Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын Үндсэн хуулийг мал хөнгөлөх хууль хэлэлцэж байгаатай адил хайхрамжгүй, оромдож байна

УИХ Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх ажлыг эхлүүлээд байна. Нэлээд хугацаанд мунгинасан ч эцэг хуулиар “оролдсон” төслөө чуулганаар хэлэлцээд эхэллээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн энэхүү хуулийн төслийг батлах асуудлыг хэлэлцэж байгаа байдал, оролцож буй идэвх, хэлж ярьж байгаа зэргийг харахад үнэхээр хайхрамжгүй, мэдрэмжгүй хайнга хандаж байна. Тэд ардчилсан засаглалтай Монгол Улсын хамгийн гол, амин сүнс нь Үндсэн хууль шүү, тэр дундаа энэ хуулийн зүйл заалт бүр нь ямар чухал вэ гэдгийг мэдэж, ойлгож байгаа шинж тэдэнд ерөөсөө алга. Бүр зарим нэг гишүүнд Үндсэн хууль бол Монголын тусгаар тогтнол, эв санаанд ямар их ач тустай, хамгийн чухал, зүрх, тархи нь болсон хууль вэ гэдгийг ойлгож ухаарах мэдлэг, боловсрол дутаж байгаа нь илтэд мэдрэгдэх ажээ. Тэдний энэ нэг олхиогүй байдлыг харахад хэрвээ Мал хөнгөлөх тухай хууль гэж байдагсан бол эд батлахдаа ингэж хайнга хандаж, оромдох байх даа гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Эдний зарим нь магадгүй хэрэв Үндсэн хууль өөрчлөх асуудал биш Мал хөнгөлөх хууль хэлэлцэж байгаа бол ямар их ач холбогдол өгөх байсан бол. Тэд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Ээ хөөрхий буянт мал минь, хэдэн малчид минь ингэнэ, тэгнэ. Тийм заалт тэгж оруулмаар байна. Ийм заалт ингэж оруулахгүй бол энэ өөрчлөлтийг дэмжихгүй” гээд л хөл алдан бүлэг эвсэл, фракцаараа гүйлдэх байсан биз.

Төр засгийг удирдаж байгаа МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөх гэж их л яарч, адгаж байгаа нь илт. Тэднийг эцэг хуулиараа оролдож байгааг зөв, буруу гээд үндэслэлтэй, олигтой, жинтэйхэн шүүмжлэх сөрөг хүчин ч алга. Улс төрийн намуудтай дээрх хуулийн төслийн талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрсэн зүйл ч одоогоор алга. Хуулийн төслөө хам хум боловсруулсан болоод л яаран сандран хэлэлцэж эхэллээ.Энэ нь МАН-ынханд улс төрийн ашиг тус ихтэй байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн тодорхой зарим заалтыг өөрчлөх нь хувийн эрх ашигт нь нэн хэрэгтэй байгаа болохоор л гэрлийн хурдаар ажиллаж эхлэх шиг боллоо.

Үндсэн хуулийг үнэхээр өөрчилье, цаг үетэй нь дүйцүүлье гэсэн бол өөр ямар нэгэн хууль давхар хэлэлцэх ёсгүй. Учир нь бүх хуулийн эцэг нь Үндсэн хууль. Хамгийн чухал хуульдаа өөрчлөлт оруулж байгаа тул ул суурьтай хандах нь юу юунаас чухал. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлбэл ард иргэдийн санал асуулгыг авах ёстой. Үүний дараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Санал асуулга хэд хоног ч үргэлжилж болно. Ингээд бодохоор энэ УИХ Үндсэн хуулийн асуудлыг оролдсоор байгаад есдүгээр сартай золгож таарах нь. Есдүгээр сараас 2020 оны Улсын төсөв батлах асуудлыг хэлэлцэх учиртай.УИХ-ын гишүүн бүр өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсвөө зохиох, батлуулах гэж бөөн юм болдог халуун өдрүүд гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улсын төсөв бүрэн батлуулах асуудал арванхоёрдугаар сар дуустал үргэлжилдэг. Тэгэхээр энэ УИХ-ын ганц хийсэн ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж таарах гээд байна, баталж амжвал шүү дээ.

Баталчихвал аль ч утгаараа МАН-ынханд ашигтай. Учир нь, УИХ-д 65 суудал авсан МАН-ынхан олны дургүйцэл, зэвүүг хүргэсэн улс төрийн акц, попрол олон хийсэн. Үүний ганцхан жишээ нь, Оюу толгойг тойрсон асуудал. Нэг хэсэг “Оюу толгойг оролдоод эхлэх юм бол нэр хүндтэй болох юм байна. Энэ чигээрээ зүтгээд байвал Оюу толгойн гэрээг цуцалж болно” гэж сэтгээд улстөрчид нь муйхарлаад зүтгэчихсэн. Нэр бүхий улстөрчид цагаан хөөс сахруулаад л “Оюу толгой Монголд үр өгөөжгүй. Гэрээг нь цуцална” гэж попорсон. Тэд “Сайн нэр олох гэж Оюу толгойгоор оролдож байгаад үйл ажиллагааг нь нам зогсоочихвол улсаа хорлох юм байна. Тэгвэл сайн нэр олох гэсэн биш хэдэн үеэрээ буруудаж мэднэ” гэдгийг ашгүй ойлгож ухаарсан. Адаглаад “Уул уурхайгаас болж эдийн засаг уналтад орж, ам.долларын ханш өснө. Хэдэн мянган залуу ажилгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсоно” гээд бүх зүйлд халгаатай гэдгийг мэдсэн. Мөн УИХ-ыг тараах гэсэн Ерөнхийлөгчийн удаа дараагийн дарамт бий болоод байгаа. Иймд “Засгийн газрыг огцруулна” гэсэн сөрөг хүчний шахаанаас мултрах, Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны үр дүнг хэлэлцэхээс зайлсхийж, зугтаах гол гарц нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хувирсан. Энэ хуулийн заалтыг хэлэлцэж байж л хийсэн ажилтай болж, бодлогогүй дэмий хийрхэж, нэр хүндээ алдсан олон зүйлээ мартагнуулах арга хэрэгсэл, бамбайгаа болгохыг зорьж байгаа хэрэг. Энэ ч үүднээс МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээс огт айхгүй, бардам байгаа. Тэд “Засгийн газар супер болно. Ард түмэн дэмжинэ. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиаар У.Хүрэлсүхийгээ ялна. Дахиад төр засгийг МАН удирдана” гэж тооцоолон бодож байна. Үүндээ бат итгэчихээд зүтгүүлээд байгааг олон түмэн ч харж байна.

ТЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ЯМАР ЗҮЙЛ, ЗААЛТУУДЫГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА ВЭ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Засгийн газрыг эмхлэн байгуулах, давхар дээлтэй сайд дөрөв, таван хүн байх, Парламентын засаглалын үндэс суурийг бэхжүүлж, хэвээр авч үлдэнэ”гэж ард түмнийг тайвшруулж байгаа. Мөн Сумын Засаг даргыг иргэдийн санал хураалтаар сонгох, мөн солих гэсэн заалт нэмж байна. Хотын гэсэн заалт байхгүй хэвээрээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой томоохон өөрчлөлтийг 2024 оноос хийнэ гэж байгаа. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчид ашигтай хувилбар болон хувирсан. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил дутуу байгаа. Мэдээж ард түмний итгэлийг хүлээж байгаад дахин сонгогдож, дөрвөн жил ажиллана. Үүний дараа Үндсэн хуулийн шинэ нөхцөл байдал үүсч, нэмээд зургаан жил. Ингээд 12 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломж олгож, дээр нь Газрын доорх баялгийг төрөөс нийтэд хүрээмжтэй,тэгш шударга байлгах гэсэн заалт оруулж ирсэн байна лээ. Энэ нь нэг ёсондоо нийгэмчлэх гэсэн үг. Уул уурхайн салбарт нийгэмчлэх асуудал ороод ирвэл ноцтой олон асуудал дагуулна гэж эрдэмтэд эсэргүүцэж эхлээд байгаа. Өөр нэг ноцтой зүйл нь УИХ-ыг сонгуулиар байгуулна гэсэн зүйл заалт оруулаад ирсэн байгаа. Энэ нь маш их шүүмжлэл дагуулаад байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгуулиар сонгоно гэж заасан байдаг. Хувь гишүүнийг ард түмний сонгуулиар сонгоно гэснийг намыг сонгох болгочихоод байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүнийг биш намыг сонгох болсон гэсэн үг юм. Гэтэл өнөөдөр манай улсад 20 гаруй нам бүртгэлтэй байгаа. Намууд нийтдээ 500 гаруй мянган гишүүнтэй байгаа шүү дээ. Ингэж л МАН-ынхан Үндсэн хуулийн зүйл заалтаар өөрсдийн дураар оролдож, УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Сонирхолтой нь хуулийн хэлэлцүүлэгт нэр бүхий дөрөв, тавхан гишүүн суучихсан харагддаг. Ажлын хэсэг гээд их, дээд сургуулийн арав гаруй багш өөрсдийнхөө хийсэн ажлыг тэдэнд рекламдаж, толгойг нь угааж байна. Нөгөө УИХ-ын гишүүд нь хичээл заалгаж байгаа шинэхэн оюутнууд шиг л нүд нь бүлтэлзээд л “Нээрээ л энэ хүмүүсийн яриад байгаа хуулийн төсөл зөв юм байна” гэсэн үл мэдэгчийн царай гаргачихсан сууж байх нь олонтаа.Үнэндээ УИХ-ын гишүүдийн олонхид Үндсэн хуулийн талаар ямар ч ойлголт алга, хамгийн чухал хуулиа хэлэлцэж байгаагаа мэдэж байгаа ч юм алга. УИХ-ын. Гишүүн О.Содбилэг харин “Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Яагаад саналыг оруулахгүй, хуучнаар засвар хийхгүйгээр оруулж ирээд байгаа юм” гэж шүүмжилж байгаа харагдсан.

Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байгаа МАН-ыхан үгүй ядахдаа дээрх хуулийг хэлэлцэж эхлэхдээ ёслол төгөлдөр эхэлж болоогүй юм байх даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд нь монгол, буриад, казах гээд үндэстэн, ястны дээлээ өмсөж ирээд хүндэтгэлтэйгээр асуудалд хандаж болох л байлаа. 1992 онд тэр үеийн ардын хурлын депутатууд Үндсэн хуулийг анх батлахдаа хэрхэн хүндэтгэлтай хандаж байсныг мартах болоогүй байна. Тэд 70 гаруй хоног нэг ч завсарлага авалгүй хуралдаж байж. Хуралд оролцож байсан төлөөлөгчид гүйж, гарч бие засчихаад л эргэж ирээд хэлэлцүүлэгтээ ордог байсан гэдэг. Ямар их ач холбогдол өгч, асуудал, зүйл заалт, өгүүлбэр, үг бүрийг хэдэн талаас нь маш нарийн судалж, нухацтай хандаж, гарч болох сөрөг, муу талыг нь хүртэл олон жишээ баримтаар гаргаж ирээд л хэлэлцэж байсан баримт хаа сайгүй. Одоогийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг анх батлалцсан хүмүүсийн хөлийн чигчий хуруунд ч хүрэх мэдлэггүй байж ядаж хуулийн төслийн хэлэлцүүлэгтээ суухгүй байна. Ажлын хэсгийн тайлбарыг сонсож, маргаан хэлэлцүүлэг өрнүүлж чадахгүй байна. Тэдэнд хэлэлцүүлгээс илүүтэй Үндсэн хууль гэж ямар чухал хууль болох тухай Ажлын хэсгийнхнээр заалгаж, сонсгох хэрэгтэй байна.

Энэ бүхний эцэст МАН-ынхан Үндсэн хуулийг ард түмний тусын тулд өөрчлөх гээд байна уу, эсвэл одоо байгаа хэдэн дарга нартаа зориулж хулгай хийгээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын ойг тэмдэглэх гэж хамаг байдгаа барах хэрэг байгаа юм уу

Халхын голын тулалдааны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Манайхан ОХУ-тай хамтран 80 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж эрвийх дэрвийхээрээ хэрэндээ л хичээж байх шиг байна. Халхын голын тулалдааны түүхт ойн баярт оросууд ч ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тулалдаан болсон Халх гол орчим, Сүмбэр суманд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Шинэ сум төслийг уг суманд хэрэгжүүлэх болсноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. “Роснефть” нийгэмлэгийнхэн Халх гол сумын бүтээн байгуулалтад найман сая евро хандивлах болсноо мэдэгдэж, дайны талбарт боссон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил хийж эхлээд буй. Энэ мэт уг ойн баярыг угтсан нүсэр ажил Дорнод нутагт цагтай уралдан өрнөж байна.

ХАЛХЫНГОЛЫНТУЛАЛДААНЫ ТАЛААР…

Халхын голын тулалдааны тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ Японы эзлэн түрэмгийлэгчид манай орон руу халдан довтолсон, ЗХУ-ын цэрэг, зэвсгийн тусламжтайгаар дайснуудыг таслан зогсоосон гэсэн ягшмал ойлголт олонход нь бий. Мөн Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад Халхын голын дайн ихээхэн нөлөөлсөн ч гэдэг. Ийм үзэл суртлыг олон жилийн турш иргэдийн оюун санаанд нөлөөлөхүйц хэмжээнд бодлоготойгоор явуулж ирсэн. Тэгвэл орчин цагт энэ хэвшмэл ойлголт аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь, “Халх голын дайн том гүрнүүдийн геополитикийн тулгаралт байсан”, “Монголчуудад огт хамаагүй шахуу дайн байсан ч манай улсыг тулгаралтад хүчээр татан оролцуулсан” гэх мэт яриа цөөнгүй. Үүнийг үнэн гэдгийг баталсан байх магадлалтай нэг зүйл нь Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн хэлсэн үг юм. Тэрээр “Орос, Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз. Үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм” гэсэн байдаг. Ерөнхий сайд асан П.Гэндэн энэхүү алдартай үгээ хэлэхдээ халамцуу байсан гэдэг. Түүний энэ үгийг ойр дотны нэгэн нь ЗХУ-ын тухайн үеийн удирдагчдад матаж байсан ч гэдэг. Эрдэмтэн судлаачид П.Гэндэнгийн хэлсэн дээрх үгийг эш татан Халхын голын тулалдааны талаар өдгөө ярих нь элбэг. Түүнчлэн түүхчид Халхын голын дайн бол дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотыг эвдлэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл байсан хэмээн үздэг. Ямар ч түүх домог, хэчнээн төрлийн яриа байлаа ч дайн болсон нь үнэн билээ.

Тулалдаанд 120-иод мянган хүн оролцсон, хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ойролцоо байсан гэдэг. Барагцаалсан тоогоор Орос, Монголын талаас 57 мянга, Япон, Манжийн талаас 60 мянга орчим цэрэг, дайчид уг байлдаанд оролцсон байдаг. Байлдааны үеэр амиа алдсан цэргүүдийн тоог нарийвчилж гаргаагүй байдаг ч дайны хөлд Монголын талаас 200-300 орчим хүн амь үрэгдсэн, ЗХУ-ын есөн мянга гаруй хүн алагдаж, 15 мянга гаруй хүн шархтаж, нийтдээ 27 мянга гаруй хүн ямар нэг хэмжээгээр хохирол амссан гэх баримт байдаг. Харин Япон улсын 7-8 мянган цэрэг амь насаа алдаж, нийтдээ уг байлдаанд 19714 хүний хохирол амссан гэх тоо бий.

Халхын голын тулалдааны түүхэн 80 жилийн ойг тэмдэглэхээр манай улс ОХУ-тай хамтран ажиллаж буй. Орос ах нар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хүрэлцэн ирж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр үеэр танк, онгоц, буу зэвсгийн үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй.Үүнтэй холбоотойгоор дайны талбар дээрээс олдсон зүйлсийг эрэн хайж байгаа, худалдаж авна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Ойтой холбоотой зохиогдох олон арван томоохон арга хэмжээний тов гараад байна. Гэхдээ оросууд манайд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярт яагаад ингэтлээ ач холбогдол өгч байгаа, цаанаа улс төрийн ямар ашиг сонирхол тээж байгааг хэн хэн маань одоохондоо ухаж ойлгоогүй л байна.Манайхан энэ асуудалд нөгөө л хүнээс юм гуйдаг ядуу хоосон зангаараа хандаж байгаа нь илт. Ойн баярыг ашиглан Орос ах нараас хэд гурван юм салгаад авчих санаатай гуяа алгадаж, хөөрч баярлалдан гүйлдэж буй өнөө л дүр зураг хаа сайгүй.

Эцсийн эцэст энэ үйл явдалд төр засгаас ингэтлээ ач холбогдол өгч, хөл алдан өргөн хүрээнд тэмдэглэх хэрэг байна уу. Энд Халх голд өрнөсөн тулалдааныг үгүйсгэж, харлуулах гэсэн бодол агуулаагүйгээ тодотгох хэрэгтэй. Харин энэ ойг тэмдэглэснээр гарч болох сөрөг үг дагавар байгааг шуудхан хэлэх нь зөв. Хамгийн наад зах нь Халхын голын тулалдааны 80 жилийн ойг тэмдэглэх нь орчин цагийн, даяаршсан дэлхий нийтийн өнгө аяст хэр таарч тохирч байгааг манай удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Мөн энэ арга хэмжээ манай улсын сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маш эрчимтэй явуулж байгаа гуравдагч хөршийн бодлоготой хэр нийцэж байгаа бол. Дээр нь мартаж болохгүй нэг зүйл бол монголчууд сүүлийн 20 гаруй жил Японы ард түмний тусламж, дэмжлэгийг хэчнээн удаа, хэр хэмжээгээр авснаа бодох хэрэгтэй. Тэд манай оронтой найрсаг, сайхан харилцаатай байж, олон зүйлээр тусалж, салбар бүрт харамгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Гэтэл тэр бүгдийг ор тас мартчихаад л зөвхөн нэг орны нөлөөнд хэт их автан хэн нэгнээс чихэр авчихаад учраа мэдэхгүй хөөрч, догдолж байгаа жаахан хүүхэд шиг байх нь хэр зохистой вэ. Өөрөөр хэлбэл, төр засгийн дэмжлэгтэй аливаа арга хэмжээ ардчилсан үзэл санаанд хор уршиг тарих зүйл болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байх ёстой. Одоогийн төлөвлөснөөр Халхын голын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлбэл цаашид олон улс дахь нэр хүнд, бусад хамтын ажиллагаанд хор хөнөөл нь хэрхэн сүүдрээ тусгах вэ гэдгийг дахиад тооцоолоход буруудахгүй. Монгол, Орос стратегийн түншлэлтэй.Хойд хөрштэйгөө сайдаж, муудсаар нөхөрлөж яваа арвин их түүх бий. Монгол, Япон хоёр ч ялгаагүй. Стратегийн хувьд иж бүрэн түншилсэн. Манай улсын хувьд иж бүрэн түншилж байгаа улс орнуудынхаа харилцаанд сэв суулгачихгүй явах нарийн бодлого хэрэгтэй болсны хамгийн тод илрэл энэ ойн баяр болж таарлаа. Тиймээс улс орондоо хохиролгүйгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, ашигтай.

Халхын голын тулалдааны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж хамаг байдгаа барчихвий гэж гарчиг өгсөн нь зарцуулах хөрөнгө мөнгийг хэлсэнгүй. Төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн олон тулгуурт бодлого, үзэл санаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг гадаад харилцаанд гаргаж чадсан багахан амжилтаа баллаад хаячихвий гэсэн зовнил юм.


Categories
мэдээ цаг-үе

Профессор Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа

– ШҮҮХИЙН САЛБАРТ МИНИЙ БАГИЙН ХИЙСЭН АЖИЛ МӨДДӨӨ БАЛРАХГҮЙ. ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА –

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд шалдаа уналаа. нөгөө шинэтгэлийн үр дүн хаачсан бэ?

-Яасан ноцтой асуудлаар эхэлж байх юм. Сонсоход гашуун ч няцаах боломжгүй асуулт байна. Ард түмэн ингэж асуух эрхтэй. Шинэтгэлийн үр дүн муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Дотоод, гадаад гэх мэт. Шүүхийн тухайд шинэтгэлээр их зүйл амжуулсныг би хаана ч хэлнэ. Би Ерөнхийлөгчид зургаан жилийн ажлаа тайлагнахдаа ч хэлсэн. Шинэтгэл хийгээгүй бол үүнээс долоон дор юм болох байсныг мартаж болохгүй. Ер нь шүүх нь туг болчихсон улсыг дэлхийгээс хайгаад олохгүй. Гэхдээ шүүхэд асуудал байгаа юу гэвэл байгаа. Өргөс авсан мэт засарна гэж бодох гэнэн хэрэг. Шүүх, банк хоёр нэг л эвгүй, эсвэл эерэг мэдээгээр унаж, босож байдаг. Банкийг нэг цуурхал дампууруулж чадна. Шүүгчийн нэг буруу үйлдэл бүхэл бүтэн шүүхийг донсолгоно. Ийм л эмзэг байгууллага. Одоо энэ мөн чанараа харуулж байна. Шүүхийг улстөрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр.

Шүүхийн хараат бус байдал хуулиас, нөөцөөс, өөрийн үйл ажиллагаа, хуулийн бусад байгууллагын зөв нийлэмжээс хамаардаг. Үүнийг бид одоо ч ойлгоогүй, эсвэл ойлгосон ч хүсэхгүй байна. Бид зөвхөн Шүүхийн өөрийн үйл ажиллагааг онцолж ярьдаг, шинэтгэлийг энд дангаар хийх гэж оролдсон.

Гэтэл хуулиудыг өөрчилсөн ч олигтой шинэтгээгүй, нөөцийг хангаагүй, харин улам борцолсон, хуулийн бусад байгууллагыг шинэчлээгүй үлдээсэн. Үүнээс болж цогц хийх ёстой ажил өрөөсгөл болсон. Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан.Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм.Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна. Улс төрд итгэхээ больж байна шүү дээ.

-Эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлээ биз дээ?

-Шинэчлэл хийсэн боловч тэр нь гар гар дамжсаар сүүлдээ цогц шинжгүй, шинэтгэлийн амин сүнсүүд нь алга болсон. Олон зүйл дээр ухралт хийсэн. Хамгийн сүүлийн муу жишээ гэвэл, ухралт бол эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаадаг болгочихлоо. Цөөнгүй жил судалж, ярьж, шүүмжилж байж зогсоосон. Шүүгчид дэмжиж, ойлгож байсан. Гэтэл эгзгийг олж сэмхэн ухраасан. Өнгөн тал нь хэргийн нарийн учрыг олох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, ял шийтгэл гарцаагүй байх гэх мэтээр зарим шүүгч, улстөрчид тайлбарладаг.Тийм тал байгаа. Гэтэл дотор талд нь ноцтой асуудал нуугдаж байгааг хууль тогтоогчид олж хараагүй. “Тэвнийн чинээ нүхээр тэмээ шиг жавар орно” гэдэг шиг л юм болно доо. Энэ нүхээр хэрэг таргалж ч мэднэ, турж ч мэднэ. Цаана нь нөгөө л муу бүхэн цэцэглэнэ. Бас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дуулиан байна. Ийм хууль баталснаас болоод авлигачдыг шүүх суллачихлаа гээд бөөн шүүмжлэл, бухимдал. Гэтэл тэр хуулийг шүүгч яалтай билээ.

-Прокурорын хуулийг бас шинэчилсэн шиг санана.

-Тэгсэн. Гэхдээ хуучин аргаар, байгууллагын тухай хууль хийсэн байналээ. Үйл ажиллагааны хууль болж чадаагүй. Хамгийн ноцтой нь социализмын үед зөвлөлт засагт байсан прокурорын ерөнхий хяналтыг бараг сэргээх шахсан байналээ.

Прокурорын байгууллага хуулийн байгууллагын тогтолцоонд онцгой байр эзэлдэг чухал институти. Гэтэл прокурорын хараат бус байдлыг энэ хуулиар бараг хөндөөгүй. Толгойд нь нэг хоосон лоозон байсан шиг санана. Уул нь энэ асуудал уг хуулийн амин сүнс байх ёстой л доо. Үүнээс болоод эрүүгийн шүүн таслах ажиллагаа хуулиар бус өөр юмаар явах бололцоо, нүх сүв нээгдэж байгаа юм. Гэтэл эрүүгийн шүүгчийн хараат бус байдлын угтвар нь прокурорын хараат бус байдал гэж дэлхий үздэг. Бид прокурорын хараат бус байдлыг босоо удирдлага гэдгээр нь хаачихдаг. Гэтэл олон улсад босоо удирдлагатай ч, прокурор нь хараат бус байх арга механизмыг олоод хуульчилж байна. Манайд байхгүй, мэдэхгүй. Дээд шатны прокурор чиглэл өгөхдөө заавал бичгээр, хуульд нийцүүлж өгнө. Тэр нь олон нийтэд ил тод байх тухай заалт манай хуульд байна уу гэх олон асуудал бий.

Цагдаагийн байгууллага олон нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй хууль сахиулагчид. Гэтэл шүүх дээр ирдэг эрүүгийн хавтаст хэргийн материалыг одоо хууль сахиулагчид бүрдүүлж байна. 2009 онд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Алтанхуяг нэг зөвлөгөөн дээр “Бид цагдаагийн гарт байгаа, үүнийг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж билээ. Энэ одоо өөрчлөгдсөн үү. Прокурор хэрэг мөрдөх ажиллагааг хянадаг нэртэй ч гардан оролцоо маш бага. Ялын дүгнэлт бичихдээ хэргийн материалыг шүүгч шиг уншдаг байх жишээтэй. Үүний улмаас шүүхийн ажлыг цагдаа хийдэг гэж ярьдаг болсон. Зүй нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг чиг үүрэг бүхэлдээ прокурорын мэдэлд байх ёстой. Үүний улмаас прокурорын байгууллагын бие даасан байдал, прокурорын хараат бус байдлын тухай ярьдаг. Энэ мэт хуулийн байгууллагын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын оновчтой биш байдлаас өнөөгийн олон асуудал үүсч байгаа. Үүнийг засах оролдлого Тэмүүжинг сайд байх үед нэг босож ирээд тэгээд унасан, унтарсан. Одоо үүнийг боддог хүн алга. Харин эсрэг бодолтой хүмүүс олон байна. Тэгээд хоосон халаглаад, матрын нулимс унагаад байх жишээтэй. Мэдэхгүй байж болно, арга эвээ олохгүй байж болно. Хүсэл тэмүүлэл, зүтгэл, зөв санаа байх ёстой. Тэгвэл гарц дандаа л байдаг. Монголчууд бид юм зохиох хэрэггүй. Хүн төрөлхтний сайн туршлагыг олж мэддэг, түүнийг зөв нутагшуулах ухаан, боловсрол бидэнд дутаад байна. Хүн мэдлэг, мэдээлэл дутуу бол байгаа хуучин дээрээ л эргэлдээд байдаг. Сүүлдээ бүр коммунизмаа эргэн дурсаж санаж, ул болсон зүйлийг сэргээхэд хүрээд байна. Энэ бол дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээлэл дутуутай холбоотой. Коммунизмд хайртайдаа биш байх.

Эцэст нь хэлэхэд, шинэтгэлийг нийт хуулийн байгууллагын тогтолцоонд нь цогцоор хийгээгүй доголон, эрэмдэг зэрэмдэг болгосон нь шинэтгэлийн үр дүнд шууд нөлөөлсөн. Нөгөө талаас хууль шүүхийн байгууллагын хэрэглэдэг хуулиудыг өөрчилсөн ч, шинэчилж чадсангүй. Өөрчлөлт болгон шинэтгэл биш шүү. Уул нь анх цогцоор хийх санаа сэдэл, бодлого гарч эхэлсэн ч улстөрчид түүнийг зогсоосон. Шүүхтэй хамт хуулийн бусад байгууллагын шинэтгэлийн зэрэгцүүлэн хийгээгүй. Ухарсан, эргэж буцсан. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хуулийн байгууллагын тогтолцоотой нь, хэрэглэдэг хуулиудыг нь тогтолцоотой уялдуулж хамт хийхээс гадна хуулийн сургуулиудтай хамтад нь хийдэг юм байна..

-Энэ хавар шинэтгэлийн тухай бус, харин эрүү шүүлтийн тухай мэдээ нийгмийг цочроолоо. Юу яасан шинэтгэл гэж хүмүүс ярьж, асууж, бухимдаж байна.

-Асуулт зөв өө.Хаваржин эрүүдэн шүүлтийн тухай ярилаа. Улстөрчид өөрсдийн ажлын булхайгаа өөрсдөө гаргалаа. Энэ сайн хэрэг. Өөр хүн хэлбэл хүлээж авахгүй, харин ч оролдоод эхэлнэ. Мэхт мэхэндээ гэдэг билүү. Олон нийт анхааралдаа авлаа.Энэ бас л дээр хэлсэн шинэтгэлийг тогтолцоогоор иж бүрэн хийгээгүйтэй холбоотой. Энэ нь улстөрчдийн амбиц, төрөөс төрсөн тэрбумтнуудын захиалга байсан гэж ярьдаг. Үнэн байх. Хуулийн байгууллагын шинэтгэлийг зориуд зогсоосон шүү дээ. Эрүүдэн шүүлт хийсний хариуцлагыг шүүх хүлээхгүй гэлтэй биш. Хэн хийдгийг ард түмэн тэр болгон мэдэхгүй шүү дээ. Шууд биш гэхэд шүүх дам хүлээхээс өөр аргагүй.

Ер нь энэ эрүүдэн шүүлт Манжийн эзэрхийллийн үеийн есөн эрүү шүүлтээс нэр томьёо ч, үйлдэх арга ажиллагаа, санаа сэдэл нь тасралгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл үүнийг таслан зогсооход хуулийн байгууллагын шинэтгэлийн зорилго оршиж байсан юм шүү. Гэтэл яагаад хуулийн байгууллагын шинэтгэлийг зогсоов гэсэн асуултыг ярихгүй байгаа билээ.

Хүний эрхийн үндэсний комиссын 18 удаагийн тайланг судалж үзвэл эрүү шүүлт тасралтгүй байсаар ирсэн юм билээ. Жишээ нь, 2006 оны тайланд хоригдож байсан хүнийг 5 см-ийн банзаар биеийн бүхий л газар цохиж, хөдөлж чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаж, нүцгэн биеэр хэвтүүлж, асгасан усандаа тог залгаж, гүйдлээр цохиулж, гялгар уут болон шүдний сойзны иш шатааж, нүцгэн бие дээр дусааж байсан тэр ул мөр одоо ч үлдсэн гэж бичсэн байсан. Тухайн үед би түүнийг уншаад зүрх зүсэгдэх шиг болж байв. Гэтэл энэ байдал одоо ч засагдаагүйг энэ хаврын үйл явдлууд гэрчиллээ. 2018 оны тайланд хилс хэрэг хүлээлгэх зорилгоор нэг иргэнийг шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон гэж хүний эрхийн комисст М.Э гаргасан гомдолдоо дурдсаныг тайланд оруулсан байналээ. Нөгөө Үндсэн хууль, хүний эрх, хууль ёс хаачив? Энэ бүхэн хуулийн байгууллагыг шинэтгээгүй, түүний буруу тогтолцоотой шууд холбоотой. Гэтэл тэдгээр тайланг УИХ хэлэлцээд засах үүргийг Засгийн газарт өгөөд л байсан. Засаагүй л байна. Тийм учраас хуулийн байгууллагын тогтолцоогоо дахин эргэн харах нь хүний эрхийн асуудал, монгол хүний амьд явах эрхийн асуудал болсон байна. Гэтэл эрүүгийн хууль тогтоомжоо саяхан шинэчилсэн байдаг. Бараг бүрэн хэрэгжүүлж амжаагүй шахам байгаа. Буруу, дутуу хийхийн гай, хор энэ. Тэгэхлээр эрүү шүүлт цаашдаа байх л болчихоод байна. Тогтолцоо засахгүйгээр шударга сайн хүн олоод засна гэх байх л даа. Тэр бол үлгэр. Зөв тогтолцоо, зөв чиг үүрэг, хяналтыг тогтоодог. Тэр зөв коридор буюу тогтолцоо хууль ёсыг сахиулах үндэс болдог. Амьдрал их л сургамж өгч байна даа. Үүнийг ухаарч авах оюун бодол, зориг, алсын хараа байна уу.

-Шүүгчийн хариуцлага муу байгаа талаар шүүмжлэл их өрнөж байна. Хариуцлагатай байлгах арга хэмжээг багц хуульдаа тусгаж чадаагүй юм уу?

-Хариуцлагатай байдлыг бэхжүүлэх талаар багц хуульд олигтой зохицуулалт оруулж чадаагүй нь үнэн. Тэр үед мэдлэг, мэдээлэл хомс байсан. Ганц Монгол бус дэлхий шүүгчийн хариуцлагыг 200 жил мартсан юм шүү. Одоо хариуцлага ярих цаг үнэхээр болсон. Хэтрээд байгаа юм бас бий. Цалин нэмсэн, түүнийг дагаж ажил албандаа хариуцлагатай ханддаг нэгэн байхад тэгэхгүй, тэгэх ёстой юм шиг ханддаг нэгэн бас байна. Шүүх, шүүгчийн хариуцлага гэхээр манайхан шүүгчид шийтгэл ногдуулах л гэж ойлгоод байдаг. Энэ бас тийм биш. Шүүгчийн хариуцлагатай байдал гэдэгт гурван бүлэг зүйл ордог. Нэгдүгээрт, шүүгчийн шийдвэр шүүхийн шат шатаар хянагдаж, хүчингүй болж, өөрчлөгдөж байгаа нь нэг хариуцлага мөн. Үүнээс шүүгч нэг мэдрэмж, зовиур, шаналал, сургамж авч байдаг. Хоёрдугаарт, шүүгч шийдвэрээрээ талууд, бусад эрх мэдэл, нийгмийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Сайн муугаараа цоллуулж, нүүрээ улаалгаж, нүдээ бүлтэлзүүлж байгаа хэрэг шүү дээ. Эндээс бас хүн юм чинь зовиур шаналал зэрэг нэг мэдрэмж авна. Ийм хоёр төрлийн буюу мэдрэмжийн хариуцлага хүлээж байгаа. Энэ хоёр манайд байгаа. Гуравдугаарт, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Энэ манайд байгаа юу гэвэл байгаа. Харин үр нөлөө муу байгаа. Үр нөлөө муу байгаа ахиад л хууль тогтоомжтой холбоотой. Жишээ нь, сахилгын болон ёс зүйн хариуцлагыг хууль тогтоомжоор ялгаагүй, хариуцлага тооцох ёстой үйлдэл, эс үйлдэхүйг олж хуульчилж чадаагүй, шүүгчийн алдаа оноог олж илрүүлэх байгууллагад эрх хэмжээ, зөв процесс тогтоож өгөөгүй, шүүхийн хяналтын давс хужрыг хэтрүүлж, шүүх шүүгчээ хамгаалах аргыг хуульчлаад өгчихсөн, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүртэл давхар баталгаажуулсан гэх мэт түмэн буруу байгаа. Ингээд бодохоор хууль тогтоомжоос маш их зүйл хамаарч байгааг манай хууль тогтоогчид ойлгоосой. Өөрийн гэмийг өрөөлд тохоод байж болохгүй. Хууль тогтоомж санаачлахаараа холбогдох байгууллагаас санал авдаггүй, авсан нь түүнийг ажил хэрэгчээр судалж тусгадаггүй. Жишээ нь, би шүүхээс хэрэг прокурорт буцаах тухай хуулийн өөрчлөлтийг нэг сэтгүүлчээс сонссон. Шүүх, шүүгчтэй шууд холбоотой хуулийг өөрчлөхөд шүүхээс заавал албан ёсоор санал авна гэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээ хүртэл бий шүү.

-Шүүхийн шинэтгэл цаашид тасралтгүй үргэлжлэх процесс байх л даа. Одоо эн тэргүүнд тулгамдсан, шийдлээ хүлээсэн зөвхөн нэг зүйлийг Та хэлэхгүй юү.

-Төсвийн хомсдол. Үүний хор уршиг маш их. Муу шийдвэр, үйлчилгээний доголдол, авлига гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Шүүх ядуурах нь улсад аюултай. Үндэсний аюулгүй байдалд хортой. Эдгээр нь хоосон үзэл санаа, хэллэгийн жорган биш шүү. Бодитой юм. Сүүлийн таван жилд жил бүр хөрөнгө оруулалт О дүнтэй байсан шүү. Шүүхийн төсвийг ингэж удаа дараа хүрэлцэхгүй хэмжээгээр хуваарилахыг шүүх эрх мэдлийг зориуд хүчгүйдүүлсэн, үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхлыг хөндөж, ардчилсан нийгмийн суурийг ганхуулсан гэж үзэж үндсэн хуулийн шүүхэд өгөх бололцоотой. Ийм практик дэлхийн улсуудад бий. Өөр одоо яалтай нь билээ.Улсын эдийн засгийн хүнд байдлыг бодож, жил бүр бас горьдож олон жил хүлээсэн. Одоо хүлээлт дууссан. Дээр нь сангийн сайд нь шүүхийн байрыг булааж авна гээд гүйж явна гэнэлээ. Энэ арай хэрээс хэтэрнэ. Үндсэн хууль зөрчиж байгаагаа тэр хүн мэдэхгүй байна. Мэдрүүлэх цаг ирнэ биз дээ. Одоо ингээд өөр сэдэв ярих уу. Буцах бүсгүйд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр одоо л нэг их юм ярьж гэнэ гээд амьтан хүн харааж загнаад байх байх.

-За тэгье дээ. Уул нь одоо л ам халж байсан юм. Тантай Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын засаглалын талаар ярилцахаар асуулт бэлтгэсэн байгаа. Эхний асуулт нь парламентын тогтолцоо гэж дарга нар, ялангуяа Их Хурлын гишүүд их ярих юм?

-Сурах бичигт байдаг ойлголт. Сонгодог гээд л зарим нь ярьдаг. Юугаа л яриад байгаа юм бүү мэд. Ер нь Засгийн газрыг байгуулах, хариуцлага хүлээлгэхэд парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг тогтолцоог хэлдэг. Гэхдээ Засгийн газрын тэргүүн, сайд нарыг толгой дараалан парламент томилдог тогтолцоо гэж ойлгож болохгүй. Манайд тэгж байгаа болохоор ерөөс тийм байдаг гэж ойлгодог хүн олон. Онол нь болоод нийтлэг практик нь тийм биш юм. Энэ бол манай тогтолцооны нэг том гажиг. Асуудал, бэрхшээлийн нэг шалтгаан энэ мөн.

-Яагаад тэр билээ?

-Засгийн газар чинь улс орныг удирдах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаанд багтахгүй юм гэж байхгүй. Цалин пүнлүү, сургууль, цэцэрлэг, зам харгуй, шинжлэх ухаан боловсрол гээд үргэлжилнэ. Хамгийн наад зах нь татвар төлөгчдөөс авсан мөнгөө улс орны тулгамдсан асуудлыг зэрэглэж, төлөвлөж, улсад хэрэгтэй, өнөөдөр ашиг тусгүй юм шиг атлаа ирээдүйд нийгэмд хэрэгтэй зүйлд зориулах эрх мэдэл засгийн газарт байх ёстой.

Гэтэл оруулсан төсвийг задлах эрхтэй, дуртай үедээ огцруулах боломжтой, толгой дараалан ам өчгөө өгөн байж томилогдсон томилгооны хараат байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг зоримог шийдмэг, асуудлыг алсыг харж, төлөвлөж шийдэх бололцоогүй болгодог. Жижиг мажоритар тогтолцооны эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүйд хүргэдэг. Гэтэл Адам Смит 220 жилийн өмнө Үндэстний баялаг зохиолдоо төр нийгэмд дээд зэргийн ашигтай, гэхдээ тухайн хүн эсвэл хэсэг бүлэг хүний зардлыг ашгаараа нөхөхгүй тийм олон нийтийн ажлыг

эрхлэн гүйцэтгэх ёстой гэж хэлснийг энэ урт хугацаанд хэн ч үгүйсгэж чадаагүй, харин ч хүлээн зөвшөөрч, ухаарч, хэрэгжүүлэхийг зорьж, Үндсэн хуульдаа санхүү- эдийн засгийн бүлэг нэмж чиг зүгээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд ашиг тус олох зорилгогүй, тухайн нөхцөлд алдагдалтай байсан ч нийгмийн ач тус нь ямагт их байх бүтээн байгуулалтын ажлууд гэсэн үг л дээ. Ийм ажлыг Монгол Улс хийж чадахаа больсон.

-Тэгэхлээр манай улс дахь парламентын тогтолцоо асуудалтай байгаа хэрэг үү. Тэгвэл ямар байх ёстой юм ?

-Бид энэ асуудлыг олон жил бас муугүй судалсан. Эхний үед олон хүн ойлгодоггүй байсан. Одоо олон хүн ойлгодог боллоо. Түүний үр дүнд Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөл оруулах нэг үндэслэл үүнтэй холбогдож байгаа.

-Та Парламентын тогтолцоог Засгийн газар байгуулахад парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг гэж дээр хэллээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Өндөр байна гэдэг нь Засгийн газрыг бүрдүүлэхэд парламентын олонхоос ерөнхий хамааралтай байна гэсэн үг. Бид шууд хамааралтай болгосон нь Засгийн газраа хүчгүйдүүлсэн. Хариуцлага хүлээх чадваргүй болгосон. Онолын хийгээд нийтлэг жишиг нь Ерөнхий сайдаа парламентаас тодруулдаг. Тодруулдаг гэдэг нь сонгодог, томилдог эсвэл Ерөнхийлөгч нь томилдог гэсэн үг. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлдөг. Ерөнхий сайдыг огцруулах, парламент тарах хоёр харилцан уялдсан байх ёстой. Энэ нь парламентын тогтолцооны нэг чухал механизм. Тэгж байж засаг төр тогтвортой байдаг. Үүнийг одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж чадаагүй.

-Энэ юу гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?

-Ер нь аливаа улсын нэг зовлон бол Засгийн газраа хянах байдаг. Түүнд бодит эрх мэдлүүд их байдаг учраас зовлонтой. Хянах ч ёстой. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс сайд болбол бүүр ч хэцүү, үр дагавар их. Нөгөө талаас засгийн газар парламентаас “дам” төрсөн учраас засгаа эрхшээлдээ байлгах, дуулгавартай байлгах сонирхол парламентад бас бий. Энэ бол парламентын тогтолцооны бас нэг сул тал, зовлон. Тэр нь сонгуулийн, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн том үг хэлээр илэрч, засаг руу анхаарал хандуулдаг. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө олон түмэнд таалагдах тал руугаа хэвийсэн байдаг нь нууц биш. Гэтэл Засгийн газар улсаа бодох уу, намын популист хөтөлбөрт захирагдах уу гэдэг сонголтод хүссэн хүсээгүй тулдаг. Улсаа бодоод зүтгэвэл парламентын олонх огцруулах эрсдэлтэй тул түүнээс хамгаалах институт нь Ерөнхийлөгч болдог. Хэрэв намаар явцуурч улсаа бодсон засгийг огцруулах гэвэл Ерөнхийлөгч парламентыг тараах эрхээ эдлэх тул парламент хүсэл зоригоо татахаас өөр аргагүй болдог. Үүнийг л хэлээд байгаа юм. Манайд ийм механизм байхгүй учраас өнгөрсөн он жилүүдийн гашуун түүх үргэлжилсээр байна.

-Засаг тогтворгүй байгаа тухай олон жил ярьсан. Үнэндээ ч 1.9 жилийн настай байсан гэсэн судалгаа байгаа. Тийм учраас уг зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах ёстой асуудал байсан юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгчийн институти төрийн эрх мэдлийн аль салаанд байх тухай асуудал манайд шийдэгдээгүй. Үндсэн хуулиас болон органик хуулиудаас хайгаад олохгүй. Одоо хэн ч мэдэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог, түүний улмаас Ерөнхийлөгч өөр намаас, өөр мөрийн хөтөлбөртэй хүн сонгогдох бололцоотой. Тиймээс парламентын олонх Ерөнхийлөгч хоёр нэг бодлогод зангидагдахгүй байх бололцоотой. Нам дотроосоо Ерөнхийлөгч байсан ч болохгүй байсныг бид мэднэ. Тэр нь хүний асуудал биш, Тогтолцооны л асуудал байсан. Үүний улмаас засаг байгуулах, парламентын улс төрөөс засгийн газрыг хамгаалах бодит эрх хэмжээ ерөнхийлөгчид олгогдоогүй. Энэ шалтгаанаар дээр хэлсэн хяналт, тэнцвэрийн механизмыг хэрэгжүүлэх бололцоогүй байгаа.

-Энэ парламентын тогтолцоог шүүмжилдэг, Ерөнхийлөгчийн улс болох нь дээр гэсэн яриа хэлэлцүүлэг одоо ч байсаар л байна. Таны байр суурийг сонсъё.

-Зарим хүн сонгодог парламентын засаг гээд л ярьдаг юм билээ. Энэ бол буруу хэллэг болов уу. Мэргэжлийн бус яриа байх гэж боддог.Тохирсон улсдаа “сонгодог” болохоос ерөөс сонгодог загвар гэж байхгүй. Монголд хэр зэрэг тохирсон бэ гэж асуувал өөр хэрэг. Тохирно гэдэг нь олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо бүрдсэн үү гэдэгтэй шууд холбоотой. Үүнийг дан тоон талаас харж болохгүй. Чанарын талаас харах хэрэгтэй. Тодруулбал, тэдгээр улс төрийн намын нийгмийн бааз хэрэг зэрэг ялгаран хуваагдсан, хэр зэрэг итгэл үнэмшилтэй болсон, тууштай дэмжих хандлага нь тогтвортой эсэх зэрэг шалгуураар харж болно. Олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хүссэн хүсээгүй дагалдуулдаг. Пропорцианаль тогтолцоо парламентын улсын салшгүй шинж гэхэд бараг болно. Тэгж байж тэр намуудад хуваагдсан байдлаа парламентад оруулж ирж засаг төрөө барих утгатай.

Гэтэл Монголд 33 нам бүртгэлтэй атлаа сонгуульд орж, мандат авдаг нь хэд билээ. Дээр нь том намууд жижиг намуудыг сонгуулийн босгоор амь оруулах ямар ч сонирхолгүй. Пропорцианаль тогтолцоог авах бүү хэл холимог тогтолцоог авч үр шимийг хүртсэн атлаа манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй гээд Цэцээр дүгнэлт гаргуулчихсан. Тэгсэн атлаа дээр доргүй манай улс парламентын тогтолцоотой гэж ярьдаг.Байдал нэг иймэрхүү ороо бусгаа.

Гэсэн хэдий ч одоо энэ тогтолцоог өөрчлөх тухай бус мөн чанарыг зөв ухаарч засаж сайжруулахаас өөр арга үлдээгүй бизээ.Энэ тогтолцоонд давуу болон сул талын аль аль нь бий.

-Давуу тал нь юу байна?

-Ард түмнээс шууд мандаттай төлөөлөгчид төрийн бодлогод нөлөө ихтэй. Эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлсэн, үзэл бодлын уралдаан, олонх дахь цөөнхийн хяналт гээд сайн талууд бий. Дашрамд хэлэхэд шууд мандаттай гэдэг нь сонгогдох нь арга нь тойрог хэлбэртэй болохоос мандатын хүчин чадал нь улсын хил, хүн амаар л хязгаарлагдаг гэсэн үг. Үндсэн хуулийн 23.1-д УИХ-ын гишүүнийг ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гээд тойргийн төлөөлөгч биш шүү гэдгийг тодорхой заасан.Тийм учраас тэр тойргоос төлөөлөлтэй, төлөөлөлгүй гэсэн яриа байх ёсгүй гэж би боддог. Сул тал нь улс төрийн нам их хүчтэй. Төрийг булаачих гээд байдаг. Өмнө нь 70-80 жил булаалгасан. Одоо харин булаалгасан уу үгүй юу

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-Хийх ажил зөндөө байна. Чөлөөнд гарсан ч Академик эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо гаргасаар байх болно. Гэхдээ цагийн юм цагтаа гэдгийг тооцож, залуу үедээ саад болохгүй байхыг бас хичээнэ. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа эрчимжүүлнэ. Их сургуульдаа лекцээ уншина. Мэдсэн, сурсан зүйлээ улс нийгэмдээ дамжуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдаад есөн даргын нүүр үзсэн. С.Батдэлгэр нэг таван жил энэ албыг давхар хашсан. Бусад дарга нар нь зургаан сараас гурван жил хийсэн байдаг. Нямдорж нэг хоёр жил давхар хашсан. Би зургаан жил энэ албыг хашлаа. Итгэл хүлээлгэсэн шүүгч нар, үе үеийн төрийн тэргүүн нартаа талархаж байна. Шүүхэд сайн мөр үлдсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Дашдондов гуай нэг номоо “Балтаар цохисон ч балрахгүй үнэн” гэж байдаг гэж нэрлэсэн шиг шүүхэд миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй байх аа. Цаг хугацаа бас харуулна. Сошиалаар хараагчид бус шүүгч, шүүхийн ажилтан нар юу хийснийг, юуг хийж чадаагүйг илүү бодитой дүгнэнэ.

-Ярилцсанд баярлалаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд (II)

Түрүүч нь № 112(6213) дугаарт


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

4. УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтаа мэдээлсэн.

Энэ бүгдээс харахад өдрийн 13:00 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт зургаан цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадваргүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бид түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай.Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж, хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг гэх нийтлэл гарсан билээ.

Дээрх хэрэгтэй холбоотой нийтлэл мөн 2019 оны тавдугаар сарын 27-ны “Зууны мэдээ” сонин дээр “Хэргээ булзааруулахын тулд хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх гэж оролдсон уу?” гэсэн гарчигтай “ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь” гэх нийтлэл гарсан. Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна. Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараахь зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна. Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.

1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн программ хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.

2. УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгөө хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.

3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгөө хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.

4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт “Хүн нас барсан байдалтай олдлоо” гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхцаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд,

1. Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.

2. Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүний хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн.Хэрэг хийгээд булзааруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг.Эцэст нь хэлэхэд, социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсэдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай хэмээн бичсэн байв.

УИХ-ЫН ГИШҮҮД ЦАГДААГИЙН ҮЗЛЭГЭЭС ӨМНӨ ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛҮҮЛСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл цахим сайтуудаар гараад эхэлсэн. Isee.mn гэх сайт дээр 2019 оны тавдугаар сарын 25-нд “Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн цагдаагийн үзлэгээс өмнө өрөөгөө цэвэрлэсэн үү” гэх гарчигтай мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд “Г.Батхүү агсныг амиа алдах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн /нэрийг нь нууцлав/ Төрийн ордны хоёр давхрын 21* /өрөөний дугаарыг нууцлав/ тоот албан өрөөндөө бусдын хамт согтууруулах ундааны зүйл /архидаж/ хэрэглэж байсан байж болзошгүй байгаа ажээ. Учир нь Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна. Энэ үеэр Төрийн ордны хоёр давхрын 21* тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дрож /хивстэй адил материал/, буйдангийн дээр байдаг байж болзошгүй “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг Төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ. Дрож болон дэрэн дээр тогтсон хүний цус байж болзошгүй улаан толбо нь хүмүүсийн маргаан, зодооноос үүссэн үү гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа байх” хэмээн бичсэн байх ажээ.

Г.БАТХҮҮ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ДУНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙСАН УУ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг явдалтай холбоотой мэдээлэл, таамаглалууд ар араасаа цувран гарч байна. Нийгмийн сэтгэл зүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу чиглэж эхлээд байна. Мэдээж хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь тэр болж таарсан. Мөн талийгаач Г.Батхүү, Н.Номтойбаяр нар хувийн таарамжгүй харилцаатай байж болзошгүй хэд хэдэн баримт байдаг.

Г.Батхүү “Монголын Автомашин, мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр “Оффроад”-ын холбоог тэргүүлдэг. Тэгвэл дээрх хоёр холбоо тамирчдын цол гуншин зэрэг асуудлаас болж маргаантай байдаг. Үүнээс болоод хоёр тэргүүний дунд үл ойлголцол үүсч байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Г.Батхүүгийн төрсөн дүү П.Батчимэг Дорнод аймгийн Ардчилсан намын ҮБХГ юм байна. Бүр Н.Номтойбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Ингээд тойрог дээрээ ажиллаж эхэлсэн. Үүнээс болоод тэдний дунд мөн л үл ойлголцол бий болсон байх магадлал байгаа ажээ.

ЦАГДАА НАР ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ

Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүү Төрийн ордонд хэнтэй хамгийн сүүлд уулзсан, хэний өрөөгөөр орсон, тэр өдөр талийгаач хэн нэгэнтэй архи уусан уу, нэр бүхий УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу. Талийгаач ямар хүмүүстэй гар утсаараа холбогдож ярьсан зэргийг хөөн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цаг хугацааны дарааллаар мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүний өрөөнд хэдэн минут болсон. Тэндээсээ гараад хэдий хэрийн хугацааны дараа гонхноос унасан байж болох вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлээд байгаа шиг хэн нэгэнтэй уулзахаар яарч байсан уу гэдгийг ч шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.Мөн тэдний хоорондын харилцаа ямар байсан. Өмнө нь муудалцаж байсан уу. Ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөж, үл ойлголцол бий болж байсан уу гэдгийг тогтоох ажиллагаа өрнөж байгаа гэнэ. Хэрэг гарсан байж болзошгүй Төрийн ордны хоёр давхрын хивсэнцэрт шинжилгээ хийсэн байна. Гадны нөлөөтэй ч бай, нөлөөгүй ч бай тэнд ямар нэгэн ул мөр заавал үлдэх ёстой гэж мөрдөгчид үзэж байгаа гэнэ. Одоогоор хоёр давхрын хивсэнцрээс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Хэрэв хөл алдаж унасан бол тэнд ул мөр үлдэх ёстой ажээ. Өөр нэг ноцтой мэдээлэл нь хэргийн цар хүрээ хумигдаж эхэлсэн. Шинжээчийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг өвчний улмаас нас бараагүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг гэнэтийн байдлаар амиа алдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлээс болж нас барсан гэжээ. Мөн тархиныхаа магнай, ар дагз хэсэгт хүчтэй цохигдсон шарх сорви байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах ажиллагаанд эргэлзээ гарч эхэлсэн бололтой. Г.Батхүүгийн тархиндаа авсан гэмтэл гонхоос унахад үүссэн байна уу, үгүй юү гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлага бий болоод байгаа юм.

Ардчилсан намаас Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандаж байгаагаа мэдэгдээд байгаа. Талийгаачийн гэр бүл болон намын нөхөд нь тухайн хэрэг, үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд гадны хяналт тавьж, үнэн мөнийг олох үүднээс олон улсын байгууллагад хандсан байна.

Удахгүй хэргийг шалгаж байгаа цагдаа нар хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах уу, үгүй юү гэдгийг шийдэх юм гэнэ. Одоогоор хэн нэгнийг Г.Батхүүгийн аминд хүрсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх тодорхой баримт хуулийнханд олдохгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын нэр бүхий гишүүдээс гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаа хийхэд саад бэрхшээл тулгарч байгаа. Энэ нь цагдаа нарын анхаарлыг татаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Дээрх хэрэгтэй холбоотой өөр нэг таамаг нь талийгаач Г.Батхүү Төрийн ордны гурван давхраас бууж явахдаа хөл алдсан байж магадгүй. Ингээд өндөр биетэй, жин ихтэй хүн зогсож чадалгүй явсаар хоёр давхарын гонх руу доош унасан. Хоёр давхрын гонхны хашлага давж унахдаа доор байх 50 см-ийн хөндлөн өргөн тавцанд толгойгоо цохисон байх гэх таамаглал дэвшүүлэн шалгаж байгаа гэсэн. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбоотой олон нийтэд ил гарсан баримтуудыг шүүж үзэхэд ийм байна. Гэхдээ манай УИХ-ын гишүүд арай ч Төрийн ордондоо хүний амь хөнөөчих хэмжээнд хүрээгүй байлгүй дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.Тэрээр Монголын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.

Г.БАТХҮҮГ УНАСАН БАЙСНЫГ ХАРСАН ГЭРЧ ЦАГДАА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨЛГҮЙ ЦАГ АЛДСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Нийслэлийн цагдаагийн Шуурхай удирдлагын төвийн 102 дугаартай утаст Төрийн ордны нэгэн ажилтан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад “Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага өгсөн гэнэ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордноос ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж үзлэг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийг шалгах ажил НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд явагдаж байгаа” гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл анх цагдаа нарт дуудлага өгсөн хүн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг унасан байсныг 19:09 цагт анх харсан гэх мэдээлэл байгаа юм. Дээрх мэдээллийг батлах мэт зүйлсийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Тэрбээр “Талийгаач 18:30-18:36 цагт АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай “Би авто раллигийн хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчтэй оройн хоолонд орно. Та Элчин байсан хүн, дээрээс нь хуучны түншүүд чинь ирсэн учраас оройн хоолонд цуг орох уу” гэж яриад, цаг болзсон байгаа юм. Мөн 18:35 цагт ордны гурван давхраар баруун тийшээ алхаж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Харин 19:09 минутад нэг давхарт унасан байдалтайгаар олдсон. Гэхдээ 19:57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн юм байдаг. Яагаад ийм удаан хугацааны дараа дуудлага өгөх болов гэдэгт хүмүүс эргэлзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Г.Батхүүг хоёр давхрын гонхноос унасан байгааг харсан гэрчүүд ямар учир шалтгаанаар цаг хугацаа алдаж цагдаад дуудлага өгөх болсон бэ. Тухайн өдрийн 19:09 цагаас 19:57 минут хүртэлх хугацаанд юу болж өнгөрсөн бэ гэдгийг шалгаж байгаа гэнэ.

Тухайн үед талийгаачийн ар гэрийнхнийг хэргийн газар оруулалгүй хамгаалалтад авсан. Гэхдээ талийгаачийн талаас нэг хүн орж хэргийн газрыг харсан гэнэ. Г.Батхүүгийн төрсөн дүүгийн нөхөр цагдаагийн хурандаа н.Батсайхан хэргийн газарт очиж үзсэн гэх мэдээлэл байгаа юм.УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан гэх мэдээлэл гарсан даруйд цахим орчин болон нэр бүхий мэдээллийн сайт, телевизүүдээр учир битүүлэг мэдээлэл гарсан байдаг. Жишээ нь,“Г.Батхүүгийг зүрх нь гэнэт хаагджээ”, “Биеийн байдал нь хүнд байсан гэнэ”, “Хорт хавдартай байжээ”, “Даралт нь ихсээд харвалт өгсөн бололтой” гэсэн утга бүхий мэдээлэл гараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү золгүй байдлаар Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад эхэлсэн. Хэн хаанаас ямар эх сурвалжаас мэдээлэл авсан нь тодорхойгүй, хэрэгтэй холбоотой мэдээлэл хурдацтай тархсан.Талийгаачийн бие нь хөрөөгүй байхад маш хурдацтайгаар Г.Батхүү өвчний улмаас амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ нь Г.Батхүү бусдын гарт амиа алдсан байж болзошгүй. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд санаатайгаар дээрх худал мэдээллийг тараасан байж магадгүй гэх сэжиг таамаг олон нийтэд бий болсон. Үнэн хэрэгтээ Г.Батхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Бие нь эрүүл саруул байгаа талаар дүгнэлт гарсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Тэгвэл Г.Батхүү өвчний улмаар амиа алдсан гэх мэдээллийг тараасан сайт, телевизийн редактор, сэтгүүлч, хувийн хаягнаасаа бичсэн иргэдийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Нэр бүхий цөөнгүй хүнээс Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрынхан мэдүүлэг авсан байна.

Н.Номтойбаяр: ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮТЭЙ СҮҮЛД УУЛЗСАН ХҮМҮҮСИЙНХ НЬ НЭГ БИ ЯАХ АРГАГҮЙ МӨН

Ардчилсан намынхан Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх хэвлэлийн хурал зарласан. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдгийг хэлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Тэрээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр ордонд хамтдаа алхаад явж байсан. Бид өмнөх парламентад цуг ажиллаж, мөн хамтдаа автоспорт сонирхдог. Хоёулаа ч автоспортын холбоотой юм. Тэрээр “Дүүгийн өрөө аль билээ” хэмээн надаас асууж, манай өрөөнд 10-15 минут саатсан. Хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн нь хэн бэ гээд эргэлзээд, хайгаад байх зүйл байхгүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхэд сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би яах аргагүй мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа би 19:18 цагт бүлгийн хуралд орсон. Бүлгийн хуралд ороод картаа хийхэд цаг нь автоматаар бүртгэгдэж байдаг учраас мэдэж байна. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хаана, хэзээ таарсан, юу ярьсан талаараа би мэдүүлсэн. БНХАУ руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ажил хэргийн асуудал ярьсан. Тэр үед Си Жиньпин даргын өгсөн бэлэгний архийг задалсан. Түүнээс халамцуу явсан зүйл байхгүй. Бид хоёрын хувьд манай холбооны автоспортын төрлийн таван жилийн ажлыг дүгнэх, тамирчдад цол зэрэг олгох тухай ярьсан. Удахгүй болох тэмцээнээ угтаж 44 мянган авторалли сонирхогчийнхоо өмнө хэвлэлийн хурал хийе гэх мэт ажил хэрэгч зүйлүүдийг ярьсан.Бид хоёр 2016 оны сонгуулиас хойш уулзаагүй. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач ганцаараа явсан. Гарахдаа “Хүн хүлээж байгаа. Ах нь яараад байна” гэсэн. Их л яаруу явж байсан.

О.Баасанхүү: Г.БАТХҮҮ АГСНЫГ НАС БАРСАН БАЙХЫГ БИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРСАН. ТОЛГОЙ НЬ НЭЛЭНХҮЙДЭЭ ЦУС БОЛСОН БАЙСАН

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18.00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан. ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ. Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй” гэсэн юм.

ТӨРИЙН ОРДОНД ТЭР ӨДӨР АРХИДАЛТ БОЛЖЭЭ

Талийгаач Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан өдөр тавдугаар сарын 17 буюу баасан гариг байсан. Тэр өдөр ордонд нэр бүхий УИХ-ын гишүүдийн дунд хавтгай архидалт болсон гэх мэдээлэл гараад байгаа. БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин манай улсын УИХ-ын нэр бүхий гишүүдэд гарын бэлэг өгсөн. Тэр дундаа хамгийн хүндтэй хүнд өргөн барьдаг 50 гаруй градусын спиртийн агууламжтай “Моту” хэмээх архийг гарын бэлэг болгон өгсөн. Урд хөршийн төрийн тэргүүний өгсөн архийг УИХ-ын гишүүд өдрийн хоолон дээрээ задалж ууцгаасан гэдэг нь тодорхой болоод байгаа. Төрийн ордонд болсон архидалтын талаар “Өдрийн сонин”-ы 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарсан “Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Нийтлэлд УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.

1. Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүн үдийн хоолны дараа хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.

2. Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө гурван удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.

3. МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн сүүлчийн 60 тэрбумтанг сонгуулийн урьд өдөр халчихаад өндийтөл…

Дэлхийн шилдэг кинонуудын нэг Майяагийн эзэнт улсын хожуу үеийн үйл явдал өрнөдөг “Апокалипто”-г үзээгүй хүн цөөн байх. Хүн төрөлхтний соёлт нийгмээс хоцорсон харанхуй бүдүүлэг овгууд бие биенийгээ баривчилж, тосгондоо авчирдаг. Ган гачиг тайлахын тулд наранд өргөл барьц өгч, олзлогдсон хүмүүсийн зүрхийг олны өмнө суга татаж туг тахиж байгааг тод харуулдаг. Киноны өрнөл хэсэгт нар хиртэж, аллага түр зогсох үеэр Барын савар нэртэй эр арайхийн зугтааж амьд гардаг. “Апокалипто” кино гоё төгсдөг. Киноны хамгийн оргил хэсэг гэж хэлж болох тэр хэсэгт гол дүрийн жүжигчин олзноос зугтааж, хэдэн арван саад бэрхшээлийг туулсаар арайхийн эхнэр, хүүхдээ аван ширэнгэн ойн зах далайн эрэг дээр гараад ирдэг. Тэгсэн тэнд нь соёлт ертөнцөөс хүмүүс ирчихсэн зогсож байдаг. Урт дурангаар дурандаад л, бүрэн зэвсэгтэй цэргүүдээр хамгаалуулчихсан. Тэгээд зогсохгүй том цагаан тугтай усан онгоцон дээр лам суулгачихсан. Найруулагч соёлт ертөнцөөс ирсэн хүмүүсийн дүр төрхийг уран нарийн гаргаж өгсөн нь олон үзэгчийн таашаалд нийцсэн байдаг. Киноны төгсгөлөөс хойших түүхийг та бид мэднэ. Майяа үндэстэн байхгүй болсон. Соёлт хүн төрөлхтөн харанхуй бүдүүлэг үндэстнийг үгүй хийсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө дээрх киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад манай улсад ирсэн байна лээ.

“Апокалипто” киноны үзэгдэл шиг үйл явдал МАН-аас илт харагдаад байх боллоо. Харанхуй бүдүүлэг, увайгүй улс төрийн бүлэглэлийн тэмцэл өдгөө ид өрнөж байна. МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбум төгрөг босгож, сонгуульд ялалт байгуулж чадсан. Тиймдээ ч УИХ-ын сонгуулиар МАН-ынхан 65 суудал авсан юм. Тэр үед МАН-аас “Бор халзан төлөг сойсон ч сонгогдож байна” гэсэн яриа гарч байв. Гэвч “Олдохоороо өлдөнө” гэдэг шиг зүйл болсон. Тухайн үед МАН-ын удирдаж байгаа төр засгийг гартаа авсан эрх мэдэлтнүүд төрийн албан тушаалыг өөрсдийнхөө хамаатан саднууддаа бэлэг болгон өч төчнөөнөөр нь өгсөн. Хамгийн ойрын жишээ гэхэд, МАН-ын удирдлага өөрийнхөө саданг Ерөнхий сайд болгосон. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан залуухан улстөрч Ерөнхий сайд болж, өөрийнхөө Засгийн газрыг байгуулах гэж инээдэмтэй томилгоо хийгээд эхэлсэн. Зангараггүй Ерөнхий сайд болсон даруйд МАН-ынхан албан тушаалын төлөө хоорондоо алалдаад эхэлсэн. Ардчилсан намын гэх нэртэй хүн бүрийг толгой дараалан өдөр шөнөгүй ажлаас нь халчихаад л “Би ч тийм албан тушаал авна. Чи тэнд дарга бол. Миний хүнийг энэ даргын суудалд тавь” гээд л бүлэглэл хоорондын зодоон эхэлсэн түүхтэй. МАН-ынхан ингэж дотроо эв түнжингээ алдаж, мунгинаж, халаа сэлгээ, дарга мэргэжилтний сандал суудал булаацалдаж байх хооронд Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан нэг жилийн хугацаанд үнэндээ юу ч хийгээгүй. Өмнөх Засгийн газар буюу Ардчилсан намынхны үед хийгдсэн ганц нэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд дууссан болохоос МАН-ынхан өөрсдөө санаачилж тахир хадаас, ганц шон ч босгож чадаагүй. Сандал, суудалтайгаа зууралдаад ямар ч ажил хийж чадалгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан М.Энхболдыгоо нэр дэвшүүлээд орчихсон. Тэр үед төрийн албан тушаалыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгосон гэх асуудлыг эсрэг намынхан хүчтэйгээр гаргаж ирсэн байдаг. Ингээд МАН-ынхан ард түмэнд өнгөрсөн нэг жилийнхээ дүнгээ тавиулсан сонгууль болж өнгөрсөн. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав. Тэр үед 2016 оны УИХ-ын сонгуульд яагаад ч юм нэр дэвшилгүй үлдчихсэн байсан У.Хүрэлсүх ардын баатрын дүрд хувилчихсан сүртэй “амьтан” гараад ирсэн. У.Хүрэлсүх “60 тэрбумын хэрэгтнүүд муухай. Эднийг үр үндсээр нь улс төрөөс зайлуулна. МАН-ыг шинэчилж, нам дамжсан бүлэглэлийг устгаж үгүй хийнэ” гэх мэдэгдлүүдийг ар араас нь хийсэн. Бүр УИХ-ын гишүүдийг хоёр хувааж 33, 34-ийн бүлэглэл гэдгийг бий болгосон. У.Хүрэлсүхтэй нэг бүлэглэлд багтсан 34-ийнхөн 33-ын бүлэглэлдээ “60 тэрбумынхан” гэсэн нэр өгч, нийгэмд муухай харагдуулах гэж төрийн мөнгийг хувьдаа завшиж, идсэн уусан гэх асуудлуудыг зохион байгуулалттай гэмээр цацаж эхэлсэн. МАН-ын 33-ын бүлгийнхэн ч зүгээр суугаагүй. 34-ын бүлэглэлд багтсан УИХ-ын гишүүд болон томоохон албан тушаалтнууд ЖДҮ-гээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй их хэмжээний зээл авсан асуудлыг ил гаргаж эхэлсэн. Ингэж л “60 тэрбумынхан”, “ЖДҮ”-чид гэсэн улс төрийн хоёр том бүлэглэл өөр хоорондоо ард түмний нүдэн дээр ил цагаан үзэлцэж байна. Гэхдээ уншигч та бүхэн энэ “зодоонд” У.Хүрэлсүхийн толгойлсон “ЖДҮ”-чин бүлэглэл одоогоор ялалт байгуулж яваа гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. “ЖДҮ”-чин бүлэглэл “60 тэрбум” бүлэглэлд нэр холбогдсон хүн бүрийг толгой дараалан ажлаас нь халж байгаа. Мөн “ЖДҮ”-чид бүлэглэлийн нэр аажим аажмаар өөрчлөгдөж “Шинэ МАНАН” гэх нэртэй болоод буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүлэглэлийг ил, далд дэмжих болсноос үүдэн “Шинэ МАНАН” гэх нэр зүүж байна. “Шинэ МАНАН”-гийнхан өдөр шөнө, өглөө оройгүй 60 тэрбумынхан гэх тодотголтой хүмүүсээ ажлаас нь халаад сүйд хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гэхэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг ажлаас нь халлаа. Үүний цаана МАН-ынхан 2016 оноос хойш хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар олигтойхон ямар ч ажил хийхгүй зөвхөн халаа, сэлгээ хийсээр байна. Сүүлийн жилд гэхэд л Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхэлсэн халаа сэлгээ Ерөнхий шүүгч, УЕП, АТГ-ын дарга, орлогч, хэлстийн даргаар үргэлжилж буй. Удахгүй цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгдэх юм гэсэн. Бүр ЦЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн дарга, хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч хүртэл халах юм гэх мэдээлэл гараад байгаа. Толгой өндийх сэхээгүй тэр ч 60 тэрбум, тэр ч авлигачин гэж хэн нэгнийг ажлаас нь халж, дараагийн өөр нэгэн хүнийг ажилд томилох ажил ирэх жилийн зургадугаар сарын 30-нд хүртэл үргэлжлэх нь тодорхой байна.

Хойтон жилийн зургаан сарын 30-нд “60 тэрбумын” гэх хамгийн сүүлчийн хүнийг ажлаас нь халаад өндийгөөд харахад ямар дүр зураг байх вэ. Шал өөр улс төрийн хүчин УИХ-ын сонгуульд ялчихсан, МАН-ын хоёр бүлэглэлийнхэн хүний өөрийн гэлтгүйгээр бүгд ялагдчихсан, ганцхан У.Хүрэлсүх ялчихсан зогсож байгаа дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ зодоон дундаас МАН-ынхнаас У.Хүрэлсүх ганцаараа УИХ-ын сонгуульд чадвал арай гэж ялах боломжтой хувилбар болж харагдах ажээ. У.Хүрэлсүхийг УИХ-ын сонгуульд ялна гэж хэлээд байгаа нь саяхан хаанаас ч гэлээ нэг судалгааны байгууллага улстөрчдийн рейтингэд судалгаа хийсэн юм байна лээ. Судалгаагаар МАН-аас У.Хүрэлсүх 200 хувийн рейтингтэй байна гэсэн. У.Хүрэлсүх ээ, 76 хувилахгүй юм бол МАН ирээдүйд УИХ-д хаана ч ялалт байгуулахгүй. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд төр засгийг гартаа авсан МАН олигтой нэг ч ажил хийгээгүй. Дандаа л өөр хоорондоо алалцаж өнгөрөөсөн. Ухвал олны анхаарлыг татахаар ганц нэг ажил хийсэн байгаа. Тэр нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал юм.

Саяхан МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болсон. Ил цагаан авлига авсан хэрэг яагаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм бэ гээд асуудал яригдаж эхэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачилж, хөөн хэлэлцэх хугацааг богиносгох хуулийг УИХ-аар баталчихсан нь ил болоод байна. Үүнээс үүдэн авлигад холбогдсон хүмүүсийн хэрэг хоёр жил хүрэхгүй хугацаанд шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийн дор хаагддаг болоод байна. МАН-ынхны хийсэн өөр нэг томоохон ажил гэвэл Салхитын мөнгөний орд газар, Асгатын ордыг төр мэдэлдээ авсан асуудал юм. Тусгайгийнхнаар хамгаалуулсан ажлын хэсэг орд газрыг эрх мэдэлдээ авч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах ажлыг МАН-ынхан гардаж хийсэн. Одоо Оюу толгойг эргүүлэн авна гээд л ноцолдоод байгаа. Оюу толгойг төр мэдэлдээ авна гэж улайрч байгаад МАН-ынхан сонгуульд үсгүй арчуулах дээрээ тулах вий. Ард түмнийг ажилгүй болгож байгаа намынхан ирэх сонгуульд хэрхэн оролцохыг харах л үлдлээ. Ямар ч ажил хийгээгүй хүмүүс сонгуульд ялдаггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Хамгаалах цаг нь ирсэн хадран загас

Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отряд 1975 оноос Монгол орны загас, усны амьтдын судалгааг тогтвортой явуулж ирсэн түүхтэй. Монгол оронд өдгөө долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэнэ. Эдгээрээс манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч буй орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Үүнээс монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, жин нь гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэх бөгөөд ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөж сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. Үр тогтсоны дараа эр загас нь 7-10 хоног үүрээ манана. Эм загас 17-18 мянган түрс гаргадаг. Монгол хадран 16 жил насладаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй. Хадран загасны маханд уураг 14.3-17.4 хувь, өөх тос 2-5 хувь, эрдэс бодис 0.8-1.3 хувийг эзэлдэг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.

Эрдэмтэн судлаачид 2017 оны дөрөвдүгээр сард монгол хадран загасны шилжилт хөдөлгөөн, үржлийн байршил, үржлийн нүүдлийг тогтоох зорилгоор Чонохарайхын гол, Ховд голын Шижигтэйн хавцал орчим монгол хадран загасанд хувийн дугаар бүхий уян пластик тэмдэглэгээг нурууны сэлүүрийнх нь доод хэсэгт байрлуулж өгсөн. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй уян пластик тэмдэглэгээ юм. Энэ нь баруун Монголын нуур, голын системд хийсэн судалгааны анхны ажил болж байгаагаараа онцлог юм. Энэ нь хадран загасны улирлын шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа үржлийн нүүдлийг хянах, үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн ач холбогдолтой аж.

Хадран загасанд байгаль орчны элдэв нөлөөнөөс гадна өөр нэгэн хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна. Чоно харайхын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станц нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах бөгөөд загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг, энд Потанины Алтайн сугас, монгол хадран гэсэн агнуурын ач холбогдолтой, унаган хоёр зүйл загас байдаг. Голын аль хэсэгт усан цахилгаан станц баригдсанаас шалтгаалан усан санд тэжээлийн бааз шинээр бүрэлдэх нь харилцан адилгүй бөгөөд загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд ч харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Монгол орны хэмжээнд шинээр байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан сангийн судалгааг Орос-Монголын хамтарсан экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Дөргөний усан цахилгаан станцын усан санд макро сээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Дөргөний усан цахилгаан станцын усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг, Потанины Алтайн сугас загасны популяци Далай нуурын популяциас бүрдэж байна. Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн Потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд монгол хадран загасны амьдрах орчин хараахан бүрэлдэж эхлээгүй байна.

Ийнхүү Дөргөний усан цахилгаан станцын далан нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг таслан баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хувааж байна. Гэхдээ Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин үржлийнхээ үед Хар нуураас Чоно харайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргөний усан цахилгаан станцаас доош хэсгийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахилгаан станц нь Чоно харайхын гол дахь монгол хадран загасны үржлийн талбайн 10 хувийг алдагдуулж байна.

Дэлхийн олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон загас дамжин өнгөрүүлэх байгууламж барьж өгдөг. Гэтэл манай оронд баригдсан усан цахилгаан станцууд нь загас дамжин өнгөрүүлэх байгууламж байдаггүй. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц нь тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохироогүй оновчгүй байгууламж барьсан байдаг. Иймд дахин алдаа гаргахгүйн тулд мэргэжлийн судлаачдын багаас, эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах шаардлагатайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.

Ямар ч амьтанд өөрийн гэсэн амьдрах орчны хил хязгаар байдаг. Жишээлбэл, тул, зэвэг, хадран загас нь хүчилтөрөгчөөр баялаг, ширүүн урсгалтай, хайрга чулуун ёроолтой хэсгийг шүтэн амьдардаг хүйтэн, цэнгэг усны загас юм. Амьдрах орчных нь нөхцөл доройтоход дайждаг. Бохирдол нь органик гаралтай буюу механик гаралтай юу гэдгээс шалтгаалан загас, усны амьтдад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байна. Жишээ нь, Туул гол маань Төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгээнээс болж Алтанбулагийн гүүр хүртэл байгалийн унаган төрхөө алдсанаас тэнд амьдрах цэнгэг усанд амьдрах зохилдлоготой загас, усны амьтад бүрэн устаад байна. Энд зөвхөн орчны бохирдлыг тэсвэрлэх чадвартай цөөн өргөс хорхой, уушги хэвэл хөлт дун зэрэг цөөн зүйлийн усны амьтад амьдарч байна. Харин Заамарын орчмын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх механик бохирдол нь голын ёроолын хайрга чулууг бүрхсэнээс амьдрах орчин нь доройтон хомсдож, үүний улмаас цэнгэг усны загасны тархац хүрээ хумигдсаар орчны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай бүлээн усны бүлгэмдлийн тоо толгой ихсэх зэрэг өөрчлөлт орсоор байна. Энэ мэт олон шалтгаанаар Монголд л байдаг монгол хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахиагийн Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтой төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед тантай холбоотой олон асуудал ар араасаа гарч ирээд байна.Зарим нь ч хуучирч байна. Бас шинэ асуултууд ч нэмэгдлээ. Танд цаг байгаа гэж найдаж байна. Тухтай ярилцах гээд ийм оршил хэлээд байна!

-Ажлаа өгөхийн өмнөхөн ярилцлага хийнэ гээд байсан санагдаж байна. Бараг хоёр жил болчихож. Мэдэх юм байвал хариулъя аа.

-Тэгвэл шууд гол асуудлаасаа асууя. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай сүүлийн үед олон мэдээлэл гараад байна. Одоогоос гурван жилийн өмнө гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа гэж байсан. Мөн хэрэг нь шалгагдаад шүүхээр шийтгэгдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагынхан гэм зэмгүй хүмүүсийг барьж хорьсон болоод хувирчихлаа. Гэм зэмгүй гурван хүнийг Ц.Элбэгдоржийн хүмүүс хорьж, ял өгсөн гэж яригдаж байна?

-Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх. Мэдээж гэм бурууг шүүх тогтоодог. Энэ хэргийн үнэн мөн нь олдохоос айдаг тал хүчтэй хэвээр байна. Эд мөнгө ихтэй байна. Нөлөө ихтэй байна. Гэхдээ үнэн ганц. Үнэнийг тогтоох амаргүй.Үйл явц үргэлжилж байна л гэж харж байна.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын индэрээс тэднийг хэлмэгдүүлсэн гээд хэлчихсэн. Бас таны нэрийг энэ хэрэгт холбогдуулан онцолж ярьсан шүү дээ. Сайдын мэдэгдлээс нийтэд энэ хэрэгтэй таныг холбох нь гэж ойлгогдож эхэлсэн байгаа?

-Аллага гарсны маргаашаас нь л аллагын ард байсан хүмүүс иймэрхүү яриа гаргаж хөөргөдсөн. Ерөөс урьдчилан төлөвлөсөн ч байсан байх. Харин бидний хувьд нэгнийхээ амь насыг хөнөөх тухай юм бол бидний бодолд ч, зүүдэнд ч байдаггүй зүйл. Миний эргэн тойронд байсан хүмүүс, би ч адилхан бүр тэр 20-иод жилийн өмнө шүү, “Энэ хэргээр хэнийг ч хардах нээлттэй, энэ хэргийг илрүүлэхэд бид бүгд туслах ёстой, хэн нэгнийг нь шалгах бол ямар ч хориг саадгүй шалгуулна” гэж ярьдаг байсан.

Одоо ч энэ зарчим миний хувьд хүчинтэй. Тэр бүү хэл хэн ч, ямар ч албан тушаалтай бай, бүрэн эрхээ цуцлуулаад шалгуулна гэж ярьдаг байсан. “Зоригийн хэргийг мөрдөх явцад” гэсэн үгтэй бичгээр бүрэн эрхийг нь цуцлаад шалгаж байсан тохиолдол ч бий.

-Таныг энэ хэрэгт холбогдуулж өмнө нь шалгаж байсан уу?

-Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг. Намайг гүжирдэж хардах үед “Байгаа онохгүй байна” гэж л тэр үед боддог байв. Одоо бол энэ аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт тэгвэл таныг холбогдуулж шалгах гээд байгаа юм биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Муу юманд амархан автдаг болжээ. Үнэн үнэгүй болж. Муу цаг гэдэг л энэ байх. Намайг энэ хэрэгт холбох гэвэл санасны гарз, цагийн гарз л болно. Учир нь намайг энд яаж ч холбох гээд холбоос гарахгүй. Тийм юм байхгүй, байгаагүй. Би энэ хэргийн захиалагч биш, хатгагч биш, оролцогч биш, гүйцэтгэгч биш. Тиймээс асуудал Ц.Элбэгдоржид биш, харин над руу зохион байгуулалттай санаатай дайрч, гүтгэж байгаа талд байна гэж л би харж байна.

-Энэ хэргээр далимдуулаад ардчиллын төлөө тууштай явсан хүмүүсийг гутаах санаа яваад байна уу?

-Өмнө нь тийм байсан. С.Зориг агсан руу яаж дайрдаг байлаа даа. Зоригийг ална гэдэг бол ардчилал руу дайрсан дайралт л байсан. Наадуул чинь Зоригийг ганцаараа, биднийг амархан нугалж болно, гүтгэдэг шигээ хэрэгтэн болгож болно гэж бодоод байгаа юм.

Яг үнэндээ Зоригийн амь насыг бүрэлгэснийг хараад ардчилалд хайртай хүн бүр Зориг болсон. Зоригийг хөнөөсөн зэвсэг бидний зүрхийг шархлуулсан. Алуурчинтайгаа амьдардаг ардчилсан нийгэм гэж байхгүй. Монгол хүнийг хөнөөсөн бол Монголын хууль араас нь очдог л байх ёстой. Алуурчин олддог, холбоо хэлхээс нь тайлагддаг байх нь чухал. Ингэж л эрх зүйт нийгэм тогтоно.

-Таны манай сонинд 2000 оны дундуур өгсөн нэг ярилцлагыг саяхан олж уншлаа. Тэр үед Та энэ хэргийг илрүүлэхэд хөндлөнгийн мөрдөгч, гадны тусламж авах байсан юм гэж ярьсан байсан. Хэрэв тэр үед гадаадын мөрдөгчид ирээд шалгасан бол хэрэг хурдан илрэх боломжтой байсан юм шиг санагддаг?

-Алуурчин тэр дороо баригдана гэж би итгэж байсан. Тэр үед цагдаа л алуурчинг олно гэсэн ойлголттой байлаа. Аллагын маргааш асуусан. Олдоогүй. Нөгөөдөр нь асуусан. Дахиад л олдоогүй гэж хариулсан. Гаднаас туслалцаа авъя гэж тэр үед бодогдсон. Тухайн үеийн цагдаагийн даргааар ажиллаж байсан хүнд өөрийнхөө бодлыг хэллээ. “Хуулийн байгууллагын нэр төрийн асуудал. Бид олж чадна. Энэ хэрэг хурдан илэрнэ” гэж өөдөөс хэлээд болдоггүй. Тэр үед одоогийн өндөрлөгөөс харж байгаа биш. “Та нар олохгүй, чадахгүй” гэлтэй биш. “За хурдан ол, бүх хүчээ дайчил” гээд л гаргаж байсан.

С.Зоригийг оршуулж ирээд асуулаа. “Арай л олдоогүй байна” гэв. Тэгэхээр нь шууд Америкийн элчин ЛаПорта гэж хүнийг урьж уулзаж хүсэлт тавилаа. Мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол надад яагаад ч юм төрөөд байсан.Энэ хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгах, мөн ДНК, кримналистикийн чиглэлийн мэргэжилтэн, багаж хэрэгсэл хэрэгтэй гэж хүсэлт тавилаа. Товчоор бол өндөр хөгжилтэй газраас мэргэжлийн туслалцаа авах хүсэлт. Хожим сонсоход тэд техникийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр бүх юмаа бэлдсэн байсан. Монгол хэлний сургалтад хүртэл нааш ирэх хүмүүс нь хамрагдаж байсан байдаг. Би ч удалгүй ажлаа өгсөн. Манайхан “өөрсдөө илрүүлнэ, илрүүлж чадна” гээд тэднийг аваагүй юм билээ.

-Би танаас нэг юм асуумаар санагдаад байдаг юм. С.Зориг агсныг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн орой та гэрээр нь очсон уу?

-Очсон.

-Хүн амины ноцтой хэрэг гарчихаад байхад олон хүн орж гарсан гэх мэдээлэл байдаг. Хэрэг гарсан газарт ойртож болохгүй гэдгийг одоо хүн бүр мэддэг. Та тэр үед эргээд асуудалд орно гэж бодоогүй юу. Яагаад орсон юм бэ?

-Тэр үед миний хажууд байгаагүй хэн ч байсан ингэж асуух нь аргагүй. Тэр орой над руу эхэлж ярьсан хүн нь тухайн үеийн цагдаагийн дарга юм. Надад “Зориг хутгалуулчихлаа” гэж л хэлсэн. Би бодохдоо “Хаа нэг газар С.Зориг хутгалуулчихсан юм байна. Бушуухан очиж туслах ёстой” гэж бодсон. Машин дуудан очих замд хамгаалалтынхан энэ талаар тодруулсан. “Гэртээ гэж байна” гэсэн. Би С.Зоригийг үхчихсэн гэж бодоогүй. Хүн алчихсан, амь насаа алдсан гэж бодоогүй. Хүн анд нөхрөө үхсэн гэж боддоггүй юм билээ.

Итгэх аргагүй юм гэж байдаг. Хүнд хутгалуулсан, айж балмагдсан, хүнд хэцүү л байгаа юмуу, бушуухан очъё, тусалъя гэж бодсон. Гэрийнх нь гадаа ирэхэд цагдаагийн дарга хурандаа Мөрөн өөрөө байсан. “Хаана байна” гэсэн “Гэртээ” гэсэн. Тэгээд л явж орсон. Гэтэл юмаар бүтээчихсэн, коридорт нь хана дагаад Зориг хэвтэж байсан. Үнэхээр цочирдсон. Буцаад гарч ч чадаагүй. Хажууд нь зогссон. Харсан. Үнэхээр итгэх аргагүй. Хэдэн хүн гэрт нь байсан. Сууж ганц нэг үг солиод “Засгийн газрын гишүүдийг дууд, ажил руугаа очлоо” гээд л гарсан.

-С.Зориг алагдсан. Та хэргийн газар руу орж болохүй гэж танд хэлээгүй юү?

-Юу ч хэлээгүй, одоо л хүн бүр, өнгөрсөн хойно нь их цэцэн болчихоод байгаа юм. Тэр үед чиний хэлж байгаа шиг үгийг хэн ч байсан гэсэн хэлж чадахааргүй байсан байх. Мэдсэн, харсан нь цочирдсон. Тийм юм болсон гэхэд бүгд итгэхгүй л байсан байх. Тэр чинь С.Зориг шүү дээ. С.Зоригийг алчих юм гэж хэн ч бодоогүй. Нэг л бодитой биш, худал юм шиг байсан.

-Та тэндээс гараад шууд ордон руу, ажил руугаа ирсэн үү?

-Тэгсэн.

-Тэгээд юу болсон юм бэ. Та тухайн үед өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Засгийн Газрын гишүүд, Их Хурлын гишүүд, Ардчилсан хүчний удирдлага, найз нөхөд гээд бүгд л цугласан. Хууль зүйн яамыг Батчулуун гэж хүн толгойлж байсан. Тэр хүн л ийш тийш яриад. Бид ч бас санаа оноо хэлээд. Гашуудсан, эмгэнэсэн хүмүүс. Би Ерөнхийлөгч рүү ярьсан. Аюулгүйн Зөвлөл хуралдуулах тухай санал хэлээд. Шөнө дөлөөр.

-Тэр үед Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байсан биз дээ. Ерөнхийлөгч рүү таныг ярихад хэргийг ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Намайг хэлэхээс өмнө сонссон байсан ч юм уу. Их тайван, тоомжиргүй байх шиг санагдаад байсан. Би өөрөө цочирдож агадсан болоод ч тэгж санагдсан уу. Бараг одоо Аюулгүйн Зөвлөл цуглая, хуралдъя гээд л. Засгийн Газрыг өглөө болонгуут хуралдуулна гэж л тэр үед би хэлж байсан. Энэ үйл явдал чинь баасан гаригийн оройноос бямба гаригт сайнд шилжих шөнө болж байгаа юм. Хүн бүр л амралтын горимд шилжсэн байсан үе. Тэр шөнө, одоо болтол олонд хэлээгүй нэг шийдвэрийг би гаргасан юм.

-Ямар шийдвэр байх вэ?

-Хэрхэн олон нийтэд зарлах тухай. Үнэхээр хэн ч итгэмгүй, аюултай юм боллоо. Энэ хэмжээнд яаж хүмүүст ийм болсон үйл явдлыг хүргэх вэ гэж л бодогдоод. Тэр үед Улсын Радио, Телевизийн удирдлагыг Засгийн Газраас шууд томилдог байсан юм. Маргааш өглөө Радио, Телевизийн бүх хөтөлбөрийг зогсоо. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөлөө гэсэн утгатай бичиг гаргаад, тийм үг хэлээд гашуудлын хөгжим явна. Өөр ямар ч нэвтрүүлэг явахгүй. Монголын ардчилал, ард түмэнд учирсан аймшигт гарз хохирлыг ингэж ойлгуулъя, хүргэе гэж, тэр үед нэг тийм шийдвэр толгой мэдэн гаргасан юм. Тэнд байсан хүмүүс ч дэмжсэн. Мэдээ яг тийм байдлаар гарсан. Хүмүүс үнэхээр цочирдож хүлээж авсан. Ганц нэг нь бас “Юун сүртэй мэдээлдэг юм” гэсэн байдал ч байсан.

-Хэрэг гарсны маргааш өглөө нь таныг намынхаа байрны тэнд бараг “инээмсэглэчихсэн”явж байсан гээд яриа гарсан. Саяхан тэр талаар бас сошиалаар явж байна лээ?

-Инээмсэглээд байх юм юу байх вэ. Наадах чинь хоёр учиртай. Нэг нь, тааралдсан хүн бүр л өглөө радио нээсэн чинь, зурагтаа асаасан чинь шууд тийм юм яваад, ямар аюултай юм болов оо гэсэн байдалтай байсан. Тэр үед хүмүүст ингэж хүргэсэн нь зөв болж гэж бодогдож байсан. Мөн хоёр дахь нь гол. Ерөөс тэр хагас, бүтэн сайн гэхэд, бараг тэр өдрөө нөгөө аймшигт аллага үйлдэгчид баригдана гэсэн итгэл надад байсан. Хариуцсан сайд нь, Цагдаагийн удирдлага бүгд л тиймэрхүү итгэл төрүүлсэн мэдээлэл өгч байсан юм. Алуурчин олдоно, хүмүүс харна. Зоригийг алсан этгээдийг одоохон сарвайтал чирээд гаргаад ирнэ гэсэн л итгэлтэй байв. Ингээд бодоход өөрийн эрхгүй тийм харагдсан байж магадгүй. Инээмсэглэсэн биш, алуурчинд хорссон л явсан. Бас үгээр хэлэх аргагүй гашуудаж байсан. Тэгээд маргааш нь байх, бүтэн сайнд гашуудлын цуглаан хийсэн санагдаж байна.


-С.Зоригийг байтугай, таны яриад байгаа мэдээлэл, цуглааны тухай “А”-ч мэдэхгүй, тэр үед төрөөгүй байсан хүмүүс энэ хэргийг шүүдэг болсон. Таныг Ерөнхийлөгчөөсөө буухаас өмнө энэ хэргийг илрүүлсэн гавьяаг авах гэсэн.Зарим нь үүнийг зохиогч нь Ц.Элбэгдорж өөрөө гэж л шуугиулаад байна?

-Хэргийг зохиодоггүй. Хэргийг үйлддэг. Зохиолоор хэрэг илрүүлнэ гэж байхгүй. Тийм зохиол байхгүй. Одоо ял эдэлж байгаа гурван хүн, дээр нь тэр гэртэйгээ шатсан нэг хүн гээд. Энэ дөрөвийн хүрээнд С.Зоригийн алуурчин байгаа нь хуулиар тогтоогдсон. Үүнийг мэргэжлийн хуулийн хүмүүс удаан хугацаанд, хэцүү нөхцөлд мөрдөн шалгаж тогтоосон. Түүнийг шүүх хянаж үзээд шүүн таслах шийдвэрээ гаргасан. Хэрэв өөрчлөх бол дахиад хуулиар энэ асуудал явах байлгүй дээ.

Харин хэрэг шалгах явцад алдаа гарсан бол түүнийг шалгах ёстой. Хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэрэг гарсан шөнөөс өдий болтол явсан мөрдөн шалгах, алуурчныг олж тогтоох ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Зөвхөн үүнийг уг хэргийн хатгагч, гүйцэтгэгч нар л хүсч байгаа. Үүнд нэр төр нь хөндөгдөж байгаа тодорхой хүмүүс бий байх. Мөн өс хонзонгийн сэдэл, хувийн өчүүхэн ашиг хонжоогоо ардаа нуусан этгээдүүд ч яваа.

Дээр нь нэмж бас нэг юм хэлье. Энэ хэрэгтэй холбоотой гаргаж буй үйлдэл, хэлж буй үг, хатгалт, оролцоо, гишгэсэн мөр бүрийг зөвхөн энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс төдийгүй хүн бүр тэмдэглэж, эд мөрийн баримтыг баталгаажуулж авч үлдэж байх хэрэгтэй. Одоо чинь юм баримтаждаг болсон цаг. Хүмүүс нээлттэй нийгмийн ачаар юмыг наанатай цаанатай хардаг болсон цаг. Зарим хүн зөвхөн өөрийнх нь хэлснийг үнэнд тооцох ёстой, эсвэл өөртэй нь адил бодох ёстой, түүний л зөв гэдэгт итгэх ёстой гэж бодоод байна. Энэ бол хэт улайрсан, эсвэл гарах гарцгүй болсон хүнд л төрдөг бодол. Тийм хүнээс гардаг үг үйлдэл. Тэднээр хэргийн нотлох баримт устгуулж болохгүй. Гэрч, хамаарал бүхий этгээдүүдийг дарамтлуулж болохгүй. Хуулиар тэднийг хамгаалах ёстой.

-Хэд хоногийн өмнө УИХ-аас С.Зоригийн гэх хэргийн асуудлаар түр хороо байгуулагдлаа. Энэ түр хорооныхон үнэн мөнийг тогтооно гэдэгт та итгэж байна уу?

-Улс төрд үнэн гэдэг ойлголт харьцангуй. Өнөөдөр үнэн мэт ч маргааш үгүйсгэгддэг. Мөн үнэнийг дундаас нь тасдаж тогтоох аргагүй. Түр хороо ямар ажил хийхийг, ямар дүгнэлт гаргахыг Ц.Нямдорж урьдчилаад хэлж байна лээ. Ийм нөхцөлд түр хорооны гишүүд түүний үгийг баталгаажуулж, түүний хэлсэн дүгнэлтийн дор гарын үсэг зурах л үүрэгтэй болж байна. Ц.Нямдорж өөрийн үйлдэлдээ хань хамсаатан л хайж байгаа хүн. Хуулийг завхруулах, хэргийг замхруулах үйлдэлдээ. Түр хорооны ажлыг хожим бас нэг түр хороо шалгах хэрэг гарах байх.

Ц.Нямдорж уг нь “Хуулийн байгууллагын ажлыг УИХ, улс төрчид авч хийж болохгүй” гэдэг байр суурийг урд нь их тод илэрхийлдэг байсан хүн. Түүний хэлж байсан үг яриа УИХ-ын хуралдааны тэмдэглэлд бий. Зарчмаасаа гажсан хүн үнэнийг харах чадвараа алддаг. Үүний оронд нээлттэй сонсгол хийсэн нь дээр. Тэр буруутгаж байгаа хуулийнхнаа, бусад шаардлагатай хүмүүсийг дуудаад, нууцаас гаргасан хэргээ бүгд хувилж өмнөө тавиад, бичлэг, нотлох баримтаа харж байгаад нээлттэй ярилцах нь зөв.

-Тэгвэл дахиад шүүх хурал маягийн юм болох юм биш үү?

-Үгүй. Парламентын нээлттэй сонсгол бол ардчилсан, эрх чөлөөт нийгэмд байдаг зүйл. Харин хууль шүүхийг үгүйсгэсэн түр байгууллага биш. Хамгийн гол нь мэдээлэлд ойрхон байгаа нь мэдээллийг өөрийн үйлдэлдээ тааруулж монополчлоод байж болохгүй. Шүүх юу үзэж, ямар нотолгоо, бичлэг, баримт харж, гэрчийг сонсож шийдвэр гаргасан. Түүнийг бүгд үзэх, ашиглах эрхтэй. Одоо нуух юм үлдээгүй гээд байгаа биз. Мэдээллийг нэг хэсэг нь сонголттой хэрэглэж болохгүй. Бүгд мэдээллээр ижил тэгш хангагдаж байж л үнэн тодорно. Эс бол өнөөдрийн энэ попорсон тоглолтоос алуурчид, ард нь байсан, байгаа хатгагчид дахиад л хожих болно.

-Та Ц.Нямдорж сайдын үзүүлдэг хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзсэн үү. Өмнө нь ҮАБЗөвлөл ямар нэг бичлэг болон хэргийн материалтай танилцаж байсан уу?

-Намайг байхад Аюулгүйн Зөвлөлийн хурлаар бичлэг үзэж, шүүхээр шийдсэн хэргийн материалтай танилцаж байсан юм байхгүй. Бүр найман жилийн өмнө хэргийг шалгаж буй явцын тухай мэдээлэл сонсож, хуулийн байгууллагын хүсэлтэд үндэслэн ҮАБЗөвлөлөөс Зөвлөмж гаргаж байсан.Тэр бичлэгийн хувьд би үзээгүй. Надад эргэлзээ байгаа. Бичлэг хамт үзсэн гэх Их хурлын хоёр гишүүн хүртэл тэс хөндлөн юм яриад байгаа. Бусад хүмүүс ч адил. Хорих байрны бичлэг дуу дүрсний хувьд “Монгол HD” шиг тийм өндөр чанартай байх уу? гэж зарим нь ярьж байсан.

Тэр бичлэгийг сэргээсэн гээд байгаа. Ямар бичлэгээс сэргээсэн. Эх бичлэг нь хаана байгаа юм. Хэн түүнийг эвлүүлэв. Хаана, хэний удирдлага, зааварчилгаан дор, ямар зорилгоор гээд. Бичлэгээс юуг нь хасах, үлдээхийг хэн найруулав. Олон асуулт, эргэлзээ бий. Үнэхээр тийм юм болсон уу. Аль эсвэл зарим хүний хэлж байгаагаар зохиож эвлүүлсэн үү. Шалгаж байгаа, илрүүлэлт нь үргэлжилж байгаа хэргийн дундуур гарсан холбоотой ийм үйлдэл бүрийг, энэ бол ноцтой явдал, нягтлах ёстой. Хэргийн захиалагчийг одоо болтол хайж л байгаа. Тэр бичлэгтэй холбоотой асуудлыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг эрт, орой хэзээ нэг цагт заавал авч үзэх ёстой. Түүний ард хэргийн хатгагч, ул мөрийг баллах гэсэн санаатай үйлдэл ч байж магадгүй.

-С.Зоригийн хэрэг гээд бид яриад сурчихсан. Уг нь түүний амийг бүрэлгэсэн хэрэг. Энэ хэрэгтэй холбоотой ийм зүйл дутуу шалгагдсан, эсвэл тэр хүнийг шалгах ёстой гэсэн бодол танд байдаг уу?

-Хуулийнхны хийх ажлыг би заахгүй. Гэхдээ энэ бол домог болсон хэрэг. Домгийн үнэнийг олж тогтоох хэцүү. Учир нь энэ хэргийг илрүүлэх үйл явц маш удсан, маш адармаатай, бидний амьдарч байгаа, бүтээх гэж зовж байгаа нийгмийн нэг хэсэг болсон хэрэг. Амьдралын нэг хэсэг юм даа. Үүнээс болж хохирсон, зовсон түмэн хүн бий. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс өөрсдөө тун хурдан илэрнэ, баригдана гэж бодож байсан байх. Нийгмийн бүх анхаарал ийш чиглэж байсан. Ингэж удах юм гэж тэд ч бодоогүй байх. Гэтэл, тэр үед цаазгүй байсан бол, энэ хэргээр шийтгэгдсэн хүмүүс шоронд ялаа эдлээд гараад ирэх хугацаа бараг өнгөрлөө. Энэ хооронд аллагын гүйцэтгэгч, захиалагч юу эсийг хэлэлцэж, бодож, зохион байгуулсан байх вэ? Тэдний хөөлгөсөн чулуу бүрийг сөхөж, хэрэгтэйгээ хамт зовж шаналж, доромжлуулж гүтгүүлж тамаа идэж явсан, одоо ч тэгж яваа, энэ хэргийг илрүүлэх гэж зүтгэсэн, зүтгэж байгаа хүмүүст талархах ёстой гэж би боддог. С.Зоригийг мэддэг, түүнийг хөнөөсөнд гашуудан харамсаж явдаг, ардчилал эрх чөлөөг үнэлдэг хүн бүр ингэж боддог байх. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэж. Энэ хэргийн хойноос явах нь тамын ажил гэдгийг шалгаж байсан, шалгаж байгаа хүмүүс нь хамгийн сайн мэдэх байх. Харин аллага үйлдсэн хүмүүс ямар янзтай сууж байсныг шүүх хурлын үеэр олон түмэн нүүрнээс нь харсан л байх.

-Та С.Зоригийг алсан хүмүүсийг олсон гэдэгт итгэж байна уу.Дахиад хэлэхэд, Хууль зүйн сайд маань энэ гурван хүн биш гэж байгаа шүү дээ?

-Муу бодол халдвартай байдаг. Муу бодлоос муухай үйлдэл гардаг. Манайхны сайныг өмөөрөөх дархлаа устаж, муугийн мууг үлээгчдийн өвчин халдвар газар авч байна. Гэхдээ би Монголын хууль, шүүхэд итгэсээр явах сүүлчийн хүн ч болж үлдэж магадгүй. Би хууль, шүүхэд итгэдэг. Алуурчдыг манай хууль шүүхийнхэн олж тогтоосон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хатгагч бусад захиалагчийг олох маш ойртсон байсан. Аллагыг үйлдсэн хүмүүс ч тэрнийг илчлэхэд ойрхон байсан байх. Гэтэл Хууль зүйн сайд нь “Та нар С.Зоригийг алаагүй. Та нар хэлмэгдсэн. Та нарыг тамласан. Би мэдэж байна. Хэрэг удахгүй задарна. Энэ хооронд эмнэлэгт хэвт. Та нар ялтан биш болсон. Цагаадна. Би уучлал гуйж байна. Би та нартай уулзана. Би, бидний хүмүүс шударга ёсыг олно, тогтооно. Илүү дутуу юм бүү ярь, тэсэж үз. Түр хороо байгуулна. Та нарыг илрүүлсэн, олсон гэж байгаа хүмүүст хариуцлага тооцно. Шоронд хийнэ. Шонд өлгөнө” гээд л. Ийм утгатай юм ярьж үйлдээд хүрэнтэж улайсаад давхиад байдаг.Тийм Хууль зүйн сайд ямар ч алуурчинд мөрөөдөөд ч олдохгүй. Тэд ингэнэ чинээ зүүдлээ ч үгүй байх. Өөрсдөө ч гайхаж, итгэж ядаж байгаа болов уу.

-Ц.Нямдорж сайдын таны хэлээд байгаа үйлдэл энгийн үзэгдэл үү. Та юу гэж бодож байна вэ?

-Миний ухаанд бол багтахгүй. Асуудал байгаа бол хуулиар шалгадаг чиг үүрэгтэй газар, ажил хариуцсан хүмүүс бий. Би зүгээр л “Зоригийг алсан хүний хойноос яваад үзээрэй. Ингэнэ шүү, Зоригийн алуурчдаар оролдоод үзээрэй. Хохь чинь шүү” гэж байна уу гэж заримдаа бодох юм. Зоригт, ардчилалд дургүй байж болно. Гэхдээ хүний амь нас хөнөөсөн хэргийг шүүхийн өмнүүр орж задална, самарна гээд байж болохгүй. Тэр тусмаа улстөрч хүн. Гэхдээ тэр хүмүүс үнэнээ хэлэх цаг ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Энэ хүмүүс хорвоогийн үнэнд үнэнч явах уу, Нямдоржийн үнэнд үнэнч явах уу гэдэгээ сонгож л таараа. Үнэнээ хэлж л таарна. Өөрсдөө тэр үнэнийг мэдэж байгаа. Үйлдсэн нүглээ эдлэх ёстойгоо мэдэж байгаа. Үнэн тогтож л таараа. Хууль хар цагааныг байранд нь тавина. Тэр үед одоогийн өмнөөс нь гүйгээд байгаа хүмүүс яах бол.

Мууг, нүглийг нүгэлтнүүд өөрсдөө илчилдэг, бас далдлах гэж гүйдэг. Өөрсдийгөө хуурч байгаа юм. Яахав, яахав хийх гэснээ хийг. Тэр тусмаа уудаг цаасан дээгүүр бэхтэй гутлаар туучиж байгаа юм шиг өөрийгөө илчилсээр байх болно. Ул мөр нь тодорно. Нэг л өдөр үнэн дүр төрх нь илчлэгдэнэ. Харин УИХ их тусгүй шийдвэр гаргасан. Энэ Түр хороо гэдэг юм өөрөө хууль бус. Хууль тогтоох, шүүх хоёр бол ижил тэнцүү эрх мэдэл. Тус тусдаа, бие даасан байх ёстой юмыг нэг болгож болохгүй. Шүүхийн ажлыг улстөрчид хийж болохгүй. Түүх ийм буруу шийдвэрийг хэзээ ч зөвтгөхгүй.

-Түр хороо байгуулах шийдвэр Үндсэн Хуулийн Цэц рүү явна гэж та бодож байна уу?

-Би Цэцийг маш их гайхаж байгаа. Өнөөдрийн болж байгааг Б.Чимэд гуай харсан бол юу гэх байсан бол. Төрийн жинхэнэ хуульч хүн. Тэрээр Цэц Үндсэн Хуулийн үг, үсгийг төдийгүй үзэл санааг хамгаалах ёстой гэж сургадаг байв. Шүүх, хуулийн бие даасан, хараат бус байдлыг устгасан шийдвэрийн талаар таг. Гомдол очсон гээд шуугиад л байна. Хуулийн байгууллагын ажлыг булааж байгаа тогтоолын тухай ч таг. Нөгөө захиргааны хуулийн өөрчлөлт хийгдвэл бас л таг байх уу.

-Та түрүүн цаазын ял гэж цухас дурдлаа. Цаазын ял байх ёстой гэж үздэг хүн цөөнгүй бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн явцыг харахад тийм ялгүй байсан нь дээр ч юм шиг. Таныг энэ хэрэгт зориулаад цаазын ялыг алга болголоо гэвэл та юу гэж хариулах бол?

-Яахав дээ, намайг хардаж харлуулж дуусах биш. Би ажлынхаа эхний өдөр энэ шийдвэрийг гаргасан юм. 2009 оны зургадугаар сарын 18-нд тангарагаа өргөчихөөд өрөөндөө орлоо. Тэгсэн чинь миний ажлын өрөөний ширээн дээр нүүрийг нь доош харуулж тавьсан хоёр албан бичиг байсан. Цааз авсан ялтаны амь гуйсан хүсэлттэй холбоотой.Амь уучлах хүсэлтийг хүлээн авч уучлах, эс уучлах гэсэн Зарлигийн төслүүд. Би хоёуланг нь уншиж дуусаад “Амь уучлах” гэсэн цаасыг сонгосон юм. Нэг үгээр хэлбэл амийг сонгосон.

Хүний амь, нэр төрд хүндэтгэлтэй хандах миний байр суурь бол Ерөнхийлөгч болоод ч надад төрсөн юм биш. Олон нийтийн тусын тулд зүтгэж эхэлсэн эхний өдрөөс л надад байсан итгэл үнэмшил. 1991 оны өвөл Ардын Их Хурлын танхимд, шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад шүү. Хүний амьд явах эрхийн асуудал яригдахад “Монгол Улс цаазын ялгүй улс болох ёстой” гэдгийг хэд хэдэн үндэслэл гаргаж хэлсэн миний үг тэр үеийн тэмдэглэлд байдаг юм.

-Эртний явдал гэж Та хэлээд байна. Аллагыг төрийн түүхэнд зогсоох бол Том зүрхтэй хүний хийдэг ажил байх аа?

-Би баримт түшиж ярьж байна. Ер нь монголчуудын түүхтэй бие биенээ алж ирсэн түүх салшгүй холбоотой явдаг. Муу хүн нэгнээ алахыг зогсоох хэцүү. Төрөөс хүн алахыг зогсоож болно гэж үзсэн л хэрэг. Амьд явбал юмны учир олдоно. Энэ Зоригийг алсан асуудал дээр ч адилхан. Буруу юм болсон бол хүн нь амьд байхад алдааг залруулж болно.Би боддог юм. Цааз байгаад энэ гурвыг цаазалчихсан бол зарим хүн ингэж улайран, улайран үхсэн хүний хойноос ингэж явах байсан уу гэж. Магадгүй хүний хийсэн хэрэг нь биш, эд амьд байгаа нь зарим хүнд айдас хүйдэс төрүүлээд байгаа юм биш биз гэж.

-Та бид хоёр Зоригийн аллагын тухай гайгүй сайн ярилаа. Зоригийг тэгж алах ямар шаардлага тэр үед байсан бол гэж боддог вэ. Нэмээд бас нэг юм асууя. Таныг энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ном бичиж байгаа гэж сонссон?

-С.Зоригийг алсан явдал үнэхээр санаанд багтамгүй зүйл болсон. Тэр үед нийгмийн оюун сэтгэлгээ эв эрүүл, дархлаа сайтай хэвээр байсан. Хордуулдаг, өвчлүүлдэг хүн цөөхөн, халдвар ч газар авдаггүй байж. Миний эргэн тойронд ч хүний зүүдэнд орохгүй зүйл. Тэр үед бидэнд “ардчиллын хүүхдүүд” гээд ард түмэн хайртай байдаг байсан. Юун алах. Зарим нь улс төр, үзэл суртал ярьж хуучны инерцээрээ биднийг муу хэлж дайрахад хүмүүс, ялангуяа ахмадууд өмөөрөөд сүйд болдог байсан.

Миний хэлсэн үгнүүд байгаа. Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын цуглаан, оршуулах ёслолд оролцож хэлсэн үгнүүд. С.Зоригийг таньсаар, мэдсээр байж яагаад түүнийг зэрлэгээр хөнөөв гэж. Хүн андуурсан байж болно. “Өө Зориг байна” гээд алахаа болино гэж л бид бодож байсан. С.Зориг чинь хүн алахын аргагүй тийм хүн гэж. Бид тэгж л нэгнээ үнэлж, хүндэтгэж байсан. Хайрлаж байсан.

Тэр үед миний туслахаар Ц.Оюунгэрэл ажилладаг байлаа. Хэлсэн үгнүүдээ намайг яаж бичсэнийг мэднэ дээ. Үгнүүдээ бичиж байхад нулимс өөрийн эрхгүй асгараад байсан. Оюунгэрэл тэнд миний үгийг шивж байхдаа бөөн нулимс. Би лав зөвхөн хэлэх үгээ бичиж хоёр өдөр уйлсан. Одоо бодоход худал байх, сүртэй юм гэж хэлж магадгүй. Тэр үед ёстой хүрэл зүрх хайлна гэгч л болж байсан.

Тэр өдрөөс хойш зөвхөн би биш, Монгол өөрчлөгдсөн гэж би боддог. Нэг л их харуусалтай, хартай, онцгүй болсон доо. Номын хувьд ном байтугай юм хийнэ гэж боддог. Их юм бий. Зөвхөн мэддэгээ, үзсэн харсанаа сийрүүлэхэд. Хэлбэрээ хайгаад л байгаа. Бас хариуцлага гэж юм бий. Гоомой хандаж болохгүй. Үнэн байх ёстой. Би өөрийгөө зүгээр ч нэг бичээч биш гэж боддог. Түүхэн цаг үеийн гэрч. Миний ярьсан, бичсэнийг түүх сонирхож л таарна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа

Улс төрийн попрол хүн төрөлхтний түүхэнд гай болж байснаас тус болсон удаа байхгүй. Улс үндэстний хөгжил дэвшлээс хойш нь яхийтал чангаадаг хамгийн хор хөнөөлтэй зүйл нь улстөрчдийн хийрхэл, попрол юм. Гэвч поп улстөрчид хүн төрөлхтөнд гамшгаа дэлгэсээр байна. Дэлхий нийтээрээ попрол ямар аюултайг мэддэг болсон. Тэдний эрин үе дуусч, төгсгөл болж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Хүн төрөлхтөн ухаалаг хэрсүү болж байна. Хэн нэгний нэр хүнд олж, ардын баатар болохын тулд юу ч хамаагүй ярьж байгааг гадарладаг болж. Хэн тухайн улс үндэстэнд хортой, буруу зүйл ярьж, хийгээд байгааг ч ойлгодог, ялгадаг болсон байна. Гэтэл манай хэдэн залуус дэлхий нийтийн чиг хандлагыг сөрөөд л, бүр хол хадуураад байх нь сонин. Ард иргэдийг өөрсдийнх нь попролыг ойлгож, ялгаж салгахгүй, нэг ийм юм яриад явбал алдар хүндэд хүрч болно, улс төрийн попрол Монголд цоо шинэ зүйл, дөнгөж эхэлж байна гэж ойлгоод байгаа бололтой. Нийгэмд таалагдах нэг сэдэв олж аваад хэн хэр сайн хийрхэж, попорч чадна, төдий чинээгээрээ ашиг хонжоо авчирна гээд бат итгэчихсэн хүн ч цөөнгүй байх шиг. Бүр попорсон дүрдээ эргэлт буцалтгүй ороихон, уйлж дуулж, хашгирч, шүлсээ үсчүүлж байна. “Поп”-чдын барьж авч байгаа бараг ганц сэдэв нь уул уурхай. Тэр тусмаа манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч томоохон төслүүдийн нэг болох Оюу толгой, Таван толгой гэх мэт орд газруудыг онилчихсон. Олонх нь “Оюу толгойг хаая, хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргана. Таван толгойн нүүрсийг зарж болохгүй. Монголд ямар ч ашиг байхгүй” гэж хашгирдаг. Уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь Монголд ямар ч ашиггүй, цаг хугацаа алдсан дэмий зүйл гэдгийг монголчууд мэддэг болсон. Уул уурхай Монголын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа. Уул уурхай поп улстөрчдийн хэлээд байгаа шиг муухай зүйл биш. Зөв зүйтэй ашиглаж чадвал тухайн улс оронд олон төрлөөр үр ашгаа өгнө.

Харин ч байгаа уурхайгаа хаана гэж байхаар байхгүйг нь шинээр бий болгож, илрүүлмээр байна. Геологийн нэгдсэн хайгуул эхлүүлмээр байна. Монгол орны хаана ямар баялаг нуугдаж байгаа вэ гэдгийг цоо шинээр нээж илрүүлэх цаг нь болсон. Оюу толгой, Таван толгой, Цагаансуварга, Эрдэнэт, Дорнод аймгийн Матад сумын газрын тосны орд шиг өөр дэлхийд гайхагдсан шинэ орд Монголд дахиад хэчнээн байгааг таамгаар хэлэх боломжгүй. Харин судалж, олж, нээж илрүүлээд уул уурхайн салбарт хөгжил дэвшил бий болгох хэрэгтэй юм. Геологчид сүүлийн үед Алтайн цаад говь, Хэнтий нуруу, Дорнод аймгийн зүүн хэсэг хилийн ойролцоо бүсүүдэд алтны томоохон орд байгаа гэх мэдээлэл өгөх болсон. Мөн Дорноговь аймагт сайн чанарын нүүрсний хэд хэдэн томоохон судал байгаа, Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт стратегийн ач холбогдолтой нүүрсний орд ч бий гэгдэж буй. Эдгээр газарт ашигт малмалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нь нөөцийг нь дутуу тогтоосон асуудал байгаа гэсэн. Дээрх хоёр нүүрсний орд Таван толгойтой дүйцэх хэмжээний нөөцтэй гэх судлаач, эрдэмтэд ч бий. Жишээ татахад, Баянхонгор аймагт “Алтан нар” гэж орд бий. Тус ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр ч том алтны нөөц илэрсэн. Хармагтайн ордын нөөцийг дахин шинээр тогтоох ажил хийгдэж, Оюу толгойгоос их ашиг хүртэх боломж байгаа гэдгийг геологичид онцолж байсан. Үүнээс гадна Хэнтий нуруу Сэлэнгэ аймгийн гурван сумын нутаг дамнасан газар нутагт алтны маш их нөөц бүхий орд байгаа. Нинжа нар зөвхөн өнгөн хэсгийнх нь алтыг ухсан нь тогтоогдсон гэдэг. Мөн дэлхийд хаана ч байхгүй ган үйлдвэрлэх боломж Монголд байгаа гэж буй. Хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэхэд 20 гаруй нэр төрлийн байгалийн баялаг ордог байна. Ган үйлдвэрлэхэд шаардлагатай бүх химийн элментүүдийн нөөц манайд байгаа нь тогтоогдсон аж. Иймд эрдэмтэд ган үйлдвэрлэх нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн бөгөөд монголчууд ган үйлдвэрлээд хэдэн зуун жил ашиг хүртэх боломж байгаа хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна лээ. Энэ мэтээр нээж илрүүлээгүй хэдэн арван Оюу толгой, Таван толгой Монголд байгааг бид мэдэхгүй.

Монгол Улс газрын доорх баялгаа зөв зүйтэй ашиглах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэвч яаж хэрхэн зөв ашиглах ёстой талаар олигтой шийдэлд хүрчихээр зүйл өнөөдрийг хүртэл ярьдаггүй. Жишээ нь, уул уурхайн баялгийг худалдан борлуулаад олсон ашгаараа сан бий болгож болно. Уул уурхайг түшиглэсэн сангийн мөнгийг улстөрчид захиран зарцуулдаг бус, луйварчин улстөрч, бизнемэнүүдийн бүлэглэлийн тавьсан өр зээлийг төлдөггүй, ард түмний эрүүл мэнд, боловсролыг сайжруулж, дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Одооны уул уурхайгаас олж байгаа ашгийг ард түмэн дөнгөж амсаад л өнгөрч байгаа. Тэгвэл үүнээс шал өөрөөр ул суурьтай, иргэн рүүгээ чиглэсэн бодлоготойгоор сангийн мөнгийг зарцуулж яагаад болохгүй гэж.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл байлгахын төлөө бүхнийг хийдэг. Манайхан шиг ганц эмнэлэг барьчихаад асуудлыг нь шийдсэн гэх ойлголт ард иргэдэд өгөхийг оролддогоос тэс ондоо. Эрүүл мэндийн салбар нь цогц бодлоготой байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулдаг. Мөн суурь өвчний эх үүсвэр болох шүдний өвчлөлөөс эхлээд бусад өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж, цаг тухайн үед нь чадварлаг эмч нараар эмчилгээ хийлгэдэг. Иргэнээ бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гээд л ангилан ялгаж байгаад эрүүл мэндийн салбар нь бодит үйлчилгээ үзүүлдэг. Үүнд нь тохирох санхүүжилтийг улсынх нь удирдлагууд зүй зохистой хуваарилаад өгчихдөг жишээ олон. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийг эрүүл чийрэг иргэн болгохын тулд спортын маш олон дугуйлан секц ажиллуулж байна. Үгүй ядахдаа,хөлбөмбөгийн талбай, усан сэлэлт бассейныг хэдэн зуугаар нь бий болгочихдог. Ингэж төр засгаас анхаарч байж иргэд нь өвчин зовлонгүй эрүүл, саруул байдаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбар бидэнд ямар дампуурсан үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Хамгийн наад захын жишээ нь, монголчууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр хэдэн мянгаараа хиарч байна. Бусад төрлийн цөөнгүй өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Ямар нэгэн өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүн бараг байхгүй болж, өнөө үед. Эрүүл мэндийн асуудлаас гадна боловсролд онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Мөнгөтэй хүмүүс нь өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулдаг. Үлдсэн нь улсын цэцэрлэгт сугалаагаар хүүхдээ өгч, нэг ангид 50-60-улаа шахалдан сууж байна. Тэднийг буруутгах аргагүй юм. Хувийн сургуулийн багш 15 хүүхдэд хичээл зааж байхад улсын сургуулийн багш 45-50 хүүхдэд хичээл орж байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байхгүй байна. Нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй хороо хэд хэд байдаг. Багш нарын авч байгаа цалин амьдралынх нь хаана ч хүрэхгүй гээд олон асуудал боловсролын салбарт бий. Тэгвэл уул уурхайн сангийн мөнгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл чийрэг биетэй, өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн хуваарилж байгааг анхаарч, түүнээс дутахааргүй зарцуулах нь хамгийн зөв шийдэл. Уул уурхайгаас олох ашгийг жирийн иргэн бидэнд тэгш хүртээж байна гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй хэдхэн төгрөг тараасан болж байхаар эрүүл мэнд, боловсролын салбарт нэгдсэн бодлоготойгоор зарцуулаад үр ашгаа өгчихвөл олон томоохон асуудал давхар шийдэгдэнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бий болсон цагт уул уурхайн баялаг дууссан ч хамаагүй. Ард түмний амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд хүрнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хүмүүжилтэй иргэнтэй болчихсон байхад юун уул уурхай. Түүнээс хэд дахин их хэмжээний мөнгө олох боломж бүрдэнэ. Энэ хоёр салбарыг манай улс цогцоор нь дэлхийн жишигт нийцүүлж чадвал оюуны асар их баялагтай болно гэсэн үг. Монгол Улс уул уурхайн баялгаа оюуны баялаг бий болгоход зарцуулж байж хамгийн зөв, их үр ашиг хүртэнэ. Хүн төрөлхтний түүх, туулж өнгөрүүлсэн амьдралаас харахад иргэд нь эрүүл, өндөр боловсролтой улс орон л дэлхийг удирдаж байна. Үгүй ядахдаа, эрүүл, боловсролтой аав, ээжээс хулгайч хүүхэд төрөхгүй. Хүмүүсийн хүсдэг диваажин гэдэг чинь иргэд нь эрүүл чийрэг, боловсролтой, шороон түмэн биш, цөөхөн хүн амтай улс орнуудыг хэлдэг байж мэдэх юм. Норвеги, АНУ, Швед, Швейцарь, Финланд гээд орны иргэдийн амьдрал, амьжиргаа, аз жаргалын индексийг та бүхэн бод доо. Тус орны удирдагчид дээрх замналаар ард иргэдээ анхаарсан түүхтэй. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд рүүгээ чиглэсэн эрүүл мэнд, боловсролын бодлого, цогц үйлчилгээг уул уурхайгаас олсон ашгаараа Монголд бий болгоё. Тэгж чадвал хэдхэн жилийн дараа талын Монгол диваажин болчихно шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Л.Жавзмаа: Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээр Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс дээрх гурван хүний хэргийг хянан хэлэлцээд 20 жилийн хорих ялаар шийтгэсэн. Сүүлийн үед Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал яригдаж эхэлсэн. Тагнуулын ерөнхий газрынхан Б.Содномдаржааг Ц.Амгаланбаатар болон хүн амины хэргээр ял эдэлж байгаа хоригдол И нараар зодуулж, олон хоног нойргүй хонуулж, эрүүдэн шүүж байгаа. Т.Чимгээгийн хоригдож байгаа өрөө рүү Ц.Амгаланбаатар цээж нүцгэн орж, дарамталж байгаа зэрэг 27 минутын түүвэр бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт үзүүлсэн. Мөн Б.Содномдаржааг зургаан хоног унтуулахгүй, галуун цуваагаар алхуулж, олон цагаар явган суулгах, С.Зоригийг алсан гэдгээ хүлээ хэмээн Ц.Амгаланбаатар, хоригдол И нар ээлжлэн зодож, хүний өтгөн, шингэнтэй ялгадсыг толгой руу цацаж эрүүдэн шүүсэн нь ил болоод байгаа. Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.


-Таны хүүг Төв аймгийн хорих ангид хоригдож байх хугацаанд эрүүдэн шүүсэн гэдэг нь ТЕГ-ынхны нууц бичлэгээр тодорхой болсон. Та тэр бичлэгийг үзсэн үү?

– Тэр их яргалал зодуур, нүдүүр, доромжлолыг хүү минь яаж тэсч тэвчиж байсан бол гэж бодохоор сэтгэл өвдөж, яс минь янгинаж, зүрх шархирч байна. Би хүүгээ хилс хэрэгт гүтгүүлж байна. Миний хүү төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдгийг олон төрлийн нотлох баримттайгаар хэлж ирсэн. Олон ч удаа Орхон аймгаас Улаанбаатар хотод очсон. Хэвлэлийн бага хурал сэтгүүлч нарт хийж, миний хүү энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. 20 гаруй жилийн өмнө гарсан хүн амины хэргийг гэм буруугүй хүмүүст тохож, хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой улс төр, хууль хяналтын байгууллагын бүлэглэл бий болсон гэдгийг хэлж байсан. Хүүг минь анх тагнуулынхан баривчилж цагдан хорьсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хүний эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. Ар гэрийнхэн бидэнд хаана ямар үндэслэлээр баривчилж байгаа гэдгийг хэлэхгүй байснаас эхлээд аль хорих ангид саатуулсан. Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг байлаа. Биднийг эргэлтээр уулзуулахгүй олон хоног, сар болгосон гээд тоочоод байвал хэдэн ч цаг ярьж болохоор хэмжээнд эрхээ зөрчүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллагын хүнд сурталд дөрвөн жил гаруй хугацаанд дарлуулж, доромжлуулсан. Миний хүү С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй. Хорих ангид дарамтлуулж, зодуулж байна гэдгийг хэлсэн. Харамсалтай нь цөөн хэдэн хүнээс бусад бүх хүмүүс тоохгүй байсан шүү дээ.

Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн гээд байгаа улс оронд миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгийг удаа дараа хэлсэн. Ц.Нямдорж сайд болон УИХ-ын гурван гишүүнээс бусад нь огт тоож хүлээж аваагүй. Цагдаа, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд надад өргөдөл бичээгүй, гомдлоо өөрийн биеэр хэлэх гэж үүдийг нь сахиж зогсоогүй газар гэж байхгүй. Шоронд бусдын дарамтад эрүү шүүлтэд орж байгаа хүү Б.Содномдаржаа болон ар гэрийнхэн болон би, эхнэр, алаг үрсийнх нь эрхийг хамгаалуулах гэж ёстой л хөлөө хүрэх газар бүрт очиж байсан даа. Би нэг л зүйлд итгэлтэй байдаг. Миний хүү С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй. Хүн амины хэрэг үйлдэх тийм хүмүүжил, сэтгэл зүрхтэй ч хүн биш.

-Та бүхэнд бусдад дарамтлуулж байгаа талаараа хэзээ хэлсэн бэ?

-Өнгөрсөн жил хүүтэйгээ хорих ангид очиж уулзсан юм. Хорих ангийн дарга уулзах зөвшөөрөл олгосонд одоо ч гэсэн баярлаж явдаг. Би хүүтэйгээ эргэлтээр гурав хоног хамт байхдаа бүгдийг эхнээс нь асуусан. Хэрэг хийгээгүй хүнийг энэ хүмүүс яадаг юм бэ. Ямар аргаар хэрэг хүлээлгэсэн бэ. Энэ хэрэгт холбогдож хоригдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Ээж хүний хувьд хүүгээсээ асууж байна гээд л олон зүйлийг асууж байгаа юм. Тэр үед миний хүү энэ талаар надад дэлгэрэнгүй хэлсэн. Тагнуулын ажилтан махлагдуу биетэй хүнийг бэлдчихсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагч, Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт хорих ялаар шийтгүүлсэн хоригдол нар айлган сүрдүүлж, дарамталдаг байсан. Хоригдож байгаа жижигхэн өрөөнд ёстой л дайн болдог байсан. Баас, шээс толгой дээр асгах энүүхэнд. Чамайг ална. Нүдийг чинь сохолно. Чих, хамрыг нь огтолно гээд л байнга зоддог. Ц.Амгаланбаатар нэг хоригдол нарт яаж ч зодуулж байсан хорих ангийнхан огт тоодоггүй. Бусдаас аврал эрж хашгираад хэн ч ирдэггүй байсан гэсэн. Өөр өрөөнд хоригдож байгаа Ц.Амгаланбаатар яахаар чиний хоригдож байгаа өрөө рүү яваад ордог байсан юм бэ. Цоож цүү гэж байдаг биз дээ гэхээр зориудаар над руу явуулдаг байсан байх. Намайг алж байсан ч хорих ангийнхан мэдэх юмгүй л чихээ бөглөөд нүдээ аньчихсан юм шиг л ханддаг байсан. Зовохын дээдээр зовж, эрүү шүүлтийн зовлон гэдгийг амсаж тарчилж байгаа гэдгээ хэлсэн. Хүүгээ эрүүдэн шүүлгэж байгааг анх сонсоод сэтгэл зүрх минь урагдаж, мөн ч хэцүү байсан даа. Ямар нэгэн үг хэлэхээр л миний хүүг сахилгад аваачаад хийчихдэг байсан гэсэн. Хүүгээ зодуур нүдүүрийг даахгүй амиа алдчих вий гэхээс айгаад миний хүү энэ хүмүүсийн үгнээс битгий гараарай гэж захиж хэлж байлаа. Аргаа барсан даа л тэгж захиж байгаа юм.

-Гэхдээ Б.Содномдаржаа үйлдсэн хэргээ хүлээж байгаа мэдүүлэг байдаг. Хэргийг мөрдөн шалгаж байгаа хууль хяналтынхан хүүнийг нь камераар бичлэг хийж бэхжүүлж авсан байдаг ш дээ?

-Тэгж их дарамталж, зодож, нүдэж байхад ямар ч хүн тийм мэдүүлэг өгөх байх. Зургаан хоног нойргүй хоноод хавиргаа хуга өшиглүүлээд нүүр нүдгүй зодуулахаар ямар хүн тэсэх юм бэ. Амьд үлдчих юмсан. Эрүү шүүлтээс амьд гарчихвал хэдэн хүүхэд дээрээ эсэн мэнд уулзах хувь тавилан байгаа болов уу гээд л тэдний зааж өгч, хэлснийг ярьсан байх. МҮОНРТ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг талаар мэдээлэл гаргасан. Ц.Амгаланбаатар нэг орон сууцны өрөөнд хэргийн талаар тайлбар хийж яриулсан байдаг. Тагнуулынхан Ц.Амгаланбаатараар худлаа яриулсан байдаг юм билээ. Үндэсний телевизээр хэт нэг талыг барьсан нэвтрүүлэг гаргасанд харамсаж гомдож явдаг даа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шалгагдаж эхэлсэн цагаас хойш бүх зүйл нь худлаа байсан. Цаанаасаа бүх зүлийг нарийн бодож бэлтгэсэн хэрэг илрүүлэх жүжиг байсан юм. Хорих ангид хоригдож байгаа Ц.Амгаланбаатар анх мессэж бичдэг байсан. Тэгээд л гэнэт хүмүүстэй маргалдсан болгоод аваад явсан. С.Зориг агсны эхнэр Б.Булган хоёр хүн энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байхад дөрвөн хүн болгосон. Хэргийн гэрчүүдийн ярьж байсан зүйл одоо огт өөр болчихоод байгаа юм. Тэр үед 35-40 насны тийм тийм хүн алсан гээд ам зураг хүртэл гарсан байдаг. Гэтэл 16-тай, 21-тэй хүүхдүүд очоод хүн алчихсан болж хувирсан. Үүний дараа Отгонбаатар гэх хүнийг эхнэр, хоёр хүүхэдтэй нь хамт гэрийг нь шатааж амь насыг нь хөнөөсөн болгосон. Отгонбаатар нарын дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан тэр шөнө миний хүү гэртээ байсан. Миний хүүгийн том охин төрөөд наймхан сартай байлаа. Шөнийн гурван цагт эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан хүнийг л айл шатаагаад явж байсан болгочихож байгаа юм. Хэн ч бодсон нялх хүүхэдтэй хүн айл шатаах гээд явахгүй нь тодорхой байсан шүү дээ. Тагнуулын ажилтан бүдүүн биетэй залуу зодуур нүдүүрийг хажуугаар өрөөнд нь орж ирээд “Миний дүү хэргээ хүлээчих. Хүүхдүүддээ хурдан очье гэж бодож байгаа бол ийм мэдүүлэг өг гээд л бүх зүйлийг нь зааж өгдөг байсан гэсэн. Бүр миний хүүд мансууруулах бодис хоолонд нь хольж өгдөг байсан. Үүнээс болоод хөл гар нь салгалж, зүрх судасны өвчтэй болсон.

-Шүүх хурлыг нээлттэй хийх талаар та бүхэн санал гаргаж, шүүхийн байгууллагад хандаж байсан. Б.Булганыг шүүх хуралд оролцуулахгүй байсан шалтгааныг юу гэж боддог вэ?

-Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж өгөх хүсэлтийг шүүхийн байгууллагад олон удаа хандаж хүсэлт өгсөн. Бидэнд олон нийтэд энэ хүмүүс хэрэг үйлдсэн үү гэдгийг нууж хаагаад байх зүйл байгаагүй. Шүүх хурлыг нээлттэй хийхээр хэрэгт холбогдсон хүмүүс буруугүй гэдэг нь илэрчих гээд байсан юм билээ. Үнэн илэрнэ гэж айхдаа бүх зүйлийг хааж боож нууц гэж үзсэн. Би хүүтэйгээ ярилцаж байхдаа “Миний хүүг Булгантай уулзуулсан уу” гэхэд “Булган харин намайг биш гэж хэлсэн” гэж хэлж байна лээ. Тийм учраас л хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг гэрч биш, яллагдагч биш болгочихсон. Б.Булган шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэгтэн биш гээд хэлчих байсан учраас хууль хяналтынхан бүгд айсан байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний том ах С.Баяр шүүх хурлын үеэр “Миний төрсөн дүү С.Оюун шүүх хуралд оролцохгүй гэж хэлээгүй. Гадаадад ажилтай, олон улсын хуралд оролцох учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө болгосон. Энэ шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсье” гэж хэлсэн. С.Оюун, С.Баяр нар энэ хэрэг илэрсэнд итгэлгүй байгаагаа хэлсэн. Мөн шүүх хурлыг орхиод гарсан байдаг. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрүүлсэн гэдэг нь худлаа болж байгаа шүү дээ.

-Одоо яах ёстой вэ. Б.Содномдаржаа нар энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэж эхэлсэн үү?

-Би эхлээд хүүгээ хэлмэгдэж байгаа хэлээд л өөрсдийнхөө чадлаар явж байлаа. Тэр үед үнэн мөхөсддөг юм байна. Хэзээ нэгэн цагт үнэн заавал ялж, хүү минь хүн амины хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдох байх гэж боддог байлаа. Итгэл найдвар байсан. Миний хүү ч үнэн зөв тогтоогдох ёстой гэж надад хэлдэг байлаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж л хэлмэгдчихээд аргаа барж явахад наашаа гэж шударга үнэний төлөө хандаж байлаа. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь худлаа байсан гэдэг нь эхнээсээ тогтоогдож эхэлж байна. Үнэнд гүйцэгдэж эхэллээ. Энэ хэргийг маш хурдан илрүүлж хаах сонирхол хэнд байв. Яагаад хилсээр гэм зэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлж, эрүү шүүлтэд оруулав. Хэний өгсөн үүрэг даалгаварыг ТЕГ, прокурор, шүүхийн нэр бүхий хүмүүс хийж гүйцэтгэв гээд хууль бус олон зүйл шалгагдаж эхэлж байна. Мэдээж тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ хүү минь хилс хэрэгт хэлмэгдэж байсан гэдэг нь тогтоогдож, ээждээ, эхнэр, алаг үрсдээ дээрээ ирэх цаг ойрхон иржээ гэж мэдрэгдэж байна. Би энэ бүхний дараа нэг л зүйлийг та бүхэнд хэлэх байна. Миний хүү энэ хэрэгт ямар ч холбоогүй шүү. Ядарсан эгэл жирийн бидний амьдралаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүсийг гар хөлөө болгосон улс төрчид дэндүү их тоглож, хүний эрхийг улан доороо гишгэж доромжиллоо. Нүднээс гарах нулимасгүй болтлоо уйлж, зовлон гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, сэтгэл урагдаж, зүрх шархирсан хар дарсан жилүүдийг тууллаа. Хэлмэгдүүлэлт зогсож байгаа гэж л найдаж итгэж байна даа.