ноолуур, хонины ноосоо тушаагаад л амьдра­лынхаа бүх хэрэгцээг
ханга­чихдаг байна. Нэг хонийг 120 мянган төгрөгөөр өгчихдөг гэж бай­гаа. Гэртээ
олон суваг гардаг антеннтай. Тэрүүгээ­рээ дур­тай сувгаа телевизээр үзээд гэрээсээ
“Жи мобайл”-ын утсаар ярих юм. Бүр интер­нэтэд хүртэл холбогдох бо­ломжтой ажээ.
Том хүү Бат­заяа аавынхаа улаан “жийп”-ийг унаад хойд уул руу гарч байгаа харагдана.
Машин­тай уулан дээр гараад хонио дурандаж байгаа нь энэ гэнэ. Төд удалгүй мото­цик­лио
асаа­гаад гүүгээ ху­раах. Ер нь машин, мотоцик­лиор ажлаа амжуулаад байх юм. Зэлэн
дээр багшралдах адуу нам­рын хонгор салхинд илбүү­лэн зүүрмэглэх ажээ. Гүүн зэлнээс
гурийлах дуу тодхон сонсогдоно.

Үргэлжлэл
бий

Э.ХҮРЭЛБААТАР

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Хан-Уул дүүргийн эмнэлгийн газрыг “Арш” компани хууль бусаар авсан гэв

Хан-Уул дүүргийн нэгд­­сэн эмнэлгийн ажилт­нууд өчигдрөөс эхлэн
ажил хаялт зарлах гэж байгаа гэдгээ албан ёсоор сэтгүүлчдэд мэдэг­дэв. Тус газрын
эмч, суви­лагч болон бусад ажилт­нууд ийн 
ажил хаях дээ­рээ тулж байгаа асуудал нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас
тус эмнэлгийн А корпусыг “Арш” ХХК-ийн мэдэлд өгч орон сууцны барилга бариулж байгаатай
хол­боо­той гэнэ. Энэ талаар сурвалжлахаар тус газ­рыг зорилоо. Биднийг очих үед
Хан-Уул дүүр­гийн нэгдсэн эмнэлгийг тулгаад хашаа хатгасан байв.

Мөн барилгын суу­рийн бетон цутгахаар
газрыг ухсан байлаа. Уг эмнэлэг 1989 онд анх ашиглалтад орж байсан юм байна. Үндсэн
гурван хэсгээс бүрддэг бөгөөд эмнэлгийн А корпус буюу “Арш” компани буулгаж, орон
сууц барихаар ажлаа эхлүүлээд  байгаа газрыг
2005 онд Нийс­лэлийн өмчийн харил­цааны газраас Хан-Уул дүүргийн Замын цаг­даа­гийн
хэлтсийг байрлуулах шийд гаргаж байжээ. Хан-Уул дүүргийн эмнэлэг А корпус буюу нураалгаад
байгаа газарт хуучин гал тогоо, усан бассейн, спор­тын өрөөнүүд бай­сан юм байна.  Хан-Уул дүүргийн замын цаг­даа­гийн хэлтэс өнгөрсөн
жил шинэ байранд нүүж ор­сон байна. Гэхдээ эмнэл­гийн хажуу талын сул газарт шинэ
байраа бариул­сан аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас гэнэт­хэн “Арш” компа­нийн ажилтнууд
“Манай газар болсон. Энд 12 давхар орон сууц бари­на” гээд хашаа хатгаж эхэлсэн
байна. Энэ үеэс тус хоёр газарт үл ойл­гол­цох байдал үүсч эхэл­жээ.  “Арш” компанийнхан Хан-Уул дүүргийн замын цагдаагийн
хэлтэст шинэ байрыг нь өөрсдийнхөө хөрөнгөөр барьж өгсөн гэнэ. Тэгэхдээ тухайн үед
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Ганболд гэх хурандаатай
гэрээ байгуулж Нийслэлийн өмчийн харилцааныг газ­рын даргын  зөвшөөр­лөөр уг хуучин эмнэлгийн байр байсан газрыг
“Арш” компанид өгч өөрсдөө шинэ байр бариулсан байна.

ДОРГИЛТ ӨГСНӨӨС БОЛЖ ЭМНЭЛГИЙН
ХАНА ЦУУРСАН

Ингээд Хан-Уул дүүр­­гийн ЭМН-ийн
дарга Т.Пүрэв­чулуу­наас цөөн асуултад хариулт авсан юм.

 -“Арш” компанийн орон сууц
барьж байгаа газар танай эмнэлгийн мэдэлд хэвээрээ бай­гаа гэсэн үү?

-Тийм ээ. Манай эмнэл­гийн газар.
Бүр албан ёсны гэрчилгээн дээрээ хүртэл манай газар гэдэг нь тодорхой байгаа. Угаасаа
манай эмнэлгийн нэг хэсэг бай­сан газар. Нийслэлийн өмчийн газар Замын цаг­даагийн
мэдэлд өгч бай­сан болохоос. “Арш” ком­пани өнгөрсөн дөрөв­дүгээр сараас барилгын
ажлаа эхлүүлсэн. Тэр үеэс л манайх үйл ажил­ла­гааг нь эсэргүүцэж эхэл­сэн. Гэвч
одоог хүр­тэл бидний үгийг хүлээж авахгүйгээр нурааж газар ухсан. Үүнээс үүдэн манай
эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа иргэ­дийн тав тухтай байдал алдагдаж шөнөжин нойр­гүй
хонох болсон. Бүр энэ талаар их олон санал гомдол ирсэн. Түүнч­лэн шууд хэвтэн эмчлүүлэх
тасаг болон усан эмчилгээний тасаг яг энэ нурааж байгаа барил­гын цаана байдаг.
Тус тасгуудын дотор хананд цууралт өгсөн байгаа. Хажуу хана нь одоо дан тоосгон
бай­дал­тай үлдсэн. Эмнэлэг бол онцгой обьект. 30 метрийн дотор барилга байгууламж
барих ёсгүй. Гэнэт халдварт өвчин гарвал эргэн тойрон бай­гаа газруудыг хамгаалал­тад
авах ёстой. Нийслэ­лийн өмчийн харилцаа­ны газартай нийлэн манай эмнэлгийн газрыг
дээрэмдэж байгааг бид хараад зүгээр сууж чадах­гүй. Мөн эмнэлгийн ачаа­лал хэт их
байна. Барил­гыг нь нураасан газарт өргөтгөл хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа.

-Нэгдсэн эмнэлгийн барилгыг тойроод
энд тэндгүй барилга барь­сан байна. Энэ талаар?

Манай эмнэлгийг той­роод баахан л барил­га байна. Тодруулбал,
хажууханд нь их сургууль, яг урд нь цагдаагийн бай­гууллага, мөн орон сууц байх
жишээтэй. Яарал­тай тусламжаар ирсэн өвчтөнөө машинаас авах маш хүндрэлтэй. Учир
нь машинаа байрлуулах талбай бага учир хаа хол машинаа байрлуулж байж сувилагчид
маань арай ядан дааж өвчтөнөө эмнэлэгт оруулдаг. Орж, гарах гарцгүй ийм л бай­дал­тай
байна даа.

-Эмнэлгийн барил­гыг нурааж байгаа
та­лаар холбогдох газруу­дад мэдэгдсэн үү?

Мэргэжлийн хянал­тын газраас хяналт шал­галт хийсэн боловч
зөв­шөө­рөлтэй газар байна гэсэн хариу өгсөн. Бид хотын дарга Э.Бат-Үүлд хандсан
байгаа. Хотын дарга бидэнд маш сай­хан хариу хэлсэн. Ажлыг нь зогсооно, гаргасан
шийдвэрт нийцэхгүй үйл ажиллагаа байна гэсэн хариу өгсөн. Гэвч “Арш” компани үйл
ажиллагаа­гаа зогсоохгүй байгаа нь ажил хийхэд хүртэл хүнд­рэл­тэй байна. Өдөр шөнө­гүй
дуу чимээн дунд манай эмнэлгээр үйлч­лүүлж байгаа иргэд болон ажилтнууд байна. Хэрэв
ийм давчуухан газар орон сууц барьчих юм бол машин орох зай талбайгүй болохоос гад­на
олон сөрөг үр дагавар гарна. Бид хана цуурсан асуудлаар гомдол гарга­хаар зэхэж
байна гэв. Харин тус эмнэлгийн ажилт­нууд “Хэрэв барил­гын ажил зогсохгүй бол бид
ажил хаялт зарлана” хэмээн мэдэгдэж байсан юм.

Бид “Арш” компа­нийн­хантай уулзах
гэсэн боловч уулзахаас тат­галз­сан юм. “Арш” ком­пани нь Италийн хөрөнгө оруулалттай
барилгын компани юм байна. 178 айлын итали инженерүүд барих гэж байгаа орон сууц
гэнэ. Европ хэв мая­гийн орон сууц юм байх. 
1989 онд ашиглалтад орсон барилга ямар нэгэн хана нь цуурсан, суулт өгсөн
зэрэг зүйл илрээгүй гэнэ. Цаашид арав гаруй жил ашиглах бүрэн боломжтой байсан аж.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Хосууд багаар бодоход 15 сая төгрөгөөр хуримлаж болох нь

-РЕСТОРАН ЖУУЛЧНЫ БААЗУУДАД
ЦАЙЛЛАГА ХИЙХ БОЛ НЭГ ХҮНИЙ 50 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ- 

Энэ сарын 21 дашням, бал­жинням давхацсан
сайн өдөр. Сайн өдөр хэмээн онцолж байгаа нь намрын дунд сарын 17-ны билэгт сайн
өдөр тохиож буй юм. Өнөө жилийн намрын дунд сарын 17-нд олон залуу хос хуримаа хийхээр
төлөвлөөд байгаа юм байна.  Гэрлэх ёслолын
ордон гэхэд аль хэдийнэ захиалгаа аваад дуус­чихсан байна лээ. Мөн Дархан болоод
Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордны захиалга хэдийнэ дууссан гэнэ. Сүүлийн үед
хурим найр хавтгайрч байгаа талаар ярих хүн олон болсон. Бүр хүүхдүүдийнхээ хурим
найраар далимдуулж бусдад хэр мөнгөтэй вэ гэдгээ харуулах хүн цөөнгүй болжээ. Намрын
дунд сар эхэлж байгаа энэ өдрүүдэд Монгол даяараа хурим найрны хөлд дарагдаж байна.
Нийслэл хот гэхэд хаа сайгүй чимэглэсэн машинууд давхих. Залуус хосуу­дын хурим
болж байгаатай холбогдуулж цахилгаан бараанаас авахуулаад дээл, гутал, хүнсний бүтээгдэхүүн
айраг, цагаан идээ гээд бүх зүйлсийн үнэ нэмэгджээ. Энэ талаар сурвалжлахаар хэд
хэдэн газраар орсон юм.  Дундаж амьдралтай
айлын хүүхэд хэдэн төгрөгөөр хурим хийх талаарх тооцоог мөн гаргасан юм. Бага зардлаар
дундаж хурим хийхэд 15 сая төгрөг элбэг гарах ажээ.  Бидний эхний орсон газар бол “Нарантуул” захын
дээл болон гутлын лангуу. Энэ жилийн наад­маар “Хүннү” хийцийн дээл эрэлт ихтэй
байсан. “Нарантуул” захын дээлний лангуун дээр “Хүннү” хийцийн дээл түлхүү худалдаалж
байгаа харагдлаа. Тод өнгийн даавуугаар нарийн эмжиж хийсэн дээл 130-210 мянган
төгрөгийн үнэтэй байв. Эмэгтэй, эрэгтэй хос дээл 280-350 мянган төгрөгийн үнэтэй
байв. Тэндээсээ гутлын лангуу орлоо. Хромон гутал 150-450 мянган төгрөгийн хооронд
худалдаалж байв. Харин ээтэн гутал 130-250 мянган төгрөгийн үнэтэй. Бусад ээтэн
гутал худалдаалж буй газрууд үүнээс илүү үнэтэй юм билээ. Хос бүрх малгайг 150 мянган
төгрөгөөр худалдаж авах юм билээ. Тус зах дээр сийлбэртэй авдар 400 мянган төгрөг,
бурханы гуу 250 мянган төгрөгт хүрчээ. Харин дунд зэргийн  эрээн авдар хосоороо 430 мянган төгрөгийн үнэтэй
байв. Мөн иж бүрэн таван ханатай гэр 2.5 сая төгрөг байсан юм. Өвөрхангай аймгийн
Уянга сумын хийцийн гэр гэхэд 3.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.

Ингээд “Нарантуул” захаас гарч Гэрлэх
ёслолын ордон орсон юм. Тэнд намрын дунд сарын 17-ны өдөр 70 гаруй хос 00:00 цагаас
эхлэн хуримаа хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Үнэ нь 790 мянган төгрөг юм билээ.
Энэ жил хуримын ордонд урсгал засварын ажил хийжээ. Үүнээс үүдэн урсгал засва­рын
мөнгө болоод ажилчдынхаа цалин мөнгө зэрэг асуудлаас үүдэн 50 гаруй мянган төгрөгөөр
үнээ нэмсэн гэдгийг ажилчид нь тайл­барлаж байсан юм.  Мөн хуримын ёслолд өмсөх костюм, даашинзыг хэд
хэдэн газар худалдаалж байна лээ. Хуримын ордон дотор даа­шинз 300-700 мянган төгрөгний
үнэтэй байна. Харин урт цагаанд байрлах “Гоёл уран” гэх газар 450 мянган төгрөгний
үнэтэй байв. Даашинз прокатны газруудад өдөрт 50-80 мянган төгрөг төлөөд  сонголт бүхий газруудаас авч болох юм байна. Харин
хуримаа хийж байгаа эрэгтэйн ёслолын хувцасны хувьд  150-420 мянган төгрөгний хооронд костюм захиалж
болох  юм билээ. Ер нь цамц, зангиа, ботинк
зэргийг орол­цуулаад 500 мянган  төгрө­гөөр
бүрэн хувцаслах боломжтой гэдгийг хорооллын дэлгүүрүүдийн худалдаалж буй хувцаснаас
гаргаж байна.

Ингээд хуриманд хэрэглэх машины үнэ
ханш ямар байгаа талаар тодруулсан юм. “Jeep Service” -ээс авахуулаад хэд хэдэн
газарт машин түрээсэлж байна лээ. Хуримын ордны урт Limousine нэг өдрийн түрээс
300 мянган төгрөг юм билээ. Харин цагаар бол 80 мянга.   Бусад газруудад “Ланд” 200-гаас авахуулаад “Бенз
Жи 500” зэрэг машинуудын үнэ мөн л өдрийн түрээс нь 400 мянган төгрөг. Харин цагаар
түрээслэх юм бол 50-80 мянган төгрөг юм билээ.

Ингээд хуримны цайллага хийх газрын
үнэ ханшийг танилцуулж байна. Нийслэлийн томоохон ресторан жуулчны баазууд хурим­ны
цайллага хийх  үнэ ханш гаргасан байна лээ.
Хэдэн хүн хүлээж авахаас шалтгаалан үнэ нь харилцан адилгүй юм билээ. Тухайлбал
“Хаадын өргөө”, “Red rose”, “Алтай Монголиан Бар­бекью”, “Улаанбаатар” зочид буудал,
“Модерн номадс” ресто­ран, “Монгол шилтгээн” зэрэг газруудын дундаж үнэ  нэг хүнийг 50 мянган төгрөгөөр бодон төлбөр тооцоо
хийж байна лээ. Дээрх үнэ гурван цагт багтсан үнэ ханш.  Хуриманд багаар бодоход 150 хүн урихад 7,5 сая
төгрөг зөвхөн цайллага хийх газраа зарцуулах аж. Гэхдээ дээрх 50 мянган төгрөгт
хоол, ундаа, цэвэр ус, пиво, дөрвөн хүний дунд нэг шил архи ноогдож байгаа юм.

Э.БААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Хятадууд Монгол төгрөгийг өндөр үнээр худалдан авдаг болжээ

Хятадууд Монгол төг­рөгийг өндөр үнээр
ху­дал­дан авч байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар албаны эх
сурвалжаас тодруулахад “Иргэд сүү­лийн үед их хэмжээ­ний төгрөг хилээр гаргах то­хиолдол
хууль хяналтын байгууллагад бүртгэг­дээд байна. Энэ сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Эрээний
гарах чиглэлийн галт тэргэнд зор­чиж явсан Монгол Улсын иргэн Н нэг төгрөгийн дэвсгэрт
1900 шир­хэг, таван төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, арван төгрөгийн дэвсгэрт
2100 ширхэг, хорин төг­рөгийн дэвсгэрт 1700 шир­­хэг, 50 төгрөгийн дэвс­­гэрт
390 ширхэг, зуун төг­рөгийн дэвсгэрт 100 ширхэг нийт­дээ долоон зуун жаран нэгэн
мянга есөн зуун төгрөг хилээр нэвтрүүлэх гэж байсныг хил, гаалийнхан тогтоо­сон.
Их хэмжээний төгрөг хилээр гаргах гэж байсан Н-ээс ямар учраас хилээр төгрөг гаргах
гэж байсан талаарх мэдүүлгийг хууль хяналтынхан авсан бай­на лээ. Тэрээр “БНХАУ-ын
Эрээн хотод аваачиж хятадуудад өгдөг. Тэд монгол мөн­гөөр бэлэг дурсгалын зүйлс
хийдэг гэж сонс­сон” хэмээн мэдүүлээд байгаа гэсэн. Он гарсаар нэг, тав, арав, хорь,
тавь, зуун төгрөгийн мөнгөн дэвс­гэр­түү­дийг улсын хилээр нэвт­рүү­лэхийг завдсан
үйлдлүүд хэд хэдэн удаа бүртгэг­дээд байгаа. Ту­хайлбал, 2013 оны тавду­гаар сарын
18-нд Монгол Ул­сын иргэн У 50 төг­рөгийн дэвсгэрт 8000 шир­хэг, 100 төгрөгийн дэвсгэрт
200 ширхэг мөн л хилээр нэвтрүүлэх гэж бай­гаад баригдсан гэв. Мөн энэ сарын
18-нд иргэн Б та­ван төг­рөгийн дэвсгэрт 20000 ширхэг, нэг төг­рөгийн дэвсгэрт
20 шир­хэгийг тус тус улсын хи­лээр нэвтрүүлэхийг завд­сан байсан” гэв.

Өөр нэг эх сурвал­жаас авсан мэдээллээр сүүлийн үед мөнгөний
ченжүүд болон хувь хү­мүүс их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд худалдан авах болсон
талаар цаг­даагийн байгууллагад мэдээлэл ирээд байгаа гэнэ. Сүүлийн жилүү­дэд нэг,
тав, арав, хорин төг­рөгийн дэвсгэрт хэрэглэх нь эрс багасаад байгаа. Томоохон дэлгүүр,
бан­куу­дад ч дээрх мөнгөн дэвсгэртүүд байхгүй болж, мөнгөний хариул­тад цөөн ирэх
болсон байна. Өөрөөр хэлбэл эрэлт нь багасч нийлүү­лэлт их болоод байж. Үүнийг урд
хөр­шийнхөн ашиглаж худал­дан авах болжээ. Бидний хэлж заншсанаар бутар­хай мөн­гөөр
хятадууд юу хийдэг нь тодор­хой бус байгаа юм байна.

Хууль хяналтын байгуул­лагад хилээр
их хэмжээний мөнгөн дэвс­гэрт авч гарах гэж байгаад баригд­сан иргэд “Хята­дууд
монгол мөнгө ашиглаж бэлэг дурсгалын зүйлс хийдэг гэж биднээс худалдан авдаг байсан.
Бид­нээс нэг төгрөгийг 2,8 юаниар бодож худалдаж авдаг бай­сан” хэмээн мэдүүлээд
байгаа гэсэн.

Монгол мөнгөн дэвсгэр­тийг хятадууд
их хэмжээгээр худалдан авч байгаа хэргийг цагдаа болон Тагнуулын ерөнхий газар,
Хил хамгаа­лах ерөнхий газар хамтран шалгаж байгаа юм байна.

Манай улс үндэсний мөн­гөн тэмдэгтээ
өөрсдөө үйлд­вэрлэдэг­гүй аж. Европын оронд захиалж хийлгүүл­дэг гэнэ. Бутархай
мөнгөн дэвс­гэртүүдийг их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж бай­гаа нь  цаанаа ямар нэгэн  эрх ашиг байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллага
таамаг дэвшүүлээд байгаа юм байна. Үнэт цаасыг нь ашиглан гадаадын хуурамч валют
болгож хэрэглэх, цааш­лаад бага мөнгөн дэвсгэр­тийн нөөц багасах, хуурамч валют
их хэмжээгээр дотоо­дын зах зээлд нийлүүлэгдэх сөрөг үр дагавар үүсч бол­зошгүй
гэж болгоомжилж байгаа гэнэ.

Э.БААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Нарантуул” захыг наймаачид шатаасан уу

Хүнсний захаас цогцсыг гаргаж байгаа нь

“Нарантуул” олон ул­сын худалдааны
төвийн хүнсний зах хаанаас гал гарч бүхэлдээ шатах бол­сон шалтгааныг олж тог­тоохоор
холбогдох газ­рын мэргэжилтнүүд шуур­­хай ажиллаж байгаа гэнэ. Гэвч одоог хүртэл
хүнсний павильон ямар учраас шатах болсон шалт­гааныг эцэслэн тог­тоогоогүй байгаа
аж. Мөн хүнсний зах дотроос эмэг­тэй хүний цогцос олдсон. Одоогоор хэн болохыг бүрэн
тогтоож амжаагүй байгаа гэж шинжээчид бидэнд мэдээлэл өгсөн юм. Харин хүнсний лан­гуу
түрээслэгчдийн хэлж буйгаар тэнд хоёр хүн хонодог байсан юм бай­на. Нэг нь сэтгэцийн
өөрч­лөлттэй 30 гаруй насны Мянгаа гэх залуу, нөгөөх нь гэр оронгүй ах, дүү хамаатан
садан байх­гүй гэх 40 эргэм нас­ны эмэг­тэй хонодог байжээ. Сэт­гэ­цийн өөрч­лөлт­тэй
за­луу тэр шөнө хүнсний захад хо­нол­гүй гэртээ хоносон аж. Хүнс­ний зах шатсаны
да­раа тэр ха­виар явж бай­сан юм бай­на. Харин хүнс­ний зах цэвэрлэдэг эмэгтэй
одоог хүртэл ор сураггүй алга болжээ. Түүнийг гал гарах үед дотор байж байгаад ша­таж
амиа алдсан байж магад­гүй хэмээн үзэж бай­гаа гэнэ. Цагдаа нар ч тэр эмэгтэй байж
магад­гүй хэмээн хамаатан са­дан болоод  хоног
төө­рүүл­дэг айл байж магад­гүй хэ­мээн шалгаж эхэл­жээ. Гэвч ямар нэгэн сураг ажиг
гараагүй гэнэ.

40 МЯНГАН АМ ДОЛЛАР ШАТАЖ,  САЙН СЕЙФТЭЙ ЛОМБАРДНЫ ЭЗЭН ЭД ЗҮЙЛСЭЭ БҮРЭН ХҮЛЭЭЖ
АВЛАА
 

Биднийг өчигдөр 15:00 цагийн орчимд “На­ран­туул” зах дээр  очиход түрээслэгчдийг цөөн цөө­нөөр нь дотогш
нэвт­рүүлж байв. Шатсан хүнс­ний зах дотор 300 гаруй тү­рээс­лэгч үйл ажил­ла­гаагаа
явуулдаг бай­жээ. Бүхэл­дээ шатсан хүнсний зах дотроос онцгой байд­лын аврагч нар
бүрэн бүтэн зүйл үлд­сэн эсэхийг шал­гаж бай­лаа.

Биднийг очих үед дотор ажиллаж бай­сан
цагдаа нар “Хоёр түрээс­лэгчийн эд хөрөнгө бүрэн бүтэн олдлоо. Нэг нь хоёр давхарт
байдаг ломбард­ны сэйфэнд хад­галаас­тай байсан алт, мөнгө зэрэг үнэт эдлэл их хэм­жээ­ний
бэлэн мөнгө галд өртөлгүй үлджээ. Доод давхрын нэг түрээс­лэгч мөн л зургаан сая
төгрөгөө бүрэн бүтэн хүлээж авлаа. Тэр хоёр галаас хамгаалдаг сейфтэй байсан юм
байна” хэмээн түрээслэгчдэд мэдээлэл өгөв. Харин нэг залуу шатсан ам.доллар торонд
хийгээд барьчихсан уйлчихсан гарч ирсэн юм. 40 мянган ам.доллар сейфэн­дээ хийчихсэн
байсан нь шатчих­жээ. Гэхдээ хэрэглэх аргагүй бүх ам.долларын тал нь тэр чигтээ
шатчихсан байна. Хэргийн газарт үзлэг хийж байгаа цагдаа нар тоолж үзээд 40 мянган   ам.доллар шатсан байна гэх хохирлын хэм­жээг
тогтоожээ. Мөн зургаан сая төгрөг нь шатсан залуу түүний араас гарч ирсэн юм. Тэд
“Хэдэн жилийнхээ хөлс хөдөлмө­рийг ганцхан цагийн дотор шатаал­гачихлаа” хэмээн
уйлах ажээ.  Онцгой байдлын алба хаагч нар
дотогш цөмөрч унасан төмрийг кранаар зөөн буулгаж байсан юм. Мөн карказ төмрийг
тасдагчаар тасдан буулгаж байгаа харагдлаа.

Гал гардаг шөнө “Нарантуул” захын
түрээслэгчдийн төлөөлөл зам хаах гэж байгааг эсэргүүцэн зам засварын компани шөнө
аж­лаа эхэлж магадгүй хэмээн тэнд хоносон байна. Хэрэв зам засва­рын компани ажлаа
эхэлчих юм бол “Нарантуул” зах хоёр өдөр ажиллахгүй хэмээн хотын захир­гаанаас мэдэгдсэн
учир түрээслэг­чид үүнийг эсэргүүцсэн арга хэмжээг авч эхэлсэн. Гал гардаг шөнө
арав гаруй залуус тэнд хоносон юм байна. Өглөөний 05:20 цагийн орчимд гэр гэр лүүгээ
явцгаасан байна. Тэднийг яваад гучин минут болоогүй байхад гал гарчээ. Тэнд зарим
нэг түрээслэгч ирчихсэн чингэлгээсээ бараагаа гаргаж байсан юм байна. Тэд хаанаас
гал гарсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин нэг түрээслэгч баруун
урд захаас гал гарсан хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Онцгой байдлын гал сөнөөгч нарын
хэлж буйгаар мөн л баруун урд талаасаа гал анх гарсан гэсэн.

Ингээд хүнсний захын лангуу түрээслэгчидтэй
уулзлаа. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоор хүнсний зах ямар учраас шатсан талаар ярьж
байсан юм.

  УДАА ДАРАА ШАЛГАЛТ ХИЙЖ ГАЛЫН
АЮУЛ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ТОГТООСОН

Хүнсний захын лангууг арав гаруй жил
түрээсэлж байгаа Л.На­ранчимэг “Хүнсний зах шатсан асуудал улс төрийн явуулгаар
шатаалаа гэж үзэж байгаа. “Наран­туул” захыг сүүлийн хэдэн жил хотоос нүүлгэх асуудал
яригдаж эхэлсэн. “Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш энд удаа дараа галын аюулгүй
байдлын гэнэтийн шалгалтыг хийж эхэлсэн. Сая таван сард Мэргэжлийн хянал­­тын ерөнхий
газраас на­рийв­чилсан шалгалт хийж олон зөрчил дутагдал арилгаж галын аюулгүй байдлыг
бүрэн хангасан гэх байцаагчийн дүгнэлт гарсан. Түүний дараа саяхнаас “Наран­туул”
захын удирдлага аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж, цайны газруудын  хийн гаазыг орой болгон аюулгүй байгаа эсэхийг
шалгадаг болсон. Өмнө нь огт гал гарч байгаагүй хүнсний зах гэнэт шатах болсон шалтгаан
нь улс төрийн явуулга гэж үзэж байна” хэмээн ярив.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫГ
ИРЭНГҮҮТ ХОЁР УДАА ХҮЧТЭЙ ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН

Мөн Г.Төгсжаргал гэх түрээс­лэгч
“Лангуу түрээслэгч нарын дунд өртэй хүн олон байсан. Бүр хамаг зүйл нь баларсан
хүн хүртэл байсан. Тэд ч шатаасан байж магадгүй. Ер нь наймаачдын дунд яахаас ч
буцахааргүй болчихсон хүмүүс олон байсан. Хүнсний зах шатаж эхлэнгүүт Онцгой байдлын
гал сөнөөгчдийг дуудсан. Онцгой байдлын гал сөнөөгчдийг ирэн­гүүт, хоёр удаа хүчтэй
дэлбэрэлт болоод гал бүр ихээр авалцаж эхэлсэн байна лээ. Хүмүүс цайны газрын хийн
газ дэлбэрсэн гээд яриад байна лээ. Үнэн хэрэг дээрээ дэлбэрдэг бодис ч байсан байж
магадгүй” гэв. Цаг­даа нар галыг санаатай тавьсан байж магадгүй. Мөн хорлон сүйтгэх
ажиллагаа байж магадгүй хэмээн шалгаж байгаа гэж албаны эх сурвалж онцолж байв.
Мөн Тагнуулын ерөнхий газрын албан хаагч нар ч гал гарсан хэргийн талаар шалгаж
эхэлжээ. Цагдаа нар тэр шөнө “Нарантуул” зах дээр хоносон бүх залуусыг гал тавьсан
байж магадгүй хэмээн сэжиглэн саатуулан шалгаж эхэлжээ. Цагдаа нар тэднийг саатуулан
шалгах болсон шалтгаан нь өмнөх хэдэн өдөр тэнд хонохдоо үүрээр гэр лүүгээ явж байгаагүй
мөртлөө гал гарах үед явчихсан нь ихээхэн сэжиг төрүүлж байгаа гэнэ. Мөн хүнсний
зах цахилгааны ачаалал бага байсан учир цахилгаанаас гал гараагүй санаатай гал тавьсан
байж магадгүй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас чиг өгч хэргийг шалгаж эхэлжээ.

“Нарантуул” захын удирдла­гууд цахилгааны
утаснуудыг найм­дугаар сарын эхээр нэг бүрчлэн шалгаж аюулгүй гэдгийг тогтоосон
мэргэ­жилтнийхээ дүгнэлтийг галын шин­жээч нарт өгч байсан юм. Шин­жээчид гал гарсан
шалтгааныг энэ долоо хоногтоо багтаан тогтоох юм байна.

Э.БААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Зохиосон тоног, төхөөрөмжүүд нь таарахгүй байгаагаас утаагүй түлшний үйлдвэр ашиглалтад орохгүй байна

Нийслэлийн утааг ба­гас­гах үүднээс
өндөр өр­төг бүхий утаа бага ял­га­руулдаг түлшний үйлдвэр барих ажил эхлээд гурван
жил гаруй хугацаа өнгөр­чээ. 2010 оны долдугаар сараас эхэлсэн түлшний үйлдвэр одоог
хүртэл ашиг­­лалтад ороогүй бай­на. Уг нь өнгөрсөн жи­лийн есдүгээр сард ашиг­лалтад
бүрэн орох ёстой байсан.

II  дулааны цахилгаан станцыг
түшиглэн барьж буй дээрх бүтээн бай­гуу­лалт 20 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс
өчигд­рийн байдлаар 17 тэрбум төгрөгийг түлшний үйлд­вэр барих ажилд бүрэн зарцуулаад
байгаа юм байна. Утаа бага ялга­руулдаг түлшний үйлдвэр барих ажлыг “Намир” ин­вест
компанийн охин ком­пани болох “Аморе интер­нэшнл” ХХК, ОХУ-ын “Сиб­­термо” компанитай
хамтран хийж байгаа. “Аморе интернэшнл” ХХК-ийн захирал О.Болд­­баатар өнгөрсөн
жилийн зургадугаар сард “Ирэх наймдугаар сар гэхэд утаагүй түлшний үйлдвэр бүрэн
ашиглал­тад орно. Есдүгээр са­раас нийслэлийн иргэ­дийг утаагүй түлшээр хан­гах
болно” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээдэл хийж байв. Гэвч үйлдвэр одоог
хүртэл ашиг­лалтад ороогүй бай­гаа юм.

Энэ хугацаанд Нийс­лэ­лийн Засаг дарга
Э.Бат-Үүл эхлээд очиж угсралтын  ажилтай нь
танилцсан. Тэр үед “14 хоногийн дараа ашиг­лал­тад өгнө” хэмээн дээрх компанийн
захи­рал мөн л ам бардам өгүүлж байв. Ингээд утаа­гүй түлшний үйлдвэр ашиг­лалтад
орохгүй боло­­хоор нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ямар учраас утаагүй түлш­­ний үйлдвэр
ашиг­лалтад орохгүй байгааг өөрийн биеэр очиж шал­га­сан.  Тухайн үед тоног, төхөөрөмжийн тохир­гоо­ны ажилд
алдаа гарс­наас үүдэн хугацаандаа амжиж чадахгүй хэмээн тайлбарлаж байв. Мөн тэр
үед сарын хугацаанд ашиглалтад оруулна хэ­мээн амлалт өгөөд буцаа­сан. Гэвч одоо
хүртэл ашиглалтад ороогүй бай­на. Бүр төсөл хэрэгжүүлж буй компаниуд утаагүй түлш
үйлдвэрлэх үйлдвэ­рийн угсралтын ажил бүтэл­гүйтсэн хэмээн үйл ажиллагаагаа зогсоогоод
байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Энэ талаар сурвалжлахаар “Аморе интернэшнл”
ХХК-ийн байранд очсон боловч энэ талаар мэдээ­лэл өгөхөөс эрс татгал­заж байв. Тиймээс
II ДЦС руу очлоо. Тэнд тус компа­нийн нэг ч ажилтан бай­сан­гүй. Төслийн ажил­чид
байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тэнд байсан II ДЦС-ын ажилчид хэлж
байв.

Утаагүй түлшний үйлд­­вэрийн цогцолбор
барих төслийн хүрээнд үндсэн дөрвөн ажил хий­жээ. Нэгдүгээрт, жилд 210 мянган тонн
хагас коксж­сон шахмал түлш үйлд­вэр­лэх үйлдвэрийн барил­­­га, тоног төхөө­рөмж
суурилуулах, тур­шилт тохируулга хийсэн байна. Хоёрдугаарт, хий­сэн шахмал түлшээ
хад­га­лах агуулах барьжээ. Гуравдугаарт, “ДЦС-2”-ын зууханд өөрчлөлт хий­жээ. Төсөл
хэрэгжсэнээр станцын хэрэглэх нүүрс­ний хэмжээ ихсэх гэнэ. Тиймээс нүүрс буулгах
талбайг томсгох, шинэ­чил­сэн зууханд шаард­лагатай нүүрсээр ханга­хын тулд бутлагчийг
шинээр солих, өөрчлөх, дээр нь зуух руу өгч буй нүүрсний дамжуулагчийг өөрчлөх цогц
ажил хий­жээ. Эдгээр ажлын төсөвт өртөг нь 16.8 тэрбум төг­рөг. Үүнээс 2011 онд
83 хувийн санхүүжилт авч, 14 тэрбумыг барилга бай­гууламж барихад зар­цуул­сан байна.
II цахил­гаан станц одоо буталсан нүүрсээ дутуу шатаах юм байна. Тэгээд хагас коксж­­сон
нүүрсээ кон­вей­роор дамжуулан үйлдвэр рүүгээ буюу  том бункер рүү хийх зураг
төсөл гар­га­жээ. Үүний дараа дутуу шатсан нүүрсээ шингэн шил болон үнстэй хольж,
зуураад хэвэнд оруулан, хатаах цехээр дамжуу­лан хатаагаад агуулах руу дамжуулахаар
тө­лөв­­лө­жээ. Дээрх зураг төслийн дагуу шингэн шилний үйлдвэр тусад нь барьсан
байна. Бас ха­таах үйлдвэр хүртэл барь­жээ. Уг төслийн  хүрээнд II цахилгаан стан­цын цагт 75 тонн уур
үйлд­вэрлэх хүчин чадал­тай БКЗ-75 маркийн зуухыг өөрчилж шинэ өндөр хүчин чадал
бүхий зуух тавьжээ. Мөн хуучирсан тоног төхөө­рөм­жүүдийг сольжээ. Гэвч гол үйлдвэр
болох шин­гэн шил, үнс дутуу шатсан нүүрсээ хольж зуурах үйлд­­вэр одоо болтол ашиг­­лалтад
ороогүй бай­на. Үүнээс үүдэн улаан­баатарчууд энэ намар утаагүй түлш­ний үйлд­вэр­тэй
болох эсэх нь тодорхойгүй бай­на.

 

  Ч.ХҮРЭЛБААТАР
17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН УУ

Утаагүй түлшний үйлд­­вэр барих ажил
эхнээ­сээ хэл амтай бай­сан тухай хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр байнга бичиж буй.
Эх сурвал­жаас авсан мэдээллээр утаагүй түлшний үйлдвэр барих ажил эхнээсээ буд­лиан­тай
болсон гэнэ. Зас­гийн газраас утаагүй түлш­­ний үйлдвэр барих тендер зарласан аж.
Уг тендерт арав гаруй ком­па­ни оролцож ажлыг “На­мир инвест” компанийн охин компани
болох  “Амо­ре интернэшнл” ХХК шалгарсан.
Дээрх компа­ни ямар учраас тенде­рийн шалгаруулалтад тэнцсэн нь тодорхойгүй байдаг
тухай эх сурвал­жууд онцолдог аж. “Аморе интернэшнл” ХХК байгуу­лагдаад удаагүй,
өмнө нь бүтээн байгуулалтын ажил хийж байсан турш­ла­га байхгүй зэрэг олон зөрчилтэй
гэгддэг аж. Гэтэл ногоон гэрлээр тен­дерийн шалгаруулалтад тэнцэж, 17 тэрбум төгрө­гийг
халааслах эрхийг тухайн үеийн Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Засгийн
газрын Хэрэг эрхлэх газ­рын дарга Ч.Хүрэлбаа­тар нар олгосон байдаг.  “Аморе интернэшнл” ХХК-ийн захирлыг Ч.Хүрэл­­баатарын
хүн гэд­гийг мэдэх хүн олон. Мөн Увс аймгийн гарал­тай хүмүүс. Энэ утгаараа олон
хууль, журам зөрчиж  “Аморе интернэшнл” ХХК-ийг
тендерт ялахад томоохон үүрэг гүйцэт­гэсэн хэмээн зарим нь харддаг. Хууль зөрчиж,
албан тушаалаа урвуу­лан ашиглаж, тендер буд­лиантуулсан талаар УИХ-ын гишүүн асан
Ц.Батбаяр баримт дэл­гэж байсан.

ӨӨРСДӨӨ ЗОХИОСОН,  ДЭЛХИЙД ГАНЦХАН УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР

 “Аморе интернэшнл” ХХК утаагүй түлшний үйлд­­вэр
барих ажлаа эхлүү­лэхдээ үйлдвэр барих туршлага байхгүй учир ОХУ-ын “Сибтермо” компанитай
хамтран ажил­лаж эхэлжээ. Үйлд­вэр барих зураг төсөл зэрэг бүх зүйлсийг дээрх компанийн
мэргэжилт­нүүд хийж гүйцэтгэсэн байна. Үйлдвэрийг ямар технологиор, хэрхэн барих
талаар тухайн үед нэлээд асуудал болж байс­ныг зарим эх сур­валж ярьдаг байна. Ийм
төрлийн үйлдвэртэй улсаас туршлага судлах гэсэн боловч олдоогүй гэнэ. Тэгэхээр нь
“Сибтер­мо” компани ОХУ-ын нэ­гэн мужид үйл ажиллагаа явуулдаг утаагүй түлш үйлдвэрлэдэг
жижиг үйлд­вэ­рийн тоног төхөө­рөмжөөс санаа аваад өөрсдөө үйлдвэрийн тех­ник технологийг
зохиож эхэлсэн байна. Бүр за­хиал­га өгч тоног төхөө­рөмжөө хүртэл өндөр зардлаар
хийлгүүлжээ. Зарим нэг нүүрс бутлагч машин зэргийг урд хөр­шид захиалгаар хийл­гүүл­сэн
байна. Мөн ихэнх тоног, төхөөрөмжийг ОХУ-д хийлгэжээ. Ингээд урд, хойд хоёр хөршид
үйлдвэрлэсэн техно­ло­гио эвлүүлж, угсрах гэсэн боловч бүтэлгүйтсэн бай­на. Хоорондоо
таарах­гүй, төлөвлөснөөр ажил­лах­гүй байгаа тоног төхөө­­­рөмжийг сольж, дахин
хийлгүүлэх гэхээр хөрөнгө мөнгөний асуу­дал гарч ирээд байгаа гэнэ. Дээрх шалтгаанаас
үүдэн утаагүй түлшний үйлдвэр барих оролд­лого өнөөд­рийн байд­лаар бүрэн зогсчээ.
Хариуцагч бай­гуул­лагын зүгээс өнөөд­рийг хүртэл утаа­гүй түлш­ний үйлдвэр хэзээ
ашиг­лалтад орох эсэх талаар ямар нэг мэ­дээ­лэл хийгээ­гүй байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Халхчууд та нар хэзээнээсээ урвамтгай”

Нар ханын толгойд бууж амжаагүй
байхад сэрэв. Дөрвөн ханатай гэрийн хаалга дэлгээтэй. Дэлгэсэн хаалгаар но­гоо­ны
униар татжээ. Дунгар гуайн хүргэн Арслан гэх 20 гаруй насны залуу хонио
хашаандаа ху­рааж байгаа харагдана. Гэрийн эзэгтэй охинтой­гоо үнээгээ сааж,
зэлэн дээрээ “хаая, хөж” хэмээн гууглах. Хойд энгэрт 30 гаруй тооны бүгээн зүс­мийн
хэдэн адуу ирж хоно­жээ. Дунгар гуайн бага шарга азаргатай адуу энд хоносон юм
бай­на. Дунгар гуай уяж бай­гаа морьдоо ойртуулж яваа харагдана.

Арслан “Манай хэдэн эм хонь хөндийрөхгүй байсан юм. Одоо
овоо болоод унгас нь сал­бай­чих­сан явж байна. Нарны эртэд хэдэн хонь хяр­гахаас”
хэмээн яриад унгас хяргах ажилдаа орлоо. Энд килограмм унгас монгол төгрөгөөр
найман мянган төгрөгийн үнэтэй гэв.

Хэдэн ишигний хошуу өтчихсөн
байгаа харагдана. Энэ жил хур бороо элбэг зуншлага сайхан болоод тэр үү ялаа,
шумуул элбэг. Сүүгээ хөхсөн нялх ишиг, хурганы хошуу амархан өтчихөөд байгаа
аж. Үхэр бэлчээртээ гарчихсан болохоор тугалаа тавив. Мөн хонь хяргаж байх зуур
гэрийн эзэгтэй хоол цайгаа бэлдэж, сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд ажил
мундахгүй үргэлжилж байгаа бололтой. Хойд амбаартаа гал түлээд л, тогоо шанага
гээд завсарлах завгүй хөдөлмөрлөх юм. Тэгснээ “Эгч нь энүүхэн хойно Дарьганга
нутгийн хүн. Манай цусан төрлийн хамаа­тан садан тэнд олон бий. Сүүлийн үед хэл
чимээ авалцаж чадахгүй болчихоод байна. Уг нь хэдэн хөгшин аав дээр ирж
золгодог байсан. Ааваас хойш бүр сураг тасраад байна. Манай ээжийн талынхан
1910 оны үед цаг төр үймэхэд, тэндээс нүүж, энд ирсэн гэж ярьдаг. Хамаг малаа
хашаатай нь орхиод, хэдэн тэмээнд гэрээ ачаад л гарсан гэдэг юм. Эргээд нутаг
руугаа буцах гэтэл хилийн зурвас татчихаад очиж чадаагүй юм гэсэн. Одоо энэ
нутгийн хүмүүс болж, үр удмаараа энд суурьшлаа. Гэвч хүүхдүүддээ “Та нар монгол
цустай хүмүүс шүү” гэж байнга л сануулдаг юм. Энэ хэд миний үгийг тоож байгаа
шинж ер алга. Гэхдээ ч бас ёс уламжлалаа алдалгүй авч яваад л байна. Биднээс
цааш яахыг мэдэхгүй юм даа” хэмээн ярих. Үнэхээр тэдний өнөөгийн аж амьд­ралынх
нь нарийн ширийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаггүй, олон түмэнд дэлгэг­дэлгүй
дараатай байгаа болохоос Шилийн гол, Үзэмчин хошуу, Хайлаар, Ман­жуур, Харбин
зэрэг газруудын өмнөд монголчууд өвөг, дээд­сийн­хээ өвлүүлсэн ёс заншлыг
устгаж, үгүй болгохгүй, алсруулах­гүйн тулд ар монголчуудаас илүү хичээж, ихийг
хийж байдаг тухай бид хоёр хуучлав.

ХУРДАН МОРЬ УНАХ ХҮҮХЭДГҮЙ
БОЛОХООР ӨӨРСДӨӨ УНАДАГ

Бага үдийн алдад хонь хяргах ажил
дууслаа. Дунгар гуайнх олон унаа тэрэгтэй айл юм. Урдаа ганц дугуйтай тэвшээ
өөрөө гидердээд хогоо асгачихдаг машин, хуучны хятад 69, тэвштэй мотоцикль,
бага оврын трактор, суудлын автома­шин, сүүлийн үед хөдөөнийхөн морины оронд
малд унадаг болоод байгаа мотоцикль зэргийг гэрийн­хээ гадаа сойчихсон. Өвөл
идэш­нээр нэг үхрийнхээ ширийг шүүнд хийн дэвтээж, өөрсдөө сур элддэг байна.
Элдсэн сураараа  сүлжмэл суран чөдөр,
хазаар, ногт, чагны сур,  эмээлийн бүх
хэрэгслийг сураар хийсэн байх. Өмнө нутагтаа хийж байсан хазаар ногтноос арай
өөр аргаар зангидсан байна лээ. Мориных нь эмээлийн бүүрэг нарийв­тар болохоос
бусдаараа манайхны хэрэглэдгээс ялгагдах юмгүй аж. Эмээлийн гөлөм нь хээ
угалзтай зэргээрээ арай өөр. Дөрөө нь хүртэл дээр үеийн ган дөрөө байх
жишээтэй. Маргааш Хамар усны овооны тахилга болох юм байна. Тэнд их морь
уралдах юм гэсэн. Дунгар гуайн хээр алаг морь, шар хээр морь, хар халтар морьд
уралдах ёстой. Гэвч хар халтар морь уяа нь буруудаад буруу талын хойд хөл
доголжээ.  Уяагаараа өмнөд Монголын уяа­чид
ар Монголын уяачдын хаана нь ч хүрэхгүй шинжтэй юм. Тэд морио уяж хоноод, үүр
хаяарахаас эхлээд дөрвөн цаг гаруй идүүлээд, дахин бариад уячих аж. Огт тарлаж
хөлс авахгүй байж байгаад гэнэтхэн ойр хавийн морьдоо нийлүүлж байгаад сунгачих
юм. Сунгаагаа сорилго авах гэж ярих ажээ. Өнөө­дөр шүдлэн үрээнүүдээс сорилго
авч хөлийнх нь ээдрээг гаргах юм байх. Гэвч нарийн уяа хийгээгүй болохоор уяа
нь буруудаж мэдэх юм. Уяж байгаа гурван үрээнийхээ сүүлийг шуугаад гэрийнхээ
урд талын хөндий рүү явах ажээ. Хур­дан морь унах хүүхэд байхгүй. Том хүмүүс нь
өөрсдөө уначихдаг юм байна. Бүр 70 нас хүрэх гэж байгаа Дунгар гуай хүртэл уяж
байгаа морио унаад сунгаанд явдаг юм байна. Морь уях бөөн хорхой. Бүгд л зун
болохоор хурдан байж магад­гүй гэсэн морьдоо уячихдаг байна. Тэгсэн мөртлөө
нарийн уяа, ажил­лагаа хийлгүй давхиулчихдаг. Дунгар гуайн болоод ойр хавийн
сунгаанд нийлсэн арав гаруй үрээ­ний хувьд хэлбэр хийц ярих юмгүй сайхан.
Зорчихсон юм шиг бие хаатайгаас гадна өндөр гэж жиг­тэй­хэн. Цоохор үрээ,
цэгээн дэлтэй шарга үрээ, цавьдар үрээ уг нь хоол тэжээл нь таарчихсан байгаа
хараг­дана. Гэвч унаж яваа хүн нь том биетэй болохоор өөрийнхөө­рөө давхина
гэдэг хэцүү. Шүдлэн үрээн дээр 50-70 гаруй килограмм жинтэй хүн мордчихсон
болохоор ёстой шандасыг нь үзэх юм билээ. Ингээд арав гаруй үрээ Баян­нуурын
зүүн хөвөөгөөр явсаар засмал замд тулаад эргэлээ. Ба­риа­ны газар арав гаруй
километ­рийн цаана, газрын өөд сунгана. Дунгар гуайн шарга үрээ өнгөнд, араас
нь саахалтын залуугийн цавьдар үрээ харвасан сум шиг л гарлаа. Унаж яваа залуус
гараан дээр нь бүгд амгай дараатай. Хэсэг явж байснаа сунгаж байгаа морь­дын
гараа сулраад ирлээ. Энэ үеэс л ташуур хэрэглэж эхлэх ажээ. Дунгар гуайн охин
22 настай Оюутанын унаж байгаа цоохор үрээ өнгөнд явсан хоёр үрээгээ шахаж
уралдаж дайраад ганцаа­раа цахилж гарлаа. Хөнгөн хүн унасан болоод ч тэр үү
газрын дунд хэвийх үеэс л хөлийн эрч чангараад хөлс нь задгайрчихсан давхиж
яваа харагдана. Үлдсэн үрээнүүд ерөнхийдөө сууж 
эхлэв. Бидний харж буйгаар эдгээр үрээний уяа дутуу нь илт мэдрэгдэх аж.
Хар халтар үрээнээс хоёр удаа хөлс аваад онгойлгочихсон бол ер нь
гүйцэгдэхээргүй хурдан байж мэдэх юм. Ийн явсаар цоохор үрээ ганцаараа тасарсан
хэвээр барианд орлоо. Араас нь газрын дунд хүртэл  өнгөнд уралдсан хоёр үрээ цуварч орсон юм.
Морьдын хөлс задгай гарчээ. Халуун нартай байгаа болохоор морьд сунгахад таатай
өдөр байв. Хусуур дүүрэн хөлс гарах ажээ. Хөлсөө хусуулсан үрээнүүдийн бие
нарны гэрэлд гялтганан, дүүхэлзэх. Баруун хой­ноос салхи сэр сэрхийн сэвэлзэн
урд хөндийгөөр зэрэглээ мяралзан үзэгдэнэ. Ингээд их насны хоёр мориноос зөөлөн
хөлс авахаар болов. Алаг мориноос өдөр, харин шар хээр мориноос нар жаргаж,
салхи тогтох үед хөлс авсан юм.

БУУРАЛ МОРИНЫ БУНДААН ДЭЭРЭЭ
ХӨӨ, БУЛИГААР ГӨЛӨМ НЬ ХАРЧИГНААД БАЙНА ДАА ХӨ…

Тэр хавийнхан ар Монголоос хүмүүс
ирсэн гэх сургаар Дунгар гуайн гэрт цугларав. Тэд дундаа нэг гожин тавьчихаад
үүх түүх ярилцаж суулаа. Манлай Баатар Дамдин­сүрэн, Хайсан гүн,
Дэмчигдонров  зэрэг Монголын тусгаар
тогтнолын төлөө тэмцэж явсан хүмүүсийн талаар тэнд яриа өрнөлөө. Бүр манлай
баатар Дамдинсүрэнгийн төрсөн ах хошуундаа ноён байсан юм гэнэ. Цаг төр үймэх
үед Манлай баатар ахдаа хошууныхаа хүмүү­сийг аваад наашаа нүүх хэрэгтэй гэсэн
утга бүхий яриа өрнүүлсэн гэнэ. Гэвч түүний ах ноён “Нүүвэл нутагтайгаа нүүнэ”
гээд халгаалгүй байж байгаад хилийн зурвас татуулчихсан гэх. Мөн зарим нь
Оросын цагаан хааны цэргүүдээс дүрвэж, Өмнөд Монголд ирсэн хүмүүс ч байдаг
гэнэ. Гэхдээ 1911 оны үед Монгол Улс хоёр хөрш оронтойгоо хэлэлцээр хийж,  тусгаар тогтносон Монгол Улс болох талаар
ярилцаж байсан түүх бий. Тухайн үед Хятадын талаас оролцож байсан хүмүүс одооны
хилийн зурвас байгаа газраар хилийн зааг гаргах санал тавьсан гэнэ. Хэрэв
тэдний хэлснээр болох юм бол одоогийн өмнөд монгол­чууд байгаа газрыг өгөхөөр
байж. Үүнийг тухайн үеийн ноёд, төр засгийн удирдлагууд эсэргүүцэж байсан тухай
ам уралдуулан ярьж байна. Газар нутгаа хятадуудад өгөхгүй гэх тэмцэл хүртэл
гарч, түүнийг нь их дээрээс намжааж байсан гэнэ. Тэгсэн Халх ноёд урваж
оросуудтай нийлээд Өмнөд Монголыг хөсөр хаячихсан юм байх. Үүнээс болоод л
хилийн шугамны хоёр талд монгол ахан дүүс өнгөрсөн болоод энэ цаг үед бие бие
рүүгээ тэмүүлсээр суугаа тухай тэд ярих ажээ. “Ураг төрөл рүүгээ бус уул ус,
газар шороогоо манаж үлдсэн дээ” гэж өвгөд ярьдаг байсан тухай ч нэг нь хэлэв.
Тэдний яриа үнэхээр үнэн болохыг түүхийн олон эх сурвалж нотлох ажээ.  Цугларсан хүмүүс ууж байгаа архиндаа нэлээд
халамцаж байгаа бололтой. Цахар ардын дуу дуулна гээд л

Буурал аа морины бундаан
дээрээ хөө

Булигаар гөлөм нь харчигнаад
байна даа хө

Буурал аав, ээжийн захиж
хэлсэн үг

Бодол юу, санаанаас минь
гарахгүй байна даа хө

гээд хоолой нийлүүлэн дууллаа.
Холын гийчдээс нутгийн сураг сонсох гэж ирсэн нутгийнхан найрлаж байгаа нь энэ.
Тэгж байс­наа чанга чанга дуугарч эхэллээ. Бүр сүүлдээ согтоод холоос ирсэн
зочиддоо агсам тавьж эхэлдэг байна шүү. Саахалтын өвгөн “Муу халх ноёдоос болж
бид нар үе удмаараа хохирч байна. Халхчууд та нар угаасаа л үе удмаараа
урвагчид. Үүнээс болоод бид нар хүний нутгийн иргэн болчихоод байна” гэж ирээд
л агсагнаж гарлаа.

Тэнд өөр нэг залуу бас л “Та нар
бүгд урваачид. Та нар урваагүй байсан бол бид Монголын иргэн байх байсан юм.
Гэхдээ та нар шиг халхуудаас бид юу ч гуйхгүй явсаар өдий хүрсэн. Үнэн түүхээ
та нар мэдэж ав” гээд л агсамнах юм. Хэдийгээр согтуу хүний амнаас гарч буй үг
боловч ярьж буй зүйл нь үнэн юм. Тэд сэтгэл доторх дараатай зүйлсээ уусан
архины хүчээр гаргаж байгаа нь энэ болол­той. Цугларсан хүмүүс согтож эхэлсэн
учир найр удалгүй өндөр­лөлөө. Гадаа мотоцикль хааз мэдэн давхих чимээ шөнийн
нам гүмийг эвдэх ажээ. Тэдний судсаар монгол цус лугшин буйг архи уугаад агсам
тавьж байгаагаас бэлхнээ харж болохоор. Монголын хөдөөд ч гэсэн зуны дэлгэр
цагт малчин залуус архи ууж согтоод агсам тавьдаг санаанд буув. Маргааш эрт
наадамтай.

Э.ХҮРЭЛБААТАР
Үргэлжлэл бий